Categories
мэдээ цаг-үе

Л.Цэрэнлхам: Энэ цагаан толгой чинь Маршал Чойбалсанд үнсүүлсэн дух шүү

МУСГЗ Г.ЖАМЪЯН

Ардын Засгийн анхны долоогийн нэг Д.Догсом хурцын төрсөн дүү Д.Цэрмаагийн охин Л.Цэрэнлхам гуайтай ярилцлаа. Тэрбээр одоо Багануурт ач зээ нартайгаа хамт амьдардаг юм.

-Таныг Догсом хурцынхаас гал голомтоо сахиж үлдсэн хүн гэх юм билээ. Удам судраа хэр сайн мэдэж байна?

-Тааруухан даа. Догсом, Жинжийбадам гэгч хүмүүсийг бол сургаар мэднэ. Ээж минь л ярьдаг байсан. Догсом хурц гэж хүний аав Дансранбилэг гэдэг чинь Хэнтий аймгийн, одоогийн Баян-Овоо сумын уугуул, хэргэм зэрэгтэй хүн байсан юм билээ. Дөрвөн хүүхэдтэй байсны ганц эмэгтэй нь миний ээж Цэрмаа. Эднийхэн бүгдээрээ эсэргүүнийхэн гээд үе удмаараа хохирсон хүмүүс. Ээжийн дүү Шарав, Шагдар гэж хоёр эрэгтэй хүн байсан. Ээжид жил болгон ирж золгодог хүмүүс л дээ. Одоо бол хүүхдүүд нь байгаа байх.

-Таны ээж Цэрмаа гэдэг чинь Догсом гуайн ганц эмэгтэй дүү юм байна шүү дээ. Ээжийнхээ тухай хуучлах уу?

-Миний ээж Цэрмаа бол хөдөөгийн жирийн нэг малчин хүн байсан. Эсэргүүний дүү гээд их гадуурхагдаж, ядарч зүдэрч явсан даа. Миний ээж “Би ч эсэргүүнийхэн, хүндийнхэн гээд дууссан хүн дээ. Муу охиноо л гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх юмсан” гэж зүтгэсээр дууссан.

-Хүндийнхэн гэдэг чинь юу билээ?

-Догсом гэж хүний аав Дансранбилэгийг “хүндийнхэн” гэдэг байсан юм билээ. Хүндтэй хүмүүс байсан гэдэг утгаар л тэгж нэрлэсэн байх. Тэгээд л үр удмыг нь бүгдийг “хүндийнхэн” гээд эсэргүү нэр зүүчихсэн юм билээ. Ээж минь бол ахынхаа тухай, ер нь урд үеийнхнийхээ тухай ярих дургүй, даан ялангуяа гадны хүнд “эсэргүүний” удам угсаа гэдгээ мэдэгдэхгүйн тулд их л нууцалдаг байсан. Намайг бол их л далд, нууц байдлаар өсгөж өндийлгөсөн дөө.

-Та ч сургууль соёлоор дамжаад л явчихаа биз дээ?

-Юун сургууль байхав дээ. Би ч бас далдуур “эсэргүүний хүүхэд” гэсэн хаягтай л байсан юм билээ. Анх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын бага сургуульд орж үзсэн. Нэгдүгээр ангид сууж овоо бичиг үсэгтэй болоод байтал хоёрдугаар ангид суулгалгүй “Ар гэрийн гачигдлаар” гээд гаргачихсан. Сүүлд сураг сонсвол “хүндийнхний хүүхэд” гээд хасчихсан юм билээ. Миний эцэг гуйж гувшиж байгаад Норовлинд сургуульд оруулсан. Хоёр жил сурч байтал “эсэргүүний хүүхэд” гээд хасчихсан юм билээ. Ингээд л дөчин насандаа оройгоор дөрөвдүгээр анги төгссөн юм шүү дээ.

-Сургуулиас хасагдчихаад юу хийж байв?

-Хөдөө мал малласан шиг, ээж аавынхаа ажилд тусалж явлаа. 18 настайдаа нутгийн З.Санжаадамба гэж хүнтэй сууж, амьдралын замаа хөөдөг байгаа. Нөхөр маань Бэрхэд хайгуулын ажилтай хүн байсан. Дагаад л геологи хайгуулын ангид юухан хээхэн хийгээд явж байлаа. Нөхөр маань цэргийн алба хааж, 1945 оны дайнд оролцон, гавьяа байгуулж ирэгсдийн нэг. Бэрхдээ ажиллаж байгаад, 1983 онд таалал төгссөн. Тэгээд л би энэ хэдэн хүүхэдтэй үлдэж байгаа юм даа.

-Дөчин насандаа дөрөвдүгээр анги төгслөө гэсэн. Тэгээд ямар ажил хийв?

-Би угаасаа тоонд гайгүй. Дөрвөн үйлдлийн тоог бол хэнээс ч дутахгүй бодчихно. Энэ минь л намайг хоолонд залгуулна гэж бодоод дэлгүүрийн худалдагч болсон. Өдрийн орлогоо ганц мөнгөний зөрөөгүй тушаадаг сайн худалдагч хэмээн магтуулж явлаа.

-Тэгээд л худалдагч хийгээд байв уу?

-Үгүй дээ. Тогоочийн курст сууж хоёрдугаар зэргийн тогооч болж, нэг хэсэгтээ гуанзанд ажиллалаа. Токарь хүртэл хийж үзсэн. Ингэж ажльн дөртэй болж байснаа 1958 онд нэгдэлжих хөдөлгөөн ялахад Дэлгэр-Хаанд ирж малчин боллоо. Нэгдлийн мал арав гаруй жил маллахдаа гайгүй сайн ажилласан юм болов уу сум нэгдэл маань намайг гурван удаа “Энх сүрэгтэн”, хэд хэдэн удаа “Тарга хүчний”, “Төл бойжуулалтын аварга” болгон урамшуулж, аймаг, сумын ардын хурлын депутатаар сонгож байлаа.

-Та чинь тэгвэл төр нийгмийн зүтгэлтэн болоо шив дээ?

-Би чинь даалгасан ажилд нойр хоолоо мартан зүтгэдэг хүн шүү дээ. Зарим нь “хэнхэг” л гэдэг байх. Би, нам, төрийн ажилд насаараа зүтгэснээр муу юм болоогүй. Төр түмний хайр хүндэтгэлийг бишгүй л хүлээж явлаа даа.

-Нэгдэлдээ мал маллаад байв уу?

-Би арван хэдэн жил мал маллаад, сумын төв рүү орж ирсэн. Энэ хүүхдүүдийн чинь сургууль, номыг дагана биз дээ. Тэгээд Дэлгэрхангайнхаа төвд орж ирээд, ногоочин болсон. Аймаг сумын гурван удаагийн “аварга ногоочин” болж, тухайн үеийн ЗХУ-д аялах амралтаар шагнуулж хүртэл үзсэн. Орос орны тэр их хөгжил, байгалийн сайхныг биширч, улс орноо ийм болгох юмсан, ингэтлээ хөгжихийг нь үзэх юмсан гэдэг сайхан хүсэл тэмүүлэл өвөртлөн эргэж ирж байсансан.

-Та эх орныхоо бүтээн байгуулалтын бараг бүх салбарт ажиллажээ дээ. Тэр болгонд та амжилт гаргаж, нэр хүндтэй ажиллаж байсан байх юм. Таны хөдөлмөр зүтгэлийг тухайн үеийн нам төрийн байгууллага, удирдлагын зүгээс хэр зэрэг үнэлж байв?

-Үнэлж байсаан. “Эсэргүүний удам угсаа” гэдэг муу нэр салснаас хойш бишгүй л сайн сайхан явлаа. Өвгөн таалал төгсч, амьдрал бүхлээрээ толгой дээр ирэх үед энэ хэдэн хүүхдээ л сургууль номтой, хүний зэрэгтэй явуулахсан гэж зүтгэсээр өдий хүрлээ. Хүүхдүүд өсч өндийгөөд, ач зээ нарынхаа зулай үнэрлэн бишгүй л сайхан байна. (Цэрэнлхам гуай шагналаа үзүүллээ. Депутатынх нь тэмдэг зэвэрч элэгдсэн байна билээ)

-Та наян хэдэн сүүдэр зооглохдоо бишгүй л сонин хачин тохиолдолтой таараа биз. Сэтгэлд шингэсэн зарим сонин дурсамжаасаа хуваалцах уу?

-Байлгүй яахав дээ. Эмээ нь мартчих юм. Баян-Овоод сургуульд ороод байсан чинь нэг өдөр Маршал Чойбалсан ирнэ гээд хөл хөгжөөн болдог юм байна. Манай сургуулийн хүүхдүүдийг гадаа гаргаад жагсаачихсан. Бүрээ бөмбөр дуугарган Маршалыгаа цог золбоотой хүлээж авлаа. Маршал Чойбалсан, эхний хар тэрэгнээс буугаад наашаа алхаж байна. Хүрэн савхин дээлтэй, тун сайхан хүн байж билээ. Бидэнтэй мэндлээд хүүхдүүдийг бүгдийг үнссэн. Миний энэ муу цагаан толгойтой дух чинь Маршалд үнсүүлсэн дух шүү. Ийм дурсамжууд зөндөө бий.

-Догсом гуайн хилс хэрэг цагаатгагдсан. Гэр бүлийн гишүүд, үр хүүхдүүд нь нөхөн олговор, төрийн хайр хүндэтгэлийг нь хүртээ биз. Танд мэдэгдсэн, дуулсан зүйл юу байна?

-Одоо цаг сайхан болж, улс төрийн хэлмэгдэл гэж юмыг цагаатгаж цайруулдаг болсонд баярлаж байгаа. Намайг Догсом гэж хүний зээ дүү гэж сонсоод сүүлийн үед анхаарч үзэх болсоон. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 90 жилийн ойд уригдан оролцоод, Догсом ахынхаа хөшөөнд цэцэг өргөсөн. Дүү нарынх нь хүүхдүүд ч мэр сэр байдаг юм. Тэдэнтэй уулзаж жаргал зовлонгоо хуваалцаж байлаа. Ер нь сүүлийн үед их л анхаарал тавих болсон.

-Жил бүрийн есдүгээр сард улс төрийн хэлмэгдгсдийн өдрийг орон даяар тэмдэглэн тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүлдэг, аймаг хот, сум дүүргүүд нь хүлээн авдаг уламжлал тогтоод байгаа. Танай Багануур дүүргийнхэн таныг хүлээж авдаг уу?

-Над л мэдэгдсэн зүйл байхгүй. 1965 онд МАХН-д элссэн. Энэ намын үйлст тавин жил зүтгэлээ. Чадал тэнхээтэй байх үедээ сонгуулийн сурталчилгаа нам, төрийн ажил гээд мөн ч их явсан даа. Одоо чадал тэнхээ тасарсан. МАН-ын нөхөд л байнга эргэж тойрч “Цэрэнлхам гуай яаж байна? Юу хэрэгтэй байна?” гэж асууж ирцгээдэг. Саяхан хүртэл дүүргийн (хотын) намын хорооны нарийн бичгийн дарга хэдүүл ирж хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ гэж тэвэр дүүрэн идээ будаа, 200 мянган төгрөгтэй өгөөд явлаа. Эмээ нь баярлаж л суух юм даа.

-Одоо та хэн хэнтэйгээ амьдарч байна?

-Хүүхдийн хүүхдүүдтэй амьдарч байна яахав ээ, төрийн буян болж байна аа гэснээр бид хоёрын яриа өндөрлөлөө.

Л.Цэрэнлхам гуайнх Багануур дүүргийн (хотын) гэр хороололд гэрт амьдрах юм. Тэднийхээс гарч явахдаа: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нар гээд цөөн хэдэн ийм буурай амьд сэрүүн байгаа. Өнгөрсөн хугацаанд “эсэргүүний гэр бүл, үр хүүхэд” хэмээн хамгийн их зовлон амссан хүмүүс эд нар байдаг. Монголын төр эднийг таалал төгсөхөөс нь өмнө ганц ч болов баярлуулаасай” хэмээн бодож явлаа. Ийм тогтоолын төсөл хэдэн жилийн өмнө УИХ-д өргөн баригдсан боловч Улсын их хурлын дэд дарга бөгөөд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга нарын сейфэнд цоожлогдон шарлаж сэмэрч байгаад, Монголын төр эрх биш салхи үзүүлээсэй дээ хэмээн эрхгүй бодогдоно билээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхцэцэг: Одоогийн Их хурлын гишүүд, дээр нь аймгуудын Засаг дарга нар л дахин сонгогдох магадлалтай

МУБИСийн Нийгмийн ухааны тэнхимийн дэд профессор, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

Шинээр баталсан сонгуулийн тухай нэгдсэн хуулийг нэлээн сайн болсон гэж байгаа. Судлаач хүний хувьд уг хуулийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн гэсэн гурван сонгуулийн хуулийг нэгтгэсэн нь зөв алхам болсон. Сонгууль гэдэг бол нам, нэр дэвшигчдийн нэгдмэл цогц үйл ажиллагаа. Зохицуулах бүх асуудал нь ижил төстэй, сонгуульд нэр дэвшигчдийн үйл ажиллагааг сурталчлах, намуудын данс, санхүүжилт зэрэг асуудал нэг учраас нэгдсэн хуультай болсон нь зөв алхам байсан. Гэхдээ хуулийг бүхэлд нь харахаар сонгуулийн сурталчилгааны тал дээр нэлээн хязгаарлагдмал болсон байгаа. Одоо байгаа УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтан байгаа тохиолдолд хууль маань тэгш бус үйлчлэх агуулга бий. Сонгуулийн хуулийн төсөл хэлэлцэх үед судлаачид төдийгүй парламентад суудалгүй жижиг намуудын төлөөлөл ч тэр санал, шүүмжлэлээ нэлээн хэлсэн. Сонгуулийн сурталчилгааны хугацаа боломжийн тавигдах ёстой гэж. Тэр хэмжээгээр их хуралд суудалгүй жижиг намууд болон шинээр нэр дэвшигчдэд боломж олгох ёстой байсан. Ер нь манай Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаа 2008 оныг дуустал 45 хоногийн турш үргэлжилдэг байлаа. Сурталчилгааны хугацаа урт байхын хэрээр маш их сурталчилгаа явагдаж сонгогч олныг залхаах хандлага ажиглагдаж байсан. Гэхдээ шинээр нэр дэвшиж байгаа болон өргөн уудам газар нутагтай тойрогт сонгуулийн сурталчилгааны хугацаа урт байх ёстой. Дээрээс нь сүүлийн жилүүдэд сонгогчдын ирц буурч байгаа. Сонгуулиас сонгуулийн хооронд ирц буурч байгааг судалгаанаас харж болно. 2012 оны ирцийг 2008 оныхтой харьцуулахаар 7-8 хувиар буурсан байдаг. Харин энэ жилийн тухайд улсын хэмжээнд сонгогчдын ирц 60 орчим хувьтай байх болов уу гэсэн таамаг бий. Ялангуяа нийслэлийнхэн сонгуульд идэвхтэй хамрагддаггүй. Нэр дэвшигчдийн уулзалт, сурталчилгааны арга хэмжээнд төдийлөн оролцдоггүй болохоор шинээр нэр дэвшиж байгаа хүмүүст танигдах боломж хязгаарлагдмал байдаг. Учир нь сонгуулийн жил эхлэх үед бүх төрлийн сурталчилгааны арга хэмжээг хориглодог. Тэр байтугай нэр дэвшигчийн оролцсон нэвтрүүлэг гэж байх ёсгүй гээд заачихсан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр далд хэлбэрийн сурталчилгаа хэдийнэ эхэлчихлээ. Шуудхан хэлэхэд хууль бус сурталчилгаа түгээмэл байгаа. Ингэхээс ч өөр арга алга. Хуулийн дагуу сонгуулиас 18 хоногийн өмнө сурталчилгаа хийвэл одоогийн Их хурлын гишүүд, дээр нь аймгуудын Засаг дарга нар л дахин сонгогдох магадлалтай. Учир нь төрийн алба хашиж буй хүмүүс ажлынхаа тайлан маягаар сурталчилгаа хийх боломжтой. Гэтэл Их хурлын гадна байгаа шинэ нэр дэвшигч, шинэ намуудын хувьд энэ боломж хаалттай. Тиймээс 2008, 2012 онд явагдаж байсан далд хэлбэрийн сурталчилгаа байсаар байгаа. Дээрх зүйлийг сонгуулийн тухай нэгдсэн хуулиар цэгцэлж чадаагүй. Тиймээс хуулийн заалт хэдий чинээ хязгаарлалттай, хатуу байхын хэрээр хууль бус сурталчилгааг нэмэгдүүлж байгаа учраас энэ удаагийн сурталчилгааны хязгаарлалтыг их буруу заалт болсон гэж үзэж байгаа.

Сонгогчдын идэвх буурч байгаа нь сурталчилгааны хоног бага байгаатай холбоотой юм уу?

-Сонгогчдын идэвх унаж байгаа нь тэднийг татах арга хэмжээ бага байгаатай холбоотой. Нэг ёсондоо сурталчилгаа бага байна гэсэн үг. Уг нь сонгогчид аль болох өргөн хүрээтэй мэдээлэл авч байх ёстой. Гэтэл энэ удаагийн сонгуулийн тухай хуулиар сонгогчдын мэдээлэл авах эрхийг маш их хязгаарласан. Тэр байтугай сурталчилгааны зарим нэг заалт дээр нэр дэвшигчийн штабын ухуулагчаас бусад хүн сонгуулийн тухай яриа хөөрөө хийхийг хориглочихсон байгаа. Уг хуулийн 70.3 дээр “Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслах, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэсэн заалттай. Хуулийн заалтыг энэ утгаар нь үзвэл таньдаг хүн, найз нөхөд, гэр бүлдээ сонгуулийн талаар ярихыг тас хориглочихсон байна. Монголын соёл иргэншлийн онцлог бол хүмүүс хоорондын аман яриа шүү дээ. Ялангуяа хөдөөгийн тойргуудад хотоос ирсэн хүний үгийг сонсоно гэх хандлага ажиглагддаг. Гэтэл ямар нэгэн байдлаар сонгуулийн тухай юу ч ярьж болохооргүй болж байна. Шинэ хуулиар хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан маш олон заалт бий. Нарийвчлан тоолоод үзэхээр сонгуулийн сурталчилгааг хязгаарласан, хэрэв зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэсэн 60 гаруй үйлдлийг заагаад өгчихсөн байгаа. Эдгээр заалтуудын нэлээд хэсэг нь хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн улс төрийн эрхэд халдсан заалт байна.

Тухайлбал ямар заалт байгаа вэ?

-“Бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах үйлдэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүхийн шийдвэргүйгээр зургаан сар хүртэлх хугацаагаар зөвшөөрлийг нь хаана” гэсэн байгаа. Мөн 70.1.6, 70.7-г зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гаргасан өдрөөс эхлэн зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ гэсэн байгаа. Цахим хуудас мөн ижил. Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг зургаан сар хүртэлх хугацаагаар хаана гэдэг бол Монгол Улсын шилжилтийн 25 жилийн түүхэнд байгаагүй хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ухралт болсон заалт юм. Судлаачдын хувьд иймэрхүү жишгээр үйл ажиллагааг нь хаах арга хэмжээ цаашид хэвшил болоод үйлчилчих вий гэдэг айдастай байгаа. Өөр бусад хуулиуд ийм жишгээр явах вий гэсэн сэрэмж үүссэн. Хэрэв ингэсэн тохиолдолд Монголын хэвлэлийн эрх чөлөө боогдоно. Төр засгийн болон аль нэг улс төрийн намын эсрэг дуугарах хэвлэл байхгүй болно гэсэн үг. “Танай сайт хүнийг ингэж гүтгэсэн учраас танай байгууллагын үйл ажиллагааг зургаан сараар хаалаа” гэсэн шийдвэр гаргадаг болчихож магадгүй. Холбогдох байгууллагууд үзэмжээр ч уг асуудалд хандаж болох магадлалтай. Яаж гүтгэсэн, хуурамч мэдээлэл тараасан гэдгийг хэн нотлох вэ. Шүүхийн процесс орж ирэхгүй учраас лиценз олгодог байгууллага болон Шударга өрсөлдөөний газрын тухайн үеийн дарга, эрх барьж буй намын эрх ашиг шууд нөлөөлж магадгүй. Хэрэв энэ асуудлыг оруулах байсан бол шүүхийн дүгнэлтийг оруулах ёстой байсан. Ямар ч шүүхийн дүгнэлтгүйгээр хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хаах болчихоод байгаа юм. Орос, Беларус, Казахстан зэрэг улс хэвлэлийн эрх чөлөөгөө боогдуулж эхэлснийхээ дараа дарангуйлагч дэглэм тогтоодог. Яваандаа ийм зүйл рүү орчих вий гэх айдас байна.

Барууны улсад сонгуулийн сурталчилгаа хэрхэн явагддаг юм бэ?

-Барууны жишгийг харахаар сонгуулийн сурталчилгаа зарим улс оронд ямар ч хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг. АНУ-ын сонгуулийн практикийг харахаар нам ба нэр дэвшигч хугацааны хязгаарлалтгүйгээр бүтэн жилийн турш ч юм уу болдог. Германд телевизийн сурталчилгаан дээр тодорхой хэмжээний хязгаарлалт тавьдаг. Тэндхийн олон нийтийн телевизээр сонгуулийн сурталчилгаа үнэ төлбөргүй явагддаг. Сурталчилгааны цагийг намуудад тэгш хуваагаад өгчихдөг. Арилжааны телевизүүдийн хувьд төлбөртэй хэрнээ аль ч намд мөн л ижил тэгш үйлчилдэг. Бусад сонин, сэтгүүл, сайтын сурталчилгаа чөлөөтэй явагддаг. Харин азиуд сонгуулийн сурталчилгааг нэлээн хатуу чанга хязгаарлалт дор явуулдаг онцлогтой. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны өнгө аясад ази маягийн хатуу заалт орчихож гэж харж байгаа.

Сонгуулийн тухай хуулиар санхүүжилтийн асуудлыг ил тод болгосон гээд байгаа. Үнэхээр ил тод байж чадах болов уу?

-Сонгуулийн санхүүжилт, зарцуулалт, мөнгөн дүнг ил тод байлгана, нэг дансаар шилжүүлнэ гэх заалт бий. Хэрэв үнэхээр хэрэгжүүлж чадвал боломжийн заалт. Гэхдээ Монголын сонгуулийн түүхэнд намууд болон нэр дэвшигчид зарцуулалтын тооцоогоо хэзээ ч үнэн зөвөөр тайлагнаж байсан тохиолдол байхгүй. Зарцуулалт, санхүүжилтийн мөрөөр аудитын шалгалт оруулаад ямар нэгэн байдлаар хууль бус байгаа тохиолдолд нэр дэвшигчийг эргүүлэн татна гэх заалт байхгүй. Тиймээс тунхаглалын шинжтэй заалтууд олон байна гэж харж байгаа.

Өмнөх хуульд байгаагүй шинэ заалтууд хэр олон байгаа вэ?

-Сонгуулийн үеийн зурагт самбарууд болон гудамжны самбарыг нэр дэвшигчид үнэ төлбөргүй ашиглахаар заасан байгаа. Мөн сонгуулийн санал хураалт болох өдрөөс 24 цагийн өмнө бүх сурталчилгааны хуудас, самбарыг буулгадаг байсан бол энэ удаагийн сонгуулиар үлдээхийг зөвшөөрсөн.

Сонгуулийн өдөр сурталчилгааны хуудас гудамжаар дүүрэн байх нь сонгогчдод ямар байдлаар нөлөөлөх вэ?

-Сонгуулийн өдөр бүх сурталчилгааг буулгах ёстой гэх зохицуулалт байхгүй. Сурталчилгааны самбар, зурагт хуудас байж байхад нэг их буруудахгүй. Учир нь манай улсын сонгогчдын 30 орчим хувь нь сонгуулийн өдөр юм уу сүүлийн долоо хоногт хэнд санал өгөхөө шийддэг. Бүр санал өгөх кабинд орж байж хэнд санал өгөхөө шийддэг хүмүүс ч бий. Тэдэнд зориулсан мэдээлэл байнга харагдаж байх ёстой. Мөн шинэ хуульд интернэтийн сурталчилгааг нэлээн хязгаарласан. Хэрэв тухайн нэр дэвшигч, эсвэл иргэн хүн хэн нэгэн улстөрчийг гүтгэсэн, эсвэл бодит бус мэдээлэл тараасан бол хариуцлага хүлээлгэхээр заасан. Хэрэв өөрийн цахим хуудсаар дамжуулан хэн нэгнийг гүтгэвэл “Хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг хаана, иргэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгөн дүнгээр торгоно” гэсэн байгаа. Нэг нөхөр сонгуулийн тухай мэдээлэл тавьсныг та шэйрлэж олон нийтэд түгээхдээ тухайн сурталчилгааны эх сурвалжийг дурдахгүй бол торгуулна. Тэгэхээр фэйсбүүк хэрэглэгчид болон жиргээчид маань маш болгоомжтой хандахгүй бол торгуулийн арга хэмжээ авахуулж магадгүй. Сонгуулийн тухай хуулийн 83 дугаар зүйл бүхэлдээ интернэтийн сурталчилгааг зохицуулах гэж байгаа боловч үндсэндээ интернэтээр сурталчилгаа явуулахыг хориглосон заалт байгаа.

Шинэ хуулиар улс төрийн намууд нэгдэхээс аргагүй байдалд хүрч байгаа гэж ярьж байна. Нэг ёсондоо жижиг намуудыг парламентын гадна талд үлдээх хууль болсон гэж байгаа. Энэ тухайд?

-2012 оноос эхлэн УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдаж байгаа. Энэ тохиолдолд намуудад улсын хэмжээнд авсан нийт саналын дүн дээр үндэслэж суудал хуваарилагдана. 2012 онд таван хувийн босго гэж байлаа. Тухайн үеийн сонгуулиар ИЗНН 5.51 хувийн санал авснаар хоёр суудалтай болсон. Харин энэ удаагийн сонгуулиар таван хувийн босго дээр нэмээд тухайн намын нэр дэвшигчид мажоритар тойрог дээрээ хамгийн багадаа нэг суудал авсан байх ёстой гэж давхар босго тогтоосон. Энэ бол нэг талаасаа өндөр босго мэт боловч нөгөө талаасаа жижиг намуудад бас нэгэн боломж гэж харж байгаа.

Ямар боломж вэ?

-2012 оны сонгуульд ИЗНН-аас С.Оюун, С.Дэмбэрэл хоёр намынхнаа жагсаалтаар их хуралд суудалтай болсон. Тэгвэл одоогийн сонгуульд намын гол лидерүүд тойрогт өрсөлдөж суудал авч чадвал дараагийн хүмүүсээ жагсаалтаар Их хуралд оруулж ирэх боломжтой.

Хэрвээ таван хувийн санал авсан мөртлөө тойргоос сонгогдож чадахгүй бол яах вэ?

-Тойрог дээр суудал авч чадахгүй байгаа тохиолдолд таван хувийн санал нь автоматаар бусад намд хуваагдах ёстой. Энэ заалт хуучин байгаагүй.

Эмэгтэйчүүдийн квотын тоог 30 болгосон ч гэлээ жагсаалтад эмэгтэйчүүдийг нэлээн хойгуур бичдэг. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Уг нь эмэгтэйчүүдийн квотын тоог 30 болгосон нь өмнөх сонгуульд байгаагүй дэвшил. Гэхдээ намын жагсаалтад эмэгтэйчүүдээ хойгуур эрэмбэлээд байдаг. Жишээлбэл, 30 квот байгаа тохиолдолд гурван хүн тутмын нэг нь эмэгтэй байхаар эрэмбэлэх ёстой. Гэтэл манайд эрэмбэлэх зохицуулалтыг нарийн тусгаагүй болохоор эмэгтэйчүүдийн 30 квот хоосон зүйл болж байгаа юм. 2012 оны намуудын жагсаалтын жишгээс харахаар эмэгтэйчүүд наймаас хойш эрэмбэлэгдэж байгаа. МАН-ын жагсаалтад 10 эмэгтэй багтсан мөртлөө эхний аравт ганцхан Д.Сарангэрэл багтсан. АН-д есөн эмэгтэй жагсаалтад багтсанаас долоод Р.Бурмаа, есдүгээрт М.Батчимэг нар эрэмбэлэгдсэн. Хэрвээ эмэгтэйчүүд есөөс хойш бичигдэж байгаа бол их хуралд орж ирэхгүй байх магадлал өндөр.

Бие даагч нарын хувьд ямар нэгэн хязгаарлалт, эсвэл давуу тал харагдаж байгаа юу?

-Бие даан нэр дэвшихийг учиргүй хязгаарласан заалт байхгүй. 2012 оны жишгээр л явна. Тухайн тойргийн сонгогчдын гарын үсгийг авсан, ямар нэгэн хууль шүүхийн болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хууль бус үйлдэлгүй бол бие даан нэр дэвшинэ. Бас нэг асуудал байгаа нь сонгуулийн тойрогтой холбоотой. Улсын их хурал иргэдийг төлөөлөх үү, газар нутгийг төлөөлөх үү. Энэ утгаараа нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх ёстой байсан.

Categories
мэдээ цаг-үе

Сурагчийг цагдаагийн алба хаагч зодож цохиогүй болох нь баримтуудаар тогтоогдож байгаа

-ТАЛИЙГААЧ АНГИЙНХАНДАА ЦАГДААД ЗОДУУЛЛАА ГЭЖ ХЭЛСЭН НЬ ТУХАЙН ХҮНИЙ Л ҮГ ЮМ. ТЭР ХЭЛСЭН ҮГ НЬ БОДИТ БАЙДАЛТАЙ НИЙЦЭХГҮЙ БАЙГАА-

Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяатай ярилцлаа.

Өвөрхангай аймагт оны өмнө Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүү эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж нас барсан хэрэг гарсан. Хүүг иргэн Б цагдаагийн газар хүргэж өгсөн гэдэг. Хэргийн талаар бодитой мэдээлэл өгөөч?

-Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Ерөнхий боловсролын сургуулийн сурагч биедээ гэмтэл авсан байж болох байдалтайгаар бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ухаангүй хүргэгдэн очин эмчлүүлж байгаад нас барсан хэрэг оны өмнөхөн буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр гарсан. Энэ хэргийг одоо Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шалгаж байна. Болсон явдлын талаар товч дурдахад, жолооч ажилтай иргэн Б гэдэг хүн 23-ны өдөр Цагдаагийн газарт нэг сурагчийг дагуулан ирж, “Энэ хүүхэд манай хүүхдийн утсыг дээрэмдсэн байна” гэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг гаргасан байдаг. Энэ мэдээллийн дагуу шалгаад дээрэмдсэн гэх утсыг гэрээс нь авчруулан Цагдаагийн газар дээр тэр хохирогч хүүхдийг нэг цаг орчим байлган холбогдох ажиллагааг явуулсан байсан. Сурагчийг цагдаагийн газарт хүргэгдэн ирснээс хойш гарч явах хүртэлх хугацаанд байсан бүхий л нөхцөл байдал нь манай байгууллагын камерын бичлэгт үлдсэн. Энэ хугацаанд тухайн сурагчийг цагдаагийн алба хаагчийн зүгээс зодож цохиогүй болох нь камерын бичлэг болон бусад байдлуудаар тогтоогдож байгаа. Харин утсаа дээрэмдүүлсэн гэх хүний аав болох иргэн Б нь тухайн хүүхдийг цагдаагийн газар авчрахаас өмнө микро автобусаар хөөж, улмаар сурагчийг цохисон нь тухайн үед эргэн тойронд нь байж, болсон явдлыг харсан хүмүүсийн мэдүүлгээр тогтоогдсон байгаа.

Цагдаагийн газар орохдоо эрүүл саруул алхаад орсон, харин гарахдаа хөл нь доголоод явж чадахгүй болсон нь камерын бичлэгээс харагдсан гэж хохирогчийн ар гэрийнхэн ярьж байна?

-Талийгаач Цагдаагийн газарт ирснээс хойш нэг цаг гаруй хугацаанд эрүүгийн төлөөлөгч нарын суудаг өрөөнд байсан. Хохирогчийг өрөөнд юу хийж байгаа нь бүгд өрөөний камерт бичигдэн үлдсэн. Тэнд байж байгаад шууд гарсан бичлэг нь байгаа. Тэр өрөөнөөс манай ажилтантай хамт гараад коридороор яваад цагдаагийн газраас гарч хашааны үүднээс манай ажилтан салаад эргээд ирсэн байсан. Тэр үеийн бичлэгийг харж байхад хохирогч хүүхэд гуйвж, дайвсан, доголсон, ямар нэгэн байдлаар юм түшсэн байдал ажиглагдаагүй. Манай газрын хашаанаас гарах үед залгуулаад бусад байгууллагын буюу Шүүхийн байрны гадаа байдаг камер, Шуурхай удирдлагын төвийн гудамж талбайн камер зэрэгт сурагчийн явж байгаа дүрс бичигдэн үлдсэн байсан.

Талийгаач хүүхэд цагдаагийн газраас гараад сургууль дээрээ очсон байдаг. Ангийнхаа хүүхдүүдэд болон дэлгүүрийн худалдагч эрэгтэйЦагдаад толгой руугаа баахан балбуулчихсангэж хэлсэн гэсэн. Хэрвээ гэрчийн мэдүүлэг ийм байхад яагаад цагдаагийн албан хаагчийг шалгахгүй байгаа юм бэ?

-Тийм ээ, талийгаач цагдаагийн газраас гараад сургууль руугаа очсон байсан. Ангидаа ороход нь ангийн хэдэн хүүхэд байсан. Тэд нарт цагдаад зодууллаа гэж хэлсэн байсан. Талийгаач ангийнхандаа цагдаад зодууллаа гэж хэлсэн нь тухайн хүний л үг юм. Тэр хэлсэн үг нь бодит байдалтай нийцэхгүй байгаа. Манай ажилтнуудын зүгээс тухайн сурагчийг ямар нэгэн байдлаар зодсон цохисон зүйл Цагдаагийн газар дээр байх хугацаанд тогтоогдоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Цагдаагийн алба хаагчийн буруутай үйлдэл, хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл одоогоор тогтоогдохгүй байгаа учраас Прокурорын газраас хэргийн шалгах харьяаллыг манай Цагдаагийн газарт тогтоосон байгаа.

Энэ хэрэгт цагдаагийн ажилтан Бямбасүрэнг холбогдуулан шалгахгүй байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байдаг?

-Хохирогчийн зүгээс Прокурорын байгууллагад хүсэлтээ гаргаад цагдаагийн албан хаагчийг холбогдуулаад шалгуулах хууль зүйн эрх, боломж нь байгаа шүү дээ. Ар гэрийн зүгээс Прокурорын байгууллагад цагдаагийн ажилтныг холбогдуулан шалгуулах, хэргийн мөрдөн байцаалтын харьяаллыг өөрчлүүлэх чиглэлээр хүсэлт гаргаагүй байгаа юм байна гэж миний хувьд бодож байна.

Хүүг цагдаагийн газар орсноос гарах хүртэлх бүтэн камерын бичлэгийг ар гэрийнхэнд нь үзүүлэхгүй байна гэсэн. Тасдаж, янзалсан дутуу бичлэг үзүүлсэн гэж ярьж байсан. Энэ ямар учиртай юм бол?

-Цагдаагийн газрын доторх болон гаднах камерын бичлэгийг ямар нэгэн байдлаар тасдаж янзалсан, үзүүлэхгүй байгаа талаар хохирогчид ярьсан байсан л даа. Бичлэгүүдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хураан авч, хэрэгт хавсаргасан байгаа. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс бичлэгийг хэдийд ч ирээд үзэх боломж нь нээлттэй. Ар гэрийнхэн нь өмгөөлөгчийнхөө хамт бичлэгтэй нь нэг бүрчлэн үзэж танилцсан шүү дээ. Мөн бид камерын бичлэгийг засварлаж, тасалсан, бичигдээгүй үлдсэн хугацаа байгаа эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон. Хэрвээ бичлэгийн талаар буруу дүгнэлт гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан тодорхой эрх, үүрэгтэйгээр оролцож байгаа шинжээчид холбогдох дүгнэлтээ гаргаж хохирогчийн эргэлзээг гаргах байх гэж бодож байна. Ер нь гэмт хэрэг үйлдсэн хүн хэн байхаас үл шалтгаалж бид хэргийн бодит үнэнийг тал бүрээс нь хөдөлбөргүй тогтоох үүрэгтэй шүү дээ. Иймд цагдаагийн алба хаагч энэ хэргийг хэрвээ үйлдсэн бол хуульд заасан хариуцлагаа хүлээх л ёстой. Бид хууль бус үйлдлийг өөгшүүлэх, нууж далдлах, хуйвалдах ямар ч боломж байхгүйг талийгаачийн ар гэрийнхэн зөв ойлгоосой гэж хүсч байна. Хэрэв талийгаачийн ар гэрийнхний яриад байгаа шиг камерын бичлэгийг бодит байдлаас гуйвуулах, өөрчлөх ямар нэгэн оролдлого гаргавал энэ нь өөрөө гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдэл болно.

Энэ хэрэгт холбогдуулан иргэн Бг шалгаж байгаа. Сэжигтнийг талийгаач хүүг зодож, хөөж байсныг харсан хүн, гэрч байгаа юу. Энэ хүн хэргээ хүлээсэн үү. Сэжигтний ар гэрийнхэн манай хүнд хийгээгүй хэргийг тохоод өнгөрөх гэж байна гэж хардаж байна?

-Энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Б нь хохирогч хүүг айлган микро автобусаар араас нь хөөсөн, барьж авсан хойноо цохисон зэрэг үйлдлүүд нь хамт байсан хүмүүсийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Сэжигтний зүгээс үйлдсэн хэргээ өөрөө хүлээхдээ гол нь биш. Харин тухайн хүний үйлдэл бусад баримтуудаар тогтоогдоход л хамгийн гол учир, холбогдол нь оршиж байгаа шүү дээ. Хэргийг гэм буруугүй хүнд тохно гэсэн ойлголт байхгүй ээ. Мөрдөн байцаалтын бүхий л ажиллагаа хуулийн дагуу явж байгаа эсэхэд прокурор хяналт тавьж байна. Хүний гэм буруутай эсэх, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүхээс эцэслэн тогтоож, ял шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэдэг эрх зүйн зохицуулалттай шүү дээ.

Насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эх, харгалзах хүнгүйгээр байцаасанд ар гэрийнхэн нь гомдолтой байна гэж буй. Ар гэрийнхэнд нь яагаад мэдэгдээгүй вэ?

-Сурагч хүүг Цагдаагийн газарт авчирснаас хойш ямар нэгэн байдлаар байцаалт аваагүй. Хамт амьдардаг төрсөн эгчийнх нь утас руу залгахад холбогдохгүй байсан. Холбогдсон тохиолдолд дуудаж ирүүлэх гээд манай алба хаагчид хэсэг хугацаанд хүлээсэн байна лээ. Насанд хүрээгүй хүнээс байцаалт, мэдүүлэг авахад ар гэрийн хүмүүс, сурган хүмүүжүүлэгч, өмгөөлөгчийг байлцуулдаг журамтай.

Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын камерын бичлэгт хэд хэдэн сэжигтэй зүйлүүд байна гэж ар гэрийнхэн нь яриад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Цагдаагийн газрын дотор, гаднах хэсгүүд бүгд камержсан. Тийм учраас энэ бичлэг болон хүүгийн байсан өрөөнд ажиллаж байсан бусад ажилтнуудын мэдүүлгийг үндэслээд цагдаагийн алба хаагч энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоогүй гэдэг нь тогтоогдож байгаа. Ямар нэгэн сэжигтэй, шалгуулмаар зүйл байгаа бол ар гэрийнхэн нь тухайн асуудлаараа хуулийн хүрээнд хандах хэрэгтэй. Одоогоор ар гэрийнхэн нь ийм албан ёсны санал, хүсэлт, гомдол ирүүлээгүй байна. Цагдаагийн алба хаагчийг энэ хэрэгт сэрдэх, буруутгах үндэслэл байгаа бол хуульд заасан эрхийнхээ хүрээнд хүсэлтээ гаргаж тавих хэрэгтэй. Хүсэлтийг хүлээж авдаг, шийдвэрлэдэг журам нь хуулиараа зохицуулагдсан байгаа.

Categories
мэдээ цаг-үе

“Одод түгсэн шөнө”

Нидерландын алдарт зураач Винсент Ван Гогийн “Одод түгсэн шөнө” зураг нь дэлхийн шилдэг 33 бүтээлд багтдаг. Өдгөө Нью-Йоркийн Орчин үеийн уран зургийн музейд тавигдсан байдаг билээ. Ван Гог энэ бүтээлээ 1889 онд зурсан. Тухайн үед нэрд гараагүй, хэн ч мэддэггүй зураач Сен-Реми хотын нэгэн эмнэлэгт эмчлүүлж байхдаа энэ бүтээлээ туурвижээ. Урлаг судлаачид түүнийг Ван Гогийн сор болсон бүтээлүүдийн нэг гэдэг.

“Одод түгсэн шөнө”-ийг алдарт зураач эмчилгээ хийлгэж байхдаа зурсныг дахин дурдъя. Сэтгэл санаа нь тогтворгүй болж, үе үе ухаан алдаж, ааш зан нь нэлээд хувирсан байжээ. Нэрт зураачид эмчилгээ хийлгэж байхдаа зураг зурахыг эмч нар хориглосон гэдэг. Бие нь сайжирсан нөхцөлд уран бүтээлээ туурви хэмээн анхааруулж байжээ.

Ван Гог тэр үед итгэж, биширч явсан Христосын шашнаасаа татгалзсан байлаа. Залуудаа шашны номлогч болж, ядарч зүдэрсэн хүмүүст тусална хэмээн боддог байсан тэрээр ийнхүү огт өөр шийдвэр гаргасан байна. Шашнаас татгалзсныхаа дараахан бичсэн нэгэн захидалдаа “Надад шашин ихэд дутагдаж байна гэж хэлэхийг өөртөө зөвшөөрлөө. Яагаад гэхээр би шөнө гадаа гарч оддыг зурж эхэлсэн” гэжээ. Энэ бүтээлээ шөнийн тэнгэрийг харж байгаад бус сэтгэл санаанд нь хадгалагдан үлдсэн дурсамжаараа туурвисан гэдэг. Урлаг судлаачид “Одод түгсэн шөнө”-ийг нэрт зураачийн “Арвайн тал дахь хэрээнүүд” бүтээлтэй холбон тайлбарладаг. Эдгээр нь Ван Гогийн бүтээлийн онцлогийг хамгийн тод илэрхийлсэн зургууд.

Ер нь бол сарны туяанд гэрэлтэн харагдаж буй зүйлсийг дүрслэх нь Голландын уран зургийн нэгэн уламжлалт онцлог юм. Энэ бүтээлийг ойроос бус зайнаас анхааралтайгаар ажиглахад ер бусын гайхамшиг нь юундаа байгаа нь мэдрэгддэг аж. Түүнийг зурсан арга барил, техник зэргээр нь Ван Гогийн бүтээл болох нь шууд танигддаг. Өөр ямар ч зураачтай андуурахын аргагүй гэнэ.

Тэнгэр, одод, сарыг нэгэн хэмнэлээр дүрсэлсэн энэ бүтээлийг сэтгэлийн хөдлөлөөр бус нэлээд тунгааж бодсоны эцэст зурсан болохыг гэрчилнэ хэмээн судлаачид үздэг. “Одод түгсэн шөнө”-ийн амин сүнс нь алсад харагдах уулан дээгүүр, тэнгэрт түгсэн алтан шаргал өнгөтэй одод болон сар юм. Одод, сар хоёр нь хамгийн түрүүн үзэгчийн нүдэнд тусна. Харин уулын бэлд орших тосгон бараг анзаарагдахгүй. Үүгээрээ байгаль дэлхий юунаас ч илүү хүчирхэг гэдгийг нэрт уран бүтээлч харуулахыг хичээжээ.

Оддыг бөөрөнхий хэлбэртэйгээр дүрсэлж, тэдний эргэн тойронд салхи шиг юм хуйлран эргэлдэж байгаа нь тэнгэрийн заадас, сансар, огторгуй мөнхийн хөдөлгөөнд байгааг харуулсан байна. Цэнхэр өнгөөр дэвсгэр хийсэн нь бүх юм тайван тогтуун, ертөнцийн жамын дагуу амьдрал үргэлжилсээр байгааг илтгэсэн. Ван Гог энэ бүтээлдээ арваннэгэн одыг томоор зурж хажууд нь хавирган хэлбэртэй сарыг дүрсэлсэн байгааг та бид харна. Үүгээр Библид гардаг Христосын 12 үнэнч шавийг төлөөлүүлсэн хэмээн урлаг судлаачид тайлбарласан байдаг. Оддыг ер бусын томоор зурсан нь үүнтэй холбоотой. Тэдгээрийг шар өнгийн дугуй дотор байгаагаар зурсан нь мөнхийн хөдөлгөөнд байгаагийн илэрхийлэл болжээ.

Энэ зургийн бас нэгэн гайхамшиг нь эрс тэс өнгүүдийг хэрэглэсэн явдал. Гүн цэнхэр, алтан шар, ногоон, саарал өнгүүдийг гайхамшигтайгаар хослуулснаар Ван Гог өөрийн авьяас чадвараа харуулжээ. Зургийн урд хэсэгт дүрсэлсэн модыг санагдуулахуйц ургамал нь нэг талаас эрс тэс өнгөний хоршлыг илтгэж, нөгөө талаас тэнгэр, одод, хотын харьцааг тэнцвэржүүлж өгчээ. Мөн энэ мод, газар, тэнгэр зэрэг нь хоорондоо холбоотой гэдгийг илэрхийлсэн. Ван Гогийн хувьд мод маш чухал байсан гэдэг. Дээшээ тэмүүлэн ургаж буй нь нэг л мэдэхэд газраас салахын дохио аж.

Уулын бэлд орших тосгоны байшингийн цонхыг харагдахуйц тодоор дүрсэлснээр зураач сэтгэлийнхээ бас нэгэн гунигийг илэрхийлсэн гэдэг. Хүүхэд ахуй насандаа амьдарч байсан гэрээ санагалзжээ. Сүмийн оройг бусад байшингуудаас онцгойлон тэнгэр өөд шовойлгон зурснаар нэг хэсэг өөрийгөө шашинд зориулах хүсэлтэй байснаа илэрхийлсэн байна.

Зургийн баруун захад хэсэгхэн газар хар өнгийг хэрэглэсэн нь өөрөө нийгмээс тусгаарлагдсан байдлаа харуулсан хэмээн судлаачид үздэг. Харин тэнгэрт буй оддыг тойрсон зураасууд бүгдээрээ доошоо бөхийж буй мэтээр дүрсэлсэн нь эмнэлгээс гарах хүсэл эрмэлзэл дүүрэн байсантай холбоотой аж. Сэтгэл санааны хувьд тун гундуу байсан тул “Одод түгсэн шөнө” бүтээлд шөнийг дүрсэлсэн аж. Ийнхүү нэрт зураач Ван Гог уг бүтээлээрээ өөрийн сэтгэл санааны байдлаа илэрхийлж, амьдарч буй ертөнцийн талаар сэтгэлд нь хоногшин үлдсэн дүр зургийг буулгажээ. Хэдийгээр энэ бүтээл нь энгийн мэт санагдах боловч нэрт зураач түгээрээ дамжуулан ертөнцийг үзэх үзлээ илэрхийлсэн гэдэг. Судлаачид энэ бүтээлийн талаар ярихдаа Ван Гогийн голланд гаралтайг үргэлж дурддаг аж.

Ер нь Ван Гог нэг бус удаа тэнгэрийг дүрсэлсэн бүтээл туурвисан бөгөөд тэдний нэг нь “Ронын шөнийн тэнгэр” нэртэй зураг.

Дашрамд дурдахад түүний энэ бүтээлийг олон зураач хуулбарлан зурсныг хүмүүс гэртээ тавьсан байдаг. Ер нь зураачдаас Ван Гог шиг тэнгэрийг ийнхүү ер бусынаар дүрсэлсэн бүтээл байхгүй гэж болно. Алдарт зураач маань 1888 онд “Оддыг хараад би үргэлж мөрөөдөлд автдаг. Тэнгэрт буй тод цэгүүдэд яагаад бид Францын газрын зураг дээр байдаг хар цэгүүд дээр очдог шиг хүрч чаддаггүй юм бол” хэмээн бичсэн байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Тэд итгэж байхад бид яагаад айх ёстой юм бэ

“Бид” цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор эдийн засагч, судлаач Ч.Отгочулууг урьж ярилцлаа.

-Сүүлийн үед Монгол Улсын гадаад өр хэрээс хэтэрч, монгол хүн бүр их хэмжээний мөнгөний өрөнд орсон гэх мэдээлэл гарах боллоо. Үүний шалтгаан нь бонд гэх. Тантай бондын тухай ярилцах гэсэн юм?

-Болно.

-Дэлхийн жишгээр бондын хувь хэмжээ эдийн засгийнхаа хэдэн хувьтай тэнцүү байдаг юм бэ. Манай улс дампуурахад ойрхон байгаа, өр зээлээ дийлэхээ байсан гэсэн мэдээллүүд сүүлийн үед их гарах болсон. Энэ үнэн үү?

-Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас олон улсын стандартаар байнга гаргадаг тайлангаас энэ талаар харж болно. Дэлхийн дунджаар бондын хувь хэмжээ тухайн улсын эдийн засагт ямар хувьтай байдаг талаар энэ тайланд тодорхой дурддаг. Ерөнхийдөө тухайн улсын эдийн засагт эзлэх Засгийн газрын өр 60-80 хувьтай байгаа.

-Манай улсын Засгийн газрын өр хэд байгаа вэ?

-55 хувьтай шүү дээ. Олон улсын дундаж түвшинд байна гэж ойлгож болно. Гадаад өр их боллоо гээд байгаа нь хувийн компаниудын гадаадаас авсан өр зээлийг оруулж тооцоод байгаа юм. Хувийн өр гэдэг нь Засгийн газар буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөхгүй, тухайн компани өөрөө эрсдэлээ даагаад авч байгаа өр зээлийг хэлдэг. Би нэг чухал статистик хэлье. Таван жилийн өмнө манай улсын гадаад өрийн бараг 90 хувь нь Засгийн газрын, тодруулбал татвар төлөгчдийн мөнгөөр баталгаажсан өр байсан. Одоо энэ байдал эрс өөрчлөгдсөн. Нийт гадаад өрийн бараг 60-70 хувь нь хувийн хэвшлийнхний авсан зээл. Манайх дунд орлоготой орны тоонд орсон учраас хөгжлийн албан ёсны зээл авах хугацаа нь дуусчихсан. Харин хувийн хэвшлийнхэн өөрсдөө эрсдэлээ үүрээд гаднаас зээл босговол тэр нь манай өрд бичигдээд байгаа юм. Бид хамгийн гол нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөх Засгийн газрын өрөнд л санаа тавих хэрэгтэй юм.

-Монгол хүн бүр, бараг л шинээр төрөх хүүхэд хүртэл хэдэн зуун сая төгрөгийн өртэй боллоо гэсэн мэдээлэл гарч байсан. Хувийн хэвшлийнхний авсан өр зээлийг оруулж тооцоолсон гэсэн үг үү?

-Манай гадаад өр 10-15 жилийн хугацаанд төлөх дүнг нь харвал өндөр харагдаж байгаа. Яг хэсэгчлээд төлөх хуваарийг нь харвал манай улсын жилийн экспортын орлогын 20 хувьтай тэнцэж байгаа. Бид жилд экспортолж байгаа экспортынхоо 20 хувиар тухайн жилийнхээ өрийг төлнө. Энэ бол олон улсын дундаж хэмжээнд л байна гэсэн үг. Бүгд Найрамдах Казахстан Улсын гадаад өр гэхэд 30-40 хувьтай болсон байна л даа. Миний ойлгосноор УИХ-аас тогтоол гарч таван тэрбум ам.долларын эрхийг Засгийн газарт өгсөн юм билээ. Энэ бол манай улсын 1-2 жилийн экспортын л хэмжээ. Эндээс 1.5 тэрбум ам.доллар нь Чингис бонд хэлбэрээр орж ирсэн байгаа. Чингис бонд, Самурай бонд нийлээд 1.8 тэрбум орчим ам.доллар. Манайхан бонд гэхээр өр гэж ойлгоод байдаг. Хүн бүр цалингийн зээл, машин, байр зээлээр авдагтай л адилхан. Зээл авснаар надад ямар давуу тал бий болж байна гэхээр би цаг хугацааг агшааж байгаа. Товчхондоо, 30 жил ажиллаж байж байр авах биш, өнөөдөр байраа зээлээр авсан нь цаг хугацааны хувьд ашигтай. Чингис бондыг авснаар 60 мянган ажлын байр бий болгосон. Сүүлийн 20 жилд огт барьж чадаагүй замыг гуравхан жилийн дотор барьчихлаа. 800 мегаваттын цахилгаан станцыг ашиглалтад оруулсан байна. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр монголчуудад ажлын байр хэрэгтэй. Ажлын байрыг хамгийн их хойшоо чангааж байгаа зүйл бол өндөр хүүтэй зээл, хоёрдугаарт хөдөө орон нутагт цахилгаан байхгүй, гуравдугаарт зам байхгүй байсан. Одоо энэ байдал өөрчлөгдөж байна. Ажил хийе гэсэн хүмүүст Чингис бондоос хөнгөлөлттэй зээл олгож байна. Зам барьж, эрчим хүчнийх нь асуудлыг шийдээд өглөө. Ингэхээр хувийн хэвшил нь ажлын байр бий болгодог, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн замаар илүү тогтвортой, эрүүл ажлын байр бий болох нөхцөл бүрдэж байна.

-Дэлхий нийтээр эдийн засаг хямарсан таагүй жилүүд тохиож байна. Гэхдээ эдийн засгийн хямралтай учир өр тавиад амь аргацаая гэж болохгүй байх л даа. Яаж өрсөлдөх ёстой юм бэ. Өрсөлдөх чадвар, өр хоёр ер нь ямар хамааралтай вэ?

-Өр ихтэй байх нь тийм сайн үзүүлэлт биш. Гэхдээ нэг сонин хамаарал байдаг. Өрсөлдөх чадвараар хамгийн сайн үзүүлэлттэй орон бол Сингапур. Гэтэл Сингапурын гадаад өрийг эдийн засагтай нь харьцуулахад маш өндөр. Итгэл даах чадвар өндөр байгаа учир гадаадынхан зээл өгч байна. Улс орнуудын эдийн засгийг гадаад өртэй нь харьцуулахад өрсөлдөх чадвартай улс орон их хэмжээний зээлтэй байдаг. Үүний аль нь учир шалтгаан бэ гээд хөөгөөд үзвэл сонирхолтой зүйл гарна. Тэртэй тэргүй орж ирэх орлогоо түрүүлж аваад ирээдүйд олох нэг төгрөгөө гурван төгрөг болгох боломж юм. Тэгэхээр өр гэхээс илүү хөрөнгө оруулалт гэж ойлгож болно.

-Бонд босгоогүй бол эдийн засаг ямар байх байсан бол?

-Хэрвээ бид Чингис, Самурай бондуудыг босгоогүй, Оюу толгойг явуулаагүй байсан бол манай эдийн засаг өдийд 3-4 дахин жижиг, гудамжинд явж байгаа машины тоо бага, гадаадад сурч байгаа оюутны тоо 3-4 дахин бага, манай малчдын орлого 3-4 дахин,татварын оролого 3-4 дахин бага байх байсан. Хэтэрхий мэргэн жараахай шиг юу ч хийхгүй байгаад байх юм уу, эсвэл нэгэнт өрсөлдөөнтэй зах зээлд боломжоо өсгөж байх нь зөв үү. Манай эдийн засаг бол сүүлийн таван жилд дахин дахин томорлоо. Цаашаа ч өсөх боломжтой. Энгийн жишээ хэлье. Сая Ил тод байдлын хууль гарлаа. Үхмэл далд байсан хөрөнгийг ил гаргахад долоон их наяд гэж яриад л байна. Манай эдийн засаг 22 их наяд. Зарим хүн нь эдийн засгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө илэрч гарч ирлээ л гэж байна. Зээлийн тэлэлтийг харахад бас өөр тоо гарна. Бизнесийг зохицуулж байгаа хууль эрх зүй нь тийм ч таатай биш байна. Үүнээс үүдээд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө албан ёсны статистик бүртгэлд орохгүй байна. Манай улсын эдийн засаг сайн байх боломж уг нь харагдаж байгаа юм.

-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсан гэх муу мэдээ сонсдоод удаж байна. Төмөр зам бариагүй нь ч дээр байж гэх мэт таагүй яриа дагадаг болжээ. Гэтэл бондын мөнгөөс төмөр замын төсөл рүү оруулсан байгаа. Нэг хэсэгтээ хойш тавих төсөл байсан уу, санхүүжүүлэх нь зөв байсан уу?

-Манай улс сайн чанарын коксжих нүүрсээрээ Хятадын зах зээл дээр өрсөлддөг. Сүүлийн үед өрсөлдөөн нэлээн ширүүсч байна л даа. Автрали, Индонези, ОХУ зэрэг нь хүчтэй өрсөлдөгч нар. Гэхдээ бидэнд нэг давуу тал байгаа нь чанартай сайн чанарын нүүрс. Гэвч яалт ч үгүй нүүрсний үнэ уначихсан. Түүнээс гадна манай улсын өрсөлдөх чадварыг хойш татаж байгаа зүйл бол тээврийн зардал. Манайх шиг ачааны машинаар нүүрсээ, зэсээ, газрын тосоо зөөж зардаг улс дэлхий дээр байхгүй. Энэ бол өндөр зардалтай байдаг. Хэрэв бид төмөр замтай болчихвол тээврийн зардал хоёр дахин буурах судалгаа байдаг. Нүүрсний хувьд шатаагаад дулаан гаргаад байдаг зүйл биш, ган үйлдвэрлэдэг учир нүүрсний эрэлт хэрэгцээ байсаар байна. Хятадын эдийн засаг бол дэлхийн эдийн засгийн 20 хувийг эзэлдэг, манай улсын эдийн засгаас 1000 дахин том. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй байх. Их халалтыг зөөлөн газардуулах бодлого барьж, эдийн засгийн эрс өсөлтийг сааруулж байгаа юм билээ. Энэ байдал нөлөөлж байгаа.

Хятадууд нүүрс худалдаж авах үнээ бууруулчихаар нийлүүлж байгаа компаниуд нь өгч байгаа тоо хэмжээгээ нэмэгдүүлж байгаа юм. Компаниуд ажлын байраа хадгалж үлдэхийн тулд ижил стратеги баримталж, авч байгаа хятадууд үнээ бууруулсан нь ийм байдалд хүргээд байна л даа. Газрын тос ч гэсэн ийм л байдалд орсон. Энэ нэг их удаан үргэлжлэхгүй байх. Нийлүүлэгч компаниуд ч төслөө зогсоогоод дампуураад эхэлсэн. Өнөөдөр нийлүүлэлт нь эрэлтээсээ давчихаад байна. Эрэлт нь нийлүүлэлтээсээ даваад эхлэхээр нүүрсний үнэ эргээд өснө. Бид тэр болтол тэсч үлдэх бэлтгэлтэй байх ёстой. Нүүрсний үнэ унасан ч зэсийн эрэлт бас боломжийн хэмжээнд байна. Хятадад нэг байдал үүссэн нь зэсийг нөөцөлж болдог байсан. Тэрийгээ болиод хурдан зараад эхлэхээр зэх зээл дээр нийлүүлэлт их болсон байна. Гэхдээ энэ нийлүүлэлтийн илүүдэл удаан үргэлжлэхгүй буцаад хэвэндээ орно.

-Оюу толгой зогсчих вий, зэсийн үнэ унах вий, нийлүүлэлт илүүдээд эхлэх вий гэдэг бол бидний айдас болжээ. Оюу толгойтой адил төслүүд рүү хөрөнгө мөнгөө оруулдаг хүмүүс дэлхийд хэр их байдаг юм бэ?

-Түүхий эдээ экспортолдог улс дэлхий дээр байна. Мөн тэр төсөл рүү нь хөрөнгөө оруулаад ашиг олдог компаниуд, улсууд ч бий. Үүнийг судалж үзэхэд 2010, 2011 онд түүхий эдийн үнэ өндөр байхад баян орнуудаас манайх шиг хөгжиж буй орнууд руу жилд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг байж. Энэ нь манай улсын эдийн засгийг 50 дахин өсгөсөн хэмжээний мөнгө гэсэн үг л дээ. Энэ байдал 2012 онд нэлээд буурсан, 2013 онд буураад 2014 онд хасах 500 тэрбум (-500 тэрбум) болсон. Өөрөөр хэлбэл, оруулсан хөрөнгөө эргүүлж татах үзэгдэл дэлхий даяар бий болжээ. Энэ онд ч буурах хандлага байна. Гэхдээ манайх үүний эсрэг сэлж чадсан. Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтад зориулж дэлхийн хамгийн шилдэг 15 банкнаас 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадлаа. Товчхондоо, дэлхий даяараа хямарч байхад бид харин Оюу толгойгоор дамжуулаад хөрөнгө оруулалт татаж чадаж байгаа юм.

-Оюу толгойн хөрөнгө оруулалт бол яахын аргагүй эерэг мессэж болж чадсан. Манай улсын эдийн засаг ойрын хоёр, гурван жилдээ ямархуу байх бол?

-2016, 2017 онд хүнд байна. Тухайлбал, Чингис бондын эргэн төлөлтөд 700 сая ам.доллар төлөхөөс 500 сая нь бэлэн байгаа юм билээ. Үлдсэн 200 сая долларыг нэг жилд олчих байх. Нөхцөл байдал хүнд байгаа гэдэг нь манай гол худалдан авагч Хятадын эдийн засаг, дэлхийн зах зээл хүнд байгааг л хэлээд байгаа юм. Харин бидэнд боломж байгаа, айх шаардлага байхгүй. Манайд боломж байгаа гэдэг нь бидэнд итгэж зээл өгч байна шүү дээ. Тэд итгэж байхад бид яагаад айх ёстой юм бэ.

Categories
мэдээ цаг-үе

С.Баттулга:Сар шинийн өмнө “Ерөөлтэй аялгуу” цомог гаргалаа

Улсын Филармонийн гоцлол дуучин, “Voice” хамтлагийн ахлагч С.Баттулгатай ярилцлаа.

-Улсын филармони тоглолт ихтэй гэсэн. Ямар сонинтой вэ?

-Монгол Улсын филармони шинэ сар гарангуут дараалсан тоглолт хийж байна. Хайрын баярт зориулсан тоглолтод орлоо. Морин хуурын чуулгатай бэлтгэл хийж байна. Морин хуурын чуулгын уламжлалт ардын дуу хөгжмийн “Торгоны хээ” тоглолтод орж байна.

-Ардын дууны тоглолтод орж байгаа гэхээр сонирхолтой сонсогдож байна шүү. Өөрөө ардын дуу дуулж харагддаггүй?

-Уг нь би дуурийн дуулаачаар төгссөн, тавилттай хоолойтой дуучдын нэг. Гэхдээ манай урлагийн ахмад үеийнхэн, уран бүтээлчид, алдартнуудын урын санд бас ардын дуу байсан. Ардын дууг дуулах арга техник нь уртын дуучин, ардын дуучид шиг уламжлалт хэв маягаар биш сонгодог тавилттай, гэхдээ бүр ари романс шиг биш, монгол хүн учраас монголчууддаа ойр хэлбэрээр дуулдаг. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан агсны найруулгаар “Ёохор хатариш” гэдэг буриад дууг дуулна. Энэ дуу одоогоос хоёр жилийн өмнө “Миний эх орон” цуврал концертод маань дуулагдсан.

-“Миний эх орон” тоглолт жил бүр үргэлжилдэг гэхээр эх орны сэдэвтэй дуунууд урын санд тань олон байх нь ээ?

-2012 онд СТӨ-нд “Миний эх орон” гэж нэгдсэн том концерт тоглосон. Түүнээс хойш жил бүр “Миний эх орон” цуврал концерт хийж байгаа. Жил болгоны концертын хөтөлбөр шинэчлэгдэнэ, бүрэлдэхүүн нь өөрчлөгдөнө. 2012 оны тоглолтод Морин хуурын чуулга, симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй тоглож байсан бол уржнангийнх Морин хуурын чуулгатай, өнгөрсөн зургадугаар сард симфони найрал хөгжимтэй тоглосон. “Миний эх орон” гэдэг утгаараа голцуу ээж аав, нутаг ус, ард түмнээ магтан дуулсан байгаа. Урын сангаа баяжуулахад хүч хөдөлмөр шаардана л даа. Гэхдээ эх орны сэдэвтэй олон сайхан дуу байна. Миний шинэ уран бүтээлүүд ч бий. Тухайн бүрэлдэхүүнийхээ онцлогт тохируулаад дуугаа сонгодог.

-Таныг нийгмийн идэвхтэй, муугаар хэлбэл хэнхэг хүн гэдэг?

-Магадгүй. Аав маань урлагийн хүн байсан л даа. Манай ахмадууд ажлын хэнээтэй хүн гэж ярьдаг шүү дээ. Одоо бид чадах чинээгээрээ уран бүтээлээ хийгээд явж байна. Зүгээр суух эрхгүй. Аль болох цаг ашиглаад, уран бүтээлээ хийгээд зүтгэж л байхгүй бол зах зээлийн нийгэмд бизнес хийгээд явах цаг зав, авьяас ч алга. Зөвхөн филармониос гадна Морин хуурын чуулга, “Баян Монгол”-тойгоо дуулж байна. Давхар концерт хөтөлнө. Бие даасан уран бүтээл байна. “Voice” хамтлагийн гишүүний хувьд уран бүтээл хийнэ. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, гавьяат Б.Ганчимэгтэй хамтарсан уран бүтээл хийж байгаа. Сар шинийн өмнө “Ерөөлтэй аялгуу“ нэртэй 18 дуутай хамтарсан цомог гаргалаа. Таны хэлдгээр хэнхэг, хэнээтэй болчихоод байна даа.

-Таныг Ерөнхий сайдад хандаад, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах тухай шаардлага тавьсан гэж мэдээ харсан юм байна?

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах тухай би санаачлаад мэдэгдэл хүргүүлсэн юм байхгүй. Зүгээр л дуу хоолойгоо нэмэрлэж, үзэл бодлоо илэрхийлсэн. 1999 оны арваннэгдүгээр сард тухайн үеийн Сонгодог урлагийн академик театрт дуучнаар орж байлаа. Урлагт хөл тавьсан цагаасаа хойш нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажилд оролцож ирсэн. Хорих байгууллага, асрамжийн төв, хогийн цэгээр явж, уран бүтээлээ өргөж байлаа. Сүүлийн жилүүдэд JCI байгууллагын олон улсын залуучуудын төрийн бус байгууллагад гишүүнээр явж байгаа.

-Хүмүүнлэгийн үйлс чинь хүмүүст нөлөөлсөн тохиолдол байсан уу?

-Олон сайхан дурсамж бий. Эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх газарт найз нөхөдтэйгөө хамтраад гурав, дөрвөн ч удаа тоглолт хийсэн юм. Тэнд байгаа хүмүүсийн сэтгэл зүйд жаахан ч гэсэн эерэгээр нөлөөлөх, нийгэмшихэд нь дэм болох үүднээс ажилладаг юм. Тэнд хүмүүжиж байсан эгчтэй хуурай эгч дүү болсон. Тэр эгч засан хүмүүжүүлэхэд байхдаа эчнээгээр сурч, мэргэжил эзэмшсэн. Тэр хүн надад хэлдэг юм. “Амьдралдаа алдаж оноод, ах дүү нар, анд найзууд үргэсэн, хүнд хэцүү үед миний дүү шиг хандаж байсан” гэдэг.

-Анх яагаад хүмүүнлэгийн үйлсэд орчихсон юм бэ?

-Аав ээжээс өгсөн хүмүүжил юм уу даа. Дээрээс нь би бас Христэд итгэгч. Хүмүүс янз бүрээр хүлээж авдаг юм. Би үнэхээр ажил амьдралаараа үлгэр дуурайл болсон мундаг хүн биш, энгийн нэг итгэгч. 1994 онд Христэд итгэгч болсон. Христэд итгэгчид зөвхөн Монголд биш дэлхий даяар дэлхийн хүн төрөлхтний төлөө асар их зүйл хийж байгаа. Христэд итгэгчид хэзээ ч алан хядах үйл ажиллагаа, улс орныг сүйрүүлэх, хагалан бутаргах үйл хийж байгаагүй.

-Таныг “Нандин цэнхэр тэнгэр” гэж дуун дээр нэлээд бодож удаан ажилласан гэж сонссон юм байна. Завханы гавьяат С.Батсүх, Эрдэнэзуу хийдийн Х.Баасансүрэн лам нарын дуулснаар энэ дууг хүмүүс хүлээж авсан, шинээр хүргэхэд амаргүй болов уу?

-“Нандин цэнхэр тэнгэр” гэдэг дуу сүүлд нь “Орчлонг хайрлаарай” нэртэй болсон л доо. Зохиогч нь “Нандин цэнхэр тэнгэр” гэж шүлэглэсэн юм билээ. Анх С.Батсүх гавьяат дуулсан. Түүнээс хойш хэдэн жилийн дараа манай Баянмонгол чуулгын ахмад хөгжимчин Д.Нармандах аялгууг нь бичсэн хүний хувьд өөрөө надад өгсөн юм. Би Америкт тоглолтоор явж байхдаа анх дуулсан. Нэлээд хожуу хоёр жилийн дараа С.Батсүх гавьяатад хэлээд “Зохиогч нь надад өгсөн юм, дүү нь энэ дууг дуулна шүү” гэсэн чинь “Тэгээрэй миний дүү, өөрийнхөөрөө дуулаарай” гэсэн юм. Яагаад хоёр жил болсон гэхээр С.Батсүх ах дуулчихсан. Тэрүүгээр нь дахиад фонограмм хийгээд дуулчихаар байдаг л нэг дуу болчихно. Дууны шүлэг, аялгууг сонсоход гүн ухааны уран бүтээл. Тэгээд бодож байгаад Морин хуурын чуулгын цохивор хөгжимчин Жавзаадаа хэлээд, цөөхүүл хөгжим найруулж бичээд дуулсан. Эрдэнэзуугийн хамба бас дуулсан, сошиалаар хүмүүст их хүрсэн шиг байгаа юм.

-И.С.Бах гэсэн чинь “Ямар муухай юм ярьдаг юм бэ” гэдэг онигоо шиг танд ч бас басс гэснээс болоод хөгжилтэй явдал тохиолдож байсан гэсэн?

-Хөгжмийн урлагийн нэр томъёог энгийн хүмүүс ойлгохгүй юм гарна л даа. Оюутан байхдаа тайлан концерт тоглохдоо эгчийнхээ найзын аавыг тоглолтдоо урьсан юм. Оюутан байхдаа тэдний өрөөг түрээсэлж амьдардаг байлаа. Бараг төрсөн ах дүүгээс дутахгүй болсон л доо. Тэр ах цэргийн хүн. Тоглолт үзээд сууж байхад нь би дуулахгүй юу. Тэгсэн манай нэг багш “Энэ чинь гайгүй басс гарах нь уу, үгүй юу” гэж л дээ. Басс, баритон гэдэг чинь уг нь эрэгтэй аргил баргил хоолой гэсэн үг. Тэгсэн чинь ах нөгөө багш руу айхавтар харсан гэсэн. Хэсэг дуугүй сууснаа “Чи ер нь хүнийг баас шээсээр нь дуудаад юу вэ, чи” гэж хуурай агсам тавьсан гэнэ лээ.

-Бичин жил гарч байна. Ажил уран бүтээлийн нийтэд хүртээлтэй хэсгээс нь сонирхуулбал?

-Филармонийн хамт олонтой төлөвлөсөн маш олон уран бүтээл байна. Бүгдийнх нь ард гарна даа. Ирэх намар “Ерөөлтэй аялгуу” цомгийнхоо баярыг хийх санаатай. Зун хамтарсан кино концерт хийхээр бодсон юм бас бий. “Voice” группийн хувьд нэг хэсэг завсарласан бол уран бүтээлдээ орчихсон яваа. Хамтлагийнхаа хоёр дахь цомгийг гаргахаар ажиллаж байна. Даахгүй нохой булуу хураана гэгчээр баахан юм төлөвлөөд байгаа. Энэ жил арван жилийн сургууль төгссөний 20 жилийн ой болно. Тэрийг тохиолдуулан цомог гаргахаар ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Япончуудад итгэлийн гал авчирлаа Котошёогикү

Сумо Японы үндэсний бөх мөн үү, үгүй юу гэж өөрийн эрхгүй эргэлзмээр байдалтай болж ирсэн нь нууц биш. Ялангуяа Монголоос 25 бөх барилдаж, дээд цолтон болсон ёкозуна нь гурвуулаа монгол төдийгүй орос, унгар, болгар, египет гээд гадаадын олон цолтой бөх ар араасаа төрөн гарснаар япон бөхчүүдийн хувьд сумо гэдэг оройд гарахад бэрхтэй оргил болсон гэхэд хилсдэхгүй. Ямар сайндаа сумогийн нэгэн алдартай тайлбарлагч “Япон сумогийн хувьд өнөөдөр тас харанхуй хонгилын дундуур явж байна. Хэн гээч аавын хүү, хэзээ нэг итгэлийн дэнлүү барин гийгүүлэх бол” гэж шогширч байсан нь саяхан. 2005 онд озэки Точиазума түрүү авснаас хойш нэг ч япон бөх ёкозуна байтугай эзэн хааны цомыг тэврэх хувь дутсан бүхэл бүтэн арван жилийг “Садогатаке” дэвжээний озэки, 32 настай Котошёогикү зогсоолоо. Энэ л агшныг Японы ард түмэн хүсэн хүлээж олон жилийг үдсэн юм. Энэ оны анхны буюу нэгдүгээр сарын башёд манай гурван аваргыг дараалуулан унагаж, сүүлийн өдөр озэки Гоэдог давснаар 14 даваа, нэг унаатайгаар түрүүлж, сумогийн ордон дахь арван мянга гаруй бишрэн шүтэгч, үзэгч олны өмнө сүүлийн барилдаанд давсан агшнаа гайхсан шинжтэйгээр “Давах нөхцөл нь л ийнхүү таарсан байх, түрүүлсэндээ хязгааргүй их баяртай байна” хэмээн догдлонгуй ярьж зогсоно гэдэг япончуудын хувьд сайхан үйл явдал байлаа.

Тэрээр 1984 оны нэгдүгээр сарын 30-нд Фүкүока мужийн Янагава хотод гурван хүүтэй барилгын компанийн захирлынд отгон хүү нь болон төржээ. Өвөг эцэг нь жүдод их дуртай байсан бөгөөд гэрийнхээ гадна дэвжээ засч, ач хүүгээ бага сургуулийн гуравдугаар ангиас нь барилдуулж, өдөрт хоёр цагаас доошгүй кэйко хийлгэж, ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд зуун метрийн зайнд нэг цагийн турш 40 удаа дугуй чирүүлдэг байжээ. Хүү өдөрт нэг литр сүү ууж, сургуульдаа хатаасан загас авч явж явж иддэг. Нэг үгээр хэлбэл сумоч болох нарийн дэг жаяг, сургуулилтыг багаасаа эзэмшиж эхэлсэн байдаг. Тухайн үед нутагт нь болж байсан жүнгёо буюу тойргийн барилдааны үеэр их аварга ёкозуна Таканохана өвөр дээрээ спортод дуртай бяцхан хүүг суулган авахуулсан дурсгалын зураг түүнийг эргэлт буцалтгүй сумогийн ертөнцөд оруулахад нөлөөлсөн түүхтэй. Котошёогикү их аварга Асашёорюүгийн суралцсан Коичи мужын Мэйтокүгижюкү дунд сургуульд сумогийн сонгонд суралцан, дунд сургуулийн сумогийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, ахлах сургуулиа дүүргээд багаасаа танилцаж байсан Садогатаке багшдаа шавь орон, дэвжээнд нь элсчээ.

Тэр 2002 оны нэгдүгээр сарын башёд Котокикүцүги нэрээр анх барилдаж, 2004 онд жүрёод дэвшихэд багш нь түмний хүндэтгэл хүлээсэн бөх болоосой хэмээн бэлгэдэж Котошёгикү хэмээх нэрийг хайрласан аж. Мань эрийн хувьд архи огт ууж чаддаггүй бөгөөд нэг аяга шар айраг уув уу, үгүй юу хөл дээрээ тогтож чадамгүй гуйваад эхэлдэг, тэр ч байтугай сакэ архи хундагалдаг халбагыг усанд дүрээд өгөхөд согтдог учир согтууруулах ундааны оронд аожирү буюу ногоо, буурцагны ундаа өдөр болгон уудаг гэж байгаа. Нэг ёсондоо архины харшилтай гэсэн үг л дээ. Түүх өгүүлэхэд тэрээр 2005 оны нэгдүгээр сарын башёд макүүчи зиндаанд дэвшин орж, нэгэн үед озэки болон ёкозуна Асашёорюү, Хакухо зэрэг хүчтэнүүдийг давж, уран барилдааны шагналыг дөрвөн удаа, онцгой барилдааны шагналыг гурвантаа хүртэж байсан шаггүй барилдаанч эр билээ. Түүний озэки болох зам тийм ч дардан байсангүй. Үе үе ширүүхэн тулааны улмаас хүнд бэртэл авсан нь олонтаа. Түүнийг 2011 оны долдугаар сарын башёд озэки болно хэмээн олон түмэн их итгэл хүлээлгэн харж байв. Гэвч 11 даваа дөрвөн унаатайгаар өндөрлөж цол ахих нь үлгэрийн далай болов.

Башё дууссаны дараа өглөө босохоос ч дургүй нь хүрч, сэтгэлээр унаж байсан үед телевизийн нэвтрүүлэгт орох болж, бэлтгэл, хоолны үед ер нь хаа явж байгаа газар болгон нь дагаж, зураг авах ёстой болов. Дурангийн өмнө дуртай, дургүй ч кейко хийх ёстой. Нэгэнт л иймээс хойш хамаг хүчээ дайчлаад бэлтгэлээ хийе гэж зүрхээ чангалан орсон гэдэг. Үүнээс ч болсон уу намрын башёд сэтгэл, санааны өндөр бэлтгэлтэй барилджээ. Хакухо аваргыг хоёр башё дараалан унагаж, унаа тэнцүү болсон учир сүүлийн өдрийн барилдаанд үзүүр түрүүнд үлдэж дахин барилдаж 12 даваа гурван унаагаар башёг дуусгаж байсан. Ийнхүү озэки Котомицүкигээс хойш дөрвөн жилийн дараа япон озэки мэндэлсэн байдаг. Цол ахиснаас хойш барилдахаасаа өмнө дэвжээн дээр биеэ гэдрэг хойш хотойлгон, гүнзгий амьсгаа авч үзүүлбэр үзүүлдгийг үзэгч олон уухайлан дэмждэг болсон юм. Гэвч зүүн өвдөгний шөрмөс болон цээжнийх нь булчин тасарч байн байн дахин сэдэрч, өвдөж, хөндүүрлэн зовоож байжээ.

Ялангуяа хоёр өвдөг нь маш их гэмтэж, үзүүр түрүү булаалдах нь байтугай барилдахад ч бэрхшээлтэй байдаг болов. Тавин хувиа л чүүтэй айтай хийнэ. Таван ч удаа булангийн озэки болж байсан. Сумогоо больдог ч юм бил үү гэж бодож байсан үедээ одоогийн хүч тамирын дасгалжуулагч Шиода Мүнэхиротой танилцсан нь түүний хувь заяаг өөрчилжээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас энэ дасгалжуулагчийн удирдлага дор таван өдөрт нэг удаа маш энгийн гэж хэлж болохоор булчин чангаруулах дасгал сургуулилт хийж эхэлжээ. Дэвжээнийхээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд хүнд төмөр хийсэн хаймран дугуйг овон товон чулуун зам дээр 30 метр түлхэж явах, хүнд жинтэй туухайг ээлжлэн өргөж түлхэж гүйх, шидэх, татах зэрэг сумогийн үндсэн техник, хөдөлгөөнийг дахин заалгаж, засч, сайжруулсаар байж. Биеийн хүч чадал нь улам сайжирч, барилдаандаа үр дүнтэйгээр ашиглах болжээ. Ояагата болох багш нь бэртлийг дэвжээн дээрээ эдгээ гэдэг захиасыг мөрдөн өдөр тутмын уламжлалт кейког ягштал хийлгэдэг байв. Түүний амжилт гаргахад томоохон нөлөө үзүүлсэн хүн гэвэл яах аргагүй гэргий нь аж. Тэр өнгөрсөн онд сэтгэлт бүсгүйдээ зурагтай ном гараараа урлаж, завсар нь очир алмазан бөгж хийгээд гэрлэх санал тавьсан байна. Саяхан төрсөн өдрөөрөө хуримаа хийж, залуу хосуудын хувьд давхар давхар баяр болов.

Арвантаван өдөр хүчтэй, арга мэхтэй өрсөлдөгч нартай барилдаж, харамсал цөхрөл, баяр гуниг ээлжлэн өнгөрөх өдөр бүрт сэтгэлийн хүч, тэнхээн тэнцвэрийг олж чадахгүй байсаар үргэлжлэн хожигдсоор башёг дуусгах явдал ч түүнд байдаг байв. Харин гэр бүлтэй болсноор гэргий Юми нь түүнд өдөр болгон гарын шим тэжээлтэй хоол унд хийж, түүний дуртай анхилуун үнэрийн заслаар тайвшруулж, сэтгэлийг нь сэргээж, стрессийг нь тайлж өгдөг байж. Тиймээс ч саяхан болж өнгөрсөн дэвжээнийхээ хүлээн авалтан дээр “Намайг хамгийн их дэмжиж, урам зориг өгсөн хүн гэргий минь билээ. Миний хүч чадлын ундарга чи минь шүү. Арвантаван өдрийн турш надтай хамт байж, дэмжсэнд маш их баярлалаа” гэж хуран цугласан олны өмнө бахархалтайгаар хэлж байсан. Ирэх гуравдугаар сарын башё түүний хувьд гурван их аварга, япончуудын их итгэл найдвар болоод буй Кисеносато мөн Терунофүжи озэкигоос эхлээд хүчтэй өрсөлдөгч нэлээдгүй байгаа ч ёкозуна болох хувь заяа шийдэгдэх бөгөөд болзол хангавал их аварга Ваканоханагаас хойших 18 жилийн дараахь япон ёкозуна төрөх эсэх нь олны анхаарлын төвд байсаар байна.

Японд суугаа манай тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг


Categories
мэдээ цаг-үе

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав: Сүсэглэж буй зүйлийнхээ утга учир, мөн чанарыг сайн ойлгохын төлөө хичээх жил

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажавтай ярилцлаа.

-Монголчууд бид хонин жилийг ардаа үдэж гал бичин жилтэй золголоо.Гал бичин жилийн ерөнхий төлөвийг тодорхойлохгүй юу?

-Юуны өмнө танай сониноор дамжуулж ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Сайхан жил гарч байна. Монголчууд амны билэгтэй сайхан ард түмэн учраас цагаан сар ч өргөн дэлгэр, амар тайван сайхан боллоо. Энэ жил аливаа зүйлд сандарч зовох хэрэггүй. Хүн бүхэн дор бүрнээ хичээгээд өөрсдөө зүтгээд явбал сайхан жил байна. Зурхайчдын зурсан зураг зурлагаас харахад жилийн өнгө сайхан харагдаж байна.

-Цаг агаарын мэдээгээр сар шинийн өдрүүдэд цас шуурах төлөвтэй байсан. Зарим нутгаар шуурсныг эс тооцвол шинийн өдрүүд сайхан дулаахан байлаа. Тухайн жилийн өнгийг шинийн нэгний өдрөөр тодорхойлох ч бий. Ер нь үнэний ортой биз?

-Үнэн шүү дээ. Өнөө жил Шинийн нэгний өглөө цэлмэг тэнгэрт нар алтан цацрагаа түгээн мандаж, дулаараад ямар сайхан байсан бэ. Монгол хүн амны билгээр гэдэг. Аливаа зүйлийг ярихдаа дандаа бэлгэшээдэг. Бэлгэшээнэ гэдэг цаанаа уламжлалтай. Утга учиртай. Тэнгэрийн аясаар юмыг шинждэг. Олон мянган жил мал аж ахуй эрхэлж нүүдэллэж ирсэн монгол ард түмний уламжлал шүү дээ. Монголчууд бид шинийн нэгний өдөр тэнгэр хангай сайхан цэлмэж, урин дулаан тохиовол тэр жилдээ бүх зүйл сайн сайхан байна хэмээн үздэг. Хэрвээ шинийн нэгний өдрийг хур тунадастай, салхи шуургатай угтвал зуд турхан болох нь гэж дүгнэдэг. Энэ жил үнэхээр сайхан өнгөтэй эхэлж байна. Дулаахан цэлмэг сайхан өдөр болсон гэдэг чинь сайхан жил болохын дохио.

-Гэвч уур амьсгалын хувьд хуурайшилтай, гандуу байна хэмээн зурхайн ухаанд тодорхойлоод байгаа?

-Хавар, намар, зун, өвөл гээд дөрвөн улиралд цаг уурын янз бүрийн байгалийн давагдашгүй хүчин нөлөөлөхийг хэн ч үгүйсгэхгүй. Зарим газар гандуу байхад өөр нэг газар хур бороо ихтэй байж болно. Сайн байх муу байх гээд аливаа зүйл бүгд хүмүүн биднээс хамаарна шүү дээ. Хүний анхаарал болгоомжгүй үйлдлээс болж л гал гардаг. Бороо хур орохыг бол бид яалтай билээ. Ямар ч зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бороо ихтэй байна гээд ерөнхий төлөв бууж байгаа бол үерийн ус, бороо шорооноос хамгаалсан далан бэлтгэдэг ч юм уу эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээ аль хэдийнэ авсан байх хэрэгтэй. Бид ер нь байгалийн хүчин зүйлийн өмнө сөхөрч шантарч болохгүй. Урьдаас хамгаалах, сэргийлэх зүйлээ бэлтгэчихвэл даваад л гарна. Гал ихтэй, ус бороо ихтэй байна гээд ямар ч сандрах зүйл байхгүй.

-Шинийн найман, шинийн арван тавны өдрүүдийг билэгт сайн өдөр гэдэг. Ер нь ямар утга агуулгатай өдөр вэ. Ялангуяа залуучуудад мэдэхэд илүүдэхгүй болов уу?

-Тэгэхээр арвантав хоногийг цагаан сарын ерөөл гэж хэлдэг шүү дээ. Энэ бол бурхан багшийн арвантаван хувилгаан үзүүлсэн бэлгэ дэмбэрэлтэй тусгай өдөр юм. Энэ өдрүүдэд онцолж буян хийвэл их арвиждаг. Буян хийснээрээ амьдрал ахуй нь сайжирдаг гэсэн уламжлалтай ламын заалттай юм. Үүний дагуу хийж байгаа юм. Тэгэхээр манайхан бол дүйчин өдөр хийвэл их сайн арвиждаг, сайн байдаг гэдэг утгаар бид ном уншуулдаг. Ер нь арвантаван хоногийн ерөөлд багтаж заслаа хийлгэх гэж зүтгэдэг нь ийм учиртай юм шүү дээ. Энэ бол онцгой сайн өдөр. Жилдээ ганц тохиодог учраас үүнд багтаж заслаа хийлгэх хэрэгтэй. Ялангуяа залуучуудад хандаж хэлмээр байна. Сар шинийн баяр бол амьтан ах, дүүсээрээ цуглардаг, хамаатан садан, ураг төрөл хүмүүс бие биетэйгээ танилцдаг ганц өдөр. Тиймээс залуучууд аав, ээж, ахмад буурлуудаа хүндэтгэн энэ сайхан өдрийг уламжлал болгон тэмдэглэх учиртай. Улмаар хурал номын өргөөнд авч явж засал ном хийлгэвэл бүр сайн. Өнөөдөр залуу байна. Мөдхөн хөгшин болно шүү дээ. Залуудаа сурч мэдэж авсан юм бүхэн хөгшин болоход их хэрэг болно. Одоо мэдэж авахгүй бол хөгшчүүд нь унаад өгөхөөр хэлэх хүнгүй, асуух хүнгүй болно. Энэ уламжлал гэдэг нь үеэс үед дамжигддаг сайхан зүйл учраас төвөгшөөлгүй хийж сураасай гэж хэлмээр байна.

-Танай хийд дээр засал ном хийлгэе гэсэн хүмүүс их байна уу?

-Их байна. Ер нь жилээс жилд их болж байна. Ялангуяа залуучууд их ирж байгаа нь бахархууштай сайхан байна. Энэ нь уламжлалт зан заншлаа мэдэж авч байна гэсэн үг. Ирээдүйд сайхан цаг ирж байгаагийн шинж.

-Энэ жил ямар жилтнүүдэд ивээлтэй, альд нь анхаарууштай байвал зохих бол?

-Тэр бол хувь хүмүүсийн засал. Нийт ерөнхий юман дээрээ бэлгэ дэмбэрэлтэй сайхан байх хэрэгтэй. Тэгээд өөрөө өөрийнхөө зурлагыг хараад ямар жилтэй хүн ямар байх нь вэ гэдэгтээ тааруулаад засал номоо хийлгэвэл бүгд сайхан болно. Тэрнээс ялгаад л тэр жилтэй, энэ жилтэй хүн муу, энэ жилтэй бол асуудалгүй сайн гэж хэлж болохгүй шүү дээ. Хүн бүрт өөр өөрийн гэсэн заяа төөрөг гэж байна. Түүнийхээ дагуу номоо уншаад сайхан явбал болно.

-Энэ жил улс төрийн хүрээнд нэлээд үйл явдал тохионо. Зарим хүмүүс зориуд гандан, хийд зорьж байгаа бол нөгөө хэсэг нь хүйтэн жилд төр самуурна гэж ч ярьж байна…

-Тэр яахав дээ. Улс төрийн ажлыг би мэдэхгүй шүү дээ. Сонгууль болдгоороо болно. Монгол түмэн уужуу сайхан сэтгэлтэй ард түмэн учраас өөрөө өөрийнхөө тааллаар дэмждэг хүнээ л дэмжинэ биз. Цагийн аясыг дагаж хямраад байж болохгүй шүү дээ.

-Зөвхөн энэ жилд гэлтгүй ер нь амар амгалан амьдрахын тулд хүмүүн бид яавал зохилтой вэ?

-Гол нь бид бүхэн дор бүрнээ хичээж зүтгэвэл бүх зүйлийг сайхан давж гарч чадна. Шинэ ондоо бүгдээрээ бизнесийн хүн нь бизнесээ, малчин хүн малаа арчлах гээд дор бүрнээ хичээж зүтгээрэй. Хамгийн гол нь монгол түмэн оюун сэтгэлээрээ сайхан байх хэрэгтэй. Элдэв зүйлд хямарч бие биеэ доош дээш нь ярих хэрэггүй. Тайван сайхан л байх хэрэгтэй. Монголчууд сүсэгтэй уламжлалтай сайхан ард түмэн юм. Тэгэхээр сүсэглэхийн зэрэгцээгээр сүсэглэж буй зүйлийнхээ утга учир, мөн чанарыг сайн ойлгохын төлөө хичээх жил. Номын утга учрыг ойлгохын төлөө жаахан анхаараач ээ гэж захих байна. Учир нь манайхан ямарваа юманд хэт туйлширдаг болж. Нэг сонссон, ганц үзсэн зүйлдээ бат итгээд түүнийхээ мөн чанарыг нарийн тунгаалгүй хандах сул талтай. Тиймээс олон дахин сонсоод, сайн бодож бясалгаад утга учрыг нь олоод дараагаар нь амьдрал ахуйдаа бясалгаж хэрэгжүүлбэл бүх юм сайхан болно гэж ерөөе. Та бүхэндээ шинэ ондоо улам их амжилттай, эрүүл саруул, амар амгалан, идээ будаа элбэг дэлбэг байхын ерөөл тавъя.

Э.АРИУНЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Базарсадын Баттулга: Ирэх жилийн наадамд гэгээн сайхан амьдрах тухай шүлэг уншина аа

Утга зохиолын хүрээнийхний дунд “Гэгээн хэсүүлчин” гэгдэх МЗЭ-ийн шагналт яруу найрагч Базарсадын Баттулгатай ярилцлаа. “Болор Цом-33” наадамд түүний уншсан шүлгүүд үзэгч олныг ихэд баясгаж, үзэгчдийн нэрэмжит “Тусгай байр”-ын шагнал хүртсэн билээ. Өнөө ч түүний шүлгүүд цахим ертөнцөд олны анхаарлыг татаж байгаа юм.

-“Болор цом” наадамдаа Архангайгаас зорьж ирсэн гэж сонслоо. Тэнд суурин байна уу. Хэдийдээ та Архангайд очоод суучихав аа?

-Өнгөрөгч оны есдүгээр сард манайх бууриа сэлгэсэн. Архангайн IV арван жилийн сургуульд багшилж байна. Тэгээд яахав жилийн жилд “Болор цом”-оо болохоор дэнсэлж догдолдог янзаараа хүрээд ирлээ. Би ч олон жил уралдаж байна. Дандаа 15-д үлдээд үсэрчихнэ. Энэ жил харин ядаж сүүлийн тавд үлдье гэж шүлгээ сойж байсан ч чадсангүй. Хоёрын даваанд шүлгээ уншаад тайзны ар руу ороход Ц.Хулан найрагч “Манай үеийнхэн ч одоо дандаа сургаалын шүлэг уншдаг болж дээ” гэсэн үг хаяж байна лээ. Тэгэнгүүт л би сэрхийн бодсон, Үхлийн сэрүүлэг хангинахаас өмнө үрдээ хэлэх хэдэн үг байна… гэдэг чинь яалт ч үгүй сургаалийн шүлэг байхгүй юу. Шүлэг, яруу найраг цэвэр мэдрэмж, илэрхийлэл болохоос сургаал номлол биш шүү дээ, тэр энэ шүлгээ унших минь яав гэж харамссан. Ер нь тэгээд жилийн жилд л алдана, гэхдээ алдсанаа мэдэж өөртөө дүгнэлт хийнэ гэдэг чинь амжилт шүү дээ.

-Тухайлбал, яаж алдаж байв даа?

-Хоёр жилийн өмнө Өвөрхангайд болсон “Болор Цом-31” наадмын тайзан дээр согтуу гарч хөглөсөн. Одоо бодохоор инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. “Болор цом” болно гээд бодчихоор хөөрчихдөг золиг л доо, би. Тэр жил Өвөрхангайн буудалд байрлаж, маргааш орой нь цомдоо орно гээд догдолчихсон үеийн хэдэн найрагчтайгаа доргиж байхгүй юу. Тэгтэл тэр орой нь хойноос шинэ үеийн төлөөлөл болсон яруу найрагч дүү нар ирж, дайлж цайлаад л. Нэг мэдэхнээ “Болор цом”-доо явъя, бушуул түргэл болдог юм байна. Би сэргэх санаатай хүйтэн усанд орчихоод явсан юм. Тэгсэн ч тус болоогүй дээ. Энэ мэт сургамжтай, санууштай наадам олон байна аа.

-“Болор цом” наадмыг хүмүүс сайн, муугаар хэлдэг. Харин таны хувьд энэхүү наадмыг юу гэж үнэлж дүгнэдэг вэ?

-Энэхүү наадамд би хүндэтгэлтэй ханддаг аа. “Болор цом” бол тухайн оны шилдэг шүлгийг шалгаруулдаг наадам гэж боддог. Эгэл жирийн ард иргэд, унших ч завгүй, уйдах ч завгүй хөдөлмөрлөж яваа залуус “Болор цом”-д уншигдаж байгаа шүлгийг харж, ялангуяа тэргүүн шүлэгчийн шүлгийг харж түүгээр өнөөгийн угта зохиол, яруу найргийн чиг баримжаагаа олж барагцаалдаг гэж ойлгодог. Бодоод үз л дээ. Зөвхөн үеэсээ төлөөлүүлэн хэлэхэд эрхэм найрагч нөхөр Арлааны Эрдэнэ-Очир гэхэд л “Зам” гэдэг шүлгээрээ цом хүртэж байлаа. Миний нутгийн хүндэтгэлт ах Цогдоржийн Бавуудорж “Монголын их амар амгалан” шүлгээрээ наадмын тэргүүн шагналтан болж байлаа. “Зам” гэхэд ямар өргөн утга агуулгатай шүлэг билээ. “Монголын их амар амгалан” гэдэг юу билээ. Амар амгалан чинь аз жаргал мөн шүү дээ гэх зэргээр ард олны сэтгэлд хүрч, тэднийг цэнгүүлдэг байх. Харин энэ жилийн тэргүүн шүлэг тэр зиндаанд хүрч чадав уу, үгүй юу, мэдэхгүй юм. Тэгэхээр “Болор цом” бол Монголын яруу найргийн өнөөгийн өнгө төрхийг эгэл жирийн иргэн хүний сэтгэл зүрхэнд ойртуулж өгөх боломж, ойлгуулж өгөх цонх гэж боддог юм.

-Энэ жилийн наадмыг үзэж байхад үзэгчид таны шүлгийг сайхан хүлээн авч, дэмжиж байгаа харагдсан. Сүүлийн даваанд ч таныг тунаад үлдчих байх гэж харж байсан хүн олон?

-Бүдэрдгээ мэдэхгүй, би ч бас өөрийгөө сүүлийн тавд үлдчихсэн байх гэж горьдож байсан. Тэгээд нэр дуудахад миний нэр байхгүй болохоор нь сэтгэлээр унасан. Хүмүүс бүгдээрээ тэргүүн шүлэгчээр хэн тодрохыг нь харж, ямар ямар шүлэг уншихыг нь чагнаж суухад би хажуугийн ресторанд ганцаараа сархад хүртэж суусан юм. Тэгтэл намайг дуудаж тусгай шагнал өгсөн. Гол нь шагналдаа ч биш яруу найргийн үнэнч үзэгчид миний шүлгийг таашааж, намайг яруу найрагч мөн гэж тоож байгаа нь сайхан юм даа. Ер нь тэгээд яруу найрагч бүр тийм эмзэг байдаг юм уу, эсвэл би л тийм юм уу, гомдож, гол гонсойгоод болдоггүй. Сүүлийн тавд үлдээгүй болохоор ч тэр биш л дээ. Хүмүүс өөр болчихсон, хэтэрхий хүйтэн болчихдог юм байна. Тухайлбал, миний нэг нутгийн ах бий л дээ. Намайг мундаг яруу найрагч гэж хөөргөдөг. Хамт суугаад нутаг усныхаа тухай халуун дотно яриа өрнүүлдэг байсан. Он цаг өнгөрч би тэр хүний хэлдгээр мундаг амьдарч, албан тушаал горилж чадсангүй л дээ. Харин тэр хүн их том албан тушаал хашиж яваа байх, би тэгж ойлгосон. Тэр ахтайгаа цомын тайзны ард таарч баярлан догдолсоор тосч очоод гараа сунгахад надтай гар барьсан мөртлөө өөр хүн хүнтэй мэндэлж, над руу нээг их өндөр дээрээс хялайж харах жишээтэй. Ийм ийм жижиг сажиг юм шиг хэрнээ хүний зүрх сэтгэлийг эрэмдэглэж орхидог тохиолдол амьдралд олон байдаг юм байна. Тэр бүхэнд бас гуньж гутарч ханахгүй юм даа.

-Сүүлийн жилүүдэд болор цом наадам үргэлж л хэл ам дагуулах болсон. Өөрөө дунд нь байсан хүний хувьд та юу хэлэх вэ, мөн энэ жилийн наадмаас юу бодож үлдэв дээ?

“Аливаа зүйл цаг цагтаа л

Алтан дэлхийд хүчин төгөлдөр” гэж Балбар ахын шүлгийн мөр бий. Би юу бодож гарсан бэ гэхээр, бүх юм ном ёсоороо л болж байна даа гэж бодсон. Шинэ залуу үе өсч өндийж байна шүү дээ. Ц.Эрдэнэбаатар гэж сайхан яруу найрагч дүү бий. Би энэ хүмүүс шиг янз бүрийн юм ярихгүй ээ. Тэр хүү цом авах ёстой болоод л авч байгаа юм. Эзлэх ёстой болоод эзэлж байгаа юм. Ер нь аливаа үйл бүрэлдэх ёстой болоод л бүрэлддэг. Тэр үйл бүрэлдэх ёстой болоод л бүрэлджээ гэж бодсон. Ер нь би харамсч халаглаад явдаггүй. Өөрийнхөө тарьсан үйлийн үр бүхэндээ хайртай. Таван хүүхдэдээ, эхнэртээ, энэ бор дүрхэн амьдралдаа ч хайртай. Тиймээс өөрийн үг, үйлдэл бүхний ард эзэн нь байх юмсан гэж үргэлж хичээдэг юм.

-Таван хүүхэдтэй гэхээр танайх ер нь өнөр өтгөн айл байна шүү. Дэрсхэн биз?

Том хүү маань холбооны 013 дугаар ангийн байлдагч болсон. Дараагийн хүү маань есдүгээр ангийн сурагч. Тэгээд хоёр охин маань миний багшилж буй сургуульд сурч байна. Том нь наймдугаар анги, бага нь нэгдүгээр анги. Харин отгон хүүхэд маань цэцэрлэгт явдаг юм. Би чинь муу ханьтайгаа ханилаад 17 жил болж байна. Арваа төгсөөгүй байхад нь авч суусан юм шүү дээ. Би МУИС-ийн хэл, уран зохиолын ангийг төгсөөд, Архангайд багш болж очоод л авч суусан юм даа. Тухайн үед хүмүүс намайг шавьтайгаа суусан ёс зүйгүй багш гэдэг байлаа.

-Баастын Золбаяр зохиолчийн “Гэгээн хэсүүлчин” гэж таны тухай бичсэн сайхан хөрөг нийтлэл бий. Та олон газраар нүүж сууж явж дээ, яагаад тэгдэг юм бэ?

-Би чинь уг нь Завхан аймгийн Их-Уул сумын уугуул шүү дээ. Хаа байсан тэндээс Өмнөговьд хүртэл очиж амьдарч байлаа. Тэр бүхэн минь амьдралын шаардлага л байсан гэх үү дээ. Түүнээс биш уйдсандаа нутаг сэлгэж, зугаацаж явдаг юм биш. Өнгөрсөн жил гэхэд л манайх хотод тохижих гэж их үзлээ. Уг нь соёл боловсролын үүр урхаг болсон нийслэл хотод амьдрах сонирхол надад их бий. Гэвч энэ “Алтан тэвшийн хөндий”-д ажил олдохгүй болохоор хог дээр үсэрчих гээд, хий шаналж явсаар архичин болж гудманд гарчих гээд болдоггүй юм. Бас тарчигхан Монголд баян амьдрах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийг би ер ойлгодогүй юм. Адилхан нэгэн цаг үед, нэгэн тэнгэрийн дор агаараа хувааж амьсгалаад явж байгаа хэрнээ, ядуу ядарсан нэгнийгээ дэвсэлж, дээгүүр туучиж, өөрсдийгөө тунхаглана гээч. Тэгээд л би, малчин хүн өвсний сорыг дагаж бэлчээр сэлгэдэг шиг бууриа сэлгэсэн дээ. Хөдөө гадааны улс зүрх сэтгэлээ машинд дайруулчихаагүй, эрүүл саруул байх шиг санагддаг юм.

-Таны энэ жилийн цомд уншсан шүлгүүд тань нээрээ нэг л захиас маягтай байсан шүү?

-Ёр билгийн шүлэг бичсээн. “Үхлийн сэрүүлэг хангинахаас өмнө үрдээ үлдээх үг” гэдэг бол тоглох сэдэв биш. Гэхдээ яагаад ч юм үхэл гээч зүйл надад ойрхон байгаа юм шиг санагдах болсон. Би чинь “Гүн ухаантан” энэ тэр гэсэн шүлэг уншдаг шүү дээ. Сүүлд бүр “Гүн ухааны сүлжээ бодлууд” гэдэг шүлэг хүртэл бичээд нөөчихсөн байсан юм. Тэгтэл энэ ёр билгийн сэдэв өөрийн эрхгүй намайг татаад байгаа юм.

“Мөнгөн шөнөөр би холын холыг зорино

Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна…” гэх мөрүүд миний сэтгэл дотрыг эзэмдэж, би үнэхээр тэр нэгэн мөнгөн шөнийг дуудаж байна. Заримдаа хорвоогоос яваад өгвөл хүүхдүүд минь эрт ухаан суух ч бил үү гэж бодно. Магадгүй би байгаа болохоор өөрсдийнхөө хүчийг дайчлахгүй хэтэрхий найдаад яваад байна уу ч гэж бодно. Би чинь их багадаа аавгүй болж хэрсүү өссөн юм. Заримдаа болохоор үхэх арай эрт байна, илүү сайхан амьдарч, сайн уран бүтээлүүд туурвина гэж бодох. Хүний сэтгэл гэдэг салхин зоргоор нүүх үүл шиг санаан зоргоор л хувирчихна.

Ирэх жилийн наадамд гэгээн сайхан амьдрах тухай шүлэг уншина аа.

-Таны аавдаа бичсэн шүлэг тань сэтгэлээс гардаггүй юм. 1992 онд бичсэн байх аа?

-Тийм. Тэр жил би оюутан, намрын ажил хийгээд нэг тариан талбай дээр зогсож байгаад аавыгаа дурсан санаж бичсэн юм. Тариан түрүү халиуран найгаад л салхи исгэрээд л уйтай өдөр байсан санагдана. Хүүхэд байхад, яг тийм намрын нэгэн уйтай өдөр аав минь бурхан болсон юм. Тэгээд, нэг амьсгаагаар суугаад биччихсэн шүлэг. Хүмүүс их таашаан хүлээж авдаг юм.

-Та бага насныхаа тухай дурсахгүй юу, хэдий үеэс шүлэг бичих болов?

-Муу ээж маань намайг шүлэгч болгосон юм. Тухайн үед би зүгээр хүний шүлгийг уран уншдаг дөрөвдүгээр ангийн хүү байлаа. 1980-аад оны эхээр гэсэн үг шүү дээ. Тэгсэн нэг удаа ээж маань “Үнэн” сонины тасархай барьчихсан “Миний хүү энэ уралдаанд оролцох юм биш үү” гэж байна. Үзсэн чинь багш нарын баярыг тохиолдуулж дунд сургуулийн сурагчдын дунд орон даяар зарласан шүлгийн уралдааны болзол байна. Би чинь уран уншигч болохоос шүлэг зохиож мэдэх биш тэгсгээд орхичихлоо. Тэгсэн хоёр, гурван хоногийн дараа бас нэг сонины тасархай барьчихсан орж ирээд “Энд багшийн тухай дөрвөн гоё мөр байна. Миний хүү хуулаад биччих. Хаа байсан 50,60-аад оных юм байна. Хэн мэддэг юм, энийг хуулаад бич” гэлээ. Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. Ядуухан ч гэлээ яруухан дөрвөн мөр л дөө, зайлуул.

Ачит багшийн минь алдар

Алтайн уулнаас өндөр дөө

Агуу түүний сургаал нь

Ариун тэнгисээс ч гүн дээ гэсэн Доржийн Гомбожав гэдэг том зохиолчийн дөрвөн мөрт байхгүй юу. Би бүр сүүлд нь мэдсэн юм.

-Тэгээд яасан бэ?

-Тэгээд нөгөө мөртөө хуулаад биччихлээ. Ээж “За одоо миний хүү наад дөрөв дээрээ дахиад нэг дөрвөн мөр нэмээд биччих. Тэгэхэд л шүлэг болчихдог юм” гэж байна. Дөрөвдүгээр ангийн сурагч дөрвөн мөр бичих гэж нэлээд суулаа. Нэг л болдоггүй ээ. Тэгсэн хэлж өгч байна:

А үсэг зааж өгсөн

Ачит багш таниараа

Багачууд хүүхдүүд бид нар

Бахархан дурсаж явдаг даа за ингээд явуулчих л гэж байна. Би ч нэг их сүрхий амьтан болж, хоёр хүний найман мөр шүлгээ уралдаанд явуулах гээд сургууль дээрээ аваад ирлээ. Манай сургуулийн Лхамсүрэн багш их гоё бичнэ. Багшаар нэр хаягаа дугтуйн дээр бичүүлсэн чинь миний нэрийг буруу биччихдэг юм байна. Би чинь уг нь Базарсадын Тулгаа юм шүү дээ. Багш Базарсадын Баттулга гээд биччихлээ. Дахиад бичүүлэх гэсэн дугтуй олдохгүй болохоор нь тэр чигээр нь явуулчихсан юм. Тэгсэн тэр шүлэг уралдаанд гуравдугаар байрт орж, хүний шүлгээр гангарсан намайг өөр нэрээр мандуулж өгсөн хэрэг л дээ. Тухайн үед өөрөөсөө их ичиж, түүнээс хойш зөвхөн өөрийнхөө мөнчгөрөөр шүлэг бичих болсон доо.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

З.Цолмончимэг: Монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зургадугаар сард авна

2015-2016 оны хичээлийн жилийн Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 15-ны өдөр орон даяар эхэлсэн билээ. Энэ жил ЭЕШ-ын журмын зарим нэг заалтад өөрчлөлт орсон талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэлийн төлөөлөгч З.Цолмончимэгтэй ярилцлаа.

-ЭЕШ-ын бүртгэл эхэллээ. Ямар хугацаанд үргэлжлэх вэ. Шалгалтад орох сурагч ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

-Энэ сарын 15-ны өдөр орон даяар 09:00 цагт эхэлсэн. Нийт 70 гаруй хоног үргэлжилж ирэх дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт орон даяар бүртгэл дуусгавар болно. Шалгалтад орох суралцагчид онлайнаар www.eec.mn цахим хуудсаар бүртгүүлнэ. Өнгөрсөн жил монгол мэл бичгийн шалгалт, ЭЕШ гэж тусдаа бүртгэгдэж байсан. Харин энэ жил нэгдсэн журмаар хамтад нь бүртгэж байгаа. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноотой 400 хэвээрээ байгаа. ЭЕШ-тайгаа хамт зургадугаар сард авагдахаар төлөвлөж байна.

-ЭЕШ-аас хоцорсон тохиолдолд яах вэ?

-Энэ жил хугацаа, цагийг сунгаж нэмэлт бүртгэл хийхгүй.

-Өнгөрсөн жил монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй хүүхдийг ЭЕШ-д оруулахгүй байсан. Энэ жил ЭЕШ-тай хамт авна гэхээр яаж зохицуулж байгаа юм бэ?

-Монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зургадугаар сард авна. Босго оноо болох 400 оноо нь хүрээгүй байсан ч ЭЕШ-таа өгөх эрхтэй байх юм. Харин их, дээд сургуульд орох эрхгүй болно. ЭЕШ-д өндөр оноо авсан ч монгол хэл, бичгийнхээ шалгалтад унасан тохиолдолд дараа жил дахиж монгол хэл бичгийн шалгалт өгөх ёстой болж байна. Мөн энэ жилийн хувьд ЭЕШ-тай адилхан монгол хэл, бичгийн шалгалтад батламж тусад нь олгож эхэлнэ. Энэ батламж 2.5 жилийн баталгаат хугацаатай байна. Энэ жил сургуульд орохгүй өнжлөө гэхэд дараа жил ЭЕШ-тай адил монгол хэл, бичгийн шалгалтын оноо баталгаатай байна гэсэн үг.

-ЭЕШ-ын журамд ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Хариултын хуудсыг өмнө нь үзгэн буюу тосон балаар бөглөдөг байсан. Энэ жилээс машинаа шинэчилсэн учраас зөвхөн балын харандаагаар бөглөдөг болж байгаа. Давуу тал нь сурагчид буруу хийсэн бол түүнийгээ арилгаж бөглөх боломжтой болж байна. Монгол хэл, бичгийн шалгалтын хувьд өмнөх жилийнхтэй адил хувилбараар авах юм. Харин ЭЕШ-аар монгол хэлний шалгалтыг сонгосон бол 25 хувь нь монгол уйгаржин бичгийн даалгавар орно.

-ЭЕШ-ын бүртгэлийг сургуулиас нь автоматаар бүртгүүлчих үү?

-Үгүй. Багш нараараа дамжуулж бүртгүүлэхээр регистрийн дугаарыг зөрүүлэх, имэйл хаягийг буруу бичих зэргээр ямар нэг алдаа гаргаад байдаг. Тэгэхээр эцэг, эхтэйгээ нийлж байгаад онлайнаар бүртгүүлэх ёстой. Эцэг, эхчүүд ангийн багшид нь даатгаж үлдээхгүй байх нь зүйтэй.

-Бүртгүүлэхдээ голдуу гаргадаг алдаа юу байдаг вэ?

-Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлд ямар нэгэн төлбөрийн хураамж байхгүй гэдгийг санах хэрэгтэй. Харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай. Энэ хураамжийг интернэт виза картаар тушаахад алдаа гаргаад байдаг. Энэ тал дээр анхаарал хандуудлах нь зүйтэй. Цахимаар бүртгүүлж байхад банкны дансны дугаар бичигдсэн байгаа.

-Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 12 ангийг хэдэн сурагч төгсөж байгаа вэ. Өнгөрсөн жил хэдэн хүүхэд ЭЕШ өгч байсан бэ?

-Өнгөрсөн жил 20-иод мянган хүүхэд ЭЕШ өгч байсан. Энэ жил нэг дахин их хүүхэд шалгалт өгнө. Энэ жил 36207 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсч байна. Мөн өнгөрсөн жил өнжсөн хүүхдүүд нэмэгдээд 40 мянга орчим хүүхэд ЭЕШ өгнө.

-Шалгалтын тов тодорсон уу?

-Шалгалтын тов хараахан тодорхой болоогүй байна. Манайхаас товоо гаргаад өгчихсөн байгаа. Яамнаас хараахан хариу ирээгүй байна. ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn веб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх ба шалгалтын дүн, оноо, жагсаалтыг 2016 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана.