Categories
мэдээ цаг-үе

Д.Бурмаа: Ардын дуу гэдэг ертөнцөд тодорхой хэмжээгээр амьдармаар Байна

Ардын дууны ая данг мэдрүүлж, сонсогч түмний хүндэтгэлийг хүлээсэн дуучин Даваагийн Бурмаатай уулзлаа. Тэрээр ардын дууг орчин цагийн хэмнэлд оруулж дуулснаараа сонсогчдын талархлыг хүлээгээд байгаа юм. Ингээд дуучин бүсгүйн ярилцлагыг хүргэж байна.

-Фэйсбүүкт хөдөөний нэг хөөрхөн жижигхэн хүү “Тэсийн голын гал шарын Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна” хэмээн дуулж байгаа бичлэг тавигдаж олон хүн лайк дарсан. Түүнийг танай хамаатан гэж байсан үнэн үү?

-Тийм ээ, манай ахын хүү. Амарсайханы Өсөх-Ирээдүй гэдэг. Одоо таван настай, Увс аймгийн Улаангомд байдаг.

-Танай удамд дуулж хуурддаг хүн байдаг биз дээ?

-Байлгүй яахав, би удмаа дагаад дуучин болсон. Одоогоор манайхнаас дууны ертөнцөд дуугаа дуулаад л явж байгаа нь би. Би эхээсээ их олуулаа, арвандөрвүүлээ. Миний ах, эгчийн хүүхдүүдээс дуулаачаар суралцаж байгаа хүүхдүүд бий. Соёл, урлагийн их сургуульд одоо хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дуурийн, эстрадын, уртын дуучнаар сурч төгссөн. Ер нь бол манайханд дуулдаг хүүхдүүд байгаа. Хэлд орсон цагаасаа дуулсан нь ч их олон. Фэйсбүүкт тавигдсан тэр дүү маань бол манайхны хувьд хамгийн энгийн зүйл. Гэхдээ их хөөрхөн дуулсан. Дуучин СТА Э.Төрмандах нь манай хүргэн дүү. Тэр хүү Төрмандахын дуунуудыг дуулдаг.

-Аав, ээж тань дуулдаг уу?

-Миний аав бол ардын урлагийн төлөөлөгч хүн байсан. Сум, аймгийнхаа театрт дуулдаг. Аавын маань удамд дуулдаг хүн маш олон. Ихэнх нь хөдөө амьдардаг. Тэд маань сайн уран сайханчид, манай нутгийнхан ч мэднэ дээ. Ер нь монголчууд өөрсдөө их дууч ард түмэн.

-Ингэхэд та хэдэн цомог гаргасан бэ?

-2007 оноос хойш таван цомог гаргачихаад байгаа.

-Алийг нь хамгийн сайн цомог болсон гэж боддог вэ?

-Таван цомогт нийтдээ 60 гаруй дуу орсон байдаг. Хамгийн анхны CD маань хүмүүст маш сайн хүрсэн би олонд хурдан танигдсан. Ардын дууг этник хэлбэрт оруулж, орчин үеийн электрон хөгжимтэй дуулсан. Тэр үед Монголд ийм юм байгаагүй. Нийтийн дуунд ид хошуурч байсан үе. Миний араас “Шуранхай” хамтлагийн гурван бүсгүй зэрэг ардын дууг этник хэлбэрт оруулж дуулсан дуучид зөндөө гарч ирж байгаа. Ингэснээр надад өрсөлдөөн бий болж, уран бүтээлийнхээ чанар чансааг сайжруулах, хөгжмийн найруулга зэрэг дээрээ анхаарч, уран бүтээлдээ хөрөнгө мөнгө зарцуулах шаардлага тавигдаж байгаа. Ингэснээр уран бүтээл маань өсөж дэвжиж байгаа гэж би ойлгодог. Эхнийхээ цомгийг гаргасны дараа би Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн уран бүтээлийг үргэлжлүүлнэ гэдгээ хэвлэлийн бага хурал хийлгэж, албан ёсоор мэдэгдсэн. Дараа нь “Та мөнх” гэдэг цомог гаргасан. Түүнд маань”Усны урсгал”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Усны тунгалаг Тамирын гол” зэрэг дуунууд орж миний уран бүтээл олон түмэнд илүү танигдсан.

-Ардын дууг этник хэлбэрт оруулж дуулах санаа анх хэрхэн төрсөн бэ?

-Би өөрөө ардын урлаг судлаач мэргэжилтэй. Тиймээс түүнийг дуулах манерийг нь мэднэ. Өөрийнхөө мэддэг ардын дуунуудыг хөг аялгуугаар нь судалсан тул мэддэг. Ийм санаа гаргахад миний мэргэжил нөөлөлсөн. Тиймээс ч хүмүүс нийтийн дуу руу хошуурч байх үед содон шинэ байх болов уу гэж бодоод ингэж дуулсан маань үр дүнд хүрсэн. “Хар торгон хамжаар”,“Үзэсгэлэн гоо”, “Гарын арван хуруу” зэрэг дуунуудыг маш сайн хүлээж авсан. Одоо ч гэсэн хүмүүс сонсох дуртай байдаг. Ялангуяа хамгийн анхны цомогт орсон дуунуудыг маань. Би 60-70 ардын дуу дуулсан. Гэхдээ тэдгээрийг орчин үеийн болгож үг, аяыг нь өөрчлөөгүй. Аль болох уламжлалыг нь хадгалахыг хичээсэн. Яагаад гэвэл би өөрөө судлаач хүн учир эвдэж болохгүй гэдгийг мэддэг.

-Та эхлээд судлаачаар, дараа нь Соёл урлагийн их сургуулийн уртын дуулаачийн ангийг төгссөн. Ингэхэд хэн багшийн шавь бэ?

-Дэлгэр багш маань надад гурван жил багшилсан. Сүүлийн хоёр жилд нь СТА, уртын дууч Батболдын шавь болсон. Энэ хоёр багшийн удирдлага дор сургуулиа төгссөн. Дэлгэр багш маань Хөх хотод ажиллахаар явсан тул би Батболд багшийн шавь болж байлаа. Соёл урлагийн их сургуулийн уртын дуулаачийн ангид сурч байгаа оюутнууд бэлтгэл ангиасаа эхлээд төгсөх хүртлээ 60-70 дуу сурах ёстой гэдэг юм билээ. Би бол надад хэрэг болохоор, дуулж болохоор 30 дуутай төгссөн. Хоёрын хооронд олон юм руу самгардаад яахав гэж бодсон тул 30 дууг өөрийн болгож чадсан. Гэхдээ одоохондоо дуулахгүй байгаа. Яагаад гэхээр уртын дууны орон зай нэг их хөгжөөгүй. Тэгээд ч ардын дуу гэдэг ертөнцөд тодорхой хэмжээгээр амьдармаар байна.

-Уртын дуу хөгжөөгүй гэж та сая хэллээ. Яагаад хөгжихгүй байгаа юм бол?

-Уртын дууг дуулах арга барил, дуулаачид нь хөгжөөд байгаа. Уртын дууг зах зээлд гаргаж үнэлэхгүй байна. Монголдоо гэхээсээ илүү гадаадад сайн хүлээж авдаг. Түүнийг найр хуриман дээр дуулахаас биш тоглолтон дээр дуулахад ойлгодог гэсэн ч ойшоох нь бага байдаг. Энэ нь нийгэм, техник технологийн хөгжил дэвшилтэй холбоотой юм шиг. Түргэн аятай гадаадын дуунууд руу илүү хошуурч байна. Зах зээл нь бий болоогүй гэж хэлнэ.

-Гадаадад уртын дууг сайн хүлээж авдаг гэлээ. Түүнийг ойлгодог болов уу. Уртын дуу маань нүүдэлчний соёл, байгаль зэрэгтэй холбоотой өөрийн гэсэн их онцлогтой. Тэр дээшээ, доошоо хүрч байгаа өнгийг нь бол гаднынхан гайхдаг байх.

-Мэдээж цаад гүн ухааныг нь ойлгохгүй. Түүнийг дуулж байгаа хүмүүс нь хоолойны цар хүрээ, арга барил, өвөрмөц дугаралт, хүний чихэнд хүрч байгаа ая дан, шуранхай зэрэг нь гадаадынханд сонин сонсогддог байх л даа. Дотоод философийг нь бол ойлгохгүй. Үгийг уртаар аялгуулан дуулахыг уртын дуу гэнэ шүү дээ.

-Та уртын дуугаа аль зэрэг судалж байна?

-Одоохондоо нэг их судлаагүй. Яагаад гэхээр ардын дуутайгаа зууралдаж байна. Юм юм руу үсчээд баймааргүй санагддаг.

-Ардын дууныхаа чиглэлээр ямар судалгаа хийж байна?

-Учиргүй том бүтээл гаргадаггүй юм аа гэхэд өөрийнхөө дуулдаг дууны домог түүхийг мэднэ. Хичнээн аялгуутай байсан, цаг хугацаа, нийгэм өөрчлөгдөхөд яаж хувирч байсныг мэднэ. Өөрийнхөө хэмжээнд ном гаргахаар бэлдээд л байгаа. Би нэг их олон ном гаргахгүй байх л даа. Ардын дууг дараа дараагийн үеийн залуу дуучдад сурахад ойр болгох зорилгоор ардын дуу дуулах ур зүйн асуудлаар жижигхэн судалгааны ном бичих тухай гурван жилийн өмнөөс яриад л байгаа. Номыг маань хянах хүмүүс арай болоогүй гэсэн. Ерөнхийдөө нэлээд нягт нямба хийж байж гаргая гэж бодож байгаа. Ном маань цаанадаж хоёр жил, наанадаж нэг жилийн дараа гарах байх.

-Та жил бүр тоглолт хийдэг гэж ярьж байсан. Ойрын үед тоглолт хийхээр төлөвлөж байна уу?

-Энэ жил завсарлаж магадгүй байгаа. Яагаад гэхээр уран бүтээлч хүн үзэгчдэд тодорхой хэмжээний хүлээлт үүсгэх хэрэгтэй юм шиг байна. Байнга тоглолт хийгээд байхаар үнэ цэнээ алддаг шиг санагдсан. Тиймээс энэ жил хөдөөгөөр тоглолтоо хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын заан Сарангэрэлийн ХҮрэлбаатар: Сар шинийн барилдаанд Бүрэнтөгс арсланг манлайлна гэж хүлээж сууна

Зүүн гараас шинэ заан Ч.Амартүвшин, Ч.Гочоосүрэн, Д.ЦэндАюуш, С.Хүрэлбаатар, шинэ начин Д.Батмөнх, Д.Дашжамц. Төв цэнгэлдэх. 1981.07.11

Монгол Улсын заан, гавьяат тамирчин Сарангэрэлийн Хүрэлбаатартай ярилцлаа.

-Цагаан сарын баяр хаяанд ирлээ. Хэн хүнгүй сар шинийн бөхийн барилдааны талаар таавар уралдуулж байна. Хоёулаа ч яриагаа эндээс эхэлье. Та цагаан сарын барилдаанд анх хэдэн онд зодоглож байсан бэ?

-1980 онд анх барилдаж хоёр даваад гурвын даваанд унаж байсан санагдана. Одоогоос гучин жилийн тэртээ юм даа. Би чинь сар шинийн барилдаанд хоёр ч удаа их шөвгийн дөрөвт шалгарсан юм шүү.

-Хэд хэдэн онд байх уу?

-1983,1985 онд юм. Наян гурван онд Д.Цэрэнтогтох аварга түрүүлж, Д.Амгаа заан үзүүрлэн, Х.Баянмөнх аварга бид хоёр их шөвөгт шалгарч байлаа. Наян таван онд Д.Хадбаатар, Д.Цэрэнтогтох, М.Мөнгөн бид дөрөв үлдсэнээс Хад аварга маань түрүүлж байсан юм.

-Өөрийг тань Буур Жамъян аваргын үед ид барилдаж байсан улсын заан Жамьянгийн удмынх гэж дуулсан юм байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Аавын маань авга ах улсын заан “Пүг” Жамьян гэж хүн байсан. Манай Хөвсгөлийн Галт сумын уугуул бөх. Та сая хэллээ. Буур Жамъян аваргын үед барилдаж байсан гэж. Үнэхээр тийм юм билээ. Монголын бөхийн түүхэнд Буур аваргын үед ид барилдаж, бага залуудаа хийдэд шавилан сууж байсан хүчит заан хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Тэр лут хүнийг би муухан мэднэ. Аав минь том бөхийн удамтай ч барилдаж байгаагүй.

-Улсын наадамд барилдсан түүхээсээ хуваалцахгүй юу. Заан цолыг шууд хүртсэн байдаг?

-1979 онд анх барилдаж хоёр даваад гурвын даваанд улсын начин, бөх тайлбарлагч Ш.Чанрав багшид унаж байсан. Наян онд хоёрын даваанд Увсын Д.Төрмөнх начинд шороодсон юм. Тэр наадмаас хойш дараа жилийн наадам хүртэлх хугацаанд маш сайхан барилдсан байдаг. Ялангуяа заал танхимын барилдаанд тогтмол дээгүүр амжилт үзүүлж байсан. Ингээд ардын хувьсгалын түүхт жаран жилийн ойн наадамтай золгосон доо.

-Тэр жил өөрийгөө шууд заан болчихно чинээ бодож байв уу?

-Гурвын даваанд улсын начин Р.Даваадалайтай тунаж, дөрвийн даваанд аварга О.Балжиннямыг начин цолтой байхад нь мөн тунаж давсан. Тавын даваанд тухайн үед өндөр цолтой бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулж явсан Дамдингийн Галдандагва начинг, зургаад Монгол Улсын заан Ёндонгийн Ишгэнийг начин цолтой байхад нь тунаж давж заан цолыг хүртсэн. Ойн жил байсан учир зургаа давсан бөхөд заан, долоо давсан бөхөд арслан цол олгож байв. Цолны давааг нэгээр урагшлуулдаг жишиг бий. Тэрхүү жишгийн дагуу л цол олгож байсан юм.

-Д.Галдандагва начинтай барилдсан барилдааныг тань сонирхож байна?

-Галдандагва гуай “Ах нь өнөө жил заан болох санаатай байгаа. Хэрвээ заан болчих юм бол ирэх жил дүүгээ заан цолонд хүргэнэ” гэсэн утгатай үг хэлж байлаа. Мань хашир намайг давчих юм бол зургаагийн даваанд Дамдин аварга баараггүй авна гэсэн бодолтой байсан болов уу. Дамдин аварга тэр хоёр их дотно байсан юм. Ер тэр жилийн наадамд бөхчүүд бүгд цолны төлөө зүтгэж байв. Улсын начин цолыг хоёрхон бөх авсан байдаг.

Зүүн гараас Б.Ганбаатар арслан, С.Хүрэлбаатар заан, Д.ЦэндАюуш заан, Ж.Ганболд заан

Д.Баяраа Өвөрхангайн Д.Дашжамц начинг улсын цолгүй байхад нь тавын даваанд амлаж барилдаад унаж байлаа. Хэрвээ давсан бол ааваараа зургаа даваад заан болох байсан даа. Галдандагва начинтай өмнөх жилийнх нь намар Баянхонгор аймагт болсон нэгэн барилдаанд барилдсан юм. Тэгэхэд би хутгаад давчихсан. Түүнийг санаад, намайг хутгах л байх гэж бодсон уу, хоёр хөлөө ээлжлэн хойш тавиад байсан. Ганц хүчтэй зайлахад их амархан уначихаж билээ.

-Зургаагийн даваанд Ё.Ишгэн зааныг начин цолтой байхад нь давсан. Мань хүн заан цолны төлөө зүтгэж байсан нь мэдээж?

-Өө, тэгэлгүй яахав. Дараа нь бодоод байх нь ээ, Ишгэн надтай туначихаад санаа нь жаахан уужирсан байж магадгүй юм. Давна гэдэгтээ хэт их итгэчихгүй юу. Тэр нь яаж илэрсэн бэ гэхээр намайг шуудагдаж, тэндээсээ өргөж цацаад хаяхдаа дутуудуулчихсан. Тэрхэн зуурт би тахимдаад давчихсан юм. Долоогийн даваанд Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох нарын аваргууд бас амлаагүй юм. М.Мөнгөнтэй туначихсан. М.Мөнгөн заан цолтой байв. Тэр хүнийг би үндэсний бөхийн багшаа гэдэг. Жилийн жилд наадмын бэлтгэлд хамт гардаг байлаа. Долоогийн даваанд гарч ирээд “Багш нь явчих уу” гэдэг юм. “Харгүй сайхан барилдчихъя аа, багш аа” гээд л золгосон. Давуулангуут нь сөргүүлээд цохичихсон чинь агаарт хөөрөөд явчихдаг юм. За ингээд шууд арслан болдог юм байжээ гэсэн бодол төрөөд явчихав. Тэгж бодоод л би Ишгэн шиг буруудсан даа. Дээшээ хөөрсөн хүн чинь нумарч бууж ирэхдээ яг дээр минь унасан. Ингээд Мөнгөн багш минь арслан, би заан болж байгаа юм.

-Аав, ээж тань амьд сэрүүн байв уу. Заан цол хүртэхийг тань мэдсэн үү?

-Ээж минь өнгөрчихсөн байв. Аав бол сэрүүн тунгалаг байсан. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, бөхчүүдийг нутаг усаар нь дуудахгүй, харьяа байгууллагаар нь дуудах шийдвэр гарсан юм. Хүрэлбаатар гэдэг нэртэй бөх олон. Нэг жилийн цагаан сараар долоон бөх барилдаж олны толгойг эргүүлж байсан талтай. Наян нэгэн оны наадамд Архангайн Хашаатын харьяат, улсын начин Б.Хүрэлбаатар бид хоёр хоёулаа аймгийн заан цолтой, Багшийн дээдээр овоглож зодоглосон юм. Тэгтэл Хашаатынхан радиогоор сонсоод нутгийн хүүгээ заан боллоо гэж баярлалдан, найр наадам болсон гэдэг. Харин “Багшийн дээд сургуулийн бөх, аймгийн заан Хүрэлбаатар улсын заан цолны болзол хангалаа” гэхийг сонсоод аавд нэг совин татсан гэдэг. Миний хүү л заан болчихов уу даа гэж боджээ. Тэгээд наадам шувтрах тал руугаа хандах үед шинэ цолтнуудыг овог нэртэй нь танилцуулахад бүх хүн мэдсэн байгаа юм. Өнөө найрлаж сүйд болсон Хашаатынхан гонсгор үлдсэн нь мэдээж. Заан цолыг хүртсэнээрээ аавынхаа далдын хүсэл мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог доо.

-Хүрэлээ зааны хувьд “ясны бөх” гэдгээ олон зүйлээр баталсан байдаг. 1997 онд дөчин нас шүргэж байхдаа төрийн наадамд зургаа давж дунд шөвөгт шалгарч байсан?

-Тийм ээ, ер нь харих тал руугаа хандчихсан үедээ Монгол Улсын заан Ж.Ганболдоор тав, залуу начин У.Балжиннямаар зургаа давж Б.Бат-Эрдэнэ аваргад унаж байсан. Олон жилийн туршлага, их спортоор хичээллэж, багагүй амжилт үзүүлж байсныхаа үр нөлөөг тэгэхэд гаргасан гэж боддог шүү.

-Та ер нь улсад хэд шөвгөрсөн бэ?

-Долоон удаа шөвгөрснөөс таван удаа зургаа давсан юм. Наян гурван онд Ё.Ишгэн, Д.Долгорсүрэн нарын хүчтэй заануудыг дараалуулж орхиод Х.Баянмөнх аваргад, ерэн онд Жамцын Даваажав начингаар зургаа давж Ж.Ганболд заанд унаж байсан. Тэр жилийн наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойн наадамд Өлзийн Сумьяа начингаар мөн зургаа давж Б.Бат-Эрдэнэ аваргад унаж байлаа.

-Их спортод үзүүлсэн амжилтуудаасаа дурдаач?

-1979 онд улсын шигшээ багийн тамирчин болсон. Цэндийн Дамдин, Жамсран, Ж.Ганболд, З.Дэлгэрдалай бид хэд нэг үеийн тамирчид. Амжилт гэвэл бас бий шүү. Ухаандаа, самбо болон жүдогоор улсын аваргын болзлыг 12 удаа хангасан байдаг. Олон улсын наадмаас алт, мөнгөн медалийн эзэн болж байсан. Харин нэг бахархууштай нь дэлхийн чанартай наадамд миний бие зургаан удаа оролцохдоо зургууланд нь медальтай ирж байсан. 1981 онд дэлхийн залуучуудын аварга болж байлаа. Наян гурван онд Киевт болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль, наян дөрвөн онд Испанийн Мадрид хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртээд, наян зургаа, наян долоон оны дэлхийн цомоос хошой мөнгөн медалийн эзэн болж байлаа. Мөн 1987 онд Францад болсон дэлхийн аваргаас хүрэл медаль авч байв. Самбо бөхөөр үзүүлсэн тэрхүү амжилтаа эргээд харахад сайхан л санагддаг. Энд нэг хүнийг онцолж хэлэхийг хүсч байна. УБДС (хуучнаар) – ийн физик, математикийн ангийн оюутан байсан намайг их спортод, бөхийн ертөнцөд хөтлөн оруулсан С.Хуушаан багшийгаа үргэлж дээдэлж явдаг юм. Багш минь намайг анх бөх болгосон түүхийг яривал барагдахгүй ээ.

-1994 онд Улс тунхагласны 70 жилийн ойн баяраар Пунцагийн Сүхбат гарьдыг заан цолтой ид байхад нь та алдарт бусгаа мэхээрээ хаяж түрүүлж байсан санагдана. Таны дархан мэх байв уу?

-Уг мэхээр олон хүчтэй бөхийг шороодуулж байсан. Тийм болохоор эвгүй л мэх байж. Том Сүхбатыг хаяж түрүүлж байсан гэснээс би 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсны анхны барилдаанд Х.Баянмөнх аваргатай үлдэж түрүүлж байлаа. Улсын баяр болон цагаан сараас гадна болдог томоохон барилдаануудад хэд хэдэн удаа түрүүлсэн юм байна шүү.

-Нэг зүйлийг сонин болгож асуухад, 1998 оны наадмаар Д.Мөнх-Эрдэнэ арслан тавын даваанд таныг амлахад өөрөө ихэд уурлаж, барилдахгүй багагүй хугацаа авч байсан. Яагаад тэгсэн юм бэ?

-Яах юу байхав дээ. Мөнх-Эрдэнэ арсланг арай ч намайг амлахгүй байх гэж бодсон юм аа. Учир нь тэр жил (1998 он) – ийн хавар арсланг дагуулан өөрийн танил улсын нэртэй анчныд очиж гөрөөсний цус уун, үрээний засаа идэж хамт явсан юм. Тамир тэнхээ, хүч чадал авах гэж явсан нь мэдээж. Тухайн үед одоогийнх шиг хүч тамир оруулдаг элдэв янзын витамин, уураг зэрэг нь байсан биш. Амьхандаа, Мөнх-Эрдэнэ арсланд илүү хүч тамир оруулчих санаатай их л сэтгэл гаргасан юм. Мань хүн таван удаа үзүүрлээд байсан үе. Түрүүлж ч юу магад гэж дотроо бодож л байлаа. Тэгтэл намайгаа тавын даваанд амлачихдаг байгаа. Хэний ч уур хүрнэ биз дээ, бөх хүний жудаг гэж бас байна даа. Тэр жил нутгийнхаа нэг залууг дэмжих бодолтойг арслан мэдэж л байсан байхгүй юу.

-Та нэг хэсэг “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажилласан. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Хөвсгөл нутаг монгол бөхийн өлгий гэдгийг Уйлган голоос төрсөн гурван аваргаараа батлан ойлгодог юм. Монгол бөхийн нэгэн үеийг эзэгнэж явсан гурван аварга (Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин)-ынхаа хөшөө цогцолборыг уугуул нутагтаа байрлуулж, залгамж халаа үеийг нь бэлдэх зорилгоор “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээг байгуулсан. Аваргуудынхаа хөшөөг бий болгосон тэр жил буюу 2007 онд Х.Мөнхбаатар маань төрийн наадмын түрүү бөхөөр тодорч биднийгээ баярлуулсан. Аваргуудын маань хийморь лундаа ус нутгийн зон олныг ивээлээ хэмээн ихэд сүслэн хүлээж авсан. Тэр цагаас хойш хоймор нутгийнхан маань эвлэлдэн нэгдэж, зөвхөн бөх гэлтгүй бүхий л салбарт манлайлж эхэлсэн. Үүнийг их аваргуудын минь хийморь гэж ойлгохоос өөр яах билээ. Дэвжээ байгуулагдсанаас хойш ус нутгаас минь гарсан эрхэм төрийн түшээд, дарга сайдууд бөхдөө анхаарал хандуулж, залуу бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжийг хангаж, мөн ахмад бөхчүүдийнхээ ахуй амьдралд түшиг тулгуур болж яваад дэвжээний тэргүүний хувьд их баярладаг даа.

-Хөвсгөл нутаг бол яалт ч үгүй бөхийн өлгий. Нэг голоос гурван аварга төрсөн тохиолдол монгол бөхөд дахин давтагдахад бэрх болов уу. Танай сумаас ч гэсэн Д.Цэнд-Аюуш заан, Ганзоригийн Ганхуяг харцага гээд хүчтэй бөхчүүд төрсөн. Харин сүүлийн үед Ц.Содномдорж харцага олны анхаарлыг татаад байгаа даа?

-Манай Содномдорж бөх хүний олон шинжийг хадгалж төрсөн. Барилдаан нь жигдэрчихсэн сайхан бөх. Содномдоржийг юм дуулгана гэж алсдаа боддог.

-Та ингэхэд сар шинийн барилдааны түрүү, үзүүр бөхийг гадарлаж байгаа гэсэн?

-Гадарлах юу байхав. Гэхдээ дээгүүр барилдах бөхчүүдийг мэдэж байна. Мөн надаас бөхийн оноолт асуудаг найзууд бий. Тэдний ихэнх нь Бүрэнтөгсийг түрүүлнэ гэж таамаглаад байгаа. Би ч гэсэн Бүрэнтөгсөд саналаа өгчихөөд сууж байна, залуу арслан манлайлна биз дээ.

Ярилцсан Г.Лхагва

Categories
мэдээ цаг-үе

Рүнигийн АМЖИЛТ буюу түүх үргэлжилж байна

Английн баруун хойд хэсэгт
Ливерпүүл, Манчестер хэмээх аж үйлдвэр, усан боомтын хоёр том хот бий.
Ливерпүүлийн усан боомтонд бууж ачигдсан бараа, материал аж үйлдвэрийн хот
Манчестерт хүргэгдэж, эцсийн бүтээгдэхүүн болдог байсан түүх хэдэн зуун дамжин
үргэлжилсэн юм билээ. Гэхдээ өнгөрсөн зууны эхэн үед зогссон гэдэг. Гол
шалтгаан нь Манчестер хот руу усан суваг татсанаар хөлөг онгоцууд Ливерпүүлд
зогсолгүй, шууд л Манчестерт бараагаа буулгах боломжтой болсонд байгаа юм.
Өөрөөр хэлбэл Ливерпүүлийн усан боомтынхон ажилгүй боллоо гэсэн үг шүү дээ.
Хөлбөмбөгийн “Ливерпүүл” багийн галзуу фэнүүд нь ихэвчлэн боомтынхон, тэдний үр
сад байсан гээд бодчихвол Манчестер болон энэ хотын “Манчестер Юнайтед” багийг
үзэн ядах үзэл их эртнийх болж таараад байгаа биз, анзаарав уу. Английн
хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид өөрийн багаа дэмжихдээ зохиосон дуугаа дуулах
явдал түгээмэл. Тэгвэл Манчестерийн балиашгууд одоо хүртэл “Ливерпүүл”-ийн
эсрэг тоглохдоо “Манайд усан онгоц ирдэг, бид ажилтай” гэх утгын дуу дуулж
өрсөлдөгчдөө өддөг гэсэн. Гэхдээ энэ бол “Ливерпүүл”, “МЮ” багуудын олон жилийн
ширүүн өрсөлдөөний нэгээхэн хэсэг нь л юм шүү дээ. Анх 1895 оны аравдугаар
сарын 12-нд учирч “Ливерпүүл”-ийн 7:1 гэсэн ялалтаар өндөрлөж байсан тэр нэгэн
цаг хугацаанаас хойш түм буман үйл явдал өрнөжээ. Английн хөлбөмбөгийн түүхэнд
хамтдаа нийлээд 120 цом хүртчихсэн агуу мундаг түүхтэй энэ хоёр багийн олон
арван жилийн сөргөлдөөнд газарзүйн байрлалаас гадна өөр түм буман шалтгаанууд
бий. Кевин Киган ба Бобби Чарьлтоны хоорондох тэмцэл, 1996 онд “Ливерпүүл”-ийн
хөгжөөн дэмжигчид Фергюсоныг цохиж, Кантонагийн нүүрийг шүлсэдсэн үйлдэл,
Суарес Эвраг арьс өнгөөр ялгаварлаж доромжилсон явдал гээд л бичиж болно.Тэгвэл
хэд хоногийн өмнө тоглосон 194 дэх удаагийн учраа ямар үйл явдлыг бидэнд
авчирсан билээ.

Юуны өмнө “Ливерпүүл”-ийн шинэ
дасгалжуулагч Юрген Клопп анх удаа “Энфилд” цэнгэлдэх хүрээлэндээ “заналт
дайсан”-ыхаа эсрэг тоглосон. Энэ герман эр “Ливерпүүл”-ийг удирдаж эхэлснээс
хойш уг баг тун цоглог тоглолттой болчихоод байгаа. Харин эсрэгээрээ “МЮ”-ын
дасгалжуулагч Ван Гаал хожигдсон тохиолдолд халагдах хуудас авч магадгүй
байдалтай байлаа. Гэхдээ эдгээр жижиг шалтгаануудыг бут цохих том шалтгаан нь
Рүнигийн тухай, энэ царай муутай залуу гоол оруулж чадах болов уу, үгүй болов
уу гэдэгт оршиж байсан. Ливерпүүл хотын хөлбөмбөгийн өөр нэг баг болох
“Эвертон”-д тоглож өссөн Рүни 2004 онд “МЮ”-д 25.6 сая фунт стерлингээр
зарагдаж очсоноосоо хойш “Ливерпүүл”-ийн балиашгуудын дунд туйлын дээд дайсан
нь болж хувирсан гэхэд хилсдэхгүй. “Би балчир бага наснаасаа л “Эвертон”-ыг
дэмжиж “Ливерпүүл”-ийг үзэн ядаж өслөө” хэмээн ярилцлага өгч байсан Шрек хочтой
энэ залуу “МЮ”-ийн төлөө тоглох хугацаандаа 175 гоол оруулж “Арсенал”-ын домог
болсон хөлбөмбөгч Т.Анритай мөр зэрэгцээд зогсож байлаа. Харин “Ливерпүүл”-ийн
эсрэг тоглосон саяын тоглолтод Уэйн Рүни хожлын гоолыг оруулснаар Английн
шилдэг хоёр багийн өрсөлдөөний түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.
Тодруулбал:

-Рүни 176 гоолтойгоор “нэг
багийн бүрэлдэхүүнд багтаж хамгийн их гоол оруулсан хөлбөмбөгч” гэж
нэрлэгдэхээр болов.

-Энэ жилийн Премьер лигт “МЮ”
гол өрсөлдөгчөө хүний ба өөрийн талбайд хоёуланд нь яллаа.

-Рүнигийн энэ гоол Энфилд
цэнгэлдэх хүрээлэнд “МЮ” багийн үе үеийн хөлбөмбөгчдийн оруулж буй 100 дахь
гоол нь.

Зөвхөн Премьер лигийн хүрээнд л
гэхэд 163 дахь удаагаа учирч буй энэ хоёр багийн дуусаагүй түүх нэг иймэрхүү
байна. Харин төгсгөлд нь тухайн тоглолтын баатар Уэйн Рүнигийн тухай тэр хэн
бэ, ямар үзэл бодолтой юу сонирхдог хүн бэ гэдэг жижигхэн блиц ярилцлагыг
хөрвүүлж толилуулъя.

-Хэрвээ таны тухай кино
хийгдвэл гол дүрд нь хэн тогловол тохирох бол?

-Мэдэхгүй ээ… Мэтт Дэймон.

-Дурсамж хадгалсан хамгийн гоё
гоол?

-“Сити”-гийн хаалганд хайчилж
хийсэн гоол.

-Өнөөдрөөс эхлээд зөвхөн
гуравхан л спортыг үз гэвэл сонголтоо хэлээч?

-Хөлбөмбөг, бокс, гольф.

-Хөлбөмбөгчдөөс өөр таны
хүндэлдэг тамирчин?

-Майкл Жонсон (дөрвөн удаагийн
олимпийн аварга, АНУ-ын гүйлтийн тамирчин асан.)

-Хамгийн сүүлд ямар хамтлагийн
дууг сонссон бэ?

-Өнөөдөр хувцас солих өрөөнд
Тина Түрнерийн дууг сонсож байлаа.

-Хөгжөөн дэмжигчдээс тавьж
байсан санаанд багтамгүй хүсэлт?

-Нэг балиашиг халзан толгой
дээрээ гарын үсгийг минь зуруулж авсан. Тэр их сонин байсан шүү.

-Тэр түүнийгээ шивээс болгосон
байх даа?

-Мэдэхгүй юм даа. Гар чичрээд
гарын үсгээ маруухан бичсэн тул тэгээгүй байх гэж найдъя.

-Хаана амрах дуртай вэ?

-Барбадос арал дээр.

-Ямар нэг шидэт увдистай бол
гэвэл юуг сонгох вэ?

-Хүнд харагддаггүй болох юмсан.
Өөрөөр хэлбэл үл үзэгдэгч гэсэн үг шүү дээ.

-Хөлбөмбөг тоглох хугацаандаа
мэдэрсэн хамгийн чухал мөч чинь хэзээ тохиосон бэ?

-Аваргуудын лигт түрүүлэх
агшинд галзуурах шахаж билээ. Тэр мөчийг дахин нэг удаа мэдэрнэ гэж найдаж
байна.

Д. Бат-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Сонгуулийн сурталчилгааг сониноор хийх нь итгэл үнэмшил төрүүлдэг

Ирэх зургадугаар сард УИХ болон орон нутгийн сонгууль болно. Улс төрийн намууд болон сонгуульд нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө сонгогч олондоо танилцуулна. Мөн нэр дэвшигчид өөрийнхөө хаана хэзээ төрсөн, ямар мэдлэг боловсролтой, ямар ажил эрхэлж байсан, цаашдаа сонгогчдын төлөө болон улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах зэргээ тайлбарлан таниулах учиртай. Туршлагатай, тулхтай улстөрчид сонгуулийн гол гол мөрийн хөтөлбөр, өөрийнхөө яриа хөөрөө, хийсэн бүтээснээ сонгогчдодоо тайлагнахдаа голдуу сонинг ашигладаг. Мэдээж, сонгуулийн явцад мэдээллийн бусад хэлбэрийг нэр дэвшигчид ашиглах боловч сонинд ач холбогдол өгдгийн учир нь давуу тал ихтэйг нь мэддэг, үр дүнг нь мэдэрсэн болохоор тэр.

Цаасан сонины хамгийн чухал тал бол цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүйгээр хаана ч уншиж болдог. Сонин уншихын тулд ямар нэгэн нэмэлт төхөөрөмж хэрэггүй, сайндаа харааны шилээ зүүгээд л шууд уншина. Интернэттэй байх шаардлагагүй. Тогтсон цагт уншихгүй бол алга болно гэсэн ойлголт сонинд үйлчлэхгүй. Нэг үгээр хэлэхэд сониноо авсан байхад хаана ч, хэзээ ч, хэдэн ч удаа уншиж танилцах боломжтой бөгөөд энэ хэрээрээ тухайн нам болон нэр дэвшигчийнхээ талаар цогц мэдээлэлтэй болдог.

Цаасан сонины өөр нэг ач холбогдол нь хариуцлагатай байдал. Сонин дээр хэвлэсэн бүхэн үнэн байдаг. Цахим мэдээллийн хэрэгсэл дээрх мэдээллийг устгаж болдог бол сонин дээр хэвлэсэн бүхэн хичнээн жилийн дараа ч тэр хэвээрээ хадгалагдаж үлддэг. Тийм болохоор өдөр тутмын сонинд гарсан бүхэн үнэн баримттай, хариуцлагатай, итгэл үнэмшил төрүүлж байдаг юм. Сонгогч олон түмэн ч сонин дээрх яриа, мөрийн хөтөлбөрийг нь дахин дахин уншиж түүндээ анализ дүгнэлт хийж байж хэнийг сонгохоо шийддэг. Түүнээс биш нэг удаагийн урсаад өнгөрдөг нэвтрүүлэг, цахим мэдээлэл зэргээс тулхтай ойлголт авч, өөрийн анализ дүгнэлтээ хийх боломж хомс юм.

Телевиз, янз бүрийн видео тоглуулагч ид гарч байх үед зарим судлаач театр үзэгчгүй болно гэж ярьдаг байлаа. Театрт юм үзэх гэж мөнгө төлж, цаг заваа барж байхаар тэнд гардаг жүжгийг гэртээ сууж байгаад телевизээрээ үзэж болно гэж тэд дүгнэсэн нь том алдаа байлаа. Жүжигчдийн харилцан яриа, сэтгэл хөдлөл, баяр хөөр, уйтгар, тэсгэл алдан уйлах нь хүртэл нүдэн дээр нь үргэлжилдэг болохоор үзэгчдийн тоо хэзээ ч буурч байсангүй. Театрын бодит орчин, жүжигчдийн амьд халуун тоглолтыг үзэгчид юугаар ч солилгүй өдийг хүрсэн юм. Түүн шиг телевизийн сувгууд хэдэн арваараа нээгдэж, зуу зуугаар тоологдох цахим сайтууд дээр фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээгээр мэдээлэл асар хурдтай тарж эхлэхэд цаасан сонины эрин үе дууслаа гэх хүмүүс байлаа. Гэтэл төдийгөөс өдий хүртэл цаасан сонины эрэлт хэрэгцээ хумигдсангүй. Харин ч дугаар гарахгүй нэг хоног өнжихөд сонин нэхсэн хэдэн зуун мянган гомдол тасралтгүй ирдэг билээ. Ер нь хүмүүс “сонин дээр гарахаар нь үнэн гэж бодлоо” гэж ярьцгаадаг. Үүнээс сонинг хариуцлагатай, буурьтай, үнэн бодитой гэж боддог нийтлэг ойлголт одоо ч хэвээрээ, тийм ойлголттой уншигчдын тоо цөөрөөгүй нэмэгдсээр байгааг харж болно.

Бизнесийн том компаниуд, түүний топ менежэрүүд реклам сурталчилгаандаа сонинг тогтмол ашигладаг. Цаасан сонин зөвхөн нэг хүн дээр тогтохгүй гараас гарт, гэрээс гэрт өртөөлөн хүрдэг учраас уншигчдын хүрээ асар өргөн. Хамгийн хариуцлагатай албан тушаалтны ширээн дээр ч, хонь хариулаад явж байгаа малчны өвөрт ч сонин байж л байдаг. Хүүхэд хөгшидгүй энд тэндээс нь гарчиглаж суудаг. Сонин дээр өнөөдөр хэвлүүлсэн рекламыг нэг сарын дараа ч хүмүүс уншиж л байдаг. Ийм боломж, уншигчдын өргөн цар хүрээг топ менежэрүүд мэддэг болохоор өдөр тутмын сонинг онцолж сонгодог юм.

Ийм болохоор ч улстөрчид сонгуулийн сурталчилгаагаа сониноор хийхийг чухалд тооцдог бөгөөд сонгогчид ч сонинд гарсан улстөрчийн яриа, мөрийн хөтөлбөрийг хүндэтгэн авч, ул суурьтай уншиж судалдаг.

О.ТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Сар шинийн барилдаанд хэн түрүүлэх вэ?

-П.БҮРЭНТӨГС ҮҮ, Ч.САНЖААДАМБА УУ, ЭСВЭЛ Б.ПҮРЭВСАЙХАН УУ ГЭСЭН ГУРВАЛСАН ЗУРАГ ХАРАГДААД БАЙГАА-

Бичин жилийн сар шинийн барилдаан ид яригдаж, бөхөд хайртай олон өөр өөрийн таамгийг дэвшүүлж эхэллээ. Хэн түрүүлэх бол гэдэг асуулт хамгийн анхаарал татах нь мэдээж. Бөх сонирхогчдын дунд П.Бүрэнтөгс арслан, Ч.Санжаадамба заан, харцага Б.Пүрэвсайхан нарыг тун дээгүүр барилдана, түрүү үзүүрт шалгарна гэсэн таамаг хөвөрч байна. Нэг хэсэг нь Бүрэнтөгс арсланг хамгийн магадлалтай гэж үзэж буй. Ингэж таамаглах нь ч аргагүй юм. Увс аймгийн Давст сумын харьяат залуу арслан Бүрэнтөгс төрийн наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлээд байгаа. Бөхөөр бол жинхэнэ ирэн дээрээ байгаа хүчтэн. Өнгөрөгч жилийн наадмаар Хэнтийн Э.Оюунболдтой түрүү үзүүрт шалгарч үзүүрлэсэн тэрээр наадмаас хойших намар, өвлийн барилдаануудад тасралтгүй зодоглож ихэнхэд нь түрүү хүртсэн.

Тухайлбал, Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулсан шилмэл бөхчүүдийн барилдаанд манлайлсан. Мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаанд улсын харцага Ө.Бат-Оршихтой үлдэж түрүүлсэн юм. Үндэсний бөхийн холбооноос гаргасан бөхчүүдийн чансааг одоогийн байдлаар Бүрэнтөгс арслан тэргүүлж байгаа. Тэгэхээр залуу арслангийн хувьд бичин жилийн сар шинийн барилдаанд түрүү үзүүрт үлдэнэ гэж зүтгэнэ. “Бүрэнтөгс хоёрын даваанд л бүдэрчихгүй бол дээшээ явна” гэж хэлэх хүн бий. Түүнд хоёрын давааны оноолт амаргүй байдаг бололтой. Өнгөрөгч оны намар, өвлийн барилдаануудад өнгөлөхдөө нэг удаа хоёрын даваанд залуу бөхөд годройтсон нь өөрийг нь дэмждэг олонд тийм сэтгэгдэл төрүүлжээ. Түүнийг сар шинийн барилдаанд түрүү үзүүрт гарч ирэхэд “шавар хааж” лай болох хоёр нөхөр бий. Гончигдамба, Санжаадамба хоёр л доо.

Хоёр Дамбын хувьд Бүрэнтөгсийг нэг нэг онхолдуулчихсан удаатай. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 91 жилийн ойн барилдаанд хоёр Дамбатай дараалж үзсэн хүн юм. Их шөвөгт Гончигдамбыг амлан барилдаад буулгаж авсан бол үзүүр түрүүнд Санжаадамбад тахимаа өгсөн. Тэрхүү барилдаанаас хэдхэн хоногийн дараа болсон Баянгол дүүргийн 50 жилийн ойн “Жанрайсиг бурханы авшиг” барилдааны их шөвөгт залуу арслан Гончигдамбыг дахин амлаж барилдаад унасан. Н.Батсуурь арслан, Ө.Бат-Орших харцага тэр гурваас Гончигдамбыг амласнаараа буруудсан байдаг. Хоёр томоохон барилдаанд хоёр Дамбад элэг бүсээ тайлсан тэрээр хэдхэн хоногийн дараа болох сар шинийн барилдааны их шөвөгт өнөө хоёр Дамбатайгаа тунаад үлдэхийг үгүйсгэх аргагүй. Ер нь өнөө жилийн сар шинийн баярын их шөвөгт П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, Б.Пүрэвсайхан, Б.Гончигдамба, Н.Батсуурь энэ хэдээс л тунах болов уу. Түрүү жилийн сар шинийн баярын их шөвгийн дөрөвт Н.Батсуурь арслан, Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр нарын заанууд, Р.Пүрэвдагва начин үлдэж Санжаа түрүүлж, Өсөхөө үзүүрлэж байсан.

Өнгөрөгч хонин жилийн өмнөх заал танхимын барилдаанд маш өндөр амжилт үзүүлэн тогтмол зодоглосон бөх бол улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва юм. Тэр ч амжилтаараа тавын даваанд Э.Оюунболд арсланг харцага цолтойд нь тунаж, зургаагийн даваанд Булганы Э.Энхбат начинг тунаж даваад долоод Санжаад тунаад унаж байсан. Пүрэвдагва уу, Мөнхбат аварга уу гэсэн яриа хонин жилийн сар шинийн өмнө бөхийн хүрээнд гарч байсан. Тэгвэл энэ жил өөр зураг харагдаж байна. Бүрэнтөгс үү, Санжаадамба уу, эсвэл Пүрэвсайхан уу гэсэн гурвалсан зураг харагдаад байгаа. Мэдээж цаана нь Намсрайжавын Батсуурь арслан бий. За тэгээд Гончигдамба гарьд байна. Өөр онцолчихмоор хүн юу билээ. Уул нь шинэ арслан Энхтөгсийн Оюунболд, уран мэхтэй, хийцтэй зоримог барилддаг Цэдэвийн Содномдорж харцага, аймгийн арслан Оргихын Хангай, өндөр Ганбаа буюу Нямдоржийн Ганбаатар гарьд гээд хүчтэй бөхчүүд байна л даа. Гэхдээ бөх сонирхогч олны таамаг дээрх гурвалсан нөхөд дээр буугаад байх шиг. Залуу арслан Оюунболдыг өнгөрөгч жилийн наадам шиг туйлчихыг хэн ч үгүй гэхгүй. Содномдорж харцага ч дээшээ гараад ирж болно.

Санжаадамбын хувьд улсын цолгүй бөх байхаасаа л цагаан сарын барилдаанд бужигнуулсан. Цэргийн арслан цолтойдоо До.Ганхуяг арслан, Г.Өсөхбаяр аварга нарыг дараалуулж орхиод түрүүлж байсан. Өнгөрсөн жилийн цагаан сараар нэг их сандарч тэвдэлгүй түрүүлж байв. Харин өнөө жил яах юм бол. Шөвгийн дөрөвт Увсын Н.Батсуурь арслантай тунах магадлал өндөр. Батсуурийг түрүүлдэг жилийн төрийн наадмын наймын даваанд тунаж барилдаад бараагүй. Хэдхэн хоногийн өмнө болсон шинэ Үндсэн хуулийн ойн барилдаанд түрүү үзүүрт үлдээд мөн л хавируулаад уначихсан. Тэгэхээр Санжаад хатуу учраануудын нэг бол Батсуурь байж таарна. Цаана нь Ховдын Пүрэвсайхан гэж гайхал бий. Бас л Санжаадамбын гол өрсөлдөгч. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Пүрэвсайхан хоёронтаа түрүүлээд байгаа. Оны зааг дээр болсон сүүлийн барилдааны түрүү үзүүрт Санжаадамба заан, Пүрэвсайхан харцага хоёр шалгарч Пүрэвсайхан давчихсан. Зааныг хүчтэй туйлахыг нь анаж байгаад уран гоё бултчихна лээ. Тэгээд л өнөөх нь хэвтээд өгч байгаа юм. Энэ жил их шөвөгт Пүрэвсайхантай тунах хувилбар бас бий.

Түрүү жил Санжаадамба зөнгөөрөө, аясаараа түрүүлчихсэн учир эргээд санахад барилдаан сонирхолгүй ч юм шиг. Гол учир нь улсын цолгүй залуучууд дороос шуугиулж гарч ирэхэд үзүүштэй, дараа нь ярих юмтай болдог. Тэр жил яалаа, Сүхбаатарын Магалжав гэж нөхөр зургаан залуу зааныг ид байхад нь дундуур нь шуугиулаад гараад ирсэн. 2000 оны цагаан сар шүү дээ. Магалжав шөвгийн дөрөвт Сүхбат аваргыг өвдөг шороодуулж, бөхийн өргөөнд цугласан олон жигтэйхэн баярлацгааж, ёстой нэг шавай нь ханах шиг болсон юм. Завханы Ш.Жаргалсайхан гарьд аймгийн цолтой байхдаа тэр жил Сумъяабазар аваргыг ид үед нь халз хутган арагш суулгаж, аатай барилдаж билээ. Түүний дараахан Шарын Мөнгөнбаатар гэж мөн л наран ургах зүг Сүхбаатар нутгийн залуу дархан ташаагаараа учраа бөхчүүдээ тонгорсоор байгаад түрүүлчихсэн. Ард түмэн бөөн хөөр баяр. Мөнгөнбаатарын тухай яриа газар бүрт, айл бүрт өрнөж, “Сар шинэдээ сайхан шинэлж байна уу, сайхан шинэллээ. Бөх ч ярих юмгүй сайхан боллоо. Шинэ хүн түрүүллээ. Мөн аатай хүү юм аа” гээд л тун чиг тааламжтай. Дараа нь Ховдын Оргихын Хангай гэж оргилж өгдөг залуу С.Мөнхбат аваргаас аваад бүгдийг нь хумхиж шидээд бөхөд дуртай монголчуудынхаа цөсийг нь хөөргөчихсөн. “Аргагүй нэг иртэй барилддаг залуу юм, энэ жилийн наадмаар ч тэсгээхгүй байх аа” гэх Хангайгийн өмнөөс баярласан олон нуруу тэнэгэр, сэтгэл хангалуун шинэлж байлаа.

Харин өнөө жил Магалжав шиг, Мөнгөнбаатар шиг, Хангай шиг дуулиан тарьчих зоримогхон аавын хөвгүүн хэн байгаа бол. Битүү морь гэдэг шиг нэг нөхөр манайхны хэлдгээр цоороод, цойлоод гараад ирэх ёстой юмсан. Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Довчингийн Нэгдэлийн хүү аймгийн хурц арслан Жаргалбаяр гэж бие хаа тэгш, сайхан залуу байна. Тэрээр хэдхэн хоногийн өмнө болсон “Талх чихэр”-ийн 256 бөхийн барилдаанд найм давж түрүүлсэн. Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн уламжлалт энэхүү барилдаанд хурц арслан Ш.Мөнгөнбаатартай үлдэж түрүүлжээ. Эндээс харахад, Жаргалбаяр шуугиулах магадлалтай. Мөн Оргихын Хангай дахиад л шуугиан тариад гараад ирж болно. Завханы Шархүүгийн Пүрэвгарьд гэж туранхай жижгэвтэр залуу байна. Бас л элдэвтэй барилддаг. Ямар ч байсан өөрийг нь хардаг фэнтэй юм билээ. Улсын цолгүй залуусаас гадна Төрөөгийн Баасанхүү гэж эвгүй нөхөр бий. Чац өндөртэй бөхчүүдийн салтаанд хоёр эргэчихээд яваад өгнө. Тэрээр дөрвийн давааны оноолтод Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, М.Өсөхбаяр гээд залуу заануудтай таарах магадлалтай. Хэнтэй ч таарсан эвгүйтүүлдэг, ялангуяа том цолтой бөхтэй таарвал улам задгай барилддаг бөх.

Түрүү жил Өсөхөө аварга зодоглосон нь ард олонд тун өндөр сэтгэгдэл төрүүлсэн. “Дархан аваргатай баяр ийм гоё” гээд бахдаад байсан. Монгол бөх бол монгол үндэстний өв соёлын дархлаа гэдэг. Ард түмнээ хүндэтгэж, өв соёл, ёс уламжлалаа дээдэлж дархан аварга зодоглосон нь олон түмнийг баярлуулж, цэнгүүлэхээс өөр яах билээ. Өсөхөө аварга аймгийн арслан Ц.Чимэддорж, улсын начин Б.Амарзаяа нарын залуучуудаар дөрөв, тав давж дунд шөвөгт шалгараад нутгийн дүү Санжаадамбадаа тахимаа өгч байв. Өнөө жил мөн л зодоглох болов уу. Зодоглохгүй байлаа гээд ард түмэн гомдохгүй. Учир нь энэ цагийн идэрхэн хүчтэнүүд болох С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын аваргууд төрт ёсны баяраа хүндэтгэж зодоглохгүй байгаа нь харин олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа. Эрхбиш цагаан сарын баярт зодоглох байх. Мөнхбат аварга наадмаас хойш бараагаа харуулаагүй байж байгаад сая Үндсэн хуулийн баяраар зодоглосон. Эрхэмээ тэр хоёр аваргын буйр зааж барилдах байлгүй дээ.

Бичин жилийн барилдаан өөрийн гэсэн өнгө жавхаатай сайхан болох нь мэдээж. Саяхандаа, ерээд оны эхээр “цахилгаан” Мөнхөө гэж аймгийн арслан бөөн сүр дуулиан болж нүцгэлэн, олны алга ташилтад даруулдаг байлаа. “Хөгшин болсон би барилдах дуртайдаа зодоглодог юм биш. Алтайн хязгаарт суугаа ижийдээ амьд байгаа гэдгээ арааживаар дуулгах гэж зодоглодог юм” хэмээн Мөнхөө гуай хэлсэн гэдэг. Тулгаа заан Увсын хязгаараас тээврийн тэрэгтэйгээ спортын төв ордны үүдэнд битүүний өдөр тоос татуулан ирдэг сэн. Тийм л яриа хөөрөө, өнгө баясалтай сар шинийн барилдаан болдог жамтай.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ цаг-үе

Дашдооровын Маралгоо: Аавын минь найзууд “Адууны туурайн тамгатай авьяаслаг монгол зохиолч” гэж хүндэлдэг байсан

Зохиолчид хадлан дээр

Ардын уран зохиолч, төрийн шагналт С.Дашдооров агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Дооровыг дурсахуй” дурсамж өдөрлөг өчигдөр СУИС-ийн “Оюутан” театрт боллоо. Зохиолч Сормууниршийн Дашдооров Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шороотын хөх овооны бууц хэмээх газар 1936 оны хулгана жил төрсөн нэгэн. Дэлгэрхангайдаа бага, Мандалговь хотод дунд сургууль дүүргэж, Улаанбаатар хотноо багшийн сургуульд суралцаж, багшийн мэргэжил эзэмшээд, хоёр жил сургуулийн багшаар ажиллажээ. Удалгүй утга зохиолын ажилд шилжин, Монголын зохиолчдын хороонд утга зохиолын ажилтан болж, Москва хотод Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцсан байдаг. Тэрээр “Монгол кино” үйлдвэрт ерөнхий редактор, Батлан хамгаалах яаманд цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, “Цог” сэтгүүлийн утга зохиолын нарийн бичгийн даргын ажлыг хийж байжээ. С.Дашдооров агсан 1975 онд төрийн шагнал “Говийн өндөр” туужаар авсан бөгөөд 1998 онд ардын уран зохиолч цол хүртсэн байдаг. Уран бүтээлийн их анд Дооровоо дурсахаар ардын уран зохиолч Т.Галсан, Б.Догмид, ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, Х.Зандраабайды, До.Цэнджав, багш Сосор нараас гадна МЗЭ-ийн удирдлагууд, Дэлгэрхангай сумын төлөөлөл, үзэг нэгт нөхөд нь хүрэлцэн иржээ. С.Дашдооровын уран бүтээл судлалаар уралдаан зарлаж гуч гаруй бичвэр шүүмж ирснээс залуу судлаач Х.Чойдогжамц тэргүүн байрт шалгарч, яруу найрагч Ж.Баяржаргал, эрдэмтэн зохиолч П.Батхуяг, судлаач Т.Доржсүрэн нар удааллаа. Дурсамж өдөрлөгийн үеэр их туурвилчийн охин Дашдооровын Маралгоотой уулзаж хөөрөлдлөө.

-Дашдооров гуай бол монгол түмний хайртай зохиолч. Аавынхаа тэгш ойг яажшуухан тэмдэглэж байна даа?

-Зөвхөн наян насных нь ойг тохиолдуулан аавыгаа дурсаж байгаа юм биш. Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр гуай бидэнд “Аавынхаа дурсгалыг ингэж мөнхжүүлээрэй” гэсний дагуу шат дараатай ажлыг бид хийж эхэлсэн. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Бууж мордох хорвоо” шилдэг өгүүллэгийн, “Говийн өндөр” туужийн, “Хойтон жилийн наадам” шүлэг найраглалын гурван ботийг нь хэвлүүлсэн. Өнгөрөгч онд төрсөн нутаг Дэлгэрхангай сумын сургууль дээр наян насных нь ойн нээлтийг дуу хууртай, өргөн дэлгэр хийсэн. Миний аав бага сургуульд байхдаа шүлэг бичиж эхэлсэн бөгөөд 16 наснаасаа шүлгээ хэвлүүлж эхэлсэн байдаг. Шүлэг, яруу найргийн зэрэгцээ үргэлжилсэн үгийн зохиол бичсэн. Анхны өгүүллэг нь 1956 онд хэвлэгдсэн “Сэргэлэн багачууд” гэдэг өгүүллэг байлаа. Үүний дараа “Шинэ сурах бичиг”, “Алтан хараацай”, “Өнчин цагаан ботго”, “Бяцхан Боролзой” зэрэг хүүхдийн зохиолууд хэвлүүлсэн юм билээ. Тиймээс 2015 оны есдүгээр сарын 17-нд зохиолчийн гэр бүлээс санаачлан “С.Дашдооров сан”-г байгуулж төрийн шагналт, ардын уран зохиолч С.Дашдооровын нэрэмжит ерөнхий боловсролын дунд сургуульд ном хандивласан.

-Аавынхаа төрөлх сургуульд ямар номууд хандивлав?

-АНУ-ын Монгол судлалын төвийн дэмжлэгтэйгээр гадаад хэлний зуу гаруй номыг сургуулийн номын санд хандивлалаа. Сургуулийн хүүхдүүд анги хамт олноороо зохиолчийн намтар түүх, уран бүтээлээр ханын самбар гаргаж, өөрсдөө шүлэг зохион уншиж мөн зохиолчийн шүлгээс уран уншлага хийж уралдсан. Нийт 42 хүүхэд оролцсон уралдаанд дөрөвдүгээр ангийн сурагч Ө.Даваасүрэн уран уншлагаар тэргүүлсэн. Зохиосон шүлгээрээ долдугаар ангийн сурагч Э.Хүслэнжаргал, С.Тэгшзаяа, дөрөвдүгээр ангийн сурагч Т.Тэргэл нар шалгарсан. Эрдэм номын их үйлсэд зориулсан ном хандивлах арга хэмжээг зохион байгуулахад аавын нутгийн унаган хүү, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин дуучин Г.Хайдав, төрийн шагналт зохиолч Д.Батбаяр нар оролцож, нутгийн зон олонтой уулзаж, ухаант мэргэн үгсээ хэлж, ирээдүй хойч үеийн төлөөлөл болсон сурагчидтай уулзлаа. Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр сургуулийн номын санд өөрийн уран бүтээлүүд болон “Монголын шилдэг өгүүллэг туужийн дээжис” боть номуудыг бэлэглэсэнд маш их баярласан. Манай сангаас ч аавын уран бүтээлийн дээжээс өргөн барьсан.

-Үрийн хувьд аавынхаа нутаг усныханд буянтай сайхан үйл хийжээ?

-“Шинэ Монгол” сургуулийн гүйцэтгэх захирал П.Наранбаяр сурагчидтай уулзаж, багш нарт арга зүйн зөвлөгөө яриа хийж, хот хөдөөгийн алслагдсан сургуулийг холбох гүүр тавих эхний алхмыг эхлүүлсэнд бас баяртай байгаа. П.Наранбаяр сургуулийн хүүхдүүдийн гадаад хэлний мэдлэгт зориулж япон хэлний толь бичгүүд бэлэглэсэн л дээ. Биднийг Дэлгэрхангайд явж байх үеэр урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, найраг баянхуурч Тэрбиш гуай санаандгүй таарч, өөрийн ая дуугаар мэндчилгээ дэвшүүлж, хүүхэд залуучуудыг хөгжөөсөн нь “Сайн хүн санаагаараа” гэдгийн үлгэр болсон доо.

-Өөр хийж бүтээх зүйл зөндөө байгаа байлгүй?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Дашдооров судлал” төвийг байгуулж анхны томоохон ажил нь өнөөдөр дүнг нь гаргасан судлал шүүмжийн уралдаан байлаа. Аавын үеийн ахмад зохиолчид орчлонгийн жамаар маш их цөөрч байгаа. Энэ сайхан хүмүүсээр яриулж, бичүүлж авсан бүхнээрээ ирэх гуравдугаар сард аавын тухай дурсамжийн номыг хэвлүүлэхээр бэлтгэж байна. Бас зурагтын нэвтрүүлгүүд ч бэлтгэж эхэлсэн.

-Аав чинь эцэг эхээс хэдүүлээ хүн байв?

-Миний аав эцэг эхээс хоёулаа. Бүсгүй дүүг нь Нанжид гэдэг хүн байсан. Дэлгэрхангайдаа насаараа амьдарсан. Ааваас хойш авга эгч маань бурхан болсон доо.

-Өөрийг тань Дооров зохиолчийн амины ганц охин гэлцэх юм билээ. Аавынхаа тухай, бага насныхаа дурсамжаас хуваалцаач?

-Аав маань орчлонд байхгүй сайхан эцэг хүн байсан. Биднийг “Гэрийн даалгавраа хийсэнгүй, гэр орон цэвэрлэсэнгүй” гэж үглэж яншаад байхгүй. Би нийслэлийн нэгдүгээр сургуульд сурдаг байсан л даа. Эцэг эхийн хурал болно, ээж дандаа явна. Аав хааяа нэг очихдоо миний ангийг андуураад өөр ангийн хуралд суучихаад ирнэ. Ирээд “Ингэхэд Марал хэддүгээр анги билээ” гэж асууна. Нүдэн дээр нь эрүүл саруул өсөж л байвал миний юу хийж байгааг огт сонирхдоггүй хүн байсан. Тэр бол охиндоо итгэсэн хамгийн гайхамшигтай сэтгэл байж. Жаахан байхад хаана л шинэ тоглолт, жүжиг, кино гарна тэнд намайг байнга дагуулж очно. Тэр нь надад их том боловсрол болсон. Хүүхдэд маш их хайртай. Ямар ч буруу зүйл хийсэн охиноо хэзээ ч загнахгүй.

-За, ямар буруу үйл хийгээд аавдаа загнуулахгүй өнгөрч байв?

-Аавыг ЗХУ-ын Новосибирск хотод уран бүтээлийн томилолтоор айлчлахад тэндхийн зохиолчдын хорооноос бэлэглэсэн нүүрнийх нь таг нээгдэхээр хөгжим дуугардаг, гоё гинжин зүүлттэй цаг байлаа. Аав тэр цагандаа жигтэйхэн их хайртай. Хааяа чухал үед гаргаж зүүн гангарах мөн ч дуртайсан. Тэр цагандаа намайг тэр бүрий хүргэхгүй. Нэг удаа нөгөөх цагийг нь авч “Илбэ үзүүлж байгаа нь энэ” гэж тоглож байгаад гахиуран шалан дээр унагаад эвдчихлээ. Аав маань хэзээ ч загнаж байгаагүй ч буруу зүйл хийсэндээ гэмшин байсан газарт нь сэмхээн буцаагаад хийчихээд бурханы өмнө мөргөө л, залбираа л суугаад байлаа. Тэгтэл аав орж ирээд “Юу хийж суугаа юм, миний охин” гэнгүүт годхийгээ л гүйгээд алга боллоо. Аав тэгэхэд намайг цагаа эвдсэнийг мэдчихсэн байсан юм билээ л дээ.

-Яаж мэдсэн гэж?

-Хэд хоносны хойно ээжид маань “Хөгшөөн, энэ цаг эвдэрчихсэн байна” гэж зүгээр л юм ярьж байгаа юм шиг хэлж байна шүү. Би “Одоо л загнана даа” гээд хүлээгээд байсан чинь загнах нь байтугай юу ч болсонгүй. Би бас зурагтын антеннаас татаад эвдчихдэг хүүхэд байсан. “Уран үгсийн чуулган” болоход аав өгүүллэгээ надад хамгийн түрүүнд байнга уншуулдаг байсан юм. Цаг эвдсэний дараахан болсон чуулганд оролцох өгүүллэгээ уншуулсангүй. Намайг дагуулж очлоо. Аавын өгүүллэг “Хүүхдийн ааш” гэсэн өгүүллэг байна. Тэр өгүүллэгт нэг цаг эвдсэн хүүхдийг аав нь аашлахдаа “Чи дандаа л зурагтын антен эвдэх юм” гэж байгаа тухай гарч байна. Тэр өгүүллэгийг сонсож суухдаа хацар, чих улайж, нүүр хийх газаргүй болчих шиг л санагдсан.

-Аавдаа их гомдов уу?

-“Миний хийсэн хэргийг бүгдийг нь бичээд байхдаа яахав дээ. Аавтай ёстой дуугарахгүй юм шүү” гээд нулимс яг гарчих гээд маш их хэцүү байсан. Аав намайг гэм үйлдээд бурханд мөргөж байгааг харчихаад загнаагүй юм билээ л дээ. Тэрнээс хойш биеэ их нямбай авч явж, юм эвдэхээ больсон л доо. Хоёр, гуравдугаар ангийн тэр гэнэхэн үе минь одоо ч надад санагдсаар байдаг юм.

-Аавыгаа хөөрхөн дөнгөчихдөг л охин байж дээ?

-Аавын найз зохиолчид орж ирэхээрээ “Марал байгаа юу” гэж хаалганы цаанаас сэмээрхэн асууж орж ирдэг байсан. Хэрвээ намайг гэрт байна гэвэл архиа гаргахгүй буу халаад сууцгаачихна. Лонх юм гаргаад ирвэл би гүйж очиж аваад зугтаасаар асгачихдаг охин байж. Жаахан хүүхэд байсан болохоор “Аав архи уувал муухай” гэсэн бодолтой байхгүй юу. Намайг хүүхэд байхад архи олдохгүй хэцүү үе байсан. Одоотой адил баар сав ч байсан биш. Ганц олдуут л аавтай минь хувааж сэржимдэх гэж ирдэг байсан. Тэр үед дөрөв, тавуул шимж хайрлаж уудаг байсан рашааныг нь асгадаг байсандаа одоо харамсах юм даа. Аав ч, аавын найзууд ч надаас их айна. “Маралаа, миний охин дэлгүүр ороод гоё чихэр авч ид” гээд мөнгө өгнө. Намайг дөнгөж гараад ирэхэд амжуулчихсан сууж байна.

-Зохиолчид юу гэх вэ?

-Тэр ховрын юмыг нь асгачихаар ямар олиг байх вэ. Загнах санаа байдаг л байсан байлгүй. Тэгэхдээ ааваас санаа нь зовоод яаж ч чадахгүй. Архийг нь аваад зугтаахаар муу аав минь “Миний охин ямар хөөрхөн зугтааж байна аа” гээд хошуугаа унжуулаад өхөөрдөхөөс цаашгүй. Зохиолчдын хороон дээр нэг удаа архийг нь асгачихсан чинь олон зохиолч ах халаглаж харамсаж муухай харахад аав л ганцаараа “Еэ, миний охин” гээд нүдэнд нь инээмсэглэл тодроод баясаж байсан. Тэгэхэд тэнд байсан бүх зохиолч асгарсан архинаас духандаа хүргэж сэржим өргөчихөөд явж байсан. Дунд сургуульд байхдаа аавынхаа зохиолуудаас их ичдэг байлаа.

-Яагаад?

-Хайр сэтгэлийн сэдэвтэй шүлэг найраглал, өгүүллэгийг нь уншаад “Аав одоо хөгшин хүн байж юун балай юм бичдэг юм” гэж л ичихгүй юу. Би чинь аавынхаа 48-тайд төрсөн юм шүү дээ. Тэрнээс миний аав их энгийн гайхамшигтай хүн байсан. Алдар нэртэй, авьяас билигтэй байлаа гээд одооны од гэж байгаа хүмүүс шиг өмссөн зүүсэн, өнгө мөнгөөр ялгарах гээд чармайгаад байдаггүй хүн байсан. Духан дээрээ багадаа дааганд өшиглүүлсэн туурайн том сорвитой. Тэрийг нь зохиолч найзууд “Адууны туурайн тамгатай авьяаслаг монгол зохиолч” гэж цаанаасаа л бахархсан янзтай хэлдэг байсан.

-Аавын чинь сэтгэлээ хуваалцдаг хамгийн дотно найз нь хэн байсан бол?

-Зохиолчид бүгдээрээ л аавд минь сайн байсан. Харин социализмын үзэл суртал хатуу тэр үед Чингис хааны тухай ч юм уу, нутгийнхныхаа хэлмэгдсэн хүмүүсийн талаарх нарийн ширийн бүхнээ чин сэтгэлээсээ ярьдаг, бухимдлаа илэрхийлдэг хүн гарын хуруунд багтам цөөхөн байсан. Тэрний нэг нь Сэнгийн Эрдэнэ гуай. Яруу найрагч Долгорын Нямаа гуайтай бас их дотно байлаа.

-Аав, ээж хоёр нь хоорондоо ямаршуухан харилцаатай байв?

-Манай ээж залуугаасаа уран бүтээлд их элэгтэй, зохиолд дуртай хүн байсан. “МОНЦАМЭ” агенлагийн англи хэлний нэвтрүүлгийн редакцийн анхны орчуулагч Итгэл гэж хүн байсныг үеийнхэн нь андахгүй. Залуу зандан насандаа уран бүтээлд татагдаж явахдаа орчуулагч Доржийн Гомбожав гуайтай сэтгэл зүрх нэгтгэж явсан байдаг. Гүржийн алдарт яруу найрагч Шота Руставелийн “Барсан хэвнэгт баатар” туулийг орчуулаад 800 жилийнх нь ойд яваагүйдээ гутарч яваад цэл залуугаараа нас барсан гэдэг тэр нэрт орчуулагч шүү дээ. Тэр хүн манай ээжийн найз залуу байсан юм билээ. Аав, Гомбожав гуай хоёр маш их найзууд байсан гэдэг. Аав, ээж хоёр минь тэр хүний тухай хоорондоо маш их хайрлан ярьдаг байсан. Кино үзэж байгаад “Энэ дээр жаахан деталь дутчихаж” гэх ч юм уу уран бүтээл их ярина. Ээж орчуулагч болохоор ааваас монгол үг их асууна. Мөнхийн л уран бүтээлээр холбогдсон улс байлаа. Ээж уран бүтээлд их хайртай хүн байсан болохоор залуудаа шүлэг бичээд Гомбожав гуайд үзүүлтэл “Чи ер нь өгүүллэг бичээч” гэсэн байгаа юм. Тэгээд нэг өгүүллэг бичиж. Хожим аавтай амьдарч байхдаа уншуултал “Чи шүлэг бичвэл яасан юм” гэсэн байгаа юм. Хайртай хүнээ “авьяасгүй” гэж шууд хэлчихэж чадахгүй тойруулж байсан тэр хоёрын сэтгэл агуу байгаа биз.

-Ээжийн чинь бичсэн бүтээл байгаа юу?

-Ээж маань Канадын зохиолч Стивен Лийкокийн “Өөгүй дурлалын лавлах” гэдэг хошин шогийн алдартай зохиолыг орчуулсан. Ээжийгээ 2006 онд бурхан болсны хойно энэ номыг дурсгалд нь зориулж хэвлүүлсэн.

-Тэр сайхан аав, ээжийн үр нь юм чинь уран бүтээлчийн хорхойтой л байж таараа даа?

-Ээжийг ном орчуулж байхад аав сайхан монгол үгээр хэлж өгнө. Тэрийг нь би аавынхаа машинаар цохиж өгдөг байлаа. Тэр сайхан үгийн ертөнцөд аж төрсөөр орчуулга миний хообий шиг болчихсон. Арван жилийн сурагч байхдаа “Цэнхэр дэлгэц”, Аюурзана зохиолчийн эрхлэн гаргаж байсан “Өчигдөр” сонинд юм орчуулж өгдөг байлаа. Оюутан байхдаа ямар ч байсан цагаан самрынхаа мөнгийг өөрийнхөө орчуулгаар олчихдог л байсан. Ах Гэрэлтөвтэйгөө хамтарч “Эртний хүний мөрөөр” номыг хожим орчуулж гаргасан. “Дэлхий бөөрөнхий биш” номыг бичсэн Томас Фрийдманы “Халуун хавтгай дэлхий” номыг орчуулсан.

-Өөрөө Японоос ирээд хэдхэн хонож байгаа гэсэн. Тэнд юу хийж байна?

-Намайг Японд гэр бүлээрээ амьдарч байгаа гэхээр “Япон нөхөртэй юу” гэж асуух хүн олон байдаг. Манай нөхөр Японы алдартай “Hitachi” компанийн “Hitachi solutions” салбар компанид программистаар ажилладаг Баянхонгорын Баацагааны уугуул Энхбаяр гэж залуу бий. Японд хуулийн ангид суралцаж байхдаа танилцаж гэр бүл болоод Мишээл гэж хөөрхөн охинтой болсон хоёр доо.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Эмэгтэй удирдагчдыг олон болгохыг хүсч байна

Биднэвтрүүлгийн шинэ дугаарт УИХын гишүүн Ц.Оюунгэрэл оролцсон байна. Түүний оролцсон нэвтрүүлгийг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэе.

Таны санаачилсан Соёлын тухай хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжээд эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжих хөрс орчин нь бүрэлдсэн болов уу?

-Маш их бүрэлдсэн гэж бодож байгаа. Нэгдүгээрт, монгол залуучууд маань бүтээлч сэтгэлгээтэй, технологийн дэвшлийг хурдан эзэмшдэг, авьяастай. Тийм учраас ямар ч контентыг гаргах боломжтой гэж үзэж байгаа. Нөгөө талаас телевизүүд маань төлөвшиж байна. 25 жил хуулбар материалаар явлаа шүү дээ. Гэтэл бид чинь дэлхийн оюуны өмчийн байгууллагад элсчихсэн, оюуны өмчийн бүх конвенцид нэгдчихсэн, 1997, 2002 онуудад томоохон конвенциудад нэгдчихсэн. Түүнээс хойш өөрийн гэсэн зохиогчийн эрхтэй, контент үйлдвэрлэгч орон болно гээд хуулиудаа гаргачихсан. 1993 онд Зохиогчийн эрхийн тухай хууль гарснаас хойш яг 23 жил болж байна. 23 жил болоход улс орон төлөвших бүрэн боломжтой, улс орны оюунлаг бүтээлч давхарга бүтээлээ нийлүүлэх цаг нь болсон. Тийм учраас энэ хуулийн цаг нь болсон. Хэрвээ бид энэ хуулиа гаргахгүй дахиад жаахан өөрсдийгөө эрхлүүлэх юм бол олон улсын хэмжээнд магадгүй оюуны өмчийн зөрчилд орно. Нөгөө талаас бид өөрсдийнхөө соёлыг алдана. Дээр нь өөрсдийнхөө залуу үеийг монгол биш болгоно. Тэгэхээр бидэнд хүлээх цаг байхгүй. Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ би цалин өндөртэй болж байж хүмүүжүүлье гэдэггүй шүү дээ. Яг үүнтэй адилхан бидний хүүхдүүд, дараагийн үе гарлаа, бид илүү тоног төхөөрөмжтэй болчихоод хүмүүжүүлье гэж болохгүй. Тиймээс залуу үеийнхээ төлөө хүч хөдөлмөр гаргах цаг нь болсон.

Хуулийн гол санаа бол даяаршлын шуурганд өв соёлоо хамгаалж үлдэх, дэмжих гэсэн нийтлэг шинж явж байгаа. Энэ нь ч олон нийтэд таалагдаж байгаа. Хэрвээ зөрчлийн асуудал гаргаад байх юм бол зөрчлийн хуулиар нь торгоод, цаашлаад эрхийг нь хязгаарлах зэргээр явчих байх л даа?

-Тэгнэ, манайд одоо ч гэсэн энэ хууль мөрдөгдөж байгаа. Соёлын тухай хуульд л давхар ороогүй байсан болохоос биш, одоо ч гэсэн мэдээлэл харилцаа холбооны хороонд телевизүүд эрхээ авахдаа үзүүлж байгаа зүйлийнхээ 50 хувийг үндэсний агуулгатай зүйл үзүүлнэ гэж эрхээ авдаг. Ганцхан тэр эрхээ авсан зүйл нь одоогоор хууль биш гэрээ, журам маягтай яваад байсан. Үүнийг ялангуяа соёлын агуулгатай зүйл дээр нь хуульчилж өгч байгаа.

Та хог хаягдлын тухай хуульд нэмэлт оруулах төсөл дээр ажиллаж байгаа. Энэ хууль байнгын хороонд хэлэлцүүлгийн шатанд явж байх шиг байна. Энэ хуулийн өөрчлөлтийн талаар асуумаар байна?

-2012 онд баталсан хуульд нэмэлт оруулж байгаа. Ямар нэмэлт гэхээр тус хуульд эдийн засгийн механизмуудыг оруулж өгч байгаа. Хог хаягдлыг зөвхөн хог гэдгээр нь харахгүй, жишээлбэл, цаасыг хэрэглээд хаяхдаа хог гэдгээр нь харахгүй, цаасыг цуглуулдаг сүлжээг бий болгох, цаашаа түүнийг нь авдаг газруудыг бий болгох хөшүүргүүдийг оруулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр яригдаж байгаа байгаль орчны нөөцийг дахин ашиглах эдийн засгийн механизмыг оруулж байгаа юм. Хорин жилийн өмнөх хоолны хаягдал одоогийнхоос өөр байсан. Жишээлбэл, бид талх идлээ гэхэд талхнаас зөвхөн үйрмэг гардаг байсан. Үүнийгээ бид шувуунд өгдөг, тэгээд хоггүй байлаа. Гэтэл одоо бидэнд талхны гялгар уут, гялгар уутны амыг боосон целлиод гарч ирж байна. Шинэ хуулийн төсөлд бид хог үүсгэгч нарыг үүрэгжүүлсэн шинэ заалтууд оруулж ирэх шаардлагатай гэдэг үүднээс ахуйгаар гарч байгаа маш олон төрлийн хог, мөн үйлдвэрлэлээс гарч байгаа янз бүрийн хогон дээр нэг бүрчлэн тэр материалын амьдралын схемыг хуульчилж өгөх хэрэгтэй болсон. Тэр утгаараа бид шингэн, хатуу, аюултай хог хаягдал зэрэг бүх хогийг бүхлээр нь авч үзэхийг зорьсон.

Манай улсын хүн амын тав орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах хуулийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг та ахлан ажиллаж байгаа. Энэ хуулийн онцлог нь юу бол. Бас юугаараа тэр хүмүүст илүү хэрэгтэй вэ?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд боловсруулагдан, Засгийн газраас өргөн барьсан хууль байгаа. ХАХНХЯ өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг оруулж байгаагүй. Энэ бол анхдагч хуулийн төсөл. Яагаад анхдагч гэж үзэж байгаа гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийнх нь тухай хууль юм. Энэ хүн ийм эрхтэй, энэ эрхийг нь зөрчвөл ялгаварлан гадуурхалт болно гэдгийг тунхаглаж байгаа учраас тухайн хүний эрхийг хамгаалах заалтууд орно. Жишээлбэл, бид дохионы нэвтрүүлэгчгүй мэдээ, ярилцлага нэвтрүүлдэг. Энэ маань сонсголын бэрхшээлтэй хэн нэг хүний эрхийг зөрчиж байгаа явдал. Сонсголгүй хүнийг улам илүү бэрхшээлтэй болгож байгаа тэр зүйлийг нь нийгмийн саад бэрхшээл гэж үзэж байгаа юм. Тэгэхээр бид нийгмийн талаасаа саад бэрхшээлийг багасгах хууль батлах хэрэгтэй болж байна. Ингэхээр цаг үеийн мэдээ, Ерөнхийлөгчийн үг хэлэх, УИХ-ын чуулган гэх мэт иргэдийн авах ёстой мэдээлэлд бид дохионы хэл ашиглах ёстой. Гадны улс орнуудад мэдээ, мэдээлэл 100 хувь иргэддээ хүрсэн байх ёстой гэсэн хуультай учраас жишээлбэл CNN нэвтрүүлгээ бичгээр, дохионы хэлээр давхар дамжуулдаг. Би энэ хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд, хүний эрхийн хуульчаар олон жил ажилласан хүнийхээ хувьд юуг илүү анхааръя гэж бодож байна гэвэл ялгаварлан гадуурхалтыг багасгах, алга болгох энэ чиглэлд хуулийн заалтуудыг илүү тодорхой зааж өгье гэж бодож байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн дээд чуулган боллоо. Та яагаад дахин нэр дэвшсэнгүй вэ?

-Ер нь бол эмэгтэй удирдагч, эрэгтэй удирдагчийн халаа сэлгээний асуудал их өөр гэж ойлгох хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг олон мянган жилийн турш удирдагч гэж харахгүй, туслах гэж харсаар ирсэн юм байна. Эрэгтэйчүүдийг шууд удирдагч гээд хараад явчихсан. Монголын түүх, дэлхийн түүх гэхээр дандаа эрэгтэй хүмүүсийн түүх болоод байдаг. Ардчиллын түүх гэхээр дандаа эрэгтэй баатруудын түүх ч гэх юм уу. Ингээд харахаар эмэгтэйчүүд олноороо улс төрд ороогүй, удирдах түвшинд гарч ирээгүй, эмэгтэйчүүдийг удирдагч гэж ард түмэнд танилцуулаагүй учраас биднийг удирдагч биш гэж ойлгоод байдаг. Гэтэл удирдах чадвар бүгдэд маань байгаа. Тийм учраас дэлхий нийтэд эмэгтэйчүүдийг дэмжих хөдөлгөөн эмэгтэй хүн, эмэгтэй удирдагч нарынхаа халаа сэлгээг, дараагийн үеийг хурдан хурдан танилцуулж олон үеийг гаргаж ирэх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Би дэлхий нийтийн энэ хандлагыг дагаад хэдийгээр надад хоёр дахь удаагаа нэр дэвших эрх байгаа боловч дараагийн үеийн эмэгтэй удирдагч нарыг хурдан танилцуулах, олноор нь гаргаж ирэхэд хувь нэмрээ оруулах үүднээс би хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлээгүй.

Энэ холбоо ер нь намын мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулахад нь яаж нөлөөлж ирсэн юм бэ? Та тодорхой жишээ дурдаач?

-2012 онд намын мөрийн хөтөлбөр боловсруулах үеэр бид ягаан хайрцганд эмэгтэйчүүдийн байгууллагуудаас ирсэн хүслүүдээ томъёолж бичээд оруулсан. Үүн дотор хүүхдийн цэцэрлэгийн асуудал, эрүүл мэнд, боловсрол, соёл, газрын асуудал гээд бүх төрлийн саналууд гарч байсан. Бидний өгсөн саналуудаас ихэнх нь мөрийн хөтөлбөрт орж, хэрэгжээд явж байгаа.

Та саяхан өөрийн твиттер хуудастаа нэр дэвшихгүй гэсэн агуулга бүхий зүйл жиргэсэн байсан. Сая бас залуу эмэгтэй удирдагчдыг төрүүлэхэд анхаарч байгаагаа дурдлаа. Монголыг дэлхийд таниулах ном бичихдээ цаг заваа зарцуулах гэж байна уу? Аль эсвэл өөр шалтгаан байна уу?

-Тэр бол цэвэр миний уран бүтээлийн сонирхлоор бичигдсэн мэдэгдэл л дээ. Уран бүтээлийн сонирхлын хажуугаар улс төрийн үүрэг хариуцлага давхар байгаа учраас намынхаа хурал дээр, намын гишүүддээ энэ талаар хараахан хэлээгүй байна. Хэлэх боломж ч надад олдоогүй байгаа. Энэ тал дээр ярихад би намын шийдвэр тодорхой хэмжээгээр надад нөлөөлөхгүй гэх газаргүй. Яг энэ үед бол юуг илэрхийлж байна гэхээр дараагийн үеэ тосч авахад бэлэн байна шүү гэдгээ л илэрхийлж байгаа юм.

Гучин хувийн квоттой холбогдуулаад асуухад, 2012 оны сонгуулиар намын нэрсийн жагсаалтад эхний 10-т бичигдсэн эмэгтэйчүүд УИХын гишүүн болсон. 28 нэр дэвшигчийн 9-10 нь эмэгтэй байна гэсэн үг. Гэвч үүнийг эрэмбэлж өгөөгүй л дээ, хуульд. Энэ нь бэлгэдлийн шинжтэй 30 хувь юм биш үү?

-Энэ асуудлаар бүх намын эмэгтэйчүүд хамтран ажиллах хэрэгтэй. Эхний 10-таа эмэгтэйчүүдийг хангалттай оруулаагүй намыг битгий дугуйлаарай л гэж хэлнэ. Шинээр батлагдсан сонгуулийн хуульд эмэгтэйчүүд нэг талаас хожсон, нөгөө талаас бас алдсан. Эмэгтэйчүүдийн квот 20 хувь байсныг 30 хувь болгож ахиц дэвшил гаргалаа.

УИХ-ын дарга З.Энхболд бидний квотыг 30 хувьд хүргэж, хэлсэн амандаа хүрсэн. Алдсан зүйл нь гэвэл нийслэл квоттой байсан бол нийслэлийн квот байхгүй болсон. Мөн аймаг, дүүрэг дээр квотгүй болсон. Одоогийн хуулийн зохицуулалтаар нэгэнт квотгүй байгаа зүйлийг нам бодлогоор нөхөх хэрэгтэй болж байна.

Та УИХд сонгогдоод хоёр жил нь сайд, хоёр жил нь сул гишүүний албыг хашиж байна. Энэ хугацаанд бүтээл ном туурвив уу? Ингэж асууж байгаа нь 2008 онд таны гаргасан Ногоон нүдэн лам найман жилийн хугацаанд шилдэг борлуулалттай номын жагсаалтад байсаар байна л даа?

-Сэм сэмхэн бүтээл туурвиад л байгаа. 2012 онд дөнгөж сонгогдсоныхоо дараахан Миний лобби гээд нийтлэлийн ном гаргаж байсан. 2013 онд Тарбазовар Батаарын тухай үлгэр гээд хүүхдийн ном гаргасан. 2015 онд Монголоо таниулъя гэсэн аялал жуулчлалын ном гаргасан. Энэ оны эхээр монгол соёлын тухай ном гаргахаар бэлтгэж байгаа.

Та сайд байхдаа монгол бичгээ бие даан сурч минутад 50 үг уншиж байгаа гэж байсан. Одоо хэдэн үг уншиж байна?

-Тэр хэмжээндээ байгаа, их ахиц гараагүй. Гэхдээ өдөр бүр хуулан бичгээ хийж л байгаа.

Дөрвөн жилийн өмнө соёлын аянг Та сайд байхдаа санаачлаад дөрвөн сарын турш өрнүүлж байсан. Тэр аяны үр өгөөж нь одоо ингээд харахад яаж нөлөөлсөн байна вэ?

-Би “Авьяаслаг монголчууд” гэдэг шоуг үзэж байхдаа их баярлаж байсан. Яагаад гэвэл тэр шоунд оролцож байгаа хүмүүс дотор яг соёлын биет бус өвийг өвлөн тээгч нар би энэ соёлыг ааваасаа, ээжээсээ, нутгаасаа өвлөн тээж ирсэн юм аа гээд оролцож байсан. Түүнийг л би үр дүн гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хүмүүс юуг соёлын өв бэ гэдгийг мэддэг болсон. Биет бус соёлын өв гэж юу гэдгийг мэддэг болсон. Монгол Улсын иргэн өөртөө ирсэн баялгийг мэддэг болж, хардаг болж, таньдаг болж, өвлүүлдэг болж гэж харагдаж байгаа юм.

Г.САНЖААХАНД

Categories
мэдээ цаг-үе

Вашингтоны дунд сургуулийн хүүхдүүд Алунгоо эхийн домгийг сурав

Хүүхдүүдийн нэрийг монгол бичгээр бичиж өгч буй нь.

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байдаг “Вашингтон Перформинг Арт” хэмээх байгууллага тавь шахам жилийн турш соёл урлаг, боловсролын чиглэлээр амжилттай ажиллажээ. Тус байгууллагаас хэрэгжүүлдэг олон сонирхолтой төслийн нэг нь хотын хүүхэд залууст гадаадын улс орны үүх түүх, соёл урлаг, ёс заншил зэргийг танилцуулдаг “Элчин сайдын яамны хөтөлбөр” юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд аль нэг улсын Элчин сайдын яамыг тодорхой нэг сургуулийн тухайн нэг анги, багштай холбож өгөх бөгөөд ЭСЯ нь тусгайлан бэлдсэн хөтөлбөрийн дагуу, тодорхой хуваариар улс орноо сурталчлан таниулдаг байна.

Өмнө нь олон жил өөрөөр улсын Элчин сайдын яамд оролцсоор ирсэн энэхүү хөтөлбөрт Монгол Улс анх удаагаа хамрагдаж буй нь 2016 оны эхэнд “зөөлөн хүчний бодлого”-оо тодорхойлж, гадаадад Монголыг сурталчлан таниулах төлөвлөгөө боловсруулсан манай Гадаад харилцааны яамны чиг хандлага, бодлоготой яв цав уялдсанаараа онцлог байлаа.

Хөтөлбөрийн бас нэг өвөрмөц тал нь гадаад харилцаа сайтай, төгсөгчид нь дэлхийн улс орнуудын байдал төлөвийг сайн мэддэг, чанартай сургуулиудын хүүхдүүдийг бус харин боломж муутай, төгсөөд гадаад улс оронд ажил сургууль, амралт аяллаар явах магадлал багатай хүүхдүүдэд мэдлэг боловсрол, сэдэл тэмүүллийг олгоход оршино. Тийм ч учраас зориуд хотын захын, ядуувтар дүүргийн сургуулиудыг сонгодог аж. Энэ удаад Монгол Улсыг судлахаар Вашингтон хотын зүүн өмнөд этгээдэд орших МкКинли дунд сургуулийн Кэйтлин Криек багштай VI ангийн хүүхдүүд сонгогджээ.

СУРГУУЛЬ ДЭЭР

Ингээд энэ оны тавдугаар сарыг хүртэл үргэлжлэх Монголын хөтөлбөрийг нээж, анхны хичээлийг заахаар нэгдүгээр сарын 14-ний өдөр, “Өдрийн сонин”-ы сурвалжлагч миний бие Монгол Улсын ЭСЯ-ны Боловсрол, соёл, шинжлэх ухаан хариуцсан атташе С.Золзаяагийн хамт сургууль дээр очлоо. Би бээр анх АНУ-д ирэхдээ Индиана мужийн Блүүмингтон хотноо сурч, ажилласан, дараа нь Виржиниа мужийн Арлингтон, Фоллс Чөрч хотуудад суурьшсан, дурдсан бүх хот бага, дунд, ахлах сургуулиараа АНУ-даа дээгүүр ордог, суралцах орчин сайн, хэрэг зөрчил багатай газрууд билээ. Энэ удаад тэгвэл Америкт ирсээр анх удаагаа ядуувтар дүүргийн хэцүүхэн сургуульд зочилж үзлээ. Сургуулийн үүдээр нэвтрэхэд эгээ л онгоцны буудлын нислэгийн танхимд орж буйтай адил сайтар шалгуулж, төмөрлөг илрүүлэгч хаалгаар өнгөрөх бөгөөд бичиг баримт нэр усаа бүртгүүлэн, тусгай зөвшөөрлийн бичиг аван ордог аж. Буудалцаантай америк кинон дээр гардаг тийм нэг сургууль яг мөн. Сургуулийн бараг хонгил бүрд “тусгай цагдаа” гэсэн дүрэмт хувцас бүхий, эрэгтэй эмэгтэй биерхүү албатнууд зогсоно. Сургууль гэхээсээ илүү өөр байр байгууллага мэт сэтгэгдэл анхлан төрснийг нуух юун. Гэвч л эгээ л кинон дээр гардаг шиг, тийм сургуульд олон сайн хүүхэд байдаг, зөв залаад өгөхөөр амжилтад хүрдэг шиг, үнэхээр хоёр цагийн хичээлийн дараа сэргэлэн цовоо, толгой сайтай, юм их сонирхдог хүүхэд олон байдаг юм байна даа гэсэн сэтгэгдэлтэй гарсан билээ. Энэ тухай одоо өгүүлсү.

Ангийн хананд өлгөсөн Монгол улсын далбаа, танилцуулга.

МОНГОЛООР МЭНДЭЛЖ, НЭРЭЭ ХЭЛЖ, БИЧИЖ СУРСАН НЬ

Монголтой танилцах VI ангийн багш Кэйтлин Криек нь сургуульдаа цорын ганц цагаан арьст багш гэнэ. “Манай хүүхдүүд Америкийн бусад сургуулийн VI ангийн хүүхдүүдийн дунджаас доогуур түвшний мэдлэгтэй шүү, хичээл заахдаа үүнийг бодоорой” хэмээн бид хоёрт анхааруулна. Ингээд Золзаяа бид хоёр хамгийн түрүүнд бүх хүүхдийг “Сайн байна уу? – Сайн” гэж мэндлүүлж сургав. Зарим нь “Шайн” гэх мэтээр буруу дуудах боловч ихэнх хүүхэд тодорхой хэлж байлаа. Дараа нь “Би Жером” гэх мэтээр нэрийг нь хэлүүлж сургав. Ингээд хос хосоор нь ажиллуулснаар хүүхдүүд хоорондоо

“Сайн байна уу?

Сайн, сайн байна уу?

Би Жером.

Би Жулиана” хэмээн монгол хэлээр хөөрөлдөх нь тун хөөрхөн. Аравхан минутын дотор монголоор ярьдаг болчихлоо гэж онгирон хөөрөлхөх хүүхэд ч байх аж.

Дараа нь самбар дээр нь бүх хүүхдийн нэрийг монгол бичгээр бичиж өгөөд хуулуулав. Анх удаа дээрээс доош бичдэг, босоо бичиг харж буй хүүхдүүд ихэд сонирхон, дэвтэр дээрээ мурий сарий янз бүрээр, чадах чинээгээрээ бичицгээлээ. Бас л сурсан эрдэмдээ урамшин, нэг охин ээжийнхээ, нэг хүү дүү охиныхоо нэрийг монголоор бичүүлж авсан нь гэртээ хариад бичиж өгөх гэж яарсных бололтой.


Сурагч Рияанна багласан таван савхыг хугалахаар оролдож байгаа нь. Найзууд нь түүнийг дооглосон янзаар харах ба ширээн дээр нь салангид байхад нь амархан хугалж орхисон ганц савх хэвтэнэ.

АЛУНГООГИЙН ДОМГИЙГ БИЕЭР МЭДЭРСЭН НЬ

Монголын түүхийг товч танилцуулахдаа мэдээж Чингис хаан гэж хэн болохыг ярьж өглөө. Тэгээд яагаад Чингис хаан, монголчууд тийм амжилтад хүрснийг ойлгуулахын тулд Алун гоо эхийн домгийг өөрсдөөр нь хийлгэж үзүүлэв. Үүний тулд ангийн хүүхдүүдийг тав таваар нь бүлэг болгон хуваагаад сум байхгүй тул нэжгээд савх өгч хугалуулсан юм. Хүүхдүүд гэж угийн сахилгагүй улс учраас савх хугалж үзүүлэхдээ баярлаж байна гэж жигтэйхэн. Дараа нь савхнуудаа нийлүүлэн боогоод өгсөнд хэн ч хугалж үл чадав. Тэгээд яагаад ийм байгааг асуусанд хүүхдүүд биднээр тайлбарлууллалгүйгээр чухам хамтдаа, эвтэй байвал хүчтэй байх санааг сайтар ойлгосноо өгүүлж байсан юм.

Үүний дараа “Хүүхдэд зориулсан Монголын Нууц Товчоо” гэж ном хэвлүүлснээ америк хүүхдүүдэд тараан өгч, Алунгоо эхийн домгийг англи хэлээр уншуулаад, зургаас нь нууц тэмдэг олох даалгавар өгсөн маань анхаарал сонирхлыг нь татах нэг арга байсан юм.

МОНГОЛ УЛСЫН ГАДРЫН ЗУРАГ ДЭЭРЭЭС ОЛЖ СУРСАН НЬ

VI ангийн хүүхдүүдэд Монголын тухайд нийгэм, эдийн засгийн том том асуудлууд ойлгуулах гээд нэмэргүй. Бидний хичээлийн зорилго ч амархан бөгөөд тодорхой байв. Монголоор мэндэлж сурна, Чингис хаан гэж хэн болохыг таниулна, тэгээд газрын зураг дээрээс Монгол Улсыг олдог болгоно. Өөр олон юм хэрэггүй. Ингээд сүүлчийн зорилтоо биелүүлэхийн тулд прожектороор Монгол орчмын газрын зургийг үзүүлсний дараа мэдлэгийг нь бататгахын тулд Азийн өнгөгүй газрын зураг өгч өөрсдөөр нь улс улсаар нь ялгуулан будуулав. Зурах будах даалгаварт хүүхдүүд дуртай, будангаа гол нь Монгол Улсыг зураг дээрээс сайтар танихаар болж байгаа юм. Эцэст нь Монголын тухай англи хэлээр бичсэн жижиг гарын авлага тарааснаар энэ удаагийн хичээл дууслаа.


Сурагч Каниша Монгол Улсыг газрын зургаас олж будсан нь

ЦОГУ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛНЭ

Ийнхүү заасан хоёр цагийн хичээл бол “Вашингтон Перформинг Арт” байгууллагын “Элчин сайдын яамны хөтөлбөр”-ийн хүрээнд МкКинлигийн дунд сургуулийн VI ангид Монголыг таниулах цогц хичээлийн анхных нь юм. Хоёрдугаар сард монгол сургуулийн багш, бүжигчин Б.Дэлгэрмаа ирж монгол бүжиг зааж өгөх бол гуравдугаар сард зураач, барималч Н.Ганхуяг хүүхдүүдэд Монголтой холбоотой зураг урлалын хичээл орно. Дараа нь дөрөвдүгээр сард Корнеллийн их сургуулийн оюутан П.Гэрэлтуяа “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр яриа хийх бол эцэст нь нийт хүүхдүүд, багшийнхаа хамт тавдугаар сард Монгол Улсын ЭСЯ-нд зочлон, монгол хоол идэж, Монголын тухай илүү ихийг мэдэж авах юм.

Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.СаруулЭрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Э.Алдар: Өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа л гэр бүл зохионо доо

Маскпродакшны жүжигчин Э.Алдартай ярилцлаа.

Сургуулиа хаана төгсч байв. Багадаа Орост байсан гэдэг байх аа?

-Би зургаан настайдаа Орос яваад 17 настайдаа ирж 108 дугаар сургууль буюу Монгени сургуулийг 2003 онд төгсч байлаа. Сургуулийн маань найзууд намайг анх монголоор их сонин ярьдаг байсан гэдэг юм. Монгол хүн л юм чинь одоо зүгээр л ярьдаг болчихож. Сургуулиа төгсөөд СУИС-д орж 2007 онд төгссөн. Манай ангийнхан одоо “Эмоци продакшн”-ы С.Тэмүүжин, Г.Эзэнмөнх, жүжигчин А.Туяа, Д.Ганцэцэг, Г.Анхбаяр, Б.Алтансүх гээд мэргэжлээрээ ажиллаж байгаа залуус бий.

Жүжигчин мэргэжлийг яагаад сонгов?

-Би багаасаа Орост байсан. Бага байхад Монголоос приставкны видео бичлэг ирдэг байсан. Тэрэн дээр хошин урлагийн тоглолт гардаг байлаа. Тухайн үед “Хошин урлагийн театр” гэж байхад гарсан “Хадлан” жүжгийг анх үзээд ямар гоё юм бэ, Монголд очоод энэ ах, эгч нартай хамт тоглож үзэх юмсан гэж бодсон. Хүүхдийн сэтгэхүйгээр очоод та нартай хамт тоглож болох уу гэж асууна даа гэж боддог байлаа. Гэхдээ би Олон улсын харилцааны мэргэжилтэй, дипломат болно гэж боддог байлаа. Заавал Орос руу буцаж очно гэдэг байсан ч одоо жүжигчин болчихсон явна.

Арван жилд байхад манай сургуулийн урлагийн үзлэг боллоо. Тэр үед “Tv cocktail”-ын Цоомоо ах ирж биднийг бэлдүүлж байсан юм. Цоомоо ах намайг гол дүрд тавьчихсан. Бэлтгэлээ хийж байгаад яг тоглолт дээр Цоомоо ах хөгжим тавих гэсэн техникийн саатал гарчихлаа. Би тайзан дээр яана аа гэж бодож байснаа хүмүүсийг уйдаахгүй байхсан гэж бодоод янз бүрийн юм ярьж байгаад за одоо хөгжмөө тавь гэсэн Цоомоо ах тавьж таарсан. Тэгээд тоглолт үргэлжлээд манай анги нэгдүгээр байрт орсон түүхтэй. Цоомоо ах “Алдараа, миний дүү жүжигчин бол. Чамд авьяас байдаг юм байна” гэж байсан. Тухайн үед нээрээ би жүжигчин болъё гэж бодоод л энэ мэргэжлээ сонгож байлаа.

Ажлын гараа хэзээнээс эхэлж байв. “Boom town” хамтлаг байгуулж байсан байх аа?

-Оюутан байхдаа “Boom town” гэж бүжгийн хамтлаг байгуулсан. Тухайн үедээ л бүх хошин урлагийн продакшны ард бүжиглэнэ. “Өнгөт инээд”, “Х түц”, “Захиалгат инээд” продакшны ах, эгч нарыг хажуунаас нь харж, өөрсдөө тушлагажиж байсан. Дөрөвдүгээр курст орох жил “Маск” продакшны анхны “Монголын нууц товчоо” тоглолтод оролцож байлаа. Жүжигчний дипломоо авсны дараа “Х түц” продакшнд нэг жил ажиллаж байсан. Тэгээд буцаад “Маск” продакшндаа ороод өдийг хүртэл ажиллаж байна.

Одоо бас “Fantastic” продакшнд харьяалагдаад байна уу?

-“Fantastic” продакшнд бас харьяалагдана. “Brotherhoods” нэгдэл гээд найз нөхдөөрөө нийлж нэг продакшны нэр дор уран бүтээл хийж байгаа. Албан ёсоор нэртэй байх ёстой учраас ингээд явж байна.

Энэ продакшны залуус нэгдээд хэд хэдэн кино гаргачихлаа. Зохиолоо яаж бичдэг юм бэ?

-Ямар сэдвээр ямар кино хийх вэ гэдгээ бөөнөөрөө сууж байгаад ярилцдаг. Бүгд жүжигчин мэргэжилтэй хүмүүс учир олон санаа гарна. Дараа нь зохиолоо бичих үед найруулагч бүх хүний хэлсэн санааг тэмдэглээд нүдэндээ харж байгаагаар бичдэг. Гэхдээ олон арга бий л дээ. Сүүлд гарсан “Том толгойтын романс” киног францын зохиолчийн зохиолоос сэдэвлэж хийсэн. Гадаад киноноос хуулсан гээд байдаг. Олон улсад энэ киноны сэдвээр олон кино хийсэн байдаг. Хятад, Герман, Америкт ч бас бий. “Том толгойтын романс” бол түүний зохиолыг уншиж сэдэвлээд Монголын хөрсөн дээр буулгаж хийсэн кино. Хүмүүст их таалагдсан байна лээ.

-“Миний ах атаманкино бас их сонин шийдэлтэй. Мафи гэж хүмүүс мэддэггүй байхад гаргаж ирсэн санагддаг?

-Бид залуучууд учраас юм бүхнийг шинээр сэтгэж хийхийг зорьдог. Байдаг л нэг зүйл хийх нь сонирхолгүй. Бид хэцүү зохиол бичээд хийвэл өөрсдөө хөгжинө гэж боддог. Энэ утгаараа аль болох хэцүү юм руу тэмүүлдэг. “Миний ах атаман” Монголд хэзээ ч байдаггүй мафийг хөрсөндөө яаж авцалдуулах вэ гэж бодож байгаад хийсэн кино. Үзэгчдэд хүрэхгүй байх вий гэсэн эмээлт байсан. Үзэгчдийн хүртээл болгож эхэлснээс хойш хүмүүс сайхан хүлээж авсан. Түүнээс нь урам их авсан даа.

-“Маш нууцкиноны хувьд болсон явдлаас сэдэвлэсэн гэдэг?

-Манай О.Бат-Өлзий ах зохиол гаргасан. Зураг авалтыг өнгөрсөн зун хийсэн ч жилийн өмнөөс “Маш нууц” киноны постер гарч байлаа. О.Бат-Өлзий ах биднийг дуудаад дүр хуваарилж өгөөд дүрээ бодож байгаарай. Цэргүүд ямар байдгийг ажиглаж бай. Ах нь удахгүй кино хийнэ гэж зохиолоо танилцуулж байлаа. Жилийн хугацаанд ярилцаж байгаад өнгөрсөн зун уран бүтээл болгож гаргасан. Түүхэн сайхан сэдэвтэй кино. Гэхдээ энд тэндээс болсон явдал сонсч, түүх уншаад нэгтгэж тэр болгоныг кинондоо шигтгэсэн. Тэр кинон дээр гарсан бүх үйл явдал цэргүүдэд болсон юм шиг хүмүүс бодоод байдаг. Энэ бол уран сайхны хэлбэрээр бүтээгдсэн уран сайхны кино шүү гэж хэлмээр байна.

Танай продакшн эмэгтэй жүжигчин авахгүй юм уу. Драмын театрын Б.Одончимэг л орж байгаа харагддаг?

-Манайхан заавал продакшн гэхээр ийм жүжигчин хүн авна гэдэггүй. Бүгд тус тусынхаа ажлыг хийдэг. Б.Одончимэг маань УДЭТ-д ажиллаж байна. Сарын өмнө төлөвлөгөө гаргаж ийм кино хийнэ гээд цаг заваа тохироод хийдэг. Нэг хүн шинээр аваад л чи манай продакшны жүжигчин, өөр юманд тоглож болохгүй гэх зүйл байхгүй.

Таны анхны дэлгэцийн уран бүтээл юу байв?

-Оюутан байхдаа О.Бат-Өлзий ахын “Хайрыг хайрла” кинонд Б.Тамир бид хоёр орж байсан. Тамир гол дүр, би туслах дүрд тоглосон. “Boom town” хамтлаг маань дууг нь дуулсан байдаг. Анхны уран бүтээлд ороход гоё байсан ч айдас хүрч байсан. Алдаа оноо ч их байлаа. Жүжигчин болгон өөрийгөө хараад энэ хэсэгт ингэдэг байж гээд алдаагаа хараад сурч явдаг. Одоо ч гэсэн би жүжигчний мэргэжлийг сайн эзэмшээгүй л байна. Жүжигчин хүн олон жил суралцаж хүний физологийг мэдэрч байж мэргэжлээ эзэмшинэ. Монгол Улсын ардын жүжигчин Ц.Гантөмөр багш маань “Би одоо болтол жүжигчин мэргэжлийг сураагүй л явж байна. Ямар ч дүр авсан би хичээдэг” гэж хэлж байлаа. Тэр нь яг үнэн юм билээ. Жүжигчин хүн ямар ч зүйлд алдаа гаргаж болно. Тэрнээсээ суралцаж, хүний амьдралыг судалж, хүний бодлыг ойлгож сайн жүжигчин болох байх.

Голдуу ямар дүрд тоглоод байна вэ?

-Ихэнхдээ хоёрдугаар гол дүр дээр ажилласан байна. Удахгүй гол дүрд тоглох байлгүй. Гэхдээ гол дүрд тоглохыг боддоггүй юм. Гол дүрд тоглохоор хийх юмгүй санагддаг. Туслах гол дүрд хийх юм их. Гол дүрээ тодотгож өгнө. Олон хүнтэй харьцдаг. Маш олон хувиралт, олон ухаан гарах ёстой. Гол дүр гэхээр чи ийм залуу байх ёстой гээд гол шугамыг нь гаргачихсан байдаг. Гэхдээ гол дүр авбал яаж хийж байгаад хийнэ л дээ.

Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Оюутан байхдаа их олон дүрд тоглохыг хүсдэг байлаа. Одоо нэг баатрын дүрд тоглочихмоор л байна. Ер нь ямар ч дүрийг амилуулахыг л хүсдэг. Урьд нь байсан дүрээсээ өөр байхыг хичээдэг. Дотоод ертөнцөөрөө өөр байхыг хичээдэг. Алдар гэдэг хүн “Маш нууц”, “Миний ах атаман”, “Аз жаргалын шок” кинонд тоглосон дүрээсээ эрс өөр хүн. Дүр бүрийнхээ харцыг би өөрчлөхийг хүсдэг.

Ингэхэд “Boom town” хамтлаг тарчихсан уу?

-“Boom town” хамтлаг оюутан цагийн залуу насны эрч хүчтэй, өөрсдийгөө таниулах, сорих үе байсан. Жүжигчин болохын тулд юм юмыг хийх ёстой байдаг. Тэр утгаараа бидэнд их туршлага болсон. Хүмүүс манай хамтлагийг тарчихсан, хоорондоо хэрэлдчихсэн байна лээ гэж ойлгоод байгаа. Тийм юм байхгүй. Үнэндээ “Boom town” хамтлаг таръя гээгүй л байна. Бүгд өөр өөрсдийнхөө хүссэн ажлыг л хийгээд явж байгаа. Хаяахан уулзаж ярилцаж сууна. Гэнэт л “Boom town” хамтлаг тоглолтоо хийчих ч юм бил үү.

Цахим ертөнцөд хэр идэвхтэй байдаг вэ. Хүмүүсийн асуултад хариулдаг уу?

-Фэйсбүүкт зураг хийхэд асуулт асуух нь элбэг. Асуултад хариулт өгдөг ч тэр бүр цаг зав бас таарахгүй юм. Харин твиттерт идэвхтэй биш. Цахим ертөнцөд ороход дүүрэн улс төр, нэгнийгээ муулсан постууд байх юм. Заримдаа фэйсбүүк рүү орохоосоо хүртэл эмээх боллоо. Вирус гээд л янз бүрийн зураг явна. Тэнд магадгүй бидний дүү нар орж байгаа. Хааяа фэйсбүүкийн насыг хязгаарлавал зүгээр юм уу гэж боддог. Ерөөсөө эерэг энергитэй юм байхаа больчихсон. Аз жаргалтай гоё мэдээлэл байхаа больчихжээ. Энд ийм гоё юм болж байна гэсэн гэгээлэг мэдээлэл, онигоог уншиж байж бид нийгмийн стрессээсээ сална гэж боддог. Одоо бараг фэйсбүүктээ орохоор стресстдэг болж байна. Тэр 16 настай хүүхдэд улс төр ямар хамаатай юм бэ. Өөрийгөө хөгжүүлээд явахын оронд түүнийг хүмүүст түгээгээд байх юм. Хүн өөрөө юмыг гэрэл гэгээтэй харвал улс хямраад хэцүү байгаа ч хялбархан давж болох байх.

Хошин урлаг, дэлгэцийн урлаг хоёрын аль нь танд илүү ойр вэ?

Миний хувьд хошин урлаг илүү ойр. “Маск” продакшнтай олон жил ажиллалаа. Тайзан дээр гарах ямар гоё байдаг билээ. Олон жил нөхөрлөсөн ах, эгч, найз нөхөдтэйгөө инээлдээд тайзан дээр гарна гэдэг аз жаргал. Тайз, дэлгэцийн уран бүтээл асар өөр. Тайзан дээр тэр олон хүний өмнө нэг хүн тоглох гэж байгаа бол маш том хүлээн авалттай байх ёстой. Кино урлагт бол дотоод мөн чанар чухал. Дүрээ мэдэрч, нарийн зүйлийг гаргах ёстой.

Анх тайзан дээр гарахад ямар байсан бэ?

-Анх тайзан дээр яаж гарснаа ч мэддэггүй юм. Их сонин мэдрэмж. Тоглолт дуусахад хүмүүсийн алга ташилтаас юугаар ч зүйрлэшгүй гоё мэдрэмж авна. Тэр олон хүн инээчихсэн алга ташиж байхад үзэгчдэдээ мэхийн ёслох жүжигчин хүний кайф. Мянган хүн нэгэн зэрэг инээнэ гэдэг үнэхээр сайхан. Тэр мэдрэмжийг мэдрэх сайхан байдаг. Бид нар чинь үзэгчдээсээ л урам авч цаашдын уран бүтээлээ хийдэг.

Гэр бүлээ хэзээ зохиох гэж байна?

-Одоохондоо залуу байна. Болоогүй л гэж бодож байгаа. Цаг нь ирэхээр гэр бүл зохионо. Одоогоор баттайгаар өөрийнхөө амьдралыг босгох хэрэгтэй байна. Залуус маань эрт хүүхэдтэй болж байна. Гэр бүл салалт маш их болж. Хүүхэдтэй ганц бие ээж, аавууд олширчээ. Залуучууд хүнийг таниагүй байхдаа сэтгэлийн хөөрлөөр дурлаад хүүхэдтэй болчих юм. Хүүхдэд буруу өгч болохгүй. Олон жил найзалж бие биенээ таньсан тохиолдолд гэр бүл салахгүй бат бөх байна шүү дээ. Тэгэхээр залуусдаа хандаж хэлэхэд хүнийг сайн танитлаа юманд яарах хэрэггүй. Өөрийнхөө амьдралыг баталгаажуул. Төрүүлж, өсгөсөн аав, ээжийнхээ амьдралыг мөн баталгаажуулах хэрэгтэй. Түүний дараа өөрийнхөө амьдралыг босгоход буруудахгүй.

Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-“Fantastic” продакшны залуус маань хоёрдугаар сарын 13-нд үзэгчдэдээ томоохон бэлэг барих гэж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Э.Бат-Үүл: Төлөөлөл алдагдсанаас нийслэлийн асуудлууд шийдэгдэхгүй байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн юм. Тэрээр “2008 оны үед бол 800 мянга орчим хүнтэй байсан хотын хүн ам хамгийн сүүлийн тооллогоор нэг сая 314 мянга болсон. Гэтэл төлөөллийн мандат нь 2008 оныхоороо хадгалагдаад явж байна. Манай нийслэлийн 500 гаруй мянган иргэдийн төлөөлөл байдаггүй гэсэн үг. Орон нутгаасаа шилжээд ирсэн ч дагаж мандат нь ирээгүй. Нийслэлээс УИХ-д 800 гаруй мянган хүнийг төлөөлсөн төлөөлөл байгаад байгаа юм. Тэгэхээр парламент ард иргэдийнхээ төлөөллийг хангаж чадахгүй байна. Нийслэл дээр маш том хэмжээгээр алдагдаад байна гэж үзэж байгаа. Мөн УИХ-ын гишүүд тойргоо өмчилж авах хандлага хүчтэй болчихож. Учир нь тойрогт бага хүн байх тусмаа ажиллахад хялбар болно. Тийм учраас орон нутгийн тойргууд тэр УИХ-ын гишүүн сайн муу ажилласнаас үл хамаараад гишүүндээ иргэд нь барьцаалагдчихсан байдалтай байна. Яг үнэндээ төлөөлөл алдагдсанаас орон нутгийн феодалууд үүсч байна шүү дээ. Тойргоо өмчилсөн гэдэг нь нууц биш болчихлоо. Сүүлийн сонгуулийг харж байхад гишүүдийнхээ хариуцлагыг ярьж, төлөөлөл өөрчлөгдөх хандлага нийслэлд л гарсан. Цаашдаа энэ хэвээрээ байвал ардчиллын өөрийнх нь ард түмнээ бүрэн төлөөлж, тэдний хүсэл зоригт нийцсэн шийдвэр гаргах үйл явц муудна” хэмээж байсан юм.

Мэдээллийн дараа түүнээс дараахь асуултад хариулт авсныг хүргэж байна.

-МАН-аас Улаанбаатар хотод УИХ-ын мандат нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа тухай мэдээлэл байна?

-Үүнийг би гайхаад байгаа юм. Ардын намаас нийслэлийг удирдаж байсан М.Энхболдоос эхлээд Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар аль ч үед “Манай нийслэлийн мандат иргэдийг бүрэн төлөөлж чадахгүй байна. Үүнийг нэмэгдүүлээч” гэсэн шаардлага тавьж байсан. Гэтэл одоо гэнэтхэн үгүй ээ гээд суучихаж байгаа нь ойлгогдохгүй байгаа юм. Ийм хоёр нүүртэй баймааргүй байна. Үнэхээр л төлөөллийг хадгалъя гэж байгаа бол нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж 76 гишүүний тоог нэмэгдүүлсний дараа энэ асуудлыг тавих байсан юм биш үү. Аймгуудад нэг л төлөөлөл үлдэх болоод байх шиг?

-Манай НИТХ-ын дарга саяхан л нэмэгдүүлье гэсэн хүсэлт явууллаа шүү дээ. Бид Үндсэн хуульд бараг оны өмнө өөрчлөлт орох гээд байна. Мандат нэмэгдэнэ гэсэн байдал байхаар нь хүлээгээд суугаад байсан. Тэгтэл тийм юм болсонгүй. Тэр битгий хэл Сонгуулийн тухай хууль үндсэндээ хуучин маягаараа ороод ирсэн. Орон нутгийн төлөөлөл парламентад дандаа гуравны хоёрт нь байж ирлээ шүү дээ. Үүний цаана манай нийслэлийн өөрийнх нь бодлого хаягдаж байгаа юм. Нийслэлийн хүн ам нийт Монгол Улсын хүн амын 48 хувь байна. Гэтэл 20 хувийн төлөөлөлтэй суугаад байна шүү дээ. Ардчиллын зарчим нь шийдвэр гаргахдаа хүн амаа төлөөлж, оролцоог нь хангаж байх ёстой байдаг.

-Нийслэлд Ардчилсан нам байнга давуу байж ирсэн. Үүнийгээ улам баталгаажуулах гэж нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх гээд байна уу гэсэн хардлага байна?

-Ямар ч асуудлыг аль ч өнцгөөс нь тайлбарлаж болно. Ямар судалгаагаа иш үндэс болгосныг мэдэхгүй. Манай намын хийсэн судалгаагаар бол орон нутагтаа хүчтэй, дэмжлэгтэй байна. Намайг хэлэхээр мэдээллийн хэрэгсэл ашиглаж худлаа хэллээ гэх байлгүй. Шууд хэлье. Яг үнэндээ бид аймгуудын 60 хувьд дэмжлэгтэй хэвээр л байгаа. Тэгэхээр асуудлаас зайлсхийхийн тулд ийм яриа гаргаад байгаа байх. Манай судалгаа гээд юу ч яриад байж болно шүү дээ. Хамгийн гол нь 500 мянган хүн орон нутгаас ирсэн болон шинээр мэндэлсэн байна. Тэдгээр хүмүүс төлөөлөлгүй болчихоод байгааг яах юм гэдгийг л ярих хэрэгтэй. Зарим нутагт сумынх нь хүн ам хоёр дахин цөөрсөн. Аймгийнх нь хүн ам эрс багассан байгаад байдаг. Тэр хэмжээгээр хүмүүс аймгаас шилжиж ирсэн. Ирчихээд төлөөллөө алдчихаад байгаа юм.

-Улаанбаатарт мандатыг нэмэгдүүлснээр ямар ашигтай юм бэ. Бүтээн байгуулалт нэмэгдэх үү?

-Улаанбаатар хотод нийт үйлдвэрлэлийн 60 гаруй хувь, хүн амын 50 шахуу хувь нь байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувь нь энд байна. Гэхдээ хамгийн хүнд асуудлууд бас нийслэлд бий. Өнөө орчны бохирдлоос эхэлнэ. Улаанбаатар хот руу гарах л юм бол хэт төвлөрөлтэйгөө уялдаад бүхий л асуудал бий болчихсон байгаа. Яагаад шийдэж чадахгүй байна вэ. Яагаад гэвэл төлөөлөл хангагдаагүй, 500 мянган хүн хаягдсан байдлаар шийдвэр гараад байгаа учраас асуудлууд орхигдоод байна шүү дээ. Энүүхэндээ хэлэхэд сайн харах юм бол бараг хүнд хэрэглэгддэггүй маш их хөрөнгө оруулалт хийгээд явчихсан байдаг. Өдөрт 10-аад машин дээгүүр нь явдаг газар зам тавиад хаячихсан байх жишээтэй. Гэтэл Улаанбаатарт асуудал нь улам хүндрээд байдаг. Төлөөлөл алдагдсаны гай ингэж гараад байгаа юм.

-Төлөөлөл алдагдсантай холбоотой хор хохирол гэдгийг тодотгохгүй юу. Мандатыг 21 болгох нь хангалттай юу?

-Уг нь хангалтгүй. Хүн амын 48 хувь шүү дээ. Тэгэхээр 35 орчим гишүүн байж л хангагдана. Гэхдээ илүү тавьбал мэдээжийн хэрэг УИХ-ыг давж гарч чадахгүй. Ийм байдалтай байна шүү дээ. Би нэг юмыг ойлгуулж чадсан уу, яасан. Улаанбаатарт үүсч байгаа асуудал бол төлөөлөл алдагдсантай л холбоотой гэдгийг зориуд хэлье. Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хороололд 200-гаад мянган айл өрх, 800-гаад мянган хүн байна. Эдгээр хүмүүс эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүйгээр амьдарч байгаа гээд ойлгочих. Жишээ нь Чингэлтэй дүүрэгт есөн айл хашааныхаа газрыг нийлүүлээд 56 айлын таун хаус байгуулах бизнес төлөвлөгөө хийе гэж бодъё. Түүнийгээ хийх гэтэл харамсалтай нь хангаж өгөх санхүүгийн эх үүсвэр байхгүй. Байхгүй байгаа юм биш. Байлгахгүй байна. Юу гэж хэлмээр юм дээ. Энэ хүмүүс өөрөө өөрсдийнхөө эдийн засгийн эрхээ эдэлж чадахгүй хаягдаж ирлээ. Гэхдээ хичнээн их хөрөнгө мөнгийг яаж цацагдсаныг мэдэж байгаа шүү дээ. Асар их хэмжээний хөрөнгө мөнгийг цацсан хэдий ч тэр хүмүүс төлөөллөө алдсан болохоор хүртээлгүй байгаа юм. Хэрвээ төлөөллөө алдаагүй байсан бол дуу хоолойгоо хүргээд асуудлыг шийдчихсэн байх байсан. Одоо нэг юмыг ойлгох цаг болсон. Нийслэлийн гэр хороолол гэдэг бол Монгол Улсын ойрын 20 жилийн эдийн засгийн хөгжлийг хөдөлгөх гол хөдөлгүүр нь юм. 7,2 тэрбум ам.доллартай тэнцэх газар гэдэг актив үхмэл хөрөнгө болчихоод байна. Харамсалтай нь энэ хүмүүс төлөөллөө алдсанаас болоод энэ санхүүгийн, хөрөнгийн эх үүсвэрт хүрч чадахгүй байгаад байна. Би үүнийг ойлгоод өгөөч гэж гуйгаад байгаа юм. Энэ 7.2 тэрбум ам.долларыг л эргэлтэд оруулбал бид дэлхийн хамгийн хөгжилтэй, хурдтай өсч байгаа, эдийн засгийн эрэлт нь тогтвортой өсөх хандлагатай орон болно. 20 жилээр хязгаарлаж байгаа юм биш. Ийм боломж байна. Үүнийг ерөөсөө ойлгож өгөхгүй байна шүү дээ. Тэр үр ашиггүй болж байгаа хөрөнгө оруулалтаа болиоч. Энд эдийн засгийн эх үүсвэр байна, тийш нь оруулаач гээд дийлэхгүй байна шүү дээ. УИХ руу Д.Баттулга дарга бид хоёр байн байн захиа бичсэнийг санаж байгаа биз дээ. Дандаа л эсэргүүцээд, төсөв мөнгө булаацалдана. Тэгээд ялагдаад байгаа шүү дээ. Тэр тусмаа дээр нь ямар юм бий болчихоод байна гэхээр УИХ-д хэн их нөлөөтэй гишүүн байна тэр нь тойрог руугаа их юм авдаг бүр аюултай зүйл тогтчихсон. Энэ бүгдийг зогсоож, асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэдгийг л хэлмээр байна. Тиймээс мандатын эрхээ алдсан 500 мянган хүний мандатыг өгөөч гэж гуйх гэсэн юм.

Ж.БАЯРСАЙХАН