Categories
мэдээ цаг-үе

Ая зохиогчийн ээж

Ая зохиогч Б.Ангирмаа одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө тоглолтоо хийхдээ ээждээ зориулан зохиосон дуугаа үзэгч олондоо хүргэсэн билээ. Түүнд:

Орчлонд ганцхан ижийдээ

Оддын тоогоор үнсүүлэхсэн

Дусал нулимс шиг үр чинь

Духаа цоортол мөргөе дөө

гэсэн мөрүүд бий. Б.Ангирмаа, түүний ах сэтгүүлч, ая зохиогч Б.Долгионыг хүмүүс сайн мэднэ. Харин тэдний ээж, аавыг төдийлөн сайн мэдэхгүй л болов уу.

Б.Долгорсүрэн хэмээх жирийн нэгэн монгол бүсгүй, сайн ээж, гэргий гэхэд огтхон ч дэгсдэхгүй. Тухайн үедээ бусдынхаа л адил эгэл амьдралыг туулж өнгөрүүлсэн тэрээр үр хүүхдүүддээ бол хамгийн эрхэм, сайхан хүн. Архангай аймгийн Тариат сумаас гаралтай, Улаанбаатар хотод төрж өссөн. Б.Долгорсүрэнгийн өвөө Гомбо хэмээх хохь тайж хүн байсан. Аав Г.Барбаатар нь ардын хувьсгалын дараахан хөрөнгийг нийгэмчлэх үед байсан бүхнээ хураалгажээ. Б.Долгорсүрэн 13 хүүхэдтай айлын хамгийн отгон нь.

Түүнийг бага байхад хотжих үйл явц эхэлж Улаанбаатар хотод анх барилга баригдаж бүтээн байгуулалт ид өрнөж байсан тухай хүүхдүүддээ сонин түүхүүд ярьдаг байсныг хүү нь дурсав. Элдэв-Очирын нэрэмжит кино театр буюу одоогийнхоор Хөрөнгийн биржийн байшинг дайны үед олзлогдсон япон цэргүүд барьж байсан үе. Хүүхэд байсан болохоор их сониуч, эгч Б.Улятайхүүгийн хамт япон цэргүүд хэрхэн ажиллаж байгааг хашааны завсраар харж зогсдог байсан гэнэ. Хот байгуулах аян дөнгөж эхэлж байсан болохоор бүх юм сонирхолтой санагдана. Ээж нь ийнхүү ярихад тухайн үеийн Хүрээний охидын дүр зураг нүдэнд шууд л буудаг хэмээн Б.Долгион ярив. Тэр үед монголчууд бүгд хашаа байшинд амьдардаг байсан. Б.Долгорсүрэн одоогийнхоор Соёл урлагийн их сургуулийн тэр хавьд амьдарна. 1937 онд аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тул ээж ах хоёр нь түүнийг өсгөжээ. Ингээд удалгүй нутгийн залуу Ч.Балчинжавтай танилцаж, гэр бүл болоод таван хүүхдийн эх болсон байна. Том хүү Мандахыг ах Б.Ванчинд өргүүлсэн аж.

Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэсэн Б.Долгорсүрэн насаараа бичиг хэргийн ажил эрхэлсэн. Мөн арван хурууны бичээч байсан. 1990-ээд он хүртэл тун ч чухал гэгддэг байсан энэ мэргэжлийг маш сайн эзэмшжээ. Одоогийнх шиг компьютер энэ тэр байсангүй. Мастер бичээч маань Барилгын яам, Ойн аж ахуйн яам, Төлөвлөгөөний комиссын дарга асан Бат-Очир, сайд Тлейхан, Жамбал нарын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Б.Долгионыг хүүхэд байхад нь харах хүнгүй тул ээж нь хааяа ажилдаа дагуулаад явна. Ингээд л нарийн бичгийн даргын өрөөнд өдрийг өнгөрөөнө. Бяцхан хүүг харчихаад “Ажлын цагаар энэ хүүхэд энд юу хийж байгаа юм” хэмээх дарга нарын харц одоо болтол сэтгүүлч Б.Долгионы сэтгэлээс гардаггүй гэнэ.

Ер нь олны танил, түмэнд алдартай хүн л мундаг байна гэж юу байхав. Хүн жирийн амьдарна гэдэг хамгийн сайхан хэмээн олон алдартан хэлсэн байдаг. Ийм хүмүүс л амьдралын амтыг хамгийн ихээр мэдэрдэг.

Б.Долгионыг хүүхэд байхад аав нь Москвад ажиллахаар болж гэр бүлээрээ Оросыг зорьсон байна. Тэрээр Москва хотын 93 дугаар дунд сургуульд нэгдүгээр ангид оржээ. Тэр үед ангийнх нь орос хүүхдүүд “Танай ээж чинь ямар гоё хүн юм бэ” гэж хүүд нь хэлдэг байсан гэнэ шүү. Харин Б.Долгион бага байсан тул тэр болгон анзаардаггүй байснаа дурсав. Орос хүүхдүүд хүртэл ингэж хэлдэг байсныг бодоход үнэхээр сайхан эмэгтэй байжээ. Хүүхдүүд гэдэг хамгийн ариун, шударга, харсан бодсоноо шууд л хэлдэг. Тиймээс үүнээс илүү үнэн гэж юу байхав. Москвад байхдаа бяцхан хүүдээ маш их юм үзүүлж, нүдийг нь нээж өгсөн гэдэг. Тэр бүхэн одоо Оросын нийслэлд очих бүрийд нүдэнд нь харагддаг тухай дурсав. Эргээд бодоход үзүүлж харуулсан бүхэн нь их учиртай байжээ. За тэгээд Б.Долгион том болсон хойноо хааяа “сахилгагүйтэж” ээжийнхээ сэтгэлийг чилээж байснаа ярив. Хүний амьдралд тохиолддог нэг тиймэрхүү эвгүй үед ээж, эхнэр хоёр маань хөөцөлдөж татаж авсан даа хэмээн хүүрнэв. Д.Долгион ээжийгээ 41 настайд нь эмээ болгожээ. “Зарим эцэг эх бол ийм эрт эмээ, өвөө болохгүй гэдэг. Манай ээж бол ач хүүхдүүддээ бүхнээ зориулсан” гэв. Бэр С.Сэлэнгэдээ маш их хайртай. Үүнийг батлах баримтыг ч би мэдэх юм байна. Б.Долгионы охин Д.Тэнгисмаагийн багш Д.Маамхүү гуай Б.Долгорсүрэн, С.Сэлэнгэ нарын тухай магтаж ярьсныг сонссон.

Б.Долгионы аав, ээж нь урлагт нэлээд авьяастай, сайхан дуулдаг хүмүүс байсан гэнэ. Дунд ангийн сурагч байхдаа ээжийнхээ дуу аялж байгааг сонсоод маш сайн сонсголтой хүн юм байна гэдгийг мэдэрчээ. Б.Долгион, Б.Ангирмаа гээд хүүхдүүд нь авьяастай, урлагт сэтгэлтэй байдаг нь яахын аргагүй ээж, аав, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн гэдэг нь эргэлзээгүй. Дашрамд дурдахад аавынх нь аав хуурч Б.Чадраабал гэж авьяастай хүн байсан. Харин аав нь тенор хоолойтой хачин сайхан дуулдаг байжээ. Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Г.Хайдав нар хүртэл аавынх нь сайхан дуулдаг байсан тухай ярьдаг. Аав нь гэртээ үргэлж дуулна. Нэрт дуучдын дуутай пянзыг байнга тавина. Ээж нь хөгжим сонсох зэргийг нь хэзээ ч хориглож байгаагүй нь цаагуураа дэмждэг байсны нэгэн илэрхийлэл байжээ. Ийм гэр бүлд өссөн хүүхэд яаж ч хөгжим сонирхохгүй байх билээ. Б.Долгионы дүү Б.Оргил нь дуулаачдын тэмцээнд оролцож түрүүлж байсан гэнэ. Мөн Б.Ангирмаагийн эгч Б.Энхриймаа нь дуулах авьяастай нэгэн. Дүү нь ая зохиогоод эхлэхэд ах Б.Долгион нь төдийлөн тоогоогүй гэнэ. Харин ээж нь “Чи дүүгээ дэмжээч” хэмээн хааяа хэлнэ. Б.Долгорсүрэн хүүхдүүдээ загнадаггүй, заримдаа сахилгагүйтэхэд нь “Иш, энэний байж байгааг нь” хэмээн хамгийн хөдөлгөөнтэй байсан Б.Долгионыг зэмлэнэ. Өөр юм хэлдэггүй. Хүү нь урлагийн хүн болох гэхэд аав нь нэлээд эсэргүүцнэ. Харин ээж нь маш чимээгүйгээр дэмждэг байсан гэдэг.

Өнөөдөр хүмүүст хамгийн ихээр дутагдаж буй жудагийн талаар бид ярилцсан юм. Худлаа хэлэхгүй, хулгай хийж болохгүй, хүн чанартай байхыг Б.Долгорсүрэн гуай хүүхдүүддээ маш сайн суулгаж өгсөн. Ээжийнх нь бас нэгэн чанар бол маш цэвэрч, тэр үед л зөв хооллолтод анхаарч байжээ. Б.Долгион “Монгол масло идэхгүй орос масло иднэ хэмээн ихэд “томордог” байснаа одоо бодоод ихэд ичдэг” хэмээн ярив. Харин ээж нь хүүхдүүдээ идэх дуртай зүйлээр нь таслаагүй гэнэ. Эцэг, хүүхдүүдийн хоорондох зөрчилдөөн мөнхөд байсан, байсаар байх ч болно. Үүнийг ч ээж нь эмэгтэй хүний нарийн ухаанаар зохицуулна. Аав нь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж явсан. Гэтэл энэ бүхнийг хүүхдүүддээ огтхон ч мэдэгдүүлээгүй гэнэ. Энэ бол ээжийнх нь л гавьяа аж. Ямар ч хэцүү байсан давж гарч чаджээ. Хүүхдүүд нь энэ тухай бүр хожим мэдчихээд ихэд цочирдсон гэдэг. Энэ бүхнийг эргээд дурсахад ээж нь үнэхээр тэвчээртэй эмэгтэй. Хүүхдүүдээ бага насандаа аз жаргалтай байг гэж ихэд хичээсэн байдаг.

Б.Долгорсүрэн гуай тэтгэвэрт гарсныхаа өмнөх жилүүдэд Ан олдворын газарт боловсон хүчнээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суужээ. Гэвч зүгээр суухыг хүсээгүй. Тэр жил “Мандухай цэцэн хатан” кино хийгдэхээр болж зургийн даргаар нь гэр бүлийн найз Зинаамэдэр ажилласан. Б.Долгорсүрэнг киноны жижиг хэрэглэлийн нярваар авч ажиллуулжээ. Киноныхон “Догоо эгч” гээд анддаггүй юм билээ. “Естой сайн эгч байж билээ” хэмээн дурсахыг хүүхдүүд нь нэг бусдаа сонссон .

Хүмүүс аавынхаа хувь заяаг давтдаг гэдэг. Б.Долгион хэнз охинтой гэнэ. Д.Төгснаран охин нь одоо 14 настай. Тиймээс хэнз охин, дүү Б.Ангирмаа нь эцэг эхийнхээ хувьд ямар эрхэм хүүхэд байсныг өөрийн биеэр мэдэрсэн хэмээн ярив. Б.Долгорсүрэн гуайн хүүхдүүд бүгд л сайхан дуулдаг, урлагтаа үнэнчээр зүтгэсээр. Хэдийгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч үр хүүхдийнхээ сайн сайхан явааг тэнгэрээс харж байгаа байх.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Уранчимэг: Хүүхнүүд хайрыг л хүсдэг

Эстрадын нэрт дуучин гавьяат жүжигчин Ж.Уранчимэгтэй ярилцлаа. Дуулсаар яваа энэ эмэгтэй 60, 70, 80-аад оны эстрадын шилдэг дуунуудаас бүрдсэн “Хүүхэн хүний хүслэн” тоглолтоо гуравдугаар сарын 7-нд СТӨ-нд хийх гэнэ.

-“Хүүхэн хүний хүслэн” тоглолтынхоо тухай яриач?

-За баярлалаа. Миний сайхан ээж гуравдугаар сарын 7-нд төрсөн юм. Эмэгтэйчүүдийн баяр гэдэг бол миний хувьд маш том баяр. Би анх дуулж эхлэхдээ ээжүүдэд зориулсан дуугаар гарч ирж байсан. Д.Бэхбатын хөгжим, Л.Гаваасүрэнгийн шүлэг “Эх үрсийн элбэрэл” буюу ард түмний хэлдгээр Нарлаг хорвоогийн Урнаа гэсэн тодотголтой явж ирлээ. Эстрадын урлагт олон жил зүтгэлээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Батсүхийн хөгжим, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Сэрээнэн гуайн шүлэг “Хүүхэн хүний хүслэн” дуу миний дуулснаар “XX зууны шилдэг дуу”-гаар шалгарсан. Одоо үе үеийнхний уулзалтууд дээр “Хүүхэн хүний хүслэн”-г дуулдаггүй хүн байдаггүй юм. Ер нь би дуугаараа овоглож тоглолтоо хийдэг. Миний дуулсан дуу болгон ард түмэнд түүх болж үлдсэн. Би өөрөө ч түүх бичилцэж яваа. Сая “Хүүхэн хүний хүслэн” дуугаа шинэчиллээ. Зөвхөн энэ дуунд зориулж өөрийгөө өөрчилсөн. Энэ дууг дуулах болгондоо би догдолдог.

-Энэ дуу танаас ч өмнө дуулагдаж байсан болов уу?

-Манай ээж, аав багш хүмүүс. Улаанбаатар төмөр замын II сургуулийг төгссөн, би. Энэ дуу яагаад сэтгэлд хоногшсон гэхээр хүүхэд байхдаа Пионерийн ордны дугуйлан, Төмөр замын “Ган зам” чуулгын дугуйлангуудад 1 “А”-гаас 10 “А”-гийн дуучин болтлоо явсан. Миний ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одон авсан хүн. Багш нарын баяр, одонгийн найрыг тэр үед айлууд байрандаа тэмдэглэдэг байлаа. Багш нар цуглаад найрлахад “Хүүхэн хүний хүслэн”-г ганхаж найгаж ирээд л дуулдаг. Хүүхэд байхдаа “Энэ ямар гоё дуу вэ” гэж боддог байлаа. Эстрадын дуучдын уралдаанд ороод, “Баянмонгол” чуулгад дуучин болох эрхээ авсан. “Баянмонгол” чуулгын урын санд энэ дуу байв. Эхлээд энэ дууг Д.Цэцгээ гуай анх дуулсан. Би “Баянмонгол”-д ороод эстрад хэлбэрт оруулж дуулсан даа. 37 жил энэ дууг дуулчихжээ.

-Ер нь хүүхнүүд юу хүсдэг вэ?

-Хайр шүү дээ.

-Таны дуулснаар энэ дуу чихэнд хоногшжээ?

-Надаас гарч байгаа баяр догдлолыг ард түмэн мэдэрч байгаа. Хүүхэн хүн гэдэг чинь уян налархай, дөлгөөн, хайр шингэсэн харц, инээмсэглэлтэй хүмүүс. Энэ бүгдийг гаргаж байгаа учраас хүмүүс миний дуулсан дуунд хайртай байдаг гэж боддог.

-Нэг дууг удаан дуулах ямар вэ?

-Дуу хуучирдаггүй. Дуулах болгонд шинэ. Миний “Нарлаг хорвоо” надтай хамт 37 жил явж байгаа. Энд тэнд очиход “Нарлаг хорвоогоо дуулсангүй” гээд нэхээд байдаг.

-Энэ дууг сонсоод ээж тань их баярласан байх даа?

-Намайг “Баянмонгол” чуулгад ороод тайзнаа гарахад ээж маань “Монголын ээжүүдийг баярлуулсан сайхан дуу дууллаа даа” гэсэн юм. Гадаадад гурван сар аялан тоглож байхдаа “Мелоди” гээд тэр үеийн пянз тоглуулагч авчирч, ээждээ бэлэглэж байлаа. Миний ээж сайхан дуулдаг, пянзаа дэргэдээ тавьчихаад дуу сонсоод сууна. “Баянмонгол” чуулгын, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны пянз гараад тэр бүгдийг тавиад догдлоод дуулдаг байсан. Ээжийн маань зүрх сэтгэл, хайр, уярал бүхэн надад шингэж дээ.

-“Баянмонгол” чуулгынхан биднийг багад “бут авдаг” байсан. Тэр үеийн одууд яаж амьдардаг байсан бэ?

-Тэр үед од гэж нэрлэдэггүй байсан. Гэхдээ жинхэнэ одууд байлаа. Намайг филармонийн алтан босгыг алхахад Н.Оюунчимэг, Б.Нандинцэцэг, Н.Янжиндулам эгч нар маань байлаа. Д.Дуламсүрэн, Б.Баяраа, Х.Галхүү, Д.Галсанбат гээд одууд байлаа. Би Д.Галсанбат ахын “Ханийн дуу”, “Хайрын тэнгэр”, “Үйлчин бүсгүй”-г дуулсан. Одоо ч “Үйлчин бүсгүй”-нхээ найруулгыг шинэчлээд тоглолт дээрээ дуулна. Энэ дуучдаас би маш их юм сурсан. Тэр үедээ эд маань моод дэлгэрүүлэгчид байв. Химитэй үс эстрадын урлагаас л гарсан. Трапецан өмднүүд, платформ гутлыг тэд л моод болгосон. Цалингаа буухаар Улаанбаатар, Баянгол, Туул ресторанд ордог. “Чи цалингаа аваад шууд ээж, аавдаа өгөх гээд байна уу, ганц удаа таван төгрөгний хуйцаа идчих л дээ” гэж намайг шоолдог байлаа. “Баянгол” ресторанд урлагийнхан, спортынхон их очдог. Би тэдэнтэй хамт хоол идээд сууж байхдаа нүүр улайгаад, эмээдэг байсан. Том тамирчид, урлагийн томчууд, дуурийн мундаг улсууд тэнд л ордог байсан.

-Тэр үед моод болж байсан хувцсаа хаанаас авдаг байв?

-Өөрсдөө оёдог байсан. Үнэхээр мундаг оёдолчид байлаа. Манай Соёл-Эрдэнийн бөмбөрчин Б.Цолмон насаараа чуулгадаа уран бүтээл хийж байна даа. Тэр үед Цоомоогоор бид трапецан өмд, мини юбка оёулна. Одоо моод эргэчихлээ. Европ руу тоглолтоор явж ирэхдээ шинэ загварыг манай эстрадын дуучид л авчирч байсан даа. Өмссөн хувцсыг нь хүмүүс шохоорхоод, тоглолт тарахад араас хошуураад, хэв маягийг нь дуурайдаг. Би гэхэд л гурван сар гадаадад тоглож ирээд бичигтэй цав цагаан футболктой филармонийн гадаа зогсч л байсан. Хүмүүс урдуур хойгуур гарахдаа “Урнаа зогсч байна” гэж шивэгнэлдээд л.

-Дуучид хэдэн ч настай байсан үеийн фэнүүд нь байдаг л даа. Таны тоглолт дээр голцуу ямар насныхан ирдэг вэ?

-Аль ч насныхан ирдэг. Залуучууд маш их сонсоно. Миний насныхан бол бүгдээрээ тэр үеийн дуунд хайртай байдаг юм.

-Та хэнийг дагаж дуурайдаг байв?

-Тэр үед “Орбит” л үздэг, шугамын радио сонсоно. Монгол телевизээ үзнэ. Шинэ жил, Мартын найман, баярын үдэш бичлэгт ороод шөнөжин өдөржин болоод, үүр цайж байхад л гэртээ харьдаг. Тэр үед филармониос нэгдсэн журмаар туфль тавьж өгдөг. 45-ын туфль гээд лакан өндөр өсгийтэй туфль байсан. Даашинзууд нь сул ханцуй, хормойтой Пугачёвагийн стилийг л дуурайж байхгүй юу. Пугачёвагийн дуунуудаар концерт хийж байсан. АББА, Бони`м, Европын том хамтлагуудын дуунуудыг бүгдийг нь манай “Соёл-Эрдэнэ” хамтлаг тоглож байлаа.

-Тайзан дээр хэр удах нь хувь хүний онцлогоос шалтгаалдаг болов уу?

-Миний хувьд жил болгон уран бүтээлийн цэнгүүн, тайлан тоглолт хийдэг. Их бага хэмжээгээр хөдөө гадаа явдаг. Сая “Хоёр зууны хурд” гээд аялан тоглолтоор явсан. Морь дуулдаг Л.Нарантуяа бид хоёр 21 аймгаа бүтэн тойрлоо. “Хоёр зууны хурд” гэдэг нэрийг Завханы гавьяат С.Батсүх өгсөн юм. “Урнаа гавьяат эрч хүчтэй дуучин шүү дээ. XX зууны дуучин өнөөдөр яаж дуулж явна, гэтэл Л.Нарантуяа XXI зуунд морь дуулаад гараад ирлээ” гэж тэр хэлсэн юм.

-Таны дуу олон хүний залуу нас, дурсгалт мөчүүдийг санагдуулдаг байх?

-“Оюутны намар”-ыг дуулахад гарын үсгээ өгөөч, зургаа авахуулъя. Оюутны намраар ханьтайгаа учирч байлаа. Таны кассетыг манай сумынхан бүгд авсан. Сумын бүжиг дээр эхнээсээ дуустал таны кассет л явдаг байсан гэцгээдэг. Би 1998 онд кассетаа гаргасан юм. Анхны хуурцаг гарахад хөдөөнөөс “Нарантуул” явж байгаа жолоочид кассет их захидаг байсан гэнэ. “Ханийн дуу”-г чинь бид хоёр хуриман дээрээ дуулуулж байсан. Одоо миний хүүгийн хуриман дээр та “Ханийн дуу”-гаа дуулаач гэсэн үе дамжсан хүсэлт ч ирсэн. Би бас хүмүүнлэгийн тоглолт их хийж байгаа л даа. 2007 оноос хойш Монголын бүх хорих ангид очиж дуулсан. Одоо ч урилга, хүсэлт тасардаггүй. Тэд хүн шүү дээ. Хэн ч алдаж энддэг хорвоо. Дуулахаар уйлдаг, уярдаг. Нийгмийн ажилтан нь “Та нарыг тоглолт хийгээд явсны дараа нэг хэсэгтээ л хэрүүлгүй, ханиа, аав ээж, залуу насаа яриад, кино үзсэн юм шиг болдог” гэж хэлсэн.

-Тоглолтын бус цагт та юу хийдэг вэ?

-Миний хань урлагийн хүн. Бид хоёр хамтраад найман хандивын тоглолт хийсэн байна. Найман гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Хандивын тоглолт маш их хийсэн дээ. Өвчтэй хүмүүс их ханддаг. Бурхнаас өгсөн авьяасыг бусдад үнэгүйгээр өгөх үе байна. Дуулж өгөөч гэсэн хүсэлт тасардаггүй. Насны ой, хурим, цолны найр, аймаг, сумын наадам гээд л үргэлжилдэг.

-Таныг нүүрний тосны сурталчилгаанд тоглохыг хараад энэ дуучин сайхан хэвээрээ байна гэж хардаг?

-Баярлалаа. 2007 онд Солонгост тоглолтоор явахдаа нүүрнийхээ кремийг сольчихъё гэж бодсон юм. “Гранд” плазагийн доод давхарт “Октард” гээд салон нээгдчихсэн байсан. Зүгээр л анх кремийг нь авч хэрэглэхэд захирал эмэгтэй санаандгүй таараад, “Та сууриар нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Таны дууг сонсох дуртай шүү” гэсэн юм. Энэ салоны бүтээгдэхүүнийг өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Үр дүн нь гарсан. “Та манай хэрэглэгч учраас рекламанд ороод өгөөч ээ” гэсэн юм.

-Та урлагаар амьдарч ирсэн хүн. Оёж хатгаж, хоол хийж амждаг уу?

-Гурван сайхан хүүхэдтэй. Хоёр охиноо Соёлын яамны 24-ийн цэцэрлэгт өгөөд, сүүлд Хөгжим, бүжгийн дотуур байранд өгөөд явж л байсан. Одоо миний охин төгөлдөр хуурч, Хөгжим бүжигт багшилж байна. Хүргэн маань хийл хөгжим тоглодог. Том охин үндэсний хөгжимд суралцсан. Одоо СУИС-д суралцдаг. Хүү маань барилгын салбарт ажилладаг. Гурван сараар гадаадад тоглолтоор явах үе ч байна, хөдөө бригадаар 30-45 хоног явдаг байлаа. Одоо миний хүүхдүүд, хань маань бүгдээрээ намайг сайхан хоол хийдэг гэдэг. Хийж байгаа бантан нь хүртэл гайхалтай гэж магтана. Гурил бантагнах хүртэл урлаг. Хоолыг өөрөө зохиож хийдэг. Хүүхдүүдийнхээ уранхай цоорхойг нөхдөг байсан. Эхээсээ наймуулаа учраас шинэ форм өмсөхгүй дөрөв тавдугаар анги хүртлээ явсан. Онгорхой цоорхойгоо нөхдөг байсан л даа.

Categories
мэдээ цаг-үе

Эрдэнийн аялгууг эгшиглүүлэн урлагчийн урланд өнжсөн нь

Монголд гуравхан байдаг басс эвэр бүрээг урласан хөгжим урлаачтай уулзаж нэг өдрийг нь сурвалжлахаар манай улсын анхны хөгжмийн хувийн үйлдвэр “Эгшиглэн магнай” компанийн байрыг зорилоо. Энэхүү үйлдвэрийн эзэн, урласан бүтээл бүр нь уянгалаг хөг эгшгийг дуурсгах шидтэй эрхэм бол манай хуучны цөөн хэдэн урлаачдын нэг Пүрэвдаваагийн Байгальжав юм. Эдний үйлдвэрийн байр 32-ын тойргийн баруун дэнжид Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн хажууд байх ажээ.

Бид уг нь хөгжим урлаачийн гэрт өнжихийг зорьсон ч П.Байгальжав гуайн урьсан газар нь хөгжим урлаачийн үйлдвэр болж таарлаа. Нэлээд том зайтай хашаан дотор гурван давхар саарал болон хоёр давхар улаан тоосгон тохилог байшин угтан авлаа. Гаднах өнгө үзэмж нь үйлдвэр гэхээсээ илүү нэлээд том хаустай айл юм уу гэж харахаар.

П.Байгальжав захирлыг сурагласаар саарал байшингийн хоёр давхрын “Урлан-1” гэсэн өрөөнд оров. Энд гурав, дөрвөн хүн дор бүрнээ гартаа юм барьчихсан ажилдаа шамдан сууж байна. Биднийг ороход П.Байгальжав “За, хүрээд ирсэн үү. Түр хүлээж байгаарай” гээд барьж байгаа ажлаа дуусгахаар яаравчлав. Тэрбээр шүдэнзний модны дайны урттай, савх шиг хэдэн мод зорж сууна. Бодвол ямар нэг хөгжмийн эд ангийг урлаж байгаа бололтой. Өнөөхөө гялс зорж, янзалж дуусчихаад, ажлын хормогч, бээлийгээ тайлан, мэнд амар мэдэлцээд “Ах нь нэг иймэрхүү л ажилтай сууж байна даа. Та хэд заавал гэрт очих байсан уу. Өдөр болгон ажилд дараастай байдаг болохоор ажлаа орхиод гарч болохгүй юм даа. За тэгээд ах нь юуны талаар ярих билээ” гэлээ. Тэрбээр бидэнтэй ярьж байхдаа ч зүгээр сул зогсч, сууж чадахгүй хүн юм. Ярингаа хажуу талын нэг ажилчны янзалж байгаад орхисон хуучирны царыг нь шалгах, гаднаас нэг том бөмбөр оруулж ирээд цуурсан ангархайг нь хэрхэн наахаа ажиглах, ажилчдынхаа хийж байгаа юмыг нэг бүрчлэн хянаж шалгах гээд үргэлж завгүй байх аж.

Зураачийн урланд зочлоход олон янзын будаг, өнгө, үнэр, эрээн мяраан зураг, хуйлсан муутуу цаасны үнэр үнэртдэг бол хөгжим урлаачийн урлангаас шинэхэн модны үнэр, лак, модны холтос, хөгжмийн утас, шинэхэн хөгжмийн үнэр үнэртдэг аж. Гэхдээ зураг зурдаг ч бай, баримал барьдаг ч бай, хөгжим урладаг ч бай уран бүтээлчдийн урлангаас нэг ижил төстэй зүйл ажиглагддаг юм байна. Хэрэв өмнө урланд зочилж байсан бол анзаарсан байх, баригдмал бус чөлөөт орчин, хэний ч биш тухайн уран бүтээлчийн оюун бодол дахь төсөөллийн уран бүтээлээ амь оруулах орон зай, ширээн дээр хөглөрөх эд зүйл, бал, харандаа, элдэв жижиг сажиг цүүц, ажлын багаж, зэмсэг, нүдний шил, загвар скиз зураг, дутуу орхисон бүтээл, лак, бийр багс. Уран бүтээлчид хэрэгтэй эд зүйлс, урланд юу байдаг тэр бүгд байна. Мөн лак нь үнэртсэн, хэний ч гар хүрээгүй, ямар ч ая эгшиг тоглоогүй шинэхэн хөгжмүүд эздээ хүлээн ярайн жагсчээ. Тэд хожмоо ямар уран бүтээлчийн гарт хүрч, ямар ая эгшгээр олны сонорыг мялаахыг таашгүй.

П.Байгальжав гуай том тогооны хэрийн тойрогтой нэлээд зузаан бөмбөрийг хэрхэн янзлах талаар ажиглаж байснаа нэг хүнд зааварчилгаа өгөөд биднийг хажуу талын “Урлан-2” өрөөнд дагуулан орлоо. “Урлан-2” өрөөнд хоёр оффисын ширээ нийлүүлсэн хэрийн том том модон хавтан ширээнүүдийг өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Энд арав гаруй залуу өөр өөрсдийн ажлын ширээн дээр суун шамдан ажиллаж байна. Тэдний ширээ болгон дээр өнөөх л цүүц, ухдаг, хөшдөг, сийлдэг, цохидог, наадаг багаж зэвсгүүд байх юм. П.Байгальжав урлаач нийтдээ 50 гаруй хүнийг сургаж, үйлдвэртээ ажиллуулж байна. Тэдний ихэнх нь мэргэжлийн сургуулиар явалгүй, П.Байгальжав ахын сургалт зааврын дагуу, практик дадлагаар хөгжим урлаж сурчээ. Энэ өрөөнд орж ирээд тэрбээр мөн л зүгээр байсангүй. Нэг морин хуурын толгой авч сийлэх, нөгөө ширээн дээрх хуучирны царыг нь тааруулж зурах, өөр нэг хуучирны утсыг нь шалгах зэргээр явна. Тэгснээ ширээн дээр байсан ятгархуу, тэгсэн атлаа их зузаан, богинохон хөгжим аваад хажуудах сандал дээр суугаад утсыг татан ая оруулж үзлээ. Би ихэд сонирхон “Энэ бас нэгэн төрлийн ятга уу” гэж асуухад “Ер нь тийм гэхүү дээ. Нөгөө Авьяаслаг монголчууд шоунд ороод байсан лимбэчин Т.Пүрэвбаатарт зориулж хийсэн юм. Одсүрэн багш ятга зааж өгнө гэсэн юм билээ. Тэгээд надад захиалаад, би хандивлах гэж байгаа юм. Зүүн гар нь мухар болохоор дарж тоглоход амрыг нь бодож нэг талыг нь ийм зузаан пандгар хийсэн. Бас суумгай хүн шүү дээ. Тиймээс ийм богинохон байгаа юм. Түүнээс ийм богинохон, пандгар ятга өөр байхгүй л дээ” гэлээ.

Би П.Байгальжав ахаас “Гэргий тань байгаа юу. Энд ирэх боломжтой юу” гэхэд “Байгаа байгаа. Зуун айл руу түр явчихсан байна. Манайхан чинь энэ үйлдвэртээ л бараг бүтэн ам бүлээрээ цугладаг юм шүү дээ” гэсээр эхнэр рүүгээ утас цохилоо. Байгальжав ахын хүүхдүүд бүгд их, дээд сургууль төгссөн ч эцгийнхээ үйл хэргийг залгамжлахаар үйлдвэртээ хувь нэмэр оруулан ажилладаг аж.

Тэрбээр гэргий рүүгээ ярьчихаад хэдүүлээ манай өрөө юм уу, зааланд орж ярих уу гэлээ. Нэг давхарт нь ажилчдын цайны газар, урлагийн заал, П.Байгальжав захирлын өрөө байдаг юм байна. Харин хоёрдугаар давхарт хоёр урлан, санхүүгийн өрөө байдаг ажээ.

Урлагийн зааландаа баруун талын ханаараа битүү шилэн нүүртэй сервант тавьсан байх бөгөөд түүн дотор П.Байгальжав болон эдний хамт олны авсан шагнал, өргөмжлөл, талархал, ховор хөгжмийн зэмсэг, сувинер байх юм. Харин хоймор болон зүүн ханаараа олон төрлийн хөгжим өлгөж их тохилог тохижуулжээ. Ер нь эдний үйлдвэр, П.Байгальжав ахын орчин тойрон, харьцаж байгаа хүмүүс бүгд хөгжмийн ертөнц ажээ.

П.Байгальжавын гэр бүлийнхэн

Тэнд бид түүний гэргий Ч.Оюунчимэг эгчийг хүлээнгээ амттайхан яриа өрнүүллээ. П.Байгальжав ах хөгжим урлалыг цэвэр практикаар, өөрийн дур сонирхол дадал, туршлагаар сурчээ. Олон адуутай адуучин аавын хүү болж төрсөн тэрээр мал дагаж, зургадугаар ангиасаа сургуулиа орхисон байна. Харин 1976 онд говь нутгаас цэрэгт татагдаж, тэндээс халагдсаныхаа ард 21 насандаа Шарын голын уурхайд цахилгаанчин, гагнуурчин мэргэжлээр ажиллах болжээ. Онолоор олж авсан мэргэжил гэвэл үүнийг хэлж болох аж. П.Байгальжав ахын төрсөн нутаг нь Өмнөговь аймаг. Тэр багаасаа аливааг оролдох, урлах, ажиглах дур сонирхолтой байснаас гадна ээж болон нагац ах нарын талаас уламжилсан гарын дүй заяажээ. Анх 1974 онд 16 настай байхдаа нагац ахаараа заалган хэдэн өдөр нухаж байж анхны морин хуураа хийж үзжээ.

“Шарын голын уурхайгаас би их юмаа олж авсан даа” хэмээн тэрээр дурссан юм. Тэндээс л ажлын гараагаа эхэлж, гэргийтэйгээ танилцан голомтоо бадрааж, ууган хүүгээ тэнд өлгийдөн авч, мөн өөрийгөө олжээ. Цэргээс халагдаад Шарын голын уурхайд очсоны дараа ч багын юм оролдох сонирхол нь тайван байлгахгүй хатгаад байсан аж. Энэ л үед эхнэртэйгээ танилцсан бөгөөд удалгүй 1986 онд том хүү нь ч төрж. Хүүхдийн даавуу угаах долоо хоногийн чөлөөний далимаар “жинхэнэ” морин хуур хийж үзмээр санагдаад долоо хоног нэг хуур барьж суужээ. Өдрийн талд нь хүүхдээ авалцаж, даавуу базан, талд нь хөгжмөө нухаж суусан байна. Хийсэн хуур нь ч болмоор санагдаж, ингэж л өөрийнхөө хийх ёстой жинхэнэ ажлыг олжээ.

1989 онд Д.Индрээ багшийн дагалдангаар ажиллаж байх үе үе

Шарын голын уурхайн соёлын төвд ажлынхаа хажуугаар сайн дурын уран сайханч хийж байсан тэрбээр хүсэл сонирхолдоо хөтлөгдөн, эхнэр хүүхдийнхээ араас 1989 онд хот руу орж иржээ. Хотод орж ирсэн тэр жилээ Улсын үндэсний хөгжмийн урлал, засварын комбинатад Төрийн соёрхолт хөгжим урлаач Д.Индрээ багшийн шавиар орж их зүйлийг заалгаж нүд тайлсан байна. Мөн тэр жилээ анх удаа морин хуур урлаачдын наадамд оролцсон нь түрүүлж, түүнээсээ их урам зориг авчээ. Жамъян хуурчийн 70 насны ойд зориулсан тэрхүү наадамд түрүүлсэн хуур нь одоо Театрын музейд хадгалагддаг байна. Тухайн үед үндэсний хөгжим урлалын үйлдвэрт ажиллаж байсан цөөн хэдэн хүн одоо бараг бүгд хувиараа хөгжим урлаж байгаа аж. П.Байгальжав Д.Индрээ багш дээр ирэхдээ анх эвэр бүрээ хөгжим урлах ажил дээр томилогдож ажиллажээ. Энэ ч үүднээс тэрбээр Монгол Улсад гуравхан байдаг басс эвэр бүрээг урласан юм.

Улсын үндэсний хөгжмийн урлалын үйлдвэрт ажиллаад удаагүй байтал нийгэм өөрчлөгдөн ардчилал гарч, улмаар 1990 оны намар үйлдвэрээсээ гаран бусдын адил хувиараа юм хийхээр оролдож эхэлжээ. Ийнхүү 1991 онд гэр бүлийнхээ хамт гэрийн үйлдвэрлэл явуулж “Эгшиглэн” хэмээх нэр өгөн бизнесийн гараагаа эхлүүлсэн нь өнөөгийн “Эгшиглэн манлай” компанийн суурь болсон гэнэ. Хэдийгээр тэр үед зах зээл хүнд хэцүү байсан ч удалгүй үндэсний соёл, урлаг улам илүү сэргэх болж худалдан авагчид ч нэмэгдсэн байна. Энэ хэрээр үйлдвэрлэлээ тэлэх, өөр ажилчид авах шаардлага гарчээ. Тэр үеийн талаар П.Байгальжав “Өдрөөс өдөрт нэг, хоёр шавьтай болж, хөгжмийн тоо, зэмсгүүдийн төрөл ч нэмэгдсэн. Бид нар ч энэ хэрээр өөрсдөө суралцаж, хийх хөгжмийн төрлүүдээ олшруулан, 2000 оны заагаар хөгжмийн зэмсгийн дэлгүүрээ нээсэн. Шантрахгүй, үнэнчээр зориглож ажиллавал хөгжим урлаач хүн гал алддаггүй юм билээ” хэмээсэн. Одоо эднийх хөгжимтэй холбоотой бүхий л эд зүйл, тухайлбал, хөгжмийн сурах бичиг, СD, ном, түүхий эд, сав баглаа, материал гээд бүгдийг нь оруулж ирдэг болсон байна. Мөн хөгжмийнхөө уут, сав баглаа боодол, хөгжмийн зэмсгийн сувинер гээд бүгдийг өөрсдөө урлах шаардлага гарчээ. Морин хуур, хуучир, ёочин, ятга, шанз, цохивор хөгжим, эвэр бүрээ, бишгүүр, лимбэ, бөмбөр гэх мэт арав гаруй төрлийн хөгжим урлахаас гадна, их дунд, бага гарын төрлөөсөө хамаараад хорь гаруй төрлийн хөгжим бүтээж байна. Хамгийн олноор үйлдвэрлэдэг нь морин хуур аж. Тэрбээр “Хөгжим урлаач хүн “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн монгол зүйр үгийг ягштал баримтлах ёстой. Хэрвээ хөгжмийн зэмсэг урлах явцдаа нэг мм-ийн зөрүү гаргавал олон өдөр хичээж хийсэн ажил нь талаар болно” гэсэн юм. Тиймээс ч П.Байгальжав хөдөлгөөн бүрээ хянаж, шамдан ажилладаг байна. Морин хуур зэрэг айхтар нарийн ажиллагаа шаарддаггүй хөгжмийг шат дамжлагаар хийдэг бол мэргэжлийн нэлээд өндөр чадвар шаарддаг хөгжмүүдийг сайн урлаачид нь бие дааж, ганцхан хүн барьж хийдэг ажээ. Тухайлбал, эвэр бүрээ, ятга, басс бүрээ зэрэг ажиллагаа их шаарддаг, даралтуудыг нь дархны аргаар гагнаж хийдэг хөгжмүүдийг зөвхөн нэг л хүн бие даан хийх хэрэгтэй болдог байна. Анх Д.Индрээ багшаасаа эвэр бүрээ урлах эрдмийг сурсан болоод ч тэр үү тэрбээр эвэр бүрээ хийхэд их ач холбогдол өгч, гарын ганц, хоёр шавьтай болжээ. Хөгжим урлаачдын хувьд эвэр бүрээг хийх нь их онцлогтой гэнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Алтайн ятгыг өргөн барих үеэр

Энэ мэт хөгжим урлал, хөгжмийн талаар сонирхолтой яриа өрнүүлэнгээ түүний үзмэрүүдтэй танилцлаа. Тэрбээр нэгэн зурагт самбарын өмнө биднийг дагуулан очив. Энд П.Байгальжав урлаачийн урласан сонирхолтой хөгжмүүдийн зураг хөргийг тайлбарын хамт байршуулжээ. Манай археологичид 2007 онд Монгол Алтайн нуруун дахь Хүннүгийн үеийн нэгэн булшнаас маш сонирхолтой хөгжмийн зэмсэг олсон нь “Алтайн ятга” билээ. Өвөрмөц хийц урлалтай, Монголын археологийн дурсгалаас өмнө нь илэрч байгаагүй тэрхүү хөгжмийн зэмсгийг дахин амилуулан урласан хүн нь П.Байгальжав урлаач аж. Харин дахин сэргээн засварлах ажлыг Германд хийж байсан юм. Тэр үед Байгалийн түүхийн музейд олонд дэлгэсэн болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барьж байсан үеийн сонирхолтой зургууд тус самбарт өлгөөтэй байв. Энэ тухай нь түүгээр яриулсан юм. Энэхүү хөгжмийг шинэчилж, эвэр зохиож шинээр хийх ажлын саналыг 2014 онд Монголын хөгжмийн товчооны тэргүүн Ганпүрэв анх тавьжээ. Ийнхүү түүний саналыг хүлээн авч шинээр эвэр зохион хэд, хэдэн Алтайн ятга урлаж, Үндэсний түүхийн музей, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон хөгжимчдөд гардуулж байжээ.

Мөн үүний дараагаар XIII зууны үеийн олдвороос олдсон Төрийн босоо ятгыг дахин урлах ажлыг П.Байгальжав урлаач гурван янзын чавхдаст утастайгаар бие даан урласан байна. Түүнчлэн 2011 онд Чингис хааны талбайд тоглосон Завхан аймгийн 999 морин хуурчийн хуурнууд гээд маш олон дурсгалт, түүхэн үйл явдалтай холбоотой хөгжим урлажээ.

Хөгжим урлаж эхэлсэн цагаас тэрбээр нийтдээ 21 мянга гаруй хөгжим урласнаас Театрын музей, СУИС, Хөгжим бүжгийн коллеж, хөгжимчид, дуучид гээд нэлээд олон хүнд түгэн тархсан байна. “Сонин, содон хийц загвар, хэлбэр дүрстэй хөгжим урлаж л байдаг юм. Тухайн үедээ зургийг нь л дарж үлдээхгүй бол өөрт үзүүлэх харуулах юм үлдэхгүй юм байна шүү дээ” хэмээн тэрээр ярьсан.

Бид ийнхүү хөгжим урлалын талаар, “Эгшиглэн магнай” үйлдвэрийн өнөөг хүртэл хөгжиж ирсэн замналын талаар хөөрч суутал гаднаас түүний гэргий Ч.Оюунчимэг эгч “Хөгшөөн, дээшээ гарч цайгаа уухгүй юм уу” гэсээр орж ирэв. Ингээд бид дээш гарч цай уухаар боллоо. Эднийх ажилчдынхаа хоол цайг нэг давхарт байх хоолны өрөөндөө бэлтгээд өгчихдөг юм байна. Зав зай муутай байдаг хүмүүст тэр нь амар байдаг ажээ. Тэглээ ч гэрийн эзэн угаас гадуурх цайны газрын хоол, цайнд дасаагүй гэнэ.

Ч.Оюунчимэг эгч “Эгч нь энэ үйлдвэрийн нарийн ширийн юманд нь оролцдоггүй юм даа. Манай нөхөр, хүүхдүүд л бүгдийг нь мэднэ” гэнэ. Ч.Оюунчимэг эгч тэтгэвэртээ гарснаас хойш нөхрийнхөө үйлдвэрийн ойр зуурын ажилд туслах, хоол унд зохицуулах, ач зээ нараа харах үүрэг хүлээжээ. Ч.Оюунчимэг эгч унаган хотын хүүхэд аж. Тэрбээр тэр үеийн Багшийн их сургуулийг багшийн мэргэжлээр төгсчээ. Багшаар төгссөний дараа Шарын голын уурхай руу багшлахаар томилолт авч тэндээ П.Байгальжав ахтай танилцжээ.

Энэ талаарх дурсамжийг нь яриулахад “Би хотоос очсон шинэхэн багш. Хөдөөний зам харгуйг сайн мэдэхгүй. Оройн сургуульд багшилдаг байсан, манай хүн ч оройн сургуульд сурч байсан. Заримдаа ангийн маань хүүхдүүд хичээлдээ ирэхгүй алга болчихно. Тэднийг дуудахаар гэр рүү нь явна. Тэр үедээ л хамт зам нийлж явсаар, танилцаж үерхэн гэр бүл болсон доо. Удалгүй анхны үрээ ч тэвэрсэн. Манай хүн хөдөө, би хүүхэдтэйгээ хотод, хоёр тусдаа хэсэг амьдарсан. Би чинь угаас хотын хүн учраас уурхайд удаан амьдарч чадахгүй. Нөхрийг маань сайн ажилладаг гээд ажлаас нь явуулдаггүй. Залуу хүмүүст чинь тусдаа байх шиг хэцүү юм байхгүй. Тэгээд л манай хүн 1989 он гээд хот руу орж ирсэн дээ” гэсэн юм. Мөн нөхрийнхөө тухай “Манай хүн ер нь их зөөлөн ааштай, ажилч, нямбай хүн дээ. Нэг юм хийхээрээ тун уйгагүй, их хөдөлмөрч. Нэг ажил барьж авахаар хар эрт босоод л, бараг суудлаасаа ч өндийхгүй шахуу хэдэн өдөр бариад суучихдаг юм. Удаан суугаад байхаар бүр өмднийх нь ар тал нь цоорчихдог байсан” гэж сэм магтаад авлаа. Харин П.Байгальжав ах гэргийнхээ тухай “Манай хүн чинь их зөөлөн ааштай. Баш хүн болохоор яриа, хөөрөө ч сайтай. Ар гэрийн ажил төрөл, бүхий л зүйлийг энэ хүн зохицуулна шүү дээ. Би чинь заримдаа өрөөний мухраас ч гарахгүй шигдээд суучихдаг хүн. Хааяа амралт авбал гэрийнхэндээ гарын хоолоо хийж өгөх, ач зээгээ эрхлүүлэх ажилтай суух юм даа” гэсэн. Ч.Оюунчимэг эгч өөрийнхөө тухай “Би чинь нөхрөө бодоход хатуу хүн. Хүнд үгүй бол үгүй, за бол за гээд хэлчихнэ. Манай хүн чинь хүнд үгүй гэж хэлж чадахгүй шүү дээ” гэсэн юм.

П.Байгальжав ах олон зүйлд гарын дүйтэйгээс гадна чамгүй хөгжим дарчихдаг аж. Үүнийг түүний гэргий хэлсэн юм. Харин өөрөө “Шалихгүй дээ. Хөгжим урладаг хүн чинь өөрөө хөгжмийн сонсголтой байхгүй бол болохгүй. Ядаж буруу зөв, хөг гаргаад байгааг нь мэдэхгүй шүү дээ” хэмээн даруухнаар нуусан. Мөн гэргий нь ч “Надад нээх авьяассаад байх юм байхгүй дээ. Манай хүн л их гарын дүйтэй хүн дээ” хэмээн ярихыг бодоход аль алинд монгол хүний төлөв даруу зан шингэжээ гэж харахаар. Гэрийн эзэн хөгжмөө л гэхээс бусад эрчүүд шиг ан авд хорхойсох, загасчлах, элдэв спорт, бөх сонирхож үзээгүй аж.

П.Байгальжав ах, Ч.Оюунчимэг эгч хоёр хоёул өнөр өтгөн айлын хүүхдүүд. Гэрийн эзэн арван хүүхэдтэй айлын дээрээсээ гурав дахь нь бол Ч.Оюунчимэг эгч дороо есөн дүүтэй айлын том охин гэнэ. Энэ ч үүднээс эдний үйлдвэр нэг хэсэгтээ дүү нараа түшиж, тулан ажиллуулж, хоолонд залгуулахад их дэм болжээ. Биднийг ийнхүү ярилцаж суутал бэр Т.Дагважаргал орж ирлээ. Тэрбээр энэ компанийн бүхий л санхүүгийн асуудал, гадаад дотоод харилцааг хариуцдаг аж. “Манай компанийн үйл ажиллагааг явуулахад хүргэн, бэр хоёр минь л хамгийн их дэм болдог доо. Т.Дагважаргал маань манай менежер. Охин Ундрах санхүү хариуцдаг. Ер нь л гэр бүлээрээ энэ ажлыг авч явна даа” гэв. Эднийх охин, хүү хоёртой. Мөн одоо 17 нас хүрч яваа нэг ач, бага насны хоёр зээтэй. Ач хүү нь өвөөгийнхөө шийрийг хатааж мэргэжлийн хөгжим урлаачаар гадагшаа явж сурна гэж ярьдаг гэнэ. Үүнд өвөө аав, эмээ ээж хоёр нь ихэд бэлгэшээдэг аж.

Энэ тэрийг ярилцан хэсэг байсны дараа П.Байгальжав ах биднийг нэлээд олон өрөөтэй нөгөө үйлдвэртэйгээ танилцуулахаар болсон юм. Эхэндээ бид энэхүү байрыг гэр нь байна гэж бодож байлаа. Учир нь гаднаа асартай, үйлдвэр гэхэд илүү тав тухтай харагдсан.

Зүүн талын тоосгон байрыг 2001 онд арван жилийнхээ ойгоор барьжээ. Харин урлаачид нь багтахаа больж, ажилчид нь 40, 50 хүрэхтэй зэрэг 2011 онд 20 жилийнхээ ойгоор саарал үйлдвэрийн байраа босгожээ. Эднийх ийнхүү арав арван жилээр амжилт нь ахиж, өсөн дэвжиж, өргөжин тэлсэн түүхтэй байх юм. Зүүн талынх нь байранд үлээвэр хөгжим урлаачийн урлан, зүлгүүрийн тасгийнхан, оёдол эсгүүрийн цех, будгийн тасаг, сувинер урлал байна. Бас нэг сонирхол татсан зүйл нь хоёр давхар гэж бодож байсан байрны газар доор ахиад нэг давхар байх бөгөөд тэр хэсэгт нь хөгжмийг үйлдвэрлэх бүр анхан шатны ажил явагддаг аж. Тодруулбал, энд банз модыг зүсэх, хөрөөдөх, харуулдах ажлууд явагддаг бөгөөд дээрх цех, урлангуудыг бодоход харьцангуй том, том багаж зэмсгүүдийг тавьжээ. Мөн бас нэг өрөөнд гагнуур ажиллуулж байна. Энд голдуу П.Байгальжав ах өөрөө сууж гагнадаг аж. Бид эндээс хонгилоор явсаар эсрэг талын хаалгаар гаран хоёр давхарт гарч ирлээ. Энэхүү хоёр үйлдвэрийн байр нь хоорондоо газар доорх хоёр томоохон машины гараашийн хэмжээтэй тунель өрөөгөөр холбогддог юм байна. Эдгээр байрныхаа бүх зураг төсөл, сантехникийн зураг зэргийг П.Байгальжав урлаач өөрөө гаргаж зарим гагнуур, угсралтын ажилд оролцон хийжээ.

Энэ бүхнийгээ танилцуулах зуур түүний нүүрэнд сэтгэл хангалуун өнгө аяс илрэх нь өдийг хүртэл хийсэн, бүтээсэн, сурсан зүйлээрээ бахархаж явдгийн илэрхийлэл. Түүний хийж бүтээсэн энэ бүх ажлыг харахад бахархаж, бардамнахгүй байхын ч аргагүй. Энэ тухайгаа ч тэр илэн далангүй хэлсэн бөгөөд “Би ер нь залуудаа өмнөх ажлаа л яаж илүү сайн хийх вэ гэж бодож явнаас мэргэжлийн хөгжим урлаачаар суръя барья гэж бодож явсангүй ээ. Тоодог ч үгүй байж. Хар багаасаа хийж сурсан энэ ажилдаа одоо ч дуртай, үүгээрээ ч бахархаж явдаг. Хүн ер нь хийж чаддаг юмтай байна гэдэг сайхан. Харин хөгширсөн хойноо л онолын мэдлэг сураад олоод авчихсан бол арай өөр байх байсан болов уу гэж бодож байна” гэв.

Бас нэг зүйл сонирхуулахад эдний хашаанд анх ороход модны зах шиг хашаагаа давтал өндөрт хураасан банзнууд шууд нүдэнд туссан юм. Анх хараад хашаагаа шинээр барих гэж байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Гэтэл тэр нь хөгжмийн үндсэн түүхий эд нэгэн гайхалтай бүтээл болох гээд ээлжээ хүлээж буй нь тэр ажээ. Ерөнхийдөө уламжлалт бүх хөгжмөө Монгол орныхоо хус, нарс, гацуур зэрэг модоор хийдэг аж. Дээр үед өөрсдөө явж модоо бэлддэг байсан бол зах зээл хөгжсөн энэ үед зах юм уу аль нэг албан газартай гэрээ хийн түүхий эдээ авах болжээ. Харин нарийн ховор моднуудыг гаднаас оруулж ирдэг байна. Жишээлбэл ятга, ёочингийн нүүр хийдэг үйтүн гэж маш ховор хөнгөн сэвсгэр модыг Хятадаас оруулж ирдэг аж. Мөн хөгжмийн утас, жижиг хэрэглээнүүдээ гаднаас авдаг гэнэ.

Ийнхүү бид хаврын эхэн сарын нар ээсэн нэгэн сайхан өдөр өнгө будаг холилдсон өвөрмөц нэгэн ертөнцөд, яруу эгшиг түгсэн хөгжим урлаачийн урлан, үйлдвэрт дурсамжтай нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм. П.Байгальжав урлаач, гэргий Ч.Оюунчимэг эгч, түүний гэр бүл биднийг халуун дотноор угтан авч, дараа дахин уулзах ерөөлийг тавин үдсэн билээ.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Х.Наранжаргал: Гэртээ байсан хүн яагаад дагзны ясаа цөмөртөл гэмтэл авсан гэдгийг шалгах ёстой

“Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч, нийтлэлч Л.Болормаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө амиа алдсан билээ. Сэтгүүлч Л.Болормаа амь насаа юунаас болж алдсаныг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа билээ. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс талийгаач Л.Болормааг “Дагзны ясны хугаралтаас болж хүчтэй доргилт үүссэнээс цус харвасан. Энэ нь шууд үхэлд хүргэсэн байна” гэх утга бүхий дүгнэлт гаргаад байгаа юм. Тэгвэл “Глоб Интернэшнл” төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл тэргүүтэй хүний эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж яваа 20 гаруй ТББ хамтарч төр, засаг болон цагдаагийн байгууллагад хандан мэдэгдэл гаргажээ. Энэ талаар “Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.

Болормаагийн амиа алдсан хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. ТанайГлоб Интернэшнлтөв, тэргүүтэй 20 гаруй ТББ хамтарч энэ хэрэгтэй холбоотойгоор мэдэгдэл гаргасан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нэрт нийтлэлчдийн нэг сэтгүүлч Л.Болормаа Монголын сэтгүүл зүйд хийсэн ажилтай, хэлэх үгтэй, энэ салбарыг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан цөөн хүний нэг. Л.Болормаагийн бичсэн нийтлэл, сурвалжлага, тэмдэглэл нь зөвхөн сэтгүүл зүйн хүрээнд бус нийгэмд алдартай байсан. Түүний нийтлэлийг уншдаг, ямар нийтлэл бичихийг хүлээдэг олон уншигч бий болчихсон байсан юм. Тэр утгаараа Л.Болормаагийн амиа алдсан хэрэг олон нийтийн анхаарлыг татаад байна. Бид хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл болж буй үйл явцыг хөндлөнгөөс харж ажиглаж байлаа. Л.Болормаагийн амиа алдсан шалтгаан нь дагзны ясны хугаралтаас болсон гэж Шүүх эмнэлгийнхэн дүгнэсэн байна лээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс харж байхад гаднын ямар нэгэн нөлөөтэйгөөр амиа алдсан юм биш биз дээ гэсэн хардалт олон нийтэд бий болоод байна. Сэтгүүлч гадны нөлөөтэйгөөр амиа алдсан бол маш ноцтой гэмт хэрэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эрхэлж буй ажилтай нь шууд холбоотой байдаг. Үүнийг хэргийг шалгаж байгаа цагдаагийн байгууллага нэн түрүүнд шалгах ёстой. Яагаад гэхээр сэтгүүл зүйн ажил ялангуяа эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчийн ажил өөрөө аюултай, эрсдэлтэй мэргэжлийн тоонд ордог. Тэр ч утгаараа 2012 онд НҮБ-ын Сэтгүүлчийн аюулгүй байдлын үйл ажиллагаа гэсэн төлөвлөгөө батлагдсан. Тэр төлөвлөгөө батлагдсаны дараа 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй өнгөрөөж байгааг таслан зогсоох өдөр бий болгосон. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 23-нд тэмдэглэдэг болсон байгаа. НҮБ дээрх тогтоолоор гишүүн орнуудад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг гэмт хэргийг үр дүнтэй мөрдөн шалгах, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэхийг шаардсан байдаг. Энэ бүгдээс харахад олон улсад сэтгүүлчийн эсрэг гэмт хэрэг, аюулгүй орчин бий болгох тал дээр улс орон бүр анхаарал хандуулах ёстой нь харагддаг. Өнгөрсөн 2012-2014 оны хооронд дэлхий даяар 680 сэтгүүлч амиа алдсан байдаг. Мөн сэтгүүлчийн аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдийн 90 гаруй хувь нь ял шийтгэлгүй үлдсэн байдаг. Мөн манай улсад сүүлийн жилүүдэд сэтгүүлчийн эсрэг янз бүрийн халдлага олон гарах болсон. Сэтгүүлчийг сүрдүүлдэг, айлгаж дарамталдаг гээд олон хэрэг гарсан. Сэтгүүлч Л.Болормаагийн хувьд ч гэсэн ийм асуудал гарсан байж болзошгүй байна. Үүнээс гадна 2011 онд Монгол Улсын Засгийн газар Иргэний болон олон улсын улс төрийн фактын хэрэгжилтийн тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн хороогоор хэлэлцүүлсэн. Тус хорооноос Фактын 19 дүгээр зүйлд буюу хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулсан зөвлөмж хүргүүлсэн. Тэр зөвлөмж дотор сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг идэвхтэй мөрдөн шалгахыг онцолсон байдаг юм. Бид бүхэн Л.Болормаагийн амиа алдсан хэрэг дээр мэдэгдэл гаргаж байгаа нь НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүл гэсэн дохиог Монголын Засгийн газар, Мөрдөн байцаах газарт өгч байгаа юм.

Та бүхэнд сэтгүүлч Л.Болормаагийн амиа алдсан шалтгааны талаар ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?

-Л.Болормааг амь насаа алдсаны дараа олон нийтийн сүлжээгээр болон ойр дотно байдаг хүмүүсийн дунд ноцтой яриа гарсан байдаг. Талийгаачийг хэн нэгэн утсаар дарамталж, мессэж бичдэг байсан гэх мэдээлэл гарсан. Тэгэхээр ийм мэдээлэл тарж байна гэдэг маань олон нийтэд байгаа санаа бодлыг илтгээд байгаа юм. Сэтгүүлч олон нийтийн санаа бодлын тээгч нь байдаг. Тийм учраас хүмүүсийн яриад байгаа, гаднын нөлөөгүй амиа алдсан гэдэгт эргэлзээд байгаа зүйлсийг нягтлах хэрэгтэй. Хамгийн гол нь хэргийг шударга мөрдөж, үнэн зөвөөр нь тогтоогоод олон нийтэд мэдээлэх ёстой юм. Л.Болормаа өөрийнхөө төлөө ажиллаж, өөрийнхөө төлөө алдаршаагүй. Энэ хүн олон түмнийг бодит мэдээлэлтэй байхын төлөө зүтгэж явсан юм шүү дээ. Мөн дагзны яс нь хугарсан байна гэсэн Шүүх эмнэлгийн дүгнэлт юу өгүүлж байна вэ. Энэ маш ноцтой асуудал. Ганцаараа гэртээ байсан хүн яагаад дагзны ясаа цөмөртөл гэмтэл авсан байх вэ. Энэ л хүн бүрийн анхаарлыг татаад байгаа. Ийм хэрэг мартагдах ёсгүй. Замхарч, саармагжиж үлдэж болохгүй. Өөрийнх нь бичиж байсан зүйлтэй холбоотой байж магадгүй гэж олон нийт хардаж байгаа. Үүнийг шалгах хэрэгтэй. Хэрэг мөрдөлтийн явцад бусдын гарт амиа алдсан гэдэг нь тодорхой болох юм бол хууль хяналтын байгууллага гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх үүрэгтэй.

Сүүлийн жилүүдэд сэтгүүлчийн эрхэд халдах явдал нэмэгдсэн гэсэн үү?

-Тийм ээ. Сүүлийн жилүүдэд сэтгүүлчийн эрхэд халдах зөрчил нэмэгдэж байна. Манай төв 2005 оноос хойш жил бүр сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчилд судалгаа хийдэг болсон. 2006-2014 оны байдлаар 375 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ бол зөвхөн манайд бүртгэгдсэн зөрчил. Бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан 22, сүрдүүлсэн, дарамталсан, доромжилсон, гэр бүлийнхнийг нь дарамталсан 97 тохиолдол байна. Шүүх хүчний байгууллагаас дарамт үзүүлсэн 45 хэрэг бүртгэгдсэн байна. 2006 онд сэтгүүлчийн эрх чөлөөнд халдах хэрэг цөөн байсан. Харин 2008 онд өндөр тоо гарсан.Тэгээд буурч байгаад дахин нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд эрх нь зөрчигдөж манай төвд хандаж байгаа сэтгүүлчид зөрчлөө нуухыг эрмэлзэх хандлагатай болсон. Өөрөөр хэлбэл, эрх зүйн зөвлөгөө аваад өнгөрөхийг хичээдэг болсон гэсэн үг. Энэ бол нааштай зүйл биш.

Categories
мэдээ цаг-үе

Монголчууд гадныханд таагүй ханддаг улсад багтжээ

Дэлхийн улс орнуудын иргэдийн дунд жил бүрийн эцэст явуулдаг “End of the year” нь 1977 оноос хойш хийж буй том цар хүрээтэй судалгаа юм. Уг судалгааг “WIN Gallup Internation­al” байгууллагаас зохион байгуулдаг. Энэхүү “WIN Gal­lup International” байгууллагын гишүүн MMCG компани Монгол Улсыг төлөөлж уг судалгаанд оролцдог. MMCG компанийн танилцуулж байгаагаар 2015 оны жилийн эцсийн судалгаанд дэлхийн 69 улсын 68 мянга гаруй иргэнийг хамруулж, цагаачлалын асуудалд хандах хандлагыг гаргажээ.

Цагаачлалд хандах хандлагаар авч үзвэл 69 улсын 42 нь цагаачид өөрийнх нь нутагт ирж ажиллаж, амьдрах нь муу зүйл хэмээн үздэг гэж гарчээ. Харин 27 улс нь цагаачид нутагт нь ирж ажиллаж, амьдрах нь сайн зүйл хэмээсэн байна. Цагаачлалд таатай ханддаг эхний арван улсад БНХАУ, Пакистан, Этиоп, Вьетнам, Конго, Гана, Нигери, Бангладеш, Исланд, Саудын Арави гэх улс орнууд багтсан байна. Харин цагаач иргэд эх оронд нь аж төрөх муу гэж үздэг арван орноор Тайланд, Ирак, Иран, Монгол, Словен, Босни Герцеговина, Эквадор, Болгар, Алжир, Ливан гэх орнууд оржээ.

Судалгаанд хамрагдсан дэлхийн 69 улсыг нэг хүнд ноогдох жилийн дундаж орлогын түвшнээр нь гурван бүлэгт хуваасан байна. Орлогын түвшин өндөр улсын иргэд ажиллах хүчний цагаачлалын асуудалд эерэг байдлаар хандаж байхад орлогын түвшин доогуур улсын иргэд уг асуудалд сөрөг хандлагатай байгаагаа илэрхийлсэн байна.

Орлогын түвшин доогуур улсуудаас эерэг хандлагатай улсад Пакистан, Этиоп, Вьетнам, Конго, Гана гэх орнууд орсон бол сөрөг хандлагатай улсад Палестин, Гүрж, Косова оржээ. Орлогын түвшин дундаж улсаас цагаачлалд эерэг хандлагатай нь БНХАУ, Мексик, Перу гэх улс орнууд байсан бол сөрөг хандлагатайд Ливан, Болгар, Алжир, Эквадор, Монгол, Иран, Ирак, Тайланд улсууд нэрлэгдсэн байна. Харин өндөр орлоготой улсаас цагаачдад эерэг хандлагатай нь Исланд, Саудын Арави, Финланд, Швед, Канад орсон бол сөрөг хандлагатайд Дани, Австри, Их Британи, Австрали, Хонг конг орсон байна.

Ойрхи Дорнодын улс орнуудын тогтворгүй байдлын улмаас Европын улс руу чиглэсэн дүрвэгсдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Европ тивийн улс орнууд цагаачлалыг хамгийн ихээр эсэргүүцэж байгаа аж. Харин Африкийн улс орны иргэд гадаадын цагаач ажилчдад таатай хандлагатай байна. Ойрхи Дорнодын хямралын нөлөөгөөр олон хүн нутаг орноо орхин дүрвэн гарч байгаа хэдий ч, эдгээр улс орны иргэд өөрсдийн эх оронд нь гадаадын цагаачид ажиллаж амьдрахад сөрөг хандлагатай байдаг аж.

Монголчууд хамгийн ихээр ажиллаж амьдардаг АНУ-ын иргэд гадаад цагаачдад харьцангуй таатай хандлагатай байдаг бол Өмнөд Солонгос улсын иргэд гадаад ажилчдад тийм ч таатай ханддаггүйг судалгааны үр дүн харуулжээ.

Монголчуудын сурч, ажиллаж, амьдрах хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа Австрали улсын иргэд цагаач хүмүүст сөрөг хандлагатай байдаг аж. Канад улс нь уур амьсгалын хувьд Монгол оронтой адил дөрвөн улиралтай байдаг учир монголчуудын хувьд ажиллаж амьдрахад таатай улсын нэг болоод байна. Судалгааны үр дүнгээр Канадын иргэд цагаач ажилчдад эерэг хандлагатай гэж гарчээ. Их Британи улсын иргэд Европын бусад орны адил Ойрхи Дорнодын улс орны дүрвэгсэдтэй холбоотойгоор гадаадын цагаач ажилчдад дургүй аж.

Монгол Улсаас Швед улс руу цагаачлах иргэдийн тоо 2000 оноос өмнө цөөн байсан бол 2001 оноос огцом нэмэгдэж албан бус тоогоор 6000 гаруй болсон байна. Шведийн Вант улсын иргэд цагаач ажилчдад эерэг хандлагатай байдаг гэнэ. Монголчууд зах зээлд нэвтэрснээс хойш сурч, ажиллахаар Герман улсыг зорих нь цөөнгүй болсон. Герман улсын иргэд цагаач ажилчдад харьцангуй эерэг хандлагатай. Мөн дэлхийд хүн амын өсөлтөөр тэргүүлж байгаа манай урд хөрш Хятад улсын иргэд цагаач ажилчдад хамгийн таатай ханддаг гэсэн үр дүн гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Гэрэлт-Од: Сонгуулийн хуулийг одоо хөндвөл иргэд сонгуульд итгэхгүй болж, нийгмийн сэтгэлзүйд маш их хохирол учирна

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Улс төрийн багш, доктор, судлаач Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийг зөрчсөн гээд буй. Хэрэв үүнийг Үндсэн хуулийн Цэц хүлээж авч, Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзвэл Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүснэ гэсэн үг үү?

-Үүнийг би хууль зүйн талаас нь хэлж мэдэхгүй нь. Энэ асуудал маргаан үүсгээд хэцүү болчихоод байна.

-Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэх заалтыг уг хуулийг батлах үеэр орхигдуулсан. Та судлаач хүний хувьд ямар учраас энэ заалтыг орхигдуулсан гэж үзэж байгаа вэ?

-Санаатай, санамсаргүй гэдгийг би хэлж чадахгүй байна. Хэрвээ санаатайгаар ийм байдалд оруулсан бол хууль зүйн хувьд иргэдэд итгэл үнэмшил төрүүлэхгүй, нөгөө талаас Сонгуулийн тухай хууль чинь ойлгомжтой, сонгууль, улс төрийн өрсөлдөөнийг шударга, нээлттэй ил тод болгосон хууль шүү дээ. Хэрвээ энэ хууль байхгүй бол сонгууль шударга бус, ил тод биш болно. Яавал иргэдийн итгэлийг даах вэ, тэрэнд улс төрийн намууд ямар бэлтгэл, хариуцлагатай байх вэ гэдэг асуудал бүхэлдээ Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа юм. Энэ утгаар нь авч үзвэл улс төрийн намууд Сонгуулийн хуулийн зарим заалтыг санаатайгаар үлдээгээд, тэрийгээ өнөөдөр хөндөх гэж оролдвол эргээд иргэдийн сонгуульд итгэх итгэл үгүй болно. Сонгуулийн дараа төрд итгэх итгэл байхгүй болно. Энэ нь өөрөө нийгмийн сэтгэлзүйд маш хор хохиролтой. Улс төрийн намууд арай ч ийм үйлдэл хийхгүй болов уу гэж бодож байна.

-Сонгуулийн хуульд хэзээ ч хамаагүй өөрчлөлт оруулж мэдэхээр нөхцөл байдал үүсчихээд байна?

-Харин, тийм л болж харагдаад байна. Бүр гайхаад байна. Яагаад гэвэл улстөрчид, улс төрийн намууд тоглоомын дүрмээ санаатайгаар, хүссэн үедээ өөрчлөх хэмжээнд аваачиж байна. Улс төр бужигнах нь маш их хор хохиролтой л гэж харж байна.

-Дэлхийн улс орнуудын жишгийг харахад сонгууль болохоос хэдий хэрийн хугацааны өмнөөс Сонгуулийн хуулиа оролдохыг хориглодог юм бэ?

-Улс төрийн өрсөлдөөн болохоос тодорхой хугацааны өмнө Сонгуулийн хуулийг хөндөхгүй байх нь өөрөө улс төрийн өрсөлдөгчдийн болон хууль эрхзүйн хувьд эрхзүйт ёсыг дагаж мөрдөх маш хүчтэй дархлаа болдог тогтолцоо л доо. Энэ утгаар нь аваад үзвэл хуулийг дагаж мөрдөх, улстөрчдийг хариуцлагатай байлгах, улс төрийн намуудыг төлөвшүүлэх нэг хөшүүрэг нь яалт ч үгүй Сонгуулийн хуульд хүссэн үедээ халдаж болохгүй байх хуулийн дархлааны асуудал. Энэ талаас нь харвал манайх маш том алдаа гаргачихаад байж байна. Судлаачийн хувьд гаднын улс орнуудыг аваад үзэхээр улс төр нь илүү соёлтой, тогтчихсон улсад энэ нэг их асуудал үүсгэхгүй. Яагаад гэвэл сонгуулийн өрсөлдөөн нь тогтчихсон байдаг, уг өрсөлдөөн нь нээлттэй, шударга, ил тод байхын төлөөх бүх процесс нь явж байгаа учраас Сонгуулийн тухай хуулиа байнга ингэж өөрчлөөд байдаг улс манайхаас өөр алга.

Түүхээ сөхвөл, 1992 онд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг батлангуутаа энэ хуулийг өөрчлөхгүй бол болохгүй юм байна гэдэг дүгнэлтийг хийгээд 1995 онд дахин өөрчилсөн. 1996 оны сонгуулийн үр дүнг хараад уг хуулийг дахин өөрчилье гэдэг улстөрчдийн яриа, нийгмийн захиалга гээд аль аль нь л байсан байх. 2000 оны сонгуулийн өмнө уг хуулийг өөрчлөх гэж оролдсон ч чадаагүй. 2004 оны арванхоёрдугаар сард өөрчилсөн. Тэгэхдээ энэ хуулиа ашиглахгүй байж байгаад 2008 оны арванхоёрдугаар сард дахин өөрчлөөд зарим зүйл заалтыг нь унагаад цуцалсан. Ялангуяа үүн дээр бид эмэгтэйчүүдийн квотын тухай асуудлыг хөндөх ёстой. Хуулийг баталчихаад түүнийгээ хэрэглэхгүйгээр хүссэнээрээ өөрчлөөд байдаг практик манайд 2008 оноос хойш үүссэн. Одоо тэр практик үргэлжлээд л явж байна гэсэн үг л дээ.

-Манай улсын хувьд 2015 он гэхэд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэнэ гэж Мянганы хөгжлийн зорилтдоо зорилго тавьсан. Хэрэв үүнийг бид биелүүлэх юм бол олон улсад амласан амлалтаа биелүүлэх байлаа?

-2000 онд Мянганы хөгжлийн найман зорилт дээр ес дэх зорилтыг Монгол Улс өөрийн санаачилгаар баталсан. Энэ зорилт нь эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог дэмжих ёстой гэдэг үүднээс хоёр төрлийн амлалт авсан юм, олон улсын түвшинд. Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийг нийт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувьд нь байлгая. Хоёрдугаарт, парламентэд эзлэх хувийг нь 30-аас доошгүй хувьд хүргэе гэж. Харамсалтай нь эхнийх нь амлалтыг дөнгөж биелүүлэх гэж хоёр ч удаа бүдэрч байна шүү дээ. Хуулиараа 30 хувийг баталсан ч уг хуулиа хэрэглэхгүй явсаар 2007 оны арванхоёрдугаар сард цуцалж байсан. 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Сонгуулийн тухай хуулиар арай гэж 20 хувийг батлуулж чадаж байсан. Гэтэл өнөөдөр бид илүү боломжийн хууль гарлаа, дэвшил гарлаа гэж бодоод явж байтал 30 хувийн квотоо эргээд цуцлах тухай ярьж байна гэдэг нь улс төрийн намууд санаачилгагүй байна, манлайлах хүсэлгүй байна, нийгэмд шударга ёс, үнэт зүйлсийг түгээх хүсэл эрмэлзэлгүй байна гэж харагдаж байна. Улс төрийн намууд маш хариуцлагагүй байна.

-Манай эмэгтэйчүүдийн улс төрд эзлэх хувийг гаднын орнуудтай харьцуулбал ямар байна вэ?

-Өнөөдөр дэлхий дээр парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо дунджаар 22.7 хувьтай буюу таван хүн тутмын нэг нь эмэгтэй. Гэтэл манайд энэ хувь 14.5 байна. Дэлхийн дунджаас доогуур байна. Азийн улс орнуудын дундаж 19.3 хувьтай байна. Дэлхийн улс орнуудад ялангуяа жендер, хүний эрхийн асуудал нь орчин үеийн ардчиллын үнэт зүйлийн нэг хэлбэр болчихоод байна. Бид хүйсийн тэгш байдлыг хангах зарчмаар төлөөллийн оролцоо хангасан ардчллын ийм механизмыг төлөвшүүлж чадахгүй юм бол хэзээ ч Монголын улс төр эрүүлжихгүй.

-Улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал хурцаар тавигдаж байна. Сонгууль дөхөхөөр намууд элдэв мөнгө босгох гэж авлига, хээл хахууль гээд янз бүрийн асуудалд холбогдож эхлэх юм?

-Улс төрийн намууд өмнө нь төрөөс санхүүжилт авч байсан. Одоо ч авч байгаа. Цаашид ч авна. Гэхдээ ямар зарчмаар яаж авах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Ямар ч тохиолдолд бид шударга, зөв зарчим дээр тулгуурлаж санхүүжилтийг олгох хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт, өнөөдрийг хүртэл байгаа намууд санхүүжилтээ хэрхэн босгож, яаж зарцуулснаа тайлагнаж байсан туршлага манайд байхгүй. Өнгөрсөн 25 жилийн түүхэнд огт байхгүй. Хэлбэр төдий байдлаар сонгуулийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд өгч байсан юм шиг байна лээ. 2005 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр баталсан хуулиар бол улс төрийн намууд жил болгон санхүүдээ аудит оруулж тайлангаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байх ёстой. Харамсалтай нь манайд намууд ганц ч удаа ингэж зарлаж байгаагүй. Улс төрийн намуудад нэг байгууллага хяналт тавихгүй бол тэд хэзээ ч сайн дураараа тэр бүхнээ ил болгохгүй. Дэлхийн улс орнуудыг харахаар улс төрийн намуудыг хянадаг, зохицуулдаг, шалгадаг байгууллагууд байдаг. Манайд яагаад тэгэхгүй байна гэхээр үнэндээ улс төрийн намууд өмнө нь сул хуультай байсан. Тэр сул хуулийнхаа цоорхойгоор шантаажныхаа улс төрийг хийж ирсэн. Шантаажны тэр улс төрөө цаашид ч хийхийг хүсч байна. Эцсийн үр дүндээ тэд хуульд захирагдахыг л хүсэхгүй байгаа юм. Асуудлын гол нь үүнд байгаа юм. Хамгийн гол юм бол улс төрийн намуудын санхүүжилт. Санхүүжилтийг нь ил болгоод төрөөс олгосон санхүүжилтээ яаж зарцуулсныг хянадаг, тодорхой болгочихвол улс төрийн намууд хүссэн хүсээгүй энэ үүргээ биелүүлнэ.

-Аливаа намын санхүүжилтийг сөхөхөөр “Манай намын дотоод асуудал” гэдэг?

-Нам бол хэдийгээр хамтын удирдлагын байгууллага ч гэлээ улс төрд очоод, сонгуульд өрсөлдөж шийдвэр гаргаад, олонхын саналыг авч бидний амьдралыг удирдаж байгаа учраас улс төрийн намуудын дотоод ардчиллын асуудал тэдний асуудал юм шиг боловч нөгөө талаасаа нийт иргэдийн асуудал. Сонгогчид улс төрийн намуудад дотоод ардчилал байна уу, үгүй уу, санхүүжилт нь ил тод байна уу, шийдвэр гаргах түвшинд оролцоо, төлөөлөл яаж хангагдаж байна, дарга цэргээ яаж сонгож байна. Дотоод өрсөлдөөн нь ямар байна гээд бүгдийг нь хянаж байж тухайн намд итгэж болох уу, үгүй юу гэдгээ шийднэ. Тухайн нам миний итгэлийг даахгүй, дотоод ардчилалгүй зарчмаар “Энэ бол манай асуудал” гээд хэн нэгнийг томилж, тэрийг нь бид “Тийм ээ, энэ танай дотоод асуудал” гэж орхих юм бол бид төрөө хэсэг бүлэг хүмүүст булаалгаж байгаа гэсэн үг байхгүй юу. Тийм учраас намын дотоод ардчилал намын дотоод асуудал мөн боловч бүх сонгогчдод чухал асуудал. Үүнийг харамсалтай нь манай улстөрчид, улс төрийн намууд, сонгогчид энэ өнцгөөс нь хараахан ойлгодоггүй. Гэтэл тэр намын дотоод асуудал гээд байгаа зүйл чинь бидний амьдралыг шийдэх гээд байгаа байхгүй юу.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

У.Уранчимэг: “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” кино анх удаа Америкт гарах зөвшөөрлийг авсан

“Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино энэ сарын 5-нд нээлтээ хийнэ. Үүнтэй холбоотойгоор тус киноны уран бүтээлчид мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй ярилцлаа.

-“Атганд үлдсэн эрдэнэ” кино гадаадын тэр тусмаа Америкийн кино театруудад гарна гэж ойлгоод байгаа?

-Зарим зүйл дээр хүмүүс их андуурч ойлгож байна. Мэдээж манай продакшны хувьд Монголын уран бүтээлчдээс анх удаа дэлхийн стандартад нийцэх техник технологийг ашиглан мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллалаа. Гол нь Монголынхоо үзэгчдэд дэлхийд гарч буй киноны стандарт, техник технологийн шаардлагад нийцсэн бүтээлийг хүргэх юмсан гэсэн чин хүсэл байсан юм. Зургийн найруулагч Д.Ангарагийн санаачилгаар гаднын мэргэжлийн багтай хамтарч ажиллах боломж, нөхцөл бидэнд бүрдсэн юм. Олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгааг зарим хүн дэлхийд нээлтээ хийх гэж байна, цаашаа ингэх гээд байна гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол бидний дараагийн ажил. Мэдээж бид ийм том чин хүслийг өвөртлөөд явж байгаагийн хувьд тэр зам руу, тэр шат руу ахихыг хичээнэ. Үүний тулд нэг хоёр жилийн зохион байгуулалтын ажиллагаа шаардана. Харин өнөөдөр эхний шатыг давчихсан гэсэн үг. Цаашдаа яаж ажиллах вэ гэдэг нь одоо гэрээ хэлэлцээрийн түвшинд яригдаж байгаа.

-“Хувьсал” продакшн Монголын кино урлагийнхныг Холливудад гарах гарцыг нээж өгсөн гэж хэлэх гээд байна уу?

-Ойлгомжтой. “Хувьсал” продакшн Холливудад гарах цааш цаашдын кино бүтээлүүдийн жимийг гаргаж анхдагч болсондоо баяртай байна. Хоёр, гурав дахь Холливудын түвшинд хийгдэх кино, өөр кино продакшнтай ажиллах эхний төлөвлөгөө гараад эхэлсэн байна. Үүнд би маш их баяртай байгаа.

-Мэдээж дэлхийн стандарт бариад эхлэхээр их ажиллагаатай юм уу?

-Бидний дөрөв дэх уран бүтээл яг нэг жилийнхээ ой дээр нээлтээ хийх гэж байна. Өнгөрсөн жил киноны зохиол ерөнхийдөө гарчихсан, засварын ажил явагдаж байсан. Энэ хооронд киноны зургийн найруулагчаар ажилласан Д.Ангарагтай Америк руу холбогдсон. Зохиол хэдий бичсэн байсан ч холливудын заавал ийм байх ёстой гэсэн хэлбэрт оруулах ёстой болсон. Ангараг зохиол дээр санаа оноогоо ярилцаад задаргаа хийгээд зохиол дээр ажилласаар байгаад зураг авалт зургадугаар сарын эхээр эхлэх байсан бол нэг сар гаруй хугацаанд хойшилсон. Зуны сайхан ногоон өнгө хэрэгтэй гээд байгалийн өнгөө хүлээх гээд бэлтгэл ажил явсаар байгаад зургаан сарын сүүлээр зураг авалт эхэлсэн. Үндсэндээ хоёр сарын хугацаанд зураг авсан.

-Киноны сурталчилгаанаас харахад байгалийн их сайхан үзэсгэлэнт газруудыг сонгосон санагдсан?

-Мэдээж байгалийн үзэсгэлэнт газруудыг сонгох хэрэгтэй. Конины гол үйл явдал Сүхбаатар аймгийн Дарьганга суманд өрнөж байгаа. Сүхбаатар аймгийн Дарьганга, Төв аймгийн Эрдэнэ суманд, хамгийн сүүлийн зураг авалтыг Говь- Алтай аймгийн Шарга суманд хийсэн. Улаанбаатар хотоос 1000 гаруй километрийн зайтай газарт очиж үлдсэн зургаа авсан. Харин хаалтын зургийг хотын захад гэр барьж авсан байгаа.

-Зөвхөн кинонд зориулж том агуй бүтээсэн гэсэн. Үнэн үү?

-Монголын түүхэн болон хөдөөгийн ахуй байдлыг харуулсан кинонд хад, агуй харагдаж л байдаг. Харин зөвхөн энэ кинонд зориулаад сар гаруй хугацаанд ерөнхий зураач Хүрэлбаатар урт нь долоон метр, өргөн нь таван метр том агуйг бүтээсэн. Яагаад гэхээр киноны үндсэн үйл явдлын ихэнх зураг авалт агуй дотроос хийгдэх байсан учраас зураачдын баг сар гаруй ажиллаж зориуд агуй барьсан.

-Тэгэхээр кино зураг авалтаа дуусгаад дөрвөн сарын турш Америкт нэг ёсондоо шалгалт өгсөн байх нь ээ?

-Дөрвөн сарын хугацаанд өнгө шүүлт, color correc­tion, sound-ийн ажлууд зэрэг явагдсан байгаа. Ганчимэг бид хоёрын хувьд 45 хоногийн хугацаанд Америкт байрлаж ажиллаад ирсэн. Үлдсэн ажлыг зургийн найруулагч Ангараг, эвлүүлэгч Гантулга, орчуулагч Сант-Амар нар нэг баг болж киногоо хийж дуусгасан байгаа. Одоо эцсийн шатны ажил нь явагдаж байна. Кино үзлэг маргааш хийгдэнэ. Түүний дараа гуравдугаар сарын 5-нд Монголынхоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

-Гаднын компаниуд танай киног сонирхож Америкт гаргах тал дээр холбогдож байна уу?

-Байлгүй яахав. Хэд хэдэн газар сонирхъё, үзье гэж санал тавьсан. Яг одоогийн байдлаар “Mongus pictures”-ийн Л.Нямжаргал Америкт энэ чиглэлээр ажиллаж байна. “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” кино анх удаа АНУ-д гаргах зөвшөөрлийг авсан. Энэ зөвшөөрлийг авахад тодорхой стандарт, шаардлага, бичиг баримтын асуудлууд гарч ирсэн. Энэ асуудлыг зургийн найруулагч Д.Ангараг бүрэн хариуцаж ажилласан. Үндсэндээ хүүхдийн насны зэрэглэл, уг кино гарч болох юм уу, болохгүй юм уу гээд бүгдийг нь шалгадаг байгууллагад нь шалгуулаад албан ёсны зөвшөөрлийг нь авсан. Клип, трэйлерийн өмнө мэдээлэл бүхий ногоон дүрс гарч байгаа. Тэр бол заавал тавигдах ёстой стандарт юм билээ. Үүний дараа дистрибютерийн ажлыг “Mongus pictures” болон АНУ-ын Кино зураглаачдын холбооны тойргийн дарга Сауле Молино хариуцаж ажиллаад цаашдаа энэ ажил эхэлнэ. Түүнээс биш зэрэг нээлтээ хийх гээд байна гэж ойлгоод байх шиг байна лээ. Аливаа зүйл чинь шат дараалалтай явагддаг. Цаг хугацаа их шаардана. Энэ бол дараагийн асуудал. Юун түрүүнд бид монголчууддаа хүргэе.

-Зураг авалтын үед М15 хэмээх сүүлийн үеийн технологийг ашигласан болохыг уран бүтээлчид ярьсан. Энэ технологийн талаар тодруулахгүй юу?

-Манай кино он дамжиж бүтээгдлээ. Яг киноны ажил эхлэх үеэр гэсэн үг. 2015 онд Америкийн Кино зураглаачдын холбоонд дөнгөж танилцуулагдаад байсан М15 технологийг кинондоо ашиглаж байсан. Монголд Movie running гэж нэрлэгддэг технологийг уран бүтээлчид кинонд ашигладаг. Дөрвөн талаас нь хөдөлгөөнийг удирддаг. Энэхүү шинэ технологи найман талт хөдөлгөөнөөр удирдагдана. Үүгээрээ технологийн маш том дэвшлийг уг бүтээлд ашиглалаа. Нэгэнт л киногоо Холливудын хэмжээнд хийнэ гэж байгаа бол анхнаасаа ийм техникээр зургаа авах шаардлагатай байна гэдгийг Д.Ангараг хэлсэн. Ингээд бид ярилцаад Сауле Молиногоор дамжуулж тус загварыг худалдаанд гарахаас нь өмнө захиалж авсан.

-Киноны сэдэв сошиалд их яригдаж байна. Шүүмжилсэн хандалтууд ч ажиглагдсан. Найруулагчийн өнцгөөс тайлбар өгөөч?

-Трэйлер, клип гарсны дараа хүмүүсийн сэтгэл хөдлөл, хандалт янз бүр байгаа. Зарим нь киног бүтэн үзээгүй, нээлтээ ч хийгээгүй байхад үзэл бодлоо илэрхийлж байна. Хүчирхийллийг өөгшүүллээ гэдэг ч юм уу. Кино гэдэг өөрөө бие даасан маш том урлаг. Кино өөрөө дотроо маш олон том задаргаатай. Маш олон төрөл жанр, урсгал, өнгө аястай. Түүнийгээ дагаад найруулагч нар нь хүртэл өөрсдийн гэсэн хэв маяг, өнгө, өөрсдийн хардаг өнцөгтэй. Аливаа кино найруулагч хүний эмзэглэл дээрээс бүтдэг. Инээдмийн кино хийдэг найруулагч байхад над шиг илүү драмын төрөлд өөрийгөө сорих гэсэн найруулагч бас байна. Хүний өөрийнх нь харах өнцөг, найруулагч хүний мэдрэмж кино бүтэхэд хамгийн түрүүнд тавигддаг.

-Тэгэхээр та бүхэн хүний эрх, хүчирхийллийн асуудлыг тусгасан бүтээлээр Холливудад гарах нь илүү ач холбогдолтой гэж харжээ?

-Энэ кино бол цэвэр хүчирхийллийн эсрэг, хүний эрхийн сэдэвтэй бүтээл. Энэ киног олон улсад гаргахад сэдэв нь өөрөө маш далайцтай. Хүчирхийллийн эсрэг хүний эрхийн талаар гэхээр ямархуу сэдэвтэйг нь клип, трэйлэрийг хараад үзэгчид ойлгосон байх. Үүнд битгий эмзэглэ. Энэ бол уран сайхны бүтээл, уран сайхны зохиомж. Романтик, гэгээлэг сайхан уран бүтээл хийдэг мундаг уран бүтээлчид байна. Тэднийг үздэг нь үзнэ.Миний, “Хувьсал” продакшны сонголтыг үздэг хэсэг нь мөн л үзнэ. Дэлхий ертөнц өөрөө тийм юм шаардаж байна.

-Кино зохиолыг та өөрөө бичсэн юм уу. Эмэгтэй хэрнээ эрэгтэй хүүхэд шиг хувцасладаг, ийм маягаар амьдардаг дүр таарч л байдаг. Харин таны барьж авсан өнцөг арай өөр юм?

-Би өөрөө тийм сайн зохиол бичдэг хүн биш. Ер нь киноны зохиолд “Хувьсал” продакшн багаараа оролцдог. Эхний анатац зохиолчоос гарна. Тэгээд судалгаа хийсний үндсэн дээр олон хүний санаа орж байж зохиол бүтдэг. Зохиол гэдэг өөрөө дүрэм журамтай. Тусдаа мэргэжил шүү дээ. Зохиолын санаа эртнээс бодогдож байсан. Энэ зохиол бичигдсэнээсээ хойших эцсийн байдлаар 14,15 удаагийн засвар орсон байдаг. Явцын дунд бидний амьдарч буй нийгэмд нөхөр нь эхнэрээ зодож, хүүхдээ ингэж гэмтээж, тэнд цэцэрлэгийн багш хүүхэд зодож гэсэн сөрөг мэдээллүүд их гарч байсан. Яагаад хүнээс ийм үйлдэл гардаг юм бол. Амьтан хүртэл үр хүүхдээ яаж хамгаалдаг билээ. Тэгэхэд хүнээс яаж ийм хүний санаанд багтамгүй үйлдлүүд гардаг юм бэ гэж бодохоор л зохиолч, найруулагчийн хувьд эмзэглэл ороод ирнэ. Кино зохиолтой холбогдсон өнцгүүд өөрийн эрхгүй төрнө. Дээрээс нь энэ бол баримтат кино биш, уран сайхны бүтээл. Уран сайхны кино гэдэг нь байгаа юмыг байхгүй болгож, байхгүй юмыг бий болгодог. Үүнийг бас үзэгчид тунгааж хүлээж авах нь зүйтэй. Эмэгтэй хүн эрэгтэй хүний дүрд тоглосон аш олон Холливудын, Монголын олон сэдэв санаа байдаг. Энд би нэг их мундаг болоод анх удаа сэтгээд гэж яримааргүй байна. Гол нь уран сайхны зохиомж нь ямар өнцгөөс, яаж бичигдсэн, яг юуг хэлэх гээд байна вэ гэдэг нь миний хувьд чухал. Нөгөө талаар Монголын өв соёл гээд байхаас илүү орчин цагт болж байгаа үйл явц энэ кинонд гарна. Үнэхээр орчин цагийн хүмүүс хөдөө ахуйгаа мэддэг үү? Өв соёлоо мэддэг үү? Хадгалж үлдэж чадсан уу? Ингээд задлаад яривал их юм байна.

-Дараагийн уран бүтээлдээ орчихсон уу?

-“Атганд үлдсэн эрдэнэ” киноны үлдсэн ажлыг Ганчимэг болон маркетингийн ажилчид хийж байна. Миний хувьд Ганцэцэгтэй хамт дараагийн уран бүтээлийн сюжет дээр ажиллаад эхэлчихсэн. Зураг авалт энэ зун Улаанбаатар хотод хийгдэнэ. Гол дүрийн жүжигчдийн тухайд “Хувьсал” продакшн анх удаа хөндлөнгийн найруулагч авч ажиллах гэж байна. Дараа дараагийн удаа бид баг, бүрэлдэхүүнээ сольж өөрсдөө хөгжиж байх хэрэгтэй. Бүх юм сайн болно гэж байхгүй. Дандаа сайжруулах гэж дараа дараагийн асуудал, эрсдэл зэргийг тооцох хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрсдөө уран бүтээл хийгээд сайн муу болоод байгаагаа мэдэхгүй яваад байж болохгүй.

-Таныг Улсын драмын эрдмийн театраас гарснаас хойш ямар нэг дүрийн санал ирж байна уу. Өнгөрсөн хугацаанд зөвхөн өөрийнхөө продакшны бүтээлд л ажиллалаа?

-Миний ааш авиртай холбоотой юм шиг санагддаг. Яг үнэндээ би уран бүтээлд их амбицтай хүн. Юунд орох ёстой, юунд орохгүй байх ёстой юм. Бүх зүйлд ороод яваад байх нь ер нь зөв юм уу. Би өөрөө бүхэл бүтэн продакшн хариуцаж ажиллаж байгаа болохоор өөр юм хийх завгүй байдаг. Яг одоо энэхүү киногоо нээгээд удаагүй байхад дараагийн киноны зураг авалтын бэлтгэл эхэлнэ. Бэлтгэл ажилд ямар их хүч хөдөлмөр ордгийг энгийн үзэгчид маань тэр бүр мэддэггүй. Бэлтгэл ажил хамгийн чухал байдаг. Энэ мэтчилэн завгүй явна.

-Залуу жүжигчин А.Ганчимэг гол дүрийг бүтээхийн сацуу хоёр дүрд хувирсан. Кино нээлтээ хийгээгүй байхад л түүний ур чадвар үзэгчдийг их татаж байх шиг?

-Энэ бүтээлийг гаднын мэргэжилтнүүд яаж хүлээж авч мэдэрч байна гэдгийг бид анзаарч байгаа. Миний хувьд хоёр зүйлийг итгэлтэй хэлнэ. Мэргэжлийн мундаг хүмүүс нь А.Ганчимэгийг сайн тоглосон байна гэж хэлсэн. Д.Ангараг зураглаачийг үнэхээр гайхалтай зураг авалтыг гүйцэтгэсэн байна гэсэн. Мэдээж тэр орчин нөхцөлд манай кинотой хамт өнгө шүүлтэд ороод нээлтээ хийхэд бэлэн болсон Холливудын бүтээлүүд байсан. Дөрвөн сарын хугацаанд яг мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаад манай эвлүүлгийн найруулагч их зүйл сурсан гэж ойлгож байна.

Categories
мэдээ цаг-үе

“Үнэний хорвоо”-гийн Жигжидийн Бямба багшийгаа дурсахуйд

Зураг дээр зүүн гараас С.Товуудорж,
эрдэмтэн зохиолч Д.Цэдэв, СГЗ Х.Зандраабайды нар

Хүнтэй дотно нөхөрлөж санаа бодлоо хуваалцан андын холбоотой болоход нэг бодлын сайхан нөгөө бодлын бас хэцүү үе тохиодог. Сайхны хувьд хүн бүр мэднэ. Танилтай бол талын чинээ танилгүй бол алгын чинээ гэдэг биз дээ. Хэцүү гэхийн хувьд дотно нөхөрлөсөн анд маань мөнхийн аяндаа явчихаар хэцүү. Хүн гэнэн буюу. Дотно анд маань мөнхийн аяндаа явчихаар үнэн болов уу худлаа болов уу гэж эргэлзээд, хүрээд ирэх юм шиг хүлээдэг. Уулзаж учирч санал зөвлөгөөг нь сонсож бүр дотно нөхөрлөж байсан өчүүхэн миний хувьд нэхэн дурсахаас аргагүй зохиолчийн нэг нь би багш хэмээн нэрлэсэн Жигжидийн Бямба болой. Завхан аймгийн төв Улиастайд ажиллаж, аж төрж байсан надад бичсэн нэгэн зурвастаа тэрбээр “Сайн байна уу? Би маргааш өглөө Баян-Өлгий нисэх гэж байна. 11 сард Очирбат дарга Сүрэнжав бид хоёрыг урина гэсэн.Чи намайг ирсэн хойно энд ирвэл сайн. Би 11 сарын 3,4-ний нэгэнд ирнэ. Чи номоо бэлдэж ир. Манай холбоонд элсэнэ биз. Номыг чинь оруулна. Одоо хүн царайчлахгүй,би өөрөө шийднэ. Манай холбооны салбар байгуулбал сайн шүү. Ж.Бямба” хэмээсэн зурвас миний хуучин тэмдэглэлийн дэвтрийн завсар байна.Түүний доод талд би “1990.ХI.5-нд авлаа. Би Улаанбаатар хот явсан учир нэлээд хоноод авав. Бямба багш Баян-Өлгий явсан учир уулзаж чадаагүй” гэж тэмдэглэсэн ажээ. Чөлөөт зохиолчдын холбоо 1990 оны есдүгээр сард албан ёсоор байгуулагдсан гэдэг. Ж.Бямба багш маань 1990 оны есдүгээр сарын сүүлчээр Чөлөөт зохиолчдын Холбоогоо байгуулалцаад л түүнийгээ өргөтгөх, аймаг хотод салбараа бий болгох, авьяастай хүмүүсийг гишүүнээр элсүүлэх талаар анхаарч байжээ.

1990 онд би хотод байж найрамдал нийгэмлэгийн их хуралд оролцжээ. Хуралдаа оролцчихоод үүнийг тэмдэглэгч Ж.Бямба багшийн гэрт очиж ярилцжээ.Тэрбээр саяхан Улаан-Үд хотод С.Дуламтай хамт яваад ирлээ гээд гол нь Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын холбооныхоо тухай ярьжээ.

Сониндоо гурван хүн ажиллуулна,нэг нь эзгүй байхад нөгөө нь сониноо гаргаж чаддаг байх ёстой юм. Гэхдээ одоогоор тийм чадвартай олигтой хүн олж чадаагүй байна. МЗЭ олон гишүүнтэй. Манай холбоо тэднийх шиг нүсэр биш байна.МЗЭ-ийнхэн манайхныг үргэлж гүтгэн дайрч байгаа. Бид тэдэн шиг сонин хэвлэлээрээ дайрч давшлахгүй. Харин бидний талаар тэдний ярьж бичсэн дайрч давшилсан зүйлийг сониндоо тавина. Бид ийнхүү ярьж тохирсон. Манай Чөлөөт зохиолчдын холбооны тэргүүн нь Ш.Гаадамба, орон тооны бус, түүнд сардаа 200-300 төгрөг өгөхийг бодно. Ш.Гаадамбын бие одоогоор муу байна. Ш.Сүрэнжав бид хоёр гол ажлаа хийж байна. Бид хоёр цалинжина байх. П.Пүрэвсүрэн “Ертөнц” сонины эрхлэгч болсон. Т.Галсан баахан залуус дагуулж ирнэ гэсэн. Т.Галсан одоо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авлаа. Тэрбээр МЗЭ-ээс гарах өргөдлөө өгсөн юм. Гэтэл нэртэй зохиолчийгоо болохоор гаргахгүй удаад хойшлуулаад байна.

Чиний номыг хэвлэх төлөвлөгөөнд оруулна. Одоо хүн гуйж царайчлахаа больсон шүү. Гадаадад нэлээд өргөн харилцаа тогтооно. Тэгэхдээ мөнгөтэй болно. Мөнгөө дэмий юманд сүйтгэхгүй гэсэн үндсэн гол зүйл ярилаа. Би Завхан аймгийнхаа Залуу зохиолчдын нэгдлийн ажлын талаар танилцууллаа. Багш: -За, чи хэр зэрэг юм бичиж байна.Сүүлийн үед бичсэн томхон юмнаасаа уншуул гэв.

-Би “Манан дундах уулс” гэсэн тууж бичлээ. Тэр л байна гээд түүнээ багшид өглөө.Тэрбээр “Зүйтэй” гээд авч уншиж байснаа: “Аанг, аанг” гээд л байв. Тэгснээ: -Үгүүлсэн зохиол бичих найдвар чамд тун их шүү. Миний шавь Намсрай, Баасанжав гэж зохиолч нар бий. Тэдэнтэй чамайг танилцуулна.Тэд авьяастай, чи ч бас… Чи энд их нуршжээ. Чи “Шөнийн ангуучин” гэдгээ сайн бичсэн шүү. Түүнийгээ дахин дахин уншаарай,яаж бичлээ гэдгээ бод. 1992.IҮ.10. Баасан гараг. 15.00 цагийн радиогийн мэдээ сонслоо.” МҮЧЗХ-ны хурал болж Завхан аймгийн Н.Лутбаяр, Ц.Бавуудорж, С.Товуудорж, Х.Бат-Өлзий нарыг гишүүнээр элсүүлэв.

Мөн О.Дашбалбар, Ж.Бямба нарт төрийн соёрхол олгуулахаар нэрийг нь дэвшүүлэв” хэмээн мэдээллээ. Үүнийг сонсоод сэтгэл сэргэн хөнгөрч байна.Зохиолч гэсэн нэр зүүлээ.Гэвч зохиолч байв уу үгүй юу гэдгийг бичсэн зохиол бүтээлийн чанар харуулна.Жирийн хүн биш жижүүр хүн гэгчээр би идэж уучихаад гэдсээ илэн тарвалзаж хэвтдэг хүн биш бүтээж туурвих гэж шаналж бодлогоширч бичиж суудаг зохиолч болов. Ингэж бодоход сэтгэл давчидна.Үүнд бодлоо шүүн тунгаана.Үүнд өөрийгөө дайчилна гэх зэргээр радиогийн мэдээ сонсчихоод сэтгэгдлээ бичжээ. Тэр үеэс өмнө хөдөөний бид нар зохиолчдын эвлэлд элсэнэ гэдэг одоогийнхоор бол Их хурлын гишүүн болох гэж буй мэт үнэхээр хэцүү даваа байлаа.Тиймээс Чөлөөт зохиолчдын холбоонд гишүүнээр элсүүлсэн тухай радиогийн мэдээ сонсоод сэтгэл хөөрч баярлаж байсан юм. Ийнхүү би Чөлөөт зохиолчдын холбоо гэсэн байгууллагын харьяалалтай хүн болжээ.

Улс орны тусгаар тогтнолоос өөр чухал юм үгүй. Бид бүхэн мөнх биш, Монгол Улсын тусгаар тогтнол мөнх байх учиртай. Тиймээс Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө зогсоно.Зулзган банди нараар улс орноо түйвээлгэж ханалаа. Улс орныг нас тогтсон,амьдрал үзсэн, эх орноо гэх хүмүүсээр удирдуулна гэх зэргээр ярьж байлаа. “Та сайн яруу найрагч. Улс төрөөр хөөцөлдөж байснаас шүлгээ бичээд суусан нь дээргүй юү?” гэж сонсогч асуулаа. “Эх орон эдийн засгийн тусгаар тогтнолоо алдаад байхад иргэн би зүгээр сууж чадахгүй. Шүлэг бичихээ орхиж болно. Эх орныхоо эдийн засгийн баттай суурийг бий болгож, тусгаар тогтнолоо баталгаажуулахын төлөө тэмцэнэ” гэж О.Дашбалбар хариулжээ.

Ж.Бямба багш: -Би УИХ-ын гишүүнд нэрээ дэвшүүлчихээд удахгүй эргээд ирнэ. Чамтай хамт сартуулынхаа хэдэн сумаар явж сурталчилгаагаа хийнэ. Намайг дэмжээд саналаа өгнө байх гэж ярьсан тухай миний тэмдэглэлд байна. Тэр үед Ж.Бямба багш мөнх бусаа үзүүлээгүй бол Их хурлын гишүүн болчих боломж байсан юм. 1992.Ү.21.Лхагва гараг.16.00 цагийн үед аймгийн захиргааны байшингийн гадаа хэдүүл ярьж зогстол,аймгийн төлөвлөгөө эдийн засгийн хэлтсийн дарга Баярлхагва ирээд:-Зохиолч Ж.Бямба гуай нас баржээ гэв.Миний бие зарсхийн гайхаад:

-Хэзээ тэр вэ? хэмээн цочирдон асуулаа.

-Тун сая хүлээн авагчаар ярилаа.

-Баттай мэдээ юү? -Баттай,Завхан аймгийн Ургамал суманд төрсөн гэж байна.Үнэн биз дээ гэв.

Миний үе мөч сулран хий нь гарсан бөмбөг мэт шалчийн сэтгэл хачин болов. Бид чинь бие биенээ мөнх юм шиг санаж явтал сайн анд нар маань гэнэт бурхны дуудлагаар биднээс холдон одох юм. Тэгээд Ж.Бямба багш ноднин 1991 оны ҮI сарын 22-нд хэсэг зохиолчдын хамт ирэхэд Отгонтэнгэр уулын тахилгат овоо, Бадар хундага нуурын дэргэд очсон, Отгон Шүлүүстэй, Цэцэн-Уул,Тосонцэнгэл сумаар явахад болон энэ оны IҮ сарын 21-нд ирэхэд нэлээд хугацаагаар цуг байж уран зохиолын болон аж төрлийн энгийн зүйлсийн тухай ярилцан хүмүүстэй уулзаж бас хүний хувьд хатуу цагааныг балгаж наргиж инээж хөхөрч явснаа дурслаа. Гэртээ ороод “ХУДЛАА…БАГШ АМЬД” гэсэн гарчиг тавиад Ж.Бямба багштай уулзаж байсныхаа заримаас тэмдэглэлийнхээ дэвтэрт дурсан бичжээ.Түүнийгээ МҮЧЗХ-ны 20 жилийн ойн үеэр өмнөх тэмдэглэлийнхээ дэвтрийг эргэн харж сийрүүлэх боломж олдлоо.

Тэрхүү “Худлаа… багш амьд” гэж гарчигласан бичвэрийн навтрагт: Миний дотнын багш маань ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэгээд л бид бүгдээрээ “Улиастай” зочид буудлын баруун өмнөх сувгийн жирэлзсэн горхинд дүрээ тольдоод,уснаас хааяа гараараа хутган самарч, ерөөл сонссон хүмүүсийн нүд мэт үдшийн од гялалазан түгтэл шүлгээ уншиж, хөх тэнгэртээ, хөрст эх нутагтаа,хүсэл нь биелэх арддаа сэржмээ өргөн өргөн нанчид хүртэх юмсан. Ж.Бямба багш минь О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёогийн хамт миний төсөөлдгөөр их далайн дундах шовгор хадан арал мэт цэлийсэн талын бяцхан уул Алтан овоон дээр мандах нарны өмнөхөн гарч хийморио сэргээн сэржим өргөсөн тухайгаа дахин дахин яриасай. Нэг нугалам сээр хүзүү мөчөөр биднээс илүү болов уу гэлтэй өндөр Түдэв даргаар газарчлуулан Шүлүүстэй уулын урд энгэрт Дилав хутагтын босгосон суварга, овоонд очоод Дилав хутагт Жамсранжав болон Нарванчин гэгээний тухай дахин яриулах юмсан. Бид Улиастай тийш буцаж дөрөө харшуулан Цагаанчулуут сумын малчин шүлэгч залуу Д.Сүхбатынд дахин очиж саатан хонь гаргуулж шинэ шөл ууж, таны дуртай бүхэл мах чануулах юмсан. Багш та:

-Хүүе,Товуу чи миний ханцуйн дээр тостой шөл асгадаг шүү. Болгоомжтой байгаарай гэж намайг ойртоход анхааруулаасай. -Тостой шөл хувцсанд асгахад буян хураад сайн гэдэг шүү,багш аа хэмээн би урьд нь Шүлүүстэйд болгоомжгүйдсэнээ цайруулах гэж булзааруулна.

-За тэгвэл ч яах вэ. Товуу чи бүхэл мах өөхийг ч овоо идчихдэг юм байна.За ид ид, май хэмээн хишиг огтлон надад дахин өгөөсэй.

Багш минь ганцхан сарын өмнө Улиастайд ирэхдээ яалаа. Бид зочид буудалд нэлээд сууж ганц нэг лонх хоослон ихэвчилэн уран зохиол, зохиолч нарынхаа тухай, улстөрийн тухай, “хайрт удирдагч” нар олхиогүй байгаа тухай зөндөө яриад би гэртээ ирээд унтсан шүү дээ. Дуг нойрон дунд хүн үүд тогшин тогшин чимээ чагнана. Тэгсэнээ “Би Бямба байна, үүд ээ” гэнэ. Эхнэр нойрмоглосоор босож үүдээ нээнэ. Багш Ж.Бямба орж ирээд:

-Хөөе миний шавь унтаж байна уу? Сэрээнэ ээ хэмээн урьдынхаа адил орны өмнө суугаад намайг татаж илэн оролдож эхлээсэй.Үдшийнхээ ууж идсэнд дарлуулан сэрье гэвч сэргэж чадахгүй, багш ирснийг дотуураа битүүхэн мэдрэв ч би хөрвөөн унтана. Багш:

-Хөөе, босоорой Товуу,би багш чинь байна. Би Бямба байна аа, босоорой босоорой хэмээн миний хөнжлийг ярж мөр хацар руу сэвж буй мэт зөөлөн зөөлөн алгадаасай. Хоёулаа манай нутгийн Л.Бат-Өлзий сэтгүүлчийнд очъё.Би Улиастайд ирчихээд Бат-Өлзийнд орохгүй бол тэд гомдоно. Би ганцаардаад байна. Тэднийхийг олохгүй.Хоёулаа явъя хэмээн хичээнгүйлэн аргадан гуйгаасай.

-За за гээд би хүлээтэй өнжин хэвтсэн амьтан мэт хүндээр арай ядан өндийхчөөн аядана.

Хоёулаа гадаа гарч Улиастай хотын од яралзсан шөнийн нам гүмд таалуулах мэт сугадалцан алхална.Гэвч хатуу ундаа биеэс бүрэн ууршиж арилаагүй тул толгой баглуулсан мэт хүнд оргин мангартана.Тэгээд л 60 айлын сууцныхны үүдийг эхнээс нь тогшино. Хаалганы цаана хэн нэгэн ирж хулгайч дээрэмчин тонуулчин уу биш үү хэмээн зүрх нь түгшин бүр нэг хаширлангуй:

-Хэн бэ? хэмээн дуугарна.

-Сэтгүүлч Бат-Өлзийнх аль хаалга вэ?

-Цаана чинь нөгөө орц.

-Хаалганы дугаар нь хэд вэ?

-Мэдэхгүй,мэдэхгүй гэж нойр хулжаалаа хэмээн дургүйцсэндээ мэдсэн ч мэдэхгүй гэж уцаарлан дуугараад цаашаа алхах хөлийн чимээ гарна. “Хорхойд хоргүй амьтад явж байхад зөвхөн нойрноос сэрээлээ гэж бид хоёроос айж байх ч гэж дээ. Ийм л болсон цаг үе дээ” хэмээн ярилцаад гаднын хүмүүс харвал галзуу юм уу гэлтэй шөнийн харанхуйг шуугдтал хөхрөлдөнгөө хөтчин алхална. Бүр чухал зарлал хүргэх гэсэн мэт, бид амьдарч аж төрж байна гэдгээ үзүүлэх гэсэн адил айл айлын хаалга тогшин уур уцаары нь хөдөлгөнө. Тэгсээр “Үнэн” сонины сэтгүүлч Л.Бат-Өлзийн хаалгыг заалган олж очно. Явсан нохой яс зуудаг гэж энэ буй за.

-Хэн бэ гэж гэрийн эзэгтэй нь асууна.

-Би Бямба байна…хөөш танайхыг арай гэж олж ирлээ гэж эрдүүхэн дуугарна.

-Өө зайлуул манайхыг гэсээр ирэлгүй яах вэ гэсэн дуу гаран хаалга онгойно. Бат-Өлзий гуай босоод маажигнан ирээд “За чамайг ороод ирнэ гэж мэдэж байсан юм. Харин шөнө ирэх нь үү өдөр ирэх нь үү гэж ярьж байсан юм гээд нэг нутгийнхан өнө эртний зүйлсээ ярьж хөөрөнгөө цай чанаж лонх юм гаргана.

Төрсөн нутгийнхаа андтайгаа уулзах гэж түнэр харанхуй шөнө тэмтчин бэдрээд, түүнээ олоод сэтгэлээ ханатал хүүрнэсэндээ олзуурхсан уу хажуулмагцаа хурхирч эхэлнэ. Гэтэл багшийг минь тэнгэрт хальсан гэж хэн хэлэв. Ээ худлаа даа, худлаа байгаасай. Хүн нас баржээ гэж андуурч ярих, сонсох сайн байдаг юм гэнэ билээ.Яагаав, нөгөө Улиастайд муу нэртэй луу данстай явсан одоо бол худалдаа арилжаа хийгээд хөл дээрээ босчихоод хүмүүсийг гайхшируулж нүдийг нь бүлтийлгэн горьдуулж буй хар Жадамба Тувад явж байгаад алуулчихсан гэнэ гэж өвөл зөндөө л яриагүй юу. Тэгсэн чинь тэр нь худлаа цуу яриа байсан шүү. Тийм цуу ярианд өртсөн хүн мөнхөрдөг юм гэнэ билээ.

Багш маань эндэх болоогүй, бие их сайтай шүү дээ. Тэрбээр орчлонгийн худал хуурмагтай,бузар булхайтай тэмцэн зүрх нь шаналан дотор нь бачуурч яваа. Тэгээд өөдгүй хүмүүст элдвээр далдуур гоочлуулавч юу ч болоогүй мэт анд найз нартайгаа инээж хөхрөн уулзаж учирч яваа. Харин Ж.Бямба багш минь Завханы Улиастайд удахгүй буцаж ирнэ гэсэн юмсан, яагаад ирэхгүй удаад байна вэ. Тэрбээр худал хуурмагтай тэмцэж яваагаас зайлахгүй хэмээн би Ж.Бямба багшийг нас барсан гэдгийг сонсмогцоо урьд уулзаж учирч ярьж хөөрч байсныгаа эргэцүүлэн тэмдэглэлийнхээ дэвтрээс заримыг нь хараад, өнгөрсөн бүхнээ санан, тэр хүн нас барсан гэдэг нь худлаа байгаасай. Тэгвэл урьд өмнө уулзаж явсан бүхнээ дахин давтахсан гэсэндээ харуусан бичжээ. Цаг хугацаа хурдан морьд адил зогсолтгүй довтлон яасан ч амархан өнгөрдөг юм бэ дээ. Манай Чөлөөт зохиолчдын холбооны нэг тулгуур асан Ж.Бямба багш мөнхийн амирлангуй орноод явчихсанаас хойш хорь гаруй жил өнгөрчээ. Гэвч түүнийг бид дурссаар, зохиол бүтээлийг нь анд найз нар төдийгүй залуу хойч үеийнхэн уншин талархсаар байна.Ингэхлээр багш маань бүтээл тууривлынхаа ачаар амьд байгаатай ялгаа юу билээ.

Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны шагналт зохиолч Самбуугийн Товуудорж

Categories
мэдээ цаг-үе

Г.Баярсайхан: Ур чадвартай үндэсний боловсон хүчин улс орны хөгжлийг нуруундаа үүрч явдаг

УИХын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай ярилцлаа.

Хүн нийгмийн харилцаанд байнга орж, ажиллаж хөдөлмөрлөдөг болохоор Хөдөлмөрийн яам хүн бүртэй л холбоотой. Таны хувьд сайдаар томилогдоод ямар ажлуудын ард гарсан бэ?

-Өнөөдөр Монголд хүндрэл авчирч буй бүхий л асуудал дэлхий нийтэд тулгамдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай орнуудын өнгө төрх ижил буюу эдийн засгийн өсөлт саарах тал руугаа орчихлоо. ОХУ-д гэхэд нефтийн үнэ буурснаас болж эдийн засагт нь цохилт өгч ажилгүйдэл нэмэгдэж байна. БНХАУ-ын эдийн засагт агшилт явагдаж ажилгүйдэл мөн л газар авах шинжтэй байгаа юм. Ийм нөхцөлд бид эдийн засгийнхаа нөхцөл байдлыг хэрхэн бодитоор үнэлж дүгнэх вэ, энэ асуудлаас хэрхэн яаж гарах вэ гэдэг нь чухал байгаа юм. Шийдэл нь энгийн бөгөөд хийж хэрэгжүүлэх тал дээр ямар ч саад тотгорыг даваад ард нь гарах л ёстой болчихоод байна. Асуудлын гол нь өнөөдөр бид яаж ажилгүйдлийн түвшинг тодорхой хэмжээнд барьж чадах вэ гэдэгт байгаа. 2015 оны дүнгээс харахад ажилгүйдлийн түвшинг бид 2014 оны хэмжээнд барьж чадсан.

Энэ салбарт нааштай гээд хэлчих ямар үр дүн байна вэ?

-Мэдээж хөдөлмөрийн салбарт эерэг нааштай үзүүлэлт олон бий. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд тааруу байгаа энэ үед ажилгүйдлийг хэрхэн бууруулах вэ гэдэг том зорилт өмнөө тавьчихаад явж байна. Эдийн засгийн салбар бүрт хамтран ажиллах механизмыг өргөтгөн бүх яамд хоорондын уялдаа холбоог сайтар хангаж чадвал бид үр дүнд хүрнэ.

Өөр нэг чухал асуудал нь бид эдийн засгийн томоохон мега төслүүдээ явуулах ёстой. Бидний хамгийн ихээр улстөржсөн Оюу толгойн гүний уурхай, Таван толгой гээд төслүүдэд манай олон компани ханган нийлүүлэгчээр ажилладаг. Тэр утгаараа манайхан ажлын байраар хангагддаг. Түүнчлэн барилга, төмөр зам, авто замын төслүүдийг хөдөлгөж байж ажлын байрны өсөлт хангагдана. Тухайлбал, барилгын салбарт бид ипотекийн найман хувийн зээлийг бий болгосноо таван хувьд шилжүүллээ. Үүний үр дүнд Монголын барилгын компаниуд болон Монголын ханган нийлүүлэгч компаниуд ажилтай болж тэр хэрээр ажлын байр бий болж байна. Энэ нь барилгын салбарт эерэг үр дүн авч ирнэ. Мөн салбартаа Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, Ажиллах хүчний чухал хуулиудыг ойрын үед зохих журмын дагуу хэлэлцүүлж, батлуулна.

Барилгын салбар одоохондоо зогссон гэхэд болох байх. Гэхдээ гаднаас ажиллах хүч авсаар байгаа шүү дээ?

-Тийм шүүмжлэл байдаг. Нэг үе бид мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр анхаарал хандуулаагүйн гор өнөөдөр гарч байна. Тиймээс бид мэргэжлийн боловсролын тогтолцоогоо дэмжих ёстой. Үндэсний мэргэжилтэй боловсон хүчнээ өргөн цар хүрээтэй эргэлтэд тулгуурлан шинэ тогтолцоогоор бэлтгэх шаардлагатай. Тэр утгаар нь Мэргэжлийн боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж батлуулсан нь тун ач холбогдолтой болсон. Ур чадвартай үндэсний боловсон хүчин улс орны хөгжлийг нуруундаа үүрч явдаг юм. Дэд бүтцээс эхлээд томоохон төслүүд дээр монгол залуучууд ажиллах ёстой. Тэр утгаар нь бид мэргэжлийн боловсрол сургалтын салбараа дэмжиж байгаа. Хууль батлагдсанаар МСҮТ-үүд эдийн засгийн хувьд бие дааж улсын нуруун дээр байгаа ачаанаас бодитойгоор үүрэлцэх боломжийг нээж өглөө. Мэргэжлийн сургуулийн сургалтын 70 хувь нь дадлага, 30 хувь нь онол байдаг. Өмнө нь дадлага хийж байгаа үед ямар нэгэн урамшууллын тогтолцоо байдаггүй байлаа. Одоо харин энэ боломжийг нь нээж өгсөн. Ингэснээр сургууль санхүүгийн хувьд бие дааж, тухайн суралцагчийн сурах хүслийг нь давхар урамшуулж байгаа хэрэг. Үүний дүнд чанартай боловсон хүчин төгсөн гарах боломжтой.

Мэргэжлийн боловсролын тогтолцоо нь уг хуулиар насан туршийн боловсролыг бий болгож, шат шатандаа суралцаад явах боломжийг нээж өгч байгаа юм. МСҮТ төгссөн залуус сурсан хугацаагаа үнэлүүлээд их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон. Гэхдээ их, дээд сургуульд суралцахын өмнө мэргэжлээрээ ажилласан байх шаардлага тавьж байгаа. Мөн МСҮТ-үүдэд зохих шатнаас нь орж суралцах эрх нь нээгдсэн. Ингэснээр хос мэргэжилтэй болж зах зээлд хэрэгцээтэй мэргэжлээр суралцах боломжийг нь нээж өгч байгаа гэдгийг хэлэх нь зөв байх.

Манайд чинь нэг хэсэг эдийн засагч, хуульч гээд нийгэмд илүүдэлтэй мэргэжлүүд байсан. МСҮТүүдийг зорих залуус хэр байна вэ. Нийгмийн салбарын мэргэжилтэй хүмүүсийн илүүдэл байна л даа. Энэ нь эргээд хөдөлмөрийн харилцаанд ороход ажлын байр олдохгүй байх гэх мэт сөрөг талууд ажиглагддаг?

-Нэг мэргэжлээр хэт олон боловсон хүчин бэлтгэснээр зах зээлд илүүдэл бий болох нөхцөл манай улсад тохиолддог. Нийгмийн чиглэлийн мэргэжилтнүүдийг бид өнгөрсөн хугацаанд дэндүү олныг бэлдсэн байна. Тиймээс Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулиар үндэсний зөвлөлийн ач холбогдлыг нэлээд өндөрсгөж өгсөн. Үндэсний зөвлөл нь тухайн сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах том үүрэг хүлээхээс гадна бүрэлдэхүүнд нь ажил мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэл, эцэг эхийн төлөөллөөс оруулахаар зааж өгсөн. Ингэж бид үндэсний ажиллах хүчнээ бэлдэж байж гаднаас ажиллах хүч ихээр авч байна гэдэг шүүмжлэлийг зогсоох боломжтой юм. Салбарын сайдын хувьд миний байр суурь гаднаас ажиллах хүч авахыг өөгшүүлэхгүй байгаа.

Ингэж барьснаараа дотоодын ажиллах хүчний бололцоог нэмэгдүүлж өгч байна. Цаашдаа бид үндэсний боловсон хүчнийхээ чадамжид тулгуурлан томоохон төслүүдээ явуулах ёстой. Гаднаас ажилчин авахгүй гээд шууд шийдчих боломжгүй. Жил жилээр тоог нь багасгаж үндэсний мэргэжилтнүүдээ байршуулснаар асуудлыг шийдэж болно. Түүнээс Засгийн газар хоорондын гэрээгээр ажиллах хүч орж ирж байгаа бол бид зогсоох боломжгүй. Жишээлбэл, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл дээр гэхэд стратегийн ач холбогдолтой гэдэг утгаараа мэргэжлийн хүмүүсийг нь ажиллуулахаас өөр аргагүй. Санхүүжилтийг нь урд хөршөөс авч байгаа дээр нь бид усан цахилгаан станц барьж байсан туршлагагүй болохоор тэдний инженерүүд гэрээнийхээ хүрээнд ажиллана. Ажиллах хүчний нөөц боломжийг ч мөн БНХАУ-аас оруулж ирнэ гээд гэрээнд заачихсан болохоор түүгээрээ л явна. Энэ мэтчилэн Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд зарим зүйл дээр гадны ажиллах хүч орж ирж байгааг хэлэх нь зөв. Гэхдээ гаднаас орж ирж буй ажиллах хүчний хураамжаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүждэг.

Манайхан гадаадад олон жил ажиллаж ирээд Монголд ажил олдохгүй байна гэдэг. Тэд гадаад орнуудад ажиллахдаа маш их туршлага хуримтлуулсан байдаг л даа?

-Яг наад асуудалтай чинь холбоотой нэг зүйлийг нэмж хэлэхэд Үнэлэмжийн төвтэй болж байгаа. Жишээлбэл, БНСУ-д ажиллаад мэргэжлийн өндөр ур чадвартай болсон хүн ирээд Үнэлэмжийн төвд ур чадвараа шалгуулаад хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд орох боломж бүрдэж байгаа. Бид Монголынхоо мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнийг бэлдэх хэрэгтэй. Гуравдугаар сард гэхэд Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын төсөл нээлтээ хийнэ. Энэ төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр МСҮТ-үүдийн сургалтын чанар, сургалтын материаллаг бааз, багш нарын чадвар гээд бүгд цогцоороо шинэчлэгдэх учиртай. Удирдах арга зүй нь барууных байх юм. Уг төсөлд хөдөө орон нутгийн 25 сургууль хамрагдана.

Мөн БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 25 сая ам.долларыг мэргэжлийн боловсролын салбарт техник тоног төхөөрөмж шинэчлэл хийхэд зориулна. Би сайдаар ажиллаж байх үедээ мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудыг бүхий л талаар дэмжиж, чанаржуулахад илүүтэй анхаарна.

Эдийн засгийн пирамидыг харахад ажлын байр хамгийн олноор бий болгодог нь бичил буюу өрхийн бизнес байдаг. Намайг томилогдон ирэхэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр таван төсөл хөтөлбөр хэрэгжиж байсан ч тавьсан зорилтдоо хүрээгүй байсан. Тиймээс төсөл хөтөлбөрийг задалж, хамрах хүрээг нь өргөжүүлэх ёстой гэж үзсэн. Тэр дагуу 2016 онд есөн хөтөлбөр төсөл болголоо. Бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн заалтуудыг сая батлуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд суулгаж өглөө. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаараа дамжуулан дэмжиж болох бүхий л зүйлсийг дэмжинэ. Бид эх үүсвэрээ олж санхүүжүүлээд 50 сая төгрөг хүртэлх үйлчилгээ, борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдэд бичил бизнесийн санхүүжилт олгох ажлыг ойрын үед эхлүүлнэ.

Ерөнхийдөө ямар шаардлага тавих вэ?

-Хамгийн гол нь залуусыг дэмжихдээ өөрсдийг нь бизнес эрхлэгч, ажил олгогч болгох ёстой. Өөрөө өөртөө ажлын байр бий болгохоос гадна бусдад ажлын байр гаргаж өгдөг болгох тал дээр анхаарна. 2016 онд залуучуудын бизнес эрхлэлтийг манай яам илүүтэй дэмжих бодлого барьж байна.

Залуучууд сургуулиа төгсөөд ажилд орох гэхээр гурван жил ажилласан дадлага туршлагатай байх хэрэгтэй гээд заачих юм. Үүнээс болоод ажилд орж чадахгүй байна гэдэг яриа бий?

-Үнэндээ энэ зах зээлийн өрсөлдөөнөөр бий болж байгаа нэг шалгуурын хэлбэрийг хувийн хэвшил тавьж байна. МСҮТ-д сураад дараа нь их, дээд сургуульд шилжин ороход мэргэжлээрээ гурван жил ажилласан байх ёстой гэдэг шаардлага тавина. Залуу хүн дадлага туршлага хуримтлуулахыг буруу гэж үздэггүй. Залуучууд ажил олдохгүй байна гэдэг.

Үнэндээ манай залуучууд хөнгөн амьдрахыг урьтал болгодог болжээ. Уг нь хүн ажлыг голох биш ажил хүнийг голдог. Манай Хөдөлмөрийн хэлтсүүд дээр ажлын байрны захиалга маш их ирдэг. Ажил хийе гэсэн хүмүүс тэнд очиж зуучлуулаад ажлын байртай болсон мянга мянган тохиолдол бий. Үнэхээр л ажилтай болъё гэж байгаа бол Хөдөлмөрийн хэлтэстээ ханд.

Эдийн засаг хүнд байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. 2012 оны сонгуульд АНАжилтай, орлоготой монгол хүнхөтөлбөр дэвшүүлж байсан. Өнөөдрийн нөхцөлд эргээд харахад үр дүн хэр харагдаж байна вэ?

-Би статистик л ярина. Манай орны ажилгүйдлийн түвшин бусад оронтой харьцуулахад хяналтаас гараад дордчихсон зүйл байхгүй. “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа гэж боддог. Манайх шиг архаг “Голланд” өвчтэй улсад хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь зөв явж байгаа. Засгийн газрыг галт тэрэг гэж үзвэл Хөдөлмөрийн яам хамгийн ард яваа хэрэгтэй цагт туслахад бэлэн түргэний тэрэг. Хангалттай олон тогтмол болон түр ажлын байр бий болгож буйгаар нь би ингэж зүйрлэж байна.

Та намрын чуулган, ээлжит бус чуулганыг юу гэж харж байгаа вэ. Ирцийн хувьд бүрдэхгүй байх асуудал сонгууль дөхөх тусам улам л лавшрах бололтой?

-Нэг ангид хичээл тасалдаг танхай нөхөд байдаг даа. Түүн шиг манай Их хуралд чуулганаа тасалдаг улс байна. Юм болгон дээр өөрсдийгөө үнэд хүргэхийг оролдож, явуургүй шантааж хийдэг хүмүүс байгаа. Манай Их хурал тийм хэдэн нөхөдтэй. Энэ Их хуралд дүн тавих нь чухал биш. Эдийн засгийн хүнд үед амжилттай ажиллаж, зөв шийдвэрээ гаргаж чадаж байгаа Их хурал. Тухайлбал, ҮХЦ нь эдийн засгаа унагах гэж улстөржиж, эдийн засгаа хорлож, залуу гэр бүлүүдээ орон сууцанд оруулахгүй байж чадлаа. Ийм нөхцөлд энэ Их хурал хэрүүлтэй ч гэсэн ирцээ бүрдүүлээд Ипотекийн хуулиа баталж чадсан юм.

Сонгууль дөхсөн гэдэг нь өдөр ирэх бүр улам тод болж ямар ч асуудал дээр тээг тавьж чадаж байна. Хэтэрхий их улстөржилт хөдөлмөрийн салбарт хэр нөлөөлж байна вэ?

-Улстөржилтөөс болж хөдөлмөрийн салбар буюу ард түмэн хамгийн их хохирч байгаа. Томоохон уул уурхайн төслүүдийг хэчнээн их улстөржүүлэв. Төмөр зам дээр гэхэд танайх хийнэ, манайх хийнэ гээд бөөн юм болж байна. Хөдөлмөрийн сайд болсноосоо хойш ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжинэ гэхэд “Хэдэн ажлын байр бий болох юм бэ” гэдгийг хамгийн түрүүнд асуудаг болсон. Улстөржилт, популизм улс орныг “алж” байна.

Хөнгөн жингийн намууд нь улс төрөө хийнэ л биз. Попууд нь жүжгээ тавина л биз. МАН-ынхан улс орныг удирдаж явсан тулхтай гэдгээ харуулах ёстой.

Хавраас төмөр замын ажил эхэлнэ гэж байсан. Үүндээ цэргүүдийг оролцуулна гэж мэдэгдсэн. МСҮТд сурч байгаа цэргүүд бий юу?

-Эх орны бүтээн байгуулалтад цэргүүд оролцох ёстой. Энэ тэдний үүрэг. Ямарваа нэгэн конвенци зөрчөөгүй. Монгол цэрэг эх орноо хамгаалахаас гадна мэргэжлийн боловсролтой болог л дээ. Өөрт нь, аав, ээжид нь, улс оронд л хэрэгтэй. Энэ ажлыг манай яам зохион байгуулж байгаа.

Одоогоор 600 гаруй цэргийн алба хаагчийг сургалтад хамруулж байна. Мөн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй залуучуудаа ч гэсэн мэргэшүүлнэ.

Та Чингэлтэй дүүрэгт нэр дэвших үү. Эсвэл намын жагсаалтад орох нь уу. Ямартай ч оны өмнө Сонгуулийн хуулиа батлаад авчихсан?

-Сонгуулийн хуулиа баталсан. Сурталчилгааны хугацааг 18 хоног болгочихлоо гэдэг шүүмжлэл байгаа. Үнэхээр нэр дэвших гэж байгаа бол 18 хоног байтугай хоногт л ард түмний дэмжлэг авна.

Миний хувьд Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшинэ. Би хоёр удаа тойрогт нэр дэвшин намдаа суудал авч ирсэн. Жагсаалтад орох эрх надад нээлттэй ч би намын даргад “Би Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшинэ” гэдгээ хэлчихсэн. Чингэлтэйд хэн ч ирээд нэр дэвшсэн тулаад өрсөлдөхөд бэлэн байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Дашбалбар багштай нэг ангийнхан

1990-ээд он гараад нэг хэсэг номыг 00 цаас шиг үзэх болсон гэдэг. Номыг машин, машинаар нь ачиж Хятад руу хаягдал цаас болгон гаргаад тэр нь буцаад 00 цаас болж орж ирдэг үе байж. Номыг хэн ч тоохоо больсон энэ цаг үед номонд дурлаж, хэн олон ном уншсанаараа нэг нэгэнтэйгээ нууцхан өрсөлдөж, тэмцэлдэж явсан оюутны нэг ангийнхан бол 1993-1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг Очирбатын Дашбалбар багштай төгссөн нэг ангийнхан юм. О.Дашбалбар багш ангийнхандаа “Халаасандаа байгаа таван зуун төгрөгөөр хоёр ном аваад алхаад харих уу, эсвэл биеийн амраа бодоод автобусанд суугаад харих уу гэдэг сонголтоо хийж чадсан цагт л та нар зохиолч болно” гэж сургадаг байжээ. Багшийнхаа хэлсэн үгийг алт шиг хүлээж авдаг оюутнууд автобусанд суух мөнгөөрөө ном аваад гэр рүүгээ харина. Тэр үед Бараа баазын хашаанд ачаатай машинаар ном авчраад асгадаг байж. Зүсдэг машинаар номыг хавтаснаас нь салгаж цаасны хаягдал нэрээр Хятад руу гаргана. О.Дашбалбар багшийн ангийнхан энэ үед отолт хийж, машин дүрэн ном ирээд буухад нь уралдаж очоод гартаа тааралдсан номоо чадахынхаа хэрээр аваад явдаг байсан гэдэг. Тэгж номонд дурлаж байсан оюутнууд өнөөгийн Монголын утга зохиолын нэгэн үеийн хүчтэй төлөөлөгчид болцгоожээ. Хэл бичгийн ухааны доктор, зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч П.Батхуяг, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, сэтгүүлч, орчуулагч Б.Номинчимэд, төвд судлаач Г.Ням-Очир, яруу найрагч Ц.Доржсэмбэ нарын алдартнууд оюутны нэг ангийнхан юм.

Тэд оюутан ахуйн бүх л дурсамжаа ангийн багш О.Дашбалбартай холбож ярина. “Ерөөсөө манай анги чинь багш төвтэй, багшаараа хөглөгддөг ийм л анги байсан. Багш юу гэж хэлнэ, ангийн бүх уур амьсгал тийшээ явдаг. Багшийнхаа амнаас унасан үгийг алт мэт хүлээж авдаг байсан. Тэр том хүнээр дөрвөн жил хичээл заалгаж байсан бид чинь барагтай хүнд оногдохгүй том хувь заяатай шүү” гэж байсан юм. Өрнө, Дорнын уран зохиолыг О.Дашбалбар багш заадаг байж. “Би та нарт хичээл заахаа болилоо” гэж ангийн багш хэлэх вий гэхээс бүгд айна. Ийм үг багшийн амнаас гарвал оюутнуудад аянга цахилгаан цахиж байгаа мэт хатуу сонсогддог байж. Учир нь нэг өдөр багшийнхаа унш гэсэн номыг тэд уншихгүй иржээ. Балбар багш илүү дутуу юм ярьсангүй. Гараараа үсээ хойшлуулчихаад цүнхээ үүрээд ангиас гарч. Гарахаасаа өмнө “Үүрд баяртай” гэж хэлжээ.

Багшийг гараад явсны дараа ангийнхан шуугилдаж шаагилдаад тоосонгүй. Тэгсэн гурван өдөр Балбар багш ирсэнгүй. Ангийн хүүхдүүд бүгд дуугаа хурааж эхэлжээ. Багш байхгүй бол амьдрал байхгүй мэт тэдэнд санагдаж, “За бүгдээрээ гэрт нь яваад очье гээд гарцгаажээ. Багш гэртээ их ууртай, тэднийг ирснийг харахгүй, тоохгүй байсан гэдэг. Ангийн хүүхдүүд багшдаа хадаг барьж, мөргөж залбиран, “Бид дахиж даалгавраа хийхгүй ирэхгүй” гэдэг амлалт өгсөн байна. Балбар багш далайх нь сүртэй боловч буух нь зөөлөн. “За та нар хэлсэн амандаа хүрнэ шүү” гэжээ. Тэр үеэс хойш ангийн хүүхдүүд нэг ч удаа даалгавраа хийхгүй ирж байгаагүй гэдэг. Балбар багш ангийнхаа хүүхдүүдээс юугаа ч нуудаггүй байсан нь тэдний хайр хүндлэлийг улам их татжээ. Зовлон жаргал бүх зүйлээ илэн далангүй ярьж хуваалцдаг байсан учир ангийн шавь нар нь багшийгаа юу юунаас илүү хүндэлж, багш шигээ л хүн болох юмсан гэдэг мөрөөдөл бүгдийнх сэтгэлд нь ургаж байж.

Ер нь тэдний ангид мундаг сайн багш нар хичээл заадаг байсан байна. О.Дашбалбар багшаас гадна монгол бичгийг Осор гэдэг сайн багш заана. Дунд, ахмад үеийн бараг бүх монгол хэл, бичгийн багш нар Осор багшийг андахгүй. Төвд хэлийг их төвдөч Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, бурхны шашны гүн ухааныг гавж Ш.Сонинбаяр, Монголын эртний уран зохиолыг доктор Далантайн Цэрэнсодном, Монголын уран зохиолыг доктор С.Байгалсайхан зааж байж. Бас Пүрэвийн Хорлоо багшаар аман зохиол, уран сайхны шүүмж судлалыг Чойсүрэнгийн Дагвадоржоор, утга зохиолын онолыг Хасбаатар, Санжмятавын Гаадамба гээд мундаг том сайн багш нараар хичээл заалгаж байжээ. “Сайн хүмүүсийн буян цаглашгүй их юм” гэдэг үгийг тэд багш нарыгаа дурсан ярихдаа хэлнэ. Өнөөдөр бидний амжилттай яваа мааньэнэ хүмүүсийн ач шүү дээ гэцгээнэ.

Энэ ангид сонин сонин зам мөрөөр орж ирсэн хүүхдүүд их. Жишээлбэл, Б.Номинчимэд Говь-Алтай аймгийн арван жилийн сургуулийг алтан медальтай төгсөөд илгээлтийн эзэн болж хэдэн жил мал малласан. Тэр үед хөдөө хонины бэлчээр дээр Б.Номинчимэд тэр цаг үеийнхээ хамаг сор болсон бүх номыг уншчихсан байж. Ажлаар явж байсан эрдэмтэд хөдөө очоод Б.Номинчимэдтэй уулзаад гайхаж, “Чи ийм авьяастай юм чинь хот газар орж сургуульд сур” гэж зөвлөсний дагуу иржээ. Харин Р.Эмүжин Ховдын багшийн их сургуульд сурч байгаад Дашбалбар гэдэг хүний л шавь болохын тулд сургуулиа хаяад ирж байсан гэдэг. Ер нь тэдний ангид багшаас гадна хоёр дахь үлгэр болдог хүн нь Б.Номинчимэд байж. Тэрбээр ангийнхнаасаа хэдэн насаар ах байсан болоод ч тэр үү түүний хэлсэн үг, унш гэж заасан ном нь бусад хүүхдэд үлгэр дуурайл болно. Жинтэй ч үг хэлдэг байж. Анх тэдний ангид 21 хүүхэд элсэн орж байсан бол төгсөхдөө арван долууллаа болсон байж. 17 оюутнаас тав нь эрэгтэй. Таван эрэгтэйгээс Дашдэмбэрэл гэдэг залуу газар тариалан, бизнесийн салбарт ажиллаж байна. Бусад нь мэргэжлээрээ утга зохиолын салбарт ажиллаж байгаа юм байна.

Шинэ юм нээнэ, шинэ юм сурна гэдэг маш гоё юм байна гэсэн тэр үеийн нийгмийн хандлага оюутнуудад хүчтэй нөлөөлж байж. Хэний ч олж нээгээгүйг олж нээж, хэний ч олж анзаараагүйг олж анзаарах тийм хүсэл эрмэлзэл дүүрэн оюутнууд байж. Тиймээс тэд өөр хоорондоо өрсөлдөнө. Хэн олон ном уншсанаар, хэн сайн шүлэг, зохиол бичсэнээрээ бие биетэйгээ өрсөлдөнө. Нэг нь гайгүйхэн шиг мөр шүлэг биччихэд нөгөө хэд нь шөнө нойр нь хүрдэггүй байсан гэдэг.

О.Дашбалбар багш ангийнхаа хүүхдүүдийг нэг өдөр бүгдийг нь шалгалтад унагааж байсан гэдэг. Нэг өдөр гадаадын уран зохиолын хичээлээр өвлийн шалгалт авчээ. Бүх хүүхдүүдээс нэг л асуулт асуусан байна. “Японы нобелийн шагналт зохиолч Асунари Кавата яаж үхсэн бэ” гэдэг ганц асуулт иржээ. Тэр асуултыг хэн ч хэлж мэдэхгүй ангиараа шалгалтдаа унажээ. Ээлж ээлжээрээ асуугдах гээд ороод янз бүрийн тайлбар хэлж байжээ. Бүгд амиа хорлож үхсэнийг мэдэж байгаа ч яг яаж амиа хорлосныг нь мэдэх оюутан байсангүй. Ангийн 20-иод хүүхэд нэг нэг хувилбар гаргаж, хэлсэн ч бүгд муу авчээ.Тэгээд дараа нь өвлийн даалгавар өглөө. “Асунари Каватаг яаж үхсэнийг мэдэж ир” гэсэн байна. Бүгд хичээл тараад номын сан явж. Тэгсэн хийн зуухнаас болж нас барсан юм билээ. Тэр үед хийн зуух гэж юм мэдэхгүй тэд шалгалтдаа хэрхэн унаснаа бодоод бөөн инээдэм болсон гэдэг. Ер нь тэдний ангийг сургуулийнх нь багш, хүүхдүүд хамгийн сахилгагүй анги гэж нэрлэдэг. Халуун цочмог халгиж, цалгисан, юу хүссэнээ айж ичихгүй хэлчихдэг. Бас багш нарыгаа хатуухан шүүмжилчихдэг байсан гэнэ. Ямар сайндаа л Г.Ням-Очир, П.Батхуяг хоёр сургуулиасаа дөрвөн удаа хөөгдөж байжээ. Аварч гардаг хүн нь ангийн багш О.Дашбалбар. Энэ хоёр юм дуулгах хүүхэд, байлгаж байя гээд бусад багш нартайгаа ярилцаад үлдээж байж.

Мөн ангиараа хоёрдугаар курсээсээ эхлэн давхар ажил хийцгээсэн байна. Тэр үед нийгэм хэцүү, картын бараанд шилжсэн, хүнсний хангамж муу цаг үе байсан учир хоёрдугаар курсээ төгсөөд сонин сэтгүүлд ажил хийж, олсон мөнгөөрөө амьдралдаа нэмэрлэж эхэлжээ. Эрдэм ном сураад давхар ажил хийж байсан нь тэдний амжилттай яваагийн бас нэг шалтгаан гэж тэд дурсан ярив.