Categories
мэдээ цаг-үе

Анхны атарчин Ц.Сүрэнхорлоогийнд хаврын тариалалтын их ажлын өмнө өнжсөн тэмдэглэл

Атрын хөндийд хаврын тариалалтын их ажил эхэлж байна. Тариаланчид техник, тоног төхөөрөмжөө засч сэлбэж, үр тариагаа гаргаад эхэлчихэж. Тэд өнгөрсөн намар хадгалсан үрийн буудайгаа энд тэндээс зөөж үтрэм дээрээ байршуулах, бордоогоо бэлтгэх гээд их ажлын өмнөх бэлтгэлдээ ханцуй шамлан оржээ. Талбайд чийг хаалт хийж борнойдох ажил ид дундаа явж байна. Тариаланчид өнөө маргаашгүй үрэлгээ хийхээр болжээ. Шимт зөөлөн бор хөрсөнд үрийн буудай тарихаар зэхэж буй хаврын нэгэн өдөр Төв аймгийн Баянцогт сумын Гуна бригадыг зорьсон юм. Гуна бригад дээр Гавьяат механикжуулагч Цагааны Сүрэнхорлоо гуай аж төрж байна. Монголчууд 1959 оноос өмнө хоол хүнсэндээ хивэг иддэг байв. Монголд атрын анхны аян эхэлж, атар газрыг хагалж, улаанбуудай тариалж эхэлсэн цагаас хойш нарийн ширхэгтэй гурил иддэг болсон түүхтэй. Тэгвэл өнжихөөр зорин очиж байгаа айлын эзэн Ц.Сүрэнхорлоо гуай анхны атарчдын нэг юм. Тодруулбал Баянцогтод анх атар газрын шанг татаж явсан цөөхөн тариаландын нэг. Газар тариалантай ганц олдох амьдралаа холбосон буурал механикжуулагчийнд өнжсөнөө сийрүүлье.

Баянцогтод сайхан хавар болж байна. Ногоо үндсээ түрэн ургажээ. Бог мал ногоо хэдийнэ амсжээ. Хэдхэн өдөр нар гарахад л чийгтэй хөрснөөс ногоо суга суга ургахаар болж. Өнөө жилийн хавар тариланчдын хувьд цаг агаар таатай сайхан байна. Тариалалт эхлэхээс өмнөхөн хэд хэдэн удаа газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орсон болохоор газрын хөрсөнд чийг хангалттай байгаа гэнэ. Нар шарж хуурай салхи үлээхгүй байгаа нь ч хөрсний чийгэнд сайнаар нөлөөлжээ. Биднийг очиход Гавьяат механикжуулагч Ц.Сүрэнхорлоо гуай хашаандаа зогсож байв. Хашааны хаалгаар улаан өнгийн МТЗ- 80, 82 трактор гараад ирэв. Нэг трактороор нөгөөхийг нь нь чирч асаах гэж байгаа бололтой. Яндангаас нь хар утаа олгойдоод л нэг хэсэгтээ чирч давхив. Чирэгдэж байгаа улаан трактор асах шинж ер алга. Жолооч нь байсхийгээд л араанд нь хийх юм. Яндангаас нь хар утаа бөг бөг хийн гарч байснаа унтарчих ажээ. Хэсэг чирч давхиж байгаад арай гэж нэг юм аслаа. 75 гинжит тракторын дараагийн үе буюу 1990 оны эхээр орж ирсэн Казахын шар гэх гурван 75 тракторыг мөн л асаав. Банкинд нь түлш хийгээд л пар хийтэл асаачихлаа. Өнгөрсөн намар унтраагаад нэг ч асаагаагүй гэхэд зовлонгүй аслаа гэж Сүрэнхорлоо гуай сонирхуулав.

Цэлийсэн том хашааны энд тэнд трактор асах чимээ сонсогдож, нам гүм байсан бригадын төвд тракторын дуу хадаж эхэллээ. Баруун урд талын талбайд хэдэн трактор тоос татуулан яваа харагдана. Хөрсний чийг хаалт хийж, борнойдох ажил хийгдэж байгаа бололтой. Асч байсан тракторуудыг эхнээс нь унтрааж, түр намжих үед Ц.Сүрэнхорлоо гуайтай мэнд мэдэж, сурвалжлага хийхээр явж байгаагаа дуулгалаа. “Манай энд сүлжээ барихгүй болохоор холбоо барьж чадаагүй биз. Юу ч гэсэн манай гэрээр орж хоол, цай идэж уу. Хөгшин түрүүнд хоолоо ид гэж хүүхдээр хэлүүлээд байсан” гээд гэрийн зүг алхав. Буурал тариаланч явуут дундаа “Өвөлдөө хэдэн хүүхдүүдээ бараадаад хот орчихдог юм. Усны шувууд ганганаад л нутгаа зорих үеэр өвгөн ах нь тогтож сууж чадахгүй болдог юм даа. Тарьсан хэдэн мод минь яаж байгаа бол, цас хайлж дуусахаас өмнө балга ус ч болтугай тогтоогоод авчих юмсан. Үр тариа нь юу болж байгаа бол. Газрын чийг алдагдаагүй байгаа даа гэж бодогдоод хэцүүднэ. Дөрөвдүгээр сар гаруут л хамаг юмаа бэлдэж аваад хөгшинтэйгөө нутагтаа хүрээд ирдэг юм. Энд ирээд бүх зүйлсээ нүдээр үзэж байж л сэтгэл амарна шүү дээ” хэмээн хуучлав. Ийн явсаар гавьяатын эхнэртэйгээ амьдардаг жижигхэн байшинд яваад орлоо. Гэрийн эзэгтэй Цэндсүрэн гуай биднийг угтан авлаа.

АТРЫН АНХНЫ ШАНГ ТАТСАН ТҮҮХ БУЮУ УЛСЫН РЕКОРД ЭВДСЭН ОН ЖИЛҮҮД

Ц.Сүрэнхорлоо гуай Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1936 онд төржээ. Гэр бүлийнх нь хүн болох Ш.Цэндсүрэн Ховд аймгийнх гэнэ. 1962 онд анх танилцаж гэр бүл болжээ. Гэрийн эзэн нутгаасаа 1954 онд буюу 18 настайдаа цэрэгт татагдаж гарчээ. Ингээд цэрэгт хоёр жил болсон байна. Халагдах цэрэг байхдаа Модотын техникумд тракторын жолоочийн курсэд суралцжээ. Баахан тракторын зураг тавьж байгаад л нэрийг нь цээжлүүлдэг байсан гэнэ. Орос, монгол багш нараар хичээл заалгажээ. Гурван мянга гаруй залуусыг 24 анги болгон газар тариалан, техникийн талаар хичээл заажээ. ДТ 54 тракторыг унуулж жолоо бариулж, байгаад л тэр хавар нь сангийн аж ахуйд томилчихож. Монгол Улс ингэж л атрын анхны шанг татах залуусыг бэлтгэсэн түүхтэй юм байна.

С.Сүрэнхорлоог курсээ дөнгөж төгстөл Төв аймгийн Баянчандмань сумын МААМС-д тракторын жолоочоор томилчихсон гэнэ. Түүнийг анх очих үед трактор барих боломж тааруу байж. Нэг тракторыг гурван хүн ээлжилж унадаг байсан аж. Мэргэжлээр нь огт ажиллуулахгүй, өөр ажил хийлгэж хоёр жил болгожээ. Төд удалгүй Угтаал, Баянцогтын сангийн аж ахуйнууд байгуулагджээ. Баянчандманьд хийх ажилгүй шахам хоёр жил болсон залуусыг хоёр хувааж, шинээр байгуулагдаж байгаа хоёр сангийн аж ахуйд тракторын жолоочоор томилсон юм байна. Нөхөрлөлийн сангийн аж ахуйн урд талын Янзагатын хөндийд зургадугаар бригадынхан хуваарилагдан очжээ. Тэнд атрын анхны шанг татсан түүхтэй аж. Сангийн аж ахуйн дарга, ерөнхий инженертэйгээ очиж сүр дуулиантайгаар туг хатгаж байгаад л газар хагалж эхэлсэн гэнэ. Ц.Сүрэнхорлоо, Чулуун нар хамгийн анх газар хагалсан байна. Анхны жилдээ 15 мянган га газар хагалжээ. Ингээд ирэх жил нь улаанбуудай тариалсан байна. Ингэж л Баянцогтын сангийн аж ахуйн тулгын чулууг анх тавилцаж байж.

Тракторын курс төгссөн хэдий ч техниктэйгээ бүрэн танилцаж чадаагүй мянга мянган залуус атрын анхны шанг ийнхүү татаж байсныг Сүрэнхорлоо гуай хуучлав. Шаргал өвс халиурсан хөндийд хоёрхон жилийн дараа тариан түрүү халиурчээ. Ёстой л галзуу барын аманд гараа хийх үү байх уу дээрээ байсан залуус атар газар эзэмшиж, ажлыг яралзтал хийх болж. Ажил ч жигдэрч, арвин ургац хурааж эхэлсэн байна. Баянцогтын сангийн аж ахуй нийтдээ 30 гаруй мянган га газарт тариа тарих болжээ.

1963 он. Ц.Сүрэнхорлоогийн их амжилтын оргил өөд тэмүүлсэн үе байж. 1116 га газраас комбайнаар тариа хурааж түүхэн амжилтын эзэн болжээ. Бүр улсын рекорд тогтоож, улсын аварга тариаланч болсон байна. Түүний 1963 оны намар 1116 га талбайгаас тариа хураасан амжилт нь улсын аварга тариаланч болгосон төдийгүй, гавьяатын тэмдэг эзэндээ авчирсан түүхийн эхлэлийг тавьжээ. Мөн энэхүү амжилт нь Хөдөлмөрийн баатрын болзол хангасан гэнэ. Төв аймгийн 40 жилийн ойгоор 27 настай байхдаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан байна.

ТАСАГ, ФЕРМИЙН ДАРГА БАЙХДАА ХОЁР УДАА УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН БОЛЖЭЭ

Ц.Сүрэнхорлоо гэх эрхэм арав гаруй жил тракторын жолоочоор ажилласан байна. Бусдаасаа ажил хөдөлмөрөөр тэргүүлж, удирдан зохион байгуулах ажилд идэвхтэй оролцдог байсан болохоор аймгийн депутатаар сонгогдон ажиллах болжээ. Нойр хоолгүй ажилласнаас болоод хүнд өвчин туссан байна. Хүндээр өвдсөн нь түүнийг дарга болох үүд хаалгыг нээж өгсөн гэхэд болно. Эмч нар хүнд ажил хийж болохгүй гэсэн акт гаргасан байна. Аймгийн намын даргын шийдвэрээр Ц.Сүрэнхорлоо намын сургуулийн хоёр жилийн ангид сурч, таван жил эчнээ ангид сурчээ. Ингээд Баянцогт сумынхаа Гуна бригадын тасаг, фермийн дарга болон эргэж иржээ. 1973, 1975 оны их ургацын жил сэтгэлд нь тодхон байдаг гэнэ. 1973 онд гойд их ургац хурааж л дээ. Тариа бригадын нэгдүгээр тасаг нь улсын аварга тариаланч хамт олон болж, УАЗ машинаар шагнуулжээ. Мөн 1975 онд арвин ургац хурааж хоёр дахь удаагаа улсын аварга тариаланч болсон аж. Улсаас “Купон” гэх машинаар шагнуулжээ. Тэр жил 11 мянган тонн улаанбуудай Гуна бригадын үтрэм дээр буужээ. Энэ их буудайг яах вэ гээд л санаа зовж байж. Ургацын төв комиссын гишүүд Ангорскийд буудайгаа өгөхөөр болсон гэнэ. Улсын ургацын төв комиссоос Зил 51 машин явуулж Гуна бригадын 11 тонн улаанбуудайг гурван өдрийн турш Улаанбаатар руу ачуулж, тэндээсээ вагоноор цааш нь явуулсан байна. Харин 1981 онд ургац алдаж хэдхэн нуруу буудай авч байжээ.

1990 он тариа бригадууд тарж эхэлсэн үе. Баянцогтын сангийн аж ахуй 42 компани болж задарчээ. Ц.Сүрэнхорлоо ч хувийн “Гуна” нэртэй компаниа байгуулжээ. Банкны зээлд хураагдах дээрээ тулаад байсан хоёр ч компанийг худалдан авч компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэн тэлсэн юм байна. Ингээд 2003 онд га газраас 22 центнер улаанбуудайн арвин ургац хураан авсан байна. 70 гаруй настайд нь компани нь улсын аварга тариаланч хамт олон болжээ. Мөн 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандиас Гавьяат механикжуулагч гэх эрхэм цолыг хүртсэн байна.

1500 ГА ГАЗАРТ БУУДАЙ ТАРИНА

Ийн хууч хөөрч суутал үд өнгөрчихсөн байв. Дахин том хашаа руу орж, техник засварын ажил хэр хийгдэж байгаа талаар үзэхээр явсан юм. О.Гомбосүрэн, Содмандах, С.Бууч, А.Монхор, Дамдинсүрэн гэх тракторын жолооч нар техник засварын ажил хийж байлаа. Ц.Сүрэнхорлоогийн хоёр хүүхэд аавынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж байгаа юм билээ. Хүү С.Ганбат нь хүний эмчээр ажиллаж байгаад “Гуна хонгор” компанийг байгуулжээ. Харин хүргэн О.Түвшинзаяа, охин С.Ганчимэг нар “Гуна” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Өнөө жил дээрх хоёр компани 1500 гаруй га талбайд тариа тарих юм байна. Ирэх сарын 1-нээс эхлэн үрэлгээний ажил хийгдэх юм байна. Улсаас өнөө жил 25 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон. Тариалалтаа эхлэхэд санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа тариаланчдад талбайн хэмжээг нь харгалзаж хуваан олгохоор болсон билээ. Зээлийн хүү нь 12.5 хувь юм байна. Гэхдээ зээл авсан тариаланчдыг эхний найман сар үндсэн төлбөрөөс чөлөөлөх аж.

Хоёр жилийн хугацаатай олгож байгаа зээлийн талаар О.Түвшинзаяатай ярилцлаа. Тэрээр “Манай компани яаманд зээл авах хүсэлтээ хүргүүлчихсэн байгаа. Хэрэв зээл олгохгүйд хүрвэл нөхцөл байдал хэцүүднэ. Өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр үр тариа худалдаж авч, шаардлагатай шатахуун авч чадахгүй. Ийм чадалтай компани Монголд байхгүй. Удахгүй бидэнд зээл олгох байх гээд л хүлээж сууна. Тариланчдыг ойлгохгүй хандлага сүүлийн үед ажиглагдах боллоо. Үнэхээр хүнд, эмзэг салбар шүү дээ. Бороо орохгүй бол олон сая төгрөгийн зээл авч тарьсан буудай ургахгүй эрсдэлтэй. Зээл авч байж л тариалалт хийж, техникүүдээ шатахуунаар хөдөлгөнө. Намар нь буудайгаа ургуулж байж мөнгөтэй болж өрнөөсөө гардаг” хэмээн ярив.

Түүнээс тариаланчид муу үр тарьж байгаагаас болж цавуулаг чанар муутай буудай ургадаг гэсэн шүүмжлэл, гурил үйлдэрлэгчдийн “Тариланчид малын тэжээлийн буудай тарьж байна. Гурил хийх буудай тарихгүй байгаагаас болж сайн чанарын буудай ОХУ-аас худалдан авч муу буудайтай хольж арай гэж гурил гаргаж авч байна” гэсэн гомдлын талаар сонирхсон юм. Тэрбээр “Яаж ч бодсон муу үр тарихгүй нь тодорхой шүү дээ. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч буудайны чанарт нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл цаг агаар тааламжгүй, бороо хур багатай жилийн буудайн чанар муу байдаг. Хэрэв бид үнэхээр муу үрийн буудай тарьж байгаа бол яагаад сайн чанарын буудай ургаад байгаа юм бэ. Нэг жилд сайн чанартай буудай хурааж авч байгаа бол дараа жил нь цавуулаг чанар муутай буудай хурааж авдаг юм” гэсэн хариу өглөө.

ГАЗАР ТАРИАЛАНД ШИНЖЛЭХ УХААН ХЭРЭГТЭЙ БАЙНА

Харин энэ талаар Ц.Сүрэнхорлоо гавьяат “Газар тариалангийн салбарт шинжлэх ухаан хэрэгтэй байна. Европын улсуудын тариалангийн талбайд мал огт бэлчдэггүй. Манай улсын онцлог тэднээс огт өөр. Гэсэн хэр нь тэр улсуудын арга туршлагаар яваад байна л даа. Атрын анхны шанг татаж явсан хүний хувьд энэ талаар өөрийнхөө мэдэж туулсан зүйлийг хэлмээр санагдаад байдаг юм. Тариалангийн талбайд мал бэлчиж байгаа нь хамгийн буруу. Тариаланчид хөрсийг нь сийрэгжүүлэх гээд өч төчнөөн цаг зав, хөрөнгөө гаргаад байдаг. Гэтэл дээгүүр нь мал яваад л чигжчихдэг. Поолинд мал явуулахгүй болчихвол олон давуу талтай. Өвөл 10-20 см цасан бүрхүүл тогтдог. Гэтэл мал явсаар байгаад маш хурдан цас нь хайлчихдаг. Хэрэв мал явж борлуулахгүй цасан бүрхүүл хэвээрээ байвал дөрвөн сарын дунд үе хүртэл цас нь огт хайлахгүй. Ингэснээр хөрсөнд чийг өгнө. Тариланчид бид бороо, цас хүлээж суухгүй болно. Мөн талбайд хогийн ургамлын иш навчаар хучсан сүрлэн бүрхүүл бий болгомоор байна. Найман см орчим сүрлэн бүрхүүлтэй болгоход гурван см ялзмаг тогтдог. Ингэснээр бордоо хэрэг болохгүйгээр сайн хөрс бий болно. Хэрэв энэ бүгдийг хийж чадах юм бол маш сайн ургац авах бүрэн боломжтой. Үүнийг Канад улс хэрэгжүүлээд маш сайн ургац авч байна шүү дээ. Мөн сүүлийн үед улаанбуудайны асуудал дээр улстөржиж байна. Хэн нэгэн гадаадаас улаанбуудай оруулж ирж ашиг олох болохоороо хэдэн муусайн тариаланч руу дайрах юм. Энэ бүгдийг зогсоох хэрэгтэй байна” гэлээ. Өнөө жил хаврын тариалалт эхлэх үеэр хөрс чийгтэй сайхан байгаа ч гэсэн зундаа хур бороо бага байна гэх мэдээлэл бийг ч Ц.Сүрэнхорлоо гуай сонирхуулав. “Их ургац хурааж авч чадахгүй юм аа гэхэд улаанаараа эргүүлж ургац алдахгүй байхсан” гэж хэлж байна лээ.

ГУНА” ТӨГӨЛТЭЙ БОЛОХ ГЭЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ СУУНА

Өнжиж байгаа айлын гэрийн эзэд зүгээр суудаггүй хөдөлмөрч улсууд юм. Хашааныхаа хойд талаар жимсний мод хэдэн мянгаар нь тарьчихсан байх ажээ. Бүр цас борооны ус урсдаг шуудуунаас ус татаад модныхоо талбайг нуур болгочихож. Анх хэдхэн мод тарьж байснаа бодвол чацаргана жимс хурааж авдаг болжээ. Ц.Сүрэнхорлоо, Цэндсүрэн нар гэрийнхээ хойд талд ойн модон төгөлтэй болох гэж хэдэн мянган мод суулгасан юм байна. Хүүхдүүдийнхээ тариаланд зөвлөгөө өгч, хэдэн модоо арчилж гурван улирлыг өнгөрөөдөг байна. ““Гуна” гэдэг төгөлтэй болоход нас минь хүрдэг байгаа. Хүрнэ гэж бодоод л зүтгээд байгаа” гэж 80 гаруй настай хоёр буурай ярьж байна лээ.

Бригадын баруун талд дүнхийсэн сайхан том уул байх. Гуна хайрхан уулаар нэрлэгдсэн бригадын төвд амьдралынхаа ихэнх цаг хугацааг хөдөлмөр шүтэж өнгөрүүлжээ. Ц.Сүрэнхорлоо гавьяат “Салхины аясаар үелзэх шаргалтсан тариан талбай дундуур алхаж явах шиг жаргал надад байдаггүй юм аа. Онгон хээр талд атрын шан татаж явсан болохоор энэ нутгаа өөрийнхөө төрсөн нутаг шигээ хайрладаг болжээ. Нарны илч шингэсэн бүлээхэн шимтэй бор хөрснөөс соёолж буй тариан түрүү шиг сайхан амьдралыг туулж явна даа, өвгөн ах нь” гэсээр биднийг үдэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

О.Пүрэвбаатар: Эх орондоо болсон тэмцээнээс медаль авч чадаагүй нь тамирчдын өөрсдийнх нь буруу

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл медальт, Ази тивийн аварга Оюунбилэгийн Пүрэвбаатартай ярилцлаа. Тэрээр чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч билээ.

Монголд олимпийн эрх олгох тэмцээн болж өнгөрлөө. Харамсалтай нь манай тамирчид өөрийн дэвжээн дээрээ хоосон хоцорлоо. Та тамирчдын тухайд ямар дүгнэлт гаргав?

-Улсын наадмын начин цолны болзол хангах даваанд бөхчүүд хэт их хичээгээд биеэ барьчихдаг. Яг үүнтэй адил манай эмэгтэй, эрэгтэй тамирчид биеэ бариад бэлтгэлийн үед гаргадаг тэр сайхан барилдаанаа гаргаж чадсангүй гэж би хувьдаа бодож байна.

Эзэн орны тамирчид гэдэг утгаараа боломж бол дүүрэн байсан болов уу?

-Тэмцээн уралдаанд явлаа гэж бодъё. Гадаадад бол цагийн зөрүү, хоол унднаас боллоо гэж хэлж болно.Харин эх орондоо байгаа тохиолдолд энэ талын ямар ч асуудалгүй. Би дасгалжуулагч багш нарт бурууг тохохыг хүсэхгүй байна. Хамгийн гол нь тамирчдын бэлтгэлийг хангаад, барилдахад бэлэн болгоод өгчихлөө. Тиймээс тамирчдын өөрсдийнх нь л буруу. О.Бурмаа бол дэлхийн аваргаас гурван медаль авсан хүн. Тэгэхэд яагаад тактикийн алдаа мэдэхгүй байна вэ. Энд багш ямар ч хамаагүй биз дээ. Өөрөө л алдаа гаргаж ялагдлаа. Би өөрөө дэлхийн дэвжээнд олон удаа гарч барилдаж байсан хүн.Хүдэрбулга барилдааны эхэнд оноо алдчихсан. Онооны араас хөөж барилдана гэдэг хэцүү. Энэ л нөлөөлсөн. Түүнийг ялагдсанд хүн болгон өөр, өөрийн өнцгөөс харж дүгнэлт гаргаж байгаа байх. Хүдэрбулгын хувьд бэлтгэл сургуулилт асуудалгүй, сайн байсан. Бэлтгэлийн үед бүх юм сайхан жигдрээд болоод л байсан. Бусад тамирчид ч гэсэн бэлтгэл сайн болоод эрхээ аваад л явж байна. Тиймээс цэвэр тамирчны л хариуцлага.

Харин Ц.Намуунцэцэгийн хувьд дэлхийн шилдэг бөхчүүдийн дэргэд туршлага дутаж байгаа нь харагдлаа шүү дээ?

-Намуунцэцэг үнэхээр залуу хүүхэд. Тамирчны хувьд туршлага дутмаг байна. Би Намуунцэцэгийг дахиад Туркийг зориосой гэж бодож байна. Намуунцэцэгийн оронд Энхжаргалыг сая оруулсан бол эрх авах байсан байж магадгүй. Гэхдээ дараа нь энэ орсон бол, тэр орсон бол ингэх байсан юм гэдэг зүйлд би дургүй.

Энэ гурван тамирчны оронд чадах тамирчдыг нь оруулж болоогүй юм уу. Өөр сонголтгүй юм уу?

-Эмэгтэй жингийн хувьд олон тамирчин байгаа байх. Би эмэгтэй багийн дасгалжуулагч биш учраас тэрийг хэлж мэдэхгүй. Харин Хүдэрбулгын жинд бэлтгэл хангачих ч бөх үнэндээ алга.Ядаж Хүдэрбулгын бэлтгэлийг хангуулахын тулд энэ жинд хүүхдүүд олж ирдэг. Олж ирсэн ч Хүдэрбулгатай барилдаж байгаа дэлхийн бөхчүүд шиг бэлтгэл хангагч болж чадахгүй л байгаа байхгүй юу. Жиндээ ганцаараа л ноёрхчихсон бөх. Азийн аварга бөх шүү дээ. Монголд бол мундаг. Хүдэрбулга Узбекстаны бөхийг ялдаг байсан. Гэтэл энэ удаа тэд Тажикстаны легионер тамирчинг авчирч байх жишээтэй. Ер нь сүүлийн үед улсууд гадны легионерууд оруулж ирдэг болж. Үүнтэй бас холбоотой.

Удахгүй Туркийн Истанбул хотод болох тэмцээнээс үлдсэн гурван эрхээ авах боломж бий. Сая тэмцээнд ялагдсан гурван тамирчнаа дахиад явуулах уу?

-97 кг-ын жинд Хүдэрбулгаас өөр явуулах бөх байхгүй. Эмэгтэй жингийн хувьд яаж шийдэхийг би мэдэхгүй. Өмнө нь эрэгтэй, эмэгтэй баг хамт бэлтгэл хийдэг байсан. Ингэж бэлтгэл хийхээр эмэгтэйчүүд эрс сайжирдаг. Эрчүүдтэй бэлтгэл хийж байгаа эмэгтэйчүүд сайжрах нь ойлгомжтой. Гэтэл эрэгтэйчүүдийн барилдаан сулраад ирдэг. Бид шигшээ багийг 2013 онд авсан. Бэлтгэлийг салгаж хийх ёстой юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Үр дүнд нь манай эрэгтэйчүүдийн амжилт сэргэсэн.

Эмэгтэй шигшээ багийнхан ч амжилт гаргасаар л байгаа шүү дээ. Үгүй гэж үү?

-Эмэгтэйчүүдийг би нэг баг гэж хэлэхгүй. Тэд Соронзонболдын Батцэцэг, Сүхээгийн Цэрэнчимэд хоёрын далбаан доор яваад байж болохгүй. Намайг барилдаж байхад миний өмнөх үе том Сүхбат ах медаль авахгүй бол бусад нь медаль авдаггүй тохиолдол гардаг байсан. Дараа нь Цогтбаяр гэж хүн гарч ирсэн. Бас медаль авахгүй бол бусад нь авдаггүй. Араас нь Пүрэвбаатар, дараа нь Наранбаатар гээд мөн л ийм байсан. Ингээд нэг, хоёрхон хүний далбаан дор явдаг байсан. Би эмэгтэй тамирчдыг муулах, шүүмжлэх гээгүй юм шүү. Багаараа бэлтгэл хийх хэрэгтэй. Багийн амжилтын төлөө явах ёстой. Нэгдүгээр сард ОХУ-ын Красноярск хотод болсон Гран прид П.Орхон, Б.Одончимэг хоёр аваргалаад ирсэн. Тэр хоёр эрэгтэй багтай бэлтгэл хийсэн. Манай ахлах дасгалжуулагч Цогтбаярын шавь учраас багшийгаа дагаад эрэгтэй шигшээгийнхэнтэй бэлтгэл хийсэн хэрэг. Монголоос бусад газар эрэгтэй, эмэгтэй баг тусдаа бэлтгэл хангадаг. Манайх ч тийм л байх хэрэгтэй. Тиймээс эмэгтэй тамирчдыг нэг дор хамт, баг болж бэлтгэх хийх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчийн хувьд таны тамирчин байх үеийнхтэй эн зэрэгцэж бэлтгэл хийж чадаж байна уу?

-Арай дутуу гэж хэлнэ дээ. Цөмөрчихнө, уначихна, ядарчихна гэдэг. Би урьд нь хэлдэг байсан. Усыг буцалгачихаад хөргөж болно.Буцлаагүй усыг хүйтэн чигээр нь бүлээстэл байлгаж болно.Манай багийн тамирчид усыг буцалдаг болтол нь бэлтгэл хийдэг. Тиймдээ амжилт гаргаад байгаа юм. Дээрээс нь манай дөрвөн багш бэлтгэлд тамирчдынхаа дунд орж барилдаж нэг ёсондоо тулж бэлтгэл хийдэг. Энэ нь тамирчдын ур чадварт бас нөлөөлж байгаа болов уу. Эмэгтэй багийн дасгалжуулагч ч ингэдэг байж магадгүй. Би мэдэхгүй болохоор эрэгтэй багаа л яриад байгаа шүү. Гэтэл зарим хүмүүс энэ чинь төрчихсөн бөх гэдэг. Намайг ч гэсэн хүмүүс тэгж ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Хэн байх нь хамаагүй бэлтгэлээ сайн хийгээд хичээгээд, хөлс хүчээ гаргах юм бол адилхан л амжилтад хүрдэг байхгүй юу. Миний үед бэлтгэлээс гарч ирээд крантны хүйтэн ус уугаад гудамжнаас хуушуур авч идчихээд л явдаг байсан. Харин одоо энэ залуус витаминтай ус, элдэв юм идэж ууж байна. Сайхан юм идэж уусандаа амжилт гаргахгүй. Бэлтгэл хэр сайн хийнэ төдий чинээ амжилт гаргана. Зовлонгүй жаргал гэж байдаггүй шүү дээ.

Аливаа амжилт тамирчны бэлтгэлээс гадна холбооны бодлоготой уялдаа холбоотой байх учиртай. Танай чөлөөтийнхөн дотроо их л эв түнжин муутай байх юм. Өдийг хүртэл холбоогоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа таны шалтгаан юу юм бэ?

-Монголын чөлөөт бөхийн холбоо гэж дээр үед байсан. Одоо бол холбоо байхгүй. Д.Дагвадорж шинэ холбоо байгууллаа, өөрөө ерөнхийлөгч нь гээд яваад байгаа. Би хүлээн зөвшөөрөхгүй. Шалтгаан нь албан тушаалын наймаа. Чинбат үнэхээр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч байсан. Дараа нь Чинбат захирал, Д.Дагвадорж хоёрын хооронд албан тушаалын наймаа явсан байж магадгүй. Яг юу болсныг би мэдэхгүй байна. Яагаад холбооны их хурал болохгүйгээр ерөнхийлөгчөө сонгочихсон юм. Би дасгалжуулагчийнхаа үүргийг хэн нэгэнд “Би болилоо. Чи дасгалжуул” гээд л өгчихсөнтэй ижил зүйл. Одоо дэлхийд спортыг энх цагийн дайн гэдэг болж. Хятадууд зуны олимпийн наадамд аль болох олон медаль авч тэргүүлнэ гэж бэлтгэж байна. Энэ нь дайнд ялалт байгуулсантай адил.Бид өнөөдөр 80 гаруй орны тамирчдыг хүлээж авлаа. Энэ олон орны цаана олимпийн эрхээ аваасай гэж эх орон нь санаа тавьж, анхаарлаа хандуулж байна.. Тэр АСЕП-ийн хурлаас илүү манайд анхаарлаа хандуулж байлаа. Спорт бол өөр ухагдахуунтай.

Сүүлийн гурван жилд холбоо юу хийсэн юм. Тэр жил Катарт манай баг Азийн аваргаас алт авах хамгийн том боломж байсан. Гэтэл гурван тамирчин орж чадаагүй. Тэгсэн хүнд жинд манайх хэзээ медаль авдаг байсан юм бэ гэж ярьж байгаа холбоо шүү дээ. Гэтэл өмнө нь Азийн аварга болсон Хүдэрбулга, мөнгөн медаль авсан Золбоо, хүрэл медаль авсан байгаа ш дээ. Катар асуудалтай орон. Хил зөрчлөө гээд яаж буудчихаагүй юм. Холбооны дээд удирдлагууд бүгд нэг баг. Арчаагүй хэдэн хүмүүс. Хатуухан хэлэхэд гэр бүлээ авч явж чадахгүй хүн, холбоогоо авч чадахгүй, тэмцээн зохион байгуулж чадахгүй хүн баг тамирчдын талаар ярих ч хэрэггүй. Биеэ засаад гэрээ зас, гэрээс засаад төрөө зас гэдэг. Гэрээ засч, тогтвортой авч явж чадахгүй хүн биднийг хайрлах уу, авч явж чадах уу. Үгүй л байхгүй юу.

Саяын амралтын өдрүүдэд болсон олимпийн эрх олгох тэмцээнд төрөөс 400 орчим сая төгрөгийн төсөв баталж өгсөн гэсэн. Холбооны зүгээс Монголынхоо тамирчдын бэлтгэлд бага ч гэсэн мөнгө гаргаж өгсөн үү?

-Үгүй. Би лав мэдэхгүй. Хамгийн зэвүүн нь тэмцээнд эрэгтэй баг орохоор болонгуут Спортын төв ордны саун, бэлтгэлийн заалыг холбооноос цуцалчихсан байсан. Гадаадын тамирчид бэлтгэл хийх гээд ирэхдээ надаас “Оюунбилэг ээ, саун чинь яагаад ажиллахгүй байгаа юм бэ” гэж асууж байгаа юм. Намайг таньдаг гадны тамирчид Оюунбилэг гэж дууддаг шүү дээ. Тэгэхээр нь би ингэж болохгүй гээд асуухаар холбооноос өгсөн даалгавар гэдэг. Эрэгтэй багийн тамирчид маргааш нь болох гэж байхад яагаад тэр сауныг нь ажиллуулж болдоггүй юм. Би гадны тамирчдаас ичээд нүүрээ улайлгаад сауныг халаалгаад явж байх жишээтэй. Зохион байгуулалт муу болсон. “Буянт-Ухаа” спорт цогцолборт бол гоё болсон, нүдэнд ил харагдаж байгаа нь. Бэлтгэлийн заал байхгүй, автобус унаа гээд сэтгэл дундуур буцсан. Саун ч байхгүй. Өмхий үнэртсэн нөхцөлд бэлтгэл хийгээд буцсан. Дөрөв, тав хоног Спортын төв ордонд би зохион байгуулагч хийж хамаг ажлыг зохицуулах гэж гүйсэн. Холбооны гээд байгаа хүмүүс Буянт-Ухаа спорт цогцолборт л ажилласан байх. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг л энэ байх.

Нэг тамирчин өдрийн 130 швейцарь франкаар байрласан гээд бодоход 650 тамирчин, баг бүрэлдэхүүн гээд нийтдээ дор хаяж 800 гаруй хүнд үржүүлэхэд их тоо гарах нь ээ. Ихэнх нь арваад хоносон гээд бодохоор холбоо тэрбум хол давсан ашиг олжээ?

-Ямар хэдэн төгрөг оллоо гэж бидэнд хэлэх биш. Гэхдээ нэг хүний 150-180 швейцарь франк гээд тогтсон жишиг байдаг.

Ер нь холбоо аливаа орлого, зарлагаа тамирчдадаа, дасгалжуулагчдадаа тайлагнадаг уу. Одоо энэ тэмцээний орлогоос ч гэсэн тэмцээний бэлтгэл, сургуулилтад ингэж зарцуулна гээд хэзээ тайлагнах бол?

-Тэгж тайлангаа тавьж байхыг ёстой үзээгүй.Тайлагнасан нь гэвэл та нарын медалийг би тэдэн төгрөгөөр худалдаж авч өгсөн шүү гэж манай холбооны ерөнхийлөгч гэх Д.Дагвадорж хэлдэг ш дээ. Та нар чадлаараа авчихаагүй, би дэлхийн чөлөөт бөхийн холбоотой ярьж, худалдаж авч өглөө гэдэг. Хэрвээ үнэхээр худалдаж авч болдог юм бол энэ удаа эх орондоо зохиогдож байгаа тэмцээнээс олимпийн эрх худалдаад аваад өгөхөд харин ч хялбар байсан юм биш үү.

Би Д.Дагвадоржийн ах Д.Сумьяабазартай найз. Гэхдээ өнөөдөр би Д.Дагвадорж, Д.Сумьяабазар гэсэн хувь хүмүүстэй шөргөөцөлдөх гээгүй. Хамгийн гол нь чөлөөт бөхийн холбооны голдрил нь буруу байгаатай л тэмцээд байгаа юм. Яагаад гэвэл чөлөөт бөх гэдэг спортоор амьдралаа олсон. Надад амьдрал хайрласан энэ спортын хөгжлийг гоё байлгаасай л гэж хүсч байна. Тэрнээс би албан тушаалын төлөө ч яваад байгаа юм биш. Надад дасгалжуулагчаа хийгээд өөрийн сурсан, мэдсэн зүйлээ хойч үеийнхэндээ үлдээгээд явж байх шиг сайхан юм байхгүй. Хүн болгон л Д.Дагвадоржтой холбоотой олон зүйлийг ярьж байна. Бараг аль хэдийнэ торны цаана орохоор л юмнууд ярьж байна. Мөнгө идсэн, уусан гээд.

Яг барьж аваад зодож, зандрах дээрээ тулж байсан юм уу. Эсвэл дотооддоо л хэл амаараа худлаа үнэн үзэлцээд байдаг хэрэг үү?

-Нэг их тамирчдыг айлгаж, дарамтлаад байсан нь бага байх. Надад тохиолдоогүй учраас би мэдэхгүй байна. Гэхдээ Хүдэрбулгыг Азийн аваргад барилдаж байхад Д.Дагвадорж “Алт авахгүй бол чамайг ална шүү. Хохь чинь шүү” гэж хэлсэн. Би тэгж хэлэхийг нь сонсоод “Ингэж болдоггүй юм ш дээ, миний дүү” гэж хэлж байсан. Тамирчин хүн давж ч болно, унаж ч болно. Сэтгэлзүйн хувьд хүнд дарамт. Хэрвээ алт авахгүй бол алуулна, яана аа гэсэн айдастай хүнийг дэвжээн дээр гаргаж болохгүй. Харин аз болоход Хүдэрбулга алт авчихсан л юм даа.

Дасгалжуулагчид эсэргүүцлээ илэрхийлж Д.Дагвадорж аваргатай тулж уулзаж байсан удаа бий юу. Ер нь санал бодлыг чинь яаж хүлээж авдаг вэ?

-Холбооны удирдлагууд гэсэн хүмүүст хандахаар санал бодлоо албан бичгээр өг гэдэг. Албан бичиг бичээд өглөө. Биднийг гарангуут л хогийн саванд хийчихнэ. Д.Дагвадоржтой биеэчлэн уулзъя гэхээр ямар ч боломж олддоггүй. Ийм байна, ингэмээр байна гээд өрөөнд нь орохоор тэгсхийгээд л өнгөрнө. Тогтож ярилцдаг ч үгүй. “Оски юу байна” гээд л мөрөн дээр нэг цохиод мэндлээд өнгөрнө. Уг нь насаар бодоход би хоёр ахынх нь үеийн хүн шүү дээ. Зааланд бэлтгэл хийж байхад нэг ч ирж хараагүй байж гадагшаа тэмцээнд явах болохоор энэ тамирчинг хас, энийг яах гэж авч явж байгаа юм бэ гэх зэргээр ханддаг. Ядаж бэлтгэл дээр ирээд хэн ямар форумтай байгааг хардаг бол хамаа алга, бид хүлээн зөвшөөрнө. Тийм атал тамирчнаа арван хуруу шигээ мэддэг дасгалжуулагч бидэнд олон улсын тэмцээнд хэнийг авч явахаа мэдэх эрх байдаггүй. Ард түмний татварын мөнгөөр биднийг явуулж байгаа хэрнээ зардал өндөр байна, аль болох хас гэж тулгадаг. Хэрвээ авч явсан тамирчин амжилт гаргаагүй бол бурууг багш нар руу чихнэ, амжилт гаргавал холбооны гавьяа болоод дуусдаг.

Одоогийн байдлаар чөлөөт бөхийн төрөлд олимпийн есөн эрх авчихсан байгаа. Тэгэхээр энэ шийдвэрийг холбоо гаргачихвал та нарын санал хамааралгүй болох нь ээ?

-Хэн олимпод оролцохыг зөвхөн дасгалжуулагч багш нар л шийднэ. Хэрвээ холбоо санал зөрчилдөх юм бол бид үнэхээр хүлээцтэй байж, дуугүй өнгөрч чадахгүй.

Categories
мэдээ цаг-үе

Жүжигчин Г.Ундармаагийн “Итгэлийн танхим” дөрөв дэх эмнэлгээ тохижуулан засч өглөө

Жүжигчин Г.Ундармаа “GTL construction” компанийн захирал Ч.Гантулгын хамт

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хошин урлагийн жүжигчин Гончигийн Ундармааг цоглог ялдам төрх, хурц дайчин жүжиглэлтээр нь монголчууд андахгүй. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн тэрээр Алтай хотод дунд сургуулиа дүүргэсэн нэгэн. Түүний эцэг Гончиг Баянхонгор аймгийн уугуул. Ээж Туяа нь Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын бүжигчин байсан болохоор Ундармаа урлагт дуртай, оролдлоготой болж өсчээ. Г.Ундармаа 1992 онд СУИС-ийг төгсөөд Эрдэнэт хотын театрт хүүхэлдэйн, инээдмийн, драмын жүжигт гурван жил авьяасаа сорин тоглосон байдаг. Хошин урлагт хөл тавьж “Шинэ үе” продакшны жүжигчин болсноор түүний олноо танигдах алдрын замнал эхэлсэн юм. Ундармаа хайрт аавыгаа бие тааруу Улсын клиникийн I эмнэлэгт эмчлүүлж байхад хүлээлгийн хонгилд хэд хоногийг өнгөрөөсөн нь түүнийг энэрэнгүй үйлсийн эгнээнд элсэхэд хөшүүрэг болсон гэдэг. Чингээд цахим ертөнцөд эмнэлгийн хүлээлгийн хонгилыг тохижуулах хүсэлтээ илэрхийлж, түүний шүтэн бишрэгчид нь дэмжсэнээр сайн үйлсийн төлөөх “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагыг байгуулсан түүхтэй.

Нэрт жүжигчний санаачилгаар 2013 оноос өнөөг хүртэл олон үйл ажиллагаа зохион байгуулжээ. Хамгийн эхэнд тэрээр 26 сая төгрөгөөр Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засаж тохижуулан, улмаар иж бүрэн камержуулсан Аавуудын өрөөг бий болгож буян үйлдсэн байдаг. Гэрэл гэгээтэй санаачилгадаа урамшсан бүсгүй УНТЭ-ийн Яаралтай түргэн тусламжийн иргэдийн хүлээх танхим, өвчтөний үзлэгийн өрөө, ариун цэврийн хоёр өрөө гэхчилэн нийт 220 метр квадрат талбайг 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засаж тохижуулжээ. Түүний гурав дахь томоохон ажил бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимын 220 метр квадрат талбай буюу хүлээн авах хэсэг, хүүхдийн тоглоомын өрөө зэргийг 89.2 сая төгрөгөөр тохижуулсан явдал юм. Тэрчлэн “Авьяас” хүүхдийн ордны гал тогооны өрөөг ч засаж өгчээ. Гончигийн Ундармаа яадгаа алдсан баян хатагтай биш. Тэр жүжигчний нөр их ажлынхаа хажуугаар “Анун” тавилгын компанид худалдагчаас орлогч захирал болтлоо чармайн ажилласан зүтгэл бий.

Тэрээр Өмнөд Солонгост аавыгаа эмчилгээнд авч явахдаа “Монголынхоо эмнэлгүүдийг яаж хөгжүүлж тохижуулах вэ” гэж тархиа гашилгаж явснаа хуучилж байна. Сайн санааны үзүүрт тос гэгчээр Ундармаагийн эхлүүлсэн санаачилгыг ажил хэрэг болгодог олон үнэнч дэмжигч түүнд байдаг нь энэ орчлонгийн хамгийн том баялаг гэж тэр өнөө бахархаж сууна. Өчигдөр л гэхэд цоглог, цовоо жүжигчин маань Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуун дахь салбар амбулаторийн хүүхдийн эмчийн өрөө, вакцин тарих сувилагчийн өрөө, вакцин хадгалах, хувцасны өрөө бүхий 72 метр квадрат хүүхдийн кабинет, 64 метр квадрат хүлээлгийн танхимыг гуч гаруй аж ахуйн нэгж, хувь хүний хандивласан 35 сая төгрөгөөр засварлан тохижуулж хүлээлгэн өглөө. Улс орны эдийн засаг хямралтай, эрүүл мэндийн салбар сайд ч үгүй байгаа үед Ундармаагийн энэ үйлс үнэхээр нүдээ олсон бурханлиг гэгээн үйл юм. Түүнд олон түмнийхээ өмнөөс баяр хүргэхээс өөр аргагүй.

Баянхошууны салбар эмнэлгийн эрхлэгч Гэрэлт-Од “Манай Сонгинохайрхан дүүрэг гурван зуу гаруй мянган хүнтэйгээс манай эмнэлгээр 99 мянган иргэн, 25 мянган хүүхэд үйлчлүүлдэг. Ундармаа маань үнэхээр том хөрөнгө оруулалт хийж буян үйлдлээ” гэж байсан. Гавьяат жүжигчин дуучин Алтанцэцэг найзынхаа санаачилгыг дэмжиж хагас сая төгрөг хандивласан, цаашид найз хорь гаруй бүсгүйчүүдтэйгээ “Итгэлийн танхим”-ын үйл ажиллагаанд оролцоно гэдгээ мэдэгдэж “Олж харахыг хүсвэл сайхан цэцэгс хаа сайгүй ургадаг. Ундармаа маань олон сайхан цэцэг ургуулсан буянт цэцэрлэгч юм байна” гэж урмын үг хайрласан. Ундармаагийн хувьд гэр бүлийнхээ орлогын хорин хувийг төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулдгаа хэлж байна. Баянхошууны эмнэлгийг тохижуулах болсон шалтгаан нь хүүхдийн эмч Батжаргал жүжигчинд өрөөгөө тохижуулж өгөх хүсэлтийг цахимаар тавьснаас үүдэлтэй гэнэ.

Бэлэн мөнгөний хандиваас гадна сайн санаат хүмүүсийн бэлэглэсэн барилгын материал эмнэлгийн өнгө зүс, тохь тухыг өөд нь татдаг гэдгийг Ундармаа баримт түшин тайлагнасан. Тухайлбал, Ундармаагийн удирддаг “Ю Фильм УБН” найман сая төгрөг, твиттерчид 1.5 сая, соёлын тэргүүний ажилтан Р.Амарбаясгалан 230 мянган төгрөг гэх мэтээр арваад сая төгрөг бэлнээр цугласан бол АНУ-ын Чикаго хотноо аж төрдөг М.Энхцэцэг 54 инчийн хоёр ч зурагт илгээсэн байх жишээтэй. Тохижуулсан эмнэлгийг хүлээлгэж өгөх үеэр Энхцэцэгийн аав Мухаршар, ээж Сэрчмаа нар хүрэлцэн ирж жүжигчний гардуулсан талархлын өргөмжлөлийг гардан авсан.

Ажил үйлчилгээ, бараа материалаар 17 аж ахуйн нэгж байгууллага тусалж дэмжсэнээс Чоймболын Гантулга захиралтай “GTL construction” компани хоёр, гурван ч эмнэлгийг тохижуулах төсөлд нь хамтран оролцож, хүн хүчээ ажиллуулан, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэнд жүжигчин Ундармаа гүнээ талархаж явдаг аж. Олондоо тустай үйлийг бүтээж яваа нэрт жүжигчин маань Яармагийн эмнэлгийн хүүхдийн тасгийг тохижуулах ажилдаа удахгүй орно гэж итгэл дүүрэн өгүүлж байна. Сайн үйлс нь санасанчлан бүтэх болтугай гэж “Итгэлийн танхим”-ын тэргүүн Г.Ундармаадаа хүсэн ерөөе дөө.

Categories
мэдээ цаг-үе

Шаргачин

Хаврын хурц нар нэлээд дээр мандаад ойр орчмыг хөхөмдөг манан бүрхэж өргөн талд байгаа юмс цөм зэрэглэн жирвэлзэж байлаа. Цайдам хөндийн зүүн зах нь болсон хэсэг дэрс рүү эхээс гараад хэдхэн хоносон цайвар цагаан янзага дагуулсан шаргачин орж ирлээ. Янзага нь тонгочин тоглож орчин тойронд өөрөөс нь өөр юмгүй мэт бүхнийг мартан явахад нь эх нь тал бүр сэрвэлзэн өчүүхэн чимээг ч сэрэмжлэн чагнаж нүдэнд нь торсон бүхнийг «Юу вэ. Яах гэж байна» гэсэн бололтой нарийвчлан ажиглаж явлаа. Уураг нь дуусаагүй өег сүүндээ гэдэс нь цадсанаас ч юм уу нялх бие нь тоглоомдоо ядарснаас ч юм уу? Аль зуу, зуун жилээр үргэлжилсэн хатуу амьдралын сургаал ч юм уу? Бүү мэд. Юу ч гэсэн дэрсэнд орсны дараа удалгүй янзага нь нуугдан унтав.

Ер нь шаргачин өдрийн цагт нялх янзагаа бут буюу дэрсэнд хяруулж нуугаад өөрөө шинэхэн ургасан ногоо чимхлэн иддэг. Энэ үед ямар нэгэн аюул ирвэл хурдан хөлийн хүчээр дагуулан зугтаж төөрүүлээд эргэж ирэхэд, унтаж хоцорсон үрдээ аюулыг зайлуулсан баярт уулзалтаар цэцэглэсэн амьдралаар амтлагдсан сүүгээ өгдөг. Янзагаа нуусны дараа шаргачин зүг бүр гоо чихээ соотгонуулан дээр дээр үсрэн тоглодог. Энэ үед нь түүнийг бүжигчин хүн харвал уран хөдөлгөөний хуримтлал болсон гоёмсог хөдлөлийг тусган авах нь дамжиггүй билээ. Нөгөө шаргачин цовхрон харайлан дэгдэж хэсэг тоглоод хурц үнэр нь хамар руу цоргисон соёолж байгаа нялх тааныг амтархан идэв. Гэтэл шаргачны хажуугаар гарсан замаар жолоочоос гадна гурван зугаалагч суусан машин тоос манаруулан давхиж ирлээ. Хурдлан яваа машин дотор архины эхүүн үнэр, тамхины гашуун утаатай холилдон ханхалж, жолоочийн ар талд суусан хүнээс бусад нь нэлээд согтсон тул нүд нь чиглэсэн юмгүй гөлөлзөн эргэлзэж толгой нь моторын жигд ажиллагаатай цохилт нийлүүлэх гэсэн юм шиг хаялан ганхаж явлаа. Хэрэв жолоочийн хажууд суугч тамхиа ноцоох хэрэг гараагүй бол шаргачин эх үр хоёр гашуун зовлонд учралгүй өнгөрч болох байсан билээ. Гэтэл тамхиа ноцоолгох гэж жолооч руу эгцлэн харсан нүдний нь үзүүрт талд идэж байгаа ганц шаргачин харагдав.

-Зээр гэж хашгирахад яг хойно нь суугч ухасхийн

-Хаана? гэж хариу хашгираад нойрмог нүдээр тал бүхэн рүүгээ харлаа.

-Янзагатай шаргачин бололтой. Тэгээд өдийд цаазалсан шүү дээ гэж жолоочийн ард суугч хэлэв.

-Зугаалж яваа бидэнд ямар хамаатай юм бэ. Буудаж л байвал барав. За бэлтгээрэй гэж жолооч нь хэлээд машинаа эргүүлж чимээнээс цочин сэрэмжилсэн шаргачны зүг хурдлан давхилаа.

-Хууль биелүүлэхийн тулд гарсан хуулийг харин биелүүлэхгүй бол хариуцлага байдаг шүү дээ гэж жолоочийн ард суугч хэлсэнд

-За энэ чинь хууль хамгаалагч гарав бололтой гэж жолоочийн хажууд суугч хэлээд их хөгжилтэй инээснээ.

-За хөөгөөд гэж хэлэв. Уул талд нь янзага нь унтаж байгаа тул ирж байгаа аюулыг холдуулан зайлуулах гэж шаргачин өргөн цагаан тал руу дэгдэн үсэрч гоо чихээ босгон солбиж цойлон давхив.

Цонхоор нь буунууд шоролзон гарсан машин, зээрийн хойноос байдаг хурдаар довтлон ирлээ. Хурдан хөлдөө гүн итгэсэн шаргачин дүүлж дөрвөн хөл нь газар хүрч байгаа эсэх нь үл мэдэгдэн хурдлав. Гэвч энэ удаа түүний хойноос эцэстээ эцдэг булчин шөрмөстэй амьтан хөөж байгаа биш эцэх цуцахыг үл мэдэх хурдан хөлөг унаж будаан сумаар зэвсэглээд гүйцэгдэхгүй зовоон зугтаж байгаа зээрийг юу болсон ч алах ангийн шунал оргилсон дайсан мөрдөж яваа тул хэдий хүч тавин хурдлавч холдож хоцрохгүй харин улам ойртов.

Буу зогсолтгүй шахам нижигнэж машины дохио чимээ үргэлжлэн дуугарч шаргачны үсрэн цойлох нь ховордон цэлмэг нүд нь бүлтгэнэн манантаж босоо чих нь алгуураар хойшоо бууж байлаа. Машин дотроос «Хар барам чинь оногдохгүй нь. Ёо ёо ямар их донсолдог юм бэ. Толгой хагалчих нь, аль вэ сум аваад аль. Өмнө нь барьж байгаад мулталж орхи. Аа мондиос болж гараа шалбалж орхилоо. Чамайг уу даа» гэх зэрэг дуу сонсогдож байлаа.

Гагцхүү жолоочийн ард хөдлөлгүй суугаад хөмхийгөө зуун салхинд бага зэрэг гандсан нүүрээ барайлган, барьж ядсан заналхийлэл нүдэнд нь туяарсан нэг хүн дуугаралгүй «Толгойгоо цохих, гараа шалбалах чинь юу ч биш. Харин гэмгүй амьтны амьдралаар хууль зөрчиж тоглон эрхлэх чинь л дэндэж байна» гэж сэтгэлдээ дахин дахин шивгэнэн явжээ. Yнэндээ хөөгчдөд энэ явдал богино хугацааны хөгжилтэй тохиол байсан бол шаргачинд хоёр амийн төлөө хийж байгаа ширүүн тэмцэл байжээ. Шаргачин уул руу зугтсан бол өдийд мөрдөгчөөсөө салж, хөшсөн булчингаа амруулаад хярсан үр рүүгээ гэлдрэн явж болохсон билээ. Гэтэл шаргачин хөөх тусам зах хязгаар нь үл мэдэгдэх өргөн талын гүн рүү тэмүүлж байв. Хичнээн километр хөөснийг хэн ч хэмжсэнгүй. Хэд дахин буудсаныг хэн ч тоолсонгүй. Эцэстээ шаргачин хоёр чихээ шилэндээ нааж амаа ангайн богинохон сүүлээ хавчин давлан урсах жигд хөдөлгөөнөө алдаж, өндөгнөн цогих буюу заримдаа бүр шогшдог болов. Будаан сум цайран эхэлж байгаа бөгсийг нь сийчин оноод ухаа ягаан цус хонгыг нь дагаж урсан эхлэв. Гэвч шаргачин сүүлчийнхээ хүчийг дайчлан харайсаар байв. Амьдралдаа хэд хэдэн янзагыг бойжуулан торниулж түмэн бэрхшээл, мянган саадыг давж гарсан энэ шаргачин хөөсөн дайсныг хурдан хөлийнхөө хүчээр зайлуулаад унтсан үрдээ эргэн очиж байсан удаа олонтоо нь эргэлзээгүй. Учир нь зээр ямар ч амьтанд өчүүхэн ч хор хүргэдэггүй боловч, түүний дайсан мундах биш дээ.

-Сум байна уу? гэж хашгирах дуу машин дотроос хэд дахин сонсогдсоноо хэсэг чимээгүй болоод цонхоор арзайн гарсан буунуудаа татаж аваад хөл рүүгээ хаялцгаав.

-За одоо яадаг билээ гэж нөгөө жолоочийн дэргэд суугч хоосон буугаа хажуу тийшээ хаях зуур хэлэв.

-Муу золигийг дайруулж орхиё гэж жолооч хэлээд хурдаа нэмлээ.

Амьд гарч янзагадаа эргэн очоод язарч чинэрсэн дэлэнгээ хөхүүлж учралаар гэрэлтсэн хайраар янзагынхаа годгонон тоглож байгаа жижигхэн сүүлийг үнэрлэх хүсэл их боловч хөшиж зангирсан хөл нь урагшаа хөдлөхгүй болоод бүх бие нь салганан амьсгал нь цээжиндээ багтахгүй оволзон саяхан үзэсгэлэн болон сэрвэлзэж байсан хоёр чих нь дараа болон дэлдэгнээд эцсийн эцэст өөрийн эрхгүй сөгдөн шургачиж хэвтлээ. Машин зогсож хэдэн цаг зугтаж зовоосон зөрүүд муу шаргачин амьдаараа гарч орох болсонд баярласан хоёр инээлдэн гарч ирлээ. Хэрэв сувай шаргачин буюу ооно байсан бол хөшиж нугараад мод болсон хөлөө хүчлэн тэнийлгэж босоод зугтаж чадахгүй байсан биз ээ. Гэвч энэ шаргачин тийм биш болохоор ухасхийн босоод манаран хөхөрч байгаа нүдээ бүлтэгнүүлэн шогшив. Тэд явгалан хөөсөн боловч барьж чадсангүй. Гүйцэгдэхгүй байгаад нь уурлан бухимдаж том том чулуугаар шидсэн боловч оносонгүй. Тэгээд тэд хараал тавин буцаж машиндаа суугаад дахин хөөв. Шаргачин дахин шурган сөгдөн хэвтэв. Машин түүний дээгүүр өнгөрөхдөө өрөөсөн дугуйгаараа дайрлаа. Машин эргэж зогсоход түүнээс анчид гүйцэгддэггүй шаргачинг босох чадалгүй болгосондоо баярлан инээлдэж хөгжил болон гарч ирлээ. Тэрийн хэвтсэн бөгөөд бүх бие нь үхлийн өмнөх чичрэлтээр татганаж байгаа шаргачин эцсийн хүчээ дайчлан янзагаа нуусан зүг рүү амьдралын оч орхин хаяж байгаа нүдээр харлаа.

-Гүйцэгдэхгүй, оногдохгүй байх чинь яав гэж нэг нь хэлээд нөгөө нэг нь шаргачны дэргэд ташаагаа тулж ханхалзан зогсоход шаргачин дахин өндийж янзага нь амгалан сайхан унтаж байгаа зүг рүү дахин харах гэтэл хүнд төмөр манивил толгой руу нь тас хийтэл бууж, эцсийн амьсгал нь тасрав. Жолооч нүд рүү нь манивилын үзүүрээр хатгаж үзсэнээ,

-Талийгаач болжээ гээд өврөөсөө хиам гаргаж зулгаан идлээ.

Шаргачны чинэрсэн дэлэнгийн хоёр хөх нь зугтахын өмнө сэрвэлзэн соотгонож байсан хоёр чих шиг нь босож сэрийгээд түүнээс шахагдан гарч байгаа цагаан шаргал сүү нь элсэрхэг хөрсөнд шингэн орж борлуулан байлаа. Жолоочийн дэргэд суугч хөдлөлгүй хэвтэж байгаа шаргачинг өшиглөн хөрвүүлснээ,

-За явъя. Туранхай хөхүүл шаргачнаар юу хийх юм. Тарган сан бол оноо засааг нь чанаж, өөх үмхэх юмсан. Чамд юм үлдсэн үү гэхэд нь нөгөө нь

-Хагас шил юм үлдсэн гээд ягаан цус шүүрч байгаа шаргачин рүү ажиглан харснаа мөн догь буудаж шүү гээд бардам гэгч нь инээмсэглэв.

Тэгээд тэд машиндаа сууж явахдаа жолоочийн хажууд суугч

-Ярих сонинтой боллоо гэж хэлэхэд,

Хууль зөрчсөн та нартай ярих юм над бүр ч их бий гэж жолоочийн ар талд суугч боджээ.

Машин тоос татуулан хурдалж далд орлоо. Дээр мандсан нарны гэрэл шаргачны дээрээс жигнэн ямар ч анир чимээгүй өргөн тал мэлтийн тэнгэрийн хаяанаас том гэгчийн хар тас алгуур дэвсээр улам тодрон гарч ирлээ.

Төрийн шагналт зохиолч Чадраабалын Лодойдамба

Categories
мэдээ цаг-үе

Гахайн ургийн нойр булчирхайн эсийг хүнд шилжүүлэн суулгана

2016 оныг шинжлэх ухаан тэр дундаа анагаахын шинжлэх ухаанд ахиц дэвшил гарсан жил болно гэдгийг гадна, дотнын эрдэмтэн судлаачид хэлж байгаа билээ. Үүний нэг илрэл нь гахайн нойр булчирхайг анх удаа хүнд шилжүүлэн суулгасан явдал юм.

Чихрийн шижин өвчин өнөөдөр хамгийн түгээмэл өвчний нэг болоод буй. Эл өвчнийг 1990-ээд оны эхэн үеэс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааралдаа авч, олон улсын эрдэмтэд эмчилгээний олон төрлийн аргыг боловсруулж, ашиглаж эхэлжээ. Гэвч чихрийн шижинг бүрэн эдгэрдэггүй өвчин гэдгийг эмч нар хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл гахайн нойр булчирхайг хүнд шилжүүлэн суулгаснаар энэ өвчнийг анагаах боломжтой болох юм.

Инсулины эх үүсвэр гэгддэг хүний нойр булчирхай нь гахайныхтай хамгийн адил төстэй байдаг аж. Ийм ч учраас гахайн нойр булчирхайг хүн дээр ашиглах олон клиникийн туршилт ажлыг өмнө нь олон улсын эрдэмтэд явуулж байсан ч ихэнх нь амжилтгүй болж байсан.

Тэгвэл АНУ-ын эрдэмтэд гахайн ургийн нойр булчирхайн эсийг авч хүнд шилжүүлэн суулгах бүрэн боломжтойг баталжээ. Өмнө нь энэ төрлийн туршилтыг хулгана дээр явуулсан нь амжилттай үр дүнд хүрсэн байна.

Залуу гахайг сонгон авч зориудаар хээлтүүлсэн цагаас эхлэн эмнэлгийн цэвэр ариун орчинд, нарийн дэгтэй хяналтад ургийг бойжуулсан байна. Ингэхдээ тухайн ургийн нойр булчирхайн цаашдын хэвийн үйл ажиллагаа, амьдрах чадвар, дархлаа зэргийг маш нарийн хянаж байжээ. Туршилтад 42 хоногтой хээлтэй гахайн ургийн нойр булчирхайн эсийг ашигласан байна. Ургийн нойр булчирхайн цул эсийг чихрийн шижинтэй хулгана дээр шилжүүлэн суулгаж удаан хугацаанд ажиглахад, нааштай үр дүн үзүүлсэн аж.

Categories
мэдээ цаг-үе

Хүнд амьдрал бэлэглэдэг ачтай эмч нарын нэг анги

Ангийнхаа охидтой ярьж суух нь битгий хэл өөдөөс нь харж чадахгүй зугтаачихдаг бүрэг ичимхий зантай хөвгүүдтэй, задлан шинжилгээ хийж байгааг харж чадахгүй ухаан алдаад ойчдог охидтой, цүнхэндээ хүний яс дүүртэл хийчихээд гэрийн зүг баяр баясал, инээд хөөр дүүрэн алхдаг байжээ, оюутан байхдаа тэд. Гэвч цаг хугацаа хэдийнэ өнгөрч, нэг анги хамт олон болоод 30, эмч болж ажлынхаа гарааг эхлээд 24 жил болсон байна. АУДС-ийг 1992 онд төгсөж байсан Байгальмаа багштай нэг ангийнхныг энэ удаагийн “Нэг анги” буландаа урьсан юм.

“СҮХБААТАРЫНМОРИНЦЭРЭГ”-ИЙГДУУЛААД ТҮРҮҮЛЭВ

1986 он. Хотын гудамжинд шаргал навчис хийссэн хул шаргал намрын өглөө нийслэл, хот хөдөөгийн нийлсэн 30 хүүхэд нэг анги болжээ. Дорноговь аймгаас А.Цэнджав, Н.Чинбаатар нар ирцгээсэн байна. Бахиалын түрий эргүүлсэн мянган цэрэгтэй Зүүнбаянд гурван жил алба хаагаад оюутан болж ирж байгаа хоёроос эхлээд бага эмчээр олон жил ажилласан Д.Чулуунбаатар, аравдугаар ангиа төгсөөд орсон 20 гаруй хүүхэд нэг анги болсон байна. Анги дааж авсан багш нь н.Солонго гэх залуухан эмэгтэй байх. АУДС-ийн түүхэнд өмнө нь болж байгаагүй түүхэн үйл явдал болжээ. Тэр нь энэ ангид арван эрэгтэй хүүхэд орсон явдал байжээ. Анагаахын дээд сургуулийн түүхэнд арван залуу нэг ангид орж байсан тохиолдол байхгүй гэнэ. Тухайн үед АУДС-д орох гэж байгаа хүүхдүүд шалгалт өгч тэнцвэл нэг жил аль нэг эмнэлэгт асрагчаар ажиллуулдаг байсан аж.

Эрүүл мэндийн салбар ийм хүнд хэцүү шүү гэдгийг оюутнуудад тухайн үед төр засгийн бодлогоор ойлгуулдаг байжээ. Эмнэлгийн шал угаахаас эхлээд өвчтөн асрах гээд хамгийн хүнд ажлыг нэг жил хийлгэдэг байсан аж.

Ингээд үнэхээр эмч болох хүсэл сонирхолтой нь үлдэж, дээд сургуульд ордог байжээ. Зүүнбаянгийн цэргийн ангид гурван жил алба хаасан А.Цэнджав бүрэг ичимхий нэгэн гэнэ. Өмнө нь үеийнхээ эмэгтэй хүнтэй огт харилцаж байгаагүй юм шиг л ааш авир гаргадаг байжээ. Ангийнхаа охидыг харахаараа шууд ичээд нүүр нь улайчихдаг. Охид нь “Чамайг хэн гэдэг вэ” гээд асуухаар ичээд зугтаачихдаг байсан гэнэ. Тэр хоёр жил ангийнхаа охидтай харилцаж чадахгүй, ичиж явсан гэсэн. Тэгсэн мөртлөө багш нартаа болон ангийнхандаа “томорно”. Биеийн тамирын ямар төрлөөр хичээллэж байна вэ гээд асуухаар “Би жүдо бөхөөр барилддаг” гэж худлаа ярьсан ч удаа байдаг гэнэ. Ингээд ангийнхандаа “Жүдо шар” гэх хочтой болжээ. Нэгдүгээр курст ороод удаагүй байхад нь урлагийн үзлэг болсон байна. Ангийн хөвгүүд нийлж байгаад цэргийн хувцас өмсөж жигдрээд “Сүхбаатарын морин цэрэг” гэх дууг дуулж тайзан дээр марш алхсан байна. Тэр өдөр тэд “од” болцгоожээ. Сургуулийн захирал Жамбаа босч ирэн баяр хүргээд “Манай сургуульд ойрын хэдэн жилд болж байгаагүй сайхан үзүүлбэр үзүүлж чадлаа” гээд шууд тэргүүн байрын шагнал өгч байжээ. Тэд урлагийн үзлэгт түрүүлж, баярын бичиг, 20 төгрөгөөр шагнуулсан байна. Тэдний нэг анги хамт олон болж байсан түүх ийм ажээ.

ӨТСӨН ЯМААНЫ МАХ БУЮУ 12 АЙЛЫН ЧУЛУУН ОРОН СУУЦ

Дорнод аймгийн Хэрлэн суманд очиж ангиараа чулуугаар орон сууц барихаар явсан гэнэ. “ЗИЛ 53” машины тэвшин дээр ачигдан дорнын их талыг зорьжээ. Оюутнууд хотоос ирсэн сургаар сумынхан ч хөл хөөр болон угтаж авчээ. “Чулууг чинь хэдхэн хоног өрөөд ажлаа дуусгана” гээд онгирч байсан нөхөд хулхи нь буусан гэнэ. Чулуугаар орон сууц барина гэдэг амар ажил биш байв. Өглөө 04:00 цагт ажил нь эхэлж, 10:00 цагийн үед их нар шарсан үед амардаг байна. Ингээд 16:00-22:00 цаг хүртэл чулуугаа өрж, цемент зуурдаг байжээ. Сумаас оюутнуудын хоол хүнсийг бэлдэж өгсөн байна. Ямааны гулууз мах өгч. Зуны халуунд мах нь өмхийрч, өт батганадаа баригдана гэдгийг хэн нь ч мэдэхгүй байсан аж. Гэтэл зооринд борцлоод тавьсан махнаас нь том том өт унаж, өмхийрсэн байжээ. Хөвгүүд нь өлсөж, тогооч охидоо “Махаа харж байхгүй яасан юм бэ. Өлсөөд байна” гэж уурлахад охид нь “Та нар л энд мах тавьсан биз дээ” гээд л багахан маргаан болсон байна. Ямааны мах нь өтөж, хоорондоо муудалцаж байсан талаараа тэд одоо ч дурсах дуртай гэсэн. Гуравдугаар курст орсон жилдээ намрын ургац хураахаар Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуй, Зүүнхараагийн төмсний талбай, Архангай аймгийн Хотонт сумын хадлан руу явсан байна. Тэд ингэж л сайн муугаа мэдэлцэж насан туршийн найз нөхөд болжээ.

ЗАДЛАН ХИЙЖ БАЙГААГ ХАРААД УХААН АЛДАЖ, ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НҮЦГЭН ЭМЭГТЭЙГ ХАРЖ САНДАРЧ БАЙСАН ОН ЖИЛҮҮД

Анагаахын сургуулийн оюутан байна гэдэг өндөр хариуцлага нэхнэ. Мөн хүний бүх эд эрхтэнг нарийвчлан судлах ёстой. Нас барсан хүн дээр задлан шинжилгээ хийж, эд эрхтэн нь хаана байрлаж байгаа, ямар хэлбэртэй байдаг зэргийг нарийвчилж үзэх ёстой. Ингэхийн тулд нас барсан хүний цогцсонд задлан хийж үзнэ. Анхны задлангийн хичээл дээр олон хүүхдийн дотор муухайрч, огиж байсан аж. Бүр хоёр ч охин газар дээрээ ухаан алдаж унаад сандаргаж байсан гэнэ. Цэрэнбалжир эхлээд хүний эд эрхтэн харж байснаа ухаан алдаад унасан аж. Түүний ард зогсож байсан Чинбаатар ухаан алдаж унахын наагуур юм болсон тухай тэд өнөө ч дурсан инээлддэг гэнэ. Мөн анатомийн хичээл орно. Хүний үе мөч, яс зэргийг нэгд нэггүй цээжилж тогтоох ёстой. Ингэхийн тулд хүний яс харж байгаад номтой харьцуулан судалдаг байна. Тэдний ангийнханд хамгийн эрэлттэй зүйл нь гавлын яс байсан гэнэ. Сургуулийнхаа лаборант ахыг “найрч” “Маргааш өглөө 08:00 цаг гозойход авсан бүх ясаа эргүүлж өгнө” гэж амлаж, цүнх дүүрэн хүний яс хийж аваад л гэрийн зүг алхдаг байжээ. Гэрийнхэндээ үхсэн хүний яс олж ирлээ гэж загнуулан, яс, ном хоёроо тэврээд нам унтчихсан шөнө олон гэнэ. Тэднийг оюутан байх үед анатом, гистологийн шалгалт гэж айхтар том даваа байсан гэнэ. Улсын шалгалт болохоор “Анатомийн шалгалтаа өгч байж авгай ав, гистологио төгсөж байж гэрлэ” гэсэн яриа анагаахын сургуулийн оюутнууд дунд гарчээ. Ангиараа хичээлээ давтаж, хичээлээ хийхгүй байгаа нэгнийгээ бүгд нийлж байгаад “Чи хичээлээ хийхгүй юм бол яах гэж анагаахад орсон юм бэ” гэж загнаж, хүний яс бариулаад суулгачихдаг “хэнээт” нь дэндсэн хүүхдүүдтэй нэг анги байсан хэмээн бүгд дурсан ярьж байна лээ.

Дөрөвдүгээр курст орсон жилээсээ эхлэн өөр, өөрийн сонирхож байгаа дугуйланд явдаг болсон байна. Мэс засал, зүрх судас, мэдрэл, эмэгтэйчүүд гээд хүүхэд бүр өөрсдийнхөө цаашид эзэмших нарийн мэргэжлийг дугуйлангаас олж мэдэх болсон байна. Сурлагаараа тэргүүлсэн н.Баатар гэх ангийнх нь хүүхэд хойд Солонгос руу ардын эмчилгээний ангид сурахаар явж байжээ.

Эх барихын дадлага хичээл орж, Б.Жав эмч Нэгдүгээр төрөх эмнэлэг дээр дадлага хийлгэжээ. Тэгсэн төрөхийн орон дээр хэвтэж байсан эмэгтэй өвдөлтөө тэсч чадахгүй нүв нүцгэн босч ирээд шалан дээр мөлхөж гарсан байна. Анх удаа эмэгтэй хүнийг нүцгэнээр нь харж байгаа хөвгүүд ичиж гүйлдээд хэцүүдсэн гэнэ. Монголын анагаах ухааны бурхад хэмээн нэрлэгдэх болсон мэс заслын Б.Гоош, дотрын Б.Рагчаа, мэс заслын В.Ичинхорлоо, Ч.Долгор, нүдний Р.Нямаа гээд сор эмч нараар хичээл заалгаж байсан азтай оюутнууд юм билээ. Нэг л мэдэхэд тэд зургаан намар, зургаан хаврыг хамтдаа үджээ.

1992 онд Монгол Улс зах зээлийн нийгэм рүү шилжээд удаагүй байсан үед тэд эмч болсон байдаг. Эрүүл мэндийн салбарын маш хүнд хэцүү он жилүүдэд тэд ажиллаж байсан эмч нар юм. Эрүүл мэндийн салбарт 24 жил ажиллаж, Монголын шилдэг эмч нарын нэг болцгоосон байна. Ангиас төрсөн хосууд А.Цэнджав, Мөнхцэцэг нар өнөр өтгөн сайхан амьдарч байгаа гэсэн. А.Цэнджав ЭНЭШТ-ийн мэс заслын эмчээр ажиллаж байгаа алтан гартнуудын нэг. Олон хүүхдэд мэс засал хийсэн буянтан. Харин эхнэр нь Нэгдүгээр төрөх эмнэлгийн орлогч захирлаар ажиллаж байна. Ангийн дарга Д.Чулуунбаатар Сайд нарын II эмнэлэгт чих, хамар, хоолойн эмчээр ажиллаж байгаа. Н.Чинбаатар мэргэжлээсээ хөндийрч Уул уурхайн яаманд хэлтсийн дарга, н.Баярмаа УКТЭ-т, н.Цэрэндэжид Дархан хотод эмчээрээ ажиллаж, н.Эрдэнэчимэг хувийн эмнэлэгтэй болжээ. Мөн н.Эксэндэр АНУ-д гэр бүлээрээ амьдарч, н.Оюунчимэг Ус сувгийн удирдах газарт ажиллаж, н.Давааням Польшид амьдарч байгаа гээд 30 гаруй хүүхэд тус тусдаа амьдралын мөр хөөж явна. Тэдний ангиас одоогоор зургаан хүүхэд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан гэнэ. Тэд удахгүй ангиараа уулзахаар товлосон гэсэн.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Б.Мягмар: Эмч, эмнэлгийн мэргэжилтэнд чиглэсэн ялын ийм өндөр хэмжээ олон улсад байхгүй

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн ажиллагсад санаатай болон санамсаргүйгээр хүний амь нас, эрүүл мэндийг хохироовол 2-8 жил хүртэлх хугацаанд хорино гэсэн заалт оруулж өгсөн. Энэхүү заалтыг эсэргүүцэн энэ долоо хоногийн эхээр эмч нар мэдэгдэл гаргаад байсан юм. Уг асуудлаар Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмартай ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн ажиллагсадтай холбоотой ямар шинэ зүйл заалт оруулж өгсөн юм бэ?

-Шинээр зүйл анги нэмэгдэж орж ирээгүй. Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл буюу өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх гэсэн гэмт хэргийг шинэ хуулийн 15.1-д оруулсан. Хүнд хохирол учруулсан буюу өвчтөн нас барсан бол эмнэлгийн мэргэжилтэнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулийн заалтаас хүндрүүлж, тухайлбал гурван жил хүртэл хорих ялтай байсныг 2-8 жил хорих ял болгож нэмэгдүүлсэн. Шинээр орж ирсэн ялын төрөл нь 20-80 сая төгрөгөөр торгохоор оруулсан.Өмнөх хуульд торгох ял байгаагүй. Торгуулийн ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал байвал шүүх шууд хорих ял оногдуулна. Энэ хорих ял нь тэнсэх боломжгүй. Учир нь найман жил хүртэл хорих ял оногдуулахаар заагдсан гэмт хэрэг тэнсэх заалтыг хэрэглэхгүй, харин ялыг хөнгөрүүлж болох боловч хэмжээ нь 1-4 жилийн хорих ялыг заавал оногдуулахаар байгаа. Одоогийн хуулийнхтай адилхан гурван жил хугацаагаар эмчлэх, сувилах, эм барих эрхийг заавал хасна гэсэн нь хэвээр байгаа.

-Эрүүгийн хуулиар гэм буруутай нь тогтоогдвол ийм ял онооно гэсэн үг үү?

-Хууль эрх зүй бол нийгэм, салбарын бүхий л харилцааг зохицуулж байгаа чухал зүйл. Хуулийн төслийг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа практик амьдрал, бодит хэрэгцээнээс сэдэвлэн түүнийг зохицуулахаар бий болдог гэж ойлгож байна. Нөгөө талаар хуулийг хэрэгжүүлэхэд олон нийтийн хандлага айдас, түгшүүр, хардлага, үл итгэх байдалд орох биш хэрэгжүүлэх ёстой гэдгээ ухамсарлах сэдлийг төрүүлдэг байх ёстой байх. Мөн манай төрийн түшээд дийлэнхдээ гадаадын сайн туршлага, хөгжилд хүрсэн арга гээд л хуулдаг. Энэ удаа дээрх нөхцөлүүдийн аль нь ч Эрүүгийн хуулийн шинэчлэлд алга гэж харж байна. Яагаад заавал бусдын эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон гэмт хэрэгтэнтэй адил хэмжээний ялыг эмч эмнэлгийн мэргэжилтэнд үүрүүлэхээр хуульчлах хэрэгтэй юм бэ. Эмч хүн хэзээ ч хэнийг ч санаатай хохироодоггүй. Хүний амь нас, эрүүл мэндийг санаатай хохироосон гэмт хэрэгтэнтэй адилхан хэмжээнд авч үзэж байгаа хандлага нь шударга биш байна. Дарамт айдас, эргэлзээ төрүүлж буй Эрүүгийн хуулийн эдгээр заалтууд (15.1) Монгол Улсад эмч, мэргэжилтэнгүй эмнэлгийг бий болгох нь. Ер нь шинэ хуулийн үзэл баримтлал нь ихэнх хэрэг дээр хорих ялыг бууруулахад чиглэж боловсруулагдсан. Тухайлбал, хүнийг санаатай алсан хүнд оногдуулдаг хорих ял 2-5 жилээр буурсан атлаа эмчлэх, сувилах ажлаа хийж байх үедээ болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан, өвчтөн нас барсан эмчийн үйлдлийн ялыг 2-2,5 дахин нэмэгдүүлсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна шүү дээ.

-Энэ хууль хэрэгжиж эхэлбэл эмч нарын хариуцлага нэмэгдэх юм биш үү ?

-Асуудал байгаа бол түүнийг сайжруулах, өөрчлөхийн тулд юу хийх вэ гэдгээ үүслээс нь хай гэж нэг эрдэмтэн хэлсэн байдаг. Ажил мэргэжил бүхэн өөр өөрийн онцлогоос хамаараад тодорхой хүрээнд хариуцлага хүлээдэг шүү дээ. Тэр дундаа эрдэнэт хүний амь насыг хариуцдаг учраас эрүүл мэндийн салбарыг хариуцлагатай байхыг шаардах нь зүйн хэрэг. Тэгэхээр таны асууж байгаа эрүүл мэндийн салбарынхныг эмч, мэргэжилтнийг хариуцлагажуулахын тулд яллах гэж санаархах биш, төр үүргээ биелүүлэх хэрэгтэй. Жишээ нь, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Аливаа улс орон эрүүл мэндийн үйлчилгээ, үйл ажиллагаандаа ДНБ-ний зургаан хувийг зарцуулж байвал төр нь үүргээ биелүүлж ард түмнийхээ эрүүл мэндэд анхаарч энэ салбарын ажил үйлчилгээ хэвийн явах боломжтой” гэж үздэг. Гэтэл манай улс ДНБ-ний эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа зардал 2,8 хувьтай тэнцэж байна. Жил бүр эмнэлгүүд өөрсдөө төсвийн төслөө хийж дээш нь өгдөг. Харин Сангийн яамнаас тэдний хийсэн төсвийг тодруулбал, эмийн зардлыг нь танаад батлуулчихдаг. Энэ нь амьдрал дээр эм, тариагүй эмнэлгийг бий болгож байна. Тэгэхээр чанартай үйлчилгээ буюу өнөөдрийн байгаа хэмжээнд эмнэлгүүдийг Монголын төр биш эмч ажилтнууд хичээл зүтгэлээрээ авч яваа шүү. Ийм нөхцөлд хариуцлага ярья гэвэл төр үүргээ биелүүлэх нь чухал байна шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуулиар төр нь чанартай эрүүл мэндийн үйлчилгээгээр иргэнээ хангах үүрэгтэй. Телевизээр эмнэлгийн хонгилд шалан дээр хүүхдээ тэвэрсэн эх, хэн нэгнийгээ асраад сууж байгаа өвчтөний дүр зургийг харсан хэн ч энэ эмчийн буруу, эмчээс болоод монгол хүн эрүүл мэндийн шаардлага хангасан орчинд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байна гэж хэлэхгүй дээ. Шаардлага хангасан орчин нөхцөлд тогтоосон нормт ажлаа хийж зохистой үнэлүүлье гэж шаардах эрх нь эмч, эмнэлгийн ажилтнуудад байгаа шүү. Эмч нар ашиглалтын хугацаа аль хэдийнэ дуусчихсан багаж төхөөрөмжөөр бусдаас сэлбэг гуйгаад олон мянган өвчтөнд тусламж үзүүлээд явж байгаа. Гэхдээ тэр болгонд хариу нэхээд явдаггүй. Ийм л хүмүүсийн зүтгэлээр энэ салбарын ажил явж байна. Гэсэн ч хариуцлагатай ажиллах ёстой гэсэн шаардлагыг эмч эмнэлгийн ажилтнууд эсэргүүцээгүй. Төр үүргээ биелүүлж, иргэддээ эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлчих хэрэгтэй шүү дээ. Одоо ч эрүүл мэндийн салбар сайдгүй, эрүүл мэндийн даатгалын бодлого, менежментгүй ажиллаж байна. Дээрх хуулийн өөрчлөлтөөр эмч эмнэлгийн мэргэжилтнийг хүний эрүүл мэнд амь насыг хохироосон гэж үзэж 20-80 сая төгрөгөөр торгоно гэвэл ийм төлбөрийг орон байртай нь байраараа барагдуулах нь. Цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд ажиллаж амьдарч байгаа монгол хүн ийм хэмжээний төлбөрийг барагдуулж чадахгүй. Хамгийн хатуу хуультай Хятад улс ч энэ төрлийн үйлдэлд ердөө гурван жилийн ял оноодог юм байна. Орос улс дөрвөн жилийн ял оноодог юм байна. Бусдаас хуулдаг манай улстөрчид хаанаас ийм санаа, санаачилгыг олж авсан юм бол. Эмч, эмнэлгийн мэргэжилтэнд чиглэсэн ялын ийм өндөр хэмжээ олон улсад байхгүй. Энэ хууль хэрэгжвэл эмчийн ажлаа орхино гэдгээ туршлагатай, он удаан жил ажилласан эмч нараас авахуулаад, энэ чиглэлээр сурч байгаа оюутнууд ч байр сууриа илэрхийлж түр хороонд тасралтгүй хандаж байна.

-Эмч нарын ажлын үнэлэмж хэр байна вэ?

-Эрүүл мэндийн салбарын ажилтнууд 350.0-660.0 төгрөгийн үндсэн цалинтай. Харин өндөр хөгжилтэй улс оронд тухайлбал АНУ, Канадын эмч нарын цалин хамгийн бага нь 90-130 мянган ам.доллар, Солонгос эмч нар 10 сая вон, ОХУ-ын эмч нар 50-60 мянган рубль, Хятадын эмч нар хамгийн багадаа 10 мянган юань түүнээс дээш хэмжээний цалин авдаг. Ихэнх улс орны эмч, мэргэжилтнүүдэд үндсэн цалингаас гадна хийж байгаа тусламж, үйлчилгээ, мэс заслын тохиолдлын тоогоор урамшууллын тогтолцоотой байдаг. Мөн тэдний ажлын ачаалал бага төдийгүй эмчийн болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан эмчийг стандартын дагуу ажлаа хийхээс аргагүй сүлжээний программчлалтай байдаг зэрэг нь ажиллах нөхцөлийг дээд зэргээр хангаж, байнга сайжирч байдаг.

Гэтэл манайд ажлын ачаалал ихтэй гэмтэл, мэс засал, эх барих зэрэг хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Эмч, сувилагч нар гэхэд бараг өдөр бүр 2,5-4 цагаар илүү ажилладаг гэсэн судалгаа ч гарсан. Гэсэн хэдий ч урамшуулал нэмэгдлийг төсөв хүрэхгүй нэрээр өгдөггүй, зөвхөн ээлжинд хонож ажиллах хуваарьтай хүмүүстээ л нэмэгдлээ хагас дутуу өгдөг жишээтэй. Гэсэн хэдий ч эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдийн сонгосон мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс. Иймээс бид энэ удаагийн Эрүүгийн хуулийн шинэчлэлээр орсон эмч эмнэлгийн мэргэжилтнийг санаатай бусдыг хохироосон гэж үзэж өндөр ял оноохоор хуульчилсныг цаг үеэ олоогүй буруу шийдвэр гэж үзэж эсэргүүцэж байна.

-УИХ, Засгийн газар болон зарим сайдад шаардлага хүргүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ сарын 12-нд эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоод, төлөөлөл хуралдаж есөн хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулсан. Эрүүгийн хуулийг шударга ёсонд нийцүүлж, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг УИХ-ы дарга, гишүүд, Засгийн газар, Өргөдлийн болон Хууль зүйн байнгын хороод, Хууль зүйн сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарт хүргүүлсэн. Бид шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардан жагсаал, цуглааныг орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Хүн төрөлхтний бахархал Вильям Шекспир

Хоёрдугаар мянганы суут бичгийн хүнээр шалгарсан Английн аугаа их жүжгийн зохиолч, яруу найрагч Вильям Шекспир 1564 оны дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн бөгөөд ердөө 52 наслаад 1616 онд яг төрсөн тэр л өдрөө таалал төгссөн юм. Тэр цагаас хойш 400 жил улиран оджээ. Он цагийн эрхээр Шекспир зуунаас зуунд биднээс алслан холдох мэт санагдавч тэр гайхамшигт хүмүүний мөнхийн бүтээл туурвил нь бидний сэтгэл зүрхэнд улам ч ойртсоор байх ажээ.

Шекспир анх Лондонд ирэхэд түүний сэтгэл яруу найраг, театрт татагдаж урлагийг ивээн тэтгэгч, язгууртан Саутгемптоны Гүнтний дугуйланд оржээ. Ингэснээр тэр үеийн Английн оюунлаг, авьяастай хүмүүсийн уран бүтээлийн ололт амжилттай танилцах боломж түүнд олдсон байна. Тун удалгүй Шекспир тэр үед мандаж байсан Спенсерээс дутуугүй яруу найрагч болох боломж байгааг мэдэрсэн юм. Тэр үед яруу найрагчид бүтээлээ ивээн тэтгэгчдээ зориулдаг байсан заншлын дагуу Шекспир ч 1592 онд бичсэн “Венера Адонис хоёр” гэдэг найраглалаа Саутгемптоны гүнтэнд зориулсан байна. Тэр Ромын яруу найрагч Овидийн бичсэн хайрын бурхан Венера Дионист дурласан тухай түүхийг найраглалынхаа гол сэдэв болгон сонгожээ. Сэргэн мандалтын эринд эртний үлгэр домог, хууч яриа нийгмийн гэгээрсэн хэсгийн хүрээнд ихэд дэлгэрсэн байв. Уран бүтээлчид эртний Герег, Ромын үлгэр домог, хууч ярианд орших ямар нэгэн далд нууц утга агуулгыг олж харах, эрж олохыг эрмэлздэг байжээ. Иймд Шекспирийн сонгосон энэ сэдэв бол тэр цаг үеийн уран бүтээлч болгоны сонирхлыг татсан нийтлэг сэдэв байлаа.

Шекспир найраглалдаа Венера бүсгүйн хайр, гал халуун дурлал Адонис хархүүгийн сэтгэлийг хөндөж чадаагүй тухай өгүүлжээ. Үүнд бүсгүй ихэд шаналж Адонисыг өөртөө татаж сэтгэлийг нь эзэмдэх гэж тэмүүлнэ. Энэ нь найраглалын өгүүлэмжийг улам хурцатгаж уншигчийн анхаарлыг ихэд татах нь эргэлзээгүй байв. Тэр тусмаа Шекспирийн уран сэтгэмж, тэнгэрлэг шүлгийн ид шидээр биелсэн найраглалын энэ хэсэг нь их хүчийг олсон байна. Энэ найраглал нь хүмүүсийн сэтгэлд хүрч яруу найргийн ертөнцийг доргион нэлээд шуугиан дэгдээсэн бүтээл болсон ажээ. Энэхүү найраглал гарахаас өмнө Шекспир хэд хэдэн жүжиг бичиж эдгээр жүжиг нь олон нийтийн анхаарлыг татаж амжсан байжээ. Гэтэл тэр энэ найраглалаа өөрийнхөө хамгийн анхны жинхэнэ уран зохиол, яруу найргийн бүтээл хэмээн үзэж байсан нь учиртай байв. Тухайн үед жүжгийн зохиолыг дорд үзэж уран зохиолын төрөлд оруулдаггүй, жүжиг болон жүжгийн зохиол нь зөвхөн харц ардад зориулсан бүдүүлэг болхи зүйлд тооцогддог байлаа. Үүний дараа Шекспир “Лукреция” хэмээх алдарт найраглалаа туурвисан юм. Энэ найраглалыг мөн л гайхамшигтай уран, яруу сайхнаар шүлэглэн бичсэн байв. ХҮI зууны эхээр яруу найргийн ертөнцөд том эргэлт гарсан нь бүтээх туурвих сэтгэлгээг хязгаарлан боогдуулж байсан классицизмын чанд систем нурж романтизмын үе эхэлсэнтэй холбоотой юм.

Тэр үед Англид яруу найргийн нэг өвөрмөц хэлбэр болох сонетын урлаг дэлгэрч яруу найрагчдын онгодыг эзэмдэж байлаа. Петраркаас уламжилж ирсэн янаг амрагийн яруу найргийн нэг хэлбэр болох сонетын энэ төрөл эрчимтэй хөгжиж эхлэв. Англид сонет бичих халуурхал найман жил гаруй үргэлжилсэн гэдэг. Судлаачдын тодорхойлсноор энэ хугацаанд хоёр мянга гаруй сонет бичсэн ажээ. Английн романтизмын нэрт төлөөлөгч С.Т Колридж “Сонет бол ухаан бодлын охь, төгс төгөлдөр аялгуу, хэм хэмнэлтэй хязгааргүй их баялаг юм” хэмээн тодорхойлжээ. Зүйрлэл ихээр ашигладаг сонетыг Шекспир шимтэн бичиж байв. Английн яруу найргийн романтизмын эцэг болох Уильям Водсворт “Шекспирийн сэтгэлийг нээх түлхүүр бол түүний сонетууд юм” хэмээн бичиж байсан удаатай.

Шекспирийн хувийн амьдралын тухай бичсэн зүйл тун бага, бараг байхгүйтэй адил байдаг. Гэхдээ хүмүүс түүний сонетуудыг ихэд сонирхдог, тэр яруу сайхан шүлгээр ямар хүмүүсийн тухай бичсэнийг үе үеийн уран зохиол, яруу найраг судлаачид элдэв төрлийн таамаг гаргасаар ирсэн нь түүх болон үлджээ. Уншигчид сонетын гол баатар цайвар үст залуу, бор царайт бүсгүй, сонетыг бичсэн хүн гурвын дунд үүссэн нөхөрлөл, хайр дурлалын зангилааг тайлж учрыг нь олох гэж улайрах нь аргагүй мэт санагдана. Нэлээд олон таамаглал гаргасны эцэст түүхч А.Л Рауз Саутгемптоны гүнтэн хатагтай Элизабет Вернонтой гэрлэсэн гэсэн баримтыг үндэслэн цайвар үст залуу бол Саутгемптоны гүнтэн, харин бор царайтай хар нүдтэй бүсгүй нь ордны хатагтай Элизабет Вернон юм байна гэсэн таамаглал гаргажээ. Үүний дараа Шекспирийн 128 дугаар сонетын утга агуулгаас үүдэн сонетын эзэн болох эмэгтэй бол хөгжимчин байжээ хэмээн дүгнээд тэр үед амьдарч байсан Эмилия Бассано гэгч сонетын эзэн бүсгүйн адил хөнгөмсөг явдалтай нэгэн байсан гэдгээр нь Эмилия Бассано гэгчийг нэрлэж байжээ.

Сонет 128-д

…Ухаан бодлын уянга болсон чи минь ирээд

Учрахын заяат яруу төгөлдөр хөгжмөө наадахад

Уран гар чинь намс намс илбээд

Уярч бишрэм найрал эгшиг чихнээ шагнахад

Хуруу гарыг чинь үнсэн таалаад үсрэн дэгдэх

Хуур хөгжмийн азтай даруулд атаархан зовном

Хайр амтлах хувьгүй уруулаа дэмий л хазлан

Хайрцгий нь түшин сайхан чамайг ширтэн зогсном… гэж бий.

Яруу найрагчийн сэтгэл хөдлөл, уран сэтгэмж нь ердийн хүний амьдрал, сэтгэлийн өчлөөс өөр байдаг учраас аливаа бүтээлээ туурвихдаа яруу найрагч цэвэр зохиомж дээр үндэслэсэн байна уу, эсвэл өөрийн хувийн амьдрал, туршлагаас үүдсэн байна уу гэдгийг ялгахад амаргүй байдгийн нэг жишээ бол түүхч А.Л Раузын дээр дурдсан дүгнэлтүүд юм.

Шекспир сонетдоо хүний сэтгэлийн бүхий л хөдөлгөөн болоод зөрчлийн өнгө аясыг нэн үнэмшилтэй дүрслэн харуулдаг учир үе, үеийн уншигч, судлаачид сонетуудыг нь шимтэн сонирхож үйл явдал, хүмүүсийн харилцаа холбооны учрыг олох гэж мэрийх нь зүйн хэрэг байсан биз ээ. Харин агуу найрагчийн амьдралын хувийн чанартай үйл явдал түүний уран сэтгэмж, авьяас билгийн ачаар зүйрлэшгүй уран бүтээл болон хувирсан гэдэгт эргэлзэх зүйлгүй билээ. Сэргэн мандалтын үеийн уран бүтээлчид хүний амьдралын бүхий л талыг магтан дуулахдаа үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлийг шүтээн бишрэлийн хэмжээнд аваачсан байдаг. Энэ хандлага нь Шекспирийн сонетын урлагт тусгалаа олж түүнийг улам өндөрт өргөсөн юм.

Шекспир бор царайтай, хар нүдтэй үнэнч бус бүсгүйд 25 сонет зориулахдаа түүний хөнгөн явдлыг буруутган …чиний зөвхөн нүд, үс хар биш бүхий л үйл чинь хар.. хэмээн уулга алдсан бол төд удалгүй тэрнийг сэтгэлдээ зөвтгөн:

“Үзтэл буруутай явдлыг өмгөөлөхөөр

Үнэний дэнсэн дээр би зовж байна

Хайрлах, бас үзэн ядахын эрхээр

Халуун дайн цээжинд минь болж байна”

(сонет 35-аас) хэмээн өчсөн яруу найрагчийн үгнээс түүний сэтгэлийн шаналал, үзэсгэлэнт эмэгтэйг уучлан өршөөх өгөөмөр сэтгэлийн илч мэдрэгдэж байна. Шекспир нийт 154 сонет бичсэний дотор яруу найраг, яруу найрагч, амьдралын сайн сайхан, хайр сэтгэлийн баяр баясгалан гоо сайханд зориулсан нэлээд хэсэг бий.

В.Шекспир дөнгөж тавь гаруйхан наслахдаа 10 эмгэнэлт жүжиг, 10 түүхэн жүжиг, 17 инээдмийн болон романтик жүжиг зохиосон. Аугаа их жүжгийн зохиолч, яруу найрагч Вильям Шекспир бол хүн төрөлхтний бахархал мөн. Түүний уран бүтээлүүдийг хэдэн зуун дамнан дэлхийн театрууд тавьж ирсэн. В.Шекспирийн жүжгүүд нь орчин үеийн Монголын театрын түүхэнд ч онцгой байрыг эзэлдэг юм. Шекспирийн бүтээлийг тайзнаа хэр зэрэг тавьснаар тухайн театрын урын санг дүгнэж, найруулагч, жүжигчид, уран бүтээлчдийн уран чадварыг тодорхойлдог.

Монголын театрын тайзнаа В. Шекспирийн “Отелло” жүжиг анх 1955 онд Улсын хөгжимт драмын театрт тавигдсан нь Монголын орчин үеийн драмын урлагийн хөгжлийн 25 жилийн үр дүн байлаа. “Отелло” жүжиг (Найруулагч С.Гэндэн, орчуулагч Ч.Чимид, зураач Л.Гаваа), манай жүжигчид, уран бүтээлчдэд өндөр хариуцлага хүлээлгэсэн билээ. “Жүжигчин Г.Гомбосүрэнгийн тоглосноор Отеллогийн дүр маш дайчин, зовлон бэрхшээл туулж хатуужсан, нэр хүндтэй, цэргийн жанжин, хайр сэтгэлдээ үнэнч, түүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэгч гэдэг талаас нь голлон, гаднах байдлаас харвал эрмэг зоримог хөдөлгөөнтэй, эр хүний сайхан шинж цогцолсон байдлаар дүрсэлсэн бол 1976 онд Улсын драмын театрт Б.Мөнхдоржийн шинэчлэн найруулсан “Отелло” жүжигт Ц.Гантөмөр тоглохдоо Шекспирийн дуулал болсон энэрэхүйн үзлийг шингээсэн хүнийг хайрлахын төлөө төрсөн юм шиг, гэнэн цагаан сэтгэлтэй, халуун хайр сэтгэлтэй эгэл жирийн хүнээр Отеллог дүрслэн харуулжээ” гэж театр судлаач доктор Н.Ганхуяг бичсэн нь бий.

Отеллогийн дүрээр алдаршсан Английн Эдмунд Кин, Лоуренс Оливье, Америкийн Айра Олдриж, Оросын Мамонт Дальский, Александр Остужев, Гүржийн Акакий Хорава нартай эн зэрэгцэх хэмжээнд манай ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр нар жүжиглэж чадсан гэж манай судлаачид үнэлдэг юм. Харин “Отелло” жүжиг тавигдсанаас хойш 10 жилийн дараа Э.Оюун “Лир ван” жүжгийг Улсын драмын театрт 1964 онд найруулан тавихдаа эрх ямба, эд хөрөнгө бол мөнхөд орших зүйл биш агаад энэ орчлонд хүний ариун сэтгэлийг орлох үнэт баялаг байхгүй юм гэсэн санааг илүүтэй гаргахыг зорьсон.

Шекспирийн бүтээлүүд тухайн театрын хөгжлийн цар хүрээг тодорхойлдог. Манай уран бүтээлчид “Отелло”, “Лир ван” жүжгүүдийг ард түмэндээ толилуулсан нь Монголын драмын урлагийн хөгжлийг тодорхойлох баталгаа болсон юм.

Үүний дараа Монголын театрын тайзнаа “Гамлет”, “Ромео Жульетта”, “Макбет”, “Ричард III”, “Зуны шөнийн зүүд” жүжгүүд Улсын драмын эрдмийн театр, Улсын хүүхэд залуучуудын театр, орон нутгийн театрт гэхэд “Номхорсон бүсгүй”, “Өвлийн үлгэр” жүжгүүд амжилттай тавигдсан билээ.

Энэрэхүй үзэл, нинжин сэтгэл, шударга үнэнийг магтан дуулагч Шекспирийн үзэл санаа монголчуудын гарваль шинж, үндэсний онцлогт ойр дөт байсан бөгөөд түүний бүтээл манай тайзнаа тавигдсанаар Монголын драмын театрын урын сан мэдэгдэүйц баяжиж Монголын драмын урлаг шинэ түвшинд гарч дэлхийн зиндаанд ойртох нэг чухал алхам болсон. Шекспирийн оргил бүтээлийн нэг “Гамлет”-ыг манай Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа хоёр удаа амилуулсан. Аливаа найруулагч, жүжигчний оюун билиг, ур ухаан, авьяас чадварыг сорьдог Шекспирийн энэхүү алдарт бүтээл Монголын театрын тайзнаа анх 1980 онд тавигдаж манай жүжигчид, найруулагч, нийт уран бүтээлчдийн мэдлэг, оюун ухаан, уран чадварын нэгэн сорилт, чухал шалгуур болсон. Энэ жүжгийн гол дүр Гамлет бол ариун үнэн, шударга ёсны дуу хоолой болж хүн төрөлхтний оюун санааны сэтгэлгээнд нэгэнт жишиг болсон гайхамшигт дүр юм.

Эхний тавилтаас даруй 32 жилийн дараа, ардчилсан өөрчлөлт эхэлснээс хойш 22 жилийн дараа эл жүжгийг Монголын театр эргэн тавьсан нь бас л нэг учиртай байв. В.Шекспирийн энэ алдарт жүжиг анх 1980 онд манай оронд нийгэм улс төрийн их өөрчлөлт болохын өмнө тавигдсанаараа онцлог байсан юм. Дарангуйллын тогтолцоо ардчиллаар солигдож улс орон, ард түмний амьдрал эрх чөлөөтэй болох үе хүртэл 10 жилийн хугацаа үлдсэн байлаа. Тэр үед Гамлетын: “Орших уу? Эс орших уу? ” гэдэг шигтгээ үгийн утга агуулга хүмүүсийн ухамсарт нэгийг хэлж байсан цаг. С.Галсанжав найруулагч Шекспирийн энэхүү амаргүй жүжгийг тавих зоригтой бөгөөд томоохон алхам хийж ажилласнаар тийм ч муугүй үр дүнд хүрсэн бөгөөд тэр үеийн олон арван өрнүүн, уриалсан, хэт хиймэл, хоосон дүрүүдийг бодвол, өвөрмөц шийдэлтэй жүжиг тавьж Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан Гамлетын дүрийг чадамгай бүтээж “Гамлет” жүжиг Монголын театрын түүхэнд тодоор үлдсэн юм.

Харин Төрийн шагналт Н.Наранбаатар найруулагч avant-garde хэлбэрийн тавилтыг сонгож энэ хэлбэрээ баримтлан жүжигчдийн тоглолт, тайзны засал, хувцас, хөгжмийн чимэглэл зэргийг тохируулан мэргэжлийн өндөр түвшинд зохицуулж ажиллаж чадсан.

Гамлет-С.Болд-Эрдэнэ төрсөн эхээс нь эхлээд эргэн тойрны бүх хүн түүнээс урван тэрсэлж, төөрөлдүүлэх, мэхлэх гэж оролдон түүнийг туйлын ганцаардалд оруулж байгаа бэрх цагт ч гэсэн эрүүл ухаан, ариун сэтгэлээ дээдэлсээр байж чадсан Гамлетын хүнлэг, ухаалаг дүрийг чадварлаг бүтээсэн.

Жамсранжавын Гамлет сонгодог тавилтын уламжлалын дагуу ихээхэн эргэлзлийн дунд, бодлын торонд эргэлдэн байж, “Орших уу? Эс орших уу?” гэдэг амин асуудлыг шийддэг бол Болд-Эрдэнийн Гамлет тэр ээдрээтэй байдлаас шийдэмгий гарч, ярвигтай асуудлыг эцэстээ зөвхөн өш хонзон авах үүднээс биш, урвагчид, шударга бус, бузар булай явдалтнууд энэ хорвоод орших ёсгүй гэсэн зоримог, ухаалаг шийдэлд хүрч, тэдэнд тэнгэрийн гэсгээл оногдуулж байгаа нь эмгэнэлтэй ч гэсэн шударга үнэний төлөө дүр болж чадсан юм.

Ардын жүжигчин П.Цэрэндагва Шекспирийн жүжгүүдэд удаа дараа тоглож алтан үеийн сайчуулаас чамгүй суралцсан нэгэн болохоор жүжгийн аяст амархан нийцэж цоглог хэмнэлийг дуусан дуустал хадгалж, хамтран тоглогчдоороо хүрээлүүлж, тэднийгээ хөтлөн дагуулж чадаж байгаа нь аргагүй л буйр заасан ахмадын чадвар гэлтэй байдаг юм. Клавдий-Цэрэндагва нь шийдэмгий хэрнээ хулчгар, заль мэх ихтэй, сэтгэлдээ зөрчил бүхий эмгэнэлт дүрийг бүтээж чадсан.

Вангийн хатан Гертруда бол ордны тансаг амьдралд умбасан, эр нөхрийнхөө хайр халамжид хөлбөрсөн үзэсгэлэнтэй, хөнгөмсөг нэгэн. Энэ дүрийг гавьяат жүжигчин У.Уранчимэг биеийн хөдөлгөөн, гаднах хэлбэр маягаараа сайн үзүүлж тоглосон байдаг.

Зальт хөгшин үнэг, төрийн хутгуур гэгддэг Полонийн дүрийг бүтээнэ гэдэг жүжигчин Жаргалсайхан шиг залуу хүнд амаргүй байх талтай ч тэр дүрийг Жаргалсайхан тун донжтой бүтээсэн билээ. Полонийн зусар бялдууч, худал хуурмаг, хувирамтгай зан чанар, зальжин байдлыг гавьяат жүжигчин Жаргалсайхан үнэмшилтэй, чадмаг харуулсныг онцлохгүй байхын аргагүй.

Ардын жүжигчин Мягмарнаран оршуулгын газрын хүний дүрийг чадварлаг бүтээжээ. Манай театрын алтан үеийнхний шийрийг хатааж яваа сайчуулын нэг Ардын жүжигчний маань тоглолт хийгүй, үнэмшилтэй байгаа нь, дүрээ өв тэгш нээн үзүүлж, нягт хийсэн нь түүнд арвин их нөөц, улам ундрах авьяас билиг байгааг тод харуулж байна.

Аливаа драмын театр Шекспирийн Гамлетыг тавьж гэмээнэ эрийн цээнд хүрчээ гэж тооцогддог. Амаргүй л ажил болохоор тэр. Монголын драмын театр 70-80-аад оны зааг дээр Гамлетыг анх тавьж 50 жилийнхээ босгон дээр “Эрдмийн” гэсэн эрхэм хүндтэй алдрыг хүртсэн түүхтэй. Гамлет бол эрдмийн театрын эрдэнийн титэм билээ. Тэр эрдэнийн титмийг ямагт үнэт эрдэнэсээр л чимж явах нь манай театрын үе үеийн уран бүтээлчдийн чухал хариуцлага байх буй заа.

“Гамлет” бол эмгэнэлтэй төгсдөг сонгомол жүжиг. Тэгэхдээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд шударга үнэний гэрэл гэгээг тусгаж, хүн хүнээрээ байх ариун нандин үйлсийг тунхаглан төгсдөг бүтээл билээ.

Сэргэн мандалтын үеийн төгөлдөр их авьяас билигтэн Леонардо да Винчи, Микел Анжело нарын бүтээлүүд нь баясах мэлмийтэй, уярах зүрхтэй хэн бүхнийг бишрүүлэх, бишрүүлсээр байх увдистай. Шекспирийн уран бүтээл ч мөн адил.

Мөнгөний гачаалыг даван туулмагц Леонардо да Винчи, Микел Анжело, Шекспир нар мөн л тухайн үеийн нийгмийн эрхэм дээдэс элит нарын зэрэг зиндаанд хүрэхийг эрмэлзэн сурвалжитны цол хэргэм хүртдэг байжээ. Тэр цагийн ааш араншин тийм л байсан хэрэг. Одоо ч гээд хэрэг дээрээ өөр болсон юм байхгүй мэт. Гэтэл жинхэнэ аугаа тэр хүмүүс маань суут ихээ мэдэхгүй л байлаа. Зэрэгцэх гээд байсан тэр сурвалжит нарыг нь түүх аль хэдийнэ мартаад хэн нь ч дурсагдахгүй болжээ. Тэр хаад ноёд, ван гүн нарыг сайн л бол Шекспирийн үеийн хэмээн нэрлэвэл дээдийн заяаны байх жишээтэй болжээ. Саутгемптоны гүнтний нэр утга зохиолын ертөнцөд хааяа нэг дурсагдаж байгаа нь аугаа их Шекспир түүнд зарим зохиол бүтээлээ зориулсны ачаар л тэр билээ. Дэлхийн утга соёл, урлагийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн, өнөөдөр ч хүмүүн төрөлхтний бахархал, түшиг тулгуур, гэрэл гэгээ нь болсоор байгаа авьяастан, суут хүмүүсийн заримынх нь намтар түүх гунигтай, харамсмаар байх нь бий. Гэтэл тэд бол үндэстнийхээ нэр алдрыг жинхэнэ мандуулагсад билээ. Алдарт Ван Гогийн нэг л зураг гэхэд өнөөдөр олон арван сая доллараар үнэлэгдэж, зарагдаж байна. Гэтэл тэрээр амьддаа ганц ч зургаа зарж чадаагүй бөгөөд мөнгөний гачигдалтай байсаар таалал төгссөн юм. Саяхан бидний 20 гаруй хүн Шекспирийн нийгэмлэгийг байгууллаа. Түүнийг сонирхдог, биширч шүтдэг, уншдаг, түүний уран бүтээлд холбоотой, холбоогүй хэн ч энэ нийгэмлэгт элсэж болно. Одоодоо голдуу урлаг соёлын алдартнууд, тухайлбал найруулагч Б.Мөнхдорж, Ч.Найдандорж, Н.Наранбаатар, жүжигчин Г.Мягмарнаран, П.Цэрэндагва, Д.Сосорбарам, яруу найрагч Ш.Сүрэнжав, О.Мэнд-Ооёо, Ц.Хулан, урлаг соёлын зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, Ж.Долгорсүрэн, Х.Мэргэн, Н.Ганхуяг нарын зэрэг олон эрхэм энэ нийгэмлэгт байгааг дурдахад таатай байна.

Шекспирийн нийгэмлэгийн дэд тэргүүн, Урлаг судлалын ухааны доктор, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн С.Майжаргал

Categories
мэдээ цаг-үе

Ө.Тамир: Өвөө минь азарган чоныг овоодон агнаж байсан эрэмгий хүн

Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын гэргий, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын ээж Ө.Тамиртай уулзаж хөөрөлдлөө.

-Таныг Монгол Улсын Ерөнхий сайд асан Гэндэнтэй хамаатан гэж сонссон юм байна. Ямар хамаатан билээ?

-Манай хөгшин аав Өлзийтийн Дэнзэн, хөгшин ээж Шагдарсүрэн хоёр Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн гүний хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул улс. Ханхөгшнийхөн гэдэг байсан. Миний хөгшин ээж Рэнцэн тайжийн долоон хүүгийн нэг Цагаан-Очир тайжийн ганц охин юм билээ. Цадмэд тайжийнх нь охин болохоор Ардын их хурлын нарийн бичгийн дарга Готовын авгай Басдайры эгч. Хөгшин аав, ээж хоёр таван хүү, гурван охин төрүүлж өсгөсөн. Хөгшин аавыг наян тавныхаа найрыг хийн Сүхбаатарын талбай дээр үг хэлээд, кино зураг авахуулж байхад зохиолч Өвгөөдэй хэмээх Цэндийн Дамдинсүрэн таарч “Өлзий буян дэлгэрсэн өвгөн” гэсэн тэмдэглэл бичсэн байдаг. Ууган охин Донжид нь есдүгээр Ерөнхий сайд Гэндэн гуайн авгай байхгүй юу. Тэрний удаах нь Батмөнх буюу том Дулам гэж нагац эгч маань байна. Манай ээжийг Жаал Дулам гэдэг байсан. Ээж маань багаасаа тэнхимд сураад дөрвөн аргын тоо, бичиг үсэгтэй болохоор АИХ-ын дарга асан Ж.Самбуутай феодалын хөрөнгө хураахаар Цэцэрлэгмандалын аймгийн Намнан уулын хошуунд явж байсан байгаа юм.

-Ээж чинь тэгвэл эрчүүдээс дутахгүй л дайчин бүсгүй явж дээ?

-Самбуу даргатай хоёр ч удаа хөдөө томилолтоор явсан байдаг юм. Самбуу даргыг Өмнөговь аймгийн даргын алба хашиж байхад ээж Дэлэгсамба ахлагчтай эсэргүү хөдөлгөөнийхнийг дарах гэж явсан байгаа юм. Энэ тухай “Эвлэлийн төв хорооны зуун гишүүний дурсамж” номонд баримт нь орсноос гадна Өвгөөдэй Дамдинсүрэн бас бичсэн байна. Ээж маань театрт дуучин, жүжигчин байсан. “Хэрмэл Дамбийжаа”-гийн галзуу хүүхний дүр зэрэг дандаа гол дүрийг бүтээж байсан байгаа юм. Ээж Эвлэлийн төв хорооны дарга байсан манай Өвөрхангайн гаралтай Улаан Пүрэв гэдэг хүний эхнэр байж. Энэ хүн Аж үйлдвэрийн комбинатын даргын алба хашиж байгаад хэлмэгдсэн байдаг. Төрийн шагналт Пүрэвийн Хорлоогийн хамаатан хүн шүү дээ. Ээж, Ерөнхий сайдын гэргий Донжид эгчтэйгээ хоёр морьтой Хараа, Бороо руу хавар эрт гараад намар тариа будаа ихтэй Хүрээ орж ирдэг байсан гэдэг. Ээжийгээ “Саран ээж” өргөмжлөлт болох үеэр бид архиваас нэлээд баримтыг нь цуглуулж авсан. Гэндэнгийн Казанийн төмөр замын буудал дээр зогсож байсан зураг энэ тэр гээд их зүйл байдаг юм билээ.

-Улсын архивт ч мэдээж тэр том алба хашиж байсан хүний их баримт байгаа л даа?

-Югославын Ерөнхийлөгч Титог манай улсад айлчлахад би цэцэг өргөн барьж байсан юм. Тэр зураг хүртэл архивт байдаг юм билээ. Тэр зургаа олж угаалгаж авсан. Зураг түүх өгүүлнэ гэдэг чинь сайхан юм билээ. Гэндэн Ерөнхий сайдыг Сочид баривчилсан шүү дээ. Тэгэхэд Донжид эгчтэй хамт дүү Пэлжээ нь хамт байсан юм билээ. Ээжийн дүү Долгор гэж багш хүүхэн байсан. Ээжийн дүү Цэрэндондов бол БНАСАУ, Болгар улсуудад элчингийн нарийн бичгээр ажиллаж байсан, Англи Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж байсан хүн байна. Англи улсад суугаа Элчин сайдын яам Канадыг давхар хариуцдаг байсан. Манай Мөнхбат чинь олимпод оролцохоор явахдаа Цэрэндондов ахынд очиж байсан байдаг. Сүүлд Японд долоон жил Элчин сайдаар ажилласан. Ээжийн бас нэг дүү Дэнзэнгийн Ишцэрэн их сургуульд багш, Боловсролын яамны сайдаар ажиллаж байгаад Төрийн ордонд нас барсан шүү дээ. Энэ нагац ах маань биеэр том биш ч гэсэн моринд их эрэмгий, циркийг үндэслэгч гавьяат жүжигчин Раднаабазар, Нацаг нартай хамт овоолго хийх үзүүлбэрт гардаг мундаг тамирчин хүн байсан байгаа юм. Сэмжээн Дондов гэдэг хүү нь малчин байж байгаад жолооч болсон хүн. Манай хөгшин аав ийм найман хүүхэдтэй хүн байлаа.

-Хөгшин аав чинь ямаршуухан хүн байв?

-Их сайхан барилддаг. Мээтэн Аюур, Их Монгол Шаравжамц нартай хүч үзэж явсан “майга”, “бөх”, “баян” Дэнзэн гэсэн алдар гуншинтай хүн байсан даа. 1956 онд зодог тайлсан гэж байгаа юм. Урт гарт хэмээх Маамын Лхагва арслан өвөөгийн зодог, шуудгийг өмсөн улсын наадамд түрүүлсэн гэдэг. Улсын наадамд түрүүлээд Лхагва арслан чинь “аавынд” орсон ш дээ. Тэр зодог шуудгийг Лхагва гуай гарч ирээд “Энэ өмсгөлийн чинь идийг хийлээ” гээд манай хөгшин аавд авчирч өгч байсан юм гэдэг. Дээр үеийн улсууд тийм сайхан жудагтай. Бөхийн удам залгуулах охин гэдэг утгаар авч үзэх юм бол манай өвөө чинь улсын цолгүй ч тийм мундаг бөх хүн байсан. Улсын сайн малчин цолыг 1933 онд авч байсан.

-Таны аав болохоор аль нутгийн хүн билээ?

-Манай аав Өлзий-Утас Архангай аймгийн хүн. Аав, Базарын Ширэндэв гуай хоёр Архангай аймгаас ачааны машин дээр хүрзний хоёр талаас бариад анх хотод орж ирсэн байгаа юм. Машинаас Ленин клубын энд буучихаад гудамжны чийдэн харчихаад гайхаад, хараад зогсоод байсан гэдэг. Тэгээд хамтдаа нэг сургуулийн газар очоод утсаар ярьж байгаа хүн харчихаад “Галзуу солиотой юм уу, хаашаа юм, ганцаараа яриад байх юм” гэж нөгөө хүнийг дооглон биенээ нударч байсан гэж ярьдаг сан. Ширэндэв гуай гадаадад сургуульд яваад усанд хаясан чулуу шиг арван хэдэн жил алга болсон гэж аав ярьдаг байлаа. Аавыг болохоор бичиг үсэг, дөрвөн аргын тоотой болохоор Монголдоо ойр зуур намын ажилд томилсон байгаа. Хожим КУТВ-д яваад эрүүл мэндийн шалтгаанаар буцаж ирсэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн Цогзолын аав Пүрэв хойно бие нь тааруу байхад их тусалж байсан юм билээ.

-Та айлын хэд дэх хүүхэд билээ?

-Айлын ууган хүүхэд Архангай аймагт Цэнхэр, Тамирын голын Сайрын ард төрсөн. Намайг дөрөв, таван настай байхад манайх хотод шилжиж ирэн Боловсон мах комбинатын даргаар ажилласан. Хойно Сэлбийн амралтын даргаар олон жил ажилласан. Бид тэнд л өсөж торнисон доо. Миний дараагийн дүү Ө.Булган гэж их сургууль төгссөн орос хэлний багш хүн байна. Сангийн яаманд олон жил ажилласан эдийн засагч Ө.Алтансэлэнгэ, ШУТИС-ийн доктор Ө.Нагва, Ташкентэд төгссөн Ө.Баянтуул, Эрхүүгийн их сургууль дүүргэсэн Ө.Энхсайхан нарын дүү нар минь бий.

-Улс даяар алдартай дархан аварга Мөнхбатын гэргий болсон түүхээ хуучилбал сонин доо?

-Аав Сэлбийн амралтын дарга байхдаа Тэрэлжийн амралтын дарга Рагчаа гуайд ах дүү нараа ярин ажилд оруулсан байсан. Тэнд манай аавын эгчийнх цагаан идээ боловсруулах ажил хийдэг байлаа. Тэрэлжийн амралтын тэр эгчийндээ өвлийн амралтаараа амарч байхад бөхчүүд бэлтгэл хийж байсан. Тэр үеэс л Мөнхбат бид хоёр бие биеэ мэддэг болсон. Мөнхбат гудамжны хоёр талаар явж байхад “Хөөе” гээд дуудахаар би их ичнэ. Манай Анагаахын дээд сургуулийн нэг ангийн хүү, улсын начин Чулуунбаатар бид хоёрыг нэг анги гэдгийг Мөнхбат мэдээд цугтаа манай гэрийг сурагласаар ирж байсан. Би дөрөвдүгээр курсын оюутан байж. Нэг өдөр Чулуунбаатар “Чамаас семинарын ном авах гэсэн юм” гэж ирлээ. Гандангийн хамба лам Гомбожавын охин Эрдэнэцэцэг манай анги. Тэднийд хамт очиж ном сурчихаад гараад ирсэн чинь Мөнхбат хүлээж байдаг юм. Тэрнээс хойш Мөнхбат манай гэрийг мэддэг болж аваад ороод ирнэ. Амьдралаа ярих нь их өрөвдмөөр. Аав ээж гэж байхгүй, ах дүү нар нь хөдөө. Хотод мориор шууз ганзагалан хичээлд ирчихээд Тасганы овооны энд хонож байсан ч гэх шиг юм ярина.

-Мөөеө аваргын аав, ээж нь бурхан болчихсон байсан юм уу?

Мөнхбат чинь айлын арав дахь хүүхэд байхгүй юу. Төрөөд зургаан сартай байхад нь ээжийнхээ ах Жигжидийнд өргүүлсэн юм билээ. Аав Чанцал, ээж Хажид хоёр арван хоёр хүүхэд гаргасан улс. Айлд өргөгдөөд арван гурван насандаа ээж нь нас барах үед сургуулиа хаяж ээж рүүгээ гүйсээр нэг жил завсардсан байдаг. Жигжид аав нь хорин хэдтэйд нь бурхан болсон. Техникумд сурч байхдаа мориор нутгаасаа хичээлдээ ирдэг байсан юм билээ, хөөрхий. Бөхөд хайртай сайн улсын хүчинд Санхүүгийн техникумаа төгсөж, сургуульдаа багшаар үлдсэн байгаа юм. Багш нар нь зодог шуудаг хүртэл хийж өгсөн байдаг. Ардын уран зохиолч Балжирын Догмид ноднин “Намайг Санхүүгийн техникумд сурч байхад Мөөеө аварга миний багш байлаа. Цагаантолгойн сангийн аж ахуйд намрын ажилд явахад Сэлэнгэ мөрөнд намайг сэлэх гэхээр “Говийн хүүхэд усанд живж үхэх гэж байгаа юм” гээд бургасаар шавхуурдаад хөөдөг байсан. Яс юман дээр би Дорноговьд усан бассейнд сэлээд сурчихсан, загас шиг л амьтан байсан байхгүй юу” гэж хуучилж байна лээ. Тэгэхээр шавь нараа гэсэн сэтгэлтэй мундаг л багш байсан байгаа юм.

-Тантай танилцахдаа Мөөеө аварга улсын наадамд аль хэр амжилттай барилдаж байв?

-Өө, юу ярьж байгаа юм. Дөрөв, тав түрүүлчихсэн байлгүй яахав.

-Тав түрүүлдгээ түрүүлчихсэн байсан үе нь юм байна шүү дээ?

-Тэгсэн байсан. Би дөрөвдүгээр курстээ Архангайд дадлага хийхээр явсан. Мөнхбат Мехикогийн олимпод оролцох гээд Завханд бэлтгэлтэй ч их сургуулийн номын санч ажилтай ээж дээр хүртэл намайг сураглаж очсон байдаг юм. Дадлагад байх хугацаанд нагац ах Цэрэндондов эд нар “Улсаа төлөөлж олимпод явах гэж байгаа хүнийг сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй” гэж ятгаж эхэлсэн. Тэгээд олимпод явахад манайд хоол унд болоод үдэж өгсөн. Эндээс л бид хоёр ойртож дотноссон доо. “Мөнхбат олимпоос алтан медаль авах гэж байна, мөнгөн медаль дээр тогтлоо” гээд манайхаар ирсэн улс амьтан ярьж л байсан. Залуу байсан болохоор тоох ч үгүй. Олимпоос ирэх өдөр нь ичээд онгоцны буудал руу очилгүй, сургуулийнхаа үдэшлэгт бүжиглэхээр яваад өгсөн. Ах нь, балиашгууд нь л тоссон. Намайг үдэшлэгээс тараад ирсэн чинь Мөнхбат манайд ирчихсэн байлаа. Түүнээс хойш манайхаар голдуу байцгааж, хүүхдүүдийг маань аав, ээж өсгөлцөж өгсөн дөө.

-Ууган үрийнхээ зулайг үнэрлээд аав, ээж болохын жаргалыг мэдэрсэн байж таарна даа?

-Ууган хүү М.Батхуяг маань төрлөө. Цэргийн сургууль төгссөн, Зүүнбаянд офицер байж байгаад аавынхаа сургуульд жүдо, самбогоор багшилсан. Удаахь охин М.Батцэрэн Солонгост сургууль төгсөөд, одоо “Тоёота Мөнххада”-гаа авч явна. М.Батгэрэл охин маань Англид таван жил шахуу амьдарч байхад нь бид “Дүүдээ тусал” гээд Япон руу явуулсан. М.Баасанжаргал охин маань Их шавийн сургуульд багшилж байгаад бас л компанидаа ажиллаж байна. Энэ охины маань нөхөр аймгийн арслан Батжаргал. Хүргэн сумод хүүхдүүдийг дасгалжуулж барилдуулна. Монголчууд энэ жил алт, ноднин мөнгө, уржнан жил хүрэл медаль авсан ш дээ. Баянхонгороос ирсэн хүүхдүүд энэ жил түрүүлсэн байна лээ.

-Батхуяг хүү чинь барилддаг байв уу?

-Улсын наадмын хүүхдийн барилдаанд барилдсаан. Жудо, самбод барилдаж байсан. Баримтат кинонд дүрс нь үлдсэн байдаг юм. Дүүдээ мэх зааж өгнө. Би хөвгүүдээ бөхөд эвсэлтэйг харахаар “Бөх гэдэг чинь хоёр талаасаа дөгөөтэй л байдаг юм байна” гэж боддог юм шүү дээ. Манай хөгшин аав чинь өглөө адуунд явж байгаад унага даага идчихсэн азарган чонотой таарч уургаараа нүдсээр муужруулаад, чоноо салтаандаа хавчуулж байгаад хутгаа сугалан хөнөөж байсан тухай хууч яриа сонсож л байсан.

-Даваажаргал хүү чинь Япон руу хэдтэй явлаа?

-Долоогоо төгсөөд наймдугаар ангид ордог жилээ л явсан даа.

-Аав ээжийнхээ өврөөс ч гараагүй явсан гэж үнэн үү?

-Манайх ч хөдөө гадааны улс ихтэй болохоор миний муу хүү чинь аав ээжийнхээ л өвөрт унтана. “Хэн хэлчихдэг байна аа. Ээж аавынхаа өвөрт унтдаг гэж хүүхдүүд шоолоод байх юм” гэж их ичдэг байсан. Заан Дүвчингийн хүүхэд энэ тэртэй барилдана. “Аав гэдэг арын хаалга ч байхгүй. Аварга, аварга л гээд байдаг. Намайг харж байхад түрүүлээч” гэж бэлтгэл дээр гарч байхдаа их гомдоллоно. “Даваа туг тойрч байгаад таварцаглачихлаа” энэ тэр гээд элдэв юм дуулдана аа. Сонгинын амралтад сүүлд Өсөхөө аваргатай хамт гардаг байсан. “Хэлтгий заяа” кинонд аавтайгаа тоглож байлаа. Япон руу “Гурван сар болно” гээд аравдугаар сард явсан хүүхэд чинь удахгүй ирэх шахаж л байсан. Анхандаа жижиг биетэй гээд гологдоод, аав, ээждээ бэлэг сэлт аваад, маргааш нисэх тийзээ бичүүлчихсэн байхдаа азаар дэвжээндээ үлдсэн байдаг юм.

-Тэндээ үлдсэнийх ямар ч байсан сумо хэмээх тэр том уулын оргилд нь ямар ч гэсэн гарлаа даа?

-Анхандаа гэрээ санана. Шөнө орондоо уйлдаг байсан гэсэн. Багш нь өдрийн арван мянган төгрөгийн сүү авч өгдөг их сайн хүн таарсан байсан. Багш нь муугаас болж сумогоос гарсан хүүхдүүд зөндөө байдаг юм билээ. Ноднин Хубилай хааны сүнс амирлуулах ёслолд япончууд намайг урьж үг хэлүүллээ. Би тэнд “Миний хүү арван таван настай сумод ирсэн. Манай Монголын үр хүүхдээ хүмүүжүүлэх сайхан ёс байдаг. Баруун мөрөн дээр аавын, зүүн мөрөн ээжийн сүнс байрлаж, орой дээр Бурхан багш оршдог гэж багшийг их хүндэлдэг ард түмэн. Цагаан сар болоход аав, ээжээсээ илүү багштайгаа золгодог, номыг торгонд боож баринтагладаг ард түмэн. Миний хүү яагаад сайн барилдаж байна гэхээр сайн багштай учраас өдий зэрэгтэй явж байна” гэж хэлэхэд багш нь “Танай хүү үнэхээр сайн бөх” гэж байсан. Тэр олон сая хүний итгэлийн сайхан хүч хүүд маань цагаан эрчис хайрлаж байгаа нь тодорхой доо.

-Ач нар чинь одоо ч сайхан өсөж торнилоо доо?

-Манай хүүхдүүд сурлага сайтай. Эзэн хааны сургууль биш иргэн хүн сурдаг өндөр зэрэглэлийн сургуульд Юнрэнцоо охин маань гурав, дөрвөн мянган хүүхдээс ганцаараа шалгарч сурч байгаа шүү дээ. Тэр Кэйёо сургуульд бас дүү нь цуг сурч байгаа. Хамгийн бага Мааяа охин ээжийнхээ сурч байсан Эзэн хааны сургуульд сурч байна даа.

-Хакухо аварга аав, ээжийнхээ алтан хуримыг хийлгэлээ гэж цахимаар хэсэг шуугив даа?

-Цагаан сарын шинийн гурванд Өмнөд Солонгосоор дайраад Хавайн аралд очсон. Тэнд Даваагийн фен клубын америк, япон хүмүүс сайхан хүлээж авсан. Зураг хөргөө далайн эрэг дээр авах гэснээ настай улс жиндэх байх гээд тусгай ёслолын танхимд нь хуримын хувцас, японы үндэсний хувцастай зургаа авахуулсан. Тэр олон сая хүний сэтгэлийг бодож япон үндэснийх нь хувцастай зургаа авахуулахад юу нь болохгүй байх вэ гэж бодсон. Хүлээн авалт сайхан болсон. Хавайд гурван хос алтан хуримаа тэмдэглэсэн дээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Наранмандах: Хийе гэсэн хүнд арга олддог, хийхгүй гэсэн хүнд шалтаг олддог

-ЭЭЖ, ОХИН ХОЁРЫГ ДЭМЖСЭН ТАНАЙ СОНИНЫ ХАМТ ОЛОН, УНШИГЧДАД МАШ ИХ БАЯРЛАЛАА-

Тархины саажилт гэсэн оноштой ой таван сартай О.Сувд охины ээж М.Наранмандахын “Миний бяцхан охин хөл дээрээ зогсоно” нэртэй ярилцлага сурвалжлагыг манай сонин өмнө нь уншигчдадаа хүргэж байсан билээ. Охиноо эмчлүүлэхийн төлөө энэ гэр бүл хэрхэн зүтгэж байгаа болон эмчилгээний зардлаа олох гэж шөнө хугаслан босч шүрээр машины дугаар хэлхдэг ээжийн яриа олон хүнд нэгийг бодогдуулаа биз ээ.

Манай сурвалжлагын дараа сайхан сэтгэлт олон хүн охинд туслахаар ханджээ. Ирэх даваа гариг буюу энэ сарын 25нд “Зүрхний бяцхан сувд” хандивын тоглолт болно. Бид охины ээж М.Наранмандахтай эргэн ярилцлаа.

-“Зүрхний бяцхан сувд” тоглолт 25-нд болох гэж байгаа. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Тоглолтын бэлтгэл ажил сайн байна. Энэ ажлыг санаачлан хэрэгжүүлсэн “Латиф” төвийн тэргүүн Л.Байзадад баярласнаа илэрхийлье. Ээж, охин хоёрын мөрөөдөл бодит болоход маш их тусыг үзүүлж байгаа хүн бол дуучин Л.Байзада юм. Охины минь төлөө өдөр шөнөгүй, нойроо хугаслаад, өөрийн ажлыг хойш тавин бид хоёрт чин сэтгэлээсээ тусалж байгаад маш их баярлалаа. Өмнө нь тоглолтын сурталчилгааны ажилд л явж байснаас, гардаж зохион байгуулж байгаагүй. Одоогоос нэг сарын өмнө энэ ажлыг эхлүүлж байсан. Өөрөө тоглолт хийх гэж байгаа мэт сэтгэл их хөдөлж байна. Миний хувьдаа борлуулах билетийн тоо 2000. Одоогоор 800 гаруй билет үлдсэн. Танай сонины өмнөх сурвалжлагын дараа шүрээр дугаар хийлгэх хүмүүсийн тоо их нэмэгдсэн. “Өдрийн сонин” ажил хэрэгч хүмүүсийн ажлаа эхлэхэд хамгийн түрүүнд нүүр тулдаг мэдээллийн хэрэгсэл гэдэг нь батлагдлаа. Яагаад гэхээр танайд сурвалжлага гарсны маргааш өглөө 08:00 цаг өнгөрөөгөөд л хүмүүс над руу холбогдож эхэлсэн. Зөвхөн тэр өдөр л гэхэд би сайхан сэтгэлтэй хүмүүсээсээ хагас сая төгрөгийн хандив авсан. Мөн 50 гаруй хүнээс шүрээр хэлхэх утасны дугаарын захиалга хүлээж авсан. Ээж охин хоёрыг дэмжсэн танай сонины хамт олон, уншигчдад маш их баярлалаа.

-Хүүхдийн цагаан буян түшээд О.Сувд охины хандивын тоглолтын зар мэдээлэл мөн их цацагдаж байсан шүү дээ. Тусалж дэмжсэн хүмүүс хэр их байна?

-Тасалбараа зарахад их олон хүний тус дэм орсон. Нэр дурдвал “Peace mall” худалдааны төвийн 207 дугаар лангууны эзэн Лхамжав эгч байна. Надад нэг лангуу гарган өгч үнэ төлбөргүй намайг суулгахаар болсон. Тус лангуун дээр суугаад 21 хонох гэж байна. Энэ нь миний ажлыг маш их хөнгөвчилж, цаг завыг минь хэмнэж байгаа. Шөнөдөө захиалгаа хийгээд өдөртөө түгээдэг байсан бол түгээлтийн хугацаа богиносож захиалгаа хийх, мөнгө хуримтлуулах боломж маань илүү нээгдэж өгсөн. Тасалбараа борлуулахад ч их дөхөм болсон. Лхамжав эгч бид хоёр фэйсбүүкээр танилцаж нэгнийгээ мэддэг болсон. Мөн тоглолтын тасалбар, утасны дугаар захиалж авсан, шүр хэлхэхэд минь тусалдаг маш олон хүн байгаа. Энэ олон хүний сэтгэлийн хүчээр охин маань удахгүй эдгэнэ гэдэгт би итгэлтэй байна.

-Одоогийн байдлаар хандивын мөнгө хэр их цуглараад байна. 25 сая төгрөг хэрэгтэй гэж байсан?

-Хандив өнгөрсөн хугацаанаас сая гаруй төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Хотгойд Батхуягийн Батдэлгэр” гэдэг цахим хуудастай залуу надад хандаж 100 ширхэг шүрэн дугаарын захиалга өгсөн. “Өнөөдөр би ийм сайхан юмтай боллоо. Энэ хүнд би 100 захиалга олж өгье. Намайг дагагч найз нөхөд энэ хүнд захиалга өгөөрэй” гэж бичсэнээс хойш захиалга маш их нэмэгдсэн. Энэ хугацаанд нийт 150 захиалгын ард гарлаа. Энэ хэмжээгээр бид хоёрын хуримтлал өссөн. Гэхдээ тоглолтын зардалд бас их мөнгө орж байгаа. Урсгал зардлаа гаргасны дараа билет борлуулалтаас бид хоёрын цэвэр мөнгөн хуримтлал бий болох юм.

-Ерөнхийдөө санхүүжилт нь бүрдэж гүйцэж байна уу?

-Гүйцэх болоогүй байгаа. Тасалбараа борлуулж чадвал бид хоёрт боломж байгаа.

-Германд шинжилгээ өгөх эмнэлэг рүүгээ ярьсан уу, эмнэлгээ сонгосон уу?

– Хоёр, гурван эмнэлэг рүү материал явуулсан. Үүнээс хоёр эмнэлгээс сонголт хийх үлдээд байгаа. Их нааштай хүлээж авсан. Одоо аль хот руу очвол илүү дөхөмтэй байх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй байна. Надад туслах хүмүүс очих хамгийн боломжтой эмнэлгийг л сонгоно доо.

-Энэ хугацаанд О.Сувд охины маань бие ямархуу байна. Өсч том болж байна уу?

-Охин маань маш сайн байлгүй яахав. Одоо хэвтэж байгаад хоёр тийшээ эргэж хардаг болсон. Байнга охинтойгоо харилцан ярилцаж байсны үр дүнд үеийнхэн шигээ шулганан ярьж байгаа. Тоглолтын ажил, шүрээ хэлхэнэ гээд ээжийнхээ халамжаар саяын хэд хоног дутагдсан байх. Охин маань жаахан ханиад хүрээд өнгөрсөн долоо хоногт аавтайгаа эмнэлэгт хэвтээд гараад ирсэн. Миний охин их хүчтэй байгаа. Одоо цэцэрлэгтээ явж байна.

-Гэр бүлээрээ л эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа байх?

-Бүгдээрээ л хичээж байгаа. Бас манай ханийн хамт олон их сайхан хүлээн авч, олон талаас дэмжиж тусалж байна. Зөвхөн мөнгө бус сэтгэл санаагаар, ажлын ачааллыг нь бууруулах зэргээр олон талаас нь дэмждэг. Олон хүний ачаар охин бид хоёр өнөөдрийг хүртэл зорилгодоо хүрэхээр тэмүүлж чадаж байна.

-Таны энэ шантаршгүй хичээл зүтгэл О.Сувд охинтой адил өвчнөөр шаналж буй хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд бас их урам, сэтгэлийн дэм болж байх шиг байна?

-Найдвар төрүүлж байгаа. Хэд хэдэн хүн пост бичсэн байсан. “Наранмандах эгчийг хараад үнэхээр бид нар буруу бодож байсан юм байна гэдгийг мэдлээ. Одоо л хөдлөхгүй бол оройтох юм байна. Өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгоод хөдөлж эхлэх хэрэгтэй юм байна” гэсэн олон постыг уншсан. Би үүнд өөрөө ч маш их урамшиж байгаа. Яагаад гэвэл өвчтэй хүүхэдтэй ээж бүхнээс хүүхдээ эрүүл саруул болгохсон гэсэн бодол хормын төдий ч холддоггүй. Маш олон арга замыг өөр өөрсдийн сувгаар хайж ирэлхийлдэг. Гэтэл мухардах зөндөө тохиолдол байгаа. Наад зах нь ойрхон дөрөв, таван цаг хүүхдээ орхиод явах гэтэл хараад өгөх хүн байхгүй эцэг эхчүүд ч бий. Тэдгээр мухардалд орсон ээж, аавууд хонгилын үзүүр дэх гэрлийг олж харсан байх гэж бодож байна. “Та бидэнд зам, чиг зааж байна. Та өөрийнхөө туршлагаас хуваалцаарай” гэсэн хүмүүс их байдаг. Би “Бид зовлон нэгтэй шигээ зорилго нэгтэй улс. Тийм учраас надад олдож байгаа боломж ч та бүхэнд олдоно” гэдэг. Охин бид хоёр Улаанбаатар хотоос үнэхээр хөдөлж чадвал хөдөлсөн алхам бүрээ, алдсан алдаа, мэдсэн сонссон, дуулсан үзсэн заалгасан бүхнээ бичиж тархины саажилттай хүүхэдтэй эцэг эхчүүдэд, тусламж зөвлөгөөг фэйсбүүк хуудсаараа дамжуулан өгнө гэж бодож байгаа. Би өөрийнхөө охинд тусласнаараа, охиноороо дамжуулан адил өвчинтэй мянга мянган хүүхдэд дуслын төдий ч болтугай тус нэмэр болохыг хүсч байна. Энэ талаар одоо ч үргэлжлүүлэн судалж чамгүй мэдээлэлтэй болж байгаа. Зовлон хүнийг хатуужуулж, ухаажуулж, зоригжуулдаг. Хэцүү гээд суугаад байвал бүх зүйл хэцүү. Хийе гэсэн хүнд арга олддог, хийхгүй гэсэн хүнд шалтаг олддог. Тэр нэг арга маань охиноо оношилгоонд авч явах. Ингэснээр тархиных нь аль хэсэг гэмтсэн юм, тэрхүү гэмтэл нь цаашид хэрхэн нөлөөлөх юм, цаашдаа бид юу хийж чадах, чадахгүй вэ гэдэг нь энэ нарийн оношилгоогоор тодрох юм. Хоёрдугаарт, миний охинд дараа нь үүсч болох хүндрэлүүд нь юу байж болох вэ, харааны бэрхшээлтэй сонсголын бэрхшээлтэй, хэлний бэрхшээлтэй болох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Хоёр дахь хүндрэлүүд үүсэх үү гэдгийг бас мэднэ. Үүний дараагаар ахисан шатны эмчилгээ хийнэ. Бид ямар эмчилгээ хийгдэх эсэхийг мөн мэдэхгүй байна. Охиндоо тусалж дэмжихийн төлөө манай гэр бүлийнхэн нойроо хугаслан хамтдаа тэмцэж байгаа. Гэр бүл гэдэг хамтын хүч гэдгийг би өөрийн биеэр хүүхдүүддээ үлгэрлэж байгаа. Миний дотнын найзууд Ундармаа, Тайван, Саруул нар маань хичээл зүтгэл гаргаад ажлын цаг заваараа бүгдээрээ шүр хэлхэж байгаа. Бүх л юман дээр тусалж байна. Олонтой хүн гэдэг оломгүй далай байдаг юм байна.

-Таныг мөн бусад өвчтэй хүүхдүүдэд, тэдний эцэг эхчүүдэд хандиваар цугларсан, шүр оёж олсон мөнгөнөөсөө хандивладаг гэж сонссон?

-Одоо ч гэсэн хандиваа үргэлжлүүлж байгаа. Өдөр болгон л фэйсбүүк, цахим хуудсанд нэг өвчтэй хүүхдийн мэдээлэл явж байгаа нь эмгэнэлтэй байна. Нэгэнт хүмүүс надад сайхан сэтгэлээр хандаж байхад би ч бас хүмүүст тус нэмэр болох юмсан гэж боддог. Бага гэж голохгүй өөрийнхөө олсон мөнгөнөөс бусдад хандивлаж байгаа.

-Өмнө нь тархины саажилтыг бусад хүмүүс нэг их хайхарч хардаггүй байсан. О.Сувд охинд туслах энэхүү хандивын аян нь нөгөө талаар хүмүүсийг энэ сэдэв рүү бага ч болов татаж байх шиг?

-Миний бас нэг зорилго энэ өвчинтэй холбоотой хуучин ойлголтыг эвдэх. Нийгмийн өөрчлөлт хөгжлийн хувьд нь ч аваад үзсэн энэ саажилт гэдэг өвчний ойлголтыг өөрчлөх ёстой. Энд хувь нэмрээ оруулж чадвал их баяртай байх болно. Энэ зөвхөн өвчинтэй хүүхдүүдийн ээж, аавуудын асуудал биш. Хүмүүс тархины саажилтыг эдгэдэггүй гэж боддог, ярьдаг. Энэ бол эдгэдэг өвчин. Зөв оношилж, эрт арга хэмжээ авч чадвал 90 хувь хүртэл эдгэдэг өвчин байтал хувь заяанд нь хүүхдүүдээ даатгаад орхино гэдэг бол энэрэнгүй нийгэмд хамгийн их харгислал юм. Нийгмийг ийшээ бага ч гэсэн хандуулж чадаж байвал их баяртай байх болно.

-Саажилт нэг удаа хагалгаа эмчилгээ хийлгээд эдгэчихдэг өвчин биш. Маш удаан хугацааны эмчилгээ, сувилал, зардал мөнгө хэрэгтэй гэдгийг өмнө нь бас дурдаж байсан?

-Өнөөгийн манай улсад хийж байгаа саажилтын эмчилгээ яг тийм байгаа.Саажилтын эмч нар үзээд энэ хүүхдийн ээж ажил хийх эрхгүй, бүх юмаа орхиод хүүхдийнхээ төлөө нуруугаа бөгтийтэл зүтгээд байгаарай гэдэг. Өнөөгийн нийгэмд өвчтэй хүүхэдтэй хүн амьдрахад хэцүү. Санхүүгийн бэрхшээлтэй байгаа энэ үед бүх юм, ажлаа хаяад хүүхдийнхээ төлөө зүтгэ гэдэг бодит зөвлөмж мөн үү, үгүй юу. Хоёрдугаарт, тэгээд бодит үр дүнд хүрч чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс би оношилгоог нэн даруй хийлгэхээр зорьж байгаа юм.

-Тоглолтод ямар хамтлаг дуучид оролцох билээ?

-Тоглолтыг маань зохион байгуулж байгаа дуучин Л.Байзада, “Өргөө” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Бархас, гавьяат жүжигчин Ж.Уранчимэг, П.Хатанбаатар, П.Бямбахүү, Т.Эрдэнэбаяр буюу Дэндэв, Т.Амина, Э.Бумхүү, Б.Тунгалаг, “Му voice” тэмцээний шилдэг оролцогч дуучин С.Ихбаяр, “Гурван бүдүүн” хамтлаг, “Улаан сарнай” бүжгийн хамтлаг тэргүүтэй олон олон уран бүтээлчид оролцоно. Мөн циркийн хөтөлбөр явна гэсэн. Их үзүүштэй сайхан тоглолт хийж өгөхөөр зохион байгуулж өгч байгаад “Латиф” сангийн хамт олонд их баярлаж байна. Хүүхдийн маань тоглолтыг ирж үзэх гэж байгаа, хандив өргөсөн бүх хүмүүстээ баярлалаа. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Өмнөговь аймгийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Завхан аймгийн оюутнуудын “За” клубийнхэн, СУИС-ийн хамт олон болон, Радио телевиз видео урлагийн сургуулийн бүх хамт олон болон бусад бүх хүн, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа олон арван шавь нар, найз нөхдөдөө чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ олон хүний сэтгэлийн дэмээр бид хоёр зорилгодоо хүрэх гээд өнөөдрийг хүртэл явж байна.

“Зүрхний бяцхан сувд” тоглолт болоход гурав хоног үлджээ. Гэвч М.Наранмандах эгчид тоглолтын тасалбарын бараг тал хувь буюу 800 гаруй тасалбар үлдэж, устахад хүрээд байгаа юм. Тоглолтын тасалбараа гүйцэд борлуулж чадвал урсгал зардлаа нөхөхөөс гадна, санхүүжилтээ бүрдүүлэх боломж байгаа гэсэн. Та бүхэн бяцхан О.Сувдад тусалж тасалбар худалдан авахыг хүсвэл 95272026, 94056000 утсаар холбогдоорой.