Categories
мэдээ цаг-үе

“Алтан зам”-аар гүйгч Б.Мөнхзаяа

Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяаг “Өдрийн зочин” буландаа онцоллоо. Дорнод аймгийн харьяат тэрээр 10 дугаар ангиасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэх болжээ. Улмаар 2011 оноос одоогийн дасгалжуулагч Б.Төрбат багшийнхаа шавь болон хичээллэж эхэлсэн байна. Тухайн үед Б.Мөнхзаяа нь амаржаад удаагүй байсан аж. Гэсэн ч түүний уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл өнөөдрийн “Алтан зам”-аар гүйгч тамирчин бүсгүйг бий болгожээ. Түүний дасгалжуулагч багш Б.Төрбат хэлэхдээ “Манай Мөнхзаяа даруухан хэрнээ дайчин зан чанартай. Түүний бүхий л амжилтууд шантаршгүй хатан зориг, зорилго тэмүүллийнх нь илрэл юм” гэв.

Хөнгөн атлетикийн тамирчин Б.Мөнхзаяа нь өдгөө таван км, 10 км, 21 км, 42 км-ийн Монгол Улсын дээд амжилтын рекордыг эзэмшигч шилдэг залуу марафонч юм. Үүнээс нь үзэхэд түүний хэр амжилттай яваа тамирчин бэ гэдэг нь тодорхой. Олон улсын чанартай тэмцээн уралдаануудад ч тогтмол амжилт үзүүлж, эх орныхоо нэр хүнд болоод хувь тамирчны карьераа өндөрт өргөж яваа. Тухайлбал, өнгөрөгч 2015 оны гуравдугаар сард БНХАУ-ын Чүнчон хотод болсон “Олон улсын марафон гүйлтийн А зэрэглэлийн тэмцээн”-д 42 км 195 метрийн зайг 2.33.36 цагийн хугацаанд туулж, тус тэмцээний шилдэг 10-т багтсан төдийгүй Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон билээ. Харин дараа нь Хонгконгт болсон “Марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах XV тэмцээн”-д оролцож, дэлхийн 11 орны марафонч тамирчидтай өрсөлдөн дөрөвдүгээр байрт орж “Рио-2016” олимпод оролцох эрхээ авсан юм. Мөн Чүнчон хотноо зохиогдсон тэмцээнд амжилтаа бататгаад байв.

Харин шинэ он гарсаар Хятадын Сямынь хотноо энэ сарын 2-нд болсон “Алтан зам” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд (Олон улсын жишгээр марафон гүйлтийн тамирчдыг тухайн замыг туулсан хугацаагаар нь ангилдаг бөгөөд Б.Мөнхзаяагийн хувьд дэлхийн чансаагаар “Алтан замаар гүйгч” гэсэн ангилалд багтжээ) манай улсаас дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор долоон тамирчин өрсөлдсөнөөс гурван тамирчин олимпийн эрхийн нормативыг биелүүлжээ. Б.Мөнхзаяагийн хувьд “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ давхар баталгаажуулсан гэсэн үг.

Марафон гүйлт маш их тэсвэр тэвчээр шаардах спорт шиг санагддаг. Тэр олон километр замыг туулахдаа та чухам юу бодож өөрийгөө зоригжуулдаг вэ? гэсэн асуултад тэрээр “Гэр бүлээ л бодож гүйдэг дээ” гэсэн юм. ОУХМ Б.Мөнхзаяа нь сайн тамирчин төдийгүй, нөхөр болон хүүдээ халамжтай сайн хань, ээж гэдэг нь түүний фэйсбүүк хуудаснаас анзаарагдана. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн Багш дасгалжуулагчийн ангийг энэ жил төгсөх аж. “Рио-2016” олимпийн наадамд эх орныхоо нэрийг өргөхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж яваа ийм нэгэн тамирчин бүсгүй Улаанбаатар хотноо нөхөр, хүүгийн хамт амьдарч байна.

“Намайг амжилтад хүрэхэд туслалцаа үзүүлсэн Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын шигшээ баг, “Алдар” спорт хороо, Дорнод аймгийн Засаг дарга, ҮБТДС-ийн багш хамт олон, гэр бүл, багш, баг хамт олондоо талархал илэрхийлье. Миний хувьд “Рио-2016” олимпийн наадамд амжилттай сайн оролцож, монгол хүний тэсвэр тэвчээр хатуужлыг харуулах болно, хичээх болно” гэв. Түүний тэсвэр тэвчээр цуцашгүй, хөл нь эцэшгүй байх болтугай.

Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Хамаатнаас дутуугүй нөхөрлөсөн нэг ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа онцгойрох олны танил алдартангүй, өндөр төрийн шагналт гавьяатангүй ч ангийн нөхдийн нөхөрлөл, өмөг түшиг чухам ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь харуулж яваа, одоо болон хойч үеийн залууст үлгэр дуурайлал болох нэг ангийнхныг онцоллоо. Ховд аймгийн I арван жилийн 1987 оны төгсөлтийн 10А ангийнхантай ХУД-ийн Үйлдвэр комбинатад байрлах ангийн дарга Б.Ганбатын ажлын байран дээр уулзахаар цаг товлосон юм.

“Өнгөрсөн хагас сайнд заал авахад хэн хэн ирсэн бэ, өчигдөр Насааг докторын зэрэг хамгаалахад очсон хүн байна уу. Цаадах чинь харсан байх даа” гэсээр Эвлэлийн үүрийн дарга Ю.Нарантуяа ангийнхантайгаа уулзалдлаа. Эл байдлыг харахад дөнгөж өчигдөрхөн ч юм уу, саяхан төгсөцгөөсөн хүүхдүүд үү гэмээр.

Эдний ангийнхан төгсөөд 28 жилийг ардаа үдэж байгаа ч өдгөө хүртэл байнга уулзалдаж, нэгнийхээ сайн мууг мэдэлцэж явдаг болохоор хэн хаана, юу хийж яваагаа бүгд мэддэг аж.

Ховдын I арван жилийн дунд сургууль тухайн үед аймагтаа тооны гүнзгий ангийг жил бүр бүрдүүлдэг байж. Ховд аймгийн төвийн болон бүх сумын сургуулиудаас тоондоо авьяастай шилдэг хүүхдүүдийг сонгон шалгаруулж 1985 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, Х.Харашаш багштай 10А ангийг бүрдүүлж байжээ. Гэрэвшүүхэн уулзалдацгаасан хүүхдүүд бага насны хөгжүүн, дэврүүн сэтгэлээр гуравхан жилийн дотор ижилдэн дасаж, насан туршийн найзууд болцгоожээ. Тухайн үедээ 10А ангийнхан аливаа уралдаан тэмцээнд бүгдээрээ өрсөлдөөнтэй, идэвхтэй оролцдог, урлаг, спортын арга хэмжээнд тэргүүлдэг хүүхдүүд байсан аж. Тэр үед аймагтаа хамгийн томд тооцогддог “Дөл”, “Шонхор” спортын наадмууд, урлагийн үзлэг, субботник, нийтийн ажил, тоо, физик, химийн олимпиад гээд тэмцээн, наадамд тэргүүн байр эзэлцгээдэг байжээ.

Математикийн аварга сурагч П.Мурат, Н.Насанбаяр, Ч.Цэвэгжав, Б.Энхбаатар, Т.Мөнхцэцэг, Б.Дуламханд тэргүүтэй шилдэг сурагчид олон. Ийм ч учраас аравдугаар ангиа төгсөхөд ангийн 35 хүүхдээс 33 нь гадаад дотоодын их дээд сургуулиудад урилгаар болон оноогоороо элсэн суралцжээ. Үүнээс ихэнх хувь нь буюу 20 гаруй нь ОХУ, Герман, Чех зэрэг улсууд руу явж суралсан байна. Тооны гүнзгийрүүлсэн сургалттай анги болоод ч тэр үү санхүү, инженер тооны багшийн мэргэжлийг эзэмшсэн хүүхэд олон. Багш мэргэжилтэй 13, санхүүч тав, инженер 11, био анагаахын мэргэжилтэн нэг, мөн нэг сэтгүүлч, хоёр цэргийн албан хаагч 10А ангиас төрсөн.

Тэд 1991-1993 оны үеэр буюу ардчиллын эхэн, эдийн засгийн хямралтай хүнд хэцүү үед их дээд сургуулиа төгсөцгөөн ажил амьдралын гараагаа эхлүүлсэн ч бүгдээрээ ажил амьдрал нь тэгширсэн, өөр өөрсдийн салбартаа тэргүүлсэн нэгэн үеийнхэн болсон байна.

Эдний ангийнхныг хамгийн нийтэч анги гэж хэлж болохоор. Учир нь 10А ангийнхан төгсөлтөөсөө хойш 28 жилийг үдэж байгаа ч өдгөө хүртэл байнга уулзалдаж, баяр жаргалтай, зовлонтой аль ч үед хамт байдаг.

Ховд аймгийн I арван жилийн 1987 оны төгсөлтийн 10А ангиас нийтдээ дөрвөн хос төрж, өнөр өтгөн айл болжээ. Тэдний хамгийн ууган хос нь Ц.Болорчулуун, Г.Түвшинбаяр нар аж. Тэд наймдугаар анги нийлэхээс л эхлэн үерхэж эхэлсэн байна. Үүний дараагаар Б.Ганбат, П.Эрдэнэчимэг, Б.Бат-Очир, Х.Цэцэгханд, А.Үсэмхаан, Б.Алимаа гээд хосууд төржээ. Ангиас олон хос төрсөн нь нэг талдаа ангийнхныг нэгтгэх, мөн ангийнхан эв нэгдэлтэй олон сайхан дурсамжтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж байсны үр дүн юм шүү хэмээн ангийн дарга хүүрнэж байлаа. Хамгийн удаан гуйлгаж үерхсэн нь Б.Алимаа гэнэ. Түүнийг ангийнх нь хөвгүүн А.Үсэмхаан долоон жилийн турш гуйж байж ханиа болгожээ. Ерөөсөө тоодоггүй байсан Б.Алимааг Орос руу сурахаар явахад А.Үсэмхаан үнэнч хайртайгаа батлан араас нь очсон байна. Хүний нутагт оюутан болж очсон Б.Алимаад хань нөхөр дутагдаж байсан уу тэгсхийгээд зөвшөөрсөн дөө хэмээн дурсан ярих аж.

Нэгнийхээ зовлон, жаргалтай үед хамт байж, хийж бүтээж яваа нэгнийгээ тусалж дэмжсэн жишээ эдний ангийнханд тоймгүй олон. Тухайлбал, өнгөрсөн зун ангийн ууган хос Ц.Болорчулуун, Г.Түвшинбаяр нарын ууган хүүгийн хурим болоход ангийн хосын хүүхдийн, бидний хойч үеийнхний анхны хурим боллоо хэмээн бэлгэшээж бүгдээрээ очсон байна. Мөн амьдралын эрхээр алдаж эндэх, хагацал зовлон үзэхэд заавал хандив цуглуулан очно. Ангийн дарга Б.Ганбат л гэхэд ангийнхаа хүүхдүүдийн нэлээд хэдэн хүүхдийг сургууль соёлын дөрөөнд мөрд оруулсан, нийслэл хотдоо шилдэг англи хэлний сургалтын төвөөр тодорч байсан “Best” сургалтын төвийн захирал Энхбаатар гэхэд хэд хэдэн ангийнхаа хүүхдийн хүүхдүүдийг сургалтын төвдөө үнэгүй сургаж байх жишээний.

Тэр бүр уулзах завгүй үедээ 10А ангийнхан “Бараа бараандаа” фэйсбүүкийнхээ группээр мэнд мэдэж, зургаа оруулж байнгын мэдээлэлтэй байдаг аж.

Мөн ангиараа бус дан охидын шивнээ хийх үе ч гарна. Эрчүүдтэйгээ хуваалцаж болохгүй хүнд хэцүү зүйл тохиолдвол мөн л эвлэлийн үүрийн дарга Ю.Нарантуяа ангийн охид руугаа “Охидын зөвлөлийн хуралтай шүү” гээд ярихад л бүгд ирцгээдэг гэнэ. Ерөнхийдөө эдний ангийнхныг базаж зангиддаг гол хүмүүс бол Ю.Нарантуяа, ангийн дарга Б.Ганбат, ангийн хүндэт гишүүн Г.Түвшинбаяр ажээ. Харин бусад нь тэднийгээ одоо хүртэл ангийн дарга, эвлэлийн үүрийн дарга хэмээн хүндэтгэж бүхий л насаараа “дарга аа” хэмээн дуудаж, ширээнд суусан ч хоймор руу залах нь тэр л үеийн хүүхдүүдийн ёс жудаг гэлтэй. Өдгөө цагт ангийн дарга, салаан даргаа битгий хэл багш нарыгаа хүндэтгэхээ больсон энэ үед үнэхээр бахархам сайхан үлгэр дуурайл санагдаж байв. Энэ талаар Ю.Нарантуяа “Хэдийгээр нэг хүн зангидаж өгдөг ч биднийхээ сэтгэлийг гээд ирдэг, ард минь бат зогсч байдаг нэгнийгээ чин сэтгэлээсээ хүндэтгэж хайрлах сэтгэлтэй ийм сайхан нөхөд байдагт баярлаж явдаг юм” хэмээн даруухнаар ярьсан юм.

10А ангийнхан 2007 оноос эхлэн ангийн төгсөлтийн ойгоо тав таван жилээр хийх болжээ. 2007 онд 20 жилийн ойн баяраа Улаанбаатар хотод хийхэд хөдөө орон нутаг, Казахстанд амьдарч байгаа А.Үсэмхаан, Б.Алимаа гээд бүгдээрээ цугларч, ангийн багш нараа урилгаар авчран ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэсэн аж. Тэд зөвхөн өөрсдөө баярлаад зогсохгүй төрөлх сургуульдаа техник, тоног төхөөрөмжийн хандив өргөсөн байна. Мөн 2012 онд 25 жилийн ойгоороо ангийнхныхаа дурсамж номыг гаргаж, дуучин С.Жавхлан, Э.Бат-Эрдэнэ нарын дуулсан “Анд нөхдийн дуу”-г ангийнхаа сүлд дуу болгон ангиараа клипжүүлж дуулан, СD гаргажээ. Тэр үеэс хэн нэгэнд баяр ёслол тохиох, анги хамт олноороо цуглах, амралт зугаалгаар явах, уулзах болгондоо сүлд дуугаа дуулдаг болжээ.

“Бараа бараандаа хөгжиж

Бадаг шүлэг шиг эвлэрсэн

Үг үгэндээ дулаацаж

Үгүйлэхийн хайраар ижилдсэн…

…Дүүрэн үерхлээр цалгиж

Дууны тахилт шиг давтагддаг

Жаргал зовлон хоёроо

Хамтдаа хуваалцдаг найзууд минь…” гээд л дуулцгаах аж.

Ангиас хэн алдар гавьяа хүртэнэ, эмээ өвөө болно, алдарт эхийн одон авна, хэнд нь үхэл хагацал тохионо, ядарч доройтно, нэг юм хийхээр оролдоно тэр бүхэнд очиж тусалж дэмжихэд бэлэн байдаг аж. Нэг онцлог үйл явдал дурдахад “Атарын IV аян өрнөж эхлэхэд газар тариалан эрхлэлтийн сан гэж өрнөж байв. Энэхүү сангийн захирлаар эдний ангийн Ц.Болорчулуун ажиллаж, техникийн мэргэжилтнээр ангийн доктор Ч.Цэвэгжав очин энэхүү аянг амжилттай өрнүүлж эхэлсэн гавьяатай аж. Одоо Болорчулуун нь ХААЯ-ны газар тариалан эрхлэлт хариуцсан даргаар ажиллаж байна.

Монгол Улсын гавьяат, математикийн багш Г.Дашдондог эдний ангийнханд тооны ухааныг зааж, амьдралд хөлөө олоход ихээхэн хувь нэмэр оруулжээ. Тэд багшийнхаа талаар “Тооны ухаан гэдэг амьдралын ухаан. Багш минь бидэнд тоо заахаасаа илүү биднийг амьдралд сургаж, шударга байх, бие биенээ тусалж дэмнэж явдаг байхад их нөлөөлсөн” хэмээн дурсан ярьж байв. Сургуулийн шилдэг сурагчид хэмээн тухайн үед сургуулийнхаа эрхлэгчээр ажиллаж байсан Г.Дашдондог багш бусад багш нараас ихэд өмөөрдөг байсан учраас бусад багш нар нь “Дашдондог багшийн хэдэн эрх юмнууд” гэдэг байжээ. Математикийн хичээл заахаас гадна ангийн багштай адил бүхий л талаар нь тусалж дэмжсэн гавьяатай багш аж. Иймдээ ч тус ангийнхан багшийнхаа нэрэмжит олимпиадыг 2000 оноос эхлэн санаачлан, 15 дахь жилээ зохион байгуулах гэж байна. Ингэхдээ жил бүр ангийн нэг хүүхэд ээлжлэн орох зардал, шагнал мөнгийг гаргадаг аж. Энэ жил Бат-Очир, Цэцэгханд зохион байгуулахаар болсон байна.

Мөн 10А ангийнхан өдгөө ч долоо хоног бүр спортын арга хэмжээ зохион байгуулж заал авч, биеийн чилээгээ гаргадаг спортлог анги аж. Энэ ч үүднээс аймаг, сумын нэрэмжит тэмцээн уралдаанд амжилттай оролцож, өөрсдөө ч үе үе тэмцээн зохион байгуулдаг ажээ.

Гуравхан жилийн хугацаанд тохой нийлүүлэн суусан ч 30 гаруй жил нэг анги хэмээн, нэгнийгээ тусалж дэмнэн, үр хүүхэд, ирээдүй хойч үедээ үлгэр жишээ болж яваа ийм эгэлхэн мөртлөө өнөр өтгөн нэг ангийнхантай уулзсан юм.


Categories
мэдээ цаг-үе

С.Сүрэнхорлоо: Талийгаач хүү ангийнхандаа “Цагдаа нарт зодуулаад бөөлжөөд байна” гэж хэлсэн байна

Өвөрхангай аймагт ерөнхий боловсролын сургуулийн сурагч бусдад зодуулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-нд тархиндаа цус харвасан байдалтай аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж очоод гурав хоног ухаангүй байж байгаад нас барсан билээ. Талийгаачийг таньдаг хүүхэд аавынхаа хамтаар түүнийг зодож, цагдаад хүргэж өгсөн гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Хүүг зодсон хэргээр шалгагдаж байгаа С.Бямбасүрэнгийн эгч С.Сүрэнхорлоотой ярилцлаа.

Та Өвөрхангай аймаг яваад ирсэн гэсэн. Дүү Бямбасүрэнтэйгээ уулзсан уу?

-Би нийслэлийн иргэн л дээ. Дүүгээ хэрэгт холбогдсоныг дуулаад Өвөрхангай аймаг яваад зургаа хоноод ирлээ. Гэрчүүдтэй нь уулзаад, талийгаач хүүгийн ар гэрийнхэнтэй ч бас уулзлаа.

Харин дүүтэйгээ уулзаж чадсангүй. Хэнтэй ч уулзуулахгүй байгаа юм байна. Миний дүү иргэнийхээ үүргийг гүйцэтгэсэн юм билээ. Талийгаач хүү өмнө нь гурван удаа манай дүүгийн хүүхдийн эд зүйлийг нь авсан юм байна. Гар утас, арван мянган төгрөг, савхин бээлийг нь авсан гэсэн. Хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа манай дүү тээврийн жолооч хийдэг юм. Тэр өдөр ажлаа хийгээд явж байж. Машинд нь өөрийнх нь хүүгээс гадна бас гурван зорчигч байсан гэсэн. Гүүрэн дээр явж байтал талийгаач хүүтэй таарч “Аав аа, энэ нөгөө миний утсыг авсан хүү байна” гэж. Тэгэхээр нь манай дүү энэ хүүхэдтэй чинь нэг уулзаад, ээж, аавд нь хэлье гээд бууж араас нь дуудсан байгаа юм. Тэгсэн хүү зугтаасан. Айж ичиж яваад юман доогуур орчих вий гээд араас нь очоод барьж авсан гэсэн. Зугтаах гээд байхаар нь арай гэж машиндаа суулгасан байна. “Стана” маркийн машинтай л даа. Тухайн үед машинд нутгийн нэг багш хүүхэн, хойно нь хоёр залуу сууж явсан байгаа юм. Тэр багш эмэгтэй юу болсныг сайн сонсож харж байсан гэсэн. Түүний хэлснээр манай дүү талийгаач хүүд хандаад “Дээрэм хийж болохгүй. Чи миний хүүгээс ялгаа юу байхав. Юунаас болоод, яагаад ийм хэрэг хийгээд байгаа юм. Ах нь чамаас хүүгийнхээ утас, мөнгийг авахгүй. Харин ар гэрийнхэнтэй чинь уулзъя. Утас нь байвал ярья гэсэн байгаа юм. Харин хүү дуугарахгүй байсан гэсэн. Тэгэхээр нь “За тэгвэл чамайг хүүхдийн байцаагчид аваачиж өгье. Чамайг одоо ингээд явуулахаар, дараа нь бас та хэд таараад зодолдоод янз бүр болохоос сэргийлж байна” гээд аймгийн хүүхдийн байцаагчид хүлээлгэж өгсөн байна лээ.

Хүүхдийн байцаагч хэрхэн хүлээж авсан юм бол?

-Болсон бүх зүйлийг хэлээд талийгаач хүүг оруулж өгсөн гэсэн. Байцаагч нь “би хүүг хүлээж авлаа, та одоо явж болно” гэсэн. Тэгээд тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа цагдаагаас дуудсан гэсэн. “Чиний авчирсан хүүхэд бие нь муу, сэхээнд орчихож” гээд дуудсан байгаа юм. Цагийн дараа аав, хүү хоёрыг баривчлан авчирч байцаасан байгаа юм. “Би зугтаах гээд байхаар нь татаж чангаагаад машиндаа суулгасан нь үнэн. Гэхдээ нэг ч удаа толгой тархи руу нь цохиогүй. Татаж чангаах явцдаа гэдэс рүү нь жаахан цохисон гэж хэлсэн байсан. Зугтаагаад машинд суухгүй байхаар нь айж, ичиж яваад янз бүр болох вий гээд зууралдсаар байгаад машинд нь суулгасан юм билээ. Зууралдаж байхдаа гэдэс рүү нь цохих шиг болсон гэж өөрөө мэдүүлсэн байсан. Хүүг цагдаад хүлээлгэж өгөхөд ухаан нь саруул, бие нь эрүүл, ямар ч гэмтэлгүй, шарх сорвигүй байсныг тухайн үед Уянга сум руу явах гэж байсан зорчигчид гэрчилж байгаа.

Хүүгийн үхлийн шалтгааныг цагдаагийнхантай холбоотой гэж хардаж байгаа юм уу?

-Хэрвээ талийгаач хүүг зодсон, тэр нь хүүгийн үхлийн шалтгаан болж байгаа бол бид юу ч хэлэхгүй, хийсэн хэргээ хүлээх хэрэгтэй гэж бодож байна. Эрүүл саруул зүгээр байсан хүүхэд амиа алдсанд бидний хувьд үнэхээр их харамсч байна. Гэхдээ хэргийг үйлдсэн хүн зохих шийтгэлээ аваасай. Иргэнийхээ үүргийг гүйцэтгэснээс өөр буруу зүйл хийгээгүй хүн хэлмэгдчих вий дээ гэж бодож байна. Нэг баримт хэлэхэд, талийгаач хүү ар гэрийнхэндээ “Намайг цагдаа зодсон” гэж хэлсэн байна лээ. Хүүгийн ар гэрийнхэнтэй уулзах гээд эмнэлэг дээр очиход “Миний хүүхдийг зодсон цагдаагаа дагуулаад ир” гээд уйлцгааж байсан. Хүү ухаан нь гайгүй байхдаа гэрийнхэндээ итгэж хэлсэн юм болов уу даа. Тэгээд манай дүүгийн эхнэр буцаад хүүхдийн байцаагч дээр яваад очсон байна. “Танд эрүүл саруул хүүхэд хүлээлгэж өгсөн гэж нөхөр маань хэлсэн. Ар гэрийнхэнтэй нь уулзах гэсэн цагдаагаа дагуулаад ир гэж шаардаад байна. Цуг очъё” гэсэн чинь хүүхдийн байцаагч “Би очихгүй, айгаад байна” гээд яваагүй байна. Талийгаач хүүгийн ах нь нэг сайтад ярилцлага өгсөн байсан. Тэр ярилцлагад бас “Дүүг маань цагдаа нар зодсон” гэж хэлсэн байна лээ. Бас хүү ангийнхаа найзуудад “Цагдаа нарт зодуулаад толгой өвдөөд, бөөлжөөд байгаа” гэж ярьсан байсан. Гэтэл бүх л хэвлэл мэдээллээр, иргэн Б нь цохиж зодон машиндаа чихэж суулгасан гэж мэдээлж, дүүд маань Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйл ангиар тулган хүлээлгэхээр хэрэг үүсгэн арванхоёрдугаар сарын 26-нд баривчлан хорьж, өнөөг хүртэл хэнтэй ч уулзуулахгүй байгаад их л санаа зовж явна.

Хохирогчийн гэрт нь очсон гэсэн үү?

-Тийм ээ. Ах, дүү нар нь их л гомдолтой хэцүү байсан. Талийгаач хүүгийн аав бидэнтэй уулзсан. Үнэнээ л хэлээд орлоо. “Их харамсч байна, гэхдээ хэлмэгдээд буруугүй хүн ял үүрээд буруутан болчих вий дээ гэж явна” гэсэн. Аав нь хэргийн үнэн учрыг нь олоорой. Хэрэг хийгээгүй хүнийг хилс хэрэгт унагачих вий гэж хүүхдүүддээ хэлж байна лээ. Цагдаа нар л гэрийнхэнд нь манай дүүг буруугаар ойлгуулсан юм шиг байна лээ.

Талийгаач хүүгийн хойноос хөөж байгаад гүүрэн дээрээс унагаах шахсан гэж сонссон. Энэ ямар учиртай юм бол?

-Гүүрэн дээр тэд таараад хойноос нь дуудахад зугтаасан гэсэн. Тэгээд гүүрний хойно хуучин нурсан барилга дээр зогсоод буухгүй байсан байна. Энэ үед хүү их айсан харагдаж л дээ. Манай дүү ч их сандарч, “Миний дүү буугаад ир ээ. Ах нь чамаас хэдэн зүйл асууя” гэсэн байгаа юм. Тэгсэн буухгүй байхаар нь уначих вий гээд цамцнаас нь арай гэж барьж аваад буулгасан гэсэн. Ийм л зүйл болж. Гэтэл талийгаачийн ар гэрийнхэн манай дүүг унагаахаа алдсан, зодож нүдсэн гэсэн ойлголт авсан байна лээ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, манай дүүгийн хүүхэд талийгаач хүүг цагдаад хүлээлгэж өгөхдөө утсан дээрээ яагаад ч юм нэг богино хэмжээний бичлэг хийсэн байгаа юм. Тэр бичлэг дээр хүү эрүүл саруул байгаа нь тод харагдаж байж. Тэгсэн аавыг нь хорьсны дараа манай дүүгийн хүүхдийг хичээл дээрээ сууж байхад нь нэг цагдаа ирсэн гэнэ. Хичээлээс нь дуудаж гаргаж ирээд машиндаа суулгаад “Утсаа өг” гээд авчихаж. Та яах гэж байгаа юм гэж асуухад нь “Би цагдаа. Тийм учраас авах ёстой” гэж хэлээд утсан дээр нь байсан бичлэг, зургийг устгачихсан гэсэн. Ийм л учир битүүлэг зүйл болоод байна. Цагдаа, шүүх нь хэргийг үнэн зөвөөр шийдэх байх гэж найдаж хүлээж байна даа. Тэр бичлэгийг сэргээж болдог бол сэргээх хэрэгтэй юмсан.

С.Бямбасүрэн хэдэн жил жолооч хийж байгаа вэ. Хэдэн хүүхэдтэй юм бол?

-Хориод жил хүн тээврийн жолооч хийж байна. Өглөө Уянга сумаас хүмүүсээ дүүргээд аймгийн төв ордог. Орой зах тарахаар зорчигчдоо суулгаад сумандаа ирдэг ийм ажилтай. Уянга сумын иргэд, аймгийн төвийн зах, худалдааны төвийн хүмүүс дүүг маань бүгд таньдаг юм байна. Олон хүнээр хүрээлүүлсэн, нэр хүндтэй явдгийг нь саяын хэдэн хоногт мэдлээ. Архи, тамхи хэрэглэдэггүй. Хоёр хүү, нэг охинтой. Гэр бүлээ тэжээдэг ийм л энгийн хүн. Би эгчийн хувьд дүүгээ хүний хүүхдийг зодож, гэмтээх хүн биш гэж хэлж чадна. Аав ээжээсээ бид наймуулаа. Нэг ч удаа бид бие биетэйгээ муудалцаж, нэгэн рүүгээ хялайж харж үзээгүй. Хэн ч юу ч гэж хэлж байсан бусадтай хэрэлдэж, муудалцах хүн биш. Дүүг маань ийм хэрэгт холбогдсоных нь дараа сумын ард түмэн бүгдээрээ цугларч, гарын үсгээ зураад дүүгийн маань зан байдлыг тодорхойлж бичээд явуулсан байна лээ. Бямбасүрэн шударга, сайн хүн. Зорчигчийг хаа хүссэн газар нь найдвартай хүргэж өгнө. Хүмүүсийн захисан эд зүйлсийг нь хүртэл хүргэж өгнө. Цагдаагийн газрын, Засаг даргын тамгын газрын гээд бүхий л албан бичиг, баримт сэлтийг тухай бүрт нь найдвартай хүргэж өгдөг гэж ярьж байна лээ. “Сумын найдвартай түнш” гэсэн жолоочийн өргөмжлөл хүртэл авч байсан байна.

Х.ЦэндАюуш

Categories
мэдээ цаг-үе

Техникийн хяналтын үзлэгтээ зөвхөн хавар гэлтгүй тухайн жилдээ багтаж л байвал хэзээ ч орсон болно

Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Т.Баясгалантай ярилцлаа.

-Авто тээврийн үндэсний төвөөс техникийн үзлэг оношлогоог жолооч нарт чирэгдэл учруулахгүй байхаар зохион байгуулж эхэлсэн гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлаач?
-Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагааны гол чиглэл бол тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношлогоог хийх байдаг. Автотээврийн тухай хуульд зааснаар авто тээврийн хэрэгсэлд жилд нэг удаа техникийн үзлэг хийх ёстой. Үүний дагуу Зам тээврийн сайдын тушаалаар техникийн хяналтын үзлэг оношлогоо явуулах журам батлагдаж, үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгсэлд үүнийг нь нотлох гэрчилгээ буюу машины цонхон дээр наах оношлогооны наалт өгдөг. Энэ наалт нь замын хөдөлгөөнд оролцох эрх олгож буй гэрчилгээ гэсэн үг. Өмнө нь гурваас тавдугаар сарын хооронд нийслэлийн болон дүүргүүдийн засаг даргын захирамжийн дагуу оношлогоонд хамруулж, татварыг нь авдаг байсан. Ингэснээр жолооч нарт багагүй чирэгдэл учруулж, оношлогоондоо хамрагдах гэж олон цагаар дараалал үүсгэн зогсдог байсан.
Энэ оноос эхлэн НИТХ, нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу дээрх хугацааг сунгаж, нэгээс тавдугаар сарын хооронд татвараа төлж байхаар болсон. Өөрөөр хэлбэл нэгдүгээр сард улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн тээврийн хэрэгслийн жолоочоос, хоёрдугаар сард 2, 7-гоор, гуравдугаар сард 3,8-аар, дөрөвдүгээр сард 4, 9-өөр, тавдугаар сардаа 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгслийн татварыг авч байхаар журамласан. Гэхдээ жолооч нар татвараа энэ хугацаанд төлөх ёстой ч үзлэгтээ тухайн жилийнхээ хэдийд ч орж болно. Үүнийг Авто тээврийн тухай хууль, Техникийн хяналтын үзлэг оношлогоо явуулах журмаараа зохицуулсан. Техникийн үзлэг оношлогоо бүтэн жилийн турш тасралтгүй явдаг болсон. Тиймээс жолооч нар 2015 оны наймдугаар сард техникийн хяналтын үзлэгтээ орсон бол 2016 оны наймдугаар сард дахин орох ёстой. Наймдугаар сардаа л багтаж байвал сарынхаа эхээр, дундуур, сүүлчээр байх эсэх нь хамаагүй. Ингэснээр урьдынх шигээ заасан хугацаанд оношлогоонд орох гэж уртаас урт дараалал үүсгэн зогсч, цаг заваа баран, ундууцах хэрэггүй болсон гэсэн үг. Ихэнх жолооч нар гурав, дөрөв, тавдугаар сард үзлэг, оношлогоондоо ороод дадчихсан. Хүсвэл урьдчилаад оношлогоондоо орж болно. Энгийнээр бол жил бүр гуравдугаар сард үзлэгтээ ордог бол таван сарын дараа буюу наймдугаар сард дахиад орчихож болно. Тэгвэл дараа оныхоо наймдугаар сард буюу харьцангуй ачаалал багатай үед оношлогоондоо орж болно. Жилдээ нэг удаа оношлогоонд орох нь жолоочийн үүрэг бол хоёр, гурван ч удаа орж болох эрхтэй. Тэр бүү хэл журмын дагуу нийтийн зорчигч тээврийн автобусыг жилд хоёр ч удаа техникийн хяналтын үзлэгт оруулах ёстой байдаг ч манайх жилд дөрвөн удаа буюу улирал тутамд оруулдаг. Ингэснээр зорчигчдын амь нас, аюулгүй байдлын баталгаа нэмэгдэж байна гэсэн үг.
-Нийтийн тээврийн том оврын автобусууд Солонгостоо олон жил яваад, ашиглалтын хугацаа дууссаны дараа манайд ирдэг гэх яриа бий?
-Монголын нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн стандарт гэж бий. Автобус үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 12 жилийн насжилттай байна. Өөрөөр хэлбэл 12 жилийн хугацаанд нийтийн тээвэрт явуулж, 13 дахь жилээс нь үйлчилгээнд явуулахгүй. Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээнээс 213 тээврийн хэрэслийг насжилтаар нь хасна. 30-аад нь такси бол 170 гаруй нь хот хооронд болон хот доторх нийтийн зорчигч тээвэрт явдаг дунд, том оврын автобус.
-Энэ жилээс дунд оврын автобус буюу микроавтобуснууд нийтийн тээврийн үйлчилгээнээс насжилтаараа хасагдана гэлээ. Хугацаа нь чухам хэзээнээс юм бол?
-Микро автобусуудыг энэ оны нэгдүгээр сараас нийтийн тээвэрт явуулах эрхийг хассан атал наймдугаар сарыг хүртэл сунгасан гэсэн ташаа мэдээлэл цацагдсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр техникийн хяналтын үзлэгт ороод нийтийн тээвэрт явж болно гэж хүртэл ташаа мэдээлсэн. Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас стандартаа хатуу барьж ажиллана гэсэн чиглэлийг баримталж байгаа. Зорчигчдын амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой учраас үйлдвэрлэгдээд 12 жил болсон л бол дунд, том оврын автобусуудыг үйлчилгээнд явуулахгүй.
Микронуудыг нэгдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд явуулахгүй гээд бүгдийг нь зогсоогоод, торгоод байх боломжгүй. Микроны жолооч, кондукторуудын орлогын эх үүсвэр гэх утгаараа нэлээд олон өрхийн орлогын эх үүсвэрийн асуудал яригдах бол нөгөө талдаа микрогоор үйлчлүүлдэг иргэдийн эрх ашиг гэж бий. Тиймээс микронуудын чиглэлд стандартын шаардлага хангасан автобустай аж ахуйн нэгжүүдийг явуулах замаар ойрын хугацаанд энэ асуудлыг үе шаттайгаар шийднэ. Дан ганц аж ахуйн нэгж гэлтгүй хувь хүмүүс ч микроавтобусаа шинэчлээд шугамандаа үргэлжлүүлэн явж болно. Хот хоорондын зорчигч тээврийн хувьд ялгаагүй дээрх журмыг баримтлахаас гадна засмал замаар холбогдсон аймгууд руу том оврын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж, бага оврын автобус, жижиг тэргээс татгалзах чиглэлийг баримтлан ажиллаж байгаа.
-Мэргэшсэн жолоочийн шалгалтыг элдэв чирэгдэлгүйгээр онлайнаар авдаг болсон гэсэн. Энэ тухайд?
-Автотээврийн тухай хуульд улс хоорондын ачаа, жуулчин, зорчигч тээвэр, аюултай ачаа болон хот орчмын тээвэрлэлт гүйцэтгэж байгаа жолооч нар мэргэшсэн байх ёстой гэсэн нэмэлт, өөрчлөлт орж, 2010 оноос мэргэшсэн жолоочийн шалгалт авч эхэлсэн. Энэ ажлыг улсын хэмжээнд Автотээврийн үндэсний төв дангаар хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Дорнод зэрэг долоон аймагт мэргэшсэн жолоочийн шалгалтыг онлайнаар авч эхэлсэн. Энэ ондоо багтаан бүх аймагт үүнийг нэвтрүүлнэ. Ингэснээр асар их хугацаа, мөнгө хэмнэж байгаа хэрэг. Өмнө нь жолооч нар хөдөө орон нутгаас хотод ирж эсвэл орон нутагт очиж шалгалт авах мэргэжилтэнг хотоос томилон явуулдаг байсан. 2008 оны наймдугаар сарын 8-наас өмнө жолооч болсон хүмүүс шууд шалгалтаа өгөөд, тэнцвэл мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ авна. Жолооч нарыг B, C, D, E гэсэн дөрвөн ангиллаар мэргэшүүлж, үнэмлэх олгодог. Уг үнэмлэхийг таван жилийн хугацаатайгаар олгож байгаа. 2015 онд 5539 жолооч шалгалт өгч, мэргэшсэн жолоочийн үнэмлэх авсан бол 2223 жолооч мэргэшлээ дээшлүүлж, ангиллаа ахиулсан.
-Авто худалдааны цогцолборт импортын техникийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг төвлөрүүлсэнд иргэд ам сайтай байна лээ?
-Автотээврийн үндэсний төвийн бас нэгэн гол үйл ажиллагаа бол тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох ажил. Энэ ажлыг манай төв өнгөрсөн оноос бие даан хийж эхэлсэн. 2015 онд импортын 50900 тээврийн хэрэгслийг бүртгэсэн. 217 мянга гаруй тээврийн хэрэгсэл шилжилт хөдөлгөөн хийлгэсэн. Өмнө нь импортын тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг нийслэлийн хэмжээнд найман цэгээр дамжуулан гүйцэтгэдэг байсан бол энэ оноос Авто худалдааны цогцолбор руу төвлөрүүлсэн. Өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн Засаг даргаас Зам тээврийн яаманд хүсэлт тавьсны дагуу энэ ажил хэрэгжсэн. Дагалдах нэг цэгийн үйлчилгээ болох банк, даатгал, татвар, улсын дугаарын үйлдвэр хүртэл тэнд ажиллаж байгаа. Ингэснээр Авто худалдааны цогцолбороос машин авсан иргэд тэндээсээ дугаараа аваад, даатгалаа хийлгээд гарах боломж бүрдэж байгаа юм. Өдөрт 100-150 тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгож, шинээр бүртгэж байна. Харин тээврийн хэрэгслийн шилжилт бүртгэлийн үйлчилгээг АСА цирк, “Хөсөг Трэйд” дээр үзүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лакшми: Эдийн засагт Оюутолгойгоос гадна АСЕМ эерэг нөлөө үзүүлнэ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Энэ онд эдийн засаг хичнээн хувь өсөх бол, танай төвийн гаргасан таамгийг сонирхмоор байна?

-Сүүлийн үед эдийн засгийн таамаг гаргадаг Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд прогнозоо ойр ойрхон өөрчлөөд байгаа. Нөлөөлж буй хүчин зүйлүүдийг нь урьдчилж таамаглахад хүнд болчихоод байгаа хэрэг л дээ. Энэ онд эдийн засгийн өсөлт 3-4.5 хувийн хооронд байх болов уу.
-Эдийн засагт эерэгээр нөлөөлөх шалтгааны нэгдүгээрт Оюу толгой бичигдэж таарна. Таныхаар өөр ямар эерэг нөлөөлөл бий гэж харж байгаа вэ?
-Оюу толгойн гүний уурхайн санхүүжилт оны өмнө шийдэгдсэн нь мэдээж эерэг нөлөө үзүүлнэ. Энэ том төслийн бүтээн байгуулалт үргэлжиллээ гэсэн мэдээ олон улсад эерэг дохио болж байгаа. Өнгөрсөн хугацаанд Оюу толгойн нөхцөл байдал олон улсын хөрөнгө оруулагчдад тодорхой бус байдал үүсгэж байсан. АСЕМ-ийн хурлууд эерэг нөлөө үзүүлэх байх. Аялал жуулчлалын салбарт багагүй хэмжээний мөнгө орж ирнэ.
-Сөрөг нөлөөлөл гэвэл…?
-Энэ жил УИХ-ын сонгууль болно. Ер нь сонгуулийн жилүүдэд гадны хөрөнгө оруулагчид хүлээцтэй ханддаг. Тэд сонгуулийн үр дүнгээс хамаарч шийдвэрээ гаргадаг. Өөр нэг сөрөг нөлөө гэвэл өрийн дарамт. Монгол Улс ирэх жил бондын анхны төлбөрийг төлж эхэлнэ. Санхүүгийн салбарын нөхцөл байдал ч сайнгүй байна. Орон сууцны зээл зогсонги байгаатай холбоотойгоор барилгын салбар хүндхэн байгаа.
-2016 оны хувьд дотоод, гадаад гэсэн хоёр талаас нь харвал ямар зураг харагдаж байна вэ. Гадаад талдаа гэхээр баялгаа экспортолдог Хятадын эдийн засаг лав сайнгүй үргэлжлэх юм шиг байна?
-Гадаад хүчин зүйл гэдэг талаас нь харвал таатай зүйл ажиглагдахгүй байна. Ганц Хятад ч биш манай хойд хөршийн эдийн засаг ч таагүй байхаар дүр зураг харагдаж байна. Хятадын хөрөнгийн зах зээл гэхэд л уналттай байгаа. Хоёр ч удаа худалдаа, арилжаагаа зогсоолоо. ОХУ-ын эдийн засаг сэргэж амжаагүй хэвээр байна.
-Сүүлийн үед орон сууцны зээлийн найман хувийг буулгах асуудал хүчтэй яригдаж байна. Эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрсдэл нь өснө гэж ойлгох хэрэгтэй л дээ. Эрсдэлийг хэн даах вэ гэдэг хамгийн чухал асуудал. Банкууд даах юм уу, эсвэл төр үү гэдэг асуудал бий.
-Инфляци өнөөдрийнхөөс хамаагүй өндөр байхад найман хувь болгосон юм чинь одоо таван хувь болгоход асуудалгүй гэсэн тайлбар бас бий…?
-Өнөөгийн нөхцөл байдалтай холбож ярихад төсвийн орлого тасарчихсан. Чанаргүй зээлийн хэмжээ өсчихсөн. Ийм үед санхүүжилт хаанаас гарах нь анхаарал татаж байгаа. Гаднаас мөнгө босгох замаар шийдэж болох юм. Гэхдээ ингэж шийднэ гэхээр төгрөг суларсан өнөөдрийн хувьд эрсдэлтэй. Ханшийн эрсдэл гэж том зүйл тулгарна.
Нөгөө талаас манай улс маш их хэмжээний өрийн дарамтад байгаа учраас гаднаас орж ирэх эх үүсвэр хямд байж чадахгүй. Өөрөөр хэлбэл бидэнд хямд эх үүсвэр олдохгүй. Таван хувиасаа давсан эх үүсвэр олдохоор харагдаад байгаа.
-Манай улсын экспортолдог эрдэс баялгийн үнэ энэ жил яах бол, ямартай ч зэсийн хувьд нүүрс шиг уруудахгүй гэсэн таамаг гарсан харагдсан…?
-Зэсийн хувьд яваандаа өсөх хандлагатай байгаа. Нүүрсний хувьд маш хүнд байдалтай байх нь ойлгомжтой. Ойрын дөрөв, таван жилдээ өөдрөг зүйл ажиглагдахгүй болов уу. Нүүрсийг ерээд онд бүр авахаа больсон байсан. Нүүрсний зах зээл сэргэлээ гэхэд Монголын нүүрсний эрэлт хэрэгцээ хэр байх вэ гэдэг эргэж харахаар асуудал. Нүүрсний үнэ өссөн 2011, 2012 онуудад дэлхийн нүүрсний үнэ өссөн гэхээс илүүтэй Австралийн үер гэсэн том шалтгаан байсан. Австралиас Хятадад нийлүүлдэг нүүрс боломжгүй болоод Монголоос их хэмжээгээр дажгүй үнээр авсан юм.
-Эдийн засгаа уруудуулчихгүй тогтоож барья гэвэл бидний өөрсдийнхөө зүгээс шийдчих боломжтой ямар гарцууд байна?
-Эдийн засгаа төрөлжүүлнэ гэж маш олон жил ярьсан. Экспортолж буй бүтээгдэхүүнүүдээ харахаар түүхий эдээс өөр бүтээгдэхүүн бараг л алга байна. Тэгэхээр аль болох дотоод бизнес, үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Нөгөө талаас Хятад, Орос зэрэг гадны улсуудын дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дээр анхаарал хандуулаад нэмэртэй юм болохгүй. Учир нь бид тухайн бүтээгдэхүүнийг тэднээс хямд үйлдвэрлэнэ гэж байхгүй. Тэгэхээр хоёр гол зах зээл дээрээ эрэлт ихтэй байхуйц бүтээгдэхүүн экспортлох бодлого барих хэрэгтэй. Дэлхийн нэмэгдсэн өртгийн сүлжээнүүд гэж бий. Ийм сүлжээнд нэгдвэл илүү амжилт олно.
-Дэлхийн нэмэгдсэн өртгийн сүлжээнд нэгдсэнээр их мөнгө олох боломж нээгдэнэ гэсэн үг үү?
-Монголын ноолуур гадагшаа гарч байгаа. Нэмэгдсэн өртгийн сүлжээнд нэгдвэл монгол ноолуур дэлхийн зах зээлд танигдсан шошготойгоор зарагдана гэсэн үг. Ийм тохиолдолд монгол ноолууран бүтээгдэхүүн илүү хурдан хугацаанд дажгүй үнээр зарагдах боломж нээгдэх юм.
Дэлхийн том компаниуд зах зээлээ хуваагаад авчихсан ийм нөхцөлд монгол компанийн нэр, шошготойгоор дэлхийд танигдаж бүтээгдэхүүнээ борлуулахад урт хугацаа орно.

Categories
мэдээ цаг-үе

Н.Батцэрэг: Туул голд байгуулах усан санд бага оврын цахилгаан станц барина

УИХын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгтэй ярилцлаа.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаад хэдэн сар өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажлууд дээр анхаарав?

-Байгаль орчин, ногоон хөгжил гэдэг бол өнөөдөр дэлхий даяар хамгийн том ажил хэрэг явж байгаа зүйл. Өөрөөр хэлбэл байшин барьсан ч байгаль экологийнхоо асуудалтай хэрхэн зохицох, ямар ээлтэй байх юм гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн үг. Зам, цахилгаан станц, эмнэлэг барихад ч ногоон хөгжлийн стандартыг барьдаг болсон. Жишээлбэл, орон сууц барилаа гэхэд хана, тааз, дээврээрээ дулаан алдахгүй байх технологийг нэвтрүүлсэн эсэх, цахилгаан станц дээр утааны шүүлтүүрүүдийг байрлуулсан уу, шинэ технологи нэвтрүүлсэн үү гэх мэтчилэн асуудлууд тавигдана. Эмнэлэг барихад хортой хог хаягдлаа хаана булшлах гэж байгаа юм гэх мэт бүхий л зүйл дээр дэлхий даяар ногоон хөгжлийн стандарт яригдаж байгаа.

Мөн аялал жуулчлалын салбар байна. Энэ салбар яг нарийн дээрээ Монголын эдийн засгийн нэг тулгуур болж эхэлж байна гэж хэлж болно. Олон жил монголчууд эдийн засгаа төрөлжүүлнэ гэж яриад байгаа боловч харамсалтай нь одоо болтол ганцхан уул уурхайгаас хамааралтай байна. Түүнийхээ муу үр дагаврыг ч заримдаа амсдаг. Уул уурхайн экспортын тодорхой нэрийн бүтээгдэхүүний үнэ унангуут эдийн засгийн өсөлт саараад, төсвийн орлогууд нь тасалдаж, хөгжлийн зорилтуудаа шийдэж чадахгүй байдалтай байгаа шүү дээ. Ер нь хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал бол Монголын эдийн засгийн гурван тулгуур гээд хэлчихэд хол зөрөхгүй. Аялал жуулчлал гэсэн хоёрхон үгний ард маш олон оролцогчтой бизнес байдаг. Тодруулбал, жуулчныг татахын тулд өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй зочид буудлуудтай байх хэрэгтэй байна. Жуулчдад сайн тээврийн хэрэгслээр үйлчлэх учиртай. Түүнчлэн олон улсын нислэгүүд үйлдэж чаддаг байх хэрэгтэй. Дээрээс нь хот дотроо бол такси, хөдөөд жуулчдад үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгслүүдийн аюулгүй, бүрэн бүтэн байдал, жолооч нарын найрсаг харилцаа гээд олон юм байдаг.

Мөн хөтчүүдийн хэлний мэдлэг, жуулчдад тайлбар сайн хийдэг байх, аюулгүй байдлыг нь хангах чадвар зэрэг зүйлс бий. Компаниуд ч яг ямар аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байгаа нь тодорхой байх хэрэгтэй. Хөдөөгийн кэмпүүд наад зах нь боловсон ариун цэврийн өрөөтэй байх ёстой. Дээр дурдсан асуудлуудаар салбар бүрт тодорхой ажлууд хийгдээд явж байна.

Дотоодын аялал жуучлал нэлээд сэргэх хандлагатай болчихлоо?

-Дотоодын аялал жуулчлал эрс сэргээд эхэлсэн. Хэдийгээр сэргэсэн боловч дотоодын аялал жуулчлалаа статистикийн тоогоор бүртгэж чаддаггүй. Захиалга авч чаддаггүй, аяллын маршрутаа зарлаж сураагүй зэрэг алдаа бий. Үүнээс болоод магадгүй ганцхан Хөвсгөл аймаг руу хоорондоо ярилцалгүй бүгдээрээ сайн зам тавигдсан гэнэ лээ гээд гарчихад замдаа гацчихаж байна шүү дээ. Хүмүүс машин тэргээ эвдэж, замын осол гарч, иргэд амь нас эрүүл мэндээрээ хохирсон, орон нутгийн үйлчилгээ хамгийн муу зэрэгтээ хүрсэн явдал бий. Очсон хүмүүс ч нуурын эрэгт, модны хаяанд гурван чулуу тулж, жаахан хоол хийж идчихээд яг хэрэг дээрээ орчноо баахан бохирдуулчихаад ирж байгаа шүү дээ. Эзэн байхгүй хэдэн тонн хог хаячихаад л ирж байгаа. Ингэхээр дотоодын аялал жуулчлалын маршрутаа зарладаг, захиалга авдаг байсансан бол үүнээс хамаагүй илүү үр дүн авчрах байсан.

Усны бодлого дээр нэлээд ажил хийж байгаа юм билээ. Энэ талаар?

-Бид байгаль орчны талаар давын өмнө усны бодлогодоо нэлээд юм хийж байна. Усны тарифын бодлогодоо өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Мөн говийн гүний усны нөөцөө хянадаг тэр систем рүү шилжиж орлоо. Бид яаман дээрээ нийт 119 цэгийн гүний усныхаа нөөцийн мэдээллийг авдаг болсон. Энэ бол том дэвшил. Улаанбаатар хотын гүний худгууд дээр усны тоолуур тавих, нийслэл орчмын гүний усны нөөцийн менежментээ бүрэн хийж чаддаг байх чиглэлээр “К water” гээд Солонгосын усны нөөцийн газартай санамж бичиг байгуулан ажиллаж байгаа. Одоо Солонгосын төлөөлөгчид ирчихсэн байна. Энэ долоо хоногт ажлын хэсэг гараад тэдэнтэй хамтран Улаанбаатар орчимд байгаа гүний усны цооногуудын тооллого хийх зэргээр олон ажил хийнэ.

Мөн ойг эдийн засгийн нүдээр харъя гээд Монгол Улс анх удаагаа ойн зорилтот тооллого хийлээ. Ойд байгаа бүх ургамлын төрөл болон ойг нарийвчлан тоолсон. Ойг эдийн засгийн нүдээр хараад ойг цэвэрлэх, ойн зураас татах, босоо хатсан мод болон унанги модоо цэвэрлэх замаар ажлын байр бий болгоно. Мод модон материалын бэлдэц хийдэг энэ чиглэл рүү нэлээд ажил зохион байгуулж эхэлж байна. Хавраас энэ ажил нэлээд идэвхжинэ. Түүнчлэн бид усны сав газруудын захиргаадын байршлуудыг оновчтой тогтоох, хүн хүч ажлын чиг үүргийг оновчтой болгох чиглэл рүү нэлээд ажил хийсэн. Манай тусгай хамгаалалттай нутгийн захиргаадын хүрээнд “TFW” гээд Германы банкны санхүүжилтээр томоохон төсөл эхлээд явж байна. Энэ сарын 22 гэхэд бид эхний төслүүдээ авч эхлэх гэж байна. Энэ хавартаа ажлууд эхэлнэ. Нэлээд том үнийн дүнтэй төсөл байгаа. Үүгээр бид биологийн олон янз байдлыг авч үлдэх, тусгай хамгаалалттай газар нутагт амьдардаг иргэдийн биологийн олон янз байдлаа авч үлдэх чиглэлд оролцдог оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гээд их өргөн хүрээтэй төсөл хэрэгжих юм.

Туул голыг түшиглэж усан сан байгуулна гээд байгаа. Энэ ажил ямар шатанд яваа бол?

-“Туул гол ус усан цогцолбор” гээд Тэрэлж орчимд усан сан байгуулах ажлын ТЭЗҮ одоо ид хийгдээд явж байна. Бид Мянганы сорилтын сангийн хоёрдугаар компакт гэрээнээс санхүүжилтийг босгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ талаар би АНУ-аас манай улсад суугаа Элчин сайдтай уулзаж албан ёсоор хэлсэн. Ерөнхий сайдтай ч уулзаж бид энэ чиглэлээр ажил хэргийн хувьд тохиролцоод ерөнхий бодлогоо гаргачихсан байгаа. Яг ямар бүтээн байгуулалт болох вэ гэхээр юун түрүүнд Тэрэлж орчимд Туул гол дээр том усан сан хийнэ. Мөн усан сангаа эрчим хүчний чиглэлээр ашиглаж бага оврын усан цахилгаан станц барих юм. Усан сан байгуулснаар орчны агаар, уур амьсгалыг ихээр зөөллөнө. Агаарын чийгшил нэлээд нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Үүгээрээ бас агаарын бохирдлыг бууруулах нэг томоохон түлхэц болно гэж харж байгаа. Мөн Улаанбаатар хотынхоо гадаргуугийн усны балансыг сайжруулж усны нөөцөө нэмэгдүүлэхэд усан сан чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ чиглэлийн ажил хийгдэж байгаа.

Туул голын усан сан нэлээд өндөр төсвөөр хийгдэх том бүтээн байгуулалт болно. Манайд ер нь хэр ач холбогдолтой юм бол?

-Ач холбогдолтой. Тэр талаар хэлэх үг байхгүй. Дэлхийн томоохон бүх хотууд гол түшиглэж түүнийгээ ашиглаж усан сан бий болгосон байдаг. Эдийн засаг, нийгмийн утгаараа ч ач холбогдол ихтэй. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүч ашиглах чиглэл рүү явж байна. Тиймээс усан цахилгаан станц хэрэгтэй. Мөн усан цахилгаан станц барих явцад байгуулсан усан сан нь өөрөө гадаргуугийн усны нөөцөө барих болоод эко системийн хувьд чухал үүрэг гүйцэтгэнэ. Орчны агаарын чийгшлийг нэмэгдүүлэх сайн тал бий болгох юм.

Төсвийн хувьд ямар вэ?

-Одоо ТЭЗҮ боловсрогдоод сүүлийн шатандаа орж байна. Би тодорхой тоо хэлээд хэрэггүй байх гэж бодож байна. Учир нь гадны санхүүжилттэй төсөл учраас сайд нь урьдчилаад тоо хэлэх нь зохимжгүй. ТЭЗҮ-г эцэслэсний дараа тодорхой өртгийг нь хэлье.

Бүтээн байгуулалт нь хэзээнээс эхлэх бол?

-Бүтээн байгуулалтын хувьд том төсөл учраас цаасан дээр нэлээд хугацаа авна. Санхүүжилтээ босгох, хоёр талын гэрээ хэлцэлд бэлтгэхтэй холбоотой асуудлуудыг энэ жилийн эхний хагаст багтаахаар ажлаа шахаад явж байна.

Хог хаягдлын менежментийн талаар их ярьдаг болсон. Энэ талаар танай яам хэр анхаарч байгаа вэ?

-Хогийг мөн эдийн засаг гэсэн нүдээр харъя гэж байгаа. Энэ үүднээс хогийг дахин боловсруулах чиглэл рүү нэлээд томоохон алхмууд хийж эхэлж байна. Бид Австрийн нэг компанитай концессын гэрээ байгуулсан. Энэ хавар ажил нь эхэлнэ. Хог хаягдлаас эрчим хүч гаргаж авах бага оврын эрчим хүчний станц барина. Мөн хогийг ангилдаг болгох, хогийг тоолох, хогийн журнал хөтөлдөг болох гээд шинэ зүйлүүд орж ирж байгаа.

Солонгостой хамтарсан хог боловсруулах ганц нэг үйлдвэр барьж байсан. Гэвч төдийлөн нүдэнд үзэгдэх үр дүн гараагүй шүү дээ?

-Энэ ажил дээр тооцоо судалгаа нарийвчлан хийсэн. Гардан хэрэгжүүлэх компани нь ажлын туршлага ихтэй. Тийм болохоор амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна.

Зарим газрыг тусгай хамгаалалтад авахаар зэхэж байгаа гэсэн?

-Бид дөрвөн газрыг шинээр улсын тусгай хамгаалалтад авъя. Мөн дөрвөн газрын улсын тусгай хамгаалалттай хэсгийг өргөтгөл хийе гэсэн чиглэл бариад ажиллаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар энэ сарын сүүлээр оруулахаар бэлтгэж байна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

“ӨДРИЙН СОНИН”-Ы АРХИВ: Баячууд хүүхдүүдээ моринд байтугай Монголд ч ойртуулдаггүй

Өвлийн морин уралдааныг хориглоё гэж манай “Өдрийн сонин” сүүлийн 25 жил тэмцэж байна. Эхэндээ биднийг дэмждэггүй, буруутгадаг, шүүмжилдэг нь дийлэнх байв. Монгол ёс заншлаа уландаа гишгэгсэд гэж хараадаг. Хужаа хүн хуузын эрлийз гэх мэтийн элдэв доромж үг чулуудаж, ад үздэг байлаа. Харин сүүлийн арван жил манай тэмцэл төрийн бус байгууллага, олон түмний дэмжлэгийг авдаг боллоо. Өвлийн морин уралдааныг хориглоё, хүүхдийн эрхийг хамгаалъя гэсний төлөө зүхэж, харааж, элдвээр хэлж зүрхлэх хүн орчин үед алга болсон байна. Энэ нь цаг үе өөрчлөгдсөнийг, ард түмэн асуудлыг ойлгодог, төр засаг нь мэдэрдэг болсны илрэл юм. Жишээ нь өнгөрсөн 2013 онд Засгийн газраас өвлийн морин уралдааныг хориглох шийдвэр гаргаж байсныг санаж байна.

Гэхдээ өвөл морь уралдсан хэвээрээ байгаа нь асуудал. Уяачид, морь сонирхдог, морьд хайртай гэж өөрсдийгөө эрхлүүлэх дуртай баячууд юунд ч захирагдсангүй. Чөмөг царцаам тэсгим хүйтэнд нүүрэндээ үстэй адгуус уралдуулж зугаагаа гаргахдаа хүүхдийн эрхийг зөрчсөөр байна. Морьд уралдуулж хийморио сэргээх нь тэдэнд юу юунаас эрхэм гэнэ. Адгуус хурдлуулж бай шагналын их багыг хэмжиж, баярхаж суух нь хамгаас чухал юм байна. Хүүхдийн эрүүл мэнд, амь нас бол тэдэнд юу ч биш бололтой. Тийм учраас тэд сар шинийн баяраар далимдуулж морь уралдуулдаг. Амихандаа өвөл дуусангуут хаврын эхэн сард морь уралдуулж жудагтай загнаж байгаа царай нь. Гэвч манай сар шинийн баяр ихэвчлэн нэг, хоёрдугаар сард болдог.

Билгийн тооллоороо бол бидэнд хавар ирлээ гэдэг дохиог өгдөг нь үнэн. Гэхдээ тэр үед газар гэсч, халтиргаа гулгаа арилж, хүмүүс дан цамцтай гүймээр урин цаг ирсэн байдаг билүү гэвэл үгүй. Дүн хүйтэн өвлийн жавар тачигнаж, ид дагжруулдаг цаг. Ийм л үед хавар ирлээ гэж хөөрцөглөөд хурдан морины нуруун дээр хуруун чинээ хүүхдүүдийг хүлж тавиад ташуурддаг харгис хүмүүс.

Хөлдүү газар давхиж байгаа адгуус халтирна. Унаж яваа хүүхдээ унагаана, гэмтээнэ, гишгэнэ. Морины нуруун дээр баглуулсан нялх хүүхдүүд хүйтэн жавар залгиж, хацраа хайрч, гар хуруугаа хөлдөөнө. Эсвэл урд давхиа морины туучсан шавар ард яваа хүүхдийг нүүр нүдгүй “ороолгоно”. Шороотой цасанд нүдүүлж нүдүүлж барианд орсон хүүхдүүдийн нүүр царай танигдахын аргагүй шавар шавхай болсон байдгийг бид цөм мэднэ. Хамраас нь цус гарах, нүүрээ шалбалах зэрэг нь гэмтэлд тооцогддоггүй биз. Ер нь яаж ч бодсон алгын чинээ хүүхдэд ахадсан, санаанд багтамгүй хүнд хөдөлмөр гэж энэ. Наймхан настай балчир хүүхдийг хэл мэдэхгүй адгуусны нуруун дээр хүлж явуулчихаад эцэг, эх нь юу бодож хоцордог бол гэхээс гол зурмаар.

Мориноос унаж амиа алдсан хүүхдүүдийн тухай ярих ч юм биш. Хэдэн зуугаараа тоологдоно. Тэгж тархи нь цөмөрсөн гэнэ, ингэж элэг нь бяцарсан байна гэх мэтийн зүрх зүсэм яриа хүмүүсийн амнаас ам дамжин сонсогдоно. Эрэмдэг зэрэмдэг болж, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүд ч олон. Тал дундуур туучаад гарах адуун сүрэг дунд ойччихоод босч чадахгүй байсаар машинд дайруулж хорвоог орхисон бяцхан хүүгийн тухай ч шуугиж л байлаа. Энэ мэтээр яриад байвал хар дарсан зүүд шиг аймшигтай жишээ олон.

Харин морь уралдуулж таашаал авагчид даанч тоосон шинж үзүүлэхгүй. Энэ бол монгол ёс заншил, эртнээс уламжилсан өв соёл гэж хээвнэг хэлнэ. Бид ч морин дэл дээр өссөн. Хурдан морь унаж байгаа нь монгол хүүхэд болж төрсний бахархал гэх ухааны юм ярьж, өрөөлийг дэвэргэж, өөрсдийгөө хамгаална. Хүүхдээр морь унууллаа гэж зэмлэгсдийг морь мэдэхгүй монголоор нь дуудна. Хурдан морь унахын сайхныг та нар яаж мэдэх юм гэж загнах шахна. Өөрсдөө хээгүй, гүндүүгүй монголоороо үлдсэнээ шагшина. Тэрний морь тэнд түрүүллээ, тэдэн айраг авлаа, тийм бай шагнал хүртлээ, дэнж хотойтол сайхан наадлаа. Аймаг, улсын цол хэргэм авлаа гэдгээрээ сайрхахаас биш тэдэн хүүхэд бэртлээ. Ингэж хүүхдийн эрх зөрчлөө гэж ам ангайхгүй. Хурдан хүлэг хаа нэгтээ байна гэж дуулбал нутаг харгалзахгүй хайж, үнэ харамлахгүй шилж сонгоно. Найр наадмын цаг хүлээж тэсэхгүй бол өвөл ч хамаагүй морио уралдуулж, хүүхэд, мал зовоодог болжээ.

Нийгмээрээ ярьж, хэлж, төр засгийг шахаж шаардахаас нааш адгуус уралдуулан цэнгэлддэг баячууд хэзээ ч хүүхдийн эрхийг бодохгүй нь эндээс ойлгомжтой байна. Тиймээс өвлийн уралдааныг хориглох, бага насны хүүхдээр морь унуулахгүй байх талаар дорвитой өөрчлөлт хийе. Хурдан морины унаач хүүхдийн насны хязгаарыг нэмэх тухай байнга л ярьдаг. Гэлээ гээд ямар ч дорвитой өөрчлөлт гарсангүй. Хүүхдүүд морь унасан хэвээрээ байна. Тэгвэл хүүхдийг 16 нас хүрэхээр нь хурдан морь унуулдаг болгох шийдвэр гаргаж, ямар дүрэм, журам байдаг юм түүнд нь оруулъя. Бие жижигтэй том хүнээр хурдан морь унуулдаг болох дүрэм гаргая. Морин уралдаан зохион байгуулж ирсэн дэлхий дахины жишиг ийм л байдаг. Эхийнхээ өврөөс ч гараагүй шахам нялх үрээ адгуусны нуруун дээр тавиад явуулчихдаг бөх зүрхтэй ард түмэн дэлхий дээр манайхаас өөр хаана ч үгүй.

Дээрээс нь морин уралдааны замын уртыг наашлуулъя. Одоо бол манайхан нэг өртөө гаруй газар хурдан морио давхиулж байна. Ийм урт замд үхэн хатан давхисан морь барианд орохдоо шогшоод, зарим нь бахардаад унахаас өөр яах юм. Ингэж барианд орсон адуу, хүүхэд хоёрын аль алиныг өрөвдөхгүй, хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй. Энэ талаар Монголын хүүхдийн төлөө байгууллагууд олигтойхон тайлбар, таниулга хийж, гадны байгууллагуудад сурталчилмаар байна. Гэвч ийм хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байгаагийн баталгаа нь өнөөдрийг хүртэл хүүхдүүд хурдан морь унасаар л байна.

Тэр дундаа ядуу айлын хүүхдүүд хурдан морь унадаг. Алдар цуутай уяачид, баячууд хүүхдээ морь унуулах нь байтугай Монголд ч ойртуулахаа байсан. Монгол шиг утаа, униартай, соёлгүй, бүдүүлэг, хөгжилгүй газар алга гэж үздэг учраас тэр. Хүүхдээ боловсролтой, соёлтой болгоё гэвэл гадаадад сурга гэдэг ганцхан бодолтой. Тийм учраас тэдний хүүхдүүд морь унах нь битгий хэл Монголоос дайжин зугтаж байна. Оронд нь бид мэтийн энгийн ардын хүүхдүүд амь өрссөн “дайнд” хатаагдаж, адгуусны нуруун дээр халуун хүйтэн аль ч улиралд гагнаастай мэт давхиж, амьтан хүнийг зугаацуулах үүргийг гүйцэтгэж явна.

Мөнгөтэй нь мөнгөгүйгээ тав, арван цаасаар аргалж, нялх үрсийнх нь нүдийг хуурч, наадам цэнгэлдээ ашиглаж байна. Гэтэл үүнийг нь дэлхийн соёлт ертөнцөд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцчихсон байгаа. Хүний эрхийн үндэсний комисс ийм дүгнэлт хийчихсэн байдаг. Мэдээж алгын чинээ хүүхэд адгуус амьтны нуруун дээр хүлэгдээд нэг өртөө газар давхиж, барианд түрүүлэхийн тулд баруун солгойгүй ташуурдаж, гар хөлөө хөлдөөнө гэдэг байж боломгүй, тэвчишгүй хөдөлмөр гэдэг нь ойлгомжтой. Үүнийг таслан зогсооё. Насанд хүрээгүй хүүхдийг морь унуулж, малд ганцааранг нь явуулахыг хориглосон хатуу заалтыг Эрүүгийн хуульд оруулъя. Хориглосоор байтал зөрчөөд байвал эрүүгийн хэрэг үүсгэж, ял үүрүүлдэг байя. Ингэхээс нааш хүүхдээр хурдан морь унуулдаг байдлаа зогсохгүй юм байна.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Цэцгээ: Намайг шагнал авахад хүүгийн маань сэтгэл надаас илүү хөдөлсөн

Ситидээд сургуулийн дуурийн дуулаачийн багш Ж.Цэцгээ Монгол Улсын гавьяат жүжигчин цолоо авч гарч ирээд, гараа тэнгэр рүү алдалж, бурханд одсон ээж, аавдаа бахархалт мэдээгээ хамгийн түрүүнд дуулгажээ. Дуурийн театрын гургалдай хоолойт дуучин бүсгүйг алдарт хуурч Г.Жамъяангийн охин, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын ээж гэдгийг хүмүүс мэднэ. Биднийг ярилцаж суухад дуучин Д.Болд ээж рүүгээ утасдаж, өглөө телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ямар хувцастай байсан, гавьяатын тэмдгээ зүүж очсон эсэхийг нь лавлаж байна лээ. Ж.Цэцгээ багш 1974 оноос 2000 он хүртэл дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаад одоо багшилж байгаа гэнэ.

Гавьяат цол авсанд баяр хүргэе. Нэлээд хожуу ирсэн гавьяат уу?

– Яах вэ, “Лучше позже чем никогда” гэгчээр авсандаа баяртай байна. Ажил хийсэн, дуулсан нь үнэн л юм чинь.

Таны мөрөөдөл биелсэн болов уу, дуурийн дуучны оргил үе, мөрөөдлийн дүрүүдийнхээ тухай хуучлаач?

– Би Римский Корсаковын нэрэмжит Ленинградын консерваторыг 1974 онд төгссөн. Ленинградын хөгжмийн дээд сургууль гэдэг урлагийн том сүм шүү дээ. Тийм сайхан сургуульд сурсандаа баярлаж явдаг юм. Төгсч ирээд, Улсын Дуурь Бүжгийн академик театрт ажилд орж билээ. Тэр үед манай театр дэлхийн сонгодгуудаас тавьчихсан, Азидаа тэргүүлж байлаа. Би төгсч ирээд Дж.Вердийн “Травиата” дуурийн Виолеттад, нөгөө нь Риголтеттогийн Жильдад гээд мөрөөдөж явсан Вердийн хоёр ч дуурийн дүрдээ дуулсандаа баярлаж байдаг. В.Мураделийн “Октябрь” дуурийн Ленагийн дүрд ч дуулж байлаа. Жижиг, том гуч гаруй дүрд дуулсан. Д.Лувсаншарав гуайн “Шивээ хиагт” дуурийн Гэрэлд дуулсан, миний хайртай дүр байгаа юм.

Зарим дуурийн дуучид нийтийн дуу дуулаад олны танил болсон байдаг. Харин та зохиолын дуу дуулдаг уу?

-Цаг цагаараа байдаг. Бидний үед “Монгол дуу битгий дуул, хоолой эвдэрнэ” гэдэг байлаа. Ю.Цэдэнбал даргын сонгодог урлагийг Монголд сурталчлах тушаал гараад, тэр битгий хэл хөдөө бригадаар явахдаа ари, романс, жүжгийн хэсгээс дуулдаг байлаа. Би бол “Алтан гургалдай”-г дуулдаг байсан. Сайхан хүлээж авна. Өвлийн хүйтэнд галлагаатай клубт онгорхой даашинзтай, гял цал амьтан сонгодог урлаг сурталчилж явлаа. Шувуу шиг жиргэдэг, эмэгтэй хүний хамгийн нарийн хоолойг бурханаас надад заяаж дээ.

Та Г.Жамъяан хуурчийн охин. Мэргэжлээ сонгоход аав, ээжийн нөлөө байсан уу?

-Аав, ээжийн нөлөө байлгүй яахав. Бид эхээс тавуулаа. Том нь би, Батсайхан “Соёл эрдэнэ” хамтлагаар овоглодог, Баярсайхан хийл хөгжимчин, манай дүү Жаргалсайхан, Цогтсайхан хоёр өөр мэргэжилтэй, нэг нь хэлний хүн, нөгөө нь эдийн засагч. Харин би яалт ч үгүй урлагийн хүн болох дуртай байв. Аав ээжийгээ дагаад театрт очно, урлагийн тогоонд явна. Манай ээж хөгжимчин, хийл, хуучир эзэмшсэн хүн. Гэртээ шавь нартаа хичээл заана. Аав бас морин хуураа дарна. Манай аав зөөлөн, биднийг огт загнадаггүй, өглөө зургаан цагт явж, радиогоор төрийн сүлд дууллаа амьд хөгжмөөр тоглодог. Тэгээд театр дээрээ ажиллана. Киноны дуу бичнэ гээд шөнийн гурав, дөрвөн цаг хүртэл явна. Тийм хүн байлаа.

Таны хүү Д.Болд Төрийн соёрхол хүртсэн. Хүү нь ээжээсээ өмнө өндөр цол хүртэхээр юу бодогдох юм бэ?

-Би их бахархаж явдаг, би авсантай л адил шүү дээ. Манай хүүгийн хийлийн багш нь миний дүү Баярсайхан, эстрад талаасаа манай Батсайхан бас тэгж дуул гээд багад нь зааж өгдөг. Хүү маань гурав, дөрөвтэй байхдаа микрофон бариад дуулж үзүүлдэг, намайг дагаад дуурийн театрт ирнэ. Хүүхдийн дүрд тоглодог. “Чио чио сан”-д гэхэд л Х.Уртнасантай ээж хүү болж дуулсан. Чоно долоон ишигт туулай болсон. “Үнэн” дуурьт хүүхэд нь болоод дагаж явсан. Д.Болд миний отгон хүү. Том охин маань бас СУИС төгссөн шүү дээ. Дараа нь спортоор яваад, буудлагын спортын мастер болчихсон. Одоо Солонгост байгаа. Дараагийн хүү маань бас хөгжимчин виолончель (морин хийл) тоглодог байлаа. Зуурдаар өөд болсон, түүний хүү нь бас виолончель тоглодог.

Танай үеийнхэн бараг монголоос илүү оросоор ярьдаг байх шүү?

-Би чинь долдугаар ангиасаа Орост сурсан, 1959 он байлаа. Удирдаач Жамсранжав, Ерөө, Эрдэнэчимэг бид хэд шүү дээ. Тэр үед манайх Соёлын яамтай, Ч.Лодойдамба гуай сайд, урлагийн бодлогыг мундаг хийдэг байсан. Биднийг Москвад дунд сургуульд сургасан. Би чинь хормейстерээр төгссөн. Ирж гурван жил ажиллаад, тэр хугацаандаа Дуурийн театрт аав, ээжийг дагаж очоод дуучин болох юмсан гэж боддог болсон. Дараа нь дээд сургуульд дуурийн дуулаачийн мэргэжлээр сурсан даа.

Нөхөр тань таны шүтэн бишрэгч үү, яаж олж харсан бэ?

-Биширнэ ээ, манай нөхөр чинь архитектор. Эрдэнэтийн ерөнхий архитектор С.Доржсүрэн гэж залуу байлаа. Би Эрдэнэтэд тоглолтоор явж байгаад танилцсан юм. Эрдэнэтийн хүнийг хот руу авчирсан. Би чинь Дуурийн театраа хаяхгүй ш дээ.

Хүүхдүүдэд чинь ч урлагийн тал нь давамгайлжээ?

-Тийм. Нөхөр маань Д.Болдыг архитектор болгоно гэдэг байсан. Тэр үед нэг их барилга босдоггүй байсан. Тэгээд л Хөгжим бүжигт өгсөн.

Шагнал авсны дараа баяр хүргэсэн дуудлага тасрахгүй байна уу?

-Баяр хүргээд, ёстой л авах ёстой хүн авлаа гэх шиг янз бүрийн л юм ярих юм. Гоё юм аа.

Д.Болд хүү тань шагналыг чинь яаж хүлээж авав?

-Өө бүр нулимс дуслуулсан. Надтай хамт л Засгийн газрын ордонд гүйгээд байсан ш дээ. Надаас илүү сэтгэл нь хөдөлсөн. Ер нь сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн.

Таныг дуулж байхад аав тань ямар нэг зөвлөгөө өгдөг байв уу?

-Аав маань “Сайн л дуулах хэрэгтэй. Үнэн зүтгэх хэрэгтэй гэдэг байсан. Бид нар сонгодог тал руугаа болохоор эхэн үедээ ардын дуу дуулж чадахгүй. Анх төгсч ирчихээд “Үлэмжийн чанар”-ыг дуулсан чинь аав “Яг л орос хүн дуулж байгаа юм шиг байна, больж үз” гэж билээ. Аав өөрөө гоё дуулна. Тенор хоолойтой. Ардын дуу бас хэцүү шүү. Сүүлд нас ахиад ирэхээр ардын дууг ингэж дуулах ёстой юм байна гэж ойлгосон л доо.

Урлагийнхны атаа хорсол мөнхийн сэдэв шиг байгаа юм?

-Тийм юмгүй урлаг гэж байхгүй шүү дээ. Багш маань биднийг төгсөхөд хэлж байсан юм. “Тайзны арын атаа жөтөө байдаг, тэрийг тэвчиж өнгөрөх хэрэгтэй, сөгдөж болохгүй” гэсэн. Тийм юм байдаг л юм байх даа гэж бодож байлаа. Байдаг л юм билээ.

Таныг зарим хүн хэлмэгдсэн, атаа хорслоос болоод дарагдсан гэх яриа явдаг?

-Дарагдсан ч юу байх вэ. Тэвчээртэй явсны хүчинд зах зээлийн давалгаанд улсууд наймаанд явахад бид үнэнчээр театртаа байсаар байгаад л 2000 онд тэтгэвэртээ гарсан. Багшилж яваад ямар ч байсан гавьяатаа авлаа. Урлагт үнэнч явсан маань л боллоо. Бусад юманд анхаарч санаагаар унаж, тэрнээс болж театраа хаяж явсангүй.

Бүсгүй хүний хувьд хүссэнээрээ амьдарч чадсан болов уу?

-Чадсан гэж боддог. Хүүхдийнхээ ачаар сайхан амьдарч байна, тайван ажлаа хийж байна. Хүүхэд харж суусангүй. Харин миний муу ээж хүүхдүүдийг маань өсгөсөн дөө. Би бол тэгээгүй.

Дуулаачийн хувьд тайзан дээр гарч байгаа юу?

-Заримдаа дуулах юм байвал дуулна. Жар гарсан улсууд хүнд том дуурьт дуулахгүй ш дээ. Одоо харин монголжчихоод байгаа. Ардын дууны манер сурчихаад байгаа. Хөдөө их явдаг байлаа. 16 аймгаар явсан. Театрын орлого төлөвлөгөө биелүүлнэ. Тэр үеийн улсууд сонгодог урлагийг харин ч сайн хүлээж авдаг байсан. Бид хөдөө сум фермээр явдаг байсан. Хүүхдэд, том хүнд тоглоно. Манай урлаг хөдөөд хангалттай хүрдэг байсан. Гурван жилд хувцасны мөнгө өгнө, улсаас. Якут, Улаан Үдэд ч “Кармен”, “Учиртай гурван толгой тоглож байлаа. Сайхан хүлээж авдаг, биднийг. Анх бидний үед Монголдоо сонгодог урлагийг сурталчлах, ард түмэндээ ойлгуулахын тулд орчуулж дуулдаг байсан. “Травиата”-г монгол хэлээр дуулахад зарим хүн уйлж байсан.

Урлагийнхан хүүхэд төрүүлэх ч хориотой байсан гэдэг, үнэн үү?

-Дуурьт дуулж байгаад хүүхэд гаргаад чөлөө авбал цалин хасна. Тэр битгий хэл хэзээ сарын тэмдэг ирсэн гээд туслах найруулагч тэмдэглэл хөтөлдөг байсан. Манай бүжигчид бол бүр ганц нэг л хүүхэдтэй байгаа. Үсээ ч тайрах эрх байхгүй. Наадах чинь төрийн юм, зөвшөөрөлгүй үсээ тайрлаа, таргаллаа л гэнэ. Хожимдвол арга хэмжээ авдаг байлаа. Хатуу байлаа. Ю.Цэдэнбал даргын гэргий удирдаад, хөгжим бүжиг бүх юмыг анхаардаг байсан. Жүжиг тавилаа гэхэд эхлээд театрын уран сайхны зөвлөл үзнэ. Дараа нь Соёлын яамны уран бүтээлийн хэсэг, Улс төрийн товчооныхон үзнэ. Гурван шатаар дамждаг байсан.

Таны ид дуулж байх үеийн бичлэг үлдсэн үү?

-Радиод бий. Саяхан залуу авьяаслаг сэтгүүлч архивын бичлэг ашиглаад миний тухай нэвтрүүлэг хийсэн байна лээ.

Та ямар дуунд дуртай вэ?

-Дууриа л сонсоно шүү дээ. Хүүгийнхээ шинэ дуу, клип гарлаа гэвэл заавал сонсоно. Хүү маань яруу найраг сонирхоно. Багадаа “Болор цом”-ын яруу найрагчдыг дуурайж шүлэг уншдаг байлаа.

Дуулахаас өөр хобби байсан уу?

-Бодоод байхад үгүй л юм байна. Нэг хэсэг бараа ховор байхад бие биенээсээ асуугаад наполеон торт, вафли хийдэг байлаа. Хоолны сонирхол бас байсан.

Зах зээлийн үеийг яаж тэсч өнгөрөв?

-Урлагийн улсууд цалингаас цалингийн хооронд амьдарна. Өөр юм хийж чадахгүй юм чинь. Цагаар энд тэнд багшилдаг байлаа. Мөнгө ч сайн тоолж чаддаггүй улсууд шүү дээ, бид чинь. Мөнгө тоолохоор ямар хачин барьж тоолдог юм гээд намайг шоолдог ш дээ.

Та ямар зүүлт чимэгт дуртай вэ?

-Чулуун зүүлт их сонирхоно доо. Анар бугуйндаа зүүчихсэн явж байна. Нэг сард төрсөн хүмүүст тохиромжтой гэдэг юм билээ.

Categories
мэдээ цаг-үе

Ромео, Жульетта жүжгийг хориглох хэрэгтэй байна

Английн зохиолч У.Шекспирийн тэртээ XVI зуунд бичсэн “Ромео Жульетта хоёр” гэж зохиол байдаг. Энэ зохиолоор жүжиг, кино хийн ариун хайрын бэлгэдэл, үнэнч дурлалын түүх үүнээс өөр байхгүй гэх мэтээр магтан дуулдаг. Ромео, Жульетта хоёрынх шиг ариун хайр хаана байна вэ, ертөнцөд үүн шиг нандин дурлал байхгүй гэж цээжээ дэлдэн хийрхэцгээж байна. Хүн төрөлхтөнд алдартай уг зохиолд ерөөсөө л арван дөрөвхөн настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд бие биедээ хэрхэн дурлаж буй тухай өгүүлдэг. Улмаар жаахан хүүхдүүдийн дурлалыг хориглосны төлөө хоёулаа амиа хорлон үхэж буй тухай сурталчилдаг юм. Энэ бүхэн утга зохиолоос авах ёстой зөв үлгэр дуурайл мөн үү. Хар багадаа хэн нэгэнд дурласныхаа төлөө амиа хорлоно гэдэг хэрхэвч зөв зүйтэй алхам биш. Зохиолын өгүүлэмж орчин үеийн бодит амьдралтай огт нийцэхгүй байна. Одоо үед хүмүүс хэрсүү болсон. Урт насалдаг болсон. Бид хоёрыг учруулсангүй гэсэн жижигхэн шалтгааны улмаас амиа хорлохдоо хүртэл бачуурахаа больсон байна. Ромео, Жульетта хоёрын амиа хорлож үхдэг нь хайр дурлал гэхээсээ илүүтэй хэт хувиа бодолтын сонгодог дууль. Хэрэв зохиолд гардагчлан 14 настай хоёр хүүхдийн амийг хорлуулахгүйгээр 18 насанд хүргэсэн бол яах байсан бол. Зүгээр л дөрвөн жилийн турш бие биенээс нь хол, огт уулзуулахгүй байсаар 18 нас хүрэх үед нь дахин учруулсан бол урьдынх шигээ нэгэндээ дурласаар байх байсан болов уу. Гал халуун дурлал нь урьдынх шигээ дүрэлзэн нэг хором хамт байхын төлөө бүхнээ зориулах байсан болов уу. Аягүй бол аль хэдийнэ нөгөөхөө байдаг гэдгийг ч мартчихсан тууж явах байсан биз. Бүр цаашлаад 28 настай байхад нь уулзуулбал амиа золиослоход хүрээд байсан сэтгэл нь хэвээрээ байна гэж байх уу. Орчин үеийн 28 нас гэдэг бол ид залуу нас. Хайрандаа шатаж, зүрх сэтгэлээрээ дурладаг нас. Энэ насанд шохоорхлын байдлаар биш чин сэтгэлээсээ нэгийгээ хайрлан гэр бүл зохиодог учиртай. Ингээд бодохоор Ромео, Жулиетта жүжиг орчин үетэй огтхон ч нийцэхгүй байна. Бидний амьдарч байгаа нийгэмд урлаг, утга зохиол болон амьдралын тухай сургаалууд бодит амьдралтай нийцэхгүй болоод удаж байна. Орчин үед ч биш аль хорьдугаар зууны сүүлээс л нийцэхээ больсон доо. Энэ цаг хугацаа сэтгэгчдийн хувьд бүр XVIII зууны сүүл болж урагшлах байх. Утга зохиол бодит амьдралтай тохирохгүйгээр зогсохгүй нийгмийн амьдралд хортой нөлөө үзүүлж эхэлж байна. Үүний хамгийн бодит жишээ бол “Ромео, Жульетта хоёр” зохиол.

Саяхан арван дөрөвхөн настай, аав ээжийнхээ хайранд умбах ёстой цэцэг цэврүү шиг хоёр охин амиа хорлосон хэрэг гарлаа. Захиа өгч байсан банди өөрийг нь тоосонгүй гэсээр тэд энэ ертөнцөөс өөрийнхөө хүслээр явчихсан. Үнэндээ 14 гэдэг бол дурлал ярьж, гэрээслэл бичих нас биш. Арван дөрөвтэй хүүхдүүд ирээдүйн урт удаан, аз жаргалтай амьдралдаа бэлдэж, мэдлэг мэргэжилтэй болохоор өөрийгөө бэлддэг үе. Ёс суртахуунтай, нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлдэг сайн хүн болохын төлөө суралцдаг нас. Энийг охид, хөвгүүдэд зөв сурталчлан ойлгуулах хэрэгтэй байна. Жинхэнэ бодит амьдрал дээр 18 нас ч дурлал ярих үе биш. Гэтэл амьдралын их далайд хөл тавиагүй байгаа насанд нь хайр дурлалаас өөр зүйл байхгүй мэт ойлголт төрүүлж байгаа нь буруу. Хэн нэгэнд хайртай болж, хэн нэгнээр хайрлуулахгүй бол амьд явах ямар ч утга учиргүй мэтээр зогсоо чөлөөгүй сурталчилж байгаа энэ үед монгол охид харин ч гүжирмэг юм. Нэг үгээр хэлбэл цөөн тохиолдолд амиа хорлож байгаа нь бусад улстай харьцуулахад харин ч бага. Гэтэл худалч хүнд Япон, Солонгосын өсвөр насны охид, хөвгүүдийн бараг тал нь амиа хорлочихдог юм билээ. Тэнд нүүрээ будсан шалдан охин, дэрс шиг бандид дурласан дунд сургуулийнхан хиарах хэмжээнд очтолоо амиа хорлодог гэсэн. Тэрэнтэй харьцуулахад монгол охид харин ч гүжирмэг байна. Яагаад гэвэл ном зохиол, театр, зурагтаар өдөр шөнөгүй тэсэхийн аргагүй сурталчилгаа явах юм. Хэн нэг хүнтэй хайр дурлалаар холбогдож, үржих үйл ажиллагаанд орохгүй бол хүн биш мэтээр сурталчилж байгаагаа зогсоомоор байна. Хайр дурлал гэдэг чинь эцсийн дүндээ хүний өсөн үржихтэй холбоотой шүү дээ. Энэ бол байгалийн зохилдлого. Үүнийг арай хэтэрхий сурталчилж байна. Уг сурталчилгааг аль ч цаг үед “Ромео, Жульетта хоёр” жүжиг манлайлсаар ирлээ. Залуус, тэр дундаа өсвөр насныханд маш буруу үлгэр дуурайл үзүүлдэг энэ буруу сурталчилгааг болиулъя. “Ромео, Жульетта хоёр” жүжгийг хаая. Амьдрал гэдэг чинь зөвхөн хайр дурлал биш юм шүү гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Бодит амьдрал дээр 14 насандаа амиа хорлоогүй байсан бол 20 жилийн дараа мэдлэг мэргэжилтэй, тогтсон ажилтай, түших хань, тэврэх үртэй болчихсон аз жаргалаар бялхан амьдрах учиртай. Тэр үед хорин жилийн өмнө дурлаж явсан хүүхдээ эргээд нэг хараарай. Аягүй бол энэнд би дурлаж явсан гэж хэлэхээсээ ч ичнэ дээ. Ихэнх тохиолдолд тийм л байдаг.

Монголын урлаг, утга зохиолд гарч байгаа үйл явдлыг тоймлоё л доо. Алдартай, баян болчихсон хүүхэд багадаа дурлаж явсан анхны хайрын эзэнтэйгээ 20 жилийн дараа уулздаг. Эртний дурлалт хос эргэн уулзсан тэр өдрөөсөө хойш хагацаж салалгүй өмнөх дурлалаа сэргээсэн хойноо хань, үр хүүхэд гээд байдаг бүхнээ орхиод явчихна. Гэвч үнэндээ бодит, жинхэнэ амьдрал дээр хэзээ ч ийм байдаггүй. Өнөөх балчир насандаа хайртай байсан банди нь хогийн архичин, эсвэл худалч, хулгайч болчихсон байдаг. Үнэндээ ийм хүнтэй хэн эргэж нийлэх вэ дээ. Үгүй ядаж л ганц орой ярилцаж сууя гэхээр хөлснийх нь эвгүй үнэр үнэртээд хэцүү биз дээ. Утга зохиолд ингэж бичээд байхаар бодит амьдралд хэтэрхий гологдож байна. Ингэж бичиж байгаа нь орчин үеийн хүмүүсийн сэтгэхүйд огтхон ч нийцэхгүй болчихлоо. Тиймээс бүгдийг өөрчилж, жинхэнэ амьдралд ойртуулж бичмээр байна. Эрт үеийн хоцрогдсон арга барилаар бичсэн ном, зохиолыг уншихад цаг хугацаа ч хайран болчихсон. Дээрээс нь амьдралд байх боломжгүй худлаа, буруу сурталчилгаа явуулж байгааг таслан зогсооё. Хойч үеийнхэндээ хэн нэгэнд дурласнаас болж амиа хорлодог гэх буруу сурталчилгааг уншуулмааргүй, үзүүлмээргүй байна. Хэрэв бид үүнийг эрт мэдэрсэн бол, эрт эхлүүлсэн бол Монголын ирээдүй болсон 14 настай алдрай жаахан охид амьд сэрүүн байх ч байсан юм бил үү. Дурлалдаа шатаж амиа хорлодог биш, сайхан амьдрал цогцлоохын төлөө сайн сурах ёстойг сурталчилдаг болъё. Бид амьд байх нь юу юунаас илүү чухал билээ.

Categories
мэдээ цаг-үе

Үндэснийхээ хөгжмийн гайхамшгийг ард түмэнд таниулж чадсан нь түрүүлэхээс илүү ололт байлаа

“Авьяаслаг монголчууд”
шоу өндөрлөөд удаагүй байгаа билээ. Тэгвэл уг шоуны шилдэг оролцогчид өнөөг хүртэл
үзэгчдийн сонирхлыг татсаар байна. Шоуны шилдэг оролцогчид шинэ жилийн захиалга
ч ихтэй байсан бололтой. “Авьяаслаг монголчууд” шоуны хоёрдугаар байрт шалгарсан
ёочинчин Х.Бархүү, лимбэчин Б.Мягмарцэрэн нараас зарим зүйлийг тодруулж, сэтгэгдлийг
хуваалцсанаа хүргэе.

-Үндэсний хэмжээний шоунд оролцож
хоёрдугаар байрт шалгарсанд баяр хүргэе. Шилдгийг шалгаруулах тэр мөчид түрүүлэх
болов уу гэсэн найдлага дүүрэн байсан биз?

Х.Бархүү: -“Эгшиглэнт
чимээ” хамтлагийнхан шоуны ялагч болсонд бид хоёр үнэхээр их баярлаж байгаа. Бүгд
л өөр өөрийн гэсэн өвөрмөц төрхийг агуулсан оролцогчид байсан. Монгол гэсэн тодотголтой,
Монгол хүний оюун сэтгэл, ур ухаанаар бүтсэн, зохиосон бүх л зүйл дэлхийд гайхагдаасай
гэж хүсч байна. Ялагчийн тухайд гэвэл бид хоёр өөрсдийгөө шилдэг гуравт үлдэх хүртэл
хол явна гэж бодож байсангүй ээ.

-Яагаад?

-Үндэсний хөгжмийг үзэгчид тэр бүр
ойшоодоггүй шүү дээ… /инээв/. Бид хоёрын хувьд шоунд орж ялагч болохдоо бус монголчууд
юу чаддагийг харуулахыг л хүссэн. Харин үзэгчид биднийг их сайхан хүлээж авсан.
Авьяас гэдэг дуу бүжгээр хязгаарлагдах зүйл биш гэдгийг зарим хүмүүст ойлгуулахыг
хүссэн. Бид хоёрдугаар байрт орсондоо огтхон ч харамсахгүй байгаа. Харин ч энэ шоунд
оролцсоноо их сайхан хувь заяа гэж бодож байгаа. Тиймээс биднийг дэмжиж санал өгсөн
монголчууддаа талархсанаа илэрхийлье. Мөн дэлхийн хэмжээнд зохион байгуулагдсан
“Got talent” шоуг Монголд зохион байгуулсан “Монгол HD” телевизийнхэндээ маш их
баярлаж байна. Мэдээж өрсөлдөгчийн хувьд “Эгшиглэнт чимээ” хамтлаг үнэхээр гайхалтай
өрсөлдөгч байсан. Яагаад гайхалтай гэж байна вэ гэхээр тэр олон эрч хүч, инээд хөөрөөр
бялхсан хүүхдүүд, ядрахыг мэдэхгүй хүүхэд насны цог золбоо тэдэнд байсан.

Б.Мягмарцэрэн: Бид хоёр
өмнө нь зүгээр дээлээ өмсөөд тайзны хойно суугаад, эсвэл зогсоод тоглодог байсан
бол Монголын ард түмэн юунд дурлаж, юуг илүү ихээр залуу үе биднээс хүсч байгааг
ойлгосон. Хүүхэд залуучууд маань хүртэл юуг үзэж харахыг, сонсож мэдрэхийг хүсч
байгааг мэдэрсэн. Тиймээс Бархүү, Мягмарцэрэн хоёрын хувьд шилдэг наймд үлдсэн нь
хамгийн азтай хэрэг. Тэгээд ч Бараа ах бид хоёр “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхаа
дүү нар болоод С.Жамьянхорол багшаас дутуугүй тэдний өмнөөс баярлаж байгаа. Дүү
нар дундаас Монголдоо төдийгүй дэлхийд гайхагдах хөгжимчин төрөн гарна гэдэгт итгэлтэй
байна. Тэр урам зоригийг дүү нар “Авьяаслаг монголчууд” шоунаас авсан гэж бодож
байгаа.

-Шоунаас хойш ямар уран бүтээл хийж
байна даа?

Х.Бархүү: -Шоуны хамгийн
сүүлийн шатны шалгаруулалт дуусаад сар арай хүрэхгүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд
бид хоёр шинэ онд болон цаашид хийх уран бүтээлээ төлөвлөөд ажиллаж байна. Анх “Монгол
HD” телевизтэй жил зургаан сарын гэрээ байгуулсан. Энэ хүрээнд олон зүйл дээр хамтарч
ажиллахаар ярилцаж байгаа. Одоохондоо нууцалсан нь дээр байх аа.

-Шинэ жилийн захиалга их байв уу?

Б.Мягмарцэрэн: -Шинэ жил,
баяр ёслолын арга хэмжээндээ ирж уран бүтээлээ хүргээч гэсэн олон санал хүсэлт бид
хоёрт ирсэн шүү.

-Та хоёр аль сургуулийг төгссөн
бэ.
Нутаг усныхаа тухай яриа дэлгээч?

Х.Бархүү: -Би Завхан
аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн.Бид хоёр хоёулаа Хөгжим бүжгийн коллежийг төгссөн.
Би 12 настайдаа шалгалт өгч элссэнээр анх хөгжимчин болох гараа маань эхэлж байлаа
даа.

Б.Мягмарцэрэн: -Харин би
Говь- Алтай аймгийн Алтай хотод төрсөн. 2003 онд хотод орж ирсэн. 12 настайдаа
2002 онд Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежид элсээд 2003 онд хотод ирж Хөгжим
бүжгийн коллежид суралцсан.

-Хичнээн жил хамтарч уран бүтээл
хийж байна вэ?

Б.Мягмарцэрэн: -Бархүү ахын
хувьд “Улаанбаатар чуулга” анх байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа.
“Улаанбаатар чуулга” анх 2006 онд байгуулагдаж 2011 онд одоо байгаа байрандаа нүүж
ирсэн юм. Би 2010 онд “Улаанбаатар чуулга”-д орсон. Тэр мөчөөс л Бархүү ах бид хоёрын
хамтын уран бүтээл эхэлсэн гэж хэлж болно.

-Өөрсдийн хөгжимд тохируулан найруулсан
хичнээн хөгжмийн аятай болсон байна вэ?

Х.Бархүү:-Миний Монголын
үндэсний хөгжим асар баялаг, дэлхийд гайхуулах өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй. Тийм
учраас бидний уран бүтээл барагдашгүй юм. Яг өөрсдийн гардаж найруулсан хөгжмийн
зохиол гэвэл хүүхэд байхаасаа зохиосон зүйлүүд гээд нэлээд юм бий. Яг нарийн тоолж
байсангүй.

-Энэ шоунд орсноор уран бүтээлчдийн
хувьд авууштай зүйл юу байв?

Х.Бархүү: -Шоунд оролцсоноор
бид хоёр үндэсний хөгжмийг залуучуудад түгээх цаашлаад үндэсний хөгжмийн талаар
хүмүүсийн боддог бодлыг өөрчилж чадсан болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ санаа
дан ганц бид хоёрынх байгаагүй. Маш олон чадварлаг залуучууд бид хоёртой хамтарч
ажилласан. Монгол телевизийн хөгжмийн найруулагч С.Буянтөгс, “Улаанбаатар чуулга”-ын
хөгжмийн зохиолч О. Чинбат, Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан зэрэг хүмүүс
ажилласан. Энэ бүх хүмүүстээ баярлалаа.

-Та хоёр цаашдаа уран бүтээлээ ямар
байдлаар хийхээр төлөвлөж байна вэ?

Х.Бархүү: -Бид хоёр
ардын хөгжмөө цаашид улам дэлгэрүүлж орчин үеийн залууст сонирхолтой болгож дэлхийд
улсынхаа нэрийг гаргахыг зорьж байна даа.Илүү сайхан уран бүтээлүүд хийж үзэгч сонсогчдодоо
барина гэж бодож байна. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноор ардын хөгжмийг
сонсдог залуучууд нэмэгдсэн байх гэж бид найдаж байгаа. Энэ бол бид хоёрын үндэснийхээ
хөгжмийг хөгжүүлэхэд оруулсан бага ч гэсэн хувь нэмэр болов уу.

-Яагаад энэ шоунд оролцох болов?

Б.Мягмарцэрэн: -Бархүү ах
бид хоёр өнгөрсөн хавар Тайваньд очиж тоглолтод орсон юм. Тайваниас ирээд удаагүй
байтал “Авьяаслаг монголчууд” шоуны Улаанбаатар хотын шалгаруулалт болсон. Чуулгын
дарга Р.Мөнхсайхан ах бид хоёрыг Тайваньд тоглосон номероороо орооч гэж хатгасан.
Тэгээд бид хоёр ч “Яадаг юм үзээд алдъя” гэж шийдээд анх “Авьяаслаг монголчууд”
шоунд бүртгүүлсэн.

-Шоуны хагас шигшээ тоглолтод ороход
та хоёрын хувцаслалт, үзүүлбэр гээд маш содон санагдсан. Хувцаслалтын тал дээр янз
бүрийн шүүмжлэл ч байсан?

Б.Мягмарцэрэн: -Бид зохиолдоо
тааруулсан. Цахилгаан хөгжимчидтэй тоглох болохоор үндэсний дээл өмсөөд суугаад
байж болохгүй шүү дээ. Монгол хүний оюун, ур ухаанаар бүтэж сэтгэлээ шингээн урласан
хувцсыг өмссөн. Ингэхдээ орчин үеийн хувцасны загварыг үндэсний хувцастай хэрхэн
зохицуулж болохыг харуулсан гэж бодож байгаа. Ер нь “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн
багаас бид хоёрт маш их тусалсан. Хувцаслалт, хөгжмийн найруулга, үзүүлбэр, тайз,
гэрэл, лед дэлгэц гээд олон зүйл дээр бидэнд туслалцаа үзүүлсэн. Жижиг гэлтгүй бүх
зүйлс дээр бүх оролцогчдод өөрсдийн сэтгэлээ шингээж хүмүүст сайхан зүйл үзүүлэхийн
төлөө бид хамтдаа хичээсэн. Манай хамт олон ч мөн адил биднийг их дэмжсэн. Хувцаслалтын
тал дээр шоуны багийнхан санаачилгыг нь гаргаж бидний зүгээс дэмжиж хийлгэсэн байгаа.

-Гэр бүлтэй юу?

Х.Бархүү: -Бид хоёр
хоёулаа гэр бүлтэй.

-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноор
уран бүтээлчдийн хувьд ололттой тал нь чухам юу байв?

Х.Бархүү: -Үндэснийхээ
хөгжмийн гайхамшгийг ард түмэнд таниулж чадсан нь түрүүлэхээс илүү ололт байлаа.
Мөн энэ шоунд оролцсоноор олон зүйл ойлголоо. Шоу гэж ямар байдаг, ямар байх ёстой,
хөгжмийн найруулга, хувцаслалт гээд л тоочоод баршгүй их зүйлийг сурч мэдэж авлаа.
Хэдий гадаадад тоглолт хийж байсан ч тэр болгон нарийн зүйлийг мэддэггүй байж.

Б.Мягмарцэрэн: -“Авьяаслаг
монголчууд” шоунд оролцсоноор бид хоёр өөрсдийгөө эвдэж шинэ зүйлүүдийг туршиж,
үзэгч түмэндээ харуулж чадсандаа баяртай байгаа. Чука шүүгчийн хэлснээр хөгжимчид
дээлээ өмсөөд хүмүүсийн ард л тоглодог байсан. “Авьяаслаг монголчууд”-д
оролцсоноор өөрсдийгөө нээж чадсан гэж хэлж болно.

-Шоуны үед болсон сайхан дурсамжаасаа
эргэн хуваалцахгүй юу?

Б.Мягмарцэрэн: -Шоуны үеэр
бага зэрэг хариуцлага алдаж ерөнхий продюсер Ч.Номин захиралд загнуулсан нь мартагдашгүй
юм даа.

-Яагаад загнуулсан юм бэ?

-Хамгийн сүүлийн бэлтгэлийн үеэр
арын хөгжимчид ирээгүй байсан юм. Хүн бүр өөрөө өөрсдөдөө эзэн нь болж хариуцлагаа
ухамсарлах хэрэгтэй. Энэ олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэж байгаа шоуг тэрхэн үед
үгүй хийчихэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж өөрсдийгөө буруутгаж их гэмшсэн дээ.
Бас сайхан дурсамж болон үлдсэн гэж болно.