Categories
мэдээ цаг-үе

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нартаа баярлалаа

Хан-Уул дүүргийн III хорооны иргэн С.Цэнд-Аюуш

Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө хоёр гар маань мэдээгүй, гартаа ямар ч чадалгүй болчихсон. Нэлээд зовлонтой болж, удаан шаналж явсан юм. Олон ч эмнэлгээр явсан даа. Хүзүүний артикуляци гэж хэлж байсан. Энэ оношийн дагуу 300-гаад зүү хүзүүндээ тавиулсан ч нэмэр болоогүй. Дараа нь сувилалд очиж шавар тавиулаад ч үр дүнд хүрээгүй.

Би НАХЯ болон Хилийн цэрэгт ажиллаж байсан хүн. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт эмчлүүлсэн. Тус тасгийн их эмч А.Жавзмаа зөв оношилж, чиглүүлж өгсөнд үнэхээр их баярлаж байна. Энэ дагуу “Рефлекс” эмнэлэгт бичлэг хийлгэж, шинжилгээ өгсөн юм. Тэгэхэд “Та энэ чигээрээ яваад байвал таны гар ажилгүй болно. Таны 12 судас асуудалтай байна. Зарим нь дарагдсан, мэдээгүй байгаа нь их муу үзүүлэлт шүү. Яаралтай мэс засалд орох хэрэгтэй” гэсэн билээ.

Нэгэнт онош тодорхой болсон тул хоёр гартаа мэс засал хийлгэхээр болсон юм. Надад мэс засал хийж, сайхан үйлчилсэн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч, хошууч Д.Нямдорж, их эмч Э.Анужин, сувилагч Д.Болормаа, үйлчлэгч Ж.Мөнхжаргал нартаа болон Мэдрэлийн тасгийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье. Мундаг ажилладаг улсууд байна лээ.

Categories
мэдээ цаг-үе

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: “УЛИРАЛ БА ЗОХИОЛЧ” сэтгүүлийн найм дахь дугаар хэвлэгдэн гарлаа

“Улирал ба зохиолч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн НЯМАА

Эрхэмсэг уншигчдынхаа амар амгаланг айлтган мэндчилье. 2014 оны хавраас эхлэн уншигч түмэндээ хүрч байгаа “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн найм дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Найман улирал дараалан гарч байгаа манай сэтгүүлийн 2015 оны дөрөв дэх дугаар буюу өвлийн дугаар нь юм. “Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй” уриатай уран зохиолын шилдэг цоморлиг уг сэтгүүлээс та бүхэн өмнөх дугааруудын нэгэн адил шинэ тууж, өгүүллэг, шүлэг, найраглал, эсээ, зохиолчдын захидал, наргиа, дурсамж, дэлхийн сонгодог зохиолчдын ярилцлага, Нобелийн шагналтнуудын үгүүллэг гээд оюун, сэтгэл гэгээрүүлж, бодол бясалгал ундруулах уран зохиолын шидээвэр бүтээлүүдийг уншиж болно. Энэ удаагийн дугаарт төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулсан намтар цадиг, эсээ болон хүү академич Б.Барсболдын сонирхолтой дурсамж, ардын уран зохиолч Б.Баастын сэтгүүлд хандсан амин үг, түүхч, зохиолч Н.Нагаанбуугийн “Улаанбаатар” уянгын тууж, их сэтгэгч, гүн ухаантан, зохиолч Д.Урианхайн “Ханануудын амьдрал” ганц хүний абсурд жүжиг, яруу найрагч Н.Нямдоржоос Горькийн сургуулийн оюутан Д.Нямаа, Д.Гармаа, П.Лувсанцэрэн, Галбадрах нарт бичсэн захидал, нэрт зохиолч Н.Банзрагчийн “Зам” роман тэргүүт бусад зохиол хэрхэн төрсөн тухай түүх, Японы сонгодог зохиолч Дазай Осамүгийн өгүүллэг, 2015 оны Нобелийн шагналт зохиолч Светлана Алексеевичийн ярилцлага, энэ жил байгуулагдсаныхаа 55 жилийн ойгоо тэмдэглэж байгаа уран зохиолын “Цалиг онгод” дугуйлангийнхны шинэ уран бүтээлийн дээжис, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Энхболдын “Өвс ногоо аниргүй” номонд судлаач Г.Батсуурийн бичсэн шүүмж зэрэг сонирхолтой материалууд оржээ. Мөн уламжлалт “Монгол туургатны яруу найраг”, “Зохиолчдын наргиан”, Маамуу нааш ир” булангууд ч шинэ хуудсаа дэлгэлээ. “Улирал ба Зохиолч” сэтгүүл дугаарын онцлох зохиолчоор соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт яруу найрагч Г.Мэнд-Ооёог, онцлох номоор МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Баярсайханы “Тэнгэрийн санаа”, “Хөх тэнгэр” номуудыг тодрууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын Үндсэн хуульд ийм өөрчлөлт орно

УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Уг өөрчлөлтөөр Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасныг хүргэе.

1 дүгээр зүйл. “Үндсэн хууль” гэсэн нэрийг “Эх хууль” гэж нэрлэж, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид байгаа “Үндсэн хууль” гэсэн нэр томьёог “Эх хууль” гэж хэрэглэсүгэй.

2 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “хуралдааныг” гэсний дараа “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол” гэж, Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно.” гэсэн 3 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчилсүгэй:

1/Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

6/ Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх, огцруулах;”

2/Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг:

“4. Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг Улсын Их Хурлын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.”

3/Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2. Засгийн газар дор дурдсан яамтай байна:

1/Сангийн яам;

2/Дотоод хэрэг, хууль зүйн яам;

3/Гадаад хэргийн яам;

4/Байгаль орчин, хөгжлийн яам;

5/Батлан хамгаалах яам;

6/Гэгээрлийн яам;

7/Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам;

8/Хөдөө аж ахуйн яам;

9/Дэд бүтцийн яам.

Монгол Улсын Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой асуудал хариуцсан гурваас илүүгүй Засгийн газрын гишүүнийг нэмж болно. Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүний саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”

4/Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, Улсын Их Хуралд танилцуулсанаар уг шийдвэрийг батламжилсан Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.”

5/Дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3. Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал уг асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэх бөгөөд олонхийн саналаар дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.”

6/Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосон Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хурлынзөвшөөрснөөр, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч зарлиг гарган батламжилна. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн шүүгчид дотроосоо гурван жилийн хугацаагаар олонхийн саналаар нууц санал хураалтаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно.”

7/Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2. Улсын ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зарлиг гарган батламжилна.”

8/Тавин долдугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг:

“1. Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод, аймаг нь сум, хотод, сум нь багт, хот нь хороонд хуваагдана. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот нь засаг захиргааны тусгай нэгж мөн бөгөөд түүний удирдлагын эрх хэмжээ, тухайн нэгж доторх засаг захиргааны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

З. Засаг захиргааны нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг харгалзан Улсын Их Хурал шийдвэрлэнэ.”

9/Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1. Аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хот нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд түүний нутаг дэвсгэрийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.”

10/Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас сум, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг, сум, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг тус тус сонгож иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгож байгуулах журмыг хуулиар тогтооно.”

11/Жардугаар зүйл:

“1. Аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хот, баг, хороонд төрийн удирдлагыг тухайн аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хот, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.

2. Аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, хотын Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Сум, хотын Засаг даргын сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд иргэн зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ. Сум, хотын Засаг даргыг иргэд дөрвөн жилийн хугацаагаар шууд сонгож, аймгийн Засаг дарга батламжилж, мөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулна.” гэж өөрчлөх.

3. Засаг дарга бүрэн эрхээ дараагийн Засаг даргыг томилтол хэвээр хадгална.”

12/Жаран нэгдүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг:

“2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт тухайн шатны Засаг дарга хориг тавих эрхтэй.

4. Баг хорооноос бусад засаг захиргааны нэгжийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно. Засаг захиргааны нэгж дэх төрийн захиргааны албаны удирдлагыг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлнэ. Төрийн тусгай албаны удирдлагыг төвлөрсөн удирдлагын зарчмаар хэрэгжүүлнэ. Засгийн газар засаг захиргааны нэгж дэх төрийн тусгай албаны удирдлагын зарим эрх мэдлийг тухайн шатны Засаг даргад шилжүүлж болно.”

13/Жаран хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3. Улсын Их Хурал шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлж болно.”

4 дүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаан” гэснийг “ерэн есөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж, Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “илээр” гэснийг “нууцаар” гэж, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалт, Тавин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн” гэснийг “засаг захиргааны” гэж, Дөрөвдүгээр бүлгийн гарчгийн “ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН” гэснийг “ЗАСАГ ЗАХИРГААНЫ” гэж, Хорин долдугаар зүйлийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг” гэснийг “Ерөнхий сайдыг” гэж, Жаран гуравдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн” гэснийг “Засаг захиргааны” гэж, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “дөрвөн жилийн хугацаагаар” гэснийг “зургаан жилийн хугацаагаар нэг удаа” гэж, Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” гэснийг “Ерөнхийлөгчийг хоёр сарын дотор сонгоно.” гэж, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн” гэснийг “нутаг дэвсгэрийн” гэж, Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн” гэснийг “Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хотод тухайн засаг захиргааны нэгжийн” гэж, Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг” гэснийг “нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд” гэж, Жаран гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “нийслэл, сум, дүүрэг” гэснийг “Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хот” гэж, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхийлөгч” гэснийг “Засгийн газар” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дуаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.” гэсэн 2 дахь өгүүлбэр, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “Ерөнхийлөгчийн ба”, Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхийлөгч,” Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийнГучин нэгдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, 7 дэх хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйл, Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Тавин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Жаран нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 20 … оны … дугаар сарын … -ны өдрийн … цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.

Categories
мэдээ цаг-үе

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Гадаадад түрээслүүлсэн газраас олдсон баялаг ард түмнийх

Баянгол дүүргийн иргэн М.ЛХАГВАДОРЖ

Гадаад улсад хугацаатай түрээсээр эзэмшүүлсэн газарт Оюутолгойгоос том орд илэрч, түүнийг 100 хувь авч, цааш нь худалдаж байгаа талаар мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан билээ. Энэ бол арай л дэндсэн хэрэг шүү дээ.

Уг нь түр суух буюу тариа тарьж ашиглах зориулалттай, хугацаатай эзэмшүүлэх журамтай. Үндсэн хуульд газрын хэвлий дэх баялаг ард түмний өмч гэж хуульчилсан байдаг. Ард нийтийн зөвшөөрөлгүйгээр өөрийн өмч мэт цааш нь худалдах ёсгүй. Баялгаа зүгээр өгчихдөг улс дэлхийн хаана ч байхгүй. XX зуунд колони улс л баялгаа үнэгүй өгч байсан байх.

Манай улс маш их өртэй, улсын хөгжил иргэдийн амьжиргаанд үлэмж их мөнгө шаардлагатай. Эдийн засаг хүнд үед стратегийн том ордын асар их хөрөнгөнд олон хүн найдлага тавьж байгаа билээ. Дэлхийд байгалийн баялгаар хамгийн баян улс мөртлөө гадаад өрөөр тэргүүлж, иргэдийн тэн хагас нь ядуу амьдралтай байгаа тул олон улсын байгууллага, НҮБ анхаарал хандуулах хэрэгтэй байна даа.

Стратегийн том орд нь 500 тэрбум долларын баялагтай байдаг болохоор манай улсын 100 гаруй жилийн төсөвтэй тэнцэхээр байгаа нь бидний болон хойч үеийнхний хөгжил, иргэдийн амьжиргаанд үнэлж баршгүй хувь нэмэр болох учраас зориулалтаар нь ашиглацгаая.

Тус ордыг ашигласнаар 100 гаруй жил улсын төсвийн мөнгө хоёр дахин нэмэгдсэнээр улсын хөгжил эрчтэй хөгжиж, иргэдийн амьдрал хангалуун болно. Оюутнууд тэтгэлэг тэтгэмжтэй болж, өрхийн амьдралд тус нэмэр болно.

Мөн гадаад улсаас зээл авах, газар нутгаа түрээслүүлэх шаардлагагүй болох тул ард нийтээрээ саналаа илэрхийлцгээе.

Categories
мэдээ цаг-үе

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Үндэсний статистикийн хорооны талаар хэлэх үг байна

Чингэлтэй дүүргийн XVII хорооны ахмад настан М.Даваахүү

Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаанд нэг онцлог байдаг юм. Энэ нь НҮБ болон түүний салбар байгууллага, бүхэн статистикийн хэлтэстэй байдаг. Тогтмол болон цаг үеийн асуудлаар шаардагдах тоо баримт бэлтгэх ажилд манай улс оролцох үүрэгтэй. Ер нь Статистикийн салбар нь өөрийн гүйцэтгэдэг ажлаараа удирдлагын болон олон улсын тавцанд чухал шаардлагатай учраас аргачлал арга зүй нь олон улсын хэмжээнд байнга өргөжиж, сайжирч, энэ салбарын нэгж хоорондын харилцаа улам өргөн хүрээтэй болж, шинжлэх ухаан, технологийн ололт хурдан нэвтэрдэг онцлогтой.

Тусгаар тогтносон улс байх хэв шинжийг бүрдүүлэх 18 зүйл заалтад төрийн асуудал хариуцсан яамдтай, үндэсний цэрэг армитай, үндэсний мөнгөн тэмдэгттэй гэх мэтээс гадна Үндэсний статистикийн газартай байх гэж заасан байдаг. Манай улс 1911 онд тусгаар тогтносон учир Статистикийн байгууллагын түүх энэ үеэс эхлэх учиртай. Үүнээс үзвэл Статистикийн хороо нь тусдаа байх нь олон улсын болон манай улсын эрх ашигт нийцэж байгаа юм. Харин гадаад нэр томъёо хэрэглэх нь зохимжгүй юм. Энэ үгийг утгачлан орчуулах боломжтой. Нийгмийн үзэгдэл бүр утгатай, далд хүч агуулж байдаг. Энэ нуугдмал утгыг зохих аргачлалаар танин мэдэх боломжтой болгох оюуны мэлмийд илрүүлэн харуулах үйл ажиллагааны явцыг статистикийн шинжлэх ухаан гүйцэтгэдэг. Энэ нь тухайн үзэгдлийн утгын талаар явуулсан дүн судалгаа гэж болно. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон үеэс үйл ажиллагаагаа эхэлсэн болохыг харуулсан түүхэн баримтыг ч цуглуулж байгаа юм. Үүнд Хүн ам, мал тооллогын ажлыг Дотоод хэргийг бүгд захирах яамны төв хэлтэс удирдан явуулж байсан агаад Богд хаан “Хүн ам, үнэн хөрөнгийг магадлан тоолох олон шавь боолчуудын ахуй байдлыг тунгалаг толинд үзэх адил илэрхий толилох …” хэмээн зарлиг бичигтээ цохон тэмдэглэж байжээ. Энэ бүхэн уг салбарын үйл ажиллагаа түүхэн уламжлалтай байсныг харуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунбаатар: Урьдчилан сэргийлэх ажил нь гамшгийн эрсдлийг бууруулах гол суурь нь байх болно

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатартай ярилцлаа.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг агентлагуудаас хамгийн онцгой салбар бол яах аргагүй Онцгой байдлын алба. Онцгой байдлын салбараа бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байна. Эрхэлсэн сайдын хувьд онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэхэд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Онцгой байдлын алба бол улс эх орон, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй тусгай алба. Энэ онцгой үүрэгтэй албанд үүрэг гүйцэтгэдэг албан хаагчдаараа үргэлж бахархдаг.

Зөвхөн өнгөрсөн жилд нийт 5891 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын албаны албан хаагчид 1233 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байдаг. Аврагчдын амь насыг нь аварсан хүний тоо урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад 30 гаруй хувиар, авран хамгаалсан эд хөрөнгийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн.

Би хамт олны амжилтыг нэн тэргүүнд дурдаж байгааг ойлгож байгаа байх. Аливаа байгууллагын амжилт бол хамт олны амжилт байдаг. Сүүлийн жилүүдэд онцгой байдлын салбарын бэлтгэл, бэлэн байдал, сахилга хариуцлага, аврагчдын үүрэг гүйцэтгэх чадвар, багаж, техник тоног төхөөрөмжийн хангалт харьцангуй дээшилж байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газар болоод үе, үеийн асуудал хариуцсан сайд, дарга, удирдлагуудын хүчин чармайлт, хичээл зүтгэлтэй холбоотой гэдгийг дурдахад таатай байна. Өнгөрсөн онд гэхэд Онцгой байдлын салбарт аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг сайжруулахад зориулж 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

Энэ хөрөнгө оруулалтууд хийгдсэнээр Онцгой байдлын албаны чадавхи өмнөх жилийнхээс 2,3 дахин өссөн нь Монгол Улсын гамшигтай тэмцэх чадвар тодорхой түвшинд дээшилж байгаагийн илрэл юм. Үүнийг цаашид улам шат ахиулж, хууль эрхзүйн орчноо улам боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улс орны хөгжлийн бодлогод тусгах, олон нийтийн үйлс болгох, иргэд, олон нийтийн оролцоог хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг иргэдэд системтэй олгох, ололт амжилтаа ахиулж, гамшигтай тэмцэх чадавхиа улам бэхжүүлэх ёстой.

Мөн энэ онд Австри улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж 12 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий автомашин, техник хэрэгсэл эхнээсээ нийлүүлэгдээд байна.

Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг та яриандаа хөндлөө. Онцгой байдлын албаны хувьд хууль эрхзүйн орчин хэр бүрдсэн гэж та боддог вэ?

-Онцгой байдлын алба өнгөрсөн онд хууль эрхзүйн иж бүрэн шинэчлэлүүдийг салбартаа хэрэгжүүлэн ажиллалаа. Төрийн батлан хамгаалах бодлогын бичиг баримт батлагдаж, Онцгой байдлын алба цэргийн байгууллагын бүрэлдэхүүнд орлоо.

Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Галын аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн батлууллаа. Энэ бүхэн бүхэлдээ гамшгийн эрсдэлийг бууруулах, шат ахиулах мэргэжлийн үйл ажиллагааны суурь бичиг баримтууд төдийгүй тус салбарт ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн баталгааг бататгаж байгаа юм л даа.

Бид цаашид, гамшгаас хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалаа батлуулж, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Онцгой байдлын албаны тухай хуулийг УИХ-аар шинэчлэн батлуулахаар ажиллаж байна.

-“Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” болж байна. Тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойллоо шүү дээ. Онцгой байдлын салбарын энэ жилийн гол зорилт юу байх вэ?

– 2016 оныг Монгол Улсын Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгож байгаатай холбогдуулан бидний авч хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээ, үйл ажиллагаа иргэн, айл өрх бүрт хүрч, тэдний эрх ашиг, аюулгүй байдлыг нь хангахад бүрэн чиглэсэн байх ёстой. Тухайлбал, гамшиг, осол, аливаа эрсдэлээс ард иргэд, хэрэглэгчдийг хамгаалахын тулд гамшгаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлэх, тогтмолжуулах, давтамжтайгаар зохион байгуулах нь чухал байна.

Онцгой байдлын салбарт 2016 он “Аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх жил” байна. “Хэрэглэгчийн жил” байна, “Сахилга хариуцлагаа дээшлүүлэх жил” байх болно.

Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд илүү ойроос, иргэн хүнд энгийнээр ойлгомжтойгоор хүргэх, сургалт, сурталчилгааг тасралтгүй зохион байгуулахад анхаарах, төсөвлөсөн хөрөнгө, мөнгийг үр ашигтай, өгөөжтэй, хүртээмжтэй зарцуулна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын гол цөм нь сургалт байх ёстой. Сургах, сурталчлах гэдэг үгийг мартаж болохгүй.

Энэ бүхэнд иргэн таны оролцоо туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Иргэд та бүхэн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боловсролыг олж авснаар өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалах мэдлэг чадвар, дадалтай болж, эрүүл, аюулгүй амьдрах хүмүүжил, орчныг бий болгож чадна.

Тиймээс иргэний үүргээ биелүүлж, төр засаг, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, өгсөн анхааруулга, сэрэмжлүүлгийг мөрдөж, нягт хамтран ажиллахыг хүсч байна. Хамтдаа эрүүл, аюул осолгүй, эрсдэлгүй ирээдүйг бүтээцгээе гэж уриалмаар байна.

Онцгой байдлын алба бол гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй хүргэх ёстой ариун алба. Тийм ч учраас албаны хэмжээнд сахилга хариуцлагыг өндөржүүлнэ.

Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг олон нийтэд тулгуурлан иргэд, хэрэглэгчдэд шуурхай хүргэх, албан хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн үндсэн зорилтуудыг дэвшүүлээд байна.

Бүсүүдийн удирдлагын төв байгуулах, гал унтраах ангиудыг шинээр нэмж байгуулах асуудал яригдаж байсан. Эдийн засгийн хямралын үед төсөв хөрөнгийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-2016 он Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд ололт амжилтаа ахиулсан, гамшигтай тэмцэх чадавхиа улам бэхжүүлсэн, нэг ёсондоо хөгжлийн шинэ шатанд гаргана. Үүний тулд төр, засгийн дэмжлэг ч хэрэгтэй, онцгой байдлын салбарын албан хаагчдын идэвх зүтгэл, санал санаачилга ч чухал.

Бид, энэ онд илүү эрсдэл бүхий зургаан аймгийн зургаан суманд аврах, гал унтраах ангийг шинээр байгуулах бүтэц, зохион байгуулалтыг хийж эхлээд байна. Дорнод аймгийн Баяндун, Завхан аймгийн Тэс, Өмнөговь аймгийн Цогтцэций, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Хөвсгөл аймгийн Тариалан суманд байгуулах гал унтраах ангийн урсгал зардал болох 2.1 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан.

Мөн бүсийн удирдлагын төвүүдийг Улаанбаатар хот, Орхон, Өмнөговь, Ховд, Дорнод аймагт байгуулна. Энэ бол үнэхээр том бүтээн байгуулалтаас гадна гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд тусламж үзүүлэх төрийн үйлчилгээг илүү ойртуулах, шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой.

2015-2016 онд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Говь-Алтай, Төв, Говьсүмбэр, Завхан, Хэнтий аймаг, Багахангай дүүрэгт нийт есөн аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил хийгдэж байна.

Үнэхээр эдийн засгийн хямралын энэ үед хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэг амаргүй. Онцгой байдлын албаны албан хаагчдын хүнд хүчир ажил, мэргэжлийг Засгийн газраасаа эхлээд ард түмэн ойлгодог, мэдэрдэг болсны илрэл гэж бодож байна.

Өнөөдрийн байдлаар хэдэн аймаг зудын хэмжээнд хүрээд байна вэ? Монгол Улсын Засгийн газраас ямар арга хэмжээг авч байна?

– Өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум цагаан зудархуу байна. Төв аймагт нэмж цас орвол 11 сум зудын байдалд шилжих эрсдэлтэй байна.

Харин Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон аймагт өвөлжилт хэвийн байна.

Бид аливаа болзошгүй аюул, осол, байгалийн гамшигтай араас нь биш, урдаас нь тосч урьдчилан сэргийлж, түүнтэй тэмцэх ёстой. Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, орон нутагт тохиолдож байгаа эрсдэл, цаг агаарын мэдээллээс харагдаж байсан. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар баруун, төв, зүүн, говийн бүсийн 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх “Шуурхай бүлэг”-ийг орон нутагт томилон ажиллуулж, эрсдэлийн үнэлгээ хийлгэлээ. Шуурхай бүлэг бүх аймгийн Засаг дарга нартай нэг бүрчлэн уулзаж, өвөлжилтийг эрсдэлгүй даван туулахад танай аймгийн хувьд тулгамдаж байгаа ямар асуудал байна, хэдий хэмжээний хөрөнгө, зардал шаардагдах вэ гэдэг санал хүсэлтийг авч, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж ажиллалаа.

Шуурхай ажлын хэсгийн өвөлжилтийн нөхцөл байдалд хийсэн үнэлгээг үндэслэн Засгийн газрын 480 дугаар тогтоол гаргаж, улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийн хэмжээ болон түүнийг тээвэрлэх зардлыг шийдвэрлэж, малчид, иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн Онцгой байдлын газар, хүн эмнэлэгт “УАЗ-31519” маркийн шуурхай албаны автомашин олголоо.

Эрүүл мэнд, спортын яамнаас он солигдохын өмнө Япон улсад эмнэлгийн зориулалтаар үйлдвэрлэсэн түргэн тусламжийн Ниссан маркийн автомашиныг 12 аймагт 23-ыг, нийслэлд долоог тус тус хүргүүллээ.

Одоо Засгийн газар өвөлжилт хүндэрч, түргэн тусламжийн автомашин шаардлагатай байгаа 15 суманд олгох машины зардлыг улсын нөөцөөс гаргуулахаар санал оруулж байна. Бид нэгдүгээр сард багтаан шийдвэрлэх болно.

Түүнчлэн улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэ төлбөргүй, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байна. Нийт 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэж орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэлээ.

Одоо бол орон нутаг өөрсдийн хүч бололцоогоор өвөлжилтөө ямар нэгэн хүндрэлгүйгээр даван туулчих байх аа гэж найдаж байгаа шүү. /инээв/

Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйлийг асуумаар байна. Оны өмнөхөн “Ми-8” нисдэг тэрэгний осол болсон. Яг энэ үед “хуучин, шинэ” Шадар сайд нар нь онцгойгийнхоо даргатай “ёлкодлоо” гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан. Та үүнийг юуг гэж тайлбарлах вэ?

– Хувь хүнийхээ хувьд улс төрийн захиалгат энэ мэдээлэлд эмзэглээгүй. “Ми-8” нисдэг тэрэг унасан гэсэн мэдээллийг аваад бид мэргэжлийн удирдлагаар шуурхай ханган ажилласан. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийг нэн даруй томилж, онцгой байдал, зэвсэгт хүчин, цагдаа, тагнуулын байгууллагын бүрэлдэхүүн ослын газарт ажилласан. Бэртэж, гэмтсэн хүмүүсийг эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсэн. Шадар сайдын хувьд ажлын байран дээрээ Төрийн ордонд 21:20 цаг хүртэл байж цаг, минут тутам мэдээлэл авч байсан. Тэр орой онгоц уначих юм гэж хэн ч таахгүй шүү дээ, ослын дараахь үеийн удирдлага, зохион байгуулалт алдагдсан, цаг хугацаа алдсан зүйл огт байхгүй.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын шинэ жил дээр 21:30 цагийн үед очиж баяр хүргээд цаг орчим болоод гарсан. Хэдий болтол монголчуудыг хооронд нь хагалж, гүтгэж байхав дээ, болих хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч сахилгагүй, хариуцлагагүй, салан задгай байдлыг би огт тэвчдэггүй. Намайг өөрсдийнхөнтэйгөө адилтгах, будилах хэрэггүй.

Эх орон, ард иргэдийнхээ амар тайван, энх амгалан, амьдралын төлөө халуун, хүйтнээс халшралгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, болзошгүй осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, төр, түмнийхээ хүлээлгэсэн итгэл найдварыг нэр төртэй биелүүлж яваа Онцгой байдлын албаны албан хаагчид жилд ганц удаа баярлах эрхтэй шүү дээ.

Үнэндээ аюул, осол, гамшиг гэдэг хэлж ирдэггүй. Тиймээс зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид маань олон нийтийн анхаарлыг татахын тулд бүх зүйлийг улстөржүүлж, бүхэл бүтэн салбарын нэр хүндэд халдахгүй байвал зүгээрсэн. Аливаа юманд ёс зүй, хариуцлага гэдэг зүйл байх ёстой. Ардчилал нэрээр сахилгагүй, салан задгай байдал гаргах, бодит үнэн байдлыг гуйвуулах, гүтгэхээ больж, улс орны хөгжлийн төлөө хамтран ажиллая.

Б.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Орц бүрээ камержуулснаас хойш нэг ч гэмт хэрэг гарсангүй

Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны засаг дарга С.Амарбаясгалантай ярилцлаа.

Танай хорооны орц бүрийг камертай гэж сонслоо. Тэгэхээр орцонд үйлдэгддэг элдэв хэрэгт цэг тавьсан гэсэн үг үү?

-Манайх хотын төвийн гэр хороололгүй хороо л доо. Тэнгис хавийн орон сууцнууд хамрагддаг юм. Иргэдээс орц руугаа аюулгүй орохсон гэсэн хүсэлт их ирдэг учраас сүүлийн хоёр жил энэ чиглэлээр түл­хүү ажиллалаа. Орц бүрээ камер­жуулсан нь ийм учиртай. Мэргэжлийн харуул хамгаалалтын алба 24 цагийн турш хариуцаж ажилладаг юм. Орцонд үйлдэгддэг гэмт хэрэг өнгөрсөн жил гэхэд огт гараагүй. Өмнө нь нийт гэмт хэргийн 23.2 хувийг орцонд үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байсан. Дунджаар 30-40 гэмт хэрэг орцонд байнга үйлдэгддэг байсан гэсэн үг. Бүх байрныхаа орцны кодыг байнга анхаардаг. Код нь эвдэрлээ л бол солиулдаг. Манай хороо хуучны есөн давхрууд олонтой. Хуучин байрнуудын лифт шөнийн 24.00 цаг гээд зогсчихдог. Харин манай хорооны хуучин байрнуудын лифт 24 цагаар ажиллаж байгаа. СӨХ-тойгоо ярилцаад ийм үр дүнд хүрсэн. Орцонд дээрэм тонуул, хүчин­гээс эхлээд хэцүү хэргүүд их гардаг. Тэр утгаараа гадна талын тохижилт гэхээс илүүтэй аюулгүй байдалд анхаарч байна. Гадна тал нь гоё хэрнээ орц руугаа ороход айдастай байвал ямар олиг байхав. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлд цогц арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

Сая гэхэд хоёр охин орц руу ороод өөрсдийгөө боомилсон харамсалтай хэрэг гарсан. Танай хорооны хувьд ийм эрсдэл гарахаас бүрэн сэргийлсэн гэж ойлголоо?

-Иймэрхүү хэрэг гарах ямар ч боломжгүй. Камерыг харуул хамгаалалтынхан 24 цагаар хянаж байгаа.

Харуул, хамгаалалтынх­ны цалинг яаж шийдсэн юм бол?

-Санхүүжилт бол маш том асуудал. СӨХ-тойгоо ярьж байгаад шийдсэн. СӨХ, хороо, харуул хамгаалалтын алба гэсэн гурвалсан гэрээ хийгээд тодорхой хэмжээний мөнгийг СӨХ-ноос гаргуулаад ажиллаж байна. Өмнө нь энэ асуудлыг цагдаагаас шийдэх гэж үзсэн л дээ. Төсөв мөнгө, орон тоо байхгүй гээд нэлээд хүндрэл байсан. Үнэтэй хороолол, байшингуудад хүмүүс аюулгүй амьдардаг. Тэдэн шиг хуучны байрнуудад амьдардаг хүмүүс ч гэсэн аюулгүй амьдарч болно гэдгийг баталж харуулахыг л хүссэн юм. Санаснаа ажил болгоод явж байна.

Нийслэлд танайх шиг орц бүртээ камертай хороо байна уу?

-Манай хороо анхдагч нь. Бусад хороонууд ингэх нь зөв юм байна гээд туршлага судлаад явж байгаа. Өвлийн цагт орон гэргүй улс орцонд ороод хог шатаах, бункерт хоноглохоос эхлээд өчнөөн асуудал байсан бол өнөөдөр шийдэгдсэн. Өмнө нь СӨХ, орцны жижүүр шийдэж чаддаг­гүй байлаа. Иргэд манай орцонд ийм хүн унтаж байна гэх мэт мэдээллээ харуул, хамгаалалт руу өгчихөд л асуудалгүй. Манайтай гэрээ байгуулсан хамгаалалтынхан хоёр минутын дотор очоод асуудлыг шийдэж байгаа. Энэ жил болж өгвөл гадна талаа бүрэн камержуулъя гэж бодож байна. Дотор камер, гадна талын камер гэж бүрэн цогц сервер үүсгээд мэргэжлийн харуул хамгаалалт 24 цагаар хянадаг болбол бүр хэрэгтэй. Хорооны нутаг дэвсгэрт гарах гэмт хэргийн гаралт эрс буурна. Түүнээс биш гэмт хэргээс урьдчилан сэргийлье гэсэн бичигтэй цаасыг орцныхоо үүдэнд наагаад үр дүн гарахгүй.

Танайх шиг орон сууц голдуу хороонууд хэрэгжүүлэхэд болох л юм байна?

-Бүрэн боломжтой. Санхүүгийн хувьд СӨХ-тойгоо яриад шийдчих боломж байгаа.

Орцонд гардаг гэмт хэрэг байхгүй болчихсон гэхээр иргэд их таатай хандаж байгаа байх. Талархлаа илэрхийлж ирэх тохиолдол байна уу?

-Олон хүн биечилж ирж баяр хүргэсэн. Саяхан нэг оршин суугч орж ирээд “Эгч нь ээлжийн ажилтай учраас шөнө 12 цагаас тардаг юм. Орц руугаа орохын тулд утас, ээмэг, бөгж гээд аль үнэтэй бүхнээ гэдэс рүүгээ хийж ордог байсан. Одоо ямар ч айдас алга. Гэрэл, камер, лифттэй сайхан байна. Маш их баярлалаа” гэж хэлсэн.

Сүүлийн үед иргэд ямар асуудлаар хороондоо хандаж байна?

-Ихэвчлэн халамж тэтгэ­вэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, орон сууцны хөнгөлөлтөөр их ханддаг. Он гарснаас хойш явагдаж байгаа ажил гэвэл цэргийн бүртгэл. Нэгдүгээр сарын 6-24-ний хооронд цэрэг татлагатай холбоотойгоор цэргийн насны хүмүүс орон даяар бүртгүүлж байгаа. 18-50 насын бэлтгэл офицер, хурандаа, генерал гээд бүгдээрээ бүртгүүлнэ. Манай хорооны хувьд бүртгэл харьцангуй өндөр хувьтай байна. Иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол хоёр хувь цээж зураг, ажлын газрын болон оюутны үнэм­лэхтэйгээ ирэхэд болно. Ажлын өдрүүдэд 08.30-19.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд бүртгэж байгаа. Хүүхдийн хорин мянгатай холбоотой амьжиргааны түвшнээ дахин тогтоолгох хүсэлт иргэдээс их ирж байна. Манай хорооны 1267 өрхийн 938 нь дахиж шинээр үнэлгээ гаргуулахаар хүсэлтээ өгсөн. XVII түвшнээс дээш анги­лалд орсон хүмүүс түвшнээ дахин тогтоолгох хүсэлт гаргаад байгаа гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

Н. Даваа: Бид солонгосчуудтай хамтарч ууран бойлер, халаагуур үйлдвэрлэх урт хугацааны гэрээ хийлээ

“Best Energy Saving” буюуБитүүмжилсэн шилдэг эрчим хүчХХК нь 2009 онд байгуулагдаж байгальд ээлтэй халаагуурыг шинээр зохион бүтээхээр шаргуу ажиллаж цахилгаан бага зарцуулалттай, сайн халдаг шинэ төрлийн халаагуурыг зохион бүтээсэн талаар “Best Energy Saving” компанийн зөвлөх Н.Даваатай ярилцсан ярилцлагыг манай сонин өнгөрсөн намрын нэгэн дугаартаа нийтэлж байсан билээ. ТэдЖилийн хугацаанд нэг сая битүүмжилсэн халаагуур үйлдвэрлэж хотыг утаанаас салгаягэсэн юм. Улмаар өнгөрсөн хугацаанд тэд зорилгоосоо няцаж буцалгүй бүтээгдэхүүнээ улам боловсронгуй болгож, эдэлгээний хугацааг нь уртасгаж чадсан байна. Ингээд Н.Даваатай дахин уулзаж ярилцсанаа хүргэе.

Битүүмжилсэн халаагуураа хэрхэн сэдэж үйлдвэрлэсэн тухайгаа ярихгүй юу. Уншигчдад маань сонирхолтой байна байх?

-Бид 1998 онд үйлдвэрлэсэн сансрын хиймэл дагуулын халаагуураас санаа авч, цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг халаагуур хийх зорилготойгоор олон жилийнтуршилт, судалгааны үр дүнд шинэ төрлийн халаагуур зохион бүтээж чадсан маань энэ. Харахад энгийн, байдаг л нэг паар мэт боловч шинжлэх ухаан, технологийн ололт юм. Бүтээгдэхүүнээ зөвхөн Монголд бус дэлхийн зах зээлд борлогдох боломжтой байхаар тооцоолон ажиллаж байна. Бидний “Бүтүүмжилсэн халаагуур” ижил төрлийн халаагуураас дөрөв дахин бага эрчим хүч зарцуулна. Ер нь япон, солонгосчууд энэ төрлийн цахилгаан халаагуурын төлбөрт маш их мөнгө төлдөг юм билээ. Дэлхий дээр нэг тэрбум 200 сая гурай хүн цахилгаан халаагуураар дулаанаа шийддэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр манай энэ бүтээгдэхүүнд хагалттай зэх зээл байна. Гэвч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх тал дээр асуудалтай байгаа. Халаагуурын технологио аваад Хятадад очиж үйлдвэрлүүлнэ. Хүний юман дээр ажиллана гэдэг олиггүй зүйл. Бүтээгдэхүүнийхээ патентыг хятадуудад алдчих гээд их хэцүү. 2009 оноос хойш туршиж хийж байсан зарим халаагуурын технологиор хятадууд халаагуур үйлдвэрлэчихсэн манайд зарж байгаа. Гэвч бид технологио бүр сайжруулсан болохоор түүнийгээ алдчихгүй байхыг л хичээж байна.

Өөрсдөө үйлдвэр барьж дотооддоо үйлдвэрлэж болдоггүй юм уу?

-Уг нь бидэнд үйлдвэр байгуулж болох байгууламж бий. Гол нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдаж авах тал дээр мөнгөгүйдчихээд байгаа. Өнгөрсөн хугацаанд манай бүтээгдэхүүнийг чамгүй олон хүн, албан байгууллага худалдан авч халаалт дулаанаа шийдсэн. Тэд манай бүтээгдэхүүнийг авсандаа сэтгэл хангалуун байгаа тул амнаас ам дамжин маш хурдан олон нийтэд эерэг мэдээлэл тарж байх шиг байна. Үүнд танай сонины нөлөө ч их бий. Битүүмжилсэн халуугаар маань үр дүнтэй бүтээгдэхүүн болох нь хүмүүст мэдрэгдэж байгаа болохоор төр засгаас ч бас дэмжиж тусална хэмээн найдаж байгаа. Бидэнд санхүүжилт ороод ирвэл паар үйлдвэрлэх үйлдвэрээ барина. Бид өмнө нь ч хэлж байсан. Манай нийслэлд нэг сая ширхэг битүүмжилсэн халаагуур байхад л хангалттай юм. Өөрөөр хэлбэл, Бид жилийн хугацаанд нэг сая битүүмжилсэн халаагуур үйлдвэрлэж хотыг утаанаас салгая гээд байгаа юм.

Өмнө нь та бүтүүмжилсэн халаагуурыг маань төр засгаас дэмжихгүй байна гэж байсан. Түүнээс хойш яг ямар ахиц гарсан бэ. Бодитой дэмжлэг туслалцаа та бүхэнд ирэв үү?

Төр засгаас тусламж туслалцаа, зээл хүсч холбогдох яам, тамгын газар, албан газруудад хандсан. Эрчим хүчний яамны удирдлагууд манай битүүмжилсэн халаагуурыг үзэж, түүгээр халаалтаа шийдсэн айлын нөхцөл байдалтай ч танилцсан юм. Ерөнхийдөө сайн гэсэн үнэлгээ авсан. Биднийг дэмжинэ гэдгээ ч дарга удирдлагууд нь илэрхийлсэн. Одоо харин холбогдох тамгын газар, агентлагууд нь бидэнд хэдэн хувийн хүүтэй, хэр хугацааны зээл олгохоо ярилцаж зөвлөлдөж байгаа байх. Өөрөөр хэлбэл, өнмөхөө бодвол төр засгийн төлөөллүүд биднийг ойлгож, хэрэгжүүлэхээр зорьж буй ажлыг маань дэмжих тал руугаа хандаж байна. Үүнээс илүү юу хүсэх билээ.

Нийслэл хотод сая гаруй хүн амьдардаг. Дээр нь манайх эрчим хүчний хувьд хараат улс. Тэгэхээр сая ширхэг халаагуураар утааг үгүй болгоно гэдэг итгэл үнэмшил муутай сонсогдож байна л даа?

-Байшин хороололд амьдардаг айл өрхийн тоог хасаад бодоход тийм тооцоо гарч байгаа юм. Хэдийгээр манай улс эрчим хүчний хараат байдалд байгаа ч айл өрх бүр зурагтаа үзэж, хөргөгчөө залгадаг. Тэглээ гээд эрчим хүчний хомсдолд орчихдоггүй. Тэгэхээр бүтүүмжилсэн халаагуур залгаж болно гэсэн үг. Учир нь манай халаагуур эрчим хүч маш бага зарцуулдаг юм. Зурагт хөргөгч шиг л 0,5 квт цахилгаан ашиглана. Мөн дээр нь манай халаагуур байгаль орчинд ээлтэй, агаар хуурайшуулдаггүй, утаа ялгаруулахгүй гээд олон давуу талтай. Халаагуур нь +75 хэм хүртэл халж, -60 хэмд үл царцах шинж чанартай буюу Монгол орны цаг уурт тохирсон, нэгдсэн ухаалаг удирдлагын самбар бүхий GSM системтэй холбогдсон автомат унтраалга асаалгын тохиргоотой. Одоогоор халаагуурын тохиргоог гар утсаараа алсын зайнаас удирдах боломжтойгоор үйлдвэрлэгдэж буй эко технологийг Солонгос улсын хоёр ч компани туршиж, улмаар хамтран ажиллах гэрээ байгуулах сонирхлоо илэрхийлээд байна. Мөн нэг бодитой болсон сайн мэдээ гэвэл солонгосчуудтай хамтарч эх орондоо ууран бойлер болон халаагуур үйлдвэрлэх урт хугацааны гэрээ хийгдлээ. BES ХХК-ийн хувьд өнгөрөгч 2015 оны онцлох үйл явдал гэвэл энэ байна. Үүнийг дагаад олон олон хөрөнгө оруулалт манай улсыг чиглэнэ гэж итгэж байгаа.

Дотооддоо үйлдвэр байгуулахад хэчнээн төгрөг шаардлагатай байгаа юм бэ?

-Бидний зорилго дэлхийн зах зээлд өрсөлдөх. Жилийн хугацаанд сая ширхэг битүүмжилсэн халаагуур үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулъя гэвэл таван тэрбум төгрөг шаардлагтай. Гэвч эхний ээлжинд 300 сая төгрөгийн өртөгтэй үйлдвэр байгуулж нийт монголчуудыг бага эрчим хүчээр дулаан байлгая гэсэн зорилт тавиад байна. Яг энэ радиатор буюу паар үйлдвэрлэлийн чиглэлээр Турк улс дэлхийд шилдэг нь юм. Манайх тэдэнтэй хамтарч болж л байна л даа. Бидний технологийг тэд ихсонирхож байгаа. Гэвч эцэстээ бидний бүтээсэн ололт Туркийн нэг компанийн болчихно гэхээр хайран байна. Халаагуурын үйлдвэр байгуулах манайд маш ашигтай. Яагаад гэвэл дэлхий нийт эрчим хүчний салбарт технологиор тасарчихаад байгаа юм. Мөн энд онцлон хэлэхэд бид нэгэн шинэ технологи боловсруулж байгаа. Мөнхийн хөдөлгүүр гэдэг шиг эрчим хүчний эх ундарга бүхий эрчим хүч үйлдвэрлэгчийг зохион бүтээж, онолын хувьд баталчихсан юм. Харин хөрөнгө мөнгөнийболомж олдвол бодит туршилт хийж үзэх шаардлагатай байгаа. Үүнд төр засаг, холбогдох яам тамгын газраас анхаарал хандуулаасай гэж хүсч байна.

Танайх технологио Оюуны өмчийн газарт бүртгүүлж баталгаажуулсан уу?

-Бүртгүүлсэн. Харин одоо Дэлхийн оюуны өмчийн газарт материалаа өгчихсөн байгаа.

Одоогоор танайд шууд авааад хэрэглэчих халаагуурын нөөц хэр байгаа юм бэ?

-Бид радиатор буюу паараа Хятадад үйлдвэрлүүлж байгаа болохоор тийм ч ихийг үйлдвэрлэж чадахгүй байна. Гэхдээ энэ өвөлдөө нийслэл хотынхоо иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан халаагуурын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний паар бидэнд бий. Үнийн хувьд ч бага зэрэг хямдруулсан. Мөн хэлбэр хэмжээ, загварын хувьд өмнөхөөсөө өөр шинэ төрлийн паарнуудыг үйлдвэрлэж байна.

Битүүмжилсэн халаагуур цахилагаан бага зарцуулдаг л гээд байгаа. Танай халуугуур сард яг хэдэн төгрөгийн цахилгаан зарцуулдаг юм бэ?

-Бид тооцож үзсэн л дээ. Жишээлбэл, гэр хорооллын нэг айл дор хаяж хоёр портер нүүрс түлж байж онд орно. Тэгвэл нэг портер нүүрс 180-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Тухайн айл багаар бодоход 400 мянган төгрөгөөр нүүрс авна. Харин манай нэг ширхэг битүүмжилсэн халаагуур +75 хэм хүртэл халж, цагт ердөө 50 төгрөгийн цахилгаан зарцуулна. Хоногт 1200 төгрөг, сардаа 36 мянган төгрөг. Тэгвэл таван ханатай гэртэй айлд гурван ширхэг паар байхад л байрны айл шиг дулаахан өвөлжинө гэсэн үг.

Монгол инженерүүдийн ур ухаанаар шинэ төрлийн цахилгаан халаагуур үйлдвэрлэж чадсан эвсэг хамт олон саяхнаас шинэ газар руу нүүж, үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлжээ. Өөрөөр хэлбэл “Дэнжийн 1000” –ын Дээж худалдааны төвийн нэг давхарт нүүж орсон байна.

Холбогдох утас: 91118929, 91916493,99021574,99664081,91910628

Categories
мэдээ цаг-үе

З.Баясгалан: Эрчим хүчний салбарын шинэ технологиудыг Монголдоо нутагшуулахаар зорьж байна

“Альянс-Тех”
ХХК-ийн ерөнхий захирал З.Баясгалантай ярилцлаа.

-Юуны өмнө танд
баяр хүргэе. Танай компани МҮХАҮТ-ын “ENTREPRENEUR” 2015 шагнал гардуулах ёслолоос
“Эр­чим хүчний шилдэг байгууллага” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртэж, Эрчим хүчний
яамнаас “2015 оны шилдэг хувийн хэвшлийн байгууллага”-аар шалгарсан байна.
Та
компанийхаа тухай эхлээд танилцуулна уу?

-Манай компани эрчим
хүчний салбарт үйл ажиллагаа явуу­лаад арван таван жил болж байна. Бид энэ хугацаанд
салбартаа эрчим хүчний тоног төхөөрөмж угсарч суурилуулах, шинэ техник технологи
нэвтрүүлэх, эдийн засгийн хэмнэлттэй, эрчим хүчинд дутагдаж байгаа шинэ эх үүсвэрийг
бий болгох тал дээр судалгаа шинжилгээ хийн,
ажиллаж байна.

-Та 2015 онд хийсэн
гол ажлуудынхаа талаар яриач?

-Бид 2015 онд Шинэ
Яармаг хороололд зориулсан 2,4 км урт 600, 700 мм-ийн голчтой дулааны шугамыг барьж
байгуулах ажлыг хийлээ. Энэ ажлыг хийснээр шинээр төлөвлөгдөж байгаа орон сууцны
хороолол бусад барилгуудыг төвлөрсөн ду­лааны эрчим хүчний системд холбон дулаанаар
хангах боломж бүрдэж байна. Мөн Улаанбаатарын IV цахил­гаан станцын хүчин чадлыг
нэмэгдүүлсэнтэй хол­богдуулан энэ нэмэгдсэн хүчин чадлыг хэрэглэгчдэд хүргэхээр
IV цахилгаан станц дотор 1000мм-ийн голчтой 1,3 км шугам, коллектор станц ши­нээр
барих ажил, хуучин коллектор станцыг өргөтгөх багц ажлыг хийсэн.

2016 онд АСЕМ-ийн
уул­залт болохтой холбогдоод манай улс бэлтгэл ажлыг эртнээс хангаж эхэлсэн. Үүний
нэг болох “Их тэнгэр” цогцолборын чиглэлд ду­лааны шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх
ажлыг бид хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлыг нэмж хийснээр АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл
ажил нэг­дүгээрт хангагдаж байна. Хоёрдугаарт Маршалын гүүр­ний хажуу талын ши­нээр
баригдаж байгаа хороол­луудыг дулаанаар хангах бололцоо боломж нэмэгдсэн. Гуравдугаарт
өмнө нь энэ шугамаас хангагдаж байсан хэрэглэгчдийн найдвартай ажиллагаа, тав тухтай
бай­дал нэмэгдэж байгаа юм. Эдгээр ажлуудыг бид цаг хугацаанд нь чанартай хийн ажиллагаанд
залгаад байна. Бидний хийсэн дээрх ажлуудыг маань үнэлж энэхүү шаг­налыг өгсөн байхаа
гэж бодож байна.

-Сүүлийн үед эрчим
хүч­ний салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт Чингис бондын мөнгөөр хийгдэж байна.
Үүний талаар та ямар санал бодолтой явдаг
вэ?

-Улаанбаатар хотод
хам­гийн тулгамдсан асуудал бол утаа, утааг шийдэх гарц нь Улаанбаатар хотыг орон
сууцжуулах юм. Төр засгаас Чингис бондын хөрөнгөөр дэд бүтцийг бий болгох, хөгжүү­лэхэд
тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.
Үүнийг зөв зүйтэй гэж бодож байна. Яагаад гэвэл өнөөдөр орон сууц барихад дэд бүтэц
л хэрэгтэй. Тэгэхээр энэ дэд бүтцийг бий болгоод орон сууц барихад Улаанбаатар хот
утаагүй болно. 1 сая хүний эрүүл мэнд, аж амьдралд таатай нөлөөлнө.

-Таныг сагсанбөмбөгийн
спортыг сонирхдог мөн багтай гэж сонссон юм байна?

-Тиймээ манай
компаний дийлэнх нь залуучууд бөгөөд спортоор байнга хичээллэдэг.Хамт олны
дундаас энэ оны спортын сайчуулыг товч дурьдвал, Ч. Баттөр Монголын
бодьбилдингийн холбооноос зохион байгуулсан “Монголын мистер 2015” тэмцээнд +65
кг жинд мөнгөн медаль, Э.Дөлгөөн Монголын туялзуур сэлэмний “Хотын аварга”
тамирчинаар тодорсон. Мөн манай “Альянс-Тех Харцага” баг нь 2013-2014 оны
Үндэсний супер лигийн “Дэд аварга, 2014-2015 оны Үндэсний супер лигийн аварга
баг болж амжилттай тоглож байна

-Танай компанийн
цаашдын зорилго?

-Манай компани цаашдаа
эрчим хүчний салбарыг хөг­жүүлэх, эрчим хүчний салбарт бий болж байгаа шинэ техник
технологиудыг аль болох Монгол Улсад нутагшуулан, хэвшүүлэхийг зорьж ажиллаж бай­на.
Тийм ч учраас бид 2015 онд Европын эрчим хүчний салбарт тэргүүлэх чанартай бүтээгдэхүүн
нийлүүлэх АВВ компанийн албан ёсны дистрибьютер болон ажиллаж бай­на. Энэ компанийн
то­ног төхөөрөмжийн давуу тал нь хэдийгээр хөрөнгө оруулалтын хэмжээ анхны үнэ нь
өндөр боловч хөрөнгө оруулалтаа нэгээс хоёр жилдээ нөхөж гурав, дөрөв дэхь жилээс
эхлээд тухайн хэрэглэгчийн эрчим хүчинд зарцуулж байгаа хөрөнгө мөнгийг хэмнэж,
эдийн засгийн хувьд асар их хэмнэлтийг бий болгож чаддаг. Нэн ялангуяа давтамж хувьсгуур
нь дэлхийд нэг номерт үнэлэгддэг тоног­лол юм. Иймд бид АВВ-ын бүтээгдэхүүнийг эрчим
хүчний салбарт аль болохоор нийлүүлэх зорилготой бай­гаа.

Эрчим хүчний салбарт
том бүтээн байгуулалтад аль болох их оролцохыг хүсч байна. Гэхдээ тендерийн хуулиар
худалдан авалт зо­хицуулагдаж байдаг. Бид тендерт ялаад ажил авсан тохиолдолд өөрийн
компанийн зүгээс хамгийн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж, богино хугацаанд хамгийн
чанартайгаар хийж гүйцэтгэх болно.

-2015 онд та бүхэнд
хүнд­рэл, бэрхшээлтэй зүйл байсан уу?

-Эдийн засгийн хувьд
2015 онд бидэнд хүндрэлтэй байсан. Гэхдээ амьдрал ураг­шаа явж байгаа учраас ямар
ч хүндрэл байсан давж туулан урагш явах ёстой гэдэг зарч­маар ажилласан. Энэ онд
томоохон ажлуудыг хийхэд ямар ч компани зээл авч л гүйцэтгэж байна. Манайд арилжааны
банкнуудын зээ­лийн хүү өндөр, олон шал­гуурууд тавьдаг нь бидний ажилд хүндрэл
учруулдаг тал байдаг боловч бид энэ олон жил түншилж ажилласан бан­куудынхаа хамтын
хүч чармайлтаар 2015 онд энэ ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2016 онд ч бид түншүүдтэйгээ
хам­тарч ажиллаж эдийн засгийн бэрхшээл хүндрэлийг даван туулж, өмнөө тавьсан зорилгоо
биелүүлэн улс эх орондоо бүтээн байгуулалтыг хийнэ гэсэн итгэл найдвартай байна.

-2016 он бол сонгуулийн
жил. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Би бол улс төр нэг
их сонирхдог хүн биш л дээ. Гэхдээ нэг үг байдаг даа “Чи улс төрийг сонирхохгүй
бол улс төр чамайг сонирхоно гэж” миний хувьд
аль болох л Монгол улс минь хөгжөөсөй, зөв зүйтэй юм хийгээсэй, гарч ирсэн улс төрийн
хүчин өөрийн гэсэн зорилготой, өөрийн гэсэн
бодолтой, ард түмний сайн сайхны төлөө юм хийдэг байгаасай л гэж боддог. Тэгэхээр
төрийг хүндэтгэх утгаар зөв үйл ажиллагаа явуулж байгаа аль ч нам, улс төрийн хүчнийг
дэмжиж ажилладаг.

-Бидэнд цаг зав
гаргасан танд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Т.ХЭРҮҮГА: “Оны шилдэг улсын их сургууль”-аар ХААИС шалгарлаа

-Эдийн засаг, бизнесийн хөтөлбөрөө олон улсад
магадлан итгэмжлүүлсэн-

ХААИС-ийн
захирал, Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүгатай
дээд боловсролын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа. ХААИС олон нийтийн санал
асуулгаар “Оны шилдэг улсын их сургууль”-иар шалгарсан амжилттай шинэ оноо
угтаж байна.

-Шинэ оныг
сайхан амжилтаар угтаж байгаа юм байна. Баяр хүргэе…?

-Баярлалаа. “Best
of Mongolia” цахим санал асуулгын дүнгээр Төрийн өмчийн 16 их сургуулиас “Оны
шилдэг улсын их сургууль”-иар шалгарлаа. Энэ нь манай хамт олон, оюутан залуус,
үе үеийн төгсөгчдийн сургуульдаа өгсөн ү нэлгээ. Энэхүү үнэлгээний цаана том
хариуцлага байгаа.

-Их,
сургуулиудын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд ямар ажил хийж байна вэ. Танай
сургуулийн сургалтын хөтөлбөрт ямар өөрчлөлт гарав?

-2012 оноос дээд
боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Энэ хүрээнд Монголын их, дээд сургуулиуд бүх
хөтөлбөрөө шинэчилж. 2015 оны 9 сарын 1-нээс шинэчилсэн хөтөлбөрөөр сургалтаа
эхэллээ. Манай сургуулийн хувьд 2014 оноос
гурван томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд “Экологид ээлтэй хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийг 1.8 сая ам.долларын, “Мал аж ахуй,
мал эмнэлгийн салбарын мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх” ЖАИКА-гийн 3 сая
ам.долларын мөн ЖАИКА-гийн 4.8 сая ам.долларын санхүүжилттэй судалгааны төслийг
Обихирогийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Түүнчлэн Швейцарийн
хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд малын их эмч бэлтгэх
хөтөлбөрийг шинэчлэх, сургалт, судалгааны орчныг бэхжүүлэхэд 1.2 тэрбум
төгрөгийг зарцуулаад байна.

-БСШУЯ-наас
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл”
төслийн хүрээнд судлаачид болон их, дээд сургуулиудад 3.5 тэрбум төгрөгийн
тэтгэлэг олгосон. Танай сургуулиас хэдэн төсөл шалгарсан бэ?

-2015 онд дээд
боловс­ролын салбарын хөрөнгө оруулалтын хэмжээг 2011 оныхтой харьцуулахад 20
дахин илүү байна. Энэ хөрөнгө оруулалт их сургуулиудын сургалт, судалгааны
орчныг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр
БСШУЯ-ны хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд манай
сургуулийн багш, судлаачид 100 хүртэл
сая төгрөгийн 3 төсөл, 28 сая төгрөгийн 11 төсөл хэрэгжүүлэхээр болсон.

-Сургалтын
материаллаг баазаа бэхжүүлэх, судалгааны орчноо сайжруулах чиглэлээр ямар ажил
хийж байгаа вэ?

-2014, 2015
онуудад 24 лаборатори байгуулсан. Судалгааны ажлын чанар, цар хүрээ
нэмэгдсэнээр гадаадын хамтран ажилладаг их сургуулиудтай томоохон судалгааны
төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Судалгааны орчин сайжирснаар сургалтын
чанарт ахиц гарч байна.

-Тэгэхээр
танай сургуулийн лабораториуд хүчин чадал сайтай байх. Сүүлийн үеийн дэвшилтэт
технологийг суурилуулж чадсан уу?

-Эдгээр
лаборатори бүгд хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан.

-Хөдөө аж
ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг гэдэг утгаараа малын эрүүл мэндийг сайжруулахад
хувь нэмэр оруулах судалгааны ажил хэр хийж байна вэ?

-Түрүүчийн
асуултад хариулахдаа хэлсэн дээ. ЖАИКА-гийн 4.8 сая ам.долларын санхүүжилттэй
судалгааны төслийг Обихирогийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна гэж. Энэ
төслийн зорилго нь малын халдварт өвчнийг оношлох, эмчлэх шинэ технологи
боловсруулах, энэ чиглэлийн судлаачдыг чадавхижуулах, сургалт судалгааны орчныг
бэхжүүлэхэд чиглэж байгаа. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл
мэнд” төслийн хүрээнд малын их эмч бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэх, сургалт,
судалгааны орчныг бэхжүүлэхээр хийж буй ажлууд маань ч малаа эрүүлжүүлэх, эрүүл
хүнс хэрэглэхтэй холбоотой.

-Гаднын
санхүүжилттэй төсөл хөтөлбөрийн хүрээнд чамгүй ажил хийж байна. Танай сургууль
шинэ мэргэжилтэн бэлтгэж байгаа юу?

-Энэ хичээлийн
жилээс “Санхүүгийн менежмент” хөтөлбөрийг шинээр эхлүүлснээр бакалаварын
хөтөлбөрийн тоо 26 болж, магистр, докторын хөтөлбөрийн тоо ч нэмэгдэж 60
магистрын хөтөлбөр, 40 докторын хөтөлбөрөөр сургалт, судалгааны ажил явагдаж
байна. Ирэх хичээлийн жилээс “Хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн инженер”,
“Зохион бүтээгч инженер” бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа
базааж байна.

-Барилгын
инженерийг олон сургууль бэлтгэж байгаа. Яагаад хөдөө аж ахуйн барилгын инженер
гэж онцолсон юм бэ?

-Өнөөдөр аль ч
их, дээд сургууль хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн инженерийн хөтөлбөрөөр
сургалт явуулаагүй байна. Гэтэл хөдөө аж
ахуйн фермерүүд олон болж, тэнд орчин үеийн барилга байгууламжийн хэрэгцээ,
түүний зураг төсөл, тооцоо шийдлээ хүлээгээд байж байна. Хөдөө аж ахуйн барилга
байгууламжийн хийц, тооцоо, зураг төсөл хийх инженер монголд ерөөсөө байхгүй.

-Фермерийн аж
ахуй хөгжүүлэхэд төрөөс анхаарал хандуулна гээд байгаа. Энэ чиглэлийн
мэргэжилтэн хэр бэлтгэж байна вэ?

-Мал аж ахуй,
газар тариалангийн чиглэлээр фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс бодлогоор
дэмжих шаардлагатай. Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого,
тариалангийн хууль бусад хууль журамд энэ талаар тусгуулах талаар манай
салбарын эрдэмтэд саналуудаа нэгтгэж
холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлсэн. Тариалангийн газрыг
урт хугацаагаар эзэмшүүлэх, банкны системээр дамжуулж хөнгөлөлтэй зээл олгох,
даатгал гэх мэт олон асуудлууд багтсан байгаа.

-ХААИС цаашид
хэрхэн хөгжих вэ. Олон улсын магадлан итгэмжлэл авахын тулд хэр анхаарч ажиллаж
байна вэ?

-Эдийн засаг,
бизнесийн хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Энэ жилээс инженер механикийн хөтөлбөрийг
олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байгаа. Малын их эмч бэлтгэдэг хөтөлбөрөө Европын их
сургуулиуд руу явуулж үнэлгээ хийлгэсэн. Цаашдаа бүх хөтөлбөрөө олон улсын
хамгийн шилдэг хөтөлбөрүүдтэй харьцуулах, тэдний бүтэц, чанарт хүргэх зорилго
байна.

-Оюутнуудын
сурлагын чанарыг сайжруулахад танай сургууль ямар ажил хийж байна вэ. Гадаадын
хэчнээн сургуультай хамтарч ажилладаг вэ?

-Нийтдээ 42 орны
160 их сургуультай хамтарч ажилладаг. Энэ хичээлийн жилд шинээр бакалаварын
зэргээр 25, магистр, докторантурт 26 гадаад оюутан элссэн. Ирэх хичээлийн
жилээс бакалаврын зэргээр 200, магистр, докторын сургалтанд 70 орчим оюутан
суралцахаар хамтын ажиллагаатай их, дээд сургуулиудтай гэрээ байгуулсан. Гадаад оюутны тоо нэмэгдэхийн зэрэгцээ
гадаадын их сургуулиудаас ирж ажиллах багш нар нэмэгдэж байна. Одоогоор
гадаадын 15 профессор ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт бид Чехийн Карлын их
сургуулиас 3 багш урилгаар ажиллуулахаар шийдсэн. Жилдээ 200 оюутан хамтын
ажиллагаатай их сургуулиудад дадлага хийдэг, мөн тийм тооны оюутан гаднаас ирж
манай оюутнууд, багш нартай хамт сургалтын дадлагад оролцож байна.

-Судалгааны
сургууль болно хэмээн зорьж буй сургуулиуд оюутныхаа тоог бууруулдаг юм билээ.
Танай сургуулийн хувьд ямар байна вэ?

-Магистр, докторт
суралцах оюутны тоо нэмэгдсэн. Одоогоор нийт суралцагчдын 28 хувь нь магистр,
докторт суралцдаг. Цаашдаа магистр, докторт суралцагчдын тоо нэмэгдэх байхаа.

-Танай
сургууль шинэ хичээлийн байр, номын сан барьж байгаа гэл үү. Хэзээ ашиглалтад
оруулах вэ?

-Хичээлийн байр,
номын сангаас гадна спорт заал барьж байгаа. Ирэх жил ашиглалтад оруулахаар
төлөвлөсөн, гэхдээ хугацаа их алдаж байна. Улсын төсвөөр барьж байгаа,
санхүүжилтанд асуудал үүсэхгүй бол
хугацаандаа бариад дуусна.

-Хөдөө, орон
нутгаас ирж суралцдаг оюутнууд олон байх. Дотуур байрны хүрэлцээ, хангамж ямар
байдаг вэ?

-Гурван дотуур
байртай. Оюутны нэг дотуур байрыг гадаад оюутны байр болгож тохижуулсан.
Цаашдаа шинээр оюутны хоёр байр барихаар төлөвлөсөн.