Categories
мэдээ цаг-үе

Н.Буянбаатар: Үндэснийхээ урлагийн дархлааг бий болгох нь чухал

Үндэсний дуу бүжгийн эрдмийн
чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар шинэ оны өмнөхөн Монгол улсын соёлын
гавьяат зүтгэлтэн шагналыг хүртсэн билээ. Алдарт хуурч П.Буян, Г.Жамьян,
Ё.Батбаярын шавь тэрээр Хөгжим бүжгийн коллежийг дүүргэснээсээ хойш тус чуулгад
ажиллаж байгаа. Тэрээр өөрийгөө Өмнөговьд олдож,
Улаанбаатарт
төрөөд, Дорноговьд өссөн хүн гэж тодотгосон юм.

-Юуны өмнө танд Соёлын гавьяат
гэдэг хүндтэй шагналын эзэн болсонд баяр хүргэе. Хоёулаа яриагаа таны анх морин
хуурч болохоор Дорноговиос Хөгжим бүжгийн дунд сургуульд элссэн үеэс эхлэх үү?

-Тийм ээ. Би 1978 онд Дорноговь
аймгийн Даланжаргалан сумаас хотод ирж Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин
хуурчийн ангид элссэн.Тухайн үед бодлогоор жил бүр өөр өөр аймгаас Хөгжим
бүжгийн дунд сургуульд элсүүлдэг байлаа. Тэр үед манайх Дорноговь аймагт
нүүгээд оччихсон байсан. Яаж Хөгжим бүжгийн сургууль байдаг гэдгийг мэддэг
болсон түүх нь сонирхолтой л доо. Манайх уг нь Өмнөговийн угшилтай айл. Аав
маань насаараа удирдах ажил хийсэн. Өмнөговьт аймгийн дарга, Дорноговьт
нэгдлийн даргаар ажиллаж байсан. Аавыг эсэргүү Л.Нямбуу гуайтай холбоотой гэж
үзсэн тул Дорноговийн хамгийн захын сумын даргаар томилсон юм билээ. Гэхдээ
арай ч гахайчин болгоогүй. Ингэхэд нь тухайн үеийн АИХ-ын дарга Ж.Самбуу гуай
их хамгаалсан гэдэг. Би багаасаа л хөгжим тоглодог байсан. Аав маань ямар ч
ардын дууг мандолинаар маш сайхан тоглоно. Ээж бас шанз, мандолин тоглоно. Тийм
орчинд байгаа болохоор багаасаа хөгжим тоглож сурсан.

Дорноговиос гаралтай
дуурийн дуучин Мэндээ гэдэг эгч байсан. Намайг бага байхад Хайдав гуай, Мэндээ
эгч, Баадайжав гуай гээд дуурийн урлагийн акулууд бригадаар ирлээ. Манайд
зочлоход ээж, аав хоёр “Хүүхдүүд ээ хөгжмөө тогло” гэхэд бид гитар, мандолин,
баяанаа аваад л тоглож гарсан. Тэд нар сонсчихоод “Ямар авьяастай хүүхдүүд вэ.
Хөгжим бүжгийн дунд сургууль гэж байдаг, тэнд оруулаач” гэж хэлсэн. Ингэж л ийм
сургууль байдаг гэдгийг анх мэдэж авсан юм. Ээж дүү бид хоёрыг аваад Хөгжим
бүжгийн дунд сургуульд шалгуулахаар хотод ирж билээ. Манайх Улаанбаатарт Их
дэлгүүрийн хажууд байртай. Ээж хөрш, их найрагч Б.Явуухулан гуайн гэргий Адьяа
эгчээс Хөгжим бүжгийн сургууль хаана байдгийг нь асууж, маргааш нь очиж
шалгуулж билээ. Орсон чинь Жамьян, Цэвэлмаа, Дашдулам багш гээд манай урлагийн
томчуул байна. Тэгж л анх шалгалт өгсөн дөө. Шалгалтанд ороод тэнцсэн хүүхдүүд
нь цаас барьчихсан гарч ирнэ. Гэтэл надад цаас өгсөнгүй. Ээж яасан бэ гээд ихэд
гайхаж билээ. Хөгжим бүжгийн сургуульд багшаар ажиллаж байсан Ч.Лодойдамба
гуайн охин Л.Насанбат хүрч ирээд ”Тэнцсэн, шууд гуравдугаарт шатны
шалгаруулалтад ор” гэсэн.

-Танай удамд хөгжим тоглодог
хүмүүс байсан уу?

-Манай нагац ах Өмнөговь
аймгийн Гурвантэсийн Дондог хуурч гэж байсан. Хуучны тортог болсон жинхэнэ монгол
хууртай хүн байж билээ. Бага байхад аавтайгаа хөдөө явж байхад айл болгон
хууртай байсан. Дуу хөгжмийн багш маань бас их сайн хүн. Одоо ч байдаг. Биднийг
чинь өглөөний 6 цагт гамма уншуулна, нот заана. Энэ бүхний ачаар Хөгжим бүжгийн
сургуульд шууд л тэнцсэн болов уу даа.

-Та морин хуурч болохоор Хөгжим
бүжгийн дунд сургуульд ороод алдарт хуурч П.Буянгийн шавь болсон гэв үү?

-Г.Жамьян, П.Буян гэдэг маш
мундаг хоёр хуурчийн шавь нь болсон. Сүүлийн хэдэн жилд нь хуурч Ё.Батбаяр
надад багшилсан. Тэр үед сурагчдаас хэнийг нь багш болгох уу, хэнийг нь
цаашаагаа сургуульд явуулах уу, судлаач болгох уу гэдэг чинь маш нарийн
бодлоготойгоор явдаг байсан үе.

-Төгсөөд хаана ажилласан бэ?

-Тухайн үед Соёлын яамтай
байлаа. Тус яаманд харьяалагддаг цорын ганц сургууль нь Хөгжим бүжгийн дунд
сургууль байсан. Намайг Соёлын яамнаас гадаадад сургуульд явуулахаар болж суурь
шалгалтандаа ч тэнцлээ. Гэвч бие нь муу байсан тул аав маань явуулаагүй. Би ч
учир байдлаа багшдаа хэлсэн. Тэгээд намайг тухайн үед Улсын ардын дуу бүжгийн
чуулгад одоогийнхоор бол Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад оруулсан. Би
амьдралынхаа 40-өөд жилийг энэ чуулга, Хөгжим бүжгийн коллеж хоёрт өнгөрөөсөн.
Тус чуулгын ”Залуус” хамтлагт орж олон сайхан тоглолтыг МУГЖ Д.Самбуу,
Д.Банзрагч гээд л нэртэй дуучидтай хамтран хийсэн. 18 аймаг 256 сумыг хэд хэд
тойрсон доо.

-Таны багш нар бол үнэхээр
мундаг хуурчид байсан. Тэднийхээ талаар дурсаач?

-Тийм ээ. Манай Түдэв, Түвдэн,
Г.Жамьян, П.Буян, гээд дээр үеийн мундаг хуурчид тухайн үеийн урлагийн
сургуулийг байгуулсан. 1937 онд шүү дээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүд ирээд тэдэнд
Европын хөгжмийн боловсрол олгосон. Бүгд л үндэснийхээ хөгжмөөр гайхалтай
тоглодог байсан. Зарим нь Зөвлөлтөд очиж сурсан, зарим нь эндээ багшилсан.
Миний багш нар Монголын морин хуурийн мэргэжлийн сургалтын дэг жаяг суурийг
тавилцсан алтан үеийн хүмүүс. Тэдний нэг нь бол яах аргагүй Г.Жамьян багш.
Түүний олон шавь, олон бүтээл нь морин хуурыг хөгжүүлэн авч явж байна. Жишээ нь
манай Ё.Батбаяр багш байна.

-Алдарт хуурч Г.Жамьян өөрийн
гэсэн арга барилтай ховорхон хөгжимчин байсан тухай сонссон.

-Тэгэлгүй яахав. Европын
хөгжмийн зэмсгүүд хэдэн зууны туршид боловсорч ирсэн. Одоо дэлхий даяар нэг
стандартад хүрсэн. Ялгаатай нь гэвэл Европынх, Оросынх гэсэн хоёр дэгтэй. Манай
хөгжим бол байгаль, ёс заншилдаа тохирсон уламжлалт урлаг. Жишээ нь хойд зүгийн
уулынхан гэхэд морин хуурын татлага нь хүртэл шал өөр. Төв халхад гэхэд бас
өөр. Хөвсгөлд бас нэг өөр. Ийм олон ястны өвөрмөц эгшиг, аялгуу, хэмнэлийг нэг
стандартад оруулж мэргэжлийн сургалтын дэг жаягийг дэлхийн хөгжмийн боловсролын
түвшинд хүргэж чадсан нь манай ахмад үеийн алдарт хуурчид, алтан үеийнхний
гавьяа юм.

-Одоогоос нэлээд хэдэн жилийн
өмнө Австрид манай Морин хуурын чуулгынхан очиж тоглолтоо хийсэн. Тэд морин
хуураар Моцартыг тоглосон. Гэтэл Австрийн нэг хөгжим судлаач морин хуур
сонгодог бүтээлийн нарийн нугалааг нь гаргаж чадахгүй байна гэсэн. Мэргэжлийн
хүний хувьд энэ тал дээр юу хэлэх вэ. Хоёрхон чавхдастай хосгүй хөгжим
гэдэгсэн.

-Тэр хүний буруу биш л дээ.
Гэхдээ би зөрүүлээд нэг зүйлийг хэлнэ. Тэр Моцарт, Брамс нарын бүтээлүүд европ
хөгжим дээр тулгуурласан байгаа. 400, 500 жилийн туршид тоглож, улам
боловсронгуй болж, Европоос халиад сонгодог тал руугаа болчихсон. Гэхдээ зөвхөн
Моцарт зэрэг хөгжмийн зохиолчдыг сонгодог гэж хэлмээргүй санагддаг.

-Яагаад?

-Сонгодог гэдэг бол Моцарт,
Бетховен мөн. Гэхдээ миний бодлоор сонгодог бүтээл гэдэг цаг хугацаа, яс үндэс,
орон зайг үл хамааран хүмүүний сэтгэлд хүрч чадсан бүтээлийг хэлэх нь зөв байх.
Европ бол жижигхэн, мэдээлэл амархан тархана. Монголын газар нутаг дээр Европын
хэдэн улс багтах билээ. Тэгвэл сонгодог гээд байгаа тэр нөхдүүд хийл хөгжмөөрөө
морины явдлыг тоглоод үзэг л дээ. Буухгүй дээ. Яагаад гэхээр өөрийнх нь онцлог
орчин нөхцөл, үндэсний урлагийн хэв маяг хөгжмийн зэмсгийн онцлог гээд олон
зүйлтэй холбоотой шүү дээ. Италийн дуурийн од манай уртын дууг Норовбанзад гуай
шиг дуулчих л даа. Энэ бол дуурийн том дуучин л даа гэхдээ манай уртын дууны
тэр нарийн нугалааг гаргаж чадахгүй байна даа л гэж бид хэлнэ шүү дээ. Тэдний
буруу биш, бидний ч буруу биш. Бид маш богино хугацаанд 80-аад жил тэдний
сонгодог хөгжмийг эзэмшсэн шүү дээ. Дэлхийн хөгжимтэй эн зэрэгцэх дуурийн
дуучин манайхаас гарсан. Бяцхан төгөлдөр хуурчид Испани, Франц, Чехэд очоод
шагналыг нь аваад ирж байна. Хэдэн зууны юмыг бид 80-хан жил эзэмшсэн. Энэ бол
том бахархал.

-Танайх нэрт яруу найрагч,
зохиолч Б.Явуухулан, Ч.Лодойдамба нартай хөрш байсан гэсэн. Энэ талаар эргээд
дурсвал уншигчдад сонин байх болов уу?

-Явуу ах бол гэрийн халатаа
өмсчихсөн, том трубка зуучихсан хүн байсан. Би тэднийд орж зурагт үздэг. Их
тайван хүн. Ч.Лодойдамба гуайн эхнэр нь манай нэрт жүжигчин Ч.Долгорсүрэн гуай
шүү дээ. Тэр байж байгаа, гараад явж байгаа нь хүртэл өөр. Жинхэнэ элит гэвэл
тэднийг л хэлнэ байх. Үнэтэй костюм өмсч, үнэтэй машин унахаараа элит болохгүй
шүү дээ. Хамгийн гол нь тархин доторхоороо элит байх ёстой. Тэр агуу хүмүүс
цаанаа л нэг өөр, эрхэмсэг нь хүртэл их гоё. Агуу хүмүүс бол цаанаа л нэг агуу
байдаг.

-Та нэр хүндтэй шагнал хүртлээ.
Цаашдаа ямар бүтээл туурвих төлөвлөгөөтэй байна?

– Энэхүү шагналыг авсан нь
миний гэхээсээ илүү төрүүлж өсгөсөн аав, ээж минь, Хөгжим бүжгийн коллеж,
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга гэдэг 65 жилийн түүхтэй Монголын хамгийн
том үндэсний мэргэжлийн байгууллагын гавьяа. Энд манай агуу хүмүүс болох
Л.Мөрдорж, Д.Чойдог, Л.Цогзолмаа, Д.Түмэндэмбэрэл, Д.Норовбанзад гээд л үе
үеийн хүмүүсийн ач тус, гавьяа гэж бодож байна. Учир нь үе уламжлагдан тэдний
үлдээсэн үндэсний гайхамшигтай соёлын их өв хойч үедээ өгөөжөө өгч байгаа хэрэг
юм.

-Чуулгадаа хийсэн ажлынхаа
талаараа сонирхуулаач?

-Сүүлийн жилүүдэд чуулгын
найрал хөгжмийн урын сан бол нэлээд баяжсан. Түрүүний хэлдгээр дэлхийн сонгодог
хөгжмөөс суралцсаар байна. Гэхдээ хамгийн гол нь уламжлалаа хадгалж, баяжуулах
хэрэгтэй. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал хөгжмийн бүтээлүүд дотор
ховордсон, мартагдсан хөгжмийн зэмсгээр тоглосон бүтээлүүд их гарч ирж байгаа.
Манай залуучууд морин хуураа тоглохын хажуугаар хөөмийлнө, цоор үлээнэ.
“Хөсөгтөн” хамтлаг бол манайхаас л гарсан залуучууд. Үндэсний уламжлалт хөг
аялгууг шингээсэн мэргэжлийн түвшний олон бүтээл туурвина. Манайх мэргэжлийн ур
чадварын түвшин тогтоох шалгалт гэж явуулдаг. Ингэхэд манай хөгжимчдөөс маш
хөөрхөн юм гараад ирдэг. Морин хуурч, хөгжмийн зохиолч М.Бирваагийн “Нүүдэл”
хэмээх найрал хөгжимд зориулсан аялгуу, Р.Бат-Эрдэнийн “Тайгад дурсагдах
хэнгэргийн дуу” байна. Эд бүгдээрээ манай чуулгын залуу хөгжимчид. Монгол
үндэсний язгуур урлагаа мэргэжлийн түвшний бүтээл болгож байна. Даяарчлалын энэ
үед, импортын урлагийн довтолгоо, мэдээлэл технологийн эрин үед үндэснийхээ
хэл, соёл, урлагийн дархлааг бий болгох нь нэн чухал. Ингэж байж л Монгол улс,
монгол үндэстэн хэл, соёлоо авч үлдэнэ. Би гадаадын олон улс үндэстний урлагийн
баяр наадамд оролцож явлаа. Манай Монголын үндэсний урлагийн гайхалтай
бүтээлүүд хаана ч үгүй. Би үүгээрээ бахархаж омогшиж явдаг даа.

Categories
мэдээ цаг-үе

Л.Гантөмөр: Боловсролын салбарт цогц шинэчлэл хийсэн

“Бид” нэвтрүүлгийн шинэ дугаарт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцлоо. Түүний яриаг бүрэн эхээр нь хүргэе.

-Сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарт бодлогын өөрчлөлт хийгдсэн. Үүний хэрэгжилт ямар байгаа бол, үүнээс яриагаа эхэлье.

-Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд мөрийн хөтөлбөртөө таван зүйлийг дэвшүүлсэн. Үүний нэг нь “Эрдэм боловсролтой-Монгол хүн” хөтөлбөр. Үүнийгээ 2012 онд Засгийн газар байгуулагдахад мөрийн хөтөлбөр болгон шинэчилсэн. Мөрийн хөтөлбөрийн гол цөм нь монгол хүүхэд бүрийг зөв монгол хүн болгож хөгжүүлэхийн төлөө боловсролын салбарыг ажиллуулъя гэсэн зорилт дэвшүүлсэн юм. Нэг хэсэг элит бэлддэг, нэг хэсэг дунд сурлагатан бэлддэг байсан. Үүнийг өөрчилж хамрагдаж байгаа бүх хүүхдээ хөгжүүлье, бүх хүүхдэд ямар нэгэн авьяас билиг, ямар нэгэн чадах зүйл байх ёстой тэрийг олдог, илрүүлдэг, дэмждэг, төлөвшүүлдэг байхыг зорьсон. Үүнийгээ бид зөв хүүхэд хөтөлбөр болгож орон даяар хэрэгжүүллээ. Ингэж хэрэгжүүлэхдээ сургуулийн өмнөх боловсрол олгохдоо хүүхдийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр судалгаа хийхэд үзэл санаа нь хоцрогдсон байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол хүний насан туршийнх нь боловсролын суурь үе юм байна гэдгийг тодорхойлж 2012 оноос хөтөлбөрийн өөрчлөлтийг хийлээ. 2014 онд бүтэн жилийн хугацаанд 80 гаруй цэцэрлэгт туршилтын ажил хийж 2015-2016 оны хичээлийн жилд орон даяар нэвтрүүллээ. Энэ хөтөлбөрийн өөрчлөлт нь хүүхэд хөгжингөө суралцдаг болгож байгаа юм. Товчхондоо, үр ашиггүй өнгөрөөдөг байсан цагийг үйлийн аргаар сургадаг болгож байгаа юм. Ингэснээр хүүхдэд байгаа сайн чанарыг олж нээхэд чухал алхам болж байна. Энэ хүүхдийг сургуульд ороход нь өнгө ялгадаг болгоё гэж зорьдог байсан бол хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдэд байгаа чадамж нь юу юм, юуны төлөө тэмүүлдэг, юунд дуртай юм гэх мэтчилэн сайн чанарыг нь тодорхойлоод, муу зүйлийг нь багасгах зорилготой юм.

-Тэгэхээр үүнийг дагаад бага боловсрол олгох процесс бас өөрчлөгдсөн байх?

-Бага боловсролыг Зөв монгол хүүхдийн хөгжлийн суурь үе гэж тодорхойлж тухайн хүүхдэд чадвар өгөх, суралцах арга барил эзэмшихэд чиглүүлж байна. Хуучин бага боловсрол ямар байсан бэ гэхээр цээжилж, тогтоодог байсан бол одоо хүүхдүүд шинжилдэг, судалдаг, юмны учрыг олохын төлөө тэмүүлдэг болсон. Товчхондоо багш тооны хариуг хэлж өгдөг биш хүүхэд өөрөө боддог, шинжлэн судалдаг, судлан шинжилдэг урсгалаар суралцах боллоо. Ингэснээр тухайн хүүхдэд байх чадваруудыг илрүүлдэг болсон. Багш нарын хувьд хүүхдийнхээ ахицыг харж, амжилтыг нь тодорхойлж, дүнгээс илүүтэй тухайн асуудлыг ойлгосон эсэхэд дүгнэлт хийдэг болж байгаа юм. Хүүхдүүдийн тунгаан бодох чадварыг эзэмшүүлэхэд бага боловсролын шинэчлэл чиглэгдсэн. Энэ бол бүрэн хийгдсэн, гэхдээ нэг амьсгаагаар хийчихдэг ажил биш бүх багш оролцсон. Хүүхдийн оролцоотой сургалтыг бий болгоход хамгийн түрүүнд багш нар оролцох ёстой. Ийм зарчмаар 2012 оныг бүхэлд нь багш нарт зарцуулсан. 2013 онд багш нарын оролцоотой боловсруулалтыг хийсэн. Ингээд суурь боловсролын шинэчлэлтийг хийж суралцах арга барилыг бүрэн эзэмшсэн хүүхдийг бэлтгэхэд энэ хөтөлбөр чиглэгдэж байгаа юм.

-Суурь боловсролын шинэчлэл хийгдсэнээр хүүхдийг дүнгээр дүгнэдэг бус, тэр хүүхэд юу хийж чаддаг, сурах арга барил нь ямар гэдгийг нь дүгнэдэг болсон гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Хуучин бол тэр хүүхэд юу мэддэг юм бэ гэдэг нь чухал байсан. Харин энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд мэддэг байхаас гадна чаддаг байх, чадамжуудыг эзэмшсэн байх ёстой болж байгаа юм. Товчхондоо, мэдлэг +чадвар+чадамж+хүмүүжил гэдэг томъёоллыг хэлж болно. XXI зуунд тавигдаж байгаа шаардлага бол ерөөсөө л энэ. Мэддэг, чаддаг, чадамжтай, нийгэмд зөв амьдрах хүмүүжлийг нь боловсролын байгууллага юу хийх вэ гэдгийг илэрхийлсэн боловсролын хөтөлбөр шинэчлэгдсэн дөрвөн жил байлаа.

-Боловсролын шинэчлэл хийгдчихлээ. Харин хүүхэд суралцах орчныг сайжруулах талаар ямар ажил хийгдэв. Өнгөрсөн хугацаанд хэчнээн сургууль цэцэрлэг ашиглалтад оров?

-Дөрвөн жилийн хугацаанд орон нутгийн төсөв, Монгол Улсын нэгдсэн төсөв, дэлхийн банкны тусламж дэмжлэгээр сургууль, цэцэрлэг, дотуур байрны 315 барилга ашиглалтад оруулсан байна. Одоо 140 орчим барилга баригдаж байгаа. Мөн эргэн төлөлтийн гэрээгээр баригдаж байгаа 100 орчим барилга байна. Гурван ээлжээр хичээллэж байна гээд шүүмжлээд байгаа юм л даа. Яг үнэндээ 536 мянган сурагчаас минь 6000 нь гуравдугаар ээлжээр хичээллэж байгаа юм. Тэгэхээр энэ хэдэн хувь нь вэ гэдгийг бодно биз. Үүнийг хараад л боловсролын салбар болохгүй нь гээд уцаарлаад байна. Боловсролын сайдын хувьд 21 аймагт очиж ажилласан, бүх багш нартай, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзсан. Хамгийн сүүлд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын сургуулиар ороход нэг ээлжээр хичээллэж байна, цэцэрлэг нь бүх хүүхдээ хамруулсан байна. Энэ юу хэлж байна вэ гэхээр нэг, хоёрдугаар ээлжээр хичээллэж байгаа нь олон байгаа шүү. Жилд дунджаар 70-80 барилга ашиглалтад оруулаад явж байна. 2015 оны эцсээр төсвийн нэгдсэн нэгтгэл гарахад 90 орчим барилгыг ашиглалтад оруулжээ.

Бас сонирхолтой тоо байгаа нь намайг сайд хийдэг дөрвөн жилийн хөрөнгийг өмнөх сайдын үед зарцуулсан хөрөнгө, урсгал зардалтай харьцуулахад хоёр дахин өссөн байдаг. Ингэж өссөн шалтгаан нь хүн амын өсөлт. 2004, 2005 онд төрөлт маш ихээр нэмэгдсэн. Цаашид сургууль, цэцэрлэгийн барилга яригдана. 1970 онд ашиглалтад орсон барилга муудсан. Тиймээс сургууль, цэцэрлэгийн барилгыг маш хурдтайгаар сэргээж барих шаардлага бидний өмнө байна. 2014 онд гэхэд хувийн цэцэрлэг 120 орчмоор нэмэгдсэн. Энэ нь цэцэрлэгт хөрөнгө оруулагчид нэмэгдсэн гэсэн үг. Хувийн цэцэрлэг нэмэгдэх болсон шалтгаан нь тавигдах шаардлагыг л сулруулсан юм. Ингэснээр нийт хүүхдүүдийн 85 орчим хувьд нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

-Багш нарт чиглэгдсэн ажил нэлээдгүй хийсэн байх. Багш нарыг хөтөлбөрт хамруулсан уу?

-Багшийн хөгжил, Авьяас, Ном хөтөлбөрүүдийг 2012 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүллээ л дээ. Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд багшийн оролцоо чухал. Тийм ч учраас багш нар бүх хөтөлбөрт хамрагдаж, хамтарч байгаа. Хүний суралцахуй бол хийх үйл дээр тогтдог юм гэдгийг багш нартайгаа хамтарч гаргасан. Үүнээс улбаалаад багш нар арга барилаа өөрчилсөн. Дүн тавьж хүүхдийг дүгнэдэг байдлыг 1-5 дугаар ангиудад болиулсан. Энэ ямар учиртай вэ гэхээр нэгдүгээр ангид ороод дөнгөж хоёр сар болж байгаа хүүхдэд муу дүн тавихаар тэр хүүхэд шууд л муугийн эгнээнд орно.

-Таныг сайд болохоос өмнө ч тэр, одоо ч тэр яригддаг нэг асуудал нь их, дээд сургууль төгссөн оюутнууд ажлын байранд гарахаараа гологдож байна гэдэг. Үүнээс үүдээд хувийн хэвшлийн их, дээд сургуулиудыг яаж чанаржуулах вэ, энэ талаар ямар ажил хийгдэв?

-Боловсролын салбарын аль нэг хэсгийг салгаж аваад өөрчилнө гэж байдаггүй юм байна. 12 жил суралцаад их сургуульд орж ирж байгаа хүн яадаг вэ гэхээр өөрийгөө таньсан, зорилгодоо үнэнч байдаг. Намайг сайд болоход хамгийн том бэрхшээл нь хүүхдүүд өөрийгөө таньж чадаагүй, маш олон сургуульд сурдаг байсан. Тэгэхээр өнөөдөр их дээд сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд өөрчлөлт гарсан гэж хэлж чадахгүй. Харин нэг зүйлийг маш зоригтойгоор хэлж чадна. Энэ бол 1-9 хүртэлх ангид суралцаж байгаа хүүхдүүд их сургууль төгссөнийхөө дараа ажилгүй байна гэж хэзээ ч байхгүй. Маш өөр хүн төрж байгаа. Заавал их сургуульд сурахгүй, би юу хийх вэ гэдгээ мэддэг болсон хүүхдүүд бий болсон.

Гэхдээ бид дээд боловсролд маш олон өөрчлөлт хийсэн. Дээд боловсрол яагаад цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй хоцроод байдаг вэ гэхээр тухайн цаг үед гарч ирж байгаа дэлхийн шинжлэх ухааны үр дүнг ашиглаж чаддаггүй байсан. Өөрөөр хэлбэл, 10 жилийн өмнө зааж байсан лекц нь шинэчлэгдээгүй. Оюутнуудын сурахаар зорьж байгаа зүйл нь хоцрогдсон байсан гэсэн үг. Тиймээс үүнийг бид бүгдийг нь шинэчилсэн. Намайг сайд болоход 800 гаруй хөтөлбөр байсан. Үүнийг бид 200 болгож цөөлж, хувирах чадвартай мэргэжилтэн бэлтгэе, чанартай хөтөлбөр гаргая, багш нарыг өрсөлдүүлье гэж зорьсон. Энэ ажлууд хийгдээд явж байгаа.

Нөгөө нэг ажил нь судалгааны ажлын чадамж. 2009-2012 оны хооронд дээд боловсролын судалгааны ажлын санхүүжилт таван тэрбум төгрөг байсан. Миний сайд хийсэн цаг хугацаанд 60 тэрбум төгрөг буюу 12 дахин их мөнгийг их сургуулийн судалгааны чадамжийг нэмэгдүүлэхийн тулд зарцуулсан. Хамгийн сүүлд 3.5 тэрбум төгрөгөөр 78 төслийг санхүүжүүлж байна. Оюутан залуучуудад энэ цаг үеийн шинэ мэдээллийг зааж байгаа багш шинэ мэдлэгийн тээгч болчихоод байгаа юм.

-60 тэрбум төгрөг зарцуулсны эцэст тодорхой үр дүн гарсан уу?

-Энгийн жишээ гэвэл тухайн их сургуулийн багшийг дэлхийн хэмжээний сургуулийн багштай нэг түвшинд аваачих зорилготой. Одоо мэдрэгдэж байгаа зүйл маш их. Олон төрлийн судалгааг манай эрдэмтэд дэлхийд гаргаж ирж чадаж байна. Хэрэгжүүлсэн хөтөлбөрөө шинэчилж чадаж байна.

1000 инженер төслийг хоёрхон жилийн дотор хэрэгжүүлэхэд багш нарт хөрөнгө оруулсны үр дүн гарч байна. Японы сургуулиуд Монголын инженерийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөх хэмжээнд ирчихлээ. Монголд Японы стандартаар сургалт явуулдаг гурван сургууль бий болсон. Суралцагч нар нь Японд 2+2 хөтөлбөрөөр суралцах эрхээ авчихлаа. Нэг үгээр хэлбэл, багш нар судалгааны ажил хийж, харилцан туршлага судалсны үр дүнд өнөөдрийн явж байгаа сургалтын хөтөлбөртөө дүгнэлт хийж өөр зүйлийг эрэлхийлж эхэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Амгаланбаатар: Аз жаргалын индекс дэлхий нийтэд дөрвөн хувиар буурсан

-Монголчуудын итгэл найдвар болон эдийн засагт итгэх индекс дэлхийн дунджаас бага гарсан ч аз жаргалын индекс дэлхийн дунджаас 15 хувиар өндөр гарчээ-

“MMCG” компанийн ерөнхий захирал Д.Амгаланбаатартай дэлхийн “Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн итгэлийн индекс 2015”-ын талаар ярилцлаа.

-“MMCG” компани байгуулагдаад хэдэн жил болж байна. Судалгаагаа олон улсын түвшинд хийдэг гэсэн?

-Манай компани 2002 онд байгуулагдсан. Монголын хамгийн анхны мэргэжлийн судалгааны компани. Энэ жил 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай улс 1990 онд шинэ нийгэмд шилжсэнээс хойш маркетингийн судалгаа хөгжиж эхэлсэн. Маркетингийн судалгаа, зөвлөх үйлчилгээ нь харьцангуй шинэ салбар учраас үнэндээ хөгжлийн хувьд нэлээд дорой байгаа. Монгол Улсад үүнийг дуурайгаад хөгжье гэх маркетинг судалгааны компани байхгүй учраас бид анх гадаадын судалгааны компаниудаас суралцах хэрэгтэй болсон. Тиймээс 2008 оноос бид гадаадын томоохон судалгааны компаниудтай хамтран ажиллаж судалгааны арга аргачлал, технологио цаг алдалгүй шинэчлэн, хөгжүүлж ирлээ.

Мөн олон нийтийн санаа бодол болон маркетингийн судалгааны олон улсын ISO 20252:2012 стандартыг 2012 онд Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн газраар батлуулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. ESOMAR гэх 1948 онд байгуулагдсан олон улсын судалгааны ёс зүйн стандартыг хангадаг байгууллага байдаг бөгөөд үүнд Монгол Улсаас шаардлага хангаж орсон цорын ганц компани бол манайх. Өөрөөр хэлбэл “MMCG” компанийн хийсэн судалгаа олон улсын стандартын дагуу явагдаж, үр дүн нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц болж байгаа юм.

-Маркетингийн судалгаа манай оронд хөгжлийн хувьд ямар шатандаа яваа вэ?

-Монголчууд бид хэдэн биенийгээ л өрсөлдөгч мэтээр хараад байдаг. Бид хэдэн биенээ хараад хөгжихгүй шүү дээ. Тиймээс эхний ээлжинд “Ази Номхон далайн маркетингийн судалгааны компаниудын холбоо”-нд 2013 онд ес дэх орноор нь элсэж орсон юм. Уг холбоонд Япон, Автрали, Шинэ Зеланд, Сингапур, Малайз, Хятад, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд орчихсон байдаг юм. Ингэхээр бид дэлхийн маркетингийн судалгааны чиг хандлага хаашаа явж байна вэ гэдгийг мэдэж түүнтэй нийцүүлэн хөгжих боломжтой болж байгаа юм. Манай компани Ази Номхон далайн өндөр хөгжилтэй орнуудын маркетингийн судалгаа, зөвлөх үйлчилгээний томоохон хурлыг 2017 оны есдүгээр сард Монголд зохион байгуулах эрхийг аваад байна. Тэр эрхээ өнгөрсөн жил Шинэ Зеландад очихдоо Тайвань, Сингапур улсуудтай өрсөлдөж авсан. Энэ маань Монгол Улсын маркетингийн судалгааны хөгжилд оруулж байгаа том хувь нэмэр болов уу гэж бодож байгаа.

-Дэлхийд хамгийн сайн маркетингийн судалгаа хийдэг ямар орон байдаг вэ?

-Дэлхий дээр байдаг хамгийн том 25 судалгааны компанийг харахад топ зургаан оронд хуваагддаг юм. Ихэнх нь буюу 13 нь Америкийн судалгааны компаниуд байдаг. Английн дөрвөн компани, Франц, Японы тус бүр гурван компани, Австрали, Бразилийн тус бүр нэг компани дэлхийн хамгийн том 25 компанид багтдаг. Хамгийн өндөр хөгжилтэй орнууд том судалгааны компанитай байдаг. Тэгж байж бүтээгдэхүүнүүд нь дэлхийд танигдсан брэнд болж зах зээл дээр тархдаг. Шударгаар хэлэхэд судалгааны байгууллага нь хөгжөөгүй улсууд ихэнхдээ ядуу буурай орнууд байдаг.

-“MMCG” компани шинэ оны өмнө “Дэлхийн топ удирдагчдын рейтинг”-ийн үр дүнг олон нийтэд зарласан. Харин одоо “Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн итгэлийн индекс 2015”-ыг гаргажээ.Энэ удаагийн судалгаанд хэдэн улс хамрагдсан бэ?

-Би 2015 оны аравдугаар сард “Win/Gallup interna­tional” хэмээх маркетингийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны дэлхийн тэргүүлэгч эвслийн гишүүн болсон. Тэгээд анх удаагаа “Дэлхийн топ удирдагчдын рейтинг”-ийг танилцуулсан. “Win/Gallup international” нь 1947 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн газар нутгийн 95 хувийг хамарсан, 76 орны судалгааны топ компаниудаас бүрддэг. Нэг орноос маркетингийн судалгааны олон улсын стандартыг хангасан нэг л компанийг элсүүлдэг юм. Энэ холбоонд нэгдсэнээр дэлхий даяар хийгдэж байгаа чухал судалгаануудад манай улсын иргэдийн дуу хоолой хүрэх боломжтой болж байна. Энэ нь Монгол Улсын хувьд бид дэлхийд хаана нь яваад байна вэ гэдгийг харах боломж нь нээгдэж байгаа хэрэг.

“Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн итгэлийн индекс 2015”-д 68 орон хамрагдсан байгаа. Тухайн орны газар нутгийн хэмжээ, хүн амаас хамаарч нэг улсаас 400-2000 хүн судалгаанд хамрагдсан бөгөөд нийтдээ 68 орны 66,000 хүн судалгаанд хамрагдсан байна. Монгол Улсын хувьд 21 аймаг болон нийслэл хотоос нийт 1000 хүн уг судалгаанд хамрагдаж санал бодлоо илэрхийлсэн.

-Аз жаргалын индексээр манай улс нэлээд дээгүүрт байгаа гэсэн үү?

-Арванхоёрдугаар сарын 31-нд “Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн индекс 2015” судалгааны үр дүнг цацсан. Үүнд манай улс Аз жаргалын индексээр дэлхийн 68 орноос 13 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Колумб улс аз жаргалын индексээр нэгдүгээр байрт орсон буюу 85 хувь нь аз жаргалтай байна гэж хариулсан байгаа юм. Колумб өөрөө Өмнөд Америкийн улс шүү дээ. Тэнд хар тамхины наймаа цэцэглэсэн. Хүн амины гэмт хэрэг гаралтаараа дэлхийд номер нэг улс. Нэг нэгнийгээ буудах нь энүүхэнд. Гэтэл тэр улс яагаад аз жаргалтай байна вэ. Үүнийг тайлбарлахад хэцүү. Хүн өөрөө өөрийгөө төсөөллөөр тодорхойлж гаргаж байгаа хэрэг. Энэ судалгаа төсөөллийн судалгаа учраас би аз жаргалгүй байсан ч аз жаргалтай байна гэж хариулж болно. Харин хамгийн аз жаргалгүй улсаар Ирак улс гарсан байна. Өндөр хөгжилтэй орнуудаас Франц улс 59 дүгээрт орж байгаа юм. Магадгүй францчууд одоо байгаадаа ханадаггүй байж болно. Өөрөөр хэлбэл Африкийн нэг иргэн хоногийн хоолтой байхдаа аз жаргалтай байгаа бол Францын нэг иргэн харьцангуй хүлээлт өндөртэй байж болох юм.

-Аз жаргалын индексийг хэзээнээс тооцож эхэлсэн бэ. Юугаар нь аз жаргалтай гэж үзээд байгаа юм бэ?

-Анх 1978 онд Бутан гээд хаант засаглалтай, далайд гарцгүй, газар нутгийн хувьд жижиг улс байсан. Бутан улсын хаан ард иргэдээ хэрхэн амьдарч байгааг харахын тулд үндэсний аз жаргалын индексээ тооцож эхэлсэн байгаа юм. Үүнээс хойш аз жаргалын индексийг дэлхийн олон улс гаргадаг болсон. Хүн болгоны хувьд аз жаргал гэдэг өөр үзүүлэлт шүү дээ. Миний хувьд аз жаргал гэдэг гэр бүлийнхэнтэйгээ эрүүл энх, хэрүүлгүй, өмсөх хувцастай байхыг хэлнэ. Зарим хүмүүс арван давхар байшинтай, найман машинтай, хадгаламжиндаа 100 сая доллартай байвал аз жаргал гэж үзэж болно. Хүмүүсийн төсөөлөл нь өөр өөр байна. Монголчуудын хувьд итгэл найдвар болон эдийн засагт итгэх индекс дэлхийн дунджаас бага гарсан ч аз жаргалын индекс дэлхийн дунджаас 15 хувиар өндөр гарчээ. “Амны билгээс ашдын билэг” гэдэг шиг монголчуудын хувьд эдийн засагт итгэх итгэл, ирэх оны итгэл найдвар бага байгаа хэдий ч өөрийн амьдралыг аз жаргалтай байна гэж үзэж байна.

-Аз жаргалын индекс өндөр байгаа нь шинэ жилийн баяртай холбоотой гэж байсан үнэн үү?

-Үгүй. Мэдээлэл цуглуулалтаа дэлхий даяар есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд цуглуулсан. Энэ судалгаа шинэ жилийн баяртай ямар ч холбоогүй. Мэдээлэл цацаж байгаа нь л шинэ жилийн үеэр таарч байгаа юм.

-Аз жаргалын индекс дэлхий нийтэд буурч уу, нэмэгдэж үү?

-Аз жаргалын индекс дэлхий нийтэд дөрвөн хувиар буурсан байна лээ. Өнгөрсөн 2014 онд 70 хувь нь өөрсдийгөө аз жаргалтай гэж үзэж байсан юм билээ. Энэ жил дэлхий нийтээрээ 66 хувь болж буурсан байна.

-Итгэл найдварын индексийн хувьд ямар байв?

-“2015 он 2016 онтой харьцуулахад сайжрах уу, муудах уу” гэж асуусан. Монголчуудын 37 хувь нь сайжирна, 25 хувь нь муудна, 37 хувь нь байгаагаараа хэвээрээ байна, нэг хувь мэдэхгүй гэж хариулжээ. Бид энэ үзүүлэлтээр 68 орноос 36 дугаар байрт орсон. Аз жаргалтай гээд байсан хүмүүс ирээдүйдээ итгэл багатай байгаа дүр зурагтай байна. Харин хамгийн өндөр итгэл найдвартай улсаар Бангладеш улс орсон. Араас нь Хятад, Нигер улсууд эрэмбэлэгджээ. Хамгийн бага найдвар тавьж байгаа орноор Итали, Ирак, Грек улсууд орж байна.

-Эдийн засагт итгэх итгэлийн индекс яаж гарав?

-“2016 оны эдийн засгийн нөхцөл байдал 2015 онтой харьцуулахад сайжрах уу, муудах уу” гэсэн асуулттай байлаа. Энэ судалгаанд манай улс 68 улсаас 55 дугаарт орсон. Судалгаагаар манай улс энэ жилийн эдийн засгийн итгэл найдвар муу байна гэж гарлаа. Судалгаанд хамрагдсан арван хүний хоёр нь энэ жил эдийн засаг сайжирна гэж хариулжээ. Харин тав нь муудна, гурав нь хэвэндээ байна гэсэн.

Эдийн засаг сэргэнэ гэж үзэж байгаа улсад Нигер хамгийн их итгэл найдвартайгаар гарсан. Байгалийн хий, баялаг ихтэй улс мөртлөө хамгийн ядуу орон. Гэтэл энэ улс эдийн засаг сайжрахад хамгийн өндөр итгэлтэй байна гэж гарсан. Араас нь Бангладеш улс орсон байна. Эдийн засаг сэргэхэд итгэлгүй байгаа улсад Грек, Автри, Итали зэрэг улсууд эрэмбэлэгджээ. Үүнээс харахад өндөр хөгжилтэй орнуудын хүлээлт өөр байх шиг байгаа юм.

-Танай компани судалгаагаа утсаар авдаг юм байна. Хүмүүс хэр идэвхтэй хариулдаг вэ?

-Төвөгшөөхгүй хариулчихна. Манайхны нийгмийн идэвх оролцоо нь харьцангуй сайн болчихсон шүү. Ялангуяа манай орон нутгийн хэрэглэгч нар сайн хариулдаг. Ер нь манай компанийн утсаар судалгаа авдаг төв маань хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилагдсан. Манай судалгаа авдаг операторууд маань өндөр түвшинд сургагдаж бэлтгэгдсэн байдаг.

-Энэ судалгааг гаргахаар хүмүүсийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх бол?

-Олон талаар нөлөөлнө л дөө. Магадгүй бизнес эрхэлдэг хүн эдийн засгийн өсөлт сайн байна гэсэн итгэл найдвартай байвал мөнгөө дэрэн доороо нуугаад байхгүй зах зээлд оруулъя гэж төлөвлөж болох юм. Мөн ард иргэд нь эдийн засгаа сэргэнэ гэж харж, хүлээж байгаа оронд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх ч магадлалтай. Тэгэхээр үүнийг хүмүүс ямар ч өнцгөөс харж, тайлбарлаж болох юм.

-Ирэх сард ямар судалгааг танилцуулах вэ?

-“Win/Gallup international”-ээс юу танилцуулах талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ олон сонирхолтой үр дүнг хүлээгдэж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Солонго: Хоосон лангууны зургийг авахад улсууд загнаж байлаа. Одоо энэ бүхэн түүх болж үлдсэн

“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ийн ерөнхий захирал Ж.Солонготой ярилцлаа.

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэнд баяр хүргэе. Өнгөрсөн он таны ажил амьдралын өрнүүн жил байсан бололтой?

-Тийм ээ. Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой боллоо. Ойгоо угтаад нэлээд ажил хийсэн. Киночдын тухай 80 цуврал нэвтрүүлэг хийлээ. Кино хамтын бүтээл. Олон хүн, техник тоног төхөөрөмж орсон бүтээл байдаг юм гэдгийг олон нийтэд ойлгуулах үүднээс 80 цуврал хийж, телевизүүдээр гаргасан. Хөгжмийн зохиолчид гэхэд л киноны хөгжим бичиж үзээгүй хүн байхгүй. Бүх жүжигчид кинонд оролцсон байдаг. Киноны түүхээ бичсэн ном гаргаад нэр өгөх гээд бодоод байсан чинь бидний түүх Монголын түүх юм билээ. “Аман хуур” киног 1960-аад онд хийхэд одоогийн Э.Бат-Үүл эд нарын хийх гээд байгаа хотын дахин төлөвлөлт хийж байжээ. Бас л нүүхгүй барихгүй гээд улсууд эсэргүүцсэн ч, киногоо зөв хийгээд хүмүүстээ ойлгуулчихсан. “Хүргэн хүү”-г хийсэн түүхийг мэднэ. Монголбанкнаас ганцхан хуудас материал өгсөн гэдэг. Түүнийг нь Д.Дожоодорж гуай, С.Удвал гуай хоёр зохиол болгоод, Д.Жигжид гуай найруулаад, банкинд мөнгөө хадгалуулахгүй бол будаа болдог гэдгийг хүний сэтгэлд хийж өгсөн. Тэр үед барилгажилт эхлэхээс өмнө “Аман хуур” киногоо хийсэн. Атар газар эзэмшихээс өмнө “Хөхөө гэрлэх дөхлөө”-г хийсэн байдаг.

-Нийгмийн сэтгэл зүйгээ урьдчилаад айхавтар бэлтгэдэг байжээ?

-“Хөхөө гэрлэх дөхлөө” кинонд Б.Дашдаваа гэдэг тухайн үеийн хамгийн гоё залуугаар дамжуулаад, атар газрыг яаж эзэмшдэг, юу саад болж байгаа тухай кино хийчихээр залуучууд хуйларч байсан. Төрийн бодлого гэдэг юм байж.

-Кино гэдэг социализмын үед үзэл суртлын том зэвсэг байж, орчин үед юу болж хувирсан юм бэ?

-Америкчууд мөнгөний маягийн кино хийдэг. Оросууд, манайх үзэл сурталжсан кино хийдэг бол, Европын орнууд, Франц, Англи урлаг тал руугаа кино хийдэг. Ийм л гурван урсгал явсаар байгаад одоо үзэл нь суртал нь байхгүй болоод дуусч байна. Манайх 1990 он хүртэл улсын соёл урлагийн төсвийн 41,7 хувийг зөвхөн кинонд өгч байжээ. Жилд 4-8 найман кино гаргадаг. Бүх киног зохиолоос нь авахуулаад нарийн үзэж, бараг Улс төрийн товчоо зөвшөөрөл өгдөг байж. Тэр үеийн удирдлагад нийгмийнхээ сор болсон хүмүүс ажиллаж байсан. Тэдний шүүлтүүрээр ороод гарсан нь сайн явдаг юм байна л даа.

-Том гүрнүүдийн бодлого киногоор дамждаг юм биш үү. Солонгос кино үзсээр байгаад хүүхэд залуус солонгосчуудыг дуурайдаг боллоо гэцгээдэг оргүй ч биш байх. Монгол сэтгэлгээ уламжлал, үндэсний онцлог гэдэг юм киногоор дамжих ёстой юм болов уу?

-Киногоор дамжих ёстой. Орос тэр талаараа мундаг байна. Солонгос өөрийн соёл, уламжлал, бүх юмыг киногоор дамжуулахын тулд асар их мөнгө хаяад, дэлхий даяар цацаж байна. Зөвхөн манайд ч биш Япон, Европ, Хятадад гаргадаг. Солонгосын нэг эрэгтэй жүжигчин гэхэд Хятадад 51 сая дагагчтай байна. Хятадаар ярьчихдаг, сайхан дуулчихдаг. Түүгээрээ дамжуулаад, Солонгосын соёлыг сурталчилдаг. Тэгэхэд монголчууд ерэн оноос хойш кинондоо мөнгө зарцуулаагүй. Гадуур яваад байгаа кинонуудаа болж байна гэж боддог. Мөнгөний кинонууд шүү дээ, хөөрхий.

-Монголд кино үйлдвэрлэж байгаа юу?

-Бид киноны ийм том мангасуудын дэргэд кино үйлдвэрлээд ашиг олно гэж байхгүй. Энэ ард түмэн үндэстэн юм чинь өөрсдийн соёл, урлагтай байх ёстой шүү дээ. Монголын соёл уламжлалыг харуулсан юм л гаднынханд сонин байгаа юм. Жишээлбэл, “Ингэн нулимс“ гээд кино 22 мянган долларын өртөгтэй, хамгийн бага зардалтай кино. Тэгсэн мөртлөө Оскарт дэвшиж байсан, бүх орнууд худалдаад авчихсан, нэрд гарчихсан. Кино төсөв мөнгөндөө биш утга агуулгадаа байдаг юм байна. Европынхон тэмээг араб тэмээгээр төсөөлдөг. Гэтэл монгол тэмээ хөгжим сонсоод уяраад, үр зулзагаа голсноо эргүүлээд авдаг гэдгийг нөгөөдүүл хараад “ухаан алдаж унана”. Бидний хувьд жирийн л зүйл. Бусад улсуудад гайхмаар үзэгдэл. Монголынхоо нүүдэлчдийн соёл уламжлалаар кино хийвэл гадаадад гарна. Өөрөөр кино хийгээд, гадаадад гараад сүртэй нөлөөлөх юм одоохондоо харагдахгүй байна.

-Монгол кино нэгтгэл төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг статусаар ажилласаар байх уу, хөрөнгө мөнгө өгөхгүй бол яаж амьдрах учиртай юм бол?

-Бид 20 жил улсаас мөнгө аваагүй. Харин бид улсад жилд 180-200-гаад сая төгрөгийн татвар өгч байна. Төр засгаас кино хийгээрэй гэж мөнгө өгсөнгүй. Баримтат кинонд жаахан мөнгө өгдөг. Тэр нь бага л даа. Энэ жил түүнийгээ ч өгч чадахаа байлаа. Баримтат киног гаргуунд нь гаргаж байна. 1935 оноос өнөөдрийг хүртэл бүх үйл явдал баримтат киноны хальсанд бий. Хэдэн жилийн дараа ойлгоно л доо. Хуучны улсууд баримтат кинон дээрээс дүрсээ сэргээж авдаг. Видео бол сэргээж өгөх арга байхгүй, дөрвөн жил болоод байхгүй болчихож байгаа юм чинь.

-Баримтат кино гэснээс таныг ардчилсан хувьсгалын үеэр баримтат киноны гол зургуудыг авсан гэж сонссон?

-Би ардчилсан хувьсгал дөнгөж эхлэнгүүт бүх зургуудыг нь авч эхэлсэн. Ц.Элбэгдорж, өлсгөлөн, анхны жагсаал цуглааныг бүгдийг би авсан. Дэлгүүрийн хоосон лангууны зургийг авахад улсууд загнаж байлаа. Одоо энэ бүхэн түүх болоод үлдсэн.

-Та тэгэхээр ардчилсан үзэлтэй, тухайн үедээ бол нэлээд эсэргүү нөхөр байж таарах нь ээ?

-Ардчилсан үзэлтэй юу байхав. Тэр үеийн бүх хүн боссон. Ардчилсан холбоог анх үндэслэгчдийн нэг байлаа. Би Ц.Элбэгдорж, Дарь Сүхбаатар эд нарт С.Зоригийг аваачиж танилцуулж байсан. “Энэ шинжлэх ухаан, коммунизмын онол заадаг, их сургуулийн багш, бид нарыг эрх биш зүглүүлээд өгнө” гэсэн юм. Анхны жагсаал цуглаан бүх гол үйл явдлыг бичдэг. Тэр үед плёнк үнэтэй, надад хамаагүй өгөхгүй. Би улсуудаас гуйгаад хадгалчихсан. Тэгсээр байгаад, найман сар хагасын зургийг авсан. Сүүлд нийлүүлж байгаад нэг кино хийчихсэн. Ямар ч байсан ерэн оны гол үйл явдлуудыг авсан даа. Ж.Батмөнх дарга, Улс төрийн товчоо огцорч байгаа, өлсгөлөн бүх л юм бий. Орос цэрэг гарч байхад зураг авах гэж бөөн ажил болсон доо. Орос цэрэг буцахад 100 гаруй мянган цэрэг Улаанбаатарын орчимд байсан. Танк бүх юмаа ачаад явж байгаа зургийг нь хөөцөлдөж байж авсан юм. Орос цэргүүдийг найрч, архи дарс өгч байж билээ. Эргээд харахад сайхан. Баримтат киног одоогийн төр засаг тоохгүй гаргуунд нь гаргаж байгаа нь буруу. Баримтат киног хаяж болохгүй гэж цөхрөнгөө бартал хэлсэн.

-Ингэхэд эхнэрийг тань бас Солонго гэдэг шүү дээ. Анх танилцахад нэр нөлөөлсөн үү?

-Нөлөөлөөгүй байх аа. Манай авгай Москвагийн их сургуульд оюутан байсан, би Москвад киноны сургуульд байсан, тэгээд л танилцахгүй юу. Манай эхнэр хуульч. Бүх сурсан сургуулиа онц төгссөн. Би тэгж онц төгсөөгүй л дээ. Гэхдээ хүний адаг байгаагүй.

-Та эмэгтэйлэг нэртэй юм аа?

-Тэнгэрт байгаа солонгыг эр, эмийг нь хэн үзсэн юм бэ?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төмөр хатагтай гэртээ хэр эзэгтэй бол?

-Манайх хоёр хүүтэй. Эхнэр хөөрхий, ядарч байгаа хүн. Гурван эрэгтэйгийн хувцас хунарыг угаана. Хоол ундыг хийнэ. Хааяа өрөвддөг. Хагас бүтэн сайнд угааж арчина. Гэртээ бүх юмаа өөрөө хийгээд сурчихсан. Ийм л эмэгтэй. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Н.Алтанхуягтай хууль ном яриад нэг халагдсан.

-Харин сайд байсан нэг хүн надад хэлсэн юм. Ажлаа мэддэггүй, дураараа аашилдаг шинэ сайд нарыг ЗГХЭГ-ын Солонго байх ёстой байранд нь аваачдаг хүн гэсэн?

-Хашир 16-17 Ерөнхий сайдтай ажилласан. Бас л сургууль төгсч ирээд, Засгийн газарт орж ажилласан. Анх сургуульд явахдаа Сайд нарын зөвлөлийн нэр дээр сурсан. Ирээд эндээ ажилласан. Би ч гэсэн киноноос өөр салбарт ажиллаагүй.

-Тууштай юм аа?

-Тууштай гэх юм уу, би лав өөр ажил хийгээгүй. Сургууль төгсөөд ирсэн. 1984 онд ирээд, 1990 он хүртэл ажилласан. 1990 онд бүгдийг нь хөөгөөд гаргасан. Та нарт цалин байхгүй, чөлөөт уран бүтээлч шүү гэсэн. 1993 он хүртэл гудамжинд өөр өөрийнхөөрөө амьдарсан. Тэтгэвэртээ гарахаараа энэ олон материалаараа юм хийнэ дээ. Сүүлийн 20-30 жилийн түүхийг мэдэж байна. 1935 оноос эхлээд Монголын түүх хадгалагдаж үлдсэн. Зуд турхан, үер бүгд бий.

-Хальс хэр настай эд вэ?

-Хальс нэг метр нь нэг доллар 50 цент. Нэг метр плёнк нэг секундэд явдаг. Плёнк мөнгөний түрхэцтэй учраас удаан хадгалагддаг. 1895 онд хийсэн анхны кино одоо ч шинээрээ хадгалагдаж байдаг. Плёнк бол тийм чанартай эд. Монголын радио 1993-1994 оны үед CD гэж юм гарахад бүх л дуугаа CD-д буулгасан. Гурван жилийн дараа бүгд байхгүй. Муу бичсэн юм уу, муу CD-д бичсэн юм уу. Сүүлд хальснаасаа дахиж сэргээж авсан. Монголын түүхийг 1935 оноос авахуулаад хальсанд буулгачихаад, хэлмэгдүүлэлт эхлэхэд 1938 он хүртэл маш их хальс устгасан. Дамба, Гэндэн гээд эсэргүүний зураг орсон байна гээд анхны зургуудыг устгасан. Дараа нь 1937-1938 онд эсэргүү болсон бүх хүний зургийг устгуулсан. Дараа нь 1964-1965 оны үед Лоохууз, Нямбуу, Сурмаажавтай холбоотой зургуудыг устгасан. Сүүлд миний мэдэж байгаагаар Жалан-Аажав гээд Улс төрийн товчооны гишүүнийг огцроход энэ хүний оролцсон бүх зургийг устга гэсэн. Тэр комисст орсон улсууд суугаад, хайчлаад устгаж байхыг би харсан. Баяр ёслолын үеэр дарга нар бунхант индэрт цуг зогсдог. Тэрийг яах вэ гэхэд Төв хорооныхон тэрийг үлдээ, бусдыг устга гэсэн. Тэр хэсгийг устгахаар өөрсдийнх нь зураг бас алга болчих гээд байсан юм.

-Устгасан зургуудыг харж байж булуулах уу?

-Шатаалгадаг. Одоо бол шатаахгүй ч түүхийг бичүүлэхгүй устгаж байна.

-Хуучны сайхан кинонуудыг бүх үйл явдлыг нь мэддэг ч дахин үзэхэд сайхан байдаг?

-Киног бүтэн жил хийдэг байсан. Олон хүн ажил төрлөөсөө чөлөөлөгдөнө. Нэг түүх байдаг. Нэг кинонд тоглосон хүүхнийг Москвад зураг авахуулахаар явуулсан. Ирсэн чинь тэрний зураг байдаггүй. Нөхөр нь зураг авахуулаад өчнөөн хоногоор явсан зураг чинь байдаггүй гээд бөөн юм болж. Тэгсэн чинь хайчлаад хаячихсан байсан. Гэрээс нь барьж явахад шатан дээр ээмэг үлддэг хэсгийг нь л үлдээжээ. Ганц зурганд ороод гардаг хэсгийг авах гэж бүтэн дөрвөн сар ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Кино хийхэд тэгж их анхаарч байж.

-Богд хааны үеийн Да хүрээ, гудамж харагдаад байдаг зургуудыг гаднынхан авсан байх нь уу?

-Орос, францууд авсан кадрууд байдаг. Тэр үед оросууд их зураг авсан байдаг. Орост бол Монголын холбогдолтой зураг их. Д.Сүхбаатарын амьд байх үеийн бодитой нэг зураг бий. Түүнийг Зандраа гуай Оросын архиваас олж авчирсан. Сайн ноён хан Т.Намнансүрэн хойно II Николой хаанаас тусламж гуйх үеийн зураг байдаг.

-Т.Намнансүрэн гэснээс Д.Сүхбаатар, Ленин хоёр уулзсан уу гээд маргаад байдаг. Тийм зураг үлдсэн үү?

-Тэр хоёр уулзаагүй юм билээ. Жинхэнэ Ерөнхий сайд нь Данзан байсан юм чинь.

-Ингэхэд та ямар төрлийн кино үзэх дуртай вэ?

-Түүхэн сэдэвт кино үзэх дуртай. Өөрөө түүхэн сэдэвтэй кино хийе гэж боддог. 2000 онд “Хааны сүүлчийн хатан” гэж кино хийсэн. Тэр үед намайг кино хийж байхад харааж загнадаг хүн олон байлаа. Богдын буянаар Монгол Улс тусгаар тогтнолоо авч үлдсэн гэдгийг үзүүлэхийг бодсон. Одоо Б.Догмид бид хоёр “Талын зам 505” гээд кино хийж байгаа. Мөнгөгүй зогсчихоод байна. Наушикаас Замын-Үүд хүртэл төмөр замыг оросууд барьсан байхгүй юу. 80 мянган хоригдлыг Сибирээс авчраад, гараар нь газар ухуулж байгаад бариулсан. Энэ тухай кино хийж байгаа. Тэр олон хоригдлыг явганаар хилээр оруулж ирээд, буутай цэргээр хамгаалуулаад барьсан. Газар ухаад газар дор амьдраад төмөр замаа бариад явсан. Бүгд 505 дугаартай байсан гэдэг. 67 мянга нь буцсан байдаг. Арав гаруй мянга нь энд үхэж үрэгдсэн. Ажил хийхгүй оргож зугтаавал шууд буудаж алах эрхтэй. Зам байгаагүй үед манайхан Дорноговиос жаахан арьсаа ачаад, 40 тэмээтэй хоёр сар явж, Хиагт хүрээд арьсаа цай, даалимбаар солиод эргээд хоёр сар явдаг. Дорноговьд нэг нөхөр байдаг. Одоо өндөр настай. Жинчид авчирсан хүүхэд. Замд орос хүүхдүүд тоглож байж. Манайхан арган дотроо хийгээд аваад иржээ. Хүүхэд төөрөөд, чонын хоол болох нь гэсэн юм байж. Монгол айлуудаар дамжсаар байгаад хүн болсон байдаг.

-Одон тэмдэг авахаар өөр мэдрэмж төрөх юм уу?

-Би бол яах вэ. Сайхан гэхээсээ хариуцлага ирдэг гэмээр юм уу даа. Өөр юм хийж салбаганасангүй. Кино үйлдвэр алга болсонгүй.

-Энэ том байшинд юу хийдэг вэ?

-Кино хийж байгаа улсуудад хувцас хунар техникээр тусалдаг. Жишээ нь “Долоон бурхан харвадаггүй” гэдэг киноны зураг авахад 2000 дээл манайхаас авсан. Манай энэ студиудад телевизийн том клипүүд, уран сайхны кинонуудын зураг авалт явагдаж байна. Оочертой. Цаг цагаар зураг авдаг. Хувцас жижиг хэрэглэлийг нь хангаж өгдөг.

-Кино үйлдвэр музей шиг байж болохоор санагдсан. Монгол киноны өдөрлөгөөр Богд, хатан хоёртой зургаа авахуулах гэсэн хүмүүс дараалалд зогсч байсан шүү?

-Мөнгө авахын тулд музей байгуулах ёстой юм билээ. Жишээ нь манайд хүүхдийн ямар л тэрэг гарч байсан, үе үеийнхээрээ хадгалагдаж байдаг. Мосфильм бол яг Улаанбаатар хот шиг том. Оросын нэг мундаг найруулагч А.Довженко “Мосфильмд хүний хөл хүрээгүй газар зөндөө бий” гэж хэлж байсан. Кинонд хэрэгтэй бүх л юм манайд бий. Арав, хориод хуучны машинтай “Монгол транс” гэж анх байгуулагдахад тэмээн жинг халж байсан машинууд.

Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: Монголын төр өөрийгөө санхүүжүүлээд хувийн хэвшилтэйгээ өрсөлдөн зүтгэж байгаа нь эмгэнэлтэй

Улаанбаатар хотын танхимын Гүйцэтгэх захирал, UFC группийн Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрээр 2015 оныМонголын шилдэг эдийн засагч”-аар шалгарч байсан билээ.

-“Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт энэ сарын 20-ны өдөр болно. Уг чуулганы үр дүн, онцлогийн талаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Өнгөрөгч онд анх удаа “Улаанбаатар хотын форум”-ыг зохион байгууллаа. Уг форум ерөнхийдөө тунхгийн шинж чанартай болсон. Үндсэндээ 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөө, хөгжлийн стратегитай уялдуулж, хөрөнгө оруулалтыг аль салбарт хэрхэн оновчтойгоор хийх вэ гэдгийг ярилцаж хөгжлийн төлөөх тунхаг бичигт гарын үсэг зурсан.

Мөн хот юунд хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхээ анх удаа иргэддээ, бизнесийнхэнд ил тод зарласан.Тодруулж хэлбэл, төрийн байгууллага анх удаа бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авалтаа бизнес эрхлэгчдэд танилцуулаад, бизнес эрхлэгчид нь салбар чиглэлийнхээ дагуу сонирхож ойлголтынхоо зөрүүг нэгтгэж чадсан. Үүгээрээ “Улаанбаатар хотын форум” үнэ цэнтэй болсон гэж боддог. Харин “Улаанбаатар худалдан авалт-2016” нэрийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн бизнес чуулга уулзалтаар хотын удирдлагууд, бизнес эрхлэгчид 2016 онд ямар худалдан авалт хийж, аль салбарт хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ тодорхой ярилцана. Сүүлийн хоёр жилд эдийн засаг саарсантай холбоотойгоор хувийн хэвшлийнхний хотод хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд зогсонги байдалд орсон. Хотын хөгжил, эдийн засгийн идэвхижилтэд мэдээж хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалт чухал.Тиймээс хувийн хэвшлийн санаачилга аль салбарт чухал байна, хууль эрх зүйн хүрээнд хот хэрхэн дэмжих боломжтойг форумын хүрээнд ярина. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, бизнес эрхлэх орчинг тогтвортой, итгэл үнэмшилтэй болгох зорилгоор Улаанбаатар хотын танхимыг байгуулсан. Улаанбаатар хот өнөөдөр нэг сая 300 гаруй мянган хүн амтай байна. Ийм хүн амтай хот бол дэлхийд том хотод тооцогддог. Машины түгжрэл, утаа, сургууль, цэцэрлэгийн асуудлууд Улаанбаатар хотыг том хот гэдгийг нь батлаад өгч буй хэрэг. Ийм хот маань стратеги төлөвлөлт болоод бодлогын хувьд зөв байх хэрэгтэй байна.

Улаанбаатар хот анх удаа худалдан авалтаа бизнес эрхлэгчдэдээ ил тод зарлана гэдэг зөв зүйтэй алхам гэдэг нь хэнд ч тодорхой. Хөрөнгө оруулалтын асуудал нь шийдэгдээд эхэлбэл бүх зүйл хөдөлгөөнд ороод, түүний нөлөөгөөр эдийн засаг эрчимжиж эхлэх нь мэдээж. Ингэхэд яг ямар ямар асуудал дээр хөрөнгө оруулалт, худалдан авалт яригдах бол.Тэр тухай тодруулахгүй юу?

-Улаанбаатар хотод тулгамдсан асуудал олон байна. Бүгд л хурцаар тавигдаж байна. Идэр есийн жавар тачигнаж байгаа энэ цаг үед эрчим хүчний болоод цахилгаан дулаан нэн тулгамдсан асуудал мөн. Сүүлийн жилүүдэд тавдугаар цахилгаан станцын тухай яригдлаа. Засгийн газрын хэмжээнд яригдаад байгаа боловч үндсэн хэрэглэгч нь Улаанбаатар хот юм. Гэхдээ хуучны сэтгэлгээгээр цахилгаан станцаа хот хөрөнгөө гаргаад барих асуудал биш шүү дээ. Хууль эрх зүйн үндсийг нь тогтвортой болгож,ур хугацааны гэрээгээр гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Тэгээд түүнийгээ хууль ёсоор хамгаална гэдгээ зарлах учиртай юм. Гэвч төрийн ажил урагшилдаггүй өнөө л зарчмаар ажил хүлээгдээд л байна. Эхний гэрээ зурагдаж бүтээн байгуулалтын ажил эхлэхээр хүлээгдэж байтал гэв гэнэт “За одоо танай компанитай ажиллахаа болилоо, гэрээгээ цуцаллаа. Бид дараагийн компанийг сонгохоор болсон” гээд хэлдэг. Төрийн ажил ийм хулхины, тоглоомны байж болохгүй. Хөрөнгө оруулалт гэдэг 20, 30 жилээс дээш хугацаагаар яригддаг зүйл. Өнөөдөр мөнгө хийгээд маргааш нь ашиг олж авах тухай асуудал биш юм. Ард иргэдэд яалт ч үгүй ая тухыг хангасан тохилог, дулаан орон сууцны асуудал шаардагдаж байгаа нь мэдээж. Гадаа хасах 30, 40 хэм хүртэл хүйтэрч буй бодит нөхцөлд нүүрсээ түлээд монгол гэр, модон байшиндаа амьдарч, утаан дунд байна гэдэг үнэндээ аймшигтай байна. Өөр арга зам ч одоохондоо алга. Улаанбаатарын гэр хорооллыг цахилгаанаар халаах боломж нөхцөл өнөөдөр алга.Тэгэхээр бид яаж хямд үнэтэй орон сууцаар иргэдээ хангах вэ гэдгийг бодох, тооцоолох хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг зөв санаа. Эдийн засаг унаад буй учир түүнээ дагаад худалдан авах чадамж буурч, хөрөнгө оруулалт буурсан түвэгтэй байдалд ороод байна. Хотын төвлөрлийг сааруулах “Шинэ Улаанбаатар” төсөл яригдаж байгаа. За тэгээд агаарын болоод хөрсний бохирдлын асуудал, нийтийн тээвэр гээд хурцаар тавигдаагүй асуудал гэж алга. Төв цэвэрлэх байгууламжийн даац хэдийнэ хэтэрснийг иргэд мэдэж байгаа. 500-600 мянган хүн амтай хотод төлөвлөгдсөн хүчин чадал нэг сая 300 гаруй мянган хүний буюу бараг гурав дахин хэтэрсэн даацыг яаж дийлэх билээ. Ар араасаа шилээ дараад хүлээгдэж байгаа их хотын энэ бүх асуудлыг “Улаанбаатарын худалдан авалт-2016” чуулганаар авч хэлэлцэн, гарах үр дүнг нь ярилцана. Хот урт хугацааны гэрээ хэлцэл хийгээд хэлсэн үгэндээ эзэн байж чадах юм бол хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтыг нь шийдчихэж болно гэж үзэж байгаа.

Улаанбаатар хотын худалдааны танхим байгуулагдсанаас хойш эдийн засагт хэрхэн эргэлт гарсан бол. Бизнес эрхлэгчид бол сэтгэл нааштай байгаа нь хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага зэргээс харагдаж байна. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим сүүлдээ монополь эрхтэй байгууллага болоод төр засагтай уялдаатай ажиллаж эхэлснийг та хэлж байсан. Хотын танхимаас гадна Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулсан. Хөгжил дэвшлийн уялдаа холбоотой байх нь мэдээж?

-Дэлхийн ихэнх хот худалдааны танхимтай. Тэр танхим нь бизнес эрхлэгчдийг төлөөлж, эрх ашгийг нь хамгаалж чаддаг. Ер нь Монгол ирээдүйд хэр хөгжилтэй улс байх нь Улаанбаатарт бизнесийн орчин ямар байгаагаас хамаарна.Тодруулж хэлбэл Улаанбаатар хотын бизнес, хөрөнгө оруулалтын орчин Монголын хөгжлийн гол цэг юм. Улаанбаатарын худалдааны танхим байгуулагдсан гол шалтгаан энэ байсан. Харин бидний дараагийн хийх ёстой чухал ажил бол хөгжлийн корпораци байгуулах байсан. Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг оны өмнөхөн байгуулсан. Эдийн засгаа дэмжсэн, зах зээлээ зөв харж дүгнэсэн, ард иргэдийнхээ суурь хэрэглээг зөв тооцсон тийм чиглэлд хөрөнгө оруулна гэсэн үг. Өмнө нь Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт улс төрийн нөлөөгөөр, хэн нэгэн эрх мэдэлтний шийдвэрээр явдаг байсан. Тэгвэл хөгжлийн корпорацийн шийдвэрүүд илүү судалгаатай, үндэслэлтэй болоод хувирчихаж байгаа юм. Нөгөө талаас мэргэжлийн холбоод болон хувийн хэвшилтэйгээ уялдаатай болоод ирж байна. Хот дангаараа хөрөнгө хөөцөлдөөд байх биш. Хувийн хэвшил хөрөнгө оруулж ирээд хот түүнд нь баталгаа гаргаж өгөөд, цаашид хамтарч ажиллах ийм л корпорацийг байгуулаад байна. Төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг чинь одоо харин сонгодог утгаараа ажиллаж эхэлж байна. Гол нь урт хугацаанд ажиллуулах хэрэгтэй.

Мөн Улаанбаатар хот өнөөдрийг хүртэл явж ирсэн жишиг юу вэ гэхээр аливаа бизнес гэдэг олон талын итгэлцэл, ойлголцол дээр явдаг. Үл ойлголцлын зөрүүнээс бизнесийн маргаан гардаг. Энэхүү маргаан бүгд шүүхээр шийдэгдэнэ. Төртэйгээ шүүхдэлцэнэ гэдэг хувийн хэвшлийнхэнд юу болох билээ. Хүнд зүйлтэй тулгарах нь ойлгомжтой. Арбитраар шийдүүлье гэхээр хэн нэгэн албан тушаалтан, хувь хүний нөлөөлөл дор явдаг болчихсон. Ийм байж болохгүй нь гээд олон улсын стандартад нийцсэн Улаанбаатарын арбитртай болсон. Ер нь тухайн улсын арбитр гэхээс илүүтэйгээр хотынх нь арбитр хүчтэй үйл ажиллагаа явуулдаг жишиг дэлхий дахинд байдаг. Энэ бол хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж буй хэрэг. Би төрөөс ажил аваад маргаан үүсвэл одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар дараа нь тендерт оролцох эрхгүй болох ч юм уу, бизнес эрхлэгчдэд халтай тийм зүйлүүдтэй тулгарна. Тиймээс тэр бүр хувийн хэвшлийнхэн төртэйгөө шүүхдээд байж чаддаггүй. Харин арбитраар шийдээд эхлэхээр маш хурдан шуурхай, дээрээс нь үнэн зөв шийднэ. Эдийн засгийн харилцааг ойлгоно. Өнөөдөр шүүх дээр эдийн засгийн харилцааг ойлгохгүй тийм тохиолдол олон байгаа. Шүүгч эдийн засгийн зүйлийг ойлгодоггүйн улмаас Захиргааны аргаар шийддэг. Одоо тэгвэл үүнийг олон улсын жишиг стандартад нийцүүлэн хотын арбитр хийдэг боллоо. Нийтдээ 30 гаруй арбитртай болсон. Гадны туршлагатай хүмүүсээр багийнхаа 30 гаруй хувийг бүрдүүлсэн. Ингээд хууль эрх зүйн орчноо суурийг нь зөв тавиад эхэллээ. Хувийн хэвшлийнхэн одоо илүү санаачилгатай байх хэрэгтэй байна.

Таны хувьд хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээрээ ажил хийлгэж, хот өөрөө сайн менежерийн үүрэг гүйцэтгэх ёстой гэж үздэг. Тийм л зарчим барьдаг. Өнөөдөр Улаанбаатар хот менежерийн үүргээ хэрхэн гүйцэтгэж байна вэ?

-Миний баримталдаг зарчим бол тэр л дээ. Хот бодлогын хувьд зөв байх ёстой. Харин хийж хэрэгжүүлэх ажлыг нь хувийн хэвшил хууль журмын дагуу чанартай гүйцэтгэх учиртай. Түүнээс Бат-Үүл дарга хүрз бариад шуудуу ухаад, барилга бариад явах асуудал биш байхгүй юу. Хотын удирдлагууд үүнийг маш сайн ойлгож байгаа. 2030 онд ямар байх төлөвлөгөөгөө нарийн нягт боловсруулж, тодорхой төлөвлөлт, зорилго чиглэлтэй байж түүндээ хувийн хэвшлийн тусламжтайгаар хамтарч хүрэх тухай ярилцаж эхэлсэн нь туйлын сайн хэрэг. Хувийн хэвшил үүнд нийцүүлж хамтарч ажиллаж байна, ашиг орлоготой байна гэдэг хотын иргэд буюу сонгогчид бүгд ажилтай, орлоготой байна гэсэн үг. Хот өөрөө нэг сая 300 мянган хүнээ ажлын байраар хангаад цалин хөлс өгөөд байх тийм боломж нөхцөл байхгүй. Хувийн хэвшлийг дэмжиж байж нийгмийн бусад олон асуудлаа шийднэ.

Энд би хувийн хэвшлийн болоод төрийн зааг ялгааны тухай тодорхой хэлье. Ард иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах, сурч боловсрох эрхээр нь хангах, эх орныхоо хил хязгаарыг бүрэн бүтэн байлгах зэрэг нь төрийн үндсэн үүрэг юм. Бизнесийн байгууллага болохоор өөр. Иргэд буюу хэрэглэгчид юу хүсч байна, түүнд нь таарсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх замаар ашиг орлоготой ажиллахыг эрмэлзэнэ. Мэдээж олсон ашгаараа дараа дараагийнхаа хөрөнгө оруулалтыг шийдэж явах ийм зарчимтай. Хувийн хэвшлийнхэнд шийдэж чадахгүй асуудал гэж бий. Тухайлбал, хотын ерөнхий дэд бүтцийг аль нэгэн компани дур мэдэн шийдэх боломжгүй. Хууль эрх зүйн талаасаа тийм үндэслэл байхгүй. Ийм ийм нарийн асуудлууд дээр төр хувийн хэвшилтэй хамтрах замаар шийддэг. Гэтэл Монголын төр өнөөдөр хувийн хэвшлийн хийх ажлыг хийчих гээд, ерөөс бүгдийг л хийнэ гэж эзэрхийлэн хандаж байгаа нь харамсалтай. Социализмын үед бол төр бүгдийг нь өөрөө хийдэг байсан. Энэ нь маш буруу юм гэдгийг ерэн онд бид нийтээр ойлгосон биз дээ. Гэтэл дахиад тэр рүүгээ зүтгээд байна. Би бодохдоо төр барьж байгаа хүмүүс маань тэр үеийн боловсрол, цаанаасаа өгсөн өгөгдлийнхөө дагуу зөв гэж үзээд байна л даа. Хичнээн ардчилагч гэж нэрлэх боловч буруу яваад байна.

Уул уурхайн компанийг төр өөртөө аваад хэн нэгний өмнөөс ажиллаад ашиг олж, түүнийг хуваарилах тухай яриад байгаа. Энэ бол хамгийн буруу жишиг юм.

Бизнес хийнэ гэдэг цаанаа асар их эрсдэлтэй байдаг. Тэрхүү эрсдэл, хариуцлагыг бизнес эрхлэгчид өөрсдөө хүлээдэг. Өмнөөс нь хэн нэгэн нөхөхгүй. Хэрвээ төр бизнес хийгээд алдагдалд орвол түүнийг юугаар нөхөх юм бэ.

Ард иргэдийн татварын орлого, эсвэл зээлээр нөхөж таарах байх даа?

-Тэгэхээр энэ буруу жишиг гэдэг нь тодорхой харагдаад байгаа биз. Оролцох оролцохгүй хүрээ хязгаараа сайтар тогтоох хэрэгтэй. Үүнийг эрх баригчид огтоос ойлгохгүй байна. Та нар зүгээр сууж бай, бид бизнес хийгээд ашиг орлого олоод “Эрдэнийн хувь” тараагаад өгье гэх юм. Ажил хийж амжилтад хүрэх гэсэн олны хүсэл тэмүүлэл, эрмэлзэл, санал санаачилга тэр бүгдийг Монголын төр ийнхүү тас цохиж байна. Төр бол хамгийн муу менежер гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Аль ч салбарт сайд дарга нар улс төрийн томилгоогоор очдогийг бид мэднэ.Тийм нөхөд нэгд мэргэжлийн бус байдаг. Хоёрт, салбараа мэддэггүй. Монголын төрийн энэ байдлыг энгийнээр тайлбарлаж, айл өрхийн амьдралаар жишээ авъя. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүддээ би “Та нар юу ч битгий хий, битгий сур.Аав ээж хоёр нь ажиллаад та нарыг тэжээнэ” гэж хэлье. Тэр өрх айл арван жилийн дараа, хорин жилийн дараа юу болох вэ. Ингэж өөрсдийнхөө үр хүүхдийг амьд үхдэл болгодог төр гэж байж болох уу. Бизнес эрхлэгчид гэдэг Монголын төр хэмээх их айлын хүүхдийнх нь нэг хэсэг мөн биз дээ. Гэтэл хүүхдүүдээ ашиг орлоготой ажиллаж, амжилт үзүүлэхэд дургүйцдэг, боловсрол эзэмшээд сайн сайхан явахад нь уурлаж ад үздэг аав ээж байдаг бил үү. Хувийн хэвшлийнхэн гадна, дотнын олон түнштэй болоод бизнес хийгээд гэр орноо аятайхан аваад явъя гэхээр уурлаад байх юм. Энэ байдлыг нь өөгшүүлээд, зөв гэж хэлж байгаа боловсролтой хүмүүс байна. Үүнд би их бухимддаг. Тэгэхээр нийгмийн сэтгэлзүйн инженерчлэл хийж, ийм зүйлийг бид өөрчлөх цаг болжээ. Ажиллаж, зүтгэж чин шударгаар хөдөлмөрлөсөн хүн амьдарна. Ажиллах дургүй залхуу нэг нь гудмандаа байна л биз. Түүний өмнөөс төр мөнгө барьж, ажилласан нэгнийх нь хөлсний хүчийг тэнцүү хуваах гэж гүйх хэрэггүй л байхгүй юу. Одоо бол сонгуулийн жил гээд улстөрчид бидон саваа бариад гүйж байна.Энэ байдал цаашид бүр чиг даамжрах нь мэдээж. Чи эрх баригч нөхрөөс бидон аваад сонголтоо хийсэн бол дараа нь гоншгонох хэрэггүй. Тэр бол чиний л сонголт.

Нийгэм хямралтай байна гэж байна. Үнэхээр хямарч байх шиг байна. Гэхдээ энэ бүгдийг зүрхнийхээ цохилтоор гэдэг шиг хамгийн түрүүнд мэдэрдэг хүмүүс бол баялаг бүтээгч, үнэт капитал бий болгогч та бүхэн. Нийгэм үнэхээр хямралтай байна уу. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Орчин тодорхойгүй болохоор нийгэм хямралтай болдог. Хүн эргэн тойрондоо юу болоод байгааг ойлгохоо байгаад ирэхээр бухимддаг, хямардаг. Орчны өгөгдөл чинь тодорхой байх юм бол хувь хүний гаргах үйлдэл тодорхой. Хямраад байх шаардлагагүй. Монголд макро болоод микро орчны хүчин зүйл аль нь ч ойлгомжгүй байна. Та өглөө тогтмол суудаг автобусанд суугаад ажилдаа саадгүй очдог бол танд бухимдах зүйл гарахгүй. Гэтэл автобус чинь ирэхгүй, эсвэл чиглэл нь гэнэт өөрчлөгдөх юм уу, өөрөөс тань хамааралгүй зүйлүүд гараад ажлаасаа хоцроод эхэлбэл уур бухимдал төрнө биз дээ. Монголын нийгэм яг л ийм болчихоод байна. “Монгол Улс маань, нийслэл хот маань маргааш тийм байна” гээд хэлчих нэг ч эдийн засагч, судлаач байхгүй.Хэт тогтворгүй энэ нөхцөлд бид маргаашаа харж чадах боломжгүй болсон. Үүний гол гогцоо бол улс төр. Улс төрийн шийдвэрүүд, намуудын асуудал хэрээс хэтэрч байна. Арай дэндүү дураараа байна. Нэг улстөрч гарч ирээд нэг юм ярихад нийгэмд ямар сөрөг байдлыг бий болгож байна вэ. Монголын нийгмийг хэн ч удирдаж, яаж ч эргүүлж болохоор байгаа нь эмгэнэл. Эрх баригчдын нөлөөг яаж багасгах вэ гэж бодоход хүртэл хүргэж байна шүү дээ. Уул нь бид чинь нийлээд нэг зүг рүү явах учиртай. Нэг зүг рүү хараад хөдөлсөн бол яадах нь ээ, урагшилна биз дээ. Тэгвэл арав нь урагшаа зүтгээд, 20 нь хойшоо зүтгээд, бас нэг хэсэг нь хажуу тийшээ зүтгээд байхаар зүгээр л энерги, эрч хүч, тамираа барчихаж байгаа юм. Хүн бүрийн итгэл үнэмшлийг барж байна. За тэгээд хөрөнгө мөнгөө барж дууссан. Ийм ойлгомжгүй нөхцөл байдал хүн бүхнийг стресст оруулаад нийгмийг бухимдуулаад хямраачихаж байна. Өнөөдөр Монголд оюун санааны удирдагч гэж алга. Уриалан манлайлагч алга. Миний бие шилдэг эдийн засагч болоод лекц уншихдаа хэлж байсан. Улс орныг нэг л хүн, нэг удирдагч л хөгжүүлдэг гэж.

Таван жилийн дараа Монгол хаана байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Хаашаа харах гээд байгаагаа мэдэхгүй байна. Уулынхаа оройг хаана байгааг мэдэхгүй хэрнээ зүтгээд байгаа хүн шиг болчихжээ. Гэхдээ буугаад байна уу, өгсөөд байна уу гэдгээ ч мэдэхгүй.

Энэ бүх байдал төрийн ямар алдаанаас болов гэж та харж байна?

-Төр үүргээ буруу ухамсарлаад хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд эхэлчихсэн. Жишээ нь төрийн орон сууцны корпораци байгуулаад яг адилхан бизнестэй өрсөлдсөн. Ингэж төр өөрийгөө санхүүжүүлээд зүтгэж байна. Хувийн хэвшлийнхэн хажууд нь өөрсдийнхөө хөрөнгөөр өөрсдөө барилгаа барьж байна. Төрийн компани дампуурвал хэн хариуцлагыг нь хүлээх юм. Төр хүлээнэ. Төр гэдэг чинь юу юм, эцсийн эцэст ард түмэн л байхгүй юу. Хувийн хэвшил бол өөрөө хүлээнэ. Төр ашиг олох субьект биш. Харин хувийн хэвшлийнхэндээ өгч түүнээс орсон татвар мөнгөөр бусад нийгмийн олон асуудлаа шийддэг тийм зүйл. Энэ хүндрэлээс хүмүүс нэг л зүйлийг ойлгоосой гэж хүсч байна. Хүмүүс байх ёстой газраа очоосой. Үндсэн үүрэг хариуцлагаа тал талдаа ухамсарлаасай. Улстөрчид нь улс төрийн шийдвэрээ гаргаад явдаг, баялаг бүтээгчид нь тодорхой хэвийн нөхцөлд ажлаа хийгээд, ажилчид нь ажлын байртайгаа л байгаасай гэж хүсэх минь.

Categories
мэдээ цаг-үе

“Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Кук

“Time” сэтгүүлээс гаргасан 2015
оны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад “Ap­ple Inc” компанийг үндэслэн байгуулагчдын
нэг Тим Кук багтсан юм. Тэрээр 2011 оны наймдугаар сард Стив Жобсын ажлыг авсан.
Харин өнөөдөр дэлхийн хамгийн чинээлэг төдийгүй нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад
багтах боллоо.

Тим Кук нь Албама мужийн Робертсдейл
хэмээх хотод жирийн нэгэн айлд төрсөн. Багаасаа л хичээлдээ маш сайн байсан бөгөөд
Оберний их сургуулийг дүүргээд “IBM” компанид ажилд оржээ. Чадварлаг боловсон хүчин
болохоо харуулсан тэрээр удалгүй тус компанийн Хойд Америк дахь борлуулалт хариуцсан
захирлаар томилогдсон байна. “IBM”-д 12 жил ажилласны эцэст “In­telligent
electronics”, “Compaq” зэрэг компьютерийн салбарт тухайн үедээ тэргүүлж байсан компаниудад
хариуцлагатай алба хашсан. Харин “Apple”-д ажиллах болсон нь амжилтын оргилд хүргэх
гараа нь байсан гэж болно.

Стив Жобс 1998 онд анх түүнтэй уулзахдаа
хамтран ажиллах санал тавьжээ. Эхэндээ энэ нь Тим Кукийн хувьд ямар ч ашиггүй санал
мэт санагдсан гэдэг. Гэвч ярилцаж дуусаад таван минут өнгөрсний дараа ийм боломж
амьдралд тэр болгон тохиолдоод байдаггүй гэдгийг мэдэрсэн хэмээн Тим Кук хожим нь
ярьсан байдаг. Тиймээс ч саналыг хүлээн авахаар шийджээ. Ийнхүү “Apple” компани,
Стив Жобс хоёртой хувь заяагаараа холбогдсон түүхтэй. Тэрээр Стив Жобсийн итгэлийг
маш богино хугацаанд олж авч чадсан. Тиймээс ч Стив Жобсын бие нь муудаж, ажлаа
өгөхөөр болсон талаарх нээлттэй захидалдаа халааг нь Тим Кукт өгөхийг санал болгосон
байдаг. Яагаад Тим Кукт ажлаа өгөх хүсэлтэй байгаагаа тайлбарлахдаа “Юу хийхээ мэддэг
тул би түүнд итгэж байсан” хэмээн хэлсэн байдаг.

2004 онд Стив Жобс анх нойр булчирхайн
хорт хавдартай болсноо мэдэж эмчилгээ хийлгэж эхэлсэн юм. Энэ хугацаанд Тим Кук
үргэлж хажууд нь байсан гэдэг. Тэдний цусны бүлэг нь хүртэл нэг аж. Стив Жобсийн
бие нэлээд муудаж сүүлдээ элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Тэгэхэд Тим
Кук элэгнээсээ өгөх санал тавьсан байна. Харамсалтай нь үүнийг нь хүлээж аваагүй
юм. Энэ тухай хожим Тим дурсахдаа “Үгүй би ингэхгүй гэж Стив орилсон. Бид 13 жил
цуг ажиллахад Стив над руу 3-4 удаа л хашгирсан юм. Энэ бол тэдний нэг нь байсан”
хэмээн бичсэн.

Тим Кук “Apple”-д ажилласнаасаа
хойш тус компанийн бүтцэд томоохон өөрчлөлт хийсэн гэдэг. Үр өгөөжийг нь дээшлүүлэхийн
тулд дэлхийн улс орнууд дахь үйлдвэрүүд, агуулах зэргийн тоог багасгаж, үйл ажиллагааг
нь улам боловсронгуй болгосон. Түүнээс гадна флаш хэрэглэх саналыг тавьсан гэдэг.
Энэ нь яваандаа тус компанийн хамгийн гол бүтээгдэхүүний нэг болжээ.

Тим Кукийг “Apple”-д орохоос өмнө
тус компанийн борлуулалт эрс буурсан байв. Тодруулбал ашиг нь 2,8 тэрбум ам.доллараар
багассан байжээ. Ингэхдээ сэлбэг нийлүүлэлт маш том тулгамдсан асуудал байлаа. Тим
үүнийг шийдэж чадаад зогсохгүй орлогыг нь 600 сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Ингээд
удахгүй тэрээр компанийнхаа гадаад борлуулалтыг бүрэн хариуцан ажилласан юм.

“Apple” компанийн бусад удирдах
ажилтнуудаас ялгаатай тал нь гэвэл Тим Кук тэр болгон олны өмнө гараад байдаггүй.
Сүүлийн хэдэн жилд гэхэд ердөө гурван удаа л олны өмнө гарсан. Ингэхдээ компанийнхаа
шинэ бүтээгдэхүүнийг танилцуулжээ.

Түүний хувийн амьдралын талаар ч
мэдээлэл бараг байхгүй. Харин “Bloomberg Businessweek” сэтгүүлд өөрийнхөө тухай
“Би ижил хүйстэн гэдгээрээ бахархдаг бөгөөд үүнийг бурханы бэлэг хэмээн үздэг. Үүгээрээ
дамжуулан нийгэмд цөөнх байх нь ямар байдаг, ямар асуудалтай тулгардгийг мэдэрсэн.
Энэ нь намайг улам соргог болгосон” хэмээн бичсэн нь нэлээд шуугиан тарьсан. Түүнийг
ижил хүйстэнтэйгээ явалддаг талаар өмнө нь ч яригдаж байсан юм.

Тим Кукийг байнга Стив Жобстой харьцуулдаг
гэнэ. Тим бол амгалан, маш даруухан, чанга ч дуугардаггүй хүн. Хийж байгаа ажилдаа
маш тууштай, шаргуу, хөдөлмөрч. Хамтран ажилладаг хүмүүсийн имэйлд өглөөний дөрвөн
цагт хариуг нь бичдэг гэнэ. Даваа гаригт болох хуралдаа бэлтгэхийн тулд ням гаригт
болдог утсаар хийдэг зөвлөгөөнд хүртэл оролцдог аж. Зарим нь түүнийг хэт их ажилласаар
байгаад олны анхаарлын төвд ороогүй гэдэг. Тим Кукийн хувийн амьдралын талаар хүмүүс
бараг мэддэггүй нь даруухан зан чанартай нь холбоотой аж.

Тэрээр дугуйгаар аялах дуртай. Өглөө
болгон гүйж, дасгал хийдэг. 2010 онд өөрийнхөө дүүргэсэн Оберний их сургуульд лекц
уншсан байна. Ингэхдээ санаачилгатай байх нь амьдралд юунаас ч илүү чухал болохыг
онцлон дурдсан гэнэ. Тус их сургуулийн багш Дебби Роуш төгсөгчдийнхөө талаар “Манай
сургуулийг дүүргэж амжилттай яваа хүмүүсийн дийлэнх нь энэ талаараа ярих дуртай
байдаг. Харин Тим тэдний тоонд ордоггүй” хэмээн ярьсан байдаг.

Тим Кук өнөөдөр 52 настай, гэрлэж
байгаагүй. “Out Magazine” сэтгүүл түүнийг Америкийн соёлд хамгийн их нөлөөлсөн ижил
хүйстнүүдийн жагсаалтын нэгдүгээрт хүртэл оруулсан байдаг.

“Apple” компанийн гүйцэтгэх захирлаар
томилогдох нь мэдээжийн хэрэг сайхан. Гэвч үүнийг дагаад компанийн өмнө хүлээсэн
хариуцлага хэмээх нэгэн чухал зүйл байдаг. Тим Кук уг албанд томилогдсоноос хойш
тус компанийн үнэлгээ 140 тэрбум ам.доллараар өссөн. “Apple” олны анхаарлыг татаж,
алдартнууд оролцсон тансаг арга хэмжээг зохион байгуулахгүй гэдгийг ч тэрээр мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, иймэрхүү зүйлд хөрөнгө зарахгүй аж.

Тим Кук чадварлаг боловсон хүчин,
сайн менежер төдийгүй манай дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг. Тэрээр 800 сая
ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй 2014 он гэхэд 9.22 сая ам.долларын орлого олж Америкийн
хамгийн өндөр цалинтай удирдах ажилтнуудын жагсаалтад багтсан. Өмнөх жилийнхтэй
нь харьцуулах юм бол орлого нь 117 хувиар нэмэгдсэн гэсэн үг. АНУ-ын Үнэт цаас болон
биржийн комиссоос энэ тухай албан ёсоор мэдэгджээ. “Apple”-ийн орлого нэмэгдсэн
нь юуны түрүүн тус компани iPhone 6, iPhone 6 Plus, iPad, Apple Watch зэрэг шинэ
бүтээгдэхүүнүүд зах зээл дээр гаргасантай холбоотой аж. Үүний нөлөөгөөр тус компанийн
хувьцааны үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэхэд 119.75 ам.долларт хүрсэн юм.
“Apple”-ийн түүхэнд хувьцаа нь ийм өндөр үнэд хүрч байгаагүй билээ. 2014 онд гэхэд
тус компанийн цэвэр орлого нь 39.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд харин өнгөрсөн
оны сүүлчийн улиралд ямар ашигтай ажилласан талаар энэ сардаа багтан албан ёсоор
мэдэгдэл хийх юм.

Ямар ч байсан судлаачдын үзэж байгаагаар
Apple хамгийн ирээдүйтэй компаниудын нэг. Ийнхүү амжилтад хүрэхэд Тим Кук чухал
үүрэг гүйцэтгэсэн нь маргаангүй. Манай дэлхийн тэргүүн баячуудын нэг болох Тим Кук
нь хөрөнгөө хэн нэгэнд өвлөхгүй бүгдийг нь буяны үйлсэд хандивлахаа мэдэгдсэн. Гэхдээ
түүнээсээ10 настай үеэлийнхээ сургалтын төлбөрийг авч үлдэх гэнэ. Тэрээр буяны үйлсийг
дэмжихдээ зүгээр нэг мөнгө өгөөд байхгүй аж. Асуудлыг үндсээр нь шийдэхийн тулд
системтэй арга хэмжээ авч түүнийгээ хэрэгжүүлэхэд хөрөнгөө зарцуулах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Э.Бөхбат: Иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад 10 онооны систем чухал нөлөөтэй

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам ирэх хоёрдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.

-Яагаад 10 онооны систем буюу жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг санаачлах болсон бэ?

-Албаны үгээр тайлбарлавал тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлж, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулахын тулд.

Энгийнээр бол дүрмээ баримталдаггүй жолооч нарыг журманд оруулах. Ингэснээр зам тээврийн осол буурна. Энэ чинээгээр иргэдийн зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурна. Өнгөрсөн онд зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 17 хувиар, гэмтсэн хүний тоо 15 хувиар буурсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль сүүлийн ганц улирлын хугацаанд хэрэгжихэд ийм үр дүнд хүрсэн.

Ер нь 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг дагалдан гарах 27 журам бий. Эдгээр журмуудын ихэнх нь батлагдчихсан. Энэ удаад жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг батлаад, хэрэгжүүлэхэд бэлэн болсон хэрэг. Бид олон жилийн судалгаа шинжилгээний үндсэн дээр энэ журмаа боловсруулсан. Энэ бол иргэдээ хамгаалахын төлөө авч хэрэгжүүлдэг олон улсын туршлага юм. Хууль зүйн сайдын тушаалаар бол 10 онооны журмын систем өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр байсан ч техникийн асуудлыг шийдэхийн тулд багагүй хугацаа зарцууллаа. Техникийн ажиллагаанууд бүрэн шийдэгдвэл хоёрдугаар сарын 15-наас журам хэрэгжиж эхэлнэ.

-2015 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан гэх утгаараа өнгөрсөн дөрөв, таван сарын хугацаан дахь зөрчлийг нөхөн тооцож, оноог хасна гэх яриа иргэдийн дунд газар аваад байна л даа?

-Аливаа журам холбогдох хууль эрхзүйгээр зохицуулагдана. Энэ хүрээнд авч үзвэл өмнө нь буюу журам хэрэгжиж эхлэхээс өмнөх гаргасан зөрчлийг нөхөн тооцохгүй. Хүмүүс л өөр хоорондоо “Энэ журам өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхлэх ёстой байсан болохоор 2015 оны есдүгээр сараас 2016 оны хоёрдугаар сарын 15-ны хооронд зөрчил гаргасан бол оноог нь хасах юм болов уу” гэвэл нөгөө нь “Тэгэх л байлгүй” гэнэ. Үүнийг сонссон гурав дахь хүн тэгэх л юм байлгүй гэж ойлгоод бусдад “Өнгөрсөн дөрөв, таван сарын хугацаанд гаргасан зөрчлийг нөхөн тооцож, оноо хасна гэсээн” гэж бусдад хэлнэ. Ингэсээр иргэдийн дундах таамаг яриа үнэн болж хувирдаг шүү дээ.

-Удаа дараа дүрэм зөрчиж улмаар зөрчлийн 10 оноо хасагдаад дуусвал жолоочийн эрхийг хасахаар журамд тусгасан. Үүнийг “Шинэчилсэн хуульд зааснаар бол торгуулийн хэмжээ хэд дахин нэмэгдсэн. Торгуулахын хажуугаар оноогоо хасуулна. Эрхээ ч мөн адил. Нэг дүрэм зөрчөөд хоёр, гурван төрлийн шийтгэл хүлээлгэх ёсгүй” гэх өнцгөөс зарим жолооч өөрсдийн фэйсбүүк хуудаснаа шүүмжилсэн байна лээ?

-Ёсгүй гэж хэлэх эрх жолооч нарт байхгүй. Яагаад гэвэл замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, холбогдох журмыг зөрчинө гэдэг өөрийн болон өрөөлийн амь насыг хохироох эрсдэлийг тэр чинээгээр нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Наад зах нь тахир дутуу болох, эд материалын өндөр хохирол амсана. Нэг дүрэм зөрчөөд хоёр, гурван төрлийн шийтгэл хүлээлгэх ёсгүй гэж үзэж байгаа жолооч нар “Бид зөрчих нь тодорхой. Энэ ганц үйлдэлд маань ийм олон төрлийн хариуцлага хүлээлгэж болохгүй. Намайг хурд хэтрүүлсний төлөө торгоно л биз. Дээрээс нь яах гэж онооноос хасах гээд байгаа юм” гэснээс ялгаагүй. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй хүнд хариуцлага хүлээлгэхгүй. Давхар давхар хариуцлага тооцоод ирэхээр тэр чинээгээр жолооч нар “томоожно”. Сүүлийн арван жилд манайд 6155 хүн зам тээврийн ослоор амиа алдсан нь байнга дайн тулаан гарч, зэвсэгт мөргөлдөөн гардаг Ойрхи Дорнодоос ялгаагүй үзүүлэлт. Зарим улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн дайраад алчихвал санаатай хүн амины хэрэг үйлдсэн гэж үздэг юм шүү.

амын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах нэгжээр хасна.

Би дахиад хэлье. Эрх зүйн хүрээнд хийгдэж байгаа энэ шинэчлэлүүд ердөө хүний амийг аврахын төлөө юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс үүдэн осол гарсан болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдвол таван оноо хасна. Согтуугаар машин барих, хамгаалалтын бүс малгай хэрэгсэлгүй байх, хурд хэтрүүлэх, гэрэл дохио зөрчих зэрэг 17 зөрчил бүрт 1-3 оноо хасахаар журамласан. Оноогоо хасуулахгүй байх боломж жолооч бүрт бий. Дүрмээ баримтлахад л болчихно. Наад зах нь машинаа унаад гэрээсээ 07 цаг 30 минутад гартал, сургууль, цэцэрлэг эхлэхтэй давхацсан учраас түгжрэл ихтэй байлаа гэж бодъё. Маргааш нь 10 минутын өмнө гараад үз. Дамжин өнгөрдөг уулзваруудын автомашины хөдөлгөөн сийрэг бол осол аваар гаргах шахан гэрэл дохио зөрчин, урсгал сөрж гүйцэж түрүүлэх шаардлагагүй болчихно.

-Журам ёсоор тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочоос гурван оноо, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд машинаа бариулсан бол жолоо шилжүүлсэн жолоочоос нэг оноо хасна. Гэтэл тусгай дуут дохиотой автомашинаас үүдэн сайндаа л түгжрэл үүсэх бол ямар ч дадлага сургуульгүй, үнэмлэхгүй хүн осол гаргаж, хүмүүс бэртэх, амиа алдах эрсдэл өндөр мэт санагдах юм. Энэ тал дээр та юу гэх бол?

-Улаан хөх өнгийн тусгай гэрэл дохиотой тээврийн хэрэгслүүд тусгай эрх эдэлнэ. Ялангуяа эмнэлэг, гал унтраах алба, цагдаагийн байгууллага энэ эрхийн хүрээнд замын хөдөлгөөний дүрмийн тодорхой зүйл заалтыг зөрчих эрхтэй. Тэгвэл хуульд заасны дагуу бус дур мэдэн бүхээг дээрээ гэрэл дохио тавиад явж байгаа жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа биз дээ. Тэр хэмжээгээрээ учруулж болох эрсдэлийн түвшин өндөр болно.

– Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочоос нэг оноо хасна гэсэн байна. Замын цагдаа жолоочийн ядарсан эсэхийг хэрхэн тогтоох юм бол гэдэг дээр иргэд гайхдаг?

-Осол гаргасан жолоочийг л ядарсан үедээ жолоо барьсан эсэхийг шалгахаас бус замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх машиныг зогсоон, жолооч нарын нүдийг хараад “Өө та ядарчихаж” гээд нэг оноо хасахгүй нь тодорхой. Гэхдээ зарим тээврийн хэрэгслийн жолооч удаан хугацаагаар зогсохыг зөвшөөрөөгүй газарт буюу нэгдүгээр эгнээнд машинаа зогсоочихоод унтаж байдаг. Бүр хоёр өдөр, шөнө нойргүй машинаа жолоодож яваад, урсгал сөрж ороод, дүрмээ биелүүлээд өөдөөс ирж явсан машиныг мөргөж байсан харамсалтай тохиолдол хүртэл бий. Дээрх тохиолдлуудад зохих хариуцлага хүлээлгэнэ.

-Журмын бас нэгэн заалт байна л даа. Замын хөдөлгөөний дүрэмд заасан зөвшөөрөгдөх хурдаас 50 хүртэл хувиар хурд хэтрүүлсэн бол хоёр оноо хасна гэсэн байх юм. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Замын хөдөлгөөний дүрэмд суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр явах ёстой. Тэгэхээр суурин газарт цагт 61-90 км, суурин газрын гаднах замд 81-ээс 120 км, тууш замд цагт 101-150 км хүртэл хурдалсан бол хоёр оноо хасуулна гэж ойлгож болно. Энэ хязгаарыг давбал гурван сараар жолоо барих эрхийг хасна.

– Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог сэргээх тухай та тайлбарлаж өгөөч?

-Оноогоо хасуулчихаад, эргээгээд сэргээлгэе гэвэл зургаан цагийн сургалтад хамрагдан, шалгалт өгнө. Тэнцвэл сэргэнэ. Мөн зөрчил гарган, бүртгэлийн оноогоо хасуулснаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ. Жишээлбэл осол гаргаад таван оноогоо хасууллаа гэхэд үүнээс хойш нэг жилийн хугацаанд зөрчил, осол гаргаагүй бол таван оноогоо сэргээлгэчихнэ. Гэхдээ 2016 оны дөрөвдүгээр сард таван оноогоо хасуулчихаад, зургадугаар сард дахиад нэг оноогоо хасуулчихлаа гэж бодъё. Тэгвэл 2017 оны зургадугаар сар хүртэл ямар нэгэн осол гаргаж, дүрэм зөрчөөгүй бол сүүлийн хасагдсан нэг оноо нь сэргэх бол 2018 оны зургадугаар сар хүрвэл таван оноогоо сэргээлгэнэ. Харин хоёр жилийн хугацаанд дүрэм зөрчихгүй бол таны арван оноо дахин сэргэнэ. Өөрөөр хэлбэл та гурав дөрвөн зөрчил гаргаад нэгхэн оноотой үлдлээ гэхэд хамгийн сүүлийн зөрчил гаргасан өдрөөсөө хойш хоёр жилийн хугацаанд дахин дүрэм зөрчөөгүй бол арван оноо тань сэргэнэ. Үүний эцсийн зорилго бол удаан хугацаанд дүрэм зөрчүүлэлгүй хөдөлгөөнд оролцуулах гэснээс бус мөнгөөр торгож, оноо хасахын дон шүглэсэндээ журмандаа ийм зүйл тусгаагүй гэдгийг ойлгох биз.

-Жолооч нар өөрийн оноогоо гар утаснаасаа хянаж болно гэсэн байх аа?

-Онооны системээ гар утас, таблет, суурин компьютер дээрээ татаж аваад, интернэтийн орчинд хянах бүрэн боломжтой. Ирэх сарын 15 гэхэд энэ бүхэн цэгцэрчихнэ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Нандинзаяа: Би Сувд эгч шиг мундаг жүжигчин болохыг мөрөөддөг

Авьяаслаг монголчууд-2015” шоунд оролцохоор Эрдэнэт хотоос ирсэн зургадугаар ангийн сурагч, уран уншигч Э.Нандинзаяа үзэгч олны сэтгэлийг ихэд хөдөлгөж шилдэг 32-т үлдэж чадсан. Хараахан шилдэг наймд шалгараагүй ч хоёр салаа гэзэгтэй, эвлэгхэн хоолой, тод яруу үг хэллэг, шаггүй жүжиглэх авьяастай Нандинзаяаг үзэгч олон ихэд үнэлж, ялангуяа шоуны шүүгч Rokit Bay “Ирээдүйн гавьяат жүжигчин болно гэдэгт эргэлзэхгүй байнагэдгээ хэлээд авсан. Тэрээр гуравдугаар шатандНоровын намтар”-ыг уншсан билээ. Түүнчлэн шинэ онд зориулсан шоуны тусгай дугаарт уран уншигч охин чамгүй дуучин гэдгээ харуулаад авсан байна. Ингээд Э.Нандинзаяатай ярилцсанаа хүргэе.

Эрдэнэт хотын аль сургуульд сурдаг вэ. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Нандинзаяа гэдэг. Би Эрдэнэт хотын “Баян өндөр” цогцолбор сургуулийн зургадугаар ангид сурдаг.

Аав ээжийгээ танилцуулаач?

-Манай аавыг Эрдэнэ, ээжийг Нямсүрэн гэдэг. Манай аав Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт жолооч, ээж маань одоогоор дүү нарыг хараад гэртээ байгаа.

Нандинзаяад шоунд орох санааг анх хэн тавьсан бэ?

-Шоунд оролцох санааг анх сургалтын төвийн багш гаргасан. Улаанбаатар хотоос “Монгол HD” телевизийнхэн ирчихсэн шалгаруулалт хийж байгаа юм байна гээд аав, ээжид хэлсэн. Тэгээд охиноо оруулбал зүгээр юм гэж ярилцаад би оролцохоор болсон.

-“Авьяаслаг монголчуудшоуны нэгдүгээр шатандЦэдэндамбааг Мангас идчихлээөгүүллэгийг уншсан. Яагаад заавал ийм сонголт хийсэн юм бэ?

-Би энэ өгүүллэгийг аль эрт цээжилсэн байсан. Тийм болохоор мэддэг юмаа уншсан нь дээр гэж багш хэлсэн. Ер нь би унших их дуртай л даа.

-“Цэдэндамбааг Мангас идчихлээ”-г уншиж улсын Уран жиргээ наадамд оролцож байсан гэсэн?

-Тийм. Хоёр жил тутамд болдог Уран жиргээ наадамд оролцож Гран при шагналыг хүртэж байсан. “Цэдэндамбааг Мангас идчихлээ”-г уншаад.

Хэддүгээр ангид байхдаа вэ?

-Нэгдүгээр ангид байхдаа.

Дараа нь дахиж уран жиргээ наадамд оролцсон уу?

-Орсон. Гуравдугаар ангид байхдаа улсын Уран жиргээ наадамд оролцож мөнгөн медаль, тавдугаар ангид байхдаа орж шагналт байрт шалгарч байсан.

-“Норовын намтарөгүүллэгийг шоуны гуравдугаар шатанд уншсан. Хэр сандарсан бэ?

-Нэг их сандраагүй. Эхний шатанд л айхтар сандарсан. Манай багш шүлгээ сайн уншаарай гэж захисан. “Норовын намтар”-ыг хүүхэд бүр бараг мэдэх учраас надад уншихад их таалагдсан.

Багшийг нь хэн гэдэг вэ?

-Би Эрдэнэт хотод “Авьяас билэг” сургалтын төвд сурдаг. Тус төвийн Энхсайхан багшийн удирдлаган дор суралцдаг. Миний сурсан мэдсэн бүхэн Энхсайхан багштай маань холбоотой. Энэ бүгдийг зааж өгсөн багшдаа маш их хайртай гэдгээ хэлье.

Би өөрөө бас шүлэг бага сага зохиох гэж оролддог (инээв). Манай багш арванхоёрдугаар сарын 27-нд Соёлын тэргүүний ажилтан болсон. Багш маань хүүхдүүдэд маш хайртай. Багш миний хоёр дахь ээж шиг л надад ханддаг.

Шоунд орсноос хойш сургуулийнхан, нутгийнхан нь улам таньдаг болсон уу? Хүмүүс юу гэж байна?

-Шоунд оролцсоноос хойш хүмүүс их таньдаг болчихсон байсан. Гадуур явж байхад хүмүүс их таньж, мэндэлж баяр хүргэдэг. Урмын үгийг ч их сонсож байгаа. Намайг шоугаа дуусгаад хотоос ирсэн чинь ангийнхан, сургуулийнхан баяр хүргэсэн.

Шилдэг сурагч болсон гэж сонссон?

-Ангийн шилдэг, сургуулийн шилдэг, сумын шилдэг, аймгийн шилдэг сурагч болсон ш дээ, шинэ жилээр би.Тэгээд зөндөө бэлэг авсан. Үнэхээр их баяртай байгаа.

-“Авьяаслаг монголчуудшоунд оролцогчдоос олон найзтай болсон уу?

-“Авьяаслаг монголчууд” шоуны оролцогчдоос зөндөө олон найз, ах эгч нартай болсон. Маш их баяртай байгаа. Сүүлд тусгай дугаарт орох гээд очихдоо бүр их олон найзтай болсон. Манай Эрдэнэтээс орсон оролцогчид хүртэл хоорондоо утасны дугаараа солилцож байнга ярьж байгаа.

-“Авьяаслаг монголчуудшоуны хамгийн шилдэг оролцогч чиний бодлоор хэн байсан бэ?

-Би шоунд оролцсон бүх ах эгч нараараа маш их бахархдаг. Тэд үнэхээр мундаг. Бүгд л хамгийн шилдэг нь байсан.

Мэдээж битүүхэндээ нэгийг нь дэмжиж байсан биз дээ?

-Ах эгч нар дундаасаа хамгийн их дэмжиж байсан нь гэвэл Нарангарав эгч, Бархүү, Мягмарцэрэн ах нар мөн Тэмүүлэн, Халиун нар байсан. Гэхдээ “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан ч их авьяастай л даа.

Шүүгч Rokit Bay өөрийг тань ирээдүйн гавьяат жүжигчин болно гэж хэлсэн. Ирээдүйд урлагийн хүн болно биз дээ?

-Мэдээж том болоод урлагийн хүн болно гэсэн зорилготой. Rokit Bay шүүгч ах “ирээдүйн гавьяат жүжигчинд баяр хүргэж байна” гэж босож алга ташсан нь надад өгсөн хамгийн том урам, хамгийн том хүндлэл байсан.

Ямар жүжигчинтэй адилхан болно гэж боддог вэ?

-Ардын жүжигчин Сувд эгч шиг мундаг жүжигчин болохыг мөрөөддөг. Мөн Сувд эгч шиг ахмад, эмэгтэй олон мундаг жүжигчин байдаг шүү дээ. Тэр хүмүүстэй л адил сайхан сэтгэлтэй, сайхан зантай, чадварлаг жүжигчин болно доо.

Би ирээдүйд жүжигчин болно гээд шийдчихсэн. Хэзээ ч хувирахгүй.

Ямар шүлгэнд дуртай вэ?

-Шүлэг, зохиол, өгүүллэг болгон өөрийн гэсэн утга санаатай. Тухайн зохиолч дотоод сэтгэлийн илэрхийллээрээ хүмүүст ямар нэг зүйлийг ойлгуулахыг хүсч бичдэг гэж би боддог. Тийм учраас бүх л зохиол, өгүүллэг, шүлгийг шимтэн уншдаг. Гэхдээ хошин төрлийн шүлэг өгүүллэг зохиолыг түлхүү дурлан уншдаг.

Цээжээр хичнээн шүлэг мэдэх үү?

-Уран уншлагын тэмцээн уралдаанд орохдоо уншдаг арваад шүлэг бий. Бага ангидаа цээжилсэн шүлгээ нэмбэл нэлээд бий шүү. Мөн дугуйлангийнхаа хүүхдүүдийн уншиж байгааг хэд сонсоод л цээжилчихдэг.

Шинэ жилээр шоуны тусгай дугаараар дуулж байсан. Бас дуулах авьяастай юм аа?

-(инээв) Багаасаа дуулж байгаа. Ардын дуу их дуулдаг. Харин телевизийн зүгээс шинэ жил болж байгаа учраас шинэ жилийн холбогдолтой дуу дуулаарай гэсэн болохоор “Гацуурхан” дууг дуулсан.

Өөр ямар авьяастай вэ. Хоббигоо сонирхуулаач?

-Төгөлдөр хуураар хичээллэж байгаа. Ном унших дуртай. Найзуудтайгаа сагсанбөмбөг тоглох бас дуртай.

Удахгүй улирлын амралт нь эхлэх гэж байна. Амралтаараа юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Удахгүй уран уншлагын олон тэмцээн, уралдаан эхэлнэ. Тийм болохоор дугуйлан дээрээ л өнгөрүүлэх байх.

Танай гэр бүлд урлагийн чигийн авьяастай хүн бий юу?

-Манай ээжийн ээж Энхтайван эмээ л залуудаа шүлэг бичдэг. Бичсэн шүлэг нь сонинд гардаг байсан гэсэн. Бас дуулж, хөгжим тоглодог. Эмээ одоо Эрдэнэтийн 15 дугаар сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Эмээ надад зөндөө юм заадаг.

Categories
мэдээ цаг-үе

Г.Даваасүрэн: Импортын квотыг олгосноор гурилын үнэ хямдарна

-ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ИМДОРТЫН ГУРИЛЫН ЭСЭРГҮҮЛЦЭЖ БУЙ ГОЛ ШАЛТГААН БОЛ ӨӨРСДИЙНХӨӨ ГУРИЛЫН ҮНИЙГ ӨНДӨР БАЙЛГАХ ГЭСЭН ЭЦСИЙН ЗОРИЛГОТОЙ-

Өнгөрсөн зун гантай байсны улмаас манай улс ургацаа алдаж, ОХУаас гурил, улаан буудай авахаар болсон билээ. Импортын гурилын тухайд 40 мянган тны квот олгосон юм. “Цеснанэрийн чанартай гурилаар ард түмнээ хангасаар ирсэнӨегкомпанийн ерөнхий захирал, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан Г.Даваасүрэнтэй ярилцлаа.

Юуны өмнө үүсгэн байгуулагдаад 25 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй танай хамт олонд ойн баярын мэнд хүргэе.

-Манай “Өег” компани 1990 онд байгуулагдсан цагаас хойш ОХУ, Казахстанаас гурил импортлоод 18 жилийг ардаа орхиод байна. Энэ хугацаанд бид улсын төсөвт 20 гаран тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. МХАҮТанхимаас шилдэг аж ахуй нэгжүүдийг тодруулдаг “Топ” компаниар 12 жил шалгарсан гээд манай хамт олон арвин амжилтаар 25 жилийнхээ ойтой золголоо.

Манай улс өнөө жил гаднаас 40 мянган тн гурил авахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Танай компанийн тухайд хэдэн тн гурил импортлох квот олгосон бэ?

-2014 онд улсын хэмжээнд 450 орчим мянган тн улаан буудай хурааж авч байсан. Тэр үед эх орны газар тариалан эрхлэгчид болон дотоодын гурил үйлдвэрлэгчдийг төрөөс бодлогоор хамгаалж нийт 23 мянган тн гурил импортлох эрх олгож байв. Үүнээс манай “Өег” компанид 3100 тн гурилын квот өгсөн.

Бид 2400 тн-ыг нь том, жижиг 40 гаруй хүнсний үйлдвэрт нийлүүлсэн. Үлдсэн бага хэмжээний гурилыг зах зээлд борлуулсан.

Харин 2015 онд гантай байснаас орон даяар ургац алдаж, 200 гаруй мянган тн улаанбуудай хурааж авсныг монголчууд мэдэж байгаа. Иймд гурилын хомсдол үүсгэхгүйн үүднээс төр оновчтой арга хэмжээ авсан. Тодруулбал, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 125 мянган тн улаан буудай, 40 мянган тн гурил импортлох шийдвэр гаргасан юм. Энэ дагуу улаанбуудай импортлох эрхийг гурилын үйлдвэрүүдэд өгсөн. Харин гурил импортлон худалдаалах аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулалтын журмаар тодруулсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд сонгон шалгаруулалтын дүн гарч, “Өег” компанид 7000 тн орчим гурил импортлох эрх олгоод байна.

Гурил импортлогчдод ахиу квот олгосныг дотоодын үйлдвэрлэгчид нэлээд эсэргүүцэж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Эдийн засгийн хямралтай энэ цаг үед ард түмнийг гурилаар тасалдуулахгүй, үүсч болзошгүй гурилын хомсдолыг гаргахгүйн тулд “Өег”, “Алейск импекс” зэрэг энэ салбарт олон жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа найдвартай компаниудад ахиу квот олгосон болов уу гэж бодож байгаа. Эдгээр компани сүүлийн арав гаран жилийн турш Монголын зах зээлд импортын гурилын жилийн хэрэгцээний 70-80 хувийг хангасаар ирсэн. Энэ хоёр компани ОХУ болон Казахстан улсын гурилын үйлдвэрүүдтэй олон жил хамтран ажиллаж байгаа. Мөн байнга харилцдаг тогтсон тээврийн компаниудтай. Бид гурил импортлоход шаардагдах санхүүгийн асуудлыг өөрийн компанийн хөрөнгө болон шугаман зээлээр санхүүжүүлэх замаар бүрэн шийдвэрлэсэн. Энэ мэтчилэн олон шаардлагыг хангасан болохоор дээрх компаниудад арай илүү гурил импортлох эрх олгосон болов уу. Гэтэл Засгийн газрын энэ шийдвэр хэсэг бүлэг хүмүүсийн ямар эрх ашгийг нь хөндчихсөн болоод биднийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Гурил дамлагчид” гэж янзан бүрээр нэр томьёо өгч байна вэ. Тэд ө өрсдийнхөө гурилын үнийг өндөр байлгах гэсэн эцсийн зорилготой болох нь импортын квотыг эсэргүүцэж буй явуулгаас нь шууд харагдаж байгаа юм. Тиймээс биднийг “Гурил дамлагчид” гээд нэр хоч зүүлгээд байгаад нь гомдож, эмзэглэх зүйл үнэндээ алга. Зах зээлд бизнес хийж байгаа хэн бүхэн ашгийн төлөө явдаг. Ер нь энэ хоёр компанид олгосон 14000 тн гурилын квот Монгол Улсын гурилын нийт хэрэгцээний зургаан хувьд ч хүрэхгүй юм шүү дээ.

Гурил импортлогчид улсад хичнээн хувийн татвар төлдөг юм бэ?

-Манай “Өег” компанид олгосон долоон мянган тн гурил импортлох квот нь зах зээлд тодорхой хэмжээний гурилын хангамжийг шийдвэрлэхээс гадна улсын төсөвт ойроцоогоор 1.2 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэх юм. Ер нь бол дотоодын гурилын зах зээл өндөр татвараар хамгаалагдсан байдаг. Бид дотоодын гурилаас 26.5 хувийн илүү татвар төлдөг. Тэд ийм хамгаалалттай байж яагаад хэдхэн тн-ы квоттой гурил импортлогчдоос айгаад байгаа юм бол.

Хүнсний үйлдвэрүүдийн хувьд та бүхнээс өндөр үнээр гурил авах шаардлагатай болно. Иймд талх, гурилан бүтээгдэхүүний үнэ зайлшгүй нэмэгдэх болчихоод байна гээд эсэргүүцээд байгаа юм биш үү?

-Энэ бол маш их инээдтэй бөгөөд эмгэнэлтэй асуудал. Бараа бүтээгдэхүүний үнэ гэдэг бол зах зээлийнхээ зарчмаар эрэлт нийлүүлэлтээс хамаараад тогтож байдаг. Харин өнөө жил ОХУ, Казахстаны мөнгөн тэмдэгтийн ханш суларсанаар бидэнд одоо импортлох гурилын үнийг бууруулах бүрэн боломж гарч ирж байгаа юм. Энэ бол Монголын зах зээлд гурилын үнийг тогтворжуулах гол хүчин зүйл болно гэж бодож байна. Ийм боломж гарч ирж байгаа нь зөвхөн үндэсний гэгддэг хэдхэн гурил үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хөндөж буй юм. Тэдний үйлдвэрлэсэн гурил болон бүтээгдэхүүний үнэ буурах болохоор импортын гурилыг ингэж эсэргүүцээд байгаа хэрэг. Харин ч импортын гурилын квотыг олгосноор хямд гурил хэрэглэх хүсэлтэй гурван сая иргэдийн эрх ашигт эергээр тусна. Эндээс ямар дүр зураг харагдаад байна вэ гэхээр гурилын үнэ тодорхой хэмжээгээр хямдарч, үндэсний тодотголтой гурил үйлдвэрлэгчдийн ашиг орлого буурах учраас тэд бухимдаад байгаа байх. Үүнийг далимдуулж бусдыг буруутгасан үйл ажиллагаа явуулж байна.

Цаашид гурилын үнэ хэдэн төгрөгөөр буурах бол?

-“Цесна” гурилын хувьд кг тутамд 100-150 төгрөгөөр буулгаж байгаа. Үүнийг Г.Даваасүрэн гэдэг хүн сайндаа ч буулгаж байгаа юм биш. ОХУ, Казахстаны мөнгөн тэмдэгтийн ханш буурсанаар бид хямд гурил авах бололцоо бүрдэж байна.

Дотоодын гурил үйлдвэрлэгчдэд ч гэсэн мөн адил хямд гурил үйлдвэрлэх боломжтой байгааг хэлэх нь зүйтэй байх. ХХААЯ-наас 125000 тн улаанбуудай импортлох квот олгосон мөн дээр хэлсэнчилэн ОХУ, Казахстаны мөнгөн тэмдэгтийн ханш суларч хямд улаанбуудай худалдан авах боломжтой юм. Улаанбуудай импортлоход гурил импортлохоос хамаагүй бага гаалийн татвар төлдөг зэрэг нөхцөлүүд бүрдээд байгаа болно.

Тэгэхээр дотоодын үйлдвэрлэгчдийн мэдэгдсэнчилэн гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх ямар ч шалтгаан байхгүй юм байна гэж ойлголоо. Танай компаниас 40-өөд үйлдвэр гурил авдаг гэж та дээр хэллээ. Тэдэнд ямар нөхцөлөөр гурил нийлүүлдэг юм бэ?

-Бид зах зээлийнхээ үнээр үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Гол нь эдгээр үйлдвэрүүд 7-20 хоногийн хугацаатай гурилаа зээлээр авч хэрэглэдэг юм. Нэг ёсондоо биднээс авсан гурилаа үйлдвэрлэж, ашгаа гаргачихаад дараа нь мөнгөө төлдөг. Шууд бэлэн мөнгөөр гурил авдаг үйлдвэрүүд тоотой цөөхөн байгаа.

Импортын гурилын үр дүнд зах зээл дэх гурилын үнэ хямдарна гэдгийг дотоодын үйлдвэрлэгчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ худлаа мэдээлэл цацаад байх юм. Улмаар үндэсний гэдэг нэртэй, стратегийн гэх тодотгол өгчихсөн гурилын асуудлаар тэд өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэхийн тулд төр засгийг, хууль хяналтын байгууллагуудыг татан оролцуулдаг ийм зах зээл дэлхийд хаана ч байхгүй. Сүүлийн жилүүдэд гурилын үнийг тогтворжуулна гэж төр засгаас янз бүрийн арга хэмжээ авч, тариаланчид болон дотоодын гурил үйлдвэрлэгчдийг дэмжсэн үйл ажиллагаа явууллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар Монголбанк, тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх гурилын үйлдвэрүүдийн өр гэхэд тав, арван тэрбумаар тоологдож байна шүү дээ. Тэд эх орончид юм бол өр ширээ төлчих хэрэгтэй баймаар. Харин гурил импортлогчид тэдэн шиг төрийн хайр ивээлд багтаж, санхүүгийн дэмжлэг аваад байдаггүй. Мөрөөрөө бизнесийнхээ үйл ажиллагаагаа явуулж, хэрэглэгчдийг чанартай гурилаар хангасаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд манай импортолдог гурилыг “Чанаргүй байна. Үнэтэй байна” гэх асуудал огт гарч байгаагүй. Хэдийгээр үнийн хувьд дотоодын гурилаас арай илүү ч хүмүүс өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагад нийцүүлж авдаг.

Цагаан сарын баяр хаяанд ирсэн энэ цаг үед гурил хомсдохгүй харин ч үнэ нь хямдарна гэсэн сайхан мэдээ дуулгасан танд уншигчдынхаа өмнөөс талархъя.

-Эдийн засаг хямралтай байгаа үед импортын гурилын ачаар хэрэглэгчид хямд үнэтэй гурилаар хангагдах боломжтой боллоо. Монголчууд жил бүр сар шинийн баяраараа “Цесна” гурилаар хэвийн боов, бууз, баншаа базаагаад сурчихсан. Ялангуяа ахмадууд маань энэ гурилаар хийсэн тавгийн идээ, ширээн дээрх зоог өнгөлөг сайхан, амттай байдгийг андахгүй болохоор байнга сонгодог. Ингээд ахмад буурлууддаа болон Монгол түмэндээ ирж буй гал бичин жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхыг ерөөж сар шинийн баярын мэнд дэвшүүлж байна.

Салбарынхаа асуудлаар илэн далангүй ярилцаж, үнэн бодит мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны 2015 оны шилдгүүд