Categories
мэдээ цаг-үе

Хоёр сүүдэртэй хүн

Хүн төрөлхтний үүсэл хөгжил,төлөвшил, боловсрол, улс орнуудын бүтэц зохион байгуулалт, дайн дажин, нэгдэл, задрал зэрэг түүхийн замналд гүн мөр үлдээж явсан сайн муу хүмүүсийн нэг нь яах аргагүй Уинстон Черчилль мөн бөлгөө. Тэр Үйлдвэрчний эвлэлийн томоохон төлөөлөгч болж чадах байсан ч гэлээ эцэстээ ажилчдын хөдөлгөөнийг нухчин дарах тавилан бүхий Ерөнхий сайд болон хувирсан. Дайнд ялахын тулд өчигдрийн заналт дайсныхаа сайн найз нь болж зүсээ өөрчилнө. Улс төрийн намуудад орж гарна гэдэг оймсоо солихоос ч илүү олон бас хурдан байсан гээч. “Худал гээч нь дэлхийн талыг ороогоод алхаж байх хугацаанд үнэн дөнгөж өмдөө өмсөж байдаг юм” эсвэл “Үзэл бодлоо өөрчилж чаддаггүй хүн бол хамгийн тэнэг нэгэн билээ” гэх үг түүнийх бөгөөд өөрөө ч тийм зарчмаар амьдарсан хоёр сүүдэртэй улстөрч бол Черчиль яалт ч үгүй мөн билээ. Гэвч ийм л хүний ачаар британичууд өнөөдөр түмэн улс болж задраагүй, дайнд ялагдаагүй, дэлхийн өнцөг булан бүрт хагас хараат ч гэлээ эзэмшилтэй, парламентын үлгэр болохуйц соёлтой улс болон үлдэж чаджээ.

Сэр Уинстон Леонард Спенсер-Черчилль бол Британийн үүсэл хөгжлийн түүхэн дэх хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийн нэг яах аргагүй мөн юм. Тэрээр 1940-1945 онуудад Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд байсан бөгөөд 1951-1955 онуудад дахин ерөнхий сайдаар сонгогдож байсан, XX зууны үеийн удирдагчдын нэг гэж тооцдог. Черчиллийн үйл хэрэг зөвхөн улс төрийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Тэр Их Британийн армийн офицер, түүхч, зохиолч, зураач байсан юм. Черчилль утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг авсан Их Британийн хамгийн анхны Ерөнхий сайд, АНУ-ын хүндэт иргэн болсон анхны хүн байлаа. 2002 онд хийсэн BBC телевизийн судалгаагаар Уинстон Черчилль Британийн түүхэн дэх хамгийн агуу иргэнээр тодорсон байна.

Уинстон Черчилль эрүүл мэндийн хувьд ч тэр, бие бялдрын хувьд ч тэр гайхуулаад байхаар зүйлгүй хүн байсан хэдий ч 90 насыг зооглосон бөгөөд “Хэрвээ надаас навчин тамхийг минь булаан авбал би та нарт дайн зарлана”, “Хэрвээ сонин хэвлэл тамхийг хаях талаар бичээд эхэлвэл би тамхийг бус сонинг уншихаас татгалзана”, “Би өөрийнхөө урт насалсан шалтгааныг спорт гэж үздэг. Учир нь би спортоор хэзээ ч хичээллэж байсангүй” гэх мэтчилэн нийтэд хэвшсэн үзлээс тэс ондоо үгсийг байн байн унагаадаг байлаа. Мөн тэрээр “Би залуу насандаа архи дарсыг үдийн хоолноос өмнө ууж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй байсан бол одоо нас хэвийсэн үедээ өглөөний цайнаас өмнө ууж болохгүй гэсэн алтан дүрмийг баримталж байна” хэмээн нэгэнтээ хэлж эрүүл амьдралыг номлогчдын эгдүүцлийг хүргэж байв.

Их Британийн Ерөнхий сайд Уинстон Леонард Спенсер Черчилль 1874 оны арваннэгдүгээр сарын 30-нд Букингемийн ордонд, герцог Мальборогийн удмыг залгасан язгууртны гэр бүлд төржээ. Түүний эцэг лорд Рэндольф Генри Спенсер Черчилль улс төрийн карьертаа хамаг анхаарлаа хандуулан эх нь дээдсийн амьдралаар өөрийгөө зугаацуулан хүүдээ анхаарал хандуулах зав ховорхон гаргадаг байсан тул асрагч эх Элизабет Энн Эверест л эцэг эхийг нь орлож түүнийг өсгөсөн гэлцдэг. Тийм ч учраас эцэг эхийнх нь бус асрагч эхийнх нь зураг түүний унтлагын өрөөнд насан туршид нь өлгөөтэй байсан юм. Черчилль 12 настайдаа Итоны коллежид элсэн цэргийн эрдэмд суралцаж, сургуулийнхаа туялзуур жадны аварга болж байсан ажээ. 1893 онд Черчилль Сандхерстийн хааны цэргийн сургуульд элсэн орж, 1895 онд бага дэслэгч цолтой төгсөв. Тэр жил түүний амьдралын хамгийн хүнд жил байв. Тэрээр төрсөн эх, асрагч хоёроо үүрд алджээ. Түүнд цэргийн амьдрал төдийлөн таалагдсангүй, харин санаанд оромгүй тохиолдлоор түүний бичих авьяас тодорч, Кубад «Дейли телеграф» сонины цэргийн сурвалжлагчаар томилогдон ажиллав. Испанийн эсрэг ард иргэдийн тэмцлийн талаар бичсэн түүний тэмдэглэлийг өндрөөр үнэлж түүнд “Улаан загалмай” одонг гардуулсан байна. Кубад ажиллах хугацаандаа Черчилль энэ орны навчин тамхийг сонирхон татаж эхэлснээр энэ зуршил нь түүнийг насан туршид нь дагалдсан билээ. 1899 онд консерватив намаас улс төрд хүчээ үзэхээр шийдсэн боловч сонгуульд ялагдсаны дараа «Морнинг Пост» сонинд цэргийн сурвалжлагчаар ажиллаж байгаад олзлогдсон нь түүнийг Британид ихээхэн алдар хүндтэй болгов. 1901 оны хоёрдугаар сарын 18-нд Черчилль иргэдийн танхимд анх удаагаа илтгэл тавьсан бөгөөд бурчуудад сайн санааны тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалж байв. Черчилль 1905 онд засгийн газарт колоничлолын асуудал хариуцсан сайдын орлогч хэмээх албан тушаалын анхны томилгоог авчээ. 1908 онд Черчилль худалдаа аж үйлдвэрийн сайд, 1910 онд дотоод хэргийн сайд боллоо. “Энэ цагаас эхлэн түүнийг” давхар ёроол бүхий этгээд” гэж тодотгож байв. Тухайн үед гарч байсан бослого тэмцлийг тэрээр асар харгисаар дарж байв. 1911 онд Ливерпулийн усан онгоцонд гарсан бослого тэмцлийг дарахад галт зэвсэг хэрэглэхийг үүрэг болгож байж. Дэлхийн нэгдүгээр дайнд Черчиллийн үүрэг асар өндөр байсан. Тэрээр Британийн танкийн цэргийг байгуулах санаачилга анх гаргасан бөгөөд Засгийн газарт буцан ирсэн даруйдаа зэвсэг хариуцсан сайд, цэргийн сайдаар тус тус томилогдлоо.

Черчилль 1921 оны есдүгээр сард Консерваторууд эвслээс гарч, 1924 оны сонгуулиар иргэний танхимд ирж, Консерватив намдаа эргэн орсон бөгөөд Стэнли Бодуинын Засгийн газарт Сангийн сайдаар томилогдон ажиллав. 1929 оны сонгуульд Консерваторууд ялагдал хүлээсний дараа, 1931 онд тэрээр засаг төрөөс түр хугацаагаар хөндийрмөгц өөрийн элэнц Жон Черчиллийн тухай «Мальборо болон түүний амьдрал, цаг хугацаа» номоо бичжээ. Дэлхийн хоёрдугаар дайнд Их Британи улс татагдан орж, Уинстон Черчиллийг Нэгдүгээр лорд болон Цэргийн зөвлөлийн бүрэн эрхт гишүүнээр сонгов. 1940 оны тавдугаар сарын 10-ны өдөр улс орны онцгой байдлыг харгалзан Черчеллийг Англи улсын Ерөнхий сайдаар томилжээ. Черчилль батлан хамгаалах сайдын үүргийг хүлээж усан флот, арми, яамдын ажлын үйл ажиллагаанд хамаг анхаарлаа хандуулсан нь ард түмний дунд түүний нэр хүндийг өргөж, дайн дуустал энэ нь хадгалагдан үргэлжилсэн билээ.

1940 оны зургадугаар сарын дунд үеэс Германы цэргийн дайралт эрчимжиж цэргийн бааз, нисэх буудал, Английн хотуудыг бөмбөгдөж эхэлжээ. Черчилль дайны халуун цэг, бөмбөгдөлтөд өртсөн газруудаар явж радиогоор үг хэлснийг нийт британичуудын ихэнх нь шимтэн сонсож дэмжсэн. 1942 оны наймдугаар сарын 13-нд Черчилль Сталинтай Гитлерийн эсрэг хамтрах гэрээг үзэглэсэн бөгөөд 1944 оны аравдугаар сард Сталинтай дайны дараах Европыг хэрхэн хуваах асуудлаар санаачилга гаргаж “сахалтай гүржд танилцуулсан боловч дэмжлэг олоогүй.

Хэдийгээр 1945 оны Потсдамын хэлэлцээрт Черчилль чухал үүрэг гүйцэтгэсэн ч гэлээ дайны дараах Английн эдийн засгийн асуудал доройтсон шалтгаанаар 1945 оны тавдугаар сарын сонгуульд 71 настай Черчилль ялагдав. Ингээд улс төрөөс хөндийрсөн Черчилль энгийн амьдралд шилжин, уран зохиолд хүчээ дайчилж “Дэлхийн хоёрдугаар дайн” дурсамжаа бичсэн билээ. Черчилль урт насалж 1965 онд 90 насандаа таалал төгссөн бөгөөд түүхийг нь товч өгүүлэхэд ийм буюу.

1946 онд Америкийн Фултон хотод лекц уншихдаа анх удаа “Төмөр хөшиг” хэмээх хэллэгийг хэрэглэж “коммунизм бол хүн төрөлхтнийг булшлах өвчин, түүний эсрэг шийдэмгий тэмцэх хэрэгтэй” гэх санааг дэвшүүлж байлаа.

Нобелийн шагнал олгох хороо түүнд 1953 онд утга зохиолын төрлөөр шагналаа өгөхдөө “түүхийг гайхалтай харуулсан” хэмээн Черчиллийг үнэлээд “хүний мөн чанарыг хамгаалсан гайхамшигтай ярих урлаг” эзэмшсэн нэгэн хэмээн өргөмжилсөн байдаг. Өнөө цагт ч гэлээ хүн төрөлхтөн түүнийг төрийн зүтгэлтний хувьд өндрөөр үнэлж, түүний “Нэгдсэн Европын улс” санаа нь гайхалтай холч ухаан байсан нь нотлогдож, хамгийн агуу британи хүн хэмээн нутаг нэгтнүүд нь үзсээр байгаа юм.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Элбэгдорж: Том төслүүдээ эргэлтэд оруулчихсан бол иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй байсан

-“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2016″-ГИЙН ОРОЛЦОГЧИД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАЖ ХҮНДРЭЛЭЭС ГАРНА ГЭВ-

“Өдрийн сонин”-ы № 076 (5341) дугаараас авч нийтлэв.

“Сургамж, сорилт, шийдэл” уриаг сонгосон “Монголын эдийн засгийн чуулган”-ы сүүлийн өдрийн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгээр эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы эхний өдөр бодлого гаргагчдын алдаа эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа талаар хатуу үгсийг хэлсэн бол төрийн тэргүүн ч эдийн засаг муудсан шалтгааныг эрх баригчидтай холбов. Ерөнхийлөгч “Том төслүүдээ эргэлтэд оруулж чадсан бол иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй байсан. Улс төр хийдэг нь улс төрөө хий. Эдийн засгаа хөгжүүлэх нь эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй. Том төслөө хэрэгжүүлсэн бол төсвийг ингэж танахгүй байсан. Аж ахуйн нэгжүүд өнөөдөр хүндхэн байна. Өнөөдөр та бүхэн асуугаарай. Зүгээр л бизнес эрхэлж байгаа эхний хүний амнаас “Мөнгө алга” гэсэн үг гарч байгаа. Яг орлоготой аж ахуйн нэгжийн тоо гэрлийн хурдаар унаж байгаа. Одоо бүр тэг дээрээ очоод зогсож байгаа.

Дажгүй бизнес хийдэг нэг залуу надад саяхан нэрээ бодоод зээл авч ажилчдынхаа цалинг өгч байна гэж хэлсэн. Түүхий эдийн үнэ өндөр байхад боломжоо ашиглаж ахиу мөнгө олсон бол, дэд бүтцээ байгуулаад бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээсэн бол байсхийгээд тохиодог үнийн уналтад өртөхгүй байсан. Монгол боломжийг алдах эрхтэй, тийм тансаглалтай орон биш. Монголд боломж олон олдоод байдаггүй юм. Өнгөрсөн жилүүдэд олдсон ганц боломж бол түүхий эд, Монголоос гардаг байсан баялгийн үнэ байсан. “Аманд орсон шар тос”-ыг бид ашиглаж чадаагүй, шороотой хутгасан. Шороотой хутгачихаад одоо тэр шороон дээр нь бүжиглэх хэрэггүй. Зарим этгээдүүд одоо энэ дээр улс төр хийх гэж бүжиглэж байгаа. Тэр ард түмний хувьцааг үхүүлснийхээ төлөө, тэр ард түмэнд ирэх байсан орлогыг алга болгосныхоо төлөө ингэх хэрэггүй. Улстөрчид дэндүү хариуцлагагүй байна. УИХ-ын нэг гишүүн том төслүүдийг зогсоосноороо бахархдаг гэж ярьсан удаатай. Тэгж хэлэхдээ эм тарианы мөнгөгүй болсон иргэдээ бодоогүй юм байх даа. Улс нь мөнгөгүй болж ингэж хэцүүднэ гэж төсөөлөөгүй байх. Эдийн засаг мөнгөөр л хэмжигддэг. Хэцүү үе, сорилтыг туулж байж бид хүндрэлээс гарна. Ид шидийн амлалтад итгээд хэрэггүй. Өнөөдөр эдийн засгийг нураасан улстөрчдийн үгэнд ахиад итгэж сонговол эдийн засаг бүр хэцүүднэ. Магадгүй ирэх жилүүдийн эдийн засгийн чуулганаараа яриад сууж мэдэх юм. Гэхдээ сонгогчид хэрсүү болж байгаа” хэмээн ярилаа.

Чуулганд оролцогчид төрийн тэргүүнийг “Нэгийнхээ амжилтад алга ташдаг байдал алга болчихоод байна. Спортод медаль авсан хүнд алга ташдаг мөртлөө гаднын Хөрөнгийн бирж дээр хүний итгэл хүлээж мөнгө босгож байгаа тэр аж ахуйн нэгжид, тэр итгэлийг авч байгаа бизнесмэнд бид алга таших ёстой. Хүнээс мөнгө зээлнэ гэдэг хамгийн том итгэл. Хүн чамд мөнгөө өгч байгаа бол тэр хамгийн том итгэл. Тэр тусмаа гаднын зах зээлээс, тэр тусмаа Монголыг янз бүрээр харж байгаа, хэлэгдэж байгаа тэр зах зээлээс хямд үнэтэй мөнгө босгоод оруулж ирж чадаж байгаа бол, бизнесээ өргөжүүлж чадаж байгаа бол энэ бол итгэл” гэж хэлэхэд алга нижигнүүлэв. Ерөнхийлөгч “Бизнест хүний итгэлийг алдсан хүн улс төр рүү зүтгэх юм. Бизнесийг хулгайн аргаар хийсэн хүн улс төрийг ч мөн тийм аргаар хийнэ” хэмээн үгээ үргэлжлүүлсэн. Улс төрд хариуцлагын тухай огт ярьдаггүй нь эдийн засаг муудсан хоёр дахь шалтгаан гэнэ. Тэрээр Хариуцлагын тухай хуулийг гаргах хэрэгтэй гэсэн санааг хэд хэдэн удаа онцолсон.

Төрийн тэргүүн УИХ-ын гишүүдийг ч “чимхээд” авав. “УИХ-ын гишүүд хууль санаачилсныхаа төлөө мөнгө авдгаа болих хэрэгтэй. Нэг бизнесмэн надад хууль санаачилсан гишүүд гэж нэрээ бичсэнийхээ төлөө хорин сая төгрөг авдаг юм байна, ингэхээр улс яаж хөгжих вэ дээ” гэж хэлж байсан хэмээн чуулганы индрээс хууль тогтоогчдыг шүүмжиллээ.

Татварын хууль дарамт ихтэй гэсэн санааг ч цухуйлгав. Манай улсын санхүүгийн зах зээлийн ер гаруй хувь банкнаас хамааралтай байгаа. Хөрөнгийн зах зээл гэсэн нөгөө баганыг нь босгож ирэх шаардлагатай гэж ярьдаг ч мэдрэгдэхээр хүчтэй ажил хийгдэлгүй өнөөг хүрсэн. Ерөнхийлөгч энэ сэдвийг сөхөв. Тэрээр “Хөрөнгийн зах зээлээ хурдан ажилд оруул гэж гурван жил ярилаа. Амжилттай яваа аж ахуйн нэгжүүд хувьцаа гарга л даа. Ард иргэддээ худалдаач. Захирал, гэр бүлийн өмч шиг л яваад байна шүү дээ. 10, 20 мянган хүнд 50 мянган хүнд хувьцаагаа өг. 50 мянган хүнтэй нийлээд баялгаа бүтээ. Тэр хүмүүсээс орж ирсэн мөнгийг эргүүлээд бизнесээ өргөтгө. Энэ боломжийг Монголын зах зээл дээрээс, Монголын ард түмэнтэй хамтраад хий л дээ. Энэ рүү чиглэсэн хуульд анхааръя” гэж ярилаа.

“Монголын эдийн засгийн чуулган-2016”-гийн хүндтэй зочдын нэг нь Байгалийн баялгийн засаглалын институцийн ерөнхийлөгч Даниел Кауфман. Дэлхийд нэр хүндтэй судалгааны олон байгууллагын зөвлөхөөр ажилладаг энэ эрхэм Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа чуулганы индэрт гарч ирлээ. Тэрээр сайн засаглалтай бол Монголын эдийн засаг хэд дахин өсөх боломжтой хэмээн онцлов. Манай улсын эдийн засгийн засаглалд шүүмжлэлтэй нэг зүйл байна гэж ноён Кауфман тодотгов. Тэр нь хэт өөдрөг үзэл гэнэ. Хэт өөдрөг үзлээс болж асуудал үүсдгийг чуулганы хүндэт зочин сануулсан юм.

М.ХАЛИУНБАТ: БҮДҮҮЛЭГ БИЗНЕС ОЛШИРСНЫ СОНГОДОГ ЖИШЭЭ НЬ БАРИЛГЫН САЛБАР

Үүний дараа салбар хуралдаанууд үргэлжиллээ. Төрийн ордны Их танхимд өрнөсөн “Бизнесийн орчин” салбар хуралдааны илтгэлийг “Монгол айдия” ХХК-ийн захирал М.Халиунбат тавив. Ипотекийн зээлийг амжилттай хэрэгжүүлсэн улс байдаггүй, судалгаа шинжилгээ, маркетингийн нарийн шинжилгээгүй бүдүүлэг бизнес олширсны сонгодог жишээ нь барилгын салбар, санхүүгийн зах зээлийн 88 хувийг дөрөвхөн банк эзэмшдэг нь чөлөөт өрсөлдөөнийг хаасан том баримт гэх мэт анхаарал татахаар дүгнэлтүүд түүний илтгэлд олон байв. Банкуудыг үргүй зардал гаргадаг гэж шүүмжиллээ. Бэлэн мөнгөний машиныг заавал тус тусад нь авч эгнүүлж тавих шаардлагагүйгээс эхлээд зардлаа хэмнэх өчнөөн боломж байгааг ч онцоллоо. Илтгэгч бизнесийн орчныг “Бизнесийн орчинд ажиглагдаж байгаа нийтлэг зураг бол яах аргагүй улстөржсөн бизнес. Монголын бизнесийн орчин чадамжгүй, мэргэжлийн бус, улстөржилт цэцэглэчихсэн” гэж дүгнэв. Түүнийхээр бизнесийн орчинд сөргөөр нөлөөлдөг, гацаадаг өөр нэг буруутан нь насаараа нэг даргатай мэргэжлийн холбоод гэнэ. Халиунбат эдийн засаг хүндхэн болсныг монголчуудын гадагшлах урсгал ихэссэнээр тайлбарласан нь содон сонсогдов. Швейцарь улсад цагаачлах хүсэлт гаргасан иргэний тоогоороо манайх гуравдугаарт жагсчээ. Хүндрэлээс гарах гол гарц бол хөрөнгө оруулалт гэж тэрээр онцолсон. Энэ хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ч хөрөнгө оруулалтыг хадаг барьж угтах ёстой гэж байв.

ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР МӨНГӨ БОСГОХ БОЛОМЖИЙГ ЯРИЛЦАВ

Үдээс хойш өрнөсөн хуралдаануудаас Төрийн ордны “А” танхимд болсон “Төслийн санхүүжилт” салбар хуралдааныг онцолж сонирхлоо. Эдийн засгийн чуулган өмнөх жилүүдэд төслийг ТЭЗҮ төдий хэмжээнд ярьдаг байсан бол форум зохион байгуулагчид энэ удаа төслийн санхүүжилт гэсэн том сэдвийг барьж авчээ. Анхаарал татсан сэдэв гэдэг нь оролцогчдоос нь тодорхой байв. Өмнөх өдөр өрнөсөн уул уурхайн салбар хуралдааных шиг танхим дүүрэн хүн илтгэгч, оролцогчдын үгийг анхааралтай чагналаа.

Хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ахлах эдийн засагч Ч.Отгочулуу хөтлөв. Хурлын оролцогч, Хөрөнгө оруулалтын агентлагийн дарга С.Жавхланбаатар төслийн санхүүжилтийг “Энгийнээр бол шав тавихаас хэрэгжиж дуусах хүртэл бүх алхам тодорхой байхыг хэлнэ” гэж тодотгов. С.Жавхланбаатар Оюу толгойд засгийн оролцоо байсан, “Салхит” сэргээгдэх эрчим хүч гэсэн онцлогтой учраас төслийн санхүүжилтийн сонгодог хэлбэр биш гэж үздэгээ оролцогчидтой хуваалцсан. Тэрээр “Тавдугаар станцыг барина гэж маш олон жил ярьсан ч өнөөдрийг хүртэл долоо, найман хүнд асуудал байна. Нэг тал нь газар чөлөөлөлт, дэд бүтэц. Нөгөө тал нь хууль эрх зүйн орчин. Төслийн санхүүжилтийг хүлээж авах тохиргоо Монголд хийгдээгүй. Төслийн санхүүжилт хийх гэхээр манай эрх зүйн орчин таарахгүй байна. Жишээ нь засаглал дээр гэхэд л дээд түвшиндөө за зүй гээд шийдчихээр орон нутагт очоод төсөл гацчихдаг зовлон бий” гэж ярилаа.

Төслийн санхүүжилт босгож чадсан хоёр жишээний нэг болж яригддаг “Салхит” салхин станцыг барьж ашиглалтад оруулсан “Ньюком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхболд төсөл хэрэгжүүлэхэд тулгарч байсан бэрхшээлээ ярив. Тэрээр “Засгийн газар, олон улсын байгууллагуудад дэмжих нь гэсэн үндэслэлээр Салхитын судалгааг 2007 оноос эхлүүлсэн юм. Төлөвлөснөөрөө санхүүждэдээ амжилттай босгож чадсан. Бидний үйлдвэрлэсэн цахилгааныг зуун хувь худалдаж авна гэсэн засгийн баталгааг бид санхүүжүүлэгчдэдээ барьцаа болгосон. Гэтэл дараа нь бүгдийг нь худалдаж авахгүй гэх мэт асуудал босч ирсэн л дээ. Ийм тохиолдолд хөрөнгө оруулагчдад болгоомжлол үүсчихэж байгаа юм. Манай компани Өмнөговийн Цогтцэций суманд салхин парк байгуулахаар ажиллаж байна. Төслийн санхүүжилтээ хөөцөлдөөд явахаар танай Засгийн газар тийм байдал гаргасан гэх маягийн эргэлзээ хэлэх жишээний. Энэ мэт хүндрэлүүд байдаг” гэлээ.

Дэлхийн улсуудад жил бүр 500 гаруй тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгддэгийн 40 хувь нь төслийн санхүүжилт байдаг аж. Тэгэхээр төслийн санхүүжилтээс зугтах аргагүй, амжилттай босгож сурах хэрэгтэй гэсэн санааг оролцогч бүр хэлж байсан юм.

З.ЭНХБОЛД: ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛДЛИЙГ УИХ ЗОГСООСОН НЬ ХУУЛИА ДЭЭДЭЛСЭН ХЭРЭГ

Чуулганы хаалтын үгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлэв. УИХ-ын даргыг үг хэлэхээс өмнө Таван толгойн талаар байр сууриа илэрхийлэх нь гэсэн шум чуулганд оролцогчдын дунд тарсан байсан юм. Оролцогчдын таамагласнаар З.Энхболд Таван толгойн талаар байр сууриа нэлээд дэлгэрэнгүй илэрхийллээ. Тэрээр “Уул уурхайн томоохон төсөл, ялангуяа Таван толгойн төслийг Улсын их хурал зогсоосон учраас өнөөдрийн манай эдийн засгийн хүндрэл үүссэн мэт ташаа ойлголт энэ чуулганаар яригдсан байна. Дэлхийн эдийн засаг удааширч байгаа цаг үед энэ төслийг, нэр бүхий компаниудад өгөх нь Монголд ашиггүй гэсэн дүгнэлтийг Улсын их хурлын ажлын хэсэг гаргасан. Нүүрсний үнэ огцом унасан, зах зээлийн нөхцөл таатай биш үед тус ордын эзэд болох хоёр сая хувьцаа эзэмшигчдээс нь асуулгүйгээр уг ордыг гуравдагч этгээдэд өгөх эрх хэнд ч байхгүй. Зүйрлэн хэлэх юм бол Рио Тинтогоос асуулгүйгээр Оюу толгойн ашиглалтын лицензийг Шинхуа компанид 60 жилийн хугацаагаар хоёрхон хувийн роялтитайгаар өгөх шийдвэрийг Улсын их хурал гаргах гэсэнтэй агаар нэг, хууль бус үйлдэл юм. Авахыг оролдож байсан хоёр компанийн нөхцөл байдал сайнгүй байгаа. Тухайлбал, Шинхуа компанийн удирдлагууд авлигын хэргээр шоронд орсон бол ММС компани нь дэфолтоо зарлаад удаагүй байна. Ийм компаниудад Таван толгойн лицензийг 60 жилийн хугацаатайгаар, хоёрхон хувийн роялтитайгаар зүгээр шахуу өгөх гэсэн Засгийн газрын үйлдлийг хууль бус гэж үзэн Улсын их хурал зогсоосон нь хуулиа дээдэлсэн хэрэг мөн. Энэ бол хуулийн засаглал. Энэ бол ардчилал юм. 1990-ээд оноос өмнө Улс төрийн товчооны есөн гишүүн суугаад бүх шийдвэрийг ард түмнээсээ асуулгүйгээр гаргадаг байсан. Энэ цаг өнгөрсөн. Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Ерөнхий сайд гурав сууж байгаад “Тэр толгойг түүнд өгье” гэдэг шийдвэр гаргах боломжгүй. Өнөөдөр энэ чуулган дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг би сонссон. Ерөнхийлөгч маань Шинхуа, ММС компаниудад Таван толгойг өгөхийг хүссэн зарим нэг хүний буруу тайлбарт итгэсэн байна. Тэр хүмүүс Ерөнхийлөгчийг буруу мэдээллээр хангаж байсан байна. Харин Улсын их хурал асуудлыг томоор харж, ард түмний эрх ашгийг дээдэлж, зөвхөн хуульд нийцүүлж шийдвэр гаргасан.Таван толгой бол улсын төсвийн мөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд. Энэ бол улсын өмч” гэж Эдийн засгийн чуулганы индрээс мэдэгдсэн юм.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа гишүүнийг харахаар сүүнд халсан хүн тараг үлээнэ гэгч л санагдаад байх юм

Сүүлийн өдрүүдэд зурагтаа асааж, сайтуудын мэдээллийг сонирхож, сонины нийтлэл, ярилцлагуудыг шимтэн уншихаар өөдөөс УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа л цөмийн хаягдлын талаар ярьж таарах юм. Мэдээллийн ямар хэрэгсэл байдаг билээ. Тэр бүгдээр эрхэм гишүүн маань ярьж байна аа. Өдөржингөө энэ хүний ярилцлагыг уншиж, сонсч байгаад орой гэртээ очоод хоолоо хийе үү гээд плиткаа асаахад хүртэл өөдөөс гарч ирээд цөмийн хаягдлыг эсэргүүцэж ярих нь халаг байна. Нээрээ шүү.

Гишүүний ингэх нь аргагүй л дээ. Д.Хаянхярваа гишүүн бол жинхэнэ хаширсан хүн байхгүй юу. Хонгор суманд цианит натри, мөнгөн ус алдагдаж сүйд болохоо дөхсөнийг хүн бүр санаж байгаа. Хонгорын хордлого улс даяар шуугиан дэгдээж байх 2007 оны үед Д.Хаянхярваа гишүүн Дархан-Уул аймгийн Засаг дарга байлаа. Цианит натри, мөнгөн усанд хордсон Хонгорын асуудалд төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд, хүний эрхийн төлөө тэмцэгчид, мэргэжлийн чиглэлийн бүхий л газар анхаарал хандуулж, гадны мэргэжлийн хяналт, шинжилгээний хүмүүс ч ирж байсан удаатай. Хэвлэлийнхэн энэ асуудлыг тал бүрээс нь мэдээлж, энэ хэргийг нэгд нэгэнгүй сайн дэлгэж байв. Одоо “Хонгор сум” гэвэл “Аан, хордсон Хонгор уу” гэдэг хэвээрээ. Нутгийн иргэд өөрсдийгөө хэрхэн хордож байгаагаа бодитоор харуулж, өвчин зовлонд туйлдаад байгаагаа учирлаж байсан бол холбогдох зарим байгууллага болоод Засаг дарга Д.Хаянхярваа нь “Хонгор хордоогүй” гэж мэдэгдсэн нь түүнийг хэвлэлийн баатар болгож байлаа даа. Хонгорынхон “Манай аймгийн Засаг дарга Хонгорт ирэхээрээ айлд орвол аяганд нь амаа хүргэхгүй цээрлэдэг” гэж ярьж байсан нь гал дээр тос нэмчихэж билээ. Эрхэм гишүүн маань тэр үед ингэж хэл амны бай болж баларч л явсан. Хордлого, химийн бодис энэ тэр гэхээр нурууных нь голоор хүйт даадаг болсон байлгүй. Тийм ч болохоор цөмийн хаягдал, ашигласан түлшнээс айх нь зөв байх. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг чинь энэ. Цианит натри, мөнгөн ус, цөмийн хаягдал гэдэг нь өөр өөр зүйл ч гэлээ үзүүлэх хор нөлөөгөөрөө адил л даа.

Гэхдээ Д.Хаянхярваа гишүүн одоо үүсээд байгаа, яригдаад буй асуудлыг ойлгохгүй ч байна уу гэж харагдах юм. Хий дэмий тэвдээд, сэвээд гүйгээд байх шиг. УИХ-ын ээлжит бус чуулганаар уг нь Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэх гээд та бүхнийг уриад байгаа юм шүү дээ. Бүр ойлгомжтойгоор тайлбарлая л даа. “Хонгорт цианит, натри оруулахгүй” гэх хууль баталчих гээд л хичээгээд байгаа юм, цаадуул чинь. Д.Хаянхярваа гишүүн яг ямар асуудлыг, хэрхэн яаж хэлэлцэх гээд байгааг тогтож нэг бодоосой доо. Хий дэмий л асуудлыг буруу тийш нь дэвэргэж хөөргөөд байна. Ардчилсан нам яг юу яриад байгааг тайван суугаад эргэцүүлэх хэрэгтэй байна шүү. Аль хэдийнэ яригдаад өнгөрсөн Хонгорын асуудал чинь бараг арваад жилийн өмнөх явдал. Одоо хэдэн он билээ. Цөмийн болон цацраг идэвхт бодис гэж юу билээ. Энэ бүгдийг нарийн сайн бодож, нэг бүрчлэн задалж нэгийг нь нөгөөгөөс нь салгаж ойлгох хэрэгтэй байна.

Тэгэхгүй бол Д.Хаянхярваа гишүүнийг харахаар сүүнд халсан хүн тараг үлээдэг үлгэр санаанд буугаад байх юм. Халцгай, халцгай гээд л.

Categories
мэдээ цаг-үе

Л.Энх-Амгалан: Залуу насны минь утга учир “Нисванис” хамтлагт шингэсэн

Нисванисхамтлаг энэ сарын 9-нд 20 насны ойгоо тэмдэглэх гэж байна. Жил бүр хамтлагийнхаа төрсөн өдрийг тэмдэглэж тоглолтоо хийдэгНисванис”-ын залуус энэ удаа “Nisnis fest-2016” фестиваль зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээ 15:00 цагаас “One Event Hall Mongolia”-д болох аж. Тоглолтын талаар тодруулахаар хамтлагийн ахлагч Л.ЭнхАмгалантай ярилцлаа.

-“Нисванисхамтлагийнхан удахгүй болох төрсөн өдрийн тоглолтоороо хэрхэн бут авахаар бэлтгэж байна?

-Жил бүр “Нисванис” хамтлагийн зохион байгуулдаг “Nisnis fest-2016” амьд хөгжмийн хаврын анхны фестиваль болох гээд бэлтгэл ажил хангагдаад дууслаа. Энэ жил уг хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ахмад, дунд, шинэ үеийн 20 хамтлаг оролцсон сайхан наадам болно гэдэгт итгэж байгаа.

Төрсөн өдрөөс гадна энэ жил хамтлаг байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа. Өөр олон арга хэмжээ төлөвлөсөн үү?

-Хамтлагийн 20 жилд зориулж жилийн турш төлөвлөгөө гаргасан байгаа. Тэрний нэг нь “Nisnis fest 2016”, мөн шинэ CD-ний баяр болон дараагийн шинэ CD-ний баяраа эхлүүлэх, клипүүд гээд хамтлаг их хөдөлгөөнтэй байх болно.

Тоглолтын үеэр шинэ цомог гаргаж байгаа гэсэн. Нэр ньГар хангалга”. Арай хүнд нэр биш үү?

-Одоогоор зөвхөн “Нисванис” хамтлаг ийм нэртэй CD гаргах байх гэж бодож байна. CD-ний нэрэнд тайлбар өгмөөргүй байна. Зүгээр л дэмждэг хүрээнийхэн маань сонсоод үзээсэй гэж хүсч байна.

Цомгийн нэрийг хүмүүс хэрхэн хүлээж авч байна?

-Хүмүүс яаж хүлээж авахад зориулж бид уран бүтээлээ хийдэггүй. Зөвхөн өөрсдөдөө кайфтай, гоё, бас хийнэ гэсэн бүхнээ л хийх хэрэгтэй гэж боддог.

Цомогт хичнээн дуу орсон бэ?

-Шинэ цомогт маань 12 дуу багтсан байгаа. “Үүнээс хойш би”, “Чөтгөр бид хоёр”, “Аабан, бээбэн”, “Далд оюун ухаан”, “Сэтгэл хөдөлнө” гэх мэт.

Та бүхэн шинэ уран бүтээл хийж байна уу?

-Энэ CD-гээ нээчихээд дараагийнхаа шинэ санаа, шинэ CD-ний ажлаа эхлүүлнэ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаандНисванис”-аар овоглосон хичнээн бүтээл төрсөн байна вэ?

-“Нисванис” дөрвөн цомог гаргажээ. Нэг CD-нд 17-19 дуу багтсан байдаг гэхээр 50-60 дуу “Нисванис” хамтлагаар овоглох байх аа.

Нисванис хамтлаг хит болж байсан оргил дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Анхны “Хүчилтөрөгч” CD 1999 онд гараад эхний дуунууд радиогоор явахад голсон юм голд орно гэгчээр миний хамгийн дургүй байсан “Эмийн сан руу алхсан нь” дуу тэр олон дуунуудаасаа цойлж гарч ирж тухайн үедээ шуугиан дэгдээсэн нь надад сонирхолтой санагдаж байсан. Тийм учраас ганцхан тэр дуунд клип хийлгэсэн.

Та бүхэн имижээ өнөөг хүртэл хадгалж ирсэн. Мэдээж үс засалтаасаа эхлээд анхны гэсэн бүхэндээ ач холбогдол өгдөг юм шиг?

-Энэ имижиндээ дассан гэх юм уу даа. Энэ янзаараа хэсэг гангарна аа.

Нисванисын энэ удаагийн тоглолтод Харанг”, Хурд хамтлагийнхан ирж уран бүтээлээ хүргэнэ гэсэн?

-Бид бүхний багаасаа сонсож өссөн, бас бидэнд нөлөөлж ирсэн “Харанга”, “Хурд” хамтлагийн ах нар “Nisnis fest 2016”-д маань ирж тоглох гэж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Ах нартаа баярлаж байна. Бас “Шар айраг”, “Аясын салхи” гээд хамтлагууд бидэнтэй цуг гарч ирсэн. “Madnеss”, “Nighttrain” хамтлагууд бидний дараа үед гарч ирсэн шилдэг хамтлагууд энэ фестивальд тоглох болохоор сайхан наадам болно гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ наадмыг жил бүр ивээн тэтгэж ирсэн “Боргио” брэндийн хамт олондоо маш их баярлаж байна.

Таны хувьд уянгын дуучин байсан. Яагаад өөр урсгал сонирхох болсон бэ?

-Багадаа поп чиглэлийн дуу зохиож тодорхой хүрээнд тархсан дуу байдаг. Тэгээд рок хөгжимд шимтээд “Нисванис” хамтлагийг байгуулаад 20 жил боллоо. “Нисванис” бол миний залуу насны эрч хүч, зэвсэг минь юм.

Нисванис”-ын үнэт зүйл?

-“Нисванис”-ын үнэт зүйл “Нисванис”-ын дуунууд гэж бодож байна. Бид энэ дуу хөгжимд хамаг залуу нас, эрч хүч, сэтгэл хөдлөл бүхнээ шингээхийг хичээсэн байгаа.

-1996 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийг та нэг дурсахгүй юу. Энэ өдрийг хамтлагийн залуус яг юу хийж өнгөрөөж байв?

-Одоо ч тод санадаг. “Соёл-Эрдэнэ” хамтлаг бол аргагүй л Монголын агуу хамтлаг. Манай хамтлаг 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн өрөөнөөс бэлтгэл хийгээд басс гитарчин Даймаа ах бидний анхны бичлэгүүдийг хийж өгч өлгийдөж авч байлаа. “Соёл Эрдэнэ” хамтлагийн өрөөнөөс маш олон хамтлаг төрөн гарснаас хамгийн отгон нь “Нисванис”. Тиймээс өнгөрсөн хугацаанд ч , өнөөдөр ч, хойшид ч бид ах нартаа хүндэтгэлтэй хандсаар байх болно.

Унаж, сэхсэн ч хамтлагтаа хамгийн үнэнч явсан нь яах аргагүй та. Тэгээд ч амьд хөгжмийн хамтлаг олон жил сонсогчдын дунд хүндлэгдэнэ гэдэг багагүй хөдөлмөр байх шүү?

-Хамтлагийн гишүүдээс басс гитарчин Д.Дарханбат бид хоёр бууриа сахиж үлдсэн. Соло гитарчин Хосоо, бөмбөрчин Анар хоёр маань ороод зургаа, долоон жил болж байна. “Нисванис” уран бүтээлээ хийсээр байгаа гэдгийг фэнүүддээ мэдэгдэж байхын тулд үүсгэн байгуулагдсан өдрөө жил болгон “Nisnis fest” тоглолт зохион байгуулдаг болсон. Ингэснээр бид өнгөрсөн бүхнийг сануулж, улам эрч хүч авдаг. Хамтлаг байгуулагдаад 20 жил болсон байна. Хөгшин хамтлагтаа орж байна ш дээ.(инээв)

Хамтлагийнхаа дууны ая, үгийг ихэвчлэн та зохиодог гэсэн?

-Үг зохиох үүрэг надад оногдсон. Дууны аяыг гишүүд маань өөрсдөө сууж байгаад гаргадаг. Бүгдээрээ хөгжмийн багш учраас ая дээр санаа зоволтгүй. Хоорондоо ярилцаж байгаад л биччихдэг.

Жил бүр танай тоглолтыг маш их хүн үздэг. Өмнө нь та бүхний тоглолтыг үзэх гэж таван хүн ирж байсан удаа ч бий гэсэн. Хөгжилтэй тохиолдлууд бол их биз?

-Анх 1996 оны арваннэг¬дүгээр сарын 22, 23-нд Соёлын төв өргөөнд хоёр өдөр тоглолт хийж байлаа. Их ч хүн үзсэн. Дараа нь “Варьете” чуулгын нээлтэд тоглохоор боллоо. Хөшиг нээгдэхээс өмнө “Варьете” чуулгын дарга Донид гуай орж ирээд “За хүүхдүүд ээ, дөрөв тавхан билет зарагдсан юм шиг байна, ямар ч байсан цагтаа эхэл. Урлагийн хүмүүс хүний тоог голж болдоггүй юм” гээд биднийг тайзан дээр гаргаж байсан. Тухайн үед нэг их зарлаагүй учраас хүмүүс мэдээгүй юм шиг байна лээ. Одоо бодоход манай хамтлагийн хувьд мартагдашгүй сайхан дурсамжуудын эхлэл байсан.

Таны сурагч байхдаа бичсэн олон сайхан дууг одоо ч залуус аялсаар байна. Л.БайзадагийнАнхны хайрдуунаас эхлээд. Ер нь хамтлаг байгуулаагүй бол ЭнхАмгалан уянгын дуучин болох байсан юм санагддаг?

-Би уянгын дуунд илүү элэгтэй байсан. 1995 оны аравдугаар сард модернист яруу найрагч Б.Галсансүхтэй танилцсанаар рок хөгжмийн ид шидэнд бүрэн автсан даа. Намайг рок хөгжим рүү уруу татсан хүн Б.Галсансүх. Манай хамтлагийн олон ч дууны үгийг найз минь бичсэн. Найзтайгаа учрахаас өмнө Л.Байзадагийн “Анхны хайр”, Салхи хамтлагийн “Нандин хайр”, Гурван бүдүүн хамтлагийн дуулж байгаа “Шиврээ бороо” зэрэг 30 гаруй дууг арван жилийн сурагч байхаасаа бичсэн байдаг. Зургадугаар ангиасаа хойш дуу зохиосон байна.

-“Мөрөөдөланхны дуу чинь байх аа?

-Тийм ээ. Би зургадугаар ангид байхдаа “Мөрөөдөл” дуугаа зохиож байсан. Залуу насны минь утга учир “Нисванис” хамтлагт шингэсэн учраас дандаа шинийг хийж, бүтээхийг зорьдог.

-“Нисванис үргэлжлэл бийномыг 15 жилийнхээ ойгоор гаргаж байсан. Энэ жилийн хувьд ямар онцлогтой байна?

-Хамтлагийнхаа 15 жилийн ойд зориулж өөрийн зохиосон 100 гаруй дууны үг, шүлэг, хамтлагийн түүхийг дэлгэрэнгүй өгүүлсэн ярилцлага, дурсамжийг нэгтгэсэн ном гарган “Нисванис үргэлжлэл бий…” гэж нэрлэсэн. Хүн заавал ном гаргах ёстой гэдэг утгаараа гаргасан. 20 жилийнхээ ойгоор гаргах гэсэн арай ойрхон санагдлаа. Магадгүй 30 жилийн ойгоороо номынхоо үргэлжлэлийг гаргах байх.

-“Нисванисхамтлагийн залуусын уран бүтээл он жил улирах тусам намба сууж байх шиг санагддаг?

-Шинэ уран бүтээл гаргаж буй цаг мөч бүр өөр байдаг учраас тэгж хэлж болно. Бидний 1999 онд гаргасан анхны цомог “Сургууль нураасай”, “Эмийн сан руу алхсан нь” гээд сахилгагүй, дэггүй хөвгүүдийн бодлоос төрж байсан. Хоёр дахь нь “Саарал үе”, арай тогтож буй залуус төлөөлнө. Гурав дахь нь “Нисдэг таваг”, “Улаан хэрүүлч” гээд ирэхээр нэлээд амьдралын туршлага суусны илрэл болж байгаа юм. Харин бидний сонирхдог, тоглодог хөгжимд ямар ч өөрчлөлт гараагүй. Альтернатив металл, пост гранж, панк гурван стилийг хольж тоглодог. Одоо ч энэ чиглэлээрээ л дуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Энхбаярыг элдэхдээ “хашаа”-ны хаалгаа зориуд онгорхой орхидог нь ямар учиртай вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг өмнө нь ч бас сүр дуулиантай баривчлан, цагдан хорьж, шүүхээр ял оноож байсан билээ. Түүнийг ялласан болон одоо шалгаж байгаа хэргүүдийг харахад “Иш чааваас даа” гэмээр санагддаг юм. “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн газрыг хувьдаа авсан хэмээн дуулиан тарьж байгаад баривчилж байсан. Гэтэл тэр газар нь хотын мэдэлд хэвээрээ байсан бөгөөд саяхан хотынхон дуудлага худалдаагаар өндөр үнэ хүргэн зарж байна лээ. Түүнийг бас “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьдаа авсан гэж буруутгасан. Үнэндээ тэр буудлын тал хувь нь хотын мэдэлд байгаа төдийгүй дөрөв, таван өрөө байрны шахам л асуудал байдаг.

Одоо түүнийг Хилари Клинтоны хамаатан гэгчтэй хийсэн наймаагаа буцлаа гээд шалгаж байгаа юм байх. Энэ бол тэгж сүржигнээд, АТГ шалгаад байх хэрэг биш, хувь хүн хоорондын наймаа шиг л харагдах юм. Мөн Г.Шийлэгдамбаас мөнгө авсан хэмээн гэрчийн мэдүүлгээр шалгаж байгаа гэсэн. Гэрчийн мэдүүлгээр хэрэг үүсгэнэ гэдэг бас л ээдрээтэй. Өнөө гэрч нь үнэн ч яриад байна уу, худлаа ч яриад байна уу гэдгийг хэн тогтоох юм.

Түүнд хамаатуулан шалгаж буй энэ бүх хэрэг “Хан ресурс”-т өгөх 70 сая ам.долларын дэргэд хэр том бэ. 149 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй Хөшөөтийн уурхайгаас илүү гарах уу. Улаанбаатарын газраас сөөмийг ч үлдээлгүй хуу хамаад зарчихсан газрын мафийн сүлжээний дэргэд энэ тийм том хэрэг гэж үү. Ингээд харьцуулахад даан чиг инээдтэй, жул санагдаж байгаа биз.

Удаан хугацаагаар Солонгост эмчлүүлж байгаад ирэхдээ Н.Энхбаяр “Монгол хүнийг монгол газар нутагт хажиглах ёсгүй. Би сэрүүн салхиараа амьсгалах гэж, айргаа уух гэж, монгол хүмүүстэйгээ ярьж хөөрөх гэж ирлээ” хэмээж байсан. Тэгвэл монгол хүнийг монгол нутагт нь хажиглана гээч болж байх шиг. АТГ түүнд хэрэг үүсгэн байн байн зарлан дуудна. Шадар сайдын өрөөнд байхад нь хүч түрэн орж сүрдүүлнэ. Сэтгэлзүйн байнгын дарамтад байлгахаа хүчнийхэн мартахгүй. Хэвлэлийн хурал хийх үеэрээ “ Энхбаяр хилээр гараад зугтчих юм биш үү” гэж зориудаар сэтгүүлчээр асуулгана. Хариу нь “Энхбаярын хилээр гарахыг хориглоогүй” хэмээн тов тодорхой хариулна.

Малчин хүн хашааныхаа хаалгыг онгорхой орхичихоод идэх иргээ элдээд байвал өнөөх нь хаалгаар гараад зугтаад алга болно биз дээ. Энэ тохиолдолд эзэн хаалгаа зориуд онгорхой орхиод барих дүр үзүүлж байгаа хэрэг. Түүнээс биш яг барих дээрээ тулбал юу гэж хаалгаа хаахаа мартав гэж. Яг үүн шиг “хил онгорхой” гээд байхад тэр хүн гараад явчихалгүй яахав.

Энэ бүхнээс харахад Н.Энхбаярыг Монгол Улсаас хажиглан шахаж гаргачихав уу даа. Намынхан нь даргыгаа “долоо хоноод ирнэ” гээд байгаа ч сонгууль өнгөртөл наашаа зүглэхгүй байх. Өөрийг нь сая доллар нэхсэн гэж зарлаад байгаа өнөө хэдийгээ ажилтай болгох гэж ирэхгүй л юм бол сонгуулийн наана түүний барааг харахгүй биз ээ.

О.ТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Манай тамирчид Олимп эхлэхээс арав хоногийн өмнө Рио-де-Жанейрод очно

Хэдхэн сарын дараа Бразилд 2016 оны зуны Олимп болох бөгөөд бэлтгэл ажил ид өрнөж байна. Саяхан Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын үндэсний Олимпийн хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Олимпийн бэлтгэл ажилтай танилцахаар Бразилийн нийслэл Рио-де-Жанейрод очоод иржээ. Дөрвөн жилдээ нэг удаа тохиодог томоохон тэмцээний бэлтгэл ажил хэрхэн өрнөж байгаа талаар Биеийн тамир,спортын хөгжлийн төвийн захирал, МУГД Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Та Олимпийн бэлтгэл ажлаар Рио-де-Жанейро яваад саяхан ирсэн байна. Ямар ажил амжуулав?

-Ирэх наймдугаар сард Бразилийн нийслэл Рио-де-Жанейро хотод болох Олимпийн тоглолтод манай баг тамирчид оролцоно. Бид бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаатай газар дээр нь очиж танилцаад ирлээ. Зохион байгуулах хорооны ажил ид өрнөж байгаа бөгөөд тус хорооны Ази, тэр дундаа Монголыг хариуцсан хүмүүстэй нүүр тулан уулзлаа. Бүртгэл, тээвэр болон спортын төрлүүдийг хариуцсан хүмүүстэй ярилцаж мэдээлэл авч, сонирхож байгаа асуудлуудаа хөндөж тодорхой тайлбар авлаа. Олимпийн тэмцээн дөрвөн газар болох юм байна. Түүнээс гадна Олимпийн тэмцээнүүд болох гурван газарт нь очиж үзсэн. Олимп болох алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнг үзэж сонирхсон. Тамирчдын байрлах тосгон, тэр дундаа Олимпийн паркыг ч үзлээ. Манайхны оролцох чөлөөт бөх, боксын тэмцээн болох заал нь баригдаад ерөнхийдөө дуусч байна. Мөн бусад заал танхимуудыг үзсэн. Хоёр дахь том ажил нь гэвэл Олимп болохоос арав хоногийн өмнө тамирчдаа Рио-де-Жанейрод аваачиж байрлуулахаар болсон. Нөөц тамирчидтайгаа очиж бэлтгэл хийх бааз байгуулах талаар ярилцаж хэдэн газраар очиж клубуудтэй танилцлаа. Рио-де-Жанейро хотоос 130-аад км-ийн зайтай газарт Монголын тамирчдын бэлтгэл хийх баазыг байгуулахаар Волта Редонда хотыг сонгоод бэлтгэлийн бааз, зочид буудал, зохион байгуулах компани зэрэгтэй санамж бичигт БТСХТөвийг төлөөлөн миний бие гарын үсэг зураад ирсэн. Удахгүй гэрээгээ байгуулна. Одоогоор хоорондоо мэдээллээ солилцож байгаа. Тэнд тамирчид, дасгалжуулагчид, спортын албаны хүмүүс, эрдэм шинжилгээний ажилтан, монгол тогооч нарыг хүртэл ажиллуулъя гэж байгаа. Тэнд нийтдээ 70-80 хүн байрлана. Бразилийн талын дөрвөн байгууллагатай ярилцсаны үндсэн дээр гэрээ байгууллаа. Нэг үгээр хэлэхэд бэлтгэл ажил ид явагдаж байна. Ер нь явсан ажил дажгүй бүтсэн.

-Бразил, Монгол хоёр олон цагийн зөрүүтэй. Тиймээс эртхэн очиж бэлтгэлээ хийж, цаг агаарт нь дасан зохицох нь чухал байх. Энэ талаар ямар арга хэмжээ авах гэж байна?

-Бид сая тэнд очихдоо наймдугаар сард тэндэхийн цаг агаар ямар байх, тамирчид цагийн зөрүүнд хэрхэн дасан зохицох зэргийг судалсан. Үүний үндсэн дээр Олимп эхлэхээс арав хоногийн өмнө тамирчдаа аваачих хэрэгтэй юм гэсэн дүгнэлт хийсэн. Риод-де-Жанейро хотод 2013 онд болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид нэг алт, нэг хүрэл медаль авсан. Тэд арваад хоногийн өмнө очиж бэлтгэлээ базаасан нь амжилт гаргахад ихээхэн нөлөөлсөн байх. Мөн спортын өөр төрлөөр тамирчид тэнд очиж богино болон урт хугацаанд дасан зохицохоор бэлтгэл хийж үзсэн. Ингээд нэлээд судалж үзсэний үндсэн дээр дунджаар арав хоногийн өмнө очих нь зүйтэй гэсэн дүгнэлт хийлээ. Олимпод оролцох тамирчдын эхний хэсэг долдугаар сарын 24-ний өдөр Рио-де-Жанейрод очсон байхаар тооцож байна.

-Олимпод манайхаас хэдэн тамирчин оролцох вэ. Бэлтгэл сургуулилт ямаршуу байна?

– Ер нь бол тамирчид маань Олимпийн тоглолт дуусангуут дараачийнхаа Олимпод оролцох бэлтгэлээ хийгээд эхэлдэг. Монголын тамирчид 2008 онд 28 эрх, 2012 онд 29 тамирчин эрх авч байсан. Харин энэ удаагийн 2016 оны олимпод 30-33, түүнээс дээш тамирчин эрх авна гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 13 тамирчин Олимпод оролцохоор болсон. Цаашдаа нэмж 18-21 эрх авах байх гэсэн тооцоотойгоор ажиллаж байна. Миний хувьд 2012 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд байхдаа Рио-де-Жанейрод болох Олимпод оролцох шигшээ багийг байгуулж, ажилд нь оруулж өгч байсан. Одоо Олимпийн бэлтгэлийн төгсгөл хэсэгт энэ байгууллагад ирж бүх л ар талын ажлыг хангаж өгдөг байгууллагыг тэргүүлэн ажиллаж, тамирчдынхаа бэлтгэлийг сайн хангуулахын төлөө олон байгууллага, хүмүүстэй хамтран ажиллаж байна. Олимпод оролцож амжилт үзүүлэх асуудал нь багийн ажил байдаг. Өмнөх хоёр Олимпийн мөчлөгт бид 4-5 медаль авч байсан бол энэ удаад медалийнхаа тоон амжилтыг буулгахгүй байхын төлөө байгаа. Бээжингийн Олимпоор авсан алтан медалийнхаа буухиаг үргэлжлүүлэх зорилготой байна. Ирэх долоон сарын эх хүртэл Олимпийн эрх нэмж авахын төлөө бүх ажлаа чиглүүлнэ. Долоон сарын эхээр Олон улсын Олимпийн хороо Рио-де-Жанейрод болох Олимпийн наадамд оролцох тамирчдын нэрсийг эцэслэн зарлана. Манай тамирчид маань Олимпийн эрх авахын төлөө дотоод болон гадаадад бэлтгэл сургуулилтаа хийж, Олимпийн олон эрхийн тэмцээнд орж, спортын хэрэглэл, материалаар хангах үйл ажиллагааг манай байгууллагаас тасралтгүй явуулж байна.

-Манайхаас яг хэдэн тамирчинд Олимпод оролцох нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Тэгэхээр ойролцоогоор ямар ямар төрлөөр хэчнээн тамирчин оролцох гэж байгаа нь манай уншигчдад сонин байх болов уу?

-Ойролцоогоор 30-33 тамирчин эрх авч РИО 2016 наадамд оролцоно гэж бид төлөвлөсөн. Энэ бол өмнөх Олимпоос ахисан үзүүлэлт болж байгаа. Нэг эрх гэдэг бол нэг хүн. Өмнөх Олимпоос нэг нэг эрхээр нэмэгдэж байсан бол энэ удаа нэлээн ахих төлөвтэй байна. Энэ бол спортын салбарын ажлын нэг үзүүлэлт юм. Одоогийн байдлаар чөлөөт бөхөөр есөн тамирчин эрхээ авчихсан. Цаана нь гурван эрх бий. Дөрөвдүгээр сарын сүүлээр Олимпийн эрхийн төлөөх тэмцээн Монголд болно. Энэ үеэр түүнийгээ авч чадвал чөлөөт бөхийн төрөлд 12 тамирчин оролцоно гэсэн үг. Чөлөөт бөх нь эрэгтэй, эмэгтэй гээд тус бүр зургаан жингээр олимпийн наадам явагддаг. Есөн эрх авчихсан байна гэдэг бол манай улсын баг олон эрх авсан орны тоонд зүй ёсоор орж байгаа. Боксын төрөлд 3-4 эрх авахын төлөө ажиллаж байна. Олимпийн эрхийн төлөөх боксын тэмцээн ид явагдаж байгаа болохоор эцсийн дүн хараахан гараагүй. Жүдо бөхийн тамирчид оноогоо цуглуулаад явж байгаа. Тиймээс хичнээн тамирчин эрх авсан талаар ОУОХ сүүлд зарлана. Ямар ч байсан 10-12 тамирчин эрх авах болзлыг хангах түвшинд явж байна. Буудлагаар гурван тамирчин эрхээ авсан, байт харваагаар нэг тамирчин олимпийн эрхээ авчихсан байгаа. Хөнгөн атлетикийн холын зайн марафон гүйлтийн төрөлд манай 3-4 тамирчин олимпийн нормативаа биелүүлсэн байгаа. ОУХАХ, ОУОХ-ноос нэрсийг нь зарлахыг хүлээж байна. Мөн хүндийг өргөлт, таэквондогийн төрөлд Олимпийн эрхийн тэмцээнд манай тамирчид оролцож хүч, хурдаа сорино.

-Латин Америкт тэр дундаа Бразилд зика вирус гарсан. Энэ вирусээс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Олимпийн наадам зохиох газарт зика вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ нэлээд авч байгаа болов уу гэж бодсон. Биднийг очиход Рио-де-Жанейрод өвчин гарсан гэх юм мэдэгдээгүй. Нисэх онгоцны буудалд үзлэг, танилцуулга, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм харагдаагүй. Зохион байгуулах хорооныхноос асуухад ОУОХ, ДЭМБ-аас мэдэгдэл гаргаж зика вирус нь Олимп зохиоход ямар нэгэн саад болохгүй гэж үзсэн. Тэгээд ч наймдугаар сар нь Бразилд өвлийн улирал тул 18-22 градус болж хүйтэрдэг болохоор нисэх шумуул ч байдаггүй гэсэн. Ерөнхийдөө шумуулын тос түрхэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тиймээс манай төвийн спортын анагаах ухааны албанаас Олимпод оролцох гэж байгаа болон үзэх гэж байгаа хүмүүс хандаж зика вирусийн талаар зөвлөмж, танилцуулга гаргасан байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай төвийн www.sport.gov.mn сайтаар орж үзээрэй.

Categories
мэдээ цаг-үе

Балжирын Догмид: Алтанширээгийн бага сургуулиас нохойгоо даган оргож гүйсээр гэртээ харьж байсан

Түрүүч нь ¹072,073 (5337,5338) дугаарт

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмидтой ийн хөөрөлдлөө.

-Орчин үед хүн чанараас илүү боловсрол мэдлэгээр нь л хүнийг үнэлдэг болчихсон юм биш үү?

-МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа гэж маш өндөр боловсролтой хүүхэн эртээд зурагтаар ярьж байна. Шашны сургуулиас бусад бүх сургуулийг л дүүргэсэн, намын бодлогоор төрийн өндөрлөгт бэлтгэгдсэн шахуу бэрх амьтан юм байх. Ярихыг нь сонслоо. Тэр хүүхэн эгэл бор амьдрал болоод эргэн тойрондоо монгол хүн яаж аж төрж буй талаар ямар ч мэдээлэлгүй, огтхон ч сонирхолгүй цэвэр онолын юм ярих юм. Зүгээр л зурагтаар бидэнд хичээл зааж байна. Америкт л заалгасан юмаа ярьж байх шиг байна. Би аягүй их харамссан. Тэр УИХ-д намын жагсаалтаар гарах байх л даа. Тийм хүн гарч ирээд, хэчнээн гайхалтай эрдэм номтой байлаа чиг тэрний гар ард түмний толгойд хүртэл мөн ч их удна даа. Богдын сунтагны адис бол харин ард олны тэргүүнд цонхоор ч гэсэн хүрч байсан юм шүү. Нэг их шагналын донтой эрэгтэй хүнийг хараад “Энэний энгэр дээр Эхийн алдар одон л алга” гэж байсан гэдэг шиг тэрүүнд төгсөөгүй сургууль гэж алга аа. Дөрөв, таван л сургууль төгссөн юм байх.

-Хоосон онол ярьсан хүн ч ардын бор амьдралын хөрсөн дээр бууж иртэл ч хол байх шүү?

-Өнөө үед боловсрол, мэргэжил хоёрыг холиод байх юм. Дээд сургууль төгссөн хүнийг боловсролтой хүн гэх үү. Их эмч хүн боловсролтой байгаад юу шальдаг юм. Хэдэн эмийн нэр, хэдэн өвчний онош мэдэх төдий л байдаг биз дээ. Эмч хүнд ямар боловсрол байна. Боловсрол гэдэг чинь тухайн хүний амьдралын гүнээс ухамсартайгаар түүж авсан, шинжлэх ухаанаас олж авсан, эгэл бор амьдралаас таньж мэдэрсэн мэдээллийг л хэлж байгаа шүү дээ. Тэрнээс дээд сургуулийн дипломтой бүхнийг боловсролтой гэхэд хэцүү. Манай улсын анхны дөрвөн Ерөнхий сайд ямар дээд сургууль төгссөн юм. Унаган монгол гэрийн боловсролтой төвд, жагарын төв таван ухаанд нэвтэрсэн манж, хятад, орос хэлтэй агуу амьтад байсан. Тэдний багш нь гэхэд агуу амьтад байлаа. Хорин багшийн номыг нэг хүн зааж байсан байхгүй юу. Хөргөлтийн инженер хүнийг боловсролтой гэхэд хэцүү. Би Н.Багабандийг хэлж байгаа юм биш л дээ. Хөргөлтийн инженер хөргөлтөө л мэднэ.

-Боловсролд ойрхон мэргэжил байна уу?

-Байна. Санхүү, эдийн засгийн мэргэжил гэхэд тойруу замаар яах аргагүй боловсролд ойртож, ард түмэнд ач тусаа өгдөг.

-Та ч өөрийнхөө санхүүч мэргэжлийг л жишээ татаад өөд нь татан ярьж байх шив?

-Маркс гэдэг хүний бичсэн “Нэмүү өртгийн хууль” гэхэд л социализмын үед нь ч явж байсан. Капитализмын үед нь ч явж л байх ойлголт. Энэ ойлголт хэзээ ч өөрчлөгдөхгүй, нэмүү өртгийн хуулиар л ухаантай, тэнэг аль ч нийгэм явна. Монгол Улсын боловсролын их сургууль гээд байж байгаа. Бусад сургууль нь тэгээд боловсролгүй, боловсрол олгодоггүй юм байна л даа. Бусад нь боловсрол олгодоггүй мэргэжил олгодог юм болов уу гэж бодогдохоор. Монгол хэл, уран зохиолын багш, хэлний улс бусад мэргэжлийнхнийг бодвол хорвоогийн явдлыг алган дээрээ дэнсэлсэн, арай л нэг зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Тэр талаасаа тэгж нэрлэсэн ч юм болов уу. Дунд сургуулийн түүхийн хичээлийн хөтөлбөрийн хэмжээнд ярьдаг мөртлөө төрийн шагнал авчихсан түүхийн эрдэмтэн хүн байх юм. Батсайхан гэдэг ч бил үү.

-Оохнойн Батсайхан юм болов уу?

-Тэрийг ярих болгонд л үг сонсох гээд чих тавиад зурагтаа харах юм. Миний мэддэг хэдхэн юмыг л яриад ерөөс болохгүй юм. Миний сонссон дээр нэмэх юм тэр хүнд алга. Нэмж байгаа нь болохоор Оросын хаант засгийн тагнуулч Коростовецийн хөшөөг л ДСНК-гийн тэнд босгох шив дээ. Монгол Улсад их дайсагнаж байсан тэр хүнийг л Монгол Улсын тусгаар тогтнолыг авч үлдэхэд их хувь нэмэр оруулсан, жанжин Сүхбаатараас л илүү хүн байсан ухааны юм яриад байдаг юм. Тэрний оронд Барон Унгерний хөшөөг босгочихсон бол хамаагүй дээр байсан юм. Барон Хүрээг чөлөөлж, Богд хааныг гамингийн шоронгоос сулласан ачтай хүн. Үгүй ядахнаа л МОНЦАМЭ-гийн байрны энд байсан өндөр хогийг гамингуудаар зөөлгөж цэвэрлүүлсэн гэж байгаа. Өндөр хог гэж дээшээ харсан хүний толгой эргэж, оройг нь харах гэсэн хүний малгай унамаар тийм их хог байсан гэдэг шүү дээ. Яахаараа ч тийм их хогтой байсан юм. Түүхийн ийм үнэнийг бичихгүй мөртлөө шал ондоо хүнд гавьяа тохож байдаг яачихсан ч эрдэмтэн юм. Би чинь Дорноговийн Алтанширээгийн бага сургуулийн хоёрдугаар ангиас нохойгоо дагаж оргосон хамгийн бага боловсролтой хүн шүү дээ.

-Нохойгоо дагаж оргодог нь яаж байгаа юм бэ?

-Яах юу байх вэ, сургуулиасаа л зугатаж байхгүй юу. Нохойныхоо хүзүүвчин дээрээс бариад л хөдөө гэр өөдөө өртөө шахам газар гүйхгүй юу.

-Төрийн шагналт хүн тийм ч хэмжээний байх гэж дээ гэж халаглаад байгаа юм аа даа?

-Би төрийн соёрхлыг 1993 онд авсан. Ард түмнээр бүтэн жил хэлэлцүүлж, радио телевизээр яриулж байж, гуч гаруй хүнээс явсаар явсаар байж яруу найрагч Долгорын Нямаа, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар, “Тэмээний уралдаан”-ыг зохиосон хөгжмийн зохиолч Дундговийн Цогзолын Нацагдорж, Ж.Хайрулла эмчийн багийнхан бид шалгарч арайхийж нэг юм авч байлаа. Одооны хэлээр сунгаа гэдэг юманд нь орсоор байгаад л үлдсэн хэрэг. Одоо төрийн шагналыг ямар журмаар олгож байгааг бүү мэд. Би гэхэд төрийн шагналаас гурав мултарч байж л сүүлчийнхээ дэвшүүлэлтэд л торсон хүн. Төрийн шагналд анх дэвшихдээ хийлгэсэн дээлээ өмсөөгүй. “Төрийн шагнал авахгүй бол энэ дээлийг өмсөхгүй” гэж өөртөө андгайлаад, дуудсан цагт нь өмсөх гээд далд хийчихсэн. Гурав дахь удаагаа нэр дэвшиж шагналаа авахдаа өмссөн дөө. Төрийн шагнал, одон медалийг ийм л өндөр шалгуур давж байж авдаг байсан юм. Авах ёстой хүн зөндөө байна.

-Зохиолчдоос гэхэд ямар хүн байна?

-Дамдинсүрэнгийн Урианхайгаас уруудуулаад зөндөө. Манай Урианхай ч тэгээд адасга шиг адайр зантай хүн юм. Энэ нийгэм, төртэй байтугай өөртэйгөө ч тэрсэлдэж, тэмцэлдэж явдаг хүн. Ямар сайндаа л Ганц хүний хөдөлгөөн хүртэл байгуулж байх вэ дээ. Ганц хүний хөдөлгөөн байгуулахад нь Дөнгөтийн Цоодол очоод “Чи өвдөж зовж болно, гадаадад цагаачилж болно. Ядаж хоёр хүний хөдөлгөөн болгочих” гэж нохойтсон чинь “Ганц хүний хөдөлгөөн бол ганц хүний хөдөлгөөн. Хоёр болчихвол санал хуваагдана” гээд хөдлөөгүй гэж байгаа.

-Хүн өөрийн бодолдоо үнэнч байх ч маш чухал чанар шүү?

-Дээхнэ үед үзэл суртал гэж ярьдаг байсан. Үзэл суртал ер нь хэнд ч хэрэгтэй. Үзэл сурталгүй бол чи бид хоёр зангиа зүүгээд яах юм бэ. Энгэрээ задгайлаад танхай маягаар явж бай л даа. Үсээ засуулахаа больчихоод сэгсийгээд явж байя л даа. Үзэл суртал гэдэг чинь юмыг байранд нь байлгахыг л хэлж байгаа юм. Хурал хийсэн ч сайхан ширээ сандал засчихвал ямар сайхан харагдах вэ. Одоо болохоор индрийг аваад хаячихаж байгаа юм. Тэрнээс болоод үзэл суртал байхгүй болно гэж байхгүй шүү дээ. Модон индэр л нэг их хүнд суртал, хуучин нийгмийн төлөөлөл болох юм гэнэ. Зүгээр л хүн ярих зориулалттай эд шүү дээ.

-Монгол Улс Оюу, Таван толгойгоороо баяжна гээд нэг хэсэг шуугдаг байсан. Одоо нэг л нам гүм болоод, хөөрөл нь намжиж. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Би нэг муу сампингийн нягтлан ухаантай. Миний тухай Сүхбаатар гэдэг шүлэг бичдэг зураач нөхөрсөг шог тавьсан байсан.

“Төгссөн сургууль байхгүй мөртлөө

Төрийн шагнал авсан

Сампингийн нягтлан хэрнээ

Сангийн сайдын зөвлөх байсан” гэж бичсэн байна лээ. Тэр үнэн. 2008 онд Сангийн сайд Ч.Улааны хэвлэл мэдээллийг нь хариуцаж байсан. Зөвлөхдөө ч зөвлөнө. Улс орны төлөө санаа зовниж л явлаа. Анх Оюу толгой, Таван толгойн гэрээг төрийн гурван сайд яаж сүр бадруулж байлаа. Хорин мянган хувьсагчтай, ертөнцөд байхгүй гэрээ гээд С.Баярцогт сайд хөөрөөд л, зээлж авсан мөнгөнийхөө тоог гаргаад л “Монголчуудад энэ бол нар мэт гэрээ. Энэ гэрээний буянаар монголчууд гар ганзаганд хөл хөсөр жинхэнэ жаргана. Үзээгүйгээ үзэж үхэр цамаа харайна. Хэдэн үеэрээ жаргана” гээд байсан. Одоо юу ч байхгүй. Одоо Оюу толгойн талаар арван таван жил тийшээ горьдлын нүдээр харах хэрэг байхгүй. Би үүнийг эдийн засагчийн мэдлэгээрээ биш уран бүтээлчийн тэмтрүүлээрээ мэдэрч, харж байна. Монголын энэ их өрийг юугаар дарах юм. Газар нутгаа л өгнө шүү дээ. Өмнөговийг хар л даа. Монголын газрын зураг дээр Өмнөговь байж байгаа боловч яг нарийндаа гадны нутаг болчихсон шүү дээ.

-Үгүй байлгүй дээ?

-Монголын талын хөрөнгө оруулалт тэнд алга. Гадныхан тэрийг чинь аль хэдийнэ авчихсан, Лондонгийн бирж дээр барьцаанд тавьчихсан явж байна шүү дээ. Өмнөговийн Ханбогдод тэр жил явж байхад модон торхтой тэмээ хөтөлчихсөн нэг өвгөн таарсан. Зам асуух гээд давхиад очлоо. Тэмээнд ачаатай усны торхныхоо дээр ямаа шиг юм тэгнэчихсэн харагдахгүй юу. “Та юун ямаа тэгнээ вэ” гэсэн чинь “Ямаа биш ээ, манай нохой” гэлээ. “Яасан нохой юм” гэлээ. “Ус авах гээд явсан чинь манай муу хөгшин банхар дагаад. Дагуулаад явж байсан чинь гай болоод бутны доороос туулай босоод. Энэ муу чадлаа мэдэхгүй хойноос нь давхиад гүвээ давлаа. Гүвээн дээр гараад ирсэн чинь бахардаад ухаан алдаад хэвтэж байхгүй юу” гэж байна. “Яагаад нохой чинь бахардаа вэ” гэсэн чинь “Яахав, энэ замын шороонд астам тусаад хуцаж ч чадахгүй болсон юм. Одоо тэгээд арай чинээ массаж хийж ам хамрыг нь үлээх шахан байж амьсгааг бөглүүлчихэлгүй шиг торхон дээрээ ачаад явж байна” гэж байгаа юм. Үдэш боссон шороо өглөө болтол газар буудаггүй. Ямар аюултай гээч.

-Засмал зам тавьсан санагдаад байх юм?

-Зам тавиад арай дээрдсэн. Монголын газар нутгийн далан хувь нь халцраад цөлжиж байна гээд яриад байгаа. Аргагүй шүү дээ, газрын хэвлийг нь өрлөсөн хонь шиг дэлгээд яраад хаячихаар чинь тэнд байгаа ус ууршаад алга болохгүй яадаг юм. Ингээд л Монгол орны байгаль сөнөж сүйрч байгаа юм. Орхоноос Таван толгой руу ус урсгаж нүүрс угаана гэсэн хаа байна. Хэрлэнгээс урагш нь суваг татна гэсэн хаа байна. Хаа ч байхгүй. Дорноговьд Аж үйлдвэрийн парк байгуулна гээд байсан. Одоо юу болов гэсэн чинь баахан мөнгө идсэн улс түрүүчээсээ шоронд явж байна. Дорноговьд боловсруулах үйлдвэр байгуулна гээд гадаад, дотоодын баахан хүн төсвийн мөнгө идээд хөрсний шинжилгээ хийгээд байна л гэсэн. Одоо хар. “Хөрс нь цэвдэгтэй юм байна” гээд сууж байгаа юм.

-Та унаган хүүгийн хувьд төрсөн нутаг Дорноговио харин ч нэг сайн мэдэх байлгүй дээ?

-Дорноговьд хэзээ ч цэвдэг байхгүй. Тэр хонхор чинь тэр чигээрээ газар доор зуу гаруй жил нүүрс нь шатаж байгаа, өвөл цас тогтдоггүй зэрэглээтээд байж байдаг. Зээр гөрөөс дулааныг нь бараадаад ирдэг газар үхсэн үлийнийх нь цэвдэг байх вэ дээ. Одоо ахиад мөнгө идэхийн тулд хааш хаашаа гучин километр газарт хайгуул хийхээр боллоо гэнэ. Ингэж л улсын мөнгийг иддэг байхгүй юу. Нөгөө таван том үйлдвэр хаа байна. Утаатай ч гэсэн Улаанбаатар маань хөгжиж байна. Монголын хүн амын тал нь амьдарч байгаа Алтан тэвшийн хөндийг Эрдэнийн Бат-Үүл хөгжүүлж л байна.

-Бат-Үүл гуайг “Юу ч хийсэнгүй” гээд хүн амьтан их л муулах юм байна шүү дээ?

-Өөрсдөө юм хийдэггүй хүн л өрөөлийг шүүмжилж байдаг. Далай лам хүртэл дайсантай байхад Бат-Үүлд дайсан байлгүй яах вэ. Дандарын хорооны комиссар байсан, сая улсын баатар болсон Шагдарсүрэн “Монгол тулгатны зуун эрхэм”-д орохдоо “Дандар архичин, тамхичин байсан. Сагсуу хөөрүү амьтан. Монголын морин цэрэг атаканд ороод япон цэргийн толгойг цавчиж байсан гэдэг үлгэр” гээд ярьж байна. Дандарыг Жуков яаж үнэлж байлаа. “Гайхамшигтай, жинхэнэ дайны баатар” л гэж байсан. Арван мянган хүнтэй Баргын шигшээ морин хороо сэлэм гялалзуулаад орж ирэхэд манай монгол цэрэг л байлдсан шүү дээ. Хамт явсан, дэргэд нь давхиж явсан дивизийн комиссар хүн амьд үлдчихээд сайн хүн гэхээ байг гэхэд муу хүн гэж муулаад байж болохгүй биз дээ.

-Амьдын зол, үхсэний хохь гэдэг шиг нээрээ л хүн чанаргүй муухай үйлдэл юм даа?

-Монголчууд ийм л “үхэж байсан” зантай учраас хөгжихгүй байгаа юм. Тэрнээс биш монголчууд ямар гайхамшигтай авьяас чадвартай билээ. Бөхчүүд, тамирчид, дуучид, хөгжимчид, циркчид, нугараачид дэлхийд үнэн гайхуулж чадаж байна. Гуравхан сая хүнийг гурван зуун мянга нь л тэжээдэг гэж байгаа. Бусад нь хүүхэд, хөгшид, ажлын чадваргүй хүмүүс. Галт тэргээр бол хөдөлгүүр, хөгжлийн түлхүүр болсон ийм цөөхөн хүн айл бүрт чи бид хоёр шиг л ганц ганц байдаг байхгүй юу. Бусад нь хойноос нь чирэгддэг. Өнөөдөр авгай хүүхнүүдтэй хоолны хэрүүл хийдэг мөртлөө сүрхий улстөрждөг улс олон байна. Ийм л улсаас хэн ч байсан холхон л байх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Ядахдаа өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалддагсан

Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын ааш зан сүүлийн үед их эвдэрсэн харагдаж байна. Дэвжээн дээр гарч ирж шүдээ хавираад л, шагналынхаа мөнгийг шүүрч авснаа туслах руугаа шидэж ч байх шиг. Хару башёгийн сүүлийн өдөр яав. Түрүү бөхийн шагнал авахдаа уйлж унжсан. Уг нь ч нулимстайгаа хутгалдахаар сүртэй зүйл болоогүй л дээ. Телевизэд ярилцлага өгөх үеэр нь нэгэн үзэгч “Хакухо чи аварга хүн байж зайлж давахаасаа ичихгүй байна уу” гээд хашхирчихсан юм. Энэ үг аваргын чихэнд очоод юу юугүй өмөлзтөл уйлуулчихсан хэрэг. Сумогийн ертөнцөд аварга хүн зайлж давах ёсгүй гэх дүрэм байхгүй л дээ. Гэхдээ өрсөлдөгчдөө боломж олгон мэх хийн давахыг аварга хүнээс шаарддаг юм. Үүнийг нь буруушаан орилсон үзэгчийн үг Хакухог япон түмний өмнө уйлж улцганууллаа. Энэ мэтээр их аваргын зан ааш ер нь л өөр болоод байна. Үүнийг нь Японы хэвлэлүүд анзаараад шүүмжлэх янзтай болоод явчихлаа. Угтаа их аварга хүн ингэж болохгүй ээ. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр гэж монгол үг байдгийг санах хэрэгтэй. Асар их утга агуулсан ардынхаа үгийг сана. Үгүй ядаж л япон эрчүүд шиг бай л даа. Бидний сайн мэдэх Кайо, Таканохана, Чиёонофүжи аварга шиг янз бүрийн ааш гаргалгүй түвшин сайхан бай. Тэднийг япончууд элдвээр хэлж байгаагүй гэвэл тэрэн шиг худал зүйлгүй болно. Гэвч тэд бөх хүний тэвчээр гарган дотоод сэтгэлээ ил гаргаад байдаггүй. Ер нь хэн ч, хаана ч, яаж ч явсан усыг нь уувал ёсыг нь дагадаг. Яг одоо Японы нийгмийн дарамт эхлээ ч үгүй байгаа шүү дээ. Хакухогийн хувьд өөрийг нь япон хүн бил үү, монгол бил үү гэж эргэлзтэл нь ёс заншлыг нь дагаж байх ёстой. Япончууд Хакухог япон эхнэр авахад нь бэлгэшээн баярлаж иргэнээ болгоно гээд л байсан. Яахав тэндхийн иргэн болчих л доо. Тэглээ гээд япон хүн болчихгүй, монгол хүн хэвээрээ л байна.

Хакуход сумогийн ертөнцөд ойрын таван жилдээ босоо байх боломжтой сайхан ирээдүй бий. Харин энэ хэдэн жилийн дотор сумод байж болох бүх дээд амжилтыг нь тогтоо. Хэрэв Японы хэвлэлүүд жинхэнэ утгаараа дарамталж эхэлбэл түүнийг дагаад Монголд ч гэсэн хэвлэлийн хийрхэл эхэлнэ. “Тал нутагтаа ир”, “Өмхий япончуудад ингэж дээрэлхүүлээд байхдаа яадаг юм”, “Монгол чинь хүлээж байна” гээд л хийрхэцгээнэ. Асашёорюү Д.Дагвадоржийг яасныг мэдэж байгаа биз дээ. Эх орондоо хүрээд ир, хүрээд ир л гээд байсан. Энэ бол ерөөсөө л хийрхэл, хоосон шүлс юм. Магадгүй хоолноос нь салгах гэсэн оролдлого ч байж мэднэ. Нэг монгол хоолтой байж гэмээнэ түүнийх нь нөлөөн дор хэчнээн олон монголчууд сайхан амьдарч байгаа билээ дээ. Хакухо Японд байснаараа хоёр улсын найрамдлыг баталгаажуулж буй. Харилцааны бас нэгэн гүүр болж байгаа. Тиймээс япон зон олны хүндлэлийг хүлээсэн хэвээрээ байж Монгол, Японы ард түмнийг ойртуулах, найрамдлыг нь улам бүр баталгаажуулах хэрэгтэй. Идэж байгаа хоолоо зүхэх нь дэлхийд байхгүй тэнэг зан. Өөрийнхөө идэж байгаа хоол руу нулимдаг хүн байдаггүй. Энэ монголчууд биднээс л гарах зан шүү.

Categories
мэдээ цаг-үе

Нобелийн шагналт Амано Хироши: Усыг цэвэршүүлэхэд хөх өнгийн лед гэрлийг ашиглана

“Нагояа их сургуулийн Амано байна” гэж өөрийгөө даруухан танилцуулах эрхэм 2014 онд физикийн салбараас Нобелийн шагнал хүртсэн Амано Хироши доктор юм. Тэрбээр “Туушин” зочид буудалд “Лед гэрлээр дэлхийг гэрэлтүүлэх нь” сэдвээр лекц уншлаа. Амано доктор нөхдийн хамт цэнхэр лед гэрэл зохион бүтээснээр бидний хэрэглээ болсон гар утас, таблетууд, болон хавтгай дэлгэц, гэрлийн лампууд өнөөдрийн түвшинд хүрсэн билээ.

Амано гуай лекцийнхээ эхэнд оршил хийхдээ “Монголын түүхийн талаар тодорхой хэмжээгээр мэддэг” гэлээ. Сүүлийн үед Монгол Улс хэрхэн яаж хөгжиж байгаа талаар сонирхож амжжээ. Ингэхдээ тэр “Монгол Улс залуу улс” гэдгийг ойлгосон гэнэ. Япон улс 120 сая хүн амтай бол Монгол Улс гурван сая хүнтэй. Японыг хүний насаар тодорхойлбол 45-тай гэж болох бол Монгол Улс 25 настай гэж эрдэмтэн хэлэв. Монгол Улс цаашид улам хөгжих нь гарцаагүй юм. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр Монгол 4000 доллар буюу Японоос арав дахин бага байгаа. Харин Япон улсынх 38 000 доллар орчим ажээ. “Та бүхэн ирээдүйдээ арав дахин баяжих болно” хэмээн Амано доктор сайн амлав.

Нобелийн шагналт эрхэм лекцийн танхимын үүдэн хэсэгт суудалгүй зогссон оюутан залууст хэдэнтээ хандсан. Энэ өдрийн лекцээ залууст зориулж буйгаа ч онцолж байв. Агаарын бохирдол, замын түгжрэл, зуд гэх мэт асуудал Монголд байгааг тэр анзаарчээ. “Эрдэмтэн хүн асуудлыг шийдэхийг эрмэлздэг” гэж тэр онцлоод “Монголын залуучууд та бүхэнтэй хамтарч тулгарсан асуудлыг шийдэхийг хүсч байна” гэлээ. Шийдлийн нэг жишээ болгоод, хөх өнгийн лед гэрэл хэрхэн зохион бүтээсэн талаар та бүхэнд тайлбарлая гэсэн юм. Лекцийн нарийн ширийн рүү орохоосоо өмнө бас Нобелийн шагнал хүртэх үеийн дурсамж, мэдрэмжээ дэлгэц дээрх гэрэл зургийнхаа тусламжтайгаар наргиантайхан хуваалцсан. Түүний лекцэнд дурдагдсан мэргэжлийн нарийн тайлбаруудыг эс өгүүлэн, товчлон хүргэж байна. Лекц цаг гучин минут үргэлжилсэн билээ.

-Уржнан жил би Нобелийн шагнал авсан. Шагнал авсандаа итгэж өгөхгүй байлаа. Нобелийн шагнал авсан долоо хоногт юу болсон талаар хуучилъя. Шагнал авснаа онгоцоор нисч байхдаа мэдсэн. Франкфуртын нисэх буудалд онгоц хүлээнгээ мэйлээ шалгахад “Баяр хүргэе” гэсэн олон мэйл ирчихэж. Баяр хүргэсэн шалтгаан нь байгаагүй учраас “Спам мэйл байна” гэж бодов. Дараагийн сэлгэн суусан “Lyon” онгоцны буудалд сурвалжлагч нар олноор ирсэн байсан тул Нобелийн шагнал авах болсноо мэдсэн юм. Тэр үед Нагояагийн их сургуульд хэвлэлийн бага хурал болжээ. Их сургуульдаа хаашаа явж байгаагаа мэдэгдэх учиртай. Тухайн үед хэт яарснаасаа болоод хаашаа явахаа хэлэхээ мартчихаж. Тэгээд Нобелийн шагналтан нь эзгүй үед хэвлэлийн хурал болжээ. Уулзалтуудаа цуцлаад, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өглөө. Баасан гарагт Япондоо буцсан. Бямба гарагт шавийнхаа хуримд очихоор төлөвлөсөн байсан тул оролцлоо. Энэ өдрийг хүртэл Нобелийн шагналын сангийнхантай холбоо тогтоож амжаагүй. Мэйлээ шалгатал Нобелийн шагналын сангаас “Маш олон удаа тан руу мэйл болон утсаар хандсан ч хариу өгсөнгүй. Энэ маягаар долоо хоног өнгөрвөл шагналыг цуцлах магадлалтай гэсэн мэйл ирсэн байв. Санаа зовоод утсаар ярих гэтэл холбогдож чадаагүй тул “Яах вэ” гэж сандарсан. Яавал дээр вэ гэдгээ удалгүй ойлголоо. Бүтэн сайн өдөр байсан юм чинь аргагүй шүү дээ. Дараагийн өдөр нь ахин утасдлаа. Дахиад холбогдохгүй болохоор нь сандарч эхлэв. Гэтэл Швед, Япон цагийн зөрүүтэйг саналаа. Орой нь тэдэнтэй холбогдож санаа амарсан. Шагналаа нэг өдөр очоод л авчихдаг юм байх гэж төсөөлж байсан ч Нобелийн шагналын долоо хоног гэж байдгийг мэдсэн юм. Долоо хоногийн турш маш олон үйл ажиллагаанд оролцдог юм байна лээ. Эхнийх нь Нобелийн музей үзэж, ямар нэгэн дурсгал үлдээх байдаг. Хамтарсан хэвлэлийн хурал хийж, Японы хэвлэлд ярилцлага өглөө. Эхний хоёр өдөр ийм ажилтай өнгөрөв. Гурав дахь өдрийн өглөө 1300 хүнд сайхан илтгэл тавьж чадсан. Өдөр нь Японы ЭСЯ хүлээн авалт хийв. Сэтгэл хөдлөөд оргилуун дарс, пиво нэлээд уучихсан. Үдээс хойш Нобелийн шагналтанд зориулсан концерт тоглодог юм байна. Маш сайхан тоглолт болсон гэж би дуулсан. Өглөө илтгэл тавиад, өдөр нь нэлээд уусны дараа ямар байхыг та бүхэн төсөөлж байгаа гэж найдъя. Тоглолтын үеэр маш сайхан амраад, унтчихсан тул охиндоо загнуулсан. Дараагийн өдөр нь ахлах сургуультай танилцах болов. Эхэндээ сурагчидтай ярилцаад, тайван байтал гэнэт “Англи хэлээр лекц унш” гэхээр нь ямар ч бэлтгэлгүй байсан болохоор их сандарч, хөлс гоожсон. Дараагийн удаа хурдны галт тэргээр зорчиход 16 вагон бүгд надад зориулж, хүнгүй явсныг яана. Маргааш нь Нобелийн шагналаа авах байлаа. Шагнал гардуулах ажиллагаа ёслол төгөлдөр өрнөдөг учраас урьдчилан сургуулилт хийдэг юм байна. Гэсэн ч ёслол дөхөх тусам сандарч эхэллээ. Бүгд ёслолын хувцас өмссөн байв. Ойролцоох байшингийн хананд Нобелийн шагналын тухай мэдээлэл тавигдаж, замуудыг хаажээ. Маш ёслол төгөлдөр байсан учраас өглөө хийсэн бүхнээ мартаад сандарч эхэлсэн. Шведийн эзэн хаан, Шинжлэх ухааны академийн хүлээн авалт үдэшлэгт оролцсон. Энд ч 1300 хүн цугласан байв. Голын ширээнд Шведийн эзэн хааны гэр бүл, зочид төлөөлөгчид сууцгаасан юм. Шведийн эзэн хааны ойролцоо суугаад өдөр тутам хийдэг ажлынхаа тухай сонирхуулсан. Орой нь Алтан танхимд бүжигт оролцлоо. Япончууд маш ичимтхий. Бүжиглэж чаддаггүй хүн олон байдаг. Накамура сан бид хоёр бүжиглэж чадахгүй, бусдын бүжиглэж байгааг харж зогслоо. Шөнийн нэг цагт дуусах болов уу гэтэл Оюутны зөвлөлийн үдэшлэг үргэлжилж, өглөө дөрвөн цаг хүргэсэн. Дараа өдөр нь шагналын диплом бичгээ гардан авав. ВВC телевизэд ярилцлага өглөө. Орой нь Шведийн эзэн хааны ордонд уригдаж, Виктория гүнжийн дэргэд суув. Харьцангуй тайвширч чөлөөтэй ярилцсан. Ингээд лед гэрлийнхээ тухай ярианд оръё.

Гэрэлтүүлэг бол дөрвөн үеийг дамжсан. Лед гэрэл дөрөвдүгээр үед багтана. Нэгдүгээр үе нь гал. Энэ бол химийн урвалыг ашигласан гэрэлтүүлэг гэж болно. Хоёрдугаар үед улайсдаг гэрэл орно. Гуравдугаар үе нь өдрийн гэрэл. Өдрийн гэрэл бол энергийн түвшинг ашигласан квант механизмын онол оролцсон эд. Нэг дутагдал нь шилэн хоолой, мөнгөн усны хийг ашиглах шаардлагатай. Байгальд хөнөөлгүй, мөнгөн усны хий биш хатуу биетээс шууд гэрэлтдэг дөрөвдүгээр үеийн лед гэрэл нь давуу тал ихтэй юм. Энд лед гэрлийн хөгжлийг илэрхийлсэн график байна. Хамгийн түрүүнд бүтээгдэхүүн болгон гаргаж авсан нь улаан өнгийн лед гэрэл байдаг. 1962 онд эрдэмтэд улаан, 1974 онд ногоон өнгийн лед гэрэл гаргаж чадсан. Харин 1970 он хүртэл хөх лед гэрлийг хэн ч хийж чадалгүй орхигдсон байлаа. Оюутан байхдаа төгсөлтийн дипломын ажил бичихээр энэ судалгааны сэдэв рүү орсон. Яагаад хөх өнгийн гэрлийн судалгаа руу орсноо тайлбарлахаар бага насны түүх рүүгээ оръё. Багадаа би бие муутай хүүхэд байв. Маш их өвдөж, хичээлээс чөлөө авдаг байлаа. Тухайн үед эмээ маань өдөр шөнөгүй асарч халамжилж билээ. Эмээгийнхээ ачаар ямар ч байсан бага сургуулиа төгсч чадсан юм. Эмээдээ талархаж, ачийг нь хариулна даа гэж боддог байлаа. Харамсалтай нь дунд сургуульд байхад эмээ маань нас барсан юм. Хүн арддаа тус хүргэх юмсан гэдэг бодол эмээгийн түүхтэй холбоотой. Ахлах сургуульд бие сайжирч, спортоор хичээллэх түвшинд хүрсэн. Японд дунд сургуулиас ахлах сургуульд ороход шалгалт өгдөг. Шалгалтын бодлогууд маш хэцүү байв. Яагаад ахлах сургуульд орох гэж ингэтлээ хичээх ёстойгоо ойлгохгүй байлаа. Ахлах сургуульд ороход маш сайхан учрал тохиосон. Математикийн багш маань математик ямар сонирхолтой болох, логикоор сэтгэх чухал болохыг уйгагүй зааж өгсөн юм. Бас л яагаад ингэж их хичээл хийх ёстойг ойлгоогүй л байлаа. Их сургуульд ороод хичээл хийх ямар шаардлагатайг ухаарсан гэж болно. Инженер гэдэг шинжлэх ухаан хүнийг хооронд нь холбодог ухаан гэж их сургуульд зааж өгсөн. Хичээлийг хүний төлөө хийх ёстой юм гэдгийг ингэж ухаарч билээ. Энэ бүхний дараа хичээл хийх дуртай болсон. Дөрөвдүгээр курст орохын өмнө дипломын ажлын сэдвийг сонгох ёстой. Олон сэдэв дундаас галийн нитридэд суурилсан хөх өнгийн лед гэрэл гэдгийг сонгосон юм. Тухайн үед Билл Гейтс “Майкрософт” компаниа байгуулж, “Apple”-ийг Стив Жобс эхлүүлж байсан цаг үе. Тэр үед компьютерийг хувь хүний түвшинд хэрэглэх боломж бий болсон. Компьютерийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч байлаа, би. Тэр үеийн компьютерийн дэлгэц бараан, зуйван байсан. Цахилгаан эрчим хүч ихээр хэрэглэдэг, нүсэр эд байв. Хэрэв хөх өнгийн лед гэрэл хийж чадвал аль хэдийнэ нээгдсэн улаан, ногоон лед гэрлийг нэмээд гурван өнгө нийлснээр бүх өнгийг гарган нимгэн дэлгэцийг хийх боломжтой л гэж төсөөлж байсан. Тийм учраас ийм сэдэв сонгосон хэрэг. Миний төрсөн нутгийн Kenjiro Ta­kayanagi гэж профессор телевизийн дамжуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн хүн. Маш алдартай багш байв. Миний сонгосон ажил амжилтад хүрвэл энэ багшийг давах юм байна гэж бодсон. Иймэрхүү бодолтойгоор хөх өнгийн лед гэрлийг бүтээхээр ажиллаж байв. Миний багш Акасаки өмнө нь хөх өнгийн гэрлийн туршилт хийж байсан. Ажиллаж байсан компани нь үүнээс цааш хөх гэрлийн туршилт хийхгүй гэсэн болохоор Нагояагийн их сургуульд үргэлжлүүлэн судалгаа хийхээр ирсэн юм. Багш хуучин аргыг хэрэглэлгүйгээр шинэ аргаар ажиллах бодолтой байлаа. Оюутан бидний хувьд шинэ аргын тухай мэдэхгүй байсан. Багш ч оюутнууд ч шинэ аргын тухай мэдэхгүй болохоор чөлөөтэй туршилт судалгаа хийж байлаа. Туршилтыг хийх багажийг худалдаж авбал барагцаагаар зуун сая иен шаардлагатай. Тухайн үед Акасаки багшийн лабораторийн жилийн төсөв гурван сая иен байсан юм. Тийм учраас оюутнууд бид шаардлагатай багажаа өөрсдөө зохион бүтээхээр шийдсэн. Халаахын тулд ороомог шаардлагатай байдаг. Ороомог үнэтэй учраас бид өөрсдөө зэс утас олж ороож байлаа. Ийм байдлаар бүгдийг гараар хийсэн тоног төхөөрөмж маань зураг дээр харагдаж байна. Дэлхийд хаана ч байхгүй ганцхан багаж. Энэ төхөөрөмжөөр мянга гаруй туршилт хийсэн. Дэлхийд нэртэй эрдэмтэд 1970-аад онд зэрэг зэрэг ажиллаад амжилтад хүрч чадаагүй талстыг ургуулах ажлыг туршлагагүй оюутнууд амархан хийчих боломжгүй. Магистрын сүүлийн жил Саваки багшийн семинар дээрээ ярьж байсан тайлбаруудыг эргэж санангаа туршилтдаа зөвлөмжийг нь тусгаж ажилласны дүнд тухайн үед дэлхийд хаана ч байгаагүй цэвэрхэн талстыг ургуулж чадсан юм. Үүний дараагийн алхмаа хийхэд Японы Шинжлэх ухаан технологийн сангийн Akio Shida гуай бидний ололт амжилтыг олж харж, судалгааны ажлын мөнгийг тусгаж өгснөөр ажил сайн явсан. Шинэ төрлийн талст ургуулах төхөөрөмжийг энэ мөнгөөр авч чадсан. Тухайн үед Shida гуай их сургуулийг хувийн компаниудтай хамтарч ажиллахыг дэмжиж байлаа. Зөвхөн их сургууль хийж байсан бол энэ ажил ийм өргөн хүрээнд дэлгэрэхгүй байсан болов уу. Докторын ажлын эхний гурван жилд амжилтад хүрч чадаагүй. Японы боловсролын системд туслах багшаар ажиллахын тулд докторын зэрэг хамгаалах шаардлагатай байдаг. Тухайн үед доктор болж чадаагүй ч Акасаки багш туслах багшаар авч байлаа. Ажиллангаа судалгаагаа үргэлжлүүлэх боломжтой болсон. Туслах багш болчихоод сурах бичиг, ном уншиж байгаад ногоон өнгийн лед гэрлийн асуудалтай таарсан. Өнөөг хүртэл хагас дамжуулагчийг бүтээхэд цайрыг ашиглаж ирсэн. Гэтэл магни байж болох юм гэдгийг эндээс мэдсэн л дээ. Тэгээд өмнө нь юун дээр алдаж байснаа ухаарлаа. 29 настайдаа пи төрлийн хагас дамжуулагчийг бүтээх ажил амжилттай болсон юм. Оюутан байхдаа зурагтын дэлгэцийг бүтээхээр мөрөөдөж байсан. 1996 онд Ничиа компани маш сонирхолтой үзэгдлийг олж гаргасан юм. Энгийн хөх өнгийн лед гэрэл байна. Цагаан өнгийн лед гэрэл улаан хөх, ногоон гурван өнгийг нийлүүлж гардаг гэж ихэнх хүмүүс бодож байгаа байх аа. Тэгэхээр гадуур зарагдаж байгаа цагаан лед гэрэл ихэвчлэн шар өнгийн ялтасны цаанаас хөх өнгийн лед гэрэл тусгаснаар цагаан өнгө гэрэлтдэг хэлбэрийг өргөн ашигладаг юм. Ногоон, улаан лед гэрэл ашиглан цагаан өнгө гаргах боломжгүй. Цэнхэр өнгийн лед гэрлээр зөвхөн цагаан өнгө үүсгэх боломжтой. Хэрэв гурван гэрэл гурвуулаа шаардлагатай бол маш их эрчим хүч зарцуулагдана. Лед гэрэл ганц бол үүсгүүр нь ганц байхад хангалттай. Маш хямд өртгөөр цагаан гэрэл буюу гэрэлтүүлэг бий болгох боломж ингэж үүссэн юм. Цахилгаанаас гэрэл үүсгэж байгаа ашигт үйлийн коэфициент нь улайсдаг чийдэнгээс арав дахин, өдрийн гэрлээс хоёр дахин бага юм. Эрчим хүч хэмнэж байгаа жишээг Японы жишээн дээр харуулъя. 1990-2011 он хүртэл Японы нийт эрчим хүчний гуравны нэгийг атомын цахилгаан станц гаргаж байлаа. 2011 оны ослоос хойш бүх атомын цахилгаан станц зогссон. Атомын цахилгаан станцын оронд дулааны цахилгаан станц, газрын тос ашигласнаар нүүрсхүчлийн хийн ялгаруулалт нэмэгдсэн юм. Нүүрсхүчлийн хийн ялгаралтыг багасгахын тулд атомын цахилгаан станцыг эрх баригчид сэргээхийг хүсч байгаа. Зарим атомын цахилгаан станц ажиллаж эхэлсэн боловч орон нутгийн шүүхийн шийдвэрээс болоод түр зогссон. Нүүрсхүчлийн хий буурч, гаднаас авах газрын тос багасах ч аюулгүй байдал асуудалтай учраас эрдэмтэн бидний дэвшүүлэх санал эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн яаж хийх вэ. АНУ-ын Эрчим хүчний яамнаас гаргасан мэдээгээр 2030 он гэхэд тус улс дахь нийт гэрэлтүүлгийн дөрөвний гурав нь лед гэрэл байх болно гэж таамаглаж байна. Ингэж чадвал АНУ дахь эрчим хүчийг долоон хувь хэмнэж чадна гэсэн тооцоо бий. Япон улсад харин 2020 он гэхэд лед гэрэл илүү дэлгэрнэ. Үүний үр дүнд эрчим хүчний хэмнэлт адилхан долоон хувь байх болно. Жилд нэг тэрбум иений хэмнэлт гарах юм. Л.Гантөмөр сайд Нагояа их сургуульд айлчлахдаа “Та бол Монголын залуус, малчин ард түмэнд гэрэл түгээж өгсөн” гэж надад хэлсэн юм. Сайдын тэр үгийг сонсоод, би догдлон баярласан. Сүүлийн үед лед гэрлийн ямар судалгаа явуулж байгаа тухай ярья. Лед гэрлийг Нагояагийн их сургууль дээр харилцаа холбооны чиглэлээр ашиглахаар ажиллаж байна. Японд ихэнх замын хөдөлгөөний гэрлэн дохио лед болсон. Яваандаа лед гэрлэн замын гэрэлтүүлгийг харилцаа холбооны чиглэлээр ашиглах боломжтой. Маш олон лед гэрэл ашигладаг учраас өндөр багтаамжтай харилцааг үүсгэх ирээдүйтэй. 4K түвшний орчин үеийн телевизийн өндөр нягтаршилтай 1,5 цагийн видео файлыг хэдхэн хоромд татах боломж бий.

Та бүхэн бүгдээрээ Wi fi хэрэглэдэг. Энэ маань өөрөө гэрэл учраас яваандаа Li fi гэж цаашдаа дэлгэрэх байх аа. Өөр нэг сонирхолтой жишээг та бүхэнд танилцуулъя. Хүнсний ногоо ургахад шаардлагатай гэрэл бол улаан, ногоон байдаг. Улаан, ногоон өнгийн лед гэрлийг ашиглаад, нарны тусгал муутай газар ч хүнсний ногоо тариалах боломжтой байдаг. Японд орчин үеийн электрон төхөөрөмж хийдэг компаниуд одоо бол хүнсний ногоо тарьж ургуулж ашиг олж байна. Дараагийн жишээ усны асуудал. Цэвэр ус хэрэглэж чадахгүй хүмүүс өнөө хэр олон байна. Олон хүн ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд амьдарч чаддаггүй. Усыг цэвэршүүлэхэд хөх өнгийн лед гэрлийг ашиглаж, хэт ягаан туяаны цэвэршүүлэх төхөөрөмжийг бий болгохоор ажиллаж байна. 1997 оноос эхэлсэн энэ ажил маш их хугацаа шаардлаа. Одоо бид усанд байгаа вирусийг устгах боломжтой болсон. Ахуйн хэрэглээний усны шугаман дээр цэвэрлэх төхөөрөмжийг шууд угсрах юм хэмээн тэр ярив.

Дараа нь Амано гуай сонсогчдын асуултад хариуллаа. “Лед гэрэл цахилгааны хэмнэлттэй учраас айл өрхүүд ч ихээр хэрэглэдэг болсон. Харин энэ гэрэл нүдэнд ядаргаа үүсгэдэг үү, хүнд хэрхэн нөлөөлдөг талаар та ярьж өгнө үү” гэсэн “Өдрийн сонин”-ы асуултад хариулахдаа:

– Маш чухал зүйл асуулаа. Хүний бие махбод гэрлийн долгионы өнгөнөөс хамаараад өөрчлөгдөх тохиолдол байдаг. Жишээлбэл хөх гэрлийг мэдэрдэг мелатонин гэж бодис бий. Мелатонин нь хүний нойрыг хүргэдэг бодис. Тэгэхээр хэт хөх өнгийн лед гэрлийг удаан харвал нойр хүрэхгүй болох тохиолдол байж болно. Бид өдөр сэргэлэн байдаг ч шөнө нойргүйддэг нь мелатонинтой холбоотой. Хүнд нөлөөлдөг гэдэг утгаараа лед гэрэлтүүлгэн дээр дулаан өнгө, хүйтэн өнгө гэж хоёр сонголт байдаг. Хүйтэн буюу цагаан өнгийн гэрлийг олон нийтийн газар, сургуульд хэрэглэх нь хүнийг сэргээж өгдөг. Сургууль дээрээ нойр нь хүрээд байдаг оюутан, сурагч их бол хүйтэн өнгөтэй лед гэрэл тустай. Дулаан шаргалдуу өнгийн лед гэрлийг оройн цагаар, унтлагын өрөөнд хэрэглэх нь зохимжтой. Бодит байдал дээр хөх өнгийн лед гэрэл тийм их нөлөөтэй эсэхийг нарийвчлан судлахаар шууд хамаарал гардаггүй. Эрүүл мэнд талаасаа хөх өнгийн лед гэрэл нь тийм ч айхавтар нөлөө байхгүй ч урт хугацаандаа ямар нэг байдлаар нөлөөлж болох юм гэвэл зөв байх гэлээ.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Амьдын хагацал амссан аав, охин хоёрын 15 жилийн дараах учрал

“Монгол туургатны мисс” тэмцээн Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Тэмцээний тэргүүн титмийг Буриадын мисс Арюна Жаргалнова Бубеева хүртсэн юм. Энэ үеэр олны сэтгэлийг уяруулсан гайхамшигт үйл явдал болсон нь арван таван жил уулзаагүй аав, охин хоёрыг учруулсан агшин байлаа. Халимагийн мисс Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн тэмцээний “Мисс Авьяас” номинацийн үзүүлбэрийн үеэр үндэснийхээ бүжгийг бүжиглэсэн бөгөөд энэ үеэр аав нь тайзан дээр гарч ирэв. Охин үзүүлбэрээ нулимс дуслуулан байж дуусгаад аавдаа алд цагаан хадаг, аяга дүүрэн сүү мэлтэлзүүлсээр өргөн барив. Охин уйлсаар…Харин аав олон хүний нүдэн дээр мэгдэж сандарсан уу, арван жилийн дараа охиноо хараад цочирдсон уу нэг л биеэ барьсан байдалтай охиноо үнэрлэв. Уртаас урт санаа алдав. Хоолой нь зангирч, нүднийх нь нулимс аягандаа багтаж ядан харагдана. Энэ мөчийг аав, охин хоёр мөн ч их хүлээсэн нь илт.

Халимагийн нийслэл Элистагаас Анастасия бүсгүй Хөгжим бүжгийн коллежид суралцах хүсэл мөрөөдөл өвөртлөн Улаанбаатарыг зорьжээ. Тэрээр хуучир хөгжим маш сайхан тоглодог. Хөгжимд хайртай нэгэн байж. Даруухан, ухаалаг, олон таван үгүй халимаг бүсгүйн сэтгэл зүрхийг хуучир хөгжмөөс нь илүүтэйгээр хөгжилтэй, наргианч, нийтэч сэтгэлгээтэй монгол залуу эзэмдэж өөрийн эрхгүй татах болж. Залуухан хөгжимчин бүсгүй өөрийн хайр дурлалаа хорвоо ертөнцөөс олж авсандаа туйлаас эрхэмлэж Халимагт суугаа эцэг, эхтэйгээ танилцуулж тэндээ хэсэгтээ амьдрахаар болсон байна. Залуу хосууд удалгүй үрийн зулай үнэрлэж Сарантуяа гэх хөөрхөн болцгор бор охинтой болжээ. Энэ гайхамшигт өдөр бол 1997 оны дөрөвдүгээр сарын 30. Эцэг, эх нь түүнийг Туяашка гэж өхөөрдөн дууддаг байв. Гэвч хувь тавилан тэднийг хагацал харууслын ангал руу түлхжээ. Туяашкаг гурван нас хүрсэн жил Анастасия өвчний улмаас хорвоогоос буцсан байна. Учир нь шүдээ авахуулахад нь цусаар бохир орж өвчлөл үүсгэх гол шалтгаан болсон байжээ. Тухайн үед Д.Ганбаатар хадмындаа охиноо харж гэртээ үлдсэн байна. Долоо ч хонолгүй эхнэр нь охин, нөхөр хоёроо орхиод үүрд одох юм гэж хэн санах билээ. Эхнэрээ өөд болсноос хойш Ганбаатар охиноо харж гэртээ үлддэг байсан бөгөөд хадам аав Валери, ээж Надя хоёр ажилдаа явж, эхнэрийнх нь хоёр дүү сургуульдаа явчихдаг байв. Тиймээс охинтойгоо хоёулхнаа үлдсэн дүүгийнхээ хүнд хэцүү үеийг туулахад нь дэм болохоор Монголоос ах Гэрэлсүрэн нь очсон байна. Бараг гурван сар өнгөрчээ. Ингээд охиноо эх орон руугаа авч явах гэтэл өвөө, эмээ нь “Чи залуу хүн. Нялх хүүхэд өсгөнө гэдэг тийм амаргүй. Бидэнд үлдээгээд яв. Бидний мах, цусны тасархай. Тиймээс энд байг. Харин ойр ойрхон ирж уулзаж болно шүү дээ” гэжээ. Энэ үгийг Ганбаатар одоо ч тод санадаг. Хэлэх үг олдохгүй, болцгор бор охиноо үнсээд гарах тэр мөчөөс эхлээд өдийг хүртэл сэтгэлээс нь бул хар чулуу дүүжлээстэй явсан гэнэ. Эх орондоо ирээд удаа ч үгүй Солонгос руу ажил хийхээр явжээ. Түүнд өөр сонголт байсангүй. Хүний нутагт найман жил амьдрахын эрхэнд хар бор ажил хийж яваад Монголдоо иржээ. Өнгөрсөн хугацаанд охиноо таних мэдэх хүмүүсээс эрж сурсан боловч сураг сонссонгүй. Харин охин өвөө, эмээгийнхээ гэрт өсч хүмүүжиж, эцэг, эхээс хагацсаныг эс тооцвол юугаар ч дутахгүй өссөн байна. Тэр загварын ертөнцөд сонирхолтой. Эхээсээ авч үлдсэн гоо үзэсгэлэн түүнийг хожим төрсөн эцэгтэйгээ уулзах шалтаг, шалтгаан болохыг яахан мэдэх билээ. Охины эмээ Надя гурван жилийн өмнө өөд болж өвөө болон ээжийнхээ эрэгтэй дүүтэй Элиста хотдоо амьдарч байгаа аж. Харин ээжийнх нь эмэгтэй дүү туурга тусгаарласан байна. Түүний өмөг түшиг нь өвөө, ах хоёр нь гэнэ. Бяцхан охин хоног өдөр өнгөрөхийн хэрээр эргээд ирэхгүй ээжийнхээ араас үе үе санагалзаж, элгээ дэвтээж эцэгтэйгээ уулзаж байна хэмээн шөнө болгон зүүдэлдэг байж. Хоосон зүүдээ манан дэрээ нэвтэртэл нулимс асгаруулсан үе даанч олон. Төөрөлдсөн хувь заяандаа гомдож, арга цөхөрч тэр суусангүй. Тэр өөрийгөө монгол хүн гэж бодож, бахархаж явдаг байна. Монголын тухай мэдээ мэдээллийг ч сонирхож уншдаг. Ингээд Монгол туургатны миссийн тэмцээн болох гэж байгааг мэдээд оролцохоор шийджээ. Тэрээр аавыгаа олж уулзах хүсэл өвөртлөн Монголд ирсэн байж. Монгол туургатны мисс шалгаруулах тэмцээний тухай хэвлэл, мэдээллээр, интернэтээр цацагдах үеэр аав нь охиноо хараад шууд таниад ирэх байх гэсэн итгэлийг сэтгэлийн мухартаа тээсэн нь энэ. Амьдын хагацал үзсэн түүнийг хувь заяа нь мартсангүй. Учир нь “Монгол туургатны мисс” тэмцээнд оролцох гэж буй миссүүдийн зургийг нэр, овогтой нь хамт тэмцээний зохион байгуулагчид фэйсбүүкийн цахим хуудсандаа байршуулжээ. Гэтэл Халимагийн мисс Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэнгийн зургийн дор хүмүүс “Энэ охин аавыгаа хайгаад байсан охин байна ш дээ”, “Аав нь Монголд байдаг гэсэн”, “Гурван настайгаасаа хойш уулзаагүй гэсэн” гэх сэтгэгдлүүд ирэх болжээ. Охин өмнө нь фэйсбүүк хуудсандаа аавыгаа эрж хайж буйгаа удаа дараа бичиж байсан аж. Тиймээс зохион байгуулагчид тэмцээнийхээ хажуугаар Халимагийн мисс Г.Сарантуяагийн аавыг олох давхар ажилтай болов.

Мэдээж нэр овгийг нь мэдэж байсан учраас амархан холбоо тогтоожээ. Охинтой нь уулзуулах мэдээ аавын хувьд гэнэтийн бэлэг байлаа. Тэрээр энэ сарын 19-нд охиноо нисэх буудлаас тосч авсан байна. Өмнөх шөнө нь охинтойгоо уулзана гэхээс унтаж чадаагүй гэдэг. Түүний толгойд олон асуултууд эргэлдэнэ. “Та яагаад намайг аваад яваагүй юм бэ”, “Яагаад ирээгүй юм”, “Энэ олон жил хаана явсан юм бэ” гэж охиноо асуух болов уу гэхээс айдас төрнө. Бас баясал төрнө. Охин миссийн тэмцээнд оролцоод улсаа төлөөлөн оролцоод мундаг болжээ гэж битүүхэндээ бахархана. Юу ч асуусан бай тэр охинтойгоо уулзах нь. Ганбаатар нисэх буудлын хаалгаар охиноо орж ирэнгүүт “Яг ээж болсон байна” хэмээн уулга алджээ. Басхүү олон жилийн сайхан дурсамжууд тэрхэн мөчид зурс хийгээд өнгөрсөн тухайгаа ярьсан юм. Их догдолсон, бас мэгдсэн түүнд охин нь “Та залуухан хэвээрээ байна” гээд тэврэн авчээ. Тэмцээнд оролцогчид гэрээний дагуу гадуур зугаалах боломжгүй. Тиймээс Сарантуяа аавтайгаа төдийлөн цагийг өнгөрүүлж чадалгүй нутаг буцжээ. Ганцхан удаа хоолны ширээний ард хамтдаа суусан түүний хувьд хэзээ ч мартахааргүй сайхан өдөр байсан тухайгаа бидэнд хэлсэн. Ганбаатар охиноо Монголд ирж суралцах хүсэлт тавьсан ч охин өвөө дээрээ очиж амьдрахаар шийджээ. Тиймээс Ганбаатар удахгүй Халимаг явж охинтойгоо уулзахаар төлөвлөөд байгаа гэсэн. Ах дүү нар нь бөөн баяр хөөр болж байгаа бололтой. Ганбаатар “Миний охин Халимагт их сургуульд сурч байгаа юм байна. Зун охиноо аваад Солонгос явах санаатай. Охин маань Солонгост очиж үзмээр байна гэсэн. Би охиныхоо нэг ч болов хүслийг биелүүлэхийг хүсч байна. Би охиноо эрхлүүлмээр байна” гэсэн юм. Ганбаатар өдгөө хувийн бизнес эрхэлдэг бөгөөд эхнэр хоёр хүүхэдтэй болжээ.