Categories
мэдээ цаг-үе

П.Даш: Хэн нь хэнийгээ хэлмэгдүүлж байгаагаа мэдэхээ больсон цагт л хэлмэгдүүлэлт дуусна

Хил манасан байлдагчаас хошууч генерал болтлоо хоёргүй сэтгэлээр хилийн цэрэгт зүтгэж, Онцгой байдлын ерөнхий газрын тулгын чулууг анх тавьсан П.Даш генералтай уншигч та бүхнийг уулзуулж байна. ОБЕГ-ын нэгэн өрөөнд бид ийн ярилцлаа.

-Та Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа. Цасан шуурга шуурч Дархан, Сэлэнгийн нутгаар зам даваа хаагдаад байна гэсэн үү?

-Урьд шөнө их хэмжээгээр цас орж, даваа гүвээ хаагдаад байна. Ард иргэд шуурганаар эсэн мэнд байгаа болов уу, энэ хэд маань хэрхэн ажиллаж байна, зөв зохион байгуулалт хийж цасанд боогдсон хүмүүст яаралтай тусламж үзүүлж байна уу гээд л хүрээд ирлээ. Ажил алба хэвийн үргэлжилж байна даа. Гэхдээ хийх ажил мундахгүй байна.

-Та говь нутгийн хүн. Таны өсч торнисон газар Өмнөговь аймгийн Ханбогд сум гэдэг байх аа?

-Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Пүрэв гэдэг хүний хүүхэд. Манай аавыг Пүрэв, ээж маань ч Пүрэв гэдэг нэртэй. Их сонин юм шүү. Миний эмээ ээж Дорноговь аймгийн Алтанширээ сумаас тэр үеийн Айлбаян сум руу айлд өргөгдсөн. Манай аав Айлбаян сумаас Ханбогд сум руу мөн л айлд өргөгдсөн байдаг юм. Манай хамаатан садан Дорноговь аймагт олон бий. Хуучин засаг захиргаагаар ярих юм бол би Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны хүн дээ. Манай эмэг ээжийг өргөж авсан хүнийг Ядам занги гэдэг байсан юм билээ. Хил хамгаалах нэгжийн даргын албан тушаалтай хүн байсан гэдэг.

Ядам гэдэг үгийг төвд хэлнээс монгол руу орчуулах юм бол “дээд сэтгэлт” гэсэн утгатай үг. Хүн болгон боржигон гэдэг овогтой болчихоод болохгүй болохоор нь дээд сэтгэлт гэдэг овог авсан юм. Манайх бод малтай, олон тэмээтэй айл байсан. Хүүхэд нас маань бусдын адил малын зах дээр өнгөрсөн. Долоон настай сургуульд орж байлаа. Тэр үед байшин барилгын бараа огт харж байсангүй. Биднийг өсөж том болох үеэр байшин барилга баригдаж эхэлсэн дээ. Тэмээнээс өндөр байшин үзэж, гайхаж нүд орой дээрээ гарах шахаж байлаа. Сүүлдээ нөгөө байшиндаа дасаад дээвэр дээрээс нь үсэрч бууж тоглодог болсон доо.

-Хилийн цэрэгтэй амьдралаа хэрхэн холбож байсан бэ. Цэргийн их сургуульд явж чадалгүй үлдэж байсан гэх яриа байдаг?

-Аравдугаар ангиа 1971 онд төгсөөд их сургуулийн Геологи инженерийн ангид суралцах хуваарь авдаг юм. Тэгсэн манай нэг найз Цэргийн их сургуульд суралцах хуваарь аваад эрүүл мэндийн шалтгаанаар хасагдчихдаг юм байна. Тэгээд Цэргийн сургуульд суралцах боллоо. Ингээд сургалтад суугаад явах гэж байтал дахиж эрүүл мэндийн үзлэг хийгээд намайг хасчихсан. Таних мэдэх хүнгүй хотод ирсэн хөдөөний хүүхэд яах учраа олохгүй байлаа. Гэгээрлийн яам ороод дарга нартай нь уулзлаа. Цэргийн сургуульд нь орж чаддаггүй юм бол өөр сургуульд ормоор байгаагаа хэллээ. Тэгсэн “Өөр сургуульд оруулах ямар ч боломж байхгүй. Харин ЗХУ руу геологийн чиглэлээр хоёр жилийн ТМС-д яв” гэж байна. Геологийнх нь инженерийн сургуульд сураагүй байж тэр сургууль руу нь явахгүй гэж бодогдлоо. Тэгээд хувийн хэргээ ч авч чадахгүй нутаг руугаа буцсан. Өмнөговь аймгийн төв ганцхан арван жилийн сургуультай байсан. Тэгсэн найман жилийн сургууль шинээр нээгдээд боловсон хүчин дутмаг байснаас болоод намайг бага ангийн багшаар ажилд авсан. Хөдөө сумдад хүртэл очиж багшилж байлаа. Ингээд тэндээсээ цэрэгт татагдаад 1972 онд Хилийн цэрэгт Овоотын отръядад очсон доо. Ингэж л хилийн цэрэгтэй амьдралаа холбосон түүхтэй.

-Монгол, Хятадын харилцаа тааруу байх үед хилийн цэрэгт очиж байсан юм байна. Тэр үед хятадууд хил зөрчих асуудал гаргаж байсан уу?

-Хилийн цэрэг 1953 онд татан буугдсан байдаг. Ингээд 1967 онд дахин хилийн цэргийг байгуулсан. Намайг цэрэгт очих үед хилийн цэрэгт боловсон хүчингүй болчихсон. Татан буугдах үед ажиллаж байсан хүмүүсийг эргүүлж ажилд авч байлаа. Богино хугацаанд жилийн курсээр офицер бэлтгэх сургалт хийж байсан. Тэр үед Хятад, Монголын харилцаа муу байсан. Монгол Улс социалист нөхөрлөлийн орнуудын хамгийн урд хэсгийн хилийг хамгаалж байгаа улс байсан. Харин Хятад социалист системтэй улс. Манай орон маш чухал хилтэй орон байлаа, тухайн үед. ЗХУ-аас сургуульд үнэгүй сургасан. Жилд зуун хүүхэд явж байлаа, Орос руу. Зуун хүүхдээс арвыг нь дээд сургуульд, 80-ыг нь дунд сургуульд сургасан. Ингэж Орос руу хилийн цэргийн сургуульд явсан юм. Эргэж ирээд Монгол Улсын хамгийн урд цэг буюу Орвог гашууны бор толгойн заставын даргаар томилогдож очсон. Нэг зүйл санаанаас огт гардаггүй юм. 1981 оны гуравдугаар сарын 22-нд хил дээр заставын даргаар ажиллаж байв. Радио өргөн нэвтрүүлэг сонсоод л байж байлаа. Тэгсэн гэнэтхэн радио шөнийн 03:00 цаг хүртэл үргэлжилнэ гэдэг юм байна. 1979 онд Хятад Вьетнам руу довтолж байсан. Лут том дайсан гэж яригдаж байсан юм. Дотроо дайн зарлах гэж байгаа юм байна гэсэн бодол төрсөн юм. Тэгээд хоёр орлогчтойгоо радио сонсоод хүлээгээд суучихсан. Тэгсэн “Анхаараарай. Монгол хүн сансарт нислээ” гэж хэлж байсан. Дотор бөөгнөрсөн хар юм алга болох шиг л болсон. Тэгээд “Сансарт ниссэн хүн маань эсэн мэнд ирээсэй” гэж бодож байлаа. Мөн Хятадын хилийн цэргийнхэнтэй хил гарч уулзалт хийгээд эргэж ирэхэд нутгийн минь газар зөөлхөн юм шиг санагддаг байв. Тэр үед надад хүнд төрөлхийн эх орноо гэсэн сэтгэл зүрх байдаг юм байна гэх бодол төрж байсан даа. Хүйтэн дайны үед буюу намайг застав, отръядын даргаар ажиллаж байхад янз бүрийн зүйлс тохиолдож байсан. Урд хилийнхэн тэмээ унана. Газар нутгаа өөрөө сайн мэдэх ёстой. Цэргүүд ч газар нутгаа сайн мэдэх шаардлагатай байдаг. Нэг хилийн баганаас нөгөө багана хүрэхдээ чулуу авдаг. Авсан чулуугаа цэргүүдэд таниулга хийнэ. Энэ чулуу хэддүгээр баганаас авсан чулуу вэ. Тэр хилийн багана хүрэхэд хэдэн километр байдаг вэ. Ямар нэртэй газрын чулуу вэ гээд л таалгаж таниулдаг. Нэг орой Хятадын талаас таван машин Монголын хил рүү чиглээд ирж байна. Хэт богино долгионы станцтай болчихсон байлаа. Станцаараа хил хүргэчихээд цэргүүдээ байлдааны бэлэн байдалтай болгосон. Бүх цэрэгтээ сум, зэвсэг тарааж өгчихөөд хүлээгээд байлаа. Цувраад явж байсан машин хилийн шугам дээр дөнгөж тулах шахаад л эгнээд зогслоо. Одоо л давших нь гээд бодож байлаа. Машинаас хятад цэргүүд буугаад хоорондоо дохиж яриад байх юм. Ингээд машинтайгаа дахиад наашаа хөдөлж явснаа дугуйрч зогсож байгаад эргээд цаашаа явчихсан. Түүнээс удалгүй нэг өглөө босоод иртэл Хятадын хилийн ойролцоо цагаан байшин шиг юм босчихсон байна. Бид байшин барьчихсан байна гэж дурандаад байгаа. Хятадын том том асар шувуун нуруутай байшин шиг хийцтэй. Байшин шиг харагддаг юм билээ. Хилийн цаана хятадууд тэсэлгээ хийнэ. Тэгэхээр хилээс 30 гаруй километрийн гүнд байгаа заставын барилгын цонх хүртэл хагардаг байсан. Иймэрхүү зүйл зөндөө болдог байлаа. Тэр нь бидний сонор сэрэмжийг их дээшлүүлдэг байсан. Ах нь хилийн цэрэгт байсан хугацаагаа бодож үзсэн. Машинаар хэдэн километр явсан байна, хэдэн шөнө нойргүй хонож байсан бэ гэдгээ барагцаалсан байдлаар тооцоолж үзсэн. Тэгэхэд 1.3 сая километр машинаар явсан байна. Өөрөөр хэлбэл, дэлхийг гурав тойрох хэмжээнд явсан байна лээ. Харин хоёр жил гаруйн хугацаанд нойргүй буюу нойр хагасалж хоносон гэдэг тооцоо гаргасан. Ганцаараа застав дээр ажиллаж байсан, хил дээр манаатай байснаас эхлээд олон удаа нойргүй хонож байсан байгаа юм. Хүнээс хариуцлага нэхэхийн тулд өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй.

-Та генерал цолоо аваад удаагүй байхдаа хилээр хууль бусаар машин гаргадаг үйлдлийг таслан зогсоож байсан гэдэг. Энэ талаараа ярихгүй юу?

-1995 онд ХХЕГ-ын дарга бие бүрэлдэхүүнээ цуглуул гэсэн үүрэг даалгавар өгдөг юм байна. Цуглуулчихаад зогсож байтал намайг генерал цолоор шагнаж байгаа гэдгийг албан ёсоор хэлсэн. Тэгээд л тэр шөнөдөө генерал хувцас захиалаад цол тэмдгээ авч байсан. Генерал цол авах үед машины хулгайн наймаа ид цэцэглэж байсан юм. Цадигаа алдсан зүйл болсон. Анх Европоос манайхан машин оруулж ирээд боомтоор гаргадаг байлаа. Тэгсэн хятадууд хилээрээ орж байгаа худалдаалах машины татварыг 200 дахин нэмсэн. Тэгээд боомтгүй газраас хил давуулж машинаа гаргах болсон. Машины хууль бусаар хил давуулан худалдаалах наймаа хэрээс хэтэрч хилийнхэн хүртэл оролцдог болсон. Тухайн үед хил хамгаалах байгууллага хүн хүч, машин техник тааруу байсан үе. Тэгээд УИХ-ын гишүүн байсан генерал Д.Базарсад, П.Сүндэв генералтай ярилцаж байгаад хэрхэн зогсоох талаар арга хэмжээ авахаар боллоо. Оросын хил хамгаалах урлагт хилийн операц гэдэг зүйл байсан. Үүнийг зохион байгуулж, энэ хөдөлгөөнийг зогсооё гэсэн шийдэлд хүрсэн. Тухайн үед Д.Базарсад генерал УИХ-ын гишүүн байсан юм. Тэгээд маш нууцаар төлөвлөгөө боловсруулсан. Прокурор, тагнуул, шүүхийг энэ ажиллагаандаа татан оролцуулах ажил хүртэл хийсэн. Маш нууц төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батлуулсан. Энэ ажлыг бид гурваас гадна Ерөнхийлөгч, тагнуул, прокурорын дарга нар л мэдэж байсан. Бэлтгэлээ хангаж байхдаа даргад нь Овоотын чиглэлд ажиллана гэж хэлдэг. Тэгээд чи цэргүүддээ Завхан руу явна гэж хэлээрэй гэдэг. Ингээд бэлтгэл сайтар хангагдсан. Нисдэг тэргээр явж үзлэг хийгээд нууц ажиллагаа явуулж чадсан. 40 гаруй хил зөрчигч, 20 гаруй машин хурааж авсан. Тэгж Монголын хил хамгаалах урлагийн түүхэнд анх удаа хилийн операц гэдэг зүйл хийсэн дээ.

-ОБЕГ-ын анхны даргаар томилогдож ажилласан байдаг?

-Тийм ээ. 2003 оны есдүгээр сард Энэтхэгт курст явсан юм. Төгсөх дөхөөд байж байтал УИХ-ын гишүүн асан Д.Идэвхтэн над руу залгаад “Ерөнхий сайд Н.Энхбаяр таныг хүрээд ир” гэж байна гэж хэлсэн. Тэгээд шалгалт энэ тэрээ өгчихөөд ирсэн. 2004 он дөнгөж гараад байтал Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрыг байгуулсан. Харин хоёрдугаар тогтоолоор намайг даргаар нь томилсон. Тэгээд л ажлаа аваад Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалттай тэмцэх газар, Улсын нөөцийн газрыг татан буулгасан байсан. Бүх дарга нарыг ажлаас нь халчихсан байсан. Тэгэхээр нь халагдсан дарга нарыг түр тушаалаар орлогчоор томилж байгаад дахин байгуулсан. Шинэ газар байгуулж байгаа болохоор маргаантай, муудалцаантай зөндөө л юм болсон. Гэхдээ маш түргэн хугацаанд бүгдийг хийж чадсан. Гамшгаас хамгаалах хууль батлагдаад зургаан сар болж байсан. Хууль огт хэрэгжээгүй. Удалгүй сонгууль болж Онцгой байдал эрхэлсэн сайдаар У.Хүрэлсүх томилогдож иргэд бид хоёр гар нийлж ажилласан. У.Хүрэлбүх ч Засгийн газар, УИХ дээрх асуудлыг шийдээд явна. Дотоод асуудалд огт оролцохгүй гэж хэлсэн. Ингээд хийе гэж бодож байсан бүх зүйлээ хийж амжуулж чадсан. Гамшгаас хамгаалах тухай хуульд хүн амын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин бүгдийг хамгаалах тухай оруулахыг хичээсэн.Гэтэл хүнээ хамгаалах талаар олигтой юм хийж чадаагүй. Ард түмнийг аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Энэ хамгийн гол зүйл. Аврагч нарыг хүн авардаг чиглэлээр бэлтгэх гэж хичээсэн. Гэвч чадаагүй. Саад бэрхшээл даанч их байсан. Тэр үед нам хоорондын зөрчил, улс төрийн нөлөөнөөс болоод хийж чадаагүй юм.

-Таныг ОБЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд Ми-8 нисдэг тэрэг осолдож, олон алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсан. Энэ талаар та юу бодож явдаг вэ?

-Тэр ослыг бодохоор маш их харамсдаг. Харамсаад ч харамсал барагддаггүй юм байна. Тухайн үед онгоц нисгэнэ гэдэг маш өндөр зардал гардаг байсан. Онгоц нисгэхгүйгээр өөр аргаар түймэр унтраах боломжийг эрэлхийлдэг байлаа. Онгоц нисгээд байх хөрөнгө санхүү ч байгаагүй. Тэр үед АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар сургалтад жилийн өмнө явах төлөвлөгөө байсан. Тэгээд явчихсан байсан. Түймрийн үед Сэлэнгийн Ерөө суманд нисдэг тэрэг явуулах талаар яригдсан байдаг. Тэр үед Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын дарга “Наашаа илүү хүч явуулаад хэрэг байхгүй. Бид эндээ унтраачихна” гэж хэлсэн байдаг. Гал түймэр хариуцаж байсан хоёр том даргыг загнаад хөдөөнөөс дөнгөж түймэр унтраагаад ирж байсан шүхэрчдийг маргааш өглөө нь яв гээд тушаал өгчихсөн байдаг. Харамсал төрөөд байдаг зүйл нь тэнд шөнөжин бороо ороод хоносон байсан. Өглөө нисэх гэж байхад нь ч бороо орж байсан. Талийгаач нарын хамгийн сүүлчийн камерын бичлэг бий. Намирсан бороон дундуур гүйгээд л онгоц руугаа орж байгаа. Бороо тэгж орж байхад явуулчихсан байсан нь илүү харамсал төрүүлдэг. Хэдийгээр өөрөө хийгээгүй ч надаас болоод ийм юм болчихсон юм шиг л хүндээр хүлээж авсан. Би АНУ руу яваагүй байсан бол яагаад ч тийм нөхцөлд явуулахгүй байсан гэж боддог. Тэгээд л осол гарсныг сонсоод эргээд ирсэн. 15 хүний эрдэнэт амь эрсэдсэн. Тэр шөнөдөө талийгаач нарын гэрээр орсон. Хамгийн хэцүү зүйл тэр байсан даа. Хэний ч буруутай шийдвэр байсан миний удирдаж байсан газарт нөхөж баршгүй гарз тохиосонд харамсдаг. Одоо ч энэ талаар бодох хэцүү.

-Та ОБЕГ-т ажиллаж байхдаа авлигын хэрэгт буруутгагдаж, хорих ялаар шийтгүүлсэн. Энэ талаар ярих цаг нь болсон байх?

-Амьдралын даваа нугачааг алийг тэр гэх вэ. Бага залуу насанд алдаж онох зүйл бишгүй л байдаг. Тухайн үедээ алдсан зүйлдээ зэмлүүлээд л явдаг байсан. Онцгой байдлын газар бий болоод ажил нь жигдэрчихсэн үе. Үйл ажиллагаа нь ингэж сайн явж байгаа юм чинь үүний цаана идэж уусан зүйл байгаа байх гэсэн хардлага сэрдэлт байсан. Намайг энэ албанаас зайлуулж, дарга болох гэсэн хүмүүсийн ажил эрчимжсэн. Мөн зүгээр нэг хувь хүний биш, улс төрийн асуудал болсон. Намайг 17 зүйлээр гүтгэж, АТГ-т өгсөн. Ингээд хоёр гэрээг сугалж аваад буруутгасан. Цаг нь болж шударга шүүх бий болохоор гэм буруугүй гэдгийг минь тогтоогоод өгөх байх гэж итгэдэг. Экспортын үрийн буудайны үнийг дотоодын буудайны үнэтэй харьцуулаад зөрүү гаргадаг. Бүр чанар муутай таваарын будаатай харьцуулж зөрүү гаргасан. Ингээд улс хохирсон байна гэдэг. Нөгөөх нь шатахуун нийлүүлсэн компанийн шатахууны тооцоог өөр аргачлалаар бодоод зөрүү гаргасан. Ийм маягаар надад ял оноосон. Би эрхзүйч мэргэжил эзэмшсэн хүн. Таван жил гаруйн хугацаанд байцаагдахдаа олон зүйл мэдэж авсан. Надад инээдэмтэй зүйлээр хүчээр ял өгсөн. Хамгийн сүүлд болсон шүүх хурал хохирогч байхгүй. Гэрч байхгүй, ганцхан өмгөөлөгч бид хоёр суусан. Шүүгч нар цонх руу харж сууж байгаад л ял өгчихсөн. Үүнийг өс хонзон болгоод бодоод байдаггүй. Нэг талаасаа эхний үед амь насанд халдах гээд байна гэсэн. Нэг үе бие хамгаалагчтай хүртэл явсан. Шоронд сууж байхдаа төр миний амь насыг хамгаалж байна гэж бодсон. Аливаа зүйл хоёр талтай байдаг. Муу сүүдэртэй зүйл нь эрх чөлөөгөө хасуулж шоронд сууж байгаа юм. Гэгээтэй тал нь амь насыг хамгаалж байсан. Тэртэй тэргүй үнэн мөн нь тогтоогдох асуудал. Үүнд эмзэглэж байгаагүй. Өөрийгөө гэмт буруугүй гэдгийг мэдэж байгаа болохоор хэнээс ч айхгүй зоригтой байдаг. Тийм ч болоод мөрдөн байцаагч, прокурор нарыг мөн ч их загнаж тэрсэлдсэн. Үүний хариу ч байж мэднэ. Намайг бүр өршөөлд хамруулах шийдвэр гарч байсан. Би хүлээн зөвшөөрөөгүй. Та нар гэмт хэрэг хийсэн хүнийг өршөөдөг юм байгаа биз дээ. Би гэмт хэрэг үйлдээгүй, өршөөлд хамрагдахгүй гэсэн. Анхнаасаа намайг өршөөлд хамруулах гээд байсан. Би үгүй гэж хэлсэн. Шүүх хурлаар хүртэл өршөөсөн. Би тэр шийдвэрийг хүлээж аваагүй. Намайг хүмүүс зөрүүд гэдэг юм. Энэ бол миний өөрийн итгэл үнэмшил. Энэ бол зөрүүд зан биш шүү дээ. Энэ бүгдээс хараад байхад хууль, шүүхийн байгууллага өөр өөрсдийн оногдсон үүргийг хуулийн дагуу гүйцэтгээд явах юм бол хэлмэгдүүлэлт гарахгүй. Гэтэл одоо хууль, хяналтын тогтолцоо ямар болчихсон бэ гэхээр мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар нэг тал болоод хуйвалдаанд орчихдог болж. Энэ асуудал хуулийг гажуудуулж байна. Үүнээс болоод их хэлмэгдүүлэлт явагдаж байна. Хэлмэгдүүлж байсан түүхийг судалж үзсэн. Бие биенийгээ хэлмэгдүүлж явсаар байгаад сүүлдээ хэн нь хэнийгээ хэлмэгдүүлж байгаагаа мэдэхээ больдог. Бүгд хэлмэгдүүлэлтийг эсэргүүцдэг. Энэ үед л хэлмэгдүүлэлт дуусдаг түүхтэй юм байна лээ. Хэлмэгдсэн хэлмэгдүүлсэн хоёр нэг цэгт очихоор өнөөгийн хэлмэгдүүлэлт дуусна гэж харж байна. Монголд их хэлмэгдүүлэлт дуусах дөхөж байгаа юм уу гэсэн дүр зураг харагдаад байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Нямаа: Амиа хорлохыг бодож байгаа хүн бүх юмаа нууцлаад эхэлдэг

“Сэтгэлийн утас” зөвлөгөө мэдээлэл, сургалт судалгааны төвийн захирал, сэтгэлзүйч Б.Нямаатай ярилцлаа.

-Танай төв хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм бэ?

-Манай төв 2015 оны нэгдүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Олон нийтэд сэтгэлзүйн боловсрол олгох, хүн өөрөө өөрийнхөө сэтгэлзүйг удирдах хянах, аливаа асуудлыг зөв талаас нь, хурцатгахаас нь өмнө шийдвэрлэх энэ бүх чадварыг эзэмшүүлэхийн тулд бид сэтгэлзүйн боловсрол олгох хэрэгтэй. Тэр утгаар олон нийтэд сэтгэлзүйн боловсрол олгох, янз бүрийн асуудлуудыг хөндөх зорилгоор төвөө байгуулсан юм.

-Танайд өдөрт дунджаар хичнээн хүн ханддаг вэ?

-Манайх сэтгэлзүйн зөвлөгөөг утсаар өгдөг. Бидэн дээр шууд ирэх боломжгүй, хөдөө орон нутагт байгаа эсвэл гэртээ байдаг, хүүхдээ хараад гарах боломжгүй байдаг хүмүүс 1900-1050 дугаарын утсаар холбогддог. “Би яг одоо сэтгэлзүйн зөвлөгөө авах шаардлагатай байна”, “Хүнтэй ярилцахгүй бол болохгүй байна”, “Тулгамдчихаад байна. Одоо л ярихгүй бол болохгүй байна” гэсэн хүн 4-5 холбогддог. Харин “Би сэтгэлзүйн зөвлөгөө авмаар байна. Хаана очиж болох вэ. Биечилж уулзмаар байна” гэсэн эсвэл гэр бүл, ойр дотнын хэн нэгнээ дагуулж очиж зөвлөгөө авъя гэсэн 3-4 хүн ярьдаг л даа.

Манай монголчууд одооноос л сэтгэлзүйн зөвлөгөөг маш их хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, би яг одоо сэтгэлзүйчид хандахгүй бол үүсээд байгаа асуудал маань хүндрэх юм байна гэдгийг ойлгодог хандлага сүүлийн хоёр жилд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа.

-Хаврын улирал хүний сэтгэлд яагаад хүчтэй нөлөөлж, сэтгэлзүйг тогтворгүй болгодог юм бэ?

-Хүний өөрийнх нь бие махбодын физиологийн онцлог бий. Улирал шилжих үйл явцтайгаар холбоотой үүсдэг бие организмын хямрал гэж хэлж болно. Өвлийн улирлаас хавар буюу урин дулааны улирал руу ороход биед ч тэр байдалд дасан зохицох үйл явц явдаг. Дээр нь бие махбод ядрах сульдах, юм хийхээс дургүй болох ийм шинж тэмдэг давхар илэрдэг. Энэ нь бие организм өөрөө цаг хугацааны өөрчлөлттэй холбоотойгоор давхар хямарч байгаа. Энэ байдлаас болоод бие организмын өөрчлөлт эргээд сэтгэл санааны өөрчлөлтийг бий болгодог. Хүний бие организм байнга өөрчлөгдөж, хувирч байдаг. Хаврын улирал гэдэг нь ядарсан, туйлдсан эсхүл хэт их нозоорсон байдлаас болж сэтгэлзүйн хувьд өөрчлөлт оруулдаг онцлогтой.

-Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн өвчин нь хавар сэдэрдэг гэдэг нь үүнтэй холбоотой гэсэн үг биз?

-Холбоотой. Бие махбод нялхарч ядраад, цаг хугацааны өөрчлөлттэй дасан зохицох гэж хямрахаар бие суларч өвчин нь сэдэрдэгтэй адил сэтгэцийн өвчин ч адилхан үүн шиг сэдрэх, дахих магадлал нь нэмэгддэг.

-Сэтгэл хямралын хамгийн эцсийн цэг нь амиа хорлолт юм шиг ээ. Манай улсын хувьд амиа хорлолт нэмэгдэж байгаа гэсэн судалгаа гардаг. Тэр дундаа эрчүүд амиа хорлох нь их тохиолдох болжээ?

-Амиа хорлох гэдэг үйл явц бол сэтгэл гутралын хамгийн дээд цэг. Хүн өөрөө өөртөө сэтгэл гутарсан, өөрийгөө үзэн ядсан, өөрийгөө хэнд ч хэрэггүй юм байна. Би амьдрах ямар ч аргагүй юм байна. Эсвэл “Би үүнээс цааш юу ч хийх чадваргүй болчихлоо” гэсэн энэ их гутралын байдал нь амиа хорлох нөхцөлийг үүсгэдэг. Сэтгэл гутралаас хүн өөрийгөө сэргийлж байх хэрэгтэй. Хэрвээ сэтгэл гутрал буюу яг одоо юу ч хиймээргүй санагдаж байгаа, эсвэл амьдрал утгаа алдаж, харанхуй харагдаад эсвэл хэнтэй ч яримааргүй ганцаараа баймаар санагдаж, тэгээд ганцаараа байхаараа сэтгэл санаа тогтворгүй болж өөрийгөө яавал ч яачихаар санагдах гэх мэт эдгээр байдал нь амиа хорлоход маш том түлхэц болдог. Амиа хорлолтыг амиа хорлох, амиа хорлохыг завдах гэж ангилдаг. Нийт амиа хорлож байгаа хүмүүсийн 60 хувь нь эрчүүд байгаа. Гэхдээ амиа хорлохыг завдсан үйлдлийг эмэгтэйчүүд илүү их хийдэг. Нийгмийн хүчин зүйлээс гадна эрчүүдийн бие, сэтгэлийн онцлог нь ч нөлөөлж байгаа. Нийгмийн хүчин зүйлийн хувьд эрчүүд амьдралаа авч явах ёстой, мөнгө олох ёстой, ажил хийх ёстой, энэ гэр бүлийг сайн сайхан авч явах нь эрэгтэйчүүдийн үүрэг гэдэг хандлага байдаг. Гэтэл нийгэмд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай адилхан л байх ёстой. Адилхан л хөдөлмөр эрхэлж, адилхан л орлого олж байна. Гэтэл ачааны ихэнхийг эрчүүддээ үүрүүлээд байгаа нь тэднийг байж боломгүй хэмжээний шахалтад оруулаад байна. Энгийн жишээ хэлье. Залуучууд яагаад амиа хорлоод байдаг вэ гэхээр, найз охинтой боллоо гэхэд болзооноос эхлүүлээд л бүх мөнгийг эрэгтэй нь гаргадаг. Эрэгтэй нь эмэгтэйдээ гоё бэлэг авч өгөх ёстой, эрэгтэй нь машин тэрэгтэй байх хэрэгтэй гээд бүх зүйлийг тухайн эрэгтэй бүрдүүлчихвэл найз охинтой болж үлдэнэ. Хэрэв тийм биш бол өөр чадалтай, мөнгөтэй үеийнхээ залууд нөгөө дурласан сайхан охиноо алдах гээд байдаг. Тэгэхээр өнөө дарамт шахалтыг хоёр хосын харилцаа эхлэх үеэс л хариуцлага мэтээр үүрүүлчихээд байгаа юм, энэ нийгэм. Гэрлэлт ч ялгаагүй. Эрэгтэйн тал нь байртай байх хэрэгтэй. Хуримын бүх зардлыг эрэгтэйн тал гаргана гэдэг. Энэ байдал чинь эргээд эрэгтэй хүн өөрөө уг хариуцлага, ачааг үүрэх хэмжээндээ чадаж байна уу, үгүй юу. Боломж нөөц, ар гэр, ажил мэргэжлээ бүрэн эзэмшсэн үү, үгүй юу гэдэг энэ болгон чинь эргээд тэр хүнд ачаа болон очиход тэр залуу бэлэн байна уу, үгүй юу гэдэг нь хамаарчихаж байгаа юм. Энэ хамаарлыг давж чадахгүйгээсээ болоод залуус маань тэр дундаа 25-29 нас, 14-18 насны үечлэл дээрээ амиа хорлох нь их байгаа.

-Амиа хорлох гэж байгаа хүнд ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ. Ойр дотнын хэн нэгэн нь сэтгэлзүйн хувьд хэвийн биш, ер нь амиа хорлочих магадлалтай байгааг яаж мэдэх вэ?

-Хэн нэгэнд амиа хорлох, амиа хорлох тухай бодол төрж байгаа нь дараах хэдэн шинж тэмдгээр илэрнэ. Нэгдүгээрт, дуугаа хурааж ганцаараа байдлыг үүсгэдэг. Өрөөндөө ганцаараа байх, хэнтэй ч ярихгүй байх, юу болсноо илэрхийлж ярихаас дургүйцэх. Ээж, эхнэр нь болсон зүйлийг тодруулах гэвэл ярихаас татгалзаж “Зүгээр” гэдэг. Сэтгэл гутралын байдалтай байгаагаа тухайн хүн эхлээд нуудаг. Дараа нь нуугаад нуугаад ил болохоор үгүйсгэж эхэлдэг. “Үгүй, би тийм биш. Би өрөнд ороогүй”, “Энэ чинь зүгээр ш дээ. Энэ чинь асуудал биш. Даваад л гарчихна” гэдэг. Асуудлаа үгүйгээд тодорхой хугацааны дараа түүнтэйгээ нүүр тулдаг. Ингэж нүүр тулахаараа гишгэх газаргүй болж эхэлдэг. Байх газаргүй болоод ирэхээр тэр хүн маань гэрээсээ дайжих, гэртээ ирэхгүй удах, эсвэл цаашаа яах гэж явсан нь мэдэгдэхгүй байх, юу хийж байгаа нь тодорхой бус болж эхэлдэг. Амиа хорлохыг хүсээгүй хүн гэр бүлийнхэндээ “Би тэнд тийм хүнтэй уулзаж байгаа шүү” эсвэл “Би найзтайгаа яриад сууж байна. Орой төдөн цагийн үед очно” гэдгээ илэрхийлдэг. Гэтэл амиа хорлохыг завдаж байгаа, тийм бодолтой байгаа хүн огт тэгдэггүй. Бүх юмаа, юу хийж байгаагаа нууцлаад эхэлдэг. Ийн нууцалж байгаа нь тэр хүнд эрсдэлтэй, хэцүү асуудал тулгарчихаад байна аа гэдгийг мэдэх том шинж тэмдэг. Хоёрдугаарт, хэн нэгэндээ захиас захидаг. Өөрөө хэлж болно эсвэл захиа бичдэг. Урьдаас эд хөрөнгийнхөө эзэмшигчийн нэрийг үр хүүхэд рүүгээ шилжүүлж, өр зээлээ дарж дуусгах, эсвэл хэн нэгэнд “Хэрвээ намайг үгүй болчихвол манай хүүхдүүдийг харж хандаарай. Ээж, эхнэрийг минь харж хандаарай” гэж айхавтар их хэлэхгүй ч хэзээ ч юм хэн нэгэндээ сануулж хэлсэн байдаг. Энэ бол тэр хүний “Би ер нь яаж ч магадгүй шүү. Би яаж ч магадгүй болчихоод байгаа шүү” гэдгээ илэрхийлж байгаа хэлбэр. Энэ бүхэн тухайн хүнд амиа хорлох тодорхой нэг шинж тэмдэг, эсвэл ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхэд бэлэн байгаагийн шинж.

Амиа хорлох гэж байгаа хүний ааш зан нь тогтворгүй болж эхэлдэг. Хүнтэй ярихаас төвөгшөөж, асуусан асуултад нь хариулахгүй байх зэргээр өөрийгөө бусдаас зайлуулахыг оролдоно. “Энэ ямар муухай ааштай юм. Харьцахгүй л байя” гэж зайгаа барьж холдуулахыг хүсдэг. Энэ нь өөрийгөө бусдаас холдуулж эхэлж байгаагийн илрэл. Ингэж эрсдэлтэй алхам хийхэд өөрийгөө бэлдэж эхэлдэг. Мөн хэт их архи, тамхи хэрэглэж, янз бүрийн эм бэлдмэл их хэмжээгээр уух, заримдаа яасан ч яахав гээд машины хурд хэтрүүлж давхих, олон нийтийн газар янз бүрийн эрсдэлтэй алхам хийх зэрэг иймэрхүү байдлыг бас гаргадаг.

-Танд амиа хорлохыг завдсан хүмүүс ханддаг байх?

-Саяхан нэг үйл явдал болсон. Наймдугаар давхрын байрны тагтан дээрээ зогсоод тамхи татаж зогсч байсан гэнэ. Тамхи татаж байгаад тамхины ишийг газар руу унагасан байгаа юм. Иш доошилсоор газарт унаж байгаа тэр үзэгдлийг тэр хүн маш их шимтэж харсан гэсэн. Тэгээд “Би ч ингээд уначихвал бүх асуудал маань дуусчихна шүү дээ” гэсэн бодол толгойд нь эргэлдсэн гэж байгаа юм. Үүнтэй адилхан үсэрчихвэл энэ бүх асуудал, зовлон арилчихна. Би яагаад ингэж болохгүй гэж бодсон хүн над дээр ирж байсан л даа. Тэр хүн өөрийгөө унаж байгаагаар төсөөлөөд яг үсрэх гэснээ “Би ингээд амархан үхчих байсан бол өдий хүртэл зүтгэж олон ажил бүтээж явсны хэрэг юу билээ” гэж бодож жаахан харзнаж байгаад больсон байгаа юм. Тэгэхээр хүмүүс эрсдэлтэй иймэрхүү алхмуудыг толгойдоо төсөөлж явдаг. Амиа хорлолт нь тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр хийгддэг.

-Амиа хорлохыг завдаж байгаа хүнтэй таарвал яах вэ. Тэдний сэтгэлзүй яг тэр агшинд ямар байдаг юм бэ. Тэр үед нь яаж харьцах нь зүйтэй юм?

-Бид мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа учир амиа хорлох гэж байгаа хүнийг эхлээд тайвшруулдаг. Тэр хүнийг үүсгэчихсэн нөхцөлөөс аврах нь нэгдүгээрт хийх алхам. Олон улсын жишигт бол хэн нэгэн хүн амиа хорлох гэж байна гээд сэтгэлзүйч руу утсаар залгахад тэр хүний байршлыг нь шууд тогтоочихдог. Байршлыг нь тогтоонгуутаа сэтгэлзүйн төвүүд нь эмнэлэг, цагдаагийн дугаар руу залгадаг. Сэтгэлзүйч бол ямар нэг үйл хөдлөл хийхгүй тухайн хүнтэй ярилцаж л суудаг. Сэтгэлзүйч хоёр кноп дарж эмнэлэг, цагдаад л мэдэгддэг. Цагдаа, түргэн тусламжийнхан дуудлагын дагуу сэтгэлзүйч хэнтэй яаж ярилцаж байгааг сонсдог. Сэтгэлзүйч “За, та яг одоо хаана байгаа юм”, “Та амиа хорлох гээд хажуудаа юу юу тавьчихсан байна”, “Наана чинь таны амийг хорлохоор юу байна вэ. Тариа, хутга…” гээд л ярилцаж цаг хожиж байдаг. Сэтгэлзүйч яриад л байдаг. Та яагаад амиа хорлох гэж байгаа юм, энэ үйлдлийг хэдэн удаа хийж байгаа юм. Үүнд чинь хэн нөлөөлчихөв гэж асуудлуудыг нь яриулсаар байдаг. Ингэж ярихаар зарим нь “За за би амиа хорлохоо болилоо” гээд утсаа тавьдаг. Эсвэл “Би яг үсэрлээ. Би яг үхлээ” гэж байгаа хүнтэй сэтгэлзүйч утсаар ярьж байхад цагдаа нар ямар ч дуут дохио хангинуулахгүйгээр маш энгийнээр очоод тэр хүний аюулгүй байдлыг хангадаг. Тэр байтугай “Би хутга бариад өөрийгөө хутгалах гэж байна” гэсэн хүнтэй сэтгэлзүйчид ярилцаад хутгаа тавиад, цагдаа нарт хаалгаа тайлж өгөх хэмжээнд нь хүртэл тайвшруулдаг. Манайд одоогоор ийм нэгдсэн сүлжээ харилцаа алга байна л даа. Хэрвээ ийм сүлжээтэй болчихвол амиа хорлолтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, амиа хорлолтыг бууруулах ач холбогдолтой.

-Амиа хорлох тухай бодохгүй байх, тийм бодол өөртөө төрүүлэхгүйн тулд хүн сэтгэлзүйн хувьд хамгийн эхэлж ямар алхам хийж хэвшүүлэх хэрэгтэй юм бэ. Өдөр тутамдаа ямар хэвшилтэй байвал амиа хорлох тухай огт бодохгүй байх вэ?

-Найз нөхөд, хамт олонтой байх, үе тэнгийнхэнтэйгээ ярьж хөөрөх, бусадтай адилхан нийгмийн идэвхтэй байх нь ерөөсөө хүн байх утга учрыг тодорхойлж өгч байдаг. Тэгэхээр бид нийгмийн маш олон бүлэг рүү орж өгөх хэрэгтэй. Идэвхтэй амьдралтай, идэвхтэй амьдралын хэв маягийг өөртөө бий болгосон хүмүүс сэтгэл гутрах байтугай хоногийн 24 цаг нь тэр хүний хувьд аз жаргалтайгаар өнгөрдөг, өнгөрүүлж ч чаддаг. Ядарч байсан ч хамаагүй нэг газарт очоод юм сонсоод эрч хүч авдаг. Энэ чинь биднийг цэнэглэж байдаг субьектив хүчин зүйл байхгүй юу. Байгууллагуудын хувьд ажилчдынхаа стрессийг тайлах, ачааллыг багасгах, гэр бүлүүд ч гэсэн хамаатан саднаараа нийлж заал авч тоглодог, гэр бүлээрээ аялж зугаалах зэрэг хэвшлүүдийг үүсгэчихээд байна. Ийм хэвшлүүдийг бий болгох нь гуниг гутралыг ул мөргүй болгох маш том хэрэгсэл. Хувь хүн үүн дээр өөрөө санаачилгатай байх хэрэгтэй. Спортоор хичээллэдэг бол тухайн хүн хэзээ ч сэтгэл гутралд орохгүй. Яагаад гэвэл дасгал хөдөлгөөн хийхэд хүнээс аз жаргалын даавар ялгарч байдаг. Тэр даавар нь уйтгар гуниг, гутрал гэдэг зүйлсийн эсрэг дархлаа болдог.

Categories
мэдээ цаг-үе

Э.Дагиймаа: Бид ихийг нэхэхгүй, багыг чамлахгүй

Монголын телевизүүдийн холбооноос мэдээлэл хийхдээ Үндэсний баяр наадам, АСЕМ-ийг хамтарч үзэгчдэд хүргэнэ гэж зарлав.

Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Дагиймаа ийнхүү мэдээллээ.

-Үндэсний баяр наадмыг манай гишүүн телевизүүд дөрвөн байрлалаас шууд дамжуулна. Долдугаар сард Монголын телевизүүдийн холбооны гишүүн 16 өргөн нэвтрүүлгийн телевиз хамтдаа Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ийг шууд дамжуулна. АСЕМ-ийн болон Үндэсний их баяр наадмын мэдээлэл бүх телевизийн эфирт ирнэ. Телевизийн залуус мэдэж байгаа. Төв цэнгэлдэхэд 40-50 камер байрлуулахгүйгээр онцгой эрхтэй арван камер ажиллаж, мэргэжлийн өндөр түвшинд хүргэнэ. 16 телевизийн найруулагчид сонголтоо хийж үзүүлнэ. Телевиз юугаа үзүүлж харуулах нь тухайн телевизийн мэдлийн хэрэг. Бид олимп хүргэж байсан шигээ мэргэжлийн өндөр түвшинд бөх, хурдан морь, сурыг тайлбартайгаар хүргэж байгаа. Бид яагаад ингэж хамтарсан гэхээр нэгдүгээрт, мэргэжлийн өндөр түвшинд, олон талаас нь мэдлэгтэй, тайлбартайгаар хүргэхгүй бол телевиз болгон ирээд бичлэг хүргэхээр дүрс нь муу, байрлал олддоггүй, тайлбарлагч нар үнэд ордог, сайн тайлбарлагч олддоггүй. Энэ мэтээс болоод үзэгчид сэтгэл дундуур үлддэг. Өнгөрсөн жил Үндэсний баяр наадмыг хамтдаа дамжуулахад үзэгчид янз бүрээр үнэлсэн. Гэхдээ сэтгэл хангалуун үлдсэн хүн илүү олон байх аа. Энэ удаа бид технологийн шинэ шийдлүүдийг гаргаж тавих юм. Бид ноднин тав, зургаан нисдэг дрон нисгэхээр бэлтгээд, хууль тогтоомжоос шалтгаалаад чадаагүй. Энэ технологийг ашиглах боломж нээгээч гэж наадам болохоос гурван сарын өмнө зарлаж байна. Урьд нь наадмын өмнө хамтрах гэж байгаагаа зарлаж байсан. Одоо ингэж эрт зарлаж байгаа учраас цагдаа, хүчний байгууллага, наадмын комиссынхон анхааралдаа аваасай гэж хүсч байна. АСЕМ-ийн хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газар, АСЕМ-ийг зохион байгуулах ажлын хэсэгтэй хуралдаад, ойлголцолд хүрсэн. Мэдээж АСЕМ олон улсын хурал учраас олон улсын том телевизүүдийн зөвлөхүүд ирж зөвлөсөн. АСЕМ-ийг олон талаас нь хүргэх боломж нээлттэй байгаа. Дэлхийн улс орнуудын төрийн өндөр дээд түвшний хүмүүс Олон улсын нисэх онгоцны буудалд бууж байгаагаас авахуулаад, АСЕМ-ийн салбар хуралдаануудыг сонголттойгоор үзэх боломжийг бид үзэгчдэдээ олгох юм гэж ярилаа. Үүнийхээ дараа тэрбээр үзэгчдээс авдаг хураамжийн асуудлаар ярьсан юм. Энэ тухай түүнээс тодрууллаа.

-Үзэгчдээс авдаг хураамжийн тодорхой хэсгийг Монголын телевизүүдийн холбоо авах талаар Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчидтэй хэлэлцээ хийж байгаа юм байна. Энэ яриа хэр амжилттай өрнөж байгаа вэ?

-Монголд чөлөөт хэвлэл, телевиз үүсч хөгжөөд 25 жил болсон байна. Энэ хугацаанд үзэгчээс хураамж авч байсангүй. Харин бидний дунд гүүр болсон Олон сувгийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд хэрэглэгчдээс мөнгө авдаг. Энэ мөнгийг бидэнд ирдэг гэж хэрэглэгчид ойлгодог. Ийм юм байхгүй. АйПи ТВ буюу олон сувгийн үйлчилгээ эрхэлдэг компаниудыг үзэгчдээс авдаг хураамжаасаа тодорхой хэсгийг манай холбооны гишүүн телевизүүдэд өгөх шаардлага тавьж байгаа. Одоо хэлэлцээрийн шатанд авах хувиа ярилцаж байна. АйПи ТВ бас бизнес хийж байгаа компани. Бид бусдын бизнест оролцох гээгүй. Бидний контентыг хүмүүст хүргэж мөнгө олж байгаа учраас тодорхой хэмжээний хувь авъя л гэсэн юм. Ихийг нэхээгүй, бага гэж чамлахгүй, эхний алхмаа хийе гэсэн юм. Та бүхэн мэдэж байгаа, МҮОНТ төрөөс татаас авдаг, үзэгчдээс хураамж авдаг, тодорхой хэмжээгээр зар сурталчилгаа явуулдаг. Чөлөөт өрсөлдөөний зах зээлд манай телевизүүд зөвхөн зар сурталчилгаагаар мөнгө олоод өрсөлдөөд явна гэдэг хүнд байна. АйПи ТВ ч гэсэн нааштай хандаж байгаа. Хэлэлцээрийн үр дүнгээс шалтгаалаад асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай байгаа.

-Бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа үйлдвэрлэгчид бага мөнгө очоод, орлогынх нь багагүй хувь түүнийг нь зарж борлуулж байгаа дэлгүүрт очдог гаж гэхээр тогтолцоо Монголд бий. Энэ асуудлыг яаж шийдэх бололцоо байна вэ?

-Хамгийн гол нь бидний контентыг тэд зарж байна. Бид нэг контент хийхэд зардал өндөр гардаг. Тухайлбал сониныхон та бүхэн мэдээ бэлтгэх явцад унаа тэрэг, хоол унд, утасны зардал, хэвлэлтэд ороход цааснаас авахуулаад зардал их гардгийг мэдэж байгаа. Гэтэл сонин борлуулагч нар сониноо 500-гаар зарсан мөртлөө та бүхэнд зууг нь өгөөд, өөрсдөө 400-г нь авч таарахгүй шүү дээ. Олон сувгийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд өнөөдөр монгол контентыг үнэгүй гэж үздэг. Тэгсэн мөртлөө HBO ч юм уу дэлхийд алдартай сувгуудад үнэ төлдөг. Үзэгчдийн судалгааг харахад гадны сувгийг үздэг ч монгол хүн юм чинь монгол сувгаа үздэг, Монголд болж байгаа үйл явдлаа сонирхдог, мэдээгээ үздэг. БНСУ-д нэг ийм жишиг байдаг юм билээ. Хэрэв АйПи ТВ бидний контентыг борлуулчихаад мөнгө өгөхгүй бол бид өөрсдийн сувгаа татдаг. Өөрөөр хэлбэл бид АйПи ТВ-гээс 16 өргөн нэвтрүүлгийн сувгаа татаж болно. Бидэнд тийм эрх бий. Ай Пи ТВ бидний сувгийг холбож байгаа, үнэгүй явуулж байгаа гэж эрх авдаг. МҮОНТ-ийг үздэг гээд манай үзэгчид мөнгө төлдөг. “Та нарт их мөнгө төлдөг” гээд биднийг бас загнаад байдаг. Гэтэл бидэнд нэг ч төгрөгийн хураамж ирж үзээгүй юм. Тэгэхээр бид Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчидтэй хэлэлцээд, тодорхой хэмжээний мөнгө төл гэж байгаа. Бид дааж давшгүй ихийг нэхэхгүй байгаа. Том мөнгө яриад яахав 500, мянгаар эхэлье. Телевизүүдийн хөгжилд шинэ үеийг авчиръя гэсэн юм. Тэгэхгүй бол 16 телевиз бор зүрхээрээ явж байгаа. Төрөөс ямар ч мөнгө авахгүй байна. Зар сурталчилгаа хийж байна. Олон хүнийг ажлын байраар хангаж, үнэтэй контент үйлдвэрлэдэг. Тэрийг зарим нь зарж мөнгө олж байна.

-Арилжааны телевизүүдийг зар сурталчилгаа хангалттай олж байгаа. Зар сурталчилгаагаараа амьдрах боломжтой гэж олон хүн боддог байх?

– Угаасаа бүх телевиз зар сурталчилгааны орлогоор амьдардаг. Телевизийн салбарын зохицуулалт нь муу учраас иргэд телевиз, кабель, суваг, сумын студи, продакшныг хүртэл ялгахын аргагүй болгож байна. Телевизийн зах зээлийн менежмент нь буруу байгаа учраас тэр л дээ. Яагаад бид өргөн нэвтрүүлгийн суваг гэдгээ онцолж байна гэхээр бид кабелийн суваг биш ээ. Өргөн нэвтрүүлгийн гэдэг нь Олон нийтийн телевиз шиг статустай, үйл ажиллагаа явуулдаг, түүн шиг чиг үүрэг хариуцлагыг бид дүрэм журам хууль тогтоолоор хүлээдэг. Танин мэдэхүйн нэвтрүүлэг хийх ёстой гэх мэтээр олон үүрэг хүлээж авдаг. Олон нийтийн телевизтэй адилхан шаардлага тавьдаг мөртлөө тэрэнтэй адилхан эдийн засгийн механизм бидэнд үйлчлэхгүй байна шүү дээ. Үнэхээр шаардлага тавьж байгаа бол бид ч бас үзэгчийн хураамж авмаар байна, төрөөс мөнгө авмаар байна. Шаардлага, эдийн засгийн хөшүүрэг хоёр нь зохицолдохгүй байна.

Ямар ч нөхцөлд бид контент үйлдвэрлээд, миний барааг дундаас нь бусдад зараад мөнгө олоод байна гэдэг системийн хувьд байж таарахгүй. Олон суваг дамжуулах үйлчилгээ ч бас шинэ бизнес.

-Олон шинэ телевиз адилхан мэдээ, нэвтрүүлэг хийдэг гэсэн шүүмжлэл явдаг. Ялгарал бий болгоход Монголын телевизүүдийн холбоо ямар нэг үүрэг гүйцэтгэх үү?

-Ялгаатай байж болно. Гэхдээ Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан журамд чи заавал хүүхэлдэйн кино хий, өв соёлыг сурталчилсан нэвтрүүлэг хий гэх мэтээр хувь тогтоосон заалтууд тулгадаг. Энэ нэгдсэн стандарт чинь ялгарах аргагүй юм тулгаад байгаа биз дээ. Бод доо, ТВ-5 телевиз өөр уриатай, өөр менежменттэй явах гэж байсныг МҮОНТ-ийн стандартыг тулгахаар ялгарах аргагүй. Одоо биднийг “Цагийн хүрд” шиг мэдээ хий гэдэг шаардлагыг бараг тавиад байна шүү дээ. Энэ стандарт буруу байна гэж бид яриад байгаа.

-Арилжааны гэгддэг телевизүүдийн хувьд төрөөс, олон нийтээс тодорхой хэмжээгээр дэмжлэг авах өөр ямар боломжит хувилбар байж болох вэ?

-Бид өрсөлдөөнөөр гарч ирнэ. Гэхдээ зөв менежмент бол үзэгчдээсээ хураамж авах юм. Төрөөс мөнгө авахгүй. Төрөөс мөнгө авна гэхээр төрөөс хараат болчихно. Цензурт орчихно. Төрөөс мөнгө авахгүй байх нь зөв. Үзэгчид, гүүр болоод явж байгаа дамжуулагч компани бидэнд мөнгө төлдөг энэ менежмент зөв. Ийм тогтолцоо руу Монголын телевизүүд орох ёстой.

-Сонгуулийн үеэр мэдээллийн хэрэгслүүд мөнгө олдог гэж хүмүүс хардаг. Гэхдээ Сонгуулийн хуулиар энэ боломж олгогдсон уу?

-Хүмүүс тэгж хардаг. Гэхдээ энэ бол боломж биш. Өнөөдр Монгол Улсын Сонгуулийн хуулиар 60 минутын сурталчилгааны цаг телевизүүдэд гаргасан. Нэг телевиз 12-24 цагийн эфиртэй. Түүний нэг цаг нь сурталчилгааны цаг. Тэр цагт хүн ярилцлаганд орно. Тарифийг нь Харилцаа холбооны зохицуулах хороо журмаар заачихсан. Миний өмнөх хуушуурын үнийг, хэнд өгөхийг маань зааж өгөхөөр сонгуулийн үеэр ялангуяа 18 хоногийн сурталчилгаагаар телевизүүд мөнгөтэй болно гэсэн ойлголт байхгүй. Нэр дэвшигчид телевизэд л их мөнгө төлдөг мэтээр ярьдаг. Үнэндээ иргэнд санал худалдаж авах гэж тараадаг мөнгө нь их байдаг байх гэж боддог.

-Монгол контентыг ихэсгэх агуулгатай хууль та бүхэнд дэмжлэг болж байна уу, дарамт болдог уу?

-Монгол контент ойлголтын зөрүүтэй байна. Салбарын нэг агентлагт очоод монгол контентын тухай ярихад клип монгол контентод орохгүй гээд байгаа юм. Тэр клипийг монгол оператор зургийг нь аваад, монгол дуучин дуулсан. Энэ монгол контент мөн үү, мөн. Монгол уран бүтээлч, монгол сэтгүүлч, найруулагч ажилласан бүх юм монгол контент мөн. Нөгөө хэсэг нь контент гэдгээ уран сайхны кино, шоу нэвтрүүлэг, сериал гэж ойлгодог. Клип, жижиг мэдээнээс авахуулаад бүх юм монгол контент. Мэдээ бол контент шүү дээ. Өнөөдөр бид дэлхийн 40 оронтой мэдээ солилцож байна. Контентоо солилцож байгаа хэрэг. Гэтэл манайхан мэдээг контент гэж үзэхгүй үйл явдал гэж хардаг. Монгол контент гэж нэгдсэн ойлголттой болмоор байна. Уран сайхны нэвтрүүлэг, нийтлэлийн нэвтрүүлгээ ялгахгүйгээр хууль дүрэм журам хийхээрээ бидэнд саад болоод байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэрэндорж: Гүр дуугаа дуулахад хүмүүс өөдөөс алга хавсран чин сэтгэлээсээ залбирдаг

Театр урлагийн шилдгийг тодруулдаг “Гэгээн Муза” наадмын хүүхдийн жүжгийн төрөлд Хүүхэлдэйн театрын “Мял богдын намтар” жүжиг дэвшээд буй. Мял богдыг амьдруулсан жүжигчин Ц.Цэрэндоржтой ярилцлаа.

-Хүүхэлдэйн театрт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

– 2011 оноос хойш ажиллаж байгаа. Кино урлагийн дээд сургуулийг төгссөн.

-Хүүхэлдэйн театрыг яагаад сонгов?

-Хүүхэлдэйн театр их гоё. Би Говьсүмбэрт өссөн хөдөөний хүүхэд. Хүүхэд байхдаа Хүүхэлдэйн театрын тоглолт очиход үзээд сайхан санагдсан. Жүжигчин байх ийм гоё юм байна гэж бодогдсон. Чоно, баавгай, туулай есөн шидийн амьтанд хувираад, тэднийхээ дуу хоолойгоор ярихад гоё санагддаг юм билээ. Ерөөсөө жүжигчин болно гэж тэгэхэд шийдсэн.

-Хүүхэлдэйн театрын жүжигчид хүүхдэрхүү хүмүүс байдаг уу?

-Манайхан даруухан хүмүүс байдаг. Тайзан дээрээ “галзуу” тоглоно. Нэр алдрын төлөө явдаггүй. Биднийг хөшигний араас хуруу хүүхэлдэй тоглуулдаг хүмүүс гэж зарим хүн боддог. Олон янз байдаг л даа. Таягт хүүхэлдэй, хуруу хүүхэлдэй, бээлий хүүхэлдэй, багт хүүхэлдэй, биеэр тоглох гээд дөрөв, таван янз байдаг. Хүүхдийн байгууллага гээд зарим хүн тоодоггүй ч манай театрт чадварлаг жүжигчид зөндөө бий.

-Хүүхэлдэйн театрын жүжигчид “Гэгээн Муза”-гаас удаа дараа шагнал авч байна. Энэ удаа “Мял богдын намтар” жүжгээрээ дэвшсэн байна лээ. Мял богд гэдэг маш их зовлон үзэж гэгээрсэн хүн. Энэ түүхийг Хүүхэлдэйн театрт, хүүхдэд ойлгомжтой хэлээр тоглоно гэдэг амаргүй болов уу?

-Мял богд гэж бодит хүний дүр. Төвдөөс гаралтай хүн. Уйлъя гэвэл Уушандарыг, ухааръя гэвэл Мял богдыг, инээе гэвэл Ил дандийг унш гэдэг. Драм тал руугаа жүжиг. Гэхдээ хүүхдэд маш ихийг ойлгуулдаг. Мял богд хэлдэг л дээ. “Хүн нүцгэн төрснөөсөө ичих үү, ядуу хоосноосоо ичих үү. Үгүй, хүн муу санаа, хар сэтгэлээсээ л ичих ёстой гэдэг. Алдас бурууг таньсан атлаа аав ээжийгээ гомдоож болохгүй гэдэг. Мял богд баян айлын хүүхэд болж төрсөн. Аав нь өөд болсны дараа ээжтэйгээ үлдэхэд авга ах, эгч хоёр нь бүх эд хөрөнгөд нь эзэн суудаг. Тэд “Эд хөрөнгөө авъя гэвэл олуулаа цэрэглэж ирээд ав, ганцаараа бол хараал хийгээд авахгүй юу, чи” гэдэг. Ээжийнхээ хэлснээр хараал хийх аргад суралцахаар 15 наснаасаа ээжээсээ салаад, гурван жил хараал сурдаг. Буцаж ирээд 35 хүнийг хараал хийж тонилгочихоод, түүндээ гэмшиж, энэ зовлонгоос гэтэлгэх багш хайдаг юм. Хамгийн сүүлд багштайгаа уулзаад бүх биеэ ариусгаж, хижээл насандаа гэгээрдэг.

-Уг нь бол хүн өс хонзонгоо авсны дараа уужирмаар. Гэтэл Мял богд гэмшээд “Суувал явмаар санагдаж, явбал суумаар санагдаж” бачуурч байсан юм билээ. Тийм учраас л гэгээрлийн замыг сонгосон байх л даа. Мял богдын намтрыг уншихад насны нүгэл ариусдаг гэдэг юм билээ. Танд ч бас ариусах мэдрэмж төрсөн болов уу?

-Хамгийн сүүлд гүр дуугаа дуулахад хүмүүс өөдөөс алгаа хавсарч чин сэтгэлээсээ залбирч байдаг. Би ч чин сэтгэлээсээ дуулдаг. Энэ дүрд тоглохын тулд хоёр гурван том ламд хандсан. Ц.Хулан захирал Буддын шашинтай хүн. Гандантэгчинлэн хийдийн том лам нарыг авчирч ном хуруулсан. Тэр лам нар надад хэлж байсан л даа. “Миний хүү, энэ дүрийг гаргахын тулд битгий арзганаж тоглоорой. Бодит хүний дүр, чамайг тэнгэрээс харж байгаа. Яг энэ хүний дүрд ороод энэ хүний амьдралаар үзэгчдэд хүр” гэсэн. Би бол жаахан хошин талдаа хүн ш дээ. Тэгэхэд драм тал руугаа, дотогшоогоо хандсан дүрээс ихийг ухаарсан л даа. Урьд нь “Гэгээн Муза” арав дахь наадамд Ц.Хулан захирлын “Лусын хааны охид” жүжгийн алиа тийрэнгийн дүрээр туслах эрэгтэй дүрийн шагнал авч байлаа. Түүнээсээ эсрэг дүрд нэр дэвшээд явж байгаа.

-Мял богдын намтар хүүхдүүдээс гадна томчууд ч үзэх ёстой бүтээл юм билээ?

-Манайх хоёр тайзтай. Нэг нь мини театр. Нэгээс зургаан настай хүүхдүүдэд тоглодог. Таягт, хуруу хүүхэлдэйгээр тоглодог. “Улаан малгайт”, “Чоно ба долоон ишиг” гэх мэтээр. Их тайз нь 160 хүний суудалтай. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд гол үзэгчид. Дунд сургуулийн сурагчид энэ жүжгийг үзээд сэтгэл хангалуун үлддэг. Үзсэн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлахад сурагчид ухаарсан зүйлээ бичдэг. Манай жүжигт багш шавийн барилдлагын тухай өгүүлдэг хэсэг бий. Багшийн авшиг хүртэх гэж тэр хүн зовж байж, багшийнхаа таалалд багтаж, адис номыг нь хүртдэг. Багш нар ч “Энэ жүжгийг үзээд манай хүүхдүүд их өөрчлөгдсөн” гэдэг.

-Ийм том түүхэн хүний дүрийг бүтээхийн тулд маш их судалгаа хийсэн байх даа?

-Судалгаа хийнэ л дээ. Анх зузаан номыг нь уншихдаа юу ч ойлгохгүй унтаж байсан удаа бий. Сүүлдээ Ц.Хулан захирлын цомхотгосон зохиолыг уншаад ийм хүн юм байна гэсэн төсөөлөл буусан. Дараа нь зузаан номоо бүтнээр нь уншиж дуусгасан л даа. Энэ хүний дүрд тоглохын тулд нас насны хүмүүсийг судалсан. Балчир нас, идэр нас, өтөл насыг судлахын тулд аав, өвөөгөө ч ажигласан. Настай хүн үгээ зөөж цэгнэж ярьдаг, хүүхэд шулганаж ярьдаг, хөдөлгөөн нь хурдан гэдгээс авахуулаад анхаарах юм их. Энэ жүжигт тоглож эхлэхэд 73 кг байсан, одоо 68 кг болчихоод байгаа.

-Өмнө нь алиа тийрэнгийн дүрээр “Гэгээн муза”-гаас туслах эрэгтэй дүрийн шагнал авч байсан гэсэн. Алиа тийрэн гэдэг маань ямархуу амьтан бэ?

-“Лусын хааны охид” жүжгийн дүр. Хүний ертөнц зургаан үе шаттай байдаг гэнэ. Хамгийн дээд талд бурхад, тэнгэр, нар. Дунд хэсэгт хүмүүс, доошоо ад тийрэнгийн ертөнц байдаг гэнэ. Хүн байхдаа ан гөрөө, наймаа арилжаа хийдэг байсан хүн өөд болонгуутаа тийрэнгийн ертөнц рүү унасан. Муу зүйл хийсэн хүн тийрэнгийн ертөнц рүү, сайн зүйл хийсэн бол тэнгэрийн оронд очно гэсэн. Тийрэнгийн ертөнц рүү очоод тэр бүхнээ ухаарсан ч тэндхийн хүмүүст инээд бэлэглэж алиалж марзганаж явдаг дүр. Дотроо гэмшиж, зовлон шаналалтай байсан ч бусдыг “Битгий санаа зов, хүний ертөнцөд ахиад төрнө” гэж явдаг. Зөв зүйлдээ итгэж явсаар байгаад лусын хаантай уулзахад түүнийг өршөөж, хүний ертөнцөд ирдэг юм л даа.

-Хүүхэлдэйн театрт гүн ухааны өнгө аястай, том санаа, утга агуулгатай бүтээл туурвидаг юм байна?

-Хүүхдийг соён гэгээрүүлэхэд оюун санаа, хүчээ зориулж яваа хүмүүс ээ, бид.

-Хүүхэлдэйн театрт ажилладаг аав хүүхэдтэйгээ хялбар ойлголцдог байх?

-Манай хүүхэд гурван нас хүрч байгаа. Гэхдээ театрт ирээд жүжиг их үздэг. Хоёр, гурван настай хүүхдүүдийн дунд алиалагчийн хувцастай эсвэл Том, Жерригийн хувцастай зогсоход зарим хүүхэд айгаад уйлах тийшээ хандана. Манай хүүхэд бол “Аав” гэнэ. Сая нээлтээ хийсэн “Алтан залаат азарган тахиа” жүжигт би өгүүлэгч тарвага болсон. Битүү үстэй хувцаснаас жаахан хүүхдүүд цэрвэнэ. Манай хүүхэд хажууд сүүлнээс чирэгдээд гүйгээд байдаг. Тоглолт дээр их хөөрхөн. Азарган тахиа, хөөндэй шувуу, муур гээд олон дүр гарч ирэхэд нэг их анзаарахгүй мөртлөө аав нь гарч ирээд “Хиго хого” гэхэд учиргүй инээд алдаад хардаг.

-Өнгөрсөн хугацаанд олон дүрд тоглосон байх?

-Ер нь таван жилийн хугацаанд өөрийнхөө санасан хэмжээнд тоглосон шүү. Жилд гурван уран бүтээл тавьдаг. Хамгийн доод тал нь тав түүнээс ч олон дүрд тоглоно шүү. “Лусын хааны охид” гэхэд л хоёр дүрд тоглоно. Дээрээс нь “Одноос төрсөн ханхүү” жүжигт дөрвөн дүрд тоглодог. Шувуу, хаан аав, гуйлгачин, харуул болно.

-Нэг хүүхдийн зохиолч “Би хүүхдээс будаа иддэг хүн” гэж байсан. Та бас хүүхдийг их ажиглана биз?

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүд бүхнийг байгаагаар нь шууд хүлээж авдаг. Манайх цэцэрлэгийн хүүхдүүдэд мини театраар “Чоно ба долоон ишиг” гээд тоглодог. Чоныг гарч ирэхээр хүүхдүүд “Муухай чоно” гээд, Улаан малгайт цаанаас дуулаад гараад ирэхээр “Улаан малгайт аа, чоно чоно” гэж хашгирна. Гартаа барьж байсан юмаа чулуудна.

-Ц.Цэрэндорж ямар төрлийн кино үзэх дуртай вэ?

-Би ер нь хуучны Монголын уран сайхны кино үзэх дуртай. “Улаанбаатарт байгаа миний аав”, “Сэрэлт” гэх мэт киног хэд дахин үзсэн ч уйдахгүй. “Зүрхэнд шивнэсэн үг”-ийг үзэхдээ “Ээж таныг мөн ч их хүлээсэн шүү гэж хэлээрэй гэсэн” гэж хэлдэг хэсэг дээр нь уйлдаг.

-Кинонд том дүр бүтээх сэн гэж бодогдох уу?

-Бодогдолгүй яах вэ. Би чинь Кино урлагийн дээд сургууль төгссөн хүн. Тогломоор санагддаг юм. Даанч очоод пробонд орохоор туслах дүрд оруулна л даа. Яах вэ, хэзээ нэг цагт тоглох байх аа. Гэхдээ Хүүхэлдэйн театртаа хайртай. Манай ахмад жүжигчид хэлдэг юм. Бид өөд болохоороо тэнгэрийн оронд очно. Энэ хүүхдүүдийн энерги бидэнд шингэсэн байгаа гэдэг. Ер нь бид нар ч ярьдаг юм. Хүүхдийн үсний найранд гурван удаа уригдаад тоглочихвол тэр жилдээ барцадгүй гоё явдаг шүү.

-Үсний найранд бас уригдах уу?

-Урина, биднийг. Бид чинь бас гадуур явж тоглодог хөтөлбөртэй. Бидний амьдрал бас гоё шүү.

-Хүүхэлдэйн театрын жүжигчний нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө арваас ажил цуглана. Цуглангуутаа өглөөний дасгал хийнэ. Гучин минут зааландаа гүйгээд, биеийн хөдөлгөөний дасгал хийнэ. Дараа нь өгүүлэх эрхтний дасгал хийнэ. Тэгээд жүжиг рүүгээ орно. Эсвэл манай ахмад жүжигчид хүүхэлдэй яаж барих дасгал хийлгэнэ. Суганыхаа булчирхайг цочтол гараа дээшээ өргөөд хүүхэлдэй барьж зогсоно шүү дээ.

-Хүүхэлдэй барьж удаан зогсоход амаргүй байх аа?

-Бид дор хаяж 30-40 минут тайзан дээр барьж зогсдог. Хүүхэлдэйг суух босгох, хажуу тийшээ эргүүлэхэд учир бий. Савчуулаад байвал хүнд ерөөсөө ойлгогдохгүй. Есөн шидийн хоолой оруулна. Чоно, баавгай, туулай гээд олон дуу авиа гаргана. Би бас элэглэл сонирхдог. Элэглэгч ах нартай холбоотой байдаг. Миний дуурайдаг тав, зургаан хүн бий.

-Хэн хэнийг дуурайж байна?

-С.Ламбаа гуай, Д.Сосорбарам гуай, Унагалдай, Э.Бат-Үүл, хөл бөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням ах байна.

Categories
мэдээ цаг-үе

Чойжилжавын Билигсайхан докторын гэргий Ё.Пүрэв: Хань минь амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл утга зохиолын төлөө явсан

Зүүн гараас Ч.Билигсайхан доктор, С.Эрдэнэ нарын нөхдийн хамт

Монголын уран зохиол судлалын
ноён нуруу болсон, шинжлэх ухааны доктор, профессор гавьяат багш Чойжилжавын Билигсайханы
гэргий Ё.Пүрэвтэй ярилцлаа.

-Ч.Билигсайхан докторын
70 насны ойд зориулж “Орчин үе-уран сайхны шүүмж судлалын шинэ төлөв” сэдэвт эрдэм
шинжилгээний хурал өнөөдөр болох гэж байна. Таны хань бол Монголын уран зохиол судлалын
ноён нуруу болсон нэгэн байлаа. Ханийнхаа төрсөн нутаг болоод удам гарлын тухай
эхлээд ярихгүй юу?

-Билигсайхан бид хоёр Хөвсгөл аймгийн Мөрөн
сумын арван жилийн сургуулийг жаран таван онд төгссөн. Манай хүн нөгөө ангийн маань
сурагч байлаа. Жаран дөрвөн оноос л үерхэж, дотносож нэг гэртээ орсон доо. Миний
хань чинь хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл
аймгийн Галт сумын нутаг Идэрийн голын хөвөө Доод бургаст гэдэг газар 1946 онд мэндэлсэн.
Өвөг эцэг нь тайж гаралтай Жамсран гэж хүн байжээ. Аав Чойжилжав нь Хөөнгийн хүрээнд
Бадмаанямбуу уулын энгэрт хорь шахам жил шавилж суусан юм билээ. Бүр багаасаа номонд
хайртай, шүлэг зохиолд хорхойтой. Гавьяат жүжигчин Л.Жанчивдорж манай хөгшинтэй
нэг ангид суралцаж, хамтдаа шүлэг зохиол цээжилж байснаа дурсдаг сан. Аравдугаар
ангиа дүүргэх үеэр “Соёл утга зохиол” сонинд Ш.Гаадамба гуай, Ч.Лодойдамба гуай
хоёрын Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгийн талаарх маргаан хэвлэгдэж,
түүнийг сонирхон уншиж, уран зохиолын судлал шүүмжлэлд сэтгэл татагдсанаа хэлдэг
байсан. 70 насных нь ойд зориулж эрдэм шинжилгээний хурал хийе гэдэг саналаа Их
сургуулийн Бат-Эрдэнэ захиралд дуулгахад ихэд талархалтайгаар хүлээн авч, “Та гүйгээд
байхдаа яадаг юм. Тэнхимийн багш нарыг нь явуулаач, шавь нарыг нь оролцуулаач” гэж
намайг бараг л зэмлэсэн. Ханийнхаа ойг тэмдэглэж, эрдмийн баяр хийх нь манай гэр
бүлийн үүрэг байлгүй яахав.

-Монгол Улсын Их сургуулийг
төгсөөд шууд Зохиолчдын хороонд хуваарилагдсан байдаг. Тэр тухай нь та сонирхуулахгүй
юу?

-Манай өвгөн чинь хүний ганц хүү байсан.
Их сургууль төгсөөд зохиолчдын хороонд хуваарилагдана гэж мэдээгүй. Миний бие Багшийн
дээд сургуулийн биеийн тамирын ангийг төгслөө. Үндсэндээ ханиасаа түрүүлээд сургуулиа
төгсчихөж байгаа хэрэг. Тэгтэл Билгээ “Би чинь хүний ганц хүү юм чинь, их сургуулиа
төгсөөд нутаг руугаа л явна” гэв. Би ч ханийнхаа хэлснээр нутаг руугаа явсан. Мөрөнгийн
арван жилд биеийн тамирын багшаар ажиллаж байлаа. Намайг эхлээд хөдөө сум руу хөөдөг
юм. Тэгэхээр нь ханийнхаа нутаг Галтын сургуульд очлоо. Монгол Улсын заан Дамбажавын
Цэнд-Аюуш, Сарангэрэлийн Хүрэлбаатар хоёр миний анхны шавь нар. Хүрэлбаатарыг тавдугаар
ангийн хүүхэд байхад нь би анги даасан багш нь байлаа. Хэсэгхээн хугацаанд Галтад
багшлахад миний шавь нар спортоор сүрхий амжилт үзүүлсэн. Магванын Нармандах гэж
охин тэшүүрийн улсын аваргаас алт, Шагдарын Цэрэндолгор цанын улсын аваргаас мөнгөн
медаль авч байлаа. Ингээд сүрхий амьтан ханийгаа сургууль төгсөхийг нь хүлээсэн
шигээ хөдөө багшилж байтал нэг өдөр “За Пүрэв минь болохоо байлаа шүү” гээд манай
хүн ярьж байна. Зохиолчдын хороонд хуваарилагдсанаа хэллээ.

Гэвч хуваарилагдсан газраа очилгүй гүрийсээр
байгаад Мөрөндөө очиж багшилсан. Мөрөнгийн сургуулийн хичээлийн эрхлэгч байж байгаад
Горькийн сургуульд явсан хүн шүү дээ.

-Их л залуухнаараа Горький
явсан юм билээ?

-Хорин тавтай залууг Горькийн нэрэмжит утга
зохиолын сургуулийн дээд курсэд явуулсан нь анхны тохиолдол байсан гэдэг. Уг саналыг
Цэрэндоржийн Мөнх багш нь дуулгаж байлаа. Хүсэл мөрөөдөл болсон хөдөөдөө хэдэн жил
ажиллаад, олигтой ном бүтээл ч олдохгүй, шинэ номын мөрөөсөл болчихсон жаахан зэврэх
байдалтай тийм үед нь Мөнхөө багшаас Горькийн сургуульд явах цахилгаан очсоныг би
мартдаггүй юм. Их сургуульд анги даасан багш нь Ц.Сүхбаатар байв. Саяхан гавьяат
болдог зохиолч Ломбын Нямаа, орчуулагч Дамдинсүрэнгийн Алтанхуяг, буриад Т.Галсан
тэр хэд нэг үеийнхэн. Жаран долоон онд гэдэг байх аа, Шанжмятавын Гаадамба багш
нь танихгүй нэг хүнийг дагуулж ирсэн нь алдарт Ц.Мөнхөө багш нь байжээ. Утга зохиолын
шүүмж судлалын дугуйлан хичээллүүлэхээр хүүхэд элсүүлж явсан нь тэр. Ц.Мөнх багшийн
дугуйлангийн анхны шавь нар гэвэл соёлын гавьяат зүтгэлтэн, академич Хорлоогийн
Сампилдэндэв, утга зохиол судлаач, шүүмжлэгч Даржаагийн Өлзийбаяр, Барын Цэдэв,
Чүлтэмийн Энхдалай, соёлын гавьяат Чойсүрэнгийн Дагвадорж гээд утга зохиолын нэртэй
эрдэмтэд. Мөнхөө багш нь “Та нар шууд шүүмж бич. Би үзэж зөвлөнө” гэж хэлсэн байна.
Манай хөгшин, төрийн шагналт зохиолч Ж.Пүрэвийн “Хөгжмийн эгшиг” романы тухай бичиж
байсан. Жаран найман онд “Утга зохиол” сонин, “Цог” сэтгүүлд тав, зургаан шүүмжээ
хэвлүүлж сонины оны шагналыг хүртэж байсан удаатай. Сонирхуулахад, 1967-1969 оны
хооронд залуу судлаачдын шүүмжийн бүтээлүүд удаа дараалан гарч, дуулиан шуугиан
дэгдээж, зохиолчид тэднийг ад үзэн “Мөнхийн улаан хамгаалагчид” гэцгээх болсныг
сүүлд би хөгшнийхөө намтраас уншиж байсан. Горькийн сургуулийн дэргэдэх дээд курс
төгсөж ирээд яалт ч үгүй Зохиолчдын хороонд хуваарилагдсан. “Утга зохиол” сонины
сэтгүүлч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар 10 жил ажилласан юм.

-Зохиолчдын хороонд ажиллаж
байсан он жилүүд хийгээд анхны зохиол бүтээлийнх нь тухай өгүүлэхгүй юу?

-Зохиолчдын хороонд ажилласан он жилүүддээ
С.Эрдэнэ, Б.Явуухулан, Ц.Гайтав, Д.Намдаг, Ч.Лхамсүрэн, Л.Түдэв, С.Удвал нарын ахмадуудтай
ойр дотно байснаа хань минь сэтгэл хангалуун хэлнэ. “Утга зохиол” сонин, “Цог” сэтгүүлийн
эрхлэгч нь Сэнгийн Эрдэнэ гуай байлаа. Манай хүн чинь Мөнхөө багшдаа, Эрдэнэ гуайд
их хайртай байсан. Анхных нь ном “Эрин цагийн амьсгал” нэртэйгээр далан зургаан
онд хэвлэгдэж байлаа. Дараа нь “Орчин цагийн монгол роман” судалгааны номоо хэвлүүлсэн.
Тухайн үед хэвлэгдээд байсан зуу шахам романыг уншиж судалсан бүтээл л дээ. Миний
хань бол үнэндээ асар их уншсан хүн. Орос дээр уншина. Уран зохиолын холбогдолтой
орос номуудыг бүгдийг уншдаг байлаа. Мөн орос сэтгүүлүүдийг дугаар алгасна гэж байхгүй.
Ерээд оноос хойш ном ховордох үед “Оросын тийм алдартай зохиолчийн ном гарсан гэнэ”
гээд хүнд захиж авчруулдаг байлаа. “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” гурван
боть бүтээлийн романы хэсгүүдийг бичсэн. Зөвлөлтийн нэрт эрдэмтэн К.Герасимович
“Монголын утга зохиол ном”-ынхоо хоёрдугаар дэвтэрт миний ханийн романы судалгаануудыг
гол болгон ашигласнаа тэмдэглэсэн нь бий. Наян зургаан онд Донровын Намдаг, Бэгзийн
Явуухулан, Чойжилын Чимид, Лодонгийн Түдэв, Сэнгийн Эрдэнэ, Цэгмидийн Гайтав, Чойжилжавын
Лхамсүрэн нарын арван зохиолчийн амьдрал, уран бүтээлийг харуулсан “Арван хөрөг”
ном бичсэн. “Монголын орчин үеийн уран зохиол дахь малчны дүрийн хувьсгал” сэдвээр
1988 онд дэд эрдэмтний зэргийг хамгаалахад эрдмийн ажлыг нь Сономын Лувсанвандан
багш нь удирдсан юм.

-Түүхэн уран зохиолын бүтээл
болон “Монгол эрхи товчис”, сүүлд хэвлүүлсэн орчин үеийн уран зохиолын онолын гол
бүтээл “Ухаарахуй” номууд нь Монголын уран зохиолын санд хадгалагдах үнэт бүтээлүүд
болсныг гадна дотнын нэрт эрдэмтэд үнэлдэг?

-Ерээд оны эхнээс Монголын түүхэн зохиолуудын
гарал үүслийг нарийн судалж, уг судалгаандаа Оросын Г.Михайлов, Л.Скородумаво, Унгарын
эрдэмтэн Дьёрд Кара буюу манайхны хэлдгээр Хар Дорж, Өмнөд Монголын профессор Б.Гэрэлт,
Монголын академич Далантайн Цэрэнсодном нарын олон эрдэмтэнтэй нягт холбоотой ажиллан
1998 онд “Түүхэн уран зохиол бүтээх монгол арга бүрэлдсэн нь” сэдвээр хэл бичгийн
шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Уран зохиол, түүх хоёр холбоотой юм байна
гэж түүхэн уран зохиолын хосгүй үнэт бүтээлүүдийг судалсан. Түүний илэрхийлэл “Монгол
эрхи товчис” юм. Тэр тухай нь би гэдэг хүн хэлж яаж чадах билээ. Судалгааных нь
бүтээлийг л ярина. Харин “Ухаарахуй” номын тухай төрийн шагналт Дамдинсүрэнгийн
Цэнд багш “Монголын уран зохиолын түүхнээ онолын сэтгэлгээний чиг хандлагыг нээж
байгаа бүтээл” гэж үнэлсэн байдаг. “Ухаарахуй” ном гарч тухайн үед утга зохиолын
хүрээнд их л шуугиан болж байсан санагддаг юм. Манай хүн чинь их сонин. Маш удаан
бодож тархиндаа боловсруулна. Нэг суухлаараа хэдэн өдөр, шөнөөр ч хамаагүй суугаад
биччихнэ. Тэгээд цаасан дээр буулгачихаад түүнийгээ ном болгоод гаргачихсан мэтээр
санаа нь амарчихдаг байв. Техник ажлуудыг нь би хийнэ. “Ухаарахуй” номоо биччихээд
ширээн дээр нь лавтай гурав, дөрвөн сар болсон. Би л наагуур цаагуур гүйж байж хэвлүүлсэн.
Хань маань энэ номоороо утга зохиолын шилдэг бүтээлийн “Алтан өд” шагнал авч байлаа.

-Яриагаа энгийн болгох
үүднээс ганц нэг асуулт асууя л даа. Танайхаар зохиолчид их ирдэг байсан нь мэдээж.
Тэдгээр дурсамж, инээдэм наргиантай хуучаас сонирхуулна уу?

-Манайхаар олон л зохиолч ирдэг байлаа.
Энүүхэн зууртаа хэлэхэд би тэднийг бүр хашраачихсан хүн шүү дээ (инээв). Зохиолчдын
хороонд ажиллаж байхдаа Шадивлангийн зусланд гарна. Тэр үед баар, ресторан энээ
тэрээ гэж байх биш. Нэгнийхээрээ хэсч л баярлаж, архи дарс уудаг байжээ. Эрдэнээ,
Явуухулан, Цэдэндорж гээд бүх л томчууд ирнэ. Бид хоёрыг бага залуу гэж гололгүй,
тэр аваргууд чинь ороод ирнэ. Нэг удаа Эрдэнээ гуай, Явуухулан гуай хоёр ирлээ.
Нэг шил архи уучихаад гарахынхаа алдад Эрдэнээ гуай Явуу найрагчийг “ухаанд чинь
ухна ишиг үхчихээ юү” гэж хэлэхийг нь сонсоод өмнөөс нь айх шиг болсон. Явуухулан
гуай нэг ч үг дуугараагүй. Тухайн мөчид энэ том зохиолчид чинь нэгнийгээ ямар муухайгаар
хэлдэг юм бэ гэж бодож байлаа. Сүүлдээ зохиолчдын дунд жинхэнэ ууссан даа. Бааст
гуайн манай хоёр зусланд нэг байшинд, хоёр талаасаа ордог хаалгатай. Зундуйн Доржийнх
мөн зусланд нэг дор байсан.

Манай хөгшний найзууд гэвэл Сампилдэндэв,
Бямбажавын Хүрэлбаатар, Тоомойн Очирхүү, Сономын Лочин, Ломбын Нямаа гээд байна.
Тэд ээлж дараалан ирнэ шүү дээ. Ялангуяа жаахан юм хүртчихсэн бол шууд л хүрээд
ирнэ. Очирхүү маань өнгөрөөхөөсөө долоохон хоногийн өмнө манайд ирж, надаар хар
шөл хийлгэж идээд явж байж билээ. Сономын Лочин өвгөнийг байхгүйд жаахан халмаг
хүрээд ирлээ. “Миний гар өвдөөд хэвтэж байна, өвгөн удахгүй ирнэ” гэхэд “За би хэд
атгаадахъя” гэж цаг шахам бариад “одоо болох уу” гээд бүр архи нь гарчихсан, хөлс
нь урсчихсан зогсож байж билээ. Ийм л сайхан нөхөдтэй явсан даа, миний хань. Эмнэлэгт
байхад нь Ломбын Нямаа байн байн ирнэ. Хөгшнөөсөө нууж, халаасандаа нугалж хийсэн
хэдэн төгрөгөө гаргаж ирээд өгдөг сөн.

-Сүүлд бие муу байхдаа
хэд хэдэн ном бичиж, ялангуяа элит утга зохиолын чиг хандлагыг бүрэн тодорхойлсон
доо?

-Харвалт өгөөд бие муу гэртээ долоон жил
болсон. Эхний жилүүдэд Бээжинд эмчилгээ хийлгээд тархины сэтгэн бодох чадвар нь
илт сайжирсан. Энэ хугацаанд Зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойд зориулж “Найман зууныг
дагуулсан наян жил” судалгааны бүтээл гээд хоёр, гурван ном бичсэн. Мөн доктор,
магистрын диплом удирдсан. Хорлоогийн Сампилдэндэвийн хамтаар “Хорьдугаар зууны
монгол зохиолчид” номыг эрхлэн гаргаж Сэнгийн Эрдэнэ, Сономын Лувсанвандан, Лхамсүрэнгийн
Чойжилсүрэн, Дармын Батбаяр, Дамбын Төрбат нарын таван зохиолчийг өөрөө бичсэнийг
хүмүүс мэднэ байх. Хамгийн сүүлд тархиндаа гурван ч удаа нэмээд харвалт өгчихсөн
байхдаа Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” романы тухай, түүний өмнө До.Цэнджавын “Цагаагчин
гахай жил” романы тухай бичиж байв. Өнгөрөхөөсөө хэдхээн хоногийн өмнө нэг ангийн
хүүхэд болох Дорноговийн Гэмпилийн Цэдэвдоржийн тухай бичсэн юм. Ингэж л хань минь
амьсгал хураах сүүлчийн мөч хүртлээ утга зохиолынхоо төлөө явсан даа. Бие муу гэртээ
байхад нь эрх чөлөө, тусгаар тогтнолын ойгоор гавьяат өгсөнд нь баярладаг. Би ханийнхаа
номын санг эрдэм бүтээлийнх нь их ундарга Монгол Улсын Их сургуульд бэлэглэсэн.
Бурхан болсных нь дараа хүмүүс номын санг нь ихэд сонирхож, хэсэгчлэн зарчихаач
гэдэг байсан. Би тэдгээр номыг зарж тав, арван сая төгрөг олоод яах вэ. Хоол болгоод
л идчихнэ. Түүний оронд эрдмийн зэрэг хамгаалж байгаа хүмүүст оюуны бүтээл болог
дээ.

Categories
мэдээ цаг-үе

“Таван онцын эзэд” буюу хагас зуун жилийн өмнөх Сайншандын сурагчид

Хагас зуун жилийн тэртээ буюу нэгэн мянга есөн зуун жаран зургаан онд Дорноговийн Сайншандын сургуулийн төгсөгчид, өдгөө далан насны даваан дээр гарч ирсэн “охид, хөвгүүд”-ийг “Нэг ангийнхан” буландаа онцоллоо. Тэд бол анхдагчдаар дүүрэн, нэг зэлний унага адил ижилссэн, төгсөлтийнхөө гуч, дөч, тавин жилийн баярыг арав арван жилийн давтамжтайгаар хийж ирсэн элгэмсэг хамт олон. Анхдагч гэдэг нь олон зүйлээр баталгааждаг. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд хотын Үйлдвэр сургалттай, хөдөлмөр политехникийн сургууль гэх Монголдоо сонин содон хаягтай эрдмийн сүмийн шавь нар юм, тэд. Уг сургууль тухайн цагт улсын хэмжээнд ердөө гуравхан байсны нэгийг нь эдний төгсөлтийнхөн арваннэгэн жилээр дүүргэсэн түүхтэй.

Жаран гурван онд долдугаар анги төгсөхөд нь хүн бүхнийг бичиг үсэгтэй болгох аян улс орон даяар өрнөжээ. Эрдэм номын ачит үйлсэд тус ангийнхан идэвхийлэн оролцсон нь өнөө л анхдагчтай нь холбоотой. “Шинэ үсгийн багш” кинонд гардаг шиг дорнын говийн өнцөг булан бүрт долдугаар анги дүүргэсэн хүүхдүүд шинэ үсгийн хичээл зааж сүрхий лут багш нар болцгоосон байна. Тэр бүгдээс сонирхуулбал, сүүлдээ Монголын нэртэй сурган хүмүүжүүлэгч, багш болсон Л.Тавхаймаа Улаанбадрах сумын иргэдэд бичиг үсэг зааж байсан гэнэ. Мөн биологийн нэртэй эрдэмтэн Ц.Гончигжав Хөвсгөл суманд ажиллаж, монгол төрийн түшээ Цэрэнхүүгийн Шаравдоржийн ижийг уншиж, бичүүлж сургасан гавьяатай. Энэ ангийнхнаас Ө.Хоролбанди, Ц.Гончигжав, Г.Цэемаа, О.Ухнаа, Л.Өлзиймаа нар сурлага, урлаг, спорт, ёс суртахуун зэргээр бусдыгаа хошуучлан “Таван онцын эзэд” болоод мандаж байсан гэдэг.

“Эдүгээ цагаас тавин жилийн өмнө гэхэд Ар өвөр Сайншанд гэж нэгэн хөтлөөр алслагдсан хоёр жаахан суурин байжээ. Галт тэрэгний гуугачих нь сонсогдсон, Орос газрын ачааны голдуу машин мэр сэр давхилдсан тоостой гудамж, хашаа хороогүй эгнэсэн цөөвтөр гэрүүд, “дэнжийн”, “үзүүрийн”, “төвийн”, “арын” гэх дөрөвхөн дэлгүүр тэгээд “шар”, “босоо” хоёрхон гуанзтай аймгийн төвдөө сурагч явжээ. Бүхэл бүтэн аймаг ердөө ганц арван жилийн сургуультай тул сум сумаасаа хувь заяаны бурантагт чирэгдэн учирсан тэр хонгорхон жилүүдийг би л гэхэд Монголын минь “Уянга бадралын гэрэлт он жилүүд” хэмээн бахархах дуртай сан. Тэр цагт биднийг хүүхэд гэж гололгүй “Агуу их окътябрийн” болоод “Яруу алдарт майн баярын” жагсаалд оролцуулан шаазгай алаг хормогч, хүрэн хилэн хувцсаараа гангарч “ура” хашгирч явсан минь санаа сэтгэлээс үл гарна. Сайншандаар дүүрэн хангинах цагаан хоолойгоор Түмэндэмбэрэл, Банзрагч, Нансалмаа, Зангад, Адарсүрэн нарын уянгын дуу эгшиглэж хүн бүрийн зүрх сэтгэлийг “Социализмын өрнүүн байгуулалтын зүг” догдлуулж хөтөлсөн нь бий. Мөн Ринченгийн Чойном, Бэгзийн Явуухулан, Сормууниршийн Дашдооров тэргүүт найрагчдын шүлэг найргаар амьсгалж явснаа эргээд бодоход мартахын учиргүй” гэж энэ ангийн хөвгүүн, Дорноговийн Хатанбулаг, Эргэлийн зоо, Сулинхээрийн хязгаартаа он он жилээр сууж шүлэг найргаа тэрлэсэн Сономын Чулуун өгүүлсэн билээ. Тавин жилийн өмнөх Сайншанд хотын нэрийн хуудас болсон сургуулийг төгссөн хамт олноос бахархал болсон хүмүүс элбэг дүүрэн. Говийнхоо хөдөөх суурингаас ажлын гараагаа эхэлсэн анагаах ухааны доктор, хүүхдийн нэртэй эмч Чимэдрэгзэнгийн Цогт-Очирыг нэрлэж болно.

Цогт-Очир эмчийг “Сод Монгол”-ын захирал Анандбазарын аав гэдгийг хүмүүс мэдэх биз ээ. Ангийн хөвгүүдээс цэргийн зүтгэлтнүүд олон төржээ. Гэвч тухайн төгсөлтийнхөн Аюушийн Хүү-Ухна, Гомбосүрэнгийн Ядамсүрэн гэсэн хоёр хурандаагаараа бахархах ажгуу.

Аюушийн Хүү-Ухна ОХУ-д Зэвсгийн инженерийн дээд сургууль төгсч 1972-1979 онд Зүүнбаян дахь цэргийн нэгтгэлийн зэвсгийн албаны галт хэрэглэлэлийн инженер, албаны даргаар ажиллаж байжээ. Тэрээр БХЯ-ны цэргийн зэвсгийн тасгийн галт хэрэглэлийн инженер. Батлан хамгаалахын их сургуулийн зэвсгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан нэгэн. Эрхэм хурандаа төгсөлтийнхөө дурсамжийн номонд “Миний бие Эрдэнэ сумын Уланбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Тавхаймаа, Ядамсүрэн нарын хамтаар зүтгэж байж 260 сая төгрөг цуглуулсан. Түүнийгээ тусламжийн бараа болгон хөдөө явуулж, сумынхаа хоёр багийн даргыг унаатай болгосон” хэмээн өгүүлсэн байна. Ингэж л тус ангийнхан ус нутгийн түмэндээ элгэн халуун сэтгэлээр тусалдаг байна.

“Биднийг аравдугаар ангид байхад манай ангийн сурагч Цэндийн Адъяа Дорноговиос олон улсын математикийн олимпиадад анх удаа оролцож байсан. Эдийн засгийн ухааны доктор хүн. Намбарын Энхбаярыг Ерөнхий сайд байхад нь зөвлөхөөр ажиллаж, Америкийн Элчинд ажиллаж байсан. Мөн анхны “Шударга журам” медальт Л.Чулуунхүү гэж байлаа. 1959 онд айл шатахад бага ангийн гурван охины амийг галаас аварсан ачтан. Анхны “Шударга журам” медальтнуудын нэг юм. Чулуунхүүг маань нам төрийн удирдагчид Улаанбаатар хотод хүндэтгэн урьж, Жамсрангийн Самбуу гуай шагналыг нь гардуулж байсан. Монголын говь нутагт хармагийн цех, архины үйлдвэр анх удаа байгуулагдсан нь Хатанбулаг суманд юм. Хармагийн дарс үйлдвэрлэж, одоогийнхоор бол говь нутгийн брэнд бүтээгдэхүүн болж байж. Уг үйлдвэрийн ерөнхий инженер мөн л манай ангийн сурагч Данзангийн Дарьсүрэн. Одоо дорнын говьдоо ажиллаж амьдарч байна. Ингээд бодохоор манай анги чинь үнэндээ ер бусын сурагчидтай, Равжаа хутагтын нутгийн сор болсон охид, хөвгүүдийг нэгтгэсэн алдар замналтай анги байгаа биз” гэж Тавхаймаа гуай сэтгэл хангалуун, ёстой л нөгөө бахархах омогшихын завсарт хэлээд авна лээ. Тэднийг тавдугаар ангид байхад Улаанбаатар хотоос олон улсын олимпиадад найман хүүхэд явж, Польш улсад хөл тавихад Монголын говиос шилэгдсэн ганц сурагч нь мөн л тэдний ангийн Доржийн Пагмадулам гэнэ. Хуулийн мэргэжил эзэмшсэн тэрээр хотын прокурорт олон жил үр бүтээлтэй ажиллажээ.

Ангийн идэвхтэй сурагчдын нэг, аливаа уулзалт учралыг сайтар зохион байгуулж, ангийнхныхаа, төгсөлтийнхнийхөө тухай ном бүтээл хэвлүүлж, бусдыгаа оройлон манлайлж явдаг Лувсанцэдэвийн Тавхаймаа гуай гучин дөрвөн жил багшаар ажилласан гавьяатан. Дорноговь аймагтаа арван жил бага ангийн багшаар ажиллаад Улаанбаатар хотын нэртэй сургуулиудад уригдсан байдаг. Тэрээр нэрт соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит нийслэлийн шилдэг 50 дугаар сургуульд 14 жил багшилсан гэнэ. “Таны шавь нараас олны танил, бахархам хүмүүс байна уу” гэхэд “Тэр бүгдийг нэрлэж яаж барах билээ дээ” гэв. Тавхаймаа багшийн шавь нар гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан, Монголын лидер залуучуудын нэгэн, өдгөө АНУ-д суралцаж байгаа Сүхбаатарын Эрдэнэболд, олон улсын сэтгүүлч Б.Ганбаяр, соёлын тэргүүний ажилтан дуучин Г.Эрдэнэтунгалаг гээд олон залуусыг нэрлэсэн юм. “Шавь нарын минь буян биз ээ. Тэтгэвэрт суухынхаа өмнө Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан даа” гэж жаахан хүүхэд адил догдлон хэлсэн. Тэрээр ангийнхаа авьяас билигт хоёр хөвгүүний нэгэн болох Монголын зохиолчдын эвлэлийн “Утга зохиолын төлөө шагналт Лувсаншаравын Содномдоржтой хамтарч “Дурсамж цалгисан он жилүүд” хэмээх төгсөлтийнхөө номуудыг арав, арван жилээр ботилон хавтасласан нэгэн юм. Ангийн дурсамжийн бүтээлд бусад ангийнхан санаа оноо авмаар, зарим нэг албан байгууллага, сум дүүргийн номноос илүү сайхан баялаг түүхтэй, инээдэм хөөр хөгжөөнтэй, үр хүүхэд хойч үеийнхэндээ хэлсэн сургаал, нөхөрсөг шог, халуун дулаан дурсамж дурдатгалаар цалгисан, ёстой л ангийнхны ном гэж ийм л байдаг байх даа хэмээн бодогдохоор бүтээлүүд болжээ. Хуудас бүрээс нь гэнэн хонгор цагийнх нь инээд хөөр, эгэл нандин дүр төрх, хүүхэд бүрийн зан чанар, амьдралынх нь гэрэл гэгээ нэвт шувт мэдрэгдэх ажгуу. Уулзалт бүртээ бид чинь цагийн жамаар цөөрсөөр л байна гэж тэд санаа алдан хэлж байсан. Дотнын нөхөд нь орон зайгаа орхин одлоо ч номын гэрэлт хуудаснаас гэгээн дүрээр уулзан учирч, ухаалаг яриа хөөрөө нь бусдынхаа чихэнд сонсогдох шиг болдог биз.

Есдүгээр ангид орох жил хүлээн авсан Аварзадын Гэндэндоо, Гомбын Оюунбилэг багш нартаа хайртай гэж жигтэйхэн. Ээжтэйгээ хамт өтөлж байна даа гэдэг шиг дөнгөж сургууль төгссөн залуухан багш нар тэднийг удирдсан гэдэг. Өдгөө хоёр багш нь сэрүүн тунгалаг бөгөөд шавь нартайгаа ижилхэн, ялгагдах зүйлгүй гэнэ. Оюунбилэг багш нь монгол хэл бичгийг цэгцтэй сайхан зааж, хүүхдүүдийнхээ сэтгэл оюунд үлдсэн бол Ховдын Дарви, Сутай хайрхны хүү Гэндэндоо багш нь тооны ухаанд сайтар сургажээ. Ийм л хоёр буянт багшийн ачаар алдар замнал нь тодорсон нэртэй сурагчид төрсөн байна. Р.Занабазар багшаа тэд халуун сэтгэлээр дурсана. Равжаа судлалд өөрийн үнэт хувь нэмрээ оруулсан ачит багш. Хутагтынхаа тухай хэд хэдэн бүтээл ч гаргасан байна. Үйлдвэр сургалттай, хөдөлмөр политехникийн сургуулийг санаачилж байгуулсан хүний нэг гэдэг. Цэндийн Дамдинсүрэн, Эрдэнэбатын Оюун гуай нар говь нутгаар явж Равжаагийн талаар баримт цуглуулахдаа Занабазар багштай зориуд уулздаг байсан гэнэ.

“Лувсанчүлтэмийн Сумьяа гэж хувьсгалын улаан туг шиг охин эвлэл, үйлдвэрчинд насаараа зүтгэж олны сэтгэлийг гижигдэж явлаа. Лувсаншаравын Содномдорж гэх “задгай цагаан үүл” шиг эр тоглолт, үдэшлэг хөтөлж, яруу омголон шүлэгс төрүүлсээр ард түмний гавьяат цол хүртчихсэн, шүлэг найргийн хэдэн ном биччихээд Налайх хотод налайж сууна. Халзандухын Чимэдрэгзэн маань хамуу, годрон, ям, мялзан, шүлхийтэй зөрчилдөж хөл, хэлд ороод хашир хандгай зангаараа олноо шагшигдаж үлдсэн ганцхан малын эмч болсон ажээ. Данзангийн Дарьсүрэн Москвад хими-технилогич болж ирээд цагийн хатууд говийн хармаг жимсээр архи үйлдвэрлэж явсан Монголын цөөн зоригтны нэг байсан ч засаг хавчаад ирэхүй “зэл эвхэж”, дахин суралцаж орос хэлний багш болсон сонин хуучтай хүн. Цэрэндоржийн Пэрэнлэймаа гэдэг мундаг зарчимч хүүхэн нийслэл хотынхоо дулааны судсыг тэмтэрч, Амгалангийн дэнсийг барьж явсныг томчуул яахин мартана. Түүнийг цагийн сайханд Свердловск хотноо инженерийн диплом өвөрлөсний ачийг эх орондоо өргөсөн цөөн гавьяатны нэг гэдэг ч юм. Тэрээр 1990 оны давалгаант өдрүүдэд эдүгээх Говьсүмбэрийн Баянтал дахь орос цэргийн хотхонд буцах болсон цэрэг дарга нарын зах замбараа алдсан байдлыг номхотгох гэж засгийн өмнөөс очиж эх хэлээр нь ухуулан сэнхрүүлж байшин балгадыг нь бүрэн бүтэншүү эх орондоо хүлээж авсан гэдэг дуртгалын эзэн сэн. Самдангийн Лантуу МУИС-д геофизик зааж, геофизик-астрономын том лаборатори байгуулж ажилласаар хонин жилд манай ангиас Алтангадас одон зүүсэн арванхоёр дахь хүн болсон байх юм. Хүүхэд ахуйгаасаа сайн тамирчин болчихсон Долгорын Цогбадрах биеийн тамирын багш, сургуулийн захирал, сумын Засаг дарга тэгснээ аймгийн нийтлэг үйлчилгээг захирагч гэх мэт төрийн ажилд үл гулзайн зүтгэж, түүх дуртгалын “Чуулалт хаалгын сум” ном хэвлүүлж, гүйдэг харайдаг нь хэвээрээ гялалзаж явна. Бас Долгорын Жалбуу гэж ухаалаг өвгөн буй. Уул нь орос хэлний багш болох байсан ч аж амьдрал, эрүүл мэндийн хяслангаар багш, ариутгагч, галч, манаач, үсчин, проводник, нярав, ачигч, тогооч, мужаан, оёдолчин, асрагч мэт хамгийн олон ажил хийж үзсэн бас сурсан, аминдаа арчаатай, өөртөө зөв ухаантай нь биднээс төө илүү” гэж Сономын Чулууны бичиглэл үргэлжлэх бүлгээ.

“Гандангийн бүрхэг” хэмээх Намжилваанчиг арслангийн охин Буян мөн л энэ ангийнх билээ. Одоо Зүүнбаянд амьдарч байгаа гэсэн. Хоролбанди тухайн үеийн Багшийн дээд сургуулийг төгссөн, биологийн мэргэжилтэй, Монгол Улсын тэргүүлэх зэрэгтэй багш юм. Ангийн хөвгүүн Гончигжав агсны хань. Тэдний том хүү Батбаяр Москвагийн Аюулаас хамгаалахын дээд сургууль төгссөн. “Монгол Алтай” компанийн инженер. Охин Батцэцэг нь АНУ-ын Оклахомагийн их сургуульд эрүүл мэндийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Одоо Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаа ажээ. Бас Хандын Санжмятав, Лувсанцэрэнгийн Цэцэгмаа хоёр мөн гэр бүл болжээ. Математикийн нэртэй багш нар юм. Лувсангийн Ухнаа гэж лут хайгуулч Их сургууль дүүргэн ашигт малтмалын ордын эрэл хайгуулын инженер, геологич мэргэжил эзэмшсэн. Түүнтэй Цагаан суваргын болон Хайр айргийн гээд говийн хэд хэдэн орд холбогддог. Ийм л алдар замналтай, хүүхэд бүр нь нэг том “уурхай” болсон халуун бүлсэг хамт олны тухай өгүүллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ижилгүй их авьяастан

Зураач, уран барималч, архитектор, инженер, зохион бүтээгч, эрдэмтэн, математикч, анатомич, ургамал судлаач, хөгжимчин, философич гээд хоорондоо огт авцалдаагүй ч юм шиг эсвэл нэг чиглэлийн ч юм шиг мэргэжлүүдийг ганц хүн төгс эзэмшиж болох уу. Болохоор барах уу. Их Сэргэн мандалтын үед амьдарч туурвиж байсан нэг эрхэм эдгээр мэргэжлүүдийг өөрийнхөө үед төгс эзэмшиж байсан агаад түүнийг Леонардо да Винчи гэдэг амой.

Леонардо да Винчи нь 1452 оны дөрөвдүгээр сарын 15-нд Флоренцийн ойролцоох Винчи хэмээх жижигхэн хотхонд нотариатч мэргэжилтэй чинээлэг эр Пьерогийн гэрт мэндэлжээ. Эцэг Пьеро да Винчи нь амьдралынхаа туршид дөрвөн эхнэр сольж, арван хүү, хоёр охины эцэг болж байсан гэдэг бол харин Леонардогийн ээжийн тухай үнэнийг өгүүлж батлагдсан баримт байдаггүй. Ихэнх түүхчийн тоймлосноор тэр эмэгтэйг Катерина гэдэг, тариачин удамтай гэхээс өөр олигтой мэдээлэл түүхэнд үлдсэнгүй. Леонардогийн бүтэн нэрийг Leonardo di ser Piero da Vinchi гэдэг ба хөврүүлбэл Винчигийн ноён Пьерогийн хүү Леонардо гэх утга ажиглагдана. Өөрөөр хэлбэл Архангайн Дашийн Дорж гэдэгтэй адил ч юм шиг. Энэ нь Европт түгээмэл байдаг эцгийн, өөрийн, овгийн гэсэн гурван холбоос биш зүгээр л төрсөн газар усаараа овоглоод явчихсан нэг өвөрмөц нэр юм гэх үү дээ.

Одоо Францын Парис хот дахь Луврын музейд хадгалагдаж байгаа алдарт “Мона Лиза” зургийн нэр, бүтээгдсэн түүхийг нь товч өгүүлье.

Ritratto di Monna Lisa del Giocondo гэж итали хэлнээ бичигддэг, хөрвүүлбэл «хатагтай Лиза Жокондогийн хөрөг» нэртэй 1503-1505 онуудын хооронд бүтээгдсэн энэ зураг нь дэлхий дээрх урлагийн бүтээлүүдийн сор нь билээ. Италиар ma donna буюу «миний хатагтай» гэдэг хэллэгийг товчлоод monna гэж дууддаг юм байна. Хоёр дахь нэр болох del Giocondo (Жокондо) гэдэг нь Лизагийн нөхрийн овог.

1525 онд да Винчигийн шавь Салаи анхлан энэ зургийг дэлгэж тухайн үед Миланд амьдарч байсан дүүдээ өгөхдөө, энэ зураг Жокондо гэдэг нэртэй юм шүү гэж байжээ. Ихэнх түүхчдийн хэлж ярьж байгаагаар бол Флоренцийн торгоны наймаачин Жокондо өөрийн эхнэр Лиза Герардинигийн хөргийг төлбөртэйгөөр бүтээлгэх явцад уг зураг нь Леонардод таалагдаж өөртөө үлдээсэн гэлцэх юм.

Түүнийг дөрвөн настай байхад нь анхан шатны хичээл болох унших бичиг, латин хэл, математик зэргийг зааж эхлэхэд л хүүгийн гоц авьяас тодорч эхэлсэн гэдэг. Тэр солгой, баруун гэлтгүй адилхан бичдэг, заримдаа баруунаас зүүн тийш буруу харуулж зөвхөн толинд тусгавал уншигдахаар бичиж чаддаг байжээ. Удалгүй эцэг нь Флоренц рүү нүүж хүүгээ зураачийн дамжаанд орууллаа. Флоренц тухайн үед өнгө зүсээ засч Европын шилдэг хот-улсын нэг болж зураач нар овоо эрэлт хэрэгцээтэй байсан учраас тэр шүү дээ. Түүнээс биш тухайн үед зураачийн мэргэжил нэр хүндээрээ оёдолчдоос арай дээгүүр, нотариатчаас хамаагүй доогуур үнэлэгддэг байжээ.

1490-1492 оны хооронд агуу зураач маань архитектор Витрувиагийн номын хавтаст зориулж зурсан зураг.

Эрэгтэй хүнийг хоёр байрлалд давхацсан байдалтайгаар зурсан энэ бүтээлд хүний биеийн бүтэц, анатоми, хоорондын харьцаа, хэмжүүр зэргийг гойд харуулж чадсан гэж үздэг. Жишээлбэл :

-хамгийн урт хуруу нь гарын алгатай тэнцүү

-хөлийн ул дөрвөн алгатай тэнцүү

-тохой хүртэл зургаан алга

– зургаан тохой нь хүний өндөр гэх мэт

1467-1472 оны хооронд Леонардо тухайн үеийнхээ шилдэг зураач, барималч Тосканы сургууллтын томоохон төлөөлөгч Андреа дель Верроккьод шавилан сууж лут гэгээрсэн нь ирээдүйн амжилт бүтээлд нь том түлхэц өглөө. Том багшийн шавь 20 нас хүрэхэд ойр орчноосоо зөвхөн магтаал сонссон гайхалтай уран бүтээлч болсноос гадна босоо ятга дээр тун чадварлаг тоглож сурсан байна. Энэ үеэс л түүнийг хүрсэн, харсан бүгдийгээ төгс эзэмшиж сурч өөрийн болгон хөгжүүлж чаддаг болсон гэж бичдэг.

1480 онд Леонардо өөрийн гэсэн урлантай болж анхныхаа бүтээлүүдийг туурвиж эхэлсэн бөгөөд “Христийг загалмайлсан нь” хэмээх алдарт зургаа чухам энэ л үед бүтээжээ. 1482 онд мастер Милан руу шилжиж амьдралынхаа нэгэн цоглог үе рүү орлоо. Тэр энэ үедээ ганц уран зураг, баримал гэлтгүй төрөл бүрийн чиглэлээр бүтээн цогцлуулж байсан. Энэ үед нь нөгөө дайн байлдааны тоног төхөөрөмжүүд, суваг шуудуу ухах инженерийн тоноглолууд, токарийн машин гээд л түмэн төрлийн шинэ санаачилга оновчтой шийдлүүд нь амьдралд хэрэгжиж байлаа. Леонардо 1481 онд “Ид шидийг бишрэхүй” гэдэг зургаа зурж, 1482 онд морин толгойн хэлбэртэй босоо ятга хөгжим бүтээжээ.

1490 оноос Леонардо архитектур болон анатомийн салбарт анхаарлаа хандуулав. Тэрээр сүм хийдийн план зураг, алслалын зургийг гаргаж ирэхийн сацуу, хүний гавлын ясыг судалж зүслэг хийгээд, тархины шинж чанар, бүтэц болон дотоод орон зайг судалсан байна.

да Винчигийн танк

Тэр хэтэрхий харгис үед амьдарч байсан тул цаг үедээ таарсан дайн байлдааны нэжгээд техникийг зохион бүтээжээ. Пулемёт, танк, онгоц, шүхэр, зөөвөрлөдөг гүүр гээд армид хэрэгтэй олон зүйлийн анхдагч нь тэр байжээ. Түүний зурсан танк найман хүний хүчээр хөдөлдөг, тойроод автомат буунуудтай, төмөр болон модноос бүрдсэн техник байлаа.

Тэр зөвхөн урлагийн суут ухаантан байгаагүй. Тэр хүмүүсийн сэтгэлийг татсан, хүнтэй маш нийцтэй харьцдаг зан чанартай байв. Тэр өөрөө тийм чинээлэг баян биш боловч хажуудаа үргэлж зарцтай, мөн адуу малтай, тэднийгээ маш их хайрлана, тэжээнэ, өсгөнө. Өрөвч сэтгэлтэй нэгэн байсан тул зах дээр таарсан торон дахь шувууг торноос нь суллаж эрх чөлөөтэй дүүлэн нисэхэд нь туслаад, мөнгийг нь төлөөд явчихна гээч.

1483 он бол түүний уран бүтээлийн ид оргил үе байв. Тэр өөрийн анхны захиалгыг авч, агуй доторх Мадонна бүтээлээ туурвижээ. Тэрээр уран зураг бол шинжлэх ухаан гэж нэгэнтээ хэлсэн байдаг.

1490-ээд онд өнөөгийн бипний хэрэглэдэг оёдлын машин, шүхэр, нисдэг тэрэг, давхар их биетэй хөлөг онгоц, танкны зураг төслийг хийж энэ бүгдийгээ нэгтгэн ном гаргаж, амьдарч буй цаг үеэсээ дэндүү хол ирээдүйг харж эхэлсэн юм.

Леонардогийн Лука Пачалогийн бүтээлд зориулсан “тэнгэрлэг пропорц” зураг нь түүнийг амьд ахуйд олон хувиар хэвлэгдсэн бүтээл болсон юм. Энэ бүтээлд зориулан тэрээр 60 ширхэг геометрийн олон талт дүрсийг зуржээ.

1498 оны арванхоёр сарын 14-нд энэ номоо дуусаж олон математикч, жүжигчин, инженерүүдэд гар бичмэлээ дурсгасан байдаг.

1500 онд францчууд Миланыг эзлэх үеэр Леонардо Флоренц руу буцан, 1504 онд Флоренцийн худалдаачин Франческо Дел Жокондын эхнэрийн хөргийг зурж, алдарт “Мона Лиза”-г бүтээсэн гэдэг. Энэ зураг одоо Парисийн Луврийн музейд хадгалагдаж байгаа.

1513-1516 онд Леонардо Ромын Ватиканд амьдарч уран бүтээлээ туурвисаар байсан. Леонардогийн үйл хэрэг, уран бүтээл 16 дугаар зууны эхний арван жилд олз омгоор дүүрэн байв. Энэ үед тэрээр “Хүүхэд тэвэрсэн Мадонна”, “Леда” зургаа бүтээжээ. Леонардо өөрийн бүтээлээ дуусгах гэж яардаггүй байв. Тэрээр дутуу хийсэн ажил хүний амьдралд байх ёстой зүйлийн нэг, ДУУСГАНА- гэдэг нь алах гэсэн үг гэж нэгэнтээ хэлжээ. Да Винчи дөрвөн цаг тутамд 15 минут унтаж амардаг. Тэрээр унтаж амарсны дараах эхний цагууд нь ажил, урлагийн хамгийн тохиромжтой цаг бөгөөд тархины үйл ажиллагаа 6-10 дахин ихэсдэг гэж үздэг байжээ.

Леонардогийн олон загвар туршилтууд дуусалгүй үлдсэн бөгөөд хожмоо түүний үнэнч туслах, шавь Францеско Мелзи эдгээр ажил үйлсийг нь үргэлжлүүлсэн гэдэг. Тэр цагт зураачид захиалга аваад, шавь нартайгаа хамт зурдаг байсан юм шүү дээ.

Леонардо ургамал судлалын чиглэлээр судалгааны ажлууд хийж, ургамлыг хэдэн настай болохыг тодорхойлох аргыг боловсруулсан байна. Түүнчлэн хүний биеийн анатомийг судалж, нүдний харааг тогтоож анагаахын шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсан гэдэг.

Түүний нэг томоохон зохион бүтээл бол нэхмэлийн машин, металлургийн төмөр хайлуулах зуух, мод боловсруулах машин юм.

Леонардо тогтмол царцмал, хөдөлгөөнгүй бүхнээс зайлсхийдэг байв. Тэр амьдралыг хөдөлгөөнтэй, идэвхтэй байхыг илүүд үзнэ. Түүнд өөрчлөгдөж солигдож байгаа юм бүхэн, гэрлийн өнгөний өөрчлөлт хүртэл сонин байх нь энүүхэнд гэнэ.

Да Винчи усны долгион, салхи, гэрлийн байдлыг харж үзэх дуртай байсан бөгөөд өөрийн шавь нарыг нар мандах болон жаргах үед, ус, салхитай пейзаж зурахыг зөвлөдөг байлаа. Тэрээр “Бүх зүйл урсаж, бүх зүйл өөрчлөгдөнө ” гэсэн алдарт томьёог санаачилсан.

Нас дээр гарсан Леонардо олон сарын турш өвчтэй байж, үхэл ойртож буйг мэдэрсэн үеэсээ шашны талаар судалж эхлэв. Мөн мэргэч төлгөчдийг “Мунхруулагч” хэмээн, тэмдэглэлдээ ихээхэн шүүмжилсэн байдаг.

Түүний бие чилээрхсэнийг сонссон хаантанг залран ирэхэд тэрээр хүндэтгэл үзүүлэн босож суухын ялдамд, бурханы өмнө олон гэм нүгэл хийсэн хэмээн хэлсэн үг түүний эцсийн үг байж, хааны гар дээр 1519 оны тавдугаар сарын 2-нд амьдралынхаа 75 дахь жил дээрээ амьсгал хураажээ. Сэргэн мандалтын үеийн хамгийн агуу суутны нэг энэ хүний үнэт бүтээлүүд нь хүн нэг насандаа ямар их юм бүтээж болдгийн үлгэр жишээ болон үлджээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Цэцэ буюу Н.Цэцэнбилэг: “Нийслэл хүү” шиг өргөн сэдвээр дуулдаг реппер цөөхөн

“Vanquish” хамтлагийн гишүүн реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгтэй ярилцлаа.

-Хамтлагаа анх хэзээ байгуулж байсан юм бэ. Этгээд сонин дуугаар танигдаж байсан?

-2004 онд 220-ийн байрныхаа Пангастай хамт хамтлагаа байгуулж байсан. Дуу хийхээсээ өмнө Дандийг хамтлагтаа аваад гурвуулаа анхныхаа дууг бичүүлж байлаа. Дараа нь хамтлагтаа Азиг авч хэд хэдэн дуу бичүүлсэн. 2005 онд Төвшөөг аваад тавуулаа анхны “Эксэль” дуугаа бичиж, өөрөө продюсрож, клипжүүлсэн байдаг. Энэ дуугаараа “Vanquish” хамтлаг танигдсан гэж боддог. Манай гишүүд бүгд 40 мянгат, 220-ийнхон. Пангас бид хоёр нэг байрных, Данди, Ази хоёр орос гурвынх. Төвшөө, Бямбаа хоёр 40 мянгатын Нэгдүгээр сургуулийнх. Хамтлагаа өөрийн ойр хүмүүстэй байгуулж байсан.

-Бүгд 40 мянгатынх юм байна?

-Тийм. Би багадаа 40 мянгатад өвөө, эмээ дээрээ өссөн. Их сахилгагүй байсан гэсэн. Ямар сайндаа Сагсуу саарал гэдэг нэртэй байхав. Нэгдүгээр ангид элсэхдээ 31 дүгээр сургуульд орж байсан ч “Эхлэл” хувийн сургуулийг төгсөж байсан. Бага нас маань цирк тойроод л өнгөрсөн дөө. Тиймээс л анхны CD-гээ 220 гэж нэрлэж байлаа.

-Удалгүй АНУ руу сурахаар явсан байх аа. Тэгсэн ч уран бүтээлээ хийсээр л байсан?

-Би 2006 онд АНУ руу сурахаар явсан. Тэр хооронд манай хамтлагийнхан Бямбааг хамтлагтаа аваад “Хүүд” гэдэг дууг гаргасан. Тэр дуугаараа “Vanquish” хамтлаг хүмүүст илүү танигдах болсон. Би өөрөө үг бичих дуртай байсан болохоор 2008 оноос АНУ-д бие дааж гэртээ микрофон, компьютер аваад дуу хийж дуулж эхэлсэн. Хамгийн анх “Миний пүүз”, “Энэ бол би” гэдэг дуугаа хийж байлаа. Тухайн үедээ Hi5, xorom.com-д хоёр дуугаа тавьж үзээд хүмүүст их таалагдахаар нь клипжүүлсэн. Өөрөө камераар дүрсжүүлж, дуугаа бичүүлээд Монгол руу явуулдаг байсан л даа. Дуу хийх гэж хагас жил будилсан шүү. Микрофон аваад компьютертоо залгах гэтэл компьютер нь яаж ажилладгийг мэдэхгүй, дахиж нэг юм хэрэгтэй болоод, дээр нь хэл сайн сураагүй байсан болохоор будилж л байлаа. Тухайн үед TJ интертайнментийн захирал Нямаа миний клипийг монтажилдаг байсан. Клип гаргаснаар хүмүүст ч гайгүй хүрсэн л дээ. Тэгэхээр нь CD гаргая гэж шийдээд “220”, “Халзан толгой хоёр соёо”, “2012”, хамгийн сүүлд “Нийслэл хүү” гэдэг цомог гаргасан.

-Тэгэхээр хамтлагаасаа гарсан гэсэн үг үү?

-Хамтлагтаа байгаа. Би 2009 онд ирээд хамтлагийнхаа таван жилийн ойг хийсэн. Зургаан жилийн өмнө “Зургаа”, “Zoom air”, “Он цаг хугацаа” дууг хамтлагаараа дуулж байлаа.

-Одоо “Vanquish” хамтлаг байдаг уу?

-Манай хамтлагийнхан бүгд гадаадад сурдаг юм. Төвшөө Москва руу магистр хамгаалах гээд буцаад явчихсан. Бямбаа Шанхайд магистр хамгаалчихаад Дубай руу мэргэжил дээшлүүлээд ирсэн. Ази хоёр жилийн өмнө Англиас ирсэн бол би 2012 онд Америкаас ирсэн. Данди “Эксель” гэдэг дуун дээр байдаггүй. Тэр үед Англид сурч байсан юм. Ингээд байгуулагдсанаасаа хойш зургаан жилийн дараа хамтлагийнхан бүгд цуглаад 2010 онд “Open air”-т тоглолтоо хийж байсан.

-Дахиж цуглавал тоглолтоо хийх үү?

-Тоглолтоо хийх үгүйгээ мэдэхгүй ч боломж гарвал хиймээр л байна. Гэхдээ уран бүтээлээ хийгээд л байгаа шүү дээ. Сүүлд өнгөрсөн зун Данди бид хоёр “Сэгсэр” дуу хийсэн. Ер нь Монголдоо байвал цуглаад уран бүтээлээ хийдэг.

-Дууныхаа үгнүүдийг өөрөө бичдэг үү?

-Бүх үгийг өөрсдөө бичдэг.

-Реппер гэхээр заавал нэг нэгнийгээ доош хийсэн өнцөг ажиглагдаад байдаг. Ер нь тэгэх ёстой юм уу?

-Тэгэх ёстой. Тэр нь салшгүй нэг хэсэг нь юм л даа. Хувь хүний үзэл бодол орно. Поп дуучид дуулахдаа хүний дургүй хүргэсэн зүйлийг дуулахгүй. Дуулах сэдэв нь хайр, ээж, аав. Тэрийг нь бүх хүмүүс сонсоно. Хоорондоо таарамжгүй бол хоолой нь муу гээд яриад л өнгөрнө. Реппер хүн юуны ч тухай хамаагүй дуулдаг. Манай хамтлагийн “Хүүд” гэж дуу гарч байхад “G хороолол” гэж дуу гарч байлаа. Тэр үед паалантай жорлонд бааж, паартай байшинд амьдарлаа гэж хүмүүсийг доош нь хийж байсан. Би өөрөө тэнд нь өсч төрсөн юм чинь өөрийгөө өмөөрнө шүү дээ. Тэрнээс болж л тиймэрхүү өнгө аяс гарсан. Gee бид хоёроос өмнө Lumino, Quiza, Ice top-ынхон хоорондоо муу байгаагаа уран бүтээлээрээ тойруу утгаар илэрхийлдэг байсан. Бидний үед нэр усыг нь заагаад шууд хэлчихдэг болсон. Гадаадад ч бас бүгд л тэгдэг.

-Анх тэгж хүн чичилж дуулсны дараа нийгэм яаж хүлээж авч байв?

-Мэдэхгүй. Би АНУ-д байсан. Найзууд энд бөөн юм болж байна гэдэг байсан. Зун нь ирсэн ч мэдээгүй ш дээ. Шоу бизнес учраас үзэл бодол таарахгүй бол түүнийгээ хэлэх зүйл байна.

-Өөрийг чинь бас хүмүүс дуундаа нэлээд чичилсэн байдаг?

-Бидний үеийнхэн гэвэл “Clickclick boom”, “Gee”, “Opozit” л доо. Биднийг гарч ирэх үед “Flash”, “Мөнхийн реп” гээд хамтлагууд хайрын дуу дуулдаг байсан. Тийм моод байсан юм. Бид ч анх гарахдаа бас хайрын дуу дуулж л байсан. Тэр үед яаж хүмүүсийн анхаарал татсан бэ гэхээр “Бид хайрын дуу дуулахгүй хип хоп гэдэг хар барааныг дуулдаг урлаг” гэж гарч ирээд нөгөө хэдийгээ чичиж эхэлсэн. Хоорондоо хэрэлдэхээр хүмүүс сонсоод өмнөөс нь юу гэх бол гэдэг хүлээлт гарсан. Тэгтэл хүмүүс хошуурдгаараа хоорондоо хэрэлдвэл од болох юм байна гэж бодоод нэг нэгнээ чичдэг болсон.

-Та нарын дууг нийгмийн зарим хэсэг сонсоод хоорондоо хэрэлдээд байх юм. Энэ ер нь урлаг юм уу гэх хандлага байдаг?

-Урлаг шүү дээ. Урлаг гээд дэлхий даяар хүлээн зөвшөөрчихсөн. Монголд ч гэсэн хүлээн зөвшөөрчихлөө. Репперүүд одоо томчуудтай ч киноны дуу хийж байна. Хаана томчууд байна бүгдтэй нь л уулздаг болж. Өмнө нь өмдөө чирсэн бацаанууд гээд тоож уулздаггүй л байсан ш дээ.

-Одоо Монголд сайн реппер гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Уран бүтээл нь хүмүүст хүргээд шинэ зүйл хийж байгаа нь Rocket Bay л байна даа. Одоогоор биднийг давж гарч ирсэн шинэ реппер байхгүй л байна. Сүүлийн үед эмэгтэй репперүүд гарч ирж байна.

-Өөрөө бусад репперүүдээс юугаараа ялгарах юм бэ?

-Би сэдэвд баригддаггүй. Бүх сэдвээр дуулдаг. Хараалтай ч дуу байна. Хайрын ч дуу бий. Улс төр, бууз, пүүз гээд над шиг өргөн сэдвээр дуулдаг реппер цөөхөн дөө.

-Ингэхэд ямар мэргэжилтэй билээ?

-Интерьер дизайнер мэргэжилтэй. Багадаа зураг их зурдаг байсан. Зураач болно гэдэг байлаа. Арван жилээ төгсөөд конкурс өгөөд ШУТИС-ийн дизайны сургуульд тэнцэж нэг жил сурч байгаад АНУ руу явж хэл суръя гэж шийдсэн. Хэлний курст орсон чинь олон жилийн виз өгчихсөн юм. Тэгээд л мэргэжлээрээ сурчихсан.

-Мэргэжлийнхээ дагуу “Смок” брэндээ гаргасан юм уу. Яг ямар брэнд юм бэ?

-Брэндээ Анхаа гээд 220-ийн залуутай нийлж хийсэн. Анхаа маань график дизайнер. Миний дөрвөн CD-ний гурвыг хийж өгч байлаа. Бид хоёр нийлээд хувцасны брэнд байгуулсан.

Монголдоо үйлдвэрлэл хийе гэж ярьдаг ч дандаа ноолууран бүтээгдэхүүн хийдэг. Залуус өмсье гэхээд яг гоё стильтэй хувцас байдаггүй. Ярилцаж байгаад тийм орон зай байна гээд хийж эхэлсэн. Зах зээлд нэвтрүүлэхэд яах аргагүй тэр орон зай хоосон байсан. Дээр нь дизайн сайн байсан л даа. Тиймдээ ч одоог болтол явж л байна. Цаашдаа “Смок” брэндээ дэлхийд гаргах төлөвлөгөөтэй байна. Анх байгуулахдаа л олон улсад гаргана гэж төлөвлөсөн.

-Танайх хувцсаа захиалгаар хийдэг юм уу?

-Одоогоор захиалгаар хийдэггүй ч бас форм болохоор олон тоогоор хийдэггүй.

-Залууст зориулсан гэлээ. Үнийн хувьд ямар байна. Залуус авч чадах уу?

-Залуусын зарим нь үнэтэй байна гэдэг. Зарим нь гайгүй гэдэг юм. Гэхдээ төлөвлөсний дагуу болоод л байна.

-Хүүхдийн номын сангийн ажил хийнэ гээд байсан. Ажил хэрэг болгож чадсан уу?

-Хийсэн. Мобикомоос тэмцээнд оруулаад хүн болгон төсөл бичсэн юм. Жижигчин И.Одончимэг, Камертоны Мээдээ, сэтгүүлч Золжаргал, яруу найрагч Хулан нар орсон. Харин би залуусыг төлөөлж орсон юм. Тавуулаа өөрсдийн төслийг бичсэн. Ялагч нь 80 сая төгрөгийн шагналтай байсан л даа. Тэмцээнд И.Одончимэг эгч түрүүлээд хогийн цэг дээр хүүхдүүдэд сургууль барьсан. Би хүүхдийн номын сан байдаггүй учраас түүнийг хийе гэсэн. Хүүхдүүдийг анхнаас нь номонд дуртай болгоё гэсэн ч дэмжигдээгүй. Дэмжигдээгүй ч гэсэн таван сая төгрөг өгсөн л дөө. Мөнгө нь хүрэхгүй учраас хандивын тоглолт хийж хэдэн төгрөг олсон. Олсон мөнгөндөө тааруулж Нацагдоржийн номын сангийн агуулахын өрөөг хүүхдийн номын сан болгож зассан.

-Нэг хэсэг “Нийслэл хүү” гэдэг нэвтрүүлэг хөтөлж байсан. Одоо гараад байгаа С1 телевизийн нэвтрүүлгээс юугаараа ялгаатай юм бэ?

-Тэгсэн. Залуучуудыг уриалж зөв тийш нь залахыг хичээсэн. Дуугаараа хүмүүст хүрээд анхаарлыг нь татчихсан юм чинь залуусыг уриалъя гэж боддог юм билээ. Тэр утгаараа “Нийслэл хүү” гэдэг CD хүртэл гаргасан. CD дотор хотын тухай олон дуу бий. Тэрийг давуулж “Нийслэл хүү” гэдэг төсөл явсан юм. TJ entertainment-тай хамтраад “Нийслэл хүү” гэдэг 12 цуврал онлайн нэвтрүүлэг хийсэн юм. Хотыг аль болох гоё талаас нь харуулсан нэвтрүүлэг болсон. Миний нэвтрүүлэг хотын тухай гардаг. Одоо гараад байгаа С1 телевийн нэвтрүүлэг хөдөө яваад байдаг юм билээ.

-Нэвтрүүлэг чинь залууст хэр хүрсэн бэ?

-Гайгүй хүрсэн байх шүү. Тэрнээс болоод намайг Цэцэ гэхээсээ илүү “Нийслэл хүү” гэдэг болсон.

-Залуу хүнийхээ хувьд баримталдаг зарчим бий юу?

-Зүгээр сууж болохгүй. Зүгээр сууж болохгүй гээд хэрэггүй юм хийгээд явахгүй. Ихийг хийхдээ биш. Хэрэгтэйг хийхдээ чухал гэдэг үгийг үнэн гэж боддог. Аль болохоор бодож байгаад хэрэгтэй зүйл хийдэг. Зүгээр суугаад байхаар хэрэг хийчихсэн юм шиг санагдаад байдаг юм.

-Залуусыг ямар байгаасай гэж боддог вэ?

-Залуусыг харахад бие биенийгээ муулаад байх юм. Нэг нь юм хийхээр шүүмжилж байхынха оронд тэр хүнээсээ давж юм хийж харуул л даа. Миний дуу таалагдахгүй буруу санагдаад байвал өөрийнхөөрөө зөв болгоод л давуулаад дуулаад гаргаад ирэх хэрэгтэй. Хийгээд үзүүлчихвэл болж байна ш дээ. Өрсөлдөх чадвараа хэрүүлээр биш хийснээрээ харуулдаг байгаасай.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач. Нэг хүүтэй байх аа?

-Эхнэрийг маань Саруул гэдэг. Багаасаа л хамт зуслан явдаг байлаа. Бид хоёр настай хүүтэй.

-Ямар баярт дуртай вэ?

-Шинэ жил. Гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзаж олуулаа тэмдэглэдэг учраас дуртай. Шинэ жил шинэ бүхний эхлэл гэдэг утгаараа сайхан санагддаг.

-Таныг кинонд тоглож байгаа гэж байсан?

-Кинонд тоглох гэж байгаад больчихсон. Инээдмийн кино байсан юм. Найруулагчтайгаа тохиролцож чадсангүй. Тэгээд энэ зун өөрөө кино продюсерлож хийе гэсэн төлөвлөгөө гаргачихаад байна. Намар гэхэд кинотой л болчихмоор байна. Түүндээ их донтчихсон байгаа. Сүүлийн үед дуу, клип биш кино л бодоод байгаа шүү.

-Сүүлийн үед уран бүтээл хийж байна уу?

-Одоогоор хувийнхаа ажлыг хийгээд л байна. Би их уйдамтгай хүн. Одоо дуугаа болсон гэж үзэж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Л.Гантөмөр: Би мэдлэгийн эдийн засгийг Монголдоо бий болгохын төлөө бүх амьдралаа зориулна

УИХын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Түүнд ямар агуулга тусгасан бэ?

-Төрөөс боловсролын талаар баримтлах 10 жилийн бодлогоо шинэчлээд баталсан байгаа. Ингэхдээ Монгол орны эдийн засгийн хөгжил 2026 онд ямар байх, үүнд боловсрол ямар үүрэгтэй байх вэ гэдгийг тодорхой хийж өгсөн. Монгол мэдлэгийн эдийн засагтай, шинжлэх ухааны орон болно. Энэ нь уул уурхай, хөдөө аж ахуйгаас татгалзана гэсэн үг биш. Мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эдийн засагт эзлэх жинг огцом нэмэгдүүлнэ. Түүнийг бүтээх ард түмэн, залуу үеийг бий болгоход боловсрол өөрийн зорилгыг чиглүүлнэ гэж тодорхой зааж өгсөн байгаа. Мэдлэгийн эдийн засагтай буюу зөвхөн нүүрснээс хамааралтай эдийн засагтай орон биш байх энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн өмнөх боловсролын зорилтыг маш тодорхой зааж өгсөн. Энэ бол хүний насан туршдаа хөгжих хөгжлийн суурь үе юм. Мөн бага боловсрол бол өөрийгөө илэрхийлэх, сэтгэн бодох чадвар гэх мэт хүний хөгжлийн чадваруудыг эзэмших суурь үе. Суурь боловсролоо мэдлэг эзэмшихийн хажуугаар суралцах арга барилуудыг эзэмшсэн, шийдвэр гаргахад суралцсан, аливаад зөв хандах байдлуудыг эзэмшсэн байх зорилго агуулна гээд тодорхой зааж өгсөн л дөө. Түүнчлэн ахлах боловсролын гурван жилд бие дааж суралцах чадварыг олгоно. Мэдлэгийн эдийн засагтай орон болохын тулд насан туршийн боловсрол эзэмшдэг тийм Монголын ард түмэнтэй, боловсролын тогтолцоотой болох юм. Иймэрхүү байдлаар зорилгууд их тодорхой болсон байгаа. Дээд боловсролын дөрвөн жилийн хугацаанд тухайн мэргэжлийг өөрийн мэдлэг болгохоос гадна мэдлэгээ шингээж өөрөөр хэлбэл сэтгэн боддог, шинээр төлөвлөдөг. Сургууль төгсөөд гарахдаа өөрийн бизнесээ эхлүүлж чаддаг. Тэр бизнесээ эхлүүлэхэд төр нь дэмжлэг үзүүлдэг байх зорилтуудыг дэвшүүлсэн. Сургууль болоод бусад байгууллагуудынхаа шинжлэх ухааны чадамжийг нь өргөжүүлнэ. Шинжлэх ухааны үнэ цэн, зардлын хэмжээг нэмэгдүүлнэ. Ажиллах орчныг нь бүрдүүлж өгнө. Тухайлбал, их сургуулийн багш нар хичээл заахын хажуугаар судалгаа хийдэг цагтай, судалгааны ажлын орлоготой байдаг. Цаашдаа ажлынхаа үр дүнгээр эхлэлийн компани байгуулах юм бол тухайн компанийн үйл ажиллагааг дэмжсэн орчин бүрдүүлдэг болно. Бид саяхнаас хоёр ч шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааг эхлүүлээд байна шүү дээ. Нэг нь хуучнаар Технологи инновацийн төв байсан бол одоо МУИС, ШУТИС-ийн дэргэдэх шинжлэх ухааны парк болж байна. Ийм цогц боловсролын шинэ бодлогыг УИХ баталсан.

Бодлогын баримт бичигтэйгээ уялдуулаад Боловсролын тухай хуулиудын хэлэлцүүлэг явж байна. Үүнд орж буй өөрчлөлтийн талаар?

-Хуульд өөрчлөлтөө оруулаад эцсийн хэлэлцүүлгийнхээ шатанд явж байна. Хуулийн өөрчлөлт дээр мэдээж сургуулийн өмнөх боловсролыг олгоход дээр хэлдэг хөгжлийн суурь үеийг хангахын тулд зайлшгүй хийгдэх тодорхой тодотголууд хийж байна. Бага боловсролоо дэмжсэн маш тодорхой бодлогууд орж байгаа. Жишээ нь, сумын сургуулийн сургалтын зардал дээр итгэлцүүр тогтоогоод тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх хууль батлагдаж байна. Мөн малчны хүүхдийн нэгдүгээр ангийн боловсролыг заримд нь зайны сургалтын хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлэх санал хууль дээр дэмжигдээд явж байна. Дээд боловсролын байгууллагуудыг бие даалгах, хараат бус болгох маш тодорхой санал санаачилгууд гарч ирж байгаа. Ялангуяа удирдах зөвлөл рүү эрх мэдлийг шилжүүлж байна. Удирдах зөвлөл нь хараат бус байх эрхийг нь хуульчилсан. Ашгийн төлөө ажиллах боломжийг нь гаргаж өгч байгаа. Нэг үгээр судалгааны ажлуудаар дамжуулаад дэргэдээ компани байгуулах, эдийн засгийг солонгоруулах боломж дээд боловсролын байгууллагуудад байна. Тийм учраас эрхийг нь шилжүүлж өгье гэж байгаа.

Мөн сургуулиудын чанарыг сайжруулах чиглэлээр тодорхой алхам хийлээ. Сүүлийн хоёр жил бид магадлан итгэмжлэлийн байгууллагыг хөл дээр нь зогсоохын тулд олон улсын магадлан итгэмжлэлийн бүхий л байгууллагуудтай хамтарч ажиллалаа. Магадлан итгэмжлэлийн байгууллага нь хянадаг байхаас гадна хөгжүүлдэг энэ чадамжийг бид хийж өгсөн. Хуулиар бодитой магадлан итгэмжлэлээр орж байж хөтөлбөрөө батлуулдаг, сургалтын эрхээ авдаг магадлан итгэмжлэл нь тухайн байгууллагын хөгжлийг тодорхойлдог, хаадаг, нээдэг эрхтэй бие даасан байгууллага гаргаж өгч байгаагаар том давуу талтай. Хувийн сургууль зөвхөн үүсгэн байгуулагчийн эрх мэдэлд байдаг биш хувийн сургууль ч хараат бус удирдах зөвлөлтэй. Удирдах зөвлөл сургуулийнхаа хөгжлийг тодорхойлдог болно. Өөрөөр хэлбэл сургалтын байгууллага нэг хүнийх биш олон нийтийн байгууллага болж хөгжих шаардлагууд шинэ хуульд сууж байгаагаараа ач холбогдолтой.

Малчны хүүхдийг заавал зургаан настайд нь сургуульд элсүүлэхгүй байж болох тухай асуудал олны анхаарлыг их татаж байгаа. Хэрэв малчдын хүүхэд сургууль завсардах эрхтэй болчихвол үеийнхнээсээ орхигдох, ингэснээр гадуурхагдаж малчин хэвээрээ үлдэх юм биш үү?

-Ер нь бол зургаан настайгаасаа сургуульд орж эхэлдэг зарчим өөрчлөгдөөгүй. Хуулиар зургаан настайгаасаа сургуульд орно. Үнэхээр амьдралын шаардлагаар долоон настайд нь оруулъя гэвэл зургаан настайд нь зайны сургалтад хамруулдаг байх юм. Зайны сургалтыг бид Архангай, Өвөрхангай аймгуудад туршиж үзсэн. Олон улсын байгууллагуудтай хамтраад туршилтын ажил хийчихлээ. Болж байна. Хүүхдийн хөгжил гэрийн нөхцөлд яаж хийгдэх вэ. Яаж үлгэр ном зохиолтой танилцах ажлыг хийж болох вэ гэдэг ажлуудыг өнгөрсөн хоёр жил бид сургуулийн өмнөх боловсролыг хувилбарт сургалтаар малчдын хүүхдүүдийг сургах ажлыг зохион байгуулаад үр дүнд хүрчихлээ. Одоо тэр нэгдүгээр ангидаа үнэхээр дотуур байранд байж чадахгүй. Нөгөө талаар сургуульд сурч чадахгүй хүүхдүүдийн талаар тодорхой шийдлийг сургуулийн зөвлөлд эрхийг нь олгож байгаа. Сургуулийн зөвлөлд багш, эцэг эх, төгсөгч, сум орон нутгийн удирдлагуудын төлөөлөл бий. Тэр улсууд ярилцаад зайны сургалтад хамруулах уу, дотуур байрандаа байлгах уу гэдгийг шийднэ. Ер нь бол бид энэ дотуур байрны нөхцөл боломжийг сайжруулах бодлогыг хуульд хийж байгаа гэж ойлгож болно. Жишээлбэл, хувьсах зардлыг сумын сургууль дээр нэмж өгч байгаагийн цаад шалтгаан дотуур байрны нэгдүгээр ангийн хүүхдийн асрагч багш гэдэг орон тоог бий болгоё гэж байгаа. Хэрвээ асрагч багштай болчих юм бол нэг сумын дотуур байранд 7-10 нэгдүгээр ангийн хүүхэд байгаа юм. Тэгэхээр тэдэнд зориулсан бүтэн өдөр ажилладаг багш байна гэдэг бол заавал зайны сургалтад хамрагдахгүй байх боломж бүрдэнэ гэсэн үг. Тийм учраас бид уян хатан, нэг хоёр хүүхэд дээр асуудал гарвал шийдэж чаддаг байя гэж байгаа. Түүнээс биш хавтгайрсан зүйл бол аль ч түвшиндээ явахгүй. Манай малчдын нэгдүгээр ангид орж байгаа хүүхдийн тоо 10 мянга орчим байгаа. Үүнээс 600 гаруй нь долоон настайдаа ороод байгаа. Яг одоо тэгж ороод байгаа үзэгдэл байгаа байхгүй юу. Энэ байгаа нөхцөл байдлыг бид илүү хүүхдийн ая тух, хүмүүжилд сөргөөр нөлөөлөхгүй байх талаас нь харгалзсан, амьдралд нийцсэн байдлаар зохиох шаардлага байна. Бид хувилбарт сонголтуудыг бий болгож өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс долоон настай оруул гэсэн хууль биш шүү дээ.

Хүмүүсийн дунд аль нэг сайд гарч ирээд боловсролын бодлогыг өөрчлөөд байгаа мэт ойлголт байдаг. Хүүхэд бүрийг тэгш хамруулах хөтөлбөрийг та эхлүүлсэн. Энэ цаашдаа хэр тогтвортой байх бол?

-Монголын боловсролын хөгжил бол улс орныхоо нийгмийн хөгжлийг тодорхойлж ирсэн л дээ. Одоо нийгмийнхээ хөгжлийг харахад манай улсад гарцаагүй мэдлэгт суурилсан нийгэм байгуулагдана. Мэдлэгт суурилсан нийгэм Монголд байгуулагдах юм бол энэ нийгмийг байгуулах улсууд нь хүн бүр хүн талаасаа хөгжсөн байх хэрэгтэй. Тухайн нийгмийг авч явах хүмүүсийг гаргаж ирэх, тэр нийгмийг бий болгох эздийг гаргаж ирэхийн тулд хүн бүрээ хөгжүүлэх шаардлагатай. Ингээд хүүхэд төвтэй сургалт руу ухрахгүйгээр урагшиллаа шүү дээ. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого нь өмнөх бодлогуудаас тэс өөр зүйл биш. Манай багш нар үнэхээр хичээж ажиллаж байсан. Цаашдаа ч хичээж ажиллах болно. Харин төрийн бодлого нь өөрөө багш бүрийн, хүүхэд бүрийн хөгжлийг дэмждэг ийм төрийн бодлого байх хэрэгтэй. Энэ бол цаг үе нь өөрөө шаардсан шаардлага юм л даа. Мэдээлэлжсэн нийгэм бий боллоо. Хэдхэн жилийн өмнө гар утас гэж ямар юм байлаа. Компьютер юу байлаа. Маргаашийн гар утас, интернэтийн хурдыг төсөөлөөд үз. Маргаашийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл барилгын ажлыг төсөөлөөд үз. Барилга, автомашины стандарт бүгд хувьсан өөрчлөгдөнө. Япон, Сингапур, Америк 2030 онд хөдөлмөрийн зах зээлээ харах юм бол үйлдвэрлэлийн салбар ихэнхдээ автоматжих юм байна гэж байна. Тийм учраас энэ ард түмэн маань ямар ажил хийх вэ. Гарцаагүй дулаарлаас болоод хөдөө аж ахуй өөрчлөгдөнө. Монголын барилгажилтын ажил технологийн шинэчлэлээ дагаад өөрчлөгдөнө. Үйлдвэрлэл автоматжина. Тийм учраас Монголын ирээдүй яаж амьдрах вэ гээд харах юм бол цоо шинэ мэдлэг үйлдвэрлэдэг л ард түмэн болно. Нэг үгээр хэлбэл өөрөө өөрийнхөө амьдрах орон зайг тодорхойлж чаддаг болно. Үүнийг гаргаж ирэхийн тулд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого гарцаагүй цаашаа үргэлжлэнэ. Өнөөдөр дөрвөн жил яваад үр дүнгээ өгчихөж байгаа гэж болохгүй. Энэ бол урт хугацааны бодлого. Бид үүнд зориулж багш нараа бэлдэж байна.

Багшаар суралцвал сургалтын төлбөрөөс хөнгөлдөг хөнгөлөлтөөр үү?

-Сүүлийн дөрвөн жил бид өндөр оноотой элсэгч буюу сайн сурдаг залуучуудаа үнэгүй сургалаа шүү дээ. Энэ залуус багш болж ажлын байран дээрээ очоод дахиад хөгжинө. Арынх нь залуучуудыг бид бас багш болгоно. Сургуулийн удирдлагын менежмент өөрчлөгдөж байна. Цахим засаглал бий болчихлоо. Ингээд энэ юм цаашаагаа хөгжинө. Хөгжихдөө нэр томьёоны хувьд өөрчлөгдөж болно. Би дахиад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого үргэлжлээд явахдаа нийгэмд илүү нээлттэй боловсрол болж хөгжинө гэж харж байгаа. Нийгмийн илүү оролцоотой болно гэж харж байна. Аймаг орон нутгийн удирдлагууд оролцдог, музей номын сан сургалтын нэг хэсэг болж оролцдог болно. Дээд сургуулийн байгууллагатай Засгийн газар хамтраад асуудлаа шийддэг. Өөрөөр хэлбэл илүү нээлттэй, нийгмийг урагшлуулсан бодлого болж дараагийн 2020 оноос хойш тийм хөгжил биднийг хүлээж байгаа.

Жишээлбэл, Дэлхийд өрсөлдөх монгол хүн хөтөлбөрийн хүрээнд дэлхийн шилдэг сургуульд суралцаж байгаа бодлого улам л хүрээгээ тэлнэ. Урьд нь манайхаас жилд гурав дөрөвхөн хүүхэд дэлхийн шилдэг 100 сургуульд явдаг байсан бол саяын дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 350 хүрэх гэж байна шүү дээ. Энэ бол гайхамшиг. Дараагийн дөрвөн жилд 350 чинь 1000 хүрнэ. Тэрний дараагийн жилүүдэд 2000 хүрнэ. Тэр залуучууд Монголдоо ирэхээрээ цоо шинэ зүйлийг хийнэ. 1000 инженер төсөл дуусахад 2000 инженер болж гарч ирнэ. 1000 инженер төслийн хүрээнд бид дэлхийн шаардлага хангасан 400 гаруй багштай болно. Дэлхийн шаардлагад тохирсон тэргүүлсэн инженерийн сургалтын хөтөлбөртэй болох юм. Одоо анагаахын их сургуулийн дэргэдэх сургалтын эмнэлэгт дэлхийн хүмүүс ирж сурдаг, судалгаа хийдэг төв болно. Тэгээд юм гэдэг урагшаа хөгжөөд л байна.

Танай газрын даргатай холбоотой Мүүний шашны талаар нэг хэсэг шуугилаа. Түүнээс шалтгаалаад ажлаас халагдах өргөдлөө өгч, мэдээлэл хийсэн. Энэ үйл явдлыг юу гэж үзэж байна вэ?

-Хүүхдүүд чинь биднээс илүү болчихсон. Илүү байгаа нь мэдэгдээд байна. Жишээлбэл MIT-д дөрвөн жил тасралтгүй хүүхэд элслээ. Дэлхийн шилдэг 20 сургуульд тасралтгүй 50-60-аараа тэнцэж байна. Энэ чинь тэр их том том хүн амтай оронд ч олдоод байдаггүй чадвар шүү дээ. Мөн багш нараа муулдгаа боль. Ямар хичээл заахаа багш нар мэдэж байгаа. Тэд чинь боловсролтой хүмүүс шүү дээ. Ганц нэг дутагдал байж болно. Түүнийг нь 40, 50 мянган хүнд нялзааж ярьдгаа болих хэрэгтэй. Багш нараа хүндэлдэг, хайрладаг болох хэрэгтэй. Тэд ар гэрээ хаяад зүтгэж байгаа шүү дээ. Тэд Л.Гантөмөр үүнийг заа гэхээр заадаг юм биш. Сургууль бол шинжлэх ухааны мэдлэг өгдөг газар. Энэ ямар ч шашинтай холбоотой байх үндэс байхгүй. Шинжлэх ухаан шашин хоёр чинь тусдаа зүйл. Шинжлэх ухаан бол батлагдсан нотлогдсон ажлыг ажил хэрэг болгодог. Шашин бол төсөөлөл шүү. Баталгаа байхгүй. Дахин хэлэхэд боловсрол бол шинжлэх ухаан. Одоо сонгууль дөхөхөөр янз бүрийн дайралт зөндөөн ирэх байх. Боловсролын салбарыг ч тойрохгүй. Гэхдээ дөрвөн жилийн турш боловсролын салбарын тухай юу ч яриагүй хэрнээ одоо шүүмжилж байгаа хүмүүс бол улстөржиж л байгаа хэрэг шүү дээ. Буруу байвал цаг тухайд нь анхааруулж байх хэрэгтэй биз дээ. Би тэр улстөржихийг хүсч байгаа хүмүүст зориулаад танай сониноор ганцхан үг хэлмээр байна. Монголын хүүхдүүд рүүгээ битгий нулимаарай. Монголынхоо багш нар руу битгий нулимаарай. Монголын боловсрол чинь 90 жилийн түүхтэй юм. Цаашаа улам хөгжиж, шинэчлэгдэнэ. Шинэчлэл, чанар, хөгжил гэдэг үгнээс битгий ай. Энэ чинь хийгдэх ажил. Өөрчлөлт гэдэг үгнээс битгий ай. Бүх хүн төрөлхтөн өөрчлөгддөг юм. Тийм учраас урагшаа харъя, хөгжил рүүгээ явъя гэж хэлмээр байна. Хөгжлийг авчрах тэр ард түмнийг төрүүлье. Түүний төлөө л бид явах ёстой. Тэгж байж л энэ гүрэн үнэхээр сайхан амьдардаг ард түмэнтэй болно. Бусад юмаар улс төрөө хийцгээ. Боловсролоор улс төр хийх бол гэмт хэрэг шүү гэж хэлмээр байна. Монголын хүүхдүүд улс төрийн талбар болж болохгүй. Өнөөдөр чаддаг юм бол энэ асуудлуудаа шийд л дээ. Байгалиа хамгаал л даа, уул уурхайгаа хөгжүүл л дээ, эдийн засгаа босго л доо. Тэр дээрээ маргалд.

Б.Насанбаяр өргөдлөө өгч байгаагаа мэдэгдэж байсан. Тэр асуудал нь юу болсон бэ?

-Тэр өргөдлийг надад өгдөг зүйл биш шүү дээ. Төрийн албаны хуулиараа яамны төрийн албаны салбар зөвлөлд өгдөг. Төрийн албаны салбар зөвлөл нь асуудлаа шийддэг. Мэдээж тэр ажил хийж байсан хүн гэнэт ажил өгөхөд хүрвэл ажлаа хүлээлцэх, зарим нэг зүйлээ эзэнтэй болгох гээд процессууд явагдах л байх.

Та нийслэлээс сонгогдсон УИХын гишүүдийн нэг. Сонгууль дөхсөн энэ үед Сонгуулийн хуульд янз бүрийн өөрчлөлт оруулах санал гарч байна. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирээдүйн Монголын хөгжлийг яаж хийх вэ гэдгийг бодож, үүний араас явдаг хүмүүс бол нэг, хоёр удаагийн сонгуулийг үнэхээр анзаардаггүй юм байна. Яг үнэнийг хэлье. Сонгуулийн хуулийн талаар анзаарч байгаа юм надад юу ч алга. Дахиад жаахан хугацаа байна. Энэ ахлах ангийн хөтөлбөрийг дуусгамаар байна. Бүтээлч оюутны тэтгэлгээ өгчихмөөр байна. Би бол энэ сонгуульд ямар хэмжээнд оролцож чадахаа мэдэхгүй байна. Үнэхээр анхаарахгүй байгаа. Тэр талаар бодох зав гарахгүй байна.

Та ирэх сонгуулиар Сүхбаатар дүүрэгтээ өрсөлдөх үү?

-Ардчилсан нам өрсөлд гэвэл өрсөлдөнө. Боль гэвэл болино. Бид чинь намынхаа даалгавраар л явж ирсэн хүмүүс шүү дээ. Миний улстөрийн амьдрал тодорхой болсон. Би мэдлэгийн эдийн засгийг Монголдоо бий болгохын төлөө бүх амьдралаа зориулна. Хүмүүс мөрөөдлөө гаргаад түүндээ улс төрийн олж авсан боломж бололцоогоо дайчлах нь надад зөв санагддаг. Юм болгон руу ороод зөв буруугийн талаар бодоод судлаад байх тийм цаг хэнд ч байхгүй. Тийм учраас нам яв гэвэл явна. Гэхдээ би хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг бодлогоо улам эрчийг нь авхуулахын төлөө улс төрийн үйл ажиллагаанаас ухрахгүй. Улс төр гэдэг дотор зөвхөн Их хурал ч юм уу нэг намын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Хэдэн мянган багш, эрдэмтэнтэйгээ хамтраад хийж байсан ажлаа улам өндөр түвшинд гаргахын төлөө зүтгэнэ.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Галсан: Энэ төхөөрөмжийг би биш Вилхелм Райх бүтээсэн

Зохиолч Ч.Галсан бороо оруулдаг нэгэн төхөөрөмж бүтээсэн байна. Түүнийг нь өчигдөр ДарханУул аймагт болох нэгэн үзэсгэлэнд тавихаар авч явжээ. Ингээд бороо оруулагчийн талаар бид Ч.Галсан гуайгаас өөрөөс нь тодруулсныг сонирхуулъя.

Та маргааш Герман явах гэж байгаа гэсэн. Аль хотод очих вэ. Бодвол уншигчидтайгаа уулзах байх?

-Штуттгарт хот орно. Энэ удаад би Туркээр дамжиж явна. Эхлээд Киргизийн нийслэл Бишкек, дараа нь Туркийн Истанбул орно. Тэндээсээ онгоцоо солиод маргааш оройдоо Штуттгартын онгоцны буудалд буух санаатай байна. Штуттгартын ойролцоо Нюртинген гэдэг жижигхэн хотод менежер маань амьдардаг. Тэр намайг тосч авах юм. Ирэх сард хийх ажлаа танилцуулна. Би бол менежерийнхээ ажилд ерөөсөө оролцдоггүй, хэрэгтэй үедээ надад юмаа танилцуулдаг. Би их ажилтай байдаг тул тэр болгон мэдээлэл аваад байхыг хүсдэггүй. Менежер маань олон жил надтай ажиллаж байгаа, туршлагатай ч болсон. Би энэ удаад Швейцарь, Австри, бас Германы хэд хэдэн хотоор орох ажилтай.

Таныг бороо оруулдаг төхөөрөмж хийсэн гэж сонслоо. Энэ төхөөрөмжөө танилцуулбал манай уншигчдад сонин байх болов уу?

-Төхөөрөмжийн тухай яриагаа холоос эхэлье. Би бол өөрийгөө оточ хүн гэж боддог. Оточ эмч гэхээр надад диплом байхгүй. Би бүр багаасаа багшийгаа дагаж хүн эмчлэхийг заалгасан. Таван настайгаасаа эхлээд. Хуянтай хөгшчүүлийг барьж, иллэг хийж тайвшруулна. Малын өвчнийг ихэнхдээ эмчилчихнэ. Адуу, хонь, ямаа, үхэр дөрөвдөө бол гайгүй. Тэмээ сайн мэдэхгүй. Гэхдээ тэмээтэй ноцолдсон. Ингээд нэг удаа бодож байсан чинь дэлхий ээж маань бүр болохоо байжээ. Бид чинь дэлхий ээж гэж ярьдаг шүү дээ. Монгол орныг өөрийнх нь үр хүүхдүүд алж, тонож байна, тиймээс үүнийг эмчлэх хэрэгтэй юм байна. Ингэхийн тулд би юу хийж чадах вэ гэж бодлоо. Нөгөө уулын модыг бүгдийг нь хөрөөдөөд байхад би түүнийх нь оронд шинэ мод тарьж байна. Би нэг сая модыг өөрийн хөрөнгөөр тарьж ургуулна гээд үүрэг авчихсан. Одоогийн байдлаар 550 мянган мод тарьчихаад байгаа. Гэхдээ зөвхөн газрыг эмчлээд нэмэргүй. Газар тэнгэр хоёр чинь нэг гэр бүл, эхнэр нөхөр, аав ээж хоёр шиг гэсэн үг шүү дээ. Тэнгэрт маань их зовлон байна. Юу гэвэл Монгол орны зовлон ган гачгаас болж байна. Яаж ган гачгийг давах вэ гэж бодлоо. Шинжлэх ухааны арга, шүтлэгийн аргаар аль алинаар нь бодсон үүнийг давах арга байна. Ингээд эрээд явж байтал задач гэж хүмүүс байсныг олж мэдлээ. Зад гэж хүн төрөлхтний хамгийн эртний шинжлэх ухаан. Одон орны ухаантай яг зэрэг гарч ирсэн. Түүнийг хийж байсан хүмүүс нь дуусаад үг нь үлдчихсэн. Тэнгэр задарвал яах вэ. Зав авна, зад тавина гэдэг. Шувууны зад гэж сонссон уу. Нүүдлийн шувуу ирж буцахад тэнгэр эвгүйтдэг. Нүүдлийн шувуу ирсний дараа хур тунадас ордог. Манай баруун Алтайд бол цас л ордог юм. Задын цас ч гэж ярьдаг. Холаш гэж нэг өвөө байлаа. Тэр санаанд маань орлоо. Зун халж бороо орохгүй өвс ногоо хатаад ирэхээр “Холаш өвөөг нэг залж авчирна байгаа” гэдэг байсан. Жаахан хар өвгөн ирээд сүү, архи, цайныхаа дээжийг авчир гэнэ. Сан тавьчих гээд арц асааж амандаа юм бувтнаж дом хийгээд за одоо болно биз дээ гээд явчихдаг. Тэр шөнөдөө, маргааш нь, удлаа гэхэд нөгөөдөр нь заавал бороо орно. Ийм хүмүүс байжээ. Бусад орны ардын аман зохиол, хүмүүсийн яриаг сонсож байхад хүмүүс тэнгэртэй шууд харьцдаг байж. Шинжлэх ухаан техник хөгжихийн хэрээр хүмүүс тэр чадвараа алдсан. Зун халуу шатаад ирэхээр хөгшчүүл шүдтэй хүүхдүүд гараад исгэр гэдэг байсан. Исгэрэхэд салхи сэвэлзээд л ирдэг. Хавар бол тэнгэр задраана гээд исгэрүүлдэггүй. Социализмын үед Майн баярыг хөдөө хүртэл тэмдэглэдэг байсан. Дөрөвдүгээр сарын сүүлээр хүмүүс чинь салхи хөдлөхөөс өмнө амжуулъя гээд туг далбаагаа хийсгэдэг байлаа. Энэ бүхнийг бодоод үзэхэд манайхан тэнгэртэй харьцдагаа мартаагүй. Ядахдаа салхи хэрэгтэй бол исгэрдэг. Зун гэрт ороод ирэхэд зуухны яндан хүүгэж байдаг даа. Нэг соролт явагдаад байна. Энэ бүхнийг бодож үзсэний эцэст нэг арга байна гэж бодлоо. Шинжлэх ухаан талаас нь хайхад Вилхелм Райх гэдэг хүний нэр гараад ирсэн. Тэр бол 1897 онд Австрид төрсөн еврей хүн юм. Тэр хүн бол гоц ухаантай хүн байсан. Бас жаахан шизофрин маягийн юмтай. Их ухаантай учир академийнхаа нөхөдтэй таарамж муутай байж л дээ. Тэр хүн маш их нээлт хийсэн. Нобелийн шагналыг хоёр удаа авдаг байсан бол энэ хүн л авах ёстой байсан. Европын эрдэмтэд түүнийг ихэд гадуурхсан. Яагаад гэхээр тэр нэг элементийг нээжээ. Тэр нь оргон. Хагд өвсийг (үхчихсэн өвс) усанд хийчихээд хэд хонуулжээ. Усыг нь шинжлүүлэхэд амьд биетүүд байсан гэдэг. Тэрнийг оргон гэж нэрлэсэн. Вилхелм Райхын сургаалыг малчны хүү би нэг үгээр орчуулж ойлгосон. Юу гэвэл тэнгэр нүдтэй, тэмээ шүдтэй гэж. Тувачууд ингэж хэлдэг юм. Вилхелм Райх үүнийг л нотолсон. Юу гэхээр газар дээр болж байгаа бүхнийг тэнгэр мэдэж байдаг. Тэнгэр өөрийн гэсэн ухамсартай. Сайн юм болоход сайнаар хариулдаг. Муу юмыг муугаар нь дарж өгдөг. Европ эрдэмтэд үүнийг мухар сүсэг гээд хүлээн зөвшөөрөөгүй. Вилхелм Райхын ярьж байгаа энэ зүйлс бол сүм хийдийн эсрэг гэж буруутгаж байсан. Тэр хүн шал өөр юм яриад байж л дээ. В.Райх Америк руу гарсан. Гэтэл бас л түүнийг ойлгоогүй, түүнийг шоронд хийж зүйл дууссан. Энэ бол 1951 оны явдал. Түүнийг Америк ч хүлээн зөвшөөрөөгүй бүх номыг нь шатаасан байдаг. Ингээд нэг хэсэг чимээгүй байж байхад Европт үлдсэн шавь нар нь түүний номнуудыг цуглуулж дахин хэвлүүлсэн.

Тэгэхээр Вилхелм Райхын хийсэн судалгаан дээр үндэслэн та энэ төхөөрөмжийг хийсэн гэсэн үг үү?

-Тийм. Би энэ төхөөрөмжийг бүтээсэн юм биш. Хүмүүс буруу ойлгосон байна лээ. Түүнийг бүтээсэн хүн бол Вилхелм Райх. Амьд байхдаа 1945-1947 онд шүү дээ. АНУ-ын Невадад элсэн цөлд цөмийн бөмбөг туршиж юу ч үгүй болгосон. Тэр цөлийг дахин юм ургуулж ногооруулж өгсөн ачтай хүн.

Энэ төхөөрөмжийг Арабын орнуудад аль хэдийнэ хэрэглэж байгаа гэсэн?

-Бараг 15 жилийн өмнөөс. Арабын орнууд бүгд ийм төхөөрөмжтэй. Нэрийг нь “Cloudbuster” гэдэг. Үүл бутлагч гэж орчуулах юм уу даа. Гэхдээ нэр нь оноогүй. Үүл бутлагч биш үүл бий болгогч гэсэн үг. Вильхелм Райхын энэ төхөөрөмжийг дэлхийн олон орон хэрэглэж байгаа. Газрын дундад тэнгисийг тойрсон орнууд.

Элсэн цөлтэй газруудад гэсэн үг үү?

-Бороо ордоггүй газар. Ердөө л бороо оруулахын тулд. Үүл гаргах, гарсныг нь доош нь татах.

Энэ төхөөрөмж яаж ажилладаг юм бэ?

-1945 онд Казахстаны Семипалатинскт оросууд цөмийн зэвсгээ анх ил дэлбэлж эхэлсэн. Оросууд Семпалатинскт надад мэдэгдэж байгаагаар 470 удаа цөмийн бөмбөг туршсан байдаг. Үүний тоос шороо, хог нь Монголд орж ирсэн. Монголын салхи дандаа баруун хойноос шүү дээ. Ингэж биднийг хордуулсан. Хятадын Лоб нуурт цөмийн туршилтын талбай байдаг. Монголын бараг хил дээр шүү дээ. Хятадууд өмнө зүгээс салхитай өдрөө туршилтаа хийдэг. Ингээд Монголын нөгөө талаас бас хор орж ирж байна. Монголын Мардайгаас уран олдчихсон гэж байна. Ингээд Төв Азийн өндөрлөг газрыг хаагаад нүдэнд үл үзэгдэх бүслэлт бий болчихсон. Тэр хана нь гадаад далайн үүлийг нэвтрүүлдэггүй. Үүл ойртохын аргагүй битүү хана босчихож. Тийм учраас ган болж байна. Өөрөөр хэлбэл бид том цөмийн бөмбөлөг дотор сууж байна гэсэн үг. Миний багажийн онцлог нь гэвэл тэр 20 том трубаны арав нь усан дотор, арав нь босоо байрлалтай. Таван метрийн диаметртэй бассейнд байгаа. Нэг талаас нь ус ороод гарахад эргүүлэг үүснэ. Энэ бол усны эргүүлгийг ашиглаж байгаа хэрэг. Үүнд цахилгаан, зай энэ тэр хэрэггүй. Байгалийн хуулийг ашиглаж байгаа юм. 20 ган труба гэдэг бол маш хүчтэй. Ганц гэрийн яндан яаж хүнгэнэдэг билээ. Түүн шиг 20 труба зэрэг сороход тэр битүү ханыг цоо сорно. Түүнийг цоолоход нураад эхэлнэ дээ. Ингээд л гадаад далайгаас хаагдаад байсан чийг ороод ирнэ. Тэр чийгийг л энд татаж буулгана. Энэ багажийг ажиллуулаад эхэлмэгц маш хүчтэй салхи гардаг. 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр бид анх энэ төхөөрөмжийг ажиллуулахад хүчтэй салхи дэгдсэн. Уржигдар бас салхи дэгдсэн. Тэр чинь энэ багажтай шууд холбоотой. Уржигдар бид багажаа нэлээд ажиллуулсан юм. Орой нь жаахан цас орсон доо, 2014 онд мөн л ингэсэн. Тэр өдөр агаарын хэм дөрвөөр доошилж хүйтэрсэн. 2012, 2013, 2014 онуудад бороо их орсон. Гэтэл 2015 онд ороогүй. Би өнгөрсөн жил энэ төхөөрөмжийг ажиллуулахад нь Германд байсан. Гэтэл бороо ордоггүй. Энд ирээд харахад салхинд эвдрэх гээд байна гээд троссоор хүлээд хаячихсан байсан. Тэгэхлээр яаж ажиллах билээ. Арван труба чинь чөлөөтэй хөдөлж байх ёстой. 180 градусын чөлөөт хөдөлгөөнд байх ёстой л доо.

Энэ төхөөрөмжийг хийхэд аль зэрэг их хугацаа зарцуулсан бэ?

-Бэлтгэл ажлаа их удаан хийсэн. Трубануудаа Германаас авчруулсан. Бавариас жинхэнэ дээд зэргийн ган труба захиалж авчруулсан. Урт нь дөрвөн метр. Би энэ төхөөрөмжөө нэг газар таван жил туршъя гэж бодсон юм. Энэ бол тэнгэр лүү буудахаас огт өөр. Үүл буудахад маш үнэтэй шүү дээ. Тэгээд ч тэнгэр рүү буудна гэдэг нүүдэлчин хүний сэтгэлд нэг л буухгүй байгаа юм. Бид бол залбирч авч байгаа. Эхлээд бид ёслол үйлддэг.

Төхөөрөмжөө ажиллуулж эхлэхээсээ өмнө гэсэн үг үү?

-Тийм. Сүү, цайныхаа дээжийг өргөж, тэнгэрээсээ гуйна.

-2012 онд бүтээсэн гэдэг чинь та дөрвөн жил туршсан юм байна шүү дээ. Үр дүн нь харагдсан гэсэн үг үү?

-Миний хувьд харагдсан. Надаас олон хүн энэ төхөөрөмжөө өгөөч гэж гуйсан. Намайг их л баян хүн гэж боддог юм шиг байна. Үүнийг бүтээхэд би 50 сая төгрөг зарцуулсан. Алжирийн Мажид Адель Азиз гэдэг хүнийг урьж авчирч ажиллуулсан. 12 хоног шүү дээ. Ингэхдээ нэг цагийн 100 еврогоор хөлсөлсөн. Энэ хүн “Диваажин” гэдэг гайхамшигтай цэцэрлэг байгуулсан.

Тэгэхээр олон газар очиж энэ төхөөрөмжийг хийж өгсөн гэж та ярилаа. Тэр газар болгонд нь бороо ороод ган гачиггүй байгаа гэсэн үг үү?

-Янз бүр гэсэн. Газрын дундад тэнгисийг тойрсон орнуудад бүгдэд очиж түүнийг хийж өгсөн. Тэнгисийн хажууд оршдог орнуудад ган болж байна гэхээр сонин байгаа биз. Тэр орнуудад нэг хэсэг ямаа их өссөн гэсэн. Ямаа өсөөд өвсийг үндсээр нь зулгаажээ. Ингээд ямаагаа цөөрүүлсэн байдаг. Энэ төхөөрөмж Грект ажиллаагүй гэсэн. Гэхдээ хойтон жил нь ажилласан гэж ярьж байна лээ. Би саяхан Атлантын тэнгисийн голд байдаг арал дээр очсон. Тэнд ган болчихсон байсан. Ган болохдоо хүрвэл хаана ч болдог юм билээ.