Categories
мэдээ цаг-үе

“Өнөр бүл”-ийн Довчин буюу зураач Б.Болд: Кинонд тоглосон маань зураг төөрөг гэж боддог

“Монгол кино нэгтгэл”-ээр орж яваад “Өнөр бүл” киноны Довчинтой таардаг юм байна. Цэрмаа хэмээх залуухан эмэгтэйг эргүүлээд, амжилт ололгүй настай эмэгтэйг машиндаа дайж явах болсондоо бухимдан “Машин шатаачихав” хэмээн зандардаг эрийн дүрийг хүмүүс санаж байгаа биз ээ. Довчин бодит амьдрал дээр зураач хүн. Түүнийг “Монгол кино нэгтгэл”-ийн ерөнхий зураач Б.Болд гэдэг. Москва хотод В.И. Суриковын нэрэмжит Уран зургийн академи төгссөн зураач. Монгол кино нэгтгэл дэх түүний урланд “Анхны галт тэрэг шинэ өртөөн дээр” хэмээх уран зураг, Барон Унгерний хөрөг зургууд харагдана. Сумын наадам дээр хос мориор гангарсан хосуудын хөрөг харин Америкт суугаа хүү, бэрийнх нь гэнэ. “Адилхан болж уу” гэж зураач асуугаад фото зургийг нь үзүүллээ. “Адилхан болжээ” гэхэд маань “Хүү яах вэ, бэрийн зураг л өөрт нь таалагдвал боллоо” гэж Б.Болд гуай хэлсэн. Удахгүй хүн явахаар зургийг нь дайхаар зэхжээ.

Б.Болд “Суварган цэнхэр уулс”, “Бушхүүгийн үлгэр”, “Говийн зэрэглээ” зэрэг олон киноны ерөнхий зураачаар ажилласан. Киноны зургуудаас гадна хүний хөргийг фото гэж андуурмаар адилхан зурдаг юм билээ. Хөрөг зургуудаа баримтжуулж, гэрэл зургийн хальсанд буулгачихаж. Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн гаанс зуусан хөрөг анхаарал татав.

-Г.Жигжидсүрэн Вася гэдэг муураа тэврээд сууж байгаа юм. Орос хэв маягтай хүн шүү дээ. “Суварган цэнхэр уулс” киноны зураг авч байх үеэс л хөргөө зуруулна гэж ярьсан юм. Ардын жүжигчин боллоо, Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Сүүлдээ мань эр “Үхлээ, хөрөг зураг хаана байна” гэж ярьсан. Хөргийг нь хоёр жилийн өмнө л зурж өгөв үү дээ. Жийгээгийн цаана “Бага хонгор” гээд хайртай мориных нь зураг харагдаж байна. Өнжүүл хавийн Гүн галуутайн хүн шүү дээ. Ээжийнх нь хүрд, мөнгөн аягыг бас зурагтаа багтаасан. “Энэ хэдэн юмыг оруулаад өгөөрэй” гэж өөрөө хүссэн юм хэмээн Б.Болд гуай хуучилснаа Жийгээгийн хөгжилтэй түүхийг ярив. “Хилчидтэй уулзах үеэр “Дуулж өгөөч” гэж хүссэн юм. Мань эр солгой хоолойтой. Хөгийн юм дуулж дууслаа. “Ингэж дуулж байхаар учраа хэлээд уйлсан нь дээр” гэж би хэлсэн юм. Жийгээгээ санаад “Говийн зэрэглээ” киноны зураг авалтын үеэр Арсланд тоглосон Г.Доржсамбуу найруулагчид “Хоёр дууг нэг аяар дуулж чадах уу” гэсэн чинь “Чадалгүй яахав” гэсэн юм. Арслан “Янзаган зоотой шарга морийгоо янцгаахын бараанаар таньсан юм аа” гэж дуулж байснаа “Ийм сайхан эр хүнд эхнэр хаанаас мундах юм бэ” гээд дуусгадаг шүү дээ гэх мэтээр киноныхны хөгжилтэй түүх олныг хүүрнэсэн юм. Ингээд түүнтэй уран бүтээлийн тухай ярилцлаа.

Таны урлан дахь Барон Унгерний хөрөг үзэсгэлэнд оролцсон юм байна?

-В.И.Суриковын академи төгссөн зураачдын үзэсгэлэн гарсан юм. Тэдэн дотроо хамгийн ахмад нь би болсон байна. Үзэсгэлэнд манай академийг төгссөн олон зураач оролцлоо. Хамгийн анх Ц.Доржпалам, УГЗ Н.Чүлтэм гуай, Г.Одон гуай гээд мундаг томчууд төгссөн шүү дээ. Түүнээс хойш 30 жил гадны оюутан аваагүй. 1963 онд Монголоос оюутан авна гэсэн чинь азаар би багтсан юм. Энэ академи төгсөгчдийн хамгийн отгон нь Ө.Гандулам гээд СУИС-д график дизайны багш хийж байна. Ө.Гандулам жаахан оюутан охин шиг эмэгтэй ирж уулзсан юм. Хэд хоногийн дараа нэг оюутан хүүг дагуулаад ирсэн. “Дипломоо Богд хаант Монгол Улсаар хийгээд, Итали явах зорилготой байгаа. Та энэ хүүхдийн дипломын ажилд зөвлөгөө өгөөч гэсэн. Эскизийг нь үзээд, угсаатны зүй, зургийн зохиомжийн талаар өөрийн бодсон санаснаа хэллээ. Нөгөө хүү их гайхаж байна. “Ямар сонин юм бэ, яг манай багшийн хэлснийг та давтаж байна” гэсэн. “Хүү минь, тэгэлгүй яах вэ. Багш чинь сүүлд төгссөн оюутан, би бол гуч, дөчин жилийн өмнө төгссөн хүн. Оросын том академиуд, Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль, манай зургийн сургууль консерватур эд нар заах аргаа өөрчилдөггүй. Сургах арга нь хэвээрээ хадгалагдаж байдаг юм даа” гэсэн юм.

Ингэхэд зураач хүн яагаад кинонд урвачихав?

-Кинонд орсон маань зураг төөрөг гэж боддог. Би Суриковын академийг 1969 онд төгссөн. Тэр үед “Сургуулиа төгсөөд хаана хэрэгтэй газар ажиллана” гэж гэрээ хийж явдаг байсан. Төгсч ирээд, Завхан аймагт гурван жил зураач, эрхлэгчээр ажиллаад, хотод хоёр жил ажиллаад, кино руу орсон. Биднийг оюутан байхад Мосфильмээс үе үе баахан автобустай хүмүүс ирнэ. Чанга яригчаар “Кинонд тоглоорой оюутнууд аа, арав арван рубль өгнө” гэж зарладаг. Арван рублиэр тэр үед их юм авна. Анх удаа Мосфильм үзээд гайхсан. Бүхэл бүтэн хот шиг ямар ч их юм байдаг гээч. Хамгийн анх Лениний ээжийн тухай “Верность матери” гэдэг кинонд оролцсон юм. Их л гоё хувцас хунар өмсөх юм байх гэж бодсон чинь тосгоны тариачин хүүхдийн нэвсгэр хар хөвөнтэй куртка, том хар эсгий гутал өгч байгаа юм. Лениний ээж нас барахад ази царайтай оюутнууд, узбекууд очиж байж л дээ. Манай сургуулийн зураач Иван Сальчак гээд Тувагийн зураачдын холбооны дарга байсан. Тэр бүр тодроод, том рольд тоглосон. Цаас хайчилчихсан хиймэл цас оруулаад, паркт өдөржингөө юм болсон. Ямар ч олон удаа зураг авдаг юм. Тэгж кинонд орж байлаа. Кино сэтгэлд нэгэнт орчихсон. Хөдөө зураачаа хийж байгаад хотод ирэнгүүтээ Улаанбаатар хотын Урчуудын эвлэлийн хорооны салбарт орж ажилласан. Хуримын ордны эскиз энэ тэр хийсэн. Хот тохижуулалтын тасагт ажилласан. Кино үйлдвэрт зургийн цех байгуулагдахаар давхиад орж ирсэн л дээ. Кинонд анх орж ирэхэд Б.Сумхүү найруулагч “Анхны хайрын дууль” кинонд хувцасны зураачаар яваач гэсэн. Тэр кинонд явж ирсний дараа бидний аварга гэдэг Д.Жигжид гуай “Хүний төлөө” кинонд сайн хувцасны зураач хэрэгтэй. Тэгээд зам чинь шулуун болно гэсэн. Тэр кинонд Д.Жигжид гуай хүүтэй маань хамт нэг жижиг хэсэгт оруулсан. Д.Жигжид гуай “Кинонд нүдэнд дассан улсууд биш шинэ хүнийг оруулж ирвэл зүгээр байдаг” гэдэг. “Хүний төлөө” кинон дээр гардаг хэсэг маань жаахан эвгүй дүр л дээ.

-“Өнөр бүл”-д яаж тоглосон юм бэ?

-“Говийн зэрэглээ” киноны зохиол бичих гээд найруулагч Б.Балжинням, Доржпалам гуай бид хэд Тэрэлжид очсон. Д.Жигжид гуай “Өнөр бүл” киноны зургаа авч байсан юм. Нэг жижиг хэсэгт хоёрдугаар ролийн жүжигчин хэрэгтэй болоход өвгөн Жийгээ “Болд тогло, машин барь” гэсэн. Би үнэнээ хэллээ. “Би машин барьж чадахгүй, ажилд чинь саад болно” гэв. Д.Жигжид гуай “Та нар сургууль соёлыг нь төгсчихөөд намайг боох гэж байна уу” гэж загнаад, Доржпалам гуай шахаад хоёр ланжгар найруулагчид алуулах шахаад яах ч арга байхгүй тоглож байж салсан. Жийгээгийн заавраар явсан. Дүр багаддаггүй. Киног жижиг шигтгээ чимдэг.

Та олон кинонд зураачаар ажиллажээ?

-“Хүний төлөө кинонд ажиллаад ирсэн чинь Г.Жигжидсүрэн найруулагч “Хөөрхөн кино байна, Болдоо. Энд ерөнхий зураачаар яв” гэсэн. Тэгээд 1978 онд “Суварган цэнхэр уулс”-д ерөнхий зураачаар явсан юм. Дараа нь кино тасраагүй дээ. Зураачдаас ялгаатай нь хослол зургийн аргыг мэднэ. Манай оператор, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Шаравдорж, Төмөр инженертэй хамт Хослол зургийн цехийг байгуулаад хоёр жил болж байсан юм. Хослол зураг гэдэг маань одоогийнхоор бол компьютер графикийн арга. Яагаад ч авч болохгүй юмыг хослол зургийн аргаар авна. Муугаар хэлбэл заль л даа. Арван цэргийг зуу болгоё гэвэл толиор олшруулдаг. Их нарийн харвал давтамж мэдэгдэнэ л дээ. Хослол зураг хамгийн их хэрэглэсэн кино “Бушхүүгийн үлгэр”. 1980 онд кино үйлдвэрийн павильон нээгдээд анх удаа циркийн морь гуйж дотор зураг авсан. Морьтой орж ирээд, хайрцаг бариад хаанд өргөдөг хэсэг шүү дээ. “Бушхүүгийн үлгэр”-т хослол зургийн зураачаар ажилласан. Уул нурж байгаа. Шуламс гарч ирж байгаа хэсгүүдтэй.

Ингэхэд шулмын дүрийг яаж бий болгосон юм бэ. Хийсвэр санаа юм уу?

-Ард түмэн маань баялаг үлгэр домогтой, “Зээрэн хошуутай, зэс шилбэтэй, тал үс нь цагаан, тал үс нь хар” гэх мэтчилэн дүрслэл байдаг. Зохиож болохгүй. Кино гэдэг бол нэгдүгээрт найруулга, харилцан яриа, юм. Монтаж бас киноны амин сүнст багтдаг.

Та хэр олон кинонд дүрээ үлдээсэн бэ?

-Зургаа, долоон жижиг хэсэгт орж байсан.

Довчин бодит амьдрал дээр ямар хүнтэй суусан бэ?

-Гэр бүлийн тухай нэг их яримааргүй байна. Миний хань хэвлэлийн мэргэжилтэй хүн байсан. Сэргэлэн цовоо, сайхан хүн байлаа. 2013 онд өөд болсон юм. Одоо ач хүүтэйгээ амьдардаг. Манайд ганц урлагийн хүн байдаг нь би. Бусад нь эмч, багш нар. Миний ээжийн ах зураач лам байсан. Би тэнэг маанаг болохоороо ахаасаа их юм сурч чадаагүй. Сургууль төгсөөд ирэхэд ах байж байсан. Бурхан зурдаг арга ажиллагаа, монгол зургийн нарийн арга ухааныг сурах ёстой байж гэж сүүлд амаа барьсан юм. Тэр өвгөн морь малыг ч гайхалтай зурдаг байжээ. Одоо ганц зураг нь үлдсэн. Манай том ах мэс засалч Гоош гэдэг хүн. “Мэс засалч хүн заавал гарын ур, сэтгэлийн ур, нүдний ур шаарддаг” гэдэг. Том ах маань зураг зурдаг байсан. Авьяас гэдэг бурханы өгөөж. Багш нар маань нөлөөтэй улсууд байсан. Ардын зураач О.Цэвэгжав манай сургуульд багшилдаг. Тэр багш нарын нүдэнд би өртсөн юм байна л даа. Энэ хүүхэд зураач болно гэдэг юм надаас олж харсан болов уу. Зургаараа шалгалтад тэнцсэн ч тоонд нойл байлаа. О.Цэвэгжав багш Дээд боловсролын улсын хороон дээр очоод “Зураг Монголд хөгжих ирээдүйтэй. Зураачдыг бэлтгэх ёстой. Ганц нэг зураачдыг шалгалтад оруулах гэсэн юм” гэж явсныг хожим сонссон. Дээр үеийн улсууд хүүхдийн хувь заяанд тэгж их анхаардаг байсан юм. Биднийг зургадугаар ангид байхад нэг ийм юм болсон. Цогт тайж кино Чойбалсан хороон дээр гарч эхэллээ. Үзэх гэтэл мөнгө байхгүй. Тухайн үед хоёр төгрөг гэдэг их мөнгө. Гуйлаа, оруулдаггүй. Арвис гэж миний сайн найз байсан юм. Сүүлд сайн зураач болсон доо. Тэр бид хоёр сахилгагүйтээд зарлалын самбарыг нь ураад хаячихсан. Хорооны цагдаа цоохор Дашдаваа гэж хүн биднийг барьж аваад, 200 төгрөг төлүүлнэ гэсэн. Сэтгэлд багтахгүй их мөнгө байлаа. Хоёулаа айж шалчийсан. “Ах аа, бид хоёр зургийг нь зураад өгье” гэсэн. Бид хоёрыг өрөвдсөн ч юм уу “За, та хоёр даавуугаа авчраад миний өрөөнд зур” гэлээ. Хоёулаа яаж ийж байгаад даавуу олоод, Цогт тайжийн дуулгатай гоё зургийг дуурайлгаж зурлаа. Тэгсэн чинь “Хүүш, та хоёр чинь ийм сайхан зурдаг байж яахаараа ингэж сахилгагүйтэж явдаг юм” гэсэн. Цогт тайжийн зургийг бид хуучнаас нь дээрдүүлж зурсан. Тэгээд “Үүнээс хойш ийм муухай хорлон сүйтгэх ажил хийж болохгүй. Харин түүний оронд зарлал бичиж өгөөд кино үзэж бай” гэсэн юм. Их баярласан. Тэр үед кино байнга солигдохгүй. Хэдхэн кино эргэлддэг байлаа. Олон хоног хүлээж байж шинэ кино ирнэ шүү дээ.

Кинонд үлдсэн залуу цагийн төрхөө үзэх дуртай юу?

-Би залуу насаа хардаг. Хамгийн сайхан нь тэр л байна. Одоо дал гарч байгаа хүн. “Хүний төлөө” кинонд дөнгөж гуч гаруй настай байсан. Цэл залуугийн зураг байгаа биз дээ.

Та ямар уран бүтээлдээ сэтгэл хангалуун байдаг вэ?

-Миний залуу нас киногоор туучлаа. Кино амар ажил биш. Сонирхолтой нь кино болгон өөрийн зохиол, бэлтгэх өнцөг, судлах юм ихтэй. Би бол “Суварган цэнхэр уулс”-даа хайртай байдаг. “Говийн зэрэглээ”-д хайртай. Их сонин кино болсон.1980 оны нэг орой сууж байсан чинь Б.Балжинням найруулагч орж ирлээ. Жаахан халамцуу. Талийгаач бид хоёр найз л даа. Тэр бол сэргэлэн цовоо, жигтэйхэн нийцтэй. Ид сайхан үе нь. “За Болдоо, чамд захиалга өгөх гэж байна. Их таалагдана. Одоо гүйгээд нэг шил архи авчир” гэсэн. Гүйж харайж байгаад нэг юм авчраад бушуухан зохиолоо үзлээ. Их хөөрхөн юм аа. Яагаад сонин гэхээр тэр кинонд гарч байгаа хүмүүс нь цагаан цайлган, сагсуу. Тэр Арсланг хар. Цагаан сайхан амьтан. Ангийн байцаагчийг хар. Сагсуу болохоос бас ажилдаа их үнэнч, цагаахан сагсуу. Цэвээнравдан өөрөө яг тийм хүн. Ерөөсөө л том хүүхэд. Доржсамбуу ч бас тийм. Хүүхэд шиг дороо гоморхоно, тунирхана. Гомдсон бол ил цагаан хэлнэ. Нэр нь ч Арслан. Арслантай футболк өмсөөд онгирч байдаг. Төв Хорооны үзэл суртлын хэлтсийн дарга Түмэндэмбэрэл гуай энэ киног үзээд, нэрэн дээр л засвар хийсэн. “Сайн байна. Та нар хүмүүсийн сэтгэл дотор байгаа эвдрээгүй гоё төрхийг харуулсан, тэмүүлэлтэй шинэлэг бүтээл хийлээ” гэсэн. Эхлээд энэ кино “Холын зэрэглээн дунд” гэдэг нэртэй байсан юм. Сансар огторгуй бүх юм ойрхон болчихоод байхад та нар хол гэж болохгүй. Зүгээр л “Говийн зэрэглээн дунд” гээд нэр өгчих гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Төмөр хүлгийн эцэг Генри Форд

Америкийн зүүн хойд хэсэгт орших Мичиган мужийн бэлчээрийн мал аж ахуй бүхий бөглүү тосгонд тахиа, нугас, үхэр, хүрз зээтүү, усны худаг, ногооны талбайн дунд зогсолтгүй хөдлөх фермерийн гэр бүлд 1863 оны долдугаар сарын 30-ны өдөр нэгэн хүү мэндэлсэн нь ирээдүйн тэрбумтан Генри Форд байлаа.

Генри Форд Мичиган мужийн хамгийн том хот болох Детройтоос 11 км-ийн зайд орших Диборн тосгоны фермд Уильямба Мэри Фордын найм дахь хүүхэд болон мэндлэх тавилантай байж. Генри тосгоны сургуульд суралцан, тоо бодлого, унших бичгийн анхан шатны мэдлэгийг олж авсан. Хүүг 13 настай байхад эх нь таалал төгссөн тул цаашлах амьдрал нь аавын хатуу гарын дор өнгөрсөн билээ.

Эргэн тойрны үзэсгэлэнт байгалиа шүтэн бишрэх цаг зав Генрид байсангүй. Түүний гэр бүлд хөдөлмөр ба сахилга бат гэсэн хатуу чанга дүрэм журам ноёлж байв. Заримдаа Фордын гэр бүлд хөдөлмөрийг тахин шүтэх нь хэтэрхий гэмээр, жишээ нь залуу Генри усыг хувингаар татсанд орвол усны шахуурга ашигласан нь дээр гэсэн санаа гаргахад эцэг нь эрс эсэргүүцэж байв.

Эцэг Фордын үнэлэмжээр бол хүүгийн санаа хэдийгээр үр ашигтай авч, ажлаас хойш суусан арга гэв. Харин Генригийн хувьд ажлаас хэзээ ч хойш сууж байсангүй, зүгээр л хүний хөдөлмөр аль болох үр ашигтай байх ёстой гэсэн бодол төлөвшиж эхэлж байсан бололтой. Хүн хэрэгцээгүй зүйлд хэдий чинээ бага хүч, цаг зарцуулна тэр хэмжээгээр түүний хөдөлмөр үр ашигтай байх ёстой. Үүний тулд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зөв зохион байгуулж, механикжуулах хэрэгтэй хэмээн тэр үзэж байв.

Залуу Генри Фордын иймэрхүү бодлууд нь түүнийг техникт сонирхолтой болгож, эцгийн гэрээс нэг л өдөр чимээгүйхэн явахад хүргэжээ. Эхний үед залуу ухаантан вагоны жижиг үйлдвэрт ажиллаж байгаад, улмаар “Westinghouse” компанид механикчаар, дараа нь “Эдисоны гэрэлтvvлэг” компанид ажилд оров. Тэр үедээ Генри, Клар Брайнт гэгч бүсгүйтэй танилцаж гэрлээд, таван жилийн дараа Эдсел нэртэй ганц хүүтэй болжээ. Хэдийбээр Форд, Томас Эдисоны пүүст сайн ажиллаж өсөн дээшилж байсан ч гэлээ энгийн нэг гүйцэтгэгч байж чадсангүй. Тэр шинэ санаа, шинэ бүтээлээр цангаж байв.

Форд том бөгөөд асар их үнэтэй машинууд нь зөвхөн баячуудад зориулагдсан гэдгийг ойлгож байв. Тиймээс түүний төлөвлөснөөр хялбар шийдэл бүхий уурын тэрэг нь жирийн хүмүүс худалдан авахад хүртээмжтэй байх ёстойг тооцоолсон. Гэвч хийн хөдөлгүүрийн анхны туршилт нь амжилтгүй болж тэрээр нэлээд хэдэн жилийг төрөл бүрийн хөдөлгүүр бүтээхэд зарцуулав.

Эцэст нь, 1893 онд тэрээр өөрийн анхны машин “Квадроцикли”-ийг бүтээж, улмаар анхны албан ёсны АНУ-ын автомашины эзэн болж, Патентын газарт бүртгүүлсэн байна. Ийнхүү Форд өөрийн дуртай ажлыг үргэлжлүүлэн хийхээр зориг шулуудаж тухайн үедээ өндөрт тооцогдох 125 долларын цалинтай ажлаасаа гарч, автомашины үйлдвэрийн замд эргэлт буцалтгүй орсон ажээ.

XX зууны эхэнд автомашин нь тансаг хэрэглээнээс гадна баячуудын нэрийн хуудас болж байжээ. Тэднийг бараг л гар аргаар цөөн тоогоор бүтээж байсан бөгөөд үйлдвэрлэсэн машиныг гурван бүлэгт хувааж байв.

Туршилтын модель дээр зөвхөн зохион бүтээгч сууж явдаг, харин чинээлэг худалдан авагчид нь маш өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн лимузин хөлөглөж байжээ.

Генри 1903 онд Детройтын “Мэк Аваню” өргөн чөлөөн дэх ачааны машины үйлдвэрийн барилгад байрлаж “Ford Motors” компаниа үүсгэн байгуулсан бөгөөд эхний үед зөвхөн 25 хувийг эзэмшиж байгаад улмаар хувьцаа эзэмшигчдээс уг компаниа худалдан авснаар цорын ганц эзэн нь, ерөнхийлөгч болсон.

Генри Форд хүүгийнхээ хамт

1903 онд тэрээр “Ford 999” автомашиныг зохион бүтээсэн бөгөөд энэ машины онцлог шинж нь их бие байхгүй, дугуйн дээр ердөө л хөдөлгүүр, радиатор, жолоочийн суудалтай хүрээ рам байсан юм.

Гэсэн хэдий ч Форд энэ загвараа улам сайжруулан “сум” нэртэй машин бүтээж, Сент Клэр нуурын мөсөн дээр өөрөө машинаа жолоодон, дэлхийн хурдны дээд амжилтыг (147 км/цаг) тогтоосон билээ.

1905 онд Ford компани “Ford-C” загварын ачааны машин үйлдвэрлэж эхэлжээ. Үүнээс зуун жилийн дараа жил бүр ачааны зориулалттай 325 000 машиныг борлуулсан байна.

Түүний 1904 онд бүтээсэн “Ford-B” загвар нь дөрвөн цилиндртэй 24 морины хүчтэй хөдөлгүүртэй байсан бөгөөд дөрвөн хүний суудалтай ойролцоогоор 2000 долларын үнэтэй байсан ажээ. Энэ нь олон нийтэд зориулсан хямд машин бүтээх боломжид итгэж чадахгүй байсан хувьцаа эзэмшигчдийг гайхашралд оруулан тэд чинээлэг худалдан авагчдад зориулсан автомашин үйлдвэрлэхийг түүнээс шаарджээ. Тэдний шахалтаар 1906 онд Форд цагаан захтнуудын дунд маш хурдан борлогдсон, гоёмсог зургаан цилиндртэй Ford-K машиныг зохион бүтээсэн байна.

Генри Форд 1906-1907 онд 15 морины хүчтэй “Ford-N” загварын цөөн тооны автомашиныг амжилттай борлуулсны дараа, 1908 онд “Форд-Т» машинаа үйлдвэрлэсэн нь бүх түүхэн дэх хамгийн алдартай машин нь болсон билээ.

Энэ машин нь чадал болон хэмжээний хувьд дунд зэрэглэлийн ангилалд хамрагдах бөгөөд нэмэлт тансаг тоноглолыг устгаж, зардлыг бууруулсан, дөрвөн цилиндртэй 24 морины хүчтэй, “В” загварыг дуурайлган хийсэн, 63 км/цаг хүртэл хурдалдаг, удирдлага, хяналтын системийг хялбаршуулан, жолоочийн аюулгүй байдлыг хангасан бүтээл болжээ. Форд өөрийн үйлдвэрт хүний нөөцийн шинэчлэл хийж эхэлсэн. Тэрээр “улаан” дипломтой хүмүүсийг ажилд авахаас зайлсхийж, ажилтны үнэ цэн нь зөвхөн түүний хөдөлмөрийн үр дүнгээр тодорхойлогдоно гэж үздэг байв. Түүний олон менежер ажлын гараагаа энгийн ажилчин, тэр байтугай үйлчлэгч цэвэрлэгчээс эхэлсэн юм шүү дээ. Тэр өөрийн компанийн захиргааны аппаратыг багасган, аль болох үйлдвэрлэлийн үйл явцад саад учруулахгүй байхыг чухалчилж байжээ. Форд нэгэн үед эцэг нь түүнээс шаардаж байсан зөвхөн хөдөлмөр ба сахилга бат гэсэн хатуу зарчмыг өөрийн ажилчдаасаа шаардаж эхлэв. Гэхдээ 1914 онд “Форд Моторс”-ын ажилчдын цалин өдөрт таван доллар байсан бөгөөд бусад аж ахуйн нэгжээс илүү цалин төлж байв. “Чиний цалинг эзэн чинь өгдөг гэж бодож байгаа бол том эндүүрэл. Эзэн чинь зөвхөн олдсон мөнгөө хуваарилж байгаа нь тэр билээ. Харин захиалагч чамд цалинг чинь өгдөг юм” гэж тэр хэлэх дуртай байв.

Форд ажлын есөн цагийг найман цаг хүртэл богиносгож, түүний ажилчид өдөрт доод тал нь таван долларын цалин авснаар улс орны хамгийн шилдэг ажиллах хүчийг тухайн компани өөртөө татаж чадсан билээ.

Энэ нь түүний борлуулалтад эрс нөлөөлж, 1909-1910 онд түүний “Форд-Т” машины үнэ 950 доллар болж, 18664 автомашин энэ хугацаанд борлуулж байсан бол нэг жилийн дараа, 780 доллар хүртэл хямдарч, борлуулалтын тоо 34528 болжээ. Генри Фордын дараагийн алхам бол технологийн шинэчлэл хийж, тухайн үед хэрхэвч зөвшөөрдөггүй байсан автомашиныг олон тоогоор үйлдвэрлэх явдал байв. Тэрээр ажилтнуудын хөдөлмөрийг дагнан хийлгэхээр эрмэлзэн, тэдний “шоргоолжны үүр” мэт бужигнасан хөдөлгөөнийг багасгах арга сэдсэн нь конвейроор буюу туузан дамжууллагаар ажиллах явдал байв. Дараа нь улам боловсронгуй болгож машиныг хэрхэн зөөвөрлөх аргыг бодож олсон байна.

1913 онд Highland Park-ийн үйлдвэрт, Генри Форд машины угсрах шугам бүтээжээ.

Түүний ажилчдын тоо эрс ихэсч, ажлын бүтээмж нэмэгдэж эхэллээ.

XX зууны эхний хагас жилд түүний машин үйлдвэрлэлийн конвейрын арга нь аж үйлдвэрийн салбарт “дэлбэрэлт” болж билээ. Зөвхөн автомашин гэлтгүй олон төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд Фордын энэ аргыг хэрэглэж эхэллээ.

Дашрамд дурдахад, Форд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж эхэлсэн анхны аж үйлдвэрийн эзэн байсан юм.

Үнэн хэрэгтээ, Генри Фордын конвейрын аргыг аж үйлдвэрийн салбарын гол ололт амжилтын нэг гэж хүлээн зөвшөөрсөн хэдий ч энэ нь ажилчдын хөдөлмөрийг сорон мөлжсөн хамгийн харгис аргын зохиогч гэж нэрлэх нь бий.

Генри Форд цуцашгүй ажил хэрэгч, зохион бүтээгч байсан бөгөөд АНУ-ын патентын албанаас 161 патент өөрийнхөө нэр дээр авч байжээ. Нас нөгчих үедээ Форд өөрийн хөрөнгийнхөө нэлээн их хувийг Форд санд үлдээсэн ч гэлээ өөрийнхөө гэр бүлд “Форд Моторс” компанийг удирдаж, эзэмших бүх эрхийг өвлүүлжээ. 1925 онд Форд хувийн агаарын тээвэрлэгчийг бүтээсэн бөгөөд тэр нь нэлээд хожуу Ford Airways гэж нэрлэгдэх болжээ. Түүний хамгийн амжилттай загвар нь Ford Trimotor байсан бөгөөд нийт 199 хувийг үйлдвэрлэн, 1989 он хүртэл үйл ажиллагаа явуулж байсан юм.

1930 оныг хүртэл Генри Форд компаниа удирдаж байгаад өөрийн хүү Эдселд шилжүүлсэн боловч, 1943 онд хүүгээ өөд болоход дахин компаниа авч, 1945 онд өөрийн ач хүү Генри Форд II-д бүрмөсөн өвлүүлэн үлдээжээ. Тэрээр 1947 оны хавар 83 насандаа таалал төгссөн юм.

Б.Хулан

Categories
мэдээ цаг-үе

Гангар шаазан урлаач монгол залуу

Монгол залуу гангар шаазан хийжээ. Х.Хадхүү хэмээх уран бүтээлч гангар шаазангаар аяга, таваг, ваар, айрагны ваар хийхээс гадна Өндөр гэгээн Занабазарын дүр бүхий шаазан баримал, Ногоон дарь эх бурхан, Чингис хааны хөрөг зурагтай ваар гээд олон нарийн ур хийц бүхий бүтээлийг урлаж, түүгээрээ өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ.

Гангар шаазанг монголчууд ховор нандин эд гэж ярьдаг билээ. Гангар шаазангаар хийсэн аягыг үлээх төдийд л хонх шиг цуурайтан сайхан дуугардаг гэлцдэг. Сүүлд нэг монгол эмэгтэй гангар шаазан хийх аргыг мэдсэн ч удалгүй амиа алдсан гэсэн цуу яриа хүртэл байдаг. Тэгвэл энэхүү гангар шаазанг монгол залуу хэрхэн бүтээж хийснийг сонирхохоор шаазан урлаач Х.Хадхүүгийнд өнжлөө. Түүний гэрт очихоосоо өмнө үзэсгэлэнг нь сонирхохоор “Улаанбаатар” музейг зорив. Биднийг очихтой зэрэгцээд нэлээд олон зочин орж таарлаа. “Алив гангар шаазанг чинь харъя. Хаана байна” хэмээн үзэсгэлэнг сонирхохоор ирсэн зочид асуулаа.

Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан 40 эргэм насны, үсээ ургуулсан эр өөдөөс угтан ирсэн нь уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж буй Х.Хадхүү байлаа. Тэрбээр “Ирсэн хүмүүс бүгд л тэгж асууж байна. Эхлээд бүтээлүүдээ танилцуулаад сүүлд нь хийх аргыг жичид нь хэлж өгнө дөө” гэж хошигноод авсан юм. Гангар шаазангаар хийсэн аяга, таваг, ваар, архины гүц, хөөрөг зэргийг хийснээс гадна, Өндөр гэгээн Занабазарын таван дүр бүхий бүтээлийг урлажээ. Түүхэнд одоогоор Өндөр гэгээний дүрийг таван янзаар уран баримлаар дүрсэлсэн нь үүнээс өөр байхгүй гэж тайлбарлав. Мөн 21 Дарь эх, Ногоон дарь эх бурхныг урласнаас гадна Монголын хаадуудын хөргийг шаазан вааран дээр дүрслэн бүтээжээ. Хамгийн сүүлд Ю.Цэдэнбал агсны хөрөг бүхий ваар хийсэн нь удахгүй болох 100 жилийн ойд нь зориулсан аж. Шаазан айрагны ваар түүний үзэсгэлэнгийн бас нэг чимэг байлаа. Ирсэн хүмүүс ч шаазан ваарыг их сонирхож байлаа. Тэрбээр “Манайхан Хятадаас оруулж ирсэн айрагны хулыг хэрэглэж байна. Хятад вааран дээрх зураг тийм ч тохиромжтой харагддаггүй л дээ. Тиймээс Монголын түүх соёл, ёс заншлыг харуулсан айрагны ваар бүтээх шаардлагатай юм байна гээд хийж эхэлсэн” гэв. Мөн ясны цагаан шаазангаар заан бүтээж. Энэ бүтээлийнхээ тухайд “Наймдугаар Богд хаан заан тэжээдэг байсан. Заандаа хувцас өмсүүлж, Богдын малгай хүртэл хийж өгсөн байдаг. Тиймээс богд малгай, хувцастай ясны цагаан шаазан зааныг бэлэг дурсгалын сувинер болгон бүтээсэн. Монголын түүх соёлын нэгээхэн хэсгийг өгүүлж байгаа учраас авчирлаа. Ер нь шаазан бол өөрөө дэлхийн олон улсад урлаг болтлоо хөгжсөн. Хүн төрөлхтний том соёлыг хадгалж, түгээж байдаг. Дэлхийн улс орнууд шаазангаар өөрийн түүх соёл, ёс заншлаа шингээсэн байдаг. Хятад шаазанг харсан хэн ч энэ бол хятад соёл мөн байна гэж мэддэг. Хятад хүний философи, аж амьдралын бүх зүйлийг шингээсэн байдаг шүү дээ. Оросын шаазан ч мөн адил. Орос соёл мөн байна гэж мэддэг. Үүнтэй адил Монгол Улс түүх, соёлоо, монгол хүний философийг, монгол гоо сайхныг дэлхий нийтэд шаазангаар дамжуулан таниулж, түгээх боломж байна гэж би хардаг” гэв. Харин гангар шаазангийн тухайд “Хийх технологи нь хэцүү биш, энгийн зүйл байгаа. Шил их орсон шаазанг л гангар шаазан гэж хэлж байгаа юм. Шилийг нь их хийгээд өгөхөөр шаазан гоё дуу гардаг, хөнгөн нимгэн, ялтгар цагаан өнгөтэй харагддаг. Манайхан ховор зүйлийг гоё гэж боддог шүү дээ” гэж тайлбарлаад шилэн хоргон дотроос цэнхэр хээтэй том цагаан аяга гаргаж ирснээ нэг хоёр зөөлөн тогшингуут ен ён гэж цуурайтан дуугарч байв. Үзэсгэлэнг сонирхож байгаа хүмүүс ч бүгд нэг нэгээрээ би барьж үзье гээд дамжуулан тогшиж үзэн дуугаргав.

Монголчууд шаазангийн үйлдвэртэй байсан. Одоо дахиад ийм үйлдвэр байгуулах боломжтой эсэхийг тэнд цугласан олон асуухад “Одоогоор манай улсад хятад шаазан ноёрхож байгаа. Дийлэнх зах зээлийг хятад шаазан эзэлж байна. Сүүлд Орос болон бусад орноос шаазан оруулж ирдэг болсон. Яг одоогийн байдлаар бол шаазангийн бизнес өрсөлдөөн ихтэй, зах зээлгүй байна. Харин шаазангаар бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргавал их амжилт олох магадлалтай гэж би хувьдаа боддог” гэсэн юм.

Хятад шаазанг хэрэглэхдээ бас анхаарах зүйл байгааг тэрбээр нэмж тайлбарлав. Манайд урдаас чанартай, чанаргүй олон шаазан эдлэл, аяга таваг орж ирж байгаа. Чанартайгаасаа илүү чанаргүй нь их байна. Гадуур хямд худалдаж байгаа хятад шаазан аягануудын хувьд хар тугалгын хольц их байдаг байна. Оросууд хятад шаазанг хэрэглэхээ больж, өөрсдөө шаазангийн үйлдвэртэй болсон шалтгаан нь ч үүнтэй холбоотой аж. Хар тугалгын хольцтой байдгийг мэдсэн учир дотоодын зах зээлээ өөрсдөө хангаж эхэлсэн. Хар тугалга нь хүний эрүүл мэндэнд сөрөг нөлөөтэй учир монгол хүн бүр чанартай саванд хоол хүнсээ хийж байвал сайхан байна” гэж тэрбээр ярьсан. Шаазан урлаг болтлоо хөгжсөн орны иргэд энэ ямар шавраар хийсэн, ямар найрлагатай шаазан болохыг нэг хараад мэддэг гэнэ лээ.

Манайд шаазангийн үйлдвэр байгуулахад шаазангийн шавар элбэг байна. Харин бусад түүхий эдээ гаднаас оруулж ирэх болно. Дэд бүтцээ сайжруулах, ажиллах хүчээ нэмэгдүүлж, сургаж, дадлагажуулах гээд олон зүйл шаардлагатайг сануулав.

Одоогоор Монголд шаазангаар дагнан уран бүтээл хийж байгаа хүн Х.Хадхүүгээс өөр байхгүй гэнэ. Тэрбээр 1991 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1993 онд Дүрслэх урлагийн коллежийг бакалавр, 2012-2015 онд СУИС-ийн дүрслэх урлагийн магистрт суралцаж, мастер хамгаалсан байна. Хоёр дахь удаагаа өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж буй нь энэ аж. Тэрбээр “Шаазангаар бүтээл хийнэ гэдэг бол хүнд ажил шүү дээ. Зүрх сэтгэлээ өгөхгүй бол хийхэд амар биш” гэж ярилаа. Түүний уран бүтээлийг үзсэн гадны хүмүүс хамтарч ажиллах санал тавьж байж. Харин Х.Хадхүүгийн хувьд өмнөө том зорилго тавьжээ. Түүний мөрөөдөл ойрхон байгаа учраас уран бүтээлч хүн мөнгөнд худалдагдах ёсгүй гэж өөртөө хэлдэг байна. Тэрбээр “Монголдоо өөрийгөө таниулаад зогсохгүй дэлхийд Монголынхоо соёлыг түгээхэд өөрийгөө зориулна. Дэлхийн түвшний бүтээл хийнэ гэсэн том зорилго тавьчихаад байгаа шүү дээ. Энэ мөрөөдөл маань мэдээж биелнэ. Миний хувьд хамгийн дуртай, хийж чаддаг зүйл минь учраас илүү их хичээнэ” гэв.

Гэр бүлээрээ уран бүтээлчид

Үзэсгэлэнг тараад гэрт нь ирлээ. Тэднийх Жуковт байдаг аж. Жилийн өмнө шинэ байранд нүүж оржээ. Манай шал доороосоо халдаг учраас дулаахан гээд хойд өрөөндөө дагуулж орлоо. Хоёр саруулхан өрөөтэй. Бүх зүйл эмх цэгцтэй. Хойморт байрлах шүүгээний хажууд цахилгаан оёдлын машин байгаа нь нүдэнд тусав. дээр нь цамц, эсгэсэн дээл харагдаж байгаа нь гэрийн эзэгтэй уран хүн болохыг илтгэж байв. Гэрийн эзэгтэй Б.Дарьсүрэн, охин Х.Гэгээндарьэх нар аавыгаа хүлээн, ширээгээ засаад хүлээж байсан юм. Гэрийн эзэгтэй зочдоо буузаар дайлав. Харин охин зурагтынхаа өмнө суугаад “Маша баавгай” хүүхэлдэйн кино үзээд ямар хүмүүс орж ирснийг ч харах сөхөөгүй байлаа. Гэгээндарьэх охин хоёр ойтой аж. “Яасан гоё нэртэй охин бэ. Уран бүтээлч хүн учраас охиндоо ийм нэр хайрласан юм уу” гэж асуухад “Манай эхнэр бид хоёр хоёулаа уран янз бүрийн юм оролддог. Манай эхнэр “Бөртэ чоно Гуа марал” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Аав, ээж хоёр нь уран бүтээлч юм чинь охин минь бас уран бүтээлч болбол их л сайхан байна даа” гэж хариуллаа. Энэ үед гэрийн эзэгтэй Б.Дарьсүрэн “Манай нөхөр чинь миний багш байсан байхгүй юу” гэхэд “Нээрээ тийм бил үү, чамайг шавь байсныг чинь мартах шахаж” гээд эхнэр, нөхөр инээдэм болцгоолоо.

Гэрийн эзэгтэй Б.Дарьсүрэн нь Монутментийн мэргэжил эзэмшжээ. Модерн стилиэр уран бүтээлээ тууривдаг гэж тайлбарлав. Түүний мэргэжлийг тодотгох бүтээлийн хамгийн тод жишээ бол Зайсангийн хөшөө аж. Уран баримал, уран зураг гээд олон төрлөөр модерн стилиэр бүтээл тууривдаг мэргэжил гэж лавшруулав. Эхнэр, нөхөр хоёр хамтарч уран бүтээл хийхээр төлөвлөөд байгаагаа энэ дашрамд дуулгасан. Гэрийн эзэгтэй одоо ШУТИС-д Архитектурын ангид сурч байгаа юм байна. Уран бүтээлийнхээ ажлыг хийхээс гадна сургуульд сурна гээд цаг зав муутай ч гэр орныхоо ажлыг орхигдуулахгүй авч явахыг хичээдэг гэв. Юм оёх дуртай. Өөрөө хувцсаа хийгээд өмсчихнө. Хамгийн сүүлд охиндоо биеийн тамирын хослол оёж өгчээ. Нөхөр нь түүнд цахилгаан машин авч өгсөнд их баярлаж байгаагаа энэ дашрамд хэлэв. Тэрбээр “Гадуур явахаар таалагдсан хувцсаа олж авч чадахгүй тийм байдал эмэгтэйчүүдэд тулгардаг даа. Хэрвээ хүссэн, таалагдсан хувцсаа олж авч чадахгүй бол өөрөө загвараа гаргаад оёод өмсчихдөг юм. Загвар зохиогоод хувцас оёх их дуртай. Үзэсгэлэнгээ гаргахдаа өмссөн даашинз,цүнхээ өөрөө оёсон” гэв. Хоёр уран бүтээлч хүн хамт амьдрахад давуу тал их байдаг байх даа гэхэд “Би өөрийгөө их азтай эмэгтэй гэж боддог. Миний хань намайг бүх талаараа дэмждэг. Намайг юу хүсч, мөрөөднө тэр болгонд дэмжиж чадахаараа тусалж байдагт их баярлаж байна. Уран бүтээлч хүмүүс хамт амьдрахад сонирхолтой. Бие биенийхээ хийсэн бүтээл дээр санал дүгнэлт өгнө, шүүмжилнэ. Санал зөрөх тохиолдол гарвал ярилцаад илүү гоё шийдэлд хүрэх жишээтэй. Нэг нэгнийхээ ажлыг маш сайн ойлгоно. Манай нөхрийн ажлын байр нь ойр болсон учир амар байдаг болсон. Гэрийнхээ нэг давхарт байдаг болсон. Хэзээ ч дуудахад гүйгээд дээшээ гараад ирнэ шүү дээ. Намайг завгүй, эзгүй үед гэр орныхоо ажлыг нөхөр маань амжуулж өгдөг. Хэн түрүүлж ирсэн нь хоолоо хийчихнэ” гээд инээв. Харин гэрийн эзэн Х.Хадхүү “Ажил ойр байх нээрээ амар шүү. Хэрвээ шаардлагатай гэвэл шөнө гараад ч бүтээлээ хийнэ. Яаралтай захиалгатай ажил гарвал шөнө сууна. Автобус, унаанд зарцуулах цагаа ажилдаа зарцуулна. Мөнгө үрэхгүй. Хоолоо гэр рүүгээ ороод идчихнэ гээд давуу тал их байдаг” гэв. Ийн яриа өрнөж бид хооллож дуусаад гэртээ байгаа дурсгалтай зүйлсээ танилцуулав. “Хүмүүс манайхыг гэрээрээ дүүрэн шаазан эдлэлтэй байх гэж боддог юм шиг байна лээ. Яг үнэндээ уран бүтээлийг өөрөө хийнэ гэдэг их цаг зав шаарддаг учир цуглуулгатай хүмүүсийг гүйцэхгүй байж мэднэ. Хүний хийсэн бүтээлийг сонирхлоороо цуглуулдаг хоббитой хүмүүс байдаг даа. Шаазан эдлэл цуглуулдаг хүмүүсийн гэр орон үнэхээр үзэж харах юм их байдаг юм билээ шүү” гэв.

Гэрийн хойморт байрлах ханын шүүгээнд Х.Хадхүүгийн бүтээлүүд өрөөстэй. Гоё сайхан гэхээсээ илүү дурсгалтай, түүх өгүүлсэн учраас хадгалчихсан юм гэв. Тэрбээр 1991 онд сургуулиа төгсөөд дипломын ажлаараа Бямбын Ринченгийн зохиол “Шүхэрч Буниа”-гийн дүрийг шаазангаар хийжээ. Энэ бүтээлээ шүүгээний хамгийн дээд талд тавьжээ. Хажууд нь байгаа ноён гэмээр ууртай хүнийг дүрсэлсэн баримлыг “Юань гүрний үеийн нэгэн олдворыг орчин үеийн хэлбэрт оруулан урласан бүтээл. Юань гүрний сайдын хөргийн олдворыг сэргээж хийсэн юм. Миний хамгийн хүндтэй дурсгал” гэж тодотгов. Бас Ногоон дарь эхийн лааны тосон баримлыг сонирхуулсан. Мөн Дүрслэх урлагийн сургуульд элсэн ороод хамгийн анх хийж байсан шаазан аягаа хадгалжээ. Уг нь улаан өнгийн паалантай аяга хийх гэж байсан юм байна. Гэтэл шатааж хувиралд оруулахад хүрэн өнгөтэй болчихож. Анхны бүтээл бүтэл муутай болсон ч дурсган хадгалжээ. Мөн хуучин шаазангийн үйлдвэрт хийж байсан Цагаан дарь эх, Бурхан багшийн хөргийг дурсгал болгон олж авчээ. Бас “Амарбаясгалант” хийдийн дээвэр дээр байсан тогос шувууны олдвор эднийд байна. “Энэ олдвор музейд ч байхгүй шүү” гэж онцлов. Хөлбөмбөгийн спортыг их сонирхдог аж. Бразилий дэмждэг учраас “Бразил” гэсэн шар айрагны аягыг өөртөө зориулж хийсэн байна. Ер нь хэд хэдэн загварын шар айрагны аягыг сувинер болгон хийжээ. Үүн дотор домбо хэлбэртэй шар айрагны аяга онцгой аж. Х.Хадхүүг ийнхүү ярьж байх зуур түүний охин аавдаа тэврүүлэхээр дээшээ гараа өргөлөө. “Аавын охин чинь бас гоё зурдаг” гээд охиноо тэврэв. Ээж нь цаад өрөөнөөс орж ирээд “Миний охин чинь нэг настайгаасаа зурж эхэлсэн” гэлээ. Нэг настай хүүхэд зураг зурдаг гэж үү гэж биднийг лавлахад “Тийм ээ, үнэхээр гоё зурдаг ш дээ” гээд хар цүнхтэй зүйлийг гаргаад ирэв. Охиныхоо зурсан бүх зургийг хадгалчихсан байснаа үзүүлэв. Ээж нь “Энийг хар даа, морь зурсан байгаа биз дээ. Өөрөө зурчихаад “чүү, чүү” зурсан гээд ээждээ үзүүлсэн юм. Бас “Авгалдай” гээд хүүхэлдэйн киног үзэх дуртай юм. Тэгсэн хоёр авгалдайгаа зурчихсан байна. Цонхоор харах дуртай. Гэтэл гадаа байрны доор харагддаг модыг хүртэл их гоё дүрсэлж зурсан” гээд үзүүлэв. Хальт харсан хүнд охины зурсан зургийн дүрс тийм ч сайн анзаарагдахгүй байсан бол ээжийг нь тайлбарлаж өгөхөд охин үнэхээр сайн зурсан гэж дүгнэхээр байлаа. Өнгөний сонголт, дүрслэл энэ тэр сайхан болжээ гэж биднийг хэлэхэд охиноороо бахархсан ээжийн нүүрэнд баярын мишээл тодорч байв. Гэрийн эзэгтэй Б.Дарьсүрэн нь хүүхдийнхээ авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэх тал дээр их анхаардаг аж. Тэрбээр “Хүүхэд бүхэн төрөлхийн уран бүтээлч байдаг гэсэн. Харин түүнийг нь хөгжүүлэх нь чухал байдаг юм байна. Одоо манай хүүхэд цагаан толгойн бүх үсгээ мэднэ” гэж хэлээд “Миний охин өндөг гэхэд ордог “Ө” үсэг хаана байна, заагаарай” гэв. Охин ч гүйж ирээд ханан дээр байгаа цагаан толгойн үсэгнээс Ө үсгийг хуруугаараа заачихлаа. “Б” үсгийг заагаарай” гэхэд бас л заалаа.Миний охин ийм мундаг гээд хацар дээр үнсээд урамшуулав. “Хүүхдийг тоглодог тоглоомоор нь, дуртай зүйлийг нь ашиглаад юм заавал их амархан сурдаг юм билээ. Солонгос улсад таван настай охин долоон улсын хэлээр ярьж чаддаг гэж сонссон. Үнэхээр хүүхдээ хөгжүүлбэл, тийм чадвар байдаг юм байна” хэмээлээ. Залуу ээжүүд хүүхдийнхээ тухай ярих дуртай байдаг шиг Г.Дарьсүрэнгийн хувьд бас охиноороо бахархан энэ мэт олон зүйлийг ярьж өгсөн. Аав, ээж хоёр нь “Ганц охин минь бидний жинхэнэ урлагийн бүтээл шүү дээ” хэмээн ярьж буйгаас нь хараад гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай сайхан айл болох нь мэдрэгдэж байв.

Будаатай аяга хийх технологи хэцүү биш

Х.Хадхүүгийн ажил тэдний гэрийн нэг давхарт байрладаг учраас цахилгаан шатаар буугаад ажил руу нь орлоо. Санаа нийлсэн, юм хийдэг хэсэг залуучууд түүнтэй хамт ажилладаг юм байна. Гутал хийдэг, монгол дээл, арьсан эдлэлээр юм хийдэг залуучууд нэг дор ийнхүү сууж ажиллаж байлаа. Тэрбээр, юун түрүүнд будаатай аяга хийх технологийг бидэнд сонирхуулав. “Хүмүүс будаатай аяга хийхэд их хэцүү гээд яриад байдаг. Хэцүү биш л дээ. Технологи нь их энгийн, амархан. Би энд хэдийг хийчихсэн” гээд үзүүллээ. Нүх гаргаад будаагаа хийж пааландаад л болоо шүү дээ. Монголчууд нэг юмыг цуурч ярихаараа их итгэдэг юм байна. “Хэрвээ чи будаатай аяга хийж сурсан бол тэрбумтан болох байсан юм” гэдэг. Энэ бол тийм биш гэдгийг сониноор дамжуулаад хэлмээр байна. Миний хувьд бүх бүтээлээ гараар хийдэг. Шаазангийн үйлдвэрт ажиллаж байсан ахмадуудтай хамтарч ажиллаж байлаа. Надад их зүйлийг зааж сургаж, зөвлөсөн” гэв.

Монголын шаазангийн түүхийн тухайд “Дэлхийн шаазангийн түүхийг 5000 жилийн өмнө Хятадаас гаралтай гэж ярьдаг. Тэр дундаа Тан улсын үед шаазан урлагийн хэмжээнд очсон гэж үздэг. Үүнээс хойш 1000-аад жилийн дараа буюу 1700 оны үед Европт анх шаазан хийсэн байдаг. Миний хийсэн ясны цагаан шаазан чинь анх Англид 1800-гаад онд үүссэн байдаг. Харин энэ үед Хятадууд ясны цагаан шаазан гэж мэддэггүй байсан байгаа юм. Хятадууд сүүлд 1990-гаад онд ясны цагаан шаазан гэж байдгийг мэдэж байсан гэдэг. Юм хөгжинө гэж сонин байгаа юм шүү. Харин монголчуудын шаазангийн түүх Юань гүрний үеэс эхлэлтэй гэдэг. Юань гүрний үеийн шаазан олдворууд дээр нүүдэлчин монголчуудын ахуйг дүрсэлсэн байдаг. Тиймээс монголчууд шаазангийн эртний соёлтой орон юм. Харин шаазангийн орчин цагийн түүх 1955 оноос эхэлсэн. Халиуны Дагвадорж гэж малчин гаралтай хүн анх шаазангийн артерль байгуулж байж. Ингээд монголчууд шаазан хийх арга ухаанд суралцахын тулд Хятад, Орос руу явдаг байж. Тэгээд 1972 онд Шаазангийн үйлдвэр байгуулагдан 1900-2000 он хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсан. Товчхондоо ийм байна” гэсэн юм.

Х.Хадхүүгийн хувьд шаазан урлалаар цаашдаа олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Шаазангаар бэлэг дурсгалын зүйлс хийхээр ажилдаа орсон байна. Шаазан өөрөө том соёл байдаг учраас гаднаас ирсэн зочид төлөөлөгчдөд шаазан сувинеруудыг бэлэглэхэд тохиромжтой гэв. Тиймээс монгол ахуйг харуулсан шаазан бэлэг дурсгалын зүйл хийхээр төлөвлөөд байгаа нь энэ аж. Түүний хувьд уран бүтээлээ хийхээс гадна захиалгаар олон зүйлийг хийнэ. Шаазан цуглуулдаг хүмүүс янз бүрийн захиалга өгдөг аж. Үүний хажуугаар ченжүүд түүний бүтээлийг хямд авч цааш нь дамлан үнэд хүргэн зарж байсан нь илэрчээ. “Шаазангийн үйлдвэрт хийж байсан сүүлчийн аяга” гэх мэтээр түүний бүтээлийг иргэдэд худал хэлж борлуулж байсан учир Х.Хадхүү захиалга авахдаа болгоомжтой ханддаг болсноо нуусангүй.

Х.ЦЭНД-АЮУШ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: Тариалангийн салбарыг зах зээлийн горимд оруулж байна

УИХын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХын чуулганаар баталлаа. Уг хуульд орсон гол өөрчлөлтүүдээс дурдахгүй юу?

-Энэхүү хуулиар олон асуудлыг зохицуулж өгсөн. Тухайлбал, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрч байгаа. Ингэснээр фермерийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй хүмүүс маань үл хөдлөх хөрөнгө, газраа барьцаалаад зээл авах боломжууд нээгдэж байна. Нөгөө талаар тариалан болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид бие биенээ дэмжиж, хоршиж ажиллах сайхан боломж бий боллоо. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд малын тэжээл нэн шаардлагатай байдаг. Тариалангийн бүс нутгийн нэг хэсэгт нь малын тэжээл тарихыг дэмжиж өгсөн. Мөн олон жил яригдсан маргаантай асуудлуудыг шийдсэн. Бэлчээрийн мал тариалангийн талбай руу орж ирлээ гэсэн гомдол байнга гарч байдаг. Энэ асуудлыг нутгийн малчид, орон нутгаас сонгогдсон гишүүд, фермерийн аж ахуйн нэгж гээд олон талын саналыг харгалзаад зохицуулсан байгаа. Түүнчлэн тариалангийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүс өмнө нь төрөөс хамааралтай. Төрөөс тонн тутамд нь тэдэн төгрөгийн урамшуулал өгнө. Яамнаас зээл авна. Зээлээ буцааж төлнө, төлөхгүй гээд байнгын маргаантай явж ирсэн бол одоо тариалангийн салбарыг энэ хуулиар зах зээлийн горимд оруулж өгч байгаа юм.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацааг 40 жил болгосон байсан. Энэ нь ямар учиртай вэ?

-Төр газрынхаа үржил шим дээр ихээхэн анхаарч байгаа. Тариалангийн газар бол төрийн өмч. Тариалан эрхлэгчдэд төр газар ашиглах, эзэмших эрхийг өгөхдөө маш ойлгомжтой шалгуур тавьсан. Энэ нь хөрсний чанарыг дордуулаагүй байх шалгуур юм. Хэрвээ дордуулаагүй байвал үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд яв гээд 40 жилээр эзэмших, ашиглах эрхийг нь нээж өгч байгаа. Өмнө нь 15 жил байсан л даа. Ийм хугацаатай байхад нэг атар газрыг авч ашиглаж дордуулчихаад дараачийнхаа шинэ газрыг аваад явах хандлага нэлээн байдаг. Одоо энэ газрыг 40-өөс доошгүй жил эзэмшүүлж, ашиглуулъя гэхээр тухайн тариаланч “Би энэ газрыг ашиглаад өөрийнхөө үр хүүхдэд өвлүүлж болох нь ээ. Тэгэхээр би хөрсийг дордуулахгүй байх хэрэгтэй юм байна” гэж өөриймсөг сэтгэлээр хандах хөшүүргийг бий болгож байна. Нөгөө талаар хөрсөнд таван жил тутам тогтмол шинжилгээнүүдийг хийнэ. Хэрвээ хөрсийг дордуулсан байвал 2-5 жилийн хугацаатай үүрэг даалгавар өгч сайжруулна. Хугацаатай даалгаврын хүрээнд хөрсний чанарыг сайжруулаагүй байвал төр газраа буцаагаад авах зохицуулалтууд орсон байгаа. Тариалангийн зориулалтаар газар авчихаад үйл ажиллагаа явуулахгүй бол зохицуулалт хийж өгсөн. Хоёроос дээш жил тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй хэмжээгээр газрыг нь хасна. Мөн тариалангийн газрыг атаршуулсан тохиолдолд хүчингүй болгох гэх мэтээр тодорхой зааж өгсөн.

Тариалан эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгүүдийн тухайд?

-Өмнө нь тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжихдээ тоонд илүүтэй тулгуурласан байсан. Тонн тутамд нь 70, 100 мянган төгрөг өгнө гэх мэт. Энэ нь эргээд чанарыг үл харгалзах байдлыг бий болгож байсан. Харин бид чанарт тулгуурлаж төрөөс үзүүлэх дэмжлэгийг илүү өргөн болгож байгаа. Тухайлбал, тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлж болно гэж заасан. Үүн дээр эх үүсвэрүүдийг нь зааж өгч байгаа. Заавал улсын төсвөөс гэлгүйгээр орон нутгийн төсөв, тариалангийн салбарт олон улсын байгууллагаас олгосон зээл, буцалтгүй тусламж, гадаад дотоодын иргэн, хуулийн этгээдээс олгосон хандив, тусламж, хөрөнгө оруулалт байж болно. Үүнийгээ зарцуулахад ч учир бий. Тухайлбал, байгалийн хүчин зүйлээс ихээхэн хамааралтай, ганд өртөмтгий, тогтвортой хөгжилд хүрч чадаагүй байгаа өнөөгийн нөхцөлд бид усалгаатай тариаланг дэмжье гэж байгаа. Тиймээс услалтын систем шинээр байгуулах, өргөтгөх, сэргээн засварлах, усан сан, цөөрөм байгуулах, усалгаатай тариалангийн талбайн хайгуул судалгаа хийх юм бол төрөөс дэмжинэ. Мөн тариалангийн газрын хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, нөхөн сэргээх, ойн зурвас байгуулах дээр ч дэмжлэг үзүүлнэ. Үр тариа, тэжээл, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн сортын үр суулгац үйлдвэрлэж үржүүлэхийг дэмжих юм. Үрийн аж ахуй дээр дэмжлэг үзүүлье гэж байгаа хэрэг. Техник технологийн шинэчлэлийг ялангуяа хөрсөнд ээлтэй тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд, засвар болон техник үйлчилгээний төв байгуулахад дэмжихээр болсон. Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн хадгалалт борлуулалтын тогтолцоог байгуулах, өвлийн хүлэмж байгуулах, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулахад дэмжье гэсэн ийм өргөн хүрээтэйгээр дэмжлэгийг үзүүлж байгаа. Үүний цаад агуулга нь хөрсөө хамгаалах, цаашилбал тариалангийн бүтээгдэхүүнийн чанарт анхаарч дэмжих юм.

Мөн НӨАТ-аас, Гаалийн татвараас чөлөөлөх асуудлаар дэмжье гэж байгаа. УИХ-ын даргад өнөөдөр (өчигдөр) Импортоор оруулж байгаа дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ комбайн, трактор, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны, ойн аж ахуйн техник тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгаалах бодисыг 2020 оныг дуустал НӨАТ-аас чөлөөлье гэсэн хуулийн төсөл өргөн бариад байна. 2012-2015 оныг дуустал дөрвөн жилийн хугацаанд трактор, комбайн, тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж байсан. Ингэсний үр дүнд нийт газар тариалангийн тоног төхөөрөмжийн 60 хувийг шинэчилсэн. Мөн дэвшилтэт технологиор үр тарианы үйлдвэрлэлийнхээ 30 хувийг боловсруулсан. Ингэж чадсанаар уриншийн нэг удаагийн боловсруулалт 12-14 хоног, ургац хураалтын ажлыг 30-35 хоногт гүйцэтгэх техникийн боломжийг бүрдүүлсэн. Газрын хөрсний доройтлыг бууруулах талаар ч эрхзүйн томоохон дэмжлэг болсон. Цаашид дараагийн таван жилд НӨАТ-аас чөлөөлж татвар авах мөнгөний бодлогоор дэмжье гэсэн зорилгоор хуулийг өргөн барьсан байгаа. Өмнө нь бордооны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаагүй. Мөн усалгааны тоног төхөөрөмжид их анхаарч байна. Бид ганд өртөмтгий байгаа нөхцөлд усалгаатай тариаланг бодлогоор дэмжиж өгч байгаа.

Тариалангийн салбарыг зах зээлийн горимд оруулж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?

-2015 оны ургацаас хурааж авсан улаанбуудайн тонн тутмыг хэдэн төгрөгөөр худалдан авах, худалдах уу гэдэг зохицуулалтыг тариалан эрхлэгчид болон гурилын үйлдвэрүүд өөрсдөө хийсэн. Бид зах зээлийнх нь горимоор ажиллуулахын тулд дэмжлэг үзүүлж байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, улаанбуудайгаа тариалан эрхлэгч, гурилын үйлдвэрүүд хадгалж болно. Тэгээд бид баталгаатай агуулахад хадгалсан гэсэн баталгааг гаргаад өгөхөөр улаанбуудайгаа барьцаалаад зээл авах боломжийг нээж өгч байгаа. Мөн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан намар хурааж авах ургацаа барьцаалан зээл авах боломж нээлттэй. Энэ удаагийн тариалалтад зориулаад 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг Хөгжлийн банкнаас гаргуулах шийдвэрийг УИХ, Засгийн газраар гаргуулаад байна. Ирэх гуравдугаар сард энэ ажлыг хийж эхэлнэ. Хөгжлийн банкнаас аль банкаар дамжуулах шийдвэрээ гаргана байх гэж бодож байна.

Урамшууллын хувьд?

-Өнгөрсөн жилүүдэд улсын төсвөөс олон зуун тэрбум төгрөг гаргаж үр тарианы аж ахуйг дэмжсэн байдаг. Өнөөдөр эдийн засгийн байдал хүнд байна. Жилдээ их наяд төгрөгийн төсвийн орлого тасарч байгаа бодит нөхцөлтэй байна шүү дээ. Нэгэнт орлого орж ирэхгүй байхад буцаагаад урамшууллын мөнгийг олон тэрбумаар өгөх боломжгүй. Ноднин 25 тэрбум төгрөг тариалан эрхлэгчдэд өгсөн. Энэ жил 5.6 тэрбум төгрөг байна. Энэ мөнгөө тонн тутамд нь тараагаад явах уу. Эсвэл 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тариаланчдад хаврын тариалалтад зориулж олгохдоо хүүг нь хөнгөлж өгөх үү гэдгийг ойрын үед шийднэ. Энэ талаар тариалан эрхлэгчдээс санал авна. Тэр тусмаа жижиг тариалан эрхлэгчдээс санал авна гэж бодож байна. Тонн тутамд нь урамшуулал өгөх нь гурилын үйлдвэрүүдэд улаанбуудайгаа тушаасан тариалан эрхлэгчдийг урамшуулдаг зүйл. Гэтэл ган гачгаас үүдээд ургац алдчихсан иргэн, аж ахуйн нэгж ямар ч дэмжлэггүй байгаа. Тэгэхээр харин ч цаашид байгалийн хүчин зүйлээс болж ургац алдсан тохиолдолд төрөөс нөхөн олговор өгч дэмждэг байх санал тариалангийн хуульд оруулсан. Цаашид тонн тутамд биш харин олон талт бодлогоор татварын хөнгөлөлт, зээл, хүүгийн хөнгөлөлт зэргээр цогц хэлбэрээр дэмжлэг үзүүлдэг болж байгаа.

Мөнгөн урамшууллын дэмжлэг үзүүлэх тухайд жишээлбэл, доройтуулсан газрыг тариалангийн эрхлэлтэд оруулахаар өөрийн хөрөнгөөр сайжруулахаар арга хэмжээ авч байгаа аж ахуйн нэгжид үзүүлж болно гэсэн байгаа. Мөн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн, хөрсний үржил шимийг хэвийн хадгалсан, ургацын үр шимийг тогтвортой дээшлүүлсэн, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан байдлыг харгалзан үзье гэж байгаа. Төр нэгэнт татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулал олгох гэж байгаа бол шаардлага тавьдаг байя гэсэн санаа. Түүнчлэн энэ жил ган болсонтой холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг тусгайлан холбогдох хуулиар нь зохицуулна гэсэн заалтыг оруулж ирсэн.

Органик хүнсний тухай хууль анхны хэлэлцүүлгээр орох гэж байна. Энэ хуулийн ач холбогдол нь юу вэ?

-Бид өөрсдөө бүтээгдэхүүнээ байгалийн цэвэр, органик гээд байдаг болохоос биш олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй. Тэгэхээр бид энэ Органик хүнсний тухай хуулиараа дамжуулж бүтээгдэхүүнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажилтын сертипикаттай болгоно. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон улсын түвшинд баталгаажуулснаараа орлого олох боломжтой. Сайхан боломжууд бүрдэж байна шүү дээ. Японд гэхэд хүнсний нэрийн бараануудыг татварын нэн тааламжтай нөхцөлөөр гаргах боломж бүрдэж байна. Европын орнуудад ч олон нэр төрлийн барааг гаргах тааламжтай нөхцөл байдаг. Гэтэл тэдний шаардлагыг хангасан байх ёстой. Органик хүнсний тухай хуулиараа аж ахуйн нэгжүүд өөрсдийгөө баталгаажуулаад явах боломжтой. Хэрэглэгчдийн хувьд ч сонголттой болж байгаа. Үйлдвэрлэгчийн хувьд ч илүү зах зээлд хүрэх боломжтой болж байгаа.

Тэгвэл Махны экспортын тухай хуулийн талаар?

-Махны экспорт нэмэгдэж байна. Монголын түүхэнд анх удаа салаа туурайтай малын буюу хонь, ямаа, үхрийн махыг түүхийгээр нь Хятадын зах зээл авахаар зөвшөөрлөө гаргалаа. Баруун таван аймгийн эрүүл бүсээс мах махан бүтээгдэхүүн гаргах боломжтой. Үүн дээр мөн ялгаагүй бид экспортод гаргасан махаа органик гэдгийг баталгаажуулж чадах юм бол үнэтэй болж болно. Монголын экспортлох махны нөөц ялангуяа хүн ам ихтэй Орос, Хятадын зах зээл дээр эзлэх жин бага. Тийм учраас бид махаа илүү органик, бэлчээрийн, чанартай гэдгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулсан нөхцөлд илүү өндөр үнээр борлуулна.

Малын гаралтай гоц халдварт өвчнүүдээс шалтгаалаад манайхаас мах авдаггүй байсан. Эрүүл бүсээ хэрхэн тогтоосон бэ?

-Өдийг хүртэл махны экспорт тун чамлалттай явж ирсэн. Жилд 2000 тонн мах, махан бүтээгдэхүүн гаргадаг байдалтай байгаа. Хэд хэдэн бэрхшээл байснаас хамгийн том нь малын гоц халдварт өвчин. Малын гоц халдварт өвчнөөс болж Монголоос бүхэлд нь мах авдаггүй байлаа. Үүнийг бид 2015 онд олон удаагийн гэрээ хэлэлцээрийн дүнд шийдэж чадсан.

Бүхэлд нь биш бүсчилж эрүүл бүс бий болгоод хүлээн зөвшөөрүүлэхээр зорьсон. Ингээд Орост арван аймгийг малын эрүүл бүс гэж хүлээн зөвшөөрүүлсэн. Хятадад баруун таван аймаг тодруулбал, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Завхан, Хөвсгөл аймгийг хүлээн зөвшөөрүүлсэн байгаа. Тэндээсээ бид мах махан бүтээгдэхүүн гаргах боломжтой болсон. Мөн гар аргаар төхөөрсөн биш үйлдвэрлэлийн аргаар төхөөрсөн малын махыг авна. Түүнчлэн мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Үүний дагуу ажилласны дүнд 2014 онд ОХУ-ын ганцхан муж руу хоёрхон үйлдвэр мах, махан бүтээгдэхүүн гаргаж байсан бол 2015 оны эцсээр 26 үйлдвэр найман муж руу мах, махан бүтээгдэхүүн гаргах боломжтой боллоо. Буриад руу амьд мал гаргах боломж бүрдээд байна. БНХАУ руу ямар ч мах, махан бүтээгдэхүүн гаргаагүй байсан бол одоо түүхий мах гаргах гурван үйлдвэр, банш бууз гаргах эрх нээгдлээ. Веьтнам руу боловсруулснаар дөрөв, түүхийгээр дөрвөн үйлдвэр хонь, ямааны мах авах эрхийг авлаа. Мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэх, олон улсын сертификат авахыг ХХААЯ дэмжиж ажилласны үр дүн гарч байна.

Бид жилийн турш хэрэглэдэг махныхаа хэрэгцээний дөнгөж найман хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан байдаг. Цаашид нийт хэрэглэгчдийнхээ хүнсний аюулгүй байдлыг бодсон ч махны үйлдвэрүүдийн тоо, хүчин чадлыг нэмэх зайлшгүй шаардлагатай. Дээрээс нь мах боловсруулах үйлдвэрүүд голдуу төвлөрсөн газруудад байна. Тэгэхээр хил орчмын газар нутагт байгаа малчдын мах махан бүтээгдэхүүнийг хил гаргаж орлогыг нэмэх үүднээс орон нутагт 12 махны үйлдвэр барихаар болсон. Үүнийг дагаад махны эрүүл бүсийг бий болгоё. Малын эрүүл бүсдээ бэлчээрийн малыг шахаж бордох, эрчимжсэн аж ахуйг бий болгох боломжуудыг бүрдүүлж өгөх юм. Хятадын хөнгөлөлттэй зээлээр 12 махны үйлдвэрийн зээлийг Засгийн газраас шийдвэр гаргуулаад байж байна.

Баахан үйлдвэр бариад байдаг. Гэтэл муугаар бодоход дахиад өвчин гарвал яах вэ?

-Малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд цаашид махны экспортоо хаалгахгүй байхын тулд энэ үйлдвэр дагасан 12 бүсээ тойруулаад байнгын хараа хяналттай, бүртгэлжүүлэлттэй байлгана. Мөн тэнд лабораторийг ажиллуулна. Мах импортлох гэж байгаа улс орнууд үе үе газар дээр нь ирээд үнэхээр олон улсын түвшинд ажиллаж чадаж байгаад хяналтаа тавьж байх юм бол бусад газар халдварт өвчин гарсан ч экспортод гаргаад байх боломжтой. Дээр нь зүүн бүс нутгуудад малын гоц халдварт өвчин гарч байна. Түүнтэй холбогдуулан Хятад, Оросоос ойрын хэдэн жилдээ танай зүүн бүсээс мах авах боломжгүй гэсэн хариулт өгсөн байгаа. Үүнээс болоод хязгаарлагдмал байна. Гэтэл яг Дорнод, Сүхбаатар аймгийн хил залгаа Өвөрмонгол гэхэд Монгол Улсаас жилдээ хоёр их наяд орчим төгрөгийн хэмжээний мах, махан бүтээгдэхүүнийг авъя гэсэн хүсэлтээ илэрхийлсэн. Гэтэл зүүн бүсийн үхэр, хонины үүлдэр омог боломжтой байтлаа мах махан бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байдалтай байгаад байна. Тэнд боломж бололцоо бий болгохын тулд малын эрүүл бүс тухайлбал, Хөдөө аж ахуйн чөлөөт бүсээр дамжуулан малаа эрүүл гэдгийг баталгаажуулаад мах махан бүтээгдэхүүнийг гаргах боломжийг бүрдүүлье гэж ажиллаж байгаа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Энхбаяр: Төв Азийн нүүдэлчин соёл иргэншилтэй улс орнуудтай ойртон нягтрах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Улс төрийн намын санхүүжилт олны анхаарлын төвд байна. Намын санхүүжилтээс болоод хүнд байдалд ороод байгаа хүмүүс ч нүднээ илхэн байна л даа?

-Улс орон ийм хүнд байдалд орсны буруу нь улс төрийн намуудад байгаа юм. Улс төрийн нам намч чанараа алдсан. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намын нэрийн дор янз бүрийн хүмүүс эрх мэдэлд хүрдэг болсон. Төрийн албан тушаалыг наймаалцдаг болсон. Мэргэжлийн бус хүн намын хүн гэдгээрээ дулдуйдан томилогддог ямар ч мэргэжлээс илүү ийм нэг сонин мэргэжил гарчихлаа. Та намын л гишүүн бол маргааш мэс засал ч хийж болохоор байна. Та намын гишүүн бол эдийн засгийн чухал шийдвэрүүдийг гаргаж байна. Намын гишүүн л бол инженер ажиллах ёстой ажлын байранд ажиллаж эхэллээ. Үүнтэй агаар нэг зөндөө жишээ хэлж болно. Мэргэжилтэн шаарддаг салбар дээр намын нэрээр түрээ барьсан хүмүүс ирсэн тул төрийн шийдвэр гаргах байдал нуран унаж байна. Төрийн алба муудаад эхлэхээр эдийн засгаа ингэж хүнд байдалд оруулдаг юм. Иргэдийн амьдрал хүндэрсэн, туйлдсан нь эргээд л энэ улс төрийн намтай холбоотой.

-Тэгэхээр нам хэрэггүй гэсэн үг үү?

-Би улс төрийн намыг үгүйсгээгүй. Нам, нам шиг л байх нь чухал. Тиймээс нам өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй. Тэр нам хатуу, төрийн албыг шударга явуулдаг, мэргэжлийн хүнийг ажиллах бололцоог бүрдүүлдэг байх ёстой. Энэ нь эргээд улс төрийн намын санхүүжилттэй холбоотой. Үүнийгээ хуульдаа сайн зохицуулж өгч чадаагүйтэй холбоотойгоор улс төрийн намууд үйл ажиллагаагаа явуулахын тулд янз бүрийн эх үүсвэрээс мөнгө татаж эхэлсэн. Улмаар мөнгөтэй хүмүүсийн нөлөөнд бага багаар автаж эхэлсэн. Анхан шатны үүр, хороодоосоо эхлээд аймаг, орон нутаг, улсын хэмжээнд автаж байгааг илэрсэн ганц Г.Шийлэгдамбаас харж болно. Энэ ганцхан Г.Шийлэгдамбын асуудал биш. МАХН-ын ч асуудал биш. Бүх улс төрийн намд тохиолдож байгаа зовлон байхгүй юу. Тэгэхээр үүнийг ил тод яриад шийдэх ёстой. Улс төрийг санхүү мөнгөний нөлөөллөөс яаж ангид байлгах вэ гэдэг асуудлаа шийдэх нь чухал. Дахин хэлэхэд би улс төрийн намыг үгүйсгэж байгаа юм биш. -Намын санхүүжилтийг тэгээд яаж шийдэх ёстой гэж?

-Бид төрийн албан хаагчдын хөрөнгө оруулгын мэдүүлгийг гаргадаг болгоё гэж зүтгэсээр байгаад авдаг болсон. Үндсэндээ Монгол Улсын хөрөнгө мөнгөний гүйлгээ маш тод болж эхэлж байна. Төрийн албаны бүх гүйлгээ шилэн болсноор буруу мөнгөний гүйлгээг хянаж эхэллээ. Энэ бол дэвшилттэй зүйл.

УИХ, орон нутагт иргэдийг төлөөлж суудал авсан хэмжээгээр нь санхүүжилтэд нь тодорхой хэмжээгээр дэмжлэг өгөх хэрэгтэй. Яагаад гэхээр энэ хүмүүс улс орны төлөө ажиллах ёстой. Санхүү мөнгөний нөлөөллөөс ангид байх ёстой. Тэр боломжийг нэг талаас нь бүрдүүлэх нь чухал. Нөгөө талдаа улс төрийн нам иргэдийн дэмжлэг дээр тогтох ёстой. Энэ агуулгаараа гишүүд, дэмжигчдээсээ хандив авах нь зөв. Нийгмээс авах дэмжлэгээ алдаад эхлэхээр улс төрийн бүлэглэлийн захиалгыг биелүүлдэг болж байна. Цөөн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалахын тулд улс төрийн намд ихээхэн хэмжээний мөнгө өгчихөж байгаа юм. Тэгснээр УИХ дээр хууль батлахдаа түүнийг нь харгалзахаас өөр замгүй болдог. Тэр нөлөөллөөс УИХ яаж гарах вэ гэдгийг сайтар бодож Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй.

-Чуулганы хуралдааны гол асуудал Гацууртын орд байлаа. Эдийн засаг хүнд байгаа болохоор Гацууртын ордыг ашиглуулах шийдвэрийг УИХ гаргалаа гэж байна. Түүнчлэн Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад ч авахаар боллоо?

-Монгол Улсын эдийн засаг туйлын хүнд байдалд орсныг Гацууртын ордыг шийдвэрлэж буй байдал, Оюу толгойн гэрээн дээр буулт хийж Дубайд гарын үсэг зурсан байдлаас харж болно. Манай орны хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80 хувийг импортоор хангадаг. Ингэхдээ валютаар авдаг. Энэ бол бодит байдал. Үүнийгээ бид экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлтийн буянаар бүрэн хангадаг байлаа. Нөгөө талдаа улс төр нь тогтвортой байсан тул гадаадын хөрөнгө оруулалт асар их хэмжээнд орж ирдэг байсан юм. Жилдээ гэхэд 4-5 тэрбум ам.доллар орж ирдэг байсан гээд бод. Улс төр нь тогтвортой байснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байж, хамгийн ирээдүйтэй орны тоонд орж байсан тул хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтууд орж ирэх боломж нээгдсэн. Одоо бол энэ бүх боломж нуран унасан. Энэ дөрвөн жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт “0” болж, 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг нэг болтлоо буурлаа. Экспортод гаргаж байсан түүхий эдийн үнэ 2-6 дахин унасан. Гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлого хаагдсан. Болсон болоогүй гадаадын зээл тусламжаа зарцуулаад дууслаа. Энэ гурван эх үүсвэр хаагдангуут бидэнд валют болох эх үүсвэр болсон алтны асуудал сөхөгдөж байна. Алт ухан валют олж, өргөн хэрэглээг хангахын тулд нэг талдаа Гацууртын орд дээр харамсалтай шийдвэрийг гаргалаа.

-Та чуулганы хуралдаан дээр манай улсын гадаад бодлогод шинэ чиглэл бий болгох санал дэвшүүлж байсан. Энэ талаараа нэмж тайлбар өгөөч?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улс ОХУ, БНХАУ болон АНУ, Японтой гурван талт харилцаа, хамтын ажиллагааг бий болгох, хөгжүүлэх талаар нэлээдгүй чармайлт гаргах болсон л доо. Энэ нь манай орны гадаад харилцааг шинэ хэлбэрт оруулах, үр дүнг нь оновчтой болгоход чиглэсэн чухал алхам.

Манай болон ОХУ, БНХАУ-ын гурван талт харилцааны үндэс нь хөрш залгаа орнуудын хамтын ажиллагаа өргөжих нь зөв. Түүний дотор Орос, Хятад хоёрын дунд бамбай улс болон орших хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд энэ хоёр улсын бараа, бүтээгдэхүүн бусад зүйл дамжин өнгөрөх гол түшиц, стратегийн ач холбогдол бүхий газар нутаг болно.

-Тэгвэл АНУ, Японтой яаж харилцах юм. Түрүүн энэ хоёр улсын тухай та хөндлөө?

-Монгол, АНУ, Японы гурван талт харилцааны гол утга нь төр, нийгмийн ардчилсан тогтолцоот орнуудын хамтын ажиллагааны хүрээнд явагддаг юм. Энэ хүрээндээ Азид шинээр бий болсон ардчиллын загвар улс болох Монголыг дэмжихэд энэ хоёр улс анхаарал хандуулдаг.

Мөн гурвалсан харилцааны хүрээнд гадаад бодлогын энэ шинэ хэлбэрийг гүнзгийрүүлэх шаардлага байна уу гэвэл тийм. Тэр утгаараа соёл иргэншлийн түүхэн уламжлалт харилцаатай, улс хоорондын харилцаандаа баримталж буй чиглэл, зарчим талаасаа төсөөтэй шинж чанартай орнуудтай харилцаагаа сэргээх хэрэгтэй. Хэрэв нягт хамтран ажиллаж чадвал Төв Ази, Зүүн Хойд Азийн улс хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэр утгаараа манай орон Казахстан, Киргиз гэсэн хоёр оронтой гурван талт харилцааг эхлүүлэх шаардлагатай гэж хараад байгаа юм. Цаашлаад хамтын ажиллагааны ямар нэгэн үр дүнтэй механизм бий болгох нь зүйтэй байж болох юм гэдэг үүднээс санал дэвшүүлсэн. Тэр саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан хэрэг. Төв Азийн нүүдэлчин соёл иргэншилтэй улс орнуудтай ойртон нягтрах хэрэгтэй.

-Яг үнэндээ манайхан Казахстан, Киргиз гэхээр хэр хүлээж авах бол. Гурван талт харилцааг хөгжүүлэх боломж байгаа гэж та харсан юм уу?

-Тэгэлгүй яахав. Түүхийн хувьд авч үзэхээр нэгэн дээвэр доор багтаж явсан хүмүүс л дээ. Монгол, Казахстан, Киргиз гэсэн гурван орон Төв Азийн өргөн уудам тал нутагт өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй, ахуйн хэрэгцээний бага сага газар тариалан, гар урлал, төмрийн дарх эрхлэн чөлөөтэй нүүдэллэн амьдарч ирсэн соёл иргэншил, ахуй, хөтлөх арга ухаан, төрт ёс, зан заншлын хувьд ихээхэн төсөөтэй гэдгийг бүгд мэднэ. Өнгөрсөн зуунд Казахстан, Киргиз нь Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан. Харин Монгол Улс социалист хамтын нөхөрлөлийн орнуудын эгнээнд багтсанаар орос загварын европ маягийн буюу шинэ евразийн гэгддэг соёл иргэншил, эдийн засаг, нийгмийн нийтлэг зүйлс гээд цөөнгүй зүйл дээр ижилсэн, хамтын ажиллагааны багагүй туршлага хуримтлуулсан байдаг.

-Гадаад бодлогын хүрээнд харилцаа ойр байх боломж бий юу?

-Энэ хоёр орон болохоор олон улсын тавцанд энхийг эрхэмлэсэн, дайн, зэвсэгт мөргөлдөөн болон цөмийн зэвсгээс ангид байх тууштай байр суурийг эрхэмлэдэг. Манайх ч мөн адил.

Монгол Улс, Казахстан улс, Киргиз улс нь нэг талаасаа уламжлалт хамаарал бүхий ОХУ-тай аль болох ойр нягт хамтран ажиллах хүсэлтэй. Мөн дэлхийн өндөр хөгжил бүхий бусад орон болон тэр дундаа АНУ тэргүүтэй барууны улсуудтай найрамдалт харилцаатай байхыг эрмэлздэг.

Энэ гурван улс дэлхийн улс орнуудтай харилцахдаа өөрсдийн уламжлалт соёл иргэншлээ гадны аливаа нөлөөллөөс хамгаалах, нүүдэлчин ардын уламжлал бүхий төрт ёсныхоо зан заншлыг хадгалах чин хүсэлтэй байдаг. Түүнчлэн бусад улсын нутаг дэвсгэрт оршин сууж буй үндэстэн нэгт ард түмнүүдтэйгээ аль болохоор ойр дотно байх, тэднийг гадаад бодлогынхоо нэг чухал хүчин зүйл болгон ашиглахыг эрмэлздэг дээ.

-Казахстан, Киргизтэй гурван талд хэлэлцээр байгуулснаар ямар давуу талтай юм бэ?

-Казахстан, Киргиз улс нь өнгөрсөн зуунд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байж манай улстай адилаар социалист хамтын нөхөрлөлийн орнуудын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах нэгдсэн тогтолцоонд хамаарагдаж байсан юм. Монгол Улс олон тулгуурт бие даасан гадаад бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж буй өнөө үед гурван талт болгон гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь улс төр, нийгэм, эдийн засагт үр дүнтэй байж болох юм гэж хараад байна л даа. Мөн Казахстан, Киргиз улстай тогтоох шинэ маягийн гурван талт харилцаа, цаашлаад хамтын ажиллагаа нь манай орны хэрэгжүүлж буй “Гуравдагч хөршийн бодлого”-ын нэг тодорхой илэрхийлэл болж чадна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Хятад, Орос гэсэн хоёр хөршийнхөө хэт нөлөөллийг тодорхой хэмжээгээр хязгаарлахын тулд хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд энэ хоёр улстай аль болох ойр дотно харилцахыг эрмэлзэж ирсэн нь энэ гурван талт харилцааг амжилттай хөгжүүлж болохын нэг төрлийн баталгаа болох боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх санаачилга гаргасныг геополитикийн орон зайн хувьд Төв Азиар нэмэгдүүлэн өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой байж болох юм. Энэ нь манайх болон нөгөө хоёр оронтой гурван талт шинэ харилцааг бий болгохын нэг угтвар гэж харж байна л даа.

-Үүнийг хэрхэн зохион байгуулах ёстой юм бол?

-Зохион байгуулалтын хувьд эхлээд уг асуудлыг судлах тусгайлсан ажлын хэсгийг холбогдох байгууллагуудын албан тушаалтан болон мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын оролцоогоор байгуулах хэрэгтэй байх. Дараа нь аюулгүй байдал, стратегийн судалгааны чиглэлийн эрдэм шинжилгээний болон ТББ-уудын уулзалтыг зохион байгуулсны дараа гурван улсын гадаад хэргийн болон эдийн засгийн сайдуудын уулзалтыг зохион байгуулбал үр дүнтэй. Ингээд учраа олоод явчихвал гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх хэрэгтэй байх.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэв: Цагдаагийн албан хаагч халшрамтгай болсонд санаа минь зовж байна

-СОНГУУЛЬТАЙ ЖИЛ УЧРААС БУДЛИАЙН ШУУГИАН БОЛЖ МАГАДГҮЙ ГЭЭД ЦАГДАА НАР ХАЛШРААД ЭХНЭЭСЭЭ ХАЛАГДАЖ БАЙНА-

Хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа. Тэрбээр ЦЕГ-ын дарга, Цагдаагийн байгууллагын тухай хуулийг гардан боловсруулж, Монголын цагдааг анх удаа дүрэмт хувцас, хамгаалалтын хэрэгсэлтэй болгосон байна.

-Цагдаагийн байгууллагын хууль батлагдахгүй нэлээд удаж байна. Энэ хуулиар цагдаагийн байгууллага ямар өөрчлөлт, үр дүнг хүлээж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагын тухай хуулийг 2013 онд шинэчлээд Цагдаагийн албаны тухай хууль болгож баталсан. 2013 оны хуулийг бүхэлд нь болохгүй бүтэхгүй хууль гэж хэлэхгүй. Болох л хууль. Одоо мөрдөж байна. Гэхдээ хоёр гурван зүйл дээр болохгүй байна. 1993 оны хууль байсан гол гол заалтуудыг хасаад, хассан заалтуудыг Хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн зохицуулна гэж заасан байгаа. Чухамхүү энэ хассан асуудлууд нь цагдаагийн өдөр тутмын амьдралтай холбоотой, өдөр тутмын ажилтай нь холбоотой, аминд ойрхон асуудал байгаа учраас төвөг учирч байна. Жишээлбэл, цагдаагийн цолны асуудал, бүтцийн асуудал хоёрыг дурдмаар байна.

1993 оны хуульд цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлыг нэлээд сайн зохицуулж өгсөн байсан. Гэтэл 2013 оны хуульд энэхүү эрхзүйн байдлын хуулийг бараг бүгдийг нь хасчихаад байгаа. Хассан хуулиа Хууль сахиулагчийн эрхзүйн байдлын хуулиар тусад нь зохицуулна гээд гаргачихсан. Гэтэл Хууль сахиулагчийн эрхзүйн байдлын тухай хууль нь өнөөдрийг хүртэл гардаггүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчийн эрхзүйн байдал зохицуулалтгүй үлдсэн байгаа. Яахав, цагдаагийн албаны дагаж мөрдөх тухай хуулинд зарим зүйлийг оруулж өгсөн байгаа. Түр зуур хуучнаа барьж байгаарай гэсэн ганц нэг заалт бий.

-Эрхзүйн зохицуулалтгүй ажиллаж байгаа нь цагдаагийн алба хаагчдад ямар сөрөг нөлөөтэй вэ?

-2016 оныг цагдаагийн байгууллагын хувьд ажлын нэлээд төвөгтэй хүнд жил болно гэж би хувьдаа тэгж үзэж байна. Яагаад гэхээр, 2016 онд бүх шатны сонгууль болно. Сонгуулийн үеэр цагдаагийн алба хаагчийн ажил ихэснэ. Санал хураалтын хар хайрцгийг манахаас эхлээд жагсаал цуглааны арга хэмжээн дээр хамгаалалтад гарна. Дээр нь нэмээд Монгол Улсад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал чухамхүү сонгуультай холбоотой гарч байсан шүү дээ. Мөн одоо ирэх долдугаар сард АСЕМ-ийн хурал болно. Энэ үеэр цагдаагийн бүх албан хаагч бэлэн байдалд, олон хоног 24 цагаар ажиллана. Саяхан нэг цагдаагийн комиссартай уулзсан. Орон нутгаас нэлээд их хүчийг татаж байрлуулж таарах байх гэж хэлж байна лээ. 24 цагийн дэглэмд орж таарах байх. Энэ нь тэгээд нэлээд олон хоног үргэлжлэх юм байна. Гуравдугаарт нь, мөнгөний ханш унаж байна. Мөнгөний ханш унаж, төсвийн орлого буурч байна. Хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлэхгүй байх магадлалтай байна. Хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлэхгүй байна гэдэг бол гэмт хэрэг, хэв журмын зөрчил гарах үндсэн шалтгаан. Ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ гэдэг эрүүгийн нөхцөл байдал хүндэрнэ л гэсэн үг. Тиймээс би 2016 онд цагдаагийн алба хаагчид амралтгүй, их ачаалалтай, гэр орноосоо хол хуарангийн байдлаар удаан хугацаагаар ажиллах нь гэж хэлээд байгаа юм. Ийм хүнд нөхцөлд удаан ажиллахаар алба хаагчид маань бачуу, сандруу, ууртай болно гэсэн үг. Ажил ингээд хүндрээд байхад алба хаагчдын эрхзүйн байдал нь шийдэхгүй удаж болмооргүй байна. Эрхзүйн байдлын хуулийг түргэн шийдэж өгөөсэй гээд санаа зовоод сууж байна.

-Цагдаа ажлаа хийхэд эрхзүйн орчин муу байгаагаас болоод ямар бэрхшээл гарч байна?

-Хамгийн наад зах нь гав, бороохойг яаж хэрэглэх юм. Одоогийн хуулиар гав, бороохой хэрэглэх тухай заалтууд бүгд хүчингүй болсон. Агсамжтай байна гэж заагаад байгаа. Агсамжийг яаж хэрэглэхийг нь оруулаагүй байна. Агсамж гэж юуг хэлж байгаа нь бас тодорхойгүй. Бороохойг хэлж байгаа юм уу, автомашин албадан зогсоох хэрэгслийг хэлж байгаа юм уу гэдгийг тодорхойлж хэлээгүй. Жишээлбэл, автомашиныг арзгар төмөр ашиглаж албадан зогсоодог. Ингээд зогсоочихсон байхад “Чамайг энийг хэрэглэ гэсэн хууль чинь хаана байна” гээд шүүхэдвэл цагдаа унахаар байна.

-Нийгмийн уур амьсгал өөрчлөгдөж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна гэж ярьж байна л даа. Энэ юутай холбоотой вэ?

-Нийгмийн уур амьсгал их өөр болсон гэж үнэн. Миний ажиллаж байсан үеэс нэлээд өөрчлөгдөөд байна. Гэмт хэрэг хийхгүй, цагдаагийн шаардлагыг биелүүлье гэсэн уур амьсгал байхгүй болоод зөрчье, эсэргүүцье, хэрэлдье, хувцсыг нь ураад хаяна гэсэн ийм уур амьсгал давамгайлж. Цагдаагийн шаардлагыг эсэргүүцдэг шаардлага хичнээн байгааг би судаллаа. Дүрэмт хувцсаа уруулдаг тохиолдол өдөрт гурваас доошгүй байна гэж байна. Миний үед дүрэмт хувцсанд хүрдэггүй байсан юм. Цагдаагийн дүрэмт хувцсыг урлаа гэвэл өдрийн од гараад ирсэн юм шиг, ямар танхай этгээд хаанахын харь гаригаас ирсэн хүн бэ гэдэг байлаа. Гэтэл одоо хоногт гурваас доошгүй гардаг болж. Хуц, нохой гэж хэрэлдэж, доромжлохыг бол тоохоо байсан гэж цагдаа нар ярьж байна. Энэ бол эрхзүйн байдлыг нь сайн бэхжүүлж өгөөгүйгээс үүдэлтэй гарч байгаа зүйл л дээ. Цагдаагийн ажилтнууд өнөөдрийн байдлаар их шантрамтгай байгаа нь миний санааг зовоож байна. Цагдаагийн алба хаагч шантрамтгай байж болохгүй. Хэрэгт орох вий, аюулгүй байдал, дотоод хяналтын албанаас намайг шалгаж байх вий, прокурор хүрээд ирэх вий дээ, сонин дээр намайг бичих вий гэсэн айдастай ажиллаж байна. Дээрх үед би нэг хэлж байсан юм. Цагдаагийн алба хаагчид чинь ниймгийн амьдралын сүүдэртэй талд нь явдаг улсууд шүү дээ гэж. Үргэлж сүүдэртэй талд нь явдаг учраас сэтгэлзүйд нь нөлөөлдөг. Мэргэжлийн өвчин тусдаг байхгүй юу.

-Цагдаагийн алба хаагчдын хүрэлцээ муу байна. Иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмж гарч байгаа?

-Цагдаагийн ажилтнуудын хүрэлцээ их муу байна. Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоол гэж байдаг юм байна. Төчнөөн хүнд нэг хэв журам зохицуулах цагдаа оногдоно гэсэн норматив байдаг. Манай норматив дэлхийн жишигтэй харьцуулбал нэг цагдаагийн албан хаагчид нэлээд өндөр ачаалал өгсөн норматив. Тэр жишгээс 3417 гаруй хүнээр дутуу байна. Өөрөөр хэлбэл, хүн хүч дутмаг байна. Үүнийг гүйцээх шаардлага байна. Төсөв байхгүй байгааг ойлгож байна. Орон тоог нь гүйцээж өгч чаддаггүй юм бол илүү цагаар ажиллахад нь бас дэмжээд өгмөөр байна. Олон хоног илүү цагаар ажилласных нь тал хоногийг нь ядаж ээлжийнх нь амралтан дээр нь нэмээд өгмөөр байна шүү дээ. Өнгөрсөн онд хүний эрхийн коммисын албан ёсоор тогтоосноор, цагдаагийн нэг албан хаагч жилд дунджаар 352 цаг илүү ажилласан байдаг. Би цагдааг хэвлэлээр муулах их дургүй хүн. нэг зүйлийг хэлмээр санагдаад байна. Бид нарын үед цагдаагийн албан хаагчийг ажилд авах үзүүлэлтүүд гэж байсан. Энэ нь метр 70 см өндөртэй, 50 кг-аас доошгүй жинтэй, баруун гараараа туухайг төд өргөдөг гэсэн шалгуур байсан. Гэтэл одоо цагдаагийн тусгайд чинь над шиг амьтан гүйж явна шүү дээ. Энэ шаардлагадаа тохирсон хүнээ авч чадахгүй байна уу даа.

-Өнгөрсөн 2008 оны сонгуулиар гарсан шиг үймээн дэгдвэл цагдаа үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрээд байна гэдгийг сануулах гээд байна уу?

-Долдугаар сарын 1 шиг юм болбол төр хоёр юм бодох хэрэгтэй. Долдугаар сарын 1-нд гарсан тэр үймээн санаандгүйгээр тэр өдөр болсон юм биш. Бүр сарын өмнөөс бэлдэж, төлөвлөж байж хийсэн үймээн. Хүн болгон нэг лааз будагтай ирнэ шүү. Хэн явж чулуу ачиж ирэх юм гээд энэ бүгдийг удаан хугацаагаар төлөвлөсөн асуудал. Ингэж төлөвлөөд байхад төр дүлий юм шиг суусан. Одоо төр дүлий сууж болохгүй гэдгийг хэлмээр байна. Тэр үед цагдаад олон нийтэд үйлчлэх тусгай хэрэгсэл юу ч байхгүй байсан. Олон хүний урдаас барих ямар ч зэвсэггүй байсан. Ямар сайндаа гал командын машин аваачиж ус цацах гэж оролдож байхав. Тэр үеийг бодвол одоо тусгай хэрэгсэлтэй болоод байна. Эртнээс бэлдээд байхад таслан зогсоох урьдчилсан арга хэмжээ аваагүй учир энэ үймээнд төр буруутай шүү. Тэр дундаа тагнуул их том буруутай.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, цагдаагийн албан хаагчид сэтгэлзүйн хувьд 2008 оныхоос дор байна. Будлиан, шуугиан гарч магадгүй гээд эртхэн халагдах өргөдлөө өгч байна. Одоо Сонгуулиар том үймээн болбол цагдаагийн албан хаагчид явж өгөхгүй байх шүү. Яагаад гэвэл, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр цагдаагийн маш олон албан хаагч хохирсон. Толгой нь заадсаараа салсан байсныг мэдэхгүй, толгой өвдөөд гээд архи уугаад ажлаасаа халагдсан жишээ байна. Өрөөсөн нүдээ бүлт цохиулсан цагдаагийн албан хаагч бий. Энэ ажилтнуудынхаа эрх ашгийг бодоогүй, хохирлыг нь нөхөөгүй. 2008 оны долдугаар сарын 1-нд хэдэн хүнийг хэн буудсаныг ч тогтоогоогүй байна. Тогтоохоор хөөцөлдөхгүй байна. Цагдаагийн мөрдөж байсан хэргийг тэр дотор нь салгаад авчихсан. Та нар мөрдөж болохгүй, бид мөрдөнө гээд авсан. Гэтэл хэн буудсаныг тогтоогоогүй байна. Тогтоох сонирхолгүй байгаа гэж би бодож байна. Миний бодож байгаагаар, лав хоёр хүнийг цагдаагийн албан хаагч буудаагүй. Урт буугаар бууддаг цэцэн хүн буудсан байсан. Цагдаагийн албан хаагчдад тийм урт буу байхгүй. Тэрийг тогтоох сонирхолгүй байна. Тэгэхээр цагдаа яаж урагшаа явах юм. Сэтгэлзүйн бэлтгэл муу байгаа гэж хэлээд байгаагийн учир нь энэ.

-Цагдаагийн байгууллагад улс төрийн нөлөө их байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Таны үед улс төрийн нөлөө гэж юм байв уу?

-Хуулийн байгууллага, тэр дундаа цагдаад улс төрийн нөлөө ороод, тэр нь бүр дэндээд, одоо үүнээс цаашгүй гэдэг шиг юм болж байна. Цагдаагийн байгууллагыг янз бүрээр хувьчилж аваад дууссан. Хэдэн оноос ийм болчихсоныг мэдэхгүй. Ямар ч байсан 1996 он хүртэл, намууд, УИХ, Засгийн газар гээд бүгд цагдаагийн ажилд өчүүхэн ч оролцдоггүй байсан. Одоо бол тэр хүнийг заавал томил, үүнийг яавч томилж болохгүй гээд оролцоод байдаг. Эсвэл мөрдөж байгаа хэрэгт нөлөөлнө. Хүний нөөцийг үймүүлж хаялаа гээд яриад байвал их юм байна.

-Цагдаагийн албан хаагчийн цолны асуудал яригдаад байгаа шүү дээ. Энэ тал дээр хэлэх зүйл байна уу?

-Албан тушаалын цолыг авахгүй гэж их гэдийсэн хүн нь би л дээ. 1990 он гараад Монголын цолтой болгон албан тушаалын цолонд орсон. Би албан тушаалын цолонд орохгүй гэж цагдаагийн дарга байхдаа гүрийсээр байгаад 1993 оны албан тушаалын хуулийг хуучнаар нь батлуулсан юм. Тун бүдүүлгээр хэлбэл, социализмын үеийн хуулиар батлуулсан юм. Одоогийн нэг жишээ хэлэхэд, 10 жил ажилласан, ахмад цолтой эрүүгийн төлөөлөгч, сая төгсөөд ирсэн нэг жил ажиллаж байгаа ахмад цолтой албан хаагчтай зэрэгцэж сууцгаалаа. Одоо Монголын хүчний байгууллагаас цагдаа ганцаараа генерал цолгүй байгаа. Генерал цол бол нэг цагдаагийн газрын даргын цол биш. Тэр цагдаад ажиллаж байгаа олон мянган хүний цол байхгүй юу. Орчин үеийн цагдаа байгуулагдсан 90 гаруй жилийн түүхэнд анх удаа генерал цол авах эрхээ хасууллаа. Гэтэл хүчний байгууллага дотроос хамгийн их ачаалалтай ажилладаг нь цагдаа шүү дээ. Хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа цагдааг өнөөгийн засгийн эрх барьж байгаа төрийн удирдлагад байгаа хүмүүс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын удирдлагад байгаа хүмүүс урд хойд гэрийн хүүхэд шигээ юм уу, өргөмөл хүүхэд шигээ харж байна. Төрсөн хүүхэд шигээ харахгүй байна. Бусад хүүхдийнхээ адил хардаг болмоор байна. Энэ хандлага илэрхий мэдэгдэж байсан. Сүүлийн үед жаахан гайгүй болж байна. Ялангуяа 2012-2013 оны үед цагдаагийн хуучин систем тогтолцоог эвдэх арга хэмжээ авсан. Одоо эвдэж гүйцсэн бол үүнийгээ эмхэлмээр байна. Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгтэй тэмцэх алба, нийтийн хэв журам хамгаалах алба, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга нар нь туслах коммиссар цолтой, Авлигатай тэмцэх газрын жолооч нь туслах коммиссар цолтой. Ийм л байна шүү дээ. Бие бүрэлдэхүүний урам, хийморь гэж байдаг. Энэ бол жаахан юманд доошоо ордог. Жаахан юманд амархан босч ирдэг. Тийм учраас сэтгэл санааг нь сэргээж өгөх явдал чухал байна. Монголын цагдааг генералгүй болгосон нь Монголын цагдаагийн сүр сүлд, хийморь лундааг их дарсан. Цагдааг комиссор болгосноор зардал нэмэгдсэн үү гэхээс багасаагүй. Хоёр генералтай байсан, одоо 20-иод коммиссартой болчихоод байж байна. Сүүлдээ ч генерал цол ч байхгүй, коммиссар цол нь ч нэр хүндгүй ийм л ирээдүй хүлээж байна уу даа.

Categories
мэдээ цаг-үе

Монголд нэг жилд 5000 орчим хүн хорт хавдраар шинээр өвчилж байна

Дэлхий дээр жил бүр 8.2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхидог бол тэдгээрийн дөрвөн сая нь 30-69 насандаа нас бардаг аж. Харин Монгол Улсад 2014 оны байдлаар 5483 хүн хорт хавдраар шинээр өвчилж, 3536 нь нас барсан тоо гарчээ. Үүнээс хорт хавдрын шинэ тохиолдлын 61.4 хувь нь хөдөө орон нутагт, 38.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байсан юм байна.

Монгол Улсын хувьд энэ өдрийг 2007 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд энэ өдрийн хүрээнд хорт хавдрын талаар хүмүүст мэдээлэл өгч хавдрыг эрт эмчлүүлэхэд голчлон анхаардаг байна. Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, МҮОНРТ хамтран 2011 оноос хойш хэрэгжүүлсэн “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг эхлүүлсэн нь үр дүнтэй байгаа аж. Аяны хүрээнд хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлэлтийн ач холбогдлын талаар олон нийтэд чиглэсэн сургалт явуулж ирсэн юм. Мөн зарим иргэдэд хорт хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Аяны үр дүнд эрсдэлт бүлгийн 90922 хүнд үзлэг хийж, аймгуудад 403 хорт хавдрын мэс засал, эмчилгээ хийсэн байна. Энэ нь хөдөөгийн хүн амд хорт хавдрын тусламж үзүүлсэн өгөөжтэй ажил болжээ. Энэ өдрийн хүрээнд ХСҮТ-д хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Б.ГАНЗОРИГ: НИЙТ ХОРТ ХАВДРЫН 70 ХУВЬ НЬ ХОЖУУ БУЮУ ГУРВАН, ДӨРӨВДҮГЭЭР ҮЕ ДЭЭР ОНОШЛОГДДОГ

ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй эмч Б.Ганзоригоос тодрууллаа.

-Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ач холбогдол нь юу вэ?

-Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо гэж байдаг юм. Энэ байгууллагын санаачилснаар 2005 оноос хойш хорт хавдраар өвдөж байгаа хүмүүст туслах зорилгоор хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, хорт хавдрын эмчилгээг таниулах зорилгоор “Хавдартай тэмцэх өдөр”-ийг зохион байгуулдаг болсон. Энэ уламжлалын хүрээнд манай байгууллага хорт хавдартай тэмцэх өдрийг “Би чадна, бид чадна, та ч бас чадна” гэсэн уриатайгаар зохион байгуулж байгаа юм. Бидний хийж байгаа үйл ажиллагааны гол зорилго нь эмнэлгийн мэргэжлийн бус хүмүүст хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, хорт хавдрын тоо баримт, эмчилгээний талаар мэдээлэл өгөх юм.

-Манай оронд ямар өвчлөл илүү зонхилж байна вэ. хүмүүс голдуу ямар үедээ оношлуулдаг вэ?

-Монгол Улсад нэг жилд 5000 орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 3000 нь тухайн жилдээ нас барж байгаа гэсэн харамсалтай тоо баримт бий. Монгол Улсын шинээр тогтоогдож буй хавдрын бүтцийг үзвэл нийт хорт хавдрын 40 хувь нь элэгний анхдагч хавдар. Дараа нь ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдрууд гэсэн дараалалтай байгаа. Харамсалтай нь нийт хорт хавдрын 70 хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр үе дээрээ оношлогддог.

-Олон улсад хавдрын өвчлөл ямархуу түвшинд байдаг юм бол?

-Өндөр хөгжилтэй орны хавдрын бүтцийг аваад үзвэл эрэгтэй хүнд хамгийн эхэнд уушгины хавдар, давсагны хавдар байдаг юм. Нас баралтын хэмжээгээрээ өндөр гэсэн үг. Эмэгтэйчүүдийн хувьд хөхний хавдар нэгдүгээрт ордог. Манайд эсрэгээрээ элэг, ходоодны хавдар зонхилдог. Мөн бүдүүн гэдэсний хавдар ховор тохиолдож байхад дэлхийн бусад оронд энэ өвчлөл их байдаг. Өндөр хөгжилтэй орны өвчлөл өөр байгаа ч яваандаа адилхан болох байх.

-Уушгины хорт хавдар ихсээд байгаа гэсэн үү. юунаас үүсгэгддэг вэ?

-Уушгины хорт хавдрын гол шалтгаан нь тамхи. Уушгины хорт хавдраар нас барж байгаа арван хүний ес нь тамхичин байдаг. Энэ бол мэдсээр байж сайн дураараа өөрийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг. Хоёр дахь том шалтгаан бол агаарын бохирдол. Бидний амьдарч байгаа утаатай нөхцөл байдал уушгины хорт хавдарт голлон нөлөөлж байна.

-Манай улсад хорт хавдрыг эмчлэх тоног төхөөрөмжийн хувьд ямар байдаг вэ. Ер нь туяаны аппарат эвдэрчихлээ гээд л яриад байдаг шүү дээ?

-Хорт хавдрыг илрүүлэх, оношлох, эмчлэхэд олон тоног төхөөрөмж шаардлагатай. Манайх тодорхой хэмжээний хоцрогдолтой явж байгаа нь үнэн. Жишээлбэл хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээний нэг болох туяа эмчилгээний аппарат маань хуучин үүсгүүртэй, хоцрогдсон аргаар хэрэглэж байгаа нь үнэн. Мөн хамгийн сүүлийн үеийн хавдрыг тодорхойлдог PET гэдэг аппарат одоо болтол Монголд орж ирээгүй л байна. Энэ нь дэлхий нийтэд нэвтрээд удаж байгаа тоног төхөөрөмж л дөө. Гэхдээ сүүлийн жилүүдэд Австрийн Засгийн газрын тусламжтай төслийн хүрээнд шинэ, орчин үеийн багаж, тоног төхөөрөмж оруулж ирэхээр ажиллаж байна. Манай эмнэлгийн өргөтгөл барих ажил эхлээд олон жил болчихлоо. Тодорхой шалтгааны улмаас саатаж, гацаад одоо болтол баригдаж дуусаагүй л байна. Энэ барилга баригдаж дуусвал бид шинэ төхөөрөмжөө суурилуулна.

-Өргөтгөл баригдаад дуусчихвал шинэ тоног төхөөрөмжүүдээ байршуулаад хавдрыг эмчлэх бүрэн боломж байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Энэ нь том алхам болно. Эхнээсээ зарим тоног төхөөрөмж нь ирчихсэн байгаа. Бид байгууллага дээр хадгалаад байшингаа ашиглалтад орохыг хүлээж байна. Ашиглалтад орчихвол тоног төхөөрөмжүүдээ суурилуулна. Дээрээс нь нэмж суурилуулах төхөөрөмж ч бий. Манай зарим эмч, мэргэжилтэн, техникийн хүмүүс маань Австри улсад сурч, боловсролоо дээшлүүлэхээр бэлтгэгдэж байна.

Мөн хавдартай тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТз нийгэмлэг, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлтэй хамтран ажиллахаар болсон байна. Тодруулбал хавдрын өвчтэй иргэдийг “Цагаан сарын” баярын өдрүүдэд төмөр зам дагуу орших Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг таван аймагт “Re­albus” галт тэргээр үнэ төлбөргүй зорчуулахаар болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хятадын мөрөөдлийг тодорхойлогч Си жиньпин

Ард байгаа эмэгтэй Си Жиньпиний охин Си Минзе бололтой

Хятадын тав дахь үеийн удирдагч, дэлхийн хамгийн олон гишүүнтэй намын дарга Си Жиньпин өдгөө 63 настай. Түүний удирдаж буй ХКН нь 87 сая гишүүнтэй гэх. Хятадыг баян, хүчирхэг гүрэн болгох, хятад үндэстнийг эрчимтэй хөгжүүлэх, ард түмнээ элбэг хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх “Хятад мөрөөдөл”-ийг тодорхойлогч юм. Түүнийг эх оронч үзэл, өөрчлөн шинэчлэлт, инноваци дээр тулгуурласан Хятад маягийн сэтгэлгээ, онцлогийг хөгжүүлэхэд өөрийн том зам мөрийг үлдээсэн удирдагч гэдгийг ард иргэд нь эргэлздэггүй. Авлига, хүнд суртлын эсрэг тууштай тэмцлийг Хятад оронд эхлүүлсэн Си Жиньпиний нөлөө дэлхий дахинд хүчирхэг хэвээр байгаа билээ.

Зүүн талынх нь Си Жиньпин

СИ ЖИНЬПИН ГЭГЧ ХЭН БЭ?

Си Жиньпиний эцэг Си Жунсүн нь 1930-аад онд Мао Зэдүний ойрын хүрээлэлд багтдаг байв. 1949 онд БНХАУ-ыг тунхагласны дараа Төрийн зөвлөлийн дэд сайд хүртэл өндөр албан тушаал хашиж байсан нөлөө бүхий хүмүүсийн нэг байжээ. Си Жиньпинийг арван настай байхад эцгийг нь албан тушаалаас нь огцруулж, үйлдвэрийн ажилчин болгож байв. Харин 1968 онд Соёлын хувьсгал эхэлж эцгийг нь шоронд хийсэн гэдэг. Эцгээс нь салгасан жилүүд амьдралынх нь хамгийн хүнд үе байсан гэж Си хожмоо дурссан байдаг. Гэхдээ энэ бүхэн түүнийг хал үзүүлж, амьдралд тэвчээртэй байж, асуудлыг шийдэж чадах чадварт сургасан гэдэг. Си Жиньпин химийн инженерийн мэргэжлээр Цинхуагийн Их сургуульд сурч төгсчээ. Улс төрийн карьераа 1971 онд Коммунист залуучуудын холбоонд элссэнээр эхлүүлжээ. Тус холбоонд элсэхийн тулд тэрээр долоон ч удаа өргөдөл өгч байсан гэх. Чухам энэ мөчөөс эхлэн Си Жиньпин залуучуудын улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Хятадын олон муж улсад албан тушаал дэвшин ажиллаж байжээ. Улс төрд хүчтэй байр суурьтай болоход түүний хожим хамгаалсан эрдмийн зэрэг чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. “Sunday Times” сонинд Си Жиньпинийг химийн инженер мэргэжилтэй байхад нь бараг хэн ч таньдаггүй байсан. Харин дахин суралцаж хуулийн мэргэжилтэй болсноор түүний улстөрчийн ирээдүй гэрэл гэгээтэй болсон юм хэмээн дүгнэн бичсэн байдаг. БНХАУ-ын дарга Си Жиньпин авлигын эсрэг тууштай тэмцэгч юм. Түүнийг удирдагч болсноос хойш Хятадын төрийн өндөр дээд албан тушаалтнуудын тоо, албан байгууллагад гардаг байсан авлигын асуудал эрс буурсан гэдэг. Мөн Засгийн газраа нээлттэй болгох, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, шинэчлэх талаар олон ажил хийжээ. Энэ бүхнийгээ тэрээр “Хятад мөрөөдөл” хэмээн нэрлэсэн байдаг.

Сурагч Си Жиньпин

АВЛИГАТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЭГЧ

Си Жиньпин 2012 онд Коммунист намын XVIII их хурлаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон билээ. Түүнээс нэг жилийн дараа БНХАУ-ын даргаар томилогдох үед Жорж Вашингтоны их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Бриус Диксон “Хятадын удирдагчид хэзээ ч амлалт өгч оргилд хүрдэггүй. Албан тушаалдаа хэр үнэнч, хэр удаан зүтгэсэн нь оргилд хүрдэг” гэж онцолж байв. Жөзян мужийн амбан захирагчаар ажиллаж байхдаа авлигатай хатуу тэмцэгч хэмээн алдаршиж байжээ. Тухайлбал, Си Жиньпин орон нутагт дээд удирдлагад байх хугацаандаа Хятад даяар шуугиан дуулиан тарьсан хоёр хэрэгтэй тун ойрхон байсан гэдэг. Нэг нь Лай Чансиний контрабандын хэрэг, нөгөө нь Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэн Лянюйгийн хэрэг. 2000 онд Си Жиньпинийг Юаньхуагийн дуулиант хэргээр дуудсан байдаг. Юаньхуа гэдэг нь Лай Чансиний 1994 онд үүсгэн байгуулсан групп компани аж. Тус групп нь авто машин, тамхи, газрын тосыг хууль бусаар импортлох бизнес эрхэлж байжээ. Тусгай эдийн засгийн бүс болох Фузяний Сямэнь хот нь тэдний хувьд бизнесээ явуулах төв нь болж байв. Тухайн үед Лай Чансинь хотын засаг захиргааны зарим түшмэл, гааль, цагдаа, ХКН, мөн армийг хахуульдсан байжээ. Фузян мужийн зөвлөлийн конференцийн гишүүн, Сямэний хүндэт иргэн гэгдэх түүний хөрөнгө оруулалтын ачаар Си Жинпинь тухайн үед Сямэньд нисэх онгоцны буудал, 88 давхар Юаньхуа цамхаг, зөвхөн өндөр зэрэглэлийн албан тушаалтнуудад үйлчлэх долоон давхар барилга бариулсан байдаг. 1998 онд Лай Чансинь хоёр сая юаниар Фонаш хөлбөмбөгийн клубийг худалдан авчээ. Харин 1999 оноос хойш Хятадын цагдаа нар Лай Чансинийг мөрдөж мушгих болж, тэрээр Канад руу гэр бүлийнхээ хамт цагаачилсан байдаг. Түүнийг улсад 3.6 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж үздэг. Хятадад болсон авлигын томоохон хэргийн дуулианд 300 гаруй мужийн түшмэд татагдсан бөгөөд олонхи нь албан тушаалаасаа огцорч, 100 гаруй нь хоригдож, 14 нь цаазын ял авсан юм. Харин Канадад амьдарч байсан Лай Чансинийг 2011 онд эх оронд нь авчирсан байдаг. Тэр үед тус мужид хариуцлагатай алба хашиж байсан Си Жиньпин авлигалд автаагүйгээрээ алдартай юм.

Өөр нэг нь Шанхайн хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Ляньюйгийн хэрэг. Хятадын шүүх түүнийг тэтгэмжийн мөнгийг зорилгогүй үрсэн, дэд бүтцийн төслүүдэд ашигласан гэж буруутган 18 жилийн хорих ял оноосон байдаг. Чэнь Ляньюйг огцорсны дараа Шанхай хотын ХКН-ын Хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон нь түүнд томоохон итгэл хүлээлгэжээ.

Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань

ХУВИЙН АМЬРАЛ

1980-аад оны эхээр тэрбээр Их Британи дахь Хятадын Элчин сайд Ке Хуагийн охин Ке Линлинтэй гэрлэсэн байдаг. Гэвч эхнэр нь гадаадад сурч амьдрах хүсэлтэй байсан бол Си Жиньпин нутагтаа ажиллах зэрэг үзэл бодлын зөрчилдөөнөөс тэд салцгаасан гэдэг. Үүний дараа буюу 1987 онд тэрээр Хятадын алдарт дуучин Пэн Лиюаньтай гэр бүл болжээ. Тухайн үед Пэн Лиюань маш нэртэй байсан бөгөөд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн гоцлол дуучин, хошууч генерал цолтой байжээ. Тэрээр жил бүр шинэ жилийн баярын гала концертод дуулдаг байсан байна. Пэн Лиюань нь 1962 онд мэндэлжээ. Тэд Си Минзе хэмээх нэг охинтой бөгөөд 2010 онд Харвардын их сургуулийн нэгдүгээр курст нууц нэрээр элссэн гэх мэдээлэл байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Гомбожавын ЖигжидсҮрэн: Цэвээнжав гуайг Монголын кино урлагийн шилдэг эмэгтэй жүжигчин гэж эргэлзэх зүйлгүйгээр нэрлэнэ

-НАЦАГДОРЖИЙН ЗАХИДЛУУД ИЖИЙД МИНЬ ХАДГАЛАГДАЖ БАЙСАН-

Монгол Улсын ардын жүжигчин Гомбожавын Жигжидсүрэнтэй ярилцлаа.

Хоёулаа яриагаа Их Нацагдоржийн тухай эхэлмээр байна. Кино найруулагчтай зохиолчийн тухай ярьдаг ямар учиртай юм гэж хүмүүс гайхаж магад. “Нацагдоржтой холбогдох хэд хэдэн сэжим надад бийгэж та нэгэнтээ хэлж байсан санагдана. Түүнийг асуух гээд байгаа хэрэг?

-Их Нацагдоржийн зуун жилийнх нь ойгоор би зургаан ангит баримтат уран сайхны кино хийсэн. Тэгээд тэр гайхамшигт зохиолчийн нэрэмжит шагналыг хүртсэн юм. Үүндээ ихэд бэлгэшээдэг юм. Дашдоржийн Нацагдоржтой холбогдох хэд хэдэн шалтгаан бий гэдэг маань ийм учиртай. Нацагдоржийн ээж сайхан Пагма гэж хүүхэн байжээ. Үнэхээр сайхан хүүхэн байсан гэж эмэг ээж минь ярьдаг байсан. Нацагдоржийн ээж сайхан Пагма, манай эмээ тэр хэд үеийн хүмүүс байж л дээ. Манай эмээг Дуламханд гэдэг байсан. Намайг хойно сургууль төгсч ирэх далаад оны эхэн хүртэл сэрүүн тунгалаг байж 98 насалсан буянтай хөгшин байлаа. Эмээ Нацагдоржийг “Ижийгээ дуурайсан сайхан хүү байсан” гэж ярьдаг байсан. Дашдоржтой суухад нь үеийнх нь охид бүсгүйчүүд “Сайхан Пагма явж явж энэ Дашдоржтой суугаад байхдаа яахав дээ” гэж жиг жуг хийдэг байсан гэдэг. Дашдорж бол хөдөлгөөнтэй хүн байсан юм уу даа. Миний ээж бол Нацагдоржийн үеийн хүн.

Ээжийн маань анхны нөхөр Лооройсамбуу гэж Нацагдорж хамт Германд сурч байсан орос хэлтэй хүн байсан. Буянчуулган гэж том түүхчийн хүү шүү дээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр Буянчуулганыг хоёр хүүхдийнх нь хамт бариад цаазалчихсан юм билээ. Надад Германы гахайн ширэн чемодан байдаг л даа. Түүнд нөхөртэйгөө харилцаж байсан захиа, зураг зэргийг хадгалж байжээ. Миний ижийгийн зургаан настай байх үеийн зураг, Нацагдорж хамт авахуулсан нөхрийнх нь зураг хожим үлдсэн. “Нацагдоржийн захиа эргээд санахад дандаа шүлэг зохиол байсан юм байна даа” гэж ээж маань хэлдэг сэн. Нөхөрт нь бичсэн захидлуудыг ээж уншдаг байж л дээ. Тавиад оны дундуур Нацагдоржийн тухай нэвтрүүлэг арааживаар явахад ээж шууд унтраачихдаг байв. Та яаж байгаа юм гэхэд “Энэ хүмүүс Нацагдоржийг амьдад нь хайрлаж, ядарч явахад нь тусалж байсан биш. Тэгтэл миний найз гээд ярихаар нь уур хүрчихлээ” гэж билээ. Харин Нацагдоржид тусалж байсан хүн нь Лхамсүрэнгийн Дэндэв гэж том түүхч байсан. Саяхан 120 жилийн ойг нь тэмдэглэлээ. Тэр хүн эмээгийн дүүгийн нөхөр байв. Шүүх яамны сайд, Улсын Бага хурлын гишүүн байсан мундаг хүн. Онходын Жамъян гүний дараагаар Судар бичгийн хүрээлэнгийн даргаар 10 гаруй жил ажилласан байдаг. Нацагдоржийг сургууль төгсөөд ирэхэд нь Судар бичгийн хүрээлэнгийн түүхийн тасгийн эрхлэгчээр анх удаа Дэндэв гуай тавьсан юм билээ. Нацагдоржийн үед түүхийн тасаг анх байгуулагдаж байсан. Сүүлд Нацагдоржийг бор дарсанд орж ажилтай, ажилгүй явах үед нь Дэндэв гуай нутаг усаар нь хамт явж амардаг байсан гэдэг. Түүний “Миний нутаг” шүлэг нь анх Судар бичгийн хүрээлэнгийн ханын сонинд гарсан гэдэг. Энэ бүхнээс харахад Нацагдоржтой би холбоотой байдаг.

Нэгэнт зохиолчоор эхэлснийх зохиолчийн тухай дурсамжаар үргэлжлүүлье. Өнөө жил Сормууниршийн Дашдооровын наян насны ой тохиож байна. Та бол Дооровтой ойр явсан уран бүтээлчийн нэг?

-Дооров бид хоёр кино үйлдвэрт хамт ирж байлаа. Тэр чинь жаран есөн он юм. Мань хүн ерөнхий редактороор, би найруулагчаар ирж байлаа. Тэрхүү арав гаруй жилийн хугацаа бид хоёрыг хүнийх нь хувьд, уран бүтээлчийн хувьд нөхөрлүүлнэ биз дээ. Надад хамгийн ойр явж, сэтгэлээ хуваалцсан хүмүүсийн нэг юм. Сэнгийн Эрдэнэ гуайн “Нарангаравуу” өгүүллэгээр хийсэн “Эх бүрдийн домог” кинонд Жамъянгийн Бунтар найруулагч бид хоёр хамтарч ажилласан. Нэг сонин түүх сөхье. “Эх бүрдийн домог”-ийн зургийг Өмнөговийн Ханбогдод авсан юм. Биднийг зургийн натур руу явах үед Дашдооров “Говийн өндөр” роман, “Өндөр ээж” кино зохиолоороо төрийн шагналд нэр дэвшээд байлаа. Удаа ч үгүй төрийн шагналын тэмдэг энгэртээ гялалзуулаад хүрээд ирдэг юм. Ижий, аавдаа очилгүйгээр зургийн натур дээр ирсэн нь тэр. Бид ч бөөн хөөр баяр болоод хэсэг пижигнэлдлээ. Ингээд Дооровыгоо аваад Ханбогдоос Дундговь, Дэлгэрхангай уул руу нь явлаа. Төрдөө үнсүүлсэн хүнийг ижий, аавд нь үнсүүлэхээр зүтгэж яваа. Нар жаргах үед суманд нь давхиад ирлээ. Дооровыг маань угтаж байгаа хүн ч гэж алга. Одоо шиг утас шөрмөс, харилцаа холбоо хөгжөөгүй цаг. Сумын төвийн хажууханд гэрт нь хүрээд очтол ижий нь дүү охинтой нь хамт гарч ирээд хүүгээ хүзүүнээс нь зүүгдээд үнслээ. Дооров чинь бие томтой ханагар эр. Ижий нь атигар жаахан хөгшин. Хүүгийнхээ хүзүүнээс зүүгдчихсэн үнсэж буй тэрхүү дүр зураг одоо ч нүдэнд харагдаж, нулимсыг минь цийлэлзүүлдэг юм. Төрийн шагналт зохиолчийг төрүүлсэн “өндөр ээж” гэдэг тийм л байдаг юм билээ.

Өнгөрөгч онд кино урлагийн ой тохиолоо. Ойдоо ямар бэлэг барив. Ном бичээд байгаа дуулдсан?

-Монголын кино урлагийн наян жилийн ой тохиолоо. Миний бие кино урлагтай хувь заяагаа холбоод тавин таван жил болжээ. Энэ хугацаанд 25 бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн байна. Киноны далан жилийн ойгоор “Монгол киноны нэвтэрхий толь”-ийг хийсэн. Түүний хоёрдугаар дэвтрийг өнгөрөгч онд гаргалаа. Миний анхны номонд 300 гаруй кино орсон байдаг. Тэгтэл хоёр мянган оноос хойших арван таван жилийн хугацаанд 600 гаруй кино хийгдсэн байна. Жилдээ гуч, дөчин кино хийж байна. Энэ дундаас жинхэнэ уран бүтээл гэвэл өөр хэрэг л дээ. Одоо бол кино зүгээр л үйлдвэрлэдэг болжээ. “Сүүдэр шийний хүүхдүүд” ном бичээд дуусч байна. Мөн “55:25” гэсэн ном хувьдаа хийж байна. Кино урлагийн академи намайг дурсамжаа бич гэсэн. Хүн харахад зүгээр нэг хоёр тоо байж болох юм. Гэвч энэ бол цаанаа Жигжидсүрэн гэдэг хүн Монголын урлагт 55 жил зүтгэхдээ 25 кино хийжээ гэсэн нэг бодлын тайлан юм даа.

Нэгэнт кино үйлдвэртэй холбогдсоных цээжинд явдаг зүйлээ хэлчихье байз. Кино үйлдвэрийн уран бүтээлийн баг гэдэг чинь тэр чигээрээ атаа хорслын талбар байлаа. Хор гээчийг жинхэнэ найруулдаг газар байлаа. Намайг олон жил ажилласан газраа ингэж хэллээ гэж зарим нь гайхаж магад. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан биз дээ. Кино үйлдвэр гээд бодохоор надад сайхан байдаг. Би бол хүний ганц хүү. Ижийгээ, эцгээ алдчихаад газар дэлхий хөмөрчихсөн юм шиг явахад Кино үйлдвэрийн эгэл жирийн ажилчид, миний хамт олон надад түшиг болж, сэтгэлийн зовлон жаргалыг хуваалцдаг байсан. Харин уран бүтээлч нөхөд жалганаас том жижиг чулуу ар нуруу руу нүүлгээд зогсож байна. Ингэхэд би гэдэг хүн Кино үйлдвэрт байхдаа төрөөс нэг ч шагнал авч үзээгүй гээд бодохгүй юу.

Урлагийн гавьяат зүтгэлтэн болоогүй юм уу?

-Үгүй юм аа. Сүүлд Соёлын яаманд, Цанжид сайдын үед мэргэжилтэн байхдаа авсан юм.Тэгээд би үндэсний телевизэд очсон хүн. Монгол телевизэд очоод ойгоор нь ардын жүжигчин болсон. Намайг чинь телевизээс төрсөн ганц ардын цолтон гээд манайхан жигтэйхэн хүндэтгэнэ. Үндэсний телевиз үнэндээ хаяа сайтай айл юм. Ямар сайндаа Шаравын Сүрэнжав “Жийгээ, Кино үйлдвэрийн уран бүтээлчдийн чамд хандаж байсан хандлага, телевизийн уран бүтээлчдийн хандлага өдөр шөнө шиг зөрүүтэй байна” гэж нэгэнтээ хэлж билээ. Бусдад тэгж л мэдрэгдэж, ажиглагддаг юм байна.

Та хэд хэдэн киноныхоо дууны шүлгийг өөрөө бичсэн. “Анхны алхамкиноны дуунд агуу их Мөөеө ая хийсэн байдаг. “Манай хүү нэг юм хийжээ. Мөрдорж оо, чи нэг юм бодооройгэж аав тань хэлсэн гэдэг. Энэ талаараа ярихгүй юу?

-Миний аав Жамсрангийн Гомбожав гэж Дорноговь аймгийн Сайхандулаан сумын хүн. Эдийн засагч хүн байсан. Худалдааны яаманд олон жил болсон. Сүүлдээ МОНЦАМЭ-д хорь гаруй жил нягтлан хийсэн дээ. Аав, Мөрдорж гуай хоёр их ойр явсан. Тэр үед шагай их харвадаг байж. Тэр хоёр нэг багийн хоёр шагай харваач байсан байгаа юм. Мөрдорж гуай сайн харвадаг байсан гэдэг шүү. Баг нь ч сайн баг байсан гэдэг юм. “Анхны алхам” киноны зураг авалтын үед натурт байхдаа дууны шүлгийг бичсэн. Тэр чинь жаран есөн он. Гол дүрийн хоёр жүжигчин болох Хүрэл, Цэцэгбалжид хоёрын дурлалыг яаж холбох вэ гэж бодсоны үүднээс ерөөсөө дуугаар холбоё гэсэн санаа төрсөн юм.

Хөнгөн жигүүр ургаж гүйцээд

Холын тэртээд шувууд зорилоо

Онгон насны хосгүй учралд

Хайрын дээдээр чамдаа даслаа

Хорвоо ертөнц уужим гэдгийг

Хунгийн дэгдээхэй мэдээгүй

Хонгор чамтай учирна гэж

Хорьхон насандаа бодсонгүйгээд бичлээ.

Анхнаасаа миний санаа бол Мөрдорж гуайгаар аяыг нь хийлгэх байсан. Тэгээд яаж хэлэх вэ гэж бодлоо. Намайг яваад очвол мэдээж хүлээж авахгүй. Тэгээд аавд хэлсэн хэрэг. Мөрдорж гуай хөгжмөө сонсгоод надад өөрөө дуулж өгч билээ. Мань эр чинь дуулахдаа тааруу. Над шиг солгой хоолойтой. Зундуйн Хангал бол сайхан дуулдаг байсан. Ингэхэд “Анхны алхам” киноны дуу миний анхны дуу биш юм. 1961 онд би “Гологдсон хүүхэн” киноны туслах найруулагчаар ажилласан. Тэгээд киноныхоо зураг авалтын үер “Насан туршийн хайр” гэж дууны үг бичиж, киноны маань Долингорын дүрд тоглосон Урлагийн гавьяат зүтгэлтэн Норсонжав гуайд тэр дууныхаа үгийг өгч байсан түүх бий. Уг дуу маань Ардын хувьсгалын дөчин жилийн ойн концертонд дуулагдаж байлаа шүү дээ. Ингэж миний анхны дуу 1961 онд Норсонжав гуайн аялгуугаар төрсөн юм. Харин “Суварган цэнхэр уулс”-ын “Буцах хунгийн дуунаар сэрсэн, Буурал намрын сэрүүн шөнөөр” гээд эхэлдэг “Хунгийн дуу”-г Буурангийн Нандинцэцэг дуулсан юм.

-“Суварган цэнхэр уулсгэснээс танаас Чогдон баатрын тухай асуух гэсэн юм. Баатрыг та хэд хэдэн удаа гадаа хонуулсан байдаг?

-Чогдон баатар “Суварган цэнхэр уулс” киноны маань цэргийн зөвлөх байсан. Халх голд гурав, дөрвөн сар хамтдаа явсан. Нөмрөгийн застав, Баянхошууны застав, Хэрээ уулын заставт ихэнх зургаа авсан. Буйр нуурын заставт ч зураг авч байлаа. Хил зөрчигчийн зургийг шөнө авсан. Нар жаргаж байхад зургаа эхлээд үүр цайж байхад дууссан. Арван сар гарчихсан жигтэйхэн хүйтэн. Бүгдээрээ нээх их ядарсан амьтад л байж байгаа юм чинь. Чогдон баатрыг хартал нэлээн ядарсан янзтай харагдаж байна. Би таныг ядраачив уу даа гэхэд “Халх голд нойргүй хонох миний хоногийн тоо дуусаагүй л байгаа юм байна” гэж хэлж билээ. Бас л агуу үг шүү. Олон улсын цэргийн шүүхэд Монголыг төлөөлж очсон хүн бол Чогдон баатар. Уул нь Дандар баатар явах байсан юм билээ. Гэтэл өнөө Дандар нь шоронд байсан үе. Зураг авалтын үеэр үг өдөхөд “Хурандаа ч ерундаа болоод байна даа” гээд хөхөрч байдаг сан. Ер нь маш гоё хүн байсан юм шүү. Зүүн урд хилийн Дархан уул буюу Хулд ууланд баатар намайг дагуулж очиж билээ. “Энэ хайрхныг самурайнуудад гурав алдаж, гурав буцааж авч байлаа” гэж баатар хэлж билээ. Чогдон гуай хуурай элсэн дороос шүдэнзний хайрцаг шиг дөрвөлжин хар юм гаргаж ирээд гал асаатал дүрс хийж байсан. Гучин есөн оны дайны дарь тэр олон жилийн дараа байсан нь сонин.

Өнөөдөр гарч байгаа Монголын гэх тодотголтой уран сайхны кинонуудад аллага, хүчирхийлэл их гарах юм. Мөн тэнгэрээс гэнэт мөнгө унаж ирээд ч юм уу, газраас мөнгө ургаж ирээд байгаа мэт маш хурдан баяждаг, иймэрхүү зүйлүүд их гардаг. Үзсэн хүмүүс, ялангуяа хүүхэд залуусАмьдрал ерөөсөө ийм амар хялбар юм байнагэж бодож сэтгэж байна. Энэ талаар та санал бодлоо хэлэхгүй юу. Амьдрал бол үнэндээ тийм биш шүү дээ?

-Одоогийн кино миний хийж байсан үеэс их өөр болжээ. Хуучны кинонуудыг гарахад хүмүүс уйдахгүй үзээд байдаг хэрнээ орчин үеийн киног нэг л хүлээж авахгүй юм гэж хүмүүс надаас асуудаг л даа. Уран бүтээлчдийн бүтээлдээ хандах хандлага байхгүй болчихсон юм уу даа. Доржийн Гармаа нэг удаа хэлж билээ. “Хөхөө гэрлэх дөхлөө”-г хийж байх үедээ мань хүн Баянхонгорт байж. Орой түлээ хөрөөдөж байтал хоёр эмэгтэй ороод ирж л дээ. Тэр хэн байв гэхээр агуу их жүжигчин Цэвээнжав гуай. “Гармаа гэж хүн мөн үү, таны нэгэн кинонд надад жижигхэн дүр оногдсон юм. Би тэгээд амьдрал судалж байна” гэж хэлжээ. “Морьтой ч болоосой”-гийн Дондогийн ээжийн дүрээ Цэвээнжав гуай авчихаад байсан нь тэр. “Бид чинь дүрээ ингэж судалдаг юм аа хүү минь” гэж хэлсэн гэдэг. Цэвээнжав гуай тухайн үед драмын театрынхантай Баянхонгорт тоглолтоор явж байж. Тэр гайхалтай хүнд ардын жүжигчин өгөөгүйд нь харамсдаг юм. Монголын киноны хамгийн гайхамшигтай эмэгтэй жүжигчин хэн бэ гэвэл би эргэлзэх зүйлгүйгээр Цэвээнжав гуайг нэрлэнэ. Харин түүний дараа яалт ч үгүй манай Цэрэнпагма орно. Миний “Хүн чулууны нулимс” киноны галзуу Цэвэлийн дүрийг яаж гайхалтай бүтээсэн билээ.

Цэвээнжав гуайн түүхтэй харьцуулаад би нэг зүйл хэлье. Хэдэн жилийн өмнө кино хийлээ. Драмын театрын залуу жүжигчнийг нэг дүрд тоглуулахаар авлаа. Өнөө залуугаа киноны группийн 20-иод хүн цуглуулж байгаад баахан хүлээлээ. Ирдэггүй шүү. Утасдаад байлаа, цаг гаруй хүлээлгээд ирдэг юм. Орж ирэнгүүтээ “Жийгээ найруулагч аа, би 5.30-д явна шүү” гэдэг юм. Зургандаа ороогүй, үгээ ч уншаагүй байж. “Хүү минь чи юу ярьж байна вэ” гэтэл би зургаан цагаас хүний хурим хөтлөх юм аа гэдэг байгаа. Залуучууд киноны зураг авалтад ерөөсөө ингэж ханддаг болчихож. “Чамаар миний кино дутахгүй” гээд би хөөгөөд явуулчихсан. Уран бүтээлдээ ингэж ханддаг учир үзэгчдэд үлдэх дүр гэж байхгүй байгаа юм.

Миний бие 2015 онд олон ангит телевизийн сериал гаргалаа. “Аймшигтай нүүдэл” нэртэй зургаан цагийн кино. Анх удаа хийж үзсэн телевизийн сериал байгаа юм. Энэ ямар учиртай юм бэ гэхээр 1975 онд “Хүний амь” кино хийж байсан. Цэрэндагва, Төмөрбаатар, Гүрбазар гээд миний шавь нар хоёрдугаар курсын оюутан байхдаа тоглоцгоосон. Тэр киноны 40 жилийн ой өнгөрсөн онд болсон. Шагдарсүрэнгийн Гүрбазар санал гаргаж 40 жилийн дараа нэг юм хийе гэж хэлсэн. 40 жилийн дараа тэр гурав хэн болов гэсэн санааг гаргасан. Өлзийхишигийн Нарангэрэл гавьяат, Гүрээ бид гурав яриад телевизийн сериалаа нэг ангит бүрэн хэмжээний уран сайхны кино болгоё гэж тохиролцсон. Сүүл үеийн бүтээл гэвэл энэ байх шив дээ.

Categories
мэдээ цаг-үе

Гвардиола: “Аз үзэхгүй амьдрана аа гэдэг чинь өөрөө аз туршсан асуудал билээ”

Түүнийг азтай хүн гэлцдэг. Тэр дөнгөж дасгалжуулагч болонгуутаа “бэлэн болчихсон хоол” гэж хэлж болохоор “Барселон”-ыг удирдаж Европыг байлдан дагуулсан. Дараа нь яг тэр түүхтэйгээ адил Германы “Бавари”-ийг дасгалжуулж хүрч болох бүх оргилд гарлаа. Харин ирэх улирлаас Английн хөлбөмбөгийн хамгийн баян баг болох “Манчестер Сити”-г удирдахаар болж байна. Гурван жилийн хугацаатай жилд ойролцоогоор 25 сая еврогийн цалин авч, хамгийн өндөр пүнлүүтэй дасгалжуулагч хэмээн цоллуулах гэрээг тэр хэдхэн хоногийн өмнө үзэглэлээ. Түүнийг Хосэп Гвардиола-и-Сала буюу бидний мэддэгээр бол Пэп Гвардиола гэдэг юм аа.

45 настай, хамгаалагч, хагас хамгаалагчийн байрлалд “Барселон” багт бужигнуулж явсан түүнийг ирээдүйд ийм том дасгалжуулагч болно гэж хэн ч хэлж байсангүй. Өөрийнхөө тухай, өрөөлийн тухай, дуртай мэргэжлийнхээ талаар юу бодож эргэцүүлдгийг нь өгүүлсэн богино хариултууд нэгэн хэвлэл мэдээлэлд гарсан байхыг олж харлаа. Түүнийг нь хөрвүүлж танд танилцуулъя.

-Би хөлбөмбөгийн ертөнцөд ажиллаж байгаа дасгалжуулагчдын шилдэг нь л лав биш юмдаг.

-Асч дүрэлзсэн амьдралаар амьдрахыг тэмүүлдэг.

-Азгүй байж болно. Тэмцэхгүй, тэмцэлгүй байж болохгүй.

-Би сэтгэл судлаач биш, хөлбөмбөг гайгүй тоглож байсан энгийн нэгэн залуу. Өөрийгөө зоригжуулахад энэ хангалттай биш гэж үү.

-Заримдаа галзуу тоглож байгаад хожигдох нь уйтгартай хожлоос илүү таашаал өгдөг юм.

-25 нас хүрэх үедээ ирээдүйд дасгалжуулагч болдог ч юм бил үү гээд бодож эхэлсэн. Ер нь би өөрийгөө бие бялдрын хувьд жулдрай нэгэн байсан гэж боддог шүү. Харин ч тийм үлбэгэр амьтан гэхэд овоо удаан бөмбөг өшиглөжээ.

-Дасгалжуулагч өөрийнхөө ажлыг сэтгүүлчдийн өмнө тод томруун, зөв тайлагнах хэрэгтэй. Чиний зөв буруу ярьснаас үүдэн маргааш өглөөний сонины борлуулалт сайн муу байх нь шалтгаална.

-Хөлбөмбөг гээч нь тайлагдашгүй ертөнц билээ. Түүний нэг хэсэг нь намайг өөртэйгөө насан туршдаа холбогдсон гэдэг бол нөгөө хэсэг нь зайл хэмээн зөвлөх юм.

-Биднийг зөвхөн ялалтаар минь тогтоон үлдээдэг.

-Зөвхөн хөлбөмбөгчдийн авьяас билэг, хичээл зүтгэлийн үр дүнд баг амжилтад хүрдэг. Хэрвээ өөр хөлбөмбөгчид байсан бол бид ийм амжилтад хүрэх үү. Хэрэв өөр дасгалжуулагчтай байсан бол тэр сайн хөлбөмбөгчидтэй баг адилхан л амжилтад хүрнэ шүү дээ.

-Өрсөлдөгч маань хөгийн сул дорой, авьяасгүй, мануухай гэж бодон талбайд гарвал хожигдоно шүү.

-Миний философи тун энгийн. Бөмбөг байхгүй бол дамжуулалт байхгүй, дамжуулалт байхгүй бол хяналт байхгүй, хяналт байхгүй бол ялалт байхгүй.

-Хөлбөмбөгч нисч байгаа бөмбөгнөөс илүү хурдан гүйнэ гэж үгүй биз дээ.

-Миний баг бөмбөг эзэмшиж, тоглолтыг хянаж байхыг би хүсдэг. Бөмбөг бидэнд удаан байх тусам их довтолно. Эсрэг багийн сөрөг довтолгоо ч хязгаарлагдана.

-Өрсөлдөгчөө 6:0-ээр ялах тохиолдолд би юунд суралцах вэ гэж.

-Азаа үзэхгүй амьдарна гэдэг чинь өөрөө аз туршсан асуудал юм шүү дээ.

-Алдах, ялагдах үедээ л хүн өсч хөгждөг юм.

-Хүмүүс ярихдаа төрөлх багаа сольж байсны оронд эхнэрээ сольсон нь дээр гэх юм. Тийм ч юм уу.

-Финалд ялагдсан ч гэлээ дэлхийн шилдэг баг хэвээр үлдэж болдог. Гэхдээ ялсан тохиолдолд мөнхөрнө гэдгийг бүү мартаарай.

-Месси бэлтгэл сайтай байвал ямар ч хамгаалалт түүнийг зогсоож чадахгүй. Хэрвээ боломжтой бол түүнд бөмбөг өгөхгүй, очуулахгүй байхыг л хичээ. Хэрвээ тэр бөмбөгөө авсан бол зогсооно гэдэг худлаа. Би сэтгэл зүрхээрээ түүнийг “Барселон”-д тоглож байгааг “тэтгэвэрт” гараасай гэж хүсдэг.

-Лео гэдэг чинь өөрөө “Барселон” юм шүү дээ.

-Месси – бурхан царайтай араатан.

-Тэр нэг удаа инээмсэглэж байгаад “Би эсвэл төвөөр тоглож довтолно. Эсвэл огт хөлбөмбөг тоглохоо болилоо” гэж билээ. (Энэ үед Ибрагимович тэр байрлалд нь тоглодог байсан.)

-Месси мундаг ч гэлээ бусад нь ч бас түүнээс дутахааргүй нааддаг юм шүү, “Барселон”-д.

-Та нар Иньестагаас суралцаач. Ямар ч шивээс байхгүй, будсан гельдсэн үс энээ тэрээ байхгүй, тун энгийн амьдардаг нэгэн. Гэхдээ талбайд гарсан үед бүжиглэнэ шүү дээ.

-Мөөг түүдэг хүн яав ч муу хүн байх ёсгүй. Хави амралтын өдрүүдэд хотоос гарч мөөг түүдэг учраас тэгж бодлоо.

-Надтай хамт ажиллаж байсан олон хөлбөмбөгчин намайг хожим нь муулдаг. Уг нь би чадлаараа л зүтгээд байх шиг байсан юм даа.

-“Бавари”-д шинэ хөлбөмбөгчид хэрэггүй. Шинэ хөлбөмбөгчид гэдэг чинь шинэ зовлон, шинэ асуудал гэсэн үг шүү дээ.

-Би уламжлалыг хүндэтгэдэг. Хэрвээ хөлбөмбөгчид намайг Бундеслигт түрүүлсний дараа шар айргаар усалбал би дургүйцэхгүй. Гэхдээ ийм үйлдэл хийсэн хөлбөмбөгч хожмоо Германы цомын финалын тоглолтын бүрэлдэхүүнд багтахгүй шүү гэдгийг санаарай.

-Лам бол миний дасгалжуулж байх хугацаандаа харсан хамгийн ухаантай хөлбөмбөгч. Харин Нойер шилдэг хаалгач нь.

-Би хэрвээ Жозе Моуриньотай таарвал “Чи” гэж харьцана. Учир нь тэр намайг энд тэнд дандаа Пэп гэж хэлдэг. Ер нь Жозе гэж хэн юм бэ. Олон үгтэй цэцэн цэлмэг нэгэн тул би түүнтэй маргалдаад дийлэхгүй. Өөр өөрийнхөө хийдэг ажлыг хийгээд л явж байвал болоо биш үү.

Гвардиолагийн дасгалжуулагч болсон цагаасаа хойш үзүүлсэн амжилтууд

2008-2012 он. “Барселон” багийн ахлах дасгалжуулагч байхдаа:

Испани улсын аварга-2009, 2010, 2011 он

Испани улсын цомын аварга-2009, 2012 он

Аваргуудын лигийн аварга-2009, 2011 он

УЕФА-гийн супер цомын эзэн-2009, 2011 он

2013 оноос өнөөг хүртэл “Бавари” багийг удирдахдаа:

Герман улсын аварга-2014, 2015 он

Герман улсын цомын аварга-2014 он

УЕФА-гийн супер цомын эзэн-2013 он

Багуудын хоорондох ДАШТ-ий аварга-2013 он

Д.БАТ-ЭРДЭНЭ