Categories
мэдээ цаг-үе

“Муу нүүрт” нэртэй гээд сайн, муу жил байна гэсэн ойлголт байхгүй

-ГАЛ БИЧИН ЖИЛД ГАН ЗУД БОЛОХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВТЭЙ-

Хэдхэн хоногийн дараа монголчуудын уламжлалт сар шинийн баяр тохиож XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилтэй золгох гэж байна. “Муу нүүрт” гал бичин жилийн талаар “Түвдэнпэлжээлин” хийдийн тэргүүн хамба, зурхайч Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.

-Ирж буй гал бичин жилийн ерөнхий төлөвийг зурхайн ухаанаар хэрхэн тодорхойлоод байна вэ?

-Жилийн ерөнхий төлөвийг гаргах зурхайн зурлагын олон арга бий. Хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь, бие эрхтэн, махбодуудад үндэслэн гал бичин жилийн шороон үхрийн зураглалыг гаргасан нь цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр, чих, сүүл ходоод нь улаан, шар шийртэй, амаа ангайсан байх бөгөөд сүүлээ зүүн тийш шарвасан харагдана. Үхрийн өмнө шар биетэй, ногоон дээл өмсч, цагаан бүс бүсэлсэн, үсээ толгой дээрээ тоорцоглон боосон хүү хоёр гутлаа бариад яаравчлан гүйж яваа. Энэ байдлыг харахад жилийн ерөнхий байдал нь гандуу, хүчтэй аадар бороо, мөндөр ихтэй байх бөгөөд халуун өвчин гарах төлөвтэй байгаа юм. Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их болно. Залууст амгалан хэдий ч нялхас, өвгөдөд ширүүн жил болно.

-Тэгэхээр ерөнхийдөө гантай, үр тариа ургац муутай байх нь ээ дээ?

-“Муу нүүрт” хэмээх гал бичин жилд үр тариа чухаг гээд байгаа. Ер нь зурлагад хур бороо багатай, гал махбод нь илүү зонхилсон жил гарна гэсэн л санааг илтгэж байгаа юм. Цагаан өнгө давамгайлаад ирвэл мөндөр бороо орох, үе үеийн шуурга салхитай байхыг илтгэдэг. Хөх гэвэл усан махбодыг илэрхийлэх гээд таван махбодын харьцаа явагдаж байдаг. Үүнээс харахад энэ жил ерөнхийдөө гал махбод зонхилсон гантай жил болохоор байна.

-Гал бичин жилийн “Муу нүүрт” хэмээх тодотгол нэр хэр ач холбогдолтой вэ. Ямар нэгэн утга санааг илэрхийлж байгаа юу?

-Жаран жил өөрийн гэсэн онжид нэр буюу оноосон нэртэй байдаг. Бичин жилийн оноосон нэр нь “Муу нүүрт” тохиож буй хэрэг. Тухайлсан нэрээр нь муу, сайн жил болдог гэсэн ойлголт байхгүй. Ноднингийнх л гэхэд галзууруулагч, согтууруулагч гээд баахан ярьсан. Жил нь, тийм гээд галзуураад, согтуураад байна гэсэн үг биш.

-Бичин жилийг хүмүүс хүйтэн, хатуу жил гэж ярьдаг. Бичин жил гарах нь зуд болох нь гэж ирээд л ярих юм…?

-Хаврын урь орно гээд 24 улирлыг боддог аргачлал зурхайн ухаанд байдаг. Гал бичин жил ирэх хоёрдугаар сарын 9-нөөс эхэлнэ. Бичин жилд бусдаасаа ялгарах зүйл байхгүй. Байгаль, цаг уурын давтамжууд гэж юм бий. Од эрхэс байгаль, цаг уурт хэрхэн нөлөөлж байгааг зурхайн ухаанаар тооцоолж гаргадаг. Тэгэхээр таны жил орж, мэнгэ голлож байгааг зүгээр сууж байгаад хэлчихдэггүй юм. Тэгэхээр энэ өвөл их цас орсон гээд бичин жилтэй холбож тайлбарлаж болохгүй. Учир нь хонь жил дуусаагүй байна шүү дээ. Тэгээд ч бичин жил бүр ган, зудтай болдог гэвэл худлаа. Энэ жил “Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарах гэж байгаа болохоор иргэд энэ нэрэнд ач холбогдол өгч муу жил болох нь гэж ойлгоод байгаа. Гэтэл “Муу нүүрт” гэдэг нь ерөөсөө л гал бичин жилийн оноосон нэр. Жилийн ерөнхий төлөвийг гаргах зурхайн арга ухаан олон. Ганцхан цаг тооны бичгээр ч юм уу бүх жилийн төлөв байлдлыг шинжих нь өрөөсгөл л дөө. Ерөнхий багцааг нь гаргаж өгч байгаа юм. Товчхондоо ерөнхий жилийн өнгийг гаргаснаар хүмүүст анхааруулга өгч аливаад болгоомжтой хандаж, зөв чигт залж байгаа явдал. Энэ жил зундаа ган болно гээд нэг ерөнхий төлөв гараад ирэхээр тариаланчид эртнээс арга хэмжээ авдаг ч юм уу, өвөлдөө зуд болно гэхээр малчид эртнээс хадлан тэжээлээ бэлтгэж, бэлчээрийн зохицуулалтаа хийх жишээтэй. Тэртэй тэргүй зуд болно гэсэн гээд гараа хумхиад хэдэн малаа барахыг хэлэхгүй шүү дээ. “Ингэхгүй бол заавал тэгнэ” гэсэн үг биш юм шүү дээ. Ихэр хүүхэд хэдийгээр ар араасаа төрдөг ч хоёр өөр хувь заяатай байдгийг ойлгох хэрэгтэй. Хүний хувь төөрөг төрсөн цагаараа ялгаатай байдгийг би номын багшаараа заалгасан.

-Тухайн жилийн өнгө ямар байх нь хүмүүн биднээс хамааралтай гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Аливаа үйл эзэнтэй. Биеэрээ үйлдсэн үйл, хэлээр үйлдсэн үйл, сэтгэлээр үйлдсэн үйл гэж байдаг. Ирэх жилийн өнгө ямар байх нь гурван сая гаруй монголчуудын үйлээс шалтгаална. Тэгэхээр бие, хэл, сэтгэлийнхээ үйлийг хичээж, эв найрамдалтай байж чадвал бид ирж буй бичин жилийг ямар нэг айдасгүй давж чадна гэдгийг хэлэх байна.

-Тэгэхээр муу жил гэж огт байдаггүй юм байна. Тийм үү?

-Муу жил гэж ерөөсөө байхгүй. Хүн өөрийнхөө хийсэн муу үйлийг бусдад нялзаах, эсвэл тухайн гарсан жил рүү чихээд байна шүү дээ. Аливаа зүйл бие хүнээс өөрөөс нь шалтгаална. Бие, хэл, сэтгэлийнх нь үйлээс шалтгаална. Тухайн хүн хичнээн сайхан зүйл хийсэн ч сэтгэлийн үйлээр муу санаа гаргаж, хэрүүл тэмцэл их хийх тусам хар бараан чанар нь давамгайлаад ирдэг. “Хүн юу тарина, түүнийгээ авдаг”-тай адил юм. Тэгэхээр хүмүүс ганцхан “би” гэдэг бодлоосоо салах хэрэгтэй байна. Хүний сэтгэлийг номхотгодог арга бурханы шашинд байдаг. Өглөг буян, тэвчээр, хичээнгүй, сахилга баттай байхыг хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй.

-Бичин жилд шинээр гал голомтоо бадрааж болдоггүй, хуримаа хийж болдоггүй гэх юм. Үнэн үү?

-Энэ худал яриа. Над дээр олон хүн яг энэ асуудлаар ирж байна. Хуримаа хийж болохгүй юм уу, хүүхдийн сэвлэг үргээж болохгүй юу гэж ирээд асууж байна. Бичин жилд хүн төрж, үхэж болохгүй гэсэн зүйл байдаггүй биз дээ. Аль ч жилд хүн төрж л байдаг, үхэж л байдаг. Үүнтэй л адил. Орчлонд хүн төрж болж байгаа юм чинь бусад үйлүүд ч мөн үйлдэгдээд л явж л таарна. Юу үнэн төрөх, өвдөх, үхэх үнэн шүү дээ. Тиймээс бичин жилд хүмүүс гэрлэхэд буруу зүйл байхгүй. Бичин жилд Дашням, Балжиннямтай өдөр, Дүвжир барилдлагатай өдрүүд нь тохиогоод л явна. Өдөр судраа харж, үзүүлдэг лам, багш нараасаа асууж байгаад л гал голомтоо бадрааж болно шүү дээ.

-Дүвжир гэдэг нь ямар учиртай өдөр вэ?

-Жилийн хамгийн сайн өдрүүдийг ингэж нэрлэдэг гэж ойлгож болно. Жишээ нь, пүрэв гариг жил өдөртэй давхцахыг Пүрэвжалын Дүвжир гэдэг. Энэ өдрийг зурхайчид бодож олдог. Жишээлбэл, энэ жилийн шинийн дөрвөн Дүвжиртэй өдөр буюу бүтээлийн барилдлагатай өдөр байгаа. Дүвжир өдрийг бүтээлийн барилдлагатай өдөр гэж монгол хэлнээ хөрвүүлдэг юм. Бас нэг худал яриа байна.

-Ямар яриа юм бол?

-Сонгууль болно. Нэлээд будлиантай жил гарна гэсэн яриа иргэдийн дунд их байна. Аль ч зурхайд улс төр байдаггүй. Ганц нэрнээс юм уу, аман ярианаас болж эмзэглэх хэрэггүй гэдгийг хэлэх байна. Хүн болгон дотроо бодож тунгаагаад саналаа зөв өгөх л чухал. Өөрсдөө санал өгч тэргүүнээрээ сонгочихоод муу муухайгаар нь дуудаад адлаад байдаг. Энэ нь нөгөө л бие, сэтгэл, хэлээр муу үйл үйлдэгдээд байгаа тод жишээ шүү дээ. Нэгнийгээ муу хэлэх нь өөрийгөө муугаар хэлүүлэхийн үүдийг нээгээд байгаа хэрэг юм. Ард түмэн бүх нийтээрээ хараал ерөөлгүй, уур уцааргүй байвал бид ямар ч бэрхшээлийг даваад л гарна.

-Бичин жил залуучуудад их ээлтэй гэсэн. Ер нь ямар жилтэй, аль насны хүмүүс засал хийлгэх шаардлагатай вэ?

-Манай хийдээс гаргасан энэ цаг тооны хуанли дээр тодорхой биччихсэн байна. Бичин жил залууст амгалан, нялхаст ширүүн, өвгөдөд ширүүн жил болно.Залуучуудад сайн, ахмадуудад дунд гэж байгаа. Ахмадууд биеэ сайн бодож, болгоомжтой байвал илүүдэхгүй гэсэн үг. Бүгд ширүүн гэсэн гээд бүх хөгшчүүл байхгүй болно гэсэн үг биш шүү дээ.

-Жил орж байгаа хүмүүс ямар засал хийлгэвэл зүйтэй вэ?

-Хүмүүс жил орж байгаа гээд айдаст автаад байдаг. Жил орно гэдэг нь энгийнээр хэлбэл, гурван жилийн давтамжтай зүйл гэж ойлгоход болно. Жилийн дараа Нашдүрсүм нь таарч байвал эрэгтэй, эмэгтэй гэлтгүй жил дагаж засал хийлгэдэг. Учир нь жил орсноор өвдөж, бэртэж болзошгүй тул сэрэмжлүүлэг хүргэж байгаа юм. Жилийн өмнө тэр гурван жил ирэх юм бол угтаж засал хийлгэдэг гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүн бүгд адилгүй.Тухайн жилээсээ хамаараад суудал, мэнгэ голлох, мөчлөгийн давтамж явагддаг. Тэгэхээр хүн болгон ижил засал хийлгэнэ гэж байхгүй шүү дээ. Өвдөх, үхэхээс болгоомжилж байгаа хэрэг. Мэнгэ голлосон нь, суудал голлосон нь гээд мэдээж тохирох заслыг тухайн жилдээ хийлгэх ёстой. Өөрөө өөрийнхөө шүтдэг лам хуваргуудаас лавлаад л сэтгэлээрээ өөрийнхөө заслыг хийх ёстой юм шүү дээ. Харин бар жилтнүүд төмөр бич өдөр бямба гаригт хийморийн буулттай байна. Хийморийн дарцаг хийсгэнэ. Бар жилтнүүд их харш жилийн засал хийлгэнэ. 1926, 1962, 1998 оны бар жилтнүүд мэнгэ голлосны засал хийлгэх хэрэгтэй. 1914, 1938, 1962, 1986, 2010 оны бар жилтэй эрэгтэй, эмэгтэйчүүд модон суудалд суусан байна. Энэ нь жилээ угтаж заслаа хийлгэнэ гэсэн үг. 1926, 1962 оны бар жилтэн суудлын гүмэгийн засал хийлгэнэ. Жагнаггадог уншуулах хэрэгтэй. Манайхан орчуулгын зөрүүнээс болоод нэг буруу ойлголттой болсон юм. Дөрөв дэх жилийг бага харш, долоо дахь жилийг их харш гээд ойлгочихсон. Өөрөөр хэлбэл, харш гэдэг үг нь орчуулгын алдаа юм. Үүнийг жилийн засалтай гэж ойлгох хэрэгтэй.

-Шинийн нэгэнд зүг чиг, мөрөө хэрхэн гаргах талаар тодруулахгүй юу?

-Өмнө нь гэрийн эзэн шинийн нэгний өглөө мөрөө гаргадаг байсан. Харин ардчилал бий болсноор өнөөдөр эрэгтэй, эмэгтэй гэлтгүй л мөрөө гаргадаг болж. Зүгээ буруу, зөв гаргасны буруу гэж бас байхгүй л дээ. Гол нь сэтгэлээрээ хийж байгаа үйл , биеэрээ хийж байгаа үйл юм. Ингэхдээ сайхан үг, ерөөл хэлж, сэтгэлээ ариусгаж байгаа юм. Энэ жил ямар нэг барцад саадгүй, санасан хэрэг сайхан бүтэж, өвчин зовлонгүй байлгаач гэж л ийм юмыг чинь гаргаад байгаа шүү дээ. Мөрөө гаргачихлаар нэг их сайхан дотор онгойгоод явчихдаг.

-Нэг ёсондоо өөрийнхөө сэтгэлийг засч байгаа хэрэг аж?

-Сэтгэлээрээ засч байна, биеэрээ засч байна гэсэн үг. Маань мэгзэм уншвал хэлээрээ сайн сайхан үйлийг бий болгож байна гэж ойлгож болох нь.

-Битүүлэх ёсны талаар мэдээлэл өгнө үү?

-Цагаан сарын урд өдрийг битүүн гэж нэрлээд байгаа юм. Энэ өдөр айл өрх гэр орноо бүрэн гүйцэд цэвэрлэсэн, идээ будаагаа бүгдийг нь бэлтгэж базаасан байдаг. Түүнээс биш битүүлнэ гэхээр тийм хоол иднэ, идэж болохгүй гэсэн зүйл байдаггүй. Юу байна түүгээрээ л зочилж, дайлах хэрэгтэй. Битүүнд хийдүүд Лхам хурдаг. Учир нь, энэ өдөр Лхам бурхан 3000 ертөнцөөр айл бүгдэд зочилдог гэсэн уламжлалтай юм. Тиймээс битүүний орой айлууд Лхам бурханы унаанд зориулан ундаа гэж үүдэндээ мөс, цас тавьдаг уламжлал бий. Дээхнэ үед битүүлгийн идээ гээд айлууд хоорондоо солилцдог байсан. Одоо ч гэсэн энэ заншил үргэлжилж л байгаа.

-Битүүлэх ёсны цээрлэх зүйлээс…

-Энэ өдөр айл хэсэхийг цээрлэдэг. Учир нь хэсүүчилсэн хүн шинэ ондоо тэнүүчилнэ гэж үздэг. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэг гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг. Битүүний өдөр нохой зодохыг мөн цээрлэдэг. Тйимээс нохойг цадтал нь сайн хооллох хэрэгтэй. Мөн амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэдэг. Угаадсаа ил задгай асгаж болдоггүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана гэдэг.

Categories
мэдээ цаг-үе

Н.Дашзэвэг: Завсрын ашиг ологч байгууллагуудыг хасчихвал ипотекийн зээлийн хүү нэг болох боломжтой

Сүүлийн үед орон сууцны зээлийг таван хувь болгох тухай мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Гэтэл эдийн засагч Н.Дашзэвэг нэг хувь болгох тухай асуудал дэвшүүллээ. Энэ тухай түүнээс тодруулав.

-Өнөөдрийн санхүүгийн зах зээлийг юу гэж харж байна?

-Манай өнөөгийн санхүүгийн зах зээл хөгжсөн орнуудын хэмжээнд хүрч чадаагүй. Жишээлбэл үнэт цаасны зах зээлд иргэд орж ирдэггүй, хамаг мөнгө нь хадгаламж руу орчихдог. Энэ нь банкны зах зээл, үнэт цаасны зах зээлийн харьцаа алдагдсан гэсэн үг. Банкуудын буруу. Банкууд хадгаламжийн хүүгээ өндөр тогтоож байна. Жилд арван таван хувийн хүүтэй. Энэ тохиолдолд арилжааны банкны хадгаламжийн хүүнээс өөр юм сонирхохоо больчихдог. Арвантаван хувийн хүүг хөгжингүй орнууд үнэт цаасны зах зээлд л гаргадаг. Барууны орнуудад банкны хадгаламжийн хүү гэж бараг байхгүй. 1-2 хувьтай. Зарим оронд бол банкинд мөнгөө хадгалуулсны төлбөр төлдөг.

-Үүнийг засах ямар арга байна?

-Засаг нийт зээлийн хүү, хадгаламжийн хүүг бууруулж байж л үнэт цаасны зах зээл ажиллана. Тийм учраас нийт зээлийн хүү, хадгаламжийн хувийг хамт бууруулах хэрэгтэй. Хадгаламжийн хүү таваас зургаан хувь, зээлийн хүү наймаас есөн хувь руу орчихвол хувьцааны зах зээлийг хүмүүс сонирхож эхэлнэ. Өөрөөр хэлбэл хадгаламжинд мөнгөө хийх биш, хувьцаанаас ашиг олох сонирхол нэмэгдэнэ. Монголын ард түмэн бүгд хөрөнгө оруулагч болж хувирна.

-Өнөөдөр хөрөнгийн биржээс гарч байгаа хувьцааны тайлан маш бүдэг байхад хэн хувьцаа авах юм бэ?

-Ер нь хувьцаат компани ирэх жил ийм ашиг олно, нэг хувьцаанд ноогдох ашиг ингэж өснө, та бүхний мөнгө ингэж өснө гэж нийтэд санал тавьдаг. Тэгж л мөнгө татдаг.

-Манай улсад ийм компани байна уу?

-Байхгүй. Жишээ нь МИК компани бол бид урт хугацаанд ашиг олно гэж байгаа юм. Тэгэхээр МИК-ийн хувьцааг тодорхойгүй ашиг олох хувьцааг хүн авахгүй шүү дээ.

-“МИК” ер нь ямар ашиг, алдагдалтай ажилладаг газар вэ? Хэний ямар компани вэ?

-“МИК”-ийг арван банк, төрийн гурван компанийн оролцоотой байгуулсан. Төрөөс Монголбанк, Хөгжлийн банк, Төрийн банк оролцсон байгаа. Хөрөнгийнх нь хорь орчим хувь нь төрийн өмч. 80 орчим хувь нь хувийн банкууд. Төрийн өмч, хувийн өмч нийлсэн байгууллага. “МИК” нь зуучлагч байгууллага. Арилжааны банкуудаас зээлийн хүүг багцалж аваад буцаагаад үнэт цаас болгоод нийтэд худалддаг. Гэтэл үнэт цаасыг нь Засгийн газар авчихаж байгаа учраас МИК нь эрсдэлгүй байгууллага. Зүгээр л илүү шат дамжлага болчихоод байгаа юм. Жишээ нь 2015 оны байдлаар 30 тэрбумын ашигтай ажилласан. 2014 онд 12 тэрбум, 2013 онд найман тэрбум, 2012 онд 400 сая төгрөгийн ашигтай ажилласан.

-Энэ ашгийг хаанаас олж байна?

-Арилжааны банкуудаас авсан багцаа эргүүлж цааш нь зараад хүүнээс ашиг олж байна. Арилжааны банкуудаас авсан зээлийн багцаа эргүүлээд банкуудад 10,5 хувийн хүүтэй өгч байгаа юм. Дараа нь Монголбанкинд 4,5 хувийн хүүтэй өгч байгаа юм. Тэгээд үүнийхээ дундаас ашиг үүсгээд байгаа.

-Зах зээлийн эдийн засагт үүнийг санхүүгийн луйвар гэж үздэг биз дээ?

-Зах зээлийн эдийн засагт хэрвээ энэ авч байгаа мөнгөнүүд нь буцааж банкууд авах биш өөр хүмүүс, өөр компани авбал энэ нь цэвэр бизнес. Одоогийн нөхцөлд Монгол банк арилжааны банкуудад дөрвөн хувийн хүүтэй эх үүсвэрийг өгчихлөө. Дараа нь арилжааны банкууд түүнийг 4.5 хувийн хүүтэй үнэт цаас болгоод Монголбанкинд өгч байгаа юм. Монголбанк өөрөө өөрийнхөө хөрөнгийг буцаагаад авч байна гэсэн үг. Арилжааны банк адилхан. Ипотекийн зээлийн 6-7 зуун тэрбумыг арилжааны банкууд гаргасан. Нийтдээ 3,3 их наяд төгрөг гарсан байгаа. Үүний бараг 2,4 нь цэвэр Монголбанкны мөнгө. Тэгэхээр арилжааны банкууд өөрөө өөрсдийнхөө үнэт цаасыг буцааж худалдаж аваад толгой эргэм хачин юманд орчихоод байгаа.

-Монголын хамгийн эрэлт хэрэгцээтэй зах зээл дээр Монголбанк, арилжааны банк, Засгийн газар гурав ноёлж байна. Тэгэхээр иргэд, хувь хүн тэдний мөнгийг өсгөх замаар л байртай болно гэсэн үг үү?

-Хувь иргэд оролцох сувгийг “МИК” компанийнхан арванхоёрдугаар сард нээсэн. Хувьцаагаа нийтэд зарласан. Нэмж гаргаж байгаа хувьцааны арвантаван хувийг, нэгж хувьцааг 12000 төгрөгөөр зарж байна. Ингээд 30-40 тэрбум төгрөг босгочихлоо. Энэ нь анхны хувилбар. Гэхдээ энэ хувьцааг буцаад л нөгөө банкууд нь худалдаад авчихаж байна. Иргэд маш өчүүхэн хувийг авч байгаа. Тэгэхээр өөрөө өөрийнхөө юмыг худалдаж авдаг, төрийн мөнгөн дээр ашиг босгодог байгууллага болчихож байгаа юм.

-Ипотек гэдэг казино бий болчихоод байна уу?

-Хэрвээ төрийн мөнгөөр тоглоогүй бол энэ байгууллага маш зөв байх байлаа.

-Монголбанк ингэж санхүүгийн арилжаанд орох эрхтэй юу?

-Хөгжиж байгаа орнуудад ипотекийн хувьцааг тухайн орны төв компани нь эзэмшдэг туршлага бий. Гэхдээ ихэнх хувийг төр гаргаад тоглодог юм байхгүй. Манай загвар төрийн мөнгийг хувийн компаниудад өгч үржүүлж байна гэсэн үг. Тэгээд өөрсдөө болон ТУЗ-д байдаг хүмүүс тодорхой ашиг авдаг. Үүнээс харахад энэ нь зөв алхам биш.

-Монголбанк хуулиараа зээл өгөх эрхтэй юу?

-Арилжааны банкуудад зээл өгөх эрхтэй. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийг шууд санхүүжүүлж болохгүй. Арилжааны банк болон Засгийн газраар дамжуулж зээл өгч болно. Одоо ипотекийн зээлийн мөнгийг арилжааны банкууд өгч байна. Ипотекийн найман хувийн зээл гэдэг нь Монголбанкны дөрвөн хувийн эх үүсвэртэй, 2,2 их наяд төгрөг. Арилжааны банкууд дөрвөн хувиа нэмээд ингээд найман хувь болчихоод байгаа юм.

-Ипотекийн зээлийн хувийг таван хувь болгоно гэж яриад хэрэгжүүлж эхлээгүй байхад та нэг хувь болгоно гэчихлээ.

-Монголбанк өмнө нь дөрвөн хувийн хүүтэй өгдөг байснаа одоо нэг хувийн хүүтэй зээл өгнө. Арилжааны нэг хувийг нэмээд л таван хувь болгочихож байгаа байхгүй юу. Арилжааны банкууд татвар төлөгчдийн мөнгөөр л тоглож байна. Би энэ дөрвөн хувийг заавал арилжааны банкаар дамжуулах хэрэггүй гэж үзэж байгаа юм.

-Төрийн банк гээд ашгийн бус байгууллага байхад арилжааны банкуудаар дамжуулж хүүг өсгөөд байна гэсэн үг үү?

-Ипотекийн зээл нь ломбардтай яг адилхан. Барьцааг нь өгчихөөд барьцаанд нь байрыг нь авчихдаг. Ийм эрсдэлгүй зээлийг арилжааны банкуудаар дамжуулах шаардлага байхгүй. Мөн МИК-ээр дамжуулах хэрэггүй. Замд нь хүү нэмээд байдаг байгууллагыг хасчихаар ипотекийн зээлийг нэг хувиар өгөх боломж гарч ирч байгаа юм.

-Барилгын компаниуд Төрийн банктай харьцаад явахад бусад зардлууд танагдаад нэг хувь болох боломжтой гэсэн үг үү, нэг хувь үйл ажиллагааны зардлыг нөхөх үү?

-Иргэдэд зээлийн шалгуур гэж банкууд тавьж байгаа. Сарын орлого нь нэг саяас багагүй, байнгын тогтмол орлоготой, ажлын байрны баталгаатай, өмнө нь зээл аваад найдваргүй зээлдэгч болсон хар данс байхгүй гэдэг ч юм уу шаардлагууд тавьдаг. Энэ шалгуур хэвээрээ байна. Төрийн мөнгөөр ТОСК-оор дамжуулаад орон сууц бариулчихъя. Одоо энэ байгууллага 20 хувийн ашиг хийж байна. Үүнийг зогсооё. Замд нь ашиг хийж буй байгууллагуудыг хасчихвал ипотекийн зээлийн хүү нэг болох боломжтой.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

П.Дагийсүрэн: Би одоо л урлагийн хүн болох гэж байна

“My Voice” тэмцээний оролцогчдоос П.Дагийсүрэн дуулах ур чадвараараа төдийгүй өвөрмөц хоолойгоороо бусдаасаа ялгарсан. Тэр мэргэжлийн хэллэгээр контр альт хоолойтой. Энэ нь ихэд ховорт тооцогддог гэнэ. П.Дагийсүрэн олон тэмцээнд оролцохдоо хэд хэдэн удаа “Олны таашаалыг хүртсэн дуучин”-аар тодорсон. Хамгийн сүүлд “My Voice” тэмцээнд оролцож мөн л олны таашаалыг хүртсэн дуучны шагналыг хүртсэн юм.

-Та аль нутгийнх билээ?

-Уг нь бол Говь-Алтай аймгийнх. Намайг бага байхад манайх Дарханд нүүж ирсэн. Дарханы 14 дүгээр сургууль буюу “Жигүүр” цогцолборыг төгссөн.

-Бөх болох гэж байсан охин яаж яваад дуучин болов?

-Манай “Жигүүр” цогцолбор бөхийн ангитай. Манай сургуульд Дарханы шилдэг хүүхдүүд суралцдаг. Би дөрөвдүгээр ангиасаа бөхөөр хичээллэж эхэлсэн. Ээж, аав хоёулаа бөхийн удамтай л даа. Тиймээс бөх болно гэж боддог байлаа. Багаасаа л аавтайгаа бөхийн барилдаан үзнэ. Намайг бага ангид байхад гавьяат тамирчин Эрдэнэт-Од олимпоос медаль авч ид мандаж байлаа. Түүнийг хараад эмэгтэй хүн барилдаж болдог юм байна гэсэн бодол төрж, түүн шиг нэртэй бөх болохыг мөрөөддөг болсон. Ингээд тамирчин болохоор шийдсэн. Бэлтгэл хийж байхдаа маш их бэртэл авсан, ахар сүүлээ хүртэл хугалж байлаа. Хамгийн сүүлд тархиндаа бэртэл авсны улмаас хараа муудаж тэрнээс хойш спортыг орхисон.

-Хэзээнээс эхэлж дуулсан бэ?

-Цэцэрлэгт байхдаа дуулж байсан юм шиг байна лээ. Нэг зураг байдаг юм.

-Сургуульд байхдаа дуулж байгаагүй юу?

-Барилддаг байхдаа спортынхны урлагийн үзлэгт оролцдог байсан. Тамирчид дундаас арай гайгүй дуулдаг байсан болохоор надаар дуулуулна. Урлагийн үзлэгт урдаа барьдаг хүн нь байсан. 2009 онд бил үү “Оддын эрэлд-3” тэмцээнд оролцож байсан. Клубийнхэн маань ятгасааар байгаад оруулж билээ. Тэрнээс хойш бараг дуулаагүй. Спортыг ч орхисон, 11 дүгээр ангиа ч төгссөн ингээд яахаа мэдэхгүй байв. Тамирчин болно гээд шийдчихсэн байсан болохоор их хэцүү байсан. Сэтгэл санаагаар ч нэлээд уналаа. 17 настай байсан мөртлөө амьдрал дуусчихсан мэт л санагдаж байсан үе. Гэтэл манай Дарханы гавьяат жүжигчин Дагийсүрэн дуучны дугуйланд хүүхэд авч байна гэсэн зар гаргасныг олж уншаад очиж шалгуулж билээ. Надтай ижилхэн нэртэй болохоор гоё санагдсан.

-Гавьяат жүжигчин Дагийсүрэнд шалгуулахад юу гэж хэлсэн?

-Багш маань өөртэй нь ижилхэн нэртэй гээд ихэд бэлгэшээсэн. Намайг шалгаад дасгал уншуулж, сонсгол шалгаад “Болж байна, миний хүү. Чамд тэнгэрээс заяасан авьяас байна, дуулах хоолой байна” гэсэн. Бөх болох гэж байснаа багшдаа ярихад намайг урлагийн хүн болох ёстой гэж билээ. Надаас нэг ч төгрөг авахгүй мэддэг бүхнээ зааж өгнө гэсэн. Урлагийн хүн ямар байх ёстой, дуулах ур зүй, амьсгаа хэрхэн авахаас эхлүүлээд бүгдийг заасан. Нэг жил багшаараа хичээл заалгуулж, урлагийн хүн болох хэцүү гэдгийг ч мэдэрсэн. Урлаг гэдэг үгээр хүнийг амьдруулдаг болохыг тэгэхэд ойлгож билээ. Спорт бол бяр тэнхээ, тэвчээр, ухаан гурав байхад болдог. Тэр үед надад Үндэсний биеийн тамирын дээд сургуульд орох урилга байсан. Очиж бүртгүүлэхээр явж байгаад Соёлын урлагийн их сургуулийн урдуур гарлаа. Гэтэл дээд давхраас нь хөгжим сонсогдоод их сайхан санагдсан. Ямар байдгийг нь үзэхээр ороод элсэлтийн шалгалтанд нь бүртгүүлж тэнцэж билээ.

-Өөрийг тань анх дуулж байгааг сонсоод дуурийн дуулаачийн ангид сурдаг байх гэж бодож байлаа?

-Тийм ээ. Уг нь бол дуурийн дуучны хоолойтой. Дагийсүрэн багш маань намайг өөрийнхөө багш ардын жүжигчин Ц.Уртнасан гуай дээр хүртэл аваачиж сонсгож байсан. Ц.Уртнасан гуай миний дуулахыг сонсоод “Хайран сайхан хоолой. Даанч бие нь жижигхэн юм” гэж билээ. Би жижигхэн биетэй болохоор дуурийн дуучинд тохирохгүй гэсэн.

-Тэгээд л Соёл урлагийн их сургуулийн эстрадын дуучны ангид орсон юм уу?

-Ямар сургууль болохыг үзэх гэж ороод шууд л бүртгүүлсэн гэж ярьсан даа. Яг тэр үед уран чадварын шалгалт авч байсан. Их азтай л даа. Шууд л шалгалтанд нь ороод чаддаг юмаа үзүүлсэн. Бүжиглэ гэхээр нь бүжиглэсэн. Хөгжим тогло гэхэд нь “Үнэхээр хөгжим тоглож чаддаггүй” гэсэн. Этюд гэж юуг хэлдгийг ч мэддэггүй байлаа. Орой нь зургаан цагаас дүнгээ сонс гэсэн. Шалгалтын дүнгээ үзэх гээд очиход нэлээн дээгүүр орсон байсан. Одоо бодоход багш нар маань тэр үед надад маш их итгэл үзүүлжээ.

-Мэргэжлийн багш тань хэн билээ?

-УГЗ Д.Ухнаа. Манай багш гуравхан эмэгтэй шавьтай. Би хамгийн бага нь.

-Яагаад “My Voice”-т оролцохоор болов?

-Багш маань өөрийгөө сорьж үз гэж дандаа хэлдэг. “Урлагийн хүн ганцхан миний сургаснаар явж болохгүй. Өөр хүнээс бас суралцах хэрэгтэй” гэдэг. Өөр дуучдыг үз, тэмцээнд ор гэж хэлдэг байсан. Би Соёл урлагийн их сургуульд орсноосоо хойш “Монстр” гээд нэлээд хэдэн тэмцээнд оролцохдоо дандаа л тодорхой хэмжээний амжилт үзүүлдэг байлаа. Эдгээр тэмцээн болгоноос маш их зүйлийг сурсан. Юун дээр алдав, тайзан дээр гараад үзэгчдийн сэтгэлд хүртэл дуулахын тулд яах ёстой, юу бодох ёстой, үгээ яаж хэлэх гээд л. Энэ бүхнийг тэмцээнд оролцож байж мэдэж авдаг юм билээ.

-Та “Universe best songs” тэмцээнд нэлээд амжилттай оролцсон байх аа?

-Тийм ээ. Энэ тэмцээн нэлээд хэдэн шат явсан. Тэр үед би жирэмсэн байсан. Хүүгээ төрүүлэх гэж байсан болохоор сургуулиасаа чөлөө авсан байлаа. Учир нь байнга дасгал уншаад, дуулаад байхад урагт сөргөөр нөлөөлдөг гэсэн. Тиймээс багш маань чөлөө авах хэрэгтэй гэсэн юм. Ингээд чөлөөтэй байхдаа тэмцээнд оролцъё гэж бодсон. Д.Ухнаа багш маань ажиглагч шүүгч хийж байсан шүү дээ. Би “Uni­verse best songs”-д оролцохоо багшдаа хэлээгүй. Нэгдүгээр шатанд нь оролцсоныхоо дараа багшдаа зэмлүүлж байлаа. Багш “Давхар биетэй байж яаж байгаа юм. Надад яагаад хэлээгүй юм. Ар өврийн хаалга гэж байхгүй шүү. Би чамаас өөрийнхөө заасан юмыг л харна. Багш намайг дэмжинэ гэж бодох хэрэггүй гэдгийг хатуу хэлье” гэж билээ. Ингээд багшдаа сурсан зүйлээ харуулахыг л хүссэн. Шүүгчид юу гэж хэлэх нь надад чухал биш байсан. Багшийн маань үнэлгээ чухал байлаа.

-Та бас “Best of best”-д оролцсон байх аа?

-Тэгсэн. “Universe best songs”-ийн он болгоны шилдгүүдээс шилдгийг нь тодруулахаар “Best of best”-ийг зохион байгуулсан. Түүний хоёрдугаарт шатанд би “Буруу эргэлт” киноны дууг дуулсан. Тэр дуунд их дуртай л даа. Их хүнд дуу. Би долоон сартай жирэмсэн байсан. Намайг дуулахыг сонсоод багш маань уйлж билээ. Сэтгэлд нь хүрсэн байх аа. Тэр үед л Д.Ухнаа багш маань тэнд байсан хүмүүст “Энэ бол миний шавь. Би шавиараа бахархаж байна” гэж хэлсэн. Тамирчин хүн ялалт байгуулаад нэг сайхан болдог доо. Надад яг л тийм байсан. Тэр тэмцээнээс би олны таашаалыг хүртсэн дуучны шагнал хүртсэн. Гэхдээ энэ нь миний хувьд гран пригээс илүү. Одоо л би урлагийн хүн болох гэж байна гэж бодож билээ.

-Цаашдаа ямар шинэ уран бүтээл туурвихаар төлөвлөж байна?

-“My Voice”-ийн гала концертод орсон. Энэ тэмцээн надад маш их зүйл өгсөн. Үнэхээр их эрч хүч зарцуулсан. Хүн юу хийж болдгийг надад харуулсан тэмцээн. Тоглолтонд оролцох санал, студи, продакшнуудаас хамтран ажиллах санал маш их тавьж байгаа. Бүр толгой маань эргэчихээд байна. Ямар ч байсан биеэ даасан уран бүтээлч болно гэж бодож байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөөрөг Монголд цөөнгүй бий

Орчин үеийн хөөрөг, үнэт эдлэлийн өнгийг тодорхойлж буй шилдэг дархчууд эртний эдлэл цуглуулагч нартай хамтран жил бүрийн цагаан сарын босгон дээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. “Мичин жилийн гоёл” нэртэй өнөө жилийн үзэсгэлэнд Увс аймгийн харьяат, Монгол Улсын заан Ө.Тулгаагийн эдэлж хэрэглэж байсан манан хөөрөгнөөс эхлээд Монголын сор болсон уран дархчуудын бүтээлийг сонирхож болох ажээ. Туул рестораны хойд талд “Арт хаус” төвийн үзэсгэлэнгийн талбайд гарсан энэхүү худалдаанд хөөрөгнөөс гадна мөнгөн аяга, хэт хутга, эрэгтэй эмэгтэй хүний бүс, гутал, эмээл, шатар, алт мөнгөн аяга, идээний таваг гэхчилэн монголчуудын уламжлалт хэрэглээтэй холбоотой эд зүйлс тавигджээ.

Цагаан сар дөхөөд ирэхээр нийслэлийн хэмжээнд маш олон газар хөөрөг, мөнгөн аяганы үзэсгэлэн худалдаа гардаг. Тэднээс ялгарах онцлог нь өндөр зэрэглэлийн бүтээлүүд. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй байгууллага, цуглуулагч нарт тодорхой хэмжээний шалгуур тавьдаг юм байна. Тиймээс хагас үнэт чулуугаар хийсэн Монголын төдийгүй дэлхийн жишигт нийцэх хөөрөг тэргүүтэй үнэт эдлэлүүдийг худалдаалж байгаа ажээ. Тус үзэсгэлэнгээс Монголын шилдэг хөөрөгний жагсаалтад багтаж байсан халтар манан, чүнчигноров, гартааман хөөргийг сонирхож болох юм билээ. Мөн зуу, хоёр зуун жилийн өмнө урлаж байсан эртний хөөрөгнүүд ч бий. Зохион байгуулагч нь Говь-Алтай аймгаас ирсэн чүнчигноров хөөргийг өнөө жилийн үзэсгэлэнг чимэх маш сайн хөөрөг хэмээн онцолж байсан. Уг хөөрөг нь улаан, шар, бор гурван өнгийг агуулсан байгалийн тун ховор, нарийн тогтоцтой ажээ. Олон тохиогоод байхгүй уг хөөрөг тус үзэсгэлэн худалдаанд 80 сая төгрөгөөр зарагдаж байгаа. Мөн дархчууд дунд дээд зэрэглэлийн бүтээл урладгаараа алдартай Одгийвын урласан эрэгтэй, эмэгтэй хүний хос бүс олныг бишрүүлж байв. Үзэсгэлэнг сонирхож яваа олон нийт гайхалтай нарийн хийцийг нь шагшин магтаж байсан бол мэргэжлийн хүмүүс “Орчин үеийн монгол дархны оргилд хүрэх бүтээл” гэж онцолсон. Уг бүсийг хийхдээ алт, мөнгийг маш нарийн утас шиг болгон давтаад гурваас дөрөв давхарлан хээ дүрслэл гаргажээ. Чимэглэлийн нарийн хийц дархан хүний авьяасыг шавхсан бүтээл болсны зэрэгцээ хатгамалтайгаа чулууны өнгийг нарийн хослуулсан байна. Дэлхийд алдартай брэндүүд хүртэл ийм бүтээгдэхүүн гар аргаар үйлдвэрлэсэн түүхгүй гэсэн. Зуун хувь гар аргаар үйлдвэрлэсэн ийм бүсийг зөвхөн Монголоос л харж болохоор ажээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдааны бас нэгэн онцлог нь идээний таваг. Өмнөх жилүүдэд идээний таваг тийм ч сонголттой байгаагүй бол энэ жилээс хөөмлийн, цутгуурын, утсан сүлжмэлийн аргаар олон төрлийн сонголттойгоор урласан байна. Мөн монгол ахуй амьдралыг харуулсан шатар үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүн бүрийн анхаарлын төвд орж байлаа. Уг шатрыг монгол зургаар урласан бөгөөд сүйх тэрэгтэй, эмээл хазаар бүхий морьтой, жинд яваа тэмээтэйгээр шатрын хөлгийг бүтээжээ. Сүүлийн үед үзэсгэлэн худалдааны хамгийн борлуулалт сайтай бүтээгдэхүүн алт, мөнгөн аяганууд болсон гэнэ. 33 см-ийн диаметртэй, үндсэн тагштай, сэврээ хийцтэй, бичин жилийн дүрслэлтэй 80 лангийн мөнгөн аяга 18 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна. Харин есөн эрдэнийн чулуутай, арван хоёр жилтэй, есөн эрдэнийн чулуун шигтгээтэй, 80 лангийн мөнгөөр хийсэн алтан шармал аягыг хосоор нь 100 сая төгрөгөөр худалдаж байв. Хөөрөгний тухайд халтар манан, хаш, чүнчигноров, шүрэн, пийсүү, гартааман зэрэг уламжлалт чулуугаар хийжээ. Хөөрөг гэдэг бол хэдэн үе дамжин хэрэглэх үнэт эдлэл. Үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх уламжлалт хэрэглээ учраас чанартай байхыг чухалчилдаг юм байна. Мөн он жил улирах тусам үнэ нь тогтмол өсөж байхыг анхаарах ёстой гэнэ. “Мичин жилийн гоёл” үзэсгэлэнгээс хөөрөг тэргүүтэй үнэт эдлэл худалдаж авахаар зорьж ирсэн хүмүүст олон жилийн туршлагатай цуглуулагч нар зөвлөгөө өгч байлаа.

Увс аймгийн харьяат Ө.Тулгаа зааны эдэлж хэрэглэж явсан манан хөөрөг

Орчин үед хөөрөг худалдан авч буй хүмүүс үүх түүхээс илүүтэй нарийн хийц, чулууны тогтцыг чухалчлах болжээ. Монголын түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан хөөрөгний тухай түүх, сударт бичигдэж үлдсэн нь тун ховор. Аман яриа маягаар яригдаж байсан болохоор өнөөдөр тэр хааны эдэлж байсан хөөрөг гэдгийг нотлох боломж бага. Нэгэнт л хөөргөө барьж байгаад зургаа авахуулан хойч үедээ үлдээгээгүй бол нотлоход тун хэцүү гэсэн. Тиймээс зах зээл дээр өнөөдөр хийсэн хөөргөө маргааш нь энэ ноёны, тэр хатны хөөрөг гээд явж байх тохиолдол гарч байсан. Тиймээс хөөрөг худалдан авч байгаа хүмүүс нэн түрүүнд чулууны материалаа харна. Дээрээс нь чулууны өнгийг чухалчилдаг. Хаш бол цав цагаан, мана олон өнгө орсон тод өнгөтэй байх хэрэгтэй. Үүн дээр хийц нэмэгдэнэ. Монголд дээд зэргийн хашаар хийсэн хөөрөг маш цөөхөн байдаг гэсэн. Харин дээд зэргийн шүрээр хийсэн хөөрөг томоохон цуглуулагч нарт бий. Дээд зэргийн шүр нэг грамм нь мянган ам.доллараар үнэлэгддэг болохоор бусад хөөрөгтэй харьцуулахад цөөн хувиар үйлдвэрлэдэг гэнэ. Ер нь шүрэн хөөрөгний тухайд үнэ цэн нь он цагаар хэмжигддэг ажээ. Дундаж шүрээр хийсэн мөртлөө 200-300 жилийн өмнө гоё загвартай хийсэн бол өндөр үнэ хүрэх боломжтой. Хуучны хөөрөг үнэтэй байдгийн гол учир нь насжилттай холбоотой. Ямар ч уран дархан дээхнэ үеийн хөөрөгтэй ижил хийцтэйг бүтээж чадах ч он удаан жилийн насжилтыг шингээж чадахгүй учраас үнэ цэн нь улам өсөж байдаг гэсэн.

Ерөнхийдөө өнөөгийн хөөрөгний зах зээлд үүх түүхтэй гэгддэг хөөрөгнүүдийн ихэнх нь эзнээ олсон гэнэ. Зах зээл дээр сайн хөөрөг гарч ирэх нь маш ховор болсон бөгөөд хамгийн сүүлд Ө.Тулгаа зааны эдэлж хэрэглэж байсан манан хөөрөг олны сонирхлыг татах болжээ. Уг хөөрөг зураг дүрслэл, чулууны өнгө тун сайн бөгөөд 80 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм байна. Сонирхуулахад манан хөөрөгнөөс хамгийн сайн нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүд байдаг гэнэ. Найман морины сийлбэртэй уг манан хөөрөг 1970-аад оны үед Монголоос Бээжин рүү зарагдаж байжээ. Үнэхээр уран гоё хийцтэй энэхүү хөөрөг Хятадын үнэт эдлэл цуглуулагчид байсныг 2000 оны үед эх нутагтаа буцаан авчрахад Б.Наранхүү 400 гаруй мянган ам.доллараар худалдан авч байсан гэнэ. Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцанд халтар манан хөөрөг байдаг. Тэр хөөрөгний чулууны бүтэц тун ховорт тооцогддог гэнэ. Мөн н.Батзориг гэж залууд байдаг халтар манан хөөрөг Монголд байгаа манан хөөргүүд дунд дээгүүрт бичигддэг гэсэн.

ГовьАлтай аймгаас ирсэн байгалийн ховор тогтоцтой чүнчигноров хөөрөг

Шүрэн хөөрөгний тухайд УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улаан шүрэн хөөрөг толгой цохино. Бээжингийн Энх-Амгалан хааны хөөрөгний үйлдвэрт үйлдвэрлэж XVII зууны үед Монголд орж ирсэн энэхүү хөөрөг маш гайхамшигтай сийлбэртэй. Хөөрөгний сийлбэр мош олон зүйлийн илэрхийлэл болдог ажээ. Шүлэг, яруу найраг, хэн нэгэнд зориулсан сэтгэлийн илэрхийлэл тэргүүтэй маш олон утгыг өөртөө шингээсэн байдаг гэнэ. Д.Бат-Эрдэнийн улаан шүрэн хөөрөгний тухайд нэг талдаа морины сийлбэртэй ажээ. Мөн “Макс”-ын Д.Ганбаатарт нэг сайн шүрэн хөөрөг байдаг гэсэн. Төв аймгийн харьяат Хөдөлмөрийн баатар Зэвэг гэж хүний эдэлж явсан уг хөөргийг хэрэв дэлхийн зах зээлд гарган үнэ хаялцуулбал хэдэн тэрбум төгрөг хүрнэ гэсэн. Түүний ах Д.Цэрэнжигмэдийн улаан шүрэн хөөрөг ч бас сайн чулуутай, сайхан хийцтэй. Түүнчлэн Завхан аймгийн Нөмрөг суманд тун сайн шүрэн хөөрөг байдаг. Дээхнэ үеийн хошуу ноёны эдэлж хэрэглэж байсан хөөрөг олон жил үе дамжин хадгалагдаж явсаар өдгөө үр хүүхдэд нь байдаг ажээ.

80 лан мөнгө орсон алтан шармал хос аяга 100 сая төгрөгийн үнэтэй

Хаш хөөрөг Монголд хамгийн элбэг байдаг. ММСУХ-г үүсгэн байгуулсан Г.Пунцагбалжир агсны хаш хөөргийг онцлох ёстой. Уг хөөрөг өдгөө Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнхөд өвлөгдөн очжээ. Мөн Өвөрхангай аймгийн харьяат н.Тогообанди гэж дөч орчим жил эртний эдлэл цуглуулж буй хүнд нэгэн хаш хөөрөг байдаг. Уг хөөрөг хаш хөөрөгний жагсаалтад дээгүүрт бичигддэг юм байна. Мөн “Цайрт минерал” ХХК-ийн захиралд нэг сайхан хаш хөөрөг байдаг гэнэ. Цаг хугацааны хувьд залууд тооцогдох буюу 1990-ээд оны үед хийгдсэн тус хөөрөг дээрээ есөн луутай. Тухайн үед долоо, найман ширхгийг хийж байсан ч дэлхийн зах зээлд гарч зарагдаад дууссан. Тэдгээрээс хамгийн сайн хийцтэй ганцхан нь Монголд үлджээ. Гартаамнаас хамгийн сайн хөөрөг нь Төмөр замд ажилладаг н.Ганбат гэх залууд бий. Энэ залуу олон жил хөөрөг цуглуулж байгаа бөгөөд дээд зэрэглэлийн хоёр, гурван гартааман хөөрөгтэй ажээ. Мөн түүнд нэгэн манан хөөрөг байдаг юм байна. Луун сийлбэртэй, сийлбэр дээрх луу нь хүний гарын хөдөлгөөний аясаар нүдээ аньж, нээдэг ажээ. Лууны нүдийг байгалийн чулууны дахин давтагдашгүй тогтоцоор тааруулан хийхийн зэрэгцээ лууны савраас улаан цус асгарч байгаа дүрслэлтэй юм байна. Энэхүү хөөрөг Монголын гэлтгүй дэлхийн хэмжээнд яригдахаар төгс бүтээл гэж мэргэжлийнхэн дүгнэдэг. Утга бэлгэдэл, зураг дүрслэл тун гайхалтай бөгөөд Монголын үе, үеийн түүхэнд байсан хөөрөгнөөс хамгийн гоё нь гэж хэлж болох ажээ. Хэрэв дэлхийн зах зээл дээр Монголын хамгийн сайхан гурван хөөргийг авч оч гэвэл түүний энэхүү манан хөөргийг хамгийн түрүүнд авч явна гэж “Мичин жилийн гоёл” үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагч А.Алтангэрэл бахархан танилцуулсан юм. Хэдий хоёр хурууны өргөнтэй жижиг гарын хөөрөг ч дэлхийн тавцанд гаргавал гарцаагүй шуугиан тарьж, олон улсын хөөрөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татах юм байна. Монголын уран дархчуудын үеийн үед урлаж ирсэн ховор нандин хийц бүхий хөөрөгнүүд дэлхийн зах зээлд гарч буй тухайд А.Алтангэрэл “Ер нь дэлхийн зах зээлд танигдсан Монголын бүтээлийг хараад харамсдаггүй. Бид юуг ч алдаагүй. Дэлхийн зах зээлд Монголын бүтээл зарагдаж байна гэдэг бол маш сайн. Бид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр зарж байж л өөрсдийгөө үнэлүүлдэг болно. Өнөөдөр Монголын үнэт зүйлсийг гадагш гаргахгүй гээд харамлаад суугаад байвал өөрсдийгөө үнэгүйдүүлнэ гэсэн үг. Тэртэй тэргүй дэлхий нэг болчихсон. Хүн төрөлхтний оюуны баялаг гэж ярина уу гэхээс Монголынх гэж тусгаарлаад байх хэрэггүй болсон. Бидэнд мөнгө нь байвал дэлхий дээрх хамгийн гоё хөөргийг худалдаж аваад эх орондоо авчирч болно. Тэр бүхэн нээлттэй болчихсон. Монголоос гарсан үнэт бүтээлийг эргүүлээд худалдаж авах нээлттэй. Бидний бүтээл гадаадад байна гэдэг маань эх орноо л сурталчилж буй хэрэг. Худалдаж авсан хүн нь бүтээлийнхээ үүх түүхийг маш нарийн бичээд хадгалж байдаг. 1990-ээд оны үед Монголын маш сайхан хөөрөгнүүд гадны зах зээл рүү гарсан. Лувсандашийн хар гэж хоёр сайхан хаш хөөрөг байсан. Гайхалтай тэр бүтээл тухайн үед дэлхийн зах зээлд гараад явчихсан. 1990 оны үед бид юун хөөрөг худалдаж авахтай байлаа шүү дээ. Өөрсдийнхөө уламжлалт хэрэглээг хэрэглэх бүү хэл харж чаддаггүй нийгэмд амьдарч байсан. Ардчиллын буянаар өөрсдийнхөө уламжлалт бүтээлийг хэрэглээд, зараад, дэлхийн зах зээлд таниулаад явж байна” гэж байлаа. Мөн тэрээр “Аль болох олон хүн манай үзэсгэлэнг сонирхоосой. Заавал худалдаж авах нь чухал биш. Монголын сор болсон уран дархчуудын урласан хөөрөг, үнэт эдлэлтэй танилцаад гарах нь л чухал. Үзэсгэлэнд борлуулж байгаа бүтээлээс гадна үзмэр маягаар тавьсан эртний эдлэлүүд байгаа” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Гэрийн ухаалаг автоматжуулалтын систем бүтээсэн монгол залуус Лас вегаст CES 2016-д оролцлоо

Анх утасгүй цэнэглэгч бүтээж эхэлж байсан Amet­ros Solutions компанийн залуус өнөөдөр гэрийн ухаалаг автоматжуулалтын системээрээ дэлхийн хамгийн том хэрэглээний технологийн үзэсгэлэнд оролцож байна.

Өнгөрсөн 2015 онд Монголын Мэдээллийн технологийн үзэсгэлэнд оролцсон компаниуд дундаас бүтээгдэхүүнээрээ онцгойрсон компани яах аргагүй Amet­ros Solutions байсан юм. Нэгдүгээрт, тэдний хийсэн бүтээгдэхүүнүүд нь өвөрмөц, шинэлэг, хоёрдугаарт, тэд хэн бүхний хийгээд байдаг зүйлийг биш оюун ухаан шаардсан өрсөлдөөн ихтэй талбарт хүч сорин ажиллаж байна.

Ametros буюу грекээр хязгааргүй гэсэн утгатай үгээр тэд компаниа нэрлэжээ. Монголчилбол компанийн нэрийг “Хязгааргүй шийдэл” гэж орчуулж болох юм.

Гэрийн автоматжуулалтын систем гэдгийг энгийнээр тайлбарлах юм бол чийдэн, хөшиг, амьсгалж байгаа агаарын чанарын мэдрэгч, гэнэтийн аюулын мэдрэгчүүд зэрэг зүйлсийг сүлжээнд холбож, хэрэглэгчийн тав тухтай амьдралыг тал бүрээр хангах гэж ойлгож болно. Үүнийг өнөө цагт IoT буюу интернетэд холбогдсон юмс гэж ерөнхийд нь нэрлэх бөгөөд хөргөгч, зурагт хүртэл багтах болжээ.

Тэгэхээр үндсэн ажиллах зарчим нь өнөөдөр хүн бүрийн халаасанд байгаа ухаалаг утсаар дамжуулан та интернэттэй л бол гэрийнхээ ихэнх зүйлсийг удирдах боломжтой гэсэн үг юм. Магадгүй та гэрлээ унтраахаа мартаад гарсан байж болно, магадгүй та хөшгөө нээхээс залхуурч ч болох шүү дээ.

Энэ тохиолдолд ердөө л гар утас, таблетаа гаргаж ирээд гэрлээ унтрааж, хөшгөө нээж болно. Ametros Solutions компанийн хувьд өнөөдөр “DOBU” гэрийн ухаалаг автоматжуулалтын системийг танилцуулж байгаа юм. Энэ систем нь ДОБУ удирдлагын панель, гэмт халдлага, галын аюул болон агаарын чанарын гэх үндсэн гурван мэдрэгч, автомат хөшиг, ухаалаг унтраалга, ухаалаг залгуур зэргээс бүрдэнэ.

ДОБУ удирдлагын панель нь галын аюул, гэмт халдлага, агаарын чанарын үзүүлэлтүүдийг мэдрэх мэдрэгчүүдээс ирэх мэдээлэлд боловсруулалт хийж, хэрэглэгчид цаг тухайд нь мэдэгдсэнээр хэрэглэгчийн амар амгалан байдлыг хангадаг байна. Түүнчлэн ДОБУ систем нь таны өмнөөс гэрлүүдийг тань унтрааж, ханын залгууруудыг тань салгаж, цахилгаан хэрэглээг боломжит нөхцөлөөр нь хэмнэхээс гадна сар тутмын хэрэглээг хэрхэн хэмнэж болох талаар хэрэглэгчид санал тавьдаг гэнэ. Магадгүй та энэ бүхнийг яаж хийдэг талаар гайхаж байгаа бол ДОБУ систем нь таныг аль өрөөнийхөө цахилгаан хэрэгслүүдийг хэдийд асааж унтрааж, хэдийд асаалттай мартаж орхидог тухай мэдээллүүдийг нарийвчлан судалж, хамгийн оновчтой шийдлийг санал болгодог юм байна. Өөрөөр хэлбэл ДОБУ систем нь байнга суралцаж, өдөр бүр хэмнэж, цаг үргэлж аюул ослоос сэргийлж, минут тутамд тав тухыг мэдрүүлж байх нь.

Ametros Solutions компанийнхан гэхээс илүү Монгол залуучууд өөрсдөө загварыг нь гаргаж, өөрсдөө угсарч, өөрсдөө электроник шийдлийг нь боловсруулж, андроидод суурилсан үйлдлийн системийг нь хүртэл өөрсдөө хөгжүүлж байгааг сэтгүүлч миний бие өөрийн нүдээр үзэж сонирхож байхад үнэхээр бахархмаар байлаа. Гадны брэнд бүтээгдэхүүнүүдээс хэлбэр хийц, өнгө аяс, ажиллагаагаар ер дутах юмгүй бүр зарим нэг талаар илүү санагдаж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Өнөөдөр гэрийн ухаалаг автоматжуулалтын системийг бүтээхээр ажиллаж байгаа том, жижиг олон компани бий. Тэдний дунд Google, Philips, Amazon зэрэг томчууд байдаг. Гэхдээ эдгээр компаниудын ихэнх нь гэрийн автоматжуулалтын системийг цогц хэлбэрээр нь бус хэсэгчлэн хөгжүүлсэн байна.

Жишээ нь Google компани 2013 онд Nest ухаалаг термостат үйлдвэрлэгчийг худалдан авсан бол Philips компани Hue чийдэн, Amazon компани Echo яриа таньдаг чанга яригчийг бүтээсэн байна.

Харин Ametros Solu­tions компани яагаад нэгэн зэрэг ийм олон зүйлс бүтээж байгаа талаар тодруулахад компанийн гүйцэтгэх захирал Д.Тулгабаатар “Шанаганыхаа хэмжээгээр хутгана гэж ярьдаг даа. Ажиллах хүрээ маань өргөн байх тусам төдий чинээ боломж бололцоо бидэнд гарах юм. Нөгөөтэйгүүр гэрийн ухаалаг автоматжуулалтын систем гэдгийг бүхэлд нь буюу цогцоор шийдэх нь амжилт, гарц гэж бид харж байгаа” гэж хариулсан юм.

Компанийн бүтээгдэхүүний хамгийн энгийн багц буюу “Dobu Essentials” нь ойролцоогоор 2,9 сая төгрөг аж. Үүнд мэдрэгч тус бүр хоёр ширхэг, ухаалаг унтраалга, ухаалаг залгуур болон ДОБУ удирдлагын панель багтах юм байна.

Ametros Solutions компани бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд 30 гаруй хэрэглэгчтэй болжээ. Хэрэглэгчдийн дунд Монгол дахь Burger King-ийн салбар ресторанууд, хувийн компани болон төрийн байгууллагууд хүртэл багтаж байгаа юм байна.

Ер нь бол компани тун амжилттай явна. Бүтээгдэхүүнээ аль хэдийнэ зах зээлд нийлүүлж эхэлсэн, үйлдвэрлэл амжилттай яваа, захиалагчид сэтгэл ханамж өндөр, хамгийн том технологийн үзэсгэлэнд оролцож байгаа гээд Ametros Solutions сонин хачин ихтэй, эрч хүчээр дүүрэн гялалзаж байгаа юм байна.

Одоогийн байдлаар үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, маркетингийн үйл ажиллагааг далайцтай болгох тал дээр Америкийн болон дотоодын хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээр хийж, томхон хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа гэнэ. Монголчууд бид бие биенээ дэмжих цаг хэдийнэ болсон. Уншигч авгай та бидний зүгээс эдгээр шижигнэсэн залууст том тус бас ч үгүй хөрөнгө оруулалт хийх алхам нь хамгийн энгийн арга буюу бидний хэдийнээс мэдэх үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажиллах явдал юм.

Бидний сайн мэдэх Апел, Самсунг, Хюндай, Сони гэх мэт дэлхийн компаниуд бас л хаа нэгтэйгээс хэн ч мэдэхгүйгээс эдгээр залуус шиг эхэлсэн гэдгийг та бид санаж баймаар. Солонгосчууд гэхэд улсын бодлогоор Самсунгийг, Хюндайг олон улсын зах зээлд гаргаж ирсэн бөгөөд дотоодын хэрэгцээнд хэрэгжүүлээд гадны зах зээлд тэргүүн туршлага байдлаар нэвтрүүлсэн жишээтэй. Ийм олон улсын туршлага байдаг талаар компанийн гүйцэтгэх захирал Д.Тулгабаатар мөн дурдаж байсан юм.

Ойрын жишээ гэвэл Samsung компани өөрсдийн бүтээсэн гэр ахуйн ухаалаг бүтээгдэхүүнүүдээ эхний ээлжинд зөвхөн Солонгосын зах зээлд гаргасан бөгөөд одоо гадны зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.

Гэрийн ухаалаг автоматжуулалтын системийн хөгжил өнөөдөр дэлхий даяар нэгэн ижил түвшинд явна. Гэтэл гар утас, телевизор, машин гэх мэт тогтчихсон зах зээлд шинээр өрсөлдөгч гарч ирнэ гэдэг хүнд. Нэг бол асар их мөнгө оруулж байж эс бөгөөс технологийн хувьсгал гаргаж байж амжилтанд хүрдэг. Тийм ч учраас Ametros Solutions ижил гарааны нөхцөлтэй өсөлтийн нөөц бололцоо асар ихтэй гэрийн автоматжуулалтын зах зээлийг сонгосон талаар компанийн залуучууд тайлбарлаж байлаа.

Компанийн албан байр, үйлдвэр нийлсэн байранд очих үед ШУТИС-ийн оюутнуудыг өөрсдийн зайг шахан байж дадлага хийлгэж олон зүйлийг зааж сургаж байгаа нь надад маш их таалагдсан юм. Шинэхэн гэж гололгүйгээр, чадахгүй гэж төвөгшөөлгүйгээр оюутнуудыг сургаад, өөрсдийн хийж байгаа зүйлсээ заагаад явж байгаа нь тэдгээр залууст шинэ зорилго, хүсэл эрмэлзлийг нээж байх шиг санагдсанаа нуух юун.

Categories
мэдээ цаг-үе

​Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон хүн амиа хорлох үйлдэл хийснийг нууцалсан байжээ

“КейЭйчЭнАр” ХХК-ийн захирал З.Баасандоржийн Х.Баттулга, А.Гансүх нарт хаягласан гэрээслэлээс…

2013 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр Чулуун Овоо, Амгалан хоёрын хооронд иргэн З.Баасандорж нь Х.Баттулга, А.Гансүх нарт хаягласан гэрээслэл үлдээн хэвлийн тус газраа өөрийгөө хутгалсан хэрэг гарч байжээ. Тухайн үед энэ хэргийг хууль хүчний байгууллагынхан нуун дарагдуулсан байсан байна. Үүнийг сэргээн шалгаж Б.Батзаяа нарын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцохоор их хэмжээний зээл авч ул шорооны ажлын 50 хувийг гүйцэтгэсэн гэх иргэн З.Баасандорж нь “Шинэ халхын төмөр зам” ХХК буюу “Кей Эйч Эн Ар” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан аж.

Тэрбээр “Монголын төмөр зам” төрийн өмчит компанитай гэрээ байгуулан, гэрээний дагуу Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 50 км туршилтын хөрс хуулалтын ажлыг өөрсдийн хөрөнгөөр жилийн хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн байна. УИХ-аас Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого батлагдсаны дараа жил нь Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр зам тавих ажил эхэлсэн байдаг. Энэ замын суурь судалгаа, геологи, геодези, байгаль орчны үнэлгээ, хөрс хуулалт, хуулийн зөвлөгөө зэрэгт нийтдээ 55 сая ам.доллар шаардагдах төсвийг холбогдох албаныхан гаргаж, тэрийг нь Засгийн газар 2011 оны 266 дугаар тогтоолоор шийдвэрлэх үүргийг Хөгжлийн банкинд даалгасан байв. Харамсалтай нь “Шинэ төмөр зам төсөл”-ийн энэхүү санхүүжилт тэр үедээ З.Баасандоржид олдоогүй аж. Түүний амиа хорлохыг завдсан хэргийг бичихээсээ өмнө зарим нэг баримт болон тухайн үеийн үйл явдлыг сөхье.

ЭХЛЭХ БА ШАЛТГААН

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа ямар ч санхүүжилт шийдэгдээгүй байхад төмөр замын ажлыг яаран эхлүүлсэн байдаг. Гэвч хөрс хуулалтын ажлыг эхлүүлэх шийдвэрийг хувийн хэвшлийнхэнд Б.Батзаяа тухайн үедээ өгч байжээ. Тэрхүү ажлыг эхлүүлэх үүргийг Х.Баттулга сайд өгсөн тухай ЗТБХБ-ын дэд сайдын өрөөнд хуралдсан хуралдаанд Б.Батзаяа мэдүүлсэн байдаг бөгөөд энэ тухайгаа ч мэдүүлэг өгөхдөө хуулийнханд хэлжээ. 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншандын ойролцоо “Шинэ төмөр зам”-ын нээлтийн үйл ажиллагаа болж ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга хоёр жилийн хугацаанд төмөр замыг барьж ашиглалтад оруулна хэмээн хэлж байсан байдаг. Шинэ төмөр замын газар шорооны ажлыг эхлүүлсэн энэ үйлдэл ном дүрмийн дагуу бол эхлэх эрхгүй байсан аж. Учир нь дэлхийн бүх улсад төмөр замын бүтээн байгуулалтын ихэнх зохицуулалт нь барилгын хуулиар явдаг байна. Тухайлбал, инженерийн байгууламжийн хувьд Монгол Улсын Барилгын тухай хуулийн 13.5-д зааснаар бол магадлал хийлгээгүй зураг төслийн дагуу барилгын ажлыг эхлүүлж болохгүй гэсэн заалт бий. Асуудал нь зураг төсөл боловсруулахдаа биш, тэр зураг төслийг хөндлөнгийн байгууллага хяналт тавьж, зөвшөөрсний дараа барилгын үйл ажиллагаа буюу төмөр зам барих ажлыг эхлүүлж болно гэсэн үг. Харин “McKinsey & Co”-гоор ахлуулсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг нь 2011 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ТЭЗҮ хийх ажилдаа ороод 2011 оны наймдугаар сарын 18-ны өдөр Засгийн газарт танилцуулсан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 2011 оны наймдугаар сарын 18-ны өдөр хүртэл энэ төмөр зам ашигтай байх эсэхийг хэн ч мэдэхгүй байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Гэтэл газар шорооныхоо ажлыг аль эрт буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хийчихсэн байдаг. Гэхдээ энэ ТЭЗҮ-д бас л мөн адил магадлал хийлгэх ёстой байв. Харамсалтай нь ТЭЗҮ-д өнөөдрийг хүртэл магадлал огт хийлгээгүй байгаа юм. ТЭЗҮ гэдэг ажлын зураг биш. ТЭЗҮ гэдэг нь ямар нэгэн төсөл ашигтай байх уу, үгүй юу гэдгийг харуулсан судалгаа. ТЭЗҮ-д үндэслэж төмөр зам барина гэж байхгүй хэмээдэг. ТЭЗҮ-г харгалзаж төмөр зам барих ажлын зураг, бусад тооцоог хийлгэж болно. Хөрс хуулалт бол төмөр замын бүтээн байгуулалтын ажлын дарааллаар бол 33 дахь ажил байв. “Кей Эйч Эн Ар” ХХК 2011 оны арваннэгдүгээр сар гэхэд 50 км хөрс хуулалтын ажлаа 100 хувь дуусгажээ.

АЖЛАА ХИЙЖ ДУУССАН Ч ӨРӨӨНД ОРЖ ЭХЭЛЖЭЭ

Гэрээнд заасны дагуу хүлээн авах болоход “Монголын төмөр зам” ТӨХК ажлын хэсэг байгуулалгүй өдөр хоног аргацаах болсон гэнэ. Ул шорооны ажлыг хүлээн авбал далангийн ажил эхлэх ёстой байдаг. Гэтэл ТЭЗҮ, мөнгө, маршрут тодорхой бус байсан тул сайд асан болон захирлууд олдохоо больсон байна. “Кей Эйч Эн Ар” ХХК-ийн захирал З.Баасандорж Сүхбаатар аймаг руу 20-иод тоног төхөөрөмж нүүлгэн аваачиж хүнд даацын машин механизмаа Вагнер Ази ХХК-иас итгэлцлийн хүрээнд зээлсэн байжээ. Зөвхөн HO­BO-гийн түрээсийн төлбөрт сар бүр 100-110 сая төгрөг төлж байсан гэхээр түүнд гэрээний дагуу мөнгөө авах нь туйлын чухал байсан аж.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Х.Баттулга Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, А.Гансүх Зам тээврийн сайд, “МТЗ” ТӨХК-ийн захирал Б.Батзаяа ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ. Ажлыг анх эхлүүлсэн хүмүүс албан тушаалд хүрсэн тул одоо л санхүүжилтээ авах боломж нээгдэх нь гэсэн итгэл төрсөн ч хэн ч түүнийг тоогоогүй байна. Энэ тухайгаа З.Баасандорж хуулийнханд ярьсан байдаг. Хоёр жил санхүүжилтээ авч чадаагүй З.Баасандорж өр, зээлийн төлбөрт унан, бусдын дарамтад орж эхэлсэн тул эцсийн арга болох гэрээслэл бичин амиа хорлохоор оролджээ.

АРГАА БАРСАН ТЭРБЭЭР ГЭРЭЭСЛЭЛ БИЧИЖ АМИА ХОРЛОХЫГ ЗАВДАВ

Тэрбээр гэрээслэл бичихдээ “Энэ хоёр жил гарангийн хугацаанд жижиг хэмжээтэй ажлууд хийсэн ч дараа бололцоо гараагүй. Хийсэн ажил нь тодорхой, санхүүжилтийг нь олго гээд байхад өөрсдийн хар толгойгоо бодож бидний ажил хийсэн гүйцэтгэлийг олгоогүй ХХААЯ-ны сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх нар миний ар гэр, үр хүүхдүүд, надад мөнгөө зээлүүлж хохирсон ах дүү нар, найз нөхдийн өмнө хариуцлага хүлээж эдгээр олон хүмүүсийг хохиролгүй болгож өгөх ёстой. Цаашид би өчнөөн ажил хийх санал байсан ч олон хүнд өглөгтэй учраас ажил явуулах боломжгүй, нэр хүнд унасан тул цаашид өөрийнхөөрөө шийдлээ.” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд бусдыг амиа хорлоход хүргэх гэсэн зүйл заалт бий.

Сануулахад “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ҮЭХ-ны дарга С.Эрдэнэ хөдөлмөрийн хуулийн дагуу сул зогсолтын цалингийн 60 хувийг авах, ажлаас халагдахгүй байхын төлөө өөрийгөө шатаахад захирал Б.Батбилэгт эрүүгийн хэрэг үүсч байсан нь үүний нэг жишээ юм. Харин иргэн З.Баасандоржийн төрийн нэрийн өмнөөс “Монголын төмөр зам” ТӨХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу ажлаа гүйцэтгэн, төлбөрөө авч чадахгүйн улмаас амиа хорлох үйлдэл гаргасны төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй байна.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Б.БАТЗАЯАГИЙН АЛБАН ӨРӨӨНД ДАХИН АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ

Иргэн З.Баасандорж амиа хорлох үйлдэл хийснээсээ арав хоногийн дараа мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн албан өрөөнд амиа хорлохыг оролдсон байна. Харин тухайн үед цагдаагийн байгууллагад энэ тухай ар гэрийнхэн нь хандсан ч энэ хэрэг мөн л дарагдаж өнгөрсөн байна. “Кей Эйч Эн Ар” ХХК-ийн захирал З.Баасандорж ийнхүү хүнд байдалтай байсны дараа түүний хуулийн багийнхан шүүхэд хандаж эхэлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард энэ асуудлыг нь шүүх хэлэлцээд “Монголын төмөр зам” ТӨХК-ийг “Кей Эйч Эн Ар” ХХК-д учруулсан хохирлоо төлөх ёстой гэж үзжээ. Тус компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гэрээний дагуу төлбөрөө алдангийн хамт нэхэмжилж 4.8 тэрбум төгрөгийг 7.2 тэрбум төгрөг болгон шийдвэрлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд асан Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нарын буруутай үйл ажиллагааны улмаас улсын төсөв 4.8 тэрбум төгрөгөөс гадна нэмж 3.4 тэрбум төгрөгөөр хохирсныг шүүх нотолжээ. 7.2 тэрбум төгрөг гэдэг хэдий хэмжээний тоо вэ. 2015 оны эцэст Засгийн газар төсөв хэмнэх зорилгоор дэд сайдыг цомхотгон, агентлагуудыг нэгтгэснээр 1.8 тэрбум төгрөг хэмнэж чадсан байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Т.Ганди: Унгар улс Ази руу хандсан эдийн засгийн бодлогынхоо хүрээнд Монголд ач холбогдол өгч байна

Өнгөрсөн хавар Унгар улсын Ерөнхийлөгч манай улсад айлчилсан. Хоёр, гуравхан хоногийн өмнө тус улсын Ерөнхий сайд айлчлаад буцлаа. Манай хоёр улсын дипломат найрамдалт харилцаа сүүлийн жилүүдэд сэргэж, шинэ шатанд хөгжиж буйг айлчлалын хүрээнд болсон үйл явдлуудаас тод харж болно.

Айлчлалын талаар Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Гандитай ярилцлаа. Тэрээр УИХын сонгуульд дөрвөн удаа ялж, Эрүүл мэнд болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар гурвантаа томилогдон ажиллаж байсныг манайхан мэдэх юм.

-Унгар улсын Ерөнхий сайдын айлчлал Монгол улсад амжилттай болж өнгөрлөө. Засгийн газрын таван гишүүн, 60-аад ажил хэрэгч хүн, бизнесийн төлөөллийг багтаасан энэ айлчлалын ач холбогдлыг та юу гэж үзэж байна вэ?

-Монгол, Унгар улс эртний түүхэн холбоотой ард түмнүүд юм. Бидний хөгжлийн түүх, туулсан замналд маань адил төстэй зүйл олон бий. Улс төр, эдийн засгийн харилцааны хувьд социалист интегралчлалд багтаж, бие биедээ тусалж дэмжиж явсан үе байдаг. Түүхийн явцад улс төр, эдийн засгийн ардчилсан өөрчлөлтүүдийг хийж, шинэ тогтолцоонд шилжсэн он жилүүд маань бас ойролцоо байна.

Далайд гарцгүй, том гүрнүүдийн улс төр, эдийн засгийн бодлогын хамааралтай хөгжлийн явц зэрэг үнэхээр олон талаар бид ойролцоо түүх замналыг туулсан улс аа. Монгол, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 66 жилийн ой болж байна. Социалист лагерийн орнуудын эдийн засгийн хуваарийн дагуу Монгол Улсад Унгар улсын Засгийн газар, ард түмний оруулсан хувь нэмэр, бүтээн байгуулалт тодорхой байдаг юм.

-Тухайлбал, нэрлэж болох уу?

-Сонгинын Биокомбинат, Дарханы махкомбинат, Оёдлын нэгдлийн үйлдвэр зэрэг улс орны шинэ тутам хөгжиж ирсэн аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн салбарын үндсэн суурийг Монгол Улсад бий болгох, бэлчээрийг усжуулах, худаг ус гаргах, хайгуул шинжилгээ хийх, орчин цагийн өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд Унгарын ард түмний оруулсан хувь нэмэр их юм.

-Тодорхой хөгжлийн шилжилтийн зааг үед хоёр орны харилцаа саарсан үе байсан?

-Хоёр орны төр засгийн түвшинд өндөр дээд түвшний айлчлал тэнцвэртэй бус байв. Бид аль аль нь нийгмийн өөрчлөлтөнд өөрсдөө дасан зохицох, шинэ тогтолцооны үндэс суурийг тавих, шинэ шинэ холбоотон анд нөхөд эрж байсан үе бий. Чухам энэ харилцааны хувьд зогсонги ч гэмээр он жилүүдэд Унгар Монголын дипломат харилцаа тогтвортой тасралтгүй явж ирсэн нь олзуурхууштай санагддаг. Тодорхой хэлэх юм бол төв Европын түвшинд төв Ази Монголын нүүдлийн соёл иргэншил судлал амжилттай хөгжиж, судалгаа шинжилгээнүүд тогтвортой үргэлжлэн хийгдэж ирсэн байдаг нь бахархалтай. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа хамтын хүчин чармайлтаар илтэд өргөжин хөгжиж байна.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд Унгар улсад, тус улсын Ерөнхийлөгч Адер Янош 2015 онд манай улсад харилцан албан ёсны айлчлал хийсэн. Унгар улсын Гадаад хэрэг, Гадаад худалдааны сайд Петр Сияяарто 2015 онд манай улсад айлчлан Элчин сайдын яамаа сэргээн нээсэн. Энэ нь манай улстай харилцах холбоонд өндөр ач холбогдол өгч байна гэж ойлгож болох уу?

-Унгар улсын Засгийн газар Ази Дорно дахин руу хандсан нээлттэй эдийн засгийн бодлогынхоо хүрээнд Монгол Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байна. Мөн өнгөрсөн онд Унгарын Худалдааны ордон Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ удаагийн Унгар улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд В.Орбаны манай улсад хийсэн албан ёсны айлчлал аль ч талаараа түүхэн ач холбогдолтой, үр дүнтэй айлчлал боллоо.

-Ажиглагчид ам сайтай байна, олон сайхан зүйл хийхээр яригдлаа. Айлчлалыг дүгнэж хэлээч?

-Унгарын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал болсон. Урьд өмнө Ерөнхий сайдын айлчлал хийгдэж байгаагүй юм билээ. Мөн уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хувьд улс төр, гадаад харилцааны бодлогоо эдийн засгийн цоо шинэ агуулгаар баяжуулж харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжих, тогтвортой үйл ажиллагаа, хамтрагч байх хүсэл эрмэлзлээ тодорхойлсон энэ айлчлал цоо шинэ дүр төрхийг агуулж байна. Унгар улсын Засгийн газрын тэргүүний Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалын бас нэг онцлог зүйл хоёр орны харилцаа зөвхөн талуудын тогтвортой хамтын ажиллагааг бий болгох. Ази болон Евро бүсийн түвшинд итгэл бүхий сайн түнш, ирээдүйд чиглэсэн үр дүнтэй хамтын үйл ажиллагааны эхлэл суурь болж буйгаараа онцлог.

-Унгар улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд биокомбинатыг шинэчлэх үйл ажиллагаа эхэллээ гэж ойлгож болох уу?

-Ерөнхий сайд В.Орбаны манай улсад хийсэн албан ёсны айлчлалын бас нэг томоохон үр дүн бол Сонгино дахь Биокомбинатын ТӨҮГ-ын техник тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх төслийг гараанаас гаргах асуудал байлаа. Засгийн газар дамжигдан яригдсан олон удаагийн гэрээ, санамж ойлголцлын бичиг зурагдсан байдаг юм. Ажлын олон ч хэсэг ажилласан байдаг юм байна лээ. Дээрх хөрөнгө оруулалтын төслийн хувьд Унгарын өнөөгийн Засгийн газар ач холбогдол өгч, шаргуу ажиллаж ирсний үр дүн энэхүү айлчлалаар гарч байна. Манай улсын эдийн засгийн голлох тулгуур салбарын нэг болох МАА-н салбарыг эрчимжүүлэх, мал эрүүлжүүлэх, улмаар малын гаралтай мах, сүү, хүнсний бүтээгдэхүүн экспортлоход Биокомбинат стратегийн ач холбогдолтой газар юм.

-Анх Унгарын буцалтгүй тусламжаар баригдсан гэдэг байх аа?

-Тийм, түүнээс хойш 40 гаруй жил техник эдийн засгийн шинэчлэл хийгдээгүй явсаар өнөөдрийг хүрсэн Сонгино дахь Биокомбинатыг Унгар улсын нэн хөнгөлөлттэй зээлийн тусламжаар дахин иж бүрэн шинэчлэх төслийг хэрэгжүүлье гэсэн манай саналыг дэмжиж төслийн хүрээнд 25 сая ам. долларын санхүүжилтийг гаргах асуудал дээр талууд тохиролцож чадлаа. Биокомбинатын иж бүрэн шинэчлэн хэрэгжүүлэх дээрх 25 сая долларын өртгөөс гадна ТЭЗҮ боловсруулахад шаардагдах тодорхой санхүүжилтийг гуравдагч эх үүсвэрээс гаргах боломж нөхцөл байгаа. Энэ талаар Унгарын Гадаад хэргийн сайд манай гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Энэ нь Биокомбинатын шинэчлэлийн төсөлд Унгарын Засгийн газрын чармайлт үнэхээр их байгааг нотлон харуулж буй сайн мэдээний нэг гэж үзэж болно.

-Унгар улсад манай улсаас суралцагсдын тоо нэмэгдэж буй сайхан мэдээ бас бий?

-Энэ бол үнэхээр сайхан мэдээнүүдийн нэг яах аргагүй мөн юм аа. Унгар улсад Монгол Улсаас оюутан сургаж эхлээд 40 гаруй жил болж байна. Энэ хугацаанд манай орноос анагаах ухаан, эмзүй, хөнгөн үйлдвэрийн технологи инженер, зам гүүрийн инженер, хэл согог судлалын багш, заах арга зүйч чиглэлээр 400 гаруй оюутан сурч төгссөн нь өнөөдөр Монгол Улсынхаа хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсан, нийгэмд байр сууриа эзэлсэн тэргүүлэх сэхээтнүүд болж, нэртэй төртэй ажиллаж байна. Хоёр Засгийн газрын боловсролын салбар хооронд байгуулагдсан хэлэлцээр өнгөрсөн онд шинэчлэн байгуулагдсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Унгар улсад хийсэн ажлын айлчлал, Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адерийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын өндөр түвшний яриа хэлэлцээний үеэр яригдсан. Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсаас суралцагсдын тоог 100 болгон нэмэгдүүлэх асуудал ийнхүү үр дүнд хүрч 2015-2016 оны хичээлийн жилд Монгол Улсаас 100 оюутан суралцаж эхлээд байна. Энэ нь урьд өмнө тэтгэлгээр суралцаж байсан таван оюутны тоог эрс нэмэгдүүлсэн сайхан шийдвэр байлаа. Хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалт хэлэлцээрийн үед Унгарын тал Монгол Улсаас Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулж буй оюутныхаа тоог нэг дахин буюу 200 хүртэл нэмэгдүүлэх боломжийг бас илэрхийлсэн нь манай улсад оруулж буй томоохон оюуны хөрөнгө оруулалт болох юм. Боловсролд, хүнд хөрөнгө оруулалт хийж буй нь дахин сэргээгдэж, баяжигдаж байдгаараа давуу талтай.

-Шинэ тутам хөгжиж буй хөгжлийн салбарын нэн чухал мэргэжилтнүүдийг зөв сонгон шалгаруулан суралцуулах нь манай талд гарах нь?

-Тэгж хэлж болно. Унгар улс эрхзүй, шинжлэх ухаан боловсролын салбарын хувьд олон зуун жилийн өмнөөс бий болсон өөрийн гэсэн соёл, арга барил дээр нь Европ, олон улсын стандартад нийцсэн нэр хүндтэй олон арван их, дээд сургуультай.Тэнд сурах арга барилд суралцсан, шалгуурыг нь давах оюутнуудаа илгээх ажилд манай зохих байгууллагууд анхаарах байхаа. Унгарын нэр хүндтэй анагаахын сургуулийн диплом хилийн чанадад 7-8 оронд хүлээн зөвшөөрөгддөг гэдэг утгаараа зөвхөн хөгжиж буй орнуудаас гадна Солонгос, Япон, АНУ-аас ч олон оюутан суралцаж буй нь ажиглагддаг. Төв Европын нэр хүндтэй сургуулиудад суралцан тухайн орон, бүс нутгийн хөгжил соёлоос суралцан эх орондоо ирнэ гэдэг нь Монголын залуучуудад томоохон боломж юм. Унгар улсад суралцаж буй оюутны тоо нэмэгдэж буй нь сайшаалтай.

-Монгол Унгарын харилцааны гол бэлгэдэл яах аргагүй Биокомбинат буюу малын вакцины үйлдвэр гэж үздэг. Энэ үйлдвэрийн шинэчлэл эхэлж үр дүнд хүрэх нь ээ. Унгар Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны бодлого харилцааны өөр ямар шинэ төлөв, шинэ боломж байна гэж та үзэж байна вэ?

-Түрүүн би хэлсэн. Унгар улс гадаад харилцаагаа эдийн засагжуулах, хуучин уламжлалт харилцаатай улс орон, Ази, Дорно дахины орнуудтай харилцан ашигтай худалдаа эдийн засаг, шинэ боломж гарцуудыг нээх бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ бодлогын хүрээнд Унгар-Монгол улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол талбар бол яах аргагүй ХАА, МАА-н салбар. Манай улсын ХАА-г эрчимжүүлэх шаардлагатай техник, технологи, стандарт, мэдлэгийн импорт хийх санал, боломж айлын талд байна. Бид энэ боломжийг зөв ашиглах хэрэгтэй байна. Мөн уул уурхай, усны салбарт хамтран ажиллаж ирсэн туршлага бидэнд бий. Олон удаагийн өндөр дээд хэмжээний айлчлалын яриа хэлэлцүүлгүүдийн түвшинд яригдаж ирсэн тодорхой салбар төслүүд ч байна. Наад захын жишээ хэлэхэд хот төлөвлөлт, бохир ус зайлуулах, үерийн хамгаалалт, саарал ус дахин цэвэршүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлт, гүний болон гадаргын усны нөөц тодорхойлох эрэл хайгуул хийх зэрэг ажил эрэлт хэрэгцээ манайд бий. Туршлага, стандарт, технологи нь Унгарт байна. Дээрх салбаруудын хүрээнд хамтран ажиллах талуудын санал байгаа зэрэг нь бидний цаашдын хамтын ажиллагааны зорилтыг тодорхой болгож буй хэрэг.

-Ерөнхий сайд В.Орбаны албан ёсны айлчлалаар олон гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурагдлаа?

-Манай улсын нутаг дэвсгэрт газрын ховор металийн эрэл хайгуулын судалгааны ажил, геологийн эрэл, зураглал хийх, Улаанбаатар Будапешт хоороны хамтын ажиллагааг хөгжүүлэх Эко-автобус үйлдвэрлэл, ухаалаг бизнес болон үзвэр үйлчилгээний төв байгуулах. Мөн Туул голын үерийн менежмэнт, барилгын материал үйлдвэрлэх, ХАА, хүнсний үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах зэрэг салбар хоороны олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. Худалдаа аж үйлдвэр танхим хооронд, барилгын компани хооронд, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч бизнесүүдийн хооронд хамтын ажиллагааны санамж ойлголцлын бичгүүдэд гарын үсэг зурагдлаа.

-Унгарын 48 томоохон компанийн 60 гаруй төлөөлөл, Монголын 170 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон бизнес форум хэр үр дүнтэй болов?

-Хуучин анд нөхдийн шинэ орчин нөхцөлд хамтран ажиллах боломж гарц, түншээ эрсэн уулзалт боллоо гэж үзэж байна. Манай хоёр орны эдийн засгийн харилцаа 1990 оноос хойших хугацаанд нийтдээ хоёр сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн нь чамлалттай үзүүлэлт юм. 2014 онд худалдааны нийт эргэлт 11.9 сая ам.доллар, экспорт 187 мянган ам.доллар, импорт 11.8 сая ам.доллар байна. Худалдааны эргэлтийг сайжруулахад төрөөс хөрөнгө оруулагчдадаа дэмжлэг үзүүлэх шаардлага харагдаж байна. Манай хоёр орны худалдааны бүтэц цөөн төрөл эмнэлгийн зориулалттай радио долгионы ба рентгений хоолой бусад хэрэгсэл, тун хэлбэрт савлагдсан эм, шоколад, какао, хүнсний бүтээгдэхүүн, вино зэрэг байгаа. Сүүлийн жилүүд Европийн хүнсний ногоо, жимс оруулах сонирхол өсөж байгаа нь харагдаж байна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Пүрэвжаргал: Парисаас алтан цом авчирсан үзүүлбэр маань дэлхийн циркчдийн дээд амжилтыг эвдсэн

Франц улсын нийслэл Парис хотноо болсон “Месси” олон улсын циркийн 24 дүгээр наадмаас монгол циркчид алтан цом хүртсэн билээ. Нэр хүндтэй тэмцээний тэргүүн шагнал авсан Монголын үндэсний циркийн харьяа “Puje and guys troupe” хамтлагийн жүжигчид өчигдөр эх орондоо ирсэн юм. Тус хамтлагийн ахлагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэсэндагвын Пүрэвжаргалтай уулзаж ярилцлаа.

-Олон улсын циркийн наадмаас алтан цом хүртэн эх орондоо ирсэнд баяр хүргэе. Ямар тэмцээнд оролцоод ирэв?

-Парис хотноо энэ сарын 21-24-ний өдрүүдэд болсон “Massy” олон улсын циркчдийн тэмцээн энэ жил хорин дөрөв дэх удаагаа зохиогдож, Монголын циркчид анх удаагаа очиж амжилттай оролцон алтан цомыг нь авчирсандаа маш их баяртай байна. Манай “Puje and guys troupe” хамтлагийнхан энэ том фестивальд дээсээр наадагчид, шидэлттэй акробат гэсэн хоёр төрлөөр оролцсон. Сая манай хамтлагийнхан хэвтээ дөрвөн үе, босоо таван үеийн үзүүлбэрээрээ дэлхийн дээд амжилтыг эвдээд ирлээ.

-Түрүүнд нь тийм үзүүлбэрийг олон улсын циркчид ерөөсөө хийж байгаагүй гэсэн үг үү?

-Хийж байгаагүй.

-Дэлхийн циркийн байгууллага та нарын энэ амжилтыг бүртгэж аваа байлгүй дээ?

-Энэ фестивалийн хүрээнд 23 жилийн бүх шилдэг үзүүлбэрээр сонин сэтгүүл гаргаж, бичлэгийг нь цомогт бичээд зарж байдаг юм билээ. Бидний уран бүтээлийг ч бас бүртгэж авсан.

-Танай хамтлаг хэдэн гишүүнтэй билээ?

-Манай хамтлаг арваннэгэн гишүүнтэй. Анх 2001 онд байгуулагдаж арвантав дахь жилдээ уран бүтээлээ хийж явна. Бид насны хувьд 17-38 насны улс. Хамтлагийн гишүүн Цогбаярын Баяраа, Ганбатын Энхболд, Чимэдсүхийн Билгүүнхангал, Бямба-Очирын Номин-Эрдэнэ, Ганбатын Мөнхбат, Санжаагийн Ганбат, Шинэбаярын Мягмардорж, Даваасамбуугийн Эрдэнэдагва, Алтанцоожийн Жаргалсайхан нартайгаа гар сэтгэл нийлж ажилладагтаа үнэхээр бахархдаг юм.

-Шидэлттэй акробат ч харахаас л хэцүү төрөл шүү. Хүмүүсээ хэдэн жил бэлтгэх вэ?

-Шидэлттэй акробатыг доод тал нь дөрвөөс таван жил уйгагүй хичээллэж бэлтгэж байж өөрийн гэсэн дөртэй болдог урлаг. Гэмтэл бэртэл авах магадлал өндөр, хурд, биеийн хүч шаардсан төрөл.

-Таны хувьд цирктэй хэдэн насандаа хувь заяагаа холбов?

-Би арвангурван настай, З5 дугаар сургуулийн сурагч байхдаа 1990 онд анх Улсын циркийн алиалагчийн дугуйланд орж, дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн хүн. Улсын цирк 2006 онд хувьчлагдаж Монголын үндэсний цирк болсноос хойш одоо хүртэл акробатчинаар ажиллаж байна.

-Цээеэ, Латиф нарын алдартай алиалагчидтай хамтран үзүүлбэр хийж байв уу?

-Цирк гэдэг олон урлагийн нийлэг урлаг. Бидний хувьд акробатаар түлхүү хичээллэж байсан. Гэхдээ Батсүх, Энхээ нарын алдартай алиалагч нартай бүгдтэй нь үзүүлбэрт хамт гарч байсан. Миний хувьд жонглёр, дээсээр наадагч, шидэх банзнаас үсрэгч, акробат, агаарын үзүүлбэрүүд үзүүлдэг байсан. Одоо бол шавь нартайгаа хамтран тоглож, бас мэддэг чаддаг бүхнээ хүүхэд залуустаа зааж өгөөд явж байна.

-Танай хамтлаг олон улсын тэмцээнд хэдэн удаа оролцож байв?

-Байгуулагдсанаасаа хойш олон улсын тэмцээнд оролцох урилга, гэрээ хэлцэл олонтаа ирж байсан боловч яагаад ч юм бэ, хамтлагийн гишүүдийн хэн нэгнийх нь гар хугарах ч юм уу, хөлдөө бэртэл авах зэргээр бэрхшээл гарч оролцож чаддаггүй байсан. 2012 онд Монголын циркчдийн их наадамд бид дээсээр наадагч үзүүлбэрээрээ тэргүүн байр эзэлж байсан.

-Шүүгчид хаанахын хүмүүс байв?

-Францын хоёр иргэн, Герман, Испанийн нэг нэг шүүгч, Монголын циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ нарын таван хүний бүрэлдэхүүнтэй байсан.

-Аливаа нэг тэмцээнд шүүгчид гол нөлөөтэй байдаг. Эрдэнэ шүүгчийн лообий ороо болов уу?

-Тийм юм байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл олон улсын тэр нэр хүндтэй тэмцээнд муу үзүүлбэр толилуулбал өөрсдөө онигоо болно биз дээ. Дээр нь улс орныхоо нэр хүндийг баллана.

-Алтан цомыг мөнгөн шагнал дагалдах юм уу?

-Ямар ч мөнгө төгрөг дагалддаггүй цэвэр нэр төрийн шагнал юм билээ. Цирк чинь өөрөө эрсдэлтэй эр зоригийн урлаг болохоор авьяас чадвараа л үнэлүүлж байвал сэтгэл ханахаас мөнгө төгрөгийн төлөө үхэлдээд байх нь сонин биш гэж боддог доо.

-Хэн нэг нь асуудалтай байсан ч тоглолтоо үргэлжлүүлж болдоггүй юм уу?

-Түрүүн би хэлсэн дээ. Акробат гэдэг дөрөв, таван жил уйгагүй хичээллэж байж зүгширдэг төрөл гэж. Дээр нь бэртэл гэмтэл авах маш их эрсдэлтэй. Үзэгчдийн нүдний өмнө инээмсэглээд юу ч болоогүй юм шиг царайлдгаас биш сэтгэл зүйн хувьд ч бас л их тэсвэр тэвчээр шаарддаг төрөл л дөө. Бүжгийн хамтлаг байлаа гэхэд аль нэг гишүүн нь оролцохгүй байлаа ч хөдөлгөөний эвслээ тааруулаад тайзнаа үзүүлбэрээ үргэлжлүүлээд явчихаж болдог. Харин бидний хэн нэг нь л байхгүй бол хүн дутаад үзүүлбэрээ зогсоохоос аргагүйд хүрдэг.

-Саяын тэмцээнд хэдэн орны жүжигчид оролцов?

-Арван хоёр орны дал наяад жүжигчин циркийн бүхий л төрлөөр оролцсон. Акробатын төрлөөр Хойд Солонгос, Швейцарь, Испани, манай хамтлаг өрсөлдсөн.

-Өмнө нь гадаадын улс орнуудад тоглолтоо толилуулж байв уу?

-Олон улсын тэмцээнд оролцохоос өмнө Германы их нэр хүндтэй “Fliv flac” циркийн урилгаар тоглолттой байж байгаад эх орондоо ирж, визээ даруулж аваад буцаж Франц руу ниссэн. Энэ циркт “Монте Карло” зэрэг олон улсын циркийн нэр хүндтэй наадмын шагналтнууд урилгаар очиж үзүүлбэрээ толилуулдаг юм билээ. Бидний хувьд үндсэндээ арвандөрөвхөн хоног бэлтгэл хийгээд тэмцээнд оролцсон.

-Ойрын үед гадаадад тоглолттой юу?

-Гадаадын хэд хэдэн циркээс гэрээ хийх санал ирсэн. Бид энэ оны дөрөвдүгээр сард Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад болох “Хаврын баяр” олон улсын урлагийн их наадамд оролцох учраас гэрээний саналуудыг одоогоор хүлээж аваагүй.

-Та гэр бүлээ танилцуулаач!

-Гэргийг маань Л.Ариунцэцэг гэдэг. Бас л циркчин, агаарын гимнастикч, соёлын тэргүүний ажилтан цолтой жүжигчин хүн байна. Ууган хүү Эрдэнэсайхан маань 16-тай. Урлагийн гэр бүлд өссөн болохоор ч тэр юм уу морин хуураар хичээллэж байгаа. Дунд охин Энхжин естэй. Бага нь ойтой Энх-Амар гэж энэ нөхөр байна даа.

-Мэргэжлийн циркчний хувьд гадныхнаас анзаарсан сонин сайхан зүйл их байгаа байлгүй?

-Энэ тэмцээнд улс улсын чансаа сайтай хамтлаг жүжигчид оролцдог юм байна. Олон улсын циркчдийн сүүлийн үеийн хандлагыг ажихад өөрсдөө амьд хөгжимтэй дуулж бүжиглээ л, агаарын хүнд бэрх үзүүлбэрүүдээ толилуулаад, бүхий л авьяас чадвараа шавхаж харуулдаг болчихсон юм байна. Яагаад ийм мундаг байна гээд анзаараад үзэхээр шинэ номерыг санаачилдаг найруулагч, дууны найруулгыг хийдэг өндөр чадвартай хөгжмийн мэргэжилтэн, хувцасны загвар хариуцдаг тусдаа баг байна. Тэгэхэд манай циркчдийн хувьд зөвхөн бор зүрхээрээ номерын ахлагч л бүхнийг хариуцан өөрөө найруулагч, жүжигчин, менежер болж байна шүү дээ.

-“Massy”-гийн тэмцээн ямар зэрэглэлд ордог тэмцээн бол?

-“Монте Карло” бол циркчдийн А зэрэглэлийн тэмцээн шүү дээ. Энэ фестиваль Францад “Монте Карло”-гийн тэмцээний дараа ордог нэр хүндтэй тэмцээн юм билээ.

Categories
мэдээ цаг-үе

“My Voice”-ийн хоёрдугаар байрын шагналт Б.Билгүүн: Жастин Бибер шиг болох юмсан гэж боддог

UBS телевизээс өнгөрсөн жил “Universe best songs” наадмыг найм дахь удаагаа зохион байгуулсан билээ. Тус наадмын гран при шагналыг хүртсэн Б.Билгүүн оны өмнөхөн болж өнгөрсөн “My Voice” тэмцээнд оролцож хоёрдугаар байрт шалгарчээ. 51 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч, авьяаслаг хүүтэй уулзаж ярилцсаныг сонирхуулъя.

-Б.Билгүүн хэдэн настай билээ?

-Энэ сарын 23-нд 18 нас хүрлээ.

-Удахгүй дунд сургуулиа төгсөх гээд хичээл ихтэй байна уу?

-Тийм ээ. Тэмцээн, уралдаанд оролцох гээд олон сар хичээлээ цалгардууллаа. Багш нар маань ч “Одоо төгсөх гэж байна. Яаж байна” гээд л хэлээд байгаа.

-Цаашдаа ямар сургуульд сурах гэж байна. Мэдээжийн хэрэг дуучин болно биз дээ?

-Мэргэжлийн хувьд гэвэл хөгжмийн зохиолчоор суралцах бодолтой байгаа. “Universe best songs 2015”, “My Voice” хоёрт амжилттай оролцож, хоёр ч сургуульд суралцах эрх авсан. Яах эсэхээ хараахан шийдэж чадаагүй л байна.

-Өөрөө нэг ярилцлагандаа нот мэдэхгүй гэж ярьсан байсан. Үнэн үү?

-Нот мэдэхгүй.

-“Хайрын виз” дууг дуулахдаа төгөлдөр хуур тоглож байхыг чинь харсан. Их сайн тоглож байсан. Хэзээ сурсан юм бэ?

-2013 оны аравдугаар сард төгөлдөр хуур худалдаж авсан. Авсан оройноо л тоглож эхэлсэн. Урьд нь төгөлдөр хуур тоглож байгаа хүмүүсийг хараад ингэж тоглодог байхдаа гэж боддог байлаа. Нэг тийм төсөөлөлтэй байсан гэх үү дээ. Нэлээд гуйж байж авахуулаад тэр оройжингоо тоглосон.

-Өөрөө сурсан гэсэн үг үү?

-Тийм.

-Хэдэн настайгаасаа эхэлж дуулсан бэ?

-14 настайгаасаа тууштай дуулж эхэлсэн. 2012 онд “Камертон 2” шоу болоход оролцсон. Гуравдугаар шатнаасаа хасагдсан. Тэр үеэс л дуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Түүнээс хойш тэмцээн уралдаанд оролцож байр эзлээд улам урамшсан.

-Ямар ямар тэмцээнд оролцож байв?

-Анх 2010 онд “Авьяаслаг монголчууд” тэмцээнд оролцож хүчээ сорьсон. Эхний шатнаас нь хасагдсан боловч түүнээс хойш дуу маш их сонсдог болсон. Ямар ч бэлтгэлгүй оролцсон болохоор аргагүй биз дээ. Хүмүүсийн дуулж байгааг хараад “Ингээд дуулчихгүй” гэж боддог байлаа. Түүний дараа “Камертон 2” шоу боллоо гэсэн сургаар шууд оролцоод бас л хасагдсан. Тэгэхэд дуучин Д.Болд ах “Миний дүү арай л болоогүй байна даа. Гэхдээ дуулахаа битгий болиорой” гэж хэлж байсан. Тэр тэмцээнд оролцоод хасагдаад бүтэхгүй юм байна гээд л орхиж болох байсан л даа. Яагаад ч юм түүнээс хойш дуу сонссоор л байсан. Энэ нь тэмцээн уралдаанд оролцоход их хэрэг болсон.Ингээд “Камертон 2” тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож гуравдугаар шат хүртэл явж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч билээ. Дараа нь БНСУ-ын ЭСЯ-наас зохион байгуулдаг “Солонгос дууны тэмцээн”-д нэгдүгээр байр эзэлж 500 мянган төгрөгөөр шагнуулсан. Маш их баярлаж билээ. Дууны тэмцээнд анх түрүүлээд орой нь гэртээ ирэхэд ээж, эгч хоёр маань надад мөнгөний хэтэвч бэлэглэж байв. 14 настай байсан, мөнгөний хэтэвчгүй байлаа. Тэр үед ээж маань надад “Ээж, эгч хоёр нь сууж байгаад ярилцлаа. Чамайг ерөөсөө л урлагийн хүн болгох хэрэгтэй юм шиг байна” гэж билээ. Өмнө нь урлагаар явахыг зөвшөөрдөггүй байсан.

-“Universe best songs 2015” тэмцээнд оролцож байхдаа түрүүлнэ гэж бодож байсан уу?

-Анх энэ тэмцээнд оролцохдоо л түрүү байрын төлөө үзнэ гэсэн бодолтой байсан. Дуулж эхлээд удаагүй байсан үе. Яагаад эхнээсээ түрүүлж чадна гэсэн бодол төрсөн гэхээр би олон дуулдаг найзтай. Найзууд маань надаас илүү амжилтад хүрчихсэн гэтэл тэдэнтэй харьцуулахад минийх үнэхээр чамлахаар байлаа. Тиймээс амжилтаа ахиулах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж жаахан шар хөдөлсөн. Надтай цуг бэлтгэл хийдэг байсан ах гэхэд 2014 оны “Universe best songs”-д ороод хоёрдугаар байрт шалгарчихсан. Тиймээс надад боломж байгаа юм байна гэж бодсон. Дөрвөн шатны шалгаруулалтын явцад энэ бодол маань улам баталгаажиж билээ. Ингээд гала тоглолтод дуугаа дуулсны дараа “Би ямар ч байсан шагналт байранд орчих байх. Харин гран при юу л бол доо” гэсэн бодол төрсөн.

-Гран при авсныхаа дараахан залгуулаад “My Voice” тэмцээнд оролцсон юм байна?

-“My Voice” –д оролцох уу байх уу гэж нэлээд эргэлзсэн. UBS телевиз дээр очоод тэмцээний шторкийг харсан чинь их гоё санагдаж билээ. Ээжээсээ яах уу гэж асуусан. Орохгүй байх мөн оролцох олон шалтгаан байсан. Ингээд ерөөсөө л энэ боломжийг алдаж болохгүй юм байна гээд л шийдсэн. Надтай бэлтгэл хийдэг ах маань ч оролцсон. Бид хоёрын тулааны үе эхэллээ гэж бодсон. Бид чинь маш зөв өрсөлддөг, их гоё л доо. Ингээд тэмцээндээ ороход маш сайхан байж билээ. Гэхдээ сайхан юм болохын өмнө их хэцүү шийдвэр тулгардаг. Ямар дуу дуулахаа шийдэж чадахгүй нэлээд удсан. Энэ бол маш чухал шийдвэр л дээ.

-Танай гэрт дуулдаг хүн байдаг уу?

-Ээжийн ээж буюу эмээгийн талынхан дуулдаг хүмүүс байсан. Завханы Баянтэс сумын хүн л дээ. Эмээ маань шанз тоглодог, сумын клубт дуулдан байсан.

-Нэлээд хэдэн томоохон тоглолтод оролцсон гэсэн. Энэ талаараа яриач?

-Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтод оролцож “Надад өгөөгүй хайр” дууг дуулсан. “My Voice”-ийн гала тоглолт байна.

-Хамтарч ажиллах санал тавьж байна уу?

-Саяхан гала концерт болохын өмнөхөн шинээр хийх гэж байгаа киноны соунд трэкийг дуулах санал тавьсан.

-Ямар дуучинг шүтдэг вэ?

-Жастин Бибер шиг болох юмсан гэж боддог. 2010 оноос хойш түүний дууг сонсож байгаа. Өмсдөг хувцсыг нь хүртэл дуурайж ижилхэнийг авч өмсдөг байлаа. Анхны цомогт нь орсон бүх дуу нь таалагддаг. Сүүлийн үед Жастин Бибер нэлээд өөр стилийн дуу дуулдаг болсон, надад тийм ч их таалагдахгүй байгаа. 2014 он хүртэл Ж.Биберийг охид шүтдэг байсан. 2015 оноос хойш түүнийг эрчүүд их шүтдэг болсон.

-Чи саяхан хөгжмийн зохиолч СГЗ Л.Балхжавтай уулзсан гэж байсан. Чамд юу гэж хэлж байна?

-Л.Балхжав ахтай уулзахад архи, тамхи, хар тамхи зэрэгт битгий мансуураарай. Энэ бол чамайг олигтой мансууруулахгүй. Түүнээс илүү мансуурах зүйл бол дуу хуур, урлаг гэж хэлсэн нь санаанд орж байна.


Categories
мэдээ цаг-үе

​Ж.Гомбожав: Монголчуудын хамгийн жудагтай хэсэг нь хөдөө байна

“Жудагт Монгол” хөдөлгөөний үндэслэгчдийн нэг АИХын дарга, УИХын орлогч дарга асан, гавьяат эдийн засагч Ж.Гомбожавтай ярилцлаа.

-Танай хөдөлгөөн байгуулагдаад хэр удаж байгаа юм бэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд бидний хэдэн хүн “Жудагт Монгол” хөдөлгөөнийг байгуулсан юм. Олон байгууллага, хувь хүн, ард иргэд биднийг дэмжиж хамтарч ажиллая, нэгдэх цаг нь хэдийнэ болсон гэж байна. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хууль батлагдлаа. Бид Сонгуулийн тухай хуулийг боломжийн, ард түмнийхээ үгийг сонссон тийм хууль болох болов уу гэж бодсон чинь хуучин хуулиасаа дээрдсэнгүй, харин ч зарим зүйл нь улам дордчихлоо. Ийм хоёр зүйлтэй холбогдуулж бид ард түмэндээ мэдээлэл өгч байна. Ирэх сарын 15-нд буюу шинийн найманд улсын хэмжээний үндэсний чуулган зохион байгуулна. Тэр чуулганд ард түмэн, хот хөдөөгийн ТББ-ууд, нам эвсэл холбоодын төлөөлөгчид оролцоно. Одоогоор чуулганд оролцогчдын тоог төд гээд хэлэх боломжгүй байна. Чуулганд оролцох санал хүсэлтээ байгууллага, хувь хүмүүс илэрхийлсээр байна.

-Жудаг гэж яг юуг хэлээд байна вэ?

-Хүн чанар, шударга ёс, ёс зүйгээ дээдэлж байгаа хүнийг л бид жудагтай хүн гэж хэлж байгаа юм. Одоо үед эх, эцэг нь үр хүүхдээ хайрлаж дээдлэхгүй, үр хүүхэд нь эцэг, эхээ энэрч асрахгүй, ах захаа хүндлэхгүй, юм л болбол бүхнийг хөрөнгө мөнгөний нүдээр хардаг болсон. Өвлийн тэсгим хүйтэн цагаар зам дээр хүн гараа өргөөд зогсч байвал хажуугаар нь давхиад өнгөрдөг болчихсон. Сүүлийн 25 жилд монгол хүний жудаг их алдагдаж байна.

Юунаас болж монголчууд бид жудгаа алдаад байгаа юм?

-Үүний гол эх сурвалж нь ардчилал гэдэг нэрийн дор барууны чиг хандлагаар төрийн үйл ажиллагааг явуулж байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Хүн хөрөнгөгүйгээр амьдарч болохгүй юм байна гэсэн ганц ойлгоцтой. Барууныхны олон жилийн түүх ч тийм байна л даа. Манайхан төрөхөөс ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ өвөө, эмээ, аав, ээжтэйгээ амьдарч, эцэг, эх нь үр хүүхдээ асарч энэрсээр байдаг бол баруунд хүүхэд нь 16, 18 нас хүрвэл “Чи биеэ дааж амьдар” гээд явуулчихдаг. Өвөө, эмээ, аав, ээжийгээ аль нэг асрамжийн газарт л аваачаад өгчихдөг. Би Шведэд явж байсан юм. Тэндхийн танил маань “За, байз. Манай хүү чинь хэзээ ирлээ дээ. Улаан өндөгний баяраар нэг ирсэн бил үү, яалаа” гэж билээ. Хүү нь жилдээ ирвэл ирнэ, заримдаа бүр ирдэггүй юм байна л даа. Энэ бол монгол хүний язгуур мөн чанар биш юм аа. Монголчууд их жудагтай, хүн хүнээ хүндэлдэг байсан. Дэлхийн талаас илүүг эзэлсэн мөн чанар нь хүн чанартай байсанд оршдог байж. Гэтэл одоо хүн чанар алдагджээ. Монголчууд “Төрийн минь сүлд өршөө” гээд цай, сүүнийхээ дээжийг өргөж, төрөө хүндэлдэг байсан бол одоо тэгж хүндлүүлдэг төр маань нэр хүндээ алдчихлаа. Төр ингэж нэр нүүрээ барсны гол буруутан нь намууд. Намд итгэх ард түмний итгэл бүрэн алдагдсан. Ард түмэнтэй уулзахад “Бид одоо намын төлөө санал өгөхгүй. Өгвөл жинхэнэ монгол хүний төлөө л саналаа өгмөөр байна” гэж байна. Иргэд тийм хүнд саналаа яаж өгөх ухаанаа олохгүй байна. Тэгж санал өгөх эрхийг нь Сонгуулийн тухай хуулиар хаачихсан. Иргэд сонгуульд оролцохоос биш өөрийнхөө хүссэн төлөөллийн хүнээ сонгох эрхгүй, өөрөө ч сонгогдох эрхгүй болчихлоо.

Таны ажигласнаар нийгмийн аль хэсгийнхэн жудгаа их алдаж байна вэ. Улс төрд жудаг гэж ер үгүй гэдэг. Жудагтай үлдсэн хүмүүс бол бөхчүүд гэдэг ч тэдний ёс зүйгүй янз бүрийн үйлдэл ард түмнийг бухимдуулж байна?

-Тэр, энэ салбар гэж ер онцлох шаардлагагүй. Нийтээрээ л нэг тиймэрхүү юм руу орчихлоо. Хамгийн жудагтай хэсэг нь хаана байна вэ гэвэл хөдөөд байна. Улаанбаатар хотоос хэдий чинээ холдоно, төв суурин газраас хичнээн алслагдана тэр хэрээр хүний мөс, жудаг үлдсэн байна. Улаанбаатар хот, төв суурин руу ойртох тусам л жудаг муудаад хүнийг “Дээшээ суучих” ч гэхгүй, хоол ундны дээжээсээ ч өгчихгүй, мэнд усаа ч сайхан мэдчихгүй “Юутай вэ”, “Юу байна” гэсэн үгстэй тийм л улсууд болж хувираад байна. Гадны янз бүрийн кино, үзэл суртлын юмнууд замбараагүй боллоо. Тэр бүгд ямар ч хяналт, шалгалтгүй орж ирж байна. Энэ мэтээр олон хүчин зүйл нөлөөлж монголчууд жудаггүй болж байна.

Совесть гэдэг үгийг манайхан их ярьдаг. Тэр чинь хүний мөн чанар гэсэн үг юм гэж ойлгодог. “Чи совестьгүй хүн” гэвэл “Чи хүн чанараа алдсан хүн” гэсэн утгатай. Одоо чинь цэцэрлэг, яслийн насны хүүхдүүдээс эхлээд л бүгд байнга гар утас, компьютертэй л харьцаад байна. Хүн хүнтэйгээ харьцахаа байчихсан. Техниктэй л харьцаж, түүнээсээ хамаг мэдээллээ авдаг болчихлоо. Эх, эцэг нь ч тэр байдлыг засч залруулах янзгүй. Хүн хүнтэйгээ харьцаж, нийгмийн харилцаанд орохгүй байгаа юм чинь совестио алдахаас өөр яах юм.

Алдагдсан жудгийг яаж дахин суулгах ёстой юм бэ?

-Хүүхдийн суурь хүмүүжлээс эхлэх ёстой гэж бид бодож байгаа.

Эхийн хэвлийд олдсон тэр цагаас эхлээд л эцэг эх нь хоорондоо эв найрамдалтай байж, сургууль цэцэрлэгийн наснаас нь эхлээд хүүхдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй.

Жудгийг алдагдуулаад байгаа хүчин зүйлүүд нь юу юм бэ?

-Хамгийн их нөлөөлж байгаа юм чинь хөрөнгө, мөнгө юм байна. Хөрөнгөнд хүн ханадаггүй юм шиг байна. Их хөрөнгөтэй, хөрөнгөндөө ханавал ханачихаар чинээлэг хүмүүс улам л цаашаа авах гээд, бүхнийг хумих гээд байх юм. Энэ нь хүний өөрт нь байдаг шинж юм уу даа. Ер нь шуналгүй хүн гэж байдаггүй байх. Тэр нь их үү, бага уу, яаж хязгаарлах вэ, аль хэр хэмжээнд нь хүргээд зогсох вэ. Үүний л тухай асуудал шүү дээ. Эцсийн эцэст хүн бол сайхан амьдралыг л хүсч байна. Сайхан амьдралыг мөрөөддөггүй хүн гэж байхгүй. Тэгэхийн тулд манай төр засаг иргэдийнхээ бодит эрхийг нь хангах хэрэгтэй байхгүй юу. Орон сууц, унаа, хувцастай байх хэрэгтэй. Дуртай хоол хүнсээ авчих, эрүүл байх, боловсролтой байх эрхтэй. Энэ дурдсан зургаан зүйл бол хүний бодит эрх. Аль ч төр засаг энэ зургаан зүйлд гол анхаарлаа чиглүүлэх ёстой. Өнөөдөр Монголын ард түмний 95 хувь нь ядуу зүдүү, дундаас доош амьдралтай. Үлдсэн тавхан хувьд нь Монголын баялаг, хөрөнгө мөнгө төвлөрчихсөн байна шүү дээ. Энэ байдал дэлхийд ч мөн адил ялгаагүй. Дэлхийн нийт хүн амын нэг хувьд нь л дэлхийн нийт хөрөнгө төвлөрчихсөн байдаг. Тийм учраас энэ муухай шунал, бузар юмнаас салах ёстой юм. Олон жилийн түүх уламжлалтай бид яагаад жудагтай байж болдоггүй юм, яагаад нийтээрээ сайхан амьдарч болдоггүй юм. Монгол хүн их буян заяатай. Бусдыг зарж л явсан ард түмэн болохоос биш зарцлагдаж байгаагүй. 200 мянган залуус эх оронд нь цалин хөлс нь бага, амьдрал муу учраас өөрийн эрхгүй гадаадад гарч хар бор ажил хийж, эрүүл мэндээрээ хохирч, гэр бүл салж сарниж байна шүү дээ.

Шинэ оны өмнөхөн Сонгуулийн тухай хууль батлагдсан. Танай хөдөлгөөнийхөнд уг хуульд оруулах саналаа хүргүүлсэн ч ер тусгаагүй гэлээ. Та бүхэн ямар санал гаргасан юм бэ?

-Иргэн иргэнээ хөдөлмөрийн хамт олон өөрийнхөө хүссэн хүнийг нэр дэвшүүлдэг ганцхан заалтыг оруулж өгөөч гэсэн асуулт тавьсан. Бие даагч гэж бий. 801 хүний гарын үсэг цуглуулж байж сонгуульд оролцох эрхтэй. Сонгуулийн тухай хуулиар 5-7 хоногийн дотор 801 хүний гарын үсгийг бүрдүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр 801 сонгогчгүй сум улсын хэмжээнд байна. Говийн 2500-3000 хүн амтай сум байлаа гэхэд сонгогч нь 801 хүрэхгүй. 801 хүрлээ гэхэд тэдгээр хүмүүсийн ихэнх нь эрх баригч намуудын гишүүн байгаа. Тэд бие даагчийн төлөө санал өгөхгүй шүү дээ. Ер нь намууд бие даагчдаас их айдаг юм байна. Бие даагчийг гаргахгүйн төлөө хуулийг өөрчилсөн байгаа. Үүн дээр тэд их ухаан зарсан байна лээ. Муу юм хийхдээ манай энэ УИХ, Засгийн газарт байгаа хүмүүсийн толгой сайн ажилладаг. Зөв юмны төлөө чих нь битүүрчихдэг. Ёстой нөгөө илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг. Нэмэргүй. Яг л тугалга цутгачихсан юм шиг.

Монголчууд жудагтай ард түмэн атлаа яагаад төрдөө жудаггүй хүмүүсийг гаргачихаад байна юм?

-Сонгогчдын боловсролын түвшин дор байгаатай холбоотой. Хоёрдугаарт, манай ард түмний ихэнх нь мэдээллээс хөндий байна. Гуравдугаарт, үнэн зөв мэдээллийг олж авахад хэцүү болчихсон байна. Өнөөдөр нэг нь болохгүй юм ярьж байтал маргааш нь тэр хүн сайхан ч юм шиг. Баахан л хөрөнгө мөнгө идчихлээ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад байсан хүн хэдхэн хоногийн дараа юу ч биш болчихсон. Эрх мэдэлтнүүдийн хэрэг бол бүр байхгүй болчихдог. Үнэн зөв мэдээллээр хангагдаж чадахгүй байгаад л бүх зүйл оршиж байна. Хөдөөний энгийн иргэд бол дотроо нэг юм бодоод л сууж байгаа. Тийм иргэн олон байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Гол нь зөв мэдээллээр хангах хэрэгтэй. Шударга хүмүүс төр засгийг барих хэрэгтэй.

Та 1992-2000 оны хооронд УИХд сууж байсан. Тухайн үеийн УИХын гишүүд, одоогийн гишүүдийн хооронд асар их ялгаа байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх?

-УИХ-ын гишүүн бол бодлого тодорхойлогч. Монгол Улсын гурван сая иргэний гурван сая асуудлыг шийдэх ёстой хүмүүс. Өнгөрсөн 25 жил бол бага хугацаа биш. Яагаад гэвэл 1960-аад оны Японыг хар, 1980-аад оны Солонгосыг хар, 1990-ээд оны Хятадыг хар. 25 жилийн дотор л улс орноо босгочихсон. Си Жиньпин дарга хэлж байна шүү дээ “Ойрын таван жилд ганц ч ядуу хүнгүй болно” гэж. Ийм зорилт тавиад ажиллаж байна. Гэтэл бид 25 жилд яав, өнөөдөр Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын хоёрдугаарт орж байна. Бусад индексүүдээрээ үргэлж л сүүл мушгиж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулдаг зардлаараа дэлхийн улс орнуудын сүүлд орж байгаа. Ийм их баялагтай орон байж ингэж амьдарч болохгүй.

Орчин үеийн техник технологи өндөр хөгжсөн нөхцөлд буруу мэдээллээс болоод жудгаа алдчихаад байна. Тийм учраас та хүн байгаач, хүн байх юм бол танд аз жаргал, хөрөнгө мөнгө аяндаа хүрээд ирнэ. Бие биедээ туслаач, найрсаг байгаач. Төрдөө зөв хүнээ гаргаач. Төр гэдэг чинь УИХ-ын 76 биш шүү дээ. Баг, сумын Засаг дарга, ИТХ-ынхан ч төрийн төлөөлөл. Улаанбаатар хотын ИТХ-ын гишүүд улиралд ч бил үү, сард ч бил үү олон саяын урамшуулал авдаг. Энэ нь ямар жудаг вэ. Ард түмэн талхаа бүтэн авч чадахгүй байхад өөрсдөө хуралд суусныхаа төлөө 27 сая төгрөг авдаг нь жудаг мөн үү.