Categories
мэдээ цаг-үе

Пүрэвхүүгийн Батхуяг: Өнөөгийн хүмүүс өндөг шиг гадуураа бүрхүүлтэй болчихож

МЗЭ-ийн болон оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын дөрвөн удаагийн шагналт зохиолч, СУИС-ийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуягтай уулзаж хөөрөлдлөө.

-Дөрвөн ч удаа “Алтан-Өд”-ийг гэртээ залсан зохиолч маань “Гэгээн Муза” наадмаас “Эр өндөг” моно жүжгээрээ шилдэг зохиолч боллоо. Баяр хүргэе!

-“Алтан-Өд”-ийг хүүрнэл зохиолын богино төрлөөр хоёр удаа, судлал-шүүмжлэлээр нэг удаа авсан. Ноднин жил “Тайзгүй жүжгүүд”-ээрээ “Алтан-Өд” шагнал хүртлээ. Сүүлийн үед би жүжгийн зохиол нэлээд бичлээ. Энэ жил таван моно жүжиг бичсэнээс “Эр өндөг” гэдэг зохиол маань энэ эрхэм хүндтэй шагналын эзэн болголоо. Энэ жүжгүүдээ нэгтгэж ном гаргах бодол байна. Жүжгүүдээ дөрвөн жүжигчний захиалгаар бичсэн юм л даа.

-“Эр өндөг” жүжгээрээ “Гэгээн Муза” цом гардлаа даа?

-Хүмүүс ерөнхийдөө өндөг шиг гадуураа бүрхүүлтэй болчихож. Өндгийг гаднаас нь хараад хэн ч эр юм уу, эм юм уу гэдгийг ялгаж мэддэггүй шиг эр хүн ийм, эм хүн тийм гэсэн зааг ялгаа амьдралд улам бүр байхгүй болоод байна. Гаднаас нь харахад хувцасласан байдал, алхаа гишгээнээс өгсүүлээд эр, эм нь мэдэгдэхгүй тийм цаг үеийн зааг дээр ирчихсэн юм биш үү. Эрэгтэй хүн дотор эмэгтэйлэг чанар, эмэгтэй хүн дотор эрэгтэйлэг чанар байдаг шиг байна. Гэтэл тэр чанар нь энэ цаг үед хэт давамгайлах болж. Нийгэмд ийм дүр олноор ажиглагдаад асуудал дэвшүүлж “Эр өндөг”-өө бичсэн юм. Өндөг мэдээж нэг л бүрхүүлтэй. Тэр бүрхүүл хагараад, тодорхой цаг хугацааны дараа ямар хүйсийн амьтан байж вэ гэдгийг нь харж, мэдэж болдог. Яг түүнтэй адил хүн төрөлхтөн бид энэ амьдралдаа өөрсдийгөө тойрсон нэг бүрхүүлтэй болчихож. Тэр бүрхүүлийн маань хуяг улам зузаараад, бид бие биеэсээ улам улам холдоод байх юм. Би энэ жүжгээрээ нийгэмд юу хэлэхийг хүссэн бэ гэвэл “Та биднийг тойрон байгаа энэ бүрхэвч нэг л өдөр хагарах юм бол бидний жинхэнэ мөн чанар нээгдэнэ. Өөрийн бий болгосон бүрхүүлээ хагалж, илэн далангүй, чин сэтгэлийн, нарийн нандин харьцаа хоорондоо тогтоовол бидний амьдрал гэрэл гэгээтэй болох болов уу” гэсэн тэр л найдлагаар бичсэн дээ.

-Бусад бүтээл чинь ямар жүжгүүд байна?

-“Цуурай” гээд жүжгийг УДЭТ-ын жүжигчин Тодгэрэлд өгсөн байгаа. Бид өөрсдийнхөө сүүдэр, цуурай хоёрыг бидний эрхшээлийг дагагч гэж эндүүрдэг. “Цуурай” жүжгийн гол дүр эзнийхээ дуу хоолойг дуурайж давталгүй, үзэл бодлоо илэрхийлж байгаа тухай юм. Цуурай эзнээсээ өөр бодолтой байгаа зөрчлийг гаргаж ирсэн. Дараагийн моно жүжиг нь “Намайг тайван оршуулаач” гэдэг нэртэй. Нийгэмд олон шашин шүтдэг хэсэг бүлэг байна. Миний энэ жүжигт Христийг шүтдэг нэг хүн нас барчихаж байгаа юм. Гэтэл хөөрхий түүнийг гэр бүл, ойр дотнынхон нь гэрээслэлийг нь ч ойшоолгүй, лам авчраад, хонх дамар дуугаргаад оршуулж байгаа юм. Насан туршдаа итгэж биширч явсан зүйлийнх нь эсрэг үйлдэлд харууссан хөөрхий сүнсний үгийг хэн ч авч хэлэлцэхгүй. Тийм боломж ч байхгүй. Сүүлийн жүжиг маань гэвэл их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн амьдралын сүүлийн гучин минутын тухай юм. Нацагдорж зуны бүгчим дулаан тэр орой амьсгал хураах сүүлчийн мөчүүддээ юу бодож байсан бол, үхэлтэй нүүр тулаад хүмүүст юу хэлж үлдээх байсан бол гэсэн уран сайхан дээр жүжгийн зохиолоо бичсэн. Моно жүжгээр ном гаргасан зохиолч өмнө нь манай утга зохиолын түүхэнд байхгүй. Ямар ч байсан тэр таван жүжгийнхээ “Эр өндөг”-өөр “Гэгээн Муза”-г авлаа.

-“Эр өндөг” жүжигт хамтран ажилласан уран бүтээлчдээ танилцуулаач?

-Тайзны уран бүтээл өөрөө хамтын бүтээл юм. Сайн зохиол байхгүй бол сайн найруулагч төрж гарахгүй. Сайн найруулагч хүн сайн жүжигчдийг тодорхойлдог. Энэ цогц хамтын ажиллагаан дунд мэдээж санаа нийлсэн уран бүтээлчдээ би нэрлэхийг хүсч байна. Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн шавь, залуу найруулагч Б.Бат-Өлзий, УДЭТ-ын чадварлаг жүжигчин Г.Алтангэрэл хоёртой хамтран ажиллалаа. Жүжигт сэтгэцийн эмнэлэгт болж буй үйл явдлыг үзүүлсэн. Эмчлүүлэгч залуу эмнэлэгт тухайн өдөр хэрэглэх байсан өндгүүдийг өрөөндөө авчраад нуучихдаг. Тэр залуугийн бодлоор өндгийг гаднаас нь хараад эр, эмийг нь мэдэхгүйтэй адил хүний оюун бодлыг хэн ч уншиж чадахгүй. Өндөг хагарлаа. Тэр бол өндөгний хувьд үхэл. Тэнгэрт од харвалаа. Тэр тэнгэрт ч бас үхэл байгааг илэрхийлж байгаа. Нэгэнт л энэ ертөнцөд хоног хугацаатай ирсэн нь үнэн юм чинь бусдаас өөрийгөө нуугаад хальсан дотроо байгаад байх биш харин сэтгэл зүрх, бодлоо ил гаргах ёстой юм байна. Гэвч, сэтгэл санаагаа илчилснээр нийгэмд эрүүл бус гэж дүгнэгдэх болж. Би бол эрүүл хүн. Харин эргэн тойрны эмч, сувилагч, асрагч нар хуяган дотроо нуугдаад улам солиотой болсныг үгүйсгэхгүй гэсэн зөрчилт санааг үзэгчдэд илэрхийлсэн.

-Сүүлийн үед жүжгээс гадна ямар ном бүтээл туурвиж байна даа?

-Судлал, шүүмжийн “Эсрэг цаг-3” номоо хэвлэлд шилжүүлэхэд бэлэн болголоо. “Цаг хугацааны цас бороо” гэсэн яруу найргийн түүврээ хэвлүүлж байгаа. Өмнөтгөлийг нь манай зохиолч, яруу найрагч Г.Аюурзана бичсэн. Өмнөх шүлгүүдийн уур амьсгалаас тэс өөр ном болсон. Бичил тэмдэглэл шахуу богино өгүүллэгийн номоо гаргана. “Хамгийн хойд хот” романаа үндсэндээ бичээд дуусч байгаа. Харь газар хэдэн сар суухдаа бараг төгсгөчих байх.

-Харь газар хаашаа, ямар ажлаар одох гэж байна?

-БНСУ-д Сөүл хотын тухай зохиол бичихээр сонгогдсон. Азиас гурван зохиолч тэнд уригдан очих юм. Энэтхэгтээ сүүлийн үед нэлээд нэрд гарч яваа, “What’s loser” буюу “Юу ялагч вэ” ном бичсэн Панжак гэдэг зохиолч, Индонезийн нэг эмэгтэй зохиолч бид гурав Сөүлийн амьдралтай танилцаад нэг нэг эсээ бичиж ном гаргах юм. Тэр үеэр миний богино өгүүллэгийн ном “Ази” сэтгүүлийн хавсралт болж солонгос хэлээр хэвлэгдсэний баяр давхацна. Энэ оны долоодугаар сарын эхээр Ази тивийн зохиолчдын форум Солонгост болно. Тэнд оролцох юм.

-Донровын Намдагийн гэр сургуулиас Дэмбээгийн Мягмар, Дармын Батбаяр нарын жүжгийн зохиолчид төрсөн гэдэг. Өөрийн чинь жүжгийн зохиолын багш гэвэл хэнийг нэрлэх бол?

-Хадаг барьж сүйд болоогүй ч жүжгийн зохиолын талаар маш их зөвлөгөө авдаг, их ойрхон байж үг сургаалыг нь дотроо хүлээн зөвшөөрдөг хүн маань төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр шүү дээ. Тэр хүний нөлөө намайг яах аргагүй жүжгийн урлагийн бүтээл рүү уруу татсан. Жүжиг гэдэг яруу найраг, хүүрнэл зохиолоос тэс өөр байдаг юм байна. Миний анхны “Би Пушкин биш ээ. Харин…” жүжигт хүмүүс ам сайтай байсан нь урам өгсөн байх. Хүүрнэл зохиол, жүжиг хоёр тэс өөр байдаг. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэх хүн ч байдаг. Гэхдээ одоохондоо хоёуланг нь бичээд л явж байя. Болохгүй юм байхгүй байлгүй л гэж бодож байна. Яваандаа эмгэнэлт жүжиг бичнэ л гэж боддог. Трагеди бол жүжгийн зохиолын оргил нь шүү дээ. Залуучууд “пэнсэндээ гарах” гэж яриад байдаг даа. Тэрэн шиг яруу найргийн хувьд араас гарч ирж байгаа залуусын давалгаан, цаг үе, насаа бодсон ч уран зохиолын илүү үр бүтээлтэй төрөл рүү даацтайхан орох хэрэгтэй юм байна.

-Яруу найрагч Г.Аюурзана “Дөч хүрээд яруу найргаасаа зодог тайллаа” гэж яриа өгч байсан. Өөрөө бас яруу найргаас зодог тайлж байгаа юм уу?

-Би тэгж төлөвлөгөөтэй тэгье, ингэе гэсэн юм алга. Гэхдээ л бичиж байсан хурд, тоо, яруу найргийн сэтгэлгээ ямар нэгэн хэмжээгээр буурдаг, багасдаг хандлага өөрт ажиглагдаад байх юм байна шүү дээ. Яруу найргийн сэтгэлгээ байхгүй болтол л бичээд байя гэж бодоод байна.

-Өөрөө О.Дашбалбар багшийнхаа тухай ном болохоор хэмжээний их зүйл бичсэн дээ?

-Багшийг байхгүй болсноос хойш эсээ, тэмдэглэл, дурсамжийн арван есөн өгүүлэл бичсэнээ ном болгож боосон. Өнгөрөгч онд хэвлүүлье гэснээ буцааж татсан. Ухаан суугаагүй хорин хэдэн насандаа, гуч гараад зэргээр янз бүрийн цаг үед бичсэн зүйлс л дээ. Багш дөчин хоёр насандаа байхгүй болсон. Би хойтон багшийнхаа насанд хүрнэ. Тэр хүнээс ах болчихоод багшийнхаа ертөнцийг дурсаад үзвэл яах бол гэсэн бодол хэвлэлд шилжүүлэхээс хойшлуулсан.

-Монголын нэрт зохиолч Л.Хуушаан, Л.Дашням нартай хамаатан садан гэдэг байх аа?

-Манай аав, ээж хоёр Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул хүмүүс. Монголын чадварлаг ах, дүү хоёр зохиолч манай өвөөтэй эгч дүүсийн хүүхдүүд юм л даа. Манай аавын талынханд ерөөл магтаал хэлдэг бэлэн сэцэн хүмүүс олон байсан юм билээ. Мөн гарын уртай зураачид олон байсан гэдэг. Урлагт дурласан авьяасын гинжин хэлхээ намайг үгийн урлагтай холбосон байхыг үгүйсгэхгүй.

-Гадаадын олон хэлнээс мундаг бүтээлүүд орчуулагдаж, зохиолчид маань ч уран зохиолын бүхий л төрлөөр туурвиж байна. Өнөөгийн утга зохиолын амьдралыг өөрөө зохиолч, судлаач, шүүмжлэгчийн нүдээр хэрхэн харж байна?

-Судлаачид нэгэн үе “Монголын утга зохиолын хөлөг онгоц зогслоо” гэж харж байсан. Би үүнтэй тэр үед ч, одоо ч санал нийлдэггүй. Нэг монгол зохиолч монгол хэлээрээ зохиол бичиж л байгаа цагт монгол хэлт утга зохиолын хөлөг онгоц дэлхийн утга зохиолын их далайд дарвуулаа босгон хурдлахаар хөдөлж л байна гэсэн үг. Харин хурдаа авах цаг нь одоо иржээ. Бидэнд өмнөх үеийнхний бичсэн өв байна. Ид бичиж байгаа идэр насны зохиолчид байна. Араас минь хашгираад, дагаж орж ирж байгаа залуус байна. Байдал ийм байхад Монголын их утга зохиолын ирээдүйг бүрхгээр юм уу, хараар төсөөлөх ямар ч боломж байхгүй. Монголын утга зохиол өмнө нь байсан, одоо байгаа, ирээдүйд байх гурван цагийн хэлхээнд мөнх орших аугаа зүйл шүү дээ. Хамгийн гол нь өөрсдийнхөө бүтээлийг чанаржуулах л чухал. Тэрнээс ном гаргах донгоор олон ном хэвлүүлээд зохиолч хэмээх эрхэм алдрыг өг хэмээн тулган шаардах утгагүй. Хүн зөв, буруугаа өөрөө тодорхойлж мэддэггүй. Тэгж залаад өгөх мэргэжлийн шүүмжлэгчид харин утга зохиолд яах аргагүй дутагдаж байгаа.

-Г.Батсуурь, Х.Чойдогжамц нарын сайн шүүмжлэгчид гарч ирчихээд л байна даа?

-Сайн зүйлийн улбаа хэзээ ч тасрахгүй, залгамжлагчид төрж гарах нь ойлгомжтой. Г.Батсуурь бид нэг үеийн залуучууд. Нас ойролцоо. Бас утга зохиолд орж ирсэн үе ч ойролцоо. Чойдогийн хувьд харьцангуй залуу хүн. Ийм залуу хүн гадагшаа явж, нүд тайлмаар байна. Дэлхийд М.Горькийн Утга зохиолын дээд сургуулиас дутахгүй өчнөөн сайн сургууль байна. Утга зохиолын шүүмж бичих сонирхолтой залуус бидний уншаагүйг уншиж, сонсоогүйг сонсож ирэх хэрэгтэй байна. Ер нь шүүмжлэгч хүн зохиолчоос, тайзны найруулагчаас мэдлэг боловсролоороо хуруу өндөр байж байж л утга зохиол, урлагийг хөгжүүлж чадна. Шүүмжлэгч болох хүсэл эрмэлзэлтэй залуус зүрх сэтгэлээ дагаад дэлхийн хэмжээнд өөрийгөө хөгжүүлэх боломж нь нээлттэй байна. Уг нь төр засгаас бодлогоор бэлдэх ёстой юм л даа. Даанч төрийнхөн үүнийг огт ойшоохгүй. Нэг хүн ч нэгддэггүй л байхгүй юу. Наяад оны сүүлээр манай зохиолч, дарга нар монгол үндэстний эрх ашгаа өмнөө тавьж, өөрсдийнхөө хүүхдүүдийг биш Аюурзана ах шиг ардын дөрвөн хүүхдийг Горькийн сургуульд явуулчихсан бол манай утга зохиолын хөгжилд ямар их нэмэр болох байв. Өөрийн эрх ашгаас илүү утга зохиолын эрх ашиг гэж байдаг юм. Монголын зохиолчдын эвлэлдэн нэгдсэн мэргэжлийн байгууллагыг ч би дотоод жижиг асуудалд биш дэлхийн цараатай томоохон асуудал хөөцөлдөөсэй гэж боддог юм.

-Ямар том асуудал билээ?

-“Болор цом”, “Утгын чимэг”-ийг хэн ч зохион байгуулаад явж чадна. Хамгийн гол нь гадаад харилцааг л өргөжүүлэх хэрэгтэй. Тэгвэл залуучууд гадаадын нэр хүндтэй сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжтой. Шинэ үеийнхэнд энэ л тун чухал.

-Шинэ залуу үе гэснээс цахим хуудсандаа Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Балдоржийн Алтанхуяг хэмээх хүүгийн “Мууран байшингуудын түүх” номонд бичсэн өмнөтгөл шүүмжээ тавьсан байв уу?

-Би сардаа бараг хоёр, гурван хүний номын өмнөтгөл бичиж байна. Залуу үеийнхэн надаар номын өмнөтгөлөө бичүүлэх зорилго гэх нь ч хаашаа юм, ер нь дуртай. Би залуусын утга зохиолын замнал, бүтээлийг задлан шинжилж бичдэг. Би тухайлан нэг хүний нэрийг дурдмааргүй байна. Яагаад гэвэл би багш хүн. Бүгдэд адилхан сэтгэлээр ханддаг. Намайг тойрсон олон залуус өндөрт нисэхийг хүсэж байна. Тиймээс энэ үед нь л оюун санаагаар дэмжихийг би боддог. Утга зохиолын ирээдүй гэрэлтэж байг л дээ. Харамсалтай нь, залуу үедээ хүйтэн ханддаг хүмүүс байдаг. Хүн өөрийн үеийнхэнтэйгээ тэрсэлдэж, тэмцэж болно. Хамгийн гол нь араас гарч ирж байгаа үеэ дарах гэсэн явуургүй үзэл газар авахгүй биз дээ. Шинэ залуу үе гэдэг хүссэн ч, хүсээгүй ч орчлонгийн жамаар түрээд л гараад ирнэ шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

“Хүрэн толгойн сүүдэр”-ээ чагнахуй… нүүдэлчдийн дуугаар сэтгэлээ “бороошуулахуй”… бас, биеийнхээ чинадыг “салхилуулахуй”…

-ИМПРЕССИОНИСТ ЭСЭЭ-БОДРОЛ-

Болор цом”-ын эзэн Д.Урианхайн нэгэн шинэ эсээг хүргэж байна.

Борголын (кофе) аяганы дийз шиг дув дугаригхан… жижигхэн… хангал догшдоо урин дуудаж буй гүртэнгийн мутар дахь дэншиг шиг төмөр ч гэмээр, диц ч гэмээр, лав миний нүд зааглаж үл чадах, хүүхдийн тоглоомын дунгуй шиг хөөрхөн, нимгэхэн, дугуйхан пянз алгуурхан эргэнэ.

Богд Дүнжингаравын хярын цасанд өглөөний нар халтирахдаа халтиран, тогтохдоо тогтон шаргалтах шиг, нэгэн харахуйяа, шаргалтан алтарч, нэгэн харахуйяа, мөнгөрөн цайрч тодхон тодхон нар зөв тойрог татан эргэлдэнэ.

Өрөөгөөр дүүрэн нам гүм асгарна.

Чагнахул, уулс, толгодын сүүдэр хүүшлэх эзгүй хээр талаар нэгэн морьтон морины туурайгаар сүүдрийн сэжүүр гишгүүлэн таваргана.

Цээжин чинадад халуун уйтай, нүүдэлчдийн амьдрах уудам их талаар өндөр, нам бараан үүлс уйтгарлангуй алгуураар нүүх ч шиг, эсвэл, морьтны өөрийн нь дөрөөнд дарцагласан биеийн нь сүүдэр амгаланаа дүнсийх эзгүй хээрийн өндөр, нам уулсын сүүдэртэй сүлэлдээд голын тохой руу хүүшлэн одох ч шиг!

Санаа алдмаар… удаан… удаан санаа алдмаар санагдана…

Чагнана…

Юу юугүй цээжин аглагт зөндөө зөндөө энхрий үгс нэг нэгнийхээ урдуур дайран “сахилгагүйтэж”, нэг нэгэнтэйгээ ханьсан тэврэлдэж, чанга чангаар “хашгичин” хөөцөлдөнө…

Дахиад л, халуунаа… халуунаа… жигтэй халуунаа сүүрс алдам нам гүм!

Барьц алдмаар, айхдаа, хаашаа ч хамаагүй, юу руу ч хамаагүй, шурхийн шургамаар, эсвэл, бүгдийг ор тас мартмаар… ижийгээ ч, Бурханыг ч, өвөрт нь төрсөн уулаа ч мартмаар, өөрөө өөртөө гүнээ живээд өөрийгөө ч мартмаар, хагацахын аргагүй, хамт удахын ч аргагүй нам гүм, тэгэхдээ, чагнахуйяа чих үл тэсэм “тэсрэлттэй”, хэзээ ч үл ойлгом, үл алдам эгшиглэнтэй адын нам гүм!

Пянз эргэнэ…

“Хүрэн толгой”-н сүүдэр хүүшилнэ.

Жигтэй нам гүм…

Жигтэй чимээтэй, энхэр дотно “шивнээ”, жигтэй ажин түжин, жигтэй “буцламгай” гуниг бороошсон “хашгираа”-ны цуурайтай үнсэлцэх ямар сайхан “амттай” юм бэ? гэж бодогдон биеийн хаа нэгтээгээс инээд түрнэ.

Инээд!..

Инээдний “ганцаардал”

Инээдний ганцаардал тоолшгүй нөр он жилүүдийн тэртээх Монголын их говьд элс, хайрга тэнгэрт цацан хатиралдаж асан орогшин хул тахийн сүргийг нүдний өмнүүр хатируулан жирэлзүүлж, сэтгэлийн гүн дотор түмэн хүслэнт “Майдарын ногоон морь”-ны туурайн төвөргөөнийг ч тодхоноо бүтээн сонсгоно…

Инээдний “ганцаардал”-ын нам гүмд үг… үгс бүтнэ.

<<Ганцаардахуй, – “Хүрэн толгойн сүүдэр”-ийн хүүшийг өвөртлөхүй;

Гуниглахуй, – “Хүрэн толгойн сүүдэр”-ийн уртыг туулахуй;

Амьдрахуй, – “Хүрэн толгойн сүүдэр”-ийн гэгээтэй амраглахуй

Егүүдэхүй, -”Хүрэн толгойн сүүдэр”-ийн мөнхгүйд мөнх улалзахуй!..>>

Пянз эргэнэ…

Сэтгэл үгэнд итгэнэ…

Үгс… эгшиг аялгуу… нар… сүүдэр… толгод… голын тохой… тал хөндий… хэдэн хар шувуу… хэдэн хайлаас… адуу мал… давхиж яваа морьтой хүн… хүнээ санасан хүн…!

Хүйтэн өдрөө хүйтэн, халуун өдрөө халуун Дэлхийдээ амьдарсан түүхэндээ үхсэн нь даанч олон, амьд нь даанч цөөн үлдсэн Хүн төрөлхтөнд даанч тоомжиргүй эргэсэн цаг хугацаатай мөчөөрхөлцөж мөнхрөлийг олтлоо амсхийлгүй тэмцсэн амьдралдаа хүнээрээ л дандаа дутсан Хүн!

<<Хүрэн толгойн сүүдэр

Хөндийгөө дүүрээд хүүшилнэ.

Хүний жаахан чамдаа

Сэтгэл юундаа даслаа даа!..>>

Хөөрхий, Хүнээ санаад, хүлгийн зоонд босон дөрөөнд жийсэн хүнийхээ дуунд хүний сэтгэл нэвт “бороошин”, хэм хэвээ алдан “давалгаална”.

Айраг залгилмаар санагдана.

Үхтлээ согтмоор… ангир шувуунд хувилаад бүлээхэн, дулаахан устай нуурын эргүүлгэнд намрын сүүлчийн навчистай хөвөн ганганамаар, юухан нэгэнд ч хамаагүй хоргодон ганганасаар мөсөнд хучигдаад үлдмээр ч бодогдоод, сэтгэл гунигшингуйяа “дэвэлзэнэ”…

Ертөнцөд хамгийн өрөвдмөөр юм, -Хүнээ үгүйлэх хүний сэтгэл… хүнээрээ л дутах хүний гачигдал, зовлон шиг санагдаад, тэсгэлгүй, цээжний аглагаар нулимс шүүрэн “шуургална”!

Юм бүгдийг уйлан тэвэрмээр… юм бүгдийг уйлуулан тэврүүлмээр… тэгээд, юу ч хэлэлгүй, юу ч дуугаралгүй удаан уйлмаар санагдуулсан “салхи” хавирга “түлхэн” хөдлөөд, биеийн чинадад хаа нэгтээ ямар нэг “халуун юм” хачин чанга уулга алдтал халуу дүүгүүлнэ…

Пянз эргэнэ…

Хүрмэн хүрэн чулуудтай, намхан намжаа толгодоос сүүдэр хүүшлэн уртасна…

Сүүдэр нүүдэллэх нь, хонон өнжин шиврэх зүсэр борооны түрүүч дайран ирэх шиг хөндий дүүрээд, “урсан-тогтон”, “тогтон-урсан” урссаар орхих толгод, тохойноосоо зориглон холдохоор яарах ч шиг, “Хоргодохуйн татах хүч”-нд дийлэгдээд хөдөлж эс чадах ч шиг, “тогтон-урсан”, “урсан- тогтон” хөдлөх ч шиг, чингээд мөнөө “Хүрэн толгойн сүүдэр”-ийг гуниглал, хөлчүүрэл, “үгүйлэхүйн халуун ган” нэгдэн сүлэлдсэн гангийн аагим улаан салхи болгон “хавсаргалуулж” сэтгэлийн хөгийг уруу татан “хөөрөгдөнө”.

Хүний үр хүнийхээ үрийг санан ганирахын “элгэн халуун там “Хүрэн толгойн сүүдэр”-ээс хэт цахин, нүүдэлчдийн “чулуун тулга”-нд улалзах аргалын гал мэт улас-улас асан өндөлзөж, “Монголын үзэсгэлэнт гоо” эхнэрүүдийн нэрдэг догшин, тунгалаг, хатуу охь шиг дотор биеийг илчээн цоргисон нөл халуун арз нэрж сэтгэлийн мэлмий рүү сүрчинэ.

Толгойтой үсний үзүүрээс гар, хөлийн хумсны үзүүр хүртэл халуунаа хөлчин, “Учрахуй… Үл хагацахуй”-н мөрөөдлөөр амьдын “зүүд” хийгээд “үнэн”-ийг нийтгэнэ…

Нүдээр нулимс “үерлэнэ”…

Пянз эргэнэ…

II

Пянз эргэнэ…

“Аараг толгойн сүүдэр

Араа дүүрээд хүүшилнэ…

Амраг жаахан чамдаа

Сэтгэл юундаа даслаа даа!..”

Аараг намхан толгодын сүүдэр ар хөвчийн хөглөгөр их уулс, нуга тохойн эзгүйг эзлэн хүүшилнэ…

Анир гүм, аглаг дүнсгэр хээр талаар морьтон эр дөрөөнд жийн, аргил цээлхэн хоолойгоор хайртай нэгнээ санасан халуун хөлчингө, “ханьсах-өнчрөх”-ийн зовлонт залуу зандан биеийнхээ “дотоод чинад” руу, магадгүй, газрын чулуулаг “заараг” руу огторгуйн “хүлцэнгүй”, “дүлий”-г гүнээ доргион дэлдэх эгшиг хөгөөрөө “шурган” хүүрнэж, толгод толгодыг өндөлзүүлэн таваргана…

Тоос босно…

Замын зажуур бутнаас сүрэг бор шувуу дэргэн ниснэ…

Дуу толгодын сүүдэр сүлнэ…

Сонсон сонсохуйяа, хөхүүр рүү очмоор… айраг залгилмаар… хэн нэгний энхрий цээж түшээд асгартал уйлмаар адгана…

Хүний үр хүний үрд яасхийн ээнэгшихээрээ ийн элэг сэтгэл хайлтал… эсвэл урагдтал, идэр эрмэг биеэ тогтоон барих тэнхлээ алдтал, эрэвгэр хурдан шаргадаа эмээлээ тохохдоо ч эдлэхээ цөөлдөг жийжүү дөрөөнийхөө эр хар сурыг тасартал жийн босоход тултал ганьхардаг юм бол доо, хөөрхий?!

Хүний үр хүний үрээ яаж хайрлаж, яаж хүсэн “тарчлах”-аараа ийн тэвчээр алдуурч уулсын өндөр, усны холыг унаганыхаа зэлнээс холгүйд бодож чаддаг, эзгүй хээрээр ийн хань хийн эрдүү хорвоогийн бардуу хясал, ахуй амьдралынхаа “санаандгүй”-н үл харагдах огтроо нугачааг сэтгэлдээ эерүүлж чаддаг юм бол доо?

Хачин удаан мэлмэрүүлмээр… хавчиг, торхонд хоног сараар иссэн тараг, бэсрэгийг харзны усаар нэрээд “хав дарчихсан” сархдаас хул хулаар залгилмаар… хаашаа ч хамаагүй… хаа нэг тийшээ шувуу даган хөлөө сөхөртөл гүймээр хөлсөн, цус догшноо исэн шуугина…

Пянз эргэнэ…

III

Пянз эргэнэ…

Пянзнаас эгшиглэх нүүдэлчдийн дууны үг, аялгуу сэтгэлийг ч, бас, хүний биед буй бүгдийг ч “бороошуулж”, “салхилуулж”, тэнгэрийн “үл төгсөхүй”-д барилдуулна…

Нүүдэлчдийн “үл тайлагдах” нууцат совин билиг, “үл тайлбарлагдах” ховс, зөнт эгшиг аялгуу ийн ертөнцийн халууны туйл- сэтгэлийн “тооно”-нд голлоно…

“Нуур аа чи, хөлдөх гээд байна уу даа, ай хө,

Нугас болоод галууд хөөрхий болно шүү дээ,

Нууцхан ханилсан чи бидэн хоёр

Аргагүй чиг амраг мөнөөсөө мөн шүү дээ!

Аюул чиг аюулаас айсангүй дээ, ай хө,

Аашны чинь хөөрхөнд аргагүй даслаа даа,

Асгаруулан, мэлмэрүүлэн уйлаад ч яахав дээ,

Амьд болоод мэнд л явбал уулзана шүү дээ, хонгор минь!..”

Сонсохуйяа, ойлгон ухахуйяа, хамаг л эдэс, эрхтэн цогцос “тулгуур”-аа алдан гуйвна…

Яах ийхийн зуургүй, сэтгэлийн жин ч тогтвороо… хүндийн төвөө… тэнцвэрийн тэгш хэмээ “булгин тангарч”, Дэлхийн жинд татагдан нийлчих ч шиг нэг хүндрэн, тэгснээ салаад нисчих шиг ч нэг хөнгөрөн, тэнгэр огторгуйн салхинд ороогдон нэгдчих ч шиг нэг юүлэгдэж, нэг дүүрэн хальж, хэмжээ, туйлаа хязгааргүй тэлэн түлхэнэ…

“Байгаа”, “Байхгүй” хоёуланг томон үнэмшүүлнэ…

Сэтгэлийн хөвч яах ийхийн зуургүй илэг, торго болтлоо нимгэрч, элдүүр ханан зөөлөрсөн сур шиг чивчрэн зангилагдахдаа зангилагдаж, элрэн сулрахдаа сулран, эрэг хаднаасаа цоройн хүрхрэх далайн давалгааны хуй шиг эрчлэгдэхдээ эрчлэгдэнэ.

Буух газраа сонгоогүй ч огторгуйн цээлд нисэж нисэж салхинд алгадуулаад, агаарт жий-в, жий-в жиргэн жиргэн савчивч аргагүй хүчгүйдэн хаа нэгтээ бууж газраар дэгдэс-дэгдэс гүйх болжмор шиг, хаа нэг газраа “үнсэн”, газраа тэврэн шургачих тохиол нүүрлэв ч тэнгэрт нисэхгүйгээр тэсэж огт эс чадна…

Амьдралд хясал шиг… айдас шиг… бэрхшээл зовлон шиг өчүүхэн нь огт байдаггүйг гэгээрэн, золтой л эс инээдэндээ “хахна”…

Айдас… гамшиг… аюул… үхэл… мөнх бусад нь ч үнэхээр “нохой бөөс”-нөөс шальгүй нь илт мэдрэгдэнэ…

Баярлангуйяа бодлогоширно…

“Өчүүхэн бүгдийг байр байранд нь цаг ямагт байлгахын тулд, өчүүхнийг мэдүүлж “инээдэм” болгож элэглэхийн тулд хүмүүн бид цаг ямагт бие биеэ аугаа хайраар хайрлах хэрэгтэй! Бие биеэ… бусдыг… юм бүгдийг… ертөнцийг иж бүхэлд нь хайрлах! Гагцхүү… гагцхүү хайрлах!” гэж бодогдоно…

Пянз эргэнэ…

“Мэлмэрүүлэн чиг уйлаад яахав дээ,

Мэнд болоод амар чиг суувал уулзана шүү дээ, үр минь!”…

Аялгуу цээжний “огторгуй”-г зөөлхөн зөөлхнөө доргион доргиосоор, зүлгээс сэвэлзэх сэвшээ шиг илэн илсээр чинадын чинад руу нэвтэрч, цээжин далдын зай завсрыг нэгжин тархсаар бүгдийг эзлэн шургана.

Тэнд, цээжин гүнд халуунаа даргилах “зай”-д яг л нэг энхрийгээс энхрий, дотноос дотно амьд амьтан, өр зүрхнээс “өмрөөд” эргэн “гагнагдсан” нэг “үйлтэй амьтан” зүүднээсээ сэрээд яаран өндийх шиг адгангүй адгангүй хөдөлнө…

Жигтэй соргогоор сэрвэлзэнэ…

Өмнөд мөсөн тивийг ч үмх шар тос шиг хайлуулчихаар час халуун, “час улаан” сүүрс хамаг эсээр “уугиулна”.

Яасан юм, бүү мэд, сэтгэл бодлыг тэсгэлгүй “өвтгөнө”…

Асгартал… мэлмэртэл… цээжээ эгштэл уйлмаар байж ядуулна…

Тэснэ…

“Үнэний өмнө тэсэх хэрэгтэй!” гэж өөрийгөө ятгана…

Үнэнхээр л, “Амьд болоод мэнд явбал уулзана шүү дээ, үр минь!” гэж бодно…

Бодлоо хатуулаад хатуулаад, сэтгэлээ ч, биеэ ч захирч эс дийлнэ…

Мэлмэртэл… асгартал… ганцаар уйлна…

Хацар руу, энгэр рүү, эр чийрэг хэнхдэг рүү уруудах нулимсны дусал бүр жижигхэн жижигхэн, бөмбөгөн бөмбөгөн улаан оч болж өнхрөн гулсах агаад амьсгал давхцуулсан нэгэн түрмэг, шуурмаг бодлыг хашгичуулан хашгичуулан цуурайтуулах нь, “Амьд, өчүүхэн” юуг ч, хэнийг ч агууд дэвшүүлдэг “Эзэн-хүч” бол Сэтгэл! “Эзэн-хүч”-ний эрхшил, ивээлийг “булаан” хүртэхийг зоривоос хэн ч “Жинхэнэ Хүн” байх; “Хүн” хэмээн онцгойлуулах алдрын эрх, үүрэгт тэнцэж байх хэрэгтэй! Хэн нэгэнд (хэний ч бай!) энэрэл гуйсан нулимстай нүдэнд.., гоморхол, тунирхалд нь.., цэцэг гишгэдэг хөлөнд нь… цэвэрхэн гоо хүзүүнд нь… үл мартагдах үгэнд нь хийгээд үл санагдах шивнээнд нь.., үхэлтэй тэмцэлдсээр царцах эцсийн амьсгаанд нь үнэн голоосоо нэгдэн, бас ээнэгшин, бас, ханьсан “халуурч” үхэн үхтэлээ хайрлах хэрэгтэй!.. гэж Дэлхий-“Бөмбөрцөг”-ийн бөөр захад ч тод дуулдахаар хашгирах ч мэт, үл дуулдахаар шивнэх ч мэт!..

Пянз эргэнэ…

Мөнөө морьтны унаж яваа унаган монгол хүлгийн “ухамсаргүй”, “адгуусан үнэнч”, “адгуусан итгэмхий” нүдэнд ч нулимс “буцлан”, адгуусны нулимс бус хүний нулимс болж нулимстай минь нийлээд, аль нь адгуусных, аль нь хүнийх нь ялгагдахгүй цугтаа тунгалагшина.

Огт бодож байгаагүй бодол “үерлэнэ”…

“Ертөнцийн хамгийн аугаа, ертөнцөд хамгийн дээд үнэтэй юм, хүний амьдралын мөнх бусыг үгүйсгэж баярлуулах, бардамханаар ялж гэтлэх, хамгийн гол нь, -юунд ч үл итгэгч, юунд ч үл гайхагч дөжир Хүн төрөлхтний өөрийн нь үндэслэл “сэжигтэй” “томорхол”-ыг хумхийн тоос мэт “жижгэрүүлж” чадах ганц агуу юм, – хүний Хайрын үнэн, хувиршгүй бөх сэтгэлийн нулимс!” гэсэн бодол цээжинд асаана…

Пянз эргэнэ…

“Нүгэл чиг нүглээс айсангүй дээ,

Нүдний чинь хөөрхөнд аргагүй даслаа даа!..”

Юу, юу гэнэ үү?!

Чихээ “дэвсэн” дахин сонсоно…

Суудлаасаа… зогссон газраасаа хаашаа ч үл хөдөлнө…

Хамаг махбод сульдаад, суудалдаа… зогссон газартаа хадагдчих шиг, мэдээ мэдрэлээ алдаад нирваанд одчих шиг амарлингуйн үрийг олоод хаашаа ч хөдөлж үл чадан хүчирхэгээр “хөшчихнө”…

“Үгүйлэхүйн халуун”-ы өнчин улаан ангир “Сэтгэлийн нуур”-нд нэгэн хоёр ганганана…

Нэгэн хоёр “зулзагална”…

Газрын ч юм шиг, Тэнгэрийн ч юм шиг, Хүмүүний ч юм шиг, Бурханы ч юм шиг үг, эгшгээр сэтгэлийнхээ “сансар”-ыг “эмээллэсэн” хүний л нэгэн үр уулс, толгодын сүүдрийн цаадтай торолзох их тал нутгийн хаа нэгтээ тормойн харагдах, өөрийг нь хүлээн суугаа… магадгүй саравчлан зогсоо хүнийхээ л нэгэн алдрай үр, -“амрагхан жаахан”-аа “Үгүйлэхүйн халуун”-ы нуурандаа ганганах өнчин улаан ангир шиг үгүйлэн хүсэж, сэтгэлийнхээ “жигүүр”-ийг нэгэн хоёр “дэвнэ”…

Нэгэн хоёр тогтооно…

Удаан тогтоож эс чадна…

Хаа нэг, орчлонд хэн нэгэн нь гав ганцаараа, хохь хөөрхий өнчрөн үлдэх шиг, мөнөө, “Үгүйлэхүйн халуун”-ы нуурнаа ганганах содон улаан ангир нүдэнд нь улаан ангир байхаа үтэр болин “хоосон чанар”-ын бодийг олоод, ув улаан, час халуун мананд живмэгцээ мөнөө “Морьтон”-ы морийг “Хүрэн толгойн сүүдэр”-тэй, “Аргагүй амраг”-ийн нууц гачлантай хэрээд “тушчих” шиг сэтгэлийг нь ч “бүдчүүлж”, яс мах цул, эр ханхар, эрүүл яргай биеийг нь ч “жингүйдүүлнэ”…

Хавар, намрын тэнүүл салхин гэрийн хаяа тойрон, гэр тойрны юм бүгдийн хажуугаас.., хүн бүгдийн дэргэдээс… сэтгэлээс… амьдрах гэж тэмцүүлэгч үндэс шалтгаанаас зайцаж үл чадан, гэр тойрны юм бүгдтэй… хүн бүгдтэй “таталцан” ханьсанаа гаслантайяа, гаслантайяа гиншин сэнсэрч гэрт орохоор гэрийн үүд сахин хярчих шиг нам гүм амирлаж, чингэхүйд нь, түрүүний нам гүмийн “хашгираан” хэнхдэг цээжний уудмын бэл, хяраар эмнэг ардаг нуруундаа эмээл тохуулсан хангал үрээ шиг бухан тонгочино…

Яарах юмгүй рүү, магадгүй, харагдах бараагүй рүү яарах нь утгагүй мэт атал тийм “яарах юмгүй” рүү, “харагдах бараагүй” рүү татах ч, таталцах ч “биет үгүй” рүү яаран тэмүүлэх нь амьдралд хамгийн хүчирхэг эрхшээлт “яарал”, “тэмүүлэл” мэт санагдана…

Тогтоон барих хүчнийг өөрийн “Би”-гээсээ эс олох, өөрийнхөө “Би”-д эс аргамжигдах, эс чөдөрлөгдөх яаруу довтчуу, хэмжигдэшгүй хүчтэй, “Үгүй!” гэж зүрхлэн хэлэх хүч нэхсэн, “үгүйсгэл”-ийг нь ичээн сөхөөх Ялалтын “Дэлхийн цөмийн дэлбэрэлт”-ээс ч олон дахин давсан тоймлошгүй хүчирхэг тэсрэлттэй тоймлошгүй их халуун, тийм атлаа Бурханлаг ачит үйлчлэл, нөлөөтэй, тийм асар дээд, үгээр дурдашгүй дээд хүчтэй адгуу яаруу тэмүүлэл, догдлол хаа нэгтээх эзгүй, элчилгүй “цөл”-өөс үерлэн дайрна…

Хүний ганцаардалд “Би”… “Тэр”, “Тэд”.. ер, хэн ч, юу ч буруутай биш! гэж, орчлонд гагц хүн ч биш, бүх юм ганцаарддаг ганцаардлыг эерүүлж, зүгээр л, “Хайр”-ын хүчирхэг эрхээр хүний нэг сайхан үр хүнийхээ нөгөө нэг сайхан үр, -Монголын нүүдэлчдийн “уйлам”, “дуулам” алс зайтай уулс, хөндийн альхан нэгтээ талд, альхан нэгтээ хөндийд хүмүүний амьдралд магнай тэнийн, аанай л бие биетэйгээ ав адилаар… магадгүй, ариун, шударга, төгс сайхан амьдралдаа аймшигтай ганцаардан, магадгүй, аймшигтай өнчрөн, аймшигтай халуунаар гуниглан.., аанай л өөртэй нь ав адилхан, хаа нэгтээ ханхайн дүнсийх будант хөх уулсын альхан нэгэн суганд… альхан нэгэн үл барагдах хөндийд бие биеэ хүсэн… хайрлан.. ганиран суугаа хэн нэгэн “Хүний үр”-ийг үгүйлэн… мөрөөдөн… үхэхгүй юм шиг санан “ганцаардахын халуун уй”-гаар даллан,

“Тоорой юу модонд тогоруу нь эргэнэ,

Тоосны (лаа) үзүүрээс хүү минь ирнэ!..” гэж итгэн, тэрхүү “тоосны үзүүрээс ирэх хүнээ орчлон хорвоод орь ганц, төгс төгөлдөр “Бурхан хүн” гэж Бурхантай чацуулан хайрлаж, сэтгэл алдралгүй хүлээн суугаад нь “Хүрэн толгойн сүүдэр”-ийг хүлгийн туурайгаар гишгүүлэн сэмлэж, “Аргагүй амраг” “тэр” рүүгээ хүлгийн дөрөөнд “босон” довтолгож яваа “хүний сайхан үр” -нөгөө хүн нь сэтгэл зүйргүй халууцан, магнайн үрчлээ зүйргүй тэнийн жолоогоо зална…

Нүдээр нулимс “халина”…

“Хүний сайхан үр”-ийн хүлээн суугаа орь ганц төгөлдөр, “Бурхан хүн” нь гэртээ хүлээн суугаа, гадаанаа саравчлан зогсоо хүнийхээ нулимсан дотор тов тодхоноо “бүтнэ”…

Хаа нэгтээгээс ямар нэг “хий юм”, заримдаа нүдний хараанд бодтой торох, заримдаа бодгүй торох “нэг юм”, юунд ч үл хоригдох, үл хүчрэгдэх нэг “агуу юм” агуу хүчээрээ сэтгэлийг нь уул, хөндийн дээгүүр нисгэнэ…

IV

Пянз эргэнэ…

Нуурын эзгүйрсэн, өнчирсөн, анир дарсан шар эргэнд, яагаад ч юм, үлдсэн ганц ангирын өнчрөнгүй ганганааны цуурай өвс өвсний ёзоороос дуулдахад, гар өөрийн эрхгүй зүрхээ яаран тэмтчиж, яагаад ч юм, хачин санаандгүй, өөрийн мэдэлгүй, зүрхээ даран дорогш сөхөрнө…

Хаашаа ч юм учир зүггүй, ухаан мэдрэлгүйн туйлаар яаран шавдана…

Уйлмаар… зөндөө удаан, зөндөө ганцаараа уйлан удмаар санагдана…

Пянз эргэсээр л…

Хүний үрийг санасан хүний нэгэн үр хүлгийн дөрөөнд жийн, уулс, толгод, голын тохойн сүүдэр эмжин “нисэхүй” хүлгийн нь дөрвөн туурайн тоос хөндий туулан “хүүшилнэ”…

“Хүрэн толгойн сүүдэр

Хөндийгөө дүүрээд хүүшилнэ

Хүний л жаахан чамдаа

Сэтгэл юундаа даслаа даа!..” гэсэн үгс ч юм шиг, ариунаа оршсон Бурхадын амьсгаа, эсвэл, санаа алдалт ч юм шиг, тийн, нэгэн зуурд эс баригдан замхарч, нэгэн зуурд ууланд нүүх намрын манангийн анир шиг ч чанга дуулдаж, өвс ногоо… хад мод… хаа нэгтээ үзэгдэн өнгөрөх ганц хоёр айл гэр… адуу мал… унага, тугалын зэл… түргэн урсгалт тунгалаг гол, горхийн хэлгий, зүггүй боргио… Монголд өдөлсөн “нүүдэлчин” шувуудын ангаахай, дэгдээхэйсийн намрын намарт Монголдоо… монгол нүүдэлчдийн дуунд хоргодон эргэлдэх далавчин доорх намхан толгодын хүүш… ер, нүдэнд үзэгдэх хийгээд эс үзэгдэх бүгдийг сүлэн замхрах ч шиг, бүгдэд мөнхрөн шингэх ч шиг!..

Пянз эргэнэ…

2010.10.15-16.

Хүнчулууны хөндий.

2012.08.01-03

Шаддүвлин.

2013.07.12-14. Шаддүвлин.

2016.03.17-22.

Алтан тэвшийн хөндий.

Categories
мэдээ цаг-үе

Д.Хүрэлхүү: Бид их зөв дуугарч, зөв мессежийг нийгэмд өгөх ёстой

“Ядуугийн зовлон-2” уран сайхны кино саяхан нээлтээ хийсэн бөгөөд үзэгчдийн дунд хамгийн эрэлттэй киногоор нэрлэгдээд байна. Тус киноны нээлтийн үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбарэнцэнгийн Хүрэлхүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Та “Ядуугийн зовлон-2” киноны гол дүрд дахин тоглохоос гадна продюсероор ажиллажээ?

-Киноныхоо нээлтийг хийж үзэгчдэдээ хүргэлээ. Маш их сэтгэл хөдөлж байна. “Ядуугийн зовлон-2” кино маань миний төсөл удирдаж, продюсероор ажиллаж буй зургаа дахь бүтээл. Энэ удаа киноныхоо гол дүрд тоглолоо, баяртай байна.

-Нээлтэд ирсэн үзэгчид сэтгэл хангалуун байна. Шинэ бүтээл үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөнө гэдэг уран бүтээлчдийн хувьд юутай ч зүйрлэшгүй жаргал болов уу?

-Үзэгчдэдээ юуны өмнө сайн сайхныг хүсье. Би яг киноны нээлтийн үеэр үзэгчидтэйгээ хамт байж амжсангүй. Гэхдээ үзэгчид сэтгэл өндөр хүлээж авч байгааг би орж ирээд харлаа. Үүнийг уран бүтээлч бидний зорилго биеллээ оллоо гэж ойлгож байна. Үзэгчдэд маань таалагдсанд баяртай байна. Киногоо бага зэрэг айдастай нээж байсан. Одоо айдас маань дарагдлаа. Сэтгэгдэл өндөр байна. Бидний бүтээсэн “Ядуугийн зовлон -2” киног үзэж амжаагүй бол та бүхэн тухлан сууж таалан соёрхоорой. Цаашдаа үзэгчдийнхээ оюун санааны хэрэгцээг хангасан сайхан бүтээл, тэр дундаа кино бүтээхийг зорьж байна.

-Энэ олон жилийн дараа киноны хоёрдугаар ангийг хийх гол шалтгаан юу байв?

-Киноны нэгдүгээр анги нь 18 жилийн өмнө гарч байсан. Хоёрдугаар ангиараа өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байгаа гол утга санааг бид хэлэхийг зорьсон. Хүний амьдрал гэдэг эд хөрөнгө, мөнгө төгрөг биш гэдэг санааг энэ кинонд тод тусгаж өгсөн. Найруулагч Ц.Хүсэлбаатар, зургийн дарга С.Өлзийхүү болон манай кино багийнхан энэ цаг үед бид их зөв дуугарч, зөв мессежийг нийгэмд өгөх ёстой гэдэг үүднээс бид энэхүү киноныхоо төгсгөлийг маш их бодож хийсэн. Тухайн үед ч, хойшид ч ийм зүйл байх болно. Хүн эд хөрөнгө, өнгө мөнгөнд хэт шунавал юунд хүргэдгийг бид энэ киногоороо харуулахыг зорьсон. Харин мөнгө, эд хөрөнгөөс илүү сайхан аз жаргал, сайхан амьдрал байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон.

-Киноны нэгдүгээр ангийн Хүдэр, хоёрдугаар ангид эрс өөрчлөгдөж, ухаажиж гэх үү дээ. Төгсгөл нь өмнөх ангиас илүү гэгээлэг юм?

-“Ядуугийн зовлон-1” кинон дээр Хүдэр алт, эрдэнэс олж л баяжих сонирхолтой. Бодол санаагаа захирч чадахгүй шуналд хөтлөгдсөн нэгэн байлаа. Залуу ч байж. Харин энэ олон жилийн дараа Хүдэр эргэн ирэхдээ сэтгэцийн эмнэлгээс оргож улмаар нэгэн хүүтэй танилцана. Хүүгийн ээж бие муутай учраас тэр хоёрт хань болсон нь хуучин эхнэрийнхээ гэрт ирсэн байж таардаг. Ийн цааш үйл явдал улам сонирхолтой үргэлжилдэг. Хамгийн эцэстээ өнөөх олон жил хөөцөлдөөд байсан алт, эрдэнэс ч Хүдэрт наалдалгүй, бүх зүйл сайн сайхнаар эргэж кино төгсдөг. Гадаадын аймшгийн төрлийн кино гэхээр ихэнхдээ ид шид, эсвэл ямар нэгэн хар гарагийн амьтан ч юм уу, гадны биет төсөөлөгддөг. Харин монголчуудын хувьд дээр үеэс зарим тохиолдолд хүн бурханы оронд очсон ч эд хөрөнгөндөө хоргодоод тайван нойрсож чадахгүй үзэгддэг, тухайн эд хөрөнгөө байнга дагадаг гэж үздэг. Ахуй байдлаас сэдэвлэсэн кино болохоор тэр юм уу хүмүүст илүү хүрсэн болов уу гэж боддог. Энэ утгаараа Монголын анхны аймшгийн кино гэж хүмүүс ярьдаг байх.

-Киноны зураг авалт өмнөх ангитай харьцуулбал их өвөрмөц, технологийн хувьд шинэлэг болсон талаар үзэгчид ярьж байна. Зураг авалтын нууцаасаа хуваалцахгүй юу?

-Кино маань хүнд зураг авалтуудтай байсан. Гэхдээ их гоё, сонирхолтой төсөл явсан байгаа. Кинонд 18 жилийн өмнө тоглож байсан уран бүтээлчид хүртэл тоглосон шүү. Мөн Ц.Алдармаа гол дүр бүтээсэн гээд маш олон сайхан уран бүтээлч энэхүү бүтээлд нэгдлээ.

-Таны бие даасан ээлжит уран бүтээл хэзээ мэндлэх бол?

-Бид дөнгөж киноныхоо нээлтийг хийгээд байна. Түр амсхийж байгаад дараагийнхаа ажлыг төлөвлөнө дөө.

-Та гавьяатынхаа найрыг хэзээ хийх гэж байна?

-Одоохондоо бодсон юм алга. Гэхдээ болохгүй гэх юм байхгүй.

-Та үеийнхээ уран бүтээлчдийг хүүхдүүдийнх нь хамт нэгэн дор нэгтгэж “Тагнуулч аав” уран сайхны киног хийж байсан. Хүмүүст ч нэлээд хүрсэн. Дахин иймэрхүү уран бүтээл хийх бодол байна уу?

-П.Эрдэнэзаан, О.Бат-Өлзий, И.Одончимэг, Д.Бямбацогт бид хэд хүүхдүүдийнхээ хамт “Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кинонд тоглосон. Хийж болно. Цаг арай болоогүй байна. Надад өөрийн гэсэн бодол байгаа.

Categories
мэдээ цаг-үе

АНУ-д сураггүй алга болсон монгол эмэгтэйг эрэн сурвалжилж байна

АНУ-д ажиллаж, амьдардаг Гансүхийн Зулцэцэг хэмээх монгол бүсгүй сураггүй алга болоод хорь гаруй хоногийн хугацаа өнгөрч буйг тус улсын телевизээр мэдээлжээ. АНУ-ын цагдаа нарын хэлснээр, Г.Зулцэцэг 38 настай бөгөөд АНУ-ын Чикаго хотын баруун хойд захын ДесПлэйнес хотоос гурван долоо хоног гаруйн өмнө алга болжээ. Түүнийг эрж хайх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Г.Зулцэцэгийг харсан, сонссон хүмүүсээс түүний тухай мэдээллийг ДесПлэйнес хотын цагдаагийн газрын (847) 391-5400 тоот утсаар авч байгаа аж.

Хамгийн сүүлд Г.Зулцэцэг дөрөвдүгээр сарын 11-ний өглөөний 10:00 цагийн орчимд өрөөнийхөө найзуудаас салсан бөгөөд нэг найзтайгаа уулзана гээд гарсан аж. Харин тэр өдрийнхөө 12:00 цагийн орчимд АТМ-аас бэлэн мөнгө авсныг цагдаа нар тогтоосон байна. Мөрдөгчдийн хэлснээр Г.Зулцэцэг тухайн өдөр өөрийн 2001 оны мөнгөлөг “Хонда Аккорд” суудлын тэргээ унаж явжээ. Түүнчлэн автомашин нь зэргэлдээх хотынх нь хяналтын камерт оройн 22:12 цагийн үед бичигдсэн байна. Г.Зулцэцэгийг таньдаг дөрвөн хүнийг олж уулзсан ч сураг нь гараагүй гэнэ. Г.Зулцэцэг 2015 оны арваннэгдүгээр сард АНУ-д ирсэн бөгөөд Ривервүүдст “Korean BBQ” болон Гленвьюд “Суширесторан”-д тогоочоор ажиллаж байжээ. Г.Зулцэцэгийг алга болсноос хоёр хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 13-нд түүний найзууд нь Г.Зулцэцэгийг ажилдаа ирэхгүй байна хэмээн цагдаад мэдэгджээ.

Сураггүй
болсон эмэгтэйн унаж явсан машин

Ажлынх нь газрын дарга Колин Анын хэлснээр “Г.Зулцэцэг цаг баримталдаг, найдвартай бас шаргуу ажилладаг” гэжээ. Дашрамд дурдахад, түүнийг найзууд нь Монгол дахь хамаатан саднууддаа их санаа зовдог, алга болохоосоо өмнө хэд хэдэн танилцах сайтаар зочилж байсныг цагдаа нарт ярьжээ. Цагдаа нар монгол бүсгүйн утас уруу залгаад амжилт олохгүй байгаа аж.

Манай гадаад хэргийн яамЧикаго хотын цагдаагийн байгууллагатай хамтарчажиллаж байна гэв

Г.Зулцэцэгийн ар гэрийнхэн болон хоёр хүүхэд нь Монголд байдаг бөгөөд түүнийг алга болсноос хоёр хоногийн дараа ар гэрийнхэн нь Гадаад хэргийн яаманд хандсан байна. Г.Зулцэцэг гэдэг монгол эмэгтэй сураггүй алга болсон тул АНУ-ын Чикаго хотын хууль хяналтын байгууллагад хандаж, түүнийг эрэн сурвалжлуулах ажлыг зохион байгуулахыг хүссэн өргөдөл гаргажээ. Үүний дагуу Гадаад хэргийн яамнаас тус улсад байгаа Элчин сайдын яамаар дамжуулан хотын цагдаагийн байгууллагад хандсан аж. Энэ талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад, “38 настай эмэгтэй Чикаго хотод дөрөвдүгээр сарын 16-ны өдөр алга болсон. Ажилдаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон байна. Ар гэрийнхэн нь манайд хандсан даруйд тэндхийн Элчин сайдын яамаар дамжуулаад хуулийн байгууллагад хандан мэдээлэл солилцон, хамтарч ажиллаж байна. Манай зүгээс эмэгтэйг таньдаг хүмүүсийг зааж өгөх, тэндхийн цагдаагаас ирсэн мэдээллийг ар гэрийнхэнд нь дамжуулах зэргээр ажиллаж байна. Одоогоор эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Эмэгтэйг таньдаг дөрвөн хүнтэй холбогдсон ч сураг нь гараагүй байна” гэв.

Машин нь “харууд”-ын хорооллоос олдсон учраас муу зүйл болсон байх гэж таамаглаж байна

Чикаго хотын монголчууд Г.Зулцэцэг гэдэг эмэгтэйг алга болсныг дуулаад нэг нэгэндээ сэрэмжтэй явахыг анхааруулж эхэлжээ. Танихгүй хүнтэй юм ярихгүй байх, гадуур явахдаа эргэн тойрноо ажиглаж байх зэргээр сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа аж. Улмаар тэндхийн монгол иргэд Г.Зулцэцэгийг эрэн сурвалжлах ажлыг яаравчлуулахыг хүссэн өргөдлийг цагдаагийн байгууллагад нь өгч, эрэн сурвалжлах ажилд нь туслахаар төлөвлөжээ.

Чикаго хотод амьдарч буй монгол иргэд эмэгтэйг ямар шалтгаанаар алга болсон талаар өөр өөрсдийн таамгийг дэвшүүлж байгаа аж. Хамгийн сүүлд харуудын амьдардаг хорооллоос түүний машин олдсон учир ямар нэг муу зүйл тохиолдсон байж магадгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ. Тус хотын хувьд хүний наймааны хэрэг бага гардаг ч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг маш их байдаг гэнэ. Алга болсон монгол эмэгтэйн хувьд Чикагод ирээд удаагүй учраас таньдаг хүн ховор байсан гэнэ. Мексик залуутай найзалдаг байсан бөгөөд хамгийн сүүлд найз залуутайгаа уулзаад салсан нь тэнд байгаа монголчуудад сэжиг төрүүлж байгаа аж. Цагдаагийнхан мексик эрээс байцаалт авсан бөгөөд тэрээр “Г.Зулцэцэг ажилдаа явлаа гээд салсан, юу болсныг мэдэхгүй” гэжээ. Энэ хэрэгт найз залууг нь холбоотой гэх нотлох баримт одоогоор байхгүй учраас цагдаа нар байцаалт аваад явуулсан аж. Г.Зулцэцэг тэр өдөр үдээс өмнө монгол найз эмэгтэйтэйгээ уулзахаар болзсон байсан ч ийнхүү ажилдаа очилгүй сураггүй алга болсон байна.

Чикаго хотын төв телевизээр 38 настай монгол эмэгтэй алга болсон талаар удаа дараа мэдээлж, эрэн сурвалжилсаар байгаа аж.

Х.ЦЭНД

Categories
мэдээ цаг-үе

А.Энхтулга: Энэ “Unplugged” манай хамтлагийн сүүлийн тоглолт байх

“The Lemons” хамтлагийн соло гитарчин А.Энхтулгатай ярилцлаа.

-“The Lemons” хамтлаг “Unplugged” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтод хэдэн дуу дуулагдах вэ?

-Манай хамтлагийн “Un­plugged” тоглолт тавдугаар сарын 27-ны өдөр болно. Зарлалаа хамтлагийн page хуудсанд эрт тавьсан болохоор хүмүүс хүлээгээд эхэлчихсэн бололтой, асуугаад байгаа. Тоглолтдоо гурван цомгийнхоо шилдэг гэсэн 16 дууг дуулахаар сонгоод бэлтгэлээ хийж байна.

-Хүлээлт үүсгэчихсэн юм байна. Билетээ хэдэн төгрөгөөр борлуулж байгаа вэ?

-Өнөөдрөөс л борлуулалтаа эхэлнэ дээ. Суудлын ангиллаар 40, 60, 80 мянган төгрөгөөр борлуулна. Хүмүүс эхнээсээ суудлаа захиалаад эхэлчихсэн. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 500 хүний суудалтай учраас билетийн борлуулалт эхлэхээр хурдан дуусах шинжтэй байна. Нэг талаараа энэ манай хамтлагийн бараг сүүлийн тоглолт байх. Магадгүй бүр хөгширчихөөд 50-60 насандаа бас нэг тоглолт хийхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ тоглолтыг үзэхэд харамсахгүй гэж хэлмээр байна.

-Танай хамтлаг тарж байгаа юм уу?

-Хамтлаг тараагүй. Бид тоглолтоо дуусгаад дөрөв дэх цомгийн ажилдаа орно. Цомгийнхоо аяыг зохиогоод эхэлчихсэн байгаа. Зун Англи явж тоглолт хийж магадгүй.

-Хэд дэх бие даасан тоглолт вэ. Тоглолт дээрээ үзэгч, сонсогч нартаа ямар бэлэг барих гэж байна?

-Хамтлагийн бие даасан дөрөв дэх тоглолт. “Un­plugged” тоглолт найруулгын хувьд хүмүүсийн төсөөлснөөс тэс өөр байхаар бэлтгэлээ хийж байгаа. Бидний ард Филармонийн 15-16 хөгжимчин хөгжимдөнө. Дуунуудаа хийл, оркестртой дуулна. Мөн хамтлагийнхан бүгд банзан гитартай дуулахаар бэлтгэж байгаа. Тэгэхээр тоглолт маань үзэх, сонсох зүйлтэй сайхан болно. Хамгийн гол нь ганцхан удаа тоглогдох учраас хүмүүс үзэх гээд хүлээгээд байгаа байх.

-500 хүний суудалтай зааланд тоглолт хийхэд сонсогчид чинь бүгд үзэж чадахгүй юм биш үү?

-Харин суудал хязгаартай. Найруулгын хувьд хүмүүст хүрсэн сайхан тоглолт хийхийн тулд заалаа ингэж сонгосон. Манай хамтлагийг 20-40 насныхан сонсдог гэхээр багагүй тоо гарна. Тоглолт ганцхан удаа болох учраас английн студиэр бичлэг хийлгэнэ. Тэрийгээ DVD, CD болгож гаргахаар төлөвлөөд байна.

-Бэлтгэлээ хаана хийж байгаа вэ?

-”Gandan live house”-д хийж байгаа.

-Хамтлагийн анхны дуу болох “Хайртай” дууг сонсогчид андахгүй. “The Lemons” хамтлаг урын сандаа хэдэн дуутай болсон байна вэ?

-2002 онд “Хайртай” дууны үгийг Одноо бичиж байлаа. Тухайн үед өөрсдийн бэлтгэлийн байрандаа приставкны VHS хальсан дээр бичүүлж “FM”-ээр цацуулж байсан юм. Цацагдсан даруйдаа дуу маань хит болж байсан. Сүүлд 2006 онд цомог гаргахдаа шинээр бичиж оруулж байсан. Дуу маань 2007 онд “Пентатоникийн шилдэг алтерьнатив” шагнал авч байлаа. Анхны гэх тодотголтой учраас үзэгчид маань ч сайн мэддэг юм. Одоо хамтлагийн урын санд 50 дуутай болсон байна.

-“The Lemons” хамтлаг хэзээ байгуулагдаж байв. Гишүүд өөрчлөгдсөн үү. Одоо ямар бүрэлдэхүүнтэй байгаа вэ?

-“The Lemons” хамтлаг 2004 оны долдугаар сарын 9-нд албан ёсоор байгуулагдаж байсан. Анхны бүрэлдэхүүнээсээ зарим нь гарсан. Одоо хамтлагийн дуучнаар Ц.Одбаяр, соло гитарчнаар А.Энхтулга, базз гитарчнаар Д.Анар, бөмбөрчнөөр М.Өнөрбаяр нар ажиллаж байна. Ерөнхийдөө 2004 оноос хойш одоогийн бүрэлдэхүүнээрээ нэгдээд 12 жил өнгөрчээ.

-Танай хамтлаг анх Hifi-тай гэрээ хийж байсан байх аа?

-Манайх анх “Hifi lebel”-тэй хоёр цомогны гэрээ хийж байсан. “Hifi lebel” байгуулагдах үед дэлхийн стилийг тоглож байсан хамтлаг манайх л байсан.

-Дуугаа ямар төрөл жанраар туурвидаг вэ?

-Ер нь “Independent” рок урсгалаар уран бүтэлээ туурвиж байна.

-Та хамтлагийнхаа соло гитарчин. Яаж сурч байв?

-Сонирхлоороо сурсан. Манай хамтлагийн Одноо, Өөжгий ч бас сонирхлоороо сурч байсан. Би 1997 онд долдугаар ангид байхдаа нэг сар хүнээр заалгаж байлаа. “Нирвана” хамтлагийн “Un­plugged” тоглолтыг үзээд гитар тоглож сурсан. Тухайн үедээ их идэвхтэй сураад тэрнээс хойш бэлтгэл хийгээгүй. Би өөрийгөө Монголын хамгийн муу гитарчин гэж боддог. Зарим дууныхаа аяыг гитарын ганцхан барилтаараа ч дараад явчихдаг үе байдаг. Энэ миний стиль болоод байна. Ер нь рок хөгжмийг мэргэжлийн хүмүүс хийдэггүй. Сонгодог мэргэжлийн хүмүүс дүрэмд баригдаад өөрийгөө өөрчилж чаддаггүй юм шиг санагддаг. Гитарчид олон барилттай сайхан үзүүлбэр үзүүлээд л олон гам уншаад байгаа ч тэр болгон өөрийгөө харуулж чадахгүй л байна. Би муу ч гэсэн өөрийнхөө стилийг гаргаад “The Lem­ons” хамтлагаар дуугаа хийж үлдээж чадсан.

-Амьд хөгжмийн хамтлаг учраас дууныхаа үгийг өөрсдөө бичдэг үү?

-Дууны үгийг манай хамтлагийн дуучин Одноо бид хоёр бичдэг. Өдөр тутмын амьдралыг энгийнээр илэрхийлдэг. Дууныхаа аяыг ч бас өөрсдөө бичнэ.

-Амьд хөгжмийн хамтлаг энгийн хэв маягтай байж болдог юм байна гэдгийг танай хамтлагаас харж байсан гэж ярих хүн цөөнгүй. Тэр үед яагаад тийм алхам хийж байв?

-Хамтлагаа байгуулж байхад хүмүүс рок хөгжим гэхээр л урт үстэй, гинж, савхи өмссөн хүмүүс гэж ойлгодог байсан. Энэ үед бид энгийн хувцастай гарч ирсэн. Тухайн үед ихэнх залуучууд “Сonverse” кет гэж мэддэггүй пүүз өмсдөг байсан үе. Манайхан “Мэлхий гүнж” дууны клипэн дээр “Сonverse” кеттэй дуулдаг юм. Тэрнээс хойш бүгд л кет сонирхдог болж байлаа шүү дээ.

-Удахгүй дөрөв дэх цомгоо гаргах юм байна. Хамтлагийн анхны цомгоо хэзээ гаргаж байв?

-Анхны цомог маань 2006 онд гарсан. “Хайртай”, “Цэнхэр нүд”, “Харах дуртай”, “Элэг бөөр” гэх дуунуудтай. Тэр оныхоо шилдэг цомог гээд бүх сэтгүүлд гарч байлаа. 2007 онд Пентатоник наадмаас гурван шагнал авч байсан. Одоо ч бас хүмүүс тэр цомгийг маань хамгийн шилдэг гэж ярьдаг юм билээ. Тэрнээс хойш гурван цомог гаргасан байна. Бүгд “In­dependent” рок урсгалаар гаргасан дуунуудтай. Сүүлийн цомог маань “Гурав” гэсэн нэртэй. Гурав дахь цомог маань учраас тэгж нэрлэсэн юм.

-Хүмүүс ямар дууг чинь илүү сонсдог вэ?

-Клиптэй дууг их сонсдог юм билээ. “Хүсэл” дуу маань хамгийн их youtube үзэлттэй байдаг. Тэр дууг электро парти, рок тоглолт, “Нисванис” хамтлагийн фестиваль дээр метал рокууд дээр очоод дуулсан ч бүгд мэддэг. Мөн хуучны “Мэлхий гүнж” “Цаг агаар” “Хайртай” гэх дууг бүгд мэддэг. Өнгөрсөн жил “Сүүлийн уянга” дуу маань онлайн таталтаар хоёрдугаар байрт орсон. Мөн хамгийн шилдэг цомог, шилдэг тоглолт хийсэн хамтлагаар тодорч байлаа.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээрээ ажиллаж байна?

-Гурав дахь цомгийнхоо “Дөлгөөн” дуунд клип хийж цацсан. Хүмүүст их хүрсэн байна лээ. Одоогоор хамтлагийнхаа “Unplugged” тоглолтон дээр төвлөрч бэлдэж байна.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Бенжамин Баттоны хачирхалтай түүх

Энэ долоо хоногийн “Ном ярьж өгье” буланд Скотт Фицжералдын “Бенжамин Баттоны хачирхалтай түүх” зохиолыг онцолж байна.

1860 он, Америкийн Балтимор хотын иргэн Рожер Баттон бол тухайн үеийн ихэс дээдсийн хүрээнд зүй ёсоор багтдаг жентельмэн эр. Анхныхаа хүүхдийг сэтгэл догдлон хүлээж байтал шинэхэн мэндэлсэн хүү нь нялх хүүхэд биш дал орчим насны өвгөн байх нь тэр. Рожер гайхан бухимдаж үгүйсгэх боловч эмнэлгийн ажилтнуудын баталж буйгаар яах аргагүй түүний эхнэрээс энэ өвгөн мэндэлсэн болж таардаг. Ингээд шинэхэн аав хүүдээ Бенжамин Баттон хэмээх нэр хайрлаад хөмсгийг нь будаж, сахлыг нь тайрч, оёдолчноор тусгайлан том хэмжээтэй хүүхдийн хослол оёулж өмсгөн чадах ядахаараа л анхаарч халамжлах болно. Бенжаминыг таван настайд цэцэрлэгт оруулах боловч удалгүй “хөөгдчихөв”. Арванхоёр насныхаа төрсөн өдрөөр толинд харж байхдаа бие бялдраа өөрчлөгдсөнийг гэнэт анзаардаг. Буурал үс нь бараантаж, нуруу нь тэгширч, хацар нь ягаан туяа татаад амьдралынх нь эхний жилүүдээс хавьгүй чийрэг, залуу болсон байлаа. Аавдаа “Би өсчихөж, арай урт өмд өмсмөөр байна” гэж хэлснээр аав нь түүнд урт өмдтэй хослол авч өгч “хүү” ч таягаа хаян үеийнхээ хөвгүүдтэй тоглох болов.

Бенжамин 18 настайдаа 50-тай юм шиг харагдаж байжээ. Аав нь түүнийг Иел коллежид оруулахаар Коннектикут руу явуулна. Гэвч түүнийг арваннаймтай гэхэд хэн ч итгээгүйгээр барахгүй элэглэн шоолж, доромжлон сургуулиасаа хөөдөг. 1880 онд тэр 20 нас хүрч аавынхаа эрхэлдэг компанийн хувь нийлүүлэгч болох болно. Ноён Рожер Баттон 50 нас хүрч аав, хүү хоёр гадаад төрхөөрөө үе тэнгийн юм шиг харагдах болжээ. Бенжамин нэгэн удаа аавтайгаа үдэшлэгт очоод Монкриф гэгч генералын охин Хильдегардад дурлана. Анхны хайр ирсэн хэрэг. Харин аз болоход бүсгүйд 50 эргэм насны эр таалагддаг байжээ. Үүнээс хойш зургаан сарын дараа тэр хоёрыг гэрлэх гэж байгаа гэсэн цуу хотоор нэг тархлаа. Нью-Йоркийн бүх сонин Бенжамины тухай есөн шидээр бичиж бүгд энэ гэрлэлтийг эсэргүүцэх боловч тэд гэрлэдэг. Хүүгээ гэрлэмэгц аав нь компаниа өвлүүлэн өгч бага Баттон ашиг орлогоо хоёр дахин нэмэгдүүлдэг. Гэрлэснээсээ хойших15 жилийг Бенжамин хачин гайхалтай, амжилтаар дүүрэн, аз жаргалтай өнгөрөөсөн юм. Тэрээр улам залуу болж эрч хүчээр оргилон буцалж байлаа. Ганц харамсалтай зүйл гэвэл эхнэр нь цаг хугацаа өнгөрөх тусам хөгширч байсан явдал юм. Үүнд цухалдсан Бенжамин эхнэрээсээ зугтахын тулд гурван жил цэргийн алба хааж дэд хурандаа цол хүртээд зогсохгүй тулаанд оролцож медалиар шагнуулчихаад гэртээ эргэж ирдэг. Дээдсийн хүрээлэнгийнхэн ч 1880 онд насны зөрүүтэй гэрлэлтийг хэрхэн буруутгаж байснаа, тэр буруутан нь Бенжамин байсныг мартаад одоо эсрэгээр нь Хильдегардаг жигшин муулцгаана. Эхнэр, нөхөр хоёрын харьцаа улам бүр царцсаар байлаа. Хүү Роско нь 25 хүрч Харвардын их сургууль төгсжээ. Харин аав, хүү хоёр хүмүүст андуурагдаж харагдах нь энгийн үзэгдэл болсон байв.

1914 онд Бенжамин Харвардын их сургуулийг дүүргээд Балтимортоо эргэн ирэхэд Хильдегарда нь Итали руу амьдрахаар явсан байх бөгөөд аавынхаа бизнесийг өвлөж авсан хүү нь эхнэртэй болж амьдрал нь тэгширсэн байлаа. 1920 онд Роско анхныхаа хүүхдийг өлгийдөн авлаа. Өвөө болсноосоо таван жилийн дараа Бенжамин ач хүүтэйгээ нэг цэцэрлэгт хүмүүжих болов. Гэвч жилийн дараа ач хүү нь сургуульд орж өвөө нь харин цэцэрлэгтээ үлдэнэ. Үеийнх нь жаалууд том болоод ямар хүмүүс болох тухайгаа ярихад хөөрхий жаал бяцхан ой ухаандаа энэ бүхэн хэзээ ч өөрт нь тохиолдохгүй гэдгийг мэдэрч байлаа. Гурван жил өнгөрөхөд тэр бүр ярьж ч чадахгүй нялх хүүхэд болжээ. Цэцэрлэгээс гарч асрагчийн халамжинд очлоо. Туулж өнгөрүүлсэн амьдралаасаа тэр юу ч санахгүй болжээ. Өнгөрсөн үе нь зүүрмэглэх зуур харагддаг зүүд адил, огт байгаагүй мэт түүний ой ухаанаас арилан үгүй болсон. Өдөр хоног өнгөрсөөр мань хүн ямар ч байсан амьсгаатай байх тул чихэнд нь арай ядан сонстох бөглүү дуу, бас гэрэл, харанхуй хоёр л гэж байна.

Харин дараа нь цагаан өлгий, дээр нь тонгойх бүдэг бадаг царай, бүлээн сүүний сайхан амт, үнэр гээд бүгд нэгмөсөн алга болж түнэр харанхуй түүнийг нөмрөн авлаа.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Жон Белл: Mонгол харилцагчид шинэ технологиор амьсгалж, шинэ үйлчилгээг хүлээж байдаг хүмүүс юм

ХААН банкны Гүйцэтгэх захирал Жон Беллтэй ярилцлаа. Банк санхүүгийн салбарт ажилласан 20 гаруй жилийн туршлагатай тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ албанд томилогдсон юм.

-Юуны өмнө Монголын үндэсний хэмжээний томоохон банк болох ХААН банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон танд баяр хүргэе. Ярилцлагаа энэ албанд томилогдсон сэтгэгдлийг тань хуваалцсанаар эхэлбэл ямар вэ?

-Би өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн ХААН банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, бизнес хариуцсан захирлаар ажиллаж байгаад энэ оны дөрөвдүгээр сараас Гүйцэтгэх захирлын албаа хүлээж аваад байна. Монголд ирээд ХААН банкинд ажиллах болсон маань надад үнэхээр сонирхолтой бас сайхан байна. Миний хувьд бас нэгэн шинэ туршлага болж байна. Монголын банкны салбарын нөхцөл байдал ч миний сонирхлыг ихээр татаж байгааг хэлэх хэрэгтэй. ХААН банкны хувьд бүх орц найрлага, хөрс суурь нь бүрдсэн байгууллага. Маш том салбар нэгжийн сүлжээ, хүчирхэг дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдлын болон бусад олон улсын стандартууд, шинэ дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэгэнт нэвтрүүлжээ. Бас банкаа цаашид улам бүр өсч хөгжихөд нь дэмжлэг үзүүлж, банкныхаа үйл ажиллагаанд ихээр анхаардаг чадварлаг боловсон хүчин, итгэл үзүүлэн хамтран ажилладаг харилцагчид, Төлөөлөн Удирдах зөвлөл байна. Нэгэнт ийм сайхан орц найрлага нь байхад зөв тохируулж, тааруулах л хэрэгтэй. Зөв тааруулж, амталж чадвал банк маань хөгжлийн өндөр түвшинд хүрэх бүрэн боломжтой гэж харж байна. ХААН банк маань өөрөө иргэдийн банк. Миний хувьд 25 жилийн турш банкны салбарт тэр дундаа иргэдийн банкинд ажиллаж байсан туршлагаа ашиглах сайхан боломж гарч байна гэж бодож байна даа.

-Та Монголд ирэхээсээ өмнө манай орны банк санхүүгийн салбарын талаар ямар төсөөлөлтэй байв, ирээд харахад төсөөлж байснаас тань хэр өөр санагдаж байна?

– Үнэнийг хэлэхэд ХААН банкнаас надтай холбогдож, ажиллах санал тавихаас өмнө Монгол улс, Монголын банкны салбарын талаар төдийлөн сайн мэдэхгүй байлаа. Жил гаруйн өмнөөс л Монголын талаар судалж эхэлсэн гэхэд болно. Миний хувьд Төв Европын орнуудад ажиллаж байсан болохоор тэндэхийн банк санхүүгийн салбарыг мэддэг, харин Ази тив тэр дундаа Монголын талаар мэдэхгүй байсан. Би Монголд ирээд арав орчим сар болох гэж байна. Тэгэхээр ирснээсээ хойш төрсөн сэтгэгдлээ тантай хуваалцах нь зөв болов уу.

Монголд ажиллах нь Зүүн Европын орнуудад ажиллаж байснаас маань юугаараа ялгаатай байна вэ гээд асуувал юуны түрүүнд ижил төстэй зүйлс байна аа. Тэс ондоо нь ч байна. Төстэй зүйл гэвэл Банкны тухай хууль тэр дундаа арилжааны банкны хууль эрх зүйн орчин, зохицуулалтууд нь нэлээд ойролцоо. Магадгүй хуучин ЗХУ-ынхтай ижил төстэй зохицуулалт аль алинд нь ажиглагдаж байна. Энэ нь эргээд надад ажиллахад дөхөм болж байна. Ялгаатай нь гэвэл үндсэн хоёр ялгаа ажиглагдлаа. Нэгдүгээрт банкны бизнесийн загвар нь өөр байна. Монголын банкуудын хувьд бүхий л харилцагчийн түвшинд хүрч үйлчилдэг. Маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж байна. Ер нь маш өргөн хүрээнд, олон талбарт үйл ажиллагаа явуулдаг харагдсан. Зөвхөн томоохон хот суурин төдийгүй хөдөө орон нутгийн бүх харилцагч нартаа хүрч үйлчилдэг. Миний ажиллаж байсан газарт хотын төв хэсэг, төв сууриндаа голчлон анхаарахаас орон нутаг руу нэг их анхаараад байдаггүй. Гэтэл манай ХААН банкны хувьд орон нутгийн бизнес үндсэн бизнесийнх нь тодорхой хувийг эзэлж байх жишээтэй. Тэгэхээр ХААН банкны бизнесийн үйл ажиллагааны загвар нь маш сонирхолтой юм. Монгол орны өнцөг булан бүрт амьдарч ажиллаж байгаа малчин ард иргэдэд хүрч үйлчилж, тэдний амьдралын эд эс, нэгээхэн хэсэг болж чадсан нь надад үнэхээр бахархам санагдаж байна. Шинэ Гүйцэтгэх захирлын хувьд тэр чиглэлд анхаарч ажиллаж, ажил өрнөх тусмаа сонирхол эрхгүй татаж байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Хоёр дахь том ялгаа нь бол манай харилцагчид. Манай харилцагчид банкны шинэлэг үйлчилгээг соргогоор хүлээн авч өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншихдаа маш хурдан байгаа нь анзаарагдаж байна. Харин Зүүн Европын орны хүмүүс нэлээд хуучинсаг. АТМ-ны функцүүдийг яаж ашигладаг талаар тэр бүр сонирхохгүй, интернэт банк ухаалаг банкийг ашиглахдаа удаан хойрго ханддаг. Болж өгвөл хуучин тооцооны төвүүдээрээ очихыг эрмэлздэг. Төв Европын банкууд иргэдээ энэ талд татан оролцуулахын тулд маш их хүчин чармайлт гаргадаг бол Монголд хэрэглэгчид нь банкуудаасаа шинэ технологийг сайн хүлээн байдаг нь тод анзаарагдлаа. Жинхэнэ шинэ технологиор амьсгалж байдаг гэхэд болно. Шинэ үйлчилгээ нэвтрүүллээ гэхэд дорхноо эзэмшчихдэг хүмүүс юм байна.

-ХААН банкны хөдөө орон нутагт банкны үйлчилгээг хүргэдэг нь таны анхаарлыг татаж байна гэлээ. Таны өмнө ажиллаж байсан орнуудад орон нутгийн харилцагчид руу чиглэсэн үйлчилгээ бага байсан нь юутай холбоотой юм бол?

-Би Польш, Чех, Румынд ажиллаж байлаа. Миний ажиллаж байсан “Citibank”, “ABN AMRO” банкууд дээрх Төв Европын орнуудад салбараа нээн ажиллуулж байсан. Мэдээж, тэр орнуудад хөдөө аж ахуйн салбар, малчин тариаланчид байлгүй яахав. Ерөнхийдөө миний ажиллаж байсан банкууд маань төвлөрсөн газартаа илүү анхаарал өгдөг байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайн улсуудын үндэсний банкууд нь хөдөө орон нутгийн хүмүүстээ түлхүү үйлчлээд явдаг байсан. Одоо эргээд бодоход, ХААН банкны үйлчилгээтэй харьцуулахад үндэстэн дамнасан банкуудын үйлчилгээ нь ч гэсэн дутмаг юм байна шүү гэж бодогдож байна. ХААН банк орон нутгийн харилцагчдадаа тулж хүрч чаддаг яах аргагүй Монгол даяар тархсан хамгийн том сүлжээ юм даа.

-Та манайхтай адил хуучин социалист гэгдэх орнуудад яг шилжилтийн үед нь ажиллаж байжээ. Тэс өөр системээс нөгөө рүү шилжихэд банкны салбарт ямар асуудал гардаг вэ. Таныхаар Монгол улс тэр үеийг яаж давж чадсан шиг танд санагдсан бэ?

-Миний хувьд Монголын талаар нарийн судалгаа шинжилгээнд үндэслэсэн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан бүрдүүлж чадаагүй учраас яг ийм, тийм учиртай гэж шууд харьцуулан хэлэхэд хүндрэлтэй байгаа ч өөрийн судалж мэдсэн мэдээллээс л харахад шилжилтийн үеэ амжилттай давжээ гэж бодож байна. Банкны салбарт социалист системийн үеэс үлдсэн бул хар чулуу хүнд суртал энэ салбарт алга байна. Өмнө нь миний ажиллаж байсан Европын орнуудын хувьд төрийн өмчит банк, төрийн өмчит байгууллагыг хувьчлагдах үед олон улсын байгууллагууд, олон улсын банкуудтай өрсөлдөх үед бэрхшээл учирч байгаа нь харагддаг байсан. Тухайн үед олон улсын банкууд аль хэдийнээ зах зээлд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн өрсөлдөөн их, өндөр түвшинд хүрчихсэн учраас дөнгөж хувьчлагдсан банкуудад хэцүү байсан байх. Дөнгөж хувьчлагдсан банкууд хөл дээрээ зогссон газруудтай өрсөлдөж, тэдний хэмжээнд хүрэхийн тулд амаргүй байсан л даа. Харин Монгол улсад өнөөдрийн байдлаар олон тооны төрийн өмчит банк алга. Гэхдээ олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд ихээхэн нөлөө үзүүлж ирсэн нь харагдаж байна. Тэр ч утгаараа олон улсын стандарт, банкны системийн стандарт нэлээд өндөр түвшинд тогтож чаджээ гэж харж сууна. Жишээлбэл, манай банкны хувьд илүү сайжруулах зүйлс байхад аль хэдийнэ олон улсын түвшинд хүрчихсэн зүйлүүд ч бас байна.. Манай тооцооны төвүүд, эсвэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нээсэн манай Экспресс банкны төвүүдээр нэг ороод үзээрэй. Дэлхийн ямар ч оронд байхуйц тооцооны төвүүд, экспресс банкны төв ажиллаж байна. Тэгэхээр Монголчууд технологийн хувьд ч, дотоод дизайн заслын хувьд ч олон улсын түвшинд хүрч чаджээ.

Тэгэхээр Монголын банкууд олон улсын банкуудын хэмжээнд хүрсэн гэж дүгнэж болох уу? Эсвэл хийх зүйлс их байна уу?

– Яг үнэнийг хэлэхэд миний хувьд өмнө нь олон улсын банк орж ирээгүй байгаа зах зээл дээр ажиллаж үзээгүй л дээ. Чөлөөт зах зээлийн тогтолцоонд өрсөлдөөн байх ёстой. Харин ХААН банк нь өнөөдөр Монголд байгаагаасаа илүү нөлөө бүхий зах зээлийн тоглогч байх боломжийг олж харсан учраас ирсэн юм. Миний зорилго бол ХААН банкийг БНХАУ, АНУ ер нь дэлхийн аль ч банктай өрсөлдөхүйц, тэдний том өрсөлдөгч банк болгохын төлөө эрмэлзэж ажиллаж болно. Би өрсөлдөөнөөс айхгүй байна.

-Таны ажиллаж байсан орнуудаас шилжилтийн үедээ банк санхүүгийн салбартаа зоримог шинэчлэл, зөв алхам хийж байсан орон гэвэл аль вэ?

-Монгол Улсад ирэхээс өмнө ажиллаж байсан орнуудын жишээнээс авч үзвэл хамгийн сонирхолтой нь Польш улс юм даа. Польш эдийн засгийн хувьчлалыг маш эрчимтэй хийж чадсан орон. 1990-ээд онд Сангийн сайд нь аль болох төрийн өмчийг яаралтай хувьчлах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд энэ нь эргээд хувийн хэвшлийн өрсөлдөөнийг бий болгоно гэж үзсэн. Өрсөлдөөн нь эдийн засгаа дэмжээд ирнэ гэсэн үндэслэлээр хувьчлалыг эрчимтэй хийсэн нь үр дүнгээ өгсөн. Манай банкны хувьд, ер нь банк санхүүгийн салбарт хувьчлал бол тэгтэл нөлөөлөөгүй ч тус улсын хувьд эдийн засаг нь маш эрчимтэй тэлж байсан. Гадны хөрөнгө оруулалтууд маш ихээр нэмэгдэж, гадны хөрөнгө оруулагчдыг татахад тэд их анхаарсан. Польш АНУ-тай гэхэд худалдааны маш сайн харилцаатай, тэгээд Польшийн Засгийн газар шинэ хөрөнгө оруулагчдыг татаж, шинэ хөрөнгө оруулалтыг авчрахад маш эерэг ханддаг дэмждэг байсан. ЗХУ-ын системийн орнуудаас Польш хувьчлалыг хамгийн түрүүнд хийсэн нь бас 40 гаруй сая хүн амтай, хэрэглэгчдийн тоо өндөр нь тэдэнд их боломж авчирсан.

-Танай ХААН банк гадны захирлуудтай эртнээс хамтарч ажилласан. Өмнө нь америк хүн дараа нь таны өмнө япон захирал байлаа. Дорнын арга барил зөрөлдөх үе гарч байна уу. Олон үндэстний ажиллах хэв маяг өөр, өөр байна уу гэж асууж байна л даа…

-Би өмнөх захиралтай удаан ажиллаж чадсангүй, хэдхэн сар л ажиллалаа. Като захирал өмнө нь Европ, Ойрхи Дорнодод ажиллаж байсан туршлагатай банкир учраас олон улсын удирдлагын зарчимтай гэж хэлж болно. Миний хувьд Өрнө, Дорнын ялгаа гэлтгүй ХААН банкны чадварлаг хамт олонтой ажиллахад амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Манай банкны ажилтнууд маш нээлттэй, хөдөлмөрч, ажилдаа хичээл зүтгэлтэй хүмүүс юм.

– Танай банк бол Монголд хамгийн олон салбартай, хамгийн ихээр тархсан банк. Өргөн уудам нутаг дэвсгэрт хүрч үйлчилдэг банкны олон салбартай байхад ажиллагаа ихтэй юу?. Ер нь манай нөхцөлд банк ямар чиглэлд ажиллавал зүгээр гэж бодож байна вэ?

-Би ирсэн цагаасаа хойш ажигласан, цаашдын хэдэн жилдээ ХААН банкны хувьд юун дээр анхаарч, юуг илүү сайжруулах талаар бодож төлөвлөж байгаагаа хуваалцая. Мэдээж нэн тэргүүнд харилцагчийн үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй байгаа. Ингэснээр эргээд манай банкинд маш том боломж гарч ирнэ гэдэгт бид итгэлтэй байна. Шинэ загвар хэрэгжүүлэхэд ирэх нэг жилийг онцгой ач холбогдол өгч ажиллана. Дараагийн зорилт маань эдийн засаг хүндрэлтэй байгаа үед бизнесээ үр дүнтэйгээр нэмэгдүүлж хөгжүүлэхийг хичээх явдал. Эдийн засаг хэдийгээр хүнд байгаа боловч бизнесийн өсөлтөө гаргах зорилтоо тавиад явж таарна. Гэхдээ бизнест өсөлт гаргана гэдэг нь бүх талбарт биш. Заримд нь болгоомжтой хандаж, нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт хийнэ зарим зүйл дээр нь нэлээд идэвхтэй ажиллана гэсэн үг л дээ. Бас нэг анхаарах зүйл бол боловсон хүчнээ хөгжүүлж, боловсон хүчний бааз сууриа бэхжүүлэх явдал. Банкныхаа олон мянган чадварлаг ажилтнууд дотроос ирээдүйд энэ банкийг удирдаад явах, ирээдүйн хөгжлийг дагуулах боловсон хүчнүүдийг олж илрүүлж, тэднийгээ улам чадваржуулах ажлыг хийх болно. Үүнд зориулсан тусгай хөтөлбөр бодлого ч байгаа. Энд яригдаж байгаа бүхэн бидэнд чухал. Бүгдэд нь эн тэнцүү ач холбогдол өгч, хөгжүүлэх ёстой.

-ХААН банкны харилцагчид ямар ч банкныхаас олон байдаг. Магадгүй энэ бүхэн нэг талаасаа амжилтын баталгаа ч нөгөө талдаа үйлчлүүлэгчид бухимддаг байсан. Харин Экспресс банк үйлчилгээ нэвтэрснээр тэр бухимдал алга болсон. Үүнд танай хамт олонд талархал илэрхийлэхээс аргагүй. Энэ хэзээнээс эхэлсэн төсөл вэ? Таныг ирсний дараа эхэлсэн төсөл үү?

-Намайг ирэхээс өмнө дэвшилтэд технологид суурилсан банкны үйлчилгээг харилцагчдад хялбар, шуурхай хүргэх Экспресс банкны төсөл хэдийнэ хэрэгжээд эхэлсэн байсныг хэлэх хэрэгтэй. ХААН банкны салбар нэгжүүд их дараалалтай, ачаалалтай байдаг асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн асуудал. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд миний өмнөх удирдлагын багийнхан ярьцгааж, ямар арга шийдэл байж болохыг судлаад Экспресс банкийг нэвтрүүлэх болсон юм билээ. Энэ бол маш сайн стратеги байсан гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй. Бид үүнийг улам бэхжүүлж, улам сайжруулахад ажиллах болно. Одоо банкинд хийгдэж байгаа гүйлгээний 95 хувийг АТМ болон цахим банкаар хийх боломжтой талаар судалгаа бий. Тэгэхээр хамгийн гол нь харилцагчдадаа тэр сувгуудыг хэрхэн яаж таниулж, хэрэглүүлж сургах нь бидний нэн тэргүүний зорилт болоод байгаа юм. Бид нэгэнт бүх боломжийг нь зах зээлд нэвтрүүлчихлээ, одоо харилцагчид маань үүнийг хэрэглэж сурах нь чухал байна. Гуравхан минутын гүйлгээ хийлгэх гэж банкинд 30 минут хүлээгээд суугаад байж болохгүй учраас бид харилцагчдаа өөрөө өөртөө үйлчлэх Экспресс банкийг ашиглаж хэвшихэд ихээхэн анхаарч байна.

-Тэгэхээр тэр зорилтын чинь нэг хэсэг болж, “Амьдралдаа их, банкинд бага хугацаа зарцуулъя” гэж уриалж, цахим банкаа тогтмол ашигласан хэрэглэгчдээс азтан шалгаруулж байгаа байх нь ээ?

-Яг тийм. Цахим аяныхаа хүрээнд цахим банкны үйлчилгээ ямар давуу талтай болохыг таниулж, энэ аянаа зохион байгуулж байна. Тооцооны төвд очихоор ажиллаж байгаа газрыг нь хайна, авто зогсоол хайна. Арайхийн нэг зогсоол олоод тавьдаг тэгээд хүлээх болдог. Харин цахим банкаар үйлчлүүлбэл энэ цаг хугацаагаа гэр бүлтэйгээ өнгөрөөх боломжтой гэдгийг бид хэлээд байгаа юм. Одоогоос 10-15 жилийн өмнөх банкны үйлчилгээг харилцагчдад хүргэж байсан хэлбэр өнөөдөр тэс өөр болсон. Зөвхөн Монголд гэлтгүй дэлхий даяар банкны салбар хувьсан өөрчлөгдөж байна. Шинээр нэвтрүүлж буй дэвшилтэд техник технологитой бид ч, харилцагч нар маань ч хөл нийлүүлж алхах ёстой.

-Манайхан эдийн засгийн үед маш амжилттай, их хэмжээний хөрөнгө оруулалт орж байсан үеийн талаар та дуулсан л байх. Гэхдээ тэр үед бид ямар ч хуримтлал үүсгэж чадаагүй. Төр улс нь ч, ард иргэд нь ч . Иргэд гэхэд л маш олон тэрбумыг смарт утас, лед телевиз, үнэтэй машинд үрсэн байх жишээтэй. Ер нь мөнгө орж ирсэн үед яах ёстой байдаг юм бэ. Мөнгөгүй үед бас ямар сахилга батыг анхаарах хэрэгтэй вэ. Би таныг банк санхүүгийн салбарын хүн учраас сонирхон асууж байна л даа…

-Үүнд нэг талаасаа банкны байгууллагуудын үүрэг, оролцоо байх ёстой л доо. Банкууд зөвхөн шинэ үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулаад зогсохгүй өрхийн санхүүгээ хэрхэн зөв удирдаж явах тал дээр зөвлөгөө өгдөг байх ёстой юм. Европын болон, АНУ-ын банкуудын хувьд зүгээр нэг бүтээгдэхүүн борлуулдаг биш. Харин харилцагч нартаа зөвлөгөө өгдөг, зааж зөвлөдөг болж өөрчлөгдөж байгаа. Жишээлбэл, RBS банкинд харилцагч нарт зориулсан нэг тусгай хөтөлбөр байдаг байлаа. Энэ нь харилцагчид өрхийн санхүүгээ хэрхэн зөв удирдах талаар зөвлөгөө өгдөг тусгайлсан үйлчилгээ л дээ. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн хаана ч гэсэн эдийн засаг нь эрчимтэй хөгжиж ирэх үед хүмүүс илүү их мөнгө орж ирэх юм шиг санаад хэтэрхий үрэлгэн хандаж эхэлдэг. Илүү зүйлд мөнгө зарцуулж, худалдан авалт хийдэг. Яг тэр үед банкууд нь харилцагч нартайгаа уулзаад их орлого олж байгаагийнхаа хажуугаар хадгалах талаар зөвлөх ёстой юм. Ирээдүйн санхүүгээ хэрхэн хангах тал дээр нь харилцан ярилцах мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч байх хэрэгтэй. ХААН Банкны хувьд харилцагчдаа хадгаламжтай болохыг нилээд хэдэн жилийн өмнөөс уриалж иржээ. Жишээлбэл сар бүрийн орлогоосоо тодорхой дүнгээр орлогоо хуримтлуулдаг “Хуримтлалын үйлчилгээ” гэх мэт олон бүтээгдэхүүн үйлчилгээ иргэдэд хуримтлалтай болоход нь үр дүнгээ өгсөөр байна. Мөн бид зээлийн эдийн засагч болон Бизнес Инкубатор төвөөрөө дамжуулан санхүүгийн зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй сургалт явуулсаар ирсэн. Цаашид зээлийн эдийн засагч маань илүү зөвлөгч талаасаа ажиллаж, ирээдүйн хэрэгцээг тань хангахын тулд ингэмээр байна, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг одооноос ингэж зохицуулах хэрэгтэй гэж нарийн хэлдэг болно. Энэ бол яах аргагүй банкны хийх ажил.

– Сүүлийн үед иргэд нилээдгүй орлогоосоо хуримтлал үүсгэдэг болж банкууд ч бас хуримтлалын ашиг тусыг нилээдгүй сурталчилах болжээ. Олон улсын банкууд анх хуримтлалын үйлчилгээг хэзээнээс санал болгож эхэлсэн юм бэ? Манай банкууд үүнтэй хэр хурдан мөр зэрэгцэж байна гэж та боддог вэ?

-Түрүүнд жишээ авсан RBS банкны түүх л дээ. Энэ бол Их Британийн банк. 2008 оны эдийн засгийн хямралын дарааагаас дээрх үйлчилгээг гаргаж ирсэн юм. 2008-2009 онд яг энэ хөтөлбөрийг гаргаж байхад би Их Британид очиж, энэ үйлчилгээний талаар сонирхон анзаарч байлаа. Хямралаас өмнө бас л хуримтлалын үйлчилгээг санаагүй л байсан. Олон улсын банкны хувьд ингэж байсан гэхээр Монголын банкууд харин ч олон улсын түвшинтэй хөл нийлүүлэн алхаж байна гэж хэлнэ.

Таны хувь хүний онцлог, ажлын арга барил нь сонирхол татаж байна. Тухайлбал таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

– Би ажлаа эрт эхлүүлэх дуртай эртэч нэгэн. Миний ажлын өдөр өглөө 07:30 эхэлдэг. Би имэйл харилцаанаас илүүтэйгээр хүмүүстэйгээ нүүр тулан үулзаж, ажлыг их бага гэлтгүй ярилцаж, алдаа оноогоо дүгнэж, хэмжих дуртай хүн. Мөн ажилтнууддаа шинэ санаа, санаачлага байгаа бол дуртай үедээ надад хандаж нээлттэй хэлээрэй, мөн санаачлагатай ажиллаж, ажлаа үргэлж яавал илүү сайн хийх вэ гэдгийг бодож тунгааж байгаарай гэж зөвлөдөг. Харин ажлаас гадуур чөлөөт цагаараа би ууланд авирах дуртай. Урин дулаан цагт бол гольф тоглох дуртай. Эдгээр спортоос би маш их эрч хүчийг авдаг даа.

-Та Монголд ирээд хэр дасч байна даа. Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Мэдээж, миний Монголд ирэх шалтгаан бол ХААН банк байсан. Үнэндээ өмнө нь Монгол орны талаар сайн мэддэггүй байлаа. Манай гэр бүл ах дүүс маань АНУ болон дэлхий даяар тархан амьдарч байна. Аав, ээж маань намайг Монголд ирснээс хойш Монгол орны талаар сонирхон судалж байгаа. Нэг өдөр энд ирж үзэж таарах байхаа. Ээж маань Монгол орны ахуй соёл, зан заншил тэр дундаа анч бүргэдийг илүүтэй сонирхож байгаа, харин аав маань загасчлах дуртай. Надад Монгол орны хүн ард, үзэсгэлэнт байгаль, ёс заншил таалагдаж байгаа шиг гэр бүлийнхэнд маань ч гэсэн Монгол орон таалагдана гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Сум, сумын мундагчуул цугласан 9 “А”-гийнхан

Одоогоос 44 жилийн өмнө Увсын Улаангом хотын нэгдүгээр арван жилийн 9 ”а” гэж ангид сум, сумаас цугласан хүүхдүүдийг “Нэг ангийнхан” буландаа урьсан юм. Бөхмөрөн, Сагил, Түргэн, Давст, Өмнөговь, Ховд гээд аймгийн хойд сумдын хөвгүүд голдуу сайн сурлагатнууд аймгийн төвд цуглацгааж, “а”, “б”, “в” бүлэгт хуваагджээ. Тэр үед сумдын найман жилийн хүүхдүүдийг сүрхий шигшиж есдүгээр ангид хуваарилдаг байж. Нэг сумын наймынхны талаас илүү нь ТМС-ийн оюутан, илгээлтийн эзэд болдог байжээ. Бакиалын түрий эргүүлж, дээл өмссөн хөдөөх хөвгүүдэд аймгийн төв жигтэйхэн том, сургууль нь шил толь шиг санагдсан гэдэг. Сагил сумаас ирсэн Н.Алгаа гэхэд л сургуульдаа бүртгүүлэх гэж ирэхдээ шляпан малгай, монгол дээл, орос бакиалтай сүрхий нөхөр иржээ. Амьхандаа гангарч очсон нь тэр. Жигтэйхэн гоёчихоод сургуульдаа ирсэн хүү биеийн тамирынхаа Эрдэнэсүрэн багшид загнуулснаа дурсаж бөөн инээд болов.Онигооны эзэн нь Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа.

Эдний ангийнхан өнгөрсөн амралтын өдөр цуглацгаасан юм. Алгаагаас гадна ангийн дарга Цэдэнбал, ангиас төрсөн ганц хос Шүлэгмаа, Дүгэржав, зургийн авьяасаараа ангидаа номер нэг Эрдэнэбаяр нар иржээ. Тэд ангийнхаа багшийг дагуулаад ирж. Б.Аюуш багш болоод хоёр, гуравхан жил болж байхдаа 9 “а”-г дааж авчээ. Гурван бүлгийн багш нар сумдаас ирсэн сурлагатай нөхдийг хувааж авах гэж тэрүүхэндээ хөөрхөн тэмцэл өрнүүлж байж. Аюуш багш Бөхмөрөнгөөс ирсэн Цэдэнбалыг математикийн Замбал багштай булаацалдан байж авснаа дурсаад хөгжилтэй инээв. “Аймгийн төвийн хүүхдүүдийн тухайд өмнө нь сурч байснаараа а, б, в бүлгүүддээ үлдсэн. Сумдаас ирсэн хүүхдүүдийг хуваарилах гэж элдэв явдал болсон нь энэ. Анх сумаас ирсэн ангийнхнаа хараад ямар том болсон хүүхдүүд вэ гэж бодож билээ. Эрүүл чийрэг, бадриун гэж жигтэйхэн хүүхдүүд ирсэн шүү” гэж багшийгаа ярихад Шүлэгмаа “Багшийг ямар жижигхэн хүн бэ, Цэдэнбалыг ямар том хүүхэд вэ гэж гайхан харж байлаа” хэмээж ангийнхнаа инээлгэв. Эдний анги наймхан охинтой байж. Шүлэгмааг Дашдэлэг багш нь “Эмэгтэй хүүхэд хэрнээ физик математикт сайн юм” хэмээн магтдаг байсан гэнэ. Шугам зургийнх нь багш ч “Бүсгүй хүүхэд байж шугам зурагтаа сүрхий юм гээч” хэмээдэг байж. Тэр үед сумдаас шилэгдэж ирсэн сайчуулын ихэнх нь хөвгүүд байсан гэнэ.

ҮЙЛЧИН ОХИД, ХАТУУ ДАРГА

Эдний ангийн сумдаас ирсэн охид үйлэнд уран гэж жигтэйхэн байж. Тэр үед ёолкийг цагаан сараас сүртэй тэмдэглэдэг байсан гэнэ. Шүлэгмаа, Оюунчимэг хоёр ёолконд орохоо хойшлуулан байж багшийнхаа нөхрийн шинэ жилийн гоёлын дээлийг оёж өгч байжээ. 9 “а”-гийн цугласан хэд цагаан сарын өмнө багшийнхаа хэвийн боовны бэмбээг ёс мэт нухалцаж, шинэ жилийн баншийг нь бөөнөөрөө очоод чимхээд өгчихдөг байснаа ярив. Аюуш багш “Амьдралаа дөнгөж эхэлж, анхны хүүхдээ төрүүлж бүх л юм анхных байсан үедээ анх удаа дааж авсан есдүгээр анги маань болоод тэр үү, эд нартаа их дотно. Осолгүй л монгол хэл, уран зохиолоо зааж байсан байх. Бусдаар бол эгч дүү мэт л дотно байсан. Шавь гэхээсээ дүү нар шиг минь санагддаг. Шавь нартаа амьддаа бие биеэ хайрлаарай, уулзах бүрдээ сайхан бүхнээ дурсацгааж байя гэж хэлэх дуртай. Сая гэхэд л Цэдэнбалын Япон явсан гурван сарын тайланг тавиулаад сууж байна. Цэдэнбал маань хурандаа цолтой цэргийн хүн л дээ. Миний шавь өвөөгийн ажлаа хийгээд иржээ” гэж хэлээд инээмсэглэв.

9 “а” бүрдэх үед л ангийнх нь багш Цэдэнбалыг ангийн дарга болгочихож. Ангийн дарга юу л гэнэ ангийнхан нь “за” гэдэг байсан бололтой. Сумын гудамж талбай цэвэрлэх субботник, жижүүр ангийн үүрэг энэ тэр бол яс тас. Тэр үед анги ангиараа сургуульдаа жижүүрлэдэг байжээ. Жижүүр ангийнхны үүрэг нь хүүхдүүдийн гутлын алчуур, нусны алчуурыг шалгах. Бас захны даавуу цэвэр эсэхийг шалгадаг байсан гэж Аюуш багш сонирхуулав. Цэдэнбал ангийн даргын ажлыг хэтэрхий сайн хийснээсээ болж нөгөө бүлгийн хүүхдүүддээ гөвшүүлэх дөхсөнөө ярьж бөөн инээдэм болов. Ангиас төрсөн хурандаа “Хотод амьдарч дасаагүй нөхөр ангийн дарга яаж хийх вэ дээ гэж айж байсан ч азаар ангийнхан маань хүний үг сонсоод сурчихсан хүүхдүүд байж таарсан. Үг авна гэж янзын. Сүүлдээ тэрэндээ урамшаад явж өгсөн. Арваннэгдүгээр сарын нэгэн өдөр ангийнхаа хэдэн охиноор ангиа цэвэрлүүлээд зогсч байтал нөгөө бүлгийн хөвгүүд дууддаг юм. Яваад очтол Улаангомын унаган дөрөв, таван хүүхэд байна. Танай ангийнхан сургуулийн жижүүрийг дэндүү хатуу хийж байна. Гутал, хамрын алчуургүй, захны даавуу нь хиртэй хүүхдүүдийг буцааж байгаа чинь арай хэтэрлээ. Чамайг хүмүүжүүлнэ ээ. Дагаад яв” гэдэг юм. Эд намайг зодох гэж байна гэж охиддоо хэлэлтэй биш. Дагаад л гарлаа. Азаар тэр үед айхтар зодоогүй, сүрдүүлэх төдий өнгөрсөн” гэж хэтэрхий сайн дарга байснаасаа болж “хэлмэгдэх” дөхсөнөө дурсав.

МАНГА ТАТАЖ СУРАХ ГЭЖ ХАЙРЫН КИНО ҮЗСЭН НЬ

Тэр үед аймгийн төвд Энэтхэгийн “Зуурдын хайр” гэдэг кино ид гарч байжээ. Хайр дурлалтай кино учраас аль ч ангийн сурагч үзэж болохгүй. Гэхдээ ахлах ангийнхан яаж ийгээд, янз бүрийн төлөвлөгөө зохиож байгаад үзчихдэг байж. Эрдэнэбаяр “Яаж ийгээд соёлын төв рүү орлоо. Кинон дундуур гэрэл астал хажууд Идэш ах сууж байдаг байгаа. Манай сургуулийн шугам зургийн багш л даа. Хамаатны маань ах. Ганц зугтдаг хүнтэйгээ халз таарчихаар яах нь тодорхой. Маргааш нь гэртээ дуудаж байгаад загналаа даа. Захирлын зөвлөлийн хурлаар оруулна л гэнэ, гэр рүү буцаана л гэнэ. Хамт үзсэн хүүхдүүдийнхээ нэрийг бич гээд цаас үзэг өгч байна. Юу гэж хэлэхэв” гээд хөгжилтэй инээв. Шүлэгмааг “Ес, аравдугаар ангийн том болсон хүүхдүүдийг хайрын кино үзэхийг хорьж байсан гэхээр сонин шүү” гэхэд Цэдэнбал “Тэр кинон дээр манга татдаг юм. Тэрийг нь сурах гэж үздэг байсан. Нэг элемент сурчих юмсан гээд болж өгвөл дахиад үзэхийг боддог байлаа. Дуу нь сонсоод баймаар их гоё” гэж ярив.

Эдний ангийн хамгийн үг цөөнтэй, самбарын өмнө гарахаараа хөлс нь цувчихдаг Эрдэнэбаяр зургийн багшаар 38 жил ажиллажээ. Аюуш багш “Багш хүнд сурагч нь таагдашгүй битүү ертөнц хэвээрээ л үлддэг шиг санагддаг. Хүнийг таньж бардаггүй юм билээ. Бүр хожим Эрдэнэбаярындаа айлчлахдаа олон янзын цуглуулгатайг нь мэдээд биширсэн шүү” гэж шавийгаа магтав.

Ангиас төрсөн ганц хос нь Дүгэржав, Шүлэгмаа гэж өмнө хэлсэн. Дүгэржав Чандманийн найман жилээс төвийн нэгдүгээр арван жилийн есдүгээр ангид элсчээ. Чандмань сум аймгийн төвийнхөө яг хажууханд гэнэ. Мань эрийг есдүгээр ангид орсон намар дотуур байранд оруулчихаж. Дотуур байрны хоолонд дасаагүй хүү байрныхаа хоолонд орчихоод гэр рүүгээ харайлгаж хооллодог байснаа ярив. Эхэндээ дотуур байранд дасч өгөхгүй гэртээ хоноод байрныхаа багшаас зэм хүртдэг байж. Сүүлдээ дотуур байранд дуулгавартай гэгч нь амьдрах болжээ. Цагаан царайтай болохоор багш нар нь юм л бол “Чи хотын хулигаан уу” гэж хөмсөг зангиддаг байсан гэнэ. Дүгэржав “Тэр үед хөдөөний хүүхдүүд хөрслөг бор царайтай байсан хэрэг. Одоо ч ялгарахаа больсон л доо” хэмээн хэлж ангийнхнаа хөгжөөв. Нэлээд дэггүй нөхөр байсан бололтой. Хувийнх нь хэрэг дээр ангийнх нь багш “Охидыг шоглодог” гэж бичсэн байжээ. Сүүлд хүү нь хараад хөөрхөн сандаргаж байсан гэнэ.

ГОЁ СОНСОГДСОН МЭРГЭЖИЛ

Эдний анги инженер, эмч олонтой. Ангийн дарга “Уул уурхайгаас ганц сод хүн төрсөн нь Алгаа. Манайхан дэндүү даруухан. Би ийм салбарт ингэж ажилласан энэ тэр гээд явсан бол мундаг хүмүүс олон бий. Төрийн сайдын хэмжээнд ажиллах хүн ч байна. Даруу зангаа багшаасаа авчихсан шиг байгаа юм” гэж байна. Химийн хичээл дээрээ тааруу дүн авлаа гэж багшийгаа сандаргаж байсан Заяа эмэгтэйчүүдийн сайн эмч болсныг ангийнхан нь дурсав. “Манай Заяа чинь мундаг эмч”, “Хүүхдэд их ээлтэй, нэг ч эндэгдэлгүй” гэж ирээд магтацгаах юм.

Конкурсын үеэр мэргэжлээ яаж сонгосноо ярьж баахан инээлдэв. Эхэнд жагссан 20 хүүхдийг гадаадын дээд сургуульд явуулахаар болж. Н.Алгаа тэдний нэг. Мэргэжлээ яаж сонгосноо “Гадаад явбал сайн гэж сонсоод л есдүгээр ангиасаа хичээж эхэллээ. Би дээрээсээ долоод жагссан юм. Нягтлан бодохын анги авах уу гэж байна. Хөдөөний хүүхдэд нягтлан бодох гэхээр сампинтай нөхөр төсөөлөгдөөд авсангүй. Бүдүүн тойм байсан байгаа биз. Тэр үед гадаадын хуваариудаас алийг нь авбал дээрийг зөвлөх хүн байхгүй. Бүгд хөдөө. Өнгөт төмөрлөгийн инженер гэж урт нэртэй мэргэжлийг сонгочихлоо. Гоё сонсогдохоор нь сонгочихсон хэрэг. Хүргэн ах дурамжхан байна аа. Хүргэн маань жолооч л доо. Чи тэр автын инженерийг нь авахгүй яасан юм, баазын дарга хийнэ шүү дээ гэдэг юм. Ингэж л мэргэжлээ сонгож байлаа” гэж дурсаад хөгжилтэй инээв.

Эрдэнэбаяр зургаан хүүхэдтэй өрсөлдөж Багшийн дээд сургуулийн зургийн ангийн хуваарь аваад хагартлаа баярласнаа ярив. Эрдэнэбаяр “Тэр үед чинь хөдөө сумдад хэний хүүхэд ямар хуваарь авав гэж эрж сурч ярилцдаг байлаа шүү дээ. Их, дээд сургуулийн хуваарь авсан айлын хүүхдийг сум даяараа ярианы сэдэв болгоно. Дээд сургуулийн хуваарь авсан хүн хөөрөөд жигтэйхэн юм болно биз дээ, томилолтоо аваад дотуур байрандаа ч оролгүй шуудангийн задгай машинаар гэр рүүгээ сүнгэнүүлчихлээ. Юун цагаан сар, наадам гэдэг шиг юун хувцас. Сүүлд нь хувцас хунараа Идэш ахад захиж байж шуудангаар авч билээ” гэж хэлээд тас тас хөхрөв.

Шүлэгмаа Анагаахын дээдэд өрсөлдөөд эм зүйчийн хуваарь дээр буужээ. Эхний дөрөв нь эмчилгээний анги авч л дээ. Тэдэн шиг эмчилгээний ангийн хуваарь авах гэж хөөцөлдсөн ч хамаатны эмч эгчийнхээ зөвлөснөөр эм зүйчээр суралцжээ. Одоо Увсад эмийн сангийн Шүлэгмаа гэхээр мэдэхгүй хүн байхгүй гэнэ. Тэр жил их дээд сургуулиудын хуваарийн ихэнхийг нь нэгдүгээр арван жилийнхэн авч байж.

1974 оны 10 “а” төгсөгчид багштайгаа хамт энэ онд 90 жил нь тохиож буй Увсын Улаангомын нэгдүгээр арван жилийнхэндээ баярын мэнд хүргэж сайхан бүхнийг хүсч байгаагаа манай сониноор дамжуулан уламжилсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Герман гаралтай Америкийн тэрбумтан

Хэдхэн сарын дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Мужуудад болж буй урьдчилсан санал асуулгаар Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдээс тэрбумтан Дональд Трамп тунаж үлдлээ. Гурав хоногийн өмнө түүний хамгийн гол өрсөлдөгч Сенатын гишүүн Тед Круз намын сунгаанаас гарахаар болсноо мэдэгдсэн. Ийнхүү тус намаас Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп өрсөлдөхөөр боллоо. Одоогоор Ардчилсан намаас Хиллари Клинтон авсан саналынхаа тоогоор тэргүүлж яваа. Үүнээс үзэхэд Д.Трамп, Х.Клинтон нар тунаж үлдэн Америкийн төрийн тэргүүнд өрсөлдөх магадлал нэлээд өндөр байна. Бүгд найрамдахчуудаас тэрбумтан өрсөлдөх болсон нь тус намын дотор нэлээд зөрчил үүсэхэд хүргээд байгаа. Уржигдар төрийн тэргүүний албыг хашиж байсан аав, хүү хоёр Буш Д.Трампыг дэмжихгүй хэмээн мэдэгдсэн.

Д.Трамп бол бизнесмэн, улстөрч. Аавынх нь аав буюу өвөө нь 1885 онд Германы Кальштат хотоос Америкт цагаачилжээ. Тэрбумтны ээж нь шотланд гаралтай, 1930 онд Нью-Йорк хотноо болсон нэгэн баярт оролцохоор ирэхдээ аавтай нь танилцаж гэрлэсэн гэдэг. Тэрбумтан Д.Трамп 1946 онд Нью-Йорк мужийн Кунис хотод төрсөн. Аав нь хүүгээ 13 настайд нь өөртөө итгэлтэй, зөв хүн болгохын тулд Нью-Йоркийн цэргийн академид оруулжээ. Д.Трамп тэнд маш ихийг сурсан. “Хэлэлцээ хийх урлаг” номондоо “Би 1964 онд Нью-Йоркийн цэргийн академиа төгсчихөөд киноны сургуульд орох талаар бодсон. Гэвч эцэст нь үл хөдлөх хөрөнгийн наймаа илүү ашигтай гэдэг дүгнэлтэд хүрсэн” хэмээн бичсэн байдаг. Ингээд Фордэмийн их сургуульд орсон боловч сургалт нь таалагдаагүй тул Пенсильванийн их сургуулийн дэргэдэх Уортоны бизнесийн сургуульд суралцжээ. Төгсөөд шууд л аавынхаа “Trump Orga­nization” компанид ажилласан байна.

Дональд оюутан байхдаа анхныхаа бизнес төслийг маш амжилттай хэрэгжүүлсэн. Огай мужийн Цинциннати дахь 66 хувь нь түрээслэгдээгүй байрыг шинэчилж 12 сая ам.доллараар борлуулаад зургаан сая ам.долларын цэвэр ашиг олжээ. Энэ төсөл амжилттай болсон бас нэгэн нууц нь нийгмийн дундаж давхаргад чиглэсэнтэй холбоотой. 1971 онд тэрээр Нью-Йоркийн төв болох Манхэттенд нүүж ирээд нөлөө бүхий хүмүүстэй танилцсан. Энд барилгын салбарт бизнес хийх асар их боломж байгааг ч олж харсан байна. Ер бусын дизайнтай байшингууд барьж нэлээд ашиг олж, түүний бариулсан барилгууд ч хүмүүст таалагджээ. Бараг нурсан “Commodore” зочид буудлыг шинэчлэх төслийн тендерт ямар нэгэн хөндлөнгийн дэмжлэггүйгээр ялж, Нью-Йорк хотын захиргаанаас түүнд 40 гаруй жилийн хугацаатай татварын хөнгөлөлт үзүүлсэн юм. Түүгээр ч зогсохгүй банкууд 70 сая ам.долларын зээл олгохдоо Вест-Сайд дүүргийн өнгө төрхийг сайжруул гэсэн ганцхан болзол тавьсан байдаг. Зургаан жилийн дараа гэхэд Манхэттений оршин суугчид тэнгэр баганадсан шилэн байшингуудаар бахархаж ирээдүйн тэрбумтан ч хөрөнгөө арвижуулж авчээ. Д.Трамп энэ төслийг амжилттай хэрэгжүүлснийхээ дараа “Hyatt” сүлжээ зочид буудлыг худалдан авчээ. Бизнесийн шинэ санаа ар араасаа ундарч байх тэр үед Нью-Йоркийн “Tiffany&Co” үнэт эдлэлийн дэлгүүрийн эсрэг талд байршилтай тавдугаар авенюд нүд унагасан гэдэг. Яагаад заавал энэ гудамжийг сонирхсоныг асуухад “Энэ дэлгүүр хавиар Нью-Йоркийн хамгийн чинээлэг хүмүүс эргэлддэг” хэмээн тайлбарлажээ. Хэдхэн жилийн дараа энэ газарт 58 давхар “Trump Tower” хэмээх тэнгэр баганадсан байшин сүндэрлэсэн юм. Нью-Йоркийн хамгийн өндөр байшингийн орон сууцууд ердөө хэдхэн сарын дотор зарагдсан гэдэг. Ийнхүү “Trump Tower” нь дээдсийн цуглардаг газар болж Д.Трамп 200 сая ам.долларын ашиг олжээ. 1977 онд Нью-Жерсид мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрсөн. Чинээлэг эр энэ боломжийг ч овжин ашигласан юм. Тэрээр Атлантик-Ситид газар худалдан авч “Trump Plaza Hotel&Casino” төвийг бариулав. Энэ төсөлд 250 сая ам.доллар зарцуулжээ. Гэвч түүний бизнес дандаа амжилттай байгаагүй. 1990-ээд онд нэг тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй байсан Д.Трампт үл хөдлөх хөрөнгө, агаарын тээврийн компани, хөлбөмбөгийн клуб, янз бүрийн үйлдвэрүүд гээд байхгүй юм байгаагүй гэдэг. Сүүлдээ өөрөө ч бараг юутайгаа мэдэхээ больж хяналтаа алдсан гэдэг. Зээл авч бизнесээ улам бүр өргөжүүлж байсан боловч нэг л мэдэхэд бөөн өрөнд унасан байв. 1990-ээд онд 9,8 тэрбум ам.долларын өртэй, түүнээс 900 сая ам.долларыг өөрөө төлөх ёстой болов. Ингээд дампуурлын ирмэгт ирсэн тул “Trump Tower” байшингаа барьцаалахаас өөр арга байсангүй. Санхүүгийн нэлээд хүнд байдалд орсон байхад нь хэвлэл мэдээллээр түүний хийсэн алхам бүрийг шүүмжилж байсан гэдэг. Гэсэн хэдий ч өрнөөс гарч чадсан. 1997 он гэхэд бүх өрөө төлж барагдуулаад шинэ төсөл хэрэгжүүлж эхэлснээс үзэхэд жинхэнэ бизнесмэний шинж чанартай, ямар ч бэрхшээлийг сөрж чадах эр гэдгээ харуулсан.

Дональд Трамп аавынхаа хамт

XXI зуун гарангуут Трамп телевизийн салбарт хүчээ үзэхээр шийдэв. Тэрбээр “Candidate” хэмээх телевизийн реалити шоу нэвтрүүлгийг санаачлан компанийнхаа шилдэг менежерээр ажиллах хүнийг шалгаруулж авсан байна. Үүнээс нэг жилийн дараа NBC телевизтэй хамтран та бидний сайн мэдэх “Ертөнцийн гоо бүсгүй”-г шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг “Miss Uni­verse Organization” компанийг худалдан авчээ. Тэрбумтан үзэгчдийн таашаалыг хамгийн ихээр хүртсэн кинонуудын нэг болох “Гэртээ ганцаараа”-д хүртэл тоглосон юм. Тэрээр алдарт Ларри Кингийн нэвтрүүлэгт уригдан оролцохдоо бага Ж.Бушийн явуулж байгаа бодлого болон алдарт Анжелина Жолигийн төрх байдлыг ширүүхэн шүүмжилсэн нь шуугиан тарьсан. Тэр үед “Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Р.Жулианни, Хиллари Клинтон хоёрыг заавал дэмжинэ” хэмээн хэлсэн байдаг. Энэ үгэндээ хожим нэлээд ороогдсон.

Д.Трампт ороогүй салбар гэж бараг үгүй. 1980-аад оноос түүнийг Ерөнхийлөгчид өрсөлдөх гэж байгаа тухай яригдаж эхэлсэн. 2009 онд тэрээр Бүгд Найрамдах намын гишүүн болж 2011 онд төрийн тэргүүнд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж байсан гэдэг. Гэвч бизнесийн салбарыг орхих хараахан болоогүй гээд больсон. Ингээд өнгөрсөн жил тэрээр Бүгд Найрамдах намаас нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн даруйдаа бэлтгэл ажлаа эхлүүлсэн юм. Маш нарийн бодож боловсруулсан төлөвлөгөө гарган ажилласан гэдэг. Хамгийн түрүүн Бүгд Найрамдах намын өлгий гэгддэг Нью-Гэмпширт очиж дараа нь Невада, Калифорни мужуудаар айлчилжээ.

Намын сунгаанд тунаж үлдсэн тэрээр эрүүл мэнд, цагаачид, дотоод бодлогын асуудал дээр юун дээр анхаарахаа маш тодорхой ярьсан. Хөрш Мексик, Ойрхи Дорнодын эсрэг хатуу бодлого явуулах нь зүйтэй гэдэг дээр тууштай байгаа тэрбумтан Ерөнхийлөгчөөр сонгогдвол Цагаан хэрэм шиг ханыг Мексикийн хил дээр босгоно хэмээн амлаж байгаа. Түүгээр ч барахгүй “Лалын улс” бүлэглэлийг тэр дор нь устгах гэнэ. АНУ-д үйлдвэрүүдийг эргэн сэргээхээ амлаж буй тэрбээр Хятадтай худалдааны дайн зарлах гэнэ.

Дональд Трамп эхнэр, хүүхдүүдийнхээ хамт

Тэрбумтны хувийн амьдрал нэлээд сонин. Тэрбээр хэд хэдэн удаа гэрлэж байсан. Анх хуучин Чехословакийн загвар өмсөгч Иванка Зельничкова гэх бүсгүйтэй гэрлэсэн. 2005 онд зүүн Европоос гаралтай Мелани хэмээх загвар өмсөгчтэй нижгэр хурим хийж байв. 45 сая ам.доллар зарцуулсан гэрлэх ёслол нь хамгийн өндөр өртөгтэй хуримд тооцогддог. Түүнийг эхнийхээ эхнэрээс салсны дараа хэвлэлийнхэн “The Donald” гэх болсон. Хоёр дахь эхнэрийг нь Марле Мейплз гэдэг. Д.Трамп таван хүүхэдтэй. Иванка, Эрик, Дональд,Тиффани, Беррон гээд. Саяхан болсон сонгуульд Охин Иванка, хүү Эрик хоёр нь цагтаа бүртгүүлээгүй тул саналаа өгч чадаагүй гэнэ. Үүндээ ихэд гэмшиж байгаа хэмээн аав нь ярьжээ. Харин хамгийн бага хүү Бэрроны сонгуульд оролцох нас нь болоогүй. Тэрбумтан найман ач, зээтэй.

“Форбес” сэтгүүлийн энэ жилийн судалгаагаар Д.Трамп нь дөрвөн тэрбум гаруй ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй. Энэ жил маш сонин сонгууль болно хэмээн ажиглагчид бичсээр байгаа. Тэрбумтан Д.Трамп, экс тэргүүн хатагтай Х.Клинтонтой “хүчээ” үзэх болов уу. Хэрвээ Д.Трамп ялалт байгуулж чадвал АНУ-ын түүхэн дэх анхны тэрбумтан Ерөнхийлөгч болно. Хэрвээ сонгогдож чадвал шүү дээ. Харин Д.Трамп “Би хамгийн агуу Ерөнхийлөгч болно” хэмээн хэлсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Хүн хүч хүрэлцэхгүй байгаа газарт нь очиж нэр дэвшихэд бэлэн байна

“ӨДРИЙН СОНИН”-Ы ТАВДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН № 107 /5372/ ДУГААРААС АВЧ НИЙТЛЭВ

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та оны өмнө “Улс төрөөс түр завсарлаж, номоо бичнэ” гэж мэдэгдэж байсан. Харин өнөөдөр (өчигдөр) та нэр дэвшинэ гэдгээ өөрийн цахим хуудсаараа зарлалаа л даа. Энэ нь ҮХЦ-ийн тавдугаар дүгнэлтээс болчихов уу?

-Бид шинэ оны өмнө Сонгуулийн тухай хуулиа баталж байсан. Уг хууль батлагдсаны дараа би “Нэр дэвшихгүй” гэдгээ зарласан. Учир нь Сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг анх удаа оруулж өгсөн. Эмэгтэйчүүд олноороо парламентад орох боломжтой боллоо гэж бодож байсан юм. Пропорциональ системээр сонгууль явуулчихвал намын нэрсийн жагсаалтаар олон эмэгтэй хүн парламентад суух таатай орчин бүрдсэн тул шинэ залуу эмэгтэйчүүдэд орон зайгаа тавьж өгье гэдэг үүднээс нэр дэвшихгүй гэдэг мэдэгдлийг хийж байсан. Хувийн талаас гэвэл номоо бичихэд илүүтэй цаг зав гаргая гэж үзсэн л дээ. Харин өнөөдөр (өчигдөр) УИХ-ын чуулганаар ҮХЦ-ээс сонгуулийн хугацааг тулгаж гаргасан дүгнэлтийг эцсийн мөчид дэмжихээр боллоо. Энэ нь улс төрд орох эмэгтэйчүүдэд томоохон цохилт болсон. Намын жагсаалт байхгүй болсноор улс төрд шинээр танигдъя гэж бодож байсан эмэгтэйчүүдийн хувьд маш том хаалга хаагдлаа. Намын нэрсийн жагсаалтад бичигдье, танигдъя гэж бодож байсан олон эмэгтэй бий. Тэр утгаараа тойрогт өөрсдийгөө бэлдээгүй. Бэлтгэл хангах бололцоогүй, тойрог дээр ямар ч байдлаар сойх боломжгүйгээр сонгууль болохоос нэг сарын өмнө хамгийн гол сонгуулийн дүрэм өөрчлөгдөж байгаа учраас бэлтгэлгүй байгаа олон эмэгтэй улс төрөөс шахагдахад хүрч байна. Тиймээс би эмэгтэйчүүдийнхээ оролцоог улам бууруулахгүйн тулд тойрогт очиж “гардан тулалдаан”-д орно. Намайг аль ч тойрогт хуваарилсан нэр дэвшихэд бэлэн байя. Тэнд очиж эмэгтэйчүүдийн тоог бөглөөд байж байх ёстой гэдэг шийдвэрийг гаргалаа. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог бууруулахгүй гэдэг үүднээс ном бичих цаг заваа түр хойш тавихаар болсон.

-Цэцийн дүгнэлтээр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог яг яаж бууруулчихаад байгаа юм?

-Жагсаалтаар сонгогдохыг зөвшөөрөхгүй байна гэдэг чинь л шууд хааж байна гэсэн үг. Жагсаалтаар нэр дэвшинэ гэдэг бол та аль нэг тойрогт очилгүйгээр нам дотроо идэвхтэй ажиллаж, хүлээн зөвшөөрөгдсөнөөр жагсаалтад орох нэг боломж байдаг байлаа. Тухайлбал, ТББ-ын идэвхтэй эмэгтэйчүүд нийтлэг хүний эрхийг хамгаалах, хүчирхийллийн эсрэг маш их ажилладаг хэрнээ тодорхой тойрогт очоод гурил, будаа тарааж чаддаггүй. Нийтлэг эрх ашгийн төлөө ажиллаад аль нэг тойргийг бөөцийлөлгүй, улс орныхоо төлөө карьераа зориулсан хүмүүст энэ бол цохилт болж байгаа юм. Харин тухайн тойрогт байшин барьж, сүлжээ байгуулан тухайн тойргийг манайхны хэлдгээр “маллаад” явж байсан илүү хөрөнгөтэй хүмүүст хожил болж байгаа хэрэг. Улс төрд яваа ихэнх эмэгтэйчүүд аль нэг тойргийг маллаж улс төрд ордоггүй. Ажиглаад байхад эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг, хүний эрхийн төлөө, байгаль орчин экологийн төлөө гээд үргэлж нийтлэг эрх ашгийг дагаж эмэгтэйчүүд улс төрд орж ирдэг. Тиймээс эмэгтэйчүүдэд лист маш чухал байдаг. Одоо бол хөрөнгө, мөнгөтэй, амлаад авсан тойрогтой тийм газар эрчүүдтэй нүүр тулахаар байна.

-Ямар ч нөхцөлд улс төрд орж байгаа бол эрэгтэй, эмэгтэй гэлтгүй өрсөлдөх ёстой юм биш үү?

-Бөхөөр жишээ аваад ярья. Өөрийн гэсэн бөхийн галтай, дасгалжуулагчтай, тэрийг чи тэгж амлаарай гээд урьчилан тохироо хийчихсэн бөх начин цолонд зүтгэж байна гэж бодъё. Гэтэл зүгээр цэрэгт албаа хааж байгаад ямар ч бэлтгэл сургуулилтгүй, бөхийн гал болон дасгалжуулагчгүй “Эх орныхоо төлөө” гээд хил манаж байсан залуу өнөөхтэй чинь барилдана. Хэн нь давах вэ. Энэ л байхгүй юу. Эмэгтэйчүүд чинь жагсаалтгүй бол яг л тийм зүйлд очно гэсэн үг. Эмэгтэйчүүд тойрогт очоод дэвших л байх. Гэхдээ ялах магадлалыг нь төдий чинээ бууруулж байгаа байхгүй юу. Лист байхгүй байна гэдэг чинь эмэгтэй улстөрч улс төрд орох хаалгыг нь төдий чинээ нарийн болгож байна. Өргөн хаалгаар орох, нарийн хаалгаар орох хоёр ялгаатай байдаг биз дээ. Тийм л байхгүй юу.

Дэлхийн олон оронд пропорциональ тогтолцоо бий. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бид Үндсэн хууль зөрчсөн гээд ганц удаа хэрэглэчихээд байхгүй болголоо. Цаашид харин энэ тогтолцоо байх ёстой юм шүү. Дахин оруулж ирэхдээ Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж байж оруулж ирэхээр болсон. Энэ нь дараагийн парламентын хийх ёстой ажил. Гэхдээ дэлхийн ардчилсан орнуудад хүлээн зөвшөөрөгддөг ардчилсан тогтолцоог 1992 онд Үндсэн хууль хийж байсан манай хүмүүс мэдэхгүйгээсээ болоод л оруулалгүй үлдээсэн байх. Тухайн үед манайд сонгуулийн аль ч тогтолцоо байгаагүй. 1992 онд дэлхийн чиг хандлага хаашаа явж байгааг тогтоох тийм ч амар байгаагүй ч одоо бол харин маш тодорхой болсон. Тэр нь пропорциональ тогтолцоо. Ийм нөхцөлд зөвхөн ганц нэр дугуйлна гэдэг явцуу үгнээс илүү хэд хэдэн хувилбараар сонгууль явуулж болохуйц үг, үсэг Үндсэн хуульд үгүйлдэгдэж байна. Өнөөдрийнх шиг байдлыг сонгууль бүрээр бий болгоод байхгүй тогтвортой төрөө байгуулж чаддаг, ҮХЦ нь дуртай үедээ хутгалдаад байдаггүй болох тал дээр дараагийн парламент шийдвэр гаргах хэрэгтэй.

-Та бусад эмэгтэйчүүдийг бодоход Хан-Уул гээд нэр дэвшин гарч ирж байсан өөрийн гэсэн тойрогтой. Энэ удаа харин хаана нэр дэвшихээр болж байгаа вэ?

-Нэр дэвшүүлэх асуудал яригдаад эхлэнгүүт намын хороодынхоо саналыг харна. Аль намын хорооноос ирж өрсөлдөөч гэх нь үү тэрийг харна. Тиймээс намын удирдлагууд хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгоно. Хүмүүс нь багтаж ядаад олон хүн нэр дэвших сонирхолтой байгаа тойрогт бусдыг нь хойш нь татаж байгаад заавал Оюунгэрэлийг нэр дэвшүүлэх албагүй. Харин хүн хүч хүрэлцэхгүй байгаа газарт нь очиж нэр дэвшихэд бэлэн байгаа. Эцсийн шийдвэрийг аймаг, дүүргийн намын хороод гаргана. Аймаг, дүүргийн намын хороод хэнийг нэр дэвшүүлмээр байна гэдэг захиалгаа өгч байгаа гэдгийг дуулсан. Миний нэрийг одоогоор Хөвсгөл аймгаас ирүүлээд байгаа гэж сонссон.

-Таныг тойрогт нэр дэвшинэ гэдгийг эмэгтэй гишүүд дэмжиж байгаа юу?

-Намын эмэгтэй гишүүд намайг сонгуульд өрсөлд гээд үүрэг өгч байгаа. “Би нэр дэвшихгүй” гээд мэдэгдэл гаргасны дараа намын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Зөвлөлдөх хорооны хурлаар тогтоол гаргаагүй ч УИХ-д сууж байгаа эмэгтэй гишүүд 100 хувь нэр дэвших ёстой гэдэг шаардлагууд гарч байсан. АН-аас Их хуралд сууж байгаа зургаан эмэгтэй гишүүн заавал нэр дэвших ёстой шүү. Энэ бол та нарын хувийн сонголт биш шүү гэдэг зүйлийг хэлж байлаа. Тэр утгаараа дэмжих байх гэж бодож байна.

-Өмнөх сонгуулиудыг харж байхад эмэгтэй нэр дэвшигчдийг рейтинг өндөртэй эрэгтэй улстөрчтэй халз өрсөлдүүлэх гээд байдаг хандлага ажиглагддаг. Өөрсдөө гарахгүй болохоор эмэгтэй хүнийг тэр тойрогт явуулчих гээд байдаг…

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Ер нь бол намын хороо хороон дээрээ очиж өрсөлдөнө. Жишээлбэл, би аймгийнхаа намын хороон дээр очиж өрсөлдлөө гэхэд МАН Бага хурлаар хэнийгээ дэвшүүлж байгааг нь мэдэхгүй шүү дээ. Хурал ихэвчлэн зэрэг болдог учраас урьдчилан газрын зураг зурах хэцүү. Зарим нэг хүн эрээвэр хураавар маягаар тиймэрхүү тохиролцоо хийдэг л дээ. Тэр нь гэхдээ бидэнд ил мэдэгддэггүй.