Categories
мэдээ цаг-үе

Өв соёлоо дээдлэгч бизнесмэн

Халхын умард замын дундад хошууны нэгэн ноён Богдод хандан нутгийн нэгэн нэртэй отчийг урамшуулан шагнаж, цол хэргэм хайрлахыг хүсчээ. Түүнийг нь ёсоор болгож хариуд нь отчийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл болгон Найман Манал бурхан өргөмжлөлийн хамт илгээсэн байна. Богдоос ирүүлсэн бурхан болон дархан оточ өргөмжлөлийг нь баталгаажуулсан захидлыг нутгийн хошуу ноён оточ маарамбад хүргүүлсэн түүхтэй. Эдгээр нь өнөөдөр Монголын урлагийн музейн үнэт үзмэрүүдийн нэг юм. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө түүнийг “Модун” группийн ерөнхийлөгч Д.Батбаяр нэртэй маарамбын хойч удмаас худалдан авчээ. Шар торгон дээр хар бэхээр “Найралт төвийн наймдугаар оны намрын тэргүүн сарын шинийн долоон” хэмээн бичсэн нь 1730 оны наймдугаар сарын 7-ны өдөр аж. Түүнийг Халхын умард замын дундад зүүн этгээдийн хошуу захирагчийн тамгатай бичгийг түүхчдээр уншуулан нягтлуулж суухад нь очиж таарсан юм. Хуучин монгол бичигт тайлагдсан хэд хэдэн хүнээр уншуулан орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн бичүүлж авснаа залуу докторуудаар дахин хянуулж буй ажээ. Утга санааны хувьд эргэлзээ төрүүлсэн үгүүд, чухам аль хошууны ноён бичсэн эсэхийг ийнхүү мэргэжлийн эрдэмтдээр тайлуулсан нь энэ. Манай томоохон бизнес эрхлэгчид бүгд л зах зээлд шилжсэн 1990-ээд оны үед ганзагын наймаанаас гараагаа эхэлсэн Д.Батбаяр Монголын радиод редактороор ажиллаж байгаад 1992 онд наймаа хийж амьжиргаагаа дээшлүүлэхээр ажлаасаа гарсан гэнэ.

Анх 500 мянган төгрөгийн зээл банкнаас авч бизнесээ эхэлсэн бөгөөд Бээжингээс бараа дарж Орост аваачиж зарахаар явсан боловч Эрхүүгээс буцсан байна. Шантарсандаа ч биш ганзагын наймаа өөрт нь тохирохгүй гэдгийг мэдэрсэн гэнэ. Түүнээс хойш бараа солилцоо болон мөнгөөр авсан тарваганы арьсаа өөрөө элдэж зарахаас эхлээд янз бүрийн наймаа хийжээ. 1995 оны үед Өмнөд Солонгосоос “Аксент”, “Соната”, “Спортейж” маркийн шинэ машинууд анх оруулж ирж байсан үеэ дурсан ярив. Улаанбаатараас Сөүл хот руу долоо хоногт ердөө нэг л удаа МИАТ-ийн онгоц ниснэ. Өнөөдрийнх шиг олон улсын банк хоорондын харилцаа хөгжөөгүй, онлайнаар мөнгө шилжүүлдэггүй, зээлийн карт хэрэглээнд нэвтрээгүй байсан үе. Машин авах 200000-300000 ам.доллараа цүнхлээд явна. Хүмүүс ихэвчлэн хуучин машин оруулж ирнэ. Худалдан авагчдын шаардлага өөр болсныг эрт анзааран шинэ машин авснаа цуг явсан хүмүүстээ ярьжээ. Тэгэхэд бүгд л түүний тэнэгийг гайхсан гэнэ. Харин Улаанбаатарт ирэхэд түүний машинууд хамгийн түрүүнд борлогдож, харин хуучин машин зарагдахгүй нэлээд уджээ. Цуг явсан нөхөд нь түүнийг сайн зөвлөж хэлсэнгүй хэмээн гомдоллож байсан удаатай гэнэ.

“Исимусс”, “Харли Дэвидсон” “Riley” нэртэй шөнийн клубууд Улаанбаатарт моодонд орж байсан үе бий. Батбаяр “Исимусс”-ээ Төв номын сангийн үүдэнд байсан Сталины хөшөөгөөр чимжээ. Тухайн үед Сталины хөшөөг буулгаж, хааш нь аваачихаа мэдэхгүй байхад нэг бизнесмэн авсан талаар яриа сонстож байсан. Харин тэр нь “Модун”-ы Д.Батбаяр байв. Тэрээр Улсын төв номын сантай, баримлыг арван жил түрээслэх гэрээ хийсэн гэнэ. Тэр үед мөн “Riley” хэмээх дээд зэрэглэлийн биллиард клуб байгуулж залуучууд, бизнес эрхлэгчдийн цуглардаг газар болсон.

Д.Батбаяр Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, ээжээсээ арван нэгүүлээ, айлын гурав дахь хүүхэд. 80 гарсан ээж нь одоо ч нутагтаа амьдардаг, 4000 гаруй малтай. Ойрд нутагтаа, ээж дээрээ очсон уу хэмээн сонирхоход Дундговь аймагт сүүлийн жилүүдэд ган болсон тул манайхан аймаг дамнан байнга оторт явдаг болсон. Тэднийг олоход хэцүү гэв. Ээж нь 1989 онд аймгийн аварга саальчин болж байсан бол 2005, 2010 онуудад хоёр дүү нь аймгийн аварга малчнаар шалгарчээ. Таван дүү нь нутагтаа мянгат малчин.

Д.Батбаяр “Модун” группийг 90-ээд оны үед байгуулж, 1998 оноос барилгын салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин сүүлийн жилүүдэд улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь бизнес эрхлэгчдийг хүнд байдалд оруулж байгааг ярив. Гэхдээ энэ нь мөнхөд үргэлжлэхгүй, эдийн засгийн байдал сайжрах нь гарцаагүй гэнэ.

Тэрээр утга зохиол, урлаг, тэр дундаа уран зураг, эртний үнэт эдлэлийг олон жилийн өмнөөс сонирхсон. 2009 оноос эхлэн уран зураг цуглуулах болсноо нэлээд хожуу эхэлсэн хэмээн тодорхойлов. Түүний цуглуулгад Монголын орчин үеийн зураачдын нэлээд бүтээл байдаг. Олон жилийн туршид цуглуулсан уран зураг, эртний ховор эд зүйлс, урлагийн бүтээлүүдээрээ Монголын урлагийн музейг байгуулж өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр нээлтээ хийжээ. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав ёслолын ажиллагаанд оролцож үг хэлэхдээ “Батбаяр бол ер нь их сонин хүн. 2008 оны эдийн засгийн хямралын үеэр “Mongolians” зоогийн газраа нээж байсан. Харин энэ удаагийн хямралаар “Монголын урлагийн музей”-гээ байгууллаа” гэж тэмдэглэсэн. Ямар ч үед нээсэн бай энэ музей манай улсын соёлын түүхэнд тохиож буй бас нэгэн чухал үйл явдал гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Музей байгуулахын тулд сүүлийн арван жил судалгаа хийжээ. Дотоод дизайн, бүтээлүүдээ хэрхэн байрлуулах, үзмэрүүдийн тайлбараа яаж бичиж, ямар материалаар хийж, хаана нь байрлуулах зэрэг нь маш нарийн ажил. Энэ бүхнийг одоо болтол судалсаар байгаа гэнэ. Итали, Франц, Герман, Япон, Швейцарь гээд өндөр хөгжилтэй орнуудын дэлхийд нэртэй музейг үзэхдээ юм юмыг нь анзаардаг. Ер нь гадаадад явахдаа музейгээс салдаггүй гэнэ. Германы Манхаймын музей, Францын Лувр, Мюнхений орчин үеийн урлагийн музейг үзэхэд өөрийн эрхгүй биширч, бахархах сэтгэл төрсөн тухайгаа ярьсан юм. Хүн төрөлхтний түүх өнгөрсөн, одоо, ирээдүй гурваас бүрддэг шиг урлаг ч мөн адил. Тиймээс музей энэ гурван үеийг харуулах ёстой хэмээн ярив. Аль нэг үеэр нь дагнасан бол өрөөсгөл мэт санагддаг гэнэ. Тиймээс ч Монголын урлагийн музейдээ гурван үеийг харуулахыг зорьсон. Нийтдээ зургаан танхимтай. Хүрэл зэвсгийн үе, угсаатны зүй, бурхад, танка зураг, үнэт эдлэл, орчин үеийн урлаг гээд. Харин музейн дэргэдэх “Од” галерей нь зураач, уран бүтээлчид, цуглуулагчдад үзэсгэлэнгээ гаргах боломж олгож байгаа гэнэ. Мөн музейн дэргэд тохилог кофе шоп байгуулж уран бүтээлчдийн уулзаж санал бодлоо солилцдог газар болоосой хэмээн боджээ. Нээгдсэн цагаасаа хойш музейгээ сайжруулах ажил үргэлжилсээр байгаа. Энэ бол нэг өдөр, нэг сар ч юм уу нэг жилд хийгээд дуусдаг ажил биш. Цаг хугацааны явцад цаашдаа ч үргэлжилсээр байх болно. Учир нь цаг хугацаа үргэлжилж шинэ, шинэ бүтээлүүд туурвигдсаар байна гэв. “Модун” групп Хан-Уул дүүрэгт томоохон цогцолбор барьж байгаа. Монголын урлагийн музейн үйл ажиллагааг яваандаа тэндээ төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Монголд ирж буй жуулчид очиж үздэг, Монголын түүх, орчин үеийн уран зургийн талаар тодорхой ойлголт өгдөг газар болох зорилготой гэдгээ ч хэлсэн юм.

Д.Батбаярын ийнхүү урлагийн бүтээл, тэр дундаа эртний ховор эдлэл, уран зураг шимтэн сонирхдог нь удам судартай нь холбоотой бололтой. Өвөө аав нь аймаг орондоо алдартай уран Санжид хэмээх алт, мөнгөний дархан хүн байжээ. 1939 онд Халх голын дайнд оролцож цэргээс ирэхдээ нэлээд хэдэн хайрцагтай хаягдал сэлэм, жад зэргийг нутагтаа авч ирсэн гэдэг. Тэдгээрийгээ хайлуулж хэт хутга хийж нутгийнхандаа худалдан улмаар өөрийн гарын хийцийг хүртэл бий болгож байжээ. Саяхныг болтол улсын томоохон музейд өвөөгийнх нь хийсэн хэт хутга, мөнгөн аяга зэрэг нь харагддаг байсан гэнэ. Батбаярын нагац ах нь хүүхдийн нэрт зохиолч С.Надмид агсан.

Биднийг ийнхүү ярьж суутал музей үзэх гэсэн хэсэг хүмүүс орж ирэв. Батбаяр тэдэнтэй ярилцаж музейнхээ талаар тайлбарлав. Соёлын хосгүй үзмэрийг агуулсан музейгээ цаашид хэрхэх талаар сонирхоход “Энэ музей бол миний болон манай гэр бүлийн өмч биш. Монголын ард түмнийх” гэв. Түүний ярьснаар бид бол зөвхөн урлагийн бүтээл, соёлын өвийг тээгч, хадгалагч, хамгаалагч нь. Харин музей бол ард түмний өмч, цаашилбал Монгол Улсын тусгаар тогтнолын нэг баталгаа хэмээв.

Categories
мэдээ цаг-үе

Сэтгэлд тодхон үлдсэн сумын цагаан сар

Цагаан сарын баяр дөхөхөөр хүн бүрийн сэтгэлд ирж буй хаврын урь, зураас татуулан хайлах замын цас, дээврээс гоожих усан дусал, хөдөө нутагт бол хурга ишиг төлийн дуу, цантай жавартайд уур савсуулан айлын хаалга татах золголт, халуун дулаан бүхэнтэйгээ сэтгэлд буудаг биз ээ. Миний хувьд сар шинийн баяр ингэж л айлчлан ирдэг. Сар шинийн баяр яригдаж эхлэх үеэс л, одоо бол цагаан сартай холбогдолтой зар сурталчилгаа яваад ирэхтэй зэрэгцэн сэгтгэлд дотнохон мэдрэмж, багын дурсамж, гэгэлзэл, амар амгалан мэдрэгддэг.

Жил жилийн цагаан сарын баяраас хамгийн сэтгэлд үлдсэн, гэгээхэн нь сумын төвд өнгөрүүлсэн хүүхэд насны минь баяр. Сумын цагаан сар их гоё. Сар шинэ дөхөөд ирэхээр хүүхэд, хөгшин хөвөөгүй л хөл хөөрцөг болно, хийх ажил ч их. Дээвэр, туурга, ширдэг, хөшиг цавагныхаа тоосыг буулгах, хэдэн өдрийн цэвэрлэгээ хийх, түлш түлээ бэлдэх, мөс, цас зөөх, баншаа чимхэх, хэвийн боовоо хайрах гээд хийх ажил юу эс мундах вэ. Худал ярьсан хүнд бараг л сарын өмнөөс бэлдэж эхэлнэ. Хөдөө, сум нутагт цагаан сарын бэлтгэлийг айл саахалт, ах дүүс бөөнөөрөө нийлж хийдэг монголчуудын бас нэг сайхан заншил бий.

Цагаан сарын бэлтгэл хийх далимаар залуус нэг нэгнийхээрээ хэсч, даалуу, панжига тоглох, шагай наадах гээд зугаатай өдрүүд үргэлжилнэ. Анги ангиараа нийлсэн хүүхэд залуус багшийнхаасаа авахуулаад л хэдэн гэрээр, хэдэн орой ээлжлэн банш чимхэлцэнэ. Манай нутаг Ховд аймгийн Чандмань сум л даа. Хоймортоо Жаргалант хайрхнаа залж, баруун болон хойд захаараа Дөргөн, Хар-Ус нуураар хүрээлүүлсэн сайхан нутаг бий. Сумын хүүхдүүд тачигнасан жавартай наадан голын мөсөн дээр хацартаа улаа бутартал тоглоно. Багаасаа цас, бороо, салхи жаврыг тоохгүй явсаар угийн улаан болсон хацар нь улам ч тодрон, сэргэлэн цовоо нүд гялалзуулан өдөржингөө л чаргаар гулгана. Ахлах, дунд ангийн ах эгч нар өөрсдийгөө нэг л их том хүмүүст бодоцгоон, хөвгүүд нь дээлийнхээ ханцуйг нударгалан цагаан сарын банш чимхэлцэхээр жавар сэнгэнүүлсээр л айл айлыг хэснэ. Энэ нь тэдний хувьд нэг ёсны албан бус үүрэгт ажил нь. Айлын бууз чимхэлцэнгээ сайн охин юм уу хөвгүүнтэйгээ хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөх, бас догдолсон сэтгэлээ илэрхийлэх боломж гарч ч юуны магад. Сайн хүүхдийнхээ гэрт бууз чимхэхээр очихдоо хамгийн гайгүй хувцсаа өмсч, үсээ гөлчийтөл нь норгож самнах зэргээр байдгаараа л хичээнэ. Басхүү аав ээжид нь ч гайгүй харагдчих санаатай ч цагаа тулахаар гэрт нь орохын өмнө бөөн нүүр халаастай. Иймхэн нэгэн цагаан сарын өмнөх амттайхан дурсамжийг сумын төвд өссөн хүн бүхэн л амссан биз. Харин цагаан сарын банш чимхэх, боов хийх, гэр орны ажил хийгээд эхлэхтэй зэрэгцэн хөөрцөглөн догдолж, шинийн нэгний өглөөг хоног тоолон хүлээнэ. Бид л мэддэггүй байсан болохоос ахмадууд ч бас тэрүүхэн тэндээ л хөөрцөглөж байсан шиг.

Хавь ойрын хүмүүс, хамаатан, ах дүүс, ах эгч нарын найзууд гээд банш чимхэх өдрийн оройхон хоймроор дүүрэн хүн. Банш чимхэх ажлыг ерөнхийдөө аав удирдан явуулж, ээж амталгааг тааруулна. Хэрэгт дуртай багачууд бид үүгээр далимдуулж ойрд идээгүй сайхан хоол идэх, тун ховорхон хүртдэг чихэр, боов, ундаа зэргийг горьдон сууна. Том дүү бид хоёрын гол нугалах ажил нь дээр үеийн төмөр гар чийдэнгийн бөгсөөр дарсан нэгэн жигд гурилыг хүмүүст тараах, чимхсэн банш өрж, тоолох. Их ажил хийдэг мундаг хүүхдүүд гэж магтуулахын далимаар, томчуудын яриа, маазрааныг чагнаж чихээ халаан сууна.

Цагаан сарын боов хийх гэж бас нэг том ажил. Аав минь гартаа бяртайгаар хэвийн боовныхоо бэмбээг хэдэн цаг нухаж сууна. Хайрах ажлыг ч аав л амжуулна. Их ч нямбай хийнэ. Хот газар нэг л тавгийн идээ засдаг ч манай нутагт бол заавал ч үгүй гурван таваг засна. Гурвын гурван тавгийн боов хайрна гэдэг бас ч амаргүй ажил байсан байх даа, тэр үед. Жилдээ ганц хийдэг энэ гоё боовноос халуун дээр нь авах гээд л дайрна даа. “Гал руу орчих гээд байх юм” гээд л зэмлүүлнэ. Бас тавгийн орой дээр тавьдаг самар боовыг хийлцэх гэж зэмлүүлнэ. Гурилын элдүүрний үзүүрийг бүрж байгаад самар шиг үе гаргаж хайчилдгийг хүмүүс мэднэ дээ. Нэг жилийн цагаан сараар аав, ээж хоёр гэрээ цоожлоод дүү бид хоёрыг айлд үлдээчихээд бэлгийн юм цуглуулах гээд аймгийн төв явчихсан юм. Аав, ээжийг явсан хойгуур дүү тооноороо ороод самран боов, ул боовноос нь хулгайлж идээд тэр нь яг битүүний өдөр илрээд ихэд зэмлүүлж байж билээ. Угийн миний доод талын эрэгтэй багаасаа их хөдөлгөөнтэй, “бич жилтэй бич Төрөө” гэдэг нэртэй хүүүхэд байсан. Аав оройжингоо л айлаас илүү боов хайх ажил гарсан даа.

Нутгийн хүмүүсийн дунд дээл хувцас сайхан оёдог уран гартай гэгддэг ээжид минь сар шинийн баяр дөхөөд ирэхээр дээл оёулах захиалга их ирнэ. Хөдөөний хүн болохоор нэгэндээ үнэрхэж мөнгө төгрөг хэлж чадахгүй л дээ. Гэрийнхээ хойморт дээлийн шинэхэн өнгө дэлгээд, гал дээр шингэн жонхуу халаан, гар машинаараа нямбай нь аргагүй оёж суудаг нь их сайхнаар сэтгэлд үлджээ. Ер нь ээжийг эмээгээс үлдсэн ганц орос, хар оёдлын машинаа гаргаад л суухад “нэг их гоё юм хийх гэж байгаа юм шиг” сайхан мэдрэмж төрдөг байж билээ. Одоо ээж минь “Тэр үед нэг дээлийг бараг дөрөв таван өдөр барьж дуусгадаг байсан. Мөн ч удаан оёдог байж дээ” гэж ярьдаг юм. Одоо ч гэсэн ээж маань цагаан сар болгоноор л дээлний захиалгандаа дарагдаж суугаа. Гэрийнхнийхээ дээлийг хамгийн сүүлд, бүх захиалгаа дууссаны дараа оёно. Шинийн нэгний ургах нартай уралдан сүүлийн дээлийнхээ шилбийг хадаж дуусдаг даа, ээж минь. “Загасчны морь усгүй” гэдгийн үлгэрийг үзүүлэхгүйн тулд, гэрийнхнээ бусдаас гайгүй харагдуулах гэж нойроо хугаслан суудаг юм. “Би яахав. Хуучин дээлтэйгээ цагаалчихъя, аавд чинь л нэг юм оёж өгье” гэнэ.

За тэгээд хэдэн өдөр эхнэр хүүхдүүд угаалга, цэвэрлэгээний ажил хийж, өнгөтэй бүхнээ гаргаж тавихад битүүний орой айл бүхэн дор бүрнээ шинэхэн гэрлэсэн хосын өргөө шиг цэмбэлзсэн сайхан болдог доо. Аль ч айлын үүдээр оронгуут шар тос, хайлмаг, хэвийн боов, буузны холилдсон сайхан үнэр ханхалж, дулаан уур амьсгал өөдөөс пүнхийтэл үлээнэ. Одоо ч хот хүрээ газар битүүнийг ном ёсоор нь утга төгөлдөр тэмдэглэх нь ховор болсон юм шиг. Хөдөө нутагт айл бүхэн дор бүрнээ нэгнээсээ түрүүлж битүүний хүргэлт хийхийг зорино. Аав битүүний орой гурван мөс тотгон дээрээ тавих, хашаа хороо цэгцлэх, ууцаа тэгшилж тавих, арц хүж унгасгаж, сан тавих зэрэг зан үйлийг гүйцэтгэх бол ээж хайлмагаа хийх салат зуурах, тавгаа засах гээд л нарийн нандин ажлуудыг амжуулна. Бас бидний шинийн нэгний өглөө өмсөх хувцсыг бэлдэж тавина. Жилээс жилд уламжилж ирсэн энэ бүх зан үйл насан туршид минь тодхон үлдэх биз ээ.

Битүүний орой хөрш саахалт, хамаатан ах дүүсээр явж идээ будааны дээж, бууз тараахаар тэрүүхэндээ багахан өрсөлдөөн болно, дүү бид хоёрын дунд. Гэхдээ голдуу би л аавыг юм уу аль нэг айлынхаа ахыг дагаж явдаг байсан санагдана. Шинийн нэгнээс өмнө айл болгоныг ямар болж гэдгийг харж бас битүүний чихэрнээс түрүүлж гоёыг нь авах гэж тэгж яардаг байсан. Битүүний бууз хүргэж ирсэн хүнд хүн болгон л “Дээшээ суу” гээд хүндэтгэлтэй хандана. Хамгийн түрүүнд Муужуу ахын (Д.Мягмаржав), Аагаагийн (Т.Ганхүү), Балгаагийн (Д.Баттулга) гээд л том авга нагац нараасаа эхлээд л тараана даа. Мөн айл руу бууз зөөхтэй зэрэгцэн айлуудаас ч битүүлгийн идээ ирнэ. Тэгээд л аав бурхандаа, галдаа нэг өргөөд үлдсэнийг нь өөрсдөө хуваагаад амсана. Дараа нь “Муужаагийн банш сул болж, Балгаангийнх шорвогдуу байна” гэх мэтчилэн ярьснаа “Ер нь манайх шиг амттай болсон айл алга байна даа” гэж ээжийг жаахан дөвийлгөнө. Одоо ч айл айлын бууз амсч үзээд тэгдэг хэвээрээ.

Хивсээ өнгий нь гартал угааж, бүх л гоёл зүүсгэлээ зүүсэн гэрийнхээ хойморт, идээ таваг зассан ширээнийхээ цаадах орон дээрээ унтах гэж дүү бид хоёр их булаацалдана аа. Тэгж тэгж эвсээд хамтдаа дээш, доошоо хараад унтахаар болно. Битүүнээр бурхандаа өргөсөн зулын гэрэлд ууц, тавгийн идээ, ээжийн хичээнгүйлэн зассан ширээг харан харсаар дуг нойрондоо автдаг байж билээ, хүүхэд байхдаа. Хэдий насанд хүрч, нөхөр хүүхэдтэй болсон ч багадаа догдолдог тэр сэтгэл минь яг хэвээрээ. Шинийн нэгний өглөө босуут л ширээ зассан том өрөөндөө орно. Харин бага үеэ бодоход тэр бүх ширээг ээжээрээ бус өөрөө засдаг завгүй нэгэн болжээ.

Шинийн нэгний өглөө хэдий эрт боссон ч ээж аль хэдийнэ босоод цайгаа чаначихсан, аав монгол цамцаа өмсчихсөн дуудаж байдаг сан. Ээж ургах улаан наранд цайны дээжээ өргөөд, аав, эрэгтэй дүү хоёр мөрөө гаргана. Хамгийн түрүүнд саахалтын Д.Цэвээравдан ахынд орж золгоно. Д.Цэвээнравдан ах аав ээжтэй жилээр чацуу ч сараараа ахмад, түүнчлэн өвөөгийн ахын хүүхэд тул аав, ээж хоёр түрүүлж зочилдог юм. Ер нь баруун нутгийнхны сар шинийн ёс их нарийн дэг жаягтай. Түрүүлж орж золгосон ахмад айлдаа халуун савтай цай, тавгийн идээгээ барьж орж золгоно. Манайхан гэртээ золгохгүй, Д.Цэвээнравдан ахынд хоорондоо золгочихдог байв. Дүү, бид хоёр жаахан байсан болоод тэр биз. Улмаар аавын нагац ах, монгол хэл уран зохиолын багш Д.Мягмаржав, том хүргэн ах Д.Баттулга, ээжийн ах Т.Ганхүү гээд л ахмадуудаасаа эхлээд золголт үргэжилнэ дээ. Сумын төвийн айлууд бүгд нэгнийгээ таньдаг мэддэг, хамаатан садан айл их болохоор золголт хэдэн өдөртөө л үргэлжилдэг сэн. Тухайн үед сумын төвийн цөөхөн айл 69, пургон машинтай , бусад ихэнх нь морь, мотоциклиор айл хэсдэг байлаа. Хол айлууд руу явах бол аав маань “улаан яав”-аа асааж аваад дүүг банкин дээрээ суулгаж, ээж намайг урдаа дүүрээд л айл хэсдэг байв. Нэлээд юм гадарладаг болсон хойноо ингэж айл хэсэхээс их санаа зовдог байсан. Тэр үед аав, ээж маань залуухан болохоор шинийн нэгэнд орж ирэх хүн амьтан байхгүй. Харин сүүлийн жилүүдэд шинийн нэгнээр зочлох айлын тоо, аавд барьж золгосон архины тоо нэмэгдэж байгаа нь тэдний минь нас явж байгааг илтгэх шиг.

Хөдөө газар шинийн нэгнээс эхлээд сумын төвийн улаан хацартай, уур савсуулсан хүүхдүүдийн цуваа хэдэн өдөртөө тасрахгүй. Дөрөв, тав, зургаа, заримдаа бүр арван хэдээрээ нийлж аваад сумын дээд лагерийн айлаас доод лагерь хүртэл, урд талаас хойд тал хүртэл нэг ч айл үлдээхгүй хэснэ дээ. Бүгд өнгөтэй өөдтэй шинэ дээл, хувцсаараа гангарна. Орж ирчихээд л бүгдээрээ золгох гээд очерлоод зогсчихно. Хөдөөний хүүхдүүд айлын хоймор руу дураараа гарч зүрхлэхгүй, баруун талын баганаас хаалга хүртэл бөнжийтөл хөлөө нугалаад сууцгаана. Хурдхан л цайгаа уугаад, хоёр бууз үмхчихээд, салат хийдэг айл байвал тэрнээс нь ахиухан цохичихоод бэлгээ авахын түүс болно. Сумын төвийн тэр олон хүүхдэд бэлэг өгөх гэж айлууд өнгийн бал, харандаа, юухан хээхэн их авдаг байлаа. Зарим нэг нь ороогүй найзуудаа дагаад дахиад ороод ирнэ. Түүнийг нь ээж маань болон бусад айлын эзэгтэй нар мартаад дахиад л бэлэг өгнө. Тэр бүрт нь ээждээ сануулах их буянтай ажил хийнэ. Миний дүү болон үеэлүүд маань ч ингэж хэсдэг байв. Харин охидууд нэрэлхээд тэгж хэсэх нь харьцангуй бага. Зарим боломж муутай айл нь арав, хорин төгрөг, чихэр зэргэхнийг атгаад өгчихдөг байж л дээ. Тэр бүрийд хөвгүүд хоорондоо “Хн цус, тэднийх 20 төгрөг л өгч байна л ээ. Гэрийнх нь бүсэнд хавчуулчихаад ирсэн” гэж ярих нь их. Жилдээ нэг ингэж сумын төвийн хүүхдүүдээ бүртгэдэг ажил гардаг сан. Одоо ч сумын хүүхдүүд тэгж айл хэсдэг хэвээрээ гэсэн.Хот суурин газар юун тэгж бөөнөөрөө айл хэсэх байтугай хамаатан, саднаараа ч орох дургүй, ах дүү ураг саднаа мэдэхгүй хүүхэд, залуус их болсон шиг.

Сүүлхэн 2000 оны эхэн үед манайхыг Улаанбаатар гэдэг их хүрээ рүү нүүхийн өмнө сумын төвийн айлууд сумын клубт нэгдсэн золголт хийдэг болсон. Сумын нэгдсэн золголт одоог хүртэл уламжлагдсан гэсэн.

Хот суурин газар ч гэлтгүй, хөдөө орон нутагт ч хамаатан, ах дүүсийнхээ аль нэгэнд цугларч, нэгдсэн золголт хийдэг жишиг сүүлийн үед тогтоод байгаа. Энэ дагуу манай ээжийн ах дүүс сүүлийн арав гаруй жил нэгнийдээ нэгдэн золгож байна.

Categories
мэдээ цаг-үе

Ө.Мөнгөнтулга: Дамчаа гуайг чулуугаар нүүлгэж байсан гэдэг, яг тийм зэвүүцэл төрүүлсэн дүр бүтээмээр байна

“Гялбаа”, “Чонын алтан шагай”, “Улаан дөрвөлжин”, “Зоорь”, “Хүүхэлдэй” зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин Ө.Мөнгөнтулгатай ярилцлаа.

-Дээд сургуульдаа ямар багш нараас номын дуу сонсч байв, кино найруулъя гэж боддог уу?

-Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Ардын жүжигчин П.Цэрэндагва, СТА жүжигчин С.Чинзориг гэсэн гурван мэргэжлийн багшийн удирдлага дор төгсч байлаа. Би хараахан найруулагч мэргэжил эзэмшээгүй. Ардын жүжигчин Б.Мөнхдорж багш болон олон найруулагчтай хамтран хоёрдугаар найруулагчийн үүрэг гүйцэтгэж байлаа. Тэр утгаараа найруулга хийхийг бага зэрэг оролддог. Гэхдээ өөрийгөө найруулагч гэж хэлэгдэхээр хэмжээний авьяасгүй гэж боддог.

-Сургуулиа төгсөөд нэг хэсэг дуу оруулагчаар ажилласан байх аа?

-Сургуулиа төгсөөд УДЭТ-т нэг жил дагалдан жүжигчнээр ажилласан юм. Тэгээд 2003 онд TV9 телевиз анх байгуулагдахад орчуулгын киноны жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Тэр үед СТА Элбэгсайхан, МУГЖ Цэмпэлмаа, МУГЖ Нэргүйбаатар, Равдан, СТА Наранбаатар, СТА Оюун гээд Монголын шилдэг авьяас чадалтай орчуулгын киноны болоод дуу оруулалтын жүжигчидтэй танилцаж, тэднээс анх суралцаж эхэлж байлаа. Орчуулгын киноны жүжигчин мэргэжилдээ дуртай. Одоо хүртэл энэ ажлаа хийгээд явж байна.

-Анхны дэлгэцийн уран бүтээл юу байв?

-2005 онд TV5 телевизийн таван ангит “Гялбаа” нэртэй сэтгэл зүйн кинонд Анар гэдэг залуугийн дүрийг бүтээж байлаа. Түүний дараа нэг хэсэг дэлгэцийн уран бүтээлд ороогүй ч зарим кинонд туслах дүрд тоглосон. Тэгээд 2011 онд анх удаа “Чонын алтан шагай” телевизийн 35 ангитай киноны гол дүрд тоглосон юм. Түүнээс хойш орчуулгын киноны жүжигчнээс гадна дэлгэцийн урлагт хүч сорих болсон.

-Багадаа мөрдөгч, тагнуулч болно гэж мөрөөддөг байсан гэсэн. “Замбуулин дуусах болоогүй” цуврал кинонд мөрдөгчийн дүр бүтээсэн гэж сонслоо. Тэгэхээр тоглосон дүрээрээ мөрөөдлөө биелүүлжээ дээ?

-TV5 телевизээс хийж байгаа 54 ангит кино л доо. Амар гэж мөрдөн байцаагч залуугийн дүр дээр ажиллаад дуусах шатандаа ороод явж байна. Нэг бодлын мөрөөдлөө биелүүлсэн гэж болох юм. Мөрдөн байцаагч мэргэжлийн онцлог юу вэ гэдгийг огт мэддэггүй байлаа. Жүжигчин хүн нэг дүр авахад зайлшгүй судалгаа хийх ёстой. Энэ дүр дээр ажиллахын тулд цагдаад ажилладаг найзуудаасаа зөвлөгөө авч байж орсон шүү.

-Мөрдөгч болохыг хүсдэг байсан хүн яагаад жүжигчин болохоор шийдчихэв?

-Ээжийн минь хүсэл л дээ. Намайг долдугаар ангид байхад автын ослоор нас барсан юм. Ээжийнхээ хүслийг биелүүлмээр санагдаад шалгалт өгөөд тэнцсэн. Жаахан авьяас байсан юм болов уу гэж боддог. “Гарын таван хуруу” киноны Шагдарт тоглодог Лхасүрэн багшийнх манай хажуугийн байранд амьдардаг байлаа. Доржсамбуу найруулагчийнх бас тэнд. Тэр хоёрыг гудамжинд явахаар хүмүүс их хүндэлнэ. Түүнийг нь харчихаад олны танил байх гоё юм аа гэж бахархан боддог байлаа. Багын тэр мэдрэмж ч энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх.

-Таныг кино урлагийг хөгжих болоогүй гэж ярьсныг уншиж байсан. Яагаад хөгжихгүй байна гэж, харин ч хөгжөөд байх шиг анзаарагддаг?

-Монголын кино урлаг хөгжихгүй байна гэж гарчигласан байна лээ. Уг нь кино урлаг хөгжиж байгаа, гэхдээ удаашралтай байна гэсэн агуулгатай зүйл ярьсан юм. Шийдвэр гаргах хүрээнийхэн кино урлагийн төлөө бага юм хийж байна л даа. Киноны тухай хууль батлагдана гээд хэлэлцүүлэг явуулаад санал шүүмжлэл сонсох шиг боллоо. Тэр хууль хэний талд батлагдахыг мэдэхгүй байна. Төр засгаас кино хий гэж мөнгө өгч, болсон болоогүй кино хийлгэх эсвэл баталсан төсөл дээр хэн нэг нь хээл хахууль төлж хоорондоо өрсөлдөөд байхдаа гол нь биш. Бэлэн мөнгөний асуудал багахан хэмжээнд байгаад ихэнхдээ гадаад харилцааг сайн хөгжүүлмээр санагддаг. Жишээлбэл жилд 30-40 кино гарч байна. Хамгийн сайн болсон таван киног нь сонгоод бусад улс орнуудад Монголын кино өдөрлөг хийж яагаад болохгүй гэж. Сонгосон кинонуудынхаа гол дүрийн жүжигчин, найруулагч, зохиолчийг авч яваад гадныхантай уулзуулж туршлага солилцуулах хэрэгтэй. Үүнийг хийхэд бүхэл бүтэн кино хийх хэмжээний зардал гарахгүй. Зөвхөн хоёр улсын хоорондын соёлын газрынхны шугамаар гарын үзэг зуралцаад хийж болохоор ажил.

Хоёрт, Монголын уран бүтээлчдийг гадны уран бүтээлд туршлага солилцох маягаар оролцуулах шаардлагатай. Яагаад Анхням, Амарсайхан нар л жүжигчнийхээ хувьд Холливуд руу гарах гүүр болох ёстой юм. Хоёрхон хүн биш төр засаг анхаараад хоёр улсын гадаад харилцааны түвшинд ярилцчих асуудал. Тэгвэл ажил хурдан бүтэж, олон залуус гадны уран бүтээлд оролцоно. Улсын зардлаар сурсан авьяастай үгүй нь ч мэдэгдэхгүй хэн нэгэн яаманд,соёлын газарт ажиллаад байгаа нь үнэн. Киноны ажлын үр шимийг мэддэг, амтыг нь мэдэрчихсэн залуусаа гадагш нь явуулж туршлага солилцуулбал кино урлаг хурдан хөгжинө.

-Хувь уран бүтээлчид гадны кинонд оролцоод эхэлчихсэн гэхээр жүжигчдэд гадны кинонд тоглох санал нэлээд ирээд байх шиг. Ер нь Монголын жүжигчид дэлхийн тавцанд гарахад юу саад болоод байна?

-Гадны уран бүтээлчид манай жүжигчдэд кинонд тоглох санал их тавьдаг. Монголын жүжигчдийг авьяастай гэж үнэлдэг. Хамгийн гол саад нь хэлний бэрхшээл. Саяхан Хятадад Түвдийн тухай 60 ангит кино хийх гэж байна, танилцуулгаа явуулаач гэсэн хүсэлт ирсэн. Би танилцуулгаа явуулсан. Хятадаар өдөр тутмын ярианы хэллэг мэдэх үү гэж асууж байна лээ. Мэдэхгүй гэнгүүт уучлаарай бид өөр жүжигчин хайя гэж байгаа юм. Учир нь намайг тоглуулахын тулд орчуулагч, хөтөч гээд хоёр хүн ажиллуулж, илүү зардал гаргахыг хэн ч хүсэхгүй.

-Монголын жүжигчдийн үнэлэмж зах зээлээсээ хамаараад тийм ч сайн биш. Хөгжил нь удаашраад байгаагийн нэг шалтгаан гэвэл та санал нийлэх үү?

-Санал нийлж байна. Ядаж арван сая хүн амтай байсан бол өнөөдөр урлагийнхан ингэж амьдрахгүй. Өнөөдөр хэн нэг жүжигчин найруулагчтай хамтарч кино хийчихээд тэрийг яаж зах зээлд борлуулах билээ гэж толгойгоо гашилгадаг. Найруулагч хүн зөвхөн киноныхоо найруулгыг л бодоод явах боломж бүрдвэл оюуны бядаа шавхаж, сайн уран бүтээл хийхэд асуудалгүй. Нэг хүн найруулаад эсвэл зургийн дарга хийлээ гэхэд хаа хамаагүй юманд давхар санаа зовж ажиллах хэрэгтэй болдог. Гадны жүжигчид хэзээ ч кинонд ажиллаж байгаа хүмүүсийн хоол унданд санаа зовдоггүй. Тэгэхээр бодлогоо зөв болгочихвол кино урлаг асуудалгүйгээр хөгжих боломжтой.

-Монголд аймшгийн кино тэр бүр хийдэггүй, та “Зоорь”, “Хүүхэлдэй” гээд хоёр аймшгийн киноны гол дүрд тоглосон. Хэр амжилттай болсон гэж боддог вэ?

-“Зоорь”-ийг зохиолч Ц.Ууганбаярын зохиолоос сэдэвлээд “Кино цамхаг” группийн найруулагч Цогт-Эрдэнэ бид хоёр санаачилж хийсэн юм. Аймшгийн кино хийе гэж 2013 оны зун шийдсэн. Хувь студи уран бүтээлчид өөрсдөө мөнгөө гаргаад кино хийж байгаа тохиолдолд тэр бол бараа таваар л гэсэн үг. Киногоо борлуулж байж зардлаа нөхөж, ашиг орлого олох ёстой. Мэдээж монгол киноны зах зээлийн судалгааг хийсэн. “Зоорь” гэдэг өгүүллэгийг олон залуус цахим болон ном хэлбэрээр их уншсан байсан. Кино хийвэл гоё болно, үзнэ гэсэн санал хүсэлт их байсан. Тэр нь мэдээж нөлөөлсөн. Хувиараа мөнгөө гаргаад хийж байгаа учраас бидэнд алдах эрх байхгүй. Кино маань ч амжилттай болсон. Тэр жил Монголд шинээр 38 кино гарсан юм. Аймшгийн кино ч хийгдсэн байсан. СТА жүжигчин С.Болд “Хөлтрөг”, найруулагч, жүжигчин Алтансүх “Үхлийн симфони”, найруулагч Б.Чингүүн “Call” гэх нэртэй кинонууд хийсэн жил л дээ. Манай кино энэ кинонуудаас илүү орлого олж, тэр жил гарсан 38 киноноос ашгаараа гуравдугаарт орсон. Зохиолчийн маань номын захиалга бас өссөн. Ашиг гэхээс илүү “Кино цамхаг” гэдэг студи байгуулсан олзуурхам явдаг болсон шүү.

-Аймшгийн кинонд тоглох бусад кинонд дүр бүтээхээс өөр байдаг уу?

-Ямар ч кинонд тоглосон жүжигчин хүний ерөнхий шугам нэг. Дотоод мэдрэмж нь л өөр. Аймшгийн кинонд яаж айж байгаагаа аль талаас нь илэрхийлбэл үзэгчдийг хөтлөх тал дээр ажиллах ёстой. Бусад төрлөөс ялгаатай нь жүжигчнээс сэтгэл зүйн ачаалал их шаарддаг. Аймшгийн кинон дээр жүжигчин буруу тоглоод буруу айгаад өөрийгөө буруу илэрхийлбэл хүн инээлгэх аюултай талтай. Хамгийн том эрсдэл нь тэр. Худлаа орилохын оронд хоолойгоо хяхтнуулаад ч юм уу тэр киног үзэж байгаа хүмүүст айдас төрүүлэх нь чухал. Худлаа жүжиглээд үзэгч нэг л инээчихвэл цаашаагаа ямар ч аймшгийн юм гарч, айлгаж цочоогоод үзэгчийн сэтгэл зүйг барьж авна гэдэг хэцүү.

-“Хүүхэлдэй” кино өмнөх киноноосоо хэр ялгаатай болсон бэ?

-Хоёр дахь удаагаа яг нэг жилийн дараа буюу 2015 нэгдүгээр сард “Хүүхэлдэй” киногоо нээсэн. Мөн л Ц.Ууганбаярын зохиол. Мэдээж судалгаа хийсэн. Тэр жил аймшгийн кино ерөөсөө хийгдээгүй. “Зоорь”-ийг бодвол хүнд эффект ихтэй зохиолыг зориглож сонгосон. Аймшгийн төрлийн хувьд дорно дахины юм уу барууны гэсэн хоёр төрөлд хувааж үзэж болно. Дорно дахиных гэхээр сэтгэл зүйг барьж хийдэг. Барууных болохоор гадаад байдлаар вампир, захиалгат алуурчин зэргээр хүнийг цочоож айлгадаг. Манайх дорно дахины буюу сүнслэг чанарыг нь барьж хийдэг. Хаалга чихарч онгойх, хөшиг салхинд хийсэх зэргээр хүнийг дотоод сэтгэхүйгээр нь айлгадаг. “Хүүхэлдэй” киног арай баруунлаг маягийг барьж хийсэн. Манай Ууганбаяр өөрөө их чөлөөтэй сэтгэдэг. Тэр кино хэдэн хэсэг аймшигтай үйл явдлыг нэгтгэж хүүхэлдэйн дээр төвлөрүүлсэн. Энэ кино хэмжээ нь ч хамаагүй том болсон. Мөн л үр өгөөжөө өгсөн. “Кино цамхаг” группийнхэн маань том хэмжээтэй кинон дээр ажиллах туршлага хуримтлуулж чадсан.

-Хоёр аймшгийн кинонд тоглосны дараа “Ороолон” гэх аймшгийн киноны найруулагчаар ажилласан байх аа?

-“Ороолон” киног хийхээс өмнө арай өөр төрлийн кинон дээр ажиллах гэж байсан юм. Хувиасаа гаргаад хийхээр төсөвт багтахаар хэмжээний сэдэв биш байсан л даа. Тэгээд ажил болоогүй. Юм хийхгүй удах тусам зэвэрдэг талтай. Хурдхан дараагийн уран бүтээлдээ ороод явахгүй бол нэгд төсөөрнө, хоёрт цугласан баг хамт олны итгэл үнэмшил алга болно. Тиймээс бид “Ороолон” нэртэй уран бүтээл хийлээ. Зураг авалт дуусчихсан. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Ерөнхий найруулагч Цогт-Эрдэнэтэй зохиолоо ярилцаад дуусахад надад тохирох дүр байгаагүй. Үзэгчдэдээ зориулж уран бүтээл хийхээс, өөртөө зориулж зохиол худалдан авч бичүүлнэ гэдэг утгагүй. Тиймээс залуусыг оролцуулсан кино хийе гэж шийдсэн. “Кино цамхаг” студи хийж байгаа учраас би ямар нэг үүрэг гүйцэтгэх ёстой. Цогт-Эрдэнэ маань ерөнхий санаагаа бичээд миний хувьд жүжигчидтэйгээ ажиллаад явбал оновчтой гэж шийдсэн. “Ороолон” кино зургаан гол дүртэй. Зургаан залуу шинэ жилийн баяраа хотын захад очиж тэмдэглэхэд тэр байшин ороолонтой, ад зэтгэртэй байж таарна. Ингээд кино үргэлжилнэ дээ.

-Гадаадын зарим кинонд болсон явдлаас сэдэвлэлээ, сүнс хоргодсон бодит байшинд нь хийлээ гэдэг. Танай групп зураг авалт хийх байшингаа яаж сонгосон бэ?

-Түүхэн киног болсон газар нь очиж зураг авах тал ажиглагддаг. Аймшгийн кинонд заавал ад зэтгэртэй байшинд очих шаардлагагүй. Монголчууд чинь их шашинлаг улс. Монголчуудын арван хүний ес нь шашин шүтдэг байх. Тэгэхээр сүнснээс мэдээж айдаг. Хэрэв киноны жүжигчдийн дундаас зураг авалт явж байхад эсвэл дараа нь ямар нэг золгүй явдал тохиолдвол яах вэ. Эсвэл гэр бүлийнхнээс нь золгүй явдал тохиолдвол хүн хамгийн түрүүнд дүр бүтээсэн аймшгийн кинотойгоо холбож ойлгоно. Тиймээс ад зэтгэртэй байшинд очиж зураг авна гэдэг утгагүй зүйл. Үүнийг кино зураг авалтын багийнхан сайн бодох хэрэгтэй. Бид ад зэтгэртэй газар зураг авалтаа хийгээгүй. Гэхдээ кинонд гарч байгаа зүйл сонирхолтой байх ёстой.

-Та “Улаан дөрвөлжин” кинонд чимэг дүрд тоглосон байдаг. Галзуу хүн болох ямар байсан бэ?

-Энэ кино 2012 онд хийгдсэн. “Хамба” студийн найруулагч СТА Б.Ганболд намайг урьж киноны Ням гэх залуугийн дүрд тоглооч гэсэн санал тавьсан. Би их азтай. Б.Ганболд бас л Монголын урдаа барьдаг найруулагчдын нэг. “Улаан дөрвөлжин” кино сүүлийн үеийн кинонууд дунд цөөхөнд тооцогдох том хэмжээний уран бүтээл болж чадсан. Кинонд жар, далаад жүжигчин оролцож, нийтдээ 150 хүн ажилласан байдаг. “Улаан дөрвөлжин” киноны зохиолч Золзаяа, Ганболд найруулагч хоёр надад зохиолоо өгөөд ямар нэг дүр заалгүйгээр унш гэсэн юм. Дараа нь “Аль нь таалагдаж байна” гэж асуусан. Мэдээж Ц.Төмөрбаатар ахын тоглодог эмнэлгийн даргын Даваа гэх дүр миний насных биш. Бусад дүрийнх нь хувьд хамгийн их хийх юмтай, жүжигчний хувьд ажиллагаатай, авьяас, ухаан шаардах дүр нь Ням гэж номын цагаан солиотой залуугийн дүр байсан. Миний дүрээс сүүлд их хасагдсан юм. Номын цагаан солиотой хүн их юм уншсан байх ёстой гэдэг үүднээсээ гурван хуудас шүлгийг нэг дор унших гээд ажиллагааны хувьд кайфтай байсан. Орчуулгын киноны жүжигчин гэдэг утгаараа, уран уншлага сонирхдог маань их хэрэг болсон. Тэр дүрээ дажгүй болсон гэж боддог. Үзэгчид аймшгийн кино гэж ярьдаг юм билээ. “Улаан дөрвөлжин” цэвэр сэтэл зүйн драм. Өнөөгийн нийгмийн амьдрал дээр байгаа салбар салбарын асуудлыг шүүмжилсэн сэтгэлгээний кино. Долоо хоногийн даваагаас ням гариг болоод монгол тооллын долоон дүртэй. Хүний амьдрал долоон өдөрт эргэж байдаг гэдэг утгаар нь дүрүүддээ нэр өгсөн гэдэг юм. Компьютерийн солиотой, урлагийн хэнээтэй, эд мөнгөний туйлшрал гээд ерөнхийдөө манай нийгэм галзуугийн эмнэлэг шиг байна шүү гэдэг санааг гаргасан кино.

-Танд одоо тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Намайг ихэнхдээ аймшгийн кинонд тоглодог гээд байдаг юм. Надад л тохиолдож байгаа хувь тавилан шүү дээ. Киноны гол дүрд сайхан залуу тоглох нь элбэг. Судалгаагаар ч сайхан залуу, бүсгүйг тоглуулж байж кино амжилттай болж үзэгчдийн тоо ихэсдэг. Ихэнх киноны гол дүр сайхан залууг сонгодог. Тэр дүрүүд миний бодлоор хийх юм багатай шиг санагддаг. Тэрний оронд тэр гол дүрд саад учруулж, хорлож, ямар нэгэн байдлаар дүрийг хатгаж байгаа, ажиллагаатай, жүжигчний авьяасыг шавхсан хүмүүст сонирхолтой хэлбэрээр хүрдэг дүрүүдэд ажиллахсан гэж боддог. Дамчаа гуайг гудамжаар явахад чулуу шиддэг байсан гэж ярьдаг. Дамчаа гуай шиг эсрэг талаараа хүний сэтгэл санаанд тултал хийсэн нэг тийм дүртэй болохсон гэж хүсдэг. Хүмүүсийн зэвүүг хүргэсэн дүртэй болохыг хүсч байна.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач. Хүүхдэдээ өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх үү?

-Ам бүл тавуулаа. Эхнэр маань “Сарнайх” гоёлын студид ажилладаг С.Цэвэлмаа гэдэг бүсгүй бий. Саргуун, Тэмүүлэн, Соёмбо гэдэг гурван хүүтэй. Том хүү маань “Тэмүүжин өрлөг” сургуульд энэ жилээс суралцаж байгаа. Нөгөө хоёр маань сургууль, цэцэрлэгтээ явна. Том маань жаахан байхдаа жүжигчин болно гэж ярьдаг байсан. “Чонын алтан шагай”, “Нар гарнаа аз жаргал минь” кинонд бас тоглоод авсан шүү. Гэхдээ одоо тэгж ярихаа больсон байна. Өөрсдөө л сонгох байлгүй. Ажиглаад байхад дунд хүү маань нөгөө хоёроо бодвол урлагийн мэдрэмж сайтай. Дүр төрх нь ч гэсэн жүжигчин байхаар харагддаг. Гадаад байдлаараа ч, сэтгэж байгаа байдлаараа ч сайн жүжигчин болох шинжтэй харагдаад байдаг юм, болох ч байх. Зүгээр нэг жүжигчний диплом авах амархан. Жилд хэдэн жүжигчин төгсөөд хэд нь мэргэжлээрээ ажилладаг билээ. Нэг бодлын амархан юм шиг харагддаг боловч хэцүү мэргэжил. Их тэвчээр, тэсвэр шаардана. Тоондоо муу, оюун ухааны бядгүй хүн орчихдог анги юм шиг хандлага байдаг. Дүрсгүй хүн болгон жүжигчин болохгүй. Ер нь юм, юм шавхдаг мэргэжил шүү.

Categories
мэдээ цаг-үе

​Ө.Ганзориг: Оюу толгой, Таван толгойгоо хөдөлгөхгүй бол дотоод нөөцөө шавхчихсан маш олон бизнес энэ жилийг давахгүй

“Голомт” банкны ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.

-Орон сууцны найман хувийн зээлийн хүүг багасгах асуудал ид яригдаж байна. Хямд хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжих бодитой боломж эдийн засагт байгаа юу?

-Ажиглаж байхад энэ асуудал дээр маш олон тал байр сууриа илэрхийлж байна. Янз бүрийн өнцгүүд ч гаргаж ирж байх шиг байна. Зарим тохиолдолд бүүр орон сууцны зээл хэрэггүй ч гэх хүмүүс байдаг. Юуны өмнө иргэдээ орон сууцтай болох боломжоор хангах нь аль ч төрийн үүрэг. Гэхдээ тэр орон сууцыг төрөөс өгдөг социалист эдийн засаг нуран унаж иргэн өөрийн хөдөлмөрийн үр шимээр орон сууцаа худалдан авдаг чөлөөт зах зээлт, ардчилсан нийгэм шалгарч үлдээд байгаа гэж би ойлгодог. Орон сууцны зээл буюу моргэйж, эсвэл ипотек гэж нэрлээд байгаа энэ зүйл бол чөлөөт эдийн засаг дахь шалгарсан санхүүгийн механизм гэдгийг юуны өмнө ойлгох ёстой. Энэ утгаараа моргэйжийн хүүг буулгах нь аль ч төрийн, төв банкны, арилжааны банкны зорилго байдаг. Манайд 2004, 2005 оноос буюу нэлээд хожуу банкны моргэйжийн бүтээгдэхүүн гарч эхэлсэн. Гэхдээ банкуудын эх үүсвэрийн өртөг их өндөр тул хүү нь өндөр байсан. Найман хувийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш иргэд 15 орчим хувийн хүүтэй моргэйжээ найман хувийн зээлд хөрвүүлсэн. Шинээр маш олон мянган хүн орон сууцтай болж чадсан давуу тал бий. Одоогийн байдлаар 76 мянган өрх моргэйжтэй байна. Сүүлийн гурван жилд гурав дахин өссөн гэсэн үг.

-Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгох боломжтой гэж шийдвэр гаргах түвшинд яриад эхэлчихсэн. Гурван хувиар буулгах боломж бүрдсэн үү, ингэж буулгасны сул болон давуу талыг та юу гэж харж байна вэ?

-Америкт моргэйжийн хүү жилийн дөрвөн хувьтай, Японд 1.5 хувьтай байна.Тэдний төв банкны бодлогын хүү ердөө тус тус 0.5 болон 0.1 хувьтай байгаа. Нөгөө талд Оросын дундаж моргэйж 12 хувьтай байхад Оросын төв банкны бодлогын хүү 11 хувь байх жишээтэй. Манайд харин бодлогын хүү 12 хувь байхад моргэйж найман хувийн хүүтэй байгаа. Моргэйжийн хүүг таван хувь хүртэл буулгах эсэх асуудал ярьж байна. Гол нь зөв нөхцөл байдлыг бүрэлдүүлэх нь чухал. Монголд зээлийн хүү маш өндөр байна. Зөвхөн моргэйж гэлтгүй бүхий л төрлийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажиллах ёстой. Үүнийг Монголбанк дангаараа шийдэж чадна гэж бодохгүй байна. Юуны өмнө зээлийн хүү өөрөө банкуудын эх үүсвэрийн хүүн дээр суурилж гардаг. Хадгаламжийн хүү 10, 12, 15 хувьтай байхад бид зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах нь тун хүндрэлтэй байх нь ойлгомжтой. Эх үүсвэрийг хямд, олдоцтой болгох чиглэлээр засгийн газар, Монголбанк хамтарч ажиллах хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүд ч гэсэн энэ тал дээр маш хариуцлагатай байх ёстой.

-Орон сууцны зээлийн эх үүсвэр манайд байна уу?

-Эх үүсвэр дотоодын болон гадаадын зах зээлээс орж ирдэг. Дотоодын зах зээл бол мэдээж хязгаарлагдмал. Харин гадаад зах зээлд мөнгө хангалттай их байна. Гэвч манай нэр хүнд маш хангалтгүй байгаа учраас гадаадаас хямд эх үүсвэр орж ирэхгүй байна. Монголын банкууд, компаниуд гадаад зах зээлээс зээл, хөрөнгө оруулалт татсан бол чадах чинээгээр ажиллаж, хөрөнгө оруулагчдыг эрсдэлд оруулахгүй байх, өөрөөр хэлбэл Монгол Улсын нэр хүндийг унагаахгүй байх чиглэлд бүх чадлаа дайчилж ажилладаг. Харин нөгөө талд нь улстөрчид судалгаа тооцоогүй, алсыг хараагүй, эсвэл эрх мэдлийн төлөө буруу шийдвэр, буруу популизм хийж гадаад зах зээлийг хааж байна. Тийм учраас би зээлийн хүүг бууруулах асуудалд зөвхөн арилжааны банк, Монголбанк, Засгийн газрыг яриад өнгөрвөл туйлын өрөөсгөл болно гэж үздэг. Найман хувийг таван хувь болгож бууруулах төлөвлөгөө гаргаад, бүгдээрээ хичээгээд ажиллах хэрэгтэй. Тэрнээс чадна, чадахгүй гэж бид хичнээн олон жил мэтгэлцээд ч найман хувь тав болж буурахгүй. Эдийн засгийн суурь нөхцөл байдлууд хүндхэн байна. Түүнийг засах, залруулах, өмнөх алдаагаа давтахгүй байх, өөрсдийгөө боловсруулж, хөгжүүлэх тал дээр анхаармаар байна.

-Орон сууцны бага хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх гол суурь нь 1.9 болтлоо буурсан инфляци гэж байгаа. Инфляци өсвөл зээлийн хүү өснө гэсэн үг үү?

-Инфляциас хадгаламжийн хүү өндөр, хадгаламжаас зээлийн хүү өндөр байдаг. Ийм л энгийн зүй тогтолтой. Инфляцийг бууруулах ачааг Монголбанкинд даатгаж хаячихаад өөрсөө дор бүрнээ дуртай зүйлээ хийдэг хариуцлагагүй байдлаа одоо зогсоох ёстой. Зээлийн хүүг бууруулахын тулд бид инфляцийг жилийн 2-3 хувь дээр тогтвортой барих ёстой. Тэгэхийн тулд улстөрчид маш өндөр хариуцлагыг өөр дээрээ авах ёстой байна. Инфляцийг яагаад буулгаж чадсангүй вэ гээд Монголбанкныхныг загнаж байгаа харагддаг. Тэр асуултыг өнөөдөр УИХ-ын гишүүд өөрсдөөсөө асуух цаг болсон. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирж байсан цаг үе бидэнд байсан. Одоо таг алга л болсон. Хэн хариуцлага хүлээх талаар ярьж байгаа зүйл ч алга байна.

-Инфляци өсөх ямар эрсдэлүүд байгаа вэ?

-Бид нийлүүлэлтийн сувгаа нээлттэй байлгаж, эдийн засгаа төлөвлөж чаддаггүй учраас эдийн засагт гэнэт огцом мөнгө орж ирэхээр инфляци савлаж өсчих гээд байдаг тал бий. Мэдээж зөв тооцоолохгүй, бэлтгэлгүй байвал Оюу толгойн төслийг дагаж орж ирэх хөрөнгө оруулалт инфляцийг өсгөх эрсдэлтэй.

-Бодлогын хүүг бууруулсан нь хэр цагаа олсон шийдвэр бол?

-Бодлогын хүүг харин ч хоцорч буулгалаа гэж би бодож байгаа. Одоо зах зээлд мөнгө хэрэгтэй байна. Засгийн газар төсвийн тэлэх, Монголбанк мөнгөний тэлэх бодлого явуулах цаг болсон. Эдийн засгийн хүндрэл даамжирч хямрал болоход ойрхон байна. Хямрал гэдэг бол компаниуд аргагүйн эрхэнд хүмүүсээ үй олноор нь халж эхлэх явдал шүү дээ. Түүнийг л хямрал гэдэг. Миний харж байгаагаар манай компаниуд сүүлчийн хүчээ шавхаж хүмүүсээ ажилтай нь үлдээх гэж зүтгэж байна. Энэ процесс их удаан үргэлжлэхгүй зовлон бий.

-Оюу толгой төслийн гүний уурхайн санхүүжилт энэ жилээс орж ирж байгаа. Эдийн засагт яаж нөлөөлнө гэж та харж байна вэ?

-Энэ оны хувьд Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтэд л найдаж байна. 2014, 2015 онд Монголын Засгийн газар өмнөх онуудад гарсан алдааг засах зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх гэж нэлээд оролдсон. Амжилт олсонгүй. Эндээс харахад хөрөнгө оруулагчид бодитой үйлдэл, бодит өөрчлөлт харахыг хүсч байна л даа. Ер нь бол бид чөлөөт зах зээлийн зүй тогтлыг, глобал зах зээлийг ойлгох болоогүй байна.

-Оюу толгойг дагаж гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэж ярьж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Сэргэнэ. Гэхдээ бидний бодсон шиг хурдан байхгүй нь. Манай хууль эрх зүй, улс төрийн шийдвэр гаргалт, улстөрчдийн боловсрол нь өөрөө чөлөөт зах зээлийг дэмжиж, хамгаалж, гадаадын ч бай дотоодын ч бай хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тусгаж чадна гэдгийг бид бодитоор харуулах хэрэгтэй.

-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжих нь, 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт орж ирэх нь арилжааны банкуудад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Оюу толгой болон бусад төслүүдтэй холбоотойгоор арилжааны банкуудад эерэг дүр зураг үүснэ гэж ойлгож байгаа. Хэд хэдэн хэмжүүр байгааг бид анхаарах хэрэгтэй.Хэрэв бид Оюу толгой болон Таван толгойгоо хөдөлгөхгүй бол тэртэй тэргүй хангалттай дотоод нөөцөө шавхчихсан маш олон бизнесүүд 2016 оныг давахгүй. Түүнээс болж банкны салбарт хүндрэл үүснэ. Нөгөө нэг хэмжүүр нь банкуудын хөрвөх чадвар юм. Монголбанкны зүгээс хөрвөх чадварын шалгуурыг 2009 оноос хойш өсгөсөн учир Монголын арилжааны банкууд сайн хөрвөх чадвартай байгаа гэдгийг хэлмээр байна.

-Оюу толгой дангаараа биш өөр мега төсөл амжилттай хэрэгжиж байж эдийн засаг сэргэнэ гэсэн байр суурь бий. Жишээ Таван толгой. Энэ талаар таны бодлыг сонсъё?

-Таван толгой бол Хятадын зах зээлээс хамгийн их хамааралтай төслүүдийн нэг. Тэр ч утгаараа бид Хятадын зах зээлийг анхааралтай ажиглах ёстой. Юмны үнэ тогтмол байдаггүй гэдгийг улстөрчид одоо эрх биш ойлгосон байх гэж найддаг. Тийм учраас бид Таван толгойн төслөө одоо шийдэж байх ёстой. Үнэ өссөн хойно нь шийдэх гэж мунгинаж байх хооронд нүүрсний үнэ эргээд унана. Нүүрсний үнэ өсөх болно, бас унах ч болно. Тийм учраас бид нүүрсний үнэ өндөр, бага байх бүх нөхцөлийг хангасан уян хатан гэрээг хөрөнгө оруулагчидтайгаа байгуулаад Таван толгойгоо хөдөлгөх ёстой. Оюу толгой гэсэн ганцхан төслөөс хамааралтай байх нь бидэнд л муу.

Categories
мэдээ цаг-үе

Гиннест хоёр удаа бичигдсэн “Роллинг Стоунз”

Английн рок хөгжмийн алдарт “Роллинг Стоунз” хамтлагийг гишүүд болох Мик Жеггер ч биш, Кейт Ричардс ч биш харин менежер Эндрю Олдэн байгуулсан юм. Тэрбээр “Хэрвээ “Битлз” байгаа л юм бол “анти-Битлз” байх л ёстой” гэж үзжээ.

“Битлз” хамтлаг костюм өмсөн зангиа зүүж “Би чиний гараас атгамаар байна” хэмээн дуулж байсан бол Роллинг стоунзчууд зүгээр л, “Би чамтай загас наадуулмаар байна” гэж дуулах хэрэгтэй байв. Э.Олдэм өөрийн сэдсэн санаагаа 1962 онд биелүүлж чадсан юм. Хамтлагийн нэр хүнд тэр даруйдаа гайхалтай өсч, 1960-аад оны дунд үе гэхэд Европ, Хойд Америк даяар шүтэн бишрэгчидтэй болсон байлаа. 1965 оноос тэднийг дэлхий даяар мэддэг болж, 1970, 1980, 90-ээд он хүртэл байлдан дагуулав. Өдгөө ч тэдний шүтэн бишрэгчид, фэн клубийнхэн хэдэн зуун саяар тоологдоно.

Тэд “Гитар барьсан дээрэмчид”, “Урт үстнүүд” гэх цол гуншинг шүтэн бишрэгчдээсээ хүртсэн байна. Гэхдээ хамтлагийнхан гитар барьсан “танхайчууд” гэхээсээ илүү ихэнх нь дээд боловсрол эзэмшсэн, сэхээтэн айлын хүүхдүүд байв. Басс гитарчин Билл Ваймен, бөмбөрчин Чарли Ваттс хоёр хангалуун айлын хүүхдүүд, гоцлол дуучин, төгөлдөр хуурч Мик Жаггер Лондонгийн эдийн засгийн сургуульд сурдаг, гитарчин Кейт Ричардс Дартфордын уран зургийн сургуульд сурдаг байж. Харин сүүлд хамтлагт нэгдсэн Брайн Жонс хамтлагийнхаа ганц сахилгагүй нь байв. Тэр шуудангийн хайрцаг шатаах хоббитой байжээ. “Роллинг”-чуудаас хамгийн олон хүүхэн сольсон “Дон Жуан” нь Билл Ваймен байсан аж. Хамтлагийн тоглолт бүрт хэл ам таталж, очсон хот бүртээ зочид буудалд зодоон үүсгэдэг байжээ.

Уран бүтээлийн хувьд “Роллинг Стоунз” хамтлагийнхан 1964 оныг хүртэл америк маягийн блюз тоглож, Чак Берри, Бо Дидли нарыг шүтдэг байжээ. Анхны синглээ 1963 оны долдугаар сарын 7-нд, анхны цомгоо 1964 оны дөрөвдүгээр сарын 26-нд гаргасан. 1967 оноос “Роллинг Стоунз”-ын урын сан дан өөрсдийнх нь дуунуудаас бүрдэх болжээ. Түүхэндээ хамгийн олон цомог борлуулсан хамтлагуудын нэг нь тэд юм. Ойролцоогоор 200 сая цомог борлуулсан хэмээн тэмдэглэгджээ.

Флоридад тоглолт хийж явахад нь Кейт Ричардсын зүүдэнд нэгэн гитарын аялгуу орж иржээ. Түүний сэтгэл маш их хөдөлж, хөнжлөөсөө суга үсрэн босоод, магнитофондоо тэр аялгууг бичиж авсан гэдэг. Эцэст нь дэлхий нийтээр мэдэх болсон “Satisfaction” дуу нь төржээ. Энэ дуу “Роллинг Стоунз” хамтлагийнхантай үргэлж цуг байдаг үнэнч фэнүүдийнх нь сүлд дуу болсон юм.

1965-1966 онд “Роллинг Стоунз”-ын “алтан үе” эхэлж, анхны хит дуунууд нь төрсөн байна. “Lady Jane”, “Under my thumb” зэрэг алдартай дуунууд нь багтсан “Aftermath” цомог нь гайхалтай амжилтад хүрчээ. Хамтлагийнхан ч дэлхийн рокийн шилдгүүдэд тооцогдох болсон юм.

Дараа нь хар тамхитай холбоотой түүх эхэлж, Мик, Кейт хоёрыг таван жил шоронд хорихдоо тулжээ. Гэвч шүүх тэдэнд арай зөөлөн хандсан юм. Алдарт “The Time” сонин өөрийнхөө нийтлэлээр хөгжимчдийн талд орсон байлаа. Шүүх хурлын төгсгөлд Кейт “Би та нарын доройтсон ёс суртахууныг жигшиж байна” гэж хэлснийхээ төлөө 500 фунтээр торгуулсан аж.

1967 онд “Their Satanic Majesties Request” гэдэг содон нэртэй цомог гаргасан ч тийм их амжилт олсонгүй. Энэ үе “Роллинг Стоунз”-ынхонд цочрол өгчээ. Тэдний урын сангаас энгийн блюз үгүй болж, энэ нь “психоделик” (сэтгэл зүйн) рокийг туршиж эхэлснээс нь тодорхой харагдаж байв. Блюзыг психоделик роктой хослуулж чадсан тод жишээ нь “Beggars Banquet” (Гуйлгачдын найр) цомогт нь орсон байлаа. Энэ цомогт нь орсон “Symphathy for the Devil” (Шуламд татагдсан нь) дуунаасаа болж дахиад л сатанизмыг сурталчилсан гэж буруутгагджээ. Энэ үед Брайн Жонсын эрүүл мэнд эрс доройтож, тайзан дээр энгийн аккордуудыг ч авч чадахгүй, бүр хөл дээрээ ч тогтохоо больсон байлаа. Эцэстээ “Роллинг Стоунз” ч тэвчихээ байж, Мик Тейлороор түүнийг орлуулжээ. 1969 оны зургадугаар сарын 9-нөөс тэр хамтлагийн албан ёсны гишүүн болсон байна. Харин сарын дараа Брайн Жонсыг усан санд нас барсныг олсон нь шуугиан тарьж байв. Түүний оршуулганд Билли, Чарли хоёр л ирсэн гэдэг.

1969 оны арванхоёрдугаар сард “Роллинг Стоунз” хамтлагийн нэгэн тоглолтон дээр харамсалтай үйл явдал болсон нь тэдний уран бүтээлд удтал үргэлжилсэн, “хар тамхи”, “шулам”-ыг сурталчлахад нь цэг тавьжээ. Лос-Анжелесийн ойролцоох Алтамоне хотод болсон тоглолтон дээр “Шуламд татагдсан нь” дуугаа дуулж байхад нь хамтлагийн фэн, 18 настай хар арьст залууг хамгаалагч нар зодсоор алж орхисон байна. Гол буруу нь хамтлагийнханд тохогджээ. Тэр үед хамтлагийн гишүүн Кейт Ричардс “Yнэхээр аймаар юм болсон. Түүнийг алж байхыг бид харсан хэдий ч юу ч хийж чадаагүй” гэж ярьж байж.

Ийнхүү 1970 оны эхэн үеэс “Роллинг Стоунз” хамтлагийн шинэ хувьсгал эхэлсэн. Эхлээд тэд Францад очиж “Decca” фирмтэй гэрээ байгуулж, өөрсдийнхөө “Rolling Stones Records” студиэ ч байгуулжээ. Энэ студидээ бичсэн анхны цомог “Sticky Fine”-даа тэд гаднаас хөгжимчид урьж оролцуулсан байлаа. Энэ үед “Роллинг”-чууд бичлэгтээ Рэй Кудер, Эл Купер, Билли Престон зэрэг олон рок одыг урьж байжээ.

Мөн энэ үед “Rolling Stones records” фирмийн алдарт лого болох урт улаан хэл унжуулсан зураг гарчээ. 1970-аад оны эхээр “Роллинг Стоунз” олон цомог гаргаж байв. Эхлээд “Exile on main street” /1972/ цомог гарсан нь блюз, кантри аялгууг нэлээд хэрэглэсэн болохоор Америкт гайгүй амжилт олжээ. Дараа нь “Goat’s head soup” цомгоо гаргаж, “Angie” дуу нь хит болсон байна. Сүүл рүүгээ хөгжимчид уран бүтээлийн хямралд орж эхэлжээ. Удалгүй тэдний тоглолтыг зөвхөн мөнгөтэй хүмүүс үздэг болж, гишүүд ч өөрсдөө саятангуудын тоонд бичигдсэн байв. Мөн Билл Уаймэн бие даан “Monkey Grip” цомгоо гаргаж, Мик Тейлор хамтлагаа орхисон нь тэдний дунд ан цав, маргаан үүсгэх болсон аж. Тэр 1974 онд гаргасан “It’s only Rock-n-Roll” цомгийн бичлэгийн дараа хамтлагаасаа гарчээ. Дахиад л шинэ гитарчин хэрэгтэй болж Рон Вудыг хамтлагтаа авсан байна. Тэр 1974 оны арванхоёрдугаар сард хамтлагийн албан ёсны гишүүн болжээ.

1970 оны сүүлч 80-аад оны эхэн үе бол тус хамтлагийн уналтын үе байлаа. Энэ үед тэдэнд олон таагүй үйл явдал тохиосон юм. Мик эхнэрээсээ салж, Ричардс хар тамхины хэргээр шүүхдэх болсон байна. Эцэст нь Мик Жеггерийн олон жил үерхсэн Жон Леннон Нью-Йоркт алуулсан байв. 1980-аад онуудад шүүмжлэгчид, “Роллинг Стоунз”-ийн тухай “элэгдсэн чулуу” гэж бичицгээж байлаа.

Гэвч хөгжимчид бууж өгсөнгүй. 1980-аад онд хоёр том аялан тоглолт зохиосон нь 1981 оны намар АНУ-д, 1982 оны зун Европт хийсэн тоглолтууд нь байсан юм. Тоглолтууд ч амжилттай болж, тасалбар нь аль эрт борлогджээ. Мөн 1982-1984 оны үеүдэд хамтлагийн гишүүд тус тусдаа уран бүтээл хийх болжээ. Гэвч 1986 онд “Роллинг Стоунз”-ынхон ” Dirty Work” цомгоо бичүүлэхээр нэгдэцгээжээ. Бичлэгийн үеэр Мик, Кейт хоёр студид тус тусдаа орж бичүүлж байлаа. Хамтлагийнхан тэдэнд аль алинд нь адилхан л хандахыг хичээцгээж байжээ. Юутай ч тэр үед “Роллинг Стоунз” тарсангүй.

“Still Wheels” цомгоо Барбадос арал, Испани, Англид бичүүлсэн нь тэдний “эвлэрлийн аялал” болсон байна. “Роллинг Стоунз” рок-н-роллын агуу хамтлаг гэдэг нэр алдраа сэргээсэн юм. Үр дүнд нь цомог амжилттай болж олон хит дуу нь төрсөн билээ.

Харин тэдний “Urban Junfle Tour” аялан тоглолт нь хамгийн урт удаан үргэлжилснээрээ Гиннесийн номд орсон юм. Аялан тоглолт хоёр жил үргэлжилжээ. Дашрамд дурдахад, “Роллинг Стоунз” хамтлаг 34 алт, 15 цагаан алтан цомгийн эзэд болсноороо мөн Гиннесийн номд бичигдсэн байна.

Аялан тоглолтынхоо үр дүнд тэд “Flashpoint” концертын цомгоо гаргажээ. Хамтлаг дахин тарахад хүрэв. Гэхдээ энэ удаа ямар ч хэрүүл маргаан байсангүй. Тэдэнд өөр өөрсдийн төлөвлөсөн ажил байжээ. Мик Жеггер эртний найз бүсгүй Жерри Холлтой хоёр дахь амьдралаа зохиосон байлаа. 1990-ээд онд ээлжит цомгийн бичлэгийн өмнөхөн, Билд Уайтмэн хамтлагаа орхихоо мэдэгдсэн ч бусад нь сөргөөр хүлээж аваагүй байна. 30 жил аргил гитар тоглосон тэрбээр нас нь явснаа мэдэрчээ. “Роллинг Стоунз” байнгын аргил гитарчинтай болох гэж эрж хайсангүй. Аялан тоглох бүрдээ гадны хөгжимчдийг урьж байлаа. Тэдний дотор Стинг, Дэриэл Жонс нар орж байв. Тэр үеэс “Роллинг Стоунз” дөрвөл болсон юм.

“Роллинг Стоунз”-ын шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээж байсан шинэ цомог “Woodoo Longeneses” нь 1994 онд гарчээ. Цомгийн хөгжим маш сайн болсон байлаа. Шүүмжлэгчид, “Роллинг Стоунз”-ын шүтэн бишрэгчид ийм хөгжмийг 1971 оноос хойш сонсож байсангүй” гэж бичжээ. Энэ цомгийг нь “Ашиг орлого өчүүхэн ч горилоогүй, жинхэнэ блюз цомог” гэж хэвлэлүүдэд тодорхойлсон байна.

1994 оны гол үйл явдал нь аялан тоглолт, мөн “Роллинг Стоунз”-ын бүх цаг үеийн хамгийн шилдэг дуунууд нь орсон “The Very Best” түүвэр хос цомог гарсан нь байв.

“Bridges to Babylon” цомгоо бичүүлж байх үед шөнийн нэг цагт гитарчин Рон Вуд гэнэт эрч хүч орсноо мэдэрч, орноосоо босоод студи рүүгээ гүйжээ. Шөнөжин ажиллаад тэр өглөө нь продюсерээ орж ирэхэд “Та хэн бэ” гэж нүдээ нухлан асууж байсан гэдэг.

1997 онд бичүүлсэн “Bridges to Babylon” цомог нь “Роллинг Стоунз” стильдээ үнэнч гэдгийг дахин баталсан юм. “Мик, Чарли, бид гурав амьд байгаа цагт “Роллинг Стоунз” байх болно” гэж Кейт Ричардс хэлсэн удаатай билээ. Тус хамтлагийг 2008 онд “Billboard”-ын сэтгүүлд бүх цаг үеийн 100 шилдэг уран бүтээлчээр тодорхойлсон юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Н.Энхбаяр дарга намаа өөрөө удирдаад явах боломж бүрдсэн учраас би дэд даргын албаа өгөх шийдвэр гаргасан

УИХын гишүүн, МАХНын дэд дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.

Таныг МАХНын намын дэд даргынхаа албан тушаалыг өгч байгаа гэсэн яриа гарсан байна. Та албан ёсоор энэ тал дээр тайлбар хийсэнгүй. Үнэхээр дэд даргынхаа албан тушаалыг өгч байгаа юм уу?

-Энэ үнээн. МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт өгсөн. Шинэ жил таарсан учраас мэдээлэл хожуу цацагдаж л дээ. Манай намын хувьд намын дарга эзгүй, гадаадад эмчлүүлж байх үед бол яах аргагүй дэд дарга шаардлагатай байсан цаг үе бий. Ер нь нам “олон толгойтой” болох тусам намыг нэгдсэн бодлогоор зангидахад түвэгтэй болж, өөрийн тойргоо үүсгэж, дотоод эв нэгдэлд халтай болж, их мэдэгчид бужигнуулах сөрөг тал ажиглагддаг. Тийм ч учраас миний хувьд олон дэд даргатай байх шаардлагагүй гэж үздэг. МАН, АН дэд даргагүй л байгаа биз дээ. Намын дарга Н.Энхбаярыг БНСУ-д эмчлүүлж байхад ч хэд хэдэн удаа “МАХН-ын дэд даргын албан тушаалыг өгнө” гэж өөрийн байр сууриа илэрхийлж байсан. МАХН-ын дарга Монголд ирсэн, намын удирдлага зохион байгуулалтыг нэг гарт төвлөрүүлэн удирдаж ажиллах шаардлага өнөөгийн нийгэм, улс төр, намын дотоод нөхцөл байдлаас бодитой үүсээд байгаатай уялдан Н.Энхбаяр дарга өөрөө удирдаад явах боломж бүрдсэн учраас миний хувьд дэд даргын албаа өгөх шийдвэр гаргаж байгаа юм.

Та ч яахав өргөдлөө өгдөг юм байж. Намын дарга Н.Энхбаяр таны өргөдлийг хүлээж авсан юм уу. Өмнө нь өөрөө БНСУд байхдаа хүлээж аваагүй юм байна шүү дээ. Таны улс төрийн туршлага аль алийг нь бодсон ч намын дэд дарга байх нь МАХНд хэрэгтэй байх?

-Нэгдүгээрт, Би УИХ-ын гишүүн. Тиймээс намын дарга болон дэд дарга нар ямар нэгэн байдлаар өөрийн байр сууриа илэрхийлэхээр л намын бодлого гэж ойлгогдох явдал бий. Тухайлбал, Оюу толгойн Дубайн гэрээн дээр би хатуу байр суурьтай байсан. Зөвхөн Оюу толгой гэлтгүй бусад асуудал дээр үг хэлчихээр л Тэрбишдагвын гэхээсээ илүүтэй МАХН-ын байр суурь болж харагддаг.

Хоёрдугаарт, аливаа нам сонгуульд ялах нь маш чухал байдаг. Тиймээс сонгуулийн тойрог дээр олон түмэнтэй тулж ажиллаж, өөрийн биеэр оролцохгүй л бол болдоггүй. Намын дэд даргын хувьд хурал зөвлөгөөн зохион байгуулах, өдөр тутмын амьдралд оролцох, намын гишүүд, хүмүүсийг хүлээн авах зэрэг оволзсон шахуу ажил ихтэй байдаг юм. Манай улс төрийн нөхцөл, цаг агаар шигээ их хувирамтгай.

амын даргын гарт удирдлага төвлөрч, асуудал хариуцсан олон нарийн бичгийн дарга нар бас ажиллаж байна. Сонгууль ойртсон үед хуралдаж, зохион байгуулалтын ажилд хутгалдаж цаг барж байхаар дэд даргын ажлаа өгчихөөд, МАХН-аас нэр дэвшигчдийг ялалт байгуулахын төлөө тодорхой дүүрэг, аймаг хариуцаж ажиллах шаардлагатай гэж бодож байна. Мөн МАХН-ын рейтингийг өсгөнө гэдэг бол УИХ-д орж ирэх хүмүүсийн тоог нэмнэ гэсэн үг. Миний хувьд 2012 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж 42399 сонгогчийн саналыг авснаар хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн хоёрдугаарт орж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөө өгсөн саналын 35.8 хувийг дангаараа бүрдүүлсэн байдаг. Аль болохоор л тойрогт нэр дэвшигчийг олноор ялуулж байж МАХН маань парламентад жагсаалтаар цөөнгүй хүнээ оруулж чадна. Тиймээс энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллахыг чухалчилж байгаа.

Таныг тэгээд дэд даргаас албан ёсоор чөлөөлсөн юм уу. Та Н.Энхбаяр даргатай уулзсан уу?

-Намын даргад өргөдлөө хүргүүлснээс хойш уулзаж амжаагүй байгаа. Н.Энхбаяр дарга гадагшаа явж таарсан. Миний хувьд Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд Р.Бурмаа сайдын хамт гадаадад туршлага судалж байгаад ирлээ. Намын дарга болон журмын нөхөд маань ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй л байна.

Таныг дэд даргын албан тушаалаа өгөх сургаарТэрбишдагва Н.Энхбаяртай таарахаа больжээ”, “Тэрбишдагва намаасаа гарах гэж байна”, “Шадар сайдын суудлыг өгөөгүй болохоор намдаа гомджээгээд янз бүрийн таамаг явж байна. Яг ямар асуудал болсон юм бэ?

-Тийм яриа сошиал мэдээллээр их тархсан байна лээ. Миний өмнөөс ярилцлага зохиочихдог болжээ. Би өөрөө ч мэдээгүй байхад янз бүрийн юм гардаг. Гэхдээ нам бол амьд организм. Олон бодол санаа уралдуулж байж амьд, хүчтэй байдаг. Аль ч намын амьдрал тийм шүү дээ. Бүх зүйлд дуулгавартай явдаг тийм хөг өнгөрөөд олон жил болж байгаа. Үүнийг олон ургальч үзэл ч гэдэг. Үзэл бодлоо илэрхийлэх явдал байнга тохиолддог шүү дээ. Намайг дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөөр өөрсдийнхөө бодсоноороо янз бүрээр бичиж л байх шиг байна. “Стандарт бус Засгийн газарт хадаг бариад ирсэн ч орохгүй, хууль бусаар Дубайн төлөвлөгөө нэртэй гэрээг байгуулсан “Шийдлийн” нэртэй Засгийн газарт ажиллах нь Монгол Улсынхаа эсрэг ажилласнаас ялгаагүй” гэж ярилцлага өгч байсан. Тиймээс энэ Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ тов тодорхой илэрхийлсэн байгаа биз дээ. Сайдын ажлыг авч ч байсан, өгч ч байсан. Авсан бол хийсэн шиг хийх хэрэгтэй, өгсөн бол өгсөн шиг өгөх хэрэгтэй. Араас нь хэл ам болж, гоншигоноод байх хэрэггүй гэж үздэг. Би ийм л зарчимтай.

Таныг бас бүлгийн дарга бол гэсэн юм биш үү?

-Намайг “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга бол гэсэн. Бүлгийн дарга болох уу, үгүй юу гэдгийг МАХН, МҮАН хоёр хамтарч хуралдаж, бүлэг дээр санал бодлоо нэгтгэж байж шийдвэр гарсны дараа л шийдэгдэнэ.

Та МАХНыг МАНтай нэгтгэх гээд байгаа юм уу?

-Монголын улс төрийн амьдралд гарсан сонин үйл явдал бол МАХН хагарч хуваагдсан явдал. Үүнд намын эгэл жирийн гишүүд, дэмжигчид, тэр ч бүү хэл олон түмэн хүртэл таатай биш байдаг. Хуучин намын зүтгэлтнүүд хүртэл байж ядаад, хажуугаас хараад сууж чадахгүй болоод хоёр намын даргад нэгдэх тухай бичиг өргөснийг та мэдэж байгаа. Миний хувьд, угшил нэгтэй намууд яагаад хамтарч ажиллаж болохгүй гэж боддог. Хүчээ нэгтгэх, хамтарч ажиллах талаар эртнээс ярьсан нь үнэн л дээ. Тухайн үеийн намын удирдлагууд МАХН гэдэг нэрийг өөрчилж, шүүмжлэл хэлсэн хэдийгээ нүд үзүүрлэж, эв нэгдлийг сарниулах бодлого явуулснаас болоод хоёр нам хуваагдсан.

Ер нь дэлхий дээр хамгийн үнэтэй брэнд нэр арав гаруй тэрбум ам.долларын үнэд хүрч байсан юм билээ. Жишээ нь Google, Coca cola гээд л. МАХН гэдэг 90 жилийн түүхтэй, биднийг ямар байдлаас ямар болгосон билээ гэж жирийн олон талархдаг брэнд нэр. 2008 оны сонгуулиар ард түмэн МАХН гэдэг нэрэнд дургүйцээгүй, харин ч дэмжиж, үнэмлэхүй олонхи болгож байлаа. Гэтэл нийгмийн сэтгэлзүй, олон нийтийн хандлага, гишүүд, дэмжигчдийн байр суурийг үл тоож, цөөн тооны хэдэн нөхдүүд хуйвалдаж, хүчээр асуудлыг шийдэхээр задрал явагдах нь гарцаагүй шүү дээ. Хэдийгээр ингэж нам задарсан ч гэлээ олон жил нөхөрлөж яваа андууд маань МАН-д бий. Нуух хэрэггүй ээ, би тэдэнтэй уулзаж, санал бодлоо солилцдог ярилцдаг. Бид хэдийгээр МАХН, МАН гэж хоёр хуваагдсан ч Монгол Улсын төлөө нэг эрх ашгийн цэг дээр санал нийлдэг юм. Хот хөдөөгийн иргэдтэй уулзаж байхад тэд ганцхан юмыг захин хэлж байгаа нь “Энэ хоёр нам хамтран ажиллах ёстой, тэр цаг үе нь болсон” гэж байна. Үүнийг хоёр намын удирдлагууд зарим явцуу эрх ашгаас дээгүүрт тавьж анхаарал хандуулж ажил хэрэгчээр асуудалд хандах цаг нь болсон.

Н.Энхбаяр даргыг Шадар сайд болгоно гэдэг яриа нэг хэсэг явсан. Түүний ялтайд тооцогдох хугацаа нь дууссан, дуусаагүй гээд аль нь зөв ярьж байгааг үнэндээ хэн ч мэдэхгүй л байна. Дээр нь Г.Шийлэгдамба сайдын асуудал байна. Эргээд Эрүүл мэнд, спортын сайд болох боломжтой гэж ярих юм?

-Н.Энхбаярыг Шадар сайд болохыг хувьдаа дэмждэг. Яагаад Шадар сайд болж болохгүй гэж. Монголын төрийн гурван дээд албан тушаалыг хашсан энэ хүнд мэдлэг, чадвар, туршлага хангалттай бий. Энэ хүний туршлага, оюуныг Монголын төр ашиглах хэрэгтэй. Монгол төрд ашиглах хүмүүс гэж бий шүү. Зарим хүмүүс Ерөнхийлөгч байсан хүн Шадар сайд болж, доошоо буух гэлээ, Ерөнхийлөгч байсан хүнийг улс төр рүү дахин оруулж болохгүй гэсэн яриа ч явдаг. Ерөнхийлөгч байсан хүнийг шоронд оруулсан биз дээ. Хэлмэгдүүлэлт явуулж, шоронд хийхэд юу ч дуугараагүй хүмүүс өнөөдөр Шадар сайд болох гэлээ гээд эмзэглээд байх хэрэггүй.

Одоо болтол Эрүүл мэндийн сайдыг томилоогүй байна. Өргөн барьсныг Ерөнхий сайд хүлээж авахгүй гээд л томилогдох хүнгүй байгаа юм уу?

-Өнөөдөр эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн, ёс суртахуунтай, эмчийн тангараг өргөсөн хүмүүс нь ажлаа хийгээд явж байна. Гэхдээ энэ хүмүүст бодлого тодорхойлогч зайлшгүй хэрэгтэй. Одоо болтол сайдыг томилсонгүй. “Шударга ёс” эвслээс санал болгосон хүнийг Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд хүлээж авахгүй байж болно. Өөрт нь олон гарц бий. Заавал нэг хүнийг сайдаар томилоод нөгөөхийг нь шилжүүлэн тавина гэсэн ойлголт байхгүй. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон хүн өмнө нь энэ салбарыг удирдаж байсан ч мэргэжлийнх биш. Тиймээс сайдыг нь мэргэжлийн хүн л томилмоор байгаа юм. Эрүүл мэндийн салбарт олон мундаг эрдэмтэн, докторууд байна шүү дээ.

Та надаас хоёрхон асуулт асууна гэж хэлсэн биз дээ. Энэ удаад хоёулаа ярилцлагаа ингээд дуусгах уу. Улс төр, эдийн засгийн асуудлын талаар цагаан сарын өмнө хоёулаа дэлгэрэнгүй ярилцъя.

Categories
мэдээ цаг-үе

Номоор баян, хаан түүхч, “Хан шувуу” Ж.Болдбаатарынд өнжлөө

“Номондоо түрэгдээд, эхнэр бид хоёр коридортоо унтах нь холгүй болсон” хэмээн түүхч Ж.Болдбаатар ярьсан. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатарынх үнэхээр их номтой айл байлаа. Зочны өрөөнийх нь ханыг тэр чигтээ номын сан эзэлжээ. “Номынхоо өрөөг дүүргээд, зочныхоо өрөөний ханыг тэр чигээрээ номоор дүүргээд, зусланд социализмын үеийн ном хичнээн хайрцгаар нь аваачиж хаяад ч багтахгүй байгаа” гэж гэрийн эзэн хэлсэн. “Хуучин онол, улс төрийн түүхтэй холбоотой ном их цуглуулж байлаа.

Одоо бол түүхийн бүх чиглэлээр ном цуглуулдаг. Ховор сонин номууд ч байдаг” гэнэ.

Номын тавиурт Ж.Болдбаатар түүхчийн “хуулбар”-ын зураг харагдана. Хальт хараад гэрийн эзний залуугийн зураг юм болов уу гэж бодсон ч ахиулж харвал хүү Б.Гүнбилэгийн “Бидний гарц” хуульчийн эрэгцүүлэл ном хүндтэй байранд заларсан нь тэр байлаа. Хуучны социализмын үеийн сэхээтнүүдийн маягаар амьдардаг айл шиг санагдсан. Том өрөөнд нь номын сангаас гадна ширээ онцгой зай эзэлжээ. Гэрийн эзний ажлын ширээнээс гадна, гэргий яруу найрагч С.Оюунчимэг эгчийн ажлын ширээ, компьютер, зочны ширээ хил залгах. Зочны ширээн дээр мөнгөн аяганууд давхарлан тавьсан байх агаад аяганууд дээр дурсгалын бичээс дурайна. Хажуугийн жижиг өрөөнд бурхан тахил байрлуулсан үзэгдэв. Бурхан тахилын дэргэдээс гэрийн эзэн Чойрын хийдийн Чогчин дуганы хуралд дууддаг бүрээ гаргаж ирж үзүүлсэн. Тэр нь шүр, сувд, номин шигтгэж, мөнгөөр тоноглосон дун байлаа. 1920-1930 оны эд гэнэ.

Алдартай түүхчид өөр ямар цуглуулга байдгийг лавлахад “Базаалттай ч юм биш дээ. Гэхдээ бас хоосонгүй, бага сага юм байдаг. Миний нагац өвөөгийн хонх бий. Хаант засгийн үеийн бирдаан буу худалдаж аваад, ханандаа өлгөчихсөн чинь авгай уурлаад “Хичнээн ч хүний амь хороосон юм билээ” гээд бараг гаргаад хаясан байх аа. Аав нь сүрхий түүхч байсан юм гэнэ лээ, юу үлдээчихсэн юм бэ гэж магадгүй гээд бага сага юм цуглуулж, хүүдээ өгсөн. Тэрнээс биш мундаг цуглуулагч нар шиг биш” гэж хариуллаа.

Биднийг очиход гэрийн эзэн угтсан юм л даа. “Манай хүн дэлгүүр хоршоогоор яваа” гэнэ. Гэргий нь гаднаас ирсэн зочдодоо үйлчлэх ажилтай яваа. Ж.Болдбаатар гуай бидэнд цай аягалж, бууз жигнэн таваглаж, амттай яриагаар дайлав. Тэрбээр хааяа гарынхаа хоолыг хийх дуртай. Их төлөв жинхэнэ монгол лавшаа хийдэг. Хоолны талдаа сүрхий. Дэлгүүрээс юм хум цуглуулах ажлыг би л хийдэг. Дандаа цаас шагайж суудаг хүн өөр орчинд орж байгаа нь тэр л дээ. “Ямар сонин юм бэ, дэлгүүрт явж байх юм. Хэдий завандаа ном бичдэг юм гэж нэг хүн гайхсан. Хэзээ бичдэг гэхээр бодол ханах цагтаа бичдэг. Юм уншаад, эргэцүүлээд, судлаад бодож байтал гэнэт бодол ханадаг. Тэгэхэд л сайхан бичнэ. Тэр их бодолд автаад заримдаа өөр замаар яваад өнгөрчихсөн байх тохиолдол байдаг. Таксинд суухаар жолооч юм ярих гээд би дуугардаггүй, юмаа бодох гээд. Бодол ханах цагт юм бичвэл амжилттай болдог. Тоосноос болоод архивт сууж чадахаа байсан” хэмээн хуучиллаа.

“Замбараагүй их юм бичиж дээ. Хэвлэлийн хуудсаар бол 34-35 мянган хуудас ном бичсэн” гэв. Түүний бичих арга барилыг сонирхлоо. “Сонин юм сонсвол орой нь очоод дор нь тэмдэглэдэг. Сүүлд хэрэгтэй үед сайхан материал болдог. Бичсэнээ хэвлэчихвэл тэмдэглэлээ хаячихдаг гэнэ. Өдрийн тэмдэглэл гадаадад явахдаа л ихэвчлэн хөтөлдөг. “Нэгэн жарны амьдрал” гээд өөрийнхөө амьдралын тухай хоёр боть бичсэн. Тэмдэглэл хөтөлсний үр дүн тэрэн дээр гардаг. Өглөө 4-5 цагт босоод найман цаг хүртэл сууж бичээд, ажилдаа явна. Зав л гарвал бичнэ. Хүмүүс тухалж бичих гэдэг. Би бол чамтай ярьж суугаад, дараагийн хүн таван минутын дараа орж ирэхэд юмаа бичиж л байна. Ямар ч нөхцөлд ажиллаж чадна. Их сургуульд оюутнууд шуугиад, багш нар орж гараад долоон шидийн юм яриад байхад ер саад болдоггүй. Орой гэртээ ирээд хоолоо идчихээд 23 цаг хүртэл бичнэ гэнэ.

Түүхч хүн хэдэн үеэ мэддэг бол хэмээн сонирхлоо.

-Би зургаан үеэ мэдэж байгаа юм даа. Тэрнээс цааш мэдэхгүй. Тэрнээс цааш мэдэх боломж байсан. Яахав “Мунхгийн ухаан үдээс хойш” гэдэг. Хөгшчүүл байхад тэрийг ухамсарлаж чаддаггүй л байж дээ. Манай аав сүрхий хүн байсан л даа. Үүх түүхээ мэдүүлэх гэж оролддог. Дайчин вангийн хошууны хамаг л юм мэддэг гэсэн хөгшчүүлтэй намайг оюутан байхад дагуулж очиж уулзуулж байлаа. Миний нагац өвөө Ёндон гэж хүн байсан. Гавж хүн. Нагац өвөөгөө дагаж, Булганы тэр үеийн том гэсэн лам, гавж нартай, уулзаж яриаг нь сонсч байлаа. Үүх түүх сонирхоход энэ гол нөлөө үзүүлсэн байх. Тавдугаар ангиасаа л би түүхч болно гэдэг дээр баттай зогссон хүн дээ. Намайг тавдугаар ангид байхад эртний дэлхий дахины түүхийг М.Шагдар багш заах гэж орж ирээд, Улс төрийн товчооны гишүүдийг хүүхдүүдээс асуулаа. Би арай том биетэй хүүхэд байсан учраас хойно сууж байсан. Эхний хүүхдүүд Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, Д.Моломжамц гээд хэдхэн хүний нэр хэлээд, сүүлийн эгнээнд ирэхэд би Улс төрийн товчооны гишүүдийг бүгдийг нэрлэхэд яамдын сайдуудыг асуусан. Хамгийн сүүлд “МУИС-ийн ректор хэн бэ” гэхэд нь Намсрайн Содном гэж хариулсан. Тэгсэн чинь манай багш маш их баярласан. Тавдугаар ангийн сурагч мөртлөө их юм мэддэг хүүхэд байна гэсэн. Тэр нь юутай холбоотой гэхээр манай аавын нөлөө байсан. Аав алба хааж байсан. Нэг их боловсролтой хүн биш л дээ. Бичиг үсэгтэй. Намын үүрийн дарга, сумын орлогч, нэгдлийн дарга хийж байгаад сүүлдээ зүрх нь өвдөөд, юм уншиж чадахаа больж, группт орсон юм. Намайг нэгдүгээр ангид орж уншдаг болсон үеэс авахуулаад, “Үнэн” сонины эхний нүүр, дөрөвдүгээр нүүрийг уншуулна. Би тэрийг нь уншсаар байгаад, сүүлдээ өөрөө сонирхолтой болсон. Тавдугаар анги гэхэд зөндөө л юм уншилгүй яах вэ. Олон улсын байдал долоон шидийн юм уншина.

Би ангийн ахлагч болчихсон. Ангийн дарга хичээл дуусаад багш нарын конторт журнал оруулж өгдөг. Тэгтэл арван хэдэн багш хичээл завсарлаад ирчихэж. Манай М.Шагдар багш намайг магтлаа. Тавын “А-гийн Болдбаатар бол түүхийн том эрдэмтэн болно. Гучин нас гэхэд дэд эрдэмтэн болсон байна. Та нар хараарай гэсэн. Тэрнээс хойш өөр тийшээ хазайгаагүй. Би түүхч болно. Нийгмийн ухааны хичээлд бусдаас сайн байх ёстой гээд хичээдэг. Их сургуулийн түүхийн ангид ороод төгсөөд, яг гучин насандаа түүхийн ухааны дэд эрдэмтэн хамгаалсан. Энэ чиглэлээр тууштай явахад олон сайн багш маань нөлөөлсөн дөө. МУИС-д ороод, Монголын бурхны шашны түүхийн их том мэргэжилтэн, профессор Пүрэвжав багшийг дагаж хоолонд хүрсэн. Пүрэвжав багш намайг архивт их суулгадаг. Багш маань их сонин хүн байсан. Шинжлэх ухааны төлөө хүн гэдэг тийм л байдаг байх. Москвад намайг аспирантурт байхад хоёр, гуравхан өдрийн хуралд оччихоод, зав зайгаар нь Лениний номын санд суугаад, бусад ирсэн улсууд нь дэлгүүрээр гүйдэг байсан. Эрдэм номд хачин их шуналтай. Тэр үлгэр жишээ намайг гайгүй түүхчийн замд ороход их нөлөөлсөн дөө хэмээн хуучилсан.

Хамба лам шиг төрхтэй харагддаг Ж.Болдбаатар гуай ийм тодорхойлолтыг уриалгахан хүлээж авав.

-Намайг 1992-1994 онд УИХ-д сууж байхад сэтгүүлчид төрх байдлаар маань шигтгээ хийж шоглоно. Батбаяр гэдэг сэтгүүлч харсаар байтал асар том ламын сүнс байх гэж бичиж байсан. О.Дашбалбар “Таныг харахаар том лам хүн санагдаад байдаг” гэж хэлсэн. Тиймэрхүү төрх байдаг юм байлгүй. Намайг дунд сургуульд байхад ангийн Лувсанням гэдэг хүүхэд гавж гэдэг байсан хэмээн хуучлав.

Алдарт түүхчийн гэргийтэйгээ танилцсан түүх уншигчдад маань ч сонин байх болов уу.

-Эхнэртэйгээ МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Марксизм, Ленинизмийн кабинетад ном уншиж байгаад танилцсан. Их сургуульд хэдэн залуу багш байлаа. МАХН-ын дарга байсан Б.Даш-Ёндон, сүүлд дэд доктор болсон Хүрэлбаатар, Гаваа гээд хэдэн залуу багштай найзууд л даа. Хуулийн ангийнханд бид хоёр дахь жилдээ л багшилж байсан юм. Хичээл завсарлаад ороод иртэл найзууд маань “Хуулийн нэгдүгээр курст танай Булганы нэг охин байна. Эвлэлийн XVI хурлын төлөөлөгч, сая факультетийн Эвлэлийн хорооны даргаар сонгогдсон. Тэр охиныг авч өгнө” гэлээ. Тэр нь манай хөгшин л дөө. Тав, зургаа ах юм чинь намайг хөгшин гээд тоохгүй ш дээ гэсэн чинь “Яг таарна” гэцгээсэн. Марксизм, Ленинизмийн кабинетийн эрхлэгч Цэрэн багш “Орой болгон манай энд суудаг юм. Чи одоо суу” гэсэн. Тэгээд тэнд сууж байгаад танилцаж, орой гэрт нь хүргэж өгдөг болсон. Хоёдугаар курст байхад нь гэр бүл болсон л доо. Гуравдугаар курст анхны охинтой болсон. Том охин маань Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багшилдаг. Хүү маань Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч доктор, Гүнбилэг гээд залуу байна. Хоёр хүүхэдтэй. Манайх хүргэн бэр, ач зээтэйгээ нийлээд 11 болж байх шив дээ. Миний нандин эрдэнэ болсон хоёр ач, гурван зээ байна. Анх бид хоёр их сургуулийн оюутны байранд тусдаа гарч байсан. Манай хүн буцалж, бургилсан зантай. Би бол хүлээцтэй, тийм нөхцөлд тохирдог шиг байгаа юм. Хоёр тачигнасан хүн тохирдоггүй, хоёр налайсан хүн чинь бас амьдрал нь явдаггүй. Буцалж бургилж явдаг зан нь намайг ирлэж өгсөн байх л даа гэж Ж.Болдбаатар гуай хуучлав.

Түүхээр амьсгалсан энэ хүнээс шүлэг төрдөг болов уу гэж бодогдлоо. “Юмны халгиа цалгианд залуу насандаа шүлэг бичих явдал байсан. Гэхдээ бараг хэвлүүлж байгаагүй. Ном, багшдаа зориулж шүлэг бичиж байсан гэнэ. Гэхдээ л энэ гүндүүгүй томоотой эр “Бурханы мэлмийтэй бүсгүй”-н тухай шүлэглэсэн удаатай.

Эр дунд насандаа эрхлэн энхрийлүүлэхийг хүслээ.

Насны намбаа бодохоор наалинхай байхын аргагүй

Бууравчлах насанд учирсан

Бурханы мэлмийтэй бүсгүй минь гэсэн үгс эр хүний эмзэг сэтгэлээс хөвөрсөн уянга. Хэнд зориулсан юм бэ гэж хэрэгт дурлахад маань “Зүгээр л нэг тийм сэтгэгдэл орж ирэхгүй юу даа” хэмээн булзааруулав. Бурханы мэлмийн тухай тодруулахад “Дарь эхийн царайтай бүсгүй гэсэн үг” хэмээн инээсэн.

Түүний гэргий яруу найрагч С.Оюунчимэг үнэхээр сайхан хэдэн дуутай.

Буцлаа ч ирлээ ч надад хоргодсон хан шувуу

Буулаа ч нислээ ч чамайг хайрласан хатан шувуу хэмээн сэтгэлд хоногшсон үгтэй түүний “Хан шувуу” дуу Ж.Болдбаатар гуай шиг монгол эртэй ханилсан бүсгүйгээс л төрдөг болов уу хэмээн санагдсан.

Ж.Болдбаатар гуай Монголын түүхийн архив болсон хүн. Харин өөрөө энэ тухайгаа “Монголын түүхийн бүх үеэр бага ч болсон судалгаа хийгээд, ярьдаг, бичдэг. Сүүлийн жилүүдэд ялангуяа улстөрчийн хөрөг, намтар судлалын чиглэлээр нэлээд бичиж байна. Их Монгол Улсын үе, Чингис хааны үе, XX зуун, Монголын төр эрх зүйн түүхээр голлож ажилладаг.

1991 оны нэгдүгээр сард доктор хамгаалаад ирсэн чинь Булган аймгийнхан цугладаг юм байна. Цуглаад гараад явж байсан чинь Гаадамба багш таарч баяр хүргээд, нэг хачин үг хэлэхгүй юу. “Болдбаатар, доктор болох яах вэ, доктор байх хэцүү шүү” гэсэн юм. Тэгэхэд Гаадамба багш доктор хамгаалаагүй, дэд эрдэмтэн байсан. Би залуу ч байж, юу гэж байгаа юм бол гээд онцгүй сэтгэгдэл төрж байснаа гэнэт ухаарсан чинь мундаг үг хэлсэн байна лээ. Би намын түүхийн сэдвээр хамгаалсан. Намын түүх шинжлэх ухаанд ялгаагүй хэрэгтэй. Гэхдээ эргэцүүлээд бодсон чинь Монголын түүхийн бүх үе дээр миний багш нар, алдарт эрдэмтэд эзэн суучихсан байгаа юм ш дээ. Тэр талын судалгаа хийж байгаа хүн тэдний юмыг харахгүйгээр явахгүй. Тийм юм надад хэрэгтэй болсон. Ингээд үзсэн чинь Монголын төр эрх зүйн түүхийг бүхэлд нь хамарсан зохиол байгаагүй. Тэрнийг барьж авах гэсэн чинь эрх зүйн мэдлэг дутаад болдоггүй. Өөрийн шавь, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд хэллээ. “Эрх зүйн талыг нь чи дэмжээд, хоёулаа “Монголын төр эрх зүйн түүхийн ном бичье” гэсэн. Тэгээд хоёулаа зориглож ороод,”Монголын төр эрх зүйн түүхэн уламжлал” гээд нэлээд том ном бичсэн. Энэ ном гарсан цагаасаа хууль, эрх зүйн ангийн оюутнуудад сурах бичиг болж байна л даа. Одоо бол Монголын төр эрх зүйн түүхээр ажиллаж байгаа хүн бид хоёрын судалгаан дээр улбаалахгүйгээр явахгүй. Ингэж өөрийнхөө замыг олж авсан. “Вопрос историй” гэж сэтгүүл уншиж байсан чинь Гуриевич гэдэг хүн түүхэн хүн судлалын тухай бичиж л дээ. Түүхийг бичнэ гэдэг чинь түүхэн том хүмүүсийг нарийн судалж байж, үнэн зөв гардаг. Тэгээд би намтар судлалын чиглэлээр идэвхтэй ажиллаж, ерээд онд УИХ-д сууж байхдаа ч А.Амар сайдын тухай, Бага хурал болон Их хурлын тэргүүлэгчдийн дарга байсан Г.Бумцэнд гуай, Намын төв хорооны нэгдүгээр дарга байсан Д.Дамба гуайн тухай хэдэн товхимол бичээд, түүнээс хойш хүн судлалын чиглэлээр тасралтгүй бичсэн. Одоо түүхэн хүн судлалын чиглэлээр бичиж байгаа хүн намайг ишлэх болно. Өнөөдөр намайг Монгол дахь түүхэн хүн судлалын загалмайлсан эцэг гэж хэлж байгаа хүн ч байдаг. “Монгол түмний сод хүмүүс” гээд 12 боть ном хийхээр бодсон. Тав зургаан боть хэвлэгдээд байна гэж түүхч ярилаа.

Түүхэн хүмүүсийн намтар бичдэг түүнтэй Монголын түүхэнд үлдсэн хүмүүсийн хувийн амьдралын тухай хөөрөлдсөөр сүүлдээ Богд хааны үр удам, амраг сэтгэлийн тухай ярианд шилжив. Мань түүхч “Богд хаан Дондогдулам хатнаас өмнө, Норов хатнаас нэг охинтой байсан” хэмээн хуучилсан нь цочир сонин байлаа. “Цэрэндорж гүнгийн хатанг залуудаа эргүүлээд, сүүлдээ бөөн зарга болжээ. Норов хатанг нөхрөөсөө салсан хойно нь Богд өөрийн ордны урлал, хувцас хунар хариуцдаг ажилд авчээ. Шаравдоо гэдэг донир Норов хатантай учир ургуулаад, улсууд тэр тухай Богдод хов хэлсэн чинь Шаравдоог нь зуу ташуурдаад, Богдын ордноос холдуулсан юм байж. Тэгээд ийм дуу гарсан байгаа юм хэмээн хуучлангаа

Цагаан шаазанг цавтай байвал

Цайгаа уухаа болих уу даа хө

Цааз хууль нь чанга байвал

Норовтой уулзахаа болих уу даа хөхэмээн эвлэгхэн аялав. “Одоо бол миний хоолой байхгүй болж, тэрнээс биш залуудаа дажгүй дуулчихдаг байсан юм. Гэхдээ би жигтэйхэн саваагүй хүүхэд байсан юм шүү дээ. Биеийн тамирын уралдаан тэмцээнд гүйж л явна, урлаг уран сайханд гүйж л явна, нийгмийн янз бүрийн арга хэмжээнд гүйж л явна. Ёстой хэнхэг хүүхэд байсан. Ямар сайндаа Сурагчдын зөвлөлийн дарга болчихоод наймдугаар ангид байхдаа, сургуулийн хоёрдугаар давхарт бүх сурагчдыг цуглуулаад, дунд нь ширээн дээр гарчихаад үг хэлж байсан хэмээн дурсав.

Гэргий С.Оюунчимэг эгч гаднаас “Шоппинг хийх чинь миний ажил биш юм аа” гэсээр орж ирлээ.

-С.Удвал багш “Зүүний үзүүр элээхээс өмнө, хэдэн үзэгний хошуу элээсэн хүн дээ” гэдэг шиг би бол наймаанд сонирхолгүй ч хүн юм гэж тэр хэлэв.

-Огурцы, помидор байгаа шүү дээ өвгөөн, гэж түүнийг хэлэхэд нөхөр нь

-Тэрнийг чинь эрээд олдоггүй гэсэн яриа гэр бүлийн хоёрын дунд өрнөв.

“Ж.Болдбаатар гуай зөөлөн хүн шиг харагддаг. Гэртээ чанга дуугарах үе байдаг уу” гэж гэргийгээс нь асуувал “Хүн л юм чинь байлгүй яах вэ. Хий гаргалгүй яах вэ дээ. Маршал унгадаг юм байна гэдэг шиг юм болох нь шив дээ” гэж байна.

-Би ер нь одоо эргээд бодоход маш их зарагдсан хүн. Анх энэ хүнтэй нийлэхэд Болдоогийн удаах дүү багшийн дээдийн оюутан байсан. Манайд амьдарч байгаад төгссөн. Түүний дараагийнх нь хамт амьдардаг байлаа. Түүний дараагийнх нь ч бас. Манай хадам найм, арав төгсгөдөг. Бид хоёр амьдралд хүргээд авгай аваад манайхаас гардаг. Зарим жил манайд таван хүүхэд суусан удаа байсан. Манайх арван хэдэн жил оюутны байранд байв. Хүүгээ таван нас хүрэхэд улсын байранд орсон доо. Манай хоёр хүүхэд оюутны байранд өссөн. Жижигхэн өрөөнд тэр олон хүн амьдраад байдаг. Гэхдээ манай хэдэн дүү нар дуулгавартай хэмээн эзэгтэй хуучиллаа.

“Нөхрөө анх харахад ямар залуу санагдсан бэ” хэмээн хэрэгт дурлахад маань “Энэ хүн л намайг сонгосон байх, би лав сонгоогүй. Эдний аав ээж хоёр аймагт манайд очиж хадаг тавьсан юм билээ. Ээж маань “Өндөр шар хүн, намхан шар авгай хоёр ирээд хадаг тавиад явлаа, ямар учиртай юм бэ” гэж байсан. Манай буурай аав уншлагатай. Би буурай аав дээрээ өссөн. Аавын маань ээж 82 хүрсэн. Нөгөөдүүл чинь ламаас асуужээ. Би бол Ж.Болдбаатар гэж хүний тухай асууна даа. Тэр хөгшчүүл харин “Жигжидийн гэдэг айл хэр нуруутай вэ” гэж асуусан юм байна. Буурай ээж маань “Эрэгтэй тал нь амны хишигтэй айл байна” гэж ирсэн. Тэгээд боломжийн гэж үзсэн юм байгаа биз дээ. Хадам ээж ирээд явахдаа Болдоод “Айлын эрх охин гэсэн шүү, сайн хувцаслаж байгаарай” гэж хэлсэн гэдэг. Гуйгаад очихоор нь манай ээж “Ээ бурхан минь ээ, тэр хүүхдийн толгойг бид нар мэдэхгүй. Хоёр хөгшин нь өсгөсөн, зоргоороо хүн шүү. Та нар эрхлүүлж чадах юм болов уу даа” гэж л дээ. Манай ээж айлын ганц охин. Би дөрөвдүгээр анги төгстөлөө буурайгийнхаа нуруун дээр өссөн хүн дээ.

Манай аав намайг нөхөрт гарахад гурван юм захисан юм. Н.Жанцанноровын Уугантуяа хуримаа хийхэд П.Очирбат гуай, Ш.Цэвэлмаа эгч бид хэд нэг ширээнд таарлаа. Намайг үг хэл гэхээр нь аавынхаа захисныг хэлээд өнгөрсөн. Ноднин Х.Уртнасан эгчийн 70 насны ой боллоо. “Инээмсэглэл”-ийн Ч.Ганболдын авгай “Би таны хэлсэн үгийг мартахгүй, бодож явдаг” гэлээ. Би чиний ухаан санаад оршихоор юу хэлсэн юм бэ гэсэн чинь. “Та Уугантуяагийн хуриман дээр нэг үг хэлсэн дээ” гэсэн. Тэр нь аавын маань захисан үгийг хэлж байгаа нь тэр. Нэгдүгээрт, эр хүн эрэл сурал, наймаанд хэд хоногоор ч яваад ирж болно. Өөрөө л хэлэхгүй бол хаашаа яваад ирэв гэж битгий асуу. Хэзээ ирэх вэ гэж битгий асуу. Эр хүн цалин дээрээсээ хоолны мөнгө өгнө. Тэрийг нь хүргэ. Түүнээс эр хүний хэтэвчийг битгий ухаж бай, хэрүүл үүснэ гэсэн. Эмэгтэй хүн өөрийн хөрөнгөтэй байх ёстой. Би бол угаасаа үнээ малтайгаа ирсэн хүн л дээ. Аав маань бас “Эр хүнд торгон өмд өмсгөж бай” гэсэн. Манай аав агент байсан хүн л дээ. “Торгон өмд өмсгөж бай” гэсэн чинь П.Очирбат гуай “Оюунаа чи бод доо. Торгон өмд өмсдөг эр нэг муу бахиал хөлдөө шаах уу даа. Лут эр явжээ, танай аав” гэсэн юм. Аав, ээжийн сургаал миний амьдралын философийг бий болгосон. Нагац эмээ маань цай дэврэхээр “Ээ, шүтээн минь” гэдэг. Миний “Ээж шүтээн” гэдэг анхны дуу маань эндээс эхтэй. Хүн чинь уулга алдахдаа хүртэл гоё үг хэлэх ёстой юм байна. Үр хүүхэд нь сонсоод л үлддэг. Сэтгэлийн халуун угт тэр хүний ярьж хэлж байсан үг л үлддэг хэмээн С.Оюунчимэг эгч ярилаа.

“Та тэгээд аавынхаа хэлсэн захиасыг биелүүлсэн үү, нөхөртөө торгон өмд өмсүүлсэн үү” гэчихэв. “Энэ нөхөр юу гэж торгон өмд өмсөх вэ дээ. Болдоо бол маш гоёмсог, дээд зэргийн костюм өмсөнө шүү дээ. Сонинд өөдтэй өгүүлэл ч бичээгүй хүнтэй сууж байсан. Ер нь хүнийг хажуудах нь өрөмдөж, хөгжүүлж байж өөдтэй явдаг. “Залуучуудын үнэн” сонинд “Зоригийн хүмүүжил” гэдэг өгүүлэл надтай суусныхаа дараа л бичсэн хэмээн гэргий хэлсэн. Эзэгтэй биднийг сайхан айргаар дайллаа. “Одоо хэр нь Булганы Могодын айраг салахгүй. Өвөлжингөө айраг ууна. Сайхан амьдарна гэдэг санааных” гэж тэр хэлсэн юм. “Би заримдаа шөнө босоод шүлгээ бичдэг. Нөхөртөө өглөө болгон шинэ хоол хийж өгнө. Бид хоёр тав хагас гээд босдог” гэсэн.

Тэрбээр “Манай өвгөн насаараа нарийн бичигтэй явсан хүн. Компьютер шагайж хараагаа муутгахгүй, дандаа гараар бичдэг” хэмээн тайлбарлав. Эзэгтэй долоо хоногт нэг удаа бүжгэнд явдаг, нөхөр нь ч Орост төгссөн учраас сайн бүжиглэдэг байж.

Гэрийн эзэн цанын улсын нэгдүгээр зэргийн тамирчин явжээ. Боксоор хичээллэж байсан удаатай гэнэ. Эхнэр, нөхөр хоёрыг нэг орой харьж явтал хэдэн залуу замыг нь хааж, нэг нь “Зогс буудлаа” гэж л дээ. Нөхөр нь сүрдүүлэгчийг цохиод унагачихсан түүхтэй. Нөхрөө академич, том түүхч эрдэмтэн болгож “зэрэг нэмэхэд” ар тал нь болж явсан энэ эмэгтэйд ч бас тэвчээр шаардсан өдрүүд байжээ.

Нөхрөө, аспирантур, докторт сурч, олон жилээр харьд суух хооронд хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэх үүрэг гэргийд ногдсон. Ямар сайндаа хүү нь багадаа “Ээж ээ, аав энэ шинэ жилээр гэртээ байх болов уу” гэж асуусан удаатай.

Эзэгтэйг багад буурай аав, ээжийнхээр нь хүүхдүүд орж гарах дуртай байжээ. Одоо ч С.Оюунчимэг эгч олонтой явдгаа “Буурай аав, ээжийнхээ буяныг хариулж байна гэж боддог” гэнэ. “Мартсан тус хүнд буян болж ирдэг” гэж буурай ээж нь хэлдэг байж. Цагаан сарын бэлтгэлээ хэдийнээс хийдгийг нь сонирхоход “Цагаан сар дуусаад л цагаан сарынхаа бэлтгэлийг хийж эхэлдэг” гэж хариулсан юм.

Харин Ж.Болдбаатар гуайгаас дуурь, кино жүжиг үздэг үү хэмээн асуухад “ Дуурь их үздэг, бөхийн хорхойтон байлаа. Бурхан багшийн өгсөн цаг, томилолтын хугацаа цөөхөн үлдсэн. Одоо цагаа хайрлаад, элдэв юманд цаг гаргаж чадахаа байсан гэлээ. Тэрбээр жилд хоёр боть ном гаргах зорилготой яваа. Түүнтэй ярилцахыг хүсэхэд маань эхэндээ завгүй гээд байсан юмсан…

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баярсайхан: Түрээсийн орон сууц 50 мкв талбайтай, сард 200-300 мянган төгрөг төлнө

УИХын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхантай ярилцлаа.

Засгийн газраас түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?

-Иргэдийг орон сууцжуулах асуудал бол төрийн бодлогын маш чухал хэсэг. 1998 онд тухайн үеийн төр засгаас орон сууцыг иргэддээ хувьчилж өгсөн. Үүний дараа төрөөс орон сууц барих чиглэлээр тодорхой ажил хийж чадаагүй. Хөрөнгө мөнгөний бололцоо ч бага байлаа. Харин хувийн хэвшлийнхэн барилга, орон сууц барьж эхэлсэн. Ингээд 2008 оноос эхлэн дөрвөн мянган айлын орон сууц, бага хүүтэй зээлийн талаар яригдаж эхэлсэн юм. 2012 оноос эхлэн бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн найман хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдсэн байдаг. Ер нь 2003 оноос эхлэн банкны буюу ипотекийн зээлээр орон сууцанд орох ажил эхэлсэн юм. Тэгэхэд банкны өндөр хүүгээр буюу 16-20 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болж байсан. Тэгэхээр найман хувийн хүүтэй ипотекийн зээл маань бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн болохоор 30 хувийн урьдчилгаатай, 20 жилийн хугацаатай байлаа. Ийм тогтолцоонд шилжсэнээр эхний үед сард гурваас дөрвөн мянган иргэн орон сууцтай болж байсан. Сүүлдээ сард 1200 болж буурсан байх. Үүний зэрэгцээ ипотекийн зээл авч чадахгүй иргэд бас байгааг харгалзаж үзэхээс аргагүй. Тэдэнд зориулан хүү багатай, урьдчилгаа төлбөргүйгээр түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Олон улсад ийм жишиг байдаг. Энэ дагуу 1300 орчим айлын орон сууц барьж ашиглалтад оруулах үүргийг Засгийн газраас холбогдох яаманд өгсөн. Саяхан 900 гаруй айлын орон сууцыг түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд ашиглахаар болсон байгаа.

Түрээсийн орон сууцны төлбөрийн нөхцөл ямар байх вэ?

-Төлбөрийн нөхцөлийн хувьд ипотекийн зээлээр байр худалдан авснаас бага байх ёстой. Иргэдэд түрээсийн орон сууцанд амьдарч байх хугацаандаа ипотекийн зээлд хамрагдах урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэх боломж олгохын тулд түрээсийг бага байлгана. Иргэд маань түрээсийнхээ байранд амьдарч байх хугацаандаа бүрдүүлсэн хуримтлалаараа хувийн орон сууц руу шилждэг болно. Ийм жишиг бүх улсад байдаг. Түрээсийн орон сууцны асуудлыг төр дангаараа нуруун дээрээ авч явахгүй. Хувийн хэвшлийнхнийг түрээсийн орон сууц барих бодлогыг дэмжиж ажиллана. Өнөөдөр нийслэл, аймгийн төвд гэр хороололд амьдарч буй олон айл байна. Гэр бол манай улсын уламжлалт сууцны нэг. Гэлээ гэхдээ төвлөрсөн цэвэр устай, цахилгаан хангамжтай, бохирын шугамд холбогдсон байранд амьдрахыг ямар ч хүн хүснэ. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 200 гаруй мянган айл гэр хороололд амьдарч байгаа. Тэдний тал нь өөрсдийн амины орон сууцтай болчихсон. Тэр байшинг нь дэд бүтцээр холбох асуудал гарч ирж байгаа. Дээр нь үлдсэн 100 гаруй мянган айлын хашааны газар дээр амины орон сууц барих хөтөлбөр гэж бий. Энэ маань иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн нэг хэсэг болж батлагдах ёстой. Тиймээс түрээсийн орон сууц хөтөлбөрийг дэмжиж хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах эрх зүйн зохицуулалт хийх ёстой.

Түрээсийн орон сууц гэхээрБуянтУхаашиг ч юм уу хороолол тусад нь босгох уу. Мөн түрээсийн орон сууц хэдэн метр квадрат талбайтай байх вэ?

-Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг боловсруулж Засгийн газарт оруулж ирэхдээ талбайн хувьд 50 мкв, нэгээс хоёр өрөө орон сууц байхаар тусгасан. Ерөнхийдөө залуу гэр бүлд зориулсан хөтөлбөр байгаа юм. Орон сууцны тухайд бие даасан байр байлгана. Энд тэнд байрлалтай бол хэрэгжүүлэхэд төвөгтэй байж мэднэ. Тиймээс нэг дор төвлөрсөн байдлаар шийдэх байх.

Зах зээлд бэлэн байгаа 20 гаруй мянган айлын орон сууц бий гэсэн судалгаа байна. Тэдгээр орон сууцны хорооллоос ашиглах уу, эсвэл шинээр хороолол барих юм уу?

-БНХАУ-ын “Экзим” банкнаас зээл авч баригдаж байгаа хорооллууд байгаа. Тухайлбал долоо, арвандөрөвдүгээр хороолол байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаа газарт дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж буй компанитай гэрээ байгуулсан. Мөн Хөгжлийн банкны санхүүжилттэй буюу ТОСК-ийн барьж буй орон сууцны хороололд тулгуурлан хэрэгжүүлэх боломжтой.

Түрээсийн орон сууцанд амьдрах хугацаанд хязгаарлалт байх уу. Мөн хувь хүнээс орон сууц түрээсэлж амьдрахаас яг ямар ялгаатай байх вэ?

-Түрээсийн жишиг үнийг Засгийн газраас баталсан байна лээ. Сардаа 200-300 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Амьдарч буй айл мэдээж хэрэг цахилгаан, дулаан зэрэг хэрэглээнийхээ төлбөрийг төлөөд явна. Дээр нь тодорхой хэмжээний түрээсээ өгөх юм. Хувь хүмүүсээс орон сууц түрээсэлж байгаа хүмүүс зах зээлийнхээ ханшаар өндөр төлбөр төлж байгаа байх. Төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөр учраас түрээсийн үнэ үүнээс бага байх нь ойлгомжтой. Нэг ёсондоо 50 мкв талбайтай орон сууцанд сарын 200-300 мянган төгрөг төлөөд амьдарч болно гэсэн үг. Мөн уг хөтөлбөр хэрэгжсэнээр цаашид орон сууцны түрээсийн үнэ зах зээл дээр буурах боломжтой.

Түрээсийн орон сууцанд амьдарч буй иргэд хуримтлал үүсгэснийхээ дараа амьдарч буй байраа ипотекийн зээлээр худалдан авч болох уу?

-Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэд урьдчилгаа төлбөргүйгээр түрээсийн орон сууцанд орно. Харин тодорхой хугацааны дараа хуримтлал үүсгэсэн хойноо шинэ орон сууц худалдаж авах юм.

Categories
мэдээ цаг-үе

Бүргэдчин охин Н.Айшолпан: Эмч болохыг хүсдэг

“13 настай, бүргэдтэй анчин охинхэмээн олонд танигдсан Н.Айшолпан охин олон улсын “Sun­dance” кино наадамд оролцохоор Америкийг зорих болжээ. Түүний тоглосонБүргэдчин охинбаримтат кино уг наадамд уригдсан агаад наадмын үеэр нээлтээ хийх гэнэ. УИХын гишүүн, БаянӨлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей охиныг аав, ээжийнх нь хамт хүлээн авч баяр хүргэсэн юм. Бүргэдчин охин цагаан үнэгэн малгайгаар гангарчээ. “Цагаан, хар үнэг хүнтэй амар таардаггүй, буян авчирдаг гэж бэлгэшээдэггэж аав нь тайлбарласан юм. Н.Айшолпан дуу цөөнтэй, инээмсэглэсэн охин байлаа. Охин асуултад ганц нэгхэн үгээр хариулах тул аав Р.Нургайв, ээж К.Алмагүл нар нэмэлт тайлбар хийж туслав. Айшолпан гэдэг нь Үүрийн цолмон гэсэн утгатай нэр юм байна. “Бүргэдийн ачаар Төрийн ордонд зөндөө орлоогэж охины аав хэлсэн. Бүргэдчин охин БаянӨлгий аймгийнШилдэг хүүхэдболж байжээ. Бүргэд гар дээрээ суулгаад, мориндоо мордох нь амаргүй даваа ч охин энэ шалгуурыг дажгүй давдаг байна. Охиныг чадалтай гэж тооцсон багш нар нь нэг хэсэг бөхийн дугуйланд явахыг зөвлөж байсан гэнэ.

Н.Айшолпан, өөрийнхөө тухай танилцуулаач?

-Миний нэр Айшолпан. Би есдүгээр ангид сурдаг. Баян-Өлгий аймагт Монгол-Турк сургуульд сурдаг. Баян-Өлгийн Алтанцөгц суманд манай гэр бий. Нэг ахтай, хоёр дүүтэй.

-13 настай охиноо бүргэдээр ан хийлгэж сургасныг бодоход эрэгтэй хүүхэдгүй айл юм болов уу гэж бодож байлаа?

Аав Р.Нургайв: Би бол удам дамжсан бүргэдчин хүн. Аав маань бүргэдчин. Аавын аав бүргэдчин. Манай том хүү бас бүргэдчин. Тэгээд л хоёр дахь хүүхэд Айшолпан бас өөрөө дуртай болохоор нь бүргэдээр ан хийхэд сургасан юм.

Охидыг бүргэдийн анд сургадаг өөр тохиолдол байдаг уу?

-Цорын ганц энэ Айшолпан байгаа юм. Багаасаа бүргэдтэй хамт өссөн шүү дээ.

Айшолпан, зураг хамт авахуулсан бүргэдийнхээ тухай яриач?

-Бүргэдийг дэгдээхэй байхад нь үүрнээс нь авч сургадаг. Монголоор “Цагаан нүд” гэсэн нэртэй бүргэд.

Аав Р.Нургайв: Баян-Өлгий аймагт болдог Бүргэдийн баярт оролцож 75 бүргэдчинээс охин маань тэргүүн байр эзэлсэн. Зүгээр нэг түрүүлдэггүй. Бүргэдээ дуудаж, таван секундэд гар дээрээ суулгасан. Манайхан шыргаа гэдэг морьтой хүн үнэгний арьс чирж явахад, бүргэд нь тэр арьсан дээр буух ёстой. Би бас Бүргэдийн баярт түрүүлж байсан. Хүнд их дасгасан бүргэд эзнээ дуудахад ингэж хурдан ирж гар дээр нь суудаг.

Бүргэд хэр урт настай амьтан бэ. Ан хийх хугацаа нь хэр удаан байдаг бол?

-Бүргэд бариад тав, зургаан жилийн дараа байгальд нь тавьчихдаг юм. Үржлийн насанд хүрэхээр нь байгальд тавьчихдаг.

Айшолпан, ямар хичээлдээ дуртай вэ?

-Англи, турк, монгол хэл, биеийн тамирын хичээлд дуртай.

Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Эмч.

Хичээлдээ сайн сурч байгаа юу?

-(Толгой дохив).

Ямар үед бүргэдээр ан хийж, дасгал сургуулиа хийдэг вэ?

-Аравдугаар сараас эхлээд өвөл хийнэ.

Айшолпан, бүргэдтэйгээ ямар ан хийж байв?

-Туулай, үнэг, хярс мануул.

Үеийн охид, хөвгүүд чинь чамайг ямар зоригтой юм бэ гээд гайхдаг байх даа?

-Тийм. Манай есөн настай бага эрэгтэй дүү бас бүргэдээр ан хийхэд сурч байгаа.

Бүргэдтэй зураг авахуулж, кинонд тоглосноос хойш олон газраар явсан гэсэн. Арабт очсон гэсэн үү?

-Аавтайгаа хамт явсан. Таван одтой зочид буудалд буусан. Ээждээ зүүлт, цаг, ээмэг авсан.

Зураг авалтынхаа тухай яриач?

-Зураг авалт хоёр жил үргэлжилсэн. Үүрнээс бүргэдийн дэгдээхэй авахаас эхлээд, хамгийн сүүлд Бүргэдийн баярын тухай бичлэгээр дууссан.

Аав Р.Нургайв: Эхлээд бүргэдийн дэгдээхэй үүрнээс авсныг, номхруулсныг, ан барьсныг, Наурызын баяр, бүргэдийн баярын зураг авсан. Японы Эн Эйч Кей телевизийнхэн бас ирж зураг авсан. Энэ хоёр дахь кино нь. Дахиад нэг кинонд зураг авах тухай яриа гараад байгаа.

Киноны зураг авахуулахаар мөнгө авдаг байх?

-Анхны гэрээ жаахан муухан шиг байсан. Дараа нь Ц.Оюунгэрэл гишүүн сайд байхдаа дахиад гэрээ хийхэд тусалж, бүгдийг нь сайжруулж өгсөн.

Бүргэдийн хамгийн том ан нь юу байдаг вэ?

-Бүргэд хамгийн том нь чоно барьдаг. Тэгээд үнэг, хярс, туулай, мануул барина. Өөрийнх нь агнасан ангийн махаар бүргэдээ тэжээдэг.

Бүргэд маш том хүчтэй амьтан, жаахан охин яаж даадаг юм бол?

-Бүргэд найман кг байдаг. Жин нь гол биш хумсаараа хатгана, базна.

Бүргэдийн хумснаас болоод өвдөж байсан уу?

Аав Нургайв: Гарандаа хамгаалалт хийдэг. Бид гараа шархлуулдаг. Гэхдээ бүргэдийн хумс ямар нэг хор нөлөө байхгүй. Дороо эдгэдэг.

Цаашдаа Айшолпан маань бүргэдээрээ ан хийсээр байх уу?

-Үгүй ээ. Цаашдаа дүү нартаа заана.

Аав Р.Нургайв: Эмэгтэй хүн болохоор сонирхол нь буурна шүү дээ.

Ээжийн нь хувьд охин чинь бүргэдээр ан хийх болсныг яаж хүлээж авсан бэ?

Ээж К.Алмагүл: Анх арван настай байхдаа л бүргэдэд дуртай байсан. Бүргэд гэрт сууж байхад хажууд нь очоод, гараараа илээд байдаг. Би дургүйцээгүй л дээ. Өөрөө дуртай юм чинь. Ан хийгээд эрчүүдтай хамт явж байгаа юм.

Эмэгтэй хүн гэдгээрээ зан заншилд баригдаад хийж чадаагүй юм танд байдаг уу?

-Миний хийж чадаагүй юм байхгүй л дээ.

Танд ер нь бүргэдээр ан хийх бодол төрж байсан уу?

-Үгүй, тийм бодол төрж байгаагүй. Хүүхдэдээ эрх чөлөө өгдөг. Битгий, боль гэдэггүй. Манай шашин, зан заншилд бүргэдээр ан хийхийг хориглосон юм байхгүй л дээ. Өөрөө чадаж байвал болно.

Казак охид гэрээ өөрийн оёж хатгасан юмаар гоёдог юм билээ. Айшолпан үйлэнд хэр уран бэ?

– Сайн.

Аав нь бүргэдээр ан хийхэд сургажээ. Харин ээж нь охиноо юунд сургадаг вэ?

Ээж Алмагүл: Бид багаас нь гэрийн бүх ажилд сургана. Юм оёх, бүх хувцсаа өөрөө оёход сургадаг.

Сонин хачин хүсэлт ирдэг үү?

-Жуулчид их сонирхож ирдэг. Манай гэрт ирээд, ан хийхийг үзээд, Айшолпантай зургаа авахуулах дуртай.

Айшолпан ямар хоолонд дуртай вэ?

Ээж Алмагүл: Бид зун малаа саана. Айраг цагаан идээ бүгдийг идэх дуртай.

Танайх хэр малтай айл вэ?

Аав Р.Нургайв: Манай аав мянгат малчин Рыс гэж хүн байдаг. Би ч бас сумын сайн малчин. Морь уяна. Морины хорхойтой.

Нэг айл хэдэн бүргэдтэй байдаг вэ?

Аав Р.Нургайв: Янз бүр. Надад нэг бүргэд, Айшолпаны бүргэд гээд хоёр бүргэд байсан. Аав, дүү нарын бүргэд гэх мэтээр манайхан Бүргэдийн баярт нэг айлаас найм, есөн бүргэдтэй морддог.

Миний дүү, бүргэдээр ан хийхээс өөр хобби байгаа юу?

-Ном уншиж, дуу дуулдаг.

Танай гэр бүлийн онцолж тэмдэглэдэг ямар баяр байдаг вэ?

Аав Р.Нургайв: Наурыз, Бүргэдийн баяр.

Охиноо ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?

Аав: Сургуульдаа сураад, сайн эмч болоод, аав, ээждээ тусалдаг хүн болоосой л гэж боддог.

Бүргэдийн анд хэдүүлээ явдаг вэ. 13 настай охин ганцаараа эзгүй газар ан хийдэг юм биш байгаа гэж зарим хүн санаа зовж байсан?

Аав Р.Нургайв: Охин маань бүргэдээр ан хийхдээ дандаа надтай, манай ах дүү нартай хамт явдаг юм.

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Дашийн Оюунчимэг: Хүн ухаан орно гэж нэг юм байдаг юм байна, би 23-тай ухаан орсон

Зохиолч, яруу найрагч, орчуулагч Дашийн ОюунчимэгийнОройн ганц модроман тун саяхан нээлтээ хийсэн билээ. Түүнтэй зохиол бүтээлийнх нь талаар ярилцлаа.

ТаныОройн ганц модроман нээлтээ хийлээ. Анхны уншигчид нь ам сайтай байна. Харин зохиолоо бичихэд гурван сарын хугацаа зарцуулсан гэж сонслоо. Романыг ийм богино хугацаанд бичиж болдог юм уу?

-Ийм юм аа, одоо чинь хүн болгон зохиолч болчихоод юмыг хялбархан хийдэг, ойлгодог болчихож л дээ. Миний хувьд зохиол дээрээ богино хугацаа зарцуулсан нь ачаалал үүрч сурсных байх. Би чинь нэлээд орчуулга хийлээ шүү дээ. Залхуу хүн шинийг санаачлагч байдаг гэдэг шиг их ажилд дарагдаад ирэхээр аль болох богино хугацаанд яаж хийх вэ гэдгийг сийлдэг юм байна. Би орчуулгуудаа бичээчтэй сууж хийдэг байлаа, тэр тулдаа олон орчуулгынхаа ард гарсан. “Оройн ганц мод” маань нэг өдөр суугаад биччихсэн зохиол биш. Би их судалгаа хийсэн. Яахав, цаасан дээр буулгасан нь төдий хугацаа боловч 2011 оноос сэтгэл тавьж, судалгаа хийж ирсэн ажлууд л даа.

Номын нээлтийн мэдээнээс харж байхад зохиолоо цааш үргэлжлүүлэх юм байна гэж ойлгосон. Ер нь та одоо хэрхэн роман бичихээ мэдчихэв үү?

-Дөрөв, таван жилийн хөдөлмөр маань болохоор энэ номонд оруулж амжаагүй дутуу орхичихсон зарим баримт, судалгаанууд бий. Хэрэв үргэлжлэлийг нь хийхээр бол, тэр болгоныг би өөрөө олж мэдэх хэрэгтэй. Ер нь хүн өөрөө сайн мэдсэн зүйлээ л бичдэг юм байна л даа. Өмнө нь би хоёр, гурван тууж, өгүүллэг бичиж байсан. Тэр үедээ нэг л бяр дутаад байгааг ойлгосон юм. Чухам яагаад би энэ их орчуулга руу яваад орчихсон бэ гэвэл ердөө л роман хэрхэн бичих тухайд байлаа. Романыг ойлгохын тухайд баахан сонгодог зохиол уншаад тэндээсээ би өгүүллэг, роман нийлсэн зургаан ном сонгож орчуулсан. Тэгээд хувь заяаны эрхээр ч юм уу хүүхдийн сонгодог зохиолын орчуулга руу орчихсон. Тэдгээр нь бас л хүн төрөлхтний сонгодог гэгдсэн романууд яваад байгаа. Тэгээд надад аа за за, роман гэдэг нь нэг иймэрхүү анзааны ийм юм байх юм байна гэсэн дүр зураг харагдаж эхэлсэн гэх үү дээ.

Номыг тань гаднаас нь тандахад монголчуудын нүүдэлчин ахуй амдрал, тэр тусмаа урианхайчуудын аж байдлыг өгүүлсэн юм аа даа. Яагаад гэдгийг товчхон тайлбарлаад өгөхгүй юу. Уншигчдад маань ч сонин байна байх?

-Монголд олон үндэстэн ястан, овог аймгууд байдаг. Тэдний дотроос урианхайчууд бол их эртний монгол хэлт овог аймаг. Алтайн урианхайчууд алслагдмал болоод ч тэр үү надад ёс заншил, үнэт зүйлсээ маш сайн хадгалж үлдсэн юм шиг санагдаг. Улсын наадмын сурын харваа урианхай сурын харваагаар эхэлдэг шүү дээ. Энэ нь эртний монгол цэргүүд амралтын үедээ богино зайд сур харваж бэлтгэл сургуулилт хийдэг байсны уламжлал юм. Яагаад би нутгаа сонгож зохиолынхоо ерөнхий өнгө төрхийг бүрдүүлсэн бэ гэхээр миний маш сайн мэдэх орчин учраас тэр. Гэхдээ энэ нь зөвхөн цөөн хэдэн урианхайчуудын асуудал огт биш, нийт монголчуудын явдлыг нэг жижигхэн хошуун дээр болж буй үйл явдлаар гаргаж бичихийг хичээсэн. Цаашид гарах номуудад маань ч харагдах байх. Ер нь 100 жилийн өмнөх монголчуудын амьдрал ямар сонин байсан юм бэ гэдгийг би эртнээс анзаарч эхэлсэн л дээ. Нэг л бүрхэг, харанхуй бүдүүлэг, сүйрэл мөхлийн ирмэг дээр ирчихсэн, элэг эмтрэм дүр зураг, гэвч оюун санааны хувьд их өөр түвшинд байсан нь миний сонирхлыг гойд ихээр татсан. Ерөөс, нүүдлийн соёл иргэншил гэдэг нь нэн өвөрмөц сэтгэлгээг бий болгодог юм байна. Монголчууд бидний дэлхийд гайхуулах брэнд маань энэ юм. С.Дашдооров гуайн “Бууж мордох хорвоо” өгүүллэгийн хоёр өвгөнөөс эхлээд зүгээр л энгийн ахуй амьдрал дунд байгаа хэрнээ хорвоогийн явдлыг маниасаа илүү мэдэх өвгөд эмгэд зөндөө байх. Энэ онцлог явдлыг нь би зохиолдоо түлхүү үзүүлэхийг хичээсэн. Байгаа оносон эсэхийг бүү мэд.

Урианхайчуудын амьдрал таны сайн мэдэх орчин гэснээс та чинь Ховд аймгийн Дуут сумын хүн гэв үү?

– Урианхайн Дайчин Бэйсийн хошууных гэж хэлмээр байдаг юм. Одоогийн Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, Баян-Өлгийн Булган, Дэлүүн сумдын нутгийг хамарсан хошуу байж. Манай аав, ээж хоёр Мөнххайрханых, би Дуутад төрсөн боловч аймгийн төвд өссөн. Гэхдээ хөдөөгийн амьдралыг сайн мэднэ. Зуны амралтаараа хонь хариулж, хониныхоо захад ном уншаад л… Хөгшчүүлээс одоо ч гэсэн би суралцсаар л байна. Тухайн үед би даанч хүүхэд байсан болохоор ярьж хэлж байгааг нь нарийн сайн тогтоож авсангүй. Тэр үеийн хөгшчүүлийн чихний хажуугаар шүргээд өнгөрсөн яриа бүхэн өнөө миний уншиж судалж байгаа зохиол бүтээлийн дайны юм байсан шиг санагдана. Энэ бүхэн миний дурсамжид байгаад байдаг. Үүнийг харин хэрхэн уран зохиолд оруулж ирэх вэ гэж толгойгоо гашилган цаг хугацаа их зарцуулсан.

Хэдийгээр энэ тухай уншигчид хэлэлцэх ёстой ч, “Тэнгэрийн цаг болоогүй”-гээсОройн ганц модхүртэл Дашийн Оюунчимэг зохиолчид ямар дэвшил гарсан гэж та хэлэх вэ?

-“Тэнгэрийн цаг болоогүй” бэсрэг туужаа бичсэнээс хойш миний хийсэн ажил гэвэл хүүхдийн зохиолын сонгодог 50 ботийг монгол хэл дээр бэлтгэх байсан. Үүнийг би нэг талаас оюунлаг ирээдүйг бэлтгэх, соёл гэгээрлийн бодлоготойгоор орчуулсан. Нөгөөтэйгүүр хувь зохиолчийн дадлага туршлага, судалгааны бүтээл гэж хэлж болно.Тиймээс тухайн үед би тууж өгүүллэгийн хүрээнд эргэлдэж байсан бол одоо роман ямар байх ёстойг олж харсан нь дэвшил юм болов уу гэж бодож байна.

Танай үеийнхэн буюу 1990-ээд оны төлөөлөл болсон яруу найрагчид бараг бүгд зохиол бичиж, роман туурвих боллоо. Энэ шилжилтийн үеийг та юу гэж харж байна вэ?

-Энэ бол хүний өөрийн өсөлт хөгжилттэй холбоотой. Жишээлбэл, роман гэдгийг нэг хөөрхөн залуу ч юм уу, бүсгүй бичдэггүй. Болдог ч үгүй юм байна. Яахав, хүн төрөлхтний түүхэнд гарч байсан суутнууд байна л даа. М.Шолохов гэхэд л 23 настай “Дөлгөөн Дон”-ыг бичсэн гэх мэт. Гэхдээ тэдний туулсан замнал өөр, би буруу дуулаагүй бол 16 настай М.Шолохов морьт цэргийн отряд удирдаад хувьсгалын хэрэгт оролцож явсан гэх баримт санаж байна. Энэ нь тэр хүмүүс хэдий бага залуу байсан ч асар их амьдралын туршлага хуримтлуулж чадсаных. Эсвэл тэдэнд илүү өгөгдөл заяасан байж ч магадгүй. Тэгэхээр роман бичнэ гэдэг амьдралыг таних, өөрийн хурааж цуглуулсан туршлага, түүнээс гадна ердөө л хувь зохиолчийн үзэл санаа юм. Үзэл санаа гэдэг нь шашинд хандах, орчлонд хандах, түүхэнд хандах, нийгэмдээ хандах үзэл, тэдгээрийн нэгдмэл чанар юм. Тэгэхгүйгээр хичнээн сайхан юм хийлээ ч яг роман гэх шалгуурт нийцэхгүй. Тэгэхээр манай үеийнхэн роман бичиж байгаа нь бидний нас болжээ, роман үүрэх хэмжээний дадлага туршлага, чадал чансаа суужээ гэж ойлгож байна.

Таны зохиол бүтээлийг харж байхад ёр билгийн шинж чанартай, илүү дотогшоо өөрийгөө нэгжиж нээсэн байдаг. Зарим хүмүүс таныг зохиол бүтээлийн хувьд Монголын Гарсиа Маркес гэх нь ч бий?

-За яахав, юу ч гэж хэлж болох л байх. Гэхдээ эртнээс нааш татгалзаж явахыг хичээдэг нэг зүйл байдаг юм аа. Би Жамъянгаравын нэрэмжит сургуулийг 1995 онд төгсөхдөө Анна Ахматовагийн шүлгийн орчуулгаар дипломын ажил хийж байлаа. Түүнээс үүдэн хүмүүс намайг Монголын Ахматова ч гэх юм уу, иймэрхүү ярианаас би зайлсхийхийг хичээдэг. Яахаараа монголчууд гэхээрээ нэг тийм гадныхны хуулбар байх ёстой гэж. Мөн чанараараа л байя л даа, Дашийн Оюунчимэг гэдэг хүн хорвоод ганцхан, түүний сайн муу байх өөрөөс нь л хамаарах асуудал. Ер нь бол миний зохиол бүтээлийн хувьд, чи миний шүлгийг харж байсан бол бас нэг тиймэрхүү, тэгэхээр би сюрриалист чиглэлийн хүн юм шиг байгаа юм. “Оройн ганц мод” зохиолд маань тэр сэдэв хангалттай орсон. Орохгүй ч гэхийн аргагүй. Энд би нэг зүйлийг цохон тэмдэглэхийг хүсч байна. Тэр нь юу гэвэл, энэ зохиолд өгүүлсэн бүхнээ цаанаа үнэний ор мөртэй байлгахыг хүссэн. Зохиолын гол баатар 100 жилийн өмнөх амьдралтай эргэж холбогдох хэрэгтэй болж байгаа юм л даа. Би өөрөө их зөнтэй зүүдэлдэг. Ер нь би ч гэлтгүй манай нүүдэлчдийн онцлог тэр байх. Зүүдэч, зөнч, бэлгэч ард түмэн. Тэгээд би зүүдээр 100 жилийн өмнөх явдалтай холбогдохыг хүсч, ийм зүйл байж болох уу гэж эрж хайсан. Тэгсэн нэг бясалгалын багш зүүдээр бясалгал хийдэг хүн олж өгсөн. Тэр маань одоо манай энэ цаг үед нэг байгууллагад ажиллаад явж байгаа нэг сайхан бүсгүй. Гэхдээ оюуны чадамж нь маш өндөр түвшинд хүрсэн хүн байна билээ, хоёр гурван удаа уулзаж ярилцаад түүнийг би нэг залуу хархүүгийн дүрээр номондоо оруулсан.

Одоо хоёул яруу найргийн талаар ярилцъя. ТаныХаранхуйн дуулал”, “Очирт уулын бичиглэлгэсэн хоёр ном тань нэр цуутай бүтээлүүд шүү дээ?

-Ерөнхийдөө бол нэг ном л доо. “Харанхуйн дуулал” дээрээ нэг бүлэг нэмээд алдаа мадгийг нь бага зэрэг засаад “Очирт уулын бичиглэл” нэрээр гаргасан. Гэхдээ тэр номыг бичихэд би амьдралынхаа 13 жилийг зарцуулсан байна. Арван хэдтэйгээс хорин хэдтэй болтлоо хамаг залуу насаа зориулсан юм. Яахав, номд орсон нь хоёр жил гаруй хугацаанд бичигдсэн боловч өмнөх олон удаагийн оролдлого зүтгэл туршлага болж хуримтлагдсан гэсэн үг л дээ. Би олон олон орчуулга хийж байж одоо л нэг роман бичих дайтай болж байгаа шиг зүйл юм. Яахав, сайн гэж хэлэхгүй, өөрийнхөө хэмжээнд Оюунчимэг гэдэг хүнд буй чадварыг 200 хувь ашигласан гэж боддог. Сайн муугийн тухай бол бас өөр хэрэг. Өөрт ямар авьяас өгөгдөл байна түүнийг хөглөн, хөгжүүлж ханатал хийсэн эсэх тал дээрээ бол би сэтгэл хангалуун байдаг. Магадгүй тухайн үед би Жамъянгаравын нэрэмжит сургуульд сурч, түвдэч Хүрэлбаатар, Сонинбаяр ламтан, О.Дашбалбар багш нараар хичээл заалгаж байсны хувьд буддын философи, дорно дахин дотоод ухааны мөн чанарыг олж харсан ойлгосон зүйл тэнд тусгалаа олсон байх. Яруу найргийн тухайд бол би 27 хүртлээ идэвхтэй бичээд ерөнхийдөө орхисон. Сүүлд хэд гурван шүлэг бичсэнийг эс тооцвол, Нэг үгээр бол уран бүтээлч болж төлөвшиж чадсан гэх юм уу даа.

Утга зохиол судлаач асан Ч.Билэгсайхан гуай миний нөгөө зургаан орчуулгын ном гарсны дараа номоо авчирч өгөөч гээд, би номнуудаа аваачиж өгөхгүй юу. Тэгсэн хэд хоногийн дараа надад утсаар хэлж байна: “Би чамайг юу хийчихээ бол доо гэж бодож байсан, чи харин сайн орчуулж” гэсэн. Тэгэхээр нь шүлгийн номоо аваачиж өгөөд, би ийм дайны монгол хэлтэй учраас сайн орчуулахаас өөр аргагүй. Миний хамгийн сайн мэддэг хэл бол монгол хэл ээ. Би гадаад хэл мэддэгтээ орчуулга хийж байгаа юм биш гэсэн. Тэгэхээр “Очирт уулын бичиглэл” харахад нимгэн, жижигхэн боловч миний хамаг л залуу насны хүч хөдөлмөр, зүтгэл шингэсэн, надад маш үнэ цэнтэй бүтээл юм.

Яруу найрагч бүрт шүлэг бичих болсон нэг шалтгаан байдаг шүү дээ. Ер нь та хэдий үеэсээ шүлэг бичих болов?

-Би энэ тухай олон удаа ярьж байсан юм байна. Нэгдүгээр ангид байсан юм шиг байгаа юм. Анх

“…Цоохор даага жирийхээрээ жирийнэ

Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ…” гэдэг шүлгийг уншаад л гайхамшигт автсан юм, энэ шүлэг гэгч ямар гайхалтай зүйл вэ гэж. Тэгэхэд магадгүй миний дотор байсан нэг зүйл нээгдсэн байх л даа. Тэр цагаас хойш яруу найраг бол ерөөс энэ ертөнцийн юм биш гэсэн гүн бат итгэл үнэмшил тогтчихсон. Гэтэл баргийн хүүхэд тэр шүлгийг уншаад тийм том итгэл үнэмшил олж авахгүй л дээ. Тэгэхээр тухайн үед миний дотор байсан өгөгдөл тэр хоёр мөрөөр сэржээ гэж боддог. Сурагч байхдаа шүлэг бичдэг байлаа, оюутан болоод ч шүлэг бичсээр л байсан. Гэвч, хүнд ухаан орно гэж нэг юм байдаг юм байна. Монголчууд 60-тайдаа ухаан ороод 61-тэйдээ үхдэг гэсэн егөө үг байдаг шүү дээ. Тэр бас үнэний ортой юм шиг санагддаг. Манай аав хэлдэг байсан юм, би 13-тай ухаан орсон, яг толгой дундуур том модоор татаад авсан юм шиг цэлс хийгээд л ертөнцийн явдал тодорхой болоод явчихсан гэж. Яг тэр явдал надад 23-тайд минь тохиолдсон. Гэнэт л надад маш олон зүйл тодорхой болоод явчихсан. Түүнээс хойш бичсэн нэг ч шүлгээ шатаагаагүй. Түүнээс өмнө бол хангалттай олон муу шүлэг бичсэн дээ. Цветаевагийн нэг үг байдаг даа, хүнд муу шүлэг бичих үе улаан бурхан өвчин шиг зайлшгүй тусдаг, түүнийг аль болох хурдан туулах хэрэгтэй гэсэн. Азаар залуу насандаа амжиж тэр үеэсээ салсан шиг байгаа юм. Миний шүлгийн номонд орсон хамгийн эртний шүлэг гэхэд л 1992 оных байдаг.

Г.Лхагвадорж