Categories
мэдээ цаг-үе

Дараагийн сайдад дайх 5 үг

Салбарын шинэчлэлийг хуулиараа, эрх мэдлээрээ, дэд сайд биш, төрийн нарийн биш сайд л хийдэг гэдгийг маш сайн ойлгож байгаа тул тун удахгүй томилогдох шинэ сайдад дайж хүсэх хэдэн үг байна.

Эрүүл мэндийн салбарт амьдралынхаа сүүлийн 20 жилийг зориулж түүнээс 10 жилийг нь харийн оронд сурч боловсорч, ажиллалаа.

Эх орныхоо эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдалд сэтгэл хангалуун бус байдаг нь энэ салбарыг хөгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй минь холбоотой бизээ. Доорх чиглэлээр шийдэл гарц бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм.

1. Эрүүл мэндийн салбар үндсэн зорилгоо эргэн нэг харж тэрэндээ тохирсон бүтэцтэй болох.

Бидний эрхэм зорилго чанартай тусламж үйлчилгээгээр ард иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлж, өвдсөн нэгнийг зөв оношилж, бүрэн төгс эмчилж ард иргэдийг өвчингүй, эрүүл урт наслуулах мөн гэдэгтэй санал зөрөх хүн олдохгүй бизээ.

Гэтэл өнөөгийн эмнэлгийн бүтэц өвчтөн биш эмнэлгийн дотоод менежмэнтэд тохируулж хийсэн бүтэц загвартай юм. Эмч, тасгууд тус тусдаа хүлээн авахтай, орон зайн хувьд хол байдаг. Өвчтөн хүнийг эмч хүн латин нэр томьёо бүхий өвчний онош төдийгөөр хардаг нь түгээмэл байна. Гэтэл ихэнх өвчтөнгүүд маань олон төрлийн өвчин, дээр нь бие, хэл, сэтгэлээрээ шаналсаар орж ирдэг. Өнөөдрийн салбарын бүтэц тэр шаардлагыг биелүүлэх бүү хэл хүлээж авах чадваргүй болтлоо үндсэн зорилгоо умартжээ. Японы нэгэн эмч улс төрч хэлсэн байдаг юм. Жижиг эмч өвчин эмчилдэг, дунд эмч хүнийг эмчилдэг, том эмч улс орноо эмчилдэг гэж. Өнөөгийн анагаах ухааны хөгжил эмч нарыг маань олон нарийн мэргэжилд хувааж улам жижигрүүлсээр байгааг бид харсаар байж гар хумхиж суух нь зохисгүй байнаа. Өвчтөн өөрөө тэр олон нарийн мэргэжлийн эмч нарын хооронд учраа олохгүй бөмбөг шиг шидэгдэх биш ороод ирсэн өвчтөнд шаардлагатай бүх нарийн мэргэжлийн эмч нарыг нэг дор цуглуулж чаддаг бүтэц бидэнд нэн үгүйлэгдэж байна. Тэр олон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, дүгнэлтийг нэгтгээд өвчтөнд тайбарлаад анх эмнэлэгт орж ирээд гаран гартал нь тусалж дэмждэг, эмч мэргэжилтэй эмчилгээний менежер үгүйлэгдэж байна.

Эрүүл мэндээс бусад олон салбарт нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсээр л байна. Олон салбарт хүнд суртал арилж төрийн үйлчилгээ хурдан шуурхай болсоор л байна. Бид яагаад болохгүй гэж? Өнөөдрийн эмнэлгүүдийг өвчтөн төвтэй бүтэц, үйл ажиллагаатай болгоход нэг их мөнгө шаардагдахгүй. Зориг хүсэл байхад болох л асуудал.

2. Өрсөлдөөнд тулгуурлаж тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах.

Эхлээд хаана яваагаа тодорхой болгох. Аливаа юмыг харьцуулахад заавал хэрэгтэй хийх алхам бол хэмжих байдаг. Хэмжих зүйл нь тодорхой биш байхад харьцуулах тухай бодоод ч хэрэггүй. Бид өөрсдийгөө хааяа магтаж урамшуулах дуртай ард түмэн. Би ч бас эрүүл мэндийн салбарын ололт амжилтаар омогшиж бахархах дуртай нэгэн. Гэтэл бид олон тохиолдолд хэмжихээ мартаад зүгээр л сэтгэлийн хөөрлөөрөө магтаад байдаг шүү дээ.

Гэтэл яг юуг хэмжих ёстой гэж? Буцаад л нөгөө эрхэм зорилго дээрээ очно доо. Эцсийн зорилго нь ард түмнийг эмчлэх биш ард түмнийг эрүүлжүүлэх биш гэж үү? Тэгвэл бид энэ салбарын үйл ажиллагааг хэдэн хүн хэвтүүлснээр нь биш, хэдэн хүнд дусал зоосноор нь биш, чухамдаа хэдэн хүн эдгээснээр нь үнэлэх нь чухал байна. Гэтэл эмч, эмнэлгийн хэдэн хүн эдгээсэн тухай тайлан хуруу даран цөөхөн. Эдгээсэн хүн нь эмчилгээний үр дүнд хэдэн жилээр нас нь уртассан тухай мэдээлэл байхгүй гэж хэлэхэд буруудахгүй хэмжээнд байна. Эмч болгон дээр эмчилсэн болон эдгээсэн хүний мэдээллийн сан бий болгоод тэрийгээ олон нийтэд ил болговол хүссэн хүсээгүй тусламж үйлчилгээний өрсөлдөөн бий болдог юм билээ. Энэ тогтолцоог гадны олон орон туршаад үр дүнтэй нь батлагдсан. Энэ өрсөлдөөнөөс тусламж үйлчилгээний үнэ буурдаг, эмчилгээ оношилгооны чанар сайжирдаг, эмч, эмнэлгийн ажилчдын хандлага соёлтой боловсон болдог, алдаа дутагдлууд цөөрдөг байна. Үнэтэй болгон чанартай байдаг гэдэг буруу ойлголт юм. Тусламж үйчилгээ зөв, оновчтой байх тусам илүүдэлтэй, буруу эмчилгээний зардал багасч харин ч хямдардаг юм. Гар утас, компютерийн үйлдлийн систем сайжрах тусам үнэ нь нэмэгдээд байдаггүй, харин ч хямдраад байдагтай адилхан юм. Зөв өрсөлдөөн гэдэг өөрөө ийм ид шидтэй зүйл.

Энэ зөв өрсөлдөөн мэдээллийн ил тод байдлаас л эхэлнэ. Жишээ нь мэс заслын эмч 100 хүнд хагалгаа хийгээд хэдэн хүндрэл гарав. Хэд нас барав. Хагалгаанаас хойш хэвийн амьдралдаа эргэн орж чадав уу. Хагалгаанаас хойш хэд насалсан бэ. Хагалгаанаас хойш амьдралын чанар нь сайжирсан уу. Нас барахдаа ямар өвчний оношоор нас барав? Гэх мэт энгийн судалгаагаар ил тод байдал бий болох юм. Энэ мэдээллийн санг бий болгоход бас их мөнгө шаардагдахгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Энэ бол хүсэл зоригийн асуудал юм. Энэ нь өөрөө эдгэрэлтэнд суурилсан тогтолцоог бий болгох хамгийн анхны алхам байх болно. Эмч нар, эмнэлгүүд үүнийг хийх дуртай ч байж болно дургүй ч байж болно. Дургүйцэх шалтгаан бас бий л дээ. Тухайн эмнэлэг, эмчийн чадвар ард түмний нүдэн дээр ил харагдах юм. Чадвар муутай зарим нь олны шүүмжлэлд өртөж болзошгүй. Зарим иргэд тусламж үйлчилгээний чанарыг зөвхөн дотооддоо ч биш гадны эмнэлэг, эмчтэй харьцуулж эхлэх байх. Тэгсэн хэдий ч энэ ажлыг хийх л хэрэгтэй. Мэдээлэл ил тод болсны дараа чанар сайжирдаг нь хууль юм. Мэдээлэл ил тод болсны дараа эрүүл өрсөлдөөн бий болдог нь бас хууль юмаа.

3. Цогц багц үйлчилгээг үзүүлье.

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээний бэлтгэл хангах, эмчлэх, сэргээж засах, эмчилгээний дараах хяналт хийх гэдэг бол нэг цогц үйчилгээ юм. Энэ үйлчилгээг ямар ч өвчтөн багцаар нь, цогцоор нь авах сонирхолтой байдаг. Гэтэл өнөөдөр, өрхийн эмнэлэг урьдчилан сэргийлэх, онош тогтоох нь дүүрэг, болон төв эмнэлгүүд, эмчилгээг нь мөн гуравдугаар шатлалын эмнэлэг хариуцах жишээтэй. Хамгийн хэцүү нь тэдний хооронд ажлын уялдаа холбоо маш сул байгаа юм. Цахим эрүүл мэндийн шийдлээр энэ салангид олон үйлчилгээг нэгтгэх боломжтой юм. Энэ нь өвчтөний сэтгэл ханамжид нөлөөлөх чухал шийдэл юм. Эрүүл мэндийн яаманд чадах зүйл чадахгүй зүйл гэж бий. Үе үеийн салбарын сайд нарын гаргадаг хамгийн том алдаа бол бүгдийг зэрэг шийдэх гэж оролддог явдал юм. Өнөөдрийн эрүүл мэндийн яамны хүний нөөц, санхүү хөрөнгө оруулалт нь бүгдийг зэрэг шийдэх боломжгүйг харуулсаар байна. Нас баралтын шалтгаанаар нь ажил бодлогоо эрэмбэлдэг болмоор байна. Уг нь энэ асуудлыг Удвал сайд олон удаа зөвөлсөн билээ.

Жишээ нь зүрх судасны өвчнөөр монголчууд бид хамгийн их нас барж байна. Гол анхаарал хөрөнгө оруулалтыг тийш нь чиглүүлмээр байгаа юм. Транс тосны асуудлыг хөндөөд байгаа нь зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг учраас л тэр. Хорт хавдар нас баралтын хоёр дахь шалтгаан, түүний дотор бараг талыг нь элэгний хорт хавдар эзэлдэг шүү дээ. Тиймээс вирусын эмчилгээг миний бие чухалчилж ирсэн билээ. Осол гэмтэл гуравдугаар шалтгаан юм. Бусад яамтай хамтарч энэ асуудлыг анхаармаар байна. Зөвхөн Эрүүл мэндийн яам дангаараа энэ асуудлыг шийдэх боломжгүй билээ. Бүгдийг биш чухлыг нь гэдэг санааг Эрүүл мэнд, спортын яам л ойлгомоор байгаа юм.

4. Оношилгоо эмчилгээний хөндлөнгийн хяналт

Оношийг цэгцэлж сайжруулах ажил өмнөх олон Засгийн газруудаар хийгдсээр ирсэн. Тэгсэн хэрнээ одоог хүртэл гажуудал ихтэй хэвээрээ л байгаа. Тоног төхөөрөмж байлаа гээд энэ асуудал шийдэгдэхгүй. Түүнийг ашиглаж чаддаг боловсон хүчин хэрэгтэйгээс гадна урвалж оношлуур, засвар үйлчилгээний тогтвортой байдал чухал юм. Цөөхөн оновчтой шинжилгээгээр оношийг зөв, өндөр нарийвчлалтай хиймээр байна. Буруу оношилж, буруу эмчилсэн ажилтанд тодорхой хариуцлага хүлээлгэдэг (хууль хяналтын байгууллагаар биш) салбарын хөндлөнгийн хяналтыг бий болгох хэрэгтэй. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан алдаа хийсэн нэгэндээ тогоондоо хариуцлага тооцож чадахгүй байдалд ортлоо ялзарчээ.

Монголд оронд жилд хэдэн эмч, эмнэлгийн мэргэжилтний алдаа гардаг вэ? Түүнээс хэдэд нь дотооддоо хариуцлага тооцдог вэ?

Ижил мэргэжлийн эмчээр тухайн эмчийн оношилгоо эмчилгээг давхар хянуулдаг, санал нийлэхгүй тохиолдолд яагаад санал болгосон онош, эмчилгээн дээрээ өөртөө тийм их итгэлтэй байгаагаа тайлбарладаг тогтолцоо бидэнд хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол оронд манай салбарын хөндлөнгийн хяналтыг ижил мэргэжлийн эмч биш мэргэжлийн бус телевиз юм уу сонингийн сэтгүүлч хийдэг болжээ. Энэ нь өөрөө нэг талаасаа хэвлэлийн эрх чөлөө боловч нөгөө талаасаа нийгмийн сэтгэл зүйг буруу зүг рүү чиглүүлэгч, эмч өвчтөний зөв харилцаа, хоорондын итгэлцлийг үгүй хийх хүчин зүйл болсон байна. Аливаа оронд эмч өвчтөний итгэлцэл үгүй болсноор “Хамгаалалтын анагаах ухаан” хөгжих суурь тавигддаг байна. Энэ нь эмч өвчтөний төлөө чин сэтгэлээсээ эдгээх зорилгоор тодорхой хэмжээний эрсдлийг өөртөө үүрээд ч болов бүрэн төгс эмчлэх гэж зүтгэх биш харин арьсаа хамгаалж, сүүлд нь элдэв асуудалд орохгүй байхаар, хамгийн наад захын стандарт эмчилгээг хийхийг хэлдэг байна. Эмчээ шүүхэд өгөх дуртай орнуудад ийм анагаах ухаан хөгжин цэцэглэдэг. Үүнээс эмч өвчтөн хэн ч хождоггүйг дэлхийн бусад орны туршлага харуулж байгаа юм. Монгол оронд эмчээ шүүхэд өгдөг явдал бусад оронтой харьцуулахад харьцангүй бага юм. Энэ нь ч зөв. Тэгэхдээ салбарын яам нь хүчтэй хариуцлагын тогтолцоогоо бий болгож чадаагүйн балгаар хариуцлага нэхсэн маш том хоосон орон зай бий болжээ. Цаашид энэ байдлаар удаан үргэлжилбэл тун удахгүй эмч өвчтөний хооронд мөсөн хана босоход бэлэн болсон гэж анхааруулмаар байна. Хайнга, хариуцлагагүй, мэдлэггүйн улмаас буруу онош эмчилгээ хийж байгаа эмч нартаа салбар дотроо шуурхай, хатуухан арга хэмжээ авчихдаг байсан бол өвчтөн, хэвлэл мэдээллийнхэн энэ асуудалд оролцох байсан гэж үү?

5. Эмчилгээ оношилгооны шинэ технологи нэвтрүүлэх

Дэлхийн анагаах ухааны хөгжил өдөр сараар урагшилж байна. Бид тэрхүү шинэ техник, технологийг нэг өдрийн ч болов өмнө оруулж ирж гэмээнэ ард иргэдийн эрүүл мэнд хожно. Хүний гений мэдээллийг уншаад ямар өвчнөөр өвдөх магадлалтай, ямар эмчилгээ хийвэл үр дүнтэйг тогтоох жишээтэй. Нуруу нугас нь гэмтээд тал бие нь мэдээгүй болсон хүнд имплант суулгаад мэдээтэй болгох, гар утастай холбоод зарим энгийн шинжилгээг гэрийн нөхцөлд хийх, биедээ зүүсэн бичил мэдрэгчийн ачаар цус харвах аюулаас урьдчилан сэргийлэх, эсвэл 3D принтерийн технологийг ашиглаад хүний зарим эд эрхтнийг захиалгаар дуурайлган хийх, хорт хавдрыг эмчлэх Cyber Knife, Мэс заслын Робот Да Винчи, гений эмчилгээгээр зарим удамшлын өвчнийг эмчлэх, дусал цусаар биохимийн бүх нарийн шинжилгээгээр 5 минутын дотор хийдэг гэх мэт олон шинэ технологийг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн салбарт нэг их дарамт болохгүйгээр шийдэх боломж байгаа. Тэр нь эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэхгүй байгаа, тоосонд дарагдсан тоног төхөөрөмжүүдийг дуудлага худалдаагаар зарах, мөн салбарын шаардлагагүй зарим орон тоо тусламж үйлчилгээг цөөлж, зарим ажлыг эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлснээр улсын төсвөөс ихээхэн мөнгө хэмнэж, тэр мөнгийг шинэ технологи нэвтрүүлэх ажилд зориулж болно гэж харж байгаа юм. Шинэ технологи нэвтрүүлснээр маш олон хүний амийг аварч болно гэдгийг онцолж хэлмээр байна.

6. Хүний нөөцийн тал дээр

Эмчийн лицензийн шалгалтыг улам чанаржуулж, ар өврийн хаалгаар эмчлэх эрх авдаг явдлыг үндсээр нь арилгах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байхдаа хүссэн өөрчлөлтүүдээ бүрэн хийж чадаагүй ч эмчлэх эрхийн лицензийн шалгалтыг чанаржуулах асуудлыг нэг шат ахиулсан билээ. Шалгалтын тестийн санг нэг мянгаас 10 мянга болтол өргөжүүлсэн нь чанартай эмчтэй болох эхлэлийг тавьж чадсан боловч харамсалтай нь ар өврийн хаалгаар зовлонгүй тэнцдэг тогтолцоо бас давхар бий болсон гэж албан бусаар яригдаж байна. Уг нь энэ ажлыг цааш нь улам эрчимжүүлж, чанаржуулах хэрэгтэй юм.

Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ажиллаж буй боловсон хүчний мэдлэг чадварын ялгаа их болсонтой холбогдуулж, улсын томоохон эмнэлэгт ажиллаж байгаа зарим боловсон хүчнийг богино хугацаагаар хөдөө орон нутагт томилолтоор ажиллуулж хэвшүүлэх хэрэгтэй байна.

Эмчийн ёс зүйн асуудалд онцгой анхаарч ашиг сонирхлын зөрчилтэй шинжилгээ, эмчилгээг санал болгох асуудалд цэг тавих цаг болжээ. Үүний эсрэг хууль олон оронд байдаг (жишээ нь АНУ-д эмчийн ашиг сонирхлын эсрэг Stark ийн хууль гэж байдаг) боловч манай оронд байхгүй байгаа нь шаардлагагүй эмчилгээ, эм, шинжилгээ санал болгох түүнээс эрүүл мэндийн ажилчид хувь хүртэх асуудал нь даамжирч эцэстээ хэрэглэгчийн эрх , эрүүл мэнд хохирох хэмжээнд хүрээд байна.

Үнэн худал нь мэдэгдэхгүй олон үзмэрч, ид шидтэнгүүд гараад ирлээ. Тэр хүмүүс үнэхээр эдгээгээд байна уу? Ард иргэдийн эрүүл мэндээр тоглоод байна уу? Үүнийг анхааралдаа авах л хэрэгтэй. Нотолгоожуулж баталгаажуулах л хэрэгтэй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа, буруу, ашиг сонирхлын зөрчилтэй мэдээлэл хийж ард иргэдийг төөрөгдүүлсэн эмчийн хүн эмчлэх эрхийг цуцалдаг хууль олон оронд хэрэгжиж байна. Бид хариуцлагагүй, худлаа зөвөлгөө өгсөн хүмүүстэй ямар хариуцлага тооцох вэ? Энэ асуудлыг цэгцлэх цаг бас болсоон.

Дадлагажигч эмч (резидэнт) ээс төлбөр авдаг систем дэлхийн аль ч улс оронд байхгүй байтал зөвхөн манай оронд ийм тогтолцоо байсаар байна. Дадлагажигч эмч нь оюутан биш бөгөөд 6 жил төлбөр төлж төгссөн эмчлэх эрхтэй эмч хүн билээ. Бусад улс орнууд резидент эмчид цалин өгдөг болохоос төлбөр авдаггүй. Дадлагажигч эмчийн сургалтыг нэгдсэн системд оруулах цаг болжээ. Дадлагажигч эмчийг бэлтгэх 2 тогтолцоо зэрэг яваад байгааг яаралтай зогсоох цаг болсон. Ийм гажуудал зөвхөн Монголд л амь бөх оршсоор байна.

7. Уламжлалт анагаах ухааныг зөв хөгжүүлж дэлхийд гаргах

Монголын уламжлалт анагаах ухаан нь манай ард түмний үнэлж баршгүй үндэсний өв соёл юм. Гэтэл салбарын яаманд нь энэ асуудлыг эрхэлсэн 1 мэргэжилтэн байх бөгөөд тэр хүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээ гэх мэт давхар 3 асуудал хариуцдаг байх жишээтэй. Уг нь Монголын уламжлалт анагаах ухаан нь аливаа өвчтөнг бие хэл сэтгэлээр нь бүхлээр нь харж оношилж эмчилдэг, хямд өртөг бүхий, гаж нөлөө багатай, олон зууны турш амьдралаар туршигдсан анагаах ухаан билээ. Үе үеийн салбарын сайд нараас яаман дотроо энэ асуудлыг хариуцсан газар биш юмаа гэхэд хэлтэстэй болохыг хүссэн боловч өнөөг хүртэл шийдэгдсэнгүй ирлээ. Уламжлалт анагаах ухааны зөв хөгжүүлж чадвал Монгол орон дэлхийн брэнд болж, цэвэр байгалын гаралтай органик эм танг дэлхийд экспортлож, валютын урсгалыг Монгол руу татах бүрэн боломжтойгоос гадна ард иргэдийг эрүүл зөв амьдрах сургаалиар соён гэгээрүүлэх боломжтой юм. Нийгмийн эрүүл мэндийн олон чухал сургаалийг бид гадны соёл биш чухам уламжлалт анагаах ухаанаас тусгах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаан хүчтэй хөгжсөн зарим олонд энэ асуудлыг хариуцсан тусдаа яам хүртэл байдаг юм шүү.

Олныг нуршилгүй, нэн яаралтай анхаарал хандуулах асуудлыг бичлээ.

Таныг хүндэтгэсэн, АУ доктор Ж. Амарсанаа

Categories
мэдээ цаг-үе

Ё.Гэрэлчулуун: Хотын амьдралд улс төр хэрэггүй, тэнд сайн менежер хэрэгтэй

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунтай ярилцлаа.

-Төрийн үйлчилгээний нэгдсэн төв ирэх долоо хоногоос ажиллаж эхэлнэ. Одоогоор туршилтын маягаар ажиллаж байгаа юм байна. Энэ төвийг Э.Бат-Үүл дарга “Төрийн үйлчилгээний супермаркет” гэж тодотгоод буй?

-Адилтгаж хэлсэн л дээ. Гурван жилийн турш бэлтгэсэн нүсэр ажил шүү дээ. Өнөөдрийн байдлаар энд 21 байгууллагын 400 гаруй үйлчилгээ үзүүлж байна. 400 гаруй үйлчилгээний хүсэлтийг хүлээж авахаас шийдвэрлэх хүртэлх бүх процесс нь яаж явдаг зургийг нь гаргаад, тухайн зургаа программчилсан. Манайхан өргөдөл хүлээж авах юмыг л нэг цэгийн үйлчилгээ гэж хараад байдаг. Энэ бол тийм биш. Та энд ирээд хүсэлтээ өгөөд бүртгүүллээ. Таны асуудал зургаан хүнээр дамжиж шийдвэрлэгдэх байлаа гэхэд зургуулантай нь уулзах гэж цаг авч, үүдэнд нь хүлээж суух хэрэггүй болж байна.

Э.Бат-Үүл дарга яагаад супермаркет гэж хэлэв гэхээр хүлээж аваад тодорхой хэмжээний хураамж авсан л бол тэр асуудлыг нь шийдэх ёстой гэсэн үг. Дэлгүүрт мөнгөө төлсөн бол бараагаа авч байж л салдаг. Төрийн албан хаагчдын үүд сахиж суух асуудал байхгүй боллоо. Тэдний зан аашаас хамаарсан зүйл үгүй болж байна. Энэ төвөөр орж ирээгүй өргөдлийг ямар ч дарга шийдвэрлэж болохгүй болчихож байгаа юм. Танил хүн дээрээ ороод арын хаалгаар шийдвэрлүүлчихдэг гэдэг асуудал байхгүй болж байна. Энд хүлээж авсан цаг, минут, шийдвэрлэсэн цаг, минут, аль шатанд хэн шийдвэрлэсэн бэ гэдгийн цаг, минут гээд бүх зүйл нь байж байгаа юм. Тэр үүднээс төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, асар том ажлын эхлэл болж байгаа байхгүй юу. Төрийн үйлчилгээнд хийгдэж байгаа том хувьсгал гэж ойлгож болно.

-Улаанбаатар хотод сүүлийн хэдэн жил нэлээд шинэлэг, шинэ зүйл нэмэгдэж, хөгжиж байна. Одоо Улаанбаатар метро, Туулын усан сан цогцолбор, Туулын хурдны зам, нийслэлийг хийн түлшээр хангах, экологийн коридор байгуулах гээд олон төсөл яригдаж байгаа?

-Эдгээр бол бүгд бүтээн байгуулалтын том төслүүд. Засаглалын хүрээнд маш олон ажил хийсэн байгаа шүү дээ. Налайх, Багануурыг хот болголоо. Урьд нь дээд байгууллага нь аваад хот байгуулах эсэхийг нь шийддэг байсан. Заримдаа дүүрэг гээд нэрлэчихнэ, заримдаа хот гэчихнэ. Ерөөсөө учраа олдоггүй байсан. Хот гэдэг бол засаг захиргааны нэгж биш. Хот бол хамтран амьдарч байгаа хүмүүсийн олонлог. Тэр коммунити өөрсдөө яаж амьдрах вэ, юу хийх вэ гэдгээ өөрсдөө шийдэх ёстой. Энэ үүднээс хот гэдэг чинь улс төрийн нөлөөлөл байхгүй, хотын амьдралд улс төр хэрэггүй, тэнд сайн менежер хэрэгтэй байхгүй юу.

Яг үүнийг хийхийн тулд бид сая Багануур, Налайхыг хот болгоод Хотын захирагчийг нь сонгосон асуудал бол Улаанбаатар хотод хийгдэж байгаа шинэчлэлийн нэг том утга учир. Өөр чухал асуудал бол иргэний оролцоо. Өмнөх дарга ингэж иргэдтэйгээ ойр ажиллаж байсан юм уу. Би хувьдаа үгүй болов уу гэж бодож байна. Э.Бат-Үүл даргын үйл ажиллагаа, ил тод байдал, шилэн данс энэ бүхэн бол эргээд иргэдээ л мэдээллээр хангах явдал.

Стэнфордын их сургуулийн профессор Жэймс Фишкин гэж хүн бий. Бид зөвлөлдөх санал асуулгынхаа эхнийхийг нь хийсэн, дээр дурдсан бүтээн байгуулалтыг эрэмбэлэх асуудлаар. Иргэддээ эхлээд мэдээллийг нь өгдөг. Тэрнийхээ дараа асуудаг. Тэгэхээр иргэн хүн бодитой, барьцтай, сэтгэл хөдлөлгүйгээр саналаа өгсөн. Миний бодлоор Монголын улс төрийн амьдралд байгаа олон асуудлыг шийдэх нэг арга зам бол зөвлөлдөх санал асуулга мөн гэж үзэж байна.

Засаглалаа сайжруулж, түүнийг иргэд рүүгээ чиглүүлж, иргэдийн оролцоо бодитой болох л юм бол Монгол Улс ардчиллынхаа замаар цааш тогтвортой хөгжих үндэслэл байгаа байхгүй юу. Түүнээс биш нэг даргыг нөгөөгөөр нь солиод ч юм уу, эсвэл сайн хүн гарч ирээд засна гэж байхгүй. Засаглалыг орон нутгийн түвшинд сайжруулах ёстой байхгүй юу. Миний хатуу үнэмшил бол тэр. Сүүлийн үед тийм биш болоод байна. Засгийн газар, Улсын их хурал маань буцаагаад эрх мэдлээ авах гээд байгаа байхгүй юу. Төвийн асуудал хүндрэхээр орон нутгийн төсөв, татварыг нь авах гээд, одоо бүр өмчийг нь авах гэж үзээд байна. Энэ бүхэн чинь асуудлыг шийдэж байгаа биш. Улам хүндрүүлж байгаа байхгүй юу. Улам л ужигруулж байна. Нутгийн өөрөө удирдах чадварыг хэдий чинээ хөгжүүлж чадна, төдий чинээ улс тогтвортой байна. Яагаад гэвэл олон төвтэй болж байна шүү дээ. Нэг нь хөгжиж байхад нөгөөх нь уруудвал түүндээ туслах гээд харилцан бие биенээ нөхнө. Тэгтэл эдийн засаг хүндрэнгүүт нэгтгэх гээд, цөөлөх гээд, хасч танах гээд байгаа нь маш буруу. Тийм учраас Улаанбаатар хотод хийгдэж байгаа засаглалаа шинэчилж, төвлөрлийг сааруулах чиглэлд хийж байгаа ажлын эсрэг талд төр том бодлогоороо эргээд хумих гэж байгаа нь хэцүү.

-Төвлөрлийг сааруулахын тулд хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлэхээр болсон. Энэ асуудал ямар шатандаа явна вэ. Өдийд барилгын ажил нь эхэлчихсэн байх ёстой байсан бил үү?

-Хотын захиргааг тус дүүрэгт шилжүүлэх асуудалд өнгөрсөн хугацаанд маш их ажил хийгдсэн. Газрыг нь чөлөөлчихсөн, ажлын зураг нь хийгдчихсэн, Улсын экспертизээр орчихсон, үнэ өртөгийг нь тохирчихсон. Одоо барилгын ажил эхлэхэд бэлэн болчихсон байгаа. Хамгийн гол нь гүйцэтгэгчээр орсон Солонгосын компани маань эдийн засаг хүндрэлтэй байна, Монголын эдийн засаг тогтворгүй байна, бид жаахан харзнана гээд цаг алдаад байна. Бид тэдэнд “Та нар ойрын хугацаанд ажилдаа орохгүй бол бид гэрээ цуцлаад дараагийн асуудалд орно” гэдгээ мэдэгдсэн. Яагаад гэвэл гэрээний дагуу зургаан сар өнгөрчихөөд байгаа юм. Түүнээс биш ажил хийгээгүй биш, хийсэн. Зөндөө ажил хийгдчихсэн байгаа. 50 мянган м/кв талбайтай барилгын бүх ажлын зураг бэлэн болчихсон байна. Барилга барьдаг хүмүүс үүнийг мэднэ. Барилгын хамгийн хэцүү ажлаа ардаа хийчихсэн. Одоо барих л асуудал үлдчихээд байна.

-Та нийслэл хот, Улаанбаатар хот гэдэг бол хоёр өөр ойлголт гэж байсан?

-Тийм шүү дээ.

-Бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот гэж хамтад нь ярьдаг?

-Монгол Улсын нийслэл гээд ард нь Улаанбаатар биш байж болно шүү дээ. Үндсэн хуульд тэгээд биччихсэн байхгүй юу. Гэтэл хэзээ нэгэн цагт нийслэлээ Хархорин руу нүүлгэлээ гэвэл Монгол Улсын нийслэл Хар хорин хот гэж бичнэ. Нийслэл гэдэг бол засаг захиргааны нэгж. Улсын төр засаг төвлөрөн байдаг ийм засаг захиргааны нэгжийг нийслэл гэдэг. Хот гэдэг чинь засаг захиргааны нэгж биш. Хүмүүс төвлөрөн амьдарч байгаа Улаанбаатар хотод та бид хамтран амьдраад, хөгжлийн нэг бодлогоор, нэг ерөнхий төлөвлөгөөгөөр өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг зохион байгуулаад л явдаг. Үүнийг л хот гэдэг. Ямар сайндаа хот бол өөрийн дүрэмтэй гэж бид яриад байгаа нь тэр. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль гэж бий. Хэрвээ нийслэл өөр хот болчихвол тэнд л уг хууль үйлчилнэ. Нийслэл өөр хот болохгүй гэх баталгаа байна уу.

-Нүүлгэх тухай нэг хэсэг хүчтэй яригдсан?

-Яригдахаар барах уу, сая хүртэл МАН-ынхан Улаанбаатараас нүүцгээе гээд баахан юм ярьсан. Бүр 2003, 2004 оны үед УИХ дээр Ажлын хэсэг хүртэл байгуулагдаж байсан удаатай. Тийм учраас Улаанбаатар улсын нийслэл байх нь мөнхийн асуудал биш. Гэвч хот гэдгээрээ хэзээ ч байна шүү дээ. Казахстаны нийслэл Алмата байснаа Астана болсон. Гэхдээ Алмата хот байдгаараа л байгаа. Тэр үүднээс хот гэдэг бол бие даасан өөрийн гэсэн удирдлагатай, өөрийн гэсэн бодлого, дүрэмтэй байх ёстой.

Харин энэ хотыг нийслэл болгохын төлөө Улаанбаатар хотод мөнгө өгөх ёстой байхгүй юу, төр засгаас. Гадны орнуудад тэгдэг. Нэмэлт ачаалал бий болгож байгаа учир та нарт улсын төсвөөс мөнгө өгнө гэдэг. Ийм хөрөнгийн дэмжлэг байдаг. Жирийн хотын иргэнд хот нь нийслэл байх ямар ч хэрэггүй. Сайхан эрүүл агаартай, эрүүл хотод, хөрөнгө орлоготой, аюулгүй амьдарч байвал боллоо шүү дээ. Гэтэл Улаанбаатар хотод нийслэл гээд ачаалал өгчихөж байна. Зам харгуйг нь хаагаад, хурал зөвлөгөөн хийгээд харуул хамгаалалт гаргачихдаг. Зарим оронд нийслэлээ болгосон хотдоо төсвийн дэмжлэг үзүүлдэг. Нийслэлийн ачааллыг та нар үүрч байгаа учраас дэмжиж байна гэдэг. Манайд харин өгөх байтугай аваад л байдаг.

-Нийслэл хот маань албан татвартай болсон. Дэлхийн томоохон нийслэлүүд энэ байтугай олон татвартай байдаг гэдэг шүү дээ?

-Үүн дээр шүүмжлэлтэй л юм ярья. Бид 400 орчим сая төгрөгийн зарцуулалт хийгээд 13 тэрбум төгрөгийн татвар хураана гэж тооцсон. Хотын татвараа авахын тулд бүх газруудаа кассын машинтай болгох хэрэгтэй. Гэтэл кассын машин тавих гэнгүүт л кассын машин шахах гэж байна гээд л нэгнийхээ хийж байгаа юмыг нөгөөх нь гутаадаг хандлага асар их байна. Хотын татварын албыг цөөлнө, цомхотгоно ч гэж байх шиг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын өөрийнх нь бие даасан хөгжлөө шийдвэрлэх чадавхийг нь нэмэгдүүлэхгүй байна. Хэрвээ нэмэгдүүлбэл Улаанбаатар хот бол маш амархан бие дааж, хөл дээрээ босох эдийн засгийн потенциалтай гэдгийг бид өнгөрсөн гурван жилд харлаа. Зөвхөн 2015 онд гэхэд бид улсын хэмжээнд хөрөнгө оруулалт муутай, хямралтай, төсвийн орлого нэг их наядаар тасарчихсан байхад бүтээн байгуулалтын ажлаа урьд өмнө нь байгаагүй хэмжээгээр хийсэн. Төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгосон. Улаанбаатар хот 30 хувийг нь хийгээд компаниуд 70 хувиа гаргаад замаа барьчихлаа. Бид тэр хүмүүсийн мөнгийг энэ ондоо өгнө. Хувийн хэвшлийн хөрөнгийн эх үүсвэрийг хотынхоо хөгжилтэй уялдуулаад татах механизмыг хийчих юм бол манайханд асар их хэмжээний бололцоо байгаа. Ингэж хамтарсан төсөл хийвэл хотын төсвийн нэг төгрөг чинь таван төгрөгийн хөрөнгө оруулалт болж өсч байна. Ийм механизмыг бид маш сайн ашиглаж хөгжих ёстой. Үүнийг хийж чаддаггүй байснаа 2015 онд амжилттай хийлээ.

-Цахимаар газар өмчилдөг болсноос хойш газрын албад авлигын хэрэгт холбогдох нь багассан гэсэн судалгааг үзүүлдэг?

-Заавал нэг Газрын албаны даргыг таньдаг, нэг дүүргийн Засаг даргыг таньдаг байж байж газар авдаг гэсэн хуучин ойлголт өнгөрөөд удаж байна. Одоо тэр цахимаар газар өмчлүүлсэн газрууд руугаа өнөө жил дэд бүтэц татна. Зам тавих гэж байгаа компаниудад замын хоёр талын гучин метрийн өргөнтэй газрыг эдийн засгийн коридор маягаар өгөх гэж байгаа. Тухайн компани замаа өөрсдөө тавиад зам дагуух газартаа худалдаа үйлчилгээний газруудаа бас барина. Тэгээд тэрийгээ зарна. Зам барьсан мөнгөө ингээд л буцаагаад олчихно. Энэ бол хийгдэж байгаа бас нэг шинэ ажил.

-Нийслэл хот дүрэмтэй болчихвол утаа, замын түгжрэл, элдэв ачаалал багасна гэж үздэг?

-Биднээс хамаарахгүй юм их байна аа. Жилд л гэхэд 40, 50 мянган хүнээр механик өсөлт явагдаад байна. Улаанбаатар руу хүмүүс шилжиж ирээд байна. Хүссэн хүн дуртай газраа буугаад яндан зоогоод, хөрс бохирдуулаад суудаг ийм нийслэл дэлхийн хаана ч байхгүй. Үүнийг хорих гэхээр Үндсэн хуулийг зөрчсөн болчихно. Тэгэхээр хорьж болохгүй болчихдог. За яахав, төвлөрч олуулаа амьдрах сайн талтай байж болно. Гэхдээ тэгж амьдрахын тулд та орон сууцтай байх ёстой, ажлын байртай байх ёстой, утаа гаргахгүй байх ёстой гэдэг шаардлагууд тавьчихмаар байгаа юм. Эдийн засгийн аргыг ингэж гүнзгий хэрэглэхгүй бол Улаанбаатарын асуудлууд шийдэгдэхгүй.

Сүүлийн үед орон сууц борлогдохгүй байна. 20 гаруй мянган орон сууц бэлэн болчихоод байна. Яагаад зарагдахгүй байна гэхээр нөгөө нүүж ирсэн хүмүүс мөнгөгүй. Тэгэхээр мөнгөгүй ирж байгаа хүнийг Улаанбаатар хот руу оруулмааргүй байх ёстой байхгүй юу. 20 мянган орон сууцанд түрээсээр ороод тэгж байгаад аажуухан авчих гэхээр тэгэх боломжгүй. Яагаад гэвэл ажилгүй. Ингэж бид өөрөө өөрсдөө зовлон үүсгэж байгаа юм асар их байна. Тэгээд энэ зовлонгоо төр засгаасаа нуун, нийслэлийн Засаг даргаасаа л нэхээд байдаг.

-Хот руу утаа май хаясан хуучин машин оруулахгүй, ажил төрөлгүй иргэнийг суурьшуулахгүй байя. Ядаж л амьдрах гээд ирвэл ажилд орох гэж байгаа газрынх нь тодорхойлолтыг үндэслэдэг болъё. Утаа гаргахгүй гэдэг ам мөчгийг нь авдаг байя гэдэг олон санал гардаг?

-Хотын дүрэм гээд байгаа чинь наадах чинь. Гуравдугаар сард зөвлөлдөх санал асуулгаар хотын дүрмийг иргэдээрээ хэлэлцүүлнэ. Яг энэ асуудал дээр явуургүй улстөрчид чинь бие биедээ их саад тотгор болж байна. Нэгдүгээр эгнээнд байрлуулсан машиныг ачих ёстой. Бусад оронд ёстой ямбийтал нь торгоод, үг үсэггүй аччихдаг. Тэгж байж л хүн ухаардаг. Манайд яг ингээд эмхэрч эхэлтэл Аюурсайхан гэдэг нөхөр гарч ирээд шүүхэд өгөөд, шүүх нь ч яаж тэгж ойлгодог юм. Тэгээд л энэ асуудал улс төрийн асуудал болоод хувирчихсан. Хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдгээрээ уралдаад эхэлчихсэн. Яг үнэндээ дэг журмын асуудлаар л уралдах ёстой.

Ажлын байрны тодорхойлолттой хүнийг нийслэлд оруулна гэхээр ахынхаа ч юм уу, таньдаг хүнийхээ компаниас жолоочоор ажилладаг гээд хуурамч бичиг аваад ирдэг. Хаягийн тодорхойлолт нэхэхээр хаана ч байдаг юм таньдаг нэг хорооны Засаг даргаар айлын хашаанд амьдардаг гээд тодорхойлуулаад ирдэг. Тэгээд л өөр газарт очиж буугаад газар ухаад, утаа гаргаад суучихдаг. Ингээд энэ ажил чинь явахгүй байгаа юм.

Шинэ он гарч байна, Улаанбаатар хотоо ухаалаг, найрсаг, ногоон, эрүүл аюулгүй хот болгохын төлөө цөмөөрөө олон талаасаа хамтран ажиллах хэрэгтэй байна гэдгийг уриалъя. Иргэн таны оролцоо хэрэгтэй. Хотын дүрмийг хэлэлцэх үед иргэн та бүхэн оролцоорой. Улаанбаатар хотыг зочдод ээлтэй, аюулгүй хот болгохын төлөө бодитой өөрчлөлтийг бид хийж чадсан шүү. Өмнө нь жуулчдад ээлгүй, аюултай хотуудын нэгд орчихсон л явж байсан. Тийм болохоор сайхан хотод, сайхан амьдрахын төлөө иргэдтэйгээ хамтран ажиллая.

Categories
мэдээ цаг-үе

Монгол хүнд нэг өдөрт балга сүү оногдож байна гэвэл итгэх үү?!

-ДЭМБ-аас тогтоо­сон зохист хэмжээгээр хүн өдөрт 200 грамм сүү хэрэглэх ёстой бол нэг монгол хүнд өнөөдөр 40 грамм сүү ногдож байна. Тэгвэл сүүг өдөр тутмын өргөн хэрэглээний бү­тээгдэхүүн болгох арга зам бий юү гэх асуултад та ямар хариулт өгч ча­дах бол?-

Өнөөдөр нэг мон­гол хүнд өдөрт оног­дох сүүний хэмжээ Дэл­хийн эрүүл мэн­дийн байгууллагаас тогтоосон шаардагдах хэмжээнээс даруй 80 хувиар бага байна. Хүн өдөрт хамгийн багадаа үйлдвэрийн аргаар бо­ловсруулсан 200 гр сүү хэрэглэж баймааж ясны бүтэц, бэхжилтийг дэмжих, цусны эргэлтийг сайжруулахад чухал нөлөөтэй уураг, кальци, фосфор, витамин D зэрэг амин дэмийн хэрэгцээгээ шаардлагатай хэмжээнд нөхөх боломжтой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байгаа бол Монголд энэ хэмжээ дөнгөж 40 грамм байна. Энэ нь нэг хүнд балга хүрэхгүй сүү оногдож байна гэсэн үг юм. Сүүний хэрэглээ багассанаас үүдэлтэй шүдний өвчлөл, цооролт маш өндөр түвшинд хүрснийг ч энд онцлох ёстой байх.

Шүд цоорох өвч­лө­лөөс болж, хүний биед 100 гаруй өвчин үүсэх магадлалтай гэд­гийг шинжлэх ухаан тогтоо­сон. Тэгвэл Монголд 2014 оны байдлаар хүүх­дийн шүдний цоо­ролт, өвчлөл 6-8 настнуудын 84 хувийг, 9-12 настнуудын дунд 94 хувийг хамарч байна гэсэн тооцоог холбогдох байгууллагууд аргажээ.

Хөгжингүй орнуудын туршлагаас харахад хүн амын эрүүл мэндийг хам­гаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эм, эмнэлгийн бус аргаар буюу хоол, хүнсээр дам­жуулан хэрэгжүүлдэг юм байна. Үүний нэг хэсэг нь сүүний зохист хэрэглээний стандарт тогтоох, сүүний хэрэг­лээг уриалах, зах зээл дэх хангалт, нийлүү­лэлтийг дэмжих хөтөл­бөрүүд байдаг аж. АНУ-д л гэхэд хэдэн жи­лийн өмнө олны танил улстөрчид, Холливудын одод сүүний хэрэглээнд олон нийтийг уриалсан давалгаа өрнүүлж бай­лаа. Өнөөдөр АНУ-д 1-10 насны нэг хүүхэд өдөрт 1-3 аяга сүү, 11-18 насны хүүхэд 4-5 аяга 3.2-4.0 хувийн тослогтой сүүг тогтмол хэрэглэж заншсан гэх тооцоо байдаг.

Бидний өмнөд хөрш БНХАУ л гэхэд 1950-иад оноос сүүний хэрэглээг дэмжих ажлыг улс орны хэмжээнд хэрэгжүүлж, тэр үеэс дунд сургуулийн хүүх­дүүдэд өдөрт үнэгүй сүү өгч эхэлсэн туршлага байдаг. Саях­ныг хүртэл хятад хүнийг давжаа биетэй, шүд муутай гэж “оношилдог” байсан бол өнөөдөр энэ ойлголт эрс өөрчлөгджээ. Дээрх баримтуудаас харахад бид дэлхийн улс орнуудын дундажтай харьцуулахад сүүний хэрэглээгээрээ 80 хувиар доогуур үзүүлэлттэй, бодлогын хувьд 30-50 жилээр хоцорч яваа бололтой.

Сүүний найрлага зөвхөн ясны бэхжилтийг тэтгээд зогсохгүй хүний бие дэх хорт бодисыг гадагшлуулах, саармагжуулах үйлчилгээтэй. Улаанбаатар хотын 450 гаруй нам даралтын уурын зууханд жилд сая гаруй тонн нүүрс, гэр хорооллын 140 мянга гаруй айл өрх жилдээ 600 гаруй тонн нүүрс, 200 гаруй мянган шоо метр мод түлшиндээ хэрэглэдэг гэх тоон үзүүлэлт байдаг. Гэтэл ганцхан тонн нүүрс шатаахад арван хүний бүтэн жилийн турш амьсгалах хүчилтөрөгчийг устгадаг,

Энэ утгаараа өнөөдрийн Улаанбаатарын утаатай агаараар амьсгалж байгаа хэн боловч өдөрт зохист хэмжээгээр сүү ууж занших нь өөртөө туслах хамгийн зөв арга болох байх. Сүү бол тэр чигээрээ амин дэм, Фермент болон амино-хүчлийн комплекс. Тийм учраас ч бие организмыг дотроос нь цэвэрлэж өгдөг. Өөрөө хэлбэл хүний биед шингэсэн нүүрс хий, агаарын бохирдлын хүнд элементийг гадагшлуулдаг хүчтэй үйлчилгээтэй. Мөн бодисын солилцоог тогтворжуулж, дархлаа сайжруулдаг шидтэй.

Харин бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон зохист хэмжээнд сүүний хэрэглээгээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг Та ч бас бодож үзээрэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон сүүний найрлага, агууламжийн стандартад бүрэн нийцсэн “Баярлалаа” сүү өнөөдрийн байдлаар зах зээл дэх хамгийн хямд сүү гэдгийг Та анзаарсан уу. Шинэхэн мэндэлсэн “Милко” компанийн бүтээгдэхүүн “Баярлалаа” сүү яагаад хамгийн хямд үнэтэйг компанийн удирдлагууд “Нийгмийн хариуцлага”-тай холбон тайлбарлаж буй юм. Сүүний хэрэглээг зөвхөн зах зээлийн утгаар ашиг талаас нь харах биш, сүүг өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болгох, ингэснээрээ хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулах нь “Баярлалаа” брэндийн үнэ цэнэ аж. Тийм ч учраас Эрүүл мэнд, спортын яам хүнсний аюулгүй байдлын хүрээнд дэмжин ажиллахаар болоод байна. Өргөн уудам бэлчээртэй, жаран сая гаруй толгой малтай монголчууд яагаад сүүний хэрэглээгээрээ сүүл мушгих ёстой гэж?!

Categories
мэдээ цаг-үе

1967 оны зуд 140 гаруй хоног үргэлжилжээ

-2009, 2010 ОНЫ ЗУДААР УЛСЫН ХЭМЖЭЭНД 9.6 САЯ МАЛ ХОРОГДЖЭЭ-

Мичин жилийн зуд гэж ярьж бичих боллоо. Ажил муутай залхаг назгай хүмүүс, унхиагүй малчид л зуд турхнаас айдаг юм хэмээн Монгол Улсын гавьяат багш доктор, профессор Ш.Цэрэнпунцаг хэлж байна. Тэрээр манай редакцид зудын талаар бичиж ирүүлж байсан нийтэлж байна.

2009, 2010 оны зуднаар улсын хэмжээнд 9.6 сая мал хорогджээ. Налгар намар хэдэн сараар үргэлжлэх юм шиг хахир өвөл, хатуу зудыг таг мартчихсан газар орон, малчид цөөнгүй байгаа тухай телевизийн нэвтрүүлгийг хараад өөрийн эрхгүй л даанч дээ гэх бодол орж ирэх юм. Харин Дорнод, Говь-Сүмбэр аймгийн зарим сумын малчид өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангачихаад мичин жилийг өнтэй давахаар дор бүрнээ бэлтгэлээ базааж байгаа тухай МҮОНРТ-ийн сурвалжлагыг хараад сэтгэлд нэн өег санагдлаа. Дорнод аймаг энэ жил 1131 тонн өвс, 400 тонн тэжээл, 273 тонн гар тэжээл бэлтгэн базаажээ. Говьсүмбэр аймгийнхан бэлтгэсэн хадлан тэжээлээсээ илүү гарах 800-гаад тонныг бусад аймаг сумд руу зарах тухайгаа ярьж байх юм. Өвөл хаврын хатуу зуданд ингэж л бүх аймаг сумд эрвийх дэрвийхээрээ бэлтгэхсэн. Хадлан тэжээл бэлтгэх гэснээс манай залуус ямар ч залхуу, ажил хөдөлмөрт дургүй болоо вэ дээ. Дорнод аймгийн Халхгол сумын хадлангийн бригадын ахлагч П.Батсайхан гэх хүн мөн л телевизээр ярьж байх юм. Бас л даанч дээ гэж халаглаж үзлээ. Учир нь хадлангийн салаан дээр өдрийн 30000 төгрөг, сарын 900000 төгрөгөөр залуусыг ажиллуулах гээд чадаагүй тухайгаа ярилаа. Бүр өдрийн хоол, тамхи, ус, ундааных нь мөнгөнөөс гадна ямар ч татваргүй 900000-ыг өгье гэхэд ажиллах хүн олдохгүй байна гэнэ. Бид чинь хүүхэд, залуусаа яаж хүмүүжүүлээд байна даа. Ингээд зудын талаар товч сануулъя:

Малыг өвөлжүүлж хаваржуулах бэлтгэлийг сайн хангаж дулаан хашаа, байр, өвс, тэжээл, хужир, ус түлшээр бүрэн хангасан нөхцөлд зудын хор хөнөөл харьцангуй бага байх нь дамжиггүй.

ХАР ЗУД

Зун, намрын улиралд хур тунадас бага орж, гандуу байсан нутагт өвөл ч цас орохгүй байсаар бэлчээр хараар өвөлжихөд хүйтний эрч эрс чангаран бэлчээр, малын хэвтэр, бууц хайрах нь их болох байдлаар мал зутрахыг хэлнэ.

ЦАГААН ЗУД

Зун намрын улиралд хур тунадас орж бэлчээрийн гарц сайн байсан ч намрын сүүлч, өвөл, хаврын улиралд цас их орсноос үүдэн цасан бүрхүүл зузаан тогтож, түүний дор байгаа өвс, ургамлыг мал олж идэх аргагүй болохыг хэлнэ. Хэрэв цагаан зудтай үед богино хугацааны хүчтэй дулааралт болбол өвлийн улиралд цасан бүрхүүлийн гадаргуу мөстөж бүр ч хэцүүднэ.

ШУУРГАН ЗУД

Цас орох үеүдэд салхины хүч ширүүсч, цасан шуурга удаан хугацаагаар болох буюу үе үе хүчтэй үргэлжлэхийг хэлнэ. Шуурган зудны үед мал уруудах, осгох, цасан хунгарт дарагдаж үхэхээр барахгүй малчдын амь нас сүйдэхэд ч хүргэдэг аюултай.

ХҮЙТЭН ЗУД

Агаарын хэм өвөлд цельсийн -40 хэмээс дээш хэмжээгээр маш их хүйтэрч олон хоног үргэлжлэхийг хэлнэ. Хүйтэн зуданд мал өвчин эмгэг тусах, хээл хаях, осгож үхэх, бэлчээрээс тэжээл ашиглаж чадахгүй эрс турах зэрэг хүндрэлд ордог. Өөрөөр хэлбэл мал бэлчээрт гарч чадахгүй болдог.

ХАВСАРГАН ЗУД

Дээр дурдсан дөрвөн төрлийн зудын хоёроос гурав нь буюу бүгдээрээ давхцан хавсарч тохиолдохыг хэлнэ. Манай улсын 18 аймгаас 1943-1945 онуудад 11 аймаг ийм зуданд нэрвэгдэж байжээ. 1943 онд 589.9 мянга, 1944 онд 538.6 мянга, 1945 онд 3031.9 сая толгой мал зудаар үхэж байжээ. Үүнээс зөвхөн 1945 онд улсын хэмжээгээр зудаар үхсэн малын толгойн тоо урьдах хоёр жилийнхээс бараг зургаа дахин ихэссэн байна. Зөвхөн Завхан, Өвөрхангай, Төв, Говь-Алтай, Дундговь, Баянхонгор, Сүхбаатар зэрэг долоон аймагт 2.177.8 мянган толгой мал зудаар үхсэн бөгөөд улсын хэмжээнд өмнөх жилүүдийнхээс дөрөв дахин их байжээ. Зуданд их нэрвэгдсэн дөрвөн аймгийн Төв, Завхан аймгаас бусад нь бүхэлдээ говийн бүсийнх байжээ. Энэ бүсэд малын хашаа саравч бэлтгэсэн тэжээл юу ч байхгүй байж. 1941-1942 онуудад эдгээр нутагт маш их ган болжээ. Зуднаас учруулсан эдийн засгийн хохирлыг Ховд аймагт тохиолдож байсан зудаар төлөөлүүлэн толилуулъя.

ХОВД АЙМАГТ ТОХИОЛДОЖ БАЙСАН ЗУДЫН СУРГАМЖ

1944-1945 оны мичин жилийн зуд тус аймгийн бүх нутаг дэвсгэрийг хамарчээ. 1944 оны зун, намар улаан ган болсон учир Мөст, Цэцэг, Манхан сумын нутагт тарвага, цагаан зээр олон тоогоор харангадан үхэж байсны дээр арваннэгдүгээр сараас эхлэн олон дахин цасан шуурга тавьж хүйтний эрч асар их нэмэгдсэнээс олон мал хорогдож, малчдаас амь насаа алдах явдал ч гарчээ. 1967 онд тохиолдсон улаан морин жилийн зуднаар хүйтний эрч өдөрт -30-37 хэм, шөнөдөө -37-42 хэм хүрч байсан байна.

Ийм байдлаар 1967 оны арваннэгдүгээр сарын 5-наас 1968 оны гуравдугаар сарын 20 хүртэл 140 хоног үргэлжилсний дотор Дарви, Чандмань, Зэрэг, Манхан, Мөст, Мөнххайрхан, Мянгад суманд их, бага хэмжээний цас 28 удаа орж 14-20 м/сек хурдтай, 1-3 өдөр үргэлжилсэн цасан шуурга 15 удаа тохиожээ. 1967-1968 оны их зудад тус аймгийн нийт нутгийн 51.2 хувь, малын 66 хувь буюу долоон сум, мал аж ахуйн 41 бригад (хуучин нэрээр) хамрагдаж 220 гаруй мянган том мал, 150 мянган төл хорогдож, зөвхөн тээвэр, өвс тэжээл, нэмэгдэл ажиллах хүчний зардалд 9.5 сая төгрөг зарцуулжээ. Энэ нь тэр үеийн мөнгөний ханшаар 10 жилийн есөн дунд сургуулийн иж бүрэн барилга барих хэмжээний хөрөнгө байжээ. 1975 оны нэгдүгээр сард Алтайн цаадах гурван сумаас Алтай, Булган, Үенч бусад сумдын нутгаар их хэмжээний цас унаж цагаан зуд болж тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилж, 11.8 сая төгрөгийн илүү зардал гаргажээ. Энэ зуднаар аймгийн хэмжээгээр 180-аад мянган том мал 120 гаруй мянган төл хорогдож, малын өсөлтөд ноцтой бэрхшээл учруулж байжээ. Энэ зуд ОХУ-ын Байгалийн тойргийн цэргийн байлдааны зориулалтын том онгоцууд Мөст, Цэцэг, Дарви сумдад Улаанбаатараас өвс тэжээл шууд буулгаж байжээ. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд 2009, 2010 оны зуднаар хамгийн их буюу 9,6 сая мал хорогдсон байна.

Зуд иймэрхүү аюул хөнөөлтэй байгалийн ноцтой гамшиг юм.

ЗУДААС СЭРГИЙЛЭХ АРГА

Зудаас урьдчилан сэргийлэхийн тулд манай малчид,

1. Зун, намрын улиралд малаа отроор дээд зэргийн тарга хүч авахуулдаг.

2. Ах дүү, айл, саахалтаараа өвс, тэжээл, хужир, давс, түлш, хөх бууц нөөцөлдөг.

3. Бэлчээрийг алсын ойрын нөмөр нөөц гэж маш нарийн хуваарьтай ашигладаг.

4. Гар тэжээлийг төрөл бүрээр бэлтгэж ядарч доройтсон малаа тордож тэжээж тэнхрүүлдэг.

5. Малчин өрхийн хүн бүр дулаан дээл, гутал, малгай зэрэг хувцсаа базааж бэлтгэдэг.

6. Ахмад малчид маань өвөл, хаврын улиралд хэрэглэх хоолны гурилаа хүртэл хэрчиж, махаа хөшиглөн, боов боорцгоо их хэмжээгээр хийж тусгай уут саванд хадгалж хэрэглэдэг байна.

Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлд аз жаргалыг “тэврүүлдэг” эх нялхаст өнжсөн нь

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд уржигдар буюу нэгдүгээр сарын 2-ны 12 цагийн үед биднийг очиход он гарсаар 36 эх эсэн мэнд амаржиж, 18 хүү, 18 охин төрчихөөд байсан юм. Төрөх тасгийн үүдээр оруут хэдхэн хормын өмнө мэндэлсэн нярайн цовоо цолгиун дуу хадаж, сүүний үнэртэй хослон ер бусын таатай мэдрэмж төрүүлнэ. Хүйг нь таслахын зуурт ягаарч чинэрээд, байж ядан уйлах нярайг эхийнх нь элгэнд тэврүүлтэл төрөх тасагт цагийн зүүний цохилохоос өөр чимээ үл сонсогдохоор нам гүмхэн болно. Энгэрт нь тэврүүлэн ангир уургаа шимэх, мэлмийгээ ч нээгээгүй нялзрай үрээ нулимстай нүдээр ширтэх эх бүүвэйн дууг намуухнаар аялах мөчид эх баригч эмч нарын санаа амарч, хажууд нь хэсэгхэн зогсоно. Гэвч тэдний ажил үүгээр дуусахгүй.

Удалгүй дараагийн шинэ хүнээ өлгийдөн авахаар нөгөө төрөх өрөө рүү яаравчлан орцгоов. Эх баригч Б.Чинзоригийн араас Б.Буянаа, Ц.Ренчинмядаг болон Батцэрэн зэрэг тус өдөр ээлжинд гарч байсан бүх эмч зургадугаар төрөх өрөө рүү гүйх шахам орлоо. Сувилагч нар байсхийгээд ганц нэгээрээ гарч ирэн хажуугийн өрөөнөөс ариутгасан багаж хэрэгсэл, алчуур, хөвөн даавуу авч байгаа харагдав. Төрөх өрөөний гадна зогсох надад эх баригч эмч нарын “Сайн дүлээрэй. Толгой нь цухуйчихлаа.Ухайс даа. Болж байна. Яг түрүүнийх шигээ дүлээрэй”, “Хүүхдийн чинь толгой нь бараг бүтнээрээ гарчихсан байна. Бараг төрчихсөнөөс ялгаагүй. Одоо жаахан л хүч гаргачих”, “Жаахан л хичээвэл дорхноо шүү дээ” гэх зөвлөгөө үгс эрүүний яснаас бусад нь салж буй мэт тэсэхийн аргагүй өвдөлтийг мэдэрч буй эхийн орилох, уйлах чимээн завсраар сонсдоно. Барагцаалбал арваад минутын дараа төрөх өрөө нам гүмхэн болчихов. “Эсэн мэнд төрсөн бол мэндэлсэн даруйдаа уйлмаар юм аа. Арай …” гээд тэрхэн зуурт элдвийг бодон зогстол нярайн уйлах дуу сонсдож, дотор онгойлоо. Ийнхүү он гарсаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 37 дахь хүүхэд буюу 19 дэх хүү ийн мэндэлсэн юм. Төрөх тасгаас сувилагч гарч ирээд, гаднаас нь харвал хөргөгчтэй төстэй дөрвөлжин саарал, төмөр хайрцгаас өлгий даавуу авав. Төмөр хайрцагт ойртоод харвал бариул дээр нь “Өлгий, даавуу” гэж бичжээ. Татаад үзвэл дотор нь өлгий, давууг хосоор эвхээд, дөрвөлжлөн хураажээ. Хөргөгч шиг сэрүү татах биш харин ч өөдөөс халуун төөнөж байлаа. Сувилагчийн тайлбарласнаар бол эхийнхээ хэвлийд 37 хэмийн халуунд байсан нярай тасалгааны хэмд төрж байгаа учраас даардаг байна. Тиймээс төрсөн даруйд өлгийдөн боох даавууг 30 орчим хэмийн тогтмол халуунд байлгаснаар дөнгөж төрсөн нярайг хатгалгаа тусах эрсдэлээс бүрэн сэргийлдэг юм байна.

Төрөх өрөөнөөс эмч нар гарч ирээд өөр хоорондоо гар барьцгаан, “Үнэхээр бид чадлаа. Хамтын хүч гэдэг чинь ийм л сайхан байгаа юм шүү дээ. Энэ удаагийн боломжийг бид алдсан бол хөөрхийг насан туршид нь үрийн зулай үнэрлэх тавилангүй ч болгож мэдэх байлаа”, “Эх барих эмчээр 30-аад жил ажиллахдаа өнөөдрийнх шиг сандарч, тэвдэж байсангүй. Бүхэл бүтэн гэр бүлийн аз жаргалыг өлгийдөөд авах уу, үгүй хийх үү гэдэг биднээс шалтгаалж байсан болохоор” хэмээн өөр хоорондоо ярилцана. “Эх барих эмчээр 30-аад жил ажиллахдаа өнөөдрийнх шиг сандарч, тэвдэж байсангүй” гэж хэлэх болсон шалтгааныг Б.Буянаа эмчээс асуутал “Эх баригч эмчийн үйл хөдлөл бүр асар өндөр хариуцлагатай байхыг шаарддаг. Бүр хэлдэг үг нь хүртэл. Эдгэнэ, дээрдэнэ, сайжирна, эмчилнэ гэхээс биш хөмсгөө зангидаж очоод “болохгүй, мэдэхгүй, чадахгүй” гээд байвал үйлчлүүлэгчид хүндхэн тусах нь ойлгомжтой. Эмнэлэгтээ би эх баригчаар тасралтгүй 26 дахь жилдээ ажиллах хугацаандаа барагцаалбал 6000 гаруй нярайг эх барьж авсан. Мэдээж төрөлт бүрт мэргэжилдээ жинхэнэ утгаараа эзэн болж, алдаа гаргах эрхгүй ажиллах ёстой. Сая төрдөг эмэгтэйн хувьд өмнө нь хоёр удаа ураг нь хэвлийдээ амьгүй болж авахуулсан. Дараагаар нь тасралтгүй эмчилгээ хийлгэж, дэглэм барьсны дүнд ургаа хоёр гуравхан сартайд нь амьгүй болгочихолгүй долоо, найман сар хүргээд гурван ч удаа төрөх орон дээр гарсан ч…” гээд хоолой нь зангираад, нүдэнд нь нулимс цийлгэнээд ирэв. Тэгтэл Б.Чинзориг эмч үргэлжлүүлэн “Эхний удаад дутуу төрөөд, дараагийн удаад зулбачихсан. Саяхан ахиад хүүхэдтэй болох гэсэн боловч бас л бүтэлгүйтчихсэн юм. Ингэж хүүхэдтэй болох гэж удаа дараа оролдсон боловч бүтэлгүйтсэн учраас аргагүйн эрхэнд үр шилжүүлэн суулгуулсан юм. Өөрөөр хэлбэл үр шилжүүлэн суулгуулж хүүхэдтэй болсон гэсэн үг. Үүнд зарцуулсан мөнгө төгрөг гэхээсээ илүү цаг хугацаа асар үнэтэй. Даваамягмар эгч одоо 36 настай. Энэ удаад ганц дааж авсан эх баригч биш, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх баригч эмч нарын бүхэл бүтэн баг ажиллалаа. Нярай маань бага зэргийн бүтэлттэй төрсөн ч аман дахь салиаг соруултал ашгүй шил хагарч, хана нуртал уйллаа” гээд инээмсэглэв. Эх баригч эмч Ц.Ренчинмядаг “Бага насны хүүхэд бие нь өвдөхөөр уйлдаг. Арай жаахан томхон бол энд өвдөөд байна гэж хэлээд эвхрээд унадаг. Тэгээд л уйлна. Тэгвэл дөнгөж төрсөн нярайг нарийн хоолойгоор гийналгүй чанга дуугаар ихэр татан уйлах тусам бид баярладаг. Элдэв эмгэггүй, эрүүл төрж буйн илрэл нь ердөө уйлах шүү дээ” гэсэн юм.

Эх нялхас буюу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өдөрт дунджаар 30-40 эх амарждаг аж. Сонгинохайрхан дүүргийн харьяалалтай иргэдэд үйлчлээд зогсохгүй улсын хэмжээн дэх төрөх эмнэлгүүдээс цорын ганц гуравдугаар шатлалынх гэх утгаараа 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн зүрх судасны эмгэгтэй, өмнө нь удаа дараа дутуу төрж байсан зэрэг амь насанд эрсдэл өндөртэй жирэмсэн эхчүүд эх нялхаст ирж төрдөг байна. Тэр ч утгаараа эмч, сувилагчдаас мэргэжлийн асар өндөр ур чадвар шаардагддаг болох нь харагдаж байсан юм. Эх баригч Б.Чинзориг “Над шиг залуу эмч нар олон жил ажилласан туршлагатай эмч нараасаа сурах зүйл маш их. Онолоос гадна практик дадлага маш чухал. Тухайн өдрийн ээлжинд гарч байгаа эмч нар дээрхийн адил хүндрэлтэй байх магадлалтай төрөлтүүдэд би хариуцаж авсан юм гээд ганцаараа биш, олуулаа, багаараа ордог нь ийм учиртай” гэсэн юм.

Б.Буянаа эмч төрөөд хэдхэн цаг болж буй нярай хүүхдээ тэвэрсэн Ж.Баярцэцэг хэмээх бүсгүйг тэргэнцэр дээр суулган түрсээр төрөх тасгаас гарч ирлээ. Тэрээр дөрвөн кг 300 грамм жинтэй хүүтэй болжээ. Элдэв хүндрэлгүй, кесаров хагалгаагүй буюу эмч нарын хэлдгээр “өөрөөрөө” төрсөн учраас түүнийг Б.Буянаа эмч ганцаараа эх барьж авчээ. Үүдний өрөөнд орж, төрсөн эх болон нярайн биеийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий анкетыг бөглөчихөөд, тусгай зориулалтын цахилгаан шатанд суулган дөрөвдүгээр давхар дахь төрсний дараахь тасаг руу авч явлаа. Ганц хүнтэй, гурван ортой тасагт оруулаад, сувилагчийнхаа хамт болгоомжтой гэгч нь дээш өргөж, орон дээр аажуухан хэвтүүлэв. Төрсний дараахь тасгийн эмчид өнөөх бөглөсөн анкетаа өгөөд Ж.Баярцэцэгт “Одоо миний охин гэрээсээ ирсэн цай, шөлийг сайн идэж, ууж хурдан тэнхрээрэй. Бие хурдан тэнхэрвэл сүү сайн орно. Сүү сайн орно гэдэг чинь хүүхдийн шарлалт хурдан буухад чухал нөлөөтэй. Тэгээд дорхноо эмнэлгээс гарчихна. Эмчийнхээ зааврыг сайн дагаарай. Бие чинь тавгүйрхэж, өвдөх юм уу мөөмөө идэж байгаа хэрнээ хүү нь уйлаад байвал эмчдээ хэлээрэй” гэчихээд гараад явснаа буцаж орж ирээд “Өө нээрээ мартах гэж байна. Охиныхоо хүйг нь боосон даавууг солих болж байгаа шүү. Төрөх тасагт нэлээн удаан хэвтсэн гэдгээ сувилагчдаа хэлээрэй. Тэгэхгүй бол солих болоогүй гээд хүлээлгээд байж магадгүй” гээд гарлаа. Тэрээр буцаад төрөх тасгийнхаа үүдний өрөөнд орж, бүртгэлийн дэвтрийг харснаа “Одоо миний эх барьж авах эмэгтэй Ганцэцэг юм байна” гээд дөрөвдүгээр төрөх өрөө рүү орлоо. “Миний охины бие нь яаж байна. Гэдсээр нь базалж өвдсөн үү” гэсэнд “Саяхнаас базалж өвдөх нь гайгүй болчихлоо. Бие засах гэсэн чинь өндийж чаддаггүй” гэв. Б.Буянаа эмч бүсэлхийгээр татахаар өндөр, дөрвөн дугуйт тэргэн дээр суурилуулсан төхөөрөмжийн үзүүлэлтүүдийг нэг бүрчлэн шалгаснаа “Өвдөлтийн хугацаа ойртож л байгаа юм байна. Цусны даралт хэвийн. Хэвлий дэх ургийн зүрхний цохилт хэвийн, байрлал зөв” гэснээ “За тэгвэл ээж нь бие засахад чинь тусалъя” гэснээ жирэмсэн эмэгтэйн хүзүүгээр тэвэрч, алгуурхан өндийлгөлөө. Хажуу тийш аажуухан харуулснаа хөлд нь углааш өмсгөөд хажуугаас нь дэмнээд босголоо. Урдхан талд нь байх өнөөх дөрвөн дугуйт төхөөрөмжийнхөө бариулаас атгуулаад, хажуугаас нь түшсээр ариун цэврийн өрөө рүү аажуухан алхаллаа.

Хоёр жилийн өмнө Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тус дөрвөн дугуйт төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдийн даралт, гэдэсний базлалт зэрэг биеийн өөрчлөлтүүдээс гадна хэвлий дэх ургийн зүрхний цохилт, байрлалыг хүртэл нэгэн зэрэг хянадаг юм байна. Өрөө бүрт ийм төхөөрөмжтэй харагдав. Тэдгээр төхөөрөмжийг үүдний өрөөн дэх дэлгэцтэй холбосон учраас эмч нар нэгэн зэрэг хэд хэдэн жирэмсэн эмэгтэйг хянах боломж бүрджээ. Даралт тогтворгүй болох, өвдөлт хүчтэй болох үед тусгай дохио дуугарах учраас эмнэлгийн тусламж цаг алдалгүй хүртэх бололцоо бүрэн нээгджээ. Өрөөнөөсөө гарч бие засах, эмчтэйгээ уулзах, тариагаа хийлгэхдээ хүртэл өнөөх аппаратаа биенээсээ салгалгүй, урдаа түрээд явж болдгоороо давуу аж. Б.Буянаа эмч өнөөх жирэмсэн эмэгтэйг ариун цэврийн өрөөнд оруулчихаад буцаж гарч ирээд оронд нь хэвтүүллээ. “Миний охины бие тавгүйрхвэл хонхоо дараарай. Үүдний өрөөнөөс тусгай дэлгэцээр хянаж байгаа болохоор санаа зоволтгүй” гэв. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн гурван сая дахь иргэнийг эх барьж авсан бөгөөд “Бусдад аз жаргалыг түгээдэг эх баригч болсондоо үргэлж би бахархдаг. Эхийн ариун хэвлийгээс хорвоод мэндлэх бяцхан үр гэдэг тухайн гэр бүлийн баяр баясал, аз жаргал байдаг. Тэрхүү аз жаргал, баяр баяслыг хорвоод тосч авах хувь тохиол хүн бүрт заяахгүй. Сэтгэл дутах эрхгүй мэргэжил байгаа юм даа. Тиймээс эх барьж авсан, цаашид эх барьж авах эмэгтэйчүүд бүгд миний төрсөн охиноос ялгаагүй. Өөрөөр хэлбэл би үйлчлүүлэгчдэдээ өөрийн төрсөн охиноос, төрсөн эгчээс ялгаагүй сэтгэл гаргаж байгаагийн илрэл гэх үү дээ” гэсэн юм. Эх барих эмч нар төрөхөөр ирсэн жирэмсэн эхчүүдийг ийн нэг нэгээрээ “дааж” авч, бие засахад нь хүртэл тусалдаг юм байна. Түүнээс биш төрөхөд нь л эх барьж авна гээд элгээ тэврээд зүгээр суудаггүйг эндээс ойлгосон юм.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нийтдээ найман төрөх өрөөтэй, 20 гаруй төрөх ортой гэнэ. Сарын өмнөхөн шинээр 10 төрөх ор, төчнөөн аппараттай болжээ. Тус ор жирэмсэн эмэгтэйг хэвтүүлж, суулгах эсвэл өмнө нь жижиг ширээтэй болгох зэргээр олон үйдлийг нэг дор хийж болдгоороо давуу аж. Дагалдаж ирсэн аппаратаар ургийн бичлэгийг илүү нарийвчлалтай, тодорхой хийдэг болжээ. Түүнчлэн төрөхөөр ирсэн эмэгтэйчүүддээ ч нэг удаагийн малгай, цув, өмд, углаашнаас гадна дэвсгэрийг хүртэл үнэ төлбөргүй өгдөг болсон нь эмнэлгийн дотоод ариун цэврийг сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн гэдгийг эх баригч эмч нар хэлж байсан юм.

Эмч нарын амралтын өрөө гэж байх хэдий ч тийш ороод, амраад, телевиз үзээд байгаа эмч харагдсангүй. Өөрийн эх барьж авсан эмэгтэйг төрсний дараахь тасаг руу оруулж өгчихөөд, эргэж орж ирээд бүртгэлийн дэвтрээс өөр дээр нь хуваарилагдсан жирэмсэн эмэгтэйг хэддүгээр тасагт хэвтэж байгааг мэдүүтээ шууд л тийш зүглэх аж. Бүр эх баригч Б.Чинзориг “Өдрийнхөө цайг уулаа” гээд 17 цагт тасгаасаа гарч байгаа харагдав. Учир нь тэрээр 13 цагийн үед 36 настай Даваамягмар хэмээх эмэгтэйг төрүүлсэн эмч нарын багт ажилласныхаа дараа залгуулаад хоёр ч кесаров хагалгаа хийжээ. Тэрбээр “Ажлынхаа завсар л хоол цайндаа орно уу гэхээс хоол цайндаа орчихоод ажилдаа орохгүй шүү дээ” гээд инээмсэглэв.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын харцага Б.Пүрэвсайхан: “Сайн барилдлаа хүү минь” гэсэн Ерөнхийлөгчийн үг миний цаашдын барилдаанд урам өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан саяхан болж өнгөрлөө.Энэхүү чансаа өндөр бөхийн барилдааны их шөвөгт Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ч.Санжаадамба, улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан нар үлдсэн юм. Улмаар улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Б.Пүрэвсайхан нар үзүүр түрүү булаацалдахаар шалгарсан. Ингээд Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн билээ. Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан тав дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд Улсын харцага Б.Пүрэвсайханы хувьд энэхүү цомыг хоёр дахь удаагаа хүртээд байна. Ингээд түүнтэй шинэ оны босгон дээр ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.

-Юуны өмнө 2015 оны отгон барилдаанд түрүүлсэнд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-“Өдрийн сонин”-ы уншигчид болон Монголын ард түмэнд шинэ оны мэнд хүргэе. Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд зодоглож түрүүлсэндээ баяртай байна. Их бэлгэшээж байгаа. Миний цаашдын барилдаанд урам өгсөн сайхан барилдаан боллоо.

-Их шөвөгт улсын арслан Н.Батсуурьтай, үзүүр түрүүнд заан Ч.Санжаадамбатай шийдэмгий барилдсан. Таны хувьд түрүүлнэ гэдэгтээ итгэл дүүрэн байгаа харагдсан шүү…

-Тухайн өдрийн барилдаан болгонд л түрүүлээд барьц аваад даваад явчихъя гэсэн бодолтой барилдсан. Тэр нь ч оносон. Улсын заан Б.Батмөнх, начин Т.Баасанхүү, арслан Н.Батсуурь, Ч.Санжаадамба нартай сайхан барилдаж түрүүлсэндээ баяртай байна.

-Ч.Санжаадамба заан бол яах аргагүй энэ цагийн шилдэг бөх гэгддэг. Харин энэ удаа өөрөөс тань нэг л бэргээд барилдаан гаргасангүй?

-Тэгэлгүй яахав. Сайхан бөх. Ч.Санжаадамба заантай 2013 оны Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд дөрвийн даваанд таарч барилдаж байсан. Тэрнээс хойш заалны барилдаанд таараагүй. Бэлтгэл дээр ч таарч барилдаж байсан л даа. Заанаас түрүүлээд барьц авъя гэж зүтгэж барилдлаа.

-Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын барилдаанд хоёр дахиа түрүүллээ. Ерөнхийлөгчөөс цомоо гардаж авах үедээ заан, та хоёр элэг бүсээ тайлаад их хүндэтгэлтэй хандана лээ. Чансаа өндөр бөхчүүдийг хоёр дахиа тэргүүлнэ гэдэг тийм ч амархан биш болов уу. Таны хувьд ямар бодолтой байна?

-2013 онд Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Г.Эрхэмбаяр аваргыг өвдөг шороодуулж түрүүлж байсан. Харин энэ жил Ч.Санжаадамба заантай үзүүр түрүүнд үлдэж давлаа. Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог цом учраас их хүндэтгэж бэлгэшээдэг. Би “Хилчин” спорт хороонд харьяалагдах болсон. Энэхүү цомын тэмцээн тав дахь удаагаа зохиогдож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат хоёр, улсын заан М.Өсөхбаяр нэг, миний бие хоёр удаа цомын эзэн болсон гээд “Хилчин”-гийн бөхчүүд тав дахь удаагаа түрүүлээд байна.

-Цом гардуулах мөчид төрийн тэргүүн Ц.Элбэгдорж өөрт тань ихэд дотночилж үг хэлж байсан?

-Ерөнхийлөгчтэй нэг нутаг гэдэг утгаараа дотно. Ерөнхийлөгчийн нэрэмжит барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлсэнд баяр хүргээд “Сайн барилдлаа, хүү минь” гэж хэлээд духан дээр минь үнсэхэд үнэхээр сайхан санагдсан шүү. Төрийн тэргүүнээсээ ийм хүндэтгэл хүлээн авахаас өөр сайхан юм гэж юу байхав.

-Өнгөрч буй он таны хувьд хэр амжилт бүтээлээр дүүрэн жил байв. Нийтдээ хичнээн барилдаанд зодоглосон байна вэ?

-Өнгөрсөн онд “Хангарьд” спорт хороон дээр заан Бямбадорж багштайгаа бэлтгэл сургуулилт хийсэн. Бямбаа багшдаа юуны өмнө талархах нь зүйтэй байх. Заалны барилдаанд цөөхөн оролцсон. Бэлтгэлээ Эрдэнэтэд “Хангарьд”-д хийж хааяа хотод ирж барилдаанд оролцчихоод байсан. Чансааны хувьд шинэ онтой гайгүй золгож байгаа шүү.

-Удахгүй сар шинийн барилдаан болно. Бэлтгэл хэр хангагдаж байна?

-“Хилчин” спорт хороо, “Хангарьд”-д харьяалагдан барилдаж байгаа. Бэлтгэлээ Зайсан дахь Кёкүшюзан Батбаяр, Батзориг заан хоёрын хамтарсан дэвжээнд Архангайн бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байна. Цагаан сарын барилдаан хаяанд ирсэн байна. Үүнээс өмнө Үндсэн хуулийн ойд зориулсан барилдаан болно. Томоохон барилдаан ар араасаа хөвөрч л байна. Бэлтгэлээ л сайн базаах хэрэгтэй байна даа.

-Одоо хэн таныг бөхийн спортод чиглүүлж, заавар зөвлөгөө өгч байна вэ?

-Заан Батзориг ах миний гол түшиж тулж яваа хүн минь юм шүү дээ. За тэгээд багш нар, найз нөхөд гээд зөвлөдөг хүмүүс бий.

-Бөхийн хүрээнээс хэнтэй ойр дотно нөхөрлөж байна?

-Манай Ховдын Тайван арслан, Отгонцоож, Түвшинтөр, Мөнхбат гээд сайхан залуучууд бий. Бид дөрөв их сайхан нөхөрлөөд явж байна.

-Начин, харцага цолонд хүрэхэд хоёр ч удаа та бид хоёр ярилцаж байлаа. Тухайн үеэс одоогийн барилдаан улам л чангарсан харагддаг. Бяр чадлаас гадна улсын цолыг авч явна гэдэг их хариуцлага гэж бөхчүүд ярьдаг. Танд өнгөрсөн хугацаанд хэр өөрчлөлт гарав?

-Заримдаа тэгж боддог шүү. Хүн хийдэг бэлтгэлээ хийгээд байгаагаараа байх шиг сайхан юм байхгүй ш дээ.

Би өөрийгөө характертай хүн гэж боддог, барилдаан дээр. Ер нь спортын хүн тийм байх нь зүгээр байх. Нэгэнт л барилдах гэж гарч ирсэн юм чинь. Батзориг ах “Та нар ямар эрхлэх гэж гарч ирсэн биш олигтойхон яваад барилдчих. Ёстой хазахаас бусдыг хийх хэрэгтэй” гэдэг юм.Аймгийн цолтой байх үед заримдаа элэг бүсдэж байгаад уначихаар ах “Түшүүлээд тавьчихсан шонгийн мод шиг юм зогсож байгаад уначихлаа” гээд зэмлэнэ (инээв). Би ер нь л явж барилдахыг хүсдэг.

Бөх сонирхогчид таныг их сайхан задарсан гэж ярих юм?

-Долоо хоногийн дөрвөн өдөр хүчний бэлтгэл хийгээд хоёр өдөр дэвжээний бэлтгэл хангадаг. Харин нэг өдөр ууланд гүйнэ. Долоо хоног бүтэн л бэлтгэл хийж байна.

-Анх улсын цолонд хүрч байсныг бодвол өнөөдөр цолоо ахиулаад, амьдрал ахуйд тань олон өөрчлөлт орсон болов уу. Хувийн амьдралдаа хэр цаг зав гаргаж байна. Гэр бүлтэй болоо юу?

-Бөхөө дээдэлдэг ард түмнийхээ буянаар, багш нар, найз нөхдийнхөө дэмжлэгээр сайхан л явна. Бөх хүн түмэн олондоо хүндлэгдэхээс өөр сайхан зүйл гэж юу байхав. Харин гэр бүлээ хараахан зохиож амжаагүй явна. Залуу насандаа зорьсон төлөвлөсөн зүйл их.

-Найз охинтой болсон биз дээ?

-Найз охинтой.

-Бөхөөс гадна хувийн бизнес, өөр ажил төрөл хийж байна уу?

-Одоогоор бөхдөө сэтгэл зүрхээ зориулаад бэлтгэлдээ бүх анхаарлаа төвлөрүүлж байна. Спортын нас богинохон гэдэг шүү дээ. Мэдээж гучин нас гараад ирвэл гэр бүлийн орлогоо нэмэгдүүлэх өөрийн гэсэн бизнес ч юм уу ямар нэг ажил хийж л таарах байх даа.

Categories
мэдээ цаг-үе

​Монголчуудыг чандарт мөргүүлж, их хааныг дорд үзэх нүгэлт сэтгэл

Оны өмнөхөн C1 теле­ви­зээр “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг үзлээ. “Улаанбаатар буян” компани хэний өмч болох, түүнд бурханч лам Г.Пүрэвбат болоод гэргий нь хамааралтай эсэхийг эрэн сурвалжилж эхэлсэн нэвтрүүлэг талийгаачдыг чандарлах зан үйл буруу хийгдэж байгаа тухай дүгнэлтээр өндөрлөлөө. Энэ асуудал дээр тогтож ярьсан бурханч ламын яриа олон нийтэд хортой үр дагавартай учраас дуугүй байж тэвчсэнгүй. Бурууг мэдсээр байж буруу гэж хэлэхгүй өнгөрөөх нь өөрөө нүгэл учраас энэхүү нийтлэлийг бичиж байна.

Г.Пүрэвбат бол бурханч лам нарын уламжлал хариугүй тасардгийн даваан дээр галыг нь тэтгэж, залгамж халааг нь бэлтгэж, буцаан сэргээсэн гавьяатан. Монголын орчин үеийн урлагийн түүхэнд үлдэх ёстой олон сайхан бүтээл хийсэн нэрт урлаач. Мөн бурханы шашны сургаал нь зөв амьдрахуйн сургаал болох тухай сүсэгтэн олонд айлтган таниулах талаар ихээхэн зүтгэл гаргадаг соён гэгээрүүлэгч. Энэ утгаар нь би түүнийг ихэд хүндэлж, нэгэн цаг үед амьдарч байгаагаараа бахархдаг. Гэхдээ энэ нь түүний зарим үг үйлдэл нь надад огт таалагддаггүйг нуух шалтгаан болох ёсгүй. Олны танил, нийгмийн тодорхой хэсгийн сэтгэлийг дагуулсан хүний үг үйлдэл бүр нь хариуцлагатай, зөв шударга, олон нийтийн эрх ашгийн төлөө байх ёстой гэж мөхөс би мунхагладаг. Түүний энэ удаагийн айлдвар өмнө өгүүлсэн, хийсэн хэд хэдэн хариуцлагагүй үйлдлийн үргэлжлэл болж байгаа тул нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг нь сануулах үүднээс баримт түшин өгүүлье.

НЭГ ДЭХ ТОХИОЛ БУЮУ “ЧИНГИС ХААНЫ ХӨРӨГ”

Бурханч лам маань Монголын төртэй нэг хэсэг нягт хамтран ажилласан. Тэр үед хийсэн ажлын нэг нь “Чингис хааны хөрөг” болон хумхыг 2006 онд бүтээсэн явдал. Төрийн ордонд залах их хааны хөргийг монгол зураач монгол зургийн аргаар хийгээгүй. Харин бурханч лам Г.Пүрэвбат зурах болж, түвдийн тиг горимоор бурханчлан бүтээсний цаана шашин, улс төрийн том агуулга байсныг тэр болгон хүн анзаараагүй өнгөрсөн байх. Урлагийн бүтээлийн хувьд энэ хөрөг содон шийдэлтэй, ур хийц сайн нь үнэн. Гэхдээ энэ бол урлагийн талын л үнэлэмж. Харин Монголын төр тэр үедээ 30 сая төгрөг төлөөд бүтээлгэсэн Их хааны хөрөг, төрийн ордонд хүндэтгэн залах ёстой бүтээл гэдэг талаас нь авч үзвэл энэ хөрөг монгол төрийн уламжлалыг хадгалаагүй, харин ч эсрэг утга бэлгэдэлтэй зүйл болсон. Мөнх тэнгэр шүтлэгт Чингис хааныг түвд тигээр бурхан дүрд оруулж, монгол төрийн амин сүнс болсон хар, цагаан сүлдийг нь хүртэл байрлал сольж зурсанд нь ихэд эмзэглэдэг. Төрийн сүр хүчний бэлгэдэл хар сүлдийг өргөөний баруун талд, өөрөөр хэлбэл өрх гэрийн шүтээн зүг хоймор тийш харсан хүний бол зүүн гар талд байрлуулдаг энгийн үнэнийг бурханч ламтан маань мэдэхгүй байсан гэхэд эргэлзэнэ.

Монгол гэрийн хоймор хийгээд баруун талыг эр хүний тал гэж үздэг, түүхнээ Зүүн гарын улс гэж нэрлэгдсэн ард түмэн маань ертөнцийн зүгээр баруун талд оршин буйн учир нь монголчууд Алтан гадас одыг хойд буюу хоймор зүг гэж үзээд түүн рүү хандан хүндэтгэл үзүүлэхэд баруун зүг маань зүүн гар тал болдог онцлогтойг монгол уламжлалын зах зухтай хүн болгон л мэддэг дээ. Аливаад бэлгэдлийг эрхэм болгодог монголчуудын хувьд Г.Пүрэвбатын “Чингис хааны хөрөг” дэндүү бэлгэ муутай зүйл болсныг сануулъя.

ХОЁР ДАХЬ ТОХИОЛ БУЮУ ОЧИРВААНИЙН САЛТААН ДАХЬ ЧИНГИС ХААН

Бурханч ламтан маань 18 метр өндөр Очирваань бурханыг зээгт наамлаар бүтээлгэсэн нь урлагийн бүтээлийн хувьд үнэхээр гайхамшиг. Монголд толгой цохих сайхан бүтээл. Дээр нь монгол туургатнууд хамтдаа бүтээсэн болохоор үнэ цэнтэй. Гэхдээ утга агуулгын хувьд дахиад л уучилж болшгүй алдаа бий. Яагаад гэвэл Очирваань бурханы орой дээр Шагжамунийг залж, хөл дор нь Чингис, Өгөдэй, Хувилай хаануудыг хөрөглөн бүтээсэн, тэгэхдээ Чингис хааныг яг Очирваанийн алцайсан салтаан дор урласан нь ихээхэн шашинжсан, Их хаан хийгээд монгол төрийг доромжилсон, түүхэн үнэнийг гажуудуулсан бусармаг үйлдэл байлаа. Ийнхүү их хаанаа “салтаадсан” нь энэ чинь хэн бэ гэх эргэлзээг минь бататгасан билээ.

Очирваань бурхан монголчуудтай холбогдсон уг түүх нь огт өөр. Улаагчин луу жилд (1577 он) III Далай лам Содномжамцыг Түмэдийн Алтан хааны заллагаар Хөх хотноо ирээд байхад нь халхын Автай сайн хаан бараалхсан байдаг. Дараа нь Түвдэд очиж уулзаж байв. Ийнхүү ойртон шадарласан Автай сайн хаанд Далай лам “Очирваань бурханы хувилгаан, Очирай бат Түшээт хаан” гэдэг цол олгосон бөгөөд Түвдэд очиж уулзахад нь “Энэ олон бурхадын дотроос дуртайгаа ав” гэхэд нь Автай хаан Очирваанийг сонгож нутагтаа залснаас хойш Очирваань монголчуудыг даасан бурхан гэгдэх болсон түүхтэй. Энэ бол Чингис хаанаас хамаагүй хойно буюу 16 дугаар зууны үйл явдал. Чингис хааныг Очирваанийн дүр байсан гэх зохиомол домгийг ном судруудад шургуулах болсон нь түүнээс ч хожим үе. Монголчуудыг шашнаар дамжуулан номхотгох бодлогоо манжууд хэрэгжүүлэхдээ Их хааныг маань шашны түүхтэй санаатайгаар хольж хутгасан хорт бодлогыг XXI зуунд үргэлжлүүлж, хөрөг дүрийг нь бурханд салтаадуулах нь хэнд ашигтай байв, үүгээрээ юуг илэрхийлэх гээд байна вэ, ер нь үүнийг бүтээгчийн маань чинхүү санаа монголчуудынхаа төлөө юу үгүй юу гэж эргэлзэх асуулт ч зүй ёсоор урган гардаг. Бурханч ламын хувьд ийм төсөл хэрэгжүүлж мөнгө босгох л чухал болохоос энэ бүтээлийн агуулга, утга бэлгэдэл, танин мэдэхүйн хийгээд түүхэн ач холбогдол, холбогдон гарах үр дагавар нь нэг их чухал биш байсан байж магадгүй юм.

ГУРАВ ДАХЬ ТОХИОЛ БУЮУ БӨГСӨНДӨӨ БУРХАНТАЙ ХӨШӨӨНҮҮД

Монгол Улс төрийн ордноо шинэтгэн өргөтгөж өмнө талд нь Их Чингис хаан, Өгөдэй, Хувилай нарын хөшөөг суурилуулж байсан үе. Бурханч лам Г.Пүрэвбат гурван хааны хөшөөн дор язгуурын гурван бурханы хөрөг шуумлыг нэг нэгээр нь байрлуулна гэж зүтгэн төрөөс 180 сая төгрөг нэхэж эхэлснийг мэдэх гэрчүүд өнөөдөр нэлээд хэд бий. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс дээр энэ асуудал яригдаж, тухайн үедээ бяцхан дуулиан болоод өнгөрч байв. Комиссын зарим хүний зүгээс төр шашныг холих нь буруу, түүхэн талаасаа ч боломжгүй гэж татгалзсанаар энэ асуудал намжсан ч үүрийн харанхуйгаар олны нүднээс нууцлан байж мөнөөх зан үйлээ гүйцэлдүүлсэн болох нь хожим тодорхой болсон билээ. Үүнийхээ төлөө бурханч ламтан ямар харамж авсан нь эрх биш төр юм хойно данс хараанд нь бичээстэй байгаа л байх.

Хамгийн харамсалтай нь язгуурын гурван бурхан гэгдэгч Жанрайсиг бурхан бол Түвдийг даагч, Манзушир бурхан нь Хятадыг ивээгч, Очирваань бурхан нь Монголыг даагч гэж үзэн цагаан, шар, хөх гурван өнгөөр бэлгэдсээр ирсэн түүхэн уламжлал талаас нь харвал энэхүү зан үйл ихээхэн эргэлзээтэй, ёр далласан хачин зүйл санагддаг. Бас нэг болохоор Их хааныг маань Очирваань бурханы салтаан дор урлаад, үгүй бол Их хааны минь бөгсөн дор бурханыхаа шуумлыг булаад байгаа үйлдэл нь нэг л ойлгомжгүй, логикгүй санагдана. Энд чин сэтгэл үйлчлэв үү, мөнгө босгох аян шалтаг л байв уу гэдэг ч зайлшгүй асуух ёстой асуултын нэг мөн.

ДӨРӨВ ДЭХ ТОХИОЛ БУЮУ МОНГОЛООР ДҮҮРЭН СУВАРГА

Монголд суварга босгох уралдаан өрнөж байна гэхэд хилсдэхгүй. Улаанбаатараас мянга хэдэн зуун километрийн цаана байх аглаг зэлүүд ууланд хүртэл хэд хэдээр нь суварга босгосонтой таарч л явлаа. Энэ бүхний цаана суварга бүтээлгэж байгаа хүмүүсийн цаглашгүй их сэтгэл байгааг ойлгож байна. Гэхдээ л лам нарын суварга бүтээх, бөө нарын овоо босгох хоёр энэ цаг дор хэрээс хэтрээд байгааг хэлэлгүй орхиж болохгүй нь.

Суваргыг уг нь бурхан шүтээн бүхий хүрээ хийд газарт бурхан бодисад, хутагт хувилгаадын адис жанлавыг оршоохын тулд босгодог байсан гэж мөхөс би ойлгодог. Гэтэл зарж үл болох гурван шүтээний нэг болох тааллын шүтээн гэгддэг суваргыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хаа сайгүй өндөр үнээр босгох болсонд бурханч лам Г.Пүрэвбатын оролцоо их бий. Энэтхэгт бурхан урлалын чиглэлээр ном дүүргэсэн, ирээд гарын шавь олонтой болсон бурханч лам маань Монголд төдийлөн дэлгэрлийг олоогүй байсан суваргын соёлыг түгээснээр Монголоор нэг эзэнгүй суварга нар салхинд элэгдэн элэгдэн сүүдийлцэх болов. Суварганы үнэ ханш гэж сүрхий л юм дуулддаг. Миний найз нөхөд хүртэл бурханч ламаар суварга бүтээлгэж л байсан. Буяны гэхээсээ мөнгөний агуулга нь дийлээд байна уу даа гэх бодол өөрийн мэдэлгүй төрдөг.

Аливаа зүйл хэмжээ хязгаараа алдахаараа утгагүй болдог. Суварга босгох асуудал бас ийнхүү замаа алдаж байгааг хамгийн түрүүнд хэлж сануулах ёстой хүний нэг нь бурханч лам өөрөө баймаар бодогддог. Харамсалтай нь хичнээн олон сургууль, цэцэрлэг барьж, хичнээн олон үгээгүйчүүдийг толгой хоргодох оронтой болгож, сайн үйлд зарцуулбал жинхэнэ буян хурааж болох маш их хөрөнгө ийнхүү суварга бүтээх нэрээр урсаж байгааг анзаараагүй мэт байх нь шударга үйл мөн үү?

ТАВ ДАХЬ ТОХИОЛ БУЮУ ЧАНДАР БОЛГОНЫГ ШҮТЭЭН БОЛГОХ СОНИРХОЛ

Шулуухан хэлчихье. Г.Пүрэвбат лам “Цензургүй сурвалжлага”-д ярилцлага өгөхдөө талийгаачдыг чандарлах зан үйлд сүжиг гэхээсээ сэжиг төрүүлмээр стандарт тогтоох санааг илэрхийллээ. Нас барагсдын чандрыг шавар шороотой холин барлаж хатаагаад шүтээн болгох ёстой гэнэ. Энгийн хүнийг ингэж шүтээн болгох ёс ер үгүй.

Эртний ёс ярих гэж байгаа бол ариусаж гэгээрсэн хутагт хувилгаадыг л таалал болохын цагт лагшинд нь гал мандал өргөөд чандрыг нь бумбалж, алт мөнгөн суварганд хийж, эсвэл сацлаад шүтээн болгож хийдийн газарт нь тахидаг, үнэнч шавь нарт нь өгдөг байсныг бурханч лам мэдэхийн дээдээр мэдэх ёстой хүний нэг дээ. Мөн хэргэм зэрэг өндөртэй хаад ихсийн шарилыг галд хайлуулаад ихсийн хоригт оршоох зэрэг зан үйл бол байсан. Харин эгэл хүмүүнийг бол хээр хөдөө аваачиж ил задгай оршуулдаг учраас “хөдөөлүүлэх”, “чулуу дэрлүүлэх” зэргээр хэлэлцдэг байсны улбаа одоо ч монгол хэлнээ хадгалагдаж байна.

Мэдээж цаг үеэ дагаад оршуулах зан үйлд өөрчлөлт орсоор байгаа. Өнгөрсөн зуунд монголчууд нас барагсдаа газарт булж оршуулах болж, энэ нь уламжлалт зан үйл мэт санагдталаа өөриймшсөн. Дараа нь чандарлах зан үйл орж ирлээ. Цаг үедээ нийцсэн, хот суурин газрын соёлд тохирсон, байгаль орчинд ээлтэй энэ зан үйлийг дагаад олон чухал үйлчилгээ бий болж, монголчуудын ор­шуулах соёл дэлхий нийтийн жишигтэй дүйж эхэллээ. Энэ бол сайн хэрэг. Гэтэл бурханч лам дээрх ярилцлагаараа оршуулгын үйлчилгээ эрхэлдэг газрууд чандарлах зан үйлийг буруу хийж байна гэх ойлголтыг олон нийтэд түгээв. Тэгэхдээ хутагт хувилгаад, гэгээнтнүүдийн чандрыг сацлан шүтээн бол­годог байсан зан үйлийг энгийн хүмүүсийг чандарлан бумбалах зан үйлтэй санаатайгаар хольж хутгаж байгаа нь сэжигтэй санагдана.

Түүний ярьж байгаагаар бол энгийн хүмүүсийг нас барахаар нь чандарлаад, “Ясны чого” номоор ясыг нь цэвэрлээд, нунтаг шороо, 25 зүйлийн зайтай холиод хэвэнд барлаж, барласныгаа хатаагаад тоосго мэт хатууруулан биежүүлж шүтээн болгох гэнэ. Тэгээд бусад хүмүүс түүнийг шүтэж мөргөх ёстой гэнэ. Олон жижиг сац болгоод ойр дотнынхон, үр хүүхдэд нь шүтээн болгож тараах ёстой гэж зөвлөдгийг нь “Цензургүй сурвалжлага”-д ярилцлага өгсөн оршуулгын газрын эзэн эмэгтэйн яриа нотлоод өгөв. Аюул энд л байгаа юм. Хайртай дотно хүнийх нь чандраар шүтээн бүтээгээд үр хүүхдийнх нь тоогоор өгдөг болчихвол мөн ч мундаг шахааны бизнес гарч ирнэ дээ. Хүн гэдэг амьтан үхэж төрж л байдаг жамтайгаас хойш монголчууд нэг мэдэхэд хээрээр дүүрэн суварга, гэрээр дүүрэн шүтээнээ яахаа мэдэхээ байх вий дээ!

Ийнхүү бурханч лам Г.Пүрэвбат “Их Монголын суварга: онол хийгээд бүтээх ёс” ном бичиж, энд тэндгүй суварга бүтээсэн нь багадаад одоо өөд бологсдын чандрыг сацалж шүтээн болгохын чухлыг номлоод эхэллээ. Одоо ажиллаж байгаа буяны газруудын үйл ажиллагааг буруу зан үйл хийж байна гэх худал шалтгаар эрх мэдэлтнүүд хааж боогоод, бурханч ламын номлосны дагуу үйл ажиллагаа явуулж үхэгсдийн чандраар шүтээн үйлдвэрлэдэг жинхэнээсээ буруу бизнес цэцэглэх вий дээ гэхээс яс хавтайж байна.

Эцэст нь өгүүлэхэд, би бурханч лам Г.Пүрэвбатыг танихгүй. Бид хоёр хэн нэгэндээ буруу санах юмгүй улс. Түүний зөв сайхан үйлийг нь би дэмждэг талархдаг, өгүүлэл бичвэртээ иш татдаг. Аглагийн хийд гэдэг Монголын нүүр тахлах их бүтээн байгуулалтыг зориглон хийж, бурханы шашинтнууд төдийгүй нийт аялан жуулчлагчдын нүд сэтгэлийг булаах сайхан үйлс бүтээж байгаад нь талархдаг. Хэлмэгдсэн лам нарын сүнсийг амирлуулж, цаглашгүй буян үйлдсэнд нь талархдаг. Гэхдээ хортой үр дагавартай, Монголын төрт ёсноо харш, эсвэл монгол уламжлалыг үгүйсгэсэн, монголчуудыг доромжилсон худал номлол түгээх аваас хүлцэхгүй. Энэ удаад ч, хойшид ч…

Урианхан

Б.ГАЛААРИД

2016.01.02

Categories
мэдээ цаг-үе

“Алт” хөтөлбөр, том төслүүдийн хөрөнгө оруулалт эдийн засгийг сэргээнэ

Эдийн засаг өгсч уруудах нь уул уурхайгаас хамаарсан хэвээр байгаа. Тэгэхээр уул уурхайн салбар хэр өнгөтэй байхаас эдийн засаг ямар байх ерөнхий зураг гараад ирнэ гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Монголын хувьд энэ жил уул уурхайн салбараасаа 900 орчим тэрбум төгрөгийг төсөвтөө төвлөрүүлэхээр төсөөлөөд буй. Ихэнхийг нь буюу 90 хувийг нь зэс, алт, нүүрснээс төвлөрүүлнэ гэсэн тооцоо бий. Зэсийн үнийг төсөвт 5137 ам.доллараар тооцсон бол алтаа 1156 ам.доллар, нүүрсээ 32.8-54.8 ам.доллараар зарна гээд энэ оны төсөвтөө тусгачихсан. Төсөвт төсөөлсөн баялгийн үнэ жил бүр л байгаа олдоггүй гэх шүүмжлэлийг эдийн засагчид хэлдэг. Эцэст нь төсвийн тодотгол хийхээс аргагүй нөхцөл үүсдэгийг өнгөрсөн жилүүдийн түүхээс харж болно. Энэ онд Монгол улсын валют олох гол эрдсүүд хэр үнэд хүрэх дээр судлаач, шинжээчид ямар таамгууд дэвшүүлснийг тоймлон хүргэе.

ЗЭСИЙН ҮНЭ ТӨСӨӨЛСНӨӨС УНАХ ЭРСДЭЛТЭЙ

Дэлхийн зэсийн нийт хэрэглээний 40 хувийг хэрэглэдэг том зах зээл бол Хятад. Тэр утгаараа зэсийн үнэ дээшээ, доошоо байх нь урд хөршийн хэрэглээнээс хамаардаг. Зэсийн том зах зээлтэй холбоотой нэг таатай мэдээ бий. Энэ онд БНХАУ 12 дугаар таван жилийн төлөвлөгөөнийхөө хүрээнд цахилгаан шугам сүлжээгээ өргөжүүлэх зорилт дэвшүүлээд байгаа. Энэ зорилт зэсийн эрэлт нийлүүлэлтээ давах гол хүчин зүйл болно гэсэн таамгийг шинжээчид хэлж байна. Эрэлт ихэсвэл үнэ өгсдөг нь жам учраас зэсийн үнэ төсөвт төсөөлсөн 5137 ам.доллараас уруудахгүй байж мэдэх л юм. Гэхдээ шинжээчдийн таамгуудтай зэрэгцүүлбэл хэдэн зуун ам.доллараар зөрсөн өөдрөг төсөөлөл. “Goldman Sachs” гэхэд л 2016 оны эцэс гэхэд зэсийн үнэ 4500 ам.доллар байна гэж таамаглажээ. Шинжээчдийн таамгуудыг багцлаад харахаар 2019 оноос зэсийн үнэ эргээд өсч эхлэхээр байгаа. Тэгэхээр энэ жилийн төсөвт зэсийн баяжмалыг арай өөдрөгөөр төсөөлсөн байж мэднэ. Энэ онд “Оюутолгой” 774.1 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж борлуулахаар тооцоод байгаа. Харин Эрдэнэт үйлдвэр 587.5 мянган тонн зэсийн баяжмал борлуулах тооцоотой ажиллаж байна.

АЛТНЫ ХАНШ УНАХГҮЙ

Энэ оны төсөвт нэг унци алтны үнийг 1156 ам.доллар гэж төсөөлөөд байгаа. Жилийн турш олборлох алтны хэмжээ нь 23.6 тонн. 2016 онд Оюутолгой 10.1 тонн алтыг олборлож экспортлох бол олборлогч компаниудын Монголбанкинд тушаах алтны хэмжээг 13.5 тонн гэж тооцжээ. Алт олборлогчдод амласан хөнгөлөлттэй зээлээ засгаас өгчихвөл төв банкинд тушаагдах алтны хэмжээ огцом өсөх боломжтой гэж Алт үйлдвэрлэгчдийн холбооныхон онцолж байна. Төрийн эзэмшлийн хувь хэмжээ нь УИХ-аар яригдаж эхлэх гэж байгаа Гацуурт төсөл хөдөлбөл алтны олборлолт мэдрэгдэхээр нэмэгдэнэ. Тэгэхээр энэ жил дажгүй хэмжээний хатуу валюттай болох нь бараг л тодорхой байна.

Алтны үнийн хувьд цаашдаа өснө гэсэн өөдрөг таамаг голлож байна. Зул сараар алтны ханш сэргэдэг жамаараа өгссөнийг “Блүүмбэрг”-ийн мэдээнээс харж болно. Алт бэлэглэдэг уламжлалтай Энэтхэгт гэхэд оны сүүлээр олон баяр тохиодог. Энэ ч алтны үнэд дэмжлэг болж өгдгийг “Блүүмбэрг” онцолсон юм. Цагаан сар дөхөхөөр Хятадад алтны эрэлт нэмэгддэг. Тэгэхээр ирэх сард ч алтны ханш уруудахгүй, сэргэлттэй байх нь. Эрдэс баялгийн шинжээч Д.Галсандорж “Алтны ханш 2018 оноос 2000 ам.доллар руу дөхнө гэсэн прогноз бий. Ирэх онд 1150 орчим, 2017 онд 1180 гаруй ам.доллар байх болов уу. Олон улсын байгууллагуудын прогнозыг дундажлахаар ийм зураг харагдаж байна. Гэхдээ алтны үнийн хувьд нэг гэгээтэй зүйл бий. Юанийг олон улсын валют болгох зорилтын хүрээнд хятадууд алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа. Эрэлт ихсэхээр үнэ өсөх нь тодорхой. Тэгэхээр цаашдаа үнэ өсөх магадлал бол бий” гэж ярив. Түүний ярианаас анзаарахад Хятадын худалдан авалтад ганц цагаан сар ч биш юанийг олон улсын валют болгох бодлого, зорилт ч нөлөөлж байгаа аж.

АНУ-ын Холбооны Нөөцийн банкнаас бодлогын хүүгийн түвшинг өсгөснөөр алтны үнэ 1000 ам.доллараас доошилно гэсэн болгоомжлол шинжээчдэд бий. Гэхдээ алтны томоохон зах зээлүүд болох Хятад, Энэтхэгийн металлын бодит эрэлт өндөр байна гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байгаа. Эдийн засгийн таамаг төсөөлөл гаргадаг судалгааны байгууллага болох “Эгүлэ капитал” гэхэд л “Олон улсын хөрөнгө оруулагчид Хятадын төв банкийг алтны худалдан авалтаа үргэлжлүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Энэ нь алтны үнэ өсөх нэг шалтгаан болно. Алтны үнэ сүүлийн таван жилийн хамгийн бага түвшиндээ өнгөрсөн сард хүрсэн учир 2016 онд эргэж өснө гэсэн таамаглалыг HSBC-ийн шинжээчид хэлж байна” гэж онцолжээ.

НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ ХУМИГДСААР БАЙНА

Энэ оны төсөвт нэг тонн нүүрсний үнийг 32.8-54.8 ам.доллар байхаар төсөөлжээ. 19.5 сая тонн нүүрс экспортлохоос 9.5 сая тонн нь “Эрдэнэс таван толгой” , “Энержи ресурс”-ийн хамтран ашиглахТаван толгой ордоос экспортлох угааж, баяжуулсан нүүрс байна гэж тооцоолжээ. Манай улсын хувьд урд хөршийн гангийг үйлдвэрүүдийн гол орц болсон коксжих нүүрс экспортолдог. Нүүрсний үнэ өсөхгүй гэсэн гутранги таамаг голлож байна. Дэлхийн гангийн хэрэглээ өсөхгүй гэсэн таамаглалыг Австралийн Эрдэс баялаг эрчим хүч, эдийн засгийн хорооноос дэвшүүлээд байгаа.

“Эгүлэ капитал”-ийнхан нүүрсний үнэ өсөхгүй байх бодитой шалтгааныг “АНУ-д байгалийн хийн үйлдвэрлэл нэмэгдэж байна. Байгалийн хийг эрчим хүчний эх үүсвэр болгох, цаашид экспортлохоор зорьж байгаа нь нүүрсний эрэлтийг бууруулах нэг шалтгаан болж байна. БНХАУ нүүрсний том хэрэглэгч хэдий ч цаашид эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрсний хэрэглээгээ бууруулах бодлого баримтлаад эхэлчихсэн. Энэ хүрээнд нүүрс ашигладаг дулааны цахилгаан станцынхаа тоог цөөрүүлж, бусад эх үүсвэрийн эрчим хүчний үйлдвэрлэлийг өсгөх зорилт дэвшүүлсэн” хэмээн тайлбарлажээ. 2013-2018 онд Хятадын нүүрсний зах зээлийн нийлүүлэлт эрэлтээс давсан хэвээр байна гэсэн таамаг бий. Энэ хугацаанд коксжих түүхий нүүрсний үйлдвэрлэл 1.68 тэрбум тоннд хүрч жилд дунджаар 3-4 хувийн өсөлттэй байх төсөөлөл гараад байгаа. Нүүрсний зах зээл дээр манай улстай өрсөлдөгчид гэвэл АНУ, Австрали. Эрчим хүчний мэдээллийн төвийн судалгаагаар ирэх 30 жилийн хугацаанд Америкийн нүүрсний үйлдвэрлэл тогтвортой байх бололтой. Австралийн нүүрсний олборлолт 2020 онд 550 сая тоннд хүрэх төлөвлөгөө бий. 2009-2011 онд Хятадын коксжих нүүрсний үнэ 40 орчим хувиар огцом өссөн бол 2012 оноос өнөөг хүртэл огцом унаж байгаа. Шаньси Люлин бүс нутгийн бүрэн коксжих нүүрсний үнэ гэхэд л 44 хувиар буурсан тоог статистикаас харж болно. 2015-2018 онд Шаньси мужийн коксжих нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал жил бүр 40-60 сая тн-оор нэмэгдэж нийлүүлэлтийн илүүдэлтэй хэвээр байна гэж шинжээчид онцолж байгаа. Шинжээчдийн таамгийг багцалж харахад ямартай ч 2018 он хүртэл коксжих нүүрсний үнэ буурсан хэвээр байх нь. Тэгэхээр нүүрсний үнэ төсөвт төсөөлснөөс уруудаж, төсөвт тодотгол хийх хэмжээнд хүрэх өндөр магадлалтай юм. Нүүрсний үнэ таагүй хэвээр үргэлжлэх ирэх жилүүдэд олборлолтын зардлаа багасгаж, хар алтнаасаа дажгүй мөнгө олох ганц л гарц бий. Тодруулж хэлбэл Таван толгойгоос урд хил рүү татах төмөр замын бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэх. Нүүрсээ төмөр замаар зөөж байж л нүүрсний зах зээлийн таагүй он жилүүдэд ашиг олох боломж бидэнд олдоно. Цаашлаад яривал урд хил рүү татах төмөр зам Оюу толгойд ч хамаатай асуудал.

Их биш хэмжээгээр экспортолдог төмрийн хүдрийн үнийг энэ оны төсөвт тонныг нь 34.8-43.2 ам.доллар гэж төсөөлжээ. Энэ жил БНХАУ-ын төмрийн хүдрийн импорт 40 орчим сая тонноор нэмэгдэх төлөвтэй байгаа. “Жи Пи Морган”, “Сити групп” зэрэг байгууллагууд төмрийн хүдрийн үнэ буурахгүй гэж төсөөлсөн. Тэгэхээр төмрийн хүдрийн хувьд үнэ унана гэсэн болгоомжлол алга. Гэхдээ зэс, алт, нүүрс шиг төсөвт мэдрэгдэхээр хэмжээний мөнгө авчирдаггүй учраас төмрийн хүдрийн үнэ уруудаж, өгсөх нь тийм ч анхаарал татахаар мэдээ биш.

ТӨРИЙН ӨМЧИЙН ХУВЬЧЛАЛААС 171 ТЭРБУМЫГ ОЛНО

Төрийн өмчийг хувьчлах замаар ирэх оны төсөвт 171 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолжээ. Тодруулж хэлбэл Төрийн банкийг 75 тэрбум төгрөгөөр, Монголын хөрөнгийн биржийг таван тэрбум төгрөгөөр хувьчлахаар төлөвлөөд байгаа. Төрийн өмчийн зарим обьектуудыг худалдах замаар 80 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх тооцоо бас бий. Энэ жил хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчийн жагсаалтад Дулааны цахилгаан станц-2, 3, 4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Диспетчерийн үндэсний төв”, “Шивээ -Овоо”, “Багануур”, “Эрдэнэс таван толгой”, “Оргил рашаан сувилал”, “Кино урлагийн дээд сургууль”, “Монгол шуудан”, “Монголын цахилгаан холбоо”, “Хөтөлийн цемент шохой” зэрэг байгууллагууд багтаад буй.

ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТ ӨСӨЛТ 4.1 ХУВЬ

Шинжээчдийн таамгаар эдийн засгийн өсөлт дунджаар дөрөв гаруй хувь байх бололтой. Дэлхийн банк, АХБ, ОУВС, Монголбанк, Сангийн яамны хувьд эдийн засаг энэ онд 4.3 хувьд хүрч өснө гэсэн таамаг хэлцгээсэн. Гурав гаруй хувиар таамагласан газар ч бий. Судалгааны “Мандал даатгал” компани гэхэд л энэ онд эдийн засгийн өсөлт 3.6-4.4 хувьд хүрэх болов уу гэсэн таамаг хэлээд байгаа. Энэ жилийн хувьд зээлийн чанаргүйдэл нэмэгдэнэ, төсөв хүндэрнэ гэж бараг шинжээч бүр хэлж байна. Эдийн засгийн өсөлтийг төсөвт 4.1 хувь гэж төсөөлжээ. Ингэж өсөхөд нөлөөлөх хэд хэдэн шалтгааныг ч онцолжээ. Томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх засгийн бодлого эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн нь оны өмнөхнөөс биеллээ олоод эхэлчихсэн. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийг олон улсын банк санхүүгийн хорь орчим байгууллагаас босгоод байгаа. Энэ жил гэхэд л тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн багцаа тооцоог эдийн засагчид онцлоод эхэлчихсэн. Дагаж орж ирэх өгөөжийг нь багаар бодоход нэг тэрбум ам.доллар гэцгээж буй. Ямартай ч эдийн засагт бодитой эерэг нөлөө үзүүлэх том шалтгааны нэг нь яах аргагүй Оюутолгой. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн таагүй зургаас болж нүүрс, төмрийн хүдэр, жоншны олборлолт энэ жил нэмэгдэхээргүй байгаа. Гэсэн хэдий ч Оюутолгой ордоос олборлох баяжмалын хэмжээ өснө гэсэн хүлээлт бий. Эдийн засгийг эерэгээр харахад хүргэж байгаа бас нэг шалтгаан нь энэ. Засаг “Алт” хөтөлбөрт найдлага тавьж эдийн засгаа өөдрөгөөр төсөөлөөд байна. “Алт” хөтөлбөр эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг өмнө тодорхой дурдсан. Энэ онд төлбөрийн тэнцлийн хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг өнгөрсөн жилийнхээс өснө гэж тооцжээ. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт,Таван толгойн хөрөнгө оруулалт, Цагаан суваргын зэс молибдений ордын бүтээн байгуулалт голлох нөлөө үзүүлнэ хэмээн таамаглаж. Цагаан суваргын ордын хувьд санхүүжилтийн асуудал нь ид яригдаж буй.

Categories
мэдээ цаг-үе

О.ЧИНБАТ: ЮНЕСКО-гийн тайзнаа хөгжимдөхийн зэрэгцээ хөөмийлсөн нь үзэгчдэд их таалагдсан

Саяхан
Францын нийслэл Парис хотноо ЮНЕСКО-гийн 70 жилийн ойд зориулсан дэлхийн шилдэг хөгжимчдийн тоглолт болж өнгөрсөн билээ. Дэлхийн 30 орчим орны ардын хөгжмийн мастерууд, Чех улсын симфони оркестр, Бельгийн нэрт удирдаачийн удирдлага дор дэлхийн алдарт бүтээлүүдийг ЮНЕСКО- гийн өргөөнд толилуулсан байна. О.Чинбат энэ оны мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн “Виртуоз” наадамд оролцсон гарамгай хөгжимчдийн нэг билээ. Тэрбээр тус тоглолтод Ф.Менделсоны хос кларнетад зориул­сан концертыг эвэр бүрээгээр тоглож сонирхуулсан байна. Ингээд “Улаанбаатар” чуулгын эвэр бүрээчин О.Чинбаттай эл тоглол­тын талаар цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.

Хэдхэн
хоногийн өмнө та ЮНЕСКО-гийн томоохон концертод оролцоод ирлээ. Дэлхийн олон орны шилдэг хөгжимчидтэй нэгэн тайзнаа оркестр тоглолоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Өнгөрсөн сарын 22-нд Францад ЮНЕСКО
байгуулагдсаны 70, Аялгуугаар дамжуулж соёл иргэншлүүдийн хооронд
хэлхээ бий болгох холбооны
10 жилийн ойн тоглолт боллоо.
Энэ тоглолтод тэр том тайзнаа
эх орноо төлөөлөн оролцоод
ирсэндээ баяртай байна. Дэлхийн
шилдгүүдээс шигшиж бүрдүүлдэг энэхүү
тоглолтод оролцоно гэдэг хөгжимчин хүний
хувьд нэр төрийн явдал
байлаа.

Хичнээн
орны хөгжимчин оролцсон бэ?

-30 орчим орны хөгжимчид оролцсон.
Чехийн оркестр, Бельгийн удирдаачтай концертод оролцсон.Турк, Хятад, Иран
зэрэг олон орны уран
бүтээлчид уран бүтээлээ толилуулсан
байгаа.

Дэлхийд
танигдсан уран бүтээлчид энэхүү концертод мөн нэгдсэн гэсэн?

-Европтоо нэлээд алдартай гэгдэх
олон хүн энэ удаа
хамтарч тоглосон. Прагийн найрал хөгжим,
Австрийн хийлч Волфгэнг Дэвид,
Хятадын Дэн Жу, Португалийн
Карлос Дэмэс, Колумбын гитарчин
Андриас Гуарин Нилко тэргүүтэй
хөгжимчид энэ удаа хамтарч
тоглолоо. Европын “Чарлмейн” оркестрыг үүсгэн байгуулагч маестро
Бартхоломес Хенри Ван ди
Велд удирдсан.

Монголоос
танаас өөр хөгжимчин оролцсон уу?

-Надаас гадна морин хуурч
Э.Цолмон, цохиур
хөгжимчин Б.Ганхүлэг нар
оролцоод ирсэн.

Манай
хөгжимчид оркестрын аль хэсэгт гоцолсон бэ?

-Бид Болерогийн хэсэг дээр дан
хөгжимдсөн. Бид ЮНЕСКО-гийн
тайзнаа хөгжимдөхийн зэрэгцээ хөөмийлсөн нь үзэгчдэд их
таалагдсан

Та
хөөмийлсөн үү?

-Тийм.

Дэлхийн
шилдгүүдтэй гар нийлэхийн тулд хэр удаан бэлтгэл хийсэн бэ?

-Өнгөрсөн арванхоёр­дугаар сарын 19-нд
Францад очоод хоёр өдрийн
бэлтгэл хийсэн дээ.

Та
өмнө нь ч бас энэ тоглолтод оролцож байсан гэсэн. Энэ удаагийнх нь юугаараа онцлог болж өнгөрөв?

-2011 онд Францад анх зохиогдож
байсан. Үүнээс хойш дөрөв
дэх жилдээ Цолмон, Ганхүлэг
бид гурав оролцож байна.
Анх “Бөртэ” хамтлагт байхдаа
оролцож байлаа. Энэ жилийн
тоглолт ЮНЕСКО-гийн театрт
болсон байгаа. Тоглолтыг 1000 гаруй
хүн үзсэн. Их сэтгэл
хангалуун хүлээж авч, талархал
илэрхийлсэн. Тоглолтын программын хувьд их өвөрмөц
санагдсан. Дан сонгодог зохиолоос
бүрдсэн нэг цаг 10 минут
үргэлжилсэн тоглолт болсон. Дэлхийн
сонгодог хөгжмийн түүврээс шилдэг хөгжимчдийг нэгэн
дор цуглуулж тоглолт тавина гэдэг
өөрөө гайхамшигтай явдал байхгүй юу.
Ер нь олон орны
үндэсний хөгжмөөс бүрдсэн концертыг тавьж
байгаагүй юм билээ.

Бусад
орны үндэсний хөгжмөөс сонирхуулаач?

-Хятадын хийлч залуугийн үзүүлбэр
их сонирхол татсан. Дэлхийн шилдэг
сонгодог хөгжмөөс тоглосон. Хулсан лимбээр. Хятадын
уран бүтээлчдийн хөгжмийн бүх зэмсэг хулсаар
хийгдсэн байсан. Учир нь
Хятадын хулсан мод устаж
үгүй болж байгаа юм
билээ. Тиймээс хулс модыг
хайрлая гэсэн санаа бүхий
агуулгыг гаргасан. Эх дэлхийн хүмүүс
бүгд нэгэн гэр бүл
гэдгийг хөгжимчдийг бүрдүүлж харуулахыг зорьсон байсан.

-“Улаанбаатар
чуулга”-д хичнээн жил тоглож байна вэ?

-“Улаанбаатар
чуулга”-д найман жил
болж байна. Өмнө нь
Үндэсний ардын дуу бүжгийн
чуулгын хөгжимчин байлаа.

Та
яаж бүрээчин болж байв?

-Хөгжим бүжгийн коллежийг эвэр
бүрээчнээр төгссөн. СУИС-д магистраа
хамгаалсан. Дараа нь Хөгжим
бүжгийн коллежид хөгжмийн зохиолчоор дахин сурч төгссөн.
Манай ах эвэр бүрээчин.
Ээж маань бас хөгжимчин
хүн байсан. Гэр бүлийнхэн
л энэ хөгжимд
намайг хөтөлсөн дөө.

Хөгжмийн
зохиол бичиж үзсэн үү. Ялангуяа эвэр бүрээ хөгжмөөр?

-Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын
шавь. Эвэр бүрээ хөгжимд
зориулж оркестр бичсэн байгаа.
Монгол, Германы хамтын ажиллагааны
40 жилийн ойгоор Германд очиж
анх удаа өөрийн эвэр
бүрээ хөгжимд зориулж бичсэн
бүрэн хэмжээний оркестрыг тоглосон. Энэ тоглолт үнэхээр
сайхан болсон. Басс кларинет
хөгжимд зориулсан концерт тоглосон.

Categories
мэдээ цаг-үе

Р.Эмүжин: Эрх чөлөө унтлагын өрөөнд байдаг

Яруу найрагч Р.Эмүжинг шинэ номоо гаргасных нь дараа ярилцсан ярилцлагаа өнөөдөр та бүхэнд онлайнаар хүргэж байна

-Р.Эмүжин эрос ном бичжээ гэцгээж байна. Тэр нь их л зузаан байхыг хараад энэ сэдвээр бичих юм их байжээ гэж бодлоо. Магадгүй энэ сэдвийг хүн бүр өөр өөрөөр төсөөлдөг байх?

– Эротик роман гэхээр ор хөнжлийн ажил гэдэг талаас нь хүмүүс төсөөлж байгаа болов уу. Олон хүн өөрийнхөөрөө төсөөлөөд арав, хорин минут, ганц хоёр хуудсаар хэмжиж магадгүй. Гэхдээ хайр гэдэг нь урлаг юм бол хайрлана гэдэг урлахуй гэж би боддог. Нөгөө талаар хүн төрөлхтөнд үлдсэн сүүлчийн амьтанлаг мэдрэмж нь хайрлах урлаг юм уу даа гэж санадаг. Эротик гэхээр хүн зөвхөн үйл явдал талаас нь бодчихож болно. Үнсэлцээд цаашаа алхаж таарна. Тэгээд асуудал дууслаа гэж бодож болно. Үүний цаана хос хоёрын сэтгэл зүрхэнд тарчлаан шаналал, эргэлзээ, хайр, уйдсан сэтгэл, үзэн ядалт, гал халуун учрал, хүсэл дурлал гээд маш олон юм өрнөж байдаг шүү дээ. Тэр болгоныг задалж бичвэл нэг номоор дуусахгүй.

-Үргэлжилнэ гэсэн үг үү?

-Үргэлжлүүлж болно. Уншигчдынхаа реакцийг харж байна. Гол дүрүүд маань амьдралд хайртай болохоор үргэлжлэх боломжтой.

-Эрос зохиол гэхээр содон сонсогдож байна. Ийм зохиол бичих санаа яаж төрөв?

-Би хүнээс хүнийг л харахыг хүсдэг. Эцсийн эцэст хүн мөнгөтэй ханилдаггүй. Байшин савтай ханилдаггүй. Хүнтэй л ханилдаг. Ганцаардахын цагт хүн хүндээ л хань болдог. Гэтэл хүн, хүний нийгэм гэдэг ойлголт өнөөдөр юу болж хувирав. Бид бүгдээрээ байгалийн амьтан. Олон хүний боддогчлон бурхны бүтээл. О.Дашбалбарын шүлгэнд гардагчлан хоолтой хоолгүй тэнэж яваа талын хөх чонотой л адилхан амьтан. Тэгсэн хэрнээ гутлаа гялалзтал тосолчихоод, зангиа зүүчихээд, охид нь өндөр өсгийт дээр дэнжигнээд эхлэхээрээ бид хээнцэр амьдрах ёстой, сарнайн дэлбээгээр дүүрсэн ваннд хэвтэх ёстой, бэлгэнд авч байгаа цэцэг маань торгон туузаар ороолттой байх ёстой гээд материаллаг амьдралаас хэт хараат болчихдог. Уг нь хүн ууланд урамдаж байгаа бугатай л адилхан, хээр талд гавраа зуугаад явж байгаа үнэгтэй л адилхан амьтанлаг мэдрэмжтэй. Гэтэл энэ төрөлхийн мэдрэмжүүдээ алдсан байна. Эр, эм амьтныхаа хувьд хайрлаж дурлах цагт л энэ мэдрэмж нь сэргэдэг юм болов уу даа. Байгалиас заяасан эл мэдрэмжээ олон хүн олж авч чаддаггүй. Нөгөө гоё зангианыхаа цаана нуугдаад он жилүүдийг элээдэг. Надад үгүйлэгдээд байгаа хүн гэдэг байгалийн бүтээгдэхүүн бусдад ч үгүйлэгдэж байгаа. Би хүнийг хүн гэдгийг жинхэнэ утгаар нь сануулсан зохиол бичихийг хүсдэг байсан. “Хөх сарны явдал”-ыг анх бичиж эхэлсэн шалтгаан ердөө л энэ юм даа. Хүнийг хүн гэдгийг нь, байгалийн бүтээл гэдгийг нь бусад амьтантай л адил гэдгийг энэ зохиол маш олон талаар сануулна гэдэгт итгэлтэй байна.

-Эмүжин амьтанлаг мэдрэмжтэй байж таарах нь ээ?

-Би сэтгэлийнхээ дуудлагаар л амьдардаг хүн. Хүн сэтгэлийнхээ маш олон дуудлагыг хүлээж авахаас зайлсхийж, олон олон хүлээсээр өөрийгөө баглаж хүлдэг. Гэтэл сэтгэл гэдэг эрхтэн дүүлэн нисэж, амирлан жаргахыг хүсдэг. Сэтгэлийнхээ дуудлагаар, мэдрэмжээрээ амьдрах үед амьдрал зарим талаараа хэцүү ч илүү амттай. Би төрөлхийн ийм сэтгэлдээ хэт автдаг хүн шиг байгаа юм. Тийм биш байсан бол өдийд амьдрал маань жигтэйхэн сайхан тогтчихсон, олон хүүхэдтэй намбайсан эхнэр байхгүй юу.

-Эмэгтэй хүн олон юманд баригдан номхорч, заримдаа өөрийгөө ч мэдрэхээ байдаг үе бий. Ялангуяа эх хүн маш олон юмнаас татгалзаж, бүсгүй хүний сэрэл мэдрэмжүүд хумигддаг, торлогддог юм шиг?

-Тэр торыг ямар байлгах нь эмэгтэй хүнээс шалтгаална. Би яах аргагүй л хоёр хүүгээ өөрөө өсгөж байна. Заримдаа шантрах үе бий. Гэхдээ хөвгүүдээсээ маш их суралцсан. Хөвгүүд маань хэлдэг юм. Ээж таны хамгийн их хэлдэг үг чинь “Өөрөө л мэд” гэдэг. Заримдаа хүүхэд юм болохоороо зүг чигээ олох гээд бухимддаг юм байна л даа. Би өөрөө дураараа чөлөөтэй, сэтгэлийнхээ дуудлагаар амьдардагтайгаа адилхан хөвгүүдээ тэгж өсгөсөн юм болов уу даа. Эд нар маань багаасаа шийдвэр гаргадаг, сэтгэл зүрхний дуудлагаа сонсдог болж өссөн юм байна. Хөвгүүдээ багад нь хөгжүүлж, оюун санааны хувьд тэтгэж байсантай адилхан эд нар маань намайг шүүмжилж, магтаж, хүмүүжүүлж, хөгжүүлж байна. Зарим талаараа миний сонирхдоггүй байсан юм руу хөтөлж байна. Хөвгүүдээ дагаад би өөрөө өөрчлөгдөж байна. Тэгэхээр ээж хүнд зайлшгүй ирдэг ядаргаатай асуудлуудыг ямар өнгөөр будах вэ гэдэг нь тухайн хүнээс л шалтгаална. Гэрээ цэвэрлэх үргэлж л ядаргаатай байдаг. Тийм үед сахилгагүйтэж байгаа хөвгүүдээ харахаар бүр бухимддаг. Харин хамтдаа нийлж сахилгагүйтээд, дараа нь хамтраад цэвэрлэчихвэл амьдрал илүү уужимхан болно.

-Нас ч бас ямар ч халуухан эмэгтэйг өөрчлөх том шалтгаан байх?

-Би 42 настай. Фэйсбүүкт тавьсан “42 нас” гэдэг шүлгийг маань 200 шахам мянган хүн уншсан байна. 3000 гаруй хүн сэтгэгдэл үлдээжээ. Яг энэ цаг хугацааны дараа байгалийн жамаар, амьдралын эрхээр өтөлсөн байж болно. Гэхдээ л өөрийнхөөрөө сэтгэдэг араншин хийгээд мэдрэмж маань хэвээрээ үлдсэн. Үүний хэрээр үнэ цэнийг нь ч олж харах боломж бүрдсэн. Саяхандаа би:

Зүрх, тархи, сэтгэл

Зүс царай, зүсрэх хайр

Үзэг барьдаг гар

Үнсүүлэх дуртай хүзүүнд минь үлдсэн

Үрчлээ болгон үнэ цэн болохоор

Үргэлж гайхуулж амьдарна, би гэж шүлэглэлээ. Хэрвээ торон дотор дуулдаг шувуу байсан бол, хэрвээ би чөдөртэй дэгэлздэг морь байсан бол, хэрвээ би уяатай ботго байсан бол чиний хэлээд байгаа насны эрхээр ирдэг олон дарамт, дотогшоо хумигддаг сэтгэл намайг нөмрөн авах байх л даа. Өөрийгөө чөлөөлж амьдарч чадсанаараа бахархдаг. Хүний сэтгэл хязааргүй орон зай. Гэтэл бид өөрсдөө түүнийг бачуурам явцуу болгож байдаг. Сэтгэлийн дуудлагаа дагана гэдэг нэг талаар тэнэг зориг юм. Нөгөө талаар хүссэн цагтаа жигүүрээ дэлгэж чаддаг байх сайхан.

-Хүүтэй ээжүүдэд хүү нь хорвоод хосгүй эр хүн. Гэхдээ Эмүжин мөрөөдлийнхөө эр хүнтэй учирсан уу?

-Учирсан. Бас сайхан хөвгүүдийг нь төрүүлсэн. Би бас их гэнэн эмэгтэй. Эмэгтэй хүн эр хүнтэй танилцаад боддог. Энэ хүн надад хань болох уу. Мөнгөтэй юм уу, үгүй юм уу. Ажилтай юм уу, ажилгүй юм уу, ааштай болов уу, агсам болов уу гээд олон талаас нь эргэцүүлж боддог. Харин би хайрлаж дурласан л бол хайртай хүнийхээ үр хүүхдийг тээж төрүүлэхийг хүсдэг. Түүнээс биш суух уу, болих уу, хүүхдийг нь гаргах уу гэж тооцоо хийдэггүй. Би хайрласан. Сайхан хөвгүүдийг нь төрүүлсэн. Тэгээд яагаад салчихдаг юм гэж чи надаас асуух байх л даа. Яагаад гэвэл тэд зарим талаараа хайр даадаггүй. Эсвэл эмэгтэй хүн бүх сэтгэлээ, байгаа бүхнээ өгч, өөрийгөө тасалж, үр хүүхдийг нь хүртэл төрүүлдэг учраас магадгүй тийм хайрыг эргээд олж чадахгүй болохоороо гомддог байх. Нэг л өдөр сэтгэлээ чагнахад хайргүй болсон байдаг. Хайргүй мөртлөө хүүхдээ бодож байна гээд худлаа дүр эсгээд амьдрах хүсэл байдаггүй. Сэтгэлээ чагнаад, миний зүрхэнд хайр байхгүй болсныг ойлгох цагтаа олон талаас нь бодож байгаад “Хоёр тийшээ болъё доо” гээд үнэнээ шулуухан хэлчихдэг.

Дэндүү хайртайдаа

Чамтай би ханилахгүй,

Дэргэд чинь өнгөө гээж,

Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй гээд өөрийн чинь мөрүүд байдаг. Энэ үнэхээр бодож үзмээр сонин философи шүү?

-Зарим талаараа амьдралын хүнд хэцүү, болсон болоогүйг хамт туулаад ирэхээр бие биенээ анх олж харсан харц, хайраа мартдаг шиг байгаа юм. Нөгөө л сэгсийсэн эхнэр, нөгөө л телевиз ширтсэн нөхөр. Тэгж л харагддаг байх. Гэхдээ би энэ талаар сайн мэдэхгүй. Өөрөө хүнд хань болоод, өчнөөн олон жилийг хамт туулаагүй юм чинь гэр бүлийн амьдралыг үнэндээ мэдэхгүй байна. Би хөвгүүдээ төрөхөд нь л аавуудаас нь салчихсан хүн шүү дээ.

-Уг нь хүүхдээ төрүүлсний дараа дэргэд эр хүний нөмөр хэрэгтэй байх?

-Хуурмаг нөмөр, дарамттай нөмөр, сэтгэлд сүүдэр унагасан түшиг тулгуурт хоргодох гэж шархтай далавчаар зуун зууныг гаталснаас хурдхан шиг хоёр тийшээ болоод, асуудлаа шийдээд явсан нь дээр.

-Эмүжингийн урт, долгионтой үс, гадаад дүр төрх хэвээрээ үлджээ. Харин эрос шүлэг бичдэг байснаа эрос роман бичдэг болж өөрчлөгдсөн шиг байна?

-Хөвгүүдээ бага байхад би үлгэр бичихийг хүссэн. Үлгэрийн номуудаа гаргасан. Орь залуу насыг хөглөдөг зүйл нь хайр сэтгэл. Хайрын шүлгүүдээрээ ч бас жигүүрлэсэн. Одоо ч би шүлгээ бичиж байгаа. Н.Найруулагч Наранбаатар бид хоёр нэг удаа телевизийн ярилцлаганд хамт орлоо. Мань хүн надаас “Чи яагаад роман бичихгүй байгаа юм бэ” гэж асуусан. Би “Арай болоогүй байна аа. Аливаа юмыг шүүрч авах цаг хугацаа гэж бас байдаг. Би өөрийгөө чагнаж байгаа юм” гэж хариулж байсан л даа. Энэ роман төрөх цаг нь болсон юм байгаа биз. Одоо бол би уран сайхны түүхэн роман дээр сууж байна. Анхны роман маань эротик байсанд баяртай байгаа. Эхлээд түүхэн сэдэв барьж авсан бол хэллэг, сэтгэлгээ, гол дүрийн араншингийн задаргаа дээр өөрийгөө цэгнээд, биеэ барих байсан биз. Эротик роман, бас эмэгтэй хүний эмзэг мэдрэмжээр бичиж байгаа болохоор гол дүрүүдийнхээ сэтгэхүй, дотоод мөн чанарт тулгуурлан, хангалттай задалж чадсан. Зохиолчийнхоо хувьд энэ роман дээр хөгжиж, урагшаа ахиж чадсандаа баяртай байна.

-Эротик роман гэснээс нэг марзан юм санаанд орлоо. Эротик өгүүллэг яаж бичдэг байна аа гэж нэг нь хэлсэн чинь танил эмэгтэй маань “Бичиж ядах юу байх вэ. Үзсэн харсан дээрээ мөрөөдлөө нэмээд биччихэд болно” гэж билээ. Харин та юу хэлэх вэ?

-Миний номыг уншиж үзвэл ойлгоно. Солонго гээд гол дүрийн эмэгтэй маань Малайзад хүний наймааны золиос болж, бараг бүтэн жил хүний эрхэнд амьдарч байгаа хэсэг бий. Үүнийг бичихийн тулд ардаа нялх хүүхдээ үлдээгээд, өөрөө биеэ үнэлж мөнгө олохоор Эрээн рүү гараад, тэндээсээ Хонгконг руу худалдагдаж, адаг сүүлд нь бичиг баримт ч үгүй Монголын Элчин сайдын яаманд аврал эрж очсон эмэгтэйтэй нэлээд хэдэн удаа уулзаж ярилцсан. Зохиолч хүнд бичих гэж байгаа сэдвээ маш олон талаас нь судлах шаардлага гардаг. Заримдаа улаан гэрэл дээр машиндаа сууж байхдаа гарцаар гарч байгаа хүмүүсийг ажиглахад ямар нэг дүр заавал тэдний дунд байдаг. Бичнэ гэж хэлэх амархан. Өөрийнхөө үзсэн харсан дээр мөрөөдлөө юм уу төсөөллөө нэмээд биччихнэ гэж хэлэх ч бас амархан. Зохиолч хүний дотор сэтгэлд өөрийнх нь босгож амьдруулах гэж байгаа дүр удаан амьдарч, оюун бодлыг нь эзэлж байж төрдөг. Нэг талаараа хүүхэд төрүүлж байгаатай адил хариуцлага. Би нэгэнт номоо бичээд гаргасан л бол тэр дүр өөрийнхөө тавиланг хөөж, уншигчдын сэтгэлд амьдардаг.

-Романаа хэр удаан бичсэн бэ?

-Дөрвөн жилийн өмнө эхлүүлээд хаячихсан. Зориг дутсан юм болов уу даа. Харин өнгөрсөн хавар дахин барьж аваад, хоёр сар л зарцуулсан.

-Номын нээлт орой болсон болохоор эрчүүдэд сонин санагдсан бололтой. Эмүжин торон даашинзтай байсан болов уу, очсон эрчүүдтэй болзсон болов уу гэх мэтээр сонирхож байна лээ?

-Номын нээлт 22 цагт “Аз хур” номын их дэлгүүрт болсон. Эротик номын нээлтэд шөнө хагаслаж очно гэдэг зарим хүнээс зориг шаардсан байх. Үнэндээ юу өмсөхөө бодоогүй биш, бодсон. Богинохон даашинзаар гоёх уу, цээж мөрөө гаргах уу гээд эргэлзсэн л дээ. Яг гарахдаа жирийн л өмд, костюм өмссөн. Би уран бүтээлч хүн. Нэгэнт л сэтгэл, сэтгэлгээ, оюун санаагаа олны өмнө тайчиж хаячихаад дээрээс нь бас хувцсаа тайчаад яахав. Надаас илүү роман маань хүмүүсийн сэтгэлд хүрээсэй гэж л хүссэн. Гэхдээ номын нээлтийн үеэр үнэхээр галзуу шүлгүүдээ уншсан. “Хонгор хүү минь чи намайг энхрийл, хориглож байсан ч даашинзыг маань тайч” гээд л. Түүнтэй загас наадуулахсан, түүний энгэрт шургахсан гэдэг ч юм уу. Бас нэгэн үеийн яруу найрагч Б.Галсансүх маань гайхалтай чөлөөтэй шүлгүүдээ хэлж, оюутан цагийн анд, Түвд судлаач Б.Ням-Очир маань залуу халуун насны задгай шүлгүүдээ уншсан. Зохиолч Б.Сарантуяа, яруу найрагч С.Оюун нар маань том түшиг болсон.

-Хориглож байсан ч даашинзыг маань тайч гэснээс үүдээд эрчүүдийн хувьд эргэлзээ төрж магадгүй. Үнэхээр дургүйцээд байгаа юм уу эсвэл дургүйцсэн дүр үзүүлж байгаа юм болов уу гээд л?

– Мэдрэмж. Гол нь тэр эмэгтэйн дургүйцэл аальхан дургүйцэл үү, аймаар дургүйцэл үү гэдгийг мэдрэх л учиртай. Амьтанлаг мэдрэмжээ алдаагүй хүн түүнийг маш сайн мэдэрнэ.

-Хаврын хаварт л би дурлачихсан явдаг гээд өөрийн тань нэг шүлэг байдаг. Эмүжин дурлаж байгаа болов уу?

-Одоо ч гэсэн би дурлачихсан байна. Сайхан эр хүнээр хайрлуулж амьдарч байна.

-Хүүхдийн үлгэрийн зургаан ном гаргаад төд удалгүй эрос ном гаргана гэдэг мөн түргэн шилжилт ээ?

-Эхлээд ээж аав хоёр нь учрах ёстой. Тэгээд хүүхэд нь төрөх ёстой. Гэхдээ би дэс дарааллыг нь алдагдуулсан. Эхлээд хүүхдийн үлгэрийн номоо гаргаад, араас нь эротик романаа хэвлүүллээ. Нийгмийнхээ араншинд тааруулсан хэрэг. Би бас юунд ч баригддаггүй хүн биш, баригддаг хүн юм билээ. Эхлээд хүүхдийн үлгэр гаргаж ээж хүн гэдгээ харуулж, зарим талаар нэр төрдөө хамгаалалт хийж байгаа санаатай гэх үү дээ.

-Эрос романаа хаана бичсэн бэ?

-Хөнжилдөө гэж хариулах ёстой юу? ( инээв) Үргэлжилсэн үгийн зохиолыг тухалж байж бичдэг. Цаг хугацааны хувьд ёстой хэзээ ч хамаагүй, шөнө хагаслаад, эсвэл өглөө эрт гэхчилэн бичмээр санагдсан үедээ хурдхан л буулгаад авдаг. Шүлгийг бол зам зуур, ёстой хаана ч хамаагүй, заримдаа гэрлэн дохион дээр зогсож байхдаа ч тэмдэглээд авдаг. Нүүрээ будангаа ч нэг хоёр мөр биччихдэг.

Харин “ Хөх сарны явдал” романаа бичиж байхдаа би эрх чөлөө унтлагын өрөөнд байдаг гэдгийг олж харсан. Ийм галзуу чөлөөтэй, хүсэл шунал, хайр дурлал, халуухан учралуудаар дүүрэн ном бичлээ гээд намайг үзэн ядаж, үгүйсгэн муулж, адлан гоочилж, эсвэл өрсөн магтаж болно. Аль нь ч байсан одоо өнгөрсөн. Зохиолоо бичиж байхдаа би бүсгүй хүний хувьд өөртэйгөө хангалттай зөрчилдөж, эргэлзсэн. Одоо эргэлзэх хүсэл алга. “Хөх сарны явдал” бол энэ цагийнхны зүрх сэтгэлийн зүг илгээж буй хайр хийгээд хайрлах урлагийн галт тэрэг юм. Их зохиолч Д.Нацагдоржийн “Монголын үрс маш олон болтугай” хэмээх үгийг романыхаа төгсгөл болгосон нь ч учиртай.