Categories
мэдээ цаг-үе

“Үзэсгэлэн гоо”-г мэдрүүлж,“Хайрын бурхан”-аа олсон поп хатагтайн тоглолт намбалаг даруухан боллоо

Поп хатагтай Батмөнхийн Сарантуяагийн төрсөн өдөрт зориулсан анплегед тоглолт Соёлын төв өргөөнөө хоёр өдөр боллоо. Монголын эстрадын урлагт тэр гучин жил дуулж, амьдрал жаргалын тайзан дээр гучин жил алдаж онон, унаж босож ирснээ уянгалаг хоолойгоороо, уяхан дуунуудаараа илэрхийллээ. Дуучин Сарантуяа гэхээр миний хувьд Зууны манлай, поп дива, поп хатагтай, хайрын дууны хатан хаан энэ тэр гэсэн жигтэйхэн гялтгар титэм духдуулсан хүнээс илүүтэй “Энэ чинь Монголын Алла Пугачева” гэсэн бодол л юуны түрүүнд төрдөг. Сараагийн өмнө эстрадын мундаг эмэгтэй дуучид байсан уу гэвэл байсан. Гэвч, тэр өөрийн орон зайг урлагийн алтан тайзнаа зарлан тунхаглаж чадсан авьяаслаг, хөдөлмөрч бүсгүй. Тоглолт эхлэхээс өмнөхөн соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатартай үүдэнд таарч мэнд мэдвэл их л ёслолын маягтай, тэрүүхэн тэндээ догдлонгуй, цэцэг барьчихсан, гэргийгээ сугадчихсан толгой дохиод л шурдхийгээд орлоо.

Тоглолтын эхний хэсэг үндсэндээ сумынхаа улаан буланд суусхийгээд ардын авьяастнуудын тоглолт үзэж буй аятай сэтгэгдэл төрөхөөр боллоо. Үүгээр Сарантуяаг маш муу дууллаа гэж байгаа юм биш. Харин ч нэг л тийм сэтгэлд ойр, дотно даруухандуу аястай байлаа гэж хэрдээ тоож байгаа минь юм. Тайз заслын хувьд том “30” гэсэн тооноос өөр хараа булаачих зүйлгүй, машид энгийн. Үндэсний цөөхүүл хөгжмийн “Олонхо” хамтлагийн хөгжимчид. Монгол хувцастай Сараа. Утаа мутаа, элдэв гялалзаж саажсан гэрэл үгүй. Соёлын гавьяат Ш.Гүрбазарын сүржин хоолойгоор өөрийгөө давслан ташуурдахаас өөр илүүц чимэггүй. Гүрээ ах аль дивангарын “Ардын дууны Хандармаа” гэж шүлгээ дуудах. “Арван наймтай хүсэлд минь хорин тавтай Хандармаа. Гучин тавтай бодолд минь арван наймтай Хандармаа” ч гэх шиг дуудах нь сонгодог бус шүлгээ олон давтвал улиг биш үү гэмээр.

Сараа эхлээд Ү.Хүрэлбаатарын шүлэг “Эжийдээ би ирсэн” дуугаа дуулав. Удаалан Өмнөд Монгол ахан дүүсийн нулимстайхан аялдаг “Хун галуу” хэмээх дууг аяллаа. Буриад ардын “Аав, ээж хоёр минь” дууг явууллаа. Нэг л явж өгдөггүй дээ. Тоглолт Шаравын Сүрэнжав найрагчийн “Нас тогтсон хүүхнүүд Намбалаг болоод өнгөлөг” гэдэг шиг намба нь арай л ихдээд байх шиг даруухнаас даруухан үргэлжлэх шинжтэй. Харин “Миний ээж тэмээчин” дууг дуулж эхлэх үед хүмүүсийн хандлага арай нэг амилангадуу болж ирлээ. Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Чойгивын Сангидоржийн аялгуу энэ дуу Сараагийн урын санд тодорхой утга, уянгатай л дуу сан. Хөтлөгч ч, дуучин ч Хонгор нутгийн аугаа их хоёр уран бүтээлчийн нэрийг эс дурдах нь цаанаа л нэг хүндэтгэлгүй. Төрдөг, үхдэг хорвоод уран бүтээл нь мөнх ч, үлдсэн бидэн нэгэндээ хэчнээн тоомжиргүй ханддагийн жирийн л нэг жишээ энэ.

“Захгүй говийн үзэсгэлэн

Загийн шугуйд дулаан

Дулаан говийн хаваржаандаа

Дуучин ээж минь суугаа даа

Дууны уянгаа өргөсөн

Дуучин ээж минь тэмээчин

Ээж минь тэмээчин” гэж Сараа намуухан, тослог хоолойгоор аялж үзэгчдийн дунд суугаа хайрт ээж Танядаа ариун цэцэгсийн баглааг өргөн барьсан. Дуучин маань ээждээ зориулан төрөлх саха якут ардын гэгэлгэндүү дуугаар сэтгэлийн бэлэг барьсан. Энэ тоглолтоос хит болж үлдэх нэгэн сайхан дууг поп хатагтай маань соёлын тэргүүний ажилтан, “Шуранхай” хамтлагийн дуучин гэдгээрээ анх олноо танигдсан Үүрийнтуяатай хослон дуулсан нь олны таашаалд нийцэж алга ташилтаар шагнуулав. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Мөрдэндэвийн Ядамсүрэн хэлмэгдлийн хар сүүдэрт нэрвэгдэн хар гэрт хоригдож ахуйдаа гэргий А.Ичинхорлоодоо зориулан зохиосон гэдэг “Үзэсгэлэн гоо” хэмээх бэсрэг дууг тэд үнэн тасархай дууллаа. Баяр хүргэхээс аргагүй. Хөгжимгүй дахиулаад ч авав.

Нийслэлийн Зөвлөлтийн IX сургуулийн есдүгээр ангийн сурагч Сарантуяа сурагчийн дүрэмт хувцастайгаа анх удаа тайзнаа гарч, улмаар “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж эхэлснээс хойш гучин жил өнгөрчээ. Тоглолтын хоёрдугаар хэсэг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы ая, Б.Лхагвасүрэнгийн үг “Учралын вальс”-аар эхлэв. Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Оршихын шидэт хурууд энэ үеэс товшуурын чавхдсан дээгүүр бүжиж, Сараагийн уянгалаг дуунуудыг жигтэйхэн хөглөөд өгөв. Нармандахын үг, Л.Балхжавын аялгуу “Тэр намайг дурсдаг болов уу” дууг шүтэн бишрэгчид нь даган аялна. Энэ тоглолтод “Нисванис” хамтлагийн дуучин, ая зохиогч Л.Энх-Амгалангийн “Мэдэхгүй”, “Тэнэг ялааны дууль” хоёр ч дуу дуулагдлаа.

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн Гончигийн Жаргалсайханы аялгуу “Хайртай шүү, би чамдаа” гэсэн тэртээх ерэн долоон оны дуугаа Сараа дуулж байна. Анзаарахад, поп хатагтай маань сонсогчдод ганц, хоёрхон л сонсогдсон дуунуудаа эргэж сэргээх маягаар дуулсан. Болохгүй нь ч юу байхав, нас тогтсон намбалаг хатагтайн тоглолт юм чинь. Дуучны хоолойг амраах зорилгоор “Uni­verse best songs” анхдугаар наадмын гран при шагналт дуучин Ч.Цэлмүүн “Хайрласан болохоор…” дуугаа өргөсөн бол дуучин Болор-Уянга “Хайр-бидний огторгуй, хайр эцсийн зогсоол”-оо сонирхууллаа. “Уучил, намайг уучил” дуу бол хэн хүний сэтгэлд шингэсэн хит дуу ажээ. Үүний дараа Мөнхбатын хөгжим “Бороо” дуунд хүмүүсийн сэтгэл нэлээд огшоод ирсэн.

Одоогоос хорин жилийн тэртээ “Хайрын бурхан чи минь хаа байна?” гэсэн Сараагийн сонгодог нэгэн дуу мэндэлсэн байдаг. Шүлгийг мөнөөхөн үүдэнд догдлонгуй таарсан Ү.Хүрэлбаатар найрагч зохиож, Д.Өлзий-Орших аялгуу тааруулж байв гэнэ. Энэ дууны хоёрдугаар анги болох “Хайрын бурхан-2” дуу хэдхэн хоногийн өмнө төрсөн бөгөөд сахал Хүрлээ ах “Дөрөвдүгээр сар Сараагийн маань хайрын бурханаа хайдаг сар” гэж тодорхойлж “гурван жигүүртэй шувуу”-г амилуулагч гурав дурсгалын зураг татуулав. “Хайрын бурхан-1” дуу хайраа хайсан утгатайг бид мэднэ. Харин түүний дүү хайраа оллоо гэсэн агуулгатай аж. “Хайрын бурхан минь чамайгаа би олсон…Хайрын бурхан чамдаа би хайртай…”. Хайрын бурхан дууны дүрсжүүлсэн бичлэг хэдийнэ гарсан гэж энэ үеэр дуучин маань хэлж байсан.

Үзэгчид “Сараагийн маань амьдрал одоо л тогтох нь” гэсэн бэлгэшээлийг хоорондоо шивэр авир хийх нь аливаа уран бүтээлийг амь-сүнстэй гэж бүрэн итгэдгийнх ажгуу. Нээрээ ч бодоод байсан Сараагийн ихэнх дуу омог бардамхан, заримдаа хуурай агсамнасан байдаг нь нууц биш. “Сэхүүн салхи”, “Хэн юм бэ чи, хэн юм бэ”, “Мэдэхгүй”, “Мартъя” гээд бүгд л нэг тийм гөжүүндүү, зөрүүддүү дуунууд байдаг. Саяын тоглолтын аясыг харж байхад дуучин маань хувь заяаны танхайрал ханхалсан уран бүтээлүүдээсээ жаахан зайгаа барьсан нь илтэд анзаарагдахаар. “Таван Богд” группийнхэн тоглолтын завсарлагаар таван янзын амтат дарсаар үзэгчдийг дайлж, нэрт дуучны дарсны бүтэн жилийн хэрэгцээг дааж буйгаа зарлалаа.

“Би жаргалтай” дууг Сараа ид сайхан дуулж байтал сонгодог маягийн хоолойнууд хоршоод ирэв. Тэгэх нь ээ, Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх “Нюанс” сонгодог опера хамтлагийн гурав ийн хамтарч дуулсан аж. Дуучны шавь, Хонгор нутгийн охин, соёлын тэргүүний ажилтан, Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн дуучин Лодойн Насанбуян багштайгаа “Чи алзахгүй” дууг хоолой нийлүүлэн дуулсан нь үзэгчдийн цөсийг хөөргөж орхисон. Энэ сэтгэл хөдлөлийн долгион түүний өмссөн гэрэлтэгч нимгэн даашинзаас ч болсон байж магадгүй. Насанбуян бол “Universe best songs” наадмын хоёрдугаар байрт шалгарч байсан авьяастан. Б.Сарантуяа энэ шавийнхаа тухай “Би ардын жүжигчин Г.Хайдавын шавь. Багшийнхаа нүдний харцаар алдаж, онож байгаагаа хэлүүлэлтгүй мэддэг. Тэрэн шиг Насаа бол миний харцыг уншдаг ухаалаг шавь минь болсонд, өдий олон жил алдаж оноход минь миний дэргэд байсанд нь хайртай. Үзэгчдийн энэ алга ташилт бол надад биш чамд зориулсан талархлын илэрхийлэл” гэж магтаад авна лээ. Уран бүтээлч авьяастанд урмын ташуур илүүдэх юун билээ.

Сараагийн дуунууд хүнд их ухаарал хайрладаг. “Хөнгөн жаргалд автаад чамайгаа би мартсан бол Хайрт минь чи уучил…” гээд аялахад л танхим тэр чигээрээ түрэх жишээтэй. Хөгжмийн зохиолч “хоовон” хэмээх Энхбаярын “Хэн юм бэ, чи” дуу байна. “Талын хөх салхи үнсэх шиг

Тайзан дуулахдаа би ганцаардах шиг

Далдын далдаас намайг дагуулах

Давтагдашгүй чи минь хэн юм бэ

Хэн юм бэ, хэн юм бэ чи

Холын холоос намайг дагуулах

Хонгор амраг минь

Чи хэн юм, хэн юм бэ чи”. Аашлаад загнаад байгаа юм шиг атлаа аргадаад зөөллөөд байдаг энэ дууны шүлгийг Ү.Хүрэлбаатар найрагч зохиож.

Тоглолт даруухан эхэлсэн шигээ намуухан өндөрлөв. Гавьяат дуучинтай нэг өдөр төрсөн азтай арван хоёр үзэгч “Жи мобайл” үүрэн холбооны компанийн гарын бэлгээр шагнуулж сэтгэл өндөр тайзнаас бууцгаав. Тоглолтын үндэсний хөгжимтэй хэсгийн хөгжмийн найруулгыг Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан сайхан найруулж, поп хэсгийн найруулгыг гитарчин Г.Буян-Өлзий дэглэсэн нь аялгуутай сайхан боллоо. Үдшийн одод тэнгэрт хотлох цагаар алжаалаа тайлж амарсан үзэгчид сэрчигнэх салхинд алгадуулан алхах зуураа “Сэхүүн салхи чи…” гэж амандаа үглэсэн шиг гэрийн зүг яаран одоцгоох нь сэтгэлийн таашаал амталсных ажээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Бакей: Сайд өөрчлөгдөхөд хаа нэг газраас хүн авчирч агентлаг, хэлтсийн дарга болгодоггүй болно

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Танай байнгын хороогоор Засгийн газрын тухай, Нийтийн сонсголын тухай, Төрийн албаны тухай, УИХ-ын дэгийн тухай гэх мэт олон хууль хэлэлцэгдэж байна. Энэ хаврын чуулган сонгуультай холбоотойгоор богино хугацаанд болно. Эдгээр хуулиудыг баталж амжих болов уу?

-УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн хугацааны отгон чуулганы хугацаанд зайлшгүй хэлэлцэх ёстой зарим чухал хуулиуд байна. Үүн дотор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтатган хэлэлцэж анхны хэлэлцүүлгийн шатанд орсон. Энэ хуулийг хаврын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хууль батлагдсанаар төрийн албыг улс төрөөс ангид байлгах бололцоо бүрдэнэ. Ямар нэгэн байдлаар сайд өөрчлөгдөхөд хаа нэг газар байсан хүнийг авчраад агентлагийн дарга эсвэл тодорхой хэлтсийн даргаар шууд тавьдаггүй болно. Төрийн албаны хамгийн бага шатнаас ахисаар эцэст нь Төрийн нарийн бичгийн дарга хүртэл шат дараалан албан тушаал ахих зарчмийг хуульд тусгаж байгаа. Дараагийн нэг асуудал нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа. Энэ хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг дэмжээд байна. Үүгээр Засгийн газрын гишүүний үүргийг УИХ-ын гишүүн давхар хашихтай холбоотой харилцааг зохицуулах асуудал байгаа. Төсөл дээр гурван яамны хувьд давхар хашиж болно гэж оруулж ирсэн.

-Аль яамдыг УИХ-ын гишүүн давхар хариуцаж болохоор оруулсан байсан бэ?

-Төсөлд Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам гэж байсан. Гэвч хэлэлцэх явцад гишүүд шууд нэр заахгүйгээр Засгийн газрын тэргүүн аль яамыг оруулахаа шийдэх нь зүйтэй гэсэн санал давамгай гарч ирсэн. Ирэх долоо хоногоос хэлэлцүүлэг нь эхлэх байх. Яалт ч үгүй өнгөрсөн дөрвөн жил яригдсан гол асуудал энэ байлаа шүү дээ. Бид дөрвөн жилийн дотор шийдэж чадаагүй ч гэсэн дараагийн сонгуулиар шинээр бүрдэх Засгийн газрыг тодорхой зөв болгох шаардлага тулгарч байгаа учраас энэ хууль батлагдах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор хүмүүс 36 хүртэлх сарын цалинг эмч, багшаас бусад тухайлбал, соёлын салбарынханд өгөх болов уу гэсэн асуулт их тавьж байна лээ. Энэ талаар сонирхуулбал?

-Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг зарим салбарт өгдөг хууль бий. Тэр нь салбарын хуулиар зохицуулагдаж байгаа л даа. Жишээлбэл, Боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар багш, эмч нарт буцалтгүй тусламж олгогдож байна. Салбар болгон дээр харилцан адилгүй байна. Бүх асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулахад түвэгтэй. Мөн салбарын хуулиар энэ асуудлыг зохицуулах нь зүйтэй гэсэн гишүүдийн байр суурь давамгай байгаа. Гэхдээ Төрийн албаны тухай хуулиар нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох зарчмыг нь тодорхой болгох ёстой гэж бодож байна.

-Саяхан Ардчилсан намын ҮЗХ хуралдлаа. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Л.Болд нар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байсныг ярив уу?

-Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанаар Сонгуулийн хуулийн асуудал огт яригдаагүй. Зөвхөн 2016 онд Ардчилсан намаас сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцээд сайшаасан байгаа. Мөн Ардчилсан нам сонгуульд оролцохоо илэрхийлэх талаар тогтоол гаргасан. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал цаг хугацааны хувьд өдөр ирэх тусам боломжгүй болж байгаа. 70 хүрэхгүй хоног үлдлээ. Нөгөө талаас гишүүд хууль санаачлах эрхээ л эдэлж байгаа учраас үүнийг би буруу, зөв гэж хэлмээргүй байна. Гэхдээ энэ гаргаж байгаа саналаа сонгуулийн хуулийг хэлэлцэж батлах үед гаргасан бол дахиад ингэж хоёр ажил болгох үндэс байхгүй байсан.

-Үндсэн хуулийн Цэц ирэх баасан гаригт хуралдана. Үүгээр Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл өөрчлөгдөж таарах уу?

-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудал хуралдаад хэрвээ Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн хэсэг буюу 28 нэр дэвшигчийг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихвал УИХ хүлээж авах эсэхээ хэлэлцэнэ. Тэгээд хүлээж авах болчихвол яах аргагүй л Сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг үндэслэж өөрчлөлт оруулах бол байж болох асуудал. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор өөрчлөгдөж болно гэж үзэж байгаа.

-АН, МАН хоёр хоорондоо тохиролцоод гишүүдийг тойргоос сонгогддог байх дээр тохиролцоонд хүрсэн талаар яриа байна?

-Хоёр нам энэ талаар тохиролцоо хийснийг огт мэдээгүй, сонсоогүй. Үндсэн хуулийн Цэц хараат бус бие даасан байгууллага. Тиймээс хоёр нам тохироод тэд нар нь биелүүлнэ гэсэн асуудал байх ёсгүй. Цуурхал байх гэж бодож байна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Халз барилдаанд П.Бүрэнтөгс арслангийн баг түрүүлэх өндөр магадлалтай

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөө цагийн бөхийн өнгө болсон шилдэг залуу хүчтэнүүдийн барилдааныг энэ сарын 30-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион явуулахаар болсон билээ. Уг барилдаанд хүч үзэх шилдэг арван хоёр бөхийн нэр тодроод байгаа. Тодруулбал, нэгдүгээр багт улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс, улсын гарьд Нямдоржийн Ганбаатар, Батнасангийн Гончигдамба, улсын харцага Цэдэвийн Содномдорж, Нямаагийн Батзаяа, улсын начин Төрөөгийн Баасанхүү, хоёрдугаар багт улсын арслан Намсрайжавын Батсуурь, Энхтөгсийн Оюунболд, улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Мөнхсайханы Өсөхбаяр, улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших, улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат нар хүч үзэхээр болсон.

Бөх сонирхогч, судлаачид эдгээр бөхчүүдийн талаар өөрсдийн санаа бодлыг илэрхийлж байгаа. Сүүлийн үеийн дуулиан шуугианы эзэн болсон Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага Өлзийбатын Даваабаатарыг байхгүй байгаад олон хүн сэтгэл гонсгор байна. Даваабаатар харцага өөрөө оролцохгүй гэсэн үү, эсвэл түүнийг оролцуулах сонирхол хэн нэгэнд байсангүй юу. Ямар чиг л байсан уран дайчин барилдаантай, мөнгөө төлөөд бөх үзэж буй олны урмыг хугалдаггүй идэр залуу харцага барилдахгүй нь тодорхой боллоо. Мөн шуугианы эзэн, бөхийн өргөөнд цугласан олны талархлыг хүлээсэн, өөрт байгаа бүхий л боломжоо бүрэн дайчилж, манайхны хэлдгээр шатаж, шаралхаж барилддаг өсөх идэр начин, даншгийн арслан Рэнцэнбямбын Пүрэвдагвыг барилдаагүйд харамсах хүмүүс олон байна.

Пүрэвдагвын мөнхийн өрсөлдөгч Б.Пүрэвсайхан харцагын нэр бас л алга. Мань хоёр, тэмцэлдээн гэдэг чинь зүгээр нэг хэн нэгнээ налаад зогсчихдог үзвэр биш жинхэнэ өрсөлдөөний талбар гэдгийг үзүүлж олны өмнө арай л зодолдохдоо тулалгүй хүч үзэн, бөх сонирхогчдын цөсийг нь хөөргөдөг. Халз барилдаан гэдэг бол нэг талаас бөхчүүдийн сорилго боловч, нөгөө талаасаа цэвэр шоу шүү дээ. Ёстой нөгөө “мангаруудын зодоон” гэдэг шиг тулааны талбар байхгүй юу. Эдгээр арван хоёр бөх жинхэнэ “алалцаж” байж монгол бөхийн барилдаан гэдэг ингэж л сэтгэлийн цэнгэл эдлүүлж, таашаал өгдөг юм гэдгийг мэргэжлийн хэмжээнд мэдрүүлэх учиртай. Түүнээс улсын наадмын дөрөв, тавын даваа шиг найр татсан, уйтгартай болбол халз барилдаан хийхийн ч хэрэг байхгүй ээ.

“Барьц сонгохыг хүлээж, өрсөлдөгчөө баглаад зогсчихдог нөхдийн хажууд энэ чинь бөх байхгүй юу” гэж Б.Соронзонболд зааныг зарим хүмүүс хэлдэг. Тэр бол өөрийн гэсэн фэнтэй бөх. Гэтэл Соронзон алга. Тэрээр гар ачих, тонгорох, хутгах, бусгах зэрэг мэхийг даацтай хийдэг дайчин бөхчүүдийн нэг л дээ. Эдгээр бөхчүүдийг халз барилдаанд оролцуулах байлаа. Хэрвээ оролцохгүй гэсэн бол тэдгээр нөхдөд хариуцлага тооцох ёстой. Мэргэжлийн сумогийн тэмцээн дууссаны дараа бөхчүүд хотуудаар очиж, үзүүлэх барилдаан хийдэг. Түүнд Хакүхо, Харумафүжи гээд аваргууд бүгд оролцдог. Оролцохгүй, бэртэл авчихаж мэднэ гэдэг ч юм уу ямар нэгэн шалтаг хэлэх юм бол сумо бөхийн холбоо хариуцлага тооцоод цолных нь асуудал яригддаг. Монгол үндэсний бөхөд энэ дүрэм үйлчлэх ёстой юм. Монголын үндэсний бөхийн холбоо нь санаачлан зохион байгуулж буй барилдаанд улсын цолтой бөхчүүд пээдийж, ихэрхэж болохгүй.

Тэд зүгээр л үг дуугүй ажлаа хийж, үүргээ ухамсарладаг баймаар байна. Халз барилдаанд Пүрэвсайхан, Пүрэвдагва, Даваабаатар тэргүүтэй бөхчүүд яагаад оролцоогүй тухай бөхийн холбоо хэвлэлийн хурал зарлаж олонд мэдээлэхийг шаардаж байна. Ингээд халз тулалдахаар болоод буй арван хоёр бөхийн барилдаан хэрхэн өрнөхийг та бүхэнд сонирхуулъя. Улсын арслан П.Бүрэнтөгс нэгдүгээр багийг ахалж байгаа. Тэрээр Н.Батсуурь, Э.Оюунболд, Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Ө.Бат-Орших, Э.Энхбат нартай хүч үзнэ. Эдгээр зургаан бөх дотроос хамгийн хатуу учраа нь мэдээж Санжаадамба байна. Бүрэнтөгс арслан Санжаадамбатай хүч үзэхдээ нэг л зүйлийг санах хэрэгтэй. Өнөө жилийн наадмын 1024 бөхийн барилдааны түрүү үзүүрт улсын аварга цолны төлөө Санжаа заантай халз тулна л гэж бодох нь чухал. Тиймээс Санжаадамбыг ямар нэгэн байдлаар хамаг хүчээ дайчлан, арал чац, байгаа бүхнээрээ түрж дайраад хаях нь зүйтэй. Хаях хаяхдаа бүр чанга хаяж, зүрхэнд нь жаахан шар ус хуруулчих нь зөв юм. Хэрвээ Бүрэнтөгс Санжаадамбад унавал өнөө жилийн наадмыг бодох, аварга цолны тухай санахын ч хэрэггүй. Санжааг нарийн ууцаар нь тас тэврэн голлож дайраад аваад явчих юм бол залуу арслан бусад тавыг нь аргалчихаж дөнгөнө л дөө. Ингэхээр Бүрэнтөгс босоо байх магадлал өндөр харагдаад байна. Үндсэндээ багтаа зургаан оноо авчирна.

Мөн цаана нь элдэвтэй нэг нөхөр бий. Биеэр жижиг хэрнээ, тойргийн барилдаанд одтой барилддаг Төрөөгийн Баасанхүү начин. Тэр жил бөхийн холбооноос зохион байгуулсан тэргүүн дэвжээ шалгаруулах “нутгаа дуурсгана” барилдаанд бараг л нэг ч уналгүй тэргүүлж байсан удаатай. Энэ удаа мөн босоо түрүүлчихийг байг гэх газаргүй. Баасанхүүд хамгийн эвгүй бөх нь Булганы Энхбат начин байж магадгүй. Энхбат уян хатан чанартай, унаж яваад мэх хийдэг, нэг гараараа газар тулж байгаад нөгөө хөлөөрөө тачигнатал барилддаг амаргүй учраа. Түүнийг л ямар нэгэн байдлаар нугаруулчихвал Баасанхүүд боломж гараад ирнэ. Бусдыг нь бол мань хүн нүүр нүдгүй алгадчихна. Өрсөлдөгч бөхөө тугны өмнө дэвээ шаваагаа хийж дуусгаагүй байтал манай хүн араас нь барьж аваад сөхөө өгөлгүй элдээд хөөчихнө. Батсуурь, Оюунболд, Бат-Орших, Өсөхбаяр нар алийгаа ч мэдэлгүй газар саваад унана. Хүмүүс санаж байгаа, өнөө жилийн цагаан сараар яалаа. Чүүчигнэсэн, туранхайвтар амьтан, бие хаа тэгш дүүхэлзсэн өндөр нөхөд болох хоёр Дамбыг баруун солгойгүй тонгороод, зүгээр л тоглоод хаячихаа биз дээ. Баасанхүү тийм л элдэвтэй. Санжаадамбын салтаанд хэд ч эргэж байж мэднэ дээ.

Бүрэнтөгсийн багт энэ жилийн сар шинийн барилдааны тэргүүн бөх Ц.Содномдорж байгаа. Хэдхэн хоногийн өмнө болсон Сонгинохайрханы хишиг 256 бөхийн барилдаанд Содномдорж харцага бас түрүүлнэ лээ. Сүүлийн үед түүнийг тогтоох бөх ховор болоод байгаа юм даг уу даа. Содном харцага Баасанхүү шиг элдэв янзын барилдаан гаргаж, өрсөлдөгчөө нүүр нүдгүй балбахгүй. Харин бүр санаа амар, айван тайван хүч үзсэн шигээ зогсож байгаад алсын сүвээний барьц аваад өргөөд шидчихдэг. Тийм л тактикаар барилдаад байгаа юм. Содномын шазуур зууж үзэх бөхийн нэг бол Оюунболд. Тэр хоёр өнгөрөгч жилийн наадмын долоогийн даваанд тунасан. Хэн давсан нь дээшээ барилдана байх аа гэсэн үзэгчдийн таамаг үнэн болж Оюунболд наадмын түрүү бөхөөр тодорсон билээ. Магадгүй өнөө жилийн наадмын наймын даваанд тунаж мэднэ. Тийм болохоор Содномдорж одооноос л Оюунболдыг хэрхэн яаж хаях вэ гэдгээ нарийн чинад тооцоолох хэрэгтэй.

Түүний гол өрсөлдөгч бол мэдээж Санжаадамба. Залуу заан эхэн үедээ хэд хэд хүчтэй туйлах нь мэдээж. Тэрхүү “салхи шуурга”-ыг аядуу намжуу болгосны дараа бол Содномд боломж бүрдээд ирнэ. Үндсэндээ санасандаа хүрч барьц сонгон, толгой дээрээ бярдаж гаргаж ирээд шидчих байх. “Олон жилийн дунджаар” гэдэг шиг Санжаа, Содном хоёрын ид үеийн барилдааныг эргээд харахад ихэвчлэн залуу заан давсан байдаг. Эдүгээгээс таван жилийн өмнө ардын хувьсгалын ерэн жилийн түүхт ойгоор тэр хоёр долоогийн даваанд тунаж, хоёр ч удаа барилдан будилж байж Санжаа нь давж заан болж байсан. Содном нь тахимаа өгөхгүй, хичнээн цаг талбай дээр уйлж зогссоныг үзэгчид мартаагүй. Содномын тэрхүү гашуун нулимс цээжинд нь амтагдаж л байгаа даа. Наадмын дараа намар нь байна уу даа, өнөө геннисийн зургаан мянга гаруй бөхийн барилдаанд энэ хоёр мөн л тунан хүч үзэж, Санжаа нь илүүрхэн хаясан. Эл бүгдийн хариуг Содном энэ удаад л авах хэрэгтэй. Маш том боломж гарч ирлээ гэж бодох хэрэгтэй.

Нэг хэсэг Пүрэвжав харцага “бөхийн аранга” гэгддэг байлаа. Өсөхөө аваргыг төрийн наадамд хоёр жил дараалан түрүүлж, арслан, аварга цолыг авчихсан ид байх үед нь буюу 2004 оны наадмын дөрвийн даваанд залуу бөх байхдаа өвдөг шороодуулж шуугиан тарьсан. Дараа нь Санжаадамбыг баттай түрүүлнэ гэж яригдаж байсан наадмын тавын даваанд өвдөглүүлж мөн л шуугиан дэгдээсэн. Харин сүүлийн үед “бөхийн аранга”-аар Ховдын Батзаяа харцага тодроод байгаа. Тэрээр түрүү жилийн наадмын тавын даваанд дархан аварга Өсөхбаярыг сөхрүүлчихсэн. Өсөхөө аварга Сүхбаттайгаа зүүний магнайг булаацалдан, хичнээн өдөр сар нервтсэний эцэст Сүхбат нь зодоглохоо больж, аварга маань зүүний магнайдаа сэтгэл амар гарч, цолоо дуудуулаад жавхаатай гэгч нь байтал юу болсон билээ.

Батзаяа гэж полдгор нөхөр тавын даваанд өвдөглүүлчихдэг байгаа. Түүний “бөхийн аранга” гэдгийг нь аварга тооцоолоогүй. Хэрвээ тооцоолсон бол түүнд тэгж “тамлуулах”-ын оронд нэг начин төрүүлчихнэ биз дээ. Тэгтэл Батзаяа зүгээр ч нэг унагачихаагүй, аваргаар минь бүр тоглоод хаячихсан. Зургаагийн даваанд урьд жилийнх нь түрүү бөх Батсуурь арслан мөн л дөрвөн хөллүүлээд “сансарт нисчихсэн” дээ. Энэ жилийн цагаан сараар Мөнхбат аварга, залуу арслан Оюунболд нарыг бас л дараалуулан орхиод шуугиан дэгдээсэн. Тиймээс “бөхийн аранга” Батзаяа бас л хатуу боорцог. Түүнтэй залуу арслан Батсуурь, Оюунболд хоёр даагаа нэхэж яс үзэлцэх нь мэдээж. Ийм л дуулиан шуугиан дор бөхчүүдийн халз барилдаан болно. Анзаараад байх нь ээ, Бүрэнтөгс арслангийн нэдүгээр баг түрүүлэх боломж байна. Үндсэндээ өндөр оноо авах магадлалтай бөхчүүд байна. Арслан өөрөө байна, цаана нь Баасанхүү гэж зүггүй барам байна, за тэгээд Содномдорж, Гончигдамба, Батзаяа байна. Харин Батсуурь арслангийн баг өрсөлдөгчөөсөөө жаахан дутуу харагдаад байгаа. Санжаадамба л голлож, туйлдгаараа туйлах байх. Түүнд Оюунболд, Батсуурь хоёр мэдээж хань болно. Харин Бат-Оших, Энхбат хоёр тэгтлээ өндөр авах нь юу л бол. Өсөхбаяр заан бол сүүлийн үед тун тааруу барилдаж байгаа. Эдгээр бөхчүүдийн зөөлөн боорцог нь гэж бөх сонирхогч олон таамаглаад буй. Эцэст нь хэлэхэд, энэ удаагийн халз барилдааныг санаанд оромгүй “сюрприз”-ээр дүүрэн болоосой гэж бөх сонирхогч олон хүлээж суугаа билээ.

Б.Батболд

Categories
мэдээ цаг-үе

Ц.Хүсэлбаатар: Өнөөдөр ч хүмүүс амархан аргаар баяжих мунхаг сонирхолтой хэвээр байна

“Ядуугийн зовлон” уран сайхны киног Монголын хамгийн анхны аймшгийн бүтээл гэдэг. Тэгвэл тус киноны хоёрдугаар анги буюу “Ядуугийн зовлон-2” уран сайхны кино энэ сарын 22-нд нээлтээ хийх гэж байна. Тус киноны ерөнхий найруулагч Ц.Хүсэлбаатартай ярилцлаа

-Киногоо нээх гээд тун завгүй байгаа бололтой.Сэтгэл их хөдөлж байна уу?

-“Ядуугийн зовлон” уран сайхны киноныхоо хоёрдугаар ангийг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болгоод байна. Одоо зөвхөн нээлтийг л хүлээж, басхүү түгшиж сууна. Уран сайхны кино гэдэг баг, хамт олны нөр их хөдөлмөр. Тиймээс кино багийнхан маань бүгд л надтай адилхан түгшиж, бас догдолж байгаа болов уу. Нээлт “Тэнгис кино” театрт 18:00 цагаас болно.

-Нээлтийн үеэр үзэгчдэд ямар гэнэтийн бэлэг бэлдээд байгаа вэ?

-Гэнэтийн бэлэг бол гэнэтийн л бэлэг байх ёстой. Энд хэлчихвэл гэнэтийн гэдэг утгаа алдчихна шүү дээ.

-Хоёрдугаар ангиараа үзэгчдэд чухам юу өгүүлэхийг хүссэн бэ?

-Арван долоон жилийн өмнө хүмүүст хэлж байсан санаа одоо ч байж л байна. Хүмүүсийн шунал, хөдөлмөрлөхгүйгээр орлого олох гэсэн мунхаг хүсэл, шударга бус явдал энэ олон жилийн дараа оршсоор л байна. Алтанд шунасан Сэндэр эгч, амьдралаа залгуулах гэж ядарч буй Хүдэр, цэрэгт явсан хүүгээ хүлээсэн эмгэний сүнс гээд л бид анх яг л энэ сэдвийг хөндөж хийж байсан. Тэгвэл киноны хоёрдугаар анги мөн л энэ сэдвийг хөндөж байна.

-Киноны нэгдүгээр анги төгсөх тэр мөчид хоёрдугаар ангийг хийнэ гээд тухайн үед төлөвлөчихсөн байсан уу?

-Тухайн үед киноны хоёрдугаар ангийг хийнэ гээд яг таг төлөвлөсөн бодсон зүйл байгаагүй. Хүмүүсийн дунд домог болж үлдэх бүтээл болно ч гэж тооцоолоогүй байсан.

-Тэгвэл шуналаас болж өөрийгөө болон эхнэрээ алдсан гол дүрийн баатар Хүдэр энэ удаагийн анги дээр ямар байдалтайгаар эргэн ирж байгаа нь үзэгчдийн сонирхлыг татаж байна?

-Хүдэр олон жилийн дараа галзуугийн эмнэлгээс оргож байгаагаар кино үргэлжлэх болно. Хүдэр эргэн ирэхийн учир мэдээж энэ кино түүнгүйгээр сонирхолтой болохгүй шүү дээ. Хүрэлхүү маань Хүдэрийн дүрийг бүтээхээс гадна киноны ерөнхий продюсероор ажилласан байгаа.

-“Ядуугийн зовлон-2” уран сайхны кинонд өнөөгийн дэлгэцийн уран бүтээлийн өнгийг тодорхойлж буй Ц.Цэрэнболдоос эхлээд олон мундаг жүжигчин тоглож байгаа харагдсан…?

-Дүрдээ сайн тохирох, ур чадвар өндөртэй уран бүтээлчдийг сонгосон. Ц.Цэрэнболд, Г.Золбоот, А.Адилцэцэг, Т.Анар, Ц.Алдармаа, залуу жүжигчин сурагч Н.Буянцог зэрэг уран бүтээлчид бий.

-“Ядуугийн зовлон” яах аргагүй Монголын анхны аймшгийн кино. Харин одоо бол аймшгийн кинонууд ар араасаа мэндэлж байна. Эдгээрээс хоёрдугаар анги юугаараа өөр байх бол?

-Хүмүүс өөрсдөө энэ айдсыг бий болгож байна. Мэдээж нэгдүгээр ангиас өөр байлгүй яахав. Тэр үеэс одоо бидний амьдарч байгаа орчин хүртэл өөр шүү дээ. Илүү бодитой амьдралыг харуулна. Бас баатар болгон өөр өөрийн онцлогтой, давтагдашгүй байх болно.

-Тухайн үед уг киноны нэгдүгээр анги үзэгчдэд хүрч байх үеийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу. Анх үзэгчдийг байлдан дагуулна гэдгээ төсөөлөө ч үгүй байсан гэсэн?

-Нэгдүгээр ангид тоглосон гавьяат жүжигчин Сэлэнгэ агсан, мөн соёлын тэргүүний ажилтан Нарантуяа, Д.Хүрэлхүү, А.Адилцэцэг, тэргүүтэй жүжигчид, ангийн анд Г.Энхтөр, зураач П.Чулуунбаатар, залуу зураач С.Чулуунбаатар, гайхалтай зураглаач агсан Наранбаатар гээд олон сайхан уран бүтээлч маш сайхан эрч хүчтэй гар нийлэн ажилласан учраас одоо болтол хүмүүсийн дунд сайн бүтээл гэж яригдаж байгаагийн шалтгаан байх.

-Өмнөх анги шигээ үзэгчдэд хүрч чадах болов уу. Та юу гэж бодож байна?

-Мэдээж энэ сэдэв бол мөнхийн сэдэв. Хүн чанарын гэрэлтэй, сүүдэртэй талууд байгаа цагт дээрээс нь хэрхэн цааш үргэлжлэх бол гэсэн хүмүүсийн хүлээлт байгаа цагт хэрэгцээтэй хэвээр л байх болно.

-Зураг авалтыг хаана хийв?

-Улаанбаатар хотод авсан. Мөн зураач С.Чулуунбаатарын багийнхны гараа гаргаж бэлдсэн павильонд авсан. Энэ дашрамд харамгүй сэтгэлээр тусалсан бүх анд найзууддаа болон бүх уран бүтээлчдэдээ чин сэтгэлээсээ баярлалаа.

-Киноны нэгдүгээр анги хичнээн төгрөгөөр бүтэж байсан бол. Харин хоёрдугаар анги хэр өртөгтэй босов?

-Энэ асуулт нууц хэвээрээ үлдэг. Тэгээд ч санхүүгийн талын нарийн ширийн асуудлыг би сайн мэдэхгүй.

-Гэргий болон охин тань дүр бүтээсэн үү ?

-Гэргий Өлзийхүү маань энэ киноны арын албаны ажлыг хариуцаж ажилласан. Мөн зургийн дарга гэдэг том албыг хашиж бид бүгдийг саадгүй ажиллуулж байлаа.

-Кино багийнхнаа танилцуулахгүй юу?

-Зураглаач Г.Гүеэнбаатар, хөгжмийн зохиолч Г.Хишиг, нүүр хувиргагчаар киноны нэгдүгээр ангид ажилласан Ж.Болормаа, Г.Хос-Эрдэнэ зэрэг олон сайхан уран бүтээлчдийн хөдөлмөр шингэсэн байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Хүнийг хорьчихоод мартчихдаг байдлыг хуулиар хаах хэрэгтэй

“Өдрийн сонин”-ы № 093 (5358) дугаараас авч нийтлэв

ПРОКУРОРООС Б.БУЛГАНЫ ӨРӨӨНИЙ ГЭРЭЛ, БИЕ ЗАСАХ БУЛАНГИЙН ЗӨРЧЛИЙГ

АРИЛГАХ ЧИГ ҮҮРЭГ ӨГСӨН ГЭВ

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өчигдөр хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүйгээс нээлттэй сонсгол хийлээ. Энэ үеэр удахгүй чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж буй Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдэд хүний эрхийг хэрхэн хангаж байгааг авч үзсэн юм. Дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд бусад гишүүдийн хамт хорих байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан. Ингээд өргөдөл гомдол гаргагсдын болон иргэний нийгмийн байгууллагуудын санал, холбогдох байгууллагуудын тайлбарыг авах нээлттэй сонсгол хийж байгаа нь энэ аж. Хуралдааныг тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Болд даргалсан бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Дэд хороонд харьяалагддаг бусад гишүүдийн хувьд гадаад, дотоодод томилолт болон албан ажилтай байж таарсан тул ирж амжсангүй. Хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагуудын нэлээд төлөөлөл ирсэн харагдана. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комисс, Глоб интернэйшнл төв, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо, Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб, Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Хүний эрх хөгжил төв, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Ирвэс хамгаалах сан, Эвт сайн хөрш ТББ, Хүүхдийн эрх хамгаалал төв, Хүний эрхийн залуу судлаачдын клуб, Зориг сан, иргэн С.Шаарийбуу, хуульч Г.Нарангэрэл зэрэг харагдаж байв.

ХОРИХЯЛЫГ БАГАСГАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНААЧИЛСАН ГЭВ

Хуралдааны эхэнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав дээр дурдсан хуулийн төслүүдэд хүний эрхийг хэрхэн хангасан талаар танилцуулга хийв. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад яллагдагчийн гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоох, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглох, яллагдагч хэргээ шүүхэд шилжүүлж хэлэлцүүлэхийг шаардах, энэ талаар гомдол гаргах эрхтэй байхаар тусгажээ. Мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, аль болох цагдан хорих арга хэмжээг авахгүй байх үүднээс хувийн баталгаа гаргах, зорчих эрхийг хязгаарлах зэрэг төрлүүдийг шинээр оруулж ирсэн байна. Ингээд тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт бий болсныг үндэслэж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсаны дараа таслан сэргийлэх арга хэмжээг авдаг байхаар тусгажээ. Түүнчлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг мөн богиносгохоор тусгасан аж. Харин цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахар, гааль, татварын гээд олон байгууллага хууль сахиулах үйл ажиллагааг явуулдаг. Ингэхдээ тус бүрийн дүрэм журмаар хүний эрхийг хязгаарладаг байдалтай байсныг Хууль сахиулах тухай хуулиар нэгдсэн нэг журамд оруулж байгаа аж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийн хувьд тухайлбал, хорих ялыг хувь хүний онцлогт тохируулан ялгамжтай эдлүүлэхээс эхлээд зорчих эрхийг хязгаарлах зэрэг шинэ төрлийн ялыг нэвтрүүлснээр ял эдлэгсдийн тоо, хоригдож буй хүний эрх зөрчигддөг сөрөг хандлагууд буурна гэж үзэж байгаа аж. Мөн өсвөр насны хүнд оногдуулсан ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хэрэгжүүлэхээр заажээ. Харин Тахарын албыг ШШГЕГ-ын дэргэд ажиллахаар болгож буйг тайлбарлахдаа “Шинэ тутам байгуулагдаж байгаа учраас сум бүрт хүрч ажиллахад дөхөмтэйг бодолцсон” хэмээсэн юм.

Б.БУЛГАНЫГ 461 ДҮГЭЭР АНГИД ШИЛЖҮҮЛЭХСАНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

Танилцуулгын дараа гишүүд асуулт тавьсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Б.Булганы ээжийн өргөдлийн дагуу хоригдож буй газарт нь очиж уулзсан. Энэ үеэр ШШГЕГ-ын мэдлээс обьект нь гарчихсан байдал ажиглагдсан. Тэр байгууллага ер нь Тагнуулын ерөнхий газрын хяналтад байна лээ. Хэрвээ энэ байгууллагад Тахарыг нэгтгэчихвэл бүх гэрч, хохирогчоо тагнуулын байгууллагад өгчих юм биш үү” гэхэд Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Б.Булганы байдлын тухайд бид тодорхой мэдэхгүй байна. Гэрчийг бол аваачиж хорьдоггүй л дээ. Тэгэхээр гэрч биш сэжигтэн яллагдагч болсон учраас удаан хугацаагаар хорьж шалгаж байгаа байх. Бид мөрдөн байцаалт ямар түвшинд яваа дээр хяналт тавих, мэдээлэл авах эрхгүй. Хуулиар хориотой. Ер нь бол ШШГЕГ-ын урьдчилан хорих байр бол мөрдөн байцаагчийн тавьсан шаардлагын дагуу тэр хүний хэнтэй уулзахыг л зохицуулж ажилладаг. Өөрсдийн санаачилгаар хэн нэгнийг уулзуулахгүй гэсэн юм байхгүй. Мөрдөн байцаагч, прокурорын тавьсан шаардлагын хүрээнд ажиллаж байгаа байх гэж бодож байна. Өмгөөлөгчийг дарамталдаг асуудал байдаг гэлээ. Хэрэв тийм бол энэ одоо ч Монгол Улсын хуулиар хориотой. Шинэ хуулийн төсөлтэй холбож ярихад Б.Булгантай холбоотой асуудлыг аваад үзэхэд ийм маягаар ажиллах боломжгүй л болгож байгаа шүү дээ” хэмээв.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Б.Булганы өрөө бусдаасаа илүү хурц гэрэлтэй байсан. Ариун цэвэр сахих булан нь үүдэндээ хүний нүдэнд ил байдаг нь ямар учиртай юм” гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү “Нар тусдаг газрын камерууд гэрэл байдаггүй юм. Бид тусгайлан нэг хүнд зориулж өрөө тохижуулах боломжгүй. Бие засах цэг нь үүдэндээ байгаа нь сантехникийн шугамаасаа шалтгаалсан байх. Хоригдож буй хүндээ зориулж өрөөг өөрчлөх хөрөнгө ч байхгүй. Төв аймгийн хорих 35 хүний багтаамжтай бусад нь гурав, дөрвөөрөө байдаг бол Б.Булган ганцаараа нэг өрөөнд байгаа” гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Б.Булганыг шилжүүлэх боломж байна уу. 461 дүгээр ангид сул өрөө олон байгаа гээ биз дээ” гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү “Бид гишүүдийг хориход очоод явсны дараа Улсын ерөнхий прокурорт Б.Булганыг Улаанбаатар хотын 461 дүгээр саатуулахад шилжүүлэх талаар санал явуулсан” хэмээв. Энэ үеэр мөн өргөдөл бичих эрхийг нь ч боогдуулсан талаар УИХ-ын гишүүд ярьсан юм. Тэгэхэд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Өмнө нь манайхаас хүмүүс очиж уулзахад ийм зөрчил байгаагүй. Үнэхээр өргөдөл бичихийг хориглодог болоод бичсэн өргөдлийг дардаг бол энэ маш том хэрэг. Бичсэн өргөдлийг дарагдуулсан тэр хүн дээр Улсын Ерөнхий прокурор маш том хариуцлага тооцох байх гэж бодож байна. Хүний өргөдөл, гомдол гаргах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчих эрх хэнд ч байхгүй шүү” гэв.

Г.ЭРДЭНЭБАТ: ӨРГӨДӨЛ ГАРГАХЭРХИЙГ ЗӨРЧСӨН ТАЛААР БИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГАНА

УИХ-ын гишүүн Л.Болд “Ерөнхийдөө манай энэ шалгадаг, хорьдог хүмүүс хамгийн амраар нь цагдан хорих газарт аваачаад хорьчихож байна. Тэгээд ямар нэг зүйл илрэх байх гээд гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байх. Б.Булганыг таван сарын турш хорьсон. Ингэхдээ он гарснаас хойш нэг ч удаа байцаагаагүй. Бүр цааш нь ярих юм бол өмнө нь ийм байдалд улстөрчид сууж байсан жишээнүүд бий. Тэдний хувьд ч байцаадаггүй байсан. Өмнө нь яваад байдаг зүйл гэж хэлэх гээд байна л даа. Ерөнхийдөө хорьчихоод мартчихдаг. Үүнийг л хуулиар хаахгүй бол хүчний байгууллагууд бүгд тийм сонирхолтой хэвээр үлдэх гээд байх шиг байна. Сэжиглэж байгаа гээд шоронд хийчихдэг. Хичнээн сараар хүнийг тамладаг энэ байдал нэр хүндээс гадна ар гэрийнхнийг нь хүнд байдалд оруулж байна шүү. Хэнтэй хэнийг хорихыг хэн шийддэг юм бэ. Намайг урьдчилан хорихтой танилцаж явахад тендерт хардагдсан нэг Төрийн нарийн бичгийн дарга баахан хулгай хийсэн хүмүүстэй сууж байгаа юм. Өөр бас нэг хувийн компанийн захирлыг хүн алсан хоёр хүнтэй нэг өрөөнд хийчихсэн байсан. Тэр хүн хэрэг хүлээх ёстой юм уу. Эсвэл тэр хүмүүс нь дарамталж илрүүлж өгдөг юм уу мэдэхгүй. Үүнийг шүүхийн шийдвэр биелүүлэх хуулиар үнэхээр хаамаар байгаа юм. Тэгэх бололцоо байна уу. Бид гэмт хэрэгтэй тэмцэхийг бол ойлгож байна. Хэрэгтэнтэй тэмцэх ажил маш чухал. Үүний хажуугаар өөр санаа зорилго орох нөхцөл бүрдээд байна шүү. Социалист нийгэмд л дуртай хүнээ улс төрийн хэрэгтэн болгож залхаан цээрлүүлдэг байсан. Тэр шударга бус нийгэм ардчилсан хувьсгалд хүргэсэн. Манайхаас л цус урсаагүй болохоос бусад газар цус урсаж дууссан. Тэгэхээр үүнийг бид хуулиар засч янзлах хэрэгтэй. Манай ардчилсан нийгэмд хүнийг доод зэрэгт аваачих шаардлага байхгүй шүү дээ. Гэтэл бодит байдалд тийм зүйл байгааг нүдээр харж байна. Хүний эрхийн байгууллагуудаас үүнтэй холбоотой, адилхан саналууд маш их ирж байна. Одоо энэ хуулиудад өөрчлөлт орвол энэ байдал засагдах уу. Тийм итгэл байна уу” гэв.

Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл дээр таны дурдсан асуудлуудыг зохицуулахаар томьёолж байна. Сэжигтэнг баривчлах, цагдан хорих журмыг ч бид үүнтэй холбогдуулан өөрчлөх хэрэгтэй. Яах ч аргагүй манай цагдан хорих байрны нөхцөл, хэрэгжүүлж байгаа арга барил бол хүний эрхийн мэдрэмжгүй. Цагдан хорих байруудад аюулгүй байдлын стандарт, харуул хамгаалалтыг л чухалчилсан байдаг. Түүнээс болоод тухайн хүний жишээлбэл, бие засах нь олны нүдэн дээр байж байна. Бүх байрууд нэг стандартгүй байгаа нь үнэн. Мөн хэрэгжүүлэх явцад мөрдөн байцаагчийн зөвшөөрөлтэй эргэлт оруулдаг. Зөвшөөрөлгүй бол оруулахыг хориглодог. Мөн гүйцэтгэх ажил явуулахыг хориглох юм уу, зөвшөөрөх юм уу гээд асуудлуудыг нарийвчлан журамлаагүй. Бид үүнийг журамлахаар зүйл заалтууд санаачлаад хуулийн төсөлд тусгаж байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Өргөдөл бичиж өг гэхэд Б.Булган өөрийгөө өргөдөл бичиж өгөх эрхгүй юм билээ гээд бодчихсон сууж байгаа байхгүй юу. Асуусан чинь тийм эрх байхгүй гэсэн. Ямар ч эрхийг нь хэлээгүй байгаа юм. Үзэг цаас хараад баярлаад байгаа юм” гэхэд Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Энэ дашрамд хэлэхэд иргэн Б.Булганы цагдан хорих ажил хэрэгжүүлж байгаатай холбоотой гомдлуудын дагуу прокурор шалгалт хийсэн. Үнэхээр Б.Булганы өрөөнд өдрийн гэрэл байрлуулсан. Энэ дөрвөн гэрэл бусад өрөөнөөсөө илүү тусгалтай байна гэдгийг өнөөдөр (өчигдөр) өглөө манай прокурор шалгаж тогтоосон. Тэгээд бусад өрөөтэй нь адилхан болгох, бие засах газрыг гаднаас хөндлөнгийн хүн харж болохгүй болгохын тулд өөр өрөөнд байрлуулах уу эсвэл тэнд нь арга хэмжээ авах эсэхийг яаралтай судлаад зөрчлийг арилгах арга хэмжээ ав гэсэн чиглэл өгсөн. Хүний эрхийг нь зөрчигдсөн нөхцөл байдал байгаа бол арга хэмжээг яаралтай авъя гэж байгаа. Өргөдөл гомдол гаргах бусадтай харилцах эрхийг хязгаарласан талаар бид чин үнэнийг хэлэхэд одоо л дуулж байна. Үнэхээр өргөдөл гаргах гэхэд нь үзэг, цаасаар хангаагүй бол зөрчил мөн. Үүнийг нь бид үргэлжлүүлэн шалгана. Мөн цагдан хорихтой холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх үедээ гүйцэтгэх ажил явуулахыг халах заалтуудыг Хууль сахиулах тухай хуульд оруулж өргөн барьсан байгаа. Хүнийг гэмт хэрэгт буруутгах хангалттай баримттай итгэл үнэмшилтэй болсон цагтаа л шүүхэд шилжүүлэхээр заасан” хэмээв. УИХ-ын гишүүн Л.Болд “Олон улсын парламентын холбооноос манайд “Хэргээ нууцлалаас гаргах, тагнуулын үүргийг хязгаарлах, С.Зоригийн хэргийн мөрдөн шалгах баримт материалыг өмгөөлөгч болоод төрөл төрөгсдөд нь нээгээч” гэсэн зөвлөмж ирүүлсэн байгаа. Энэ шинэ хуулиар болох уу” гэхэд Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Зарим зүйл үнэхээр олон улсын стандарттай нийцэхгүй байгаа нь үнэн. Тагнуул гэхэд яллах мөрдөх ажлыг хамт хийдэг. Тиймээс хэргийг илрүүлэх нотлох баримт цуглуулах үедээ яллах гээд хүнээ хорьдог, нотлох гээд хорьдог байдал холилдчихоод ингээд байгаа юм. Хуулийн төслийг эцэслэн батлах явцад хуулиар тагнуулын байгууллага яллах баримт үйлддэггүй болчихвол энэ шаардлага биелэх бололцоотой” хэмээв.

Хуралдаан бүтэн гурван цаг гаруй үргэлжилсэн юм. УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан ирж өөрийн байнгын хороотой холбогдох асуудлаар санал солилцож байв. Иргэний нийгмийн байгууллага ч хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хөндөж албаны хүнээс хариулт авч байлаа. Мөн Малайзад бусдын гарт амиа алдсан Алтантуяагийн аав С.Шаарийбуу “Би охиныхоо хойноос холбогдох байгуулагуудад 400 гаруй өргөдөл бичсэн. Миний өргөдлийг хүлээж авдаг байгууллага бага байлаа. Харин Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд албаны хүмүүсийг байлцуулан асуултдаа хариулт авах боломж олгож байгаад баяртай байна” хэмээж байсан юм.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Оюундарь: Дөчин насанд үнэхээр амьдрал дөнгөж эхэлсэн

УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай ярилцлаа. Тэрбээр “Гэгээн Муза” 13 дахь удаагийн олон улсын театрын наадмын Драмын жүжгийн төрөлд “Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид “Ромео & Жульетта” жүжгийн өрлөг эхийн дүрээр нэр дэвшээд буй.

-Таны бүтээсэн өрлөг эхийн дүр дэндүү эрч хүчтэй, цоглог, уламжлалт төсөөллөөс огт өөр санагдсан?

-Энэ жүжиг манай театрт хоёр дахь удаагаа тавигдаж байгаа. Өмнө нь Ч.Найдандорж найруулагчийн тавьсан “Ромео Жульетта”-д өрлөг эхийн дүрд Ардын жүжигчин С.Сарантуяа тоглож байсан. Энэ дүрийг авна гэж бодоогүй. Настай, мяраалагдуу, будлиу дүр төсөөлөгддөг. Энэ жүжигт дандаа залуучуудыг авна гэж ярьж байсан л даа. Дүр хуваарилсан чинь надад өрлөг эхийн дүр таарсан юм. Сонгодог жүжгийн энэ сайхан дүрд итгэл өгч байгаад баярласан, дараа нь айсан л даа. Хүн болгоны мэддэг жүжиг, кино нь хүртэл гарсан шүү дээ. Яаж гаргах вэ гээд бодсон чинь дотор сонин болоод явчихсан. Зохиолыг нь уншаад, өөр хэлбэрээр яаж гаргах вэ гэж нэлээд бодлоо. Хувцасныхаа эскизийг харсан чинь маш өөр, орчин үеийн загварлаг, ганган, дэгжин эмэгтэйн хувцас зурчихсан байна. Бодоод байсан чинь энэ сайхан Жульеттаг өсгөж байгаа хүн бол өөрөө маш сайхан хүн. Харагдах талаасаа ч сайхан, боловсролтой мэдлэгтэй хүнийг энэ дээд зиндааны гэр бүл шалгаж авсан байх гэж бодогдлоо. Ажиллаж эхлэхэд үг, хувцас, үйлдэл зөрөөд эхэллээ. Яаж харуулах вэ гээд найруулагчтайгаа яриад, гэгээлэг, цайлган сэтгэлтэй эмэгтэйн дүрийг шингээж өгвөл зүгээр юм гэж бодож ажилласан. Охины хүмүүжилд өрлөг эхийн нөлөө ажиглагдаж байгаа юм. Ийм дүрийг босгож ирэх гэж хичээсэн дээ.

-Та яаж ингэж түлхүүрдчихсэн юм шиг байнга хурдтай хөдөлж, ярьж чадсан бэ, угаасаа ийм эрч хүчтэй хүн үү?

-Үнэхээр их эрч хүч гаргадаг. Энэ жүжигт тоглоход миний цамц нойтон болчихдог юм. Ялангуяа эхний зургаан үзэгдэл хүртэл хөлс урсаж байдаг. Үнэхээр хүч гарсан дүр. Үзсэн хүмүүс ч бас “Ямар аймаар хурдтай юм бэ, залуучуудаас ялгагдах юм алга” гэдэг.

-Танд цайвар үс зохиж байна лээ. Бодит амьдрал дээр та үсээ цайруулах, шарлуулах гэх мэтээр зоригтой өөрчлөлт хийж үзсэн үү?

– Ер нь үзээгүй. Сор тавиулж үзсэн. Бидэнд үсээ будаж болохгүй, цайруулж болохгүй гэх мэтээр шаардлага тавьдаг. Одоогийн үстэйгээ гучаад жил театрт ажиллаж байна. Өөрийгөө нэг өөрчлөх юмсан гэж бодогдох үе бий. Гэвч жүжигт үс залгах, боох шаардлага гарна. Дээхнэ үед үс тайрсан гэдэг шалтгаанаар дагалдан болж байсан хүн ч бий. Хагас цэргийн зохион байгуулалттай мэргэжил.

-Урьд тавин настай хүн эмээ өвөө гэж харагддаг байсан бол одоо энэ насныхан хөгшин гэж тооцогдохгүй. Та энэ нас, ирж байгаа он цагийг яаж мэдэрч байгаа вэ?

-Хүний нас уртсаад, ритм ч хурдтай болсон. Бүхнийг амжуулахгүй бол болдоггүй цаг үе. Хүний туулдаг амьдралыг туулж, насыг насалж өнгөрүүлнэ. Тухайн цаг үедээ зохицож амьдрах хэрэгтэй.

-Та ч бас орчин үеийн ээж?

-Бидний үед тийм байсан гээд орчин үеийн хүүхдэд шаардлага тавих онцгүй санагддаг. Бүх л юм өөрчлөгдөж байна шүү дээ.

-Та багадаа жүжигчин аавыгаа хүлээж, дэлгэцээр гарахад нь харж байжээ. Одоо харин таны хүүхэд жүжигчин ээжийгээ хүлээж байгаа. Нэг талаар ижил юм шиг мөртлөө огт өөр хүлээлт байх. Та түүнийг анзаарсан уу?

-Багадаа ээж аав хоёр гэртээ яагаад байдаггүй юм бэ гэж боддог байсан л даа. Манай хүүхэд бас “Та ядаргаатай ажилтай юм аа. Та гэр бүлтэй гэдгээ мэддэг үү” гэдэг. Бид бол ээж ааваасаа тэгж асууж байгаагүй. Ажилтай байгаа, ингэж явах ёстой хүн л гэж боддог байж.

-Та багадаа ангийн дарга, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан гэсэн. Одоо олон нийтийн ажилд оролцдог уу?

-Үйлдвэрчний хорооны гишүүн. Уг нь ямар нэг олон нийтийн ажилд оролцохыг боддог ч даанч цаг зав гардаггүй. Гэхдээ “Эх орныхоо үйлдвэрийг дэмжээд рекламанд тоглоод өгөөч” гэх мэт хүсэлтийг хүлээж авдаг. Чадах чинээгээрээ дэмждэг.

-Дөчин насанд амьдрал дөнгөж эхэлдэг гэсэн үг байдаг. Та энэ үгийг хүлээн зөвшөөрөх үү?

-Ямар хүн ингэж хэлсэн юм бол. Бас л нэг амьдрал туулсан хүний л үг байх. Ухаан суугаад эхлэхээрээ хүн илүү утга учиртай амьдардаг болов уу. Гэхдээ дөчин насанд миний амьдрал үнэхээр эхэлсэн. Дөчтэйдөө хүүхдээ төрүүлсэн. Амьдрал огт өөр болдог юм билээ. Амьдралыг харах нүд өөрчлөгддөг. Ямар сайндаа ээждээ “Би хүүхэдгүй яаж өдий хүртэл явж ирсэн юм бэ. Амьдралын баяр баясгалан энд байсан юм байна шүү дээ” гэсэн. Амьдралын шинэ өнгө төрх дөчин насанд эхэлдэг гэж үнэн.

-Таныг шүлэг бичдэг байсан гэсэн. Хүн бүр залуудаа толгой холбодог гэдэг. Эсвэл та одоо ч бичдэг үү?

-Ичмээр дамшиг даа гэдэг шиг. Гуравдугаар анги хүртлээ бичиж байсан. Хөгжүүлбэл болох байсан байх. Яруу найрагт их дуртай. Гуравдугаар ангид байхдаа таван минутын шүлгийн уралдаанд оролцоод түрүүлж байсан удаатай.

-Зарим хашир хүн өдрийн тэмдэглэл хөтөлж байгаад хожим дурсамжийн ном болгочихдог юм билээ. Та энэ талаар боддог уу?

-Бодол байдаг. Гэхдээ бичдэггүй. Залхуу юм шиг байгаа юм. Аав маань биднийг багад “Оросын алдартай жүжигчид хөгширсөн хойноо ном бичиж гаргадаг юм байна. Би ном бичнэ” гэж байсан. Тэмдэглэлийн дэвтэр нээгээд өдөр тутмын тоглолтынхоо явцуудыг бичдэг байв. Дараа нь өнгөрөхөөсөө жилийн өмнө ном гаргасан юм. Түүнээс жишээ аваад боддог юм. Эргээд харахад дүрдээ гаргаж байгаа ажиллагааг өөрөө л мэдэхээс биш хүн мэдэхгүй. Нээрэн бичих хэрэгтэй шүү гэж боддог.

-Ном уншиж суух цаг гаргах хэцүү л дээ. Гэхдээ та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Би яг одоо “Болор судар”-нэг, хоёр гээд шүлгийн ном уншиж байгаа. Түрүүхэн Ц.Хулангийн “Ганцхан ээждээ унших шүлэг”-ийг дахин харж байлаа. Урьд нь уншсан ч ахиад харахад өөр мэдрэмж төрж байна.

-Та уран унших чиглэлээр ажиллаж байгаа юм уу?

-Уран унших тухай боддог. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан багш маань “Чи уран уншлагаар яв” гэдэг. Урилга ирдэг. Амжихгүй л яваад байгаа юм. Г.Равдан багш маань гайхалтай сайхан уншина. CD-г нь сонсдог. Хэллэг нь их өөр. Кино драмын ангид орохоос өмнө шүлэг унших гэхээр аав “Загварт орчихно” гээд уншуулдаггүй байсан.

-Таны хошин шогийн дүр ч бас өвөрмөц шүү. Хошин шог гэхээр зүгээр нэг марзганал биш сонгодог байж болно гэдгийг харуулсан үе байжээ. Сэтгэлд хоногшиж үлдсэн нэг хэсэг бий. “Бирд” гээд жүжигт та нэг хөгшин харамч баяныг “хошгируулдаг” эмэгтэйн дүрд тоглодог доо. “Эр хүн гэдэг чинь ийм л байдаг даа” гээд бөгсөөрөө “нудардаг” хэсгийг янзтай гаргасан?

-Биднийг дөнгөж төгссөний дараахан “Сонгодог инээд” гэж уралдаан зарлагдсан юм. Анги даасан Л.Лхасүрэн багш маань сонгодог инээдмийн жүжгүүдийг тавьдаг, биднийг ажиллуулдаг байлаа. “Бирд” жүжгийг дипломын ажил болгож байсан. Д.Бямбацогт бид хоёр тусдаа бэлтгэж байж тэр жүжигт байдаггүй юмнуудыг ч хийсэн л дээ. Бараг анхны маань инээдмийн дүр.

-“Эзэнгүй айл” гээд Монголын анхны олон ангит телевизийн кинонд тоглож байсан. Одоо энэ киног хүүхдүүд үзэхдээ “Шилжилтийн үе гэж ийм байжээ” гэж гайхах байх даа?

-Үнэхээр өөр нийгэм. Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Гомбо гуай гайхалтай сайхан зохиол бичиж, Соёлын гавьяат зүтгэлтэн найруулагч О.Соёлт найруулсан. Сайн жүжигчид авсан. Зах зээлд дөнгөж ороод, барьцгүй гүн ёроол руу орсон үе байсан. Яг тэр үеийг үзүүлсэн кино. Одоо бол цаг өөр болжээ.

-Савхиар гангардаг үе байж?

-Саяхан энэ кино зурагтаар гарахад инээд хүрээд байсан. Ийм хувцас өмсдөг байжээ гэж бодсон. Гал тогоондоо ээж аав нь амьдардаг шүү дээ. Одооны хүүхдүүд үзээд “Яагаад гал тогоондоо амьдарч байгаа юм бол” гээд гайхдаг. Тэр үед хүүхдүүдтэйгээ нэг өрөөнд хамт амьдрах ердийн үзэгдэл байжээ. Хүмүүс захиалж байгаа гэнэ лээ. “Эзэнгүй айл”-ын үргэлжлэл бичигдэж байгаа гэсэн.

-Та тайзан дээр адтай, шидтэй харагдаад байдаг. Амьдрал дээр болохоор их л төлөв даруухан харагддаг. Таны бүтээсэн дүрүүдийг хараад “Энэ хүнээс бас ийм авир гарах л юм байна” гэж заримдаа санагддаг?

-Би нэг их адтай биш шүү дээ. Миний тоглосон зарим дүр хөдөлгөөнтэй, хурц харагдаад байдаг. Мэдэхгүй ээ, тийм зан характер надад байдаг юм байлгүй. Бид янз бүрийн дүрд тоглодог. Дүрийн судалгаа хийдэг. Янз янзын характеруудыг өөртөө суулгадаг. Задгай характерыг өөртөө бэлтгэж суулгасан л даа. Надад задгай байдал дутмаг санагддаг. Ийм дүр ирвэл тоглох хэрэгтэй гэж боддог.

-Та “Ану хатан” киноны Юм Агас хатны шивэгчин хөгшин эмгэний дүрд та аймаар хувирчээ?

-Юм Агас хатуу чанга хүн. Энэ хүний хажууд байгаа хүн ямар байх вэ гэж их бодсон л доо. Маш их зовлон бэрхшээл үзсэн, зодож зодуулж үзсэн хүн байх гээд нүүрэндээ сорви хийлгэсэн. Найруулагч маань “Бөө удган гэхэд биш, лам гэхэд биш яаж хэлэхээ мэдэхгүй байна, ийм дүр байгаа” гэсэн. Тодорхойлж хэлэхэд хэцүү ийм дүр гадна талаасаа ч содон байвал зүгээр гээд нүүрээ хөх өнгөөр будуулсан.

-Хөгшин болж хувирахад юу бодогдох вэ. Би энэ насан дээр ирэхэд юунд харамсах бол гэх мэтийн бодол төрөх үү?

-Төрнө. Алхаа гишгээ харцнаасаа эхлээд өөрчлөгдөж эхэлдэг. Өөрийн эрхгүй бие хумигдаад, юманд даацтай хандана. Сэтгэхүй ч өөрчлөгдөнө. Гурав дахь удаагаа “Өртөө” гэдэг кинонд хөгшин дүрд тоглосон. Хувь тавилангийн дүр л дээ. “Харагдах талаасаа нэг л өөр баймаар байна” гэж найруулагч маань хэлсэн. Нүүрэнд өөрчлөлт хийсэн юм. Цавуу шиг юм нүүрэнд түрхсэн. Энэ дүрд тоглох гэж нүүрэнд маань нэлээд үрчлээ суусан. Эвгүй юм билээ. Дараа нь салгах гэж бөөн юм болсон. Энэ муу нүүрийг чинь цавуудаад, базчихсан. Хүүхнүүд нүүрээ үрчийлгэхгүй гээд арьсаа татдаг байтал базчихаж байгаа юм чинь. Урлагийн төлөө золиос гардаг гэж бид ярьдаг. “За дүүрч ээ, энэ зургийг л богино хугацаанд аваарай” гэсэн.

-Ромео Жульетта гэснээс та өмнө нь энэ жүжигт Жульеттагийн найз охины дүрд тоглож байсан гэсэн. Жульеттад тоглох сон гэж бодогдож байв уу?

-Тэгж бодогдоогүй. Оюутан байхдаа Жульеттад тоглож байсан. Нас насандаа энэ мундаг зохиолыг “мөлжсөн” гэж боддог. Залуу насандаа Жульеттад тоглосон. Одоо бол өрлөг эхэд тоглож байна.

-Хүмүүс бясалгал хийх тухай ярьдаг. Бодит амьдралаас өөрийгөө чөлөөлөөд, огт өөр дүрд хувирдаг болохоор жүжигчин хүн бясалгал хийсэнтэй адил болдог байх гэж бодлоо?

-Ямар нэг дүр авахад тархи ажиллаад эхэлдэг болохоор амарч чадахгүй л дээ. Гэртээ очоод байхдаа ч дүрээ, үгээ бодож байдаг. Цаад санаа нь юу байсан юм бол гээд бодно. Бясалгалд явах сан гэж боддог л доо. Заримдаа манайх хичээл, сургалт явуулдаг юм. Бясалгалын багш авчирч бясалгал хийдэг. Манай ээжийн дүү нар бас бясалгал хийдэг. Манайд ирээд “Дариа минь, чи ажил ихтэй хүн, бясалгал хий” гэдэг. Хэдэн минут бясалгал хийхээр амралт болчихдог юм. Уянгын намуухан дуунуудыг сонсохоор бас бясалгал болчихдог.

-Та өмнө нь бас “Гэгээн Муза” авсан байх аа?

-Музад найм, ес дэх удаагаа нэр дэвшиж байна уу даа. Хоёр удаа авсан. Энэ жил бас дэвшиж байгаадаа баяртай байна. Уран бүтээлч бид 13 жил сэтгэл хөдөлж, Музагаа угтаж байна. Бүтэн жилийн хөдөлмөр маань үүгээр үнэлэгддэг. Нэр дэвшинэ гэдэг бахдалтай.

-Өмнөх Музануудаа хаана залсан бэ?

-Би гэртээ шагналын булантай. Бүх шагналаа гэрийнхээ хоймортоо байрлуулдаг. Ээж маань миний шагналыг зүлгээд зогсч байгаа харагддаг. Хайр нь дотроо хал нь гаднаа гэгчээр миний хөдөлмөрийг хүндэтгээд, бахархаад зогсч байна даа гэж бодогддог юм.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд Монголыг таниулж буй марафончид

Саяхан БНХАУ-ын Чэндү хотод хөнгөн атлетикийн марафон гүйлтийн олон улсын тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээний 42 км-ийн зайд уралдсан ОУХМ Б.Мөнхзаяа 2:36:50 цагийн амжилтаар алтан медаль хүртэж “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ аваад байна. Түүний уралдсан төрөлд 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин өрсөлдсөн байна. “Алдар” спорт хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяагийн араас эзэн орны тамирчин оржээ. Мөн энэ үеэр Япон улсын Нагано хотод зохиогдсон 18 дахь удаагийн “Нагано марафон” олон улсын тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:15:56 цагийн амжилтаар мөнгөн медаль хүртээд байна. Түүний өмнө Кенийн тамирчин Жайрус Чанчима 2:15:31 амжилтаар нэгдүгээр байрт орсон бол Японы тамирчин Тайга Ито 2:16:32 үзүүлэлтээр гуравт оржээ. Б.Сэр-Одын хувьд сүүлийн жилүүдэд тогтмол амжилт үзүүлэх болсон. Орсон олон улсын тэмцээн болгондоо амжилт үзүүлж, Монголын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваа тамирчин.

Гуравхан сая хүн амтай Монгол Улсын хувьд өндөр хөгжсөн хөнгөн атлетикийн тэмцээнд амжилт үзүүлнэ гэдэг ёстой л ховорхон хувь заяа гээд хэлчихье. Тэр хувь заяа Б.Сэр-Одод заяасан юм. Гадны томоохон улс түүний хүч хөдөлмөр, авьяасыг манайхаас арай өөрөөр харж, мэдэрч өндөр үнээр эх орондоо урвуулахаар удаа дараа оролдлого хийж байгаа. Гэвч Б.Сэр-Од эх орондоо үнэнч үлдэж чадсан. Тэр өөрийнхөө төлөө бус эх орныхоо төлөө гүйж байна. Хөлс хүч, тамираа баран урт зам туулж байна. Монголчууд Таэк слол нэртэй, алдартай, дахин төрөхгүй хурдан хүлэг гэж ирээд л нэрэмжит найр наадам зохион байгуулж, бүр хөшөө хүртэл босгодог. Бараг аймаг болгонд нэг морины хөшөө байгаа.

Тэрийг хурдан морь сонирхдог хүмүүсээс өөр хэн ч таньдаггүй, бас ойлгодоггүй. Жирийн л нэг морины хөшөө байдаг. Нэг жалга довны уралдаанд түрүүлсэн адгуусанд ийм хүндэтгэл үзүүлсэн атлаа дэлхийд Монголыг хөлс хүчээрээ сурталчилж байгаа тамирчинд яагаад санаа тавьж болохгүй гэж. Ядаж аливаа тэмцээн, уралдаанд ороход нь халааснаас нь нэг ч төгрөг гаргахгүйгээр хүргээд өгчихдөг баймаар. Гүйлтийн төрөлд Б.Сэр-Одын араас Б.Мөнхзаяа гарч ирж байна. Эдгээр тамирчдын араас үлгэр дуурайл авч олон ч тамирчин гарч ирэх боломжтой шүү дээ. Олимпийн эрхээ аваад буй марафон гүйлтийн тамирчин Баярцогтын Мөнхзаяаг танилцуулъя. Тэрээр Дорнод аймгийн Хэрлэн суманд 1993 оны аравдугаар сарын 10-ны өдөр айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Улмаар тус сумын наймдугаар сургуулийг дүүргэж 2011 оноос хөнгөн атлетикийн спортоор хичээллэж хамгийн анх өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан бөгөөд 3000, 5000 метрийн зайд хос мөнгөн медаль хүртэж байж. Энэ түүний хамгийн анхны амжилт байлаа. Энэ амжилт түүнийг өнөөдрийн замналд хүрэх урам зоригийг өгсөн гэдэг. Хөнгөн атлетикийн спортод дурласан тэрээр удаа дараалан маш олон тэмцээнд оролцож, чамгүй амжилт гаргаж эхлэв. Мөнхзаяагийн анхны багш нь Г.Сүхбаатар юм байна. ОУХМ Б.Мөнхзаяа “Инчон-2014” Азийн XVII их наадамд таван мянган метрт 16.11.10, арван мянган метрт 33.31.11 гэсэн цагийн амжилтыг үзүүлж, Олон улсын хэмжээний мастер цол хүртжээ. Түүний амжилтын бас нэгэн үндэс бол Б.Төрбат багштай салшгүй холбоотой аж. Мөнхзаяа Төрбат дасгалжуулагчийн удирдлага доор 2013 оноос эхлэн хичээллэж эхэлжээ. Одоо Б.Мөнхзаяа ҮБТДС-д багш дасгалжуулагчийн чиглэлээр суралцдаг бөгөөд тус сургуулийн тамирчин гэгддэг.

Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн Б.Мөнхзаяагийн амжилтаас дурдвал:

2012 онд БНХАУ-ын Бээжин хотод Олон улсын марафоны хагас марафоны 21 км-ийн зайд алтан медаль

2014 онд БНХАУ-ын Шандуны марафоны хагас марафоны 21 км-ийн зайд алтан медаль хүртэж мөн энэ төрөлд Монгол Улсын рекордыг 1.14.48 гэсэн амжилтаар шинэчилжээ.

2014 онд ОХУ-ын Эрхүү хотод болсон Олон улсын тэмцээний 3000 метрийн зайд мөнгөн медаль хүртэхийн зэрэгцээ улсын рекордыг 9.39.23 гэсэн амжилтаар шинэчлэн тогтоожээ. Мөн энэ тэмцээнээс 1500 метрийн зайд мөнгөн медаль хүртсэн байна.

2015 оны нэгдүгээр сард Хонгконгт болсон Ази тивийн аварга шалгаруулах марафон гүйлтийн тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хороо, “Бодь” даатгал, ҮБТДС-ийн оюутан ОУХМ Б.Мөнхзаяа IV байрт орсон. Тэрээр медалийн оосроос атгаад алдсан ч 42 км 195 метрийн зайг 2.38.43 цагт туулж, улсынхаа рекордыг шинэчлэн тогтоогоод зогсохгүй “Рио де Жанейро-2016” олимпийн наадамд оролцох болзлыг хангасан зэрэг олон амжилтыг үзүүлээд байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Т.Жамбаажамц: “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг арилжаалах юм уу худалдан авах ямар ч боломжгүй

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамцтай ярилцлаа.

-Таван толгойн хувьцаагаа зарах гэсэн хүмүүс Урт цагаан дээр бараг долоо хоночихлоо. Үнэхээр худалдаж авах боломжтой хувьцаа юу гэдгээс яриагаа эхэлье?

-Товч бөгөөд тодорхой хариулахад “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг арилжаалах юм уу худалдан авах ямар ч бололцоогүй. Өнөөдрийн хууль эрх зүйн орчныг харахад ийм бололцоо байхгүй. Засгийн газраас 2010 онд иргэддээ Таван толгойн тодорхой хувьцааг олгох шийдвэр гаргасан. Хувьцаа олгосон тогтоолынхоо дараа шийдвэр гаргасан л даа. 350 дугаар тогтоол гэж гарч байлаа. Энэ тогтоолоор Таван толгойн хувьцаа Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаад, хоёр дахь зах зээлийн арилжаа эхэлсэн тохиолдолд эргэлтэд орохыг тодорхой заагаад өгчихсөн. Нэг үгээр хэлбэл Хөрөнгийн биржээр арилжаалагдаж эхлэх хүртэл ямар нэг хэлбэрээр бусдад шилжихгүй. Тэр хүртэл зөвхөн анх эзэмшүүлсэн хүмүүс дээрээ байна гэсэн шийдвэртэй. Засгийн газрын энэ тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Цаашдаа ч үйлчлээд явна. Хоёрдугаар гол асуудал гэвэл энэ хувьцаа цаашид хөрөнгийн биржээр арилжаалагдана. Өөрөөр хэлбэл гараас гар дамжин арилжаалагддаг таваар биш гэсэн үг. Зөвхөн Хөрөнгийн биржээр л арилжаалагдана гэдгийг анхаарах хэрэгтэй. Хөрөнгийн биржээс гадуур арилжаалагдах хувьцаа бол өв залгамжлал, бэлэглэл зэрэг хэлбэрээр бусдад шилжих бололцоотой. Гэхдээ энэ хувьцаа бол өөр. Засгийн газрын тогтоол шийдвэрээр хориглогдсон гэдгийг би сая тайлбарлалаа.

Дахин хэлэхэд биржээр арилжаалагдаагүй, хүмүүсийн нэр дээр бичилт хийчихсэн байгаа хувьцаа. Чөлөөтэй арилжигдаагүй хувьцаа учраас хувьцаа худалдаж аваад эхэлсэн гэдэг мэдээллийг тодорхой зорилготойгоор үүсгэж буй зохиомол сенсаци гэж харж байна. Үнэхээр мөнгөөр авч өгөлцсөн гэх баримт олдоогүй байгаа.

-Цагдаагийнхан шалгаад тогтоогоогүй байгаа хэрэг үү?

-Тийм, цагдаагийнхны шалгалтаар өнөөг хүртэл тогтоогдоогүй. Баримт олдохгүй байна. Мөнгө авсан хүн огт алга.

-Мөнгө авсан хүн байхгүй хэр нь хүмүүс яагаад өдөр бүр, шөнө болгон Урт цагаан дээр цуглаад байгаа юм бол?

-Ам дамжиж сонсоод л ирцгээгээд байх шиг байна.

-Танай байгууллагаас газар дээр нь очиж тайлбар хийсэн үү?

-Жишээ нь би өчигдөр (уржигдар) тэнд шөнийн 01:00 цаг хүртэл байж ажиглалт хийлээ. Цугласан хүмүүст учрыг нь тайлбарлахаар өөдөөс огт өөр юм ярьж, бухимдаад байна л даа. Тэгвэл яах гэж 500 төгрөг авч данс нээж өгөөд байгаа юм бэ гэх мэтээр уурлаж байна. Зөв мэдээлэл хүргэх гэхээр зориуд тасалж үймүүлэх хүмүүс ч байх шиг санагдсан. Цагдаагийнхан сүүлийн тав, зургаан өдөр шалгалт хийж байгаа юм билээ. Дам яриа л хүчтэй яваад байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт болж буй процесс учраас Чингэлтэйн цагдаа нар анхааралтай ажиглаж, ажиллаж байна. Биднийг очиж мэдээлэл хийсний дараа цугласан хүмүүсээс тавь гаруй нь явчихлаа гэх мэдээллийг цагдаагаас өгсөн.

-Байсхийгээд машинууд ирж хүн суулгаж яваад байна гэсэн яриа иргэдийн дунд байна. Хувьцаа худалдаж авах хууль эрх зүйн ямар ч үндэсгүй байхад яагаад ийм үйл явдал өрнөөд байгаа юм бол?

-Ямартай ч зохион байгуулалттайгаар ийм мэдээлэл тараагаад эхэлчихэж. Гэхдээ хэнд ашигтайг нь хэлж мэдэхгүй байна. Шалтгааныг нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Эрүүгийн цагдаагийн газар руу манайхаас мэдээлэл явуулсан. Холбогдох байгууллагууд нь анхааралдаа авсан гэж ойлгож болно. Хуулиар хориглогдсон үйл ажиллагаа учраас ийм мэдээлэл тарааж, хүмүүсийг дэвэргээд байгаа эзэн нь тодорвол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

-Хуулиар хувьцааг эрх шилжүүлэх юм уу, бэлэглэлийн журмаар өгч авалцах боломжтой юу?

-Хувьцаа бол хөрөнгө. Хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй.

-Тэгвэл “Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааны тухайд хувьцаа гэдэг энэ ойлголтод багтах уу?

-Сая танд хэлсэн хувьцааны тодорхойлолт бол нэг дэх асуудал. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны хувьд өөр л дөө. Засгийн газраас иргэдэд бэлэглэхдээ “Энэ компани Хөрөнгийн биржээр хувьцаагаа чөлөөтэй арилжаалах ёстой. Тэгж байж жинхэнэ хувьцаа болно” гэсэн нөхцөл тавиад өгчихсөн.

“Эрдэнэс Таван толгой” бол хувьцаат компани. Хувьцаат компанийн хувьцаа Хөрөнгийн биржээр л арилжаалагдана. Дахин хэлэхэд “Эрдэнэс Таван толгой” хувьцаа гаргаж, Хөрөнгийн бирж дээр компанийнх нь хувьцаа арилжаалагдаж эхэлсний дараа иргэдэд хувьцаагаа зарах эрх үүснэ. Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа 200 орчим компанийн хувьцаатай яг адилхан гэж хэлэхэд хүндрэлтэй.

-Засгийн газар 1072 хувьцааг иргэддээ ямар ч үнэ нэхэлгүйгээр бэлэглэсэн. Тэгвэл буруу шийдвэр байжээ, бэлэглэхээ болилоо гэх эрсдэл бий юу. Иргэд ингэж болгоомжлоод байх шиг…?

-Засгийн газар нэгэнт шийдвэрээ гаргаад, хүмүүсийн өмчлөх эрх нь бүртгэгдчихсэн. Бүртгэлтэй байгаа хувьцааг буцаагаад хураагаад авах боломж, бололцоо хязгаарлагдмал. “Эрдэнэс Таван толгой” гэдэг компанийн хувьцааны 17 орчим хувийг хоёр сая 500 мянган хүн эзэмшиж байгаа. Гурван тэрбум ширхэг хувьцаа иргэдийн эзэмшилд байгаа гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” бол зуун хувь төрийн өмчтэй компани. 17 хувийг нь иргэд эзэмшсэн, үлдсэн хувь нь төрийн өмчид байгаа гэж ойлгож болно. Төрд байгаа хувийн хориод хувийг Хөрөнгийн биржээр олон нийтэд зарах юм. Нэлээд боломжтой том хөрөнгө оруулагчдад худалдана гэсэн үг. Харин 50 орчим хувийг төр өөрөө эзэмшинэ. Засгийн газрын тогтоолоор бол ийм дүр зурагтай байгаа. Хувьцаа гаргахад их олон нөхцөл шаардлага хангагдсан байх ёстой. Энэ компанийн олборлолтын үйл ажиллагаа, зах зээлийн үнэлгээ, нүүрсний дэлхийн зах зээлийн ханш гээд маш олон зүйл нөлөөлнө.

Өнөөдрийнх шиг зах зээл таатай биш үед энэ компани хувьцаагаа гаргаж олон нийтэд арилжааллаа гэхэд хувьцааны үнэлгээ маш доогуур тогтох эрсдэлтэй. Засгийн газраас 1072 хувьцааны нийт үнэлгээг сая орчим төгрөг гээд тогтоочихсон. Засгаас ингэж тогтоосон ч хувьцаа гаргаад ирэхээр зах зээл үнэлгээ тогтоох зарчимтай.

-Засгийн газар иргэн бүрийнхээ нэр дээр хувьцааны бичилтийг нь хийгээд өгчихсөн. Сүүлийн өдрүүдэд иргэд дансаа заавал нээлгэх ёстой гэж яараад эхэллээ, ингэж яарах шаардлагатай юу?

-Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дээр хоёр сая 500 мянган иргэний хувьцааны бүртгэл хийгдчихсэн. Үнэт цаасны дансыг яаран нээлгэх шаардлагагүй. Үнэт цаасны дансыг хувьцааны арилжаанд оролцохын тулд л нээлгэдэг.

-Оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаагаа мөнгө болгоод авчихсан байх аа?

-Тэгсэн. Нийтдээ 200 гаруй мянган иргэнд мөнгө олгосон байдаг. Зарим нь 1072 хувьцаагаа тэр чигт нь мөнгө болгоод авчихсан. Нөгөө хэсэг нь талыг нь мөнгө хэлбэрээр авсан гээд янз бүр байгаа. Талыг нь мөнгө болгосон хүмүүс хэдэн ширхэг хувьцааны үлдэгдэлтэйгээ харах боломжтой.

-Зарим хүмүүс хувьцаагаа мөнгө болгоё гэсэн хүсэлт гаргасан ч засаг мөнгөгүй гээд өнөөг хүртэл өгөөгүй. Тэр хүмүүсийн хувьцааны талаар мэдээлэл өгөөч?

-Засаг мөнгийг нь өгөх боломжгүй болсон учраас тэр хүмүүсийн хувьцаа нэр дээр нь байгаа. Хүсэлтийг нь хангах бололцоо өнөөдөр ч төсөвт байхгүй. Хүсэлт гаргасан хүмүүсийн хувьцааг засаг татсан байсан ч мөнгийг нь өгөөгүй гэсэн шалтгаанаар буцаагаад нэр дээр нь бичилт хийчихсэн.

Тэгэхээр мөнгөө авъя гэсэн хүсэлт гаргасан хүмүүсийн хувьцаа нэр дээр нь байгаа гэж ойлгож болно.

-Хэдэн оноос хойш төрсөн хүүхдүүд Таван толгойн хувьцаанд хамрагдахгүй билээ?

-2010 оны зургадугаар сарын 30-наас хойш төрсөн хүүхдүүд хамрагдахааргүй байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

С.Баяр: Нэг тийзээр хоёр өөр амьдрал үзлээ

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяртай ярилцлаа. Энэ удаад улс төр гэлтгүй энгийн сайхан ярилцана гэж ярьж тохирсноор бидний яриа ийн өрнөв.

-Таныг сүүлийн үед улс төрийн биш, уран бүтээлийн хүрээнээс нийгэм харж байх шиг. “Өнөөдөр” сонинд гараад байгаа дурсамж нийтлэлүүдийг тань шимтэн уншиж, өөр хоорондоо ярьж байгаа хүмүүс олон таарлаа. Удахгүй ном болж гарах нь гэсэн хүлээлт ч үүссэн байна. Та номоо хэзээ гаргах вэ?

-Ном гаргана гэж шамдаад байгаа юм алга. Тиймээс төдийд өдийд гарна гэж хэлэх баримжаа ч бас алга байна. Хааяа үзэг, цаас нийлүүлж суудаг. Үзэг, цаас ч гэж дээ. Аяга кофе урдаа тавьж, тамхи татангаа компьютер тоншиж суудаг гэвэл илүү таарна. Үр дүнд нь “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн тэр богино дурсамжууд гармар болдог. Энэ хэд нь эцэстээ нийлээд номын хэмжээнд бүрдвэл сайн л байна.

-Сонинд хэсэг хэсгээр нь нийтэлж байснаас нэг мөсөн ном болгоод гаргачих нь дээр биш үү?

-Сонинд ганц нэгээр нь нийтлээд байгаад учир бий. Би иймэрхүү юм урьд нь бичиж байгаагүй, бичнэ ч гэж бодож явсангүй. Гэтэл бичээд суух тэр агшиндаа дуртай болчихсон байна. Өөрөөр хэлбэл, одоохондоо үр дүнгээс нь биш үйл явцаас нь таашаал авч үзэж байх шиг. Эргэж дурсах, эргэцүүлэн бодох, эвлүүлж буулгах гэдэг бол завтай болсон мань мэтэд аятайхан зугаа. Гэхдээ өөрөө тэрүүхэндээ таашаал аваад суух нь нэг хэрэг. Өрөөл бусад нь үүнийг уншаад таашаах, эсэх нь өөр асуудал. Тиймээс бичсэн юмаа ганц нэгээр нь нийтэлж, олны ам хаашаа байх нь вэ гэдгийг тандаж байгаа санаатай.

-Та ч уг нь сэтгүүлч хүн. Уран бүтээлээ туурвих тэр үйл явцаас таашаал авч урьд нь үзсэн баймаар юм. Та одоо яг юунаас нь таашаал аваад байна гэж?

-Сэтгүүлчийн ажил нэг хэсэг хийж явсан. Гэхдээ би уг нь хуульч мэргэжилтэй. Чиний сая хэлсэн тэр “уран бүтээл”, “туурвих” энэ тэр гэсэн хүнд тусгалтай үгнээс би сүрддэг. “Миний уран бүтээл” гээд яриад сууж байгаа хүнийг харахаар өмнөөс нь ичдэг. Маргаангүй суут авьяастан байлаа ч хийснээ “уран бүтээл” гэж өөрөө өөрийгөө өргөмжлөх нь хаашаа юм.

Үнэхээр “бүтээл” мөн ч юм уу, тэр нь “уран” болж чадсан юм уу гэдгийг хөндлөнгөөс, эсвэл хойч үе тогтоох учиртай биз. Тэгээд ч миний тог, тог тоншоод суугаад байгаа юм сэтгүүлчийн ажилтай нэг их холбоогүй. Би өөрийн үзсэн харсан, дуулсан туулсан, бодсон ойлгосноо л буулгаж байгаа санаатай. Хүн мэддэг юмаа яривал сонин. Миний мэддэг юм бол миний амьдрал. Түүнийхээ л тухай бичиж байна. Өрөөл бусдад энэ нь хэрэгтэй эсэхийг би мэдэхгүй. Харин надад өөрт бол хэрэгтэй байна. Би бүхэл жарныг туулжээ. Гэхдээ хугацааны урт, богино нь тийм ч чухал биш. Юу чухал гэхээр би хоёр өөр нийгэм дамжиж амьдарч үзсэн хүмүүсийн нэг, тэр үеийн бие төлөөлөгч нь. Ухамсарт амьдрал маань ид өрнөж байх үед хоёр нийгэм, хоёр зуун солигдож таарсан. Олдсон нэг тийзээр хоёр өөр амьдрал үзлээ…

-Нэг тийзээр хоёр амьдрал үзнэ. Ямар гоё хэлэв ээ, та…

-Яг тийм байгаа биз дээ. Үүгээрээ бид азтай улс. Би л гэхэд олон юмны гэрч, нэлээд юмны оролцогч, хэдэн юмны буруутан, зарим юмны гавьяатан байж магадгүй. Энэ бүхнээ эргэн дурсахад сонин байна, сургамжтай байна, зугаатай байна. Үүнээсээ таашаал авч байна. Таашаал авдаг өөр нэгэн зүйл бол би суралцаж байна. Дурсамжаа бичиж сурч байна. Дурсамж бичих нийтийн заавар журам гэж байхгүй. Хэн ч гэлээ “эвдэрснийхээ” хэрээр дургиж болдог чөлөөтэй талбар. Өнгөрсний тухай замбараагүй олон бодол, санал, сэтгэгдэл, зураглал хүний тархинд хадгалагдаж байдаг. Үүнийгээ эргэн санах, эрэмбэлэн буулгах гэж оролдож байна. Дээр нь өөрийн гэсэн хэллэг, хэлбэр, хэмжээ, хэмнэл дөрвийгөө олох гэж хичээж байна. Болоод байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, одоохондоо баримжаа алга.

-Тун сайн болж байгаа ш дээ. Таны бичлэг энгийн хэрнээ, адал явдалт кино үзүүлж байгаа мэт дүрслэл сайтай, уншууртай санагдсан шүү. Дурсамжийн өгүүллэг бүрийн хэмжээ нь урт удаан биш, хэт богино биш, сайхан таараад байгаа…

-Зөв хөө… Ингээд л сайхан магтаад өгвөл би гэдэг нөхөр хөөрөөд, урам ороод, дүрдээ итгээд, цааш нь бичээд байх бололтой шүү (инээв). Урам гэдэг маань магтаал иддэг, өөр хоол голдог ааштай амьтан. Т.Очирхүү гуайн “Урам хайрла” гэдэг алдарт шүлгийн үнэн гол, үнэ цэн үүндээ л байдаг байх. Хэдэн онд ч билээ дээ, тээр жил сэтгүүлч, зохиолчид нийлээд эндээс олуулаа Туркмен улс явж билээ. Тэгэхэд Т.Очирхүү гуай надад нэг шөнө халамцуухан байхдаа тэр шүлгээ уншиж өгч байсан. Тайзан дээрээс өндөр дуугаар уншдаг шигээ биш, нэгэндээ нууцаа аминчлан ярьж байгаа юм шиг аяархан өнгөөр уншсан. Надад тэр нь хамгийн зөв өнгө аяс санагдаж билээ.

-Таныг дурсамжаа нэлээд хэдэн жилийн өмнөөс бичиж эхэлсэн гэж дуулдаж байсан. Сонинд нийтлэгдсэнээс нь үзвэл таны бага нас, оюутан ахуй цаг, цэргийн албанд зүтгэж байсан жилүүд, элчин сайдаар ажиллаж байсан үе хүртэл орж байна. Хугацааны хувьд наашаа ойртоод л байна. Сүүлийн хорин таван жил, ялангуяа сүүлийн арван жил буюу “халуун улс төрийн амьдралын” тухай дурсамжууд бичигдэж бэлэн болсон уу. Тэр хэсэг нь хэзээ гарах бол гэж хүмүүс тэсэн ядан хүлээж байх шиг…

-Бэлэн болно гэдэг нь харьцангуй ойлголт. Тодорхой сэдвээр бичих санаа огт санаандгүй орж ирдэг. Тэрнийгээ амжвал тэмдэглээд авна. Хөг, хэмнэл нь олдоод, бичигдээд байвал бичээд л сууна. Үгүй бол тэр сэдвээ түр орхино. Дараа хэзээ ч юм сөхөж үзнэ. Хөгжөөд явчихмаар бол үргэлжлүүлж нухна. Хөшөөд, хөндөлсөөд байвал дахиад даршилна. Ийм байдлаар ноороглож орхисон овоо олон санаа хуримтлагдсан байна. Зуу орчим болсон байх. Дөнгөж эхлүүлээд орхисон санаа ч байна. Дөнгүүр болж уу ч гэмээр тэмдэглэл байна. Гэхдээ яг бэлэн болсон эсэхийг би эцэслэн хэлж мэдэхгүй явна. Учир нь, надаас үлдэх цорын ганц дурсамжаа бичиж байгаа санаатай тул ул суурьтай хандах ёстой, тодорхой хэдэн зарчим баримтлах хэрэгтэй гэж бодсон. Нэгд, бодит дурсамж учраас өгүүлж буй үйл явдал нь үнэн бодит байх ёстой. Тиймээс эргэж нягтлах хэрэгтэй. Хоёрт, зөвхөн өөрт бус, өрөөл бусдад ч сонин, сонирхолтой байх ёстой. Залхуутай юм бичиж хүний, өөрийн цаг зав барж яах билээ. Гуравт, үзсэн, учирсан болгоноо тоочоод байлгүй чухлыг нь онцлох хэрэгтэй биз. Энэ мэтийн энгийн хэдэн зарчим, шалгуур бий. Тиймээс тэмдэглээд, оролдоод орхисон хэдэн нооргоо эргэж байн байн нягтлах, засах хэрэг гараад байх бололтой юм.

-Элдэв засвар дараа нь оруулалгүйгээр эхний сэтгэдлээрээ бичсэн дурсамж үнэ цэнтэй биш гэж үү?

-Үгүй юм байна. Жишээ нь, би тав зургаан жилийн өмнө тэмдэглэж байснаа эргэн уншаад гуниг төрсөн. Тэр үед би баахан эмчилгээ хийлгээд бие, сэтгэл жаахан сэнсэрчихсэн байж. Тийм ч учраас бичсэн үг, өгүүлбэр болгоноос гуниг, гутрал ханхлаад байх шиг. Яах юм, тийм юм нийтэлж? Хэн ч гэлээ амьдралыг дан гунигтай, эсвэл дан өөдрөг нүдээр хардаггүй. Өрөөсгөл нүдээр, туйлширсан ганц өнцгөөс харснаа тэр чигээр нь буулгавал худлаа болно. Нөгөө бодит үнэн гэдэг нь алга болно. Амьдрал баян. Гунигтай инээдтэй, тэнэг ухаантай, тэнэмэл, зоримол юм юм зэрэгцээд, холилдоод л оршдог хойно энэ бүгд байх л ёстой.

-Инээдтэй юм гэснээс таны дурсамж гарч эхэлснээс хойш таныг хошин шогийн мундаг мэдрэмжтэй юм гэж ярьцгааж байхыг сонссон юм байна. Би ч санал нийлнэ. Та хүнийг ч, өөрийгөө ч чимхэж элэглэхдээ хайр найргүй бичдэг юм билээ. Жишээ нь, “Интоорын компоот” өгүүллэгдээ та “гахай Баяр, аймхай хулчгар” гээд л өөрийгөө хөөрхөн шоолсон байсан…

-Гоё ш дээ. Хүн шоолох. Өөрийгөө шоолох бүр гоё. Өөрийгөө шоолж байж л өснө. Өөрийгөө шоолдоггүй хүн өрөөлд шоолуулж дуусдаг. Өөрийгөө доош хийх хэрэггүй, гэхдээ өөртөө хэт их ач холбогдол өгөх утгагүй. Өөрийгөө сүрлэг хөшөө мэт болгоод сүндэрлүүлчихсэн, эсвэл чамин гоё эрвээхэй шиг болгоод хатаачихсан хүн байдаг. Хэзээ ч юм зохиосон дүрдээ ороод оршин суучихсан, хөшчихсөн ийм хүн өрөвдөлтэй харагддаг. Хатаасан эрвээхэй харсан биз дээ. Хоргондоо гоё харагддаг ч сүнс нь зайлсан хэврэг цогцос л юм шүү дээ. Хавар болж, байгаль сэрж, амьдрал ид буцалж байхад босгосон хөшөө, хатаасан эрвээхэй мэт байна гэдэг арай л харамсалтай.

-Нэг талдаа өөртөө итгэлтэй хүн л өөрийгөө шоолдог гэдэг…

-Тийм байх шүү. Би өөртөө итгэлтэй. Тэр “Интоорын компоот” идсэнээс хойш тийм итгэлтэй болчихсон байх (инээв).

-Сүүлийн хорин таван жилийнхээ дурсамжийг бичсэн үү, хэзээ гаргах вэ гэсэн асуултад минь та хариулсангүй?

-Би үечилж, он дараалал баримталж бичдэггүй. Бичих тодорхой санаа санаандгүй орж ирдэг гэж би түрүүн хэлсэн. Тэр нь бага залуугийн адал явдал ч байж магад, бүдүүн эр болсноос хойших үйл явдал, учрал ч байж мэднэ. Сүүлийн хорин таван жил гэдэг бол миний хувьд шийдвэр гаргах алба хашиж, орхиж байсан он жилүүд маань. Тэр тухай мэдээж бичдэг. Тойроод, орхиод өнгөрөх аргагүй он жилүүд. Гэхдээ шийдвэр гаргаж байсан он жилүүд юм гээд зарим нөхөд шиг тухайн үеийнхээ хурал, уулзалтын тэмдэглэл, тогтоол шийдвэрийн төсөл, баримт бичгээ шууд хуулж буулгаад байх нь утгагүй биз. Баримт чухал ч, бодол, сэтгэгдэл бүр ч чухал. Баримтыг архиваас татан үзэж болно, сэтгэгдлийг бол тэгэх аргагүй. Архивын ажилд тус болох гэж байгаа бол тэндхийн ажилтан болчихож болно ш дээ. Би архивын газар биш, Монголын улс төрд хүчээ үзэж байлаа.

-Би нэг зүйл ойлгодоггүй юм. Танаас асуумаар санагдаад байна. Манайд хүний мөсгүй жудаггүй үйлдлийг “улс төр юм чинь” гэж зөвтгөөд, урвалт шарвалт, үнэт зүйлээсээ ухардаг хүмүүсийг “улстөрч юм чинь” гэж цайруулах болж. Гэтэл тэр улстөрчид нь төрийн эрх мэдэлтнүүд болдог биз дээ. Төр нь өөрөө ийм мөн чанартай байж болох уу гэж гайхширах юм. Таны бодлоор яах ёстой юм бэ?

-Монголын ардчилал буруу төлөвшиж байгаагийн илрэл нь энэ. Хорин таван жилийн өмнө, ардчилсан реформын эхэн үед ийм байгаагүй. Эрийн жудагтай, эрхэмлэх зарчимтай улс төр бол байсан. Бид Улсын Бага хурлын үеэ дурсан санах дуртай байдгийн учир нь энэ. Ардчиллын “романтик” үе гэдэг дээ. Одоо юм их өөрчлөгдөж, муу аргаар бүхнийг шийдэх гэдэг болж. Тийм шийдвэр нь насгүй гэдгийг ч ойлгох ухаан алга. Бүр эвдэрчихээгүй, бүрэн архагшаагүй дээр нь уг нь засаад авах юмсан.

-Хэн үүнийг засах юм бэ, тэгээд?

-Бидний өмнөөс хэн нэгэн засаад өгнө гэж байхгүй. Бид өөрсдөө л засвал засна. Хүний мөсгүй, жудаггүй ийм улс төрийг хазаарлаж хэн чадах вэ. Бүхнийг муу аргаар шийдэх гэсэн тийм улстөрчдийг хэн цээрлүүлж чадах вэ. Монголын улс төрийг уламжлалт ёс зүй, зан суртахуун, хүн чанарт нийцүүлэн, үгүй дээ л гэхэд “Бид чинь дэндүү цөөхүүлээ ш дээ” гэсэн бодит үнэнд нийцүүлэн цэгцэлж хэн чадах вэ? Монголын нийгэм л чадна. Нийгэмд сайн, муу мэдээ хүргэж, орчноо дэнслэх үүрэгтэй сэтгүүлчид л чадна. Дөрвөн жилд нэг удаа сонгох эрхээ эдэлдэг сонгогчид л чадна. Өөр хэн ч чадахгүй. Гэтэл яаж байна. Бурууг жигших бус, улам өөгшүүлэх болж. Хийсэн нь буруутдаг, хийрхсэн нь манддаг болж. Зарчимтай нь хохирдог, зарчимгүй нь завшдаг болж. Яагаад тэр вэ. Нийгэм маань өнөөдөр үнэн бодит мэдээллээр гачигдаж байна. Тийм учраас харанхуй, харанхуй учраас дорой, дорой учраас мууд идүүлж байна. Яах ёстой вэ гэж чи надаас асуулаа. Чи сэтгүүлч шүү дээ. Үнэн бодит мэдээллээ нийгэмд өг л дөө. Гэрэл гэгээ нэмж харанхуйгаас нь гарга л даа. Буруу зөв, буян нүглийн тухай эгэл жирийн уламжлалт ойлголтоо сэргээхэд тусал л даа. Улс төрөө улс төр, эдийн засгаа эдийн засаг, сэтгүүл зүйгээ сэтгүүл зүй болгоход хүчин зүтгэ л дээ.

-Сэтгүүлч бид ийм үүрэгтэй юм байж. Харин улстөрч та нар тэгвэл яах ёстой, ямар үүрэгтэй юм бэ?

-Улстөрчид шийдвэр гаргах үүрэгтэй. Улс төр гэдэг бол эцсийн дүндээ тодорхой шийдвэр л юм. Өөр юу ч биш. “Сүүлийн хорин таван жилийн тухай бичиж байгаа юу” гэж чи надаас асуугаад байна. Би харин энэ тухай л бичих гэж оролдож байгаа. Сүүлийн хорин таван жилд олон том шийдвэр гарсан байдаг.

Зарим нь оносон, зарим нь оноогүй байж мэднэ. Аливаа шийдвэр сэтгэлээр дамжиж, тархинд боловсордог. Гэхдээ нэг шийдвэр өөр хүмүүст өөр, өөрөөр тусна. Адил тусна гэж байхгүй. Тийм ч учраас маргаан дагуулдаг. Маргахад буруу байхгүй. Маргаанаас л үнэн төрдөг. Миний байр суурь бол миний л байр суурь. Зөв ч байж болно, буруу ч байж мэднэ. С.Баяр гэдэг хүний хувьд аль нэгэн шийдвэр тухайн үедээ яаж туссан, шийдвэр гаргах тэр үйл явц надад яаж харагдаж, яаж мэдрэгдсэн, шийдвэр гаргах тэр орчин тойронд юу болж байсан тухай миний сэтгэгдэл сонин байж мэднэ. Асуудал шийдэж байж амьдрал өрнөдөг, улс орон хөгждөг. Тэрнээс юу ч шийдэхгүй, юу ч хийхгүй орон тоо бөглөж суугаа нэг, хоёр, гурван… бүр гучин этгээдийн хоорондын хувийн харьцаа бол ёстой сонин биш.

-Өнгөрсөн үеийн гол гол шийдвэр, үйл явдлыг та юу гэж дүгнээ бол гэж бодохоос сонин байна шүү

-Тэр дүгнэх гэдэг бол амаргүй. Нэгд, үйл явдлууд өрнөөд удаагүй, тоос нь ч замхраагүй байна. Хорь байтугай хоёр зуун жилийн өмнөхөө ч дүгнэхээс бэрхшээдэг. “18 дугаар зууны Францын их хувьсгалын талаар таны дүгнэлт юу вэ” гэж Мао Зэ Дун даргаас асуухад, тэрээр “Үүнийг дүгнэж ярих арай л эрт байна” гэсэн гэдэг. Тиймээс халуун мөрөөр нь дүгнэхэд “Бүр ч эрт байна” гэмээр. Гэтэл хувийн дүгнэлтгүй дурсамж бол давсгүй хоолтой адил. Яалтай ч билээ. Хоёрт, би эзгүй хээр ганцаараа яваад байсан биш дээ, аль нэгэн үйл явдалтай холбож аль нэг хүн, хүмүүсийн тухай заавал бичиж таардаг. Бичих бичихдээ үнэн бодитоор нь, гоёж чимэлгүй, муулж харлуулалгүй бичих хэрэгтэй. Энэ бол бүр хэцүү. “Дурсамжинд чинь дурдагдсан хүн чамд өсөрхөнө гэдгийг сана. Дурдагдаагүй хүн бол бүр их өсөрхөнө гэдгийг бүр сайн сана” гэж нэг суутан хэлсэн гэдэг. Хэн билээ дээ, нэрийг нь мартаж орхиж.

-Нээрээ л илүү өсөрхөх байх даа. Таны дурсамжинд ямар, ямар хүмүүс дурдагдах бол гэдгийг гадарлаж л байна. Хорь гаруй жилийн хугацаанд уулзаж учирч, хамтран зүтгэж, өрсөлдөн тэмцэлдэж явсан хүмүүсийг болон өөрийгөө хэрхэн хөөрхөн элэглэж, хошигнох бол доо…

-Битгий шордоод бай, Энэрэл ээ. Би эрхбиш бичиж байгаа юмныхаа төрөл жанрын онцлогийг муухан ч гэлээ ойлгож байгаа. Хошин шогийн мэдрэмжтэй гэж намайг магтсан учраас шог хошин гарааны эх зохиол шиг юм халтарлаад суухгүй нь ойлгомжтой. Элэглэхийн тулд элэглэнэ гэдэг бол утгагүй. Гэтэл элэглэх шалтаг, шалтгаан нь байсаар байтал зүгээр илээд өнгөрвөл бүр утгагүй. Үнэн юм үнэнээрээ л үлдэх нь чухал. Дурсамж бичиж буйн тухайгаа миний хэлэх зүйл ингээд шавхагдлаа. Чи бид хоёр энэ тухай л ярилцана гэж эхнээсээ тохирсон байх аа?

-Тийм нь ч тийм л дээ. Та урсгал улс төрийн тухай ярихгүй гэсэн. Өөр юм асууя л даа. Та дурсамжаа бичихээс гадна уран зохиолын орчуулганд оролцоод байгааг мэдээнээс харсан. Ц.Гомбосүрэн гуайн “Үйлтэй байшин” гэх орчуулгын шинэ номыг нь та ариутган шүүсэн байсан. Яагаад энэ ажилд оролцох болсон юм бэ?

-“Ариутган шүүсэн” гэнэ ээ. Наадах чинь ямар сүртэй хэллэг вэ. Зүгээр л “редактор хийсэн” л гэнэ биз дээ. Тэгэхгүй бол нэг их бохир заваан юм байсныг нь би ариутгаад л, буруу зөв нь олдохгүй байсныг нь шүүгээд л байсан шиг ойлгогдохоор байна. Тэгээд ч Ц.Гомбосүрэн гуайн нэгэнт орчуулаад, гараасаа гаргасныг нь засна, янзална гэвэл ёстой нөгөө “ариун” юманд “бузар” хүргэхтэй адил болно. Ц.Гомбосүрэн гуай өргөн мэдлэгтэйгээс гадна онцгой мэдрэмжтэй орчуулагч. Орчуулж буй зохиолынхоо агуулга, хэлбэрийг бүү хэл, амин сүнсийг нь хадгалан буулгаж чаддаг ховор уран бүтээлч гэж би боддог. Достоевскийн болон Ильф, Петровын хэдэн ланжгар бүтээлийг нь монголчилсон хүн шүү дээ. Бусдыг нь энд би дурдсангүй. Жишээ нь, Достоевскийн хэл, хэллэг бол орчуулах байтугай уншихад үнэн ярвигтай. Утга санаа нь үгнээс гэхээсээ үг хоорондын зай, зангилаанаас нь төрдөг гэмээр маш хүнд хэцүү бичвэртэй зохиолч.

-Гэтэл та Достоевскийнхийг биш өөр нэг орос зохиолчийн бүтээл орчуулсныг нь редактор хийсэн. Яагаад энэ зохиолыг сонгох болсон талаар номын өмнөх үгэнд дурдсан байснаас үзвэл сонголтыг Ц.Гомбосүрэн гуай биш та хийсэн бололтой анзаарагдсан?

-Юу орчуулахаа орчуулагч өөрөө л шийднэ. Харин гарах шийдвэрт нь нөлөөлж бас болдог юм байна. Юрий Трифонов монгол хэлээр гарч байгаагүй. Гэтэл Трифоновыг ХХ зууны Достоевский гэдэг. 1980-аад онд дэлхийд хамгийн олон орчуулагдсан орос зохиолчдын айргийн тавд орж байсан том зохиолч. Түүний “Үйлтэй байшин”, “Холио солио”, “Ондоо амьдрал” гэх гурван туужийн тухайд бол миний бага залуугаасаа дурласан зохиолууд. Би цагтаа орчуулах гэж үйлээ үзээд бараагүй. “Давах тавилангүй даваа гэж байдаг нь энэ аж” гэж өөртөө хэлж байсан санагддаг. Гэхдээ монголоор гарсныг нь уншиж үзэх юмсан гэсэн бодлоо орхиогүй явж байгаад хожим хойно Ц.Гомбосүрэн гуайд санал болгосон. “Трифоновыг та л ойлгоно, та л орчуулж дөнгөнө” гэж түүнийг хэдэн жил гуйж, шахсаар байгаад, өөр бусад ажлыг нь хойш тавиулж байгаад хийлгэсэн ийм түүхтэй.

-Тэр дуртай гээд байгаа Трифоновоо та өөрөө орос хэлээр нь зөндөө л уншаа биз дээ. Монголоор заавал унших гэж зүтгэх, өөр хүнийг гуйж, шахах ямар шаардлага байдаг байна аа?

-Шаардлага байна. Нэг нь нийгмийн, нөгөө нь хувийн. Нийгмийн шаардлагын хувьд гэвэл, миний уншиж үзсэнийг бусад маань бас уншаад үзэг л дээ. 1970-аад онд Москва ямар байсныг, тэр үеийн орос хүмүүс юунд тэмүүлж, юунд шаналдаг байсныг, бодит социализмын онцлог, хор холбогдол, хуурамч чанар нь чухам юундаа байсныг уншаад мэдэг л дээ. Социализмын ач тус, хор холбогдол нь нийтлэг. Тэр үеийн ЗХУ ч бай, БНМАУ ч бай хаалттай нийгмийн зовлон, жаргал нь ерөнхийдөө ижил. Зохиолд “Москва, оросууд” гэж гараад байгаа ч мань мэтэд бол “Улаанбаатар, монголчууд” гэж уншигддаг л байсан үе.

Хоёрт, миний хувийн сонирхол бас байлаа. Ц.Гомбосүрэн гуайн орчуулга гарснаар би бэлэн гарын авлагатай болоод авсан. Нөгөө миний давж чадахгүй тулаад, буцаад байсан олон гүвээ, давааг яаж өлхөн давж болдгийг яруу тод харуулсан бэлэн сурах бичиг миний өмнө дэлгээстэй байна. Би энэ номын редактор хийж байна гэж хэдэн сар ноцолдсон. Засч нягтлаад удаад байсан юм биш. Эх зохиолтой нь үг, өгүүлбэрээр нь тулган үзэж орчуулгаа урласан техник, технологиос нь суралцаад, нөгөө суралцахын жаргалыг эдлээд, удаад байсан хэрэг.

-Ц.Гомбосүрэн гуайн орчуулсан номын нээлт дээр таныг Н.Энхбаяр даргатай холбоотой сонин үг хэлсэн гэж дуулдаж байсан. Тэр нь ямар утгатай үг байсан юм бэ?

-Сонинсоод байх юу байх вэ дээ. Уран зохиолын номын нээлт дээр би гэнэт улс төрийн сэдвээр цуурч тэнэгтээгүй нь ойлгомжтой. Трифоновыг орчуулна гэж залуудаа бүдүүн зүрх гаргаад бараагүй тухайгаа ярьсан. Би яагаад ч юм утга зохиолын орчуулга сонирхдог, тэрүүхэндээ оролддог болчихсон байж билээ. Тэр үед Энхбаяр, Мэргэн, Нарантуяа, Нарангэрэл гэх дөрвөн залуу орчуулагч Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгсөөд дөнгөж ирсэн байсан. Тэдэнтэй нийлж Монголын зохиолчдын өгүүллэгийн түүвэр орос хэлээр гаргах ажилд оролцож явлаа. Тэд бол мэргэжлийн орчуулагчид, миний хувьд бол “бөөн дурын урансайханч” л байж. Гэтэл дуртай Трифоновоо орчуулчихмаар санагдаад бариад авлаа. Гурван сар ноцолдоод гурван хуудас ч гарсангүй. Арай ойр таньдаг тул Энхбаяр, Мэргэн хоёртой зөвлөсөн чинь “Трифонов бол олон салаа утга шингээж бичдэг хэцүү автор. Түүнийг монгол хэлээр адекват буулгасан байхад жинхэнэ орчуулагч боллоо л гэсэн үг. Үзээд алд” гэж билээ. Би үзээд дийлээгүй, алдсан. Ийм л юм болсон. Бага байхад зодолдоод бардаггүй зүггүй хүүхдийг ахдаа ховлодог шиг Трифоновыг Ц.Гомбосүрэн гуайд ховлож байж сая “зодуулан” бах таваа хангах шив дээ (инээв).

-Уучлаарай, тан шиг ийм улстөрчтэй уулзаад улс төрийн сэдвээр ганц ч асуулт тавихгүй ярилцлагаа өндөрлөх дэндүү харамсмаар байна. Ядаж ганц асуулт асууя. Асуулт ч гэж дээ, тодруулга төдий л юм. Таныг улс төрд эргэж ирнэ гэж дахин ярих болжээ. Дурсамжаа бичээд байгаа нь үүний нотолгоо ч гэх шиг. Гэтэл сая таныг энэ талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулж тайлбар хийсэн гэж зарим сайтаар мэдээлсэн байсан…

-Би фэйсбүүк, твиттер зэргийг мэдэхгүй. Үүнээс хол явдаг, ямар нэгэн хуудас энэ тэр хөтөлдөггүй. Тэр байгаа гэдэг хэд нь надад огт хамаагүй. Миний өмнөөс хэн нь цаг заваа бараад байгааг би бас мэдэхгүй. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг утгаараа эд бол миний дайснууд. Мэддэг болоод хэзээ нэгэн цагт найзлахыг гэхдээ үгүйсгэхгүй. Эргэж ирэх энэ тэрийн талаар би урьд нь хэлсэн, хэлсэндээ байдаг. Бас тэр дурсамжаа бичиж буцах замаа засдаг гэж би л лав сонсоогүй ноу-хау байна. Дурсамж бол явсны нотолгоо мөн гэж харин сонсож байсан. Ийм л байна.

-Тэгвэл та бид хоёрын дараагийн ярилцлага тэр дундаа улс төрөөр ярилцах ярилцлага маань хэдийд байх вэ. Би яг таг хугацаа тохирмоор байна…

-Яг таг хугацаа гэнэ ээ. Бүсгүй хүн болзоогоо товлоё гээд шахаад байхад би яаж татгалзах билээ. Гэхдээ улс төрөөр ярилцах хатуу болзол тулгагдаж байна. Улс төрийг ч уг нь ярьдаг биш хийдэг л дээ. Тэгээд ч улс төр дээр олон зүйл тодорхойгүй байна. Олон икстэй тэгшитгэл гэдэг шиг X, Y, Z дэндүү шигүү байхад тодорхой юм ярих, тодорхой гаргалгаа гаргахад бэрх. Тиймээс юм жаахан тодорхой болог. Тэгээд уулзъя. Тэгэх үү.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Баттөр: С.В.Лавровын айлчлалаас Монгол Улсын ач холбогдол бага багаар ихэсч байна гэдэг нь харагдаж байна

Энэ сарын 14-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад айлчилсан билээ. Уг айлчлалын талаар болон ОХУ-ын гадаад бодлогын тухай Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор профессор Ж.Баттөртэй ярилцсан юм.

-Энэ удаагийн айлчлалын үр дүн юу байв. С.В.Лавров ямар учраас манай улсад айлчилсан юм?

-Европын холбоо Орост хориг тавьчихсан байгаа. НАТО-гийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа. НАТО, ОХУ-ын сөргөлдөөн хурцдаж байна. Байдал ийм болоод ирэнгүүт Оросын гадаад бодлого Ази руу чиглэсэн. Манай орон Азийн төвд байдаг учраас энэ байрлал нь эргээд үнэ цэнтэй болж эхэлж байна. Хамгийн гол нь Европын холбооны ихэнх улс орон хориг тавьчихсан байхад Америкийн холбоотнуудаас БНСУ энэ хоригт нь ороогүй. Мэдээж бусад Азийн орнууд Оростой үйл ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаа. Тийм учраас ОХУ-ын бодлого бол эдийн засгийн ач холбогдол талаасаа нэгдүгээрт, Евразийн эдийн засгийн холбоо байгаа юм. Хоёрдугаарт, Азийн бусад улсууд. Хятадтай харилцах холбоо нь маш чухал ач холбогдолтой болчихсон. Энэ хүрээнд л бид сайн харах ёстой.

-Тэгэхээр Монголыг л зорьж ирээд айлчилжээ гэж харж болохгүй нь ээ?

-Тийм. Азид үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодлогоор л явж байгаа юм.

-Айлчлалын үеэр хоёр тал ямар чухал хэлэлцээрүүд хийв?

-Стратегийн түншлэлийн дунд шатны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Түүнээс илүү юм харагдсангүй. Нарийн ширийн зүйлүүдийг хоорондоо ярилцсан байх. Хамгийн гол зүйл нь Монголын ач холбогдол бага багаар ихэсч байна. Хоёрдугаарт, Монгол өргүй болчихлоо гэдэг нь Оростой үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай талбар харагдаад байгаа юм.

-АСЕМ-ийн үеэр манай талд тусалж, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн?

-АСЕМ-ийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байгаа нь улс төрийн ач холбогдолтой. Манай Төвийг сахих бодлогыг Орос дэмжихгүй байгаа гэж зарим хүмүүс үзэж байсан. Гэтэл харин ч АСЕМ-ийг зохион байгуулахад дэмжинэ гэж байр сууриа илэрхийлж буй нь Монголын явуулж буй бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэх гэсэн илрэл юм болов уу гэж харсан.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины баримталж буй гадаад бодлого өөрчлөгдөж байгаа. Холбооны зөвлөлийн хурал дээр үг хэлэхдээ барууны ишлэлийг түлхүү хэрэглэдэг байсан бол одоо арай өөр болж эхэлсэн. Энэ тал дээр та судлаачийн хувьд юу хэлэх вэ?

-В.Путин Украины хямралаас хойш ерөнхийдөө Оросын эрх ашгийг тэргүүнд тавих, хуучин ЗХУ-ын орон зайд ОХУ-ын нөлөөг алдахгүй байх, болж өгвөл тэлэх бодлогыг баримталж байгаа. Евразийн бодлого, Евразийн эдийн засгийн холбоо гэдгээ өнгөрсөн жил байгуулсан. Үүнд нь хэд хэдэн улс элсэн орчихсон байгаа. Энэ бодлогын хүрээнд татвар, бизнесийн таатай боломж олгох гэдэг ч юм уу ийм байдал харагдаж байна. Евразийн холбоонд Орос улс голлох байр суурьтай явж байгаа. Оросуудын харж байгаа Еврази гэдэг нь хуучин ЗХУ байсан бүс нутгийн орнууд. ЗХУ байхад коммунизм гэдэг үзэл гол гол зүйл нь байсан. ЗХУ унаснаас хойш Орост оюун санааны хоосрол бий болсон гэж үздэг. Хоосролыг даван туулахын тулд Путины гаргаж ирсэн зүйл бол Евразийн үзэл санаа буюу жишээ нь, Л.Н.Гумилевын онолыг их ярьж байна. Л.Н.Гумилевын Пассионарностийн тухай онол байна. Бас Суперэтнос онолыг нь ярьж байна. Эдгээр онолуудыг эргэж сэргээж маш их уншиж байгаа. Оросын философич Н.Я.Данилевскийн үзлийг гаргаж ирж байна. Энэ хүн “Оросын соёл бол өөрийн өвөрмөц чанартай, баруун Европынхоос их өөр. Баруун Европ бол хэзээ нэгэн цагт Оросыг дарах гэж оролдоно. Тиймээс энэ ариун байдлаа алдах ёсгүй” гэдэг зүйлийг хүчтэй тавьсан. Гуравдугаарт, Иван Ильин гэж орос философич бий. Түүний үзлээр “Русский путь” буюу “Оросын зам” гэж нэг зүйлийг яриад байгаа. Энэ нь цэвэр Үнэн алдартныхаа шашныг дагасан бодлоготой байна гэдэг. Үүнийг их хүчтэй тавьж байна. Барууныхан В.Путин яагаад ингээд эргэчихэв ээ гэж гайхаад байна. Юунаас болоод В.Путины бодлого баруунтай өрсөлдөх, тэмцэлдэх байр сууринд оччихов гэж байна. Үүний нэг шалтгааныг ЗХУ-ыг нурж унасны дараа эдийн засаг нь хүнд байх үед америкчууд хангалттай туслаагүй. Түүнээс болсон байх магадлал өндөр байна гэж үзэж байгаа. Тэр битгий хэл хажуу хавиргынх нь улсуудад өнгөт хувьсгал хийх маягаар Орос улсыг ганхуулах бодлогыг баримталсан. В.Путин бол угаасаа тангараг өргөсөн, хүчний байгууллагын хүн. Тэгж л өсч бойжсон хүн учир дайсан болон манайх гэдэг ойлголт нь маш тодорхой. Хэн дайсан бэ, хэн манайх вэ гэдгийг мэддэг. Хоёрдугаарт, Путины бодлогыг барууныхан ингэж үзэж байгаа байхгүй юу. В.Путины шийдвэр гаргалтыг АНУ-ын тагнуул, аналтикууд тайлж чадахгүй байгаа. Түүний Сири рүү онгоц нисгэх гэж байгааг хэн ч мэдээгүй. НАТО-той сөргөлдөх гэж байна, Крымыг авах гэж байна гэдгийг нь урьдчилж мэдэж чадаагүй. В.Путин маш хурдтай сэтгэдэг. Орос улсыг хүчтэй чигээр нь авч үлдэнэ гэдэг бодолтой. Тэрээр саяхан ярилцлагадаа “ОХУ-ын мөнгө 2014 оныхоо хэмжээнд хүрчихсэн. Орос улс гадны санхүүгийн тусламжгүйгээр дөрвөн жил тэсч чадна” гэж хэлсэн. В.Путин энэ бүхэнд бэлдчихсэн байсан.

-Тэгэхээр В.Путины даалгавраар С.В.Лавров Монголд буугаад морджээ гэж дүгнэж болох уу?

-Мэдээж тэгнэ шүү дээ. Харилцаж үзэж Монголын байдлыг мэдэх, тандаж авах зорилготой байсан. Энд нэг зүйлийг сонирхуулаад хэлэхэд Хятад улсын мөнгөний нөөц нь гурван триллион ам.доллар. Орос улс дөрвөн жил гаднаас мөнгө авахгүйгээр амьдарчихна гэж байгаа. Гэтэл Монгол Улсын маань санхүүгийн байдал ямар байгаа билээ. Бидний хувьд энэ хоёр хөршөөсөө сурах юм их байгаа байхгүй юу. Хүнд байдалдаа орлоо гэхэд ядаж л хэдэн жилийн нөөцтэй сууж байх хэрэгтэй.

-С.В.Лавров онгоцноос бууж ирэхдээ жийнсэн өмдтэй байсан. Үүнийг эсрэг, тэсрэг байр сууринаас тайлбарлацгааж байна. “Биднийг үл тоолоо” гэж байхад нөгөө талд “Харин ч оросууд бидэнтэй энгийн найзын харилцаатай гэдгээ харуулж байна” гэх юм. Дипломат ёсонд айлчлалын үеэр жийнс өмсөх нь юуг илэрхийлдэг юм бэ?

-Энэ бол өндөр дээд түвшний албан ёсны айлчлал гэхээсээ илүүгээр ажлын айлчлал байсан. Хоёрдугаарт, бууж мордож байгаа маягтай. Манайд буусан ч гол зорьсон газар нь Япон байсан. Гуравдугаарт, үүнийг мэргэжлийн хэллэгээр трак-2 гэдэг. Өөрөөр хэлбэл хувцсанд нэг их ач холбогдол өгөхөөсөө илүүтэйгээр уулзалт, ажилдаа ач холбогдол өгсөн.

-С.В.Лавров улс орнуудын Гадаад хэргийн сайд нар дундаа хамгийн нэр нөлөө бүхий дипломатч. Мөн дээр нь хувийн зан ааш, төрх байдлаараа хэв маягаа бүрдүүлчихсэн хүн гэдгээрээ алдартай?

-Дээр нь маш гоё шүлэг бичдэг яруу найрагч. Орост ард иргэддээ хүрэхийн тулд маш их ном унших хэрэгтэй болдог. В.Путин өөрийнхөө губернаторууд буюу мужийн амбан захирагчдадаа Оросын философийн номуудыг унших даалгавар өгч байгаа. Ийм маягаар өөрийнхөө үндэстнээс аль болох холдохгүй байхыг хичээдэг. Орос хүний имиж бол мэдлэг. С.В.Лавров бол мэдлэгтэй, чадалтай хүн шүү дээ. Дээрээс нь логик уялдаатайгаар ажил хэргээ явуулдаг. Олон түмэнд үг нь хүрдэг. Төрөлхийн удирдагч маягийн, Путин маягийн хүн. Путин ч тэгж маш логиктой ярьдаг. Энэ завсарт хэлэхэд бид хоёр хөршөө маш анхааралтай судалж байх хэрэгтэй. Ганцхан Монголтой харилцах харилцаа төдийгүй ерөнхийдөө бүс нутгийн бодлого, дэлхийн бодлого, эдийн засгийн бодлогыг нь. Ядаж л мөнгө санхүүгийнх нь байдлыг судалж байх хэрэгтэй. Манай улс сүүлийн үед нэг том ноцтой алдаа хийгээд байна. Монгол Улс дэлхий даяар өөрсдийгөө их өртэйгөө гайхуулаад байна. Үүнд болгоомжтой байх хэрэгтэй. Монгол Улс алган дээр байгаа юм шиг бүх юмаа ил байлгадаг. Үүнийгээ жаахан ч гэсэн цэгцлэх ёстой. Бусад орнууд өрийнхөө байдлыг нуудаг. Тэгтэл манайханд бүх түвшиндээ нууцлал гэж юмгүй, тэр байдлаа хэтрүүлээд байна л даа. Бид аль болох давуу, сайн талаа дөвийлгөх байтал сул, муу талаа гаргаж ирдэг. Энэ байдал гадныхны бидэнд итгэх итгэлийг сулруулна. Өртэй биднийг ашиглаж дарамтална уу гэхээс биш хэн ч туслахгүй. Дараа дараагийн олон улсын хэлэлцээр, гэрээнд ороход гуйсан, царайчилсан давуу бус байдалд орно. Яагаад вэ гэхээр өртэй, доошоо орчихсон хүнтэй тэр түвшинд нь л ярьдаг. Бид өөрсдийнхөө модыг гаргаж ирээд байна. Битгий хамаагүй өр ширээ, урсгал зардлаа зарлаж байгаач ээ. Ингэж зарлаад байвал манай орныг зүглэх гадны хөрөнгө оруулагч олдохгүй болж, Монгол Улс Африкийн ядуу орнуудын хэмжээнд өөрсдийгөө аваачиж харагдуулах болно. Монгол Улсад өөрийн гэсэн хар хайрцагны бодлого байх ёстой.