Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Монголын эдийн засаг граммын эдийн засаг гэдэг нэр хүртлээ

УИХын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

Ээлжит бус чуулганыг зарлаад ирц бүрдээгүйгээс хуралдаж чадсангүй. УИХ дахь МАНын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганд оролцсонгүй. Энэ нь ямар шалтгаантай байсан бэ?

-УИХ-ын ээлжит бус чуулган, ээлжит чуулганаар хэлэлцдэг асуудлуудын дэг, шаардлага, үндэслэл байдаг л даа. Энэ удаагийн парламентын хугацаанд ээлжит бус чуулганыг дандаа эрх баригч хүчний өөрсдийн зорилгод нийцүүлэхээр ашиглаж байна. Заавал ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагагүй асуудлуудыг оруулж ирж шахаж байгаа нь парламентад суудалтай бусад улс төрийн хүчнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Өнгөрсөн 2015 онд ээлжит бус чуулганыг хоёр удаа зарлан хуралдуулахдаа Өршөөлийн тухай хуулийг баталъя авлига хээл хахууль, төрийн хөрөнгө мөнгөтэй холбогдсон нөхдүүдийг өршөөе гэдэг асуудал оруулж ирж намаржин сунжирсан. Нэг үгээр зөвхөн эрх баригч хүчний эрх ашигт нийцүүлсэн хуулийг оруулж ирж хууль бус байдлаар батлуулах оролдлого хийж байгаа нь ээлжит бус чуулганыг эсэргүүцэх үндэслэл болж байгаа юм.

Өнгөрсөн ээлжит бус чуулганаар цөмийн энергийн тухай дөрвөн конвенцид нэгдэн орох талаар хэлэлцэх байсан. Танай намын Их хурлын гишүүд оролцоогүйг АНын зүгээсДагалдан оруулсан Монгол Улсын хилээр цөмийн хаягдал оруулахгүй гэсэн хуулийг батлахгүй гэж байна. Цөмийн хаягдал булшлахыг дэмжиж байгаа үйлдэлгэж байлаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Яг цөмийн энергийн ашиглалт, цөмийн хаягдалтай холбоотой асуудлуудыг ээлжит бус чуулганыг хуралдуулж яаран сандран батлах шаардлага байсан уу гэдэг асуудал бий. Энэ конвенцуудад нэгдэж орж болно. Монгол Улсад цөмийн хаягдал булшлахыг УИХ дахь Ардын намын бүлэг эсэргүүцэж байгаа. Гэхдээ цөмийн хаягдал булшлах үндэслэл манай улсад байхгүй. Одоогоор бид ямар нэгэн уран олборлох, үйлдвэрлэл явуулж байгаа юм алга. Тийм учраас бид конвенцид яаран сандран элсэх шаардлага харагдахгүй байна. Ээлжит бус чуулганы эхний хоёр өдөр ирц бүрдэхгүй болохоор хагас өдрийн дотор хууль өргөн барьж байна шүү дээ. Тэгээд шийдүүлэх гэж шахаж байна. Үндсэндээ албан ёсны ээлжит чуулган хуралдах гэж байхад яаран сандран ээлжит бус чуулган зарлав гэдгээс эхлээд асуудал их байгаа.

Вашингтон хотод болох цөмийн энергийн дээд хэмжээний уулзалтад оролцохоос өмнө бичиг баримтаа бүрэн болгох шаардлага байсан юм биш үү?

-Монголын хууль тогтоомжийг аль нэгэн гадаад байгууллагын захиалгаар хийж болдоггүй. Монгол Улсын өөрсдийн нийтлэг эрх ашигт нийцүүлж хуулиа гаргах ёстой. Мөн үүний цаана ямар нэгэн амлалт, барьцаа ялангуяа зээл авах, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал байгаа юм биш биз дээ гэсэн сэжиг, эмзэглэл байгаа. Тийм учраас олон талаас мэргэжлийн хүмүүсийнх нь дуу хоолойг сонсмоор байгаа юм. Монгол Улсад ямар ашигтай, алдагдалтай болон олон улсад үүрэг хүлээснээр бид юу хожих юм гээд асуултын хариултууд тодорхойгүй байна. Тийм учраас зөвхөн УИХ дахь МАН-ын бүлэг ч төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл “Энэ асуудлаар нухацтай бодож үзээч, яаран үүнийг хэрэгжүүлэх шаардлага байна уу. Харин үүнийхээ оронд улстөрчдөд хариуцлага тооцдог , төрийн албыг илүү боловсронгуй болгох чиглэлийн бусад хууль тогтоомжийг хэлэлцэж болдоггүй юм уу” гэдэг саналаа хүртэл хэлж байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн МАН-ын бүлгийн гишүүд улс төрийн зорилгоор энэ асуудалд хойрго хандаад байгаа юм биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн аливаа нэг дарга цэргийн асуудлаар томилгоо хийх болохоор эрх баригч АН-ын бүлэг заал дүүргэчихдэг шүү дээ. Үнэхээр хэрэгтэй асуудал байгаа юм бол манай 26 гишүүнээс гадна цаана нь 50 хүн байгаа. Яагаад 39 гишүүн ирцээ бүрдүүлж чаддаггүй юм. Тэгэхээр энэ эрх баригч хүчний өөрсдийнх нь хариуцлага, оролцооны асуудал.

-“Жудагт Монголхөдөлгөөнөөс Ялалтын талбай дээр цугларалт зохион байгуулахад Монголын ардчилсан холбоо хамтарч оролцсон. Энэ үеэр сонгож болохгүй хүмүүсийн нэрсийг хэлж байна лээ. Түүн дотор таны нэр байсан?

-Сонгууль ойртчихсон байна. Тийм учраас улс төрд явж байгаа тодорхой рейтинг өндөр байгаа улстөрчид рүү чиглэсэн хар РR-ийн технологи хэрэглэх, нэр төрд нь халдаж байгаа үйл явц бараг өдөр бүхэн гарч байна шүү дээ. Үүнийг сонгуулийн ажил эхэлсний том илрэл гэж харж байгаа. Тэр сонгох сонгогдохгүй гэдэг асуудал бол нэг хүний хэлснээр биш иргэдийн мэдэх хэрэг шүү дээ. Сонгогчдын саналаар, тэдний итгэлээр сонгогдоно. Тийм учраас төр засгийнхаа эрх мэдлийг хэнээр удирдуулах вэ гэдэг сонгогчдоос шалтгаална. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хөгжлийг гацааж байгаа. Монголын эдийн засгийг гол нуруун дээрээ үүрч байгаа баялаг бүтээгчдийг өдөр болгон үг болон үйлдлээрээ гацааж байгаа цөөн бүлэг хүмүүс байгаа.

Үнэхээр өнөөгийн нийгэмд ард иргэдийн амьдрал хүнд байна шүү дээ. Компани аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа үндсэндээ царцанги, зогсонги байдалтай байна. Монголын ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа. Монголын эдийн засаг агшаад өнөөдөр граммын эдийн засаг гэдэг нэр авах хүртлээ жижгэрч маш хүнд байдалд байна. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гайхамшиг гэгдэж байсан. Ойрын жилүүдэд хамгийн ирээдүйтэй, их өсөлттэй эдийн засагтай орон болно гэж олон улсад таамаглаж байсан орныг өрийн дарамтад орсон, дотооддоо болон гадаадад итгэл алдарсан ийм улс болгосны хариуцлагыг тодорхой хүмүүс хүлээх ёстой. Тиймээс хэвлэл мэдээллээр дамжуулж, хөрөнгө мөнгөөрөө далайлгаж янз бүрийн гоё нэртэй байгууллагуудын нэрийн өмнөөс яаж ч PR, яаж ч янз бүрийн халхавчлах арга хэмжээ хийгээд тэд нарын хийсэн ажлын үр дүн бол явуулж байгаа үйл ажиллагаа олон түмэнд ил байгаа учраас иргэд ухаарч ойлгож байгаа байх.

Харин Монголын ардчилсан холбоо бол Монголд ардчиллыг авчрахад, энэ шинэ цагийн өнгийг тодорхойлоход гол оролцсон үнэхээр гайхамшигтай том байгууллага. Харамсалтай нь энэ түүхэн үйл явдлыг оройлон манлайлж явсан сайн байгууллагыг цөөн хүмүүс сүүлийн үед гутааж байгаа. Түүнийгээ ч гэсэн дотроо ярих биз дээ. Бид энэ асуудлыг иймэрхүү өнцгөөс нь л харж байгаа.

Сонгууль дөхөөд өдөр бүр л янз бүрийн зүйл гарч байгаа гэлээ. ГэвчНүүрсчдийн намгэсэн нэр томьёо гарчихлаа. Түүнд нь нам намын хүмүүс л байх юм. Та энэ талаар юу хэлэх вэ. Үнэхээр ашиг сонирхол нэгтэй нам дамжсан хүмүүс байна уу?

-Миний хувьд геологи, уул уурхайн салбарт нэлээд олон жил ажилласан. Энэ чиглэлээр бас эрдмийн ажил хийж байгаа. Мэргэжлийн салбарт ажиллаж байсан хүний хувьд бол УИХ дээр гарч байгаа аливаа шийдвэрт салбарынхныхаа байр суурийг баримталж, мэргэжилтнүүдийнхээ дуу хоолойг хүргэж байгаа. Тэр нь зарим хүнд таалагдахгүй байгаа нь үнэн. Геологи уул уурхай гэдэг өөрөө шинжлэх ухаан байхгүй юу. Тэр шинжлэх ухааныхаа дагуу, салбарынхаа онцлогийнхоо дагуу л хөгжинө. Бизнес нь явдаг өөрийн гэсэн хууль дүрэмтэй. Түүнээс биш энэ салбарыг яаж хөгждөгийг нэг зурагчин ч юм уу, микробиологич хүн мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор мэддэг мэддэг юмаа л ярих нь зүйтэй.

Ардчилсан нам дотоодынхоо зодоонд Ардын намыг ч татан оролцуулаад хэрэггүй. Ард түмнийг ч татан оролцуулаад бас хэрэггүй. Тэдний дотроо байгаа эдийн засаг, улс төрийн олон жилийн угшилтай тэр зодоон нь нам дотроо л байх хэрэгтэй. Ардчилсан нам засгийн эрхэнд гарснаараа доторх фракцуудад нь байсан эдийн засаг, улс төрийн бүлэглэл дамжсан зодоон нь Монголын төр лүү үсэрсэн. Ингээд Монголын төр муухай харагдаж байгаа. Монголын төрийн дархлааг сулруулж байна. Өмнө нь сөрөг хүчин байх үед тэр нь мэдэгддэггүй байсан. Байсхийгээд л намынхаа даргыг огцруулдаг. Хэд хуваагдчихдаг. Асуудал ярихдаа дандаа бүлэг фракцаараа квот аваад тавьдаг. Ерөөсөө л 1996-2000 онд засгийн эрх барихдаа тэр нь бидэнд нэг ил харагдсан. Дөрвөн Засгийн газраа огцруулсан. Тэр үед Ардын намынхан огцруулаагүй шүү дээ. Парламент чинь олонхоороо л огцруулж байгаа шүү дээ. Ардын нам 25 суудалтай л байсан. Яаж ч бид огцруулъя гээд огцруулж чадахгүй шүү дээ. Өнөөдөр ч гэсэн бид Засгийн газрыг огцруулж байгаа юм байхгүй шүү дээ. Тэгэхээр эрх баригч хүчин болоод ирэхээрээ Ардчилсан намын дотроо байдаг дотоодын эв нэгдэлгүй зодоон нь Монголын төрд орж ирээд төрийг самраад төрийг тогтворгүй болгоод байдаг. Дахиад хэлэхэд Ардчилсан нам дотоодынхоо зодоонд Ардын намыг ч татан оролцуулаад хэрэггүй. Ард түмнийг ч татан оролцуулаад бас хэрэггүй. Тийм учраас нам дотроо тэр асуудлаа ярих хэрэгтэй. Манай намын зүгээс дотроо тийм ийм гэж хуваагдаж хагардаг зүйл байдаггүй. Энэ улс орны нийтлэг эрх ашиг, хаана асуудлыг зөв талаас нь шийдэх үү, яаж зөв шийдэх вэ гэдэг гарцыг эрэлхийлж төрд зүтгэж байгаа шүү дээ.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Г.Золбоот: Бавуугийн Лхагвасүрэн ахын хоёр уран бүтээлээр анх их урлагийн босгыг алхсан даа

Шилдэг өнгөпродакшны жүжигчин Гомбын Золбооттой ярилцлаа. Түүнийг ард түмэнДусал нулимс юу гэж хэлсэн бол”, “Үхэж үл болно Чингис хаан”, “Уулын хөх сүүдэр”, “Тусгай салаазэрэг театр дэлгэцийн олон арван жүжиг киноны дүрүүдээр нь андахгүй билээ.

-“Аянгын бороожүжиг таны тоглосон анхны бүтээл хийгээд анхны шагналыг тань авчирсан гэдэг. Энэ дүрд хэрхэн сонгогдсоноос яриагаа эхэлье?

-Хятадын алдарт “Аянгын бороо” жүжиг намайг Армийн драмын театрт байхад тавигдаж байсан юм. Би Жоу Чун хэмээх 17 настай хүүгийн дүрийг бүтээсэн. Ардын жүжигчин Гантөмөр гуай миний аавын дүрд тоглож байлаа. Сургуулиа төгсөөд дөнгөж хоёр жил болж байсан би тэр том бүтээлд Гантөмөр гуай, Равдан ах, Сүххуяг ах, Тунгалаг эгч гээд Монголын театрын мундгуудтай хамт тоглоно гэдэг их хувь байжээ. Тухайн үед Хятадаас найруулагч ирж ажиллаж байсан. Ная гаруй насны хөгшин ирсэн. “Аянгын бороо” гэх энэ алдартай жүжгийг та хэдэн оронд тоглож байна гэж асуухад “Монгол найм дахь орон нь боллоо” гэсэн. Жоу Чуны дүр тухайн жилдээ надад шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авчирч байсан. Тэр агшин бол хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж. Учир нь “Аянгын бороо” жүжиг тухайн үед Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэтээр аялан тоглож байхад үзэгчдийг гурван цагийн турш хааш нь ч хөдөлгөлгүй “уяж” чаддаг байсан юм.

Тэр жүжгээс хойш Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай та хоёр аав, хүүгийн барилдлагатай болсон гэдэг юм билээ. Уран бүтээлийн эцэг, эх болно гэдэг маш том хүндэтгэл биз?

-Манай уран бүтээлчид аливаа уран бүтээлд аав, ээж болж тоглосон хүнээ энгийн үед ч амьдралынхаа “Аав, ээж” гээд хүндлэн дууддаг бичигдээгүй халуун хүндлэл бий. “Аянгын бороо” жүжгээс хойш Ардын жүжигчин Гантөмөр гуай бид хоёр уран бүтээлийн хувьд аав, хүүгийн барилдлагатай болсон. Хаана ч таарсан “За аав сайн байна уу, сонин юу байна”, “Миний хүүгийн ажил өндөр үү” гээд мэндлэх жишээтэй. Харин “Эзэнгүй айл” киноны миний ээжид тоглосон жүжигчин уран бүтээлийн маань ээж. Уран бүтээлээрээ аав, ээжийн барилдлагатай сайхан жүжигчид маань хоёулаа бурханы орон руугаа буцжээ. Энэ тухай ярихад зүрх сэтгэл хоосроод хүндхэн байна.

Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн гуайн хоёр ч уран бүтээлд гол дүр бүтээсний нэг ньБүлээн нурам”. Тэр мундаг хүнд тоогдоно гэдэг жүжигчин хүнд олдох ховор аз завшаан юм болов уу?

-1989 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсөөд Армийн театрт очиж байсан. Ангийн анд Ганбаатартай хамт ажиллахаар боллоо. Намайг очиход тайзны хамгийн анхны бүтээл минь болох Төрийн соёрхолт, яруу найрагч Б.Лхагвасүрэн ахын “Дутуу хээтэй тооно” жүжигт анх тоглож байсан юм. Монголын бас нэгэн алдарт жүжигчин Д.Сэдэд гуайн тоглосон Гэндэн хэмээх хөгшний идэр насны дүрийг би бүтээсэн. Анхны жүжигтээ тоглоод, бөөн урамтай хүн явж байтал удалгүй наадмын дараахан “Бүлээн нурам” кинонд дүр бүтээх боллоо. Зун нь найруулагч Жигжидсүрэн багш “За чи нэг кинонд шалгуулаадах” гээд дагуулж яваад пробонд оруулсан нь “Бүлээн нурам” байж. Олдой гээд гаргүй баатрын дүрд тоглосон. Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн ахын энэ хоёр уран бүтээлээр би анх урлаг хэмээх их өргөөний босгыг алхсан даа. “Бүлээн нурам” кино Ардын жүжигчин Дагийранз гуай, манай ангийн охин Энхтуул, мисс Бямбасүрэн, би тэгээд хоёр чоно, тас, асрамжийн газраас ирсэн нэг охин гээд л цомхон дүртэй. Байгаль, эх дэлхийгээ хайрлахгүй бол хүний ертөнц хэрхэн сүйрч буй тухай санааг дэвшүүлсэн их сайхан бүтээл л дээ.

-“Үхэж үл болно Чингис хаанкиноны Боорчийн дүр таны бас л чадварлаг бүтээсэн дүрүүдийн нэг. Жүжигчин Золбоотын гаргасан Боорчи юугаараа өөр байв?

-Боорчи бол баатар эр, сайн анд. Боорчийн дүр миний хувьд их этгээд дүр л дээ. Дайчин баатар. Өмнө нь өөр уран бүтээлүүдэд Боорчийн дүрийг бүтээсэн л байдаг. Миний хувьд Боорчийг жинхэнэ эр хүн, эрэмгий баатар талаас нь гаргахыг зорьсон. Хэлсэндээ хүрдэг, андгай тангарагдаа үнэнч эрийг л дотроо бодож гаргасан.

Түүхэн кинонд тоглох их хүнд байдаг гэж жүжигчид ярьдаг. Таны хувьд?

-Түүхэн дүр бүтээнэ гэдэг мэдээж ур чадвар тэргүүн зэрэгт тавигдана. Наана нь хуяг дуулга, саравч, зэр зэвсэг агсахаар их хүндрэлтэй. Баатар хүн чинь унаж буй нь хүртэл дөмөгхөн сайхан амьтан байх ёстой. Айлын толгой гэсэн адууны аль болох омголон, догшин хүлгийг сонгож унана. Эмнэг хангал мориноос унахдаа унаж, босохдоо босоод л явна. Халуунд халж, хүйтэнд хөрж, гар хуруугаа зүсэхдээ зүсч зуны аагим халуунд баатрын хувцастай өдөржин зурганд орно гэдэг бас чанга шүү. Өглөө зургаан цагаас нар шингэтэл наранд шарагдаж зурганд орно гэдэг ямар л сайхан байв гэж (инээв). Ямар сайндаа л энгэр рүүгээ хүйтэн ус цацаж морин дэл дээр давхихаар нэг их сайхан сэрүү татаад л сайхан шүү бас.

Хамгийн удаан зурганд орж байсан уран бүтээл гэвэл?

-“Үхэж үл болно Чингис хаан” кино. Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар ах Чингисийн дүрд тоглосон шүү дээ. Чингис, Боорчи хоёр дөрвөн ханатай гэрт яг 78 хонож байсан. бусад жүжигчид болохоор хот руу ирж очин яваад байсан. Төмөрөө ах бид хоёр байнгын нэг нэг азарга уяандаа уячихсан, сахалдаа баригдсан навсайсан хоёр юм л байдаг. Киноны хамгийн эхний зургаас хамгийн сүүлийн зураг хүртэл бид хоёр тасралтгүй орж билээ. Яг 79 дэх хоног дээрээ гэртээ ирсэн. Энэ л хөдөө хамгийн удаан натурт гарсан зураг юм даг.

Байлдаан тулаантай хэсэгт туслах жүжигчинтэй тоглодог уу?

-Хүнд тулаантай хэсэгт туслах жүжигчид орох тохиолдол бий. Гэхдээ цөөхөн. Яалт ч үгүй бидний хийж чадахгүй хэсгийг туслах жүжигчид бидний хувцсыг өмсөөд тоглодог. Өөрсдөө тулалдах үед бол бэлтгэл хийгээд гарна. Бэлтгэлээ сайн хийхгүй бол техник жаахан алдахад л хөл, гараа исгэхээс эхлээд бэртэл гэмтэл авна. Үнэхээр хүнд хэсэгт тусгай бэлтгэгдсэн туслах жүжигчид орж ирдэг.

Сүүлийн үед цэргийн, зэвсэгт хүчний тухай кино гарвал гол дүрд та л тоглодог болж. Ер нь та цэргийн алба хаасан уу?

-Армиар нэлээн явсан. Цэргээс генерал, маршал хүртэл дүрийг бүтээсэн байх. Үүгээрээ их бахархдаг. Цэргийн хүн байна гэдэг зангарагтай сайхан санагддаг. Эр хүний хувьд шүү. Намайг оюутан байх үед бэлтгэл офицеруудын курс гэж байсан. Дэслэгч цолтой болно. Тэр сургалтад явж Төв аймгийн танкийн хороонд 45 хоног хээрийн сургуулилтад гарч дэглүүлж байлаа. Бэлтгэл офицер гэсэн үнэмлэх өгнө. “Тусгай салаа”, “Нарны жим” зэрэг олон сайхан цэрэг, армийн сэдэвтэй кинонд тоглосны буянаар цолоо нэмсэн.

Цэргийн дарга нараас аль дүр нь танд өгөөжтэй санагддаг вэ?

-Надад “Тусгай салаа” киноны Раднаа хурандаагийн дүр л зүгээр юм шиг санагддаг.

Таны бүтээсэн олон сайхан хурандаа, генералын нуруутай дүр байдаг?

-Раднаа хурандаа ноёд, түшмэдэд дуртай дарга. Өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө явдаг. Дүр талаасаа надаас арай өөр юм гаргасан санагддаг. Гэхдээ дүр бүхэн л зовж, зорьж хөлсөө дуслуулан байж бүтээсэн учраас миний хувьд үнэ цэнтэй.

Таны хувьд ихэвчлэн үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн эерэг дүр бүтээсэн байдаг. ХаринМойлхонкинонд сөрөг дүр бүтээсэн нь нутгийн иргэдийн эгдүүцлийг нэлээд хүргэсэн гэдэг?

-Төлөв, төвшин царайтай болохоор нэг их муухай царайтай нөхрийн дүрд тоглоод байдаггүй (инээв). Гэхдээ би хэд хэдэн эсрэг дүр бүтээсэн шүү дээ. Буриадуудыг хэлмэгдүүлсэн тухай өгүүлдэг “Мойлхон” кинонд Мархаа гээд ногоон малгайт эсэргүүний дүрд тоглосон. Сүүлд “Аравт” кинонд Хархор жанжны дүрийг бүтээсэн. “Мойлхон” киноны Мархаа бол хэзээ ч хүн алахаар төрхгүй атлаа дотор сармагчин нь алуурчин гэдгийг л илэрхийлсэн дүр. Нутгийн хүмүүс хүртэл ашгүй Мархаа үхлээ гэж хүлээж авсан байсан. Тэгэхээр овоо л хүнд хүрсэн юм шиг.

Саяхан таны тоглосонНаран ургахыг хүлээхгүйкино дэлгэцнээ гарч байсан. Ёстой л залуугийн тань кинонд эрэлттэй байсан үеийн бүтээл. Таны үеийн жүжигчид болох И.Одончимэг, П.Эрдэнэзаан зэрэг олон жүжигчин тоглосон байсан?

-“Наран ургахыг хүлээхгүй” кинонд талийгаач Амбий, телевизийн Ичинхорлоо, Одончимэг, Эрдэнэзаан бид нар хамт тоглож байсан. Би 27 настай байсан. Хамгийн сүүлд бургасан дунд шатаж амиа алддаг. Увсын сайхан сайхан хангайгаар явсан. Улаангомын төв Улаан-Уул хайрхан, Хархираагийн амралтад байрлаж зураг авсан. Бид бүгдээрээ сайхан залуус байж дээ. Миний тоглосон Жуудгай мээрэн Түмэн бол түүхэн хүн. Баруун аймагтаа шилийн сайн эр.

Талийгаач Амбий ноёны хүүд тоглож , танд ирээдүйн эхнэрээ булаалгачихаад араас тань ойд мөшгөж ирээд буудаж чадахгүй уйлаад буцдаг хэсэг санаанаас ер гардаггүй юм?

-Талийгаач Амбий маань хөөрхий, дөнгөж сургуулиа төгсөөд хамгийн анх надтай хамт “Наран ургахыг хүлээхгүй” кинонд явсан байхгүй юу. Ноёны хүү “хатиг” Даваагийн дүрд тоглохоор болоод кинонд гарах гээд хүлээж суусан чинь над дээр ирээд хоёулаа танилцаж байлаа. Амбий ирээд “Сайн байна уу. Би “хатиг” Даваагийн дүрд тоглох гэж байгаа” гэхээр нь харсан чинь хацар дээр нь гурван хатиг гарчихсан байдаг байгаа. Хатиг гарчихсан байна гэсэн чинь “Харин тийм ээ” гээд бөөн инээдэм болж билээ. Амбий маань их сайн тоглосон. Ялангуяа тэр уйлаад буцдаг хэсэг хүмүүсийн сэтгэлд их хүрсэн санагдсан. Ер нь тэр кинонд тоглосон уран бүтээлчид бүгд л сайн тоглосон. Увс аймгийн иргэд их орсон. Бас аймгийн хөгжимт драмын театрынхан тэр чигээрээ тоглосон байдаг.

Нэг хэсэг та жилд арав гаруй кинонд тоглодог хамгийн эрэлттэй жүжигчин байсан гэсэн, үнэн үү?

-Үнэн үнэн. Ямар сайндаа онигоо хүртэл гарсан байхав дээ. “Ялалт” кино театрт шинэ үзвэр гарч гэнэ. Тэр кинонд Золбоот, Төмөрбаатар хоёр тоглосон байна уу. Хэрэв тэгсэн бол үзэхгүй ээ” гэсэн онигоо байдаг. Гэрээсээ дөрөвдүгээр сарын 1-нд гараад арваннэгдүгээр сард орж ирдэг байлаа шүү дээ. Тэр үед л дараалан олон кинонд тоглосон юм шиг байгаа юм. Тухайн үед 35 мл метрийн хальс гэж байсан. Нэг жүжигчин 1-3 дубль авахуулахгүй л бол хальс үрлээ гээд найруулагчид алуулна ш дээ. “Хальс урсгаад муу новш” гээд загнуулна. Одоогийнх шиг ямар олон дахин аваад хасч, эвлүүлээд болчихно гэх биш.

Жилд арав гаруй кинонд тоглодог хамгийн эрэлттэй жүжигчин гэхээр мөнгө ч сайн олдог байсан байлгүй?

-Тэгж их олон кинонд тоглосон хэрнээ овойж оцойтол цалин хөлс аваад байсангүй ээ. Миний цалин чинь тэр үеийн ханшаар 450 төгрөг орчим байсан байх. Таван төгрөгөөр хоол авч идчихээд 10 төгрөгөөр пиво хүртэл ууна шүү дээ. Яахав, сүүлдээ жүжигчид гэрээ хийж эхэлсэн. Гол дүрийн жүжигчин нэмэгдэлд овоо хэдэн төгрөг авдаг болсон. Одоо бол өөр болсон. Ямар ч байсан одоо бодоход шуугиулж байсан ч тэр л хамгийн их цалин авч байлаа гэх юм санаанд буухгүй байна.

Гэр бүлээ танилцуулахгүй юу. Та чинь Дундговь аймгийн уугуул байх аа?

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул. Миний бага нас ч гэсэн Эрдэнэдалай суманд өнгөрсөн. Одоо эхнэр хүүхэдтэйгээ гурвуулаа амьдарч байна. Эхнэр хувиараа ажил эрхэлж байна.

Эхнэртэйгээ хэрхэн танилцаж байснаа дурсахгүй юу. Таны араас мөн л олон үзэгч охид гүйсэн, бүр гэргийг тань Золбоотоос сал гэж хүртэл дарамталдаг байсан гэдэг?

-Манай эхнэр цэцэрлэгийн багшийн коллежид сурдаг байсан. Би багшийн дээдийн оюутан учраас бид их таардаг байсан. Хүүхнүүд эхнэрийг маань тэгж хэлдэг л байсан гэсэн. Гэхдээ энэ бол үзэгчдийн тухайн үеийн л эмоци.

Таны хүү бас жүжигчин болжээ?

-Миний хүү Хангал Соёл урлагийн их сургуулийг төгссөн. Хөгжим бүжгийн сургуулийн морин хуурын анги төгссөн ч эцэстээ жүжигчин болно гээд манай Дэмидбаатарын ангид орж жүжигчин болсон. Хуурч, жүжигчин хүү байна.

Танд хошин урлаг зохьдоггүй гэж олон хүн хэлдэг үү?

-Зөндөө хэлж л байдаг. Манай найз нар “Чамайг харахаар инээд хүрэхгүй юм” гэдэг.

Тэгэхээр нь юу гэхэв?

-Та нар л инээхгүй байгаа болохоос биш хүмүүс инээдэг юм аа л гээд үзэлцэнэ. Миний мэргэжил жүжигчин. Би заавал кинонд тоглох ёстой гээд суугаад байж болохгүй шүү дээ. Би “Шилдэг өнгө” хамтлагт “Өнгөт инээд” байхаас нь эхлээд 16 жил жүжигчнээр ажилласан байна. Хошин урлагт зохихгүй гээд би хөөгдчихсөн юм алга. Жүжигчин хүн гэдэг бол үхэн үхтлээ тэнгэрт хальтлаа тэтгэвэргүй ажилладгаараа бусад мэргэжлээс давуу талтай. Хөгшин өвгөн, эмгэний дүрд тоглоод явж л байна. За Золбоо ахыг нэг өвгөний дүрд тоглуулаадахъя гэхэд “Цаадах чинь өнгөрчихсөн ш дээ, хөөрхий” гэж дуусах хүмүүс шүү дээ бид.

-“Ардын элч”-ийн Ариунаа таны удмын хүн гэдэг юм билээ?

-Манай эмээгийн дүү “Ардын элч” киноны Ариунаагийн дүрд тоглосон П.Цэвэлсүрэн. Миний төрсөн ах ДБЭТ-ын найруулагч Г.Эрдэнэбаатар. Удам залгах ганц хүү маань морин хуурч хөгжимчин гээд манайх гэдэг айл удмаараа л урлагийн мөр хөөж байх шиг байна.

Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатар аймгийн анхны тод манлай уяач С.Төмөр-Очирынд өнжлөө

С.Төмөр-Очир уяач инээд хөөр, баяр баясгалан дүүрэн сууж байна лээ. “Амьдралынхаа ихэнх цаг хугацааг адуутай холбосон аж. Олон шөнө нойргүй хонож, адууны захад явсны үр дүн гардаг л юм байна. Алтан туурайт ажнай хүлгүүдийн минь сүлд хийморь тэтгэлээ. Төрийнхөө буян хишгийг хүртлээ” хэмээн тод манлай уяач ярьж сууна.

Хурдны эх өлгий нутаг Сүхбаатар аймгаас бичин жилийн босгон дээр анхны Монгол Улсын тод манлай уяач тодорсон билээ. Сайрийсүрэнгийн Төмөр-Очир Монгол Улсын 30 дахь Тод манлай уяач болсон юм. Цагаан сарын өмнө цол тэмдгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гардан авчээ.

Ирж буй цагийн эрхээр байгаль дэлхий өнгөө сольж, ногооны түрүүч үндсээ түрэн ургажээ. Малчны хотонд төлийн дуу цангинаж, хээр талд гүү унагалж буй хаврын дунд сарын сүүлчээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Улаан чулуутын энгэрт хаваржиж байгаа С.Төмөр-Очир уяачийн гэрийг зорьсон юм. Сумын төвөөс дөнгөж нар мандаж байхтай зэрэгцэн хөдлөөд цаг орчим давхиад л гэрийнх нь гадаа буув аа. Тод манлай уяач маань хэдийнэ босжээ. Хурдан морьдынхоо тэжээлийг өгөөд саравчин дотроо зогсож байлаа. Мэнд мэдэлцээд гэрт нь өнжиж, сурвалжлага хийх гэж байгаа тухайгаа хэллээ. “Харин манай эхнэр тулгаж хэллээ. Гэр орноо янзлах байсан юм гээд сандарч гүйгээд л байх шиг байна. Ах нь ямар гэрийн ажилд ойртох биш. Үүрээр хэдэн адуун дээрээ очоод ирлээ. Гурван ч гүү унагалах дөхчихсөн байгаа юм. Яаж байгаа бол. Хальстай төрөөд унага нь бүтчих вий гээд санаа зовоод нойр хүрэхгүй юм. Ах нь өдийд гэртээ орно гэж байхгүй. Дандаа л адууныхаа захад зогсож байна. Хэдэн унаганыхаа халуун чихийг атгаад авчих юм бол энэ жилийн ажлын үр дүн гарна” хэмээн ярив. Хурдны эх өлгий нутаг зүүн гурван аймгийнхан өдийд адууныхаа дэргэдээс сална гэж байхгүй. Унага болгон нь хурдан удмын угшилтай. Хэдэн гүүнийхээ төлийг бүрэн бүтэн авчих юм бол төрийн наадмын түрүү, улс бүсэд айрагдах хурдан ажнай төрөх магадлал маш өндөртэй. Тиймээс гүү унагалах үед айл гэрийн эзэн бүр урьд урьдныхаас илүү ажилтай болно. Тэр гүүнээс минь ямар унага гарах бол, энэнээс ийм л хурдан хүлэг төрөх учиртай гээд гэртээ тогтож суудаггүй гэсэн. С.Төмөр-Очир уяач ч гэсэн өнгөрсөн хавар хурдан азаргандаа хураалгасан хэдэн гүүгээ унагалахыг хүлээж байгаа нь энэ ажээ.

ОРЛОЙН БАЯЧУУЛЫН ХУРДАН ХҮРЭН АЗАРГАНЫ УГШИЛТАЙ ГЭНЭ

Тэдний уяан дээр хэлбэр хийцтэй, хурдан адууны шинж бүрдсэн хэдэн сайхан морь байна. Дэлийг нь зассан улаан хээр морь нүдэнд тусах ажээ. Мөн дугуй сартай зэгэл хонгор морь ч харагдана. Тэр хоёр морь нас бага боловч яах аргагүй томоохон наадмуудад хурдан морьдын цээжинд уралддаг нь тодорхой харагдаж байлаа. Мөн дөрвөн ч даага саравчинд уясан байгаа харагдав. Дэл сүүл нь олигтой ургаагүй навтайсан амьтад байх. Тод манлай ирэх жилийн наадамд уралдуулах даагаа ийнхүү сонгосон байв. Өнжих гэж байгаа айлынхаа гэрээр ч оролгүй шууд л адуун дундаас сурвалжлага маань ийн эхэлсэн юм.

Саравчаа гурав хуваажээ. Хамгийн баруун захад өнөө жил унагалах гүүгээ хашчихсан байх. Дундах хашаанд нь есөн гүүг хээр азарганд хураалгажээ. Хашир уяач аль гүүгээ ямар азарганд хураалгаж байгаа нь эндээс харагдах ажээ. Эндээс л хурд бий болж байгаа юм байна. Харин хамгийн зүүн захын хашаанд өнөө жил уяж уралдуулах морьдоо хийжээ. Уях азарганыхаа хурд хүчийг тааруулах, ямар адуунд уяа засал хийх зэрэг нь энэ хашаанаас мэдэгдэх. Өөрөөр хэлбэл, С.Төмөр-Очир уяачийн сүүлийн жилүүдэд томоохон наадмаас түрүү, айраг хүртэж байгаа хурдан буянгууд энэ хашаанд байх. Таван залуу мориныхоо овьёосыг өгч дуусаад нарийн ширхэгтэй ногоон өвс тавьж өгөв. Мундаа өндөртэй хээр алаг моринд зөөлөн хөлс авах юм гэнэ. Бор хээр морь, улаан буурал азарга, хар алаг морь, бор хээр моринд мөн л уяа засал хийх гэж байгаа аж.

Гэрийн эзэгтэй Т.Эрдэнэчимэг ач охиноороо “Хоол цай болчихлоо. Хүрээд ир” гэж хэлүүлжээ. Ингээд гэрийн эзнийг дагаад гэр рүү нь яваад орлоо. Таван ханатай гэрийн хойморийн униар хурдан морины медаль зай завсаргүй зүүчихсэн байлаа. Гэрийн эзэгтэй бидэнтэй мэнд мэдээд, “Холоос хүн ирчихээд байхад морин дээрээ л зогсоод байх юм. Манай энэ адуу гэхээрээ идэж, уухаа хүртэл мартчихдаг юм” гэсээр угтав. Үхэр, хонин сүрэг урд энгэрт бэлчиж байгаа гэнэ. Өнгөрсөн хавар Түмэнцогт сумын нийт газар нутгийн 80 гаруй хувь нь шатсан. Түймэрт өвөлжөөгөө өрдчихөлгүй арай гэж авч үлдсэнээ ярив. Хээрийн түймэр энэ хавийг хуйхалчихсан мэт л болгожээ. “Гал түймэр хойноосоо ирж байна” гэдгийг хүмүүсээс дуулаад С.Төмөр-Очир малаа бүгдийг нь хашчихсан байна. Олон адуу гэрийнхээ ойролцоо хураадаг болохоор өвсгүй, газар нь халцарчихсан тулдаа түймэр тойроод гарчээ. Харин түймэр унтарсны дараа бороо орж, ногоо сайн ургасан байна. Мөн өвөлдөө цас багатай болохоор өнө болжээ.

С.Төмөр-Очирын аав Ж.Сайрийсүрэн Баяндэрэм сумын хүн эмнэлэгт ажиллаж байсан гэнэ. Мөн л хурдан морьтой амьдралаа холбосон нэгэн байжээ. Харин Ж.Сайрийсүрэн гуайн аав Жамба аймаг, сумандаа алдартай хурдан адуутай байж. Жамба гуай энд тэндээс уяж байгаад хөл нь гэмтчихсэн эсвэл хөгшин болчихсон азарга үнэ хайрлалгүй худалдаж авдаг байсан аж. “Хэн ч тоохгүй болчихсон азарга яагаад худалдаж аваад байдаг юм бэ” гэж асуухаар “Миний олж ирээд байгаа азарга дандаа угшил сайтай юм. Алсдаа та нарт хэрэг болох ёстой. Төлийг нь авчихаад л тогоо тосолно” гэдэг байжээ. Ингээд Жамба гуайнх Орлойн баячууд гэж олноо алдаршсан хурдан адуутай ах, дүү дөрвөн уяач одоогийн Сүхбаатар аймгийн Уулбаян суманд байсан баячуулын алдарт хүрэн азарганы угшлын адуутай болсон байна. Мөн Шатарданзангийн хурдан адууны төл болох охин даага худалдаж авсан байна. Эндээс л тэдний адууны угшил илтэд сайжирчээ. С.Төмөр-Очир уяачийн өвөө Жамба Баяндэрэм сумын наадамд таван насны морь уралдуулаад бүгдийг нь түрүүлгэж байсан эрдэм чадалтай нэгэн байжээ. Ийм л удам угсааны хэдэн үеэрээ хурдан морь уядаг гал голомтны хүн ажээ. Өвөг дээдсийнхээ бий болгосон хурдан угшлын адуугаар 30 гаруй жил улс, бүсийн наадамд уралдаж түрүү, айраг хүртэж байгаа нь энэ аж.

15 НАСТАЙ ХҮҮГИЙН УЯСАН ШҮДЛЭН СУМАНДАА ХОЛ ТАСАРХАЙ ТҮРҮҮЛЖЭЭ

С.Төмөр-Очир 1973 онд долдугаар анги төгсөөд илгээлтийн эзэн болж, мал дээр гарчээ. Бие жижигтэй болохоор сумынхаа уяач нарын хурдан морийг унаж өгдөг байжээ. Ингээд 1974 онд түүнд улсаас мал тасалж өгсөн аж. Ингээд 1974 оны өвөл нутгийнхаа уяачдыг дагаад морь уяж эхэлсэн байна. Ингэхдээ тэр гархин хүрэн азарга, хар шүдлэнтэйгээ уясан байна. Уясан наадамдаа түүний азарга айрагдаж, хар шүдлэн нь хол тасархай түрүүлжээ. Энэ үеэс л С.Төмөр-Очир урам орж, эргэлт буцалтгүйгээр хувь тавилангаа адуутай холбосон ажээ.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын босоо хар азарганд гүү тавьж, төлийг нь авсан нь анхны түрүүг авчирсан байна. Морь уях хорхойтой болсон тэрбээр сумынхаа ойр хавийн бүх л наадамд морьдоо сойдог болов. Сүүлдээ морины уяандаа гаршсан байна. Тойрсон сумдын наадмуудаас айраг, түрүү алдахаа байсан зэгсэн уяач болжээ. Ийн байсан түүнд сумын наадмын түрүү, айраг чамлагдах болж. Ядахдаа аймгийн наадамд уясан морио уралдуулж, хэр зэргийн уяач болсон гэдгээ үзэх юмсан гэсэн хүсэл, мөрөөдөл түүнийг ээрэх болж. Аймгийн төв хүртэл 200 орчим километр зайтай. Тэр үед уяач нар уясан морьдоо ачаад явдаг унаа тэрэг байсан биш. 1992 онд Сүхбаатар аймгийн 50 жилийн ойн баяр наадамд уралдахаар морьдоо хөтлөөд явсан байна. Аймгийнхаа ойн баяр наадамд мэнд сайхан наадаад иржээ. Мөн тэр жилдээТал булагийн ойд соёолон нь аман хүзүүнд хурдалж чамлахааргүй амжилт гаргасан байна. Ингэж байтал Жигжиджавын нэрэмжит зүүн бүсийн наадам зүүн бүсийн газар газрын хурдан буян тоосоо өргөдөг том наадам болох гэж байгаа гэсэн сураг сонссон байна. Ингээд хөхөө өвлийн хүйтэн хөр цастай өвлөөр хүүгээ дагуулаад хурдан азаргаа хөтлөөд л явчихсан байна. Уяж байгаа морио борог өвс идүүлж, айлаар гурав хоноод өвлийн уралдааныг зорин очиж байжээ. Аймгийн төвийн урд талын Шарга уулын арын дэнжид уралдаан болсон аж. С.Төмөр-Очир 1999 онд буюу зорьж очсон наадамдаа одтой сайхан наадаж, шаргын уулын наадамд азарга айрагдуулсан байна. Ингээд зун нь 300 гаруй километр замыг туулж, Дарьганга сумын Алтан овооны их тахилгад хүрэн халзан шүдлэнгээ айрагдуулжээ. Алтан овооны тахилгат их наадамд Монголын шилдэг уяачид бүгд ирцгээсэн байжээ. Улсын алдарт хурдан хүлгүүд ч ирсэн байна. Ийм наадамд үрээгээ айрагдуулчихаад буцаж явахдаа “Яагаад улсын наадамд уралдаж болохгүй гэж. Улсын наадамд морь айрагдуулах боломж байгаа юм биш үү” гэх бодол төрсөн байна. Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд оролцохоор Түмэнцогтын хөндийгөөс хэдэн адуугаа зургаан сарын эхээр туугаад гарчээ. Хэд хоног явсаар Налайхын урд талд буугаад морьдоо уяж эхэлсэн байна. Ингэж л тэр улсынхаа наадамд анх иржээ. Өвсөөр уралдуулсан морь тэжээсэн морины хажууд хүч тамир муу байдаг юм байна. Том уяачид бүгд хурдан морио тэжээдэг гэдгийг эндээс мэджээ. Улсын наадамд морьдоо уралдуулаад шүдлэн нь есөөр давхисан байна. Улсын наадамд орсон анхны жилээ ийм том амжилт гаргаад буцжээ. Ингээд 2003 онд түүний уясан морьд далавч ургачихсан юм болов уу гэмээр хурдлах болжээ. Хэнтий аймгийн 80 жилийн ойн баяр наадамд морь нь аман хүзүүдээд, хар, хүрэн соёолон нь гурав дөрвөөр давхижээ. Мөн түүний алдарт шуурган зээрд, өвгөн ноён, боржигоныхурдад тод манлай болж торгон жолоо өргүүлсэн байна. 2003 онд зүүн бүсийн наадмуудад дөрвөн түрүү, дөрвөн айраг авчээ. Ингээд Монголын уяачдын холбооны шилдэг уяач болж, хүү нь шилдэг унаач буюу Алтан хараацай болсон байна. 2005 онд мөн л улсын наадмыг зорьжээ. Тэр наадамд хүрэн шүдлэн нь зургаалсан байна. Ингээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор шуурган зээрд соёолон нь айрагджээ. Эндээс түүний улсын наадамд морь айрагдуулах эхлэл тавигджээ.

ЕМБҮҮ ХЭЭР, ШУУРГАН ЗЭЭРДИЙН АМЖИЛТ ТОД МАНЛАЙ УЯАЧ БОЛГОЖЭЭ

С.Төмөр-Очир уяач гэхээр хурдан ембүү хээр азарга, шуурган зээрд гэсэн хоёр хурдан адуу шууд яригддаг билээ. Улс бүсийн наадамд арван удаа айраг авчирсан хурдан буян болох ембүү хээр азарга түүнийг нэр алдарт хүргэсэн гэж хэлж болно. 2002 онд Монгол Улсын Тод манлай уяач Л.Цандэлэг адуутайгаа Түмэнцогт суманд отроор ирсэн байна. Тэдний адуунд Амгалан төрийн ажнай шарга азарганы эцэг Тогоруу халтар азарга байгаа сураг дуулджээ. С.Төмөр-Очирын найз Баатарчулууны адуу ч тэдний адуутай хамт байсан гэнэ. Ингээд тогоруу халтар азарганд баячуулын хүрэн адууны угшлын улаан буурал гүүг тавьжээ. Ингээд улаан буурал гүү халтар азарганаас төлтэй болоод хоцорчээ. С.Төмөр-Очир “Хоёр талын хурдан угшил нийлсэн юм чинь яах арга байхгүй хурдан байж таараа. Эр унага төрөөсэй” гэж хүсэж мөрөөдөх болсон. Түүний хүслийг биелүүлж, хээр унага төрсөн байна. Хамар цагаан хээр унагандаа Ембүү гэх нэр хайрлаж, дааган наснаас нь уяжээ. 2007 онд буюу даагандаа Ардын хувьсгалын 86 жилийн ойгоор төрийнхөө их баяр наадамд айргийн гурваар хурдалж, өм нээгдсэн адуу аж. Түүний дараа давхар уяагаар Говьсүмбэр аймагт болсон ”Боржигон хурд-2007” бүсийн наадамд аман хүзүүдэн, “Говьшанхын хурд-3”т гурвалсан. Өөрөөр хэлбэл даагандаа улс, бүсийн наадамд гурав айрагдсан байна. Шүдлэндээ улсын наадамд гуравлаад, Алтан-Овооны тахилга наадамд дөрвөлсөн гэнэ. Харин хязааландаа улсад наймлаад, дараа нь Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Соёолондоо “Жавхлант шаргын хурд” аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд түрүүлээд, Дүнжингаравт долоолсон байна. Багануурт болсон “Нүүрэнтэйн хурд” бүсийн наадамд гуравт давхиж, “Говьшанхын хурд-4” говийн бүсийн уралдаанд тавлаж тэр жил бас гурван айраг авчээ. Ингээд 2012 онд “Дүнжингаравт” айрагдсан байна. Шуурган зээрдийнхээ талаар С.Төмөр-Очир уяач ийн ярив. “2002 оны дөрөвдүгээр сарын 10-даар нэг айхтар шуурга болоогүй юу. Тэр шуурганаар олон айлын мал уруудаж, олон мал эндсэн. Тэгэхэд манайх Хэрлэнгийн урдаас адуугаа алдаад Сүхбаатар сумын араас хилийн наахнатай олж авсан юм. 100 гаруй километр гол дагаад уруудчихсан байсан. Тэр зуур хэд хэдэн гүү унагалж, эндээс ганцхан зээрд унага эхийгээ дагаад хүрээд ирсэн. Тэр айхтар шуургыг сөрж амьд үлдсэн учраас манайхан бэлгэшээн Шуурган зээрд гэж нэрлэсэн юм. Шуурган зээрд маань даагандаа 2003 онд Хэнтий аймгийн 80 жилийн ой, өвгөн ноён Хардэл жанжин бэйсийн нэрэмжит зүүн бүсийн наадам, Говьсүмбэр аймагт болсон “Боржигоны хурд-2003” төвийн уралдаан гээд гурван том наадамд түрүүлсэн. Шүдлэндээ Алтан-Овооны тахилга наадамд зургаалж, хязааландаа сумынхаа болон энэ хавиарх жижиг наадмуудад түрүүлж, 2006 онд соёолондоо Багануур-Бага Хэнтийн бүсийн наадам, Дорнод аймгийн өвлийн уралдаанд түрүүлж, Сүхбаатар аймгийнхаа наадамд аман хүзүүдсэн. Тэгээд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор төрийнхөө наадамд таваар давхисан. Олон жил баярлуулах хурдан буян байсан гэж би боддог шүү. 2008 оны хавар Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар байгалийн онц аюултай үзэгдэл болж орон даяар яригдсан шүү дээ. Цасан болон шороон шуурганаар олон айлын хот харлаж, олон мал осгож үхсэн. Тэр айхтар шуурганаар Шуурган зээрд маань эндсэн. Мөнххаан сумаас зүүн тийш 50-иад километрт үхсэн байхыг нутгийн хүмүүс олж таниад дэл, сүүл, дөрвөн туурайг нь авчихсан байсан” хэмээн ярилаа.

Хурдан морьдын талаар яриа дэлгэж суусаар үдийн алдад гэрээс гарцгаалаа. С.Төмөр-Очир уяач залгаа сум Баяндэрэмээс гэр бүлийнхээ хүнийг гэргийгээ болгосон юм байна. Төмөртогоо гэх хүний ганц охинтой амьдралаа холбожээ. Том хүү Т.Галдбадрах нь аавынхтайгаа хаваржиж байна лээ. Т.Галдбадрах аавынхаа шийрийг хатаасан сайн уяач болохоор байгааг ярьж байв. Мөн Тод манлай уяачийн морь уях эрдэмд суралцаж байгаа Энхбат, Энхбадрал нар айлсан хаваржиж байна. Хүүхэд байхаасаа хурдан морийг нь унаж байсан Б.Отгонтөгс өнөө жил 18 нас хүрчээ. Тэр мөн л морь уях болсон байна. Морьдын уяа заслын ажил хийгээд дууссан байлаа. Өдөр дундын алдад мөн л адуундаа өвс тавьж өгөх ажээ.

ТҮМЭНЦОГТ СУМЫНХАН “ТҮМЭН МАГНАЙ” ГАЛ БАЙГУУЛЖЭЭ

Түмэнцогт сумынхан ярилцаж байгаад 2006 онд “Түмэн магнай” гал байгуулсан аж. “Талын гал” компанийн захирал Санжаа, “Ганга интернейшнл” компанийн захирал Гансүх болон Болд, Ганцогт Баатарчулуун, Баярцогт нар нэгдсэн гэнэ.

Түмэнцогт сумаас улсын наадамд гурав дараалан түрүүлээд байгаа алдарт улс халзан азарга төрсөн билээ. Энэ сум руу сүүлийн үед хурдан адуу авах гэсэн хүмүүс олноор ирэх болжээ. С.Төмөр-Очир уяач дээр ч хурдан адуу худалдаж авахаар олон хүн ирдэг гэсэн. Тэр “Зарах адуугаа зарж, амьдралдаа болоод бусдад тус нэмэр болдог” хэмээж байв. С.Төмөр-Очир уяачид бусад шиг үнэтэй машин, өндөр үнэтэй орон сууц байхгүй гэсэн. Хэдэн морьдоо борог өвс, овьёос зэргээр тэжээдэг юм байна лээ. Намар өвсний шим толгой руугаа ороод эхлэх цагаар хадлан бэлтгэж, өвлийг өнөтэй давдаг байна. Хэдэн малаа бэлчээрт гаргахгүйгээр тэжээсэн ч өвлийг давахаар хадлан бордоо бэлтгэдэг гэсэн. “Сүүлийн үед малчид малаа зуданд алдаад байна гээд л байх юм. Өвс, тэжээлээ хангалттай бэлдээд авчих юм бол айх юмгүй” гэж ярьж байна лээ.

Эдний хотонд нь хонь хургалж, ямаа ишиглээд, бууцны хөлд үнээ тугалаад хаврын урт өдрүүдийг налгархан өнгөрүүлж байна лээ. Гэрийн эзэгтэй эх нь голсон ямаанд ишгийг нь авахуулж, том хүү Галбадрах нь урд энгэрт тугалсан үнээг хотондоо олж ирэхээр яваад тэд завгүй өдрүүдийг өнгөрүүлж байсан юм.

Харин С.Төмөр-Очир тод манлай “Надад үнэтэй адуу бусдаас худалдаж авах бэл бэнчин байхгүй. Буурлын буян хэдэн унаган адуугаараа уралддаг” хэмээж байв. “Адууны буянд ах нь олон хүнтэй танилцаж, нөхөрлөж байна. Хэдэн адууныхаа буянаар Төрийн тэргүүнээс “Монгол Улсын тод манлай уяач гэсэн сайхан цол хүртлээ. Төрийн хайр хишиг, түмэн олныхоо итгэлийг дааж явах юмсан гэж бодож байна. Ерөнхийлөгчөөс цол тэмдгээ аваад зогсож байх үнэхээр сайхан байсан шүү. Одоо хүртэл бодогдоод сайхан байна” гээд сэтгэлийнхээ үгийг хэлж байв.

Шаргал өвс найгасан тал нутгийн хавар тэнүүхэн сайхан байна лээ. Тэртээ баруун уулын наран жаргаж буй энгэрт адууны захад гүү унагалж байгаа харагдав. Төд удалгүй эхээс төрөөд удаагүй унага эхийнхээ араас тэнцэж ядах хөлөө энд тэнд гишгэлэн алхаж харагдлаа.

Categories
мэдээ цаг-үе

Х.Батсуурь: Барууны орнууд өргөн хэрэглээний эм тариа, хүнсний бүтээгдэхүүнээс НӨАТ авдаггүй

Эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.

-Саяхан нэг иргэн рүү татварын газраас залгаад та олдгоосоо ихийг заржээ, орлогын эх үүсвэрээ мэдүүлнэ үү гэсэн утгатай зүйл хэлсэн гэж сонслоо. Татварын шинэ систем иргэдийн хувьд олсон орлого бүрээ тайлагнаад явах нь гэх болгоомжлолыг төрүүлээд эхэлж. Үнэхээр алхам бүрээ, олсон болгоноо хянуулаад явах эрсдэл үүсэх үү?

-НӨАТ гэдэг чинь ерөөсөө л хяналтын систем. Нэгдүгээрт, хэрэглээний татвар. Ер нь бол эцсийн хэрэглэгчид ногддог татвар байгаа юм. Нөгөө талаасаа энэ татвар Засгийн газрын хувьд бизнес болоод иргэдэд тавих хяналтын том механизм, систем болж өгдөг. Сая таны хэлдэг баримт Засгийн газрын хяналтын нэг хэлбэр л дээ. Ялангуяа энэ нь бизнест их тодорхой харагддаг. Учир нь бизнесийн үе шат, дамжлага бүрд нэмүү өртөг шингэж байдаг. Тэр бүхнээ Засгийн газарт мэдээлж байдаг юм. Дамжлага тус бүр дээр татвар төлдөг гэдэг утгаар нь маш сайн хяналтын систем гээд байгаа хэрэг. Нөгөө талаас иргэд хэр хэмжээний худалдан авалт хийв, орлого нь яг хэр байна гэдгийг үүнээс түвэггүй мэдчихэж болно. Хэрэглээний татвар учраас иргэдийг хэрэглээгээр нь дамжуулж тодорхой хэмжээнд хянах боломж нээгддэг.

Бага, дунд орлоготой иргэд хянагдах боломж өндөр байдаг. Өндөр орлоготой иргэд энэ хяналтын системд хамрагдахгүй нөхцөлтэй байдаг л даа. Бага, дунд орлоготой иргэдийн орлого тодорхой. Үе үе их орлого олвол хэрэглээ нь нэмэгдэж таарна. Тэгэхээр “энэ нөхөр хаанаас мөнгө олоод байна” гэсэн хар төрөх нь ойлгомжтой. Орлого өндөртэй хүн бол өөр. Хэрэглээнийхээ юмыг хэчнээн их авлаа ч орлогынх нь бага хувийг эзлэх учраас хянах шаардлага угаасаа байхгүй. Бизнес дээр ч ялгаагүй, ийм онцлог гарч ирнэ.

-НӨАТ өндөр хөгжилтэй улсуудад илүү зохидог гэж ярьдаг. Ер нь хөгжлийн түвшнээрээ ямархуу улсад илүү тохиромжтой байдаг вэ?

-Нэг талаас хэрэглээний, нөгөө талаас хяналтын татвар учраас өндөр хөгжилтэй, асар их орлоготой, хэрэглээ өндөр улсад хамгийн тохиромжтой. Франц, Англи гэх мэт өндөр хөгжилтэй улсыг харахад татварын нийт орлогынх нь 50 хүртэлх хувийг НӨАТ эзэлдэг. Өндөр хөгжилтэй улсуудын хувьд татварынх нь гол эх үүсвэр болдог. Аж үйлдвэр төдийлөн хөгжөөгүй, хоцронгуй хөгжилтэй, хэрэглээ багатай Монгол мэтийн улсад эдийн засгийнхаа онцлогт тохируулж зөв хэрэгжүүлэхгүй бол ихээхэн дарамт болдог, маш олон сөрөг үр дагавар авчирдаг. НӨАТ манайд хэрэгжсээр ирсэн. Манай улсын татварын нийт орлогын 30 хүртэл хувийг бүрдүүлдэг. Бусад татваруудаас хамгийн өндөр хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжиж байгаа шиг хэрэгжээд явж байна гэсэн үг. НӨАТ-ын шинэ систем хэд хэдэн сөрөг үр дагаврыг эдийн засагт авчирч байна.

-Эдийн засагчийнхаа хувьд НӨАТ-ын шинэ системийн сөрөг үр дагаврыг тодруулж хэлээч. Сөрөг нөлөө нь мэдрэгдээд эхэлчихсэн гэсэн үг үү?

-Жижиг дунд бизнес, бага дунд орлоготой иргэдэд асар их дарамт үзүүлсэн хэлбэрээр хэрэгжиж эхэллээ л дээ. Би захын хорооллуудаар явж үзлээ. Жишээ нь Дэнжийн мянгын захын хорооллын дэлгүүрүүд барааныхаа үнийг 60 хүртэл хувиар нэмчихэж. Дундаж нь 30 орчим хувь байна. НӨАТ-ын шинэ систем хэрэгжиж эхэлснээс хойш буюу он гарсны дараагаас үнээ өсгөсөн гэсэн үг. Тиймээс худалдан авалт бас буурсан байна. Бүр 50 орчим хувиар. НӨАТ-ын шинэ систем захын хороололд буюу бага дунд орлоготой иргэдэд, жижиг дунд бизнест асар том цохилт болж байгааг энэ жишээнээс харж болно. Ер нь эдийн засаг муудсанаас шалтгаалсан зүйл бий. Өнгөрсөн жилийн хувьд худалдан авалт 20 орчим хувиар буурч, барааны эргэлт 40 орчим хувиар унасан. Он гараад энэ тоо бүр ч нэмэгдсэнийг сая хэллээ. Шалтгаан нь яах аргагүй НӨАТ-ын шинэ системээс улбаатай.

НӨАТ дээр шүүмжлэх бас нэг зүйл бий. Манай улс НӨАТ-ыг хавтгайруулсан маягаар хэрэгжүүлдэг. Бүх юм арван хувийн НӨАТ-тай. Барууны улс орнуудад орлогоос, барааны өртгөөс хамаарсан маягаар хэрэгждэг. Шаталсан маягаар хэрэгждэг гэсэн үг. 2, 5, 7, 10 хувь гэх мэтээр. Өргөн хэрэглээний эм тариа, суурь хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээс НӨАТ авдаггүй. Гаднаас оруулж ирэхэд ч татвар тавьдаггүй. Тэр дундаа бага орлоготой иргэдийн амьдардаг хороололд ажилладаг дэлгүүрийн татварыг бага тавьдаг. Харин хэрэглээ өндөр хороололд ажилладаг дэлгүүрт арай өөр ханддаг. Бүр онцлоод хэлбэл тансаг хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн татвар илүү өндөр байдаг юм. НӨАТ-ыг үгүйсгэж болохгүй, шаталсан хэлбэрээр хэрэгжүүлбэл дарамт багатай гэх гээд байна л даа.

-НӨАТ-ыг нийтийг хамруулсан маягаар хэрэгжүүлэх болсон шалтгааныг та юу гэж харж байна?

-Засгийн газар чадамжгүйгээсээ болоод орлогоо бүрдүүлж чадахаа байсан. Татвараас авах орлого нь дутаад эхлэнгүүт ийм арга хэмжээ авч байна л даа. Төсвийн бүрдэлтийн эхний гурван сарыг харахад 265 тэрбум төгрөгөөр тасарлаа. Орлого буурсан учраас НӨАТ-ыг шинээр хэрэгжүүлэх журмаар татварын орлогыг нэмэгдүүлэхийг хичээсэн. НӨАТ-ын шинэ систем хэрэгжээд гурван сар болчихоод байхад төсвийн орлого хэдэн зуун тэрбум төгрөгөөр тасарсан гэхээр тийм сайн арга биш нь нотлогдож байна. Хоёрдугаарт, НӨАТ-ыг хэрэгжүүлэх системд асар их мөнгө эргэлдэж байгаа. Миний тооцсоноор 40 орчим тэрбум төгрөг. Үүн дээр ашиг сонирхлын бүлэглэлүүд ажиллаж эхэлсэн. Тодорхой эрх мэдэлтнүүдийн хувьд ашиг сонирхлоо тусган хэрэгжүүлж буй нь харагдаж байна л даа. НӨАТ-тай холбоотой асуудлуудыг хариуцсан нэгжүүдийг хувьчилж эхлэх гэж байна. Ийм хоёр шалтгаанаар НӨАТ-ын шинэ систем хэрэгжиж байгаа.

-НӨАТ дээр сугалаа гаргаж байгаа. Сугалаа гаргахаас аргагүй шалтгаан байсан уу?

-Сугалаа гаргаж байгаа нь худалдан авагчдаар буюу иргэдээр дамжуулж дарамт үзүүлж буй нэг хэлбэр. Сугалаа гаргах ямар ч шалтгаан байхгүй. Худалдан авагч иргэдэд илүү орлого бий болно гэх сэдэл үүсгээд, тэр сэдлээр жижиг, дунд бизнесээ дарамталж байна л даа. Иргэд НӨАТ-ын баримт нэхнэ, жижиг дэлгүүрүүд өнөө баримтыг нь өгөхийн тулд кассын машин худалдаж авна. Худалдаж аваад программ суулгана. Программынх нь үйлчилгээний хөлс өдөрт 2000-4000 төгрөг. Энэ бүгдийг тооцоод үзвэл хамгийн багадаа 40 тэрбум төгрөгийн эргэлт байгаа юм. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд 1.5-2 сая төгрөгийн үнэтэй кассын машин худалдаж ав гэсэн дарамт ирж байна. Олонх нь худалдаж авч чадахгүй байгаа. Худалдаад авсан захын хорооллын дэлгүүрийн хувьд хэрэглэх боломж алга. Интернэтэд холбогдоогүй газар их учраас хэцүү байдалд орчихсон байна. Худалдаад авсан газрууд кассын машин авсан мөнгөө, үйлчилгээний хөлсөө гаргаж авахын тулд барааны үнээ өсгөж таарна. Кассын машин суулгачихаар арван хувийн татвараа бараандаа шингээх нь тодорхой. Эцэстээ хэрэглэгчид дээр л үнийн ачаалал ирж байна. Өөрөөр хэлбэл та өмнө нь авдгаасаа дор хаяж арван хувиар өссөн үнэтэй талх авчихаад хоёр хувийг нь буцааж авах гээд байна гэсэн үг. Наад зах нь найман хувийн үнийн өсөлтийг халааснаасаа гаргаад өгчихөж байна л даа. Би өмнө нь барааны үнэ 30-60 хувийн өсөлттэй байна гэж хэлсэн дээ. Тэгж тооцвол хэрэглэгчид өчнөөн мөнгөөр хохирч байгаа.

-Та сая захын хорооллын дэлгүүрүүдээр явсан гэлээ. Захын хорооллынхны амьдрал хэр байна?

-Худалдан авах чадвар багассан гэдэг нь олон зүйлээр нотлогдож байна. Бартерын наймаа ихэсчихэж. Бэлэн мөнгөгүй болсны шинж. Гар утас, иргэний үнэмлэх, цахилгаан бараагаа тавьж байна. Бас ойр хавийнхаа дэлгүүрт зарах бараа тавиад, оронд нь идэж уух юм авч байгаатай ч олон таарлаа. Хувийн компаниудын түвшинд ч бартер байна. Цалингаа тавьж чадахгүй болохоороо хийдэг бүтээгдэхүүнээ ажлын хөлсөнд өгч буй жишээ цөөнгүй бий. Цалиндаа хүнс авсан хүн дэлгүүрээс юм авахгүй болохоор худалдан авалт буурахад нөлөөлөх нь тодорхой. Энэ мэт өөр хоорондоо уялдаатай хямралууд ажиглагдаж байна.

-Захын хороололд кассын машин авсан дэлгүүр хэр олон байна вэ?

-Хотын төвийн дэлгүүрүүдээр орсон иргэд баримт шаардаж байгаа бол захын хороололд тэр баримтыг шаардсан хүн алга. Худалдаж авах барааных нь үнэ нэмэгдэх учраас баримт нэхэхгүй гэдгээ ухаарчихаж. НӨАТ-ын баримтаа хотын төв рүү автобусанд мөнгө төлж суугаад, интернэтэд мөнгө өгч ороод бөглөхийг хэн хүсэх вэ дээ. Захын хорооллын иргэдийн худалдан авалт хэцүү шүү дээ. Хөрш айлын хоёр хүн хамтдаа орж ирээд талхаа таллаж аваад гарч байгааг нүдээрээ харлаа. Мянга гаруй төгрөгийн үнэтэй “Атар” талхыг дийлдэггүй юм байна. Хувь хүний ч юм уу, жижигхэн цехийн хийдэг талх 950 төгрөг. Тэр талхыг арвин, идэнгэтэй гээд авч байхтай хэд хэдэн удаа таарсан. Гэхдээ нэг асуудал бий. Татварын байцаагчид дулаан орохоор захын хорооллын дэлгүүрүүдээр явах нь ихэсдэг юм билээ. Тэгвэл ийм хэцүүхэн байгаа дэлгүүрүүд бүр ч хэцүүдэх нь тодорхой.

Categories
мэдээ цаг-үе

Миний хүү амиа хайрлахгүйгээр онгоц сүйрэхээс өмнө цахилгааны утсыг салгаж, шатахууныг нь асгасан байсан

-АРВАН ХҮНИЙ АМИЙГ АВРААД ӨӨРӨӨ АМИА АЛДЖЭЭ-

Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд осолдсон билээ. Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж байсан бөгөөд 10 хүн бэртэж, нэг хүн газар дээрээ нас барсан билээ. Тодруулбал, ахмад борте механикч Н.Батбаяр амиа алдсан юм. Тэрээр цэргийн албанд 17 жил ажилласан бөгөөд 37 настай байжээ. Н.Батбаярын ээж М.Хандсүрэнтэй ярилцлаа.

-Ми-8 онгоцны хар хайрцагны бичлэгийг уншуулсан гэсэн. Хар хайрцагны бичлэгтэй танилцсан уу. Ослын шалтгааныг тайлбарлаж, үзүүлсэн болов уу?

-“Ми-8” онгоц гурван нисгэгчтэй. Миний хүү гуравдугаар нисгэгч борте механикч хийж байсан юм. Нэг, хоёрдугаар нисгэгчийнхээ голд нь суугаад явдаг юм. Хар хайрцгийг нь уншуулахад, онгоцыг голлон жолоодож байсан нэг, хоёрдугаар нисгэгч нь буруутай болж таарсан гэсэн. Гэхдээ бидэнд албан ёсоор хар хайрцагны бичлэгийг үзүүлээгүй. Тэрийг нь үзмээр байна. Хаана хандаж, хэнд хэлэхээ мэдэхгүй л байж байна. Онгоцыг даргалж ниссэн нисгэгч нь манайд өөрөө ирсэн. Уучлалт гуйж байсан. “Хайран сайхан хүү тань миний буруугаас болоод амиа алдлаа” гэж хэлсэн.

-Яг ямар алдаа гаргаад онгоц унасан талаар ярьсан уу?

-Би лавлаад сайн асуусан л даа. Яг яасан юм бэ гэж. Тэгсэн “руль булаацалдсан юм” л гэж хэлсэн. Нэг, хоёрдугаар нисгэгч нь хоорондоо булаацалдсан уу, юу болсныг мэдэх юм алга. Би нисгэгчдийн талаар сайн мэднэ л дээ. Тэднийг яаж ажлаа хийдгийг нь ч гадарладаг. Яагаад гэвэл, манайх чинь нисгэгчийн удамтай айл. Миний хань насаараа нисгэгч хийсэн Шаравын Нина гэж хүн байсан. Миний дүү гавьяат нисгэгч хүн бий. Бас аав минь 1957 онд нисгэгч хийж байсан. Хөгшин минь өөд болсон. Зэвсэгт хүчинд 39 жил ажилласан даа. 109, 303 дугаар ангид захирагч хийж байсан. Дэд хурандаа цолтой. Бас сүүлд армид нисгэгчийн багшаар ажиллаж байсан хүн. Миний хүүгийн ажиллаж байсан 337 дугаар ангийн захирагч нь манай хүний шавь нь байгаа юм. Бид хоёр долоон хүүхэдтэй. Энэ л нисгэгч хийж чадна гэсэн мундаг хүүгээ хань маань өөрөө сонгоод ажлаа өвлүүлж сургасан. Ид залуугаараа, ихийг хийж бүтээх насан дээрээ байсан хүүгээ алдаад их л хэцүү байна. Миний хүү тэр онгоцонд байсан арван хүний амийг авраад, хийх ёстой ажлаа баатарлагаар хийгээд амиа алдсан шүү дээ.

-Осол гарахын өмнө онгоцны цахилгааныг нь салгаж, онгоц дэлбэрэхгүй байх бүхий л арга хэмжээг аваад өөрөө нас барсан тухай сонссон…

-Осол гарсны дараа бид өөрсдөө анги дээр нь очсон. Тухайн үед хамт ниссэн хүмүүс нь “Батбаяр үнэхээр баатарлаг байж чадсан. Онгоцны бүх цахилгаан хэрэгслийг салгаж, шатахууныг нь хүртэл асгаад бүх аюулгүй ажиллагааны арга хэмжээг аваад өөрөө амиа алдсан. Тэгээд бид амьд гарсан” гэж хэлсэн. Онгоц унах гээд эвгүйтээд ирэхэд л бүх арга хэмжээг авсан юм байна лээ. Хэрвээ цахилгааны хэрэгсэл салгаагүй, шатахууныг нь асгаагүй бол онгоц хүчтэй унаж байгаа учир дэлбэрэх аюултай байсан. Тэгсэн бол өнөөдөр нэг хүн биш, арваннэгэн хүний амь нас яригдах байсан ч байж мэднэ. Би нүдэндээ дүрслэн харж байна. Тэр дундуур яаж сандран ажиллаж байсан бол доо гэж хүүгийнхээ талаар боддог. Бүх хөдөлгүүрийг нь унтраагаад шатахуунаа асгаад, цахилгаан утсыг салгасан байсан.

-Борте механикч гэхээр ямар үүрэгтэй ажилладаг юм бол?

-Борте механикч буюу гуравдугаар нисгэгч нь нэг, хоёрдугаар нисгэгчийнхээ голд нь суудаг. Ямар нэг хамгаалалтын бүс зүүдэггүй. Нислэг дунд босоод ард, урд талын техникүүдийг дээш, доош нь болгоод ажиллана. Хариуцлага өндөртэй, хамгийн осолтой хүнд ажил л даа. Онгоцонд сууж байсан бүх хүн хамгаалалтын бүстэй аюулгүй байдал хангагдсан байхад, миний хүү л тэнд ганцаараа хамгаалалтын бүсгүй голд нь ажлаа хийж байсан. Осол гарахад хүү минь хамгийн түрүүнд цонхоороо шидэгдсэн юм байна лээ. Онгоц унасан газраас 20-иод метрийн зайтай шидэгдсэн байхыг нь олсон байгаа юм. Хүүгийн минь цогцсыг бидэнд үзүүлээгүй. Танигдахааргүй болсон байсан гэсэн.

Би хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Аав, ээжийнхээ ачийг хариулж, олон хүний амийг аварч, үүргээ нэр төртэй гүйцэтгээд амиа алдлаа гэж өөртөө хэлсэн дээ. Миний хүүгийн энэ гавьяаг өнөөдөр хэн ч яриагүй. Батлан хамгаалахын яам бараг л энэ хэргийг нууж байна. Салбарын нэр хүндэд муугаар нөлөөлнө гэдэг юм уу бүү мэд. Тэгж хардахаар таг чиг байна. Нарийн учрыг сайн мэдэхгүй байна. Арван хүний амийг аварлаа гээд одон медаль өгдөггүй юм аа гэхэд, нэг удаа ч болов хүүгийн минь хийсэн гавьяаг олон нийтэд хэлээд эмгэнэл илэрхийлээгүй. Хүүг минь магтаж, дотрыг минь онгойлгох болов уу гэж удаан хүлээлээ. Энэ осолд ганц нисгэгч ч биш салбар хариуцсан сайд дарга нарын хариуцлага ч давхар яригдана. “Ми-8” онгоц олон удаа унаж, олон хүний амийг авч одлоо. Одоо дахиад ч ийм осол гарахгүй гэх баталгаа алга. Хүүгээ алдсан эхийн хувьд, өнчин үлдсэн гурван хүүг нь харах бүрдээ хариуцлагагүй ажилласан хүмүүсийн буруугаас болж энэ гурван нялх хүүхэд өнчин боллоо гэж бодохоор л хэцүү санагдаад байх юм.

-Осол гардаг өдөр цаг агаар их муу байсан гэсэн. Цаг агаарын байдлаас болоод нислэгийг хойшлуулж болох байсан юм билээ. Энэ тухай сонссон уу?

-Онгоц хөөрөөд удаагүй байхад л цаг агаар муудсан гэсэн. Бид өөрсдөө осол гарсан тэр шөнө очсон юм. Юу ч харагдахгүй шуурч байсан. Хэдийгээр нисгэгчийн буруу гэж байгаа ч, цаг агаар нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ цаг агаар муудах мэдээ авсан бол шөнийн нислэгийг хойшлуулж, ийм явдал болохгүй ч байх байсан юм бил үү. Ингэсэн бол миний хүү амьд байх байсан юм болов уу гээд янз бүрийн л юм өөрийн эрхгүй бодогдоод байх юм. Хань маань шөнийн сургуулилтын нислэг олон удаа хийж байсан хүн. Заримдаа цаг агаар муу байна, нислэг хойшилсон гээд гэртээ хүрээд ирдэг байсан. Тэр өдөр цаг, агаарын мэдээг аваагүй л байсан юм болов уу даа.

Уг нь хүү минь ээлжийн амралтаа авсан байсан юм. Ээлжийнхээ амралтаар гэртээ амарч байхад нь ажлаас нь дуудаад шөнийн нислэгт гаргасан. Өмнөх өдөр нь бас нислэг хийсэн гэж байгаа. Уг нь хүүгийн минь оронд өөр борте механикч явах байсан ч тэр хүн даралт ихсээд бие муу байна гээд яваагүй, оронд нь хүүг маань дуудсан байгаа юм. Угаасаа борте механикч мэргэжилтэн ховор юм билээ. Хүүтэй минь нийлээд хоёр л хүн энэ ажлыг сайн хийдэг. Нэг нь тэтгэвэрт гарсан настай хүн бий. Бас нэг шинэ хүн байдаг гэсэн. Тэрийгээ голоод байдаг шиг байгаа юм. Тэгээд миний хүүг дуудсан хэрэг.

-Онгоц осолдох гээд эвгүйтэх үед бүх арга хэмжээг авсан гэхээр хүү тань ажилдаа үнэнч ханддаг байсан юм байна…

-Аав нь тэгж сургасан. Нисгэгч бол маш хариуцлагатай ажил. Өөрийн амийг эрсдэлд оруулаад ч хамаагүй аюулгүй ажиллагааны бүх арга хэмжээг авах ёстой. Эцсийн мөчид ч чадах хэмжээгээрээ бүх арга хэмжээг авч байж хүний амийг аварч чадна гэж сургадаг байсан юм. Аавынхаа энэ захиасыг хэзээ ч мартахааргүйгээр сэтгэлдээ хадгалсан байсан, миний хүү. Маш олон одон медаль, шагнал авсан байдаг. Сүүлд Афганистанд Энхийг сахиулах ажиллагаанд нисгэгчээр яваад таван одон медальтай ирсэн. Жил болгон шилдэг ажилтан болдог. Осол гардаг өдрийн маргааш нь шинэ жил нь болох гэж байсан гэсэн. Шинэ жилийн баяраар оны шилдэг ажилтан шагнал авах гэж байсан юм билээ.

-Зэвсэгт хүчнээс гэр бүлд нь хоёр өрөө байр өгсөн гэсэн үү?

-Хүний амь эрсэдсэн талаар юм ярихгүй байж, байр өгсөн талаар маш олон хэвлэлд мэдээ нь гарсан байна лээ. Бид сайтуудаас тэр талаар уншсан. Налайхын Гордокт хоёр өрөө байр өгсөн. Үнэнээ хэлэхэд, одоо хүртэл ордерыг нь өгөөгүй. Бас сэтгэлд минь хүрэхгүй байгаа. Их хүйтэн, муу байр юм билээ. Эхнэрийнх нь бие муу, ажил хийдэггүй. Гурван бага насны хүүхэдтэй. Том нь долдугаар анги. Налайхад биш хотын төв рүүгээ гэрийг нь ойртуулмаар байна. Хичээл сургуульд нь зөөх хүн байхгүй, хол газар хэдэн өнчин хүүхэд хэцүү шүү дээ. Тийм санал тавиад үзвэл яадаг юм бол гэж бодож байна. Аав нь байсан бол энэ бяцхан хүүхдүүддээ их олон зүйл хийж өгөх байсан. Хүүхдүүдээсээ гадна надад хүртэл цайны мөнгө байнга өгөөд гэр бүлээ тэжээдэг байсан. Одоо ээж нь ажилгүй бага насны гурван хүүхдийнх нь ирээдүй бүрхэг харагдаж байгаад санаа зовж л сууна.

-Ангийн захирагч болон салбарын сайдтай уулзах хүсэлт тавьсан уу?

-Ангийн захирагч Очирбаттай нь очиж уулзсан. Тэгэхэд миний хүүгийн талаар юу ч ярихгүй хэр нь өөрийгөө бэртсэн талаар яриад байсан. Хөл минь хугараад гээд л яриад байна лээ. Тэгээд бид гараад ирсэн. Ангийн захирагч нь онгоцонд суугаад явж байсан учраас бүх зүйлийг хараад хүүг минь яаж ажилласныг мэдэж л байсан байх. Сайд нь хэвлэлээр ярилцлага өгснийг харсан. Гэхдээ ослын талаар товчхон яриад, нас барсан хүний тухай юу ч хэлээгүй. Ер нь тэгээд хар хайрцагны бичлэгийг яагаад Орост уншуулсан юм бол. Өөрсдийнхөө хийсэн онгоцыг юу гэж муу байна гэх вэ дээ. Өөр улсад уншуулж болоогүй юм байх даа гэж бодох юм. Ми-8 онгоц олон удаа осолдож, Монголын олон сайхан хүүгийн амийг авч одлоо. Дахиад ийм осол гаргахгүй талаас нь салбарын сайд, улс эх орны тэргүүлэгч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар минь анхаараасай.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганцэцэг: Мөнх хааны үеийн шавар бишгүүр “Хурган чих” зөөлөн аргадсан аялгуутай

Мөнх хааны өмнө шавар бишгүүр … хөгжимдөж байсан тухай зарим эх сурвалжид тэмдэглэгдэж үлджээ. Шавар бишгүүр буюу хөгжим судлаачдын “Хурган чих” хэмээн нэрлээд байгаа алганд багтам авсаархан, хурганы толгойн хэлбэртэй хөгжмийг иргэн Ш.Сүхбатын хувийн цуглуулгаас олж аваад, уг гарвалыг нь тогтоож, сэргээхээр ажиллаж байгаа гэнэ. Цуур юм уу лимбэ шиг хөг аялгуутай энэ хөгжмийг СУИС-ийн Хөгжимдөх урлагийн тэнхимийн эрхлэгч Ц.Цэвэгсүрэн үлээж сонирхуулсан юм. Өдгөө устаж мөхөхөд хүрээд буй цор ганц хөгжмийн зэмсгийг үлээхэд ямар сэтгэгдэл төрж буйг нь сонирхлоо. “Үлээж байгаа хэсэг нь лимбэтэй адилхан. Дуугаралтын хувьд шал өөр. Аргадангуй, зөөлөн аялгуутай” гэж тэр хэлсэн юм.

-Ш.Сүхбат гэж хүнээс “Хурган чих”-ийг олж авсан гэсэн. Яаж та бүхэнтэй холбогдсон бэ?

-Манай Дорно дахины хөгжим судлалын профессорын багийнхан энэ тал дээрээ гаршиж байгаа. С.Соронзонболд маань тэр хүмүүстэй холбогдоод, “Ямар учиртай хөгжим бэ” гээд асууж лавлаад, уламжлагдаж ирсэн гэдгийг мэдсэн юм билээ. Энэ сонин сайхан хөгжмийг нэг айлд хадгалах биш эргэлтэд оруулах хэрэгтэй гэж үзсэн. Шинэ юм гэж удтал мартагдсан хуучин юм байдаг. Бид хурган чих хөгжмийг сэргээн засварлаад, гаргаж ирэх шалтгаан нь нэгдүгээрт эртний хөгжмийн зэмсгийг сэргээх. Манай өвөг дээдэс гайхалтай юм бий болгож чаддаг байж. Хөгжим бүтээсэн шаврыг нь судалж үзэхэд гайхамшигтай бүтэцтэй гэж байгаа юм. Техник технологи хөгжөөгүй үе шүү дээ. Хонио хариулаад явж байгаа хүү янз бүрийн шавар элдэв долоон юм эвлүүлээд, ая эгшиг оруулж бүтээсэн эд болов уу гэж бид таамаглаж байна. Хэдэн зуун жилийн турш гар дамжиж явсаар байгаад энэ олдвор лакадсан юм шиг гялгар болжээ. Энэ юу вэ гэсэн чинь хүний гарын хөлс нэвчсээр байгаад өнөө үед ч байхгүй сонин технологи гаргаад ирчихэж. Бид янз бүрийн юмаар орлуулах биш яг тэр шороонуудыг нь эвлүүлээд яавал бутарч унахгүй, зөв хөгтэй, хүнд сөрөг нөлөөгүй хөгжмийн зэмсэг бий болгох вэ гэж анхаарч байгаа. Монголд байсан хөгжмийн зэмсэг яг эргээд Монголынхоо хөрс шорооноос бий болсон. Сэргээгээд сургалтад нэвтрүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад энгийн хөгжмийн зэмсгүүдийн тухай заадаг. Монгол агуу, олон хөгжмийн зэмсэгтэй. Сэргээн засварласан гол үндэс нь бид өөрсдийнхөө хөгжмийн зэмсгээ сургалтад хэрэглэх юм. Манай Хөгжмийн урлагийн сургуулийн энэ төсөл дээр ажиллаж байгаа баг эхлээд өөрсдөө энэ хөгжмийн зэмсгээ бүтээгээд, урын сан, заах арга бий болгоод сургагч багш нар бэлтгэнэ. Ингэж сурагчдад энэ хөгжмийн зэмсгээ дэлгэрүүлэх юм. Ийм сайхан эр хонгор дуутай хөгжим үндэсний найрал хөгжимд чухал үүрэг гүйцэтгэнэ дээ. Манай үндэсний найрал хөгжимд үлээвэр хөгжмийн ай цөөхөн. Нэг хөгжмийн зэмсгээр нэмэгдэж дуугаралт нь баялаг болохоор ийм олдвор оллоо. Соёл урлагийн салбарт маш хүчтэй явагдаж байгаа юм бол Соёлын бүтээлч үйлдвэрлэл. Бүтээлийг сансар огторгуйгаас, оргүй хоосноос биш эцэг өвгөдийн үлдээсэн өв соёлоос аваад, сургалт судалгаанд нэвтрүүлэх чухал төслийг хэрэгжүүлж байгаа. Үүнийгээ олон улсын төсөл болгоод Дэлхийн банкинд өргөн барилаа. Дэмжигдэнэ гэж найдаж байгаа.

-Хувь хүний гэрээс олсон гэсэн. Хадгалж байсан хүмүүс нь энэ хөгжмийн зэмсгийг ямар үед яаж хэрэглэж байсан бол?

-Яг энэ хөгжмийг олоход бутарсан байсан. Их л эртний эд гээд даалимба бааданд боогоод нандигнаад тавьчихсан байгаа шүү дээ. Аливаа бутарсан юмыг эвлүүлэхэд буцаад хэвэндээ ороход амаргүй. Гэтэл энэ хөгжмийн зэмсэг хэвэндээ их амархан орсон. Хэдхэн минутад эвлүүлээд наасан. Дотор талдаа хурууны хээ байгааг бодоход гараараа л хийсэн нь мэдэгдээд байгаа юм. Эвлүүлээд дуугаргаад үзэхэд гайхамшигтай эгшиг авиатай.

-Хурган чих гэдэг энэ хөгжмийг хаана яаж хэрэглэж байсан тухай түүхийн судар бичигт тэмдэглэгдэж үлдсэн үү?

-Дорно дахины хөгжим судлалын багийнхан эртний хөгжмийн зэмсгүүдээ бүгдийг нь судлаад явж байгаа. Энэ хөгжмийг Мөнх хааны үед хэрэглэж байсан. Найрал хөгжимд хэрэглэж байсан гэхээсээ ахуйн чанартай болов уу. Байгалийн гамшигт үзэгдэл бороо шорооноос сэргийлж, уул усаа аргаддаг гэж байгаа юм. Төлөө голсон малд энэ хөгжмийг сонсгоход ивлэж байдаг. Тэр утгаараа мал аж ахуйтай холбогдож гарч ирсэн зэмсэг болов уу. Гэхдээ мэргэжлийн хөгжмийнхөн авч хэрэглэж болохуйц сайхан хөг аялгуутай. Их л энгийн юмнаас үүссэн. Гэхдээ энгийн юм агуу байдгийн нэг жишээ энэ.

Түүхийн олон судар бичигт энэ хөгжмийн тухай дурдагджээ. Энэ чиглэлээр судалгааны баг маань ажиллаж байна. Шаврын ордыг нь олох гээд манай Дүрслэх дизайн урлагийн сургуулийн багш нар орон нутагт шороо судлаад явж байгаа. СУИС дотроо зургаан сургуультай. Сургууль болгон маань хамтын судалгаанд оролцож байгаа. Манай Дүрслэх дизайн урлагийн сургуулийн Керамикийн Лхагвацэрэн багш үүнийг бүтээх, технологи талаас нь судалж байна. Энэ хөгжмийг биежүүлж, гаргаж ирэх ажлыг манай Керамикийн лабораторийнхон хийсэн. Инновацийг яаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх вэ гээд бид яриад байгаа. Бүх юм уялдаатай. Тэдний бүтээсэн хөгжмийн зэмсгийг бид түгээн дэлгэрүүлэх ажил хийж байна.

-Энэ мартагдсан хөгжмийг босгож ирэхэд судалгааны ажлуудыг санхүүжүүлэхээс аваад маш их зардал гарах байх л даа. Шаардлагатай мөнгийг яаж босгож байна вэ?

-Манайх сургалтын байгууллага. Оюутныхаа төлбөрийг үүнд зарчихаж болохгүй. Тийм болохоор Дэлхийн банкинд том төсөл бичиж өгсөн юм. Их нааштай хүлээж авсан. Үйлс нь өөрөө их гэгээн юм. Хүн том сэдэж, том зорилготой явбал бүтдэг юм билээ. Бүтдэгийн жишээ нь төрийн их ятга. Төрийн гурван ятгыг бүтээхэд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс БСШУЯ-ны Соёлын өвийн газраас тодорхой хэмжээний төсөв санхүүжилт өгсөн юм.

-Өв соёл руугаа хандахаар судалгаа шаардлагатай болдог. Судлаачид, хүний нөөц хэр хангалттай бэлтгэгдэж байна вэ?

-Аливаа нэг ажлыг судалгаанд үндэслэж хийхгүй бол өчигдөр зүүдэлснээ өнөөдөр хэрэгжүүлнэ гэж байхгүй. Судалгааны багууд чухал. Манай мэргэжлийн хөгжим судлал, хөгжмийн боловсрол тал дээр ажилладаг нөгөө багийг маань доктор Н.Жанцанноров ахалдаг. Тэд мэргэжлийн урлагаа судлахын зэрэгцээ боловсролын асуудлыг хариуцдаг. Бид эртний хөгжмийн нот тэмдэглэгээний судалгааг хийсэн. Ятга, “Хурган чих”-ийн дараа гаргаж ирэх хөгжмийн зэмсгийн судалгаа нөөцөд бий. Даан ч нэг өдөр 24 цагтай юм даа. Бид бараг 25 цаг ажиллаж байна гэхэд хилсдэхгүй. Хөгжим судлалын хувьд энэ шинэ түвшин. Орчин цагийн хөгжмийн түүх үндсэндээ 1910-1920 оноос эхэлж байгаа. Нэг хэсэг бид Европын соёл, урлагийг хаа сайгүй дагаж давхилаа. Бүтээлчээр суралцсан гэж ярья даа, түүнээс биш хүнийг хуулбарласан гээд яах вэ. Одоо бид өөрсдийн гэсэн дэгтэй болчихлоо. Хүний соёлоос сурч болдог юм билээ. Гэхдээ өөрийнхөө соёлыг мэдэхгүй байж хүний соёлоос суралцана гэдэг асар учир дутагдалтай. Хүний соёлоос сураад ирэхээрээ бид чинь юутай билээ гээд эрж хайж эхэлдэг. Өөрийнхөө үндэсний соёл урлагийг судлах нь бидний нэн тэргүүний зорилго гэж бид үзэж байгаа. ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвүүдээс манай сургууль дээр долоон өв сургалтад явж байна. Уртын дуу, морин хуур, хөөмий, тууль, бүжиг, битүү амьсгаа, цуур гээд энэ бүхэн манай сургууль дээр жинхэнэ утгаараа мэргэжлийн түвшинд сургалт, судалгаа, уран бүтээлийн эргэлтэд орж яваа. Тэгэхээр СУИС үндэснийхээ ёс дэг уламжлал, соёл дээр тулгуурласан гэж болно.

-Та бүхэн эртний монголчууд ийм юм өмсч байжээ гээд эртний монголчуудын хувцсыг үзүүлж харуулсан. Эртний хөгжмийн зэмсгүүдийг олж гаргаж ирлээ. Сургуулийн дэргэд музей байгуулах уу. Энэ бүх олдворыг яаж хадгалж хамгаалах вэ?

-Яг үнэн. Хийсэн бүтээснээ хүмүүст үзүүлж харуулах хэрэгтэй. Хувцасны чиглэлээр гэхэд л том судалгаанууд явсан. Хөгжмийн зэмсгүүд байна. С.Дулам доктор бүжгийн профессорын багийн тэргүүлэх профессороор ажиллаж байгаа. Хадны сүг зургаар нэлээд олон бүжиг бүтээж бүжгэн жүжиг гаргахаар ажиллаж байна. Үзүүлж харуулах олон юмтай боллоо. Түүнийгээ тахиа өндгөө дарж байгаа юм шиг дараад сууж таарахгүй. Инновацийн төвүүд бий болгоод эргээд үүгээрээ гарааны компаниуд байгуулж байна. Аливаа нэг юм гарч ирэхэд түүнийг дагасан үйлдвэрлэл бий болдог. Бидний хийж байгаа бүтээлч үйлдвэрлэл инновацийн төвийг нэхэж байна. Бид том олдвор олж илрүүлж байгаа ч түүнээс ч том ай саваас дөнгөж халбагаар хутгаж байна шүү дээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Шаравын Сүрэнжав тэргүүт найрагчидтай шадарлаж явсан он жилүүд минь

Москва хотын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн төгсөх ангийн оюутан миний бие нэг өдөр Зохиолчдын хороогоор орж, буцах билетээ хөөцөлдөж явтал яруу найрагч Намжимын Очирбат тааралдаад,

-Чи дуулаа биз дээ. Нөгөө Шуурга чинь (Ш.Сүрэнжавыг хэлж байна) утга зохиолын дээд курст явах боллоо. За чи минь, тэгэхээр цаадахыгаа Ногоон гэж дуудвал алуулна шүү. Харин “Хар нүдэн” гэвэл мань хүн маасайгаад л ирнэ гэж тас тас хөхрөн дал мөрөн дээр минь алгадаж байлаа. Энэ мөчөөс хойш гурав хоногийн дараа Олон улсын суудлын галт тэрэгний нэгэн тасалгаанд Ш.Сүрэнжавтай хамт орохдоо Н.Очирбатынхаа захисан үгсийг гэнэт санан инээдээ арай ядан барив. Үүнээс хойш бидний дунд гүн зузаан нөхөрлөлийн гүүр зам эхэлсэн юм даа. Москвад хүйтний эрч чангарч байлаа. Идэр есийн ид дундуур би гэдэг амьтан бээрч даарснаас улбаалж нэг шөнө жигтэйхэн халуурч хонолоо. Төгсөх ангид хамт суралцдаг өрөөний маань найз орос урьд өмнө бага эмч хийж байсан нь ач тусаа өгч эм тан залгуулсаар ирэх өглөөтэй золгуулав. Цог шиг халуун хэдийгээр буурсан боловч цоохор морь (такси) хөлөглөн Утга зохиолын фондын хорооны эмнэлгийн босгыг алхаж тан эмийг бичүүлэн тариа сэлтийг хийлгэсээр их үдийн хирд ижил дасал болсон Добролюбовын гудамжин дахь долоон давхар өргөөнийхөө хоймор заларч ор дэрийг эзэгнэнхэн оочих цайны мөрөөс болж хэвтлээ. Гэтэл сайн хүн санаагаар гэж Ш.Сүрэнжав маань ороод ирдэг юм байна. Миний баярласан гэдэг нь мэлмэрүүлэнхэн уйлахын наагуур юм боллоо. Найз нөхөр минь орж ирүүтээ,

-Чиний биеийг муу байна гэж С.Пүрэвээс дуулаад сүүлийн хоёр цагийн хичээлийг орхиод ирлээ гэснээ толгой дээр минь алгаа хүргэн зүүн гарын судсыг барьж,

-Ядаргаа голлосон байна. Тэгээ ч болов уу гэж бодсон юм гэв. Мань хүн нандигнан боосон арцыг хармаанаасаа гарган ширээн дээр байсан үнсний саванд уугиулан намайг утах зуураа,

-Отгонтэнгэрийн арц аливаа барцдыг зайлуулах ид шидтэй байдаг юм. Одоо алзахгүй. Эмчээс залсан эм тариагаа номоор нь хэрэглэнэ биз ээ гэлээ. Тэгснээ Сүрэнжав ямар нэг маанийн мөр бадгийг аяархан аялгуулан дуудаж нэгэн үрэл шиг юмыг өөрийн гараар уруул давуулан өгөөд,

-Одоохон би чамд сармистай шөл авчирна. Хий дарахад сайн байдаг юм. Хамгийн гол нь тайван байх нь чухал шүү гэж захиад духан дээр минь уруулаа хүргэв. Хэсэг хугацаа өнгөрсний дараа сүртэй нь аргагүй сүр сар хийсээр зохиолч Ж.Бямба орж ирээд,

-Алив бос бос үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрнэ гэдэг болох нь дээ. Зуу татах уу гэв.

-Юун зуу татах манатай. Шөнөжин тавгүй хонолоо. Ханиад хүрсэн бололтой гэхэд минь,

-Хөгшин чинь өнөөдөр Элчингийн газар жаахан ажилтай байгаад энэ тухайд ажиггүй ирлээ. Юу хэрэгтэй байна гэв.

-Одоо алзахгүй биз ээ. Сүрэнжав орж ирээд Отгонтэнгэрийн арцаар сан тавьж өгсөн. Удахгүй шөл хийгээд ирнэ байх гэж намайг хэлэхэд,

-Хээ цэс. Тэр нөхөрт чинь Очирваань шүтээний арц гэж юу байдаг юм бэ. Захаас авсан зарааны баас л байгаа биз. Жинхэнэ нутгийнхаа арцаар чамайг ариутгаж жирийн биш рашааныг хүртээнэ. Чамд тэр бас шөл хийж өгөх гэнэ ээ. Цаадах чинь өчигдөр орой үхрийн зовлого аятай юм хойд дэлгүүрээс авч харагдана билээ. Тийм шөлөөр тэнхэрдэггүй юм. Тэрэнд орвол тэмээний үдээр буцалгаж уувал илүү байх болно. Харин би чамд цай цоргиж өгнө. Шар тос хөвсөн цай уухаар шанааны хөлс гараад нэг зохилтой доо. Эмчийн айлдсан эм сэлтийг уух гэж улайрсны хэрэггүй шүү. Монгол аргаараа оролдвол ядаргаа амархан арилна. Май, маанийн үрэл гэдэг юм гэж ширхэг будаа аятай юм өгөөд гарч одлоо.

Би гэдэг хүн хоёр нөхрөөсөө ийнхүү нэг нэг шидэт үрэл хүртэн хэвтэхдээ ижил төстэй тэдний хиргүй сайхан сэтгэл, хээ шаагүй зан төрхийг бодон өр зүрх минь өөрийн эрхгүй цэлмэж байлаа. Жаахан зүүрмэглэж байтал хаалга үүдийг хар тар дуугаргасаар нэгэн хүн орж ирсэн нь өнгөрсөн жил манай сургуулийн яруу найргийн ангид суралцахаар ирсэн Очирбатын Дашбалбар байлаа. Дүү хүү дүрлэгэр алаг нүдээ эргэлдүүлэн намайг хэсэг зуур сонжих аятай харж байснаа авчирсан алим жимс тэргүүтнийг ширээн дээр овоолж,

-Цаана чинь жинхэнэ өрсөлдөөн болж байна гэв. Би эхлээд үгийн учрыг сайн ойлгосонгүй.

-Юун өрсөлдөөн байх билээ гэж асуулаа. Дашбалбар тэсэлгүй инээд алдан,

-Сүрэнжав багштан лам ахад зориулан (намайг хэлж байна) өөх сэлт нь алагласан хонины махаар шөл хийж байна. Бямба гуай шар тос хөвсөн шаргал цай даргилуулж сууна. Та их азтай юм аа. Тийм нүнжигтэй юм зооглож байхад хэр баргийн ханиад томуу хил даван одох биз ээ гэж тохуу хийж суулаа. О.Дашбалбарыг явсны дараа удаа ч үгүй байтал уур савсуулсаар Ш.Сүрэнжав орж ирээд,

-Алив хө, өндий. Сэв авахуулж болохгүй шүү. Шөлөө уучихаар чинь би чамайг сайн хучиж өгнө. Хичнээн их хөлөрнө төдий чинээ сайн байдаг юм.

-За тэгье. Саяхан Бямба орж ирээд гарлаа.

-Тэгээ юу. Тэгээд юу гэж байна.

-Надад цай цоргиж авчирна гэсэн.

-Аа, тийм үү. Цаадах чинь цай нэртэй цэхэр хярам цэлэлзүүлээд ирэх вий дээ.

-Бас маанийн үрэл хүртээсэн.

-Үрэл ий? Үлийний чинь маанийнх. Тэр чинь тийм амар олдох эд биш. Дэлгүүрийн лангуун дээр асгарсан будааг цуглуулснаа тарааж ч явж мэднэ гэж Ш.Сүрэнжав ярьж суутал Ж.Бямба үүдээр цухуйснаа бараа нь тасрав. Ш.Сүрэнжав,

-Харав уу тэр, биднийгээ туршиж явна. Ийм л золиг байгаа юм гэж амандаа үглэснээ.

-Би маргааш шүүлэгтэй. Очиж жаахан гэгээрэхээс биш. Хөгшин чинь шөнө чамайг эргэж тойрно оо. Анд нөхөдтэйгөө байхад алс газарт алзахгүй шүү гэж санаа сэтгэлийг тэнхрүүлэх сайхан үгээр намайгаа давхар давхар анагааж байв. Ш.Сүрэнжавыг гарсны дараа энэ тэрийг бодон эргэж хөрвөж байтал болоод өнгөрсөн бодит нэгэн явдал сэтгэлд сэвхийн буулаа.

Миний бие арван долоон наснаасаа эхлэн ардын цагдаагийн албанд зүтгэсэн юм. Ёндонжамц гэдэг эргүүлийн цагдаатай би олон жил үй зайгүй үерхэж билээ. Тэр зун Есөн гудамжны бөглүүхэн хашаанд хоёр гэрээрээ зусав. Нэг өдөр Ёндонжамц орж ирээд мэндийн ч зөрөөгүй,

-Танай зохиолчид гэж ихээхэн үл бүтэх нөхөд байх юм. Чи зохиол оролддог хүн. Шаравын Сүрэнжав гэдэг этгээдийг танина биз дээ гэв.

-Танилгүй яахав. Харин нэг их дотно үерхэж амжаагүй л явна. Сайхан шүлэгтэй тэнгэрлэг найрагч даа гэхэд минь Ёндонжамц ёоз муутайхан шиг,

-Тэр муу чинь өнөөдөр намайг шаардлага тавин шахлаа гээд Туул рестораны шатан дээр тонгорч унагаад толгой тархи бяцалчих дөхлөө. Тэгээд бас яах ийхийн зуургүй зугтаад явчихсан шүү гэж бөөн хорсол заналаар бөөлжих шахаж байлаа. Би найзыгаа аль болохоор аргадаж суув. Миний үгэнд оролгүй маргааш нь дайсан болох Сүрэнжавыг далан таваар буулгаж авахаар дээд газартаа дэгдээд хүрчээ. Ингээд л Ёндонжамц цагдаа Ш.Сүрэнжавыг хоёр зуун төгрөгөөр торгуулан хор хонзонгоо дарав. Дургүй нь хүрсэн Ш.Сүрэнжав дуу шуугүй цагдаагийн газраас цаг алдалгүй холдохын оронд,

-Улсын наадамд түрүүлсэн бөх таван зуун төгрөгийн шагналтай юм гэнэ лээ. Унасан цагдаа нарынх хоёр зуу байдаг юм уу гэчихжээ. Цагдаагийнхан цаад нөхрөө бариад ав. Ямар их хэл амтай этгээд вэ гэж шуугилдах хооронд нь мань хүн аль хэдийнэ машин хөлөглөн холдсон байлаа. Хэзээ хойно энэ тухай эргэн дурсахад Ёндонжамц цагдаа үл мэдэг жуумалзан,

-Тэр Сүрэнжав чинь дархан ташаатай лут эр юм билээ. Би мөн хүчтэй унасан шүү. Хамгийн харамсалтай нь рестораны үйлчлэгч хүүхнүүдээс л үхтлээ ичиж билээ гэж хуучилдаг сан.

Сүрэнжав одоо ч гэсэн Ёндонжамц цагдааг асууж сураглан амьдрал ахуйг нь сонирхдог нь эгэлгүй нэгэн эр хүний шинж гэлтэй. Ийнхүү бодсоор би нам унтжээ. Нэг сэрэхнээ цонхоор гэрэл гэгээ цацарч байв. Ж.Бямба маань намайг сэрээчихгүй гэсэндээ халуун савтай цайг ширээн дээр орхиод явжээ. Савны бөглөөг авуут шар тосны содон үнэр өрөө дүүрэн ханхийв.

…Цаг хугацаа цаашлан өнгөрөх тусам салж одсон сайн нөхдөө дурсан санах нь эцэгтэй хүний журам, эхтэй хүний жудаг ажээ. 1998 онд миний бие өнгө ногоо жигдэрсэн зуны сарны дундуур зугаацахаар мордон энгүй сайхан Хөвсгөл далайнхаа эрэг ирмэг газарт аяны дөрөө мултлан рашаан уснаас нь дээжлэн хүртэв. Нар гийсэн тунгалаг намуун саруул өглөө хөлийн доор хөглөрөнхөн байх их усны хаялгыг харан зогсох зуур “Буцаад ирнэ ээ гээд явсан дотно нөхөр Дашбалбар чинь энэ удаа эргэж буух аяны зам албаны боломж олдоогүй юм болов уу даа” гэж Далай ээж аядуухан хэмээр асуух шиг санагдав. Нээрэн ч хэдэн жилийн өмнө идэр есийн хүйтний эрч буурсан үеэр төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж нарынхаа хамт домгийн цэнхэр энэ хязгаар нутагт ирж байснаа эргэн дурслаа. Балбар минь тэгэхэд “Далай ээж тандаа дахиад хүү чинь ирнэ ээ” гэж хэлээд толин цэнхэр мөсөн дээр нь удтал хэвтэж тооны нимгэн дэвтэр дээр шүлэг тэрлэж байсансан. Эл учралын тухай элдвийг эргэцүүлэн нуурынхаа хөвөөгөөр нулимс мэлмэрүүлэн явахдаа хэзээ хаана анх танилцсан, хэрхэн яаж үерхэх болсоноо бичих хүсэл бие сэтгэлийг эзэмдэв.

Өгүүлэх ину: Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн төгсөх ангид суралцаж байсан зохиолч Санжийн Пүрэв бид хоёрын нэр дээр зохиолчдын хорооны орлогч дарга Д.Наваансүрэнгээс нэгэн цахилгаан ирснийг уншвал “Танай сургуульд суралцах Дашбалбарыг угтаж ав” гэсэн байлаа. Товлосон цаг болох 1979 оны есдүгээр сарын 5-ны өдөр Монголоос ирэх галт тэргийг тосуулахаар хамт нэг ангид суралцаж буй Намбарын Энхбаяр, Хасбаатарын Мэргэн хоёрыг буудлын газар илгээж буурал болох хоёр хөгшин өргөөндөө ханхайн хоцров. Одоо удахгүй нүүр учран золгох О.Дашбалбарыг С.Пүрэв бид хоёр урьд өмнө нь танихгүй учир ямаршуухан залуу нэг тогооноос хоол идэх болсныг төсөөлөн ярилцаж цай ундыг бэлдэн цахилгаан тогийг барж байлаа. Удалгүй хаалга сэвхийн онгойж дүрлэгэр алаг нүдтэй гял цал хийсэн хөдөлгөөн бүхий дунд зэргийн нуруулаг залуу орж ирүүтээ,

-Ах лам нарын бие сайн уу гэснээ мэндийн ч хариу сонсолгүй сэтгэл нь хөдөлсөндөө ч тэр юм уу Тютчевийн хайр дурлалын шүлгүүдээс уншиж гарлаа. С.Пүрэв бид хоёр омголон төрхтэй олон залуусыг үзсэн боловч орж ирүүтээ хоёр хармаандаа гараа хийж хойш урагшаа тогтон ядах ийм хөвгүүнтэй төдийлөн тааралдаж яваагүй учир дэмий л бие биеэ нудран битүүхэндээ гайхаж байснаа нуух юун. Тэр хооронд тэсвэр алдсан миний бие энэ залуу жаахан гажигтай (хийрхүү) юм биш байгаа гэж шивнэн асуувал,

-Тиймэрхүү л харагдаад байна гэж С.Пүрэв сэмхэн хариу өгч байлаа. Зочин маань баахан шүлэг уншиж байснаа нэгийг санав бололтой Н.Энхбаяр, Х.Мэргэн нарын дамжлан оруулж ирсэн далбагар том богцыг уудлан баахан чанасан мах, дөрвөн шил архийг ширээн дээр гаргаж тавьснаа,

-За, нутаг уснаас авчирсан идээнийхээ дээжээр та нарыгаа гялайлгах гэсэн юм гэв. Оюутан бид юуны өмнө эхлээд гийчнээ өөрсдийн хийсэн борцтой шөлөөрөө дайлахыг эрхэмлэнэ.

Одоо Готовын Нямаагийнхаа талаар хэдэн үг хэлье. Готовын Нямаа, Л.Түдэв даргын туслах гэгдэн овоо хэдэн жил дагалдахдаа, олон зүйл дээр гайгүй гэсэн үнэлэлтийг гарынхаа даргаас хүртжээ. Ухаан төгс Түдэв гуай уулаасаа ажигч хүн болохоор Готовын хүүгийн шүлэг зохиолд гойд чамин санаа цөөнгүй байгааг анзаарч насныхаа танагтай дээр наад ухаанаа дэвжүүлж ав гээд яаралтай түргэн явуулсан нь тэр ажээ. Зөн билиг сайтай хүн зөвийг дандаа хийдгийн эгэлгүй нэгэн жишээ энэ байв. Итгэлийг нь Нямаа эвдээгүй юмдаг. Нэг хөгтэй мөртөө хөгжөөнтэй явдлыг нэхэн санаж байна. Мань хүнийг ханиад хүрээд хэвтэж байтал утга зохиолын дээд курсийн сонсогч Шаравын Сүрэнжав онголзон өнгөлзсөөр орж ирэв гэнэ. Учир явдлыг ойлгосон Ш.Сүрэнжав хэсэг зуур чимээгүйхэн зогсож байснаа,

-Алив босоод хувцас хунараа өмс, улаан махны бузраас болоо биз. Чамд би сан тавьж өгнө, намайг дагаад яв. Харин би өрөөгөөрөө ороод утлагаа авна. Энэ түм түжигнэсэн газар нэг л таагүй оргиод байна гэв. Дотно хоёр Добролюбовын гудамжин дахь оюутныхаа байрны ойролцоох цэцэрлэгт хүрээлэн хүрч бургасан төглийн хажуудах булангийн сандалд тухалжээ. Цаана нь нэлээд зайтай газар хэсэг хүүхэд бөмбөг тоглоно. Ш.Сүрэнжав дугуй төмөр хайрцаг гарган утлаганд бэлтгэх зуураа,

-Багачууд хүүхэд баяр хөөртэй дэргэд минь дэрвэж байна гэдэг бас л нэг бэлгэдэл билээ гэсээр арцаа уугиулдгийн даваан дээр, алаг бөмбөг ойж ирээд таатайхан бэлдсэн зүйлийг талаар нэг болгочихжээ. Сүрэнжав зохиолч сүр сар хийн боссоноо нэгийг санав бололтой,

-Учир мэдэхгүй жаалуудад уурлаад яахав. Газраа зөв олсонгүй ганц алдаа боллоо. Алтан дэлхий мундсан биш, алив ийшээ гээд түрүүлэн алхав. Нямаа инээдээ арай ядан барьж араас нь дагажээ. Шаравын хүү самбаачлан чимээ шуугиангүй газрыг сонгож олоод,

-Энд болно оо, гадарга нь тэгш юм гэсээр зүлгэн дээр тухлав. Арцаа уугиулан амандаа мааниа эхэлтэл дэргэд нь гөлөг ирээд шээчихжээ. Сүрэнжав үнэнхүү сэжиглэж,

-За Нямаа минь, чи засал хийлгэхгүй бол ажил чинь бүтэхгүй байж мэднэ. Авгайдаа цахилгаан явуулж Гандангаар ор гэж хэл гэхэд нь Г.Нямаа тэсгэлгүй инээд алдчихжээ. Ш.Сүрэнжав,

-Энэ чинь инээд биш ханиад гэснээ хөөе гэхийн завдалгүй хөлөө солбиулан бараа нь тасрав. Энэ түүхийг хожим хойно Г.Нямаа надад хуучилсан юм.

-Тэгээд утлага хийлгэж чадаагүй юу гэхэд,

-Тэр шөнөдөө амжуулсан.

-Очиж очиж харанхуйгаар уу?

-Тийм ээ. Унтахыг завдаж байтал утлага барьсаар Сүүеэ (Сүрэнжав) орж ирээд. Хол яваа хүмүүс хоорондоо эвтэй байх нь чухал. Хар гайг цаг алдалгүй зайлуулсан нь дээр. Хаалга бушуу түгж! Их гэрлээ унтраагаад ширээнийхээ чийдэнг асаавал зохилтой гэснийг би дор нь амжуулав. Тэгээд утлага номоороор болж, тэр шөнө Сүрэнжавын сэтгэл амарч билээ гэж Г.Нямаа хэлээд,

-Цаадах чинь хүний хувьд гэмгүй шүү гэж аминчилсан юм.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Данигайн Давааням

Categories
мэдээ цаг-үе

Л.Чаминчулуун: “Насаараа л хүлээхийн жаргал эдэллээ дээ” гэж өвгөн маань нэг удаа хэлсэн

Л.Чаминчулуун гавьяатыг СУИСд тайзны ярианы хичээл орж байхад нь олж очив. Олны танил жүжигчин тэрбээр хурц тод өнгийн урт цамц, цэцгэн хэлбэртэй, улаан өнгөтэй ээмэг зүүлтээр гоёсон харагдана. Бас дэрвэгэр сормуусаар гангарсан хэвээрээ. “Нүдний гал цог бууруу харагддаггүй. Хүний нүдэнд аятайхан харагдах хэрэгтэйгэж боддог гэнэ. “Ус аваад иргээд нэг оюутанг гүйлгэчихээдБи сургууль дээр оюутан их зардаг. “Гараад ус аваад ир, талх аваад ир, энэ сандлыг тийш нь тавиадахгэдэг юм байна. Гэртээ очоод тэр барилаараа өвгөнтэйгөө харьцаадУдирдлага аваад ир”, “Надад нэг ус аваад иргэхээрӨдөржингөө оюутан зарчихаад, гэртээ ирээд намайг оюутан шиг зарлаагэсэн хэмээн хуучлав.

Дөрөвдүгээр сарын 1 дөхөхөөр Б.Батзаяа, Б.Туяа, Л.Чаминчулуун хаана яваа бол гээд үгүйлдэг хүн олон. Ингэхэд Л.Чаминчулуун хаана юу хийж байна вэ?

-Би зурагтаар нэг их гарахгүй байгаа л даа. Гэхдээ захиалгат тоглолтод оролцдог. Бөхийн өргөөнд очно. Энд тэндэхийн тоглолтод сардаа гурав заримдаа дөрөв ч очиж тоглодог. Хандивын тоглолтод их оролцдог. Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Бөхийн өргөөнд бас нэг хандивын тоглолттой байгаа. Бас Тусгаар тогтнолын ордонд Д.Жагдаг, Б.Батзаяа, Д.Сосорбарам бид хэд тоглолтод оролцох юм. Б.Туяа маань Хөх хотод хоёр сар ажиллахаар саяхан явсан.Хошин шогийнхон бөөнөөрөө цугласан тоглолт болох юм билээ.

Хууччуул маань ямар тоглолт босгож байгаа бол?

-Яахав, бид хуучин хийж байснаараа нэг юм хийнэ. Б.Батзаяа бас юм бодож байгаа гэсэн. Тэрийг дэлгээд яахав. Би болж өгвөл ард түмнээс нийгэмдээ хандсан ёгтлол егөө унших бодолтой байна даа. Би улс төрийн хошин шог их сонирхдог. Нэлээд хэдэн ёгтлол, егөө бичсэн юм. Би ер нь дүрстэй CD гаргаж байгаагүй. Энэ жил дүрстэй СD гаргах санаатай байгаа.

Улс төрийн ёгтлол, егөө эрчүүдэд зохих юм шиг санагддаг. Таны хувьд бодсон санасан юм бий байх, хашир хүн?

-Бүсгүй хүн амьдралыг ямар нүдээр харж байгаагаас бүх юм шалтгаалж байгаа шүү дээ. Эр хүн ноён нуруутай, жинтэй боддог, даацтай, алсын хараатай гэдэг л дээ. Гэтэл тэр бүхнийг ганцхан атганд хийх нарийн уран шаглаа эмэгтэй хүнээс гардаг.

Улс төр хошин шог гараа шиг боллоо гэж хүмүүс яриад байгаа. Та бол улс төрөөс инээдэм эмгэнэлийг хэр их олж харж байна?

-Өнгөрсөн түүх инээдэм болж үлддэг. Өнөөдөр бол улаан туг бариад “Ура” хашгираад явбал сонин. Гэхдээ тухайн үед тийм л байсан. Тэр дундаа улс төрийнхөн буурьгүй бодлогогүй, төлөвлөгөөгүй судалгаагүй юм хийх тусмаа ард түмнийхээ элэг доог болдог. Нийгмийн байдлын талаар саяхан Оросын телевизээр нэг нэвтрүүлэг гарлаа. Гурван орны хүн асуулт асуусан. Франц хүнээс “Та амьдралдаа сэтгэл хангалуун байна уу” гэж асуухад “Дээр байгаа улсууд сайн ажиллаж байгаа болохоор би сайн байгаа” гэсэн. Энэ бол гоё үг. Тэгтэл нэг хятад хүнээс асуухад “Ажил байвал бид хангалттай амьдарна. Энэ олон хүнийг хооллож ундалж хувцаслана гэдэг хэцүү ш дээ. Гэхдээ бид ажлаа л хангалттай хийж байвал боллоо” гэсэн. Тэдэнд амь зогоох ажил байнга олдож байдаг гэнэ. Харин орос хүн “Новшийн” гэсэн. Бид ажил хийх гэхээр ажил олддоггүй. Хийж чадах юм дэмий сэлгүүцэх, зугаацах л үлдлээ дээ гэсэн. Тэр хариултуудыг харахаар манайх Оростой ойролцоо болчихоод байгаа юм. Энэ новшийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс дээр байгаа дээдсийг зарим нь шоолж, зарим нь харааж байгаа. Урьдын цагт монголчууд “Төрийн сүлд өршөө” гэж даатгадаг байсан. Одоо тэгэхэд бид “Төр минь яана аа” гэдэг болж дээ.

Дөрөвдүгээр сард олон сайхан дурсамж сэргэдэг болов уу?

-Дөрөвдүгээр сард “Азтай бадарчин” гээд сайхан тэмцээн болдог байлаа. “Азтай бадарчин”-г авах гэж хошин урлагийнхан нэлээд их бэлтгэж, зүтгэдэг байсан шүү дээ. Би бол тасралтгүй арван хэдэн жил оролцож бүх шагналыг нь хүртэж байлаа.

Тэр үеийн хөгжилтэй дурсамж, бас эмзэглэл үлдсэн байх?

-Би хувьдаа эмзэглэл тээж явах дуртай биш. Хошин урлагийн жүжигчид нэг их эмзэглээд сэтгэлээр унах нь гайгүй болов уу. Яагаад гэвэл хүнд байдлаас гарах гарц нь инээдэм байдаг учраас.

Хуучны хамтрагчид уулзаж, хөөрөлддөг үү?

-Бараг үгүй, тааралдахгүй дээ. Би бол өглөө сургууль руу орж ирээд үдэш харьдаг хүн. Б.Батзаяа, Д.Жагдаг, Б.Туяа гурав чинь чөлөөт уран бүтээлч. Хаа дуртай газраа явна. Би бол СУИС-иас уяатай юм шиг л байдаг. Хамгийн сайхан сэтгэл хөөрүүлдэг юм бол “Шинэ үе” продакшны Бооёо их гоё буянлаг үйл ажиллагаа хийдэг. Нэгдүгээр сарын 1-нд биднийг хүлээж авч, шинэ жил тэмдэглэдэг. Өнгөрсөн жил ёолк, цагаан сар тэмдэглэж чадаагүй ш дээ. Нэг банди маань өнгөрөөд. Тэрнээс өмнөх шинэ жилээр азын сугалаагаар би тоос сорогч хожоод бөөн юм болов оо. Анх Бооёо ганцаараа бид тавыг хүлээж авдаг байлаа. Биднийг суулгачихаад хоол авч өгөөд, дээлийн өнгө, боов өгдөг. Би боддог байсан юм. Хүн хэдий чинээ буян үйлдэнэ төдий чинээ буян нь өөрт нь ирнэ. Дараа нь продакшнууд биднийг хамтарч хүлээж авдаг болсон.

Нэг мэдэхэд ахмад болчихсон явна. Өдий насан дээр хүүхэд, залуу үеэ дурсах сонин болов уу, та ямар хүүхэд байв?

-Би ангидаа нэлээд хөдөлгөөнтэй хүүхдийн тоонд ордог байлаа. Би чинь Хөгжим бүжигт байсан шүү дээ. Манай ангиас мундаг улсууд төрсөн юм. Морин хуурын Батчулуун байсан, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэ-Очир, бас ҮДБЭЧ-ын Цэдэн-Иш гэж хүн байна. Ихэнх нь тэтгэвэртээ гарч дээ. Манай ангиас нэг Ардын жүжигчин, дөрөв таван гавьяат төрсөн. Улаанбаатар телевизийн уран сайхны удирдагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Баяр бас манай анги. Би 23 дугаар сургуульд байж байгаад дараа нь Хөгжим бүжигт шанзны ангид очсон юм. Тэгээд хаячихсан даа. Сүүлд хойшоо драмын сургуульд явсан. Үйлчлэгч, нүүр будагч хийж байгаад хойшоо сургуульд явсан юм. 1975 онд хойшоо яваад, 1980 онд төгсч ирсэн.

Жүжигчин болъё гэж их боджээ?

-Ерөөсөө эхнээсээ бодож байсан. Миний аав Лувсангомбо сайдын референт хийж байсан. Соёлын яаманд удсан хүн. Аавыгаа дагаад энд тэндхийн урлагийн бригад янз бүрийн юманд явсаар байгаад урлагийн хүн болох хүсэл төрсөн болов уу. Аав кларнет их гоё тоглодог. Удирдах ажил хийж байсан тийм л хүн. Миний ижий Алтангэрэл гэж маш уран хүн байлаа. Харамсалтай нь би аавынхаа хуучин монголоор сийлсэн юм шиг гоё бичдэгийг, ээжийнхээ уран гоё оёдог, хатгадгийг сурч үлдээгүй. Хөх зүү хөндлөн барьдаггүй. Надад зааж өгч байхгүй яасан юм бол доо гэж үе үе боддог юм.

Хуучны гэр бүлийн уур амьсгал одоогийнхоос их өөр байж?

-Одоо манайхан хайр аа, хайрт минь гэцгээгээд байдаг. Дээр үеийн улсууд ёстой хайр нь дотроо хал нь гаднаа байсан. Хайр аа хайр аа гээд жинхэнэ хайрлаж чадаж байгаа ч юм уу. Гэтэл дээр үеийн улсууд хайртай гэж бараг хэлдэггүй байсан мөртлөө сайхан хайрыг зүрх сэтгэлдээ хадгалж явдаг байсан гэж боддог. Нууцгайхан байхдаа сайхан, ил гараад байвал үнэ хүндээ алддаг юм бас бий. Жинхэнэ хайртай байж чадсан эсэх нь нас өтлөх тусам мэдэгддэг юм билээ. Одоо ингээд хоёр биендээ хандаж байгаа хандлага, биенээ халамжилж хайрлаж өхөөрдөж байгаа нь өөр. Бас хэдий удаа аж дээ гэж өвгөнөө хараад бодох үе бий. Болж өгвөл эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй, гомдоочихгүй юмсан гэж бодогддог. Залуу байхад бодогдож байгаагүй юм нас өтлөх тусам бодогддог юм байна.

Ер нь тан шиг олны танил гал цогтой эмэгтэйн нөхөр байх нь яаж тусдаг байсан бол?

-Мэдээж хэцүү. Би чинь маш их энергитэй, хурдтай. Өглөө эрт гараад явна, харанхуй шөнө харина. Миний муу өвгөн урьд нь ажил хийдэг байсан болохоор анзаардаггүй. Одоо тэтгэвэртээ суучихсан, би ажиллаад байхаар “Өнөөдөр бас ажилтай юм уу” гэдэг. Нэг удаа хэлсэн үг нь ерөөсөө мартагддаггүй. “Насаараа л хүлээхийн жаргал эдэллээ дээ” гэсэн. Тэгэхээр нь би “Би ч гэсэн бүх насаараа тэмүүлэхийн жаргал эдэлж явна” гэсэн юм. Тэмүүлдэггүй бол өөр тийшээ яваад өгнө шүү дээ. Гэр рүүгээ л, хань руугаа яардаг. Нөгөө хоол унд нь юу болж байгаа бол гэж гүйдэг. Өдөрт хоёулаа байнга л утсаар ярина. Юу хийж байна, хоолоо идсэн үү босоорой, унтаарай, идээрэй, уугаарай гээд амьдрал их сонирхолтой, гоё.

Ингэхэд та хоёрын хэн нь анх санал тавьсан бэ?

-Манай өвгөн надаас дөрөв ах шүү дээ. Би чинь дөнгөж аравдугаар анги төгсөөд драмын театрт үйлчлэгч байлаа. Манай өвгөн Багшийн дээдийн гуравдугаар курсын оюутан.

Танаас зиндаа дээгүүр байжээ?

-Аймаар дээгүүр байсан. Тэгээд л суусан даа.

Дараа нь та олны танил болж эхэлсэн?

-1980 онд сургууль төгсч ирээд, 1985-1986 он гэхэд хүмүүс намайг таньдаг болж эхэлсэн л дээ. Гэхдээ намайг өдий зэрэгтэй явахад миний хань их тус дэм болсон доо. Том хүү маань нэг настай байхад нөхөр маань хүүхдээ авч үлдээд, намайг сургуульд явуулсан юм. Хэрэв тэгээгүй бол би өнөөдөр ийм байхгүй. Ханьдаа биширч, шүтэж хайрлаж явдаг юм даа.

Нөхөр тань цэргийн хүн бил үү?

-Манай хүн маш даруу дөлгөөн. Уг нь Багшийн дээдийн Биеийн тамирын анги төгссөн. Гэхдээ насаараа цэргийн газар ажилласан даа. Биеийн тамирын албаны дарга, жагсаалын дарга хийдэг байсан.

Инээлгэхээс гадна уйлуулдаг уран бүтээлүүд байдаг. ТаныЭэжийгээ хайрлаж яваарай”-г сонссон хүний ой тойнд тэр чигээрээ үлддэг. Ээж тань ямар хүн байв?

-Би чинь айлын өргөмөл хүүхэд байгаа юм. Лувсангомбо, Алтангэрэл гэж хоёр хүний хүүхэд болж хажууд нь байсандаа баярладаг. Миний муу аав ээж хоёр миний төлөө зүтгэсээр байгаад өнгөрсөн дөө. Хоёр хүүхдийг маань гараас минь хөтлүүлж өгсөн. Сар болгоны шинийн хоёронд ээж, аав хоёртоо маанийн ерөөл айлдуулж, долоон бурханд сүү өргөж явдаг даа. Ямар их ухаантай, өгөөмөр байсныг нь бодож явдаг. Би ээжийнхээ үгийг зааварчилгаа болгож явдаг. Хүмүүс атаархаад хэцүүдүүлэх үе гарна. Ээждээ очоод хэлэхээр “Яг тэр муу зантай нь тэнцэхээр сайхан сэтгэл гарга” гэдэг. Би тэгж чадах уу ээж ээ гэхээр “Чад, чадахаас өөр зам байхгүй” гэдэг. Хүнийг буруутгахгүй, муу санахгүй байж чадвал чи өөрөө аз жаргалтай явна гэдэг. Хүн надад хичнээн муу байх нь хамаагүй би байдгаараа л байя гэж боддог. Хүнд их гомдвол холдоод явчихдаг муу зантай.

Танай хүүхдүүд ямар мэргэжлийн хүмүүс вэ?

-Дөрвөн ачтай, том ач маань энэ жил СУИС-ийн жүжигчний анги төгсөнө. Манай том хүү япон хэлний орчуулагч мэргэжилтэй. Бага хүү маань хуульч.

Та сайн эмээ юу?

-Би сайн эмээ биш. Маш их ажилтай байдаг учраас ямар сайндаа “Хүүхэд харах хүн байхгүй” гэхээр нь “Хараад өгөх сайн хүн олчих, мөнгийг нь өгье” гэхэв. Би ач нараа ерөөсөө хараагүй.

Жүжигчний хувьд биелээгүй хүсэл байдаг уу?

-Би нэг сайхан ээжийн дүрд тоглох юмсан гэж боддог юм. Биелэх юм уу мэдэхгүй. Зохиол нь ч хаана байгаа юм, намайг тоглуулахаар авдаг хүмүүс байгаа ч юм уу.

Таныг хошин шогийн дүрээр хардаг хүмүүс гэртээ хэр наргианч бол гэж боддог байх?

-Гэрт бол наргих нь ховор. Өглөө эрт таван цаг өнгөрөөгөөд босно. Би өдөр оройн хоолоо хийж гардаг юм. Арагшаа яарахгүйгээр ажил дээрээ бүх энергиэ гаргах бодолтой байдаг.

Таны утас руу залгахаар дарь эхийн тарни явах юм. Их шүтлэгтэй хүн байх гэж бодлоо?

-Нэг их бурхан минь дарь эх минь гээд байх нь ч юу юм. Гэхдээ хүн заавал шүтэх юмтай байх ёстой. Бас нэг даатгадаг хэлчихдэг ярьчихдаг байх хэрэгтэй.

Та цэцэг, навч болсон хурц тод өнгөтэй хувцас өмсөх юм аа?

-Эмэгтэй хүн байгаагаасаа залуу байх ёстой. Тэгж байж урагшлах эрч хүч нэмэгдэх болов уу. Би хөгширч байна гэж аль болох бодохгүй байх хэрэгтэй.

Таны найзууд ямар хүмүүс байдаг вэ?

-Миний үеийнхэн ангийнхан мэр сэр бий. Миний шүтэж биширдэг ламч эмэгтэй найз бий. Болохоо байвал гүйгээд очно. Тэр хүүхэнтэй нэлээд холбоотой байдаг. Гурван эмэгтэй дүүтэйгээ найз. Болж бүтэхгүй юмаа тэдэнтэйгээ ярина, заримдаа айлгана.

Таны хамгийн дуртай баяр?

-Цагаан сар. Гэрээр дүүрэн хүн бужигнаад сайхан ш дээ. Хүний алга тэнийлгэнэ гэдэг буян. Их бэлтгэсэн баяр үнэ цэнтэй байдаг. Эртнээс бэлтгэнэ. Шавь нар, нөхрийн дүү нар, манай дүү нар ирнэ.

Олны танил байна гэдэг амаргүй. Хүмүүс тантай таарахаараа яаж ханддаг вэ?

-Маш сайхан ханддаг. Маш их хайрлана. Гудамжинд явж байхад “Хоёулаа зургаа авахуулчихъя” гэнэ. “Сайхан харагдаж байна, баяр хүргэе”, “Гараас чинь нэг атгачих уу” гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Хоёр гавьяат, хоёр доктор, хориод алтан гадастай нэг төгсөлтийнхөн

Сүхбаатар аймгийн төвийн арван жилийг 1973 онд төгссөн сурагчид энэ удаагийн “Нэг ангийнхан” булангийн зочид юм. 1973 онд уг арван жилийг хоёр бүлгийн нийт 76 сурагч төгсчээ. Дээрх хоёр бүлгийг Тамжид, Улсын начин, биеийн тамирын багш Дашдаваа нар гардан төгсгөж, амьдрал хэмээх их далайд хөтлөн оруулж байсан аж. Сурагчид далуулаа дэм дэмэндээ явсаар өдийг хүрч. Эрхэм зочид өөрсдийгөө “Л.И.Брежневийн бэлэглэсэн Баруун-Урт сумын арван жилийн шинэ сургуульд хөлдөө улавчтай, хүзүүндээ улаан алчууртай, хүрэн форум өмссөн сурагч явлаа бид” гэж хэлэх дуртай. Басхүү “Амьдрал хөл тавьсан тэр хавраас хойш гар барин инээж уулздаг, хэт холдоо бие биенээ санагалздаг, уйлж дуулдаг хүний хорвоод гүйгүүл морин адил хурдалсан он жилүүдийн хойноос гүйсээр байгаад жаран насны босго алхлаа” хэмээн хоорондоо хошигнолдох. Арга ч үгүй биз. Ангиараа шахуу амжилтаар дүүрэн яваа эдгээр нөхөд эх орныхоо өнцөг булан бүрд, хилийн чанадад ч үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүмүүс юм. Тэдний сурагч насны дурсамжаас сөхье.

Аймгийн арван жилийг бараадаж сум сумаас ирсэн сурагчид хоёрхон жил болоход нэгэн цул болж чадсан нь Д.Тамжид, Л.Дашдаваа хоёр багшийн гавьяа. Сум сумаас ирсэн сурагчид өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, Баяндэлгэр сумаас ирсэн сурагчид химийн хичээлд, Дарьгангаас ирсэн сурагчид математикийн хичээлд, аймгийн төвийн сурагчид орос хэлний хичээлд манлайлдаг байх жишээтэй. Эндээс багшийн чадвар харагдаж байгаа юм. Ер нь тус төгсөлтийнхөн сургуулийнхаа гойд сайн анги байсан гэдэг. Сурлага, спорт, олимпиад, уралдаан тэмцээн гээд бүхий л талаараа авьяастай хүүхдүүд байж. Энэхүү зүтгэл нь тэдний ирээдүйн амжилтынх нь гол шалтгаан байлаа. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж салбар салбартаа тэргүүний ажилтан болсон хүн тоймгүй олон.

Тиймээс ангийнхныгаа “анхдагч” гэсэн тодотголоор амжилтыг нь жагсаах дуртай аж. Монгол Улсын начин Ж.Чулуун улсын цол хүртсэнээрээ анхдагч. Ж.Чулуун 1973 оноос улсын наадамд зодоглож гурав давж. Ингээд 1978 онд Улсын начин Одсүрэн, улсын арслан Сосорбарам нарын бяр тэнхээ их, уран барилдаантай бөхчүүдийг дараалан өвдөг шороодуулж Монгол Улсын начин хэмээх эрхэм цолонд хүрчээ. Түүнийг ард түмэн “Ерөнхийлөгчийн бөх” гэдгээр нь андахгүй биз ээ. Харин Ш.Адилбиш гавьяат багш цол авсан анхны багш. Ш.Адилбишийн хувьд бас нэгэн анхдагчийн тоонд явдаг. Учир нь эзэмшсэн мэргэжлээрээ хамгийн их амжилт үзүүлсэн хүн юм. Тодруулбал, химийн хичээлээр аймгийн багш нарын олимпиадад 10, улсад нэг, улсад хоёр удаа гуравдугаар байрт орж байсан нэгэн. Ангиас төрсөн хоёр гавьяатын нэг нь Г.Батхүрэл. Тэрээр шинжлэх ухааны докторыг хүртсэн нь бас ангийнхаа докторуудын анхдагч. Түүний дараа Л.Ганбаатар эдийн засгийн ухааны доктор болсон. Эдийн засгийн гавьяат Г.Батхүрэл Монгол Улсын зөвлөх инженер бөгөөд боловсрол, санхүү эдийн засгийн салбарт олон жил удирдах албан тушаал хашиж байсан жинхэнэ оюуны манлай юм. Ш.Жаргалсайхан, Ш.Цогбаатар хоёр хурандаа цолыг хамгийн түрүүнд хүртсэн анхдагчууд. Тэдний араас хэд хэдэн хурандаа цолтон төрсөн байна. Сумын засаг даргаар хамгийн олон жил ажилласан нь С.Бор. Түүний хувьд Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргаар хоёр удаа сонгогдож найман жил ажиллажээ. Харин хамгийн “суга” дэвшсэн хүн бол С.Мягмардаш. Сумын нягтлан 2000 онд Санхүү, эдийн засгийн яаманд Монгол Улсын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албанд томилогджээ. Тэрээр бас хамгийн олон салбарын тэргүүн авсан гэнэ. Төрийн албаны, санхүү банкны, хууль зүйн, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн, эрүүлийг хамгаалах гээд тоолоод байвал арван хуруу ч цөөдөхөөр юм. Хамгийн анхны төмөр замчин С.Дайриймаа Ленинградад мэргэжил дээшлүүлжээ. Л.Хадаа энэ ангиас төрсөн засуулч. Үндэсний бөхийн улсын засуулын зэрэг дэвтэй гэж байгаа. Харин С.Цогдэлгэр нэр шигээ олон сайхан хөгжмийн бүтээлийн санааг дэлгэрүүлсэн хүн. 70 гаруй дууны ая, 10 гаруй тайзны бүжгийн хөгжим бичжээ. Тэгвэл ангийнханы егөөддөгөөр өөр олон анхдагч бас байна. Хамгийн олон хүнд “мэс” хүргэсэн хүн бол Ш.Жаргалсайхан эмч. 20 гаруй жил мэс заслын эмч мэргэжлээр ажиллахдаа ихэвчлэн яаралтай мэс засал хийдэг байж. Энэ хугацаанд арван мянга гаруй хүнд амьдрал бэлэглэжээ. Ш.Жаргалсайхан эмч ангийнхаа 30 жилийн уулзалтаар аймагтаа үнэ төлбөргүй мэс засал хүртэл хийсэн аж. Тэгвэл хамгийн олон хүүхэд төрүүлж өсгөсөн нь М.Дамдинжав, С.Түвшинжаргал хоёр долоо, Ж.Даваасүрэн зургаан хүүхэд төрүүлжээ.

Г.Очирдорж ангийнхан дундаа хамгийн олон барилга барьжээ. 70 гаруй барилгын зураг төслийг толгойдоо боловсруулж цааснаа буулгасан байна. Бусдаасаа түрүүлж өөртөө дуу зохиосон сэргэлэн нөхөд ч бий. Улсын начин Ж.Чулуун “Зааны хүчтэй начин” дууг өөртөө зориулж бүтээсэн байхад Б.Эрдэнэдулам яаж дутах вэ гэж ирээд “Дулмаа юм лаа даа” дуугаа бичсэн байх жишээтэй. Харин зоотехникч Г.Сүхээ гэнэт л нэг өдөр мэргэжлээ сольж сэтгүүлч болсон нь ангийнхныгаа гайхшируулан авсан анхдагч. Энэ төгсөлтөөс хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг таван хүн хүртжээ. Ш.Адилбиш, Г.Батхүрэл, Б.Магванжав, С.Мягмардаш, Ш.Жаргалсайхан нар. Мөн Р.Бибиш, С.Бор, Г.Батхүрэл, С.Дамдинсүрэн, Л.Дуламрагчаа, З.Жавзандулам, Ш.Жаргалсайхан, Б.Магванжав, С.Мягмардаш, Н.Сүхбаатар, Г.Сүхээ, Л.Хадаа, Ш.Цогбаатар нарын арван хүн Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан гэж байгаа. Цэргийн гавьяаны одонг Ш.Цогоо, Р.Мишигдорж нар хүртсэн бол хөдөлмөрийн хүндэт медалийг Ш.Адъяа, Б.Эрдэнэдулам, А.Энхтуяа, Ч.Цэвэлмаа, С.Цогдэлгэр зэрэг 11 хүн хүртжээ. Цэргийн хүндэт медалийг Д.Цэвээнжав, Ш.Цогоо, Ш.Цогбаатар нар авчээ. Ш.Цогбаатар мөн тагнуулын I,II зэргийн медальтай, Р.Мишигдорж “Цагдаагийн гавьяат үйлстэн”, байлдааны медальтай гээд энэ ангийн медаль, цол гуншинг дуудаад барамгүй. Салбарын тэргүүнээс дурдвал банк,санхүүгийн тэргүүний ажилтан найм, эрүүлийг хамгаалах тэргүүн 10, эдийн засгийн тэргүүн гурав, боловсролын тэргүүн долоо гээд цааш бас л багагүй урт цуваа хөвөрнө. Таван уяачтай, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой долоон ээжтэй гээд үнэхээр шагналын цуваа дуусахгүй бололтой. Тус төгсөлтөөс гурван сайхан гэр бүл туурга тусгаарлажээ. 76-гаас дөрөв нь Адъяа нэртэй. Тэднийг Адъяа нэрээр нь бараг дуудахгүй. Х, Ши, Ш зэрэг овгийн эхний үсгээр л дуудна. Нөгөөдүүл нь ч дасчихаж. Ихэнхдээ эднийг тойрсон андуурч, төөрөлдсөн онигоо олон. Ялангуяа Ж.Ариунцог ангийн уулзалт, арга хэмжээ хаана л явна уран цэцэн, хошин наргианаар нөхдөө баясгаж явдаг нэгэн.

Гурван жилийн өмнө төгсөлтийн 40 жилийн ойгоо тэмдэглэжээ. Зөвхөн өөрсдөө тэмдэглээд зогсохгүй сургууль хамт олондоо талархал илэрхийлж, багш нартаа хүндэтгэл үзүүлжээ. Мөн төгсөлтөөрөө Улаанбаатар хотод уулзаж 2013 оны үндэсний их баяр наадмыг ангиараа үзэж, музей, театруудаар аялан хоттой танилцаж нэгэн өдрийг өнгөрөөсөн байна. Өөрсдийн нандин дурсамжаараа шигтгэсэн ном хүртэл гаргажээ. Өнгөрсөн хугацаанд төгсөлтийнхөнтэйгөө амь нэг ирсэн багш нар бол УИХ-ын гишүүн явсан Ш.Бадам, орос хэлний багш Баяраа. Д.Тамжид, Л.Дашдаваа багш нар олон жилийн өмнө өөд болжээ. Тиймээс тулж түшиж явсан багш нар бол яах аргагүй Ш.Бадам, Баяраа багш нар гэсэн. Угаас ангийнхан аливаад чамбай. Сүхбаатар аймагт ангийн хориод хүүхэд байдаг бөгөөд ангийн зөвлөлийн даргатай гэнэ. Нэг газар амьдарч, ажиллаж байгаа нь нэгдээд дундаасаа зөвлөлөө байгуулна. Хотынхон ч мөн адил. Зөвлөлийн дарга нар уулзалт, арга хэмжээг зохицуулна гээд ажилдаа хариуцлагатай хандах ёстой. Яг л сонгууль шиг солигддог гэж байгаа.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Зөвлөдөг, хагалдаг, заадаг, судалдаг эмч

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос арван шилдэг эмчид “Алтан чагнуур” шагнал гардуулав. Эмч нарыг шалгаруулахдаа ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй, сүүлийн гурван жилийн үйл ажиллагааны ажлын үр дүнгийн үнэлгээгээр “А” буюу хангалттай үнэлгээ авсан, эрүүл мэндийн салбарт таваас (сум, багт гурваас) доошгүй жил ажилласан, ҮЭ-ийн гишүүн, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байх, дотоодын болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж оролцсон зэрэг үзүүлэлтийг харгалздаг журамтай юм байна. Тус шагналын Гэмтэл, мэс засал судлалын төрөлд шалгарсан Улсын I эмнэлгийн Мэс заслын клиникийн их эмч Ц.Ишдоржийг бид “Өдрийн зочин” буландаа урилаа.

Ц.Ишдорж Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, профессор. Дорноговь аймагт 10 жилийн сургууль, тухайн үеийн Анагаах ухааны дээд сургууль (одоогийн АШУҮИС)-ийг төгсчээ. Эмчийн мэргэжил эзэмшсэний дараа эхнэр Н.Наръяагийн хамт Дорноговь аймгийн Улаанбадрах суманд гурван жил ажиллажээ. Түүнээс хойш 13 жил АШУҮИС-д багшилж, 2010 оноос өнөөг хүртэл I эмнэлэгт ажиллаж байгаа аж. Түүний эхнэр Н.Наръяа “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт эмч, хүүхдүүд нь тусдаа гарсан аж. Салбартаа 26 жил зүтгэсэн тэрээр Монголд байгаа аравхан зөвлөх эмчийн нэг. Гэхдээ зочин маань өөрийнхөө тухай ярих дургүй бололтой юм. Ямар ч асуултыг байгууллага хамт олныхоо тухай яриа болгоод явчихна. Байсхийгээд компьютероо харахыг хүснэ. Түүнд салбарынх нь тухай маш сонирхолтой судалгаанууд байдаг аж. Ц.Ишдорж одоо ч багшийнхаа ажлыг орхиогүй. Олон газраар явж сургалт зохион байгуулна.

Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зөвлөх ажил давхар хашна. “Хүүхдийн эмнэлгийн зөвлөхийн цалин гайгүй биз” хэмээн цаашлуулбал “За тэрийг бичих хэрэг байна уу даа. Сард 200 мянган төгрөг. Татвараа төлөөд 180 орчим юм уу даа” гэв. Ц.Ишдорж дотоод шүүрлийн булчирхайн мэс заслаар мэргэшсэн гуравхан эмчийн нэг. Тэрээр энэ мэргэжилдээ мэрэгшихдээ олон жилийг зарцуулахаас гадна олон сургуулийг дүүргэжээ. Өөрийн багш гавьяат эмч Х.Аюушийн тухай дахин дахин ярина. Тус клиникт өдөрт 13 орчим мэс заслын хагалгаа хийнэ. Хагалгаа бүхэнд арваад эмч зүтгэнэ. Тоног төхөөрөмж өмнөх үеийнхээс сайжирсан боловч барууны стандарттай харьцуулах аргагүй. Жишээлбэл БНСУ-ын нэг эмнэлэгт 20 мэс заслын өрөө байдаг бол манай хамгийн том эмнэлэгт хоёр л байх жишээтэй.

Тус эмнэлгийн барилга стандарын шаардлага хангахгүй болсон. Энэ мэтээр байгууллага хамт олныхоо тухай ярих гээд зүтгэчихнэ. Монголчууд ламд өргөл барьц өгөх дуртай. Дээхнэ үед лам нар эмч, багшийг орлодог байсан. Эмч нарт хэр өргөл өгч байгаа тухай асуухад “Яахав дээ. Ихэнхдээ хоол унд л барьж ирдэг байсан” гэв. “Байсан” гэдгийн учир нь тус клиникийн эмч нар ярьж байгаад мэс заслын дараа өвчтөний ар гэрээс эмч нарт өгдөг хоолыг хориглочихсон гэнэ. Хуулиар хориглоогүй байхад яагаад өвчтөний ар гэрийнхэн эмч нарт талархаж хоол өгөхийг хориглосон тухай асуултад “Хуулиар зохицуулаагүй асуудлыг эмч нар хоорондоо ярьж байгаад шийдэж болно шүү дээ” хэмээн хариулж байна. Тэрээр мэргэжлийн сайн эмч төрөхөд ямар их замыг туулдгийг өөрийн биеэр мэдэх учир залуус зааж зөвлөх дуртай. Мөн хувийн эмнэлэг байх нь зөв гэж үздэг. Гэхдээ улсын эмнэлэг орлого багатай иргэдэд илүү хэрэгтэй гэж үздэг. Социализмын үед мэс заслын эмч нарыг эрсдэл ихтэйд тооцдог байсан нь хэрэглэдэг эм тарианаас шалтгаалдаг байсан гэнэ. Одоо эм тарианаас хордох ямар ч эрсдэл байхгүй. Харин өнөө цагт илүү аюултай эрсдэл бий болсон. Тэр нь мэс засалчид ДОХ-той хүнд ч мэс заслын хагалгаа хийх шаардлага гардаг. Бээлий нэвт зүү хатгах тохиолдол олон гардаг. Энэ тохиолдолд ДОХ-ын халдвар авах магадлал өндөр. Ц.Ишдорж эмчийн хамгийн сүүлд хагалгаанд орсон өвтөн ДОХ-той байсан гэнэ. Тэрээр тус хагалгааг хийхдээ залуу эмч нараа оруулахыг хориглож өөрөө орсон аж. Мөн зочин эмч маань биднийг үдэхдээ бяцхан сануулга маягийн түүх ярив. Сонинд ярилцлага өгдөггүй эмч маань нэг удаа өгсөн юм байна. Ярилцлагадаа хоолойн бамбай өвчин туссан өвчтөнүүдийг азтай тухай ярьж. Учир нь хагалгаа хийгээд эдгэдэг. Тиймээс бусад эмчлэгдэшгүй өвчтөнүүдтэй харьцуулахад азтай гэсэн утгаар хэлсэн гэнэ.

Гэтэл нөгөө сэтгүүлч нь “Хоолойн бамбай өвчин туссан өвчтөнүүд азтай” гэсэн утгатай гарчиг өгч цухлыг нь хүргэсэн аж. Ц.Ишдорж эмч шавь нартаа их сонин зөвлөгөө өгдөг. “Та нар мэргэжилдээ эзэн болбол нам, төрөөс хамааралгүй дээшээ л явна. Чадахгүй бол маргааш нь доошоо унана” гэдэг. Мөн “Би элдэв магтаал, шагналд дургүй. Миний энэ шавь намайг тодорхойлоод сая шагнал авсан юм” гэсэн юм. Түүний хажууд зогсож байгаа даруухан байрын өндөр залуу бол Монгол, БНСУ-д анагаахын дээд сургуулиудыг төгссөн Т.Мөнхсүлд. Түүний аав нь Төв аймагт мэс заслын эрэгтэй Туул нэрээрээ олны хүндлэл хүлээсэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Л.Туул агсан. Ээж нь ч эмч мэргэжилтэй Г.Гансүх. Ц.Ишдорж багшийн сайн шавь нарын нэг.

Х.БАТТӨГС