Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Махны экспортыг улирлаас хамааралгүй болгох нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-УИХ-ын чуулган завсарлаад нам гүмхэн байна. Ээлжит бус чуулган орох сураг байсан, больсон бололтой. Ирэх хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх ёстой ямар хуулиуд байна вэ?

-Ээлжит бус чуулган амжихгүй байх. Хаврын чуулган эхлэхэд хоёр долоо хоног гаруйхны хугацаа үлдсэн байна. Ирэх чуулганаар татварын шинэчлэлтэй холбоотой багц хуулиуд, тодруулбал Татварын ерөнхий болон Аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг хурдан батлах хэрэгтэй. Засгийн газраас өргөн барьсан эдгээр хуулийн төслүүдийг харахад агуулгын хувьд боломжийн гэж үзсэн. Шалтгаан нь АН төвтэй засгийн үед татварын өршөөлийн болон хөрөнгө, орлоготой холбогдсон эдийн засгийн ил тод байдлын хуулиудыг баталснаар далд эдийн засгийг бууруулж, эдийн засгаа эрүүлжүүлж чадлаа. Сангийн яамны мэдээллээр жилийн ДНБ-ээс 60 орчим хувиар илүү хөрөнгө ил гарсан байна. Иймээс татварын шинэчлэлийг хийж ойлгомжтой, шударга, ил тод эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх нь зөв юм. Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн чуулганаар баталж, одоо хэрэгжиж эхлээд байна. Энэ хууль гайгүй сайн хууль болсон дүгнэлт аваад байна. Нэг сарын төсвийн орлогын гүйцэтгэл 95 орчим хувьтай гарсан гэсэн мэдээлэл байна. Эдийн засаг эрүүлжиж, татварын сайн эрх зүйн орчин бүрдсэнээр ААН-үүд айдасгүй үйл ажиллагаа явуулах болно. Энэ хэмжээгээр эдийн засаг тэлнэ, мөн татварын бааз, суурь нэмэгдэнэ. ААН-үүдийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Тодорхой хугацааны дараа иргэдийн амьжиргаа ч дээшилнэ гээд олон эерэг зүйл бий болно.

Мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг баталчихмаар байгаа юм. Миний санаж байгаагаар олон жил Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж ярилаа. Тиймээс санал асуулгын хуульд Үндсэн хуульд оруулах бүх өөрчлөлтөөрөө ард түмнээсээ асуух өөрчлөлтийг оруулаад, тэгээд энэ зуны сонгуулийн санал хураалттай хамт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг олон түмнээсээ асуугаад шийдчих нь зүйтэй гэж бодож байна. Эдгээр нь хөгжлийн үзэл баримтлалын чанартай томоохон ажил.Тиймээс хэлмэгдүүлэлтийн үе шиг зөвхөн гүтгэлэг, харлуулалтаар сонгуульдаад амжилтад хүрэхгүй байх.

-Ш.Түвдэндорж гишүүн Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Сонгуулийн хугацаа тулсан энэ үед хуульд өөрчлөлт оруулах нь зөв юм уу. Уг нь бол жагсаалтын 28 мандатаас зургааг нь нийслэл рүү шилжүүлэх юм билээ. Бас Сонгуулийн хуулиар ҮХЦ-д маргаан гаргасан гэсэн яриа байна?

-Би тэр хуулийн төсөлтэй танилцаагүй байна. Жагсаалтын 28-ыг хот, хөдөө гэж хуваах боломжгүй гэж харж байна. Шалтгаан нь жагсаалтын 28 чинь намын мөрийн хөтөлбөр, намын нэрээр хот, хөдөө гэж ялгахгүйгээр нийт сонгогчдоос авсан саналаар шийдэгдэж ирсэн. Тэр хэвээрээ байх нь зөв. Харин батлагдсан хуулиар тойргийн 48 мандатын 30 орчим хувь буюу 14 мандат нь хотоос байгаа юм. Гэтэл нийт хүн амын 50 дөхүү хувь нь хот болоод хотын орчин тойронд амьдарч байгаа гэдэг. Тиймээс энэ тойргийн мандатаас хотын мандатын тоог нэмье гэсэн санал болов уу гэж бодож байна. 2012 онд ч ийм санал гарч байсан. Сонгуулийн холимог тогтолцоог бол би дэмждэг. УИХ дээр тойргийн буюу ИТХ шийдчих олон асуудлыг ярьдаг. Тэр сургууль, цэцэрлэг, дотуур байр, цагдаа, эмнэлгийн урсгал зардал, барилгын төсвийг орон нутаг шийддэг баймаар байна. Тиймээс жагсаалтын гишүүд байснаар улс орны томоохон бодлогын асуудлыг шийдэхэд дөхөмтэй байдаг. Гэхдээ жагсаалтын гишүүдэд нэг удаа ч гэсэн тойргоос сонгогдсон байх зэрэг шалгуур хэрэгтэй. Жагсаалтын асуудлаар 2012 онд Цэцэд хандаад ҮХЦ үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг.

-Сонгуулиас өмнө АН ИЗНН, МҮАН-тай нэгдэх боломж бий юу. Хүмүүс бол янз бүрээр л ярьж байна?

-Үзэл баримтлалын хувьд ойролцоо намууд гэж ойлгодог. Тиймээс сонгуульд нэгдэж орж олонх болоод улс орноо хөгжүүлэх тэр бодлогоо хэрэгжүүлэх нь зөв гэж бодох юм. Ер нь парламентын засаглалтай хөгжилтэй орнуудад улс төрийн дахин хуваарилалт тодорхой хугацааны дараа явагддаг үйл явц. Энэ үе нь манайд бараг ирсэн болов уу гэж бодож байна. Энэ тохиолдолд түрүүлж сэтгэсэн, хөдөлсөн, шинэчлэгдсэн нь илүүрхдэг. ИЗНН-ын тухайд АН-тай үзэл бодол төстэй, стратегийн түнш хэлбэрээр ажилладаг гэж ойлгодог. ИЗНН АН-д нэгдэх гэж байна гэж нэлээд хэдэн жил яригдсан, одоо л тэр нь бодит ажил хэрэг болох нь гэж харж байгаа.

-Манай улс төрийн намууд сонгуульдаа л хэт анхаарал хандуулаад байгаагаас биш ам.долларын ханшийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулагчдын тал дээр чимээгүй байх шиг?

-Ер нь хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, ялангуяа эрсдэл өндөртэй газрын тос, эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин харьцангуй ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай болсон. Гол нь манай гол нэрийн ашигт малтмалын зах зээлийн үнэ уначихсан хэвээр байна. Энэ нь ашиг багассан гэсэн үг. Ашиг багатай салбарт хөрөнгө оруулалт ихээр нэмэгддэггүй. 2012 оноос хойш уул уурхайн бус салбарыг, ялангуяа боловсруулах аж үйлдвэрийн салбарыг нэлээд дэмжсэн.Энд тодорхой үр дүн гарна гэж харж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг эмх замбараагүй олгож байснаа нилээд удаан зогсоосон, үүнийгээ зөвхөн Засгийн газраас тогтоосон бүс нутагт хайгуул хийх зөвшөөрлийг эмх замбараатай, хяналттай олгохоор хууль гаргаад хоёр жил болох гэж байна. Иймээс хайгуулд нэлээд хөрөнгө оруулалт хийгдэх болов уу. Сүүлийн саруудад алтны үнэ гайгүй сайжирч байгаа. Ганц бэлэн байсан Гачууртын ордоо хоёр жил маргалдаж байж нэг юм явуулах шийдвэр гаргалаа. Эдгээр нь хөрөнгө оруулалтад зайлшгүй зөв дохио болно. Төмөр зам, эрчим хүчний салбарт том төслүүд хэрэгжүүлэх боломжтой. Нүүрсний үнэ унасан ч Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж экспортлох нь хамгийн зөв зам. Энэ дээр Засгийн газар цаг наргүй ажиллах хэрэгтэй. Албан ёсоор эхэлж байгаа махны экспортыг улирлаас хамааралгүй болгох нь чухал байна.

Categories
мэдээ цаг-үе

Дашхүүгийн Галбаяр: Аавынхаа “Диваажинд хүрэх зам” жүжигт тоглосныг нь хараад биширч билээ

Монголын театр, дэлгэцнээ дүрээ мөнхөлсөн жүжигчин Дашхүүгийн хүү Галбаяртай ярилцлаа. Түүнийг “Намрын синдром”, “Тагнуулч аав”, “Шуугиан таригч” киног найруулснаар нь хүмүүс андахгүй билээ.

-Аавын тань тухай дурсамжаар яриагаа эхэлье?

-Миний аав Баянхонгор аймгийн Богд суманд 1948 онд төрсөн. Богино хэмжээний курст суугаад малын эмч хийж байгаад цэрэгт явсан байдаг юм. Цэргээс халагдаж ирчихээд жүжигчин болно гээд л хот руу явсан юм билээ. Аав маань “Намайг тухайн үед жүжигчин болно гэхэд сумынхан маань бүгд гайхаж байлаа. Аав нь хотод ирээд Хүүхэд залуучуудын театрт ирээд шалгалт өгч, дагалдан жүжигчин болсон” гэж дурсан ярьдаг байсан. Ард түмэндээ хүрсэн дүр нь “Элдэв зургийн эзэд” л дээ. Одооны хошин урлагийн тоглож байгаа анхны өрөлтүүдийн суурийг тавилцсан хүмүүс бол МУГЖ Жанчивдорж, миний аав хоёр шүү дээ. “Элдэв зургийн эзэд” 1980-аад оноос хойш дөрөвдүгээр сарын 1-нд ганцхан удаа тоглогддог сайхан хөтөлбөр байлаа. Тэр хөтөлбөр яалт ч үгүй нуруун дээр нь 20-иод жил явсан байдаг.

-Аавынхаа тоглосон дүрээс хамгийн сэтгэлд хоногшсоныг онцолбол?

-Манай аав эрэгтэй хүн эмэгтэй хүний дүрд хувирч тоглоогүй байхад зориглож хийсэн хүн. Одоо ч хэвшмэл үзэгдэл болчихож.Тэгэхэд аав, Жааяа ах хоёр л бодож олоод “Хадам ээж, хүргэн” гэх үзүүлбэрээр нэлээд нэрд гарсан байдаг. Манай аавыг хадам ээжээр нь харж хүмүүс их ярьдаг байсан. Мөн “Бэрсүүт жүрж” кинон дээр Батзаяа ахын хадам ээж болж, Цэнд-Аюуш эгч дууг нь хийсэн байдаг юм. Харахад яг л эмэгтэй хүн дүр бүтээсэн байдаг. Тэр нь өөрийнх нь жүжигчний онцлог. Өөрөө ч амьдрал дээрээ ёгтлол өндөртэй хүн байсан.

-Аавын хувьд ямар хүн байв?

-Шүүмжилж, хүүхдүүдээ загнана гэж байхгүй. Тайван, хэр барагтаа юм дуугарахгүй. Завтай үедээ хачин сайхан хоол хийнэ гээч. Аав маань үглэж яншихаас илүү үлгэрлэж өөрийнхөө байгаа байдлаар үр хүүхдэдээ хичээл заадаг байж дээ гэж боддог. Хүүхдүүддээ амьдрал ийм гэж зааж байгаагүй. Өөрийнхөө байгаа байдлаар, хүмүүстэй харьцаж байгаа хандлагаар харуулдаг байж. Би аавыгаа энх тунх байх үед нэг хүнийг муу хэлж байхыг сонсоогүй. Тийм л гэгээн хүн байсан.

Манай аав гэр орны ахуйн ажилд маруухан. Ямар сайндаа хаалганы цоож эвдэрчихсэн чинь хаалгаа тэр чигт нь салгаад Жааяа ахтай (Жанчивдорж) дамжлаад театр руу явж байхав дээ. Хичээлээ тараад ирсэн хаалга байдаггүй. Яаж байгаа юм гэсэн “Аав чинь цоожны нүх янзлуулна гэсэн” гэж билээ. Театр орж мужаанаар янзлуулах гэж байгаа хэрэг л дээ. Би сүүлд оюутан болоод аавынхаа “Диваажинд хүрэх зам” жүжгийг үзсэн. Тэр инээдмийнх биш драмын жүжиг. Тэрэн дээр Ардын жүжигчин Очирбат, Жанчивдорж, аав гурав траншейныхан болдог. Тэр жүжиг дээр гайхалтай тоглож байсан. Анх үзэхдээ ааваар нь л хараад байсан юм билээ. Урлаг руу ороод урлагаар өвчлөөд ирэхээр аав маань ер нь ямар жүжигчин юм бол гэж харж эхэлсэн. Тэр үед тэр жүжигт тоглож байхыг хараад аавыгаа гайхаж биширч билээ.

-Таныг найруулагч болоход аав тань нөлөөлсөн үү?

-Би найруулагч болно гэж боддоггүй байлаа. Анх таеквондогоор хичээллэдэг байсан. Спорт хөөж байсан чинь нэг өдөр аав дуудаад “Миний хүү СУИС ороод Лхасүрэн ахтайгаа уулзаадах” гэсэн. Лхасүрэн багш дээр очсон чинь “Чамайг зодолддог их л мундаг амьтан гээд байсан. Чи чинь ийм жижигхэн байсан юм уу. Чи жүжигчин болохгүй” гэдэг юм байна. Миний мэргэжлийн өрөлтийг тэнд хийчихсэн байсан хэрэг. Учраа ч олоогүй очсон хүнд “Чи жүжигчин болохгүй, найруулагч бол мэдэв үү. Миний ангид бүртгүүлээдэх” гэж хэлэхэд нь гайхаж байсан. Тухайн үед Лхасүрэн багш найруулагчийн ангийг удирдаж авч байсан юм билээ. Лха багш дээр найруулагчаар хоёр жил сурч байгаад сүүлд жүжигчний мэргэжлээр Сугар багш дээр төгссөн юм. Тэгж л анх спортын салбараас урлаг руу хэлтийгээд орчихсон. Би эргэлзээгүй урлагийн сургуульд орсон нь урлагийн гэр бүлд өссөнтэй холбоотой. Багаасаа урлагаар амьсгалж, тайзны ард гүйж өссөн. Театрт тоглогдох хүүхдийн жүжгийн олны хэсэгт ордог байсан. Аавын ажил дээр миний доод талын дүү Галбадрах бид хоёр л өнждөг байлаа. Галбадрах дүү маань одоо хийлч мэргэжилтэй. Бостоны их сургуульд мастер хамгаалж байгаа. Урлагийн орчинд өссөн болохоор бид хоёр урлагаар явж байна. Манайх таван хүүхэдтэй айл. Өлзий-Орших гээд том ах маань “Стар совт” компанийн захирлаар ажилладаг. Манай эгч Өлзийдэлгэр Уул уурхайн сургуульд багш. Доодох дүү Галбадрах. Бага дүү Өлзийбаяр маань Олон улсын бизнес эдийн засгийн мэргэжлээр төгсөж ирээд энд ажиллаж байгаа.

-Аав тань дүр дээрээ хэр ажилладаг хүн байсан бэ, та уран бүтээл хийхдээ аавынхаа арга барилыг бодож ажилладаг уу?

-Аавтайгаа хамт уран бүтээл хийж байгаагүй учраас мэдэхгүй л дээ. Эргэн тойрныхон, хамт уран бүтээл хийж байсан хүмүүсээс нь сонсож байсан. Дүрээ хаана яаж бэлддэг юм бол гэдгийг нь мэддэггүй байсан гэсэн. Харахаар нэг өрөөнд хүмүүс инээлгээд суудаг байж. Бусад жүжигчид дүр дээрээ ажиллаад л байж байхад аав огт бэлддэггүй байж. Дашхүү дүрээ хэзээ бэлддэг юм бол гэж бодож байтал тайзан дээр гараад л нөгөө үгнүүдийг нь хэзээний цээжилчихсэн тоглолтоо хийдэг байсан гэсэн. Хүмүүс их гайхдаг гэж ярьж байхыг би сонсож байсан.

-Та “Миний нууц хүү” жүжгийг тавьсан байх аа?

-Энэ миний анхны жүжиг. Ванпиловын “Ууган хүү” зохиолоос сэдэвлэж монголчлоод хийсэн Мөрөөдлийн театрын анхны жүжиг юм. Анх удаа жүжиг тавьж үзсэн. Жүжиг их хэцүү юм билээ. Театр надад их ойр байх болов уу гэж бодсон чинь эсрэгээрээ үгүй байсан. Энэ жүжгэн дээр оюунаараа нэлээд ядарсан. Хэзээ нэг цагт дахиад нэг жүжиг тавиад даагаа нэхнэ дээ гэсэн бодол төрсөн шүү.

-Жанчивдорж гуай гээд театрынхан танайхаар орж, гардаг байсан байх.

-Жанчивдорж ахын гэр манай дээд давхарт байсан. Бидний тэр үе их сайхан байж дээ. Одоо би Жанчивдорж ахын хүү Сэнгэдорж найзтайгаа 20-иод жил найзалж байна. Бие биенийхээрээ байнга орж гарна. Нэг айл юм шиг л хамтдаа өсцгөөсөн дөө.

Тэр үед манай байранд жүжигчин Бат-Өлзий ах, Очирбат гуайнх нэгдүгээр орцонд байна. Хоёрдугаар орцонд аав, Жааяа ахынх, дөрөвт удирдаач Туулайхүү ахынх гээд манайх урлагийн байр байсан. Манайхаар театрынхан бүгд л орж гарна. Тухайн үед Бат-Өлзий ах нэг цагаан машинтай байсан юм. Нэг өглөө харсан цагаан машиных нь дөрвөн дугуйг аваад явчихаж. Тэгсэн аав Бат-Өлзий ах руу залгаад “Өлзий хө, чиний машины дөрвөн дугуй алга” гэж хэлсэн чинь Бат-Өлзий ах тоглож байна гэж бодоод “Өө тэгж үү Дашхүү ах аа. Өөр юу нь алга болж” гээд л тоглож байснаа удалгүй үс нь босчихсон ороод ирсэн. Нээрээ алга болчихож, Дашхүү ах аа гээд л ороод ирж билээ. Бас л гоё байр байсан шүү.

-Ээж тань ямар хүн байдаг юм бэ?

-Ц.Цогзолмаа гэж хүн бий. Кино үйлдвэрт 20-иод жил монтажин дээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Монтажийг хальсаар угаадаг учраас хортой нөхцөлд ордог. Байнга мөнгөн ус гээд хортой ажиллаж байдаг учраас эрт тэтгэвэртээ гардаг юм. Одоо СӨХ-ны дарга хийж, цэцэрлэгийн хүүхдүүд л харж байна даа. Үр ач нараа хараад л сууж байгаа. Ээж маань сайхан ануухнаараа байгаа.

-Таныхаар гэр бүлээрээ тэмдэглэдэг хамгийн гоё баяр юу байв?

-Дөрөвдүгээр сарын нэгэн. Бас театрын хүүхдүүдийг баярлуулдаг зургадугаар сарын нэгэн. Хүүхэд, залуучуудын театр учраас дандаа хүүхдийн театрт жүжиг тавьдаг байсан. Зургадугаар сарын нэгэнд их гоё үйл ажиллагаа явна. Тэр хоёр баяр их гоё болно. Сэтгэлд их дотно байдаг юм. Дөрөвдүгээр сарын нэгэнд гадаах цонх нь хагардаг байсан. Театрын гаднах цонх хагараагүй бол энэ жил хүн бага үзэж үү гэдэг байлаа. Бага нас маань ерөөсөө театрт өнгөрсөн шүү дээ.

-Аавтайгаа байнга хамт алхдаг байсан гэсэн. Алхаж байсан үеэ дурсах сайхан байдаг уу?

-Багадаа аавтай явахдаа заримдаа ичдэг байсан. Тавдугаар хорооллын тээврийн товчооноос театр орохын хооронд зүгээр явбал тавхан минут алхаад л орох газар 40-50 минут явж очдог байсан. Нэг хүнтэй таараад яриад л зогсчихно. Хүмүүс дуудаад л, таньдаг ч хүн олон. Тэр хоёрын хооронд их удаан явдаг байсан. Тэгээд л Дашхүү явж байна гээд л дуудаад харахаар нь ичдэг байж билээ.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

-Би гурван хүүхэдтэй. Эхнэр маань жүжигчин Т.Хулан. Залуу хүмүүсийн нэгэн адил амьдарч байна. Оюутны ширээнээс хамт гэр бүл зохиогоод ёстой л тэгээс амьдралаа босгох гэж байгаа хоёр уран бүтээлч. Урлагийн гэр бүл учраас аавынхаа нэр хүндийг өөрөөрөө өртөөлүүлээд үр хүүхдүүддээ үлдээх юмсан гэж боддог. Одоогоор хүүхдүүд маань бага байна.

-Монголын кино урлаг хэр хөгжиж байна вэ?

-Монголын кино урлаг 80 жилийн түүхтэй урлаг. Азидаа маш томд ордог байсан. Үнэндээ Солонгосын кино урлаг байгаагүй байхад Монгол кино урлагтай л байсан. Монголд том том сэдэвтэй “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо”, “Цогт тайж” гээд том түүхэн кинонууд хийж байсан. Тэр үед төрийн дэмжлэгтэй хөрөнгө хаяж кино хийдэг байсан. Хүмүүс техник технологи гээд байдаг. Дээр үед том техникээр асар том баазаар хөдөлдөг байсан. Дээр үед техникээр зодож кино хийдэг байсан юм. Одоо кино урлагийн эмгэнэл нь төр нь кино урлагийг фокус гэж харахаа больчихсонд байгаа. Хаячихсан учраас жижиг студиудын нуруун дээр кино урлаг оччихсон. Жижиг студийн нуруун дээр байгаа учраас жижиг л кино гарна шүү дээ. Яагаад гэвэл кино урлаг асар том хөрөнгөн дээр хөгждөг.

-Бодлого дутдаг гэж үү?

-Тийм. Гэхдээ бодлого дутдаг гээд ярихаар төрөөс юм шаардсан хүмүүс гээд байдаг. Бид төрөөс нэхээд байгаадаа биш. Монгол киног үндэсний дархлаа өв соёлоо авч үлдэхийн тулд заавал гаргах хэрэгтэй. Гэхдээ юм өөр болох байх. Сая киноны тухай хуулийг өргөн барьж байна.

Categories
мэдээ цаг-үе

Э.Сүхжаргал: “Take off“ гэдгийг бид монголчлоод дэвжин дээшлэх гэж тайлбарладаг

Саяхан болж өнгөрсөн олон улсын
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Take Off” хамтлаг тоглолтоо хийсэн юм. Одоогоос
12 жилийн өмнө байгуулагдсан тус хамтлагийн залуус уран бүтээл дээрээ ажиллаад тун
завгүй байгаа гэнэ. Тэднийг Эрдэнэт, Дарханд очиж тоглохооос нь өмнөхөн тус хамтлагийн
ахлагч Э.Сүхжаргалтай ярилцсаныг сонирхуулъя.

-Хэдхэн хоногийн өмнө буюу гуравдугаар
сарын 8-ны өдөр танай хамтлаг тоглолтоо хийсэн. Тоглолт ямар болов?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдадаа
энэ өдрийн мэндийг хүргэе. Гуравдугаар сарын 8-ны өдөр “Take Off” хамтлаг маань
“Зүрхний” нэртэй шоу тоглолтоо “Crocus”-д маш амжилттай зохион байгууллаа. Энэ бол
манай хамтлагийн найм дахь тоглолт. Хамтлаг маань 2004 онд байгуулагдсанаасаа хойш
уран бүтээлээ туурвисаар байна.

-Энэ удаад үзэгчдийнхээ сонорыг
ямар дуугаар мялаав?

-“Надаас өөр хэнд ч ирээгүй дурлал”
киноны саунд трейкийг дуулсан. Түүнийгээ толилууллаа. Нийтдээ 26 дуу дуулсан. Хамтлагийн
сор болсон “Гүнж”,”Буцаад хоёулаа”, “Хэзээ ч мартахгүй” бүтээлээрээ үзэгчдийнхээ
сонорыг мялаалаа. Мөн шинэ дуунуудаасаа ч дуулсан.

-Хамтлагаа яагаад “Take Off” гэж
нэрлэсэн юм бэ?

-Энэ нэрийг бид хоорондоо ярилцаж
байгаад өгсөн. Урьд нь “Аялгуу” гэдэг нэртэй, шөнийн клубуудээр англи дуу дуулдаг
залуучууд байлаа. 2004 онд албан ёсоор “Take Off” гэдэг нэрийг өгсөн. 2003 онд манайх
UB Palace-ийн дэргэдэх хамтлаг байсан. UB Palace-ийн захирал Баяр ах маань “Аялгуу”
гэдэг нэрийг солих санал тавиад энэ нь ардын цөөхүүл хамтлагийн нэр шиг сонсогдож
байна гэсэн. Цоглог, залуу хүмүүсийн эрч хүчийг харуулсан нэр өгөхийг санал болгоод
бид хоорондоо ярилцаад шинэ өнгө төрхтэйгөөр уран бүтээлээ туурвих гэж байгаа тул
нэрээ сольсон. Эхэндээ “Take Off” гэдэг чинь юу гэсэн үг вэ гэдэг байсан бол хэсэг
хугацааны дараа буюу 2004 онд уран бүтээлээ туурвиад явж байхдаа харин ч маш их
тохирсон нэр юм шиг санагдсан шүү. Ер нь бол “Take Off” гэдэг нь газраас тасрах,
хөндийрөх, гэрэл унтраах гээд олон утгатай үг л дээ. Бид бол монголчлоод дэвжин
дээшлэх гэж тайлбарладаг.

-Анх ямар дуугаар уран бүтээлээ
эхэлсэн бэ?

-“Boyz II Man” хамтлагийн “Song
For A Mama”, “My Love” “Backstreet Boys”, “Bee Gees” хамтлагийн “How Deep Is
Your Love” зэрэг дуунуудыг дуулдаг байлаа. Ер нь барууны хамтлагуудын дуунуудаас
дуулж эхэлсэн. “Аялгуу” гэдэг нэртэй байхдаа МУГЖ дуучин Т.Ариунаагийн “Оюутан нас
аялгуу” дууг “Гурван охин” хамтлагтай хамтран дуулсныг үзэгчид маань сайн мэднэ.

-Тухайн үед барууны хамтлагуудын
дууг дуулахад үзэгчид яаж хүлээж авсан бэ?

-Бид олон хоолой салгаж, акапель
гэдэг л дээ, дуулдаг байлаа. Англи дуу дуулахад үзэгчид маш сонин хүлээж авдаг байсан.
UB Palace-ийн “Laser Land” клубт дуулна. “Let it Be” гэж баар байсан тэнд бас дуулдаг
байлаа. Тухайн үед амьд хөгжмийн хамтлагууд нэг их байгаагүй. Биднийг сонсох гэж,
англи дуу, хэллэгийг нь сонсох гэж хүмүүс их ирнэ. Тэр үед хэлний төвүүдийн захирлууд
сурагчдадаа “Тэр англиар дуулдаг хамтлагийг очиж сонс” гэж хэлдэг байсан гэсэн.
Саяхан нэг таньдаг эгч маань надад энэ тухай ярьсан.

-2004 онд хамтлагаа байгуулсан гэж
ярилаа. Тухайн үед “Камертон” хамтлаг нэлээд нэрд гарч байсан үе л дээ.

-Boy band-үүд уран бүтээлээ туурвихаа
болиод зогсонги байдалд орсон байсан үе гэж болно. “Камертон” 2005 оноос хойш нэг
хэсэг чимээгүй болсон. Яг тэр үед boy band-үүд зогсонги байдалд орсон байхад бид
уран бүтээлээ туурвисаар байсан. 2004-2009 он хүртэл идэвхтэй ажилласан.

-Та Англид сурч, ажиллаж байгаад
ирсэн. Тэнд байхдаа барууны хамтлагууд ямар түвшинд байгааг өөрөө харсан байх. Энэ
нь танай хамтлагийн уран бүтээлд ч нөлөөлсөн байх?

-2009 онд Англи яваад гурван жил
гаруй болсон. Залуудаа юм үзэж аливаа зүйлийг өөр өнцгөөс харъя гэсэн бодолтойгоор
явсан. Манай хамтлагийг тарсан гэсэн яриа гарсан байсан. Бид тараагүй. Би ирэнгүүтээ
уран бүтээлийнхээ ажилд орсон. Гадаадад байхдаа маш олон тоглолт үзсэн. Урлаг гэдэг
бол хүн залуу насандаа хийдэг ажил л даа. Тэр дундаа эстрад, поп урлаг. Би Англид
байхдаа “Backstreet Boys”, Бритни Спирс гээд дэлхийд нэртэй олон хамтлаг уран бүтээлчдийн
тоглолтыг үзэж харьцуулах юмтай болсон. Түүнээс сурах юм маш их байсан. Үзсэн зүйлсээ
ирээд хамтлагийнхаа уран бүтээлд тусгахыг хичээсэн.

-Харьцуулах юмтай болсон гэж та
сая хэллээ. Ер нь гадаадын хамтлагуудыг манайхтай харьцуулахад ямар санагдав?

-Ерөнхийдөө бол манайх гайгүй. Монголын
шоу бизнес, тоглолтууд сүүлийн үед өндөр хэмжээнд хүрсэн. Барууны хамтлагуудын тоглолтуудаас
нэг их дутахгүй. Баруунд бол тоглолт менежерийн удирдлага дор байдаг бөгөөд нэг
жил, зургаан сарын өмнө бүх юм нь төлөвлөгдчихсөн, тасалбар нь зарагдаад дуусчихсан
байдаг. Манайхан бол нэлээн тулгаж байж хийдэг. Ингээд сурчихсан монгол зан ч гэдэг.
Харьцуулах юм зөндөө бий. Тайз гэхэд л манайд караказ зангиддаг бол тэнд бүх юмыг
гэрлээр LED дэлгэцээр шийдэж байна. Дэлгэц нь өөрөө урлаг болчихсон. Манайд ч
LED-ийг ашиглаад эхэлчихсэн байгаа.

-Танай хамтлаг удахгүй шинэ CD-гээ
гаргах гэж байгаа гэж сонссон?

-Ирэх тавдугаар сард бид шинэ цомгоо
гаргахаар ажиллаж байгаа.

-Хэдхэн хоногийн дараа Эрдэнэт,
Дарханд очиж тоглох гэж байгаа гэсэн?

-Тийм ээ. Энэ сарын 17,18-нд бид
Эрдэнэт Дарханд очиж тоглолтоо хийнэ. Эрдэнэт хотын залуучууд маань биднийг ирж
тоглооч ээ гэсэн. Очоогүй нэлээд удсан. Тиймээс VIP тоглолтыг амьд хөгжимтэй тоглоно.
Ирэх арваннэгдүгээр сард бид Европын орнуудаар тоглолтоо хийхээр төлөвлөчихсөн байна.
Бид хамгийн сүүлд 2009 онд Лондонд тоглолтоо хийж байсан.

Categories
мэдээ цаг-үе

С.Оюунтуяа: Сонгуулиар сонгогчдын идэвх нэмэгдэнэ гэсэн баталгаа алга

Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотын асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Олон улсад амласан амлалтаасаа буцаж мэдэхээр байдал үүсч байна уу?

-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны асуудал одоо хэр нь бэрхшээлтэй хэвээр байна. Яагаад вэ гэвэл бид улс төрийн оролцоо нь бага байдаг Азийн тивийнхээ дунджаас доогуур байгаад байна. Ази тивийн парламентад байгаа эмэгтэйчүүдийн дундаж 19-20 хувьтай байхад манайх одоогоор 14 хувьтай байна. Тэгэхээр квотын асуудлаар дамжуулж эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага яах аргагүй байгаа. Гэхдээ 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд Сонгуулийн тухай хуулийг шинэчилж батлахдаа парламентын буюу үндэсний түвшин дэх сонгуулийн системийн хувьд л квотыг хэрэглэж байгаа. Тэгэхээр энэ квотын асуудлыг орон нутаг, нийслэлийн түвшинд хэрэгжүүлэх шаардлага байгаа гэдэг нь харагдаад байгаа юм. Өмнөх ээлжит сонгуулиудын ерөнхий дүр зургийг хараад байхад орон нутгийн хурал дахь эмэгтэйчүүдийн сонгогдох түвшин харьцангуй гайгүй байсан. Ялангуяа сумдын түвшинд 30 гаруй хувьтай байсан бол сүүлийн хоёр удаагийн сонгуулийн статистикийг харж байхад төлөөлөгч эмэгтэйчүүдийн тоо буурах хандлагатай байна. Тийм болохоор УИХ-д тавигдаж байгаа эмэгтэйчүүдийн квотыг орон нутгийн сонгууль дээр ч аваачиж тавих шаардлага байгаа гэдэг нь харагдаж байна.

Сонгуулийн хуулийг батлах үеэр сонгууль болохоос зургаан сарын дотор хөндөж болохгүй гэх заалтыг орхисон нь маргаан дагуулж байна. Тэгтэл одоо Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж байх шиг байна?

-Судлаачийнхаа хувьд үүнийг харвал энэ чинь нэг талаасаа бол ёсзүйн асуудал байхгүй юу. Сонгуулийн хуульд сонгууль болохоос зургаан сарын дотор гар хүрч болдоггүй гэдэг чинь өөрөө маш өндөр ёс суртахууны ёсзүйн асуудал болж ирж байгаа юм. Тэр заалтыг аваад хаячихаараа хуульд гар хүрэх боломжтой болсон гэсэн үг биш шүү дээ. Сонгууль ойртох тусам сонгуулийн хуульдаа гар хүрч байна гэдэг чинь өөрөө сонирхлын зөрчилтэй л шийдвэр болж хувирна шүү дээ. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. 2003 онд батлагдсан тэр хөтөлбөрт ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн тэр заалт бий. Энэ бол УИХ-ын өөрийнх нь баталсан шийдвэр. Тийм болохоор тэр шийдвэрээ зөрчиж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь эргэлзээтэй л дээ. Бас нэг өөр байр суурь байна л даа. УИХ-ын тогтоол бол нэг хэрэг, хууль бас өөр хэрэг. Тиймээс Сонгуулийн хуулийг өөрчлөх боломж байна гэж хэлээд байгаа юм. Сонгууль дөхсөн үед ялангуяа сонгуулийн хуулийн процедуртай холбоотой асуудалд өөрчлөлт оруулна гэдэг эмзэг асуудал. Харин процессыг сайжруулж байгаа бол өөр хэрэг.

Сонгуулийн санал тоолох үйл явцад үл итгэх хандлага ч бий?

-2012 оны сонгуулийн үйл явцыг автоматжуулснаараа маш олон асуудлыг шийдэж чадсан. 2008 оны сонгуулийн үр дүнг санаж байгаа байх. Санал тооллогын дүн гажуудсанаас болж сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд жагсаал цуглаан хийж байсан. Санал тооллогын дүнд нөлөөлөх явц манай улсад тахлын хэмжээний аюултай дүр зурагтай болчихсон байсан. Энэ бүгдийг халж технологийн шинэчлэлтэй уялдуулж сонгуулийн санал тоолох, дүнг гаргах үйл явц автоматчлагдсанаараа нааштай шинэчлэлийг бидэнд авчирч өгсөн. Улс төрийн намууд сонгогчдын сэтгэлзүйгээр тоглоод байна л даа. Сонгогчдыг сонгуулийн үр дүнд итгэхгүй байхыг уриалж байна. Судлаачийн хувьд энэ бүхнийг харахаар бидний энэ хэрэглээд байгаа сонгуулийн автомат систем нь бусад улс орнуудад асуудалтай болоод байгаа электрон систем биш байхгүй юу. Олон улсын стандартаараа бол бидний хэрэглэж байгаа энэ автоматжуулсан систем буюу тоолж, үр дүн гаргаж байгаа процедур, хар машин чинь үнэндээ гар тооллогын систем юм.

Хар машиныг 2012 оноос хойш хэрэглээгүй. Тэрийг хэн нэгэн хакер ч юм уу, аль нэг улс төрийн хүчин оролдоод тохиргоог нь өөрчилчихдөг гэж тайлбарлаж буй хүмүүс байна шүү дээ?

-Мэдээж техникийн нарийн асуудал л даа. Тэр машины программ хангамжийн аюулгүй байдлыг шалгаж баталгаажуулдаг олон үйл явц хуульд байгаа шүү дээ. Баталгаажуулах, сертификатжуулах тэр ажиллагаанд цагдаа, тагнуулын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид гэсэн маш олон хөндлөнгийн хяналтын субьектүүд оролцож байгаа. Улс төрийн намуудын энэ хянан баталгаажуулах ажиллагаанд оролцож байгаа шүү дээ, хуулиараа. Ийм олон боломж байхад сонгогчдын сэтгэлзүйгээр тоглох гэж хэн ч тэр машиныг тохируулчихдаг юм, дүнг нь луйвардчихдаг юм гэсэн яриа гаргадаг. Эсвэл тэр машиныг хэрэглэхгүй байх нь тодорхой нэг улс төрийн намуудад ашигтай байна гэсэн хардах өнцөг үүсч болно шүү дээ.

Иргэдийн сонгуулийн ирц буурсаар байгаа. Өнөө жилийн сонгуулиар иргэдийн оролцоо ямар байх бол. Үүн дээр хийсэн судалгаанаасаа сонирхуулбал?

-Энэ бол бидний санааг зовоосон асуудал л даа. Сүүлийн гурав, дөрвөн сонгууль дараалан сонгогчдын ирц дандаа буурч байгаа. Сонгуулийн үр дүнд сонгуулиар бий болж байгаа институциүдэд итгэх сонгогчдын итгэл тааруу байгаагаас сонгуулийн ирц нь ингэж асуудалтай болж ирж байна. 2012 онд саналаа өгсөн сонгогчдын дөнгөж 10 хувь нь 18-25 насны залуучууд, 25 хувь нь 18-35 насны залуус байсан. Залуучуудын сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дор бүрнээ л ажиллах хэрэгтэй байна. Залуучуудыг зургадугаар сарын 29-нд саналын байранд очиж заавал саналаа өгөөрэй гэж уриалъя. Сонгогчдын идэвх нэмэгдэнэ гэсэн баталгаа алга л даа. Тийм учраас залуучуудад хандсан маш олон ажлыг манай төвөөс хийхээр бэлтгэл ажилдаа орчихсон байна. 2012 онд саналаа өгсөн иргэдэд гар утасны нэгж тарааж байсан. Сонгуулийн хуульд сонгогчдын идэвх ирц, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэх бүрэн эрх Сонгуулийн ерөнхий хороонд байгаа. Гэхдээ бид гар утасны нэгж, тодорхой урамшуулал харахгүйгээр санал өгөх байр руу очиж засгийн эрх барих эрхээ эдэлж байгаа хамгийн том баярын онцгой чухал өдөр гэж ойлгох нь зүйтэй л дээ.

-“Жудагтай МонголхөдөлгөөнийхөнМонголчууд хамгийн жудаггүй хүмүүсээ төрд гаргачихсан. Яагаад гэвэл сонгогчийн боловсролгүй болохоор тэргэж байсан л даа?

-Төр засаг ийм хариуцлагагүй, сул, хүчгүй байгаа нь нэг талаасаа сонгогчдын боловсролын асуудалтай, тэдний сонголттой холбоотой. Гэхдээ сонгогчдын боловсрол олгох асуудлыг шийдэх ёстой төрийн байгууллага, төр нь энэ ажлаа хийхгүй байж сонгогчид руугаа буруу чихээд байж болохгүй. Тэр утгаараа сонгогчдын боловсролын асуудалд цогц байдлаар шинэчлэл хийх хэрэгтэй байна. Үнэндээ сонгогчдын боловсролын асуудлыг төрийн бус байгууллагын нуруун дээр л үүрүүлчихээд яваад байна ш дээ. Сонгогчид боловсролгүй, мэдээлэлгүй байх тусмаа сонгогдож байгаа албан тушаалтнууд нь төдий чинээ сул, хариуцлагагүй магадгүй жудаггүй байх боломжууд бүрдэнэ. Төр засаг хүчтэй байхын тулд сонгогчдын боловсролдоо хөрөнгө оруулах нь зайлшгүй шаардлагатай байна.

Categories
мэдээ цаг-үе

Р.Очирбал: Иргэний хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр иргэд зээлдүүлсэн мөнгөнөөсөө хүү авах эрхгүй болно

Отгонтэнгэрих сургуулийн багш, хуульч Р.Очирбалтай ярилцлаа.

УИХ Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зээлийн гэрээгээр хүү авахыг хориглосон гэсэн. Нэг ёсондоо иргэд бие биедээ хүүтэй мөнгө зээлж болохгүй гэсэн үг үү?

-УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Уг хуулиар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно”, гурав дахь хэсэгт “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан. Мөн хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг хүчингүй болгосон. Эдгээрээс “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн заалт бол хуульч, судлаач хийгээд жирийн иргэдийн хувьд анхаарвал зохих асуудал болчихлоо. Юу вэ гэхээр зээлийн гэрээний хариу төлбөр гэдэг бол бидний нэрлэж заншсанаар зээлийн хүү гэсэн үг. Харин дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр иргэд хоорондын зээлийн гэрээнд хүү тооцохыг хориглосон. Уг хууль шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болох өдөр буюу 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм билээ.

Уг нь нэгнээсээ зээл аваад, түүндээ хүү төлнө гэдэг бол хувь хүмүүсийн асуудал. Зах зээлийн эдийн засгийн хөгжлөөр замнаж байгаа үед иймэрхүү зохицуулалт хийх нь хэр зүйтэй юм бэ?

-Миний хувьд ийм хууль батлагдсаныг сонсоод итгээгүй. Сүүлд Төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор нийтлэгдсэнийг олж хараад итгэсэн. Зээлийн гэрээ бол иргэдийн хооронд хийгддэг хамгийн нийтлэг гэрээний нэг төрөл бөгөөд ихэвчлэн хүүтэй байгуулагддаг. Ер нь аливаа гэрээ, хэлцэл оршин тогтнох гол үндэс нь эдийн засгийн хувьд ашигтай байх шүү дээ. Тиймээс бусдад зээл олгосны төлөө хариу төлбөр авах боломжийг хуулиар хязгаарлана гэдэг байж болшгүй зүйл. Энэ хууль үйлчилж эхэлснээр нийгэм, эдийн засаг, гэрээний харилцаанд олон сөрөг үр дагавар бий болох байх. Арилжааны банкнаас зээл авахад бүрдүүлэх материал их, шалгуур, шаардлага өндөр, хугацаа ихээхэн шаарддаг тул иргэд, аж ахуйн нэгжүүд хувь иргэдээс зээл авдаг. Энэ утгаараа иргэдийн олгож байгаа зээл нь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө мөнгөний дутагдлыг нөхөх, сэлбэх зах зээлийн зүй ёсны арга хэрэгсэл юм. Нөгөөтэйгүүр зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь төлүүлэхэд зээлийн хүү чухал ач холбогдолтой. Хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэдэг өөрөө бизнесийн үйл ажиллагаа гэдгийг хууль тогтоогчид үгүйсгэж байгаа бололтой.

Гэхдээ сүүлийн үед мөнгөтэй хүн хэн нэгэнд зээл өгөхдөө амандаа багтсан тоогоор хүү нэхдэг. Ингэж мөнгө хүүлдэг боломжийг хязгаарлаж өгөх зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байх?

-Нэг зүйлийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Арилжааны банк зээлийн эрсдэлийг тал бүрээс нь нарийн тооцоолсны үндсэн дээр зээл олгодог. Харин иргэдийн олгож байгаа зээл ихэвчлэн итгэл, найдвар дээр үндэслэгддэг. Эрсдэл нэмэгдэх тусам хүүгийн хэмжээ нэмэгдэнэ. Иймээс иргэдээс олгох зээлийн гэрээний хүүгийн хэмжээ харьцангуй өндөр байгааг үгүйсгэх аргагүй. Долоо хоногийн хугацаанд 50 хувь болон түүнээс дээш хувийн хүүтэй мөнгө зээлүүлсэн тохиолдол ч гарч байсан. Мэдээж хэрэг тэнгэрт тулсан өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж, мөнгө хүүлэх шударга ёсонд нийцэхгүй. Иймээс эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа иргэний хуульд зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн ашиг сонирхолд илтэд хохиролтой гэдэг нь тогтоогдсон бол шүүх зээлийн хүүгийн хэмжээг багасгаж болохоор зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл мөнгө хүүлэх боломжийг иргэний хуулиар боломжийн түвшинд хязгаарласан байгаа. Харин мөнгө хүүлэх боломжийг хязгаарлах, эсхүл зээлдэгчийн эрхийг хамгаалах зорилгоор иргэд хоорондын зээлийн гэрээнд хүү тооцохыг хориглосон гэвэл их л үндэслэлгүй тайлбар болох байх. Энэ хууль хэрэгжиж эхэлбэл зээл олгох иргэдийн тоо эрс багасч, зах зээл дэх мөнгөний гүйлгээний эргэлт удааширна. Энэ хэрээр зээл авахыг хүсэгчдийн ашиг сонирхол хөндөгдөж эхлэх учиртай. Иймээс хуулийн үр нөлөө, үр дагаврыг шинжлэх ухаанч байдлаар тооцоолсон эсэхэд мэргэжлийн хүний хувьд эргэлзэж байгаа юм. Хуульчийн хувьд дээрх зохицуулалтыг гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдуулсан, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж байгаа. Уг нь эрх зүйн зохицуулалт байнга дэвшилттэй байх ёстой. Гэтэл иргэний хуулийн дээрх заалт нь эдийн засгийн үндсэн зарчмыг зөрчсөн эрх зүйн зохицуулалтын хувьд маш том ухралт боллоо.

Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулиудад энэ талаар ямар зохицуулалт байсан юм бэ. 1994 оны иргэний хуулиар иргэд хоорондын зээлийн гэрээнд хүү тооцохыг хориглож байсан гэсэн?

-Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бол манай улсын түүхэнд бий болгосон томоохон ололт, амжилтын нэг. Хувийн өмчийн халдашгүй байдал, гэрээний чөлөөт байдлын зарчмыг хамгаалахгүйгээр зах зээлийн тогтолцоо хөгжих боломжгүй. Ийм ч учраас 1994 оны Иргэний хуулиар зээлийн гэрээ хүүтэй байгуулахыг хориглосон зохицуулалтыг 2002 онд батлагдсан шинэчлэн найруулсан Иргэний хуулиар өөрчилсөн юм. Уг өөрчлөлтөөр зээлийн гэрээг хүүтэй, эсвэл хүүгүй байгуулж болохоор хуульчилсан. Энэ бол гэрээний эрх зүйд хийгдсэн чамлахааргүй дэвшлийн нэг. Ер нь иргэний хуулийн түүхэн зохицуулалтыг эргэн дурсахад 1952 оны иргэний хуулиар зээлийн гэрээгээр процент буюу хүү тооцох боломжтой байсан бол 1963 оныхоор иргэдээс зээл олгох явдлыг хуулиар хориглож байсан. Ингэхээр манай улсын хууль тогтоогчид аман дээрээ зах зээлийн эдийн засаг хэмээн ярьдаг боловч үнэндээ хуучин эдийн засгийн тогтолцоо руугаа шилжиж байна.

Мэдээж хэрэг энэ хууль үйлчилж эхэлбэл мөнгө зээлэх хүн олдохоо болих байх. Тэгэхээр иргэд банк болон санхүүгийн байгууллагаас чирэгдэл ихтэй зээл авч таарна. Нэг ёсондоо банк болон ББСБыг шууд утгаараа тэтгэх юм биш үү?

-Зээлийн гэрээг хүүтэй байгуулсан бол хууль зөрчсөн үндэслэлээр хүүгийн талаарх хэлцэл хүчин төгөлдөр бус болж зээлдүүлэгч хүү шаардах эрхээ алдах нь тодорхой. Тиймээс зээлийн гэрээ байгуулагдах явдал эрс багасах байх. Харин зээлийн гэрээний хүүг авах зорилгоор халхавчилсан гэрээнүүдийн төрөл, тоо хэмжээ олшрох нь гарцаагүй. Тухайлбал, би танд нэг сая төгрөг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлье л дээ. Энэ тохиолдолд хүүгээ нэмж тооцоолоод гэрээн дээрээ 1.1 сая төгрөг зээлсэн гээд биччихэж болно. Ингэж гэрээний дүнг тодорхойлох боломжтой. Зах зээлийн харилцаанд байх ёстой, зүй ёсны хэлцлийг хуулиар хориглочихвол иргэдийн энэ мэт үйлдлийг буруутгах ямар ч боломжгүй. Харин Иргэний хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь банкуудын ээлжит лобби байсан гэдгийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдах боломж хязгаарлагдаж байгаа болохоор зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг санхүүгийн супермаркет болох арилжааны банкуудад ашигтай. Үндсэндээ зах зээл дэх зээлийн харилцаанаас жирийн иргэдийг шахан зайлуулж, банкуудад өргөн хүрээний боломж олгож байгаа юм.

Тэгэхээр ирэх есдүгээр сарын 1-нээс танил, найз нөхдөөсөө хүүтэй мөнгө зээлж болохооргүй болох нь ээ?

-Энэ хуулийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуультай уялдуулан баталсан гэж ойлгож байгаа. Учир нь уг хуулийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан. Хачирхалтай нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль болон шинээр баталсан Зөрчлийн тухай хуульд мөнгө хүүлэх нь зөрчил эсхүл гэмт хэрэг болох талаар хуульчилсан зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн төсөлд мөнгө хүүлэх нь гэмт хэрэг байхаар тусгагдсан байсныг санаж байна. Үнэндээ Эрүүгийн хуулийг шинэчлэх нэрийн дор иргэний хуулийн чухал заалтыг хөндөж, улмаар банкуудад зах зээл дэх бялууг өрсөлдөгчгүйгээр зооглох боломжийг олгохоор байна.

Шинэ хуулиар хувь хүмүүс зээл өгөх эрхзүйн боломжтой юу. Тухайлбал, би хүнээс нэг сая төгрөг зээлэхдээ хүүгээ тооцож гэрээн дээрээ 1.1 сая төгрөг зээлсэн болъё. Сарын дараа мөнгөө өгч чадахгүйд хүрвэл зээлдэгч этгээд гэрээгээ үндэслэн шүүхээр шийдүүлэх боломжтой юу?

– Зээл олгож болно. Харин хүү тооцох эрхгүй. Нэгэнт хүү тооцох эрхгүй учир хүүгээ авахын тулд гэрээндээ 1.1 сая төгрөг гэж бичнэ. Хэрэв зээлдэгч нэг сая төгрөг зээлж авсан мөртлөө гэрээн дээрээ 1.1 сая төгрөг хэмээн бичсэн нь халхавчилсан хэлцэл болохыг нотлох хэрэгтэй. Ингэж чадвал нэг сая төгрөг л төлнө. Нотолж чадахгүй бол 1.1 сая төгрөгөө төлнө. Гэхдээ зах зээлийн жамаараа явж байгаа зээлийн гэрээний хүүгийн талаарх зохицуулалтыг ямар шалтгааны улмаас өөрчлөх болсныг сайн ойлгохгүй л байна. Энэ бүхний цаана гэрээний чөлөөт байдлын зарчим, гэрээний үүрэг заавал биелэгддэг байх шинж үнэгүйдэж байгаа юм. Нэг ёсондоо зах зээлийн эдийн засгийн бүхий л харилцаанд төрийн зохицуулалт хүчтэй нөлөөлөх боллоо.

Одоо иргэд хоорондоо тодорхой хэмжээний хүүтэй мөнгө зээлдэг. Зарим нь сар бүр хүүгээ төлөөд явж байгаа. Гэтэл шинэ хуулиар хүү авахыг хориглоно гээд зохицуулчихаар хүүгээ өгөхөө болих эрсдэл бий юу?

-Зээлийн хүү гэлтгүй зээлсэн мөнгөө хүртэл ямар нэг аргаар өгөхгүй байх оролдлого иргэдийн хувьд маш түгээмэл байдаг. Тэгэхээр энэ мэт гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлдэггүй иргэд хууль батлагдсан нэрийдлээр зээлийн хүү төлөхөөс хойш суухыг үгүйсгэхгүй. Энэ хууль албан ёсоор хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр иргэд хүү авах эрхээ алдана. Харин тэр хүртэлх хугацаанд зээлийн гэрээний хүүгээ авах эрхтэй.

Ер нь мөнгө зээлдүүлээд хүүгээр нь амьдардаг хүмүүс зөндөө бий. Зарим нь олон жилийн турш хүүгээ авч явсаар байгаад үндсэн мөнгөнөөсөө давуулсан байдаг. Ийм тохиолдолд маргаан гарах нь элбэг. Одоо харин шинээр баталсан хуулийн сураг сонсоод мөнгөө өгөхгүйгээр иргэдийг хохироох тохиолдол гарвал яах вэ?

-Би өмнө нь хэлсэн. Зээл бол өөрөө бизнесийн нэг хэлбэр, ашиг орлого олох зүй ёсны арга. Зээл олгож байгаа иргэд хэнийг ч зээл авахыг хүчилж албаддаггүй. Бүх асуудлыг зээлдэгч, зээлдүүлэгч иргэд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэдэг. Хэрэв зээлийн гэрээнд хууль бус, шударга бус нөхцөл тусгасан бол шүүхийн байгууллага асуудлыг шийдвэрлэдэг. Хууль тогтоогчид нийгмийн амьдрал руу өндийгөөд нэг харвал бусдад зээл олгосон иргэд зээлээ буцаан авч чадахгүй хэцүү байдалд байна. Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны тоон судалгаа болон шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын дүн мэдээгээр дээрх нөхцөл байдлыг маш тодорхой харж болно. Эцэстээ “мөнгө зээлүүлсэн бол хаясанд тооц, зээлсэн бол олсонд тооц” гэсэн хэлц үг гараад амжиж. Зээлийн харилцаанд асуудал ийм хүндрэлтэй байхад дээрх хууль батлагдаж байгаа учир гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх иргэдийн хандлага улам бүр нэмэгдэнэ. Бусдаас мөнгө зээлсэн иргэдийн эрхийг хамгаалж байгаа нь гээд зээлдүүлсэн иргэдийн эрхийг золиосонд гаргаж болохгүй. Зүй нь уг асуудлыг гэрээний чөлөөт байдлын зарчмаар шийдвэрлэвэл зохистой.

Categories
мэдээ цаг-үе

Ангийн даргын засаглал, ард түмний гавьяаттай нэг ангийнхан

Хуучнаар ажилчны районы гэгддэг Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийг тэртээ наян хоёр онд төгссөн нэг ангийнхны дурсамж дурдатгал, инээд наргиан, баяр хөөрийг хуваалцлаа. Дондовын Алтанцэцэг багштай арвын “Г”-гийнхэн сургуулийнхаа тавин жилийн ойн дурсамж уулзалтад сэтгэл догдлон иржээ. Аравдугаар ангийг дөчин нэгүүлээ бужигнан төгссөн бол эл удаагийн уулзалтад арван гурван “охид хөвгүүд” хүрэлцэн ирсэн байна. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн гурван ч “сурагч” ирж амжилгүй утсаар холбогдоод, зүрх сэтгэлээрээ хэдийнэ ангийнхаа нөхөдтэй уулзан учирч, хөөр баярыг нь хуваалцаж байна уу гэмээр. “За одоо та хэд ямар наргиантай зүйл хуучилж байна, хэн хэн нэмэгдэж ирэв” гээд л завсар чөлөөгүй утасдаж байлаа.

Гучин дөрөвдүгээр сургуулиас олон алдар суутан төрсөн түүхтэй. Учир нь жаран зургаан онд Ажилчны районы гэх тодотголтой гурав, дөрвөн хорооны 600 гаруй хүүхэд энэ сургуульд шигшигдэн ирсэн юм. Тус ангийн 29 хүүхэд ч энэ үеэр ангийнхантайгаа учрах ерөөл бүрджээ. Үндсэндээ найман ангиас шилжин ирсэн хүүхдүүд түүхийн багш Х.Бямбасүрэнгээр удирдуулан нэг хамт олон болсон түүх ийм. Математикийн нэртэй багш нарын нэг Б.Эрдэнэ хэмээх буянтан дунд ангийн дэггүй сурагчдыг ухаалгаар удирдан чиглүүлснийг тэд бахдан өгүүлж байлаа.

Дунд сургуулиа дүүргээд л маргааш нь 19 хөвгүүний 12 нь эр цэргийн албанд мордож байсан гэдэг. Бусад хөвгүүдийн гурав нь цэргийн сургуульд, хоёр нь гадаадад, нэг нь дотоодынхоо сургуульд элсэн суралцжээ. Тэртээ наян хоёр онд 34 дүгээр сургуулийг төгссөн сурагчдын ажил үйлс, алдар замнал нь тэгш дүүрэн явна. Хоёр Ерөнхийлөгчөөс Алтан гадас хүртсэн хошой одонтон ч бий ажээ. Тэрхүү бахархал болсон эрхэм бол Доржсүрэнгийн Цэдэнгомбо юм. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой, ард түмний гавьяат тэрээр ангийнхныхаа зургийг дарж, дурсамж бүтээдэг гэрэл зурагчин ажээ. Мөн Д.Хашгэрэл, Ё.Сувдаа, Г.Ганхуяг нар Алтан гадас одонгоор энгээрээ мялааж, нөхдөө баярлуулад байна. Анги удирдсан Алтаа багштайгаа нийлээд төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор таван хүн шагнуулаад байна.

Уг ангийн нөхөд дунд удам дамжсан нисэх хүчний ажилтан цөөнгүй. Ангийн хамгийн сайхан дуулдаг “Алтан гургалдай” Ё.Сувдаа 28 жил онгоцны үйлчлэгчээр ажилласан ажээ. Тэрээр агаарт хүүхэд эх барьж авсан гавьяатай “Хүйн ээж” юм. Монгол Улсад нисэх хүчин байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоор аавынхаа тухай “Бүргэд бүргэдээрээ үлддэг” ном бичиж ангийнхандаа дурсгасан байна. Түүний аав Ёндон Монголын урдаа барьдаг нисгэгч, сургагч багш байсан төдийгүй бэлтгэсэн шавь нар нь бүгд л гавьяат болжээ.

Ангийн хамгийн намхан “жоохноо” хочтой Р.Гантуяа ч мөн удам дамжсан нисэх хүчний ажилтан. “Орос дуу, гитар, Гантуяа гурав нийлэхээрээ ёстой явж өгнө дөө” хэмээн ангийнхан нь цаашлуулж, “Оросын уран сайханч шүү дээ” гэв. Ангийнхаа хөдөлмөрийн аваргаар гурван жил дараалан шалгарсан, ажилсаг нямбай нэгэн бол Ж.Цогтдорж юм. Насаараа зэвсэгт хүчинд алба хааж буй тэрбээр нэрийг нь дуудах төдийд л “Би” гээд команд авсан юм шиг зогсож ангийнхнаа инээлгэнэ. Эл эрхмийн энгэрт НҮБ-ын энхийг сахиулахын одон медалиуд, цэргийн гавьяаны одон зэрэг гялалзан харагдана.

Цаг агаарын нөхцөл байдлаас болж уулзалтад ирж чадаагүй хүүхдүүдийн нэг нь Төв аймгийн Заамар сумын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Р.Ариунболд. Цэргийн гавьяаны одон, Цагдаагийн алдар зэрэг олон хүндэт медалиудтай.

Ангийн атаман нь Д.Ганхуяг бөгөөд оросоор ус цаг шиг ярьдаг, бүх хичээлдээ сайн түүнийг “Ломоносов” хэмээн хочилдог. Толгой сайтай хэдий ч зөрүүд, хүний үг даадаггүй хэмээн ангийн даргын тэмдэглэл дээр бичээстэй байна лээ. Шатар тоглох дуртай тэрээр шатрын спортын мастер болоод удаагүй байгаа аж. Арван жилд газар зүйн багш “Зааны ясан эргийг оросоор юу гэж нэрлэдэг”-ийг асуухад ганцаараа зөв хариулж ангийнхнаа гайхшируулж байсан сүрхий толгойтой нэгэн.

“Г”-гийн охид сургуулийн сагсан бөмбөгийн одууд байв. Д.Чулуунцэцэг, Ц.Оюунчимэг, Д.Бадамцэцэг, Д.Байгалмаа Д.Хашгэрэл, Т.Отгонтуяа нар сагс сайн тоглоно. Үүнээс Д.Чулуунцэцэг, ангийн хамгийн өндөр Д.Байгалмаа, Ц.Оюунчимэг нар сургуулийн сагсны шигшээ багт тоглодог байж. Оюунчимэгийн маань шидсэн бүхэн нь ордог, адтай одтой довтлогч байлаа шүү дээ” гэж тэд хуучилна. Ангийн хөвгүүдээс бүх спортод чамгүй сайн нь Б.Жаранжин гэнэ.

Хүүхэд ахуй цагаасаа насан идэр хүртлээ хамт байж, нэгэндээ ижил дасал болсон энэ ангиас дөрвөн хос төржээ. А.Шархүү-Ц.Оюунчимэг, Л.Энхболд-С.Эрдэнэ-Оюун, Д.Ганхуяг-Д.Чулуунцэцэг, Х.Батчулуун-О.Баярсайхан нар ханилан суусан бөгөөд бүгд л өнөр олуулаа болжээ. Сургуульд байхын олуулаа бужигнаж өссөн болоод ч тэр үү ангийн охидоос олон хүүхэд төрүүлж өсгөсөн “Алдарт эх” олон байдаг юм байна. Ш.Гэрэлцэцэг, До.Цэцэгмаа, Ц.Оюунчимэг, Б.Сэлэнгэ, Д.Бадамцэцэг, Да.Цэцэгмаа, Н.Хандаа, С.Нямсүрэн нар Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой.

Анги, хамт олны зугаалгаар С.Эрдэнэ-Оюун ихэвчлэн тогоо барьдаг төдийгүй хоол цайных нь амт гэж ванлий гэнэ. Ангийн хамгийн ухаалаг охидын нэг нь Н.Хандаа. Тэрээр долдугаар ангид шилжиж ирсэн өдрөө л зургаан цагийн хичээлд бүгдэд нь онц асуугдаж ангийнхнаа алмайруулж байсан гэдэг. Мөн тэр өдөр охидын зөвлөлийн хурал болоход “Охид, хөвгүүдээ үймүүлэхэд нь битгий даган баясч тэднийг хөгжөө. Улам онгирно шүү дээ. Хараад байхад цагаан цайлган сэтгэлтэй хүүхдүүд байна лээ. Ийм хүүхдүүд хүний үг авдаг юм. Бид ухаантай байж хөвгүүдээ хүмүүжүүлнэ” гэж хэлээд ангийн охидоо шүүмжилж байсан гэдэг.

Ангийн үймээний эзэн нь Гантөмөр. Бага ангид байхын охид хөвгүүдгүй бүгдээрээ нийлж тоглодог, сахилгагүй ангийнхан байж. Ангийн охид, хөвгүүд нийлээд “тэмээлцэж” тоглох дуртай. Модон морин дээр харайж байгаа юм шиг бие биенийхээ нуруун дээгүүр харайж, үсэрч, нэгнийгээ унаж тоглохыг “тэмээлцэх” гэнэ. “Ангийн охидоо яаж гэмтээчихээгүй юм бэ, их л ширүүн тоглодог байсан сан, манай охид ч бие хаа өвдлөө гэхгүй тоглоом сайн даадаг байж дээ” гэж хөвгүүд нь дурсах. Тэд хичээл тарангуут л голын эрэг орж ангиараа хөлбөмбөг тоглодог байж. Охид, хөвгүүдгүй хөлбөмбөг тоглодгийг нь бусад ангийнхан мөн ч их гайхдаг байсан аж. Тэднийг сурагч ахуй цагт ажлын зургаан хоногтой байсан бөгөөд хагас сайн өдөр хичээл тарав уу үгүй юу охид хөвгүүдгүй ууланд гарч нууцаар самар түүдэг байжээ.

Хөвгүүд нь охидынхоо нүүрс түлээг нь бэлдэж өгдөг, нэгнийхээ гэрийн ажилд тусалдаг, хамтын хүчээр л ажлын ард гардаг атгасан гар шиг эвтэй нэг ангийнхан гэвэл тэднийг л хэлнэ. Ангийн дарга нь ажил хэргийг тохоон томилж, дааж авсан үүрэг даалгавраа ангийнхан нь дуулгавартай нь аргагүй биелүүлдэг байна. Арвын “Г” ангийн дарга нь П.Болд буюу “Ягаанаа”. Ангийн даргад сурагч бүрийн тухай тэмдэглэл, тэдэнд зориулсан шүлэг, ангийнхны хэнд нь ч байхгүй зургууд хадгалаастай. “Наад хүн чинь амьд түүх болсон нөхөр дөө” гэж ангийн найзууд нь бахархана. “Олон ангиас ирсэн хүүхдүүд мөртлөө их л нийтэч, хүний үг сайн даадаг хамт олон шүү” хэмээн ангийн дарга Ягаанаа найзуудыгаа магтах дуртай. Төгсөөд 34 жил хэдийнэ өнгөрсөн ч нэгнийгээ гэсэн сэтгэл нь хэвээр, тусламж хэрэгтэй нэгэндээ хэзээд ойр. Сургуульд байхын гэр гэрээрээ орон, ажил төрөлд нь тусалдаг байсан нь янзаараа. Тэд одоо ч ойр ойрхон уулздаг. Ягаанаа дарга ангийнхандаа гэнэтийн бэлэг барих дуртай. Шүлэг бичих дуртай төдийгүй ангийнхаа нэлээд хэдэн хүүхдэд зориулж бичсэн шүлгээ багын зурагтай нь хамт жаазлан бэлэглэжээ. Одоо ч мөн хоёр хүүхдэд бэлэг бэлдээд байгаа гэнэ. Тэдний уулзалтад очсон минь ч ангийн даргын гэнэтийн бэлэг. Энэ удаагийн дурсамж уулзалтаар Ягаанаа дарга сургуульдаа зориулсан шүлгээ жаазлан сургуулийн удирдлагад дурсгажээ. ”Өөрсдөд минь ч байхгүй ховор нандин зураг Ягаанаад л бий шүү дээ“ гэж нөхөд нь элгэмсүү зөөлөн сэтгэлээр магтацгааж байна лээ. Харин Ягаанаа дарга “Тэр зурагнуудыг чинь Цэдэнгомбоос гуйж нэг, загнаж нэг, хулгайлж нэг авна шүү дээ” хэмээн хөгжөөсөн.

Ахлах ангийн сурагч ахуй насандаа хайрын захидал их л нисгэдэг байж. Н.Оюунцэцэгт дээд ангийн хөвгүүнээс захиа ирснийг П.Болд, Б.Алтансүх нар замаас нь авч хуулаад, өөр охидод өгч байсан удаатай. Дурлалдаа умбасан хүүхдүүд захиагаа дамжуулах гэж завсарлагаан болгоноор гарч гүйгээд л хичээлдээ тогтож ядан сууна. Хөлд нь хий орсон хүүхдүүд багш нарын нүдэнд хэдэнтээ өртөж, захиагаа хураалгаж байсан “гашуун” түүх цөөнгүй.

Тэдний ангид сонин хачин хоч нэрүүд их. Галбадрахыг Жунгаан саарал, майга саарал, Д.Гантөмөрийг араг яс, П.Төмөрбаатарыг нахиу, А.Шархүүг бух, Баатарсүрэнг өндөг, Оюунцэцэгийг данжаад буюу дааяа, Б.Алтансүхийг сахал, Г.Ганхуягийг ёонкоо гэж хочилдог байв. “Өндөг” Баатарсүрэн л ангийнхандаа хоч нэр их зүүнэ. Мөн Галбадрахын паян их. Нэгэн удаа ангийнхан зугаалганд явахаар ярилцаж байгаад Б.Эрдэнэ багшийгаа уурлуулахад багш нь “Нохой долоож үх” гээд хэлчихэж л дээ. Тэгэхэд Галбадрах “Багш аа, муур долоовол яасан юм” гэж хэлээд ангиар дүүрэн инээдэм болж байсан юмсанж. Мөн нэг удаа Галбадрах хичээл таслах нь тэр. Маргааш хичээлдээ ирэхэд нь Б.Эрдэнэ багш “Чи яагаад хичээл таслав” гэхэд “Багш аа, миний зүрхээр хатгуулаад” гэж шалтагласан юм байх. “Чиний зүрх хаанаа байдаг юм” гэж багшийг асуухад “энд” гээд буруу талдаа зааж хөглөж байжээ. Ангийнхны гэр сургуулиасаа нэлээн зайтай. Хөвгүүд өвөлдөө сургууль руугаа тэшүүрээр явна. Уралдаж тоглох нь ч их. Хөвгүүд тэшүүрээр уралдахад Галбадрах гүйцэгдэх дөхөөд ирэхээрээ ардаа яваа нэгэн рүүгээ үнс цацаж “хорлодог” дүрсгүй хүүхэд байсан гэдэг.

Арвын “Г” анги нэг давхарт байна. Хичээлийг нь давтуулах санаатай багш нь цоожлоод явчихдаг байж л дээ. Харин хичээл давтах ёстой “нөхдүүд” шалан доорх дулааны шугамаар дамжин нэгнийгээ дэлгүүр гаргаад, ангиараа булагнаж өгнө шүү дээ. Шалгалтан дээр овоо хуулдаг байсан тухайгаа ч тэд дурсаж байлаа. Үзэгний толгойд шалгалтын хариуг хийгээд ширээн доогуур унагаагаад хуулж ч байж, хуулуулж ч байж.

Өнгөрсөн жил Ё.Сувдаа ангийн дарга руугаа их л баяртайгаар утас цохижээ. Болсон явдлыг сонирхоход арван жилийн ширээний анд Ж.Цогтдоржтойгоо 33 жилийн дараа хичээлд хамт суусан нь тэр гэнэ. Хоёул Зэвсэгт хүчний 303 дугаар ангид алба хаадаг бөгөөд сургалтын үеэр ийнхүү тааран номын дуу сонсжээ.

Ангийн дарга П.Болд өдгөө сургуульдаа хөлбөмбөгийн дугуйлан хичээллүүлдэг. Дөрөвдүгээр цахилгаан станцад засварчин хийдэг бөгөөд багаасаа л хөлбөмбөгт хорхойтой нэгэн байв. Спортын мастер тэрээр арван жилээ хөлбөмбөгийн II зэрэгтэй төгсөж, “Эрчим” багийн анхны гишүүдийн нэг болжээ. Одоо ч багтаа тоглосон хэвээр. Дөрөвдүгээр Цахилгаан станцын тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер М.Амарбаясгалан, С.Отгонбаяр зэрэг найзтайгаа “Шинэ Яармаг хүүхдийн хөлбөмбөгийн клуб”-ыг 2009 онд байгуулж, хөлбөмбөгийн спортыг хүүхдүүдэд сурталчилж яваа. Тэд “Эрчим” клубын анхны тамирчид бөгөөд спортын мастерууд. Тэдний хөлбөмбөгийн төлөө хийсэн бүтээсэн нь дундаршгүй. Тухайлбал, П.Болд хөлбөмбөгийн эвхэгддэг хаалга бүтээн, дээрх найзууд нь ивээн тэтгэж Яармагийн сургуулиудыг хөлбөмбөгийн хаалгатай болгосон байна. Мөн 50 шахам сургуулийг ийм хаалгатай болгожээ

Ангийн даргын хуучилсан нэг сонирхолтой яриаг энд хүүрнэе. Тэрээр цагаан сараар хөлбөмбөгийн мастер, “Шинэ яармаг хүүхдийн хөлбөмбөгийн клуб”-ын дасгалжуулагч асан “Багараа” хочит Нэргүйгийнхээр орж л дээ. Тэгэхэд Шведээс чамд бэлэг ирсэн гээд түүнд бэлэг гардуулах нь тэр. Юун бэлэг билээ гээд гайхахад “Чи олон жилийн өмнө голын уснаас хүүхэд аварч байсан даа” гэв. Тэгж хэлэхэд нь 1995 оны долдугаар сарын 12-нд усанд живж буй бяцхан охиныг аварч байснаа санаж. Түүний аварсан охин өдгөө хоёр хүүхдийн ээж болон Шведэд амьдардаг бөгөөд амь аварсан ачтандаа сэтгэлийн бэлгээ явуулсан нь тэр байжээ.

Сургуулийн 50 жилийн ойд зориулсан “Бид 34-ийнхөн” тоглолт дөрөвдүгээр сарын 16-нд болох юм байна. “Энэ тоглолтыг л маш сайхан хийж төгсөгч нартаа бэлэг барина даа” хэмээн сургуулийн захирал Р.Өлзийхишиг хэлж байлаа. Сургуулийн захиргаанаас ойн баярыг угтан олимпиад, уралдаан, тэмцээн олныг зохион байгуулж байгаа төдийгүй түүхэн ном, кино бүтээхээр ажиллаж байгаа аж.

Ө.МАНЛАЙ

Э.ОТГОНТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Б.Наранзун: Урлаг эдийн засгийг сурталчлах хэрэгсэл болчихоод байгаа юм

Бадрууганы Наранзун. Энэ эрхэм өдгөө “Шунхлай” группийн удирдлагын багт ажилладаг. Дэд ерөнхийлөгч бөгөөд олон нийттэй харилцах газрын захирал хэмээх албан тушаалтай. Ая зохиогч хэмээх даруухан тодотголтой явдаг тэрбээр “Single Ladies-2″ киноны “Зогсохгүй” хэмээх дууны үг, аяыг хийснийг бодоход ажлаасаа хааяа ч болов хөндийрч, дуу хууртаа цаг зав гаргаж яваа бололтой. “Зогсохгүй” дууг “Sweety­motion” хамтлаг дуулсныг манай уншигчид санаж байгаа буй за. Түүнтэй ярилцлаа.

-Та урлаг судлаач мэргэжилтэй хүн. Энэ мэргэжлээрээ ажиллах боломж гарсан уу?

-Урлаг судлаачаар удаан ажиллаагүй. Баруун Монголын хөгжмийн зэмсгийн тухай жаахан сонирхож байгаад, улс орон зах зээлд шилжихэд шинжлэх ухаанд хөрөнгө мөнгө тавигдахгүй болоод замхарсан. Өнөөдөр Монголд хамгийн унасан салбар шинжлэх ухаан болчихоод байна. Урлаг гэдгийг хүмүүс тоглолт, зугаа цэнгэл, хөгжөөн баясгах талаас нь хардаг. Урлаг өөрөө шинжлэх ухааны том салбар хэсэг шүү дээ. Тухайн үндэстний өнгө төрх, түүх уламжлал соёлыг тээдэг зүйл. Урлагийг хөгжмийн зэмсэг, дэг жаяг, арга барилаар нь хөөгөөд үзвэл тухайн үндэстний түүх, соёл уламжлалыг агуулдаг учраас судлах учиртай. Манай өвөө Ж.Бадраа 1980-аад онд Улсын циркт Монголын бүх ард түмний урлагийн наадам гэдгийг зохион байгуулснаас хойш язгуур урлаг сонирхох хүрээ өргөн болсон л доо. 1993 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн дэргэд манай өвөө Жамцын Бадраа, Солийн Цоодол, Төмөрбаатар гээд манай факультетийн захирал нар Ардын урлаг судлалын танхим байгуулсан. Энэ маань урлаг судлалыг үргэлжлүүлэх суурийг тавьсан юм. Үүгээр дамжсан, энэ чиглэлээр ажиллаж байгаа боловсон хүчнүүд байна л даа.

-Зах зээлд хөл тавьж байхад урлаг соёлд анхаарах хэцүү байсан болов уу. Харин одоо эргээд соёл урлаг, үндэс язгуур руугаа эргэж харж, анхаардаг цаг ирсэн шиг байна. Танд урлаг судлаачаар ажиллах бодол төрдөг үү?

-Ер нь язгуур урлагаа судлах шаардлага байгаа л даа. Ялангуяа ЮНЕСКО гэдэг байгууллагад соёлын биет болон биет бус өвийг бүртгүүлэх марафон сүүлийн арван жилд хүчтэй явлаа. Тухайн урлагийг ямар нэг үндэстэнд хамааруулах гэдэг буруу юм. Урлаг гэдэг улс орны хил хязгаарт баригддаг зүйл биш. Тэгтэл ЮНЕСКО нь Хятадын соёл гээд Хятад руу оруулаад Монголын соёл гээд Монголд хамаатуулаад байдаг. Тэр битгий хэл Хятад, Вьетнамын хил дээр үүнээс болж бараг л дайн болохоо дөхсөн шүү дээ. Тэнд байсан соёлын биет өв болсон сүм түүхээрээ бол Вьетнамынх гэдэг ч Хятадын газар нутаг дээр байдаг. Тэгэхээр ингэж хөөцөлдсөнөөр Монголын уртын дуу гэхээр Өмнөд Монголд бас уртын дуу байдаг. Өмнөд Монголын уртын дуу гэхээр Хятадын соёл болчихдог. Хөөмий гээд нэг хэсэг шуугиулсан. Хятад манай хөөмийг авах гээд байгаа юм шиг улстөржүүлээд сүүлдээ улс хоорондын дипломат харилцаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч, зохицуулах ажлыг хийж явлаа. Урлаг соёлоо сайтар судалснаар иймэрхүү асуудал гарч ирэхэд баримт нотолгоотой болно. Сүүлийн үед монгол гэр, монгол наадам бүгдийг нь бүртгүүллээ. ЮНЕСКО-д бүртгүүлснээр соёлын өвөө хамгаалчихдаг юм биш. Соёлын өвөө өөрсдөө эзэмшиж судалж, хөгжүүлэн авч үлдэх нь чухал болохоос биш аль нэг байгууллагад бүртгүүлснээр алдчихаж байгаа ч юм биш, авчихаж байгаа ч юм биш.

-Санамсаргүй юм гэж байдаггүй. Өвөө тань таныг урлаг судлаачийн замд хөтөлжээ. Өөрөө болохоор орчин үеийн урлагтай холбоотой хүн. Ийм өгөгдөлтэй хүнд магадгүй хийх ажил, гүйцэтгэх үүрэг өнөөдрийн нийгэмд байгаа нь лав. Тийм мэдрэмж танд төрдөг үү. Монголын урлаг дэлхийд шинэ сонсогдож байна гэж урлагийнхан ярьдаг?

-Аливаа нэг урлагийн төрлийг сонирхож сурах эрмэлзэл хүн болгонд л бий. Морин хуур тоглоод сурчихъя, ардын дуу дуулчихъя гэдэг. Шинжлэх ухаан талаас нь хариуцлага сонирхлыг л би яриад байгаа юм. Түүнээс биш өгөгдөл ч юм уу хэний хүүхэд байх нь падгүй.

-Урлаг судлаач болох нь таны мөрөөдөл биш үү, ямар чиглэлийг түлхүү сонирхож байв?

-Би нийгмийн ухаан, нийгмийн харилцааны чиглэлд илүү сонирхолтой. Нийгмийн харилцаа чухал зүйл. Аливаа нийгмийн үндсэн суурь гурван ойлголт бий. Хууль эрх зүй, эдийн засаг, харилцаа гэж. Харилцаан дотор соёл, бүх юм багтана. Нийгмийн харилцаанаас цаашдаа нийгмийн явах зүг чиг хандлага тогтдог. Амьдралын хэв маяг ч харилцаанаас бий болдог. Судлаач байна гэдэг маш их золиос шаарддаг. Өөрийгөө, гэр бүлээ аваад явах хэмжээний үр өгөөж өгдөггүй. Ховдод нэг туульчийг судалъя гэхэд нэг өдөр очиж уулзчихаад ирэх асуудал биш. Хэдэн сараар ажиллах хэрэгтэй болно. Би бол Ховдын Булганд гурван сар амьдарсан.

-Тэгээд энэ ажил таны сонирхлыг татсан уу?

-Татсан л даа. Судлахын тулд өөрөө бараг торгууд хүн шиг болж, дотор нь орж байж ойлгох ёстой юм билээ. Хүнээс хэдэн юм асууж бичээд ирэх биш. Өөрөө энэ сэдвээрээ өвчлөх хэрэгтэй.

-Та бараг л нийслэл хүү маягтай очсон байх?

-Ер нь бараг тэгсэн л дээ. Би орос сургууль төгссөн. Хөдөө орон нутгаар урт хугацаагаар явж үзээгүй. Хотын орчинд төрж өссөн болохоороо морь малаас хөндий. Хилийн наана торгууд айлд байсан.

-Нутгийн аялгыг ойлгоход хэцүү байсан уу?

-Сүүлдээ ойлгодог болж байгаа юм чинь. Судалгааны ажилд цаг, мөнгө хэрэгтэй. Анхнаасаа соёл урлаг судлалыг төрөлжүүлж санхүүжүүлэхгүй бол өнөөдөр төр засгаас урлагийн ажилтны цалин, барилгын халаалтад байгаа мөнгөө зарцуулаад илүү гарахгүй байна. Уг нь төрийн үүрэг бол соёлын өвөө хадгалж хамгаалах, сурталчлахад илүү мөнгө хаях ёстой. Урлаг өөрөө бие даагаад явчих боломжтой. Жишээлбэл Д.Болд, С.Жавхланг хар. Дуулдаг хүн хурим найрт дуулаад хэдэн төгрөгтэй гарч байхад судлаач яах юм бэ. Ямар судалгаанаасаа уншиж өгөх юм уу.

-Таны судалж байсан товшуур хөгжим одоо өвлөгдөж үлдсэн үү гэдэг сонин байна?

-Хөгжих хэрэгтэй л дээ. Язгуур урлагаа гүйцэд судалж, мөн чанарыг нь ойлгоогүй байхдаа хэлбэрийг нь өөрчлөөд, язгуур урлагийн холимог хамтлаг этник гэж ярьдаг юмнууд их гарч ирж байна. Тэрийг язгуур гэж андуурах вий гэдэгт би санаа зовдог.

Дундад Азийн бөмбөр энэ тэр гээд сайн судлаагүй хөгжмийн зэмсгүүдийг авчирч хольсноор ирээдүйд язгуураа мартах, будилуулах юм үүсэх вий.

-Та дэлхийд сонсогдохоор аялгуу бичье гэж үзсэн үү?

-Би хэзээ ч мундаг хит дуу хийе, дэлхийд танигдъя гэж бодоогүй. Өөрийгөө төгс илэрхийлж чадсан хүний бүтээл түгдэг. Түүнээс биш дэлхийд алдартай болно гэж урлаг руу анхнаасаа хөл тавьдаггүй байх. Оросын Виктор Цой гээд дуучин халуун усны газар галч хийж байгаад зүгээр л өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх гэж дуулснаар Орос даяар алдартай том од болтлоо явсан.

Өнөөдөр урлагийн салбар асар их стандартчлагдаж байна. Онолын хувьд, дуугаралтын хувьд ийм тийм байх ёстой гэнэ. Маш их мөнгө хаяж байж дэлхийн зах зээл рүү гардаг. Хуучин бол авьяасаараа гарчихдаг байсан бол одоо өөр. Ерээд оны бидний танил “Энигма” гэдэг хамтлаг гэхэд л судлаач нар төсөл хийгээд түүндээ этник олон үндэстний язгуур урлагийг хольж хийсэн төсөл нь амжилттай явсаар, алдартай болсон. Одоо бол зах зээлд гарах эрхийг өчнөөн сая доллараар худалдаж авч, түгээлт хийж байж тэр зах зээл рүү орохоос биш цэвэр авьяасаараа гарахад хэцүү. “Ганнам стайл”-ыг Солонгосын Засгийн газраас санхүүжүүлээд, хөрөнгө оруулагчид бий болгоод, Америкийн зах зээл рүү гаргахаар You Tube-д мөнгө төлж байж бий болсон. Түүнээс биш тиймэрхүү хэмжээний дуу зохиосон уран бүтээлч дэлхийд зөндөө бий.

-Урлагт ч бас их гүрнүүдийн бодлого явж байна гэсэн үг үү?

-Ер нь бол урлаг эдийн засгийг сурталчлах бас нэг хэрэгсэл болчихоод байгаа юм. Солонгосын эдийн засгийг сурталчлахын тулд дуу хөгжим, хувцас загвараа хөгжүүлээд, одод нь солонгос машинаа унана, хоол ундаа иднэ, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас хунараа сурталчилна. Өөрсдийгөө сурталчлах компаниудын сонирхол нь урлагаа бас хөгжүүлж байгаа юм.

Манайд үйлдвэрлэл байхгүй учраас зөвхөн Монголынхоо аялал жуулчлал, уламжлалаа сурталчлах хэрэгцээ байна шүү дээ. Дотооддоо өчнөөн хамтлаг дуучид үзээд байдаг ч зах зээл жижигхэн учраас хөгжихгүй байгаа юм. Гол шалтгаан нь зах зээл байхгүй. Урлаг хөгжихийн тулд эдийн засгийн хөшүүрэгтэй байх учиртай. Эдийн засгийн хөшүүргийг үйлдвэрлэгч нар өгөх ёстой юм.

-Та БСШУЯ-ны Соёлын газрын дарга байхдаа Соёлын яам байх хэрэгтэй гэж удаа дараа санал гаргасан. Соёлын яам гэдэг өнгөрсөн түүхээс харвал заримдаа байж болдог, байхгүй ч байж болдог юм шиг явж ирлээ. Үнэхээр соёлын бодлогын хэрэгцээ байгаа юу?

-Соёл гэдэг бол үндэстэн уламжлал болон язгуур шинж чанараа хадгалах, тухайн үндэстэн өөрийгөө сурталчлах, өөрийн өнгө төрх, амин чанарыг хадгалах, монгол хүний өөрийн гэсэн онцлогийг хадгалж явахад чухал үүрэгтэй. Монгол хүний хөгжил, зан төлөвийг ч тодорхойлдог зүйл. Соёлын бодлого гэдэг угаасаа байсан, цаашдаа ч байх ёстой юм. Соёлын бодлого гэдгийг тухайн цаг үетэй нь уялдуулж хөгжүүлэх, чиглэлийг тодорхойлж судалж байх учиртай институт Соёлын яам болохоос биш цалин тавьдаг, концерт шоу санхүүжүүлдэг газар уг нь биш юм. Аливаа улс орнуудын Соёлын яам өөр өөрийн нөхцөлөөсөө шалтгаалаад, янз янзын бодлого хэрэгжүүлж байгаа юм. Бид болохоор Солонгос тэгдэг юм байна гээд хуулах гэдэг. Оросынх хүчтэй, Хятад бол маш их мөнгө хаяж байна гэдэг. Улсын үндсэн чиглэл, зорилго бүх юм уялдаж байгаа юм. Монгол Улсын хөгжилд соёлын ямар чиглэл уялдаж байгаа юм бэ гэдэг чухал. Нэг талдаа эдийн засгийн нөхцөл хөшүүрэг, төрийн тогтвортой бус байдлаас болоод хөрөнгө оруулалт цагтаа орохгүй байгаагаас хүмүүс соёлын бодлого хэрэгтэй юм уу үгүй юу гэж эргэлзэхэд хүрсэн юм. Соёл руугаа хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай. Соёлоо мөхөөчихвөл монгол хүн монголоороо үлдэхэд хэцүү.

-Таныг алдарт Батаарыг таних ажлын хэсэгт орж явахдаа үлэг гүрвэлийн наймаачин Эрик Прокопи гэж нөхрийн зургийг дарж, түүгээр нь дамжуулж манай мөрдөгчид энэ этгээдийг Монголын нутагт ирснийг баталсан гэсэн. Та яаж тэгж мөрдөгч шиг ажилласан юм бэ?

-Тухайн үед би Соёлын газрын дарга байлаа. Уг нь шинжлэх ухааны салбарынхны хөөцөлдөх ажил ч хамааралтай хүмүүс нь эзгүй байж таараад намайг тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ ажилд томилоод, ажлын хэсэгт оруулчихсан юм. Палеонтологич Х.Цогтбаатар, П.Цагаан гуай бид хэд Америкт очиж, Батаарыг Монголоос гаралтай гэдгийг таних ёстой байсан. Түрийвчээ хулгайд алдчихвал “Энэ миний түрийвч мөн” гээд таних ёстой. Тийм ажлаар явсан байхгүй юу. Батаарыг дуудлага худалдаанд оруулах гээд тухайн үедээ сенсаац болж байсан үе. Баримтжуулж, зургийг нь авч, мэргэжлийн хүн бүх шинж тэмдгээр нь тодорхойлж тайлан бичих ёстой. Нью Жерсид нэг буудалд буусан. Миний нойр солигдчихоод унтаж чадахгүй өглөө кофе уугаад буудлын үүдний хэсэгт утсаараа оролдоод сууж байв. Тэгсэн чинь урд нэг америк нөхөр утсаар яриад байна. Сонссон чинь бидний тухай яриад байна шүү. “Монголоос хэдэн нөхөд нөгөөдөхийг чинь шинжлэх гээд ирчихсэн байна” гээд шоолоод, доромжилсон маягаар яриад инээгээд байсан. “Энэ чинь юун нөхөр билээ, манай ажлын хэсэгт ороогүй л хүн байна даа” гээд утсаараа оролдож суунгаа зургийг нь авчихгүй юу. Хэл ус гадарладаг, хэрэгт дуртай маань хэрэг болсон. Тэгсэн чинь явж явж нөгөөдөх маань олдохгүй байсан Эрик Прокопи гэдэг нөхөр байж таарав. Монголчууд ирсэн гэдэг мэдээлэл аваад тандах маягтайгаар иржээ. Сүүлд америкчууд “Хамгийн азгүй хүн Эрик Прокопи юм” гэж тодорхойлсон. Нэгдүгээрт, Америкийн өчнөөн зочид буудал байхад заавал монголчуудын буусанд буугаад, Монголын Соёлын газрын даргын хажууд олон юм ярьж байж азгүйтсэн” гэж шоолсон юм. Дараагийн азгүйтэл нь яг нэгжлэг хийхээр гэрт нь очиход шуудангаар нь дараагийн худалдаж авсан яс нь ирж таараад час өдөр гээч нь л болсон доо. Зургийг нь авчраад тагнуулынханд өгсөн. Америкийн сониныхон бас тэр зургийг надаас гуйж авсан л даа. Тийм л явдал болсон юм.

-Ингэхэд та өвөө, эмээгийндээ өссөн гэдэг. Өвөөгийн хувьд хүүхэд хүмүүжүүлэх өвөрмөц арга барил байсан болов уу?

-Манай өвөө бичгийн хүн учраас намайг ухаан ороход л бичгийн машины ард сууж байдаг. Урлаг, соёлынхон судлаачид ирчихсэн гэрт нь яриа өрнүүлнэ. Томчуудын байгаа байдлыг хүүхэд хуулж сурдаг. Хуулах материал нь манай өвөө эмээ болсон учраас биеэ авч явах, хэлж байгаа үг яриа биднийг төлөвшүүлж байж. Өвөө, эмээ дээрээ өссөн хүүхдүүд хэрсүү, хөгшин бодолтой гэдэг. Эмээ бидэнтэй тоглох, үлгэр ярих цагийг илүү гаргадаг, дэлгүүр хоршоогоор дагуулж явдаг байлаа. Сүүлд их сургуульд ороход Ардын урлагийн танхимд өвөө ардын язгуур урлаг, урлаг судлалын хичээл зааж байлаа. Түүнээс биш багадаа өвөөг ажиллахад аль болох саад болохгүйг хичээдэг.

Харин өвөө жаахан халчихаад зочид явсны дараа үргэлжлүүлээд юм ярих гэхээр би л баригдана. Хажуудаа суулгаад эмээг их магтдаг. Ямар гайхамшигтай хүн болох тухай, бид бүгдээрээ өдий зэрэгтэй яваа нь эмээгийн чинь ач гэж ярина. Намайг алга болохоор эмээгээ сайн харж хамгаалах ёстой гэнэ. Намайг байхгүй болохоор гэхээр нь би уйлдаг. Сүүлдээ том болоод, өвөөг дуудахаар зугтчихдаг. Манай ахын охин Цэцэнцолмон сүүлд сайн урлаг судлаач болсон. Цэцээ маань миний оронд уйлчихсан сууж байдаг сан. Тэр бүхэн нь гэр бүлийн үнэ цэнийг бидэнд ойлгуулсан байх аа.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг

Олон нийтийн сүлжээнд хэрэглэгчийнхээ тоогоор тэргүүлдэг фэйсбүүкийг үндэслэн байгуулагчид өнөөдөр нэлээд амжилттай яваа. Марк Цукерберг, Крис Хьюз, Эдуардо Саверин, Дастин Московиц гээд бүгд баячуудын жагсаалтад багтдаг. “Форбс” сэтгүүлээс өнгөрсөн жил гаргасан судалгаагаар дээр дурдагсдаас Дастин Московиц хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтын тавдугаарт орсон юм.

Түүний албан ёсны намтарт 1984 онд АНУ-ын нийслэлд амьдардаг еврей гэр бүлд төрсөн хэмээн бичсэн байдаг. Жирийн нэгэн айлын хүүгийн бага нас үеийнхнээсээ ялгараад байх зүйлгүй өнгөрсөн гэдэг. Дастин Московиц “Vanguard High School” ахлах сургуулийг дүүргээд эдийн засаг сонирхдог байсан тул энэ чиглэлээр суралцахаар Харвардын их сургуульд элсэн оржээ. Уг нь бол нисгэгч болно хэмээн ярьдаг байсан гэнэ. Оюутан байхдаа Марк Цукерберг, Крис Хьюз, Эдуардо Саверин нартай танилцаж хувь заяа нь орвонгоороо эргэсэн гэдэг. Дотуур байранд нэг өрөөнд цуг амьдардаг байсан залуус сургуулийнхаа дотоод сүлжээг ашиглах зөвхөн оюутнуудад зориулсан the­facebook хуудсыг санаачлан ажиллуулжээ. Түүгээр нь дамжуулан Харвардынхан бие биеэсээ хичээлийнхээ хуваарийг асууж, сонин хачнаасаа хуваалцана. Энэ нь өнөөгийн хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон фейсбүүкийн үндэс нь болсон. Хэдхэн жилийн дараа фейсбүүк нь сая сая хэрэглэгчтэй болж, үүсгэн байгуулагчдаа тэрбумтан болгоно хэмээн тэр үед зүүдлээ ч үгүй байх.

2004 оны зургадугаар сард Марк Цукерберг сургуулиасаа чөлөө авч компаниа байгуулах ажилд шамдан оржээ. Тэрээр Пало-Альтод суурьшиж найман хүн ажилд авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Шон Паркер гэгч залуу сүүлд тэдэнтэй нэгдэж хөрөнгө оруулагч олж өгснөөр интернэтэд жинхэнэ хувьсгал хийсэн түүхтэй. Дастин Московиц компанийнхаа техник төдийгүй стратеги болон хэтийн хөгжлийн асуудлыг хариуцаж байжээ. Гэвч 2008 онд тэрээр нөхдөөсөө “өрх тусгаарласан” юм. Тэрээр олон нийтийн сүлжээний амин сүнс болсон ажлын хэсэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар сэтгэл шулуудан “Asana” компаних байгуулжээ. Энэ ажилдаа өөрийгөө бүрэн зориулахаар шийдэж сургуулиасаа гарсан. Үүндээ одоо ч харамсдаггүй гэнэ. “Asana” компани байгуулагдаж гуравхан жилийн дотор хоёр томоохон компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хугацаанд дэмжигчид нь есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг маш үр бүтээлтэй ашиглаж чадсан юм. Эхний хоёр жил нь өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй болохын тулд өдөр шөнөгүй ажилласан. Удалгүй “Asa­na” гар утсанд хэрэглэгддэг “Path” нэртэй зураг авдаг программыг бүтээжээ. Үүний дараахан Дастин фэйсбүүкт цуг ажиллаж байсан Жастин Розенштайнтай хамтран “Luna” фреймворкийг зохион бүтээж салбартаа бас нэгэн том дэвшил гаргажээ.

Өнөөдөр Дастин Московиц манай дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг. Эмэгтэйчүүдийн сэтгүүл түүнийг бүсгүйчүүдийн сонирхлыг татдаг гоонь залуусын жагсаалтад нэг бус удаа оруулсан. Түүнийг шинэ үеийн тэрбумтан ч гэдэг. Ийнхүү нэрлэх хэдэн хэдэн шинж тэмдгийг хүртэл дурдсан юм. Тэдний нэг нь хувийн амьдрал болон намтрын талаарх мэдээлэл тун хомс гэнэ. Зарим нь Дастиныг АНУ-ын нийслэл Вашингтонд бус Флорида мужийн Гейнсвилл хотод төрсөн хэмээн ярьдаг.

Залуухан тэрбумтан маань хэдэн жилийн өмнөөс “Wall Street Journal” сэтгүүлийн сурвалжлагч Кери Тюнатай дотно харилцаатай болжээ.Тэд 2011 онд “Good Ventures” хэмээх буяны байгууллагыг санаачлан байгуулж 4.5 сая ам.доллар хандивласан. Гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах, хумхаа өвчинтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага нь саяхнаас Билл Гейтс, Уоррен Баффет нарын хэрэгжүүлж буй “Giving Predge” сайн санааны төсөлд нэгдсэн. Дашрамд дурдахад энэ төсөлд нэгдсэн баячууд нь эд хөрөнгийнхөө талыг үүнд хандивлах ёстой юм билээ. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн чинээлэг гэгддэг хүмүүс бараг бүгд уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн нэгдчихээд байгаа.

Хорин хэдхэн насандаа тэргүүн баячуудын жагсаалтад орсон Дастин Московицийн хувьд эд хөрөнгө нь дараа болдог гэнэ. Тэрээр хүүхэд байхдаа мөнгөөр нэлээд гачигдаж байсан тухайгаа дурсан ярьдаг. Тэр үед яаж мөнгөтэй болох вэ хэмээн толгойгоо гашилгаж байсан бол одоо түүнийгээ яаж зөв үйлсэд зарцуулах вэ хэмээн сэтгэл зовнидог болжээ. Тиймээс хамгийн чухал гэгддэг дэд бүтэц, боловсролын салбарт хандив өргөж, хүмүүсийн амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүдэг. Тодорхой хүмүүсийн амьдрал ахуйд нь тусалдаг гэнэ.

Дастин Московиц энэ жил 32 нас хүрнэ. Хэдхэн жилийн өмнө найзуудаас нь өөр хүн таньдаггүй байсан залуу шаргуу хөдөлмөрийнхөө ачаар олны танил болсон. 2010 онд фэйсбүүкийг санаачлан байгуулсан залуусын талаар “The Social Network” кино хийсэн. Гол баатруудын нэг нь Дастин Московиц байсан бөгөөд түүний дүрд жүжигчин Жозеф Мацелло тогложээ. Харамсалтай нь энэ бүтээл түүнд таалагдаагүй. Харвардын их сургуулийн дөрвөн оюутан хэрхэн амжилтад хүрснийг харуулсан уг бүтээл бодит байдлыг харуулж чадаагүй гэнэ. Нэлээд хэтрүүлэгтэй, зарим хэсэгт нь бодит амьдрал дээр болоогүй юмыг хүртэл оруулсан байна.

Дастин Московиц 2008 онд фейсбүүкээс гарсан хэдий ч гол хувьцаа эзэмшигчдийн нэг хэвээр байсан. Түүнийхээ ачаар өөрийн компаниа байгуулж, хөрөнгөө арвижуулж чаджээ. 2013 онд “Форбс” сэтгүүлийн газраас Америкийн хамгийн чинээлэг 400 хүний жагсаалтыг гаргасныг уншигчид санаж байгаа байх. Түүнд 45-аас дээш насны 20 хүн орсон байдаг. Тэдний нэг нь Дастин Московиц. Өөрөөр хэлбэл тэрээр 26 настайдаа 2,6 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй байсан бөгөөд залуухан баячуудын жагсаалтад бичигдсэн.

Анх бизнест хөл тавьж байхдаа эрсдэлтэй алхам хийхээс өөр арга байгаагүй хэмээн ярьсан байдаг. Түүнд маш болгоомжтой байж, нэг зэрэг олон ажил барьж авахгүй байхыг зөвлөсөн аж. Ингэх нь маш их хугацаа шаардахаар нэлээд мөнгө хэрэгтэй болох тул амжилтад хүрэх магадлал тун бага хэмээн анхааруулсан гэдэг. Харин Дастин Московиц үүнтэй санал нийлдэггүй. Болж өгвөл олон ажлыг нэгэн зэрэг эхлүүлэх ёстой. Түүнээс нь хоёр, гурав нь бүтвэл зорилгодоо хүрлээ гэсэн үг. Ингээд л цаашаагаа дайраад байх хэрэгтэй хэмээн Дастин бизнест хүчээ үзэхийг залууст зөвлөдөг. Залуухан тэрбумтан нэгэн ярилцлагадаа “Аз, шаргуу хөдөлмөр хоёр огтлолцож байж амжилтад хүрдэг” хэмээн ярьжээ. Түүнээс гадна Дастин Московиц лхагва гаригт ямар нэгэн уулзалт, чухал ажил төлөвлөдөггүй гэнэ. Фэйсбүүкт байхдаа ингэж сурсан ба лхагва гаригт хувийнхаа ажлыг амжуулдаг юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Хятадын мастеруудыг гайхшируулсан “монгол бҮргэд”

Хятадын хамгийн олон үзэгчтэй, хамгийн том “Su­per Brain” шоунд түрүүлсэн монгол хүү энэ удаагийн маань “Өдрийн зочин”. Арван долоон настай Э.Энхмөнх ой тогтоолтын олон улсын их мастер, өсвөрийн дэлхийн аварга, Монголын оюун ухааны академийн тамирчин. Түүнийг монгол бүргэд хэмээдэг. “The Brain” TV Show-ны хувьд Хятадын хамгийн сонирхолтой шоунуудын нэг. Урд хөршийн оюуны их мастерууд, улс, улсын шилдгийг урьж санаанд орохооргүй даалгавруудыг гүйцэтгүүлэн өрсөлдүүлдгээрээ алдартай шоу. Хятадын мастеруудын тухайд өмнө нь улс улсын шилдгүүдтэй хүний санаанд орохооргүй даалгаврууд биелүүлж өрсөлдөөд Герман, Англи, Америк гэх мэт олон орны шилдгүүдийг ялж байв. Оюунтнуудын шоуг гарах орой нь 300 сая хүн үздэг гэсэн статистик байдаг аж. Энэ шоунд тэрээр Испани, Перу, Швед, Австралийн тамирчидтай нэг баг болж өрсөлдөн ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл “X-Team” буюу дэлхийн баг Хятадын багийг 5:1 харьцаагаар илүүрхэн хожсон юм. Австрали тивээс шооны дэлхийн аварга Fe­liks Zemdegs, Испанийн судокугийн дэлхийн аварга Martin Lopez Norses, Өмнөд Америкийн Перу улсын шоог харахгүйгээр эвлүүлдэг Gian­franco Huanqui, Швед улсын дэлхийн ой тогтоолтын хошой аварга Jonas Von Essen нартай нэг баг болж Хятадын шилдэг тамирчдаас бүрдсэн багийн эсрэг өрсөлджээ.

Дэлхийн багийн гишүүн “монгол бүргэд” 15х15 хүснэгтийн нүд бүрд секунд тутамд анивчих 225 цифрийг харгалзах нүдтэй нь хамт тогтоох даалгаврыг амжилттай гүйцэтгэжээ. Тэмцээний даалгаврыг гурван долоо хоногийн өмнө танилцуулах дүрэмтэй ч гэрээгээ дагаагүй юм байна. Даалгаврыг өнгөрсөн долоо хоногт л танилцуулж, тэмцээний өмнөхөн гэхэд л өөр даалгавар гүйцэтгэх болсныг Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатарт дуулгажээ. Хатанбаатар тэмцээнд оролцохоор Хятадыг зорих үедээ цахим хуудсандаа энэ талаар дурдаад “Бид хоёр онгоцондоо маш сайн бэлдээд тэмцээндээ оролцоно. Хамгийн гол нь ялах ч бай, ялагдах ч бай энэ тв шоунд оролцсоноороо Монгол Улс бол тусгаар тогтносон улс, Хятадын хараат биш гэдгийг олон арван сая хүнд мэдрүүлэхээрээ соёлын маш том ажил болно” хэмээн бичиж байж. Энхмөнх даалгаврынхаа тухай “15х15 харьцаатай 225 ширхэг нүдэнд секунд бүрт нэг тоо гараад алга болно. Тэгэхдээ дэс дарааллаар биш аль ч нүдэнд, ямар ч тоо гарч ирнэ гэсэн үг. Үүний дараа таван минут дахин дотроо бодож боловсруулаад төв тайз руугаа очно. Тэнд ч гэсэн адилхан 225 ширхэг дотроо гэрэлтэй шоонууд байх юм. Гэрэл нь энд, тэнд анивчиж байгаад удааширсаар нэг шоон дээр зогсоход гурван секундын дотор тэнд ямар тоо гарсныг санаж олонгуутаа өмнөө байрлах 1-9 хүртэлх тоог наасан лаазан ханыг нурааж зөв тоогоо олох ёстой. Ийм л даалгавар гүйцэтгэлээ” хэмээн ярьж байна.

Дашрамд дурдахад Энмөнх өнгөрсөн жил Хятадад болж байсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм. Тэр ой тогтоолтоор хичээллээд хоёр жил, тэмцээнд оролцож эхэлснээс хойш жил зургаан сар болж байгаа аж. 2014 онд өсвөрийн дэлхийн аварга, Азийн өсвөрийн дэд аварга, 2015 онд өсвөрийн дэлхийн дэд аварга болсон амжилттай тамирчин.

Дэлхийн ой тогтоолтын холбооноос нас насны ангилалд эрэмбэ гаргадаг. Бүх цаг үеийн бүх насны ангиллаар байр эзлүүлэхэд тэрээр 17-д жагссан байна. Харин насныхаа ангилалд хоёрт бичигддэг юм байна. Найзууд нь түүнийг “Энхмөнх өө, чиний тархи чинь машин болчихсон юм уу” гэж гайхацгаадаг гэнэ. Энхмөнх хэрвээ хүсвэл долоон жилийн өмнө хаана хэнтэй ямар хоол идсэн бэ гэдгээ ч санаж чадна гэж ярьсан удаатай. Тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа цээжлэх тогтоохын нууцыг “Ой тогтоолт ихэвчлэн хүний төсөөлөл дээр явагддаг. Ингэж төсөөллөө ашиглана гэдэг нь хүний тархин дахь депокус гэсэн бодис сэтгэл хөөрөл шаардсан үед ялгардаг. Ингэснээр аливааг хурдан цээжилдэг. Хүмүүс сайхан төрсөн өдрийн баяр, эсвэл уй гашуутай өдрийг хэзээ ч мартдаггүй. Яг үүнтэй адил гэсэн үг” хэмээн дэлгэсэн нь бий. “Монгол бүргэд” 52 ширхэг хөзрийг 22-хон секундэд цээжилж байжээ. Хүү сургуулиа төгсөөд эдийн засаг, бизнесийн чиглэлээр сурахаар төлөвлөжээ.

Тэр ирэх зун АНУ-д болох шилдэг 24 тамирчны халз тэмцээнд оролцох юм байна. Америкт өрсөлдөх 24 тамирчны долоо нь монгол гэсэн таатай мэдээ байна. Ирэх намар Улаанбаатарт болон олон улсын тэмцээнд ч оролцохоор төлөвлөжээ. Бас “Оюуны олимп” буюу дөрвөн жилд нэг удаа болдог жинхэнэ гоц хүмүүсийн цугладаг тэмцээнд ч улсаа төлөөлөн оролцох юм.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Манай намд 25, МАН-д 30 суудал өгчих л дөө

УИХын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

Та Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудсан. Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй гэж байсан. Таны зүгээс яг ямар асуудлаар мэтгэлцэх гээд байгаа юм бэ?

-Миний хувьд УИХ-ын гишүүн болоод 32 хуулийн төсөл санаачилсан байна. 6-7 хууль нь батлагдаж, нэлээд хэсэг нь өргөн баригдах гээд хүлээгдэж байгаа. З.Энхболд даргын “таалал”-ыг л хүлээж байна гэх үү дээ. Хамгийн сүүлд УИХ-ын тухай хуулийн 7.12 дахь заалтыг бүхэлд нь байхгүй болгосон. Яагаав ҮХЦ лексус 570 хахуульд авсан гээд байгаа даа. Ингэснээр бүхэл бүтэн хуулийн цоорхой үүссэн. Тиймээс үүнийг засах шаардлагатай гээд хуулийн төслийг нь бичиж, боловсруулаад санал авсан. Засгийн газар мэдээж юу гэж ашиг сонирхлын зөрчилтэй зүйл дээр “за” гэхэв. Гэсэн ч хуульд нийцсэнээр өргөн барих ёстой. Уг нь З.Энхболд дарга авчих л ёстой байгаа юм. Энэ мэтчилэн олон хууль хүлээгдэж байна. Зарим нь төслийн шатандаа, заримыг нь өргөн бариад гацчихна гэж “хайрлаад” байна л даа, үнэндээ.

Одоо сэдэвгүй болчихсон юм уу хаашаа юм. Тост тосон бумбаас болж Т.Лхагвасүмбэрэл гээд залуугийн амь насыг хөнөөчихсөн юм шиг байна гээд хөөцөлдөөд явж байсан чинь Өргөдлийн байнгын хорооноос болиулсан. Азаар байнгын хорооны тогтоол гарчихсан байсан болохоор Засгийн газраас шаардах л үлдсэн. Гэтэл Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос тогтоол гаргана гээд Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл гээд хоёр гишүүн орилоод яваад байгаа. Би гүтгээгүй. Тэгээд яваад байгаа юм. Уг нь УИХ-аас гарсан нэг шийдвэрийг давтаж гаргаж болдоггүй юм л даа. Өргөн барьсан хуулиуд дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүгдэд нь “үгүй” гэсэн. Ерөнхий сайдад маш олон сайн зөвлөх байгаа. Тэр олон яамдаасаа яагаад үгүй гэсэн бэ гэдгээ асуух ёстой. Харин хуулийн төсөл боловсруулсан багийнхандаа найдаж байна. Үнэндээ Хаалт хөгжлийн сангийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолууд бий. Мэтгэлцээний үеэр би эднийгээ л гаргаж тавина. Түүнээс бүх зүйл дээр гэвэл эфирийн цаг хүрэхгүй л дээ. Тиймээс хүмүүст хамгийн хэрэгтэй гэж үзээд дээрх хоёр хуулиар л мэтгэлцэнэ.

Гэхдээ ганц таны өргөн барьсан хуулиуд биш олон гишүүний өргөн барьсан хуулиуд хэлэлцэгдэхгүй байгаа шүү дээ. Бусад гишүүдтэйгээ хамт мэтгэлцэж болохгүй юу?

-Зарим хүмүүс “Та яагаад З.Энхболдтой мэтгэлцдэггүй юм бэ” гэдэг юм. Адилхан Их хурлын гишүүн байж бие биетэйгээ мэтгэлцэж яах юм бэ. УИХ-ын дарга чинь УИХ-ын гишүүн гэдэг албан тушаал. Гишүүд хоорондоо ярьж байгаад нэг хүнээрээ хурлаа удирдуулъя гэдэг хэлбэр. Манайд Засгийн газраас санал ав гэдэг хуулийн заалттай хэрнээ Засгийн газар хуулийн төсөл өргөн барихдаа биднээс санал авдаггүй байхгүй юу. Ерөнхийлөгчөөс ч авдаггүй. Гэтэл Засгийн газраас бид санал авдаг ийм л хуультай. Энэ нь сүүлдээ туйлшраад татвартай холбоотой хуулийг Их хурлын гишүүд өргөн барьж болохгүй гэсэн. Уг нь хууль санаачлагч болгон хуулийн төслөө өргөн бариад, ард нийт, байнгын хороогоороо хэлэлцүүлээд чуулганы үед кнопоороо шийдэх ёстой. Манайд болохоор Засгийн газраас санал авахаар үгүй гэдэг. “Үгүй” гэдгээ л нотол гээд байгаа хэрэг. Засгийн газрыг бүрэн төлөөлөх эрх бүхий хүн нь Ерөнхий сайд. Тэр утгаар нь л Ерөнхий сайдтай мэтгэлцэх хүсэлт хүргүүлсэн. Засгийн газартай мэтгэлцэж байна гэсэн үг.

Ээлжит бус чуулганыг зарлана гээд байх юм. Энэ талаар та дуулав уу?

-Дуулаагүй. Үнэхээр чухал асуудал байгаа бол ээлжит бусаа зарла л даа. Тэгэхгүйгээр хүн ярьдаг ээлжит бус чуулганаар яах юм. Чуулганаар бодлого хууль ярих ёстой. Түүнээс биш хэн нэгнийг огцруулж, хусах гээд сандарч тэвдээд гүйх гээд байгаа бол буруу. Үнэхээр зарлах юм бол ямар бодлого явах гэж байгааг тодорхой болгох хэрэгтэй. Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна ч гэнэ үү юм яваад байна.

Уг хуулийн төсөлтэй танилцсан уу, та?

-Танилцаж яах юм. Хэрэггүй. Сонгуульд яавал би гарах вэ гэдгээ бодоод хуулиа өөрчлөх шаардлагагүй. Хууль бүх нийтэд үйлчилдэг. Яаж ч өөрчиллөө гэсэн бүх нийтэд хамаатай. Харин одоо байгаа хуульдаа нийцүүлээд юуг хийсэн, юу хийх гээд байгаагаа ярь л даа. Ард түмэн тэнэг биш болохоор ингээд тайлбарлаад яриад явбал сонгоод явна. Таны хийсэн болон хийж байгаа, хийх ажлыг нь сонгож байж сонгоно уу гэхээс таны компанийн захирал байна уу хэнд ч хамаагүй. Нүүрсээ тараана уу, хувцас тараана уу ёстой падгүй. Тэр бүү хэл нэг нэг сая төгрөг 1000 хүнд өгч их хурлын гишүүн болсон хүн ч байгаа.

Хаана тийм хүн байна вэ?

-Манай 76 дотор байна. 83 тэрбумтай хүн нэг тэрбумаа хаях нь юу юм бэ. Тиймээс энэ бол тийм их мөнгө биш. Ирэх сонгуульд ийм аргаар гарчихна гэсэн бодолтой ихэнх нь сууж байгаа юм билээ.

Нэг тэрбум төгрөг тараагаад их хурлын гишүүн болох нь тийм ашигтай юм уу?

-Тэр хүн чинь 83 тэрбумтай юм чинь яах юм. Өмнө нь орд газар хулгайлаад жаахан хувиа зарчихгүй юу. Нэг тэрбумыг тараалаа гээд тэр хүн чинь 82 тэрбум төгрөгтэй л болно биз дээ. Үнэгүй олдсон мөнгө юм чинь яадаг юм нэг тэрбумыг нь тараагаад их хурлын гишүүн гээд сууж л байг. Үр хүүхэд нь Их хурлын гишүүний хүүхэд гэдэг ч юм уу, аав, ээжийгээ дуурайж Их хурлын гишүүн боллоо гэдэг ч юм уу янз бүрийн зүйл яриад яваг хамаагүй. Та болохоор хялбар олсон мөнгийг өөрийнхөө зовж олдог мөнгөтэй харьцуулаад байгаа байхгүй юу. Жишээлбэл, биеэ үнэлэгчид асар их мөнгө олдог гэж байгаа юм. Тэр маш хурдан үрдэг болохоор ядуу амьдарч байгаа гэж ярьдаг. Түүн шиг муу аргаар олсон мөнгөөрөө казино, хахуульд өгдөг юм шүү дээ. Бодоод үз дээ. Төрийн албан хаагчдын цалинг 90 тэрбумаар нэмэгдүүлье гэхэд 87 тэрбумыг нь гуравхан компанид хувааж өгье гээд шийдчихсэн сууж байсан шүү дээ. Тэр гурван компанийн нэг компанийнх нь хүн одоо Их хуралд сууна гэчихсэн явж байна. Ийм мөнгөтэй хүмүүс хоёр тэрбумыг цацаад гарах нь байна шүү дээ.

Гэхдээ Сонгуулийн Ерөнхий хороо, Аудитын ерөнхий газар нэг тойрогт нэр дэвших хүмүүсийн зардлын тооцоог 170 гаруй саяас 250 орчим саяын хооронд тогтоосон байна лээ. Тэгэхээр чинь зардал нь хэтрээд хуулийн хариуцлага хүлээх юм биш үү?

-Сонгуулийн зардлаа хэтрүүлбэл Их хурлын гишүүнээс нь татна. Шоронд хийнэ гэж заагаагүй байгаа биз дээ. Хэрэв зардлаа хэтрүүлбэл бид жаахан мөнгө авъя л гэчихсэн байна лээ. Зардлаа хэтрүүлсэн ч хэдэн төгрөгийг нь өгчихнө биз гэсэн байдалтай гарсан. Харин мань мэтэд нь бол хэцүү. Энэ заасан хэмжээнд нь байтугай тал зардлаа олж аваад орох байх. Байгаа зүйлсээ зарж, хэдэн ном хэвлэчихээд ном аваач гээд хүн амьтан гуйгаад явах байх л даа. Тэд бол харин тийм биш. Аудитын гаргасан гээд байгаа тэр тооноос чинь айхгүй. Зардал хэтрүүлбэл торгоно гэж байна гээд тэр бүхнээ тооцно. Тиймээс мөнгөний сонгууль болохгүй гээд байгаа чинь үлгэр байхгүй юу.

Энэ хүмүүс яагаад сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгасныг мэдэх үү. Эд богино хугацаанд бага мөнгөөр хүнийг худалдаж авах акц хийх гэж байгаа юм. Удаан хугацаанд энэ нь сайн уу, муу юу гээд бодохын оронд мөнгө өгсөн хүнийг сонгочихно гэж эд нар найдаад байгаа юм. Энэ нөхдүүд ард түмнийг их л басч байна даа. Мао-гийн хэлсэн шиг ард түмнийг цагаан цаас гэж бодоод байна. Дээр нь юугаа ч хамаагүй бичиж болно гэж итгээд байна. Харин би итгэхгүй байна. Би бол С.Зоригийн хэлсэн шиг монгол хүний саруул ухаанд итгэж байгаа. Муу ард түмэн гэж байхгүй. Муу удирдагч гэж байдаг. Тиймээс ард түмэнд буруу байхгүй гэж итгэдэг.

Таныг МАНд элсэн орж Дорнодод нэр дэвшинэ. Эсвэл Чингэлтэй, Орхон аймагт бие дааж дэвших гэж байна гээд байх юм

-Та хаанаас нэр дэвших гэж байгаа юм гэж асуух гээд байна уу.

Ер нь бол тийм. Гэхдээ таныг намынхантайгаа таарамжгүй байгаа болохоор бие даана гэж дуулсан?

www.medee.mn сайт 21 аймгийн нэр дэвшигчдийг зарласан байна лээ. Намайг хаана ч нэр дэвшинэ гэж бичээгүй байсан. Таны асуулт болохоор хэн нэгнээс зориудаар асуугаад өгөөч гэсэн шиг асууж байна гэж санагдлаа. Тэр сайт дээр бичсэнээр бол Дорнод, Эрдэнэт, Чингэлтэй дээр миний нэр байхгүй байна лээ. Н.Энхбаяр дарга “Манай нам Их хуралд долоон гишүүнтэй. Манайхаас улс төрийн албан тушаалтай 10 гаруй хүн байна. Бид 76 хүн шиг ажиллая гэвэл нэг хүн гурван тойрогт ажиллаарай” гэсэн юм. Би намын даалгавар гэж итгээд Дорнод, Эрдэнэт, Чингэлтэй гурав дээр усалгаа хийж байсан байхгүй юу. Миний хувьд хаана ч нэр дэвшсэн ялгаа байхгүй. Дорнодод дэвш гэвэл тэнд дэвшихэд бэлэн байна. Чингэлтэй, Эрдэнэтэд дэвш гэвэл бэлэн л байгаа. Гэхдээ бид саяхан Н.Энхбаяр даргатай уулзаад “Нэг хүн гурван тойрог хариуцах хэцүү байна. Сонгууль гуравхан сарын дараа болох гэж байгаа болохоор хариуцсан тойргоо багасгая” гэсэн юм. Дараа нь гурав биш хоёр болгож тохирсон.

Тэгээд та аль хоёр тойргийг усалж яваа юм бэ?

-Чингэлтэй, Эрдэнэт хоёр. Үнэнийг хэлэхэд Дорнодын МАХН-ын хорооны ихэнх гишүүн манайхаас ирж дэвш гээд байгаа. Чингэлтэй дүүргийн МАХН-ын хорооныхон “Зөвхөн тантай л явна шүү. Та бидэнтэй л явна шүү. Таныг л авч явна” гээд байна. Эрдэнэтийн хувьд намын хороон дотроо “Х” байна. Харин Эрдэнэтийн ард түмэн намайг сайнаар хүлээн авч, захидал бичиж “Манайхаас бие даагаад нэр дэвшээч ээ. Намаар яах гээд байгаа юм. Бие даавал дээр шүү” гээд байгаа. Тэнд байгаа ахмад улстөрчид “Манайд ирж бие даасан нь зөв шүү. Энэ удаагийн сонгуулиар МАХН, АН, МАН-ын алинаас нь ч битгий дэвш. Хүнийхээ хувьд чи цэвэрхнээрээ яв” гээд ярьж байна. Харин би “Баярлалаа. Өнөөдөр сонгууль болох гэж байгаа биш. Юу хийснээ, юу хийж байгаагаа, юу хийхээ ярья” гэсэн байдалтай л байгаа юм.

Та намынхантайгаа эв зүйгээ ололцож байна уу?

-Би намынхантайгаа таарамжгүй байгаа юм биш. Би шударга талд нь л зогсч байна. Миний хэлсэн ч зөв л байсан. Ер нь би хоёр л зүйл хэлдэг. Г.Шийлэгдамбыг сайд болонгуут нь “Ерөнхий нарийн бичгийн даргыг нь болиул. Давхардуулсан албан тушаал байж болохгүй” гэж хэлдэг байлаа. Нөгөөх нь “Батцэрэг сайд болсон юм чинь бүлгийн даргаас нь болиул” гэсэн. Дөрвөн үсэгтэй нам байгаа л юм бол манайхаас долоон гишүүн байгаа нь бараг л найм гэсэн үг. Бүлгийн дарга байгаа байхгүй нь мэдэгдэхгүй болохоор сэтгүүлчид надаас “Танай нам яах гээд байгаа юм бэ. Эрүүл мэндийн сайд, Шадар сайдын асуудал юу болж байна вэ” гэж асуудаг. Миний хувьд гишүүний байр сууриа илэрхийлэхээр нөгөөдүүл нь “Намын бодлого биш. Чи ямар бүлгийн дарга уу” гэдэг. Би “Бүлгийн даргаа ажиллуулаач ээ” гэдэг юм. Нам дотор сайдах, муудах, мэтгэлцэх гээд янз бүрийн л зүйл байдаг. Гэхдээ би шударга талд нь л зогсоно. Өөрийнхөө зөв гэсэн зарчим дээр л зогсоно. Энэ нь олонход буюу ард түмэнд ашигтай зарчим байх ёстой. Түүнээс биш надад ашигтай байх нь чухал биш. Би дув дуугүй долдойдож яваад Эрүүл мэнд, спортын сайд болж болно.

Тэгээд болчихож болохгүй байгаа юм уу?

-Тэгж яах юм. Ч.Сайханбилэгтэй нэг баг болж яах юм. Манай “Шударга ёс” эвслийн таван хувьсгал гэж хэлээд Оюу толгойн 51 хувийг ард түмэнд өгнө гэж уриалж байсан бодлогыг нулимсан хүн. Тийм хүнтэй яаж нэг ширээнд сууж, ард түмэндээ “Бид гоё хөгжүүлнэ” гэж ярих юм. Ингэж болохгүй.

Ард түмэн мөнгөгүй байна. Нарантуул шатлаа гэхэд хүмүүс хямрахгүй байна. Яагаад гэхээр худалдаж авдаг хүн байхгүй болохоор хэдэн хүний юм шатав гэж сонирхохоос биш бусдыг нь тоохгүй байгаа юм. Хөгшчүүл, ард түмэн ядарч байна. Энэ бүхэн Оюу толгойг буруу явуулсан, Таван толгойг буруу явуулах гэж байгаатай холбоотой. Хүн ажил хийж байгаа юм чинь алдаж, онолгүй л яахав. Буруу зөрүү ярилгүй л яахав. Юу ярих нь хүний эрхийн асуудал.

Гуравдугаар сарын 1-нийЭх орончдын өдөр”-ийг МАН, МАХН хамтарч тэмдэглэсэн. Н.Энхбаяр дарга хоёр нам нэгдэх нь цаг хугацааны хувьд ч боломжгүй. Харин эвсэх асуудал ярьж болно гэсэн. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Цаг хугацаандаа ч байгаа юм биш. Хоёр нам хоёулаа нэгдэх хэрэггүй. Нэгдэх ч боломжгүй. Тэр бүү хэл эвсэхэд ч хэцүү. Учир нь МАН-аас УИХ-ын сонгуульд 76 хүн нэр дэвших хүсэлтэй байгаа юм билээ. Манай намаас ч гэсэн 76 хүн нэр дэвших сонирхолтой байгаа. Үндсэн хуульд 152 гэсэн ойлголт байхгүй. 76 л гэсэн тоо бий. Тийм болохоор сонгуулийн үеэр хэнийг нь гомдоож, хэнийг нь боль гэх юм. Зүгээр л хоёр нам 76 хүнээ л тавьчихъя. Сонгуулийн дараа харин эвсэж болно. Манай намд 25 суудал, МАН-д 30 суудал өгчих л дөө. Энэ хоёр намыг нэгдээсэй гэж байгаа юм бол ард түмэн саналаа өгөхдөө л салахгүй байх ёстой. Хэрэв тэгж чадвал хоёр намаас шигшмэл гэсэн хүмүүс нь гараад ирнэ. Үүн дээрээ хамтарсан бодлого хийж болно. Сонгууль болохоос гуравхан сарын дотор механикаар нэгдээд яах юм. Нэр дэвших сонирхолтой хүмүүс чинь дөрвөн жил тойргоо усалчихсан байгаа. Энэ хугацаанд зарим нь нүүрс, сальфеткаа тараасан. Энэ бүгдийг бид бодох хэрэгтэй.

МАХН сонгуульд ороход бэлэн үү?

-Намын удирдлагууд болон гишүүдийн хувьд 100 хувь бэлэн байгаа. Бэлэн байх ч ёстой. Ингэж зовж зовчихоод бэлэн биш гээд ярих чинь утгагүй байхгүй юу. Тиймээс ялагдах юм бол өөрсдөдөө л гомд. Арчаагүй, хувьчилсан, улсаа бодоогүй тоглосноосоо болоод л ялагдсан гэж бод. Хэрэв тэгж бодохгүй бол бодлогоо хэрэгжүүлээд явах ёстой.

Сонгууль дөхчихөөд байдаг. МАХН генсекийнхээ асуудлыг шийдэх болоогүй юм уу?

-Ойрын үед шийдэх байх. Саяхан бид уулзахад “Манайх нам юм бол Хяналтын зөвлөлтэй болъё. Хяналтын зөвлөл Дашдондог, Г.Шийлэгдамбын яриад байгаа асуудал дээр дүгнэлт хийгээч ээ. Нэр нь холбогдоод янз бүрээр яригдаад байгаа хүмүүсээсээ асуугаач ээ. Хяналтын зөвлөлийн дүгнэлтээ гаргаад энэ асуудлыг шийдье” гэсэн.