Categories
мэдээ цаг-үе

Гуравдугаар сургуулийн шилдэг сагсчид

-ТЭД ИРЭХ САРЫН 4-НӨӨС 10-НЫ ӨДРҮҮДЭД ОРОСТ ЗОХИОГДОХ ОЛОН УЛСЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОНО-

Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Оху-ын Школьная Баскетбольная Лига “Кэс-баскет” төрийн бус байгууллага болон Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран долоо дахь жилдээ зохион байгуулсан нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд сүхбаатар дүүргийн гуравдугаар сургуулийн охидын “алтан од” баг саяхан аваргалсан. Үүнээс өмнө тэд өөрсдийгөө улсын хэмжээнд “номер нэг” гэдгээ аль хэдийнэ баталчихсан. Тодруулбал өнгөрөгч есдүгээр сард болсон улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн. сүүлийн хэдхэн сард гаргасан амжилтуудынх нь зах зухаас дурдахад ийм байна. Тэднийг гаргасан амжилтаас нь харвал сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ баг, харин бэлтгэл сургуулилт дээрээ нэгнийгээ хэрхэн хүндэлж, нэгэндээ чин сэтгэлээсээ тусалж байгааг хараад өөрийн эрхгүй нэг анги, сайн найзууд юм гэх сэтгэгдэл төрсөн юм. арга ч үгүй биз. учир нь сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээний аваргын төлөө ана мана “үздэг” а, б гэсэн хоёр ангиас тус шигшээ багийн 12 тамирчинг шигшиж авчээ.

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ БЭЛТГЭЛДЭЭ ГАРЧЭЭ

Үдээс хойш сургуулийн спорт танхимд орвол шигшээ багийн сагсчин охид бие халаалтаа эхлүүлжээ. Спорт танхимын нэг захаас нөгөө рүү гурав, дөрвөөрөө ээлжлэн бөмбөгөө залан гүйж, самбарын дор ирүүтээ шидэлт гүйцэтгэж байлаа.

Ирэх сарын 4-нөөс 10-ны өдрүүдэд Оросын Санкт-Петербург хотноо зохиогдох олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнд эх орноо төлөөлөн тэд оролцохоор болсон тул өдөрт хоёр ч удаа цуглан, бэлтгэлээ шургуу хийж байгаа юм. Дасгалжуулагч багш Б.Дэлэг “Бөмбөг рүүгээ биш урагшилж буй зам руугаа сайн хар. Бөмбөгөө залахдаа хурууныхаа өндгөөр мэдэр. Тэгж байж тоглолтын үеэр эсрэг багийнхаа хамгаалагчийг хуурч чадна. Самбар дор ирээд шидэхдээ анхаарлаа төвлөрүүл. Оноо авч чадахгүй л юм бол довтолгооны тактикаа хэрэгжүүлэхийн төлөө бөмбөгөө залаад эсрэг багийн хамгаалагчийг хуурч, нэгэндээ дамжуулах гэх зэргээр хүч зарсан хөдөлмөр чинь үнэгүй болно” гэвэл охид алдаа гаргахгүй гэж улам хичээнэ. “Спортын амжилт гэдэг өдөр тутмын бэлтгэлийн чанараас хамаарна. Огт бэлтгэл хийхгүй хэрнээ уралдаан тэмцээнд амжилттай оролцоно гэдэг угаас боломжгүй. Оролцсон уралдаан тэмцээн болгоноосоо медаль хүртдэг бол тэр чинээнд бэлтгэлээ сайн хийдэг гэсэн үг. Эсрэгээрээ байгаа бол бэлтгэлээ л шургуу хийх хэрэгтэй. Түүнээс биш сугалаанд тохиодог шиг аз тамирчдыг ивээгээд амжилтад хөтөлдөггүй. Бас би чаддаг юм чинь, мундаг юм чинь гээд хойш суугаад байвал төд удахгүй чадахаа болино. Ялангуяа сагсан бөмбөгийн спорт. Би чаддаг байсан биш чадна гэж хэлэхийн тулд, тэрнийгээ өөрийн биеэр үзүүлэхийн тулд өдөр бүр бэлтгэл хийдэг юм шүү дээ. Тэглээ ч бид анх удаагаа олон улсад хүч үзэх гэж байна. Бэлтгэлээ дутуу хийснээс тэмцээндээ амжилт үзүүлж чадсангүй гэсэн шалтаг сүүлд нь хэлэхгүйн төлөө бэлтгэл сургуулилтаа шургуу хийх ёстой” хэмээн нэмж хэлэв.

НУРУУ НАМХАНЧ ХУРДААР ИЛҮҮ

Төд удалгүй дасгалжуулагч багш “Гурваар найм яв” гэвэл довтлогч Э.Энхмядаг, Б.Нансалмаа, Ц.Халиун нар дундаа нэг бөмбөгтэй гарч ирээд, заалны нэг захаас нөгөө рүү бөмбөгөө залаад гүйх завсраа нэгэн хүүгээ дамжуулна. Самбарын дор очих эгшинд Ц.Халиуны гарт бөмбөг очсон тул тэрбээр довтолж харагдав. Дараагаар нь хамгаалагч С.Батханд, Наранхишиг, Ж.Дөлгөөн нар бөмбөгөө нэгэн рүүд дамжуулаад, спорт танхимын нэг захаас нөгөө рүү гүйв. Энэ маягаар багийн 12 тамирчин гурав гурваараа дөрвөн хэсэгт хуваагдан, дээрх дасгалыг хэд хэдэн удаа давтав. Дасгалжуулагч бугуйн цаг руугаа хараад “Хурдан, хурдан. Эсрэг багийн хамгаалагчаас хурдан гүйж, нэгэн рүүгээ хурдан дамжуулж байж довтолгоо амжилттай болно. Та нар бөмбөгийг залж байгаа болохоос бөмбөг та нарыг жолоодоогүй” гээд тамирчдаа хурцална. Үнэхээр өнгөрөгч тэмцээнүүдэд тэд бусад багаас хурдаар илүү байсан гэдгийг дасгалжуулагч нь хэлсэн юм. Тэрбээр “Бусад сургуулийн шигшээ багийн тамирчидтай харьцуулахад манайхан нуруу намхан ч хурдаар илүү. Бас шидэлтийн техник сайтай. Энэ л бидний тоглолтын онцлог. Сая хотын аваргын төлөө Багануур дүүргийн шигшээ багтай тоглосон. Багануурын баг өнгөрсөн жилийн хотын аварга. Тоглолтын эхнээс эн тэнцүү өрсөлдсөн. аль нэг баг нь оноогоор давамгайлаагүй. Өгөө аваатай л тоглосон. Гэтэл сүүлийн 30 секундын хугацаа явж эхлэхэд эсрэг баг хоёр оноогоор давамгай болчихдог байгаа. Тэгэнгүүт бид хоёр оноо авч оноогоо тэнцүүлэх бус шууд гурван оноо авч, илүүрхэх төлөвлөгөөтэй тоглосон. Ингээд тоглолт дуусахаас хэдхэн секундын өмнө гурван онооны шидэлтээ довтлогч Ч.Намуун оновчтой болгосноор нэг онооны зөрүүтэй бид ялсан” хэмээн өгүүлэв.

Дасгалжуулагч Б.Дэлэг

“ТҮРҮҮЛЭХ НЬ БҮҮ ХЭЛ ЭХНИЙ ТОГЛОЛТДОО ХОЖИГДЧИХООД ХУВЦАС СОЛИХ ӨРӨӨНД УРУУ ЦАРАЙЛААД СУУЖ БАЙСНАА САЙН САНАЖ БАЙНА”

Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд есөн дүүргийн 112 сургуулийн тамирчид оролцсон юм. Тэмцээний үеэр дасгалжуулагч багш Б.Дэлэг “Шилдгийн шилдэг дасгалжуулагч”-аар тодорсон бол довтлогч Ч.Намуун шилдэг тоглогчоор шалгарчээ. Өнгөрсөн есдүгээр сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр довтлогч О.Ичинхорлоо буюу мөн л энэ багаас шилдэг тоглогч шалгарсан байна. О.Ичинхорлоо “Сүүлийн дөрөв, таван жил сургуулийнхаа шигшээ багт тоглож байна. Жил ирэх тусам жинхэнэ утгаараа нэг баг болж чадаж байгааг бидний амжилт бэлхнээ гэрчилнэ. Түрүүлэх нь бүү хэл эхний тоглолтдоо хожигдчихоод хувцас солих өрөөнд уруу царайлаад сууж байснаа сайн санаж байна. Үргэлж ийм сэтгэл гонсгор байхгүйн тулд бэлтгэлээ сайн хийх ёстой гэдгийг дасгалжуулагч багш сайн ойлгуулсан. Багш маань алдаа гаргавал загнаж зандрахаасаа илүү зааж зөвлөдөг” гэвэл хамгаалагч Ж.Дөлгөөн “манай багш өөрөө сагс сайн тоглоно. Их сургуулиа биеийн тамирын дасгалжуулагч багш мэргэжлээр 2010 онд төгсөнгүүтээ манай сургуульд ажилд орсон. ажилд оруутаа сургуулийнхаа охидын сагсны шигшээ багийг бүрдүүлсэн. Манай багш чинь гуравдугаар сургуулийн сурагч байсан гэсэн. Өөрийн сурч төгссөн дунд сургуульдаа эргээд багш нь болсон гэсэн үг. Сурагч ахуйдаа бидэн шиг сургуулийнхаа шигшээ багт олон жил тоглосон. Оюутан ахуйдаа ч мөн ялгаагүй. Тийм болохоор ихэнх тохиолдолд ингэж довтол, тэгж бөмбөгөө зал гээд өөрийн биеэр үлгэрлэж үзүүлнэ. Бидэн дунд ороод тоглоно. Энэ нь бидний бэлтгэл сургуулилт сайжрахад маш дөхөмтэй юм шиг санагддаг. Хэрэв ташаагаа тулж зогсчихоод, зурагтаар харсан Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчдийнх шиг ур чадвар, тоглолтыг биднээс шаарддаг байсан бол улс, нийслэлийн аварга болно гэдэг боломжгүй. Хилийн дээс алхаж, олон улсын уралдаан тэмцээнд оролцоно гэдэг бол бүр мөрөөдөл. Тийм биз дээ манайхаан” гэвэл багийн бусад гишүүд толгой дохиод, “Ийм ойлгомжтой зүйлийг асуух хэрэг юу байна” хэмээн хариулцгаав. Багийн ахлагч Б.Алтмаа “1996-2006 оны хооронд манай гуравдугаар сургуулийн сагсны шигшээ баг эрэгтэй эмэгтэй гэлтгүй нийслэлийн аварга, улсын аваргаар олон жил дараалан шалгарч байсан гэж манай эгч хэлсэн. Тухайн үед сургуулийн шигшээд тоглож байсан нэлээн хэдэн хүүхэд одоо насанд хүрэгчдийн улсын шигшээ багт тоглодог гэсэн шүү” гэсэн юм.

“БЭЛТГЭЛИЙН ХАЖУУГААР ХИЧЭЭЛ НОМОО ЦАЛГАРДУУЛЖ БОЛОХҮЙ”

ргэлжлүүлэн сунгалтын дасгалаа хийж эхлэв. Энэ үеэр хамгаалагч Тогтохмэнд “Физикийн хичээл дээр өгсөн бие даалтаа хийсэн үү” гэвэл хажууд нь дасгал хийж байсан довтлогч А.Анударь “Би хийчихсэн. Амархан юм байна лээ” гэв. О.Тогтохмэнд “Өө ашгүй. Тэгвэл бэлтгэлийн дараа хоёулаа хийчихье. Найз нь бүр яаж хийх учраа олохгүй байсан юм” гэлээ. Хагас хамгаалагч Э.Ану-Эрдэнэ “Би ч бас чамд тусалж болно ш дээ. Эхэндээ би ч бас сайн ойлгохгүй байсан ч багшаас дахиж асуусны ачаар ойлгосон” гэж хажуугаас нь хэлэв. Тэдний ийн ярихыг сонссон дасгалжуулагч багш нь “Нээрэн бие даалт гэснээс гуравдугаар улирлын амралт өнөө маргаашгүй болох гэж байна. Бэлтгэлийн хажуугаар хичээл номоо цалгардуулж болохгүй. Тэглээ ч та нар чинь ганц, хоёрхон жилийн дараа оюутан болно” гэж зөвлөлөө. Түүнээс “Сагсан бөмбөг сайн тоглодог бол их дээд сургуульд тэтгэлгээр суралцах, бүр цаашилбал албан байгууллагад ажилд ороход хүртэл давуу тал болдог гэсэн байх аа” хэмээн асуувал “Тийм шүү. Бараг их дээд сургууль бүр шигшээ багтай. Өөрийн ажилчдаас бүрдэх сагсан бөмбөгийн шигшээ багтай олон аж ахуйн нэгж бий. Сагсан бөмбөгийн спортыг шимтэн сонирхдог дарга нар ч цөөнгүй. Тэр утгаараа албан байгууллага ч бай, их дээд сургууль ч бай ялгаагүй шигшээ багийнхаа амжилтыг ахиулах, ур чадварыг дээшлүүлэх үүднээс шинээр тамирчин авах нь зүйн хэрэг. Энэ тохиолдолд голч дүн, сурлагын амжилт гэхээсээ сагсан бөмбөг тоглох ур чадварт түлхүү анхаарах нь бий. Миний найз нөхөд, таньж мэдэх хүмүүсээс сагсан бөмбөг сайн тоглож сурсныхаа ачаар их сургуулийнхаа шигшээ багт нь тоглож, цалин урамшуулал авч улмаар сургуулиа төгсөөд, томоохон албан байгууллагад урилгаар ажилд орсон нь тун олон. Албан байгууллагууд мэргэжлийнх нь дагуу урилгаар ажилд авна гэдэг бол шигшээ багтаа тоглуулна гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ талаар би хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй юм. магадгүй хичээлээ хаяад сагсан бөмбөгөө л сайн тоглох хэрэгтэй гээд ойлгочихож юуны магад” хэмээн учирлав.

Тэд Оросын Санкт-Петербург хотноо зохиогдох олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 31-нд эх орноосоо мордох юм байна.

Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн “АЛТАН ОД” багийн амжилтаас дурьдвал:

•2013-2014 он сүхбаатар дүүргийн сурагчдын лигийн мөнгөн медаль

• 2014-2015 он сүхбаатар дүүргийн сурагчдын лигийн мөнгөн медаль

• 2014-2015 он нийслэлийн сурагчдын лигийн кес-баскет тэмцээний хүрэл медаль

•2015-2016 он 16 насны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

•2015-2016 он нийслэлийн сурагчдын лигийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах кет баскет тэмцээний алтан медаль

Гэрэлд зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Энэ цагийн Гамлет

Монгол хоёр Гамлеттай. Нэг нь Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны амилуулсан дотроосоо тэсэрсэн ухаалаг, хээнцэр Гамлет. Нөгөө нь Драмын театрын С.Болд-Эрдэнийн бүтээсэн бодлогошронгуй хэрнээ ритмлэг Гамлет. “Гамлет”-ыг тавьж байж сонгодгоо баталдаг жишиг дэлхийн театруудад бий. Энэ цагийн Гамлетыг Дэлхийн театрын өдрөөр “Өдрийн зочин”-доо онцолж буй нь цаанаа ийм учиртай. С.Болд-Эрдэнээс өөр хэн ч Гамлетыг гаргаж чадахгүй гэж театрынхан, театрт дурлагчид ярьцгаадаг. Жүжигчнийхээ хувьд дотооддоо шаналдаг, дотроо багтардаг, дотроосоо гарч ирдэг учраас амилуулж чадах дүр нь маргаангүй Гамлет гэдгийг шүүмжлэгчид ч хүлээн зөвшөөрдөг. Түүнд “Ромео Жульетта”-гийн Меркуцио шиг гал ассан халуун дүрээс илүү Гамлет шиг дотроосоо бясалгаж гаргаж ирдэг онцлогтой дүр илүү зохидог. Тав, магадгүй түүнээс олон жилийн дараа Данийн хунтайжийн дүрийг илүү хүчтэйгээр гаргаж ирэх болов уу, дэлхийн театрын түүхэнд тод мөр үлдээсэн өөр хоорондоо ялгаатай Гамлетуудын нэгийг нь бардам бүтээж чадах байх гэсэн хүлээлт зөвхөн С.Болд-Эрдэнэд хаяглагддаг юм билээ.

Урлаг судлаач нэг танил маань “Гамлет” тавигдсаны дараахан “Болд-Эрдэнэ хурцлагдаад ирвэл Высоцкий шиг болно. Высоцкий дотроосоо бахирдаг, чарлаж чаддаг жүжигчин. С.Болд-Эрдэнийг хэзээ тэгж, тийм хүчтэйгээр чарлахыг мэдэхгүй. Ямар ч байсан дотроосоо асдаг, гэрэлтдэг чанар түүнд бий. Высоцкийн хувьд гаднаа биш дотоодод нь амь яваад байдаг. С.Болд-Эрдэнэ яг тийм жүжигчин. С.Болд-Эрдэнийн Гамлетаас тэсэрсэн шаналал мэдрээгүй ч хэд хэдэн монологи нь сэтгэлд хүрсэн. Гамлетыг сөхрөөд уначихгүй гаргана гэдэг том гавьяа. Дотоод цараа, мэдлэг, тэнхээ шаарддаг дүр л дээ. Тийм хэмжээний тэнхээтэй жүжигчин гэвэл түүнээс өөр байхгүй. Гамлетыг С.Болд-Эрдэнэ шиг чирээд аваад гарах тэнхээтэй жүжигчин алга. Монголын хамгийн сайн жүжигчин болох идей түүнд бий. Нэгэн үеийн гол жүжигчин яах аргагүй мөн л дөө. Тэр ид үедээ яваа учраас сайн муу аль ч шүүмж тэгтлээ туйлын гэж хүлээж авахаар дүгнэлт биш” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм.

С.Болд-Эрдэнэ “Гамлет”-ынхаа тухай “Ер нь бол чадах чинээгээрээ гаргасан. Маш олон Гамлетыг судалж байж өөрийн гэсэн Гамлетаа бүтээсэн. Их агуу бүтээл юм даа. Одоо эргээд харж байхад дутуу хийсэн, энийг нь ингэчихдэг байж дээ гэмээр зүйл гарч ирээд л байдаг юм. Дундаршгүй их цар хүрээтэй, сонгодог зохиол болохоор тэгдэг байх. Дүрийн хувьд Гамлет бол сэтгэлийн асар их зөрчилдөөнтэй хүн. Ёс суртахууны асар өндөр хэм хэмжүүрт баригдчихсан өшөө авагч гэж ч тодорхойлсон байдаг. Өшөөгөө авах гэхээр асар өндөр ёс суртахууны хэм хэмжээ нь бариад болдоггүй. Яг энэ талыг нь илүү түлхүү барьж дүр дээрээ ажилласан” гэж ярьсан удаатай.

Тэр “Танихгүй эмэгтэйн захидал” киноны найруулагч. Бас гол дүрийг нь бүтээсэн жүжигчин. Гол дүрийн бүсгүйн он удаан жил чимээгүй хайрласан хөгжмийн зохиолчийн дүрээс нь С.Болд-Эрдэнийн дотоод чадал мэдрэгддэг. Адал явдал гэхээр зүйлгүй, хурц өрнөлгүй, нэгэн хэвийн үйл явдал хөвөрсөн кинонд үзэгчдийг уйдаахгүйгээр дүр бүтээнэ гэдэг дотортой жүжигчний л барах ажил. Сэтгэхүйн драм чигийн гэж кино судлаачдад үнэлэгдсэн “Хөлтрөг” гэхэд л түүний найруулсан кино. С.Болд-Эрдэнийн дүр бүтээсэн киног нэрлэвэл “Ноён солиот”, “Орхидос”, “Амьдрах тасалбар”, “Нар сарны зааг” гээд цөөнгүй бүтээлийг жагсаах хэрэг гарна. Дүр амилуулсан сонгодгууд гэхээр “Парисын дарь эхийн сүм”, “Дон Кихот”, ”Ромео Жульетта” мэдээж Гамлет.

Тэр театраасаа явахгүй гэж ярьдаг цөөхөн жүжигчний нэг. Жүжигчин хүний ур чадварыг тултал нь сорьдог газар театрын тайз гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрдэг учраас тэр байх…


Categories
мэдээ цаг-үе

Н.Гантулга: Зөрчлөө арилгах хугацаат үүрэг өгч байгаа нь барилгын компанийг дэмжиж байгаагийн илрэл

Өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй 60-аад барилга байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Тэр даруйд нь зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлсэн байна. Энэ оны хоёрдугаар сар гэхэд тэдгээрийн 24 нь зөрчлөө арилган, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авчээ. Үлдсэн 35 нь албан шаардлага биелүүлээгүй аж. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулгаас тодруулсан юм.

-Дээрх барилгуудад ямар зөрчил илэрсэн юм бэ?

-Надад ирсэн албан мэдээгээр бол 2015 онд нийт 66 барилга ямар нэгэн зөрчилтэй гэж бүртгэгдсэн. Эдгээрийн долоо нь ухсан нүх бол 59 нь аль нэг шатандаа яваа барилга. Зөрчлөө арилгах шаардлагыг 24 нь биелүүлсэн учраас тэдэнд зөвшөөрөл олгосон. Үлдсэн 35 барилгын ажлын зураг төсөл батлагдаагүй, техникийн нөхцөлүүд олгогдоогүй, зураг төсөлдөө магадлал хийлгээгүй гэх зэрэг зөрчлүүд байна. Мэдээж энэ тохиолдолд барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдохгүй. Одоогоор эдгээр барилга байгууламжийн ажлыг түр зогсоож, цахилгаан, ус дулаанаар хангахгүй байх талаарх албан бичгийг холбогдох газруудад хүргүүлсэн.

-Уг нь бүх зөвшөөрлөө авчихаад барилгын ажлаа эхлүүлэх ёстой шиг санагдах юм?

-Хуулиараа бол бүх зөвшөөрлөө авчихаад, газар шорооны ажлаа эхлүүлэх ёстой. Барилга барихаар шийдсэн бол эхлээд газраа хууль ёсны дагуу өмчлөх хэрэгтэй. Орон сууц, оффис үйлчилгээ, цэцэрлэг сургууль гээд юу барих гэж байгаа нь ч мөн тодорхой байх ёстой. Үүний дараа дүүргийн болоод нийслэлийн Засаг даргаас захирамжаа авна. Үүн дээрээ үндэслээд архитектур төлөвлөлтийн даалгавраа гаргуулна. Дараа нь ус цахилгаан, дулаан, холбоо зэрэг техникийн нөхцөлүүдээ авсан байх ёстой. Үүн дээр үндэслээд барилгын ажлын зураг төсөл хийгдэнэ. Уг төслөө хуулийн дагуу НОБГ, НМХГ-аар давхар хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Ерөнхий төлөвлөгөөний газар батлагдсан эскиз зургийг хянаж үзээд, ажлын зургийг баталгаажуулдаг. Хамгийн сүүлд Барилгын хөгжлийн төвийн мэргэжлийн экспертүүдээр барилгын зураг үнэн зөв, мэргэжлийн дагуу хянаж баталгаажуулагдсан байна уу гэдгийг шалгуулж, магадлалын дүгнэлт хийлгүүлнэ. Гаднах талбайн зохион байгуулалтын зургаа НМХГ-аар давхар хянуулдаг. Энэ бүх бичиг баримтуудыг харгалзан үзээд НЕТГ барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгнө. Энэ зөвшөөрлөө авч байж газар дээрээ хашаа хороогоо барьж, улаан шугамаа татуулж байгаад газраа ухаж эхлэх ёстой. Ингэсэн нөхцөлд барилгын ажлын аль ч шатанд ямар ч хяналт шалгалт хийхэд “бүдрэхгүй”. Бас хэнээс ч гомдол санал ирэхгүй.

-Тэгэхээр зөрчилтэй аж ахуй нэгж, иргэд дээрх бичиг баримтуудаа гүйцэд бүрдүүлэлгүй газраа ухаад эхэлсэн гэсэн үг үү?

-Тийм. Иргэд гэхээсээ аж ахуйн нэгжүүд иймэрхүү зөрчил гаргах нь элбэг. Ихэнхдээ тэд санаатайгаар зөрчил гаргадаг. Тэд чинь дэргэдээ хуулийн зөвлөхтэй, бас мэргэжлийн баг ажиллаж байна шүү дээ. Төрийн байгууллагад торгууль төлснөө зөрчлөө арилгалаа гэж бас эндүүрдэг. Жишээ нь, зөвшөөрөлгүйгээр газраа ухаад, сууриа цутгачихлаа. Гэтэл мэргэжлийн хяналтаас очоод үйл ажиллагааг нь зогсоож, хуулийн дагуу торгууль ноогдуулах нь зүйн хэрэг. Торгуулиа төлөөд барилга угсралтын ажлаа үргэлжлүүлэх эрхтэй гэж ташаа ойлгох нь бий.

Нөгөө талаар төрийн байгууллагуудын уялдаа, холбоог сайжруулах хэрэгтэй. Япон, Хятад, Солонгос зэрэг оронд мэргэжлийн байгууллага нь тухайн барилга баригдах газрыг өмчлүүлэхээс өмнө “Энэ газар дээр та зориулалтаас нь хамаараад суурь нь ийм хэмжээтэй, төчнөөн метр кв талбайд нь ногоон байгууламж бүхий ийм тэдэн давхар барилга байгууламж барьж болно” гэсэн дүгнэлтийг гаргуулдаг. Энэ дүгнэлтийг үндэслэн барилга барих зөвшөөрөл олгоно. Манайд бол эсрэгээрээ. Нэг хүн очоод газрын албанд газар эзэмших өргөдлөө өгдөг. Тэрхүү газрын албаны мэргэжилтэн барилга, хот байгуулалтын мэргэжилтэн биш учраас ямар хэмжээний обьект барьж болох эсэх, хот төлөвлөлттэй энэ нь хэрхэн уялдах зэргийг бүрэн тооцоолж чаддаггүй. Газраа өөрийн болгоод авсан хүн түүн дээрээ юугаа барих нь өөрийн дур гэсэн сэтгэхүйтэй байдаг. Газраа зарлаа ч гэсэн түүнийг нь худалдан авсан хувь хүн, аж ахуйн нэгж ч мөн ялгаагүй. Ингээд хоёр давхар барилга барих боломжтой газар дээр 10 давхрыг барина гээд зүтгэчихдэг. Ингэж хууль зөрчих эхлэл нь тавигддаг.

Германд гэхэд л барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд нэг нэгэндээ хяналт тавьдаг. Суурь ухах ажлыг нэгэн мэргэжлийн компани хийлээ гэхэд зураг төслийн дагуу, зөрчилгүй хийсэн тохиолдолд дараагийн компани сууриа цутгана. Хэрэв суурийн нүхийг гүехэн, хэмжээг томруулсан бол хоёр дахь компани хүлээн авахгүй байх нь. Барилгын ажлын явцад хэдийд зөрчил гарна, тэр үед нь барилгын ажил зогсоно гэсэн үг. Энэ туршлагыг нэвтрүүлэхээр сүүлийн гурван жил Барилгачдын холбоо, БХБЯ-тай хамтран ажиллаж байна.

-Өнөөгийн санхүүгийн хүндрэлтэй үед мэргэжлийн хяналт, холбогдох төрийн байгуулага ийм ч зөвшөөрөл дутуу, тийм ч бичгээ сунгуул гээд барилгын ажлыг зогсоож, бүтээн байгуулалтын ажилд садаа боллоо гэх асуудлыг хувийн хэвшлийнхэн тавих болсон. Энэ тал дээр?

-Уг нь 60 айлын орон сууц бариад ашиглалтад өгвөл гэр хорооллын 60 яндан үгүй болно, жижүүр цэвэрлэгч гээд гурав, дөрвөн байнгын ажлын байр бий болно гэх зэргээр барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй хувийн хэвшлийнхэн тайлбар тавьдаг. Бүх зүйл хуулийн дагуу, ном журмын дагуу явагдах ёстой. Барилгын ажил нь ном журмын дагуу яваагүй бол түр зогсоож, зөрчил дутагдлаа арилгах хугацаат үүрэг өгдөг. Энэ нь тэднийг хавчиж хяхах бус дэмжиж байгаагийн нэг хэлбэр. Хугацаандаа зөрчлөө арилгавал барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоно.

Харамсалтай нь зөрчлөө арилгах шаардлага дахин дахин өгсөөр байтал биелүүлэхгүй байгаа аж ахуйн нэгжүүд бас байсаар байна. Эдгээрийн тод томруун “төлөөлөгч” нь дээрх 35 барилга байна шүү дээ.

-Цаашид эдгээр 35 барилга байгууламж дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Бичиг баримтуудыг нь дахин нарийвчлан судалж, хэд нь барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө НЕТГ-т хүргүүлчихээд хариу хүлээж байгааг гаргаж ирнэ. Мөн тэдэнд зөвшөөрөл олгох эсэхийг НЕТГ-аас тодруулна. Үүний дараа огт хүсэлтээ өгөөгүй, НЕТГ-аас зөвшөөрөл олгох боломжгүй компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг БХБЯ-д танина. Нийслэлийн Засаг даргад газрынх нь зөвшөөрлийг цуцлуулах саналаа ч мөн хүргүүлнэ.

Categories
мэдээ цаг-үе

О.Адъяа: Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч талд санхүүгийн ачаа үүсгэх заалтууд байна

“Ам Чам Монгол”-ын Бодлогын асуудал эрхэлсэн захирал О.Адъяатай ярилцлаа.

-Танайхаас Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад санал хүргүүлсэн. Эдийн засаг, хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлэхээр өөрчлөлтүүдийг санал болгосон гэсэн тайлбар чинь содон сонсогдсон. Яг ямар саналууд өгсөн юм бэ?

-Монгол дахь Америкийн худалдааны танхимын хувьд Америкийн худалдааны танхимын албан ёсны салбар байгууллага. Америкийн болон Монголын 50 гаруй компани манай байгууллагын гишүүд. Эрхэм зорилго маань их энгийн. Хоёр улсын хооронд бизнес худалдааны харилцаа хөгжүүлэх, Монгол дахь Америкийн бизнесийн эрхийг хамгаалах, дан ганц Америкийн биш Монголд ажиллаж байгаа бүх хувийн хэвшилд үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө Америкийн худалдааны танхим ажилладаг. Бидний ажлын нэг хэсэг бодлогын нөлөөлөл. Энэ хүрээнд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлсэн юм. Өнгөрсөн оны зургадугаар сард гэхэд төр хувийн хэвшлийн том хэмжээний зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, холбогдох саналуудыг Хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн. Нэг талаасаа яамны гаргасан санаачилга байсан юм. Гэтэл яамны хувьд ажил олгогчдын зүгээс гаргасан саналыг хуулийн төсөлд бүрэн дүүрэн тусгаж чадаагүй тал анзаарагдлаа. Уг нь олон улсын практикаас харахад хөдөлмөрийн харилцаа гэдэг ажилтан, ажил олгогчийн харилцаанаас үүсдэг. Гэтэл одоо яригдаж байгаа хуулийн төсөлд ажилтны эрхийг маш сайн хамгаалсан. Тодруулж хэлбэл анхаарах ёстой гурван асуудал байна. Ажил олгогч талд нэмэлт санхүүгийн ачаалал үүсэх эрсдэл хуулийн төслөөс анзаарагдлаа. Жасаагаар буюу ээлжээр ажилладаг хүмүүсийн гэрээсээ ажилдаа ирэх цагийг ажилласанд тооцох гэх мэт эргэж харахаар заалтууд байна. Жишээ нь иргэн Доржийн автобусанд суугаад ажилдаа ирэх хүртэлх хугацааг ажлын цагт нь оруулж тооцно гэсэн үг. Ажил олгогч талд нэмэлт санхүүгийн ачаа үүсэх иймэрхүү заалтууд хуулийн төсөлд байгаа.

-Жасаагаар ажиллахад гэрээс ажил хүртэлх хугацааг ажилласан цагт тооцно гэдгээ жаахан тодруулж тайлбарлаач?

-Жасаан дээр гэхэд ажилдаа ирж буцах хугацааг ажилласан цагт оруулж тооцно гэсэн заалт бий. Ажил олгогч ирж очих зардлыг хариуцна гэж байгаа. Энэ заалтын хувьд бас нэг өрөөсгөл тал бий. Жасааг зөвхөн уул уурхайн салбарт авч үзсэн байх жишээтэй. Барилга , дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрийн ажил гэж ирээд яривал ээлжийн өчнөөн ажлууд байгаа шүү дээ. Гэтэл зөвхөн уул уурхай гэсэн ганцхан салбарыг онцолсон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаас анзаарагдсан дараагийн асуудал нь ажилтан, ажил олгогч хоорондоо зохицуулж болох маш олон асуудалд холбогдох төрийн байгууллага, үйлдвэрчний эвлэл хүчтэй орж ирэхээр байгаа. Арваас дээш ажилтантай байгууллага л бол ажилтных нь асуудал заавал маргаан таслах комисс гэдгээр орох зохицуулалт хуулийн төсөлд туссан байгаа юм билээ. Ажилтан, ажил олгогч аль аль талдаа хүндрэлтэй асуудал. Ажил олгогч талд илүү их ачаалал, хүндрэл, зардал үүсгэсэн заалт. Ажилтны хувьд ч гэсэн маргаан таслах комисс гэх мэт шат дамжлагаар асуудлаа шийдүүлнэ гэдэг амар биш процесс. Маргаан гэхэд л эрхийн, сонирхлын гээд хоёр янз, маргааныг маргаан таслах комисс, сум дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо гэх мэт бүтцүүд шийднэ гэсэн заалтууд хуулийн төсөлд туссан байгаа. Нөгөө талаас нь харвал өнөөдөр ажилтан байсан Дорж маргааш ажил олгогч болох магадлалтай. Хэрвээ хууль энэ янзаараа батлагдвал Дорж ажилтан байхдаа хуулиар хамгаалагдаж байснаа ажил олгогч болонгуут хуулийн дарамт шахалтад ороод эхлэх эрсдэлтэй. Ийм сөрөг талууд байна.

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд танайхаас гадна ажил олгогчдыг төлөөлсөн ямар байгууллагууд саналаа өгч байгаа вэ?

-Америкийн худалдааны танхим ганцаараа санал өгөөд байгаа юм биш л дээ. Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, СЕО клуб зэрэг байгууллагууд саналаа хамт өгсөн. Ингэсний хүчинд энэ хуулийг өнгөрсөн онд санаачлагч болох Хөдөлмөрийн яаманд нь буцаасан юм. Хэт нэг талыг барьсан буюу ажилтнуудыг сайн хамгаалсан, нөгөө талаас ажил олгогчийн асуудлыг бүрэн тусгаагүй гэдэг үндэслэлээр буцаасан. Хөдөлмөрийн яам он гарснаас хойш Америкийн худалдааны танхим, МҮХАҮТ, ажил олгогчдын холбоотой хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Бид энэ оны нэгдүгээр сард хэлэлцүүлгээ албажуулж, саналуудаа бичгээр хүргүүлсэн. Хөдөлмөрийн яамны зүгээс бидний саналыг хуулийн төсөлд тусгах байдлаар ажиллаж эхэлсэн гэсэн байр суурийг хоёрдугаар сард хэлсэн байгаа. Яамдаас санал авах шатанд явж байгаа юм билээ. Яамдаас санал аваад хоёр долоо хоногийн дотор Засгийн газарт өргөн барина гэсэн чигтэй байгаа гэсэн. Америкийн худалдааны танхимын зүгээс энэ асуудалд цаашдаа анхаарч идэвхтэй байр суурьтайгаар оролцоно.

-Ер нь зах зээл хөгжсөн орнууд Хөдөлмөрийн хуульдаа ажилтан, ажил олгогчийн харилцааг яаж тусгасан байдаг юм бол. Аль алиных нь эрх ашиг хохирохгүй зохистой харилцааны загварыг бүтээчихсэн улс байна уу?

-Зах зээлийн эдийн засагтай оронд ажил олгогч, ажилтаны эрх ашгийг яг тэнцвэртэйгээр хамгаалсан хууль байдаггүй юм билээ. Ямар нэг байдлаар аль нэг талынх нь эрх ашиг арай илүү хөндөгдөх юм уу, хамгаалагддаг жишиг анзаарагддаг. Гэхдээ ажилтныхаа эрхийг хэт хамгаалахгүйгээр, арай боломжийн байдлаар оруулсан хандлага хөгжилтэй орнуудын хуулиас харагддаг. Ийм хандлагыг хуульд тусгах чиглэлээр яамны ажлын хэсгийнхэнд саналаа хэлээд явж байна. Америкийн худалдааны төвийн хувьд дан ганц Америкийн компаниудын бизнесийн эрхийг хамгаалаад байгаа юм биш л дээ. Түрүүн хэлсэн дээ, Монголын олон компани манай танхимд гишүүнчлэлтэй байдаг гэж.

-Хөдөлмөрийн хуулиас үүдэлтэй нэг шүүмжлэл бий. Үйлдвэрчний эвлэл, шүүхийн элдэв маргаанаас залхсандаа зарим ажилтнаа сул шахуу цалинжуулж ажиллуулдаг ажил олгогч, ажлаас нь халбал хууль яриад өчнөөн хэл үг үүсгэж болдог учраас нэг их хүч зарахгүйгээр ажиллаж мөнгө авдаг ажилтан нийгмийн нэг гаж гэмээр үзэгдэл болчихсон. Энэ хандлагыг өөрчлөх яг ямар гарц хуульд байна вэ?

-Одоогийн санал болгосон хуулиар бол ажилтан ажил олгогч хоёрын хооронд зохицож болох асуудлыг бүгдийг нь зохицуулах гэж оролдсон хандлага хүчтэй ажиглагдаж байна. Хэрвээ Хөдөлмөрийн хуулийг шинэчлэхдээ ажилтны эрх ашгийг хэт хамгаалсан заалтуудыг тусгавал ажил олгогчдод нэг сөрөг хандлага үүсэх эрсдэл бий. Дараа нь элдэв маргаан гардаг учраас ажлын байраа нэмэгдүүлээд яахав гэсэн хандлага ажил олгогчид төрөх нь сайн биш гэдэг нь тодорхой. Байгууллагын дотоод журмаар зохицуулж болох олон харилцааг хуульчлах гээд байгаа нь зөв биш. Яг зарчмын асуудлуудаа хуульдаа тусгаад, байгууллагын журмын хүрээнд шийдэх асуудлыг журмаар шийднэ гэчихмээр байгаа юм. Нарийн асуудлуудыг байгууллагад нь даатгавал төрийн байгууллага дээр илүү ачаалал ирэхгүй. Маргаан таслах комисс гэх мэт илүү зардал шаардсан бүтэц ажиллах ч шаардлагагүй. Ажилтан ажил олгогч хоорондоо зохицоод шийдчих асуудлыг төр хажуугаас нь орж зохицуулах шаардлагагүй.

-Манай Үйлдвэрчний эвлэлд хэт улстөржсөн, нэг хүнээс хараат ажилладаг гэх мэт дутагдлууд анзаарагддаг. Зах зээл хөгжсөн орнуудын үйлдвэрчний эвлэлүүдэд ийм “дархан эрх” байдаг уу?

-Бусад улсад ч үйлдвэрчний эвлэл нь ажилтнуудын эрх ашгийн төлөө хүчтэй ажилладаг. Ажилтнуудын төлөө тууштай зогсох учиртай байгууллага гэдэг утгаараа Үйлдвэрчний эвлэл энэ хуулийн төсөл дээр үүргээ сайн гүйцэтгэсэн. Нөгөө талаас нь харахаар хууль боловсруулах тал хэт нэг талд автсан байдал анзаарагдаж байна л даа.

-Үйлдвэрчний эвлэлийг улстөржсөн гээд байгаа нь энэ л дээ. Ажил олгогчид саналаа хүргүүлчихээд байхад үйлдвэрчний эвлэлийн санал хүчтэй туссан талаар та бид хоёр сая ярилаа. Бусад улсад үйлдвэрчний эвлэлийн иймэрхүү хэт нөлөөллийг хазаарласан байдаг уу л гэж сонирхоод байгаа юм…?

-Бусад улсуудын үйлдвэрчний эвлэл ажилтнуудын эрх ашгийн төлөө өндөр оролцоотой ажилладаг. Гэхдээ хэт улстөрждөггүй. Аль нэг улс төрийн хүчний гар хөл болохгүй байх хязгаарлалтуудыг нь сайн хийж өгсөн байдаг юм. Манайд байдал эсрэгээрээ гэдгийг та сая хэллээ. Нэг хүнээс хэт хараат байсан үе үйлдвэрчний эвлэлд байсан гэж ярилаа. Үнэний ортой үг.

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Засгийн газрын хуралдаанаар орохоос өмнө ажил олгогчдын санал туссан эсэхийг танай танхимаас сонирхож таарах байх. Энэ тал дээр хэр анхаарна гэж бодож байгаа вэ?

-Энэ хууль Засгийн газрын хуралдаанаар тун удахгүй орно. Түүнээс өмнө Хөдөлмөрийн яамны төлөөлөлтэй уулзаж санал маань туссан эсэхийг сонирхоно. Санал өгөөд байдаг, тусгахгүй бол үр дүнгүй шүү дээ. Энэ асуудал дээр нэлээд хатуу байр суурьтайгаар ажиллана. Бичгээр саналаа өгсөн, хариугаа бичгээр авна гэж бодож байна.

-Ерөнхий сайдад “Өсөлтөд хүрэх зам” гэсэн нэртэй бодлогын баримт өргөн барьсан гэж сонссон. Яг ямар агуулга, зорилготой баримт бичиг вэ?

-Бодлогын нөлөөллийн ажлынхаа хүрээнд энэ онд хийх ажлуудынхаа бодлогын баримт бичгийг Ерөнхий сайдад өргөн барьсан юм. Энэ баримт бичгийн хувьд холбогдох төрийн байгууллагуудыг хоёр чиглэлээр анхаарч ажиллаач гэж хүсч байгаа. Нэгдүгээрт бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалаач гэж хүсч байна. Хоёрдугаарт, эдийн засгийг төрөлжүүлэх шаардлага байна. Бодлогын хүрээнд тодорхой саналуудыг дэвшүүлсэн. Бодлогын тогтвортой байдал гэдэг дээр УИХ-аас соёрхон баталсан Америк, Монголын эдийн засгийн ил тод байдлын тухай гэрээний хэрэгжилтийг аль аль талаасаа чанд биелүүлж ажиллаач гэж байгаа. Монголын талаас хүлээсэн үүргүүдээ биелүүлээч гэсэн хүсэлт бидэнд бий. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Тэр үеэр бүрэлдэх УИХ, Засгийн газар одоо ажиллаж байгаа УИХ, Засгийн газрын зурсан гэрээ, хүлээсэн үүргийг даган мөрдвөл хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Шинээр бүрдсэн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа байгуулсан гэрээг хүчингүй гэж үздэг нь эргээд Америкийн төдийгүй бусад хөрөнгө оруулагчдад сөрөг мэссэж болж очдог. Эдийн засгийн төрөлжүүлэлтийн хувьд уул уурхай дэлхий даяар уналтын байдалд орсон энэ үед хаашаа эргэх вэ, юунд анхаарах вэ гэдгээ бодох учиртай.

Categories
мэдээ цаг-үе

Замын халтиргаа, гэрэлтүүлэг муугаас осол гарвал хариуцсан албан тушаалтан шийтгүүлнэ

-ЗӨРЧЛИЙН ОНООГ КАМЕРААР ТООЦДОГ ХЭВЭЭРЭЭ БАЙГАА-

Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Төрбаттай ярилцлаа.

-Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар аж ахуйн нэгжүүдэд оногдуулах торгууль шийдвэр нэлээд өндөрссөн юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчлэн найруулсан хууль 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Хуучин мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн найруулан ийнхүү мөрдөж эхэлснээр осол буурахад ахицтай нөлөөлж байна. Шинэ хуульд гарсан нэг өөрчлөлт нь, тус хуулийн 54 дүгээр зүйлд замын барилга байгууламж, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, арчилгаа хариуцсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд оногдуулах торгууль шийдвэрийг нэлээд чангатгаж, өндөрсгөсөн. Хуучин захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ аваад өнгөрдөг байсан. Энэ нь тухайн аж ахуйн нэгжүүдэд торгууль болж чаддаггүй байлаа. Харин шинэ хуулиар торгуулийн хэмжээг нэмснээс гадна, зам тээврийн осол аваарт нөлөөлсөн бол тухайн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг тухайн байгууллага, албан тушаалтнаас гаргуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, өвлийн цагт замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэнээс болж осол гарвал тухайн замыг цэвэрлэж, цас мөсийг нь арилгах ёстой байсан байгууллага нь хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулна гэсэн үг. Мөн замын зорчих хэсэг эвдэрч, нүх гарснаас болж жолооч нар саадыг тойрох гэж осол гаргах нь их байдаг. Осол үүнээс болсон гэдгийг цагдаагийнхан хэмжилт хийгээд тогтоовол мөн зам арчилгаа, засварын газарт арга хэмжээ авч, нөхөн төлбөр төлүүлнэ гэх мэтээр аж ахуйн нэгжүүдийн хариуцлага нэлээд өндөрссөн.

-Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хичнээн аж ахуйн нэгжид торгууль оногдуулсан бэ?

-Өнгөрсөн 2015 оны есдүгээр сарын 1-нээс хойш одоогийн байдлаар нийтдээ замын барилга байгууламж стандартын бус хийсэн, хайш хашлага тавьсан, зөвшөөрөлгүй тэмдэг тэмдэглэгээ тавьсан, гэрэлтүүлэг, халтиргаа зэргээс шалтгаалан зам тээврийн осол зөрчил гарсан ийм тохиолдол нийтдээ 399 гарчээ. Үүнд нийтдээ 12 сая 57600 төгрөгийн торгууль ногдуулан зөрчлийг арилгуулсан байна. Ялангуяа, иргэд аж ахуйн нэгжүүд замын зорчих хэсэг дээр зөвшөөрөлгүй рекламын самбар байрлуулах, энэ нь замын хөдөлгөөний тэмдэгтэй андуурагдах ийм зөрчил их байдаг. Ийм зөрчилд хүлээлгэсэн торгууль шийдвэрүүд олон байна.

-Замын гэрэлтүүлэг муу байгаа нь осол гарах нэг том шалтгаан болдог байсан. Гэрэлтүүлэг муугаас осол гарч байна уу?

-Гэрэлтүүлэг муу, замын зорчих хэсгийн үзэгдэх орчин муу байгаа нь осол гарах үндсэн шалтгаануудын нэг. Одоо сүүлийн үед хотын гэрэлтүүлэг сайжирсан учраас энэ шалтгаанаас болж гардаг осол буурч байна. Одоо юун дээр торгууль шийдвэр оногдуулах вэ гэхээр, хотын гэрэлтүүлгийн компаниуд цахилгааны саатал, кабельд гэмтэл гарсан гэх шалтгаанаар гэнэт замын зорчих хэсгийн гэрэлтүүлгийг унтраах, үүнээс болоод осол гарвал тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцно. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас замын гэрэлтүүлэг дээр сар бүр тогтмол үзлэг шалгалт хийдэг болсон. Гэрэлтүүлгийн асалтын хувь 95 хувиас доош орсон бол тухайн байгууллагад нь арга хэмжээ авна. Ерөнхийдөө хотын замын гэрэлтүүлэг нэг үеэ бодвол сайжирсан.

-Хоёр жилийн өмнө хүн дайраад зугтаасан жолооч “Шөнө гэр хорооллын гудамжаар явж байхад харанхуй, утаатай байсан учраас юу ч хараагүй” гэж мэдүүлж байсан. Энэ хүний хувьд харанхуйгаас болоод осол гаргасан байна. Энэ тохиолдолд яах вэ?

-Тухайн үед нийслэлээс гэр хороолол, гудамж замыг гэрэлтүүлэгтэй болгохоор хөрөнгө санхүүгээ шийдээд явж байсан. Тэр хэргийн тухайд яаж шийдсэнийг мэдэхгүй байна. Одоогийн хуулиар гэрэлтүүлгийн шон байгаа хэр нь гэрэлтүүлэг нь асахгүй байгаа тохиолдолд хариуцлага тооцно. Үүнээс болоод осол гарвал тэр ослын хохирлыг нөхөн төлүүлнэ. Гэрлийн шон байхгүй газруудад Замын цагдаагийн газраас судалгаа хийгээд энэ зам дээр осол гарч болзошгүй байна шүү, энэ гудамж, зам дээр гэрэлтүүлэг тавимаар байна гэсэн саналыг нийслэлд тавьдаг. Одоогоор Замын цагдаагийн газраас уулын замын гэрэлтүүлгийг нэмэх саналыг Хотын захиргаанд тавиад байгаа. Уулын зам нь огцом эргэлт ихтэй, гэрэлтүүлэг бага байгаагаас болж үзэгдэх орчин муу байгаа гэсэн гомдол, санал ирж байгаа. Тиймээс асуудлыг шийдүүлэхээр саналаа тавиад байна. Мөн “Раппид харш” хорооллын урд талын замын зорчих хэсэг зөвхөн нэг талдаа гэрэлтүүлэгтэй байдаг. Энэ замын гэрэлтүүлэг муу байна гэсэн гомдол ирж байна. Гэрэлтүүлэг нь нэлээд хуучны шар гэрэл байгаа юм.

-Гэрэлтүүлэг муу байгаагаас болоод аль зам дээр осол их гардаг байсан бэ?

– Дарь-Эхийн замын гэрэл муу байгаа талаар их гомдол ирдэг байсан. Тус замын гэрэл асаж байгаа хэр нь замын зорчих хэсэгт төдийлөн сайн гэрэл тусдаггүй байсан л даа. Тэгээд Замын цагдаагийн газраас хотын захиргаанд санал тавиад 100 ваттай байсан гэрлийг 150 ваттай болгож сольсон. Одоо замын зорчих хэсэг гэрэлтүүлэг сайтай болсон.

-Халтиргаатай байгаа замын талаар Замын цагдаагийн газарт жолооч нар мэдээлэл өгч байж болно биз дээ?

-Зам тээврийн хэрэг зөрчил гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн бол Замын цагдаагийн газарт хандаж болно. Энэ жилийн хувьд хамгийн сүүлд гарсан зөрчил бол нэг айл автозам дээр муу усаа асгаж, тэр нь мөс болж тогтоод халтиргаа үүссэнээс осол гарсан байна. Тухайн иргэнийг 48 мянган төгрөгөөр торгож, мөсийг арилгуулсан байгаа. Энэ зам нэлээд мөстсөн байна, халтиргаанаас болоод осол аваар гарах нөхцөл бүрдсэн байна, эсвэл замын ус зайлуулах хоолойноос болоод зам мөстлөө гэх мэтээр иргэд жолооч нар Замын цагдаагийн газар хандаж болно. Манайхаас холбогдох байгууллагуудад нь хандаад яаралтай цэвэрлүүлэх арга хэмжээ авна. Замын халтиргаанаас болж гарсан осол гэж юуг хэлэх вэ гэхээр, хоёр автомашин хурдаа багасгасан, зогсоход бэлэн явж байсан хэр нь яалт ч үгүй тухайн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авахад зогсох боломжгүйгээр халтирч очоод мөргөсөн тохиолдлыг хэлнэ. Тэрнээс биш цас орсон, зам халтиргаатай байхад жолооч хурдаа тохируулаагүй, дугуйгаа солиогүй зэрэг шалтгаантай бол халтиргаанаас болсон осол гэж үзэхгүй. Хэдэн километр цагийн хурдтай явахад, зогсоох арга хэмжээг авснаас хойш хэр зам туулсан зэрэг бүх нарийн дүгнэлтийг хэмжиж үзээд тогтооно. Өвлийн улиралд Улаанбаатар хотын бүх л зам халтиргаатай байдаг. Тиймээс үүн дээр жолооч хурдаа тохируулаагүй, өмнөх зайгаа бариагүй явсан бол зөвхөн халтиргаанаас болсон осол гэж дүгнэхгүй.

-Гадаадын улс оронд зам муу байснаас болоод машин нь эвдэрсэн иргэд зарга хийж хотын захиргаанаасаа нөхөн төлбөр авсан жишээ их байдаг юм билээ. Манайд муу хагархай зам дээр явснаас болоод машин амархан дуу орж, эвдэрдэг шүү дээ. Үүнийг зохицуулсан болов уу?

-Манайд ч гэсэн замын нөхцөл байдлаас болоод машин нь эвдэрсэн иргэн нөхөн төлбөрөө гаргуулж авч байсан тохиолдол бий. Хоёр жилийн өмнө зам дээр байдаг траншейны нүх онгорхой байснаас нэг машин дугуйгаа оруулж машин нь эвдэрсэн. Тэр хүн хохирлоо тухайн траншейныг хариуцаж байсан аж ахуйн нэгжээс гаргуулж авсан. Шинэ хуулиар замын зорчих хэсэгт гарсан нүхийг тойрох гээд хоёр машин мөргөлдлөө гэхэд хохирлыг тухайн зам арчилгааг хариуцсан аж ахуйн нэгж, албан тушаалтнаар төлүүлнэ гэж заасан. Мөн зам засвар, шугам сүлжээний ажил хийх нэрээр замын зорчих хэсэгт нүх ухаад тэр нь тэмдэг тэмдэглээгүйгээс болж осол гарвал мөн л торгоно. Замын зорчих хэсэгт нүх, эвдрэл гарсан тухай тус хуулийн 54 дүгээр зүйлд маш тодорхой заасан.

-Аж ахуйн нэгжүүд зам хаагаад орц, гарцыг бөглөчихсөн байдаг л даа. Энэ тухай юу гэж заасан бэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд замын хөдөлгөөний урсгал чиглэлийг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн зөрчил их гардаг. Энэ зөрчийг ихэнхдээ барилгын компаниуд гаргадаг. Барилга барих ажлаа хийхдээ замын зорчих хэсгийг хааж, бусдын хөдөлгөөнд саад учруулсан ийм зөрчил илэрсэн тохиолдолд иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр, аж ахуйн нэгжийг энэ мөнгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно гэж заасан байгаа. Урин дулааны улирал эхэлж байна. Барилга барьж байгаа байгууллагууд энэ талаар анхаараарай. Дээр нь замын тэмдэг тэмдэглэлийг зөвшөөрөлгүй зөөсөн, хурааж авсан ийм тохиолдолд мөн торгоно. Ялангуяа аж ахуйн нэгжүүд зогсоолоо хамгаалж орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ их тавьдаг. Ийм тэмдэглэгээ хийх бол заавал Замын цагдаагийн газарт хандаж, стандартын дагуу үзлэг шалгалт хийлгэж, зөвлөгөө авч байж хийх хэрэгтэй.

-Гэрлэн дохио ажиллаагүйгээс осол гардаг. Тэгвэл энэ тохиолдолд аль байгууллагыг торгох вэ?

-Гэрлэн дохио ажиллахгүй байгаа тохиолдолд жолооч уулзвар, зам нэвтрэхдээ аль нь гол зам, аль нь туслах зам бэ гэдэг мэдээллийн тэмдгүүдийг хараад энэ дүрмээ баримтлан нэвтэрнэ. Мөн цагдаагийн зохицуулагчийн дохиогоор уулзвар нэвтэрнэ. Харин гэрлэн дохио алдаа гарч, үүнээс болоод осол гарвал Замын хөдөлгөөний удирдлагын төвд хариуцлага оногдуулна. Жишээлбэл, нэг тал нь ногоон гэрэл асчихсан байхад нөгөө урсгалын ногоон гэрэл нь зэрэг асах зэргээр системийн алдаа гарч, үүнээс болж осол гарсан бол Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцлага хүлээнэ. Ийм тохиолдол мэр сэр гардаг л даа.

-Замын түгжрэл их байгаа энэ үед туслах уулзварууд руу нэвтрэх гэхээр ихэнхдээ үргэлжилсэн цагаан зураастай байдаг. Үүнд иргэд нэлээд шүүмжлэлтэй ханддаг л даа…

-Замын хөдөлгөөний хуулийн 7.1-д үргэлжилсэн цагаан шугамын талаар ярихад, тасархай болгочихвол жолооч гэр рүүгээ болон ажил руугаа ороход асуудалгүй. Хамгийн гол нь тэр замаар олон машин зорчвол огцом эргэлттэй, үзэгдэх орчин муу зэрэг нөлөөллүүд байдаг учраас зөвшөөрдөггүй юм. Ийм тохиолдолд зүүн гар тийшээ эргэх нь зам тээврийн ноцтой осол гарах нөхцөл болдог. Тиймээс аль болох аюулгүй зорчих нөхцөлийг хангаж, Замын цагдаагийн газраас зураг төслийг гаргадаг байгаа. Тасархай шугам байвал энэ уулзвараар аюулгүй нэвтэрч болох юм байна, үргэлжилсэн зураастай бол энэ уулзвар осол гарах магадлалтай уулзвар байна гэж ойлгоод дүрмээрээ зорчихыг жолооч нарт сануулмаар байна.

-Камерын хяналтаар жолооч нарт торгууль оногдуулахаа больсон гэсэн мэдээлэл гадуур тараад байна. Яагаад ийм шийдвэр гарсан юм бол?

-2013 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 80 дугаартай захирамж байдаг. Тэр захирамж хүчингүй болоод Хууль зүйн сайдын тушаалаар А188 гэсэн журам батлагдсан. Энэ журмыг баримтлан одоо ажиллаж байгаа. Гэхдээ журамд, хуучин захирамжийн агуулга нь огт өөрчлөгдөөгүй орсон. Тэгэхээр хүмүүсийн яриад байгаа зөрчлийн оноог камераар тооцохоо больсон гэдэг худлаа шүү. Өмнөх журам нь хүчингүй болоод шинэ журмаар зохицуулагдаж байна. Шинэ журамдаа нь агуулга нь өөрчлөгдөөгүй.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
мэдээ цаг-үе

Б.Сарандаваа: Мөнгө даллахыг би зохиогоогүй

“Монгол аура” төвийн тэргүүн,
доктор Б.Сарандаваатай ярилцлаа.

-Та бол олны танил хүн, харин
хувь хүнийхээ хувьд хэн бэ гэж хүмүүс сонирхож байгаа болов уу. Таны төрсөн
нутаг, аав ээжийн тухай дурсамжаар яриагаа эхлэх үү?

-Би эцэг, эхээс наймуулаа. Хүнд
өргөгдсөн хүүхэд байгаа юм. Одоо ч ээж, аавынхаа ачийг бодож явдаг. Миний аав
бол өргөж авсан ээжийн маань төрсөн ах нь. Дүүдээ л намайг өргүүлсэн юм. Би
Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрөөд, дараа нь Дундговьд өссөн. Тэр сайхан
газруудын энерги надад үйлчилсэн байх гэж би боддог. Би Дундговь аймгаа төрсөн
нутаг шигээ боддог. Тиймдээ ч миний хоёр хүү Дундговьд мэндэлсэн. Миний номын
багш хоёр хүүд маань Занабазар, Аюурзана гэж нэр хайрласан юм. Одоо бодоход
Өндөр гэгээн Занабазар гайхамшигтай мэдлэгтэй, ур ухаантай хүн байжээ. Бодоод
үз дээ. Дэлхийн бүх энерги 21 цэг дээр явдаг. Олон улсын энергийн маш олон
хуралд оролцлоо. Дэлхийн энерги, газрын энерги, хүмүүс хоорондын энерги
долгионыхоо давтамжаар 21 циклтэй байдаг. Өндөр гэгээн Занабазар 21 дарь эхийн
дүрийг бүтээсэн нь 21 энерги юм гэж би ойлгодог. Өндөр гэгээний бүтээсэн
бурхадаас гадагшаа гарсан ганц нэг нь 200-300 сая доллараар үнэлэгдэж байх
жишээтэй. Ямар агуу их бүтээл, агуу их оюун ухаан бэ. Намайг хүндрэлтэй төрөхөд
аав маань багш дээр очиж, хадаг барьж, миний амийг аварсан гэдэг. Түүнээс хойш
миний багш намайг ивээлдээ аваад “Ум дари дүдари дүри суха” гэсэн тарнийг бичиж
өгсөн нь надад байдаг. Тэр нь абшиг болж явдаг юм байлгүй. Тарни өгснөөс нь
хойш энэ ажлыг нь сайхан уламжилж яваа. Дээрээс надад багшийнхаа замналаар яв
гэж өгөгдөл өгсөн байх аа гэж боддог. Аюурзана чинь ч нэг дарь эхийн нэр шүү
дээ. Одоо миний хоёр хүүгийн үр үндэс өсч үржээд олон дарь эхтэй болж байна.
Өнөрдарь, Анударь, Өлзийдарь Номуударь гээд олон дарь эх бий дээ.

-Та ач охиддоо нэр өгдөг үү?

-Нэр өгч байна.

-Юу мөрөөддөг хүүхэд байв?

-Би их мөрөөдөмтгий хүүхэд
байлаа. Дандаа гоё юм бодож явдаг. Ном их уншдаг. Д.Нацагдорж тэмдгийн болзол
хангана, “Номын сайн нөхөр” болно гэж хичээдэг байлаа. Ээж, аав хоёр маань
“Нүдний чинь хараа муудлаа” гээд загнахаар хөнжил дотроо гар чийдэн тусгаад ном
уншдаг байв. Дараа нь Д.Нацагдорж тэмдгийн болзол хангасан, таван онцын эзэн ч
болж байлаа. Аав маань гурван дугуйттай. Намайг дэргэдээ суулгаад, хөдөө
цайныхаа сүүнд явна. Тэгэхэд нь үүл хараад дандаа дүрсэлж боддог сонин хүүхэд
байсан. Багаас л энэ бүхний үндэс суурь тавигдсан гэж боддог шүү. Би Хөдөө аж
ахуйн дээд сургуулийг төгссөн. Оюутан байхдаа ч ангийнхныгаа Гандан хийдэд очиж
мөргүүлдэг байлаа. Одоо бодоод байхад хүн залбирлаа зөв бодож, бодлоо зөв
хэлсэн цагт тэр нь биелж байдаг. Хүн сүсэг бишрэлтэй байх ёстой юм билээ. Сүсэг
гэдэг нь гурван төрөл. Итгэж сүсэглэх, залбирч сүсэглэх, сэтгэлээсээ сүсэглэх
гэж байдаг. Зарим хүн “Би сүсэггүй” гэдэг. Сүсэггүй хүн гэж байдаггүй. Үгүйдээ
л сэтгэлийн сүсэгтэй байгаа шүү дээ. Сэтгэлийн сүсэгтэй улсууд чинь ямар ч
байсан гутлаа тайлаад, бурхан дээрээ аваачаад тавьчихгүй. Хувцсаа ээж аавынхаа
зурган дээр овоолчихгүй л байх.

-Бага байхад маань эмээ тарни
уншаад л “Урт насалж удаан жаргах болтугай” гээд миний өмнөөс залбирдаг байсан.
Ээжүүдийн залбирал хэр нөлөөлдөг бол?

-Нөлөөлөлгүй яах вэ. За миний
хүү Ногоон дарь эхийн тарни “Ум дари дүдари дүри суха” гээд уншаарай гэж
хүмүүст хэлдэг. “Энийг уншихаар хүү маань юмнаас айхаа больчихлоо” гэдэг.
Судлаад үзэхээр нэг тарнийн нэг үсгийг хэлэх төдийд хэдэн галавын тамаас
аврахын сацуу, очир эрдэнийн адил хамаг муухайг зайлуулж авран нигүүлсэхүйн
увдистай гэдэг. Тарнийг санскридээр уншина уу төвдөөр уншина уу монголоор
уншина уу хамаагүй. Гагцхүү Дарь эхийн тарнийг уншихад миний айдас алга болж,
бүх юмнаас аврагдана гэж тархиндаа кодолсон учраас л тарни ид шидээ олж байгаа
юм. 2004 онд би “Сэтгэл судлалын уламжлалт арга” сэдвээр боловсрол судлалын
доктор хамгаалахдаа нууц тарнийн аргыг судалсан юм. Сэтгэл судлалын уламжлалт
аргаар бид жил бүр арга хэмжээ зохиодог. Таван хишгийн даллага нэг дор авдаг.
Энэ даллага авахдаа хамгийн эхлээд хийморь гэж юу юм бэ гэж тайлбарладаг. Шашин
талаас нь хийморийг ингэж тодорхойлдог юм байна, шинжлэх ухаан талаас нь ингэж
хэлдэг юм байна, энерги талаас нь ингэж тодорхойлдог гээд хэлдэг. Мөнгө дууддаг
гээд л шүүмжлээд байдаг. Гэтэл бид Намсрайн даллага авч өгдөг. Намсрай бурханы
бүх арга барил, бэлгэ тэмдгийг хэлнэ. Монголчууд бүх бурхан тахилдаа
бэлгэдлүүдийг шингээж өгсөн байдаг. Дараа нь Гонгорын даллага авна. Гонгорыг
сайхан тайлбарлаж өгнө. Яагаад гавлынх нь ясан дотор дүүрэн алт эрдэнэс байдаг
гэхээр “Монголчууд аа, тархиа ажиллуулсан цагт алт эрдэнэс та нарын гарт шүү”
гэдгийг хэлж байгаа юм. Яагаад Намсрай бурханы гарт алт эрдэнээр бөөлжөөд
байдаг үхэр хулгана бариулсан гэхээр хулгана хөеөгөө цуглуулдаг учраас “Ард
түмэн минь та нар хуримтлалтай байсан цагт аз жаргалтай амьдарна” гэдгийг
хэлсэн байх жишээтэй. Дараа нь бид буян хишгийн даллага авдаг. Даллагынхаа
уутыг бие махбодын өнгөөр хийх ёстой гээд тайлбарладаг. Нэг лекцийн дараа нэг
ном гаргадаг. 21 аймгаар дөрвөн удаа тойроход янз янзын даллагын ууттай байсан.
Энэ тухай бичээд ном гаргасан юм. Буян хишгийн даллага авсны дараа Өлзий
хутгийн даллага авдаг. Ажлаа яаж бүтээх вэ. Хүн бодлоо яаж удирдах ёстой юм.
Бодол биелдэг, үг амилдаг гэдгийг бодолцох учиртай. Үг амилсан цагт үйлдэл
дагадаг. Тийм учраас манай монголчууд “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал
могойн хорлол” гэдэг ш дээ. Саваагүй нохой саранд хуцна гэдэг чинь хүн битгий
муу хэлж бай. Хүнтэй битгий жөтөөрх. Энэ муухай долгион чинь өөрт ирдэг юм шүү
гэдгийг хэлж байгаа юм. Би чамд нэг ном өгөхөд чи авахгүй бол надад л үлдэнэ.
Түүн шиг хүн муухай харааж зүхэж, атаархаж жөтөөрхөж байсан ч авахгүй гэсэн
кодыг толгойдоо суулгасан бол тэр муухай долгион та нарт очихгүй. Тийм л учраас
“Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэсэн үгтэй. Тавд нь бид мөнгөөр
далладаг. Түүнийг маань баахан шүүмжилдэг. Мөнгө даллах гэдгийг би зохиогоогүй
юм. Монголын ард түмэнд өдий хүртэл уламжлагдаж ирсэн зүйл. Олуулаа нэг дор
цуглаад, нэгэн дуугаар, нэгэн зэрэг сайхан даллага авахад тэр их оюун ухааны
давтамж, тэр их хэлбэлзэл далд ухамсар нэгдэнэ. Буян хишгийн даллагын утга учир
үүнд оршдог юм.

-Зөвхөн таны хүч чадал биш олон
хүний хүч чадал нэгдэх нь ээ?

-Нэгэн дуугаар, нэгэн зэрэг
даллага авна гэдэг бол тэр хүмүүсийн буян хишиг оршиж байгаа хэрэг. Худгийн ус
хэмжээтэй гэдэг. Саяхан Ийгл телевизээр нэг эрдэмтэн Чой хамбатай суугаад ярьж
байна лээ. Сарандаваа нэг дор 3000 хүн цуглуулчихаад транст оруулдаг гэж байна
лээ. Тэр олон хүн ухамсраараа нэгдэж байгаа. Далд ухамсар дээд хүчтэй
холбогдоод, оюун санааг нэгэн тогоон дотор, нэг тойрог дотор транс хэлбэрт
оруулахад бүгд нэгэн зэрэг хурайлаад, нэгэн зэрэг босоод, нэгэн зэрэг сууж
байгаа гэж тэр эрдэмтэн хачин сайхан тайлбарласан. Хурайлна гэдэг чинь дээд
хүчнээс хурааж авч байна гэсэн үг юм билээ. Та нар борооны дусал мэт их буян
хишиг бууж байна гэж бодоод өөрт ногдохыг хэр хэмжээгээрээ ав гэж би хүмүүст
хэлдэг. Хүн болгон баян болно гэж үгүй. Хүн бүрийг төрөхөд төчнөөн хуй торго
хэрэглэнэ, төчнөөн амуу буудай иднэ гээд төрсөн өдрийн төөрөг байдаг. Нар зөв
хурайлна гэдэг энергийн хуйлрал бий болгож байгаа гэсэн үг. Даллаж авна гэдэг
дотоод гадаад энергиэ өөртөө дуудаж байгаа хэрэг. Монголчууд замд явахдаа
өмнүүр нь хонь адуу явахад “Буян хишиг орж ирж байна” гэж бэлгэшээдэг ийм
учиртай. Уухайлна гэдэг хүч оруулдаг. Хурай гэдэг өөрийн дотоод энергийн эрч
хүчээр хурайлж авч байна гэсэн үг. Даллана гэдэг тэнгэрээс торсон орны эрчилсэн
эрч хүчийг буулгаж даллаж авч байна гэсэн үг. Тэгээд бид уухайлаад өвөртөө
хийгээд авч байна гэдэг чинь гадаад дотоод энергийн эрч хүчийг дотоод
сэтгэлийнхээ эрч хүчээр өөртөө оршоож авч байгаа юм. Үүнийг шинжлэх ухаан
талаас нь ч шашин талаас нь ч хэлж өгдөг. Өдий олон жил уламжлагдаж ирсэн ёс
заншлыг дорд үзэж болохгүй. Зарим хүн намайг доромжилно биз. Ард түмнийг мал,
мухар сүсэгтэй гэж доромжилж таарахгүй.

-Сарандаваа гэдэг ямар утгатай
нэр вэ?

-Манайх найман даваатай.
Сарандаваа нь сар сар гэсэн утгатай.

-Та 21 дарь эхийн хийдээ яаж
босгосон бэ. Энэ хийд эхлээд таны сэтгэлд ямар дүр төрхтэй бууж байв?

-Монголчууд эрт үеэс Дарь эх
бурханыг шүтэж дээдэлж ирсэн. Энэ амьдралыг үүрч яваа бүсгүйчүүддээ туслах
юмсан, болж бүтэхгүй бүхэнд нь засал хийж өгөх юмсан гэж би олон жилийн турш
бодож “21 дарь эхийн бодлын орон түлхүүр хийд”-ээ босгохоор зорьсон юм. Уг нь
миний багш хэлдэг байсан. Чингэлтэй хайрхан дээр бурхан багш суугаад, бүх ард
түмнээ харж байдаг. Туул голын эрэг дээр Ногоон дарь эх ард түмнээ, рашаанаа
хараад ивээлдээ авч байдаг гэж ярьдаг байсан. Газар хөөцөлдөөд бараагүй.
Хашааныхаа газар дээрээ л хийдээ босгосон юм. 2008 оны наймдугаар сарын 8-ны
найман цаг, найман минутад шав тавиад, өөрсдийнхөө хүчээр босгосон. Анхандаа
өөрийнхөө мөнгийг эндээ оруулж бага багаар босгож байгаад нэг давхраа босгоод
банкнаас зээл авсан юм. Зарим улсууд “Сарандаваа чинь мөнгө дууддаг байж зээл
аваад байхдаа яадаг юм” гэдэг. Ард түмэндээ зориулж сайхан юм босгохын тулд
урьдчилж мөнгө аваад, дараа нь 21 аймгаар явж, ард түмнийхээ хандиваар
бүтээсэн. “Та нарын лекцэнд суусан мөнгө чинь энэ хийдэд орж байгаа шүү” гэж би
хүмүүст хэлдэг. Яг манай гэр бүлийнхэн бол унтлагын өрөөтэй, гэртэй л улсууд
шүү дээ. Одоо энд 21 дарь эхийн бүхэл бүтэн орд харш босчихсон байгаа. Нэг
давхарт нь гэхэд л 21 дарь эхийн хот мандал бий. Нэг лам ирж үзээд “Ямар мундаг
юм бэ, Монголд битгий хэл Азид ч 21 дарь эхийн хот мандал байхгүй шүү” гэж
хэлсэн. Ер нь хот мандал нь бясалгалын зан үйлд хэрэглэгддэг орон. Хот мандлыг
хүний биеийн анотомийн маш нарийн зохион байгуулалтаар бүтээдэг. Хоёр давхарт
гарахдаа 21 дарь эхийн түлхүүрээр явж, бие хэл сэтгэлээр үйлдсэн үйлийн үрээ
арилгадаг учиртай. Хэлээрээ битгий муу үг хэл, сэтгэлдээ битгий муухай юм
агуулж бай гэдэг. “Болно, бүтнэ, явна, эдгэнэ, чадна, ялна дийлнэ” гэж бодож,
сэтгэлээ амирлуулдаг. Битгий муу муухайг үзэж хар, дандаа инээмсэглэж яв
гэдгийг шашин хэлдэг. Шинжлэх ухаан талаасаа бол бодол биелдэг, үг амилдаг
гэдгийг аль дээр үеэс хэлчихсэн байдаг. Альберт Эйнштейн хүртэл “Нэг муухай үг
хэлэхэд 13 эерэг үг хэлж байж тархинаас чинь гарна шүү” гэж тайлбарласан
байдаг. Энерги талаасаа хүн дандаа сайхныг бодож нар сар ертөнцдөө залбирч
явсан цагт бүх юм сайхан болно. Сайн юм бодсон хүнээс сайхан энерги ялгарна.
Муу юм бодсон хүнээс муу энерги ялгарна. Дээр үед монгол эмэгтэйчүүд 21 дарь
эхийн түлхүүрийг шаглаж оёсон эсгий дээрээ аргаа түшээд, амарждаг байжээ.
Хийдийн гурван давхраас дээшээ спирал маягийн энергийн шатаар гарч, Ногоон дарь
эхийн дотор буюу сав шимийн ертөнцөд орно. Энд бие сэтгэлээр үйлдсэн үйлийн
үрийг арилган дахин шинэ хүн болж мэндэлж байна гэж бодож, дээшээ гарч ирэхэд
долоон метр 77 см Ногоон дарь эх бурхан угтана. Гурвалжин дотор байдаг нь
учиртай. Гурвалжин дотор амин цэнэг хуримтлагдаж байдаг учраас тэнд гарч ирэхэд
сайхан болно. Тэнд бас Бүжинлхам бурхан, Насны бурханд мөргөөд, хүсвэл 21
шатаар гараад дээд хүчдээ гэрэлт зул өргөдөг. Ингээд дахин давхцахгүй 108
шатаар гарч, амин энергиэ тэтгээд буцна. Ингэж 21 циклиэр энерги авахаар бодсон
юм.

-Багш тань хэн гэдэг хүн байв?

-Багшийнхаа нэрийг хэлж
болохгүй. Манай багш гэвш цолтой, Зава Дамдингийн шавь нь байсан хүн.

-Та тоог их бэлгэдэх юм. Орой
унтах, өглөө босохдоо ч нарийн цаг минут товлодог гэсэн үү?

-Ихэнхдээ гурван цаг 33 минут
33 секундэд унтахаар хэвтдэг. Гурван гурвын ес гэдэг. Манай ажилтнууд ч мэднэ.
Хөдөөгүүр болон гадаадад явж байсан ч наана нь унтахгүй. Өглөө долоон цаг
долоон минут долоон секундэд босно. Зургаа өнгөрөөд сэрчихдэг ч юм бодож
байгаад цагтаа босдог. Тэр нь гурван долоон 21 гээд энергийн тоо. Дандаа ингэж
бэлгэдлээр амьдардаг. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг шүү дээ.

-Та энэ их олон ном бичихийн
тулд өөрийгөө байнга цэнэглэх шаардлагатай болно. Юу таныг цэнэглэдэг вэ?

-Манай өрөөнд таван номын сан
байдаг. Дээр хоёр том номын сан бий. Одоо ч хэдэн ном унших гээд гаргаад
тавьчихсан байна.

-Гадаадад олон улсын хуралд их
суудаг юм аа?

-Гадаадад энергийн хуралд явж,
бас лекц уншдаг. Яваагүй газар байхгүй. Японы Эмото Масару гуайтай хамтарч
ажилладаг. 2012 онд Хадо гуай усны энергиэр хамтарч ажиллаад надад “Дэлхийн энх
тайвны шагнал” өгсөн. Өөрийнх нь хүндэт шагнал байхгүй юу. Дэлхийн энергийн
төвөөс “Дэлхийн хамгийн их энергитэй хүн”-ээр намайг тодруулж байлаа. Хятадад
хоёр удаа лекц уншлаа. Тэнд цагдаагийн хамгаалалттай явдаг юм. Өнгөрсөн жил
Малайзад олон улсын хурал болоод, илтгэл тавьсан. “Дэлхийн энергийн мастер”
гэдэг цолыг надад энд ирж гардуулсан.

-Та яаж ингэж их энергитэй
байдаг юм бэ?

-Манай ажилчдаас асуугаарай.
Бид нар лекцэндээ бэлтгээд заримдаа унтдаггүй шүү дээ. Манай нөхөр “Чи өчигдөр
таван цагт унтсан. Өнөөдөр унтаач” гэдэг. Ийм үед өөрийнхөө их энергитэйг
мэдэрдэг. Хоёр, гурван цаг нам унтаад энергиэ нөхчихдөг юм. Миний бясалгал
хийдэг нэг өрөө бий. Дээр бясалгалын нэг гэр байдаг.

-Та дууны шүлэг бичдэг гэсэн.
Хамгийн сүүлд ямар шүлэг бичив?

-Усны тухай дууны шүлэг бичсэн.
Н.Жанцанноров гуай ая хийсэн юм. Усны дуулал гэж дуу байна. 21 дарь эхийн
тухай, шүтээн, галын тухай дууны шүлэг бичсээн. Ингэхэд би 53 ном бичсэн. 16
төрлийн эрдэм шинжилгээний ажил хийсэн байна. 1993 оноос өнөөдрийг хүртэл 258
мянган хүн үзсэн байдаг. 32500 хүн дээр судалгаа хийсэн. Яагаад ханьгүй, үрийн
заяагүй байна гээд судалдаг. Нас барсан хүн дээр хүртэл судалгаа хийсэн.

-Нас барсан хүн дээр ямар
судалгаа хийх вэ?

-Хүн зүгээр байж байгаад нас
барахгүй шүү дээ. Давтамж энерги гээд нарийн юмнууд бий.

-Ямар дүгнэлт гарсан бэ?

-Нас барсан 108 хүн дээр
судалгаа хийсэн. Хүн эхээс төрөхөд өмсөх хувцас, идэх хоол, насны тоо заагдсан
байдаг атал энэ бүгдээ гүйцээлгүй гэнэт осол, өвчин эмгэгээр нас бардаг. Төрсөн
он сар, гариг эрхсийн нөлөөг судалсан. Хагацлын үүд нээгдэнэ гэж хүний био ритм
байдаг. Хүн 12 жил болоод жил ордог шиг таван жил болоод хагацлын үүд нээгддэг.
Жил орсон, мэнгэ голлосон, хагацлын үүд нээгдсэн гэх мэт нөлөөлдөг. Хүн ерөөсөө
зүгээр байж байгаад өөд болдоггүй. Ердийн тоон дээр хүн нас бардаггүй, жилээ
угтдаг юм уу, жил ороод гарахдаа юм уу нас барсан байдаг. Од эрхсийн нөлөөг
тооцож байх учиртай. Хүний давтамж ингэж нөлөөлдөг. Би энэ бүхнийг зохиогоогүй.
Манай монголчууд аль дээр үеэс “Жил орох нь заслаа хийлгэе” гэж ярьдаг байсан.
Засал номоо хийлгээд, бурхан тахилдаа мөргөөд сайхан боллоо гэдэг кодыг
тархиндаа хийх учиртай. Түүнээс биш “Жил орох нь ээ, яанаа үхэх нь ээ гээд
яваад байж болохгүй нь.

-Таныг лекц уншиж, цэнгүүн хийж
маш их мөнгө олдог байх гэж хүмүүс ярьдаг, та тийм их мөнгө олдог юм уу?

-Саяхан дуун сүүн энергийн
цэнгүүнээ хийлээ. Намайг энэ олон хүнийг цуглуулаад нэг их мөнгө олчихлоо гэж
яриад байдаг. Үнэндээ бол энэ жилийн энергийн цэнгүүн дээр гэхэд л алдагдалтай
үлдсэн. Итгэлт хамбад мөргөх 13 азтан тодруулсан. Зарим хөтлөгч, дуучиндаа өгөх
ёстой мөнгөө өгч чадаагүй л байна. Хүн юм хийхэд ашигтай гардаг бол минийх тэг
ашигтай гардаг. Сүүлийн цэнгүүний орлого нь 12 сая, зарлага нь 14 сая байх
жишээтэй.

-Та тайзан дээр гоё харагдаж
байсан. Хувцсыг чинь ямар хүн хийдэг вэ?

-Би ерөөсөө долоон энергийн
хувцас өмсдөг. Хувцас хийж өгдөг хүн бий.

-Таныг олны танил болохоор
сонгуулийн өмнө нам хүчнээс санал тавьдаг уу?

-2010 онд хэлсэн. Би хэзээ ч
намд элсэхгүй. Олон түмэндээ л өөрийнхөө бодсон санаснаа чадах ядахаараа түгээж
явна гэдгээ амлачихсан. Мөнгөний ханш ихэссэн ч бай багассан ч бай 10 мянгаараа
л та бүхэнд лекцээ уншиж байна гэдгээ хэлсэн. Чи бодоод үз. Нэг лекцийн
билетэнд гэхэд 21 зүйлийн юм дагуулдаг. 7000 гаруй төгрөгийн өртөгтэй билет
гардаг. Сувд, шүр гэх мэтийг дагуулж өгдөг. Ойлгох нэг нь ойлгоно биз.
Ойлгохгүй нэгэнд нь заавал өөрийгөө ойлгуулах гээд хэлээд байх юм байхгүй.
Саяхан нэг хүн “Таныг УИХ-д оруулна гээд нэрийг чинь гаргачихсан байна” гэсэн.
Би хэзээ ч нэр дэвшихгүй ээ. Яахав шоронд суулгана гэсэн биш УИХ-д суулгана гэж
байгаа нь бэлгэтэй юм. Гэхдээ би бүх шоронгоор явж лекц уншсан л даа. Хандивын
юм маш их хийсэн.

Categories
мэдээ цаг-үе

Чингис мөдхөн Мөрөн шиг түрхрэх үү?

1996 онд АН-ынхан анх удаа Засгийн эрхийг авч, олонх олонхдоо нэлээд бяртай, 50 гишүүнтэй парламентыг бүрдүүлж байлаа. Гудамжны нөхөд, бага хүүхдүүд гэсэн нэр хочийг зүүж ирсэн тэд Засгийн газраа байгуулж, төрийн агентлагуудад өөрсдийнхөө хүмүүсийг тавих үедээ үнэндээ ч боловсон хүчний гачаал болж байсан юм. АН-ынхан тухайн үедээ ЦЕГ-ынхаа даргаар Д.Мөрөн хэмээх залууг томилж байлаа. Өөрөөр хэлбэл, Ардчилсан Засгийн үед томилогдсон болохоор нь түүнийг ардчиллын хүн л гэж бодож явсан хүмүүс олон. 1998 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Зоригийг алагдахад Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж гадаадаас мэргэжилтнүүд авчирч ажиллуулъя гэсэн санал гаргахад Д.Мөрөн дарга “Өөрсдийнхөө боловсон хүчинд итгэ ээ” гээд авчруулаагүй талаар тухайн үеийн Засгийн газрын гишүүд нь ярьдаг.

Харин тэр үед ч, дараа дараагийн он жилүүдэд ч Монголын цагдаа энэ хэргийг илрүүлээгүй явна. Хамгийн гол нь ардчиллынхан хоорондоо муудалцаж, Засгийн газраа хэдэнтээ огцруулж байдал нэг л явцгүй болоод эхлэхэд нь нөгөө цагдаагийн залуу дарга Д.Мөрөн зам мөрөө буруулаад эхэлсэн билээ. Буруулаад алсраад одсонгүй харин бүр сөрөг хүчнийх нь нам дээр очоод гол тоглолтуудыг хийж, хатуухан мэдэгдлүүдийг нь хийгээд явчихсан байдаг. “Эдний өнгөн дээр энэ хэрэг илрэхгүй ээ” гэсэн нь С.Зоригийг АН-ынхан нь өөрсдөө “янзалчихсан” гэж байгаагаас өөрцгүй сонстсон билээ. Бас 2000 оны сонгуулиар “МАН-ынхан гарч байж энэ хэрэг илэрнэ” гэсэн явган яриа нэвт шувт явсан нь ах намыг ялалт байгуулж, тэдэн дундаа Д.Мөрөн багтаж УИХ-ын гишүүн болоход шууд нөлөөлсөн юм. АН-ынхан боловсон хүчин байхгүйдээ Д.Мөрөнг чухал байгууллагынхаа даргаар томилж эргээд түүний ам мэхэнд мадаггүй унасан түүх энэ юм. Ер нь АН-ынханд боловсон хүчин дутмаг байдал нь дандаа нөлөөлдөг. Ялангуяа хууль, хүчний байгууллага дээр. Тэд засгийн эрхийг авахаараа үргэлж муудалцан, гэдсэндээ хөлөө жийлцэж эхэлдэг. Тэгэнгүүт нь хүчнийхэн нүүр буруулж эхэлдэг. Одоо ч бас түүх давтагдах гээд байна уу даа.

АН-ынхны хэрүүл тэмцэл, хоорондын хуваагдал хэнд ч ил болчихлоо. Сөрөг хүчний зүгээс ямар нэгэн алхам хийгээгүй байхад л өөрсдийгөө барьж идэх нь холгүй байна. Энэ бол хүчний байгууллагынханд нүүр буруулан одоход хамгийн таатай хөрс байдгийг түүх хэлдэг. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Цагдаагийн Ерөнхий газрын даргад, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Ганбат Хууль зүйн сайдад албан бичиг хүргүүлээд эхэлчихлээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг шууд буруутгасан хэвлэлийн бага хурал хийж байна. Хэзээ ч болж байгаагүй, хэн нэгэн руу шууд чиглэсэн үйл ажиллагаанууд өрнөж байна. Харин энэ бүхэн Д.Мөрөн дарга мулт булт үсрээд АН-аас зайлан одож, илүү хор хөнөөлтэй зэвсэг болж үлдсэн шиг юм болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Цагдаагийн дарга Р.Чингис Д.Мөрөн экс шиг мөс түрэн босч, нөгөө тийш холбирчихгүй байгаа. Мөрөн болж түрхрэх үү, Чингисээрээ үлдэх үү. Түүний ухаан мэдэж. Үйл явдал үүнийг харуулах биз ээ. Угшил сэлтийг нь хөөвөл ясны цагдаагийн гэр бүлд төрж өссөн нэгэн юм билээ. Аав нь Замын цагдаагийн даргаар ажиллаж байсан нэр төртэй хурандаа гэж байгаа. Өөрөө бол АН-тай гэхээсээ МАН-тай л ойр байсан үүх түүхтэй харагддаг. МАН-ыг Засгийн эрх барьж байх үед цагдаадаа хариуцлагатай алба хашиж, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн орлогч дарга хүртэл албыг хашиж байгаад АН-ыг засгийн эрхэнд гармагц тушаал бууж байсан хүн. Харин сүүлд Засаг шинээр эмхлэн зохион байгуулагдахад энэ албан тушаалд гэнэт ирсэн билээ.

Түүнийг уг албанд ирэхэд “Чингис дарга олон эрх ашгийн уулзварын үр дүнд хариуцлагатай албанд ирлээ” гэсэн мэдээлэл хэвлэлээр явж байсан. Яг ямар эрх ашиг, ямар уулзварууд байгааг цаашид өрнөх үйл явдал харуулах биз ээ. Гэхдээ Д.Мөрөн шиг мөргөсөн хүнд бол цаашдын карьер нэг их удаан үргэлжилдэггүй юм байна лээ. Үсрээд нэг удаа УИХ-ын гишүүн, дараа нь аз таарвал жижиг агентлагийн дарга. Ард түмэн ялгаа, юуг нь олж хараад мэдчихдэг учраас нэг их хол явдаггүй. Харин Чингис дарга юуг бодож, тунгааж яваа юм бол доо.

Б.Нямдаваа

Categories
мэдээ цаг-үе

ФОТО: Эдийн засгийн форумын эргэн тойронд

Монголын “Эдийн засгийн форум-2016” Засгийн газрын ордонд хоёр дахь өдрөө боллоо. Өнөөдрийн хуралдаан “Сорилт, сургамж, шийдэл” уриатайгаар үргэлжилсэн.

Өнөөдрийн хуралдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. Тэрбээр “Нэгдүгээрт, өнөөдөр иргэдийн амьдрал, ихэнх хүмүүсийн амьдрал хүнд байна. Та бүхэн харж байгаа байх. Хоногийн өл залгуулахын тулд, эм тарианыхаа мөнгийг залгуулахын тулд ахмадууд маань тэтгэврийн дэвтрээ барьцаалж хэдэн төгрөг зээлж байна. Хүүхэд нь өвдсөн эх халамжийн дэвтрээ барьцаалж мөнгө зээлээд явж байгаа. Төрсний гэрчилгээг нь тавиад мөнгө зээлж байна. Иргэдийн амьдралыг харж байхад байдал сайн байна гэж хэлэх ямар ч аргагүй байна.

Хэрэв бид нар том төслүүдээ цаг хугацаанд нь хөдөлгөөд, эргэлтэд оруулж чадсан бол иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй байсан гэж бодож байна. Би энэ тухай 4-5 жилийн өмнө хэлж л байсан. Бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Энэ төслүүдээ хурдан эргэлтэд оруулах хэрэгтэй…” гэж хэлсэн үгэндээ дурсан юм. Өнөөдөр эдийн засгийн байдал хүнд байгаа нь Засгийн газар, улс төрчдийн буруу гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Тэгвэл 19.00 цагаас УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг хааж үг хэлэх гэж байна.Тэрбээр мэдээллийнхээ үеэр Тавантолгойн уурхайн талаар ярих юм.

Ингээд форумын эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг фото сурвалжлагаар хүргэж байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Ламбаа: Эрүүл мэндийн салбарыг намчирхлаас ангижруулах хэрэгтэй байна

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаатай ярилцлаа.

-Халдварт өвчин газар авч, хүүхдийн өвчлөл нэмэгдэж, байдал ер нь хүндхэн байна. Танай яамнаас үүнтэй тэмцэхийн тулд ямар ажил хийж байна вэ?

-Улаанбурхан, томуу, томуу төст өвчний дэгдэлт нэг цаг хугацааны давхцалтайгаар өндөр байна. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлт буурч эхэлж байна. Үүнтэй холбогдуулаад нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлээд олон арга хэмжээ авсан л даа. Жишээлбэл, эмнэлгүүдийн орыг нэмж, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг хүүхдийнх болгосон. Насанд хүрэгчдээ Эрүүл мэндийн төв рүү шилжүүлсэн. Мөн томуу, томуу төст өвчин, улаанбурхнаас сэргийлэх заавар зөвлөмж, нийтэд зориулсан зурагт хуудсыг маш их хэмжээгээр хэвлэж тараасан. Мэдээллийн хэрэгслүүдээр эдгээр өвчнөөс сэргийлэх мэдээллийг олон давтамжтайгаар хүргэсэн. Гэлээ гэхдээ улаанбурхан бол нэлээд хүндрэлтэй байгаа. Ялангуяа 0-8 сартай хүүхдүүдэд маш хүнд тусч байна. Гэтэл 0-8 сар нь вакцинд хамрагддаг товлолын нас биш. Есөн сартайгаас нь хийдэг. Вакцинд хамрагдаагүй гэдэг агуулгаараа халдвар авч хүндрээд байгаа. Мөн вакцинжуулалтыг хоёр настай хүүхдэд хийдэг. 2012, 2015 онд 3-6, 13-17 насныханд нэмэлт вакцинжуулалт хийсэн. Түүний үр дүнд есөн сартайгаас 17 нас хүртэлх хүүхдийн өвчлөл бага байгаа юм, вакцинд хамрагдчихсан учраас. 18-аас дээш насныхан маш их халдвар авч байгаа. Хүндэрч байгаа. Яагаад вэ гэвэл энэ хүмүүс чинь вакцинд хамрагдаагүй улсууд гэсэн үг шүү дээ. Тийм учраас Засгийн газар улаанбурхны нэмэлт вакцинжуулалт хийхэд 948 сая төгрөг шийдэж өгсөн.

-Нэмэлт вакцинжуулалтыг 18-30 насныханд хийхээр болж байгаа гэв үү?

-948 сая төгрөгөөр 600 гаруй хүн тун вакциныг дагалдах хэрэгслийнх нь хамт авна. Энэ вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж авдаг. Захиалгаа өгөөд бүх бэлтгэл ажлаа хангачихсан. Ойрын хугацаанд яаралтай, шууд гэрээгээр орж ирэх нөхцөл нь бүрдчихсэн. Засгийн газрын тогтоолоор 18-30 нас гээд тогтоочихсон юм биш. Бидний хийсэн судалгаагаар нийт өвчлөгсдийн 64-өөс дээш хувь нь 18-30 насныхан байгаа юм. 18-30 насныхан бол хөдөлгөөнт насныхан. Оюутан, цэрэг, МСҮТ-д сурч байгаа, дотуур байранд амьдарч байгаа оюутнууд нэг газар бөөгнөрч байгаад тал тал тийшээ тараад явчихдаг. Ирэх, очих хөдөлгөөн нь их. Дотуур байраар дүүрэн хүүхдүүд. Тийм учраас энэ хөдөлгөөнт хүн амын бүлэг чинь халдварыг маш их хэмжээгээр тарааж байна гэж үзэж байгаа юм. Энэ үндсэн дээр л бид 18-30 насныхаа хүмүүсийг вакцинд давамгайлж хамруулъя, түүнээс дээших насныхан ч өөрийн хүсэлтээр хамрагдаж болно гэж байгаа. 600 гаруй хүний тун гэдэг чинь маш их вакцин.

-БЗХӨ тэр дундаа тэмбүү аюулын түвшинд хүрсэн. Мөн элдэв халдварт өвчний дэгдэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Салбарын яамны үйл ажиллагаа сул байгаатай холбоотойгоор ийн нэмэгдэж байна уу эсвэл нийгэм эдийн засаг, иргэдийн амьжиргаа доошилж байгаатай уялдаатай юу?

-Эрүүл мэндийн яам сайдгүй ч гэдэг юм уу, эзэнгүй байгаа болохоор улаанбурхан дэгдээд, ХДХВ нэмэгдээд янз бүрийн халдварт өвчнүүд гараад байгаа гэх ойлголт байж болохгүй л дээ. Яагаад вэ гэвэл яам сайдгүй байлаа ч бодлогын шинж чанартай үйл ажиллагаа нь явагдаж л байгаа. Би энэ салбарт Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож ирээд гурван сар болж байна. Ирснээсээ хойш өдөр шөнөгүй л бүх ажлыг зохицуулж ажиллаж байна. Үнэндээ яам бол өөрийн бодлогын асуудлыг зангиддаг төрийн сайдгүй байна гэдэг бас тийм ч таатай зүйл биш. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд гэдэг бол бүх салбартай уялдаа холбоотой ажиллаж, бодлогоо маш том хэмжээнд тавьж ажиллаж байх ёстой юм шүү дээ. Энэ үүргийг хариуцаж байгаа нэг хүнтэй их л удаж байна. Энэ талаас нь авч үзвэл хүмүүст тийм сэтгэгдэл төрөөд байгаа юм. Төрөхөөс ч яахав. Тэгэхдээ л ирснээсээ хойш хийж байгаа ажлуудаа харахад үнэхээр гацчихсан, хөдөлгөөнд ороогүй, шийдэл хүлээчихсэн асуудал зөндөө л байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажил чинь тасралтгүй, маш их эрч хүчтэй явж байх ёстой. Тэр ажил назгайраад жаахан удаад эхэлбэл тэрийг ерөөсөө андахгүй. Тэр цаг хугацааг олоод байгаа юм шиг л энэ өвчлөл нэмэгдээд байна. Өнөөдөр бол үнэхээр дээр асуусан бэлгийн замын халдварт өвчин тэмбүү, ХДХВ-ийн асуудлыг Монгол Улс анхаарлынхаа төвд авахгүй бол болохгүй болчихсон.

-Юунаас улбаалж энэ төрлийн өвчлөл нэмэгддэг юм?

-Эдийн засгийн байдал гэхээсээ илүүтэй хэтэрхий замбараагүй байдалтай байна. Өөрөөр хэлбэл хяналтад орохгүй байна. Эмчилгээ хийлгэхгүй байна. Эрүүл мэндийн боловсролтой хүн ховордож байна. Тэмбүү нэлээд газар авсан. Тийм ч учраас хүүхэд эхээсээ тэмбүүгийн халдвар авч төрж байна. Бид үүн дээр төрийн бодлогоор маш яаралтай арга хэмжээ авахгүй бол бэлгийн замын энэ халдварт өвчин бол хүнийг идэж, өргөн хүрээний өвчлөлүүдийг бий болгодог. Цаашлаад эмнэлгийн ачааллыг хүндрүүлдэг талтай. Тиймээс үүн дээр тусгайлсан арга хэмжээ авна. Ер нь бол нийтийг хамарсан арга хэмжээ явуулна.

-Улаан тарианы үе шиг үү?

-Улаан тарианы үе шиг л юм болох гээд байна. Оросууд чинь улаан тариагаар л монголчуудыг тэмбүү гэдэг өвчнөөс нь салгаж байсан юм гэнэ билээ гэж улсууд ярьдаг шүү дээ. Тийм байдлын түвшинд хүрэх гэж байгаа юм шиг хүртэл яриа гараад байна. Иймээс үүн дээр үнэхээр анхаарах ёстой. Хатуу хяналт тавьдаг, үзлэг хяналтдаа ороогүй хүнд хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Өнөөдөр ДОХ-ын халдвар авсан 200 гаруй хүнтэй болсон гэдэг чинь магадлалын онолоор ХДХВ-ийн халдвартай 1000 гаруй хүн бидний дунд алхаж явна гэж ДЭМБ-аас үзээд байна. Уг өвчний илрүүлэлтийг маш чанад хийх ёстой. Хэрвээ цусаар дамжих халдвар хэлбэрээрээ тархвал энэ цөөхөн хүн амтай улсад эмгэнэл авчирна. Цусны төвийг шинээр барьж, автомат тоног төхөөрөмжүүдээр хангаад ДОХ-ын шинжилгээг улам нарийн болгоод байгаа нь үүнтэй л холбоотой шүү дээ.

-Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлдөг, нийгмийн идэвхтэй хэсгийнхэн эмнэлгийн үзлэгт барагтай бол ордоггүй. Бие нь өвдөөд тартагт нь тулахаар л эмнэлэг барааддаг. Үүнээс татгалзаж эдгээр хүмүүсийг нэгдсэн журмаар жилдээ нэг удаа албан шаардлагаар эмнэлгийн үзлэгт хамруулдаг байх талаар эмч мэргэжилтнүүд их ярьдаг л даа?

-Хуучин Эрүүл мэндийн даатгалын хуульд эрүүл мэндийн даатгал төлсөн хүн гурван жилийн хугацаанд ямар нэг эмнэлгийн үйлчилгээ аваагүй байвал нэг удаа бүх төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэнэ гэдэг тиймэрхүү заалт байсан. Тэр заалт ач холбогдолтой ч байгаагүй, хэрэгжээ ч үгүй. Шинээр гаргасан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд хоёр чухал заалт бий. Урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа бүх үзлэг, оношилгоонд Монголын даатгалтай иргэн болгон хамрагдах үүргийг иргэдэд нь олгочихсон байгаа. Нөгөө талаасаа иргэдээ хамруулж зохион байгуулах ажлыг албан байгууллага, бүх газруудад өгчихсөн. Энэ хуулийг хэлэлцэх явцад би албан байгууллага ажлын нэг өдөр чөлөө өгч, бүх хүнээ шинжилгээнд хамруулдаг байх заалтыг оруулах гээд чадаагүй. Солонгос мэтийн орнуудад байгууллагынхаа хүнийг оношилгоонд хамруулаагүй байвал байгууллага нь хариуцлага хүлээдэг. Тиймээс 500 ажилчныхаа 100-г нь ажлын нэг өдөр чөлөө өгч явуулдаг. Харин ажилчин нь тэр өдрөө шинжилгээ хийлгээгүй байвал байгууллага нь түүнд хариуцлага тооцож, цалинг нь хасдаг. Ийм тогтолцоотой байхгүй юу. Энэ чинь л урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд албадлагын шинж чанартай оруулж байгаа юм. Цаанаа бол өнөө өвчнийг нь хүндрүүлэхгүй байх л асуудал шүү дээ. Өнөөдөр хавдраар яагаад хүмүүс нас бараад байгаа юм. Ерөөсөө л нэг ч удаа шинжилгээнд орохгүй явсаар байгаад III, IV шатлалдаа орчихоод л сая болохоо байлаа гээд хүрээд ирдэг. Тэр хүнийг чинь аврах ямар ч боломжгүй. Химийн эмчилгээ хийгээд ч нэмэргүй болчихсон улсуудыг чинь хөнгөвчлөх эмчилгээ рүү шилжүүлэх тухай л юм ярихаас биш өөр арга байхгүй болчихож байгаа юм. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа нийт иргэд өөрсдөө товлолын болон товлолын бус шинжилгээнүүддээ хамрагдаач ээ, шинжилгээнд хамрагдах даатгалыг чинь даатгал даагаад өгчихлөө шүү дээ. Шинжилгээнд хамрагдах бүх боломжийг нь хуулиар олгочихсон. Гэтэл ирдэггүй. Ний нуугүй хэлэхэд 480 гаруй мянган хүн нь хөдөө мал дээр, тархай бутархай. Тэр хүмүүсийг авчраад дуудаад бүгдийг нь урьдчилан сэргийлэх шинжилгээнд оруулахад маш хэцүү. Ганцхан жишээ хэлье. 2011 оноос “Хавдрын аян”-ыг зохион байгуулсан. Уг аяны хүрээнд аймаг болгонд Улаанбаатараас очсон баг ажиллахад хөдөөнийхөн хол, ойр гэлгүй морь, мотоциклио унаад л ирж шинжилгээнд ороод байгаа чинь ийм ажлыг өргөн хүрээнд зохион байгуул гэсэн үг шүү дээ. Тархмал байдалтай байгаа өвчний урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг товлолоор зарлаж хийдэг тогтолцоонд шилжчихээд байгаа.

-Эрүүл мэнд, спортын яамыг аль нэг намд өгч янз бүрийн хүнээр толгойлуулах нь намын өмч, хувийн компани мэт харагдуулж салбарыг бүхэлд нь унагаж байна. Хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой уг яамыг улс төрөөс ангид байлгах ёстой гэдэг л дээ?

-Би үүнтэй ёстой санал нэг байна. Эрүүл мэндийн салбар бол улс төрөөс ангид байх ёстой. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүн угаасаа намын батлахгүй. 2009 оны нэгдүгээр сарын 5-нд бүгд намын харьяаллаасаа татгалзсан. Энэ улсууд бол өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах хэрэгтэй. Өөр бодож санах юм байхгүй. Ардчилсан нам засгийн эрх авснаас хойш эрүүл мэндийн салбар МАХН-ын квот болчихсон. Тэр квот л учраас МАХН байж байх ёстой юм шиг ийм байдал руу орчихсон. Тэр нь маш их тогтворгүй явж ирснээс болоод л энэ салбарын нэр хүнд ихээхэн доошоо орж байна. Эзэнгүй яам, авлигач яам л гэх юм. Энэ яаманд сайн юм алга байна ш дээ. Энэ яамыг тогтвортой байлгах нь төрийн бодлогын л асуудал шүү дээ. Сайдгүй ингээд л байж байна гэдэг бол үнэхээр энэ салбарт төр ямар бодлого бариад байгаа юм гэдгийг хүн ойлгохгүй шахуу болчихоод байна. Эрүүл мэндийн салбар бол төрийн бодлогын хувьд номер нэг асуудал. Яагаад гэвэл эрүүл хүн л боловсролтой байна. Тийм болохоор намчирхсан, намын энэ нэг асуудлаас эрүүл мэндийн салбарыг ангижруулах ёстой. Би Г.Шийлэгдамба сайдыг ажлаа өгөөд явсны дараагаар АН-д иргэнийхээ хувьд шаардлага тавьсан ш дээ. Тэрнээс биш би сайд болъё гэсэн шаардлага тавиагүй. Энэ салбарыг ингэж зөнд нь орхиж болохгүй. Энэ салбар бол Монголын ирээдүй болсон хүүхэд, бүх иргэнийг авч явах, эрүүл байлгах ёстой салбар. Бодлогын хувьд алдаад байна. Төр барьж байгаагийн хувьд, засаг барьж байгаагийн хувьд АН энэ асуудлыг өөртөө ав, өөрийнхөө сайдыг тавь. Хариуцлага тооцож ажилла, хөдөлгөөнд оруул гэсэн л дээ. Үүнийхээ хариуд би чинь мэдээллийн хэрэгслүүдээр сайд болох гэлээ, энэ тэр гэж баахан бичүүлсэн л дээ. Би тэрэнд ерөөсөө халширдаггүй ээ. Яагаад вэ гэвэл энэ бол Монголын ард түмний эрх ашиг байхгүй юу. Ингэж л би дуугаа өргөсөн. Тэрнийхээ төлөө Төрийн нарийн бичгийн дарга болчихсон юм шиг хачин юм болоод байна л даа (инээв). Гэхдээ яадаг юм. Би сайд байсан хүн.

-Та хэчнээн жил сайдаар ажиллалаа?

-Гурван жил зургаан сар. Дөрвөн жил шахуу сайдын ажил хийсэн хүн Төрийн нарийн бичгийн даргаар ирэхээр улсууд гайхаад байх шиг байна. Яагаад болохгүй гэж. Би заавал сайд байх албатай юм уу. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг энэ алба чинь бас л эрүүл мэндийн салбарыг зохицуулдаг маш том үүрэг хүлээсэн ажил. Тэр талаас нь нэг намын квот болгож, нэг намын өмч болгочихоод өгдөггүй, нөгөө нь авч чаддаггүй, шийдэж ч чаддаггүй. Ерөнхий сайд “Шийдлийн цаг”-аар Эрүүл мэнд, спортын сайдыг хаврын чуулган нээгдэнгүүт бүрэн эрхийнхээ дагуу шийднэ ээ гэж хэлэхийг сонсоод үнэхээр зөв, энэ асуудалд анхаарах нь ээ гэж бодсон.

-2016 оны сонгууль ямар болж өнгөрөх вэ. АН, МАН гэх хоёр нам өөрсдийгөө л гаргаж ирэх сонгуулийн хууль баталсан. АН-д бүх эрх мэдэл байгаа учир ямар ч хамаагүй аргаар гарч ирнэ гэсэн таамаг ярианууд яваад байгаа?

-Монголын ард түмэн сонгох, сонгогдох эрхээ аваад хэдэн жил болж байгаа билээ. Дотроо бодолтой гэдэг шиг монгол түмэн “Би ингэж сонгоно оо” гэдгээ бодож боловсруулчихсан л яваа. Өнөөдөр зүгээр нэг малчин хүний бодож санаж яваа юм бол ил тод, элдэв өнгийн юм яриад яваа хүмүүстэй адилхан биш шүү. Тэр улсууд чинь маш их тулхтай юм бодоод явж байгаа. Би олон жил улс төрд явж, парламентад суусан хүнийхээ хувьд төрийн хүн гэдэг бол төрийн хүн шиг л байх ёстой гэж боддог. Ямар нэгэн шоугаар амьдарч, байгаа местэн дээрээ байгаад байхыг боддог тэр хөг өнгөрсөн. Хэн юм хийж зүтгэсэн бэ гэдгийг өдийд ялгаад салгачихсан л байгаа, улсууд. Гэхдээ АН төр барьж байгаагийнхаа хувьд МАН-тай нийлээд л хоёр том нам хуйвалдаад Сонгуулийн тухай хууль хийчихсэн юм шиг байна гэж би ерөөсөө ойлгохгүй байгаа. Энэ жил УИХ-ын сонгууль, аймаг, нийслэлийн сонгуультай хамт явагдана. Бас л их шинэ сэргэг юм болно. Мэдээжийн хэрэг хэн нь хэндээ саналаа өгөх нь хамаагүй ч гэсэн энэ төрийг тогтвортой авч явах гэсэн хүмүүс байгаа шүү. Тэр талаасаа бол бодлоготой л хийх байх. Ер нь эмэгтэйчүүдийн квотыг нэмээд, намуудын сурталчилгаа явуулах хугацааг багасгаад боловсронгуй болгоод л байна. Сурталчилгааны хугацааг бага болгосны төлөө шинэ, залуу намууд гарч ирэхгүй нь ээ гээд л айгаад янз бүрийн юм яриад байна шүү дээ. Хоёр нам өөртөө л зориулаад юм хийчихлээ гэх юм. Би үүнийг үгүйсгэж байна.

-14 хоногийн хугацаанд өөрсдийгөө хангалттай сурталчилж амжихгүй. Энэ бол шинэ намуудыг хааж боосон асуудал гэх юм?

-Сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгасан нь өнөө хоёр том нам нь өөрсдөө гарах гэсэн асуудал биш. Сонгуулийн 14 хоногт чинь өөрийгөө таниулах тухай асуудал байхгүй. Ер нь бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс сонгуульд өрсөлдөх ёстой. Түүнээс биш дуртай нь давхиж орж ирээд би 45 хоног явж байгаад гарна гэж ярьдгаа болих хэрэгтэй. Жишээ нь, 14 хоногийн хугацаанд өөрийгөө таниулах биш, би энэ нийгэмд юу хийж бүтээв, Монголын ард түмний төлөө юу гэж дуугарч байсан юм гэдгээ тэр хүн чинь аль хэдийнэ таниулчихсан байх ёстой юм шүү дээ. Тэгээд сонгуулийн тухай ярих ёстой байхгүй юу. Би боддог юм, энэ карьер гэж нэг юм яриад байна. УИХ-д сонгогдох гэж байгаа хүн цэргийн алба хаасан байх ёстой гэдэг шиг аймаг, дүүрэг, сум, иргэдийн төлөөллийн байгууллагууддаа ажилласан, тодорхой хугацаагаар сонгуульд орж, ард түмнийхээ төлөө тодорхой ажил хийсэн, төр засгийн байгууллагын ажилд оролцчихсон, төрийн ажил яаж явдаг, хуулийг яаж боловсруулдаг юм гэдгийг зах зухаас нь мэддэг болчихсон ийм хүмүүсийн өрсөлдөөн байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол зүгээр л мөнгөтэй хүн, өөрөөрөө шоудаж чаддаг, эсвэл их сайхан дуулдаг хүн, эсвэл нэг их уран барилддаг хүн гээд ийм байдлаар яваад өгөх юм бол Монголын улс төрийн өндөр албан тушаалтнуудын ялангуяа парламентад хууль боловсруулах түвшинд ажилладаг улсууд бол тийм сайхан зүйлийг бүтээхгүй дээ. Олон жил нухалсан, нухсан, тэр юмыг мэдсэн, мэдэрсэн энэ улсууд чинь л юм хийнэ шүү. Цүнх барьсан улсууд л сайд болчих юм шиг, цүнхийг нь бариад яваад байсан хүн нэг хүний оронд очих гэж байгаа юм шиг ярьдаг энэ ярианаасаа ч салах хэрэгтэй. Залуучуудад хандаад хэлэхэд улстөрч болохын тулд улс төрийн хүн болох нөхцөлдөө өөрөө төлөвшсөн, хүч чадалтай, сурч боловсорсон байх хэрэгтэй. Маш их потенциалтай болсныхоо дараа би одоо бэлэн боллоо гэж ард түмэндээ зарлаж хэлэх хэрэгтэй ш дээ. Би тэгж л боддог. Одоо бол Сонгуулийн тухай хуульд янз бүрийн өөрчлөлт орохгүй байх аа. Тэгэх юм бол энэ сонгуулийг чинь хэн ч ойлгож чадахгүй, утгаа алдсан юм болно.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Гомбосүрэн: Миний орчуулгууд ард түмний ходоодны талх биш бөндгөрийнх нь талх болоосой

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, нэрт гүүш Цэрэнпилийн Гомбосүрэнгийн хөөрөлдөөнийг хүргэж байна.

Инженер, техникийн мэргэжилтэн маань яаж яваад гадаад харилцааны ажилтан болчихов?

-Хэвлэлийн комбинатад найман жил ажиллаад инженер, техникийн ажилтнуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх болж ЗХУ-ын Намын дээд сургуульд гурван инженер явуулсан. Улс төрийн сургууль гээчийг хийгээд ирсэн чинь л намайг Гадаад яаманд томилчихсон. Ингэж уугуул мэргэжлээсээ сох хөндийрөөд явчихаж байгаа юм. Хориод жил энэ салбартаа ажилласан.

Та Оросын их зохиолч Ф.М.ДостоевскийнГэм зэм”, “Карамазовын хөвгүүд”, “Солиотзэрэг сонгодог бүтээлүүдийг эх хэлэндээ хөрвүүлсэн соён гэгээрүүлэгч хүн. Достоевский зохиолоо бичиж байхдаа гэнэт унаж татдаг, амьдрал нь зөрчил ихтэй, сэтгэцийн гажигтай ч гэмээр хүн байсан гэдэг. Ер нь түүний эх зохиолыг ойлгоход бэрх гэлцэх нь бий. Таны хувьд бол инженерээс эхлээд Гадаад яамны орлогч сайд, сайд гээд харьцангуй жаргалтай аж төрлөөр амьдарсан хүн. Их сэтгэгчийн бүтээлүүдийг орчуулахад тэр их шаналанг бие сэтгэлээрээ мэдэрч байв уу?

-Би бол дүрд хувирдаг хүн биш. Чинийхээр бол орчуулга хийж байхдаа зохиолын баатрынхаа шаналан зовлонг яс махаараа туулах нь ээ дээ. Тийм юм надад огт байхгүй. Орчуулна гэдэг маань тэр хүний бичсэнийг орос хэлнийх нь утгаар л мэдрэх юм даа. Хүнийх нь талаас ойлгох нэг хэрэг. Тэр хүний цаасан дээр буулгасныг амттай шүлттэй нь мэдрэх л чухал юм. Түүнээс биеэрээ халуурч, хөлөрч шаналаад байхгүй л дээ. Зарим уншигч “Тэр романыг уншаад халуураад эмнэлэгт хэвтсэн” гэх ухааны юм ярьж л байдаг юм. Би чиний хэлдэг шиг жаргалтай аж төрлөөр амьдарсан уу гэвэл амьдарсан. Ерэн зургаан онд сонгуульд бут ялагдсаныг эс тооцвол зовлон үзээгүй амьтан шүү дээ. Энийг би зовлон гэж үзэхгүй л дээ. Зүгээр, энэ хүний зохиолыг ойлгох хэмжээний хүн мөн үү, биш үү гэдгээ би мэдэх хэмжээний хүн л дээ.

Та хэдхэн хоногийн өмнө Юрий ТрифоновынҮйлтэй байшин”, ДостоевскийнХөвүүн заяахэмээх хоёр ланжгар романы номын хуримаа хийж, Ерөнхий сайд асан С.Баяр, “Голомтбанкны захирал Баясгалан нарын нэр хүнд бүхий зочид хүрэлцэн ирсэн байсан. Энэ талаар яриач?

-Энэ хоёр номын нээлтийг зэрэг хийсэн учир нь Юрий Трифонов хэмээх Зөвлөлтийн зохиолчийг “Хорьдугаар зууны Достоевский” гэж утга зохиол судлаачид нэрлэдэг байсан. Достоевский, Юрий Трифонов хоёрыг нэгтгэж байгаа зүйл нь сэтгэл зүй, ёс суртахууны сэдвээр амьдралын нарийн нандин зүйлийг философийн хэмжээнд хүртэл зохиолдоо тусгасан байдал нь юм. Ф.М.Достоевскийн зохиолын үйл явдал нь жигтэйхэн бужигнаад дуусдаг. Харин цаад нарийн зүйл нь хүний ёс жудаг, нарийн нандин харилцаа байдаг. Достоевский 1840-өөд оны сүүлээр социалист үзэл санааг дэмжиж байсан. Тэгээд нууц бүлгэмд явж байгаад баригдан, алах ял заагдаад, сүүлдээ цөлөгдөж байсан хүн. Хамгийн сүүлд бурханы сургаалгүйгээр явахгүй юм байна гэдгийг ойлгосон. С.Баяр бол маш өндөр боловсролтой залуу. Энэ хүн надад Трифоновыг монгол хэлнээ буулгаач гэж хандаж байсан хэрэг. “Үйлтэй байшин”-г Баяр редакторлосон. Д.Баясгалан хүү болохоор “Хөвүүн заяа”-г редакторлосон юм. Тиймээс тэд миний орчуулсан номын баярын хүндэт зочид болсон.

Та Достоевскийн агуу таван романы дөрөв дэхийг сая монголчууддаа эх хэлээр нь өргөн барилаа. “Хөвүүн заяароманд ер нь юуны тухай гардаг бол?

-За яахав, номын нэрийн тухайд эхлээд ярья л даа. Романы гол баатар Аркадий Долгорукий насны цээнд хүрч хорь гармагц, энэ хорвоод туулсан амьдралаа 19-тэй үеийнхээ хэдхэн сарын явдлаас ургуулан тэмдэглэн үлдээж байгаа хэдий ч энэ залууг “өсвөр хөвгүүн” гэхэд болохгүй гэхийн газаргүй. Энэ насан дээр залуу хүн бие бялдрын хувьд төдийгүй үзэл санаа, зан суртахууны хувьд бойжин төлөвших явц нь үргэлжлэх учиртай гэж үзээд, романыхаа нэрийг “Подросток” хэмээсэн гэж их зохиолч тайлбарласан байдаг. Уул нь подросток буюу өсвөр настан гэж арван наймаас дооших арван хэдтэнг хэлдэг нас судлалын түгээмэл ойлголт байдаг юм байна. Би романы нэрийг монголоор юу гэхийг элдвээр үзэж, учир мэдэх зарим нэг хүнтэй санал солилцсоны эцэст “Хөвүүн заяа” гэж нэрлэсэн. Энэ нэр бол “подросток” гэдэг орос үгийн орчуулга биш гэдэг нь мэдээж. Гэхдээ романы гол баатрын заяа төөрөг хийгээд зохиолчийн өгүүлэх гэсэн гол санаанд гайгүй дүйцэх мэт санагдсан. Энэ роман Достоевскийн “Великое пятикнижие” буюу “Агуу таван ном” гэгдсэн таван романы сүүлээсээ хоёр дахь нь юм. Би бол дээрх таван номыг “Таван тансаг судар” гээд хөрвүүлчмээр санагдаад байгаа юм. Энэ романы дараа зохиогч “Карамазовын хөвүүд”-ээ туурвиад тэнгэрт хальсан байгаа юм. Энэ романд ариун гэр бүл, тохиолдлын гэр бүл гэдэг хоёр ойлголтыг Аркадийн хувь тавилантай сүлжин, Оросын тэр үеийн язгууртны ёс суртахууны ялзралтай холбон, нийгмийн ямархан ноцтой асуудал болсныг томьёолсон. Бараг бүтэн хагас зууны тэртээх Оросын нийгмийн энэ үзэгдэл өнөөгийн манай нийгэмд яггүй тулгамдсан асуудал болоод байгааг юу гэлтэй ч билээ дээ.

Энэ романтайГоломт”-ын ТУЗийн дарга Д.Баясгалан холбогддог нь ямар учиртай билээ?

-Монгол хүн эртнээс нааш бурхан, ном бүтээх, сүм дуган барих зэрэгт хөрөнгө чинээ, хөлс хүчээ өргөж, оюуны соёлын нандин өвийг цогцлоож ирсэн байдаг. Баясгалан энэ романыг редакторлохоос гадна ивээн тэтгэсэн. Ийм номын цагаан буяны үйлстэнүүд дэлхий дахинд ч их түгсэн бөгөөд соёл-шинжлэх ухааны үйлсийг ивээн тэтгэгчдийг мисенасчууд, оросоор меценат гэж тусгайлан нэрлэдэг. Манай тооллын өмнөх нэгдүгээр зуунд аж төрж асан Ромын эзэнт гүрний улс төрийн зүтгэлтэн, дипломатч Мисенасын алдраар ингэж нэрийдсэн юм билээ. Энэ эрхэмтэн Хораций, Вергилий зэрэг тухайн үеийн сэцэн билигтнүүдийн бүтээл туурвилуудыг ивээн тэтгэдэг байж. Хоёр жилийн өмнө, миний тэргүүлдэг “Дэндэвийн Пүрэвдорж сан” санаачлан их найрагчийн сэрэг хөшөөг төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Болдын урласнаар төрөлх Өвөрхангай аймгийнх нь төвд залсан юм. Чамгүй өртөгтэй энэхүү төслийн зардлын ноён нурууг бизнесч Да.Баясгалан даасан. Ийм л гэгээн сэтгэлтэй хүү номын барилдлагаар Монголынхоо уншигчдад ивээлээ хайрласан хэрэг.

Та анх ямар номоор орчуулгын ажлаа эхэлж байв?

-1972 онд “Гайхамшигт эгшин” хэмээх уулынхны номыг анх орчуулж байлаа. Манай “Тунгалаг Тамир”-архуу хувьсгалын тухай роман юм. Тавиад жил ном орчуулж байгаа гэхэд болно. 1980 онд Виктор Астафаевын “Хаан загас” хэмээх бэрх номыг орчуулсан. Энэ романыг одоо орхигдсон гурван бүлгийг нь оруулж, хуу нөхөн орчуулж уншигчдын гарт хүргэе гэж зүтгэж байна. Миний орчуулгууд яахав, ард түмний ходоодны талханд нь нэмэргүй юм аа гэхэд бөндгөрийн талх нь болоосой гэж бодох юм. Михаил Булгаковын “Мастер, Маргарита”-г монгол хэлнээ буулгасан. Энэ бүхэн надад жаахан туршлага болсон юм уу даа. Түүнээс хойш манай Хужиртын Баасанжав гэдэг нөхөр “Достоевскийг орчуул, тэр дундаа “Гэм зэм”-ээс эхэл” гэсэн юм. Би бол орчуулахдаа нэг их зүдрээд байдаггүй, зөөлөн хөрстэй газрыг хурц хүрзээр гишгэж байгаа юм шиг л шударчихдаг нөхөр байгаа юм. Чулуу мулуу таарвал хар хурхийлгээд л явчихна. (инээв)

Романуудын ариутган шүүгчид чинь найман сар гаруй хугацаанд ноцолдсон гэж байсан. Та хэдүй хугацаанд орчуулав?

-Цаадуул чинь худлаа хэлж байгаа юм. Редакторлоход юу боллоо гэж долоо, найман сар хараад суугаад байхав. Би орчуулахдаа л зургаан сарын дотор шударчихаж байгаа юм чинь. Календарийн хугацаагаар долоо, найман сар суугаа байлгүй, юу боллоо гээд ганц номтой зууралдаад суугаад байх вэ дээ. Цаадуул чинь “Энэ Гомбосүрэн юу гэж худлаа шааж вэ” гээд нарийн тулгаад хараад суугаад байхгүй шүү дээ. Найруулга гайгүй шиг юм чинь аяндаа уншигдаад явчихна. С.Баяр бол бичиг цаасанд жигтэйхэн зүгширчихсэн хүн шүү дээ. Баясааг түг таг газар нь будаж тэмдэглээрэй гэсэн. Тэдний хэлсэн зөвлөгөө маш их хэрэг болсон.

Тэр хоёр тэгээд аль хэр зурж тэмдэглэсэн байх юм?

-Би бол өөрийгөө шүүмжлэх дургүй хүн учраас “Гайгүй дээ” л гэж хэлнэ. (инээв) Баяр миний орчуулгыг тоож байгаа зураг зурдаг хүн л дээ. Тиймээс Трифоновыг буулгахыг санал болгож байлаа.