Categories
мэдээ цаг-үе

Г.Цогзолмаа: Охиноо ялагч болоход нулимс дуслуулж суулаа

Өмнөд Африкийн Блумфонтейнд болсон “World Supermodel Pag­eant” буюуДэлхийн супер модельшалгаруулах тэмцээнээс Монголын загвар өмсөгч Т.Шинэтуяа ялагчийн титэм гардлаа. Ес дэх удаагийн дэлхийн супермоделийн тэмцээн гуравдугаар сарын 12-21-ний өдрүүдэд үргэлжилсэн юм. Т.Шинэтуяа өсвөр насны супермодель буюу 16-19 насны ангилалд 40 орны охидтой өрсөлдөж түрүүлсэн байна. Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээнд Монгол Улс анх удаа оролцож ийн амжилт гаргаад буй юм. Тэрээр НьюЙоркт төвтэй дэлхийн нэр хүнд бүхий “Trump Models” агентлагтай гэрээ байгуулах онцгой эрхийн эзэн болжээ. Т.ШинэтуяаШилмэл загварагентлагийн үндсэн загвар өмсөгч юм байна. Тэрээр өнөөдөр эх орондоо ирэх гэнэ. Түүний ээж Г.Цогзолмаатай ярилцлаа.

Охин тань Дэлхийн супермодель тэмцээний шилдэг оролцогч болчихлоо. Холбоо барьсан уу. Гэрийнхэн нь яаж хүлээж авав?

-Холбоо барьсан. Ээж ээ, би тэмцээндээ түрүүлчихлээ гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод нулимс дуслуулж суулаа. Гэрийнхэн маань маш их баярласан. Дэлхийн том хэмжээний тэмцээнд түрүүлнэ гэдэг асар их сэтгэлийн тэнхээ хэрэгтэй шүү дээ. Охин маань зоригтой, хатуужилтай байсан байх. Монголын нэрийг гаргаж байгаа амжилтаар нь бахархаж байна.

Загвараар хичээллэхэд нь эцэг, эхийн зүгээс хэр дэмжиж байв?

-Дэмжилгүй яахав. Эмэгтэй хүн учраас биеэ зөв авч явах хэрэгтэй. Алхаа гишгээгээ цэгцлэхээс эхлээд сурах зүйл их байсан учраас загварын агентлагт оруулсан. Охин маань өөрөө түүндээ их сонирхолтой. Хүүхдийнхээ хийх дуртай зүйлийг дэмжих нь эцэг эхийн үүрэг шүү дээ. Тэр утгаараа ийм амжилт гаргасан байх. Багш нар нь их магтдаг. Юм заахаар дорхноо сурчихдаг гэж байсан.

АнхнаасааШилмэл загварагентлагт байсан уу. Хэр удаан хичээллэж байгаа вэ?

-Загвараар жил гаран хичээллэж байна. Анх л “Шилмэл загвар” агентлагт орсон. Багш нь Хулангоо. Тэмцээнд явахдаа бүх багшаараа хичээл заалгасан гэсэн. Энэ тэмцээнд орохын тулд гурав, дөрвөн сар шаргуу хичээллэсэн.

Охин тань өмнө нь олон улсын тэмцээнд орж байсан уу. Англи хэлтэй юу?

-Охин маань англи хэлтэй. Агентлагаас нь их бэлтгэсэн. Сургууль нь хятад хэл заадаг юм. Тэгэхээр бас хятад хэлтэй. Өмнө нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож байгаагүй. Сүүлд “Гоёл” наадамд оролцсон.

Т.Шинэтуяа хэдэн настай юм бэ. Аль сургуульд суралцдаг вэ?

-Миний охин 2000 онд Улаанбаатар хотын хоёрдугаар төрөх эмнэлэгт төрж байсан. Одоо 16 настай. “Гэгээрэл” бүрэн дунд сургуулийн 10а ангийн сурагч.

Аав, ээж нь юу хийдэг хүмүүс вэ. Т.Шинэтуяа айлын хэд дэх хүүхэд билээ?

-Аавыг нь А.Түмэнжаргал гэдэг. Намайг Г.Цогзолмаа гэдэг юм. Бид хоёр хувиараа бизнес эрхэлдэг. Т.Шинэтуяа айлын том охин. Хоёр дүүтэй. Хоорондоо олон насны зөрүүтэй л дээ. Дундах нь хоёрдугаар анги. Бага нь таван настай.

Хэр идэвхтэй хүүхэд вэ?

-Их идэвхтэй, нийтэч хүүхэд. Сагс сайн тоглодог. Сургуулийнхаа шилдэг довтлогч. Хаана ч очсон усанд сэлдэг байх ёстой гэдэг утгаар нь усан спортоор жил гаран хичээллүүлсэн. Охин маань бусад хүүхдүүдийн л адил дүү нараа цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч авчихаад бас дугуйланд яваад их л завгүй байдаг юм. Хүнд тусархуу эелдэг зөөлөн зантай. Багаасаа л даруухан, инээд алдсан, тайван охин байсан. Гэрт хүн орж ирэхээр цай хийж өгөөд, тавагтай чихэр бариад л гүйж байдаг хүүхэд дээ.

Тэмцээндээ явахдаа хувийн зүгээс их бэлтгэл хийсэн байх. Ямар даашинз сонгож явав?

-Хувцсыг цаанаас нь графикаар гаргасан байдаг юм билээ. Түүний дагуу бэлдсэн. “Шилмэл загвар” агентлагийн загвар зохион бүтээгч Ж.Цэлмэгийн “Гоёл” наадамд шагнал авсан даашинзаар гангарсан.

Дэлхийн нэр хүнд бүхий “Trump Models” агентлагтай гэрээ байгуулах эрхээр шагнуулсан байна лээ. Тийшээ явуулах уу?

-Шагнал авсан байна лээ. Яг одоогоор яахаа шийдээгүй байна. Ирэхээр нь багш нартай нь ярилцаж байж шийднэ дээ.

Охин тань хэзээ эх орондоо ирэх вэ?

-Маргааш (өнөөдөр) ирнэ. Гуравдугаар сарын 24-нд Монголд бууна гэж байсан.

Блиц

Төрсөн он, сар, өдөр: 2000.10.16

Биеийн харьцаа: 87.62.89

Өндөр: 178 см

Орд: Жинлүүр

Сонирхол: Сагс тоглох, усан спортоор хичээллэх дуртай.


Categories
мэдээ цаг-үе

Цэрэнпилийн Гомбосүрэн: Дамдинсүрэн гуайг матсан Хэвлэл хянахын хорон санаатнууд толь бичгийн тэмдэгтэй эхийг хулгайлсан байх

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, нэрт гүүш Цэрэнпилийн Гомбосүрэнтэй уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Оросын зохиолч В.Астафьевийн “Хаан загас”, А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, “Айдас”, “Үнс чандруу”, И.Ильф, Е.Петров нарын “12 сандал”, “Алтан тугал”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвгүүд”, “Солиот”, “Хөвүүн заяа” зэрэг хорь гаруй сонгодог бүтээлийг эх хэлнээ хөрвүүлжээ. Мөн Лалын шашны хөлгөн судар “Коран”-ыг анх монголчилж, сонгодог утга зохиолын орчуулгыг шинэ шатанд гаргасан хэмээн үнэлэгддэг билиг төгөлдөр бичгийн хүмүүн билээ.

-Та овгоо Орхунт гэж бичдэг. Орхон гол гэхэд “о” үсэгтэй бичигддэг. Монгол бичигт үгийн хоёрдугаар үеэс хойших “о”-г “у”-гаар бичдэг байж болох юм. Зөвхөн овогт чинь гэхэд ямар нэгэн утга учир байна уу, үгүй юу?

-Овог гэдэг зүйл бидний үед тасарчихсан болохоор нэг их уламжилсан юм байхгүй л дээ. Маний үеэс хойш дуудагдаад явж байг гэх үүднээс нэг ийм үг зохиож тавьсан юм. Би Орхон голын хүү. Орхон мөрөн чинь Монголын хамгийн урт мөрөн шүү дээ. Орхон мөрнийг тойроод өчнөөн уул хангай байгаа. Би Орхоны Уньт гэдэг газар төрсөн юм. Орхунт гэж зөөлний тэмдэггүй байгаа нь бас учиртай. Уньт гэж сайхан хоолойн хойд талд олон хүүхэд тойруулчихсан шаазан Энх-Амгалан хаан сууж байгаа юм шиг Сант гэж сайхан хайрхан байдаг. Орхон гол, Уньтын хөндий, Сант хайрханы минь л үсгүүдийн нийлбэр байгаа юм. Сүүлд бодох нь ээ оновчгүй ч юм шиг санагдаад байгаа.

-Овог чинь зохиомол юм байна. Гэхдээ та язгуурын монгол хүний хувьд яг ямар овог аймгийн хүн бол?

-(инээв) Тэрийг ёстой мэдэхгүй байна. Газрын зураг дээр овог энэ тэр гээд тэмдэглээ л байна. Манай нутагт тэр нь алдартай овог гэж ярьж байхыг би л лав сонсоогүй юм байна. Би мэдэхгүй гэдэг нь өвөг дээдсийн уламжлалыг цаанаасаа тасалсантай л холбоотой. Социализм гээч юм чинь, мэдэхгүй, хаашаа ч янзын нийгэм байсан юм. Манай аав гэхэд л мянга есөн зуугаад оны эхээр төрсөн, бурханы ном үзсэн хүн байсан. Бурхан шүтсээр байгаад бурхан болсон. Ардын цэргийн албыг таван жил хаасан. Бодвоос хуучин монгол үсэг сурсан хүн байх ёстой. Тэрийгээ хэрэглэлгүй байсаар байгаад, нөгөө үсгийг нь үгүй хийсэн байх. Хажууд нь, шашин шүтлэгийн хувьд бүр зүрхэнд нь цус хуруулчихсан. Маньд “Манай хамаатан тэдэн онд явчихсан шүү дээ” ч гэж хэлж чадахгүй.

-Зүрхэнд нь ёстой шар ус хуруулчихсан үе байж дээ?

-Хуруулчихсан. Тээр хойно манай ээж л “Сайн лам нар байсан байлгүй яахав дээ. Том оо лам нар байж байгаад туугдаад явсан” гэж байсан.

-Та эцэг эхээс хэдүүл хүн юм?

-Бид нар долуулаа. Би айлын ууган хүү ухаантай юм. Дээрээ хоёр эгчтэй. Хүү гэдэг утгаараа том нь.

-Аав чинь үлгэр домог аль хэр мэддэг хүн байв?

-Өө тийм юм байхгүй. Манайх үхэр, хоньтой л айл байсан. Мал л маллана. Би гэдэг “сайн” хүү байна л даа. Аавынхаа талаар архив ухах гээд ерөөсөө чадахгүй юм. Аав цэргийн албыг 1925-1930 онд хаагаа болов уу. Зүүн хилээр элдэв туухай юм хараахан үүсээгүй байсан үе. Гучин хоёр оноос өмнө л гэж би тааж байгаа хэрэг. Манай аав их сайхан шүдтэй хүн байсан юм. Тиймээс Цэргийн үлээвэр хөгжим гээчид таван жил ямар нэг хөгжмийн зэмсэг үлээсэн шиг байгаа юм. Манай том эгчийн үгээр бол аавыг цэрэгт улираах гэсэн чинь бид буурай гэж дууддаг аавын ээж Хүрээ орж, өргөдөл чирэгдэл болсоор хувийн аж ахуйтан болгосон байгаа юм. Хөдөөний ард чинь сүүлд цагийн эрхшээлээр нэгдэлд орж хоньчин болсон. Аав, ээж хоёр үнэхээр сүсэгтэй. Тэр үеийн засгийн бодлогын дагуу бурхан тахилаа хад чулуу, агуйд хийсэн үү, би мэдэхгүй. Гэхдээ манай тэндхийнхэн чинь Эрдэнэ-Зууд аваачаад өгчихдөг байсан юм. Эрдэнэ-Зууд аваачиж өгсөн юм гэдэг хадгалагдана гэж байхгүй. Сэтгэлд нь л байхаас шороон дээр хаясантай утга нэг. Ээж маань яах вэ дээ, авдрандаа бурхан тахилаа нууж шүтнэ. Сүүлдээ жаахан гаргасан л даа.

-Ээж чинь их сүсэгтэй хүн байжээ?

-Манай ээж чинь “Дөрвөн уулын сан” тавина. Манийгаа ариулна, утна. Тийм хүн байсан. Аав бол дүнгэнэтэл маани уншаад байна. Гадны хүний дэргэд ганц маани ч унагахгүй. Цаг үе нь тийм байлаа даа, зайлуул.

-Та сургууль соёлын мөр яаж хөөв?

-Намайг хүн болж ухаан орсноос хойш манайх Архангай аймгийн Өндөрсант сумын айл байсан. Өндөрсант сумын бага сургуулийг 1951-1955 онд төгссөн хүн. 1956 онд манайх Өвөрхангайн Хужиртын айл болсон. Өвөлжөө, хаваржаа, зуслангийн буурь хэвээр ч Архангай, Өвөрхангай хоёр аймгийн хилийг өөрчилчихгүй юү. Орхоны хөвөөгөөр явж байгаа хилийг Орхоны хяраар болгочихоор Хужиртын айл болчихсон. Зургаагаасаа Хужиртын арван жилийн сургуульд ирж аравдугаар ангиа төгсөхгүй юу.

-Алдар нэртэй хүмүүсийг булаалддаг. Архангайнхан таныг Өвөрхангайтай булаацалдах уу?

-Аймгууд “Нэвтэрхий толь” гээд нэг юм гаргаад байна шүү дээ. Архангайнх дээр миний намтар байж л байдаг гэж байгаа.

-Ардын уран зохиолч Тангадын Галсан багштайгаа хамт уржнан жил нутаг явж байхад Сангийн далай нуурын зүг аян замын даллага, сэржим өргөж байхдаа “Халхын их Өндөр богд, суут хөгжмийн зохиолч Жанцанноров, билгүүн эрдэмтэн Чой. Лувсанжав, их гүүш Гомбосүрэнгийн минь нутаг даа” гэж түүхийн хичээл заах шахуу шивнэн шившиж байсан. Тэгж явахад Га багш таныг нисдэг тэрэг хөлслөн Чой багшийн шарилыг нутагт нь аваачиж байсан талаар ярьж билээ?

-Тийм. Шарилыг нь аваачиж нутаглуулсан юм. Өөрөө ч зайлуул, бие нь тааруу байхад “Ханхын цагаан овоонд нутаглуулаарай” гэж захидаг байсан юм. Сангийн далайгаас чинь баруун урагшдуу газар. Зуны эхэн сард бурхан болсон. Зам харгуй ч сайхан биш байсан болохоор нисдэг тэрэг гуйж, тэнд оршуулсан юм.

-Чой.Лувсанжав хэмээх хэлний эрхшээл эзэмшсэн, мэдлэгийн цар хүрээгээрээ Монголын гайхамшигтай эрдэмтэнтэй та хэдийд дотносч нөхөрлөв?

-Би 1967-1974 онд Улсын хэвлэлийн комбинатад ерөнхий технологич, үйлдвэрийн хэлтсийн даргаар найман жил ажилласан хүн. Чой багш “Монгол дээл, хэт хутгатай ирж оюутнууддаа хичээл заадаг” гэж тэр үеийн сэхээтнүүдийн дунд яригддаг байлаа. Бид хоёр, нэг намар айлд айраган дээр танилцсан юм. Мань хүн надтай танилцсанаа маш их олзуурхаж байна. “Англи хэлний өөрөө сурах бичиг” буюу алдарт хар номоо хэвлүүлэх гэтэл манай улсад хэвлэж чаддаггүй. Англи хэлний галиг тэмдэглэдэг зургаан тэмдэгт огт байхгүй учраас тэр л дээ. Мань хүн надтай танилцаад энэ учраа хэллээ. Тэр үеийн технологиор үсгийн тэмдэгт хийнэ л дээ. Эхлээд маш хатуу ган сийлдэг юм. Тэрэн дээрээ бүүр хатуу гангаар сийлж, тугалгаар цутгаж үсгийн тэмдэгт хийдэг. Ингэж ном-соёлын хамаатан садан шахуу юм болохгүй юу. Нарийн эдлэлийн сийлбэрчинтэйгээ Лу багшаа танилцуулж, галигийн зургаан тэмдэгтийг нь хийж, алдарт хар номыг нь хэвлэсэн байгаа юм. Хожим манай дүү тэдний хүргэн болчихдог гэж байгаа. Гэх мэтээр л ойр дотно явсан хэрэг.

-Та хэвлэлийн комбинатад хариуцлагатай, бас осолтой алба хашиж байж. Манай зарим зохиолч, сэтгүүлчид “Цэдэнбал даргын нэрийн “б” үсгийг хасаж гаргаснаас болж баларсан” гэдэг шиг ноцтой алдаа гаргаж байв уу?

-Бид үйлдвэрлэлийн инженерүүд гэдэг утгаараа тодорхой асуудал дээр л ёс суртахууны ч юм уу, аливаа хариуцлага хүлээх болохоос үг, үсгийн алдаа зэргийг хариуцсан хүмүүс нь л хүлээнэ. Бид эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн “Орос-Монгол толь”-ийн “1000 жилийн хүснэгт”-ийн хэрэгт л ороолдож байсан.

-Чухам юу болов?

-Тэр их сонин. Тэр үед Хэвлэл хянах газрыг главлит гэдэг байсан юм. Хэвлэл хянах газар номын эх болгоны хуудас бүхэн дээр тэмдэг дарна. Хэвлэхийг зөвшөөрлөө гэж байгаа юм уу, үзсэн гэж байгаа ч юм уу, тийм агуулгатай. Бид тийм тэмдэгтэй зүйлийг хүлээж аваад үйлдвэрлэлд оруулдаг. Нөгөө номыг хэвлээд, түрүүчийг нь дэвтэрлэж гаргаад явж байтал бөөн яриа үүсдэг юм. Ингээд бөөн юм болоод, главлитаас хэвлэхийг зөвшөөрсөн тэмдэгтэй эхээ хайтал олдож өгдөггүй. Бид алдсан хэрэгт холбогдож загнуулаад байдаг. Дамдинсүрэн гуайг дээш матсан Хэвлэл хянахын хорон санаатай улс л тэр эхийг хулгайлсан байх гэж би дотроо боддог юм.

-Улсын хэвлэлийн комбинатын хашаанд тэр Мянган жилийн литийг тасдаад шатааж байсан гэдэг бил үү?

-Би бол шатаалгагч, эрхэлсэн ажлынхаа дагуу хариуцна л даа. Тэр толийг гучин таван мянган хувь хэвлэсэн санагдаад байх юм. Зүгээр, цээжээр ярихад, тав зургаан мянга нь номын худалдаанд гарчихсан байсан. Тийм бүтэн хүснэгт бүхий номтой хүн өчнөөн бий.

-Би харин түүнийг л асуух гээд байсан юм. Ноднин яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын хамт явж байгаад хуучин номын худалдаанаас хүснэгт бүхий бүрэн толь худалдаж авч байсан юм л даа?

-Толийн хоёрдугаар боть нь шүү дээ. Миний бодох тоо бол тав зургаан мянга нь хэрэглэгчдийн гар дээр тарсан. Наана нь үлдсэн хавтасласан арван мянгаас урж хаяж буцааж нааж байлаа. Тэр арван мянган толь бол дээл нь томдсон хүүхэд шиг юм байгаа. Дэвтэрлэгээнд оруулаагүй хэсэг нь харин таарсан хавтастай толиуд болсон. Урж тасдсан хэсгээ Хэвлэлийн комбинатын хашаанд шатаасан. Дамдинсүрэн гуайн үг хүртэл байдаг биз дээ. “Берлин, Бээжин хоёрт ном шатааж байсан. Одоо Улаанбаатарт шатаадаг боллоо” гэсэн гашуун мөртлөө үнэн үг тэр үед л гарсан.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын шилдэг сумаар шалгарсан Сүхбаатарын Түмэнцогт

Түмэнцогт сумынхан баяр хөөрөөр дүүрэн байна. Нутгийн иргэд бие биедээ баяр хүргэж, “Манай Түмэнцогт сум бусад сумтай хийж бүтээсэн зүйлээрээ уралдсан гэнэ. Тэгээд хол тасархай түрүүлсэн байна. Манай сум улсын тэргүүний сум болохгүй юм бол өөр ямар сум болох юм бэ” гэж хоорондоо ярих ажээ. Мөн Түмэнцогт бүсийн шилдэг сумаар шалгарчээ гэдгийг сонсоод л нутгийн залуус нийслэлээс сумандаа ирцгээсэн байна. Залуус Засаг даргын Тамгын газрынхаа хамт олонд баяр хүргэж байна лээ. Түмэнцогт сумынхан баярт мэдээ дуулсан өдрөөс хойш хэд хоног ийм л баяр хөөрөөр дүүрэн байгаа гэсэн. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн Улсын тэргүүний сум шалгаруулах журам батлагдсан билээ.

Хоёр жил тутамд шалгаруулдаг уг шалгаруулалтад Хэнтий аймгийн Батноров, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийнТүмэнцогт сум өрсөлдсөн аж. Дээрх гурван сум Улсын тэргүүний сум болох 19 шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласан аж. Ингээд Түмэнцогт сум 106 оноогоор тэргүүлсэн байна. Улсын тэргүүний сумын болзол хангасан тохиолдолд 100 сая төгрөгийг Засгийн газраас өгдөг гэнэ. Түмэнцогт сум Улсын тэргүүний сум боллоо гэсэн мэдээлэл гарсны дараа “Хоёр мянга гаруйхан хүн амтай, өндөр барилга огт баригдаагүй талын жижигхэн сум ямар шалгуур үзүүлэлтээр улсын тэргүүний сум болсон юм бэ. Хэн нэгэн албан тушаалтны нөлөөлөл ороод ийм жижигхэн сум шалгарчихсан юм биш үү” гэж хардах хүн ч олон байна.

Орос ах нарын барьж өгсөн барилгуудыг өдийг хүртэл хэвээр нь байлгадаг

Тэгвэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд сүүлийн хэдэн жил их бүтээн байгуулалт хийгджээ. Нутгийн иргэд сумынхаа төвөөр сэтгэл дүүрэн алхах тийм л орчинг бий болгох ёстой гэх бодлын үзүүр тус сумыг хөгжүүлж эхэлсэн байна. Түмэнцогт сум бусад сумаас ялгаатай нь хуучны барилгуудаа зах зээлийн шуурганы үед бүрэн бүтэн аваад үлдчихсэн юм байна. 1954 онд Түмэнгийн сангийн аж ахуй нэртэйгээр сум үүссэн түүхтэй. Орос ах нар зүүн аймгуудад нэгэн хэв загвараар хоёр давхар арав гаруй барилга барьж өгсөн байдаг. Сургууль, цэцэрлэг, сумын захиргаа, соёлын төв, орон сууцны барилгын их бүтээн байгуулалтыг хийж, төвлөрсөн шугамтай болгож өгсөн аж. 1990 оноос эхэлсэн зах зээлийн шуурганд оросуудын барьж өгсөн барилгуудын ихэнх нь балгас болжээ. Сумын иргэд дулаан, халуун, хүйтэн усны шугамыг ухаж аваад хаягдал төмөрт тушаачихдаг. Суманд хийх ажилгүй учир хот руу явахдаа байшингаа нурааж тоосгыг нь зөөгөөд аваад явчихсан байдаг. Тэгвэл Түмэнцогт сумын үе үеийн дарга нар орос ах нарын хийж өгсөн их бүтээн байгуулалтыг тэр чигт нь зах зээлийн шуурганаас аваад хоцорчээ. Дулааны шугам сүлжээг ухуулалгүй, орон сууцны барилгаа хаалга, цонхноос нь эхлээд нураагаад авч явах гэж байхад нь нураалгалгүй үлдээчихсэн юм байна. Мөн төр захиргааны мэдлийн барилгуудад огт хувьчлал хийгдээгүй гэнэ. Хэдийгээр уурын зуух нь түлэх нүүрсгүй болж, паарнууд нь зад хөлдөж байсан ч гэсэн нүүрсний уурхайд өр тавьж амь залгуулсаар байсан аж. Түмэнцогт сум ингэж л балгас бололгүй явсаар өдий хүрчээ. Харин 2010 оноос хойш сум бага багаар өнгөө засч эхэлжээ. Гэхдээ сумаа хөгжүүлэх гэхээр хөрөнгө санхүү дээр тулаад л зогсчихдог байсан аж. Засгийн газрын сум хөгжүүлэх бодлогын хүрээнд сум хөгжүүлэх сангийн мөнгө орж ирэх болов. Хоёр мянга гаруйхан хүн амтай болохоор Түмэнцогтод төдийлөн хөрөнгө орж ирэхгүй байсан гэнэ. Тиймээс сумын удирдлагууд газраа эргэлтэд оруулж хөрөнгө босгоод сумаа хөгжүүлж болох юм байна гэж үзжээ.

Түмэнцогт сум сангийн аж ахуй, тариалангийн бүс нутаг. 20 гаруй жил огт ашиглагдаагүй тариан талбайгаа дуудлага худалдаагаар зарж эхэлжээ. Түмэнцогт хэзээнээсээ шим сайтай бор хөрстэй учир бороо хур элбэгтэй бол алтан сортой тариа халиурдаг гэнэ. Ингээд дуудлага худалдаагаар хоёр тэрбум гаруй төгрөг босгож чаджээ. Ингээд хөрөнгө, сум хөгжүүлэх сангийн хоёр тэрбум гаруй мөнгөө нийлүүлж байгаад дэс дараатайгаар бүтээн байгуулалтын их ажил хийгдэж эхэлжээ.

Хөгжлийн салхи сэвэлзсэн Түмэнцогт сумын өнгө төрхөө өөрчилсөн түүх

Сумын төвийн төв талбайн өнгө үзэмжийг сайжруулж бетонон зам тавьж, цэцгийн хүлэмжийг барьсан гэнэ. Хуучин моднуудын мөчрийг тайран цэцэрлэгжүүлжээ. Төв гудамжны талбайг зүлэгжүүлсэн байна. Дорнод аймаг руу явдаг засмал замаас урагш сумын төв орох хэсгээр сайжруулсан шороон зам тавьж, гэрэлтүүлэг хийжээ. Үүнийхээ дараа “Түмэн төгөл” нэртэй цэцэрлэгт хүрээлэн бий болгож, гурван мянган мод тарьсан байна. Усан оргилуур, амралт чөлөөт цагаа өнгөрөөх сандал, гэрэл гээд бүгдийг нь шийджээ. Мөн сумын төвийн баруун зүүн хэсэгт хүүхдийн тоглоомын талбайтай болгосон аж. Түмэнцогт сумын гэр хорооллын айлууд хашаагаа эмх замбараагүй барьчихсан байдаг. Муруй мухар гудамж олон байсан гэнэ. Иймд сумын Засаг даргын Тамгын газраас захирамж гаргаж бүх айлын хашааг нэг шугаманд оруулж цэгцэлчихсэн байна. Ингээд Хөвсгөл аймгийг дээрээс нь харахад айл болгоны хашаа эмх цэгцтэй харагддаг шиг л болгочихжээ. Сумынхан эхлээд хашаагаа татаж тэгшхэн болгохыг эсэргүүцэж хэл ам таталсан байна. Энэ болгонд сумынхаа иргэдийг загнах нэгийг нь загнаж, аргадах үедээ аргадаж байгаад хоёр сарын хугацаанд бүх гудамжаа тэгшлээд авчээ. Сумын төв хэсэгт өнгө үзэмж тааруу олон айл хашаа хатган буусан байсан аж. Мөн сумын төв дээр хашаатай болох хүсэлтэй малчин гэр бүлийнхэнд зориулан тусгай гэр хороолол барьжээ. Ингэхдээ хашааны зузаан банз худалдаж авч, нэгэн жигд өнгийн хаалга хийлгээд сумын төвийн баруун хойд хэсэгт 0.7 га талбайд хашаа барьж нэг гудамж бий болгожээ. Цахилгааны шугам татаж, шинэ шаргал банзаар хашаа хатгаж, адилхан хаалгатай шинэ гэр хорооллыг зах зээлийн ханшаас бага үнээр худалдаалжээ. Сумын төвийнхөн ч уралдаад л шинэ хашаа худалдаж авсан байна. Сумын төвийн хог хаягдлыг хуу хамаад хогийн цэг байгуулан тэнд асгаж эхэлсэн байна. Зуны дэлгэр цагт зүлэгжүүлсэн талбайд ногоо ургаж, цэцэрлэгт хүрээлэнд суулгасан зулзаган модод нахиалж, цэцгийн мандлаар гоёсон гэрэлтүүлэг бүхий гудамж ийнхүү сүндэрлэн босчээ. Ингэж л Түмэнцогт сум нүүрээ угаасан хүүхэд шиг болж өнгө зүс орсон байна. Хөрөнгө мөнгө байхгүй гээд л алгаа тосоод сууж байдаг сумдуудаас буйдхан сум ингэж л ялгарч, хөгжлийн гэрэл талын жижигхэн сууринд асчээ. Сумын удирдлагууд ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг хийгээд эхлэхээр айл өрхүүд ч дагаад хашаа, хороо, байшингийнхаа өнгө төрхийг засаад эхэлсэн байна. Хашаандаа мод бут тариад, хашаагаа оохордоод, олон жилийнхээ хур хогийг хогийн цэгт аваачиж хаяад цэмцийгээд эхэлжээ. Сумын иргэд шороо, ус зөөх, мод услах гээд л ажил болгонд тусалж хөрөнгө мөнгө гаргалгүй асуудлыг шийдсэн байна. Нутгийн иргэд “Та нар ингэж нойр хоолгүй зүтгэж байхад ингээд зүгээр суугаад байж болохгүй. Бидэнд хариуцлага байх хэрэгтэй” гээд л хүүхэд, хөгшидгүй гар бие оролцжээ. “Ажил хийж байгаа хүмүүст хоол унд хэрэгтэй” гээд хонь дүүрээд ирэх малчин олон байсан гэнэ. Хүн бүрийн сэтгэл зүрхэнд олон жилийн турш сумаа хөгжүүлэх юмсан гэсэн бодол дараатай явсан юм байна. Тэр бодол сэтгэл зүрх нийлэн гуравхан жилийн дотор олон ажил хийсэн байна.

Түмэнцогт сумын Засаг дарга “Манай сум бусад сум шиг улсаас юм аваад байдаггүй. Сургуулийн хүүхдүүд багтахгүй байна. 320 хүүхдийн сургууль бариад өг” гээд аймгийн төв, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны хаалгыг олон удаа татаж арай гэж төсөв батлуулсан байна. Өнөө жилдээ багтаад сурагчид шинэ сургуулийнхаа байранд орохоор болжээ. Бүр сумынхаа төвд гэрэлтүүлэг хийгээд зогсохгүй сүүлийн үеийн хөдөлгөөн мэдэрдэг камер хүртэл тавьжээ. Сумын төвийн хаана хэн, ямар улсын дугаартай машин, мотоцикль явж байгааг харах боломжтой болжээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Зогсчихсон байсан, үндэсний хэмжээний, хэрэгжих бололцоотой төслүүд хөдөлж байна

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Торонтогийн уул уурхайн чуулга уулзалтад оролцоод ирсэн зарим эрхэм “Дэлхийн уул уурхайн зах зээл сэргэх хандлагатай байна” гэж дүгнэсэн байна лээ. Монголд харин ямар байгаа вэ?

-Ерөнхий сайд муу хэлүүлэн байж, гэрч болоод хажууд нь зогсч Рио Тинто, Туркойз Хилл, Эрдэнэс Монгол гурван компани Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан шүү дээ. Тэрнээс өөр арга байсангүй. Зөв шийдэл болсон. Жилд нэг тэрбум долларын хөрөнгө орж ирнэ шүү дээ. Одоо Оюу толгой сонгон шалгаруулалт хийж эхэлсэн байна. Үндэсний компаниуд далд уурхайн бүтээн байгуулалтад оролцохоор бэлтгэж эхэлсэн. Компанийн засаглалаа сайжруулаад, хөдөлмөр, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны стандарт нэвтрүүлж байна. Олон улсын хэмжээнд тавьдаг шаардлагыг хангах талаар монголчууд өмнөх бүтээн байгуулалтын ажлаас мэдэрчээ. Хүлээлт үүссэн байна. Оюу толгойтой холбоотой сайн эхлэл байна. Бороо, Гацууртын алтны ордын асуудлыг УИХ хэлэлцээд, Засгийн газар ажлыг нь явуул гэсэн. Энэ бас хөдлөх нь. Дээр нь Шинэ Шивээ гээд Шивээ Овоогийн нүүрсний орд дээр бараг өнөөдөр Монголд хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчнээс хоёр дахин их эрчим хүч үйлдвэрлээд, Хятадад экспортлох төслийн яриа хэлэлцээр бэлтгэл ажил явж байгаа. Манай Засгийн газрын хүмүүс Хятадад ажиллаад, дараагийн таван жилийн төлөвлөгөөнд нь энэ талаар тусгуулахаар бодож байх шиг. Таван толгойн эрчим хүчний төслийн сонгон шалгаруулалт хийгээд ажил нь явж байна. Үндэсний хэмжээнд зогсчихсон байсан хөдлөх бололцоотой төслүүд хэрэгжих өнгөндөө орлоо. Нөгөө талаас эрчим хүчний болон коксжих нүүрсний манай ганц зах зээл Хятад гангийн үйлдвэрлэл, нүүрсний хэрэглээгээ хумьсантай холбоотойгоор манай нүүрсний борлуулалт их буурлаа. Мэдээж манай нүүрс үнийн хувьд өрсөлдөх чадвар муу, замаар тээвэрлэдэг учраас өртөг зардал өндөр, бүгдийг нь угааж баяжуулаагүй учраас чанарын доголдолтой, тогтмол нийлүүлэлт байхгүй учраас найдвартай ажиллагаа нь эргэлзээтэй байна. Энэ нь хувийн компанийн асуудал гэхээсээ манай төр засгийн бодлогын дэмжлэг дутагдаж байна. Дэмждэггүй юм гэхэд ядаж саад болохгүй байх ёстой шүү дээ. Нүүрс гэхэд үнэхээр өрсөлдөх чадвар байхгүй. Гаалийн хураамж гээд тонн тутамд нь далд хэлбэртэй татвар, тэмдэгтийн хураамж авдаг. Хятадад л тэр нүүрс шатна шүү дээ. Гэтэл тэрний төлөө Монголд хорт утааны татвар авдаг. Жишиг үнийн асуудал байна. Сая л нэг Засгийн газар, салбарын яам тогтоол гаргаад, гэрээний асуудал шийдэж байна л даа. Эрт хийх ёстой ажил. Гадаад талдаа гэвэл зэсийн үнэ тун удахгүй сэргэж магадгүй гэсэн хүлээлт байна. Алтны үнэ унахааргүй хандлагатай байна. Тийм учраас тодорхой, бэлэн болсон төслүүдэд хөрөнгө оруулалт бололцоотой байх шиг байна.

-Хайгуулын ажил зогссон гэсэн үү?

-Хайгуул бол дэлхийн хэмжээнд зогсчихсон байгаа. Хайгуулд хөрөнгө оруулалт хийх хүнд байна. Хэрэгжихэд бэлэн болсон уул уурхайн төслүүд дээр одоо хөрөнгө оруулахад ямар давуу тал байна гэхээр хөрөнгө оруулалтын өртөг тодорхой хэмжээгээр буурсан. Хөрөнгө оруулсан байхад үнэ сэргэхээр үйлдвэрлэл нь явчих бололцоо бий. Монголын хувьд хайгуул дөрөв таван жил зогсоод өнгөрсөн жил сэргэх нь гэсэн чинь явц нь удаан байна. Хамгийн хэцүү нь хайгуулын ажил зогссонтой холбоотойгоор геологи, хайгуулын компаниуд, тэдэнд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд, тосгон, гэр түлш шатахуун нийлүүлэх ажил бүгд зогслоо. Эдний хувьд хүнд байна. Эдийн засгийн бэрхшээл хямралын үед монголчуудад үүнээс илүү сайн явах бололцоо байсан. Үнийн өсөлтийг мөнхийн юм шиг санаад хамаг асуудлаа дордуулчихсан. Алдаагаа заслаа ч хөрөнгө оруулагчид эргэж ирэх итгэл сэргэх хэрэгтэй. Монголын хувьд Оюу толгойн асуудлыг шийдлээ. Гацууртад шийдвэрээ гаргачихлаа. Хаан ресурсын төлөх өрийг шийдсэн. Хөрөнгө оруулагчдын итгэл эргэж ирэхэд ийм бодит алхмууд хэрэгтэй байсан л даа. Энэ бүхэн монголчууд алдаа гаргавал засч чаддаг юм байна гэдгийг дэлхийд харуулж байна. Дэлхийн уул уурхайн байдал сайжраад ирвэл манайх ч наашлах сайн дохио.

-Хямралд бас давуу тал бий гээд байгаа?

-Эдийн засгийн хүндрэл бидэнд сургамж өглөө. Уул уурхай ярьдаг хүн бараг байхгүй боллоо. Шантаажлах хүн байхгүй боллоо. Ярих сэдэв ч байхгүй боллоо. Нам гүмхэн байж байна. Эрдэс баялгийн үндсэрхэг үзэл гэдэг чинь үзэгдэл байхгүй юу. Үнэ буурахаар алга болоод, үнийн өсөлтийг дагаад эргээд бий болдог. Үүнд бид дандаа бэлэн байх ёстой. Тэрний тулд бүх оролцогч нар уул уурхайн талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэж, хариуцлагатай уул уурхайг хэрхэн хөгжүүлэх талаар том сургамж авлаа. Бодлогын алдаа, тогтворгүй байдал юунд хүргэдгийг үзсэн. Энэ маань дараагийн мөчлөгт бэлтгэлтэй илүү ухаалаг хандах боломжийг олгож байна. Компаниуд удирдлагын тогтолцооны стандартуудыг нэвтрүүлж байна. Компанийн сайн засаглалыг нэвтрүүлэхэд анхаарч байна. Хөдөлмөр, эрүүл мэнд аюулгүй ажиллагааны чиглэлээр Уул уурхайн ассоциаци 15 дахь удаагаа “Нэн түрүүнд ХАБ” гэж хурлаа дөрөвдүгээр сарын 28-нд хийх гэж байна. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны олон улсын стандартыг Монголд хүлээж аваад хэрэгжүүлэхэд энэ таван жилийн хугацаанд том ахиц гарчээ. Компаниуд энэ талаар сайн ойлгоод, зөвлөх үйлчилгээ авдаг болсон байна. Компанийн засаглал, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаар энэ стандартууд дэм тус болно. Монголын банкны холбоо хамтраад ТоС гээд тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Бас л хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг мөрдөж, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалздаг болсон. Байдал хүндэрсэн үед хүмүүс ингэж нөхцөлөө сайжруулахаар ажиллаж байна.

Маш олон үндэсний компаниудын хувьд байдал хүнд байна. “Алтайн хүдэр”, “Энержи ресурс”, МАК гээд сайхан явж байсан компаниуд ч хүнд байдалд орлоо. Эд сайн ажилтнуудаа алдахгүйн тулд олон сараар хагас дутуу цалин өгч байна. Хүнээ явуулчихаж болдоггүй, хадгалаад байж болдоггүй. Аль аль талдаа хүнд байна. Үйлдвэрчний байгууллагууд жагсч цуглаад эсэргүүцээд, хэцүү асуудлууд их тулгардаг. Гэтэл үндэстэн дамнасан корпорациуд Бороо, Оюу толгой тухай тухайн үед нь эрсдэлээ бууруулаад, хүнээ цомхотгоод, асуудлаа шийдээд яваад байна. Манай үндэсний компаниуд хүнээ хадгалаад байдал сайжирч магадгүй, төр засгаас дэмжиж магадгүй гээд горьдоод байна. Ийм үед эрсдэлийг бууруулах, үнийн мөчлөгийн эсрэг арга хэмжээнүүд авч, аажуу тогтуу бодлоготойгоор аль аль талдаа хохирол багатайгаар явах ёстой. Асуудлыг хуримтуулахаар байдал хүндрээд байгаа. Зургаан сар хүнээ хадгална гээд цалин өгч чадахгүй бол маш том эсэргүүцэл жагсаал болно. Цалин өгөөд байхаар компанид татварын өрнөөс авахуулаад дарамт ирдэг. Энэ асуудлыг зах зээлийн эдийн засгийн зарчмаар шийдэж сурах хэрэгтэй.

-Хямралын үед ажилтан, ажил олгогч аль алинаа хохироохгүйгээр шийддэг бусад орны туршлага бий байх?

-Бусад оронд даатгалын систем нь байна. Манайд даатгал хөгжөөгүй. Хөдөлмөрийн хууль оновчтой зохицуулалтгүй байна. Ажил олгогч, ажилтны эрх ашиг тэнцвэртэй байх учиртай. Манайд бүдүүн тоймоор хэлбэл хулгай хийсэн, худлаа ярьсан хүнийг халж болдоггүй. Заавал шүүхээр явдаг. Тэр тусмаа уул уурхайн компаниуд хүнээ цомхотгох түр зогсоход яах ёстойг Үйлдвэрчний байгууллага, ажил олгогч нар хамтын гэрээ хэлэлцээрээр сайтар тохиролцсон байх учиртай. Хэлэлцээр хийдэг арга технологи, ур чадвар нь манайд сайн хөгжөөгүй байна.

-Нүүрсний хэрэглээг хумих талаар дэлхийн хэмжээнд яригдаад байна. Манай гол хэрэглэгч Хятад нүүрсний хэрэглээгээ танаж байна. Нүүрсний ирээдүй бүрхэг болж байгаа юм биш үү?

-Киотогийн протокол гэж олон жилийн өмнө гарсан. Өндөр хөгжилтэй, уул уурхайгаас бага хамааралтай, цахилгааны өөр эх үүсвэртэй орнууд нэг өөр. Нүүрсний хэрэглээ их, нүүрсийг эрчим хүчний зорилгоор ашиглаж байгаа орнуудад нэг өөр. Хятадууд хариуцлагагүй жижиг уурхайнуудаа өөрсдөө ч хааж байгаа. Манайхан нэг юм сонсоод түүнийгээ туйлын үнэн мэтээр шууд хүлээгээд авчихдаг. Тэргүүлж байгаанууд нь түрүүлж яваа, тэр хүртэл бусад нь гүйцэж очиход зай бий. Япончууд гэхэд л Таван толгойг сонирхох нь буураагүй. Коксжих нүүрсийг гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг. Автомашин үйлдвэрлэдэг Солонгос, Япон, Хятадад машинд хийдэг төмөр хийц хэвээрээ. Гангийн үйлдвэрүүдэд кокс хэрэглэдгээрээ л хэрэглэнэ. Хятад экспорт, импортоо хумихад Япон, Солонгос өөр зах зээл хайхад хүрч байна. Том Таван толгойн баяжуулсан, сайн чанарын нүүрс бол Өмнөд, Солонгос, Японд эрэлттэй. Хүргэх л асуудал байна.

-Нүүрсний уурхайнууд хаагдах, зарагдах үйл явц хэр их өрнөсөн бэ?

-Маш олон нүүрсний уурхайнууд зогссон. Зах зээл нь хумигдсан учраас нүүрс олборлоод зах зээлээ алдахгүйн тулд алдагдалтай үнээр нийлүүлээд ажилтнуудаа цалинжуулаад амь зогоогоод явж байгаа газрууд байна. Арай нэг их хэмжээгээр нүүрс олборлож байгаа нь том Таван толгой, Чалкогийн өрөнд олборлолт хийгээд явж байна. Хятадын зах зээл хамгийн ойр учраас нүүрсэн дээр сэргэлт гарах нь эргэлзээтэй байна. Найдаад горьдоод байж байна. Хятад таван жилийн төлөвлөгөөтэй хөгждөг , тэр төлөвлөгөөнд нь Монголоос түүхий эд авахаар тусгуулчихвал горьдлого бий. Гол өрсөлдөгчийн нөхцөлийг харахад Австрали татваргүй байхад манайх эрчим хүчний нүүрсэн дээр зургаан хувь, коксжих нүүрсэн дээр гурван хувийн татвар төлчихөөд, нийлүүлж байна. Тарифын хэлэлцээр хийж манай нүүрсийг Япон, Солонгосын зах зээлд хүргэх гэх мэт хийх ажил маш их байна. Мөчлөг гэдгийг одоо л мэдэрч байна. Үүний өмнөх мөчлөгийг манайхан анзаараагүй. Хувийн уурхай бараг байгаагүй. Ганц мэдэрсэн нь Эрдэнэт үйлдвэр. Гэхдээ улсын өмчтэй учраас хүчээр ажиллуулаад даваад л гарсан. Энэ удаагийн мөчлөгийн хэцүү хүндийг маш олон гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн уурхайнууд амсч байна. Ашиг малтмалын үнийн өсөлт бууралтын үечлэл хэзээ эхэлж дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй.

-Оюу толгойн алт, зэсийн үйлдвэрлэл нэлээд өсөлттэй гарсан байна лээ?

-Тийм. Энэ онд буурна. Ил уурхай доошлох тусам зэс алтны агууламж буурна. Үүнийг угтаж гурван жилийн өмнө далд уурхайн ажлыг эхлүүлээд өндөр агууламж руу орсон бол энэ өсөлт зогсохгүй л байсан. Оюу толгой 2016 оныхоо олборлох алт, зэсийн хэмжээг зарлачихсан. Тэрийг харвал аль аль нь буурч байгаа. ТЭЗҮ-ээс нь хүмүүс зардлыг нь түлхүү хараад байдаг. Далд уурхай ил уурхайгаа дэмжээд, нэг хоёр жилийн өмнө ажиллаж эхлэх байтал бид хөрөнгө оруулалтыг нь зогсоогоод гурван жил барьчихсан. Дэлхий дээр 200 жил энэ бизнесийг хийсэн үндэстэн дамнасан компани шүү дээ. Ямар төслийг хэзээ яаж хөрөнгө оруулж, ашиглахаа хэнээр ч хэлүүлэхгүй маш өндөр түвшинд судлаад эрсдэлээ тооцоод, хөрөнгө оруулалтаа шийдчихсэн байгаа. Тэрнийг бид энд ухаантай царайлаад мэтгэлцээд байх юмгүй. Хэн ч нүүрс ухаж чадна гээд байх юм. Налайхын нүүрсийг ухаж болно. Ухахдаа гол нь биш. Тэрнийг борлуулж ашиг олох гол нь. Байгаль орчинд ээлтэй олборлох тухай бас яригдана.

-Хүмүүс уул уурхай хөдөлбөл, эдийн засагт мөнгө орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Танд ямар өнгөтэй дүр зураг харагдаж байна?

-Оюу толгойн нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт орно. Түүний нэлээд хэсэг нь ханган нийлүүлэгч дотоодын компаниудад очно. Тодорхой хэсэгт сэргэлт авчирна. Үүнийгээ дагаад бусад төслүүд нь хөдөлнө. Цаг хугацаа л хэрэгтэй. Хямралыг дэвэргээд сүрдээд улам хямрахын оронд сургамж аваад, дараагийн хэцүү үе ирэхэд илүү мэдлэгтэй, зохицох чадвартай байх ёстой. Хөгжлийн жам ийм.

Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Дэлхийн уул уурхайн зах зээл сэргэх хандлагатай байна

Эрдэнэс МонголХХКийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

Том төслүүд урагшлахгүй байна гэсэн шүүмжлэл сонсогддог. Шалтгаан нь юундаа байна?

-Төслийг боловсруулах үе судалгаа, урьдчилсан ТЭЗҮ, ТЭЗҮ гээд их олон шат дамждаг. Энэ бүх шатанд зарцуулах мөнгө тухайн төслийн нийт төсвийн хөрөнгө оруулалтын 5-10 хувь болдог юм.100 сая ам.долларын төсөл байлаа гэхэд 10 сая ам.долларыг нь зарж байж төслийн санхүүжилтийг босгох боломж нээгдэнэ гэсэн үг. Том төслүүд явдаггүй гол шалтгаан нь төсөл боловсруулах шатандаа мөнгө зарж чаддаггүйд л байгаа юм. Энэ үе шатанд зарцуулах арван сая ам.доллар нь байхгүй учраас том төслүүд урагшилдаггүй.

Тэгэхээр арван саяыг гаргаж чадахгүй бол ерэн сая ам.доллар босгож чадахгүй гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. “Эрдэнэс Монгол” компанийн хийж байгаа хоёр ажлын нэг нь энэ. Нөгөөх нь компаниа компани шиг болгох. Хоёулаа мөнгө зарж байж хийх ажил. Үүнд зарцуулах мөнгийг босгох шатандаа явж байна.

Хаанаас яаж босгоно гэж…?

-Азийн хөгжлийн банк бол сүүлийн хорин жилд Монголын бүх л том дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлсэн газар. Монгол Улс энэ банкны хувь эзэмшигч. Тэр утгаараа тус банкнаас хөнгөлөлттэй зээл авч том төслүүдээ боловсруулах процессыг санхүүжүүлэхээр зорьж байна. Компанийг компани шиг болгоход зарцуулах хөрөнгийг ч энэ шугамаар шийдэхээр ажиллаж байгаа.

Хятад руу цахилгаан экспортлохШивээ энержитөсөл удахгүй хэрэгжих нь гэсэн мэдээлэл цацагдаад эхэлчихсэн. Энэ төслийн хувьд ямар шатандаа яваа вэ?

-Шивээ Овоогийн Хятад руу эрчим хүч экспортлох “Шивээ энержи” төслийн хувьд төсөл боловсруулах шатандаа явж байгаа. Тодруулж хэлбэл урьдчилсан ТЭЗҮ-ээс ТЭЗҮ боловсруулах шат руугаа орсон. Төсөл боловсруулах шатанд өрнөх ёстой процессын аль нэгийг нь алгасч болдоггүй.Тэгэхээр “Шивээ энержи”-гийн хувьд төсөл боловсруулах шатанд мөнгө хэрэгтэй гэж ойлгож болно.

Таван толгой төсөл яаж шийдэгдэх, энэ ордоо хэрхэн ашигтай ажиллуулах бол гэсэн хүлээлт нийгэмд бий. Таван толгой төслийг амжилттай үргэлжлүүлэх талаар сонгуулийн өмнө тодорхой шийдэл гарах болов уу?

-“Эрдэнэс Таван толгой”-н бизнесийн хувьд уурхайн аман дээрээсээ борлуулалтаа хийдэг. Тэр ч утгаараа нүүрсээ олон улсын зах зээлийн үнэд хүргэж борлуулах боломж муу. Бид уурхайн амнаас цааш, тэр дундаа хилийн цаана юу болж байгаа талаар боддоггүй. Уг нь хамгийн чухал нь маркетинг борлуулалт. Харин одоо хилийн цаадахаа сайн ойлгохыг зорьж байна. Тэгж байж Таван толгойн нүүрсийг яаж үнэд хүргэх вэ гэдэг асуултад хариу олно. Нөгөө талаас энэ компанийг яаж үр ашигтай ажиллуулах вэ гэдэгт анхааран ажиллаж байна. Муу бизнестэй бол орж ирсэн хүн бүхэн бүтээгдэхүүнийг маань хямдхан авахыг бодно. Харин сайн бизнестэй хүн хэнтэй ч ашигтай наймаа ярих боломжтой. Тэгэхээр “Эрдэнэс Таван толгой” гэдэг компанийн бизнесийг шинээр буюу дэлхийн стандартын дагуу явуулж байж бид хүнд байдлаас гарна. Дэлхийн зах зээлийг харвал хүн бүр л нүүрсний уурхайгаа зарж байна. Бидний хувьд зардлаа багасгаад бизнесээ сайжруулж, борлуулалтаа зөв хийвэл энэ хүнд үеийг давж чадна. Түүний дараа л том наймаа ярих болов уу. Таван толгойн хувьд Австралийн нүүрстэй чанарын хувьд өрсөлдөж чадах ч логистик тээвэр борлуулалтын гинжин хэлхээний хувьд тэдэн шиг сайн биш. Шинэ стандартаар бизнес явуулах хэрэгтэй гээд байгаа нь ийм учиртай. “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компани гэдэг утгаараа үр ашиггүй зүйл өчнөөн хийсэн байсан. Бүтэц нь гэхэд хэтэрхий данхайсан гэж ирээд шүүмжилж ярих зүйл олон бий. Гэтэл “Эрдэнэс Монгол” дэлхийн хэмжээний бизнес шүү дээ. Тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэх том компани хэрнээ дэлхийн хэмжээнд ажиллахгүй бол хоцроод хожигдоод дуусах аюултай. Тэгэхээр юуны өмнө шинэ технологи, шинэ менежментийн арга барил зайлшгүй шаардлагатай байгаа.

Таван толгойн нүүрсийг Хятад руу дажгүй үнээр гаргахын тулд заавал энэ улсын хөрөнгө оруулагчидтай хамтрах ёстой гэдэг. Дангаараа аваад явах боломжтой орд уу, эсвэл заавал хамтрах ёстой юу?

-Аливаа юманд хамтрахын тухайд хардаг гол зарчим бол ерөөсөө л бизнесийн ашиг. Бизнесийг хурдан томруулж, илүү ашигтай байлгахын тулд өөр хүнтэй хамтрах шийд гаргадаг. Нарийн тооцож үзсэний эцэст үнэхээр ашигтай бол хамтрах шийдвэр гаргахад ямар ч асуудалгүй. Бизнес томрох тусам эхлээд хийх хөрөнгө оруулалт нь их байдаг. Хөрөнгө оруулалтыг ганцаараа хийж чадахгүй бол өөр бусадтай хамтрахаас аргагүй. Ямар ч төсөлд мөрдөгдөх зарчим л даа. Уул уурхай гэдэг их урт процесстой бизнес. Судална, урьдчилсан ТЭЗҮ боловсруулна, дараа нь ТЭЗҮ-гээ жинхэнэ утгаар нь хийнэ, өчнөөн судалгаа, тооцоо, стандарт хангасны дараа хөрөнгө, санхүүжилт босгоно гэж ирээд яривал маш олон шаттай. Гэтэл бид зөвхөн нэг хэсгийг нь уул уурхай гэж төсөөлсөөр ирсэн. Энэ бүх процессыг хийж чаддаг болох ёстой л доо. Чадахгүй бол чадах хүнтэй нь хамтрах хэрэгтэй.

Том төслийг хөдөлгөхөд өчнөөн жил шаардана гэж ярьдаг. Жишээ нь Таван толгой байна. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд судалгаанд өчнөөн жил зарцуулах асуудал биш гэх юм?

-Оюу толгой 4.4 тэрбум ам.долларыг банкнаас зээлсэн. Маш их мөнгө. Төслийнхөө бүх процессыг амжилттайгаар хэрэгжүүлж, давж гарсан учраас энэ хэмжээний мөнгө босгож чадсан. Таван толгойн хувьд ч ялгаагүй, Оюу толгой төслийн туулсан бүх шатыг давж туулж байж хөрөнгө босгох боломжтой болно.

-“Эрдэнэс Таван толгой”-г компани шиг компани болгохын тулд хийх зүйл ч их байгаа шүү. Улс төрөөс хараат бус байлгахаас эхлээд…?

-Энэ компанийн эзэн нь Засгийн газар. Өнөөгийн засгийн хувьд “Эрдэнэс Монгол”-ыг компани шиг компани болгохыг маш их дэмжиж байгаа. Ний нуугүй хэлэхэд миний хувьд ийм боломж бий учраас л энд ажиллаж байгаа юм. Өмнө дурдсан хоёр ажлыг жинхэнэ утгаар нь амжуулж чадвал Монголын ирэх гуч, дөч, тавин жилийн эдийн засгийн суурийг зөв тавих том давуу талтай. Төрийн өмчит компани гэхээр давуу эрхтэй ч юм шиг, эсвэл хязгаарлагдмал ч юм шиг ойлгомжгүй дүр зураг ажиглагдаад байдаг л даа. Аль болох хурдан хугацаанд компани шиг компани болчихвол хэн хэндээ амар. Хувь нийлүүлэгч болох иргэдэд ч ашигтай. Компанийн хувьд улс төр гэж санаа зовохгүйгээр бизнесээ хийгээд явах юм. Компанийн захирлын тухайд компани нь хэр ашигтай ажилласнаар л үнэлэгддэг болно. Түүнээс компанийн захирал хэн болох нь өнөөдрийнх шиг аль нам засаг барихаас хамаарахгүй. Ийм зарчим руу очих гээд үзээд л байна.

Төрийн өмчит уул уурхайн компаниуд улс төрөөс хараат биш байх хууль эрх зүйн орчин нь бүрдчихсэн гэж ойлгож байгаа. Хууль эрх зүйн орчны хувьд өөр хийх зүйл үлдсэн үү?

-Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт орсон. “Эрдэнэс Монгол”-ын хувьд Компанийн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна гэсэн заалт багтсан. Энэ бол том шинэчлэл. Энгийнээр хэлбэл монгол стандартаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компанийг олон улсын стандартад аваачих ажлыг дэс дараатай хийж эхэлсэн гэсэн үг. Дахин хэлэхэд “Эрдэнэс Монгол”-ыг компанийн хуулийн дагуу ажиллуулна гэж байгаа нь маш том өөрчлөлт. Улс төрөөс хараат бус, бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулж чадах эсэхээ үзнэ дээ.

Хуулийн хэрэгжилт хэр байхаас шалтгаалах нь ээ?

-Ер нь тийм. Төрийн өмчтэй компани ядуу, зардал өндөр, олон хүнтэй байх ёстой гэх мэт янз бүрийн яриа бий. Энэ хандлагаасаа салах цаг болсон. Захирал нь компанийнхаа ашигтай үйл ажиллагаагаараа хариуцлага хүлээдэг болохын төлөө ажиллаж эхэлж байна. Компани ашигтай ажиллавал ТУЗ нь захиралтайгаа гэрээгээ сунгадаг, тохирсноо хийгээгүй, ашиг багатай ажилласан бол захирал нь хариуцлагаа хүлээгээд явах учиртай. Товчхондоо “Эрдэнэс Монгол”-ыг компани шиг компани болгох ажил эхэлсэн гэж ойлгож болно.

-“Эрдэнэс Монголгэснээс танай компанийг бэлээхэн байртай байж үнэ өндөртэй оффис руу нүүж их зардал гаргалаа гэсэн мэдээлэл цацагдсан. Зардал хэмнэх талаасаа хэрэггүй шийдвэр байсан юм биш үү?

-Шинэ стандартаар бизнес хийхийн эхлэл нь аюулгүй орчинд ажиллах, энэ ч утгаараа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн наад захын стандартыг хангасан оффист саяхнаас ажиллаж байна. Уурхай ч ялгаагүй аюулгүй байдал номер нэгт байх ёстой. Мэргэжлийн хяналтын газраас хуучин оффисыг газар хөдлөлтөд тэсвэргүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг хэдэн жилийн өмнө гаргаад, акталсан. Тэр байранд Монголын хамгийн том хөрөнгүүдэд менежмент хийнэ гээд суухаар ажил хэргийн яриа хийхээр ирсэн хүмүүс ойлгодоггүй байсан л даа. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай компанийн үйл ажиллагааг сайжруулах, зээл авах талаар яриа өрнүүлж байх үеэр нэг хүн “Та нар том хөрөнгө босгоод арвижуулж өгнө гэж яриад байдаг. Гэтэл дээрээс чинь тааз нураад таны амь эрсэдвэл яах вэ” гэж асууж байлаа. Бизнес гэдэг ийм нарийн, зээл олгож санхүүжилт хийх гэж байгаа компанийнхаа дотоод орчин, оффисыг хүртэл судалдаг байгаа юм.

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх болсон нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мэдээ болж чадаж байгаа болов уу?

-Дэлхий дээр уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа хамгийн том төсөл бол Оюу толгой. Тэр төслийн талыг нь барьчихсан. Одоо нөгөө талыг нь барих гэж байна. Оюу толгой дээр маш олон эерэг зүйл ажиглагдаж байгаа. Би сүүлийн хоёр сард нэлээд хэдэн улсад очлоо. Монгол гэхээр Оюу толгойг ярьж байна. Мэдээж Оюу толгойн хувьд дандаа эерэг жишээ болж яригдаж байгаа. Өмнө нь сөрөг жишээ болж яригддаг байсныг бид мэднэ. Эерэгээр яригдаж эхэлсэн нь Засгийн газрын сүүлийн хоёр, гурван жилд хийсэн ажлын үр дүн. Одоогийн байдлаар Оюу толгой төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын хувьд төлөвлөлт нь ид явагдаж байна. Барилгын ажил хийхийн тулд том гэрээнүүд хийгддэг. Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалт хийх компаниуд материалаа өгч, сонгон шалгаруулалтын процесс явагдаж байгаа. Тендерийн процесс явагдаж гэрээнд гарын үсэг зурж байж ажил эхэлнэ. Ил уурхайн үйл ажиллагаа тогтвортой явж байгаа. Энэ жил алтны агуулга багасч байгаа ч зардлаа аль болох танаж, компанийг алдагдалгүй явуулахад гол анхаарлаа хандуулж байна. Зэс, алтны үнэ унасан ийм үед зардал дээр онцгой анхаарахаас аргагүй. Энэ чиглэлээр олон ажил эхлүүлсэн.

Оюу толгой хөдөлчихлөө. Эдийн засагт нэлээд эерэг өөрчлөлт мэдрэгдэх болов уу гэсэн хүлээлт өндөр байна…?

-Хөрөнгө оруулалт гаднаас орж ирэх бүрт эерэг өөрчлөлт мэдрэгдэх нь тодорхой. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байх. Монголын эдийн засаг 2010 онд өнөөдрийнхтэй харьцуулахад гурав дахин бага байсан. Гаднаас 100 сая ам.доллар орж ирэхэд мэдрэгддэг байсан гэж болно. Өнөөдөр гурав дахин томорсон учраас энэ хэмжээний мөнгө орж ирэхэд мэдрэгдэхгүй л дээ. Тэгэхээр бүх юм нэг өдрийн дотор өөрчлөгдөнө гэсэн хүлээлт нэг талдаа гэнэн хандлага. Бизнес хийж байгаа хүмүүсийн тухайд бол мэдрэгдэж байгаа. Бизнес хийж байгаа хүний хувьд хамгийн гол зүйл нь мөнгөн урсгал. Компани нь орлого олж, тогтмол мөнгөн урсгалтай байвал цалингаа тавьж, татвараа төлж, боломжтой бол ашигтай ажиллана. Бид компаниудын мөнгөн урсгалыг тогтвортой байлгахын төлөө ажиллаж байгаа. Оюу толгойн бизнес томорсон учраас тэндээс маш олон бизнес мөнгөн урсгалаа хангах боломжтой. Гүний уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум ам.доллар зарна гэж төсөвлөсөн. Гүний уурхай дээр зарж байгаа нэг ам.доллар бүрийн 80 центийг монголын компаниудад, монголд зарна гэсэн зорилго тавиад ажиллаж байна.Таван жилийн өмнө Монголд байдаггүй бизнесүүд өнөөдөр бий болчихсон. Таван жилийн дараа бүр ч өөр болно. Тэгэхээр жил ирэх тусам гаднаас авах нь багасч, Оюу толгойгоос хүртэх өгөөж тэр хэрээр өснө гэсэн үг.

Манай улсын эдийн засагт нааштай зүйл ажиглагдаж байна уу?

-Бизнесүүд эдийн засаг дээшээ, доошоо болдгийг ойлгочихсон нь бидний маш том давуу тал. Тэд яаж амжилттай бизнес хийхийг ухаарч байна. Зардлаа багасгаж, мөнгөн урсгалаа тогтвортой байлгах тал дээр илүү сайжирч байна. Бүтээмжээ нэмэгдүүлнэ гэдэг олзуурхмаар сайн зүйл.

Та саяхан Торонтогийн уул уурхайн чуулга уулзалтад оролцоод ирсэн. Хөрөнгө оруулагчдын Монголын талаарх сэтгэгдэл ямаршуу байна вэ?

-Хөрөнгийн зах зээл дээр байгаа уул уурхайн компаниудын хувьцаа сүүлийн гурван долоо хоногийн турш харьцангуй тогтвортой, бага хэмжээний өсөлттэй байна. Канадад янз бүрийн мэргэжлийн хүмүүстэй санал солилцож явахад хүнд байдал эргэж байгаа эерэг сигналууд уул уурхайн зах зээл дээр гарч ирлээ гэцгээж байна. Хөрөнгийн зах зээлийн өсөлтийг онцолж байна. Өмнө нь маш олон компани үйл ажиллагаагаа зогсоож, санхүүжилтийнхээ бүтцийг өөрчлөх янз бүрийн хэлцэл хийдэг байсан бол өнөөдөр байдал өөрчлөгджээ гэж ярих хүнтэй олон таарлаа. Компаниуд шинэ хөрөнгө оруулалтын хэлцлүүд хийдэг болж. Дэлхийн уул уурхайн зах зээлтэй холбоотой ийм сайн мэдээ түгээд эхэлчихэж. Монголтой холбож ярихад манай улсын нэрийн хуудас бол мэдээж Оюу толгой. Засгийн газрын сүүлийн нэг, хоёр жилд явуулсан хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжсэн бодлогуудыг сайшаах хүн олон байна. Тогтвортой өсөлт, бизнесийг дэмжсэн бодлого явуулаад байвал болдог гэдгийг хөрөнгө оруулагчид зах зухаас нь харж эхэлж байна л даа. Уулзсан хүн бүр ерөнхий дүр зураг сайн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч сонгуулийн үр дүнг харж шийдвэрээ гаргана гэж байна. Өмнөх сонгуулиудын дараа бодлогод нэлээд өөрчлөлт гардаг учраас болгоомжилж байгаа юм билээ.

Categories
мэдээ цаг-үе

Малчны хотонд нялх төлийн дуу цангинах тал нутгийн хавар

Монголын хээр талд нялх төлийн дуу цангинаж байна. Ирж буй цагийн эрхээр хөх уулс цасан хөнжлөө “тайлж”, жалга судаг даган шар ус хоржигнон урсаж, нал шал болох ажээ. Шаргал өвс найгасан хээр талын энгэр дэх адууны захад гүү унагалж, хаваржаандаа буугаад удаагүй хот айлын бууцны хөлд хонь хургалж, ямаа ишиглэх. Эх дэлхийн эргэлтээр урин хавар айлчилж, бүх зүйлс үндсээ түрэн ургах ногоо шиг л шив шинэхнээр төлжин ургаж эхэлсэн цаг. Ийм л хаврын нэгэн өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумыг зорин гарав. Түмэнцогт сумаас чанх урагшаа хөндий талаар давхисаар Д.Амарбаатарын гэрийн гадаа очлоо. Гурван азарга адуугаа гэрийнхээ гадаа хураачихжээ. Том хүү А.Ганзул сунайсан урт уурга барьчихсан адууныхаа цаагуур орон давхиж яваа харагдлаа. Харин Д.Амарбаатар биднийг тосч ирэн мэнд мэдэлцээд гэр рүү нь хамт орцгоов. “Шинийн наймны билэгт сайн өдөр хотоос сурвалжлагч ирлээ. Та нарыг ирэхээс өмнөхөн хэдэн үрээгээ хөнгөлчихөөд сууж байна. Одоо нэг үрээ бариад авчих юм бол адуу хөнгөлөх ажил дуусах гээд байна” гэсээр угтав. Ийнхүү биднийг гэрт мэнд мэдэлцэж байтал “Хазаар хурдан аваад ирээрэй” хэмээн том хүү А.Ганзул нь хашгирах сонсогдлоо. Д.Амарбаатар ч ухасхийн гэрийн баруун хатавчнаас суран хазаар бариад гараад гүйв. Хангал эмнэг бололтой ухаа зээрд үрээг арай гэж оосорлож байна. Ухаа зээрд үрээний чихийг мушгиж байгаад чөдөрлөж, хатуу хийж унагаад хөнгөлөв. Хоёр төмсгийг нь суга татаж гаргаж ирээд “Өднөөс хөнгөн сумнаас хурдан эдгэх болтугай” гэх ажээ. “Хаврын хахир цагаар ийм эрт үрээ хөнгөлдөг нь яаж байгаа юм бэ. Ногоонд цадсан хойно хөнгөлдөг юм биш үү” гэж илүү үглэж яриа өдлөө. Гэрийн эзэд инээд алдаж байснаа “Өдийд үрээ хөнгөлчих юм бол хөнгөн байдаг юм аа. Дулаан орж, ногоо гарчихсан хойно хөнгөлсөн үрээнүүд өтөөд хэцүүддэг. Өдийд бол шарх нь ч хурдан эдгэдэг. Энэ жил хэдэн үрээгээ уях гэж байгаа юм” гэлээ. Зассан үрээнийхээ төмсгийг шарж байх зуур мал төллөлтийн талаар яриа өрнүүлэв. Д.Амарбаатарынх өнөө жил 900 гаруй мал тоолуулсан байна. Үүнээс 500 орчим нь төллөх гэнэ. 300 гаруй бог, 200 орчим бод мал төллөх ажээ. Арав гаруй үнээ тугалсан байв. Харин 200 гаруй ишиг, хурга том болжээ. Малчдын хэлдгээр ёстой л ид “асгаж” байлаа. Саравчны мухрын пүнзэнд ишигнүүдээ оруулжээ. Цаг агаар дулаахан, салхи багатай байгаа болохоор хургаа эхтэй нь хамт хаваржааны баруун хойно бэлчээрт гаргачихсан байлаа. Өнгөрсөн хавар Түмэнцогт сумын нийт газар нутгийн 90 гаруй хувь нь түймэрт өртсөн. Нутгийн айлууд түймэрт малаа алдаж хэцүүдсэн билээ. Тэгвэл түймэр гарсны дараахан хэд хоног усархаг бороо өдөр шөнөгүй орж ногоо суга суга ургасан гэнэ. Бүртийсэн хар тал төд удалгүй ногоорч, хүн малын зоо тэнийжээ. Өнгөрсөн жил Түмэнцогтод өнөтэй өвөл болсон гэнэ. Малчид ч хадландаа намар эрт гарч, өвс сайн бэлдэж авсан байна. Өнгөрсөн өвлийн цас, их хүйтний үеэр айлууд малаа хашаа хорооноосоо гаргалгүй боодолтой өвс тавьж өгсөөр урин цагтай золгожээ. Мал ч тарга тэвээргээ алдалгүй онд орж. Д.Амарбаатарынх гурван мянган боодол өвс намар бэлдчихсэн байна. Одоо мянга гаруй нь үлджээ. Ногоо гартал өдөр бүр малдаа тавьж өгсөн ч хангалттай хүрнэ гэдгийг гэрийн эзэд ярив. Ямар ч цасан шуурга болсон айх аюулгүй гэнэ.

А.Ганзул ишиг, хурганы уут үүрээд хонио хариулахаар явлаа. Гэрийн эзэгтэй Н.Цэцгээ ишгээ голсон хар ямаанд ишгийг нь авахуулахаар боллоо.Малчид мал төллөлтийн үед хэдэн хором ч малаасаа хөндийрч болохгүй. Хамгийн хариуцлагатай цаг үе. Малчид хонин сүргээ бэлчээрт байсан ч салахгүй дагаж, үхэр бэлчээрлэж байгаа газраа байнга харуулдаж, адуугаа өглөө оройд эргэнэ. Шөнө сэрэмжтэй хонож, хотонд хонь хургасах, үхэр гунганах чимээг алдахгүй сонсох ёстой. Гүү унагалах үеэр бүр ч их ажилтай. Үүр цайх болоогүй үнэгэн харанхуйгаар адууныхаа захад очно. Цасан шуургатай үед унагалах гүүний хажууд өнжинө. Ингэж цаг наргүй хөдөлмөрлөж байж бүтэн жил гадаа гандаж хөдөө хөхөрч хэдэн мал хариулж байгаагийн үр шимийг хүртэнэ.

АДУУЧНЫ ГЭРТ ӨРНӨСӨН ЯРИА

Д.Амарбаатар зээрд азаргандаа шинээр гүү тавих ажилтай. Зүүн бүсийн наадамд хэдэн удаа айрагдчихсан хурдан зээрд азарганд нь нутгийнхан гүү тавьж төлийг нь авдаг болжээ. Өнөө жил хүний, өөрийн нийлсэн найман гүүг зээрд азаргандаа хураалгахаар болсон байна. Зээрд азаргыг найман гүүний хамт хашаанд хийж орхив. Эндээс бид хурдан удмын адууны талаар ярилцаж эхлэв. Түмэнцогт сум хурдан адууны өлгий нутаг. Улсын наадамд гурав дараалан түрүүлсэн Улс халзан азарга, Ембүү хээр, Шуурган зээрд гээд л хурдан адууны талаар яриа далгэв. Нялх төлийн дуу хотонд нь цангинаж байгаа Д.Амарбаатар аймгийн алдарт уяач. 2008 онд аймгийн алдарт уяач цол хүртжээ. Түүний аав Доржсүрэнгийнх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын алдарт Хүүхэн шүүлэнгийн гэгдэх алдарт хурдан хээр адууны угшилтай юм байна. Харин өөрөө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул аймгийн алдарт уяач “Бураа” Ш.Пүрэвжавын угшлын адуутай гэнэ. Том жижиг 200 гаруй наадамд морь айрагдуулжээ. Сүүлийн жилүүдэд улс, бүсийн наадамд зургаан морь нь айрагдсан байна. Зүүн гурван аймгийнханд “Азарга сайн уядаг Д.Амарбаатар” хэмээн алдаршаад байгаа ажээ. Өвгөн ноёны наадам, “Нүүрэнтэй хурд” “Цэцэн хааны хурд”, Сүхбаатар, Дорнод аймгийн томоохон ойн баяр наадамд гурван цагаан азарга, зээрд, хүрэн азарга нь айрагдаж түрүүлсэн байна. Дандаа унаган адуугаараа уралддаг юм байна. Д.Амарбаатарынд саахалтын залуус ирлээ. Тэдэнтэй сүүлийн жилүүдэд улсын баяр наадам утгаа алдаад байгаа талаар яриа дэлгэв.

Монголын нэр алдартай уяачид, улстөрчид, бизнесмэнүүд нийлээд төрийн наадмын гол шүншиг цог хийморийг унтрааж байгааг тэд шүүмжлэв. Хаанаас нь ч харсан эрлийз адууг цэвэр монгол цустай гэж дайрсаар байгаад уралдуулдаг. Үнэтэй тариа тарьж хурд хүчийг нь нэмсэн эрлийз адуутай, борог өвс, шуудай тэжээлээр бордож, уясан монгол адуугаараа уралддаг. Яах ч арга байхгүй эрлийз адуу түрүүлдэг талаар ярив. Хэдийгээр тэр адуу нь эзэндээ нэр хүнд авчирч байгаа ч монголчууд үндэсний баяр наадмаар монгол адуугаа уралдуулж наадах нь сайхан, монгол наадмын шүншиг оршиж байгаа гэдгийг сум орон нутаг аймгийн уяачид сүүлийн үед ярьдаг болжээ. Мөн морин тойруулгын уралдаан Монголд хийх цаг нь болсон талаар ч ярих. Тэнд нь эрлийз, цэвэр цустай гадны морь уралдвал замбараагүй байдал үгүй болох байх гэж малчид ярьж байна лээ. Түмэнцогт сумаас баруун аймгийнхан хурдан адуу худалдан авах болжээ. Улс халзан, Ембүү хээр, Шуурган зээрд зэрэг олонд нэр алдар нь түгсэн адууны өлгийд дийлдэхгүй хурд бий хэмээн баруун аймгийн бэлэн мөнгөтэй залуус цувардаг болжээ. Наадамд огт уралдаж байгаагүй битүү үрээ угшил сайтай бол таван сая төгрөгт хүрдэг болсон байна. Залуусаас “Та нарыг хурдан адуугаа бусад аймагт зарчихаад өөрсдөө хурдан адуу байхгүй болж байгаа гэж олон хүн ярьж байна лээ” гэж асуутал бүгд инээх аж. Тэгснээ манай зүүн аймгийнхан хэдийгээр адуугаа үнэтэй зардаг ч саваа хэзээ ч зарж байгаагүй ард түмэн. Хурдан адуу гэдэг чинь сайн гүүндээ байдаг юм. Бид тэрийгээ хурдан адууны сав гэж ярьдаг. Сав нь нутагтаа байхад хурдан адуу хэзээ ч тасрахгүй шүү дээ. Бид ямар ч мөнгөтэй хүнд саваа зардаггүй юм” гэж хариулах ажээ.

Бага үдийн алдад А.Ганзул уут дүүрэн ишиг, хургатай ирэв. Хурга, ишгээ саравчинд үлдээгээд эргээд мордон давхив. Бэлчээрт улаан хүрэн үнээ нь тугалчихжээ. Тугал эх хоёрыг орой болохоос өмнө гэрийнхээ гадаа ойртуулахаар явж байгаа нь энэ аж. Д.Амарбаатар сүүлийн хэд хоног адууны захаас холдоогүй гэнэ. Хурдан буян олныг төрүүлсэн хээр гүү нь өнөө маргаашгүй унагалах гэж байгаа юм байна. Хээр гүүгээ унагалахыг нь хүлээж, өглөө үүрээр адуун дээрээ очиж, өдөржин адуун дээрээ өнжих болжээ. “Хааяа битүү хальстай унагалчихдаг юм аа. Яг унагалж байхад нь хажууд нь зогсож байгаад халуун чихийг нь атгаж авахгүй бол болохгүй. Хурдан буян төрөх ёстой “сав” байгаа юм. Эр унага төрөх болов уу гээд л горьдоод байна” гэлээ.

Нар баруун тийш хэвийжээ. Хотны хөлд бор толгойтой зусаг хонь хургалж байх ажээ. Тугалсан үнээнүүд мөөрсөөр айсуй. Хурга, ишгээ эхэд нь хөхүүлэх цаг болсон байв. Хашаанаас хурга, ишиг гаргах мөчид үр төлөө гэсэн ямаа, хонь, майлалдаж, эхийнхээ бүлээн сүүг хөхөх гэж тэмүүлэх нялх хурга, ишигний цолгиун дуу айлын хотонд хаврын найраг болон сонсогдох ажээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Хэтэрхий их ус уудаг хүүхнүүд бие дэх эрдэс бодисоо алдаж байна

Ус уух сайн гэдэг. Өдөрт дор хаяж хоёр литрийг ууж бай хэмээх нь бий. Энэ жишгийг хүүхнүүд голдуу дагаж байгаа байх. Яагаад гэвэл тэд толгойдоо ус их уувал турдаг, үгүйдээ л жин нэмэхгүй гэх ойлголтыг кодолчихсон. Гэтэл учир тоймгүйгээр их ус уух буруу гэнэ. Саяхан нэгэн эмчтэй уулзахад “Хүүхнүүд өдөр шөнөгүй л ус ууна гэх юм. Гэтэл сүүлийн үед залуухан бүсгүйчүүл зүрх өвдөж байна гэж ирдэг болсон. Үзлэг, оношилгооны явцад ус хэтрүүлэн уусаар байгаад бие дэх хамаг эрдсээ хөөгөөд гаргажээ гэдэг нь тодорхой болох юм” хэмээн халаглаж суулаа.

Аливаа зүйл зохих хэмжээнээсээ хэтрэхээр л бурууддаг даа. Түүнтэй адил хэд л бол хэдэн литрээр ус гүзээлээд байвал жин хасах биш харин ч өвчний үүр болж мэдэхээр байна. Тиймээс ус уухдаа учиртай ууж байгаарай. Тухайлбал, өдөрт хоёр литр ус уух гэж байгаа бол 16 цагаас өмнө 70 хувийг нь ууж байгаарай. Үлдсэн хувийг 19 цагаас өмнө уувал зохимжтой гэнэ.

Мөн хаврын тарчиг цагт хүний биеийн дархлаа суларч, амархан ядрах гээд байдаг. Энэ үед аль болох дан ус уухаас зайлсхийгээрэй. Үүний оронд аль нэг төрлийн цай хандалж ууж байвал хэрэгтэй амин дэмүүдээ хөөж гаргаад байхгүй гэнэ шүү.

Categories
мэдээ цаг-үе

Монголын хуулийн байгууллага тойрч сагсалздаг хав шиг санагдах юм

Монголын хуулийн байгууллагын сүүлийн хэдэн жилийн үйл ажиллагааг харахад тойрч сагсалздаг хав шиг санагдах боллоо. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эргэн тойрон дахь хүмүүсийг яалаа даа. Заримыг нь хэрэгт унагаж, эрүү үүсгэж, удаан хугацаагаар шалгаж, заримыг нь шоронд хорьсон. Төрсөн охин, хүргэн, зөвлөх Л.Гансүх, “Цэвэр агаар” сангийнхан, “Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч компанийн удирдлага, нягтлан гээд л холбоотой болгоныг нь шалгаж, барьж хорьсон. Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяаг “Цэвэр агаар” сангийн хэрэгт холбогдуулан шалгаж, мөн хүргэн Дэнзэнг нь “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж барьж хорьсон. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга байхдаа эхнэрийнхээ нэр дээрх компанийг Хятад руу нүүрс экспортлох тендерт ялуулсан зэрэг үндэслэлээр шалгасан. Зөвлөх байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэж шалгаж, шүүхийн шийдвэр гарснаар тэрээр одоо ял эдэлж байгаа. Мөн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан компанийн нягтлан Б.Мөнгөнтуяа хэмээх бүсгүй, тус компанийн удирдлага болох Даваажав нарыг барьж хорьж шалгаж үйлийг нь үзсэн. Үүний үр дүн нь юу байсан гээч. Зөвхөн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулах л байлаа. Санасандаа ч хүрцгээсэн.

Н.Энхбаярыг хорлохын тулд юу болов. Дүү, туслах, туслахынх нь ах, намын нөхөд гээд шалгаагүй юм алга. Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг нь интерполоор эрэн сурвалжилж, мөн шадар туслах Б.Тулгыг нь ах Б.Хуягтайгаа нийлэн нийслэлийн өмчийг завшсан хэмээн сэжигтнээр татан баривчилж байсан. Хууль зүйн дэд сайд байсан Э.Эрдэнэжамъяныг интерпол руу захиа бичсэн хэмээн шалгасан. Цаашлаад До.Чулуунбаатарыг мөн барьж, хорьж байлаа. Баривчлагдаж хоригдоогүй ч шалгагдаж байсан нь тоймгүй олон.

Лу.Болдыг сайдаас нь унагахын тулд дагасан болгоныг нь шоронд хийхээ алдсан.

Одоо Х.Баттулга гишүүнийг унагахын тулд хууль, шүүх цагдаа нь дээр, доороо ороод үзэлцэж байна. Хууль хяналтынхныг гартаа атгасан манай улстөрчдийн муудалцаан иймэрхүү янзтай өрнөж байна. Нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэлтэй энэ технологи одоог хүртэл үргэлжилсээр байгаа нь Х.Баттулгын эргэн тойронд ажилладаг, мөн ойр дотнын нөхдийг нь бүгдийг барьж шалгаж байгаагаас харагдана. Хамтран зүтгэгч А.Гансүхийг сэжигтнээр татан шалгаж, туслах, хувийн компанийг нь удирдаж байсан Г.Түвшинжаргал, Ш.Эрдэнэтуяа нарын хөхүүл нялх хүүхэдтэй бүсгүйчүүдийг барьж саатуулав. Мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяаг нэг хэсэг хорьж байсан. Одоо батлан даалтад байгаа. Дээр нь П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат нарыг интерполоор эрэн сурвалжилж байгаа.

Гадаадын иргэн, туслах, журмын нөхөд, нялх хүүхэдтэй бүсгүйчүүдийг ч бүгдийг барьж хорилоо. Энэ тухай Х.Баттулга гишүүн “Батзаяаг таван сар гаран мөрдөнд суулгаж тамласан. Дөрвөн залуу Монголдоо орж ирж чадахгүй интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Энэ дандаа надтай ажиллаж байсан залуучууд. Ингээд эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор хөхүүл эмэгтэйчүүд рүү нь орж байна л даа. Тэр туслах нарийн бичгүүдээс юу гарах юм бэ. Эрх мэдэл байхгүй. Эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор эмэгтэйчүүд тэр тусмаа хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг нь барьж сэтгэл санаагаар дайрч байгаа юм байна л даа” гэж хэлсэн. Үнэхээр ч хууль хүчний байгууллагууд хүнээр бол өөдгүй хулчгар, тойрч гүйгээд ойртож чадахгүй байна. Нохойгоор бол хазаж чадахгүй байж, хоосон боргоод тойрч гүйгээд байдаг хав шиг л сагсалзах юм. Томхон нохдоос айх хэрнээ ойртож чадахгүй дэмий л сагсалзаж тойроод гүйдэг биз дээ, хав. Тиймдээ ч хөхүүл хүүхэдтэй хүүхнүүдийг хэнэг ч үгүй “Оргон зайлж болзошгүй” гээд хорьчихож байна.

Үнэн хэрэгтээ Х.Баттулга гишүүн ч хууль хүчнийхэнтэй нийлж Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас унагах гэж түүнтэй холбоотой гэх жаахан охиныг шоронд хийж, амьдралыг нь үрж байсныг санаж байгаа биз. Гэтэл тэр технологи дахиад л өөр дээр нь давтагдлаа.

Цагдаа, шүүх, прокурор, АТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэсэн байгууллагууд нэг л ёозгүй. Цагтаа эзэн нь байсан, өөрсдийнх нь үйлчилдэг байсан өөрсдийг нь удирдан чиглүүлдэг байсан хүнээ ч эргээд барьж иддэг боллоо. Н.Энхбаярыг хаан шиг явахад үйлчилж байсан хэрнээ эцэст нь бас л барьж хорьж эргэн тойрныхныг нь шалгаад амар заяаг нь үзүүлэхээ байсан. Одоо ч дуусаагүй л байна. Энэ нь нийгмийг нийтээр нь ёс суртахуунгүй болгож байна. Хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэл суларлаа. Улстөрчдийн биенээ айлгаж, сүрдүүлж, шантаажилдаг хэрэгсэл нь хуулийн байгууллагууд болчихлоо. Угтаа хууль хүчний байгууллагууд нь жаахан гүргэр, хуулиа барьдаг болчихвол энийг дагаад нийгэм гайгүй эрүүл болох юм.

Яг үнэндээ айсан хэдэн хүүхэд, хүүхнүүд цагдаад юу ч хамаагүй ярьчихдаг. Энэ нь шүүхийн өмнө баримт болж чаддаггүй. Нарийн учир начрыг нь ойлгоогүй юм чинь тэр бүр баримтаар гаргаж ирж чаддаггүй. Н.Энхбаяр “Л.Цог надаас нэг сая доллар нэхсэн гээд байгаа. Харин ч гадаад дотоодынхонтой нийлж нэг сая доллар надаас Л.Цог нэхээд байгаа. Би тэр наймаа ярих үед нь гадны улсуудтай англиар ярьсан. Цог англи хэл мэдэхгүй байж юу ойлгоод надаас мөнгө нэхээд байгаа юм. Бидний хооронд ярьсан хэлсэн юм бий” гэж ярив. Яг үүн шиг баривчлагдсан хүүхэд, хүүхнүүд юугаа мэдэхэв дээ. Даргынхаа хэнтэй юу ярьсныг мэдэх ч үгүй. Яг тулаад хэргийн эзнийг нь барьчихалгүй тойроод байх юм. Хэрэв хэрэг үйлдсэн нь тодорхой юм бол хэргийн эзнийг нь шалгаад барьж хорих хэрэгтэй. Хэрэг хийгээгүй юм бол өчнөөн олон хүний амьдрал, ар гэр, цаг хугацаа, сэтгэл санаагаар наадаж, хуулиар далайлган айлгаж ичээн шантаажлах хэрэг юун. Хэдэн улстөрчдийн тоглоом болж эрх хав шиг сагсалзаж байхаар үндсэн ажлаа л сайн хий. Золиосонд нь олон айл гэр хэцүүдлээ. Олон залуус чирэгдлээ. Олон эцэг эх цөхөрч байна. Олон хүүхэд хохирч байна. Одоо наад технологийг чинь ард түмэн мэддэг болсон. Тэрнийгээ чадах гээд тэр нь ингээд байна. Тийм юман дээрээ л тохирч чадахгүй болохоор хариуг нь ингээд барьчихлаа гэлцэх болж. Ингэж ил цагаан хамаг технологи нь мэдэгдчихээд улстөрчдийн тоглоомын хүүхэлдэй болж байхад цаашид хуулийн байгууллагынханд хэн итгэх юм бэ. Иргэдтэйгээ яаж ёс суртахуун, хууль журам сахих тухай ярих болж байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Нацагдорж судлалын нэрт эрдэмтэн Чойжилсүрэнгийн ЖАЧИН

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хэлбичгийн ухааны доктор, эрдэмтэн зохиолч Чойжилсүрэнгийн Жачингийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Эл эрхмийг утга зохиолын хүрээнийхэн, ерөөс таньж мэдэх бүхэн “нандин нууцлаг” хэмээн тодорхойлох нь бий. Учир нь “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийг үүсгэн байгуулж, олон мянган багшийг бэлдэн Монголын боловсролд гавьяа байгуулсан хүн, Нацагдоржийнхоо эх бичгийн судалгаагаар эрдмийн зэрэг хамгаалж утгын их мэргэд дунд өөрийн гэх дэг сургуулийг бий болгосон түүнд бахархах зүйл олон. Гэвч тэрээр өнөө л даруу төлөв, хүнлэг зангаараа өөрийгөө хойш тавьж, бүтээж туурвихаа урьтал болгон Нацагдоржоо нарийвчлан судалж, сургуулийн цаг наргүй ажилд дарагдсаар яваа.

Ардын зохиолч Бөхийн Бааст гуайн 95 насны ойн хүндэтгэлийн ёслол дээр таарахдаа Жачин докторт өнжих хүсэлтэйгээ дуулгасан юм.

Нэг их цааргалалгүй, харин ч “Мань мэт шиг амьтан нь орж болдог юм уу даа” гэж хүлээж авсан нь өнөө л ясны даруу зантай нь холбоотой байж таарна. Циркийн зүүн урд талын “Гангар”-ын байранд хүрээд очлоо. Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа гуайтай хоёр талаасаа уулзаадахав. Жачин доктор Нямаа найрагчийг зориуд урьжээ. Тэр хоёр “Гурван-Эрдэнэ” сургуулиар, мөн Нацагдорж, Пагмадуламаар холбогдсон бичгийн мэргэд юм. “Нутаг холдчихоод уулзаж учирч чадахгүй юм. Түүнээс нэг байранд байхдаа гэр орноороо бишгүйдээ л орж гарч явсан. Би хааяа цонхоор харж зогсохдоо Жачингийнхыг бодож, дайлуулж цайлуулж явснаа санадаг юм” гэсээр Нямаа зохиолч жигтэйхэн сэтгэл хангалуулан сууна. Анзаараад байх нь ээ, тэд нэг нэгийгээ санасан нь илэрхий. Гэрийн эзэгтэй мэнд ус, цай цүй болох зуураа Отгонбаяр эгчийг (Нямаа гуайн гэргий) асууж сураглаж байна. Жачин докторын босгыг алхахад нэг л монгол ханхалсан, ерөөл бэлгэ оршсон сайхан айл санагдсан. Биднийг хүлээж суух зуураа гэрийн эзэн шагай мөлжөөд, түүнээ орхитол морь бууж харагдлаа. Надад нэг л сайхан бэлгэшээл төрөөд явчихав. Бага хүү Цогтгэрэл нь гэргий Золзаяагийн хамтаар аавындаа иржээ. Цогоогийн хүү Хаш-Эрдэнэ гэж зүггүй барам байна. Мөн Жаргалан гэж эмээ, өвөөгийн эрх охин байна. Тэр хоёр “аварга”-ыг өвөө нь төрийн шагналт Долгорын Нямаад үнсүүлчих санаатай хэд хэдэн удаа дуудлаа. Хаш-Эрдэнэ ширээн доогуур давхиад л Нямаа зохиолчийн өвөр дээр суугаад авна лээ.

“Тэр жил Гаадамба багш намайг гэртээ урилаа. Оройн хоол ид гэдэг юм. Хоёр охиноо дагуулаад очлоо. Га багш намайг гэртээ урьдаг нь учиртай. Тухайн үед Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнтэй манай гэр ойр байсан. Га багш өдрийн унднаар манайхаар ирнэ. Жачингийн хоолыг олон идсэн. Гэртээ нэг орой ч болов урьж байгаа минь энэ гэж инээд алдсаар угтсан. Охин Саран нь тогооч юм байна. Сүрхий хоол бэлдчихжээ. Тэгтэл Га багшийнд Цэндийн Дамдинсүрэн гуай ороод ирдэг юм. Хоёр охиноо үнсүүллээ. Дамдинсүрэн гуай малгайгаа хойшлуулж байгаад үнсэж билээ” гэж эрдэмтэн зохиолч маань өгүүлж байна. Хашаа, Жаргалан хоёрыг Нямаа гуайд үнсүүлэхтэй зэрэгцээд тийм яриа өрнөөд явчихсан.

Жачин доктор Булганы Сайхан сумын Хулжийн голын хүн. Жинхэнэ Монголын брэнд болсон айрагны эх нутаг. Удам гарал ус нутгийнх нь тухай асуухад, ижийнхээ төрсөн ах Чойжилсүрэнгээр овоглосноо дуулгалаа. Харин дунд сургуулийг Архангайд төгсч, улмаар Архангайн багшийн сургуулийг дүүргэсэн байна. Насныхаа ханийг ч Арын хангай нутгаас авчээ. “Тэр сайхан ус нутаг, хангай надад өлзийгөө хайрласан” гэж сэтгэл дүүрэн бахтайхан хэлсэн. Эл үгнийх нь залгаас болгож “Жачин чи Архангайгаас тун дажгүй хүүхэн авсан даа” гээд инээдэм хөгжөөн болголоо. Гуравдугаар ангийн хүүхэд Архангайн Хайрхан сум, Хайрхан уулын бараанд аж төрөхөөр явахад Хулжийн голынхон найр наадаан болж бэлэг сэлт, өвгөдийн сургаал, уртын дууны нургилсан шуранхайгаар үдсэнийг хэлж байна. Арван хэдэн хүүхэд төрүүлж, бүгдийг нь эрдэм мэдлэг, хүнлэг сэтгэлтэй болгож өсгөсөн ижийгээ (Должинсүрэн) сэтгэлдээ нулимстай дурсч суусан.

Зүүн гараас Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, Дондогийн Цэвэгмид,
Ч.Жачин нар

Ах дүү нарын зарим нь Хайрханд, зарим нь Сайханд байдаг гэсэн. Гэрийн эзэн Долзоо гээд гэргийгээ зөөлнөөр дуудна. Эрдэм төгс түүний яриа сэтгэл бүлээцүүлэн ундрах ажгуу. Нямаа зохиолч бид хоёр Сайхан сумынх учир олимпийн аваргын тухай асууж орхисон. Ээжийнх нь удам гарлыг Жачин гуай сайн мэддэг юм билээ. Мундаг Цэвээн гэж хүнээс гаралтай гээд багагүй ярилаа. Х.Эрдэнэт-Од гавьяаттай олимпийн аваргынх хамаатан садан улсууд гэнэ. Тэр зуурт “Би Эрдэнэт-Одод хайртай” гэж Нямаа ах сүрхий гэгч дуугарлаа. Нэг л учир байна даа гээд төрийн шагналт зохиолч руу хандахад “Би амьдралыг амттай болгож амьдрах дуртай гэж Эрдэнэт-Од зурагтаар хэлэхийг нь сонсоод баяр төрж байсан” гэв. Түүнээ хоёрдугаар эмнэлэгт таарахдаа гавьяат тамирчин бүсгүйд хэлсэн гэсэн.

Ийм л яриа хөөрөө болж, Долзоо эгчийн цагаан тос, хайлмаг тэргүүтнийг амтархаж байх зууртаа Жачин доктороос Нацагдоржтой холбогдсон хувь заяаных нь тухай асууж орхисон юм. Тэрээр яриан завсраа Нацаг гуай хүнийхээ хувьд тун сайн хүн байжээ гэдэг нь олон зүйлээс харагддаг. Ганцхан жишээ хэлэхэд, “Энэ Нацагдорж орчин үед Монгол Улсад хэрэгтэй хүн болох учир цалинг нь нэмж өгье” гэж их Нацагдорж маань эрдэмтэн Шагдаржавын Нацагдоржийг бага залууд нь тодорхойлж байсан байна. Тэрхүү тодорхойлолтыг бүр сүүлд архивын материалаас Шагдаржавын Нацагдорж гуай олсон байдаг. Айхтар хүн учир хүүхдэд өөрөө хэлээгүй байна л даа гэв. Ингээд яриа маань гарцаа байхгүй Дашдоржийн Нацагдоржийн тухай шуударлаа. “Далан зургаан онд Нацагдоржийн мэндэлсний 70 насны ой тохиолоо. Багшийн дээд сургуулиас оюутнуудын дунд уралдаан зарласан юм. Манай ангийнхан хоёрдугаар байр эзлээд Нацагдоржийн төрсөн нутгаар аялахаар болов. Аман зохиолын Дашдорж багш биднийг дагуулаад Баяндэлгэрт очсон. Дашдорж багштайгаа бүтэн сарын хугацаанд төрсөн нутгаар нь явсан. Далан найман онд Нацагдорж судлаач Балдангийн Содном гуай өнгөрч хүрээлэнд ажиллаж байсан залуучуудаас Амгаагийн Лувсандэндэв захирал монгол бичгийн шалгалт авдаг юм байна. Учир нь Нацагдоржийн гар бичмэлтэй ойртуулах гэж тэр. Содном гуайд Нацагдоржийн гар бичмэл хадгалагдаж байсан. Ингэж би гэдэг хүн их Нацагийнхаа гар бичмэлийг анх нүдээр үзсэн. Нацагдорж гуайд бичихгүй цаг гэж байгаагүй юм билээ. Зохиолч бүр тийм байдаг эсэхийг сайн мэдэхгүй юм. Гуанзанд хоол идэж байхдаа ч, шөнө амарч байгаад гэнэт сэрээд, бүр халмаг согтуу үедээ ч, шоронд, эмнэлэгт байхдаа ч бичнэ. Германд сургууль төгссөн цагийг яс барьдаг боловсролтой байсан учир гар бичмэл дээрээ он, сар өдөр, цаг минутаа, мөн хаана бичсэнээ тодорхой тавьдаг байсан. Шоронд байхдаа 16 дугаар өрөөнд гэдгээ ч тодорхой бичсэн байдаг. Гучин нэгхэн насалсан Нацагдоржоо монголчууд хоёр удаа шоронд хийсэн юм шүү дээ” хэмээн яриа үргэлжилсээр. Энэ зуурт Нарангэрэл охин нь Японоос холбогдож, аавдаа мэнд хүргэн ярьж байна. Аавын охин бололтой их л аминчирхан ярьж байгаа сонсогдсон. Долзоо эгч жигтэйхэн чамин шоколадаар биднийг дайлсан нь Японд байгаа охиных нь явуулсан бэлэг ажээ.

Нацагдорж судлалын нэрт эрдэмтэн “Тэргэл сарыг үзэхүй”, “Эрх чөлөөг хүсэхүй” гэсэн шоронгийн шүлгүүдийн нэрэнд нь эргэлздэг байна. Нацагдорж гуай хэзээ ч тийм гарчиг тавьж бичих хүн биш гэж боддогоо хуваалцсан юм. Сүүлд Содном гуай юм уу, хэн нэгэн хүн гарчиг өгсөн байхыг үгүйсгэх аргагүй гэлээ. Мөн “Шувуун саарал” туурвилынх нь эхийг хуучин бичгээр уншихад жороо мориор галигуулж байгаа юм шиг яг л тэгж уншигддагийг, ямар их сэтгэлийн хөөрөл, онгод билгээр цалгин туурвисныг бахдан хэлээд “Яах аргагүй бичгийн сод хүн байжээ” гэж дуун алдаж байлаа. Нацагдоржтой хувь заяагаа холбосоор 40 жил болсон байна. Энэ онд мэндэлснийх нь 110 жилийн ойд зориулан таван ном гаргахаар зэхсэнээ хэлсэн. Жачин докторыг тийн хэлэхүйд Долгорын Нямаа гуай босч баяр хүргэж байлаа. Эрдэмтэн зохиолчийн 40 жилийнх нь хөдөлмөр, судалгаа гээд бодохоор ямархан ланжгар номууд байх нь мэдээж. Нацагийнхаа үг бүрийг судалснаа хэлж байсан. “Монголчуудын цээжинд хадгалаатай явдаг “Миний нутаг” шүлэгт “Алтан нарны туяанд энхжин тогтсон орон, мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар” гэж байдаг. Гар бичмэлийг нь нарийн сайн үзтэл тогтсон биш тогтносон гэж байдаг. Энэ бол гайхамшигтай үг. “Монгол бол тусгаар тогтносон улс шүү” гэдгийг Нацаг гуай эрт хэлчихэж. Гэтэл түүнийг тогтсон болгож энэ олон жил явж байгаа нь харамсмаар. Ийм өч төчнөөн үг бий. Би гэдэг амьтан ганц нэг үг хөөцөлдөөд яваад байгаа шиг бусдад харагдаж магад. Гэвч ганцхан үгний цаана ямар их агуу зүйл оршино. Ямар том утга, билиг билгүүн агуулагдана вэ. Явуугийн “Холоос гүйдэлтэй борлог минь сулдаа ганхам жороо доо” гэдгийг сульдаа гээд буулгачихвал юу болж хувирах билээ гэж нүдний шилнийхээ цаанаас нухацтай нь аргагүй харж байна. “Хэлхээгүй сувд” зохиолд гардаг нэг үгийг Содном гогдолдоно гэж уншсан бол Дожоогийн Цэдэв хутгалдан гэж уншжээ. Харин Жачин аль алинд нь итгэлгүй худалдан гэж уншсанаа сонирхуулсан юм. Үндсэндээ тухайн өгүүлбэрийг Дариймаагийн хүмүүжилд худалдан гэж тайлжээ.

Төрийн шагналт Долгорын Нямаагийн “Тэнгэрийн хаяа” дурсамж дурдатгалын номыг зохиол бүтээлийн зах зухаас атгасан бүхэн ширээний номоо болгон уншдаг. Гайхмаар цэцэн цэлмэг, ончтой үг хэллэгтэй, баримт сэлтэд тулгуурласан баялаг мэдээлэлтэй, аливааг яаж онож хэлж болохыг чухам харуулсан бүтээл. Тэгтэл уг бүтээл Жачин докторын үүсгэн байгуулсан “Гурван-Эрдэнэ” багшийн сургуультай холбогддог байгаа. Нямаа зохиолч Жачингийнхаа урилгаар тус сургуульд 12 жил цагийн багшаар ажиллажээ. Багш болох оюутнуудад хичээл зааж явахдаа угийн чамбай хүн учир “Тэнгэрийн хаяа”-гаа бичсэн байна. Тэгээд зогсохгүй Пагмадуламын тухай баримтат зохиолоо туурвисан удаатай. “Зохиолчийн намтар судлал гэдгийг Жачингийн сургуулиас би олж авсан” гэсэг нь үүнийг нотолно. Нэг удаа Нямаа найрагч уран зохиолын хичээл дээр Жачин захирлыг өөрийг нь “чихдэж” авчраад Нацагдоржийн тухай яриулжээ. Нацагдоржийг Жачингаар, Лодойдамбыг Бажуудайн Ганбатаар заалгаж, жинхэнэ судлаачдынх нь үгийг оюутнуудад хүргэж байснаа дуулгасан юм. Уг хичээл завсарласны дараа оюутан охин Нямаа зохиолчоос “Пагмадуламын тухай сонирхон асуужээ. Тэр охины үг Пагмадуламын тухай бичих сэдлийг төрүүлсэн гэдэг.

Архангайн багшийн сургуулийг далан онд дүүргэх жилээ насныхаа ханьтай учирснаа гэрийн эзэн цухас дурслаа. Тэр яриаг сонссон Долзоо эгч “Далан зургаан онд Нацагдоржийн ойгоор бид хоёр чинь гэр бүл болсон” гэж гал тогооныхоо өрөөнөөс дуулгав. Жачин докторын ангийнхнаас нь Боловсролын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Мишигжав гээд лут хүмүүс дуулдана. Түүнд нэг хэсэг Горькийд сурч байсан үе ч бий гэнэ. Харин боловсролын суурь мэдлэгийг олгосон газар бол Архангайн багшийн сургууль гэж тодотгосон. Мянга гаруй шагайтай, “морь мал”-аар жигтэйхэн баян айлд Сайханых нь айргийг хүд хүд залгилж суулаа. Хүрэн шаргал хул аяганд айраг мэлтэлзүүлэн суухуйд гэрийн эзэн “Наад аяга чинь Намхай аваргынх” гэдэг байгаа. Сайханы Угалз, Цөнгөрөгийн голоор нутагтай Түшээт ханы домогт их хүчтэн Намхай аваргын цай ууж байсан гэх энэхүү хул аягыг нутгийнхаа Лүндэн гэж хүнээс Жачин доктор мөнгө хатуу цагт багагүй хэдэн төгрөг тоолж өгөөд авч байж. Нутгийн их хүчтэний аяга гэхээр их л бэлгэшээлтэй санагддаг юм гээд зөөлнөөр инээвхийлж харагдсан. Аргагүй л утга соёлын нандин өв болсон айл гэдэг нь энэ мэт юухан хээхнээс ч болов анзаарагдана.

Бага охин нь гэр бүлтэйгээ ирж, хайртай зээ хүүг нь өвөөд нь үнэрлүүлээд ээждээ тусалж байна. Бодох нь ээ, манайд зочид ирсэн гэж гэрийн эзэгтэй хүүхдүүддээ дуулгасан бололтой. Ээлж дараалан ирж байлаа. “Манай хүүхдүүд гэр ойр” гэж аав нь хэлж байсан. Тэгэхээр халуун бүлсэг айл байх нь. Бага охин Сарангэрэл анагаахыг төгсөөд Солонгост мастер хамгаалсан байна. Одоо нэгдүгээр эмнэлэгт ажилладаг гэнэ. Бидний яриа үргэлжлээд Цэндийн Дамдинсүрэн гуай руу хэлбийлээ. Далан найман онд Дамдинсүрэн гуай Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, туслах нь Жачин доктор. Багшийнхаа гараар бичсэнийг нь машинаар бичдэг тийм ажилтай. Овсгоо муутай, эрдэм чадал тааруутай хүн учир Дамдинсүрэн багшийнхаа эрдмээс олигтой авч чадаагүй дээ гэсэн. “Дамдинсүрэн багшийнд хэзээд ч яваад очиход хуучны судар уншаад сууж байна. Нэг сонин түүх хэлье л дээ. Наян нэгэн онд Цэдэнбал дарга баруун аймгуудаар явахад “Монгол Улс бол дорно дахины хамгийн хоцрогдсон улс байсан” гэж хэлжээ. Түүнийг олоодох гэлээ. Бал даргын хэлсэн үг ном болоод хэвлэгдчихэж. Ховдын төв дээр шиг санагдана, уулзалт хийхдээ яалт ч үгүй тэгж хэлсэн байна. Үүнийг Дамдинсүрэн гуай Шинжлэх ухааны академийн 60 жилийн ойн хурал дээр тасхийтэл хэлсэн дээ. Тэгэхдээ Бал дарга гэлгүйгээр манай залуучууд Монгол бол дорно дахины хамгийн хоцрогдсон орон гэж хэлж байна. Харин саяхан манай улсад зочилсон Лаосын ерөнхийлөгч “Монгол бол дорно дахины эртний соёлтой орон гэж хэлсэн. Би түүнтэй санал нэг байна” гэлээ. Тухайн үед би айж л байлаа. Дамдинсүрэн гуай Монгол бол соёлын өв их уламжлалтай улс гэдгийг олон жилийн судалгааны үр дүнд итгэл төгс мэдэрсэн хүн. Мөн Цэдэнбал ч байна уу, хэн ч байна уу, хэлсэн үгийнх нь хариуд дуугүй байж чадахгүй зоригтой эх оронч байсан” гэдгийг уг жишээгээр баталсан. Да багшийнхаа эрдэм шинжилгээний анхны түүврийг нь Жачин доктор хийж байсан түүхтэй.

Гэрийн эзэгтэй бага хүүгээ зааж “Гаадамба гуай манайд ирэхээрээ Цогоотой их тоглоно. Танай аавд ийм пиво байхгүй, ийм сахал байхгүй гээд л цаашлуулна. Цүнхэндээ пиво авч явдаг, түүнийгээ хоолны даруулга болгож уудаг хүн байлаа” гэв. Гаадамба гуайг төрийн шагнал хүртдэг тэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Жачин доктор өнөө Цогоо хүүгээ дагуулж очин золгож байснаа дурссан юм. Тухайн агшинд Монголын оюун билгийн их мэргэдтэй сэтгэл ойр явсных нь буян байлгүй, Нацагдорж судлалын гаргуун эрдэмтэн болоод Монголдоо төдийгүй дорно дахины судалгаанд нэртэй төртэй эрдэмтэн болжээ гэх бодол төрж байсныг нуух юун.

Тэрээр утга зохиолд ойр явсан хүмүүсийн нэг нь Жагдалын Лхагва. Түүний дурсгал болгож Лхагвынхаа тухай ном бичсэн байдаг. Цэндийн Доржготов гуайг машид их биширч уншдагаа, дараа үеийн залуусаас Л.Өлзийтөгсийг их үнэлдгээ хэлж байсан. Судлаачдаас Сампилыгаа (Академич Хорлоогийн Самдилдэндэв) их ярина. Миний дарга байсан, Монголын уран зохиолын амьдралыг бүхлээр нь хардаг билгийн мэлмийтэй хүн байлаа гээд ярина. Үеийнхнээс Загдын Түмэнжаргал, Саруулбуян нартаа хайртай ажээ. Манай Саруул ахмад үеэ маш их хүндэтгэж байгаа нь биширмээр харагддаг гэж бүр нэг сэтгэлээсээ хэлж билээ.

Жачин доктор, Нямаа зохиолч бидний яриа “Гурван-Эрдэнэ” сургууль руу үе, үе орох нь бий. “Миний бие “Гурван Эрдэнэ”-ийг байгуулахаас өмнө хүрээлэнд арав гаруй жил ажиллачихсан. Монгол хэлний багш уран уншдаг, хөгжмийн мэдрэмжтэй, зураг сайхан зурдаг гээд олон талын авьяастай байх учиртай гэх шалгуурыг тавьж байсан. Тэр бүхнээр шалгалт аваад ёстой нэг замруулдаг байлаа. Манайд одоо 600, 700 оюутан суралцаж байна. Сургууль төгсөж байгаа багш заах аргын мэдлэг чадвар өндөр байхаас гадна сайн хүн болж төлөвших нь чухал. Тийм стандартыг эхнээсээ барьсан” гээд Их сургуулийн нэртэй багш М.Базаррагчаа, гэргий Пүрэвжал, хүү Идэрбаяр докторын хамтаар багшилж байсныг, мөн англи хэлний Өлзийням, дүрслэх урлагийн Төмөрхуяг, бага ангийн математикийн домог болсон Дашнямын Бүндэн гээд олон сайхан эрдэмт багш нараа дурссан юм. Долгорын Нямаа гуайгаас өмнө зохиолчийн ур чадварын хичээлийг Очирбатын Дашбалбар зааж байсан гэнэ.

Тэрээр бусдын адил боловсролын тогтолцооны тухайд сэтгэл дундуур явдгаа хэлсэн юм. “Боловсролын удирдах ажилтныг системтэйгээр бэлдэхгүй байна. Тохиолдлын шинжтэй хүмүүс дарга даамлаар томилогдож байна. Энэ нь сүүлийн жилүүдэд бүр их хүчтэй мэдрэгдэх боллоо” хэмээн хатуухан шүүмжилсэн. “Та бол боловсролыг суурь мэдлэгээр авсан хүн. Үүнийг арилгах боломж гарцыг хэлж өгөхгүй юу” гэхэд “Мэргэжлийн холбоодтой байх нь чухал” гэсэн хариулт өглөө. “Бага ангийн багш нарын мэргэжлийн холбоо байлаа гэхэд түүнд Монгол Улсын бүх бага ангийн багшийн бүртгэл байх ёстой. Багш нарын чадал чансаа, туршлага, өргөн мэдлэг, цар хүрээг нь тус холбооны нөхөд сайн мэддэг байх. Уг холбоо хүчтэй ажиллаад ирэх юм бол сурагч оюутнуудад нэг цаг ч хичээл заагаагүй нөхөр удирдах албан тушаалд очдог байдал үгүй болно. Хэн ч мэдэхгүй нөхдөөр дунд сургуулийг удирдуулдаг байдал гарахгүй” гэв.

Жачин докторын ярианаас олон сайхан хүний дурдатгал хөвөрч байлаа. Тэдний нэг нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Чойсүрэнгийн Дагвадорж юм. Буурал Дагваа багшийгаа нэг өрөө байранд олон хүүхэдтэйгээ аж төрж байхаас нь өдгөө Америкт эрдмийн ажлаа хийж байгаа цаг мөч хүртэл нь хамт байж, гэр бүлийн найзууд явж иржээ. Долзоо эгч өөрөө бага ангийн багш мэргэжилтэй. Ханьтайгаа гар нийлж оньсого, үлгэрийн тухай, хүүхдийг хүн болгох суурь хүмүүжил, монгол соёлын дархлааны тухай хэд хэдэн ном туурвижээ. Төрийн шагналт Дамдинсүрэнгийн Цэнд, Равжаа судлалын гол эрдэмтэн Цагаан нарын шавь юм билээ.

Жачин докторынх Улаанбаатарт амьдраагүй, гал голомтоо бадраагаагүй дүүрэг ховор гэсэн. Түүнээс хамгийн дурсгалтай нь Зуун айлын урдхан одоогийн 11 дүгээр хорооллын тэнд амьдарч байхдаа 100 насалсан хөгшинтэй хамар хашаанд амьдарч байсан гэдэг. Өвгөн нь 100 насалсан, эмгэн нь 90 гаруй насалсан хоёр сайхан буурал Жачин, Долзоо хоёрыг төрсөн үр хүүхэд шигээ бодож явсан байна. “Хүн зуу насыг наслах бол гайхаад байхаар зүйл биш гэдгийг би тэр хоёр буурлаас ойлгосон” гэж гэрийн эзэн баяр бахдалтайгаар хэлсэн юм. Тэрбээр Нацагдоржтой, судалгааныхаа бүтээлтэй холбоотой олон зүйлийг сонирхууллаа. 1984 онд Шведийн жуулчид дурсгасан зурагнуудын нэг нь гучин онд авахуулсан Нацагдоржийн зураг. Монголчууд хүүхэд нохой хоёрт сайн хүнд дуртай байдаг гээд уг зурган дээрх хоёр нохой хоёулаа Нацагдорж руу хандсан байгааг сонин болгож ярьсан. “Өнөөдөр бүх зүйлийг мөнгөний нүдээр хардаг болжээ. Мөнгөөр хэмжиж болохгүй зүйл гэж бас байна. Ухаандаа, Монголын төрийг мөнгөөр үнэлж болохгүй. Ямар алдар замналтай, боловсрол мэдлэгтэй хүн бэ гэхээсээ илүү бэл бэнчинг нь харж байна. Ийм буруу жишиг Монголын төрд бий болсон учир монгол төрийн дархлаа сулраад байна” гэж айхтар хэлээд авна лээ. Монголын төрд хэнээс ч хамааралгүй Бодлогын зөвлөл байх хэрэгтэй гэх санааг дэвшүүлж тэрүүхэн тэндээ улстөржөөд авсан. “Эрдэмтэн зохиолч Жачин Монголын хэлшинжлэлийг нуруундаа үүрч яваа, их Нацагдоржоо хүн төрөлхтөнд мандуулахад үнэлж баршгүй гавьяа байгуулсан хүн” гэж түүхийн нэрт эрдэмтэн академич Жигжидийн Болдбаатар “Монгол түмний сод хүмүүс” номондоо бичсэнийг дурдан эл тэмдэглэлээ өндөрлөе.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Дэлгэрцэцэг: Хөгжим бол тэр чигээрээ бясалгал

Хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.

-Ирэх сард “Таван өнгө” нэртэй тоглолт хийх гэж байгаа гэж дуулсан. Тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай Улаанбаатар чуулгын арван жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд маш олон тоглолт болж байгаагийн нэг нь манай хөгжимчдийн тоглолт. Би Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин гэж явдаг. Чуулгынхаа хүрээнд ятгачин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, СТА Н.Отгончимэг, эвэр бүрээчин СТА О.Чинбат нарын уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийхээр болсон.Ардын хөгжмийн зэмсгийг хийл хөгжмийн сонгодог ая, цахилгаан хийлтэй хослуулах өвөрмөц хоршилтой тоглолт болох гэж байна.

-Тоглолтын санааг чуулгаас гаргасан уу. Яагаад заавал эдгээр уран бүтээлчидтэй хамтрахаар болсон юм бэ?

-Ер нь чуулгын тоглолтын төлөвлөгөөнд орсон байсан. Ялангуяа Х.Бархүү Б.Мягмарцэрэн хоёр маань “Авьяаслаг монголчууд” шоунд орсноосоо хойш маш их танигдаж, ардын хөгжмөөр ингэж тоглож болдог юм гэдгийг харуулж чадсан. Миний хувьд ч гэсэн хамтран тоглох цэвэр уран бүтээлийн сонирхол байна. Яагаад гэвэл үнэхээр гайхалтай авьяастай хөгжимчид. Уран бүтээлийн хувьд миний сонирхлыг татсан.

-Таны хувьд үндэсний хөгжмөөр оролцох уу, сонгодог хөгжмөөр оролцох уу. Хэчнээн уран бүтээлээ толилуулах вэ?

-Хийл хөгжмөөр сонгодгийг ч, рок попыг ч тоглож болдог. Ер нь аливаа хөгжмийн зэмсгээр бүх хөгжмийн төрлийг тоглож болдог гэдгийг харуулна. Ямар ч байсан өөр хэв маягийг эвдсэн найруулгатай тоглолт болно. Манай эвэр бүрээний О.Чинбат гээд авьяаслаг залуу дууны найруулгыг хийж байгаа.

-Сүүлийн үед дан хөгжмөөс бүрдсэн ч юм уу сонгодог тоглолтыг хүмүүс харьцангуй үздэг болсон юм шиг. Ийм тоглолтыг үзэгчид хэр сонирхож байна?

-Үнэнийг хэлэхэд нутаг бүрийн ард иргэдээс бүрдсэн хотод бид амьдарч байгаа. Ямарваа нэг зохиолын дууны тоглолт Бөхийн өргөөнд болоход үзэгчдийн суудал дүүрдэг. Тэр нь ерөнхий хүн амын хэдэн хувь нь хөдөөний хүмүүс амьдарч байна гэдгийг баталж байгаа юм. Дан хөгжмийн иймэрхүү тоглолтыг тийм ч их хүн үзэхгүй. Яагаад гэвэл хүмүүст хол санагддаг шиг байгаа юм. Улаанбаатар чуулга нийслэл хотын өнгө төрхийг тодорхойлсон тийм л чуулга болохыг зорьж ажилладаг учраас урдаа барьдаг уран бүтээлчид нь энэ тоглолтыг хийж байгаа. Хотын гэж өөрийгөө бодож, өөрийгөө төсөөлж амьдардаг хүн болгонд манай тоглолт нээлттэй.

-Таны хувьд сүүлийн үед хөгжмийн сургуулийнхаа багшийн ажилд илүү анхаарал хандуулж байна уу, уран бүтээл дээрээ ажиллаж байна уу?

-Хөгжмийн сургуулиа нээгээд жилийнхээ ойг үзэх гэж байна. Энэ жилийн хугацаанд хөгжмийн сургуульдаа түлхүү анхаарч ажилласан. Уран бүтээлийн хувьд чуулгатайгаа салшгүй холбоотой ажилладаг. Мөн түрүү жил “Авьяаслаг Монголчууд” гээд маш том шоуны ард гарсан. Маш их цаг зарцуулсан ажил байлаа. Одоо хоёрдугаар ээлж нь эхлэх гээд шалгаруулалт явагдаж байгаа.

-“Авьяаслаг монголчууд” шоуны тухайд асуухад оролцогчид нь өмнөх жилээс хэр өрсөлдөөнтэй, авьяастай байна?

-Энэ шоу маш том форматын дагуу явагддаг. Хэн дуртай нь “ингэе, тэгье” гээд өөрчилчихдөг юм биш. Дэлхийн 68 оронд зохиогдсон. Эдгээр бүх оронд яг нэг зарчмаар, өөрийн форматтай, лицензтэй явагддаг. Түүний бас нэг зарчим нь шүүгчдэд ямар ч мэдээлэл очих ёсгүй. Бид шүүгчийн сандал дээр, тайзан дээр очиж суухад л хамгийн анх тэр үзүүлбэрийг үздэг. Тэрнээс өмнө тийм оролцогч орж байгаа, тийм үзүүлбэр үзүүлнэ гэдгийг мэддэггүй. Орон нутгийн буюу нэгдүгээр шатны шалгаруулалтыг зохион байгуулагчид маань шалгаруулж авдаг болохоор одоохондоо ямар хүмүүс орж байгааг мэдэхгүй байна.

-Өмнө нь таны мэдрэмжээ илэрхийлж байгаа байдал, сэтгэл хөдлөлийг хүмүүс янз бүрээр хэлж байсан. Энэ тухайд…

-Аливаа хүн яаж хүлээж авах нь тэдний хэрэг. Хэн дуртай нь хийж чадахгүй учраас тэгчихээсэй, ингэчихээсэй гэж боддоггүй. Миний тэр шоунд оролцож байгаа гол үүрэг, ажил бол өөрийн урлагаас олж авсан нарийн мэдрэмжээ гаргах, хэнээс ч санаа зоволгүйгээр үнэн зөв, өөрөөрөө байх. Би тэр л үүрэг даалгавраа биелүүлсэн.

-Биеэ барих, сэтгэл хөдлөлөө дарах үе гарч байв уу?

-Үүнийг та өөрөөсөө асуугаад үз дээ. 15 камер өөдөөс чинь харж байхад биеэ барих уу үгүй юу. Энэ тохиолдолд уран бүтээлч, шүүгч ч гэсэн адилхан л хүн. Сэтгэл хөдлөлөө дарах юм байхгүй. Тэгвэл ажлаа хийхгүй байгаатай адилхан болж байгаа.

-Сургууль нээгдсэнээс хойш жилийн хугацаанд хичнээн шавьтай болов. Хүүхдээ сургах хүсэлтэй эцэг эхчүүд хэр их хандаж байна?

-Хандалгүй яахав. Эдийн засгийн хямралын үед хөгжмийн сургууль ажиллуулахад бэрхшээлтэй үе таарах нь бий. Урлагийн буянаар танигдсан учраас шавь нарын хувьд хандалт их байгаа. Манай нийгэмд тэр болгон урлагийн мэдрэмж өгдөг, хүүхдийг урлагт дуртай болгох юмсан гэдэг эсвэл урлагаар амьсгалуулах газар маш цөөхөн. Тийм газрыг нэг ч гэсэн тоогоор нэмэх юмсан гэж боддог. Манай сургуульд хүүхдүүд орж ирэхэд хүмүүжүүлэх орчныг нь бэлдээд, соёл гэдэг юмыг суулгах юмсан. Тайзны соёл, бусадтай харьцах соёл гээд урлагийн маш сайхан олон өгөгдөл байдаг. Тэр болгоныг хүүхдүүддээ суулгах юмсан гэдэг л хамгийн гол зорилго юм даа. Хөгжмийг нэг удаа ч гэсэн барьж үзсэн, нэг сар, жилийн хичээлд яваад үзчихсэн хүүхдэд тэр дурсамж, мэдрэмж насан туршид нь тогтчихдог. Түүгээрээ маш том сургууль л даа.

-Бас эцэг эхчүүд, тэр дундаа залуу бүсгүйчүүд хөгжмийн боловсролтой болохыг маш их эрмэлздэг болж?

-Хүмүүс сайхан брэндийн цүнх үүрээд явахаар тодорхой хэмжээнд өөрийгөө үнэлүүлнэ гэдэг ойлголт хэврэг болчихсон байна. Хүн дотроо байдаг зүйлээр өөрийгөө гоёж болдог. Ялангуяа эмэгтэй хүнийг чимдэг гоё зүйл бол хөгжмийн боловсрол. Найзуудынхаа өмнө ч юм уу, гадны зочдын өмнө нэг ая сайхан тоглоод өгөхөд хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгддөг билээ дээ. Хоёрдугаарт, тэр хүнд өөрт нь кайфтай байдаг. Хөгжим бол тэр чигээрээ бясалгал. Хөгжмийг сурах гээд оролдож байгаа момент хүнийг гадаад орчноос тасалж чаддаг. Хүмүүс тайвшралыг олмоор байна, өөр зүйл хиймээр байна гэдэг. Хөгжим тэр бололцоог олгодог.

-Ялангуяа хөгжимчин эмэгтэйчүүд цаанаасаа арай өөр, уянгалаг, ялдам, аядуухан гэмээр ч юм уу нэг онцлог шинж ажиглагддаг. Тэр юундаа байдаг юм бол?

-Тэр бол мэдрэмжиндээ байдаг байх. Хүмүүс мэдлэгтэй байхаас мэдрэмжтэй байх нь илүү гэж ярьдаг болчихсон үе. Хүн мэдээж мэдлэгтэй байх нь хэрэгтэй. Мэдрэмжтэй байвал бүр сайн. Эмэгтэй хүн цаанаасаа мэдрэмжээ дагадаг амьтан учраас хөгжим сурснаар илүү гүн гүнзгий ойлгож чаддаг. Ялангуяа хийл хөгжим маш их мэдрэмж шаарддаг. Яагаад гэвэл дарах нот байхгүй, таван мэдрэхүйгээ ажиллуулж тоглодог.

-Яг тийм нарийн мэдрэмж шаардсан хөгжмийг дөрөв, таван настай хүүхэд сурахад хэр хүндрэлтэй байдаг вэ. Та өөрөө ч зургаа, долоохон настайгаасаа сурч эхэлсэн, танд хэр хүнд санагддаг байсан бол?

-Би өөрөө ямар байснаа мэдэхгүй юм даа. Гэхдээ хэцүү. Манай сургалт таван наснаас эхэлдэг юм. Хүүхэд яг порлон шиг байдаг. Бүх юмыг уусгаж авч чаддаг. Мэдээж би тэр хүүхдэд 10, 15 настай хүүхдийн юм заахгүй. Гэхдээ хүүхэд хүүхдээсээ болдог. Сая надтай хичээллэж байсан таван настай охин гэхэд маш хэрсүү, ухаантай, ес арван настай хүүхдийн хэмжээний байх жишээний. Ерөнхийдөө охид бага байхдаа илүү хөгжил сайтай байдаг юм шиг санагддаг.

-Хүүхдийг хэвлийд байхад нь болон төрсөн цагаас нь эхэлж сонгодог, уянгалаг ая их сонсговол IQ сайтай, уян зөөлөн зантай, ухаантай болдог гэдэг. Хэр ортой яриа вэ?

-Тэр бол яг үнэн. Ээж нь жирэмсэн байхдаа уурлаж уцаарлаад, машин бариад бухимдаад байхаар хүүхэд нь ууртай уцаартай хүн болдог. Бүр батлагдчихсан судалгаа байдаг юм билээ.

-Танай хүүхдэд тэр жишээ ажиглагдаж байна уу. Мэдээж хөгжимчин хүний хүүхэд учраас хэвлийд байхаасаа сонгодог хөгжмийн орчинд хүмүүжсэн байгаа?

-Би жирэмсний зургаан сартай байхдаа бие даасан тоглолтоо хийж байсан. Зургаан сараас нь хойш өөртөө амралт өгсөн. Хүү маань маш сонсгол сайтай, ямарваа нэг өнгийг алдалгүй барьж чаддаг. Магадгүй би байнга хөгжим тоглодог болоод ч тэр юм уу, эсвэл ген гэдэг зүйл удамшдаг ч байж мэдэх юм. Нөлөөлдөг гэдгийг бол хэзээ ч үгүйсгэхгүй.

-Сургуулийн гарын авлага дээр таныг албан ёсны сузуки сертификат эзэмшигч багш гэсэн байна. Энэ ямар учиртай сертификат юм бол?

-“American Suzuki assoc­cion” гээд маш том сургалтын онол байдаг. Сузуки гэдэг хүний өөрийнх нь нэрээр нэрлэчихсэн онол. Би анх Америкт очоод л тэр онолыг сонсч байсан. Тэр онолыг Америкт сурч байхдаа багш нар бэлдэх зуны сургалтад давхар сурсан. Анхны сузукигийн сертификаттай монгол багш гэж болно. Энд боловсруулсан тэр том онолыг хэрэгжүүлээд явж байгаа Монгол дахь цорын ганц гишүүн нь би. Орос манай хоёроос бусад бараг бүх оронд энэ школоор заадаг.

-Та гэртээ үр хүүхэд, ханьдаа зориулж хэр их хөгжим тоглодог вэ?

-Найз нөхөд ирчихсэн баяр ёслолын үеэр тоглолгүй яахав. Гэхдээ сургуультай болсноос хойш сургууль дээрээ хувийн бэлтгэлээ хийдэг болсон. Түүнээс хойш гэртээ тоглохоо больчихсон. Нэг тийм тогломоор санагддаг үе бас бий.

-Монгол эмэгтэйчүүд нөхрийн талын ёс заншлаа их дагадаг. Таны хувьд тийм хандлага байдаг уу?

-Би монгол хүн учраас монгол заншлаа хамгийн түрүүнд хүндэлж дээдэлнэ. Нөхрийн талыг мэдээж ойлгоно. Хоёр биенээ хайрлах гэж, ойлгох гэж, хүндлэх гэж суусан учраас. Гэхдээ нэг их сүртэй ёс заншилсаад байх юм байдаггүй л дээ. Манайх чинь бас их заншилсаг орон шүү дээ. Би хоёр, гурван жил Америкт сурсан учраас хэцүү асуудал байдаггүй.