Categories
мэдээ цаг-үе

Туул голоо эзгүйд өмөрч, ирэхэд нь өмөлзөх юм даа

Туул маань иржээ. Саяхан л гол харлуулан эзгүйрч байсан их ус маань ирж. Хэдхэн хоногийн өмнө Туулын гүүрээр машинтай гарч явахад дүүгийн маань гурван настай охин “Гүүрний ус байхгүй болсон байна” гэж хашгирч билээ. Тэр жаалхан амьтан хүртэл анзаарч мэдээд байхад томчууд бид хайж хүлээх нь аргагүй юм даа гэж бодогдож билээ.

Хүүхэд ахуйгаасаа бараанд нь сүрдэж, уснаас нь ундаалж өссөн Туулаа хаврын хаварт алга болчихоор жигтэйхэн өмөрч, туналзан мэлмэрсээр ирэхэд өмөлзөн догдлох юм даа. Угаасаа л сүүлийн жилүүдэд Туул маань харгин халиан ирэхийнхээ өмнө ингэж алга болж, ингэж татардаг болсон шүү дээ гэж мэдээд байгаа хэр нь хайрга чулуу нь эзэнгүйрч харагдахаар гуниглаж гэгэлзчихээд байх юм. Зарим нутагт Шургуу нэртэй голууд бий. Хур ус багатай жилүүдэд шургаж алга болчихдог харин жаахан ахиухан бороотой үед урсаад эхэлдэг тийм голууд л даа.

Гэтэл хатан Туул маань хаврын хаварт шургаж алга болчихоод, айлгасаар аажуухан ирдэг болжээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө бичсэн “Туул ирээгүй хавар”-таа “Туул амилах хаврын цагт, Туул нойрсох намрын сүүлээр сэтгэл минь сонихноор догдолдог юм. Тэгээд л нутаг орондоо хүлээн суугаа ээждээ очих мэт Туулдаа очмоор санагдана. Туулын хөвөөнд би буй болсон юм. Хүнд төрсөн нутгийн уул, тоглож, ууж өссөн гол ус нь ойрхон байдаг.

Хотын унаган надад ч Туултай сүлэлдсэн дурсамж их. Туултай холбоотой олон олон дурсамж, хаврын бороо намайг сургаж, намайг буй болгосон билээ” гэж бичсэн сэн. Нээрээ л Туулаа ирэхгүй удахаар сэтгэл сэмэлзэж, тунин туниж, туналзан мяралзсаар ирэхэд нь баярласаар он цагийг элээсээр…

Categories
мэдээ цаг-үе

Сөнөдийн Гилүгэдэй баатрын нутаг Өмнөд Монголын тэмдэглэл (II)

Урд зүгийн идээ “Талын хар”-ыг Өмнөд Монголын үндэсний хоол цусан бууз (гэдсэн буузыг тийн нэрийднэ)-аар даруулж, цайны бүдүүн гэрт нь (ресторан) наргиж наадсан Ухаант, Бүрэнтөгс хоёр маань сая Монголд ирээд буцсан билээ. Ар Монголын хүүхдүүдийн шүлэг найргийг сонсож суугаад, бид чинь та хэдээсээ яасан айхтар хоцорсон юм бэ. Монгол хүүхдүүдийн сэтгэлгээ, үгийн яруу тансаг хэллэг, утга уянга, цаад гүн санааг нь ойлгоход бэрх санагдлаа хэмээн бүр нэг үнэнээсээ бахдаж суусан сан. Тэд бол Сөнөд баруун хошууны Монгол үндэстний дунд сургуулийн багш нар юм.

“Өмнөд Монголын газар нутаг элбэг дүүрэн. Аймаг, хошууд бүр өөр өөрийн аялгатай. Манай сөнөдийнхөн чинь Ар Монголын төв халх аялгуугаар ярьдаг хүмүүс. Цоодол найрагчийн яриаг сонсоод эмэг ээж, өвөг эцэгтэйгээ уулзсан мэт санагдлаа. Биднийг багад эмээ, өвөө минь яг л тийм аялга, хуучны монгол сайхан хэлээр ярьдаг байсан” хэмээн Ухаант багш хэлж байлаа. Тэрээр Өмнөд Монголын багшийн их сургуулийг сурган хүмүүжлийн мэргэжлээр дүүргэсэн нэгэн. Анх удаа гадаад паспорт авч хилийн дээс алхан, Тамчийнхаа талаас холдсон нь Монгол Улс, Улаанбаатар хот гэнэ. Бээжин ч орж үзээгүй гэсэн. Харин багшийн сургуульд хамтдаа суралцаж байсан Хянган аймгийн бүсгүйг гэргийгээ болгон, сөнөд баруун хошуундаа чөдөрлөөд авсан байна. Хянганд харчин, боржигон овгийнхон ихэвчлэн байдаг гэсэн. Ухаант багшийн хүүхэн нь боржигон овгийн хүн юм билээ.

Сөнөд баруун хошууныхан Өмнөд Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дэ вангаа үндэсний баатар гэж өргөмжилнө. Түүний улс төрийн тэмцлийн талаар тэр бүр ярихгүй. Хориод оны цаг төрийн ээдрээтэй, үймээнт жилүүдэд монгол үндэсний соёл, түүхийнхээ өмнө гавьяа байгуулсныг бахархан дурсана. Шашин сүмийн устгалаар вангийн ордон үгүй болж, түүнийг сэргээн мандуулах ажил хийгдэхэд Японы жуулчны авсан гэрэл зураг үнэт өв болсон гэдэг. Тэрхүү зургийн дагуу одоогийн Өндөр сүмтийн ордон буюу Дэ вангийн өргөөг бүтээн цогцлоосон ажгуу. Уг ордон сөнөд баруун хошууны төвөөс дөчөөд километрийн зайтай.

Түүхийн буурал улбаанд нирун Монголын эртний аймаг, хиад боржигоны гол нуруу нь гэгддэг сөнөд баруун хошуу өдгөө долоон түмэн буюу далан мянган хүн амтай ажээ. Хүн зон нь ихэвчлэн албан ажил эрхэлнэ. Хөдөөнөөс ирсэн залуус хошууныхаа төвд хаа сайгүй шургалж, цайны газрын угаагч, зөөгч, дэлгүүр хоршооны худалдагч зэргээр амь зууна. “Манай харчууд болоод хүүхэнчүүд хөдөө гарах дургүй. Төв суурин газар бараадаж тав арван төгрөг олдог. Уул нь хөдөө гарвал төрөөс өндөр хэмжээний татаас өгч, мөнгө төгрөгөнд санаа зовох зүйлгүй амьдарна. Гэтэл бүгд хөдөөгөөс дайжих болсон” гэж хэн хүнгүй хэлэх бүлгээ. Хятадуудтай гэр бүл болж байгаа эсэхийг тодруулахад, ерээд оны өмнө монголчуудын амьдрал хүчир (тааруу) байсан. Тухайн цагт хятадуудтай суух тохиолдол элбэг байлаа. Сүүлийн хэдэн жилээс монголчуудын үзэл ухамсар дээшилсэн. Түүнийх нь илэрхийлэл монгол хүн монгол хүнтэйгээ гэр бүл болж буйгаар баталгааждаг гэлээ. Ер нь ерээд оноос өмнөд монголчуудын ухамсар илтэд сэргэсэн байна. Үүний бас нэг баталгаа бол үндэсний өв соёлын дархлаандаа илүүтэй анхаарч эхэлжээ. Хуучны уламжлалынхаа дагуу малчид нь хөөрөг гаансаараа гоёж, аливаа баяр ёслол бүхэнд үндэсний дээлээ өмсөж, гүүгээ уяж монгол ахуй, ёс уламжлалаа айл бүхэн дагаад эхэлсэн байна.

“Жороогийн жороо”, “Өвгөн шувуу”, “Саруул тал” тэргүүт тал алдалсан уртын дууг сөнөдийнхөн Тамчийнхаа талд унаган шуранхай хадаах ажгуу.

Уртын дуу гэснээс монгол найргийн шад мөрүүд сав л хийвэл сэтгэл дотроос нь ундраад ирдэг Тогтомж найрагчийн аав нь Сайхан талын адуучин явжээ. Харин ижий нь ардын дууч нэгэн. Эдүгээ ерэн насны даваан дээр ирсэн буурал эх найрагч хүүгийнхээ дэргэд жаргалаа эдэлж сууна. “Миний ижий амьдралдаа нэг чиг удаа тайзан дээр зарлуулж дуулаагүй ч монгол соёлынхоо дархлааг хадгалсан хүн юм. Өв тээгч гэж манайхан ярьдаг, тийм л хүн. Сайхан талынхаа цэцгэн дунд, адуу малынхаа дэргэд жилийн дөрвөн улиралд дуулж яваа хүн. Хүүхэн хутагтын дуу гэгддэг “Баян баргын манаа”, мөн “Будал цолмон хүрэн” зэрэг дуунуудыг сайхан дуулдаг байлаа. Сөнөдийн найр манай ээжийн дуугаар эхэлнэ. Тавиад оны эхээр “Тув тунгалаг Туул”, “Миний хайртай Улаанбаатар” зэрэг дуунуудыг ар монгол хүнээс сурч байсан гэдэг” хэмээн найрагч маань дууч ижийнхээ тухай явдал замд дурсаж байв шүү.

Сөнөдийн эгэл жирийн малчны хотонд мөрөө мултлах саналыг нөхдөдөө дуулгалаа. “Өдрийн сонин”-ы томилолт гэдгийг ч хэлээд авлаа. Удвал багш тэр даруйхан ийш тийшээ утасдаад Рэнцэнгийн Машбаяр гуайнхыг олоод авах нь тэр.

Машбаяр гуай сөнөд баруун хошууны Эрээн нуур сумын малчин. Хуучин цагт хөрш зэргэлдээ Рашаант сумынхаа засаг ноёноор арван жил ажилласан нэгэн ажээ. Хошууны төвөөс жараад километр хэртэй газар туушиндаад тэднийд очлоо. Удвал багшийн гэр бүлийн хүнээр хүргүүлж байгаа юм. Жолоочийн машинд Ар Монголын дуучдын дуу ар араасаа аялгуулан урсана. Ухаандаа, “Ардын дуу шиг амраг минь, алтан хундага цэцэг минь” гээд Самъяагийн Ганзориг гавьяат дуулаад дуусахтай зэрэгцэн өнөө өтгөн хөмсөгтэй дуучны “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа, ай хө” гээд л явж байгаа хэрэг. Зорьсон айлдаа хүрэхийн өмнө гурван айлын эдлэн газраар ороод гарав бололтой. Байсгээд л Удвал багш машинаас гүйхээрээ бууж тортой хашааны хайсыг холдуулна. Зам дагуу газар учир хайсныхаа амыг янгинатал хүлчихдэггүй юм билээ. Машбаяр гуайнх Тамчийн талын Үүдийн хөндийд бага хүү Дүүрэнсангийнхтайгаа айл байна. Хоёр гэрээр, хажуудаа жигтэйхэн олон өрөө тасалгаатай, сумын төвийн захиргааны байр шиг байшинтай ажээ. Уг байшинг хошуунаас нь барьж, тохижуулж өгсөн гэнэ. Дүүрэнсангийн банди Сонинтод бидэнтэй хамт гэр рүүгээ явсан. Монгол бага сургуулийн гуравдугаар ангийн сурагч, хурдны морь унадаг хэвлүүхэн эр байна. Аавыгаа даган цахар, үзэмчин, Долнуурын наадамд очин морьд уралдуулж, айраг түрүү хүртэж явснаа сонирхуулав.

Машбаяр гуайд хуучин дарга даамал явсных нь байр суурь хадгалаатай яваа бололтой, манайх чинь дөрвөн зуу гаруй хоньтой, жараад адуутай айл. Араб, англи цусны эрлийз хоёр азаргатай, сүүний чиглэлийн нэг үнээтэй гээд сүрхий гэгч нь тоо баримттай яриагаа эхэлсэн юм. Сөнөдөд тэмээтэй айл гарын арван хуруунд багтахаар цөөхөн гэнэ. Ямааг дэмий мал гэж үзээд гэрийн эзний хэлснээр шийдвэрлэчихсэн (дуусгачихсан) байна. Өвс бэлчээр нимгэн, ган гачиг их болдог учир отроор нүүдэл хийхээс аргагүйд хүрдэг гэнэ. Хоёр жилийн өмнө хошуунаасаа урагш Төхөм, Бүтэмж сумдын нутаг руу нүүдэллэжээ. Нүүдэл хийж явахад малчид бэлчээрээ харамлаад сүйд болдог бололтой. Малаа хурдан гил, худгаас услахгүй шүү гээд орилолдоод явчихдаг гэсэн. Оторлож буй газар нутгийнхаа төлбөрт нэг хониноос сард 10-20, нэг адуунаас 150 юань өгдөг байна. Бодоод үзэхээр өндөр тоо гарч байгаа юм. 400 хоньтой, жаран адууны сарын төлбөрийг тооцвол хонь нь хоёр сая дөрвөн зуун мянга, адуу нь хоёр сая долоон зуун мянга, нийтдээ таван сая нэг зуун мянган төгрөг болж байна. Үндсэндээ нэг сарын отрын үнэ шүү дээ. Эл байдлыг нь харгалзан хошуу тамгаас нь малын бэлчээрийн нөхвөр гэж сард хорин мянган юань олгодог гэсэн. Монгол мөнгөөр зургаан сая гаруй төгрөг.

Дүүрэнсангийнх томоо гэгчийн эрээн гэртэй. Гэрийн яс мод, тооно, багана нь өргөн, суурьтай гэж жигтэйхэн. Шулуун хөхийн сийлбэрч залуугаас багагүй өндөр өртгөөр энэхүү сийлбэртэй эрээн гэрийг худалдан авчээ. Ажнай хүлгийн медалиар дүүрэн айл ажээ. Хоймрынх нь хоёр талын унинаас тэр чигтээ “төмөр” дүүжлээстэй байна. Дүүрэнсангийн адууных нь буян тэр ажгуу. Хоймортоо эзэн Чингисийнхээ зургийг залсан нь нүдэнд тусаад явчихалгүй хаачихав. Дотны зураач найздаа захиалж байж зуруулан, жаазлаад хүндэтгэлтэй байрлуулжээ. “Өчигдөр ч элсээр нүүр нүдгүй балбасан. Танай ийшээ ялгаагүй биз дээ” гэхүйд “Ёстой омогтой шуурч байна лээ” хэмээн инээд алдаад хонио өглөөгүүр бэлчээгээд үдээс хойш хашаа хороонд нь түгжиж аваад, өвс зулаад өгчихсөн гэнэ. “Үзэгдэх бараагүй элсэн шуурга өдөр бүр шүү дээ” гээд тэнгэр хангайтай бүр нэг эвлэрчихсэн янзтай. Элсээр шуурсан Тамчийн талд хялгана бөхөлзөхөөс өөрийг олж хараагүй.

Наяад оны үед бараг л жар, далаад төрлийн ургамал ургадаг байсан. Одоо бүр ор тас байхгүй болсон нь хачин гэж гэрийн эзэн өвгөн гайхширсан байдалтай хэлнэ дээ.

Сонирхуулахад, 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сөнөд баруун хошуунд очжээ. Машбаяр гуайн дотны нөхөр Лантуугийнд зочилсон дуулдана. Лантуу тэр хоёр Мао Зедун, Дэн Сяопины үед сумын дарга хийгээд Тамчийн талаа зундаа мориор, өвөлдөө тэмээгээр туулж байснаа дурссан. Одоо морь байтугай моторт тэрэг (мотоцикль) унадаг хүн ховор болжээ. Бүгд л жижиг гарын жийптэй сүнгэнүүлнэ. Дүүрэнсан гурван жилийн өмнө Монголд ирээд буцсан байна. Хурдны морь, адуу мал гэхээр амиа тавьдаг тэрээр “Ханбүргэдэй” дэлгүүрээс адууны эм тариа, эмээл гөлөм, эдлэл хэрэглэл аваад сэтгэл дүүрэн буцсан гэнэ.

Мань эрд Монгол бол жинхэнэ эрх чөлөөний орон, “Ханбүргэдэй” дэлхийн хамгийн баялаг дэлгүүр санагдсан шиг байгаа юм. Урьд өмнө үзээгүй, зурагтаар хаа нэг бараа сургийг нь харж, дуулсан ховор эм тарианууд бүгд байж байхаар эрхгүй тэгж бодогдоно биз дээ. Тэднийх нарны зайгаар ажилладаг өрөмдлөгийн худагтай. Ганцхан товч дараад л ус нь оргилоод ирнэ. Нар, салхины амт шингэсэн үхрийн хавирга, сээр чанаад, лавшаа хийж дайллаа.

Өмнөд Монголын малчид торон хашааг нь эс тооцвол монгол малчдаас ялгагдах юм үнэндээ алга. Дүүрэнсан манай Хэнмэдэх гуайгаас аваад малчид, уяачидтай уулзаж танилцсанаа сонин болгож өгүүлсэн юм. Бүдүүн эр хонь монгол мөнгөөр 450 мянга, шар үхэр гурван сая гаруй төгрөгийн үнэтэй гэсэн. Улаанцав, Шилийн гол хоёр аймгийн заагт дүнхийх Номгон уулаа тахиж сүсэлдэг, Сангийн овоо хэмээх сүрлэг сайхан овооны дэргэд хаваржиж буй тэднийд үдшийн бүрий нөмөртөл хуучилсан билээ.

Машбаяр гуайнхаас буцаад давхиж явахад Удвал захирал “Хүний сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд хүж дэлхийд би хүслээ шингээн дуулмаар байна. Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй” хэмээн манай гавьяат шиг намба төгөлдөр дууллаа. Өнгөрөгч оны долдугаар сард “Чингис хаан”-ы Жагаа, Ганзориг, Банзрагч гээд дуучид ардын урлагийн их наадмаар ирж ая дуугаа өргөжээ. 2004 онд “Хурд” хамтлаг ирж сөнөдийнхний цөсийг нэгэнтээ хөөргөөд авч. Харин түүнээс хойш үзэл суртлын хэлтэс нь “Хурд”-ынхныг очиход тийм ч таатай бус, эх оронч үзэл нэвт ханхлуулсан дуунуудыг нь “главлит”-аар оруулах болсныг захирал сонордуулсан.

Сөнөд баруун хошууны захирагч Бүрэнжин Хөвөөт шар хошууных гэдгийг, засаг ноён нь таван жил болоод дээшээ дэвшдэгийг, Өмнөд Монгол нутаг 13 аймагтай, сөнөд баруун хошуу долоон сумтай болохыг дурдах нь зүйтэй байх. Мөн биднийг тийн бууж үдэлж явах үеэр Өвөрмонголын дарга Баатар Бээжин рүү дэвшээд явсан сураг дуулдсан. Харин түүний ажлыг Бөхөө гэж өмнө нь дарга байсан хүний охин түр орлож байгаа гэнэ. Ийм л яриа хөөрөө, элгэн халуун сэтгэл, уянга эгшигтэйгээр Сөнөдийн Гилүгэдэй баатрын нутгаас Монгол туургатны гал голомт болсон Улаанбаатарынхаа зүг мордсон юм.

Categories
мэдээ цаг-үе

Ялалтын заан

Энэ долоо хоногт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Дали&Пикассо” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Улаанбаатар хотноо дэлхийд алдартай хоёр зураачийн эх бүтээлүүд анх удаа үзэгчдийн хүртээл болох юм. Испанийн алдарт хөвгүүн Сальвадор Дали бол зураач төдийгүй барималч, найруулагч, зохиолч байсан. Тэрээр ер бусын бүтээлүүдээрээ үзэгчдийн бишрэлийг төрүүлж, орчин үеийн урлагийн ертөнцөд хувьсгал хийсэн билээ. Түүний алдарт бүтээлүүдийн нэг нь “Ялалтын заан” хэмээх баримал бөгөөд энэ бүтээл нь “Дали&Пикассо” үзэсгэлэнд тавигдах юм.

Испанийн нэрт зураач маань уг бүтээлээ 1980 онд хийжээ. Хүрлээр хийсэн цутгамлын өндөр нь хоёр метр 65 см. Сальвадор Дали зааныг ихэд бэлгэшээдэг байсан гэдэг. Тиймээс ч түүний уран бүтээлд заан онцгой байр эзэлсээр ирсэн гэж болох юм. “Ялалтын заан” нь ХХ зууны импрессионист урсгалын төлөөлөл болсон бүтээл.

Хүч чадал, амар амгалангийн бэлгэдэл болсон амьтныг С.Дали маш сониноор дүрсэлжээ. Зааныг хүч чадал, амар амгалангийн бэлгэдлээс гадна ихэд гоёмсог амьтан гэдэг. С.Далигийн үзэж байснаар бурханаас түүнийг заяахдаа ганцхан алдаа гаргажээ. Энэ бол хөл нь. Тиймээс ч “Ялалтын заан” барималдаа бурханы алдааг залруулж бүдүүн хөлийг “сольж” тогорууных шиг нарийхан болгосон гэдэг. Зааны нуруун дээр тавьсан эмээлийг эрдэнийн чулуугаар чимэглэснээр эд баялгийг илэрхийлжээ. Энэ бүтээл нь хоёр өнгөөс бүрдсэн болохыг урлаг судлаачид онцолсон байдаг. Заан нь ногоон, түүний нуруун дээж зогсч буй охин тэнгэр алтан шаргал өнгөтэй. Охин тэнгэрийг бүрээ үлээж байгаагаар дүрсэлснээр амжилт, цэцэглэл, хөгжил, шинэ бүхнийг бэлгэдсэн байна.

Уг баримлыг харахад аварга том биетэн, жижигхэн сахиусан тэнгэр хоёр хэмжээний хувьд эрс тэс ялгаатай нь хамгийн түрүүн нүдэнд тусдаг. Агуу уран бүтээлч маань үүгээрээ өнгөрсөн, ирээдүй хоёрын заагийг харуулахыг хичээсэн байна. Цаг хугацаа гэдэг нисэх мэт өнгөрч байгааг ийнхүү илэрхийлсэн хэмээн урлаг судлаачид тайлбарласан юм. Харин хэмжээний хувьд нүдэнд тусахуйц жижиг, том хоёрыг нэг барималд хамтатган дүрсэлснээр өнгөрсөн ирээдүй хоёрын ялгааг дүрслэн харуулжээ.

Сальвадор Далид 1975 онд энэ баримлыг хийх санаа анх төрсэн гэдэг. Гэвч 1980-аад оноос эхлэн хэрэгжүүлж анхныхаа цутгамлыг хийсэн байна.

Испанийн нэрт уран бүтээлч маань амьд ахуйдаа нэр алдрын оргилд хүрч бүтээлүүд нь хэдэн сая ам.доллараар зарагдаж байсан юм. Тиймээс ч С.Дали нэг бүтээлээ нэгээс илүү хувь бүтээх болсон гэдэг. Тэрээр мөнгө олох үүднээс бүтээлээ олон хувь хийсэн байдаг хэмээн судлаачид бичсэн байдаг. Харин зарим нь өөрийнх нь уран бүтээл хожим нь өндрөөр үнэлэгдэнэ гэдгийг мэдэж байсан тул ингэсэн гэсэн тайлбар ч бий.

Алдарт зураач маань бүтээл дээрээ хичнээн хувь хийсний хэд дэх нь гэдгээ маш тодорхой тэмдэглэн үлдээж байжээ. Жишээ нь “Ялалтын заан” бүтээлээ найман хувь хийсэн бөгөөд 4/8 гэсэн тэмдэглэл тавьсан байдаг нь найман хувь хийсний дөрөв дэх нь гэдгийг илэрхийлдэг.

Хамгийн сүүлд С.Далигийн “Ялалтын заан”-ы 4/8 дугаартай баримлыг Лондон хотноо болсон “Bonhams” дуудлага худалдаагаар заржээ. Түүний эхний үнэ нь 250-350 мянган евро байжээ. Дашрамд дурдахад С.Далигийн “Поля Элюарагийн хөрөг” нэртэй бүтээл хамгийн өндөр үнэд буюу 21,7 сая ам.долларт хүрсэн юм. С.Дали 1989 онд нас барсан билээ.

Ийнхүү сайн сайхан ирээдүйг бэлгэдсэн “Ялалтын заан” эх баримлыг манайхан эх орондоо үзэж сонирхох боломж нээгдлээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Цэц шийдвэр гаргахдаа нийгмийн сэтгэл зүйг дагачих шиг боллоо

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн буюу пропорционалийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихлаа. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Парламентын зүй ёсны хөгжил талаас харах юм бол энэ ухарсан алхам. Ер нь тэгээд сонгодог парламентын хэлбэр рүү явъя гэж байгаа бол бид одоо ухралт л хийлээ шүү дээ. Шууд сонгох гэдэг ойлголтыг зөв ойлгох ёстой. Би өөрөө ямар нэгэн байдлаар жагсаалт руу орох гэсэндээ үүнийг яриагүй. Би тэртэй, тэргүй тойрогт нэр дэвшиж өрсөлдөнө. Сонголтоо бол манай сонгогчид л хийх байх. Миний хувьд ирээдүйд парламентыг зөв төлөвшил рүү нь явуулах ёстой гэж боддог. Зөв төлөвшүүлсэн мэргэжлийн парламентыг бий болгох ёстой. Тэрнээс хэн дуртай эрээвэр хураавар хүмүүс гүйж орж ирээд хэлэх, хэлэхгүй үгээр ярьдаг газар бол парламент биш шүү дээ. Парламентын засаглалтай улс орны гол юм нь УИХ-ын гишүүд хэр мэдлэг чадвартай, бэлтгэгдсэн байна төдий чинээ тэндээс тийм чанартай сайн хуулиуд гардаг. Тэнд илүү өндөр хариуцлага үүрэг ноогддог. Эргээд харахад манайд өнөөдөр парламент төлөвшиж чадахгүй байна шүү дээ. Төлөвшиж чадахгүй байгаагийн гол юм нь сонголтын асуудал байна. Үнэхээр зөв хүнээ сонгож чадаж байна уу гэдэг маш чухал асуудал болж байна л даа.

-Сонгодог парламент гэдгийгээ тодруулахгүй юу?

-Уг нь парламентын жинхэнэ гишүүд бол пропорционалиар сонгогдсон, мэргэшсэн маш өндөр чадавхтай хүмүүс байх ёстой юм. Тэр хүмүүсийг төлөвшүүлдэг, бэлтгэдэг газар нь институцийн хувьд улс төрийн намууд юм л даа.

Намууд өөрсдийн маш сайн сургаж бэлтгэсэн хүнээ парламентад дэвшүүлдэг. Эргээд үйл ажиллагаанд нь нам институцийн хувьд хариуцлага хүлээдэг. Намтай хариуцлага тооцохыг сонгогчид сонголтоороо хийнэ. Сайн байх юм бол тэр нам ялалт байгуулаад яваад байна. Муу байвал ялагдаад улс төрийн тавцангаас буудаг. Ийм тогтолцоо руу бид явах ёстой байтал өнөөдөр хувь хүн зонхилсон парламент руу явж байна. Ингэхээр парламентын үүрэг хариуцлага гэдэг юм байхгүй болчихож байгаа юм. Жишээ нь одоо нэр дэвшилтийн процессыг харахаар бие даагч 90 хүн дэвшиж байна гэнэ. Арван хэдэн нам, эвсэлтэйгээ харьцуулаад харахаар бие даагчдын дэвшиж байгаа тоо нь давчихсан байж байна. Хэн нэр дэвших нь тухайн хүний эрхийн асуудал. Үндсэн хуулиар олгогдсон эрх бол сонгогдох, сонгох эрх чөлөө шүү дээ. Гэхдээ энд бас улс орныхоо хувь заяа ирээдүйг зөв харах ёстой. Тэр утгаараа би ярьж байна. Түүнээс биш заавал парламентад тэр сонгогдох хэрэгтэй. Харин тэр байж болохгүй гэсэн юм ярих гээгүй шүү.

-Үндсэн хуулийн Цэц 2012 онд их суудлын хуралдаанаараа намын жагсаалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл хуулийн зүйл заалт өөрчлөгдөөгүй байхад одоо зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихлаа?

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрүүдэд эргэж буцсан сүүлийн шийдвэрээ үгүйсгэсэн ийм байдал ажиглагдаж байна л даа.

-Энэ шийдвэрт хоёр том намын захиалга орчихлоо гэсэн хардлага байна?

-Захиалаад байх шаардлага алга байна шүү дээ. Аль ч намын лидерүүд дотор үүнд төдийлөн дуртай хүн алга байна. Би бол Цэц шийдвэр гаргахдаа хоёр намын хуйвалдаан гэхээсээ илүү нийгмийн сэтгэлзүйн шаардлагыг дагачихав уу даа гэж харж байгаа. Улс төрийн намууд хариуцлагагүй байсан. Улс төрийн намуудын нэр хүнд унасан. Нийгэмд УИХ-ын гишүүдийг шууд сонгох гэсэн эрмэлзэл, улс төрийн намуудын гүйцэтгэж байгаа үүргийг үгүйсгэсэн хандлага хүчтэй байсан учраас түүнийг дагасан олон түмэнд таалагдах гэсэн шийдвэр гаргачихлаа. Түүнээс намуудын захиалгаар биш.

-АН, МАН-ын УИХ дахь бүлэг хуралдаад Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаа мэдэгдсэн. Тэгэхээр тойргоо хэрхэн байгуулах бол гэсэн хүлээлт үүсч байна. Том, жижиг аль мажоритараар явах бол?

-Хэрвээ УИХ-ын чуулганаар олонх хүлээж авъя гэвэл Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо гээд холбогдох байнгын хороод яг тэр хуульд нийцсэн өөрчлөлтөө оруулахын тулд ажлын хэсгийг яаралтай байгуулна. Тэртэй, тэргүй бид ямар огт мэдэхгүй юм хийх гэж байгаа биш. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал томсгосон 76 тойрог эсвэл жижиг 76 тойрог руу л орно шүү дээ. Үүн дээр намуудын ажлын хэсэг гарч зөвшилцөх байх. Ингээд намууд зөвшилцөөд жижиг, том мажоритар байхаа шийдчих юм бол угаасаа урьд нь хэрэглэж байсан хуулиуд нь бүгд бичээстэй бэлэн байгаа юм чинь аль тохирсныг аваад баталгаажуулаад явчихна шүү дээ.

-Жижиг 76 тойргоор явуулах болбол мөнгөний сонгууль болно гэлцэж байна?

-Угаасаа ч хуучин жижиг 76 тойрог байхад тийм л байсан шүү дээ. Гэхдээ би нэг зүйлд найдаж байгаа. Сонгуулийн хуульд хатуу хориглосон заалтууд оруулсан шүү дээ. Хэрвээ санал худалдан авах, соёл урлагийн үйлчилгээ явуулах, мөнгө тараах зэрэг үйлдэл гаргах юм бол нэр татах хүртэл арга хэмжээ тооцно гээд хуульчлаад өгчихсөн. Энэ хуулийн хатуу хориглосон заалтууд их хэмжээний мөнгө, эд материал тараахыг зогсоох байх гэж найдаж байгаа.

-АН, МАН-ын гишүүд уулзаж аль тойргууд дээр мандатын тоог хэдээр нэмэх вэ гээд ярилцаж байгаа гэсэн. Тэр талаар дуулсан уу?

-Улстөрчид хоорондоо янз бүрийн санал солилцох нь зөндөө л байгаа шүү дээ. Тэр бол үргэлжийн мөнх л явж байдаг. Цэцийн шийдвэр гарчихсан байгаа энэ үед хэрвээ батлагдвал ямар үр дагавар гарах вэ, яаж шийдвэл зүгээр вэ гэдэг талаар би ч гэсэн зарим нэг хүмүүстэй санал солилцоод явж л байна.

-Та бол нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн. Өмнө нь нийслэлийн мандатын тоог хүн амтайгаа харьцуулаад нэмэгдүүлэх санаачилга гарч байсан. Одоо боломж гарч байгаа юм биш үү?

-Нэгдүгээрт, хуучин байсан мандат буцааж олгогдох байх. Хоёрдугаарт, хүн амын тоо, эдийн засгийн ач холбогдол гээд бусад шаардлагаа харгалзаад магадгүй мандатын тоо нэмэгдэж болно. Би энэ асуудлыг хоёр талтай л хардаг л даа. Нийслэл хүн амын төвлөрөл ихтэй. Тэгэхээр шударга хуваарилалтын зарчмаар харвал хүн амынхаа тоонд харьцуулсан мандатын хуваарилалтыг хийх ёстой. Гэвч Монгол Улсын онцлог нөхцөл байдлыг харгалзах хэрэгтэй. Энэ хязгааргүй уудам газар нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд хичнээн цөөн байлаа ч төлөөллийг нь багасгаж болохгүй шүү дээ. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр уудам газар нутгийг эзэнтэй байлгаж байгаа. Ялангуяа алслагдсан сум багт амьдарч буй тэр олон түмний төлөөллийг бид жаахан давуу байлгах нь буруу зүйл биш.

-Та гишүүдтэй санал солилцож байна гэсэн. Гишүүд ямар хандлагатай байна?

-Тухайн хүн өөртөө ашигтай гэсэн хувилбараар ярина шүү дээ. Одоогоор өөрийнхөө байр суурийг эцсийн гээд тодорхойлчихсон хүн тааралдаагүй л байна.

-Сонгууль болох тун дөхчихсөн үед Үндсэн хуулийн Цэц ийм дүгнэлт гаргалаа. Үүнийг томоохон намууд шууд хүлээж авахаа мэдэгдэж байгаа нь зөв үү. Хүлээж авахгүй байх боломжтой шүү дээ?

-Цэцийн хандлагыг харахад Цэц их суудлаараа хуралдсан ч энэ шийдвэрээ хамгаална. Өмнөх практик нь тийм байдаг л даа. Дунд суудлаараа шийдсэн бол их суудлаараа баталгаажуулдаг. Дунд суудлынхаа шийдвэрийг хүчингүй болгож байсан тохиолдол бараг байдаггүй юм. Тэгэхээр бидний хувьд дэмий хий горьдсон хүлээлт болох гээд байгаа хэрэг. Тиймээс үүнийг хурдан хүлээж аваад тохирсон хуулийн зохицуулалтуудыг яаралтай хийж сонгуулиа цаг хугацаанд нь эрсдэлгүй явуулах арга замаа бодох нь зөв гэж харж байгаа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Өлзийсайхан: Үндсэн хуулиа баримталбал одоогийн УИХ хүчинтэй эсэхийг нь заавал ярих хэрэгтэй болж байна

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, улс төр судлаач, доктор Ч.Өлзийсайхантай ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэцээс жагсаалтаар сонгогдохыг хууль бус гэж үзчихлээ. Үүнээс үүдээд манай улс төрд ойлгомжгүй асуудлууд гарч ирж байна. Та үүнд судлаач хүний хувьд ямар тайлбар хийх вэ?

-2012 оны тавдугаар сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдааны 03 тоот тушаал гарсан юм. Уг тогтоолд 28, 48 гэдэг энэ хувилбарыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Зөрчөөгүй гэдгийг маш олон янзаар тайлбарласан. Жишээ нь, үндэсний эв нэгдлийг хангасан байна, шууд сонгох эрхийг зөрчөөгүй байна, тэгш эрхийг зөрчөөгүй байна, өмнөх хувилбаруудыг илүү боловсронгуй, сайн болгожээ гэж маш олон янзаар давуу талыг нь хэлсэн. Хэн нэгнээр дамжуулалгүй, өөрөө сонгож байгаа нь шууд. Тиймээс шууд сонгоогүй гэж маргах үндэслэл байхгүй гэж тайлбарласан юм. Тэгтэл дөрвөн жилийн дараа энэ сарын 22-нд энэ бүхнээ яг эсрэгээр нь тайлбарлачихсан. Үндсэн хуулийн Цэц маш хариуцлагагүй гэдэг нь, Цэц нэг асуудлыг хоёр өөрөөр тайлбарласнаас харагдаж байна.

Тэгэхээр аль нэг нь л зөв байж таарна. Үндсэн хуулийн Цэцэд хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүмүүсийг л орууллаа гэж УИХ баталж байгаа шүү дээ. Дутагдалтай тал гэвэл Үндсэн хуулийн Цэцэд хуульч хүмүүс байдгаас биш Үндсэн хуульд заагдсан улс төрийн өндөр мэргэшилтэй хүн байдаггүй. Тэгэхээр Үндсэн хуулийн энэ их учир дутагдалтай шийдвэр нь өөрөө Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуульд заасан хэм хэмжээ, шаардлагын дагуу байгуулаагүйтэй холбоотой гэж би хувьдаа дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, улс төр судлалын докторууд бүгд хараад “Энэ Үндсэн хуулийг зөрчсөн байна” гэж хэлж байхад Цэцэд дандаа хуульчид сууж байгаа учир “Үндсэн хуулийг зөрчөөгүй” гэдэг сонин юм хийж байгаа юм.

-Цэцээр ийм шийдвэр гаргуулсан нь захиалгатай ажиллагаа гэж хардах үндэслэл бий юу?

-Бүгд болж буй үйл явдлын цаад нарийн учрыг мэдэж байгаа болохоор аль нь зөв бэ гэдгийг ойлгож байгаа. Энэ удаагийнхыг захиалгаар хийчихлээ гэж ойлгож байна. Үүнд аюул байгаа.

Мажоритар хувилбараар тэр тусмаа жижгэрүүлсэн тойргоор явуулчих юм бол нийт сонгогчдын 30 орчим хувийн саналыг авсан хүн сонгогдоод гараад ирдэг юм. Энэ нь манай сонгууль явуулсан бүх практикаар нотлогдож байгаа. Тэгтэл сонгууль бүр дээр цаана нь 60 орчим хувийн санал гээгдэж байсан. Энэ нь шууд гэдгийг тайлбарлах гэж ядаад байгаа тэр зүйлээс ч их хор уршгийг нийгэмд дагуулаад байгаа. Мажоритар хувилбараар сонгууль явуулсны хамгийн хэцүү үр дагавар бол 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал байхгүй юу. Нийт хүмүүсийн дийлэнх нь АН-ыг дэмжээд, МАХН буюу одоогийн МАН-ыг дэмжээгүй байхад МАХН яагаад гараад ирчихэв ээ гэдгээс болж мөргөлдөөн гарсан байхгүй юу. Дэлхий нийтийн улс орнууд пропорциональ хандлагыг илүү оновчтой гэж тийш явж байхад манайх маш их ухралт хийсэн. Ийм л үйл явдал болчихлоо. Цэцийн энэ сарын 22-нд гаргасан шийдвэр бол маш хариуцлагагүй шийдвэр болсон. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд энэ хоёр шийдвэрийнхээ аль нэгэн дээр нь хариуцлага хүлээх хэмжээнд хүрч ирж байна. 2012 оны шийдвэр нь худлаа байсан юм бол тийм чадамжгүй Үндсэн хуулийн Цэцийн гишүүд яагаад тэр ажлыг хийж байна вэ. Төрийг буруу зохион байгуулуулсныхаа төлөө хариуцлага хүлээж огцрох ёстой. Яагаад дөрвөн жилийн өмнө гаргасан шийдвэрээсээ 180 градус эргэсэн өөр шийдвэр гаргачихав аа. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, Үндсэн хуулийг манаж чадсангүй гэдэг үүднээс Цэцийн гишүүд дахиад хариуцлага хүлээ. Аль ч хувилбарыг нь авч үзсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хариуцлага хүлээх болж байгаа юм.

-Цэцийн гаргасан дүгнэлт нь Сонгуулийн тухай хуулийн ганцхан заалтад хамаатай гээд байгаа. Тэр заалтыг нь л өөрчлөөд сонгуулиа явуулдгаараа явуулах юм уу. Эсвэл сонгуулийг хойшлуулж болзошгүй байна уу?

-МАНАН гэдэг энэ хоёр том намын дэргэд Үндсэн хууль гэдэг бол зүгээр цаас юм байна. Тэгж л харагдаж байна. Тэд яаж л бол яаж өөрсдийнхөөрөө тайлбарлаж байгаа юм. Ерөөсөө энд ард түмний санаа бодлыг зөв тусгая. Аль болох зөвшилцөл, зохицолд хүрье гэдэг тэр санаа нь байхгүй. Яаж бид мөнгөө цуглуулсан билээ, мөнгөтэй бидэнд аль нь тохиромжтой байна вэ гэдэг тийм л сонголтыг хийчихлээ. Тийм учраас эд нар маш хурдан хугацаанд үүнийгээ баталгаажуулах гэж зүтгэж байна. Энэ сонгуулийн системийг авснаар баян, мөнгөтэй хүмүүс, тэдний хүүхдүүд ногоон гэрлээр гарч ирэх боломжтой. Ямар ч эрдэмтэн, судлаач, эмэгтэй хүн, шинэ хүн гарч ирэх боломж байхгүй хувилбар. Нөгөө баячууд гучин хэдэн хувийн саналыг нь аваад 60 хэдэн хувийн саналыг хаяад л яваад байхад мөнгөтэй хүн ялна. Энэ хоёр нам нийгмийг дахин мөргөлдөөнд хүргэж байж л мажоритар хувилбар нь солигдож магадгүй. Мажоритар хувилбарын муу тал нь юу вэ гэхээр манай улсын 25 жилийн түүх байгаа юм. Монгол Улс хөгжиж чадаагүй. Монголын баялаг дандаа өөр хүмүүсийн гарт очсон. Эсвэл олигархи эсвэл гадны хүмүүсийн гарт орсон. Мөнгөтэй хүмүүс гарч ирж бүхнийг өөрсдийнхөө төлөө ашигласнаас л болж эдийн засгийн ийм хортой үр дагаварт хүрээд байгаа юм. Тийм учраас дэлхий нийтийн чиг хандлага ямар байна вэ. Тэр хандлага руу явах ёстой.

-Тэгэхээр сонгуулийг ер нь хойшлуулж мэдэхээр байна гэж үү?

-Сонгуулийг хойшлуулахын төлөө л эд нар ажиллаж байгаа шүү дээ. Сонгууль хойшлуулахын ач холбогдол нь юу байна вэ гэхээр нэгдүгээрт, хугацаа хожиж авна. Хоёр намын рейтинг айхавтар доошоо уначихсан, эдийн засгийг сөхрүүлчихсэн болохоор энэ хооронд зээл ч юм уу, ямар нэгэн хиймэл аргаар богино хугацаанд өндөр болгох гэж байгаа байж магадгүй. Хоёрдугаарт, АСЕМ гэдэг зүйлээр тархи угааж байгаад гарч ирэх гэж ч байж магад. Монголыг их ардчилсан улс боллоо, дэлхий нийтийн хэмжээнд сайхан болно гэж хүмүүсийн толгойг эргүүлээд гараад ирэх ийм л бодлого барьж байна. Түүнээс биш Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд энэ ямар ч ач холбогдолгүй.

-Жагсаалтыг хууль бус гэж үзсэн юм чинь 2012 онд бүрэлдсэн УИХ, түүний гаргасан бүхий л хууль тогтоомж, эрхзүйн баримт бичиг бас хууль бус болж таарч байна уу?

-Үндсэн хуулийн 66.4-т яг тийм заалт байгаа. Уг заалтад “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно” гэж байгаа байхгүй юу. Цэц пропорциональ нь Үндсэн хууль зөрчлөө гэж үзчихлээ. Тэгж ярьж байгаа болохоор үүгээр гарч ирсэн УИХ-ын бүх зарлиг, хууль, тогтоомж хүчингүй болно гэж Үндсэн хуульд заачихсан байж байна шүү дээ. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гармагцаа хүчин төгөлдөр болдог байхгүй юу. Өмнөхийг нь С.Бямбацогт гишүүний яриад байгаа шиг буцааж хэрэглэхгүй гэж тооцъё. Тэгэх юм бол одоо энэ УИХ нь чадамжтай юм уу, үгүй юм уу. Хуульчид ингэж яриад байна, нэгэнт төр ингээд явчихсан юм чинь үүнийгээ цааш нь хэрэгжүүлээд явна гэсэн сонин тайлбарууд өгөөд байна л даа. Тэгвэл хэн нэгэн зориудаар, хууль бусаар Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх мэдлийг авчихъя. Зөвхөн өөрсдөдөө зориулж энэ хугацаанд хууль бус гэдгийг нь мэдсээр байж шийдвэр гаргая. Тэрийг нь дөрвөн жилийн дараагаар Үндсэн хуулийг зөрчсөн гэдгийг мэдье, тэр Монгол Улсад ямар ч ашиггүй байсан гэж бодъё. Тэр бүгдийг нь “Өө хууль ингээд явчихсан юм уу” гэх юм уу гэдэг асуудал гарна биз дээ. Хэрэв Үндсэн хуулиа барих юм бол хүчингүй. Гэхдээ хуульчид янз бүрээр тайлбарлаж болдог л юм байна. Үүнийг нь яах вэ, ингээд авчихъя гэж болдог л юм байна. Гэвч тэр бүгд нь Үндсэн хуулийг зөрчсөн, Үндсэн хуулийн цагаан дээр хараар бичсэн хоёр заалт байгаа. Нэг нь 66.4 заалт. Нөгөө нь 67 дугаар зүйлд “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж заасан. Үүгээр бол одоогийн УИХ хүчинтэй юу, үгүй юу гэдгийг заавал ярих хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Хуульчид үүнийг янз бүрээр тайлбарладаг.

-Цэцэд гомдол гаргасан иргэн Ц.Намсрай 2014 оноос эхэлж уг асуудлаар Цэцэд хандсан ч хүлээж аваагүй юм билээ?

-Гомдол гаргасан энэ хоёр хүн Монгол Улсад ямар их хор уршиг тарьж байгаагаа ойлгохгүйгээр ийм сонин юм хийчихлээ дээ гэж бодож байна. Хийсэн л бол хийсэн шүү дээ. Галт тэрэг аль хэдийнэ хөдөлдгөөрөө хөдлөөд, Монгол төр буруу замаараа явдаг чиглэл рүүгээ л болчихлоо. Олигархиудаас сална гэж байхгүй болчихлоо. Хэзээ салах юм, бүү мэд. Салахгүй болчихлоо л доо. МАНАН-гаас ч салахгүй.

-Жирийн иргэд одоо тэгээд УИХ тарах юм уу, сонгууль хойшлогдох болж байна уу гээд олон асуултын хариултыг хайж байна?

-Үүнийг хамгийн энгийнээр тайлбарлая л даа. Одоо нийгэмд хамгийн их хэрэгцээтэй, нийгмийн олонхыг төлөөлж чадах тэр хүмүүс хөрөнгө мөнгө, янз бүрийн юмыг хуурамч аргаар гартаа цуглуулаагүй учраас зүйрлэвэл Эксель машинтай хүмүүс шиг байна. Төрийн эрх мэдлийг ашиглаад маш их мөнгө цуглуулчихсан хүмүүс маш их чадалтай хурдны машинтай байна. Ард түмнээр юу хийлгэх гээд байна вэ гэхээр “Уралдаан эхэллээ шүү” гэдэг дохиог л өгүүлэх гээд байна. Тэгэхээр олигархиуд л энэ уралдаанд түрүүлнэ. Ард түмний төлөө зүтгэх хүмүүс хэзээ ч ялж чадахааргүй түвшинд очлоо. Хурдны машинаараа барианд түрүүлж ирсэн нөгөө том олигархиуд хэзээ ч ард түмэнд ашигтай шийдвэрийг гаргахгүй. Тэд энэ системийг байнга нь л энэ хэвээр нь байлгасаар л байна.

-Үүнтэй зэрэгцээд сонгуулийг ерөөсөө хамаг ажлаа ардаа хийчихсэн, идэш уушаа бэлдчихсэн, өвөлжилтийн бэлтгэлээ хэдийнэ хангачихсан 11, 12 дугаар сард явуулдаг болъё гэсэн хувилбарыг яриад эхэлчихлээ?

-Монголчуудын хамгийн их завтай байдаг цаг нь зун юм биш үү. Бүгд л амарч зугаалаад яваад өгчихдөг. Ер нь монголчуудад ажилгүй үе гэж хэзээ байсан юм. Амьдрахын тулд таван чөлөөгүй, өдөр шөнөгүй ажиллаж байна шүү дээ. Шөнийн гурав, дөрвөн цаг хүртэл таксины жолооч нар амьдралын төлөө явж л байна. Монголчуудад ажилгүй цаг гэж байхгүй, үргэлж тэд ажиллаж байгаа. Хамгийн гол нь төрийн бодлого буруу байгаагаас хичнээн хөдөлмөрлөөд ч үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс хүнийг ажилтай, ажилгүй гэж ярих нь худлаа.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Сүрэнлхам: Үзэгчид дууг минь дагаж дуулахад сэтгэл догдолж, мэлмэртэл уйлмаар санагдсан

Залуу дуучин Жаргалсайханы Сүрэнлхамтай уулзаж ярилцлаа.

-“Хайраараа чамайг чимэлгүй яахав дээ” дууг чинь олон түмэн нэлээд сонсдог болсон. Энэ дуу хэрхэн бүтэв?

-Анх би соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч Б.Пүрэвсүрэн ахын нэвтрүүлгийг зурагтаар харсныхаа дараа миний хоолойд тохирох ая зохиох хүн юм байна гэж бодсон юм. Тэгээд танилцаж учир байдлаа хэлэхэд “Чи залуу дуучин. Анхны уран бүтээл чинь хайрын сэдэвтэй байвал ард түмэнд сайн хүрнэ” гээд тэр өдрөө яруу найрагч Л.Төмөрбат ахыг дуудан аяа сонсгож, шүлэг ч тэр дороо бичигдэж “Хайраараа чамайг чимэлгүй яахав дээ” дуу бэлэн болсон. Хоолойн бичлэгт орж удалгүй цацагдсан. Телевиз, радиогийн олон хит парадад тэргүүлж байгаа.

-Энэ дууны чинь үг, ая хоёрын аль нь их таалагдсан бол?

-Үг, ая аль аль нь л шууд сэтгэлд буусан.

“Хаврын цэцэг дэлгэрэх цагаар

Хайрын сэтгэл хэнзрэлгүй л яахав дээ

Анхны хайртайгаа учирсан болохоороо

Азтай үеэ дурсалгүй л яахав дээ

Хавар хаврын цэцэгсээр гоёод

Хайраар чамайгаа чимэлгүй ч яахав дээ

Дэндүү чамдаа хайртай болохоороо

Дэргэдээ байсан ч саналгүй л яахав дээ…” гэсэн их гоё гэгээн үгтэй дуу л даа. Сая Архангай аймагт тоглолтоор явж байхдаа “Улаанбаатарын хэдэн сувгаар л явдаг юм чинь миний дууг хэн мэдэх вэ” гэж бодож байлаа. Тэгээд сургуулийн сурагчдад тоглосон концерт дээр дахилтаа дуулахдаа санаандгүй дуу цацруулагчаа үзэгчид рүү хандуултал бүгд дагаж дуулдаг юм. Орой нь томчуудын тоглолт дээр бүүр ч хүчтэй дагаж дуулахад хоолой зангирч, нулимс мэлтрээд тайзан дээр уйлчих шахсан. Тэр олон хүн миний дууг дагаж дуулж байна гэхээр үнэхээр итгэмээргүй, гоё санагдсан.

-Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

-Аав маань Жаргалсайхан гэж Архангай аймгийн Хайрхан сумын уугуул хүн байсан. Харамсалтай нь намайг бага байхад бурхан болсон. Ээж Мягмарцэрэн Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат. Би гурван хүүхэдтэй айлын дундах. Эгчийг маань Сүрэн, дүүг Эрдэмбаяр гэдэг. Миний хувьд Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 67 дугаар сургуулийг төгссөн. Хүүхэд байхаасаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дэргэдэх хүүхдийн “Улаан бүч” хэмээх алдартай чуулгад соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Буянхишиг багшийн удирдлагад арван нэгэн жил дуулсан.

-Өсвөрийн дуулаачдын уралдаан тэмцээнд аль хэр оролцож байв?

-“Улаан бүч” чуулгын найрал дууны хүүхдүүд олон ч том тоглолтод оролцоно. Харин гоцлол дуугаар “Дуулах өв”, “Би эстрадын дуучин”, “Ирээдүйн одод” зэрэг олон тэмцээнд оролцож тэргүүн, дэд байр эзэлж, олон ч өргөмжлөлөөр шагнуулсан. Биднийг хүүхэд байх үед одоогийнхтой адил алт, мөнгө, хүрэл медалиуд тэгтлээ их байгаагүй. Уралдаанд амжилттай оролцоход шагнасан өргөмжлөлүүд бол цүнхээр дүүрэн байдаг.

-СУИС-ийг хэдэн онд төгсөв?

-Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийг Баясгалан багшийн удирдлага дор 2004-2010 онд суралцаж төгссөн. Би сурч байхдаа охиноо төрүүлж жилийн чөлөө авсан учраас хоёр анги дамнаж дүүргэсэн л дээ. Миний төгссөн хоёр ангиас нэрд гарсан дуучид гэвэл Монгол Улсын гавьяат жүжигчин, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий нар байна.

-Сургуулиа төгсөөд урлагийн байгууллагад дуучнаар орох гэж хөөцөлдөж үзэв үү?

-Баахан шалгалт өгсөн ч төвийн урлагийн аль нэг байгууллагад орж чадаагүй ч “Намир медиа” групптэй уран бүтээлийн гэрээ хийж ажиллаж байна.

-Урын сандаа олон дуутай болж байна уу?

-“Намир медиа” групптэй Ая зохиогч Д.Пүрэвсүрэн ахын нэлээд хэдэн дуу урын санд минь орсон. Д.Жаргалсайханы шүлэг “Эжий жигүүртэй сэтгэл”, Ганбаатарын шүлэг “Хайрын үдэш”, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч О.Сундуйгийн шүлэг “Эжий шүтээн Талын уул”, соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч Норовын Баасандоржийн аялгуу, яруу найрагч Ш.Урьханы шүлэг “Нууж л явъя даа”, дүрсжүүлсэн дуу гэвэл “Хоёр зээрд” гээд нэлээд дуу байна шүү. Төв аймгийн Угтаалцайдам сумын сүлд дуу яагаад ч юм надад их сайхан дуу санагддаг.

-Ямар дуу билээ, тэр чинь?

-“Эжий шүтээн Талын уул” гэдэг дуу. Хүүхдийн зохиолч О.Сундуй гуай үгийг нь зохиосон. Тэр дууг Угтаалцайдам сумын ерэн жилийн ойгоор очиж дуулахад “Аварга Хадбаатарын бэр” дуулж байна гэж жаахан эндүүрэл гарсан шүү.

“Угтаад өндөлздөг Угтаалын минь

Хүүгээ саравчлах Ижий уул аа

Дулаахан энгэртээ нөмөрлөж өсгөсөн

Дууны хишигтэй Талын уул аа

Ирэх буцахын тоолонд

Элгэндээ тэвэрдэг Ижий уул аа

Бүлээхэн чулууг атгахын зуур

Бүдрэхийн тавилангаас авардаг Ижий уул аа…” гэсэн үгтэй дуу бий.

-Хадаа аваргын бэр гэж яагаад андуурагдав?

-Угтаалын цэнгэлдэхэд яг дуулах үед зарлахдаа л “Манай Хадаа аваргын бэр Сүрэнлхам одоо дуулна” гэж зарлахгүй юу. Хөтлөгч өмнө нь надаас “Өөрөө хэнийхний хамаатан бэ” гэхээр нь Хадбаатар гэдэг айлын бэр гэчихгүй юу. Манай нөхөр Хадбаатарын Батжаргал гэж программ хангамжийн мэргэжилтэй хүн байдаг юм. Бид хоёр найман настай Намуун гэдэг охинтой. Хадам аав болохоор Хоролын Хадбаатар гэж багийн дарга, тариа бригадад ажилладаг хүн байсан. Тэгээд сүрхий андуурагдахгүй юу (инээв.сур).

-Цомгоо гаргах болоогүй юу?

-“Хайраар чамайгаа чимэлгүй ч яахав дээ” гэсэн 12-13 дуутай цомгоо сонсогч түмэндээ удахгүй хүргэнэ ээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Лүндээжанцан: Монголын парламент дээд, доод хоёр танхимтай байсан бол ийм будлиан гарахгүй

Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн гурав дахь хэсгийнУИХын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоногэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн баасан гаригт дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн. Ингээд Цэцээс дээрх заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж түдгэлзүүлээд байгаа. Тус маргаанд УИХын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХын гишүүн Д.Лүндээжанцан ажилласан юм. Түүнтэй ярилцлаа.

Намын нэрсийн жагсаалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэц 2012 онд хуралдаад Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байдаг. Энэ удаа яагаад зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихав аа?

-Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан эхлээд “Бүрэлдэхүүнээс асуух асуулт байна уу” гэхэд би энэ асуултыг тавьсан. “Үндсэн хуулийн Цэц 2012 оны тавдугаар сарын 2-ны өдөр их суудлынхаа хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Энэ дотроо бол пропорционалийг үгүйсгээгүй байна. Тэгэхээр энэ шийдвэр чинь өмнө нь гарчихсан гэж бид ойлгож байгаа” гэсэн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд “Мэдээлэл гаргагчийн тавьсан асуудлын хүрээнд бид маргааныг шийдсэн. Түүнээс хальдаггүй” гэсэн хариулт өгнө лээ. Одоо бол үндсэндээ сонгуулийн үйл ажиллагаа эхэлчихээд, мөрийн хөтөлбөрөө Аудитын ерөнхий газарт тушаачихаад явж байгаа үе л дээ. Тийм учраас би “Сонгуулийн тухай хууль хэрэгжээд явж байгаа ийм их цаг тулсан үед энэ асуудлыг тавих нь хэр зэрэг зохимжтой вэ” гэж сонгууль цагтаа явах, төрийн тогтвортой байдалтай холбоотой асуудлаар асуулт тавьсан. Тэгэхэд Үндсэн хуулийн Цэц бол асуудлыг хэд хоногийн өмнө ч хэлэлцээд шийдэж болно. Энэ хугацаанд УИХ-аас Үндсэн хуульд заасан хугацааны дотор сонгуулиа явуулах орчноо өөрсдөө бүрдүүлээд хийх ёстой. Үндсэн хуулийн Цэц бол шүүх юм. Харин гишүүд өөрсдөө хууль санаачлаад өөрчлөлт оруулж байгаа бол болохгүй. Үндсэн хуулийн Цэц эцэслэн шийддэг шүүх учраас шүүхийн шийдвэрийг ямар ч хугацаанд гаргасан түүнийг хэрэгжүүлэн биелүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах ёстой гэдэг утга санаагаар хариулт өгнө лээ. Тэгэхээр бидэнд яаралтай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж нэг тийш нь тодорхой болгох шаардлага туллаа.

УИХ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал жижиг намууд шахагдах дүр зураг байна. Намын жагсаалт ямар давуу талтай байсан юм бэ?

-Би онол судлаачийнхаа хувьд юу гэж үзэж байгаагаа хэлье. Монгол Улс олонхын ардчиллаас зөвшилцлийн ардчилал руу явах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Харамсалтай нь өнөөдөр зөвшилцлийн ардчилалд хүрч чадахгүй байна. Ер нь бол засаг төрийн тогтвортой байдал ороо бусгаа, их сонин болчихоод байна л даа. Тийм учраас олон түмэн мэдээж хэрэг жагсаалтад их тааламжгүй хандаж байна. Би бол жагсаалтад буруу байхгүй гэж үздэг хүн. Гэтэл жагсаалтад орохыг хэт тэмүүлэгсэд буюу улс төрийн намуудад мөнгө төгрөг өгч намаа санхүүжүүлэх байдлаар түүнд багтахыг хүсэгчид их байгаа. Үүнд олон түмний дургүйцэл төрж байна. Хоёрдугаарт, дэвшүүлж байгаа намд ч бас их буруу байна. Улс төрийн нам олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн үнэхээр төрд, парламентад хэрэгтэй гэж ард түмний хүсэн хүлээж байгаа хүмүүсийг дэвшүүлбэл жагсаалтын нэр хүнд сайжрах ёстой шүү дээ. Гэтэл харамсалтай нь тийм биш байна. Гуравдугаарт, тэгээд шүүмжлээд байгаа мөртлөө ард түмэн сонгож байгаа шүү дээ. Тэгэхээр сонгогч буюу ард түмэн, нэр дэвшүүлж байгаа нам, нэр дэвшигч гурвуулантай нь л холбоотой асуудал байгаа юм.

Энэ жагсаалтыг бий болгосон пропорциональ системийг оруулж ирсэн нь нэг талаар дэвшил болсон. Сонгогчдын санал хаягдахгүй байх асуудлаар л гол нь гарч ирсэн шүү дээ. Намын жагсаалт бол улс төрийн намуудын төлөвшилд ч хэрэгтэй байгаа юм. Гэтэл тэр жагсаалтыг хийхдээ хандив мөнгөний хүчин зүйлийг ч юм уу голлосоор байгаад нэр хүндийг нь ихээхэн хэмжээгээр унагаж байгаа явдал гарлаа. Тэгэхээр жагсаалтдаа буруу биш. Тооны хувьд наашаа, цаашаа авч үзэх зүйл бий. Харин жагсаалтыг гаргаж байгаа намын үйл ажиллагаа, арга барил буруу байна гэж миний хувьд боддог. Ер нь бол мажоритар руу, тэр дотроо 76 жижиг тойрог руу явж байгаа бол ухралт боллоо гэж бодож байгаа.

Жижиг тойргуудад өрсөлдөхөөр мөнгөний сонгууль болж хувирдаг гэдэг?

-Мөнгөний сонгууль ч болдог юм уу. Ямар нэгэн хэмжээгээр ухралт болно. Тэгээд эцсийн эцэст энд нэг зовлон байна. Ард түмэнд сонгож байгаа хүнээ барьж үзэж, мэдэрч өөрийнхөө төлөөллийг сонгоё гэдэг хүсэл байна. Хоёр дахь асуудал нь улс төрийн намын төлөвшил бас сонгогчдын санал хаягдахгүй байх энэ хоёрын аль алийг хослуулсан “эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй” хувилбар л бид эрж хайсан шүү дээ. Тэгээд яахав намуудын зөвшилцөөнөөр одоогийн энэ холимог тогтолцоог сонгож авсан. Үүнээсээ ухарч байгаа нь онц зүйл биш л дээ. Би үүнийг сайн зүйл гэж харахгүй л байгаа юм. Гурав дахь асуудал нь манай сонгуулийн тогтолцоо, өнөөдрийн нөхцөл байдал маань цаашдаа Үндсэн хуулийн реформыг шаардаж байна.

Тодруулбал?

-Хэрвээ олон улсын жишгийн дагуу дээд, доод хоёр танхимтай парламенттай тэгээд нэг танхим нь пропорционалиараа нөгөөх нь мажоритараараа сонгогдоод явдаг байсан бол будилахгүй. Манайх ганцхан танхимтай, 76 гишүүнтэй. Ийм төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох байгууллагатай энэ танхимыг хоёр өөр аргаар байгууллаа гээд хүмүүс шүүмжлээд байгаа байхгүй юу. Ингээд зөрчилд орчихоод байгаа юм. Хоёр сая хүрэхгүй сонгогчидтой, өргөн уудам газар нутагтай, засаг захиргааны 20 гаруй нэгжтэй нөхцөлд сонгуулийн тогтолцоог хийнэ гэдэг бол амаргүй зүйл байдаг юм байна. Яаж ч янз бүрээр оролдоод байхад болж өгөхгүй л байна. Тэгээд одоо яахав Үндсэн хуулийн Цэц эцэслэн шийддэг, Үндсэн хууль тайлбарладаг гол байгууллага нь учраас ийм шийдээ гаргасан. Үүний дагуу асуудлаа тодорхой болгоод нэг тийшээ явсан нь дээр. Үндсэн хуульд заасан хугацаандаа буюу зургадугаар сарынхаа 29-нд сонгуулиа будлиангүй явуулах асуудал одоо тулсан зүйл болоод байгаа. Бидний өрнүүлэх маргаан бол хойш тавих асуудал болж хувирчихаад байна.

Та холимог тогтолцоо нь сонгогчдын санал хаягдахгүй байх сайн талтай байсан гэлээ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Сонгогч бол улс төрийн намд санал өгч байна. Тэр намын нэрсийн жагсаалтын 28-ийг нам болгон гаргаж байгаа. Саяын Сонгуулийн тухай хуульд зааснаар бол тэр 28 хүнийхээ эрэмбэлсэн нэрсийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороонд өгнө. Сонгуулийн ерөнхий хороо сонгогч бүрт өгнө гэсэн заалт орсон. Сонгогч тэр жагсаалтад өөрийнх нь сонгож Их Хуралд байж байгаасай гэсэн хүн хойгуур бичигдсэн ч байх юм уу. Эсвэл үнэхээр таалагдахгүй хүмүүс жагсаалтад бичигдсэн байвал тэр намд саналаа өгөхгүй байна гэсэн үг. Энэ мэтээр уг нь жаахан дэвшил гаргасан юм. Харамсалтай нь сонгуулийн тогтолцоог анх сонгож авсан 1992 оны Үндсэн хуулийн маань үзэл баримтлалд заасан гишүүнийг шууд сонгоно гэдгийг хүмүүс хүн сонгоно гэдгээр ойлгосон . Үндсэн хууль тогтоогчид ч тэгж ойлгосон учраас баталсан гэдэг үндэслэлээр энэ заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Үндсэн хууль тайлбарлах олон арга байдаг л даа. Нийгэм, улс төр, түүхэн тайлбар талаасаа бол яг батлахдаа гишүүнийг ерөөсөө хүн сонгоно шүү гэж бодож сонгосон гэдэг нь давамгайлаад тэр нь цаасан дээр протокол болоод үлдчихсэн учраас энэ дүгнэлт гараад байгаа.

Дээр нь харьцуулсан тайлбар гэж байдаг. Манайх шиг ийм Үндсэн хуулийн заалттай мөртлөө хүн, намыг давхар сонгоод явдаг тогтолцоотой орнууд олон байна. Тэр талаас нь харахад манай өнөөгийн холимог тогтолцоо Үндсэн хуультай зөрчилдөхгүй харагдаж байгаа юм. Гэтэл яг тэр Үндсэн хуулийг батлах процесс баталсан хууль тогтоогчид нь болохоор хүнийг сонгоно шүү гэсэн ойлголттой баталсан гэдгээрээ энэ зөрчилтэй болчихож байгаа юм. Тийм учраас би дээр яриад байсан даа. Ер нь цаашдаа Үндсэн хуулийнхаа энэ парламент ямар танхимтай байх, гишүүдийн тоо хэд байх, сонгуулийн тогтолцооны асуудлыг эргэж харж Үндсэн хуулийнхаа хэмжээнд авч үзэх цаг нь болсон байна гэдэг үүнээс харагдаж байна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Дан бие даагчдын УИХ болох нь уу

Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад 80 бие даагч мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр хандсан гэж сонирхууллаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж саяхны ярилцлагадаа энэ талаар дургүйцсэн өнгөтэй үг унагасан харагдсан. Хашир парламентч “Сонгуулийн хуульд зааснаар 18 хоногт багтааж сурталчилгаагаа явуулахаар болсон. Гэтэл УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд бараг 2000 шахам хүн өрсөлдөх тооцоо гарч байна. 18 хоногт 2000 хүний сонгуулийн сурталчилгаа явагдахаар юу болох вэ. Хавар их цас ороод зутраад ирэхээр хонь, хурга хоёр бие, биеэ танихаа больдог. Тэгвэл энэ удаагийн сонгууль тийм л юм болох зураг харагдаад байгаа юм даа. Орхон аймагт гэхэд л УИХ-ын сонгуульд 50 хүн бие дааж нэр дэвших сураг гарч байна” гэж ярьсан байна лээ. Үнэн л дээ. Ер нь хүн бүр нэр дэвшье гэж ярих болсон энэ үед тэр олон нөхрийг 18-хан хоногийн хугацаанд таньж барахгүй. Ц.Нямдорж гишүүний хэлсэн шиг хонь, хурга биенээ танихаа байдаг шиг юм болно.

Байдал ийм байхад яагаад ийм олон бие даагч УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж зүтгээд байгаа юм бол. Мэдээж угаасаа ялахгүй юм чинь гэж хэн нь ч бодохгүй. УИХ-ын гишүүний суудал руу горьдлого тээсэн харц унагасан нөхөд л нэр дэвших бодол өвөрлөж яваа. Олны огт танихгүй нэр дэвшигчдийн дунд сошиал ертөнцөд “нэрд гарсан” хүмүүс цөөнгүй байхыг үгүйсгэхгүй. Цахим ертөнцөд овоо дажгүй яваагаа “Би Монгол даяар танигдсан. Нэр дэвшихэд гараад ирнэ” гээд эндүүрчихсэн тууж явахаасаа сийхгүй жиргээчид өчнөөн л харагддаг. Сошиэл ертөнцийн гол баатруудаар өөрийгөө рекламдуулчихвал Улаанбаатарын тойрогт өлхөн ялна гэсэн бодолтой нөхөд ч бие даан нэр дэвшигчдийн дунд бий. Өнөөдүүл нь ч тийм утгатай мессэжийг цахим ертөнцөөр нэг тараагаад эхэлчихсэн. Сая хэлсэн шиг санаа, зорилготой жиргээ сүүлийн үед твиттерээр нэг үзэгдэх болсон нь нууц биш.

Харамсалтай нь жиргээний оддыг сонгогчид танихгүй. Твиттерт 900-1200 хүн жиргэдэг, 200-300 нь идэвхтэй жиргэдэг гэсэн судалгаа бий. Нэг хүн өчнөөн твиттер хаягтайг жиргээчид өөр зуураа шивнэлдэцгээдэг. Жиргэдэггүй энгийн иргэдэд ч энэ мэдээ нууц биш болчихсон. Миний нэг танил гэхэд л 50 хаягаар жиргэдэг. Захын жиргээчид дунджаар арван хаягтай. Ийм улсын дунд танигдсаныгаа нийгэмд танигдлаа гэж бодвол хол эндүүрсэн хэрэг болно. Тэгэхээр УИХ-ын гишүүний зөөлөн суудлыг мөрөөдсөн цахим ертөнцийн одод лав сонгуульд хүч үзээд хүссэндээ хүрч чадахгүй.

Мэдэх, мэдэхгүй өчнөөн хүн тойрогт нь нэр дэвшихээр сонгогчид гол хоёр намаа гэх нь тов тодорхой зүйл. Ядаж л эргэж буцах мөртэй. Амласнаа биелүүл гэж шаардлаа гэхэд хандах газар нь тодорхой. Ганцаараа бодож суугаад мөрийн хөтөлбөрөө зохиочихсон нөхрөөс дараа нь хариуцлага нэхэх аргагүй гэдгийг захын хэн ч гадарлана. Ер нь тэгээд монголчууд хүний хуучин нь, дээлийн шинэ нь гэсэн философитой улс. Дэлхий рүү харъя. Улс төр хийдэг сонгодог жишиг загвар нь ерөөсөө л нам байдаг. Үүнээс өөрөөр, ганцаарчилсан тоглолт зохиож улс төр хийдэг сонгодог жишээ ардчилал хөгжсөн улсуудад лав байхгүй. Товчхондоо улс төр гэдэг хүссэн хүн бүрийн хийгээд байдаг эд биш. Сүүлийн хэдэн жил аль ч нам нь ялгаагүй муу, УИХ-ын гишүүд хулгайч гэж ярьсны гор одоо гарч байна. Үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг нурших нь илүүц хэрэг.

Categories
мэдээ цаг-үе

Хор гадагшлуулагч бөөр

Бөөр 9-11 см, 130 грамм жинтэй жижигхэн хэрнээ бүх л хортой бодисыг гадагшлуулдаг чухал үүрэгтэй эрхтэн. Хүний бодисын солилцооны явц дахь хортой бодисууд шээсээр дамжиж гадагшилдаг бол хэрэгтэй нь цусандаа орж байдаг. Нэг минутад 1.2 литр цус шүүдэг, чухал хэрэгцээтэй ус, сахар, амин хүчил, эрдэс давсуудын хэмжээг тэнцвэржүүлдэг, биед улаан эсийн тоо цөөрөхөд дааврын хэмжээг нэмэгдүүлж зохицуулдаг, цус төлжилтөд оролцдог гэж ирээд яривал энэ эрхтний үүрэг их. Бөөр өвчилбөл биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг зайлуулж чадахаа больдог. Тэр хэрээр царайны өнгө барайж, биеийн эсэргүүцэл суларч, хамаг өвчний шалтгаан болдог гэж эмч нар сануулж байна. Эртний эмч оточ нар бөөрийгДотор эрхтний язгуур, бүх сүвийн эх, амьдралын үндэсгэж үздэг байжээ. Товчхондоо бөөр бол тархийг тэжээх, ясыг бэхжүүлэх, биеийн илч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай шууд холбоотой эрхтэн.

БӨӨР ӨВЧИЛБӨЛ ИЛРЭХ ШИНЖҮҮД

Нуруу бөөрөөр хөшиж байвал бөөр чинь нэг л биш болсны шинж. Бөөрний хурц үрэвслийн үед халуурах, шээсэнд өөрчлөлт орж бага хэмжээгээр гарах, шээс үнэртэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Бөөрний ямар ч өвчний үед нүд, зовхи хавагнана. Нүүр ам, хөл чинь хавагнаад байвал даруйхан шинжилгээ өгөх хэрэгтэй. Шээсний шинжилгээгээр бөөрний өөрчлөлтүүд тодорхой гардаг. Бөөр өвдөх нь тархи, гэдэс ходоод, яс сийрэгжихэд хүртэл нөлөөлдөг.

БӨӨР ЯАГААД ҮРЭВСДЭГ ВЭ?

Бөөрний хэд хэдэн өвчлөл бий. Бөөрний үрэвсэл гэхэд л ямар нэг хэмжээгээр цусаар дамждаг. Ойролцоох эд эрхтнээс бөөрөнд халдвар ордог гэсэн үг. Бүсгүйчүүдийн хувьд гэхэд цистит, савны архаг үрэвсэл гэх мэт өвчнүүд бөөр үрэвсүүлэх суурь болдог. 35-45 насныхны дунд бөөрний архаг үрэвслийн өвчлөл өндөр байна. Эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин илүүгээр бөөрний архаг үрэвслээр өвчилдөг гэсэн статистик бий. Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай болсон гол шалтгаан нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, эрүүл ахуйн дадал, хооллолт. Бөөр өвдсөнөөр эрэгтэй хүний даавар булчирхайд нөлөөлдөг бол эмэгтэй хүний саванд нөлөөлдөг. Бөөрний үрэвслээ бүрэн эмчлүүлээгүй бол бүх хортой бодис биеэр тарах аюултай. Хар үгээр хэлбэл шээс цус хоёр хамт эргэнэ гэсэн үг.

БӨӨРНИЙ ДАРАЛТЫГ ТООХГҮЙ ОРХИЖ БОЛОХГҮЙ

Бөөр артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн. Артерийн даралтын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар бөөрний даралт ихэсдэг. Бөөрний даралт ихсэх нэг шалтгаан нь бөөрний үрэвсэл судсаа гэмтээснээс болдог. Бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй хэмээн эмч зөвлөж байна.

Бөөрний даралтад нь өөрчлөлт орчихоод байхад тоохгүй бол тархи, бөөрний судас хатуурах гэмтэй. Бас зүрх томордог. Хамгийн том эрсдэл нь зүрхний өвчлөл, бөөрний дутагдал, цус харвалтад хүргэдэг.

БӨӨРНИЙ ДУТАГДАЛ

Товчхондоо бөөрний хор шүүх ажиллагаа алдагдсанаас болж хүний шээс цусанд нэвтэрч, архаг хордлогод орохыг бөөрний дутагдал гэдэг. Хурц болон архаг дутагдал гэж бий. Хурц дутагдал нь гэнэтийн хордлогод орох, ослоос болж бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт гэнэтийн тохиолдолд илэрдэг. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед олон дахин сэдрэх, эсвэл дутуу эмчлүүлж явснаас шалтгаалж бөөр хатангиршиж үйл ажиллагаа нь алдагддаг аюултай. Энэ үед бөөрний дутагдалд ордог гэсэн үг. Чихрийн шижингээр өвдсөнөөс хойш 10-15 жилийн дараа бөөрний дутагдалд хүрдэг.

Тэгэхээр сахараар оношлогдсон нь л бол сахарын хэмжээгээ хэвийн байлгах хэрэгтэй, тэгж байж бөөрний дутагдлаас сэргийлж чадна. Жилдээ нэг сая хүнээс 100-120 нь бөөрний архаг дутагдалд ордог гэсэн судалгаа бий. Бөөрний архаг дутагдлын үед шээс ховордох, хавагнах, ядрах, ам цангах, арьс хуурайших, загатнах, арьсны өнгөлөг байдал алдагдах, хамар амнаас цус гарах, даралт ихдэх, оюун ухаан доройтох, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хоолны дуршилгүй болох, турж эцэх, хараа сонсгол муудах, толгой өвдөх, амьсгалаар шээс үнэртэх, зүрх өвдөх зэрэг шинж илэрдэг.

БӨӨРӨНД САЙН ХҮНС

Бөөрний өвчнийг хүндрүүлэхгүй гэвэл, хор гадагшлуулдаг эрхтнээ өвчнөөс хамгаалахыг хүсч байвал хоол хүнсэндээ л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.

Ус: Хоолны өмнөхөн буюу дараа ус уух тохиромжгүй. Хоолноос өмнө ус уухаар бол заавал 15 минутын өмнө уугаарай. Хоолны дараа бол нэлээд удаж байж уух хэрэгтэй. Жимс идээд 30 минут, мах идээд гурван цаг болоод ус уу.

Халуун чанартай хоол: Сэрүүний улиралд үхрийн годонгийн шөл, хонины мах зэрэг хүйтнийг гадагшлуулах халуун чанарын хоол идэх хэрэгтэй. Бөөр муутай бол бүх төрлийн сэрүүн чанартай идээнээс татгалзаарай. Ялангуяа жимснээс.

Давс: Өвлийн улиралд бөөрний үйл ажиллагаа харьцангуй идэвхтэй байдаг учраас давсыг хэтрүүлж болохгүй. Бөөрний ажиллагаа бүр идэвхжиж зүрхэнд муугаар нөлөөлөх нь бий.

Үргэлж идэх идээ: Жүрж, гахайн элэг, хонины элэг, манжин, байцаа, ногоон сонгино, цай.

Хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн: Бөөрөндөө анхааръя гэвэл хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн идэж, чихэрлэг хүнснээс аль болох татгалзаарай. Хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнд хар будаа, хар буурцаг, хар гүнжид, хар далдуу мөөг, хар чавга, мөөг, далайн байцаа зэрэг багтана. Хар будаа, хар буурцаг, хар гүнжид зэргээр будааны зутан хийж идвэл тэжээл нөхөх сайн талтай.

Жимс, ногооны шүүс: Ялангуяа аньс жимсний шүүсэнд үл исэлдүүлэгч эд агуулагддаг учир бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Хэрчсэн яншуйг усанд хийж арваад минут буцалгаад хөртөл нь байлгасны дараа шүүж уугаарай. Өдөрт нэг аягыг уухад л хангалттай. Хамгийн хямд бөөр цэвэрлэгч гэдгийг эрдэмтэд аль хэдийнэ судлаад тогтоочихсон.

БӨӨР ЭМЧЛЭХ АРДЫН АРГА

Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог, шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минутын дотор илааршдаг, нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр, ходоодны өвчингүй болно, тарвасны шүүс бөөр цэвэрлэхээс гадна бөөрний чулуу гадагшлуулдаг, тэхийн шээг хандалж уух бөөрөнд сайн гэж ирээд жагсаавал бөөр эмчлэх ардын эмчилгээ барагдахгүй. Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвддөг. Шар тос, арвайн гурил, бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавихад эдгэрдэг гэх нь бий.

БӨӨРНИЙ ӨВЧНӨӨР ШАНАЛАХГҮЙ БАЙХ БОЛОМЖУУД

Даралтаа тогтмол хянаж, жил бүр шээсний шинжилгээ өгч, өдөрт багадаа хагас цаг дасгал хийгээд байхад л та бөөрний өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Дахиад хэлэхэд ус уухаа мартаж болохгүй. Бөөрний үйл ажиллагааг дэмжих хамгийн гол зүйл бол ус. Усыг хангалттай хэмжээгээр ууснаар биеэс хэрэггүй бодисуудыг гадагшлуулж цэвэрлэхэд бөөрөндөө тусалж байна гэсэн үг. Бас цусан дахь креатинины хэмжээгээ хянаж байгаарай. Хэрвээ цусан дахь креатинин ихэссэн байвал бөөр бүрэн гүйцэд ажиллахгүй байгаагийн дохио.

ӨНДӨР ӨСГИЙТ БӨӨРНИЙ НЭГ ДАЙСАН

Халдварт өвчин, удаан хугацаагаар хэрэглэж буй зарим эмийн бодисууд бөөрний гол дайсан. Бас байнга даарах, хүйтэн чийгтэй газар ажиллах, хоолой, шүд, хамрын идээт үрэвсэл зэрэг нянтай өвчин тусч, шээс, бэлгийн замын өвчнүүдийг дутуу эмчилсэн бол тэр өвчнүүд архагшиж бөөрийг гэмтээдэг. Хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд сөргөөр нөлөөлдөг. Энэ тохиолдолд халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад үрэвсэх шалтгаан болж өгдөг. Бөөрний эмгэгээс сэргийлэх гол арга нь даралтаа 130/80-аас бага байлгах. Бөөрний эмгэг архагшиж хүндэрсний гол шалтгааны гуравны хоёр хувь нь чихрийн шижин, даралт ихэссэнээс болдог. Цус багадалт бөөрний бас нэг дайсан. Үргэлж ядарч, амархан энд тэндээ хөхөрч, толгой эргээд байвал цус багадсаны шинж. Энэ эмгэгийг эмчлүүлэхгүй бол архагшиж бөөрөнд муугаар нөлөөлдөг. Эмийн замбараагүй хэрэглээ ч бөөрний дайсан. Эм ууж ханиадаа дарлаа, өвдөлтөө намдаалаа гэдэг ч уусан эм бүрийн чинь хор хөнөөл бөөрөнд очдог. Бөөрний өөр нэг дайсан нь бүсгүйчүүдийн дурладаг өндөр өсгийт. Өндөр өсгийтөөр байнга гоёдог бол бөөр чинь сунах эрсдэлтэй.

Categories
мэдээ цаг-үе

Г.Уянга: Бид нэг, нэг тамга өвөртөлсөн наманцруудын эвслийг биш зөв хүмүүсийн эвслийг бий болгохыг зорьж байна

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга, УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

-Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам ээлжит бус их хурлаа хийлээ. Уг хурлаар хэлэлцсэн гол асуудал юу байв?

-Тусгаар тогтнол эв нэгдлийн намын ээлжит бус их хурлаар намын даргын улс төрийн илтгэлийг сонсож, түүнд тулгуурласан ирээдүйн үйл ажиллагааны зорилго чиглэл, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж сайшаасан. Хэдхэн хоногийн дараа болох УИХ-ын сонгуульд ямар зарчим, хөтөлбөртэй оролцохоо ярилцлаа.

-ТТЭНН хэзээ байгуулагдсан бэ. Та өөрөө байгуулсан уу. Ер нь яагаад нам байгуулахаар болов?

-ТТЭНН жилийн өмнө хэсэг залуусын байгуулсан нам. Үүсгэн байгуулагч нь хэдэн залуус бий. Тэд намаа байгуулсныхаа дараахан энэ намаа аваад явах зөв хүмүүсийг хайж эхлээд олон хүнтэй уулзаж байсан юм билээ. Надтай хэд, хэдэн удаа уулзсан. Эхэндээ би нэг их ач холбогдол өгөөгүй. Яагаад гэвэл би тэр үед “Нэгдмэл Монгол” нэртэй намаа байгуулахаар хөөцөлдөж байсан. Гэвч бидний оролдлого бүтээгүй. Дээд шүүх дээр материал буцаагдсаар сонгуулийн шинэ хууль батлагдаж, уг хуулиар намаа бүртгүүлээд ч сонгуульд оролцож чадахаа больсон. Ингээд л санал тавьсан намуудаас аль нэгийг нь сонгохоос өөр аргагүйд хүрсэн.

-Танай нам сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцох вэ?

-ТТЭНН Монголын ногоон намтай хамтран “Нэгдмэл Монгол” эвсэл байгуулж оролцохоор хамтарсан мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн нэр “Ард түмний итгэл найдвар-Цэвэр төр”. Бид зөвхөн сонгуульд орохын тулд амлалт авсан мөрийн хөтөлбөр хийгээгүй, нийгмийн шинэчлэлийн хөтөлбөр дэвшүүлсэн. Олон жил халаагүй ноёрхсон МАНАН дэглэмийг ардчилсан, хууль ёсны арга замаар халах, Монгол үндэстний эрх ашигт нийцсэн, бүх ард түмний хүсэл эрмэлзэл, идэвх, оролцоонд тулгуурласан, шударга бөгөөд хүчирхэг, нэгдмэл бөгөөд үр ашигтай, зохиролт (гармоник) бөгөөд шударга улс төр-нийгмийн систем бүрдүүлэх, Монгол орны эдийн засаг, нийгэм, оюун санаа, улс төрийн бүх хүрээг иж бүрэн уялдуулсан, алсыг харж нэгэн зорилгод зангидсан, зорилго чиглэлтэй, системтэй үндэсний бодлого хэрэгжүүлэх замаар Монголын төр, нийгмийг өнөөгийн сүйрэлт хямралаас гаргаж, хөгжин дэвжүүлэх эрхэм үүрэг бүхий улс төрийн тэргүүлэх хүчнийг бүрдүүлэх гэсэн гурван үндсэн зорилтыг дэвшүүлж байна. Энэ хүрээнд мөрийн хөтөлбөрөө нийгмийн үндсэн хэдэн хүрээг хамруулж боловсруулсан. Үүнд бидний шинэчлэлийн бодлогууд туссан байгаа.

-Олны танил хүмүүсээс хэн, хэн гишүүнчлэлтэй вэ. Ээлжит бус их хурлын үеэр хөдөлмөрийн баатар, гавьяатууд танай намыг дэмжиж нэлээн ирж байгаа харагдсан?

-Бид гишүүнчлэлээр уралдах зорилго тавиагүй. Намын их хуралд оролцсон нэр хүндтэй, нийгмийн зүтгэлтнүүд нийгмийн шинэчлэл, өөрчлөлтийн талаар үгээ хэлсэн. Түүнээс тэд бүгд намын гишүүд биш. Нийгэм тэр аяараа л МАНАН-гаас залхаж өөрчлөлт шинэчлэлтийг хүсэн хүлээж, тэр байтугай шахаж шаардаж байна шүү дээ. Тэднийг намтай уяж хардах хэрэггүй. Одоо намаар ялгарах биш, харин яаж энэ хүнд байдлаас улс орноо аврах вэ гэдэг дээр ард нийтээр, бүгдээр санаа чилээх цаг болсон байна. Нийгмийн хамгийн ухамсартай сэхээрсэн хэсэг үүнийг мэдэрч энэ талаарх яриа хэлэлцээрт идэвхтэй оролцож байгаагийн л нэг илрэл юм. Тэр тэр энэ намд орчихож гэж хардахаас өмнө тэдний хэлж байгаа үгийг илүү анхаарч, сүйрч унаж байгаа нийгмээ хэрхэн босгох талаар бодсон нь дээр болов уу. Тэр ахмадууд ч ингэж бодож ирсэн гэдгээ ний нуугүй ярьсан.

-Таны ард Х.Баттулгыг бий гэдэг. Үнэн үү?

-Миний улс төрийн амьдралд байсан бүхий л хугацаанд миний ардаас хэн нэгнийг хайсаар л ирлээ. М.Энхсайханыг, Н.Энхбаярыг, Ц.Элбэгдоржийг, одоо Х.Баттулгыг. Энэ бүх хугацаанд би өөрөө л байсан, харин тэр ярьж байгаачлан хэн нэгэн хүчтэй хүн мөн чанараараа надтай байгаасай, ард биш дэргэд байгаасай гэж би ямагт хүсдэг.

-Одоогийн УИХ-ын гишүүдээс танай намд элсэх хүн байгаа юу?

-Хувь хүмүүсийн сонголтыг би мэдэхгүй. Орж ирнэ гэвэл би хэнийг ч цаашаа гэхгүй.

-Л.Цог танай намын гишүүн болж байгаа юу?

-Одоогоор үгүй л байна. Гэвч Л.Цог даргын санаачлан зохион байгуулалцсан “Жудагт Монгол” хөдөлгөөн бидэнтэй үйлс зорилго нэг байгаа.

-Таны илтгэлээс анзаараад байхад МАНАН-ын дэглэмийг хална гэх үг нэлээн ажиглагдаж байгаа. Яаж халах юм бэ?

-Ардчилсан, хууль ёсны арга замаар. Энэ бол сонгуулийн аргаар гэсэн үг. Энэ арга зам улам бүр нарийсч, нийгэмд халалт үүсч байгааг хаа хаанаа бодох ёстой. Бид өөрсдөдөө байгаа боломжийг шавхан ажиллаж ард иргэдэд МАНАН-гаас өөр сонголт бий болгож өгөх үүрэгтэй. Сонголт бий болгож өгөөгүй байж иргэдийн сонголтыг шүүмжлэх эрхгүй. Олон жил “МАНАН” дэглэмийн тухай ярьсан. Одоо хариуцлагатай хандаж иргэдийн “МАНАН биш юм байна гэдгийг ойлголоо. Тэгвэл хэн бэ” гэсэн асуултад хариулт өгөх ёстой. ТТЭНН-ыг шинэчлэн зохион байгуулсан, “Нэгдмэл Монгол” эвсэл байгуулсан нь үүнд чиглэсэн алхам юм. Бид хүчирхийллийн бус тайван замаар, сонгуулийн өөрчлөлтөөр нийгмийг шинэчлэхийг зорьж байна.

Та илтгэлдээМонголчуудыг эвлүүлнэ, нэгдүүлнэгэж хэлсэн. Нам олшрох тусам нэгдэх нь улам л хүнд болох юм биш үү?

-Нам байгуулсан шалтгаанаа дээр хэллээ, өөр сонголт бий болгож өгөх ёстой гэж. 26 жилийн турш хагарч эвдэрсэн монголчуудыг эвлүүлж нэгдүүлэхэд гарцаагүй төр шиг төр, үндэстнээ нэгтгэсэн нэгдмэл үзэл санаа, зорилго хэрэгтэй. Үүнийг аль нэг нам биш төр л хийж чадна. Манайд 24 нам бий. Нам бол зөв төртэй болох үйл явцад туулж байгаа зам л юм. Бид очих ёстой газраа галт тэргээр, машинаар, онгоцоор очдог шиг нам бол хүрэх ёстой газраа очиход туслах тээврийн хэрэгсэл л юм, одоогоор. Үйл явц цааш үргэлжилнэ. Үзэл бодлын ялгаралгүй, наймааны хэрэгсэл болсон намууд татан буугдана. Хүчний дахин хуваарилалт явагдах болно. Нам, эвсэл байгуулсныг эцсийн шат, зорилго юм шигээр харах хэрэггүй. Харин нам олшроод байгаа учраас нэгдмэл хүчин байгуулах замаар нэгтгэх шаардлага бас бий. Намууд үзэл санааны нэгдэл болж чадахгүй байгаа учраас аль нэг намд шилдэг хүмүүс эвсэх замаар нэгдэл, эвслийн суурийг тавих нь зөв гэж бодсон маань алдаагүйг манай хурал харууллаа. Дахин хэлэхэд, бид нэг нэг тамга өвөртөлсөн наманцруудын эвслийг биш зөв хүмүүсийн эвслийг бий болгохыг зорьж байна. Зөв хүмүүсийн эвсэл л нийгмийг зөв болгох суурийг бий болгож чадна.

Та МҮАНаас албан ёсоор гарсан уу. Намын зүгээс таны үзэл бодолтой үл нийцэх янз бүрийн шахалт ирж байсан уу?

-Албан ёсоор гарсан. Одоо МҮАН-ын талаар элдвийг яримааргүй байна. ТТЭНН-д хийж болох зүйлээ МҮАН-д хийх бололцоо олдоогүй учраас л гарсан. Таарч тохирохгүй, муудаж сайдах, хувь сэдлээр асуудалд хандах тухай ойлголт бидний түвшинд байдаггүй.

Таныг сонгууль угтаж улс төрийн шоу хийгээд байна гэсэн шүүмжлэл цахим сүлжээнд багагүй харагдаж байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Миний талаар хэн юу гэж ярих нь надад хэзээ ч чухал байгаагүй, одоо ч тэр. Магтах муулахын алинд ч ач холбогдол өгдөггүй. Юу дуртайгаа ярьцгааж байж болно. Миний бүх үйл ажиллагаа дээр хэлсэн зорилгын төлөө цаашдаа үргэлжлэх болно.“Сонгуулийн шоу”, “Арын хүн”, “Өөр намаас ахмадууд хуралд оролцсон” гэх мэт ярианууд чинь харин өөрөө сонгууль угтсан улс төрийн шоу юм. Сөрөг мессэж төлөвлөж олон давтамжтай цацах нь хутган үймүүлэх, хагалан бутаргах зорилготой л оролдлогууд. МАНАН-г сөрсөн эвслийг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой. Ер нь одоо монголчуудыг нэгийг нь нөгөөгийн эсрэг турхирсан, хагалан бутаргасан элдэв пиар энэ тэр бидэнд хэрэггүй. Энэ чинь нөгөө л барууны технологийн нэг хэсэг нь. Шинэ хүчнээ өөрөөр төлөвлөж, өөрөөр удирдаж явна.

-“Жудагт Монголхөдөлгөөн танай намыг гарч ирэх үеийн сурталчилгаа байсан гэх юм. Уг хөдөлгөөнтэй хамтарч ажилладаг юм уу?

-Төрийн хямрал, эмх замбараагүйтэл ужгирсаар хэн бүхэн тэвчихийн эцэсгүй болсны нэг илрэл нь төрийн зүтгэлтэн ахмадуудын санаачлан зохион байгуулсан “Жудагт Монгол” хөдөлгөөн байсан. “Жудагт Монгол” хөдөлгөөн аль ч намтай хамаагүй, зөв хүмүүсийг дэмжиж олноор гаргахын төлөө олон нийтэд сонголтоо хийхэд нь туслах зарчимтай ажиллана гэдгээ зарласан. Хэрэв сонгуулийн хуулийн жагсаалт хэвээр байвал тэдгээр төрийн зүтгэлтнүүд, мэргэжлийн хүмүүсээс урьж жагсаалтаа бүрдүүлнэ гэж бид бодож байсан. Гэвч тэд маань өөрсдөө нэр дэвшихээс эрс татгалздаг. Харин би ятгадаг. “Ингэх хэрэггүй, та бүхний бодит оролцоо Монголын төрд одоо хэрэгтэй байна” гэж. Би ч тэгж боддог. ТТЭНН ерөөс нийгмийн гажуудлыг засахын төлөө хэн бүхэнтэй хамтарч ажиллах болно.

Танай нам Монголын ногоон намтай эвсэж сонгуульд оролцохоор болжээ. ТТЭНН гуравт бичигдэхийн тулд МННд төлбөр төлсөн гэх хардлага хэн бүхэнд байгаа байх?

-Бид гүн бат итгэлцэл дээр эвслээ байгуулсан. МНН-ын боловсруулсан байгаль экологийн чиглэлийн хөтөлбөрүүд тэр чигээрээ манай эвслийн хөтөлбөрт туссан. Энэ салбарт хамгийн сайн мэргэшсэн нам учраас ингэх нь ч зөв. Тус намын дарга О.Бум-Ялагчтай гудамжны тэмцэлд олон он жил дамнан хамтдаа тэмцэж явсан түүхтэй. Түүнтэй ойлголцож чаддаг байсан учраас эвсэл байгуулахад ямар ч хүндрэл байгаагүй. Бид ямар ч мөнгөний асуудал яриагүй, нийгмийг өөрчлөх хөтөлбөрөө, ойлголцол итгэлцлээ л ярилцсан. Нөгөө талаас бидний алхмыг мөнгөөр тооцох сурсан явуулгаа эхлүүлж байгаа нь бидэн шиг бардам хүмүүст наад зах нь доромжлол. Түүний тухай элдвийн ярианд би итгэдэггүй бөгөөд зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг.

УИХын сонгуулиас гадна ИТХын сонгуульд оролцох уу. Ер нь намын боловсон хүчний хувьд ямархуу байгаа вэ?

-Нийслэлийн сонгуульд оролцоно. Манай намаас нэр дэвших хүсэлтэй олон хүн ирж уулзаж байна. Ер нь нэг зүйлийг хэлэхэд, манай уртаашаа гуравхан сая хүн дотор 24 намд шилдэг боловсон хүчин олдохгүй. Тэр байтугай МАН, АН хоёрт ч хуваагдах хангалттай нөөц байхгүй. 26 жил болоход боловсон хүчнээр АН ч МАН-ыгаа гүйцээгүй юм. Энэ бол АН муу гэсэн үг ч биш, ерөөс манай бололцоо нөөц тийм л гэсэн үг. Харин одоо бол энэ хоёр намаас гадна бас нэг бүлэг нөөц бүрдсэн. Энэ хоёр намын асар их мөнгөний шалгуур, цүнх барьж, бөгс долоох, даргынхаа өмнөөс золиос болох шалгуурыг даваагүй, намаар дамжаагүй, харин тэднийг үзэн ядагчдын нөөц төрөөс шахагдан гарсан. Эрх барьсан үедээ МАН, АН хоёр төрийн бүтцээс зөвхөн нэгнээ шахан гаргаж байсангүй, эвссэн үедээ нийлээд төрийн мэргэшсэн албан хаагчдыг мянга мянгаар нь хөөж оронд нь өөрсдийнхнөө шингээсэн. Тиймээс халагдсан олон албан хаагч алинд нь ч оролгүй ажлаа алдсандаа МАНАН-г занаад л хоцорсон. Одоо тэднийг төр зөв болж байж л тэднийг төрд татан оролцуулна шүү дээ. Чадвартай, зөв хүмүүсийг тасралтгүй бэлтгэж, тэднийг төрд тогтвортой ажиллах бололцоогоор хангах хэрэгтэй. Төр өөрөө эхлээд зөв болж байж л үүнийг хийнэ. Хоёр намын мөнгөнд бүдэрсэн мэргэшсэн албан хаагчид төрд буцаад орох гүүр нь ТТЭНН байх ёстой. Ингэхдээ бид намуудаас хүнд тавьдаг шаардлагыг яг эсрэгээр нь хэрэгжүүлж, мөнгөний босгыг намсгаж, ёс суртахууны шалгуурыг өндөрсгөх замаар зөв хүмүүсийн төрд очих гүүр болох ёстой.