Categories
мэдээ цаг-үе

Баянхайрханы бараа буюу Долгорын Нямаагийн тоонот

Түрүү жилийн намар, есдүгээр сарын аравдаар төрийн шагналт найрагч Долгорын Нямаагийн нутаг Дэл Хөнжлийн (Дундговийн Өлзийт) уулсад очоод ирсэн юм. Дэлийн ханан хадны ер бусын бичээсийг үзэж, Баянхайрханы барааг сэтгэл дэнслүүлсэн намрын тунамал үдшээр нэг харахсан гэх хүсэл биелж, тэрхүү уул усны эзэн уянгат найрагчтай дөрөө харшуулан тоонотыг нь зорьсон бүлгээ. Эрхэм найрагчийн нутаг савир савир цагаан бороотой угтлаа. Есөн сарын бороо бол говийнхны хүсэн хүлээдэг эм тодын бороо ажгуу. Унаган нутаг нь, намрын хөхөмдөг говь нь ингэн тэмээний нулимс шиг асгаранхан угтахуйд Мандалговийнхоо манхайсан хөх тэнгэрийг чухам л ижийгээ санасан хүүхэд адил зүүдлэнхэн ирсэн найрагчид жигтэйхэн сайхан байгаа нь илэрхий.

Улаанбаатар хотоос нутгийн зүг хөдлөхүйд мань хүн хөг аялгуу нь орчихсон хуурын чавхдас адил уянгатай байв шүү. “Эртний домог шиг буурал тал, эргэн тойрон чимээ алдарна. Оддын дунд ижлээ үзсэн юм шиг шөнийн талд адуу янцгаана” гэх шүлгийнхээ мөрүүдээс уншаад л. Хөөр баяраа тэгтлээ ил гаргаад байдаггүй нууцлаг хүн чинь булгийн ус шиг оргилж ундраад, бадарч өгдөг байгаа. “Оддын дунд” гэж дуудахдаа бүр нэг долгионтойгоор тэсрэмтгий хэлж байна. Яг л гайхам шүлгүүдийнхээ гүнзгий цохилт шиг оюун бодолд туяа татуулнам. Халуун сэтгэлийнх нь илэрхийлэл ч болдогсон уу, ямар чиг л байсан Дэл Хөнжлийн уул нь “эм тодын бороо”-тойгоо угтлаа. “Есдүгээр сарын сүүлч хавиар говьд бороо орж, нэг хэсэгтээ дулаарч ногоо хэнзлэх үест эм барьдаг хүмүүс говь руу бэлчинэ. Эмийн ургамал хамгийн сайн боловсордог үе л дээ” гэж төрийн шагналт Л.Хүрэлбаатарын бичсэнийг Нямаа ах номондоо оруулсан байдаг. Эм тодын бороо гэдэг ийм учиртай.

Дэл уулынхаа бэлд намаржиж буй Сумъяагийн Батбуянгийнд хүрч очлоо. Зэлнээс уяатай хэдэн ботго зүсрээ бороонд налмайтал норчихсон, салхины нойтон алгадалтад жиндүүхэн харагдана. Хонь, ямаа нь гэрийнхээ хаяанд тургилан зогсоцгооно. Ганц нэг борлон “УАЗ 469”-ийг нөмөр татан бээвийгээд, хатавч хавиар нохойн хэвтрийн нойтон эсгийг булаалдах янзтай. Ёстой л нөгөө намрын усан бороо яндан дагаад урсаж байх үест зорьсон айлынхаа босгыг дуу шуутайхан алхлаа. Батбуян гэж долгио татсан бужгар үс, нургилсан зөөлөн яриа, намуухан инээмсэглэлтэй хижээл насны эр. Гэргий Дуламсүрэн нь унд ус сайтай, үг яриа цэгцтэй, олонтой газар явж сурсан хүн шиг элбэг тэнүүн нэгэн ажээ. Тэднийх түүх дурсгалын хосгүй үнэт өв болсол Дэл уулынхаа элгэн хадыг эмжээрлэн дөч гаруй жил тэмээ маллан нутаглаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Жанлавын Наранцацралтын удам угшил “хүүхэнүүд” овгийнхноос Дэл уулынхаа дэнж дэвсэгт тэмээн буйлаатай голомтоо сахиж үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг нь Батбуян юм билээ. Намрын говийн тэрхүү аян замыг санаачилж, хангай газрын хүү надад халуун говио үзүүлэх л гэж элгэмсэг сэтгэлээр эрмэлзсэн нандин нэгэн бол “Дэл уулыг хамгаалах сан”-гийн тэргүүн Бичээчийн Батмөнх. Тэрээр элбэг тавиухан энгэр бэл, хормой юугаас нь зүүгдэн өсч өндийсөн унаган нутаг-Дэл уулаараа гоёж, омгорхон бахархдаг буюу. Гэхдээ зүгээр нэг цээжээ дэлдэн орилоод байлгүй ханан хадныхаа судалгаа, шинжилгээний ажлыг нарийн нягт хариуцаж, Монголын нэртэй эрдэмтэд, бичиг соёлын зүтгэлтнүүдийг ээлж дараалан Дэл ууландаа аваачиж, манай эриний өмнөх хоёр мянган жилээс хорьдугаар зууны дунд үе хүртэлх оюуны болон эдийн соёлын үнэт өв болсон баялаг түүхтэй нутгаа нүдээр үзүүлж, бахархал гээчийг амсаж чаддаг нүнжигт нэгэн билээ.

Нямаа найрагч, Батмөнх тэргүүн, Батбуян гурав зулайгаа гишгэж төрсөн ах дүүс гэдгийг миний бие аяны замд мэдэрсэн. Хөнхөр гэж хүний гурван хүү ажээ. Зүс царай, үг яриа, байр байдал, аливаад хандах хандлага, тийм нэг эрхэмсэг нандин чанар нь яалт ч үгүй нэг эцгийн хүүхдүүд мөөн. Өдөр шөнийн зүсрээ бороонд гэрийн бүслүүр чивчирч чангараад хоёр багана нь сул гэгч ганхаж байна. Бага дүүгийндээ ирсэн хоёр ахын сэтгэл өрхөн дээр чимээ татуулан, өвчүүн цаана уянга эгшиглүүлэн, өлгий нутагт нь жаргал амсуулан буй усан болор рашаан шиг дэлгэр сайхан. Баянхайрханаар нутагтай, Андал гэж дал мөрөө хөдөлгөсөн хэнхгэр эр байна. Батбуянгийнхаа гэргийгээр тогоо тавиулаад, ганц нэг усаар авч галын хөх дөл бадарсан таргийн нэрмэлээс шимсэн шигээ, намрын уйтан бороонд халмагхан суугаа нь тэр. Халхын Өндөр гэгээний мэлмий гийсний 360 жилийн ойн Есөнзүйлийн даншигт ажнай хүлгүүдээ уралдуулж явсан аатайхан эр. Уртаа гэгч цагаан гаанс зуугаад, торгон дээл бэлхэмзэлчихсэн суугаа нь “Хүргэн хүү”-гийн хоргой Хайдав шиг харагдаж билээ. “Нямаа ах та маргааш Андалынхаараа орно биз дээ. Баянхайрханы чинь баруун суганд шүү дээ” гэв.

Найрагч эртээ босчихсон гэрийн зүүнтэйх номын хуудас шиг давхраатай нимгэн хаднуудын өндөрлөг дээрээс Баянхайрханыхаа барааг харан баясан зогсох ажгуу. Их найрагчийн шүлэг дуулалд мөнхөрч ижий аавынх нь дүрийг, багынх нь цангинасан дуутай хамт хадгалж үлдсэн хайрхан нь тэртээ өмнөдөд цайвалзан харагдана. Ууцаа үүрч, бас ч үгүй санаа алдангуй багагүй хугацаанд зогслоо. Би гэдэг хүн ботгоны зэлийг ажин, эрдэнийн гоёмсог чулуудад нүд унаган, үнэхээр л таана хэнзлэх намрыг сэтгэлдээ шингээж алхсан шигээ найрагчийг бараадан, мөрийг нь түшин зогсож буй минь энэ. “Дэл Хөнжлийн уулаас тэгтлээ холдож үзээгүй би гэнэтхэн Москвад хөл тавьж, Горькийн сургуулийн оюутан болохуйд Баянхайрхан минь үе үе санагддагсан” гэв.

Ингээд бид төрийн шагналт найрагч Долгорын Нямаагийн төрсөн тоонот Хирс таван толгойн Үүдэн бууц, яруу найргийнх нь шүншиг оршсон Баянхайрханых нь зүг хөдөллөө. Замын хажуугаар хайлаас сүглийлдээд, сухай нэлдээ ягаарч харагдана. Загийн багсайлдаж байгааг хэлэх юм биш. “Манай нутаг ч үргэлж ийм байдаггүй. Өнөө жил онцгой сайхан байна. Наян хэдэн оноос хойш бараг ийм байгаагүй байх шүү” хэмээх яриа зам зуурт өрнөв. Дэлийн уулс тэр чигээрээ номын хуудас шиг нимгэн хавтгай хар хад ажээ. Хөндийг нь хуудас хэмээн нэрийдэх нь бүр чиг утга агуулгатай. Ном судраас өмнө гарсан нэр гэдэг нь тодорхой. Харанхуйн амны элгэн хаднаа дөнгөж саяхан цохиод орхисон юм шиг маанийн зургаан үсэг тодорч харагдана. Батбуян ахынхаас хөдлөн Дэлийн хадны сэжүүр бараадасхийгээд л түүх дурсгалын бичээсүүд нь угтаад авна даа. Баруунтаа Гөлий тооройн уул, урдхан Гурван ухаагийн уул харагдана. Гөлий тоорой ардын жүжигчин Нямын Дагийранзын төрсөн уул юм. Гурван ухаагийн сондуул дундуур явах мөчид “Амьдралын хүрд” киноны очир алмаазын эрдэнэс олдог тэрхүү газар нутагтай яагаад ч юм адилхан санагдаж билээ.

Ийн бодолтой зэрэгцээд л Нямаа найрагчийн “Тэнгэрийн хаяа” номынх нь хавтсан дээр ханарч байдаг Баянхайрхан дүрээрээ харагдах нь тэр. Эргэн тойрон дахь элгэн хар уулсын дунд Баянхайрхан буюу Хонгор хайрхан цахивар цайвар өнгөөр гэрэлтэнхэн сацарна. Найрагч нэгэнтээ “Миний нутгийн онгод оргил нь энэ цагаан шаргал хайрхан” хэмээн хэлсэн байдаг. Алс баруун хязгаараас Буурал угалз (уул) хэмээх хөгшин баяны эхнэр болохоор залагдсан Хонгор бүсгүй зуур замдаа дургүй нь хүрч суун туссанаас энэ хайрхан тогтсон домогтой. Цааш явахгүй гэхдээ дээл хөнжлөөр биеэ ороосон нь эдүгээгийн Дэл Хөнжлийн уулс гэнэ. “Сүхбатын нутаг Баянхонгорын Шинэ жинстийн уулнууд цайвар шаргал өнгөтэй юм билээ. Тэндээс ирсэн байж мэдэх юм. Тэгээд Хонгор нэрээ хадгалсан байж болох” гэв. Сүхбат гэдэг нь “Сэгс цагаан Богд” найраглалын гол баатар тэмээчин бүсгүй. Амбасэлмаа гуай уг найраглалын гол баатрууд болох Сүхбат, Нямаа нарыг дөчин дөрвөн жилийн дараа уулзуулсан. Тэрхүү учрал ерөөлийн тухай, “Сэгс цагаан Богд”-оос улбаалж Пүрэвдорж гуайн тухай зам зуурт дурсамж дурдатгалын хуудас дэлгэгдэж явсан.

Баянхайрхан бол яалт ч үгүй барааны газраас харагдан, элэг зүрх уясуулан долгилуулж, энгэр бэлд нь төрсөн хүн байтугай эрхэмсэг дүрийг нь нэгэнтээ харсан бүхэнд хэзээд ч мартахааргүй, яруу найргийн онгод билгийн их уул юм. Сэтгэл зүрхэндээ эрдэнийн чулуу адил хадгалж явдаг найрагчийнхаа хамт, авьяас билгийнх нь шүтээн их уулсынх нь дэргэд зогсохуйд өөрийн эрхгүй Улаан хадаа мэлмэрүүлэн санаж, яруу найргийн тэнгэрлэг бодолд умбасан даа. Тэр жилийн намрын ухаа хонгор өдөр Долгорын Нямаа найрагчтай буурал Бадарчийнд нь анх танилцаж сэтгэл ойртох болсноор, дараахан нь Сулинхээрийн хязгаар Эргэлийн зоонд хамт очиж аян зам нийлсэн нь улмаар “Тэнгэрийн хаяа”-г нь гардаж ер бусын гайхамшигт ертөнцийг өөртөө дахин дахин нээсэн нь энэхүү тэнгэрлиг хайрханд нь сүслэн залбирах хувь тохиожээ хэмээн санагдсан бүлгээ. Ерөөс “Тэнгэрийн хаяа” туурвилыг нь элгэн халуун сэтгэлээр дээдэлсний шүншиг оршлоо гэж бодсон. Эл бүхнээ найрагчтай хуваалцан жүнз харшуулаад төрсөн бууцан дээр нь очсон юм.

Өмнө нь Хирс таван толгойн Үүдэн бууцанд буурал Бадарч нь хамт ирж, шүлэг найргаа дуудаж байжээ. Найрагчийн төрсөн бууц газар нутгийн хуваариар бараг л Өмнөговийн Цогтцэций рүү хэлбийж байгаа ажээ. Үүдэн бууцны урдхануур Шанхын уул ханарч, хүрэн улаан тэмээд багширна. Говь шанхын нутаг гэдэг нь энэ ажгуу. Төрсөн бууцныхаа эхийн сүү нэвчсэн зөөлөн шороон дээр хөрвөөн аргалын гал уугиулж, арц хүж сангаа тавьж, чулуун гэрээ эргэн тэмээ, ямаагаа бүртгэн “Хирс таван толгойн Үүдэн бууц” хэмээх шүлгээ дуудахдаа зэрэгцээд хэсэгтээ завсарлаад байсан бороо дахиад л асгарч эхэлсэн юм. Нямаа ах минь элбэрэлт ижийгээ дурсаж, өөрийг нь төрүүлэх гэж олон хоног дуншиж өвдсөнийг нутгийн хөгшдөөс сүүлд сонссоноо хэлж, элгэн далдуураа мэлмэрч байлаа.

Гэрийнхээ гадаа хүрэн улаан тэмээдээ багширтал хураасан айлын гадаа давхиад буутал төөрсөөр төрөлдөө гэдэг шиг Хөнхөрийн хөвүүдийн хүргэнийх байдаг байгаа. “Шижиртэн туяарах говь минь шинэхэн айл шиг өнгөтэй дөө” гэдэг шиг Цогтцэцийгийн Нэргүйбаатар гэж тэвхийсэн залуу эр гэргийн хамт угтаад авах нь тэр. Ингэний хуруу зузаан ааруул таваг дүүрэн өрж, хатавчнаасаа нэрмэл гаргаж задлаад сүрхий юм болов. Ажиг ч үгүй суутал алдарт Долгорын Нямаа ороод ирсэн нь хэрдээ л бажига авахуулах нь мэдээж. Нэргүйбаатарын нэрмэлд дөрөө чангалсан бид Хонгор хайрханы Алаг зандангийн агуйгаар орлоо. Эрт цагт сайн эрс орогнож байсан томоохон таван ханатын зайтай агуй дотор түрхэн саатаад уруудахуйд Нямаа ах Баянхайрханыхаа алтан харганыг дээжлэн барьж, бүтээл туурвилын ерөөл өргөсөнд бэлгэшээж билээ.

Categories
мэдээ цаг-үе

Ө.Баярмагнай: Жаран хар маань нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө явж ирсэн

Жаран харын дуулсан дуунд

Уул нүргэлж байдагсан…

Жаран харын дуулсан дуунд

Ус цалгилж байдагсан…

Дан найрал дууны анхдагчид, цэргийн ансамблийн “Жаран хар, арван цагаан” хэмээн олонд нэрлэгдсэн хүчирхэг найрал дуучдын хүндэтгэлийн тоглолт МҮЭСТО-д болсон. “Жаран хар, арван цагаан- тэнгэр газрын дуурьсал” тоглолтын үеэр Ардын жүжигчин Ө.Баярмагнайтай цөөн хором ярилцсан юм.

-Та Жаран хард орохоосоо өмнө ямар хүүхэд байсан бэ?

-Ямар хүүхэд байхав дээ, далийсан шар юм л байгаа биз.

-Жаран харын ой болж байна, та энэ чуулгатай яаж холбогдсон бэ?

-Манай жаран хар 1969 онд байгуулагдсан л даа. Хуучнаар бол Монголын ардын армийн дуу бүжгийн ансамбль гэж байхад холимог найрал дуутай байсан. Энэ хамт олныг дан эрэгтэй дуучдаар бүрдүүлээд жаран эрэгтэй, арван эмэгтэй дуучин нийтдээ далан хүний бүрэлдэхүүнтэй шинэчилж байгуулсан юм. Манайхан Монголын урлагт “Жаран хар, арван цагаан” гээд тоогоороо алдаршсан түүхтэй. Цэргийн чуулгад хүүхдээрээ орж ирсэн дээ. Манай аав, ах, эгч цэргийн хүн. Удам дамжсан цэргийн улсууд. Нөгөө талаар урлагт дуртай учраас Цэргийн чуулгад татагдаж орсон гэж болно. Монголд урлагийн дээд сургууль байгаагүй. Голцуу л цэргийн ангиудаас урлагт сонирхолтой, авьяастай улсууд хэдэн талаас бүрдэж, энэ чуулгыг байгуулсан түүхтэй. Манай мэргэжлийн багш нар гайхамшигтай улсууд байлаа. Ардын жүжигчин П.Хаянхярваа, Д.Мяасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гунаажав гээд Орост бэлтгэгдсэн мундаг авьяастай улсууд байв. Тэд л биднийг урлагийн замд хөтөлсөн дөө. Дээр нь урлаг мэддэг, нийтийн дуу удирддаг Зөвлөлтийн мэргэжилтэн багш нар байлаа. Бетховены есдүгээр симфонийн том хоорыг анх удаа Азид дуулсан улсууд нь манай жаран хар. Зөвлөлтийн мэргэжилтнүүд сургаад, бид дуулсан. Та бүхний сайн мэдэх “Амрагийн дуу”-ны Л.Цэрэнпил гавьяат байна. Түүний охин гавьяат жүжигчин Ч.Туул, Ч.Тунгалаг, отгон охин гавьяат жүжигчин Ч.Баярмаа гээд нэг гэр бүлийн дөрвөн гавьяат манай цэргийн чуулгаас төрсөн юм. Манай гоцлол дуучин, гавьяат Д.Дашням дуучдаас дуурь бичсэн хүн шүү дээ.

Манай жаран хар дотор гавьяат жүжигчин найм, есөн хүн байдаг. Цэргийн чуулгад алдар цолтой дал гаруй хүн бий. Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн бүгд манай цэргийн чуулгаас гарсан алдартнууд. Нөгөө алдартай Ц.Сэвжид чинь, дуурийн алдартай балетмейстер Б.Жамъяандагва бас манай чуулгаас гарсан. Урлагийнхны суурийг тавьсан газар бол манай цэргийн чуулга.

-Энэ удаагийн тоглолтын онцлог юу вэ?

-Жар, далаад оны цэрэг, эх орны сэдэвтэй дуугаар тоглолтоо хийж байгаа. Үзэгчид маань бидний үеийн улсууд.

-Зарим ахмад дуучид таяг тулаад зогсч байна. Хамгийн ахмад нь хэдэн настай хүн бэ?

-Манай жаран хар дотор дал гарсан хүмүүс байгаа. Жаран хард далаас доош, жараас дээш насны улсууд бий. Дунд үе бас бий.

-“Дайчин нөхрийн дуу”, “Торгон хилийн зүг” гээд сайхан дуунуудыг та одоо ч маш сайхан дуулдаг. Энэ олон жил дуулахад хувь хүний чадвар нөлөөлж байна уу, цэргийн улсууд ерөөсөө ийм байдаг уу?

-Аль аль нь нөлөөлж байгаа. Цэргийн хүн тэсвэр хатуужилтай байх ёстой. Үүрэг, даалгаврыг үг дуугүй биелүүлдэг. Нөгөө талаар хүмүүжил гэж бий. Бид хар багаасаа хамт олонтойгоо нэгдсэн хүмүүжлээр орсон улс шүү дээ. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэдгийг чинь яг хэрэгжүүлсэн улсууд.

-Таны урын сан шинэ дуугаар баяжсан уу?

-Орчин үед олон сайхан дуунууд гарсан. Гэхдээ бид энэ удаа хуучны, олны сайн мэддэг дуугаа л дуулж байна. Мартагдаад хорь, гучин жил болсон дуунууд маань залууст сонин шүү дээ. Жар, далаад оны дуу ямар байсныг харуулах гэж хичээж байна. Жил бүр урын сангаа шинэчилдэг. Өнөөдөртөө Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад харьяалагдаж байгаа учраас нийгэмтэйгээ алхаа гишгээ нийлэх учиртай. Орчин үеийн дуунуудаа бас дуулалгүй яах вэ.

-Та тайлан тоглолтоо хийсэн гэсэн. Сонин сайхнаас нь дуулгаач?

-“Алтан соёмбот дуулал” гэж урлагт зүтгэсний 50 жилийн тайлан тоглолтоо хийлээ. Зритель маш сайхан халуун дотно хүлээж авсан. Шинэ уран бүтээлүүдээсээ оруулсан. Өнөөдөр халуун цэгт байгаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа залуустаа зориулсан шинэ дуугаа ч дууллаа. Хуучныхаа дууг ч дууллаа.

-Жаран хүн дунд тоглолтоос хоцрох энэ тэр гээд асуудал гардаг байв уу?

-Тэр үед сахилга, зохион байгуулалт өндөр. Бусад уран бүтээлчдээс цэргийн зохион байгуулалттай гэдгээрээ л ялгаатай.

-Жаран харынхан гадаадад их явж тоглодог байжээ?

-Гадаадад социалист орнуудаар их явж тоглодог байсан. 1974 онд бид Чех, Герман, Польш, Унгараар явсан аялан тоглолтын зураг энэ байна.

-Хойд Солонгост бас цэргийн том найрал дуутай гэсэн үү?

-Аль ч оронд цэргийн том чуулга байдаг л даа. Хоёр хөршөөрөө жишээ татахад Хятадад ч том чуулга байна. Орост Александровын ансамбль гэж дэлхийд алдаршсан чуулга байна. Япон, Солонгост гэх мэтчилэн олон улсад цэргийн тодотголтой чуулга зөндөө байдаг.

-Таны хөгжим үлээж зогсоо зураг харагдсан. Хөгжим тоглодог байсан юм уу?

-Залуу байхад саваагүйтээд юм болгоныг оролддог байлаа. Гэхдээ нэг их мундаг хөгжимчин байгаагүй.

-Жаран харын бичлэг, цомог хэр их байдаг вэ?

-Байлгүй яах вэ. Дээр үед пянз гардаг байлаа. Монголын Ардын армийн дуу бүжгийн чуулга гэсэн ногоон, цэнхэр өнгөтэй хоёр пянз гарсан. Түүнд жаран харын үеийн дуунууд бичигдэж үлдсэн байдаг.

-Ойтой холбоотой ямар ажил хийгдэж байна?

-Ер нь бид хойшдоо урын сангаа залууст сурталчлах зорилгоор жаран хар, арван цагаан бие даасан хамтлаг, чуулга болсон л доо. Тэгэхээр зөвхөн Улаанбаатарт биш, Эрдэнэт, Дарханы Монголын зэвсэгт хүчин байгаа анги нэгтгэлүүддээ очиж жар, далаад оныхоо дуу хөгжим сонирхуулах зорилго бидэнд байгаа.

-Жаран хар тоглолтоо хийнэ гэхээр хуучны настай хүмүүс нь зонхилж байгаа болов уу гэж сонирхох байх?

-Та сая харлаа. Хэдийгээр манай ахмадууд оролцож байгаа ч өнөөдөр дуулж байгаа залуу уран бүтээлчид хамт тоглож байгаа шүү дээ. Тийм учраас зөвхөн эмээ, өвөө нар тоглож байна гэж ойлгож болохгүй л дээ. Манай залуус биднээс сурах юм байгаа. Бид ч бас залуусаас сурах юм бий. Харилцан бие биетэйгээ ойртон нягтрах, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлийн сангаас жар, дал, ная, ерээд оны уран бүтээлүүдийг дахин сэргээх зорилготой ажиллаж байгаа юм л даа.

-Энэ олон хүмүүст хөгжилтэй, хэцүү үе ч бий байх?

-Ер нь уран бүтээлч хүнд фактлах үе хааяа гарна шүү дээ. Наад зах нь дууг нь солиод зарлачих асуудал гардаг л юм. Эмэгтэй хүний нэр дээр гараад дуулахад сайхан санагдахгүй. Зритель нь дуучнаа хараад буруу зарлачихаж дээ гээд ойлгохоор юмнууд байна. Хөдөө гадаа явж байгаа тэр олон залуус наргиж цэнгэхгүй байна гэж үгүй. Инээдтэй, биенийгээ егөөдсөн юмнууд зөндөө л байдаг.

-Жаран харынхан тоглолтоо хийхэд дайчин нөхөр гэдэг шиг л дурсамж сэргэж байгаа даа?

-Мэдээж бүгд л миний таньдаг найзууд бий. Энэ тэр гэх юм алга. Одоо бид жил ирэх тусам цөөрөөд байна. Улам бие биенээ хайрладаг болоод байна. Цөөрөөд байгаа нь харамсалтай ч дараагийн үе маань нөхөгдөж орж ирж байгаад баяртай байдаг. Жаран хар тасрахгүй, үргэлжлэх юм байна. Бид жаран харын анхдагчид гэхэд дунд үеийнхэн дараагийн үеийнхэн ороод ирчихсэн байж л байна.

-Тоглолтын өмнөх бэлтгэл их хийсэн үү?

-Манайхан бэлтгэл их хийсэн. Миний хувьд би Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгатай хамтарч ажилладаг. Нөгөө талаар өөрийнхөө уран бүтээлийн тоглолт хийх гээд тэр бүр нөхөдтэйгөө хамт байж чадаагүй. Гэхдээ миний дайчин андууд өнөөдрийн тоглолтыг маш сайхан болгоно гэж бодож байна.

Categories
мэдээ цаг-үе

1072 хувьцаа зарах хийрхэлд даруйхан арга хэмжээ авахгүй бол тоглоом биш болох нь

Шинэ 22-ын товчоо, Эмээлт 2016.05.02-ны 24:00 цаг

Монгол Улсын Засгийн газраас иргэн болгонд “Эрдэнэс Таван толгойн” 1072 хувьцааг олгосон байдаг. Тэгвэл сүүлийн үед энэхүү хувьцаагаа иргэд бэлэн мөнгөөр бусдад худалдаж байгаа талаар цуу яриа гарах боллоо. Эдгээр хүмүүс Урт цагаан, Их дэлгүүр, 100 айл, Эмээлтэд бөөгнөрч хувьцаагаа зарахын тулд шөнөжин бужигнаж байгаа бололтой. Тиймээс бид бодит байдал дээр ямар нөхцөл байдал үүсээд байгааг сурвалжлахаар Эмээлтийг зорилоо. Оройн 22:00 цагийн орчимд хуучин 22-ын товчоогоор цааш гарав. Засмал замын хоёр талаар хоёр, гурваараа бөөгнөрсөн хүмүүс бүр сандал тавиад суучихаж. Зузаан хүрэм, малгай, өвлийн гутал өмссөнөөс нь харахад нэлээд бэлтгэлтэй ирсэн бололтой. Шинэ 22-ын товчоо, Эмээлт гээд цаашлах тусам зам дагасан хүмүүс нэмэгдэж байв. Хэд хэдээрээ бөөгнөрч зогссон хүмүүс машины гэрэл тусангуут бараг урдуур гүйж зогсоох нь холгүй дөхөж гүйлдэнэ. “Оргил”, “Элбэг төв” гэсэн хаягтай хоёр дэлгүүрийн гадаа очлоо. Төв цэг нь бололтой. Машин тэрэг ч тоймгүй. Харанхуй шөнийг эс тооцвол сунгаа болж байгаа гэлтэй. Замын хажуугаар эгнүүлэн тавьсан машинуудын дэргэд зогстол дөрвөн эмэгтэй хүрч ирээд цонхоор сүрхий шагайж харав. Бусдаасаа арай эгчмэд нэг нь “Биш юм шиг байна” гэвэл цаанаас нь өөр нэг эмэгтэй “Наанаасаа холд. Өөр газар машинаа тавь” гэж уцаарлангуй дуугарч байна. Яагаад тавьж болохгүйг нь лавлавал “Машин зогсохгүй ш дээ. Явган хүмүүсийг л машин ирж авч явдаг гэсэн” гээд ширэв татаад цаашаа алхав. Дэлгүүрийн ойролцоо машин битгий хэл хүн багтах ч зай алга. Энд, тэнд тойрч зогссон хүмүүс. Зарим нь ширээ сандал тавиад тухалчихаж. Хажуудаа халуун савтай цай, хоол хүртэл тавьжээ. Эмээлтээс гарч байгаа, орж ирж байгаа ямар ч машин явсан дээрх хүмүүс нүдээ ширгэтэл харах аж. Дэлгүүрийн үүдэнд очлоо. Арваад эрчүүд цугларчихсан хоорондоо хувьцааны талаар ярьж байна. Ахимаг насны эртэй цөөн хором ярилцлаа.

-Та энд юу хийж зогсч байгаа юм бэ. Хувьцаагаа зарах нь уу?

-Тийм л санаатай зогсч байна.

-Хэр удаан зогсч байна?

-Долоон шөнө зогслоо. -Найдвар байна уу?

-Мэдэгдэх юм л алга. Нэгэнт олон хоног зогсчихсон юм чинь зарж байж л явна даа.

-Танд хэдэн ширхэг хувьцаа байгаа вэ?

-Манай ам бүлийн дөрвөн хувьцаа байна. 4288 ширхэг хувьцаа. Уг нь зарчихвал овоо хэдэн төгрөг болчих гээд байдаг.

-Ер нь энд ингэж зогсоод хувьцаагаа зарсан хүн байна уу. Та хүмүүс мөнгө авч байхыг нь нүдээрээ харсан юм уу?

-Одоохондоо яг тэр мөнгө авч байна лээ гэсэн хүн харсангүй. Хүмүүс арван шөнө нойргүй хонож байж нэг юм зарлаа, гурван шөнө зогсоод зарлаа л гэх юм байна.

-Хэдэн төгрөгөөр авч байгаа юм бол?

-Өчигдөрхөн нэг эмэгтэй 1.8 сая төгрөгөөр зарсан гэсэн яриа байна. Би 800 мянган төгрөгөөр өгчихвөл болоо гэж бодоод байгаа. Энэ хавиар байгаа хүмүүс 500 мянгаар хүн авч байна гээд байгаа. Хэрвээ тийм хүн таарвал өгсөн ч яахав. Хар хүйтэнд хэдэн шөнө бээрч зогсох хүнд байна ш дээ гэв. Тэрээр эхнэр, садангийнхаа хоёр дүүтэй ирсэн гэнэ. Өөрөө хэсэг амарч эхнэрээ замын хажууд зогсоохоор “ээлж солигдоно” хэмээн машин руугаа яваад өгөв. Хажууд зогссон нэг дээлтэй ах “Өөрөө хэд хоног энд зогсч байгаа юм” гэж асууж байна. “Сая л ирлээ” гээд түүний асуултад хариулангаа бас хэдэн асуултад хариулт авлаа.

-Ямар хүмүүс ирж хүмүүсийн хувьцааг авдаг юм бол?

-“Ланд-200”, “Приус-20” болон хар ногоон өнгийн нэг микротой хүмүүс ирдэг гэсэн. Би тав хоног зогсохдоо лав барааг нь харсангүй. Ямар азтайнууд нь хувьцаагаа зараад байгаа юм бүү мэд. Хууль бус наймаа болохоор сэмхэн ирээд л тав, зургаан хүн ачаад аваад явдаг гэсэн.

-Хаашаа?

-Энэ өргөн гудамж руу ороод нэлээн явдаг гэсэн. Хурганат гэл үү дээ тэр газарт л очдог гэсэн.

-Авч явсан хүмүүсээ эргэж авчирч буулгадаг уу?

-Үгүй байх аа. Энд ирээд би хувьцаагаа зарчихлаа гэсэн хүнтэй лав таараагүй. Эмээлт өнгөрөхийн наахна нэг овоо байгаа биз дээ. Тэр овоон дээр буулгадаг гэж л ярьдаг. Энд ихэнх нь эмэгтэй хүмүүс байна. Харж байгаа биз дээ. Монголын эмэгтэйчүүд харанхуй шөнөөр зогсоод, юунаас ч айхаа байж. Нэг бодлын энэ бол эмгэнэл.

-Ямар хүмүүс хувьцаа авдаг гэх юм?

-Хэдэн залуучууд гэнэ лээ. Ард нь хятад хүмүүс байдаг гэж сонссон гэв. Ийн ярьж зогстол Эмээлтээс хот руу орох хөтөл рүү машинууд бөөгнөрөөд явчихав. Өнөөх залуу ч санд мэнд гүйгээд явчихлаа. Хүмүүс явган нь явган, унаатай нь унаагаа асааж бөөн юм болж очтол зам дагасан хүмүүсийн ар гэрийнхэн нь хоол авчрахаар ирсэн байж таарав. Цугларч, шавааралдсан хүмүүс тарцгаав. Хоорондоо “Би энд зогсч байсан. Чи энд байгаа” гэж маргалдах янзтай. Хэсэг эмэгтэйчүүд дээр очиж байр байдлыг ажиглавал “Хувьцаагаа зарчих юм бол хүүхдийнхээ хонхны баярын юмыг бэлдчих юмсан”, “Ингэж олон хоног зогссоных мөнгөний бараа харж байж явна даа”, “Хэд хоног энд хоосон хүлээж зогсоод ар гэр хэцүүдлээ. За яахав гэрийн ажил гэхээс ямар албан ажилтай биш”, “Мөнгөө аваад нэг сайхан саунд хонох уу бөөнөөрөө” гэж хоорондоо ярьцгаан тас тас хөхрөлдөх аж. Энд зогсох эмэгтэйчүүд ихэнх нь хөлөөрөө зузаан бүтээлэг ороож, өвлийн куртик өмсч, амны хаалт зүүжээ. Эрчүүд нь харин хөвөнтэй дээл өмссөн харагдана. Шөнийн 01:00 цагийн орчимд хувьцаагаа зарах сонирхолтой машинтай хүмүүс улам л нэмэгдэв. Харин авч байгаа гэх ямар ч машин ирсэнгүй. Замын хоёр талаар бүчсэн хүмүүс өнгөрсөн машин бүрийг угтаж, горьдлого тээсэн харцаар үднэ. Зарим нь хурдаа багасгаж явсан машинд хүртэл ороод сууж байгаа нь харагдав. Тэдний яриагаар бол ганц, хоёрхон машин чимээгүйхэн ирээд нууцаар дөрөв, таван хүн суулгаад аваад явчихдаг гэх. Гэхдээ зөвхөн эмэгтэй хүн авч байна. Эрчүүд авч явахаар мөнгө өгсөн хятадуудаа зодчихдог гэнэ. Тиймээс эмэгтэйчүүдийг авч яваад мөнгийг нь өгөөд симийг утаснаас нь салгаж хугалж хаяад “Симээ сэргээгээрэй” гээд 5-20 мянган төгрөг өгдөг гэх. Хувьцаагаа зарахын тулд брокер дилерийн газраас данс нээлгэж, хувьцаагаа баталгаажуулсан эрхийн бичиг, иргэний үнэмлэхтэйгээ байхад хангалттай гэнэ. Харин Эмээлт орчимд амьдардаг иргэн “Хүмүүс шөнөжин бөөгнөрөөд сар орчим боллоо. Үнэхээр төвөгтэй байна. Хүүхдээ ч салхилуулж чадахгүй. Ихэнхдээ л архи, дарс уусан, зодоон цохион хийсэн хүмүүс байх шиг байна лээ” хэмээн ярив. Цагдаагийнхан ирээд тараахыг хэд хэдэн удаа оролдсон боловч “Өөрийнхөө хөрөнгийг зарна уу, байна уу та нарт хамаагүй” гээд иргэд хавьтуулаагүй бололтой. Хэн, хэзээ, хаанаас гарч ирж хэдэн төгрөг өгөх бол гэсэн олон шөнө нойргүй хоносон хүмүүс 03:00 цагийн үед багширсаар үлдлээ.

ХУВЬЦААТАЙ ХОЛБООТОЙГООР ТӨР ЗАСАГ ЯМАР АЛБАН МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

1072 хувьцаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс хамтран өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамцаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааг иргэд худалдах, бэлэглэх боломжтой юу?

-Ямар ч боломжгүй. 1072 хувьцааг олон нийтэд арилжаалж байна, гар дээрээс худалдаж авч байна гэсэн яриа сар гаруй хугацаанд яригдаж хүмүүсийг тодорхой газруудад цуглуулаад байна. Засгийн газраас үнэгүй тараасан энэ хувьцаа өнөөдрийн байдлаар анх бүртгүүлж эзэмшсэн хүнээс өөр хүнд шилжихгүй байх нөхцөл нь хэвээр хадгалагдаж байна.

-Хэрвээ худалдаж авсан тохиолдолд өөр хүн ашиглах боломжтой юм биш үү. Эсвэл ямар ч үнэд хүрэхгүй зохиомол эрх юм уу?

-Энэ хувьцааг хэн нэгэн худалдаж авсан тохиолдолд ямар нэгэн байдлаар өмчлөх эрх үүсэхгүй, ашиглах боломжгүй. 2.5 сая хүний нэр дээр байгаа хувьцаа худалдах, худалдан авах, захиран зарцуулах бүх эрх Засгийн газрын шийдвэрээр хязгаарлагдсан байгаа. Энэ бол хүмүүсийг төөрөгдүүлсэн зохиомол явуулга. Холбогдох хууль хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа байх.

-Тэгвэл хэзээнээс ашиглах, зарж борлуулах боломжтой болох вэ?

-Хэзээнээс зарж, үрэх нь тодорхойгүй байна. Засгийн газар “Эрдэнэс Таван толгой”, “Эрдэнэс Монгол” зэрэг шийдвэр гаргах түвшний эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарч байж Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж дээр бүртгүүлээд хувьцаа олон нийтэд зарагдахад бэлэн болсны дараа өнөөдрийн яриад байгаа худалдах, бусдад бэлэглэх эрх үүсэх юм. Одоогоор ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй.

-Брокер дилерийн компаниудын хувьцааны данс нээлгэх үйлчилгээг түр зогсоосон байгаа гэсэн. Үнэн үү?

-Хэвийн ажиллаж байгаа.

-Хүмүүс хувьцааныхаа дансыг нээлгээд эрхийн бичиг авч байна гээд байгаа. Үүнийгээ худалдаж байгаа гэх юм?

-Тухайн иргэн арилжааны дансаа нээлгээд гэрээ байгуулна. Гэрээний нэг хувь л иргэдийн гарт очно. Тэрнээс ямар ч эрхийн бичиг олгох үндэслэл байхгүй. Харин брокер дилерийн газрууд арилжааны дансыг нь нээж өгөөд хувьцааг нь баталгаажуулж өгсний хураамж 5000 төгрөг авч байгаа. Хуурамч, худлаа, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл шүү гэж хэлмээр байна. Зарим нэг үнэт цаасны компани, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн болох нь тогтоогдож хуулийн хүрээнд хариуцлага тооцох болсон байгаа.

-Ямар компаниудад хариуцлага тооцсон бэ?

-Нийгэмд үймээн дэгдээсэнтэй холбоотойгоор зарим газрын үйл ажиллагааг зогсоочихсон, эрхийг нь түдгэлзүүлчихсэн байгаа. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас энд нэрийг нь дурдах хэрэггүй болов уу. Нэмж хэлэхэд Хөрөнгийн биржээр хувьцааны арилжаа явагддаг. Хувьцаа гар утас, гутал хувцас шиг гар дээрээс гарт дамжуулаад гэрээ байгуулаад худалддаг эд бараа биш. Ямар ч боломжгүй. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 83 хувийг төр, 17 орчим хувийг 2.5 сая иргэн, 0.06 хувийг 553 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр тус компани хуралдсан. Энэ хурлаараа ажлынхаа тайлангийн талаар болон дээрх хувьцааны талаар яригдсан гэсэн. Энэхүү хуралдаанаар компанийн зүгээс үнэн бодитой мэдээллийг олон нийтэд хүргэх байх. Үндсэндээ бүх талаас нь холбогдох байгууллагууд нь мэдээлэл өгөөд байхад энэ үйл ажиллагаа улам даамжраад, улам их хүн цуглаад байгаад харамсч байна. Худлаа ярьж байгаа хүмүүс бүгд л хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлийн төвийн дарга Б.Баатархүү:

-Хэчнээн газар иргэд хувьцаа худалдах нэрээр бөөгнөрөөд байна вэ?

-Нийслэлийн дөрвөн газар одоогоор ийм асуудал үүсгээд байна. Хаана гэдгийг нь хэлэх боломжгүй.

-Хувьцаагаа зарсан тохиолдол гарсан уу?

-Цагдаагийн ерөнхий газар холбогдох шалгалтыг хийсэн. Одоогийн байдлаар хувьцаа худалдан авсан, хувьцаагаа зарсан нэг ч тохиолдол тогтоогдоогүй. Энэ бол худал цуурхал. Иргэдийн ам дамжсан яриа.

-Та нарын зүгээс албадан тараах ч юм уу арга хэмжээ авч байгаа юу?

-Иргэдээс маш их гомдол ирж байгаа. Тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчид бөөн хүн бүчиж аваад явуулахгүй, түгшүүртэй байгаа талаар удаа дараа гомдол гаргаж байна. Хэрвээ дүүргүүдийн Засаг даргууд албадан тараах захиргааны шийдвэр гаргавал цагдаагийн байгууллага холбогдох ажлыг зохион байгуулахад бэлэн байна.

-Хүмүүс олноор ингэж цугларах нь гэмт хэргийн шалтгаан болж болох. Зарим хүмүүс хүчингийн хэрэг, хүн хулгайлсан хэрэг гарсан хэмээн ярьж байна?

-Одоогоор ноцтой хэрэг гараагүй байгаа ч цаашид энэ замбараагүй байдал даамжирвал ноцтой хэрэг гарахгүй гэх газаргүй. Гудамж талбайд хог ил задгай хаях, архидан согтуурах явдал их гарах болсон. Тиймээс Цагдаагийн байгууллага үргэлжлүүлээд иргэдэд санаатай цуурхал тарааж, иргэдийг цуглуулж байгаагийн цаана ямар хүмүүс байгааг тогтоож илрүүлэх болно. Ямар санаа зорилготойгоор ийм зүйл тарааж байгааг тогтоож улмаар хариуцлага тооцох алхмуудыг шат дараалан зохион байгуулна. Иргэдийн ам дамжсан бүх яриан дээр шалгалт хийж байгаа. Нийгмийн дэг журам зөрчигдөж, цаашдаа жагсаал цуглаан болж хувирах вий гэдэг дээр анхаарч ажиллах болно. Мөн ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Хувьцаатай холбоотой мэдээллийг ард иргэдээс цагдаагийн 102 болон тусгай дугааруудад авах болно.

-Саяхан машинтай нөхөр мөнгө тараасан. Үүнтэй холбоотой юм биш үү?

-Анх А гэгч иргэн 1072 хувьцааныхаа бүртгэлийг идэвхжүүлэхдээ энэ мэдээг цацаж эхэлсэн болохыг бид тогтоосон. Энэ иргэнийг шалгаж, мэдүүлэг авсан байгаа. Харин машинтай залуус мөнгө тараасан тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн. Тухайн иргэн согтуурсан үедээ эхнэртэйгээ муудалцаж мөнгө тараасан болох нь тогтоогдсон гэсэн хариулт өгсөн юм. Харин “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа хариуцсан мэргэжилтэн Ц.Төмөрсүх “Манайх өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Байгууллагын жилийн тайлан, тооцооны талаар хуралдсан. Одоогоор нэг ч хувьцаа арилжаанд гараагүй байгаа. Тиймээс хүнд дамжуулах эрхгүй гэсэн үг. Мэдээж арилжаанд гараад иргэдэд хүрээд эхэлбэл таатай байх болно” хэмээн байр сууриа илэрхийлэв.

1072 хувьцааны хийрхлийн ард юу байна. Бодитбайдал дээр ямар байгаа вэ?

Хувьцаагаа худалдах сонирхолтой иргэд сар гадаа хонолоо. Анх Урт цагаан дээр шөнө, өдөргүй хонож, бужигнаж байж хувьцаагаа зарлаа хэмээн цуурхдаг байсан бол Их дэлгүүр хүртэл газар авч хүмүүс бөөгнөрөх болж. Улмаар 100 айлын ойролцоо хувьцаа авдаг хүмүүс байна гэж бас хэсэг бужигнан 32-ын тойрог хүртэл даамжирч. Ингээд хотын төв, төвөөс гэр хороолол чиглэсэн цуглараан зогссонгүй. Харин ч хотын зах руу тэлж хуучин 22-ын товчоо, улмаар Эмээлт хүрч, Цанын бааз хүртэл хүмүүс зам даган шөнөжин асар олон хүн цуглаж байна. Эдгээр хүмүүс өлсгөлөн барс мэт ойр хавиар амьтан хүн явуулахгүй, машин тэргийг нь бүчиж нийгмийн амгалан тайван байдлыг эвдэх боллоо. Эдгээр хүмүүсийн бөөгнөрлийг дагаад хуушуур, шорлогийн наймаа, биеэ үнэлэгчид эргэлдэх болсон тухай мэдээлэл байна. Хэрвээ даамжрах юм бол хүний наймаа, хүчингийн хэрэг ч гарч мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгааг оршин суугчид хэлж байлаа. Нийгэмд ийм үймээн самуун үүсээд сар болж байхад хууль хяналтынхан нь яагаад ямар нэг арга хэмжээ авахгүй байна вэ. Ямар учраас шөнөжин хээр хонож байгааг цэгцлэхгүй байна вэ. Хувьцаагаа зарах сонирхолтой гадаа хонож буй эдгээр хүмүүс гэнэн тэнэгтээ тэнд зогсоод, дуртайдаа хээр хоноод байгаа гэвэл эндүүрэл. Ард түмний энэ үйлдлээс юу харагдаж байна. Гол шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл. Ард түмний ядуурал, ажилгүйдэл тартагтаа тулчихсан учраас ийм хэмжээнд хүрч байгаа болов уу. Учир нь хувьцаагаа зарахаар унтах нойргүй, идэх хоолгүй, нүдээ ширгэтэл хувьцаа авах хүн ирэх болов уу гэж горьдлого тээгсэд дандаа гэртээ суугаа ажилгүйчүүд. Ялангуяа эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байна. Тэд энэ мөнгийг авчихвал амьдрал нь шийдэгдэх гээд байгаа юм шиг л ярьж байна. Хэрвээ өөрийн гэсэн ажилтай, тогтмол орлоготой, дутагдах гачигдах зүйлгүй бол яалаа гэж ийн цөхрөнгөө барж, нийгэмд адлагдаж зогсох билээ. Орой ажлаа тарж ирээд л аль болох эртхэн амрахыг бодно. Гэтэл энэ хүмүүс шөнөжин сэлгүүцэж, хайран цагаа хумслан хэн нэгнийг царай алдан сууна. Тэдний буруу биш. Нийгэм ийм өнгө, төрхтэй болсны илрэл. Бодит амьдрал ийм л байна. Нөгөө талаар шөнө болгон хэн нэгэн ирж тодорхой хэмжээний мөнгө өгч байгаа болоод хүмүүсийг бүтэн сар тэнд уяад байгаа байх. Гэхдээ хаана, хэзээ, хэн, хэнд мөнгө өгсөн нь нууц үлдээд байдаг. Ямар ч байсан хэн нэг нь тодорхой хэмжээний мөнгө авчихаад бусдадаа ийм яриа тараасан байж таараа. Түүнчлэн ганц, хоёроор нь хэсэг бүлэг хүмүүс авч яваад мөнгө авсан мэтээр ярих болзолтойгоор 200-300 мянган төгрөг тарааж байгаа тухай яриа ч байна. Саяхан 00-06 УНК улсын дугаартай “Жи класс” машинтай нөхөр гэгээн цагаан өдрөөр хүмүүст 10000, 20000 төгрөгийн дэвсгэрт тараасан. Энэ ажиллагаа иргэдийг нэг газарт төвлөрүүлэх, гадаа байлгах бас нэгэн оролдлого юм биш үү. Сүүлийн үед ямарваа нэг жагсаал, цуглаан явуургүй, оролцогчидгүй болчихсон. Иргэд өргөн хүрээг хамарсан, ямар нэг байгууллага, аж ахуйн нэгжийн ашиг сонирхолтой жагсаалд оролцох сонирхол ч үгүй болсон. Тэгвэл хувьцаа нэрийн дор ингэж хүмүүсийн бөөгнөрөл үүсгэх нь хэнд ашигтай юм бол. Үүний ард байгаа хүмүүсийн эцсийн зорилго нь иргэдийг ямар ч хамаагүй байдлаар гадаа бөөгнөрүүлэх. Энэ их хүчийг хэрхэн юунд ашиглах гээд байгааг ухаж бодож үзсэн хүн байна уу? Авлигатай тэмцэх газар, Цагдаа, цэрэг хүчний байгууллагууд үүнийг нягтлан шалгах хэрэгтэй. Нийгэм тэр аяараа 1072 хувьцаагаар хийрхчихээд байна. Амтай болгон нь энэ хувьцааны талаар ярьж байна. Хэрвээ “Чингисийн талбайд хувьцаа тарааж байна” гээд цуу яриа тараачих юм бол цаг ч хүрэхгүй хугацаанд талбай багтах шингэх зайгүй болно. Ингэж иргэдийг үй олноор цуглуулчихаад дохио өгөх л үлдлээ. Тэднийг хэн нэгэн зохион байгуулалттайгаар ямар нэг дохион дор нэгтгэж байгаа нь хэн ч харсан тодорхой байна шүү дээ. Ингэх нөхцөл нь бүрдчихээд байна. Өгөх дохио ч тодорхой. Талбай дээр үй олон хүнийг цуглуулчихаад “Та нарын хувьцааг энэ ордонд сууж байгаа эрх мэдэлтнүүд өгөхгүй байна. Та бүхний өмч учраас нэхээд ав” гэсэн хоёрхон өгүүлбэр хэлэхэд л хангалттай. Үүний дараа юу болох нь ч тодорхой, маш ойлгомжтой болчихоод байна. Тиймээс төр засаг, холбогдох хууль хүчний байгууллагууд анхаарах цаг нь ирчихээд байна. Ямар нэг тодорхой алхмуудыг хийх хэрэгтэй. Тэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь байдаг юм бол яаралтай хуралдаж арга хэмжээ ав. 1072 хувьцааг нэхэх нь хэнд ашигтай вэ. Энэ үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Нийгмийн сэтгэл зүйгээр үнэхээр тохуурхаж, доог тохуу хийж байна. Золиос нь энэ ард түмэн. Улангассан ард түмэн. Нийгэм иргэдийнхээ мэдрэлээр тоглож тэсрэх хэмжээнд аль хэдийнэ хүргэчихээд байна. Хувьцаагаа зарахаар шөнөжин зогсч байгаа тэдэнд ганц шөнийн нойр, хоол юу ч биш. Улайрчихсан. Хувьцааг нь авахгүй гээд хажуугаар нь өнгөрсөн нэгнээ баян, тарганаар нь дуудаж хараан зүхэж байна. Бужигнасан хүмүүс дунд хоцорсон нэг нь “Би мөнгөнөөс хоцорчихлоо” гэж чарлан, хашгичиж, сэтгэл зүй нь чинээндээ тултал хөвчирч байгааг ойлгохгүй байна гэж үү. Хувьцааг тойрсон асуудал үнэндээ тоглоом биш болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Сүх-Очир: Зэвсэглэсэн этгээдүүд тасралтгүй буудаж, НҮБ-ын энгийн ажилчдын байр руу гранат шидэж дэлбэлэх гэж оролдсон

Монголын Зэвсэгт хүчний ахлагч Э.Энхээ, ахлагч С.Эрдэнэбилэг нар алан хядагчид зэр зэвсэг булж байгааг олж хараагүй байсан бол дэлхийн хамгийн олон буюу 120 мянган дүрвэгч амьдарч байгаа хуаран үнсэн товрого болох байж. Мөн олон мянган хүн амь насаа алдах аюул маш ойрхон байжээ. БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн энхийг сахиулагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар энхийг сахиулагчийн үүргээ сэтгэл зүрхээ зориулан гүйцэтгэж чадсанаар олон мянган хүний амь нас аврагджээ. Мөн манай улсын батальоны энхийг сахиулагчид өнгөрсөн сарын 25-нд галт зэвсэгтэй халдлагыг таслан зогсоож чадсан байна. Монгол цэргүүдийн байгуулсан гавьяат үйлсийн талаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн цэргийн багийн Штабын дарга, дэд хурандаа Ж.Сүх-Очиртой холбогдож ярилцлаа.

-Та бүхний удирдаж байгаа мотобуудлагын батальоны ахлагчид олон хүний амь аварсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энд цагийн байдал тогтвортой байгаа хэдий ч БНӨСУ-ын дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Засгийн газрын эсрэг хүчний удирдагч Риека Машар 2016 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр бидний байрлаж байгаа Жубо хотод ирэх гэж байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Манай ахлагчид ажил үүргээ сайн гүйцэтгэж олон мянган хүний амь насанд халдах гэж оролдсон байдлыг таслан зогсоож чадсан. Өнгөрсөн сарын 25- ны шөнө харуулын цэг дээр гуравдугаар мотобуудлагын батальоны ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар ажил үүргийнхээ дагуу шөнийн харуулд гарч байсан юм. Хол, ойрын зүйл харагдахгүй харанхуй байсан гэсэн. Харуулынхаа цэг дээрээс ойр хавьд сэжигтэй ямар нэгэн хөдөлгөөн болж байна уу гэж хяналт тавьж байсан юм байна лээ. Тэгтэл орон нутгийн дүрвэгчдийн хуарангийн ойролцоох газарт хөдөлгөөн илэрсэн байдаг. Шөнө болохоор сайн харагдахгүй байсан юм билээ. Ямар ч байсан хэсэг хүмүүс газар ухаж ямар нэгэн зүйл нууж байгаа бололтой харагдсан гэсэн. Ингээд дээд удирдлагуудад шууд мэдээлэл өгсөн. Бид ч харуулын цэгээс ирсэн мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч, маш богино хугацаанд бэлэн байдалд шилжиж, хүчээ зузаатгасан. Нөгөө хүмүүс ч ямар нэгэн зүйлээ булж дуусгаад сандарсан байдалтай яваад өгсөн байсан. Ингээд НҮБ-ын болон орон нутгийн дүрвэгчдийн хуарангийн ойролцоох газарт шалгалт, үзлэг хийсэн юм. Шалгалтаар их хэмжээний галт зэвсэг зэрэг зүйлс илэрсэн юм.

-Галт зэвсэг нуусан хүмүүсийг олж илрүүлсэн үү?

-Холбогдох байгууллага нь тогтоох байх. Ер нь албаны хүмүүст янз бүрийн таамаглал байгаа. БНӨСУ-ын дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Риека Машар ирэхийн урьд өдөр 120 мянга гаруй хүн амьдарч байгаа дүрвэгчдийн хуарангийн ойролцоо зэр зэвсэг нуусан нь ямар нэгэн алан хядагч бүлэглэлийн хийсэн зүйл гэж таамаглаж байгаа гэсэн. Бүлэглэл БНӨСУ-ын дэд ерөнхийлөгч Риека Машар төдийгүй маш олон энгийн иргэний амь насыг хохироох үйлдэл хийхээр төлөвлөж байсан байх гэж таамаглаж байна. Олон мянган хүний амь насыг хөнөөх гэж байсан үйлдлийг БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны алба хаагчид таслан зогсоож чадсан. Одоогоор зэвсэг булсан гэмт хэрэгтнүүд баригдаагүй гэж дуулдсан.

-Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар энэ талаар юу гэж ярьж байна вэ?

-Үүрээр харуулын цэг дээр ажиглалт хийж байтал хүмүүсийн бүртэлзэж байгаа нь харагдсан гэсэн. Хурдан хөдлөөд, сандарсан байдалтай байгаа нь сэжигтэй харагдсан байгаа юм.

Энэ хоёр ахлагчийн тухайд, Энхмаагийн Энхээ 150 дугаар ангид ажилладаг. Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн. Эхнэр, охиныхоо хамт хамт амьдардаг. Э.Энхээгийн ээж нь Зэвсэгт хүчинд олон жил ажиллаж байгаа хүн. Ахлах ахлагч цолтойгоор одоо ч гэсэн ажиллаж байгаа. Харин С.Эрдэнэбилэг Онцгой байдлын аврах тусгай ангид аврагч усчингаар ажилладаг. Зэвсэгт хүчин, Онцгой байдлын алба хаагчид маань хамтарч олон хүний амь насыг аварлаа.

-Үүнээс гадна өнгөрсөн сарын 25-ны орой халдлага болсон гэсэн үү. Үүнийг бас л манай цэрэг эрс маш аюултай нөхцөлд зогсоож чадлаа?

-Тийм ээ. Бэнтью хотод 2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 20:40 цагаас эхлэн НҮБ-ын бааз болон дотоодын дүрвэгсдийн хуаранд халдсан халдлагыг манай бие бүрэлдэхүүн амжилттай няцааж чадсан. НҮБ-ын баазын зүүн өмнө зүгт 250 орчим метрийн зайнаас ойролцоогоор 40 гаруй сумаар чиглэсэн болон үргэлжилсэн буудлага хийсэн. Бид харуулын цэгүүдийг хүч нэмэгдүүлж, шуурхай бүлгийн бүрэлдэхүүнээр хуягт техникүүдийг гаргаж, хүчжүүлсэн хамгаалалтыг богино хугацаанд зохион байгуулсан. Зэвсэглэсэн этгээдүүд 30 гаруй удаа буудахын зэрэгцээ гар гранатомётоор дахин буудлага явуулсан. Түүгээр зогсохгүй НҮБ-ын энгийн ажилчдын байрлал руу буудаж, НҮБ-ын бааз руу гар гранатомёт (РПГ-7)-оор буудсан юм. Азаар гранат нь НҮБ-ын энгийн ажилчдын байрлал болон нисдэг тэрэгний зогсоолын ойролцоо унаж, тэсрээгүй өнгөрсөн. Гранатыг НҮБ-ын мина хайгуул устгалын бүлгийн бүрэлдэхүүнтэй хамтран аюулгүй болгосон байгаа. Буудлагын үеэр манай цэргийн баг болон НҮБ-ын ажилтнуудын хувьд ямар нэгэн хохирол амсаагүй. Олон арван хүнийг аймшигт эрсдэлд орох, амь насаа алдахаас урьдчилан сэргийлж чадсандаа баяртай байгаа. Энэ нь манай цэргийн багийн захирагч, удирдлагаас богино хугацаанд шийдвэр гаргаж, удирдах, хамгаалалтыг зохион байгуулах болоод шуурхай бүлэгт томилогдсон бүрэлдэхүүн, цагийн манаачдын үүрэг гүйцэтгэх ур чадвар өндөр байгаагийн нэг илрэл гэж хэлж болно.

-Монгол Улсаас БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа та бүхэнд олон газраас баяр хүргэсэн гэж байна лээ?

-Монголын Зэвсэгт хүчний 2002 оноос эхлэн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн байдаг юм. Үүнээс хойш Монгол Улсын зэвсэгт хүчний үе үеийн алба хаагчид маш өндөр чадвартайгаар үүргээ гүйцэтгэж ирсэн. Мэргэжлийн маш өндөр түвшинд үүргээ гүйцэтгэдэг гэж хэлж болно. Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны хувьд ч гэсэн нэр төртэйгөөр үүргээ гүйцэтгэж байна. Бидэнд маш олон газраас баяр хүргэж байгаа. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон бидэнд дөнгөж сая талархал ирүүлсэн. Талархалдаа “Даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцохдоо сонор сэрэмжээ алдалгүй үүргээ нэр төртэй гүйцэтгэж Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхийн тавцанд мандуулж байгаад Батлан хамгаалах яамны удирдлагын зүгээс болон хувиасаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна. Аюулыг холдуулж олон мянган хүний амь насыг аварсан цэрэг эрсдээ тусгайлан баяр хүргэе” гэсэн байсан. Мөн БНӨСУ-ын UNMISS ажиллагааны удирдлага, хойд секторын командлал, батальоны удирдлагууд баяр хүргэсэн байгаа. Мөн олон орны энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргүүд баяр хүргэж байна. Энгийн иргэд ч баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ халдлага болгоныг таслан зогсоох нь бидний үүрэг. Хийх ёстой ажил шүү дээ гэв.

Дашрамд дурдахад, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжид 850 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчдын 40 гаруй хувь нь олон улсын болон НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай бөгөөд цэргийн багийн захирагчаар хурандаа Б.Баатар ажиллаж байгаа аж. Энэ цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэдний 38 буюу нийт бүрэлдэхүүний дөрвөн хувийг эмэгтэй цэргийн алба хаагчид эзэлж байгаа гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ишдоржийн Цэрэнжамц: Арван тавтай хөвгүүн би дорнын их найрагчийн өрөөнд шүлгээ уншиж байв даа

Төв цэнгэлдэхэд Мөөеө аварга, Баянаа аварга нар ханхайтал орж ирээд зүлэг ногоон дэвжээгээ тойроход үзэгчдийн сэтгэл булгилан догдолж, цаанаа л нэг тааламжтай аадар шаагих мэт алга ташин угтдаг. “Жижиг” Сүхбат аварга барилдахгүй ч гэлээ гандмал хүрэн тэрлэгтэйгээ орж ирэхэд олон түмэн уухайлан “хайр зарладаг”. Түүн лүгээ адил “Болор цом” болоход уран элэглэгч И.Цэрэнжамц гуайг алтан тайзнаа гарч уран шогоо хэлэхгүй бол үзэгчид цаанаа л нэг намдуухан намуухан байдаг. Монголын элэглэлийн нэрт мастер, соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч Ишдоржийн Цэрэнжамцтай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр хуучнаар Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байна. Сахарын хэмээх аюулт өвчин нь Санжийн Пүрэв зохиолчийг зовоосон шиг шаналгаад эмнэлэг бараадсан нь энэ ажээ.

-“Болор цом”-ын эздийн чуулган хэмээх мундаг тоглолт Соёлын төв өргөөнд энэ сарын 4-ний өдөр болох гэж байна. “Болор цом”-д та л элэглэл уншихгүй бол давсгүй хоол шиг санагдаад байдаг. Танд энэ тоглолтод орж элэглэл уншаач гэсэн хүсэлт ирэв үү?

-Одоогоор тийм санал ирээгүй л байна. Хэрвээ ирвэл очиж элэглэл уншиж болно шүү дээ.

-Та элэглэл уншихдаа өөрөө огтхон ч инээхгүй атал үзэгчдийн элэг хөшчих гээд байдаг. Таны энэ гайхамшигтай чадварыг үзэгчид их талархалтай хүлээж авч байгаа харагддаг?

-Хошин шог зохиолчид тайзан дээр шүлгээ уншина гэдэг чинь үндсэн ажлаа хийж байна гэсэн үг. Ажлаа хийж байхдаа, барилгачин туйпуу өрж байхдаа, оёдолчин хувцас урлаж байхдаа тачигнатал хөхрөөд байдаггүй биз дээ. Тэрэнтэй л адил шог зохиолч хүн өөрөө инээх учир байхгүй. Хэрвээ үзэгчдийг дагаад инээчихвэл бараак (гологдол) гаргаж байна аа гэсэн үг. Шог зохиолч хүн үзэгч олон түмнийг анзаарч аль хэсэг дээр их инээж байна вэ гэдгийг мэдэрч байх ёстой. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бүтээлийг хянаж байх учиртай.

-Дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөсөн 1945 он Монголын их утга зохиолд Бавуугийн Лхагвасүрэн, Балжирын Догмид, Дөнгөтийн Цоодол зэрэг олон сайхан уран бүтээлчдийг төрүүлж өгсөн байдаг. Та бол дөчин таван оныхонтой л яах аргагүй дөрөө харшсан онжав нь мөн дөө?

-Би их утга зохиолд орохын тухайд эднээс арай эрт хөл тавьсан хүн шүү дээ. Санхүүгийн техникумд сурч байхдаа арван тавхан настай хөвгүүн би дорнын их найрагч Бэгзийн Явуухулантай уулзаж, өрөөнд нь шүлгээ уншиж байв даа. Цоодол, Лхагвасүрэн нар сураггүй байсан тэртээх зууны жаран нэгэн оны юмыг чамд ярьж байна шүү. Хэдий ийм эрт хөл тавьсан ч санхүү бүртгэлийн ажил хийгээд утга зохиолоосоо нэг хэсэг хөндийрчихсөн юм. Ахин эргэж бичиж эхлэх үед Явуу найрагч яруу найргийн секцийн эрхлэгчийн ажлаа Дэндэвийн Пүрэвдорж гуайд өгчихсөн учир би дараагийн үеийн Зундуйн Дорж, Бямбажавын Хүрэлбаатар нартай нэгэн цаг үед харьяалагдах болсон хэрэг. Би дөчин таван оны тахиа жилийн хавар төрсөн юм билээ. Ээж минь надад “Чи төрөөд гэрт багтахгүй, ямаа ишиглээд хотонд багтахгүй байсан. Миний зуны эхэн сард төрсөн шүү” гэж захисан. Тэрийг нь хөөгөөд үзэхээр ихрийн ордод төрсөн байдаг. Ихрийн ордоо үхрийнх гэж их андуурч явсан. Тэр үеийн сүрхий тэмдэглэлт өдрөөр төрсөн өдрийг минь аваад паспорт дээр бичүүлчихгүй юу. Одоо бодоход тавдугаар сарын 13 хавьцаа юм билээ. Тэгээд өөртөө зориулж “Их дэлгүүрийг их орос гэж эндүүрчээ.

Путин болох будаа!

Ихрийн ордоо үхрийн орд гэж андуурчээ.

Пушкин болох ч будаа” гэж бичсэн. Пушкин ихрийн орд юм билээ, уг нь.

-Паспортын чинь төрсөн өдрөөр тантай хөөрөлдөж байгаа юм байна. Аргын тооллын төрсөн өдрийн чинь мэндийг хүргэе!

-Яг өнөөдөр юм байна ш дээ. Миний паспортын мэндэлсэн өдөр ирсэн учраас их зарчимтай, зөвхөн номон бэлэгтэй ирж байгаа юм байна шүү дээ, чи. Паспортын төрсөн өдөр биш миний төрсөн өдөр ирсэн бол өөр юмтай ирэх байсан нь лавтай (инээв).

-Явуухулан гуай дээр “арван таван наст капитан” шүлгүүд барьж очив уу?

-Тэр үеийн Зохиолчдын хороо Засгийн газрын ордон дотор байсан юм. Ордон руу ордог пропускийн товчоо Үндэсний түүхийн музейн байранд байдаг байсан. Оюутан хүүхдийн хувцас хунар харчихаад пропуск бичиж өгөхгүй шүү дээ. Жаран хоёр онд Зохиолчдын хороо Улсын мөрдөн байцаах газрын байранд ороход Явуу дээр орж шүлгээ уншиж өгч байлаа. Цав цагаан костюмтай, цав цагаан царайтай залуу “Илиада”, “Одессей”-г оросоор уншаад сууж байсан. Арын хананд нь Пушкины жигтэйхэн гоё том зураг өлгөөтэй. Нутаг ус, сургууль асуулаа. Завханых, Санхүүгийн техникумд сурдгаа хэллээ. Шүлгээ унштал сайн ч гэж хэлээгүй, муу ч гээгүй, бичээд бай л гэсэн. Долоо хоног шүлгээ завсар зайгүй бичээд ирж уншина. Тэр үед хэн хэн Явууд шүлгээ уншиж байв гэхээр Ш.Сүрэнжав Их сургуулийн оюутан, П.Пүрэвсүрэн Улсын багшийн дээд сургуулийн түүх-газар зүйн ангийн оюутан, Ш.Дулмаа Эвлэлийн төв хорооны ажилтан, соёлын гавьяат болдог П.Сандуйжав, яруу найрагч Еэгийн Чулуун, сүүлд орчуулга хөөгөөд явчихсан сайн шүлэгтэй Батцэнгэлийн Бямбажав бид уншдаг байлаа. Явуухулан Нийслэлийн залуу зохиолчдын нэгдлийг байгуулахад нэг номерт намайг бүртгэж авсан байдаг. Хоёр номерт Б.Бямбажав, гуравт Ш.Сүрэнжав бичигдсэн. Явуухулангийн нэгдлийн бүр анхных нь гишүүн би юм шүү. Явуугийн нэгдлийнхнээс 1963 онд Сүрэнжав, банхар Пүүжээ, Жамцын Шагдар гурвын ном шалгаран хэвлэгдэж байлаа. Тэр үед Данзаннямын Шагдарсүрэн л номоо гаргасан байсан.

-Дараагийн үеийнхэнтэйгээ дахин утга зохиолд орж ирсэн түүхээ хуваалцаач?

-З.Дорж, Б.Хүрэлбаатар, Ламжавын Лувсандорж эд нарын үе л дээ. Тэдэнтэйгээ шүлэг зохиолоо уншина. Би дээшээ ч үерхэнэ, доод үеийнхэнтэйгээ ч нөхөрлөнө. Тэгэхээр нэлээд чөлөөтэй цыган байгаа биз. Миний анхны “Цэнхэр агь” түүвэр бараг наяад оны өмнөхөн хэвлэгдсэн юм шүү. Пүрэвдорж найрагч миний тэр номыг үзчихээд “Чи ер нь хошин шог руу орвол яасан юм бэ” гэснээр хошин талыг бариад явчихсан юм. Б.Лхагвасүрэн, Л.Лувсандорж нар цойлон гарч ирээд “Ер нь би яруу найргийн бичлэгийн хувьд жаахан хуучиндуу юм уу даа” гэж өөрийгөө ч голж байсан. Ингэж л хошин тал руугаа орсон доо.

-“Болор цом” гучин хэдэн жил болоход та хэдэн удаа элэглэл уншсан байх юм?

-Тийм ч олон уншаагүй дээ. Арваад жил л уншсан байх. Пүрэвдорж гуай анх зохион байгуулахад уншиж байсан.

-Таны цээжинд олон сайхан элэглэл бэлэн зэхээний л байж байгаа даа?

-Элэглэл хийнэ гэдэг тийм амар ч юм биш. Пунцагийн Бадарчийг гэхэд бүтэн хоёр хоног дагаж явж байж элэглэл бичиж байлаа. Тэр хүнийхээ зан араншинг ажиглаж, зохиолын онгодлог чанар, зохиолын өөг нарийн анзаарч, сэтгэлгээний ямар эгзэгтэй байдал байна вэ, тэр бүхнийг анхаарна даа. Бадарчийгаа хоёр өдөр дагасных

“Эхнэр бид хоёрын хуримын хос бөгж алтан эрдэнэ

Эхний номын авсан шагнал мөнгөн эрдэнэ

Идээ будаанд гэрэлтэх хамар шүрэн эрдэнэ

Энх хил дээр зүүсэн погоон номин эрдэнэ

Эрдэнэсантаас сурвалжилсан бүсгүй Оюун-Эрдэнэ

Эрээн зангианы шармал хавчаар зэс эрдэнэ

Эцсийн хоёр араа хүртэл ган эрдэнэ

Эрхэм найрагчийн зоосон толгой сувд эрдэнэ

Энэ биеэрээ Бадарч есөн эрдэнэ” гэж бичсэн. Эх бүтээлээр нь хийхээс гадна хүний үйлдлээр элэглэл хийж болно.

ЭРДЭНЭЧИМЭГ ГИШҮҮНИЙ ЗУУЛТАН ДОР БҮХ ТАМХИЧИД БАЙГАА

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч И.Цэрэнжамцтай уулзаж хөөрөлдлөө. Завхан аймгийн Сантмаргац сумын “Шивээт” хэмээх газар мэндэлсэн хошин шог зохиолын нэрт мастер маань “Цэнхэр агь”, “Үүл нүүсэн хөх тэнгэр” яруу найргийн түүвэр, “Хошин өргөө”, “Хүрэл инээмсэглэл”, “Өрлөн цод”, “Уянгын хошин холбоо” хошин шогийн түүврүүд, “Инээдмийн товчоо-1, 2” боть, “Би бүрхтэйгээ самнуулсан зараа”, “Чинжүү шиг, чихэр шиг” номууд туурвиж, хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравтай хамтран “Учиртай дөрвөн толгой” хошин дуурь, “Миний хөөрхөн хонгорхон үрс” драмын жүжиг үзэгчдэд толилуулжээ.

-Бүтээлээр нь элэглэл хийхээс гадна хүний үйлдлээр хийж болно гэлээ. Та нэг сайхан жишээ хэлээч?

-Би нэгэнтээ Сүрэнжавыг

“Ном уншихдаа цагаан шилээ зүүдэг

Номер цоллохдоо ягаан шилээ зүүдэг

Нойрноос сэрэхдээ ногоон шилээ зүүдэг” гэчихгүй юу.

-Сүрэнжав гуай жигтэйхэн их уурлав уу?

-Юундаа уурлахав. Харин ч хариу барьж

“Дагз нь үсээ барихаа байсан

Давсаг нь шээсээ барихаа байсан

Данс нь балансаа барихаа байсан” гэж явуулсан. Элэглэл гэдэг чинь ийм л лүдий юм байгаа юм даа. Ер нь тэгээд хошин шог чинь давсан ухаан байгаа юм.

-Давс шиг гашуун ухаарал гэсэн үг үү?

-Давс шиг биш л дээ хө. Хүнийг давах ухаан байхгүй юу. Дутуудуулаад шидчихвэл юу ч болохгүй. Доромж юм уу, гүтгэлэг болчихно. Хүний доог болно.

-Харин одооны элэглэл уншаад байгаа нөхөд та нарыг ердөө гүйцэхгүй санагдаад байдаг юм?

-Одоо элэглэл уншиж байгаа хүн байна уу. Би сайн мэдэхгүй юм. Орост дээр үед Иванов гэж сүрхий шогч байсан. Элэглэл чинь тодорхой нэг бүтээл дээр л төрдөг төрөл юм даа. Тэрнээс манайхан чинь хажуугаас нь хараад нөхөрсөг шог хийгээд байх юм. Жишээ нь, Бавуугийн Лхагвасүрэнгийн “Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ

Азгүй хүн ээ би.

Аманд багтдаг байсан хөөрхөн хөл нь

Алтан дэлхийг онож ядан дэнчигнэнэ” гэдэг шүлэг байдаг даа. Яг энэ шүлэгт л элэглэл хийх ёстой юм. Би энэ шүлэгт элэглэл хийлээ гэж бодъё. “Амрагаа би согтуу явахыг үзлээ, азгүй хүн ээ би.

Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь

Аугаа орчлонг онож чадахгүй дэнчигнэнэ” Амрагийн хөл аманд багтана гэдэг чинь хөлийг нь мөөм шиг хөхдөг байх нь байна шүү дээ. (инээв)

“Залуу насны хань ижлийн дундуур

Завсар оруулахгүй гэж ам өгсөн чамайг

Бүдрэхдээ бүдрэх хорвоогийн жамд

Бүртийтэл орхих сэтгэл надад байгаагүй.

Ах нь дүүгээ согтуу явахыг хараад

Арилжааны банк дампуурах шиг уйтай” Одоо мань эр зай бариад эхэлж байгаа биз. Түрүүн “Амрагаа” гэж байснаа одоо “Ах нь дүүгээ…” гээд сэтгэл нь холдоод явчихаж байна шүү дээ.

“Ахыгаа чи саятан гэж бодов уу

Салахгүй юунд утасдаад байна.

Чи бид хоёр бие биедээ өргүй шүү

Тэгэхэд нэг уулзсанаа харин ах нь хэзээ ч мартахгүй ээ” Эх зохиол дээрээ “Аавыгаа чи хоёр болгон харж байгаа

Нэг нь үхэхэд нөгөө нь үлдэх юм шиг санаж байгаа” гэдэг биз дээ. Энийг л элэглэл гээд байгаа юм. Элэглэлээс гадна нийтийн хэрэглээнд, нийгэмд зориулсан хошигнол гэж байна.

-За, тэрнээсээ ганц нэгийг хэлээч?

“Утас дуугарвал нохой нь авдаг

Ус гоожвол муур нь хаадаг

Авгай нь дуншихад хөрш нь өвддөг

Америк ер нь сонин орон”. Мөн биз. Би “Уран шор” уншъя л даа.

-“Уран шог” уншъя гэж үү?

-Уран шор юм л даа хө. Би удахгүй мянган бадаг “Уран шор” хэмээх номоо гаргах гээд бэлдээд байгаа юм. Дөрвөн мянган мөр шүлэглэсэн уран шор байх нь байна ш дээ. “Мөнгөтэй боссын мяраалаг эхнэр

Морь унаж турахаар шийджээ.

Арван хил хасаж туржээ

Авгай биш морь туржээ” Энэ бол цагаахан инээдийг сонсогч, үзэгчид хайрлах хөнгөхөөн шог юм.

“Гуранз олширч, билүү цөөрсөөр

Гудамж олширч, талбай цөөрсөөр

Гуя олширч, тахиа цөөрсөөр

Гуанз олширч, нохой цөөрсөөр” гэхэд нийгмийн үзэгдлийг л хөнгөхөөн шордоод чимхчихэж байгаа юм.

-Ёоё, элэг хөшлөө. Та нээрээ баллана шүү?

-Чи ийм юм сонссон уу. “Авгай нь нөхрөө өглөө загнаад

Атар талх аваад ир гэжээ.

Архичин нөхөр нь дэлгүүрт ороод

“АПУ-гийн талх авъя” гэжээ.

-Дэндэвийн Пүрэвдорж багшийнхаа шүлэг зохиолд элэглэл хийв үү?

“Азын алаг мэлхийний

Наян нэгэн шагайн дээр

Алаг нүдэн бүсгүйн

Шивээс алагласан бугуйн дээр

Ангирын бяцхан дэгдээхэй

Үхэтхийн ойчих тойром дээр

Алтны уурхайн сэглэсэн

Амьгүй зэгэл шороон дээр

Аавын мөнгөн хазаарын

Амгай шаргих зуузай дээр

Аймаг сумаараа талцсан

Айлын найрын дэмбээн дээр

Алиахан саарлыг сандаачсан

Хип хопын булгиан дээр

Ард түмнийг гундаасан

Авлигач ноёдын булхай дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичихээс ичнэ би” гэж “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ, би” шүлэгт нь элэглэл хийсэн.

-Нэг бүрийн элэглэлээс гадна нийтийн гал тогоонд зориулсан бүтээлээсээ сонирхуулаач?

“Шаравын Сүрэнжав хөдөлмөрийн баатар болж мэднэ

Шар Мягмарсүрэн хөдөлмөрийн гавьяа зүүж мэднэ

Шагдарсүрэнгийн Цогтод хөшөө дурсгал босгож мэднэ

Шагдарын Дулмаа хөдөлгөөнт дасгал зааж мэднэ

Юм ер нь юу ч болж мэднэ.

Эвсэл намууд нүүрснээс шингэн гаргаж мэднэ

Эрдэмтэн докторууд нүднээс цахилгаан гаргаж мэднэ

Элбэгдорж НҮБ-ын ерөнхий болж мэднэ

Илжиг төрийн сүлдэн дотор давхиж мэднэ

Юм ер нь юу ч болж мэднэ

Бавуугийн Лхагвасүрэнд Нобелийн шагнал дурсгаж мэднэ

Балжирын Догмидод Лхамноржмаа дурлаж мэднэ

Бадарч Монголын төрөөс авсан шагналдаа уйлж мэднэ

Бавуудорж Монголын их амар амгаланд уурлаж мэднэ

Юм ер нь юу ч болж мэднэ

Бал дарга тэнгэрээс амилж ардчиллынхныг сандаргаж мэднэ

Балбар тэндээс асаж Ай.Төмөр-Очирыг шанаадаж мэднэ

Богдын хатад Цагаатгалын комиссоос нөхөн төлбөр нэхэж мэднэ

Бортолгой Чойбалсангийн хөшөөг авахаар хөөцөлдөж мэднэ

Бэтгэртлээ санасан өлсгөлөнгөө талбай дахин зарлаж мэднэ

Бизнес хөөж ямаачин болохоор тэмээчин Галсан хөдөөлж мэднэ

Юм ер нь юу ч болж мэднэ

Ариунаа дэлхийн бүх хүүхдүүдэд дуулаад

Хоолойгоо нөхөртөө тушааж мэднэ

Амай дэлхийн бүх улсыг тойроод

Хоёр хөлөө музейд өгч мэднэ

Явуухулан хэрвээ үсээ урт ургуулсан бол

Яг Христ шиг харагдаж мэднэ

Яруу найрагч Цоодолын Хулан

Явуугийн хулан байсан янцгааж шүлгээ уншиж мэднэ

Юм ер нь юу ч болж мэднэ

Украин Оростой нийлж мэднэ

Урд хөрш манайхтай нэгдэж мэднэ

Умард Солонгос Америкийг дэлсэж мэднэ

“Утгын чимэг” “Болор цом”-ыг дэглэж мэднэ

Юм ер нь юу ч болж мэднэ” Энэ бол нийгмийн гал тогоонд зориулсан нийтийн элэглэл юм. “Болор цом”-ын эзэн яруу найрагч, манай “тороосон толгойт” Баттөрийн Мягмаржавын

“Мэлмэрээ нуурын хөвөөнд нь

Миний л ээжий суугаа даа

Нутаг, ээжээ санаад байнаа

Нулимсаа нуугаад уйлах уу даа” гээд дуу байдаг даа.

-Өөрийн эрхгүй аялагдаад ирдэг их сайхан дуу шүү?

-Энэ дууг гэхэд

“Мэлмэрээ нуурын хөвөөнд

Мягмаржав найрагч суугаа даа

Мэндийг нь эрсэн ээжийгээ танихгүй

Мөн чиг их уугаа даа” гэхэд хөөрхөн элэглэл болчихож байгаа биз. (И.Цэрэнжамц гуай өөртөө их таашаалтайгаар дуулж өгөв. сур) Хүн болгон мэддэг маш сайн шүлгээс элэглэл аяндаа төрдөг.

-Та “Уран шор” номынхоо шог бадгуудаас дуудаач?

“Хулан, илжиг хоёрын

Худаг нэг байдаггүй

Хутга, хийл хоёрын

Хуй нэг байдаггүй”,

“Идэж барахгүй малтай

Исгэрч барахгүй талтай

Инээж барахгүй баяруудтай

Итгэж болохгүй намуудтай”,

“Яавал тань шиг ухаантай болох вэ гэж

Яамны хүн их эрдэмтнээс асуужээ.

Хариу зөвлөгөөг Ринчен гуай өгчээ

“Хамгийн гол нь тэнэгээ сайн нуу”,

“Мөнгөтэй болгон босс болжээ

Мөөмтэй бүхэн мисс болжээ

Мөгөөрстэй бүхэн гавьяат болжээ

Мөрдэстэй болгон генерал болжээ”,

“Засгийн газар Наран улсаас

Зээл тусламж зөндөө гуйсан

Үзэглэх гэрээндээ гарын үсэг зурахдаа

Үзгэндээ черниль бас гуйсан”,

“Эрдэм мэдлэг хэрвээ

Бэлгийн замаар халддаг бол

Энэ хорвоогийн хамгийн ухаантнууд

Биеэ үнэлэгчид байх байсан”,

“Эхнэртэй хүний хамгийн хэцүү нь

Эмэгтэй хүнийг хувцаслах

Эхнэргүй хүний хамгийн хэцүү нь

Эмэгтэй хүний хувцсыг тайлах” гэх мэтээр “Уран шор” хэмээх арван дөрвөн хэвлэлийн хуудас номоо бэлдээд сууж байна. Энд нэг зүйл хэлэхэд одооны хүүхдүүд афоризмд онч үг гэсэн шал дэмий нэр томьёо өгөөд байх юм. Монгол хэлэнд цэцэн үг, мэргэн үг гэсэн сайхан нэршил байна шүү дээ. Миний эдгээр үгс бол шор үг юм. “Толгойн эм ашигтай зүйл. Толгойн эм байгаагүй бол толгойтой гэдгээ хүмүүс мэдэхгүй байх байсан” гэсэн үгэнд ямар цэцэн үг байна. Ямар мэргэн үг байна. Шордсон үг байгаа биз дээ. “Хүн гэдэг ичгүүргүй амьтан. Дүүжлэхэд хүртэл хэлээ гаргана” гэдэг афоризм чинь шордсон үг байгаа биз дээ.

-Олны танил улстөрчдийг шордож шогловол юу гэмээр байх юм бэ?

“Очирбат Ерөнхийлөгчийг саяхан

Байгалийн музейгээс гарч явахад

Ойроос харсан хоёр оюутан

Бар явж байна гээд зугтаажээ”

-Нээрээ л Очирбат гуайн царай нь ч барархуу юм, Монгол Улсыг Азийн бар болгоно гэсэнтэй нь дүйж л байна даа. Багабанди гуайг тэгвэл та нэг хэлээч?

“Баянхонгорын Шаргалжуутад

Багабанди даргыг амрах сургаар

Барын бамбар нь айсуй гэж

Баахан амрагчийг үргээжээ” гэж байгаа юм. Очирбат бар болсон юм чинь дараагийнх нь Ерөнхийлөгч бамбар болох нь тодорхой биз дээ.

“Хувьсгалт нэрнээсээ ичсэн шиг

Хуншгүй юм алга

Хундагаар сүү амсах шиг

Худлаа юм алга”. Хошин шог гэдэг чинь хэт ихэсгэсэн юм уу, хэт багасгасан үнэнийг л хэлж байгаа юм. Дурангийн хардаг талаас биш нөгөө талаар нь аливаа юмыг харахтай ижил зүйл.

“Элбэгдорж Ерөнхийлөгчийн заалтан дор

Бүрэн эрхт улс минь байгаа

Эрдэнэчимэг гишүүний зуултан дор

Бүх Монголын тамхичид байгаа

Эрхэм Ерөнхий сайдын зандралтан дор

Эдийн засгийн хямрал байгаа” гэх мэтээр зөндөө олныг ярьж болох байна. Үзэгчид гэдэг талбай дээр хүн өшиглөхөөр уурладаг атлаа тайзан дээр хүн өшиглөхөөр инээгээд байдаг их гэнэн улс. Тэгэхээр инээлгэх урлагийн орчныг бүрдүүлэх чухал.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид хийсэн ажлаа хэвлэлээр тайлагнах бүрэн боломжтой

Сонгуулийн жил хэвлэл мэдээллийн хэрэгслийг
бүү хэл иргэдийг ч хувийн үзэл бодлоо илэрхийлэхийг хориглочих гээд байдаг тал бий.
Сонгуулийн тухай шинэ хуулиар бас л хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн сурталчилгаа
явуулахыг хориглосон заалтууд нэлээн оржээ.

Тухайлбал тус хуулийн 70 дугаар зүйлд
хууль бус сурталчилгааг хориглох тухай заалт бий. 70.2 дугаарт “Аливаа этгээд санал
авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга
явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх,
тараахыг хориглоно” гэсэн бол 70.12-т “Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч
нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны
бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглох бөгөөд сонгуулийн
сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх,
нийтлэхийг мөн хориглоно” гэжээ. Харин 77 дугаар зүйл болох Сонгуулийн сурталчилгааны
хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх хэсгийн 77.2-т “Нэр дэвшигч буюу нэр
дэвшигчийн сонгуулийн штаб дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн
сурталчилгааны хэвлэмэл материалыг сонгогчдод тараах эрхтэй: 77.2.1 гурван хэвлэлийн
хуудас сонин, 77.2.2 гурван хэвлэлийн хуудас сэтгүүл, 77.2.3 хоёр хэвлэлийн хуудас
ухуулах болон зурагт хуудас, 77.2.4 хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар,
77.2.5 гурван хэвлэлийн хуудас хийсэн ажлын тайлан” гэжээ. Энэхүү заалтаар сонгуульд
нэр дэвшигчид сурталчилгааны хугацаанд хязгаарлагдмал байдлаар олон нийтэд мэдээлэл
түгээхээр байна. Гэвч эдгээр заалт зөвхөн бие даан нэр дэвшигч болон УИХ-д анх удаа
сонгогдох гэж буй хүмүүст хамааралтай болж байгаа юм. Энэ нь тус хуулийн 77.13 дахь
заалтаар тодорхой харагдаж байна.

Уг заалтад “Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч,
орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын
тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй” гэсэн байна.
Нэг үгээр хэлбэл УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж байгаа одоогийн их хурлын гишүүд,
иргэдийн хурлын төлөөлөгчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс эх орон болоод
тойрогтоо ямар ажил хийж, юу бүтээснээ хүссэнээрээ тайлагнаж болох нь. Энэхүү заалтаар
УИХ-ын гишүүд болон ИТХ-ын төлөөлөгчид сониноор өөрсдийн хийсэн ажлаа тайлагнах
бүрэн боломжтой болж байгаа юм. Сонинд ч давуу тал олон. Тухайлбал, сонгогч олон
мэдээллийн хэрэгслүүд дундаас сонинд илүү итгэдэг. Доторх мэдээлэл нь ч хүнд хүрэхдээ
хурдан.

Мөн олон хувиар хэвлэж нийтэд тараахад хялбар. Тиймээс Сонгуулийн тухай
хуулиар бүгд хязгаарлаг дчихсан гэж ойлгож болохгүй нь. Бас ч гэж сонгогч олны итгэлийг
хүлээж сонгогдсон хүмүүс юу хийснээ тэдэнд тайлагнах нь нэг талаасаа үүрэг юм. Тэднээс
ч хийсэн зүйлийг нь лавлаж тодруулах нь сонгогчдын эрхийн асуудал болж таарна. Тэгэхээр
УИХ-ын гишүүд болон ИТХ-ын төлөөлөгчид сонгогдсон хугацаандаа ямар ажил хийснээ
сониноор дамжуулан тайлагнаад байж дээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Анхцэцэг: Мундаг ах, эгч нартай хамт эх орноо төлөөлөн олимпод орно гэж бодохоор гоё санагдаж байна

Узбекстанд болсон Азийн аварга шалгаруулах хүндийг өргөлтийн тэмцээнээс Мөнхжанцангийн Анхцэцэг алтан медаль хүртсэн билээ. Энэхүү тэмцээн нь олимпийн эрх олгохоороо онцлог байлаа. М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 75 кг-д аваргалсан бөгөөд Рио2016 зуны олимпийн наадамд оролцох эрхтэй болоод байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө баяр хүргэе.Азийн аварга болоод зогсохгүй олимпийн эрх өвөртөлчихлөө. Их догдолж байна уу?

-Баярлалаа. Үнэхээр сайхан байдаг юм байна. “Рио-2016” зуны олимпийн наадамд мундаг тамирчин ах, эгч нартай хамт эх орноо төлөөлөн оролцоно гэж бодохоор үнэхээр гоё санагдаж байна. Намайг сая тэмцээнээс ирэхэд онгоцны буудал дээр гэр бүлийнхэн, найз нөхөд гээд олон хүн маш сайхан угтаж авсан. Одоо болтол гар утсанд баярын мессэж ирсээр л байна.

-Олимпийн эрх олгоно гэдэг утгаараа энэ удаагийн тэмцээний оролцогчид хүчтэй байв уу?

-Тэгэлгүй яахав. Оролцсон тамирчин болгон л олимпийн эрх авах зорилготой. Өрсөлдөөн үнэхээр ширүүн өрнөлөө. Миний хувьд бэлтгэл сайн хангагдсан байсан учраас эмээгээд байх зүйл байсангүй. Өөртөө итгэлтэй байсан болоод ч тэр үү, сэтгэл зүйн хувьд тайван байлаа. Би огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөсөн. Ингэснээр Монголын анхны эмэгтэй туйванч болж чадлаа. Мөн энэ тэмцээнд манай хүндийг өргөлтийн эмэгтэйчүүд багаараа IV байрт шалгарч олимпийн нэг эрх авч чадлаа.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байна вэ?

-Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурав, өсвөр үе, залуучуудтай нийлээд долоо дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн хувьд өөрийнхөө 69 кг-ын жинд биш жин ахиж 75 кг-ын жинд оролцсон байгаа.

-75 кг-д монголын тамирчин Б.Энхтамиртай хамт өрсөлдсөн. Нутгийнхаа тамирчинтай өрсөлдөхөд юу бодогдож байв?

-Нэг нэгнийхээ оролтыг харж чадахгүй, алдчих вий дээ гэж санаа зовсон.Бусдаар бол нэг их хүнд зүйл байгаагүй.

-Олимпод 75 кг-ын жиндээ үзэх үү?

-Үгүй ээ. Өөрийн үндсэн жин 69 кг-ын жинд оролцоно.

-Олимпийн бэлтгэлээ хэзээнээс хийх гэж байна?

-Өнөөдрөөс (өчигдрөөс) бэлтгэлдээ орсон. Багштайгаа ярьж байгаад бэлтгэлээ сайн хангахыг хүсч байна.

-Өөрийн тань үндсэн жинд аль орны тамирчин илүү хүчтэй бол?

-Азийн аварга, дэлхийн аварга, дэлхийн цомын тэмцээнд олон удаа орж байсан учраас ерөнхийдөө тамирчдаа гадарлана. Өөрийнхөө хэмжээнд судалгаа хийсэн. 69 кг-ын жинд Хятад, Хойд Солонгосын тамирчид хүчтэй өрсөлдөгчид. Дэлхийн хүндийг өргөлтийн тамирчдыг амжилтаар нь тоон үзүүлэлтээр жагсаасан судалгаа байдаг.Түүнээс харж байгаад аль нь илүү оноотой, хүчтэй өрсөлдөгч болж байна гэдгийг харчихдаг.

-Дэлхийн цомын тэмцээний үеэр бага зэрэг бэлтгэл авсан гэсэн. Бэртэл бүрэн эдгэрсэн үү?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сард Италид болсон дэлхийн цомын тэмцээний үеэр бэртэл авсан байсан. Сая тэмцээний өмнөхөн эдгэрч бэлтгэлдээ ороод байсан юм. Бүрэн эдгэрсэн байгаа.

-Хаанаа бэртэл авсан байсан юм бэ?

-Тохойндоо. Одоо бол эдгэрсэн.

-Хүндийн өргөлтийн спортоор хэчнээн жил хичээллэж байна вэ?

-Би 11 настайгаасаа хүндийг өргөлтөөр хичээллэсэн. Анхны багшийг маань Цэрэнням гэдэг. Харин ОУХМ Ц.Хосбаяр багшийн удирдлага дор гурван жил хичээллэж байна. Мөн Чинзориг, Чулуунпүрэв багш заавар зөвлөгөө өгч байна.

-Улсын рекордыг 60 гаруй удаа шинэчилсэн байдаг юм билээ. Өнгөрсөн хугацаанд хүндийг өргөлтийн төрөлд гаргасан амжилтаасаа хуваалцахгүй юу?

-Тийм ээ. Улсын рекордыг яг 63 удаа шинэчилсэн байдаг. Мөн Азийн өсвөрийн рекорд миний нэр дээр явдаг. ДАШТ-д 2014 онд анх удаа оролцон огцмоор 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарсан. Энэ амжилтаараа гавьяат тамирчин Н.Баярмаа эгчийн эзэмшиж байсан огцом өргөлтийн амжилтыг эвдэн, улсын рекордыг шинэчилж байсан. 2015 онд ДАШТ-д огцмоор 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг шахаж, VIII байрт шалгарсан. Амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд оролцож 112 кг өргөж, IV байрт шалгарсан байгаа.

-Олон улсын хэмжээний мастер цолыг хэдэн настайдаа хүртсэн бэ?

-Би 2009 онд спортын дэд мастер, 2010 онд спортын мастер, 2011 онд олон улсын хэмжээний мастер цолыг хүртсэн. Олон улсын хэмжээний мастер цолыг 13 настайдаа хүртсэн.

-Одоо хэдэн настай вэ?

-18 настай.

-Аль Ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн бэ?

-Нисэхийн 114 дүгээр сургуулийг төгссөн.

-Одоо сурч байна уу?

-Монголын үндэсний их сургуульд хуульч, эрх зүйч мэргэжлээр сурч байгаа. Энэ жил хоёрдугаар курс.

-Яагаад заавал хүндийг өргөлтийн спортыг онцолж хичээллэх болов. Ялангуяа эмэгтэй хүүхэд хичээллэхэд хүнд спорт шүү дээ?

-Миний сонирхол л юм байлгүй. Уг нь манай аав, ээж цэргийн хүмүүс. Миний хувьд зурагтаар хүндийг өргөлтийн тэмцээн үзэх их дуртай байсан. Тэгээд л би Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан мундаг тамирчин болно гэж мөрөөддөг болсон. Миний мөрөөдлийг дэмжиж энэ бүх боломжийг нээж өгч байгаа ЭМСЯ, МҮОХ, МХӨХ-ны удирдлагууд, “Алдар” спорт хороо, “Ёкохома”, “Сувинер хаус”, “Үнэн анд”, “Есүүдийн Батууд”, “Монгол жонш”, “Солонго орд”, “Хүннү Эйр”, үндэсний шигшээ багийн хамт олондоо баярлалаа. Мөн хүндийг өргөлтийн спортыг сонирхдог, дэмждэг бүх хүнд баярлаж явдгаа хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Архустын эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч, хүүгээ сахиж байсан ээж амиа алдлаа (II)

-ХОЁР ГАЛЧИЙН БУРУУГААС БОЛЖ ЭМНЭЛЭГ ДЭЛБЭРСЭН ГЭВ-

Түрүүч нь 103, 104 (5368, 5369) дугаарт

Халгамаар хэцүү байна лээ, Ц.Ням-Оргилын гэрт очиход. Гурван настай хүү нь “Би ээж дээрээ очмоор байна” гээд өдөр бүр ааваасаа ээжийгээ нэхээд уйлах юм. Амьдралын хатуу хөтүүг ойлгох нь битгий хэл дөнгөж хэлд орсон ангаахай бяцхан хүүдээ ээжийнх нь талаар юу гэж хэлэх учраа олохгүй доошоо хараад суух аавд нь бүр ч хэцүү байгаа. Ц.Ням-Оргил “Сумын эмнэлэг нам даралтын зуухаа дотроо байрлуулаагүй байсан бол өдийд сайхан хань минь амьд мэнд байх байсан юм. Хүүхдээ эрүүл саруул болгох гэж эмнэлэгт хэвтүүлсэн болохоос ээжийг нь байшингийн нурангид даруулах гэж явуулаагүй. Би гомдолтой байна” гэж хоолой зангируулан ярьсан. Эхнэрээ харамсалтайгаар алдсан түүнээс бид ослын талаар асууж зүрхэлсэнгүй.

“Эмнэлгийн ажилтнууд дэлбэрэлт болох үед бүгд ажлынхаа байран дээр байгаагүй”

Харин эгч Ц.Нарангэрэлээс дэлбэрэлтийн талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Хүнд байгаа. Гавлын яс зүүн талаасаа цуурсан. Нүдний ухархай хугарсан, эрүү, нуруундаа гэмтэл авсан байна лээ. Ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй байсан юм. Бэр дүү маань төрөөд удаагүй байгаа. Эмнэлэгт очоод дүүг маань сахиж байна. Удахгүй бие нь сайжирч, эрүүл саруул болох байх гэж найдаад л сууж байна.

-Эмнэлгийн нам даралтын зуух юунаас болж дэлбэрсэн юм бол. Танд энэ талаар мэдээлэл өгөх боломж байна уу?

-Аав, ээж минь биднийг хар бага байхаас шударга бай гэж захиж сургаж, хүмүүжүүлж ирсэн. Тиймээс болж өнгөрсөн бүгдийг үнэн шударгаар хэлнэ. Миний бие Архуст сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг. Сумынхаа соёлын төвд ажилд ороод долоон жил болж байгаа. Манай байгууллага мөн л нам даралтын зухаар халдаг. Дөрвөн галч ээлж ээлжээр гардаг юм. Би галч нартаа хэд хэдэн зүйлийг байнга сануулж хэлж, ажлын хамгийн чухал мөрдлөг болгосон. “Та нар ажил дээрээ гарах болгондоо нам даралтын зуухны тогоогоо дүүрэн устай байлга. Галлагаа хийхдээ 60-70 хэмийн дулаантай байлга. Халууныг 60 хэмээс доош буулгах юм бол өвлийн улиралд шугам, паар хөлдөнө. Харин 70-аас дээш хэмийн халуунтай байлгах юм бол нам даралтын зуухны тогоо улайсаад дэлбэрнэ. Үүнийг анхаарч ажилла” гэсэн үүрэг даалгавар байнга өгсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа байнга өгдөг юм. Мөн ажлын ээлж хүлээлцэх болгондоо хэдэн хэмийн халуунтай байсан. Хаанаас хий авсан талаараа тэмдэглэл хөтөлж ажил хүлээлцэж гарын үсэг зурж баталгаажуулдаг. . Хэрэв тэнд эвдрэл гарсан гэвэл нийлээд засч янзалдаг. Манай сумын эмнэлгийн үйл ажиллагаа сүүлийн үед илтэд сайжирсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг ажилтнууддаа надтай адилхан л өгдөг байсан. Нам даралтын зуухны тогоонд эвдрэл гарлаа гэхэд сигнал, дуут дохио өгдөг. Усны халуун дулааны хэмжүүр хүртэл байдаг. Юунаас болж дэлбэрэлт болсон бэ гэдэг нь тодорхой байгаа. Тухайн үед нам даралтын зуухны чайяны ус нь дундарчихсан байсан юм байна лээ. Чайяны ус нь дундарч, бага устай болохоор тогоонд байгаа ус гүйцэд эргэхгүй, даралтаар ирэх ус дутуу шахагдаад байхаар аль нэг шугамын хэсэгт хий хуримтлагдчихдаг. Шугамын ихэнх нь хийгээр дүүрэхээр дэлбэрэлт үүсдэг юм. Шуудхан хэлэхэд миний дүүгийн үхэлд дэлбэрэлт болохын өмнөх орой гарсан галч, тухайн үед гарч байсан галч залуу шууд буруутай. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр Т.Алтанхуяг гэх галч залуу ажил хүлээж авахдаа тогоонд байгаа ус ямар хэмжээтэй байсан, хэдэн хэмтэй байсан бэ гэдгийг огт мэдээгүй байна лээ. Эмнэлгийн дарга нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө аваад гадаад руу явснаас хойш ажил хүлээлцэх тэмдэглэл огт хөтлөөгүй байсан. Халаах тогоонд хэр ус байгааг огт мэдэхгүй Т.Алтанхуяг зуухандаа их хэмжээний нүүрс хийчихээд гараад явчихсан байсан. Тэгээд ус багатайгаас болж хийгээр дүүрээд дэлбэрэлт болсны дараа ажил дээрээ эргэж ирсэн байгаа юм. Энэ бүгдэд хоёр галч буруутай гэж үзэж байна. Тэдний ажилдаа хайнга хандаж, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс болж дэлбэрэлт болж, дүү маань амиа алдсан гэдгийг дахин хэлмээр байна.

-Эмнэлгийн ажилтнууд дэлбэрэлт болох үед ажлынхаа байран дээр байгаагүй гэх мэдээлэл байна лээ. Энэ талаар сонссон уу?

-Эмнэлгийн галч залуу ажлынхаа байран дээр байгаагүй нь бүх зүйлээр тодорхой байгаа. Нам даралтын зуухны чайяны ус дундарч багасах үед ёнгинож дуугардаг. Дуут дохио маш чанга дуугардаг. Үүний дараа паарнуудад чичрэлт өгч байгаад дэлбэрдэг. Тэгэхээр галч ажлынхаа байран дээр байгаагүй. Хэрэв ажил дээрээ байсан бол нам даралтын зуух дэлбэрэх гээд дуут дохио өгч байхад сонсохгүй байна гэж байхгүй. Мөн албан газруудад осол аваарын үед хэрхэн ажиллах нарийн заавар зөвлөгөө бүхий төлөвлөгөө гаргадаг. Үүнийг нь сумын Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг. Галч ажлын байрандаа байсан бол дэлбэрэлт болох шинж тэмдэг илэрсэн үед бүх хүнийг эмнэлгээс гаргах арга хэмжээ авах ёстой. Гэтэл үүнийг огт мөрдөөгүй нь шууд харагдаж байгаа. Мөн тухайн өдрийн ээлжийн ахлах сувилагч, асрагч нар байгаагүй. Дэлбэрэлт болсны дараа “Ойрхон явчихаад ирэхэд ийм зүйл болчихлоо” гээд зогсож байсан гэсэн. Галч залуу дүүгийн маань хүүхдийн амь насыг аварсан гэж сумаар яригдаж байгаа юм байна лээ. Тэр худлаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэр үед эмнэлэгт явж байсан жирэмсэн эмэгтэй хүүхдийн амь насыг аварсан байсан. Эмнэлгийн зүүн захаас баруун захад очиж аварсан гэсэн. Эхний тэсрэлтийн дуунаар очиж хүүхдийг аварсан. Дахиж тэсрэх үед барилгын таазны хавтан доош тэр чигтээ нурсан байсан. Тэгээд талийгаач маань дарагдчихсан юм билээ. Нам даралтын зуух дэлбэрч, гурван өрөөний ханыг бүхэлд нь цөм цохиж нураасан байсан. Тэгэхээр ямар хүчтэй дэлбэрсэн нь харагдаж байна.

-Та нарт дэлбэрэлт болсон гэдгийг анх хэн хэлсэн бэ?

-Эмнэлгийн эх баригч над руу утасдаж хэлсэн. Тэр үед 21:05 цаг болж байсан. “Та эмнэлэг дээр яаралтай хүрээд ир. Ням-Оргил, Мөнхтүшиг эгч нарыг дуудаарай гэж хэлээд л утсаа салгасан. Нөхөр бид хоёр “Хүүхдийнх нь бие муудлаа гэж хоорондоо ярилцаад ирсэн. Тэгсэн эмнэлгийн гадаа бөөн машин болчихсон, цагдаа нар хамгаалалтад авчихсан байсан. Бидэнд “Дэлбэрэлт болсон. Хүүхэд нь зүгээр байгаа. Ээж нь нас барчихлаа” гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс дэлбэрсэн газарт талийгаач дүүг маань дараатай байгаа гэсэн ойлголтыг өгсөн. Гэтэл аль хэдийнэ талийгаач дүүгийн маань цогцсыг гаргаад ирчихсэн. Хүлээн авахын өрөөнд аваачиж цус, шороог нь бүрэн цэвэрлээд тавьчихсан байсан. Маш богино хугацаанд энэ ажлыг эмнэлгийн ажилтнууд хийсэн байгаа юм. Бидэнд яагаад цогцос нь барилга доор дараатай байгаа гэж ойлгуулсан, цаг алдаж мэдээлэл өгсөн гэдгийг ойлгохгүй байна гэв.

Архуст сумын цэцэрлэг, сургууль, дотуур байр нам даралтын зуухаа барилга дотроо байрлуулжээ

Архуст сумын цэцэрлэг, сургууль, Засаг даргын тамгын газар гээд бүх төрийн байгууллага барилга дотроо нам даралтын зуухыг суурилуулсан байх аж. 50 гаруй хүүхэдтэй цэцэрлэгийн нэгдүгээр давхарт нам даралтын зуух байрлаж байх жишээтэй. Гэтэл хоёрдугаар давхарт буюу яг дээд талд ахлах ангийн арав гаруй хүүхэдтэй анги байх юм. Ерөнхий боловсролын дунд сургууль гэхэд спорт заалтайгаа залгаад нам даралтын зуух байршуулаад олон жил болж байгаа гэнэ. Сургуулийн дотуур байрны хөндлөн модон барилга мөн л нэг өрөөндөө нам даралтын зуухтай юм байна. Засаг даргын Тамгын газар ч ялгаагүй, байшингийнхаа урд талд наалдуулаад жижигхэн амбаар бариад уурын зуухаа барьчихсан байна. Нам даралтын зуух дэлбэрч, олон хүн амиа алдахгүй гэсэн баталгаа байхгүй юм билээ. Зөвхөн Архуст сум гэлтгүй Монгол Улсын 300 гаруй сум, нийслэлийн хэдэн мянган айл өрх нам даралтын зуухаа ингэж байршуулчихсан байдаг юм байна. “Тэсрэх бөмбөг” байршуулчихаад юу ч болоогүй юм шиг олон жилийн нүүрийг үзжээ. Нийслэлд олон айлын нам даралтын зуух дэлбэрч, хүний амь нас нь хохирсон байдаг юм байна. Холбогдох газрууд үүнд огт анхаарлаа хандуулахгүй байсаар өдий хүрчээ. Нам даралтын зуух гэх “тэсрэх бөмбөг”-ийг ямар нэгэн хяналтгүйгээр энд тэдгүй байршуулчихсан. Хаана ч хэдийд ч тэсэрч дэлбэрч, хүний аминд хүрэхийг мэдэхгүй байгааг Онцгой байдал, мэргэжлийн хяналтын эх сурвалжууд хэлж байв. Нам даралтын зуухыг стандартыг баталж, албан газруудаас тусад нь барилга барьж байршуулах шаардлагатай байгааг ч онцолж байсан.

Ц.Ням-Оргил гэх 24 настай залуу гурван жилийн өмнө ногоон дэнж дээр шинэ гэрээ барьж, айл гэр болсон гэнэ. Тэд сайхан амьдралыг цогцлоон бүтээх гэж зорьж, тэмүүлж байжээ. Гараасаа хөтлөх хоёр ч сайхан хүүтэй болсон байна. Гэвч сумын эмнэлгийн зуух дэлбэрч, эхнэр нь харамсалтайгаар амиа алджээ. Жаахан хоёр хүү ээжгүй болон өнчирч, эр нөхөр нь залуухан эхнэрээсээ хагацсан байна. Талийгаач М.Отгонсүрэн хамгийн сүүлд эмнэлэгт хэвтэхээр гэрээсээ гарахдаа том хүүгээ үнсээд нөхөртөө “Удахгүй хүүгээ эрүүл болгочихоод эргээд ирнэ. Чи харин хүүгээ сайн харж байгаарай. Сумын төвийнхөн бид хоёрт хоол цай зөөж өгнө байх. Санаа битгий зовоорой ” гэж хэлээд гарсан гэсэн.

Categories
мэдээ цаг-үе

Кофены соёлыг түгээгч бариста бүсгүй

Б.Оюунбилэг Улаанбаатарт кофе шоп дөнгөж нээгдэж байх үеийн бариста. Европын холбооны зэрэг хамгаалсан Монголын гурван баристагийн нэг. Монголд кофены соёлыг түгээж байгаа энэ бүсгүйг “Танайд өнжье” буландаа урьсан юм.

Цагаан хаалганы хойхно байрлах кофе хуурах үйлдвэрт нь өнгөрсөн баасан гаригт очлоо. Биднийг очиход Б.Оюунбилэг кофегоо хуураад завгүй ажиллаж байв. Үйлдвэрийнхээ үүд хавьцаа шуудайлж савласан кофены үр эгнүүлжээ. Талласан вандуйн хэлбэртэй ногоон өнгийн кофены үрийг Бразил, Колумби, Этиоп, Гватемала, Кени, Танзани, Индонезиас Солонгосын боомтоор дамжуулан импортолдог гэж сонирхуулав. Кенийн кофе дарсны эсвэл цэцгийн анхилуун үнэр, амттайгаараа дэлхийд танигдсан брэнд бол кофены эх орон гэгддэг Этиопын кофеноос цэцэг, жимс, модны үнэр мэдрэгддэг гэж кофенд дурлагчид онцолдог юм. Кофе хуурах машинаа Солонгосоос захиалж авчирчээ. Кофены ногоон үрийг хуурах машинд хийсний дараа бидний төсөөлдөг хүрэн бор өнгийн кофены үр гарч ирдэг аж. Хуурсан кофены үрээ 150 гр, 250 гр, 1 кг-ын уутанд савлаад хэрэглэгчдэд хүргэдэг гэнэ. Кофенд дурлагчдын авах дуртай кофе ингэж бүтдэг юм байна. Газ, цахилгаан ашиглаж хуурдаг энэ машин дээд талдаа 4-5 кг кофены үрийг нэг дор хуурах хүчин чадалтай юм байна. Хуураад гаргаж ирсэн кофегоо нэг хоног өнжөөгөөд савладаг байна.

Оффисийнхон голдуу хэрэглэдэг “инстант” гэсэн бичигтэй шилэн савтай кофеноос яг ямар ялгаатайг нь сонирхоход “Шинэ талх, хөргөгчинд удаан хадгалсан хуучин талх ямар ялгаатай билээ, яг л тийм гээд ойлгочиход болно. Инстант бол түргэн уусдаг кофе. Давуу тал нь хэрэглэхэд хялбар гэдэгтээ л байгаа юм. Сөрөг тал нь дандаа эрүүл мэнд дээр яригддаг. Ихээр хэрэглэвэл стрессийн гормон ялгаруулдаг. Инстантыг кофены үрээр хийдэг ч түргэн уусдаг болгохын тулд химийн боловсруулалт хийдэг юм. Байгалийн чанараа алддаг гэсэн үг. Тодруулбал хиймэл кафейн нэмдэг. Уух тусам сэргэж, донтуулаад байдаг нь ийм учиртай. Эрүүл мэндээ бодвол хуурсан кофе уувал зүгээр. Шинэ талх шиг гээд төсөөлөхөд ямар хэрэгтэй нь мэдрэгдэх байх. Гэхдээ дэлхийд нийт тариалагдаж байгаа ногоон үрний тал нь инстант кофе үйлдвэрлэхэд зарцуулагддаг” гэсэн хариу өгөв. Кофег хураасны дараа хамгийн сайн нь, хоёрдугаарх нь, гуравдугаарх нь гэх мэтээр зэрэглэж ангилдаг аж. Ангилсны дараа үлдсэн “хог”-ийг нь хөлдөөж, хатаах маягаар бэлтгээд л бидний хэрэглэдэг инстант кофе худалдаанд гардаг бололтой.

Б.Оюунбилэг кофегоо хуурангаа “Кофе уудаг бидний хувьд гээд ярихад л инстант уухаар шууд л зүрх дэлсэж, дотор бэлбэгнээд эвгүй болно шүү дээ. Манайханд нэг алдаа байдаг. Ууж байгаа ундаагаа хоол шиг илчлэг өгнө гэж боддоггүй. Кофег хараар нь уухад илчлэггүй, харин сүү, сахар нэмэхээр хоолны дайны илчлэг өгдөг” гэж сонирхуулав.

Түүнтэй ярилцах үед утас нь дуугарав. Бариста нарынх нь нэг ярьж байгаа бололтой. Кофены тухай яриа хэсэгтээ өрнөв. “Би өчигдөр шинэ кофе авчирч хуураад амталгаа хийлээ. Этиопийн натурал. Амт нь үнэхээр янзтай” гэж байна. Этиопоос ирсэн натурал үрийг хуурч амталснаа найздаа сонирхуулсан нь энэ аж. Кофены жимсний мод экваторын бүс дагасан дулаан уур амьсгалтай нутгуудад ургадаг, кофены модноос ургасан чери гэдэг жимсийг хальслахад дотроос нь Оюунбилэгийн үйлдвэрт байгаа шиг ногоон үр гарч ирдэг, хурааж авсан ногоон үрийг нэг бол угааж, эсвэл байгалиар нь хатаадаг гэсэн танин мэдэхүйн мэдээллийг энд сонсов. Байгалиар нь хатаасан үрийг хуурч хийсэн кофены үнэр, амт “янзтай” байдаг аж. Хуурч бэлдэж савласан кофены үрэн дээр natural, washed гэсэн бичиг харагддаг нь ийм учиртай юм байна. Манай улсад натурал үр бага хэмжээгээр л орж ирдэг бололтой.

Сонирхуулж хэлэхэд баристагаас гадна кофе хуурах ч бас тусдаа мэргэшил болоод явчихдаг гэнэ. Зэрэг авна, сайн муу хуурагч гэж ирээд яривал тун нарийн эд бололтой. Бүр кофе амтлагч хүртэл байдаг гэнэ. За тэгээд латтэ арт, кофе ногоон үр судлал гээд нарийвчилбал кофены соёл энгийн хэрэглэгч ойлгож барамгүйгээр гүнзгийрчээ. Улаанбаатарт кофе хуурч савлаж зардаг зургаан кофе шоп байдаг аж. Кофенд дурлагчид “Меркури” захад байрладаг “Бэст прессо”, арвангуравдугаар хорооллын шинэ зам дагуух UBean, “Мөнгөн завьяа”-гийн хойд талын “Камино”, Хүүхдийн зуугийн “Peaber­ry”, Их дэлгүүрийн баруун талын “M cafe”, “Sachem”-аас хуурч бэлдсэн шинэхэн кофе худалдаж авах боломжтой юм байна.

Кофены үр хуурах үйлдвэрээс гараад “Меркури”-д байрлах “Бест прессо кофе”-д очлоо. Багавтар зайг чадмаг гэгч нь ашигласан тохилог кофе шоп юм. Өнөөг хүртэл ажиллаж байгаа Монголын анхны кофе шоп гэнэ. Б.Оюунбилэг “Еспрессо, американо, латтэ, мока гэдэг цэстэй монголчууд танилцаагүй байх үеэс кофе шопоо ажиллуулж эхэлж байлаа. Менюгээ нэг бүрчлэн гараараа бичээд тавьчихаар алдчихна. Бусад кофе шопууд манай менюг дуурайх гээд авчихдаг байсан хэрэг л дээ” гээд хөгжилтэй инээв.

Энэ кофе шопын бариста нь Даваасүрэн гэж бүсгүй. Баристагаар найман жил ажиллаж байгаа гэнэ. Хийх дуртай кофе нь латтэ арт аж. Сүү голдуу, дээр нь сүүний хөөсөөр зүрх, цэцэг гээд элдэв дүрс урладаг кофег латтэ арт гэдэг юм байна. Даваасүрэн бидэнд кофе бэлдэж өгөнгөө “Би цэцэг зурах зуртай. Цэцэг зураад өгөхөөр хүмүүс ямар гоё кофе вэ гээд чин сэтгэлээсээ баярлан уудаг. Тэгж баярлахыг нь харах үнэхээр кайфтай. Цаашдаа ч олон жил ажиллана гэж боддог шүү. Кофе шопт ажиллах их гоё. Хүмүүс амттай кофе уунгаа үргэлж сайхан яриа өрнүүлдэг юм шиг санагддаг. Инээд хөөр тасардаггүй ховорхон газрын нэг бол кофе шоп. Би гэхэд л кофены үнэр, амтанд аль хэдийнэ татагдчихсан. Анхны бариста нарын шавь гэдгээрээ бахархдаг” гэж хэлээд инээмсэглэв.

Биднийг яриа өрнүүлэх үеэр гуч орчим насны нэг бүсгүй орж ирэв. Хэзээний танил гэдэг нь илт. Даваасүрэн “Сайнжаргал эгч ээ, сайхан амарсан уу” гэж дотно гэгч нь мэндлээд ямар кофе авахыг нь асуусангүй, шуудхан л кофены машинаа ажиллуулж эхэллээ. Тун удалгүй дабль эспрессо бэлэн болов. Сайнжаргал өдөр бүр энд ирж дабль эспрессо уудаг юм байна. “Эднийхээс өөр газарт орохоор сэтгэлд нэг л хүрдэггүй юм. Хууралтаасаа эхлээд өөр шүү” гэж байна. Эспрессо Италиас уламжилж түгсэн кофе гэнэ. Эспрессо гэдэг нь express буюу хурдан шуурхай гэдэг үгнээс үүдэлтэй аж. Оюунбилэгийн “Хэдэд гарсан” гэсэн асуултад Даваасүрэн “25 секунд” гэж хариулах нь содон дуулдав. Учрыг нь лавлахад Оюунбилэг “Экспрессо, капучино, латтэ гээд бүгдийнх нь суурь эспрессо. Эспрессо гэдэг машин дээр бэлтгэдэг 30 мл өтгөн кофены ханд л даа. Бэлтгэдэг технологи нь тусдаа. Технологид нь үндсэн хэд хэдэн шаардлага байдгийн нэг нь гаргах хугацаа. Олон улсад 21-29 секундэд гарсан эспрессог хамгийн төгс гэж үздэг. Ер нь эспрессог шинжих хэд хэдэн арга бий. Кофе сайн мэддэг хүн бол аягаа эргүүлэх юм уу, өнгө зэргээр нь шинжээд зөв буруу хийснийг нь мэдчихдэг. Би Баристагийн холбооны сургагч багшаар ажилладаг. Багш нарын тухайд буруу харж сууж байгаад ямар эспрессо гарсныг сонсоод мэддэг. Мэдрэмжээрээ мэдчихдэг гэсэн үг. Бид эхлээд кофе шопуудаар явж кофег нь амталдаг байлаа. Энэ чинь буруу байна, биднээс сургалт авч болно шүү гэхээр нэг их тоодоггүй байсан үе бий. Гэтэл одоо өөрсдөө ирдэг болсон. Хэрэглэгчид нь айхтар болчихсон учраас тэр л дээ. Кофе мэддэг хүмүүс танай эспрессо чинь буруу бэлтгэгдсэн байна гэх зэргээр шүүмжилдэг болсон хэрэг. Ер нь бол Монголд кофены соёл хурдтай хөгжиж байна” хэмээн хариулав.

Б.Оюунбилэг өөртөө американо захиалжээ. Эспрессон дээр халуун ус нэмж шингэрүүлсэн хар кофег американо гэдэг аж. Түүнээс хар кофены давуу талыг сонирхлоо. Шинэ үрийн хар кофенд олон давуу тал байдаг аж. Өглөө багахан зүйл идээд хар кофе уухад бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг гэнэ. Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, сахар, чийг бам, мартах өвчнөөс сэргийлнэ, зүрхний үйл ажиллагааг дэмжинэ, цөсний чулуу үүсэх магадлалыг бууруулна, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг багасгана, элэгний янз бүрийн гэмтлээс хамгаална гэж ирээд яривал давуу тал ихтэйг нь эрдэмтэн судлаачид баталжээ. Гэхдээ хэтрүүлж хэрэглэвэл ходоод хямрах, даралт ихсэх, зүрх дэлсэх зэрэг олон сөрөг талтай гэж Оюунбилэг анхаарууллаа.

Кофенд дурлагчид өдөрт хоёроос гурван цагийн зайтай гурваас дөрвөн аяга кофе л уух ёстой юм байна. “Бест прессо“-гийн бариста “ Хүмүүс кофены онцлог амт, кафейн буюу сэргээх чанарт нь дурлаж уудаг. Кафейнийг нь тооцож уух хэрэгтэй. Нэг аяга кофе 80-100 мг кафейн агуулдаг. Эмэгтэй хүн 300 мг кафейний өдрийн нормтой. Эрэгтэй хүн 400 мг-ийн нормтой. Тэгэхээр эмэгтэйчүүд кофе уухдаа гурван аягаас хэтрүүлээд хэрэггүй” гэж зөвлөв. “Кофе уувал арьс хуурайшдаг гэсэн яриа байдаг, хэр ортой вэ” гэж Оюунбилэгээс сонирхоход “Таны хэлсэн зүйл удсан кофе хэрэглэснээс үүдэлтэй. Кофег удаан хадгалбал найрлага дахь тосонд нь өөрчлөлт орж арьсыг хуурайшуулж сэвхтүүлэхээс гадна дотор эрхтэнд муугаар нөлөөлдөг” гэсэн хариу өгөв.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд өдөрт нэг аяга кофе уухыг зөвшөөрдөг аж. Үүнээс хэтрүүлбэл эрт төрөх магадлал өндөр байдаг гэнэ. Кофе хэтрүүлж уусан ээжээс рахиттай хүүхэд төрдөг байна. Хүүхдэд кофе өгөх хэрэггүй гэж Б.Оюунбилэг анхааруулав. Учир нь кафейн кальцийн нийлэгжилтийг эрс бууруулдаг гэмтэй юм байна. Ид өсч байх үед буюу кальци хэрэгтэй насан дээрээ кофе уугаад сурчихвал өсөлтөд муугаар нөлөөлдгийг эрдэмтэд баталжээ. Сонирхуулж хэлэхэд кофенд дуртай жирэмсэн бүсгүйчүүд кофе хуурдаг газруудад очоод кафейнгүй кофе авах боломжтой юм билээ.

Б.Оюунбилэг яриан дундуур гэнэтхэн “Та нар кофе шопт ороод хамгийн түрүүнд ямар асуулт асуудаг вэ” гэж асуув. “Уух дуртай кофегоо л захиалдаг” гэтэл “Харин манайхан ингэж алдаад байдаг юм. Танайх ямар кофе хэрэглэж байгаа вэ гэж асууж заншмаар санагддаг. Ресторанд ороод танайх гурилтай шөлөө үхрийн махаар хийсэн үү, эсвэл хонины махаар хийдэг үү гэж асууж байгаатай ялгаагүй шүү дээ. Кофе сорт, чанараараа хоёр янз байдаг. Арабика буюу робуста гэж. Арабика нь хамгийн сайн чанарынх. Өнөөх нь чанар муутай. Таны орсон кофе шоп арабика гэхгүй бол холимог гэсэн хариу өгөх байх. Учир нь робустаг чанар муутай учраас дангаар нь огт хэрэглэдэггүй. Энэ хоёр үрний амт нь гэхэд ялгаатай. Арабика чихэрлэг, исэллэг, хүчиллэг гэх мэт таван амтыг цогцоор нь агуулдаг. Нөгөөх нь гашуун амттай, үнэр муутай. Хоёрдугаар гол ялгаа нь робустагийн кафейний агууламж хоёр дахин их байдаг. Ер нь робустагаар инстант кофе хийдэг” хэмээн сонирхууллаа.

Биднийг ярилцаж суух зуур дахин хоёр үйлчлүүлэгч орж ирэв. Нэг нь мока, нөгөө нь американо захиалав. Шоколад амтагдсан мока хамгийн их борлогддог кофе гэнэ. Анх кофе ууж байгаа хүмүүс их захиалдаг аж. Нийслэлчүүд эхэндээ сүүтэй кофе голдуу захиалдаг байсан бол сүүлийн үед американод дурлагсад олширчээ. Ялангуяа бүсгүйчүүд калоригүй, жинд нөлөөлөхгүй гэж чихэргүй, сүүгүй американог илүүд үзэх болж. Бүсгүйчүүддээ аминчилж хэлэхэд кофег илчлэг өндөртэй махан хоолноос хойш гучин минутын дараа уувал өөх тос задлах эрчимтэй үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Кофены үрийг гурван жил хүртэл хадгалдаг байна. Нэг жилийн насжилттай, хоёр, гурван жилийн насжилттай гэж ангилдаг гэнэ. Жил ахих тусам үнэ нь буурдаг юм байна. Кофег чанараар нь дөрвөн ангилалд хуваадаг гэж Оюунбилэг сонирхуулав. Манайд дорооосоо хоёр дахь нь буюу комершл үрнүүд орж ирдэг аж. Кофены үр худалдаж авахыг хүссэн хүмүүст сонирхуулахад нэг кг нь 55-80 мянган төгрөгийн хооронд худалдаалагддаг юм байна.

Кофены хуурсан шинэ үр худалдаалдаг кофе шопууд хүсвэл нунтаглаад өгдөг юм билээ. Биднийг “Бест прессо”-д байхад дөрвөн ч хүн кофены хуурсан үр нунтаглуулаад гарсан юм. Гэртээ юм уу оффистоо кофе чанагч авчихад л хуучраагүй, шинэ, чанартай кофе уух боломжтой юм байна. Кофены чанартай үр зардаг газраа л олчихвол кофе чанагч үнэтэй байх эсэх нь огт хамаагүй гэнэ. Супер маркет, дэлгүүрүүдэд кофе чанагчийг 70 мянгаас 400 мянган төгрөгийн хооронд худалдаалдаг аж. Сонирхуулж хэлэхэд кофег болж өгвөл үрээр нь авч хадгалбал амт, үнэрээ удаан хадгалдаг байна. Кофены үрийг гар аргаар нунтагладаг жижиг хэрэгслийг дэлгүүр, захын алинаас ч авах боломжтойг хэрэглэгчид андахгүй байх. Мэдэхгүй зүйлээ кофе шопуудад ажиллаж байгаа мэргэжлийн бариста нараас асуучихад болох юм билээ. Кофены үрийг хуурч савласнаас хойш нэг жилийн дотор хэрэглэхэд тохиромжтой гэж үздэг юм байна. Гэхдээ савласнаас хойш сарын дотор уувал амт, чанар нь илүү сайнаар нөлөөлдөг гэсэн зөвлөгөөг “Бест прессо”-гийн бариста бүсгүй өгөв. Тэрээр “Хуурч савласан кофены үрийг задалж хэрэглэчихээд буцаагаад агаар оруулахгүй нөхцөлд хадгалах хэрэгтэй. Амтлагчуудтай хамт байлгаж огт болохгүй. Учир нь кофе үнэр, агаарыг сорж татдаг онцлогтой. Хүмүүс хөргөгчнийхөө үнэрийг арилгах гэж нунтагласан кофе хийгээд байдаг нь ийм шалтгаантай. Бариста нар үнэртэй ус цацдаггүй. Үнэртэй ус цацчихаад ажиллавал найруулсан кофенд үнэртэй ус шингэчихдэг юм. Би л гэхэд ажиллах үедээ гараа ч тосолдоггүй” гэж ярив.

Оюунбилэг биднийг явахын өмнө “Кофены дэлхийд гэж яригдах гурван ч том сүлжээ Монголд орж ирсэн нь олзуурхууштай. Сүлжээний дараагийн кофены хөгжил гэвэл арай өөр зураг харагдаж байгаа. Кофены соёл маш нарийн мэргэжлийн, өөрийн онцгойлсон шинж чанартай болно. Кофе шоп нь хуурсан кофегоо яг л шинэ талх шиг өдөрт нь хэрэглэгчдэдээ түгээж үйлчлээд өдөрт нь дуусгадаг чиг рүү орж байгаа. Сүлжээ нэг их удаан үргэлжлэхгүй” хэмээн ярьсан юм.

Гэрэл зургийг Ц.МяГМарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Архустын эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч, хүүгээ сахиж байсан ээж амиа алдлаа

Төв аймгийн Архуст сумын эмнэлэгт нам даралтын зуух өнгөрсөн сарын 27-ны орой дэлбэрсэн хэрэг гарсан билээ. Дэлбэрэлтийн улмаас 24 настай М.Одсүрэн гэх эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдаж, түүний есөн сартай хүү тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Нам даралтын зуух юунаас болж дэлбэрч, хүний амь насанд хүрсэн талаар сурвалжлахаар Архуст суманд өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт очлоо. Тааралдсан сумын иргэд дэлбэрэлт болсон талаар янз бүрээр ярьж, тайлбарлаж байв. Хэн нэгнээс сонсч, дуулсан зүйлсээ ам уралдан ярих аж. “Хятадаас оруулж ирдэг нам даралтын зуух чанарын шаардлага хангахгүй нь тодорхой байгаа. Хоёр жил болоод дэлбэрдэг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энд тэнд зуух дэлбэрч, хүн амиа алджээ” гэсэн мэдээ байнга гардаг. Эмнэлгийн зуухны ашиглалтын хугацаа дуусаад дэлбэрсэн” хэмээн ярьцгаах аж. Мөн “Эмнэлгийн галч залуу буруу галлаж байгаад сүйд болгочихлоо. Тогоонд нь ус хийлгүй гал түлчихсэн гэсэн” гэх хүн ч олон байлаа. Архуст сумын дэлбэрэлт болсон газар буюу эмнэлэг дээр яваад очлоо. Сумын цагдаа нар хамгаалалтад гарсан байв. “Эмнэлгийн барилга нурах аюултай байна. Ажлын хэсгийн дүгнэлт гартал хүн оруулж болохгүй” гэж Ажлын хэсгийнхэн үүрэг даалгавар өгсөн гэнэ. Үүний дагуу цагдаа нар хамгаалалтад авчээ. Сумын иргэд эмнэлэг яаж дэлбэрснийг ойроос харах гэж ар араасаа цувж ирээд байгаа гэнэ. Бүр дунд сургуулийн сурагчид хүртэл хашаа давж харах гэж оролдсон байна. Иймд эмнэлгийн жижүүр болон цагдаа нар байнгын хамгаалалтад гарчээ. Нам даралтын зуух дэлбэрч, нурсан сумын эмнэлэг “Г” хэлбэртэйгээр баригдсан, нэг давхар цагаан байшин байв. Эмнэлгийн баруун талд дэлбэрэлт болжээ. Баруун хэсгийн гурван өрөө тэр чигтээ дэлбэрэлтэд өртөж нурсан байлаа. Цонхны шил, хүрээ, болон тоосгонууд нь хол шидэгдэж, хана тааз, дээвэр бүхэлдээ дотогш нуржээ. Барилгын 24-ийн хана ширээний тавцан шиг том том хэмжээгээр нурсан байв. Эмнэлгийн баруун захын өрөөнд уурын зуух байрлаж байжээ. Хажууд нь архивын өрөө, халдварт өвчтэй хүмүүсийг тусгаарлаж эмчилгээ хийдэг өрөө байсан юм байна. Тусгаарлах өрөөний хажууд насанд хүрсэн иргэд хэвтэж эмчлүүлдэг өрөө байрлаж байсан аж. Эмнэлгийн баруун талаас дотогш ордог бүргэд хаалга дэлбэрэлтээс үүдэн базсан цаас шиг хумигдаж, цэвэр усны худаг байрлах модон амбаарын ханыг цөм цохин оржээ. Даацын бетонон хана ч бутарч, нурсан байв. Нам даралтын зуух дэлбэрэх үед Ар хуст сумын айлуудад газар хөдөлж байгаа юм шиг доргилт мэдрэгдэж, байшингуудын цонх дуугарч, эд зүйлс унаж мэдрэгдсэн гэнэ. Мөн Архуст сумын нэгдүгээр баг буюу сумын төвөөс 12 километрийн цаана байх айлуудад дэлбэрэлт сонсогдсон байна. Энэ бүгдээс харахад эмнэлгийн нам даралтын зуух ямар хүчтэй дэлбэрсэн нь тодорхой байгаа юм.

“ЦЭВЭР УСНЫ ХУДАГТ АСГАСАН УСАА АРЧИХ ГЭЭД ГАРСАН ХОЙГУУР ЗУУХ ДЭЛБЭРСЭН” ГЭЖЭЭ

Дэлбэрэлт болох үед юу болсон талаар тодруулахаар эмнэлгийн ажилтнууд болон хэвтэн эмчлүүлж байсан хүмүүстэй уулзсан юм. Энэ сарын 27-ны орой 20:50 цагийн орчимд дэлбэрэлт болсон гэх мэдээллийг хүн өгч байлаа. Ажлын цаг дууссан учир эмнэлэг дээр ээлжийн ахлах сувилагч, жижүүр сувилагч, асрагч, галч нар байсан гэнэ. Галч Т.Алтанхуяг ослын талаар “Нам даралтын зуухандаа цагийн хуваарийн дагуу нүүрсээ хийгээд гарсан юм. Тэр үед бүх зүйл хэвийн байсан. Цэвэр усны худгийн шалан дээр асгасан усаа арчих гээд гарсан. Усаа арчаад зогсож байтал гэнэт хүчтэй дуу чимээ гарсан. Гараад иртэл эмнэлгийн хана нурж, тоос шороо босчихсон байсан. Халдвартын өрөөнд байсан хүүг нурангинаас татаж гаргаж ирсэн. Тэгээд хажуудаа байсан хүнд өгсөн. Эргээд ээжийг нь гаргаж авах гэсэн боловч хэдийнэ дарагдчихсан байсан” гэх утга бүхий зүйлсийг цагдаа нарт мэдүүлсэн гэнэ. Харин талийгаач эмэгтэйн хажуугийн өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан Т.Одгэрэл, Г.Нансалмаа, А.Батцэцэг нар дэлбэрэлтийн үеэр өрөөндөө байгаагүй аж. Хоёр нь ар гэрийнхэнтэйгээ эмнэлгийн үүдэнд уулзаж байжээ. Харин нэг нь сувилагчийн өрөөнд даралтаа үзүүлж байсан гэнэ. Дээрх гурван эмчлүүлэгч “Гэнэтхэн л их дуу чимээ гараад, шороо тоос манараад явчихсан. Эхлээд юу болж байгааг мэдээгүй. Их сандарч, айж балмагдсан. Хэрэв бид гурав өрөөндөө хэвтэж байсан бол дарагдаж амь насаа алдах байсан юм байна лээ. Азаар өрөөнөөсөө гарсан байсан болохоор амьд үлдсэн. Бидний хэвтэж байсан өрөөний баруун талын хана тэр чигтээ нурчихсан байсан” хэмээн ярилаа.

“УЛСААС ӨГСӨН ТӨСӨВ МӨНГӨ ХҮРЭХГҮЙГЭЭС БОЛООД ЭМНЭЛЭГ ДОТРОО НАМ ДАРАЛТЫН ЗУУХ БАЙРШУУЛСАН”

Талийгаач эмэгтэй бүх биеэрээ нурангид дарагдаж газар дээрээ амьсгал хураажээ. Харин хүү нь толгойндоо гэмтэл авсан ч амьд гарч чадсан юм. Дэлбэрэлт болж, хүний амь нас хохирсон гэдгийг мэдсэн даруйдаа сумын Засаг даргын Тамгын газрынхан Төв аймгийн Эрүүл мэндийн төв, Цагдаа, Онцгой байдлын газарт яаралтай дуудлага өгсөн байна. Архустын залгаа Эрдэнэ сумын их эмч ирж, дэлбэрэлтэд өртсөн хүүд яаралтай түргэн тусламж үзүүлжээ. Удалгүй аймгийн Эрүүл мэндийн төвөөс эмч нар ирсан байна. Хүүгийн биеийн байдал одоогоор хүндэвтэр байгаа гэсэн. Тархиндаа гэмтэл авсан учир ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Ослын талаар Архуст сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Бадамгаравтай уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Осол юунаас болж гарсан талаар урьдчилсан дүгнэлт гарсан уу?

-Манай эмнэлэгт үнэхээр харамсалтай осол гарч, эрдэнэт хүний амь нас үрэгдчихлээ шүү дээ. Үнэхээр харамсалтай байна. Манай ээж хүнд өвчтэй, хорт хавдраа авахуулах гээд Энэтхэг рүү явсан юм. Аймгийнхаа Эрүүл мэндийн төвөөс зохих журмын дагуу чөлөө аваад ээжийгээ эмчлүүлэхээр явсан хойгуур ийм харамсалтай осол гарчихлаа. Нам даралтын зуух юунаас болж дэлбэрсэн талаар одоогоор урьдчилсан дүгнэлт гараагүй байна. Тиймээс энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Харин манай эмнэлгийн ажилтнуудын хэлж байгаагаар галч залуу хуваарийн дагуу л галлагаа хийсэн гэсэн. Гэтэл зуух нь гэнэт дэлбэрчихсэн гэж ярьсан.

-Сумын эмнэлэгт их засвар хийгээд хэр хугацаа өнгөрсөн бэ. нам даралтын зуухаар халаалтаа шийдээд удаж байна уу?

-Эмнэлгийн барилга 1985 онд ашиглалтад орж байсан. Үүнээс хойш урсгал засвар бараг хийгдээгүй. Элэгдэлд ороод маш хэцүү байдалтайгаар олон жил болсон. Сумын удирдлагууд болон миний бие хөөцөлдөж байгаад 2014 онд урсгал засвар хийлгэх асуудлыг шийдвэрлүүлж, улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргуулсан. Ингээд хоёр жилийн өмнө эмнэлэгт их засвар хийсэн юм. Тэр үед л нам даралтын зуухтай болсон. Нам даралтын зуух тавихаас өмнө эмнэлгийн өрөө болгон зуухтай, зуух болгоныг галч галладаг байсан. Засвар хийлгэх гэж байхдаа нам даралтын зуухийг эмнэлгээс тусад нь барилга бариад байршуулах талаар хөөцөлдсөн. Гэвч улсаас өгсөн мөнгө хаанаа ч хүрээгүй. Зураг төслийн дагуу нам даралтын зуухыг эмнэлгээс тусад нь гаргаж чадаагүй юм. Ингээд л арга буюу эмнэлгийнхээ баруун талын өрөөнд байршуулсан. Бид “Эмнэлэг дотор нам даралтын зуух байршуулах нь эрүүл ахуйд нийцэхгүй байна. Тусад нь барилга бариад өгөх боломж байна уу” гээд олон газраас асуусан. “Өвсний үндэс” төслийнхөнд хүртэл хандаж үзсэн. Гэвч бүтээгүй. Бусад сумын албан газрууд нам даралтын зуухаа байгууллага дотроо байршуулчихсан байдаг. Энэ бүгдээс хараад аюулгүй байх гэж бодож байсан. Сумын эмнэлгийг өөд нь татах гэж олон жил баг хамт олноороо хөдөлмөрлөж, аймгийн Хөдөлмөрийн аварга хамт олон хүртэл болсон. Гэтэл эмнэлэг дотроо тэсрэх бөмбөг байршуулчихаад сууж байжээ. Үнэхээр харамсалтай байна.

-Талийгаач эмэгтэйн хүүхэд улаанбурхан туссан байсан гэж байна лээ?

-Тийм ээ. Сумын эмнэлэгт “Хүүхдийн бие тааруу байна” гээд дуудлага өгсөн байсан. Эмч нар дуудлагаар очиж үзээд халдварт улаанбурхан өвчин туссан, уушги нь хатгаатай байна гээд сумын эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж байсан. Ар гэрийнхний зүгээс “Багануур дүүрэг орж эмнэлэгт хэвтмээр байна” гэсэн санал тавьсан байсан. Хууль журмынхаа дагуу халдварт өвчин туссан хүнийг шууд тусгаарлах өрөөнд хэвтүүлж эмчилгээ хийх ёстой. Өөр эмнэлэг рүү явуулдаггүй юм. Манай эмч нар хууль журмаа барьж ажилласан.

СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД ЭМНЭЛГИЙГ ТҮР БАЙРШУУЛЖЭЭ

Харин Архуст сумын Тамгын газрын дарга А.Амарбаясгалан “Эмнэлэгт нам даралтын зуух дэлбэрсэн даруйд бид аймаг руу мэдэгдсэн. Аймгаас шуурхай арга хэмжээ авч, ажлын хэсэг гарсан байгаа. Юунаас болж нам даралтын зуух дэлбэрсэн гэдгийг удахгүй тогтоох байх. Хүүхдийн биеийн байдал сайжирч, энгийн тасагт шилжсэн гэх мэдээлэл бидэнд өгсөн. Талийгаачийн ар гэрийнхэнтэй Засаг даргын Тамгын газраас байнга уулзаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна. Мөн сумын бусад нам даралтын зуухны галч нарыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, бэлэн байдалтай ажиллуулж байгаа. Сумын эмнэлгийг сургуулийн дотуур байранд түр хугацаагаар шилжүүлээд байна” гэлээ. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр эмнэлгийн барилгыг цаашид ашиглаж болох, эсвэл барилга бүхэлдээ нурах аюултай эсэхийг эцэслэн тогтоох ажлыг эхлүүлэхээр болжээ. Талийгаач эмэгтэйн буяны ажил даваа гаригт буюу өнөөдөр болж байгаа.