Categories
мэдээ цаг-үе

Европын хөлбөмбөгийн шилдэг дөрвөн лигийн өнөөгийн дүр төрх, байдал

ГЕРМАНЫ БУНДЕСЛИГ

Хэдийгээр Мюнхений “Бавари” энэ жил түрүүлж ээлжит аваргын цомоо өргөнө гэдэг нь тодорхой ч гэлээ Ла лигийг бодвол ямар ч багийн тоглолт үзэгчдээр пиг дүүрэн байдаг зөв зохион байгуулалттай лиг бол Германы Бундеслиг билээ.

Нийт 18 баг 34 тойрог тоглох ёстойгоос одоогийн байдлаар 17 давааг өнгөрөөгөөд байна. Яг тал замаа туулсан Бундеслигт “Бавари” 46 оноотой тэргүүлж байгаа бол хоёрт бичигдэх “Борусси”Дортмунд түүнээс найман оноогоор хоцорч байна. Харин гуравдугаар байранд тэр бүр хөлбөмбөгийн балиашигуудын “аманд” байдаггүй Берлиний “Герта” баг гарч ирлээ.

Япон, Өмнөд Солонгосоос олон хөлбөмбөгчид тоглодог, дэлхийн хэмжээний том одууд “Бавари”-гаас бусад багуудад бараг байхгүй, ихэвчлэн хойд Европын харьж яваа одуудаар эгнээгээ дүүргэдэг багуудтай гэхэд Бундеслиг дотооддоо сонирхолтой тоглож чаддаг, үзэгчдээ алддаггүй, Европын дэвжээнд ч гэлээ нэр нүүрээ хамгаалж чаддагийн жишээ нь Аваргуудын лигийн тоглолтууд билээ.

ИСПАНИЙН ЛА ЛИГ

Испанийн мэргэжлийн хөлбөмбөгийн лиг буюу удахгүй ерэн жилийнхээ ойг тэмдэглэх Ла лигийн хорин баг одоогийн байдлаар 18,19 тоглолтын ард гараад байна. Хэтрүүлж хэлэхэд “Барселон”, “Реал” гэдэг хоёр багийн хооронд л аваргын титэм нь шилжиж байдаг Ла лигт харин сүүлийн дөрөв таван жил “Атлетико” Мадрид хэмээх өвөрмөц тоглолттой баг шаантаглаад ороод ирсэн.

Одоо энэ баг 44 оноотойгоор Ла лигийг тэргүүлж байгаа. Гэхдээ өнгөрсөн сард Япон улсад зохиогдсон багуудын ДАШТ-д оролцож түрүүлсэн “Барселон” дээрх тэмцээнээс шалтгаалан нэг тойрог хоцорсон тул түүнийгээ нөхөөд жагсаалтын эхэнд бичигдэхийг үгүйсгэхгүй л дээ. Түүний мөнхийн өрсөлдөгч Эзэн хааны баг гэгддэг “Реал” Мадрид улирлын дундуур ахлах дасгалжуулагчаа солилоо. Анхнаасаа л багийнх нь хөлбөмбөгчид Рафа Бенитесийг хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтайг мэдсээр байж түүнийг авчирсан “Реал”-ын удирдлага түмэн буруутай. Ийм үед аль ч багийн хөлбөмбөгчдийн дургүйцлээ илэрхийлдэг гол арга болох маруухан тоглоод эхэлдэг аргийг “Реал”-ын одууд Роналдугаар ахлуулан гүйцэтгэсээр байгаад хөөрхий Бенитесийг явуулчихлаа. Сайн дасгалжуулагчдыг амны алчуур мэт сольдог “Реал”-ын боссууд энэ удаа харин шилдэг дасгалжуулагч урьсангүй, өөрийнхөө залуучуудын шигшээгийн дасгалжуулагч байсан нэгэн цагийн шилдэг хөлбөмбөгч боловч дасгалжуулагчийн хувьд “ногооноороо” Зинедин Зиданыг томилж гайхшрууллаа. Гэхдээ энэ бас зөв хувилбар байж болох юм. Хамгаалагч Рамос “Ёох, Бенитес явж санаа амарлаа. Бид Зиданыг бүхий л талаараа дэмжиж тоглох болно” гэх утгатай ярилцлага өгснөөс харвал тэдний амжилт дээшлэх бололтой.

Сүүлийн найм,есөн жилийн туршид дэлхийн шилдэг хөлбөмбөгч цолыг хүртэж байгаа Месси, Роналду нарын тоглодог лиг юм шүү дээ гэж Ла лигийг тодорхойлбол үнэхээр мундаг юм аа гэхээр. Гэхдээ хоёр гранд багуудын тоглолтоос бусад багууд тоглохоор үзэгч бараг цуглардаггүй цэнгэлдэх харагдах нь ерөнхийдөө дампуурч буй илрэл мэт.

АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ

Энэ цаг үеийн хамгийн шилдэг, үзүүштэй, өрсөлдөөнтэй лиг болох Английн Премьер лигийн 21 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрөгч шөнө явагдлаа. Нийт 20 баг оролцож 38 тойрог тоглох ёстой Английн УАШТ-д одоогийн байдлаар нэр заагаад хэлчихээр цойлж гарсан лидер байхгүй, нийтдээ долоо, найман багийн дунд түрүүлэх асуудал яригдсан хэвээр байна. Өнөөдөр хэлж болох нэгэнт болоод өнгөрчихсөн асуудал гэвэл өнгөрөгч улирлын аварга Лондонгийн “Челси” энэ жил түрүүлж чадахгүй нь ойлгомжтой болсон. Тэдний зорилго түрүүлэхэд бус шилдэг дөрөвт багтаж ирэх жилийн Аваргуудын лигт багтахын төлөө гэдэг лозунгтай уралдаж байгаа. Одоогийн байдлаар Премьер Лигийг “Арсенал”, “Лестер” багууд 43 оноотойгоор хамтдаа тэргүүлж байгаа бөгөөд 21 дүгээр тойрогт “Арсенал” “Ливэрпүүл”-тэй 3:3-аар тэнцсэн бол “Лестер” “Тоттэнхэм”-ийг нутагт нь 0:1-ээр хожлоо. Лестер хотын “Лестер” хэмээх баг өнгөрөгч жилийн өдийд хамгийн сүүлийн байранд жагсаж доошоо унах магадлалтай багийн тоонд бичигдэж байсан бол өнөөдөр шилдгүүдийн эгнээнд санамсаргүй бус авьяас чадвараараа хүч түрэн зогсож байгаа нь гайхалтай. Жижигхэн төсөвтэй, нэр заахаар том одгүй, түүх яримаар сүрлэг хотод харьяалагддаггүй гээд өчнөөн “дутагдалтай” мөртлөө Премьер Лигийн уламжлалт томчуудтай ана мана үзэлцэж байгаа “Лестерийн үнэгнүүдийг” магтахаас өөр гарцгүй. Түүнчлэн 2004 оноос хойш аваргалж үзээгүй байгаа Лондонгийн “Арсенал” энэ улиралд овоо гайгүй өнгөлөг байна. Тэд энэ жил тун сайн хаалгачтай болсноос гадна багийн бүрэлдэхүүн нь тогтворжиж гадагшаа одуудаа алдахаа больсон нь нөлөөлж эхэллээ. Тьерри Анригаас хойш “Арсенал” улирал дуусах бүрт аль өөдтэй гэсэн хөлбөмбөгчдөө өрсөлдөгч нартай “бэлэглэдэг” байлаа шүү дээ. Ван Перси, Насри, Коло Турэ, Санья, Фабрегас гээд олон сайн хөлбөмбөгчдийг алдаж байсныгаа санхүүгийн хүндрэлтэй холбож тайлбарладаг байлаа. Харин одоо мөнгөний гачаалаас гарсан тул одуудаа алдахгүй харин ч олшруулж шинэ оргил өөд тэмцэж байна гэж ахлах дасгалжуулагч Арсен Венгер хэлсэн байсан. Мөнгөтэй бас бөөн одуудтай мөртлөө өөдлөхгүй байгаа нэг баг байгаа нь “Манчестер Юнайтед”. Эсвэл гоол оруулж чадахгүй баахан “хуурай” тоглолтуудыг өнгөрөөнө, үгүй бол оруулсан гоолтойгоо адилхан тооны бөмбөг хаалгандаа алдаж хайнаагаар тэмцээнээ дуусгадаг ийм нэгэн “саарал” баг одоогийн байдлаар долдугаар байрт бичигдэж байна. Дасгалжуулагч Ван Гаал өнгөрөгч улирлын төгсгөлд “бид дараа жил түрүүлэх багуудын эгнээнд жагсана” гээд сүржин мэдэгдээд байсан нь яасан бэ гэмээр. Хамгийн гол нь нэгэн цагт цоглог дайчин тоглолтоор бусдыг айлгаж хожсон ч хожигдсон ч дуутай шуутай нааддаг байсан Фергюсоны “хүүхдүүд” өнөөдөр хачин үлбэгэр, алдаа гаргаад загнуулах вий гэх хэмжээний аймхай тоглодог болчихлоо.

Премьер Лигийн доод хэсэгт ч гэлээ хэн хасагдаж Чемпоншип руу унах вэ гэдэг нь тодорхойгүй байна. 14 дүгээр байранд бичигдэж байгаа “Челси”-гээс эхлээд “Астон Вилла” хүртэлх зургаан багийн аль нь ч бүдрэх магадлал өндөр.

ИТАЛИЙН СЕРИ А

Италийн хөлбөмбөгийн дээд лиг Сери А-д яг одоо Неаполь хотын “Наполи” баг 41 оноотой тэргүүлж явна. Гэхдээ түүний араас “Ювэнтүүс”, “Интер”, “Феоринтино” гэсэн гурван баг “ганц алхам”-ын зайтай хөөж ч

байна. Сери А өнгөрөгч зууны ерээд оны хавьцаа хамгийн үзүүштэй УАШТ гэгддэг байсан ч гэлээ хээл хахууль, тохирооны тоглолтууд, шүүгчдийн бульхай зэргээс шалтгаалан доошоо уруудсан. Сайн хөлбөмбөгчид очихоо байж сонирхолгүй болсон үе харин хойно хоцорч байгаа бололтой. Лиг нь эрүүлжиж буйн гол шинж болох багуудын хооронд дахь онооны зөрүү багассан нь үзэгчдийг буцаан авчирч буй. Одоогийн байдлаар хорин багийн ихэнх нь 19 тоглолт хийгээд байгаагаас “Верона”-гаас бусад бүх баг ямар нэгэн хэмжээгээр Сери А-д үлдэх боломжоо хадгалсан хэвээр. Хамгийн сүүлийн үеийн сонин гэвэл одоо тавдугаар байрт бичигдэж байгаа “Рома” ахлах дасгалжуулагч Руди Гарсиагаа халж хуучин цагийн “өөрийн хүн” Спаллетигаа буцаан томилж байна.

Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Д.Баттулга: Нийслэлд мандатын тоогоо нэмүүлэхээр үе, үеийн хотын дарга нар хөөцөлдөж ирсэн байдаг

-МАНДАТЫН ТООГ НИЙСЛЭЛД НЭМЭХЭЭР БОЛБОЛ АЛЬ ДҮҮРЭГТ ХЭД ГЭДГИЙГ УИХ ШИЙДНЭ-

НИТХын дарга Д.Баттулгатай ярилцлаа.

Та нийслэл дэх УИХын сонгуулийн мандатын тоог 21 болгох хүсэлтийг УИХын болон Сонгуулийн ерөнхий хорооны дарга нарт хүргүүллээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх нь зүйн хэрэг байх. Яагаад ийм үндэслэл гаргах болов?

-Өнгөрсөн оны сүүлээр Сонгуулийн тухай хууль батлагдлаа. Сонгуулийн тухай хуулийн 22.5-д УИХ, орон нутгийн сонгуулийг хүн амын тоог харгалзаж сонгуулийн тойрог, мандатын тоог тогтооно гэсэн байгаа. Энэ бол шударга заалт л даа. Үүний дагуу УИХ-ын дарга З.Энхболд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн нарт албан тоот явуулсан юм. Хуульд заасан зарчмаа баримтлаад нийслэлд оногдох мандатын тоог нэмэгдүүлээч гэж байгаа юм. 2016 оны нэгдүгээр сарын 1-ний статистик мэдээллээр Улаанбаатар хотод нэг сая 314 мянган хүн амьдарч байна. Энэ бол Монгол Улсын хүн амын 44 хувь нь. УИХ-ын 76 гишүүний 48 нь тойрогт, 28 нь намын жагсаалтаар сонгогдоно. Тойргийн 48 мандатыг хүн амд нь харьцуулбал нийслэлээс сонгогдох гишүүдийн тоо 21 болохоор байгаа. 2012 оны сонгуулиар нийслэлээс 14 гишүүн сонгогдож байсан шүү дээ. Монгол Улсын иргэн нэг бүрийн сонгох эрх, эрх ашгаа төлөөлүүлэх бодит боломжийг бүрдүүлэхэд анхаарч нийслэлд оногдох мандатын энэ тоог долоогоор нэмэгдүүлэх нь зөв юм аа гэсэн хүсэлт л тавьсан.

Аль аль дүүрэг дээр мандатын тоог нэмэгдүүлнэ гэж харж байгаа вэ. Хүн амын тоогоо харгалзаж таарах байх даа?

-Дүүргүүдийг сонгогчдын тоогоор нь харьцуулж гаргахаар нэмэгдэж таарна. Тэгвэл хоёр том дүүрэг болох Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг мөн Баянгол дүүрэг дээр ч нэмэгдэх байх. Бусад дүүрэг дээр нэмэгдэх боломж байгаа. Ер нь мандатын тоог нэмэхээр шийдвэр гаргахаар бол УИХ-аас чухам аль дүүрэг дээр гэдгийг шийдээд явна л даа.

Таны хүсэлтэд албан хариу өгсөн үү?

-Миний авсан мэдээллээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүсэлтийг авч хэлэлцээд дэмжсэн гэсэн. Нийслэлд оногдох мандатын тоог нэмэгдүүлэх хүсэлтийг үе, үеийн хотын дарга нар сонгууль болохын өмнө тавьж их хөөцөлддөг. Хамгийн гол нь УИХ дээр очоод хана мөргөчихдөг байсан юм билээ.

Тантай уулзсаных нийслэлийн талаар асуухгүй өнгөрөхийн аргагүй. Өнгөрсөн гурван жил нийслэлд хийсэн гол, гол бүтээн байгуулалтуудаас та алийг нь онцлох вэ?

-Нэрлэвэл олон л юм байна. Улаанбаатар хот 2012 онд ямар байсан, 2016 онд ямар болов гэдгийг нийслэлийнхэн маань хараад мэдэж байгаа байх. Би хувьдаа нийслэл хотод нэлээд дэвшил гарсан гэж үздэг. Улаанбаатар маань өнгөө заслаа. Хогны менежментийг сайжрууллаа. Мөн ногоон байгууламжийг их хэмжээгээр нэмэгдүүллээ. Өмнө нь хотын төв нь рекламны самбар л байлаа шүү дээ. Хогондоо дарагдчихсан, ногоон байгууламж гэж бараг үгүй. Хаа сайгүй шороо тоосондоо дарагдсан орчин тойрон нүдэнд тусдаг дүр зураг байлаа. Тиймээс бид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр их ажилласан. Гол нь аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулах чиглэлээр энэ ажлыг өргөн хүрээнд хийсэн. Өнгөрсөн жил гэхэд л 44 тэрбум төгрөгийн ногоон байгууламж, тохижилтын ажлыг хувийн аж ахуйн нэгжүүдээр хийлгэсэн байна. Хотын өмнөх удирдлагуудын үед ногоон байгууламжийн ажлыг цэвэр хотын төсвөөс гаргадаг байсан. Тэгэхээр бид том дэвшил авчирч чадсан. Өнгөрсөн онд хийсэн өөр нэг томоохон ажил бол нийтийн тээвэр, замын түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдсэн явдал. Хүмүүс норм дүрмээ барьдаг боллоо. Зогсоолын тоог нэмэх асуудлыг бүрэн шийдэж чадаагүй ч ямар ч байсан нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Нэгдүгээр эгнээнд зогссон машиныг ачдаг болсонд иргэдийн зарим хэсэг нь дургүйцэх хандлага гаргасан ч байхаас аргагүй гэдгийг мэдэрч байгаа болов уу. Аливаа зүйл дүрэм журмаар зохицуулагдаж байж эмх цэгцэнд ордог гэдгийн баталгаа болж, автомашины түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлж байгаа арга хэмжээний нэг гэдэгтэй нийслэлийн иргэд санал нийлэх болсон нь ажиглагдаж байгаа.

Нийтийн тээврийн салбарт хийсэн шинэчлэл одоо ч шүүмжлэл дагуулсан хэвээр байх шиг байна

-Нийтийн тээврийн салбарт ухаалаг системийг нэвтрүүлж, парк шинэчлэлтийг сайжруулсан. Энэ бол маш том өөрчлөлт. Мэдээж шинэ юм бүхэн араасаа шүүмжлэл дагуулдаг. Харин одоо энэ шинэчлэлийг Монголынхоо хөрсөнд суулгаж, улам сайжруулахын төлөө нийслэлийн шинэчлэлийн баг зүтгэж байна.

Улаанбаатар хотын замын 30 гаруй уулзварыг шинэчилсэн нь хөдөлгөөний эргэлтийг сайжруулсан арга хэмжээ боллоо. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд өмнөх жилүүдээс хурдтай байна. Зуслангийн замуудаар л жишээ аваад ярихад хангалттай шүү дээ. Үнэндээ Улаанбаатар хот зуслангийн замаа тавьж, шинэчилж чадалгүй 30-40 жил “мөлхсөн” ажлыг гурав дөрвөн жилд хийж болдгийг харууллаа. Хотын төвийн замуудаас гадна Гачуурт, Нисэх, Шувуун фабрик, Өлзийт хорооллын томоохон замуудыг шинэчиллээ. Ер нь ирэх зургадугаар сарын 1 гэхэд зуслангийн бүх замын ажил дуусч, ашиглалтад орно.

Дэд бүтцийн асуудлуудыг шийдлээ. Онцлоод хэлэхэд, өнгөрсөн зун хотын төвийн зам доогуурх дулааны шугамыг солилоо шүү дээ. Аль 1960-аад оноос өмнө тавьсан, труба нь “хүүхдийн зулай” шиг нимгэрсэн шугамуудыг сольж шинээр тавина гэдэг бол том ажил. Хэрэв энэ ажлыг хийгээгүй бол өнөөдөр Улаанбаатар хот өвлийн тэсгим хүйтэнд хөлдөх аюултай байлаа. Энэ бол нийслэл хот өвлийн бэлтгэлээ сайн базаасны баталгаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ямар шатанд яваа вэ?

-Хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтад одоогийн байдлаар 38 компани оролцож байгаа. Нийт 1500 га газрыг хамарсан ажил явж байна. Ашиглалтад орсон 800 гаруй айлын орон сууц байна. Хэдийгээр бага санагдаж байж болох ч ажил урагшилж л байна. Энэ зун гэхэд хэд хэдэн газарт 1000 гаруй айлын орон сууц ашиглалтад орно. Энэ мэтчилэнгээр яриад байвал Улаанбаатар хотод 2012 оноос хойш хийсэн ажил их байна.

Дахин төлөвлөлтөд ороод газраа алдчихлаа, орон гэргүй боллоо гэсэн хэл ам гарах нь бий. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг бүх талдаа гацаа саадгүй төгс сайн явж байна гэж хэлэхгүй л дээ. Хүндрэл бэрхшээл байгаа нь үнэн. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороод газраа алдчихсан нэг ч иргэн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин төсөл хэрэгжүүлэгч компани иргэн хоёрын хооронд байгуулсан гэрээг зарим нэг компани хэрэгжүүлэхгүй, дутуу хэрэгжүүлснээс иргэдийг гомдоох зүйл гарч байгааг нуухгүй. Тухайлбал, иргэдийн газрыг аваад түрээсийн байранд оруулна гээд гэрээ хийчихсэн. Иргэн газраа чөлөөлөөд түрээсийн байранд орчихоод байхад түрээсийн мөнгийг нь өгөхгүй. Сүүлд нь түрээсийн төлбөрийг бууруулж өгөх асуудал гарч байгаа. Мөн эдийн засгийн хямралаас үүдээд байраа барьж дуусаагүй компаниуд ч бий. Үүнээс болоод гомдолтой иргэд байгаа. Тиймээс бид аль болох иргэдээ хохиролгүй болгох үүднээс төсөл хэрэгжүүлэгч компаниудын дэд бүтцийн асуудал дээр дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэгчдийг гадна дотны хөрөнгө оруулагчидтай холбох ажлыг хийж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бидний анх санасанд хүрэхгүй байгаа ч огт үр дүнгүй байна гэж хэлж болохгүй л дээ.

НИТХ тогтмолжсон тухай та их ярьдаг. Үнэндээ ч хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд явуулж, тогтмолжуулсан нь анзаарагдах болсон. Энэ бас нэг өөрчлөлт мөн үү?

-2012 онд иргэдтэй уулзаад явж байхад нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж чухам юу байдаг. Дарга нь хэн байсан бэ гэдгийг мэддэг хүн тун цөөн байлаа. Яагаад гэхээр НИТХ жилдээ үсрээд хоёр, гурван удаа хуралддаг байсан. Тэгвэл одоо сар бүр хуралдаж байна. Шаардлагатай үед ээлжит бус хуралдаан хийж байна. Тэргүүлэгчдийн хурлаа явуулж байна. Хурлыг нийслэлчүүддээ ил тод байлгах үүднээс телевизээр шууд дамжуулж байгаа. Тиймээс нийслэлийнхэн миний сонгосон төлөөлөгч юу ярьж байна гэдгийг хараад суух боломж бүрдсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурал хууль эрх зүйн хүрээнд юу шийддэг юм гэдэг дээр ахиц гарсан. Үндсэн хуулийн 62 дугаар зүйлд хэрвээ хуулиар тодорхой заагаагүй бол ИТХ өөрийнхөө хэмжээнд тодорхой асуудлаар журам гаргаж эрхзүйн хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх үүрэгтэй гэсэн байдаг. Тиймээс бид олон журмыг баталлаа. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг зохицуулах хууль өмнө нь байгаагүй. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд үүнийг зохицуулах хуулийг УИХ баталлаа. Энэ хүрээнд НИТХ-аараа хэлэлцэж, журам гаргаад явлаа шүү дээ. Энэ мэтчилэн нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон хөтөлбөр, журмыг ИТХ баталж, нийслэлд мөрдүүлж байгаа.

Зуны саруудад үзэгдээд өнгөрөх цэцгэнд хот асар их мөнгө зарлаа гэдэг шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс их өрнүүлдэг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Улаанбаатар хотод зуны дөрөвхөн сард цэцэг тарьж яах гээд байгаа юм гэдэг. Боломжтой бол нэг сар байсан ч тарих л ёстой. Нэгдүгээрт, энэ бол хотын гоо үзэмжийн асуудал. Хоёрдугаарт, хүмүүсийн эрүүл мэндэд тус нэмэртэй зүйл. Хотыг цэцэгжүүлэх ажилд өчнөөн тэрбум төгрөг зарцуулсан гэж шүүмжилдэг. Гэтэл хотын төсвөөс жилдээ 250 орчим сая төгрөг зарцуулдаг. Үлдсэн мөнгийг аж ахуйн нэгжүүд өөрсдөө гаргаж цэцэг тарьдаг шүү дээ.

Өнгөрсөн зун соёл урлагийн олон арга хэмжээг хот зохион байгуулсан. Энэ ажлууд өнөө жил үргэлжлэх үү?

-Үргэлжилнэ. Дуурийг хүн болгон очиж үзээд байж чаддаггүй. Гэтэл “Учиртай гурван толгой” дуурийг Чингисийн талбайд тоглолоо. Дуурийн эх орон италичууд гаднаа л дууриа тоглож, олон түмнийг бишрүүлдэг биз дээ. Тэр л жишгээр явсан асуудал. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээн авна гэдэг зорилт тавьчихсан байна. Тиймээс зан заншил, өв соёлоо сэргээх үүднээс Даншиг наадам хийлээ. Энэ наадмыг өнөө жил дахиад хийнэ.

ХуучинУлаанбаатархэвлэх үйлдвэрийн барилга дуудлага худалдаагаар их үнэ хүрлээ. Энэ бол хотын төвийн газрын бодит үнэ цэнийг тогтоосон явдал болов уу?

-Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газар бол хэмжээгээрээ бага шүү дээ. Үүнийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахад 23 тэрбум 850 саяар зарагдлаа. Энэ бол Улаанбаатар хотын төвийн газар ямар үнэтэй юм бэ гэдгийг олон нийтэд ойлгуулсан явдал. Чингисийн талбайг тойрсон газруудыг та нар хараарай. Зам дагуу олон барилга баригдсан байгаа. Эндээс нэг ч газрыг дуудлага худалдаагаар худалдаагүй байдаг юм шүү. Өмнөх хотын удирдлагууд захирамж гаргаад л өгсөн байдаг. Хэрвээ энэ газруудыг тухайн үед дуудлага худалдаагаар худалдсан бол ямар үнэд хүрэх байж вэ, хотын төсөвт ямар хэмжээний мөнгө орж ирэх байсан бэ гэдэг нь харагдлаа. Хоёрдугаарт нийслэлийн Засаг даргын захирамжид зурах нэг хүний гарын үсэг тэр үед ямар үнэ хүрч байсныг саяын дуудлага худалдаа харуулаад өглөө. Ямартай ч газрыг дуудлага худалдаагаар худалдах ёстой. Энэ хуулийн дагуу бид ажлаа хийлээ. Өмнөх Засаг дарга нар газрыг дуудлага худалдаагүй шууд захирамж гаргаад өгчихсөн байдаг юм. Тэр хүмүүсийн газрын эрхийг цуцалчих гэхээр бид шүүхэд очоод унаад байдаг. Тэгэхээр ямар арга хэмжээ авсан бэ гэхээр “Нэгэнт Засаг даргын захирамж гарсан бол та газраа авч болно. Харин хуулийн дагуу дуудлага худалдааны анхны үнээ л төлчих” гэж байгаа. Тэгж компаниудаас анхны үнийг авахад хоёр жилийн дотор 50 гаруй тэрбум төгрөг цугласан шүү. Дуудлага худалдаагаар орсон бол тэр газрын үнэ хоёр, гурав дахин өснө биз дээ.

Ерөөсөө бид аливаа ажил тогтоосон хэм хэмжээ тодорхой стандартын дагуу байх ёстой гэдэг л зарчим барьж ажиллаж байгаа. Аль ч нам засагласан тэр стандартын дагуу ажил явдаг байгаасай гэдэг үзлээр ажиллаж байна даа. Хуучин шигээ газраа замбараагүй олгодог, ИТХ хуралдаж байгаа нь мэдэгдэхгүй хөшигний ард шийдвэр гаргадаг байдал руу аль ч үед ордоггүй байх тэр тогтолцоог бүрдүүлэхийн төлөө зүтгэж байна. Тэгэхээр бидний өөр нэг том ололт бол хотод ажил хийх тодорхой жишгийг тогтоочихлоо. Үүнийг цааш нь аваад явах ёстой. Стандарт сайжирна гэдэг хот цаашаа хөгжинө л гэсэн үг.

Хотын татварын талаар юу хэлэх вэ. Сүүлийн үед янз бүрийн татвар нэмэгдэх болж дээрээс нь хотын татвар гээд гараад ирлээ гэх хүмүүс бий

-Хотын татварыг хуулийн хүрээнд 1994 онд гаргаж ирсэн юм билээ. Шинэ ойлголт биш. Хэрэгжиж эхэлсэн цаг нь өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс юм. Зөвхөн архи тамхинаас нэг хувийн татвар авч байгаа юм биш. Ресторан, баар, караоке, амралтын газарт үйлчлүүлсэн бол үйлчилгээнээс нэг хувийн татвар авна. Архи, тамхи хэрэглэх баар, ресторан, амралтын газар очих нь тэр хүний сонголт. Хоолны газар биш ресторан шүү. Улаанбаатар хотод 800 орчим ресторан байдаг юм билээ. Энэ бол өөрийн тоног төхөөрөмжтэй, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан, үйлчилгээний зэрэглэл өндөр газрууд юм. Түүнээс биш жирийн нэг монгол, солонгос, хятад хоолны газруудаас татвар авахгүй. Би зүгээр хошигнож хэлдэг юм. Та хотын татвар төлөхгүй гэх юм бол эртхэн л гэртээ харь. Тэгвэл илүү татвар төлөхгүй гэж.

Сонгууль болоход зургаан сарын хугацаа үлдлээ. Үлдсэн хугацаанд хотод ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ зургаан сард яг ийм тийм юм хийнэ гэж төлөвлөөд сонгуульд бэлдээд байхгүй ээ. Урьд нь яаж ажиллаж байсан тэр жишгээрээ ажиллаад л явна. 2015 оны сүүлээр 2016 оны хотын төсвийг баталсан. Төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлал, концессын жагсаалтыг батлаад өгчихсөн. Үүний дагуу үйл ажиллагаа явж байна. 2016 оны зун хийх тодорхой бүтээн байгуулалтын ажлууд байгаа. Түүнийхээ бэлтгэл ажил, тендерийн бичиг баримтыг бүрдүүлэх, тендерийг зарлах, компанийг шалгаруулах гээд ажил ундарна. Энэ мэтчилэнгийн хийх ёстой, мөрийн хөтөлбөрт туссан ажлууд байгаа. Нэг томоохон ажил бий. Маргааш (өнөөдөр) Дүнжингаравт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг нээх гэж байна.

Ажиллаад эхэлчихсэн биз дээ?

-Ажиллаад эхэлсэн. Албан ёсоор маргааш (өнөөдөр) нээх гэж байна. Уг төвөөр төрийн үйлчилгээг иргэд шууд авах тэр боломжийг бүрдүүлж байгаа. Одоо манай Хангарьд ордонд иргэд олноор ирж, дугаарлаад бөөн явдал чирэгдэл болдог. Тэгвэл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд бүх үйлчилгээ төвлөрсөн. Иргэд нэг цэгээс түргэн шуурхай хугацаанд, даргын үүд сахиж царайчлах шаардлагагүйгээр үйлчлүүлэх боломж бүрдлээ. Хотын захиргааны ажилтнууд тэнд очно. Ингээд иргэдтэй нүүр нүүрээ хараад ажиллана гэсэн үг. Асуудлыг зөвхөн хууль, журамд тусгасны дагуу шийдээд явна. Ямар нэгэн авлига, хүнд суртал үгүй болж байна гэсэн үг. Бүх юм ил тод болж байна. Энэ бол маш том хувьсгал шүү. Үүнийгээ цаашид улам сайжруулж, дүүрэг бүрт ойртуулахаар төлөвлөж байгаа.

Хямрал болж байна гээд байх юм. Нийслэлийн төсвийн хувьд хүндрэл байна уу?

-Нийслэлийн төсөв ер нь гайгүй шүү дээ. Нийслэлийн төсөв 500 гаруй тэрбум төгрөг байдаг. Тодорхой хэмжээний тасралт бий. Нийслэлийн төсвийн 70 гаруй хувь нь Хүн амын орлогын албан татвар байдаг. Тогтвортой гэсэн үг. Гэтэл эдийн засаг хямраад аж ахуйн нэгжүүд хаалгаа бариад ирэхээр ажилгүйдэл ихсээд Хүн амын орлогын албан татвар буураад байгаа юм. Хуучин цагт далд хэлбэрээр явдаг байсан газрын худалдаа, өмч хувьчлал зэргийн олон арга замыг ил болгож энэ тасралтыг нөхөх боломж, гарц хайж байна. Ингэсний хүчинд хэдийгээр хямарч байгаа боловч төсвийн хүндрэлд орохгүйгээр ажиллаад байна гэдгийг хэлье. Мэдээж хүндрэл байгааг хэлэх ёстой.

Одоо ашиглалтад орсон ч худалдаалагдаагүй 17 мянган байр байна гэдэг. Бүр 30 мянга гэх тоо ч бий. Мөн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулаад банкуудын холбоо ипотекийн зээл гаргахгүй байна. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд муугаар нөлөөлж байна уу?

-Сөрөг нөлөө үзүүлж байгаа тал байгаа шүү. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэг онцлог нь газрын эзнээс газрыг нь аваад буцаагаад байранд оруулчихаж байгаа юм. Одоо энэ 17 мянган байр бол газар чөлөөлөлтгүй, сул газар барьчихсан юм. Барилга барьж байгаа компаниуд сул газар эрэхээсээ илүүтэй айл өрхүүдтэй тохиролцоод газрыг нь чөлөөлөөд тэр хүмүүсийг тохилог орон сууцанд оруулаасай. Ингэвэл аль алинд нь ашигтай шүү дээ.

Гэхдээ илүү гарсан орон сууцнуудаа худалдаж байж компани ашиг олно?

-Тийм болохоор бид борлуулалт дээр нь дэмжлэг үзүүлж байгаа. Нийслэлийн албан хаагчид байр авахад үзүүлж байгаа 15 хувь байна. Энд найман хувийн ипотекийн зээл зогссон нь нөлөө үзүүлсэн. Гэхдээ үүнийг УИХ авч хэлэлцээд нэг тийш нь болгоно гэж найдаж байна.

Иргэдийг амины орон сууцтай болгох ажил юу болсон бэ. 2012 оны сонгуулиар та бүхний амласан зүйлсийн нэг шүү дээ?

-Энэ ажил өнөө жилээс эрчимтэй явна. Ер нь эхэлчихсэн. НИТХ ноднин Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах журмыг баталчихсан шүү дээ. Айлууд газраараа яаж хөршлөх юм, илүү гарсан газраа яах юм, дэд бүтцээ яаж татах юм, компаниа хэрхэн сонгох юм гэх мэтийн асуудлуудыг энэ журамд тусгасан. Энэ бүхний бүх эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Сүүлийн хоёр, гурван жил гэр хорооллын асуудал хариуцсан хүмүүс иргэдтэй уулзаж, нийт зургаан газар 200 орчим айл өрх нэгдээд гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах ажилд ороход бэлэн болчихсон байна.

Метро барих тухай асуудал юу болсон бол?

-Метроны асуудал нэлээд эрчимтэй явж байсан. Иргэдээсээ асуухад дэмжсэн. УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн. Япончууд ТЭЗҮ-ийг гаргачихсан. Одоо Сангийн яам Японы талтай зөвлөх үйлчилгээний асуудлаар гэрээ хэлцэл хийгээд байгаа юм. Өмнө нь япончууд зөвлөх үйлчилгээгээ 30 сая ам.долларт хийж өгье гэж тохирсон. Одоо 47 сая ам.доллар болгосон. Ингээд л гацчихсан. Зөвлөх үйлчилгээнд нь ажлын зургийг бий болгох, олон улсын тендерийн бичиг баримтыг бүрдүүлэх, тендер зарлах, бүтээн байгуулалтын явцад техникийн хяналт тавих ажлууд багтдаг юм билээ. Хоёрдугаарт, манай эдийн засгийн хүндрэл энэ ажилд нөлөөлсөн. Ийм л асуудал байгаа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Л.Дэмидбаатар: Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайд шавь орж сурсан хорь гаруй уртын дуутай хүн шүү дээ, би

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СУИСийн багш СТА Л.Дэмидбаатар болон түүний гэргийУлаанбаатар чуулга”-ын гоцлол дуучин СТА М.Анхтуяа нар хамтран уран бүтээлийн цэнгүүн хийхээр болсон байна. Энэхүү цэнгүүний талаар жүжигчин Л.Дэмидбаатартай ярилцсан юм.

Драм, хошин урлагийн жүжигчин, дуучин гэргийтэйгээ хамтарч уран бүтээлийн тоглолт хийнэ гэхээр үзэгчид их сонирхож байх шиг байна. Уран бүтээлийн тайлан тоглолтоо яагаад заавал гэргийтэйгээ хийхээр болов?

-Монголд орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллага буюу УДЭТ байгуулагдсаны түүхт 85 жилийн ой, “Улаанбаатар чуулга” үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд эхнэр Анхтуяатайгаа хамтраад “Оршихуй” нэртэй уран бүтээлийн цэнгүүн хийх гэж байна. “Улаанбаатар чуулга” олон дуулалт жүжиг тавьж байсан. Дуулалт жүжиг гэдэг үндсэндээ орчин цагийн мэргэжлийн урлагийн театр үүсч хөгжих үндэс суурь болсон. Энэ утгаараа хоорондоо нарийн холбоотой юм. Хоёулаа л ард түмнийхээ оюуныг гийгүүлэх зорилготой. Бид хоёрын хувьд хамтдаа уран бүтээл хийж байгаагүй юм билээ.

Тэгвэл та хоёрын уран бүтээлийн цэнгүүн драм, чуулга гээд олон уран бүтээлч сүлэлдсэн тоглолт болж таарах нь ээ?

-Тэгж таарлаа. Энэ сарын 27, 28-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Оршихуй” уран бүтээлийн цэнгүүн маань болно. Тоглолтод Улсын драмын эрдмийн театрын жүжигчид, уран бүтээлчид болон “Улаанбаатар чуулга”-ын уран бүтээлчид оролцоно. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Ганзориг, гавьяат Г.Хонгорзул, Соёлын тэргүүний ажилтан Б.Батболд, Б.Эрдэнэсаруул, хийлч Дээгий оролцохоос гадна “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, Соёлын тэргүүний ажилтан удирдаач Р.Ганбат, Д.Нямдаш, уран нугараач А.Уранбилэг, Монголын хошин урлагийн “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшны жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох /юм. Мөн миний үе үеийн шавь нарын төлөөлөл оролцох болно.

Таныг ардын дууг чамгүй сайхан дуулдаг гэдэг. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайн шавь явсан гэдэг байх аа?

-СУИС-д дуулах ур зүйн хичээлийг Гончигдорж, Гэлэгжамц багш нар ордог байлаа. Мөн тэр үед дуу, бүжгийн хичээлийг сонгон суралцах боломжтой байсан юм. Надад гэр бүл, эмэг эхээс минь заяасан дуулах авьяас бий гэж боддог. Н.Норовбанзад гуайн шавь сургалтад ангийнхаа Оюунжаргалтай хамт явж байлаа. Н.Норовбанзад багшаар дуулах ур чадварын хичээл заалгаж, 10 гаруй уртын дуу сурсан. Сүүлдээ 20 гаруй дуутай болсон. Сүүлдээ багш минь намайг “Энэ хүүхэд ч дуулбал дуулчих л юм байна” гэж үнэлсэн. Багштайгаа хамт Япон, Германаар тоглолтод хүртэл оролцож байлаа.

Өмнө нь хэд хэдэн дууны уран бүтээлээр дагнасан тоглолт хийж байсан санагдана?

-Би 2001 онд “Урлагийн тэнгэртэй залуу нас” гэж анхны уран бүтээлийн тайлан тоглолтыг хэсэг найз нарынхаа тусламжтайгаар хийж байсан. 2005 онд “Сэтгэлээс гарах аялгуу”, 2008 онд “Дөрвөн цагийн аяс буюу миний Монголын аялгуу” хэмээх тоглолтыг хийсэн удаатай. Энэ тоглолтод ардын харилцаа дуу болох “Хулсан ташуур”, “Сумья ноён”, “Сүнжидмаа”, “Эрүү цагаан болжмор” зэрэг дууг Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Үенч, Ш.Даваахүү нартай хамтран дуулж байлаа.

Тэгэхээр энэ удаагийн тоглолтод ч мөн эхнэртэйгээ хамт олон сайхан дууны уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэхээр төлөвлөөд байна уу?

-Бид хоёр янз янзын гэнэтийн бэлэг барихаар төлөвлөөд байна. Дан драмын жүжиг тоглохоос гадна дуучин эхнэртэйгээ хамтран дуулна (инээв). Эзэнтэй дуу гэж байдаг шүү дээ. Түүн шиг бид хоёрт зориулж “Нандин хайр” дууг Баасанжав зохиож өгсөн байдаг. Соёлын тэргүүний ажилтан Дунгаамаагийн дуулдаг зохиолын дуу шүү дээ. Үүнийг эхнэртэйгээ хамт дуулаад анх удаагаа клипжүүллээ. Клипэнд нь сая “Ромео Жульетта” жүжгийн Ромеод тоглосон залуу жүжигчин Шинэбаяр болон Намуун гээд миний шавь нар тоглосон. Их аятайхан клип болсон байгаа. Энэ дуугаа дуулна.

Эхнэрийн тань болоод таны тайлан тоглолт, цэнгүүн гээд байгаа. Та хоёрын хувьд урлагтай амьдралаа холбоод хичнээн жилийг ардаа орхиж вэ?

-Би драмын урлаг, тайз дэлгэцийн урлагт хөл тавиад 30 орчим жил болсон байна. Сургуулиа төгсөөд л драмын театрт жүжигчнээр орсон. Өнгөрсөн хугацаанд дэлхийн сонгодог арав гаруй жүжгийн гол болон туслах дүрд тоглож. “Дон Жуан” жүжиг тавигдахад Монголын анхны Дон Жуанд тоглолоо. “Отелла” жүжгийн Ягогийн дүрд, К.Гальдоны “Буудлын эзэн авхай” жүжигт гол дүр болох тайжийн дүрд тоглож байлаа. “Парисын дарь эхийн сүм”, “Кихот ноён”, “Амьгүй албат” зэрэг дэлхийн сонгодог олон жүжигт гол дүрд тоглосон байна. Мөн “Ромео Жульетта” жүжгийг 1996 онд найруулагч Ч.Найдандорж тайзнаа тавихад Тебальтын дүрд анхлан тоглосон. Энэ дүрд би 10 жил дублёргүйгээр тоглосон юм. Бүхэл бүтэн сонгодог жүжигт 10 жил тоглоно гэдэг жүжигчин бүрт олдох хувь тохиол биш байх л даа. Дэлхийн сонгодог жүжигт тоглох нь тухайн жүжигчний авьяас чадварыг нээх бүхэл бүтэн сургууль байдаг л даа. Мөн Монголын “Далан худалч”, “Хаан түүх” зэрэг жүжигт бас тоглож байлаа. Эдгээр жүжгээс гадна орчин цагийн дэлхийн сонгодог бүтээл болох Нобелийн шагналтнуудын “Тамын дурлал”, “Хүслийн трамвай”, “Оршуулагдаагүй үрэгдэгсэд” зэрэг жүжгүүд миний уран бүтээлийн санд байдаг. Үүнээс гадна хошин урлагийн салбарт 20 гаруй жил ажилласан. “Х-Түц”, “Өнгөт инээд” хамтлагт болон “Батзаяа ба түүний нөхөд” театрт ажиллаж байлаа. Нийтдээ 250 гаруй хошин урлагийн тоглолтод оролцоод байна.

Эхнэр М.Анхтуяагийн хувьд…?

-Манай эхнэр “Үндэсний дуу бүжгийн чуулга”-д арваад жил ажиллаж байгаад “Улаанбаатар чуулга” байгуулагдахад орсон. Нийтдээ 20 орчим жил уран бүтээл хийсэн. СУИС-ийг Монгол Улсын гавьяат багш Дашиймаа багшийн удирдлага дор төгссөн. Завханых. Манай зэргэлдээ сум байхгүй юу. Хүүхэд байхад нь Монгол Улсын гавьяат жүжигчин Жавзан гуайн нэрэмжит уралдаан Завхан аймагт болж гавьяат Далантай, манай эхнэр хоёр тодорч байсан удаатай. Арван жилийн сурагч байхаасаа нэртэй уран бүтээлчдийн тоглолтод оролцож, хөдөө орон нутгаар явж байсан. Нэрт дуучин Адарсүрэн гуайн хараанд өртөж тоглолтод оролцож байснаараа бас онцлогтой.

Таны тухай хөрөг нийтлэл бэлтгэхээр гэрт тань очих үед танайх ам бүл нэмэх гэж байсан юм байна. Охинтой болсон уу, хүүтэй болсон уу?

-Өөрийг тань очиход эхнэр давхар биетэй, Дэмидбаатарынх гэдэг айл шинэ хүнтэй болох гээд их л хөл хөдөлгөөнтэй байсан шүү дээ. Хүүтэй болсон. Одоо миний хүү ой долоон сартай.

Сургууль дээрээ ингээд шавь нартаа хатуухан үг хэлээд сууж байгаа багш аавыг хүү бол гэртээ хайлуулна биз?

-Ёстой хайлж урсана (инээв). Ер нь хүүхдүүддээ хайлна шүү дээ. Хүүхэд гэдэг гэгээхэн ертөнц. Монголын үрс цэлмэг тэнгэр шиг байж, эх орондоо хэрэгтэй хүн болоосой гэж хүсч явдаг. Аав, ээж ч ийм л зарчмаар биднийг өсгөж, өдий зэрэгтэй хүрсэн шүү дээ.

Хошин урлагийн тоглолтод оролцож байна уу?

-Хоёр гурван жилийн өмнө хошин урлагийн тоглолтод оролцож байсан. Сүүлийн үед хошин урлаг гэдэг ч юм уу нэг төрөл жанрыг дагнахаасаа илүүтэйгээр мэргэжил олгож байгаа багшийн хувьд драмынхаа жүжигт зонхилон тоглох болсон. Киноны хувьд ганц ангитай кинонд өмнө тоглодог байсан бол одоо “Гурван найз”, “Саятан болох дамжаа” гээд олон ангитай кинонд шилжих жишээний.

Театрт сүүлийн үед ямар уран бүтээл тавихаар зэхэж байна. Та ямар шинэ бүтээлд тоглохоор байна?

-Энэ жил манай театрын түүхт 85 жилийн ой болох гэж байна. Хүн төрөлхтний үзэх дуртай бурхан багшийн тухай жүжгийг тайзнаа тавихаар төлөвлөөд байна. Энэ жүжиг дээр ажиллах гээд найруулагч Наранбаатар Энэтхэгт судалгааны ажил хийгээд явж байгаа. Улсын драмын эрдмийн театрын Цэрэнсамбуу дарга их ач холбогдол өгч, анхаарал тавьж байгаа. Ер нь театрын найруулагч, удирдлагуудын сайн хамтын ажлын хүчээр эдийн засгийн хямралтай энэ хүнд үеийг театрынхан давж чадаж байна.

СУИСд хичнээн жил багшилж байгаа юм бэ?

-Би Улсын багшийн сургуулийн кино драмын анги гэж байхад суралцаад СУИС байгуулагдахад төгссөн. Арваад жил мэргэжлээрээ ажиллаад байтал намайг төгсгөсөн Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лхасүрэн багш маань, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ганхуягт багшлах урилгыг тавьж байлаа. 2005 онд магистр хамгаалаад багшаар СУИС-т ирээд өнөөг хүртэл ажиллаж байна.

Дэмидбаатар багш хичнээн анги төгсгөөд байна вэ?

-Хоёр багштайгаа хамт нэг, нэг анги төгсгөсөн. Өөрөө гурван анги төгсгөсөн. Нийтдээ таван анги төгсгөсөн байна.

Таны шавь нараас гялалзаж яваа ямар жүжигчид байна?

-“Хувьсал” продакшны жүжигчин Ганчимэг, Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Шинэбаяр, найруулагч Ёндоншарав, “Х-Түц”, “Эмоци”, “Мөрөөдлийн театр”, “Шинэ-Үе” зэрэг продакшнуудад байна. Намуун гээд жүжигчин охин байна. СУИС-д хоёр гурван багш байна. Тайзны хөдөлгөөний багш У.Эрдэнэбаяр, тайзны ярианы Оюунжаргал, театр судлалын багшаар төгссөн Дашзэвэг гэж хүү байна. Олон сайхан ирээдүйтэй шавь нар байна. Ер нь багш болно гэдэг сэтгэлээ өгөх хэрэгтэй гэж манай багш нар ярьдаг. Сэтгэлээ өгсний үр дүнд мэргэжил эзэмших гэж ирсэн шавь нар нь тайзан дээр гялалзаж, үүгээрээ багш нар бахархдаг байхгүй юу. Багшийнхаа зааж зөвлөсөн дээр өөрийнхөө хот хөдөөгийн тайз дээр шороо үнэрлэж, хөлстэйгөө холилдож явсан туршлага дээрээ үндэслээд ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэнэ гэдэг ариун үйлс.

Categories
мэдээ цаг-үе

Улсдаа мөнгө зээлүүлсэн Жон Морган

Жон Пирпонт Морган нь АНУ-ын түүхэнд байгаагүй хамгийн том санхүүгийн вант улсыг байгуулж нэрээ мөнхөлсөн. Хариуцлагатай алба хашиж байгаагүй мөртлөө хамгийн их нөлөөтэй хүн байсан гэдэг. Тэрээр орчин үеийн банк санхүүгийн салбарын үйл ажиллагааны үндсийг тавьж, байгуулсан компаниуд нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Жон Морган удам угсаагаараа ихэд бахархдаг байжээ. Түүний өвөө Жон Паиерпонт нь Бостонд сүмийн номлогч, аав Жон Морган нь бизнесмэн байжээ. Тэрээр Америкийн компаниудын хувьцааг Европт худалдаж хөлжсөн. Чинээлэг гэр бүлд төрсөн гэдгээрээ Жон Морган ихэд бахархдаг байсан гэнэ. Эцэг нь хүүгээ багаас нь нэлээд хатуу гараар хүмүүжүүлсэн. Эрхлүүлдэггүй, гэр бүлийнхээ өмнө маш том хариуцлага хүлээсэн гэдгийг нь байнга сануулж, амжилтад хүрэх ёстой гэсэн шаардлага тавьдаг байв. Жон Морган 15 нас хүрсэн тэр өдөр нь хамгийн гунигтай явдал тохиолдсон хэмээн ярьдаг байжээ. Эцэг нь бие султай хүүгээ эмчлүүлэхээр Азорын арал руу явуулжээ. Хүү төрсөн өдрөөрөө аавынхаа илгээсэн захидлыг хүлээн аваад ихэд баярласан байна. Дугтуйг задлан гүйлгэж уншаад өөрийн эрхгүй уйлав. Эцэг нь хүүдээ эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөөд хичээлдээ нэлээд хоцорсныг нь сануулж, ангийнхаа хүүхдүүдээс хоцрохгүйн тулд маш их хичээх хэрэгтэй гэдгийг нь анхааруулсан байжээ. Захидалд төрсөн өдрийн мэнд хүргэсэн нэг ч үг байгаагүй гэдэг. Жон Морганы ээж нь татдаг өвчтэй угийн бие муутай байсан тул хүүхдээ бараг анхаардаггүй байв.

Жон Морган уушгины үрэвсэлтэй, толгой нь таллаж өвддөг, хааяа татаж унана. Гэсэн ч сэтгэлээр унадаггүй, хөгжилтэй, хичээлдээ ихэд мэрийлттэй, амьтанд хайртай хүүхэд байсан гэдэг. Тэрээр Геттингенийн их сургуулийг дүүргээд Нью-Йоркийг зорьжээ. Анх удаа бизнес хийхээр Номхон далайн шуудангийн компанийн таван хувьцааг худалдаж авсан боловч ямар ч ашиг олоогүй. Үүнийг аав нь эхнээсээ таашаагаагүй гэдэг. Залуухан Жон бууж өгсөнгүй ааваасаа мөнгө зээлж Мичиганы төмөр замын компанийн хувьцааг худалдан авч нэлээд ашигтай заржээ.

1861 онд АНУ-д иргэний дайн эхэлж, улс оронд тун ч хэцүү байхад Жон Морган нэлээд ашигтай бизнес хийж байв. Америкчууд хоёр тал болон талцан дайтаж байхад нэгээс нь зэвсэг, хувцас зэргийг авч нөгөөд нь зардаг. Үүнээс маш их ашиг олсон гэдэг. Удалгүй валют болон алтны наймаа эрхлэв. Нэлээд хэмжээний алт цуглуулж түүнийгээ Английн хөрөнгийн бирж дээр 1.15 сая ам.доллараар заржээ. Тэр үед Америкт алтны үнэ эрс өсч Жон Морган үлдсэнийг нь эх орондоо зарж, 17 хувийн цэвэр ашиг олсон гэдэг. Хамгийн хачирхалтай нь аав нь үүнд маш ихээр бухимдаж түүнээс холбоогоо тасалж, хамтарч бизнес хийхгүй гэжээ.

Америкт иргэний дайн ид болж байхад Жон Морган нэгэн бүсгүйтэй танилцсан байна. Төмөр замын салбарт бизнес эрхэлдэг нэлээд чинээлэг айлын охин болох Амели Стрегист дурлаж эцэг нь эсэргүүцсэн хэдий ч гэрлэжээ. Сэтгэлтэй бүсгүй нь сүрьеэтэй байсныг Жон Морган тоосонгүй. Гэрлэх ёслол дээр бүсгүй арай ядан хөл дээрээ зогсож байв. Эхнэрийнх нь бие муу байхад Жон Морган хажуугаас нь холдоогүй гэдэг. Гэтэл аав нь бизнесийн ажлаа зохицуулах хэрэгтэй хэмээн яаралтай дуудуулав. Тэрээр Парисыг зорьж ердөө нэг хоноод ирэхэд эхнэрийнх нь бие улам дордсон байв. Ингээд удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Жоныг хайр дурлал, нинжин сэтгэл бүхнээ түүнтэй хамт оршуулсан гэдэг.

Түүнээс хойш нэлээд хатуу бизнесмэн болжээ. Жон Морган нь “Американ Телефон энд Телеграф”, “Женерал Электрик”, “Интернэшнл Харвестер”,”Юнайтед Стейст Стил Корпорейшн”, “Вестингхауз электрик корпорейшн” ,“Вестер Юнион” гээд томоохон зургаан компанийг байгуулсан. Өнөөдөр ”J.P.Morgan” банкийг мэдэхгүй хүн бараг үгүй. Энэ банк санхүүгийн байгууллага нь дэлхийд хамгийн нөлөөтэй, АНУ-ын дөрвөн том банкны нэг нь.

Хайртай бүсгүйгээ алдсаныхаа дараа Жон Морган Америкт эргэн ирсэн. Хууч өвчин нь дахин сэдэрч, нэлээд хэцүү байсан хэдий ч өдөр шөнөгүй ажилласан гэдэг. Чухал мэдээлэл алдахгүйн тулд нийгэмд юу болж байгаа талаар нэг нэгэнгүй хянах болжээ. Бизнес нь ч улам хүрээгээ тэлж ганцаараа бүхнийг хянах боломжгүй больсон тул туслах хөлсөлсөн байна. Жон Морган холбоо, төмөр зам, тээвэрлэлт, мөнгөн гуйвуулга, ган боловсруулах гээд бүх л салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Амжилтад хүрсэн нэг шалтгаан нь өрсөлдөгчдөдөө ялагдана гэсэн ойлголт байгаагүй, маш хэрцгий байсан гэдэг. Санасандаа хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй тэрээр удалгүй бизнесийн ертөнцөд хамгийн нэр хүндтэй хүн болов. Түүний бас нэгэн онцлог нь ямар салбарт ирээдүйтэй болохыг маш сайн мэдэрнэ. Чийдэнг бүтээсэн Томас Эдисон орон нутгийн захиргаанд хандан Манхеттений төвд гэрэлтүүлэг хийхийг санал болгожээ. Энэ төслийг Жон Морган дэмжин санхүүжүүлсэн. Түүгээр ч зогсохгүй өөрийнхөө харшийг цахилгаан чийдэнтэй болгов.

Олон улсын банкны харилцаа холбоог нэлээд сонирхдог байсан тэрээр энэ чиглэлээр маш их зүйлийг хийсэн. Эцэг нь нас барахад компанийнх нь бүх хувьцаа түүний мэдлийнх болж банк санхүүгийн салбарт ч улам идэвхтэй ажилласан. XIX зууны сүүлчээр Англи, Америкт нэлээд хэмжээний зээл олгож, мөнгөн гүйлгээ хийжээ. Түүнийг хийдэг цорын ганц санхүүгийн байгууллага нь Жон Морганы банк байв.

Харамсалтай нь түүний хувийн амьдрал нь тийм сайхан байсангүй. Хайртай бүсгүй нь нас барсны дараа Луиз Трейси хэмээх эмэгтэйтэй гэрлэж дөрвөн хүүхэдтэй болжээ. Гэвч эхнэртэйгээ таарамж муутай байв. Тиймээс уран зураг худалдан авч, цуглуулж, түүнээсээ сэтгэлийн таашаал авна. Микеланжело, Ватто, Рубенс зэрэг нэртэй зураачдын бүтээлийг авахад нийтдээ нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулсан гэдэг. Португаль гаралтай Белль да Коста Грин хэмээх нэлээд боловсролтой бүсгүй урлагийн бүтээл цуглуулахад нь хамгийн их нөлөөлжээ. Түүний ятгалгаар Жон Морган буяны ажилд нэлээд хөрөнгө хандивласан байдаг. Бидний сайн мэдэх “Метрополитен”-ийг Жон Морганы цуглуулгаар байгуулсан түүхтэй.

XIX зууны сүүлчээр Америк эдийн засгийн хямралд автаж, байдал нэлээд хүндэрсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид ч мөнгөө татаж эхэлжээ. Тэр үед АНУ-ын Сангийн сайд Жон Карлисл түүнээс тусламж хүсэхийн сацуу англичуудтай хуйвалдсан хэмээн буруутгав. Жон Морган ч нөхцөл байдлыг овсгоотойгоор ашигласан. Тэрээр улсдаа 62 сая ам.доллар зээлүүлж үүнээс хэдэн сая ам.долларын ашиг олсон байна. 1907 онд Америкт дахин санхүүгийн хямрал нүүрлэж, энэ нь бүх нийтийн эсэргүүцэл гарч, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэсэн түүхтэй. Тэрээр арилжааны банкуудын үйл ажиллагааг дэмжихээр хэдэн сая ам.долларын хандив цуглуулснаар байдал намжсан байна.

Гэвч үүнээс таван жилийн дараа АНУ-ын Сенат Жон Морганы компанийн эсрэг монополийн эсрэг хэрэг үүсгэсэн юм. Хэргийг Улсын комисс хэлэлцэхэд Морган эцсийн мөч хүртлээ өөрийгөө буруугүй гэдэг дээр баттай зогссон байна. 75 настай байсан тэрээр дараа нь бүх ажлаа өгч Европт очиж амьдарсан. Түүнээс дөрвөн сарын дараа Жон Морган хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр амьсгал хураахаасаа өмнө “Миний хонгор Салли Вест” гэсэн ганцхан өгүүлбэр хэлсэн. Ямар хүүхнийг дурссаныг мэдэхийн тулд охин нь мөрдөгч хөлсөлж баахан мөнгө зарсан байна. Харамсалтай нь мөрдөгчид юу ч олж чадаагүй. Харин гэрт нь хадгалагдаж байдаг хуучин захидлуудаас аавынхаа хүүхэд байхдаа Азорын арал дээр эмчлүүлж байхдаа бичсэн захидлаас нь энэ үгний учрыг олдсон гэдэг. Тэр үед Жон Морган 14 настай байсан. Өвөөдөө бичсэн захидалдаа нэгэн Канар бялзуухайны зургийг хавсаргаж доор нь “Энэ бол миний хонгор Салли Вест. Түүний ачаар би энд ганцаардахгүй байгаа. Хайрт өвөө минь би гэртээ харимаар байна. Ээж, аав хоёрт маань хэлээд өгөөч. “гэжээ.

Жон Морганыг нас барсны дараа хүү Жон нь “J.P.Morgan & Co” компанийг өвлөн авч Уол-Стрийтэд банкныхаа барилгыг бариулсан түүхтэй. Өнөөдөр энэ гудамж нь дэлхийн банк санхүүгийн төв гэгдэх болжээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Баярцогт: Монголчуудын цусанд нь эрх чөлөө гэдэг зүйл байдаг

УИХын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогттой Үндсэн хуулийн өдрийн хүрээнд ярилцлаа. Тэрбээр 23 насандаа АИХын депутат болж 24 насандаа ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан. Өнөөдөр шинэ Үндсэн хуулийн 24 жилийн ой тохиож байна. Түүнээс 24 асуултад хариулт авснаа хүргэе.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байхдаа хэдэн настай байсан бэ?

-24-тэй байсан.

Одоо та хэдэн настай вэ?

-48 хүрч байна. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг 24 настайдаа батлалцсанаас хойш 24 жил өнгөрчээ.

АИХын депутатад нэр дэвшихдээ хаанаас өрсөлдөж байв?

-АИХ-ын депутатуудаар сонгоход намуудаас нэр дэвшүүлдэггүй, байгууллага нэр дэвшүүлдэг байсан. Тухайн үед би Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэл гээд 240 мянган гишүүнтэй байгууллагын дэд даргын албан тушаалтай байлаа. Би хотод амьдардаг байсан ч намайг Сэлэнгэ аймгийн МХЗЭ-ээс аймгийн төв Сүхбаатар суманд буюу 288 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн.

Өдгөөгөөс яг 24 жилийн өмнөх энэ өдөр та Үндсэн хуулийг батлалцаж байлаа. Тэр өдрийг эргэн дурсахгүй юу?

-1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн сэтгэгдэл гэвэл их л баяртай байсан. Тэр үед ардчилсан улс болно гэдэг урт хугацааны процесс гэж бодож байсангүй. Үндсэн хуулиа баталчихад л ардчилсан улс болчихно гэсэн ойлголттой явсан. Харин Үндсэн хуулиа баталсны дараа Б.Чимид гуай дээр гүйж очоод “Манай улс ардчилсан улс болчихлоо шүү дээ” гэж баярласан сэтгэлээ хуваалцахад надад нэг зүйлийг хэлсэн юм.

Б.Чимид гуай танд юу гэж хэлсэн юм бэ?

-“Манайх ардчилсан улс болтол 4-5 сонгуулийн нүүр үзнэ. Үүнийг би үзэхгүй байх. Харин чи үзэх байх” гэсэн. Түүнээс хойш зургаан сонгууль өнгөрсөн байна. Амжилтад хүрсэн зүйл байгаа ч илүү амжилтад хүрэх боломжуудаа ашиглаж чадаагүй.

УИХын гишүүний нас 25-аас эхэлдэг. Гэтэл та 24-тэйдээ нэр дэвших гээд танд зориулан нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 25 гэж тогтоосон гэдэг юм билээ?

-Тийм ээ. Яагаад гэвэл Үндсэн хууль баталж байхад би 24-тэй байсан. Би гуравдугаар сард төрсөн учраас зургадугаар сард сонгууль болоход би 25 хүрчих байсан юм. Манайхан насыг 30 байхаар хийе гэж байлаа. Тэгээд “Энийг бүлтэлзүүлсээр байгаад сонгуульд оролцуулахгүй байх юм уу” гээд 25 болгож байсан тийм нэг түүх бий.

Та УБХ дотроо хэнтэй илүү ойр дотно нөхөрлөж явсан бэ?

-Би П.Улаанхүү, Баабар хоёртой ойр байсан.

УБХын гишүүн С.Баярцогтыг хоёр удаа цэрэгт татсан гэдэг байх аа?

-Би УБХ-д байхдаа хоёр удаа цэрэгт татагдаж байсан. Үүнийг нь зохицуулсан хууль байхгүй байлаа. Намайг бүр бунхны цэрэг бол гэж байсан юм.

Бунхны цэрэг гэдэг нь?

-Төрийн ордны урд бунхан байсан юм. Манай Улсын бага хурлын гишүүд “Чи цэрэгт татагдчих. Бунхны хажууд зогсож байгаад үг хэлмээр байвал гүйж орж ирээд үгээ хэлчихээд тэндээ очоод зогсож байхгүй юу” гэж хүртэл хэлж байсан шүү.

Та нам бус байхдаа Нагаржунайн нам гээд МАХНаас нэр дэвшээгүй гэдэг бил үү?

-Би 1992 онд нэр дэвшихдээ нам бус байв. Намайг тухайн үед МАХН, Ардчилсан нам аль аль нь нэр дэвшээч гэсэн юм. 1992 онд МАХН-ын Удирдах зөвлөл намайг дуудаад “Манай намын нэр дээр дэвш” гэсэн. Талийгаач С.Зориг манай сургуулийн хүүхэд байсан тул “Манай намаас дэвш” гэж байлаа. Би МАХН дээр очоод “Би танай намаас дэвшихгүй” гэсэн. Тэр үед төв ёсны үзэлтэй нам гээд Нагаржунайн нам гэдэг байсан юм.

МАХНыг уу?

-МАХН чинь төв ёсны үзэлтэй байж байгаад Нагаржунайн нам болсон. Би залуу байсан болохоор төв үзэлтэй Нагаржунайн нам гэж яриад явж чадахгүй байсан. МАХН, АН-ын саналыг хүлээж авалгүй итгэл үнэмшил арай ойр юм гээд Социал демократ намыг сонгосон. Хөдөө очоод Социал демократ нам гээд ярихаар хэн ч ойлгодоггүй байлаа.

-1992 оны сонгуульд нэр дэвшээд яасан юм?

-Манай Сэлэнгээс гурван гишүүн гарах ёстой байсан юм. Би дөрвөөр гарч ирээд чадаагүй. Унасныгаа ч зөв зүйл болсон гэж боддог. Тэр хугацаанд би МУИС-д сурч, Германд очиж худалдааны академи төгссөн.

Үндсэн хуулийг батлахад 70 гаруй хоног зарцуулсан. Удаан хуралдсан байгаа юм шүү?

-Үнэнийг хэлэхэд АИХ-ын хоёрдугаар чуулган эхлэхэд үсрээд л 14 хоног хуралдаад баталчихна гэж бодож байлаа. Гэтэл 76 хоног хуралдсан. Эцэс төгсгөлгүй процесс яваад эхлэхээр “Үндсэн хуулиа баталж чадах юм уу” гэх сэтгэгдэл төрдөг юм билээ.

Үндсэн хууль батлалцаж байсан хүмүүсийн талаарх таны бодол?

-Улс орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа АИХ-ын депутатууд, Улсын бага хурлын гишүүдийг Их дээд сургуулиуд уриад Үндсэн хууль баталсан нэгдүгээр сарын 13-ны өдөр залуучуудын дунд яриа хийлгэдэг байвал зөв байх. Тэр үеийн уур амьсгал ямар байсныг одоогийн залуучууд тэр бүр мэддэггүй. 1990-1992 он гэхээр хоёр жил гээд урт хугацаа мэт санагдавч 1992 нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг баталсан. 1990 оны долдугаар сард АИХ-ын сонгууль болсон. Үндсэндээ 17 сарын дотор бүх зүйлээ хийсэн.

Хоёр нийгэм солигдоод ороо бусгаа байсан цаг. Хүмүүсийн сэтгэхүй Үндсэн хууль батлахад бэлэн байсан уу?

-АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд өөрсдийн үндсэн үүргээ маш сайн ойлгож байсан. АИХ, УБХ-ынхан маань таван жилээр сонгогдсон ч Үндсэн хуулиа баталчихаад зургадугаар сард УИХ-ын сонгууль явуулъя гэж шийдэж байсан. Өөрсдийнхөө бүрэн эрхийн хугацааг таван жил байсныг хоёр жил болгон хязгаарлаад шинэ Үндсэн хууль дээр суурилсан сонгууль явуулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд бодохоор УБХ-ын гишүүдийг идеалист хүмүүс байжээ гэж боддог. Тухайн үед МАХН-ынх, ардчилсан хүчнийх гэж хуваалгүйгээр “Бид л энэ улсыг ардчилсан улс болгоно” гэж бодож байсан. Мэдээж зөрчилтэй хурал хаяж явах зүйл байсан ч бүгдээрээ Монголд ардчиллыг бий болгож байна гэсэн сэтгэлээр хандсан.

Үндсэн хуулийг батлахад гол үүрэгтэй оролцсон хүмүүс нь хэн хэн байв?

-429 депутатдаа Үндсэн хуулийг зөв тайлбарлах үүргийг гүйцэтгэж байсан Б.Чимид, Г.Очирбат, Б.Даш-Ёндон, С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гээд гол хүмүүсээ дурсах ёстой. Үндсэн хууль гэдэг чинь маш олон хүний хамтын бүтээл. Түүхийн нэг харамсалтай нь ялсан хүмүүсээр түүх бичигдээд байдаг юм. Түүх бодитой байх ёстой. Энэ өдрийг эргэн дурсахаар Үндсэн хууль баталсан чухал өдрийг цөөхөн депутатын хүрээнд тэмдэглэдэг баяр шиг болгоод байна. Миний хувьд орон даяар Үндсэн хуулиа сурталчилдаг өдөр болоосой гэж боддог.

ЗХУын нийгэм, улс төрийн нөлөөлөл манайд Үндсэн хуулиа өөрчлөхөд хэр нөлөөлсөн юм бэ?

-ЗХУ-д хийгдэж байсан өөрчлөлт шинэчлэлт хамгийн их нөлөөтэй байсан. 1985 оны дөрөвдүгээр сард престройка эхэлсэн. Намайг Моксвагийн Их сургуулийн нэгдүгээр курсээ төгсөж байхад эхэлж байлаа. Энэ престройка 1989 он хүртэл яваад 1989 онд ЗХУ-д анх удаа хагас чөлөөт сонгууль болсон. Сахаров, Ельцин гээд энэ хүмүүс хамгийн анх тойргоос гарсан депутатууд. Би 1989 оны наймдугаар сард сургуулиа төгсөөд Монголд ирсэн. Харин 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ байгуулагдсанаар албан ёсоор манайд ардчилсан хөдөлгөөн эхэлсэн. Энэ үйл явц чинь Монголд 4-5 жил бэлтгэгдчихсэн байлаа.

Ардчилсан хөдөлгөөн үүссэнээр эрх чөлөөний салхи сэвэлзэж эхэлсэн цаг мэдээж 1989 оны сүүл 1990 оны эхэн үе. Эрх чөлөөний талаарх таны бодол?

-Монголчуудын цусанд нь эрх чөлөө гэдэг зүйл байдаг гэж боддог. Бусдаас хамааралгүй амьдраад сурчихсан учраас биеэ даагаад явчихдаг. Монголчууд боломжийг маш сайн ашиглаж чаддаг ард түмэн. Энэ нь нүүдэлчдийн соёл дээр суурилсан зүйл. Түүгээрээ ч бахархдаг.

Тухайн цаг үед монголчуудын хувьд ЗХУ-аас жинхэнэ утгаараа тусгаарлаж бие даасан улсаа байгуулах хүсэл эрмэлзэл байсан. Тэр үед хамгийн их мэдрэгдэж байсан зүйл гэвэл социалист системд бүхэлдээ орж байгаа өөрчлөлт байлаа. Социализмын үеийн эдийн засаг бүхэлдээ маш өндөр өсөлттэй байж байгаад уналтын үе нь 1980-аад оны сүүл үе болж таарсан. Өөрөөр хэлбэл монголчууд эрхэм дээд эрмэлзэл дээрээ хүртэл эргэлзсэн цаг үе байлаа. Шинэчлэлийн хөрс нь бүхэлдээ маш томоор бүрдсэнийг монголчууд маш сайн ашигласан. Тэгснээрээ эдийн засаг, улс төрийн өөрчлөлт шинэчлэлтээ цуг хийж чадсан юм. Энэ бол хамгийн сайн боломж байсан.

Ямар эдийн засгаар явах вэ гэдэг нь өөрөө маргааны гол сэдэв болж байсан гэдэг?

-Бид процессоо маш сайн ойлгох хэрэгтэй. УБХ чинь 1990 оны есдүгээр сард байгуулагдсан юм. Үүний өмнө буюу тавдугаар сард нь 1960 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн. “МАХН нийгмийн удирдан чиглүүлэгч” гэдэг үгийг авч, олон намын тогтолцоогоор сонгууль явуулна гэдгээ баталчихсан, парламент нь дээд, доод танхимтай, өмчийн хэлбэрийг ижил тэгш хэмжээнд аваачна гэдгийг тунхаглачихсан учраас Үндсэн хуулийн хажуугаар Хөдөлмөрийн хууль, Өмч хувьчлалын хууль гээд реформын шинжтэй хуулиудаа давхар батлаад явсан. Энэ нь маш хүчтэй эргэлдэж байсан процессыг эхлүүлсэн. Дунд нь алдаа оноо бий ч зах зээлийн эдийн засагт эргэлт буцалтгүй оръё, хувийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрье, шашны эрх чөлөөг олгоё гэсэн юм. Залууст энэ талаар ярихаар “Ямар сонин юм бэ. Цаанаасаа өгөгдчихсөн шүү дээ” гэж магадгүй. Өдөр бүхэн эсэргүүцэлтэй тулгарч, өдөр бүр л нээлт хийж байсан юм. Тиймээс энэ өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн хүмүүст Монголын ард түмэн хүндэтгэлтэй хандах учиртай.

-1989-1990 оны ардчилсан хувьсгалыг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалтай дүйцүүлдэг. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-1911 он гэдэг бол Манжийн дарлалаас гараад автономит улс байгуулж байсан үе. 1990 онд Монгол Улс НҮБ-д бүртгэлтэй бүгд найрамдах улс байсан ч гэсэн бүрэн биеэ даасан гадаад, дотоод бодлого чөлөөтэй явуулахыг тодорхойлсноороо маш том амжилт.

-1992 оны Үндсэн хууль тухайн үеийнхээ хүлээлтийг хангаж чадаж байсан байх. Энэ 24 жилийн хугацаанд нийгэмд ямар томоохон өөрчлөлт авч ирсэн юм бэ?

-Үндсэн хууль нь өөрөө тухайн улсын тогтолцоо, суурь зарчмуудыг тодорхойлсон баримт бичгээс гадна төрийн тогтолцоог тодорхойлсон баримт бичиг юм. Ямар засаглалтай улс байх вэ гэдэг зохицолдлогоог нь хангасан байдаг. Бид Үндсэн хууль батлахдаа символ зүйлс дээр нь анхаарал хандуулж ирсэн юм билээ. Тухайлбал, төрийн сүлд ямар байх вэ, төрийн далбаа ямар байх вэ гэдэг дээр маргаан олон хоног үргэлжилсэн. Сонгодог парламентын, Ерөнхийлөгчийн, холимог засаглал уу гэдгээ тодорхойлж улс төр, эдийн засгийн өөрчлөлт дээр хэдий үед нь нэмэр болоод хэдий үед нь саад болох вэ гэдэг бодлогыг тухайн үед тодорхойлж чадаагүй гэж боддог.

Тэгээд одоо л хэлж байгаа юм уу?

-Тухайн үед яагаад хэлж чадаагүй юм бэ гэхээр нэг улстөрч хувь хүнийхээ хувьд Үндсэн хууль батлагдсанаас хойших 24 жилийн хугацаанд урт удаан хугацаанд лидерийн үүрэг гүйцэтгэсэн үү гэвэл тийм. Н.Багабанди гуай гэхэд дөрвөн жил УИХ-ын дарга, найман жил Ерөнхийлөгч гээд нийтдээ 12 жил Монгол Улсын удирдах албан тушаалыг хашсан байна. Н.Энхбаяр гуай гэхэд дөрвөн жил Ерөнхий сайд, нэг жил УИХ-ын дарга, дөрвөн жил Ерөнхийлөгч гээд есөн жил болчихсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нэг жил Ерөнхий сайд, дараа нь хоёр жил мөн Ерөнхий сайд, найман жил Ерөнхийлөгчөөр ажилласан гээд нийтдээ 11 жил лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг харахаар нэг зүйл буруу байгаа юм. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд гурван албан тушаалыг дамжаад байгаа биз. Меркелийг хар л даа. Дөрөв дэх удаагаа сонгогдоод 10 гаруй жил Ерөнхий сайд хийж байна. Засгийн газар тогтворгүй байгаа, манай лидерүүд нэг голлох албан тушаал дээр удаан хугацаагаар ажиллахгүйгээр дамжаад байгаа нь Үндсэн хууль дотор төрийн салаа мөчир хоорондын уялдаа сул байгаатай шууд холбоотой.

Засгийн газрын дундаж нас ч гэсэн тийм ч урт биш. Энэ ч мөн Үндсэн хуультай хамаатай байх?

-П.Жасрай, Н.Энхбаяр гуай хоёрын Засгийн газрыг хасчихвал бусад Засгийн газрын ажилласан хугацаа нь дунджаар 1.3 жил байна. Үндсэн хуулийн өөрийнх нь зарчим төр нь тогтвортой, бүтээлч байж засаглалын суурийг нь бий болгож өгөх ёстой. Үндсэн хууль нь өөрөө учир дутагдалтай болсон байна гэдгийг өнөөдөр хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад байгаа юм.

Үндсэн хууль үүргээ биелүүлж чадсан уу?

-Үндсэн хууль тогтвортойгоор нийгмийнхээ үйл ажиллагааг зохицуулах ёстой. Мөн зөрчлийг зохицуулах ёстой юм. Анхны Үндсэн хуулийн суурь нь тийм. Парламент гэдэг ойлголт байгаагүй. Харин төр гэдэг ойлголт байсан. Түүнийгээ л гүйцэтгэх засаглал гэж үздэг.

Аливаа улсын хөгжлийг улс төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж чанараар тодорхойлдог. Манай орны хувьд улс төрийн байдал нь тогтвортой байгаа ч бодлогын залгамж чанар нь байхгүй болчихсон. Нэг Засгийн газар 1.3 жил ажиллаад дараагийн Засгийн газар нь гарч ирээд тодрох ёстой болдог. Тэгээд л өмнөх Засгийн газраа муулдаг. Тийм болохоор 1.3 жил болоод дараагийн Засгийн газар нь өмнөхийгөө давтаад яваад байгаа юм. Энэ нь богино хугацаанд бид өндөр хөгжилтэй улс болох боломжийг хаагаад байна. Бодлогын залгамж чанар үндсэндээ байхгүй байгаа болохоор Урт хугацааны баримт бичгийн тухай хууль гээд ярьж байна. Үндсэн хуульдаа бид бодлогын залгамж чанарыг суулгаж чадаагүй. Үндсэн хууль өөрөө суурь баримт бичгийнхээ хувьд баталгаажуулах ёстой.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Ламжавын Мягмарсүрэн: Оюун ухаан газар дэлхий, сэтгэл зүрх харин тэнгэр огторгуй юм

Д.Нацагдоржийн болон МЗЭийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.

Зохиолчдынхоо байгууллагын үүсэн байгуулагдсан өдөр их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар энгэрээ мялаалгасанд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцаач?

-Хөх мөнх тэнгэр аав минь, хөрст этүгэн эх газар минь, наран аав минь, саран ээж минь, одон гараг ахан дүүс минь, долоон бурхан, нар, ус, агаар чандмань эрдэнэ минь миний хүн болж төрсний их хувь заяа юм. Тэргүүлшгүй, эгнэшгүй, сэтгэшгүйгээс төрөл аваагүй хүн гэж энэ орчлонд нэгээхэн ч үгүй юм гэнэ лээ. Ааваас өдөөгдөөд, ээжээс бүрэлдээд хүний их хувь заяанд энэ сайхан цаг үед аж төрөөд, урлаг яруу найргийн сайханд сэтгэлээ ариусгах шиг гайхамшиг үгүй. Үүнийгээ түмэн олноороо хүлээн зөвшөөрүүлэх шиг сайхан юм гэж хаа байх билээ.

ТаУрины шувууанхны түүврээсээ хойш өнөөг хүртэл жил бүхэн оюуны шандас чангарч ирсэн уран бүтээлч. Сүүлийн жилүүдэд гэхэдХас сар”, “Тэнгэрийн нутагзэрэг чансаатай бүтээлүүд туурвихдаа нэг ч шүлэг давхардуулахгүй бичсээр ирсэн онгод билигтэн. Зарим хүнЯруу найраг бол залуу насны үйлгэлцдэг. Тийн атал та ийм их онгод билиглүүн байдгийн нууц юундаа байна?

-Уран бүтээлч хүнд уншиж мэдэхийн их далай, туулсан аж төрөл, үүрсэн насаараа ухаажиж, мэргэжихийн гайхамшиг заяадаг. Жар хүрсэн энэхэн наснаас харахад би чин сэтгэл зүрхнээсээ аж төржээ. Маш шударга, үнэнч, харгүй аж төрөх шиг сайхан юм байдаггүй. Хүн том эрх тушаалтай болж болно, мөнгөжиж хөрөнгөжиж болно. Хамгийн гайхамшиг нь л хүний бүтээсэн туурвил юм. Их сайхан сэтгэл зүрхтэй хүний голоор улаан цус, цагаан атаа урсдаггүй. Цагаан сүү урсдаг гэж л боддог. Оюун ухаан гэдэг бол газар дэлхий, сэтгэл зүрх бол тэнгэр огторгуй. Оюун ухаан хөлдүү, залхуудуу зүйл. Энийг гэсгээж байдаг зүйл бол сэтгэл зүрх. Хүн аливааг бодож хийдэггүй, сэрж мэдэрч хийдэг.

Тэнгэрлиг найргийн бурхан болсон сайхан багш нарынхаа тухай дурсаач?

-Миний багш Мишигийн Цэдэндорж бол Монголын яруу найргийн үзэгдэл байлаа. Өнөөдөр би нэрэмжит шагналыг нь хүртээд байгаа их Нацаг багш, Явуу найрагч, Нямдорж багш, дорнын яруу найрагч Данзангийн Нямсүрэн нар бол дээдийн дээд ямар л тэнгэрээс ирсэн нь бүү мэд, тусгай тавилттай элчин хүмүүнүүд. Цэдэндорж багш бол номоор их эрдэмжсэн, цаг үеэсээ түрүүлж төрсөн хүн. Өөрийн цаг үеэсээ илүү хойч үеийнхээ цагийг эзлээд төрчихдөг.

Бэгзийн Явуухулан багш тань таны анхны номыг өндрөөр үнэлсэн гэдэг байх аа?

-Явуу багш “Урины шувуу” номын маань өмнө “Энэ хүүгийн авьяас эхнийхээ шүлгээс авахуулаад сүүлийн шүлгээ хүртэл улаан шугам нэвт гэрэлтэж байна” гэж урмын сайхан үгээ хэлсэн. “Хүргэн хүү” кинон дээр “Юм үзээгүй юм болохоор Дэмбэрэл их баярлаж байна лээ” гэдэг шиг багшийн үгэнд би магнай хагартлаа баярласан. “Мягмарсүрэн эмч мэргэжлийг шилэн сонгож авсан. Харин Мягмарсүрэнг сэтгэл зүрхний оройн чимэг яруу найраг гэдэг мэргэжил сонгож авчээ” гэсэн нь надад их урам хайрласан. М.Цэдэндорж багш болохоор “Миний хүү хүний түрүүнд явна гэж битгий бодоорой. Сүүлд нь явна гэж бүү гундаарай. Дунд нь яваарай” гэж захиж байсан. Цэдэндорж багш минь “Өөрийн үеийн сайхан хүмүүстэй нэгэн цаг үед нэр төртэй аж төрөх шиг гайхамшигтай зүйл үгүй. Амьд хүнд хайр хэрэгтэй, тэнгэрт одсон хүнд алдар хэрэгтэй” гэдэг хүн байсан. Ямар ч агуу ухаантай хүн байсан юм. Нямбуугийн Нямдорж багш “Мягаа миний дүү, агуу их Сартр чамайг хүлээж байна. Хүн ууланд мацсаар байгаад гарч болно. Уулнаас буух л хүнд байдаг юм шүү. Цэцгээ сайн услаарай. Чимэгээгээ сайхан хайрлаарай” гэсэн юм. Мунхаг юм чинь би тэр үедээ сайн ойлгохгүй шүү дээ. Сүүлд бодоод үзэхэд “Шүлгээ сайн бичээрэй, ханиа сольж болохгүй шүү” гэсэн үг байсан юм билээ. Энэ гурван багшдаа мөргөж залбирч, шүлэг найргийг нь биширч явах юм. Их газарч хүн бол дандаа эргэж харж явдаг юм гэнэ лээ. Түүн шиг монгол эх хэл, соёлоо эргэж харж явсан хүн л мэргэдийн газарч болдог юм байна. Хүн өөрийгөө ачих нэг хэрэг. Үзэж туулсан, үетэн чацуутнаа авч явна гэдэг том юм байдаг юм байна. Хүн сэтгэл зүрхээ дарж бас асааж явах хэрэгтэй.

Аав чинь ер нь юу хийдэг хүн байв?

-Миний аав дөрөвдүгээр ангиа төгсөөд аймгийн сургуульд явах гэтэл өндөр эмээ маань бурхан болоод зургаан өнчин дүүтэйгээ хоцорсон юм билээ. Ээж нь гучин зургаахан насандаа бурхан болсон. Ингэж аав минь амьдралын төлөө зүтгэсэн байдаг. Өвгөн аав минь улаан бурхантсаны улмаас цоохор болсон нүүртэй Чулуун гэж хүн байсан. Сумандаа олон жил түрүүлсэн бөх хүн байж. Манай өвөөгийнх эвэр нь хөхөрсөн ямаатай, тав зургаан мянган малтай айл байсан гэдэг. Хожим хөдөлмөрийн баатар болсон Тувааннайдан гэдэг хүний уруу татсанаар аав өвөөгийн тасалж өгсөн гурав, дөрвөн мянган малыг орхин жолооч болохоор шийдсэн юм билээ. Би, миний бүсгүй дүү хоёр төрчихсөн үе. Тэр үед жолооч болно гэдэг жил зургаан сар сурдаг байж. Өвгөн аав аавыг шилдэн, адууны хомоол аманд бариад “Ламжав аа, чам шиг ардаа нүдгүй хүн жолооч болдоггүй юм” гэж байсан байдаг. Аав сумын начин цолтой хүн байсан мөртлөө аавдаа тэгж шилдүүлж байсан гээд бод доо. Би хөгшин аавтайгаа мал маллана. Бичгийн нуруу гээд зөөлөн баргилттай сайхан ууланд хүйтэнд хөмөн гуталтай, хөдсөн дээлтэй хүн болж өслөө. Тэр үед бээлий ч байхгүй. Үнэгэн сүүл ханцуйндаа хийгээд малд явна. Билүүний зөөлөн баргилтаар юм сийлэх дуртай хүүхэд байлаа. Өнөөдөр хөдөөнийхөн мотоциклиор малаа хариулж байна. Монгол хүн морьтойгоо байж байж л монголоороо үлдэнэ.

Таны гадаад төрх европжуу шүү. Арай гадны цус хольцтой юм биш биз?

-Манай өвгөн аав холын цустай хүн байсан байж магадгүй. Миний удамд зэрэг зиндаа өндөр тайж угсаатай хүмүүс ч байсан. Бас орос, герман хэлтэй хүн ч байсан юм билээ. Миний удамд Сономын Лочин, генерал Пүрэвдорж, Санжийн Пүрэв баавай нар бүгд орно. Манай удмынхнаас хамгийн алдартай хүн бол ээжийн хамаатан Ама Бямбадорж байна. Бөхчүүд олон байдаг. Би ч бас залуудаа барилдаж, уулын спортоор хичээллэдэг байлаа.

Хүүхэд байхад чинь юу гэж хочилдог байв?

-Намайг “Ногоон муур” гэдэг байсан. Энэ хочиндоо их дургүй байсан. Чимэгээ эгч нь яаж намайг тоосон юм бол одоо ч гайхаж л байдаг юм.

Чимэгээ эгчид таБолор чулуунд туссан сарны гэрэл адилхэмээх алдарт шүлгээ уншиж өгсөөр байгаад уяраагаад аваад суучихсан юм биш үү?

-Тэр шүлэг чинь яах аргагүй миний залуу насны сэтгэл зүрх шингэсэн бүтээл л дээ. Залуучууд цээжээр их унших юм билээ.

Та тэр шүлгээ нэг сайхан бүтэн уншаад өгөөч?

Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг

Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч

Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр, хүсэлдээ уягдан

Цонхны чинь доор тамхи татан, татан холхиход

Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйд нөхцөн алдарнам.

Чиний инээд үдшийн агаараар улаалан ирж

Миний сэрэхүй бүхнийг гижигдэн эрхэлнэ.

Чиний инээдний сайханд өрөөний чинь цонх ч

Өөрийн эрхгүй баясан инээх шиг санагдана.

Чамайг элэгдэшгүй хайраараа өлгийдөн тэвэрч

Чиний инээдийг салхинаас булаан газарт хүргэлгүй

Зүрхэндээ тосон авч, сэтгэлийнхээ хөрсөнд цацлаа.

Чанад итгэлээ өвөртлөн, үдшийн гэгээг уяртал

Чамайг бодлоороо энхрийлэн дурлалыг амталлаа.

Энэхэн биений минь эснээс нэг нэгээр нь тээн

Эргэлтгүй одох цагийг үрснээ би цагаатгалаа.

Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг

Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч

Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр, хүсэлдээ уягдан

Цонхны чинь доор тамхи татан, татан холхиход

Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйд нөхцөн алдарнамгэсэн шүлэг л дээ. Чимэгээдээ залуудаа үүнээс ч сайхан шүлэг олныг зориулж явсан даа.

Зураач Шүнгийн Тэнгисболд таныгЗуунАйлын атаман байсангэж байсан. Уг нь таныг харахад их л зөөлөн хүн шиг санагддаг даа?

-Аравдугаар ангиа онц төгсөөд Анагаахын сургуульд орж, цэрэгт татагдан Цог генералын хүү Геннадийгийн удирддаг О65 дугаар ангид алба хаасан юм. Хүүхэд насанд хүн бүхэн л зүггүй байдаг даа. Харин сургууль соёл, цэрэг цуухаар явахаар томоождог юм байгаа биз дээ. Эрдэм номын гэрэлт багш нарын минь ч ач гавьяа байсан байж таараа. Анагаахын дээдэд сурч байхдаа Одончимэг гэж бүсгүйд дурлалаа.

Та одоо анхны хайраа тэгж шулуухан ярьж болж байгаа юм уу?

-Одончимэг гэж одоо Дарханд их сайхан бүсгүй байгаа. Залуу насны гэрэлт учрал сайхан л даа. Түүнээс хойш Чимэгээ эгчид нь үнэн голоосоо дурлаж, өдөр бүхэн тэмдэглэл хөтөлж, шүлгээ зориулсаар авч суусан даа. Ийм сайхан бүсгүй миний хань болно гэж залуудаа итгэж чадахгүй л явсан даа. Өнөөдөр хэдэн сайхан үрийн эжий аав болоод сайхан л амьдарч явна.

-“Галнэгдлийнхээ талаар дурсаач?

-Манай “Гал”-ынхан Гомбожавын Мэнд-Ооёогийнхоо хадам аав, ээж хоёрт насаараа баярлаж явах сэтгэлийн өртэй хүмүүс. Бат-Очирын Сундуй гэж сайхан яруу найрагч байлаа. Яруу найрагч Дагвадоржийн Цогт, Очирбатын Дашбалбар, Данзангийн Нямсүрэн, соёлын гавьяат зүтгэлтэн Жүмпэрэлийн Саруулбуян, Үржингийн Хүрэлбаатар, Шагдарсүрэнгийн Гүрбазар, төрийн сүлдний зураач Ойдов, доктор Ядамбатын Баатар, яруу найрагч Оюунцэцэг бид “Гал” бүлгэмдээ бие биеэ сайхан ирлэж өдий зэрэгтэй болцгоосон. Шүлгийг өдөрт арав хориор нь бичдэг байлаа. Нэгнийгээ урамшуулахдаа ч урамшуулж, шүүмжлэхдээ ч зад шүүмжилнэ. Бид ийм л найзууд байсан даа.

Categories
мэдээ цаг-үе

А.Энхтулга: Манай хамтлагийг 20-40 насныхан сонсдог

“The Lemons” хамтлагийн соло гитарчин А.Энхтулгатай ярилцлаа.

Танай хамтлаг дуугаа ямар төрөл жанраар туурвидаг вэ?

-Ер нь “Indefendent” рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг.

Дууныхаа үгийг өөрсдөө бичдэг үү. Юунаас сэдэвлэж бичдэг вэ?

-Дууны үгийг манай дуучин Одноо бид хоёр бичдэг. Зүгээр л өдөр тутмын амьдралыг энгийнээр илэрхийлдэг. Аяыг нь ч бас өөрсдөө зохионо.

Хамтлагийн анхны цомгоо хэзээ гаргаж байв?

-Анхны цомог маань 2006 онд гарсан. “Хайртай”, “Цэнхэр нүд”, “Харах дуртай”, “Элэг бөөр” гэх мэт дуунуудтай. Тэр оныхоо шилдэг цомог гээд бүх сэтгүүлд гарч байлаа. 2007 онд “Пентатоник” наадмаас гурван шагнал авч байсан. Одоо ч бас хүмүүс тэр цомгийг маань хамгийн шилдэг гэж ярьдаг юм билээ. Тэрнээс хойш гурван цомог гаргасан байна. Бүгд “Indefendent” рок урсгалаар гаргасан дуунуудтай. Сүүлийн цомог маань “Гурав” гэсэн нэртэй. Гурав дахь цомог маань учраас тэгж нэрлэсэн юм. Цомгон дээрээ гурвалжин дүрс тавихыг хүсч байсан хүслээ биелүүлсэн дээ. Их сайн болсон гэж бодож байгаа.

Хоёр дахь болон гурав дахь цомгуудын ялгаа юу вэ?

-Хоёр дахь цомог маань задгай, хайнга дуунуудтай. Санаа нь бол өнөөгийн амьдралын нууц зүйлийг харуулах гэж зорьсон. Харин шинэ цомог маань хайрын тухай л даа. Хүмүүс хэлэхдээ арай буурьтай, суурьтай болсон гэж байсан. Амьдрал ийм байдаг гэдгийг л харуулсан. Өмнөх цомгуудаасаа өөр дуугаралтууд оруулснаараа онцлог. Үг, аялгуу нь уянгын юм шиг мөртлөө бүжиглэж болохоор хэмнэлтэй хийсэн.

Өнгөрсөн оны аравдугаар сард хамтлагийнхаа 11 жилийн ойг тэмдэглэж тоглолт хийсэн байх аа?

-“Crocus event hall”-д “The Lemons III” цомог болон хамтлагийн 11 жилийн ойн арга хэмжээг нийлүүлж тоглолт хийсэн байгаа. Энэ цомгоо удахгүй DVD болгож гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Танай цомгууд борлуулалтаар хэр байдаг вэ?

-Борлуулалт их сайн байдаг. Зун жагсаалтаар гурав дахь цомгоороо сүүлийн хоёр сар нэгдүгээр байрт орсон. Хүмүүс энэ цомгийг маань дөрөв, таван жил хүлээсэн учраас сүүлийн цомог маань их сайн болсон. Сүүлийн цомог яагаад их хүлээгдсэн гэхээр аяа бид аль эрт зохиочихоод үгээ зохиох гэж удсан юм. Хоёр цомог гаргасны дараа бидний стиль тогтсон юм шиг санагддаг. Бид дууны үгэн дээр дуучин Одноогоо яаруулахгүй хүлээвэл сэтгэлээсээ их гоё бичдэг л дээ.

Танай хамтлагийнхан бүгд мэргэжлийн хүмүүс үү?

-Д.Анар Хөгжим бүжгийн Үлээвэр хөгжмийн ангийг төгссөн. Би түүх угсаатан судлал, худалдаа маркетингийн менежер. Соло гитараа сонирхлоороо сурч байлаа. Одноо, Өөжгий ч бас сонирхлоороо сурсан. Би 1997 онд долдугаар ангид байхдаа нэг сар хүнээр гитар тоглохыг заалгаад л анх Нирванагийн unplugged-ийг тоглож сурсан юм. Тэрнээс хойш бэлтгэл хийж байсангүй. Би өөрийгөө Монголын муу гитарчин гэж боддог юм. Зарим дууныхаа аяыг гитарынхаа ганцхан барилтаар дараад явчих үе ч байдаг. Энэ нь сүүлдээ миний стиль болоод байна. Ер нь рок хөгжмийг мэргэжлийн хүмүүс хийдэггүй. Энгийн хүмүүс л рок хөгжимд орсон байдаг. Сонгодог мэргэжлийн хүмүүс дүрэмд баригдаад өөрийгөө өөрчилж чаддаггүй юм.

Та хамтлагтаа уран бүтээл хийхээс гадна мэргэжлээрээ ажилладаг гэсэн байх аа?

-“Gandan life house”-ийн маркетингийн менежер хийдэг.

Танай хамтлагийнЦэнхэр нүд”, “Мэлхий гүнжгэсэн дуунууд хэрхэн бүтсэн бэ. The Lemons гэхээр эдгээр дуунууд сэтгэлд буудаг?

-“Мэлхий гүнж”-ийн аяыг Д.Анар хийсэн. Хоолойны аяыг Одноо. Үгийг нь манай найз Одноотой хамтарч бичсэн. “Мэлхий гүнж” бол манай хамтлагийн стиль шингэсэн анхны дуу. Тухайн үед дэлхийд моодонд орж байсан стиль л дээ. “Цэнхэр нүд” дууны үгийг “Гоодаль” сэтгүүлийн Энх-Амгалан эгч бичиж, аяыг бид өөрсдөө зохиож байлаа.

Хүмүүс ямар дууг чинь илүү сонирхдог вэ?

-Клиптэй дуу хүнд их хүрдэг юм шиг байна лээ. Хараад байхад “Хүсэл” гээд дууг youtube дээр хамгийн их үзсэн байсан. Тэр дуунд рок сонсдоггүй хүн ч дуртай юм шиг санагддаг. Электро парти, рок тоглолт дээр очоод дуулсан ч мэдэж байдаг. Метал рокууд дээр очоод дуулсан ч бүгд дагаад дуулах жишээтэй байдаг шүү. Хуучны дуунуудаас гэвэл “Мэлхий гүнж”, “Цаг агаар”, “Хайртай” гэх дуунуудыг хүмүүс илүү сонсдог юм билээ. Хамгийн сүүлд харж байхад манай “Сүүлийн уянга” дуу маань онлайнаар хамгийн их татаж сонссон дуугаар шалгарсан харагдсан.

Танай хамтлагийг анх хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?

-Хамтлаг маань гарч ирэх үед хүмүүс рок гэхээр л урт үстэй, гинж, савхи өмссөн хүмүүс гэж ойлгодог байсан даа. Рок гэхээр л гитарын ур чадвартай үзүүлбэртэй байхаар төсөөлнө. Энэ үед бид хүмүүсийн төсөөлдгөөс өөрөөр, энгийн хувцастай гарч ирсэн. Би ямар ч хүний тоглож чадахаар гурван гитарын барилтанд дуу нийлүүлдэг байлаа. Бүр болж өгвөл ганц барилтаар дуу хийхийг зорьж байсан. Тухайн үед залуус “Сonverse” кетийг мэддэггүй пүүз сонирхдог байхад манай хамтлаг “Мэлхий гүнж” дууны клипэндээ бүгд жигдэрч өмссөн юм. Манай тэр клипнээс хойш “Сonverse” кетийг залуус өмсдөг болсон. Бидний стиль энгийн, байгаа хувцастайгаа гарч тоглоход оршдог байлаа.

Танай хамтлагийн дууг хэдэн насны хүмүүс сонсдог вэ. Судалгаа хийж үзэж байсан уу?

-Биднийг хамтлагаа байгуулаад анх гарч ирж байхад арван жилийнхэн болоод 20-30 насныхан илүү сонсдог байсан. Одоо 11 жил өнгөрчихлөө шүү дээ. Анх сонсдог байсан 20, 30 насны хүмүүс маань 30, 40 гарчихлаа. Тэд одоог болтол сонсч байгаа. Дээрээс нь залуус нэмэгдэж сонсдог болсон. Энэ байдлаас харахад 20-40 насныхан манай хамтлагийн дууг сонсдог гэж болно.

Өнгөрсөн онд гадаадад очиж тоглолт хийж байсан. Хүмүүс яаж хүлээж авдаг байв. Олон хүн үздэг үү. Энэ жил дахиад гадаад руу явах уу?

-Бидэнд гадаадад байгаа монголчууд хүсэлт ирүүлдэг юм. Түүний дагуу хамтлагийн төлөвлөгөөт ажлаа харж байгаад өнгөрсөн жил гадаадад байгаа монголчуудад зориулж тоглолт хийсэн. Сүүлийн хоёр, гурван жил Америк, Европоор явсан. Ихэнхдээ оюутнуудтай хотод очиж тоглоно. Нэг тоглолтыг 200-300 орчим хүн үзнэ гэдэг бас их тоо шүү. Гадаадад тэгж бөөнөөрөө цуглах тохиолдол ховор. Энэ жил Орос, Австрали, Солонгос, Өвөр Монголоос ирж тоглолт хийгээч гэсэн хүсэлт ирүүлээд байгаа. Ирэх гуравдугаар сард “Unplugged” тоглолт хийснийхээ дараа гадаад руу тоглолтоор явах байх.

Танай хамтлагийнСүүлийн уянгадуу шагнал авсан байсан. Чухам ямар шагнал авсан юм бэ?

-Энэ шинэ жилийн баяраар манай хамтлагийн дуунууд онлайнаар таталт сайн байгаа номинацийг тэргүүлсэн. Мөн “Сүүлийн уянга” дуу маань онлайн таталтаар хоёрт орсон байна. Мөн хамгийн шилдэг цомог, шилдэг тоглолт хийсэн хамтлагаар тодорсон. Өнгөрсөн онд манай хамтлаг амжилт бүтээл дүүрэн байлаа.

Энэ онд ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна?

-Ирэх гуравдугаар сард “Unplugged” тоглолт хийнэ. Гаргасан гурван цомгоосоо дөрөв, дөрвөн дуу сонгоод нийт 12 дуутай тоглолт хийх бодолтой байна. Мөн энэ жилд багтаж дөрөв дэх цомгоо гаргана.

Шинэ гаргах цомгоо панк рок урсгалаар гаргана гэж ярьж байсан?

-Энэ удаагийнхаа цомгийг электро чиглэлээр гаргах байх. Цомгийнхоо ажилд орчихсон явж байна. Үг, аян дээрээ ажиллаад эхэлчихсэн.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дэмбэрэл: Мөнгөнд захирагдсанаас болж хуулиуд бүлэг хүмүүсийн асуудлаар шийдэгддэг

УИХын гишүүн Д.Дэмбэрэлтэй Үндсэн хуулийн талаар болон цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

Үндсэн хуулийн ойн баярын өдрүүд тохиож байна. Шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш 24 жил өнгөрсөн байна л даа. Үндсэн хуулийг батлахад хүндрэлтэй зүйлс тохиолдож байсан байх?

-Үндсэн хуулийг баталж гаргана гэдэг амаргүй ажил. Монгол Улс хорьдугаар зууны эхэнд Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсаа тунхагласан. Энэ нь төр, нийгмийн маш том дэвшил байлаа. Үүнийгээ удаа дараа боловсронгуй болгон цаг үед нийцүүлснээр 1990 онтой золгосон. 1990 он гэдэг бол нийгмийн томоохон тэмцлээс эхлээд шинэ нөхцөл байдалд ажиллахыг шаардсан. Ардчилсан хөдөлгөөнүүдийн шаардлагыг тусган асуудлыг шийдсэн. Нийгмийн сэгсэргээнд асуудал дэвшүүлээд ирэх үед гарах арга замыг зөв онож чадсан нь монголчуудын хамгийн том гавьяа. Энэ нь Үндсэн хуулийн арга байсан юм.

Нийгмийн томоохон шаардлагыг 1990 онд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульдаа багтаан гаргасан. Миний хувьд үүнийг маш чухал хууль гэж үздэг. Үндсэн хуулийн анхны эх булаг нь Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль байсан. Улс төрийн тогтолцооны хувьд өөрчлөлт хийж нэг намын улс төрийн эрхийг халах шийдвэрт хүрч төрийг төр гэдэг байдлаар нь Үндсэн хуулиараа бүх асуудлаа шийдэх боломжийг бий болгосон. Нэмэлтийн хуулиар Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийх асуудал гарч ирсэн. Ингээд 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр АИХ-ын 429 депутатыг сонгох сонгууль болсон. Энэ бол түүхэн үйл явдал болж байсан юм. Ингэж л нээлттэй, ил тод, шударга түүхэн сонгуулийн үр дүнд бий болсон тухайн үеийн АИХ-д Үндсэн хуулийг батлах томоохон үүрэг ноогдсон. Гэхдээ энэ бүх үйл явц миний ярьж байгаа шиг тийм амар явсан юм биш. Нийгэмд шинэчлэл хийх, улс төр, эдийн засгийн тогтолцоог бий болгоно гэдэг амархан байгаагүй.

Нийгэм огт өөр нийгмээр солигдоод амаргүй байсан биз. Иргэдийн хувьд зах зээлд бүрэн төлөвшөөгүй хэцүү байсан гэдэг дээ?

-Үнэн. Улсаараа сэтгэхүй нь бэлэн болоогүй байсан үе. Тэр сэтгэхүйг хөтлөх локомотив болсон орчин шаардлагыг хангахыг шаардсан нэг хэсэг гарч ирсэн нь нэлээд ач холбогдол өгсөн. Одоо эргээд харахад алдаж, оносон зүйл харагддаг л юм. Нийгмийн оюун санааны амьдралд цоо шинэ эргэлтийн шинжтэй зүйлийг оруулахын тулд ард түмнийг бэлтгэсэн байх шаардлагатай байдаг. Гэхдээ үүнийгээ хийж чадсан. Үндсэн хуулийг батлахын тулд Улсын бага хурлыг байгуулж, байнгын ажиллагаатай болгож бэлтгэл ажлыг хангасан. Маргаантай зүйл их байсан. 429 депутат Үндсэн хуулийн талаар хэлэлцэж байхад “Дэндүү их удаж байна. Дэндүү их маргаж байна” гэдэг наад захын шүүмжлэл гарч байсан ч үүнийг дааж зөв сайхан Үндсэн хуультай болсон. Олон талын шүүмжлэл, саналыг харгалзан үзэж 1992 оны Үндсэн хуулийн эхийг барьж авсан. Хамгийн гол нь эдийн засгийг хэрхэн яаж авч явах вэ гэдэг арга хэлбэрүүд дээр маргаж байснаас хугацаа сунжирч байсан юм. Ялангуяа нийгмийн өмчийг задлах, хувийн өмчийн хэлбэрүүдийг бий болгох амаргүй ажил. Мөн нийгмийн социал чиглэлээс ардчилсан чиглэлд шилжих буюу улс төрийн маргаанууд их байсан ч бүгдийг нь давж чадсан. 1990 онд болсон бүх үйл явц 1992 онд шинэ Үндсэн хууль төрөх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Монголчууд цаг нь тулсан үед ухаалаг шийдвэр гаргадаг юм байна гэж бодсон. Үндсэн хуулийг батлах ажлын хүрээнд ард түмэн бэлтгэл ажлыг маш сайн хангасан. Тухайн үед ард түмнээс авсан саналаа хоёр сар гаруй хугацаанд хэлэлцүүлсэн юм шүү дээ. Энэ бол маш чухал ач холбогдолтой. АИХ-ын депутатууд Үндсэн хуулийг баталчихна гэдгээр биш ард түмний саналыг хэлэлцсэн гэдгээрээ түүхэн ач холбогдолтой. Үндсэн хуулийг ард түмэнтэйгээ хэлэлцэж байж батлахгүйгээр хэдхэн хүний хүрээнд баталсан бол ард түмний дунд Үндсэн хууль гэж хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй байсан.

Шинэ Үндсэн хуулийн ач холбогдол нь яг юунд оршиж байв?

-Үндсэн хуулийн ач холбогдол маш өндөр. Өнөөдөр бид өнгөрсөн 20 гаруй жилийн нийгэм, эдийн засгийн байдлыг эргээд харахад өөр түвшинд ирсэн нь харагддаг. Яаж үнэмших вэ гэдэг асуулт гарч ирнэ. Миний хувьд 20 гаруй жилийн хугацаанд маш их өөрчлөлт гарсан бөгөөд оюун санааны хувьд асар их өөрчлөлтийн он жилүүд байлаа. Бид өнгөрч байсан зүйлс дээр бат суурилж явсан нь ихээхэн ач холбогдолтой байсан. Үндсэн хууль төрнө гэдэг бол урьдын суурь хуримтлал дээр бий болдог зүйл. Түүнээс нь салгачихвал цаашаа амьдрах боломжгүй байсан байхыг үгүйсгэхгүй.

Тухайн үед шинэ Үндсэн хуулийг батлахын тулд иргэн бүрийн саналыг чухалчилж авч үзэж байж. Гэтэл өнөөгийн нөхцөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг бол хоёр том намын асуудал мэт харагдаж байна л даа?

-Үндсэн хуулийг батлахад биеийн байдлын бэлтгэл хангагдаж, тухайн үеийн зорилтуудыг Үндсэн хуульдаа тусгаж чадсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг бол бүхэлд нь өөрчлөлт оруулж байгаа юм биш л дээ. Үндсэн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт хийнэ гэдэг зүйл яригдахаас суурь бүх зарчмыг өөрчлөхгүй гэдэг хуулийг түрүүчийн парламент гаргасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг баталснаар ямар заалтыг нь хөдөлгөж, ямар заалтыг нь хөдөлгөж болохгүй вэ гэдгийг тусгаад өгчихсөн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бэлтгэл ажил түрүүчийн парламентын үед хийгдэж ажлын хэсэг байгуулж дөрвөн ч хуулийн төслийг УИХ-д өргөн барьчихаад байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм уу, үгүй юм уу гэдэг асуудлаар ажлын хэсэг гаргаж ажилласан. Дараа нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Өөрчлөлт оруулах асуудлууд ч байна” гэж тохирсноор УИХ-ын даргад танилцуулгаа хийсэн. УИХ-ын дарга шинэ ажлын хэсэг байгуулж, хуучин тавигдаж байсан асуудлуудыг судалж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа баримталж боловсруулсан. Үүнийг хоёр нам тулгаад гаргах гэж байна гэсэн хардлага байх нь зүй ёсных. УИХ-аар хэлэлцэх үед хоёр том нам зонхилж байгаа нь үнэн. Энийг ард түмэн тулгаж гаргах гэж байна хэмээн сандарсан байх л даа. Тэгж тулгаж гаргах үндэсгүй юм л даа. Учир нь Үндсэн хуулийн журмын тухай хуульдаа ард түмнээс асууж байж гаргана гээд хуульчилсан. Үүнийг хүмүүс буруу ойлгоод байна. Бидний өргөн барьсан төслийг хэлэлцээд эхэлсэн тохиолдолд бүх хуулийн төслийн хэлэлцэх асуудлыг зогсоож байгаад хэлэлцэнэ. Парламент хэлэлцэх эсэхээ шийдээд, хэлэлцүүлгээ хийж “Манай парламент энэ л асуудлыг хэлэлцье. Үүнийг ингэж өөрчилье” гэж тохирох учиртай. Харин батлахын өмнө ард түмнээс асуух ёстой. Түүнийгээ санал асуулга гээд байгаа юм. Үүнийг нь ард түмэн жаахан буруу ойлгочихов уу даа гэж харж байна. Санал асуулгын тухай асуудлыг эхэндээ УИХ-ын гишүүд нь ч ойлгохгүй буруу яриад эхэлчихсэн юм. Ард нийтийн санал асуулгын тухай хууль гээд том хууль бий. Тэр хуулийн дагуу ганц хоёр зүйл асуучихна гэж бодсон. “Ерөнхийлөгчийг ард түмэн сонгох юм уу, УИХ сонгох юм уу”, “УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчийг сонгох юм уу, пропорционалиар явах юм уу” гэж хоёрхон зүйл асуухыг хэлдэг гэж эндүүрсэн.

Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой санал асуулга биш. Парламент хэлэлцээд бүх газрынхаа саналыг авсны дараа Ерөнхийлөгч, Дээд шүүх, Засгийн газар, Цэцийн саналыг аваад ийм өөрчлөлт орохоор байна гээд батлахын өмнө ард түмнээс асуух юм. Ард түмнээс нийтээр нь санал аваад дэмжиж байвал явуулаад дэмжихгүй бол тэгээд л үлдэнэ. Хууль нь ердөө л энэ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэзээ хэлэлцэх боломжтой юм. Өмнөх төслүүд нь бэлээхэн байгаа юу?

-Дараагийн парламент төслүүдийг авч үзээд нэмж, хасах зүйл байна уу гэдэг ажлын хэсгийг шинээр байгуулах уу гэдгийг шийдэх хэрэгтэй.

Энэ парламентын үед байгуулагдсан ажлын хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй. Түрүүчийн Их хурлын үед байгуулсан миний ажлын хэсэг дэд хэсэгтэй, эрдэмтэн, судлаачдыг оролцуулж, гишүүдийг багтаасан том ажлын хэсэг байсан. Тэр том ажлын хэсэг шүүж тунгаасаар байгаад 15-16 зүйлд өөрчлөлт орж болох юм гэдэг дээр санал нэгдэж байлаа. Түүнийг нь бид харгалзсан. Дараагийн ажлын хэсгийг байгуулахдаа өргөтгөн байгуулах нь зөв. Тэгэхгүй бол энэ есөн хүн явцуу хүрээнд ажиллачихлаа гээд хардаад байна л даа.

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Их хурал хэлэлцэж байна. Цэцийн гишүүдийн насны хязгаар 65 байна гэдэг ч юм уу өөрчлөлтүүд багтжээ. Та үүнд ямар бодолтой байна вэ?

-Нас хязгаарлаж болно. Гэхдээ Монголын ҮХЦ эцсийн шийдвэр гаргадаг маш том эрхтэй. Нэг үгээр хэлбэл парламент хууль батлахаас илүү баталсан хуулийн чинь энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гээд эцсийн шийдвэрээ гаргачихдаг юм. Тийм эрхтэй байгууллагад асар их мэдлэг, туршлагатай хүмүүс очиж байх ёстой. Анх бид Цэцийн асуудлыг ярихдаа шүүх гэж үзээгүй. Цэцийн эцэслэн шийдэж буй шийдэл нь Монголын өөрийн гэсэн хувилбар юм. 2200 жилийн төрийн түүхтэй улсад тэр хугацаанд хяналт хэрхэн явж ирсэн юм гэдэг түүхийг үзээд Цэц гэдэг нэр томъёог оруулж ирсэн. Цэцийн концепцийг тайлбарлаж байгаа хүмүүс “Энэ бол шүүх” гэдэг. Дахин хэлэхэд шүүх хараахан биш. Тэгж бодсон учраас л шүүгчийн нас 65 байхад энэ нөхдүүдийн насыг хязгаарлана гээд оруулж байгаа юм. Шүүх бүх насаараа суудаг монопол эрхтэй бол Цэцийн гишүүд зургаан жилийн хугацаатай суудаг. Цэцийн гишүүн ажиллах чадамжгүй бол заавал 65 гэлтгүй 50 настайд нь ч болиулж болно. Үнэхээр болоод ажлаа хийгээд байвал 65-аас дээш байсан ч яадаг юм. Үүний ялгааг сайн гаргаж чадахгүй байна. Анх Үндсэн хууль батлахад ямар үг хэлж байсан бэ гэдэг протоколыг харалгүй өөрийн итгэл үнэмшлээр асуудлыг тавиад эхэлчихлээ. Энэ нь тийм биш юм шүү гэдгийг нэгдүгээрт хэлэх ёстой.

Хоёрдугаарт, ҮХЦ-ийг шүүмжилж болно. Гэхдээ парламент Үндсэн хуулийн Цэцийг атгандаа хийх гэж байгаа юм шиг ҮХЦ-тэй маргалдах эрх ёс зүйн талаасаа байхгүй. Яагаад гэхээр энэ чинь УИХ-ын баталсан хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг дээд түвшинд авч үздэг байгууллага байхгүй юу. Хэлтэс газар байгууллагын захиргааны дарга руугаа дайраад байвал ямар вэ. Парламент хууль тогтоох эрхийг монополоор авч болохгүй. Тэгж бодож байгаа бол 1992 онд баталсан Үндсэн хуулиар Цэцийг хэрхэн яаж тодорхойлсонтой зөрчилдөнө.

Тухайн үед яг юу гэж тодорхойлсон юм?

-Дээр хэлсэн. Үндсэн хуулийн шүүгч биш. Одоо гадаад орнуудад Үндсэн хуулийн шүүх байдаг гэж хэлдэг. Үүнийг чинь бид мэдээд хийчихсэн юм. Монголчууд төрийн их уламжлалтай тул үүнийгээ Цэц гэж нэрлэнэ ээ гээд явчихсан. Сүүлд ҮХЦ дураараа явах нь ихсээд зээлийн барьцааны асуудалд бид л гэдэг байр сууринаас хандсан. Цэц гэдэг нэрэндээ бус өөрсдийнх нь ажлын арга барил, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн гаргаж байгаа дутагдал гэж дайрах нь буруу. Өмнө нь Цэцтэй харилцан ярилцаад болдог байсан.

Парламентад суудалгүй намууд оны өмнө баталсан Сонгуулийн хуулийг Үндсэн хууль зөрчлөө гээд тайлбарлаж байна. Сонгуулийн хуулийн тал дээр ямар байр суурьтай яваа вэ?

-Сонгууль болгоны өмнө бид Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Өмнөх Их хурал нийгмийн томоохон өөрчлөлтийг багтаасан хууль болж чадсан. Одоогийн хууль нь нийлсэндээ өөрчлөлт орж байгаа мэт харагдаж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, УИХ-ын сонгуулийн хууль, Орон нутгийн сонгуулийн хуулиудын хуучин заалтууд л явж байгаа. Тусдаа бие даасан хууль байсныг л нийлүүлээд нэг хууль болгосон. Нэг их шинэчлэгдсэн зүйл байхгүй. Хяналтын асуудал тавигдаж, санал тоолохдоо дараа нь техникийн тооллогыг нийт хэсгүүдийн 50 хүртэлх хувьд нь хийе гэсэн. Энэ нь хуучнаасаа арай нэмэгдэж байгаа зүйл. Тэр нь автомат машинаар тоолох асуудлаас болж эргэлзэж байх шиг байна. “Хэдүй их тоолно төдий чинээ бэрхшээлтэй тулгарна” гэж би үздэг. Ухаандаа эргэлзээд нэг зүйлээ дахин тоолоод байна гэдэг чинь их бага хэмжээний зүйл гараад ирвэл түүн дээрээ маргалдаад УИХ чинь бүрэлдэхгүй, төрөө төвхнүүлж чадахгүй байдалд хүрчих вий гэж боддог. Тиймээс хяналтын тооллого гэдгээрээ байсан бол зүгээр байсан юм. Одоо “техникийн” гэдэг үг оруулаад техник зөв ажиллаж байна уу гэдгийг хянах гээд байгаа юм уу. Үүнийг нэг их лаг юм болчихлоо гэж ойлгохгүй байгаа.

Техник оруулна гэдэг чинь улс төрийн бодлогоор хийгдсэн ажил. Манай намын Бага хурлаар гаргасан үзэл баримтлал байдаг.

Үзэл баримтлалдаа юу гэж тусгасан юм бол?

-Пропорционалийн элементийг оруулна. Санал авах, тоолох ажилд хүний хүчин зүйлийн оролцоог багасгана гэсэн. Хүний хүчин зүйлийн оролцоог багасгана гэж шийдсэн. Сонгуулийн хуульд ингэж зарчим болгож оруулсны цаана хүний хүчин зүйлсийг багасгаж техник оруулъя л гэсэн бодлого. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал бол сонгуулийн дүнтэй холбогдож гарсан юм. Түүнээс болж хүний амь үрэгдсэн. Гараар тоолоход асар их булхай хийсэн болохоор үүнийг хүлээж авах боломжгүй гээд цаашид парламентаа байгуулж чадах уу, үгүй юу гэдэгтээ тулсан. Тэр түүхэн нөхцөлүүдэд хүний хүчин зүйлүүдийг манай нам ярьж, түүнийгээ дараа нь дэмжсэн. Гэхдээ хамтарсан Засгийн газарт байхад АН ч дэмжсэн юм. Тэгэхээр эргэлзээгээ тооллогоор шийднэ гэдэг бол нэг талаараа дэвшил. Гэхдээ учиргүй бүгдийг нь тоолоод байна гэвэл эвгүй байдалд орох магадлалтай шүү дээ. Сонгуульд нэг хүнээр илүү санал авсан л бол ялаад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол орох гэж байгаа хүмүүс нь бүгдээрээ булхайтай юм шиг болоод эргэлзээтэй болоод эхлэхээрээ улс төрийн нөхцөлд муугаар нөлөөлдөг. Ард түмэн өөрсдийн сонгосон төлөөллийн байгууллагадаа эргэлздэг болдог.

Намууд Сонгуулийн хуулийг янз бүрээр шүүмжилж байна. Энэ зүй ёсны асуудал. Тэрийг нь хэлэлцээд хариуг нь хэлээд явах ёстой. Сонгуулийн хууль гэдэг бол нэг намд зориулсан зүйл биш. Намууд Сонгуулийн хуулиас боллоо гэдэгтэй би санал нийлдэггүй. Хуулиасаа болж байгаа юм биш ээ. Хуулиа зөв хэрэгжүүлж, өөрийгөө зөв таниулж, зөв хүнээ өрсөлдүүлэх асуудал. Энэ чинь намуудын чадавхийн асуудал байхгүй юу. Хуулийг буруу гээд байх юм алга.

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Танай бүлэг дээр ярив уу?

-Бүлэг Улс төрийн намын тухай хуулийг хараахан яриагүй байгаа. Ярих байх. Ер нь төрийн тогтолцоо улс төрийн намуудын төлөвшилтэй салшгүй холбоотой. Намуудгүйгээр орчин үед төрийг авч явах, засаглалыг бэхжүүлэх, улсыг удирдана гэдэг ойлголт байхгүй болсон. Манай намуудын хуулийг зөв гаргах ёстой. Одоо маш олон асуудлууд тавигдаад байгаа юм билээ. Тийм олон асуудлыг нэг дор хийнэ гэдэг юу л бол. Өмчийн асуудлыг намууд тавих хэрэгтэй. Намууд бизнес хийж болохгүй гэдэг нь аль хэзээний хуульчлагдсан. Тэр зарчмыг нь тодруулж болох л юм.

Хоёрдугаарт, намуудын санхүүжилтийн асуудал тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Сүүлийн үед намууд шүүмжлэгдэх болсон нь мөнгөний эрхшээлд автсантай холбоотой. Сонгууль бас мөнгөний эрхшээлд орсныг ард түмэн шүүмжилж байна. Үүнийг засах гол гарц нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуульд санхүүжилтийн асуудлыг зөв шийдэж өгнө гэж итгэж байгаа. Намуудын төлөөлөл парламентад сууж байгаа бол төрийн ажил хийж байгаа гэсэн үг. Үүнийхээ төлөө намууд улсаас санхүүжилт авах хэрэгтэй. Пүүс компанийн засаглалын санхүүжилтээр парламентын үйл ажиллагааг санхүүжүүлээд эхлэхээрээ буруу болоод байна гэдгийг олон удаа хэллээ.

Тэгсэн хэрнээ засч чадахгүй юм даа?

-Засч чадахгүй байна. Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэхэд би ажлын хэсгийг ахалж байсан юм. Парламентад санал авсан тоогоор нь санхүүжилтийг нь хийнээ гээд нэг саналыг нь 1000 төгрөг байхаар тооцсон. Гэхдээ энэ санал бол олон жилийн өмнө шүү. Одоо бол өчүүхэн мөнгө болчихоод байна. Үүнийгээ л олигтойхон шиг нэмээд парламентад орж байгаа намын санхүүжилтийг шийдэх ёстой. Бизнесийн хүрээллээс нам санхүүжихээр нам тэдний хавсарга шиг ажиллах болдог. Мөнгөнд захирагдаж улс төрийн бодлого явах, мөнгөнд захирагдаж боловсон хүчний бодлого шийдэх, мөнгөнд захирагдаж нэр дэвшүүлэх ажиллагаа явах болдог юм. Мөнгөнд захирагдсанаас болж хуулиуд бүлэг хүмүүсийн асуудлаар шийдэгддэг. Одоо бол намуудын санхүүжилтийг зөв гаргаж ирэх ёстой.

Харин гишүүнчлэлийн тухайд?

-Яахав ээ. Дэлхийн бүх нам гишүүнчлэлгүй байна гэдэг асуудал байдаггүй. Манайх өмнөх намуудын хуулиараа гишүүнчлэлийг чөлөөтэй болгосон. Та энэ намд орох, гарах нь чөлөөтэй гэчихсэн. Сүүлдээ чөлөөтэй байдал нь дэндээд УИХ-д сонгогдсон нөхөр нь гараад алга болчихдог болсон. Тэр чинь арай хэтэрхий эрх чөлөө биз дээ. Бие бие рүүгээ дайрсан цэцэрхсэн байдлаар Улс төрийн намын тухай хууль явна гэж байхгүй. Гацах вий дээ.

Улс төрийн намуудыг султгах тал руу нь явна гэвэл төрөө султгаж байгаа хэрэг. Улс төрийн намыг хэт дарангуйлаад эхэлбэл хувь эрх мэдэлтнүүдийн төр болно. Намуудыг султгавал нэг хүний дарангуйлал тогтоно. Эцэстээ нам ямар хамаатай юм гээд дарангуйлж байгаа эрх мэдэлтэн намтай юутай нь хөнтөрдөг болно. Хэрэв ингэхээр бол хуучин хуулиараа явсан нь дээр биз дээ.

Сүүлийн үед орон сууцын зээлийн хүүг таван хувь болгох асуудал яригдаж байна. Та юу гэж харж байгаа вэ. Инфляци 2.9 хувь болсон гээд байгаа?

-Ганцхан инфляцийн түвшнээр хэмждэг зүйл биш. Өрөөсгөл байна. Олон үзүүлэлтийг харах ёстой. Хуучин хүүгийн хэмжээ зургаан хувь байсан. Энэ бол шинэ зүйл биш. Ирэх жил инфляци өсвөл яах юм. Ганцхан үзүүлэлтээр асуудлыг авч үзэж болохгүй. Зээлийн хугацааг 30 жил болгочихвол 25 нас хүрч байгаа залуу хосууд 55 настайдаа хоёр өрөө байртай болж зээлээс салах юм уу. Энэ бас л бодох зүйл. Ер нь бол хүмүүсийн орлоготой л холбоотой асуудал. Өнөөдөр байр авах хүсэлтэй хүмүүс, байр авах чадамжтай хүмүүсийн зөрүүн дээр битгий тоглооч дээ. Хүсэл хүн бүрт бий. Бараг хүүгүй болгоод байртай болгоод өгчихөөч гэх гээд байгаа биз дээ. Хүүг буулгах нь хохиролтой тусч магадгүй. Мөн хүсэл мөрөөдөл, бодит орлого хоёр ямар байгаа юм бэ гэдгийг тооцож үз. Хүмүүсийн орлого муудаж байна. Иргэдэд хуримтлал үүсч байна уу. Өөр нэг аюултай зүйл нь сонгуулийн өмнө ийм амлалтын шинж чанартай зүйл гаргаад ирэх юм. Ингэхээр УИХ-ын гишүүд чин шударгаар саналаа өгч чадахаа байдаг. Таван хувийн хүүтэй болгох дээр татгалзах хүн гарах юм уу. 17 мянган орон сууцаа л борлуулах гэсэн оролдлого.

Хүүхдийн мөнгийг 0-3 насныханд 30 мянган төгрөг болгож олгох хуулийн төсөл өргөн барина гэж танай намын бүлэг мэдэгдсэн. Сонгуулийн мөнгөний амлалтууд арай л эрт эхлээд байгаа юм биш үү. Шоу санагдаж байна?

-Хүүхдийн мөнгөний асуудлыг ярих гэж байгаа бол эхлээд 2016 оны төсөвтөө өөрчлөлт оруулах ёстой. Тодотголыг наана нь л хийхгүй бол хүүхдийн мөнгийг бүгдэд нь өгнө, 30 мянган төгрөг болгоно гэдэг чинь аль аль нь итгэл муутай. Угаасаа манай намын бүлэг хүүхдийн мөнгийг хасч болохгүй гэсэн. Бүх хүүхдэд өгөхөд 240 тэрбум төгрөг болдог. Гэтэл Засгийн газар оруулж ирэхдээ л хасаа биз дээ. Зургаан сарын дараахиа хардаггүй юм уу. Сонгууль дагасан улс төр явж байгаа нь үнэн. Ингэх хэрэггүй. Айл өрхийн амьжиргаа доошилж байгаа энэ үед хүүхдийн мөнгийг нь өгөөд явах ёстой. Хүүхдийн мөнгийг гадаад талаас нь үймүүлдэг. Хүүхдийн мөнгийг халамжийг хавтгайрууллаа гэж үймүүлдэг. Энэ чинь халамжийн хуульд хамаагүй. Халамж биш. Яагаад хуулиа ойлгохгүй ингэж тайлбарладаг юм бол. Манай халамжийн тогтолцоо маш зөв гэж олон улсын санхүүгийн байгууллага болон хуульчид үздэг. Хүүхдийн мөнгө гэдэг бол хүүхдийн ирээдүйд тустай, хөрөнгө оруулалт хийж байгаа өөр зүйл. Хүүхдийн мөнгө бол хүн амаа өсгөх гэсэн бодлого. Хоёрдугаарт, нэн хүнд амьдралтай хүүхдүүдээ дэмжих гэсэн бодлого. Гуравдугаарт, тухайн хүүхэд том болоод сургуульд сурахад хэрэглэгдэнэ. Сургалтын төлбөр нь хэд ч болж нэмэгдэх юм билээ. Энэ бол дэмжлэг. Гэхдээ энэ бол Засгийн газрын хийж байгаа ажил шүү.

Categories
мэдээ цаг-үе

Д.Цогтбаатар: Зөв зүйтэй юм бодож төлөвлөөд, түүнийхээ төлөө өөрсдөө зүтгэвэл муу жил гарахгүй

Удахгүй XVII жарны гал бичин жил гарах гэж байгаа. Үүнтэй холбогдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатараас ирэх гал бич жилийн өнгө төрх ямар байгаа талаар сонирхсон юм. Дашрамд дурдахад тэрээр “XVII жарнымуу нүүртхэмээх гал бич жилийн цаг улирлын тооны бичиг”-ийг саяхан хэвлүүлсэн юм байна. Зурхайч Д.Цогтбаатар нь Гандантэгчинлэн хийдэд 2003 оноос хойш зурхайч хийж байгаа юм.

Гарах гэж буй жилийн шинж манай уламжлалт аргуудаас хоёулаа яриагаа эхэлье?

-Монголчуудын хувьд арга, билгийн тооллоор явж ирсэн. Монгол уламжлал гэж ярьдаг. Бидний арга билиг хосолсон тооллын жилийн эхэн сар маань хаврын тэргүүн сар буюу бар сараас эхэлдэг. Энэ жил буюу XVII жарны гал бичин жилд хоёрдугаар сарын есний өдөр шинийн нэгэн тохиож байгаа. Шинийн нэгэн гэдэг маань хаврын тэргүүн сарын нэгэн гэсэн үг. Монгол тооллоор ийнхүү шинэ он гарлаа гэж үзээд бүгдээрээ ахмадаа хүндэтгэж золголт хийдэг уламжлалт баяр. Жилийн төлөв байдлыг шинждэг зурхайн олон зурлага байдаг. Жилийн эзэн гариг, түшмэл гариг, хаан гариг, цасан чихрийн амт, боовны үр, шороон үхрийн зурлага гэх мэтээр тухайн жилийг олон янзаар шинждэг. Манай уламжлалаар ялангуяа хүрээ хийдэд шинэ жил гарахад хаврын тэргүүн сарын шинийн 1-нд тухайн жилийн төлөв байдлыг шороон үхрийн зурхайн зурлагаар шинждэг. Бүх хүрээ хийдийн үүдэнд жилийнхээ шороон үхрийн зургийг томоор зурж тавьж, түүнийг нь хүмүүс хараад шинждэг байсан уламжлалтай.

Тэгвэл гарах гэж буй жилийн шороон үхрийн шинж ямар байна?

-Гарах гэж буй гал бич жилийн шороон үхрийн шинжийг үзэхэд үхрийн толгой, эвэр чих, сүүл, ходоод нь улаан өнгөтэй байгаа. Харин бие нь бол цагаан. Дөрвөн шийр, ногт, омруу, туурай нь шар, үхрийн цулбуур нь хөх. Үхэр нь амаа ангайгаад сүүлээ зүүн тийшээ шарван явж байна. Үхэр хариулагч нь шар царайтай, гэзгээ толгойныхоо орой дээр овоолсон, ногоон дээлтэй, цагаан бүстэй, хоёр гутлаа барьчихсан, хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьсан, мяндсаар томсон, бургасан улаан шилбүүр барьсан, хүч чадал ихтэй хүүхэд. Үхрийнхээ баруун талд алхаж явна. Зурлагыг шинжихэд энэ жилийн шинж бол нялхаст буюу олон түмэнд маш сайн. Өвгөд, өндөр суудалтнуудад дунд зэрэг, залуус буюу дунд суудалтнуудад жаахан муу гэж гарч ирж байна. Хааны язгуур дэлгэрнэ. Энэ нь төрийн үйл ажиллагаа жигдэрнэ гэсэн үг. Иргэд амгалан байж өөрөөр хэлбэл олон түмний сэтгэл санаа амгалан болж, ажил үйлс нь бүтэмжтэй байна. Гэхдээ төрийн алба цалгардах янзтай. Энэ нь сонгуультай холбоотой ч байж магадгүй. Үймээн самуун, хэрүүл гарч болзошгүй. Хулгай дээрэм идэвхжиж, зарим хүмүүс эдийн засгийн хувьд хямралд орж болзошгүй. Мөн үр ач дэлгэрэхэд маш сайн жил болно.

Тэгвэл байгаль дэлхий, цаг агаарын хувьд ямар байх юм бол?

-Цаг уурын хувьд гэвэл зун намарт хур хэвийн байх боловч хадлан бэлчээр ургац дунд зэрэг байна. Өөрөөр хэлбэл газрын шим өгөөж муу, гандуудуу жил болно. Гэхдээ тал нутаг, хөндий, гуу жалгын ургац арвин гарна. Өвчин зовлонгийн хувьд гэвэл зарим газар халуун чанарын өвчин гарна. Мөн цас мөндөр, аянга цахилгаан, галын хүч арвижна. Ялангуяа өндөр газар болон дээд эрхсийн орд харшид галын аюул буй. Гол төлөв байдал нь бол ийм байна.

Зарим зурхайчид их тогтворгүй жил болно гэж ярьж байсан. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?

-Азийн орнууд ялангуяа манай монголчууд бэлгэдэлтэй ард түмэн. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг шүү дээ. Тиймээс нийт монголчууд, хүн бүрт хандан зөв бодож, зөв ярих хэрэгтэй гэж хэлмээр байна. Тиймээс сайн юм бодож, хүн бүр өөрсдийнхөө заслыг зурхайн номын дагуу хийлгэж, оюун ухаан сэтгэлдээ маш зөв зүйтэй юм бодож төлөвлөөд, түүнийхээ төлөө өөрсдөө зүтгэвэл муу жил гарахгүй.

Ямар жилтнүүд юу анхаарах ёстой вэ?

-Жил орж байгаа бичтэнүүд тухайн жилийнхээ онцлогт анхаарах хэрэгтэй. 13, 73-ны жил орж байгаа хүмүүсийн хувьд хүү махбодтой тул эрүүл мэнддээ илүү анхаарах хэрэгтэй. Тиймээс “Найман гэгээн”, “Лхамын ганшаг” хуруулах хэрэгтэй. 25,85-ны жил орж байгаа хүмүүсийн хувьд жаргал зовлон ээлжилж, ад зэтгэр босох тул “Догсүн”, “Доржнамжом”, “Цэнд” зэрэг ном уншуулах хэрэгтэй. 49-ний жил орж байгаа хүмүүсийн хувьд хийморь доройтох гэмтэй. Жил орж байгаа хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэх хэрэгтэй. Мөн бар жилтнүүд ихэд хянамгай байх нь зүйтэй. Могой, гахай жилтнүүдийн хувьд бага харш жил. Харин хонь жилтнүүдийн хувьд цагаан буюу ивээлтэй байх болно.

Бичин жилийн зуд гэж их яригддаг. Гарах жил ямар байх бол?

-Ер нь бол дундаж жил болно. Зуд нүүрлэж муудаад байх юм үгүй. Хур бороо цагтаа орно.

-XVII жарнымуу нүүртхэмээх гал бич жил гэж байгаа. “Муу нүүртгэдгийг нь тайлбарлахгүй юу?

-Хүн гэдэг бол ерөнхий нэр шүү. Хүн бүр нэртэй байдаг, Дорж, Дулам гээд л. Түүнтэй ижилхэн “муу нүүрт” гэдэг нь оноосон нэр, ёгт нэр ч гэж хэлдэг. Үүнийг муу жил гарлаа гэж ойлгож болохгүй.

Categories
мэдээ цаг-үе

​Тулай өвчин хүндэрвэл бөөрний дутагдал үүсэх аюултай

Тулай буюу подагра англиар gout өвчин гэдэг нь шээсний хүчлийн давс талсжин хөлийн үенд хуримтлагддаг ясны үений өвчин юм. Эртний түүх шастирт хаадын өвчин гэгддэг байсан тулай өвчнөөр 1000 хүн тутмын гурав нь өвчилдөг байсан гэсэн судалгаа тооцоо байдаг ч сүүлийн үед маш их газар авч байгаа өвчин юм. Тухайн өвчнөөр 40-өөс дээш насны эрчүүд зонхилон өвчилдөг байна. Энэ өвчнөөр эрчүүд эмэгтэйчүүдээс 20 дахин илүү өвчилдөг, учир нь эмэгтэйчүүдийн эстроген гормоны ялгаралт нь шээсний хүчил бууруулдаг байх магадлалтай гэж үздэг байна. Энэ нь мөн настайчуудад элбэг тохиолддог бодисын солилцооны өвчин бөгөөд цусанд шээсний хүчил ихсэн үе мөчинд ихээр хуримтлагдаж, мойногтох өвчнийг үүсгэдэг. Тулай биеийн хуруу, сарвуу, тохой, өвдөг, шагай, тавхайн үенүүд болон ихэвчлэн хөлийн хурууны үеүдийг гэмтээдэг байна.

Тулайн эхний үед голдуу доод мөчний үе гэмтэх ба дээд мөчний үе гэмтэх нь ховор байдаг. Анхдагч тулайн сэдрэлийн үед хөлийн эрхий хурууны нэгдүгээр үе гэмтэх магадлал 50 хувь байдаг. Үүний дараагаар тавхай, шагай, өвдөг, бугуй сарвуу, тохойн үе гэмтэнэ.

Тулай өвчин дахихад архи, пиво, спиртийн төрлийн зүйлс, кимчи, халуун ногоотой хоол унд, гэдэс цувдай, түүний цус, царцаамаг онцгой нөлөөлдөг бөгөөд хэт ядрах, бариу гуталтай удаан явахад ч өвчин үүсэхэд шууд нөлөөлдөг байна. Мөн биеийн хүчний ачаалал, гэмтэл, мэс ажилбар хийлгэх, цус алдах, бие махбодын янз бүрийн хурц эмгэгүүд, ялангуяа халдварт өвчнүүд, зарим төрлийн эмийн бодис хэрэглэх, туяа эмчилгээ мөн нөлөөлдөг байна.

Өвчний үед архи, пиво уухыг эрс хориглоно. Энэхүү өвчинд оносон тохирох эм бэлдмэл тун ховор бөгөөд хэрэглэж болох хоол хүнс, хориглох зүйл, дэглэмийг ягштал баримталбал л дахин өвдөхгүй байх магадлалтай.

Өвчний эмчилгээг сайн хийгээгүй үед бөөр, зүрх, судас, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямруулах муу талтай учир эмчилгээг сайтар хийж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тулай өвчин хүнийг 1000 зүүгээр зэрэг хатгаж байгаа мэт зовоодог шаналгаатай өвчин гэнэ. Зүүгээр хатгаж буй мэт өвтгөж буй зүйл нь цусан дахь шээсний хүчил, натритай нэгдэн талстжиж хөл, гарын үеийг өвчлүүлдэг. Уг өвчний сэдрэл гэнэт, шөнө эсвэл өглөө эрт, үе мөч маш хурдан хавагнаж бэлцийж улайн, өвдөж тухайн үе орчимд хүрэхийн аргагүй өвчин орж халуун болдог. Заримдаа үений ойролцоо улайж мөн хавагнасан суурин дээр целлюлит үүсдэг. Үүнийг тулайн целлюлит гэж нэрлэдэг байна. Ховор тохиолдолд тулайн хурц дахилт үенээс гаднах хэлбэрээр илэрдэг. Энэ нь бурситууд, ахиллын шөрмөсний үрэвсэл байдлаар явагдана. Өвчний эрт үед хурц сэдрэл 3-10 хоног үргэлжилдэг аж. Үрэвсэл намдсаны дараа гэмтсэн үений ойролцоох арьс гууждаг юм байна. Тулайн дахилтууд цаашид улам олширч, өвчлөх хугацаа нь уртасч, хэд хэдэн үеийг хамрах янзтай болж ирдэг. Стресст орсон хүнийг тэр өдөрт нь шинжлэхэд шээсний хүчил нь нэмэгдсэн байдаг хэмээн эмч нар ярьж байна. Тулай нь ихэвчлэн хэт таргалалт, архи, пивоны буруу хэрэглээнээс үүсдэг байна. Энэ өвчин артерийн даралт ихсэх, судасны хатуурал зэрэг өвчнүүдтэй хавсарч өвддөг байна. Иймээс тулай өвчин эхэлж байгаа үед цусны болон шээсний ерөнхий шинжилгээ, хоногийн шээсэнд шээсний хүчил, креатинин тодорхойлох зэрэг шинжилгээнүүдийг яаралтай хийлгэн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Тулайн үений үрэвсэл дөрвөн үе шатаар явагддаг байна

•Шинж тэмдэггүй гиперурикеми. Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, цусны сийвэнд шээсний хүчил ихэссэн байна.

•Тулайн хурц артрит.

•Дахилт хоорондын үе. Тулайн сэдрэл хоорондын үе

•Архаг тофуст тулай. Уратын давс арьсан доор, үений уут, ясны мөгөөрсөн хэсэгт хуралдана.

Оношлогоо

Бөөрний үйл ажиллагааны шинжилгээ өгөхөд шээсний хүчил ихэссэн байна.

Үений шингэнд шээсний хүчлийн талст илэрнэ.

Рентген зураг авахад ясны булуу хэсэгт бөөрөнхий, хагас бөөрөнхий хэлбэрийн сүүдрүүд үзэгдэнэ. Ясны хэлбэр алдагдан, сийрэгжиж гэмтсэн байдаг.

Цаашид гарах эрсдэл

Хэрэв тулайг эмчлэхгүй, хоолны дэглэм сахихгүй бол хурцдах үе нь үргэлжлэх ба цаашид бөөрний чулуу үүсэх, бөөрний дутагдал үүсэх аюултай.

Өвчний шалтгаан

-Хооллолтын хямралаас болдог байна. Үүнд, дотор мах, дотор махны шөл, хэт их өөх тостой хонь адууны мах, халуун ногоо, сонгино сармис хэтрүүлэн хэрэглэх.

-Наранд халах

-Хөлөрсний дараа салхинд цохиулах, халуун хүйтэн харших

-Бэртэж гэмтэх

-Удаан алхах, гүйх, бариу гутал өмсөх

-Шээс хөөх болон зарим эмийн бодисыг хэтрүүлэн хэрэглэх

-Шижин өвчнөөр өвдөх

-Удамшлын урьдчилсан хүчин зүйл

-Артерийн даралт ихсэх өвчин

Шинж тэмдэг

-Өвчний эхэн үед хөлийн үе хавдаж, улайдаг байна. Хавдар дээр дарж үзэхэд халуун төөнөдөг аж. Мөн хавдар дээр нь хөх толбо гарна.

-Үе мөч өвдөж, загатнадаг. .Ялангуяа хөлийн эрхий хуруу хавдаж улайдаг байна.

-Хөлийн үе мөчөөр хүчтэй өвдөнө. Өвдөлт нь шөнө намжих ч үүрээр ихэсдэг аж. Энэ үед хөлний үенд хүрэх, шүргэх, доргих төдийд өвдөлт нэмэгддэг байна.

-Өвдөлтийн үед хөдөлгөөн эрс хязгаарлагдана.

-Шээс нь өтгөн шар өнгөтэй, эхүүн үнэртэй байх аж.

-Хэл улаан өнгөтэй байх ба зузаан шар өнгөр тогтдог байна.

-Өвчин сэдрэлтийн үедээ голдуу хөлийн эрхий хурууны үеэр өвдөх бөгөөд хавдаж улайн, арьс нь гуужна. Энэ шинжүүд илрээд удвал өвчтөн хэвтэрт орж хөдөлж чадахгүй болдог аж. Энэ үед орны цагаан хэрэглэлд хүрэх, шүргэх төдийд өвдөлт эрс мэдэгддэг байна.

Өвчнөөс яаж сэргийлэх вэ

-Тулай өвчний үед шингэний хэрэглээ хангалттай байх ёстой. Яг энэ үед 3-4 литр ус уух хэрэгтэй. Удаан хугацаанд хадгалах боломж олгодог консервлогч агуулсан ундаа, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх. Харин шүлтлэг рашаан, компот, цай, байхуу цай ууж болно. Үүнтэй зэрэгцэн давсны хэрэглээг эрс багасгах ёстой.

-Тулай өвчний үед хоолны дэглэмийг сахихтай зэрэгцэн өдөр өнжөөд дан сүү, ногоо, алим, лууван зэргийг хэрэглэж, мах болон хүнд хоолыг хязгаарлах ёстой. Энэ өвчний үед хоолны дэглэм барих нь хамгийн чухал зүйлүүдийн нэг байдаг аж.

Өвчний үед хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн

-Ногооны шөл, төмсний шөл

-Тахиа, туулайн мах

-Наймаалж, сам хорхой

-Өөх тослог багатай загасыг 160-170 гр-аар долоо хоногт гурван удаа

-Сүүн бүтээгдэхүүн, аарц, монгол бяслаг

-Өндөг, долоо хоногт гурван ширхгээс хэтрэхгүй. Ямар ч аргаар боловсруулсан байж болно.

-Гурил, гоймон тохируулж хэрэглэх

-Байцаа, лууван, өргөст хэмх,

– Үзэм, мандаринаас бусад хатаасан жимс, зөгийн бал

-Хуш модны самар, наран цэцгийн үр

– Шоколадны орцгүй чихэр, жимсний чанамал, мармелад, пастил, зефир

-Ногоон цай, нимбэгний цай, чацарганын ханд, жимсний шинэ шахсан шүүс, цангис, алирсын шүүс

– Өргөст хэмхийн шүүсийг өдөрт нэг аягыг уух, эрдэсжилт багатай, шүлтлэг рашаан уух зэрэг нь цусан дахь пурины хэмжээг бууруулна.

-Ногоон өнгөтэй алим, апельсин. Тарвас, бөөрөлзгөнө, мандарин, усан үзэмнээс бусад бүх жимс

-Хар талх, цагаан талх

-Оливын тос, цөцгийн тос

Огт хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүн

– Бага залуу малын мах, өтгөн царцаамаг маягийн шөл гаргадаг толгой, шийр гэх мэт

-Махны шөлөн дээр хийсэн сүмс, царцаамаг (истужин)

– Бэлэн хоол, бэлэн хоолны амтлагч орсон шөл, консерв

-Утсан мах

-Дотор мах, цувдай, тэдгээрээр хийсэн хоол

-Тослог ихтэй загасыг өвчин хурцадсан үед хориглоно. Давсалсан загас, шарсан загас, загасны консерв, загасны түрс

-Давсалсан, амталсан бяслаг буюу европ бяслаг (сийр)

-Халуун ногоо (лаврын навч, давсыг хэрэглэж болно)

-Мэдрэлийн системийг өдөөдөг өтгөн байхуу, өтгөн хар цай, кофе, какао

-Амьтны гаралтай өөх тос

– Гахайн мах, гахайн махан бүтээгдэхүүн

– Кремтэй торт, шоколад

-Консервант агуулсан бүх төрлийн бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл удаан хугацаанд хадгалах горимтой үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс, консерв гэх мэт.

-Шошийн төрлийн бүтээгдэхүүн. Үүнд шош, вандуй, дүфү гэх мэт

-Усан үзэм, бөөрөлзгөнө, инжир, усан үзмээр хийсэн бүх төрлийн дарс, үзэм

-Согтууруулах ундаа

Бага хэмжээгээр хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн

-Чанаж болгосон мах, чанаж болгосон загасны мах. Ингэхдээ тахианы мах байвал зүгээр. Эдгээрт пурин хангалттай их байдаг ч ханаагүй тослог хүчил агуулдаг. Харин эдгээр хүчил нь өөх тосны солилцоонд их чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Өнгийн байцаа, манжин, шпинат. Улаан лоолийг өдөрт 2-3 ширхгээс хэтрүүлж болохгүй

-Ногоон сонгино

-Цагаан мөөг, шампиньон

-Давсалж, эсвэл уксусанд дарсан бүтээгдэхүүн бага зэрэг

-Цөцгий, цөцгийн тос зэрэг болно.