Categories
мэдээ цаг-үе

С.Мөнхнасан: Дэлхийд зөвшөөрөгдсөн үсчин болсондоо баяртай байна

Саяхан БНСУ-д болсон Дэлхийн аварга
шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээнд “Видал” салоны үсчин С.Мөнхнасан алтан
медаль хүртсэн билээ. Мөн манай эрэгтэй үсчдийн баг III байрт шалгарч, гоо засалчдын
баг хүрэл медаль хүртээд ирсэн. Ингээд Дэлхийн аварга үсчин С.Мөнхнасантай ярилцсанаа
хүргэж байна.

-Манай улс үсчин, гоо засалчдын
олон улсын тэмцээнд ийм өндөр амжилт гаргаж байсан удаагүй. Харин та дэлхийн аварга
боллоо. Сэтгэгдэл ямар байна?

-Үнэхээр их баярлаж байна. Олон
жилийн хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлийн үр дүнд би өнөөдөр дэлхийд зөвшөөрөгдсөн
үсчин боллоо. Бас хариуцлага нэмэгдлээ.

-Та нутаг нэгт үсчин Г.Алтаншагайтай
өрсөлдсөн. Багийнхаа үсчинтэй өрсөлдөх хэцүү байв уу?

-Тэгэлгүй яахав. Энэ тэмцээнд Алтаншагай
маань дөрөвдүгээр байрт орсон. Алтаншагай манай багш. 2006 оноос хойш хамт байна.
Бас хамгийн сайн найз. Намайг үргэлж хурцалж, зоригжуулж байдаг.

-Таны орсон ангилалд нийт хэдэн
орны хичнээн үсчин өрсөлдсөн бэ?

-Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд
40 гаруй орны мянга гаруй үсчин, гоо засалчид ирж оролцсон. Монголоос 29 үсчин,
гоо засалч, 11 моделийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байгаа. Миний хувьд 50 орчим
үсчинтэй ур чадвараараа өрсөлдсөн. Орон орноос ирсэн ийм мундаг үсчидтэй ур чадвараараа
өрсөлдөнө гэдэг нэр төрийн хэрэг. Бас энэ мэргэжлийг эзэмшсэндээ бахархаж байна.

-Үс засалтын ур чадвараар аль улсын
үсчин илүү санагдсан бэ?

-Миний оролцсон төрөлд Япон, Польшийн
үсчин илүү хүчтэй. Мэдрэмж илүү өндөр санагдсан.

-Тэмцээний бэлтгэлийг хэрхэн хангасан
бэ. Тэмцээний турш ямар шалгуурыг давсан бол, манай уншигчдад энэ талаар дэлгэрэнгүй
мэдээлэл өгөхгүй юу?

-Би бэлтгэлээ маш богино хугацаанд
сайн хангасан гэж бодож байгаа. Яагаад ч юм тэмцээнд явахаасаа эхлээд сэтгэлд нэг
л буугаад байсан.

-Аварга болно гэдэгтээ тийм итгэлтэй
байсан хэрэг үү?

-Мэдээж тэмцээнд хожигдох гэж оролцдоггүй.
Оролцогч бүр л түрүүлэх сонирхол, хүсэл тэмүүлэлтэй байгаа нь ойлгомжтой. Миний
хувьд өмнө нь дэлхийн аваргын тэмцээнд хоёр удаа оролцож байсан болохоор өөрийнхөө
хэмжээнд чамгүй туршлага хуримтлуулсан.

Хамгийн анх 2012 онд дэлхийн аваргын
тэмцээнд орж 16 дугаар байрт орж байлаа. Мөн 2014 онд дахин дэлхийн аваргын тэмцээнд
орж 10 дугаар байр эзэлсэн. Тиймээс энэ удаа надад боломж илүү ойрхон байсан болов
уу.

-Дэлхийн аваргын тэмцээнд гүйцэтгэсэн
даалгаврын тухайд…?

-Эрэгтэй, эмэгтэй гурван төрлийн
засалт гүйцэтгэсэн. Мэргэжлийн, сонгодог, үдшийн гоёлын засалтуудыг хийсэн. Мэргэжлийн
засалт хамгийн ажиллагаатай нь. Эмэгтэй үсийг богино тайрч сам, лакаар босгох, эрэгтэй
үсийг хээ гаргаж засах зэрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн. Тэнд байсан хүмүүс
манайхны ур чадварыг илүү сонирхож байсан.

-Та үсчний мэргэжлээр суралцсан
уу?

-Тэгсэн. Би ерөнхий боловсролын
сургуулиа төгсөөд л үсчний курст сурсан. “Абука” гээд сургалтад сурсан. Хэдий өнөөдрийнх
шиг үс засалт ийм өндөр түвшинд хөгжөөгүй байсан ч эмэгтэйчүүдийн үсний тайралт,
шинэ жилийн гоёлын засалт, ороолт зэрэг засалтууд надад урлагийн бүтээл шиг л санагдаж,
би энэ урлагийг төгс эзэмших ёстой гэж хүссэн. Одоо бол үс засуулахаар хүн үүдээр
орж ирэхэд л ийм царайтай хүнд ийм засалт, тайралт тохирох юм байна гээд үйлчлүүлэгчээ
хэлэхээс өмнө бодчихдог. Мэргэжлийн онцлог гэх үү дээ (инээв).

Гэхдээ бас хариуцлагатай байхгүй
бол хүмүүс бидэнд итгээд тэргүүндээ хүргэж байхад итгэлийг нь хөсөрдүүлж болохгүй
шүү дээ.

-Хичнээн жил ажиллаж байна вэ?

-Би 14 жил үсчин хийж байна. Анх
сургалтаа төгсөөд “Сор” салоноос ажлын гараагаа эхэлсэн.

-Одоо “Видал” салонд харьяалагдаж
байгаа биз дээ?

-Тийм ээ. “Видал” салонд 2006 оноос
хойш ажиллаж байна. Манай хамт олон их найрсаг, халуун дулаан уур амьсгалтай. Бас
чадварлаг. Та бүхний минь нөлөө байсан шүү гэж хэлмээр байна. Миний энэ амжилт бол
манай салбарын үе үеийн мундаг ах, эгч, багш нарын минь гавьяа.

-Мэргэжлийн хувьд заавар зөвлөгөө,
үлгэр дуурайл авдаг хүн бий юу?

-Анх үсчин болж байхдаа Монгол Улсын
мастер үсчин Ц.Хүрэлбаатар ах шиг мундаг үсчин болох юмсан гэж мөрөөддөг байлаа
шүү дээ. Лхамжав багш, үсчин Ч.Болдхуяг ах, мастер Хүрэлбаатар, Одонгоо, Довчинсүрэн,
Алтаншагай гээд олон сайхан мундаг хүний гараар дамжсан, шавь байхгүй юу. Ер нь
олон улсын уралдаан тэмцээнд ороход Монголын үсчин, гоо засалчдын холбоо маш их
тусалдаг. Энэ бүх боломжийг олгосон та бүхэндээ баярлалаа гэж “Өдрийн сонин”-оор
дамжуулж хэлмээр байна.

-Энэ жилийн дэлхийн үсний загварын
чиг хандлага ямар байна вэ?

-Энэ жилийн трэнд бол зөөлөн, байгалийн
өнгө ноёрхож байна. Хэдий трэнд гэж байгаа боловч ямар ч цаг үед өөрийн үсний өнгө
илүү үнэ цэнтэй, давамгайлах хандлагатай байдаг.

-Үсчний тариф мэргэжлийн зэргээсээ
хамаараад үнийн хувьд харилцан адилгүй байдаг. Дэлхийн аваргын тарифийг сонирхож
болох уу?

-Би эмэгтэй, эрэгтэй тайралтыг
30000-35000 төгрөгөөр хийдэг.

Д.Сүрэн

Categories
мэдээ цаг-үе

Үерийн дайчилгаагаар танилцсан математик, физикийн ангийнхан

1990 оны уулзалт

Багшийн дээд сургуулийн физик математикийн факультетийн 1970 оны төгсөгчид есдүгээр сарын 1-нд биш наадмын дараахан анх биенээ харцгааж байж. Шинэ оюутнуудын яаруу тэвдүү нийслэлд ирсэн шалтгаан нь 1966 оны үер. Улс даяар сандарч тэвдсэн тэр үед радиогоор “Шинэ, хуучин оюутнууд Улаанбаатарт ирнэ үү” гэсэн зар сонсгосон гэнэ. Ингээд 18 аймаг, Улаанбаатараас цугласан 32 хүүхэд үерийн дайчилгааны үеэр нэг анги гэдгээ мэдэцгээж. Ажил хийж байгаад их сургуульд ирсэн Өвөрхангайн Санжмятав, Хөвсгөлийн Товуудорж, Увсын Баатараас бусад нь арваа төгссөн арваннаймтнууд. 17-той нэг охин ирсэн нь хотын гуравдугаар сургуулийг төгссөн Цэрэнбалжир. “Манай хүн чинь ганган, дэгжин гэж жигтэйхэн охин ирсэн” гэж Санжмятав багш хэлээд инээмсэглэв. Эдний ангиас долоон хос төрсний нэг нь бидний зорьж очсон айлын эзэн, эзэгтэй хоёр. Цэрэнбалжир багш энэ жил ангийнхнаасаа зургийн цомог хийх даалгавар авчээ. Жил бүрийн зургадугаар сард уулздаг физик, математикийн багш нар энэ жил түүх өгүүлсэн зургийн цомогтой, тун ч нижгэр уулзахаар төлөвлөсөн бололтой. Биднийг очиход Цэрэнбалжир багш зургийн цомогт орох зургаа сонгоод зав багатай сууж байлаа.

Наадмын дараа цугласан “шинэков”-ууд үерт хэцүүдсэн Улаанбаатарыг цэвэрлэх их ажилд ханцуй шамлан орж дээ. Охид ганган хувцсаа тайлж, хөвгүүд богино өмднөөс өөр хувцасгүй үерт урссан хотоо өнгө зүстэй болгохоор ажиллаж эхэлжээ. Хотын төвд үер орж ирээгүй нь төмөр замын далантай холбоотой гэнэ. Түүнээс хойших Толгойт, 22-ын товчооноос урагших хэсэг нэлдээ усанд автаж хэцүүдсэн байжээ. Үерт дайчлагдсан хүмүүст өдөр дундын үед хуушуур өгдөг байж.

Бусдыгаа бодвол амьдрал үзсэн, ангийнхнаасаа ес ах Санжмятав хуушуур ачсан томоо машины явуут дунд чадмаг гэгч нь зүүгдэж байгаад хоолоо авдаг байжээ. Хуушуурын яриан дундуур Цэрэнбалжир багш “Намайг арав төгсөхөд аав минь хоёр янзын гоё цүнх авч өгдөг юм. Хулдаасан дотортой том бор цүнхэнд нь Санжаа хуушуур хийж авчирна. Өнөө гоё цүнх маань хуушуурын тосонд ёстой л будагдана даа. Цүнхээ тэгж тосолж явсан нь бидний амны хишигт нөлөөлсөн байх шүү. Хуушуураа тойрч суугаад тэнцүү хувааж иддэг байлаа” гэж хэлээд инээмсэглэв.

Эдний ангийн дарга нь туужуу Баатар. Айхтар хууз сахалтай учраас туужуу гээд хочилчихож. Тухайн үед Барилгын сайд байсан Телейханы охин Жамыш сурдаг байж. Сайдын охин одоо Казахстанд амьдардаг гэнэ. Эв сайтай, бие биедээ амь гэж жигтэйхэн анги байж. Нэг ангийнхнаас цөөнгүй нь хөдөө амьдардаг юм байна. Нэгнээ хөдөөнөөс ирэхэд хотын хэд нь хүлээн авалт зохиодог гэж байгаа. Саяхан Пүрэвдуламыг Хөвсгөлөөс ирэхэд нь ангиараа “Туул” ресторанд хүлээж авчээ.Өвөрхангайн Пүрэвдулам ангийнхаа Хөвсгөлийн Товуудоржтой гэрлэж тэндээ амьдарч байгаа аж. Эмнэлэгт хэвтсэн ангийнхаа хүүхдийг эргэж очдог уламжлал эдний ангид бий. Амттай бууз, шар тос самарсан цай нь ангийнхан дундаа брэнд болсон Цэрэнбалжир багшид хоол хийх үүрэг ирнэ. Бусад нь мөнгөө нийлүүлж амттан шимтэн аваад очдог юм байна.

Могойтод хашаа барьж өнгөрөөсөн хөгжилтэй зун

Нэгдүгээр курстээ үерийн дайчилгаанд ажилласан ангийнхан дараа зун нь гахайн завод барих ажилд дайчлагджээ. Хаана ямар асуудал гарна бүхний түрүүнд гүйдэг Хөвсгөлийн дархад Рагчаа энэ үеэр эргийн шороонд дарагдаад сүйдэх дөхөж. Тэд хоёрдугаар курсээ төгсөөд Хэнтийн Жаргалтхаан суманд хашаажуулалтад явжээ. Могойт гэдэг бөөн могойн үүртэй газар хашаа барина гэдэг оюутнуудад амар байгаагүй гэнэ. Жижигхэн бор гэрт арван хэдүүлээ хоймроосоо үүд хүртэл зулж унтсан тэр өдрүүд эдний ангийнхны мартагдашгүй үеийн нэг юм билээ. Хөнжил рүү нь гэнэтхэн шургаад орж ирдэг могойнуудаас айсан хүүхдүүд гэрээ тойруулж үнс асгаж, тэмээний хоргол эгнүүлж юм юм л болдог байж. Санжмятав багш “Олон хажлага эмжээртэй юм шиг жаахан гэрийн гадаа бужигналдаж хашаа барьсан тэр өдрүүд сайхаан сайхан” гэж мишилзэнэ.

Хүүхдүүд л болсон хойно, биенээ шоглоно гэж жигтэйхэн байжээ. Давстай цай уудаггүй Хэнтийн Дадалын буриад Жаргалсайхандаа шорвог цай уулгаж, тарваганы мах иддэггүй Цэрэнбалжирт гэнэдүүлж байгаад дургүй идээг нь хүртээж юм юм л болдог байснаа ангийн хоёр хөгжилтэйгээр дурсав.

Гуравдугаар курсдээ мөн л хашаа барьцгааж. Гэхдээ Төв аймгийн Баянжаргалан суманд. Туршлагатай хашаачид ажлаа дуусгаад 600 төгрөгийн цалин авч, өнөө мөнгөөрөө бүлтийтлээ гоёод хичээлдээ орж байжээ. Төв аймагт хашаа барьж байх үеэр нь гэнэ. Нэг их бороо орсон өдөр даалуу тоглож суугаад гаднаа уясан хонио алдчихаж. Юмны түрүүнд гүйдэг Рагчаа хонь барих гэж харайж яваад хортой ургамал дээр гишгэж орхижээ. Бие нь бамбайж хавдаад бөөн юм болж. Цэрэнбалжир ангийнхаа Рагчааг “Хүн нь их сайхан” гэж магтав. Таван жилийн өмнө Рагчаагийнхаа хөдөлмөр алдрыг тэмдэглэхэд ангийнх нь “охид” хаа байсан Хөвсгөл рүү машин хөлөглөн очиж баярлуулжээ. Нэрэмжит олимпиад нь амжилттай зохиогдож, хөдөлмөр алдар нь нижгэр болсон гэнэ. Рагчаа багшийн хөдөлмөр алдрыг тэмдэглэсэн хүмүүс “Өчнөөн хөдөлмөр алдрыг зохион байгуулж байлаа. Ангийнхан нь тийм холоос ингэж сэтгэл гаргаж ирсэн тохиолдол огт хараагүй. Ямар гоё анги вэ” гэж дуу алдаж байж. Өөрсдийнх нь төлөө бүхний түрүүнд гүйж, бэртэж гэмтэж явсан Рагчаагийнхаа ачийг ангийнх нь охид ингэж нэг хариулжээ.

Ангийн хоёр (Долгоржав, Цэрэнбалжир). 1967 он

Бариу юбкатай дэгжин охид

Эдний ангийхныг оюутан байх үед нарийн өмдний эрин үе дуусаад трапец маягийн өмднүүд моодонд орж эхэлжээ. Охидын гол гоёл нь өвдөгний дээхнүүр урттай бариу юбка, ноосон цамц байсан гэнэ. Бас болоогүй ээ, 120 төгрөгийн шөвгөр хоншоортой туфлийн өндөр өсгийг товшин алхацгаана. Зарим нь бүр 300 төгрөгийн туфлиэр гоёж явсан гэж байгаа. Үсээ овоолж самнах нь тэр үед моод байжээ. Овоолох нь бас өчнөөн янз маягтай. Орой дээрээ, хажуу талдаа гээд тэрүүхэндээ өөр хоорондоо ялгарсан маягаар үсээ янзалцгаана. Дажгүй хэмжээний стипенд авчихдаг болохоор гоёлд бол мөнгө татдаггүй байж. Нэг, хоёрдугаар курсийн дунд сурлагатнууд 200, сайнууд нь 240, гурав, дөрөвдүгээр курсийн дундчуул 240, мундгууд нь 280 төгрөгийн стипендтэй байсан гэнэ. Тэр үед асрагч 110, сувилагч 160 төгрөгийн цалинтай байсныг Цэрэнбалжир багш сонирхуулав. Одооны ачааны тэрэгнүүдийн үүргийг гүйцэтгэж байсан морин тэрэгчид гэхэд л тэр үед сар мачийж тавин төгрөг авч явсан гэхээр оюутнуудын хувьд яах аргагүй өндөр цалин байж.

Эдний ангийнхан, ер нь тэр үеийн оюутнууд завгүй шахам л хичээлд шамддаг байсан бололтой. Физик, математикийн ангийнхан гэхэд л өглөө наймаас орой зургаан цаг хүртэл хичээллэдэг байсан гэнэ. Хааяахан кинонд явах, нийтийн журмаар сонгодог дуурь үзэхийг эс тооцвол ном шагайсан нөхөд байж. Багшийн дээд сургуулийн математикийнхан баруун жигүүртээ хичээллэнэ. Улаанбаатар зочид буудал руу харсан хэсэгт гэсэн үг. Гадны төлөөлөгч зочид ирсэн үед их сургуулийн танхим харанхуй байж болохгүй гээд ангиар нь суулгадаг байсан аж.

Багшийн дээдийн физик математикийн ангийнхны хувьд бусдаасаа ч илүү ачаалалтай байжээ. Их сургуулийн физикийн анги, математикийн анги хоёрын хавсарсан бүх материалыг нэг дор үзэж байсан учраас толгой өөд татахгүй хичээллэхээс аргагүй байж. Хичээлийн урт цагуудын дундуур Улаанбаатар зочид буудлаас ирдэг мантуун бууз бүгдэд нь хүрэхгүй. Дугаарлаж байж ганцыг олж идсэн нь азтайд тооцогдоно. Юм идэхгүй өдрийг өнгөрөөх тийм ч гайхаж цочирдом зүйл биш байжээ.

Уламжлалт уулзалт. 2014 он.

Солийн Данзангийн хүү, “Манай сургуулийнхан”-ы Далхаанямбуу…

Тэр үеийн мундаг гэсэн хамаг л эрдэмтэд эдний ангийнханд хичээл зааж байжээ. Тэдний нэг нь хувьсгалын анхны долоогийн нэг, хожим нь иргэн бүр баяжигтун гэсэн үгнээсээ болж цаазлуулсан Солийн Данзангийн хүү Гүрдорж. Гүрдорж багш ерөнхий физик заадаг байсан гэнэ. Аавтайгаа их адилхан хүн байсан гэж Санжмятав багш дурсав. Ч.Лодойдамба зохиолчийн “Манай сургуулийнхан” туужийн Далхаанямбуугийн бодит дүр нь Багшийн их сургуулийн Шаравнямбуу багш юм байна. Найруулагч Э.Оюуны дүү Раднаа ч эдний ангид хичээл зааж байжээ. Иргэн Ламжав гэхэд математик анализ заадаг байсан аж. Шавь нар нь “Гайхалтай чамбай хүн. Мэдлэгтэй, чадвартай гэж жигтэйхэн” хэмээн магтав.

Цэрэнбалжир багш “Элементар математикийг Эрдэнэчимэг, аналитик геометрийг Цэрэндулам багш ордог байлаа. Бидэнд чинь машин судлал хүртэл орно. Газ моторыг тэр чигт нь задалж заана. Газ моторыг бүтэн үзсэн. Баяр багш хумс гээд өчүүхэн жижиг хэсгийг нь хүртэл харуулж байгаад ярина шүү дээ. Бид тэр үед Лениний ботиуд, Капитал, улстөр эдийн засгийн ухаан, философи гээд үзэж, судлахгүй юмгүй. Багш нар маань их мундаг хүмүүс байсан” гэж ярилаа. Ангийнх нь багш Алтангэрэл одоо хүртэл сургуульдаа багшилдаг гэнэ.

Долоон хос, томхүргэчүүлтэй математикчид

Нэг ангийн 32 оюутнаас долоон хос төрнө гэдэг ховор тохиолдол. Санжмятав, Цэрэнбалжираас гадна Даваасүрэн, Ядамсүрэн хоёр гэр бүл болжээ. Толгойтод насаараа амьдарч байгаа гэнэ. Цэрэнбалжир багш өвгөндөө цай аягалангаа “Хөвсгөлийн Товуудорж Өвөрхангайн Пүрэвдуламыг аваад нутаггүй болгосон. Завханы Цэвэлмаа маань бас нутаггүй. Сүхбаатарын Эрдэнэцагааны Батбаярын хүн болсон” гэж хэлээд мушилзав. Эдний ангийн дарга Увсын Туужуу Баатар хотын охин Нарангэрэлийг ханиа болгожээ. Увсын Хөххүү Долгоржавтай гэрлэжээ. Багануурт амьдарч байгаа аж. Заамарын засаг дарга байсан хурандаа Рах ангийнхаа охин Дархижавтай ханилсан юм байна. Эдний анги хүргэчүүлээрээ бахархдаг гэнэ. Дэлхийд гайхагдаж байгаа эрдэмтдийн нэг доктор Намсрай гэхэд л эдний ангийн Цэрэндуламын хань. Боловсролын их сургуулийн ректор Батсуурь Оюунчимэгтэй нь гэрлэжээ. Увсдаа мандаж явсан, одоо ч аймаг даяар андахгүй гавьяат эмч Дэжээхүү бас энэ ангийн хүргэн. Увсын Дашцэрэнтэй ханилжээ.

Ардчилал ялтал багш нарын дунд таван жил тутамд дахин шалгаруулалт хийдэг байж. Ресторан ховор тэр үед шалгуулахаар ирсэн нэг ангийнхан Толгойтод амьдардаг Ядамсүрэн, Даваахүүгийндээ очиж бужигнадаг байсан гэнэ.

Энэ ангийнхан жил бүрийн зургадугаар сард хийдэг уулзалтаа ээлжилж даадаг юм билээ. Цэрэнбалжир багш уулзалт бүрийнхээ төгсгөлд “Ёстой сайхан байлаа. Хэчнээн их энерги цуглуулж, хэдэн нас нэмснээ хэмжиж барахгүй нь, сэтгэл асар өндөр байна” гэж хэлдэг, өнөөдүүл нь ч уламжлалт гоё үгийг нь сонсох гээд хүлээгээд суучихдаг гэнэ.

Цэрэнбалжир багш “Манай ангийн эрчүүд их чадвартай залуус байсан. Сайн багш нар гарах болов уу гэтэл дандаа захирал эрхлэгч хийгээд явчихсан л даа. Тэр үед нийгэм даяар л тийм байсан. Ангийн эрчүүд маань засгийн ажлын ихийг нугалж өгөөд үр дүнгээ харж үнэлүүлж чадаагүй шиг санагддаг. Гэхдээ ихэнх нь алтан гадастай. Дадалын Жаргалсайхан маань их сайн математикч. Математикийн олимпиадад хүүхэд бэлдэж оруулахдаа маш сайн. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадастай. Одоо ч Баганууртаа хүүхдүүд бэлдээд сууж байгаа. Бид чинь бүгдээрээ математикчид учраас ач зээ нартаа ном заагаад сууж байна. Би л гэхэд нэг зээгээ Энэтхэгт, нөгөөг нь Орост явуулчихаад их догь суугаа шүү дээ” гэж ярьсаар биднийг үдэв.

Categories
мэдээ цаг-үе

Цэдэндоржийн Төвшинтөгс: “Морин хуур”-ын эзнээр таван удаа тодорсон дуучин надаас өөр байхгүй

Зүүнээс төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, УГЗ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од. “Бөхөн шарын нуруу” дуун суваргын өмнө. Завхан аймгийн Идэр сум Бөхөн шарын нуруу


Ерээд оны эхэн үеийн нийтийн дууны бүхий л наадмыг өнгөлж, “Сүүдэр цармын цэцэг”, “Бурхан бумбын орон” зэрэг хит дуунуудаараа хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Цэдэндоржийн Төвшинтөгстэй ярилцлаа.

-Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ та хэд хамтран аялан тоглолт хийх гэж байгаа сурагтай. Тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу?

-“Тавуулаа” гээд аялан тоглолт хийхээр бэлтгээд явж байна. Бид өнгөрөгч жил Дарханд тоглосон юм. Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат бид тав нийлээд хийж байгаа юм. Одоогооос хориод жилийн тэртээ нийтийн дууны чиглэлээр анх уран бүтээлээ туурвиж ирсэн бидний нөхөд ажил амьдрал, өөр өөрийн замыг хөөгөөд хамтран уран бүтээлийн тоглолт хийлгүй удсан байна. Биднийг гарч ирж байх үед үнэхээр чанартай сайн дуунууд төрдөг байлаа. Яагаад гэвэл тэр үеийн дууны үг ая цензуртай, хөгжмийн зохиолчдын холбоо, зохиолчдын хороогоор батлагддаг байсан юм. Тэрхүү уран бүтээлүүдээр хамтран тоглолт хийхээр төлөвлөж байна.

-Тоглолтын найруулга, тавилтыг Д.Сосорбарам гавьяат хийж байгаа юу?

-Тэгж байна. Бид нар л дэргэдэхээ мэддэггүй болохоос манай “Со”-г дэлхий үнэлчихээд байна. Ардын урлагийг дэлхийд таниулах ажил үйлсийг гардан хийж байгаа хүн. Улсын хэмжээний баяр наадам, ганц хүний жүжгээс эхлээд өөрийн тавилтаар олон сайхан ажил хийсэн л дээ. Энэ удаагийн тоглолт маань ч их өөр өнгө аястай болно.

-Тоглолтоо аль аймгаас, хэзээнээс эхлэх гэж байна?

-Дөрвөн сарын 9,10-нд Баянхонгор аймгаас эхэлнэ. Дараа нь Хэнтий, Сүхбаатарт тоглоно. Ажил төрлөө зохицуулчихаад л 18 аймгаараа явна даа. Манай хэдийн ажил их л дээ.

-Хэр удаан хугацаанд аялан тоглохоор төлөвлөж байна?

-Ер нь энэ жилжингээ явна аа. Жилдээ багтаана гэж ярилцаж байгаа. Сүүлд нь нийслэл хотноо хоёр удаа тоглох байх. Цаашаа Европын орнуудаар явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нэг газраа хоёр удаа тоглохдоо хоёр өөр хөтөлбөртэй. Нэгдүгээр хөтөлбөрөөр дуулсан дуу маргааш нь дахиж дуулагдахгүй.

-Таныг эрдмийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа гэж дуулсан.

-Дарханы театрын даргаар ажиллаж байгаад сая гуравдугаар сард албан ёсоор дарга нь шинэчлэгдээд хүлээлгэж өгчихөөд ирлээ. Зургаан сарын хугацаанд докторын зэрэг хамгаалах гээд чөлөө аваад байна. Дуулах ур зүй гэдэг маш том сэдэв барьчихаад сууж байна. Судлах тусам маш их сурах, судлах шаардлагатай болох юм. Монголчууд уртын дууг зохиож чадсан ард түмэн. Би бусад орны дууг муу гэж байгаа юм биш. Гэхдээ үүн шиг яруу тансаг дуу хаана байна вэ гэдгийг харуулахын тулд судлах юм их. Уртын дуугаа дагаад монгол хүний хоолойны цараа, дуулах ур зүй гайхамшигтай юм л даа. Зарим судалгаан дээрээс харж байхад айзам уртын дууг 40 гарсан эр хүн дуулдаг, эмэгтэй хүн ховор дуулдаг байсан гэдэг нь ажиглагдсан.

-Яагаад эмэгтэй хүн дуулдаггүй байсан юм бол?

-Тийм л их бяр чадал ордог дуу байна. Дууны төрөл дотроо хамгийн том дуу. Айзам уртын дууг буруу дуулсан хүний хавирганых нь үе мултардаг гээд бод. Тэр дууг дуулахын тулд шавхагдашгүй амьсгалыг хуримтлуулж байх нь чухал. Монголчууд эртнээс уушгины багтаамжаа нэмэгдүүлэхийн тулд лонх тоолох, лаа үлээх гээд олон дасгал хийдэг байж.

-Докторын зэргээ Монголдоо хамгаалах гэж байна уу?

-Би СУИС-ийн докторант. Сургуульдаа дуулаачийн чиглэлээрээ дуулах ур зүй сэдвээр хамгаалах гээд явж байгаа. Миний анхны багш Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Рэнцэнсамбуу гэж хүн байсан юм. Одоо Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Соронзонболд багштай хамтраад, удирдагч багш маань болоод явж байгаа.

-Таны үеийнхэн олон жил уран бүтээлээ туурвиад хийх юмаа хийчихсэн хүмүүс бүгд багшлаад явж байна. Харин та л сураад байх юм…

-Хүн насан туршдаа л суралцдаг юм байна. Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаад, дүр бүтээгээд явж байсан. СУИС-д найман жил, хөгжим бүжигт 3-4 жил багшиллаа. Дундуур нь Улаанбаатар чуулга, Дарханы театр гээд явахдаа үргэлж л суралцаж байсан. Ингээд харахад би өөрийгөө л олох гээд яваад байгаа юм. Дуурь бүжгийн эрдмийн театрт дүр бүтээж, сайхан хамт олны дотор байсандаа би баярладаг. Одоо харахад бусдын дүр бүтээх, хүний дүр бүтээх амархан юм. Өөрийгөө танина гэдэг хэцүү юм байна.

-Ойрын жилүүдэд ямар уран бүтээл гаргав. Сүүл үеийн уран бүтээлүүд тань олонд хүрэхгүй байх шиг?

-Яахав, одоо хүнд хүргээд байх сонирхол алга. Гуч хүрэх насандаа гавьяат цолыг хүртэж үзлээ. Гучин хэдэн насандаа сонгодог дуурийн хорь гаруй гол дүр, нийтдээ дөчөөд дүр бүтээчихсэн байна. Хүнд бас болох хэмжээ байх ёстой. Тийм учраас 2006 онд би Дуурь бүжгийн эрдмийн театрын ажлаа өгөөд гарч байсан юм. Одоо залуу уран бүтээлч, дуучдад орон зайгаа тавьж өгье гээд. Түүнээс би Монгол Улсын гавьяат жүжигчин байна гээд суугаад байж болох л байсан. Дуулж л байсан үе. Гэхдээ одоо бүтээл хийхгүй байгаа юм биш л дээ. Сонсох нэг нь сонсоод л явж байна. Заавал гадуур байнга тоглолт хийгээд яваад байх нь чухал биш. Энүүхэндээ гэж хэлэхэд морин хуурын шагналыг таван удаа хүртсэн надаас өөр уран бүтээлч байхгүй. Би онгирох гэж хэлсэндээ бус. Сайн уран бүтээлчдийн дууг түмэнд хүргэж чадсан учраас таван удаа энэ шагналыг хүртжээ. Тэгэхээр би уран бүтээл хийж байгаа гэж ойлгож байна. Нэг дуу дуулж хүргэж чадна гэдэг маш том уран бүтээл гаргаж байна гэж боддог.

-Дуучид хуучны хит болж байсан дуунуудаа дахин бичүүлж, хүргэдэг болж. Та дуунуудаа шинэчилж байна уу?

-Өөрт таалагдсан дуунуудаа ес есөөр багцлаад 81 болгоод CD гаргах гээд бэлдэж байна. Дууг дуулах тусам шингээд л байх юм. Зарим дуулсан дуугаа эргээд харахаар энийг ингэж дуулаад байхдаа яахав дээ, одоо ингээд дуулчихъя гээд улам сэтгэл хөдөлдөг. Тухайлбал, “Сүүдэр цармын цэцэг”-ийг миний хүү дуулж байгаа. Дуулаад сууж байхад Дашзэвэгийн Банзрагч ахдаа улам л хайр хүрээд байх юм. Үнэхээр л тодорхой хүмүүс нь тодорхой цаг хугацаанд уран бүтээлээ бичээд үлдээчихдэг. Тэр бүтээлээр нь өнөөдөр бид амьдарч байна шүү дээ. Дуулах тусам үг бүр нь нүдэнд харагдаад байх юм. “Сүүдэр цармын цэцэг”-ийг бичсэн Дашзэвэгийн Банзрагч гуай, аяыг нь зохиосон С.Мөнхбат хоёр хоёулаа одоо бурханы оронд оччихсон байна.

-“Сүүдэр цармын цэцэг” дуу явангуут таны нэр орж ирдэг. Энэ дуу хэрхэн бүтсэн бэ?

-Яаж бүтсэн, хүнд зориулсан үгүйг нь мунхаг хог чинь асууж байгаагүй л дээ. Муу Банзаа ахтайгаа таараад хааяа нэг юм мулталж явснаас тэр дууг ер нь хэнд зориулж зохиосон юм гэж асууж явсангүй. Гэхдээ энэ бол гайхамшигтай хайрын дуу л гэж хэлж байсан юм. Мөнхбат аяыг нь бичээд надад авчирч өгөөд л дуу болгож байсан. Хамгийн гоё тохиолдол нь Банзаа ах бид хоёр уулзалдахгүй явж байгаад манай гэрийн гадаа таарч, дөнгөж гэрт ороод байж байтал өглөө эртээ радиогоор анх удаа цацагдсан. Бид хоёр ч бэлгэшээж, Банзаа ах манай гэргийтэй танилцаж байсан түүхтэй.

-Таны залууд нийтийн дууны тэмцээн уралдаан их болж, та жил дараалаад л бүх шагналыг авдаг байсан гэдэг. Тэр алтан үеийнхээ дурсам¬жаас хуваалцахгүй юу?

-Ер нь сайхан сайхан уралдаанууд болдог байсан юм. Хит парад, хайрын дууны уралдаан гээд жигтэйхэн л юмнууд болдог байлаа. Бүгдийг нь л эдгээр дуунуудынхаа ач буянаар авсан. Монголын радиогоос зохион байгуулдаг цагаан лавайд “Аав ээж минь” дуугаараа хоёр удаа ч түрүүлсэн, “Сүүдэр цармын цэцэг “дуугаар тэр үед зохиосон Хит парадаас Гран при авсан. Анхны зурагтын шагналтай наадам гээд бөөн пижигнээн болж, төмөр зам дагуу Дархан, Эрдэнэт, Сэлэнгээр аялан тоглолт маягийн юм хийсээр Шандад очиж дүнгээ гаргаад гран при, зурагтаа аваад хөөрөөд л ирж байлаа. Гуч гаруйхан настай залуухан ч байж дээ. Дараа нь “Хонгорзул” сониноос гаргадаг байсан Хайрын дууны уралдаанд “Сүүдэр цармын цэцгээр” дахин түрүүлээд мобикомын утас бариад гэртээ очиж байсан. Симийг нь ч хийж мэдэхгүй, залгаж ч мэддэггүй л байлаа. Сайхан сайхан уралдаан болдог байсан юм аа.

-Одоо тэр үеийнх шиг нийтийн дууны уралдаан явахгүй байх шиг. Эсвэл явсан ч хүмүүст хүрэхгүй, сонсогч байхгүй болчихоод байна уу?

-Нийтийн дууны уралдаан гэж ерөөсөө сонсогдохгүй байна. Одоо нийтийн дууны уралдаан гэвэл “Морин хуур” уралдааныг л хэлэх байх. Нэлээд мэргэжлийн тал руугаа явчихдаг. Энэ уралдаан чанаржаад их сайхан болдог юм. Хөгжмийн зохиолчдын холбооны залуучууд толгойлж байгаа. Яваандаа ч их сайхан болох байх аа.

-Ид од болж байх үедээ орон нутгаар тоглолт хийгээд явахад үзэгчид хэр хүлээж авдаг байв. Одооных шиг гарын үсэг авъя гэх юм байсан уу?

-Тийм байгаагүй ээ. Монголчуудын бүрэг ичимхий зан байдаг байлаа. Одоо бол өөр л дөө. Их сайхан цаг үе байсан шүү дээ. Ямар ч зар сурталчилгаа гэж байдаггүй. Аймгийн төв дээр очоод төв дэлгүүрээр нэг тойроод алхаад ирнэ. Тэгээд л орой битүү үзэгчтэй. Бүр сэтгэлээрээ юмыг ойлгоно үзнэ, дууны утгыг ойлгоно.

-Таныг хүнсний үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж байсан гэж сонссон. Урлагт хэрхэн хөл тавьсан бэ?

-Цэргийн их сургуулд орох гэсэн ч хаврын шалгалтдаа орж чадаагүй. Цэргийн сургуулийн хуваарь ирээгүй Ойн аж ахуй гээд хуваарь ирэхээр нь ормооргүй санагдаад, илгээлтээр хүнсний үйлдвэрт ороод зургаан сар л ажилласан даа. Үйлдвэрт гурван сар ажиллаад байтал Хан Хэнтийн урлагийн их наадам эхлээд, сар гаруй хугацаанд урлагийн үзлэгт бэлдэж орсон. Урлагийн үзлэгээсээ “Бүх ард түмний урлагийн их наадам”-д оролцож мөнгөн медаль авлаа. Удаа ч үгүй мөнгөн мадальт гээд Хэнтий аймгийн тэргүүний уран сайханч болж, Хан Хэнтий чуулгад шалгуулаад тэнцэж орсон. Тэгтэл дуулаачийн сургуулийн шалгалт ирээд хойтон жилийн зургадугаар сард нь ороод тэнцэж байсан юм даа.

-Хамгийн анхны уран бүтээл тань юу байв?

-Хамгийн анхны уран бүтээл Хан Хэнтий чуулгад байхдаа хийж байсан “Алаг морь” гээд дуу байдаг юм. “Сэлбийг өгсөөд сэрүүхэн дээ”, “Жинчид ирлээ” гээд дуулдаг байлаа. Буриад дууны Ичинхорлоо гээд чуулгын дуучинтай их хамтарч дуулсан.

-Дуурийн урлаг руу хэрхэн оров?

-СУИС-ийг 1987 онд таван жил сураад төгслөө. Одоо Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран сайхны удирдаач хийж байгаа Болд найруулагч тэр үед 18 аймгийн театрын, чуулгын дарга нарыг суулгаж байгаад Соёлын төв өргөөний наад талын урлагийн зааланд анх сургууль төгсч байгаа дуучдын дунд сонгон шалгаруулалт явуулж байсан. Надад тэр үед Дуурийн театр, Ардын дуу бүжгийн чуулга, Хан хэнтий, Дорнодын театр, Дарханы театраас ажиллах санал тавьсан. Би Үндэсний дуу бүжгийн чуулгадаа үлдэх илүү сонирхолтой. Гэтэл Дашням багш “Чи дуурийн дуучин болно. Дуурийн хүсэлтийг хүлээж ав” гээд 1992 оны зургадугаар сарын 15-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар анх орсон доо. Би их азтай л даа. Тэр үед дотоодын сургуулийг дуулаачаар төгссөн дуучдыг шууд солистоор авдаггүй, гадаад сургууль төгсөөд ирсэн дуучид ч ховор байдаг байсан.

-Дуурьд хичнээн дүр бүтээсэн бэ. Хамгийн сүүлд бүтээсэн дүр тань юу байв?

-Ерөнхийдөө хорь гаруй гол дүр байна. Хамгийн сүүлд 2006 онд “Чингис хаан” дуурийн Эзэн Чингис хааны дүрийг бүтээсэн. Тэр жилдээ бүх цэргийн дуу бүжгийн чуулгын тавьсан Рок Чингисийн дүрд мөн тоглосон. Хамгийн сүүлд “Виндзорын овжин авхай” дуурийн Фордын дүрд тоглосон юм байна.

-Та чамгүй жүжиглэх авьяастай юу?

-Би түрүүн хэлсэн. Хүний дүр бүтээнэ гэдэг амархан юм байна аа. Өөрийнхөө дүрийг бүтээх хэцүү гэж.

-Одоо Улаанбаатар чуулгын ой тохиох гэж байна. Энэ чуулгын суурийг тавилцаж, нэлээд хэдэн жил удирдсан хүний хувьд ойн арга хэмжээнд хувь нэмрээ оруулах болов уу?

-Чуулгын арван жилийн ой болох гэж байна. Уривал очиж л таарна. Чуулгынхантайгаа байнга холбоотой байдаг. Сая хоёрдугаар сард Булган багшийн маань анх тоглосон “Ай Нанаа” дуулалт жүжиг тавигдлаа. Булган багшийн маань бие чилээрхээд найруулгын ажил дээр нь ажиллаад явсан. Манай уран бүтээлчид сайн байна лээ. Анх үүсгэн байгуулахдаа дөнгөж уран бүтээл туурвиж яваа шижигнэсэн сайхан залуусыг цуглуулаад удирдаад явж байлаа. Эхний дөрвөн жил байр сав муутай явж байгаад залуучуудын байранд ирж сайхан төвхнөсөн. Нийслэл хот Монгол Улсыг төлөөлдөг юм. Тэр хотын урлаг уран сайхны ажил үнэхээр их. Залуус маань ч сайхан уран бүтээлүүд хийгээд авч явж байх шиг байна. Баярлаж явдаг л юм.

Categories
мэдээ цаг-үе

Зөвлөлтийн анхны хөнгөн хөгжмийн хамтлаг “Весёлые ребята

1966 онд “Весёлые ребята” хамтлагийг байгуулсны дараахан

1960-аад онд Их Британид дөрвөн залуу нийлж орчин үеийн хөгжмийн “Битлз” хамтлагийг байгуулсан. Тэд эхэндээ Америкийн рок-н-роллыг дуурайн дуулсан боловч удалгүй өөрийн гэсэн хэв маягийг бий болгож чадсан түүхтэй. Дэлхийн орчин үеийн хөгжмийн урлагт шинэ хуудсыг нээсэн “Битлз” хамтлагийг ХХ зуунд хамгийн их нэрд гарсан хамтлаг гэдэг. 1960-аад оноос барууны ертөнцөд хөнгөн хөгжим ид моодонд орж, залуучуудыг байлдан дагуулж байв. Харин коммунист үзлийг сурталчлагч Зөвлөлт тэднээс хоцрохгүй байхыг хичээсэн юм. Тиймээс ч 1966 онд Москва хотноо төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Павел Слободкиний санаачилсаар “Весёлые ребята” нэртэй хамтлагийг байгуулжээ. Энэ нь Зөвлөлтийн анхны хөнгөн хөгжмийн хамтлаг болсон. 1968 онд Бүх холбоотын залуучуудын дууны уралдаанд “Весёлые ребята” түрүүлсэн нь Зөвлөлтөд поп, рок хөгжмийг албан ёсоор хүлээн зөвшөөрсний дохио байсан гэдэг.

1970 онд “Мелодия” дуу бичлэгийн газраас “Весёлые ребята”-гийн анхны пянзыг гаргахад залуучуудын дунд нэлээд шуугиан тарьжээ. Уг пянз 15 795 000 хувь хэвлэгдэж дэлгүүрүүдэд тэр дороо зарагдаж байлаа. Энэ үйл явдал Зөвлөлтийн урлагийн түүхэнд тэмдэглэгдсэн юм. Нөгөө талаас энэ нь нийгмийн шинэ үеийн төлөөлөгчид болох рок хөгжимчдийн эсэргүүцлийн илэрхийлэл болж байсан гэдэг.

1974 онд залуу дуучин Алла Пугачева “Весёлые ребята” хамтлагийн гишүүн болсон юм

Тус хамтлагийн “Алёшкина любовь”, “Портрет работы Пабло Пикассо”, “Тебе все равно” зэрэг дуунууд тухайн үед жинхэнэ хит болсон байдаг. 1970-аад оноос эхлэн “Весёлые ребята” хамтлаг нь өөрийн гэсэн хөтөлбөртэй болж Зөвлөлтийн хотуудаар аялан тоглолтоо хийжээ. Хамтлагийн нэр алдрын оргилд гарсан бас нэг шалтгаан нь өөрийн гэсэн тоглолтын хөтөлбөртэй байсантай холбоотой гэдэг. Хамтлагийн уран сайхны удирдаач Павел Слободкин авьяаслаг залуу хөгжмийн охиолчдыг урьж хамтран ажилласан. Ю.Антонов, Ю.Добрынин, С.Дьячков, О.Иванов зэрэг уран бүтээлчид нь “Отчего?”, “Если любишь ты”, “На земле живёт любовь” зэрэг олон сайхан дуунуудыг зохиож тэдгээр нь бүгд оросуудын сонсох дуртай дуу болсон. Оросын нэрт хөгжмийн зохиолч Д.Тухманов “Весёлые ребята”-д зориулан “Как прекрасен этот мир”, “Легко влюбиться”, “Скорый поезд” зэрэг маш олон дуу зохиосон. Тус хамтлагийг нэрд гарахад олон нэрт хөгжмийн зохиолчид чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэдгээр хөгжмийн зохиолчид бүгд өнөөдөр Оросын алдартай уран бүтээлчид болсон юм.

1973 онд Зөвлөлтийн “Мелодия” дуу бичлэгийн газрыг Английн Ливерпуль хотод жил бүр зохиогддог Олон улсын дуу бичлэгийн уралдаанд оролцохыг урьжээ. Түүнд нь “Весёлые ребята” хамтлагийн бичлэгийг явуулахад хоёрдугаар байранд шалгарсан байна. Зөвлөлтийн орчин үеийн хөгжим ийнхүү баруунд хүлээн зөвшөөрөгдсөн түүхтэй. П.Слободкин хамтлагийнхаа уран бүтээлийн санг улам бүр баяжуулсаар байв. Тэрбээр залуухан дуучин Алла Пугачеваг “Весёлые ребята”-д орж хамтран ажиллахыг урьжээ. Түүний “Арлекино” дууг монголчууд ч сайн мэднэ. Алла Пугачева энэ хамтлагийн гишүүн байхдаа Болгарын нийслэл Софи хотод жил бүр зохион байгуулдаг байсан “Алтан орфей” олон улсын дууны уралдаанд оролцож “Арлекино” дуугаараа тэргүүн байрын шагналыг хүртсэн билээ. Энэ дууны найруулгыг уран сайхны удирдаач П.Слободкин өөрөө хийсэн. Алла Пугачева анх ингэж нэрд гарсан юм. Хилийн чанадад тэр дундаа Европт болсон уралдаанд Зөвлөлтийн дуучин түрүүлсэн талаар тухайн үед хэвлэл мэдээллээр нэлээд шуугисан байдаг. Оросын нэрт дуучин ийнхүү олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж анх удаа бие даасан пянзаа сонсогчдын хүртээл болгожээ. Бүх юм үзэл суртлын хатуу хяналтад байсан тэр үед дуучин пянзаа гаргуулна гэдэг маш том амжилт. Ийнхүү нэг хэсэгтээ л Алла Пугачева “Весёлые ребята”-гийн нэрийн хуудас нь байсан билээ.

“Весёлые ребята” хамтлаг 1990-ээд оны эхээр

Түүнээс хойш олон улсын нэлээд хэдэн уралдаанд оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн. Зөвлөлтөд төдийгүй барууны орнуудад зохион байгуулагдсан томоохон тоглолтуудад оролцож тухайн үедээ дэлхий дахинаа алдаршсан “АВВА”, “Boney M”, Францын нэрт дуучин Мирей Матье зэрэг хамтлаг дуучидтай нэг тайзан дээр дуулж байлаа. Зөвлөлтийн үед хамтлагуудад ийм завшаан тохионо гэдэг ховор байв.

“Весёлые ребята”-гийн гишүүд хэд хэдэн удаа солигдсон нь бас нэгэн онцлог юм. Тус хамтлагийн гишүүн байсан уран бүтээлчдийн дийлэнх нь өнөөдөр Оросын нэртэй дуучид болсон. Алла Пугачева, Юрий Антонов, Александр Градский, Александр Барыкин, Александр Буйнов, Алексей Глызин, Александр Добрынин гээд л. Тэд бүгдээрээ өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа.

2006 онд “Весёлые ребята” хамтлагийнхан уран бүтээлээ туурвиж эхэлсний 40 жилийн ойгоо тэмдэглэсэн. “Мелодия” дуу бичлэгийн студиэс тус хамтлаг “Цагаан алтан диск №1”-ийг гардуулсан юм. Учир нь Зөвлөлт болон Орост зарагдсан пянз, дискнийхээ тоогоор тэргүүлсэн байдаг.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2013 онд тус хамтлаг нь “Неизданное” нэртэй арав дахь CD-гээ гаргасан. Тэдний шинэ дуунуудыг ч үзэгчид хүсэн хүлээж байдаг. 1966 оноос уран бүтээлээ туурвисаар байгаа тус хамтлагийн ийм урь удаан хугацаанд оршин тогтнож байгаагийн нууц нь мэдээжийн хэрэг чадварлаг хөгжмийн зохиолчидтой хамтарсан явдал. Түүнээс гадна дуунуудын сонголт, найруулга, чадварлаг дуучид гээд олон хүчин зүйл бий. Өнгөрсөн жил тус хамтлагийн үүсгэн байгуулагч Павел Слободкинд “Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн” хэмээх тусгай шагналыг олгосон байна. Харин “Весёлые ребята” нь байгуулагдсаныхаа 50 жилийн ойд зориулж шинэ цомгоо гаргасан билээ.

Тус хамтлагийн уран сайхны удирдаач П.Слободкин 2006 онд “Аладдиний шидэт дэнлүү” мюзиклийг найруулан үзэгчдийн хүртээл болгосон юм. Тэрээр өнөөдрийн хүртэл уран бүтээлээ туурвисаар байна.

Categories
мэдээ цаг-үе

Сүрьеэгийн халдварыг эмнэлэг тарааж байна уу? (II)

-ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛӨӨР СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛИЙГ АВЧ ХЭЛЭЛЦЖЭЭ-

Түрүүч нь 082 (5347) дугаарт

Сүрьеэ манай улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. ХӨСҮТ, Глобаль сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015 онд Сүрьеэгийн тархалтын судалгааг хийсэн бөгөөд Монгол Улсад сүрьеэгээр өвдсөн хүний тоо тооцоолж байснаас гурав дахин өндөр байгааг тогтоожээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр саяхан энэ асуудлыг авч хэлэлцжээ. Ийм ноцтой байдалд хүрч, аюулын харанга дэлдсэн энэ өвчнийг эмнэлэг тарааж байна гэсэн мэдээлэл иргэдээс ирсэн юм. Сүрьеэгийн савханцраар халдварласан хүнийг заавал тусгаарлаж, халдвар хамгааллын шаардлага хангасан эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг. Гэтэл уушгины мэс заслын “Мишээл” эмнэлэгт сүрьеэгийн халдвартай иргэдтэй цуг, халдваргүй бусад өвчөнийг хамт хэвтүүлэн эмчилж, бусад хүмүүсийг аюулд оруулж байна гэх ноцтой мэдээлэл байна. Энэ талаар өмнөх дугаарт мэдээлсэн билээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас тус эмнэлэгт Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн яаралтай тусламжийн мэс заслын эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх эрхийг өгсөн байдаг. Ингэснээр нийслэлийн хоёр том дүүргийн хэмжээнд мэс засалд орох шаардлагатай бүх иргэн “Мишээл” эмнэлэгт хандаж хагалгаа хийлгэж байна. Тус эмнэлгийн хувьд эрүүл мэндийн даатгалаар мэс заслын яаралтай тусламжийг иргэдэд үзүүлэхийнхээ хажуугаар сүрьеэтэй иргэдийг хэвтүүлэн эмчилж, хагалгаа мэс засал хийж буй нь олон мянган халдваргүй иргэдийг эрсдэлд оруулж байна гэх шүүмжлэл байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Мишээл” уушгины мэс заслын эмнэлгийн албан ёсны тайлбарт сүрьеэтэй хүмүүсийг хэвтүүлж эмчилдэггүй гэж байгаа ч тэднийхээр сүрьеэ өвчнөө эмчлүүлж байсан олон хүн энэ тухай дуулгаж байгаа юм.

Сүрьеэ ханиад шиг агаараар бас ахуйн замаар халддаг гэдгийг хүн бүр мэднэ. Сүрьеэгийн халдвараар өвдсөн хүнээс аль болох хол байх ёстой гэдгээ хүүхдүүд ч сайн ойлгосон байдаг. ДОХ, Сүрьеэ гэж хамтатган ярьж сурсан нь үүнтэй холбоотой. Бүх дүүрэгт зөвхөн сүрьеэгийн эмнэлэг л тусдаа байрладаг билээ. Ойртвол өвчин авна гээд тойрч хүртэл гардаг шүү дээ, монголчууд. Сүрьеэ ямар аюултай болохыг амьдралаараа туулсан учраас тэр. Тэртээ олон хүний амийг авч одсон энэ өвчин одоо дахиад Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж үзэж байгаа хэр нь яагаад Эрүүл мэнд спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Мишээл” эмнэлэгт мэс засал хийх эрхийг өгсөн нь сонин. Энэ асуудлын цаана юу нуугдаж байгааг сурвалжиллаа. Албаны хүмүүс тайлбарлахдаа “Мишээл” эмнэлэгт өмнө нь сүрьеэтэй хүмүүсийг эмчилж байсан одоо эмчлэхгүй байгаа гэж мэдээлж буй ч сүрьеэгийн халдвар агаарт маш удаан амьдрах чадвартай учраас аюултай л байж таараа. Дүүргийн мэс заслын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх эрхийг авсан хувийн эмнэлэгт ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж олддог аж. Учир нь эмнэлгээр үйлчлүүлж, эмчилгээ хийлгэсэн хүн бүрийн тоогоор Эрүүл мэндийн даатгалаас эмчилгээний төлбөр нь буцаан олгогддог гэнэ. “Мишээл” эмнэлгийн хувьд эмчийн үзлэг зөвлөгөө нь орохгүйгээр сард 150-170 хүнд мэс засал хийдэг гэж байгаа. Улиралд 500-600 хүнд үйлчлээд даатгалаас эмчилгээнийхээ төлбөрийг гаргуулаад авчихаж байна. Даатгалын хуулиар бол хагалгаа хийсэн хүний нийт зардлын 75 хувийг Эрүүл мэндийн даатгалаас эмнэлэгт буцаан олгодог аж. Энэ нь хувийн эмнэлгүүдийн хувьд аманд орсон шар тостой адил том хувь хишиг болно. Үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж, тэр хирээр ашиг орлого өснө гэсэн үг. Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Мишээл” эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх эрхийг өгсний цаад учир нь санхүүгийн асуудалтай холбоотой байх гэсэн таамаглал олон нийтэд төрж байна.

Мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх эрхийг Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт “Мишээл” эмнэлэг авсан бол Баянгол дүүрэгт “Номун”, Баянзүрх дүүрэгт Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын эмнэлэг, Багануурт “Багануур эрүүл мэндийн нэгдэл”, Багахангайд мөн Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын эмнэлэг, Налайхад Налайхын эрүүл мэндийн нэгдэл, Сүхбаатар дүүрэгт Улсын хоёрдугаар эмнэлэг, Чингэлтэйд “Номун” эмнэлэг мэс заслын яаралтай тусламж үзүүлэхээр шалгарчээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн эмнэлгүүдийн сонгон шалгаруулалт маш олон шалгуур үзүүлэлтийг харгалздаг. Наад зах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн хувь 80-аас дээш байна гэж заажээ. Гэхдээ үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хэрхэн тооцдог нь тодорхойгүй байна. Яагаад гэвэл сүрьеэ бол сүрьеэгийн савханцараар үүсдэг архаг халдварт өвчин. Хүн сүрьеэгийн халдварыг бага багаар авсаар аажимдаа өвддөг гэсэн үг. Тиймээс сүрьеэгээр өвдсөн хүн хаанаас халдвар авснаа тогтоож мэдэх хэцүү гэж мэргэжлийн эмч нар үздэг. Гэрт нь, ойр хавьд нь халдвартай хүн байсан бол тэр орчноос халдвар авчээ гэж дүгнэдэг. Тэгвэл эмнэлэгт үзүүлж, яаралтай тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн хувьд эмнэлгээс халдвар авсан гэж тогтоох бололцоогүй мэт.

“Мишээл” эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний сайн муугийн талаар мэргэжлийн байгууллагаас өөр газар дүгнэлт хийх боломжгүй. Гэхдээ “Мишээл” эмнэлгийн хувьд Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар батлагдсан Сүрьеэгийн эмчилгээ оношилгооны стандартыг барьж ажилладаг гэдэг нь эргэлзээтэй байдаг аж. Бие даан өөрсдийн эмчилгээг хийдэг гэх яриа ч бий. “Мишээл” эмнэлэгт сүрьеэ өвчнөө эмчлүүлж байсан иргэдийн ярьснаар бол уушги угаах, бас судсаар сүрьеэгийн тариа хийдэг гэж байгаа. Манай улсад батлагдсан сүрьеэг эмчлэх журамд ийм эмчилгээ байхгүй гэнэ лээ. Тодруулбал, одоогоор улсын эмнэлгүүд сүрьеэгийн эмчилгээг хийхдээ судсаар тариа хийж, уушги угаах эмчилгээг хийхгүй байгаа гэсэн. Дашрамд дурдахад, “Мишээл” эмнэлгээр үйлчлүүлээд эмчийн буруугаас болж нас барсан хүмүүс бий аж. Жишээлбэл, хэдэн жилийн өмнө 15 настай сүрьеэгийн халдвараар өвдсөн охин тэднийхээр эмчлүүлжээ. Айлын ганц охин байсан бөгөөд аав, ээж нь багагүй мөнгө зарцуулж тус эмнэлгээр үйлчлүүлсэн аж. Улмаар “Мишээл” эмнэлэг уушгинд нь хагалгаа хийжээ. Харин хагалгааны дараа охины бие сайжрахгүй улам муудсаар хоёр сарын дараа нас барсан харамсалтай явдал болж. Охин эмэнд дасалтай сүрьеэтэй байсныг мэдэлгүй тус эмнэлгийн эмч нар буруу оношилж хагалгаа хийснээс болоод ийнхүү хүний амь эрсдэж байж. Эцэг, эх нь тэр үед эмнэлэгтэй заргалдан бөөн асуудал үүсгэж байсан гэдэг.

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрдэг гэдэг. Гэхдээ дархлаа сул, бие муутай, өөр бусад өвчтэй хүмүүсийн хувьд бүрэн эдгэрэхэд удаан хугацаа шаарддаг архаг хууч өвчин. Бас өвчлөгсдийн дунд нас баралт их. Сүрьеэгээр өвдсөн хүн эдгэрэхгүй бол яана гэсэн байнгын айдастай байж, сэтгэлзүйн хүнд дарамтад маш хүчтэй эмчилгээг хийлгэдэг. Тиймээс сүрьеэгийн халдварыг тараахгүй байх бүх арга хэмжээг салбарын сайд дарга нар нь авч анхаарч ажиллах нь тэдний үүрэг, хариуцлага байлтай. Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн байдлыг эрсдэлд оруулж байгаа энэ асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ. Иргэд хохироод, улс сүрьеэг дарах гэж мөнгөө бараад дуусах гэж үү. Нийслэлийн эрүүл мэндийн газарт шалгалт оруулж “Мишээл” эмнэлэгт уушгины мэс засал хийх эрхийг өгсөн тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох хэрэгтэй гэж олон хүн шүүмжилж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн тайлбарт “Мишээл” эмнэлэгт өмнө нь сүрьеэтэй хүмүүсийг эмчилж байсан одоо эмчлэхгүй байгаа” гэж мэдээлж буй ч сүрьеэгийн халдвар агаарт маш удаан амьдрах чадвартай учраас аюултай л байж таараа шүү дээ.

Х.АЮУШ

Categories
мэдээ цаг-үе

Цэндоржийн Энхтөр: Аавыг минь “Монголын Бетховен” гэсэн хөгжмийн зохиолч Бямбабаяртай санал нэг байна

Ц. ЭнхтөрМонголын нэрт хөгжмийн зохиолч Г.Цэндоржийн хүү, Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, соёлын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Ц.Энхтөртэй уулзаж ярилцлаа.

-Таны аав хөгжмийн зохиолч Г.Цэндоржийг ард түмэн “Хөөрхөн хүүхэн болж уу, би” дууг зохиосон гэдгээр сайн мэднэ. Аав тань аль нутгийн хүн билээ. Одоо хаана аж төрж байна?

-Миний аав Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул хүн. Аав минь Сэлэнгэ аймагт аж төрж байна. Ирэх жил ерэн насных нь ой болох юм. Аавын яриагаар бол ээжийгээ хүн болсоор хараагүй, айлын өргөмөл хүүхэд юм билээ. Гэндэн гэдэг айлын өргөмөл хүү нь болж бага насаа хөдөө нутагтаа үдсэн байдаг. Улаанбаатар хотын нэгдүгээр сургуульд суралцаж төгсөөд ЗХУ-ын Ленинградын хөгжмийн дунд сургуульд очиж Оросын их хөгжмийн зохиолч Шостаковичийн гарын шавь Г.Уствольскаяд шавиар орж хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн байдаг. Оросын аугаа их хөгжмийн зохиолч Шостакивич дэлхийд ямархуу зиндааны хүн билээ дээ. Тэр хүний гарын шавийн шавь байсан гэхээр аав минь нэг талаар азтай, бас тэр агуу хүний арга барилыг уран бүтээлдээ тусгасан хөгжмийн зохиолч юм.

-“Дуулим талын цэцэгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” дуугаа хэрхэн зохиосон бол?

-Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа гуай энэ дууныхаа талаар их сайхан дурсамж өгүүлсэн байдаг л даа. Нямаа найрагч Хүн эмнэлгийн техникум төгсөөд Дундговьд бага эмчээр ажиллаж байхдаа 1961 оны тавдугаар сарын эхээр “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” хэмээсэн үгтэй шүлэг бичиж. Ахынхаа шахалтаар эзэмшсэн эмчийн мэргэжлээсээ урваж, өөрийнхөө хүслийг дагаж ЗХУ-ын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явахаар хөөцөлдөж явахдаа “Утга зохиол, урлаг” сонинд нөгөө шүлгээ өгсөн байж. Шүлэг наймдугаар сарын дундуур сонинд хэвлэгдэж, тэр үед Дорнод аймагт ажиллаж байсан миний аав, хөгжмийн зохиолч Г.Цэндорж автобусанд сууж яваад суудал дээр гээгдсэн “Утга зохиол, урлаг” сониноос уг шүлгийг олж үзсэн гэдэг.

Аав “Дугуй толины өмнө дахин дахин эргэлдээд

Дурлалын дуу аялаад гадаа гармаар байх чинь

Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” гээд унштал ая нь сэтгэлд урсаад ирсэн гэдэг. Тэр дор нь аяа ноотолж Улсын ардын дуу бүжгийн чуулгын дуучин Г.Түмэндэмбэрэлтэй уулзаж дуугаа өгөөд явсан байгаа юм. Г.Түмэндэмбэрэл гуай авсан даруйдаа дуулж, Монголын радиогийн алтан фондод есдүгээр сард бичүүлжээ.

-Тэр дуу нь дорхноо л олон түмэнд түгсэн юм байх даа?

-Энэ тухай яруу найрагч Долгорын Нямаа “Би шүлгээ сонинд хэвлүүлчихээд хойшоо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явсан. Наймдугаар сарын 20-дын үед намайг явахад дуу болоогүй байсан. Сургуульдаа ороод удаагүй байхад “Шүлэг чинь дуу болчихож, радиогоор явж байна” гэсэн захиа ирсэн. Энэ мэдээ надад таатай санагдаагүй. Одоо хүн бүр дуу бичих гээд байдаг болж. Тэр үед яруу найрагчид дуу бичихийг хөнгөн шингэн, ойр зуурын ажил гэж үздэг байсан. Дууны үг бол тааруухан юм байдаг. Сайн шүлгэнд ая хийх нь хоёрын хооронд болгочихдог гэсэн ойлголттой. Тийм учраас хайран шүлэг болж дээ гэх ухааны юм бодож байлаа. Олон жилийн дараа бодоход энэ шүлэг дуу болоогүй бол одоо болтол “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” гээд уншаад зогсож байх хүн байхгүй биз. Дуу болсон болохоор жараад жил хүмүүс аялж байна” гэж дурссан байна лээ. Аавын минь энэ дуу ямартаа ч их л хурдан олон түмэнд хүрсэн байгаа юм. Миний аав насаараа л урлагт зүтгэсэн хүн. Хийсэн бүтээсэн зүйл их шүү.

-Аавынхаа анхны уран бүтээлүүдийн талаар яриач?

-Анхны уран бүтээл гэхээсээ илүүтэй аавын уран бүтээлүүдийг ерөнхийд нь базаад дүгнэхэд таван том симфони гээд хөгжмийн томоохон бүтээлүүд олон бий. Оратари, ари нэлээд олныг зохиосон. Билгүүн номч Бямбын Ринчен гуайн орчуулгын шүлгээр “Хүн ард аа, би та нарт хайртай” гэдэг оратари байна. Бас “Бэр цэцэг” найраглалаар хийсэн оротари байдаг. Аавын уран бүтээлүүдийн гармони буюу дуурьсахуй нь тухайн цаг үеэсээ түрүүлчихсэн билгүүн авьяастан байсан. Урлагийн нарийн нандин мэдрэмжтэй улс энэ тухай нь “Цагаасаа түрүүлээд төрчихсөн, цагаасаа түрүүлээд юмаа хийчихсэн хүн” гэж ярьдаг юм. Тухайн үед нь уран бүтээлийг нь ойлгоогүй. Харин одоо мэргэжлийн нүдээр харахад урлагт нэлээд зүйл хийсэн байгаа юм. Би судлаач хүн биш л дээ. Гэхдээ ари, романсын үндэслэгч гэж мэргэжлийн дуучид аавыг минь үнэлдэг. Найдалмаа багш маань ч тэгж хэлж байсан удаатай. Урлагт оруулсан аавын минь хувь нэмэр өндөр гэж хүүгийн хувьд ч, хөгжимчний хувьд ч бодож явдаг даа. Зундуйн Хангалын концертыг би тоглодог. Хангалын хөгжмийн суурийг анхлаад Монголд суулгасан хүн гэж аавыгаа би бардам хэлж чадна.

-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаяр “Г.Цэндорж хөгжмийн зохиолч бол хоортой симфонийг хөгжмийн урлагт оруулж ирсэн Монголын Бетховен яах аргагүй мөн” гэж байсан. Та энэ талаар ямар бодолтой явдаг бол?

-Би наадах үгтэй чинь санал нэг байна. Симфони хэмээх хөгжмийн тэр том төрлийг найрал дуутай хослуулж чадсан нь гайхамшиг. С.Зориг агсныг харамсалтайгаар амь үрэгдэх үед зохиосон нэг симфони нь өнөөг хүртэл тоглогдоогүй байгаа. Намайг хүүхэд байхад нэг яриа яригддаг байсан л даа. “Сайн хөгжмийн зохиолч бол зохиолоо бичээд орхидог. Зохиолоо тоглуулах гэж гүйдэггүй юм. Харин сайн хөгжимчид зохиолыг нь тоглодог” гэсэн бичигдээгүй хууль ч гэх юм уу яригддаг байсан. Энэ зарчмын хувьд уг нь зөв л дөө. Гэхдээ Монголын өнөөгийн нийгэмд хэр зохилтой зарчмыг би хэлж мэдэхгүй. Би аавынхаа шударга зарчмыг л үргэлж хадгалж, үргэлжлүүлж явахыг хичээдэг. Манай аав өөрөө зөвхөн хөгжмийн зохиолч төдийгүй яруу найраг, онол, шүүмжлэл их бичдэг байсан. Тухайн үеийн урлагт болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг шударга биччихдэг байсан хүн. Тэр зарчмыг нь л баримталж явахыг хичээдэг. Энэ нь жаахан өвлөгдсөн байж магадгүй юм.

-Аавын чинь “Дорнод Монголын магтаал” гэж алдартай дуу байдаг байх аа?

-Аавын үг, ая “Дорнод Монголын уудам тал минь юутай сайхан бэ” гэдэг энэ дууг “Нисванис” хамтлагийн ахлагч Энх-Амгалан сайхан дуулсан шүү.

-Цэндорж гуайг би гавьяатаа аль эрт авчихсан хүн гэж боддог. Гэтэл өдий ерэн насны босгон дээр ирсэн, өчнөөн алдартай дуунууд зохиосон, симфони зэрэг хөгжмийн томоохон бүтээлүүдтэй атлаа нийтийн дуучдын ганц дуу дуулаад авдаг соёлын тэргүүний ажилтны л тэмдэгтэй хүн гэхээр үнэндээ их гайхал төрж байна шүү?

-Соёлын тэргүүний ажилтан, дээр нь “Алтан гадас” одонтой хүн шүү, миний аав. Зарим хүн хэдээр нь бол хэдээр нь зүүчихсэн явдаг шагнал ёолкны тоглоом биш байх л даа. Шагнал бол шагнал юм. Жинхэнэ уран бүтээл хийсэн хүнд бол урмын ташуур яах аргагүй мөн. Нэг дуу аялчихаад арын хаалгаар авсан хүнд бол юу ч биш байх л даа. Аав их шударга хүн байсан. Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг, “Учиртай гурван толгой” дуурийг хүртэл мэргэжлийн үүднээс хурцхан шүүмжилж байсан байдаг. Тэр хяхуугаар одоо хүртэл хавчаад өгөөгүй юм болов уу гэж санагддаг. Гавьяатыг нь өгсөн, өгөөгүй хийсэн бүтээл ихтэй хүн л дээ.

-Ээж чинь хаанахын хүн байна?

-Дорнодын Сүхбаатарын хүн. Дорнод аймгийн театрт байхдаа аавтай танилцаж ханилсан юм билээ. Аав энэ театрт ажиллаж байхдаа олон уран бүтээл хийсэн байдаг.

-Та эцэг эхээс хэдүүлээ билээ?

-Бид наймуулаа ч зарим нь орчлонгоос эрт буцсан даа. Аавын мэргэжлийг өвлөсөн гэвэл манай эгч, бид хоёр.

-Та аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн. Багаасаа л төгөлдөр хуурч болохыг мөрөөддөг байв уу?

-Дөрөв, таван настайгаасаа л урлагт татагдсан даа. Аав минь хөгжмийн зохиолч. Гэрт ийм урлагийн орчин байсан болохоор нэг л мэдэхэд хүнээр заалгалгүй, сонсголоороо төгөлдөр хуур тоглоод сурчихсан байлаа. Тухайн үед найман настай хүүхдийг Хөгжим бүжгийн дунд сургуульд оруулдаг байлаа. Хамгийн анхны хөгжим заасан багш минь Монголын нэртэй төгөлдөр хуурч, ардын жүжигчин Т.Цолмон. Цолмон багш маань төгсөж ирээд хоёр гурван л жил болж байсан байх. Хөгжим бүжгийн дунд сургууль дүүргээд Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит консерваторын сургуулийн дэргэдэх тусгай мэргэжлийн хөгжмийн академик сургуульд ОХУ-ын гавьяат жүжигчин Т.В.Галицкаягийн удирдлага дор суралцсан.

-Таныг Монголын тэргүүн зэргийн төгөлдөр хуурч гэдэг юм билээ. Үүнийг та магтаалын цаасан малгай гэж боддог уу, мэргэжлийн өндөр үнэлгээ гэж боддог уу?

-Хөгжимчний хувьд номер нэг, номер хоёр гэсэн зэрэглэл байхгүй л дээ.

-Паганин бол Паганин л байсан гэх гээд байна уу?

-Төгөлдөр хуурчийнхаа хувьд Цэндоржийн Энхтөр бол Энхтөр л байхгүй юу. С.Сансаргэрэлтэх бол Сансаргэрэлтэх, С.Саянцэцэг бол Саянцэцэг л юм. Үүнд нэг, хоёрдугаарт гэсэн гурил шиг дугаарлаад байх шаардлага огт байхгүй. Бид өөрсдийн гэсэн орон зайтай, онцлогтой л хөгжимчид. Ер нь төгөлдөр хуур тоглох нэг өөр хэрэг. Чайковскийн сургуульд гэхэд манай ангид гучин хүүхэд сурч байсан. Бүгдээрээ мэргэжлийн хөгжимчид болж чадаагүй.

-Та хаанахын тайзууд дээр тоглож байв?

-ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн Хөгжмийн дээд сургуулийн их, бага танхим, Одессын Филармони, Украйн, АНУ-ын Чикаго хотын хөгжмийн их танхим, Япон улсын Токио хотын “Сантори” концертын танхим, Ёкохама хотын төв концертын танхим, Хамамацу хотын “Шопен” концертын их танхим, БНХАУ-ын Бээжин хотын Хөгжмийн дээд сургуулийн концертын их танхим, ӨМӨЗО-ны Хөх хотын Урлагийн их сургуулийн концертын танхим зэрэг дэлхийн томоохон концертын танхимуудад тоглосон тоглолтуудыг дурдаж болох юм. Тоглосон бүтээлүүдийн хувьд гэвэл дэлхийн сонгодог хөгжмийн суутнуудын төгөлдөр хуурт зориулсан концертуудаас гадна Монголын хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Г.Цэндорж, Х.Билэгжаргал, З.Хангал нарын төгөлдөр хуурт зориулсан концертыг ДБЭТ-т тоглож, цомог болгон гаргаж байсан даа.

-Таны тоглож олны хүртээл болгосон ямар цомгууд байна?

-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын Монгол ардын дуунуудын найруулга болох “Түмний эх”, “16 цуврал бүтээл”-ээр бие даасан хоёр ч цомгийг гаргасан. Анх удаа Монголд симфони оркестрын тоглолт бичүүлж анхны цомгоо гаргаж байлаа. Түүх болоод л үлдэх байх.

-Анхны бие даасан тоглолтоо 1992 онд тоглож байж. Тухайн үед сонгодог хөгжмийн тоглолт хийхэд бэрхшээлтэй л байсан байлгүй?

-1992 оноос цэвэр бие даасан тоглолт хийж эхэлсэн. Тухайн үед биднийг тайзан дээр тоглоход хөгжмийн зэмсэг их ховор байлаа. Байсан хөгжмийн зэмсгүүдийнх нь хөг нь буучихдаг ч юм уу. Тиймэрхүү байдалтай л байсан. Би зөвхөн Европын хөгжим тоглоод байх биш, Монголын мэргэжлийн хөгжимчдийн бүтээлүүдээс бас тоглох шаардлагатай гэж боддог. Анхны тоглолтоо “Венийн сонгодог” нэртэйгээр тоглож байлаа. Венийн сонгодог хөгжмийн гурван сонат тоглож байсан санагдана. Сонат гэдэг чинь хөгжмийн том хэлбэрийн зохиол шүү дээ. Номоор бол роман гэсэн үг юм даа. Ингэж л анхны гараагаа эхэлсэн.

-Өнөө орой тоглогдох “Цэндоржийн Энхтөр-20 жил” төгөлдөр хуурын тоглолт чинь гайхамшигтай болох болтугай гэж уран бүтээлийн амжилт хүсье.

-Тоглолт маань Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 19 цагаас болно. Их хөгжмийн зохиолч В.А.Моцарт, Ф.Шопен, Э.Григ, С.Прокофьев, Монголын хөгжмийн зохиолч З.Хангал нарын төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн таван концерт тоглогдоно. Монголд анх удаа ийм том хэмжээний таван концерт тоглогдож байгаагаараа онцлог юм даа. Тоглолт 120 минут үргэлжилнэ. Тоглолтод А.Энх-Амгалан, Б.Золзаяа, М.Хүсэл нар оролцохоос гадна ардын жүжигчин, төрийн соёрхолт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн Симфони найрал хөгжим удирдаач Д.Нямдашийн удирдсанаар тоглох юм.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Оюунсайхан: “Уйдсан сэтгэл” дууныхаа клипний зураг авалтыг Парист хийсэн

“ Madness” хамтлагийн ахлагч дуучин Ч.Оюунсайхантай ярилцлаа.

-Танай хамтлагийн “Уйдсан сэтгэл” дууг залуус их сонсож байна. Зураг авалтаа гадаадад хийсэн гэсэн үү?

-Өнгөрсөн жил Европын орноор аялан тоглолт хийх зуураа Парист “Уйдсан сэтгэл” дууны клипний зураг авалтаа хийчихээд ирсэн юм. Дуу маань хүмүүст хүрснээс хойш хандалт их байгаа.

-“Нис Нис” фестивальд хамтлагаараа оролцох уу?

-Бид мандатаа авчихсан байгаа. Гитарчин маань хөлөө хугалчихсан байгаа болохоор эвийг нь тааруулж байгаад оролцох байх.

-Хятадад аялан тоглолт хийсэн байсан?

-“Нисванис”-ийн Амгаа, “The Lemons”-ийн Одноо, “Fire” хамтлагийн Далай бид дөрөв “Ичнэ гэж байхгүй” гэдэг нэртэй түр хамтлаг байгуулчихаад байгаа юм. Хятадаар аялан тоглолт хийсэн. Удахгүй бас Солонгос явах гэж байна.

-“Madness” хамтлагийг “Хотын гудамж” дуугаар нь бүгд мэднэ. Дууныхаа үг аяыг өөрсдөө бичдэг үү?

-Тэгэлгүй яахав. Амьд хөгжмийн гол утга учир нь түүндээ байдаг. Ихэнх дууны үг, аяыг би бичсэн байдаг. Басс гитарчин Гэрэлтнарангийн аянууд бас их зонхилдог. “Хотын гудамж” дуу миний Улаанбаатар хотыг харсан сэтгэгдэл л дээ. Учир нь би Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн хүүхэд. Дунд сургуулиа төгсөж ирээд хөгжмийн сургуульд орж байлаа. Дуу маань хүмүүст их таалагдсан.

– Хуучин дуунуудаа шинэчилж дуулсан байсан?

-Өөрсдийнхөө мартагдсан дууг сэргээж дуулах хэрэгтэй юм байна гэж үзээд “Чамдаа зориулъя” дууг шинэчилж дуулсан. Мөн “Зочин” дууг Gee-тэй хамтарч дуулсан. Тэр шинэчилсэн хувилбар маань хүмүүст таалагдсан. Зочин дууг одоо хаана ч очсон дагаад дуулдаг шүү. Харангийн Лхагва ахтай “Хотын гудамж” дууг дуулсан байна. Өнгөрсөн жилийн хавар дуучин Агиймаатай “Сүүлчийн хавар” гээд төгсөгчдийн дуугаа шинэчилж дуулж байлаа.

-Дууг чинь хүмүүс дагаж дуулахыг сонсох сайхан байдаг байх. Амьд хөгжим гэдэг үндсэндээ маш том хобби биз дээ?

-Миний хувьд хөгжим маань хобби. Урлагт хайртай, амьд хөгжимдөө дуртай учраас л уран бүтээлээ хийж байна. Дээрээс нь хүн миний дууг сонсоод дагаад дуулж байгаагаас кайф авна. Бид уран бүтээлээ өөрсдөдөө таалагдах хэмжээнд хийж байж кайф авдаг. Бидний “Хотын гудамж”, “Зочин”, “Минийх”, “Нэг өдөр” дуунууд маань хүмүүст хүрчихсэн. Бид дуунуудаа гаргачихаад нэг телевизэд өгөөд орхидог байсан. Тэр үед бусад телевизийнхэн манай телевизэд авчирч өгсөнгүй гэж гомдож байсан үе бий. Бид одоог хүртэл энд тэнд дуугаа аваачиж барьж гүйж үзээгүй.

-Сүүлийн үеийн шинэ уран бүтээлийнхээ талаар яриач. “Madness” хамтлагийн дөрөв дэх цомог хэзээ гарах вэ?

– Манай хамтлаг гурван цомог, 20-иод видео клиптэй. Одоо гурван дуу бичлэгт оруулчихвал цомог маань бэлэн болно. Дөрөв дэх цомгоо гаргахад бэлтгээд байгаа ч санхүүжилтийн хувьд хүлээлттэй байна. Шинэ цомгоо 11-12 дуутай байхаар төлөвлөсөн.

-Хамтлагийнхаа нэрийг яаж өгсөн юм бэ?

-Манай хамтлаг 1994 онд трэш метал стилээр тоглож эхэлж байсан. Тухайн үед “Хөх тэнгэр” радио дээр арав гаруй дуугаа бичүүлчихээд Оюунтунгаа хөтлөгчтэй шууд ярилцлаганд орж байсан юм. Оюунтунгаа тэр үед та нарт “Madness” гэж нэр өгчихмөөр байна хамтлагийн чинь нэрийг сольчихож болох уу гэсэн. Тухайн үед өөр нэртэй байсан юм л даа.

Жаахан ч байж тэгье гээд л “Madness” нэртэй болсон түүхтэй. Манай хамтлагийн хувьд метал хөгжим хөөж байгаад 1997 онд “Хотын гудамж” гэж дуу хийснээр стилээ зөөллөж рок, поп урсгал руу орсон байдаг.

С.АРИУН

Categories
мэдээ цаг-үе

Д.Сарангэрэл: Хар мэдээлэл түгээгч нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ард иргэд биш улстөрчид өөрсдөө гэдгээ л ойлгочих хэрэгтэй

УИХын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

Нийгэм хар бараан байгаа нь мэдээллийн хэрэгслийн буруу. Мэдээллийн хэрэгсэл муу муухай юм бичдэг болохоор нийгэм түүнийг тусгаж авч байна гэх юм. “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцооүндэсний чуулган дээр М.Батчимэг гишүүн энэ тухай илтгэлдээ дурдаж байсан. Ер нь яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү ингэж дайрч давшилдаг юм бэ?

-Жирийн иргэд бурууг хэн нэгэнд тохъё гэхэд үг нь дээшээ хүрэхгүй. Тэгэхээр доороос хар бараан мэдээлэл гарахгүй гэсэн үг. Дээр байгаа буюу тэр дундаа улстөрчдийн мэдээлэл олон нийт рүү хүссэн хүсээгүй очдог. Улстөрчдийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээс нийгэмд талцал, сөрөг уур амьсгал бүрддэгийг судлаачид хэлдэг. Төр засгийн нэр хүнд уналаа л гэдэг. Төрийн танхимд гадаа гудамжинд байгаа мэт хэрүүл зарга хийж, нийгмийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна гэдэг шүүмжлэлийг анхаарахгүй өнгөрч боломгүй санагддаг л юм. Ялангуяа залуучуудаа буруу залахад манай улстөрчид ямар нэг байдлаар нөлөөлж байна гэж нийгмийн сэхээтэнлэг хэсэг шүүмжилдэг. Үүнд бид дүгнэлт хийх учиртай. М.Батчимэг гишүүний хувьд хэвлэлтэй холбоотой үгийг санаандгүй хэлсэн байх.Тулсан үед хүн алдаа гаргах явдал байдаг. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтаръя гэж уриалга гаргасан. Энэ үед хар мэдээллийг хэвлэлийнхэн тараадаг, тэгээд тийм мэдээлэл тарааснаараа хэвлэлийн борлуулалт, телевизийн орлого нэмэгдэж баяждаг гэж индэр дээрээс хэлсэн нь манай хэвлэлийнхнийг эмзэглүүлсэн байна. Эмзэглэх нь ч зүйн хэрэг. Хар мэдээлэл түгээгч нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ард иргэд биш улстөрчид өөрсдөө гэдгийг л ойлгочих хэрэгтэй байгаа юм. Жаахан бодолгүй л хэлчихсэн юм болов уу даа. Ер нь өнгөрсөн дөрвөн жилд хэвлэлтэй холбоотой асуудалд цензур, хяналт тавих гэсэн, хууль эрхзүйн орчныг нь хатууруулах гэсэн оролдлого нэлээд гарсан .

Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн, хямарсан эсэхийг хүлээн зөвшөөрөхөд нэлээд хугацаа орсон. Эцэст нь эдийн засгийн хямралын буруутнаар нь хэвлэлийг тодруулсныг та бүхэн санаж л байгаа байх. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоол хэлэлцэх үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр засгийн үйл ажиллагааг үнэ төлбөртэй сурталчлахгүй гэсэн заалт орж ирсэн. Хэвлэл мэдээлэл бол төр ард түмнийг холбох гүүр байдаг. Үндсэн хуулиар бид төр, ард түмнээ мэдээллээр хангах үүрэгтэй. Төрийн тэр функцийг хуваалцаж байгаа хүмүүс бол хэвлэлийн салбарынхан. Тэгэхдээ сэтгүүлчид өөрийн гэсэн ажил, амьдралтай, ар гэртэй улс. Хооллож ундлах хэрэгтэй байх аа. Телевизийн дэлгэц, сониныхоо нүүрийг төр засгийн мэдээлэлд зориулсныхаа төлөө, энэ салбартаа 6000 хүн ажиллаж байгаагийнхаа хувьд тодорхой төлбөр авч л таарна. Үнэгүй хуушуур хаана ч байхгүй. УИХ-ын гишүүд бүгдээрээ хэвлэлийн дайсан биш болохоор эрүүл саруулаар хүлээж авдаг хэсэг бий. Тийм болохоор санаархлууд засагдаад явах юм даа.

Зөрчлийн тухай хуулийн төсөлд хэвлэл мэдээлэлтэй холбоотой хэд хэдэн зүйл орж ирж л байсан?

-Өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах тухай хууль Монголд гараагүй. Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг зөрчлийг гурван удаа давтсан тохиолдолд зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх буюу үндсэндээ хаана гэсэн заалт байсан. Хэлэлцүүлгийн үед залруулаад явсан. Ардчиллын хамгийн үнэт зүйл бол хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдал. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх бидэнд Үндсэн хуулиар олгогдсон. XXI зуунд, ардчилал хөгжөөд 25 жил болчихсон цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хаах тухай ярьж болохгүй. Аль ч улс оронд улстөрчдийн мөнхийн санаархал бол хэвлэл мэдээллийн хэрэгслийг мэдэлдээ байлгах явдал. Тэгж байж эрх мэдлээ барьж үлдэх, өөрсдийнхөө дархлааг бий болгох тийм сонирхол ерөөсөө аль ч үед байсан, аль ч оронд байдаг үзэгдэл. Тиймээс энэ асуудалд манай сэтгүүлчид соргог хандах хэрэгтэй. Хэвлэлийнхэн маань бусдын төлөө яваад байхаас биш өөрсдийнхөө төлөө явдаггүй, орхигдуулчихдаг. Хэрвээ салбар болон өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадахгүй бол олон нийтийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй гэдгийг л санах хэрэгтэй. “Өдрийн сонин”-ы тухайд сониныхоо хүрээнээс хальж салбарынхаа эрх ашгийг хамгаалах талаар оройлон оролцдог. Бусад маань үлгэр аваасай гэсэндээ боломж гарах болгонд энэ талаар хэлдэг. Салбарт эрх ашиг хөндөгдсөн үед танай сонин асуудал босгодог, сэтгүүлчдийнхээ анхаарлыг татдаг, мэдээлдэг сайн жишиг тогтчихлоо. 469 хэвлэл мэдээллийн байгууллага бий. Салбарын асуудал, холбоотой хууль тогтоомж хэлэлцэх асуудалд анхаардаг нь хуруу дарам цөөн дөө. Тэр орон зайг л ашиглах хүмүүс олон гарна шүү дээ. Энэ орон зайг нөхөхөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл сайн ажиллах ёстой. Сэтгүүлчид эв нэгдэлтэй, бие биенээ өмгөөлж хамгаалдаг байх хэрэгтэй. Сонгууль дөхөж байгаа энэ үед бүр ч анхааралтай байх нь чухал юм.

Яаж бодохоороо хар мэдээлэл цацахаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл орлого олж баяжаад байдаг гэж ойлгоод байдаг байна аа?

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгэмд хортой зүйл хийгээд, хар мэдээлэл тараагаад ашиг олж баяжаад байгаа зүйл байхгүй. Мэргэжлийн ажил үүргээ л гүйцэтгэж биелүүлж байгаа. Бидний мэргэжлийн онцлог бол болж байгаа үйл явдлыг мэдээлэх. Ингэхдээ хүний нэр хүнд, ар гэрийнх нь амьдралд хор хохирол учруулахгүйгээр хүмүүнлэг хандах ёстой. Энэ талаар сэтгүүлчийн ёсзүйн дүрэмд заачихсан байдаг. Энэ чиглэлд мэргэжлийн сэтгүүлзүй ажиллаж чаддаг. Ажиллаж чадахгүй, алдаа гаргаж байгаа зүйл бий. Улс төрийн зорилгоор байгуулагдсан сонин, сайт, телевизүүд байгаа нь ч нууц биш. Тэр нь хэвлэлийн бизнес биш, мөнгө олох ч шаардлага байхгүй юм шиг байгаа юм. Өөр зорилготой. Зарим талаар эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд салбарын нэр хүндэд муугаар нөлөөлөөд байна гэж ахмад сэтгтүүлчид маань хэлдэг. Гэхдээ тийм хэвлэлийн тоо нь цөөхөн. Манай салбарт олон жил ажилласан, салбараараа өвчилсөн, хайрладаг хамгаалдаг хүмүүсийнхээ үгийг сонсох л хэрэгтэй. Дээр нь манай мэргэжлийн холбоод байна. Монголын сэтгүүлчдийн эвлэл, Телевизүүдийн холбоо, Сонины холбоо, Сайтуудын холбоо. Тэд маань нэгдмэл ажиллах ёстой байгаа юм. Түүнээс гадна манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрээр хоолоо олж иддэг ТББ-ууд бас олон бий. Эд нар ч гэсэн ажиллах ёстой. Сонгуулийн үеэр гарч ирээд энэ сонин, тэр телевиз тэр хүнд цаг, талбайгаа илүү ашиглуулсан байна, энэ намд илүү үйлчиллээ гээд байдаг. Тэрнээс илүүтэй мэдээлэл нь хэр үнэн бодитой байсан юм, ард түмэнд хэр ашигтай мэдээлэл хүргэсэн юм, ард түмнээ сонголт хийхэд нь боломж олгосон уу, үнэн зөв мэдээллийг хүргэж чадсан уу гэдэг тийм хэмжүүр байвал илүү оновчтой болох байх. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хайрлаж хамгаалах ёстой. Өдөр шөнөгүй ажилладаг, нийгмийнхээ төлөө хамгийн их ажиллаж байгаа салбар бол үнэхээр манай дөрөв дэх засаглалынхан. Ингэж явсаар юм юмны ард хоцордог. Нийгмийн асуудал нь хүнд. Нийгмийн төлөө ажилладаг ч баялгаас нь хүртэж чаддаггүй. Цалин пүнлүү нь бага. Эрх ашиг тэр дундаа аюулгүй байдал нь баталгаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг төр засаг нь дэмжих ёстой юм байгаа юм уг нь. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх тулгамдсан асуудал хэвлэлд олон жил үргэлжилж байна даа.

Өнөө жилийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тун сэрэмжтэй байхгүй бол алдаа гаргавал хуулийн хариуцлага нь яаж ч мэдэхээр байна уу даа гэж харагддаг. Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань яажшуу ажиллавал зүгээр вэ?

-Сонгуулийн тухай хуулийн 5.4-т “Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан, албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээх үүрэгтэй” гэсэн заалт нь уншаад үзэхэд тавих л ёстой шаардлага, хуульчлах ёстой заалт мэт. Нэг талаас сонгуультай холбоотой тойрог, хэсгийн үйл ажиллагаа гэж шууд ойлгож болно. Нөгөө талаас сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн тухай мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийн үнэн бодитой эсэх тухай гэж ойлгож болохоор байна. Аль ч талаас нь аваад үзсэн мэдээллийн бодит байдлыг хариуцах эзэн хэвлэл, мэдээллийн байгууллага, түүний ажилтан болж таарч байна. Энэ бол хуулийн хэвлэлтэй холбоотой хамгийн нарийн хэсэг нь байгаа юм. Сонгуулийн хуулиар улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид телевиз, радиогийн эфирийн цаг, сонин сэтгүүлийн талбайг гэрээ хийн авч өөрсдийн бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлгээ нийтлүүлж цацдаг. Тэдгээр нийтлэл, нэвтрүүлгийн өмнөөс хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хариуцлага хүлээхгүй. Харин захиалгатай, төлбөртэй тухай тэмдэглэгээг л тавих үүрэгтэй. Харин хэвлэл, мэдээллийн байгууллага, түүний ажилтан бие дааж хийсэн нэвтрүүлгийн бодит байдалд хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Үүнийг л аль аль талдаа сайн ойлголцох ёстой. Түүнээс биш улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч өөрөө бэлтгээд ирсэн нийтлэл нэвтрүүлэг, мэдээ мэдээллийн зөв бурууг шүүгээд, нийтлэхгүй, цацахгүй гээд байх үүргийг хэвлэл, мэдээллийн байгууллага хүлээхгүй. Сонгуулийн ерөнхий хороо, ХХЗХороо хамтарч сонгуулийн сурталчилгаанд хяналт тавина. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй мэргэжлийн холбоод дээрх хоёр байгууллагатай одооноос холбоотой ажиллаж, санамж бичиг байгуулах хэрэгтэй.

Сонгуулийн үеэр хийх сурталчилгаанд хязгаарлалт орж ирсэн бололтой харагдсан?

-83.7-д “Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевиз сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино” гэсэн байдаг. Энэ заалт манай хэвлэлийнхний эгдүүцлийг хүргээд байгаа л даа. Гурил, будааныхаа үнийг зохицуулж чадахгүй байж бие даасан хэвлэлийн салбарын санхүүгийн ажилд төр хуулиар далайлган оролцож байна, зах зээл өөрөө зохицуулах ёстой гэж үзээд байгаа. Сонгуулийн үеэр нам, эвсэл, нэр дэвшигчид сурталчилгаанд их мөнгө зарцуулдаг, сонгуулийн зардлыг хуулийн зохицуулалтаар багасгана гэдэгт нам, бүлгүүд нэгдсэн. Уг нь Америкаас эхлээд бүх улс оронд сонгуулийн үеэр сурталчилгаанд гол зардлаа гаргадаг. Манайх үгүй гэж хуульчиллаа. Энэ нь хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг төр дэмжихгүй, санхүүгийн хувьд хараат байлгах сонирхолтой байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Харин сонгуулийн сурталчилгаа 18 өдөр үргэлжилж өдөрт телевизүүд ганцхан цагийн сурталчилгаа явуулахаар хуульчилсан байсныг УИХ-ын дарга санаачилга гаргаж хуулийн эцсийн найруулга хийх үед хуучин байсан хоёр цагаар нь үлдээсэнд хэвлэлийнхэн талархаж байгаа. УИХ-д гишүүнийхээ хувьд ард түмний төлөөлөл, улс төрийн том намын бүлгийн гишүүн. Түүнээс гадна сэтгүүлчийнхээ хувьд хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөл. Салбарын төлөөлөл, гал тогоогоо мэднэ гэдэг утгаараа хэвлэлтэй холбоотой асуудлыг онцгойлон анхаардаг. Бусадтай адил чанга дуугарч хашхираад байдаггүй ч гэсэн хэлэх үгээ хэлдэг. Олны өмнө онцгойрохоосоо илүүтэй хууль санаачлагчид, ажлын хэсэг, гишүүдтэйгээ ажиллаж, ярьж ойлголцдог. Эрүүгийн хуулийн гүтгэхтэй холбоотой заалт дээр өнгөрсөн хугацаанд ач холбогдол өгч ажилласан. Эхлээд энэ заалт хасагдахаар орж ирснээ дараа нь дахиад УИХ-д ороод ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-д мэдээлэл хийх үеэр энэ асуудлыг тавьж Ерөнхийлөгч гүтгэхтэй холбоотой заалтыг Эрүүгийн хуульд дахин оруулж ирвэл хориг тавина гэж их хурлын индрээс мэдэгдсэн нь өнөөдрийн үр дүнд хүрэхэд нөлөөлсөн. Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Д.Лүндээжанцан нарын гишүүдийн маань хүчин чармайлт ч үүнд бий. УИХ-ын 34 дүгээр тогтоолоор хэвлэлээр төр, засаг үйл ажиллагаагаа төлбөртэй сурталчлахгүй байх заалт орж ирснийг эсэргүүцсэнийг гишүүд маань дэмжсэн.

Монголд троллчдын арми бэлтгэгдээд эхнээсээ ажиллаад эхэлчихсэн байна. Сэтгэгдэл захиалгаар бичигч, сэтгэгдэл үйлдвэрлэгчид, хуурамч акаунттай троллчид олширч байна. Энэ нь эргээд мэргэжлийн сэтгүүлзүйн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болов уу. Үүнд яаж хяналт тавих вэ?

-Сошиал орчин, тэр дундаа твиттер, фэйсбүүкийн комментуудыг хараад байхад нэг хэсэг хүн байнга бичээд байдаг юм болов уу гэсэн сэтгэгдэл төрөхөөр байдаг. Сэтгүүлчид мэргэжлийнхээ үүднээс үүнийг мэдэрч чадна. Тэр нь ажил нь болчихсон, өдөржингөө суугаад сэтгэгдэл бичдэг хэсэг бүлэг хүмүүс байгаа гэж их ярьдаг болж.Танд ч ийм мэдээлэл байгаа юм байна. Сэтгүүлч бусдын үгийг дуурайж давтаж хэлэх нь битгий хэл, өөрийнхөө хэлж байгаа үгээ дахин хэрэглэхгүй байх чадвартай хүмүүс. Мэргэжлийн онцлог юм даа.Хэрэглэж байгаа үг хэллэгээс нь хэн бэ гэдэг нь танигддаг. Тэгээд л хэсэг бүлэг хүмүүс байна гэж хардаад байгаа байх л даа.

Хэрэв тийм мэдээлэл байгаа бол сонгуулийн үеэр сошиал орчинд гарч болзошгүй тэр зохиомол мэдээлэл, сэтгэгдлүүд мэргэшсэн, мэргэжлийн сэтгүүлзүйн, дөрөв дэх засаглалын ажил биш ээ гэдгийг эртнээс хэлэх ёстой. Ийм нөхцөл байдал үүсэх нь байна шүү гэдгийг манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зарлах ёстой. Сонгуулийн үеэр сэтгүүлчид, хэвлэлийнхэн мэргэжлийн үүргээ гүйцэтгээд сошиал орчинтой манатай болно. Ард иргэддээ сонголтоо хийхэд нь туслах үүрэгтэй. Нэр дэвшигчдээ таниулах үүрэгтэй. Энэ ажлаа хийгээд тэр сошиал орчноор хүн магтаж, муулах зав хэвлэлийнхэнд олдохгүй.

Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, өнгөрч байгаа хугацаанд улстөржин намчирхаж талцахгүй ажиллаж болдгийг манай эмэгтэй гишүүд харуулж чадсан.Үндэсний чуулганд оролцсон эмэгтэйчүүд бидний үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь урам өгсөөн. Одоо энэ үлдсэн богино хугацаанд ч тамирчин хүний адил сүүлийн хормыг ч ашиглан нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай хууль, тогтоомжийг батлуулахын төлөө бид явна.

Categories
мэдээ цаг-үе

Элэг бүс, сэнжигний барьцан доорх элдэв яриа хөөрөө

Монгол үндэсний бөхийн элэг бүс, сэнжигний барьц гэдэг нь иймэрхүү дүр зурагтай харагддаг. Өөд өөдөөсөө тулсан хоёр бөх нэгнийхээ элэг бүснээс зөрүүлж атгаад, нөгөө гараараа биенийхээ мөрний сэнжигнээс барьж, духаараа мөргөлдөж юм уу, эсвэл толгойгоо зөрүүлж зогсохыг хэлнэ. Ингэж зогсох нь их сэжигтэй, элдэв яриа хөөрөө хийдэг агшин болчихоод байгаа юм. Үзэгчид болохоор барилдаж байна гэж хардаг нь эмгэнэлтэй.

Ардын хувьгалын 90 жилийн ойгоор “Ажнай” гэдэг компанийн нэр дээрээс барилддаг, өмнийн говийн хоёр ч бөх элэг бүс, сэнжигний барьцан дор элдэв яриа хөөрөө өрнүүлсэн тухай өнөөдөр бөхийн хүрээнээс халин яригдсаар. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л жишээ нь. Юу болсон гэхээр ард түмний дунд жудаг намбатай бөх хэмээн хүндлэгддэг Булган аймгийн харьяат улсын гарьдын тухай юм. Тавын давааны ам эхэллээ. Мань гарьдын төрсөн дүү охиных нь нөхөр аймгийн арслан, сайн бөх залуу дөрөв давчихлаа. Дөрөв давахдаа энэ цагийн онц уян хатан бөх, жүдогийн улсын шигшээгийн тамирчин, улсын харцага, нутгийн найзаа хэвтүүлж аваад дөрвийн давааг гаталсан хэрэг. Ингээд хадам ахаа бараадасхийн ам хүлээж байтал ах нь өмнийн говийн, өнөө компанийн бөхийг амалчих нь тэр. Улсын гарьдтан өмнийн говийн өнөө аймгийн арслантайгаа өрлөө. Өрөх юу байхав дээ, элэг бүс сэнжигний барьцанд хүрлээ. Хоёр толгой нийлж доошоо тонгойж яриагаа өрнүүлж эхэллээ дээ. Үзэгчид үнэндээ цагаан цаас шүү дээ. “За гарьд ч залуу аймгийн арсланг нэг муу нухах байх аа” гэж яриад л, нөгөө нэг үзэгч нь “Хүргэн дүүгээ тав дээр авсангүй, тавыг нь хэн нэгэнд даатгаад нэг мөр зургаагийн даваанд гаргаж өгөхөөр шийдсэн юм шиг байна. Азтай байна шүү нэг мөсөн улсын харцага болох нь” гэж ярьж байгаа. Бодит байдал дээрээ бол элэг бүс, сэнжигний барьцан дор ямар яриа болж байв гэхээр гарьд өнөө аймгийн арсланг “Ханшаа өсгө, өсгөнө гэж бодоод л хүргэн дүүгээ хүртэл би амласангүй…” гэж. Ингээд тэдний эхний тохироо бүтэлгүй болов бололтой гарьд маань өөрийн дархан мэх болох гар таллаж урдуураа гүйлгэдэг мэхээ хийх оролдлого үзүүлж наадамчдыг шуугиулаад авлаа. Өөрөөс нь илэрхий илүү, аралтай, бяртай, барилдааны сурцтай гарьдад уначих вий гэж сандарсан өнөө аймгийн арслан 10 саяыг нэмлээ. Гарьд ханасангүй бололтой, ахиад зүүн мөрний сэнжигний барьцнаас хоёр гараараа сэгсэрч өмнүүрээ татахад өөртөө давна гэсэн сэтгэл зүйгүй, биеэ чангалчихсан өнөө залуу чинь түүдэг шиг л өмнүүр хөндөлдөж ирснээ “За та аядаарай, хоёулаа барьц тавилцъя, би нэг уулзаад ирье” гээд барилдаан зогсох. Аймгийн арслан хуруугаа амандаа хийж сэгсрээд эмч рүү алхахад савтай цай барьсан нутгийн ахмад бөхчүүд хийгээд, бөх биш бас нэг нөхөр эмч рүү очиж тэд бүгдээр хамтдаа түүнд эмчилгээ хийлээ. Ингээд эргэж ирээд тун эвтэй найртайгаар элэг бүс, сэнжигний барьцандаа шилжицгээв. Хоёр бөх нэлээн удаан толгойгоо тулан зогссоны эцэст (ярилцсаны эцэст гэмээр юм уу) гарьд сэнжигний барьцнаас ганцхан сэгсэрч татаад урдуураа таллаж гүйлгэх… ингээд л барилдаан түр завсарлаж эмч рүү залуу аймгийн арслан явна даа. Цаанаас нь өнөөх хүмүүс нь ирж бас л хамтарч эмчийн үзлэг хийцгээх. Ингээд л “эмчилгээ” хэрхэн хийх яриа хоромхон зуурт өрнөөд гараа лентээр боолгуулсан залуу бөх, гарьд руу ирээд элэг бүс, сэнжигний барьцандаа шилжиж ээлжит яриа хөөрөө бувар бувар хийтэл өрнөнө. Тэр яриа хөөрөө үзэгчдэд яаж мэдэгдэх вэ дээ. Наадамчин олон “За гарьд ч одоо нэг таллаад татахад аваад заларна даа” гэж өндөлзөөд л. Тэгэхнээ яасан юм бүү мэд гарьдын барилдаан огцом суларч барьц тавилцсанаар өнөө залуу бөх эмч рүү дахиад алхана. Элэг бүс, сэнжигний доорх элдэв яриа хөөрөө эцэслэгдэхгүй ингэж удах нь мэдэж байгаа мань мэтэд яршигтай. Тохирчихож болохгүй л байгаа юм байх даа гэж бөхийн хүрээнийхэн хоорондоо ярьсан шигээ харж зогсоцгооно. Ийм байдалтай элэг бүс, сэнжигний барьцнаас улсын гарьдтан 13 удаа алдартай гар таллаж татах мэхээ хийж “заналхийлсний” эцэст ханш 250 саяд хүрч барилдаан залуу аймгийн арслан давж төгсөв. Тэгэхээр нэг удаагийн урдуураа гар таллаж татах мэх нь 10 саяар үнэлэгдээд байсан юм билээ. Тэгээд тооцохоор компани нь, нутгийн зөвлөл нь 120 саяыг мань залууд төсөвлөсөн байж. Гэтэл хүргэн дүүгээ золионд гаргатлаа улайрсан том цолтон маань 250-д хүргэсэн нь элэг бүс сэнжигний доорх яриа этгээд амжилттай болсны шинж чанар юм.

Ингэхэд элэг бүс сэнжигний доорх яриа хөөрөө энэ цаг үед л гарч ирсэн зүйл үү. Үгүй юм билээ. Урьд нь байсан л юм билээ. Гэхдээ шинж чанарын хувьд өнөөдрийнхөөс газар тэнгэр шиг ялгаатай. Жишээ нь олон жилийн өмнөх түүхийг сөхье л дөө. Одоо энэ улсын заан Д.Мягмар ид гарч ирж, шуугиан тарьж байсан үе юм. Өнөөдрийн Ц.Содномдорж харцага шиг л онцгойрч, олны анхааралд байсан үе юм билээ. Тэр жилийн улсын наадмаар залуу улсын заан Мягмар яралзтал барилдаж давсаар тавын давааны аман дээр иржээ. Тэгсэн чинь тэр наадмаар нь Д.Хадбаатар гэж хөнгөн атлетикийн тамирчин залуу гэнэт гарч ирээд тавын даваа хүртэл учраа бөх бүрээ хүүхэдтэй барилдаж байгаа юм шиг ийш тийш нь авч шидсээр хүрээд иржээ. Хоёр Баянаагаас эхлээд өнөө нөхрөөс чинь бэргэж амлалгүй тойроод явчихлаа гэнэ. Бөхчүүд хэлж байна гэнэ дээ, “За Мягмар минь чи ид залуу, исгэлэн халуун байна. “Чамаас өөр энэ амьтныг тогтоох хүн энэ наадмаар байхгүй бололтой, чи л авч хая” гэж шургажээ. Яг үнэндээ Мягмар заан ч халгаад байж. Ингээд нэрээ бодон яах аргагүй амлажээ. Барилцаад авсан чинь базарваань хум пад яагаад ч хөдөлгөхөөргүй аймаар амьтан болохыг эхний атгалтаас нь мэдэрчээ. Ингээд л үзээд байж, жаахан юм нь дуусчээ. Газар тэнгэр хоёроо ялгахааргүй болтлоо ядарлаа гэнэ. Ёстой л нэрээ бодоод нэг юм дэнжигнэж зогслоо гэнэ. Баянаа аваргын хэлсэн зөвлөгөө болох “Ямар ч бяртай, хүчтэй, огцом түргэн хөдөлгөөнтэй бөхийг тогтоох ганц сайн арга бол элэг бүсдэх” гэсний дагуу сүүлдээ элэг бүс, сэнжигний яриандаа шилжжээ. “За чи шалавхан нэг мэх хийсэн бол би хэвтээд өгье. Арай ч өөрөө хэвтээд өгч болохгүй байна” гэжээ. Өнөөх чинь “Тэгье” гэж байна гэнэ. Ингээд өнөөх Хадаа чинь элэг бүсний барьцнаас нэг муу хавирсан боллоо гэнэ. Түүнийг нь далимдуулаад залуу заан Мягмар “Ашгүй ингээд хэвтээд өгье” гээд бие сул хаяад газар руу дөхөж явтал өнөө Хадаа чинь сэв хийтэл буцаагаад татаад босгочих юм гэнэ. Элэг бүс сэнжигний барьцан дор эргээд очингуутаа “Чи чинь яадаг хог вэ, дахиад нэг мэх хийсэн бол, би шууд уналаа” гэвэл “За тэгье” гээд сэнжигний барьцнаас дугтарсан боллоо гэнэ. За үүн дээр нь л ёстой өнхрөөд өгдөг хэрэг гээд биеэ суллаад нүүрэн дээр нь газар тулж явтал сэв хийтэл буцаагаад татаад босгоод ирлээ гэнэ. Өнөө алдартай, ид исгэлэн залуу байгаа улсын заан Мягмар чинь сүүлдээ эргэн тойрондоо юу болж байгаагаа ч мэдрэхээ байгаад, засуулынх нь үг ч дуулдахаа байж, ухаан санаанд нь “За би ямар ч л байсан өөрөө сөхөрч унаж түмний шившиг болохгүй, энэ муу мангар хар юм чинь яасан лайтай бяртай хог вэ” гэж бүүр түүрхэн бодоод дүүжигнээд байж дээ. Өнөө Хадаа чинь юун ядрах, хөлс нь ч гараагүй амьтан “Ах аа, одоо яах уу” гэж солиорч байна гэнэ. “Юу яасны чинь яахав гэж, шалавхан нэг мэх хийсэн болоотох, унах гэхээр татаж босгоод байх юм” гэж загнажээ. Тэгсэн өөдөөс нь “Харин тийм, та яг унах гэж байснаа босоод ирэх юм” гэжээ. Анх удаа барилдаж байгаа болохоор Хадаа унагах аргаа л олохгүй байсан юм билээ гэж Мягмар заан сүүлд ярьсан байдаг юм. Элэг бүс сэнжигний доорх яриа хөөрөө бол урьд ийм л утгатай байжээ гэдгийг энэ жишээгээр хэлж байгаа ухаантай.

Одоо эхний яриагаа үргэлжлүүлье. Бас л 90 жилийн ойн баяр наадмын тавын даваа. Өмнийн говийн нөгөө нэг залуу бөхийнх нь улсын цолонд зүтгэсэн тухай юм. Түүнийг Дундговийн энэ цаг үеийн хамгийн том цолтой бөх болох улсын харцага нэгэн амлажээ. Өндөр шар нөхөр бий дээ. Чацтай болохоор хөлөөрөө хашиж татдаг дархан мэхтэй бөх л дөө. Давхар шуудагнаас баргийн бөхийг нистэл татна даа. Нөхөр өнөө өмнийн говийн залуу бөхийг нистэл нистэл 15 удаа татаж тавьсан юм. Хариугүй л давчих бололтой харагдаад байсан хэрнээ болдоггүй дээ. Хоёр бөх өнөөх л элэг бүс сэнжигний барьцан дор таван минут орчим ярилцаад, тэгээд л ойлголцохгүй байгаа бололтой өнөө харцага юу болов гэмээр гэнэт бярдаад л, биеэ займчиж, сэгсчиж, хөдөлгөж өнөө муу залуугаа сандаргана. Тэгж хамаг барьцыг нь тавиулангуутаа шууд л давхар шуудганд хүрч зүүн хөлөөрөө хашиж татаад бараг тэнгэрт гаргах шахна. Наадамчин олон, үзэгчид шаагиад л… за энэ залуугийн даваа ингээд дуусав аа, начин цолноос мултарлаа даа гэхийн алдад улсын харцага маань гэнэт номхорч, элэг бүс, сэнжигний барьцандаа эвтэй найртайгаар шилжицгээнэ. Тэгж таван минут орчим болсны дараа залуу бөх эмч рүү гараа юм уу, хөлөө оролдоод алхана. Цаанаас нутгийн ахмад бөх хийгээд бас нэг бөх биш хүмүүн ирнэ. Хамт эмчийн үзлэг хийнэ. Эргэж ирээд элэг бүс сэнжигний барьцанд шилжээд тав орчим минут болоод өнөөх харцага чинь юу болов гэмээр дошгирч, дархан шуудагдаж татах мэхэндээ шилжиж үзэгчдийг шуугиулна. Тэгснээ элэг бүс сэнжигний барьц руу шилжинэ. Мэдэж байгаа хүнд бол ёстой лайтай жүжиглэлт, тохирч чадахгүй л байгаа байхгүй юу. Тоолсон чинь улсын харцага маань15 удаа давхар шуудагны барьцнаас татах мэхээ хийж сандаргасан байгаа юм даа. Энэ их сүржин барилдааны эцэст өнөө харцага маань хүүхэд шиг өнхрөөд өгвөл яахав. Тавын даваа дууссаны дараа юу сонсогдсон гэхээр бас л “250 сая” гэж. Юу болсон гэхээр өнөөх улсын харцагыг чинь амаа аваад засуул руу гарах үед хэн нэгэн шургасан байгаа юм. “За чи сайн сонс, улсын гарьд нөгөөдөхөд нь 250-иар унасан байна шүү дээ. Компани нь шууд өгч байна гэнэ. Гарьд 120-иос өсгөсөн байна лээ. Чамд 100-г л гэсэн юм биш үү” гэж. Тэгэхээр мань харцага давхар шуудагны барьцнаас 15 удаа шахаж татан давах шахан айлгаж, 15 удаа элэг бүс, сэнжигний барьцан дор яриа хөөрөө өрнүүлснээр 250-д хүргэжээ. Тооцоход шахаж татах мэх тус бүр нь 10 саяар үнэлэгдсээр 250 болжээ. Монгол бөхийн элэг бүс, сэнжигний барьцан доорх элдэв яриа хөөрөө гэдэг нь ийм л ид шидтэй, эдийн засаг, бүр том эдийн засаг болчихсон юм билээ.

Удахгүй улсын наадам болно. Энэ жилийн элэг бүс, сэнжигний барьцан доорх яриа хөөрөө хэдэд хүрэхийг мэдэхгүй. Эдийн засаг хямраад хэцүү байгаа тухай өнгөрсөн жилийн наадмаар ярьж л байсан. Мөнгө ч урьдынх шиг биш байх аа, Увсын… хэн гишүүний өнгөрсөн жил гаргасан 150 сая л хамгийн дээд ханш байж дээ хэмээн бөхийн хүрээнийхэн ноднингийн наадмаар гундуухан хүүрнэлдэж байсан юм. Тэгсэн 250 болж өссөн. Гараад ирдэг л мөнгө юм байна лээ. Энэ жил тэгэхээр элэг бүс, сэнжигний доорх элдэв яриа хөөрөө 350-д хүрэх юм болов уу. Цаг их л өөрчлөгдөж дээ, хөөрхий. Урьд бол монгол бөхийн орчноос инээд хөөр, наргиан наадаан, гэгээн сайхан яриа л сонсогдож байдагсан. Цаад Мөөеө аварга чинь ингэж ярьжээ, “Юу л даа, Кайёо гэдэг чинь сайхан эр гэсээн. Архи ч уувал уучихдаг, авгай ч эргүүлбэл эргүүлчихдэг гэнэлээ. Манай Даваажаргал л тэгсэн шүү” хэмээн ярьцгааж элгээ хөштөл инээлддэгсэн. Их аварга Даваажаргал л аавтайгаа тийм юм ярьж байв гэж дээ гээд л инээлдээд. Цаад улсын заан Цэнд-Аюуш чинь Хөвсгөлийн Мөрөнд цагдаа байхдаа сумынхаа нэг цуутай сахилгагүй нөхрийг архи ууж, амьтан үймүүлээд болохгүй болохоор нь түмэн амьтны нүдэн дээр барьж авч сугандаа хавчуулаад, өмдийг нь шувталж бөгсөн дээр нь алгадсан гэнэ. Бүр сумын дэлгүүрийн үүдэнд баахан хүүхэн шуухны нүдэн дээр алгаа шүлсдэж байгаад “Ингээд галзуур чи, бай бай” гээд алгадсан байна шүү гээд элгээ хөштөл инээлддэгсэн. Хүүхдүүдээ дүрсгүйтэхээр нь аав сугандаа хавчуулж байгаад бөгсөн дээр нь алгаддаг биз дээ. Яг л тийм юм болсон юмдагуу даа. Түүнээс хойш өнөө сахилгагүй нөхөр чинь гэрээсээ ч гарч чадахаа байсан гэсэн, ичээд хэмээн Цэнд-Аюуш зааныг ярин таатайяа инээлдэж байдагсан. Бөхийн орчноос ард түмэндээ өгч буй аз жаргал нэг иймэрхүү сайхан байж дээ. Тэгсэн одоо…

Б.ДОРЖСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Сүрьеэгийн халдварыг эмнэлэг тарааж байна уу?

СХД-ИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРТАЙ ИРГЭДИЙГ ҮЗДЭГ ЭМНЭЛЭГТ ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Манай улсын элэгний В, С вирустэй гэж оношлогдсон хүмүүсийн ихэнх нь эмнэлгийн эм тариураас халдвар авсан нь тогтоогдсон байдаг. Тэгвэл одоо сүрьеэгийн халдварыг эмнэлгээс авах нөхцөл бүрджээ. Сүрьеэ бол нянгаар үүсдэг халдварт өвчин. Судалгаагаар манай улсын нийт сүрьеэгээр өвдсөн хүний 60 хувь нь амьсгалын замаар, агаар дуслаар халдвар авсан нь тогтоогджээ. Сүрьеэгийн нян агаарт маш удаан амьдрах чадвартай учир өвдсөн хүнийг тусгаарлаж нийтийн эмнэлэгт эмчилдэггүй журамтай. Тэгвэл энэ журам алдагдаж, нийслэлийн нэг хувийн эмнэлэгт сүрьеэгээр өвдсөн хүмүүстэй хамт бусад өвчтөнүүдийг үзэж, хэвтүүлэн эмчилж байна гэх мэдээлэл иргэдээс ирсэн юм. Эмнэлэг сүрьеэгийн халдварыг тараах нөхцөлийг бүрдүүлж байгаа энэ асуудлын эргэн тойрныг сурвалжиллаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Нийслэлийн хүн амд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын үйлчлэх хүрээг шинэчлэн батлахдаа “Мишээл” эмнэлэгт цээжний болон хэвлийн хөндийн мэс заслын үйлчилгээг дүүргийн иргэдэд даатгалаар үнэ төлбөргүй хийх яаралтай тусламжийн эрхийг өгчээ.

Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд цээжний хөндийн мэс заслын эмчилгээ үйлчилгээг “Мишээл” эмнэлэгт үзүүлж байна. “Мишээл” эмнэлгийн үндсэн чиглэл нь уушгины мэс заслаар төрөлжжээ. Уушгины бүх төрлийн өвчинг оношилж, хэвтүүлж эмчилж, улмаар хагалгаа мэс засал хийдэг. Энэ дотор уушгины сүрьеэгээр өвдсөн хүмүүсийг эмчилдэг байна. Эх сурвалжийн мэдээлснээр уушгины сүрьеэтэй олон өвчтөн энэ эмнэлэгт хандан эмчлүүлдэг. Гэхдээ тус эмнэлгийн хувьд Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар батлагдсан Сүрьеэгийн эмчилгээ оношилгооны стандартыг барьж ажилладаггүй, бие даан эмчилгээгээ хийдэг гэнэ лээ. Эднийхээр сүрьеэгээ эмчлүүлээд эдгээгүй хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандаж байсан нь ч бий.

Нэрээ нууцалсан эмнэлгийн ажилтан ярихдаа “Мишээл” эмнэлэгт хоёр давхартаа сүрьеэтэй хүмүүсийг хэвтүүлж эмчилдэг. Сүрьеэ өвчний эдгэрэлт маш удаан байдаг. Жишээлбэл, оны өмнө нэг сүрьеэтэй хүн хэвтсэн. Одоо хүртэл бие нь сайжраагүй л харагдаж байна. Хахаж цацаад байнга ханиалгаад байдаг. Эмнэлгийн хувьд, сүрьеэтэй хүмүүсийг хэвтүүлэн эмчлэхдээ хоногийн 80-150 мянган төгрөгийн эмчилгээний зардал авдаг” гэв.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ эмнэлэгт яагаад хоёр дүүргийн яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэх эрхийг өгсөн талаар тодрууллаа. Учир нь дүүргийн яаралтай тусламжийн үйлчилгээг явуулах эрхийг хувийн эмнэлэгт өгөхөд маш олон шалгуур үзүүлэлтүүдийг тавьсан байдаг. Энэ шалгуурт “Мишээл” эмнэлэг хүрсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ талаар тайлбарлахдаа “Манайхаас “Мишээл” эмнэлэг цээжний хөндийн мэс засал хийнэ гэсэн тусгай зөвшөөрөл авсан. Энэ эмнэлэг ганц сүрьеэтэй хүмүүст үйлчилдэггүй. Цээжний хөндийн хагалгаа хийдэг учраас уушгины олон төрлийн өвчинг эмчилж байгаа. Үүн дотор сүрьеэгээр өвдсөн хүмүүс ханддаг байх. Гэхдээ сүрьеэ нь хасах гарсан, эмчлэгдсэн, мэс заслын эмчилгээ шаардлагатай ийм хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаа. Тэнд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн дунд идэвхтэй, хүнд халдахаар сүрьеэтэй хүн байхгүй. Энэ эмнэлэг өмнө ч гэсэн дүүргийн хэмжээнд мэс заслын яаралтай тусламжийг үзүүлдэг байсан туршлагатай эмнэлэг” гэв.

МАНАЙ СҮРЬЕЭТЭЙ ХҮМҮҮСИЙН ОНОШИЙГ ТОДРУУЛДАГ

“Мишээл” уушгины мэс заслын эмнэлэгт очиж байдалтай танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам дагуу тус эмнэлэг байрладаг байна. Сонсголон орчим бол хотын захад нэлээд алслагдсан газарт тооцогддог. Эмнэлгийн нэг давхрын “Хүлээн авах” гэсэн бичигтэй өрөөний гадаа уушгиа үзүүлэхээр ирсэн хүмүүс цээжнийхээ зургийг бариад дугаарлаж суув. Дотор нь эмнэлгийн дарга өөрөө үзлэг хийж байгаа учир хүнтэй уулзах завгүй байлаа. Гаднаас орж ирсэн иргэд эмнэлгийн үүдэнд сууж байгаа мэдээллийн ажилтнаас эмчилгээ, үйлчилгээний талаар асууж тодруулах зүйлийнхээ сургийг гаргана. Үүдээр орж ирсэн 60 орчим насны эмэгтэй “Уушгиа үзүүлье” гэхэд мэдээллийн ажилтан “Үзлэг нь 30000, 35000 төгрөг гэсэн хоёр үнэлгээтэй” гэж хариуллаа. Тэрбээр, “Танайх эрүүл мэндийн даатгалаар үздэггүй юм уу” гэж лавлахад “Манайх мэс заслын эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар хийнэ. Эмчид үзүүлж, зөвлөгөө авах бол тусдаа үнэтэй” гэв. Мөн энэ үед гаднаас олгой өвдөөд гэсээр нэгэн эмэгтэй тонгойчихсон орж ирсэн юм. Олгой нь өвчилсөн эмэгтэйн хувьд дүүргийн яаралтай тусламжийн үйлчилгээг авч байгаа учраас эрүүл мэндийн даатгалаараа үзүүлэхээр болов. Энэ завсар тус эмнэлгийн мэдээллийн ажилтнаас сүрьеэгийн халдвар авсан өвчтөнг танай эмнэлэг үзэж, хэвтүүлэн эмчилдэг эсэхийг асуулаа. Тэрбээр “Уушгины сүрьеэтэй хүмүүсийг үзнэ. Хоёр давхарт хэвтүүлж эмчилдэг” гэв. Эмнэлгийн дарга өвчтөн үзээд завгүй байсан учир тус эмнэлгийн Чанарын менежер М.Бурмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

Сонгинохайрхан дүүргийн яаралтай тусламжийн үйлчилгээг танай эмнэлэг үзүүлж байгаа гэсэн. Хэд хэддүгээр хорооны иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа вэ?

-Төр, хувийн хэвшлийн концессийн гэрээгээр “Мишээл” эмнэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Яаралтай тусламж үйлчилгээ гэдэгт манай эмнэлгийн үзүүлж байгаа эмчилгээ бол хэвлийн хөндийн яаралтай мэс засал. Жишээлбэл, цөсний чулуу авах, олгойны хагалгаа хийх, бусад идээт буглааны хүндрэлүүд гэх мэт мэс заслын эмчилгээг яаралтайгаар хийж байна. Манайх Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд мэс засалд орох шаардлагатай бүх иргэнд үйлчилгээ үзүүлж байгаа. Саяхнаас Хан-Уул дүүргийн иргэдийг давхар хүлээж авч үзэж байна. 2016 он гараад хоёр дүүргийн иргэдэд үйлчилж байгаа учраас ачаалал их байна. Ачаалал нэмэгдэж байна гэдэг бол хүмүүсийн эрүүл мэндийн байдал таатай биш байгааг харуулж байна гэсэн үг. Ялангуяа, цөсний чулуутай хүмүүс хагалгаанд орох нь элбэг байна. Тусламж үйлчилгээн дотроо, онош тодруулах, мэс засал, хэвтэн эмчлүүлэх, био хими, бактерилоги лабораторийн шинжилгээ оношилгоо хийж байгаа. Тоног төхөөрөмж, хүчин чадал сайтай, манай эмнэлэг.

Яаралтай тусламжийн үйлчилгээг иргэд даатгалаараа авч байна уу?

-Даатгалаараа үзүүлнэ. Манай эмнэлэг даатгалын газартай хамтарч ажиллаж байна. Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэд хэвлийн хөндийн мэс заслын тусламжийг даатгалаараа үнэ төлбөргүй хийлгэнэ.

Уушгины мэс заслын төрөлжсөн эмнэлэг учир уушгины үзлэг эмчилгээг тусад нь үзэж байгаа юу?

-Манай эмнэлэг анх 1994 онд байгуулагдахдаа анхны ортой уушгины мэс заслын эмнэлэг болж байсан. Уушгины мэс засал, үзлэг оношилгооны үйлчилгээг үзүүлэх үйлчилгээ хэвийн явж байгаа.

Уушгины өвчлөл дотор ямар өвчлөл их байна вэ?

-Амьсгалын замын гуурсан хоолойн бөглөрөл, астма, амьсгалын гуурсан хоолойн тэлэгдэх өвчин их байна. Сүүлийн үед уушгины хавдраар өвчилсөн иргэд үзүүлэх нь ихэсч байгаа.

Уушгины сүрьеэтэй хүмүүст эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг үү?

-Сүрьеэтэй хүмүүс үзүүлж, оношоо тодруулдаг. Гэхдээ манайх сүрьеэтэй хүмүүсийг хэвтүүлж эмчилдэггүй гэв.

Тус эмчийн албан ёсны тайлбарт, сүрьеэтэй иргэдийг оношилдог болохоос хэвтүүлдэггүй гэж байгаа ч тэнд ажиллаж байгаа бусад ажилчдын хувьд сүрьеэтэй олон хүн хэвтэж байгааг дуулгаж байв. Дээр нь нэмээд сүрьеэгийн вакцин хүртэл хийдэг гэнэ лээ, энд. Хэвлийн хөндийн хагалгаа, мэс засал хийх явцад эмнэлгийн эм тариур, агаар дуслын замаар сүрьеэгийн халдвар тарах эрсдэл өндөр байдаг нь мэдээж. Учир нь сүрьеэ ганц агаараар биш ахуйн замаар, халдвартай хүний хэрэглэсэн эд зүйл, аяга таваг, бусад зүйлээр дамжин халддаг. “Мишээл” эмнэлгийг сүрьеэгийн халдвар хамгаалал хангагдаагүй орчинд үйл ажиллагаа явуулдаг гэж бусад мэргэжлийн байгууллагууд үзэх нь бий. Халдвартын эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эмч сувилагч, хэвтэн эмчлүүлж байгаа бүх хүн амны хаалт зүүж, тусгай бодисоор байнгын халдваргүйжүүлэлт хийдэг орчинд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна лээ. Амны хаалт зүүсэн ч дархлаа султай хүн сүрьеэгээр өвдсөн хүний дэргэд байвал өвчлөх магадлал өндөр байдаг гэнэ. Сүрьеэгийн тасгийн эмч нар хүртэл өвчтөнүүдээсээ халдвар авсан тохиолдол манайд олон бий. Нийслэлийн хоёр том дүүргийн иргэдэд үйлчилж байгаа энэ эмнэлэг сүрьеэгийн халдварыг тараах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам яагаад анхаарахгүй байна вэ. Эсвэл мэдсэн ч мэдээгүй мэт нууж байгаа юу гэдэг асуулт гарч байна. “Мишээл” эмнэлгээс өөр хэвлийн хөндийн мэс заслыг хийх эмнэлэг Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хэмжээнд байхгүй гэвэл худлаа болно. Харин яагаад заавал халдварт өвчинтэй хүмүүст үйлчилдэг эмнэлэгт яаралтай тусламжийн хагалгаа хийх эрхийг өгсөн нь учиртай гэмээр.

Үргэлжлэл бий

Х.Аюуш