Categories
мэдээ цаг-үе

Нар шиг нагац минь Сүндэв генерал

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн нагац ах генерал П.Сүндэвийнхээ талаар манай сонинд зориулан бичиж ирүүлсэн хөрөгэсээг нийтэллээ.

Хүүхэд байхад минь хүмүүс “Молодец”, “Мужик” гэдэг орос үгийг яриандаа их хэрэглэдэг сэн. Харин надад, яагаад ч юм бэ, энэ хоёр үгийг сонсохоор нагац ахын минь тухай ярьж буй юм шиг, зөвхөн түүнд зориулагдсан харь үг шиг л санагддаг сан. Хүүхдийн төсөөлөл баялаг хойно, ахыгаа санах бүрийд уул шиг ханагар эр хүний хүчирхэг, том эрхий хуруу гозойн “молодец” гэж надад хэлж буй нь нүдэнд харагдана.

Нагацыг дээдлэх монгол ухаан эртнээс улбаатай. Багад ам минь гэмтэхэд ээж халаглаж “Хн, хөдөө байсан сан бол нагацын морины халуун амгайгаар л эдгээчихнэ шүү дээ, хотын амьдрал ч хогийн юм аа даа” хэмээн үглэхэд нь гайхаж билээ. Морины шүлсэнд эдгээх шид учир нь байсан юм санж. Гэхдээ чухам яагаад авгын биш нагацын гэж. Үнэхээр гайхдаг сан. Ураг төрлийн холбоон дотор хүн угаасаа эхийн талдаа арай илүү элгэмсүү явдаг. Учир нь хүүхдийг гардаж өсгөдөг нь ээж хүн болохоор эхийн садантай байнга уулзаж учирч, илүү дотносдогоос тэр биз.

Тав, зургаа орчим настай байхдаа, байрны минь дээгүүр онгоц нисэх бүрийд дүүтэйгээ хөтлөлцөн, дагаж гүйгээд “Сүндэв ахын онгоц доо, Сүндэв ахын онгоц доо!” гэж дуулах нь холгүй, тэнхээ мэдэн хашгирч, хөгжилддөг сөн. Учир нь ах тэр үед Москвад цэргийн сургуульд сурч байсан юм. Нагац маань СССР гэдэг улс руу сурахаар явсныг, онгоц тийшээ л нисдэг гэдгийг дуулаад “далавчтай энэ машин Сүндэв ахын л унаа” гэж боддог байж. Ээж минь өглөө бүр цайны дээж, сүү өргөхдөө үр хүүхэд бидэнтэйгээ хамт дүүгээ ерөөдгийг мэддэг болсоор лавтайяа дөчин жил болжээ. Сүндэв ах бол эхийн минь талын удмын ТУГ болсон хүн. Учир нь түүний амьдрал бүхэлдээ дэрвэж байгаа далбаа, дээр өлгөсөн туг шиг ээ. Энэ туг хэзээ ч бөхийж байсангүй. Үргэлж бодсоноороо амьдарч, мөрөөдсөндөө хүрч, эхэлсэн ажил бүрээ ягштал гүйцээж ирсэн хүн билээ, тэр. Нагац ах маань багаасаа л хүний хайрыг татсан ухаалаг зантай, гэрэлтсэн сайхан царай төрхтэй, бусдын дэмжлэг үргэлж дэргэд нь явдаг азтай, одтой нэгэн байж. “Бүгд л Сүндэвт сайн байдаг сан” гэж ээж минь бахархан ярьдаг. “Багын л их ухаантай хүүхэд байсан юм шүү, нэг удаа тоглож яваад хашааны араас арван төгрөг олсон юм, би чихэр авч идье гэсэнд Сүндэв -Үгүй, ээжид өгнө гээд тас атгачихаад, үнэхээр л эмээд чинь аваачаад өгчихсөн дөө. Муу ах чинь тэгэхэд дөнгөж тав, зургаатай л байсан юм шүү дээ” гэж ээж инээмсэглэн дурсана.

Нэг удаа Сүндэв ах Дарханд ирлээ. Оюутны амралтаараа л даа. Тийм гоё ахыг манай тэр хавийнхан анх удаа үзсэн биз ээ. Цэргийн дүрэмт хувцсаа ном ёсоор нь өмссөн эр хүн хичнээн гоё харагддаг билээ дээ. Дээр нь, манай нагац гойд царайлаг, нуруулаг сайхан хүн тул нүд гялбуулна. Москвагийн оюутан, тэгээд бас дүрэмт хувцастай эр! Ээжтэй хамт ажилладаг эгч нар харах гээд гүйлдэж байсныг би яахин мартах. Тэгж нэг ирэхэд нь л болсон явдал санаанаас минь гардаггүй юм.

Ах маань эгчтэйгээ оройжин шивнэлдчихээд, ээжийн задалсан шил юмнаас ганц хоёр хундага тогтоогоод бага зэрэг халамцав. Ингээд дуу нь чангарч, биднийг өмнөө цэрэг шиг л жагсаалаа даа. Хүүхдүүд бид хичээлийн дүнгээ, бас авьяасаа шалгуулах юм болов. “Энэ их эвлэгхэн дуулдаг” гэж ээж намайг рекламдлаа. Өө, би ч ахаараа магтуулах санаатай дуулж гарлаа шүү.

Нэг харсан чинь нагац маань чив чимээгүй уйлж байх нь тэр ээ. Харсаар байтал, нэг том дусал нулимс бөмбөрөөд уруул дээр нь очоод тогтов. Аав маань өнгөрөөд удаагүй байсан тул аавын тухай дууг цангинатал дуулах жижигхэн охиныг хараад элэг нь эмтэрчээ. Би сандран дуугүй болсонд ах гэнэт босч ирээд намайг сэвхийтэл өргөж мөрөн дээрээ суулгав. Ингээд дороо эргэлдлээ. Анх удаа би өндөрт гарах нь тэр ээ! Гэрийн маань хамгийн том тавилга болох, наддаа л хязгааргүй өндөр санагддаг асан номын шүүгээний дээд талыг анх удаа харав даа. Ах эгчийн дүү нараасаа нуудаг бүхэн тэнд эрийтэл өрөөстэй. Толгой ч эргэх шиг. Дүү охин маань хашгиран, барьцан, ахын хөлөөс зүүгдэн, чаргууцалдлаа. Би хязгааргүй жаргалтай болж, тасралтгүй инээгээд л, инээгээд л, инээгээд л байсан сан. “ӨНДӨРТ” би ингэж л дуртай болсон юм. Дээрээс юмыг харах дэргэдээс нь үзэхээс арай өөр! Доороос нь харахаас бүр ч өөр! “Ахыгаа дагаад дуулаарай” гэж нагац маань хэлэх шиг болов. Ингээд л нагацынхаа мөрөн дээр суусан чигээрээ, мэдэх мэдэхгүй орос, монгол дуунуудыг сонсголоороо дагаад дуулж байж билээ. Оройжин намайг буулгаагүй. Миний анхны өндрийн аялал, анхны “тайз” нагацын маань мөр байсан даа.

Оюутан болоод би сонинд сурвалжлагчаар ажиллах болов оо. “Ардын эрх” бол тэр үед “төрийн төв хэвлэл” гэдэг статустай, Засгийн газрын ордонд байрладаг, босго өндөртэй, том сонин байв. Ажилтай болсноо ахдаа хэлж амжихгүй л яваад байлаа. Нэг өдөр сонины өглөөний хурал дээр ийм яриа болов оо, “Монгол генералууд” гэсэн цуврал эхэлье. Сүндэв генералаар эхэлбэл ямар вэ. Мундаг хүн гэлцэх юм, сайхан ч залуу. Зураг хөрөг нь ч чимээд өгөх биз. Даанч ярилцлага өгдөггүй гэсэн. Яриа авч чадах хүн байна уу?”

Би бушуухан гараа өргөлөө. Бүгд гайхаж байх шиг. Шив шинэхэн сурвалжлагч яаж тэр даргаас яриа авах юм бол гэж бодоо биз. “Манай нагац” гэж хэлсэнгүй ээ. Дарга нараас яриа авч чаддаг мундаг хүн болж харагдах гэсэндээ л тэр байх. Ашгүй, Тогосоо эгч зөвшөөрөл өгөв. Бөөн баяр хөөр болсоор нагацынхаа гэр рүү гүйчихлээ дээ. Гэвч хөөрсөн сэтгэл минь шалчийтлаа унтрав. Нүүр рүүгээ хүйтэн ус цацуулчих шиг л боллоо. Ах намайг ажилтай болсонд баяртай байгаа шинжтэй, орос тэмдэглэлийн дэвтэр бэлэглээд, “сайн бичээрэй” гэв. Тэгээд л болоо. Бүх яриа дуусав. “Ярилцлага өгчих л дөө” гэж янз бүрийн арга хэрэглэн гуйсанд авч хэлэлцсэнгүй. “Удаж удаж бараагаа ганц харуулчихаад юу яриад байгаа юм чи, орой болсон хойно хаачих гээд байгаа юм, дуугүй, хоноод яв” гэв ээ. Угаасаа Сүндэв ах ийм маягаар л ярина. Ярианы өөр хэв маяг мэддэггүй. Монгол хэлний өгүүлбэр зүйн нэршлээр тайлбарлах юм бол, ямагт “тушаан захирах” төлөв дээр.

Хожим би өөрөө ярилцлагаас зугтдаг болсон хойноо л, нэг удаа манайхыг зорьж ирсэн залуухан сурвалжлагчийн царай хэрхэн барайхыг хараад гэнэт энэ явдлыг санаж бид хоёрт адил төстэй зан чанар байдгийг олж харсан юм. Ах маань улсын хилийг хамгаалах онцгой сайхан салбарт насан туршаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрүүл мэндээ умарттал зүтгэсэн ч өөрийнхөө тухай хэзээ ч ярьж, сурталчилж яваагүй. Батлан хамгаалах салбарт ажилладаг хүмүүсийн ихэнх нь ийм л байдаг. Угаасаа ч хөдөлмөрч хүмүүст ярих зав байдаггүй л дээ. Үг нь биш үйлдэл нь хүнийг илэрхийлдэг байх ч сайхан.

…Миний ах Ганбат дунд сургуулиа төгсөнгүүтээ өөрийн хүслээр цэрэгт татагдлаа. Дорнод аймаг руу хуваарилагдсан. Нэг өдөр агаагаас захиа ирсэн нь биднийг баахан хөгжөөв. “Ирээд гурван сар болсон ч Сүндэв ахтай уулзаж чадсангүй. Харин өчигдөр заставын даргатай мэндчилэх жагсаалын үеэр ахын урдуур ангийнхантайгаа алхаад өнгөрсөн чинь намайг гэнэт олж хараад аймаар гайхаж, нүд нь бүлтийж ирээд л харсан. Ашгүй ингэж нэг уулзав. Сүндэв ах энд маш нэр хүндтэй. Зарим даргыг цэргүүд их муулах юм, харин ахад бол дарга цэрэггүй их сайн, “Алаг нүдэн” гэж нэрлэдэг. Жинхэнэ атаман нэрийг нь баастчих вий гэж айгаад би “манай ах” гэж нэг ч хүнд хэлээгүй” гэжээ. Алаг нүдэн гэснээс, нагац маань залуудаа бараг нүдээрээ л ярьчихдаг сан. Ер нь сүр бараа ихтэй хүн. Уурласан үедээ бол надад буддын шашны бурхадын догшин дүртэй адилхан санагдаад байдаг юм. Нэг их том нүд эргэлдээд л…

Сүндэв ах гэхдээ “далайлт нь ширүүн ч буулт нь зөөлөн” хүн. Насан туршаа ах дүүсээ, төрөл саднаа чирч явсан даа. Миний бага ахыг Москвад дээд сургуульд явуулж өгч, бас отгон дүүгийн минь оюутны сургалтын төлбөрийг төлөх жишээтэй. Ээжийн талынхан ямар нэг асуудал болбол албатай юм шиг бүгд л “Сүндэвт хэлье” гэнэ. Ах ч бүгдийнх нь төлөө үхэн хатан гүйнэ. Садан төрөл дотроосоо бараг би ганцаараа нагацаасаа юу ч гуйгаагүй байх шүү. Үүнийгээ харин бардам зан гэж хэлэхгүй, хайр бас хүндэтгэл гэж нэрлэнэ. Тэртэй тэргүй тэр хүн миний сэтгэлд итгэл найдвар болж оршсоор ирсэн юм. “Ямар нэг юм болбол Сүндэв ахад хэлчихнэ дээ” гээд бодоход нэг л сайхан. Одоо ч ингэж бодсоор… Хүний түшиг гэдэг энэ!

Аавыг өнгөрсний дараа, Сүндэв ах урилга явуулж, ээжийг минь Москвад амрууллаа. Өөрөө ядуухан оюутан явсан үе шүү дээ. Хэдэн өнчин хүүхэдтэй үлдсэн эгчийгээ сайхан газар орон үзүүлж, сэтгэлээр дэмжих л гэсэндээ тэр. Угаасаа ааваас хойш ээжийн минь ганц итгэл найдвар дүү нь л болсон байлаа. Бидэнд асуудал тохиолдоход, бас сандарсан, ганцаардсан үедээ сэтгэлээ засах гэсэндээ “За яахав, удахгүй Сүндэв төгсөөд ирнэ, тэгэхээр хэдүүлээ алзахгүй ээ. Миний дүү удахгүй хүрээд ирэх юм чинь” гэдэг сэн.

Нагацыгаа би хүнийх нь хувьд үнэлдэг нэг чухаг зүйл бол тэр ямар ч шуналгүй хүн. Миний л мэдэхийн, дөрөвдүгээр хорооллын эцсийн, тэртээх мухрын, есөн давхар, хүйтэн байрны нэгэнд насаараа шахуу амьдарсан. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн ерөнхий командлагч гэдэг ч бил үү, учиргүй сүртэй нэртэй албан тушаалд оччихоод байхдаа ч тэндээ амьдарсаар, тавилга сэлт нь хүртэл хуучнаараа л. Ажлаас өөр юу ч үл бодно. Тэдний гэр бялхаж цалгиад, баяжиж хөрөнгөжөөд байсан удаагүй. Үргэлж нэг хэвээрээ. Намайг хүүхэд байхад цэргийнхэн дотроос генерал цолтон төрөх нь өдрийн од шиг байв. Одоо бол албан тушаалаа дагаад л шууд генералын мөрдэс гардах ажээ. Харин миний нагац бол “жинхэнэ генерал” гэж би дотроо боддог. Бүр эхнээс нь, хөдөөгийн хилийн ангиас бүгдийг эхэлсэн дээ. Байлдагч Сүндэв, ахмад Сүндэв, хошууч Сүндэв байсан, тэр.

Дандаа л завгүй явдаг нагац ах отгон хүүг минь төрөхөд марталгүй бэлэг явууллаа. Олон жил өмссөн, танил үнэр нь шингэсэн, генералын мөрдэстэй, хуучин кителээ илгээжээ. Цэрэг хүн л ийм бэлэг явуулах биз ээ. Ахын бэлгээс хийморлиг эр хүний халуун эрч, уйгагүй, хүнд хүчир амьдралынх нь хөлс үнэртэж байсан. Харин би ахдаа одоо хүртэл олигтой бэлэг өгч үзсэнгүй. “Шүлэг зориулаад бичлээ гэхэд аягүй бол унших ч үгүй биз” гэсэн шүү юм хэлэн ээждээ шоолуулна. Гэвч үнэндээ бол нагац маань ном зохиолд хар багаасаа дуртай, цэргийн мэргэжлийн ном, толь бичиг хүртэл редакторлосон, бичгийн боловсрол өндөртэй, олон талт мэдлэгтэй хүн.

Ахыг тэтгэвэртээ гарахаас нь өмнөхөн гэнэт нэг хэсэг сониноор дайрч давшлав аа. Шударга амьдарсныг нь мэдэхийн хувьд “энэ бүхэн худлаа” гэдгийг мэдэх тул гүтгэлгийг бичсэн сэтгүүлчээс эх сурвалжийг тодруулах зорилгоор утсаар ярьтал, Аюур бид хоёрыг үнэлдэг, номыг маань уншдаг хүн болж таарав. Манай нагацын тухай муу зүйл бичсэнээ мэдээд чин сэтгэлээс уучлалт гуйж, орой нь хамтдаа хоол идэхийг өөрөө урилаа. Эх сурвалжаа ч хэлэх бололтой, элгэмсүү сайхан хандав. Маргааш нь нагац руугаа залгаж “Таныг сониноор гүтгэсэн сэтгүүлчийг би мэддэг болсон, эх сурвалждаа өөрөө ч итгэлгүй байжээ, бас буруу зөвөө хүлээж байх шиг” гэж хэллээ. Харин нагац маань тэгэхэд намайг бишрүүлж билээ. “Хн, сэтгүүлч хүн байж, ядаж энэ хавиар ирээд надаас бусад хүнтэй ч болов уулзаж, ганц нэг мэдээллээ баталгаажуулж авдаг байгаа даа. Хариуцлагагүй” гэв. Өөр юу ч хэлээгүй. Юу ч… “Тэр хүний нэр хэн бэ, олоод өг, алаад өгье!” гэсэнгүй. Даргыгаа унагах санаагаар матаж, яг хамар дороос нь гүтгэж байгаа хүн баригдвал балрах нь тодорхой. Өөрт нь бүх эрх мэдэл байсан ч ах хөдлөөгүй. Тоогоо ч үгүй. Нийтлэлийн эхэнд бичсэн “Молодец, мужик” гэдэг хоёр үг эрхгүй санаанд орсон доо. Нэг удаа санаандгүй айлд зочилж очоод, хоолны ширээний ард хүмүүс Сүндэв ахын тухай ярьж байхтай таарсан юм. Миний хамаатан гэж мэдэх ч үгүй л дээ. “Нутаг орныхоо төлөө байнга санаа тавьж явдаг, зан чанарын хувьд маш шударга хүн билээ” гэж Архангайн улстөрч Ламбаа гуай хэлсэн нь санаанд үлджээ.

Аавыг минь хөдөөлүүлэх үеэр болсон нэг явдал санаанаас үл гарна. Ачааны машины задгай тавцан дээр бид зогсоод, оршуулгын газар руу үүрээр хөдөлсөн сөн. Яагаад ч юм бэ, Сүндэв ах бид хоёр хамгийн урд талд, “толгойн хэсгийг” түшээд, зэрэгцэн явж таарлаа. Үүрийн салхинд үс минь хийсээд л, би чанх урагш ширтэж явав. Эргэн тойрон чив чимээгүй, зөөлөн дулаан, намуун тогтуун. Уулсын оройд тусаж буй нарны эмзэгхэн нялх туяаг өнчирсөн нүдээрээ бахдан харж явлаа. Үхэл гэж юу ч юм, бүү мэд. Нар яасан гоё манддаг юм бэ. Шувууд яагаад өнөөдөр жиргэхгүй, ийм чимээгүй байгаа юм бол?

Гэнэт Сүндэв ах миний гарт зөөлөн хүрээд, шивнэх шахуу аяархнаар ингэж асуув. “Миний дүү, даараагүй биз?” Би юу ч хэлээгүй. Зөвхөн толгой сэгсэрсэн. Нар ийм гоё мандаж байхад юу асууна вэ. Тэгээд ч наймдугаар сарын урин дулаан өдөр хэн даарах билээ.

Эгшин зуурын энэ явдал сэтгэлд яагаад тодоос тод үлдсэнийг мэдэхгүй. Тэр үг олон жил сэтгэлд минь цуурайтсан даа. Би ахдаа хариулт өгөөгүй ч одоо харин ахаасаа асуух цаг минь болсон санагдана. Хайрт ах минь, та даараагүй биз? Хүний амьдралын зовлон жаргал бүрийг бид ялгаагүй туулж, сайн муугийн нэг эргээс нөгөө эрэг рүү адилхан л шидэгдэж явна. Өндрийн шувууд өндөртөө өтөлдөг л дөө, гэвч…

Нагац маань саяхнаас тэтгэвэртээ суусан. Ажлаа хийж байхад нь цагаан сараар очиход тэднийх хөл гишгэх зайгүй байдаг сан, одоо “ашгүй” овоо цөөрсөн бололтой. Үргэлж хүмүүсээр хүрээлүүлж, үргэлж түмний хөлд дарагдаж явдаг ахтайгаа таван үг солих ч цаг олдохгүй, заримдаа дургүй хүрдэг сэн. Нэг бол жолооч нь дэргэд, нэг бол утас нь тасралтгүй дуугарна. Ажил дээр нь яваад очиход иргэний үнэмлэх шалгуулж байж л орно, арай гэж нэвтрээд очтол үүдэнд нь нэг цэрэг “хамгаалаад” зогсож байна. Хаана байна аа, миний ах? Надад ах, ах, мөрөн дээрээ суулгадаг ах минь л хэрэгтэй байна, асуух зөвлөх, нулимсаа арчуулах нагац хэрэгтэй байна. Тэсэлгүй утсаар залгана, харилцуур авангуут цаана нь утас дуугарна. Хүлээнэ, хүлээгээд л байна, арай гэж танил хоолой дэргэд сонсогдоно. “Сайн уу, миний дүү?”, ахиад л цаана нь утас дуугарна, “Хүлээж байгаарай, одоохон”, цаашаа ярина, ямар нэг заавар, тушаал өгч байгаа л сонсогдоно. Хүлээнэ. Сүүлдээ залгахаас ч залхана. “За яршиг, тэтгэвэртээ суугаад, завтай болохоор нь л нэг сайхан ярьж сууж байя даа” гэж бодсон сон. Даан ч амьдрал шоглоомтой. “Завгүй, завгүй” гэдэг тэр хэцүү үг одоо миний эзэн болжээ.

Сүндэв ах насаараа л ах дүүсдээ төдийгүй харь элгийн түмэн хүнд тусалсан. Харин одоо өөрөө эмнэлэгт хэвтэхэд, насан туршаа ач тусыг нь хүртэж ирсэн төрөл садныхан маань халамжилж чадаж байгаа болов уу? Мэдээж үгүй. “Хүчтэй” хүний зовлон энэ. Бүхнийг чаддаг, бүхнийг мэддэг, үргэлж өгсүүр замаар алхсан, бүх юм нь бүтэж явдаг хүнд бүгд ингэж л ханддаг. Дорой нэгэндээ санаа тавьж, чадалтай хүнээ ор тас мартдаг. Хүчтэй төрсөн хүн гэдэг бол ганцаардах ёстой хүн гэсэн үг. Тэдэнд асуудал тохиолддог гэж, тэд бас зовдог, шаналдаг гэж дорой буурайчуудынх нь толгойд ч ордоггүй. Сүндэв ах ямагт “зовхи нь өөдөө” явсан тул түүнд өвчин хүртэл зохидоггүй, тэр байтугай, эмнэлэгт хэвтэж гэдгийг нь сонсоход ч зүгээр л амарч, сувилуулж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Учир нь, ахын дотоод ертөнцөөс сул дорой чанарын хэлтэрхийг ч хайгаад олохгүй тул хэний ч санаанд түүний төлөө түгших, зовних бодол үл төрнө. Монголчуудын гэр бүлийн, “бичигдээгүй хуульд бичигдсэн” ёсоор бол ах дүүс дотроо хамгийн сайн яваа нь бусдыгаа чирч, бүх ачааг үүрч, тэр бүү хэл, юм бүхэнд хамгийн түрүүнд буруутгагдаж, гол зэмлэлийг хүртдэг. Түүнд бүгд найдаж, түүнээс л аврал эрнэ. Энэ бол ИТГЭЛ-ийн л нэгэн нүүр. Итгэл хүлээх чадвар гэдэг аугаа том өгөгдөл. Тиймээс ч “Сүндэв ах МЭДЭЭЖ сайн байгаа” гэдэг үгэнд л бид итгэдэг, мэдээж, мэдээж шүү дээ, Сүндэв ах юм чинь! Харин “Сүндэв ах эмнэлэгт хэвтсэн” гэх мэтийн үгэнд бол бид огт итгэдэггүй. Хойшид ч итгэхгүй.

Ай хөөрхий, “Нар шиг нагац” гэж хичнээн энгийн, дулаахан сайхан зүйрлэл вэ. Монголчууд ухаантай ард түмэн шүү. Ийм сайхан үгийг захиас мэт үлдээж л байдаг. Ах дүүгийн ариун ёс, амлаагүй амлалт, биелүүлэх ёстой үүрэг, мөнхөд үргэлжлэх үйлийн үрийн гинжин холбоог хэн үл хайхарч зүрхлэх билээ! Нар бол илч дулаан, нар бол гэрэл гэгээ. Наранд харанхуй зохидоггүй. Нар гэхдээ тэнгэрт л байдаг, тэртээ, тэртээ, тэртээ дээр! Нагац нар яг ийм. Илчээрээ холоос ивээгээд, эдгээгээд, гийгүүлээд, ойртвол харин түлэх дөхнө. Миний, ааш муутай, адайр зантай, үе үе намайг цэргүүд шигээ “командлах” гээд огтоос амжилт олдоггүйдээ маш их гайхаж явдаг цэрэг нагац ч тийм л хүн. Насан туршаа “атаман” явсан ах маань “дураараа зантай энэ охин л үгийг минь ойшоохгүй юм даа” гэж бодоод уур нь ихээр хүрдэг биз ээ. Зэрэг зиндаа, сахилга бат, хэм хэмжээг мэддэг цэргийн хүн билээ, тэр! Гэтэл зэрэг зиндаа гээч зүйл уран зохиолд үйлчилдэггүй. Энд, миний энэ ертөнцөд зэрэг зиндааг “хоосон” гэж, сахилга батыг “хязгаарлалт” гэж үздэг. Урлагийн ертөнц бол сахилгагүй, дэггүй, дураараа, эрх чөлөөт хүүхдүүдийн орон зай. Салхи шиг хүмүүс энд ноёрхдог. Өө, өөр гаригийн ах дүү хоёр оюун санаагаараа хэрхэн шүргэлцэх. Миний тэнэг, шулуухан ярилцлагуудыг сониноос уншаад гайхаж цочин, ичдэг ч биз. “Энэ нөхрийн бичдэг ном гэж юу байдаг юм бол” гэж толгой сэгсэрдэг ч биз. Тэр хүн миний хувьд дарга биш, генерал биш, ердөө миний ээжийн хайртай дүү л гэдэг нь үнэн шиг би түүний хувьд зохиолч биш, яруу найрагч бол бүр ч биш ээ. Нагац маань Тангадын Галсан гуайг л яруу найрагч гэж боддог юм. Нэг удаа, жаахан охидод л тохирсон, цэцгийн зурагтай дэвтэр өгөхөд нь хэлэх ч үг олдоогүй. Нагац маань намайг өмнө нь номхон зогсоод дуулж асан өнөөх жижигхэн охин чигээрээ юм шиг л санадаг, хүссэн үедээ аашлах гэдэг. Айлын эхнэрийг загнаж болох уу даа. Ах нар аа гэж!

Яг өөр шиг нь хэт шулуун зантайдаа л хуурмаг зан гаргаж хэзээ ч чаддаггүйг минь, хэцүүхэн хүмүүсээр дүүрэн уран зохиолын ертөнцөд хичнээн ихийг үзэж туулсныг минь тэр мэдэхгүй. Нагац маань “ерөнхий командлагч” явсан учраас алив зүйлийн “ерөнхий” нурууг л чухалчилна. Том асуудлыг л шийддэг тул том биш гэж бодсоноо үл ойшооно. Холын холыг нэвт харж чаддаг ч ойр тойрхоноо үл анзаарна. Хамгийн гол нь, зээ дүү нь ахыгаа насан туршаа, дотроо л чимээгүй хайрласныг, тэр нэгэн өдрийн “өндрийн” дууг, тэр нэг өглөөний “нартай” асуултыг зүрхэндээ тээсээр ирснийг мэдэхгүй. Гунигтай ч юм шиг. Хүмүүс ойр дотныхондоо хэзээ ч сэтгэлийн үгээ хэлдэггүй. “Муу” нагацдаа ямар үг хэлбэл баярлах юм бол. Нялцгануур зангүй цэрэг хүнд нялуун үг тохирох ч үгүй л дээ. Ах нь охин дүүгийнхээ өөдөөс харж суучихаад ярьдаггүй зүйл гэж байх. Дүү нь ахаасаа нуудаг дотоод шаналал ч гэж байх.

Нар шиг нагац маань насаараа бүгдийг алагчлалгүй ивээсээн. Харин өөрийг нь юу ивээж, дулаацуулдаг юм бол доо? Би бас л мэдэхгүй. Мэдэхгүй, мэдэхгүй, мэдэхгүй, хэн ч хэн нэгнийг бүрэн гүйцэд мэддэггүй. Гарцаагүй нэгэн үнэн гэвэл, үе үе санаж үгүйлэхээрээ, сайхан хар үс нь буурал болсныг харахаараа “Ах минь дээ, ах минь, та минь даараагүй биз” гэж мах цусаараа шивнэн асуумаар болох. Даан чиг “насанд хүрсэн” хүмүүс хэзээ ч нэгэндээ ийм үг хэлдэггүй билээ.

Хайрт ах Паламын Сүндэвтээ эр цэргийн баярын мэнд хүргэж, эрүүл саруул, энх түвшин амьдралыг ерөөе.

Categories
мэдээ цаг-үе

М.Абай: Би домборыг маш удаан сурсан. Гэхдээ маш тууштай хичээллэсэн

Авьяаслаг монголчууд-2015” шоуны шилдэг оролцогч Муратын Абайтай ярилцлаа.

Шоу дуусаад нэлээд хэдэн сар боллоо. Өнгөрсөн хугацаанд уран бүтээл хийв үү. Шоуны оролцогчид эргэх холбоотой ажиллаж байгаа харагддаг?

-“Авьяаслаг монголчууд” шоу дуусаад дөрвөн сар өнгөрлөө. Шоунаас хойш залуу уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл хийхээр төлөвлөж байна. Мөн анх удаа морин хуур, домборын хамтарсан бүтээл хийж клипжүүлсэн байгаа.

Ямар уран бүтээлчидтэй хамтарч байгаа вэ?

-Энэ сардаа багтаад шинэ уран бүтээл гаргахаар төлөвлөж байгаа. Ковер дуулдаг залуус байна. Мөн “Авьяаслаг монголчууд” шоуны оролцогчид хамтарч уран бүтээл хийхээр яригдаж байна.

Сүүлийн үедМонгол HD” телевизийн нэвтрүүлэг хөтөлж байгаа гэсэн. Энэ салбарт хүч үзэхээр шийджээ?

-Хүмүүс буруу ойлгоод байгаа. “Монгол HD” телевизийн үндсэн хөтлөгч бол би биш. “Өглөө” хөтөлбөрийн булангийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Тэрнээс үндсэн хөтлөгч нар мундаг хүмүүс байдаг шүү дээ. Миний баримталдаг зарчим бол залуу хүн ямар нэг зүйлийг боломж хэмээн харж байх хэрэгтэй гэж боддог. Энэ чинээгээрээ суралцаж байх ёстой. Надад бас нэг боломж харагдсан. Би энэ боломжийг алдалгүй шинэ салбарт суралцаж байна. Тэрнээс би эрх зүйч мэргэжлээр төгссөн шүү дээ.

Аль сургуулийг дүүргэсэн бэ?

-2015 оны долдугаар сард Хууль сахиулах сургуулийг төгссөн. Цаашид мэргэжлээрээ ажиллах бодолтой.

Мэргэжлээрээ ажилласан уу?

-Сургуулиа төгсөөд Дархан-Уул аймагт томилогдсон. Шийдвэр гүйцэтгэгчээр томилогдоод тодорхой хугацаанд ажиллаж байгаад мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор ажлаасаа түр чөлөөлөгдсөн.

Аавынхаа хамт

Шоунд оролцох шийдвэрийг гэрийнхэн тань хэр хүлээж авч байв?

-Манай гэр бүлийнхэн маш өндөр сэтгэгдэлтэй намайг дэмжсэн. Мөн найз нөхөд гээд миний хүрээллийнхэн бүгд л дэмжсэн. Миний хувьд дэлхийн хэмжээнд зохион байгуулагддаг том шоунд оролцоод сайн үр дүнд хүрч чадах уу, үгүй юу гэж бага зэрэг эргэлзэж байсан л даа. Гэхдээ хүмүүсийн итгэл хүлээлгэсэн урмаар их хөглөгдөж зоригтой алхам хийж бодож байснаасаа ч илүү амжилтад хүрсэндээ баяртай байна. Миний зорилго Монгол Улс, дэлхийд гарах биш. Хамгийн гол нь казах түмний домбор хөгжмийг олон нийтэд таниулах байсан. Хагас шигшээ хүртлээ боломжийн тоглолтуудыг үзүүлсэн болов уу. Энэ шоунд “Монгол HD” телевизийн хамт олноос гадна дууны инженер Төгсөө маш их тусалсан. Хоёулаа ярилцаад гол агуулгаа гаргадаг. Домборыг үндэсний уламжлалт ая тоглодог гэж манай монголчууд ойлгодог. Тэгвэл би арай өөр талаас нь домбор хөгжмийг таниулахыг хүссэн. Домбор хөгжмөөр дэлхийн сонгодог ая, гадаадын аяз гээд маш олон хувилбарыг харуулахыг хүссэн. Орчин үеийн хөгжимтэй, шинэ хэмнэлийг гаргаж ирэхийг хүссэн. Зөвхөн миний хүчин зүтгэл бус багаар ажилласан шоуны уран бүтээлчдийн хөдөлмөр юм шүү.

Домбор хөгжмийг казах түмний үндэсний хөгжим гэсэн ойлголтоос илүү түвшинд авчирсан нь өөрийн тань энэ шоунд оролцсон гавьяа юм шиг санагддаг?

-Казах үндэстний хүн бүр энэ хөгжмийг дээдэлдэг. Аливаа найр наадам болгон домборын аялгуугаар эхэлдэг. Сэтгэл зүрхээ шингээж домборыг тоглох нэг өөр ойлголт, мэддэг урсгалаар нь тоглох бас нэг өөр ойлголт. Миний хувьд тайзан дээр гарах болгондоо хөгжимтэйгөө ойр байж, хөг аялгуу бүрийг нь мэдэрч тоглодог. Тэр чинээгээрээ хүмүүст хүрч чадсан байх гэж боддог. Онцлог гэвэл цохилт. Гарын хурдан цохилт, хурдан хэмнэл. Маш удаан тоглолттой ая ч байна. Гол нь энэ хөгжмөөр өнөөдөр дэлхийд хит болж байгаа бүтээлийг ч тоглож болно гэдгийг харуулахыг л хүссэн.

Хэзээ энэ хөгжмийг тоглож сурсан бэ?

-Домбор хөгжмийг тоглоод найман жил болж байна. Анх домбор хөгжим тоглохдоо удаан сурсан. Гэхдээ маш тууштай хичээллэсэн. Жил гаруй хугацаанд долоо хоногт гурван удаа хичээллэсэн. Нэг ч сургалтаа тасдаагүй. Анхнаасаа багшаар заалгаж зөв тоглож сурсан. Гар барилтаас эхлээд зөв сурчих юм бол цаашдаа өөрийгөө хөгжүүлэхэд хялбар болдог. Анх Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин Ибандых гэдэг хүнээр хөгжим заалгасан. Дараа нь арван жилд байхад урлагийн салбар руу татаж оруулсан хүн бол нэгдүгээр ахлах сургуулийн багш Аймангүл. Монголын хамгийн шилдэг домборчин гэж ойлгодог Айган багштай нэлээд бэлтгэл сургуулилт хийж, их ч зүйл сурсан.

Өөрийг тань хасагдах мөчид хөгжөөн дэмжигчид тань сэтгэл дундуур үлдсэн. Тухайн үед өөрт тань ямар мэдрэмж төрж байв?

-Нэгдүгээр шатанд би бусдын л адил шоуны оролцогч нэгэн байсан. Харин дараагийн шатанд би өөр имиж, өөр үзүүлбэрийг үзүүлсэн нь үзэгчдийг их татсан. Таалагдсан. Хүмүүсийн хандлага маш их нэмэгдсэн. Твиттер, фэйсбүүк зэрэг сошиалаар намайг дэмжсэн маш их хүн хандалт илгээсэн. Баяр хүргэсэн. Энэ бүхэн их сайхан санагдсан. Би үзэгчдэд сэтгэгдэл төрүүлж, өөрийгөө таниулж чадсан. Тэрнээс шоунаас хасагдчихлаа. Өрсөлдөгчид ийм байлаа, тийм байлаа гэж би огт бодоогүй. Учир нь шоуны оролцогчид өрсөлдөгчид гэхээсээ сайхан найзууд болж чадсан нь надад илүү үнэ цэнтэй байсан. Шоуны шилдэг оролцогчдын нэг Отгонбаяр бид хоёр үе тэнгийнхэн. Их сайхан найзууд болсон. Ер нь энэ шоу тэр чигээрээ гайхамшиг гэхээс илүүтэйгээр олон хүнд боломж олгосон гайхалтай зүйл юм.

Танай аав аймгийн хурц арслан Ш.Мурат. Муратынх гэдэг айл хэр өнөр өтгөн айл вэ?

-Манай аав, ээж Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул. Бид аавынхаа ажлаас шалтгаалаад гэр бүлээрээ хотод нүүж ирээд дөрвөн жил болж байна. Манай аав аймгийн наадамд хоёр түрүүлсэн аймгийн хурц арслан, Кураш бөхийн Азийн аварга Ш.Мурат гэж хүн бий. Манай ээжийг Х.Улжай гэдэг. Номын санч. Манайх дөрвөн хүүтэй их өнөр өтгөн айл шүү. Манай том ах Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар ажилладаг. Удаахь ах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад цэргийн чиглэлээр ажилладаг. Дараагийн ах авто тээврийн чиглэлээр ажилладаг. Инженер мэргэжилтэй.

Аавынхаа бөхийн замналыг хэн нь ч сонирхож дагалгүй өөр мэргэжлийн хүмүүс болсон байх нь ээ дээ?

-Манай аав бүх талын авьяастай л даа. Би арван жилдээ чөлөөт бөхөөр хичээллэж байсан. Үндэсний бөхөөр хичээллэж байсан. Гэвч миний сонирхох, ирээдүйд амжилт гаргах зүйл бол бөхийн спорт биш байсан. Тиймээс аавдаа хэлж байгаад Хууль сахиулах их сургуульд орсон. Миний бодлоор бөх хүн гэдэг цаанаасаа заяагдсан, төрмөл авьяастай байх ёстой. Тодорхой хэмжээний амжилт гаргасан, олны хайр хүндэтгэл хүлээсэн хүнийг бөх гэдэг болохоос барилдаж байгаа хүн болгоныг бөх хүн гэж хэлэхгүй байх л даа. Тиймээс миний хувьд нэгэнт тийм амжилт гаргаж чадахгүйгээ мэдэж байсан учраас энэ замыг сонгоогүй.

Аавтайгаа хэр дотно вэ. Дөрвөн хүүг хүмүүжүүлнэ гэдэг аав хүнээс чамгүй ухаан зарах болов уу?

-Миний гол зөвлөгч аав. Хэдий насанд хүрсэн ч гэсэн ааваасаа зөвлөгөө авч, асууна. Миний түшиг тулгуур, бахархал минь аав. Сая шоунд оролцоод тайзан дээр гарах болгонд Муратын Абай гэж дуудуулах шиг сайхан зүйл байсангүй. Миний хамгийн их хүссэн зүйл энэ. Аавынхаа нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэгтэй хүн нь би. Аав маань хүүхдүүдээ алдаа гаргалаа гээд загнахаас илүүтэйгээр зөв тал нь ийм байж болох байсан, ингэж болно гэж эерэг талаас нь ойлголтыг төрүүлдэг. Ер нь их зарчимч хүн л дээ. Илүү дутуу үггүй. Биднийг ямар ч амжилт, ололттой зүйл хийсэн бай түүндээ эрдэж онгирч, хөөрч болохгүй гэдэг. Ээж ч мөн адил. Гэр бүлийн хүмүүжил нөлөөлдөг болов уу. Хүн даруухан байх хэрэгтэй. Хүний хайр хүндэтгэл хүлээсэн бол тэрийг дааж явах хэрэгтэй гэж захидаг.

Танай гэр бүлийнхэн Наурызын баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Баян-Өлгий аймгийн хэмжээнд их өргөн тэмдэглэдэг. Бүх нийтийн амралтын өдөр байдаг. Хүүхэд байхад аймгийн төв талбай дээр олон арга хэмжээ болж их л гоё санагддаг байлаа. Долоон жил аймагтаа очиж Наурызын баяраа тэмдэглэсэнгүй. Сүүлийн үед хотод их өргөн тэмдэглэж байгаа. Манай аавын хүрээллийн хүмүүс их ирнэ. Салбар бүрийн л мундаг гэгддэг хүмүүс энэ өдөр манайд зочилдог. Манайх гэдэг айл ёстой л олны хөлд дарагддаг. Тухайн айлын үүдээр хичнээн хүн орж гарч байна тэр чинээгээр аз жаргал, баяр баясал ирдэг гэж монголчууд ярьдаг шүү дээ. Тийм болохоор манайд зочид ирэхэд би их дуртай байдаг (инээв).

Categories
мэдээ цаг-үе

Н.Жанцанноров: Ц.Нямдорж над руу яриад “Өвгөөн би дуугарах ёстой юу” гэж байна…

-Н.ЖАНЦАННОРОВЫН “ОЮУЭРДЭНИЙНГОВЬ” ЭГШИГЛЭНЭ

Төрийн хошой соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын шинэ бүтээл “Дорнодын цэнхэр аялгуу”, “Оюу эрдэнийн говь” цомгууд “мэндэлж”, “Говь”, “Тал” чуулбар тоглолтоо Соёлын төв өргөөнд гуравдугаар сарын 28-нд толилуулах юм. Түүний шинэ уран бүтээлийн тухай сонсоод, зорьж очлоо. Мань эр хаалгаа тайлж, мэнд мэдээд “Чи мүүн яриад намайг унагах гэж байна уу” хэмээн “өдөв”. “Нээрэн та мүүнээс одон авсан этгээдүүдийн жагсаалтад багтчихаад байгаа биз дээ” гэхэд маань тэрбээр одонгийн түүхээ наргиантайгаар хуучилснаар бидний ярилцлага эхлэв.

-Над руу Д.Цэвээнжав яриад байсан юм. Тэгээд нэг хуралд нь очиж, баяр хүргэж үг хэлээд, намайг Дэлхийн энх тайвны урлагийн дээд одонгоор шагналаа. Хүн шагнаж байхад чинь “Авахгүй, авахгүй” гэлтэй биш. Дахиад нэг хуралд очсон чинь Мүүн гээд нэг хүний асуудал яригдаад байх юм аа. Тэгээд би “Энх тайвныг нэг хүн хөгжүүлнэ гэж байхгүй дээ. Энэ жаахан асуудалтай болоод явчихлаа” гэж бодоод “бултсан”. Түүнээс хойш Энх тайвны залуучуудын ямар байгууллагаас гэнэ вэ зөндөө утасддаг юм. “Н.Жанцанноров гуай Солонгост олон улсын энх тайвны хурал болох гэж байна. Бүх зардлыг нь тэндээс нь гаргана. Та нэг очоод, Монголын уламжлалт соёлын талаар үг хэлээд өгөөч” л гэнэ. “Японы талаас бүх зардлыг нь даана, та яваач” л гэнэ. “Та манай идэвхтэн гэнэ үү юу ч гэнэ үү. Ингээд бултаад байсан сүүлдээ нөгөөдөх чинь хүн оршуулдаг ч гэнэ үү нэг юм болоод явчихлаа.

-Ц.Нямдорж гишүүн хүртэл мүүнчнээр тодроод байгаа юм биш үү?

-Ц.Нямдорж өнөөдөр (лхагвад) ярьж байна. Өвгөөн, “Чамайг нэг олон нийтийн байгууллага одонгоор шагная гээд байна” гээд Бавуугийн Лхагвасүрэн утасдаад байхаар нь би ямар гавьяа байгуулсан биш, шагнах гэж байгаа юм бол шагна даа гэжээ. Тэгсэн нэг одонгоор шагнуулсан гэнэ. Хаанаас юм бэ дээ нэг сая төгрөг өгсөн юм байна. Тэрнийг нь нийгмийн халамжийн байгууллагад өгчээ. Баримт нь бий гэж байна. Тэгээд Ц.Нямдорж “Өвгөөн, одоо би дуугарах ёстой юм уу, дуугүй байж байх уу” гэж байна. (Н.Жанцанноров гуай гар утсаа харснаа 10:44-т ярьсан байна гэв.) Шаардлага гарвал дуугараач дээ, мэдэхгүй байсан гэдгээ хэлэхгүй юу гэсэн. Тэгээд би хэлсэн л дээ. Энэ бол чи бид нарын ч буруу биш, тэр Ц.Элбэгдоржийн ч буруу биш. С.Баярцогт одон авч байгаа зураг гарсан юм уу. Тэрний ч буруу биш. Манай улс тусгаар тогтносон орны хувьд дотоод бодлогоо нухацтай явуулахад анхаарах хэрэгтэй юм байна. Энэ бол ардчиллынхны буруу гэж ийш тийшээ ганхуулах хэрэггүй. Ерөөсөө л бид гажуудсан ойлголтуудаасаа болоод нийгэм жаахан саармагжсан юм байна. Демократ гэдэг грек үг л дээ. Демо гэдэг нь ард, крат гэдэг нь засаг гэсэн үг шүү дээ. Ардчилал гэдэг яг махчилаад орчуулбал ардын засаг гэсэн үг байхгүй юу. Ард засаглана л гэсэн үг. Яахав Ц.Элбэгдорж, манай энэ хэд эхний үедээ хөөрсөн юм байна, бас. Дэндүү эрх чөлөө яриад, Э.Бат-Үүл энэ хэд бүх монгол хүнд гадаад паспорт авч өгөөд бүгд гарна гээд л. Их сэтгэлийн хөөрлөөр хийчихсэн. Ер нь тэгж замбараагүй байж болдоггүй юм байна. Ардчиллыг үнэн чанартаа засаглал гэж ухааралгүйгээр эрх чөлөө гэж массаараа ойлгосон шиг байгаа юм. Эрх чөлөө үнэн чанартаа хариуцлага гэж биш дураараа дургих гэж бидэнд бууж байжээ. Засаглалаа эрх чөлөө, эрх чөлөөгөө дураараа дургих гээд ойлгочихож. Дэлхий хавтгай болчихлоо, одоо биенээ эзэрхийлж түрэмгийлэх юм байхгүй. Даяаршаад, бүх юм ил тод, тунгалаг болно гээд “хусаад” байсан чинь өнгөн дээрээ л тийм болохоос биш бүх том гүрнүүдэд тагнуул нь байдгаараа л байна. Орост ч Дотоод яам байна. АНУ-д Дотоод яам гэж нэрлэхгүй ч өөрийгөө хамгаалдаг, хянадаг байгууллагууд нь бүгд бий, Хятадад ч байна. Өөрийнхөө дархлааг атгаж байхын тулд тэр бүхэн цөм байна. Манайх болохоор Тагнуулын төв газрыг агентлаг болгоод, Ерөнхий сайд руу өгчихсөн. Ерөнхий сайд сар болоод солигдож мэднэ, жил болж ч болно. Дөрвөн жил ч болно. Тагнуулын төв газар Ерөнхий сайдын мэдлийн агентлаг байхаар нам нам руу, хүн рүү савласан бодлого болж хувирч байна. Ер нь тагнаж байх хэрэгтэй юм уу, манайд тагнаад байхаар юу байгаа юм. Тагнана гэдэг хүний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл ч гэх шиг ийм хачин хачин юм бодоод задлаад хаясан. Тэгээд бид чинь цөмөөрөө энд тэндхийн одон модон аваад байгаа байхгүй юу. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл энх тайвны байгууллага ч байна уу, хүмүүнлэгийн байгууллага ч гэнэ үү Монголд орж ирж байгаа бүх гадны байгууллага хуучнаар бол манай Дотоод яамаар судлагдаж байх учиртай. Далай лам ч байсан гэгээнтэн гээд орхих биш хэнтэй уулзав, юу ярив гээд судлах ёстой. Өөрөөр хэлбэл манайд ийм энх тайвны байгууллага орж ирсэн, энэ бол ийм зорилготой, цаанаа ийм эдийн засгийн хүчин чадалтай, ийм байгууллага гээд олон улсын гээд байгаа бүх л байгууллагыг судлах ёстой. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд, гишүүн, сайд байсан хүмүүс Монголд 400-гаад байгаа. Тэр байгууллагыг судлаад С.Баярцогт очиж уулзах гэж байгаа бол өөрийн шугамаараа мэдээлэх ёстой. Намайг дуудах ёстой. “Таныг ийм байгууллага урьсан байна. Энэ байгууллага бол ийм зорилготой ингэж байгуулагдсан шүү” гээд мэдээлэл өгдөг. Ц.Нямдоржид ч хэлэх ёстой. Бид хамгаалах ёстой шүү дээ. УИХ-ын гишүүн байсан бол муу сайн нь хамаагүй, монгол хүний хувьд капитал шүү дээ. УИХ-ын гишүүн улсын нууцыг ямар нэг хэмжээгээр мэдэж байдаг, Тагнуулын төв газрынхныг дуудаад асуух юмаа асуугаад байдаг юм чинь. Бид нар чинь капитал шүү дээ. Биднийг хамгаалах ёстой. Мэдээлэл өгсний дараа сонголт хийх эрх нь тухайн хүний хэрэг. “Өө тийм байгууллага юм уу. Гэхдээ би энэ үйл ажиллагаанд орно” гэж байгаа бол өөр хэрэг. Тэгэхэд манайхан “Эдийн засгийн алуурчдын гарт орж байна” гээд л шуугиад байдаг. Нээрээ алуурчид юм уу, хэн мэдэж байгаа юм. Нэг үндэстэн, улс болж тоглож байгаа бол улс дотроо юу болоод байгааг мэддэг байгууллага хэрэгтэй байна. Тагнадаг чагнадаг гэдэг нь ямар тогтолцоогоор явах юм. Гэтэл одоо Ц.Нямдорж нэг одон авсан, С.Баярцогт нэг одон авсан, “хусна” гээд байдаг. Гэтэл Ц.Нямдорж над руу “Өвгөөн юу болоод би одон авчихав аа” гээд яриад байдаг. Хууль зүйн сайд, УИХ-ын дарга байсан хүн юунд оролцсоноо мэдэхгүй л байна шүү дээ.

-Одоо хийх гэж байгаа тоглолт, шинэ уран бүтээлийнхээ тухай яриач?

-Би хэдэн жилийн өмнө өөртөө нэг зорилго тавьсан юм. Монголын газар орны онцлогоор Алтай, Хангай, Говь, Тал гэж дөрөв хуваагаад, хөгжмийн дөрвөн цуврал бүтээл хийнэ гэж. Яагаад ингэж дан хөгжмийн бүтээл хийх гэсэн юм гэхээр даруу бишээр ярих юм бол эх оронч гэдэг юм уу би хөгжмийн зохиолч ч гэсэн нийгэмдээ тустай байна гэдэг ч юм уу зорилгоор дээрх дөрвөн санааг гаргасан юм. Говийн тухай нэг цагийн хөгжим биччихээд, CD гаргасан. Нийт дөрвөн сэдвээр CD гаргана. Манай ерөнхий боловсролын сургууль эднийг маань сургалтад хэрэглэж болно. Эсвэл гадаадын хүмүүс ирээд, Монголын говийн тухай хөгжим сонсчих боломжтой байх учиртай. Цаашдаа тав гурван төгрөг олдох юм бол өөрийнхөө хөгжмийг дүрсжүүлэх санаатай байна. Н.Жанцаноровын “Оюу эрдэнийн говь” гээд л хөгжим явахад гадны хүмүүс Монголд ирээд говийн тухай сайхан дүрстэй хөгжмийг авч явъя гэж болно. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хийж эх орондоо тусалъя гэсэн юм. Нөгөө талаар бид гадныханд ном бэлэглэх гэхээр хэл ус нь болж өгөхгүй. Нөгөө л нэг ноолууран цамц, бээлий, хүзүүний ороолт гэсхийгээд дуусдаг. Одоо хөгжмийн бүтээл бэлэглэе. Миний хөгжмөөс хамаараад ч гэх үү, шалтгаалаад ч гэх үү жилд ирэх жуулчдын тоо арваар ч болов нэмэгдвэл эх орондоо оруулж байгаа миний хувь нэмэр.

-Хөгжим зүрх сэтгэлээс эгшиглэдэг гэж би боддог юм. Та бол одоо ухаанаар “зодож” уран бүтээл хийж байгаа юу?

-Би нэг удаа хэлсэн дээ. Хөгжим бол авьяасаар төдийгүй ухаанаар бүтдэг урлаг шүү гэж. Ухаан зараагүй бүтээл гэж байхгүй л дээ. Гэхдээ тодорхой зорилготой, бодлоготой болж байгаа юм. Энэ удаа гуравдугаар сарын 28-нд “Тал”, “Говь” хоёр нь концерт болж байгаа юм. Говийн тухай тавиад минут Морин хуурын чуулга, симфони найрал хөгжим, үлээвэр хөгжимчид, виолончелийн чуулга нийлээд тоглоно. Концертын нэгдүгээр хэсэг ийм. Энэ бүтээлээ хийхдээ би говиор явсан. Дорнодын талаар долоо хоног явсан. Тэгээд л сэтгэлдээ цуглуулж бичсэн зүйл шүү дээ. “Дорнодын цэнхэр аялгуу” нь зургаан дуутай. “Хэрлэнгийн ай” гээд Э.Төрмандах дуулна. Эхлээд “Дорнодын цэнхэр аялгуу” гээд хөгжим явна. Бадам-Ишийн тал, Мэнэнгийн тал, Тамсагийн тал гэж гурван залгаа гайхамшигтай тал байна. Хэрлэнбарс хотын туурь гэж байдаг юм билээ. Чингис хаан ялагдаж яваад, Хэрлэнбарс хотоос зүүн урагш нэгэн овоог тахиад түүнээс хойш ялагдаагүй гэсэн домогтой. Наахна нь алдарт хуурч Г.Жамъянгийн төрсөн нутаг байдаг. Г.Жамъян гуайн дурсгалд зориулж “Хэрлэнбарсын дууль” гэж Морин хуурын хоёрдугаар концерт хийсэн. Энд тоглогдох юм. “Дорнодын цэнхэр тал” гэж дууг Д.Отгонжаргал дуулна. “Тал, ээж хоёр” гэж миний шүлгээр хийсэн дууг Д.Отгонжаргал бас дуулж байгаа юм.

-Та бас шүлэг бичдэг юм аа?

-Би тэвдэхээрээ өөрийхөө дууны шүлгийг биччихнэ ш дээ.

“Цагаан үүлийг сэмэртэл ингэн тэмээд буйлсан

Цагийн аясыг зөөлөртөл ботгон нулимс бөмбөрсөн

Талаан би санаад байна

Танхил багадаа үлдээсэн тал минь намайг санаад байна” гэсэн үгтэй. Халхын голоор явсан. Г.Бирваа гуай Халхын голын дайны бүрээ үлээж байсан хүн. Би Халхын голын дайны окоп байсан дурсгалт газруудыг үзлээ. Дайн байлдаан болж байсан газар хүмүүс мөнх нойрсч байх юм даа гэж бодоод “Тэр өдөр” гэж Г.Бирваа гуайн дурсгалд зориулж, хөгжим хийсэн дээ. “Миний номин тал” гэж О.Дашбалбарын шүлэг, “Цэнхэр Буйрын хөвөөнд” гэж дууг Г.Ариунбаатар дуулах юм. Буйр нуурын хөвөөнд би нэг бороотой өглөө очсон юм. Дөрөвний нэг нь юм уу даа Хятадын нутагт байдаг юм билээ. Усан хил юм байна. Цаанаа загасны үйлдвэртэй юм. Бид нэг ч загас наанаас нь татдаггүй. Хятадууд цаанаас нь загасыг нь аваад явчихдаг юм билээ. Чөлөөлөх дайны дараа л ингэж хуваагдсан байх л даа. Надад нэг сонин мэдрэмж төрсөн. Уг нь Хөлөнбуйрын нутаг шүү дээ. Тэгээд

“Цэнхэр Буйрын уснаасаа амсч үзээд ухаарлаа

Цээжин гүн дэх үнэнээ амьсгал дотроо сонслоо

Мөнгөн Буйрын уснаасаа балгаж үзээд сэхээрлээ

Миний л зүрхэн дундуур мэлтэрч байхыг нь мэдэрлээ

Нуураа тойроод нар зөв эргэхэд

Харийн харьд л очих нь үү дээ

Нутагтаа багтааж чадаагүй

Хүүдээн битгий гомдоорой” гээд үзэж байгаа юм даа.

Дараа нь дөрвөн ангитай “Дорнодын уудам тал” гэж хөгжмийн чуулбар явна. Энэ бол тоглолтын хоёрдугаар хэсэг. Ийм концерт болох юм. Талынхаа тухай “Дорнодын цэнхэр аялгуу” гэж CD гаргасан. Говийн тухай “Оюу эрдэнийн говь” гэж цомог гаргаж байна. Манайхан цомгийн баяр гэж хийдэг юм билээ. Ер нь манайхан урлаг хөгжиж байна гээд яриад байгаа боловч бид дэндүү олон нийтийн урлаг руу хүч, сэтгэл өгч байх шиг. Рок поп, хип хоп, зохиолын дуу гэж айхавтар салбар гарч ирлээ. Хошин шог гэж мундаг юм бий. Том бүтээлүүдийн концертын хувь дэндүү бага. Симфони, дуулаачийн том бүтээл, дан хөгжмийн концертууд явахгүй бол ерөөсөө улс орны жин нэмэгдэхгүй шүү дээ. Бүгдээрээ хоорондоо харилцан уялдаатай. Хошин шог, зохиолын дуу муу урлаг биш. Төрөл нь өөр. Миний тоглолт бол үндсэндээ дан хөгжмийн концерт. Тэгэхээр Бөхийн өргөөнд очоод, зохиолын дуу сонсдог хүн миний тоглолтын тасалбарыг аваад, ирээд сонсвол ер нь л унтаад өгөх вий. Өглөө болж нар мандуулах гээд нөгөө хөгжимчид чинь хөгжимдөөд суучихна шүү дээ. Түмэн зээрийн хурдныг ээ л гэнэ. Нажигнаад л байдаг, нажигнаад л байдаг. Тэгэхээр хэцүү. Гэхдээ том роман уншихгүй, том хөгжим сонсохгүй бол яг өнөөдрийн манай нийгэмд болж байгаа явдал шиг бужигнаад байна. Урлаг нийгэм харилцан уялдаатай. Нийгмийн сэтгэл зүйг өргөдөг том бүтээлүүдийг хүн үзэхгүй ч байсан тоглож байх нь бидний үүрэг. CD гаргасан шүү худалдаж аваарай гээд орхиж болохгүй. Амьдаар тоглох гэдэг гайхамшигтай үзэгдэл. Ингэж байж бид нийгмийн сэтгэл зүйг өөрчилнө. Ёс зүйтэй болгоно. Хөгжмийн зохиолчид энэ рүүгээ явахаас аргагүй. Тийм учраас би таван хүн ирсэн ч тоглоно. Тавин хүн ирсэн ч тоглоно. Сонсогч өөрийгөө хүндэтгээд ирвэл гомдоохгүй тоглолт. Ийм л тоглолт болох юм. Г.Ариунбаатар, Д.Отгонжаргал, Э.Төрмандах нар зургаан дуу дуулна. Тэгээд л бүтэн найрал хөгжим хоёр цаг шахам нажигнуулна. Ийм концертыг бид л зориглож хийхгүй бол өөр бусад нь хийхгүй. Яагаад гэвэл ашигтай байж чадахгүй, олон хөгжимчин, том заал, олон удаа сургууль хийхээр орж байгаа хэдэн мөнгө нь түүндээ зарлагадчихна. Бидэн шиг хойноо санах юм багатай болсон улсууд л зориг гаргаж хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баясгалан: Хайрыг түгээхийг хүсдэг

УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалантай ярилцлаа.

-Эрчүүдийн баярт зориулсан мюзикл дээр ажиллаж байгаа гэсэн үү?

-Энэ оны босгон дээр хийгдсэн бүтээл. Поп опера чиглэлээр дуулдаг Увертюра хамтлагийнхан “Надад үлдсэн найз” гэж зохиол захиалж бичүүлээд түүгээрээ мюзикл хийх гэж байгаа, “Баясаа эгч ээ, ажиллаж өгөөч ээ” гэж өнгөрсөн аравдугаар сард над руу ярьсан. Тэдэнтэй ажилласаар байгаад нэгдүгээр сарын 22-25-ны хооронд драмын театрт гурван удаа тоглосон юм. Мюзикл гэхээр жүжгэн дундаа дуутай, дан дуутай гэх мэт төрлүүд байдаг л даа. Тэд бүтэн жүжгийн зохиол барьчихсан надтай уулзсан. Зохиолыг нь уншиж үзээд эхэндээ татгалзсан. “Энэ чинь жүжгийн зохиол байна шүү дээ. Би мэргэжлийн бус хүмүүстэй жүжгэн дээр ажиллаж чадахгүй” гэсэн чинь “Бид чадна. Үгийг нь багасгаад дуунууд орж ирэх юм. Та бидний жүжиглэлт, тоглолт тал дээр ажиллаж өгөөч” гээд. Түүнд нь үнэмшээд зохиол дээр нь ажилласан. Үг нь бараг хасагдаагүй хэвээрээ, ерөнхийдөө жүжиг тоглосон. Эхэндээ хүнд санагдсан. Маш их ажилласан, нөгөөдүүл маань ч хөөрхөн авьяастай байсан. “Надад үлдсэн найз” мюзикл Тусгаар тогтнолын ордонд гуравдугаар сарын 18-нд тоглогдох юм.

-Та энд ямар үүрэгтэй оролцов?

-Туслах найруулагчийн үүрэгтэй ажилласан. Ээжийн дүрд дуучин, жүжигчин Б.Нармандах тоглосон юм. Би бас нэг туслах дүр бүтээсэн. Жүжиг нээгдсэний дараа зрительтэй харьцаад эхлэнгүүт нь нулимс цийлгэнээд ирсэн. Миний уясан морь тайзан дээр амжилттай давхилаа.

-Та жүжигчнээс гадна найруулагчийн ажил хийдэг юм уу?

– Миний үндсэн мэргэжил жүжигчин. “Монголын моно жүжгийн төв” нээсэн. Моно жүжигт хүчээ сорих гэж байгаа залуус маш их ирж уулзаж байна. Найруулгын талаас ч зохиол, жүжиглэлт талаас ч зөвлөж дэмжиж байгаа. Тийм болохоор найруулга тал дээр заримдаа ажиллаад байна.

-Моно жүжиг рүү яагаад халтирчихав?

-Анх 2013 онд Ардын жүжигчин С.Сарантуяа моно жүжгээр нэг хүний жүжгийн номинаци гаргаж “Гэгээн муза”- наадмыг олон улсынх болгосон юм. Энэ төрөлд хоёр гурван орноос жүжигчид ирсэн. Дээрээс нь “Хувьсал” продакшны жүжигчин Ганцэцэг бид хоёр анх хүч сорьж, оролцож байлаа. Надад Эдит Пиаф зохиолыг санал болгож, “Дуулдаг юм чинь Баясаа чи ажиллаач” гэж С.Сарантуяа эгч хэлсэн юм. 2014 ондоо Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс намайг Косово улс руу зуучилж, тэнд ЮНЕСКО-гоос зохиогдсон олон улсын театр урлагийн институтаас зохион байгуулдаг тэмцээнээс Гранпри шагнал авсан. ЮНЕСКО-гоос зохиогдсон тэмцээнд зөвхөн Гранпри авсан тохиолдолд манай Засгийн газраас 65 сая төгрөг өгөх заалт байдаг юм билээ. Энэ заалтыг биелүүлсэн учраас Засгийн газраас надад мөнгө өгсөн. Үүндээ маш их урамшсан. Энэ чиглэлээр явах сонирхолтой олон залуус гарч ирсэн л дээ. ЮНЕСКО-гийн Моно жүжгийн форумын дэд ерөнхийлөгч Нина Мазур гэж хүн байдаг. Монголдоо энэ фестивалийг хийвэл дэмжиж хамтарч ажиллана гэсэн. Моно жүжгийнхээ төвийг ингэж нээсэн дээ. Нина Мазурын дэмжлэгээр манай фестивальд оролцохоор таван орны жүжигчин өнгөрсөн жил Монголд ирсэн. БСШУЯ, УДЭТ, Хүүхэлдэйн театр хамтарч “Ялагчдын цуваа” фестивалийг хийсэн. Олон улсын шагнал авсан, амжилт үзүүлсэн жүжигчид оролцдог фестиваль. Монголын үзэгчдийг моно жүжигт бэлтгэх, манай жүжигчдэд моно жүжгийг таниулах зорилгоор хийгддэг ажил. Өнгөрсөн жил Монголын анхдугаар моно жүжгийн уралдааныг зарласан юм. Түрүүлсэн жүжигчнийхээ тоглолтоор олон улсын фестивалийг хаасан. Энэ жилийн хувьд “Ялагчдын цуваа” фестиваль маань наймдугаар сарын 15-20-ны хооронд болно. Дөрвөөс таван орны жүжигчид ирж оролцоно. Үүнээс өмнө Монголоос ямар жүжигчин оролцохыг шалгаруулна. Моно жүжгийн хоёр дахь уралдаанаа жүжигчдийн дунд зарлачихсан байгаа. Зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ний хооронд шалгаруулалт явагдана. Бүх аймаг, продакшнуудад удирдамжаа явуулчихсан.

-Моно жүжиг хөгжих болсон нь нийгмийн учир шалтгаантай болов уу?

-Жүжиг, урлаг хүнд юу өгдөг билээ. Яг л түүнтэй адил. Бүтэн жүжиг шиг эхлэл өрнөл, төгсгөлтэй, зохиолтой. Хүнд хүргэх мессэж, санаатай. Би гэхэд өөрийн хоёр моно жүжигтэй. Бүтэн цаг тоглодог. Үзэгч хэлэх гэсэн санааг ойлгоод ямар сайхан юм бэ, ийм юм бас байдаг юм байна, бид ингэх хэрэгтэй юм байна гээд авах ёстой мессэжээ аваад л гардаг. Мэдээж нэг хүн үзэгчдийн анхаарлыг бүтэн цаг алдахгүйгээр барина гэдэг хэр баргийн жүжигчний хийдэг ажил бас биш. Моно жүжгийг анх би Монголд тоглосон юм биш.

-Д.Сосорбарам гуай ганц хүний театртай байсан?

-Со ах ганц хүний театртай байсан. Гэхдээ бүтэн жүжиг тоглож байгаагүй байх аа. Дуу шүлэг, цогцолсон тоглолтуудыг хийж байсан байх. Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан “Гамлет” жүжгийн бүх дүрд өөрөө хувираад, радио жүжиг бичүүлсэн байдаг. Ардын жүжигчин С.Сарантуяа моно жүжгийг анх сурталчлаад “Леди Макбет” жүжгийг бидэнд тоглож үзүүлсэн. Тэр жүжгээрээ Польшид фестивальд оролцож байсан. Тийм болохоор анхдагч гэж би ярьдаггүй. Анх удаа гаднаас Гранпри шагналыг авчирсан гэдэг нь л анхдагч байх.

-Чадалтай жүжигчдэд найруулагч дүр өгөхгүй байгаа тохиолдолд өөрөө моно жүжгээр дэлхийн түвшинд гарах боломжтой боллоо гэж зарим хүн дүгнэсэн байна лээ?

-Хаа газрын драмын урлаг ядуу байдаг. Драм гэхээр маш олуулаа бүтэн жүжигт тоглоод ард талд нь тайз засах, хувцас, парик солих, шум тавих хүн дагалддаг. Том багууд тив дамжаад явах зардал олох хүнд. Тийм болохоор сүүлийн үед драмын урлаг цөөхөн хүнтэй, тайз багатай, хөнгөн шийдэлтэй тайзтай, хоёроос гурван хүнтэй жүжиг ч юм уу ганц хүнтэй жүжиг тал руугаа маш хазайж орж байгаа. Дээр үеийн хуучин нүсэр бүхнээс татгалзаж байгаа. Тийм учраас бидний олон улс руу гарах гарц моно жүжиг.

-Моно жүжгийг хүлээж авах үзэгчид бэлтгэгдсэн гэж та үзэж байна уу?

-Байна байна. Би гэхэд л “Эдит Пиаф” жүжгээ хэд хэдэн удаа тоглосон. Анх Монэ гэж Централ тауэрийн 17 давхрын франц ресторанд 100 доллараар тоглосон. Драмын театрт, Хүүхэлдэйн театрт ч хэд хэдэн удаа тоглосон. Манай театрт ажиллаж байсан Нямсүрэн гэж Соёлын тэргүүний ажилтан менежер эмэгтэйтэй хамтарч зориглож “Монэ”-д тоглож байлаа. Хүмүүс маш сайхан хүлээж авдаг. Анх ирэхдээ нэг хүний жүжиг ч гэж юу байдаг юм гээд зарим нь тоодоггүй, үзсэнийхээ дараа дуу нь өндөрсөөд, нүд нь томорчихсон “Ийм юм бас байдаг юм аа” гээд баяр хүргэдэг.

-“Эдит Пиаф” гэдэг өвөрмөц хүчтэй хоолойтой алдартай дуучны дүрд тоглоно гэдэг зоригтой сонголт. Таны дуулахыг сонсоход үнэхээр л түүнтэй төстэй дуугарч байгаа санагдсан?

-Хоолойны өнгө маш адилхан байна гэж хүмүүс хэлдэг. Түүгээрээ ч хүнд хүрдэг байж магадгүй. Олон улсын фестивальд оролцож байхад ч маш их дуртай байдаг. Монгол хэлээр ярьдаг. Юу ярьж байгааг ойлгохгүй ч миний яаж тоглож байгааг шүүгчид харж л байгаа шүү дээ. Дээрээс нь дуулахаар бүр л өндөр үнэлгээтэй байдаг шиг санагдсан.

-Эдитийн дууг дуулахад маш их чармайлт шаардсан байх, франц хэл ч бас амаргүй?

-Өө зөндөө их судалсан. Эдит Пиафыг өөрийг нь судлаад, зургаан сар яг компьютер ширтээд, хэл ус судалсан. Дуунуудаа дуулахад хэлний бэрхшээл маш их тохиолдсон. Монгол Францын хамтарсан Альянс гэж төв байдаг. Тэдний туслалцааг авсан.

-Энэ бүхний дараа дуулбал амжилтад хүрэх юм биш үү гэж бодогдох юм уу?

-Ерөөсөө тэгж бодогддоггүй. Үндсэн мэргэжил маань жүжигчин учраас жүжгэн дунд дуулаад өнгөрнө үү гэхээс биш дуулах тал руугаа хэлбийгээд, нэрд гарах гэж үзэж тараагүй.

-Та хэд дэх жилдээ жүжигчнээр ажиллаж байгаа вэ?

-22 дахь жилдээ.

-Та өнгөрсөн хугацаанд олон удаа шагнал хүртсэн мундаг жүжигчин мөртлөө яаж ийм нам гүм байж чаддаг юм бэ?

-Би одоо ч өөрийгөө олны танил гэж боддоггүй. Хүмүүс намайг олны танил гэхэд баярладаг ч үгүй. Жүжиг үздэг хүмүүс л танина уу гэхээс бусад хүн намайг танихгүй. Би тэр болгон кинонд тоглохгүй, рекламанд тоглохгүй, яг л тайзны урлагтаа үнэнч яваа. Тайзны урлагаараа л амжилтад хүрэх сонирхолтой байсан. Олон улсын том шагнал авч ирнэ гэдэг миний хувьд том амжилт.

-Увсын Цагаанхайрхан сумын охины бага нас яаж өнгөрөв?

-Төрсөн газар Улаангом хот. Аав маань Цагаанхайрханых учраас Цагаанхайрханых гэж явдаг. Мэдээж уулс устай тийм сайхан газар төрсөн хүмүүс бүгд л том алаг нүдтэй байдаг ш дээ. Багадаа олон дүүтэй, айлын дунд охин байсан. Хичээлдээ явна, эсвэл дүүгээ хардаг ажилтай байлаа. Дүү нараа нуруундаа үүрсэн охин байлаа. Гэхдээ слортод дуртай. Сагс, волейбол тоглодог. Дандаа Орбитын суваг үздэг. Оросын спорт, урлаг, кино, балет, дуурь үздэг байлаа.

-Жүжиглэх авьяас чинь хэдийнээс тодров?

-Жүжиглэх авьяас театрт орж ирсний дараа л тодорсон байх. Багадаа бол жүжигчин болох дуртай л байсан. Ээж орос хэлний багш. Маш олон орос дуутай пянзнууд манайд байлаа. Аав маань урлагийн мэдрэмжтэй, сайхан дуулдаг, дандаа үлгэр ярьж биднийг унтуулдаг байв. Аавууд ийм л байдаг гэж боддог байсан. Одоогийн аавууд ямар байгааг мэдэхгүй.

-Одоо та хэн хэнтэйгээ амьдарч байна вэ?

-Ээж хүү, дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Дүү маань хөдөө явж ирдэг ажилтай. Ар гэрийг ээж маань л авч явна. Театрт ажиллаад шөнө нь ч нэг хүний жүжиг дээрээ ажиллаад орон гэртээ ч очихгүй, нойр хоолгүй явахад ээж л ар талыг маань дааж, үр хүүхдийг минь асарч хүн болгосон.

-Ямар дүрдээ та хамгийн сэтгэл хангалуун байдаг вэ?

-Сайхан дүрүүд зөндөө бий. Өнгөрсөн жил оны шилдэг жүжигчин болсон. Яамнаас “Мөнгөн мод” гэж том шагнал өгдөг. “Чөлөөт хос” жүжгийн дүрээрээ авсан. Хоёр хүн бүтэн цаг дөчин минут тоглодог. УГЗ Ч.Найдандорж найруулсан юм. Энэ жүжгийг үзсэн хүмүүс энэ нийгмийг урлаг авч явдаг гэж үнэн юм байна. Энэ жүжгийг үзээд өөрийгөө ч олж харлаа, гарцаа ч олж харлаа гэцгээдэг. Зохиолч нь Нобелийн шагналт Дариа Фо гэж хүн. Энэ жүжгийг үзээд амьдралаа өөрчлөх, өөрийгөө өөрчлөх гэр бүлээ аврах санааг авсан гэж хүүхнүүд хэлдэг юм. Амьдрал дунд мөн чанараа алдахгүй байх тухай энд өгүүлдэг. Би ганц секунд суух чөлөө гардаггүй. Яриад, орилоод хашгичаад эсвэл дуулаад ямар ч зав чөлөөгүй тоглодог жүжиг. Гайхалтай дүр. Маш бага зардлаар боссон. Аль хэдийнэ зардлаа нөхсөн. Томхон шиг гэртэй айлд ч бид урилгаар тоглож болно гэж манай найруулагч хэлдэг юм. Үзэгчидтэйгээ яриад явчихдаг. Монголын жүжигчдийн тоглолт энгийн болж байгаа. Үүнийг ч илэрхийлсэн, сонирхолтой тавигдсан жүжиг.

-Уран бүтээлийн шинэ санаа оноо төрж байгаа биз?

-Мюзикл бодогддог. Мэргэжлийн хэмжээнд хийгдэж байгаа Холливудын кабаре театруудынх шиг мюзикл хийх юм сан гэж бодогддог ш дээ. Би би гэж орилдог хүн биш. Чанартай уран бүтээл хийхийг хүсдэг. Нийгэмдээ дуу хоолойгоо нэмэрлэх юмсан гэсэн хүсэл сонирхолтой байдаг. “Тэнгэрийн аялгуу” гэж миний бас нэг жүжиг бий. Эх дэлхийгээ төрсөн эх шигээ хайрлах ухагдахууныг хөндсөн бүтээл. Зарим сургууль дээр очиж хүүхдүүдэд тоглодог. Хүүхдүүд маш сайхан хүлээж авна. Хамгийн сүүлд “Та нар ээждээ хайртай юу” гэхээр “Хайртай”гэдэг. Эх дэлхий чинь яг ээж шиг чинь байгаа биз гэхээр “Тийм байна” гэдэг.

Хүмүүс зөв бурууг нь ойлгоогүй байж, хэн нэгнийг бүү буруутгаасай, хүмүүнлэг, талцдаггүй, юмыг нааштай, эерэгээр харж сураасай гэж хүсдэг. Аль болох хайр түгээх хүсэл байдаг.

-Сонсдог ном хийх тухай боддог уу?

-Хоёр жүжгээ радиод бичүүлсэн. Нээрэн тэрийгээ авч сонсдог ном хийж болох юм байна шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

“Полтавын тулаан”

Оросын нэрт эрдэмтэн М.В.Ломоносов маш олон талын авьяастай хүн байсан. Эрдэмтэн, зохиолч, зураач байсан тэрээр Орост хамгийн анх томоохон хэмжээний мозайк буюу шигтгэмэл зургийг бүтээсэн түүхтэй. “Полтавын тулаан” мозайк нь өдгөө Санкт-Петербург хотноо хадгалагдаж байдаг. XIX зууны хоёрдугаар хагас хүртэл өнгө өнгийн шил шигтгэн бүтээл туурвихыг Италийн мастерууд л хийдэг байжээ. Эртний Грект шил шигтгэн бүтээл туурвидаг байсан гэдэг. Гэвч энэ нь хэсэгтээ мартагдсан бололтой. Италийн мастерууд ч энэ урлагийнхаа нууцыг чандлан хадгалж чадсан байна. Гэвч удалгүй нууц задарч Франц болон Европын бусад орнуудад мозайк хийдэг болжээ. Шил шигтгэн хийсэн нэгэн бүтээлийг үзсэн М.В.Ломоносов ихэд биширсэн гэдэг. Тэрээр энэ чиглэлээр 1742 онд химийн лаборатори байгуулах зөвшөөрөл авч түүнээс хэдэн жилийн дараа шилний үйлдвэр байгуулсан.

Үүний дараахнаас М.В.Ломоносов өнгө өнгийн шил шигтгэн зураг бүтээх ажлаа эхлүүлжээ. Тэрээр нэлээд хэдэн бүтээл туурвиснаас хэмжээний хувьд хамгийн том нь “Полтавын тулаан”. Санкт-Петербург хотноо Оросын хаан Петр I-ийн шарил хадгалагдаж буй Петропавловын сүмийн ханыг чимэхээр 12 бүтээл захиалгаар хийлгүүлсний нэг нь байжээ. Уг бүтээл нь өдгөө тус хотын Шинжлэх ухааны академийн байранд байдаг бөгөөд 4.81х6.44 метрийн хэмжээтэй.

Алдарт М.В.Ломоносов түүхэн үйл явдлыг шигтгэмэл урлагаар дүрслэн харуулахын тулд хамгийн түрүүн Л.З.Кристинек хэмээх зураачаар эхийг нь зуруулсан гэдэг. Ингээд долоон туслагчийнхаа хамт ажлаа эхлүүлжээ. 1709 оны долдугаар сарын 27-ны өдрийн өглөө Оросын хаан Петр I, Шведийн хаан Карл XII нар Полтав хотын ойролцоо халз тулсан түүхтэй. Оросын арми энэ дайнд ялалт байгуулснаар Европ дахь Шведийн ноёрхлыг зогсоосон юм. Энэ бүтээлийг нэг сая 30 мянган ширхэг жижиг шил шигтгэн хийжээ.

М.В.Ломоносов мозайк зургаараа юуны түрүүн Оросын эзэн хаан болон түүний цэргийн сүр хүчийг илтгэн харуулсан. Бүтээлийнхээ гол хэсэгт жирийн цэргүүдийг дүрсэлснээр энэ тулаанд ялалт байгуулахад тэд хамгийн их гавьяа байгуулсан болохыг илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл энгийн цэргүүд Петр I-ээс илүү үүрэгтэй байсан гэдгийг харуулсан байна. Эзэн хааныг мозайкийн голд бус зүүн хэсэгт морио унасан байдалтайгаар дүрсэлсэн юм. Зоригтойгоор цэргүүдээ тулаанд дагуулан орж буй Петрийн морь дээш цоройно. Ногоон өнгийн цэрэг хувцас өмссөн эзэн хааны харц шийдэмгий, гартаа сэлмээ барьсан нь тулаанд орж байгааг харуулна. Түүний ард шадар туслахууд нь болох Б.П.Шереметев, А.Д.Меншиков нарыг уран бүтээлч дүрсэлжээ. Харин өмнө нь жад барьсан энгийн нэгэн цэрэг хааныхаа замыг хаахыг завдаж байгааг та бүхэн харж байна. Тэрээр Петр I-ийг хайрлан хамгаалж, халз тулааны гүн рүү оруулахгүй хэмээн хөндөлдсөн нь энэ аж. Ийнхүү ард түмэн нь эзэн хаан, төрөө дээдлэж байгаа гэдгийг илэрхийлжээ. Тулаан ид өрнөж байгааг дүрслэхдээ Орос болон Шведийн цэргүүдийг ялгагдахаар харуулсныг урлаг судлаачид онцолсон байдаг.

Тэдний хувцсыг тод өнгөөр дүрсэлснээр хаана нь хэний талын цэрэг байгааг түвэггүй ялгах боломжтой. Уг бүтээлийн арын хэсэгт алсад буй хот, юу юугүй тулаанд орж байгаа цэргүүд, тэнгэрийн үүл зэргээр байдал тун ч ээдрээтэй байгааг илэрхийлсэн юм. Шигтгэмлийн баруун хэсэгт суунагласан утаа нь тулаан ид дундаа байгааг харуулжээ.

Уг бүтээлд өнгийг маш чадварлагаар хослуулан хэрэглэсэн болохыг урлаг судлаачид дурдсан байдаг. Энэ үйл явдал Оросын төдийгүй Европын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Учир нь 1700 онд Шведийн хаан Нарвд болсон тулаанд ялалт байгуулснаасаа хойш Европын орнуудыг эзлэх аян дайнаа эхлүүлсэн юм. Оросын хаан Петр I Шведийн эсрэг дайтаж Ливонийг эзлэн аваад Санкт-Петербург хотыг үндэслэн байгуулах ажлаа эхлүүлсэн. М.В.Ломоносов энэ бүтээлийг Санкт-Петербург хотноо туурвисан зэрэг нь нэлээд учиртай. Ливонийг алдсан Шведийн хаан Карл XII ялагдлынхаа хариуг авахаар Оросын төв хэсгийг эзлэн авах аян дайнаа эхлүүлсэн түүхтэй. Тэрээр Москваг эзлэн аваад Оросын гүнийг зорино хэмээн төлөвлөжээ. Полтавын тулаан энэ аян дайны эхний тулаан байсан гэдэг.

1709 оны долдугаар сарын 27-нд шөнийн хоёр цагт тулаан эхэлсэн байна. Дөрвөн эгнээгээр жагссан Шведийн цэргүүд Оросын арми руу довтолж араас нь морин цэргүүд довтлоход бэлэн байсан гэдэг. Үүнээс хэдэн цагийн дараа буюу есөн цагт гар тулаан эхэлжээ. Гэвч 11 цаг гэхэд Шведийн цэргүүд зугтаж байсан гэдэг. Түүхэн баримт бичгүүдэд ийнхүү тэмдэглэгдэн үлдсэнээс үзэхэд ямар хэмжээний тулалдаан болсон нь ойлгомжтой. М.В.Ломоносов ч үүнийг “Полтавын тулаан” шигтгэмэл зургаараа дүрслэн харуулж чадсан. “Полтавын тулаан” бүтээлээ хоёр жил буюу 1762-1764 онуудад хийсэн юм. Энэ бүтээл нь бэлэн болоход М.В.Ломоносов явж чадахаа больсон байжээ. Тиймээс суугаагаараа бүтээлээ хүлээлгэн өгсөн гэдэг. Харин “Полтавын тулаан”-ыг нь алтадсан хүрээгээр чимжээ.

М.В.Ломоносов нь шигтгэмэл урлагийг ашиглан нэлээд хэдэн бүтээл туурвисан. Тэдгээрийн дийлэнх нь хөрөг зургууд. Тэрээр Петр I, Александр Невский, хатан хаан Елизавета гээд 40-өөд бүтээл туурвисан бөгөөд тэдгээр нь өнөөдрийг хүртэл “Эрмитаж” зэрэг газруудад хадгалагдаж байдаг.

Ийнхүү нэрт эрдэмтэн, уран бүтээлч маань Орост мозайкийн үндэс суурийг тавиад зогсохгүй шил үйлдвэрлэл болон түүний ашиглалтын эхийг тавьсан түүхтэй. Түүний шигтгэмэл бүтээл нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн бүтээлүүдээс ялгаатай, өөрийн гэсэн онцлогтой байжээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Илүү том эвсэл байгуулж сонгуульд оролцохоор яриа өрнүүлж байна

Монгол Улсын Сайд М.Энхсайхантай ярилцлаа.

МҮАНыгЭрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх орон намтай эвсч 2016 оны сонгуульд өрсөлдөхөөр болж байгаа тухай яригдаж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-МҮАН-ын даргын хувьд ирэх сонгуульд хэрхэн оролцох талаар улс төрийн олон намтай шууд яриа хийж байгаа. Миний хувьд сонгуульд оролцож байсан түүх маань дандаа л эвсэл байгуулж явсан түүх байдаг юм. “Ардчилсан Холбоо” эвсэл, “Эх орон, Ардчилал” эвсэл, “Шударга ёс” эвсэл бүгд сонгуульд амжилттай оролцож байсан. Миний өчүүхэн хөдөлмөр тэнд байгаа. Энэ туршлага дээрээ тулгуурлаад илүү том Их Эвсэл байгуулах гэж яриа өдөж байгаа. Тийм ч шаардлага амьдралаас урган гарч байгаа. Нэг, хоёр намын бус нэлээд олон намын эвсэл байвал зөв болох байх. Яагаад гэвэл цаг үеийн шаардлага тийм байгаа гэж бодож байна. Эдийн засаг хямраад зогсохгүй дампуурсан улс орон болох аюул ойрхон байна. Сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар Монголын түүхэнд тохиогоогүй хүндрэл бэрхшээлтэй тулгарах нь ойлгомжтой байгаа. Бондын болон өр, зээл төлөх том асуудалтай тулгарна. Энэ цаг үед Засгийн газар илүү “мэргэжлийн байх” шаардлагатай. Дээр нь улс төрийн хувьд тогтвортой байхын тулд “Их Эвслийн” байх дүр зураг одооноос харагдаж байгаа. Өөрөө чадахгүй, өрөөлийг ажил хийлгэдэггүй тийм хүмүүс том намуудын дээр гарвал улс орны ирээдүй бүрхэг болох нь гарцаагүй. Иймээс эвсэлдэх асуудлыг соёл болгохын төлөө МҮАН ажиллах болно. Түүний үлгэрлэл нь сонгуульд урьд урьдынхаас илүү том эвсэл байгуулж оролцох явдал юм. Бүтэх эсэх нь цаг хугацааны асуудал гэж бодож байна.

Ер нь танай нам энэ удаагийн сонгуульд яаж оролцох вэ. “Шударга ёсэвсэл эсвэл МАХНтай нэгдэж сонгуульд өрсөлдөх хувилбарыг ч яриад байна. АН танай намтай хамтарч ажиллах хүсэлтээ ч хүргүүлсэн шүү дээ?

-Дээр хэлсэнчлэн илүү өргөн Эвсэл Монголын ирээдүйн эрх ашигт нийцнэ хэмээн бодож байна. МҮАН үзэл санаа, бодлогын хувьд бүх намтай хамтарч ажиллахад бэлэн. Түүнээс биш хэн нэгнээс бурууг хайж, хэн нэгнийг адалж Засгаас хөөдөг араншинг зөвшөөрөхгүй байгаа юм.

Таван толгойг эргэлтэд оруулахаар хичээж ажиллаж байгаа нь зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой. Үүнээс улбаалж таныг намын даргын суудлаа Н.Батцэрэгт өг гэх утгатай шаардлагыг МАХНын дарга Н.Энхбаяр тавьсан гэдэг?

-Би сургаар ажил хийдэггүй. Анх удаагаа ийм юм сонсож байна. Тийм юм болоогүй байх аа.

Таван толгой мегатөсөл нийгэм, эдийн засгийн маш чухал ач холбогдолтой учрааас олон нийтийн төдийгүй улстөрчдийн анхаарлыг татаж байгаа сэдэв. Таван толгойн асуудал ер нь ямар шатандаа явж байгаа вэ?

-Тавантолгой овогтой хоёр төсөл байна. Цахилгаан станцын төсөл нь урагштай явж байгаа. Японы хөрөнгө оруулагч тодорсон. Урьд өмнө өгсөн техникийн болон арилжааны даалгаврын дагуу асуудлуудыг илүү нарийн цэгцэлж тохиролцох үе шат эхэлж байна. Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлыг тавдугаар сард багтааж хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нүүрсний төслийн хувьд цаг хугацаа алдсан. Нүүрсний зах зээлийн байдал бидний хувьд таагүй болсон нь энэ төсөл нэг хэсэгтээ хойш тавигдах байдлыг бий болгосон. Цаг хугацаатай уралдаж ажиллахгүй бол гай болдгийн жишээ болж үлдэж байна.

Мегатөслүүд ер нь ямар яваа вэ. Саад учирч урагшлахгүй байгаа шалтгаанууд гэвэл юу юу байна вэ?

-Мегатөсөл өөрийн арга зүй, хөрөнгө мөнгө шаардсан ажил байдаг. Манайд мегатөсөл цөөхөн. Харин мегамөрөөдөл их байгаа. Нийт хөрөнгө оруулалтын наад зах нь гурван хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгийг бэлтгэл ажилд зарцуулах шаардлагатай байдаг. Мегатөсөл гэдгийг тэрбум доллараас их хөрөнгө оруулалт шаардсан төслийг хэлдэг гэж үзвэл бэлтгэл ажилд нь 30 сая ам. доллар зарцуулах шаардлагатай болно. Тийм их мөнгийг манай төр засаг байтугай, хувийнхан гаргаж чадахгүй. Хамгийн том бэрхшээл нь мөнгө болж хувирна. Дараа нь мегатөслийг хөөрөл баясал алдаг. Манайхан мегатөслийг мегамөрөөдөл болтол нь рекламдсан сайн кино хийж чаддаг, төслийг хийж сураагүй байгаа. Дээр нь төр, хувийн хэвшлийнхэн нэг бодлогоор ажиллаж сураагүй. Ингээд нэрлээд байвал зөндөө шалтгаан бий. Энэ бол өөрөө бие даасан хичээлийн материал юм.

Эдийн засгийн ийм хүнд үед эдгээр төслүүдийн санхүүжилтийг босгох боломж хэр байгаа вэ?

-Монголын эдийн засаг муудаж, зээлжих зэрэглэл буурсан нь Монгол Улсыг эрсдэлтэй орны тоонд оруулж гадныхан улам бүр хөрөнгө оруулахаас айж байгаа. Иймээс одоохондоо бидний хөрөнгө босгох чадамж маш муу байгаа. Өр үүсгэдэг бонд зээл биш, ирээдүйд өр үүсгэдэггүй гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн эхний нөхцөл бол эдийн засгийн бодлогоо зөв голдрилд оруулж үзүүлэлтээ сайжруулах явдал юм. Үрэлгэн сэтгэлгээтэй, хөрөнгө оруулагчаа нүд үзүүрлэсэн байдалтай байвал байдал дээрдэхгүй. Өөрийн эрх ашгаа хамгаалж гадныхантай хамтарч ажиллах бололцоогоо бий болгохын тулд юуны өмнө эдийн засгийн прагматик үзэлтэй байх хэрэгтэй байна.

-2017 оноос их өр төлж эхэлнэ. Зээлээ төлөхөд хүндрэл бэрхшээл гарах нь тодорхой. Гэхдээ ирэх хүндрэлийг багасгах арга зам бий байлгүй?

-Яг өнөөгийн энэ байдлаараа бол бид тавьсан өрөө төлж чадахгүй. Дампуурахгүйн тулд дахин зээл авч өр тавих шаардлага гарна. Миний бодоход ОУВС-тай илүү нягт хамтарч ажиллах хэрэгтэй байгаа. Стэндбай хөтөлбөрт орж хямд зээл авах шаардлага бий. Сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газарт тулгарах хамгийн эхний асуудал энэ байх болов уу. Жилийн өмнө энэ хөтөлбөрт орж болохоор байсан. Энэ хөтөлбөрт ороогүй явж байгаагийн эдийн засгийн алдагдал нь бараг 100 сая ам. доллартай тэнцэж байна гэсэн тооцоо ч байгаа.

Мазаалай бондын сураг гараад тасарчихлаа. Уг бонд юу болов?

-Сангийн сайдаас асуух асуулт байна. Монгол эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул аливаа бонд, зээлийн хүү хэт өндөр болсон нь бэрхшээл бий болгож байгаа.

Та Таван толгой төсөл амжилттай хэрэгжвэл манайх нүүрсээрээ дэлхийд том нийлүүлэгч орон болно гэж ярьж байсан. Гэтэл сүүлийн үед нүүрс бол ирээдүй биш гэсэн зүйл яригдах боллоо?

Нүүрсний үнэ зах зээл дээр унасан. Мөддөө сэргэхгүй өнгө аястай байгаа. Юун ирээдүй. Байгаа хэдээ яаж амь зуулгах вэ гэдэг асуудалтай тулгараад байна. Таван толгой төсөл урагш ахисан бол манай эдийн засгийн хямралыг зөөлөвчлөхөөр байлаа. Харамсалтай нь болсонгүй. Хямралыг бие дээрээ өвдөлт болгон мэдрэх сайнгүй л байна шүү. Уул нь үүнийг урьдчилан харж зайлсхийх бодлогыг гаргахын тулд л төрийн түшээд байдаг. Чадсангүй дээ.

Таны хувьд Монгол Улс аль салбараа барьж, анхаарлаа хандуулбал хөгжлийн чигээ зөв гаргана гэж боддог вэ?

-Манайхан сонгууль дөхөхөөр хөгжлийн үндэс нь уламжлалт аж ахуй гэж хэлээд байдаг. Хөдөө аж ахуйгаа дэмжих нь гарцаагүй. Гэвч махаа зараад, арьс, ноосоо зараад уул уурхай хөгжихгүй. Хөдөө аж ахуйгаас олох мөнгө нь идэж уухад л хүрэлцэх биз. Мал дагасан монголчуудад мэдээж сайхан. Гэвч хүн амын ихэнх нь хот, суурин газрын хүмүүс. Тэдний болон нийт олноороо амьдралаа дээшлүүлье, тэгээд олсон орлогоороо хөдөө аж ахуйгаа өөд нь татъя гэвэл уул уурхай л хөгжлийн гол салбар юм. Уул уурхайн салбар унахад л махны үнэ мөн л унана. Уламжлалт аж ахуй унана. Уул уурхайн салбарт алдсан алдаанаасаа суралцаж уул уурхайн засаглалаа шинэчлэх хэрэгтэй болсон байгаа. Энэ талаар бэлээхэн зөвлөмж материал бий. Би зах зухаас нь яриад л байгаа. Сонгуульд орж байгаа хүмүүс анхаараасай гэж бодож байна.

Баялгаа шүтвэл ирээдүйгүй, газрын баялгийн түүхий эдийн үнэ унавал манай улсын эдийн засаг дагаж унаж байгааг харж байна. Таныхаар бид энэ эдийн засгийн хямралаас гарахын тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Байгалийн баялаг ихтэй гэж хэлэгддэг дэлхийн 53 орон байдаг. Гэхдээ тэднийг баян гэдэг утгаар нь энэ үгийг хэлээгүй юм билээ. ОУВС-ийн аргачлалаар экспортынх нь 20 хувиас дээш нь уул уурхайн бүтээгдэхүүн байвал тэдгээр орныг “баялаг ихтэй” гэсэн байдаг. Хэрэг дээрээ баян биш уул уурхайгаас хараат гэсэн үг юм. Байгалийн баялагтай гэдэг орнуудын нэг хавтгай дөрвөлжин метр нутгийн газрын хэвлийд байгаа баялгийг үнэлгээнд оруулбал 25 000 ам.доллар гэсэн тоо бий. Манайд энэ үзүүлэлт нэг ам.долларт ч хүрэхгүй.

Газрын гүнд байгаа ордыг бид өхөөрдөөд баялаг энээ тэрээ гэж нэрлэдэг. Яг эдийн засгийн утгаараа бол газрын гадарга дээр гарч ирээд хүмүүсийн амьдралд хэрэг болбол түүнийг баялаг гэж хэлж болно. Газрын гадарга дээр гаргахын тулд ихээхэн зардал гаргах шаардлагатай. Тийм хөрөнгө мөнгө нь бидэнд байхгүй. Техник, технологи ч бас ярвигтай. Ийм л учраас улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтын төлөө уралддаг. Гэтэл манайд энэ талын ойлголт маш муу. Хямралаас гарахын тулд тархи толгой өөрчлөгдөхгүй бол бид мөнхийн харахуйд унах аюул байнаа.

Хямрал 2023 он хүртэл үргэлжилнэ гэж буй. Зарим эдийн засагчид уул уурхайгаа огт зогсоохгүйгээр гал залгуулаад явбал хямрал дуусах цагт Монголын уул уурхай өөрийн гэсэн байр суурь, капиталтай болчихно гэж үздэг юм билээ?

-Уул уурхайн засаглалыг хэрхэн өөрчлөх, ямар систем, хэлхээ бүхий шийдвэр гаргах вэ гэдэг талаар манайхан бодож байгаа нь сайн хэрэг. Алдаанаас суралцаад урагш ахих бололцоо бидэнд бий гэдэгтэй санал нэг байна.

Сонгууль хаяанд ирчихлээ. Гэтэл Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаад байгаа. Сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор уг хуулиар оролдвол ёс зүйгүй үйлдэл болно гэж зарим судлаачид онцолж байна л даа. Үүнд таны байр суурийг сонсвол?

-УИХ-аас баталсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт сонгууль болохоос хагас жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн байдаг. Энэ хөтөлбөрийг УИХ баталсан. Баталсан шийдвэрээ тэд зөрчихгүй байлгүй дээ.

Categories
мэдээ цаг-үе

Хямралаас гаргахад туслах debt restructuring “Чингис” бондод ч хамаатай

Нүүрс, төмрийн хүдэр, зэс, газрын тос гээд манай улсын гадагш экспортолж доллар олдог байгалийн баялгийн үнийн уналт үргэлжилсээр байна. Сэргэх янз ойрын хоёр жилдээ лав алга гэсэн гутранги таамаг голлож буй энэ үед дэлхийн уул уурхайн “акул” компаниуд ч хэцүүхэн байдалд оржээ. АНУ-ын нүүрсний салбарын бүх компанийн дөрөвний нэг нь дампуурсан, дампуурлын ирмэг дээр ирсэн гэж “Ройтерс” мэдээлээд байна. Манай улс шиг уул уурхайгаас эдийн засгийн гол орлогоо бүрдүүлдэг АНУ, Канад, Орос, Хятад, Индонез, Энэтхэг зэрэг орны том корпорациуд төлбөрийн чадвараа сайжруулах боломжит бүх алхмыг хэрэгжүүлж эхэлжээ. Зах зээлийн уналтаас болж компаниуд алдагдал хүлээж, төлбөрийн чадвар доройтсон үед авч хэрэгжүүлдэг олон төрлийн арга байдаг аж. Дэлхийн том компаниудын дийлэнх нь public company буюу олон нийтэд нээлттэй хувьцаат компаниуд байдаг учраас бүртгэлтэй хөрөнгийн бирж болон улс орныхоо хууль, журамд нийцсэн байдлаар арга хэмжээ авдаг жишигтэй. Тэд орд газруудаа худалдах юм уу барьцаалж, нэмэлт хөрөнгө босгох, бүтцийн өөрчлөлт хийж үйл ажиллагаагаа хумих, зардлаа бууруулах, төлөх ёстой өр, төлбөрүүдийнхээ хугацааг хойшлуулах, хүүг нь багасгах, нөхцөлийг нь хөнгөвчлүүлэх, өөрчлөх, төлөх ёстой өр, төлбөрүүдийг бүтнээр нь буюу хэсэгчлэн цуцлуулах, хувьцаа, хувь эзэмшлээ хэсэгчлэн худалдах, шилжүүлэх гэх мэт арга хэмжээ авдаг байна.

Хямралд тэсч үлдэх иймэрхүү аргыг хэрэглэхдээ хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч банк, санхүүгийн байгууллагуудтай нарийн яриа, хэлэлцээр хийдэг.

Өнгөрсөн оноос хойш дэлхийн уул уурхайн том компаниуд хямралд тэсч үлдэхийн тулд debt restruc­turing хэмээх санхүүгийн хэрэгслийг ашиглаад эхэлжээ. Зээл төлбөрийн нөхцөлийг өөрчлөх шинэчлэхээр хийж байгаа алхмыг debt re­structuring хэмээдэг. Тэд хөрөнгө оруулагчидтайгаа хэлэлцээр хийж, санхүүгийн хүнд үеийг даван туулахаар оролдож байна. Америкийн “Пийбоди энержи” гэхэд л зургаан тэрбум ам.долларын өр төлбөрийнхөө нөхцөлийг өөрчлөхөөр хувьцаа эзэмшигчидтэйгээ яриа хэлэлцээ хийгээд эхэлчихэж. АНУ-ын нүүрсний салбарт хоёрт жагсдаг “Арч көүл” ч хувьцаа эзэмшигчидтэйгээ санхүүгийн нөхцөлөө ярьж хэлэлцээ хийснээр 4.5 тэрбум ам.долларын зээлээ хөнгөвчлүүлэх тохироонд хүрч чаджээ. Компанийн зүгээс тохироонд хүрсэн гэдгээ оны эхээр зарласан юм. Урд хөршийн “Ап энержи”, “Винсвэй” зэрэг компаниуд мөн л бонд болон бусад төрлийн зээлийн төлбөрүүдийг хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн учраас төлбөрийн нөхцөлүүдийг өөрчлөх, хөнгөвчлүүлэх арга замуудыг тохирон хэлэлцэж байна. “Винсвэй” гэхэд л зээлээ хөнгөвчлүүлэх хэлэлцээрийг хоёр жилийн турш хийж байгаа гэсэн мэдээ бий.

ОХУ-ын метал үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани “Мечель” таван тэрбум ам.долларын өр төлбөртэй гэгдэж буй. Мөн л зээлүүдийнхээ нөхцөлийг өөрчлөхөөр хувьцаа эзэмшигчидтэйгээ яриа, хэлэлцээр хийж байгаа. Индонезийн нүүрсний хамгийн том тоглогч “Bumi resources” 3.9 тэрбум долларын зээлийн нөхцөлөө өөрчлүүлэхээр банкууд, зээлдэгчидтэйгээ хэлэлцээд эхэлснийг хэвлэлүүд мэдээлчихсэн. “Alpha natural resources”, “Hidili”, Австралийн “Adani”, “Lanco Infratech” зэрэг нүүрсний компаниуд ч debt restructuring хийж байгаа. Ийм байдлаар санхүүгийн чадамжаа дээшлүүлж, зээл, өр төлбөрүүдийн нөхцөлийг өөрчлүүлэх нь түгээмэл ч компаниудаас менежментийн өндөр ур чадвар шаардсан, хугацаа ихтэй, төвөгтэй процесс байдгийг бүтэн хоёр жил хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа “Винсвэй”-н жишээнээс харж болно.

Манайд ч ялгаагүй Хонгконгийн бирж дээр хувьцаа гаргасан “Mon­golian мining сorporation” өмнө нь авчихсан байсан зээл, санхүүжилтүүдийнхээ нөхцөлд өөрчлөлт оруулж байгаагаа мэдээлсэн харагдсан. ММС олон улсын зах зээлд гаргасан 600 сая ам.долларын бондын эргэн төлөлтийн нөхцөлийг өөрчлөхөөр бонд эзэмшигчидтэйгээ хэлэлцэж эхлээд байгаа юм. Зээл, төлбөрийн нөхцөл өөрчлөгдсөнөөр том компаниуд хямралыг давж гарч чадна гэж шинжээч, судлаачид онцолж байна.

Манай улсын хувьд ч debt restructuring хийхээс аргагүй байдалд ороод байгаа. Ирэх жилээс бид “Чингис” бондын мөнгөө төлж эхэлнэ. Төсөв тасарсан, гадагш нь зарж байж валют олдог уул уурхайн бүтээгдэхүүнийх нь үнэ навс унасан хүнд цагт бондын төлбөрт өгөх мөнгө байхгүй. Тэгэхээр зээлийн нөхцөлүүдээ өөрчлөх, хөнгөвчлөхийн тулд debt restructuring гэх санхүүгийн хэрэгслийг ашиглахаас аргагүй болж таарна.

Тодруулж хэлбэл Засгийн газар бондын хөрөнгө оруулагчидтайгаа хэлэлцээрийн ширээний ард сууж байж, өр төлбөрийнхөө дарамтыг хямрал багатай давах боломжтой гэсэн үг.

Ц.Сүрэн

Categories
мэдээ цаг-үе

“Энэ дэлхий дээрх хамгийн муухай юм бол уйлж байгаа эр хүн”

(Расул Гамзатов)

Дагестаны суу билигт яруу найрагч Расул Гамзатов бол халуун эх оронч, эх орондоо хайртай хүний сэтгэл гэж чухам юу байдгийг дэлхийд шүлэг яруу найраг, номоороо харуулж чадсан зохиолч хүн байсан. Түүний алдарт “Миний Дагестан”-ыг уншсан хэнбугайд ч эх орон гэж юу юм, зүрх сэтгэлийн гүнд нуугдан байдаг тэр сайхан зүйлс ямар эрхэм, юугаар ч сольшгүй зүйл байдаг вэ гэдгийг мэдрүүлж чадсан. Уг номонд “Энэ дэлхий дээрх хамгийн муухай юм бол уйлж байгаа эр хүн” гэсэн хэсэг бий. Дунд насны уншигчид эл үгийг андахгүй дээ. Энэ үгийг сонссон хэний ч сэтгэлд “Нээрээ эр хүн гэдэг чинь чанга хатуу, юунд ч ганхашгүй хана хэрэм мэт байдаг аугаа хүмүүс шүү дээ” гэсэн бахархмаар ч юм уу, омогшмоор зүйл төрдөг.

Энд яагаад Расул Гамзатовын хэлсэн үгийг дурдах болов гэхээр МАХН-д юу ч хийдэг гэлээ, Эрдэнэ хэн ч гэлээ нэг залуу зурагтаар нулимс дуслуулан, хоолойгоо зангируулан байж уйллаа. “Яагаад биднийг алагчлаад байгаа юм. Хууль яагаад хоёр өөр үйлчлээд байгаа юм” гэж ирээд уруулаа өмөлзүүлэн уйлж харагдав. Нөгөө эр хүний хийморь лундаа, бат хатуу сэтгэл гээч нь хаачив. “Манай намыг яагаад байгаа юм” ч гэх шиг. Ер нь ингэхэд МАХН гэж ямар учиртай нам юм бэ.

Монголчуудаас хүний муу болгоныг цуглуулж авчраад бөөгнүүлчихсэн юм шиг. Төрийн мөнгийг зувчуулсан гэх энэ намын хүмүүсийн шоронгийн хаалга татах цуваа нь дуусахгүй юм. Аавын хаалга татаж байгаа хүн болгон нь өнөө муу янхигар өвгөнийхөө нэрийг барьж мултарцгаах аж. Түүнийгээ л урдаа барьж, бүхнийг тэр хүн рүүгээ чихэцгээнэ. Хулгай хийж баригдвал Н.Энхбаяраа бариад өгчих юм. Г.Шийлэгдамба нь Н.Энхбаяр дарга мөнгө босго гэж загнаж, буруу үйлдэл хийлгэчихлээ гэсэн бол Л.Цог нь “Энхбаяр сая доллар өг гэж нэхсэн” гэж нийтэд зарлав. Үнэндээ энэ намын ёсзүй хэрээс хэтэрлээ. Ёсзүйгээ байг гэхэд монголчуудад жудаг гэдэг сайхан юм бий дээ. Тэр нь хаачсан юм. Тогоон доторх хэрүүл нь хальж, эр хүмүүс эмс шиг бие бие рүүгээ шүлсээ үсчүүлэн үг хаяж, намын журамт нөхөд нэгнээ харж ч чадахгүй болтлоо зам буруулцгаах юм. Эрүүл ухаанаар сэтгээд бодоод үзэхэд хэн л тэгж “Чи мөнгө олж ир” гэж нэгнийгээ хүүхэд шиг мөнгөнд гүйлгэх вэ дээ. Н.Энхбаяр даргыг хараад байхад ийм улсуудтай хамт амь зууна гэдэг үнэндээ хэцүү байдаг байх даа гэж өмнөөс нь сэтгэл өвдмөөр. Хажууд нь байсан нөхөд нь хавирганаас нь хэмлэж, ойр явсан хүмүүс нь олиггүй үг шидлээд тал талаас нь давирч байхыг нь харахаар өөрийнх нь унаган нам, уул шиг нөмөртэй МАН нь байхад Ху намыг удирдаад юу хийнэ, яваад өгчихөж болдоггүй юм байх даа гэж бодогдоно. Ёсзүйгүй нөхөдтэй зууралдаж цагаа, зүтгэлээ алдаад яах юм. Н.Энхбаяр дарга МАХН-аас гараад МАН-д оччихвол үлдсэн хүмүүс нь намаа яаж авч явахыг нь харъя л даа.

Байхад нь эвээ олохгүй, учраа мэдэхгүй байгаа хүмүүс яваад өгөнгүүт л амаараа шороо үмхэх болов уу даа. Үлдэж байгаа нөхдийг нь хар. Хэвлэлийн хурал хийгээд уйлсан тэр залуугийн ярихыг сонсох нь ээ ямар ч уйлмаар хайлмаар гомдмоор юм алга. Нулимс дуслуулан байж “Залуу хүний хувьд хоолой зангирч уйлмаар байна” ч гэх шиг. Харин ч залуу хүн уйлдаггүй юм. Уйлах ч завгүй ажилладаг насан дээрээ тэр залуу юу яриад байгаа юм. Ер нь тэгээд сүүлийн үед эрчүүлийн зурагтаар уйлж, мэгшихийг хараад ой гутаж байна шүү. Нэвтрүүлэг, ярилцлаганд орохоороо их л уяхан үнэн амьтад болчих. Уйлахаараа хэн нэгэнд таалагддаг болчихсон юм уу, эсвэл. Расул Гамзатовын хэлснийг давтан хэлье “Энэ дэлхий дээрх хамгийн муухай юм бол уйлж байгаа эр хүн” шүү гэж.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Гүррагчаа: Хиймэл дагуултай болчихвол түрээсийн асар их төлбөрөөс ангижирна

1981 оны гуравдугаар сарын 22-нд анх удаа монгол хүн сансарт нисч байлаа. Тэгвэл тэр түүхэн өдрийн 35 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн байранд өчигдөр эрдэм шинжилгээний хурал болсон юм. Тус хуралд сансар судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид болон Монгол, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг зэрэг олон хүндэт зочид ирсэн байлаа. Түүнчлэн Монгол Улсын зөвлөх инженер Ж.Ган-Очир, академич, доктор (Sc.D) профессор Д.Амарсайхан, астрофизикч, (PH.D) профессор Ч.Лхагважав зэрэг хэд хэдэн эрдэмтэн, судлаачид илтгэл тавьсан юм. Эдгээр илтгэлийг уг уузалтын хүрээнд авч хэлэлцээд шилдэг илтгэлийг тодруулж, ОХУ-ын Сансрын нисгэгчдийн холбооны дээд шагнал болох “Ю.А.Гагарин” медалийг гардуулав. Энэхүү шагналыг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн одон орны салбарын эрдэмтэн Ш.Амаржаргал “Дэлхийг хэмжиж ажиглах сансрын геодезийн судалгааны дэвшил” илтгэлээрээ хүртсэн юм. Энэ үеэр сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай ярилцлаа.

-Юуны өмнө танд монгол хүн анх сансарт ниссэний 35 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Ойтой холбогдуулан хийж буй анхны арга хэмжээ энэхүү эрдэм шинжилгээний хурал болов уу?

-Баярлалаа. Сансрын хамтарсан нислэг болоод 35 жил өнгөрч байна. Сансрын хамтарсан нислэгийн 10, 15, 20, 25, 30 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэж ирсэн. Төр засаг өнөөдрийн байдлаар 35 жилийн ойг урьдынх шиг хэмжээний тэмдэглэх чадваргүй байх шиг байна. Мөнгө төгрөг ч муутай, хүсэл сонирхол багатай ч юм уу ямар нэг байдлаар дэмжье тусалъя, ингэе, тэгье гэсэн юм алга. Гэхдээ эрдэм шинжилгээний байгууллагууд хамтраад сансарт ниссэн ойгоо тэмдэглэж байна. Олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Өнөөдөр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Манай ШУА-ийн хүрээлэнгүүд, МУИС хамтраад их өргөн сэдэвтэй, гэхдээ оносон хурал зохион байгууллаа.

-Хүн төрөлхтөн сансар судлалыг олон талаас нь судалж, туршилт хийж байна. Монгол Улс энэ салбарт ахиц дэвшилттэй ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Сансрыг сонирхох сонирхол буурах ёсгүй. Үргэлж өсч байх ёстой. Хүн төрөлхтөн сансрын аппарат хэрэгсэлгүйгээр, мэдээлэлгүйгээр нэг минут ч амьдарч чадахаа больсон цаг. Бидний хэрэглэж буй гар утас, телевиз гээд бүхий л аргаар сансраас мэдээлэл авч дамжуулдаг болсон. Энэ боломжийг бид алдалгүй зөв ашиглах ёстой. Энэ хөгжлөөс хоцрохгүй байх хэрэгтэй. Сансрын тухай бодлогыг явуулах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр Монгол Улсад сансар судлалын үндэсний зөвлөл гэдэг байгууллага ч алга. Энэ бол манай төр засаг дутуу харж байгаагийн шинж. Бидний зүгээс хэд хэдэн оронтой хамтран ажиллахаар туршлага солилцож, уулзалт хийж байгаа.

-ЗХУ-ын баатар, хөлгийн дарга В.А.Жанибековтой хэр холбоотой байна. Ер нь бусад сансрын нисгэгчидтэй хэр харилцаатай байдаг вэ?

-Оросын сансрын нисгэгч нартай холбоотой байгаа. Тэр тусмаа В.А.Жанибековтой холбоотой байдаг.

-Ойн хүрээнд өөр ямар ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Энэ сарын 22-ны өдөр шинжлэх ухаан технологийн байгууллагатай хамтраад үзэсгэлэн гаргах гэж байна. Сансар, нисэх рүү чиглэсэн үзэсгэлэн. Сансрын хамтарсан нислэгт оролцсон төлөөллийн уулзалт гээд арга хэмжээ болно. Мөн Ю.А.Гагарины хөшөө босгож байгаа. Зургадугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Энэ нээлтийн ажиллагаанд Зөвлөлтийн сансрын нисгэгчдийг урина. В.А.Жанибековоос эхлээд олон сайхан төлөөллийг урих болно.

-Монгол хүн анх удаа сансарт нисчихсэн. Үүний дараа сансарт нисэх хүсэл мөрөөдөлтэй маш олон хүн тантай холбогдсон биз?

-1980-аад оны хүүхдүүдийн ихэнх нь сансарт нисэх юмсан гэсэн мөрөөдөлтэй байсан нь үнэн. Орчин үеийн хүүхдүүд харин өөр бодолтой болсон байх. Сонголт ч өргөн болж. Нөгөө талаар нүд тайлна гэдэг шиг газар газрын хүмүүстэй явж, уулзсан учраас арай өөр сэтгэхүйтэй байна. Тэр үе шиг бүх нийтээрээ сансарт ниснэ гэсэн юм бол одоо байхгүй байх.

-Та сансарт нисэхийн тулд маш нарийн хөтөлбөр боловсруулах хэрэгтэй гэсэн. Тухайн үед та ямар хөтөлбөр боловсруулж байв. Та сансарт нисээд зогсохгүй эх орондоо хэрэгтэй маш олон туршилтыг хийсэн байдаг?

– Сансарт нисэхийн ач холбогдол бол сансрын тойрог замд эрдэм шинжилгээний том ажил явуулах. Хөтөлбөр бэлэн болгох ёстой. Хөтөлбөр бэлэн болсон цагт хүн нисгэж болно шүү дээ.

Монголчуудын хэлдэг сайхан үг бий. Мянга сонсохоор нэг үз гэж. Үүнтэй адил өөрийн гараараа хийсэн сорилт туршилт гэдэг бол хамгийн их үр дүнгээ өгдөг. Тоног төхөөрөмж, сансрын аппаратаар хийдэг туршилт нь маш олон байдаг. Тийм болохоор судалгаануудыг саран дээр ч хийдэг, бусад гаригуудад ч хийсээр байна. Гэхдээ хүн төрөлхтөн өөрийн биеэр хүрэлцэн очиж гараараа хийсэн судалгаа маш их үр өгөөжөө өгдөг. Тийм учраас монголчууд ч гэсэн монгол хүнийг сансарт нисгэж, дахин судалгаа явуулах зорилтыг тавих хэрэгтэй. Төр засгийг ч үүнд анхаарал хандуулах байх гэж бодож байна. Сансарт нисэх дараагийн хүний талаар бид үргэлж бие биедээ санал тавьж байдаг. Одоогоос 35 жилийн өмнө сансрын хамтарсан нислэгийн үед бид гуч гаруй нэр төрлийн судалгааны ажил явуулсан. Ерөнхийд нь гурван чиглэлд хуваан ойлгож болно. Эмнэлэг биологийн, байгаль орчны, технологийн гэсэн ийм гурван чиглэлээр бид судалгаа явуулсан юм. Сансрын нисгэгчид сансрын аппарат хэрэгсэл дээр сууж сансрын хөлгийг жолоодож яваа ч гэсэн сансрын нисгэгч бол өөрөө туршилтын туулай байдаг. Тийм учраас сансрын нисгэгчдийн бие дээр өчнөөн олон туршилт хийдэг. Монгол хүний хувьд ч, үндэстний онцлогийг гаргахын тулд өөр дээрээ судалгаа хийх шаардлага гарч байсан. Монгол хүний идэж хэрэглэдэг хоол хүнс, амьсгалдаг агаар, уух ус, амьдардаг орчин бол нэлээн өвөрмөц. Европын орнуудтай харьцуулбал малын гаралтай түүхий эдүүдийг өргөн хэрэглэдэг. Сүү, цагаан идээг их хэмжээгээр хэрэглэдэг. Энэ бүхэн чинь нэг талаараа бэлтгэл байдаг юм байна. Морь унаад давхисан хүн тэнцвэрийн хувьд бусад улс орнуудын суурин ард түмнийхээс илүү сайн байх жишээтэй. Монголчуудын идэж хэрэглэдэг хүнс, сүү цагаан идээ бол хүний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг. Үүнтэй холбоотой олон судалгаа хийсэн. Цусны эргэлтийн талаар судалгаа явуулсан. Гэх мэтчилэн харах, баримжаалах энэ бүх юм сансрын тойрог зам жингүйдлийн орчин нөхцөлд яаж өөрчлөгдөх гэдэг нь бас сонин. Тийм учраас ийм чиглэлийн эмнэлэг биологийн судалгаануудыг хийсэн.

-Байгалийн чиглэлийн судалгааг тодруулахгүй юу?

-Хоёрдугаар чиглэлийн судалгаа бол байгаль судлалын чиглэлийнх. Энэ чиглэлээр бид ихээхэн хэмжээний зураг хөргийг авсан. Монгол орон бол сансрын хөлгийн нислэгийн маршрут дагуу байдаг. Монгол өөрөө их нарлаг орон. Үүл, сүүдэр багатай. Өөрөөр хэлбэл газрын гадаргууг халхлах саад бага. Энэ утгаараа эх орныхоо газрын зургийг сансраас нэлээд авсан. Бид хамтарсан нислэгийн зургаан бүс тусгай аппаратаар Монгол орныхоо газар нутгийг бүрэн хамарсан зураг авсан. Сансрын нислэгийн хоёр жилийн дараа энэ бүхнээрээ сэдэвчилсэн карт хийсэн юм. Тэр картыг төрөл бүрээр ашиглаж болно. Карт гэдэг нь зөвхөн зам харгуй, уул ус тэмдэглэсэн карт биш. Олон бүсчлэлийн аппаратаар авсан учраас түүндээ боловсруулалт хийж газар доорх зүйлүүдийг хүртэл тодорхойлох хүчин чадалтай, ямар нэгэн хэмжээгээр манай мэргэжлийн байгууллагууд ашиглаж байна. Жирийн аппаратаар авах зурагнууд ч байдаг. Үүнд газрын гадаргуу дээр байгаа бүтцүүд, уул усны тогтолцоо, цагариган бүтцүүд, Монгол орны нутаг дэвсгэр дээр оршиж буй томоохон хагарлуудыг олж цэгийг тогтооно гэдэг бол их чухал. Тэр цэгүүд дээр ямар нэг байдлаар ашигт малтмал, орд газар байх нь элбэг тохиолддог. Тийм учраас энэ цэгүүдийг олж илрүүлэхэд илүү анхаарал тавьдаг. Технологийн “Эрдэнэт” гэж туршилтууд хийсэн. Жингүйдлийн орчин нөхцөлд кристалл үүсэх процессыг ажиглах явдал юм. Жингүйдлийн нөхцөлд үүссэн кристаллууд хамгийн цэвэр кристалл байдаг. Түүнийг гаргаж авах зорилгоор “Эрдэнэт” гэдэг туршилтыг хийсэн байдаг. Харин технологийн туршилтууд болох “Алтай- 1”, “Алтай-2” гэх туршилтыг хийсэн. Энэ бол хоёр өөр хувийн жинтэй металлууд юм. Хайлуулаад дараа нь нэгдсэн хайлш болгохдоо хамгийн гол нь жигд хайлш болж чаддаг. Газар дээр хийхэд хүнд жинтэй нь дээр ороод хөнгөн жинтэй нь доор ордог. Хайлах процесс өөрөө ганцхан секундэд явагддаг. Тийм болохоор газрын татах хүч ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг. Ийм учраас жингүйдэл гаргаж авахад хамгийн цэвэр хайлш гардаг. Ийм замаар гаргаж авсан кристаллууд эмнэхүйн шинжлэх ухаанд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

-Монгол Улс дараагийн хүнээ сансарт нисэх гарцыг хаанаас хайх вэ?

-Хүнээ нисгэхийн тулд эхлээд хөтөлбөрөө хийх хэрэгтэй. Ямар туршилтаас ямархуу үр дүнг хүлээж байна вэ гэдэг нь хамгийн чухал болохоос нэг хүн сансар руу яваад ирэх нь чухал биш юм. Тийм учраас ирээдүйд бид боловсон хүчин бэлтгэхдээ шинжлэх ухааны хөтөлбөрөө бэлэн болгосон байх ёстой. Үүнд судлаачид, шинжлэх ухааны байгууллагууд, мэргэжилтнүүд гол үүрэгтэй. Хамтарсан нислэгийн гол чухал зүйл нь мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах. Сансрын хамтарсан нислэгийг Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтарч хийсэн туршлага бидэнд байна. Ийм зүйлээс ийм үр дүнг хүлээх ёстой гэх мэтчилэн туршлага монголчуудад байна. Нэг үгээр хэлэхэд төрийн бодлого үгүйлэгдэж байна.

-Мэдээж эрдэмтэд байж болох боломжуудыг эрдэм шинжилгээний хурлаар гаргах байх. Харин нэн түрүүнд хийх бидний алхам юу вэ?

-Төрийн бодлого бий болгохын тулд үндэсний зөвлөлтэй болох хэрэгтэй. Монгол Улсын сансрын бодлогыг гаргах хэрэгтэй. 2020 он гэхэд бид ийм зүйл хийсэн байх болно, 2030 он гэхэд үүний үр шимийг мэдэрчихсэн байх болно гэх мэтчилэн системчилсэн төлөвлөгөө бидэнд хэрэгтэй байна. Сансар судлалын талаар төрөөс барих бодлоготой байх хэрэгтэй. Бид заавал сансрын том агентлаг бий болгоод олон хүнд ажлын хүнд ачаа өгөөд байх шаардлагагүй. Гэхдээ үндэсний зөвлөл байгуулаад Ерөнхий сайд юм уу Шадар сайдаар ахлуулаад ажиллахад өнөөдөр бидэнд боломж бүрэн бий.

-Манай улс хиймэл дагуултай болох боломж бий юу?

-Хиймэл дагуул барих талаар яриад нэлээд удаж байна. Монгол Улсад холбооны төдийгүй дэлхийн зайнаас тандан судлах хиймэл дагуул хэрэгтэй. Байгаль орчин судалгааны хиймэл дагуул хэрэгтэй. Хиймэл дагуулын хэрэгцээ шаардлага манайд бүрэн хэмжээгээр бий болчихсон. Өнөөдрийн сансрын төхөөрөмжийг ашиглах байгууллага бүрэн холбооны хиймэл дагуултай байхад бид өөрсдөө ашиглах боломжтой байгаа юм. Энэ салбарт ажиллаж байгаа байгууллагууд бүгд гадны хиймэл дагуулыг ашиглаж төлбөр, түрээсийг нь өгч байна. Хиймэл дагуул бүтээхэд мэдээж өндөр зардал шаардагдана. Ганцхан удаа ийм зардал гаргаад хиймэл дагуултай болчихвол түрээсийн асар их төлбөрөөс ангижирна. Хиймэл дагуулыг харж, ажиллуулж байх, удирдах мэргэжилтэн хэрэгтэй болно. Мэргэжлийн хүмүүстэй болно, энэ нь улс орны хувьд том алхам, амжилт болж байгаа юм. Ийм алхмууд руу урагшилж байгаа гэдэгт би итгэж байгаа. Хиймэл дагуулыг хийхийн тулд гадаадын сансрын технологи өндөр хөгжсөн улс орнуудтай хамтрах ёстой. Сансар судлалын ажил нь нэг улсаас хамаарахгүй. Олон улсаас хамаардаг хамтын ажиллагааг холбож өгдөг гэж хэлж болно.

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Манай намынхан хуулиа сахиад хэтэрхий нам гүм байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Сонгуулийн хуулийг өөрчлөх хуулийн төслийг өргөн барих гэж байна. Сонгууль дөхчихсөн байхад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломж байгаа юу?

-Сонгуулийн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулаад байх боломжгүй. Үндсэн хуулиараа улс төрийн намууд болон нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлөөр хангагдах ёстой. Эрх барьж байгаа хүчин өөрсдөдөө тааруулж хуулиа өөрчилсөөр байгаад сонгуульд орчихдог байх юм бол тэр хүмүүсийн сонгох, сонгогдох эрх хангагдахгүй, тэгш байх зарчим алдагдана. Өнөөдөр манай улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд авч үзэх юм бол сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гээд заачихсан. УИХ-аас тогтоолоор баталсан Хүний эрхийн хөтөлбөр гэж бий. Сонгуулийн хуульд энэ заалт ороогүй хэдий ч уг хөтөлбөрөөс эхлээд олон хуульд сонгуулиас зургаан сарын дотор өөрчлөлт оруулахыг хаачихсан байгаа юм.

-Уг нэмэлт өөрчлөлтөөр жагсаалтын 28 мандатыг зургаагаар цөөлж нийслэл дээр нэмнэ гэж байгаа. Орон нутгийн мандатыг цөөлөөгүй болохоор жагсаалтаас цөөлөхийг дэмжих боломжтой юм биш үү?

-Сонгуулийн мандатын тоог тогтоохдоо хүн амын тооноос гадна нутаг дэвсгэрийн зарчмыг баримтлах нь зүйтэй. Ялангуяа манай орон шиг уудам нутагт тархан амьдарч байгаа цөөхөн монголчуудын хувьд цаашдаа төр дэх төлөөллөө хангахын тулд энэ зарчмыг тэнцүү авч үзэж байх хэрэгтэй гэж боддог. Сонгуулийн хууль гэдэг бол сонгогчдын эрх ашгийг юун түрүүнд дээдлэх ёстой. Сонгогчид сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломжийг нь хуулийн хүрээнд зөв шударга хийж өгөх шаардлагатай. Сүүлийн үед өөрсдөдөө тааруулах гэж, улс төрийн намд нийцүүлэх гэсэн агуулгаар Сонгуулийн хуулийг харж байгаа нь буруу.

-Сүүлийн үед МҮҮНгээч шашны урсгалын талаарх яриа газар авч байна. Таныг ч мөн МҮҮН-ийн хүн гээд нэр ус тань гараад эхэллээ. Та ямар холбоотой юм бэ?

-Тодорхой бүлэг хүмүүс улс төрийн зорилготойгоор нийгмийн сэтгэл зүй, анхаарлыг өөр зүйлд хандуулах пиарын чиглэлийн зүйл явж байна. Ямар агуулгаар юм мэдэхгүй намайг МҮҮН операцитай холбосон байна лээ. Миний хувьд шашны энэ урсгалын талаар ойлголт багатай хүн. Яагаад холбосон талаар нь нэвтрүүлэг хийж цацаад байгаа хүмүүсээс нь холбогдож асуусан.

-Тэгээд яг яасан юм?

-Нэлээд хэдэн жилийн өмнө У.Хүрэлсүх дарга, Гандантэгчинлэн хийдийн хамбатай хамт БНСУ-д арга хэмжээнд оролцохоор очсон. Тэр үед Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдаар Д.Гэрэл гэдэг хүн ажиллаж байсан. Элчин сайд Д.Гэрэл биднийг хоёр орны найрамдалт арга хэмжээнд орооч гэсэн юм. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд биднийг урьсан болохоор оролцсон. Гэхдээ тэр арга хэмжээнд Гандантэгчинлэн хийдийн хамбатай оролцсон болохоор ямар нэг шашны арга хэмжээнд оролцсон гэж бодохгүй байгаа. Шашны арга хэмжээнд оролцоо ч үгүй.

-Монголоос очихдоо ямар арга хэмжээнд оролцох зорилготой байсан юм?

-Албан ажлаар очсон. Элчин сайд урьсан болохоор оролцсон. Тийм болохоор У.Хүрэлсүх дарга, хамба, бид гурвыг ямар нэгэн шашны арга хэмжээтэй холбох шаардлагагүй. Би бурханы шашинтай. Өвөө маань дөрвөн настайгаасаа Эрдэнэзуугийн хийдэд шавилан сууж, 1990 онд хийдийн хурал номонд гол үүрэгтэй оролцдог байсан хүн. Миний дүү лам хүн байдаг. Монголд сүүлийн хэдэн жил бурханы шашны нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр хийж байгаа ажилд би идэвхтэй оролцдог. Залуучуудын холбоонд ажиллаж байхдаа У.Хүрэлсүх дарга бид Далай багшийг урьж авч ирэн залуучуудад анх удаа лекц уншуулж байлаа.

Хамгийн сүүлд гэхэд Өндөр гэгээн Занабазарын ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс байгуулах санаачилгыг би Засгийн газарт гаргаж байсан. Ингэснээр бүтэн жилийн турш үндэсний өв соёл, шашныг сурталчлах олон арга хэмжээг зохион байгуулсан. Намайг МҮҮН-ийн шашинтай холбоход маш гайхаж хүлээж авсан.

-Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн юм тараагаад байна гэж дуулдах юм. Таныг орон нутгаар явж байхад уур амьсгал мэдрэгдэж байна уу?

-Энэ талаар иргэдтэй уулзаж байхад асууж байсан. Улс төрийн намууд чинь сонгуулийн сурталчилгаагаа эхлээд мөнгөн амлалтуудаар эхлүүлчихлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр “10 жилийн дотор дэлхийн тэргүүлэх хөгжилтэй 10 орны нэг болгоно. Гаднаас мөнгө оруулж ирээд баяжина. АН-ын дарга өрөөндөө хүмүүс цуглуулаад бүх зээлийн хүүг буулгах чиглэлээр тодорхой салбарт мөнгөн амлалтууд өгөөд эхэллээ” гэж байна. Энэ нь өөрөө Сонгуулийн хуулиа зөрчиж байгаа хэлбэр. Ийм асуудлуудаар хууль хүчний байгууллагуудад асуудлаа тавих нь зүйтэй гэдгийг иргэдэд хэлсэн. Зарим улс төрийн хүчин хуулиа мөрдөөд зарим нь хуулиа зөрчиж байна. Баталсан хуулиа зөрчөөд явж байна гэдэг чинь тухайн улстөрчийн болон улс төрийн намын ёс зүйтэй холбоотой.

-Танай нам яаж байгаа юм. Бас л амлалтууд хэлэх байх?

-Манай намынхан хуулиа сахиад хэтэрхий нам гүмхэн байна гэж харж байгаа. Энэ удаагийн Сонгуулийн хуульд нэг зовлон бий.

Өмнөх Сонгуулийн хуулиар Сонгуулийн хуульд хориглосон зүйлийг хийж болохгүй. Бусдыг нь хийж болно гэж заасан байсан. Харин энэ удаагийн хуулиар зөвхөн Сонгуулийн хуулиар хориглоогүй зүйлийг хийж болно. Бусад нь бүгд хориглогдсон гээд заачихсан. Эсрэг агуулгатай ийм л хуулийг бид баталсан. Тэгэхээр энэ удаагийн Сонгуулийн хууль нэлээд хатуу гарсан гэж ойлгох хэрэгтэй.

-Таныг орон нутгаар ажиллаж байгаа гэж дуулсан. Иргэд юуг захиж байна?

-Намрын чуулганы завсарлагаанаар батлагдсан хуулиудын талаар иргэдэд танилцуулга, мэдээлэл хийж байна. Уулзалтад ирсэн иргэдээс тавьж буй саналуудыг багцлаад үзвэл үндсэндээ дөрвөн агуулгад хувааж болохоор байгаа юм. Нэгдүгээрт, малын гаралтай түүхий эдийн ханш буурснаас үүдэж иргэдийн худалдан авах чадвар муудаж байна.Тиймээс малын гаралтай түүхий эдийн ханшийг өсгөх тал дээр анхаарал хандуулж ажиллаач ээ гэж байсан. Үнэндээ иргэдийн гар дээр бэлэн мөнгө алга. Хоёрдугаарт, үүнтэй уялдан иргэд, малчид зээлийн гинжин хэлхээнд орсон байна л даа. Орон нутагт зээлгүй хүн гэж алга. Төрийн албан хаагчид нь цалингийн, хөгшчүүл нь тэтгэврийн, малчид нь малчны зээлд хамрагдсан байна. Бизнес эрхлэгчид нь бизнесийн зээл аваад ажлаа явуулах гээд чардайж байгаа нь харагдлаа. Үнэндээ иргэд авсан зээлээ төлж чадахгүй хэцүү байна. Үүнтэй уялдан зээлийн гинжин хэлхээг хэрхэн тайлах вэ гэдэг дээр санаа зовцгоож байсан. Өнгөрсөн хаврын чуулганаар МАН-ын бүлгийн зүгээс зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой санал санаачилга гаргаж байсан юм. Үүнд, ипотек, тэтгэврийн зээлийн хүүгээс эхлээд нэлээд хэдэн зээлийн хүүг бууруулах ийм боломж байна гээд саналаа хэлж байсныг санаж байгаа байх.

Төсвийн мөнгөний бодлого хэлэлцэх хүрээнд Монголбанкинд Ц.Нямдорж нарын гишүүдийн санаачилсан зээлийн хүүг бууруулах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Он гарсны дараа малчны зээлийн хүү буурах тодорхой алхмууд хийгдэж байна. Гуравдугаарт, хөдөө орон нутаг дахь төсөвт байгууллагууд бүгд өрөнд орсон. Халаалт, захиргааны зардал, бензин шатахуун, үдийн цай, багш нарын урамшуулал, тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэмжийн өртэй байна лээ. Эрүүл мэндийн салбарт гэхэд энэ оны нэгдүгээр улирал дуусч байхад эмийн тендер нь ирээгүй байх жишээтэй. Төсөвт байгууллагууд нь мөн л ингээд өрийн гинжин хэлхээнд орчихсон. Дөрөвдүгээрт, улстөрчдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг иргэд хөндөж байна лээ. Ард иргэдийн итгэлийг хүлээж манлайлал нь болж явах ёстой хүмүүс янз бүрийн үйлдэл гаргах юм.

Улс төрийн намууд дотор авлига хүчээ авч байна. Шударга ёсыг эрхэмлэх, тогтоох асуудлууд дээр маш олон санал хэлцгээсэн.

Өвөрхангай аймгийн хувьд өвлийг өнөтэй давлаа. Харин хаврын энэ өдрүүдэд зүүн болон зүүн хойд сумдаар нэлээд цас уналаа. Тэнд уулзалттай явж байсан болохоор аймгийн онцгой комиссыг хуралдуулж арга хэмжээ авсан. Нэмж цас орохгүй бол малчид зутрахгүй байх.

-Намрын чуулганыг юу гэж дүгнэх бол. Ирэх хаврын чуулганаар ямар хуулиудыг даруйхан шийдэх ёстой гэж үзэж байгаа вэ. Хаврын чуулганаар ямар асуудлуудыг амжуулах шаардлагатай байна?

-Өнгөрөгч намрын чуулганаар төсөв мөнгөний бодлогоо хэлэлцсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудлыг зарим гишүүд өргөн барьсан. Үүнийг УИХ-аар хэлэлцүүлж эдийн засгийн уналт үргэлжилж байна, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлууд нь ард түмэнд хүрэхгүй байна гээд хариуцлагын асуудал хөндөгдсөн. Намрын чуулганаар мөн хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй нэлээд асуудал орж ирсэн. Ямартай ч Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулиудыг хэлэлцэн Сонгуулийн хуулиа баталсан.

Энэ бүрэн эрхийн хугацааны хамгийн сүүлчийн хаврын чуулган удахгүй эхэлнэ. Харьцангуй хугацаа бага байх тул асуудлуудаа гацаалгүй хэлэлцээд явчих хэрэгтэй. Миний зүгээс ажлын хэсэгт нь орж ажилласан дөрвөн ч хуулийн төслийг хэлэлцэнэ. Тухайлбал, Татварын шинэчлэлийн багц хууль бий. Хэн ихийг олж байна тэр нь их татвар төлдөг тийм зарчим руу шилжих ёстой. Тэгэхгүй бол манай улсад баян хоосны ялгаа асар их болж байна. Энэ утгаараа иргэдийн орлогыг тэнцвэржүүлэх үүднээс татварын бодлогыг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай. Аж ахуйн нэгжүүдийн жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум хүртэл бол нэг хувийн татвартай байх хуулийн төслийг өргөн барьсан. Татварын шинэчлэлийн багц хуулийн хүрээнд энэ асуудал яригдана.

Нөгөө нэг хууль нь Боловсролын багц хуулиудын хэлэлцүүлэг явж байгаа. Тиймээс Боловсролын хууль дээр олон жил яригдсан хэд хэдэн заалтыг нэмж тусгах ёстой. Нэгдүгээрт, малчдын зургаан настай хүүхдийг сургуульд оруулж байгаа асуудлыг уян хатан байдлаар хуульд тусгаасай гэж ажлын хэсгийн гишүүний хувьд хүсч байна. Уян хатан болгож өгснөөр сургуулийн захиргаа энэ асуудлыг шийдвэрлэж байх юм.

Хоёрдугаарт, боловсролын байгууллагуудыг хариуцлагатай болгож, сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн чанарт анхаардаг болох хэрэгтэй.

-Сүүлийн үед боловсролын салбарыг тойрсон шүүмжлэл их байх шиг байна?

-Яг үнэн. Бид мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэх чиглэлд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан Боловсролын хуулийг явуулах ёстой. Тиймээс энэ чиглэлд хууль гарах хэрэгтэй байна. Хуучин наймдугаар анги төгссөн хүүхдүүдийг улаан шугам татаж жагсаадаг байсан. Түүн шиг есдүгээр анги төгссөн хүүхдүүдээс цаашаа суралцах хүүхдүүд дээр тодорхой кредит тавих ёстой гэж байгаа юм. Ингэснээрээ мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэх нөхцөл бүрдэнэ. Эртхэн есдүгээр анги төгссөн хүүхдүүдийг мэргэжилтэй болоход анхаарал хандуулах шаардлагатай. Шаталсан сургалтын системээр дамжуулан сургадаг мэргэжилтэй боловсон хүчин буюу ажилтан ангийг сэргээхгүй бол эдийн засаг сэргээд ирэх үед мэргэжилтэй боловсон хүчин бидэнд дутагдана. Малчин болох гэж байгаа хүүхдийг заавал арванхоёрдугаар анги төгсгөх шаардлагагүй. Аль болох эртхэн тухайн салбартайгаа танилцах нь тэр хүндээ хэрэгтэй. Хөдөөгийн иргэдтэй уулзаж байхад хамгийн их тулгамдсан асуудал энэ байсан. Хүүхдээ ерөнхий боловсролын сургууль төгсгөөд хувийн ч хамаагүй дээд сургуульд зээл авч байгаад сургадаг. Гэтэл хүүхэд нь төгсөөд ажлын байргүй болчихдог. Тэгэхээр энэ буруу тогтолцоог засах шаардлага байна.

Сүүлийн 25 жилд хориннэгдүгээр зууны хүн болон төлөвших боловсролын салбартаа анхаарч чадаагүй. Хүүхэд байхаас нь ёс зүйтэй, хүн байх ухаанд сургах, хүний нийгмийн харилцааны чиглэлд алдсан болохоор одоо энэ тал дээрээ анхаарах хэрэгтэй.

Сурах бичгийн агуулга дотор ч гэсэн түүхээ үгүйсгэсэн, зөрчилдүүлсэн зүйлс гарсан байна. Энэ чиглэлд Боловсролын хуулийн өөрчлөлтүүд хийгдэх ёстой. Боловсролын байгууллага аль болох улс төрөөс ангид, улс төрийн оролцоо багатай, тогтвортой байх нь зүйтэй.

Мөн хаврын чуулганаар Органик хүнсний тухай хуулиа батлах нь цаг үеэ олсон зөв алхам байх болно. Олон улсын зах зээлд органик хүнсээрээ өрсөлдөхгүй бол бусад орнуудын адил хүнс гаргаад өрсөлдөх боломж байхгүй. Мөн малчдын нийгмийн асуудлыг шийдэх ёстой. 2014 онд Д.Оюунхорол нарын бидний гишүүдийн өргөн барьсан багц таван хуулийг хэлэлцэх хэрэгтэй байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН