Categories
мэдээ цаг-үе

Ж.Баттөр: Хятад улс профессорууддаа жилийн 120 мянган ам.долларын цалин өгч байна

Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор, профессор Ж.Баттөртэй ярилцлаа.

-Хятад улс шинжлэх ухааны салбартаа маш их анхаарал хандуулж, хөрөнгө мөнгийг харамлахгүй зарцуулж байна. Үүнийг улс орнууд янз бүрээр тайлбарлаж байх юм?

-Хятад улс хямд ажиллах хүч, гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжсэн бодлого, засаглалын тогтвортой шинж, хятад хүний ажилсаг зан, мөнгөн хуримтлалыг дээдэлдэг уламжлалт үзэл, дэд бүтцээ зогсолтгүй сайжруулдаг бодлого зэрэг хүчин зүйлүүд дээр түшиглэсэн өдөр тутмын бараа бүтээгдэхүүнийг асар их хэмжээгээр үйлдвэрлэж сүүлийн 30 гаран жил дэлхийг хангалаа. Эдгээрийг ерөнхийдөө “low end” бүтээгдэхүүн гэдэг. Гэтэл дэлхийн улс орнууд ийм түвшинд хүрээд дэвшил гаргахгүй бол зогсчихдог. Харин Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд дараагийн шат буюу технологи шингэсэн үйлдвэрлэл рүү эрс хурдан шилжсэн тул эдийн засгаа иргэдийн хөгжил цэцэглэлт, амьдралын өндөр түвшин рүү оруулж чадсан. Технологид түшиглэж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг “high end” бүтээгдэхүүн гэдэг.

Энд эмнэлгийн дүрс оношилгооны төхөөрөмжүүд, хагас дамжуулагч, нисэх онгоцны технологиуд багтдаг.

Мөн үйлдвэрийг автоматжуулах систем, цөмийн эрчим хүчний реакторыг оруулдаг. Сүүлийн үед эм, биотехнолигийн салбар хурдтай хөгжиж байна.

Тиймээс дээрх “high end” бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд Хятадын Засгийн газраас шинжлэх ухааны салбаруудаа дэмжих бодлого баримталж байгаа юм.

-Хятад улс үйлдвэрлэдэггүй юм гэж байдаггүй, бүгдийг үйлдвэрлэдэг?

-Гар утас бусад харилцаа холбооны технологид ашигладаг хагас дамжуулагчийг гадаадаас импортлоход 2014 онд л гэхэд 218 тэрбум ам.доллар зарсан байгаа юм.

Хятад улс хэдийгээр ухаалаг гар утас, компьютерийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг ч эдгээрийн борлуулалтаас хамгийн ихдээ 15 хувийн ашиг л олж үлдсэнийг нь нарийн технологи, хагас дамжуулагч зэргийг нь нийлүүлдэг АНУ, Япон бусад хөгжингүй орнуудад алддаг гэсэн статистик тооцоо ч бий.

-Хятад улс өөрийгөө “Дэлхийн үйлдвэрлэх хүч болно” гэж тодорхойлсон байна билээ?

-Өнгөрсөн онд Хятадын Засгийн газраас “Хятадад үйлдвэрлэв 2025” гэсэн томоохон хөтөлбөр зарласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2025 он гэхэд буюу 10 жилийн дотор Хятадыг инновац эдийн засагтай, байгаль орчинд ээлтэй, хариуцлага бүхий дэлхийн үйлдвэрлэх хүч болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд нисэх онгоц, агаар сансар, смарт тээвэр, мэдээллийн технологи гэсэн арван салбарт инновацийн 40 төв байгуулахаа зарласан. Мөн шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулах хөрөнгөөр ойрын арван жилд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэсэн байна лээ. Түүний дотор шинэ технологи нээж буй профессоруудын цалинг дэлхийд тэргүүнд гаргана гэсэн.

-Энэ зорилтууд нь хэр биелэх боломжтой вэ?

-Мэдээж амаргүй. АНУ-ыг технологийн өндөр улс болгосон зарим ноу-хау Хятадад байхгүй эсвэл дөнгөж эхлэлийн шатандаа яваа. АНУ-д профессоруудад ажиллаж амьдрахад маш ая тухтай орчинг бүрдүүлж өгдөг. Дээр нь нээлт хийж, патент авсан бол насан туршдаа патентаасаа ашиглуулсны роялти авдаг. Хятадад наад зах нь шинэ бүтээлийн патентын хуулиа улам чамбай болгох гэж оролдож байна. Бас Засгийн газраас илүү хувийн компаниудын дэмжлэг, хөрөнгө оруулалт асар их. Үүнийг Хятадын томоохон компаниуд ойлгож дотоодын судлаачидтайгаа маш ойр хамтран ажиллаж байна.

-Профессоруудын цалин, хангамжаа яаж нэмж байгаа вэ?

-Хятадад гадаадад байж байгаад эргэж ирсэн профессортоо жилийн 120 мянган ам.долларын цалин олгож байна. Манайхаар 240 сая төгрөг буюу нэг сард дунджаар 20 сая төгрөг олгож байна гэсэн үг.

Мөн нэлээд олон улсын сургуульд олон улсын шинжлэх ухааны шилдэг сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлбэл 100 гаран мянган ам.доллараар урамшуулж байна. Ийм урамшууллыг Япон, Өмнөд Солонгос гэхчилэн Азийн орнууд бас олгодог.

Ер нь хэдэн жилийн өмнө Хятадын профессор дунджаар жилийн 40 мянган ам.долларыг авч байхад АНУ-ынх 80 мянгыг авдаг гэж бичдэг байсан. Одоо бараг тэнцэж байна. Энэ бол профессорыг дэмжих нэг л хэлбэр нь. Хөнгөлөлттэй орон сууц гэхчилэн өөр олон байдлаар дэмждэг.

-Яагаад профессоруудаа ийн тойлж эхэлсэн нь ойлгомжтой л доо?

-Ер нь Америк, Япон гэхчилэн технологиор манлайлж буй орнуудын хөгжлийн ундарга нь их сургуулиудаасаа үүдэлтэй гэдэг нь тодорхой болоод олон жил болж байна. Энд СТЭМ хичээлүүддээ хамгийн ихээр анхаарч энэ чиглэлээр дэлхийн хамгийн толгой залуусыг их дээд сургуулиуддаа сургадаг. СТЭМ гэдэг нь Science, Tech­nology, Engineering, Math гэдэг дөрвөн үгийн товчлол юм.

-Манай урд хөрш шинжлэх ухаандаа, эрдэмтдээ ийнхүү анхаарал хандуулаад эхэлчихлээ. Харин манайд нөхцөл байдал өөр л дөө. Бидний хувьд урд хөршөөсөө суралцах зүйл их байна?

-Наад зах нь судалгааны үнэлэмжийг дээшлүүлэх ёстой байх. Манайд оюутнуудад маш их мөнгө хувааж өгч байна. Жилд арван сарын мөнгө болгож нэг оюутанд 700 мянган төгрөг олгож байгаа юм.

Үүнийг энэ олон оюутанд үржүүлэхээр асар их хөрөнгийг зарлагадаж байна. Ийм байхад улсын сан хөмрөг хоосрох нь ойлгомжтой. Уг нь цөөн маш сайн оюутанд олигтойхон тэтгэлэг өгөөд явбал бодит дэмжлэг болно. Яг үнэндээ судалгааны мөнгө олно гэдэг их дээд сургуулийн багш нарт бараг бүтэхгүй зүйл болсон. Бас дээд боловсролын төлбөр, хувийн ясли, цэцэрлэг, дунд сургуулийн төлбөрөөс 3-10 дахин хямд байна.

Гэхдээ улстөрчид огт барьж байгуулаагүй зүйлдээ урьдчилаад тоймгүй их хөрөнгө авч идэж уугаад шамшигдуулаад дуусгаж байгаа нь л хамгийн ноцтой асуудал юм. Эдгээр асуудал, гажуудлаа эн тэргүүнд засч залруулж байж дараагийн алхмуудаа хийх нь зүйтэй байх.

Categories
мэдээ цаг-үе

Александр Шадрин: Сальвадор Далигийн эхнэр Гала нь Чингисийн удмын хүн

Оросын Екатеринбург хотын бизнесмэн, цуглуулагч А.И.Шадрин “Пикассо&Дали” үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргасан. Түүнтэй цуглуулгынх нь талаар ярилцсаныг сонирхуулъя.

-Агуу зураач С.Далигийн эхнэр Гала Далиг та монгол гаралтай хэмээн ярилаа?

-Агуу эрэгтэйн ард агуу эмэгтэй байдаг гэдэг. Гала Дали бол нэрт уран бүтээлчийг хөдөлгөх хүч нь болж байсан. Эхнэр нь нас барснаас хойш С.Дали нэг ч шинэ бүтээл туурвиагүй. Гала Далигийн (жинхэнэ нэр нь Елена Дьянконова) хаана төрж өссөн талаар нэг хэсэг ямар ч мэдээлэл байгаагүй. Хүү нь нэлээд судалж чамгүй хугацаа, мөнгө зарцуулсан байдаг. Бид Гала Дали нь хаана төрсөн болохыг судалж мэдсэн. Тэрээр нэлээд баян банкны эзэн, худалдаа арилжаа эрхлэгч гэр бүлээс гаралтай. Эцгийн тал нь Оросын Казанийн мурза хүмүүс. Казанийн мурзууд нь Алтан ордны хүмүүс. Чингссийн удмын хүмүүс л мурза гэгддэг байсан. Одоогийн Татарстаны татарууд биш шүү дээ. Өөрөөр хэлбэл Чингис хааны удмын хүмүүс гэсэн үг. Чингисийн удмын олон хүн Орост агуу үйлс бүтээж, цол хэргэм хүртэж байсан. Жишээ нь, нэрт түүхч Карамзин бол Чингис хааны удмын хүн. Гала Дали нь маш авьяаслаг эмэгтэй байжээ. Хамаатнууд нь ч гэсэн. Тэр Европын бараг бүх хэлээр ярьдаг байсан. Гала Далигийн ээж нь Орост хувьсгалч, аав нь Оросын хаан Николай II-ийн үед прокурор байсан. Гала Дали өөрийнхөө өвөг дээдсийг өөртөө шингээж явсан гэж болно. “Би Казаньд төрсөн” гэж өвөг дээдсийнхээ нутгийг хэлж байж л дээ. Үнэндээ бол тэр Томскт төрсөн. Эднийхэн удам угсааныхаа талаар зөвхөн хүүхдүүдээ л хэлж ярьдаг байж.

Чингис хааны удам болох энэ эмэгтэй С.Далид уран бүтээлээ туурвих онгод, эрч хүчийг өгч байлаа. Гала Дали бол славян бус ази, удирдагч зан чанартай байсан гэдэг. Дээдсийн гаралтай гэдгээ ч өөрөө мэдэрч байж л дээ. Аав нь нас барсны дараа тэрээр Москвад очиж өвөө, аавынхаа мөнгөөр амь зуусан. Түүний талаар эгч, дүү Цветаева нар ингэж бичсэн байдаг. Гала Дали хувцас муутай байсан хэдий ч маш боловсролтой охин байжээ. Үеийнхээ хүүхдүүдээс хамаагүй ухаалаг, маш олон гадаад хэлээр ярьдаг. Яг л хатан хаан шиг ихэмсэг, эргэн тойрныхоо хүмүүсийг бүгдийг үгэндээ оруулдаг, бүгд түүнд маш хүндэтгэлтэй ханддаг байсан гэнэ. Амьдралынхаа туршид хүрээлж байсан хүмүүсээрээ өөрийгөө хүндлүүлж чадсан. Түүнийг хөгшин болсон хойно барууныхан “орос төмөр эмгэн” гэж хочилдог байсан гэдэг. Нэг тийм зураг байдаг. Зургаан морь хүлэглэсэн сүйх тэрэгт Гала сууж харин Дали зэрэг хүмүүс түүнийг түлхэж байгаа. Бүгдийг нь ташуурдаж байгаагаар дүрсэлсэн. Энэ нь түүний зан чанарыг маш тодоор илтгэсэн зураг.

Ингээд С.Далиг хурцлагч эмэгтэйн өвөг дээдсийн нутагт нэрт зураачийн бүтээлийг авчрах нь сайхан санаа гэж бодогдсон.

-Тэгэхлээр таныг цуглуулгын талаар хоёулаа ярилцъя. Та хэзээнээс энэ хоёр алдартай хүмүүсийн бүтээлийг цуглуулж эхэлсэн бэ?

-2000 онд анх С.Далигийн график зургийг нь худалдаж авсан. Үндсэн цуглуулгаа 2006 онд Бенжамин Ливигээс авсан. Парист байдаг Далигийн музейгээс шууд авч билээ. Үнэ бөгөөд үзмэрийн тоон дээр тохиролцож чадахгүй байсан тул найман жил хэлэлцээ хийсэн. Эхэндээ бол худалдаж авах бус түрээслэх тухай яригдсан. С.Далигийн бүтээлийг нэг жилийн хугацаатайгаар түрээсэлж аваад Орост үзүүлэх тухай ярьсан. Хэлэлцээг эхлээд охин, дараа нь хүү маань хийж, би түрээсийнхээ мөнгийг ч төлсөн. Миний хүү англиар чөлөөтэй ярьдаг. Тэгэхэд 14 настай мөртлөө миний орчуулагчаар ажилласан. Ингээд мөнгөө төлөөд бүтээлүүдийг аваад явах гэсэн боловч Швейцарь, Европт даатгал хийх компани олдоогүй. Бүгд татгалзсан.

-Үүнийг би гайхахгүй байна. 2006 онд Оросын байдал ямар байлаа?

-Тийм ээ. Баруунтай нэлээд зөрчилдөөнтэй асуудлууд байсан. Ингээд даатгал хийх компани олдоогүй тул гэрээгээ шинэчилж үзмэрүүдийг түрээслэх бус худалдаж авахаар болсон. Худалдаж авсан нь зөв болсон. Учир нь нэг жил үзэсгэлэнг гаргасан мөнгөөр би үзмэрийн түрээсийнхээ мөнгийг төлж дийлэхгүй байсан.

-Тэр үед та ямар бизнес эрхэлж байсан бэ?

-Худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан. Яг худалдаа ч биш л дээ. Манай компани бөөнөөр нь бараа нийлүүлдэг байлаа.

-Хаанаас?

-Европ, АНУ.

-Ингээд анх С.Далигийн хэдэн бүтээлийг худалдаж авсан бэ?

-40. Тухайн үед “The Art Newspaper” сэтгүүлд гарсан нийтлэлийг энд байгааг та харж байна. “Оросын олигархи С.Далигийн 40 бүтээлийг худалдаж авлаа” гэсэн гарчигтай. Энэ сэтгүүлийн сурвалжлагч Парист очиж надад юмаа зарсан хүнтэй уулзаж байж бичсэн.

-Энд эдгээр бүтээлүүдийг хэдээр авсан тухай бичсэн үү?

-Ойролцоогоор бичсэн байгаа.

-Та ойролцоогоор хэдээр авснаа хэлж болох уу?

-Энэ нийтлэл дээр ч ойролцоогоор авсан мөнгөний дүнг бичсэн. Нэлээд үнэтэй авсан. Би хэлж болохгүй. С.Далигийн өмгөөлөгч байсан Бенжамин Ливитэй хийсэн миний гэрээнд зааснаар хэлэхийг хориглосон. Бенжамин Ливи нь С.Далиг амьд байхад түүнээс бүтээлийнх нь эрхийг худалдаж авсан. Өөрөөр хэлбэл танайд тавигдаж байгаа энэ эх бүтээлүүдийн зохиогчийн эрх зөвхөн Бенжамин Ливид байдаг. Парис дахь Далигийн музейд очоод бүтээлүүдийг худалдаж авахад нэг баримлыг зарахгүй гэсэн. Учир нь ердөө ганцхан хувь гэж тайлбарласан. Би түүнийг авахаар 12 жилийн өмнө захиалга өгсөн, хүлээж байна. Хэрвээ авч чадвал С.Далигийн цаг хугацааг харуулсан бүх бүтээлийн цуглуулгатай болно. Ийм таван бүтээл байдгаас дөрөв нь надад бий. Би юуг хэлэх гээд байна гэхээр та мөнгөтэй бол дуудлага худалдаан дээр очоод авчихна гэж бодож байгаа бол эндүүрч байна. Тэгдэггүй.

-Тэгэхлээр та 2006 оноос хойш С.Далигийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж байгаа юм байна. Хэчнээн оронд гаргав?

-Нэг их олон биш. Гэхдээ Оросын маш олон хотод гаргасан. Ер нь бол үүнээс өмнө өөр үзэсгэлэн гаргаж байлаа. Ново компромистуудын маш сайхан бүтээлүүдээр гаргасан. Орост надаас өөр ийм үзэсгэлэн гаргасан хүн үгүй. 2010 онд П.Пикассогийн шавраар хийсэн бүтээлийг Рамье гэдэг хүнтэй олон жил хэлэлцээ хийж байж авсан юм. Ингэсний эцэст “Chris­tie’s” дуудлага худалдаагаар авч билээ. Би Хонгконгт утсаар дуудлага худалдаатай холбогдож хүү маань намайг төлөөлөн танхимд байлаа. Би зөвхөн дуудлага худалдаагаар бус алдартай хүмүүсээс авахыг хичээдэг.

Нэгдүгээрт, энэ нь бүтээлийг улам ач холбогдолтой болгодог, хоёрдугаарт, эх бүтээл мөн гэдэгт ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйн тулд. Энэ бол маш чухал. Тиймээс би П.Пикассогийн бүтээлийг Жорж Рамьегээс худалдаж авах сонирхолтой байлаа. П.Пикассо нэг л буюу Ж.Рамьегийн урланд л бүтээлээ туурвидаг байсан. Ингээд хийсэн бүтээлийн 95 хувийг уран бүтээлч өөрөө, үлдсэн таван хувийг Ж.Рамье авдаг байж л дээ. Түүнийг нас барсны дараа тэр урлан хаагдсан. Ингээд түүний бүтээлүүдийг Жорж Рамье нь хадгалж байгаад хүү Алан Рамье өвлөн авсан. Би Рамьег таньдаг, түүнд хадгалагдаж байсан бүтээлүүдийг нь худалдаж авахаар хэлэлцээ хийсэн. Өөрөөр хэлбэл П.Пикассогийн хамгийн том цуглуулгатай болох гэсэн. Учир нь дуудлага худалдаанд орвол үнэ нь өснө шүү дээ. Би түүнтэй уулзахаар хоёр ч удаа очиж байсан. Өөрөөр товоо хэлчихээд уулзаагүй. Гэтэл намайг очоод үүдэнд нь зогсч байх тэр үед “Christie’s”-гийн хүмүүс ирчихсэн, аваад явах гэж байсныг би хожим нь мэдсэн. Рамье П.Пикассогийн ажиллаж байсан урлангийн шалны хавтанг хүртэл зарсан. Түүн дээгүүр Пикассо явж байсан гээд. Ингээд дуудлага худалдаа болоход П.Пикассогийн бүтээлийн үнэ нь зургаа дахин өссөн.

-Танд энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд эх нь мөн гэдгийг баталсан сертификат байгаа юу?

-Байгаа. Түүнийг би үзүүлэх бодолгүй байгаа. Хуулбарыг нь хийж болдоггүй. Учир нь ердөө ганцхан удаа л өгдөг. Тэгээд ч та бид түүнийг уншаад ойлгохгүй. Мэргэжлийн хүмүүс л мэддэг. Үзүүлж болно л доо. Түүнээс гадна надад ОХУ-ын Соёлын яамнаас миний цуглуулгыг үндэсний соёлын өв гэсэн ангилалд оруулсан тухай гэрчилгээ бий. Орост музей болгонд ийм юм олгоод байдаггүй. Түүгээр ч барахгүй миний эзэмшигчийн эрх хязгаартай. Энэ нь би түүнийг хамаагүй худалдаж болохгүй гэсэн үг.

гарах энтертайнмент ертөнц холгүй байна аа гэдгийг л хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Г.Сүхзориг: “Жангар” хүүхэлдэйн киноныхоо нээлтийг Буриад, Тува, Халимагт хийнэ

“Jangar international”, “FSM
media group”, “Chi­medee’S music” гэсэн гурван компанийн хамтын бүтээл Монголын
анхны олон ангит “Жангар” 3D хүүхэлдэйн кино дөрөвдүгээр сарын 23-нд БНХАУ-ын нийслэл
Бээжин хотноо болсон олон улсын кино наадамд нээлтээ хийгээд ирсэн билээ.

“Бур бур бороотой

Сэр Сэр салхитай

Өвөлгүй зуны

Өвчингүй энхийн Бумбын орон”-ы тухай
өгүүлэх Жангарын туулиар сэдэвлэн хийсэн монголчуудын соёлын хосгүй үнэт өвийг дэлхий
дахинаа сурталчлан таниулах төсөл хоёр жилийн турш хэрэгжиж байгаа билээ. Улаанбаатар
хотноо нээлтийн ажиллагаагаа эхлүүлсэн уг кино төслийн багийнхан ирэх тавдугаар
сард ОХУ-ын Буриадын Улаан-Үд, Тува, Халимаг улсад тус тус нээлтээ хийх юм байна.
Тус киноны зохиолчоор ажилласан МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч
Г.Сүхзоригтой уулзаж ярилцлаа.

-“Жангар” хүүхэлдэйн киноны зохиолыг
хэдийнээс эхэлж бичиж эхлэв?

-Анх хоёр жилийн өмнөөс “Жангар”
хүүхэлдэйн киноны энэ төслийн тухай би сонсож байсан. “FSM media group”-ийн захирал
Э.Одбаяр, “Chi­medee’S music” компанийн захирал М.Чимэдтогтох бид хэд хамтран ажиллаж
байсан юм. Тэгээд энэ хүүхэлдэйн киноны дууны үгийг бичих санал надад тавьснаар
энэ төсөлд татагдан орсон. Энэ хүүхэлдэйн киноны зорилго нь дэлхийгээр нэг тархсан
монгол үндэстэн, монгол туургатны соёлын үнэт өвийг дэлхий дахинд таниулах. Бидний
хойч ирээдүй болсон хүүхэд багачууддаа монгол хэл, соёл, зан заншлаа өвгөдийн үлдээсэн
энэ гайхамшигт өвөөр дамжуулан сурталчлан таниулахад оршиж байсан болохоор надад
энэ төсөлд оролцох нь нэр төрийн хэрэг байлаа. Тэр ч утгаараа цаг наргүй, нойр хоолгүй
ажиллаж байгаа энэ сайхан баг хамт олонтой ажиллана гэдэг бахадмаар урамтай байсан
шүү.

-“Жангар” кино нийтдээ хэдэн бүлэг,
ангитай бол?

-“Жангар” хүүхэлдэйн кино маань
нийт арван бүлэгтэй. Арван минут үргэлжлэх арван анги нь нийлээд нэг бүлэг болох
юм. Тэгэхээр нэг бүлэг нь 100 минут үргэлжилнэ гэж бодохоор нэлээд урт кино болсон.
“Жангар”-ын туулийнхаа дагуу Үйзэн алдар хааны хөвүүн үхэшгүй мөнхийн хорин таван
настай Жангар анх энэ хорвоод мэндлэхээс эхлээд зургаан настай Жангар хүүгийн баатарлаг
үйлсээр дагнан хийсэн байгаа. Цаашид долоон настай Жангар, найман настай Жангарын
баатарлаг үйлсээр ч хүүхэлдэйн кино хийх бодол бидэнд байгаа.

-Хүүхэлдэйн киног харж байхад их
л хөөрхөн өгүүлэмж, дүрслэлтэй болсон байна лээ. Найруулга талд нь ямар хүн ажилласан
юм бол?

-Уг хүүхэлдэйн киноны бүх найруулга
зохиомжийг “JAN­GAR international” компанийн захирал Х.Далай гэж тун ажил хэрэгч
залуу хийсэн. Дан ганц хүн бичихэд үнэхээр их цаг хугацаа шаардсан ажил л даа. Миний
хувьд урьд өмнө нь хүүхэлдэйн киноны зохиол бичиж байгаагүй. Гадагшаа кино зохиол
бичээд явуулчихсан тэрнээсээ сайхан хариу авчихсан байсан болохоор яг олон улсын
стандартын дагуу нэг хуудас нь нэг минут гэдэг дүрмээр л бичсэн. Нэг анги нь 10
минут үргэлжлэх болохоор үзэгдэл тус бүр нь минут, секундээр тооцогдох ёстой байсан.
Маш олон хүний нөр их хөдөлмөр шаардсан ажил. Удахгүй хүүхэлдэйн кино маань гарахаар
үзэгчдэд тодорхой анзаарагдах байх.

-Зураг авалт, хүүхэлдэйн хөдөлгөөнүүдийг
анзаарч байхад зүгээр нэг зурмал зураг хөдөлгөдөг арга техникийг бодоход дэлхийн
стандартад дөхөж очсон юм шиг санагдсан. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Орчин үеийн кино урлагийн хамгийн
сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг Монголын нөхцөлд тэр бүр аваад байх боломжгүй
л дээ. Жил бүр сайжран шинэчлэгдэж, өөрчлөгдөж байдаг билээ. Гэхдээ манай төслийн
багийнхан хамгийн сүүлийн үеийн гэж хэлж болохоор компьютер, программын дагуу хийж
гүйцэтгэсэн. Бүгдийг олон улсын жишигт нийцүүлж хийхийг зорьсон. Ганцхан жишээ гэвэл
бид яг Холливудийн нэгэн адил дууг нь хийхийг хүссэн. Тэр ч утгаараа энэ хүүхэлдэйн
киноны дууг хүүхдүүд болоод том хүний аль нь ч сонсож болохоор хийсэн.

-“Жангар” кино олон дуутай юу?

-Удахгүй энэ хүүхэлдэйн киноны
13 дуунаас бүрдсэн цомог гарна. “Chimedee’S music”-ийн захирал М.Чимэдтогтох маань
олон улсын “BMI” гэдэг дуу хөгжим, хөгжмийн зохиолчийн эрхийг хамгаалдаг байгууллагад
гишүүнчлэлтэй хүн. Тийм болохоор дээрх байгууллагад энэ хүүхэлдэйн киноны бүх хөгжмийг
бүртгүүлж зохиогчийн эрхээ хамгаалуулан хамтран ажилласан. Лэди Гага, Мадонна хүртэл
эрхээ хамгаалуулдаг лут байгууллага юм байна лээ. Энэ хүүхэлдэйн киноны хөгжим монгол
үндэстний дуу хөгжмийн бүхий л үнэт соёлыг шингээж олон улс даяар түгээн сурталчлахаар
бодож хийсэн байгаа.

-Алдарт “Жангар” тууль бол Монголын
уран зохиолын гурван оргилд зүй ёсоор тооцогддог. “Жангар”-ын олон ч хувилбар байдаг.
Та бүхэн чухам аль эхийг түлхүү барьж хүүхэлдэйн киногоо бүтээв?

-1946 онд “Жангар” туулийн 500 жилийн
ойг тэмдэглэх тухай яригдаж байсан ч төдийлөн анхаарч үзээгүй юм билээ. Оросын нэртэй
зохиолч, эрдэмтэд манай “Жангар” туулийг өндрөөр үнэлж, эрдэм шинжилгээний эргэлтэд
оруулан судалж байсан. Монголоос молхи миний мэдэхээр нэрт соён гэгээрүүлэгч Б.Ренчин
гуай, ардын уран зохиолч Т.Галсан тэргүүтэй хүмүүс “Жангар” туулийг сурталчлан таниулахад
хамгийн ихээр анхаарсан санагддаг юм. Жангар судлаач эрдэмтэн мэргэд МУИС болон
Хэл зохиолын хүрээлэнд олон л байдаг байх. Тэр талын мэдээлэл хомс байгааг минь
уучлаарай. “Жангар” туулийн хорин бүлэг манай Монголоос, гучин бүлэг Халимагаас,
далан бүлэг нь Шинжаанаас илэрч одоогоор тогтоогдсон байгаа гэхээр мөн ч лут бүтээл
болох нь тодорхой. Хүүхэлдэйн киногоо бид энэ бүгдийн нийтэд түгээмэл тархсан хэлбэрийг
нь гол шугамаа болгож барьсан даа.

-“Жангар” төсөл зөвхөн хүүхэлдэйн
киногоор л хязгаарлагдаагүй биз?

-Энэ “Жангар” төсөл маань дан ганц
хүүхэлдэйн киногоор зогсохгүй. Цаашид уг төслийн хамт олон хүүхдийн дууны цуврал
цомог, видео тоглоом, хүүхдийн цуврал нэвтрүүлэг, хүүхдийн комикс ном, дуулалт бүжиг,
“Жангар” туулийг судлах, сэргээх үйл ажиллагааг хийхээр төлөвлөөд байнаа. Эхнээсээ
бодит ажил болоод явж байгаа. “Жангар” тууль хайлж буй нэлээд олон цагийн видео
бичлэг хийж архивжуулсан. Эдгээр бичлэг нь нутаг нутгийн онцлогийг харьцуулан судлахад
дөхөм болох байх.

-Өөрөө олон улсын соёл урлагийн
“Delphic-III” наадмаас “LURA AWARDS” шагнал хүртэж байсан уран бүтээлч. Сая ярьж
суухад гадаадад нэг кино зохиолоо илгээгээд нааштай хариу авсан гэв үү, үгүй юу?

-Би 2009 онд олон улсын соёл урлагийн
“Delphic-III” наадамд дэлхийн 54 орны төлөөлөл оролцсоноос “LURA AWARDS” шагналыг
яруу найргийн төрлөөр эх орондоо авчирсан л даа. 2015 онд харин “Чингис хааны тамга
буюу Индиан Жонс-5” гээд нэг кино зохиол бичээд Холливуд руу явуулсан. Тэгээд тэндхийн
кино зохиолын мэргэжилтнүүдээс өндрөөр үнэлэгдсэн үнэлгээ авсан.

-Тэр кино зохиолоо хэрхэн бичив.
Арай Холливудад монгол зохиолчийн бүтээл шалгарч цахиур хагалах гэж байгаа юм биш
биз?

-2014 онд арван жилийн 24 дүгээр
сургуулийн М.Жаргалсайхан багш намайг дуудаад нэг кино зохиол бичих даалгавар өгдөг
юм байна. Анги даасан багш маань байсан болохоор шууд л даалгасан. Захиалагч нь
манай ангийн хүүхэд. Яаж мэдсэн юм бүү мэд, юутай ч Индиан Жонсын шинэ ангийг бичих
даалгавар байлаа. Шүлгээс хальж үзээгүй би бараг нэг жил бичсэн. Хоёр, гурван янзаар.
Тэгтэл 2015 оны тавдугаар сарын 27-нд нөгөө алдарт найруулагч Стивен Спилберг “Индиан
Жонс-5” киногоо хийнэ гэж Холливудын нэг мэдээллийн сайтад мэдэгдсэн юм. Миний зохиол
ч сая нэг утга учиртай болж гялалзуулаад дуусгасан. Энэ үед бараг дуусч байсан хэрэг.
Нэлээн эртнээс бидний ажиллагаа эхэлсэн байгаа биз. Тэгээд зохиолоо явуулаад өнгөрөгч
аравдугаар сард шүүмжлэгчдээс хоёр хуудас дүгнэлт тодорхойлолтоо авсан юм.

-Тэр дүгнэлт тодорхойлолтод юу гэж
бичсэн байна?

-Яах вэ дээ. Тэрхүү зохиолыг цаашид
зарж борлуулах мөн кино хийх эрхийг нь өгдөг юм байна лээ. Уг зохиолоор кино хийвэл
хэдэн ам.долларын төсөв гарах, хаана хаана зураг авалт хийх вэ гэдгийг нь хүртэл
тодорхойлж, дүрүүдээ хэрхэн гаргасан, зохиолын хэр шинэлэг содон сэдэв вэ гэх мэт
таван янзын дүгнэлтийг сайн, муу, дунд гэсэн дөрвөн шатлалтай дүгнэдэг аж. Тэгээд
бүх зохиолыг маань нэг хуудсанд бүхий л үйл явдлыг нь хураангуйлаад цаашид дараагийн
шатанд найруулагч, продюсеруудын гарт очиход бэлдээд өгдөг гэсэн үг. Надад бол Монгол
гэдэг агуу их түүхтэй ард түмний үр хойчис юм болохоор өвгөдийнхөө гайхамшигт түүхийг
дэлхий нийтэд таниулчих хүсэл байлгүй яахав. Яг аль талаас нь харуулбал дэлхий нийтийн
анхааралд сонирхолтой байх вэ гэдэг талаас маш их түүхийн ном уншсан. Өөрөөс чинь
хүртэл “Алтан ордны улсын хаад” ном аваагүй юу. Багш маань маш их материалаар хангаж
орой болгон утсаар хэр ахицтай явж байгааг асуудаг байлаа. Юутай ч цаашид миний
зохиол кино болдог ч бай, болдоггүй ч бай АНУ-д зохиогчийнхоо эрхийг баталгаажуулж
цаашид кино болгохыг зөвшөөрсөн бичиг авна гэдэг сайхан хэрэг болсон.

-“Индиан Жонс-5”-ын албан ёсны нээлт
хэзээ билээ?

-2019 оны зургадугаар сард “Индиан
Жонс-5” нээлтээ хийх сурагтай ч одоо хүртэл яг таг зохиолын сэдэв нь тодроогүй байгаа
юм байна лээ. Зохиол маань хэрхэн явахыг зохиолын маань өөрийнх нь амин сүнс нь
мэдэх биз. Одоогоор ангийн анд маань тэр талаар хөөцөлдөж байгаа учир хэрхэн яахыг
нь хүлээж л сууна. Би их өөдрөг үзэлтэй хүн. Манай уран бүтээлч залууст дэлхийн
дэвжээ их холгүй болов уу гэж би бодоод байгаа юм. Заавал бүгд их хааныхаа нэрийг
барих биш Гэсэр, Жангараасаа эхлээд хосгүй баялаг өв сан бидэнд үлдээсэн өвгөдийнхөө
түүхээр бид хэсэгтээ дэлхийд гайхуулах юмтай улс. Гэхдээ дан ганц мань мэт бичдэг
хүмүүсээс гадна ажил хэрэгч залуус маань энэ соёлын өв сангаараа дамжуулж дэлхийд
гарах энтертайнмент ертөнц холгүй байна аа гэдгийг л хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Хангайн овооны хоёр цагаан адуу

Гайхамшигт монгол адууны тухай түүний үзүүлсэн ид шид, аварч нигүүлссэн, баярлуулж бахдуулсан, хүндэлж бишрүүлсэн гээд самсаа шархируулам яриа монголчуудын дунд дүүрэн. Харин яг одоо ид шидийн илэрхийлэл “Хангайн овооны эзэн савдаг” гэмээр хоёр цагаан морины тухай өгүүлэх болно. Монгол Улсын эртний нийслэл Хархорин хот, ариун буяны орон Эрдэнэ зуу хийд бол зуун зуун дамжин монголчууд бидний дээдийн шүтээн байсаар ирсэн билээ. Буяны энэ хот суурин Орхон түшээ гүний урд хөндийд гэрэлтэж байдаг бол Орхон түшээ гүний араар Хангай хайрхан сүндэрлэн ханхайж байдаг. Энэ талаас нь харах юм бол Хангай хайрханы ивээл дор бурханы орон Эрдэнэ зуу өнөөгийн Хархорин сум байдаг юм байна ч гэж бодогдож болно. Яагаад гэвэл тэд бүгд Хангай хайрханд л тахил шүтээнийхээ дээжийг өргөж, бүхий л юмаа даатгасаар ирсэн билээ. Тиймээс нутгийн хүмүүсийн хамгийн дээд шүтээн бол Хангай хайрхан юм байна ч гэж бодогддог юм.

Жилийн дөрвөн улирлын аль ч цагт Хангай хайрханыг дурандахад түүний энгэр, оройгоор хоёр цагаан адуу харагдана. Дэргэд нь очоод харах юм бол унжмал дэлтэй, шингэвтэр сүүлтэй, том биерхүү сайхан цагаан морь нөгөөдөх нь арай балтгардуу биетэй хөхөвтөр дэл сүүлтэй. Ийм хоёр цагаан морь байдаг юм. Ямар ч цастай, хүйтэн өвөл байсан хайрханы Хангайн овоог тойроод л өвөлжчихдөг онцлогтой. Энэ хоёр цагаан морийг чоно, хулгайч хоёр хайрлаж халамжлаад арав гаруй жил болсон байж магадгүй ч итгэх боломжгүй.

Хоёр цагаан морины эзэн нь Хархорин хотод оршин суугаа “хурандаа цолтой, хурдан морьтой” Д.Батсүх гэх тохины шар хар хүн бий. Үнэндээ Д.Батсүх л хоёр цагаан мориор Хангай ууландаа өргөл барьсан хүн.

1998 онд Хархоринд анхны “Их хурд” уралдаан болох үед уяач Батсүхэд хурдны өлгий Галшараас шүдлэн цагаан бор үрээ бэлгэнд ирсэн байдаг. Их хүлэгч, манлай уяач Х.Сүрэнхор гуай үзээд “хурдан адуу болно” гэж шинжсэн юм билээ. Хоёр жилийн дараа бор үрээгээрээ азарга тавиад хэдэн гүү хураалгаад Орхоны эрэг дээр гүүгий нь бариад зусав.

Тэгсэн байнга л Хангай хайрхан өөд хэдэн адуугаа, гүүгээ туугаад аваад явчихдаг болж. Наанаас нь явахаар цааш нь хөөгөөд бүр алга болчихдог. Уулын орой дээр гарж наашаа харж зогсчихоод хэдэн гүүгээ тэндээ ээрээд явуулахгүй. Гүүгий нь бариад унагы нь уячихаар унагануудыг нь уяатай нь орхиод л эхүүдийг нь хөөгөөд яваад өгдөг байв. Тэгтэл Батсүхийн аав өндөр настан Даваахүү гуай олон хоног гайхаж ажиглаж байснаа хүүдээ “За хүү минь энэ бор азаргыг хойд хайрханы Хангайн овооны эзэн савдаг авчихсан юм байна. Ингэж хориод яагаад ч нэмэргүй. Хангайд нь явуулчих” гэж учирлажээ.

Батсүх гүүтэй нь явуулчихаар адуугаа яах билээ гэж бодож байгаад бор азаргаа агтлаад хангай хайрханд нь тавиад явуулчихжээ. Бор морь ч ганцаараа Хангайн овоонд гараад ирэхээ байж. Овоон дээр ганц цагаан юм л харагдаад байдаг байв.

Нэг өдөр Батсүхийн аав Даваахүү гуай гэрийнхээ гадна хойд хангайгаа дурандаж байснаа санаашран гэртээ орж ирээд “Тэр бор морь зайлуул энэ хангайн овоон дээр ганцаараа л байгаад байх юм. Хөөрхий амьтанг ганцааранг байлгаад яах вэ. Би борлог морио хамт тавьчихъя. Ханиараа явж байг зайлуул” гэж өрөвдөж хайрласан сэтгэлээр хүүдээ хэлжээ. Ингэж өвгөдийнхөө адуугаа хайрладаг монгол ухааныг шүтэн бишрэхээс аргагүй. Батсүх ч аавынхаа саналыг ёсоор болгож аавынхаа унаган төрмөл, өөрөө унадаг хайртай борлог морий нь хөтөлж аваачаад бор морьтой нийлүүлээд тавьчихжээ. Түүнээс хойш тэр хоёр морь хамт ижилсчихсэн нөгөө шүтлэгтэй Хангай овоон дээр л байдаг болж. Өвөл адуу, үхэр гардаг жимээр Орхоны гол дээгүүр гараад ирнэ. Жуулчны баазын тэнд хужир асгаад өгчихнө. Зун болохоор хоёулаа Орхоны голыг гүүрээр ч хамаагүй, голоор ч хамаагүй гараад л ирнэ.

Цагаан морь нь түрүүлээд борлог нь дагаад л явж байдаг. Зуны халуун өдөр жуулчны бааз дамжаад бүр зүүн тийшээ зам дээгүүр, далан даваад Батсүхийн хашааны сүүдэрт нь зогсч байгаад оройхон уул өөдөө яваад өгөх зэргээр эзнээ ч мэддэг, эрх чөлөөгөө ч эдэлсээр яваа хоёр.

Хоёр цагаан морийг тэр хавийнхан андахгүй, хайрлаж шүтнэ, өөрсдийн адуугаа дагаад явж байвал их бэлгэшээдэг байна. Цагаан морь нь одоо хорь хүрч байгаа. Онголуулж уулын эзэн болсоор насны ихэнхийг өнгөрөөжээ. Морьтой хүн очиж ийш тийш нь туух гэвэл сүүлээ агсаад л модон дундуур уул өөд давхиад явчихдаг. Ер нь Хангайн овооны эзэн нь цагаан морьтой байдаг гэж Эрдэнэ зуугийн лам хуврагууд айлддаг юм байна. Хоёр цагаан морийг анх онголж тавиулсан Даваахүү гуайг өөд болоход Аалтан хайрцгийг нь нээлгэхэд “цагаан алаг морь бодож байсан байна” гэж гарч байжээ. Учир холбогдолтой л байсан гэхээс аргагүй. Шинжлэх ухааны үүднээс учир начрыг нь тайлбарлах боломжгүй юм.

Хурандаа цолтой, хурдан морьтой гэгддэг нэр хүнд бүхий хашир эр хүн, уяач Д.Батсүх “Энэ хоёр цагаан морийг Хангайн овоондоо онголсноор миний адуу ч өссөн, морь ч хурдалсан даа” гэж бишрэн ярьдаг хүн. Үнэхээр түүнээс хойш л хүрэн морь, хонгор азарга, хүрэн азарга, хонгор морь гээд л олон хурдтай болжээ. Ялангуяа дээд гурван насыг жил дараалан түрүүлгэж байсны зэрэгцээ, нэг өдөр азарга, морь, соёолонгийн гурван ч түрүүг авч байж. Соёолонгийн түрүүг гурван жил дараалан авч байсан гэж Хархорины уяачид ярьдаг юм билээ. Насаараа цагдаагийн албанд зүтгэж машин техниктэй идэр насаа өнгөрөөсөн Д.Батсүхийн хувь заяа хар багаасаа л хурдан морьтой холбогджээ. Анх “Их хурд” уралдаан хийхээр комиссынхон уралдааны зам хайж явах үед нь тохирох замыг нь зааж өгсөн хүн бол Д.Батсүх юм. Өдий хүртэл адуун соёлоо дээдлэн шүтэж, түүний хөгжилд хувь хандиваа оруулсаар яваа монгол эр хүн. Ийнхүү түүний адуун соёлд оруулсан үнэтэй хувь нэмэр, хүчин зүтгэлийг үнэлж Монголын үндэсний морин уралдааны Холбооноос “Манлай хүлэгч” цолоор өргөмжилжээ.

Төрсөн нутаг Түшээ мөрөн Түүхэнд цуутай бидний нутаг

Буян заяаг тэгшилсэн Бурхадын орон Монголын нутаг хэмээн яруусан бичиж монгол адуу, монгол соёлынхоо төлөө зүтгэж яваа төр, шашныг хослон шүтэгч Батсүх ахайтны Хангай хайрхандаа өргөсөн хоёр цагаан адуу, тэдгээрийн хоорондын далд холбоо, увдисыг тайлах аргагүй юм. Хэрэв та идэр гурван есийн хүйтэнд Хангайн овоон дээр очвол хоёр цагаан морь угтаад л авна. Хархорин хотод Батсүх ахайтан хашаандаа морио уяад л байж байгаа даа. Чоно, хулгайч хоёр хүртдэггүй Хангайн овооны хоёр цагаан адуу байж л байгаа.

“Өдрийн сонин”-ы орон нутаг дахь тусгай сурвалжлагч Н.Санжаадорж

Categories
мэдээ цаг-үе

Баруун-Уртынхаа сургуульд сэтгэл нь уяатай ангийнхан

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Манайд нэг сүрхий том пянз тоглуулагч байдаг байлаа. Аав, ээж хоёр маань дал, наяад оны Монголын эстрадын болон улс төрийн дуунуудын пянзыг авчирна. Мөн “Кругозор” сэтгүүл захиалж, тэрхүү сэтгүүлийг даган ирдэг байсан тухайн үеийн Оросын алдарт дуучдын пянзыг ч бас цуглуулна. Тэдгээр пянзнуудаас би хоёр дуунд “нугасгүй” дуртай байлаа. Нэг нь Ж.Бадраагийн үг, Ц.Намсрайжавын ая “Халуун элгэн нутаг”. Нөгөө нь Түвдэнгийн Борын тухай дуу юм. Зургадугаар ангид байхдаа өглөө хичээлдээ явахын өмнө энэ хоёр дууг амжвал хоёуланг нь, амжихгүй бол аль нэгийг нь заавал сонсдог байж билээ. Эдгээр дууг сонсмогц учиргүй их эрч хүч, урам зориг орж, эх орноороо бахархах сэтгэл минь улам дэврэх шиг санагддаг байсан байгаа юм. “Бор эгчийн хамгаалж бидэнд үлдээсэн эх нутгаа Р.Рейганд алдахгүй юм шүү” гэх ухааны юм хүртэл бодогдоно гээч. Энэ тухай одооны хүүхдүүдэд яривал итгэхгүй, итгэсэн ч шоолох биз ээ” хэмээн Эрдэнэбалын Ирэхбаяр инээмсэглэн өгүүлэв. Харин түүний хажууд сууж байсан Ж.Гантулга “Тэр яахав, цаад Зандан чинь чуулган дээр үг хэлж байна” хэмээн ангийн нөхдөө телевизийн зүг уриалаатхав. Зандан гэдэг нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хэлж байгаа юм. Харин тэдний үгийг жаал сонсож суусан Ш.Оюунчимэг “Зандан багадаа нэг их морь унадаг хүүхэд байж билээ. Одоо төрийн түшээ болчихсон, Төрийн ордонд суугаад ингээд ярьж суудаг” хэмээн ярианд эрч өглөө. Ангийн онц сурлагатнуудын нэг М.Энхзаяа “Цаадах чинь одоо ороод ирэх байх аа” хэмээн өгүүлнэ. Энэ үйл явдал Төрийн ордны гурван давхарт Ж.Батзандан гишүүний өрөөнд болсон юм. Бид энэ удаагийнхаа “Нэг ангийнхан” буланд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэг, хоёрдугаар сургуулийг 1992 онд төгссөн ангийнхныг урилаа. Сүүлийн үед нэг ангид сурч төгссөнөөсөө илүү нэг төгсөлтийнхнөөрөө уулздаг болсон гэдэг нь анзаарагдах болсон юм.

1982 онд Баруун-Урт сумын сургуулийн босгыг алхан орсон энэ эрхмүүд өдгөө ч амьдрал дээрээ “Нэг ангийнхан”. Тэдний яриаг ажиж байхад ангийн уулзалт, баяр ёслолын гол зохион байгуулагчид нь бололтой. Өнөөдөр ч гэсэн төгсөлтийнхнөөрөө тэмцээнд оролцохоор бэлдэж байгаа талаар ярьцгааж байлаа. Эл “том” ангийнхан том гэх болсон шалтгаан нь ганц биш нэг үеийн төгсөлтөөрөө нийлсэн болохоор ийн тодотгож байгаа хэрэг. Том ангийн сургууль төгссөний 20 жилийн ойн уулзалт 2012 онд болжээ. Ингэж нийт төгсөлтөөрөө уулздаг болсноос хойш Сүхбаатар аймгийнханд ийн шинэ жишиг тогтоож өгчээ. Уг төгсөлтийнхөн 250-иулаа бөгөөд санал бодлоо солилцож, ойр байх үүднээс фэйсбүүк хуудаснаа том ангийн групп нээж 180 гаруй гишүүнтэй ёстой л “өнөр бүл” болсон байна. Баруун-Урт хот (тухайн үед хот гэдэг байж)-д ерөнхий боловсролын гурван сургууль байдгаас нэг нь найман жилийнх. Найман жилийн сурагчид нөгөө хоёр 10 жилийн сургуульдаа дэвшин суралцдаг байж.

Сурагч нас ийм сайхан

Нэгдүгээр арван жилийн сургууль нь багшийн болон математикийн гэсэн сонгоны ангитай байсан талаар тэд ярьсан юм. Мэдээж, сонгоны ангийнхан шилэгдэж ирсэн сурагчид байж таарна. Тэднийг аравдугаар анги төгсч байхад нэг хуваарь дээр 10 хүүхэд өрсөлдөхөд, нэг нь сургууль авч, үлдсэн ес нь сургуульгүй хоцордог, нэг талаасаа харгис байсан ганц жил нь бидний төгсөлт байсан хэмээн ярьцгаав. Ийм хүнд нөхцөлд сонгоны ангийн 26 хүүхэд бүгд их, дээд сургууль авч чадсан байна. Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрхзүйн газрын дарга Н.Ганибал мөн л энэ ангийн хүүхэд байж.

Эдний анги Монгол Улсын гавьяат багш М.Адилбиш, С.Ядамжав, Ш.Жавзмаа зэрэг багш нарын гараар дамжин өдий зэрэгтэй яваа гэдгээ хуучлав. Тэднийг бага ангид байхад хүүхдүүдийн эцэг эхчүүд нь н.Тэрбиш багшид хүүхдээ өгнө гээд анги дүүргэлт нь хэрээс хэтэрч, нэг ширээнд гуравлаж суудаг байсан тухай М.Энхзаяа ярьсан юм. Ангийнхаа жижиг биетэй хүүхдүүдийг урд суулгаад, биерхүү хүүхдүүд нь хойгуур суудаг байсан гэнэ. Урдуур суудаг хүүхдүүд нь онц сурдаг, хойгуур суудаг хүүхдүүд үймүүлчих гээд байдаг байжээ. 10д ангиас гэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Болдын Жавхлан, Сүхбаатар аймгийн Ардын намын дарга З.Энхтөр, Орхон аймгийн ХҮН-ын дарга У.Амарзаяа гээд олон улстөрч ард түмний хэзээний танил болж хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс болжээ. “Хүмүүс Монголбанкны Жавхлан л гээд байдаг болохоос манай Жавхаа чинь мундаг бүжиглэдэг хүүхэд байсан. “Майкл Жексоныг дуурайж хэн хамгийн сайн бүжиглэх вэ” тэмцээнд Жавхаа маань түрүүлж байлаа шүү дээ. Б.Жавхлан, Г.Эрдэнэцогт хоёр маань хамт Дарханд яваа болохоор энэ удаа ирсэнгүй, байсан бол хамгийн түрүүнд ирэх л ёстой улс. Бүх л юманд биднийгээ удирдан манлайлж байдаг” хэмээн магтацгааж байв.

Ардчиллын партизанууд “Хонхны дуу”-гаар монгол түмнээ сэрээж байх тэр үед тэдний үеийнхэн, тэр дундаа У.Амарзаяа, Э.Ирэхбаяр, М.Урантуяа, Т.Улаан нар хэрэндээ л ардчиллыг дэмжиж, тухайн үед МХЗЭ-ийн үйл ажиллагааг шүүмжлэн, “Идэрчүүдийн холбоо”-ны салбарыг аймагтаа үүсгэн байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байж. Тэднийг бага байхад зусланд 1-8 дугаар ангийн сурагчид л амардаг байсан бөгөөд ес, аравдугаар ангийнхан амрах эрхгүй байж л дээ. Мэдээж, том хүний амралтанд амарч бүр ч болохгүй тул тэр үеийн гажиг тогтолцоо байгааг анзаарчээ. 1991 оны хавар есдүгээр анги төгсөх дөхөж, зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэх тухай ярилцацгааж “Дарьганга” зусландаа яаж ийж байгаад амарна даа хэмээн ярьсны дүнд “Идэрчүүдийн холбоо”-ныхоо нөхдөд хэлж, “Ахлах ангийн сурагчид бид хүүхдийн зусланд амрах эрхгүй, том хүний амралтанд ч очих эрхгүй, бид тэгээд хэн юм бэ. Хэрэв бид хүүхэд мөн бол зусланд амрах ёстой” гэсэн шаардлагыг тухайн үеийн аймгийн удирдлага болон хүүхдийн байгууллагынхаа удирдлагуудад тавьсны үр дүнд ахлах ангийнхныгаа зусланд амраах “виз” авч байсан гэнэ. Хүүхдүүдийн хувьд энэ бол ардчиллын төлөөх томоохон тэмцэл байсан аж. Уг нь тэдний шаардсанаар аравдугаар анги төгссөн сурагчид зусланд амрах ёстой байсан ч дараа жил нь зусландаа амарч чадаагүй. Учир нь “виз” авсан тэр зун зусланд амарч байсан зарим “хөдөлгөөнтэй” хөвгүүд багш нарынхаа үгэнд орохгүй “том толгой” гаргаж, элдэв хэрэг тарьснаар хугацаанаасаа өмнө гэртээ харихаар болсон байна. Тэд тракторын чиргүүл дээр ачигдан, аймгийн төв рүү хүргэгдэж байх замдаа чиргүүл дээрээс үсрэн бууцгааж буцаж ирээд, зуслангийн хаяанд байх элсэн манхан дунд байрлаж байсан аж. Нэгэнт л нөхцөл байдал ингэж эргэсэн тул охид нь хоолноосоо илүүчилж хөвгүүддээ аваачиж өгдөг байсан юм байна. Чухам энэ л дуулиант хэргээс үүдэж, дараа дараагийн ахлах ангийнхан зусланд амрах эрхээ эргэн алдсан аж. Эдний ангийнхныг Дарьганга зуслангүйгээр төсөөлөх аргагүй гэдэгтэй бүгд санал нэг байлаа.

Ангийн найз Х.Мөнхзул нь өдгөө Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байгаа аж. Тэрээр “Бидний үеийнхэнд “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн уриатай социализмын үеийн суурь хүмүүжил, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, юманд хариуцлагатай, хүний төлөө гэсэн тусч нинжин сэтгэл зэрэг олон сайхан чанар шингэсэн байдаг. Тэр үед бүх зүйл картын бараанд шилжиж, өмсөх, идэх зүйлээр одооны хүүхдүүдээс маруухан байсан. Нийгмийн шилжилтийн завсрын үед амьдралынхаа гараагаа эхлүүлсэн байсан болохоор зарим зүйл дээр нийгмээс улбаатай олон хүчин зүйл нөлөөлж хүнд хэцүү байсан ч манай үеийн ихэнх залуус үүнийг даван гарч бүгд мэргэжил боловсролтой болж, Монгол Улсынхаа төр, нийгмийн салбарт тэргүүлж амжилттай яваа олон залуус бидний дундаас төрөн гарсан. Манай аймагт ялангуяа тэр үеийн эвлэл, пионерийн байгууллагаас хүүхдийн хүмүүжилд онцгой анхаарч, урлаг, спортын олон арга хэмжээ зохион байгуулагддаг байсан. Тэр бүхэнд манай ангийнхан маш идэвхтэй манлайлан оролцдог байлаа. Бүрээн дуунаар сэрж, бөмбөрийн дуунаар алхаж, нэг уриатай, нэгэн зорилготой, нэгнээ гэсэн сэтгэлтэй болгож олон сайхан хүүхдийг үерхэж нөхөрлүүлж, олон сайхан арга хэмжээг зохион явуулдаг байсан Дарьганга зуслан бидний хүүхэд насны дурсамжтай салшгүй холбоотой” хэмээн дахин зуслангаа магтаад авлаа.

“Том” ангийнхнаас өдгөө 10 гаруй хос төрөн гарсан бол Ж.Батзандан гишүүний төгссөн 10д ангиас хараахан хос төрөөгүй хэмээн гишүүн өгүүлэв. Ангийнх нь охид түүнийг “Хичээлдээ ёстой гавал хүүхэд байсан ч одоогийнх шиг тийм мундаг дуу чангатай хүүхэд байгаагүй, их л даруухан хүүхэд байсан. Харин Унгар руу сургуульд явж ирээд тэс өөр Батзандан болоод ирсэн” хэмээн тодотгосон юм. Чимээгүй инээж суусан Ж.Батзандан гишүүн “Наадуул чинь мань мэтийгээ тоохгүй ээ. Сагс тоглодог, өөр сургуулийн хөвгүүдийг тоодог байсан юм. Би чинь морь их унадаг хүүхэд байсан. Зуны амралтаараа гэртээ харьж амарчихаад бов бор царайтай, үс зүс нь жигтэйхэн ургачихсан ирдэг байлаа. Ер нь тийм амьтныг хэн ч тоохов дээ” гээд ангийн охид руугаа харахад нөгөөдүүл нь “үгүй шүү” гэсэн байртай түүн рүү харна.

Ж.Гантулга, Ш.Оюунчимэг нар хоёрдугаар найман жилийн хамгийн онц сурлагатнууд байсан бөгөөд хоорондоо үерхдэг байж. Ж.Гантулгын хувьд “Үерхдэг байсаан” гээд инээхээс хэтрээгүй бол Оюунчимэг нь “Тэгэхэд нээрээ хүүхдүүд их гайхдаг байсан байх” хэмээн үг нэмнэ. Харин Э.Ирэхбаярын хувьд ангийнхаа хамгийн үймүүлдэг, хичээл номд шамдах дургүй хүүхдүүдийг онцолж найзалдаг байж л дээ. Тухайн үедээ ангийнхан нь ихэд гайхдаг байсан ч хичээлдээ тааруу хүүхдүүдэд хичээлийг нь зааж өгөх, сахилга баттай болгох асуудал дээр нь анхаарч байсныг нь сүүлд мэдсэн гээд инээлдэнэ. М.Энхзаяа харин “Загийн алим” гээд кино байдаг даа. Тэр кинон дээр Агиймаа Хүдэрийг яаж хүмүүжүүлдэг байлаа даа. Манай Ила (Ирэхбаярыг найзууд нь ийн дууддаг аж) чинь яг л тийм хүүхэд байсан байхгүй юу” хэмээн өгүүлэв. Тэдэнд гадны хүчин зүйлс гэхээсээ илүүтэй кино урлаг хүмүүжилд нь нөлөөлдөг байсан гэнэ. Сонгоны ангид тэднийг ороход Эрдэнээ багш нь Ш.Оюунчимэгийг “Чи дандаа онц сурдаг байсан юм уу. Чиний онц ч дээ” гээд хэлэх тэр үед нь “Ямар зэвүүн багш вэ” хэмээн дотроо бодоод хичээлдээ улам их шамддаг байсан гэнэ. Магадгүй тухайн үеийн багш нар сургахын тулд ийм арга хэрэглэдэг байсан байж болох.

Төгсөлтийн 20 жилийн ойн уулзалт. 2012 он

Маргааш (өнөөдөр) Сүхбаатар аймгийн 1995-1988 оны төгсөгчдийн спорт өдөрлөгтэй аж. 1996 оны төгсөгчид энэ жилийн спорт өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм байна. Тэмцээнд оролцох тамирчдадаа охид нь хоол, цай бэлдэх тухай ярив. Энэ үед Э.Ирэхбаяр “Өнгөрсөн жилийн спорт өдөрлөгөөр манай доод талын буюу 93 оны төгсөлтийн “охид” гэртээ хоол, цай бэлдээд ирчихсэн байсан, манай тамирчин хөвгүүдийг бас дайлж. Тэгсэн манай хөвгүүд “Манай охид бидэнд эрхэлнэ үү л гэхээс халамжилж мэддэггүй юм ш дээ” гэж хуучилсан гэсэн. Энэ тухай бид сүүлд нь сонсоод алдаагаа сүрхий ойлгож, маргаашийн өдөрлөгт хэд хэдээрээ нийлээд хоол, цай бэлдэхээр тохиролцсон юм. Энэ үед ангийнхаа нэг охиныг их л үгүйлж дурсацгаалаа. Д.Ариунсанаа маань саяхан бурхан болсон юм л даа. Маш нийтэч, цайлган, юм бүхэнд уриалж, манлайлаад л явж байдаг нэг сайхан найз маань биднээсээ түрүүлээд явчихсан, түүний маань орон зай бидэнд их л үгүйлэгдэж байна даа” хэмээн ангийнхан нь өгүүлэв.

1992 онд тэднийг аравдугаар анги төгссөний дараа тухайн жилд нь их, дээд сургуульд элсэн орсон оюутны төлбөрийг сүүлчийн удаа дааж, 1993 оноос эхлэн аав, ээж нь төлбөрийг нь төлдөг болж эхэлсэн аж. Ямартай ч тэднийг төрийн сангийн зээлээр сургасан ч “Одоо болтол тэрийгээ өгөөгүй шүү дээ” хэмээв. Тухайн үед одоогийнх шиг гар утас байгаагүй, хичээл тарах үеийг тааруулаад дотуур байр руу очно. Цонх руу нь чулуу шидэж дохио өгдөг байсан тухай Ж.Гантулга өгүүлэв. Азгүйтээд өрөөндөө байхгүй бол дараагийнхаа ангийн хүүхэд рүү явдаг байлаа гэсэн юм. Тэд оюутан болж ирээд дөрөвдүгээр дэлгүүр, 64 дүгээр дэлгүүрээс загасан талх, архи авдаг байсан тухай ярив. Охид нь архи уудаггүй болохоор шаглаад зарчихдаг байж л дээ. Харин загасан талхаа дотуур байр руугаа алхаж явах замдаа идчихдэг байсан аж. Дотуур байрныхаа өрөөнд дөрвүүлээ байдаг болохоор нэгийгээ талханд дугаарлуулж үлдээгээд нөгөө гурав нь хичээлдээ явах маягаар ээлжилж талхтайгаа залгадаг байсан гэнэ.

Холоос хичээлдээ явдаг оюутнууд нь автобуснаасаа зүүгдээд явна. Автобус хүртэл тийм цөөхөн явдаг байж. Автобус буудал дээрээ зогсохгүй заавал хэтэрч зогсоно. Тэнд нь уралдаж суух гэж ёстой л алаан болдог байсан юм байх. Тэдний ангийн Н.Уламбаяр “Like HD” телевизийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Тэрээр “Биднийг сурагч байхад аймгийн кино театрт “Хонгилдон”, “Эхийн ач” гээд Солонгосын уран сайхны кино гарч хүүхэд залуусыг байлдан дагуулж байлаа. “Харш”, “Дурсамж”, “Шигтгээ” хамтлагийн дуунууд ид хит болж байсан. “Аялгуу” хэмээх диско клуб үүд хаалгаа нээж бидний үеийн охид, хөвгүүдийн цагаа өнгөрөөх дуртай газруудын нэг болж байлаа” гэхэд Ж.Батзандан гишүүн “Манай ангийнхан чинь “Болор” хамтлагийн “Оломгүй хөх далай” дууг дуулдаг байсан. Одоо нэг сонсгочих уу” хэмээн гар утсан дээрээ өнөөх дууг хангинуулав. Тэд оюутан байхдаа 30 төгрөгөөр фургонд суугаад Дэнжийн мянга орж захаас хувцсаа бэлддэг байж. Ш.Оюунчимэг нэг удаа зах орж жинсэн өмд авчихаад уутанд хийлгэн элгэндээ тас тэвэрчихээд автобусанд сууж. Чихэлдэн явсаар арай гэж ууттай зүйлээ тэврэн буугаад иртэл хулгайч нар аль хэдийнэ уутыг нь зүсээд өмдийг нь аваад хоосон уут тэврүүлээд явуулчихсан байж. Тэрнээс болж зөндөө уйлж билээ хэмээн инээж байсан юм.

Н.Уламбаяр “Миний хувьд Баруун-Уртын зүүн дэнжийн “Норовын мухлаг” хэмээн алдаршсан жижигхээн мухлагийн гадаа сүүн дээр ёстой үзэж тардаг байлаа. Манай тэр мухлагаас л “сүхбаатарынхан сүртэй, сүүн дээрээ зодоонтой” гэсэн үг улбаатай байх гэж боддог юм. Гэхдээ л би тэр жижигхэн мухлагаас хорвоогийн хамгийн амттай бүхнийг хүртсэн шүү. Одоо болтол би тэр мухлагаас авч иддэг байсан орос алим шиг тийм сайхан амттай, тийм анхилам үнэртэй алимыг олж амтлаагүй л байна. Ийм л хүнд хэцүү, ховор живэр, бэрх цагт бидний сурагч насны минь сүүлчийн өдрүүд өнгөрсөн ч гэлээ ёстой гуниггүй гудиггүй нас байсан болохоор хүндийг хүнд, хэцүүг хэцүү гэж бодолгүйгээр хүсэл мөрөөдлөөр дүүрэн жигүүртэй юм шиг л байж дээ” гэв. Тэдний ийн ярихыг сонсоод Баруун-Уртынхаа сургуульд сэтгэл нь уяатай сурагчид байжээ хэмээн дүгнэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Бид түүнийг сайн мэднэ, бас огт мэдэхгүй

Түүх гэдэг он цаг улирах тусам өнгө нь өөрчлөгдөж байдаг олон хуудастай ном бөлгөө. Биднийг бага байхад дэлхийн хоёрдугаар дайн гэж айхтар ширүүн гамшиг хорвоог бүрхэж Гитлер гэдэг мангасыг Сталин гэдэг баатар чухамхүү таван жил зай завсаргүй нүдэж байж ялсан мэтээр бичдэг байлаа. Дараа нь Сталин бол “баатар нь ч баатар аа гэхдээ жаахан харгис баатар” гэх аядуу юм ойлгуулдаг болсон. Үнэн чанартаа яг адилхан түрэмгий, харгис, эрх мэдлийн төлөө олон хүний амийг золиосолсон хоёр этгээд л байсан юм билээ. Ялгаа нь Сталин манай сор болсон хүмүүсийг устгаж Монголын түүхтэй их бага хэмжээгээр хутгалдсан тул бид түүнийг сайн мэддэг, харин Гитлерийг фашизмын эцэг, ХХ зууны нэг номерын алуурчин гэхээс цааш мэддэггүйд орших аж. Тухайн үед дэлхий дээр оршиж байсан 73 улсын 61 нь оролцож, зургаан жил үргэлжлэхдээ зарим нэгний тооцоогоор жаран сая хүний амийг бүрэлгэсэн гэгддэг энэ аймшигт дайны гол буруутан Адольф Гитлер гэгч хүн яагаад ийм тийрэн болсон юм бэ, түүхийн хүрд өөрөөр эргэх боломж байсангүй гэж үү, зөвхөн хар бараан амьдралтай хүн байсан юм уу гээд бидний бараг мэддэггүй амьдралынх нь хэсгээс жаахан сонирхъё. Учир нь тэр бол хар бараанаар ч гэлээ дэлхийн түүхэнд томоор бичигдсэн, заавал мэдэж байх ёстой нэгэн мөн тул тэр. Байг гэхнээ яаж яваад хагас галзуу байрын ийм эр “шалан дээр унасан” эдийн засагтай орныг аравхан жилийн дотор цэрэг зэвсэг-эдийн засгийн хүчирхэг улс болгон өөрчилж дэлхийн хөгжил дэвшлийн оргилд байсан бүх нутгийг хормын дотор эзэлж чадав аа гэдэг чинь өөрөө сонирхолтой асуулт мөн биз дээ.

Амраг Эве Брауны хамт

ДОЛЬФ ГИТЛЕРИЙН ТУХАЙ ХҮН БҮХНИЙ МЭДДЭГ ТОВЧ ТҮҮХ

Тэр 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Австрийн Браунау-ам-Инне хотод Алоис хэмээх тариачин эрийн гэрт төрсөн. Хожим нь эцэг нь гаалийн ажилтан болж амьдрал нь дээшилсэн тул Гитлерийн бага нас гачигдах дутагдах зүйлгүй өнгөрсөн гэнэ лээ. Эхийг нь Клара гэдэг, ирээдүйн фюрэрийн хайрлаж санагалзах ганц эмэгтэй, тийм ч учраас Гитлер “би ээжийгээ дуурайсан төрхтэй” гэж их ярьдаг байжээ. Дунд сургуульд бусдын л адил суралцаж байснаас биеийн тамирын хичээл, уран зураг хоёрт илүү дуртай байв. Багын сонирхлоо цаашид хөгжүүлэхийг эрмэлзсэн Адольф дунд сургуулиа төгсөөд Венийн Уран сайхны академид элсэх гэж хоёр удаа оролдоод бүтээгүй. Гэхдээ зураг зурах “хөөрхөн” авьяас байсан тул чөлөөт уран бүтээлч болж нэлээн хэдэн жил бийр будагтай ноцолдож гайгүй зурчихдаг байсны жишээ нь зургаа зараад өөрийгөө тэжээх хэмжээний мөнгө олчихдог байснаар батлагдана. 1913 онд Бавари муж руу шилжин тэндээ цэрэгт татагдаж дэлхийн нэгдүгээр дайнд ачигдлаа. Дайнд нөхрийнхөө ард нуугдаж, нуувчнаас гаралгүй нугдайн сууж байсангүй. Баварийн армид багтан байлдахдаа “Төмөр Загалмай”-н нэг, хоёрдугаар зэрэг, “Сэлэмтэй Загалмай” мэтийн медалиудаар шагнуулсан, хоёр удаа шархдаж бөөр, нүдэндээ гэмтэл авч байсан дайчин эр. Дөрвөн жилийн туршид сайн байлдаж хожмоо химийн дайралтад өртөн шархдаад эмнэлэгт хэвтэнгээ дайн дууссаныг сонсох үедээ түрүүч цолтой байжээ. Энд нэг зүйлийг түрүүлээд тэмдэглэхэд дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон 61 улсын цэргийн ерөнхий удирдагч, командлагч нар дотор ганцхан “ахлах бадка” байсан нь энэ туузан сахалт шүү дээ.

Дайнаас буцаж ирээд Мюнхэн хотноо хэсэг ажилгүй сэлгүүцэж дараа нь ухуулагчийн дамжаанд суралцан шар айрагны мухлагаар сэлгүүцэх өөртэйгөө адил хүмүүсийг еврейчүүдийн эсрэг тэмцэх үзэлд ухуулах болжээ. Дайнд ялагдаж үгүйрч хоосорсон, паб хэсч шар айргаар ходоодоо цэнэглэх ажил, амьдралгүй эрчүүдэд Гитлерийн хурц цэцэн цэлмэг ухуулгууд ихэд таалагддаг байсан нь Германы ажилчны намын үүсгэн байгуулагч Дрекслерийн сонорт хүрч түүнийг намдаа элсүүлэхэд 1919 он өнгөрч байлаа. Үүнээс жилийн дараа гэхэд уг нам нэрээ сольж NSDAP(НСДАП-Германы үндэсний социал ажилчны нам) хэмээх ирээдүйд дэлхийг чичрүүлэх тавилантай харгис нам болон өөрчлөгдөж түүний хязгааргүй эрх мэдэлтэй даргаар Адольф Гитлер сонгогдсон. 1923 онд хожмоо “пивоны үймээн” гэж нэрлэгдсэн төрийн эсрэг жагсаал зохион байгуулсан хэргээр таван жилийн ял авсан ч есөн сар суугаад суллагдсан. 1930 он гэхэд түүний нам Германы парламентын сонгуульд дээгүүр өрсөлдөх хэмжээний болтлоо нэр нь өссөн. Үр дүн нь ч удалгүй гарч 1933 он гэхэд тэр рейхсканцлер буюу Ерөнхий сайд боллоо. Дараа жил нь нөгөө Рейхстаг буюу парламентын байшин нь шатаж түүнийг коммунистууд шатаасан хэргээр өрсөлдөгч намаа нугасалж дөрвөн мянга орчим хүнийг шоронд илгээв. Хожмоо энэ шатаалтыг Гитлерийн намын Эрнест гэгч өөрийнхөө бүлгийн хамт нууцаар үйлдсэн нь батлагдсан. 1934 онд Ерөнхийлөгч 86 настай Гинденбург нас нөгчиж тухайн үеийн хуулиараа засаг тэргүүлж байсан хүн Ерөнхийлөгчийг орлоно гээд Гитлер шууд фюрэр боллоо. Дараа нь хуулийг өөрчлөх бүх нийтийн санал асуулгаар 84 хувийн дэмжлэг авсан Адольф зэвсэгт хүчин зөвхөн түүнд тангараг өргөнө, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг нийлүүлээд нэг хүн хашна гэх мэтчилэнг баталгаажуулж аваад л сүйтгэж эхэлсэн дээ. Еврей, цыган нарыг нутгаасаа хөөж устгалаа, коммунистуудыг устгалаа, социал демократуудыг устгалаа. 1938 онд Австрийг, 1939 онд Чехийг өөрийн эрхшээлд оруулсны дараа Польш руу халдах бэлтгэлдээ орсон. 1939 оны наймдугаар сарын 31-нд Польшийн армийн хувцас өмсөж зүсээ хувиргасан нацистууд хилийн зааг дээрх Глайвиц хотын герман иргэд рүү дайрч халдлага үйлдсэн бөгөөд үүний маргааш нь Гитлер радиогоор “польшууд 14 газраар хил зөрчин манай хүмүүс рүү дайрсан тул энэ балмад үйлдэлд хариу барих болно” хэмээн зарлаж Польш руу довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлжээ. Долоон сая цэрэгтэй Вермахт түүний удирдлага дор зургаан жил Европыг түйвээж 1945 оны тавдугаар сард л нам дарагдсан юм. Тэр өөрөө 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд буюу яг энэ өдөр Берлин хот дахь нуувчиндаа амиа хорложээ.

Вена хотын сүмийг дүрсэлсэн түүний уран зураг

АДОЛЬФ ГИТЛЕРИЙН ТАЛААРХ ХҮН БҮР ЯРИАД БАЙДАГГҮЙ ТҮҮХ

*Тэр сайн зурдаг байжээ. Дайны төгсгөл үеэр Германд байлдаж явсан америк цэргүүд түүний зурсан зургуудыг олзолж далай давуулан авч явснаас зарим нь нийтэд ил болоод байгаа. Жишээ нь 2015 оны зургадугаар сарын 22-нд нэгэн дуудлага худалдаан дээр түүний зурсан 15 зураг дөрвөн зуун мянган еврогоор зарагдаж байв. Зургууд нь ихэвчлэн хуучны Вена хотын эргэн тойрон, барилга байгууламж, хүмүүсийг дүрсэлсэн байдаг.

*Залуудаа “галзуу тамхичин” байсан Гитлер өдөрт дөч хүртэл янжуурыг дуусгадаг байжээ. Хожмоо тамхинаас гарч түүний эсрэг идэвхтэй тэмцэх болсны нэг жишээ нь төрийн хэмжээнд гаргасан тамхины эсрэг хууль. Дэлхий дээрх хамгийн анхных гэгддэг энэ хуулиар тамхийг нийтийн унаанд татахыг хориглон татварыг нь нэмж, суртчилгаа хийхийг нь хязгаарлаж байлаа. Улс орон даяар тамхины хор хөнөөлийг тайлбарлаж, баар, ресторанд зөвхөн зөвшөөрөлтэй талбайд л татуулдаг байв.

*Гитлер гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалах хуулийг бас л хамгийн анх дэлхийн хэмжээнд гаргасан хүн. Хууль гаргаж байх үедээ үй олон еврейчүүдийг устгаж байсан мөртлөө амьтан дээр шинжлэх ухааны туршилт хийх, гэрийн тэжээвэр амьтадтай харгис хандахыг тэвчдэггүй байж. Сонин шүү. Сая, сая хүнийг лабораторийн туршилтад оруулж хороох мөртлөө хулгана, туулайг өрөвдөнө гэж.

*Гитлер 1939 онд Нобелийн шагналын энх тайвны төлөө төрөлд нэр дэвшиж байснаас гадна TIME сэтгүүл түүнийг “1938 оны хүн” гэж өргөмжилж байсан. Сэтгүүлд түүний алдар цуу, албан тушаал зэргийг нэрлээд төгсгөлд нь “Энэ онд болж өнгөрсөн үйл явдлуудад 1938 оны Хүний оруулсан хувь нэмрийг тооцон үзвээс тэр 1939 оныг хэзээ ч мартахааргүй болгон өнгөлж магадгүй юм” гэж онцолж байжээ.

*Тэр Америкийн машин үйлдвэрлэгч Генри Фордыг шүтэж хөрөг зургийг нь тасалгааныхаа хананд өлгөж байв. Фордын адил хямдхан машинууд үйлдвэрлэж бүх герман хүнийг жолооны ард суулгана гэж мөрөөддөг, энэ мөрөөдлөө “Вольксваген”-ий эзэнтэй ярилцаж хэлэлцэж байсан гэдэг.

*Гитлер дөрвөн настай байхдаа голын усанд живж үхэх шахсан бөгөөд хажуугаар нь явж байсан санваартан түүний амийг аварсан гэнэ. Еврей гаралтай тэр лам ямар хүний амийг аварч байгаагаа мэдсэн бол ч… Яг үүнтэй адил Венийн Уран сайхны Акедеми түүнийг хоёр удаа шалгалтанд унагааж байхын оронд сургуульдаа оруулсан бол Ван Гог болдоггүй юм аа гэхнээ урлагийн замаар алхсан даруухан нэгэн болох ч байсан юм бил үү.

*Гитлер 1929 онд дөчин настай байхдаа 17 настай Ева Браун хэмээх охинд дурлаж эргүүлж эхэлсэн бөгөөд 1931 оноос эхлэн хамт амьдрах болсон. Гэхдээ тэд 14 жилийн туршид амрагийн хэмжээнд амьдарч байгаад 1945 оны дөрөвдүгээр сарын 29-нд гэрлэсэн бөгөөд маргааш нь хамтдаа амиа хорложээ.

*Гитлерийг устгах гэж маш олон удаа оролдож байлаа. Зөвхөн 1933-1938 оны хооронд 16 удаа ийм халдлага үйлджээ. Эхэн үедээ дотоодынх нь өрсөлдөгчид буудах, дэлбэлэх, хор өгөх зэргээр олон удаа оролдсоноос хамгийн бүтэлтэй нь Нюрнбэргийн ойролцоо машинтай явж байхад нь буудсан үйлдлийг гэдэг юм билээ. Тэр үед гарыг нь шархдуулж байжээ. Хожим дайн эхэлснээс хойш өөр улсуудын “томчуул” оролдож эхэлсэн ч гэлээ хэн нь ч бүтэл олоогүй.

*Веймарын Бүгд Найрамдах Улсын үед эхлүүлсэн ажил болох том хотуудыг холбосон хурдны замыг дуусгасан нь эдийн засгийн хөгжилд их тус болсон. Ер нь түүнийг засаг барьж эхэлсэн эхний гурван жилд Германы эдийн засаг арав дахин өссөн гэдэг юм билээ. Зарим эдийн засагчид энэхүү дэвшилд нь Америкийн том том корпорациудын зээл тусламж, хөрөнгө оруулалт нөлөөлсөн гэлцдэг.

Д.БАТ-ЭРДЭНЭ


Categories
мэдээ цаг-үе

Мундаг зураач болчихоод аав, ээжийнхээ хөргийг зурна

Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ганзоригийн Төгсбуян “Сурагч нас” нэртэй үзэсгэлэнгээ энэ долоо хоногт Хүүхдийн ордонд гаргасан юм. Энэ жил сургуулиа төгсөх тул үзэсгэлэнгээ ийнхүү нэрлэжээ. Тэрээр хоёр дахь удаагаа өөрийн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож буй юм. Г.Төгсбуян хүү өнгөрсөн жил буюу 11 дүгээр ангидаа “Алхам” нэртэй анхныхаа үзэсгэлэнг гаргасан билээ. Уран бүтээлч хүүг “Өдрийн зочин” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна.

Залуухан зураач маань энэ жил 16 настай. Цэцэрлэгт байхдаа л зураг зурж эхэлсэн гэнэ. Ер нь цэцэрлэгийн хүүхдүүд бүгд л зурдаг. Харин Г.Төгсбуянгийнх цаанаа л өөр байжээ. Дөрвөн настайдаа “Тулалдаан” зургаараа Хүүхдийн ордноос зарласан уралдаанд оролцож шилдэг 20 бүтээлд шалгарсан байна. Дөрвөн настай жаахан хүү юу дүрсэлсэн бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Харь гарагийн мангасууд хэрхэн дайтаж байгааг харуулсан бүтээлээ одоо болтол хадгалж байдаг гэнэ. Г.Төгсбуян 12 жил зураг зурж байгаа. Энэ хугацаанд бүтээл нь хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхоход зургийн түвшин дээшилсэн гэв. Өөрт нь хүртэл мэдрэгддэг аж. Бүтээлүүдээ реалист хэмээн тодорхойлж, бодит амьдралаас сэдэвлэн уран бүтээлээ туурвина хэмээж байв. Сүүлийн үед хөрөг нэлээд зурах болсон. Цуг сурдаг бүх хүүхдээ зураад “Сурагч нас” үзэсгэлэндээ тавьжээ. Ангийнхан нь үзэсгэлэнг үзээд бүгдээрээ Г.Төгсбуянг магтаж, өөрсдийг нь зурсныг хараад ихэд баярлажээ. Төгсөхдөө ангийнхандаа хөргийг нь бэлэглэнэ гэсэн бодолтой байгаа гэнэ.

“Сурагч нас” үзэсгэлэндээ Ш.Төгсбуян хөрөг, амьтан, байгалийн зургаас гадна өөрийнхөө сийлсэн дөрвөн морин хуур, хоёр товгор сийлбэрийг тавьжээ. Технологийн багш Доржсүрэн нь анх санал болгож наймдугаар ангиасаа эхлэн сийлбэр хийж байгаа.

Залуухан зураач маань айлын отгон хүү. Эгч, ах хоёр нь МУИСийн оюутан гэнэ. Аав, ээж, ах, эгч нь бүгдээрээ түүнийг дэмждэг. Ээж, аав хоёрынхоо хөргийг зурсан боловч өөрт нь таалагдаагүй гэнэ. Тэднийхээ зан чанар, сайхан сэтгэл, дотоод ертөнцийг нь гаргаж хараахан чадаагүй аж. Тиймээс тэдэндээ зургаа үзүүлээгүй. Мундаг зураач болсон хойноо аав, ээж хоёрынхоо хөргийг дахин зурах гэнэ. Өөрийнхөө бүтээлүүдээс “Охины хөрөг” нэртэй зургийг хамгийн сайн нь гэж боддог. Зурсан арга барилдаа сэтгэл нь ихэд хангалуун байдаг тул түүнийгээ анхныхаа үзэсгэлэнд тавьсан байна.

Үзэсгэлэн гаргана гэдэг тийм ч амар ажил биш. Сурагч байхдаа үзэсгэлэнгээ гаргасан хүүхэд маш цөөхөн. Энэ их ажлын ард зургийн багш Батбаяр болон аав, ээжийнхээ дэмжлэгтэйгээр гарчээ. “Сурагч нас” үзэсгэлэнд тавигдсан хоёр ч бүтээл нь зарагдсан байна. Мөн Г.Төгсбуянгийн таньдаг хүмүүс, фэйсбүүкийн найзууд нь захиалга өгч хөргөө зуруулдаг гэж байгаа.

Залуу зураачид маань Италийн нэрт уран бүтээлч Леонардо да Винчигийн бүтээл маш их таалагддаг гэсэн. Ялангуяа хөрөг зургуудынх нь өнгө. Г.Төгсбуян тэр өнгийг гаргах гэсэн боловч хараахан чадахгүй байгаа аж. Харин Монголын зураачдаас Марзан Шарав хамгийн их таалагддаг. Түүний бүтээлээс жинхэнэ монгол үнэртдэг хэмээн ярьсан юм. Г.Төгсбуян энэ жил СУИС-ийн дэргэдэх Дүрслэх, дизайн урлагийн сургуульд шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа юм байна. Монголын урлагийн ертөнцөд удахгүй бас нэгэн шинэ од гийж, шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй байна.


Categories
мэдээ цаг-үе

Аав, ээжийгээ ингэж баярлуулаарай

Саяхан манай нэг уншигч утасдаж байна аа.

-Хүү минь, ах нь сонингоо аваад бөөн баяр явж байна.

-Аан за. Таны тухай эсвэл таны бичсэн материал өнөөдрийн дугаарт хэвлэгдсэн байна уу?

-Үгүй ээ, хүү минь. Ах нь саяхан тэтгэвэртээ гарсан юм. Гэртээ хийх юмгүй, утас ч дуугарах нь багасаад үнэндээ ах нь жаахан сэтгэл санаа тааруу байлаа. Тэгсэн хүү маань танай сонинг захиалж өгөөд, өнөөдөр шуудан дээрээс очиж аваарай гэсэн юм. Зорьж очоод авлаа. Надад хаягласан, миний нэртэй сониноо уншаад ах нь сэтгэл сэргээд танай сонины утсаар залгасан юм. Ийм сайхан мэдээллийг надад зориулж гаргаж байгаа та нарт баярлалаа. Одоо ах нь өглөө болгон сониноо очиж авах ажилтай боллоо. Уншаад хөгшиндөө бас байрныхаа хөгшчүүлд ярьж өгнө өө.

Уншигч ах хүү ингэж хэлээд утсаа тавилаа. Түүний баярласан чин сэтгэлийн үг намайг ч гэсэн баярлуулав.

Амьдралын өнгө олон янз. Аагтай бяртай залуу сайхан явахад мэдээлэл бол хэрэгцээ байдаг. Хүн хэрэгцээгээ хангах гэж сонин гарчиглаж, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, зар сурталчилгааны бүхий л мэдээллийг авч цаг үетэйгээ зэрэгцэн алхдаг. Харин нас ахиад, гэртээ суухын үед мэдээлэл гэдэг хэрэгцээнээс илүү хань бараа, өөрийг нь тоох бусдын хандлага чухал санагддаг биз ээ. Чухам энэ орон зайг “Өдрийн сонин” нөхөж чадсанд уншигч маань ийн талархал илэрхийлээ биз ээ.

Үүнийг уншиж суугаа та ч гэсэн аав, ээжийгээ нэг анзаараад хараарай. Тэтгэвэртээ гараад гэртээ амар амгалан суугаа мэт харагддаг ч найз нөхөд, ажил төрлөө санагалзан сэтгэлдээ гундуухан явдаг юм биш биз.

Ямартаа ч та тэдэндээ сонин захиалаад үз. Өдөр бүр шинэ сониноо авна, уншина, ярина гээд амьдралд нь нэг шинэ соргог зүйл нэмэгдээд ирэхээр амьдрал нь сонирхолтой, хөгжилтэй болоод явчихна даа.

Categories
мэдээ цаг-үе

Т.Сайнжаргал: Цагдаагийн алба хаагчдад улстөрчдөөс дарамт шахалт ирдэг

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалтай ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагын 95 жилийн ой тохиож байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад юу шаардлагатай байна вэ. Алба хаагчдын эрхзүйн байдлын тухай хууль батлагдахгүй удаж байна гэсэн шүүмжлэл нэлээд байна. Энэ тухайд та саналаа хэлэхгүй юу?

-Цагдаагийн байгууллагын тухай хуулийг өөрчлөөд Цагдаагийн албаны тухай хууль болгосон. Энэ яахав, цагдаагийн байгууллага ямар бүтэц зохион байгуулалтаар ажиллах талаар зааж өгсөн хууль л даа. Цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийг одоо хүртэл батлаагүй байгаа нь хүлээлт үүсгээд байна. УИХ энэ хуулийг нэн яаралтай баталмаар байна. Цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдаагүй, тодорхой биш байгаа учраас цагдаагийн алба хаагчид ямар нөхцөлд яаж ажиллах нь тодорхойгүй. Хэдийд галт зэвсэг хэрэглэх юм, хэдийд тусгай хэрэгсэл хэрэглэх юм, олон нийтийн эмх замбараагүй байдлын үед ямар, ямар техник хэрэгсэл хэрэглэх юм. Энэ бүх асуудал нь эрхзүйн байдлын тухай хуулиар шийдэгдэх юм. Цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлаагүйтэй холбоотойгоор олон алба хаагч гэмт хэргийн хохирогч болж байна. Сая хөдөө орон нутагт цагдаагийн алба хаагч харамсалтайгаар амиа алдлаа.

-Цагдаагийн алба хаагчийн хангалт, үйлчилгээ сайжирч байгаа гээд байгаа шүү дээ?

-Цагдаагийн алба хаагчийн хангалт үйлчилгээ сайжирч байгаа мэт боловч хамгийн чухал зүйл болох алба хаагчдын тусгай хэрэгсэл, хамгаалалтын хэрэгсэл байхгүй байгаа нь асуудал болж байна. Галт зэвсэгтэй, хурдан машинтай хүний өөдөөс гар мухар тэмцэж өөрсдөө хохирч байна. Дээр нь одоо сонгууль болох дөхөж байна. Дараа нь АСЕМ болно. Цагдаагийн алба хаагчид ачаалалтай ажиллах болно. Цагдаагийн албан хаагчийг хэн дуртай нь загнаж, аашилдаг, дарамталдаг болсон.

-“Баянгол” зочид буудал дахь Х.Баттулга гишүүний хувь эзэмшдэг гэх компаниудад нэгжлэг хийсэн. Та энэ үйл явдлыг хөндлөнгөөс хараад юу гэж бодож байв?

-УИХ-ын гишүүд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлогыг их хийдэг. Халдашгүй дархан байдал гэдгээрээ айлгаж, дарамталж, сүрдүүлдэг асуудал байдаг нь нууц биш. Цагдаагийн ерөнхий газрын даргад чинь чамайг хэлнэ, сайдад чинь хэлнэ гэж сүрдүүлдэг. УИХ-ын эрхзүйн байдлын тухай хуульд УИХ-ын гишүүн нь бусад байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалт бий. УИХ-ын гишүүн тэнгэрээс буугаад ирсэн хүн биш. Бидний дундаас сонгогдож, төрийн түшээ болж чадна гэж ам өчиг өгч сонгогдчихоод одоо ингэж өөрсдөө хууль зөрчиж энэ мэтээр аяглаж байгааг хараад шүүмжлэлтэй хандаж байлаа.

“Баянгол” зочид буудлын гадна болсон асуудлыг харахдаа УИХ-ын гишүүний дархан эрхээрээ далимдуулж, цагдаагийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого гаргасан. УИХ-ын гишүүн өөрөө хууль зөрчсөн алхам хийснийг олон нийт харсан. Хэд хэдэн гишүүн очоод олон нийтэд мэдээлэл өгөхдөө, бид УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлыг хамгаалж Баттулга гишүүнийг аварлаа гэж буруу мэдээллийг олон нийтэд цацаж байна. Энэ асуудлаа болих хэрэгтэй.

-Энэ үйл явдлын дараа Цагдаагийн ерөнхий газрын даргыг огцруулах асуудал яригдлаа. Энэ асуудлыг юу гэж харж байв?

-Энэ бол Засгийн газар, Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Өнөөдөр Засгийн газар танхимын бүрэлдэхүүнээр ажилладаг. Засгийн газрын тэргүүн болох Ерөнхий сайд нь хэнийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилох вэ гэдэг саналаа гаргаад Засгийн газрын хуралдаанаар оруулдаг. Энэ бол Засгийн газрын эрх хэмжээний асуудал болохоос биш УИХ-ын гишүүдийн хийх ажил, оролцох асуудал биш. УИХ-ын гишүүн Засгийн газрын бүрэн эрхэд халдаж, тэрийг соль, боль гэдэг асуудал тавих нь зохистой биш. Гишүүн хүн ёс суртахуунтай байх хэрэгтэй гэдгийг хэлэх гээд байна.

-Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, эрх бүхий дээд байгууллага нөлөөлж байна гэж хэлэх гээд байна уу?

-Нөлөөлж байна. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудалд нөлөөлж байна гэж би харж байна. Хоёрт цагдаагийн байгууллагын дотоод асуудалд оролцож, нөлөөлж байна. Цагдаагийн алба хаагчдад хуулиар олгогдсон эрхэд хүртэл оролцож, нөлөөлж байна. Хуулийг буруу тайлбарлаж, олон нийтэд буруу мэдээлэл өгч, асуудлыг шоудаж дэврүүлдэг энэ байдлаа болих хэрэгтэй. Би өөрөө цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа ийм байдалтай таарч байсан хүний хувьд хэлж байна. УИХ-ын бүрэн эрх, халдашгүй байдлын асуудлыг Улсын дээд шүүхээс олон нийтэд зарлаж тайлбарлаж хэлж өгмөөр байгаа юм.

-Танд жишээлбэл, ямар дарамт ирж байсан гэж?

-Нэрийг нь хэлээд яахав. УИХ-ын гишүүний дархан эрх гэдгээр гэмт хэрэгт нөлөөлөх гэж утсаар ярьдаг, хүнээр дамжуулж хэлдэг, дээрээс яриулдаг дарамт шахалтууд байдаг байсан. Цагдаагийн захын алба хаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдад тулгардаг дарамт учраас нуугаад яахав. Цагдаагийн алба хаагчид эрх мэдэлтэй хүмүүсийн ийм дээрэнгүй байдлыг мэдэрдэг.

-Долдугаар сарын 1-ний үймээн гарах тэр үед та ажиллаж байсан. Энэ үед маш олон иргэд, цагдаагийн алба хаагч хохирсон. Тэр үед гал нээх тушаалыг дээрээс өгсөн байх гэсэн яриа одоо ч иргэдийн дунд байдаг шүү дээ?

-Би долдугаар сарын 1-ний үймээн гарах тэр үед цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд, энэ үйл явдал манай ард түмэнд хамгийн их сургамжтай зүйл болсон. Харамсалтай нь таван хүний эрдэнэт амь хохирсон. Дээр нь цагдаагийн 400 гаруй алба хаагч хөнгөн бөгөөд хүнд гэмтэл авч хохирсон. Өрөөсөн бөөргүй болсон, нүд нь гэмтсэн, цагдаагийн албанд тэнцэхгүй болсон арав гаруй хүн байна. 30 гаруй хүн цагдаагийн эгнээнээс халагдаж группт орсон. Энэ үйл явдлыг дахиж давтахгүй байх ёстой. Гал нээх тушаалын хувьд, цагдаагийн албан хаагчийг буруутай гээд шийтгэсэн учраас нэмж яриад хэрэггүй байх. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар хэргийг шалгаад тогтоочихлоо гээд зарлачихсан. Шалгалтын үйл ажиллагаанд оролцоогүй учраас надад тодорхой мэдээлэл байхгүй.

-Монголын цагдаа генералгүй боллоо гэж шүүмжлэх хүмүүс байдаг юм билээ. Өнөөдөр генералуудын ойн баяр тохиож байна. Энэ тухайд?

-Генералтай байх, байхгүй нь сонин биш. Одоогийн Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн дарга тэргүүн коммиссар цолтой байна гэж байгаа. Ийм цолтой байж болж байгаа учраас хуулийнхаа дагуу ямар цол хэргэмийг цагдаагийн дарга, орлогч нар авах ёстой юм тэрүүгээрээ л явах ёстой болов уу. Гэхдээ яахав, зүгээр Цагдаагийн ерөнхий газрын даргад генерал цол олгоход болохгүй зүйл байхгүй. Хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж байж шийдэх асуудал юм.

-Өнөөдөр цагдаагийн байгууллага ахмадуудаа хүлээн авч уулзаж байна. Хурлын талаар сэтгэгдлээ хуваалцаач. Цагдаагийн ахмадууд юу ярьж, ямар санал шүүмжлэл хэлж байх юм?

-Соёлын төв өргөөний танхим дүүрэн ахмадууд цугларчээ. Цагдаагийн байгууллагын удирдлагууд ахмадууд биднийг хүлээж авч уулзаасай гэж энд ирсэн хүмүүс хүсэн хүлээж байсан нь мэдрэгдэж байна. Ахмадууд голчлон амьдралаа ярьж байна. Ганц цагдаагийн байгууллагын ахмадууд биш Монголын ахмадуудын нүүр царай ямар байгаа вэ гэдэг нь энэхүү хурал дээрээс харагдаж байна гэж бодлоо. Ахмадуудын амьдрал ядуу байна, амьжиргааны түвшин тааруу, авч байгаа тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй байна гэж ярьцгааж байна. Нийгмийн халамж хүсч байна. Яагаад гэвэл, цэрэг, цагдаагаас тэтгэвэрт гарсан улсууд 60 нас хүрээгүй тэтгэвэрт гардаг. Одоогийн хуулиар эмэгтэйг нь 45 хүрэнгүүт суулгаж байгаа бол эрэгтэй албан хаагч 25 жил ажилласан бол насны хязгаар харгалзахгүйгээр тэтгэвэрт гарч байна. Энэ улсууд маань ахмадын нийгмийн даатгалын хуульд хамрагдаж чаддаггүй. Нийтийн автобус унаанд үнэгүй явж чаддаггүй, сувилалд амрах эрхээ эдэлж чадахгүй гэх зэргээр нийгмийн халамж хүртдэггүй. Би уг нь энэ уулзалтын үеэр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар ахмадууд оновчтой зөв сайхан саналуудыг олон гаргах болов уу гэж бодсон ч харамсалтай нь тун цөөхөн хүн ярилаа. Ихэнх нь амьдралын боломж тааруу байгаагаа удирдлагууддаа ойлгуулахыг хүсч байна.

-Гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Онц ноцтой гэмт хэргүүд ихэсч байна гэж мэдээлж байна. Та энэ чиглэлээр ажиллаж байсан хүний хувьд юу хэлэх вэ?

-Гэмт хэргийн гаралт буурахгүй, өсч байна гэдэг бол амьдрал ядуу байна л гэсэн үг. Аль ч улсад тэгдэг. Олон нийтийн амьжиргаа дээшлээд сайжраад ирэхээр гэмт хэргийн гаралт буурдаг. Аль ч улсад ийм байдаг. Одоо гэмт хэргийн гаралт өссөн. Өсөхдөө төвөгтэй байдлаар өссөн. Банкинд халдах гэмт хэрэг Монгол Улсад бага гардаг байсан бол жилдээ хэд хэд гарч байна. Банк дээрэмдэж байгаа этгээдүүд нь галт зэвсэг хэрэглээд бүлэглэх байдлаар үйлдэж байна. Хуучин шиг адуу малыг хөлөөр нь туугаад аваад явчихдаггүй болж. Гэмт хэрэгтэй тэмцье л гэж бодож байгаа бол ард түмний амьдралыг сайжруулах ёстой. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн 60 орчим хувь нь ажилгүй хүмүүс байна. Ид хөдөлмөрлөх насны залуучууд гэмт хэрэгтэн болж байгааг бодох л асуудал.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бодьбаатар: Соёлын хувьд монголчууд гэж хэн юм бэ, дүр төрхөө шинээр тодорхойлох эрэлхийлэл явж байгаа

Урлагийн түүх, соёл судлаач Жигжидсүрэнгийн Бодьбаатартай ярилцлаа.

-Кино найруулагчийн гэр бүлд төрсөн болохоор кинонд дүрээ гаргаад авчээ. “Их хааны удам” кинонд Сайн ноён хан Намнансүрэнгийн бага насны дүрд тоглосон гэсэн?

-Би нэг их тоглосон юм байхгүй. Тэрнийг тэгтлээ яриад яах вэ. Аавын шахалтаар хүчээр шахуу орсон. Авьяасгүй юм болохоор би нэг их тоглоогүй л дээ. Манай ихрийн өрөөсөн л авьяастай шиг байгаа юм. Тоглосон дүр нь овоо хүнд хүрсэн шиг байдаг.

-Танай гэр бүлийнхэн киногоор амьсгалсан хүмүүс. Таныг төлөвшихөд энэ бүхэн нөлөөлсөн байх?

-Тэгэлгүй яах вэ. Ээж, аав хоёр завгүй учраас ихэр бид хоёр урлагийнхны хүүхдийг авдаг 24 цагийн цэцэрлэгт явдаг байлаа. Зун цэцэрлэг амрахаар хөдөө аавтай хамт кино зурганд явчихна. Гэрт байгаа номын сан, кинонууд нөлөөлнө. Хорь гараад киног сонирхож, нэг мэдсэн чинь судалдаг хүн болчихсон шүү дээ.

-Та бас сэтгүүлч мэргэжилтэй юм билээ?

-Өөрийгөө унших, бичих сонирхолтой гэж бодоод, тухайн үедээ Хүмүүнлэгийн их сургуульд олон улсын сэтгүүлч гэдэг гоё нэртэй ангид орсон. Д.Цэмбэл, Д.Цэнджав багш нар миний төлөвшилд нөлөөлсөн гэж боддог. Д.Цэмбэл багш сэтгүүлчээс гадна роман бичдэг, сонгодгуудыг их уншдаг. Хичээлээ бүтээлч маягаар явуулдаг хүн. Габриель Гарсиа Маркесийн “Зуун жилийн ганцаардал”-аас хичээлээ эхлэх жишээтэй. Д.Цэнджав багш бас зохиолч хүн. Хүний дотоод ертөнцийг ойлгох уудлах хүсэлтэй хүмүүс. Төгсөөд шууд Анкарагийн их сургуульд урлагийн түүх судлахаар явсан.

-Урлагийг аль нэг үндэстэнд хамааруулахад хэцүү. Гэхдээ Монголын урлагийн түүх гэж яривал юу сөхөгдөх бол?

-Энэ их ярвигтай сэдэв. Ярвигтай гэдэг нь Монголын урлаг гэсэн бие даасан байдлаар бус Төвд судлалын хавсарга болж явдаг. Олон улсын түвшинд Монгол бие даасан урлагтай байсан гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөөгүй. Хүлээн зөвшөөрүүлэх оролдлого байсан л даа. Ялангуяа Н.Цүлтэм гуай 1990-ээд оноос өмнө буюу социализмын үед хүртэл “Монголын урлагийн түүхэн хөгжил”, “Монгол зураг”, “XVII зууны нэрт уран барималч Г.Занабазар” гэж номууд гаргаж байсан. Үүнийг нь маш том амбицтай алхам гэж үздэг. Өндөр гэгээн Занабазарыг нэлээд онцолж, Леонардо да Винчитэй адилтгасан. Леонардо да Винчиг өрнийн урлагийн түүхэнд гоц шидээвэр гэдэг бол манайд бас тийм хэмжээний уран бүтээлч байсан гэж бичсэн. Монголын эзэнт гүрний үеийн өв дурсгалууд гадаадад л бий. Түүнийг манайхан өөрсдөө судалж амжаагүй. Одоо л энэ бүхнээ судалж, түүхээ шинээр бичих цаг үе ирээд байна. Ойрхи Дорнодод гэхэд л Монголын эзэнт гүрэн маш том ул мөрөө үлдээсэн газар. Харин тэрийг судлахын тулд араб, перс, турк хэлтэй байх учиртай.

-“Хүннү Молл”-ын ханыг Ноён уулын булшнаас олдсон ширдгэн дээрх дүрслэл буга барьж байгаа хангарьдаар чимэглэсэн байдаг. Эртний түүхийн дурсгалууд энэ мэтээр орчин үеийн амьдралд ашиглагдах, гоёл чимэглэл, соёлын үйлдвэрлэлд нэвтрэх боломж хэр байгаа вэ?

-Соёлын эргэлт гэдэг ойлголт 1980-1990-ээд оноос хойш бүх түвшинд хүчтэй явсан. Бүх зүйл соёлтой хамааралтай болсон л доо. Соёлын тухай ойлголт нийгэм, эдийн засаг, улс төрөөс ч давж, бүх зүйлийг соёлоор дамжуулж тайлбарлах хандлага дэлгэрсэн. Ерээд оноос хойш буцаад өөрийнхөө соёлд хандах, нээх, шинээр харах ашиглах үзэгдэл пост коммунист гээд байгаа орнуудад илэрч байна. Өмнөх далан жилийн хугацаанд соёлыг судлах боломж төдийлөн нээлттэй байгаагүй. Тэр тусмаа Чингис хаан, эзэнт гүрэн, шашинтай холбоотой соёлыг судлахад тухайн цаг үеийн байдал, үзэл суртлаас болоод хэцүү байлаа шүү дээ. Эрх чөлөө, сэтгэлгээний хувьд нээлттэй болоод ирэхээр үндэс язгуур, соёлын хувьд монголчууд гэж хэн юм бэ гэж шинэ дүр төрхөө тодорхойлох эрэлхийлэл эхэлж байгаа юм. Миний анзаарч байгаагаар энэ бүхэн зайлшгүй болох ёстой үйл явц. Таны хэлээд байгаа хуучны уламжлалт бэлгэдэл, зураг дүрс бүхнийг ашиглах нь нийтийн түвшинд үндсэрхэг өнгөц маягаар яваад байна. Үүнийг лавшруулж нарийн судлах ажлыг хийх ёстой улсууд нь мань мэт шиг байгаа юм. Зах зухаас нь судлаад уншаад яваад байна л даа.

-Соёлын үйлдвэрлэл гэдэг эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг шинэ салбар гарч ирээд байгаа юм биш үү?

-Соёлын үйлдвэрлэл гэдэг санаа анх 1930-аад онд бий болсон. Германы Франкфуртын дэг сургууль гэж Марксын үзэл санааг шинээр унших дэг сургуулийн Хоркхаймер, Адорно гэж сэтгэгчид байсан л даа. Энэ хоёр хүн соёлын үйлдвэрлэл гэдэг ойлголт ухагдахууныг бий болгосон. Тухайн цаг үед аж үйлдвэрлэл ид хөгжиж, механикжиж байсан үед бүлэг улсууд соёлыг аж үйлдвэрлэлийн нэг хэсэг болгож авч үзсэн. Энэ нь явсаар байгаад дэлхийн хоёрдугаар дайнаас хойш соёлын үйлдвэрлэл гэдэгт нэлээд анхаарсан. Манайд дөнгөж яригдаж эхэлж байгаа, баруунд бол хүчтэй яригдаад шүүмжлэлд өртөөд байгаа бүтээлч үйлдвэрлэл гэдэг ойлголт ерээд оны сүүл үеийн Англиас улбаатай, Тони Блэйрийн Засгийн газартай холбоотой. Тони Блэйрийн Засгийн газар 1998 онд төрийн эрхийг авахдаа соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг ойлголтыг оруулж ирсэн. Энэ ойлголт түүнээс хойш хөгжингүй капиталист орнуудад бодлогын түвшинд дэлгэрсэн л дээ. Тони Блэйрийн үед гарч ирсэн бүтээлч үйлдвэрлэл нь урьдны соёлын үйлдвэрлэлээс зөвхөн нэрийн төдий ялгаатай биш. Бүтээлч үйлдвэрлэл гэдэгтээ өмнө нь соёлд хамааралгүй байсан бусад салбарыг оруулж ирсэн. Тэдний бодлогын бичиг баримтад 13 зүйлийг бүтээлч үйлдвэрлэл гэдэг нэрийн дор тусгасан юм. Энд урьд нь төдийлөн соёлын элемент гэж тооцогддоггүй байсан зар сурталчилгаа, архитектур, хувцас загвар, тэр байтугай компьютер тоглоом гэх мэт салбарууд орж ирсэн. Энд сошиал медиа, мэдээлэл технологийн ертөнц ч хамрагдаад байгаа юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй холбоотой бодлогын шинэ эргэлт бусад оронд ч түгсэн. Хамгийн амжилттай хэрэгжүүлж, бусдад үлгэр дуурайл болж байгаа улс гэж Солонгосыг хэлж болох юм. Солонгосын соёлын довтолгоонд эзлэгдчихлээ гэсэн шүүмжлэл өрнөдөг. Солонгосчууд 2000 оноос соёлын агуулгыг яаж бүтээгдэхүүн болгох вэ гэдгийг гайхамшигтайгаар үзүүлсэн. Солонгосчууд өөрсдийн соёлд байж болох бүх агуулгыг аяга таваг, хүүхэлдэйн кино, хувцас хунар болгоод нийтийн соёлд гаргаж ирсэн л дээ. Энэ нь Азид түгж байсан бол одоо бүр дэлхий нийтэд Солонгосын давалгаа үүсгээд байгаа. Солонгосын давалгаа гэдэг цогц соёлын бодлогын эргэлтийн мөч нь “Ганнам стайл” гэдэг дуу. Тэр бол тохиолдлын зүйл биш. Урлагийн талаас нь харвал нэг их ялгараад байхаар гоц гойд бүтээл биш, гэтэл яагаад гэнэт энэ дуу, дуучин дэлхийн үзэгдэл болчихов гэдэг Солонгосын соёлын бодлогын нэг илрэл. Соёлынхоо түвшинд өөрсдийнхөө дүр төрхийг тодорхойлох гэж оролдож байгаа манайх шиг улсад гэнэт ийм давалгаа орж ирэхээр автаж байгаа мэт эргэлзээ шүүмж үүсээд байна л даа.

-Соёлын үйлдвэрлэл гэдэгт бид юугаар амжилт олох боломжтой юм бэ?

-Монголчууд их амбицлаг улсууд шүү дээ. Бид хэзээ ч өөрсдийгөө Вьетнам, Казахстантай зүйрлэдэггүй. Эдийн засаг улс төрийн ямар ч жишээ авсан дандаа том орнуудтай өөрсдийгөө жишдэг. Гэтэл ингэснээр олж анзаараагүй юмнууд бий. Хамгийн наад зах нь киноны жишээн дээр хэлье. Солонгосын сериалд автчихлаа гээд байгаа. Яаж монгол хэл, агуулгатай киног бий болгох юм бэ. Одоогийн байдлаар жишээ болгож туршлага судлахаар хоёр орон бий. Казахстан, Исланд байна. Яагаад гэвэд Казахстан түүхийн хувьд адилхан коммунист байсан, ороо бусгаа үеийг туулж байгаа. Исланд гэдэг маань хүн амын хувьд ойролцоо. Олон улсын кино наадмуудад Казахстан, Исландын кинонууд заавал оролцож байна. Бидэнтэй түүхийн хувьд ойролцоо, хүн амын хувьд манайхаас ч цөөн хоёр улс яагаад дэлхийн түвшинд гараад байна гэдэг бодож үзэх ёстой зүйл.

-Та Англид соёлын менежментээр сураад ирсэн гэсэн үү?

-Монгол судлал Төвд судлалын хавсарга гэдэг шиг ерээд оноос Соёлын яам маань Боловсролын яамны хавсарга байж ирлээ. Сүүлийн үед соёл гэдэг чухал юм байна. Магадгүй эдийн засаг, улс төрөөс ч түрүүлж явдаг анхдагч ойлголт гэдгийг нийтийн түвшинд ч, бодлого тодорхойлогчдын хувьд ч ойлгож эхэлж байна. Энэ бол ахиц. Гэхдээ эхлэл төдий байна. Эхлээд соёлын бодлого гэдэг нийтлэг ойлголттой болох ёстой. Тэгэхийн тулд өөрсдийгөө соёлын түвшинд тодорхойлох, судалгаатай нотолгоотой байж бодлого явуулна. Миний хувьд соёл, урлагийн түүх судлаач байгаад 2009 оноос таван жил соёлыг хариуцаж бодлогын түвшинд ажилласан. Эхлээд Соёл урлагийн хороонд ажиллаж байгаад сүүлд нь Соёлын яаманд ирсэн. Соёлын бодлогод ахиц байсан ч Солонгос гэх мэт цогц соёлын бодлоготой орнуудтай харьцуулбал манай бодлого тодорхой биш. Соёлын бодлогоо ерээд оноос хойш алдчихсан учраас хүн нь бэлтгэгдээгүй байна. Саяхан би Лондонд соёлын бодлогоор магистрын зэрэг хамгааллаа. Энэ чиглэлээр судалгаа хийдэг, сэтгэл нь зовж байгаа эрдэмтэн, мэргэдээ цуглуулж нэгдсэн бодлого тодорхойлох ёстой. Соёлын хууль гэж манайд бий. Соёлын хуулийг манай нэг мэргэжилтэн “Соёлын хууль бол соёлын байгууллагын хууль” гэж тодорхойлсон. Үнэндээ яг тийм. Л.Пүрэвсүрэн сайд Гадаад хэргийн сайд болоод 1990-ээд оноос хойш устсан шинэ нэгжийг ГХЯ-нд нээлээ. Монголыг сурталчлах хөтөлбөрийг Засгийн газар баталсан. Зөөлөн хүчний бодлого гэж дипломат ёсонд байдаг. Урьдных шиг цэрэг, эдийн засаг, улс төрийн хүчээр бус соёлоор дамжуулж зөөлөн хүчний бодлогоор олон улсын харилцааг зохицуулдаг. Энэ хандлагыг онолын хувьд америкчууд гаргасан. Түүнийг нь манайхан ойлгоод, олон улсын харилцаанд зөөлөн хүчний бодлого ашиглах оролдлого яваа.

-“Чонон сүлд” гэж номыг Хятадын зохиолч бичээд дэлхийн олон оронд энэ ном орчуулагдаж, кино нь гараад явж байна. Монголын соёл, уламжлал гэдэг зөв менежмент хийвэл дэлхийд борлогдох сэдэв юм биш үү?

-Миний сурсан сургууль анх урлагийн удирдлага нэртэй байсан. Одоо бол соёлын бодлогын чиглэлээр сургадаг. Энэ сургуульд Солонгосын хоёр ч соёлын сайд суралцсан байх жишээтэй. Дэлхийн хаана ч очсон их сургуулиуд хятад оюутнаар дүүрчихсэн байдаг бол манай ангид ихэнх нь солонгосчууд байсан. Солонгосчууд соёлын бодлого гэдэгт илүү ач холбогдол өгч байгаа нь харагдаж байгаа. Манайд амбиц нь байна. Гэтэл бодлогын түвшинд юу хийж байна гэхээр эргэлзээтэй. Нөгөө л явцуу нүүдэлчин сурталчилгаа явдаг. ITB-гийн концепцийг харахад нөгөө л нэг тал хээр, онгон байгаль гардаг. Тэгээд хүүхнүүд нь хатдынхаа хувцастай явдаг. Дуу дуулдаг, бүжиглэдэг. Бид өөрсдийгөө нүүдэлчид гэдэг ч онолын түвшинд нүүдэлчид гэдэг хэцүү ойлголт. Нүүдэлчин гэдэг бидний хувьд эерэг. Гэтэл барууны иргэдэд нүүдэлчин гэдэг сөрөг ойлголт. Бараг хэсүүлч, тэнүүлч гэж буудаг. Энэ жил Анкарагийн их сургуульд доктор хамгаалсан Ууганбаяр гэж мундаг эрдэмтэн бий. Түүний тайлбарласнаар монголчууд бол нүүдэлчид биш. Малаа дагаж явдаг амьдралын хэв маягтай улсууд. Нэр томьёо концепцийн хувьд өөрсдийгөө тодорхойлох хэрэгтэй байгаа. За, яахав нүүдэлчин юм гэж бодоход бид юугаараа ялгарах юм. Төв Азийн бүх улс нүүдэлчид шүү дээ. Адгийн наад зах нь киноны түвшинд казахууд өөрсдийгөө нүүдэлчин гэдгийг батлах оролдлогууд хийдэг. Казахуудын шашнаас өмнөх итгэл үнэмшлийн цаг үеийн тухай гайхалтай цуврал кинонууд бий. Бөө мөргөлийн цаг үеийг киноны хэлээр гайхалтай харуулсан. Судлаачид нь хүртэл тэнгэризм гэж тайлбарлах жишээтэй. Ийм байдлаар цогц түвшинд явдаг. Олон улс киног нь аваад, тэрнийг нь хүлээн зөвшөөрөөд байдаг. Утга зохиолын түвшинд ахиц бий. Г.Аюурзана зохиолчийн сүүлийн үеийн хэдэн романуудыг харахад үүгээрээ дамжуулж монголчуудын соёлыг харуулах гээд байгаа. “Шүгдэн” гэдэг нь шашны цаг үе, “Бөөгийн домог” гэх мэт цуврал романаараа монголчуудын сэтгэлгээний түүхийг урлагийн хэлбэрээр гаргаж байна. Дүрслэхийн хэлээр ч амжилттай оролдлогууд бий. “Хөх нар”-ын зарим уран бүтээлчид, Үнэн-Эх гэж Германд амьдардаг мундаг зураачийн ажлууд гэх мэтээр урлагийн хэлээр цөөхөн боловч бүтээл хийж байгаа улсууд бий. Энэ бэлэн ажлуудаа гадагшаа сурталчлах, Г.Аюурзанын зохиолыг орчуулах, Үнэн-Эхийн ажлыг олон улсын түвшинд гаргах бодлого хэрэгтэй байна шүү дээ. Монголыг сурталчлах хөтөлбөр гэх мэтээр эхлэл тавигдсан. Энэ бүхнийгээ уялдуулж, бодитоор дэмжих бодлого хэрэгтэй.