Categories
мэдээ цаг-үе

Ж.Баясгалан: Алт үнэгүйдэх цаг ирнэ гэдгийг “Үргээлэг-2“ киногоороо харуулахыг хичээлээ

Саяхан нээлтээ хийсэн “Үргээлэг 2” киноны гол дүрийн жүжигчин Ж.Баясгалантай ярилцлаа.

-“Үргээлэг 1” кино хууль бусаар орж ирсэн хятад ажилчдын талаар өгүүлдэг. “Үргээлэг 2” өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ?

-“Үргээлэг”-ийг бид 2014 онд том төсөл болгож харсан юм. СУИС-ийн кино драмын ангийнхны “A group”, “Uni­tel” компанийн “Prime picture” хамтарч “Үргээлэг” төслийг хэрэгжүүлэхээр анхлан гэрээ хийж байлаа. Энэ төслийг ямар ч салбарт хэрэгжсэн хамтарч ажиллана гэсэн тохироогоор ажлаа эхэлсэн л дээ. Анхны ажил нь “Үргээлэг 1” кино. “Үргээлэг 2” кинондоо мөн л өнөөгийн нийгэмд тулгараад байгаа асуудлыг харуулахыг зорьсон. Олон сэдэв байсан л даа. Т.Бум-Эрдэнэ зохиолчтой зөвлөлдсөний эцэст хууль бус алт тойрсон асуудлаар дуугаръя гэж шийдсэн. Алт хүний шуналыг хөдөлгөдөг учраас алтны дэргэд юм бүхэн үнэгүй байдаг. Тиймээс алттай хэт ойр биш, бизнес гэдэг утгаар харьцах хэрэгтэй. Алт мөнхийн ус, агаар биш учраас дэлхийн зах зээл дээр үнэгүйдэх үе ирнэ. Алтыг орлох нанотехнологи гараад ирвэл алт үнэгүйднэ. Тэр үеэс өмнө алтыг зөв ашиглах хэрэгтэй гэж дуугарахыг хичээлээ. Найруулагчаар нь Г.Эрдэнэбилэг маань ажилласан.

-“Үргээлэг 1” киноны дүрүүд хэвээрээ байгаа юу, эсвэл огт өөр үйл явдал өрнөх үү?

-“Үргээлэг 1” киноны зуун хувь үргэлжлэл биш ч гэсэн дүрүүд нь хэвэндээ явна. “Үргээлэг 1” дээр тоглосон жүжигчдээс гадна өөр олон жүжигчин нэмэгдсэн. Орос, Хятадаас жүжигчид ирж оролцсон байгаа. Би фитнесс сонирхдог болохоор илүү спортлог залуусыг урьж тоглуулсан. Үүгээрээ жүжигчид маань бусдадаа үлгэр дуурайл үзүүлэх байх. Жүжигчдийн хувьд сайн баг бүрдсэн.

-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Хоёр сар гаруй үргэлжилсэн. Зурагтайгаа зэрэгцээд монтажаа хийж байсан юм. Хүмүүс ийм хурдан кино хийчихдэг юм уу гэж гайхаад байгаа. Киноны 90 хувь нь бэлтгэл шүү дээ. “Үргээлэг 1” киноноос хойш сэдвээ хайж байгаад зохиолыг нь зун бичсэн. Намар зохиол дээрээ ажиллаж, өвөл зураг авалтаа хийлээ. Үндсэндээ бүтэн жилийн хөдөлмөр шингэсэн бүтээл.

-“Үргээлэг 1” өртөг өндөртэй бүтсэн. “Үргээлэг 2” хэр өртгөөр босов?

-Эхний анги дээрээ бид нэг жийп онхолдуулж байсан юм. “Үргээлэг-2”-ын трейллэр дээр гарч байгаа машин бүр бодитой. Хуучин шиг макет хийгээд зураг авдаг үе өнгөрсөн шүү дээ. “Үргээлэг 2” киноны өртөг, маркетинг гээд бүх зардал нь 620 сая төгрөг болж байна.

-“А group”-ийнхэн тэр чигээрээ танай ангийнхан байх аа?

-Тийм ээ, би найз нөхөд, гэр бүл, хамт олноороо бахархах дуртай. Манай ангийнхан өнөө цагийн үлгэрлэл авахаар залуус. Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа, Н.Ялалт, NTV-гийн Ч.Болорчимэг, МҮОНРТ-ийн С.Бямбацогт, Б.Гантигмаа, 25 дугаар суваг телевизийн Т.Баярхүү, “DOZ” entertaiment-ийн А.Мөнгөнзул, СУИС-ийн багш Б.Даваа, жүжигчин Төгсөө, 25 дугаар суваг телевизийн редактор С.Батболд, Увсын MBC телевизийн захирал Д.Мягмарсүрэн гээд бүгдээрээ мэргэжлээрээ ажиллаж, гялалзаж байгаа залуус. Манай ангийнхан ийм мундаг яваа нь С.Сугар багштай маань холбоотой. “Үргээлэг 1” киногоо хийчихээд багшийгаа урихад “Киноны нээлт биш, миний хөдөлмөр алдар болчихлоо” гээд хөөрч байсан нь санаанаас гардаггүй юм. Одоо бидний дунд байхгүй хайртай багшийгаа тэр үед жаахан ч гэлээ баярлуулсан болов уу гэж боддог.

-Та СУИС төгсөөд мэргэжлээрээ бараг ажиллаагүй. Гэхдээ цөөн хэдэн жүжигт тоглосон байх шүү?

-Аав, ээж минь геологийн хүмүүс. Их сургуулиа төгсөөд яалт ч үгүй гэр бүлийн бизнес рүүгээ орсон. Урлагаасаа хэсэг хөндийрч байгаад УДЭТ-ын “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье” жүжигт тоглочихоод дахиад л хөндийрсөн. Хэдийгээр хувийн бизнесээ хийж яваа ч зүрх сэтгэл минь урлагаас урвах аргагүйгээр уяатай учраас хаяж чаддаггүй юм.

-Урлагаас хөндийхөн байсан ч найзуудынхаа уран бүтээлийг спонсорлодог гэж сонссон. Найзууд дундаа баян Баясаа гэдэг нэр автлаа урлагт мөнгө хаясан гэсэн мэдээлэл уншиж байсан юм байна?

-Шар хэвлэлийнхэн л сенсаци үүсгээд тэгж бичсэн байх. Би үүнд их эмзэглэдэг. Би тийм баян хүн биш. Амьдралын төлөө тэмцэж яваа жирийн л нэг залуу. Сайн эцэг, сайн хань байхын төлөө зүтгэж яваа эр хүн. Бид ямар язгууртнууд биш дээ. Монголд удам дамжсан баян хүн гэж байхгүй. Би үр хүүхэд, найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олноороо л баян хүн.

-Хувийн ямар бизнестэй вэ?

-Уул уурхайн компанитай. Би ажилчин ангийн хүүхэд. Тийм болохоор хөдөлмөрлөх ёстой гэсэн ойлголттой. Эр хүн гэр бүлээ тэжээх ёстой. Ямар ч нөхцөлд зохицоод амьдрах ёстой гэдэг утгаараа хүүхэд байхаасаа ажил хийдэг байсан. Оюутан болоод аавтайгаа хамт ажилладаг болсон. Одоо аавынхаа босгож өгсөн компанийг үргэлжлүүлж авч явж байна. Би миний компани гэж ярьдаггүй. Дандаа л манай гэдэг. Гэр бүлсэг системтэй, би биш бид төвтэй ажиллахыг хичээдэг.

-Бага насаа дурсаач?

-Манайх их гэр бүлсэг айл. Уул уурхайн бизнес эрхэлдэг эсвэл анчин хүмүүсийн хувьд хүн л хамгийн чухал байдаг. Ямар ч үнэтэй техник, сайн буу байгаад хажууд нь хүн л байхгүй бол үргэлж ганцаардаж явдаг. Бага байхад “Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу” гэдэг дууг сонсчихоод цүнхээ үүрээд сургуульдаа явдаг байлаа. Хоёр эгч маань миний хувцсыг байнга индүүдэж цэвэрлэж өгнө. Гутлыг маань гэхэд нүүр харагдахаар шахуу өнгөлж өгнө шүү дээ. Аав, ээж, ах эгч нартаа эрхэлж өссөн болохоор дүүгээ эрхлүүлэх дуртай. Аав, ээж хоёулаа “Хүнийг хайрла” гэж захидаг байсан. Хүнийг хайрлахыг заасанд нь ижий, аавдаа баярлаж явдаг. Ер нь хайр байгаа газар бүх зүйл байдаг.

-Гэр бүлээ танилцуулаач…?

-Эхнэртэйгээ дөрөвдүгээр сарын 10-нд анхны бороотой өдөр телевизийн нэвтрүүлэгт орох үедээ танилцаж байлаа. Адгийн тэнэг эхнэрээ магтана гэдэг үгтэй би санал нийлдэггүй. Гэрийг маань гийгүүлж байгаа сайхан бүсгүйг магтахаас аргагүй. Өдий зэрэгтэй яваа минь эхнэрийн маань ач. Гэрээ сайхан авч яваа эмэгтэй хүнтэй айлын эзэн хүн л санаа зовохгүй ажлаа хийж амжилт гаргадаг шүү дээ. Манайх гурван хүүхэдтэй.

-Таныг “Ирээдүйн мистер 2015” тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлснийг мэдэх юм. Хэр удаан хугацаанд хичээллэж байж үр дүн гаргав?

-Би эхэндээ энэ тэмцээнд орно гэж бодоогүй байсан. Өөрөө өөрийгөө даван дийлэхийн тулд хичээллэж эхэлсэн юм. 2002 онд мотоцикльтой явж байгаад осолд орж нэг хэсэг хэвтрийн дэглэм барьсан л даа. Тэгээд нэлээд таргалсан. Анх 60 кг байсан ч “Бодлын хулгайч” кинонд тоглоход 89 кг болчихсон байсан. Энэ спортыг хүмүүс зөвөөр ойлгоосой гэж боддог. Манай ээж элэгний хүнд өвчин тусаад элэг шилжүүлэн суулгах шаардлагатай боллоо. Энэтхэгт очиж шинжилгээ хийлгэсэн чинь хэнийх нь ч элэг таараагүй. Тэр үед “Чиний элэг хүнд өгөх нь байтугай өөрөө их өөхөлсөн байна. Илүү өөхөлбөл хавдар болох магадлалтай шүү” гэсэн. Тэр үед л өөртөө их гутсан. Дөнгөж 30 гарч яваа хүн ээждээ тус болж чадсангүй гэж. Манай дүү нэг бөөрөө өгч ээж маань элэг, бөөр шилжүүлэх том хагалгаа хийлгэсэн юм. Тэр үеэс хоёр жилийн дараа дахиад шинжилгээ өгтөл “Чиний элэгний өөх хэтрээд хавдар үүсгэж байна” гэсэн хариу сонссон. Гэртээ ирээд бодсон л доо. Нас залуу, гурван хүүхдийн өмнө хариуцлага хүлээсэн аав, эхнэрийнхээ тулж түших хань нь. Ийм байхад өвдөж болохгүй гэж бодоод л маргаашнаас нь бэлтгэл хийж эхэлсэн. Өдөрт хоёр удаа хичээллээд хоолны дэглэм барьсан. Унтах цагаа багасгаж ажиллах цагаа ихэсгэлээ. Зургаан сарын дараа эмнэлэгт очсон чинь шинжилгээний хариу эерэг гарсан. Тэрэндээ урамшаад дахиад хичээллэсэн. Тэгээд л тэмцээнд оръё гэж шийдсэн хэрэг. Цуг бэлтгэл хийдэг хүн бүхэн Баясаа ах гэж хүндэлнэ. Ах хүн бусдадаа үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэдэг утгаараа тэмцээнд бэлтгэж эхэлсэн дээ. Мэргэжлийн тамирчидтай, өөрөөсөө өчнөөн дүү хүүхдүүдтэй өрсөлдөөд амжилт гаргах сайхан байсан.

-Та цацагт хяруулын мах зарна гэж ярьж байсан. Хэзээ ажил хэрэг болгох вэ?

-Зөв хоол судалж байхдаа гаргасан санаа л даа. Миний найз сахарын өвчтэй учраас энэ талаар их судалдаг юм. Дэлхийд цацагт хяруулын мах хамгийн сайн нь гэдгийг найзаасаа мэдсэн. Сахарын өвчин, цусны эргэлтэд сайнаар нөлөөлдөг, уураг өндөртэй мах юм билээ.Судлаад үзсэн чинь Монголд ганц нэг айл л зардаг болж таарсан. Тэгээд л Германаас генийн өөрчлөлтгүй цацагт хяруулын мах оруулж ирэхээр болсон. Хоёр жил судалгаа хийсэн дээ. Үйлдвэрээ барьчихсан. Ирэх арванхоёрдугаар сараас цацагт хяруулын мах худалдаанд гаргахаар ажиллаж байна. Монгол цацагт хяруул гэдэг брэндийг гаргаж ирнэ.

-Үнийн хувьд ямар байх вэ?

-Үхрийн махтай тэнцэхүйц хэмжээний үнэтэй байлгахаар ажиллаж байна. Одоо бол зах зээлийн үнэ нь 27 мянган төгрөг байгаа. Хамгийн хямдхан нь гэхэд л 18 мянга. Үхрийн махтай адил үнэтэй болговол монголчууд нийтээрээ хэрэглэх боломжтой болно. Үүний үр дүнд бүгд эрүүлжинэ гэдэг л том давуу тал.

-Ан авд дуртай гэсэн үү?

-Би ан авд явахаас илүү гөрөөнд явах дуртай. Уул хадаар морьтой явна. Уламжлалт аргаар анд явбал зүгээр. Орон нутгаас нь зөвшөөрөл авчихаад морь унаж хээр гал түлсэн шигээ гөрөөлж явах сайхан. Амьтан алаад хийморь сэргэдэг гэдэг худлаа. Хятадаас гарсан үг. Монголчууд малаа хамгаалах гэж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд ан ав хийдэг болохоос биш шуналын сэтгэлээр амьтны амь хөнөөдөггүй.

-Найз нөхдийнхөө тухай яриач?

-Амьдралд гэр бүл, найз нөхөд, ажил гэж чухал гурван зүйл бий. Би гарын арван хуруунд багтахаар шигшмэл сайхан найзуудтай. Бүгдээрээ гэр бүлийн найзууд. Сүүлд танилцсан найз маань “Эхнэрүүд уулзаад суухаар нөхрүүдийнх нь зан харагдах юм” гэж байсан. Нэг нэгэндээ тэгж сайхан ууссан гэр бүлийн найзуудтай. Бид хааяа хүүхдүүдээ хараад эхнэрүүдээ уулзуулдаг юм.

Categories
мэдээ цаг-үе

Гэр шилбэл шинээс нь, гишүүд сонговол хуучнаас нь …

“Хүний хуучин нь дээлний шинэ нь” гэж үг бий. Яах аргагүй монголчуудын гол философи. Энэ философи хэрэгжих цаг нь ирчихээд байна. Бүр тодорхой хэлбэл удахгүй болох сонгуулиар хэрэгжүүлмээр байна. Ирэх сонгуулиар АН, МАН-ын гишүүдийг л сонгоё. Өөр намын нөхдийг сонгох нь Монголын ард түмэнд ямар ч хэрэггүй гэдгийг бид биеэрээ туулж яваа улс. Сүүлийн үед бүгдийг нь шинэчилье гэсэн хийрхэл даамжирсан учраас энэ сэдвийг хөндөхгүй орхиж болохгүй нь. Бүгдийг шинэчилье гээд байгаа нь Монголын төрийг сульдаах гэсэн ямар нэг гадаад, дотоодын хүчний давуулж тонгорох мэх байж мэднэ. Жишээ дурдаад яривал тийм байх өндөр магадлалтай.

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд гадаад дотоодод сургууль төгсөөд ирсэн хорин настай залуус нам байгуулж галзуурч байна. Тэд төр барина гэдэг үнэндээ бол үлгэр. Хорин хэдтэй залуус хориод жил Монголын төрөөр тоглосон. Төр барьж тоглосны уршиг нь ихэдсэн үү гэхээс багадаагүй. Цаг нь болсон гэдэг шиг учир мэдэхгүй залуусаар төр бариулж, тэгж галзууруулдаг үе өнгөрсөн. Яг нарийндаа төр барина гэдэг хориод настай залуусын хийдэг ажил биш юм. Ганц манайд ч биш дэлхий даяараа дөч, тавь, жаран настай хашруудад төрөө даатгадаг. Сүрхий хөгжиж яваа улсын лидер улстөрчид нь дандаа хал үзэж халуун чулуу долоосон нөхөд байдаг. Дэлхийн айхавтар улстөрчид дунд хорь, гучтай залуучууд харагддаггүй нь цаанаа ийм нарийн учиртай. Оросын Путин, Америкийн Обама, Францын Олланд, Өмнөд Солонгосын Пак Гын Хэ, Японы Абэ гээд яривал хөгжлөөрөө цойлсон улсуудын төрийн тэргүүн, парламент, Засгийн газрын гишүүдийн дунд учраа олоогүй, туршлага суугаагүй хорин настнууд харагддаггүй. Төр барина гэдэг дөч, тавь, жаран насныхны хийдэг ажил гэдгийг бид яс махаараа мэдэрч байна.

Монголын төрд шинэчлэлээс гадна уламжлал гэдэг юм байх ёстой. Хэдэн арван жил төр барилцсан туршлагатай түшээдийг жагсаалт энэ тэрд оруулж байгаад төрд суулгах шаардлага гарцаагүй тулгараад байгаа. Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Р.Амаржаргал, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гэх мэт УИХ-д хэдэнтээ сонгогдож, алба хашиж яваа улстөрчид Монголын төрийн дархлаа, хар хайрцаг, үнэт зүйлс, амьд архив мөнөөсөө мөн.

МАН, АН-ынхныг сонгохдоо популистууд, дуучин, бөхчин гээд элдэв өнгийн алдартнуудыг сонгоод дэмий гэдгийг өнгөрсөн жилүүд хангалттай харуулсан. Алтны компаниудыг ташраар нь дампууруулсан урт нэртэй хуулийг уул уурхай, эдийн засгийн гүнзгий мэдлэггүй бөх санаачилж батлуулсан, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн гэгддэг хоёр дахь урт гэгчийн нэртэй хуулийг популистууд гэж цоллуулдаг улстөрчид сэдэж ажил болгосон гээд яривал тэдний тарьсан балаг их. Энэ сонгуулиар ч дуучид бөхчид нэрээ дэвшүүлнэ гэдгээ зарлаад эхэлчихлээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн болох хүсэлтэй уран сайханч, бөхчингүүдээс гол хоёр нам, сонгогчдын аль аль нь болгоомжилж, татгалзмаар байна. Жинхэнэ төрийн хүнийг, төрд зүтгэж хат суусан улстөрчдийг сонгож чадвал бид хөгжинө.

Сонгогчид АН, МАН хоёроос нэр дэвшигчдийг сонгохдоо амлалт авах хэрэгтэй. Зүгээр нэг амлалт биш, хариуцлагын гэрээ байгуулж ултай, буурьтай хандах цаг нь болсон гэж бодож байна. Өнгөрсөн жилүүдэд улсаа хорлосон шигээ асуудалд хандахгүй байхыг хатуу шаардах эрх сонгогчдод байгаа. Хөгжилд хэрэгтэй төслүүдийг гацаах оролдлого хийвэл, эдийн засагт хохирол учруулахаар хуулийн төсөл санаачилж батлуулахад оролцвол гишүүнээс нь эргүүлэн татах хүртэл өндөр хариуцлагатай гэрээ байгуулж яагаад болохгүй гэж. Голлох хоёр намаас УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүс монгол төрийн өмнө хатуу хариуцлага хүлээсэн гэрээнд гарын үсэг зурах үүрэгтэй. Төрд зүтгэх учраас, Монголын хөгжилд нөлөөлөх шийдвэр гаргах эрх мэдлийг атгалцах гэдэг утгаараа Хариуцлагын гэрээ байгуулахад татгалзах үндэслэл тэдэнд байхгүй.

Хамгийн гол нь энэ хоёр намаас нэр дэвшсэн хүмүүсийг л УИХ-д сонгомоор байна. Аль нь их суудал авах сонин биш, дундуур нь ямар нэг хүчин оруулахгүйгээр сонголтоо хийх л чухал болоод байна. Гуравдагч нөхдүүд завсраар нь ороод ирэхээр монголчууд хохирдгийг өнгөрсөн жилүүдийн түүх бэлхнээ гэрчилж байгаа.

Завсрын нөхөд Монгол Улсыг 20 жил хорлолоо. Тэд хорин жилд хорин засгийг унагалаа. Гуравдагчууд УИХ-д гарч ирэх бүртээ хөгжилд хэрэгтэй шийдвэр бүхэнд тээг тавьдаг. Өнөө ч тэр янзаараа тээг тавьсаар явна. Үр дүнд нь Монгол гэдэг улс хөгжсөнгүй. Том төслүүдээр жишээлье. Хөгжилд хэрэгтэй төсөл хэрэгжих гэхээр л дуу авалцан шүүмжилж, хэрэгжихийнх нь эсрэг ажилладаг хэсэг нь мөнөөх гуравдагчууд. “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэхийн эсрэг хэн дуугарч, гацаав гэсэн асуулт тавиад үзье. АН, МАН-аас бусад намынхан, бие даагчдын нэр л уншигч таны санаанд бууж байгаа байх. “Оюу толгой”-г хөдөлгөх шийдвэрт гар өргөж толгой дохисон нь харин АН, МАН-ынхан. Голлох хоёр намын эрүүлээр сэтгэдэг улстөрчдийн хүчээр хөдөлсөн Оюу толгой өнөөдөр эдийн засгийн гялтайх ганц гэрэл байна. Хятад, Америк гэлтгүй эдийн засаг хямарсан энэ өдрүүдэд дэлхийд амжилттай хэрэгжиж яваа хамгийн том уул уурхайн төсөл нь Оюу толгой болоод байгаа. “Рио тинто” хэмээх акул компани ч зэсийн төсөлдөө, “Оюу толгой”-доо найдаж зэсийн группийнхээ захирлыг ерөнхий захирлаа болгоод байна. Алтны тун давгүй нөөцтэй “Гацуурт”-ыг гацаасаар ирсэн нөхөд мөн л завсрын гэгдэх гуравдагчууд. УИХ-д АН, МАН нөлөөлөхөөр хэмжээнд байгаа учраас алтны энэ төсөл азаар хөдөлж байгаа. Удахгүй алтны олборлолт нэмэгдэж, өдрөөс өдөрт өссөөр байгаа америк долларын галзуурлыг намжаахад нэмэр болох нь тодорхой. Гуравдагчууд ураны төслүүдэд бас тун дургүй. Уг нь учир мэдэх улс ураны сайн нөөцтэй ордуудаа ашиглаад эхэлбэл эдийн засаг сэргээд ирнэ гэцгээдэг юм.

Хатуухан хэлэхэд жижиг намууд зүгээр л хоол олох гэж, тендер авахын тулд, өөрсдийгөө тэжээх гэсэн хөгийн амбицдаа хөтлөгдөж улс төрд орох гэж тэмүүлдэг.

АН, МАН-ынхныг УИХ-д сонгоё гээд байгаа нь мөн л нарийн учир утгатай. Монголд сөрөг хүчин хэрэггүй юм байна. Жижигхэн, хүн ам цөөтэй манайх улсад шиг эрх барих байгууллагад нь нэг нам дангаараа ноёрхох дэмий гэдгийг баталсан жишээ дэлхийн түүхээр дүүрэн байна. Дэлхий гэж цаашлахгүйгээр Монгол Улсын шинэхэн түүхийг шүүрдээд үзэхэд нэг нам нь засаг төрд хүч давамгайлсан жилүүдийн балагтай явдал барагдахгүй. Монголын эдийн засгийг авч яваа, цаашид ч нуруундаа үүрэх “Оюу толгой” төсөл АН, МАН хамтарч засаг барих үед хөдөлсөн. Зэс хайлуулах үйлдвэр, Таван толгойн цахилгаан станц, Хятад руу эрчим хүч экспортлох “Шивээ Энержи”, зэс молибденийн “Цагаан суварга” гэж ирээд яривал хөгжилд ташуур өгөх төслүүд АН, МАН гэсэн хоёр намын гишүүдийн дэмжлэгээр урагшилж байгаа. Ер нь хоёр том нам хамтарч засаг барьсан жилүүдэд хөгжилд хэрэгтэй зоригтой шийдвэрүүд гардаг.

Гуравдагчууд гудамжинд байхдаа элдэв гоё үг ярьж ордонд орвол улсаа хөгжүүлээд өгье гэцгээдэг. Ордонд орсон хойноо гудамжинд гараад популизм хийгээд унадаг. Өмнөх УИХ-д ч ийм байсан. Одоогийн УИХ-д суугаа хэд нь ч тэгж байна. Тэгэхээр гуравдагчид, завсрынхан, нам байгуулж бужигнасан хорь, гучтай шинэковууд жинхэнэдээ монгол төрийг засах гэж биш ард түмэнд гоё харагдах гэж элдэв амлалт, уран гоё үг урсгадаг болж таарч байна.

Б.НЯМАА

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Дарга нарт биш иргэдэд зориулж хуулийн шинэтгэлийг хийсэн

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Хууль сахиулах тухай хуулийн төсөл явж байна. Энэ хуулийн ач холбогдлыг тайлбарлаж өгөхгүй юу?

-Үүнийг тайлбарлахын тулд эхлээд Эрүү, Зөрчлийн хуулийн концепцийг тайлбарлах ёстой. Монгол Улсад хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтнууд өөр өөрийнхөө салбарын хуулиар иргэн рүү хариуцлага тооцдог байсан. Тодруулбал, 220-230 орчим хууль дээр хариуцлага биччихсэн. Албан тушаалтан халаасандаа бараг 230 хэрэгсэлтэй очиж нэг иргэнийг айлгаж, сүрдүүлж, дарамталж болж байгаа юм. Тийм олон хэрэгсэлтэй хүний эсрэг нэг хувь иргэн өөрийнхөө эрхийг хамгаалж тэмцэж чадах уу. Бод доо, 230 төрлийн хэрэгслийн нэгээр нь сүрдүүлээд түүнээс нь айхгүй бол өөрийг гаргаж ирнэ. “Наадах чинь надад хамаагүй” гэвэл дахиад өөрийг гаргаж ирээд хүнийг яаж л бол яаж залхааж тамлаж болно. Эсвэл хуулийн хавханд оруулна гэж ярьдаг. Тийм байдлаар ажиллаж болох тийм хуулийн орчин байгаа. Энгийн жишээ хэлье. Боловсролын хууль болон Эрүүгийн хууль байна. Боловсролын хууль дээр боловсролын баримт бичиг хуурамчаар үйлдвэл 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалттай. Эрүүгийн хуульд бичиг баримт хуурамчаар үйлдвэл зургаан сар баривчлах заалт бий. Тэгэхээр хэн нэгэн боловсролын бичиг баримт хуурамчаар үйлдсэн этгээд ороод ирэхэд албан тушаалтан Эрүүгийн хуулиа гаргаж ирээд “Чамайг шоронд хийнэ, амьдралгүй болгоно” гээд нөгөө иргэн тэр хүнд таалагдах бүх юмыг хийж эхэлнэ. Энэ завсар нөгөө авлига оршиж байгаа юм.

-Тэр хүнд таалагдвал боловсролын хуулиар явах нь?

-Тийм. 50 мянган төгрөгөөр торгоод л явуулчихна. Таалагдахгүй бол шоронд явуулж болно. Би зөвхөн хоёрхон хуулийн зөрчлийг хэлж байна шүү дээ. Тэгэхээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хувь хүн ийм их зэвсгээр өөрийгөө бүрэн зэвсэглэсэн авлигад дуртай, шуналтай, хувийн ашиг сонирхолтой албан тушаалтны идүүрийн тавган дээр сууж байгаа байхгүй юу. Үүнийг бид өөрчилсөн. Есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн болон Зөрчлийн хууль хэрэгжинэ. Олон хуулийн ард байсан зөрчлүүдийг Зөрчлийн хууль руу оруулсан. Одоо иргэн өөрийн мэдэхгүй хуулиудаар биш Зөрчил юм уу Эрүүгийн хуулиудыг авч уншаад ийм ийм асуудал гаргавал намайг тэдэн төгрөгөөр торгох юм байна. Эсвэл тийм хариуцлага хүлээх юм байна гээд маш тодорхой болсон. Өөрийгөө хамгаалах, мэдэж таньж болох мэдлэгийнх нь цонх нэг болчихлоо шүү дээ. Нөгөө нэг цонхны үйлчилгээ гэдэг шиг юм. Албан тушаалтнууд хуулийн нэг цонхоор иргэн рүү очно.

Монгол Улс Иргэний, Захиргааны, Эрүүгийн гэсэн шүүхийн гурван тогтолцоотой. Эрүүгийн шүүхийн систем дотор гэмт хэргээс гадна зөрчил шийддэг Жижиг хэргийн шүүх Монголд анх удаа бий болж байгаа. Өмнө нь зөрчлийг Иргэний шүүхээр шийддэг байсан. Иргэний шүүх бол иргэн-иргэн хоорондоо маргаж байгаа хэрэг. Гэтэл иргэн-иргэн хоорондоо маргаж байгаад нотлох аргаар зөрчлийн асуудлыг шийдэх гэж байна шүү дээ. Түр баривчлах байранд захиргааны хариуцлагаар нэг сар хүртэл баривчилдаг. Иргэнийг эрх чөлөөг нь хязгаарлахдаа “Чи хэрэг хийгээгүй гэдгээ өөрөө нотол, нотолж чадахгүй учраас би чамайг баривчилж байна” гэдэг байдлаар хийж байсан. Энэ бол хуулийн засаглал бүхий хүний эрхийг хүндэтгэдэг ардчилсан нийгэмд байж боломгүй зүйл. Гэтэл бид одоо хүртэл яг энэ аргаараа явж байна. Эрүүлжүүлэгдээд эсвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэргээр захиргааны журмаар баривчлагдаж байгаа хүн бүр ямар шүүхээр ордог, тэр шүүх яадаг вэ гээд одоо очоод судлах юм бол иргэнээ хэлмэгдүүлж, ямар аймшигтай ажиллаж байгааг харна. Үүнийг л бид өөрчлөх ёстой. Өөрчлөхийн тулд Хууль сахиулах тухай хууль гарч байна.

-Үүнийг дагаад олон ажил хийгдэх нь ээ. ядаж л дүрэм зөрчсөн хүнийг зураг хөрөгтэй нь нотлох болох нь?

-Мэдээж тодорхой ажлууд явагдана. Одоо гудамжинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой камерууд байна. Тэр камерууд дээр зураг аваад торгуулийн хуудас ирээд байна шүү дээ. Яг энэ хууль үйлчлээд эхлэхэд шүүх дээр асуудал үүснэ. Яагаад гэвэл торгуулийн хуудсан дээр авагдсан зураг нь зөрчил гаргасан машины дугаар мөн байна. Тэгвэл жолоон дээр сууж байгаа хүн мөн гэдгийг яаж нотлох юм гээд асуудал үүснэ. Тэгээд зураг байхгүй бол уучлаарай, эргэлзээтэй учраас гээд иргэнд ашигтайгаар шийдвэрлэнэ. Ингэхээр жолоочийн зургийг цуг авах ёстой болно. Тэр нь танигдахуйц байх ёстой. Жолоочийн зургийг авахдаа хажууд нь суугаа болон ард нь суугаа зорчигчдын зургийг хэвлэж болохгүй. Яагаад гэвэл энэ бол хүний эрх. Зөрчил гаргаагүй хүний хувийн орон зайг гаргаж болохгүй. Хууль сахиулах үйл ажиллагааг илүү тодорхой, боловсронгуй болгохын зэрэгцээ хүний эрхийг зөрчдөггүй байх ёстой. Ийм нарийн зохицуулалт руу орж эхэлнэ. Энэ тохиолдолд маргаан гарахгүй. Хэн нэгэн “Намайг гүтгэлээ, хэлмэгдүүллээ” эсвэл “Миний эрхийг зөрчлөө” гэсэн зүйл байхгүй болно. Одоо бол байгаа шүү дээ. Миний машин яваагүй би биш гэхэд хэн байсан юм гэнэ. Хэн байсныг яаж мэдэх юм гэхээр тэгвэл өөрөө зөрчил гаргаагүй юм бол хэн байсныг нь олж ир гэдэг. Төр хийх ажлаа иргэн дээр тохох гээд байгаа биз. Би байгаагүй учраас хэн байсныг би нотлох үүрэггүй та нотол гэж хэлдэг болно.

-Ерөнхийдөө та өнгөрсөн дөрвөн жилийг дүгнэж хэлэхгүй юу. Одоо бас иргэдээр дүнгээ тавиулах хугацаа дөхчихсөн байна шүү дээ?

-2012 оны сонгуулиар Ардчилсан нам “Эрх чөлөөт монгол хүн”, “Аюулгүй орчинд амьдарч байгаа монгол хүн” гэсэн мөрийн хөтөлбөрийн зорилт тавьсан юм. Монгол хүн аюулгүй орчинд амьдарч эрх чөлөөтэй байхад хуулиар эрх мэдэл авсан хүчирхийлэл үйлдэх боломжтой тэр байгууллагуудын зүгээс иргэнд хамгийн их аюул занал ирж байна. Ойлгомжгүй хууль, бас эрх мэдлийн тодорхойгүй дүрэм журмаас шалтгаалаад иргэн эрх чөлөөтэй байх нь эргэлзээтэй байна. Тэгэхээр 230 хуулиар иргэнийг айлгаад байгаа бол түүнийг нэг цонхтой болгох ёстой юм байна. 20 төрлийн байгууллага дүрэм журам эсвэл дүрэм журамгүй байдлаар иргэн рүү халдаж байгаа бол бас нэг цонхтой болгож маш ойлгомжтой болгох хэрэгтэй юм байна гэж Эрүүгийн эрхзүйн чиглэлээр маш том шинэтгэл хийсэн. Энэ концепцийг дагаад гэрч хохирогчийг хамгаалах Тахарын алба, цагдаагийн байгууллагыг үйлчилгээний ил тод, олон нийттэй хамтарч ажилладаг, цэрэгжсэн биш болгох өөрчлөлтүүдийг хийж байгаа юм. Дарга дагасан цэрэгжсэн байдалтай биш иргэншсэн болгох өөрчлөлтүүдийг хийж байгаа. Мэдээж энэ хуулийн байгууллагуудын өөрчлөлтүүд буцаад хэнд ашиггүй байх вэ. Нөгөө эрх мэдэлтэй, хариуцлагын тогтолцоо ойлгомжгүй байдлаас шалтгаалаад авлига аваад албан тушаалаа ашиглаад амьдарч байгаа тэр нөхдүүдэд ашиггүй болно шүү дээ. Мэдээж эсэргүүцэл байсан. Зөндөө юм болсон. Тэр эсэргүүцэл дунд нь манай намын зарим нөхөд ч оролцсон. Гэхдээ бид ямар ч байсан цагдаагийн байгууллага, хууль хүчний гээд байгаа тэр хүмүүст эсвэл тодорхой нэр бүхий хурандаа нарт зориулж энэ шинэтгэлийг хийгээгүй. Жирийн иргэдэд зориулж хийж байгаа. Дарга нарт биш иргэдэд зориулж хуулийн шинэтгэлийг хийсэн. Тийм учраас тэд эсэргүүцэх нь сонин биш. Үр дүн буцаад иргэдэд очих ёстой. Яахав хугацаа алдсан. Засаг унагасан энэ шинэтгэлийг зогсоох гэж оролдсон. Сүүлийн жил хагасын хугацаанд хийсэн шинэтгэлүүдийг нураах гэж өөрчлөх гэж оролдож байлаа. Гэхдээ “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг шүү дээ. Энэ процесс өөрчлөлтүүд эцсийн дүндээ 2012 онд судалгаа тооцоотойгоор бидний амласан амлалт учраас, жирийн иргэдэд хэрэгтэй учраас гэдгийг ойлгоод дахиад зам дээрээ гарч ирж байна.

-Таны дараа Хууль зүйн сайд болсон Д.Дорлигжав хуулиудын заримыг татаж аваад өргөн барьсан шүү дээ. Өөрчлөгдсөн юм бий юу. Одоо маргаантай байгаа ямар асуудлууд байгаа вэ?

-Өөрчлөгдсөн зүйлүүд нь батлагдаагүй байна. Дахин дахин буцааж татаж авах байдлаар анх боловсруулсан үзэл санаа эргээд орж ирж байна. Одоо Тахарын албыг Шүүхийн шийдвэртэй нийлүүлэх гэж байгаа дээр жаахан маргаан гарна. Яагаад гэвэл гэрч, хохирогчийг хамгаалдаг байгууллага нөгөө талдаа ял аваад шийтгэл хүлээж байгаа тэр хүмүүстэй байгууллага хоёр нэгдэх үнэхээр аюултай. Түүнийг дэмжих ямар ч боломжгүй. Мөн гадаадын иргэн харьяатын шилжилт хөдөлгөөнийг хариуцсан байгууллага цэвэр иргэний байгууллага байх ёстой. Дотор нь тодорхой хэсэг нь хууль сахиулах чиг үүрэгтэй байна. Гэтэл буцаагаад цэргийн байгууллага болгох гэж оролдож байгаа. Түүнийг дэмжих боломжгүй. Үүд хаалган дээрээ цэрэг зэвсэг бариад сууж байх нь Монгол Улсын хувьд ний нуугүй хэлэхэд таагүй шүү дээ. Бид хоёр хөрштэйгөө байлдах гээд байгаа юм уу. Хэнтэй дайтах гээд байгаа юм. Хойд Солонгос шиг болж болохгүй шүү дээ.

Түүнчлэн дотоодын цэргийг эргүүлж байгуулах гэж байгаа асуудал яригдсан. Гэтэл би дотоодын цэрэг гэдэг энэ үрэлгэн санхүүгийн системийг алга болгож байж Улаанбаатар хотод зургаан дүүрэгт байсан цагдаагийн хэлтсийг 14 хэлтэс болгон задалж гэр хорооллуудад цагдаагийн үйлчилгээг хүртээмжтэй болгосон. Одоо буцаагаад дотоодын цэргийг байгуулъя гэвэл тэр цагдаагийн хэлтсүүдийг татан буулгаж тэр орон тоог алга болгох юм уу. Гэтэл мөнгө хүрэлцэхгүй байна гээд Тахарыг татан буулгах гээд байгаа хүмүүс дотоодын цэрэг байгуулж цэрэг командлах тоглоом тоглож болохгүй л дээ. Би ямар сайндаа бухимдаад “Цэрэг командалмаар байвал Хууль зүйн сайд биш Батлан хамгаалахын сайд бол” гэж хэлж байх вэ дээ. Энэ бүхэн юуг хэлж байна гэхээр буцаад концепцийн том зөрүү гарч байгаа юм. Иргэнд зориулж өөрчлөлт хийх гээд байгаа юм уу эсвэл хэн нэгэн өөрөө сайд дарга болж тоглох гээд байгаа юм уу. Энэ хуулийн салбарын шинэтгэл чинь хэн рүү чиглэх юм. Хэдэн хурандаад таалагдахад зориулагдаж байгаа юм уу. Эсвэл дарга, хурандаа хэн нэгэн сайдыг танихгүй бас хахууль өгөх мөнгө байхгүй өөрөөр хэлбэл ажиллаж амьдарч байгаа тэр иргэдэд хэрэгтэй шинэтгэл юм уу. Ийм л зөрүүтэй. Энэ зарчим, энэ зөрүүнээс хэзээ ч ухрахгүй. Яагаад гэвэл үүнийг чинь би 2012 онд сонгогчдодоо амлаж гарсан амлалт юм. Би хэн нэгэн даргын бөгс хараад, хэн нэгэн даргын ааш аягаас болж амласан амлалтаасаа буцдаг хүн биш.

-Албан тушаалын цолыг ч гэсэн буцаах тухай яриа гардаг?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа цагдаагийн хууль дээр албан тушаалын цол хэвээрээ байгаа. Бид яагаад хуулийн байгууллага дээр цэргийн цол хэрэглэж болохгүй вэ гэдгийг маш тодорхой үндэстэй судалгаанууд хийсэн юм. Зүгээр хэн нэгэн цолоо хасуулсан гомдсон цагдаагийн даргын үгээр явж болохгүй шүү дээ. Судалгаанаас үзэхэд өндөр цолтой цагдаагийн албан хаагч жирийн иргэнтэй уулзахдаа маш дээрэлхүү байдаг. Харин бага цолтой цагдаа жирийн иргэдтэй уулзахдаа боловсон, тайван байдаг юм. Иргэнд аль нь хэрэгтэй вэ. Цаана нь бүхэл бүтэн шинжлэх ухаан байна шүү дээ. Үүнийг хэн нэгний гомдол, сэтгэл хөөрлөөр өөрчилж болохгүй.

-Хаврын чуулганаар хэр их асуудал шийдэж амжих бол. Сонгууль дөхсөн болохоор олон асуудал үлдэх байх гэсэн таамаг байна?

-Хэцүү шүү дээ. Хамгийн яаралтай батлах хуулиудаа л баталж байвал бид зорилгодоо хүрлээ гэж ойлгоно. Яах аргагүй 1.5 жил хий эргэчихлээ. Хийсэн юм байхгүй, дэвшилттэй юм байхгүй хуулийн салбар бол бүхэлдээ хоосон хий эргэчихэж байгаа юм. Энэ байдлыг дахиад жаахан урагшлуулах хэрэгтэй байна.

-Та өнгөрсөн сонгуулиар намынхаа жагсаалтын гуравт эрэмбэлэгдэж байсан. Энэ удаа яах бол?

-Тойрогт дэвшинэ шүү дээ. Ямар ч байсан хотод л дэвших байх.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

“Эдийн засгийн форум”-д уригдсан Facebook, Google-д ажилладаг монголчууд IT-гийн чиглэлээр салбар хуралдаан хийнэ

“Монголын эдийн засгийн форум-2016” энэ сарын 30, 31-нд болох гэж байна. Форумын талаар “Монголын эдийн засгийн форум” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Лакшмитай ярилцлаа.

Дэлхийн томоохон компаниудад ажиллаж байгаа монголчуудаас “Эдийн засгийн форум”-ын тусгай салбар хуралдаанд оролцоно гэж сонслоо. Ямар улсаас, ямар ямар компаниудад ажилладаг хүмүүс ирэх гэж байгаа юм бол?

-АНУ-д ажилладаг монголчуудыг оролцуулах талаар АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамныхантай хамтарч ажиллаж байна. Тэд нийлээд нэг салбар хуралдаан хийх юм. Ихэнх нь мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг хүмүүс байгаа. “Google”, “Facebook”, “Yahoo”-д ажилладаг залуус. Биотехнологийн чиглэлийн хүмүүсийг ч урьсан. Монголчууд гадаадын том лабораториуд, генетикийн салбарт бас олноороо ажилладаг. Гадаадын том компаниудад ажиллах боломжтой гэдэг талыг нь чухалчлах гээгүй юм. Монгол хүний оюуны чадамж дэлхийд өрсөлдөхөөр шүү, зарим салбараа дэлхийн хэмжээнд хөгжүүлэх хүний нөөц нь бидэнд бий гэдгийг харуулахыг зорьж байна. Гадаадад ажилладаг монголчуудын салбар хуралдаанд оролцох хүмүүсийн дийлэнх нь мэдээллийн технологи чигийнх учраас энэ салбарыг Монголд хэрхэн хөгжүүлэх боломж, гарцыг хайна. Дэлхийн мэдээллийн технологийн том компаниудад монголчууд ажилладаг нь энэ салбарыг Монголдоо хөгжүүлэх том боломж гэж харж байгаа. Мэдээллийн технологийн салбараа зөв дэмжээд хөгжүүлээд явчихвал алсдаа экспортоос их мөнгө олох боломж ч бий. Импортыг орлох бүтээгдэхүүн гэсэн яриатай би хувьдаа санал нийлдэггүй. Манайх шиг гуравхан сая хүнтэй зах зээлд импортыг орлоод байх шаардлагагүй. Экспорт л хэрэгтэй. Гадаадад хямд үйлдвэрлэж байгаа юмыг дотооддоо үйлдвэрлэх гэж зүтгээд ашиг өгөхгүй. Тэгэхээр Монголдоо нэмүү өртөг шингэсэн, дэлхийд илүү эрэлттэй зүйл үйлдвэрлэх хэрэгтэй. Ингэж байж уул уурхайгаас хараат байдлаас гарч чадна. Мэдээллийн технологи бол өөр. Элдэв хөрөнгө оруулалт шаардлагагүй. Зөв дэд бүтцийг, хөшүүргийг нь бий болгоод өгчихөд л цаашаа хөгжөөд явчих боломжтой салбар.

-“Google”, “Facebook”-т ажилладаг монголчууддаа боломжийн цалин өгөөд ажиллуулбал IT-гийн салбарыг дэлхийд гэж яригдахаар хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа байх нь ээ?

-Гадаадад мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг монголчууд байна гэдэг хүний нөөц талаасаа том боломж. Авдаг цалинг чинь өгье, эх орондоо ажиллаач гэхэд хэн нь ч үгүй гэхгүй. Мэдээллийн технологийн чиглэлээр гадны том компаниудад ажилладаг зочдоороо энэ чигийн сургуулиудад лекц уншуулахаар төлөвлөж байна. Мэдээллийн технологийн чиглэлээр сурах ямар хэрэгтэй, боломжтой гэдгийг нь ойлгуулъя. Эдийн засгийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудал бол мэргэшсэн боловсон хүчин. Хэт алсын зүйл ярихаас илүү цаг алдахгүй ашгаа өгөхөөр бодитой боломжтой зүйлд анхаарах цаг болсон. Сүүлийн үед үйлдвэрлэлийн бүх салбар ухаалаг горимд шилжиж байгаа. Ийм үед мэдээллийн технологи чиглэлээр сураад бүх л салбарт ажиллах боломж бий гэдгийг бас харуулахыг зорьж байна.

-Гаднаас ямар хүмүүс оролцох вэ, томоохон экспертүүд ирнэ гэсэн сураг байсан…?

-Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн дарга форумд үг хэлж оролцоно. Дэлхийн төрийн өмчит компаниудын засаглалыг харьцуулж гаргадаг судалгаа хийдэг Байгалийн баялгийн засаглалын институт гэж байгууллага бий. Энэ байгууллагын ерөнхийлөгч форумд оролцож үг хэлэхээс гадна олон нийтэд нээлттэй лекц уншина. Хувь хүн нь их сонирхолтой. Дэлхийн банкинд өмнө нь ажиллаж байсан хүн л дээ. Ажиллаж байхдаа засаглалын үзүүлэлтүүдийг нь боловсруулж гаргасан юм. Монголын хувьд засаглалын асуудал, индикаторууд нь сонирхолтой санагдаад байгаа юм. Сүүлийн үед энэ хүн авлигын талаар их ярьж байгаа. Бас ОУСК-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал оролцоно. Бусад зочдын хувьд одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга байна.

-Төр компаниудын бизнес рүү орж, хувийн хэвшлийнхнээ хүнд байдалд оруулаад байна гэсэн шүүмжлэл хүчтэй сонсогддог. “Эдийн засгийн форум” энэ сэдвийг хөндөнө гэсэн, бизнесүүд төр засгийнхантай хамт оролцох уу?

-Төр засаг, бизнесийн зааг нь ямар байх талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн. Мэдээж төр засгийн төлөөлөл, бизнесийнхэн хамт суугаад энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Төр засаг бизнесийнхэнтэй өрсөлдөөд байгаа нь бодит үнэн болчихоод байна. Зүй нь төр хувийн хэвшлийнхэнд бизнесийн өрсөлдөх орчныг нь бий болгож өгөөд зах зээлийн жамд нь даатгаад орхих ёстой юм. Тэр зааг нь хаана байх вэ, хэн тогтоох юм гэдгийг онцолж ярихаар төлөвлөсөн. Төр компаниудтайгаа өрсөлдөөд байгаагийн наад захын жишээ гэхэд л ТОСК байна. Үнэгүй газар дээр, төрөөс өгсөн мөнгөөр дэд бүтэц татуулаад барилга бариулаад худалдан авагч буюу төрийн албан хаагчдад онцгой нөхцөлөөр зарахаар хувийн компаниуд хэцүү байдалд орох нь ойлгомжтой. Хувийн хэвшлийнхэн газраа үнэтэй авна, дэд бүтцээ их мөнгөөр татна, барилгаа зардал ихтэй босгоно. Байр барьсан мөнгө нь банкны чамгүй хүүтэй зээл. Ийм өндөр зардлаар боссон барилгаа ТОСК шиг хямдхан зарвал дампуурч таарна. Зах зээлийн эдийн засгийн зарчимд үл нийцэх байдлыг бий болгож байгаа гаж тогтолцоо. Бизнесийнхэн энэ мэт тулгараад байгаа асуудлаа форумын үеэр ярих боломжтой.

-Энэ жилийн форумаар өөр ямар асуудлуудыг хөндөх вэ?

-Энэ жилийн форум “Сургамж, сорилт шийдэл” гэсэн уриан дор болох юм. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжээд 25 жил болж байна. Ерээд онд эдийн засаг хүнд байсан. 2000 оноос л эдийн засаг өсч эхэлсэн. Эдийн засаг өссөн сүүлийн 15 жилд бид их юм үзсэн. Уул уурхай өсч, буурахыг харж мэдэрлээ. Энэ хугацаанд ямар алдаа хийв, оноо нь юу байв, одоо ямар асуудал тулгарч байна, асуудлаа яаж шийдэх вэ гэдэг дээр төвлөрч хэлэлцүүлэг өрнүүлье гэж зорьж байна. “Монголын эдийн засгийн форум” сүүлийн хоёр, гурван жилд хууль эрх зүйн орчны талаар их ярьж байгаа. Өнгөрсөн жил гэхэд л Арбитрын асуудлыг онцолсон. Бас зээлжих зэрэглэлийг хөндсөн. Энэ жилийн хувьд “Хуульчдын өрсөлдөх чадвар” гэсэн сонирхолтой сэдэв орж ирж байна. Хуульчид гэхээр зөвхөн өмгөөлөгч биш, шүүгч прокурор гээд шүүхийн бүх байгууллагынхан хамрагдаад явчихаж байгаа юм. Энэ хүмүүс эдийн засгийн хөгжлөөсөө хоцрогдчихоод байна. Олон улсын нэр томьёо, олон улсад хэрэглэдэг аргачлалуудаа мэддэг хүн тун цөөхөн гэхэд хийлсдэхгүй байх. Уг нь даяарчлагдаж байгаа ийм үед дэлхийтэйгээ хөл нийлж алхах ёстой. Өнөөдөр хуульчдын тун цөөхөн нь л олон улсын түвшинд ажиллаж байна. Гэрээ байгуулах асуудал дээр гэхэд л ямар байгааг нь Оюу толгойн жишээ харуулдаг. Энэ гэрээг зөв, буруу хийсэн гэх маргаан өнөөдөр ч тасраагүй байгаа. Гадаадынхан манайд ажиллахдаа гэрээ хэлцэл хийхдээ олон улсын хуулийн компаниудтай хамтардаг. Тэдэнд мөнгө төлж үйлчлүүлдэг. Тэгэхээр олон улсад өрсөлдөхийн тулд, тэдэнтэй харилцан ашигтай харилцахын тулд хуульчдаа чадваржуулах хэрэгцээ бий.

-Ер нь өнгөрсөн жилүүдэд “Эдийн засгийн форум” монголчуудад юу өгсөн гэж та боддог вэ?

-Монголын эдийн засгийн форум энэ оны хувьд долоо дахь жилдээ болох гэж байна. Анх зохион байгуулсан шалтгаан нь их энгийн. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэр л дээ. Төр засаг, иргэний нийгэм, бизнес, олон улсын байгууллага гээд олон талын оролцоо хангасан индэр бий болгоё, энэ индэр нь форум байя гэсэн зорилгоор эхлүүлсэн арга хэмжээ. Эдийн засгийн форумын үеэр хэлэлцүүлэг өрнөдөг. Манайхан хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдгээ сайн ойлгохгүй байна л даа. Энд тэндэхийн арга хэмжээнд очихоор тулгамдсан асуудлуудаа ярьдаг ч шийдэл нь сонсогддоггүй. Шийдэл, гарц нь юу вэ гэдгийг хэлчих хэрэгтэй байгаа юм. Форумын гол онцлог ерөөсөө энэ. Асуудлаа хэлэлцдэг, шийдэл, гарцыг нь бас гаргадаг. Нөгөө талаас “Эдийн засгийн форум” бол төрийн бус байгууллага. Тэр утгаараа шийдвэр гаргах түвшний эрх бүхий байгууллага биш. Нэг төрийн бус байгууллагаас юу хийв гэж асуух биш, УИХ-аас, эрх мэдэлтэй, шийдвэр гаргадаг хүмүүсээс ингэж асуувал илүү үр дүнтэй л дээ. УИХ-аас сонгуульт жилдээ юу хийв гэвэл тодорхой хариу сонсоно. Жишээ нь “Эдийн засгийн форум дээр та энэ асуудлыг ингэж шийднэ гэж амласан, тэр юу болсон бэ” гэж шийдвэр гаргагчдаас асуувал илүү бодитой хандлага болно.

Categories
мэдээ цаг-үе

Популистуудад шүлснээс өөр юу ч байхгүй

“Популистуудыг дэмжсэн хэвлэл, мэдээллийн байгууллагыг бизнесийн том компаниуд дэмжихгүй” хэмээн ажил олгогч, бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн том холбоод нийлж мэдэгдэл гаргасан нь нэлээн шуугиан тарилаа. Яагаад бизнесийнхэн попуудад биш хэвлэл мэдээллийнхэнд хандаж ийм мэдэгдэл гаргахад хүрэв.

Ер нь популистууд гэж хэн бэ? Тэд ард түмний хүүгийн дүр бүтээж, тэдэнд хэзээд зарагдахад бэлэн эерэг дүр бүтээж амьдардаг. Тэд хүмүүсийн итгэл үнэмшилд тулгуурлан хямралаас гарах хялбар, хөнгөн, хурдан шуурхай арга замын тухай ярьдаг. Тэд чухал асуудлыг хялбарчлан урьдаар шийдээд, түүнийгээ бодит мэтээр ярьж хөрөнгө чинээлэг давхарга болон төр засгийн зүг хүмүүсийн гомдол, уур бухимдлыг хандуулах тал дээрээ туйлын чадмаг. Ер нь бол ард түмний горьдлого найдлага, сэтгэлийн хөөрөл дээр тоглож байдаг хүмүүс юм. Популистуудын уршиг ямар байдгийг Детройт хотын дампуурлаар бид харж байна. Өнөө сонгодог ардчиллын үлгэр жишээ болдог Америкт бас ийм болдгоо хэмээн гайхаж, манай нэг сэтгүүлч давхиж очоод сурвалжлаад ирж байсан. Машин механизмын үйлдвэрлэлээрээ дэлхийд гайхагдаж байсан хөгжилтэй хотыг популистууд удирдсанаас баахан бэлэн мөнгө төгрөг амлаж, үйлдвэрчний эвлэлүүдийг хөөрөгдөж, хөрөнгө чинээтэй хүмүүсийг үзэн ядах хөдөлгөөн өрнүүлж, тэдний эсрэг бодлого явуулж эхэлжээ. Үр дүнд нь хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид тэр хотоос гараад явчихсан. Үлдсэн хэд нь дамуурлаа зарлаад сууж байна.

Манай популистууд одоо яг ийм зүйл хийж байна. Улс төр эрхзүйн соёл бүрэн төлөвшөөгүй улс оронд популизм маш өргөн хүрээтэй хурдан тархдаг нь үнэн аж. Зээл, бондын зарцуулалт, “Таван толгой”, “Оюу толгой” гээд хамгийн том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг Г.Уянга, С.Ганбаатар тэргүүтэй популистууд зогсоож, саад болж чадлаа. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг эрчимжиж, хүмүүс ажил орлоготой болж, амьдрал сайжирч, нийгэм маань гэрэл гэгээтэй болж ирэнгүүт эдгээр популистууд шүлсээ үсчүүлэн хашгирсаар байгаад зогсоогоод авсан билээ. Энэ бол популистуудын оргил үе байлаа. Тэдний ингэж хашгирсны үр дүнд өнөөдөр манайхаас гадны хөрөнгө оруулагчид зугтаад гараад явчихсан. Үлдсэн бид ажилгүй, мөнгөгүй, өнгөгүй сууж байгаа шүү дээ.

Хөрөнгөтний нийгэмд мөнгө төгрөг байж л ажил өрнөдөг. Зардал гарч байж орлого олдог. Энэ бол хууль. Харин популистуудад шүлснээс өөр юу ч байхгүй ядуу хоосон. Тэгвэл яагаад тэдний хэлсэн үг биелж амжилт олоод байна вэ. Ямар учраас тэд том том бизнесийн төслүүд, бүтээн байгуулалтуудыг зогсоож чадаад байна вэ. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийнхэн тэднийг нийгэмтэй холбох маш том гүүр, туслагч нь болж байдаг. Популистуудын ялалтын галыг өдөөж, газар авахуулан дүрэлзүүлэгч салхи нь сэтгүүлчид юм. Ийм учраас л аргаа барсан бизнесийнхэн популистуудыг дэмжсэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд реклам сурталчилгаагаа тавьж санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдэж байхав. Популистууд сэтгүүлчидтэй нийлэхээрээ дийлдэхээ больж байна. Хийж бүтээж байгаа бүхнийг үгүйсгэж, хөрөнгө мөнгөтэй хэсгийг үзэн ядаж, хүмүүст төрөөс зүгээр мөнгө тараахыг шаардаж байна.

Монголын хэвлэл мэдээллийн байгууллага бүгд шахам хувийнх, хөрөнгө мөнгөтэй хэсгийнхний мэдэлд байдаг. Үндэсний радио, телевиз л олон нийтийнх. Тийм болохоор эзэд өөрсдийн бизнест буюу эзэмшдэг хэвлэл мэдээлэлдээ хариуцлагатай хандмаар санагддаг юм. Хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хурааж, дүүжилж утсга гэсэн үзэл санаатай нийтлэл, нэвтрүүлэг нийтэд түгээхийг хориглож, тээг саад болж баймаар байна. Үүнийг л хариуцлагатай бай гэж хэлж байгаа юм. Түүнээс биш бүх нийтлэл, нэвтрүүлэгтээ оролцоод, хяналт тавиад бай гээгүй. Гадны хөрөнгө оруулалт, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийн эсрэг үзэл санааг дэвэргээд байх юм бол бид тун удахгүй өвдгөө тэврээд л хоосон хоцорно. Одоо ч бараг тийм цагийг үзэж байна даа.

Популистуудын ярьсан болгоныг түгээн дэлгэрүүлэхийн хор уршиг нь эргээд бидэнд хангалттай мэдрэгдэж байна. Хөрөнгө оруулалтаас эхлээд хүний эрх, эрх чөлөөнд тээг тавьж, магадгүй эргээд социализм руугаа орох нь. Үүний гол өдөөгч нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн.

Өөрийнх нь мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдийг нь доромжилж байхад эзэд мэддэг ч мэдээгүй юм шиг дүр эсгэдгээ одоо больчих. Элит гаралтай чинээлэг айлын эзэмшдэг хэвлэл дээр “таргалалт бол баячуудын өвчин. Муусайн баячуудыг ингээд үхээд дуусаасай гэж бодож байтал ядуус бидэнд хүртэл тусдаг боллоо…” гэж бичсэнийг уншиж байлаа. Нэрэлхээд байх юу байхав, өөрсдийг нь үхээсэй гэж ингэж бичихийг хориглох л ёстой. Бид эргэлт буцалтгүй капиталист нийгэмд шилжиж орсон. Энэ нийгмийнхээ дүрмээр л явах хэрэгтэй.

Хэдхэн сарын дараа орон нутаг болон УИХ-ын сонгууль болно. Энэ сонгуульд шүлснээс өөр юмгүй популистуудыг хэвлэл, мэдээллийнхэн дэмжихгүй байх хэрэгтэй шүү. Хэвлэл, мэдээллийнхэн ингэж сайн дураараа дэмжихгүй байж чадвал тэдний шүлс метрээс илүү хол үсрэхгүй. Ингэж чадаж гэмээнэ бид нийгмээ хоосон амлагч популистуудаас цэвэрлэх болно. Хоосон шударга хүн гэж байдаггүйг бид бэлхнээ харлаа. Хоолтой хүнээс нь шударга ёс, ёс суртахуун гардаг юм байна. Яахав, тэдний тухай нийгмийн сүлжээгээр жаахан бичнэ биз. Твиттер, фэйсбүүк гэдэг хүүхэд, хүүхнүүдийн зугаа төдий л зүйл. Энүүгээр сонгуульд нөлөөлдөг юм гэж юу байхав дээ.

Г.ДАРАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Чинболор: Эргээд харахад их л олон хайрын дуутай юм байна

“Гэгээн гуниг” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ олны танил болсон дуучин Г.Чинболортой уулзаж уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа сонирхуулъя.

-Та дандаа л хайрын тухай дуу дуулах юм. “Хайрын орчлон”, “Арганд ороогүй хайр минь” “Гэгээн хайр” “Хайрын наран жаргахгүй”, “Хайрын мишээл” гээд л…

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрд танай сонинд ярилцлага өгөөгүй юм байна.

Би ч гэсэн энэ талаар бодсон. Өөртөө хүртэл асуулт тавьж байсан. Анх 2004 онд Б.Энхмэндтэй хамт дуулсан. “Хонгор зул” сониноос зохион байгуулдаг “Хайрын сүлд дуу” гээд дууны наадам болдог байлаа. Түүнд яруу найрагч Л.Ганзулын шүлэг Батхуягийн аялгуу “Жиндээх салхигүй хорвоо” гэдэг дуугаар Б.Энхмэндтэйгээ оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн. Түүнээс хойш хайрын тухай дуу нэлээд дууллаа. Н.Баянмөнхийн үг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжавын ая “Хайрын орчлон”, “Хайрын мишээл”, “Хайрын наран жаргахгүй” гээд л.

Уран бүтээлчид маань дуучдадаа тохируулж бүтээлээ туурвидаг л даа. Тэгээд Б.Энхмэнд бид хоёрын хоолой зөөлөн тембртэй. Хайрын тухай дууг хүн хашгирч дуулахгүй байж таарна. Тэрийг нь бодож хайрын тухай дууг өгдөг байсан болов уу. Эргээд харсан чинь их л олон хайрын тухай дуутай юм байна. Ганцаараа дуулсан хайрын сэдэвтэй дуу ч нэлээд бий. Үүнийгээ анзаарсан, тиймээс ч сүүлийн үед аав, ээж, нутаг усны тухай уран бүтээл түлхүү оруулж байгаа.

-Б.Энхмэнд та хоёр анх яагаад хамтарч дуулах болсон юм бэ?

-Бид хоёр Соёл урлагийн их сургуульд нэг ангид сурч байсан. Бүр нэг багш, гавьяат жүжигчин М.Найдалмаагийн шавь. Нэг анги, нэг багшийн шавь гэдэг илүү ний нуугүй ярилцдаг. Оюутан байхдаа пирожки зэргээ хувааж иднэ. Адилхан л хөдөөний хүүхдүүд байсан. Хамтарч уран бүтээл хийе гэж нарийн бодож төлөвлөсөн юм байгаагүй. Гэхдээ л юм хиймээр санагддаг даа. Тэгж яваад л анхныхаа дууг хамтран дуулсан. Соёл урлагийн их сургуулийн Оюутны холбоог би байгуулалцаж явлаа. Батхуяг холбооны даргаар сонгогдсон. Би өөрийнхөө факультетийг хариуцдаг байлаа. Тэр үед Батхуяг маань гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэд “Миний нутгийн нуур дөлгөөхөн” дуугаа дуулуулж тэр нь хит болсон байсан. Би надад гоё дуу хийгээд өгөөч гэж хэлдэг байлаа. Нэг удаа ангидаа сууж байсан чинь “Ийм дуу хийлээ сонс доо” гээд хүрээд ирсэн. Батхуяг төгөлдөр хуур дээр тоглож сонсгоход шууд л таалагдсан. Маргааш нь Б.Энхмэндийг хичээлдээ ирэхэд нь хамтарч дуулъя гээд дуулсан даа. Одоо эргээд бодоход дуу, дуучин хоёр бие биеэ олно гэдэг л тэр байх. Б.Энхмэнд бид хоёр хамтарч дуулах тавилантай байж. Бид хоёр нэлээд хэдэн дуу хамтарч дуулсан даа.

-Сүүлийн үед та хоёр хамтарч уран бүтээл туурвиж байна уу?

-Сүүлийн үед бид хоёр ганцаарчилсан уран бүтээл дээр нэлээд ажиллаж байгаа. Энхмэнд маань нэг цомог гаргасан. Миний хувьд ч гэсэн бие даасан дуугаараа цомог гаргасан. Анхнаасаа цуг дуулсан болохоор тус тусдаа дуулахад хүмүүс хүлээж авдаггүй юм шиг байгаа юм. Сүүлийн үед Т.Найданжавын ая Батсуурийн шүлэг “Сэтгэлийн амраг” гэх зэрэг хэд хэдэн уран бүтээл дээр ажилласан. Цаашдаа ч уран бүтээл дээр хамтрахаар ярилцаж байгаа.

-Та хоёрын бас нэгэн хамтын уран бүтээл болох “Гэгээн гуниг” гээд сайхан дууны талаар ярихгүй өнгөрч болохгүй нь. Энэ дууг дуулсан түүхээсээ дурсаач?

-Энэ бол 2006 оны дуу. Захиалгын дуу л даа. Бид хоёроор дуулуулъя гэж авч ирсэн. Түүхийг нь судлахад их сонин. Дунд сургуульд бие биедээ их сайн байсан хоёр хүүхэд. Нэг нь ээж, аавыгаа дагаад хотод очиж амьдрахаар явсан. Тэгээд олон жилийн дараа энэ хоёр хүн уулзжээ. Хоёулаа сургуулиа төгсчихсөн, амьдрал ахуйгаа зохиочихсон байсан. Тэгээд эрэгтэй нь ийм дуу хийлгэмээр байна гээд захиалсан юм билээ. Ингэж төрсөн дуу.

-“Ачийг тань мөнхөд санана” хэмээх ээжийн тухай дууг дуулсан?

-“Ачийг тань мөнхөд санана” гэдэг дуугаа бид өнгөрсөн жил бичүүлсэн. Л.Чулуунбаатар, Т.Батсайхан, Э.Оюумаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа бид зургаагийн бүтээл. Ээжийн тухай сайхан дуу хийе гэж бодсон. Тэгээд хүний амьдрал мөнх бус. Бид бүхний ээжүүд энх тунх байгаа болохоор тэднийгээ мөнхлөн үлдээе гэж бодсон. Тиймээс “Ачийг тань мөнхөд санана” гэдэг дуугаа дуулсан. Цэн.Эрдэнэбатын ая, төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлэг л дээ. Он удаан жилийн туршид ар түмний маань сонсох дуртай дуу байгаасай гэсэн үүднээс энэ уран бүтээлээ туурвисан юм. Ийм дуу хүнд хурдан хүрдэггүй. Өнгөрсөн жил хийсэн дуу маань энэ жил Монгол телевизээс явуулсан хит парадад орж байна.

-Дуулах дуугаа хэрхэн сонгодог вэ?

-Эхний ээлжинд шүлгийг нь хардаг. Сүүлийн үед манайхан нэлээд шүүмжлэлд өртөөд байгаа шүү дээ. Дээр үед шүүмжлэгчид гэж байлаа. Зарим шүлэг логикоор бодоход буруу зөрүү байдаг. Түүнээс гадна аялгууг нь бас сонсоно. Ямар дуучин тохирох юм гээд л нэлээд юм байна. Хамгийн гол харах юм бол энэ хоёр.

-Өөрөөр хэлбэл шүүлтүүр байх ёстой гэж та хэлэх гээд байх шиг байна.

-Дууны шүлгэнд гэхэд утга, уянга, ухаарал гээд бүгд багтсан байх ёстой. Сүүлийн үеийн дууны шүлгүүд арай л шаардлага хангахгүй байгаа юм шиг санагддаг. Тийм шүлэг дээр ая хийгээд явж байгаа хүмүүс бас нэгийг бодох ёстой.

Энүүхэн дотроо л гэхэд тийм дууг нь аваад дуулж байгаа хүмүүс ч гэсэн. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг үг байдаг шүү дээ. Нийтийн дуучид утгагүй, замбараагүй дуу дуулдаг гэсэн яриа үүнээс гардаг.

-Хөдөө орон нутгаар явж тоглолт хийгээд дөнгөж ирсэн гэсэн?

-Саяхан “Ачийг тань мөнхөд санана” гэдэг тоглолтоо зүүн гурван аймаг, говийн аймгуудаар тоглоод ирлээ. Нийтдээ найман аймаг, хоёр суманд уран бүтээлээ хүргэсэн. Хэнтийн Бор-Өндөр, Өмнөговийн Цогт-Өлзий суманд буюу Оюу Толгой, Таван толгойн ажил ид өрнөж байгаа газруудад очлоо. “Ачийг тань мөнхөд санана” тоглолтоо өнгөрсөн жил гуравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд “UB Palace”-д хийсэн. Үүнийхээ үргэлжлэл болгон зүүн аймгуудад тоглолтоо хийлээ. Түүнийг маань үзсэн хүмүүс мэдэж байгаа. Би ганцаараа тоглоогүй. Соёлын тэргүүний ажилтан Т.Батсайхан, Э.Оюумаа, Л.Чулуунбаатар, Б.Энхмэнд гээд нэгэн үеийн уран бүтээлчидтэйгээ хамтарсан. Бид чинь бүгд оюутан байхаасаа л уран бүтээлээ эхлүүлсэн. Ойрд ийм бүрэлдэхүүнтэй яваагүй юм билээ. Ганц нэг уран бүтээлч хөдөө орон нутгаар явдаг. Тиймээс арай өөр өнцгөөс сонирхолтой байдлаар хийе гэсэн бодлоор ийм бүрэлдэхүүнтэй тоглолтоо хийсэн. Бид чинь Улаанбаатарт л тоглоод байдаг. Сонсох дуртай дуучид нь бөөнөөрөө яваад очиход сайхан мэдрэмж өгөх байх гэж бодлоо.

-Та нар оюутан байхдаа бүгд нэг анги байсан уу?

-Б.Энхмэнд бид хоёр нэг анги. Э.Оюумаа,Т.Батсайхан, Л.Чулуунбаатар бидний дээд ангид сурч байсан.

-Ийм том баг тоглолтоо хийхэд хөдөө орон нутгийнхан маань сайхан хүлээж авсан биз дээ?

-Хаана ч очсон сайхан хүлээж авдаг. Монголын ард түмэн маань дуундаа, дуучдадаа хайртай л даа.

Categories
мэдээ цаг-үе

Тэд цаг хугацааг эргүүлж авчрав

Цаг хугацаа өнгөрсөөр байгаа мэт боловч хүмүүсийн сэтгэл дэх цаг хугацаа, дурсамж дурдатгал яг л хэвээрээ байдаг юм байна. Үүнийг уржигдар Бөхийн өргөөнөө цугларсан олон түмэн батлав. Бөхийн өргөө рүү чиглэсэн бүх зам нэлээд алсханаас түгжирч эхэлсэн нь тэнд тоглолт болох гэж байгаатай, тэр дундаа Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан хоёр дахин хамтарч хандивын тоглолт хийх гэж байгаатай холбоотой ажээ. Үүднээсээ боодолтой өвс өндөрлөж ачсан машинууд, хурганы уут, ишигний нэмнээ, лаа, шүдэнзний худалдаа дүүрэн байгаа нь тэдний тоглолтын агуулгыг илтгэнэ.

Юу гэвэл хоёр гавьяат маань олон жилийн дараа анх удаа хамтарсан тоглолт хийхээр болсон. Тэгэхдээ малчин түмэндээ зориулж “Илгээлтийн эзэд” нэртэй хандивын тоглолт хийх болсноо зарласан юм. Талархаж цэцэг авчрахынхаа оронд нэмнээ, хурганы уут авчраарай гэж хүссэнийг үнэнч үзэгчид нь дагажээ. Бүгдээрээ л уяа оосор унжралдуулсаар, хөл тавих зайгүй Бөхийн өргөөнд сэтгэл хөхиүн нэгэндээ завсар гарган зайчлан суух нь содон байлаа. Арваас эхлэн уруудуулан тоолсоор нэг хэмээхэд С.Жавхлан гүйсээр гарч ирснээр тоглолт эхэлсэн, удалгүй тайзнаа олон жилийн турш гарч ирээгүй Т.Баясгалан гарч ирээд дуулахад үзэгчид… гээд элдвийг энд нуршихад илүүц биз ээ. Тэдний дуу болгон нь хит болж, дуу бүр нь үзэгчдийн цээжинд хоногшсон дуучид юм гэдэг нь эргэлт буцалтгүй тодорхой ажээ. Бүр олон жилийн турш сонсоогүй Т.Баясгалангийн дуу, тухайн цаг үедээ дуулиан тарьж байсан клипүүд нь олон хүний дурсамж, дурдатгалыг сөхөж байлаа. Самандын Жавхлан, Түвшинжаргалын Баясгалан нар бол Монголын урлагт өөрсдийн мөрөө үлдээж чадсан, нийтийн дууны салбартаа үзэгдэл болж чадсан уран бүтээлчид ажээ. Оюутны ширээнээс хослон дуулж, “Мөнхрөх ч биш дээ хоёулаа”, “Хонгорхон үр минь” дуугаараа олны танил болж байлаа. Аль аль нь хээгүй гүдэсхэн гэмээр зантай. Тэр зангаараа сүүлд амжилтад хүрсэн хойноо ч гоёлын ганц гонжоом, галзуу ганц цагаан даашинзтай байснаа нуулгүй ярилцлагадаа өгүүлж байсан хүмүүс. Тэд өсч том болжээ. Ингэхдээ араасаа бүхэл бүтэн хэдэн үеийн хослон дуулаачдыг, тэднийг сонсох үзэгчдийг бэлтгэн өгсөн. Бас үүнийхээ зэрэгцээ өөрсдөө ч өсч, өөр түвшинд аливааг харж чадах улсууд болсноо “Илгээлтийн эзэд” тоглолтоороо батлахыг хүсчээ. Уг нь “Илгээлтийн эзэд” нэр бол ямар ч уран бүтээлийн тоглолтын нэр биш л дээ. Гэхдээ тэд тоглолт хийгээд явдаг хуучны залуу уран бүтээлчид биш болсноо энэхүү “хачин” нэртэй хамтарсан тоглолтоороо баталж байна. Тэд нийгмийнхээ сайн сайхны төлөө дуугардаг зүтгэлтнүүд болж торнисон гэдгээ үүгээрээ харуулав. Тэдний хослон дуулахыг хүлээдэг, хардаг үзэгчид нь ингэж торниулж, ингэж төлөвшүүлжээ. Хоёр дуучны хувьд аль, аль нь хөдөөний амьдрал мэдэх хүмүүс. С.Жавхлан Увсын цэнхэр хязгаарт аравдугаар ангиа төгстөлөө, Т.Баясгалан өвөө, эмээ хоёрынхоороо Өвөрхангайгаар л байдаг байсан гэлцдэг. Тэгэхээр тэд хамгийн сайн мэдэх амьдрал, хамгийн амаргүй байдаг хахир цагаар малчдадаа туслахыг хүсчээ.

Дуугаа дуулахаасаа улс төр ярьж тэмцэл хийж явдаг С.Жавхлангаа, хүний гэргий болоод үр хүүхдээ асарч хэсэгтээ анир гүмхэн явсан Т.Баясгалангаа хараад дуунд дуртай олон нь ихэд баярласан биз ээ. Баясгалангийн жүжигчин Амараатай хамтран тоглосон хуучин цагийн клип гарахад “мэхний их дэлгүүр” хэмээн япончуудыг дуу алдан нэрийдэхэд хүргэсэн Д.Кёкүшюүзан маань хүү рүүгээ тонгойн зарим нэг зүйлийг тайлбарлан ярьж байгаа нь харагдсан. Бодвол хүүдээ ээж нь урлагийн хүн, амьдрал дээрхээсээ өөр олон дүрийг бүтээж байдаг гэдгийг тайлбарласан биз. Түүний дараахан тэрбээр хоёр хүүхдээ дагуулаад тайзнаа гарч ирж гэргийдээ цэцэг гардуулсан. Томоо болсон хоёр хүүхэд нь ижийгээ тайзнаа дуулахыг анх удаа харж байгаа гэж дуучин бүсгүй маань хэлж байна лээ. Тэгээд бодохоор үзэгч олон нь Т.Баясгалангаа санахаас аргагүй удаан хугацаанд хулжиж дээ гэж бодохоор байсан шүү. Гэхдээ тэр олон жил тайзнаа гараагүй гэхэд дуу хоолой нь хуучныхаараа байна лээ. С.Жавхлангийн хувьд өөлөхийн аргагүй дуучин. Ямар сайндаа “Би дуугаа сайн дуулдаг шиг улстөрчид ажлаа сайн хийдэг бол би ингэж явахгүй” гэж байхав дээ. Энэ тоглолт С.Жавхланг түр хугацаанд ч болов дээлээс нь салгаж, хар хослол өмсгөхөд хүргэсэн юм. Харин өөрөө үүндээ ихэд түүртэж байгаа бололтой, бачуураад амаргүй байна шүү хэмээж харагдсан.

Баясгалан, Жавхлан гэсэн нэр нийтийн дуунд үнэхээр брэнд юм байна. Брэндийг цаг хугацаа, шинэ брэнд ч дарж чадахгүй гэдгийг тэд өчигдөр баталлаа. Уухайлж ирээд алгаа хорстол таших тэр олон зуун үзэгчийн хувьд 13 жилийн дараа тайзнаа дахин гарч ирсэн хослон дуулаачид их баяр баясал, хүч энергийг өгсөн биз ээ. Хамгийн гол нь гозгор туранхай оюутан цагаас нь мэдэх тэр хоёр хүүхэд зангарагтай дуучид болж өсөхөөс гадна нийгмийнхээ ачааг үүрч, дүүрч явах эрхмүүд болсон гэдгийг олонд харуулж өглөө. Хавар цагийн хахир хатууг хэн хүнээс илүү мэдэх тэдний энэ сэтгэл олон зүтгэлийг араасаа дагуулах биз ээ. Баярлалаа, нэг ангийн хоёр гавьяатдаа.


Categories
мэдээ цаг-үе

Наполеон Бонапарт

Францын нэрт цэргийн жанжин Наполеон Бонапартыг мэдэхгүй хүн үгүй. Францыг үндэслэн байгуулагч гэгддэг тэрээр цэргийн агуу жанжин, төрийн нэрт зүтгэлтэн билээ. Наполеон Корсика арал дээр орших Аяччо хэмээх газар 1769 оны зун Италийн Флоренциас гаралтай язгууртан айлд мэндэлжээ. Корсик аялгатай итали хэлээр бол түүний нэрийг Наполеоне Боунапарте гэдэг.

Ирээдүйн их жанжны аав Карл Бонапарт нь насаараа шүүхэд ажилласан. Харин ээж Летиция Рамолина нь үзэсгэлэнтэй бүсгүй байсан бөгөөд аавтай нь гэрлэж 13 хүүхэд төрүүлсэн боловч тав нь багадаа нас барсан байна. Наполеон гэдэг нь маш ховор нэр. Агуу жанжны хүүхэд насны талаарх түүхэн баримт бичиг бараг үгүй. Түүний ах Жозефийн ярьснаар Наполеон багадаа түүхэн зохиол шимтэн уншдаг байжээ. Италиар корсик аялгатайгаар ярьдаг байсан тэрээр сургуульд орж уншиж бичиж сурсан. Франц хэлийг ч сургуульд орсон хойноо сурсан гэдэг. Ингээд 1779 онд Бриен ле Шато дахь цэргийн сургуульд элсэн оржээ.

Корсик арлынхан угийн францчуудад дургүй. Түүхэн нөхцөл байдлын улмаас Францад эзлэгдэж мэдэлд нь орсон. Францаар итали аялгатай ярьдаг байсан Наполеоныг ангийнх нь хүүхдүүд шоглон үргэлж дээрэлхдэг байжээ. Тиймээс хэнтэй ч найзалдаггүй, үргэлж ном уншина. Яруу найрагч Оссианы шүлгүүд, Вольтер, Расин зэрэг нэртэй зохиолчдын бүтээлүүдийг шимтэн уншдаг байсан тэрээр тоо, түүхийн хичээлдээ маш сайн байсан гэдэг. Латин, герман хэлний хичээлдээ тааруу. Гэвч анги ахих тусам чадвараа харуулсан байна. Зарим багштайгаа үзэл бодлын хувьд санал нийлдэггүй байсан тэрээр удахгүй сургуульдаа алдартай болжээ. Их бууны чиглэлээр мэргэшихээр шийдсэн Наполеон Парисын цэргийн сургуулийн сонсогч болж шилдэг сурагчаар шалгарчээ.

Эрдэм сурахаар найман жил шамдахдаа нутагтаа нэг ч удаа очоогүй гэдэг. Энэ хугацаанд жинхэнэ франц хүн болон төлөвшсөн байна. Тэр үед Франц соёлоороо Европыг байлдан дагуулж байлаа. 1786 онд Валанс хот дахь де Ла Ферийн их бууны хороонд алба хаахаар болж бага дэслэгч цолтой болжээ. Гэвч гэр бүл нь санхүүгийн хувьд нэлээд хүнд байдалд орсон тул гэртээ очихоор чөлөө авсан. Ингээд нутагтаа нэлээд удаж, гэр бүлийнхээ асуудлыг ч шийдсэн байна. Удалгүй түүний алба хааж байсан хороог Осон хот руу шилжүүлжээ. Гэтэл Францын улс төрийн байдал тогтворгүй болж, энд тэндгүй бослого гарч эхэлсэн юм. Тэр Сёр хотод гарсан үймээнийг дарах цэргийн ангийн орлогч даргаар томилогдож үүргээ амжилттай гүйцэтгэжээ. Францад хувьсгал гарч ирээдүйн агуу жанжин Корсикийн эрх чөлөөний төлөө тэмцэх эсвэл Францын төлөө зүтгэх хоёрын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болов. Яг энэ үед бие нь муудсан тул дахин чөлөө авч нутагтаа очжээ. Гэртээ 18 сар болохдоо улс төрийн амьдралд ихэд идэвхтэй оролцсон байна. Ингээд Парисыг зорьсон боловч тэндээ удсангүй. Францад хувьсгал гарч, эзэн хаанаа огцруулж байхыг тэрээр өөрийн нүдээр харсан. Наполеон улс төрд орохоор шийдэж шинээр байгуулагдсан Үндэсний гвардид орж хурандаа цолтой болсон байна.

Англичуудад эзлэгдсэн Тулон хотыг чөлөөлөх тулалдаанд өөрийн чадвараа харуулж 24 настайдаа бригадын генерал цол хүртжээ. Удалгүй Парист гарсан үймээнийг дарахад оролцсон боловч дотроо босогчдыг дэмжиж байсан гэдэг.

1796 онд Наполеон нь Жозефина хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэсэн билээ. Жозефина Францад нэлээд нөлөө бүхий хэд хэдэн улстөрчийн нууц амраг байсан гэдэг. Залуу генерал хурминдаа хоёр цаг хоцорч очсон тухай түүхэн баримт бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ. Наполеон, Жозефина хоёрын хайр сэтгэлийн талаар зохиол, кино гээд олон бүтээл бий. Тэдний хуримын бэлэг болгон тухайн үед Францыг удирдаж байсан Бассар залуу генерал Наполеоныг Итали дахь армийн командлагч болгожээ.

1798 онд Наполеон Бонапартын удирдлага дор Франц нь Египетийг эзлэн авах аян дайныг эхлүүлсэн түүхтэй. Ингээд эхний тулаанд түүний цэргүүд ялалт байгуулж яваандаа залуу генерал бүх санаачилгыг гартаа авав. Франц улс Англитай өрсөлдөж хойд Африк, Азид өөрийн нөлөөгөө тогтоохыг эрмэлзэж байсан үе. Яваандаа Европын орнуудыг дайлааар мордох төлөвлөгөөтэй байжээ. Ингээд залуу цэргийн жанжнаар удирдуулсан Францын арми Египетийн эсрэг дайнаа эхлүүлсэн билээ. Хамгийн түрүүнд Александр хотын ойролцоо цэргүүдтэйгээ бууж дараагийн өдөр нь гэхэд эзэлчихээд Каирийн зүг хөдөлжээ. Алдарт пирамидын эсрэг тулаанд Францын цэргүүд ялалт байгуулсан юм. Ийнхүү Египетийг үндсэндээ мэдэлдээ авав. Наполеон исламын шашинтнуудтай хэл амаа ололцох гэж хичээсэн боловч чадаагүй. Каир хотноо францчуудыг эсэргүүцсэн бослого гарч энэ үеэр 300 франц цэрэг амь үрэгджээ. Наполеоныг Египетэд аян дайн хийж явахад Францын улс төрийн байдал улам бүр ээдрээтэй болов. Түүнийг ард түмэн, арми дэмжиж байсан тул Парист эргэж ирээд засгийн эрх түвэггүй авсан. Тэрээр Засгийн газрыг татан буулгаж шинэ Үндсэн хуулийг батлуулсан юм. Францчууд ч залуу жанжныг бараг 100 хувь дэмжжээ. Наполеон бүх насаараа засгийн эрхийг барих эрхийг олгосон. Засгийн эрхэнд гарсан эхний жилүүдэд түүний хэрэгжүүлсэн бодлогыг ард иргэд дэмжиж улс үндэстний аврагч гэж байсан бөгөөд хэд хэдэн аян дайн хийж ялалт байгуулсан нь францчуудын үндэсний бахархлыг бадрааж өгсөн билээ. Наполеон жирийн ард иргэдийн амьдралыг сайжруулах бодлого хэрэгжүүлсэн байсныг олон түмэн нааштайгаар хүлээн авчээ. Гэвч засгийн эрхэнд гарснаас хойш 20 жилийн туршид дайн хийсэн. Сүүлдээ францчууд залхаж залуусыг байнга цэрэгт татах явдлыг эсэргүүцэж эхэлсэн. Наполеон ч өөрийн эрх мэдлээ улам бэхжүүлэх бодлого явуулсаар байв. 1810 онд эдийн засгийн хямрал нүүрлэж, дайн хийх нь ямар ч утга учиргүй болжээ.

Наполеон улс төрийн ашиг сонирхлын үүднээс өөрийн хайртай эхнэр Жозефинагаас салж, зуучлагчаар дамжуулан Оросын хаан Александр I-ээс охин дүүтэй нь гэрлэх зөвшөөрөл хүссэн гэдэг. Харамсалтай нь Оросын хаан татгалзсан. Тиймээс Австрийн эзэн хааны охин Марий-Луизтэй гэр бүл болжээ. Ингээд хаан ширээг нь залгамжлах хүү төрсөн боловч энэ гэрлэлтийг францчууд огтхон ч таалсангүй.

1812 онд Наполеон Оростой дайтахаар мордсон юм. Тэрээр энэ дайнд 450 000 цэрэгтэй оролцсон. Эхний тулаануудад Оросын арми ялагдал хүлээсэн боловч ядарч туйлдсан Францын цэргүүд жанжнаасаа урвах явдал нэлээд гарч байсан гэдэг. Цэргүүдийн дунд янз бүрийн халдварт өвчин тархаж, хүнс хомс байсан зэрэг нь ялагдах бас нэг шалтгаан нь болсон. Наполеоны арми Москва хотод бараг тулж ирж тулалдсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Энэ үеэр Москва бараг тэр чигтээ шатсан. Гэвч Францын цэргүүд ялагдсаныг Наполеон хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тиймээс ч нэг хэсэгтээ Москвад байж Оросын хаан Александр I-тэй энх тайвны гэрээ байгуулна хэмээн найдлага тавьсаар байв. Энэ бол Наполеоны мөхлийн эхлэл байсан гэж болно. Үүний дараахан Францын арми Лайпциг хотын ойролцоо болсон тулалдаанд дахин ялагдсан юм. Ингээд 1814 оны зургадугаар сарын 4-ний өдөр Парисын ойролцоо орших Фонтенбло ордонд Наполеон хаан ширээнээс татгалзсан түүхтэй. Ихэд сэтгэлээр унасан тэрээр хор ууж амиа хорлохыг завджээ. Гэвч удаан хадгалсан хор нь үйлчлээгүй тул амьд үлдсэн.

Францад засгийн эрхийг авсан улстөрчид түүнд Газрын дундад тэнгисийн Эльба хэмээх арал дээр нутаг зааж цөлсөн байна. Гэвч Наполеон бууж өгөхийг хүссэнгүй. Эльба арлаас зугтаж Парист ирэхэд түүнийг хүмүүс уухайлан хүлээж авсан гэдэг. Ингээд дахин засгийн эрхэнд гарах хүслээр аян дайнд мордсон байна. Харамсалтай нь Бельгийн Ватерлоо тосгоны ойролцоо болсон тулаанд ялагдал хүлээжээ.

Түүнд Францаас явахаас өөр арга байсангүй. Английн эрх баригчид өөрийг нь ивээлдээ авна хэмээн эцсийн мөч хүртэл найдаж байсан тул Экс арлаас Английн усан онгоцонд сууж улс төрийн орогнол авна гэдэгтээ итгэлтэй байв. Харамсалтай нь англичууд түүнийг олзлогдсон хэмээн үзэж Гэгээн Елена арал руу цөлснийг мэдээд ихэд бухимдсан гэдэг. Францын алдарт цэргийн жанжин тус арлын Лонгвуд хэмээх тосгонд амьдралынхаа сүүлийн зургаан жилийг өнгөрөөсөн билээ. Эхнэр, хүү хоёр нь ирнэ хэмээн найдаж байсан боловч бас л талаар болсон.

1819 оноос Наполеоны бие эрс муудаж баруун тал нь даагдахаа больжээ. Эмч нь элэгний үрэвсэл гэсэн онош тавьсан байдаг. Хөл нь хавдаж, явж чадахгүй болсон тэрээр үхэл ойртож байгааг мэдрээд гэрээслэлээ хэлж бичүүлжээ. 1812 оны тавдугаар сарын 5-ны өдөр Францын цэргийн жанжин амьсгал хураасан бөгөөд түүнийнг Лонгвуд тосгоны ойролцоо оршуулсан юм.

1840 онд Луи-Филипп гэгч Францын их жанжны сүүлчийн хүсэлтийг биелүүлэхээр шарилыг нь Францад авчирч оршуулсан.

Наполеонд хор өгч амийг нь хороосон гэсэн таамаглал ч байдаг. 1960 онд Английн эрдэмтэн Форшавард гэгч түүний үснээс дээж авч шинжлэхэд хүнцэл илэрсэн аж. Ямар ч байсан Наполеон Бонапарт нь Францын төдийгүй дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн цэргийн зүтгэлтэн юм.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ цаг-үе

Тоондоо гаргууд хөдөлмөрч ангийнхан

МУИС-ийн Физик-Математикийн факультетийн математикийн ангийн 1978-1982 оны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Энэ ангид анх 52 хүүхэд элсэн орж байсан ч 47 хүүхэд төгсөж байжээ. Ихэнх нь хөдөөнөөс хуваарилагдаж ирсэн байна. Ангийн онц сурлагатны тоонд Б.Адъяасүрэн, Мөнхбаатар, Сугар нар ордог байж. Тэд ерөнхий боловсролын сургуулийн олон олимпиад тэмцээнд амжилт гаргадаг байсан гэнэ. Ихэнх нь эрэгтэй хүүхдүүд байсан ч хамгийн эвтэй, нөхөрсөг анги байжээ. Анги даасан багш нь шатрын бодлогын олон улсын хэмжээний мастер С.Чимэдцэрэн байв. Декан нь академич А.Мекей байсан аж. Багш нараасаа их юм сурсан хэмээн дурсан ярих дуртай гэж Нэргүй хэлсэн юм.

Математикийн ангийнхан ангийн даргаараа Ц.Бямбадоог сонгож байжээ. Ангийн даргаа сонгосон түүхээ ярьж одоо болтол хөгжилддөг гэнэ. Даргаа сонгосон түүхээ С.Баярсайхан “Ангийн даргад Ц.Бямбадоо, Мөнхбаатар, Нэргүй гурав өрсөлдөж байв. Муу даргыгаа уйлуулан байж сонгож билээ. Их уйланхай хүүхэд байсан л даа. Нөгөө хоёр нь дарга болох гээд Бямбадоог шүүмжилчихсэн чинь уйлчихсан. Тэгээд л ангийн дарга болсон юм даа” гэж яриад инээв. Үргэлжлүүлээд “Тухайн үед ангийн дарга оюутныхаа стипентийг өгдөг байсан юм. Заримдаа хичээл тасалчихаар ангийн дарга стипентийг маань хасчихна. Тэрнээс болоод олон удаа даргыгаа уйлуулсан даа” хэмээн ярилаа.

Байгалмаа “Манай ангийнхан их хөдөлмөрч хүүхдүүд байсан. Хавар, намар, зуны ажилд ангиараа явна. Тэгэхэд их эвсэг. Ер муудахгүй шүү. Бидний хийсэн ажил Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд үлдсэн дээ.

Тухайн үед барилгын өрлөгийг хийж байшингийн суурь өрж байлаа. Намрын ажлаар Жаргалант, Октябрийн сангийн аж ахуйд очиж төмс хураадаг байсан” хэмээн ярив. Нэргүй “Намар, зуны ажлаар зав гармагц л шатар, даам их тоглодог байсан. Багш маань шатрын хүн учраас бидэнд шатар тоглох ухааныг зааж өгсөн хэрэг” хэмээн нэмж хэллээ.

Ихэнх нь хөдөөнөөс ирсэн болохоор дотуур байранд амьдардаг байжээ. Бөөнөөрөө цуглаж нэгнийдээ хичээл хийнэ, эсвэл ангидаа сууж тоо боддог байсан гэнэ. Тухайн үед бусад ангийн хүүхдүүдэд тоог нь бодож өгөөд хоол хийлгүүлж иддэг байсан аж.

С.Баярсайхан “УИХ-ын гишүүн Гончигдорж манайд алгебрын багш байсан юм. Манай Адъяасүрэн Х, 0 гээд дарааллаар тав болохоор хождог тоглоом байдаг шүү дээ. Тэрийг Гончигоо багштай тоглоод нүүхээр нь л “Тэгж нүүдэг юм уу” гээд загнаад байж билээ” хэмээн инээв.

Үргэлжлүүлж Лхагва “Алгебр, геометрийн тэнхимийн эрхлэгч гавьяат багш Санж хичээл дээр тамхи татдаг байсан. Тухайн үед ВТ гээд таван төгрөгийн үнэтэй болгар тамхи татна. Самбарын хажууд суугаад тамхиа угсруулаад л татаж гарна. Тэгснээ шохойгоор самбар дээр тоо биччихээд л тамхиа татахаар хамар, ам нь шохой болчихдог байсан. Их л чөлөөтэй хүн байсан даа. Бид эхлээд л инээд хүрээд байдаг байсан ч сүүлдээ хичээлдээ л анхаардаг болсон” хэмээн дурсав.

Эдний ангийн хамгийн сахилгагүй нь Нэргүй байсан гэнэ. Идэвхтэй нь Оюунцэцэг, Мөнхжаргал нар байжээ. Спортлог нь уулын спортын мастер Байгалмаа юм байна. Авьяаслаг нь Лхагвадорж аж. Тэрээр сургуулийнхаа урлагийн үзлэгт ангийнхныгаа авч гардаг ганц хүү байж. Чадварлаг сайн гитар тоглодог учир сургуулийн урлагийн үзлэгээр нэгдүгээр байр эзэлсэн удаатай гэнэ. Ангийнхан хамгийн даруухнаараа Энхжаргалыг нэрлэж байв.

Төгсөлтийн баяраа хэрхэн тэмдэглэсэн талаар С.Баярсайхан “Соёлын яамны дарга Д.Цэгмид төгсөгчдөд их сургуулийн хоёрдугаар байрны улаан буланд диплом, ромбо гардуулж үг хэлчихээд нийллэг хийж болохгүй шүү гэсэн. Ангийнхан маань нууцаар ангийн багшийн Хүрхрээгийн зуслангийн ам руу очиж тэмдэглэж байлаа. Хамгийн инээдтэй нь багшийндаа очоод найрлаж байгаад хоносон чинь маргааш өглөө нь тарваган тахал гарчихдаг байгаа. Хорио тогтоочихсон болохоор зарим хүүхдүүд нь уул давж зугтаад хотод ирж байсан. Зарим нь үлдчихээд хорио гартал тэндээ байсан шүү. Тэр үед тарваган тахал гарсныг мэдэхгүй манай багш тарвага авчирчихсан бид чинь найрлаж байлаа шүү дээ” хэмээн хөгжилтэй яриа дэлгэлээ.

Хоорондоо эвтэй байдаг эдний ангиас таван хос төрсөн байна. Үүнийгээ бид бие биенээ хайрлаж хүндэлдэг байсан учраас л ийм олон хос төрсөн хэмээн ярьж байсан юм. Ангийн анхны хос Д.Лхагва Алтантуяа нар гэнэ. Түүнээс цааш Адъяасүрэн Эрдэнэсувд, Ганбаатар эмэгтэй Буянхишиг, эрэгтэй Буянхишиг Ж.Мөнхжаргал, Мөнхбаатар Алтанцэцэг гээд дөрвөн хос нэмэгдэж гал голомтоо бадраасан гэнэ. Гэр бүлийн найзууд учраас ангийнхан үргэлж нэгэндээ дэмтэй, холбоотой байдаг аж.

Сургуулиа төгссөн ч жил бүр ангиараа уулздаг бөгөөд хоорондоо үргэлж холбоотой байдаг гэнэ. Энэ жил эдний ангийнхан сургуулиа төгсөөд 30 жил болж байгаа юм байна. Уг тэмдэглэлт баяраа ангиараа цуглаж Төв аймгийн Манзуширын хийдэд тэмдэглэсэн юм байна.

Ангийн хүүхдүүд одоо салбар бүртээ үлгэр жишээ болж, амжилттай ажиллаж байгаа аж. Ангийн бахархал болсон доктор профессор Б.Адъяасүрэн МУИС-ийн анализийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Ангийн дарга Ц.Бямбадоо 111 дүгээр сургуулийн захирал болсон аж. Имамагзам Баян-Өлгий аймагт Боловсролын төвийн дарга хийж байгаа хэмээв. С.Баярсайхан ШУТИС-ийн математикийн ахлах багш бөгөөд Төв аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэнэ. Уулын спортын мастер Байгалмаа 13 дугаар сургуулийн захирал юм байна. Мөн Борис 13 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багш хийдэг бөгөөд тооцоолон бодох техник буюу одоогоор компьютерийн программ хийхэд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн аж. С.Нанзай Баянхонгор аймгийн Байдраг сумын Засаг дарга юм байна. Ангийн андууд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Т.Ганболд агсан, Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Мөнхбаатар агсан нарыг үргэлж санан дурсдагаа ярьж байлаа.

С.АРИУН

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбат: Цаг хугацааны шалгуурыг давсан намуудтайгаа нэгдэж, эвсээд явах нь зүйтэй

УИХын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

Хаврын чуулган удахгүй эхэлнэ. Энэ парламентын сүүлчийн чуулганыг үр дүнтэй болоосой гэсэн хүмүүсийн хүлээлт байна. Уг чуулганаар нэн тэргүүнд ямар хуулиудыг батлах шаардлагатай байгаа вэ?

-Мэдээж сонгууль дөхөж байгаа болохоор улстөржилт явах байх. Гэхдээ хаврын чуулган маш үр дүнтэй, өгөөжтэй чуулган болох ёстой. Хууль зүйн байнгын хороо маш ачаалалтай ажилладаг. Тэр ч утгаараа нэлээд ачаалалтай ажиллах болов уу. Иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн, зайлшгүй батлах ёстой хуулиуд бий. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Прокурорын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэх мэтчилэн хуулиудыг нямбай хэлэлцэн батлах ёстой. Өмнөх чуулганаар бид шоронжсон гэгддэг байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиа баталсан. Уг хуулиуд хэрэгжихийн тулд процессын хуулиудаа баталсан байх шаардлагатай.

Эдгээр хуулиудаас онцлоход Хууль сахиулах тухай хууль анхаарал татаад байна л даа. Ямар зорилготой хууль юм бэ?

-Зөрчлийн тухай хуулийг баталж гаргасан. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Өмнө нь баталсан 200 гаруй хуулиар зөрчлийг шийддэг байсан. Зарим газар сайд дарга нарын тогтоолоор шийддэг байсан асуудлыг Зөрчлийн хууль болгон гаргасан. Тэгэхээр уг хуулийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль гэж манай дээр яригдаж байсан ч Засгийн газар татаж аваад Хууль сахиулах хууль нэртэйгээр дахин өргөн барьсан. Энэ ч зөв болсон гэж харж байгаа.

Прокурор нь яаж хяналт тавих юм, гэмт хэргийн бүрэлдэхүүн нь ямар байх юм, шүүх дээр хэрхэн шийдвэрлэх юм гэдгийг нь уг хуулиар шийднэ. Тиймээс энэ хуулийг яаралтай батлах ёстой. Хууль сахиулах хуулиар хууль сахиулагч гэж хэн юм, хууль сахиулагчид хэрхэн ажиллах ёстой юм гэдгийг нь заагаад өгчихсөн. Зөрчлийн хуулиар шийтгэгдэж байгаа бол эрх хасах, торгох ялтай байна. Хил гааль, засаг захиргааны байгууллагад гарсан зөрчил, байгаль орчинтой холбоотой зөрчил, олон нийтийн байгууллагатай холбоотой зөрчил гээд дотор нь ангилсан. Хамгийн гол нь хууль эмх цэгцтэй болсноороо онцлог. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахаас эхлээд олон талын ач холбогдолтой хууль болж байгаа. Галт зэвсгийг хэн яаж хэрэглэх ёстой вэ гэдгээс эхлээд хуульд бүрэн тусаагүй байсан зүйлсийг тусгаж өгсөн. Хуучин томоохон хэмжээний гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулиараа шийдээд шоронд хорьдог байсан бол олон улсын жишгийн дагуу судалгааны байгууллагуудын дүнг харгалзан үзсэн. 2-3 зөрчил үйлдсэн хүн ямар нэгэн шийтгэл эдлээгүй байж байгаад томоохон хэрэг үйлддэг тал бий. Үүнд чиглэсэн орон зай өнгөрсөн 20 жилд байгаагүй. Харин одоо шинээр бий болж олон нийтийн амгалан тайван байдал, хүний эрх чөлөөг хангах боломж нээгдэнэ. Эдгээр хуулиуд батлагдчихвал хууль зүйн салбарт хувьсал болох учиртай. Шүүхийн шинэчлэлийг бид зохих хэмжээнд хийсэн. Дараагийн үе шат нь энэ болж байгаа юм. Зөвхөн хорихоос өөр заалтгүй маягаар явж ирсэн хуучин арга барилыг өөрчилсөн. Хүний эрх, эрх чөлөөг хангаж өглөө.

Хаврын чуулганаар хэлэлцэж магадгүй хуулийн төслүүдийн тоонд Ш.Түвдэндорж гишүүний зүгээс өргөн барих гэж буй Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх байх гэж байна. Уг хуулийн төслийг дэмжих үү?

-Засгийн газар “Тусгайлсан саналгүй” гэсэн хариу өгсөн гэж ойлгож байгаа. Ш.Түвдэндорж гишүүн өөрийнхөө хууль санаачлах эрхийнхээ хүрээнд уг хуулийн төслийг өргөн барих гэж байгаа юм билээ. Гэхдээ Сонгуулийн хуульд байсан Сонгууль болохоос зургаан сарын дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалт одоо мөрдөгдөж байгаа хуульд нь орхигдсон. Тиймээс уг заалт байхгүй гэсэн үг. Гэсэн хэдий ч Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт хориглохоор заасан. УИХ-ын тогтоол ч бий. Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уг асуудлыг тал талаасаа сайтар ярилцаж байгаад шийдвэрлэх байх. Хууль хэрэгжээд удаагүй байгаа үед хуулийг байн байн өөрчлөх нь тийм ч зөв зүйл биш.

Таны хувийн байр суурь уу?

-Хувь гишүүнийхээ л байр суурийг илэрхийллээ.

Тэгэхээр одоо мөрдөгдөж буй хуулиараа сонгуулиа явуулсан нь дээр гэж үзэж байгаа юм байна, тийм үү?

-УИХ 76 хууль тогтоогчтой. Тиймээс олонхын саналаараа шийднэ. Урьдчилан хэлэх боломжгүй.

УИХын гишүүд орон нутагт томилолтоор ажиллаж байна. Та тойргоороо явж байна уу. Хаваржилт хэр байна вэ?

-Баянхонгор аймгийн зарим сумдаар өвөлжилт хүндэрсэн. Хаврын урь ороод дулаарч байгаа ч цаг болоогүй байна. Манай аймгийн хувьд малын хорогдол өмнөх жилүүдийнхтэй ойролцоо гараад байгаа. Саяын айхтар цасан шуурга манай аймгийг тойроод гарсан. Миний хувьд цагаан сарын дараа тойрогтоо ажилласан. УИХ-ын гишүүн Х.Баттулга бид хоёр удахгүй тойргоороо ажиллах гэж байна.

Сонгууль дөхөөд нэр дэвших сонирхолтой хүмүүс тойргуудаауслаадэхэлчихэж. Танай тойрогт сонгуулийн уур амьсгал хэр орж байна вэ?

-Хүмүүс өөрсдийнхөө өмнөх ажлыг хийгээд явж л байна. Гэхдээ сонгуулийн уур амьсгал орж байгаа нь мэдрэгдээд эхэлсэн байна лээ.

Та сонгуульд хэр бэлдэж байна. Баянхонгортоо нэр дэвших үү. Эсвэл намын жагсаалтыг сонирхоод байна уу?

-Нам л шийдэх байх. Миний хувьд жагсаалтад орох бодол алга. Баянхонгороос сонгогдсон гишүүний хувьд тойрогтоо ажиллаж байгаа. Би л хувьдаа өөрийгөө өнгөрсөн дөрвөн жилд тойрогтоо хийсэн ажилтай, хэлэх үгтэй л гэж бодоод яваа шүү.

Ардчилсан нам ИЗНН, МҮАНтай нэгдэх үү. Нэгдэж сонгуульд орно гэсэн мэдээлэл явсан ч сүүлийн үед нэгдэхгүй гэдэг мэдээлэл тараад байна л даа?

-Улс төрийн намууд төлөвших шаардлагатай байна. Ардчилсан гэгддэг улс орнууд намаар дамжуулж төр засгийг байгуулдаг. Учир нь нам гэдэг бол хариуцлага хүлээдэг субьект мөн юм л даа. Тэгэхгүйгээр бие дааж гарч ирсэн гишүүд бодлого гаргаж, улс орны хэмжээнд хэрэгжүүлж, хариуцлагаа хүлээх чадваргүй байдаг.

Бие даагч хэн ч биш гэлээ гээд дайрах вий дээ?

-Олон улсын жишиг байна л даа. Бид дэлхий нийтийн энэ жишгээс гажихгүй байх. Харин улс төрийн намууд л сайтар төлөвших хэрэгтэй. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд олон ургальч үзлээр явсан олон нам бодлогоо уралдуулаад явах нь зөв. Энэ боломжийг бид ардчиллаар дамжуулан олгосон. Гэхдээ нэг хүний нам ч юм уу, үзэл бодол ойролцоо намууд нэгдэх нь нэгдэж, төлөвшөөд явах цаг нь болсон. Монголд байгаа хэрэгтэй, хэрэггүй энэ намуудаасаа хэрэгтэй, ард түмнийхээ төлөө зүтгэж чадах, цаг хугацааны шалгуурыг даван туулсан намуудтайгаа нэгдэж, эвсээд явах нь зүйтэй. Энэ бүхэн цаг хугацааны асуудал. Гэхдээ энэ цаг хугацааг аль болох наашлуулах нь зөв. Ядаж 2016 оны сонгуульд орохдоо 20 гаруй нам биш 2-3 том нам руугаа нэгдэж, нийлээд орох нь зөв. Энэ нь улс орондоо ч хэрэгтэй.

Оны өмнө таныг Баянхонгорт бидон тараалаа гээд нэг хэсэг шуугисан даа. Тэр үед та ч энэ тал дээр дуугараагүй. Хуванцар савны хэрэглээг халъя гэж байгаа үед зөв алхам болсон гэж ч нэг хэсэг нь ярьж байна?

-Бидний өдөр тутмын нэн тэргүүний хэрэглээ ус байдаг. Мөн сүү, цагаан идээг агуулж, хадгалах сав чухал л даа. Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэж ярьдаг. Дээшээ харсан сав ч гэж бэлгэшээдэг.

Тэгээд ч тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн ард түмнийхээ амьдрал ахуйтай танилцаж, аль болох хошуу нэмэх биш хуруу нэмж тусалж байх ёстой. Тэрний нэг илрэл нь бидон л доо. Ялангуяа сүүлийн 20 гаруй жил хорт хавдар маш ихэссэн. Хорт хавдар юунаас болоод нэмэгдээд байна вэ гээд судалгаа явуулаад үзсэн чинь зориулалтын бус хуванцар саванд ус, сүү, айргаас эхлээд хүнсний бүтээгдэхүүнээ агуулж, хүнсэндээ хэрэглэж байгаагаас үүдэлтэй гэж гарсан. Тэр утгаараа хуванцар савыг хэрэглээнээс хасна гэдгийг хэлж ярих биш бодит амьдрал дээр үлгэр дуурайл үзүүлэх ёстой гээд бидоныг сонгосон юм. Энэ утгаар нь тойргийнхондоо 25, 40 литрийн бидон тараасан.

Шанага бас тараасан бил үү. Хэл ам дагуулаад байсан даа?

-Шанага тараасан. Үүнээсээ болж Ганбидон, Ганшанага ч гэнэ үү янз бүрийн нэр хочтой болсон. Тойргийнхоо иргэдийн эрүүл мэндийг бодож хийсэн ажлаасаа болж янз бүрээр хэлэгдэж байгаа ч эмзэглээд байх зүйл алга. Зарим хүмүүс шиг хөзөр тарааж хөгөө дэлгэхгүй гэж бодож байгаа. Намайг бидон, шанага тараасныг олон түмэн ч гэсэн зөв ойлгож хүлээж авч байна. Манай тойрогт алдарт эхийн одонтой 10 гаруй мянган эх байдаг. Хамгийн түрүүнд энэ хүмүүстээ тараасан. Баянхонгор аймагт 20 гаруй мянган өрх бий. Энэ айлуудад боломжийн хэрээр нь шанага өгсөн. Халуун цай, сүүг хуванцар шанагаар хутгахад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй химийн бодисууд цай, сүүнд ордог. Энэ байдлыг таслан зогсооё л гэсэн юм.

Сүүлийн үеийн хотын хүүхдүүд хөдөөний амьдралыг мэдэхгүй байна. Твиттер, фэйсбүүкт донтчихсон хүмүүс ч байдаг юм уу энэ ажлыг эхнээс нь буруугаар олон түмэнд хүргэх гэсэн бүлэг хүмүүс уг ажлыг хийсэн. Тэглээ гээд тэр үед би үг дуугараагүй. Тэр бүү хэл намайг бидон дээрээ зургаа хэвлүүлсэн байна гээд явж л байсан.

Бидон дээр зургаа хэвлүүлээгүй биз дээ. Фотошоп л гэж харсан?

-Би юу гэж дээр нь зургаа тавих вэ дээ. Фотошопоор л хийсэн ажил байна лээ. Бидон дээр зургаа гаргаад хорхог боодогтойгоо хамт шарагдаад байж бай гэх мэтчилэн янз бүрийн зүйлс яригдсан. Энэ бүхэнд эмзэглээгүй. Үнэхээр миний зурагтай тийм бидон аваад ирвэл шагнаж урамшуулмаар байна. Ийм мэдээлэлд итгэхгүй байгаа байх гэж найдаад байгаа. Хорт хавдрыг багасгахын тулд хуванцар савыг хэрэглээнээс халж, зориулалтын саванд хүнсний бүтээгдэхүүнээ хийдэг жишиг аймаг болгохын тулд манлайлан ажиллана.

Монгол цэргийн баярын өдөр тохиож байна. Та цэргийн алба хаасан цөөхөн гишүүдийн нэг байх. Ноднин цэргийн хувцастай зургаа авахуулаад бас л олны анхааралд өртөж байсан даа?

-Хуучин Монголын ардын армийн өдөр гэж тэмдэглэдэг байсан бол сүүлийн үед монгол цэргийн өдөр гэж тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Миний хувьд хугацаат цэргийн албыг байлдагч цолтой гурван жил хаасан. УИХ-д над шиг Зүүнбаянд байлдагчаар гурван жил цэргийн алба хаасан хүн байхгүй. Ноднин би өөрийн цахим хуудаснаа цэргийн хувцастай зургаа тавьсан. Үүгээрээ юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр залуустаа үлгэр дуурайл үзүүлж, эр цэргийн алба хаана гэдэг нь монгол эр хүний хүндэт үүрэг гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Эрэгтэй хүн бүр энэ хүндэт үүргээ биелүүлэх ёстой. Ноднингийн зураг дээр цэргийн хувцастайгаас гадна тэргүүний татвар төлөгч гэсэн цомтой авахуулсан байсан юм. Нэгдүгээрт, эр цэргийн албаа хааж хоёрдугаарт, хэдэн хүн ажил төрөлд авч улсдаа татвараа төлөх хэрэгтэй. Үүнийхээ дараа би эх оронч, төр засаг ингэсэнгүй, тэгсэнгүй гэдэг зүйлээ ярьдаг байгаасай гэж хүссэн. Юуны өмнө улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлчихээд дараа нь ярьдаг юмаа ярих хэрэгтэй. Англид гэхэд Хатан хааны ач, зээ нар цэргийн алба хааж цэргийн алба хаахыг ард түмэндээ уриалж байна. Гэтэл манай Их хуралд сууж байгаа 76 гишүүнээс эрэгтэйчүүд нь цэргийн албаа хаачихсан, улсдаа ингээд татвараа төлчихсөн гэж ард түмэндээ зөв жишиг тогтоох ёстой. Уг нь ингэж л бид залуустаа үлгэр дуурайл болмоор байгаа юм. Монголын ард түмэн ч гэсэн “Чи хугацаат цэргийн албаа хаасан уу” гэдгийг нь асууж байх хэрэгтэй. “Өдрийн сонин”-ы хамт олонд болон нийт уншигчдадаа, цэргийн алба хаасан, хааж байгаа, хаах хүсэлтэй бүх хүнд баярын мэнд хүргэе.

Миний хувьд эр цэргийн тангараг, УИХ-ын гишүүний тангараг гээд хоёр тангараг өргөсөн. Эх орноо батлан хамгаалах үйлсэд бүгдээрээ оролцох хэрэгтэй гэдгийг сануулъя.