Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Б.Булганы хоригдож буй орчныг хараад би шууд цочирдсон

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар уржигдар Төв аймгийн цагдан хорих газарт ажиллажээ. Энэ үеэр С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж буй Б.Булгантай уулзсан байна. Тэр талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та Б.Булганыг эргээд иржээ. Нэлээд урт хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээ авахуулан хоригдож байна. Газар дээр очоод байдалтай нь танилцсаны хувьд ямар байна?

-Юуны өмнө хэлэхэд Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн төсөл одоо УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Үүгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэдэг нь ямар байгууллага байх юм. Тэр байгууллагад ямар эрх хэмжээ өгөх, статус, үйл ажиллагаа явуулах дэг журам нь ямар байх юм гэдгийг одоо хууль болгож батална. Энэ хуулийг батлахын өмнө одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нөхцөл байдал ямар байгааг харах зорилготой хорих газруудаар явсан. Ялангуяа Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд Тахарын албыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт харьяалуулахаар байсан эдгээр байгууллагууд зохицож ажиллаж чадах эсэхийг үзэх зорилготой хариуцах обьектуудаар нь явж үзсэн юм. Бид гурав, дөрвөн обьектоор явахаар төлөвлөсөн байсан боловч ажлын шаардлагаас болоод эмэгтэйчүүдийн хорихоор орж чадаагүй. Төв аймгийн хорихыг үзээд орой болсон тул буцсан байгаа.

Төв аймгийн хориход очих маршрут гарсан учраас тэнд хоригдож байгаа иргэн Б.Булганы асуудлаар ээжээс нь ирсэн гомдлын дагуу түүнтэй уулзах гэсэн. Төв аймгийн хориход хоёр өөр коридороор явж, хоёр өөр газар хоригдож байгаа хүмүүсийн нөхцөл байдалтай танилцсан. Яг ний нуугүй хэлэхэд Төв аймгийн хорих бол иргэний ардчилсан оронд байдаг жирийн нэгэн хорих биш болчихож. Энэ бол дээр үеийн НАХЯ-ны шорон тийм байдаг байх гэмээр их өөр дэг журам, дарамт, нөхцөл байдалтай газар байсан. Мөн өөр байгууллагын харьяаны обьект болчихож.

-Өөр байгууллагын харьяаны обьект болчихож гэдгээ тодруулбал?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын обьект биш болжээ. Тагнуулын ерөнхий газрын харьяаны обьект болсон байна. Тэнд үүдний харуулаас эхлээд хийж байгаа бүх ажил өөр байна. Бидэнтэй хамт ШШГЕГ-ын дэд дарга явсан. Түүнийг хариуцсан обьектдоо ажлаа хийгээд явж байхад бидний бүх үйл ажиллагааг Тагнуулын ерөнхий газраас бичлэг хийж байсан. Дээрээс нь биднийг Б.Булгантай уулзуулахгүй гээд коридорт гурван хүн нуруугаа үүрээд хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад зогсчихож байна. “Маш нууц, таныг нэвтрүүлэхгүй” гэж байгаа юм. Хэрэг нь л маш нууц байдаг юм байгаа биз. Хүн нь маш нууц болно гэж байхгүй шүү дээ. Хэзээ ч Монгол Улсын иргэн хүн маш нууцад орох ёсгүй байхгүй юу. Яагаад гэвэл тэр хүний ил амьдрах эрх, нийгэмд байх эрх гэж байдаг. Б.Булган гэдэг хүн нь өөрөө маш нууцын обьект болчихсон байна. Энэ нь хамгийн аймшигтай. Би хараад л цочирдсон. Монгол Улсын иргэн хүн маш нууц зүйл болж болохгүй. Иргэн хүн хэлье гэсэн үгээ ил тод хэлж, гаргая гэсэн өргөдлөө гаргах ёстой. Хоригдож байсан ч тэр иргэн хэвээрээ л байгаа. Тэр тусмаа шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг бол ямар ч гэм буруугүй гэсэн өнцгөөс бид хандах ёстой. Гэтэл улсын маш нууцын зэрэглэлийн обьект мэт хүн нэвтрүүлэхгүй байдалд байлгаж байгаа юм. Тэгэхээр нь би эсэргүүцлээ илэрхийлсэн. “Уучлаарай, УИХ-ын гишүүний хувьд үзье, харъя гэсэн юмаа үзээд хараад гарна. Таныг намайг битгий оруул гэсэн дарга байдаг юм бол тэр дарга нар руугаа утасдаад зөвшөөрлөө аваад ир. Тэр зөвшөөрлийг иртэл би сууж байя” гээд шалан дээр нь суучихсан юм.

-Таны шалан дээр нь сууж байгаа зураг цахим орчинд харагдаж байсан нь тийм учиртай байх нь. Тэгээд яаж зөвшөөрөл авсан юм бэ?

-20 гаруй минут суусан. Түүний дараа зөвшөөрөл нь утсаар ирсэн. Утсаар зөвшөөрөл авсныхаа дараа нэвтрүүлсэн. Тэгээд Б.Булгантай уулзаад шууд ярилцсан. Би эмэгтэй хүний нүдээр харахад бол тэнд эмэгтэй хүний нандин, эрхэмсэг байдлыг яаж алдагдуулах вэ гэсэн байдлаар л хорьсон байна лээ. Хоригдож байгаа жигүүрт нь дандаа эрэгтэй хүмүүс байна. Мөн тэнд хоригдогсод бүгдээрээ төмөр сараалжин хаалгатай тасалгаануудад байгаа юм. Тэд гаднаас нь бүх зүйлийг нь харж байна. Гэтэл Б.Булганы өрөө байнгын тогтмол тод гэрэлтэй. Бусдаас олон бас илүү хурц гэрэлтэй учраас тэнд жоомоо ч нуухын аргагүй. Тийм л байнгын хяналт дор ил тод байна даа, тэр хүний амьдрал.

-Эвгүй юм аа…

-Эвгүй шүү дээ. Манаач, харуул, тагнуулын ажилтнууд, хоригдож байгаа хүмүүс бүгдээрээ эрэгтэй. Тийм нөхцөлд тэнд ганц эмэгтэй байж байгаа юм. Хамгийн өрөвдмөөр нь тэр жижигхэн дөрвөлжин дотор бие засах өнцөг булан гэж байна шүү дээ. Бүх өрөөний бие засах хэсэг нь харанхуйдуу, өрөөнийхөө хойд буланд байгаа юм. Харин Б.Булганы бие засах өнцөг нь яг үүдэндээ, яг сараалжныхаа хажууд байсан. Өөрөөр хэлбэл тэр хүн одоо хүндэрсэн ч, хөнгөрсөн ч, ариун цэвэр сахиж өөртөө угаалга арчилгаа хийсэн ч яг эрчүүдийн нүдэн дээр байгаа байхгүй юу. Тийм байдлаар хүний эрхэмсэг оршихыг үнэхээр дордуулсан нөхцөл, залхаан цээрлүүлэх хэлбэр ажиглагдаж байна лээ.

-Та эрх бүхий хүмүүст албан бичиг явуулсан байна лээ. Түүндээ энэ талаар дурдсан уу?

-Сая дээр дурдсан бие засах хэсгийн талаар бол албан бичигтээ дурдаагүй. Гэхдээ би өнөөдөр (өчигдөр) Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гуравт хандаад, УИХ-ын гишүүддээ хувийг нь явуулаад хүний эрхийн нөхцөл байдлын талаар шуурхай мэдээллийг албан бичгээр хийж хүргүүлсэн. Энэ албан бичигтээ Л.Болд гишүүн бид хоёр хамт гарын үсгээ зураад хоёр зүйлийг эрх баригчдынхаа анхааралд шуурхай хүргэе гэж шийдсэн. Нэгдүгээрт, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар маань өөрөө Тагнуулын ерөнхий газрын дарамт дор ажилладаг болсон байна гэдгийг бодитойгоор нөхцөл байдлыг нь танилцуулж бичсэн. Хоёрдугаарт, хүний эрхийн байдал үнэхээр дордсон байна. Ялангуяа Б.Булганы эрх бол олон талаас зөрчигдөж байна. Хүний эрхийг ингэж их зөрчдөг ардчилсан улс байж болохгүй. Ямар нэгэн байдлаар хүний эрхийг ингэж дордуулж, ингэж доош нь авчрах юм бол Монгол Улсын ардчилсан хүний эрхийн үнэ цэн огт байхгүй болно.

Талийгаач нөхрийнхөө байлдаж авчирч өгсөн. Байлдана гэдэг ур дүй, сэтгэл, зүтгэлийг хэлж байна шүү дээ. Талийгаач С.Зоригийнхоо ард түмэндээ тайван замаар авчирч өгсөн эрх чөлөөний өчүүхэн хэсгийг л Б.Булган эдэлж чадахгүй байна шүү дээ. Ардчилсан хувьсгалын анхдагчид бидэнд хүний эрх, эрх чөлөөг авчирлаа гэж бид баярладаг. Түүний дараа улс төрийн хэлмэгдэл зогслоо гэж бид ярьдаг. Ардчилсан Үндсэн хуулийнхаа буянаар бид үг хэлэх, өргөдөл гаргах, шударга шүүхээр шүүлгэх, өмгөөлүүлэх гээд бүх төрлийн иргэний улс төрийн эрхтэй болсон. Энэ эрхүүдийн өчүүхэн төдий нь ч Б.Булганд үйлчлэхгүй байна. Зүгээр нөхрийнхөө авчирч өгсөн зүйлээс эхнэр хүн хүртдэг дээ. Аавын өсгөсөн малыг хүүхэд нь үржүүлдэг биз дээ. Аавын өсгөсөн адуу юм чинь миний сайхан адуу гэдэг. Ээж, аавынхаа буян гэр орныг хүүхдүүд нь өмчлөөд үлддэг. Яг түүнтэй ижил С.Зориг агсан Б.Булганд их баялаг үлдээгээгүй байж магадгүй. Гэхдээ бүгдээрэнд маань, ард түмэнд маань эрх чөлөө үлдээсэн байхгүй юу. Түүний өчүүхэн хэсгийг эдлэх эрх эхнэрт нь байхгүй байна гэдгийг харахад бол үнэхээр хоолой зангирмаар байна лээ. Гэхдээ тэнд хоолой нь зангирах эрх ч хөөрхий Булганд алга. Яагаад гэвэл тэр хүний бүх амьдрал, минут тутам нь камерт бичигдэж байна. Төв аймгийн хорихын бүх өрөөг камержуулсан байсан.

-Б.Булган яг ямар байдалтай харагдаж байв. Уулзахад юу хэлж байна?

-Був буурал үстэй, 60 настай, нүднийх нь гал бөхөөгүй. Тэгсэн мөртлөө бясалгал хийж, өөрөө өөрийгөө тэр хүнд хэцүү нөхцөлд ганцаардлаас аварч, аль болохоор оюун ухааны хувьд нийгэмтэйгээ холбогдохыг хүсч байгаа тийм л хүний дүр төрх харагдаж байна лээ. Яагаад гэвэл тэр хүнийг аль болох нийгмээс таслах, маш нууцын зэрэглэлд байлгах, нийгэмд муухай харагдуулах бүхий л зүйлийг маш сайн хийж байгаа юм байна. Тэр олон ханыг нэвтэлж Б.Булган гэдэг Монгол Улсын жирийн нэгэн иргэн би энд байна шүү, би хэвээрээ байна шүү гэж хүний эрхэмсэг байдлаа хадгалж үлдэх гэж маш их хичээж байгаа нь харагдаж байсан. Яагаад гэвэл тэр хүн бясалгал хийж, ном уншиж байгаа юм билээ. Одоо хэрэг нь үнэн мөнөөрөө шийдэгдэнэ. Би бол хохирогч хүн, гэрч хүн. Би ямар ч байсан энэ хэргийг зохион байгуулаагүй, хийгээгүй, захиалаагүй. Тийм учраас хэрэг нь үнэн мөнөөрөө шийдэгдэнэ гэсэн итгэл нь бөхөөгүй тийм л хүн байсан.

-Өөрөө ингэж хэлсэн үү?

-Өөрөө тэгж хэлж байна лээ. “Би бол үнэн мөн нь олдох байх гэж найдаж байна. Та нар үнэн мөнийг нь олдог болгож энэ хуулийнхаа байгууллагыг ажиллуулах байлгүй. Би бол өгдөг бүх л мэдээллээ өгч байгаа. Гэхдээ надад ямар ч эрх гэдэг юм байхгүй байна шүү” гэж байсан.

-Ер нь хүнтэй уулзуулахгүй нэлээд удаж байгаа шүү дээ. Ар гэртээ ч юм уу үг дайж байх юм уу?

-“Ээж минь өндөр настай учраас би ийм байдалд байгаагаа ээждээ харуулаад яахав дээ” гэж байх шиг байна лээ. Бид Төв аймгийн хорих дээр очихоосоо өмнө 461 дүгээр анги дээр очсон л доо. Сая өршөөлийн хуулийн дараа 461 дүгээр ангийн хоригдогсдын тал хувь нь гараад одоо маш олон өрөө суларсан юм байна. Тэр олон өрөө суларч байхад Төв аймгийн хорихоос нэг ч хүнийг тийш нь аваачаагүй юм шиг байгаа юм. Б.Булганыг 461 дүгээр ангид олон сул өрөө байсаар байтал заавал залхаан цээрлүүлсэн байдалтайгаар Төв аймагт хорьж байгаа нь өөрөө маш ойлгомжгүй санагдсан. Ер нь цаашдаа Төв аймгийн хорихыг хаах хэрэгтэй газар байна лээ. Тийм нууц байдалд Монгол Улсын иргэнийг яаж байгаа нь мэдэгдэхгүй алга болгодог. Тав, зургаан сараар ямар ч эрхийг нь, яаж ч зөрчиж болдог тийм нүх сүв Монгол Улсад байх ёсгүй. Үнэхээр бусдын адил эрх эдэлж чадахгүй, бусдын адил өмгөөлүүлж чадахгүй тэр байтугай бусдын адил унтаж чадахгүй байна гэдэг чинь өөрөө залхаан цээрлүүлэлт шүү дээ. Тэгэхээр бид шүүхийн шийдвэр биелүүлэх хуулийнхаа төсөлд энэ бүхнийг оруулна, ярина. Энэ хууль дээр ямар санаа оруулах вэ гэдгийг л судлах гэж сая биечлэн очиж үзлээ. Ингэж явахдаа бид Монгол Улсад сүүлийн 25 жил байгаагүй, би л лав сүүлийн 25 жил олж хараагүй тийм зүйлийг олж харлаа. Тэнд тэс өөр систем, дэглэмийн дэг журмыг амилуулчихсан байна шүү дээ. Тэгэхээр энэ амилуулсан зүйлийг бид яавч үргэлжлүүлж болохгүй, таслан зогсоох хэрэгтэй гэж бодогдож байсан. Хүнийг байцааж, мөрдөж болно. Гэхдээ хэргийг тэгж мөрдөхийг ардчилсан орон зөвшөөрч болохгүй шүү дээ.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

10 настайдаа Ази тивийн аварга болсон охин

Өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотноо өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ удаагийн тэмцээнд Монголоос нэлээд хэдэн залуу шатарчин амжилттай оролцжээ. Тэдний нэг нь 10 насны ангилалд Ази тивийн аварга болж, алтан медаль хүртсэн Даваахүүгийн Мөнхзул. Тэрээр нийслэлийн 33 дугаар сургуулийн сурагч. Аавынх нь ярьснаар Мөнхзул таван настайгаасаа эхэлж шатар тоглосон гэнэ. Түүнд хэн ч зааж өгөөгүй. Эгч, аав хоёрынхоо тоглож байгааг харж суудаг байсан жаахан охин нэг л өдөр тоглоод эхэлжээ. Ийнхүү таван жил шатар тоглохдоо Д.Мөнхзул нэлээд амжилтад хүрсэн. 2014 онд Өмнөд Африкийн Дурбан хотноо болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож охидын найман насны ангилалдаа түрүүлж аварга болжээ. Уг тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 шатарчин хүчээ сорьсон. Үүний дараахан 2014 онд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хоёр медаль авчээ. Рафит төрөлд алт, блиц төрөлд мөнгө авч, стандарт төрөлд дөрөвдүгээр байрт шалгарсан. Дараа жил нь буюу 2015 онд Тайландын Паттайя арал дээр болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авчирсан. Хамгийн сүүлд энэ долоо хоногт Улаанбаатар хотноо болж өнгөрсөн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10 насны ангилалд түрүүлж алтан медаль хүртсэн юм.

Ийнхүү Д.Мөнхзул охин хэдхэн жилийн хугацаанд олон улсын тэмцээнүүдэд маш амжилттай оролцож Монголын нэрийг дэлхийн дэвжээнд мандуулжээ. Байнга бэлтгэл сургууль хийдэг тул хичээл нь нэлээд тасардаг хэмээн аав нь ярьсан юм. Гэсэн ч ангийнхнаасаа хоцордоггүй онц сурдаг гэнэ. Хамгийн сүүлд гэхэд бэлтгэл сургууль гээд гуравдугаар сараас хойш хичээлдээ яваагүй. Тэмцээнээ дуусгаад саяхнаас сургуульдаа явж эхэлсэн байна. “Хичээл нь ямар байна” гэж асуухад “Нөгөө л юмаа үзэж байна лээ” гэсэн хэмээн ярихдаа аав нь өөрийн эрхгүй инээж байлаа. Мөнхзул охин удахгүй дахиад л бэлтгэлдээ гарна. Ирэх аравдугаар сард Гүржид болох Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

10 настайдаа Ази тивийн аварга болсон охин жаахандаа нэлээд нүүрэмгий, сэргэлэн охин байжээ. Цэцэрлэгт байхдаа дуулж, бүжиглэж янз бүрийн тэмцээнд оролцож, таван настайдаа “Бяцхан мисс” тэмцээний “Фото мисс”-ээр шалгарч байсан удаатай. Харин шатар тоглодог болсноосоо хойш их өөр болсон хэмээн аав нь ярив. Одоо бол юм асуухад нэлээд бодож байж хариулдаг болсон гэнэ. Шатрын спорт хүүхдийг төлөвшүүлчихдэг.

Дашрамд Д.Мөнхзул айлын дундах охин. Эгч Д.Хонгорзул, дүү Д.Өнөрзул нь мөн л шатар тоглодог. Ази тивийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд Г.Даваахүүгийн гурван охин гурвуулаа оролцжээ. Хүүхдүүд нь бүгд шатарчин болохоор аав нь ч тоглодог байж таарна. Гэвч Г.Даваахүү өөрийгөө сонирхогч хэмээн ихэд даруухнаар тодорхойлсон юм. Тэрээр Өсвөрийн шатарчдын эцэг эхийн зөвлөлийн дарга, Монголын шатарчдын удирдах зөвлөлийн гишүүн. Саяхан Улаанбаатар хотод болсон Ази тивийн өсвөрийн шатарчдын тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар ажилласан байна.

Даваахүүгийн Мөнхзул 2014 онд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарч Ерөнхий сайдаас шагналаа гардан авсан. Залуу аварга Д.Мөнхзул маань Гүржид болох Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ганзага дүүрэн ирж монголчуудаа баярлуулна гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Одоо л үндэсний бөхөөр амжилт гаргах цаг гэж бодож байна

Архангай аймгийн Булган
сумын харьяат, “Бөх билэгт” дэвжээний бөх Монгол Улсын начин Чагнаадоржийн Ганзоригтой
ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн наадмаар улсын цолны болзол хангасан бөгөөд зөвхөн
үндэсний бөх гэлтгүй чөлөөтөөр хичээллэж тивийн аварга болж байсан удаатай. Ингээд
түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Бэлтгэлээ хаана хийж байна?

-“Алдар” спорт хорооны
зааланд “Бөх билэгт” дэвжээний бөхчүүдтэйгээ хамт хийж байгаа.

-Ямар бөхчүүдтэй бэлтгэл хангах вэ?

-Д.Рагчаа гарьд, Ч.Санжаадамба
заан, Р.Пүрэвдагва начин, Б.Амарзаяа начин гээд манай Архангай аймгийн бөхчүүд хамт
бэлтгэлээ хийдэг. Рагчаа гарьд, бид хоёр дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

-Багшлахын хажуугаар өөрийнхөө бэлтгэлийг
хангаад байна уу?

-Өөрийнхөө бэлтгэлийг
хийгээд залуучуудынхаа бэлтгэлийг хангаад л явж байна.

-Бэлтгэлийг яаж хийвэл илүү үр дүнтэй байдаг
вэ?

-Алдаа оноо дээрээ ярилцана.
Сайн хийж чаддаг мэхээ давтана. Мэхээ л сайн уйгагүй давтаж байж сайн барилдана
гэж боддог. Аль болох бэлтгэлээ сайн хийгээд явбал цол нэмэх байх гэж боддог.

-Та ямар мэхээ түлхүү чамбайруулж байна?

-Хөлд орох мэхээ л байнга
давтдаг даа. Олон жил чөлөөтөөр барилдаж байна. Чөлөөтийн төрөл чинь хөлд л сайн
орж барилддаг болохоор.

-Халз барилдаанд орох уу?

-Орохгүй.

-Яагаад?

-Дэмий биз дээ. Бага
зэрэг бэртлийн асуудалтай байна.

-Бэртэлтэй гэж сонссон. Өөр шалтгаан байгаа
юм уу?

-Энэ жил миний хувьд
бага зэрэг бэртэлтэй байсан учраас барилдаануудад нэг их зодоглоод байсангүй. Намар
бэртэлтэй байж байгаад өвлөөс л барилдсан. Харин саяхан Сонгинохайрхан дүүргийн
хишиг барилдаанд зодоглож үзүүрлэлээ.

-Барилдаан их алгасч байгаа гэхэд бэлтгэл
сайн харагдаж байсан. Гэхдээ Монгол Улсын харцага Ц.Содномдоржид өвдөг шороодчихсон?

-Бэлтгэл сайн байгаа.
Содномдорж харцагатай үзүүр түрүү булаацалдаад сайхан унасан даа (инээв).

-Монгол Улсын харцага Ц.Содномдоржтой хэр
барилдаан таардаг вэ. Бас л энэ цагийн хүчтэнүүдийн нэг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Сайхан
залуу бөхчүүд сүүлийн жилүүдэд хүч түрж орж ирж байна. Ц.Содномдорж ч гэсэн тэдний
төлөөлөл. Түүний барилдааныг үзэх дуртай олон мянган бөхийн хорхойтнууд байна. Бид
хоёрын хувьд нэг их таарч барилдаад байдаггүй. Хэдэн жилийн өмнө барилдаж байсан.
Тэр үетэй харьцуулахад харцага их бяртай болсон байна лээ.

-Таныг бярдаад мэхээ гүйцээх боломж олгохгүй
байна гэж үү?

-(инээв). Би дийлэхгүй
байна лээ.

-Та цолныхоо найрыг аймагтаа өргөн сайхан
тэмдэглэсэн. Бөхийн барилдаанд Монгол Улсын начин Р.Пүрэвдагва түрүүлсэн байгаа.
Өмнө нь бусдын цолны найранд очиж барилддаг байсан хүн өөрийнхөө нэрэмжит барилдааныг
хийхээр ямар санагддаг юм байна?

-Нутагтаа очиж уул усаа
баясгаад, нутгийн зон олноо баясгаад л их сайхан байдаг юм байна. Нутагтаа сайхан
наадам хийж хийморио сэргээчихээд ирсэн дээ. Ах, дүү, хамаатан садан, найз нөхөд
гээд олон ч хүн цугласан.

-Улсын цолонд хүрэхээр танд ямар өөрчлөлт
мэдрэгдэж байна. Олон ч жил улсын цол мөрөөссөн байлгүй?

-Бөхийн спортоор 17 жил
хичээллэсэн. Өнгөрсөн мөч хором бүрийг бөхийн барилдаанаас салгаж ойлгохын аргагүй
зүтгэсэн байна. Энэ олон жилийн хүсч мөрөөдсөн цол бол Монгол Улсын начин хэмээх
эрхэм цол юм. Тиймээс үнэхээр сайхан санагдаж байгаа шүү. Улсын цол хүртчихээр чинь
хүмүүсийн харилцаа хүртэл сайхан болчихдог юм байна. Гэрт ирсэн зочид “За начин”
гэж ирээд л их хүндэтгэлтэй хандах юм. Улсын цол дагаж хариуцлага, хүндэтгэл ирдэг
юм байна. Хүндэтгэлээс илүү хариуцлагаа ухамсарлаж л явах нь чухал юм шиг.

-Наадмын өглөө Төв цэнгэлдэхийг зорихдоо
чухам юу тунгаан боддог вэ?

-Өглөө уул, усандаа залбираад
л гэрээсээ гардаг. Наадмын өглөө сэтгэл сэргээд нэг их сайхан болчихдог. Ялангуяа
энэ жилийн наадмаар гэрээсээ гарахад л гойд сайхан санагдаж, гэрэл гэгээ бүхэн зөвхөн
над дээр тусч байгаа юм шиг л, цол авчих юм шиг л мэдрэмж төрж байсан. Бэлтгэл сайн
байсан болохоор өөртөө итгэлтэй байсан юм болов уу даа. Яг л санаснаар минь болж
улсын цолонд хүрчихсэн шүү.

-Танд цолоо ахиулах боломж ч байсан шүү
дээ. Тийм үү?

-Үндэсний их баяр наадмаар
Аймгийн арслан Одгэрэлтэй тунаж барилдаад гишгэгдэл жаахан алдчих шиг болсон. Барьц
халахдаа хайнга хандчихав уу даа.

-Ялихгүй зүйлээс болж цол ахих боломжийг
алдана гэдэг бөхчүүдийн хувьд харамсаад барахгүй явдал байх?

-Тухайн үед харамсах
сэтгэл бол төрж л байсан.Ялих ялихгүй юмнаас л болж бөх хүн чинь өвдөг шорооддог
байхгүй юу. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг үг байдаг шүү дээ. Гэхдээ тав даваад өөрийнхөө
хүчээр улсын цолонд хүрэх шиг сайхан юм байхгүй. Одгэрэл бид хоёрын хувьд хамт олон
жил их спортод зүтгэсэн. Барилдааны үед сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван байсан.
Заавал би давах ёстой, давчихвал цаана нь цол байгаа гэж хараад хэт их улайрах юм
бол баригдчихдаг. Өөрийгөө бодлоороо хэт хүлчихдэг. Тиймээс бодож санасан зүйлээ
хийгээд л барилдсан даа.

-Наадмын дэвжээнд шийдвэрлэх барилдаанд
гарах үед танд хэн гол заавар, зөвлөгөөг өгч байв?

-Гарьд Рагчаа ах хамгийн
ойрхон байсан. Мөн Пүрэвдагва начин, М.Батжаргал харцага хажуугаас зөвлөсөн дөө.
Рагчаа ах “Чи энэ байтугай дэлхийн дэвжээнд гарч барилддаг хүн. Заалны жижиг барилдаан
гэж бодоод л тайван барилдаарай” гэж хэлсэн.

-Энэ жилийн наадмын учраа бөхчүүд хэр чанга
байв?

-Ер нь наадмын учраа
бөхчүүд хоёрын даваанаас эхлээд чангардаг. Энэ жил би хоёрын даваанд Ховд аймгийн
арслан Н.Батсайхан, гурвын даваанд Баянхонгор аймгийн арслан Ө.Бат-Оршихтой барилдсан.
Бас л энэ цагийн хүчтэй аймгийн арслангууд. Дөрвийн даваанд М.Өсөхбаяр заантай таарсан.
Тавын даваанд аймгийн арслан Хангайтай барилдан давж начин цолны болзол хангасан.
Бүгд л хүчтэй, барилдаан сайтай бөхчүүд байсан.

-Адилхан аймгийн арслан цолтой бөхтэй барилдаад
өвдөг шороодуулж цааш цолонд ахина гэдэг сэтгэл зүйн хувьд хүнд биз. Хойтон жилийн
наадмыг хүлээгээд хоцорч буй бөхчүүдийн дунд таны үй зайгүй найз ч яваа гэж бодохоор…?

-Тэгэлгүй яахав. Үнэхээр
хүнд байдаг юм билээ.Адилхан цолтой бөхчүүд чинь хэн хэнийгээ мэднэ, танина. Бүгд
л цол нэмэх тухай ярилцана. Алдаа оноогоо хуваалцана. Гэвч спорт бол спорт. Давсан
нь өндөр даваа өөд мацаж, унасан нь дараагийн барилдааныг хүлээдэг жамтай.

-Та хичнээн удаа хойтон жилийн наадам хурдан
болоосой гэж бодон хоцорч байв?

-Би улсын наадамд дөрвөн
удаа зодоглосон. Өнгөрсөн жил гэхэд л хоёрын даваанд өвдөг шороодоод хойтон жилийн
наадмаар заавал цол авна даа гэж өөртөө ам өгч л байлаа. Тэр амлалт харин намайг
их хурцалсан юм шүү.

-Чөлөөт бөхөөр чамгүй олон жил барилдсан.
Харин сүүлийн үед томоохон тэмцээнд нэг их харагдахгүй байх шиг?

-2006 онд чөлөөт бөхийн
Азийн аварга болсон. Хоёр, гурван жилийн өмнөөс олон улсын тэмцээнээс өөрийгөө татаж
байна. Монголдоо болсон тэмцээнд оролцчихоод л бэлтгэлээ хийгээд явж байна.

-Улсын аваргад хичнээн жил оролцсон бэ.
Зургаан удаа улсын аварга болсон байдаг юм билээ?

-Өнгөрсөн хугацаанд улсын
аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд зургаан удаа түрүүлж, хоёр мөнгө, гурван
хүрэл медаль авсан, 84 кг-д. Миний барилдаж байсан жинд одоо О.Үйтүмэн гээд залуу
барилдаж байна. Саяхан олон улсын нээлттэй тэмцээнээс олимпийн эрхээ аваад байгаа.
Өмнөх олимпод бас гайгүй сайн барилдаж байсан залуу. Би одоо 96, 120 кг-д барилдаж
байгаа.

-Таны өндөр, жин хэдтэй байна?

-Өндөр 182, жин 104 кг
байна.

-Танд олон улсын тэмцээнд, цаашлаад олимпод
орох бодол байсангүй юу. Бэлтгэл сайн байгаа юм чинь боломж гарч байгаагүй гэж үү?

-Одоо болно биз дээ.
Олон жил чөлөөтөөр хичээллэлээ. Тэгээд ч насаа бодохоор үндэсний бөхөд илүү ач холбогдол
өгч барилдах нь зүйтэй гэж бодоод байгаа. Одоо л үндэсний бөхөөр амжилт гаргах цаг
гэж бодож байна.

-Таны удамд олон сайхан бөх бий. Аав тань бас аймгийн цолтой
хүн. Тэгэхээр бөх л болох хувь төөрөгтэй байжээ?

-Миний аав аймгийн начин
цолтой хүн байсан. Аавын дүү мөн аймгийн начин Б.Ганболд гэж хүн бий. Аавын талд
Гарьд Рагчаа ах, харцага Батжаргал ах, начин Пүрэвдагва, М.Бат-Отгон арслан, ээжийн
талд улсын начин Батбаатар гээд олон сайхан бөх ах нар байна.

-Таныг бөхөд уруу татсан зүйл бол яах аргагүй
ах нарын тань амжилт байсан болов уу?

-Үнэн үнэн. Рагчаа, Батжаргал
ах нараас эхлээд бөх болно гэж яваад амжилт гаргаад улсын цолонд хүрээд ирэхээр
манай хамаатан садны үе тэнгийн хөвгүүд их хорхойсно. Энэ хэд шиг ингэж сайхан барилдаж
олонд хүндлэгдсэн, нэр алдартай бөх болох юмсан гэж бодоод л. Ах нар нутагтаа хааяа
ирэхээрээ дүү нартайгаа ноцолдож гарынхаа чилээг гаргаж бэлтгэл хийнэ шүү дээ. Би
Рагчаа, Батжаргал ах нарынхаа бэлтгэл хангагч хийдэг байлаа. Бодвол надаас жаахан
юм олж харсан юм байлгүй. Батжаргал ахдаа “Би бөх болмоор байна” гэж хэлээд дагаад
Улаанбаатарт ирж байлаа. Батжаргал ах, Отгоо ахыгаа дагаад бэлтгэл хийж, орой гэртээ
хамт ирээд гэр орны бага сага ажил хийж аминдаа тал засна (инээв). Хааяа л даа.
Батжаргал ахаас барилдахыг ч, амьдрахыг ч сурсан даа. Одоо ч ах нар маань хамгийн
ойр дотнын зөвлөгчид байдаг. Заримдаа их ачаалалтай бэлтгэл хийхээр шантраад “Яах
гэж ингэж биеэ зовоов доо” гэж бодож л байсан.

-Рагчаа гарьд танд барилдааны нууцаасаа
хуваалцаж байна уу?

-Сүүлийн хоёр, гурван
жил тасралтгүй Рагчаа ахыг дагаж бэлтгэл хийж байна. Их гоё, гоё мэх зааж өгдөг.
Өөрөө сайн барилдаантай учраас их мэхний тал дээр уран сэтгэмжтэй. Гол багш нь өөрийнх
нь хадам аав Д.Цэрэнтогтох аварга болохоор тэр агуу хүнээс авч үлдсэн олон сайхан
зүйл Рагчаа ахад шингэсэн байдаг. Бид ч гэсэн тэр мэхний уурхайгаас суралцахыг чармайж
байна.

-Наадмын бэлтгэлдээ хэзээ гарах гэж байна?

-Одоохондоо шийд гараагүй
байгаа.

-Бөхчүүд наадмын бэлтгэлд гарчихаараа бараг
эхнэр рүүгээ дөхдөггүй ч гэх шиг явган яриа бий. Ер нь цээрлэх зүйлсийг ягштал биелүүлнэ
биз?

-Байлгүй яахав. Бидний
өвөг дээдсээс цээрлэж ирсэн зүйлүүд бий. Ямар сайндаа л наадам дөхөөд ирэхээр үсээ
задгай тавьсан эмэгтэй хүний салхин доогуур гарч болдоггүй гэдэг. Жилдээ ганц болдог
наадамд бүгд л сайн барилдахын тулд их чамбайрна шүү. Бэлтгэлийн үеэр бас хамаагүй
хүнд зүйл өргөж барихгүй байхыг хичээдэг.

-Танай нутагт дээр үеийн нэртэй бөхчүүдийн
домог агуулсан чулуу, мод байдаг гэдэг. Өргөж үзсэн үү?

-Манай Булган суманд
бөх мод, бөх чулуу гэж байдаг. Бөх чулууг хэдэн жилийн өмнө өргөж дийлдэггүй байсан.
Саяхан харин дажгүй өргөчихсөн шүү. Дажгүй ээ, өөрийнхөө хэмжээнд. Мод нь дэвж байгаа
бөх шиг. Баянхонгор манай аймаг хоёрын заагт ургасан. Олон жилийн өмнө тэр модыг
хоёр аймаг булаацалддаг байсан гэсэн. Тэгээд хөгшрөөд, хазайгаад унахдаа аль тал
руу унана тэр аймаг нь авна гэж. Бас тэр аймгаас нэртэй, хүч чадалтай бөх төрнө
гэж бэлгэшээдэг байсан юм байна. Тэгсэн манай сумын нутаг руу хазайж унасан байдаг.
Тэр цагаас хойш Д.Мөнх-Эрдэнэ арслангаас эхлээд олон сайхан бөхчүүд төрсөн гэдэг.

-Багш нарын тухайд…?

-Би олон мундаг багштай.
Хамгийн бага нь спортын мастер. Спортын мастер Б.Болдбаатар, олон улсын хэмжээний
мастер Буян, гавьяат дасгалжуулагч Х.Намшир, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар,
гавьяат тамирчин Дүвчин гээд сайн багш нарын гараар дамжсан. Одоо З.Дүвчин багшийн
удирдлага дор явж байна.

-Таны хоёр хүүд барилдах ирээдүй байна уу?

-Миний хоёр хүү арай
л бага байна. Хоёр аварга бол байнга гэртээ ноцолдоно. “Хөөе болиоч ээ та хоёр”
гээд л том дуугараад, заримдаа хамт ноцолдож салхилгагүйтээд л сууж байна.

Categories
мэдээ цаг-үе

Санжийн Пүрэв: Элгэн түмнийхээ хайраар өөрийгөө өлгийдөж өвчин зовлонгоо ч умартаж сууна, би

Зохиолч Т.БумЭрдэнийн хамт

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Санжийн Пүрэвтэй ярилцлаа.

Таны бүтээл туурвилд хайртай ард түмэн, номын садан нөхөд энэ хаврын өдрүүдэд халуун сэтгэлийн аяныг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгууллаа. Номын цагаан буян оршлоо гэж эрхгүй бодогдож байна?

-Хэлээд яах вэ, дүү минь. Ах нь бүр толгой эргэчихээд алмайрч сууна. Баярласан хүн учраа олдоггүй юм байна. Намай мууг хэн тоох ч билээ дээ гэж бодож явсан чинь өвгөн би эндүүрчээ. Монголчууд гэдэг ямар ч айхавтар аминч улс юм бэ. Түмэн олныхоо буянаар хамаг хэрэг сэтгэлчлэн бүтлээ. Одоогоор дөч гаруй сая төгрөг цуглаад байна. Хэдхээн хоногийн хугацаанд энэ мөнгө тал талаас хуралдан цуглалаа. Ёотонгийн өвчин гэдэг чинь хүнийг чимээгүй иддэг үхлийн аюул байна шүү. Гэхдээ омог төгөлдөр монголчуудынхаа, авьяас билигт нөхөд, дүү нарынхаа сэтгэл оюуны өглөгөөр сэргэж сэртийгээд ирлээ. Хэдэн номноос өөр хөрөнгөгүй надад туслах аяныг анх санаачилсан Халтарын Болор-Эрдэнэ дүү, өөрийн шавь Монголын билигт хөвгүүдийн нэгэн Доржзовдын Энхболд болон намайг гэсэн бүхий л хүмүүст талархаад баршгүй. Бушуухан эрүүл саруул болоод энэ муухай өвчнөөс салж монгол ханхалсан, Дарвийн нурууныхаа салхийг үнэртүүлсэн олон зохиол бичиж хариуг нь барина даа гэж бодох юм. Зохиолч, судлаач Ядамбатын Баатар, Лувсанжамбаа нар маань Сан Францискогоос 654 ам.доллар явууллаа. Чикаго хотын элгэмсэг залуус 3500 доллар, Германы монголч эрдэмтэн Рената Бауве 100 евро надад илгээснийг Энхболд маань авчирч өгч, Америкт суугаа яруу найрагч Хулганайн Тэргэл, эрхэм дүү Цэрэнбат, Уранзул, Бишүүгарам нарын олон хүний сэтгэлийн үгийг дайсан. Мөн “Улирал ба зохиол” сэтгүүлийн хамт олныг төлөөлж соёлын гавьяат Данзангийн Нямаа маань ирж Швед дахь монголчуудын хандив 250 долларыг гардууллаа. Швед дахь монголчуудын үндэсний холбоо, яруу найрагч Банзрагчийн Энхтуяа болон Батчулууны Энхтуяа, З.Нямдаваа, Д.Батаа нарын нөхөд сэтгэлийн бэлэг явуулжээ. Денвер хотын “Тулга” клубийн хамт олон Х.Лхамжав нартаа их л баярлаж байна.

Эмчилгээндээ хэзээ явах гэж байна вэ?

-Миний бие маргааш урд хөршөө зорих гээд байж байна. Дөнгөж сая манайд (өчигдөр) Өмнөд Монголын зохиолчид Дүүрэнжаргалаар ахлуулан ирж сэтгэлийн хандиваа өргөлөө. Бээжинд очиход Цэнгэл, Хасчулуун нарын найрагч дүү нар хүлээн авч угтахыг сонсоод магнай тэнийн баярлаж сууна. Орчлонд олуулаа төрөх сайхан юм аа. Энэ л халуун сэтгэлт ахан дүүс минь бурхантай нийлж надад амьдрах томилолт олгож байна. Үнэнийг хэлэхэд сэтгэлээр унаж явсан үе бий. Миний сахарын хэмжээ 7-10-ын хооронд байдаг. Инсулин тариулж байгаа. Хамгийн гол нь хөл шархалж хуруунуудад үхжилт явагдан унаж шарх эдгэхгүй бүтэн жил боллоо. Явж чадахгүй байнгын суугаа байна. Судаснууд битүүрч нарийссан. Ер нь юу ч болоод байгаа юм, сүүлдээ учраа олохоо байж байсан. Харин энэ олон хүний хайр энхрийллийг цээжиндээ хадгалсан хүн чинь одоо яаж алзах билээ дээ. Баавай нь урд хөршдөө очиж бүрэн шинжилгээ хийлгэж эмчлүүлэн эдгэрч аваад сайхан дүү нарынхаа бэлгэшээснээр Денвер хотын онгоцны буудал дээр тал нутгийнхаа зэрлэг салхийг үнэртүүлээд зогсож байхыг хүснэм.

Гадаадад суугаа элгэн садад минь үнэхээр л чин зүрхнээсээ тусалсан нь хэн хүнд мэдрэгдэж байна. Та бол аргагүй л том зохиолч. Хүнийхээ хувьд уул шиг нөмөр нөөлөгтэй нэгэн гэдгээ харууллаа. Сошиал ертөнцөд давалгаа болж хүн бүхний чин зүрхний үгийг хараад баяр төрж байлаа. Монголын зохиолч найрагчдаас олон л хүн эргэж ирсэн дуулдана.

-Олныхоо хайр энэрлээр өөрийгөө өлгийдөж өвчин зовлонгоо ч умартаж сууна, би. Хүн бүхний сэтгэлийн дэм надад бурхны хишиг юм даа. Манай босгыг энэ хаврын өдрүүдэд элээсэн сэтгэл нэгт нөхдөө нэрлэнэ гэвэл урт цуваа болно. Миний лагшин тэнхээг лавлаж Дөнгөтийн Цоодол маань, Долгорын Цэнджав, Дамбын Төрбат, Заяатын Ядмаа, Бямбажавын Хүрэлбаатар, Маналсүрэнгийн Баттөмөр, Балжиннямын Пүрэвдорж гээд олон нөхөд минь ирж нугын цэцэгс шиг алаглуулж орхиод явчихна. Золтой л араас нь дагаад жирийчихсэнгүй. Мөн утга зохиолын хүчирхэг залгамж халаа болсон Бидэрийн Баярсайхан, Магванын Эрдэнэбат нарын дүү нар минь ирж элбэг сайхан яриа дэлгээд явсан. Энэ цагийн утга зохиолын тулганы галыг өрдөж яваа Аюурзана, Өлзийтөгс хоёр ирж инээд хөөр бэлэглэн өргөө гэрт минь өөрсдийн бүтээлээр номын сан байгуулж өгөөд явлаа. Манайх гэдэг айлд ном, нөхөд хоёроос өөр юу хэрэгтэй юм бэ. Төрийн шагналт Д.Нямааг ирэхтэй зэрэгцээд алс хол Япон орноос С.Жаргалсайханы маань хань Дулмаа нөхрийнхөө “Чингис хааны нууц түүх” романыг хуучин монгол бичиг болон шинэ үсгээр хэвлэсэн хоёр сайхан бүтээлээ тэвэрсээр орж ирж байгаа юм. За тэгээд ус нутаг болон ах дүү, амраг садан, шавь нарын төлөөлөл гээд хичнээн олон хүн хишиг буянаа хайрлаж ирснийг хэмжээлшгүй. Миний сүүлд хэвлүүлсэн “Бороотой зуны нүүдэл”, “Хээрийн талд адуу янцгаана” бүтээлүүд болон бусад зохиолуудыг маань мэргэн уншигчид, номын садад худалдан авч эрвийх дэрвийхээрээ тусалж байна. Номын буян гэдэг далай их юм даа.

Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Та бол утга зохиолд Сэнгийн Эрдэнэ, Сормууниршийн Дашдооров хоёрт илүү хайртай. Тэдгээр бурхадынхаа тухай ярихгүй юу?

-Намайг утга зохиолд хөл тавихад өлгийдөж авсан хоёр буянтан маань шүү дээ. Мань хоёр их нөхөрлөнө. Нийлэхээрээ гашуун юм балгана, ажлаа тасална. Хийж бүтээсэн нь бол юугаар ч хэмжишгүй л дээ. Эрдэнэ баавайтай би Говь-Алтай аймгийн арван жилийн сурагч байх үеэсээ зохиол бүтээлээр нь танилцаж, биширч байв. Тухайн цагт Эрдэнэ баавайн өгүүллэгүүд жинхэнэ шуугиан дэгдээж байсан үе л дээ. Нэг удаа “Цог” сэтгүүлд хайрын тухай өгүүллэг нь хэвлэгдлээ. Хайрын тухай номноос унших нь бүү хэл, ярих ч хориотой байсан цаг. Бид ангийнхаа хаалгыг түгжиж байгаад хайрын өгүүллэгийг нь уншиж байснаа мартдаггүй юм. Миний бие тавин долоон онд хот орж ирсэн. Сэлбийн гүүрний зүүн урдхан талын том хашаанд замын тоос шороонд даруулсан том бор гэр байсан нь Эрдэнэ баавайнх байлаа. Би хүнээс асууж байж мэдсэн хэрэг. Тухайн цагт Эрдэнэ баавай “Утга зохиол, урлаг” сонин, “Цог” сэтгүүлийн эрхлэгч байв. Залуучууд бид Зохиолчдын хороогоор байн байн эргэж томчуудыг ойроос харж ихэд сүрдэнэ.

Дооров багш намайг “Энэ л нэг юм дуулгана” гэж магтах янзтай. Амихандаа Эрдэнэ баавайд л хэлээд байгаа хэрэг. Цаадах нь огт тоож байгаа ч юм алга.

Би М.Горькийн сургуульд сурч байхдаа 1978 онд “Азын цэнхэр уул” өгүүллэгээ бичлээ. П.Бадарч зургийг нь зурж өгүүллэг маань зураг хөрөгтэйгөөр “Утга зохиол, урлаг” сонинд хэвлэгдсэн. Удалгүй Дооров багш утасдаад “Эрдэнэ “Азын цэнхэр уул”-ыг чинь уншжээ. “Чамайг ямар юм дагуулаад яваад байна гэтэл цаад чинь зохиолч юм байна” гэж сэтгэл нь хөөрчихсөн ярьж байна” гэдэг юм. Тэр цагаас бид дотно нөхөрлөсөн дөө. “Хаана ч явсан Монголоо бодож, бичиж байгаарай” гэж Москвад нэгэнтээ хэлсэн нь санаанаас гардаггүй. Дооров багшийн тухай яривал бас л роман тууж шиг л зузаан намтар, дурсамж үргэлжилнэ. Жинхэнэ монголч зохиолч байсныг хэн хүнгүй дурсдаг. Ёстой л нөгөө хөх өтөгний бууцны үнэр ханхлах шиг болдог. Хүнийхээ хувьд ч хайрламаар гудиггүй сайхан эр байсан билээ.

Эрдэнэ баавайнАлтайхэмээх уянгын зураглалыг уншаад та бахдаж байсан тухайгаа хэлдэг?

-Тэгэлгүй яахав. “Алтай” гэх богинохон зохиолыг уншчихаад Алтайд төрсөн хэрнээ би энэ дайны зохиол бичиж чадаагүй л хүн дээ гэж бодогдож байв. Салхиных нь өнгийг хүртэл бичсэн байж билээ. Дооровынхоо бүтээлийг уншаад би бас л ингэж уярч догдолж, бахаддаг. Мөн Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн зохиолууд байна. “Хөдөөгийн дуун”, “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” гэх хоёрхон тууж бичсэн хүн. Тэртээ далаад оны эхээр бурхан болсон доо, хөөрхий. Хэрвээ жаахан удаан насалсан бол Монголын утга зохиолд, ялангуяа үргэлжилсэн үгийн төрөлд маш том шинэчлэл хийх байсан болов уу. Тэр сайхан авьяас билгийг залуухнаар нь алдсан нь бидний аз дутсан хэрэг. За тэгээд, Жагдалын Лхагвын өгүүллэгүүд байна. Манай Д.Норовын туужууд байна. Тоомойн Очирхүүгийн нэгэнтээ хэлснээр арга байхгүй зангарагтай зохиолч. Юмыг заавал угаар нь бодож байж хийдэг. Тиймээс барьж авсан зохиол бүтээл дутуу дулимаг гараас нь гарна гэж байхгүй. Манай Сономын Лочин байна. Эрдэм ухааны оргил болсон бас л адармаатай зохиолч шүү. Улс төр рүү, уянга руу аль аль нь ороод явчихна. Сүүлд маш өвөрмөц сонин роман бичсэн байна лээ. Лочин л ингэж бичнэ дээ хэмээн эрхгүй бодогдож байсан.

Горькийд сурч байхдаа та олон шилдэг бүтээлүүдээ туурвисан уу. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-1975 онд гучин дөрвөн насандаа Зохиолчдын хорооны томилолтоор Горькийд явж байлаа. Эргээд санах нь ээ, Москва Улаанбаатар хоёрын хооронд мөн ч таваргасан даа. Багш нар ч сайн мэднэ. “Өө, нөгөө Санжий нутаг руугаа явчихсан уу” л гэнэ. Намайг Пүрэв гэхгүй, аавын минь нэрээр дууддаг байсан нь тэр. Горькийд сурч байх хугацаандаа “Их газрын чулуу” романыхаа хоёрдугаар дэвтрийг бичиж байлаа. Мөн “Уулын намар” нэртэй тууж, өгүүллэгийн номоо, “Суварган цэнхэр уулс” кино зохиолоо бичсэн. Би чинь “Мартагдсан дууль”, “Загийн алим”, “Суварган цэнхэр уул”, “Тэнгэр мэднэ” гэсэн дөрвөн кино зохиол бичсэн хүн. “Тэнгэр мэднэ” киног тэр бүр хүмүүс мэддэггүй. Уул нь төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав хөгжмийг нь зохиогоод аятайхан бүтээл болсон. Уран сайхны киноноос гадна баримтат кино олныг туурвисан даа.

-“Уулын намар”, “Их усны хаялга”, “Гурван говийн зэрэглээ”, “Усаа дагаж жарганагэх туужуудын тань тухай ихэвчлэн яриа хөөрөө болдог. Учир нь та эдгээр бүтээлүүдээрээ төрийн шагналд хэдэнтээ дэвшсэн. Харин роман болоод бусад зохиолоо хэр хэмжээнд үнэлдэг вэ?

-Янз бүр дээ. Өөлбөл өө гарахаар зохиол ч бий байх. “Усны гудамж”, “Эргүүлэг”, “Цаг цагийн урсгал” гэх романуудад утга зохиолын хүрээнийхэн хийгээд уншигч олон ам сайтай байдаг. Тэгэхээр гайгүй бүтээлүүд болсон юм уу даа гэж боддог. Зохиолч бүрийн арга барил гэж нэг юм байдаг байх л даа. Миний бие бичих гэж их удна. Тархиндаа бодож боловсруулаад, халган байж нэг л өдөр ширээнийхээ ард сууна. Харин чиг өдрийг өдөр, шөнийг шөнө гэхгүй сууна шүү. Ганцхан удаа баллахад цаашаа бичиж чадахаа байчихдаг. Зохиолчийн гар бичмэл маш эмх цэгцтэй байх, зохиолоо гаргацтай сайхан бичихийг Л.Түдэв багшаас сурсан. Л.Түдэв багш огт баллаж сохлолгүйгээр зохиолоо нэгэн жигд бичдэг. Энэ сайхан хүний хаяа босгыг түшиж явсны хувьд бага сага зүйлийг авчээ. Сүүлд зохиолоо компьютер дээр бичиж байна. Үзэг цаас харахаас толгой өвддөг болсон. Хүн гэдэг хялбархан амьтан юм аа. Юмнаас амархан уйдаж, бас аливаад дасахдаа амархан байдаг юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Таван толгойгоор ард түмнийг хэн дамшиглаад байна аа?

Урт цагааны хавьцаах брокерийн компани иргэдийн хөлд дарагдаад сүйд болжээ. Таван толгойн хувьцааг сая төгрөгөөр худалдаж авна гэсэн дам сураг иргэдийг тийш нь хуйлруулж. Брокер бүсгүй “Манайх данс нээдэг л газар. Заавал өнөөдөр нээлгэнэ гэсэн юмгүй шүү дээ. Хүмүүс янз бүрийн мэдээлэл сонсч ирээд ажил хүндрүүлээд байх юм. Таван толгойн хувьцааг брокерийн аль ч компани худалдаж авах эрхгүй” гэж учирлаад ч нэмэргүй, мөнгөний сураг дуулсан иргэд ирсээр байгаа гэлээ. Ганц тэр газар ч биш хэд хэдэн брокерийн компани иргэдийн хөлд дарагдсан сураг байна. Таван толгойн хувьцааг сая төгрөгөөр авна гэсэн дам сураг аль сарын өмнөөс хаанаас ч юм гарч эхэлсэн. Зарим телевиз олны энэ андуурлыг “Иргэд 1072 ширхэг хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг хүсч байна, Ерөнхий сайд аа” гэх мэт улстөржсөн титртэй цацсанаас харахад сонгуулийн өмнөх жижиг шоу байхыг үгүйсгэхгүй. Мөнгө ховордсон энэ цагт сая төгрөгөөр хувьцаа авна гэсэн үг хэнд ч аятайхан сонсогдоно. Ямартай ч мөнгөний тухай чихэнд чимэгтэй яриа ам дамжсаар эцэстээ брокерийн компаниудыг сандаргаж, иргэдийн цаг завыг барж байна. Брокерийн компаниуд иргэдэд хандан цаг заваа барах хэрэггүй гэсэн сануулгыг өгч байгаа юм билээ.

“Эрдэнэс Таван толгой”-н хувьцаанаас иргэн бүрд 1072 хувьцаа эзэмшүүлэх засгийн шийд гарч хүмүүс дансаа нээлгээд удаж байна. Гэхдээ тэдний дансан дахь хувьцаа арилжаалагдах боломжгүй. Энэ талаар төр засгаас ямар нэг шийдвэр гаргаагүй гэсэн үг. Тодруулж хэлбэл Таван толгойн хувьцааг ямар ч брокерийн компани худалдаж авах боломжгүй, тийм эрх ч нээгдээгүй. Нэг хэсэг хүмүүс Таван толгойн хувьцаагаа мөнгө болгосон жишээ бий. Тэр үед нүүрсний үнэ өнөөдрийнх шиг дэлхийн зах зээл дээр навс унаагүй байсан юм. Манайх шиг тээвэр ложистик муутайнууд нь Австрали мэтийн өрсөлдөгчдөдөө хол хаягдсан энэ цагт Таван толгойн хувьцаа мөнгө болох эдийн засгийн үндэслэл огтоосоо байхгүй. Хятадад нүүрс нийлүүлдэг гол улс болох Австрали үерт автаж, тэр далимаар нь нүүрсний үнэ илт сэргэсэн үед оюутан гэх мэт тодорхой хүрээнийхний 1072 хувьцаа мөнгө болж эздэдээ очиж байсан юм. Дараахан нь засгаас хувьцаагаа мөнгө болгох гарц хүссэн хүмүүст нээлттэй гэж мэдэгдэж байсан ч ажил болоогүй. Нүүрсний зах зээл муудсан учраас тэр яриа тэгсгээд замхарсан.

Таван толгойгоо гаднаас хөрөнгө оруулалт татаад хөдөлгөчихсөн бол сонгуулийн өмнөх энэ өдрүүдэд зарим иргэдийнхээ хувьцааг мөнгө болгох санаа улстөрчдөд төрж мэдэх юм. Харамсалтай нь Таван толгой өнөөдөр бараг зогсчихсон. Монголын нүүрсийг үнэд оруулах ганц гарц болсон төмөр зам барих ажил улстөрчдийн хэрүүлийн алим төдийхөн хэвээр байна. Ийм үед Таван толгойн 1072 хувьцаа иргэдийн гар дээр сая төгрөг болж очно гэдэг биелэшгүй үлгэр. Улстөрчдөд хэчнээн санаа байгаад сачий нь хүрэхээргүй нөхцөлд бид амьдарч байна. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр аль байдгаараа доошилсон, сэргэх таамаг ойрын гурван жилдээ лав сураггүй ийм үед цаг алдалгүй хамтаръя гэсэн ч биднийг гэх хөрөнгө оруулагч олдохгүй. Тэгэхээр Таван толгойгоос нэг хэсэгтээ мөнгө харах боломжгүй гэсэн үг.

Байдал ийм байхад Таван толгойгоор ард түмнийг хэн дамшиглаад байна аа?

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн банк: Оюу толгойгоос хамаарсан эерэг өөрчлөлтүүд оны хоёрдугаар хагаст ажиглагдана

Дэлхийн банкнаас жилдээ хоёр удаа гаргадаг Зүүн Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймоо өчигдөр танилцууллаа. Тус банкны ахлах эдийн засагч Судир Шетти Сингапураас видеогоор товч мэдээлэл хийсэн юм.

Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засаг өнгөрсөн жил дэлхийн эдийн засгийн өсөлтийн бараг тавны хоёрыг нь бүрдүүлсэн гэж Дэлхийн банк онцоллоо. Энэ нь бусад хөгжиж байгаа бүс нутгуудын үзүүлсэн нийт нөлөөллөөс бараг хоёр гаруй дахин их үзүүлэлт гэнэ. Тэд Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг харьцангуй тогтвортой байгаа хэмээн үнэлжээ. 2018 он хүртэл өсөлт ялимгүй саарна гэж таамагласнаа хуваалцав. Дэлхийн банкны үзэж байгаагаар өнгөрсөн жил 6.5 хувь байсан бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ жил 6.3 хувь руу уруудах нь. Хятадын эдийн засаг алгуур, илүү тогтвортой өсөлт рүү шилжиж байгаа учраас тэр гэнэ. Түрүү жил өсөлт нь 6.9 хувиар хэмжигдэж байсан урд хөршийн эдийн засаг энэ жил 6.7, ирэх онд 6.5 болж саарах таамаг гарчээ. Өндөр орлоготой улсуудад эдийн засаг төдийлөн сэргэхгүй, капиталын урсгал гадагшилсан хэвээр байгаа аж. Түүхий эдийн ханшийн нөлөөллөөс гадна Америкийн бодлогын хүүгийн өөрчлөлт нэлээд бэрхшээл бий болгож байгаа гэж ноён Судир Шетти онцлов.

Хятадыг хасч тооцвол хөгжиж буй эдийн засагтай орнуудын өсөлт түрүү жилээс яльгүй өсөлттэй байх бололтой. Ноднин 4.7 хувьтай байсан бол өнөө жил 4.8, ирэх хоёр жилд 4.9 рүү өгсөх таамаг байна. Гэхдээ Хятадтай худалдаа, санхүү, зээлийн ямар харилцаатай, түүхий эдийн экспортын хэр хамааралтайгаас шалтгаалаад улс бүрд адилгүй нөхцөл үүсэх бололтой. Зүүн өмнөд Азийн томоохон эдийн засгуудаас Филлипин, Вьетнамын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байх нь. Энэ онд гэхэд л аль аль нь зургаан хувь давсан өсөлттэй байх төлөв ажиглагджээ. Индонези ч дажгүй байна гэж Дэлхийн банк харж. Харин Ардчилсан Лаос, Монгол, Папуа, Шинэ Гвиней зэрэг жижиг эдийн засагтай улсуудын тухайд түүхий эдийн үнийн уналт, гадаад эрэлтийн сааралтад өртсөн хэвээр байна гэсэн гутранги таамаг гарчээ.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ерөнхий эдийн засагч Судир Шетти “Өндөр орлоготой орнуудын эдийн засаг төсөөлснөөс удаанаар сэргэж, Хятадын эдийн засгийн идэвхжил хүлээгдэж байснаас илүү хурдтай суларч буй нь хөгжиж буй Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн эрсдлийг нэмж байна. Бодлого боловсруулагчдын хувьд макро эдийн засгийн бодлогын орон зай хязгаарлагдмал байна. Энэ бүс нутгийн орнууд эрсдэлийг бууруулахуйц төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүтээмжийг нэмж, хүртээмжтэй өсөлтийг дэмжих бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай” гэж зөвлөлөө.

Олон улсын эдийн засгийн өсөлт хүлээж байснаас илүүгээр саарах төлөв ажиглагдаж байгаа нь манайх шиг түүхий эдийн экспортоос хамааралтай улсуудад өндөр эрсдэл үүсгэнэ гэж Дэлхийн банкныхан анхааруулж байв. Хятад улсын тухайд зээл олголтоо зах зээлийн зарчимд илүү нийцүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгж давамгайлсан салбаруудыг алгуураар нээлттэй болгож өрсөлдөөнийг нэмэх зэрэг зөвлөгөөг Дэлхийн банкнаас өгч байна. Тус банк энэ бүсийн ихэнх орнуудад гадаад эрсдлийн эсрэг төсвийн сахилга батаа сайжруулбал эерэг нөхцөл үүснэ хэмээн сануулжээ.

Сингапураас мэдээлэл хийсэн Дэлхийн банкны ахлах эдийн засагчийн олон улсын сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултыг тоймлон хүргэе.

-Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудаас хамгийн эрсдэлтэйг нь онцлооч гэвэл…?

-Энэ бүс глобал амаргүй орчинд харьцангуй гайгүй явж өнөөдрийг хүрлээ. Мэдээж улс бүр адилгүй. Түүхий эдийн экспортоос хамааралтай улсууд илүү хэцүү нөхцөлд байх болно. Учир нь эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ өсөх төлөв ойрын хоёр, гурван жилдээ харагдахгүй байна. Бүгдэд нь хамаатай нэг асуудал бий. Бүх л улс савлагаатай байгаа.

-Хятадын эдийн засагт сүүлийн хоёр гурван сарын хугацаанд эерэг хандлагууд ажиглагдах болсон. Энэ хандлага түр зуурынх уу, эсвэл цаашид үргэлжлэх төлөв үү?

-Хятадын хувьд сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйлсийг шууд сэргэлт гэж хэлэх аргагүй. Гуравдугаар сард капиталын гадагшаа урсах урсгал багассан, ханш өссөн гэх мэт давуу талууд бий. Гэхдээ Хятадын эдийн засгийн өсөлт аядуу байдлаар удааширна гэдэг л зөв хүлээлт. Хятад улс үйлдвэржилтээс үйлчилгээ рүү илүү анхаарч эхэлсэн.

-АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ сард бодлогын хүүгээ өсгөх төлөвлөгөөтэй гэсэн яриа, таамаг бий. Ийм шийдвэр гарвал бусад улсад үзүүлэх үр нөлөө нь ямар байх бол?

-Холбооны нөөцийн банкны шийдвэрийг хэт үүрэг рольтой мэтээр харах хэрэггүй гэж бодож байна. Бодлогын хүүгээ өсгөлөө гэхэд бусад улсуудад үзүүлэх нөлөө нь хүмүүсийн хүлээж таамаглаж байгаа шиг өндөр байхгүй болов уу.

-Хятадын эрэлт өөрчлөгдөж байгаа нь аль улсад илүү нөлөөлөх бол?

-Улс орнуудын тухайд Хятадтай хамгийн уялдаатай салбар гэвэл худалдаа. Индонези, Монгол гэх мэт түүхий эд экспортлогч улсад шууд нөлөөллөө үзүүлэхээр байна. Мөн хятадууд ихээр аялдаг улсуудын аялал жуулчлалын салбарт бууралт гарах болов уу.

-Энэ он сонгуулийн жил учраас төсвийн тодотгол хийж таарах байх. Тэр хэрээр төсөв тэлэх болов уу. Эдийн засаг дэлхий даяараа хэцүүдсэн энэ үед Монголын төсвийн бодлогод ямар зөвлөмж өгөх вэ?

-Сонгуулийн жилд төсвийн зарцуулалт их хийгддэг тал анзаарагддаг. Түүхий эдийн үнийн уналтаас болж төсөв хүндэрсэн энэ үед төсвийн тэлэх бодлого явуулж болохгүй. Зарцуулалт бүрээ нарийн хянах ёстой. Гадаад орчин амаргүй байгаа ч дотооддоо зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж хүндрэлийг хохирол багатай давна.

-Эдийн засаг ийм цагт Монгол шиг онцлогтой улсууд гадаадаас хөрөнгө босгох нь хэр зөв шийдэл вэ?

-Олон улсын зах зээл рүү хандах тааламжтай үе гэж харахгүй байна.

Дэлхийн банкны эдийн засгийн тайлангийн хуралд Монгол дахь Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли, эдийн засагч Ш. Алтанцэцэг, Даваадалай нар оролцсон юм. Монголын сэтгүүлчдийн тэднээс асуусан асуултыг хариулттай нь тоймлоё.

-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа нь эдийн засгийг аварна гэсэн хүлээлт бий. Энэ хүлээлт дээр байр сууриа хэлээч?

-Оюу толгойн хувьд багагүй хөрөнгө оруулалт хийнэ. Монголын эдийн засгийн өмнөх том сэргэлт түүхий эдийн үнийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамаатай. Тэр утгаараа Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт эерэг нөлөө үзүүлнэ.

-Ийм цагт гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд яах ёстой вэ?

-Ганц Монгол ч биш бүс нутгийн хэмжээнд анхаарахаар нийтлэг асуудлууд байна. Эдийн засгийнхаа бүтэц, засаглал дээр анхаарах хэрэгтэй. Ингэж байж эерэг нөлөө гарна. Ганцхан гадаадын хөрөнгө оруулагчид л бодлогын тогтвортой байдлыг хүсээд байгаа юм биш. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч бодлогын тогтвортой орчныг хүсч байгаа. Хөрөнгө оруулалтыг татъя гэвэл макро эдийн засгийн бодлогоо тогтвортой байлгах учиртай.

-Ирэх оноос “Чингис” бондын эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Саяхан гаднаас багагүй хэмжээний мөнгийг бонд гаргаж босголоо. Монголын өрийн асуудал дээр хэлэхээр зөвлөмж байна уу?

-Өр бол төсвийн бодлогын үр дагавар. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол маш сайн хууль. Гэвч хэрэгжилтэнд нь анхаарахгүй байна. Энэ хуулийг мөрдөж сахиулах хэрэгтэй. Өрийн тухайд Засгийн газрын өмнөөс ярихад хэцүү. Засгийн газрын саяхан гаднаас босгосон мөнгөний нэг хэсэг нь “Чингис” бондын эргэн төлөлтөд зарцуулагдах байх. Төсвийн ирэх хоёр жилийн орлогоос лав бондын эргэн төлөлтийг хийх боломжгүй. Хэрвээ хийнэ гэвэл төсвийн дийлэнх хэсэг нь бондод зарцуулагдаж таарна. Засгийн газар эргэн төлөлтдөө анхааръя гэвэл одооноос хөрөнгө санхүүгээ бэлдэх хэрэгтэй. Дэлхийн улс орнуудын Засгийн газруудын тухайд өр зээлийн төлөлтөө хойшлуулдаг, дахин санхүүжилт хийдэг жишиг бий. Монгол ч тэгэх болов уу. Ер нь бол төсвийн бодлого зөв байж л асуудал эерэгээр шийдэгдэнэ. Засгийн газар бодлогын хувьд нэлээд анхаарч, зөв алхмууд хийж байгаа. Удахгүй сонгууль болно. Сонгуулиар гарч ирсэн нам энэ засгийн зөв явуулж байгаа бодлогыг алдахгүй үргэлжлүүлэхэд анхаарах хэрэгтэй.

-Монголын эдийн засгийн өсөлт энэ онд ямаршуу байх төлөв ажиглагдав?

-Өмнөх оны арваннэгдүгээр сард гаргасан таамаг энэ жилийн хувьд хэвээр хадгалагдана гэж үзлээ. Монголын эдийн засаг 0.7-0.8 хувиар өсөх болов уу. Өнгөрсөн зургаан сарыг аваад үзвэл эдийн засгийн гадаад орчин огцом өөрчлөгдөөгүй. Ирэх зургаа, долдугаар сар хүртэл өөрчлөгдөхгүй болов уу. Оны хоёрдугаар хагаст Оюу толгойгоос хамаарсан эерэг өөрчлөлтүүд ажиглагдах байх.

Categories
мэдээ цаг-үе

Шүдний өвчлөл хорт хавдрын нэг үүсгэгч болдог

Нэг л унасан, өвчилсөн бол насан туршдаа нөхөн сэргээгддэггүй эрхтний нэг нь шүд юм. Тиймээс шүдэндээ маш гамтай байх хэрэгтэй. Монгол Улсад сүүлийн жилүүдэд шүдний өвчлөл эрс нэмэгдэж, чимээгүй тахлын хэмжээнд хүрээд байгааг гадна дотнын эмч нар, судалгааны ажлууд харуулж байна. Тэр дундаа бага насны хүүхдийн дундах шүдний цоорол, өвчин чимээгүй тахлын хэмжээнд хүрчээ. 2014 онд хийсэн судалгааны дүнгээс харахад 3-5 настай хүүхдүүдийн дунд 79 хувь, 6-8 настнуудын дунд 85 хувь,12 настай хүүхдүүдийн дунд энэ өвчний тархалт 94 хувьтай байжээ.

Шүд хорхойтох буюу цоорох гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс юм.

Шүдний цоорол нь араа шүдний зажлах гадарга, түшилцэх гадарга, хацар талын гадарга, төвгөрүү дээр, үүдэн шүдний түшилцэх гадарга, хэлэн талын хонхор гэсэн байрлалуудад үүснэ.

Халуун, хүйтэн зүйлийг мэдэрч сэнгэнэх нь шүд цоорлын эхэн үе шатанд ажиглагддаг байна. Ямар нэг шалтгаангүйгээр шүд тань өвдөөд байвал цоорлын үйл явц хүндэрч, зөөлөн эдийн үрэвсэл эсвэл шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл үүссэнийг илтгэнэ. Шүдний зөөлөн эдийн хурц үрэвслийн үед голдуу шөнийн цагаар өвддөг. Мөн халуун хүйтэн ундаа, хоол унд идэж уухад янгинаж өвдөнө. Шүд өвдөлтийн үргэлжлэх хугацаа нь шүдний зөөлөн эд хэр их гэмтсэнээс шалтгаална.

Шүдний цоорлын гаралтай өвчин гэдэгт шүд цоорох өвчин ба түүний хүндрэлүүд орно. Үүнд:

∙шүд цоорох өвчин

∙шүдний зөөлцийн үрэвсэл

∙шүдний холбоос эдийн үрэвсэл

∙ясны хальсны үрэвсэл

∙буглаа, нэвчээс, эрүүний ясны үрэвсэл гэсэн дарааллаар хүндэрдэг.

Шүдний цоорлыг гүнээр нь:

Толбон цоорол-Энэ нь өвчтөнд зовиургүй, зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрдэг бөгөөд шүдний бүрэн бүтэн байдал алдагдаагүй, цагаан болон хар өнгөтэй толбо байдаг.

Өнгөц цоорол – Чихэрлэг болон исгэлэн зүйл идэхэд өвдөнө. Зарим хүнд өвдөлт мэдрэгддэггүй. Шүдний паалангийн түвшинд бүрэн бүтэн байдал алдагдах буюу паалан барзгар болно.

-Дунд цоорол-Дунд цоорол нь хурц болон архаг хэлбэрээр явагдана.

1. Хурц үед нь халуун хүйтэн, исгэлэн зүйлд мэдрэх бөгөөд шүдний хатуу эд зөөлөрсөн, цагаан өнгөтэй байна.

2. Архаг үед өвчтөнд зовиургүй, тугалмай нь хатуу хар хүрэн өнгөтэй байна.

Гүн цоорол- Энэ үед шүд халуун хүйтэн, исгэлэн, чихэрлэг зүйл идэхэд, мөн цоорлын хөндийд хоол хүнсний зүйл ороход богино хугацаанд өвдөлт өгдөг. Шүдний доторх зөөлцөд маш их ойртсон, цоорлын том хөндийтэй байна. Аль ч цоорол архаг нь удаан явцтай , хурц нь хурдан явцтай учир яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Шүдний эрдэсжилт яагаад алдагддаг вэ?

1.Тухайн хүний бие дэх кальци , фтор гэх мэт эрдсүүд аль нэг шалтгааны улмаас алдагдах. Тухайлбал, тамирчид хөлсөөрөө эрдэс алдах , жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эрдэс дутагдсаны улмаас, өсөлтийн насны охид хөвгүүдэд кальци илүү их хэрэгтэй болдог.

2. Шүдний өнгөр, дутуу арчилгаа. Амны хөндийн ариун цэврийг муу сахисны улмаас хоол хүнсний үлдэгдэл дээр бичил нян ихээр үрждэг. Бичил нян нь хоол хүнсний зүйлийг задалж амны хөндийд хүчил, хорт бүтээгдэхүүн үүсгэнэ. Үүссэн хүчил, хор нь шүдний хатуу эдийг хайлуулж халдварлуулдаг.

3. Шүлс түүний найрлага, хэмжээ-Амны хөндийн орчин буюу шүлс хүчиллэг болоход нянгийн идэвхжил ихэсч, эрдсийн алдагдал үүсгэснээр цоорол үүсэх нөхцөл нэмэгддэг.

4. Хооллолт , буруу дадал зуршил

Шүдний өвчлөл хүүхдийн биеийн хөгжил төдийгүй оюуны чадамжид муугаар нөлөөлдөг

Шүдний өвчлөлөөс үүдэж улаан хоолой, толгой, хүзүү болон уушгины хорт хавдар үүсдэг болохыг Японы эрдэмтэд тогтоожээ. Тухайлбал, улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдэлийг 136, толгой болон хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг 54, уушгины хорт хавдар үүсэх эрсдэлийг 68 хувь нэмэгдүүлдэг болох нь батлагдсан байна. Эдгээр эмгэг үүсэх магадлал нь өвчилсөн шүдний тоотой шууд хамааралтайгаар өсдөг аж. Түүнчлэн хүүхдийн өсөлт шүдний цоорол, өвчлөлөөс хамааралтайг АНУ, Японы эрдэмтэд баталжээ. Жишээлбэл зургаагаас дээш шүд нь цоорсон хүүхэд үеийнхнээсээ дунджаар хоёр кг-аар бага жинтэй байдаг аж. Учир нь нэг шүд хорхойтсон юм уу буйл нь үрэвссэн байвал зажлах чадвар буурдаг. Мөн шүдний цоорол их байх тусам сэтгэн бодох, оюуны чадамж мууддаг аж. Энэ нь зажлах үйл явц нь тархины эсийг сэргээдэг гэж үздэгтэй холбоотой юм. Иймээс хүүхдээ бүр нярай үеэс нь шүдийг нь арчилж байх нь чухал юм.

Хэрвээ та шүдээ хайрладаг бол эдгээр зөвлөмжийг дагаарай

Халуун, хүйтэн хосолсон хоол хүнсэнд шүдний паалан цочирдог. Ингэж гэмтээхгүйн тулд шоколад, кофе, зайрмагнаас татгалзах хэрэгтэй. Орчин үеийн хоол хүнс хэт чихэрлэг болсон тул чихэр идэхээс аль болох зайлсхий. Чихэрлэг хүнс нь шүд болон шүдний пааланг маш ихээр гэмтээдэг. Түүний оронд жимс идэж, жинхэнэ натурал жимсний шүүс уух нь дээр.

1.Кальци ихтэй бүтээгдэхүүн хэрэглэ

Фтор болон кальци нь шүдэнд хамгийн тустай элемент юм. Эдгээр нь шүд хорхойтохоос сэргийлж, шүдний пааланг бэхжүүлэхэд нөлөөлдөг байна. Иймд өдөр тутмын хүнсэндээ фтор кальци ихээр агуулдаг сүү, сүүн бүтээгдэхүүн, хатаасан жимс зэргийг хэрэглэж занших хэрэгтэй. Тэр дундаа аарц, хатуу ааруулыг цайнд дэвтээгээд шүүсийг нь уух нь бэлэн кальцитай дүйцэхүйц их хэмжээний кальцийг өгдөг байна. Далайн гаралтай бүтээгдэхүүн ч кальциар баялаг байдаг. Шүдний пааланг бэхжүүлэхэд алим, лууван, өргөст хэмх, зэрэг жимс ногоо ашигтай.

2.Зажил бас дахин зажил

Хоолыг сайн зажилж буталж идэх нь хоолны шингэлт, цадахад дэмтэйгээс гадны шүдний бэхжилт, зөв ургалтад хамгийн чухал үүрэгтэй. Хүүхдийг ой хүрэнгүүт өөрөө хоолоо идэхэд сургах бөгөөд томрох тусам хоолыг нь бага багаар бүхэл болгох хэрэгтэй. Монголчууд эртнээс хүүхдүүддээ хатуу ааруул, бяслаг, ээзгий идүүлж шүдийг нь бэхжүүлдэг байсан ч сүүлийн жилүүдэд төв, суурин газар эл зуршил алдагдаад байна. Харин үүний оронд багаас нь чихэр жимс, хийжүүлсэн ундаа ихээр хэрэглүүлэх болсноор хүүхдийн шүдний өвчлөл ийнхүү гамшгийн хэмжээнд хүрээд байгаа юм. Хоолыг сайн зажилж буталж идээгүйн улмаас цаашлаад эрүү нүүрний гажиг үүсдэг байна.

3.Шүдээ тогтмол арчил

Эцэг эхчүүдийн дунд нярай болон бага насны хүүхдийн шүдийг арчилдаггүй, сүүн шүд юм чинь солигдчихно гэж тоохгүй орхидог буруу ойлголт, зуршил ажиглагддаг. Гэтэл хүүхдийн сүүн шүд нь жинхэнэ шүд ургах суурь болдог. Сүүн шүд нь буруу ургалттай, цооролтой байсан бол жинхэнэ шүд нь ч тэр хэв маягаар буруу ургадаг байна. Хүүхдийг нярай үед нь марльтай хөвөн, зориулалтын хэлний өнгөр цэвэрлэгчээр амыг нь цэвэрлэж шүд нь ургаж эхэлсэн үеэс зориулалтын ам цэвэрлэгч юм уу цэвэр усаар байнга цэвэрлэж өгөх хэрэгтэй. Хоёроос дээш настай хүүхдийн шүдийг өдөрт хоёр удаа зориулалтын фтортой оогоор угаана. Фторын хэмжээ нь 500ppm байна. Мөн чихэрлэг зүйлс хэрэглэсний дараа ус уух, амаа угаах, зайлах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Шүдний завсар орсон мах хоолны үлдэгдлийг тухай бүрд авч байх нь чухал. Хүмүүс ихэвчлэн өглөөний цайны өмнө шүдээ угаадаг. Тэгвэл хоол хүнс хэрэглэсний ард буюу өглөөний цайныхаа дараа шүдээ угаах нь илүү зөв сонголт юм.

Шүдний пааланг хортой нөлөөллөөс хамгаалахын тулд фтор агуулсан оо хэрэглэ. Фтор агуулсан оонд байдаг пирофосфат хэмээх бодис нь шүдний чулуу үүсэхээс сэргийлдэг байна. Түүнчлэн амттан идсэний дараа шүдээ угаах эсвэл амаа зайлах, алим идэх зэрэг нь шүдний пааланг гэмтэхээс сэргийлдэг сонгодог арга юм. Хэрэв та аяллаар явах үедээ шүдээ байнга арчлах боломжгүй байгаа бол алим нөөцөлж аваарай. Хоол идсэний дараа алим идвэл шүдэнд үржсэн микроб устаж амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.

4.Зургаан сар тутамд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байх

Шүдийг гаднаас нь харахад нарийхан харласан зураастай, бүтэн шүд мэт боловч, мэргэжлийн эмчид үзүүлэхэд дунд эсвэл гүн цоорсон байдаг. Учир нь шүдний паалан хүний биений ясан дахь хамгийн хатуу хэсэг учир, дотроо хөндий үүсэн цоорч байгаад хамгийн сүүлд гаднах паалан нь эмтрэн унаж, цоорсон хөндий ил болдог байна. Энэ цоорол нь аль эрт эхэлсэн байдаг учраас зургаан сар тутамд эмчид үзүүлж, цоорлоос урьдчилан сэргийлж байх нь чухал.

5.Нэмэлтээр кальци хэрэглэх

Шүд цоорох эрсдэл ихтэй тамирчид, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, өсөлтийн насны хүүхдүүд, ясны сийрэгжилттэй хүмүүс D3-витаминтай кальцийг эмчийн заавраар нэмэлтээр ууж байх хэрэгтэй. Жирэмсэн болон хөхүүл үед өөрийгөө болон хүүхдээ кальцийн дутагдлаас сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ заавал эмчийн заавраар уух хэрэгтэй. Өсвөр насны охид , хөвгүүдэд өсөхөд нь Ka , D3-витамин хэрэгтэй байдаг учир шүдэнд нь дутагддаг байна.

Хүний эрүү, нүүрний цогц системээс нэг л шүд авахад тэр системийн үйл ажиллагаа, байрлал алдагдан гоо сайхны дараа дараагийн асуудлууд урган гарч ирдэг. Иймд шүдийг аль болох авахуулахгүй, эмчлүүлж үлдээхийн төлөө бололцоотой бүгдийг хийх хэрэгтэй.

Шүдний эмчилгээнд дэвшилтэт технологиудыг ашиглаж эхэллээ

Шүдний эмчид очих дуртай хүн гэж үгүй бизээ. Харин өнөө цагт шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд шүд эмчлэх арга улам бүр боловсронгуй, амар болсоор байна. Тухайлбал, Японы Казуэ Ямагиши нарын эрдэмтдийн шинэ синтетик материалаар бүтээсэн шүдний оо шүдийг нөхөн төлжүүлдэг аж. Энэхүү оо нь анхан шатны цоорлыг өрөмдөлгүйгээр нөхөж чадах юм. Химийн найрлагын хувьд шүдний паалантай ижил, сайжруулсан гидроксилапатитын талстаас бүтжээ.

Тэгвэл Их Британийн эрдэмтэд цахилгаан энергийн тусламжтайгаар шүдийг дахин эрдэсжүүлэх эмчилгээг амжилттай туршиж байгаа аж. “Реминова” фирмийн нэвтрүүлж буй энэхү технологи нь богино давтамжийн цахилгаан гүйдлийн тусламжтайгаар эрдсийн ионуудыг шүдний цоорлын гүнд нэвчүүлэн дахин эрдэсжүүлдэг аж. Энэ үйл ажиллагааг тусгай зориулалтын төхөөрөмжөөр гүйцэтгэх юм байна. Үүнийг хийлгэснээр хүний шүд яг өмнөх шигээ бүрэн бүтэн болох гэнэ.

АНУ-ын Мичиганы их сургуулийн судлаачид ясны эдийн нөхөн төлжилтийг сайжруулах шинэ нано технологийг хөгжүүлж байгаа аж. Энэхүү технологиор шүдийг дахин ургуулах боломжтой юм.

Categories
мэдээ цаг-үе

Б.Чинзориг: Хайр дурлал секстэй холбоотой, ичгүүр сонжуургүй асуудал биш

“Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар”, “Амьдралд тавтай морил”, “Кино шиг амьдрал” зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдэд танигдсан жүжигчин Б.Чинзоригтой ярилцлаа.

-“Lovers” кинонд тоглох саналыг анх хэн тавьсан бэ?

-Анх найруулагч Ж.Сэнгэдорж, А.Баттүшиг хоёр ах маань гол дүрийн санал тавьсан. Надад санал тавих үед киноны проб аль хэдийнэ дуусчихсан байсан юм билээ. Ер нь гоо зүйн мэдрэмж өндөртэй, эротик драмын кино гэж анх надад танилцуулж байсан. Секс сценүүд нэг хоёроор тогтохгүй. Гэхдээ бохир, үзэгч үзээд эвгүй сэдэл өгөхөөр биш. Ер нь тэгээд сексийн асуудлыг гоо зүйн, зөв талаас нь олж харах өнцгөөс хийх болно. Энэ тал дээр санаа зоволтгүй гэж хэлж байсан юм.

-Таны хувьд киноны саналыг хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Ж.Сэнгэдорж найруулагч бид хоёрын анхны хамтарч ажилласан уран бүтээл. “Lovers” кинонд хамт ажилласнаар хэн хэнийгээ таньж авсан болов уу гэж бодож байна. Зохиолоо уншаад яагаад ийм төрлийн кино Монголд байж болохгүй гэж, бас би яагаад үзээд алдаж болохгүй гэж бодоод тоглосон. Ж. Сэнгэдорж найруулагчийн аливаа бүтээлд уран бүтээлч талаас ханддаг хандлага нь таалагддаг. Энэ зан чанар нь кинонд тоглоход их түлхэц болсон гэж хэлж болно. Зохиолын хувьд их хөнгөхөн. Хоёр хүний хайр сэтгэлийн холбоог харуулсан кино юм.

-Эмэгтэй гол дүрийн жүжигчинтэйгээ хэрхэн гар нийлж ажиллаж байсан бэ?

-Найруулагчийн шийдлээр явж байгаа учраас сайн, муу байсныг дүгнэж ярьж болохгүй. Өмнө нь Соёл урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр номын дуу сонссон болохоор өөр мэргэжлийн хүнтэй хамтран тоглосноос илүү хялбар байсан.

-Гол дүрийн жүжигчний хувьд үзэгчдийн хандлага ямар байна гэж бодож байв?

-Миний хувьд үзэгчдийн саналыг сайн анзаарсангүй. Энэ талын асуудлыг “Prime pictures”-ийн хамт олон сайн мэдэж байгаа байх.

-Зураг авалтын үед хүндрэлтэй зүйл гарч байсан уу?

– Нэг их сүрхий хүнд үе байсангүй. Уран бүтээлч хүн энэ нь хүнд байлаа, ийм байна тийм байна гээд шалтаг тоочоод байх зохисгүй байх. Мэдээж хүндрэлтэй зүйл байлгүй яахав. Ямар ч уран бүтээлд аз сорьсон, тэвчээр шалгасан үед байдаг. Тэр болгоныг чадварлаг хамт олонтой хамтран ажилласан учраас даваад гарсан.

-Өөрийнхөө бүтээсэн дүрийн талаар манай уншигчдад танилцуулбал?

-Одоогийн нийгмийн бизнесмэн залуусын төлөөлөл болсон Гарьд гэж залуу байгаа юм. Хүмүүжил, боловсрол нийгэмд биеэ авч явж буй байдал зэргээрээ манлайлдаг залуус манай Монголд их болжээ. Тэр залуусын төлөөлөл гэж би харсан. Ийм талаас нь ч харуулахыг зорьж тоглосон.

-Энэ киногоор үзэгчдэдээ ямар мессэж өгөхийг зорьсон бэ?

-Сүүлийн үед экшин, өшөө авалт, хорсол тээсэн утга агуулгатай кинонууд их гарч байна. “Prime pictures” Ж.Сэнгэдорж найруулагч нар “Нийгэм өөрөө бухимдалтай байж болно, өнөөгийн байгаа байдлыг хөндөж уран бүтээл хийж болно. Гэхдээ яагаад бид нэг ч гэсэн гэгээлэг киног хийж болохгүй гэж. Тэр тусмаа гэгээлэг зүйлийг эр эмийн сексийн амьдралаар төлөөлүүлж болохгүй гэж” хэмээн ярилцсан. Хайр дурлал гэдэг өөрөө сексийн амьдралтай холбоотой байдаг. Нийгэмд ичгүүр сонжуургүй асуудал биш байх гэж бодож байна.

-Насанд хүрэгчдэд зориулсан киноны санал хүлээн авахад гэр бүлийн хүн тань яаж хүлээж авсан бэ?

– Би өнөөдөр л энэ кинонд тоглочихсон болохоос хэзээ нэгэн өдөр тоглох л байсан. Тэгэхээр өнөөдөр тоглох ирээдүйд тоглох хоёрын хооронд ялгаа байхгүй байх гэж бодож байна. Манай эхнэр ч гэсэн өмнө нь ийм төрлийн кинонд тоглож байсан. Ийм төрлийн кино яаж бүтдэгийг, уран бүтээлч хүн тэндээс яаж хөглөгдөж суралцдаг вэ гэдгийг мэддэг учраас энэ кинонд тоглохыг дэмжиж байсан. Бид хоёр хоорондоо их ярилцдаг байсан. Эхнэр маань миний дүр дээр хүртэл ажиллаж өгч байсан.

-Одоогийн байдлаар ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоогоор хоёр, гурван киноны санал ирчихсэн байгаа. Яг алинд нь ажиллахаа хараахан шийдээгүй байна.

– Та хэдэн онд мэргэжлийн сургуулиа төгссөн бэ?

-Би 2006 онд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Уг нь 2010 онд төгсөж байх ёстой байсан юм. Ерөнхий боловсролын сургуулиа төгсмөгцөө тэр үеийн Захиалгат инээд хамтлагт сайн дурын уран сайханч хийдэг байсан. (инээв) Би ер нь багаасаа урлагт их хайртай байлаа. Тэр үедээ “DOZ entertain­ment”, (X tvts production)-д ажилладаг байсан. Уран бүтээлч хүн бүгдийг тэгээс нь эхэлдэг шиг л адилхан эхэлсэн. Одоо ч гэсэн эхнээсээ эхлээд суралцаж байгаа залуусыг харахаар миний багын дурсамж санагддаг. Ингээд гурван жил сайн дурын уран сайханчаар ажилласан. 2008 онд Соёл урлагийн их сургуульд элсээд 2012 онд төгссөн.

-Кино урлагийн салбартай амьдралаа холбосноос хойш хичнээн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн бэ?

-Гол, туслах гэлтгүй зөндөө байгаа. Одоохондоо тодорхой тоог хэлж мэдэхгүй байна. Заримдаа телевизээр өөрийгөө хараад би нээрээ ийм зүйл дээр ажиллаж байсан бил үү ч гэх тохиолдол байдаг шүү.

-Гэр бүлийнхээ хүнтэй хамтарч уран бүтээл хийх бодол байгаа юу?

-Мэдээж байлгүй яахав. Бид хоёрт хамтдаа тоглох киноны санал их ирдэг. Гэхдээ бидэнд зөв өнцгийг харуулсан сайхан уран бүтээлд хамтдаа ажиллах юмсан гэсэн бодол байдаг. Ирж байгаа киноны саналууд ямар нэг талаараа бидний бодож буйгаас өөр байдаг болохоор ирсэн саналуудыг буцаах тохиолдол байдаг.

-“Улаан пальто” кинонд жүжигчин Долгортой хамт ажилласан гэж сонссон?

-Тийм. Миний эхнэр, охин хоёр хоёулаа гол дүрийг бүтээсэн. Зохиолч Б.Шүүдэрцэцэг эгч надад санал тавьсан юм. Эхнэр охин хоёр чинь гол дүрүүдэд тоглож байгаа учраас чи найруулагчаар нь ажиллаад үзвэл ямар вэ гэж надад маш их итгэл хүлээлгэсэн. Түүний дагуу “Улаан пальто” кинонд гэр бүлээрээ хамтдаа ажилласан. Түүнээс кинонд хамтдаа дүр бүтээгээгүй.

-Ер нь уран бүтээлч хүн юугаар хөглөгдөж урам авдаг юм бол оо?

-Урлагийн салбарт төрийн зохицуулалт дэмжлэг гэж байдаггүй. Тийм болохоор үзэгчдийнхээ урмаар л бид тэтгэгдэж байдаг. Та бүхэн минь дэмждэг болохоор л бид чинь уран бүтээлээ цааш хийх урам авдаг шүү.

Categories
мэдээ цаг-үе

Баруун Алтай Ховд нутгийн бахархалт хөвгүүдийн нэгэн Отгоогийн Батнасан

“Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” буланд энэ удаа домогт баруун Алтай нутаг, уулс туульсын орон Ховдын цэнхэр хязгаарын унаган хүү, “Торгон нутаг” клубын тэргүүн Отгоогийн Батнасан уригдлаа. Дүнэгэр дүнэгэр хайрхдынхаа цаст мөнгөлөг оргилыг ширтэж, их уулсын салхиар адислуулсан тэрээр олон үндэстэн ястны өлгий, халуун эх орончдын нутагт мэндэлснээрээ бахархах ажгуу. Ямар сайндаа л “Үе удмаараа шүтэн дээдэлж ирсэн Бүрэнхайрхан тэргүүт уулс минь түшиж, минжит Булган гол минь сэтгэлийг ариусган, өвгөн товшуурын их дуурьсал намайг өр зөөлөн болгосон биз ээ” гэж дуу алдаж байхав дээ. “Торгон нутаг”-аа нэрийн хуудсаа болгосон Отгоогийн Батнасан эх орны баруун хязгаар, торгууд түмний өлгий нутаг Ховд аймгийн Булган сумынх. Тэртээ далаад онд минжит Булганы хөвөөнөө мэндэлж, бага сургуулийн сурагч ахуй үе хүртлээ эмээ өвөөгийнхөө хайр энхрийлэлд хөлбөрчээ.

Энэ тухайгаа “Долдугаар сард төрсөн намайг эмнэлэгт ердөө хорь орчим хонуулаад манайх зуслан руугаа нүүсэн байдаг. Жаргалтын зуслан бол өндөр Алтайн хад сархиа болсон газар. Ингэж л улаан нялзрай байхаасаа уулсын салхи савирыг амсаж, уулын цэнгэг голоор ундаалж хүн болсон доо. Аав маань Улаанбаатар хотноо мал аж ахуйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан. Ээж худалдааны техникум төгсөөд хөдөө аж ахуйн сургуульд тогоочийн ажилтай. Оюутан байхад нь төрсөн хүүхэд эмээ, өвөөгийн өвөр барааддагийн тэр л жишгээр би гэдэг хүн хөдөө байсан” гэж өгүүлсэн юм. О.Батнасан захирлын өвөөгийнх Булган голын хаяа дэрлэж нутагладаг байж. Одоогийн Ярантын боомтын ойролцоо, Булган сумын хилийн заставын тийшээ байсан байна. Үнэхээр л минжит Булганы тунаран мяралзсан урсгал Алтайн хязгаарын хүүгийн хүсэл мөрөөдлийг ямар нэгэн зүгт дуудан далладаг байсан болов уу. Ээжийнх нь аав буюу Батнасан хүүг амь шигээ хайрлан, ар өвөртөө үүрч дүүрч өсгөсөн юм гэнэ лээ. Түүнийг хоёрдугаар ангийн сурагч байхад өндөр өвөг эцэг нь, дөрөвдүгээр ангид байхад эмээ нь бурханы оронд оджээ.

Отгоогийн Батнасангийн халуун сэтгэлт эх орончдын өлгий нутаг, өндөр Алтайн уулсад хүн болох алтан хувь заяаг хайрласан ачит эцэг нь баруун Алтайн бахархал болсон хүмүүсийн нэгэн юм. Тодруулбал, Цагаадайн Отгоо гуай Ховд аймгийн Булган сумаас тодорсон шинжлэх ухааны 70 гаруй эрдэмтэн докторуудын түүчээ, торгууд түмний бахархалт, оюунлаг нэгэн ажээ. “Би чинь багадаа хичээл ном хийнэ гэж байхгүй, эрх нь дэндсэн зүггүй барам явлаа. Эрдэмтний хүү ийм байх ч гэж дээ хэмээн багш нарт загнуулна. Манай сургуулийн хананд аавын зураг хадаатай байна. Намайг багад аавын маань алдар замнал ус нутаг даяараа мандаж, шинжлэх ухааны анхны эрдэмтэн төрлөө гэж хүн бүхэн бахдаж байлаа” хэмээн бага насныхаа дурсамж дурдатгал, аавынхаа алдар замналын тухай цухас өгүүлсэн нь энэ.

Тэрээр наян оны намар өвөөгийнхөө гараас хөтлөн очиж сумынхаа арван жилийн сургуулийн босгыг алхаж, наян найман онд наймдугаар анги дүүргэсэн байна. “Эрдэмтний хүүхэд ийм байхдаа яахав” гэж багш нараасаа жавьтий хүртэж явсан хүү улсдаа зартай, тухайн цагт сум байтугай аймгийн статустай байсан Ховдын Булганы сургуулийн наймдугаар анги төгсөгчдийг сурлагаараа тэргүүлнэ гэдэг өндөр амжилт. “Сэтгэн бодох чадвар сайтай байсан нь сургалтын үр дүнд нөлөөлсөн байх. Би чинь аливааг цээжилж тогтоохдоо гаргууд байлаа. Хоолны гурилаа элдэж байхдаа физик, математикийн томьёогоо цээжилчихнэ. Геометр, физик зэрэг хичээлд гоц байсан даа” гэв.

О.Батнасан захирал 1988-1992 оны хооронд буюу нийгмийн шилжилтийн хамгийн донсолгоотой он жилүүдэд Архангайн багшийн сургуулийн оюутан байж, арын сайхан хангай нутагт дөрвөн намрыг үзжээ. Архангай руу сургуульд явах болтол ижий, аав хоёрынх нь ажил алба болдоггүй, хэзээний биеэ дааж бусдын гар харж нялцганадаггүй тэрээр аанай л ганцаар явахаар болсон байна. Аав нь онгоцны буудал дээр гаргаж өгөхдөө хамт нисэх, тэр нутгийн нэгэн эмээд хүүгээ захиад ижийгийнх нь бэлдэж өгсөн хувцас хунар, хоол хүнсийг томоо гэгчийн модон авдарт хийж, зуутын ногоон дэвсгэртээс гурвыг түрийвчинд нь шургуулжээ. Архангайн онгоцны буудал дээр нөгөө эмээг чинь хүү нь ирж тосов гэнэ. Сонирхолтой нь эмээгийн хүү хогийн машины жолооч байжээ. Ээжийнх нь бэлдэж өгсөн хоол хүнс, хувцас хунараа нандигнан хийсэн модон авдрыг хогийн машиныхаа тэвшин дээр шидээд сургуулийн дотуур байрны үүдэнд буулгасныг хожим инээд хөгжөөнтэйгөөр дурсч байна.

Хоёрдугаар курсын оюутан байхдаа Архангайн эвлэлийн үүрүүдийг татан буулгаж, оюутны зөвлөл гээчийг байгуулан, ерэн оны цагаан морин жилийн МХЗЭ-ийн хорьдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсан удаатай. Оюутны холбооны хуралд Москвагаас яруу найрагч Шагдарын Уянга ирж оролцож байлаа гэж дурссан юм. Архангайн сургуулийн оюутны зөвлөл Монголын оюутны холбооны үндэс суурь нь гэдгийг онцолж байв. “Миний бие эрхзүйч хүний хувьд аливаа хөдөлгөөн, холбоод нийгмийн гол хүч, амин судас нь болдгийг мэднэ. Харин тэрхүү үүргээ өнөөдөр гүйцэтгэж байна уу гэдэг эргэлзээтэй” гэж ярианы далимд хэлээд авна лээ.

Архангайн багшийн сургуулийг улаан дипломтой төгссөн Батнасан багш Улаанбаатар хотын 82 дугаар сургуульд хоёр жил багшилсан байна. Тийн багшлах явцдаа хэлбичгийн ухааны доктор Чойжилсүрэнгийн Жачингийн монгол бичгийн дугуйланд явдаг байж. Тухайн үед монгол бичгийг төрийн бичиг болгоно гэж яригдаж байсан цаг. Монгол бичгийн жийрэглэх эгшгийн дүрэм гэж байдаггүй, энэ л хамгийн чухал гэдгийг мэдэрсэн залуухан багш хичээлээ заахаас гадна бүтэн дөрвөн сар нухаж байж багш нарт зориулсан гарын авлага хийсэн нь гайхмаар.

Батнасан захирал ер нь хийнэ гэж бодож төлөвлөсөн зүйлээ уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд ямагт ард нь гарч санаа нь амардаг “яршигтай” нэгэн. Тэрхүү зан чанар, өөрийнх нь үндсэн гол шугам, амьдралынх нь мөрдлөг юм юмнаас харагдаад байдаг. Цаг ямагт анд нөхдөөрөө гоёж, найз нарынхаа эрчилсэн эр зориг дундаас өөрийн зам мөрийг гэрэлтүүлж, түүчээлэн явдаг түүнийг хоёр жил эрдмийн ажил эрхэлсний дараа андууд нь бизнесийн талбарт уруу татсан байна. “Багшийн цалин хаанаа ч хүрэхгүй байх тэр цагт найз нар минь л намайг хувцасладаг байлаа” гэж нэгэнтээ бахархан өгүүлсэн билээ. Бизнесийн ажилд шамдахын өмнөхөн Замын цагдаагийн алба хаагчдад монгол бичиг зааж манаргасан удаатай.

Эл эрхмийн нэрийн хуудас, амьдралынх нь чин зорилгын нэгэн өндөрлөг болсон “Торгон нутаг” клубынх нь тухай асууж сонирхлоо. Арван жилийн өмнө буюу 2006 онд тус клубыг Булган сумын уугуул 23 залуу нэгдэн байгуулжээ. Анхны үүтгэл санаа нь Бүрэнхайрхан уулын тахилгаас эхэлсэн түүхтэй. Тухайн цагт уулын тахилга тэгтлээ газар аваагүй үед Бүрэнхайрханаа тахиж, ус нутгаа гэх чин зүрхний анд нөхдийн итгэл сэтгэл дээр тус клуб оршин тогтносон нь ёстой л нэг оюун санааны тусгаар тогтнол гэлтэй. “Элгэн түмэн, эх нутгаа гэх чин хүслээр зангилагдсан бидний гол зорилго олон ястны өлгий Ховд нутгийнхны төлөөх бүтээн байгуулалт, оюуны хөрөнгө оруулалт, өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёл, түүхээ ирээдүй хойчдоо уламжилж өвлүүлэхэд оршино” гэжээ. Энэ тухай 2015 онд хэвлүүлж олны хүртээл болгосон “Торгон нутаг” клуб сэтгүүлд тодорхой өгүүлсэн байна.

Отгоогийн Батнасан захирлын баруун Алтай Ховд нутгийнхаа зон олны төлөө хэзээд ч элбэг дүүрэн сэтгэлээр энэрэн хандаж явдгийнх нь илрэл “Торгон нутаг”-аар хэмжээлэгднэм. Т эрээр анд нөхдөө уриалан дуудаж, халуун эх оронч өвөг дээдсийнхээ гал голомтод Монголын түүхэнд домог болж мөнхөрсөн Сорхогтань хатныхаа цэцэрлэгт хүрээлэнг бий болгож, Монголын сүүлчийн хан Ойрадын зоригт Увш ханы хөшөөт цогцолборыг цогцлоон мандааж, олон ястны “Жангар” наадмыг санаачлан зохион байгуулж үндэснийхээ өв соёлын дархлааг хадгалж яваа гавьяатан.

Хүлэг, Аригбөх, Хубилай, Мөнх гэсэн дөрвөн их хаан төрүүлж дэлхийн түүхэнд бичигдсэн домогт Сорхогтань хатанд зориулж Булган сумын төв дээр 380 сая төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэн байгуулсныг дуулсан бүхэн үнэндээ бахаддаг. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар нэгдсэн “Торгон нутаг”-ийн хамт олонд эх орон, үүх түүх, өв соёл, үндэснийхээ дархлаанд хайртай бүхэн талархах хэрэгтэй гэх бодол төрдгийг нуух юун. “Чи алагдаж болох, ялагдаж эс болох” гэх жинхэнэ эх орончийн зүрхний бичээсийг сийлсэн Увш ханы хөшөөг Ховдын тэнгэр дор, мөн Элистай хотноо цогцлоосныг, “Жангар-1” олон ястны наадамд гадны 320 зочин урьж оролцуулсан зэргийг аваад үзэхээр Отгоогийн Батнасан гэдэг хүн яалт ч үгүй баруун Алтай Ховд нутгийн бахархалт хөвгүүдийн нэг юм даа гэх бодол баттай төрж байна. “Эвийн гагнаас хаана байна гэвэл би баруун Алтайд байна гэж хэлнэ. Тэр хэдэн хүрэн хайрхны дунд, Ховдынхоо тэнгэр доор буухад нэг л сайхан шүү” гэж хэлэхтэй зэрэгцээд хоёр нүдэнд нь баяр бахдал дүүрээд ирэх ажгуу. Аргагүй л их уулсынхаа шүншиг, ус голынхоо дөлгөөн чанарыг сэтгэлдээ огшоож хадгалсан нэгэн юм даа.

“Хүмүүний амьдралын хамгийн эрхэм нандин зүйл бол гэр бүл юм. Зүрх сэтгэл, хүч хөдөлмөр, үнэт чанараараа бүтээн босгосон зүйл хамгаас эрхэм нандин байхаас ч яах билээ” гэсэн нь эрхгүй сэтгэлийн чавхдасыг доргиосон юм. Нэгдүгээр хороололд байх “Сладко-2” төвийн албан ажлынх нь өргөөнд ханайх номын санд үргэлжилсэн бидний яриа Циркийн баруун талын “Номуун” хотхонд байх гэрт нь үргэлжилж байгаа нь энэ. Гэргий нь Жамсрангийн Энхжаргал гэж зөөлнөөр инээмсэглэсэн, аядуу намуухан бүсгүй байна. Гэрийн эзэн цаад өрөө рүү орж хэсэг удсанаа жигтэйхэн баяр баясалтай, харцнаасаа гэгээ гэрэл тунаруулан гарч ирэв. Хоёр сарын өмнө өнжиж буй айлынд маань нэгэн баярт мөч тохиосон нь Батнасан ахынх арван гурван жилийн дараа голомт залгах хүүтэй болжээ. Хорин жилийн тэртээ учран уулзалдаж, айл гэр болон гал голомтоо бадраан хоёр сайхан охины ижий, аав болсон тэд ийнхүү хүсэн хүлээсэн нуган үртэй болж, ёстой нэг магнай тэнийн баярлалдаж байна. Биднийг очихын урд өдөр шинэхэн “аварга”-ынхаа хоёр сарынх нь вакциныг хийлгэжээ. “Хоёр сарын вакцин гэдэг халуурч бүлээрүүлдгээрээ зартай. Харин манай аварга санасныг бодоход учиртай байна” гэж гэрийн эзэн өгүүллээ. “Том охиноо төрөхөд жигтэйхэн баярлаж билээ. Эрдэмтэн хүний хүүхэд явсан даа, би. Эрдэмтэй охин төрсөн гэдэгт итгэлтэй байсан. Хэзээ намайг аав аа гэж дуудах бол хэмээн маш их яарч, догдлон хүлээдэг байлаа” гэж хайраар бялхсан дурсамж хөвөрнө.

Том охин Буянжаргал нь Их сургуулийн олон улсын харилцааны нэгдүгээр курсын оюутан ажээ. Ээжийнхээ ажилд тусалж, бага дүүгээ асарч нүүр дүүрэн инээмсэглэсэн алаг нүдэн тэрээр айлын том хүүхдийн ачааг үүрч явна. Бага охин нь мөн Орос гуравдугаар сургуулийн долдугаар ангид сурч байгаа гэнэ. Тэднийх Орос гуравдугаар сургуулийн хаяа дэрлэж оршино. Батнасан ахынх анх “Таван шар”-д гал голомтоо бадрааж хоёр сайхан охинтой болжээ. Том охиныг нь хардаг байсан хөрш хөгшнийд одоо хэр нь цагаан сараар очиж золгон хүндэтгэл үзүүлдгээ, мөн тухайн хөршүүдтэйгээ холбоотой инээд хөгжөөнтэй гэнэн цайлган цагийн дурсамж олныг хуучилсан даа. Ийм л нарийн нандин яриа хөөрөө ундарч, Энхжаргал эгчийн цай цүйг амтлан ууж, хоол унд энээ тэрээ болох зуурт хаалганы хонх жингэнээд явчихлаа. Батнасан ах “Аав ирж байгаа байх” гэж хэлэхтэй зэрэгцээд л цав цагаан цамц, гоёмсог ягаан зангиа солонгоруулсан эрхэм доктор, хуучны сэхээтэн ийм л байдаг даа гэсэн шиг ихэмсэг бадрангуй орж ирэх нь тэр. Эрдэмтэн доктортой мэнд усаа мэдэж, хаврын урин цагийн яриа хөөрөө дэлгэж, том хүүгийнх нь алдар замналыг бахдаж, ууган бэрийнх нь гарын цай хоолыг ширээ тойрч суугаад амтархан хүртлээ. Буурал доктороос эрдэм бүтээлийнх нь тухай ярианы завсарт асууж л байв. Тэрээр эрдэмт хүн даруу гэдгийг биеэрээ үлгэрлэсэн нэгэн ажгуу. Барагтайд үг унагахгүй юм. “Үр хүүхдийнхээ буянд жаргаж л явна даа” гэж хэлсэн нь, чин зүрхнийх нь үг байлаа. Нэгэн мянга есөн зуун жаран дөрвөн онд хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал зүйч мэргэжлээр төгсөөд мал аж ахуйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан байна. Малын сэг зэмийг ашиглаж уурагт тэжээл бэлтгэх, мөн тарваганы ходоод зэрэг олон зүйлээр тэжээл бэлтгэх шинжлэх ухааны ярвигтай, чөмөг дундалсан эрдмийн ажилд идэр залуу наснаасаа хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Далан хоёр онд ЗХУ-ын хөдөө аж ахуйн дээд сургуульд аспирантурт суралцаад тэндээ шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан түүхтэй.

Мал аж ахуйн хүрээлэнг анх санаачлан байгуулсан академич Дугарын Цэдэв гавьяатын шавь юм билээ. “1975 онд Төв аймгийн намын бүгд хуралд Цэдэнбал дарга мал аж ахуйн талаар, ялангуяа тэжээлийн талаар үг хэлэх болж л дээ. Тэгээд надаас зөвлөгөө авч байсан удаатай. Намайг албан өрөөндөө дуудаж уулзсан. Бал даргын өрөөнд дуудуулахдаа би гэдэг хүн айж л байлаа” гэв. Мөн наян нэгэн онд Баянцогтод ажиллаж байхад нь Улс төрийн товчооны Рагчаа дарга очоод “Монгол Улс хөдөө аж ахуйн шилдэг боловсон хүчинтэй, сэхээтэнтэй, эрдэмтэнтэй болж байгаа юм байна” гэж залуухан доктор Отгоогийн тухай сэтгэл хангалуун хэлснийг эрхэм гавьяат маань сонин болгож ярьсан юм. Түүний хэлсэн үг бүхэн, дурсамж дурдатгал бүхэн нь Монгол Улсын хөгжил дэвшилтэй, шинжлэх ухааны ололт амжилттай холбогдож байсан нь гайхамшигтай. Бал даргад мандан бадралынх нь оргил үед зөвлөж явсан гэхээр бахархал байхаас яах билээ. Буурал гавьяаттай ийм л үүх түүх хөөрөлдөн суухуйд Батнасан ах “Манай аавын арван жилийн ангиас дөрвөн гавьяат төрсөн байдаг. Тэр жил шинжлэх ухааны гавьяатынх нь цайллагыг хийхэд бүгд ирж байлаа” гэв. Бид хоёрт ярианы сэжим өгч байгаа нь тэр л дээ. Үнэндээ ч Отгоо гавьяатын ангийнхан гэвэл Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Их хурлын гишүүн асан “Номин”-гийн Шагдарсүрэнгээс аваад олон бахархалт хүмүүс байдаг гэнэ. Эрхэм докторын гавьяатын цайллагад Ерөнхий сайд Сайханбилэгийн аав өндөр Чимэд гуай “Найзынхаа цайллагад оролцох гэж Америкаас ирлээ” хэмээн зорин ирж байсныг хүү нь сонирхуулсан юм. Ийм л олонтой, төр түмэндээ хүндлэгдсэн сайхан буурал. Тэрээр “Би хүүхдүүддээ сургаал номлол хэлээд байдаггүй. Өөрөөрөө үлгэрлэхийг л эрмэлздэг” гэж гайхмаар ухаалаг үг хэлсэн юм. “Миний хүү Батнасан ямар ч ажлыг хийсэн үр дүнг нь үзэж байж санаа нь амардаг. Өрөвч зөөлөн чанартай, дандаа бусдын төлөө явж ирсэн. Өсч төрсөн унаган нутаг Ховдын зон олон болоод дэлхийн торгууд монголчуудынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Хүний ажлыг бүтээхийн төлөө явж, олны хайр талархлыг хүлээж буйд нь эцэг хүний хувьд баярлаж л байдаг юм” хэмээн ихэд сэтгэл хангалуун хэлж байлаа. Монголын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллагад бүхий л насаараа ажиллаж эрдэм оюунаа зориулсан өвгөн гавьяатынх таван хүүхэдтэй. Том нь мэдээж Батнасан захирал.

Эрхэм захирлын удирддаг “Кондитер Улаанбаатар” компани Оросын “Оклава” брэндийн албан ёсны дистрибьютер. Хүнсний бүтээгдэхүүн, чихэр жимс зэргийг оруулж ирж Монголын зах зээлд нийлүүлдэг. Өдгөө далаад ажилтантай, олон салбар төвтэй уг компани Монголын 70-аад өрх гэрийг тэжээж, амьдралынх нь баталгаа болж явна. Сонгинохайрхан дүүргийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр удаа дараа шалгарч байсан зэрэг амжилт бүтээлийнх нь тухай дурдана гэвэл барагдахгүй. Мөн л эвийн гагнаасаар холбогдсон элгэмсэг хамт олон.

“Оросын олон жилийн түүхтэй брэнд бүтээгдэхүүний хүчинд бид өдий зэрэгтэй явна. Олон хүнийг амьдралтай болгосон доо” гэж О.Батнасан захирал сэтгэл дүүрэн хэлэх бүлгээ. Мань хүн оросуудад их хайртай. Тэдэнд ёстой нэг хир халдаахгүй дээ. Эрхүүд долоон жил амьдарч, бизнесээ хөл дээр нь босгож чадсан тэрээр оросуудтай амь амьдралаараа холбогдсон нэгэн юм.

Үхэл амьдралын зааг дээр байсан үнэн түүх бий ажээ. Тодруулбал, 1995-1996 оны завсарт их айхтар өвдсөн байна. Тархиндаа хүнд гэмтэл авч ямар ч ухаангүй Сибирийн төв эмнэлэгт хүргэгджээ. Монгол гэдгийг нь таниад халуун сэтгэлт орос эмч 42 хоног тасралтгүй эмчилж, хүний гарт орж эцэж туйлдсан түүнд Оросын сувилагч бүсгүйчүүд хань ижил шиг хандаж халамжилсныг энэхэн насандаа мартамгүй. “Намайг эмчилсэн тэр эмч, би монгол хүнд хайртай гэдэг байсан. Зүүнбаянгийн цэргийн ангийн ерөнхий эмч байсан юм билээ” гэв. Хүүгээ Сибирийн төв эмнэлэгт хүргэгдсэнийг найз нөхдөөс нь дуулсан аав нь шууд нисч очин 41 хоног долоон банштай шөл хийж өгч тэнхрүүлснийг сонсоод “эцгийн хайр гэж тийм л байдаг даа” хэмээн бодож суулаа. Орос эмч нарын ачаар хүний хорвоод дахин амьдрах дээдийн заяаг олсон хүн тийм их ач буяныг яахин мартах билээ.

Өнжиж буй айлын маань хоймрын тавилга дээгүүр хүүхэлдэйний гоёмсог цуглуулгууд төрөл бүрээр өрөөстэй харагдана. Орон орны түүх соёл, зан заншлыг хадгалсан дээл хувцастай хүүхэлдэйнүүд Энхжаргал эгчийн “хүүхдүүд” ажээ. Үндсэндээ гэргийгийнх нь хобби гэнэ. Нөхөр нь аль ч улсад очсон тухайн орны соёлыг хадгалсан хүүхэлдэйтэй буцдаг байна. Мөн найз нөхөд, ойр тойрных нь хүмүүс Энхжаргал эгчийн хоббиг нэгэнт таньсан учир бүгд л хүүхэлдэй сугавчилж авчраад бэлэглэдэг ажээ.

Батнасан ахыг цаад өрөөнд бага хүүтэйгээ нялуурч байх хооронд гэргийтэй нь цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр Ховд аймгийн Алтай сумын уугуул ажээ. Аав нь Базарсадын Жамсран гэж Монголын баруун хилд бүхий л насаараа ажиллаж, хилийн цэргийнхний дунд “Санхүүгийн Жамсран” гэж алдаршсан сайхан хүн байв. “Аав маань хотод цэргийн алба хаасан юм. Ж.Самбуу даргын гэрийн үүдэнд харуулд гардаг байсан тухай ярина. Намайг гурван настай байхад Говь-Алтайн Алтай суманд томилогдож тэнд манайх долоон жил болсон. Харин хоёрдугаар ангид орох жил аав Ховдын Булганы цэргийн ангийн санхүүгийн хэлтсийн даргаар очиж байлаа. Ховдод таван жил болоход миний бие долдугаар ангиа дүүргэсэн. Булганд сургуульд байхдаа ханийгаа зүс мэддэгээс цаашгүй. Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг. Бид хоёр чинь бүр сүүлд, хувь төөргөөрөө учирсан. Миний ханьд аав минь жигтэйхэн хайртай байсан сан. Өнгөрөхийнхөө өмнө “Аав нь өөрийнхөө босгосон амьдралд сэтгэл хангалуун байна. Миний Батнасан хэдэн хүүхдийг минь газар хүргэлгүй аваад явна. Ийм сайхан хүүтэй болсондоо баярладаг” гэж хэлж билээ. Аавынхаа тэр үгийг бодохоор өөрийн эрхгүй нулимс гардаг. Үнэхээр л миний хань өөрийнхөө дөрвөн дүүг, миний дөрвөн дүүг том ахын хувиар тэгш дүүрэн авч явна” гэж ухаалаг даруухнаар өгүүлсэн юм.

Сүүлд гэр бүлээрээ хаашаа явсныг нь сонирхоход, Москвад сурч байгаа хурандаа дүүгээ эргэх далимаар хоёр талынхаа ах дүү нартай Москва, Ленинградаар яваад иржээ. Уг аяллыг Батнасан ах санаачилсан байна. Гэргий нь хүүхэлдэйний цуглуулгатай бол эрхэм захирал мод тарих хоббитой. Партизанд дөрвөн мянга гаруй мод тарьж, залуучууддаа үлгэрлэн, эко орчин ногоон байгууламжийг бий болгосон. Үр хүүхэд төрүүлэх, мод тарих, ном бүтээхийг дээдийн буян гэдэг. Эл гурван буяныг үлгэрлэн авч яваа хүн бол Отгоогийн Батнасан юм. Мэдээж хоёр охин, нэг хүүгийн аав. Одоогоор дөрвөн мянга гаруй мод тарьж ургуулж буй буянтан. Дээрээс нь “Торгууд Монголын өв соёл” тэргүүт олон арван номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн үнэлж баршгүй гавьяа түүнийх.

Ном хэвлүүлэхээс гадна Алтайн дүнэгэр сайхан хайрхад, ус гол, хүн зоныхоо тухай халуун сэтгэлийн илэрхийлэл шүлэг найргийн шад мөрүүдийг тэрээр тэрлэдэг. Ховд нутаг бол утга соёлын олон билигт хөвгүүнтэй. Тэднийгээ бишрэн хүндэтгэж, шүлэг найргаас нь дээжлэн уншиж, халгин цалгиад ирэхээр Минжит Булганыхаа урсгал, Цамбагарав, Жаргалант, Мөнххайрхан, Сутай их уулсынхаа салхи савир шиг эрдүү хийморьлог болоод явчихна. Элгэн түмнээ гэх халуун сэтгэлээс нь ундарсан их уулсын шүншигтэй шүлэг найргаа тэрээр ном болгон баринтаглаж буй гэнэ. Эрх биш найргийн одонд төрсөн надад эрхэм ахын шүлгүүдийг уншихуйд баруун Алтайн хүн зоны аж төрөл, элгэн халуун сэтгэл мэдрэгдээд ирсэн билээ.

“Торгууд Монголын өв соёл” хэмээх хэд хэдэн давхар тоосготой тэнцэхүйц тийм зузаан бүтээлийг номын сангаасаа хүндэтгэлтэйгээр гаргаж ирээд “Монголчууд номыг ингэж л хэвлэх ёстой юм” гэж бахархах, омогшихын завсарт хэлээд авсан. Уг номын ар талын хуудсанд Богд Зонхов бурханы зураг байна. Энэ бол 1608 онд торгуудууд Ижил мөрөн рүү нүүхдээ авч явсан шүтээн ажээ. 1771 онд Тэнгэр ууланд ирэхдээ авч ирсэн гэдэг. Монголын хүрээ хийдийг дөчин долоон онд дахин сэргээхэд Ховдын Булганаас ЗИС-5 машинаар уг шүтээнийг авчруулж, төв ганданд залж байсан түүхтэй юм билээ. Машин явах боломжгүй учир Монгол Алтайн нурууг тэмээгээр гатлуулж байсан гэдэг. Халимагууд уг шүтээнийг нутагтаа ганцхан удаа залахыг Чой хамбаас олонтаа гуйсныг гэрийн эзэн сонирхуулсан юм. Баруун Алтай Ховд нутгийн бахархалт хөвгүүдийн нэгэн, элгэн түмнийхээ хайр талархлыг хүлээж яваа, “Торгон нутаг” клубын тэргүүн Отгоогийн Батнасангийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэхэд ийм байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Лидер үү, лойдор уу гэдгээ тойрогт дэвшиж харуулах хэрэгтэй

УИХын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Таны хувьд энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа юм уу?

-Манай улсад сонгуулийн өмнө эсвэл баяр ёслол, амралтын өдрүүдийг далимдуулж, лоббины хууль , тогтоол баталдаг буруу жишиг тогтчихлоо. Энэ байдал нь энэ парламентын үед улам л газар аваад байгаа. Үнэхээр л Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байсан бол эртхэн оруулж ирж, хэлэлцүүлэг хийж, аль болохооор хийдүүлэлгүйхэн шиг, шүүсийг нь дориухан шахаж байж гаргамаар байсан юм. Гэтэл “давчуу хугацаанд хүч түрэн батлах” гэсэн хандлага ажиглагдаж байгаа учраас эсрэг байр суурьтай байгаагаа чуулганы хуралдаан дээр илэрхийлсэн л дээ.

Давхар дээлтэй байх асуудлыг зохицуулах харин ч цаг үеэ олсон асуудал юм биш үү?

-Ерөнхий сайдаас гадна үндсэн чиг үүргийн яамны гурван сайд нь Их хурлын гишүүн байж болно. Бусад сайдууд нь Их хурлын гишүүн байж болохгүй гэж төсөлд тусгажээ. 2016 оны сонгууль болоход бага хугацаа үлдэж байна. Ийм үед Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж яаравчилж байгаа нь өөрийн эрхгүй хардлага төрүүлж байна. Тохироонууд хийгдсэн байхыг байг гэхгүй. Сайдын суудал горилогчид нам ялбал сайд болно шүү гээд намдаа мөнгө хандивлаад, удирдлагуудаа тойглоод, хүлээлтийн байдалд шилжихээр ярилцсан байж ч мэднэ. Уг нь ард түмнээрээ эрэмбэлүүлээд, дүн тавиулаад парламентын босгыг алхсан хүн гэдэг басчиг тодорхой шалгуурыг давсан гэсэн үг. Гэтэл мөнгө, танилын холбоогоороо төрийн өндөр албан тушаалд очихыг би хувьдаа таашаадаггүй. УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөд сонгогч түмэн “Чи биш шүү. Дэмжихгүй” гээд байхад “Их сунгаанд хүчээ сорьж бүдэрснийхээ төлөө шагнал” болгож албан тушаал авдаг явдал бий шүү дээ. “Давхар дээлтэй” гэж ад үзэгддэг хэдий ч яамныхаа ажлыг сайн хийж, Их хурлынхаа ажилд ч чухал үүрэгтэй оролцдог, туршлага, мэдлэгтэй ажил хэрэгч хүмүүс бас байна. Гэтэл ард түмнээсээ санал авч чадалгүй уначихсан атлаа “шагналын сайд” болсон зарим нэгэн нь “давхар дээлтэй”-гээсээ долоон дор ажиллаж байх жишээтэй. Тэгэхээр хүнээсээ, мэдлэг чадвараасаа, туршлагаасаа, сэтгэл, хичээл зүтгэлээсээ хамаардаг. Мянган сэтэр зүүлгэсэн ч сэтгэлгүй хүний ажил явдаггүй. Ачаалал ихтэй ч зүтгэлтэй хүний удирдсан ажил урагштай байдаг. Ингээд үзэхээр дан, давхар дээлэндээ асуудал байгаа юм биш.Ер нь миний хувьд пропорциональ хувилбараар буюу намын жагсаалтаар сонгогдохыг эсэргүүцэж, тулгуур хуулийн зарчмыг зөрчиж байна гэж байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тиймээс 76 гишүүнийг тойргоос сонгогддог байя гэсэн санаачилга гаргаад, санал тавиад байсан боловч Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад дэмжлэг авч чадаагүй. Одоо нэгэнт хууль батлагдсан учраас “жагсаалтдаа мөнгөтэйг нь биш мэдлэг оюунтайг нь оруулаач” гэсэн урилга дэвшүүлээд байгаа. Миний хувьд 2012 оны сонгуулиар биеийн амрыг харвал МАХН-ын дэд даргын хувьд жагсаалтын дээгүүрт эрэмбэлэгдэх боломжтой л байлаа. Гэвч бусад намуудын удирдлагуудад хандан уриалга гарган, ард түмнээсээ сонгогдохыг санал болгосон боловч МАН, АН, ИЗНН гээд намуудын дарга нар дэмжээгүй. Бүгд жагсаалтад орж нуугдацгаасан. Энэ удаа ч гэсэн дахин тийм уриалга гаргах гэж байна.

Хүлээж авах болов уу даа?

-МАН, АН-ынхан өөрсдийгөө улс төрийн голлох хүчин гэж зарлаад байдаг. Тэр намуудын дарга, удирдлагууд эрхбиш жагсаалтын ард нуугдахгүй байлгүй. Лидер үү, лойдор уу гэдгээ тойрогт дэвшиж харуулж, рейтингээ тогтоолгох хэрэгтэй шүү дээ. Хэрвээ олонхын дэмжлэг авч чадахгүй бол улс төрд зайгаа тавьж өгөх цаг болсны шинж. Ийм шударга, ил тод өрсөлдөөн нь улс төрийг илүү соёлтой, эрүүл харагдуулна. Хоосон ярих биш биеэрээ үлгэрлэх нь чухал байна.

Ерөнхий сайдаас гадна гурван сайд нь Их хурлын гишүүн байж болно гэж хуулийн төсөлд тусгасан нь Үндсэн хууль зөрчсөн зүйл гэж та тайлбарлаад байсан. Яагаад?

-Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан байдаг. Тэгэхээр заавал тоо зааж өгөлгүй, тухайн гүйцэтгэх засаглалын тэргүүн хэдэн сайдыг УИХ-ын гишүүдээс томилох уу гэдгээ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдээд, нэр дэвшүүлээд чуулганаар хэлэлцүүлээд батлуулаад явах боломжтой юм.

Одоо болохоор фракцуудын сонирхол, эрх ашгийг тусгах гээд хатуухан хэлэхэд “шахааны” нөхдүүдээрээ танхимаа дүүргэж байгаа. Үндсэн чиг үүргийн Сангийн, Гадаад харилцааны, Байгаль орчны сайдыг парламентын гишүүдээсээ сонгоно гэж байна. Гэвч үнэндээ батлан хамгаалахын салбар хамгийн чухал учраас яагаад үндсэн чиг үүрэгт оруулж болохгүй гэж. Ингэж бушуу туулай борвиндоо баастай гэгчээр яаравчилж, бялуу хэрхэн хуваарилахыг хуульчлан, сонгуулийн өмнө улс төрийн шоу хийхийнхээ оронд томоохон, цогц шинэчлэл хийх цаг нь болсон.

Энэ парламентын отгон чуулган нээлтээ хийлээ. Эдийн засгийн байдал амаргүй байна. Зайлшгүй, шуурхай хэлэлцэх өөр ямар хуулиуд байгаа бол. Хугацаа бол маш бага үлдлээ?

-Миний хувьд намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж, саяхан нийтдээ 108 удаа уулзалт хийлээ. Иргэдийн санал, хүсэлт, шаардлагыг нэгтгээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд, Байнгын хорооны дарга нарт санал хүргүүлсэн. Шударга ёс эвслийн бүлэгтээ ч өглөө. Иргэдтэй уулзаж байхад амьдрал нь амаргүй байгааг дуулгаж, тулгарч байгаа бэрхшээлүүдийг нэг бүрчлэн танилцуулсан. Тиймээс энэ хаврын чуулганаар татварын хуулиуд болон эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хуулиудыг яаравчлан шуурхай хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Эдийн засаг ийм хүнд байхад заавал НӨАТ-ын баримт хэвлэх машин ав гэж хувиараа бизнес эрхлэгчдийг дарамтлах шаардлагагүй. Энэ мэт асуудлыг эргэн харж, засч сайжруулах хэрэгтэй.

Иргэдийн зүгээс ямар санал түлхүү хэлж байсан бэ. Та Сонгинохайрхан дүүрэг гэлтгүй хөдөө орон нутагт очиж ажилласан гэсэн?

-Хаврын чуулганы завсарлагаанаар зөвхөн Сонгинохайрхан дүүрэг гэлтгүй, Архангай аймагт очиж ажилласан. Өвөрхангай гээд хэд хэдэн аймгуудаар явахаар төлөвлөөд байгаа. Өнөөдрийн дэлгүүр эрхлэгч нар зээлээр бараагаа өгдөг системд шилжсэн байна. Иргэд тэтгэврийн болон хүүхдийн мөнгөний дэвтрээ барьцаалж хүнсээ авч байна. Зээл аваад найдвартай төлж байгаа хүмүүстээ тусгай дэвтэр гаргаад бүртгээд явж байхтай таарсан. Ийм нөхцөлд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлого буураад байгаа. Маш олон бизнес эрхлэгчид эргэлтийн хөрөнгөгүй болох эрсдэлтэй байна. Үхэх нь үнэн. Татвар төлөх нь үнэн гэдэг зах зээлийн зарчим бий. Иргэдтэй уулзалт хийхэд НӨАТ-ын баримт хэвлэгч машины тухай л ярьцгааж байна. Эдийн засаг хүнд байгаатай холбогдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг газар бүрт ярьж байлаа. Цалин авдаг ч аманд ч үгүй, хамарт ч үгүй гэгчээр дуусч, юунд ч хүрэлцэхгүй байна. Сонгинохайрхан дүүрэг олон хүн амтай, тулгамдсан асуудал ихтэй. Хэдийгээр иргэд маань амьдрал ахуй нь хүнд байгаа хэдий ч Монгол Улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын асуудал дээр сэтгэл зовниж байгаа илэрхийлж байна. Тэд хэтийг харсан, монгол хүндээ ээлтэй, хөгжлийн бодлого тодорхойлж хэрэлдэж талцалгүй хамтарч ажиллаач ээ гэдгийг онцолж байлаа.

МАН, МАХН нэгдэж сонгуульд орох асуудлын хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Дүгнэлт, шийдвэр нь гарсан уу. Нэгдэх асуудал байхгүй гэдгийг Н.Энхбаяр дарга хэлсэн. АН, МАХН хоёр цаашид хамтарч сонгуульд орох уу, яах уу гээд асуулт байна л даа?

-МАН, МАХН хамтарч ажиллах талаар би хамгийн их ярьж, санаачилга гаргадаг хүн л дээ. Өмнө нь ч танай сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар хэлж л байсан. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаад баяртай байгаа. Ажлын хэсэг даруйхан шийдвэрээ гаргах ёстой. Таныг орж ирэхийн өмнөхөн “Юу болж байна” гээд асуугаад сууж байлаа. Ямартай ч санамж бичгийн төсөл гарчихсан байна. Зарим нэг зүйл дээр санал нэгдэж чадахгүй байгаа юм билээ. Энэ талаараа цаашид ярилцаж, зөвшилцөж, шийдэх боломж уг нь бий л дээ.

Зөвхөн МАН-тай биш Ардчилсан нам, Монголын ногоон намтай хамтран ажиллах хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн шийдвэрээр л ойрын өдрүүдэд хамтрах уу, эс хамтрах уу гэдгээ шийднэ. Энэ долоо хоногт бараг шийдвэр гарчих болов уу даа. Тэгэхгүй бол нийгэмд хүлээлт үүсгээд өөх ч биш, булчирхай ч биш болоод байна л даа. Миний хувьд жил болгон чуулган бүрийн завсарлагаанаар тойрог болон хөдөө орон нутагт ажилладаг. Тэдний санаа бодлыг аль болохоор хууль тогтоол боловсруулахад тусгах, холбогдох албан тушаалтнуудад хүргэх, байр суурийг нь шийдвэр гаргах түвшинд хүргэхийг хичээдэг. Нийгэмд талцал хэтэрхий гаарч байна. Шашнаараа, намаараа, аймаг сумаараа, талцдагаа больж “Монгол Улсаа гэсэн нэг эрх ашиг”-ийн төлөө нэгдэх, хүчээ зузаатгах, хамтран ажиллах нь зөв гэж боддог.

Саяхан болсон Монголын эдийн засгийн форумыг ажиглаж байхад нэг намын ҮАБЗ-ийн гурван гишүүн, төрийн гурван өндөрлөг маань гурван тийшээ харсан гурван өөр үг хэллээ. Нэг нь “Таван толгойг гацаачихлаа. Том төслүүдээ хөдөлгөх ёстой” гэж байхад нөгөөх нь “Бид Таван толгойг авч үлдлээ ч гэж байх шиг. Хоёр хөршийнхөө талаар бодууштай олон зүйлийг хэлж байна лээ. Төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн гишүүд хоорондоо эв нэгдэлтэй, нэг дуу хоолойтой байхгүй болохоор ард түмэн итгэл алдарч байна.

Сүүлийн үед улстөрчид өш санасан мэт шүд зуусан мэдэгдэл ч хийх болов. Улс төр, эдийн засгийн цус холилдсон бүлэглэлүүдийн тулаан ил цагаандаа гарч байна. Энэ нөхцөл байдлыг гадаад, дотоодын санаа буруу нөхдүүд дэвэргэж, үймээн самуун руу хөтлөх вий гэж болгоомжлох юм. Тиймээс монголчууд бид ухаантай байж, аливаа турхиралтад үл автаж, хүчирхийллийн бус замаар эв нэгдэлтэй байж давна гэдгээ байнга бодож байх хэрэгтэй. Бид эвдэрвэл, бие биенээ хэт үзэн ядвал бутаргах, сульдаах шиг амархан зүйл үгүй.

Ардчилсан нам дотор лидерүүдийн тулаан өрнөөд байна уу гэж харагдаад байгаа. Харин МАХН дотор ихээхэн хэмжээний мөнгө тойрсон асуудлууд л их байх шиг байна. Үүнээсээ болоод хоригдож ч үзлээ шүү дээ?

-Ихээхэн хэмжээний мөнгө гэдэг нь юуг хэлээд байгаа талаар ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх. Сая, сая ам.долларын асуудал манай нам дээр яригдахгүй байгаа. Яахав ганц нэг зөрчил аль ч намд гардаг л байх. Зарим хүмүүсийн санаатай болон санамсаргүй алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Уул уурхайн лиценз, тендер авч намаа санхүүжүүлсэн зүйл манайд алга. Хэдэн тэрбум, тэрбумаар намаа санхүүжүүлсэн жишээ манай улсад бий шүү дээ. Намын санхүүжилтийн асуудал бүх намын хувьд толгойны өвчин болсон. Зөвхөн МАХН-д ийм асуудал тулгараад байгаа юм биш. Том намуудад ил болоогүй болохоос шалгах, нягтлах зүйл харин ч их байгаа байх шүү.

МАХН-ын хувьд олигарх, нам дамжсан эдийн засгийн бүлэглэлтэй хутгалдаагүй, гадаадынхантай нийлээд баялгаа хуулийн хүрээнд хулгай хийхээр сүлбэлдээгүйгээрээ ялгарна гэж бардам хэлэх байна. Магадгүй Шийлэгдамбын асуудал харин ч олон нийтэд намуудын тухай хуулийг өөрчлөх, санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох цаг болсон гэдгийг тод томруунаар харуулсан ч байж мэднэ. Гэхдээ энэ дунд нугалаа явж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй. Намын санхүүжилт гэсэн өнгөлөн далдлалт нэрээр хэлмэгдүүлэлт хурцдаж эхэллээ.

Маргааш Н.Энхбаяр даргыг хоёр жилийн өмнө баривчилсан өдөр болно. Миний бие монгол төрийн гурван өндөрлөгөөр ажиллаж байсан хүнийг цагдаа, хууль хүчний байгууллагынхан сүрийг үзүүлэн барьсныг буруу гэж үздэг. Монголын төрд зүтгэсэн хүмүүсийн түүх эмгэнэлтэйгээр төгсөөд байдгийг түүх хангалттай гэрчилнэ.

Танай бүлгийн Л.Цог, Г.Уянга нарын гишүүд бүлгээс гарчихлаа. Цаашид бүлэг яах бол. Д.Батцогт гишүүн АНд орсон. Хоёр гишүүн гарсан. Одоо тойргоос сонгогдсон ганц гишүүн нь та юм биш үү?

-“Шударга ёс” эвслийн бүлэг задрахгүй гэж бодож байгаа. Харин дахиж нэмэгдээд нэг гишүүн гарах юм бол нөхцөл байдал хэцүүднэ. Анх манай бүлэг 11 гишүүнтэй байсан. Эднээс дөрөв нь тойргоос сонгогдож, долоо нь квот буюу жагсаалтаар орж ирсэн. Д.Батцогт гишүүн АН-д орж, сая Л.Цог, Г.Уянга хоёр бүлгээс гарчихлаа. Тойргоос сонгогдсон ганц гишүүн бүлэгтээ үлдээд байгаа нь би.

Та бүлгээсээ гарах юм уу?

-Бүлгээс гарна гэсэн бодол алга. МАХН-ын дэд даргын хувьд ч, УИХ-ын гишүүний хувьд ч сонгууль болох хугацаа ойртсон учир энэ засгийг бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой ажиллах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Одоо бужигнууллаа гээд цөөн улстөрч л хожихоос биш олон түмэн л хохирно.

Н.Энхбаяр дарга хэзээ Монголд ирэх вэ. Долоо хоногийн хугацаатай БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан ч ирээгүй байна. Н.Энхбаяр даргыг явсных нь дараа түүний хамгаалагч М.Мөнхөө гээд залууг АТГаас баривчилсан байна лээ

-Учир начир нь олдохгүй ар араасаа баривчилгаа л үргэлжлээд байх юм. Миний хувьд хууль хяналтынхны өмнөөс ярих боломжгүй л дээ. Гэхдээ бие хамгаалагчаар ажиллаж байсан хүнийг яахаараа ч хорихоор болчихдог юм. Ерөөсөө ойлгохгүй байгаа. Гэхдээ эхнээсээ учир нь тайлагдах байх л гэж найдаж байна. МАХН-ын Нарийн бичгийн дарга П.Цогтбаатар суллагдлаа. Н.Энхбаяр дарга БНСУ руу явахынхаа өмнөх өдөр л явах гэж байгаа гэдгээ хэлсэн. Ачаалал ихтэй ажиллаж байгаа болохоор ирж эмчилгээгээ хийлгэ, шинжилгээнүүд өгөх шаардлагатай гэж БНСУ-аас мэдэгдсэн юм билээ. Тэр хүрээндээ явсан. Саяхан Н.Энхбаяр даргатай ярихад шинжилгээгээ өгөөд, эмчилгээгээ хийлгэж байна гэсэн. Шинжилгээний хариу нь гарвал эх орондоо хүрээд ирэх байлгүй дээ.

Та намынхаа дэд даргын албан тушаалаа өгнө гээд өргөдлөө өгсөн. Та болохоор Н.Энхбаяр дарга байгаа үед хоёр дэд дарга байх шаардлагагүй гэсэн. Гэсэн ч таны ярьж байсны бүр эсрэгээрээ гурван дэд даргатай болж өөрчлөлт орчихлоо л доо

-Миний хувьд Н.Энхбаярыг эх орондоо ирж, намынхаа ажилд ороход “Ямар ч байсан бүрэн бүтнээр нь намаа хүлээлгэж өгье, халуун чихийг нь атгуулъя” гэж хэлээд өргөдлөө өгсөн хэрэг. Гэвч нөхцөл байдал ч өөрөөр эргэж байна. Манай намын Бага чуулган хуралдаад дэд даргаас чөлөөлөөгүй, харин ч нэмж одоо гурван дэд даргатай болгох шийдвэр гаргасан. Олонхын шийдвэрийг дагах ёстой л гэж боддог. Энэ чинь ардчиллын нэг үнэт зарчим шүү дээ.

Он гарсаар Монгол Улс 750 сая ам.долларын зээл авчихлаа. Ерөнхий сайд Хонгконгт Азийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцохдооМонголд бизнес эрхлэх орчин бүрдлээгэдэг зүйлийг хэлсэн байна. Зээлийн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үнэхээр бизнес эрхлэх орчин сайжирч байгаа бол сайн л байна. Гэхдээ базаахгүй мэдээ мөн ч олон байна. Өмнөх онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зөндөө ажил хийсэн хувийн компаниуд одоо болтол мөнгөө авч чадаагүй байна. Бизнес эрхлэгчид маш хүнд байдалд оржээ. Төрийн ажил хийгээд хугацаандаа мөнгөө авчихна гээд бүгд зээл авчихсан. Гэтэл төр мөнгөө өгөхгүй болохоор тэд өрөнд орж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч болжээ. Ажлыг нь хийлгэчихээд “Улс мөнгөгүй байна. Чиний ажлын хөлсний 30 хувийг нь хасаад 70 хувийг нь өгнө шүү” гэсэн гэж бизнес эрхлэгчид ярьцгааж байна. Аймшигтай дарамтад оруулж байгаа биз дээ.

Дотоодынхоо компаниудын мөнгийг өгөхгүй байж гадаадын компаниудын мөнгийг 250 сая ам.долларын зээл авч төлөх юм гэнэ. Хан Ресурсын гэрээг цуцалж, хариуцлагагүй ажилласан төрийн түшээдтэй хариуцлага тооцохгүй байж, шууд 70 сая ам.долларыг нь барагдуулна гээд сууж байх юм. Жастин Каплагаас 35 тэрбум төгрөг авахгүй ч гэж байх шиг. Үндэсний бизнес эрхлэгчдэд яаж ингэж хатуурхаж чадаж байна аа. Аль болохоор асуудлыг түрүүлж шийдэхийг хичээх ёстой биз дээ.

Өмнө нь тантай ярилцаж байхад намын жагсаалтад “28 ланжгар орох ёстойгэж байсан. Сонгууль дөхсөн энэ үед таны бодол санаа хувираагүй байгаа биз дээ?

-Хамелеон биш дээ. Юу гэж өнөөдөр ярьснаа маргааш мартах вэ дээ. Байр суурь нь байнга холбирч байдаг тууштай биш занд дургүй. Өнөөдөр Монголын төрийн дүр төрхийг “тогоон” дотор нь байгаа хүний хувьд дэндүү сайн мэдэж байна. Тийм болохоор Монгол төрийн босгыг өндөрсгөе, салбар бүрийн мэдлэгтэй, чадвартай, туршлагатай, хий нь гарсан, улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх “ланжгаруудыг” оруулъя гэж уриалаад байгаа юм шүү дээ. Намууд жагсаалтын 28 гишүүний нэрс гаргахдаа ёстой л Монгол төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэх, “толгойг” нь хөгжлийн төлөө ашиглах эрхэм хүмүүсээ шигшиж байгаад оруулчихвал дараагийн парламентын өнгө тэс өөр болно доо. Тэгээд цаашлаад Үндсэн хуульдаа ч өөрчлөлт оруулж хууль тогтоох дээд байгууллага нь бодлогоо боловсруулж, хууль, тогтоолоо баталдаг болж, төсөв, томилгооны эрх мэдлээ гүйцэтгэх засаглалдаа хариуцуулж, болж өгвөл олигарх, бизнесийн бүлэглэлүүдийн сүүдрийг тусгамааргүй байна. Энэ бүлэглэлүүд үнэндээ өөрсдийнхөө эрх ашигтай л уях гэж Монголын хөгжлийг хойш татаж байна шүү дээ. Сэтгэл нь цэвэр, бодол нь цэгц, ухаан нь цэлмэг, хуримтлуулсан туршлага нь арвин, баргийн зүйлд барьц алдахгүй ланжгарууд л мөнгөний үнэрт автахгүй гэдэгт итгэж байгаа. Иргэд сонгуульд саналаа өгөхдөө нам бүрийн жагсаасан 28 хүнийг нь сайн харах хэрэгтэй. Тэр жагсаалтад нэр цэвэр улс орны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах ямар ямар хүмүүсийг оруулсан байна гэдгийг харж сонголтоо хийх нь чухал юм.