Categories
мэдээ цаг-үе

Мароккогийн хоньчин охин Францын сайд болсон нь

Францын Засгийн газрын бүрэлдэхүүнд хэд хэдэн “гадаад” хүн байдаг билээ. Тэдний нэг нь өдгөө Боловсролын сайдын албыг хашиж буй Наджат Валло-Белькасем. Энэ бүсгүй 35 настайдаа Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хариуцсан сайдаар томилогдож Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн албыг давхар хашиж байсан. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2014 онд Ф.Олландыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход Боловсролын сайдаар томилогдож Засгийн газрын хамгийн залуу бөгөөд цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг болсон билээ.

Одоогоос хэдэн жилийн өмнө марокко гаралтай бүсгүйг Гэр бүлийн асуудал хариуцсан сайд болоход францчууд нэлээд эсэргүүцсэн гэдэг. Учир нь Наджат Валло-Белькасем нь ижил хүйстнүүдийг гэр бүл болохыг албан ёсоор зөвшөөрөх ёстой гэсэн зарчмыг тууштай баримталдаг улстөрч. Зарим францчууд энэ томилгоог уламжлалт гэр бүл хэмээх ойлголтыг төрийн зүгээс эсэргүүцсэн алхам хэмээн шүүмжилсэн юм.

Наджат Валло-Белькасем нь Социалист намын гишүүн. Улс төрд нэлээд эртнээс орсон нь түүний мэргэжилтэй холбоотой. Тэрээр дунд сургуулиа дүүргээд хуульч мэргэжлээр суралцаж байгаад Парисын Улс төр судлалын дээд сургуулийг онц сайн дүнтэй дүүргэсэн. Цагаачилж ирсэн хүний хувьд түүнд сурч боловсроход амаргүй байсан гэдэг. Францын боловсролын систем нь маш өндөр шаардлагатай хэдий ч Наджат Валло-Белькасем энэ бүхнийг өөрийн чадвараар давж гарсан юм.

Дээд сургуулиа дүүргэснийхээ дараа хуулийн чиглэлээр орон нутгийн хууль батлах дээд байгууллагад ажиллаж байгаад улс төрд орсон. Тэрээр эхнээсээ иргэдийг ялгаварлан үзэх явдалтай тэмцэж, эмэгтэй, эрэгтэйчүүдийг ижил эрхтэй байх ёстой гэсэн зарчмыг баримталсаар ирсэн. Энэ нь исламын шашинтай гэр бүлд төрж өссөнтэй ч холбоотой байж болох.

Мароккогийн жижигхэн тосгонд жирийн нэгэн айлд төрж, хонь хариулж явсан тэрээр долоон хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Аав нь амьдралаа залгуулахын эрхэнд Францад очиж барилга дээр ажилласан байдаг. Удалгүй Наджат Валло-Белькасем ээж, эгч, дүү нарынхаа хамт Франц руу цагаачилжээ. Энэ нь 1982 онд болсон бөгөөд тэр үед Наджат Валло-Белькасем таван настай байсан гэнэ. Шилбүүр барин хонь хариулж явсан жижигхэн охин Францад цагаачилсан нь түүний амьдралыг хожим орвонгоор нь эргүүлжээ. Гэхдээ сайн талаараа.

Өдгөө Францад эрх барьж буй Социалист намыг ирээдүйд авч явна хэмээн найдлага тавьж буй залуухан улстөрчдийн нэг нь Наджат Валло-Белькасем. Тэрээр Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байхдаа үр хөндүүлсэн бүсгүйчүүдийг бүрэн хохиролгүй болгох үүднээс нөхөн төлбөр олгох шинэ системийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа. Боловсролын салбарыг тэргүүлснээсээ хойш олон шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Түүний нэг нь бага сургуулийн сургалтын хөтөлбөрт “Тэгш эрхийн цагаан толгой”-г нэвтрүүлжээ. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд ижил эрхтэй гэдгийг сурагчдад багаас нь ойлгуулах зорилгоор уг хөтөлбөрийг Францын хэд хэдэн мужид хэрэгжүүлсэн байна. Гэвч гэр бүлийн үнэт зүйлсийг хамгаалагчид үүнийг эрс эсэргүүцсэн тул уг хөтөлбөрийг зогсоосон юм.

Наджат Валло-Белькасем нь био ёс зүйн хуульд өөрчлөлт оруулах ажилд ч идэвхтэй оролцсон улстөрчдийн нэг. Өөрөөр хэлбэл хүний эмбрион дээр туршилт явуулахыг дэмжигч. Социалист намын гишүүн болсноосоо хойш цагаачдын болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад илүү анхааран ажиллаж байгаа. Францын парламент нь “Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн бодит тэгш эрх” хэмээх хуулийг хэлэлцэн баталсан. Хуулийн төслийг санаачлагчдын нэг нь Мароккогоос гаралтай бүсгүй. Социалист намын залуухан гишүүн маань ижил хүйстнүүдэд гэр бүл болохыг албан ёсоор зөвшөөрүүлэхийн тулд нэлээд тэмцсэн. Францын сургалтын хөтөлбөрт бэлгийн боловсрол хэмээх хичээл заах ёстой хэмээн тусгасан байдаг. Мөн үр хөндүүлэх нь эмэгтэй хүний эрх хэмээн сурагчдад ойлгуулж, жендерийн асуудлыг хөндөөд зогсохгүй, бидний хэлдгээр хайр дурлал, бэлгийн харьцааны талаар өгүүлдэг уран зохиолыг ч үздэг. Харин хувийн сургуулиуд сургалтын хөтөлбөртөө ийм хичээлүүдийг тусгаагүй. Судалгаанаас үзэхэд Францад тавдугаар анги төгссөн хүүхдүүдийн 20 хувь уншиж, бичихдээ маш муу гэнэ. Тус улсын боловсролын салбарт тулгамдсан асуудлууд нэлээд бий. Наджат Валло-Белькасем энэ бүхнийг шийдэхийн төлөө ажилласаар.

Хамгийн сүүлчийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Наджат Валло-Белькасем нөлөө бүхий улстөрчидтэй хамтран ажилласан. Францын төрийн тэргүүн Ф.Олландын хамтран зүтгэгч Винсент Пельонтой нэлээд ойр байсан гэдэг. Энэ нь Мароккогоос гаралтай бүсгүй улс төрийн хариуцлагатай албанд томилогдоход нөлөөлсөн нь гарцаагүй. Харин зарим улс төрийн хүчнүүд Наджат Валло-Белькасемийг эрэгтэй, эмэгтэйчүүдийн хооронд нэлээд ноцтой зөрчил бий болгох үндэс суурийг тавьж байна хэмээн буруутгадаг. Зарим байгууллагууд Наджат Валло-Белькасемээр боловсролын салбарыг тэргүүлүүлснээр ирээдүйд улс оронд маш ноцтой сөрөг өөрчлөлтүүд гарах аюул тулгараад байна хэмээн нэг бус удаа мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй Францад ижил хүйстнүүдэд гэр бүл болохыг зөвшөөрсөн хуулийг баталсны дараа томоохон эсэргүүцлийн цуглаанууд болсон юм.

Наджат Валло-Белькасем энэ жилээс эхлэн Францын бага, дунд сургуулиудад томоохон шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Үүнд гадаад хэлний хичээл зэрэг нь хамрагдах юм. Англи, герман хэлийг улам эрчимтэй заадаг болгохоор төлөвлөсөн гэнэ. Гэвч үүнийг нь эцэг эхчүүд, багш нар, сэхээтнүүд шүүмжилж байгаа. Харин Наджат Валло-Белькасем үүнийг яасан ч байсан хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ бүсгүй оюутан байхдаа буюу 2005 онд франц залуутай гэр бүл болж хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Түүний Мароккогоос гаралтай гэдгийг үргэлж онцлон дурддаг. Гэвч үүнд огтхон ч эмзэглэдэггүй гэнэ. Харин ч өөрийгөө глобал үзэлтэй исламын шашинтан гэдэг. Баруунд, тэр дундаа Францад “гадаад” эмэгтэй улс төрийн өндөрлөгт хүрнэ гэдэг түүний ямар чадалтай улстөрч болохыг гэрчилж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

“Маск” продакшны тайзны ар дахь амьдрал

Инээдмийн баяр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг угтан хошин урлагийн “Маск” продакшны тайзны арын амьдралыг сурвалжлахаар захирал руу нь утас цохилоо. Жүжигчин М.Баярмагнай “Оройны 19:00 цагаас тоглолт эхэлнэ. Дөхүүлж байгаад хүрээд ирээрэй” гэж бидний саналд зөвшөөрсөн хариу өглөө. “Маск” продакшн хоёрдугаар сарын 27-ны өдрөөс “Амьдрал өөрөө аз жаргал” хошин шоу тоглолтоо Соёлын төв өргөөнд тоглож эхэлжээ. Тоглолт дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх гэнэ. “Маск” продакшн ес дэх жилдээ үзэгчдэд уран бүтээлээ хүргэж байгаа аж. “Маск” продакшны “Амьдрал өөрөө аз жаргал” хошин шоу 25 дахь удаагийн тоглолт юм байна. Түүнчлэн “Маск”-ийнхан “Хайр харуусал” нэртэй уран сайхны кино бүтээжээ.

Тоглолтын цаг эхлэхээс гучин минутын өмнө Соёлын төв өргөөнд очлоо. Жүжигчид ордог арын хаалганы үүдэнд ирэхэд л тоглолтын өмнөх бужигнасан байдал угтлаа. Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай, Д.Дэлгэрсайхан нар байдгаараа яарчихсан хонгилоор гүйж харагдана. Залуу жүжигчид нь хоёр, гурваараа бүжгийн хөдөлгөөнөө бэлдэж байгаа бололтой, хүн орж ирснийг анхаарсан шинжгүй эргэлдэнэ. “Маск”-ийн жүжигчид хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Тайзны хажуугийн бэлтгэлийн өрөөгөөр дүүрэн жүжигчин. Хэдэн талдаа том тольтой хувцас сольдог хоёр өрөө байх юм. Толины өмнө жүжигчид эргэлдээстэй. Ихэнх нь тоглолтын нээлтийн хувцсаа өмсчээ. “Маск” продакшны байр МҮЭСТО-нд байдаг. Тэд Соёлын төв өргөөнд тоглолтод хэрэгтэй бүх хувцас хэрэглэлээ авчирчээ. Энд тэндгүй нямбайлж эвхсэн хувцаснууд.

Биднийг орохтой зэрэгцээд гурав, дөрвөн хүүхэд зөрөөд гүйлдэн гарлаа. Тэгснээ удалгүй буцаад ороод ирэв. Ирээд сурчихсан бололтой залуу жүжигчидтэй тоглоод их л хөгжилтэй бужигнацгаана. Тэдний хоёр нь жүжигчин Г.Чулуунцэцэгийн хүү юм байна. Мөн жүжигчин Д.Дэлгэрсайханы охин ирчихэж. Аавдаа эрхлээд Соёлын төв өргөөний дэлгүүрээс юм авахуулж байгаа харагдав. Бэлтгэлийн өрөөнд М.Баярмагнай орж ирээд хувцсаа солих зуураа өрөөнд байсан хүмүүс рүү харан “Ганзо, Гэрлээ, Золоо, Чулуунцэцэгээ намайг санасан уу” гэж марсайв. Хариуд нь Ц.Ганзориг “Санасан. Зөндөө их саналаа. Өчигдөр болгоомжтой харьсан уу” гээд учиргүй чанга инээх юм. “Маск”-ийнхан монита зарласан бололтой. Захирлын наргианы дараагийн сэдэв нь монита болоотхов. “Ёооё, монита минь хуушуур идмээр байна шүү захиалчихъя” гэж чанга хэлснээ амаа дараад жигтэйхэн. Өнөөдүүл рүүгээ учиргүй том хараад “Нээрээ дуусчихсан бил үү. Ирж хэлсээр байгаад сурчихаж” гээд хэлээ гаргаж байна. Цаад өрөөнөөс залуу жүжигчин Г.Золзаяа орж ирлээ. Янз байдлыг нь харахад “монита”-гийн ярианд үг нэмэрлэх гэж байгаа нь илт. “Энэ монита жаахан сонин болсон. Өөрсдөө монитагаа сонгодог бол гоё байсан юм. Харж байгаад л таалагдсан хүндээ өгчихнө ш дээ” гээд хөгжилтэй инээв. Жүжигчин Ц.Ганзориг яаж дутахав гэсэн шиг “Тийм тэнэг байхдаа яахав дээ. Тэгвэл хачин юм болно больё” гэж байна. “Маск”-ийнхан хоёр дахь жилдээ монита зарлаж байгаа гэнэ. Нууц задрахад М.Баярмагнай, А.Гэрэлцэцэг хоёр алтан монита болжээ. А.Гэрэлцэцэг “Тэрийгээ мэдэхгүй хоёр биенээсээ нуугаад сүйд болсон байна лээ” гэж инээмсэглэн хэлээд бэлтгэлдээ орлоо. Залуу жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижигээ “Намайг Чука эгч хоёр дахь жилдээ сугалсан. Өмнө нь сугалж байсан болохоор яг намайг мэдээд хэрэгтэй юм өгөөд байдаг. Тэгээд л гурав дахь өдрөөс нь мэдчихсэн” гэж үг нэмэрлэв. Тэрээр “Маск” продакшнд ороод долоон жил ажиллаж байгаа юм байна. 2009 онд бүжигчнээр оржээ. Сургуулиа төгсөөд жүжигчин болсон гэнэ. Энэ үед жүжигчин П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан хоёр нөгөө өрөөнд хувцсаа сольж байлаа.

М.Баярмагнай “Нээрээ би Дэлхийн усны өдрөөр “Тоосго challenge”-д дуудагдаад усаа хэмнэх гээд жорлонгийн почкиндоо тоосго хийчихсэн. Нэг, хоёр литр ус хэмнэдэг болсон шүү. Зөрүүлээд Ганзо, Гэрлээ та хоёрыг дуудсан, нэгдээрэй. Дээр нь Лосолын Болдбаатарыг дуудсан” хэмээн ярилцаж байхад “Эхлүүлэх үү” гээд менежер нь хүрээд ирэв. Бүгд тайз руу явцгаалаа.

Тоглолт эхлэх цаг болжээ. Тайзан дээр гарахынх нь өмнө 19:00 цагаас эхэлсэн тоглолт хэдээс дуусах вэ гэж асуухад Ж.Мөнхсайхан 21:40 цагт дуусна гэв. Тоглолт эхэллээ. “Амьдрал өөрөө аз жаргал” хошин шоу тоглолт тайзнаа тавигдаад сар гаруй болсон ч танхим дүүрэн үзэгч цуглажээ. Нээлтийн үзүүлбэр дуусангуут М.Баярмагнай гүйхээрээ орж ирэн цаад өрөөнд хувцсаа шидэлж байна. Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан, Ц.Ганзориг нар наад өрөөнд нь дээгүүрх хувцсаа солиод нүүрээ будаж эхэллээ. П.Эрдэнэзаан “Одоо “Оюутан” үзүүлбэр маань эхэлж байна. Олимп, замчид, ээж, бэр гуйсан нь гээд таван хэсэгтэй” гэж ярих зуураа нүүрээ будаад дуусчихлаа. Хажууд нь бэлдэж зогссон бүжигчин охин түүнд гар арчих нойтон салфетка өгөв. Түрүүхэн л зүггүйтэж гүйлдэж байсан хүүхдүүд тоглолт эхлэхэд тайзны хажууд сандал дээр эгнэн сууцгаажээ.

“Оюутан” үзүүлбэр эхэллээ. М.Баярмагнай тайзан дээр гарах гэж микрофоноо нээж үзээд “Хүүе микрофоны зай сууж байна. Хурдан аваад ир” гэж хэлээд ээлж нь болсон тул тайз руу гарав. М.Баярмагнай тайзан дээр гараад л үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн бололтой, алга ташилт нижигнээд сүйд. Эхний үзүүлбэрийн гол дүр нь Ч.Чулуунцэцэг, М.Баярмагнай хоёр. Чимэг дүр нь Ж.Мөнхсайхан, А.Гэрэлцэцэг, Ц.Ганзориг нар гэнэ. Гэрэл унтрах хооронд М.Баярмагнай орж ирээд зайгаа солиод амжив. Тэрүүхэн хооронд залуу жүжигчид ширээ, сандал гээд жүжигт хэрэгтэй бүхнийг байрлуулчихаж. Үндсэндээ тоглолтын завсар гэрэл унтрах нэг минут хүрэхгүй хугацаанд жүжигчид хувцсаа сольж, дүрээ хүлээж буй залуу жүжигчид тавилгыг өөрчлөх ажил хийдэг ажээ.

Хоёрдугаар хэсэг эхэллээ. Ц.Ганзориг тайзан дээр гарахын өмнө “Энэ “Олимп” гэдэг үзүүлбэр. Багш нь тамирчдаа амжилт гаргах байх гэж найдаад хоёр өрөө байраа барьцаанд тавьчихсан юм. Би өр нэхэгч залуугийн дүрд гарах гэж байна” гээд тайз руу зүглэлээ. Энэ тоглолтын үед М.Баярмагнай дээс тоглох даалгавартай аж. Буруу тийшээ гурав эргүүлж үсрэхэд тайзны хажуунаас жүжигчин Ц.Ганзориг “Сайн боллоо” гээд эрхий хуруугаа гозойлгож харагдана. Тэрийг нь М.Баярмагнай хальтхан хараад авлаа. Жүжигчид ингэж л нэгэндээ сэтгэлийн дэм өгдөг бололтой. Залуу жүжигчин С.Чинзориг нүүрээ хүрэн бор болгож будаад хувцсаа өмсчихсөн тайз руу гарахад бэлэн болжээ. Тэрээр “Би продакшндаа ороод жил болж байна. Ах, эгч нараасаа олон зүйл сурч байгаа. Тоглолт бүхнээс шинэ зүйл сурдаг” гэв.

Энэ тоглолтын оргил хэсэг нь гадаадын одод Монголд байвал ямар байх байсан бол гэсэн агуулгатай хошин шогийн үзүүлбэр. Үзүүлбэрийн үеэр үзэгчид байсхийгээд л нирхийтэл инээцгээнэ. Боксын клубын тамирчид багшийгаа хүлээх зуураа яриа өрнүүлж суугаагаараа үзүүлбэр үргэлжилнэ. Залуус М.Баярмагнайгаас “Алдарт боксчин Майк Тайсон Монголд байсан бол юу хийх байсан бэ” гэж асуухад мань эр “Үсрээд л биеийн тамирын багш хийнэ” гэж хариулах юм. “За тэгвэл Майкл Жордан Монголд юу хийх вэ” гэж асуухад нь “Хасын хүлэгүүд”-ийн сэлгээнд сууж байна биз. Санчир аа, Билгүүн ээ маньдаа бөмбөгөө гээд л гүйхээс өөр юу хийхэв” гэнэ. “Тэгвэл Microsoft-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс Монголд байвал яах вэ” гэхэд “Тэди дээр утас форматлаад л суух биз. Тэгээд бид очоод “Хөөе Билл ээ, энийг янзлаад өг” гээд л бодит амьдрал ийм л байна шүү дээ” хэмээн үзэгчдийг хөгжөөх юм. Эдний тоглолтын үзүүлбэр бүхэн цаанаа хэлэх гэсэн санаатай гэж жүжигчид ярив.

Гуравдугаар хэсгийн “Замчид” хэсэгт Г.Лхагвацэрэн, Цоож гэх залуу жүжигчид авьяасаа харуулж байв. “Маск”-ийнхан хэдийнэ залуу үеэ бэлдээд эхэлжээ. Жүжигчид, бүжигчид нийлээд 30 гаруй хүн ажилладаг юм байна. Гуравдугаар хэсгийг Ш.Жавхлан, Д.Дэлгэрсайхан, П.Эрдэнэзаан нар чимэглэх аж. Энэ үед жүжигчин Д.Дэлгэрсайхан ээлжээ хүлээх зуураа охин дээрээ ирж ядарч байгаа эсэхийг нь асуугаад амжлаа. Тэрээр “Анх тайзан дээр гарахад үзэгчдээ ч харж чадахгүй сандардаг байлаа. Жүжигтээ төвлөрсөөр байгаад дуусдаг байсан бол одоо бол огт өөр. Тэр эгнээнд миний таньдаг хүн байна даа гэж хүртэл харна шүү дээ” хэмээн ярив. Энэ үзүүлбэрт А.Гэрэлцэцэг оролцохгүй учраас үзүүлбэрээ хүлээнгээ хамтлагийн менежер, бүжигчин хоёртойгоо хөзөр тоглож суув.

Харин залуу жүжигчин Жижигээ “Хамтлагийнхантайгаа долоон жил хамт байжээ. Бүтэн жилийн 70 хувьд нь салахгүй хамт байдаг юм. Гэрийнхэнтэйгээ байх хугацаанаасаа илүү цагийг өнгөрөөдөг. Анх тайзан дээр гарахад айж, сандарч, догдлох зэрэгцэж байсан шүү. Жүжигчнээр ажиллах сайхан байдаг” хэмээн ярьж байв.

Сүнсний дүрд тоглосон Ш.Жавхлан урт цагаан дээл өмсөөд, урт хар үс задгай тавьжээ. Аяархан шивнэж ярих “сүнс” хүмүүсийн анхаарлыг татаж байгаа нь илт. Тайзнаас буухад нь “Таны хоолойг хүмүүс сонсохгүй хэцүү байсан уу” гэж асуухад “Амар юм гэж юу байхав дээ. Мэргэжлийн онцлог юм чинь. Аяархан шивнэж хэлж байгаа хэрнээ үзэгчдэд хүргэх чадварыг сургуульд заадаг юм. Хүмүүс жинхэнэ сүнс гэж хүлээж аваад намайг яриад эхлэхээр чимээгүй болчихдог юм” гэж хариулав.

Дөрөвдүгээр үзэгдэлд П.Эрдэнэзааныг онцолмоор санагдав. Үзэгдлийн нэр нь “Ээж”. Тэрээр компьютер тоглоомонд донтсон хүүхдийн дүр бүтээжээ. Хүүхдээс ялгарах юмгүй чадварлаг жүжиглэнэ. Олон хүүхэдтэй эх хүүхдүүдийнхээ төлөө ямар сэтгэл гаргадгийг энэ хэсгээс харж болно. Ж.Мөнхсайхан энэ хэсгийг зангидаж харуулах үүрэг хүлээжээ. Энэ үзэгдэл дээр зритель нэгэн зэрэг удтал алга ташив.

Харин тавдугаар үзэгдэл “Бэр гуйсан нь” гэсэн нэртэй. Өнөө цагт хүмүүс уламжлалт ёс заншлаа мартагнаж байгааг хошноор харуулжээ. Энэ үзэгдэлд М.Баярмагнай “Тэгэхээр чинь муухай ш дээ” гэдэг үгийг байсхийгээд хэлэх юм. Харилцан яриан дундуур мань эрийг “Тэгэхээр чинь муухай ш дээ” гэхээр л зритель нэгэн зэрэг инээлдэж байлаа. Хамтлагийнхан дуугаа дуулснаар тоглолт өндөрлөлөө. Жүжигчин Ж.Мөнхсайханы хэлсэн цагт тоглолт дууссан юм.

Хөшиг хаагдсаны дараа жүжигчид алдаа, оноогоо ярьж баахан хөгжилдөв. М.Баярмагнай Г.Золзаяад “Чи яагаад ярихгүй байсан бэ. Би ганцаараа баахан ярилаа ш дээ” гэхэд өнөөх нь “Уучлаарай” гэж байна. Залуу жүжигчдийн иймэрхүү жижиг алдааг хашир жүжигчид нь мэдэгдэхгүй аваад явчихдаг ийм жишээ олон гэнэ. Тэгэхэд нь Ц.Ганзориг М.Баярмагнайд “Чи ч дээс сайн тоглож сурч байна аа” гээд инээлдэв.

Жүжигчид хувцсаа сольж байх зуур жүжигчин П.Эрдэнэзаан “Манай хамтлагийнхан дөрөвдүгээр сарын 1-нд Б.Батзаяа ахын зохион байгуулж байгаа хошин урлагийн нэгдсэн тоглолтод оролцоно” гэтэл Ж.Мөнхсайхан “Дөрөвдүгээр сарын нэгэн чинь манай Заанаагийн төрсөн өдөр. Бид хаалтынхаа тоглолтыг хийчихээд нэгдсэн тоглолтдоо оролцоно. Ер нь Заанаагийн төрсөн өдрийг жил бүр тоглолтоороо л тэмдэглэдэг юм. Зав гарахгүй юм даа” хэмээв.

М.Баярмагнай “Би ч тэр жил баларсан асуудалд орсон шүү. Хэдэн жилийн өмнө “UB palace”-д болсон хошин урлагийн нэгдсэн тоглолтыг үнэгүй болно гэж хэлчихээд худлаа гэхээ мартчихаж. Тоглолтын өмнө “UB palace”-аас залгаад “Магнай энд олон хүн цуглачихлаа. Чи өөрөө ирж энэ хүмүүсээ тараа” гэдэг юм даа. Ирээд л энэ чинь дөрвөн сарын нэгэн шүү дээ гэж хэлээд тарааж билээ” гээд инээлдэв. Хувцсаа сольж дуусаад жүжигчдийн зарим нь ойролцоо гэртээ нэгнийгээ хүргэж өгөхөөр тохирч байв. Энэ үед “Маск” продакшны менежер “Манайхаан маргааш цаг урагшилж байгаа. Тийм учраас бэлтгэлдээ одоогийн 16:00 цагт цуглана шүү” гэх зар дуулгав.

Хамтлагийнхан ойрын үеийнхээ төлөвлөгөөг гаргажээ. “Маск” продакшн инээдмийн баяраар буюу дөрөвдүгээр сарын 1-нд Тусгаар тогтнолын ордонд болох хошин урлагийн нэгдсэн тоглолтод оролцоод дөрөвдүгээр сарын 2-нд “UВ palace”-д тоглолттой юм байна. Үргэлжлүүлэн дөрөвдүгээр сарын 4-нөөс Зүүнхараа, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ рүү явж хөдөө орон нутгийн үзэгчидтэйгээ уулзах аж. Хөдөө орон нутгийн тоглолтоос ирээд Өмнөд Монгол руу явах гэнэ.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар: Мөргөлдөөд нүд бүлтэрч гарч ирж байсан удаа ч бий

Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд тогтмол сайн барилдаж байгаа Кёкүшюхо Төмөрбаатарын Эрдэнэбаатартай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Тэрээр 1988 оны наймдугаар сарын 9-нд төрсөн. 191 см өндөр, 153 кг жинтэй. Томозуна дэвжээний харьяат, анх 2008 онд сумогоор барилдаж эхлэн жүрёо болон жёнидан зиндаанд тус бүр нэг түрүүлж байсан амжилттай. 2012 оноос дээд зиндаанд ахиж, өсөх ирээдүйтэй хүчит бөхийн нэгэн болсон билээ.

Саяхан хаврын банзүке (чансааны жагсаалт) гарч, зүүн жигүүрийн маэгшира тавд эрэмбэлэгдлээ. Ер нь банзүке сумочдын хувьд маш чухал бөгөөд сэтгэл догдлон хүлээдэг зүйлийн нэг нь болов уу. Угаасаа өөрсдөө эрэмбээ мэдээд, таамаглачихсан сууж байдаг байх даа?

-Цол ахивал баярлаад л муу барилдсаны дараа бол чансаа аль болох бага унасан байгаасай гэж залбираад л түрүү сарын барилдаанд тэд давбал тэр хавьд очно гэсэн баримжаа бол бий. Түрүү сар нь бүгд жигд сайн барилдсан бол өөрийн эрэмбэ нэг их хөдлөхгүй. Харин олон бөх амарсан эсвэл муу байсан бол эрэмбэ эрс дээшилнэ. Заримдаа нэг хоёроор дээшилнэ, хэлбэлзэнэ. Ер нь бол банзүке гарахаас өмнө өөрийгөө багцаалчихсан байдаг. Ажиллаж хөдөлмөрлөсний үр дүн, оноо болдог болохоор сэтгэл догдлон хүлээдэг ээ.

Банзүке гэдэг ер нь өөрийн тань хувьд юу байдаг вэ?

-Намайг үнэлж байгаа үнэлгээ, байр суурь гэдгээс эхлээд их чухал зүйл л дээ. Манай дэвжээнд дөрвөн цолтой бөх байдаг. Тэд дундаасаа хамгийн дээд цолтойг нь хяа кашира буюу цолтой бөх гэдэг. Бусдаасаа огт өөр, онцгой болоод явчихдаг. Би ч гэсэн дэвжээнийхээ толгой бөх учраас бүх л зүйлд хамгийн хүндэтгэлтэй байр сууринд байх болдог. Жишээ нь хүлээн авалт, арга хэмжээнд бөхчүүдийнхээ хамгийн урд эгнээ, түрүүнд нь зогсох ёстой гэх мэт зүйл байна. Мөн цолгүй бөхчүүдийн нэрс банзүкед их жижигхэнээр бичигддэг бол цолтой болонгуут томоор бичигдэж эхэлдэг. Иймэрхүү үл ялиг ч гэсэн өөрчлөлтүүд тухайн бөхийн сэтгэлзүйд ихээр нөлөөлнө шүү дээ. Баяр хөөр, бахархах сэтгэл төрнө шүү. Би ер нь энэ банзүке хуудаснуудаа бүгдийг нь хадгалдаг.

Башёо эхлэхийн өмнө болж өнгөрсөн ёкозуна нарын дохёоири буюу дэвжээнд гарч ирэх ёслолд та их аварга М.Даваажаргал Хакухогийн хажууд нэг дэвжээний бөх болох Бразилийн маэгшира Кайсейтэй хамт оролцдог. Тэр мөчид танд юу бодогддог вэ?

-Бид нар аваргатай нэг галын бөхчүүд. Энэ ёслолд зөвхөн макүүчи буюу дээд зиндааны бөхчүүд л оролцох эрхтэй байдаг. Өмнөх хацу башёогийн ёслолд бол цүйхарай буюу суудаг байр сууринд нь байсан бол энэ удаа тачимочи буюу сэлмийг нь барьсан. Юу гэсэн үг вэ гэвэл банзүкед дээд талд нь байгаа бөх сэлмийг нь барих ёстой байдаг. 15 хоногийн турш энэ удаа сэлмийг нь барина. Их сайхан шүү дээ. Сүрлэг санагддаг. Анх жүрёод орчихоод сумо сэтгүүлд ярилцлага өгч байхдаа хурдхан шиг дээд зиндаанд дэвшээд аваргын ёслолд оролцмоор байна гэж хэлж байсан санагдаад байдаг юм. Тэмцээн эхлэхийн өмнө байнга хийдэг энэ ёслолд ингэж удаан оролцож байгаадаа бахархах сэтгэл төрөлгүй яахав. Урьд нь Н.Цэвэгням ах олон жил хийсэн дээ.

Нэг дэвжээний хүчит бөхчүүдийн нэг Кайсейгийн тухай юу хэлмээр байна вэ?

-Кайсей урьд нь Томозуна дэвжээний бөх байсан юм. Манай дэвжээний Оошима багш тэтгэвэрт гараад биднийг өөр дэвжээ рүү нэгтгэхэд нийлсэн л дээ. Нэг дэвжээний бөхчүүд хоорондоо оноолт таарахгүй шүү дээ. Урьд нь бол бид хоёр өрсөлдөгч байсан. Гадаад бөх гэдгээрээ дотно байсан л даа. Надаас хоёр жилийн өмнө сумод орж ирсэн. Аль аль нь л гэрээсээ хол, сэтгэл санаагаараа ойлголцоход амар байсан. Япон бөхчүүд бол гэр орноо санана гэж бараг байхгүй, дуртай үедээ оччихно. Бидний зовлон ижил дээ.

Монголын сумогийн алтан хараацайнууд болсон Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнзан Б.Энхбат, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын хөлсөө урсгаж, хөл тавьсан түүхт их дэвжээнд орсон нь ямар хувь ерөөл байв аа?

-Монголд байхдаа л би их сумо үздэг байлаа. Анх Японд жүдогийн сонгонтой ахлах сургуульд ирж байсан. Ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхдаа энд оюутан байсан ахтайгаа хамт Н.Цэвэгням ахтай уулзаж сумод дуртайгаа хэлж байсан юм. Тэгээд яг сургуулиа төгсөөд байж байтал Д.Батбаяр ах зодог тайлж, нэг гадаад бөх орох боломж, цаг нь яг таарч байж билээ.

Аав ээжийгээ танилцуулна уу?

-Аавыг минь Д.Төмөрбаатар гэдэг. Авто комбинатын даргаар ажиллаж байсан. Эгч цэргийн госпитальд эмч, ах Японы Цэргийн академид суралцаж төгссөн учир аав намайг цэргээс өөр мэргэжилтэй бол гэдэг байсан. Ээжийг минь Ө.Саранцэцэг гэдэг. МУИС-ийн газарзүйн багш хийдэг байсан.

Дунд сургуулийн сурагч байхдаа жүдогоор шаггүй барилдчихдаг хүү байсан гэж сонссон?

-Сагс их тоглодог. Үеийнхэнтэйгээ барилдахад барагтай бол унадаггүй, их шөрмөстэй, бяртай хүүхэд байлаа. Анх Шийрэв багшийн жүдогийн секцэнд явж эхэлсэн. Бараг дөнгөж ороод байж байтал маргааш гэрчилгээгээ аваад ир. Тэмцээнд оруулна гэв. Юу ч мэдэхгүй ороод самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль авч байлаа. Бас сонирхогчдын сумогийн тэмцээнээс мөнгө хүртэж байв. Тэр үед Жүдогийн холбооны дарга байсан Б.Бат-Эрдэнэ аварга Гифү мужийн нэгдүгээр ахлах сургуультай Монгол Японы ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож, улсдаа олимпийн аврага тамирчин төрүүлэх зорилготой монгол хүүхдүүдийг суралцуулж эхэлсэн юм. Тэр шугамаар би суралцаж, олон тэмцээнд оролцож байлаа. Мужийн аварга ч болж байлаа. Улсын аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авах гээд багийн тэмцээнд учраа бөхөө аваад шидсэн чинь нөгөөдөхийнхөө өвдгөн дээр унаж, нүдний доод талын яс хугараад орж чадаагүй. Юм бас сонин л доо. Тэр чигээрээ улсын тэмцээнд явсан бол өдийд ингэж байхгүй ч гэж бодогдоно. Хувь заяагаараа явдаг байх аа. Сумо л барилдах ёстой байсан шиг байгаа юм. (инээв)

Арван зургаан настай балчирхан, хот суурингийн хүү гэнэт хөгжингүй Япон оронд ирсэн хэрнээ зэлүүдхэн алслагдмал хөдөө газар ахлах сургуульд орсон байдаг. Япон амьдралд дасахад хэцүү байсан байх даа?

-Манай сургууль маш хатуу дэг жаягтай зөвхөн эрэгтэй хүүхдүүд сурдаг. Сургуульдаа дотуур байр нь байдаг. Хагас цэрэгжилтийн хатуу сахилга батыг баримталдаг. Утас хэрэглэж болохгүй, зурагт үзүүлдэггүй. Орой унтахын өмнө бүгд жагсаж байгаад тоолуулаад унтдаг, тогтсон нэг цагт шууд гэрэл унтраачихдаг тийм орчинд байсан болохоор сумогийн дэвжээнд ороод хатуу дэг жаягт нь дасах бэрхшээл, зовлон бага байсан. Н.Цэвэгням ах ч хэлж байлаа. “Үхэх гэж байгаа юм шиг үзэлцэнэ шүү дээ, энэ сумогийн ертөнцөд” гэж. Жин нэмэх гэж л жаахан удсан даа.

Цолтой бөх болоод дөрөв, макүүчи буюу дээд зиндаанд хоёр жил тасралтгүй жигд барилдаж байна. Нууц нь юунд оршино вэ?

-Энд байгаа япон бөхчүүдээс бидний зорилго өөр шүү дээ. Алс холоос ирсэн. Ар гэр, аав ээж гээд л санаа зовох юм ихтэй. Миний ард өчнөөн олон хүн харж байгаа шүү дээ гэж бодохоор хариуцлага өндөртэй. Хаа холоос ирчихээд шантраад буцалтай биш гэж бодогдоод байдаг нь л их хүч өгдөг байлгүй дээ. Их олон бэртэж гэмтээд, мөргөлдөөд нүд маань бүлтэрч гарч ирж байсан удаа ч бий. Ээж минь боль гэж гуйдаг байлаа. Эцсийг нь хүртэл үзье гэсэн сэтгэл их хүчтэй байдаг юм даа. Шантарч бол үзээгүй ээ. Тэмцээнээс тэмцээний хоорондох хугацаа их богино байдаг болохоор гэмтлээ бүрэн эдгээх боломж бараг үгүй. Жүнгёо буюу тойргийн барилдаан бас байна. Башёо амрахаар цолыг нь унагаачихна. Хэцүү шүү дээ.

Таныг царай зүс, бие хаа жигдэрсэн сумогийн сайхан залуучуудын нэг гэдэг. Олон эмэгтэй шүтэн бишрэгчтэй байх. Хайр сэтгэлийн талаар юу гэж бодож явдаг вэ?

-Эхнэр, хүүхэдтэй байсан. Хэсэг зуур цуг амьдарсан даа. Одоо охин минь таван настай. Ер нь сумогийн тамирчин хүний эхнэр байх хэцүү байдаг байх л даа. Бид чинь гэр орондоо тогтохгүй, байнга л гадуур сумогийн ажил төрөл гээд явчихна. Одоо Осакад башёо гээд дараа нь жүнгёо гээд хориод хоног хөдөө явчих жишээтэй.

Ирээдүйн мөрөөдлөө нэг үгээр илэрхийлбэл?

-Цолоо хадгалж явах юм уу даа. Санякүд орж үзэх юмсан гэж бодогдоод байгаа. Дээд зиндааны бөх дотроо арслан, заан, гарьд буюу комүсүби, сэкиваке, озэки гурван гол үүрэгтнийг санякү гэж хэлж байгаа юм.

Нэг дэвжээний, мэргэжлийн хувьд ахмад туршлагатай бөх хүний хувьд ч мөн төрсөн ахаас нь өөрцгүй ижилдэн дассан Кёкүтэнхо Н.Цэвэгням Японы сумогийн хамгийн анхны монгол ояагата болж байна. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Намайг энэ замд хөтлөн оруулсан, ах шигээ л хүндлэн явдаг. Цолтой болоод ачийг нь хариулж явах юмсан гэж боддог. Амжилт гаргах тусам баярлах байх. Өөр юугаараа ч хариулах вэ дээ. Хүндэлж, хайрладаг хүнтэйгээ дээд зиндаанд хамт барилдаад, ёсолгоо үйл ажиллагаанд хамт оролцоод явахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг байсан. Одоо Оошима дэвжээний багш болж, багш шавийн харилцаатай боллоо. Хоёр жилийн өмнө Осака башёогийн жүрёод түрүүлэхийн өмнөх нэмэлт барилдаан хийх гээд гарах гэж байхад Н.Цэвэгням ах “За ялагдсан ч хамаагүй, түрүүний төлөө нэмэлт барилдаан хийнэ ээ гэдэг чинь өөрөө гайхалтай юм шүү. Сайхан тайван барилдаад үзчих” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Ахаас ийм үг сонсчихоод би бүр тайвшраад ялагдсан ч яадаг юм үзэлцээд л дайрья гэж улам зориг орох шиг болсон. Их сайхан мөч байсан шүү.

Ярилцсан Х.Эрдэнэцэцэг

Categories
мэдээ цаг-үе

“Монгол бүсгүйчүүдийн гоёл их чамин, хээнцэр юм”

Ирэх есдүгээр сард “Face of beauty internation­al” олон улсын миссийн тэмцээнийг манай улсад зохион байгуулахаар болсон билээ. Тус тэмцээнтэй холбоотойгоор тун удахгүй нэгэн загварын шоу Монголд зохиогдох бөгөөд тус шоунд оролцохоор “Face of beauty internation­al 2015” тэмцээний дэд байрын шагналт Унгарын мисс Далма Карман, тус тэмцээний 2013 оны тэргүүн байрын эзэн Тонга улсын мисс Даймонд Ланги нар Монголд ирээд байна. Эдгээр мисстэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

ТОНГА УЛСЫН МИСС ДАЙМОНД ЛАНГО: МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН ГОЁЛ ИХ ЧАМИН, ХЭЭНЦЭХ ЮМ”

Хэр урт зам туулж Монголд ирсэн бэ?

-Би анх удаа Монголд ирж байна. 29 цаг явж Монголд ирсэн. Надад Монгол орон маш сонирхолтой санагдсан.Мөн Монголын загвар өмсөгч бүсгүйчүүдийн ээмэг, зүүлт гоёл нь их чамин, тансаг хээнцэр, гайхалтай санагдсан. Бид хоёр явахаасаа өмнө Монголын үндэсний хувцсыг заавал өмсч үзэх болно.

Тонга улсад загварын салбар хэр хөгжсөн байдаг вэ?

-Улсынхаа хэмжээнд олон загвар өмсөгч, миссүүдтэй ч олон улсад гарах нөхцөл хязгаарлагдмал.

Танай улсын загвар өмсөгч бүсгүйчүүд юугаараа ялгардаг вэ?

-Тонга улс шашинтай салшгүй холбоотой. Тийм ч учраас шашны ёс, жаягийг дээдэлдэг, эрхэмлэдэг бүсгүйчүүдийг их хүндэтгэдэг. Сайхан эмэгтэй гэж үздэг. Тонга бүсгүйчүүдийн өөр нэг онцлог нь урт сайхан үс. Үндэсний бүжиг бүжиглэхэд урт үстэй эмэгтэйчүүд хамгийн сайхан харагддаг. Тонга бүсгүйчүүд үсэндээ их анхаарал хандуулдаг.

Та “Face of beuty inter­national 2013” тэмцээний титмийн эзэн. Тухайн үеийн агшнаас товчхон ярьж болох уу. Гэр бүлийнхэн тань хэр хүлээж авч байв?

-Титмийн эзэн болсноо сонсоод их цочирдсон. Олон зүйл бодогдож байсан. Тэр тэмцээнийг аав, ээж маань мөнгөгүй учраас ирж үзэж чадаагүй. Тийм учраас тухайн үед хамгийн түрүүнд тэдэндээ л тэргүүн мисс болсон тухайгаа дуулгамаар санагдаж байлаа. Аав, ээж минь надаар бахархах хамгийн гоё мэдрэмж.

Ирээдүйн зорилго?

– Миний хувьд хөгжмийн юм уу жүжигчний карьеараа өсгөх бодол байна. Түүнээс гадна урлагаар дамжуулан өөрийн улс, орондоо сайн үйлсийн ажил хийхсэн гэж боддог. Манай Тонга улс хөгжингүй орон биш учраас ажилгүйдэл маш их. Ажил олж хийхэд хэцүү. Тийм учраас улсаа аялал жуулчлалын орон болгоход өөрийн хувь нэмрээ оруулна.

Өндөр хэд вэ?

-175 см

УНГАРЫН МИСС ДАЛМА КАРМАН: ТЭМЦЭЭНИЙ СҮҮЛИЙН ШАТАНД МОНГОЛЫН МИСС ЭЭМГЭЭ ЗҮҮЛГЭСЭН НЬ ҮНЭХЭЭР СЭТГЭЛ ХӨДӨЛГӨСӨН

-Өнгөрсөн шөнө онгоцноос буусан. Монгол Улс их амар тайван орон шиг санагдлаа. Том хотууд шиг хөл хөдөлгөөн ихтэй, хэт даврагч, халдлага үйлдэгч гэдэг ч юм уу галзуу зүйл гэнэт болох болов уу гэсэн айдасгүй амгалан орон шиг харагдаж байна. Үүнээс гадна нэг зүйл их сэтгэл хөдөлгөсөн.

Таныг сэтгэлийг юу тэгж хөдөлгөв өө?

-Зохион байгуулагчдын зүгээс биднийг нисэх буудал дээр угтахдаа аягатай сүү, хадагтай угтсан. Биднийг уламжлалт ёс заншлаараа халуун дотно угтаж авсанд баяртай байгаа. Уламжлал нь их гоё, хүндэтгэлтэй юм билээ.

Ирэхээсээ өмнө Монголын талаар ямар төсөөлөлтэй байв?

-Эрт дээр үеэс Монгол, Унгар хоёр улс нэг түүхтэй гэж сонсож байсан. Унгар улс Монголоос гаралтай, салан тусгаарласан гэдэг ойлголттой явдаг. Бага сургуульдаа түүхийн хичээл дээр Монголын тухай олон ч удаа сонсож байсан. Харин өнөөдөр Монголд ирж үзлээ. Сэтгэл сайхан байна.

Олон улсын тэмцээнд оролцож байсан уу?

-Хоёр жилийн өмнө Японд “Face of Beauty international” тэмцээнд оролцож байсан. Монголын мисс Баярцэцэг мөн орж байсан. Түүний ардын биелгээ бүжиг бүжиглэж байсныг тод санадаг. Тэр бүжиг надад маш их таалагдсан. Учир нь би өөрөө бүжиглэх, дуулах авьяастай. Бас дуртай. Түүнийгээ хөгжүүлэх гэж хичээж, улс орон бүрийн урлаг, соёлын сонин, содон зүйлсийг ажиглаж явдаг. Тэр утгаараа монгол бүжиг болон бүжгийн хувцас нь маш их таалагдаж байсан. Ямар гоё юм бэ гээд уулга алдаж байлаа.

Та хоёр тэмцээний үеэр баг болж хамтарч ажилласан гэсэн. Хэр гар нийлж байв?

-Тухайн үед Баярцэцэг бид хоёр нэг баг болж ажилласан учраас сайн найзууд болсон. Их найрсаг, нийтэч охин. Монголчууд ер нь их найрсаг ард түмэн юм шиг санагдсан. Тэмцээний сүүлийн шатанд Баярцэцэг өөрийнхөө ээмгийг зүүлгэсэн. “Зүгээр ээ. Энэ ээмгийг зүүчих. Их сайхан харагдаж байна” гэж ирээд л. Би их гайхсан шүү. Яагаад гэвэл тэр миний өрсөлдөгч шүү дээ. Би түүнээс Монголын талаар цөөнгүй зүйл сонссон, монгол хэлээр ойр зуурын үг заалгасан боловч мартчихсан. Тэр хотоос гараад 10 минут явахад цэлгэр уудам тал хөндийд, үхэр мал бэлчиж байдаг гэж ярьж байсан. Би өөрөө байгальд маш их дуртай учраас надад түүний энэ яриа их таалагдаж, ирэх хүсэл төрүүлж байлаа.

Яагаад заавал загварын ертөнцийг сонирхох болсон бэ?

-Би багадаа хөлбөмбөг тоглодог. Яг л эрэгтэй хүүхэд шиг өссөн. Эршүүд байдлаас ангижирч өөрийнхөө гадаад төрхийг гээж өөрчилмөөр санагдсан. Эмэгтэйлэг, эрхэмсэг болох зорилготойгоор загвар өмсөгч болсон.

Өндөр, биеийн харьцаа?

-Би 21 настай. Өндөр 170 см, биеийн харьцаа 86:64:86

Монголчуудын хувьд загвар өмсөгчдийг нүүр будалт илүү тодотгодог юм шиг санагддаг. Харин таныг харахад нэг их нүүр будалт хийгээгүй харагдаж байна. Гоо сайхандаа хэрхэн анхаардаг бол?

-Унгар бүсгүйчүүд ихэвчлэн байгалийн гаралтай, химийн бодисны хольцгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Ургамлын гаралтай бүтээгдэхүүн, жимс ногоо түлхүү хэрэглэнэ. Энэ нь бүсгүйчүүдийн дотроосоо гэрэлтэх нэгэн нууц байж ч болох юм.

Ирэх есдүгээр сард Монголд болох тэмцээнд оролцох уу?

-Бид хоёулаа оролцох хүсэлтээ өгсөн байгаа. Оролцох үгүйг холбооноос шийддэг учраас тодорхой хариу гараагүй байна. Харин “Face of beauty international 2016” тэмцээнийг Монголд зохион байгуулах хорооноос энэхүү хэвлэлийн хурал, загварын шоунд оролцох урилга аваад их баярласан.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Хайрулла: Мэс засалч эмч нар нохойд барьдаг мод биш, үгүй ядахдаа цалин хөлсийг нь нэмүүлмээр байна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч, төрийн шагналт, академич Ж.Хайруллатай уулзаж хөөрөлдлөө.

-Монгол Улсад анх удаа орос эмч мэс засал хийсэн гэдэг бил үү?

-Улаанбаатарт буюу Да Хүрээнд 1924 онд Оросын их эмч П.Н.Шастин хожмоо ардын жүжигчин болсон Нямын Цэгмидийн толгой дээр бугласан хатгийг хагалан эдгээж, мэс заслын анхны эмчилгээг эхэлснээр өнөөгийн Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг болтлоо 90 гаруй жилийн түүхт замыг тууллаа. Монголын эрүүлийг хамгаалахын салбарын түүхэнд тодорхой нэртэй, мөртэй бахархам түүхийг ахмад үе маань бүтээсэн. Эх орондоо төдийгүй гадаадын олон оронд алдар нэрээ мөнхжүүлсэн академич В.Ичинхорлоо, Т.Шагдарсүрэн, дэд хурандаа Дамбийням нарын алтан гарт эмч, эрдэмтдээрээ бид бахархдаг юм. Мэс засалчийн мэргэжлээр олон олон эмч мэргэжилтэнг сургаж бэлтгэснээр Монголын өргөн уудам нутгийн өнцөг булан бүрт аж төрж байгаа ард олондоо шаардлагатай тохиолдол бүрт мэс заслын тусламж үзүүлж, эмчилгээ хийх боломж бүрдсэн нь сайн хэрэг шүү. Гэвч, сүүлийн хорь гаруй жилд Монголын эрүүлийг хамгаалах салбар болоод түүний үйл ажиллагаа нийгмийн хөгжлийн өнөөгийн шаардлагын түвшнээс ихээхэн хоцрогдож байгааг түмэн олон шүүмжлэн хэлэлцдэг болсоор удлаа.

-Бодвол, эрүүл мэндийн салбарын халуун тогоонд буцалж буй та бүхэнд шүүмжлэл тов тодорхой мэдрэгддэг болов уу?

-Ард түмэн тов тодорхой хэлдэг. Утас, зүү нийлүүлж сураагүй хүн хувцасныхаа товчийг хадаж чаддаггүйтэй адил халаад өмсөж, чагнуур барьж үзээгүй хүн үхэл, амьдралын зааг дээр мэддэг бүхнээ дайчилж, хүнд бэрх бүхэнтэй улаан нүүр тулан тэмцдэг мэс засалчийн ажлын хүндийг ойлгохгүй. Хүний амь насны төлөө тэмцэж байгаа, адармаатай бэрхшээлтэй ажил үйлсийг бүтээж байгаа эмч нарын ажил мэргэжлийг энэ талын ямар ч мэдлэггүй хэн нэгэн этгээд онолоор, бодлогоор зохицуулж чадах уу, үүнээс ямар үр дүн хүлээх вэ гэж хүмүүс толгой сэгсрэн асуудаг боллоо. Байдал олны нүдэн дээр ийм тодорхой байсаар байтал “Бодлогын удирдлагаар хангана” гэдэг бурангуй шийдвэрээр эрүүлийг хамгаалах салбарыг удирдуулдаг улс Монголоос өөр байдаг юм уу. Өчүүхэн ч мэдлэг боловсрол үгүй мөртлөө дуртай нь аргагүй очиж ажлыг нь нураагаад явж байгаа, тэрэндээ огтхон ч сэтгэл нь өвдөхгүй явдаг гол төлөв УИХ-ын гишүүн байсан албан тушаалын донтой нөхдийг хүн зон ямраар үнэлж байгааг өөрсдөө мэддэг байлтай. Тэд ямар сонирхлоор мэдэхгүй салбар руугаа зүтгэнэ вэ. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэгчээр эрүүл мэндийн салбарын удирдлага ийм байхад харьяа эмнэлэг салбаруудын үйл ажиллагаа ямар байх нь тодорхой.

-Таныхаар чухамдаа ямар байна гэж бодож байна?

-Мэс засал хийлгэсэн, хүүхэд төрүүлсэн, ханиад томуу хүндэрсэн, улаанбурхан, салхин цэцэг туурсан зэрэг өвчлөлөөр өвчлөгсөд “Эмч нарын буруугаас болж нас барж байна” гэж гомдоллох нь олшрох төлөвтэй. Энгийн жишээгээр хэлэхэд мэс засалч эмчийн ажлыг дотрын эмч хүн удирдан зална, мэс засалчийн зовлонг бусад хүн яс махаараа мэдэрнэ гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Чаддаг ч бай, чаддаггүй ч бай дарга байх нь дээд удирдлагын сайдуудын сэтгэхүйтэй агаар нэг байгаа нь даан ч эмгэнэлтэй. Олны дотор чадварлаг, боломжийн сайн дарга нар байхыг үгүйсгэхгүй ч хэрээ мэдэж ажлаа оролдвол гарах үр дүн нь сайжрах биш үү. Монгол хүний тоо эрс нэмэгдэж хүн амын бөөгнөрөл нягтрал ихэссээр байгаа өнөөгийн нөхцөлд маш чухал шаардлагатай болсон эмнэлгийн тусламжийн голлох нэгэн салбар болох мэс заслаар эмчлэх салбар, түүний эмч ажилчид дэндүү өрөвдөлтэй байдалд орсныг хүний эмчээр, бас эмчийн сургуульд багшаар ажилласаар нэгэн жарныг ардаа орхисон ахмад эмч миний бие үзсээр, мэдсээр байж эвлэрэн сууж чадахгүй нь.

-Насны хярд гарч, алдрын дээдийг хүртсэн эрхэм буурал та юуны учир бухимдах болов?

-Энэ ямар учиртай вэ гэвэл мэс засалч эмч нар бүхий л эмч нартай адил өвчтнүүдийг нарийн шалгаж, асуумж байцаалт авч, чагнан, алхаар тогших, гараар илж тэмтрэх, ам хамар, нүд чихийг нь үзэх, лабораторийн ба дүрс оношилгооны үзүүлэлтүүдийг үзэж харж эмчилгээ бичихээс гадна хутга мэс барьж, цус нөж, идээ бээр, өтгөн шингэнтэй хутгалдах, өөрөө аюулт өвчнөөр давхар өвчилдөг эрсдэлтэй байдаг. Мэргэжлийн ийм өвөрмөц онцлогтой байдгаараа бусад мэргэжлийн эмч нартай адилтгаж үзэх боломжгүй байдаг. Тэгээд ч зогсохгүй унтуулга, наркозонд байнга өртөж байна. Ер нь эмч нарыг их ачаалалтай байдаг тайван цагийн байлдагч нар гэдэг бол мэс засалч эмч нар бол тэдэн доторх хамгийн их ачаалалтай байнгын тушаалтай байлдагч нар мөн л дөө. Арьс өнгөний, дотрын, мэдрэлийн, нүдний, хамар хоолойн төрөлжсөн мэргэжлийн эмч нар өдөр ажлаа хийчихээд, жижүүргүй л бол гэртээ амгалан тайван амарч байхад мэс засалч эмч мэс засал хийсэн л бол тухайн өвчтөн хөл дээрээ босож явтал сэтгэл тайвширна гэж байдаггүй байнгын түгшүүртэй байдаг мэргэжил. Мэс засалч эмч гэртээ хариад чиг тайван байна аа гэдэг үлгэрийн далай. Дараагийн дуудлага, хагалгаанд цаг ямагт бэлэн байна.

-Мэс засалч эмчийн ажил ч үнэхээр хүнд юм байна шүү?

-Хүндээр барах уу даа. Ялангуяа тархи, зүрхний мэс засал хийх гэдэг олон өдөр хоног бодол сэтгэлийн хямралтай явдаг юм шүү дээ. Бие сэтгэлээр туулсан хүн энэ үгийг хэлж байна. Мэс засал хийх үеийн багаж төхөөрөмжийн хангамж, тохиромж, өвчтний биеийн дархлаа, тэнхээ тамир, нас, хүйс, наркоз, унтуулгын ачаалал, мэс хагалбарын тусгал нөлөө зэрэг олон зүйл эмчийн сэтгэлийг зовооно. Өдөр бүр тав, зургаагаас доошгүй яаралтай хагалгаа хийгддэг, тархины харвалттай өвчтөнүүдийг хүлээж авдаг мэс заслын эмч, сувилагч нар өдөр шөнө ялгалгүй хагалгаанд орсоор байгаад бүтэн ганц ч өдөр амарч чаддаггүй нь үнэхээр аймаар, өрөвдмөөр. Хэчнээн ядарч зүдэрч байвч цаанаа хүний амь насыг хамгаалж байгаа шүү дээ гэж бодож л сэтгэлээ тэжээж явах юм даа. Ийм их ачаалал дарамтын доор амьдардаг мэс заслын эмч сувилагчдын ахуй хангамж, авдаг цалин, тэтгэвэрт гарах нас зэрэг нь харьцангуй хөнгөн ажилтай бусад мэргэжлийн эмч нар, төрийн албан хаагчид зэрэг байгууллагынхантай яг адилхан байдаг нь хүмүүнлэг нийгэмд баймгүй мөн чиг ноцтой зөрчил мөн шүү.

-Та мэс засалч эмчийн цалин хөлсийг бусад мэргэжлийнхэнтэй шууд жишээлж яривал ойлгомжтой юм биш үү?

-Шүүгчид сардаа гурваас дөрвөн сая төгрөгийн цалин авч байхад эрдэнэт хүний амь, насыг аврахын төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэж яваа, адилхан тангарагтай эмч нар ямар цалинтай байгааг харьцуулж үздэг, анхаарч үздэг шударга, ёс зарчмыг баримталдаг хүн өнөөдөр Монголд байна уу. Үүнд лав л эмч, багш нар итгэхээ больжээ. Мэс заслын эмчилгээ шаардагдах тархи, нугас, зүрх судасны төрөлхийн ба олдмол гажгууд, элэг, ходоод, тархи нугас, сав суулганы хавдар, тархины харвалт, нуруу нугалмайн өвчнүүд, хамар нармай, хоолой, нүд, чихний өвчлөл, тархи нугас, үе мөчний гэмтэл зэрэг өвчин жилээс жилд өсөн нэмэгдэж байхад цаг алдалгүй мэс заслын тусламж үзүүлэх ёстой байгууллагууд нь багаж төхөөрөмж дутуу, байгаа нь эвдэрхий, эмчийн тоо хүрэлцэхгүй байна. Хөдөлмөр хамгааллын талаар ярих ч юм байхгүй. Орны тоо хүрэлцээгүй учир оочер дараалал замбараагаа алдлаа. Цалин даан ч бага байна гэх мэтээр гачигдал зовлон тоочоод сууж байгаа нь хэвшмэл байхад энэ байдалд эмнэлгийн дарга нар нь ч, эрүүл мэнд хариуцсан яамны удирдлага ч дассан байдалтай цочирдохоо ч байж “Ажлаа хий, амжилт гарга” гэж хий хуурай уриалаад суудаг болж. Х.Тэмүүжин, Ц.Нямдорж, Дорлигжав, С.Нарангэрэл, Лүндэндорж нар шиг ажлаа мэддэг, хуулиа хүндэтгэдэг, салбарын ажилтнуудаа хайрлаж чаддаг эзэнтэй яам салбарууд цалингаа нэмэгдүүлж, амьдралаа төвхнүүлж чадаж байхад төрүүлсэн эцэг эх нь хэдийнэ төөрүүлээд хойд эцэг эх болсоор эзэн ч үгүй болсон өнчин салбарын цус нөж, идээ бээртэй холилдож, үхэгсдийн нулимсан далай дунд хөвж яваа өнчин хэдэн эмч сувилагчдад хэн гар сунгаж зоос хайрлах билээ дээ.

-Та ч аргагүй л элэг эмтэрч, зүрх зүсэгдмээр гашуун үнэнийг айлгүй хэлж байх шив?

-Би одоо юунаас айж эмээж суух билээ. Хүнд хагалгаанд ороод ядарсан муу эмчид аяга цай, атга чихэр өгчихвөл авлига, хээл хахуульд ороогдон “жаргал”-аа эдэлнэ. Мэс заслын мэргэжлийн эмч, сувилагч нар хар цай, бор талхны төлөө бие хайрлахгүй зүтгэсээр, тэтгэврийн насандаа ч хүрэлгүй өвчин зовлонд баригдаж, тахир дутуу болж, амь насаа алдаж байгаа тохиолдол цөөнгүй байна. Монголын толгой цохих алдартай мэс заслын эмч нарын олонх нь тэтгэвэртээ ч гаралгүй бурхан болсон ердөө л ажил, амралтгүй зүтгэснийх нь гор шүү дээ. Зурагтаар “Эзэнгүй төрийн эмгэнэл” гэдэг үг байн байн сонсогдох болсон нь өнөөгийн эрүүл мэндийн салбарын ажил амьдралтай яв цав тохирно. Яамыг удирдах сайд,орлогч нар нь дутуу байгаа ч харьяа эмнэлгүүд нь хөөрхий ажлаа хийсээр, ард түмэндээ үйлчилсээр байгаа. Анхаарууштай нэг зүйл байгаа нь мэс заслын үйлчилгээ бүхий эмнэлгүүдийн дарга, орлогч нар нь бүхэлдээ өөр мэргэжлийн улс дотрын, эрүүл ахуйн гэх мэт эмч нар байгаа нь мэс засалч эмч, сувилагч нарын зовлонг өөрсдийнхөө хүрээгээр ойлгохоос мэс засалчдын хэмжээнд ойлгох нь өдий юм.

-“Зуд болбол хуц ухнын толгой дээр” гэгчээр намчирхлын гай л танай салбарын удирдлагыг нэрвээд нэрмээд байгаагийн гай юм болов уу?

-Ер нь мэс заслын үйлчилгээ бүхий эмнэлгийн дарга нар өөр мэргэжлийн хүн байна аа гэдэг чинь эрүүл мэндийн салбарын сайд нь өөр мэргэжлийн хүн байхтай агаар нэг зовлон юм. Дурангаар хагалгаа хийхэд гэрэл нь бүдгэрээд байхын зовлонг дотрын эмч хүн, мэс засалч эмчтэй яг адилхан төсөөлөхгүй. Санаа зовлоо гэхэд бага зовно. Ийм жишээ олон бий л дээ. Харьцуулаад бодоход эмч нарын нарийн зовлонг эмч биш зүтгэлтнүүд, Их хурлын гишүүд эмч нартай адил ойлгодог гэж үү. Баян хүн ядуугийн зовлонг, ухна ишигний зовлонг ойлгодоггүй гэдэгтэй л адил юм болж байна шүү дээ.

-Эрүүл мэндийн салбарын төлөө сэтгэлээ чилээх чин сэтгэлтний хувьд та төр засагт уламжлах ямар санаа бодол тээж явдаг бол?

-Эрүүлийг хамгаалах салбарын яамны сайд, Төрийн нарийн бичгийн даргын албанд мэргэжлийн мэдлэг өндөр зохион байгуулагч хүнийг ойрын хугацаанд томилж өгөөч ээ гэж юун түрүүнд хэлмээр байна. Албан тушаалын мөрөөдөлтэй хэн нэгэн биш ард түмнээ, ажил төрлөө гэсэн чин сэтгэлтэй, үнэн зүтгэлтэй хүнийг олж тавиасай билээ гэж залбиръя. Улаанбаатар хотын эмнэлгүүд дээр хавсарга тасаг болж буй мэс заслын тасгуудыг нэгтгэн эмхэтгэж Мэс заслын өвчин судлалын үндэсний төвийг Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг дээр байгуулах хэрэгтэй байна.

-Тэгж нэгтгэсний ач холбогдол юу байна?

-Ингэж нэгтгэснээр байнга дутагдаж байдаг мөртлөө энд тэнд ганц нэгээрээ байгаа оношилгоо, эмчилгээний багаж, аппарат, лаборатори, дүрс оношилгооны төхөөрөмжүүдийг өгөөж сайтай, хэмнэлттэй ашиглах боломж бүрдэхээс гадна олж авах, зардал гарздах боломж бий болох юм. Цаашлаад сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулах боломж нэмэгдэнэ. Эмч, ажилчдын тоо, чанарын өөрчлөлтүүд эрс нэмэгдэнэ. Хамгийн гол нь мэс заслын тусламж үзүүлэх үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж, орны ашиглалтыг сайжруулж, оочер дараалал багасч, чирэгдэл үүсэх нөхцөл алга болж, эм-эмийн зүйлсийн хүрэлцээ хангамж сайжрах юм. Мэдрэлийн мэс засал, нуруу нугасны мэс заслын харьцангуй хүнд ачаалалтай байдаг, өдөр сараар өсөн нэмэгдэж байгаа онцлог байдлыг харгалзан эмч, сувилагчдын ажлын байрны орон тоо, өвчтөнүүдийн орны тоог нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байгаа. Нийт ажилчдын ахуй хангамж, цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй бол энэ салбарт ажиллагсад жилээс жилд цөөрөх аюул буйг ч бодолцох нь зүйтэй. Дурдан байгаа эрэлт хүсэлтүүдийг Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын холбогдох байнгын хороодод өргөн мэдүүлж, гарах болоод гарсан үр дүнгийн талаар Монголын мэс засалч эмч нарын холбоонд хэлэлцэн цаашдын ажиллах чиглэлийг тогтоох хэрэгтэй гэж бодож байна даа.

-Ярилцлагын төгсгөл болгож та юу хэлмээр байна?

-Эмнэлгийн шинжлэх ухаан гэдэг хамгийн нарийн нандин бүтэцтэй, түвэгтэй, зарим асуудал нь өнөөгийн шинжлэх ухааны хөгжил ололтоор ч шийдэгдэхгүй байгаа онцлог салбар мөн учир сандал ширээ, цалин цавуунд шунасан хэн нэгний өчүүхэн сэтгэлгээгээр, зарим ахархан ойлголттой мэргэжлийн хүний бодлоор шийдвэрлэгдэж, хэрэгжчихдэг ч шинжлэх ухаан биш гэдгийг төрийн жолоо болсон эрхэм ноёд, хатагтай нар ухварлаж ойлгоосой гэж өвгөн эмч би чин сэтгэлээсээ хүсье дээ.

Categories
мэдээ цаг-үе

Урлагийг урласан агуу зураачийн замнал

ХҮМҮҮН НЬ ЦАГ ЭЛЭЭХ ТУСАМ ТӨЛӨВШДӨГ БОЛОХООС ХӨГШИРДӨГГҮЙ ЮМ

ПИКАССО

Гартаа барьсан хэсэгхэн шаврыг өөрийн авьяас чадвараар хэрэгтэй хэлбэр, дүрсэд оруулан, өнгө будаг нэмснээр бүх дэлхийг илэрхийлж чаддаг 20 дугаар зууны агуу зураачдын нэг, кубизмын урсгалыг үндэслэгч, уран барималч Пабло Руз Пикассо (Pablo Ruiz Picasso)-гийн тухай бид өгүүльюү гэж бодлоо. Түүний амьдралын түүх нь өөрөө аугаа их эрч хүчээр дүүрч бусдад шинэ урлагийн зам заасан өөрөөр хэлбэл урлагийг шинээр урласан бүтээлч хүний түүх билээ.

Пабло Пикассо 1881 оны аравдугаар сарын 25-нд Испанийн Андалуз мужийн Малага хотод төржээ. Түүнийг загалмайлахад өгсөн бүтэн нэр нь Пабло Диего Хосе Франсиско де Паула Хуан Непомусено Мария де лос Ремедиос Сиприано де ла Сантисима Тринидад Мартир Патрисио Руис .

Паблогийн гэр бүлийнхэн нь боловсролтой боловч ядуу улс байсан тул зураач эцэг нь урлагийн сургуулийнханд хичээл заахаар Малага хотоос Барселонд шилжин суурьшсан. Тэрээр Паблогийн уран зургийн анхны багш байсан бөгөөд түүнийг долоон настайд нь тагтааны сарвууг гүйцээж зурах даалгавар өгснөөр балчир хүүгийн ирээдүйн уран бүтээлийн үүд хаалга нээгдсэн байна. Пабло 13 настайдаа нэлээд том хэмжээтэй натюрморт зурсан бөгөөд түүний авьяас чадварыг биширсэн эцэг нь хичээл заах ажлаа ч орхижээ.

Пикассо долоохон хоног бэлтгээд Барселоны Дүрслэх урлагийн академийн оюутан болсон бөгөөд түүний авьяас чадварыг “илрүүлсэн” багш нар насыг нь үл харгалзан сургуульдаа элсэхийг урьжээ. Пикассо сургуульд байхдаа тийм ч сайн сурагч байгаагүй бөгөөд үргэлж л багш нарын уурыг хүргэж шийтгүүлнэ. Харин тэр шийтгүүлж, хичээлийн дараа үлдэх бүртээ өөрийн дуртай зургаа саадгүй зурах боломж олдог байлаа.

Арванзургаан настай Пабло 1897 онд Мадридын “Сан Фернандо” урлагийн сургуульд элсэн нэг жил орчим суралцаад орхив. Түүнд тухайн сургуулийн сургалтын систем нь чамлагдсан тул хотоор хэсүүчлэн, Барселонын гудамжаар явах хүмүүсийг зурж суухыг илүүд үзжээ.

Тэрээр Мадридын уран бүтээлчид болох Франсиско Гой, Диего Веласкеса ба Эль Грекогийн бүтээлүүдийг шимтэн судалж эхлэв. Пикассо дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж байгааг анхааралтай ажиглахын сацуу өөрөө дэлхий ертөнцийн түүхэн замналыг өөрчилсөн юм.

Сайхан эмэгтэйчүүдийн хайр түүнд урам зориг өгч, харин тэрбээр тэдний хөрөг зураг, уран баримлыг бүтээж үхэшгүй мөнхийг бэлэглэжээ. Хоёр хэмжээст зураг Пикассод уйтгартай санагадсан тул тэрээр кубизмыг бүтээж, үргэлж хавтгай байсан зургуудыг шинэ хэмжээст орууллаа. Удалгүй түүний амьдралыг үзэх үзэл өөрчлөгдөж “цэнхэр” үеэс “ягаан” үе рүү нүүж, улмаар сэтгэл санааны цочролд орсноор зураачийн бүтээлүүд хар, цагаан болж эхэлсэн. Будаг, харандаа нэгэн хэвийн санагдах үед Пикассо гэрлээр будаж, мөн тухайн биетийг зотон даавуун дээр зурснаас, баримал болон шил шаазангаар илэрхийлэх нь түүнд илүү сонирхолтой байв. Кубизмыг үндэслэн сюрреализм, авангард урсгалыг зоригтой шүүмжлэхийн сацуу тэдгээр нь түүний эрч хүчийг улам бүр оргилуулж байсан юм.

Пикассогийн эртний бүтээлүүд Барселонын зураачийн өөрийнх нь нэрэмжит музейд хадгалагдаж байгаа. Түүний хамгийн их нэрд гарсан бүтээлүүд бол 1896 онд бүтээсэн “Өөрийн хөрөг” , “Эх хөрөг” , “Анхны нөхөрлөл” зургууд юм. Бухын тулаан, имперсионист, сюрреалист, кубист чиглэлийн уран барилга, уран зургийг тэрээр туурвиж байлаа.

Пикассо 1901 болон 1902 онд Парист зочилж, 1904 онд бүрмөсөн нүүж иржээ. Гэвч Пабло Парист алдар хүнд, худалдан авагч нарын аль алинаар нь дутаж байв. Тэрхүү хүнд хэцүү, хүйтэн ядуу амьдралын жилүүдэд Пабло зогсолтгүй ажиллаж байлаа. Энэ үед түүний “Цэнхэр үе” гэж нэрлэгдсэн өлсгөлөн дүртэй, гомдсон мэт боловч сайхан “сохор” хүмүүс олноор дүрслэгдсэн билээ.

“Нүцгэн бүсгүй, ногоон навчис ба бюст” хэмээх
160 сая ам.долларын үнэтэй бүтээл

Пикассогийн энэхүү гансралын үе нь 1901-ээс 1904 онуудад тохиосон ба түүний найз болох Карлос Касагемасын амиа хорлолт болон Испаниар аялсан аялал зэрэг нь нөлөөлсөн гэж үздэг.

1904 онд Пабло Францын Монмартр хотод ирэв. Энд түүний анхны хайрын түүх эхэлжээ. Түүний этгээд сонин амьдралын гол шүтээн нь эмэгтэй хүн байсан төдийгүй уран бүтээлийнх нь онгод, хүч нь болдог байсан юм. Тэрээр «Би эмэгтэй хүнийг солих бүрдээ хамгийн сүүлд учирсан бүсгүйгээ “шатааж” тэднээс салдаг байсан. Энэ нь надад залуу насыг минь эргүүлэн авчирдаг байсан болов уу” хэмээн нэгэнтээ дурсан ярьж байжээ.

Өнгөрсөн зууны их хүн, зураач Пабло Пикассо хувийнхаа амьдралыг урлагаас ерөөс салгаагүй нэгэн билээ. Тэрээр бүтээлдээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэн төгс дүр төрх, бэлхүүс, цээж зэргийг өвөрмөц хэлбэрээр дүрсэлдэг, тэрхүү зурагт дүрслэгдсэн хүүхнүүд бүгд их зураачтай ойр дотно байсан эмэгтэйчүүд гэлцдэг.

Пикассогийн эхнэр юм уу, нууц амраг нь солигдоход уран бүтээлийнх нь арга барил, хэлбэр, зурагт дүрслэгддэг дүрүүд нь хүртэл өөрчлөгдөнө. Ядуу боловч аз жаргалтай байсан амьдралынхаа энэ үед Пабло, Фернандад дурласан сэтгэлээ уран зурагтаа “Улаан шаргал” хэмээн нэрлэгдсэн шинэ урсгалаар илтгэж эхлэв. 1909 онд Фернанда тэр хоёрын дурлалын гал бөхөж эхлэх үед тэр цоо шинэ “Маск” хэлбэрийн зургаар оролдож шинэ чиглэл гаргажээ. Энэ хугацаанд Пикассо Брактай учирч, жирийн урлагийг сонирхож, хэлбэр дүрслэлийг хялбарчлан хагаслаж илтгэх оролдлого хийсний үр дүнд кубизм үүссэн билээ.

“Алжирын бүсгүйчүүд” хэмээх 180 сая ам.доллараар зарагдсан дэлхий дээрх хамгийн үнэтэй зураг

Пикассогийн хувьд эмэгтэй хүн уран бүтээлийнх нь нарийн нандин чавхдас болдог байсан ч тэрээр дурлалаас амархан уйддаг хувирамтгай золиг байлаа. Хэдийгээр түүний хөнгөмсөг чанарыг олон нийт шүүмжилдэг байсан ч гэлээ түүний гайхамшигт уран бүтээлийг нь бишрэн шүтдэг байсан тул тэр дутагдлыг нь өнөө цагт мартжээ.

1912 оноос Пикассо ЭВА хэмээх жижигхэн биетэй Марсель Гумберттэй ханилан түүнийг нас барсны дараа, 1918 онд Рим хотод Ольга Коклова хэмээх нэгэн орос генералын охинтой гэрлэжээ. Мөн л зураачийн арга барил өөрчлөгдөж, дахин өөр хүний төрхийг сонгодог үзэмжтэйгээр зурж эхлэв. 1921 онд хүү Паоло нь төрж, Пикассогийн уран бүтээлд “эх үр”-ийн сэдэв зонхилох болов. Пикассо 1927 онд Мари Терез Вальтертай танилцан түүнийг нууц амрагаа болгосон байна. 1935 онд Мари Терез охин Майягаа төрүүлж, Пикассо дахин хүүхдэд хайр халамжаа зориулан, ахиад л эхийг нь тоохоо больж эхлэв. Пикассогийн анхаарлыг сюрреалистуудын шүтээн болсон зураач бүсгүй Дора Маар татах болжээ. Ингээд зургуудад нь шинэ дүр, чичирхийлж долгионтсон шинэ өнгө гарч ирлээ.

1944 онд насан өндөр болсон боловч Пикассо, Жаклин хэмээх бүсгүйтэй ханилан түүний зургийг 160 удаа уран бүтээлдээ дүрсэлсэн байна. Пикассо үр хүүхэд, хамаатан саднаасаа бүрмөсөн харьцаагаа тасалж, тийм гайхамшигт хүнээс гарамгүй бүдүүлэг, боловсон бус гэхэд багадахаар этгээд авир гаргадаг байв. Гэхдээ л түүнд урьдын адил бүсгүйчууд дурладаг, уран бүтээлийнх нь гол цөм болсон хэвээр л байлаа. Нас өндөр гарсан ч бүтээлүүд нь уран зургийн ертөнцөд дуулиан тарьж Испани орны нэрийн хуудас болдог байсан ажээ. Пикассогийн нэгэн далд авьяасыг хүн бүр мэддэггүй байв. Тэр зөвхөн зураад зогсохгүй, яруу найрагч байлаа. 55 настай агуу зураач маань, өөрийнх нь хэлснээр бол “түүний дотор зүүрмэглэж байсан” авьяасыг сэрээж шүлэг бичиж эхлэв. Урлагийн бүтээл хулгайлдаг хүмүүс Пикассогийн бүтээлийг бусад алдартай уран зураачдынхаас илүү сонирхон “суйлдаг” ба одоогийн байдлаар түүний 550-иад уран зураг нь хулгайд өртсөнийг албан ёсоор тогтоосон гэдэг.

Тэр Коммунист намын гишүүн байсан бөгөөд тэрээр 1950 болон 1961 онуудад “Лениний эрх чөлөөний одон”-гоор тус тус шагнагдаж байв.

Уран бүтээлч маань 40 орчим жилийн өмнө нас барахдаа: “Миний төлөө уу, миний эрүүл мэндийн төлөө уу, учир нь би дахиж ууж чадахгүйг та бүхэн минь мэдэж байгаа” гэж хэлсэн байдаг. Пикассо нь нас барахдаа ямар ч гэрээслэл үлдээгээгүй ч гэлээ урласан бүтээлүүд нь түүнийг мөнхөлж чадсан юм.

Б.ХУЛАН

Categories
мэдээ цаг-үе

“ТРУХИО”

МАНЛАЙЛЛЫН СУРГАМЖ -1

Монголд буцалж буй нийгмийн бухимдлын олон шалтгааны углуурга нь улс төр. Юм мэдэх олон хүн ардчиллыг буруушааж, зарим нь “ардчилал шиг Монголд тээр болж буй юм алга” хэмээн шогшрох аж. Бусдыг ил нээлттэй шүүмжлэх, зарим талаар бахаа ханатал муулан гүжирдэх энэ “эрх чөлөөг” өөрийг нь чухам “ардчилал” гэдэг билээ.

Гэвч ардчилал нэрийн дор, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх малгайн дор бусдын нэр төр (заяамал), алдар хүнд (олдмол), эрхэмсэг оршихуйд хамгийн хүнлэг бусаар халдан довтлогчид эх оронд минь язганаж байна.

Цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлэгч олон ч хүн ардчиллыг үгүйсгэх, нэг хүний дангаар ноёрхлыг хүсэмжлэх, Монголыг хатуу гараар удирдах талаар хаа хамаагүй номлол ишлэх болов. Ердөө л мэдээллийн хүчирхийлэлд дулдуйдсан орчинд хэт туйлширмал явцуурхлыг хуурай өвсөнд тавьсан түймэр мэт газар авахуулахыг хүсэгчид олон болж.

“Жаргалтай газар хүн тогтдоггүй, өвстэй газар мал тогтдоггүй” гэж ардын үг бий. Зарим хүмүүсийн хүсдэгчлэн ардчиллыг хумиад, улс орныг хурдтай хөгжүүлэхийн төлөө нэг хүн, эсвэл нэг хэсэг бүлгийн хүчтэй нударганд Монголоо өгвөл одоо байгаагаасаа улам бүр доройтох хүний нийгмийн зүй тогтлыг ойлгоогүй хүн их байна. Мэддэг ч эс мэдэгчийн дүр эсгэх нь цөөнгүй аж.

“Монголчуудад хатуу гар хэрэгтэй, сахилга бат хэрэгтэй” гэж онолдох хүмүүс байхад, “зарим нэг муухай улстөрчдийг ил цагаан цаазалж байж улс орон цэвэршинэ” гэж хүчирхийлэлд уриалах хүн ч байна.

Монголд сахилга бат хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Тэр нь хуулийн засаглал. Ард түмний нүдэн дээр л дээрэмчид илт олшроод байхаар иргэдийн ундууцал хөдөлж, ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл хийхээс буцахгүй болж буйг сайтар ойлгож байна. Гэлээ гээд “нуухаа авах гээд нүдээ сохлолтой биш”.

НЭГЭН ТҮҮХ ХУВААЛЦЪЯ

Өмнөд Америкийн испани хэлтэн орнуудын нэг болох Доминиканы Бүгд Найрамдах Улсад 1930 онд шинэ Ерөнхийлөгч тодров. Тэр бол Рафаэл Леонидас Трухио Молина (Rafael Leуnidas Tru­jillo Molina) гэгч Америкийн цэргийн флотод бэлтгэгдсэн доминикан офицер байв.

Трухио 1894 онд мэндэлсэн жирийн нэг ард гаралтай, ясны бэлтгэгдсэн цэрэг байлаа. Америкчуудын бусдыг эдийн засгийнхаа хараанд байлгах гэсэн сонирхол, бусад улсын төрийг алсаас удирдах уламжлалт бодлогын явуулгаар мань эр цэл залуугаараа төрийн эрх атгав.

1930-1938 оны хооронд найман жил, дараагаар нь 1942-1952 онуудад нэмж дөрвөн жил засгийн эрхийг барилаа. Харин түүнээс хойш ямар нэгэн хууль ёсгүйгээр шууд л дарангуйлагчийн замналаар 1961 оны хавар хүртэл өөрийн улсыг хараа хяналтдаа нэг мөр эзэмшсэн аж.

Түүний засаглалын жилүүдэд мэдээж нэг хүний хүчтэй гараар бүтдэг зам тээвэр, дэд бүтэц, үйлдвэржилт гээд босох ёстой бүхэн сүндэрлэв. Гэвч түүний далбаан дор цуст дарангуйлал улам бүр лавширч байлаа. Түүний жилүүдэд 50000 гаруй доминикан хүн хайрт удирдагчийнхаа гарт үрэгдэв.

Түүний өлмийг долоогсод Трухиог “Боссын босс” гэж магтан дуулж байхад, тэрний гарт ойр дотныхноо алдсан үзэн ядагсад нь зүгээр л “Ямаа” гэж хочилдог байж.

Ноён Ямааг (Ухна) засаглах жилүүдэд иргэдийн үзэл бодол, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрх бүгд хумхын тоос мэт сарнин одов. Түүнийг гарч ирэхээс өмнө ард түмэн нь ардчилагчдыг хүчтэй шүүмжлэн нэг хүний дэглэм л Доминиканы хөгжлийн зам гэж ам уралдан онолддог байж.

Гэвч бодит байдал дээр тэд өөрсдийн сайн сайхныг хамгийн эмгэнэлт харгислал болгох замыг өөрсдөө бүтээснээ ухаарав. Хаа газрын дарангуйлагчид тийм л байдаг. Эхэндээ тэднээс илүү энэрэнгүй, найдвартай хүн гэж үгүй. Эрх мэдэлд хүрснийхээ дараахан тэд хоолойны өнгө, харцаа өөрчилдөг.

Дарангуйлагчдын гарч ирэх, олонд танигдах түлхүүр үгс нь “Ард түмэн”, “Та нарынхаа төлөө үхээд өгсөн ч яахав” хэмээх хайрын туйл, хайлан үгс юм.

Мань Трухиог засаглах жилүүдэд хөрш зэргэлдээх Куба, Некарагуа, Гутемала, Эл Сальвадор, Хондурас, Венесуэль, Колумб, Хайтгийн дарангуйлал юу ч биш байлаа.

Хамгийн сүүлд Трухиогийн төгсгөл маш логиктой өрнөсөн юм. Улс орондоо бүхнийг эзэн мэдэж, дураар аашлах нь өдөр тутмын дэглэм болов. Түүнийг албан тушаалд хүргэхэд хүчин хамтатгаж явсан нөхөд эргээд өөрсдөө Эзнийхээ гарт үрэгдэв.

Трухио бага насны охидыг шөнийн зугаа болгоно. Хүсвэл өөрийг нь шүүмжлэн нийтлэл бичсэн гадны орны судлаачийг хүртэл гэгээн цагаан өдрөөр хулгайлж авчраад өөрийн гараар буудаж хорооно. Түүнийг засаглахаас өмнөх Доминиканы ардчилал, эрх чөлөө яг л зүүд зэрэглээ шиг оргүй хоосон зүйл болсон байлаа. Анх дэмжиж гаргаж ирсэн АНУ хүртэл одоо тэрний эгнэгт дайсан нь болоод амжиж.

Тэр өөрийн дотоодын дайснуудыг нэг нэгээр нь устгаж дуусгаад дараа нь чин үнэнч албатууддаа ичгүүргүйгээр халдаж эхэллээ. Улс төрийн нөлөө бүхий зөвлөхийнхөө охиныг хүчээр эдэлж, хүмүүсийн хайр сэтгэлийн харилцааг өөрийн дураар эрхшээх болов. Хамтрагчийнхаа эхнэрийг нүдэн дээр нь зайдагнаж хэнийг доромжлохыг хүснэ, тэрийгээ санаан зоргоор гүйцэлдүүлдэг болов. Тэр бараг л бурхан болсон байлаа.

Энэ бүхэн түүнийг тойрон хүрээлэгчдэд таалагдсангүй. Түүгээр үл барам түүнийг устгах сэжим болов. Ядах юмгүй тэд Трухиог зайлуулсан юм. Бага насны залуу эмэгтэйг эзэмдэхээр шөнийн цагаар ордноосоо гарч явахад нь отож байгаад автоматаар шүршсэн байдаг.

Энэ бүхний тухай Перугийн зохиолч Марио Вергас Ллоса “Ямаа найр” (The Feast of the Goat) хэмээх түүхэн роман туурвисан нь түүнд Нобелийн шагнал авчирсан байдаг.

Нэг хүний хэмжээгүй ноёрхол ихэвчлэн хар түүх үлдээдэг. Гэгээн цагаан мөртэй ганцаар ноёрхлын жишээ хүний түүхэнд өдрийн од мэт цөөн. Ихэвчлэн хүмүүс аргаа барагдаад ирэхээр хүчээр асуудлыг шийдэх, хурдан шийдэхээ урьтал болгодог.

Харин тэр шийдвэр нь тэдний бүх насны аз жаргалыг үгүйрүүлэх хорлол тээж байдгийг тэр бүрий хүмүүс ухаардаггүй.

Хүмүүс ихэвчлэн амьдралыг хялбаршуулахыг хүсдэг. Харин хялбаршуулсны гор нь харамсал, эмгэнэл дагуулдаг. Тэд ихэвчлэн өөрийн лайг бусдаар үүрүүлэхийг хичээдэг. Харин чиний өмнөөс лайг чинь үүрэх хүн давхар амьдралын чинь баяр баяслыг булаагч байдаг. Тиймээс иргэд өөртөө л найдах ёстой тухай тус номын логик хүүрнэнэ. Тэд өөрийн эрхээ мэдэж, үүргээ хүлээж, хариуцлагатай байдлыг өөрсдөө эхлэх учиртай.

Трухиогийн ижил түүхүүд улс орон бүрт янз янзаар бичигддэг. Харин бид төдийгөөс өдий хүртэл сайлж муулаад ирсэн Монголынхоо ардчиллыг үзэн ядалт, өс хонзон, нийгмээрээ талцсан жөтөөрхөл болговол “Монгол Трухио” мөдхөн гараад ирэхэд гайхах зүйлгүй. Гэвч Монгол хүний саруул ухаан гэж байна даа. Тиймдээ тулахгүй гэж найдана.

Өнөөдрийн Та бидний ам уралдан муулж байдаг, ард түмэн өөрсдөө сонгосон хэдэн улстөрчид ямар хүлцэнгүй, ямар номхон улс байсныг дарангуйлагч гарсан үед л бид илүү ихээр ойлгох шинжтэй. Мэдээж энэ нь тэднийг хаацайлах шалтаг биш.

Ертөнцийн хамаг муу үгийг чулуудаад байхад л тэсээд, тэвчээд, махийгаад байдаг ийм нөхдүүд Монголоос өөр газар олдохгүй л дээ. Одоогийн улстөрчдийг өмөөрч байгаа юм алга.

Хариуцлагагүй, цаг үеэр мэдэрч шинэчлэгддэггүй, эрх мэдэлд дуртай, алсын хараагүй, харалган гээд олон сул талууд ихэнхэд нь бий. Гэхдээ тэдний хэн нь ч дарангуйлагчийн хэмжээний цуст хүсэл тээдэггүй гэж итгэдэг.

Бусдыг ул суурьгүйгээр, харалган зорилгоор муулан хорлож байгаа хүн бүр Монголоо л муухайгаар будаж буй бэртэгчин үйлдэлдээ гэмших ёстой.

Харин эрүүл шүүмжлэл, үндэслэл бүхий шаардлага, ажил хэрэгч санаачилга тэр орон зайд нь цэцэглэж чадвал их олон зүйл сайнаар эргэх юм.

Ашигласан эх сурвалж: The Feast of the Goat

Сүхбаатарын Эрдэнэболд

Categories
мэдээ цаг-үе

Т.Эрдэнэбаяр: Хөдөө төрсөн хэрнээ сумынхаа төвд нэг ч удаа очиж үзээгүй байлаа шүү дээ

МҮОНРТ-ийн дуу, нэвтрүүлэгчдийн
албаны орчуулгын киноны жүжигчин Т.Эрдэнэбаяртай ярилцлаа. Түүнийг “Тусгай салаа”
олон ангит киноны байлдагч Дэндэвийн дүрээр нь үзэгчид андахгүй билээ.

-“Тусгай салаа” олон ангит киноны
байлдагч Дэндэв дууны уран бүтээлд санаа тавиад нэлээд завгүй яваа гэсэн. Шинэ цомог
гаргахаар зэхээд байна уу?

-Би “Тусгай салаа” олон ангит киноны
“Ааваа зорино” дууны араас хэд хэдэн дуу хийсэн. “Гараас тань атгая ээж ээ”, “Бодол
түлхүү ах нар” зэрэг дуу байна. Мөн манай буурал аавын хамгийн бага хүү Отгонцэнд
гээд залуу аяыг нь бичиж, нагац ах Атарсайхан үгийг нь зохиосон “Амьдрал хайрласан
бурхад” гэж сайхан дуу байна. Соёлын гавьяат зүтгэлтэн Бямбабаярын хөгжим, Бум-Эрдэнийн
үг ”Монгол хүлэг” гэж сайхан морины тухай дуу байна. Бүгд л хүмүүст хүрсэн сайхан
уран бүтээл болсон. Тиймээс эдгээр дуугаа энэ жилээс дүрсжүүлэхээр бэлтгэж байна.
Цогцоор нь ард түмэндээ хүргэвэл зүгээр юм болов уу. Бас ойрын үед орон нутгаар
явж тоглолт хийх санаатай. Хэдий жүжигчин мэргэжилтэй ч дуулах хүсэл сонирхолдоо
татагдаад байх юм. Манай садан төрлүүд ч их сайхан дууч хүмүүс байдаг.

-Хөдөө орон нутгаар бие даасан аялан
тоглолтоо хүргэх юм уу?

-Уран бүтээлч хэдэн сайхан залуутай
хамтарч орон нутгаар тоглолт хийхээр өнөө маргаашгүй замдаа гарна даа.

-Дэндэвийн дүрийг бүтээснээс хойш
хэд хэдэн киноны гол дүрд тоглосон. Сүүлийн үед харин нам гүмхэн байх чинь. Киноны
санал ирж байна уу?

-Одоогоор дэлгэцийн уран бүтээлд
хараахан оролцоогүй байна. Би МҮОНРТ-ийн дуу, нэвтрүүлэгчдийн албанд орчуулгын киноны
жүжигчнээр ажилладаг. Ажилдаа анхаарлаа хандуулаад суухаар зав ч гарахгүй юм. Тэгээд
ч хувийн продакшн, студи их болсон учраас ихэнхдээ өөрсдөө дүрийн сонгон шалгаруулалтаа
хийгээд явдаг болж. Надад тохирох дүр гарч ирэхгүй байгаа юм байлгүй дээ (инээв).

-Танд тохирох гэнэн цайлган хөдөөний
хүү, залуугийн дүр үү?

-Тэгж хэлж болно оо (инээв).

-Та орчуулгын кинонд ихэвчлэн ямар
дүр бүтээдэг вэ?

-Ихэвчлэн эсрэг дүрд л дуу оруулдаг
ш дээ.

-Яагаад. Кинонд бүтээсэн дүрүүд
тань сэтгэлд дулаахан сайхан дүрүүд байдаг ш дээ?

-Хатуу хоолойтой болохоор тийм дүр
хуваарилдаг байх. Яхир хөгшин эрийн дүр ч юм уу.

-Одоогоор ямар кино бүтээлд ажиллаж
байна. Ер нь орчуулгын киноны жүжигчин бэлтгэл сургуулилт хэр хийдэг вэ?

-Монголын үндэсний олон нийтийн
радио телевизээр гарч буй бүхий л бүрэн хэмжээний нэг ангит кинон дээр ажиллаж байна.
Учиргүй гэртээ очоод толинд өөрийгөө хараад бэлтгэл хийгээд байхгүй л дээ. Эхлээд
орчуулгын зохиолтойгоо танилцаад найруулагч дүрээ хуваарилж өгч ерөнхийд нь чиглүүлнэ.
Хэр ажиллагаа шаардагдах кино гэдгээсээ их шалтгаална. Найруулагчийн үүргийн дагуу
дүрээ аваад 4-5 цаг бэлтгэнэ. Хэн ямар дүрд дуу оруулахыг найруулагч л мэднэ. Бид
киногоо бэлэн болгоод кино албандаа шалгуулаад шаардлага хангасан гэж үзвэл телевизийн
программд зарладаг.

-Тухайлбал, таны дуу оруулсан үзэгчдийн
сайн мэдэх дүрээсээ нэрлэхгүй юу?

-Би “UBS” телевизийн кино албанд
орчуулгын жүжигчнээр ажиллаж байхдаа ихэвчлэн олон ангит кинонд дуу оруулж байсан.
Оросын “Хоёр Таня”, энэтхэгийн “Махабахарат” зэрэг зөндөө л кинонд дуу оруулж байсан.
Дараа МҮОНРТ-ийн уран бүтээл гээд тус тусад нь нэрлэвэл маш олон бий.

-Дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг
үзэгчдэд хүргэхэд орчуулга, дуу оруулж буй жүжигчний хоолойны зохицол их нөлөөлдөг.
Яг тэр дуу хоолойгоор үзэгчдийн сэтгэлд хоногшдог. Харин орчуулгын жүжигчдийн зүс,
царайг тэр бүр мэддэгүй. Танай албанд тухайлбал ямар уран бүтээлчид хамтарч ажиллаж
байна?

-Тэгэлгүй яахав. Орчуулгын киноны
гол амин сүнс нь дуу оруулахад оршдог. Монголын гайхамшигтай олон кинонд ч орчуулгын
жүжигчид ажилласан байдгийг бид мэднэ шүү дээ. Манай албанд ахмад үеэс Соёлын гавьяат
зүтгэлтэн Дарамсүрэн, Сүрэнхорлоо гуай, Хасбаатарын Мэргэн, Ж.Тэгшээ, Мягмар, Амаржаргал
гээд олон чадварлаг орчуулгын жүжигчид ажилладаг. Ийм хамт олонтой баг болж ажиллана
гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Орчуулгын киноны жүжигчид бусдаасаа нэг алхам
илүү явдаг болов уу гэж боддог. Тухайн киноны жүжигчдийг нэг хараад яг тэр жүжигчний
зан ааш, төрх байдалд тохируулж дүрд дуу оруулна. Дүрдээ орохын тулд тодорхой хэмжээнд
70, 80 хувьд хувирдаг. Өдөр болгон өөр дүрд дуу оруулдаг учраас илүү мэдрэмжтэй
хүмүүс байдаг юм шиг санагддаг.

-Тэгэхээр “Тусгай салаа” олон ангит
кинонд тоглоход таны мэргэжил их түлхэц өгчээ?

-Тийм. Нөгөө талаараа “Тусгай салаа”
киноны баг бүрэлдэхүүн өмнө нь “Хэцүү анги” гээд олон ангит кинонд ажиллаж байсан
учраас их туршлагатай. Үнэхээр чадварлаг бүрэлдэхүүн. Тиймээс намайг хөтлөөд явчихсан.

-Дэндэвийн дүрд тоглохоор 800 гаруй
хүүхэд шалгуулсан гэдэг. Энэ олон хүүхдээс сонгогдоно гэдэг бас чадвар шүү. Өмнө
нь уран бүтээлд өөрийн гэсэн дүр бүтээхэд боломж, нөхцөл нь бүрдэж өгөхгүй байсан
юм уу?

-Би СУИС-ийн жvжигчний ангийг
2003 онд Соёлын гавьяат зvтгэлтэн, найруулагч С.Сугар багшийн удирдлага дор дvvргэсэн.
Оюутан байхдаа манай ангийн хэсэг хvvхэд дадлагаар “UBS” телевизэд кинонд дуу оруулагчаар
ажиллаж байлаа. Тухайн үед их сонирхолтой санагддаг байсан. Сургуулиа төгсөөд шууд
л “UBS” телевизэд орчуулгын киноны жvжигчнээр ажилласан. Ингээд БНСУ явж гурван
жил ажилласан. Солонгост хар бор ажил хийж байгаад эх орондоо ирээд “UBS” телевиздээ
хэсэг хугацаанд ажилласан. 2009 онд МVОНРТ-д орж одоог хүртэл орчуулгын жүжигчнээр
ажиллаж байгаа. Энэ мэргэжилдээ би хайртай. Харин Дэндэвийн дүрд тоглох боломжийг
манай телевизийнхэн нээж өгсөн нь их сайхан хувь ерөөл гэж боддог.

-Тухайн үед байлдагч Дэндэвт тоглохоор
гурван хүн сонгогдсон гэж ярьдаг?

-2010 онд нэг орой ажлынхаа хоёр
залуутай ажлаа тарчихаад явж байтал “Чандмань” студийн спортын албаны Баярсайхан
ах таараад “Та гурав ажил чинь тарчихсан юм бол дээшээ киноны пробонд орооч” гэлээ.
Бид гурав ч “Өө тэгье, тэгье” гээд их уриалгахан хүлээж аваад орсон чинь шалгаж
байсан хүмүүс нь “чи чинь сая шалгуулаа биз дээ” гэж байна, наймаг. Надтай төстэй
царайтай нөхөр шалгаруулалтад орж л дээ. Нэг шалгаж үзээд “Маргааш Хүүхдийн редакцийн
үүдэнд бэлэн байгаарай” гэсэн. Маргааш нь заасан газар нь яваад очлоо. Надтай адилхан
гурван Дэндэв байна. Бид гуравт нэг, нэг хуудас текст өглөө. Гурвуулаа л тэнцчих
санаатай гурван буланд очоод бэлдлээ дээ. Уран бүтээлч хүн чинь нэг ч гэсэн уран
бүтээлд тоглоод өөрийгөө сориод үзэх юмсан гэсэн хүсэл мөрөөдөл дүүрэн байгаа шүү
дээ. Текстээ уншаад шалгууллаа. Батбаяр гээд найруулагч “Та гурвыг гурил байдаг
бол нийлүүлээд нэг Дэндэв гаргачих юмсан гэж байна”. Тухайн үед Оюундарь захирал
продюсероор ажиллаж байсан юм. Оюундарь захирал ашгүй телевизийнхээ хүүхдийг авъя
гээд би азаар сонгогдсон. Энэ кинонд тоглосноороо олон сайхан уран бүтээлчтэй танилцаж,
хүрээгээ тэлсэн. Ахмад уран бүтээлчдээсээ асууж сурах зүйл байна. Зөвлөлдөх үе ч
байна. Тэр болгонд хариултаа авч байлаа. Бараг зургаан жил Дэндэв нэрээрээ олон
түмэнд дуудуулж явна. Утас дуугарна. “Байна уу Дэндэв үү” л гэдэг. Бүр Дэндэв нэрэндээ
дасчихаж дээ.

-“Тусгай салаа” киноны гол дүрийн
гурван найз одоо холбоотой байдаг уу?

-Холбоотой байлгүй яахав. “Тусгай
салаа” киноны Сүлд, Түвшин, Дэндэв гурав амьдрал дээр их сайхан андууд болсон.
“Юу байна найз аа, ажил амьдрал дажгүй юу” гээд л ярина ш дээ. Тус тусдаа ажилтай
болохоор тэр болгон уулзаж чадахгүй. Утсаар бол байнга ярина шүү. Баттөр бид хоёр
“Доз” интертайнментийн “Хөх толбот хүмүүс” кинонд хамт тоглосон. Нэгнийгээ ойлгож
тоглоход их амар дөхөм санагдсан. Франц, Германд зураг авалтаар сар гаруй хугацаанд
явж зурганд орсон. Сайхан байсан. Уг кинонд алтан үеийнхний мундаг жүжигчидтэй тоглосон.

-Хүүхдүүд том болж байна уу. Дэндэвийнх
бүл нэмээ юу?

-Эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдарч
байна. Том охин Энэрэлзаяа. Бага хоёр нь ихэр. Энх-Анар, Энх-Агар гэж хоёр хүү бий.
Одоо ч том болоод гараас гараад сайхан л байна.

-Таны хүүхэд нас Дэндэвтэй их ойр
биз?

-Би хөдөө төрсөн ч хотод цэцэрлэг,
сургуульд хүмүүжсэн. Хүүхэд байхад улирлын амралт эхэллээ л бол хөдөө буурай өвөө,
эмээгийндээ очно. Хонь хариулна. Хурга хариулна. Бас болоогүй ээ хот айлынхаа хүүхдүүдтэй
нийлээд сагс их тоглодог байлаа. Тоглож наадахаас илүү сумын төв миний сонирхлыг
их татдаг байсан шүү.

-Ямар утгаараа?

-Би хүүхэд байхдаа нэг ч удаа сумын
төв орж үзээгүй. Хичээл амарлаа, хөдөө сумын төвөөр оролгүй шууд л буурай өвөөгийндөө
очдог байсан. Тийм болохоор сумын төвд очиж үзэх юмсан гэж хүсдэг байсан. Буурай
өвөө намайг сумын төв рүү дагуулаад яваасай гэж их хүснэ. Өвөө сумын төв явахаар
гэртээ эмээдээ хань болж хурга, ишгээ харахгүй бол болохгүй. Тийм болохоор сумын
төв орох боломж олддоггүй байж л дээ, одоо бодоход. Бас нэг хүсэл хурдны морь унах.
Манай ээжийн дүү Ганхуяг ах морь уяна. Яахав, би сунгаан дээр л морь унадаг байсан.
Манай буурал ээж хүүгээ хайрлаад хурдан морь унуулах дургүй. Тиймээс бусад айлын
хүүхэд шиг наадамд хурдан морь унаад тоос татуулаад л орж ирэх юмсан гэж их боддог
байлаа ш дээ (инээв).

-Оюутан цагийн дурсамжаасаа хуваалцаач?

-Манай ангийн хамт олон ард түмэндээ
танигдсан сайхан уран бүтээлчид болж. Бид сургуулийнхаа бага тайзан дээр анх гарч
жүжиглэдэг байсан юм. Энэ тайзнаа авьяас билгээ хурцалж, ирээдүйнхээ гэрэлт замыг
засч байлаа. Манай ангийнхан гэвэл “ТВ коктейль” хамтлагийн Д.Энхбаяр, Э.Цолмонбаяр
буюу Цоомоо, “Маск” продакшны Ш.Жавхлан, “Шилдэг өнгө” продакшны Даваажаваас эхлээд
олон хүнийг нэрлэж болно. Мөн орчуулгын олон сайхан жүжигчид бий.

Categories
мэдээ цаг-үе

​Өвлийн хүйтэнд байшингаа нураалгаж, гудамжинд гарлаа гэв

-ТЭРБЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД СУУЛТ ЗАРЛАХААР БОЛЖЭЭ-

Гэр хорооллын дахин төлөвлөх нэрээр иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа энэ асуудлыг Хүний эрхийн үндэсний коммисын гишүүд анхааралдаа аваад байгаа билээ. Энэ асуудлаар судалгаа хийхээр Хүний эрхийн үндэсний комиссын гадны шинжээчид Монголд ирж ажиллах гэж байгаа гэсэн. Гэр хорооллыг дахин төлөвлөх нэрээр иргэдийн газрыг байраар сольж авах энэ ажилд зарим иргэдийн эрхийг ноцтой зөрчиж, газрыг нь хүчээр булааж авах ийм байдал үүсээд байгаа талаар иргэн Ж.Туул өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбай дээр гэр бүлийн гишүүдийн хамтаар суулт зарлахаар болжээ. Түүний байшинг энэ сарын 2-ны өдөр нурааж, гэрийнх нь бүх тавилгыг битүүмжлэн авсантай холбоотойгоор тэрбээр ийнхүү тэмцэж эхэлжээ. Юу болсон талаар түүнээс тодрууллаа.

-Танай байшинг хүчээр нурааж, газрыг чинь чөлөөлсөн гэсэн. Юу болсон юм бол?

-Иргэдийн ярьж сурснаар долдугаар хороололд манайх байдаг. өвлийн ид хүйтэнд хашаа байшингаа эвдүүлээд гудамжинд гарлаа, би. Гуравдугаар сарын 2-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан, “Бэрэн” компанийн ажилчид, гэр хороолол хөгжлийн газрын хоёр гурван хүн нийтдээ 30 гаруй залуучууд ирсэн. хүчээр хаалга эвдэж орж ирээд, гэр орны бүх тавилга, эд хогшлыг битүүмжлээд, гадаа зөөж гаргасан. Бид өмссөн хувцастайгаа гэрээсээ хөөгдөж гарлаа. Би өнөөдөр ялтан биш шүү дээ. Гал голомтоо авч үлдэх гэж тэмцэж яваа жирийн нэг эмэгтэй. олон улсын хэмжээнд айлыг албадан нүүлгэхийг хориглосон. Хэчнээн газрын маргаантай байсан ч өвлийн хүйтэнд айлыг нүүлгэж болдог юм уу. Үндсэн хуульд заасан амьд явах, эрүүл амгалан тайван байх эрхийг минь ноцтойгоор зөрчиж байна шүү дээ.

-Танай байшинг нураах шүүхийн шийдвэр гарсан юм уу?

-Шүүхээс шийдвэр гараад ирсэн юм байна. Гэхдээ энэ шийдвэр хууль бус. “Бэрэн” компани хөгшин настай хүнийг гэртээ ганцаараа байхад нь уулзаад, айлган сүрдүүлж бичиг баримтыг нь авч яваад газрын гэрчилгээг нь өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан юм. Тэр газрын гэрчилгээг үндэслээд манай байшинг нураах шүүхийн шийдвэр гарсан юм байна. Бид шүүхийн шийдвэр гарсныг ч мэдээгүй байхад гэнэт л хүмүүс ирээд манай байшинг нураалаа. “Бэрэн” компани иргэдтэй уулзаж, бидний бодол санааг сонсоогүй, иргэдийн гаргасан саналыг төсөлдөө тусгаагүй. Газар чөлөөлөх ажлаа эхлүүлэхдээ иргэдийг хуурч мэхэлсэн. Эхлээд өндөр настан, тахир дутуу, групптэй, өрөнд орсон, ядуу, олон хүүхэдтэй гээд бүх айлын судалгааг авсан. Энэ айлуудаа түүж уулзаад газрыг нь авсан гээд яриад байвал маш их юм байна.

-Танай газрын гэрчилгээг яаж өөрсдийн нэр дээр шилжүүлсэн гэнэ ээ?

-Манай нагац эгчийг гэртээ ганцаараа байхад нь “Бэрэн” компанийн хүмүүс ирсэн байна. Тэд дахин төлөвлөлтийн паланаа үзүүлээд “Танай газар орон сууц барих газарт ороогүй. Танай газар нийтийн эзэмшлийн талбайд орж байна. Тэгэхээр танайд байр олгогдохгүй нь ээ” гэж хэлсэн байгаа юм. Тэгэхэд нь манай эгч “Манайх газар ч үгүй, байр ч үгүй болоод гудамжинд гарах нь гэж ойлгоод, “Манайд байр яаж ийж байгаад өгчих” гэж гуйсан байна. Тэгсэн “За яахав, таныг настай хүн юм байна гэж бодоод нэг өрөө байр л өгье. Тэрнээс өөр боломж байхгүй” гэсэн байна. “хүүе манайх эндээ олуулаа амьдардаг. Нэг өрөө байр аваад амьдарч чадахгүй. ядаж бидэнд хоёр байр өгчих. Манайхаас гадна манай охиных тусдаа эндээ айл болоод амьдарч байна. Энд чинь хоёр тусдаа айл байдаг юм шүү дээ гэхэд нь “хоёр байр өгөх ямар ч боломж байхгүй. Та бидэнд ямар ч байсан бичиг баримтаа өгчих. Таныг бид харж үзье. Харин хэнд ч битгий хэлээрэй” гээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь авч явсан байгаа юм.

“Хэрэв та энэ газраа чөлөөлөхгүй бол танай энэ газар доогуур цэвэр бохир усны шугам явах гээд байна. Улсын хэмжээний хороолол босох гэж үйл ажиллагаа зогсонги байдалд орно. Тэгвэл танайхыг шүүхэд өгч, бүх зогссон үйл ажиллагааны зардал мөнгө болох хэдэн тэрбум төгрөгийг танай дээр өр тавьж гаргана. Та дийлэх л юм бол хамаагүй хөдлөхгүй байгаарай. Маш яаралтай газраа чөлөөлж өг” гэж сүрдүүлсэн. Ингэж настай хүнийг айлган сүрдүүлж, юм мэдэхгүйг нь далимдуулаад бичиг баримтыг нь аваад явсан байна. Нөгөө хөгшин эгч минь айсандаа үл хөдлөх гэрчилгээгээ өгөөд явуулчихсан. Тэгээд автоматаар бүх бичиг баримт нь буюу манай газар “Бэрэн” компанийн гүйцэтгэх захирал байсан хүрэлшагай гэдэг хүний нэр дээр шилжсэн. Энэ хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарчихсан байна. Эзэн нь гарын үсэг зураагүй байхад гэрчилгээ нь гарчихаад ирсэн.

-Тэгээд байр өгсөн юм уу?

-Таныг л бодож хоёр өрөө байр өглөө шүү. 0,7 га хүрэхгүй ийм газарт хоёр өрөө байр өгөхгүй байгаа. Бушуухан очоод байрандаа ор гэж шаардсан байна. Тэгэхээр нь настай хүн сандарч очоод байрандаа орчихож. Тэр хашаанд бид олуулаа амьдардаг. Би энэ үед Энэтхэгт байсан. Энэ талаар мэдээгүй. Энэ газар чинь манай өвөг эцгээс уламжилж ирсэн бидэнд маш үнэтэй гал голомт юм. Манай өвөө хоёр охинтой байсан. Манай ээж багад минь өөд болоод нагац эгч минь биднийг энд өсгөсөн юм. Би хар нялхаасаа энд амьдарч байна. нагац эгч минь биднийг өсгөсөн учраас бид нагац ээж гэж дууддаг. Газрын гэрчилгээ бидний нагац ээжийн нэр дээр байсан. Тэгээд Монголд ирээд юу болсныг мэдээд “Бэрэн” компанид гомдолтой байгаагаа хэллээ. “Бушуухан” дуугүй газраа чөлөөлж өг” гэсэн. Тэгээд энэ асуудлын учрыг олох гээд маш олон газар хандаад дийлсэнгүй, өнөөдөр ингээд орох оронгүй болоод байж байна. настай хүнийг хуурч тохиролцоо хийж байр өгсөн байгаа юм. Тэрнээс биш бид энэ үнэтэй газраа юу гэж хоёр өрөө жижиг байраар солих вэ. Манай энэ хэсэг чинь хотын Азэрэглэлд ордог. Энэ хавийн айлууд хашаандаа үйлдвэр үйлчилгээ явуулж, хашаандаа гарааш контейнер тавиулахаас эхлээд амьжиргаагаа залгуулдаг хүмүүс олон бий. Би газраа тэрбумаар үнэлэх байсан. Засгийн газрын хэвлэлийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулахад 24 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Энэ үйлдвэрээс манай газар нэг километр ч хүрэхгүй тийм ойр байдаг. хэвлэх үйлдвэрийн газар арван айлын хэмжээтэй юм билээ. Арван айлын газрыг 24 тэрбум төгрөгт хуваахаар нэг айлын газар хоёр тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. Ийм цэнтэй газрыг “Бэрэн” компани авчихаад ядаж иргэдийнхээ төлөө шударгаар ажиллаж болох байлаа. хууран мэхэлж байгаад үнэхээр гомдолтой байна гэв.

Х.ЦЭНД

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн парк доторх тайчих баар

Нэгэн танилындаа зочлох үед тэрбээр “Үндэсний соёл амралтын хүрээлэнд стриптиз баар нээгдсэн байна лээ. Хэдхэн хоногийн өмнө би тэнд орж шоудсан. Ёстой хөөрхөн охидтой юм билээ. Шөнө 23 цагийн үед онгойдог …” хэмээн эхнэрийнхээ нүдийг хариулж байгаад сэм дуулгаадахав. “Хүүхдийн паркт яахаараа” гээд өндөр дуугаар ярих гэсэн чинь гал тогооны өрөөнөөс эхнэр нь тавагтай хоол унд барьсаар гарч ирэв. Би ч “Танай эхнэрийн гарын хоол ч үнэхээр амттай шүү” гэж тэс ондоо зүйл ярин, өмнөх асуултаа “залгиж” орхисон юм. Намайг таксинд суулгаж өгөхөөр хамт гарахад нь “Тэр газар чинь Хүүхдийн паркийн хаахна, ямар нэртэй газар юм бэ дээ” гэвэл “Яагаав, өнөөх мангасын амны хажууханд байдаг хоёр давхар, үлгэрийн ордон маягаар тохижуулсан жижигхэн байшин” гэхээр нь “Эргэн тойрон нь хиймэл усан сантай, гаднаа томоо гэгчийн завь хэлбэрийн байгууламжтай юу” гэж асуув. Танил маань ч “Өө яаг тэр чинь” гээд бид салцгаасан билээ.

Өнөөх “Хүүхдийн паркад яахаараа …” гэсэн бодол төрөхийн сацуу “Мань хүн ярих зүйл олдохгүй болохоор худлаа ярив уу. Эсвэл наддаа сайрхах гээд жирийн нэгэн ресторанд орсон тухайгаа “давслаад” туучихав уу гэсэн эргэлзээ төрнө. Нүд үнэн, чих худлаа гэдэг учраас өнгөрөгч амралтын өдөр тэр газар нь өөрөө орж үзэхээр шийдлээ.

Оройн 23 цагийн үед очвол зогсоол дээр нь ганц хоёрхон машин байгаа харагдав. Үүдэнд нь бужигналдах бүү хэл хаалгаар нь орж гарч байгаа хүн ч харагдсангүй. Дотогш ордог хаалганаас автомашины зогсоол хоорондох хиймэл нуур дээгүүрх гүүрний хоёр талаар гацуур мод ороон чимэглэдэг шиг жижиг цагаан гэрлүүд унжуулсан харагдана. “Ямартай ч тус чимэглэл асаалттай байхыг бодоход үйлчлүүлэгч хүлээн авч байгаа бололтой” гэж бодсоор хаалга руу нь дөхлөө. Үүдэнд нь зогсох өндөр, биерхүү залуу “Таксаа аваад ороорой, 20 мянган төгрөг” гээд гараа сарвайв. Мөнгөө төлөөд дээш гартал, хойд урд ханаа дагуулан ширээ засч, гол хэсэг дэх сул талбайд нарийн урт шон хатгаж бас хажуухан дахь баганын дөрвөн талд толь суулгажээ. Бүдэг улаан гэрэл анивчин, намуун хөгжим эгшиглэнэ. Үйлчлэгч эмэгтэйн хэлснээр тус баар нээгдээд ганц сар ч болоогүй учраас үйлчлүүлэгч цөөн байгаа гэнэ. Эсрэг ширээнд суусан дөрөв, таван залуусыг эс тооцвол өөр үйлчлүүлэгч харагдсангүй. Биднийг захиалгаа өгөх зуур тайзан дээр хоёр бүсгүй гарч ирлээ. Нэг нь олон өнгийн хээнцэр, богино платье, нөгөө нь усны хувцас гэмээр хар өнгийн бариу өмсгөлтэй бөгөөд өндөр өсгийт дээр бөхийж тонгойн элдэв аяг үзүүлэн бүжиглэж эхэллээ. Хоёр, гурван ч дууны ая дээр ийн бүжиглэв. Удалгүй дараагийн ая эхлэхэд өнөөх хоёр бүжигчин тайзны арын өрөө рүү орохтой зэрэгцэн дахин хоёр эмэгтэй гарч ирлээ. Хоёул урт нөмрөг бүхий нимгэн халат өмсчээ. Хөгжмийн аясаар товчоо нэг нэгээр нь тайлсаар аажмаар тайзны гол руу дөхөцгөөнө. Тэнд суурилуулсан шонд хоёр талаас нь хүрмэгцээ халатаа тайлж шидэн, цээжээ нүцгэлэв. Эсрэг ширээнд сууж байсан залуус нэгийг нь гараараа дохив.

ӨВӨР ДЭЭРЭЭ БҮЖИГЛҮҮЛЭХ “ТӨЛБӨР” ТАВАН МЯНГААС ЭХЭЛНЭ

Өнөөх бүсгүй ч өөрийг нь дуудсан залуугийн өмнө очин, элдэв янзаар аяглан гурваас дөрвөн минут хэртэй бүжиглэв. Үүний эцэст эмэгтэйн дотуур өмдөнд мөнгө хавчуулж байгаа харагдав. Бүсгүй залуугийн чихэнд нэг зүйл шивэгнэн хэлснээ дахин тайзнаа гарч, бүжиглэлээ. Тайзны голд суурилуулсан төмрөнд сурмаг гэгч нь авирснаа хөлөөрөө чагтлан тогтож байгаад, гараа алдлаад доош сунав. Түүний бүжиглэхийг нүд салгалгүй ширтэх залуус шүгэлдэн, орилж, “Чи бол үнэхээр …” гэх зэргээр элдвийн хараал ерөөлийн үгс ам хуурайгүй чулуудна. Танхимын энд тэнд очин үйлчлэгч, хамгаалагч бас бүжиглэгч охидтой зөвлөлдөх залуу бидэн дээр ирснээ “Хүсвэл та нар ч манай охидыг өмнөө бүжиглүүлж болно. Нэгэнт таксийг нь төлөөд ороод ирчихсэн юм чинь татгалзах зүйлгүй юм байгаа биз дээ” гэлээ. Ингэж бүжиглүүлэхэд тогтсон ханш байдаг эсэхийг асуухад “Таван мянган төгрөг. Гэхдээ үүнээс ихийг ч төлж болно. Зургаа, долоо, бүр 20 мянгыг өгөх эсэхийг хувь хүн өөрөө л мэднэ. Эсвэл манай охидтой хамт нэг ширээнд суугаад ууж, идэж болно. Нэг цаг нь 30 мянган төгрөг. Шийдвэрээ хурдан гаргаарай. Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү” гээд доогтой нь аргагүй инээлээ. “Танайх үйлчлүүлэгч цөөнтэй юм аа” гэвэл “Нээгдээд удаагүй байгаа ч шөнийн 01 цагаас хойш битүү болдог юм. Яахав, одоохондоо ресторан пабууд хаагаагүй байна. Хаагдангуут л манайх руу ирнэ шүү дээ. Ирэх зунаас манайх улам гоё болно. Гаднах завь хэлбэрийн байгууламж дээрээ задгай талбайн арга хэмжээ зохион байгуулж, баарныхаа эргэн тойрон дахь нууранд завь аялуулж эхэлнэ. Төлөвлөсөн зүйл их байна. Тэр үед манайх хөл гишгэх газаргүй болно. Магадгүй өдөр бүр ажилладаг болохыг ч үгүйсгэхгүй. Одоо бол долоо хоногийн дөрөв, таван өдөр ажилладаг” гэв.

ТАКСИНЫ ЖОЛООЧ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ АВЧИРЧ, ШАНД НЬ МӨНГӨ АВДАГ

Түр салхилахаар гадагш гартал зогсоол дээр жижиг тэрэг ирж зогслоо. Үүдэнд зогсож байсан залуу ”Манай зарим бүжигчин охид ирж байна. Баарныхаа жижиг танилцуулгыг хүн хөдөлгөөн ихтэй газраар тараалгасан юм” гэлээ. Бүсгүйчүүд “Хүн хэр байна. Гадаадууд ирсэн үү” хэмээн асуувал хамгаалагч залуу “Цөөн хүнтэй байна. Гэхдээ ресторануудын хаах цаг арай болоогүй байна. Удахгүй хүмүүс ороод ирэх байх. За, орцгооё доо” гээд хаалга нээж өглөө. Зогсоол дээрх машинаас нэгэн залуу гарч ирснээ “Такси авах уу” гэж биднээс асуув. “Үгүй ээ” гэвэл тэрээр машин руугаа буцахын оронд баарны үүд хавиар эргэлдлээ. “Эндээс өөр хүн гарч ирэхийг хүлээж байгаа юм уу” гэж асуусанд “Үгүй. Баарны залуу надад мөнгө өгөх ёстой юм. Тэрнийгээ л авах санаатай” гэлээ. Нарийн учрыг нь асуувал тэрбээр “Бааранд сууж байгаа залуусын хоёр нь надаар хүргүүлж энд ирсэн юм. Сайхан хөгжилдчихмөөр давгүй газар мэдэхгүй биз” гэхээр нь энд хүргээд ирлээ. Өмнө нь ганц хоёр удаа хүн хүргэж энд ирэхдээ баарны залуутай тохирсон юм. Энд хүргэж ирсэн үйчлүүлэгчийн тоогоор таван мянган төгрөг авч байна аа гэж. Тэгээд ах нь сая хоёр хүн хүргэж ирсэн. Таксныхаа мөнгийг өгөнгүүт надад 10 мянган төгрөг гаргаад өгье гэсэн юм. Намайг хүлээлгээд байхыг бодоход өнөөдүүл нь таксныхаа мөнгийг өгөөгүй байгаа бололтой” хэмээв. Арваад минутын дараа өнөөх бааран дотор бидэнд “зөвлөөд” байсан залуу гарч ирээд жолоочид мөнгө өгөөд “Дахиад хүн олж ирээрэй. Энэ маягаар хамтрахад асуудалгүй биз дээ” гэсэнд жолооч үг дуугүй толгой дохиод явлаа.

Биднийг буцаад ортол хижээл насны хоёр гадаад эр ирсэн харагдав. Тэд нэгийг нь өвөр дээрээ бүжиглүүлж, нөгөөтэй нь тайзан дээр бүжиглэсээр нэлээд хэдэн аяны ард гарав. Тогтсон жишиг ёсоор бүгдийнх нь дотуур өмдөнд мөнгө шургуулна. Дижигүй учраас тайчигч бүсгүйчүүд бүжиглэхээр гарч ирэхдээ өөрсдөө аяа сонгон, тоглуулж байлаа. Энэ жишгээр дараагийн цоглог аяыг эхлүүлсэн эмэгтэй тайзан дээр ганцаар гарч ирэнгүүт өмнө нь бүжиглэж байсан хоёр тайзнаас буулаа. Тэрбээр тайзан дээр гарч ирүүтээ шон дээр ширэнгийн сармагчин шиг л авирч, эргэлдэж, зүүгдэж эхэллээ. Хэсэг бүжиглэснийхээ дараа гадаад эрийн өмнө очсоноо, малгайг нь авч өөрийн толгой дээрээ тавьчихаад өвөр дээр нь бүжиглэв. Түүний ийн бүжиглэхэд хөдөлгөөн, үйлдэл бүрийг бусад нь тайзны араас харж зогслоо. Бодвол бусдаасаа илүү “туршлага”-тай бололтой.

Тайчсан зарим бүсгүйчүүд платье, өмд цамц зэрэг гадуур хувцсаа өмсөөд тайзны арын өрөөнөөс гарч ирээд зэргэлдээх ширээнд суулаа. Хоорондоо “Өнөөдөр би бүжиглэмээргүй санагдчихлаа. Хүн ч цөөн байна. Яахав, хүн нэмэгдэж ороод ирвэл тайзан дээр гарна л биз”, “Гурвуулаа ойрд ингэж нэг дор суугаагүй юм байна. Жаахан буу халах уу, яадаг юм, өөрөө өөрсдөдөө жаахан чөлөө олгочихъё” гэлцэнэ. Нэг нь утсаа харуултал нөгөө хоёр нь дэлгэц дээрх зүйлийг нь уншиж байснаа амаа даран инээлдэж, өөр хоорондоо шивнэлдэнэ.

Биднийг шөнийн 02 цагийн үед баарнаас гарахад өмнөхтэй адил хөгжим дуугарч, тайчигч бүсгүйчүүд нэг, хоёроороо гарч ирэн, бүжиглэсээр л байлаа.

М.Эрдэнэ