Categories
мэдээ цаг-үе

Г.Бямбасүрэн: Амьдралдаа хийсэн хамгийн том сонголт, зөв алхмуудын нэг бол “Хувьсал” продакшнд орсон явдал

“Хувьсал” продакшны жүжигчин Г.Бямбасүрэнтэй ярилцлаа. Тэрээр “МN25” телевизээс зохион байгуулсан “Дуэт & Дуэль” шоу нэвтрүүлэгт оролцож байсан бөгөөд саяхан хөгжмийн зохиолч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын нэрэмжит “My voice” уралдаанд хамтлагаараа оролцож, шилдэг оролцогчдын нэгээр шалгарсан билээ.

-“My voice” шоу уралдаанд “Evolu­tion” хамтлаг оролцож шилдгүүдийн нэгээр шалгарсан. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Манай хамтлагийнхны хувьд сэтгэгдэл маш өндөр байгаа. Маш их зүйлийг сурч, олон сайхан найз нөхөдтөй болсон.

-Яагаад заавал “Мy voice” шоуг сонгож оролцох болов?

-Аливаа зүйл цаг хугацааны хувьд тохироо бүрдэнэ гэж байдаг ш дээ. Үүнтэй адил “UBS” телевизээс зохион байгуулсан “My voice” шоунд оролцоход бүх зүйл сайхан тохирчихсон байсан.

-“Evolution” уг шоунд зориулж “Хувьсал” продакшны зүгээс босгосон хамтлаг уу. Эсвэл аль хэдийнэ байгуулагдчихсан байсан хамтлаг юм уу?

-“Evolution” хамтлаг анх 2014 онд байгуулагдсан байсан юм. “Хувьсал” продакшны дуулах сонирхолтой гурван найз нийлээд байгуулсан гэх үү дээ. Гэвч саяхныг хүртэл хамтлаг албан ёсоор уран бүтээл хийж эхлээгүй байлаа. Продакшны уран бүтээлдээ анхаараад нөхцөл боломж бүрдэж өгөхгүй байсан ч уран бүтээлээ хийнэ гээд хоорондоо ярьж байсан. Харин “Evolution” хамтлагийн уран бүтээлийн эхлэл нь “My voice” шоу боллоо.

-Шоуны үеэр та бүхэн дууны сонголтоо хэрхэн хийв. Магадгүй та бүхний ард “Хувьсал” хэмээх том айл байсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Манай “Хувьсал” продакшн залуу уран бүтээлчдээ дэмжих тал дээр маш сайн ач холбогдол өгч ажилладаг. Шоуны эхний шатуудад өөрсдөө ямар дуу дуулахаа сонгоод бэлдээд орчихсон. Манай хамтлагийн хувьд интертайнмент чиглэлээр уран бүтээл түлхүү хийх зорилготой. Тиймээс мэргэжлийн хүнээс яалт ч үгүй туслалцаа, зөвлөгөө авах хэрэгтэй болсон. Ингээд “Urban Sound” студийн тритон төгөлдөр хуурч Лигдэн гэдэг залуутай хамтарч ажилласан.

-Өмнө нь хамтарч уран бүтээл хийж байсан юм уу?

-Гуравдугаар шатанд үзэгчдэд уран бүтээлээ хүргэхийн тулд амьд хөгжмийн хамтлагтай хамтрах шаардлага гарсан. Тэгээд амьд хөгжмийн хамтлаг хайж яваад “Urban Sound” студийн “Тритон” хамтлагтай танилцаж хамтарч ажиллахын сацуу мэргэжлийн зөвлөгөө авсан. Үүнээс хойш тус хамтлагийн төгөлдөх хуурч Лигдэнгээс мэргэжлийн зөвлөгөө авсан.

-Танай хамтлагийнхан жүжиглэнэ, бас дуулна. Энэ уралдаанд оролцсоноороо уран бүтээлчид гэдэг утгаараа чухам юу олж авав. Гол зорилго юу байв?

-Энэ тэмцээнд мэргэжлийн дуучин, мэргэжлийн бус сонирхогч, байгалиасаа сайхан хоолой заяасан хүмүүс өөрсдийгөө нээхийн тулд оролцсон. Гол нь бусадтай өрсөлдөхийн тулд чадвараа сайн ахиулах ёстой. “Evolu­tion” хамтлагийн хувьд дөнгөж уран бүтээл хийж эхэлж байна. Энэ утгаараа тус шоу маш том сургууль байсан гэж хэлж болно. Үүнээс бид маш их зүйлийг сурж авсан.

-Танай хамтлаг цаашдаа ямар уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барих гэж байна?

-Мэдээж олон сайхан уран бүтээл хийж, өөрсдийн орон зайг бий болгоно. Бодож төлөвлөсөн зүйл их байгаа.

-Таны хувьд өмнө нь “Дуэт & Дуэль” шоунд дуучин Баярцэнгэлтэй хамт оролцсон. Та хоёр их сайхан хоршиж байсан.

-Хувьсал продакшнд ороод удаагүй байх үед энэ шоуны санал ирсэн л дээ. Дуулах сонирхолтой учраас манай продакшны зүгээс намайг оруулсан. Миний хувьд ч шинэ залуу уран бүтээлч учраас тодорхой хэмжээгээр өөрийгөө олон нийтэд таниулах шаардлагатай байсан. Тэр утгаараа “Дуэт & Дуэль” шоунд оролцсон л доо.

-Дуучин Баярцэнгэлийн хувьд аль хэдийнэ залуусын хайр, хүндлэлийг хүлээсэн уран бүтээлч. Таны хувьд ч хамтрагчаасаа нэг их дутахгүй харагдсан. Хүмүүс ч их дэмжсэн шүү?

-Шоу бараг сарын хугацаанд үргэлжилсэн. Манай хамтрагч Баярцэнгэл рейтинг өндөртэй, яг тэр жилдээ шуугиулж байсан дуучин (инээв). Миний хувьд Баярцэнгэлээс сурах зүйл их байсан. Бас өөрийнхөө дуулах хоббиг энэ шоутай холбоод энэ нэвтрүүлэгт орсондоо үнэхээр олзуурхаж явдаг.

-Та хоёрын дууны сонголт үнэхээр бусдаасаа содон байсны нууц юу вэ?

-Дууны сонголтын хувьд манай продакшны хамт олон их зөвлөдөг байсан. Мөн Баярцэнгэлийн “DUAL ZET” про агентлагийн залуустай хамтран ажилласан. Бид хоёрын ард маш том баг болж ажилласан гэж хэлж болно.

-Шоуны үед тохиолдож байсан хөгжилтэй дурсамжаасаа уншигчидтай хуваалцахгүй юу?

-Өдөр болгон л хөгжилтэй байдаг байлаа. Шоуны явцад хамтрагч Баярцэнгэлтэйгээ өдөржин хамт байна. Хоол идсэн ч хамтдаа. Арай л унтахдаа хамт байсангүй. Орой гэртээ очтолоо хамт байсан (инээв). Эхний хоёр өдөр нь бэлтгэл хийж, студид бичүүлээд дараагийн өдөр нь видео болгож бичүүлэх жишээтэй. Иймэрхүү байдлаар бараг сар гаруй ажилласан. Ямар сайндаа нэг нэгнийгээ цаашлуулж “Бушуухан чамаас салж амрах юмсан” гэж ярьж байхав (инээв). Ер нь хурдхан шоу дуусаасай, тус тусынхаа ажлыг хурдхан хийх юмсан гэж хоорондоо ярьдаг байв. Нэвтрүүлэг дууссан ч уран бүтээлийн санаа нийлсэн сайхан найзууд болсон доо.

Хувьсал продакшны жүжигчин, Evolution хамтлагийн дуучин

Г.Бямбасүрэн

Блиц танилцуулга

Овог нэр: Ганбатын Бямбасүрэн

Төгссөн сургууль: CITI ДС (2012 онд)

Мэргэжил: жүжигчин

Хобби: дуу дуулах

Харьяалагдах продакшн: Хувьсал Продакшн

Хамтлагийн гишүүд

Б.Ариуннаран

Төгссөн сургууль: CITI ДС

Мэргэжил: Жүжигчин

Хувьсал продакшнд ороод гурван жил болж байгаа.

Б.Баярмаа

Мэргэжил: Найруулагч

Хувьсал продакшнд ороод 10 жил болж байгаа

-Өөрөө “Хувьсал” продакшны бүтээсэн нэлээд хэдэн кинонд туслах найруулагчаар ажилласан юм билээ. Ямар мэргэжлээр төгссөн юм бэ?

-“Сити” дээд сургуулийг 2012 онд төгссөн. Сургуульдаа үлдэж уран чадварын туслах багшаар нэг хэсэг ажилласан. Залуу хүний хувьд, сургуулиа дөнгөж төгсөөд багшлахаас илүү уран бүтээл хийж, мэргэжлээрээ ажиллах хүсэл давамгайлсан. Тэгсэн фэйсбүүкт “Хувьсал” продакшнд залуу уран бүтээлчдийг сонгон шалгаруулж авна гэсэн зар байхыг хараад шууд л очиж шалгаруулалтад орсон. Шалгалтдаа тэнцээд л шууд “Хувьсал”-ыг сонгосон доо. Би “Хувьсал” продакшнд ороод “Зүрхээр наадагч” уран сайхны кинонд туслах найруулагчаар ажиллахын зэрэгцээ туслах дүрд тоглосон. Туслах найруулагчийн ажил гүйцэтгэнэ гэдэг амаргүй. Тус киноны дараа “Хувьсал” продакшнаас залуу уран бүтээлчдэдээ зориулж хийсэн дэлгэцийн гурав дахь уран бүтээл болох “Тооцоогүй тоглоом” уран сайхны кинонд “Нинжин” гэх дэггүй охины дүрд тоглосон. Бас “Номинталст” хамтлагийн дуучин Хаянхярваа ахтай хамтарч киноныхоо дууг дуулсан. Миний анхны киноны дүр. Надад их олон ухаарлыг өгсөн дүр. Дүрийн хувьд сэргэлэн цовоо ааштай, хайр дурлалынхаа төлөө олон адал явдлыг туулж, өөрийнхөөрөө ухаарч, алдаж эндэж яваа бүсгүй. Анх кино зохиол уншихад Нинжингийн дүр надад их таалагдаж, ерөнхий төрх нь бууж байсан бол бэлтгэл, уншлагад ороод эхлэнгүүт нэлээд ажиллах шаардлага гарсан л дээ.

-“Хайр” жүжгийн дууг МУГЖ, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгээс эхлээд нэртэй хүмүүстэй хамтарч дуулсан. Үүгээрээ өөрийгөө болоод продакшныхаа урлагийн аль ч төрөлд хөрвөх чадвартай гэдгийг харуулсан…

-“Хувьсал”-ын тулгын гурван чулуу гэгддэг МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг эгч нарын тавьдаг, нэг том цензур байдаг л даа. Тухайн уран бүтээлч дан ганц жүжиглэх чадвараас гадна өөр ямар зүйлд авьяастай, түүнийгээ хөгжүүлэх боломжтой юу гэдгийг олж нээх. Энэ ч утгаараа, намайг анх шалгаруулалтад сонгож авсан болов уу. Тэр өдөртөө л МУГЖ У.Уранчимэг эгчээсээ энэхүү дууг дуулах саналыг авсан. Баярласандаа зөндөө уйлсан.

Би тэр дууг дуулах үеэр их эмээсэн. Студид МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУСТА, дуучин С.Наран, Буриад Улсын ардын жүжигчин, МУСТА, Б.Амархүү нартай хамт хэний ч мэдэхгүй нэг охин хоолойн бичлэгт орохоор зогсож байна гэдэг их сүрдмээр. Амьдралдаа хийсэн хамгийн том сонголт, өөртөө зориулсан хамгийн зөв алхам маань “Хувьсал”-д орсон явдал гэж боддог.

-Яг одоогийн байдлаар Хувьсал продакшн ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Тун удахгүй “Хувьсал” продакшн “Атганд үлдсэн эрдэнэ” киногоо үзэгчдийн хүртээл болгохоор бэлэн болоод байна. Энэ кинонд би туслах найруулагчаар ажилласан байгаа.

Г.Ариунзул

.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Анандбазар: Орос, Хятадад хувь санал болгож байж нефть боловсруулах үйлдвэр барих боломж нээгдэнэ

Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргаад удаагүй байна. Хэнтийн БорӨндөрт барихаар төлөвлөж буй үйлдвэрийн хүчин чадал нь жилийн 2.5 сая тонн байх юм. Үйлдвэр барих шийдвэр гараад удаагүй энэ үедГазрын тос ба Монгол Улсын эдийн засаголон улсын хурал Блю скайд болов. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, МҮХАҮТын ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн, Уул уурхайн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн, “Сод Монголгруппийн ерөнхийлөгч Ц.Анандбазар, “Аргус медиакомпанийн ахлах шинжээч Анастас Гатунок гээд үгийг нь анхаарч сонсохоор хүмүүс хурлын гол оролцогчид байлаа. “Сод Монголгруппийн ерөнхийлөгч Ц.АнандбазарынГазрын тос ба эдийн засгийн аюулгүй байдалилтгэлийг тоймлон хүргэж байна.

Монголд нефть боловсруулах үйлдвэр барих гэхээр нефть импортлогчид монопольдож байгаад зогсоочихдог гэсэн яриа байдаг. Нэг талаас нь харвал үнэн л дээ. Монголын импортлогч компаниуд үйлдвэр барихын эсрэг зуун хувь зогсдог. Нефтийн үйлдвэрийн тухайд импортлогчид яагаад нефть боловсруулах үйлдвэрийн эсрэг зогсох ёстой вэ гэсэн асуулт гарч ирж таарна. Манайд нэг сонин хандлага бий. Америкт бизнесмэнүүдээс юу хийснийг нь асуудаг. Монголд болохоор ямар хүн бэ гэдгийг нь сонирхдог. Боловсруулах үйлдвэрийг барихын тулд эхлээд ойлголтын зөрүүгээ арилгах учиртай. Нефть импортлогчид нефть боловсруулах үйлдвэр барихын төлөө зогсдог. Энэ үйлдвэрийг барьснаар импортлогч компаниудын сонирхол хөндөгдөхгүй. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнүүд импортлогч компаниудын шатахуун түгээх станцын сүлжээгээр дамжиж л хэрэглэгчдэд хүрнэ. Ингэвэл бидэнд хэрэгтэй. Бензинийг төгрөгөөр авдаг болно. Монгол банк, арилжааны банкуудын гадна зогсоод олдоц нь муудсан ам.долларын хүсэлт тавиад, гадаад төлбөрөө хожигдуулаад, ханш нь өсч буй долларын эрэлд мордохын оронд хэрэглэгчдээс цуглуулсан төгрөгөөрөө бүтээгдэхүүнээ худалдаж авна гэдэг том давуу тал. Долларын ханшийн зөрүүгээр ашгаа алдахгүй болно гэсэн үг. Тэгэхээр үйлдвэр барих нь импортлогчдын нэн тэргүүний ашиг сонирхолд нийцэх юм.

Монголд яагаад үйлдвэр баригдахгүй байна вэ гэсэн асуулт бий. Манай хятад хэлний орчуулагч “Хямрал гэдгийг хятад ханзаар бичихдээ хямрал, боломж гэх хоёр үсгийг нийлүүлж бичдэг” гэж хэлж байсан. Хямарч байгаа үед боломж гардгийг олж харсан ухаантай ард түмэн. Өнөөдөр түүхий нефтийн үнэ хамгийн хямд байна гэдэг нефтийг тойрсон бүх зүйл хямдарсан гэсэн үг. Д.Содном гуай нефть боловсруулах үйлдвэрийн тухай орчин үеийн түвшинд үнэхээр сайхан мэдлэгтэй байна. Түүхий нефтийн 25 бүлэг ордын ихэнх нь гадны компаниуд байгаа. Сая би “Аргус интернэшнл” компанийн захиралтай ярилцлаа. Казахстан маш хүнд байдалд орсон гэнэ. Боловсруулах үйлдвэрээ бариад эргээд харсан чинь бүх орд нь гадныхны мэдэлд орчихсон байж. Назарбаев ордуудаа яаж буцааж авах вэ гэсэн бодлого руу анхаарлаа хандуулаад эхэлжээ. Ийм алдаа Монголд давтагдах магадлал өндөр байна. Үйлдвэр барихад газрын доорх баялгаа яаж зөв зарцуулах талаар Д.Содном гуай маш гайхамшигтай үг хэллээ. Газрын тосны газар хятад компанитай гэрээ хийхдээ 70, 30 буюу гадны компанид давуу эрхтэйгээр ашиг хуваарилдаг. Харин монгол компаниудыг хайгуул хийе гээд тендерт орохоор дотоодын компанид хохиролтой байдлаар гэрээ хийх хууль үйлчилж байгааг онцоллоо.

“Аргус интернэшнл” бол нефтийн ирээдүйн ханшийг дүгнэж цэгнэдэг дэлхийн цөөхөн байгууллагын нэг. Хамгийн сүүлийн үеийн, хамгийн том экспертүүдийн дүгнэлтийг гаргадаг. Нефть бол тааж ярьж болдоггүй бодитой салбар. Бүх хүн боловсруулах үйлдвэрийг мэддэг юм шиг ярьдаг нь үйлдвэр барьж чадахгүй удсаны нэг шалтгаан. Түүхий нефтийг боловсруулах талаар мэдлэгтэй хүн хуруу дарам цөөн. Өнгөрсөн хугацаанд энэ талын бодлогын боловсон хүчин бэлдэж чадаагүй.

Дэлхий даяар геополитик гэж улс орнуудын эдийн засаг болон газар зүйн бодлогын тухай их ярьж байгаа. Тэгвэл сүүлийн үед петрополитик гэдэг нэр томъёо хүчтэй яригдаж эхэлсэн. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл дэлхийн хоёр дайныг үзээд, гурав дахь дайнд орох нь гэж ярьж байна. Дайн бүрийн шалтгаан нь нефтийн зах зээлийн төлөөх өрсөлдөөн байсан. Нефтийн өрсөлдөөн яагаад болдог вэ. Дэлхийн нийт эдийн засгийн суурь тулгуур үнэд нөлөөлдөг хамгийн чухал бүтээгдэхүүн учраас тэр. Нефтийн дийлэнх бодлогыг авсан газар тухайн цаг үеийн эдийн засгийн болоод улс төр нийгмийн голлох рольд тоглодог. ЗСБНХУ гэж байгаад задрах үед түүхий нефтийн үнэ баррель нь есөн ам.доллар хүрч уруудсан түүхтэй. ЗХУ-ыг задалж, нийгэм эдийн засгийг нь суллахын тулд нефтийн үнийг унагаасан гэсэн тайлбар бий. Экспортын гол бүтээгдэхүүнийх нь үнийг унагаачихаар эдийн засгийн хувьд оршин тогтнох аргагүй болсон хэрэг. Ийм дүн шинжилгээг барууны орнууд хийсэн байдаг. АНУ тэргүүлээд улс төрийн бодлоготойгоор түүхий нефтийн үнийг зориудаар унагасан юм. Сири, Иракийн дайн ч ялгаагүй түүхий нефтьтэй хамаатай. Түүхий нефтийн бодлого нь зөв бол дажгүй, буруу бол дайнд ч хүргэдэг уршигтай. Магадгүй бид түүхий нефтийн зах зээлд үүрэг роль, хэмжээ зэргээрээ бага учраас бидэнд энэ бодлого мэдэгдэхгүй байж болно. Гэхдээ петрополитикийн нэгдсэн бодлого байхгүй учраас үйлдвэргүй өнөөдрийг хүрсэн болов уу гэж боддог.

Түүхий нефтийг боловсруулдаг, экспортолдог, импортолдог долоон том улсыг ОХУ, АНУ, Саудын Арави толгойлж дэлхийн бодлогыг тодорхойлж байдаг. 2015 оны байдлаар ОХУ нефтийн түүхэндээ анх удаа түүхий нефтийн экспортоор анх удаа Саудын Аравийн урд орж, хамгийн их түүхий нефть экспортолсон улсаар шалгарсан. Саудын Аравийн дараа АНУ орсон. Энэ нь эргээд америкчуудыг оросуудтай тооцоо бодох хэмжээнд очсон байх. Түүхий нефтийн бизнес эрхэлдэг том компаниудын гол өрсөлдөөн бол шинэ технологи. Занарын, нүүрс шингэрүүлэх гэх мэтийн технологийн үйлдвэрүүд гарч ирэхэд хөгжүүлэх үү, байх уу гэдэг бодлого петрополитик дотор явж байдаг. Занарын үйлдвэр хэт хөгжөөд ирэхээр нефтийн үйлдвэрлэлийн үнийг буулгаж занарын хөгжлийг бууруулах бодлого барьдаг. Нефтийн үнэ буугаад ирэхээр эрчим хүчний эх үүсвэрийг бий болгодог бүх л түүхий эдийн үнэ унадаг. Тухайлбал нүүрс. Хятадын эдийн засаг муудсан учраас унасан хэрэг биш. Нефтийн үнэ унасан үед нүүрсний үнэ босно гэж байхгүй. Баррель нефть 30 ам.доллараас уруудсан өнөөгийн нөхцөлд харвал нүүрсний үнэ ойрын таван жилд босох хандлага алга. Хямралыг ашиглаад түүхий нефтийг боловсруулах санаа засгаас гарсан гэж харж байгаа.

Боловсруулах үйлдвэрийг олон жилийн өмнөөс барья гэж ярьсан. Үйлдвэр барьж чадахгүй байгаа хамгийн том саад бол төслийн эзэн. Нефть боловсруулах үйлдвэр барья гэхээр ард нь нэг нэр гараад ирдэг. Дарханы газрын тосны үйлдвэр явахгүй байгаагийн шалтгаан нь Намжим гуай. Намжим гуайд дуртай хүмүүс бий, дургүй улс ч байгаа. Тэгээд л бие биедээ саад тавиад эхэлдэг. Төрийн ямар нэг сайд, улс төрийн ямар нэг намаас хамаарч байгаа юм биш. Нефть боловсруулах үйлдвэр нэг эзэнтэй байдаггүй гэсэн дэлхийн жишгийг бид анзаардаггүй. Би Дубайд олон улсын нефтийн томчуудтай уулзлаа. Япон, Австрид очлоо. Нефть боловсруулах үйлдвэрүүдийг нь анхааралтай ажиглаж судаллаа. Нефть боловсруулах үйлдвэрийн эзэмшил нь улсын болоод нэг компанийн мэдэлд хэзээ ч байдаггүй юм байна. Хятад, Орос зэрэг цөөхөн орны хувьд л дийлэнх хувьцаа нь улсад байдаг. Нефтийн үйлдвэр хөгждөг арга нь хувьцаагаа задлаад хүмүүст хуваарилах юм билээ. Австрид 10 сая тоннын үйлдвэр байна. Есөн сая тонн түүхий нефтийг гаднаас аваад, дотоодоосоо нэгхэн сая тонн нефтийг үйлдвэртээ нийлүүлдэг. Нийт хувьцааных нь аравхан хувийг Австрийн иргэд,12 хувийг Саудын Аравийн нефтийн нэг фонд эзэмшдэг. Герман улс бас эзэмшилтэй. Олон хувьцаа эзэмшигчид тараагаад өгчихөөр тэр үйлдвэрийн аюулгүй байдал ганц улс биш дэлхийн аюулгүй байдал болчихдог. Нефть боловсруулах үйлдвэр хэн нэгний өмч биш гэдгийг улстөрчдөд ойлгуулах ёстой. Монголын ард түмнээс гадна хоёр том хөршдөө хувь өгөх хэрэгтэй. “Роснефть”-тэй тохирохгүйгээр үйлдвэр баригдахгүй. Ямар ч нефтийн компани зах зээлээ хамгаалдаг. “Роснефть”-тэй маш өндөр түвшинд эвийн гэрээ байгуулах учиртай. Уламжлалт зах зээл чинь эзэмших хувьцаагаар чинь дамжиж хадгалагдаж үлдэнэ гэсэн хэлэлцээрийг төрийн түвшинд хийх ёстой. Манай нефтийн 25 блокийн хорь гаруйд нь Хятадын компаниуд хувьцаа эзэмшдэг учраас хятадуудтай ярилцах хэрэгтэй. Үйлдвэр дампуурах эрсдэл бий. Үүнээс сэргийлэхийн тулд том сангуудад хувьцаа эзэмшүүлэх хэрэгтэй. Монголын компаниуд бас хувьцаа эзэмшиж болно. Төрийн хувьцааг тодорхой болгох нь чухал. Улстөрчдийн эрх мэдлийн төлөө тэмцлийг үйлдвэрийн эрх мэдлийн төлөө тэмцэл рүү оруулбал Монголд нефть боловсруулах үйлдвэр хэзээ ч баригдахгүй.

Дэлхийн нефтийн бүх үйлдвэрийг судалдаг “Аргус”-ын төлөөлөгчийн хэлсэн шиг маркетингийн том судалгааг хийх хэрэгтэй. Үйлдвэр барьсан олон улсын зөвлөх компанийг урих ёстой. Бүтээгдэхүүн, түүхий нефть, үйлдвэрлэл, технологи гээд бүх талын олон дүн шинжилгээтэй маркетингийн ажил хийчихээд хаана, ямар түүхий эдийг хаанаас авч, хэр хүчин чадалтай үйлдвэр барихаа шийдэж таарна.

Долларын ханшийг барихын тулд, банкны системийг эрүүлжүүлэхийн тулд эдийн засгийн хөшүүрэг болгож энэ үйлдвэрийг барих ёстой гэж Б.Лхагважав дарга хэллээ. Энэ үйлдвэрийг дагаад эдийн засгийн тогтвортой хөшүүрэг бий болно гэж харах хэрэгтэй. Монголын тухайд 80 хувийн импортоос хамааралтай. Импортын барааны шүдний өвчин долларын ханшийн савлагаа байдаг. Долларын ханш савлаад байхаар худалдаачид ашиг олдоггүй. Долларын ханш савлаад байхаар жилд 1.2 тэрбум ам.доллараар нефтийн бүтээгдэхүүн авч байна. Тэр хэрээр долларын нөөц багасдаг. Долларын нөөц багасахаар ханш нь өгсдөг. Ийм асуудлаас гарвал нэг ам.доллар 400 төгрөг ч болж уруудах боломжтой.

2.5 сая гэдэг тоог Засгийн газар зоригтой тавьж чадсанд олзуурхаж байна. Хэрэглээнээсээ илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн үг. Экспорт хийх нь. Импортыг орлох том үйлдвэр барих нь, экспортод нэмүү өртөг шингэсэн нефтийн бүтээгдэхүүн асар их хэмжээгээр гаргах нь гэсэн олзуурхал төрж байгаа. Нефтийн бүтээгдэхүүн экспортолдог бүтээгдэхүүн асар их доллартай болдог. Ингэснээр Монгол Улс импортын улсаас шууд импортлогч, экспортлогч, үйлдвэрлэгч болно. Эдийн засгийн тогтвортой байдал ч хадгалагдаад ирнэ.

Үйлдвэрийг хаана барих вэ гэдэг том асуудал бий. Дарханд үйлдвэр барихаар дотоодын түүхий эдээ ашиглах боломжгүй болчихож байгаа юм. Надад нэг сонирхолтой зураг байдаг. Дэлхийн бүх нефтийн үйлдвэрүүдийн газар зүйн зураг. Нефтийн үйлдвэр хоёрхон газар л байдаг юм байна. Далайн эрэг дээр байна. Хоёрдугаарт трубаны аман дээр барьжээ. Манайх шиг зөвхөн төмөр замаас хамааралтай газар үйлдвэр барьсан нь алга. Түүхий эддээ ойр байж, тээврийн зардлыг нь хямд байлгаж байж үйлдвэрийн өртөг нь хямдардаг. Далайн тээвэр, труба бол дэлхийн хямд тээврүүд… Төмөр замаа хоёр дахин өргөтгөхгүй бол үйлдвэр баригдахад бэрх. Нэг бол түүхий нефтьдээ ойр, эсвэл трубандаа ойрхон байх ёстой. Технологи нь аль хэдийнэ гарчихсан. Хуулах хэрэгтэй. Хятадын хөгжлийн нууц нь энэ.

Хэвлэл мэдээлэл зөв төлөвших учиртай. Засгийн газар нефтийн үйлдвэр барих шийдвэр гаргалаа гэнгүүт маргааш нь уг асуудал бүх дэлхий мэдэхээр хэмжээнд яригддаг. Дэлхийд дипломат байгууллагууд тагнуулын түвшинд оччихож. Нефть боловсруулах үйлдвэр барих нь оросуудаа зах зээлээ хамгаалаарай гэж ярих хэмжээнд хүртэл хамаа намаагүй мэдээлэл цацагддаг.

Би үйлдвэрлэлийн бодлогыг дэмждэг. Гэхдээ Монгол шиг гуравхан сая хүнтэй улсад жижиг үйлдвэрийг бусад том үйлдвэрээс салгаж барьж болдоггүйг ойлгосон. Японы хөгжсөн нууц нь их энгийн. Хүнд үйлдвэрээ дагаж жижиг үйлдвэр нь хөгждөг. “Тоёота”-г дагаад гэрлийг нь, бүрээсийг нь хийдэг үйлдвэр бий болдог. Түүнээс биш машины бариул хийдэг үйлдвэрийг бондын мөнгөөр санхүүжүүлээд өгөөж гарахгүй. Нефть боловсруулах үйлдвэр бол жижиг, дунд үйлдвэрийг чирч явдаг асар том үйлдвэрүүдийн нэг. Нефть боловсруулах үйлдвэрийг дагаад наад зах нь 40 үйлдвэр бий болдог гэсэн судалгаа бий. Эмийн үйлдвэр хүртэл нефтийн үйлдвэр дээр түшиглэдэг. Таны өмсч байгаа хувцас, суудаг сандал, зүүдэг шил, унадаг машины чинь дугуй гээд нефтийн оролцоогүй нэг ч зүйл дэлхийд байхгүй. Хүний амьдралд аймшигтай гүнзгий орсон цорын ганц бүтээгдэхүүн бол нефть. Нисч байгаа онгоц тэр чигтээ нефть. Тэгэхээр дагаж босох 40 үйлдвэрийг ярих ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Дал наяад оны сар шинийн барилдааны түүхийг эргэн сөхөхөд

Цагаан сарын бөхийн барилдаан жаран гурван оноос эхэлсэн түүхтэй. Нэгдэлч малчдын баяр гэх тодотголтой анхны барилдаанд жаран дөрвөн бөх хүч үзсэнээс дархан аварга Мөнхбат зургаа даван түрүүлжээ. Үзүүрт нь Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын Уйлган голоос төрсөн гурван аваргын нэг уран барилдаант Чойжилын Бээжин аварга үлдсэн байна. Их шөвөгт Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Лувсанчимэдийн Сосорбарам нарын хүчит арслангууд үлдсэн байна. Сонирхолтой нь цагаан сарын анхны барилдаанд “хоёр Мөнх” анх удаа учраа таарч байжээ. Баянаа аварга тэгэхэд аймгийн начин цолтой залуу зодоглон дунд шөвөгт шалгарч Мөөеө аваргыг заан цолтой байхад нь тахимаа өгч байж. Жаран гурван оны улсын наадамд Мөнхбат аварга Сосорбарам, Мижиддорж нарын арслангуудыг найм, есийн даваанд цувуулан орхиж түрүүлсэн юм. Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх тэр жилийнхээ наадмаар өнгөлж барилддагийн жишгийг тийнхүү Мөөеө аварга тогтоож байсан.

Залуу бөх Баянмөнх мөн л тэр жилийн наадмаар улсын арслан Гялдангийн Цоодолоор тав давж улсын цолны босго алхаж байв. Жараад оны дунд үеийн цагаан сарын барилдаан арван хэдэн бөхийн хооронд өрнөдөг байсныг ахмад бөхчүүд болоод бөх судлаачид хэлдэг юм. Арван хэдэн бөх гэдэг нь Дамдин аварга, хоёр Мөнх, Бээжин, Цэрэн аваргууд, Чойжилсүрэн, Мижиддорж, Эрдэнэ-Очир, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангууд, Зундуй, Өвгөнхүү, Дашдаваа нарын начингуудыг хэлж байгаа хэрэг. Эдгээр бөхчүүдтэй Өмнөговийн Дэмүүл, Булганы тэмээ өргөдөг Жамьяандорж, Дорнодын Түвшин нарын бөхчүүд хөдөөнөөс ирж хүч сорино. Энэ хэд дундаа мэдээж хоёр Мөнх нь онцгой байж таарна. Мөөеө, Баянаа аваргууд цагаан сарын барилдаанд тус тусдаа долоо,найман удаа түрүүлсэн түүхтэй. Жаран зургаан онд Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, С.Цэрэн нарын таван аварга манлайлж боссон барилдаанд залуу заан Х.Баянмөнх анх удаа түрүүлжээ. Тэрээр их шөвөгт Дамдин аваргыг, үзүүр түрүүнд тухайн он жилүүдэд төрийн наадамд босоо байсан Мөнхбат аваргыг орхиж түрүүлсэн байна. Тэр жилийн сар шинийн барилдаанд Архангайн Чулуутын Түзэлийн Зундуй заан их шөвөгт шалгарсан удаатай. Таван аварга зүүн баруун жигүүрийг манлайлсан баярт Пагмын Аюуш арслан Баянхонгор аймгийн Богд сумаасаа ирж барилдсан нь бөх сонирхогч олныг баярлуулжээ. Аюуш арслан дөчин есөн оны улсын наадамд Батсуурь аваргатай үлдэж түрүүлсэн. Гэвч түүнд арслан цолыг нь өгөлгүй, худлаа барилдаж нам засгаа доромжилсон хэмээн наадмын комиссоос шийтгэл хүлээлгэж байсан удаа бий. Далаад оны цагаан сарын барилдаанд Мөөеө, Баянаа аваргууд болон Жамбалын Хайдав, Пүрэвийн Дагвасүрэн, Мядагийн Мөнгөн нарын арслангууд, Дасрангийн Мягмар, Доноровын Долгорсүрэн нарын заанууд, Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Увсын Дамирангийн Баатаржав, Төмөрийн Артаг, Булганы Чимэдийн Лундаа, Дамдингийн Галдандагва нарын хүчтэй начингууд шуугиулж байжээ. Далан нэгэн онд өндөр ойн одтой бөх гэдгээрээ зартай Сэрээтэрийн Цэрэн аварга, Дамдин аваргатай үлдэж түрүүлж байсан.

Спортын ордонд цугласан олон “Ойн одтойгоороо Цэрэн түрүүлнэ биз” гэцгээж байсан гэнэ. Үнэхээр ч монгол бөхийн гучин хоёр шинжийг хадгалж төрсөн гэгддэг Цэрэн аварга түрүүлсэн байна. Далан хоёр оны сар шинээр Говь-Алтайн Хөх морьтын Ундрахын Пүрэв заан Дашдоржийн Цэрэнтогтох аваргыг начин цолтой байхад нь гурвын даваанд, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангуудыг дөрөв, тавын даваанд дараалуулан өвдөг шороодуулж их шөвөгт Дамдин аваргыг давснаар Баянаатай үзүүр түрүүнд үлдэж байжээ. Тэр жилийн цагаан сарын шуугианы эзэн нь Пүрвээ заан байсан байна. Далан зургаан онд Мөнхбат аварга тав дахиа түрүүлж Сосорбарам арслан үзүүрлэж байсан. Төв аймгийн хоёр хүчтэнтэй их шөвгийн гуравт Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар начин цолтой үлдэж байлаа. Мягмар заан Ёндонгийн Ишгэнээр дөрөв, Дүгэрийн Цэрэндашаар тав, Жамбалын Хайдаваар зургаа давж шөвгөрөөд Мөөеө аваргад тахимаа өгч байсан. Төв аймгийн хүчтэнүүд түрүү үзүүр булаалдсан наадамд “Бүрэнгийн бүдүүн гуят” гэгддэг Мөнхийн Загдсүрэн начин Хэнтийн Барамсай заанаар гурав, Сэрээтэрийн Цэрэн аваргаар дөрөв давж байсан удаатай. Далаад оны сүүл үеэс хоёр Мөнхийн халааг “Алдар”-ын тамирчид болох Цэрэнтогтох, Хадаа нар залгаж авсан байна. Тухайлбал, далан найман оны сар шинээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Дашдоржийн Цэрэнтогтох аварга заан цолтойдоо хоёр Мөнхийг дараалуулж өвдөглүүлээд түрүүлж байсан түүхтэй.

Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ наадамд Дамдин, Баянмөнх, Мөнхбат аваргуудыг 7-9 даваанд дараалуулж орхин түрүүлж Улсын арслан цол хүртэж байсан юм. Тэр жилийн гурвын давааны төгсгөлд Ё.Ишгэн Дундговийн “харлаг” хэмээх Жавзмаа начинтай, Д.Цэнд-Аюуш Архангайн Гүсэмийн Жалаа начинтай, З.Дүвчин Цэвээнжавын Ванчигцэрэн начинтай тус тус хүч үзсэн байна. Ишгэн, Цэнд-Аюуш, Дүвчин нарын заанууд начин цолтой байсан үе юм. Далаад оны төгсгөл наяад оны эхээр Булганы Дэндэвийн Амгаа, Говь-Алтайн Ригжийбуугийн Давааням, Өвөрхангайн Ёндонгийн Ишгэн, Зэвэгийн Дүвчин, Увсын Өлзийн Тулгаа нарын хүчтэй заануудтай Баян-Өлгийн Однойн Бахыт, Ховдын Адуучийн Баатархүү, Булганы Жамцын Бор, Дундговийн Цэгмидийн Улаанхүү, Өмнөговийн Дашдуламын Багахүү, Өвөрхангайн Довдонгийн Дашжамц, Сүхбаатарын Жанцангийн Чулуун нарын хүчтэй начингууд (одоогийн харцага) ихэвчлэн тунадаг байсан. Дээр нь Бандийн Ганбаатар арслан, Дамдингийн Баяраа гарьд нар нэмэгдэх нь мэдээж.

Наян онд Дагвасүрэнгийн Хадбаатар аварга сар шинийн барилдаанд түрүүлж бөхөд хайртай олон түмнээ баярлуулсан удаатай. Тэрээр түрүү үзүүрт Доноровын Долгорсүрэн заантай тунаж үлдэн монгол гутлыг нь сугартал дүүгүүрдэн хүч бяраар илүүрхэж түрүүлсэн байдаг. Хадаа аваргын тэрхүү барилдааныг “араажив”-аар бөх сонсож суусан олон өөрсдөө түрүүлсэн мэт баярлаж байсныг хүмүүс дурсдаг юм. Наян нэгэн оны Мөнхбат аварга зургаа дахиа түрүүлж, Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн тэр жилийн барилдааны шуугиан нь Говь-Алтайн Нэмэхбаяр гэдэг залуу байжээ. Сүүлд буюу наян зургаан онд улсын цолонд хүрсэн тэрээр Хайдав арслангаар гурав, Долгорсүрэн заанаар дөрөв, Галдандагва начингаар тав давж шуугиулжээ. Гурвын давааны төгсгөлд Дамдингийн Галдандагва начин Булганы Жамцын Борыг, Ёндонгийн Ишгэн Сүхбаатарын Жанцангийн Чулууныг амлаж, Ховдын Баатархүү, Өмнөговийн Багахүү нар тунаж байсан удаатай. Адуучийн Баатархүү начин Багахүүгээр гурав даваад Мядагийн Мөнгөн арсланг заан цолтой эд байхад нь дөрвийн даваанд өвдөглүүлж бас л дуулиан дэгдээсэн. Сонирхуулахад, Дамдин аварга тавын даваанд долоон бөхөөс ам сонсохдоо баруун жигүүрийг манлайлан барилдаж байсан Мөнхбат аваргыг амласан байна. Энэ нь Спортын төв ордонд цугласан олон болоод хөдөө орон нутагт арааживаа чагнаж суугаа сонсогч түмэнд бас л нэг ярианы сэдэв болох нь мэдээж. Данигаа аваргын уг шийдвэрийг зарим нь Мөөеөгийнхөө түрүүлэх замыг эртнээс зассан гэдэг бол зарим нь залуучуудаас халгаад яалт ч үгүй Мөөеөгөө авсан гэж барим тавим хэлдэг юм.

Цэрэнтогтох аваргыг түрүүлэх (1983 он) жил Дэндэвийн Амгаа заан үзүүрлэсэн. Амгаа заан шөвгийн дөрөвт Баянаа аваргыг өвдөглүүлсэн нь олон түмнийг оргилон баярлахад хүргэсэн байна. Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Санжжавын Сүхбаатар заан тэр жил залуу бөх байхдаа хоёрын даваанд Эрдэнэ-Очир арсланг, гуравт Дашжамц начинг тунаж, дөрөвт Чимэдийн Гочоосүрэн зааныг орхиод дунд шөвөгт үлдэж байжээ. Наян дөрөв, наян таван оны сар шинийн барилдаанд Хадаа аварга дараалан түрүүлсэн юм. Эхний жил нь өөрийн гол өрсөлдөгч Цэрэнтогтох аваргыг их шөвөгт өвдөглүүлж, түрүү үзүүрт Ёндонгийн Ишгэн зааныг орхисон бол дараа жил нь мөн л мөнхийн өрсөлдөгч “онжав” Цэрэнтогтохтойгоо үлдэж түрүүлсэн юм. Наян таван оны сар шинээр Цэрэн аварга гурвын даваанд Эрдэнэ-Очир арсланг амлаад унасан бол дараагийн даваанд Сосорбарам арслан мөн л амлаж аваад унасан байна. Барилдааны дундуур Со арслан Цэрэн аваргад “Эрдэнэ-Очирыг хоёулаа элбээд ч барсангүй дээ” гэж хэлэн олныг хөгжөөж байжээ.

Наян долоон оны сар шинийн барилдаанд Одвогийн Балжинням аварга начин цолтой түрүүлж шуугиан дэгдээсэн удаатай. Өмнө нь буюу жараад оны сүүлээр Сүхбаатарын Чойдорын Өвгөнхүү начин цолтой түрүүлснээс хойш сар шинийн барилдаанд начин цолтой бөх түрүүлээгүй байсан юм. Балжаа аварга тэр жил С.Эрхэмбаяр, Р.Давааням, Д.Баяраа, Ө.Тулгаа нартай гурвын даваанаас аваад л тунасан байдаг. Тунасан бүгдээ орхисоор түрүү үзүүрт Цэрэнтогтох аваргыг өвдөглүүлсэн юм. Тэр жилийн цагаан сараас луу жилтнүүдийн үе эхэлсэн байдаг. Дүгэржавын Хишигдорж хэмээх Архангайн өндөр залуу Дүвчин, Мягмар нарын хүчтэй заануудыг гурав, дөрвийн даваанд унагаж олны хараанд өртсөн нь “Батцэнгэлийн динозавр”-уудын нэг Хишигдорж заан билээ. Ингээд наян найман оноос Бат-Эрдэнэ аваргын он жилүүд эхэлсэн түүхтэй.

Categories
мэдээ цаг-үе

Э.Анхбаяр: Багшийнхаа бүтээлийг ард түмэндээ сурталчилна гэж боддог

Саяхан болж өнгөрсөн “Морин хуур-2015” наадамд Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ая, Өмнөд Монголын яруу найрагч Г.Баярын үг “Бурхан халдун” дуу шилдгээр шалгарсан билээ. Энэ дууг дуулсан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин СТА Э.Анхбаяртай уулзаж ярилцлаа.

-Та багшийнхаа дууг дуулж энэ жилийн “Морин хуур” наадамд оролцлоо.

-Тийм ээ, багш маань өнгөрсөн зун утасдаж ийм дуу хийчихлээ, ирээд сонс гэсэн. Дуулж үзлээ, их сайхан бүтээл болсон байсан. Бидэнд “Морин хуур” наадамд орно гэсэн төлөвлөгөө байгаагүй л дээ. Наадмын бүртгэл дуусахаас хоёр гурван хоногийн өмнө багш над руу залгаад “Хоёулаа энэ жил “Бурхан халдун”-аараа орох уу яах уу, тэр жил би “Арвайн тал”-аар ороод хусуулчихсан шүү дээ” гэсэн. “Би яаж мэдэхэв, багш аа” гэхэд намайг “Чи л мэд” гэсэн. Тэгэхээр нь оръё гэж хэлсэн. Би очиж бүртгүүлээд багшийн өмнөөс гарын үсэг зурчихсан. Ингэж л энэ уралдаанд оролцлоо. Энэ уралдааны сүүлчийн шатанд орсон дуунуудыг, дуучдыг анхааралтай сонссон л доо. Ямар нэгэн будлиан гарахгүй бол манай дуу дээгүүр давхих магадлалтай юм байна гэдгийг мэдэрсэн.

-Н.Жанцанноров гуай дуугаа өгөхдөө яаж дуулаарай гэсэн бэ?

-Яаж дуулах талаасаа биш хөгжмийн утга санааг хэрхэн гаргах талаас нь хэлж байсан.

-Оролцогчийн хувьд энэ жилийн наадамд ямар нэгэн шинэ зүйл мэдрэгдсэн үү?

-Би энэ наадамд гурав дахиа орж байна. Тиймээс ер нь ханатай болдог гэдгийг мэддэг. Энэ жил Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч солигдсон байсан. Шинэлэг зүйлүүд нэлээд байсан болохоор дотроо их итгэж хүлээж байсан. Ямар ч байсан наадам сайхан болсон, ямар нэгэн ийм тийм юм ороогүй, бодитой шүүсэн. Шударга шүүнэ гэж бодож ч байсан. Миний дуулсан дуу түрүүлсэн учир ингэж байгаа юм биш. Бүтээлүүдийг сонссон хөгжмийн зохиолчид ч хоорондоо ярьж байсан.

Н.Жанцанноров багш аргагүй л даацтай бүтээл хийжээ гэж. “Морин хуур” наадмын тоглолтын хамгийн эхэнд бөгөөд хамгийн сүүлд мундаг оркестровка сонслоо гэж хүмүүс хоорондоо ярьж байхыг сонссон.

-Эхэнд нь хэний бүтээлийг тоглосон бэ?

-Эхэнд нь Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Хөх тэнгэрийн орон”, хамгийн сүүлд нь Н.Жанцанноров гуайн бүтээл эгшиглэсэн.

-Та түрүүн “Морин хуур”-д орсон дуунууд болон дуучдыг сонссон гэж хэлсэн. Уран бүтээлч хүний хувьд тэдгээрээс ямар дуу таалагдав?

-Хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “Тавилангийн харгуй” гээд дуу байсан. Б.Бямбабаярын “Цэцэн хааны нутаг” гэж дуу их сайхан бүтээл байсан. Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэлийн “Дарьгангын хээр тал”-ыг дуучин Н.Отгонбаатар их сайхан дуулсан. Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат, Ш.Лхамноржмаагийн шүлэг “Уйдашгүй эх орон” нь сор болсон бүтээл. Би энэ дууг байнга сонсож байгаа.

-Та Дуурь бүжгийн эрдмийн театрт хэдэн оноос ажиллаж байгаа билээ?

-Би 2011 онд сургуулиа төгсөөд 2012 оны хавраас Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байна.

-Дуурийн дуучин хүн зохиолын дуу дуулж болох уу?

-Тэрийг зохицуулж болно л доо. Гэхдээ дуурийн дуучин хүн монгол дуу их дуулах юм бол хоолой эвдэрнэ гэж ярьдаг л даа.

-Н.Жанцанноров багшийнхаа зохиосон өөр ямар дуунуудыг нь дуулав?

-“Отгонтэнгэр минь” дуу байна. “Сүндэрьяа гэж дууг нь дуулсан. Хамгийн сүүлд сая “Морин хуур”-т орсон “Бурхан халдун”-ыг дууллаа.

-Та хоёр хэдийнээс хамтран ажиллаж байгаа вэ?

-Удаагүй. Би сургуулиа төгссөнийхөө дараа уралдаан тэмцээнд явж багагүй амжилт үзүүлсэн. Хасагдахдаа хасагдаж ч явлаа. Багш намайг ерөнхийд нь мэддэг байсан. Бид хоёр нэг нутаг л даа. Хааяа хажуугаар өнгөрөхдөө “Чи чинь Өвөрхангайнх бил үү” гэдэг байсан. Нэг удаа надаас “Өвөрхангайн Хонгор нутгаар юу байна? Би чамд дуу өгөөд энд тэнд дуулуулж ашиглавал болж байна уу?” гэж тоглоом шоглоомоор хэлэхэд нь “Бололгүй яахав, багш аа” гэсэн. Нэг удаа над руу залгаад “22 жилийн дараа” гэдэг концерт болох гэж байна. Би 22 жилийн дараа концерт хийж байгаа юм байна. Дүү тэрэн дээр “Отгонтэнгэр”, “Сүндэрьяа” хоёрыг дуулаач” гэсэн. Ер нь бид хоёр хамтарч ажиллаад удаагүй байгаа. Энэ их агуу хүнээс хөгжмийн ертөнцийн болоод амьдралын суралцах зүйл залуус бидэнд маш их байна. Зөвхөн хөгжмийн зохиолч, багш гэсэн үүднээсээ амьдралын ухааныг суралцах ёстой. Энэ хүн хүнтэй харилцаж байгаа соёл бүх юмаараа мундаг. Тиймээс багшийнхаа бүтээлийг ард түмэндээ сурталчилна гэж боддог.

-Таныг Италид хөгжмийн сургуульд явах гэж байгааг сонссон. Энэ талаараа сонирхуулаач?

-Тиймээс Цагаан сар гараад шинийн дөрвөнд явна. Гурван сарын хугацаатай Миланы хөгжмийн их сургуульд мэргэжил дээшлүүлнэ. Тэрнээсээ цаашаа дамжаад Европын театруудад сонсгох, уралдаан тэмцээнд оролцох, мэргэжилтэн багш нартай ажиллана. Цаашлаад Миланы хөгжмийн их сургуульд дэвшиж магистрт суралцах гэсэн олон зорилготой явж байгаа. Манай театрын гоцлол дуучин Гомбо-Очир бид хоёр явж байгаа. Сонгодог урлагийг дэмждэг “Серж меценат” сангаас биднийг ивээн тэтгэсэн бөгөөд тус сангийнхаа хамт олон талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын заан Дасрангийн Мягмар: Цагаан сарын барилдаанд анх зодоглосон жилээ Дамдин аваргатай таарч байлаа

Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмартай ярилцлаа. Тэрээр улсын наадамд арваннэгэн удаа шөвгөрсөн манлай заануудын нэг юм.

-Сар шинийн босгон дээр уулзаж буйн хувьд цагаан сарын бөхийн талаар яриагаа эхлэх гэсэн юм. Та сар шинийн барилдаанд хэдэн онд анх зодоглож байсан бол?

-Цагаан сарын бөхийг багадаа хөдөө радиогоор сонсоно. Тэр үед зурагт гэж ямар байсан биш. Хурц арслан Ц.Бадамсэрээжид гуай бөхчүүдийг овог нэр аймагтай сумтай нь гайхалтай гоё тайлбарладаг байлаа. Бөх болох юмсан гэх хүсэлдээ хөтлөгдөж явсан надад хэзээ нэг Улаанбаатар хотод очиж, нутаг усаа дуудуулан барилдах бол гэж бодогддог байлаа. Ингээд аравдугаар анги төгссөн жилээ Улаанбаатар хотод оюутан болж ирээд анх цагаан сарын барилдаанд зодоглож байсан юм. Тэр чинь жаран найман он. Би тэгэхэд аймгийн заан цолтой байлаа. Би чинь есдүгээр ангийн хүүхэд байхдаа аймгийнхаа наадамд үзүүрлэж байсан. Хөдөө гэртээ үргэлж радиогоор сонсч, аваргуудын цолыг дуудахад ёстой л нөгөө өөрийгөө цоллуулсан юм шиг дэвж шавж, тэр мундгуудтай барилдах юмсан гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан хүн чинь хотод ирээд цагаан сарын барилдаандаа зодоглоход урьд орой нь нойр хүрээгүй. Сэтгэл догдлоод тэр л дээ. Янз бүрийн л юм бодогдож байлаа. Нутаг усныхаа нэрийг дуудуулж гарчихаад нэг даваад чимээгүй болчих вий гэдэг ч юм уу. Харин аз болоход гурав давчихсан шүү.

-Ямар бөхчүүдийг хаяад гурав давчихав?

-Хоёрын даваанд Өвөрхангайн С.Цэдэвсүрэн начинг, гурвын даваанд Архангайн Хотонтын “Том” хэмээх улсын арслан Д.Жамц гуайг унагачихдаг юм. Дөрвийн даваанд Д.Дамдин аваргад амлуулж барилдаад өвдөг шороодсон. Их л сэтгэл өндөр байсан санагдана. Мөн улсын аварга, арслангуудыг хараад жигтэйхэн сүрдэж байгаа хэрэг. Ховд нутагтаа баруун таван аймгийн бөхчүүдтэй барилдаж явснаас тэр бүр улсын цолтой бөхтэй барилдаж байсангүй. Ингэхэд Улаанбаатар хотыг зорьж ус нутгаасаа мордохдоо нутгийнхандаа хоёр зүйлийг захиж байлаа. “Та нар радио сайн сонсч байгаарай. Би хотод очоод шууд улсын начин болно. Мөн спартакиадын аварга болно” гээд ам гарчихлаа. Тэр жил “Пионер сурагчдын анхдугаар спартакиад” болсон. Баруун таван аймгийн бүсчилсэн наадам манай аймагт зохиогдож, би чөлөөт бөхийн 75 кг-ын жинд алтан медаль хүртээд байв. Спартакиадын улсын аварга долдугаар сарын тавнаас наймныг дуустал болно. Энэ барилдаанд жиндээ түрүүлнэ, залгуулаад болох наадамд улсын цол хүртэнэ гэж санаад тийн ам гарчихгүй юу. Спартакиадын барилдаанд өөрийнхөө жинд түрүүлж алтан медаль энгэртээ зүүлээ. “Та нар сонссон биз. Би сая алтан медаль авчихлаа. Одоо наадмаар начин цол хүртэнэ. Радиогоо сайн сонсоно шүү” гээд дахиад хөдөө рүү ярихдаа хэлээд авлаа.

-Тэгээд тэр жилээ начин болж чадав уу?

-Яаж чадах вэ дээ (инээв). Хоёр давчихаад байж байтал гурвын даваанд Баянхонгорын улсын начин Ч.Баасанхүү амлалаа гэж дуулдав. Би аравдугаар ангид байхдаа улсын цолтой бөх хаяж үзэж байсан хүн л дээ. Увсын Тэсийн “Улаан гуталт” хэмээх Миеэгийн Цэрэндорж начинг Баян-Өлгий аймагт болсон барилдаанд тохиолдлоор хаячихсан. Ингээд гурвын даваанд Ч.Баасанхүү начинд өвдөг шороодлоо. Бараг л би яагаад уначихав гэж бодсон байлгүй. Өнөө начин цол байдаггүй. Маргааш нь морин тойруулгад болсон уяачдын баярт зодоглолоо. Эхний даваанд нэг их айхтар дэгээ ороодог цэрэгтэй таарчихдаг юм. Өнөө нөхөр салдаггүй дээ. Арайхийж хаяад байтал хоёрын даваанд Булганы “Задгай шар” хэмээх аймгийн арслан Н.Лхагвадоржтой таараад унасан. Энэ бөх улсын наадамд олон удаа дөрөв давсан байдаг. Начин байтугай зааны эрэмбэтэй бөх байлаа. Орой нь таван цагт Спортын төв ордонд барилдаан болоход уяачдын баярт таарсан цэрэгтэйгээ дахиад таарчихдаг юм. Бас л арайхийж хаяад сууж байтал улсын засуулч Ш.Лхүгдэв гуай ирээд “Чи нөгөө Ховдоос ирсэн хүү юү. Сайн бөхтэй нэг өдөр хоёр таарч барилдаад орхилоо доо. Наад чинь Булганы “дэгээ” Батчулуун гэдэг хүн шүү дээ” гэдэг юм. Ингээд энэ барилдааны хоёрын даваанд С.Цэрэн аваргатай таарсан. Аварга золгуутаа л ганц гараараа салтаадаж өргөөд шалан дээр тас гэдрэгээ харуулаад хаячихдаг юм. Урьд өмнө нь тийм бяртай хүнтэй барилдаж байсангүй. Бараг тийм бяртай бөх байдаг эсэхийг ч мэддэггүй явсан биз. “Улсын аварга цолтой бөх ийм л аугаа байдаг юм байна. Намайг чинь ганц гараараа тавагтай идээ хүнд өгч байгаа юм шиг өргөөд явчихлаа” гэж бодоод хоцорч билээ. Дараахан нь болсон заалны барилдаанд Х.Баянмөнх аваргатай таарч суугаад хөл авахаар нь зөрүүлж хутгаад ууцаар нь тэвэрч гараа чагтлаад барьчихлаа. Нэг сэртэл Ш.Лхүгдэв гуай Баянаа аварга хоёр намайг сэгсэрч байдаг юм. Би ухаан алдчихгүй юу. Тэр их бяртай хүн намайг бүтэн эргүүлээд нугасаар минь хаячихсан байгаа юм. “Улсын цолтой бөхчүүд гэдэг чинь хүн алах амьтад байна. Бид эд нартай эн зэрэгцэж барилдана гэдэг худлаа юм байна. Мөрөөрөө сургууль соёлоо дүүргээд аав ээжийнхээ дэргэд амьд мэнд очъё” гэж бодоод бүтэн хоёр сар барилдаагүй юмдаг.

-Таныг анх зодоглосон 1968 оны сар шинийн барилдаанд ямар бөх түрүүлсэн бол?

-Яг хэн түрүүлснийг сайн санахгүй байна. Д.Дамдин аварга, хоёр Мөнх яг ид гарч ирж байсан үе. Магадгүй Х.Баянмөнх аварга түрүүлсэн байх. Яагаад гэвэл тэр жилийнх нь наадамд Баянаа анх удаагаа түрүүлж, аварга цол хүртэж байсан. 1963-1967 оны улсын наадамд Ж.Мөнхбат тав дараалан түрүүлж Д.Дамдин аваргын амжилтыг давтаж байлаа. Тухайн цагт Баянаа, Мөөеө хоёр ижилгүй байсан даа. Хоорондоо яаж барилдах вэ гэдгээ л бодож явахаас бусад бөхчүүдийг огт авч хэлэлцэхгүй. Ер нь жараад оны сүүл үеэс наяад он хүртэлх энэ зурвасхан үед монгол бөхийн нэгэн үеийн алдар цуутнууд хоорондоо ид барилдаж байлаа. Д.Дамдин аварга хариагүй, хоёр Мөнх ид, С.Цэрэн, Ч.Бээжин аваргууд лут байсан үе л дээ. Г.Дэмүүл, Ө.Эрдэнэ-Очир, У.Мижиддорж, Л.Сосорбарам, “Тэмээ өргөдөг” Б.Жамьяандорж, Ж.Хайдав, П.Дагвасүрэн гэх аваргын дайны арслангууд энэ хэдийг залгаад Цэрэнтогтох, Д.Хадбаатар, М.Мөнгөн нар гарч ирсэн дээ. Үргэлж хоорондоо тунана. Үнэхээр халгамаар байсан. Намайг хүмүүс заан болно гэж ярьдаг байлаа. Зарим үед бараг итгэмээргүй л санагддаг байсан. Энэ хэдийгээ бүгдийг нь хаяж байж долоо даван дөрөвт үлдэнэ. Би чинь таван удаа зургаа давж их шөвгийн наймд үлдсэн хүн. Энэ үед надад “Шөвгийн наймд бол үлдэж болох юм байна. Харин дөрөвт үлдэх боломжгүй юм байна” гэх бодол төрж байв. Харин 1978 онд аз таарч долоо даван заан хэмээх эрхэм цолд хүрсэн дээ.

-Та чинь 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор начин болсон байх аа?

-Тэгсэн. Өмнөх жил нь тавын даваанд Д.Долгорсүрэн зааныг начин цолтой байхад нь тунаж барилдаад өвдөг шороодсон. Уул нь тэр жил намайг Ш.Батсуурь аварга начин болгоно гэж хэлсэн юм. Би аваргыг зүс мэдэхээс танихгүй. Гурав давчихаад байж байтал “Би танай аймгаас цол хүртэж бөхийн гараагаа эхэлсэн. Танай нутгаас сайн бөх төрөхгүй удаж байна. Харин цаашдаа сайн барилдах нэг залуу гарч ирлээ гэж баярлаж байна. Ах нь чамайг начин болгоно. Харин чи дөрөв давахаа л бодоорой” гэдэг юм.

Өмнөговийн морьт О.Пүрэвээр дөрөв даваад явж байхдаа ингээд нэг начин цолны үзүүр дээрээс атгаж авдаг байж дээ гэж бодон учиргүй баярлаад. Тэгтэл тавын давааны өмнө Ш.Батсуурь аварга ирээд “За миний дүү ахыгаа уучлаарай. Ах нь чамайг авъя гэж бодсон боловч манай Говь-Алтайн Ч.Амартүвшин гэж хүү дөрөв давчихаж. Чи начин байтуйгай барилдах хүн шүү” гэж хэлээд явчив. Ингэж Д.Долгорсүрэнтэй тунаж барилдаад унасан. Харин 1971 онд Архангайн Ж.Чойжилсүрэн арслангаар тав давж начин цолд хүрсэн. Чойжоо арслан намайг амлах тухайгаа мэдээж хэлэхгүй шүү дээ. Дараа нь бөхчүүдийн амнаас сонсоход Ж.Чойжилсүрэн гуай тэр жил өөрийнхөө нутгийн Л.Ринчендоржийг начин болгох бодолтой байсан юм билээ. Дөрвийн даваанд би өнөө Ринчендоржтой нь тунаж барилдаад хаячихсан. Тэгээд л намайг авсан байх.

-Тавын даваанд Д.Долгорсүрэн зааныг үнэхээр бараагүй юу?

-Бараагүй болоод л унасан хэрэг. Д.Долгорсүрэн ч лут амьтан байсан шүү дээ. Мөн Булганы Ч.Лундаа, Д.Галдандагва гээд аварга болчихсон байхад гайхахааргүй мөн ч сайхан амьтад байж дээ.

-Та есдүгээр ангидаа аймгийнхаа наадамд үзүүрлэж байсан гэж байна. Тэгэхээр багын их биерхүү, бяртай байж?

-Ангидаа бие хаагаар хамгийн том нь байлаа. Манай аав их бяртай хүн байсан. Ангийн банди нар надтай цувж барилдаад бүгд унана. Би чинь хүнтэй ноцолдохын бөөн хүслэн. Манай ах халаасанд багтдаг жижиг шатар авчирч өглөө. Ангийнхаа хүүхдүүдэд надтай барилдаад зөвхөн гарыг минь газарт хүргэсэн хүнд би энэ шатрыг өгнө гэж хэлээд хүртэл барилдаж байлаа.

-Шатар авах хүн гарав уу?

-Яаж байх вэ. Тэднийг би үзэхгүй хаяна. Наймдугаар ангиасаа аймгийнхаа бөхчүүдтэй барилдаад эхэлчихсэн хүнд чинь арван жилийн хүүхдүүд юу болох вэ. Арван жилд байхдаа “танк” гэсэн хочтой. Тухайн үеийн дурсамжийн дэвтэр дээр маань “тааяа”-даа гэж бичээд манай ангийнхан сэтгэгдлээ үлдээсэн. Хожим хүүхдүүд маань үзчихээд “Тааяа гэж юү гэсэн үг юм” хэмээн асууж байлаа. Тэр нь “танк”-даа л гэсэн үг байхгүй юу (инээв).

Би 1991 онд аварга Д.Хадбаатараар тав, шинэ начин Х.Амраагаар зургаа давж 43 насандаа их шөвөгт үлдэж байлаа. Түүнээс хойш дөрөв, таван жил барилдаад болчихсон. Гурвын давааны ам угтуулд уналгүй байгаа дээрээ больё гэж бодоод. Түүнээс гарч барилдаад байвал барилдаад л байна. Гарах нэг өөр, барилдах нэг өөр.

-Та олон бөх цолонд хүргэсэн үү?

-Ч.Бямбадорж, Р.Даваадалай, Т.Бат-Эрдэнэ зэрэг нутгийнхаа хэдэн бөхчүүдийг дэмжиж улсын цолонд хүргэсэн. Түүнээс найраанд орж одоогийн энэ дуулдаад байгаа үнэн худал яриа шиг мөнгө төгрөгтэй холбоотой зүйл байсангүй дээ.

-Цагаан сарын барилдаанд цол олгодоггүй болохоор буулт ч юм уу, ямар нэгэн байдлаар найраа ордоггүй гэдэг. Та ч энэ тухай хэлдэг. Гэтэл тэр жил Б.Бат-Эрдэнэ аварга, тухайн үед ид барилдаж байсан Өсөхөө, Сумъяабазар нарын залуу аваргуудыг дараалуулан хаяж түрүүлж байсан. Энэ тухай танаас асуумаар санагдлаа?

-Б.Бат-Эрдэнэ аварга өөрийнхөө үеийнхнээс хамгийн удаан, хамгийн дээгүүр амжилттай барилдсан энгүй хүчит бөх. Тэр жилийн сар шинийн барилдаанд нэг зүйл болсон юм. Юу вэ гэвэл, Г.Өсөхбаяр аваргын хуруу гэмтэлтэй байсан. Тийм болохоор цаашид барилдах боломжгүй. Ингээд аваргаас “Та намайг дөрөвт авчих. Би элдэв бусын хүнд унамааргүй байна” гэж хэлсэн байдаг. Энэ үгийнх нь дагуу аварга авчихсан. Үзүүр түрүүнд Д.Сумъяабазартай үлдсэн. Сумъяаг өмнө нь аварга улсын наадмаар шөвгийн дөрөвт хоёр ч удаа аван тунаанаас гаргаж, давааг нь ахиулж байсан. Тэгэхээр Сумъяа “Энэ хүн бөхийнхөө хувьд ахмад. Тэгэхээр би нэг их өмнөөс нь дайраад яахав. Тэртэй тэргүй цол авах биш” гээд унаад өгөхгүй юу. Үндсэндээ өмнө нь наадмаар авч давааг нь ахиулж байсан ачийг нь ч бодоод барилдаан гаргалгүй уначихсан. Ингээд ард түмэнд буруу ойлголт төрчихсөн. Д.Сумъяабазар, Б.Бат-Эрдэнэ аваргатай үнэн хүчээрээ барилдчих хэрэгтэй байсан юм. Тэр талаар би өмнө нь хэвлэлд ярьж байсан. Тухайн цагт бөхийн хэллэгээр бол аварга хариагүй байсан. Түүнээ тэр жилийнх нь наадмаар шилдэг залуу бөхчүүдээр найм давж их шөвөгт шалгаран баталж байсан.

-Энэ жилийн сар шинийн бөхийн барилдаан ямар болох бол, Та хэнийг түрүүлнэ гэж бодож байна?

-Мөөеө, Баянаа, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нар шиг тасраад гараад ирэх бөх одоогоор харагдахгүй байна. Гэхдээ залуучууд ширүүн байгаа. Саяхан “Оны шилдэг найман бөх” тодорсон. Мэдээж тэр хэдээс дээшээ гарч ирж барилдах байх. Мөн аймаг, цэргийн цолтой бөхчүүд шуугиулахыг үгүй гэх газаргүй. Энэ жилийн цагаан сарын бөхийн барилдаан үзэж харах зүйлтэй сайхан болох нь мэдээж.

Categories
мэдээ цаг-үе

Намдавын Дагвадорж: Дамдинсүрэн, Ринчен гээд Монголын сор болсон эрдэмтдээр хичээл заалгаж явжээ

Зураг дээр зүүн гараас Ц.Чинбат,
Н.Дагвадорж, Б.Цэрэнжамц нар

Он он жилээр Булган хангайнхаа тэнгэр дор сууж, бүтээлээ туурвиж буй буурал багш Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Намдавын Дагвадоржтой хөөрөлдсөнөө хүргэе.

-Булган нутгаас авьяас билигт олон хүн төрсөн. Тэр бүгдэд та шүлэг найраг, элгэн халуун сэтгэлээрээ нөлөөлж, ихэнх найрагчдын номыг өлгийдөн, өврөөсөө шувуу шиг нисгэсэн байх юм. Та бол Явуу, Эрдэнэ, Гайтаваас цөөхөн дүү, Түдэв, Дашдооров, Нямдорж, Чойном нартай үе чацуутан. Тэгэхээр эртний хүн болж таарах нь?

-Миний бие 1936 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Хужиртбулангийн Сондуул гэдэг газар төрсөн юм. Байгалийн үзэмж төгөлдөр, хүмүүс аж төрөн амьдрахад зориулагдсан юм шиг тийм сайхан хангай. Ус нутгийнхан маань Дугариг, Сондуул, Хадлан жирээ гэдэг газруудад өвөлжөөд, Сэлэнгэ мөрнийхөө хойно Хайлааст, Аяган жирээ, Өрөлт, Мухар булгаар зусна даа. “Өрөлт Сэлэнгэ-миний нутаг” гэж Ширчинсүрэн найрагчийн шүлэг байдаг. Хөвсгөлийн Тариалан, Хутаг-Өндөр хоёр залгаа юм. Дунд нь Намнан гэж сайхан уул бий. Ширчинсүрэн бид бол Сэлэнгийн хөвөө салаануудад төрж өссөн хүмүүс. 1945 онд Хутаг-Өндөрийн бага сургуульд орсон. Би чинь хүний ганц хүү шүү дээ. Манай аав монгол бичиг мэддэг хүн байв. Айл саахалтынхан манайд цуглаад Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг оройдоо сонсдог байлаа. Аавын ярьдаг үлгэр домог сэтгэлд их тод үлджээ. Дөчин есөн онд Хутаг-Өндөрийн бага сургуулийг төгссөн. Сургуулийн захирал Ширнэн одоо сэрүүн тунгалаг Орхон суманд амьдарч байна. Дөрөвдүгээр анги төгсөөд Булганы төвийн арван жилийн дунд сургуульд ирсэн.

-Булганы төвийн сургууль арван жилийн сургалттай байв уу?

-1949-1950 оны хичээлийн жил Булганы төвийн долоон жилийн сургууль арван жилийн сургууль болж байсан түүхтэй. Ёндонгийн Бадам, философийн Дорж, Жамбаажамц, хэл уран зохиолын Долгорын Чойжил гээд сайхан багш нар байлаа. Чойжил багш маань намайг шүлэг зохиолд анх дурлуулсан хүн. Харин наймдугаар ангид орох жил Улсын их сургууль төгссөн хоёр багш Булганд ирсэн. Гомбонэрэнгийн Мэндсайхан сүүлд Гэгээрлийн яамны орлогч сайд болсон. Их сургуулийн математикийн анги төгссөн, Дорнодын Тамсагбулагийн хүн. Ерөнхий сайд байсан Энхсайханы аав шүү дээ. Нөгөө нэг нь А.Самдан гэж физикийн багш бас ирсэн юм. Тэр хоёр багш Булган хангайд соёл гээчийг түгээсэн буянтнууд. Ухаандаа, тэдний тэшүүр нь жигтэйхэн гоё. Одоогийн ботинктой тэшүүр байхгүй юу. Бид бол хөрөөний төмрийг хугалж эсгий гуталд хүлээд гулгадаг байсан үе. Наймдугаар ангиас Мэндсайхан багш манай ангийг дааж аваад хоёр жил багшилж байтал хотоос дуудсан. Тэгээд Политехникийн сургуулийн захирал болж байлаа. Самдан багш бас л дуудагдаж, хотын гэгээрлийн хэлтсийн дарга болсон юм даг.

-Их сургуулийн босго алхсан үеэ дурсахгүй юу. Таныг агуу их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн гарын шавь нарын нэг явсан гэдэг дээ?

-Намайг аравдугаар анги төгсөхөд Москва руу сургуульд хуваариллаа. Гэвч тэр үед аав минь хэрэгт холбогдож, хоригдоод ижий минь ганцаараа үлдсэн хэцүү үе тохиосон юм. Ингээд би Москвагийн сургуулийн хуваариас татгалзаж, Улсын их сургуулийн хэл, уран зохиолын ангийг сонгосон. Тус ангийг сонгож, зохиолч болно хэмээн тэмүүлэхэд гол нөлөө үзүүлсэн хүн бол Содовын Жамсранжав багш. Тэрээр уран зохиол судлаач төрийн шагналт Дамдинсүрэнгийн Цэнд, доктор Сономын Лувсанвандан нартай их сургуулийн нэг анги байсан юм билээ.

Тавин таван онд их сургуулийн босго алхахад маш баяртай нэг зүйл тохиосон. Тэр нь юу вэ гэхээр төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн Монголын зохиолчдын хорооны дарга байж байгаад Төв хорооны тогтоол эсэргүүцсэн хэргээр ажлаасаа халагдаж, их сургуулийн багшаар ирсэн байв.

-Ингээд та Дамдинсүрэн гуайн шавь болсон хэрэг үү?

-Тийм л аз тохиосон юм. Их сургуульд багш болонгуутаа бүр манай ангийн багш болдог юм. Да багш Их сургуульд ердөө дөрвөн жил л багшилсан. Биднийг нэгдүгээр ангид ороход дааж аваад, дөрөвдүгээр анги төгсөхөд Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар томилогдоод явчихсан. Багш биднийг хариуцан ажиллаж байхдаа Ардын их хурлын тэргүүлэгч болж, Сүхбаатарын одонгоор шагнуулж байсан түүхтэй. Энх тайвны их хуралд байнга явна. Гэвч биднээс хараа салгана гэж үгүй. Эртний уран зохиолын хичээл голдуухан заадаг байв. Амьдралд хэрэг болохоор сургамжтай зүйлийн талаар хэлж, аминчхан ханддаг байсан сан. Одоо эргээд санах нь ээ, үнэхээр эрдэм оюунд нэвтэрсэн хүн байжээ. Би багшийгаа дагаад гэрт нь их очно. Их сургуулийн хажууханд. Гэргий нь орос хүн. Зан ааш их сайхантай хүн байсан. Анна Цендина гэж охин нь төрөөд удаагүй байсан. Багш гадаад явах бүртээ өөртөө шляп малгай авч ирнэ. Дэгжирхэж байгаа нь тэр байх. Их сургуулийн өлгүүрээс хоёр ч малгайгаа алдсан гэж өөрөө хэлдэг сэн. Да багштай тухайн үед их ойр Шанжмятавын Гаадамба багш байсан. Ёстой амь насаараа дэнчин тавьж багшийг минь хамгаалж байсан хүн. Га багш утга зохиолын онол, Бямбын Ринчен багш харшуулсан хэлний зүйн хичээл ордог байлаа. Монголын хэл шинжлэлд тэнгэр хурмастаас заяагдсан гэж хэлж болохоор нэрт эрдэмтэн Шадавын Лувсанвандан багшаар мөн хичээл заалгаж явжээ. Ингээд бодохоор би гэдэг молхи амьтан Монголын сор болсон эрдэмтдийн ном, лекцийг сонсож явжээ. Даваасамбуугийн Дашдорж гэж Багшийн сургуулийн хэл уран зохиолын багш мундаг хүн байлаа. Бид нэг ангийн хүүхдүүд юм. Дашдорждоо “Монголын аугаа их эрдэмтдээр хичээл заалгасан, бид азтай хүмүүс шүү” гэж хэлдэг байлаа. Шинжлэх ухааны доктор Жавзангийн Цолоо, зохиолч Гүрренчин, Монголын радиогийн сурвалжлагч байсан Архангайн Батсуурийн Халтар гээд ангийн нөхөд байна. Биднийг дөрөвдүгээр курсэд байхад нэгдүгээр ангид хэдэн авьяастай хүүхэд орж ирсэн нь Шаравын Сүрэнжав, Дожоогийн Цэдэв, Жамбын Дашдондог энэ хэд. Дугуйланг хариуцдаг хүн нь Га багш. Дамдинсүрэн багш, Ринчен гуай нартай уулзуулна. Дугуйланд авьяасаараа гайхагдаж байсан нь Галсангийн Жамъян, Тангадын Галсан хоёр юм. Жамьян “Халхын талд” хэмээх шүлэглэсэн роман бичнэ гэж хүртэл гайхуулдаг байлаа. Мөн хэлний авьяас билигтэй эрдэмтэй айхтар хэдэн оюутан байсны нэг нь академич, төрийн шагналт нэрт эрдэмтэн Далантайн Цэрэнсодном. Домийн Төмөртогоо гэх нэртэй академич ч тэр үед оюутан байсан.

-Хэдэн онд их сургууль дүүргэсэн бэ. Ажил амьдралын гараагаа хаанаас эхэлсэн бол?

-Төгсөх үеэр их сургуульдаа үлдээд багшил гэсэн санал ирлээ. Би болохоор хөдөө явна гээд Булган руугаа зүтгээд байдаг. Тэгтэл Гэгээрлийн яамны Энхийн Бадарч гэж хүн “Их сургуульд багшил гэхэд үгүй гэж хэлдэг хүн чамаас өөр байна уу. За яахав, хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарина гэдэг чинь зөв байх. Гэхдээ чамайг Булган руу явуулахгүй. Хөвсгөл явуулна” гэдэг юм. Тэгээд ижий ааваа дагуулаад Хөвсгөлийн Мөрөнд очсон. Тэндээсээ Хатгал руу явлаа. Хоёр жил болж байтал хөдөлмөрийн баатар Дашцэдэн багшийн гарын үсэгтэй “Хотод яаралтай ир” гэсэн захидал дээд боловсролын хорооны Санжмятаваар очдог юм. Гэвч би хотын хүн болоогүй ээ. Хатгалд байхдаа Бадамын Базарханд гэж насны ханьтайгаа учирсан. Хөгшин маань Их сургуулийн орос хэлний ангийг төгсөөд 42 жил орос хэл заасан хүн.

-Зохиолчдын тухай дурсамжаасаа ярихгүй юу. Та утгын их мэргэдийг бүгдийг нь таньж мэдэх хүн?

-Одоогоос жаран жилийн өмнө буюу 1955 оны хавар Дэндэвийн Пүрэвдоржтой анх уулзаж байлаа. Хөвсгөл, Булганаар явж байхад нь таарсан хэрэг. Пүрэвдорж тэр үед 22 настай Дуурийн театрт зохиолч, редактороор ажиллаж байсан үе. Эргэлдсэн алаг нүдтэй гоё залуу, мөн ч хийморьтой харагдаж билээ. Цэцэлж хэлэхийн гайхамшгийг мэдрүүлсэн, Цоодолын хэлснээр Монголын яруу найргийн дархан цэц юм даа. Оюутан ахуй цагтаа Дашзэвэгийн Сэнгээ гуайг харж байлаа. Зохиолчдын хорооны дарга байсан. Монголын утга зохиолын нэгэн хүчирхэг үе гарч ирэхэд гол нөлөө болсон хүн юм. Дондогдоржийн Дашдондог гэж Хишиг-Өндөрийн авьяас билигт нэгэн байлаа. Төрийн шагналт Зундуйн Хангалын хөгжим “Аяны шувууд” гэж алдартай дууны шүлгийг бичсэн найрагч. “Гооёо” Дашдондог гэдэг байсан юм. Их гоё залуу байсан учир тэгж хэлдэг байж. Их сургуулийн математикийн ангийн дөрөвдүгээр курсээс Сандагдорж тэр хоёрыг хөөж байсан түүх бий. “Тууврын замд”, “Депутатын зоог” гэсэн хоёр өгүүллэг бичээд буруудсан нөхдүүд. “Тууврын замд” гэдэг өгүүллэгийг нь сайн санаж байна. Монголчууд малаа орос руу туугаад мал хуй нь майлалдаад хил давж байхад зөрөөд оросоос вагон дүүрэн резинэн тоглоомнууд ирж байгаа тухай зохиол. Үүнийг улс төрийн утга агуулгатай, Монгол Зөвлөлтийн найрамдлыг шүүмжиллээ гэж үзжээ. Түүнийг Сандагдорж бичсэн юм. Д.Дашдондог болохоор “Би Монголын том зохиолч” гэж архи дарс уугаад буруудсан. Мөн л оюутан ахуй үед минь Лодонгийн Түдэв, Сормууниршийн Дашдооров, Доржийн Гомбожав, Мишигийн Ширчинсүрэн гээд авьяас билиг нь гайхагдсан нэг үеийн суутнууд Их сургуулийн босго алхаж байлаа. Тэр тухай бодоход сайхан байдаг. Их утга зохиолын гол түүчээ болсон идэр нөхөдтэй нэгэн цагт хамт суралцаж, шүлэг зохиолыг нь сонсч явна гэдэг үсэн буурал болсон хойноо эргээд бодоход үгээр өгүүлшгүй сайхан юм даа. Дашдооров гэж духандаа сорвитой монгол зохиолчийг би залуугаас нь сайн танина. Багшийн институт гэдэгт Түдэв, Маам хоёртой хамт орж байсан санагдана. Маам ахаараа овоглосон, бокс тоглодог жижигхэн хөдөлгөөнтэй нөхөр байлаа. “Ард Аюуш”-ийн дүрээр мөнхөрсөн Лхамсүрэнгийн Чойжилсүрэн гэж өндөр нөхөр багшийн сургуульд байсан. Бид бас л нэг үеийн оюутнууд. Тэр цагт Сэнгийн Эрдэнийн “Тал нутгаар явахад” гэсэн шүлгийн түүвэр хэвлэгдэж байв. Эрдэнэ чинь шүлгээр эхэлсэн хүн шүү дээ. Их сургуулийн анагаахын ангийн оюутан байсан байх.

-Дашзэвэгийн Сэнгээгийн тухай дахиад тодруулах гэсэн юм?

-Сэнгээг дарга байхад Зохиолчдын хороо Засгийн газрын зүүн үзүүрт байлаа. Сэлэнгийн Хушаатын хүн шүү дээ. Сэнгээ гуайтай уулзаж, үг яриаг нь сонсч явах тэр цагт “Аюуш” тууж нь хэвлэгдчихсэн байв. 1954 онд шиг санагдана. Ч.Лодойдамба, Д.Сэнгээ хоёр хамт төрийн шагнал хүртсэн. Сэнгээ “Тагтаа”, шүлэг, “Өвгөн партизаны яриа”-гаар, Лодойдамба гуай “Алтайд” роман, “Манай сургуулийнхан” туужаар авсан юм. Бид хоёр хамт төрийн шагнал хүртлээ. Их бэлгэшээлтэй санагдлаа. Хамтарч уран бүтээл хийнэ гээд удаа ч үгүй “Үүрийн замаар” жүжиг хамтарч бичсэн. Сэнгээ гуайгаас гадна Намдаг гуайтай уулзаж, яриаг нь сонсч явсан минь бас л эргэн санахад гайхалтай. Намдаг гуай тамхи татаад л яриад байна. Яг л жүжгийг нь үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр ярьдаг сан. Маш дэврүүн сэтгэлтэй хүн байжээ. Бидний хэсэг нөхөд Намдаг гуайгаас Нацагдоржийн тухай, “Учиртай гурван толгой” дуурийг хэрхэн бичсэн талаар асууна. “Амьдралын замд” гэж роман бичиж буйгаа ярьж байсан. Тэр нь “Цаг төрийн үймээн” байжээ. Уг романы Оюундарийн дүрийг Пагмадуламаас санаа авсан гэж хэлж билээ. Пагмадулам орос, герман, манж хэлтэй, дээд боловсролтой Амгалангийн гоё хүүхнүүдийн нэг байсан тухай сүүрс алдан ярьдаг сан.

-Таны дотны нөхөд гэвэл утга зохиолоос хэн хэн байна?

-Бавуугийн Лхагвасүрэн, Тангадын Галсан энэ хэдийгээ нэрлэнэ. Лхагвасүрэн миний анхны “Ухаарлын чагтага”-д өмнөтгөл бичиж байв. Бид хоёр дотнын найзууд. 1963 онд Лхагвасүрэнг Лениний ботийг Улсын хэвлэх үйлдвэрт хэвлэж байхад нь танилцаж байлаа. Тэрээр

“Олон олон он жилд

Ойрхон байжээ, бидэн хоёр

Олон олон тохиолд

Цуг байжээ, бидэн хоёр

Анд би чамтайгаа

Алтан хором олныг өнгөрөөв

Авсанд хоёр хүн багтдаггүй болохоор

Арга буюу салах л байх даа

Согоо чичрүүлсэн буга шиг

Сортолзож явлаа бидэн хоёр

Согтуу хорвоод эрүүл байж

Солгой заяаг тэгшилж явлаа” гэж тэмдэглэлийн дэвтэрт минь бичиж үлдээсэн байдаг. Бид хоёрт ижил нэг зүйл байдаг юм, тэр нь архи уугаагүй явдал. Лхагвасүрэн Хүүхэлдэйн театрын дарга байхдаа хэдэн “хүүхэлдэйнүүд”-тэйгээ Булганд хүрээд ирнэ. Би тосч аваад зусландаа аваачиж амраана даа. Намайг хүмүүс “Та огт хөгшрөхгүй юм” гэдэг. Мэдээж би хөгширч байгаа. Харин залуу харагдаад байгаагийн нууц энэ шүлэг найраг, ном зохиолтой холбоотой болов уу гэж боддог.

-Дамдинсүрэнгийн Баянтунгалаг, Нанзадын Хишигдорж, Цэрэндоржийн Чинбат, Банзрагчийн Цэрэнжамц гээд таны шавь нар их утга зохиолд өөр өөрийн орон зайг бий болгосон. Мандахсан багш та хоёрын “школ” гэж нэг том юм бий?

-Баянтунгалаг, Хишигдорж, Цэрэнжамц, Чинбат энэ хэд намайг багшаа гэж хүндэтгэдэг. Манайхаар үргэлж ирнэ, шүлэг найргаа уншина. Нэгийгээ энэ хорвоогоос явчихаар жигтэйхэн үгүйлэн гансарч, өнчирч хоцордог. Баянтунгалаг бол байгалиасаа заяасан авьяас билигт найрагч юм. Би түүнийг сэрэл мэдрэмжийн маш том найрагч хэмээн хайрладаг. Саяхан их зохиолч Д.Нацагдоржийн шагналыг хүртэж, буурал намайг болоод уншигч олноо баярлууллаа.

“Таныг ирэхэд би бүтэн болдог

Тавилан болоод заяа минь тэнгис мэт давалгаалдаг” гэж надад зориулж шүлэг бичсэн. Түүнийг нь уншаад “Монголын нэгэн авьяас билигт найрагчийн дутаж байгаа юмыг нөхөх нэг юм надад байна. Тиймээс би хэдэн жил амьд мэнд явахсан” гэж боддог юм. Манай Чинбат хүүхдүүдийнхээ төлөө амиа тавьдаг хүн байлаа. Тиймдээ ч хүүхдийн зохиолын гол төлөөлөгч нь болсон биз ээ. Хөдөөгийн амьдрал, аж байдлын нарийн чухал анзаарагдамгүй зүйлүүдийг маш сайн тусгаж чадсанаараа түүний шүлгүүдийн агуулга санаа нь хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйд их ойрхон байдаг. Түүний илэрхийлэл нь “Аарцны чулуу” шүлэг юм. Хишигдорж маань Монголын хүүхэд багачуудын төлөө бас л сэтгэл зүрхээ үнэнээсээ зориулсан, утгын их өглөгч байлаа. Харахад нүд дүүрэн дэлхийг донсолгом ханагар эр. Гэвч цээжин цаанаа жигтэйхэн өр ниймгэн, маш зөөлөн элгэмсүү, тийм л хүний хайлан байлаа. Хишигдоржоо, Чинбатаа бодоод буурал багш нь хааяа сэтгэлдээ чимээгүй мэлмэрдэг. Гэхдээ надад нэг сайхан бодол бий. Би бол Булганыхаа уул хангайн дунд дандаа хүний дээдтэй учирч, хэдэн шавь нарынхаа халуун сэтгэлд бүүвэйлэгдэн өдий хүрсэн хүн. Тэд нарын шүлэг найргийн онгод намайг ямагт залуу болгож, шүлэг зохиол бичихийн гэгээн хүсэлд хөтөлдөг билээ. “Уул усны шивнээ” зэрэг олон туурвилууд минь тийм л нандин яруу сэтгэлээс ундарсан байж таарна.

Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага Ө.Даваабаатарын АНГИЙНХАН

“Шонхор” дээд сургуулийн Үндэсний бөхийн багш дасгалжуулагчийн
ангид 2004 оны намар 52 шижигнэсэн залуу нэг анги болон орж ирсэн байдаг. Бие бялдар
илтэд хөгжиж, бөхийн эрдэм хар бага наснаасаа заалгачихсан, аймаг, сумынхаа зааланд
бэлтгэл хийж, хөлс гаргаад үзчихсэн, ширмэл зодогны сэнжигнээс атгаж, даваа унааг
үзсэн “аймаар” хүүхдүүд нэг анги болсон байна. Сум сумынхаа өсвөрийн барилдаанд
түрүүлчихсэн. Аймаг, улсад үндэсний болоод бусад төрлийн бөхөөр амжилт гаргачихсан.
Дээд сургуулиа амжилттай төгсөж, нэрд гарах хүсэл тэмүүлэлтэй 52 хүүхэдтэй ангийн
багш нь аймгийн начин Баасанхүүгийн Батбаатар.

Төв, Сэлэнгэ, Дарханд нэр алдар
нь түгчихсэн. Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн удаа түрүүлчихсэн Ө.Даваабаатар
гэх улаан хацартай хүү байх. Баянхонгор аймгийн Баянговь сумын аймгийн арслан Баяраагийн
хоёр хүү болох Баянмөнх, Буянмөнх нар ороод ирчихсэн. Бүр Тувагаас Хурак Александр,
К.Эрес нар бөхийн эрдэмд суралцахаар ирчихсэн байсан гэнэ. Б.Батбаатар багш ангийнхаа
хүүхдүүдийн талаар “Манай ангийн хүүхдүүд бөх болно гэдгээ бүгд мэдэрчихсэн. Үүрэг
хариуцлагатай болчихсон, бэлтгэл сургуулилт тасална гэсэн зүйл огт байхгүй. Бэлтгэл
дээр бие биенийхээ дээр гарах гээд үзэж тарна. Тэр тийм мэх сурчихсан байна лээ.
Би сурна. Тэр мэхийг тэгж хамгаална гэнэ. Эхний жилүүдэд бие биенийхээ барилдааны
онцлогийг мэдчихэж байгаа юм. Дараа нь тэрийг тийм мэхээр давах боломжтой гээд тус
тусдаа мэх боловсруулчихсан байдаг. Тийм ч болохоороо оюутан байхдаа аймгийнхаа
наадамд түрүүлчихдэг болсон. Бүгд цолонд хүрцгээсэн” гэж ярьж байна лээ. Монгол
Улсын харцага Ө.Даваабаатар ангийнхаа хүүхдүүдийн талаар “Манай ангийнхан хоорондоо
өрсөлдөөд бэлтгэл дээр үзэж тарна. Хэн хэнтэйгээ даваа өгөөтэй болохоор аль их бэлтгэл
сургуулилт хийсэн нь ангийн аварга болно гэдгийг мэдэрчихсэн. Өдөржин хөлсөө асгаруулаад
л барилдаад байна. Тэгээд орой цүнхээ дааж ядсан амьтад гэр гэртээ харьдаг байсан.
Бэлтгэл хийлгүй цалгардах юм бол бусдаасаа хоцорчих гээд мөн аймаар байсан шүү”
гэж ярив.

“Шонхор” дээд сургуульд ийм идэвхтэй
оюутнууд нэг анги болж ирж байсан нь ховор гэнэ. 50 гаруй хүүхэд нэг ангид орсон
ч өвлийн эхний амралтын үеэс зарим нь сургуулиасаа гарч эхэлсэн байна. Сайн барилддаг
хүүхдүүд тунаж үлдээд байсан гэнэ. Өдөржин бэлтгэл сургуулилт хийгээд хөлсөө гаргачихаар
хамаг хоол унд нь шингэчихдэг. Өглөө хичээлдээ ирэхдээ цайгаа уулгүй ирдэг болохоор
их өлсдөг. Тэр болгондоо сургуулийнхаа ойр хавийн цайны газруудад очно. Мөнгөтэй
хүүхдүүдээс мөнгөгүй нь олон. Тиймээс цайны газрын эгч нарыг панаалдаж хоол идэх
гэж янз бүрийн арга чарга хэрэглэж байсан гэнэ. Нэгдүгээр курсийн намар ангийнх
нь Бадамбаяр гэх нөхөр оюутны нийтийн тээвэрт хөнгөлөлттэй үнээр зорчдог виза карт
аваагүй байсан гэнэ. Тэгсэн автобусны мөнгө хэдэн төгрөг байдгийг мэдэхгүй кондукторт
нь мянган төгрөг өгчихдөг. Автобусны кондуктор ч хариулт мөнгийг нь өгөлгүй сар
орчим явчихсан байжээ. Тэгж байгаад автобусны тасалбарын үнэ 200 төгрөг гэдгийг
мэдэж байсан гэнэ. Мөн ангийнх нь нэг хүү виза карт авчихсан байжээ. Тэгсэн ангийнх
нь хүүхдүүд хоорондоо “За ингээд нийтийн унаанд үнэгүй явдаг болж байгаа юм даа”
гэж хэлжээ. Тэгсэн нөхөр таксинд үнэгүй явж болох юм байна гэж ойлгоод таксинд суугаад
гэр рүүгээ явчихсан гэнэ. Таксины жолооч гэрийнх нь гадаа ирээд “За 4500 төгрөг”
гэхэд өөдөөс нь виза картаа үзүүлсэн гэнэ. Картаа яагаад үзүүлж байгаа юм гэсэн
үнэгүй явдаг гэсэн биз дээ” гээд таксины жолоочтой хэрэлдэж гарсан гэнэ.

Ангид нь нэг ч охин байхгүй болохоор
ойр хавийнхаа сургуулийн охид дээр очдог гэнэ. Сургуулийнх нь үүдэнд бөөнөөрөө зогсчихоод
таалагдсан охидоо эргүүлэх гэдэг. Том цүнх үүрсэн, хулгар чихтэй нөхдүүдээс сургуулийнх
нь хөвгүүд айж зугтаад охид нь тоохгүй зовоодог байжээ. Нэгдүгээр дамжаагаа төгссөн
зунаа сумынхаа наадамд очиж барилдаад ихэнх нь түрүүлжээ. Намар нь сумынхаа наадамд
түрүүлж, сумын заан цол хүртсэн гэнэ. Хоёрдугаар дамжаа төгссөн зунаасаа эхэлж аймгийнхаа
наадмын түрүү, үзүүр болж шөвгөрч эхэлжээ. Тэд өндөр хэмжээний бэлтгэл сургуулилтыг
оюутан байхдаа хийж, бие биенийгээ ирлэж байсны үр шимийг хүртсэн байна. Ясныхаа
хөлсийг гартал ширмэл зодогныхоо сэнжигнээс атгалцаж явсан нэг ангийнхан одоо аймаг,
улсын нэртэй бөхчүүд болцгоожээ. Оюутны дөрвөн жилийг ардаа орхиж сургуулиа төгссөн
2008 он энэ ангийнхны хувьд амжилт дагуулсан жил байсан гэнэ.

2008 оны хавар үндэсний бөхийн дуулианы
эзэн болж явсан улсын харцага Өлзийбаатарын Даваабаатар энэ ангийн манлай хүчтэн
гэнэ. 2008 оны хавар аймаг, цэргийн болон улсын цолтнуудын дөрвөн барилдаанд түрүүлж,
улсын наадмаар шууд харцага цолонд хүрсэн хүчит бөх юм. Б.Ганзориг. Тэсийн тэнхээт
эрсийн нэг цэргийн арслан Б.Ганзориг даян аваргын “Ирээдүйн бөхийн аварга” шагналыг
залуу бөх байхдаа хүртэж, уран сайхан барилдаанаар үзэгч олноо баясгаж байна. Сонирхолтой
нь Б.Ганзоригийн урьд жил Ө.Даваабаатар тус шагналыг гардаж байсан гэнэ. Баян-Өлгий
аймгийн шилдэг хүчтэн Б.Баатарцол аймагтаа 2008 онд түрүүлж, түүний урьд болоод
дараа жил нь үзүүрлэж байсан. Хэнтий аймгийн арслан Загдсүрэнгийн Наранбаатар Хэнтий
аймгийн ойд түрүүлсэн билээ. Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат аймгийн арслан
Баяраагийн Баянмөнх. Энэ ангид ах дүү хоёр суралцаж төгссөн бөгөөд дүү нь аймгийн
шилдэг заан Б.Буянмөнх юм. Төрийн их баяр наадамд гурав давж явсан бөгөөд Пауэрлифтингийн
улсын аварга цолтой гэнэ. Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат аймгийн заан
Жамъяангийн Батчимэг. 2007 онд аймгийнхаа баяр наадамд их шөвөгт үлдэж аймгийн начин
цол хүртсэн байна. Төв аймгийн Баянхангай сумын харьяат Ц.Отгонбаатар аймгийн начин
цол хүртсэн юм. Өдгөө Төв аймгийн Эрдэнэсант суманд аж төрж байгаа билээ. Тува улсын
бөх Хурак Александр. 2013 оны монгол туургатны наадамд гаднаас ирж барилдаад хамгийн
өндөр амжилтыг үзүүлж явсан бөх.Тува улсын бөх К.Эрес. Карасалын Эрес 2011 оны намар
Увс аймгийн аваргуудын нэрэмжит тойргийн барилдаанд Баатарын Бадарч 40 даваатай
түрүүлэхэд 39 даваагаар хоёрдугаар байр эзэлсэн, Тува улсдаа том цолтой бөх юм.

Ө.Даваабаатар харцагын ангийнхан
хоорондоо байнга холбоотой байдаг гэсэн. Хэнтий аймгийн ойд түрүүлсэн З.Наранбаатар
Баянмөнх сумандаа наадам хийхэд ангийнхан нь очиж хүндэтгэл үзүүлжээ. Аймгийн арслангийн
наадамд ангийн анд Ө.Даваабатар түрүүлж, Б.Баатарцол үзүүрлэсэн гэнэ. Хэдхэн хоногийн
өмнө болсон харцага цолны хүндэтгэл үзүүлэх барилдаанд урамтай сайхан барилдсан
Ө.Даваабаатар найздаа ангийнхан нь сар шинийн барилдаанд сайн барилдахыг хүсэн ерөөж
амжилт хүсч байна лээ.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Г.Очирбат: Дээгүүрээ эв эеэ хичээн, биенээ хүндэтгэж, улс орныхоо төлөө хамтран хүчин зүтгэх хэрэгтэй

Сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-ын Тамгын газрын удирдлагууд өчигдөр ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын Тамгын газар Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 65 ахмадтай юм байна. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ, түүний Тамгын газарт ажиллан, төр түмнийхээ төлөө олон жилийн хөдөлмөрөө зориулж ирсэн ахмадууддаа талархаж явдгаа илэрхийлээд удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлсэн юм.

Энэ үеэр МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Очирбатаас цөөн асуултад хариулт авлаа. Тэрээр 1993-1997 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм. Түүний улс эх орныхоо, хөгжил дэвшил, нийгэм, улс төрийн шинэтгэлд оруулсан онцгой хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цол хүртээж байсан юм.

Ирж буй жилийн өнгийг та хэр байна гэж бодож байна?

-Гарч байгаа бичин жилийг сайхан жил болно гэж бодож байна. Зурхайч нарын сонин хэвлэлд өгч байгаа ярилцлагуудыг үзэж байхад муугүй жил болох нь бололтой. Улирч байгаа жил сайхан болж өнгөрлөө. Цаг агаарын хувьд жаахан цастай, зарим аймаг зудархуу байгаа юм байна. Гэлээ ч гэсэн өдөр уртасчихсан, дулаарах цаг ирээд байна. Цаг агаарын хувьд өнгөрсөн жил сайхан байлаа, ирж байгаа жил ч муугүй болно гэж бодож байна.

Та төр түшилцэж явсан хүний хувьд өнөөдрийн манай улс төрийн байдлыг хэрхэн харж явдаг вэ?

-Улс нийгмийн хувьд яахав явж л байна, хөдөлцгөөж л байна. Манай энэ төр засаг, дээгүүрээ эв эеэ хичээсэн, харилцан ярилцаж ойлголцсон, зөвшилцсөн, бие биенээ хүндэтгэсэн ийм маягаар улс орныхоо хувь заяаны асуудлын төлөө хамтран хүчин зүтгэх хэрэгтэй юм гэж бодож байна. Тэгэх юм бол Монголын бүх юм бүтнэ, үйлс нь бүтнэ. Манайхан ч бас хувь заяатай ард түмэн шүү дээ.

-2016 онд манай улс төрийн амьдрал нэлээд өрнүүн, олон үйл явдалтай байх нь. Хүмүүс сонгууль ямар болж өнгөрөх бол гэж одооноос анхаарал хандуулж байна?

-Сонгуулийн хууль нь батлагдчихлаа. Сонгуульд оролцох улс төрийн бүх нам тэр хуулиа баримтлаад, сонгогч олон түмэн маань шударга, шулуун, хамгийн шилдэг сайн, үнэнч, зарчимч, үг ажил хоёр нь зөрдөггүй ийм улсуудыг төрийнхөө эрх барих дээд байгууллагад сонгоосой гэж бодож байна. Засаг төр маань тэгээд тогтох байлгүй дээ.

Сүүлийн үед манай улс төрийн амьдрал нэлээд бужигнаантай байлаа. Хамгийн сүүлд л гэхэд МАХНын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбатай холбоотой асуудал шуугиан тарилаа?

-Өнөөдөртөө тийм нарийн юм руу орж яриад хэрэггүй байх. Сар шинэ болж байна. Монгол хүн амны бэлгээр шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Нэрт уяач “дулаан” Дамдинжавын алдарт хонгорууд

Хардэл жанжин бэйсийн хошууны унаган хүү, нэрт уяач олонд “дулаан” гэж нэршсэн Жанцангийн Дамдинжав 1895 оны хонь жилд мэндэлжээ. Бага залуудаа 1920-иод оны дундуур ардын хувьсгалт цэргийн албанд татагдан нутгаасаа анх холдсон байна. Тайж удамтай, бичгийн өндөр чадвартай, Өвгөн ноёны бичээч, хошуу тамгын газарт алба хашиж байсан, сайн барилддаг, адуунд эртэй сайхан залуу цэрэгт мордсон хэрэг.

Журамт цэрэг Ж.Дамдинжавыг тэр үеийн дотоод яам татан авч бичиг хэрэг хөтлүүлэхээс эхлэн элдэв ажилд томилон ажиллуулж улмаар хилийн гадна, дотно тусгай даалгавар гүйцэтгүүлж, баруун хязгаарт Дамбийжаагийн цэрэгт хүртэл явуулж байсан гэх мэт адармаатай нууц түүхтэй хүн.

Энэ эрсдэлтэй албанаас 1930-аад оны сүүлчээр холдож, Төв аймгийн Баянцагаан суманд монгол үсгийн багш болж, тэндээ эхнэр авч Баянцагааны хүргэн болон суурьшжээ. Хэдэн жил болоод байтал төр засгийн томилгоо ирж нутаг залгаа Баян, Баянжаргалан сумдад шилжин сургуулийн захирал гэх мэт албан ажил хашсаар гавьяаныхаа амралттай золгожээ.

Үүний зэрэгцээ хамгийн чухал нь унаган төрмөл хурдны өлгий төрсөн нутгаасаа өвлөсөн адуун соёл, морин эрдэнийг шинжих, заяа, заслын эрдмээрээ захиргаадалтын нийгмийн монгол төрийн наадмын дөрвөн түрүү, 14 айргийг авсан том уяач хүн. Тэрээр ажиллаж амьдарч байсан сумддаа хурдны буяныг түгээн үлдээсэн нь уяачдын дунд өдий хүртэл дурсагдсан буянтай үйл болжээ.

Уяачид өнөөг хүртэл “дулаан” адууны угшилтай, дулааны хонгорууд хурдан гэж үе дамжин дурсан ярьсаар нэрт уяач “дулаан” Дамдинжав хэмээн Монголын хурдан морины түүхэнд мөнхрөн алдаршсан хүн.

Нэрт уяач “дулаан” Дамдинжав гуайг улсын наадамд таван хонгор адуу түрүүлгэсэн хүн гэж уяачид бахдан ярьцгаасаар ирсэн. Хурдан морины цуваанд лав дөрвөн хонгор адуу түрүүлгэсэн нь бий. Тодруулбал, 1950 онд хонгор хязаалан, 1953 онд хонгор азарга, 1962 онд хонгор хязаалан, хонгор шүдлэн тус тус түрүүлгэж 14 адуу айрагдуулж байсан нь бичигдэн үлджээ. Их уяач “дулаан” Дамдинжав гуайн хувьд бол хурдан адуу, уяачийн эрдмийг гаднаас хайх зовлон байсангүй. Аль ч насны морийг уяж чаддаг нь өөрийн нь унаган эрдэм, авьяас байсан хэрэг. Харин малчин биш төрийн албан хаагч байсан учраас морь уях нь олон янзаар хоригдож, бусдаас илүү хавчигдаж байсан нь үнэн. Тиймээс цаг үеийн байдлаас хамаарч тохироо бүрдсэн үеийг нь тааруулж улсын наадамд ирж уралддаг байсан нь цөөхөн удаа ирсний нэг шалтгаан нь юм. Ихэнхдээ хөдөө сумдаар, тэгэхдээ бүр хадам ах Гомбодоржынхоо нэрээр цоллуулж байсан нь ч олон байжээ.

Эрдэмтэн О.Намнандорж номондоо “дулааны хонгор” гэдэг алдарт хурдан хүлэг том, бага уралдаанд 19 түрүүлсэн гэж ишлэн онцолж бичсэн нь бий. Энэ хонгор морийг “дулаан” Дамдинжав гуай Галшар нутгаасаа авчирчээ. Гайхамшигт энэ хүлэг улсын наадамд хоёрхон удаа уралдсан байдаг юм.

Хоёр удаа ирж уралдсаны нэг нь улсын наадмын цуваанд бичигдээгүй, нэг будлиантай уралдааны тухай уяачид ингэж ярьдаг юм. Улсын наадмын тэр уралдаанд хонгор морь “хүүхэн шүүлэнгийн хээр” гэдэг морьтой холбоотой ирээд аман хүзүүджээ. Гэтэл уралдаан будлиантай болж, дахин уралдах шийдвэр гарахад “дулаан” Дамдинжав гуай “хонгор морь хойшоо доголсон” гэж хэлээд уралдаагүй гэдэг. Харин түрүүлсэн хээр морь дахин уралдаад долоод оржээ. Алдар цуут “дулааны хонгор” морь улсад ирж уралдсаны нэг нь энэ юм.

Бас нэг нь 1945 онд “дулааны хонгор” морь улсын наадамд ирж уралдаад Баян сумын “хөндлөн” Дугарсүрэнгийн хар морьтой холбоотой ирээд аман хүзүүджээ. Энэ уралдаан улсын наадмын цуваанд бичигдсэн байгаа. баянцагааныхан “дулааны хонгор” түрүүлсэнгүй гэж ярьсаар их л гонсгор буцсан гэдэг. Учир нь “дулаан” Дамдинжав гуайтай Баянцагааныхан нутгархаж “дулааны хонгорыг түрүүлчихээсэй” гэж л санаа тавин харцгаадаг байж. Түүнээс хойш “хөндлөн” Дугарсүрэнгийн хар морь улсын наадамд дахин нэг түрүүлсэн байдаг юм. Тэр наадмын ар дээр Төв аймгийн Баянцагаан сумын наадам болох тов зарлагдаад байж. Зар тарснаас хойш удалгүй энэ наадамд “хөндлөн” Дугарсүрэн улсад хоёр түрүүлсэн хар морио уралдуулах гэнэ гэсэн яриа олны дунд таржээ. “Дулаан”-ы хонгор морь ч уралдах нь тодорхой. Төрийн наадмын довон дээр зуузай холбон ирж хойно урдаа оролцсон хоёр ийнхүү дахин учрах болсон нь чихтэй бүхний чихийг сортойлгох нь тэр. Наадамчдын тэсэн ядан хүлээсэн тэр уралдааныг нүд салгалгүй харсан олны нүдэнд хоёр морь холбоотой явсаар барианы зурхай харагдахад “дулааны хонгор” морь “хөндлөн” Дугарсүрэнгийн хар морийг гээн хаяж, бахархалтай сайхан түрүүлсэн нь түүх болон яригдсаар иржээ. Үүнийг харсан, сонссон Баянцагааныхан ёстой нэг дайснаа дарсан мэт хөгшин, залуу, хөрөв нялхгүй хөөр баяр болсон гэдэг. Тэр наадамд баянцагааны урдаа барьдаг нэрт уяач Нэрэнжимээгийн хээр морь гуравт, Мөнхийн улаан морь дөрөвт, “бүдүүн” Жамцын “Баянцагаанд дөрөв түрүүлж, улсад 7, 8-д орсон” хурдан хээр морь тавд тус тус айрагджээ. Энэ уралдаан бол үнэхээр ир шандас шалгасан их морьдын уралдаан болсон байлаа. Хожим хойно Мөнхийн Данзанням гуайн хурдан хээр морийг “дулааны хонгор” морьтой төстэй туурайн чимээ ихтэй морь байна” гэж уяачид жишиж ярьдаг байсан нь аргагүй л онцгой морь байсан хэрэг.

Нэг удаа Дундговийн Цагаандэлгэрийн наадам оройхон зарлагджээ. Тэр наадамд улсад хоёр түрүүлсэн “шорон хуруу” Хайнзангийн хонгор морь, “дулааны хонгор” морь хоёр ирж уралдана гэсэн олны яриа оч үсрэх мэт дорхноо таржээ. Үүнийг сонссон Баянцагааны нэрт уяач Батбуянгийн төрсөн дүү уяач Арвижих “хоёр сайн морины эзэд, уяачид морьддоо чухам ямар ажил хийдэг улс юм бол” гэж бодоод ажиглахаар шийдэж. Наадмын урьд өдөр нь ойролцоохь Хараатын овоон дээр үдээр гараад дурандаад суугаад байж. Тэгсэн үдээс хойхно “шорон хуруу” Хайнзан майхныхаа гаднаас нэмнээ авч очоод хонгор морио нэмнээд хөдөлгөж байгаа харагдаж. Удалгүй “дулаан” Дамдинжав гуай бас хонгор морио хөлс татаж байхыг харж. Энэ улсууд тулсан моринд ингэж л ажил хийдэг юм билээ гэж тэрээр хожим ярьж байжээ.

Зарлагдсан наадам товлосон өдрөө болж. Их насны морь удаж удаж их орой морджээ. Оройтож мордсон морьд явсаар түрүүчийн хоёр морь үдэш барианд орж ирэв. Харуй бүрийд үзэгчдийн захад холбоотой ирээд “шорон хуруу” Хайнзангийн хонгор морь түрүүлж, “дулааны хонгор” морь аман хүзүүний пайз авчээ. “Дулааны хонгор” ингэж хоёр дахь удаа аман хүзүүдсэн гэдэг. Төв аймагт “дулаан” Дамдинжав гуайг байх үед тод манлай уяач Д.Даваахүү уулзангаа яриан дундаа “Та яагаад хонгор морио Цагаан дэлгэрт аман хүзүүдүүлчихсэн юм бэ?” гэхэд “Их морь орой мордоод харуй бүрий болчихоод ганцааранг нь салгаад явуулчих гэхээр бага, нялх хүүхэд унаж байсан болохоор төөрчих байх гэж бодогдоод. Салгаж явуулалгүй татуулж байгаад ойрхон ирээд хумсны хурдтай, годгор юманд дайруулчихгүй юу золиг чинь” гэж байсан гэдэг.

Ер нь Дундговийн Цагаандэлгэрийнхэн гаднаас морь очихоор ч зориуд тэгдэг байсан юм уу, угаасаа ажил нь амжихгүй байсаар морио орой мордуулдаг байсан ч юм уу янз янзаар ярьдаг ч орой мордуулж, үдэш харанхуйгаар уралдсан морьд ирж будлиантай л юм болдог байж. Хэнтийн Дэлгэрхааны Мөнгөний Лувсандорж хурдан хар морио улсад түрүүлгэхийн өмнө Цагаандэлгэрт есөн настай очиж уралдаж байхад бас л оройхон мордуулж, үдэш харуй бүрийгээр түрүүлж байсан аж. Мөнгөний Лувсандоржоос “Хар морь чинь яаж түрүүлэв” гэхэд “Сайхан түрүүллээ. Орой мордож, бүрэнхийд ирээд олон түмэнд гүйцэд харуулж чадсангүй дээ хө” гэж байсан гэдэг юм. Энэ нь олон түмний оюун сэтгэлд үлдсэн яриа түүх л болон мөнхөрчээ.

1980-аад оны үед өнөөгийн зууны манлай, Хөдөлмөрийн баатар, уяач Д.Даваахүү бага залуухан, бас ч морин тойруулгын уяач хийж, алдаж онож явсан үе. “Дулаан” Дамдинжав гуайтай ойр дотно танилцаж үгийг нь сонсож явсан хувьтай хүү болохоор түүнд өвгөний буян ямар нэг хэмжээгээр наалдсан л байж таарна. Залуу уяач Д.Даваахүү өвгөнийг гэртээ авчирч, өөхтэй буузаар дайлж, үг өдөж байгаад л яриулдаг байж. Дамдинжав гуай түүнд “Улсад хоёр азарга айрагдуулчихаад байж байхад зүгээр ч юм шиг л байлаа шүү” гээд л урлагтай ярьдаг. (Хашир өвгөн 1953 оны улсын наадамд хонгор, саарал хоёр унаган азаргаа түрүү, аман хүзүүнд оруулчихаад байхад ямар байсныгаа ингэж ярьж байжээ) Барагтай юмыг тоодоггүй мөртлөө “Даваахүү хүүтэй морь ярихад зүгээр байдаг юм, уяа нийлдэг юм” гэж намайг онгироогоод л аштайхан ярина даа. “Би даан ч багадаад байсан юм. Надад адуу өгсөн. Тийм хүн юм өгч байхад аваагүй нь би их буянаа хаасан даа” гэж их уяач Д.Даваахүү гуай дурсч байлаа.

Өвгөн уяач “дулаан” Дамдинжав гуай нутгийн “өвгөн ноён”-оо, тайж, уяач бэйлийн Сүрэнхорол нарын тухай сонирхолтой, гайхалтай зүйл ярьдаг байж. Харин Дагмид-Очир мээрэнг бол их магтаж ярихгүй. “Яахав, манай Дагмид” гэж хааяа л ярина. Донойн Цэгмэд гуайг тоож ярьдаггүй хүн байж.

Их уяач тэрээр 1962 онд 66 настайдаа улсын наадамд бага дөрвөн насанд дөрвөн хонгор адуу уяж ирээд хязаалан, шүдлэн түрүүлгэн, соёолон, даагаа айрагдуулж өөрөөр хэлбэл хоёр түрүү, хоёр айраг авчээ. Тэгэхэд хонгор даага нь түрүүлж ирээд бариан дээр таварцаглаж унаад гуравт баригдсан байна. Үүнийг харсан олон түмэн “ингэж аз дутаагүй бол төрийн наадмын доод гурван насны түрүүг авах байсан юм” гэж шогшрон ярьсаар тэр жилийн наадам өндөрлөж байсан удаатай ажээ.

“Дулаан” Дамдинжав гуай үүнээс аль эрт 1950 оны улсын наадамд хязаалан түрүүлгэж, азарга, соёолон, даага айрагдуулж дөрвөн адуу цоллуулж байсан түүх бий. Тэр үед нь уяач Мөнхийн Данзанням гуай нэг үрээг нь авъя гэж хоёр ч удаа хэлэхэд “дулаан” Дамдинжав гуай юу ч хэлээгүй, тоож дуугараагүй гэдэг.

Баянцагааныхан Гомбодоржыг сайн уяач гэж хүндэлдэг. Тэр нь ч аргагүй. Улсын наадамд айраг түрүү олныг авсан данстай уяач хүн. “Дулаан” Дамдинжав гуайн эхнэрийнх нь төрсөн ах буюу хадам ах нь байж. Түүгээр уяулж, түүний нэр дээр ч цоллуулж байсныг дээр өгүүлсөн. Залуу уяач Д.Даваахүү өвгөнтэй хуучилж байхдаа “Гомбодорж гуай ер нь ямаршуу уяач байсан юм бэ дээ” гэж магтах л байх гэж бодоод асуухад “дулаан” Дамдинжав гуай “Яах вэ, зөвдсөн морийг ч буруутуулдаггүй хүн байсан юм шүү” гэж хэлж гайхшруулжээ. Монгол уяачийг үнэлэх үнэлэмжийн хэмжээс ямар өвөрмөц ,өндөр агууламжтай байсныг эндээс ойлгож болно.

1941 онд Дэрэнгийн “шодон” Навааны халиун гэдэг морийг улсад түрүүлэхийг үзэж л дээ. Тэгээд “Саяын морины түрүүг харлаа, хөдлөхгүй л юм шиг харагдлаа” гэж байсан гэдэг. Ирж буй адууны давхилыг хараад хэлчих хэмжээний нүдний хялаа арилсан хүн байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Нэрт уяач “дулаан” Дамдинжав гуайн хурдан хонгор азарга өвгөртлөө төл өгчээ. Азарга гүүг яаж нийлүүлдэг юм бол гэж хүнээс асуухгүй нь ойлгомжтой. Тэдний адууны эр болгон нь хурдалж, охин болгоноос нь хурд төрсөн ч гэж хэлж болно. Өнөөг хүртэл “дулаан” адууны угшилтай гэцгээдэг нь удам тасраагүйг илтгэж байгаа хэрэг.

Олны мэдэх Баянцагааны их уяач Нэрэнжимээгийн хүргэн Дундговийн Дашдоо гэж байж. Тэр дулаан адууны хонгор азарга тавиад “толин” гэж сайн хурдан азаргатай болжээ. “Анааш” гэж Нэрэнжимээгийн хээр азаргатай “толин” хоёулаа завсаргүй л ордог байж. Тэднийд өөр олон хурд төрж. Нэг жил Дашдоо Дэрэнгийн наадмын таван түрүү, дөрвөн айргийг авч олныг шуугиулж байж. Мөн хойтон жил нь Говьсүмбэрт бас таван түрүү, дөрвөн айраг авч байсан нь тэднийд гарсан “дулаан адуу”-ны эр болгон нь хурдалж байжээ. Гэтэл цагаан хэл амаа дийлэлгүй намар нь мотоцикльтэй явж байгаад осолдож эндсэн гэсэн яриа гарсан байдаг юм.

Дулаан адуу баруун тийш гараагүй. Баянцагааны зүүн тал, Баян, Баянжаргалан түүнээс урагшаагаа их тарсан гэдэг. Баян сумын Дүнгээ, Баянцагааны “шаваа”-гийн Базар, Махбалын хурдан хонгор адуунууд гээд “дулаан” адуутай айлууд олон. Сэргэлэн сумынхан ч “манайд бий” гээд ярьж л байдаг юм. Мөнгөн морьтын хорихын жолооч Дагвацэрэн “дулаан” Дамдинжав гуайн морийг хар багаас олон жил унаж, зарагдаж өссөн хүн. Өвгөн Дагвацэрэнд өгсөн адууны угшил Мөнгөнморьт, Баяндэлгэр сумдаар нэлээд бий ажээ.

Төв аймгийн Алтанбулаг сумын мал баазын дарга Тогмид зорьж ирж танилцаад хэдэн адуу аваад явжээ. Тэр аваачсан адуунууд их хурдалж 1968 онд Тогмидын хоёр азарга дараагаараа орж байсны дээр тэдний удам угшил их хурдалсан гэдэг юм.

“Дулаан” Дамдинжав гуайн ганц охиныг Цэгмэд гэдэг. Хурдан адууг унаж уралдаж өссөн монгол бүсгүй. Хүргэнийг нь Дашдэмбэрэл гэнэ. Өөрийнх нь хэлснээр адууг адуу л гэж танихаас цаашихыг мэддэггүй гэнэ. 1967 оны үед хүргэнийх Хэнтийн Жаргалтхаан суманд шилжин суурьшжээ. “Дулаан” Дамдинжав гуай охиноо дагаж Жаргалтхаан суманд өөрийн цөөн хэдэн адуутайгаа ирж найман жил амьдарчээ. Дамдинжав гуай гартаа, хүзүүндээ хоёр эрхитэй явдгаас Жаргалтхаан сумынхан “эрхит өвгөн” гэцгээдэг байв.

Энд ирээд өөрийн адуунаасаа олон хүнд өгсний нэг нь Жаргалтхаан сумын орлогч “год” Гомбосүрэнд хонгор байдас өгчээ. “Год” Гомбосүрэн хонгор байдсыг сумандаа хоёр аман хүзүүдсэн жижиг майлуу халзан азарганд хураалгачихаад Жаргалтхаан сумын хойхно өртөө адуу цуглуулаад байж байтал “дулаан” Дамдинжав гуай хоёр эрхиэ бариад даг даг шогшиж ирснээ “год” Гомбосүрэнгээс “Чи хонгор байдсаа ямар азарганд тавьсан бэ” гэж асуухад “Энэ майлуу халзан алагтаа тавьсан” гэхээр нь “Чи хонгор байдсыг Дагвабүслүүрийн шар хээрд хураалгасангүй” гэж зэмлэн хэлжээ. Загнуулсан “год” Гомбосүрэн Дагвабүслүүрийн шар хээрд хонгор байдсаа хураалган салгаад явуулжээ. Хойтон хавар нь эр хээр унага гарсан нь эхлээд “год” Гомбосүрэнгийн сүүлдээ Ар-Үрийн хээр гэж нэрлэгдсэн насны хурдан азарга гарсан байдаг. Аймгийн алдарт уяач Ар-Үр гуай хээр азаргыг ч, түүний үр төлүүдийг ч их хурдлуулсан юм. Ар-Үр гуайн хээр азарга сүүлдээ Бага нуурын уяачдын холбооны тэргүүн Элбэгсайханд очиж хурдалж байлаа. Элбэгсайхан хээр азаргаа өвгөрөхөөр нь нутагт нь авчирч наадам хийж хүндлэн жаргаасан даа.

Жаргалтхаанд “дулаан” Дамдинжав гуайг очиход хамт цэрэгт байсан цэргийн найз Дашзэвгэ байж таарчээ. Цэргийн найздаа хонгор гүү бэлэглэсэн нь түүний дүү уяач Зундуйд очсон байна. Жаргалтхааныхан уяач Зундуй гуайн олон хурд энэ хонгор гүүнээс гарсан гэдгийг бүгд л мэднэ. Зундуй гуай “аймгийн алдарт уяач” цолоор шагнагдсанд сумынхан их л баяртай байсан. “Дулаан” Дамдинжав гуайн хурдан хонгоруудын угшлаар Валя, Дагвабүслүүр, Долгордагва гээд Жаргалтхаан суманд олон айлын адуу сайжирсныг бүгд л мэддэг. Энэ тухай Жаргалтхаан сумын өндөр настан, аймгийн алдарт уяач Сандагдорж гуай тодорхой ярьдаг юм.

Ийнхүү Жаргалтхаан сумын нэгэн үеийн хурд “дулаан” Дамдинжав гуайн хурдны буянтай холбогддог учир ийм ажээ. Эрхит өвгөнөө Жаргалтхааны уяачид одоо ч санаж дурссаар л байдаг юм даа.

Халх нутгийн нэрт уяач “дулаан” Дамдинжав гуай маань шагай харваж, наадаж, сайхан үгээ хайрлаж, үлгэрийн далай уншсаар ер шахам насандаа бурханы оронд одсон доо.

Сэцэнхан аймгийн Хардэл жанжин бэйсийн хошууны эрдэмт уяачдын нэгд зүй ёсоор эрэмбэлэгдэх “дулаан” хэмээх Жанцангийн Дамдинжав гуай төрийн наадмын дэнж, адуун соёлын дэвжээн дээр арилшгүй мөрөө үлдээн, ийнхүү халхын том уяачдын эгнээнд алтан үсгээр бичигджээ.

Монгол уяачийн хөгжлийн оргил зан үйл, морин эрдэнийн заяа, заслын далд эрдмийг өндөр ёс суртахуунд шингээн цэнгэдэг, үнэт өв соёлыг уламжлан тээж өнөө үеийнхэнд хүргэж ирсэн өвгөн уяачийн ариун үйлс цаг улирах тусам дурсагдан гэрэлтсээр байх ажгуу.

Манай сонины орон нутаг дахь тусгай сурвалжлагч Н.САНЖААДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Г.Хонгорзул: Шинэхэн дээлээ өмсөх гэхээр шинийн нэгний өглөө болж өгөхгүй уддаг байж билээ

-“Улаанбаатар”
чуулгын уртын дуучин, гавьяат жүжигчин Г.Хонгорзултай ярилцлаа.

-Цагаан
сараар уртын дуучин хүн их л дуулж хуурддаг байх даа. Цагаан сарын тухай
дурсамжаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Цагаан
сараар янз бүрийн телевизийн сар шинийн нэвтрүүлэгт их оролцдог юм даа. Түүнээс
гадна байгууллагууд сар шинээр ахмадуудаа хүлээн авч, тоглолт зохион
байгуулахад уригдаж дуулж байна. Хөдөө өссөн бидний хувьд аав, ээжтэйгээ элэг
бүтэн байхад хамгийн гоё цагаан сар хүүхэд насанд маань өнгөрч үү дээ гэж
боддог. Эргээд бодоход хамгийн сэтгэлд үлдсэн цагаан сарууд Хэнтий аймгийн
Баянхутаг суманд тохиожээ. Хүүхэд байхад цагаан сараар бараг шинэ дээл өмсч байгаагүй.
Аав ээжийн хуучин дээлийн хуулгаар хийсэн дээл бидэндээ л шинэ байж. Түүнийгээ
өмсөхсөн гэхээр шинийн нэгний өглөө болж өгөхгүй уддаг байж билээ.

-Шинийн
нэгнээс наана цагаан сарын бэлтгэл ажилд хүүхдүүд оролцоод их л ажилтай байдаг
сан?

-Би айлын
ууган охин. Цагаан сарын боов, буузыг өөрийн гараар жинхэнэ хийнэ шүү дээ.
Бэмбий нухна. Битүүний орой бөх эхлэхэд гаднаас амттан шимттэн оруулж ирээд,
дүү нартайгаа, ээж аавтайгаа идээгээ засах гээд бужигнадаг. Хамгийн бага дүү
маань өнгөтэй өөдтэйг нь авч, хормой хотон доогуур шургаж зугтаад ямар ч их
хөгжилтэй байсан юм бэ. Сар шинийн өмнөх бэлтгэл хийдэг үе хүүхдүүдийн хувьд
өрнүүн өдрүүд, хүүхдийг ажилд сургах үе байсан юм болов уу даа. Биднийг
хөөргөөд, “Ийм байж болохгүй, тийм байж болохгүй, энийгээ хийх ёстой, тэрийгээ
тэгж хийх учиртай” гээд ээж, аав хэлдэг. Гэр орон хашаа хороогоо цэвэрлээд, бүх
л юмаа өнгөтэй өөдтэй байлгах гэж зүтгэдэг байж дээ. Манай ээж, аав
хүүхдүүдийнхээ дунд уралдаан зарлаад ажил хийлгэдэг байлаа.

-Ингэхэд
цагаан сарын хамгийн сэтгэлд үлдсэн бэлэг юу байдаг вэ?

-Миний
багад цагаан сарын бэлгэнд янз бүрийн л юм өгдөг байсан даа. Хамгийн түгээмэл
бэлэг бол 12 мөнгөний дэвтэр дээр нэг ширхэг балын харандаа өгдөг байсан.
“Тошлой” чихэр дэвтэр дээр тавиад өгдөг байв. Хамгийн сэтгэлд тод үлдсэн бэлэг
гэвэл хөдөө өвөө, эмээтэйгээ морьтой шинэлэхэд Гонгор гэдэг айлын эзэгтэй надад
дээлийн өнгө эмжээртэй өгч байсан юм. Сургуульд ороод удаагүй байсан санагдана.
Тэр хүн бол хожим миний эмэгтэй дүүгийн нөхөр болсон Г.Соронзонбат гэж залуугийн
эмээ, сайхан хөгшин байсан. Бид багаасаа айл аймаг явсан, эмээ өвөөтэй маань
найз нөхөд явсан хүмүүс. Дээлийн цэнхэр торго, эмжээртэй, чихэртэй өгч байсныг
би мартдаггүй юм. Хүүхэд гэж гололгүй том бэлэг өглөө дөө гэж бодож байсан.
Цагаан сараар хөдөө гадаа хүүхдүүдээ дагуулаад явж байгаа хүмүүсийг харахаар
тэр бэлэг санаанд ордог юм. Юм гэдэг сонин, учир уялдаатай байдаг юм болов уу.

-Хотын хүмүүсээс уртын дуу
гармааргүй санагдаад байдаг. Хөдөө нутагт, өргөн уудам тал хээр нутагт өссөн
хүмүүсээс тийм уужим дуу хоолой гардаг юм болов уу. Хөдөөгийн нүүдэлчин соёл
байхгүй болчихвол уртын дуу алга болох юм шиг бодогддог?

-Монгол хүн үүссэн цагаас уртын
дуу бий болсон байх аа. Агшиж жижиг болдог юм уу аль нэг тийшээ уусах хандлага
ажиглагдаж байгаа. Түүнээс биш алга болчихно гэж байхгүй. Монгол хүн байсан
цагт уртын дуу байж л байна. Тэр талаар санаа зовдоггүй. Харин өвлүүлэх
уламжлуулах, язгуур төрхөөр нь хадгална гэдэг хариуцлага. Уртын дуу ахуйн
шаардлагаар үүссэн сайхан бүтээл. Монгол хүний өвөрмөц, өөрийн гэсэн өнгө
төрхтэй язгуур ухаан бий. Байгаль, өвөг дээдсээ хүндлэх хайрлах ухаантай.
Бидний багад ээж, аав маань их сургадаг байсан даа. Малаа тэр дундаа адуугаа их
хайрлаж дээдэлдэг. Амьдралын учир утга, алив нэг юмыг хайрлах, оюун санааны
дээд чинадад хүртэл уртын дуу шингэсэн. Хэзээ ч мөхөхгүй. Харин жижгэрээд
агшаад, орчин цагийн янз бүрийн хэлбэрт уусгаад, хэлбэр төрхийг нь янз бүр
болгоод байгаа тал ажиглагддаг.

-Та олон газраар явсан. Манай
уртын дуутай төстэй хоолойн хүч цараа шаардсан дуутай улс орон таарсан уу?

-Ерөнхийдөө олон оронд уртын
дууны хэлбэртэй дуунууд бий л дээ. Яг манай уртын дуу шиг дуучнаасаа төгс
төгөлдөрийг шаарддаг, сонгодог хэлбэр нь Монголд л бий.

-Өөрийг чинь Зууны манлай уртын
дуучин Н.Норовбанзад гуайтай зүйрлүүлдэг юм билээ. Энэ хүнийг 70 насныхаа
ойгоор Соёлын төв өргөөнд дуулахыг сонсч байлаа. Уртын дууг хэдэн ч настайдаа
дуулж болох уу. Эсвэл тухайн хүний авьяас чадвараас шалтгаалах уу?

-Тэр мундаг хүнтэй адилтгаж
байгаад баярлалаа. Гэхдээ үүнийг хүлээж авахад амар биш ээ. Орчлон хорвоод хүн
нэг л хувь төрдөг шүү дээ. Алдартай мундаг хүмүүсийнхээ хойчийг залгамжилж,
үйлсийг нь өртөөлөн түгээх нь бидний үүрэг. Миний хувьд Н.Норовбанзад гуай шиг
алдартай мундаг дуучин биш. Уртын дуунд суралцаж л яваа нэгэн. Алтан үеийнхэн
маань “Уртын дуучин гэж тусдаа төрдөг юм, тэнгэрээс тамгатай хүмүүс шүү” гэж
хэлэхийг олонтаа сонсч байлаа. Шархүүхэн багш маань “Уртын дууг урт бодолтой,
уужим ухаантай байж дуулдаг юм шүү. Зүгээр нэг захын хүн дуулчихдаг юм биш” гэж
байсан. Тэр бас үнэний талтай. Үнэндээ уртын дуу дуулахын тулд өөрөө уртын дуу
шигээ уужим байх ёстой байх. Уртын дууг мянга сайхан дууллаа ч дотроо хүн
байхгүй бол хэцүү.

-Өөрийг чинь Нидерландын хатан
хааны төрсөн өдрөөр дуулж байсан, Нобелийн шагнал гардуулах ёслолын үеэр, 2002
оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр уртын дуугаа дуулж байсныг хүмүүс мэднэ?

-Мундагчуудын дэргэд миний
дуулсан хугацаа богинохон. 1995 оноос өнөөг хүртэл уртын дуу дуулах гэж оролдож
байгаа. Хүссэн хүн уртын дуу дуулдаггүй учраас энэ бол миний хийх ёстой ажил
гэж ойлгодог. Өндөр хувь тавилан надад ногдсон. Үүнийг дааж явна гэдэг хялбар
биш. Хүссэн хүн очоод Нобелийн шагнал гардуулах ёслол нээхгүй, хөл бөмбөгийн
нээлтэнд дуулахгүй. Би мундагтаа биш тэнгэрийн тамга гэж байдаг бол дуу
хоолойгоороо Монгол эх орныхоо нэрийг өндөрт өргөх боломжийг уртын дуу маань
олгосон. Ийм учраас би бусад төрөл жанрт урвахгүй уртын дуундаа үнэнч явдаг юм
даа.

-Өөрийг чинь тив дэлхийн хүндтэй
арга хэмжээнд оролцож байхад нүд гялбуулсан тохиолдол таарсан уу?

-Би хөдөөний охин байлаа.
Улаанбаатарт орж ирээд гайхаж л байсан. Алхам алхмаар хүний нүд чих, оюун ухаан
нээгдэж тэлдэг шүү дээ. Нуух юм алга. Олон газар очиж соёлын шоконд орж байлаа.
Гэхдээ нүд гялбуулсан тохиолдол гараагүй. Дуулж байгаа дуу шигээ сэтгэл хөдлөл
нам хүн юм болов уу. Юманд айхавтар автдаггүй. Нэг удаа Америкт “Карнеги холл”
театрт дуулж байхдаа транст орохыг биеэрээ үзсэн. Гараад дуулж эхэлснээ мэдэж
байгаа юм. Цаашаа юу болсныг мэдээгүй тухайн үедээ дуулав уу яав гэж бодож
байсан. Дуулж эхлэнгүүтээ орчноосоо тасраад, бясалгалын маягт орчихдог юм
билээ. Зритель хэдэн хором нам гүм, алга ташдаггүй, “Дуулаагүй л юм байх даа,
зогсоогоороо тайзан дээр унтана гэж байдаг юм болов уу” гэж бодсон. Тэгсэн чинь
зритель дэр хийтэл зэрэг босоод “Браво” гээд бархиралдаад алга ташлаа. Ёо Ёо Ма
гээд алдартай хөгжимчин тайзан дээр гарч ирээд “Зола, Браво” гээд тэвэрч авсан.
Тэгэхэд л дуулсан юм байна гэж мэдсэн. Дуулж эхэлснээ мэдээд яаж дуусгаснаа
санахгүй байсан тохиолдол надад нэг л удаа тохиолдсон. Нүд, сэтгэл булаасан
олон газар орноор явж байхдаа тэр бүхэнд айхавтар автаагүй мөртлөө тэр тайзан
дээр яагаад тийм байдалд орсноо одоо ч ойлгодоггүй.

-Хятадын алдарт хөгжимчин Ёо Ёо
Ма гэснээс тэр алдартай хүний анхааралд яаж өртсөн юм бэ. Түүний “Торгоны зам”
чуулгын бүрэлдэхүүнд орж, олон орноор тоглосон гэсэн?

-“Силк роуд” гэж олон улсын
хөгжмийн хамтлагтай намайг холбож өгсөн хүн бол Урлагийн гавьяат зүтгэлтэн,
хөгжмийн зохиолч Б.Шарав гуай. “Хэрлэнгийн домог” гэж бүтээл хийгээд
“Хэрлэнгийн барьяа” гэж уртын дуу дуулах дуучин хэрэгтэй болоход надад тэр дууг
дуулах боломж олдсон юм. Тэр бүтээл нь олон улсын хөгжмийн том уралдаанд
шалгарч, шалгарсан хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээр хамтлаг байгуулаад, олон
орноор тоглох сайхан боломж бүрдсэн юм. Анх Б.Шарав гуайн “Хэрлэнгийн барьяа”-г
дуулахаар болсон нь 1998 онд Ардын жүжигчин Шархүүхэний нэрэмжит “Монгол ардын
уртын дуу”-ны том уралдаантай холбоотой. Тэр уралдаанд би СУИС-ийн бэлтгэл
курсийн оюутан байхдаа оролцож, “Гран при” шагнал хүртсэн юм. Тэндээс уртын дуу
дуулдаг шинэ дуучин гарч байгаа юм байна гэж хөгжмийн бүтээл хийдэг хүмүүст
анзаарагдсан юм билээ.

-Өөрийн чинь хувьд гадныхан эхэлж
хүлээн зөвшөөрсөн болохоор, гадныхан тоосон мундаг дуучин байна гээд
монголчууддаа танигдсан санагддаг. Менежмент хийсэн гэвэл нэлээд өвөрмөц, зам
товчилсон аргаар олны танил болсон юм шиг ээ?

-За тэр талаар хүн өөр
өөрийнхөөрөө ойлгож хүлээж авах байх даа. Миний хувьд од нар сар нь болох гэж
зүтгээд дуугаараа нүдээд балбаад хүний чихэнд хүргэсэн юм байхгүй. Яс юман
дээрээ намайг клипгүй дуучин гэдэг шүү дээ. Хуурцаг бичлэг, бие даасан тоглолт
олныг хийгээгүй. Ердөө л нэг урсгалаараа хийх ёстой юмаа хийгээд явж байгаа
жирийн л нэг монгол эмэгтэй дээ. Уртын дууны маань буян, олон сайхан багш
нарынхаа хүчээр хөл минь дөрөөнд, гар минь ганзаганд хүрсэн.

-Өөрийг чинь амаржаад гэртээ
байгаа гэж байсан. Эмэгтэй хүний хувьд яах аргагүй ажил уран бүтээл, амбицаа
орхиод гэртээ сууж, эх хүний үүргээ гүйцэтгэх үе байдаг л даа?

-Орчлон хорвоод үр удмаа үлдээнэ
гэдэг юутай ч зүйрлэшгүй том үүрэг. Хамгийн том баяр баясгалан, агуу том гавьяа
тэр. Одоо эмэгтэй хүний үүргээ биелүүлчихлээ, уран бүтээлдээ оръё гэж бодож
байна.

-Ийм мундаг дуучны нөхөр ямар хүн
байдаг бол?

-Нөхөр, гурван хүүхэдтэй эгэл
айл. Нөхөр маань жирийн л нэг ажилчин залуу бий.

-Хан Хэнтий чуулгад дуулдаг
байхдаа нөхөртэйгөө танилцсан гэсэн үү. Алдартай болохоосоо өмнө ханилжээ?

-Хамт ажиллаж байгаад СУИС-д
оюутан байхдаа дотносоод суусан даа.

-Ойрын үед тоглолт хийх үү?

-Энэ жил бие даасан тоглолт хийх
бодол бий.