Categories
мэдээ цаг-үе

Хоолны хордлогыг гэрийн нөхцөлд хэрхэн тайлах вэ?

Энэ удаад эрүүл ахуйн маш хялбархан зөвлөгөөг хуваалцах гэсэн юм. Хоолны хордлогыг гэрийн нөхцөлд хэрхэн тайлах тухай. Ямар нэгэн баярын үеэр, тэр дундаа үндэсний их баяр наадам, цагаан сар, хүүхдийн баяраар хоолны хордлоготой холбоотой дуудлага жирийн үеийнхээс 5-8 дахин нэмэгддэг гэдэг.

Түргэн тусламжийн эмч нар, баярын өдрүүдэд “Манайх л ачаалалтай байдаг. Монголчууд хоолоо зохицуулаад идчихэж чаддаг хүмүүс биш” гэдэг. Үнэхээр ч хоолны хордлогоор төчнөөн хүн, хүүхэд хордсон гэх мэдээлэл ёс юм шиг дуулдана. Ингэж баярлацгаадаг хүмүүст энэхүү хялбархан зөвлөгөө илүүдэхгүй л болов уу.

Бичил биетүүдээр халдварлагдсан мах, сүү, салат болон хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдсанаас хордлогот халдвар үүснэ. Хоолны хордлого тайлах хамгийн сайн арга бол бөөлжих гэдэг.

Гэрийн нөхцөлд 100 мл усанд 20 гр буюу хоёр цайны халбага давс хийхээр тооцон нэг цагийн дотор 1-2 литрийг хүчлэн уух хэрэгтэй. Давс ходоод болон бүдүүн гэдсэн дэх салст бүрхэвчийг үрэвсүүлсэн бактерийг үхүүлдэг. Ихээр бөөлжвөл шингэний дутагдалд ордог учраас 15 минутын зайтай ус бага багаар уух нь зөв. Бага зэрэг содатай ус уувал бүр сайн. Хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлдэг эм хэрэглэж болно. Тэгэхдээ гүйлгэдэг эм уувал хор хурдан гадагшлах бөгөөд идэвхжүүлсэн нүүрсэн эмийг дөрвөн цагийн зайтай дөрвөн ширхгээр ууна. Хоногт 12-оос илүү шахмалыг ууж болохгүйг анхаарах нь зүйтэй.

Хэрвээ шингэн юм ууж хүчлэн бөөлжих чадваргүй байвал гэдэс цэвэрлэж болно. Нэг литр буцалсан усанд хоёр халбага давс хийгээд бүлээн байхад нь шулуун гэдсээр бургуйдна. Арван минут хажуулдаж хэвтэх бөгөөд баруун хөлөө нугалаарай. Хор хурдан гадагшилдаг. Хордлогын үед гэдсэнд салст тогтоох үүднээс зутан, цагаан будааны шүүс зэргийг хэрэглэ. Эмийн тухайд нэг хэсэг левомицетин уудаг байсан. Гэвч эмч нар гаж нөлөөтэй, хортой антибиоток гээд татгалздаг. Харин энтерол, эрсефурил эмийг жорын дагуу уухыг зөвлөдөг.

Ө.Манлай

Categories
мэдээ цаг-үе

У Сун: Бид уул уурхайн чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой байна

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунтай ярилцлаа.

-Та Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирснээс хойш нэг жил гаруй болж байна. Анх Монголын талаар ямар сэтгэгдэлтэй ирж байсан бэ. Анхны сэтгэгдэл одоо хэр өөрчлөгдсөн бол. Монголыг их хүйтэн орон гэж гадныхан ярьдаг л даа?

-Өнөөдөр ийнхүү “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Монголчууд бороо, цаснаар ирсэн гийчнээ “Хувьтай хүн хурнаар” гэж бэлгэшээн ярьдаг гэж дуулсан. Та харин бороотой, хаврын бараг сүүлчийн цастай энэ сайхан өдөр манай Элчин сайдын яаман дээр ирж ярилцлага авч байгаа нь бэлгэшээлтэй зүйл болж байна.

Миний хувьд Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирээд нэг жил, нэг сар болж байна. Анх Монголд ирэхэд ямар сэтгэгдэлтэй байсан, яг тэр хэвээрээ байгаа. Монголыг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай гэж өмнө нь зөндөө сонсож байсан ч, анхны өвлөө үдчихлээ. Монгол, Солонгос хоёр үндэстний хувьд түүх соёл, гарал үүслийн хувьд ч гэсэн адил төстэй зүйл ихтэй учраас монгол хүмүүсийн харилцаа ч халуун дулаан, дотно санагддаг.

-Монгол Улс, БНСУ хоёрын хооронд дипломат харилцаа тогтоогоод 25 жил өнгөрч байгаа ч хоёр орны найрамдалт харилцаа чамлахааргүй ойртсон. Ялангуяа хоёр орны иргэд хоорондын харилцаа маш ойртлоо. Өмнө нь монголчууд орос хэлийг маш сайн мэддэг байсан бол өнөөдөр Солонгос хэлийг гадарлахгүй хүнгүй л болж. Харин Засгийн газар хоорондын харилцаа иргэдийн харилцаанаас сул байна уу гэж харагдах юм?

-Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ой тохиож байна. Мэдээж хоёр орны хоорондын тэр дундаа иргэдийн харилцаа маш их ойртож байгаа. Ялангуяа Монголд Солонгос хэлний чиглэлээр суралцаж буй 2000 гаруй оюутан бий гэсэн судалгаа байдаг. Мөн нэгэн сонирхолтой тоон баримт дурдъя. Монгол Улсын нийт хүн ам гурван сая. БНСУ-д амьдарч байсан Монгол иргэдийн тоо 300 мянга. Тэгэхээр Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь Солонгос улсад ажиллаж амьдарч байсан гэсэн үг. Харин өдгөө 30 мянган монгол иргэн буюу нийт хүн амын нэг хувь нь Солонгос улсад оршин сууж байгаа гэсэн сонирхолтой статистик байдаг юм билээ.

Сүүлийн үед мөн хоёр улсын Засгийн газар хоорондын үйл ажиллагаа идэвхжиж байна. Өнгөрсөн онд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Засгийн газрын хэмжээний яриа хэлэлцээрийн механизм болох “Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо” байгуулагдсан. Энэ хүрээнд тус хорооны хоёр дахь хуралдаан өнгөрөгч гуравдугаар сард БНСУ-д зохион байгуулагдлаа.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНСУ-ын Ерөнхий сайд 2001 онд айлчилж байснаас хойш 14 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Улс төрийн хүрээнд энэ мэтчилэн хоёр орны хооронд харилцаа өргөжиж байгаа гэж ойлгож болно.

Мөн ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Долдугаар сард АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж БНСУ-ын Ерөнхийлөгч тус уулзалтанд оролцох талаар олон талаас хэлэлцэж байна. Энэ мэт иргэд хоорондын харилцаанаас гадна хоёр орны улс төрийн хүрээн дэх харилцаа улам сайжирч байна гэж бодож байна.

Мөн нэгэн таатай мэдээ дуулгахад ирэх зургадугаар сараас Улаанбаатар-Пүсан хотын чиглэлд тогтмол шууд нислэгтэй болно. Энэ нь ч мөн хоёр орны харилцаа цаашид хөгжихөд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх долоо хоногт БНСУ-д айлчилна гэлээ. Энэ үеэр ямар асуудлууд хөндөгдөх бол. Айлчлалын үр дүн юу байна гэж урьдчилан харж байгаа вэ?

-Ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа нь Төрийн тэргүүн болсноосоо хойш анх удаа манай оронд айлчилж байгаа юм. Тэр утгаараа бид энэ айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа гэдгийг хэлье. Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын талаас эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд голлон ярилцах юм. БНСУ-ын Ерөнхий сайд өнгөрөгч оны сүүлээр Монгол Улсад айлчлахдаа Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (EDCF)-гийн хэлэлцээрийг гурван жилээр сунгасан. Үүнтэй холбогдуулан хоёр улсын эдийн засгийн чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр ярилцана.

Солонгосын талаас голлон ярих сэдэв нь Умард Солонгосын цөмийн асуудал юм. Энэ оны нэгдүгээр сард Умард Солонгос цөмийн туршилт хийж, хоёрдугаар сард пуужин хөөргөсөн. Үүнтэй холбоотой гуравдугаар сард НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс хориг тогтоол гарсан хэдий ч Умард Солонгосын зүгээс цөмийн туршилтаа зогсооно гэсэн байр суурь илэрхийлээгүй, туршилтуудаа үргэлжлүүлсээр байгаа юм. Бид Умард Солонгосын цөмийн туршилтыг зогсоохтой холбоотой янз бүрийн хэлбэрээр арга хэмжээ судалж, хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн айлчлалаар дээрх асуудлаар хатуу байр сууриа илэрхийлнэ гэж найдаж байна.

2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Умард Солонгост айлчлахдаа Ким Ил Соний сургуульд лекц тавьж “Дарангуйлал мөнх оршдоггүй” хэмээн дурдсан нь Умард Солонгосын төр засагт өөрийн байр сууриа хүчтэй илэрхийлсэн жишээ юм. Бидний зүгээс энэ удаагийн айлчлалаар ч мөн адил Умард Солонгосын цөмийн асуудал хийгээд Умард Солонгосын ард иргэдийн эрхийн тал дээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн байр сууринд хүлээлттэй хандаж байна.

-БНСУ-ын Элчин сайдын яам шинэ Элчингийн байртай болж байгаа гэсэн. Хэзээнээс шинэ байрандаа нүүж очих вэ. Монголчууд хэзээнээс шинэ байраар үйлчлүүлэх боломжтой бол. Барилгын шийдлийн хувьд өвөрмөц санагдсан шүү?

-Манай Элчин сайдын яам энэ сарын сүүл, ирэх сарын эхэн гэхэд шинэ байрандаа нүүх төлөвлөгөөтэй байгаа. Шинэ Элчин сайдын яамны байрны дизайн нь маш өвөрмөц гэдгийг анзаарсан байх. Солонгосын уламжлалт цайны аяганы дизайныг авч хийсэн. Цаашид Монголд баригдах барилгуудад загвар болж чадахуйц барилга болох болов уу гэж бодож байгаа. Яамны шинэ байр ашиглалтад орсноор соёлын олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Шинэ байрандаа орсны дараа долоо, наймдугаар сард үзэсгэлэн зохион байгуулаад, есдүгээр сард загварын шоу зохион байгуулах юм. Яамны доторх задгай талбай, цэцэрлэгт хүрээлэн бий. Үүнийгээ ашиглаад арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Монгол Улсын иргэд визний асуудлаар ч юм уу ямар нэгэн байдлаар Элчин сайдын яамаар үйлчлүүлэхэд илүү тав тухтай орчин бүрдэж байгаа. Бидний зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд ч гэсэн монголчуудыг олноор оролцохыг урьж байна.

-Долдугаар сард Монгол Улсад АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт болно. Уг уулзалтад БНСУ-ын төрийн тэргүүн ирнэ гэсэн мэдээлэл бий. Энэ үеэр хоёр орны өмнө тулгамдсан ямар асуудлуудыг шийдэх бол. Яг одоо хоёр орны хооронд тулгамдаад буй ямар гол асуудлууд байгаа вэ?

-АСЕМ-ийн Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ оролцох эсэх хариугаа эцсийн байдлаар өгөөгүй байгаа. Гэхдээ өмнө болж байсан АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтуудад Солонгосын Ерөнхийлөгч байнга оролцож ирсэн тул оролцох байх гэсэн хүлээлттэй байна. Хэрэв Пак Гын Хэ Ерөнхийлөгч АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтад оролцохоор болбол хоёр орны хоорондын хэтийн төлөвийг ярилцах боломж гарна.

-Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хүнд байгааг анзаарсан байх. БНСУ-аас хөрөнгө оруулалт манай улсад хэрэгтэй байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт гэхэд л өндөр зэрэглэлийн эмнэлэгтэй болохоос эхлээд тулгамдсан асуудлууд багагүй байна. Боловсрол, соёл, нийгэм, улс төрийн хүрээнд хийж болохоор ямар ажлууд байгаа вэ?

-Монголын иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу маш ихээр зорчдог. Эрүүл мэндийн салбарт гэхэд Улаанбаатар хотноо БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр эмнэлэг барих асуудал шийдэгдсэн. Удахгүй эмнэлгийн барилгын ажил эхлэх гэж байна. Эмнэлэг ашиглалтад орсноор өндөр чанарын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломжтой болох байх.

Монгол Улс газрын баялаг ихтэй. Газрын баялгаараа дэлхийд эхний 10-т ордог. Энэ утгаараа бид уул уурхайн чиглэлд хөрөнгө оруулах сонирхол нэлээд бий. Монголын газрын баялгийг Солонгосын техник технологитой хослуулбал уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх тал дээр дэвшил гарах боломжтой.

Мөн дэд бүтцийн чиглэл ирээдүйтэй гэж харагдаж байна. Одоогийн байдлаар тавдугаар цахилгаан станцийн барилгын ажил дээр хамтарч ажиллаж байна. Өнгөрөгч онд гэхэд хоёр орны хооронд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж дуусаад байгаа. Энэ мэтчилэн хөрөнгө оруулах нөхцөлүүд нэлээд гарч ирнэ.

Нийгэм, соёлын хүрээнд 2015 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол, Солонгосын хамтарсан дуурийн тоглолт, Солонгос хоолны фестивал, Солонгосын киноны өдөрлөг мөн К-поп урлагийн тоглолтыг зохион байгуулсан. Эдгээр үйл ажиллагаануудад Монголын иргэд ч өргөнөөр оролцож дэмжсэн.

Боловсролын салбарын хувьд монгол багш нар Солонгост очиж сургалтад хамрагдах багш солилцооны хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Түүнчлэн манай Засгийн газрын зүгээс оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Үүнээс гадна хувийн хэвшлийн байгууллагууд тэтгэлэг зарладаг л даа. Өчигдөр гэхэд (мягмар гаригт) Солонгосын Поско сангаас МУИС, ШУТИС-ийн оюутнуудад тэтгэлэг гардуулах ёслолд оролцоод ирсэн. Монгол оюутнууд цаашид Солонгост очиж суралцах боломж нээлттэй байна. Мөн Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл байдаг бөгөөд Солонгос улсаас үлгэр дуурайл авч болохуйц тогтолцоо систем Монголд орж ирж байгаа. Энэ чиглэлээрээ монголчууд Солонгост очиж туршлага судлах, сургалтад хамрагдах боломжтой болж байна.

-БНСУ Монгол Улсаас ямар бараа бүтээгдэхүүн түлхүү импортолж авдаг вэ. Цаашид импорт нэмэгдэх боломжтой юу. Мөн Монголд ямар бүтээгдэхүүн экспортлох боломж бий бол?

-Миний харамсч явдаг нэг зүйл гэвэл хоёр орны худалдаа, эдийн засгийн чиглэлийн харилцаа харьцангуй доогуур үзүүлэлттэй байдаг. Монголоос бөс бараа, ноолуур зэрэг цөөн тооны бараа бүтээгдэхүүн экспортоор авч байгаа. Монгол Улсад үйлдвэрлэл цаашдаа сайн хөгжвөл хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа өргөжих боломж гарах болно. Монгол Улсын хувьд хүн амын тоо бага учраас Солонгосын том хэмжээний компани байгууллагаас илүүтэй жижиг дунд үйлдвэрүүд Монголын зах зээлд орж ирвэл тохиромжтой байх болов уу. Иймэрхүү худалдааны үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс БНСУ-ын компаниуд жил бүр Улаанбаатар хотод экспо үзэсгэлэн зохион байгуулдаг. Энэ хавар мөн МҮХАҮТ-аас төлөөлөгчид БНСУ-д очиж үзэсгэлэн зохион байгуулсан. Иймэрхүү арга хэмжээгээр дамжуулан Монголын бараа бүтээгдэхүүнийг Солонгост таниулах тал дээр анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй.

-Хоёр орны эдийн засаг, бизнесийн салбарыг өргөжүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Түрүүн хэлсэнчлэн энэ жил хоёр орны харилцааны хувьд онцгой жил болж байна. Хоёр орны төрийн тэргүүний харилцан айлчлалаар дамжуулан энэ чиглэлээр дээд түвшинд анхаарал хандуулж ярилцах байх. Тиймээс эдийн засаг, худалдааны салбарт нэлээд ахиц гарах байх гэсэн хүлээлт бий. Монголын эдийн засаг одоо байгаагаасаа илүү сайжрах цаг хугацааг бид хүлээж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг бид анхааралтай ажиглаж байгаа. Энэ нь Монголын эдийн засгийн томоохон шалгуур болж байгаа юм. Эдийн засаг сайжирвал Солонгосын байгууллагууд Монголд орж ирээд үйл ажиллагаа явуулах боломжтой болно.

-Япон улс гэхэд манай улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд зарим бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх зэрэг эерэг үр дүн их гарсан. Энэ мэт Монгол, Солонгос хоёр улсын хувьд эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж юу байгаа бол?

-Япон, Монгол хоёр орон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж ирэх зургадугаар сарын эхнээс хэрэгжээд явна гэж сонссон. Монгол, Солонгос хоёр орны хувьд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал худалдааны чиглэлд хамтын ажиллагаа илүү өргөжих болов уу гэсэн төсөөлөл харагдаж байна. Дээр хэлсэн дээ, Монгол Улс газрын баялагтай гэж. Тиймээс Солонгосын дэвшилтэт техник технологитой хамтраад харилцан ашигтай ажиллах боломж бий. Төр засгийн хэмжээнд энэ тал дээр суурь нь бэлэн болох хэрэгтэй. Монгол, Солонгос хоёр орон Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судлах цаг болсон. Мөн Монгол, Солонгосын Засгийн газрын Хамтарсан хороо салбар бүр дээр нарийвчлан ажиллавал илүү их үр дүнтэй ажиллах болно.

-БНСУ-д Монголын 30 мянган иргэн ажиллаж амьдарч байгаа. Монгол иргэдийн ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр ямар ажил хийж байгаа вэ. Цаашид хийх ажлын төлөвлөгөө юу байгаа бол?

-Монголын олон иргэн Солонгост ажиллаж, хөдөлмөрлөхөөр зорчдог. Өнгөрөгч онд хөдөлмөрийн гэрээгээр 1700 хүн ажиллах квоттой байсан бол энэ жил 2800 болж нэмэгдсэн. Энэ тоо өсч байна гэдэг нь олон монгол иргэн Солонгос руу явахдаа хуулийн дагуу, мөн урт хугацаагаар ажиллах боломж гарч ирж байна гэсэн үг. Тэдний ажиллах нөхцөл боломжийг сайжруулах тал дээр тухайн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллах шаардлагатай.

Би солонгос хүмүүстэй уулзахдаа “Та нар дипломатчийн үүрэг гүйцэтгэдэг шүү” гэдэг юм. Яагаад ингэж хэлдэг вэ гэхээр Монголын 30 мянган иргэн Солонгост амьдарч байна. Тэр хүмүүсийн амьдрах орчин тааруу, монгол хүмүүстэй харилцах харилцаа муу байвал маргааш нь л мэдээгээр гардаг. Монгол хүнд сайн ханддаг, тэр хүн сайхан амьдарч байгаа бол тэр нь ч гэсэн маргааш нь дэлхий нийтээр мэдэх хэмжээнд хүрчихсэн байна. Тиймээс та нар дипломат албыг давхар хашдаг шүү гэж хэлдэг юм. Монголчуудад хэдий чинээ эелдэг сайн хандана, төдий чинээ Монголд байгаа солонгосчууд сайн сайхан амьдарна шүү гэж захидаг.

-Монгол Улс БНХАУ, ОХУ-д визгүй зорчиж байгаа. Хоёр орон хэзээнээс харилцан визгүй зорчих бол гэдэг хүлээлт иргэдийн дунд байдаг. Визгүйгээ байг гэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих боломж байна уу. Хоёр орны төрийн тэргүүнүүд ойр ойрхон уулзах боломжтой байна л даа. Тиймээс энэ асуудлыг хөндөх болов уу гээд хүлээгээд байгаа?

-Монгол иргэдийн зүгээс визний асуудлыг маш их сонирхдог. Энэ тал дээр бид анхаарал тавин ажилладаг. Хоёр улсын хооронд иргэн хоорондын харилцаа чухал байдаг. Хоорондоо харилцахын тулд визний асуудал яах аргагүй чухал байдаг юм. Манай Элчин сайдын яамны зүгээс байнга визний тал дээр хөнгөлөлт үзүүлж ирсэн. Ноднин бид визний журмаа хөнгөвчилснөөр нэг жилийн хугацаанд нийт 49 мянган иргэнд виз олгосон. Энэ нь 2014 он буюу өмнө жилээсээ 60 хувиар өссөн тоо юм. Цаашид ч бид нөхцөл бүрдвэл визний журмаа хөнгөвчлөх болно.

Өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн олон удаагийн визний олголтоо нэмэгдүүлсэн. Ингэхээр олон хүн БНСУ руу зорчиход хялбар болж байна. Дөрөвдүгээр сараас эхлэн виз хүлээн авдаг байсан гурван газар байсныг долоо болж нэмэгдүүлсэн. Өмнө нь гурван байгууллагатай байхад хүмүүс маш ихээр дугаарлаж хүлээдэг байсан бол одоо ая тухтай үйлчлүүлэх боломжтой болсон. Хэрэв шаардлагатай гэвэл цаашид виз авдаг байгууллагынхаа тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Визгүй зорчих асуудал дээр консулын салбарын хувьд нэн тэргүүний асуудал байлгүй яахав. Гэхдээ БНСУ-д монгол иргэд хууль бусаар амьдарч байгаа асуудал хөндөгддөг. Өнгөрсөн онд визний нөхцөлөө хөнгөвчилснөөс хойш олон Монгол иргэн Солонгос руу зорчсон. Тэр хэрээр хууль бусаар оршин суугаа иргэдийн тоо ч нэмэгдсэн нь томоохон асуудал болчихоод байгаа. Тиймээс визгүй зорчих асуудлыг ярих нь арай эртдэх болов уу гэж бодож байна. Монголоос очсон иргэд хууль бусаар амьдрах нь багасах юм бол тэр үед визгүй зорчих асуудлыг ярилцах боломжтой болох юм.

-Монголын иргэд БНСУ руу зорчиход санхүүгийн батлах бичиг баримт байхгүй тохиолдолд барьцаа таван сая төгрөг дансанд байршуулдаг байсан. Энэ 13 сая төгрөг болтлоо нэмэгдсэн гэж дууллаа. Үнэн үү. Хэрэв тийм бол ямар шалтгаанаар нэмсэн юм бэ?

-Манайх визний журмуудаа байнга хөнгөвчилж ирсэн гэдгийг сая хэлсэн. Аль болох виз авахад ая тухтай байх орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Одоо санхүүгийн баталгаа болгож таван сая төгрөгийн хадгаламжийг шаардаж байгаа. Манай Элчин сайдын яамны зүгээс тийм нөхцөл тавиагүй. 13 сая болсон зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

-Асуухыг хүссэн асуултууд маань дууссан гэхэд болно. Таны хувьд нэмж хэлэхээр зүйл байвал хэлж болно шүү…

-Манай Элчин сайдын яам Монголын иргэдэд ая тухтай үйлчлэх тал дээрээ илүү анхаарч ажиллаж байна. Бидний зохион байгуулж буй арга хэмжээнд монгол хүмүүс өргөнөөр оролцож байвал бид талархах болно. Элчин сайдын яаманд гаргаж буй хүсэлт саналыг бид үргэлж нээлттэй хүлээж авна.

Categories
мэдээ цаг-үе

Аавын нөмөр

Хавар болж модод гөлөглөхөд хаанаас ч юм ирсэн хөөр баяр үргэлж дагадагсан. Хөнгөн нимгэн хувцастай дуу аялсан шигээ алхана. Орчлонгийн бүх юм ирж байх шиг, мөнх ногоон мэт. Харин өнгөрсөн жилийн өдийд ирэх шувуудын түрүүчээр аав минь бурханы оронд заларсан юм. Модод ногоорон шувууд шулганасан хаврын өдрүүдийг уйтайхан давлаа. Хагацал гэж ийм халгам, итгэхийн аргагүй хурдан, бас зүрх зүсэм юм. Одоо би хүмүүсийг эрүүл байгаасай, ээж аавтайгаа элэг бүтэн урт удаан амьдраасай гэж залбирдаг болсон. Ийм амьдрал бол амгалан тайван, хүний амьдралын хамгийн үнэ цэнтэй, жаргалтай үеүдийн нэг юм шүү.

Миний аав бол БНМАУ-ын хошой аварга, Монгол Улсын гавьяат малчин, алдарт уяач Бандийн Дэмбээ билээ. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум бол аавын маань төрж өссөн нутаг. Хоёр жилийн өмнөх зун аавтайгаа бид нутгаар нь аялсан юм. Төрсөн газрынх нь дээхнэ талд халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын төрсөн газар байх. Доошоо жаахан уруудахад түүнд зориулсан сүм дугана алтан ганжираа гялалзуулан тосно. Ийм л ариун сайхан эрчим хүч, шүншигтэй газар аав минь төрж өсчээ. Шувуутын гол бол цамцаа дэрвүүлсэн бага балчир насных нь бүхий л дурсамжийг шингээсэн рашаан булаг юм. Сурч байсан бага сургуулийнх нь хэдэн байшингийн үлдэгдэл буйран дээрээ одоо ч байна лээ. Олон жилийн өмнө аав минь тэнд сурч, Шувуутын голыг өгсөн уруудан давхиж, ажаа аавдаа туслан, дүү нараа асран өсгөлцөө биз ээ.

Хожим өвөө аавынх хот руу шилжин ирж, аав харин Төв аймгийн Баянцогт суманд суурьшжээ. Анх “Оч” нэгдэл гэж байхад нэгдлийн мянган адууг хариулж байсан гэдэг. Эмнэг догшин, занг нь мэдэхгүй тэр олон адууг хэрийн хүн адгуулж хариулж чадахгүй нь мэдээж. Ёстой эрмэг залуу насныхаа ааг хиймориор л нугалж явсан хэрэг. Хожмоо аав маань мянган цагаан хонь авч хариулсан байдаг. Олон жил хонь хариулахдаа зүгээр ч хариулсан болоод байсангүй. “Зуун эхээс зуун хорин хурга авч өсгөснийг нь үнэлэн…” хэмээн шагнал урамшуулал дээр нь зориуд тодотгон бичсэн байдаг юм. Үүгээр нь тооцоод үзэхэд лав улсдаа 16000 толгой хонь бэлдэж өгчээ. Миний аав ийм л ажилсаг хүн. Өөрөө зүгээр сууна гэж байхгүй, байнга юм хийж хөдөлж байна. Залхуу хойрго хүнд ясны дургүй. Ажилгүй анхиагүй хүнд юм өгснөөс хээр аваачаад хаячихсан нь дээр гэж үзнэ. Сумын сургуулийг хоньтой болог хэмээн олон хурга хандивлаж байхад аавыг маань зарим нь магтаж “дотуур байрны хэдэн хүүхэд гэдэс цатгалан байх нь” хэмээж байхад зарим нь зарсан бол овоо мөнгө болох байсан даа хэмээн толгой сэгсэрч байсан гэдэг. Ингэлээ гээд манайх дутаж дундраагүй ээ. Сумынхаа анхны мянгат малчин болж, аав өнөө л өгөөмөр зангаараа мал хуйгүй олон айлыг малжуулсан. Бас өвдөж зовсон танил, найз нөхдөдөө байнга шөлний хонь өгнө. Сумын төв, хот суурин газраас байсгээд л машинтай хүмүүс ирнэ. Гэрт цайлж дуусаад аавыг сэмхэн дуудаж холхон очиж суугаад ярилцах нь надад их сонирхолтой санагддаг байж билээ. Юугаа тэгж тусдаа ярьдаг байна аа гэж сониучирхаж байгаа нь тэр. Удалгүй аав хонио хурааж, өнөө хүн машиндаа нэг “шөлний юм” ачаад арилж өгнө. Зарим хүн мөнгөтэй болохоороо өгье гээд зээлээр хонь мал авна. Өөрийг нь гээд ирсэн хэнийг ч болов аав сэтгэл дундуур буцааж байгаагүй. “Хүнд хонь мал өгөх бол олигтойхон юм өгчихөж бай. Хүнийг сэтгэл дундуур буцаах дэмий байдаг юм” гэнэ.

Миний аав гайхалтай ой сайтай хүн. Хэчнээн ч олон үлгэр мэддэг байсан юм. Биднийг багад орой тойруулж суулгаж байгаад үлгэр ярина. “Эр хар, бар хар” гээд хоёр их хүчтэний тухай, дээхнэ жинчид ямар хачин адал явдал туулж байж газрын холыг туулдаг байсан тухай, алдартай хурдан хүлэг морьдын үүх түүх, эрдэм чадал нь хэтийдсэн мэргэдийн тухай хэдэн орой дамнуулан хүүрнэнэ. Айл саахалтаараа түүнийг нь шимтэн сонсоно. Саахалт айлын эмээ аавын үлгэрийг сонсох нэрээр өдөржин данх хоослон манайд суудаг байлаа. Эгч сахилгагүйтэж эмээгийн нүүр рүү тас ширтэнэ. Эмээ уурлаж хариу тас ширтэлцэж бид элгээ хөштөл инээлддэг байлаа. Энэ мэт хөгжилтэй явдлууд өдөр болгон л өрнөнө.

Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай халхын сайхан эрчүүдийн нэг явлаа, миний аав. Аавын залуугийн зургуудыг харахад өөрийн эрхгүй цалгисан их эрч хүч мэдрэгддэг юм. Арга ч үгүй биз, эмнэг дошгин мянган адууг номхруулж явсан аав минь чамгүй сайн барилдаж, сумын начин цолтой болжээ. Найран дээр “Жаахан шарга”-ыг мэлмэртэл сайхан дуулна. Орчин үеийн дуунаас “Алсын анирхан уулс дундаа Агаарын анирхан хөдөө юм аа хө…” гээд ялимгүй халамцуу аав минь инээмсэглээд дуулж суудагсан.

Хурдны морь уях бол аавын маань хамгийн дуртай ажил. Улс, аймаг, сумын түрүү, айргийн тавд хурдан хүлгүүдээ хурдлуулж байсны гэрч нь гэрийн хоймроор дүүрэн байх медалиуд. Тэдний дундаас улсын наадмын хоёр мөнгөн медаль бусдаасаа содон харагдах төдийгүй манай гэр бүлийн бахархал юм. Манайх хонгор голдуу адуутай. 1978, 1979 оны улсын наадмаар аман хүзүүдсэн хурдан ажнай маань мөн л хонгор зүстэй. Энэхүү алдарт хүлгийн улсад үзүүлэх дараа дараагийн амжилтыг нэгэн шилийн сайн эр тасалсан юм. Орон даяар зартай хулгайч шоронгоос оргохдоо хамсаатнуудынхаа тусламжтайгаар хурдан хонгор тэргүүтэй сүргийн сор болсон дөрвөн сайхан морийг маань хулгайлан авч одсон. Олон ч удаагийн отоо, барианаас тэрхүү сайн эрийн амийг аварсан юм гэнэ лээ. Нэлээн хэдэн жилийн дараа өнөөх сайн эрийг баригдсан тухай мэдээ дуулдаж, хурдан хонгорын сураг Булганы Дашинчилэнд дуулдлаа. Аав маань эмээл, хазаараа төхөөрч хонгор морио авчрахаар найз жолоочийнхоо машинтай явлаа. Алдсан малын эрэл, арилжаа наймаа, ажил төрөл гээд ямар ч зүйлийг хийморьтойхон бүтээгээд ирдэг аав маань тэр удаа эвхсэн хазаартайгаа ирсэн юм. Аавын сонинг сонсох гээд манайд ойр хавиас дүүрэн хүн цуглажээ. “Сайн айлд байгаа юм байна. Хадаг барьж гуйгаад болдоггүй, орхичихоод ирлээ”. Аав ийм л тайлбар хийв. “Аваад ирэхгүй яасан юм. Тэр хурдан буян нутаг усандаа, ижил сүрэгтээ байх байсан юм” гэж ирээд бөөн яриа боллоо. Үүнээс үүдээд өдөржин, оройжин, шөнө дунд хүртэл хурдан хүлгийн яриа гэрт өрнөлөө. Хадаг барьж гуйсан хүмүүсийн сэтгэлийг бодсон ч нөгөө талаас аавын амь насанд эрсдэлтэй нөхцөл үүсээд байжээ гэдгийг би ярианаас нь ойлгов. Тэр нутгийн аль л хөдөлгөөнтэй, танхай гэсэн залуус цуглаад аавыг яахыг ажиглаад байж. Ганц морьтой хүн замд гарлаа гэхэд эзгүй хээр яагаа ч билээ. Ингээд найз жолооч нь тас хорьчихсон гэнэ. “Амьд мэнд гэрт нь аваачиж өгье, боль” энэ тэр болоо биз. Энэ тухай ам дамжин нэмэгдэж хачирлагдан хэдэн өдөр л сум даяар яригдсан гэнэ лээ. Тэр үед Сангийн аж ахуй тараагүй, хөдөө хүн ихтэй байжээ. Айлууд зун болохоор тав, арваараа айлсан бууж их ажлын хажуугаарх хөгжил хөөртэй өдрүүд үргэлжилдэг байлаа.

Хөгжилтэй явдал гэснээс хэдэн жилийн өмнө бас нэг ийм явдал боллоо. Зуны үдэд юм даа, аав доголон хонь аргамжина гээд гарсан юм. Ээж бид хоёр гэртээ ааруул тавьж байтал буун дуу гарах шиг болж, зэрэгцээд аавын хашгирах дуу сонстлоо. Гүйгээд гартал аав гуяа дарчихсан “Аавыг нь хүн буудчих шиг боллоо” гэж байна. Би гэж ухаан алдталаа айсан хүн ийш тийш харангаа аавын буудуулсан шархыг үзэхээр гүйн очиж, өмдийг нь дараад үзтэл чийг татаад, цус бололтой шингэн юм урсаж байна аа. Гэтэл аав өмдөө доошлуулж үзээд түс хийтэл инээд алдлаа. Гайхан харвал ямар ч шарх, цус алга. Тэгэх нь ээ, халуунд аавын өмдний халаасанд явсан зажиголк дэлбэрч, багахан шингэн гоожсон байжээ. Айж уйлах шахан гүйж явсан би, дараа нь энэ түүхийг сонссон хүмүүс элгээ хөштөл инээлдэж билээ. Тэрүүхэн зуур аав тарваганд явсан дүүгээ “буу алдчихлаа” гэж хардсан гэж байгаа.

Миний аавын намтар бол хийж бүтээх, хөдөлмөрлөхийн намтар билээ. Сангийн аж ахуйн үед мянган хонио авч намаржингаа ганцаараа оторт явна. Хадлангаа бэлтгэнэ. Хөрзөнгөө хуулж, хашаа хороогоо янзална. Хонио төллүүлнэ. Нүүдэл суудал хийнэ. Жилийн дөрвөн улиралд нойр хоолоо хугаслан зүтгэсэн зүтгэл өөрт нь алдар гавьяа болон эргэн ирсэн юм. Төрийн бүхий л том одон медаль, цолыг хүртсээн. 2009 онд гавьяат малчин цол авах үедээ хөлөө гэмтээсэн байсан юм. Аав залуу идэр насандаа аймгийн депутатаар сонгогдож энд тэндхийн хурал хуйд бишгүй нэг явдаг байсан ч Төрийн ордонд төрийн өндөр шагнал авахдаа суга таягтай орж байгаадаа жаахан зэнзийрхэж байгаа нь ажиглагдаж байлаа. Ер нь аливаа юманд барьц алддаггүй хүн л дээ. Үг дуу цөөн ч олны хүндлэл хайрыг хүлээсэн хүн байлаа.

Миний хүүхэд нас ийм л үлгэр домог мэт яриа хөөрөө сонсож, зогсоо чөлөөгүй их ажилд өөрийн хэмжээгээр хувь нэмрээ оруулж, дөрвөн цагийн нүүдэлд баясан хөөрч, намрын налгар цагийн найр хуримын дуунд бүүвэйлэгдэн, холыг зорих мөрөөдөлд умбан өссөн юм. Ах, эгч нар том болж гадаад дотоодод сургуульд явахад аав л тэднийг гаргаж өгнө. Угтаж авна. Уралдаан тэмцээнд аймаг, хот руу явахад аав л хамт явна. Хурал хуйд яваад ирэхдээ хэдэн хүүхдэдээ өнгөтэй өөдтэй харагдсан бүхнийг худалдаж аваад ирдэгсэн. Цоо шинэ улаан планетынх нь ард хэд хэдээрээ сундалдчихаад үсээ хийсгэн давхиж явсан цаг саяхан л мэт санагдана.

Ийм л сайхан аавынхаа нөмөрт хоргодон өдий хүрчээ, бид. Хөгшин залуу бүгд л “ааваас асууя, ааваас асуугаарай, ааваас асуусан уу” гэлцэнэ. Ах нар жаахан базаахгүй хэрэг хийчихээрээ ааваас айгаад хэд хоногоор дөлж явна. Тэд өөрсдийгөө ингэж шийтгэнэ. Аав бол ер нь юм дуугарахгүй, загнаж зэмлэхгүй. Ийм байх тусам л бүгд ааваас айдаг байлаа. Ах, эгч нар өрх тусгаарлаж өчнөөн хүүхэдтэй болсон ч аавын зөвшөөрөлгүй бол шинэ юм эхлүүлэхгүй. Найр наадам, хагацал зовлонгийн өмнө ч бид аавыгаа өмнөө бариад нөмөрт нь явдаг байлаа. Аавын нөмөр гэж хаана ч байхгүй дулаахан түшигтэй, юунаас ч хамгаалах шидтэй. Харанхуйд аавтайгаа явж байхад айдаггүй, гэгээн өдөр сагсуу бардам…ийм л байж.

Аав ер нь уйлхай нялцгай занд дургүй. Хэдэн хүүхэд нь нулимстай, уруу дорой, анхиагүй явах юм бол лав уурлаж дургүйцнэ. Тийм болохоор боломжоороо толгой өндөр явахыг хичээцгээж байна. Гэлээ гээд хааяа хааяахан сэтгэл нэвт сэнгэнэх харуусал, их санагалзлыг яаж ч намдааж болдоггүй юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Одбаяр: Хичээл зүтгэлийн үр дүн хэзээ нэгэн өдөр заавал ирдэг

Монголын үндэсний сагсан
бөмбөгийн холбооноос зохион явуулсан сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн
аваргын цуврал өнгөрсөн амралтын өдөр өндөрлөсөн билээ. Энэ жилийн аваргын
төлөөх ширүүн өрсөлдөөн “
Альянс Тех
Харцага” болон “СБЛ Хасын Хүлэгүүд” багийн хооронд болсон юм. Ингээд “
Альянс Тех
Харцага” багийнхан илүүрхэж хоёр улирал дараалан Үндэсний аваргаар тодроод
байна. Тус Үндэсний супер лигийн 2016 оны улирлын аварга “
Альянс Тех
Харцага” болон мөн эмэгтэй супер лигийн аварга ҮБ
ТДС-ийн баг
тамирчдад “
Аваргын бөгж гардуулах ёслол” өчигдөр боллоо. Тус арга
хэмжээний үеэр Үндэсний Супер Лигийн 2015-2016 оны улирлын аварга “
Альянс Тех
Харцага” багт Үндэсний аваргын бөгж, цом, 40 сая төгрөгийн мөнгөн шагналыг
гардууллаа. Харин дэд аваргаар тодорсон “
СБЛ Хасын
Хүлэгүүд” багт 20 сая,
Төв аймгийн “Төв Ургац”
багт 10 сая төгрөгийн шагналыг гардуулсан юм. Түүнчлэн эмэгтэй үндэсний супер
лигийн 2016 оны аваргаар үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг аваргын
бөгж, таван сая төгрөгийн мөнгөн шагналыг хүртлээ. Энэхүү арга хэмжээний үеэр
финалын цувралын үнэ цэнтэй тоглогч “
Альянс Тех
Харцага” багийн тоглогч Б.Одбаярт хүндэтгэл үзүүлэв.
Түүний
хувьд Үндэсний аваргын төлөөх сүүлийн тоглолтын дараа зодог тайлахаа мэдэгдсэн
билээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та финалын тоглолтын дараа зодог
тайлж буйгаа мэдэгдсэн.
Тиймээс өнөөдрийн шагнал таны хувь
хамгийн үнэ цэнтэй болов уу?

-Зодог тайлах талаар маш их
бодсон. Шийдвэр гаргахад хэцүү байлаа. Тийм ээ, аварга хэмээх тамирчин хүн
болгоны мөрөөдөл болсон эрхэм алдрын эзэн болж, мөн үнэ цэнтэй тоглогчоор
шалгарсандаа маш их баяртай байна. Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуустаа
хандан хэлэхэд хүсэл зорилготой, зорилгынхоо төлөө өдөр болгон тэмцэж, хичээж
байгаарай. Хөдөлмөрийн үр дүн хэзээ нэгэн өдөр заавал ирэх болно. Хожил,
хожигдолд адилхан хандаж өрсөлдөгчөө хүндэлсэн хөдөлмөрч байхыг захимаар байна.
Нэгэн хүсэл мөрөөдөлтэй байж Харцага хэмээх гэр бүлийн гишүүн байж нэг нэгнээ
үг болон үйлдлээрээ ойлгодог баг хамт олондоо маш их баярлалаа.

-Танай баг шилдэг тоглогчоо үдэж
өгч байгаа даа сэтгэл дундуур байгаа байх. Цаашид багийн амжилтад нөлөөлөх
болов уу?

-Ямар ч ялгаагүй. Манай баг
багийн тоглолт сайтай ямар ч багийн эсрэг тоглох чадвартай. Манай багт сүүлд
орж ирсэн тоглогчид их хурд, хүчтэй дээрээс нь багийн тоглолттой залуучууд орж
ирсэн. Үүнд миний хувьд баяртай байгаа. Багийн хувьд хамгийн олон жилийн
түүхтэй. Цаашдаа ч залуу тоглогчдодоо тулгуурлаад олон жил тогтвортой оршин тогтноно
гэдэгт итгэлтэй байна.

Дашрамд багийн захирал Баясгалан
ах, Нарантуяа эгчдээ баярласнаа илэрхийлье. Мөн өрсөлдөгч багууд, хөгжөөн
дэмжигчдэдээ маш их баярлалаа.

-Цаашдаа юу хийх гэж байна. Гэр
бүл чинь хаана байгаа вэ?

Бид гэр бүлээрээ Австрали улсад
амьдардаг. Тэнд ажиллаж, сурч байна. Манай эхнэр, охин хоёр намайг хүлээгээд
байж байгаа. Удахгүй баяртайгаар уулзана даа.

-Таны гэр бүлд спортын хүн бий
юу?

-Манай аав, ээж хоёр сагс,
воллейбол тоглодог байсан. Намайг анх сагсан бөмбөгөөр хичээллэхэд их сайхан
хүлээж авч маш сайн дэмжиж өгдөг байсан. Тухайн үед лиг гэж байгаагүй. Улсын
аварга шалгаруулах тэмцээн уралдаанд их оролцдог байсан.

Categories
мэдээ цаг-үе

А.Бадарчин: Хог ургамалтай үр таривал өвчтэй тариа хурааж авна гэсэн үг

Анхны атарчин, гавьяат агрономич А.Бадарчинтай үрийн будаа тойрсон асуудлаар ярилцлаа.

-Хойд хөршөөс орж ирсэн үрийн будаанаас татаар сагаг, чөдөр тарна гэх мэт хориотой хог ургамал орсон, иймэрхүү хольц 30 хувь хүрсэн учраас тариалалтад огт тэнцэхгүй гэсэн тайлбар байна. Яам, МХЕГ-аас болохоор хог ургамлыг нь цэвэрлээд тарьж болно гээд байгаа…?

-Газар тариаланд хохирол учруулдаг муу талын л хог ургамал. Зарим оронд бүр хорьсон байдаг. Хэрвээ ийм хог ургамалтай үр таривал намар ургац хураахад өвчтэй тариа авна гэсэн үг. Ургацын хэмжээ, чанарт нөлөөлөх сөрөг талтай. Ийм хог ургамалтай бол олон дахин цэвэрлэж байж тарихгүй бол горьгүй.

-Тариалалт эхлэх цаг болчихоод байхад хогтой үрийн будааг цэвэрлэж амжихгүй гэж тариаланчид ярьж байна. Цэвэрлэж амжихаар хугацаа үлдсэн үү?

-Тариалалт аль хэдийнэ эхэлчихсэн. Үрийг тарилтад бэлдэхийн тулд дэс дараатай ажлуудыг маш нарийн хийх ёстой. Цэвэрлэнэ, нарлуулна гээд өчнөөн процесс бий. Цэвэрлэхэд их цаг авна. Цэвэрлэлээ гэж бодоход тийм амархан цэвэрлэгдэхгүй. Ер нь ийм хольцтой бол тарьж болохгүй л дээ.

-Тэгэхээр 30 хувийн хогт хольцтой учраас үрийнх биш гээд байгаа нь үнэн болж таарах нь ээ?

-Ийм хогт хольцтой бол үрэнд огт таарахгүй.

-Таныг ид ажиллаж байсан хуучин нийгмийн үед улаанбуудайн үрэнд нэлээд өндөр стандарт тавьдаг байсан биз?

-Үрийн стандарт гэж том юм бий. Одоо ч бий. Тэр үед чинь үрийн соёололт нь хэдэн хувь байна вэ гэдгийг нарийвчилж гаргадаг байлаа. Өөрөөр хэлбэл тарих үрийн хэдэн хувь нь ургах вэ гэдгийг тандаж байгаа хэрэг. Хоёрдугаарт нь хольцыг тоолно. Тодруулж хэлбэл, өөр үр тарианы хольц хэдэн хувь байгааг гаргана гэсэн үг. Хольц дотор сая хэлсэн шиг аюултай хог ургамлын үр байгаа эсэхийг шалгана. Гэх мэтээр стандарт гэж нарийн юм бий л дээ. Стандартын шаардлага хангасан үрээр л тарих ёстой.

-Социализмын үед энэ бүх стандартыг яг таг барьдаг байсан уу?

-Барилгүй яахав. Бидний үед тариаланчид, төр засаг, шинжлэх ухааны байгууллагууд хамтарч нэг баг болж ажилладаг байлаа. Шинжлэх ухааны байгууллага үрийг шинжлээд болох, болохгүйг нь хэлээд өгнө. Тэрнийх нь дагуу тарихаа тариад, тарихгүйгээ болиод явдаг байсан.

-Таныг ажиллаж байхад хогт ургамлын хольц 30 хувиас давсан үрийн будааг цэвэрлэж тарьсан тохиолдол бий юу?

-Яалаа гэж тарихав. Тариулах ч үгүй.

-Шууд тарихад боломжтой сайн чанарын үрээр л тарьдаг байв уу?

-Тэгэлгүй яахав. Стандартын шаардлага хангасан үрээр тарьдаг байсан юм.

-Хойд хөршөөс “Алтайская жница” гэдэг эрлийзжүүлж гаргаж авсан үрийн будааг оруулж ирсэн нь маргаан дэгдэх шалтгааны нэг болоод байна. Албаныхан манайд нутагшсан Алтайн бүлэг сортынх учраас асуудалгүй гээд, тариаланчид болохоор эрлийзжүүлж гаргаж авсан шинэ сортыг Монголд гурваас дөрвөн жил нутагшуулж байж тариалах эсэхээ шийдэх учиртай гэх юм…?

-Тариаланчдын хэлээд байгаа яг зөв. Дээр үед бүх бүсэд сорт сорилтын станцууд гэж байсан юм. Гаднаас орж ирсэн шинэ сортын үрүүд тэр станцуудад олон жил туршигдаж байж тариалалтад ашиглагддаг байсан. Бүр цаашлуулж яривал баруун, зүүн бүсийн алинд нь сайн ургац гарахаар байна гэдгийг хүртэл нарийвчилж туршдаг байсан. Нутагшуулсан үр боллоо гэсэн нөхцөлд тарьдаг байлаа. Өмнө нь үүнийг эрдэм шинжилгээний байгууллагууд хийж өгдөг байсан. Тэр байгууллагууд нь алга болсон учраас компаниуд өөрсдөө л туршиж сорьж байгаа болов уу.

-Жилийн жилд л тариалалт дөхсөн хойно үрийн будаа оруулж ирснээс болж маргаан дэгдээд байх шиг санагддаг. Өмнө нь шийдэх боломжтой юу, хуучин нийгмийн үед үрийн будаагаа хэзээ бэлддэг байсан бэ?

-Тариалалт эхлэхийн өмнө үрийн будаа импортолж оруулж ирдэг нь хамгийн зохисгүй, буруу хэрэг. Бидний үед үрийн будааг ургац хураасны дараа бүгдийг нь сортлоод бэлдчихдэг байсан. Урьд намар нь бэлдчихдэг байсан гэсэн үг. Одоо тэгэхээ больсон учраас сандраад юу ч хамаагүй тарихдаа хүрээд байна л даа. Ийм маягаар газар тариалан эрхэлбэл буудайн тариалан тун амархан мөхнө дөө.

-Та нарын үед урьд жил нь бэлдээд хадгалчихдаг байсан байх нь. Одоо ингэх боломж бий юу?

-Бидний үед үрийн талбай гэж тусдаа талбай байсан юм. Сайн чанарын үрийг үрийн талбайдаа үржүүлээд дараа жилийн хавар нь тарьдаг байлаа. Нэг, хоёр, гуравдугаар үржүүлгийн үр гээд ёстой л алт шиг үр тарьдаг байсан даа. Алтан дотор шижир алт энэ тэр гээд зэрэг дугаар байдаг шиг шилэгдсэн, сайн үр тарьж арвин ургац авдаг байлаа. Бодлогоо алдчихаад байгаад нь харамсдаг.

-Бодлого алдсан гэдгээ тодруулаач?

-Өмнөх жил нь үрээ бэлдээгүй учраас дээр дооргүй сандраад хөгийн юм болж байна л даа. Энэ янзаараа удаж боломгүй санагддаг. Үрийн бодлого байхгүйн үр дагавар.

-Үрийн бодлоготой байхын тулд яах ёстой вэ?

-Үрийн аж ахуй гэж тусдаа шинжлэх ухаан байна. Эхлээд сорт гаргана. Дараа нь сортоо үржүүлнэ. Элит үр үржүүлнэ гэж бий. Тэрийгээ талбайд үржүүлээд сортын үр гаргана. Сортоо хэдэн жил туршина. Тэгж байж тариална шүү дээ.

-Таны үед байсан үрийн аж ахуй тэр чигтээ алга болсон гэсэн үг үү?

-Үндсээрээ байхгүй болчихсон. Бидний үед эрдэм шинжилгээний байгууллага, туршилтын станцуудтай, аж ахуй бүр үрийн аж ахуй, үрийн талбайтай, үр үржүүлдэг бригадууд хүртэл байсан. Монголын үрийн аж ахуйн хамгийн сүүлийн голомт нь Дарханы Хонгор. Үр үржүүлдэг ганц аж ахуй байлаа. Үрэн таран хийгээд алга болгочихсон. Бид чинь шинжлэх ухаанаас маш хол, хөндий яваад байгаа улс.

-Гаднаас үрийн будааныхаа багагүй хэсгийг оруулж ирж байна гэдэг хэр зөв хандлага вэ?

-Хатуухан хэлбэл бараг гэмт хэрэг шахуу зүйл.

-Тариалалтыг хэдийгээр эхэлбэл оновчтой байдаг вэ?

-Одоо ид тарьдаг цаг нь болчихоод байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээс тарьж эхэлдэг.

-Тариалалт оройтсоноор ургацад яг ямар нөлөө үзүүлдэг бол?

-Хаврын тариалалт оройтно гэдэг чинь намрын ургац хураах хугацаа оройтно гэсэн үг. Тариаланчид “Хавар алдсан нэг өдөр намрын арван хоногтой тэнцэнэ” гэлцдэг нь зүгээр ч нэг үг биш. Хавар нэг хоногоор хожуу тарихад л тариа намар арван хоногоор оройтож болно гэсэн үг. Намар тариа ногооноороо байна, авах уу болих уу гэдэг нь үүнээс болдог.

-Тариаланчид Оросоос оруулж ирсэн 30 хувийн хогт хольцтой үрийг цэвэрлэж авахаар болоод байна. Цэвэрлэхийн тулд хэр хугацаа шаардах бол, та багцаа хэлээч?

-Би наадахыг чинь цэвэрлэнэ гэж огт хэлэмгүй байна. Үнэхээр таны өмнө асуудаг шиг хогт хольцтой бол огт тарьж болохгүй.

-Албаны хүмүүс ариутгаад цэвэрлээд тарьж болно гэсэн тайлбар хэлээд байгаа шүү дээ?

-Нэлээд зүрхтэй л хүний хэлдэг үг байна даа. Би бол тэгж хэлж хэрхэвч чадахгүй. Ер нь буудайн тариаланд хэлмээр үг их байх юм. Би буудайн тариаланг Монголд эхлүүлэхэд атрын анхны сангийн аж ахуйг даргалж явсан тариачин хүн. Газар тариалантай амьдралаа холбоод 57 жил болж байна. Бид хоёр том үеийг өнгөрөөлөө. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе өнөөгийн зах зээлийн цаг чинь тэмээ ямаа хоёр шиг тэс өөр юм боллоо л доо. Гэхдээ тариа тариагаараа байгаа. Тариалан эрхлэгчийн хувьд харахад эрс тэс ялгаа байна. Бидний үед төр засаг, эрдэм шинжилгээний байгууллага, тариаланчид гурав нэг баг болж, нэг бодлого нэг дохиогоор ажилладаг байсан юм. Эрдэмтэд нь яах ийхийг нь зааж өгдөг. Төр засаг нь техник, бусад санхүүгийн зүйлээр дэмжлэг үзүүлдэг. Тариаланчид нь тарьдаг. Тодруулж хэлбэл, жинхэнэ номоороо ажиллаж байсан. Зах зээлд шилжингүүт энэ гурав өөр өөр тийшээ хараад салаад явчихсан. Эрдэм шинжилгээний байгууллагынхаа ихэнхийг нь устгасан. Байгаа хэдэн эрдэмтнийхээ үгийг тоодог улс ч гэж алга. Дур дураараа энд тэндээс юм оруулж ирээд номгүй тариалан эрхлээд байна. Төр засаг, тариаланчид хоорондоо бүр таарахаа байсан. Нэг баг болж ажиллах учиртай улс гурван тийшээ харчихаар хортой үр дагавар үзүүлээд байгаа юм. Учрыг нь ойлгохыг хүсэхгүй, биесээсээ улам л холдоод байна. Та бид хоёрын яриад байгаа энэ сэдэв гэхэд л хамгийн ноцтой, хамгийн тод баримт нь.

Categories
мэдээ цаг-үе

“Ээж бид хоёрыг мангас дандаа айлгадаг”

Ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн бага насны охины хэлсэн үг ийм.

Монголын эмэгтэйчүүдийн сангийн байранд хүндхэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөлөө. “Ураг төрлийн хүчин”. Сонсоход хүртэл хэцүү сэдэв ч ёс бусын ийм хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ээж, аавууд энэ талын мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Итгэдэг хүмүүсийн зүгээс, санаанд оромгүй талаас цохилт ирсэн түүхүүдийг мэргэжилтнүүд ярьж байна. “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-аас тавдугаар сарыг “Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сар” болгон зарлажээ. Мэргэжлийн хүмүүсийн яриаг хүргэе.

“Хүүхэд хамгааллын төвийн тэргүүн” Л.Бадамцэцэг энэ чиглэлээр хорь гаруй жил ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтэн юм. Тэрбээр хэлэлцүүлгийг нээж ийн ярив.

-Ураг төрлийн хүчин гэдэг цусан төрлийн, хамаатан садангийн холбоотой хэн нэгэн этгээд хүүхдийг эрхшээлдээ оруулах зорилгоор эрх мэдэл, давуу талаа ашиглаж, гэр бүлийн ариун ёс журам, хайр, хүндэтгэл, итгэлийг эвддэг, хүний эрхийн зөрчил бөгөөд уучлашгүй гэмт хэрэг. Ураг төрлийн хүчингийн гэмт хэрэг үйлдэгч нь хэн ч байж болно. Хойд эцэг нь дагавар охиноо хүчиндэх тохиолдол гардаг. Өвөө нь ач, зээ охиноо бэлгийн зорилгоор оролдсон, мөн төрөл садангийн ах нар бага насны охиныг хүчиндсэн тохиолдол олон гардаг. Ураг төрлийн хүчирхийлэл гарсан гэр бүлд хүүхдээ хамгаалах ёстой ээж хаана байсан бэ гэдэг асуулт тавигддаг. Гэтэл тэр хүн өөрөө хүчирхийллийн хохирогч байх нь олонтаа. Өөрийгөө хамгаалж чадахгүй хүн үр хүүхдээ хамгаалах боломжгүй. Оюутан болж хөдөөнөөс ирсэн ах дүүсийн хүүхдүүдийг цугт нь байлгах тохиолдол гардаг. Нэг гэрт байгаагүй хүүхдүүд хамт амьдрахад бэлгийн дарамт үзүүлэх явдал гарч байлаа. Тийм учраас өртөгч нь хэн ч байж болзошгүй. Үйлдэгч нь бас хэн ч байж болно гэдгийг онцлох байна гэлээ.

Энэхүү хэлэлцүүлэг интернэтээр өрнөсөн учраас асуулт орж ирж байв. Хүчирхийлэгчид ногдуулах ял шийтгэлийг чангаруулах ёстой гэсэн санал үзэгчээс ирсэн.

“Эрч хүчтэй хүүхэд” төрийн бус байгууллагын тэргүүн, өмгөөлөгч С.Цэмпилмаа “Өнөөдөр бид шилжилтийн гэж болохоор эрх зүйн нөхцөлд ажиллаж байна. Есдүгээр сараас эхлээд Эрүүгийн шинэ хууль мөрдөгдөж эхэлнэ. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын шинэ хуулиудтай болчихлоо. Эрх зүйн орчинд нэлээд шинэчлэлт хийгдсэн. Өмнөх тодорхойгүй заалтуудыг шинэ хуулиар тодорхой болгосон. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол арваас дээш жилийн хорих ялтай болж байгаа. Гэхдээ эрүүгийн хариуцлагыг хэт чангаруулахад хүчингийн хэргийн хохирогчид ноцтой үр дагавар бий болдгийг бодолцох учиртай. Гэмт хэргээ нуухын тулд бүхнийг хийдэг, хохирогчийн амь насанд аюул учрах тохиолдол ажиглагдаж байсан” гэв.

Л.Бадамцэцэг ч мөн “Ураг төрлийн хүчингийн хувьд цусан төрлийн болон эдийн засгийн хамааралтай учраас яг энэ төрлийн хэрэг гарсан гэр бүлүүдийн хувьд хүүхдээ бодоод ялыг нь эдлүүлэх үү, эсвэл энэ хүн чинь гэр бүлээ тэжээж байгаа гээд чимээгүйхэн нуугаад үлдэх үү гэдэг ацан шалаанд ордог. Нэг ийм түүх бий. Дагавар охиноо долдугаар ангиас нь эхлээд хүчирхийлээд, арваннэгдүгээр ангид орох үед нь хоёр хүүхэдтэй болгочихсон тохиолдол байсан. Ээж нь хамт амьдарч л байдаг. Охины зуны амралтаар төрөх хугацаа нь таардаг. “Хүүхдийг нь өргөөд авчихъя” гэж эхнэртэйгээ яриад хүүхдийг нь өөрсдийнхөө нэр дээр авчихдаг. Эхнэр нь хэдийгээр таамаглаж байсан ч чимээгүй явжээ. Хохирогч бидэнд хандаж “Цаашдаа энэ хэвээр олон жил үргэлжлэх нь. Ийм байдлаас л гармаар байна” гэсэн. Хүчирхийлэгчийг цагдаагийн байгууллагад өгч, шоронд хийлгэсэн юм. Энэ гэр бүл хашаа байшин худалдаж авч, үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Эцэг нь шоронд орж, арав гаруйхан хоногийн дараа банкны өр нэхэгдсэн. Тэр хүнийг ялгүй үлдээх тухай яриагүй. Гэхдээ хохирогч эрсдэлүүдийг яаж даван туулахыг эрүүл саруулаар бодож шийдвэр гаргах хүртэл нь хүлээх хэрэгтэй юм болов уу” гэлээ. Гудамжинд гардаг зодоон, дээрэм, хүчин нэг л удаа тохиолддог бол нэг гэрт амьдардаг этгээдийн хүчирхийлэл давтагдаж, даамжирч байдаг. Эцэстээ амьд явах уу, үгүй юу гэдэгтээ хүрдэг гэлээ.

С.Цэмбэлмаа “Тохиолдол бүр өөр. Хэрэв цаг хугацаа алдвал тухайн хэрэгтэн хариуцлага хүлээхгүй үлдэх магадлал бий. Нөхцөл байдал амаргүй шүү. Хүүхдийн хувьд тухайн хүчирхийлэл үйлдэгчтэй хариуцлага тооцуулмаар байдаг ч дунд нь ээж аав, хууль ёсоор төлөөлж байгаа этгээдийн дарамтад орж, худал мэдүүлэг өгөх, мэдүүлгээсээ буцах асуудал гардаг. Хүчирхийлэл үйлдэгчид заавал хуулийн хариуцлага ногдуулах ёстой” гэлээ.

Л.Бадамцэцэг “Ийм юм болжээ, саяхан мэдлээ” гээд хүүхдээ дагуулаад ирдэг. “Чи яагаад одоо хэлж байгаа юм” гээд хүүхдээ буруутгадаг. Гэтэл хүүхдийн дотор юу бодогдож байдаг вэ. Би хохирогч хүүхдээр зурган засал хийлгэсэн. “Аав чинь чамайг оролдож байх үед юу бодогдож байсан бэ” гэхэд хоёрдугаар ангийн охин “Үхлийн туулай” гэж бичсэн. Өөрт нь бодогддог юм дандаа аймшиг. Энэ цаасны дөрвөн буланд аймшиг гээд биччихсэн. Бас “Цус сорогч” гэж бичсэн байдаг. “Ээж бид хоёрыг мангас дандаа айлгадаг” гэж хэлсэн хүүхдийн эцэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч байсан. Бага насны хүүхэд надад ийм юм тохиолдож байна гэж шууд хэлж чадахгүй ч үг хэллэг, гадаад байдал нь хүртэл энгийн биш болдог. Хохирогч хүүхэд юмыг эсрэг өнцгөөс харж, уурлаж уцаарладаг. Ийм үед тухайн гэр бүлийнхэн хүүхдэдээ санаа тавих учиртай. Өөр нэг хохирогч долдугаар ангийн хүүхэд “Би хэрвээ хүч чадалтай байсан бол энэ бүгдийг таслан зогсоож чадна. Хурдан том болбол хэн ч намайг дээрэлхэж чадахгүй” гэсэн. Хүүхэд өөрт тохиолдсон бүхнээ ярих боломжгүй үе байдаг. Хүүхдийг дарамталж дуугүй болгох нь их. “Хэрэв хүнд хэлэх юм бол чамайг ээжгүй болгоно”, “Охин дүүг чинь бас чам шиг болгоно” гэх юм уу өөрийгөө илчлүүлэхгүйн тулд хахуульддаг. Гудамжинд хүчирхийлэл үйлдэгчээс ураг төрлийн хүчирхийлэл үйлдэгчийн ялгаатай тал нь тухайн хүүхдийн сул талыг сайн мэддэг. Мөнгө өгдөг, хувцас хунар авч өгдөг. Чихэр өгдөг. “Би өгсөн юмыг нь авчихсан юм чинь намайг хүлээн зөвшөөрсөн гэж бодно” гээд дуугүй явдаг тохиолдол бий. Гэхдээ л хүүхдийн гадаад байдал, үг хэллэг, сурлагад олон өөрчлөлт гардаг. Зөвхөн хойд эцэг нь хүчирхийлэл үйлддэг гэж ойлгож болохгүй. Төрсөн эцэг нь хүртэл охиноо хүчирхийлсэн тохиолдол байдаг” гэж ярилаа.

Ураг төрлийн хүчингээс яаж урьдчилан сэргийлж болох вэ. Ямар зуршил, зан төлөвтэй хүн хүчирхийлэл үйлдэгч байдаг гэх мэтээр тодорхойлох боломж байдаг уу, хүүхдэдээ өөрийгөө хамгаалах ямар мэдлэг олгох вэ гэсэн асуултад мэргэжилтнүүд хариулсныг хүргэж байна.

“Хөөрхөн зүрхний аян” төрийн бус байгууллагын сэтгэл зүйч Т.Энхчимэг

-Итгэл хүлээлгэсэн хүмүүс хүчирхийлэл үйлдэгч байж болно гэдгийг бодоорой. Хүүхдэд чинь хэн үнэтэй гоё бэлэг авч өгч байна, хэн хаашаа явахыг санал болгож байгааг анзаарч байгаарай. Ураг төрлийн хүчирхийлэл гэдэг гэнэт болдог үйл явц биш. Хүүхдэдээ илүү анхаарах ёстой. Хохирогч хүүхэд бүрт ижил шинж тэмдэг илрэхгүй. Хүүхдийн амьдралын хэв маяг, даван туулах чадвараас шалтгаалаад зарим хүүхдэд шинж тэмдэг маш хурдан илэрдэг бол заримд нь хэсэг хугацааны дараа илэрч болно. Хүүхэд хар дарж зүүдлэх, орондоо шээх, хичээл завсардах, хэн нэг хүнтэй ганцаараа үлдэхээс зайлсхийдэг. Яагаад тэр хүнтэй үлдэхгүй гэдгээ илэрхийлж байгаа үгийг анхаарах хэрэгтэй. Хүүхдийнхээ нүд рүү харж байгаарай. Биен дээр байгаа жижиг гэлтгүй сорви, хөхрөлтийг анзаарч байх хэрэгтэй. Хүүхдийн яриаг нухацтай сонс. Хүүхэд зүгээр нэг тоглоом ч юм шиг үлгэр ч юм шиг юм яриад байгаа ч тэрэн дундаа өөрийгөө илэрхийлж байдаг. Эцэг, эхчүүд үүнийг маш хаалттай сэдэв гэж ойлгодог. Уг нь бид ярьж байх ёстой. Хэн чамайг усанд оруулах юм. Хэнтэй унтаж болох вэ. Аав биеийн чинь аль хэсэгт хүрч болох вэ, энэ хайр мөн үү. Ээж нь аль хэсгийг нь угаахыг анхнаасаа хүүхдэд хэлж өгвөл хүүхэд энэ талаар ойлголттой болдог. Болохгүй хэсэгт хүн хүрэхэд мэдээлэл өгөх хэмжээний мэдлэгийг хүүхэд олж авсан байх учиртай. Бэлгийн боловсрол, хүчирхийлэл гэж юу болох талаар эцэг, эхчүүд мэдээлэлтэй байх ёстой гэж зөвлөлөө.

Л.Бадамцэцэг “Ураг төрлийн хүчинг дандаа насанд хүрсэн хүмүүс үйлддэг гэж ойлгож болохгүй. Хүүхэд хүүхдээ “оролдсон” тохиолдол бий. Ийм явдал тохиолдоно гэж дандаа бодож явж болохгүй. Гэхдээ цаг үе ямар билээ. Хүүхэд маань хэнтэй байгаа билээ гэдгийг бодолцох учиртай. Зун бүх сургууль, цэцэрлэг амардаг. Манайхан зун хүүхдээ цагаан идээн дээр, эрүүл агаарт амраах гээд ах дүү, хамаатан садны хүүхдүүдийг бүгдийг нь нийлүүлээд, эмээ өвөөгийнд нь хүргээд өгчихдөг. Уржнан гэхэд дөрвөн настай охиныг аав, ээж нь авчирсан. Зуслан дээр ах дүүгийн таван хүүхэд очжээ. Тэнд охиноо дөрөв хонуулаад аваад ирсэн юм билээ. Ирээд аав нь усанд оруулж байсан чинь охин нь ахынх нь хүүхдийн нэрийг хэлээд .. миний бойжгойгоор оролдсон гэжээ. Сандраад юу болж байна вэ гээд бидэнд хандсан. Энэ тухай ахдаа хэлсэн чинь “Юу ярьж байгаа юм бэ. Миний хүү ч гэсэн жаахан хүүхэд шүү дээ. Танай охин худлаа ярьдаг насан дээрээ хэлсэн зүйлийг нь их юм болголоо” гээд муудалцаад, сүүлдээ цагдаа сэргийлэхээр явсан. Охины хэлсэн зүйл нотлогдсон. Гэвч хүчирхийлэл үйлдсэн хүүхэд хэрэг хариуцах чадваргүй гэж үзсэн юм. 13 настай, бэлгийн бойжилтын үедээ яваа хүүхэд байсан. Ийм байдлаас сэргийлэх учиртай. Хол зайтай төрүүлсэн хүүхдүүдээ төрсөн ах, дүү хоёрын хооронд юу болдог юм бэ гээд цуг унтуулдаг. Гэтэл бэлгийн бойжилтын насандаа яваа хүүхдэд хүссэн хүсээгүй бэлгийн дур хүсэл, сэрэл төрдөг. Нойтон зүүдээ мэдэрсэн хүүхэд амьдрал дээр бодитойгоор яадаг юм бол гэж мэдрэхийг хүсч болно. Үеийнхээ охинд хэлбэл зөвшөөрөхгүй. Гар дор байгаа эмэгтэй дүүгээ оролдох гэх мэтчилэн асуудал гардаг. Тухайн гэр бүлийн соёл, хүүхдийн хүмүүжил, хараа хяналт, хүүхэдтэйгээ харьцдаг харилцаа энэ бүгд нөлөөлнө. Аав ээжүүд үүнд анхаарах хэрэгтэй” гэв.

Хүчирхийллийн хохирогч “Хүүхдийн тусламжийн утас” 108 дугаарт хандаж хамгаалалт хүсэх боломжтой. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд нотлох баримтыг устгахгүйн тулд хэрэг гарах үед өмсч байсан хувцастайгаа, биеэ угааж цэвэрлэлгүйгээр Шүүх эмнэлгийн магадланд орох хэрэгтэй гэсэн хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч биелүүлэхэд хэцүү зөвлөгөө ч сонсогдлоо.

Categories
мэдээ цаг-үе

Т.Сосорбарам: Амьтай, амьгүй нь мэдэгдэхгүй хөлдсөн хүүхдийг амь оруулж, машинтайгаа шатсан хүмүүсийг аварч л байлаа

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, сувилагч Түвшинжаргалын Сосорбарамтай уулзаж ярилцлаа.

-Та сувилагчаар ажиллаад хэдэн жил болов?

-Эгч нь улсад дөчин хоёр жил ажиллаж байна. Улаанбаатарын Анагаахын дунд сургуулийг 1980 онд төгсөөд сувилагчаар ажилласнаас хойш гучаад жил болжээ. Өмнө нь хүүхдийн яслид хүмүүжүүлэгчээр арваад жил ажиллаж байгаад шагналаар хуваарь авч сургуульд орсон юм.

-Сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхлэв?

-Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул хүн л дээ. Анагаахын дундаа төгсөөд л аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт очиж сувилагчийн ажил хийсэн. Манай сувилагчийн ангиас Улсын мэргэжлийн хяналтын албаны мэргэжилтэн Ганчимэг, Госпитальд их эмчээр ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан Цэцгээ, Батсүх, уушгины эмч Сүхээ, Ховд аймгийн их эмч Шинэбаяр нарын олон арван эмч нар төрсөн.

-Сувилагч гэдэг өвчтөнүүдтэй эмчээс ч ойрхон харилцдаг хүмүүс шиг санагддаг?

-Ер нь эмнэлгийн салбарын бүхий л хар бор ажлыг бүгдийг гардаж хийнэ. Сувилагч шаардлагатай үед л эмч нарт хандахаас ямар ч ажлыг хийх мэдлэг, чадвартай байх ёстой. Өвчтөнөө нарийн ажиглаж, асаргаа, сувилгааг хийхээс өгсүүлээд их ажилтай байдаг даа. Угаалга хийх, тариа хийх, өвчтөнөө үзэх, эм тариаг нь цагаар өгөх гээд тоочиж барахгүй ажилтай. Өвчтөнд халдвар дамжуулахгүйн тулд халдвар хамгааллын дэглэмийг сайтар барина.

-Дөчөөд жил ажиллахад өвчтөн нас барах тохиолдол олон л гарч таараа. Мэргэжлээсээ бэрхшээх үе гарч байв уу?

-Өвчтөний ар гэрийнхнээс эмээх, хэлж чадахгүй халгах үе л их хэцүү. Хагацлын гуниг зовлон гэдэг мөн ч хэцүү шүү дээ. Арван гартай бурхан байгаад чиг хүний амь насыг аварч амжихгүй хэцүү явдал тохиолдоно. Аваар осолд орсон хүн ирнэ. Энгийн жирийн үед айлд хүн хутгалчихсан байхтай таарахад л туслахаас аргагүй үе гарна. Өргөсөн тангаргаа бодсон ч, мэргэжлээ бодсон ч туслахаас өөрцгүй үе зөндөө л таарч байлаа. Тэр бүхэнд эмнэлгийн тусламж үзүүлж, хүний амь аварч явсан ч удаа бий. Дуудлага дуудаад эмч иртэл хүнд өвчтөний амийг торгоох явдал олонтаа тулгардаг.

-Хүний амь нас, эрүүл мэнд гэдэг юунаас ч чухал шүү?

-Би нэг удаа Манхан суманд амарч яваад дуудлага өгсөн эмч ирж амжаагүй үед хүндрэлтэй эх төрөхөд эх барьж авч байсан. Би эх барих сувилагч биш болохоор олон хүүхэд эх барьж аваагүй ээ. Тэгэхэд надаар эх бариулсан хүү одоо жигтэйхэн сайхан өсөж томроод намайг “Хүйн ээж” гэж хүндэлж явдагт баярладаг даа. Бүр эзгүй хээр төрсөн хүүхэд л дээ. Эмч нартайгаа хамт дуудлагаар явж хөлдсөн хүүхдийг хүртэл амь оруулж л явлаа.

-Хөлдөөд бүр ухаан алдчихсан байв уу?

-Амьтай, амьгүй нь мэдэгдэхгүй, зүрхний цохилт байхгүй болтлоо хөлдчихсөн хүүхдийг олон өдөр, цагаар ноцолдсоор босгоод л авсан. Гуравдугаар эмнэлэгт ажиллаж байгаа Монгол Улсын гавьяат эмч Отгоншарын багт ажиллаж байсан тохиолдол юм байна.

-Та хэдэн хүүхдийн ээж билээ?

-Би таван хүүхэдтэй. Хотод хоёр нь, Ховдод гурав нь аж төрж байгаа. Миний хүү Гантөмөрийн Гантулга Ховд аймгийн сэхээн амьдруулахад сувилагчаар ажиллаж, хүний алтан амь аврахын төлөө зүтгэж яваад баяртай байдаг.

-Ямар тасгийн сувилагч хийх их хэцүү байдаг бол?

-Мэс заслын тасагт л хамгийн хүнд хүмүүс ирдэг. Аваар ослын үед олуулаа гэмтэж бэртсэн хүмүүс ирэхэд яг л дайны үе шиг санагддаг. Гал түймэрт шатсан хүмүүс олноороо ирнэ. Энэ бүхэн зүрх үхмээр хэцүү. Гэвч, энэ бүхнээс халширч ухарч байсан удаа байсангүй дээ.

-Онгоцны ч юм уу, машин тэрэгний хүнд осолд олноор өртсөн хүмүүс ирж байв уу?

-Гай гэдэг хэлж биш хийсч ирдэг болохоор тийм тохиолдол их гарна. Ерээд оны эхээр спирт хууль бусаар ачиж явж байгаад “УАЗ-469” машинтайгаа шатсан олон хүн ирж байсан. Тэгэхэд бид чадлынхаа хэрээр тусламж үзүүлж, бүгдийнх нь амь насыг авран эдгээсэн дээ. Манай тасгийн эмч Даваахүү гавьяат гэж биднийг багаар нь удирдаж чаддаг мундаг эмчийн л гавьяа л даа.

-“Сувилагч тандаа баярлалаа” гэсэн сайхан дуу байдаг. Гэхдээ амьдрал гэдэг дууны хийсвэр үг биш. Эмч болчих юмсан гэж бодож мөрөөддөг байв уу?

-Сувилагчийн ангийнхан маань Анагаахын дээдэд ороод, эмч болох тэр үед тийм бодол төрдөг л байсан. Гэхдээ сувилагч гэдэг эмчээс дутуугүй хүний төлөө зүтгэдэг алба болохоор энэ сайхан мэргэжилдээ би хайртай. Тийм ч учраас Ховд аймгийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад тэтгэвэрт гарснаасаа хойш хотод шилжин ирж “Жинст” хувийн эмнэлэгт ажиллаад арав гаруй жил боллоо доо.

-Өнгөрсөн хавар бил үү дээ, эмч нар цалингаа голоод ажил хаях юм болоод байсан. Таны хувьд цалин цуух ямаршуухан байна?

-Ерээд онд далан мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Одооны ханшаар бол долоон зуун мянган төгрөг юм аа даа. Энэ цалин цуухаа голж явсангүй. Боломжоороо амьдралаа болгож бүтээж явлаа.

-Сувилагч гэдэг хүнд баяр баясгалан бэлэглэдэг сайхан мэргэжил. Та төр засгаасаа олон л гавьяа шагнал хүртээ байлгүй?

-Ховд аймгийн хагалгааны сувилагч Бямбажав, Бадамхорол нарын олон сайхан сувилагч нараараа бахархдаг. Тэд маань бүгд л “Алтан гадас” одонгоо авсан. Миний хувьд Ардын хувьсгалын ойнуудын медалиуд, яамны жуух бүгдийг нь авсан. Эмнэлгийнхээ тэргүүний сувилагчаар ч хэд хэдэн удаа шалгарсан. “Алтан гадас”-аа харин авч амжаагүй л байна. Аймгийн Эрүүлийг хамгаалах газрын хүндэт самбарт зургаа байнга л тавиулдаг байлаа даа.

-Тэгвэл сувилагч хүний жаргал юунд байдаг бол?

-Сэхээний тасгаас өвчтөнийг дээшээ тасагт шилжүүлэх л хамгийн их аз жаргалтай мөч байдаг. Аав, ээжид нь үрийг нь, үр хүүхдэд нь аав, ээжийг нь эрүүл энх болгоод хүлээлгэж өгөх шиг буянтай сайхан ажил өөр хаа ч байхгүй. Хүнд өвчнөөс хагацсан хүмүүсийн чин сэтгэлийн баярыг хүлээж авах л хамгийн сайхан. Талархлын дэвтэрт эдгэрч илааршсан хүний бичсэн талархал магтаалын үгэнд сувилагч бид чинь сэтгэл ханаж баярладаг улс даа.

Categories
мэдээ цаг-үе

“Дүгэрээ Нуга”-ын нуруун дээрээс Сэлэнгэ мөрнийг тольдохуй

Нуугин нүргэлэх галт тэрэгний чимээ сэтгэл догдлом сонсогдоно. Цонхны цаана жирэлзэн өнгөрөх их хотоос сугаран буруун зүгийн салхи зүсэн довтолгож эхлэв.

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Бороохойн Батхүү болоод миний бие Булган аймгийн Ханган сумын нутаг, Хялганат тосгоныг зорин яваа нь энэ билээ. Б.Батхүү эрхэм энэ сарын сүүлээр “Бороо” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр зэхэж буй тул хөдөө хээрийн салхинд гарч малгайн утаагаа сэргээе хэмээсэн хэрэг ээ.

Эсрэг талын суудал дээр мань хүн арагшаа налан суугаад нэг их ажил амжуулсан хүн шиг уужран нүдний шилээ арчих зуураа, “За хө, вагонд явахад нэг бол хөзөр тоглох, нөгөө бол хууч хөөрөх л сайхан байдаг юм даа. Хоёулаа ч хууч хөөрөх нь л зөв байх аа даа” гэв. Б.Батхүү бол Монголын зохиолч, яруу найрагчдын 1980-аад оны нэг төлөөлөл билээ. Юм мэдэх хүнээс хууч сонсох болсондоо олзуурхсан би тэдний үеийнхний тухай нэг бүрчлэн яриулж гарав.

“Энэ О.Содномпилийг та нар даруухан сайхан хүн гэж бодож байна уу, мань эр ч бас л түйвээнэ шүү дээ, миний шилийг хамгийн олон удаа хагалсан хүн юм шүү дээ. Бид хоёр үй зайгүй нөхөрлөнө. Гэвч халамцсан үедээ уран зохиолын тухай үзэл бодол таарахгүй толхилцож байгаад дандаа л зодолцоно. Зодолцох ч юу байхав мань хүн миний шилийг хагалчихаад арилаад өгнө. Маргааш нь би утасдаад “За хө өвгөн чинь ёстой юу ч хардаггүй ээ. Шилтэйгээ л болмоор байна” гэхээр хөөрхий минь гүйж ирээд шинэ шил тааруулуулж өгнө. Тэгснээ хэд хоноод л дахиад хага цохичхоно. Яаж нүд амаа гэмтээчихдэггүй байсан юм бүү мэд” гэнэ. “Маналжавын Баттөмөр ахыг та хэр мэдэх вэ?” гэхэд “Мэдэхээр барах уу, эртнээс бие биенээ мэдэх хоёр шүү дээ. Тэр жил намайг сэтгүүлч байхад анх танилцаж билээ. Манай хадмынхаар орж гардаг байсан юм билээ. Тэгснээ миний номыг харчихаад манай хадам ээжээс намайг сураглаж, танилцах юмсан гэсэн гэдэг. Дараа нь санаандгүй нэг таарлаа. Бакал жийчихсэн хөдөөний байрын нөхөр байсан. Тэр үеэс хойш нөхөрлөсөн дөө. Уг нь бид хоёр М.Горькийн сургуульд явах дөрвөн эрх дээр хоёулаа үзэж байлаа. Би орос хэлэндээ тааруухан болохоор тэгс гээд больчихсон юм. Мань хүн харин уйгагүй үзэж байж яваад ирсэн дээ. Монгол ахуйг зурсан юм шиг сайхан шүлэглэнэ. Сайн ч хүртэнэ. Одоо харин хүртэхээрээ ауп… ауп… ауп… гээд (Монголын Радиогийн ахмад сэтгүүлч М.Баттөмөр яруу найрагчийн ааш аягийг яг дуурайн элэглэв) хэлгүй, хөлгүй болчихдог болсон байна лээ.” хэмээн хоёул баахан инээлдэв. Мань хүн ер нь их шооч, аливаа юмны голыг нь олоод хэлчихдэг, бас жаахан шорвогдуу зантай нэгэн аж. Ийн хуучилсаар галт тэрэгний зөөлөн нүргээнд бүүвэйлэгджээ.

Үүрийн цагаан гэгээ шингэрэн шингэрсээр цонх нэвт гэрэлтэх нь нойрон дунд там тум мэдрэгдэнэ. Манай хүн цонхоор алсын бараа ширтэж явна. “Дараагийн зогсоол Эрдэнэт шүү “гэв.

Эрдэнэтээс нүүснээс хойш 15 жилийн дараа дахин хөл тавилаа. Өглөөний цэнгэг агаар лазагнасан нойрыг хормын дотор сэргээж, өссөн нутгийн өнгө төрх дурсамж дүүрэн нүдээр цоо ширтэн угтав. Вагоны толгой эгнэсэн төмөр зам, вокзал, Хавь ойрын уул толгод яг л хүүхэд ахуй цагийнх шиг минь хэвээрээ аж. Тоглож өссөн гудамж, “Баян Өндөр” хайрхны бэл дэх булаг руугаа л явмаар байсан ч бидний явах зам эсрэг тийш байв. Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон Эрдэнэтийн вокзалаас 60-аадхан км зайтай бөгөөд байнгын унаа тэрэг явдаг аж.

Газрын өнгө ногоон туяа татаад шар усны үерээр төмөр замын далан дагуух булан тохойд цөөрөм тогтжээ. Тэнгэрийн байдал тогтуун цэлмэг, наран хурц атал цөөрмийн захаар цас мөстэй үзэгдэх нь соньхон. Уул давааны орой дээрээс харахад дахиад л уудам тал хөндий тосон үргэлжилнэ. Булган аймгийн Хангал сум гэж багашаархан сууринг өнгөрөөд цааш газрын өөд барин явав. Хангал сумаас Хялганат тосгон 20 орчим км зайтай аж. Сонсох нь ээ, манай улсын шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хийдэг “Олимп” амралтын бааз, “Эрдэнэт” үйлдвэрийн “Сэлэнгэ” амралтын бааз, “Найрамдлын эрдэнэс” хүүхдийн зуслан, Бөөрний сувилал зэрэг амралт сувиллын газрууд Сэлэнгэ мөрний сав газрын үзэмжит байгалийг түшиглэн оршдог гэнэ. Салхивчаар усны сэрүүн үнэртэй зөөлөн салхи сэвэлзэж эхлэх үед “Цул хар” хэмээх уулын гол ой модны хөлөөр урсана. Тэр уулын хамар давангуут Сэлэнгэ мөрөн тэртээ холоос саваа дүүрэн мэлтэлзэж үзэгдэв. Б.Батхүү найрагч “Бидний очих газар тэр шүү дээ. Дүгэрээ нуга гэдэг юм” гээд заасан зүгт нь харвал Сэлэнгэ мөрний цатгалан бие рүү түрэн орсон хадан хясаа бүхий модтой уул харагдав. Хадан хясаат уулын эсрэг талд “Сэлэнгэ” амралтын бааз байрлах уулын модот бэл мөн л гол уруу түрэн оржээ.

Өргөн Сэлэнгийн дээгүүр хөндөлсөх урт гүүрээр гаруут голын хөндийн модон дунд мөнөөх Хялганат тосгон байх ажээ. Биднийг тосгоны дарга Б.Ууганбаяр угтав. Б.Батхүү найрагч тэр хоёр эртний танилууд бололтой. “Дүгэрээ нуга”-ын нуруун дээрээс Сэлэнгэ мөрнийг тольдон, байгалийн сайхнаас эрч хүч, энерги авахаар ирсэн тухай хэрэг зоригоо хэлэхэд тосгоны захирагч Б.Ууганбаяр уриалгахан хүлээж аваад “Манай нутаг, ялангуяа энэ “Дүгэрээ нуга”-ийн орой чинь хангайдаа л “Хамарын хийд” юм шүү дээ” гээд бахдангуй инээмсэглэв.

Цулхарын гол Сэлэнгэ мөрөнд цутгана. Эрт үед Сэлэнгийн хөндийд хятад тариачид далан шуудуу татаж тэр голоос тариа, ногоогоо усалдаг байснаас үүдэн “Цулхарын гол” хэмээсэн түүхтэй гэнэ. Харин “Дүгэрээ нуга” нь эртний олон түүх домогтой холбоотойг мэр сэр нутгийн хөгшдөөс өөр олон хүн мэддэггүй аж.

3000 гаруй хүн амтай Хялганат тосгон, тосгоны статусаасаа томдсон газар гэдэг нь илт. Эрт үеэс модны үйлдвэр хөгжсөн, эдүгээ ч амьжиргаа залгах ажлын байр, арга чарга бусад сум тосгодыг бодвол элбэг бололтой юм. Тосгонд 1.4 тэрбум төгрөгийн төсвөөр спорт заалын барилгыг нутгийн иргэд барьж байгаа нь ч бас л олзуурхууштай.

Тосгоны зүүн урд дүнхийх Дүгэрээ нугын модон дундуур хэдийнэ машин зам гаргажээ. Бид хэд ойн замаар сүлжин явсаар саруулхан дүгрэг талбайд машинаа тавиад цааш явган өгсөв. Ганц нэгхэн мод бургасыг эс тооцвол оройдоо бараг модгүй шахам юм. Оройд нь байх овоог тойруулан хайс татжээ. Уулын салхи хацар нүүрийг илбэсэн Дүгэрээ нугын орой дээрээс Сэлэнгэ мөрөн уулсын хөлөөр цатгалан могой шиг гулилзан мушгирч үзэгдэх нь гайхамшигтай сайхан харагдана.

Цаад уулын бэлийг ороон мушгирч урсах голын тохой наад эрэгтээ цэлийсэн том дүгрэг нуга хөндий үүсгэжээ. Үүнээс үүдээд голын тохойн энэ хэсэг газар, хадан хясааг бүхэлд нь “Дүгэрээ нуга” хэмээсэн аж. “Дүгэрээ нуга” оройдоо мөн л уужуухан талбайтай аж. Тахилгатай овооны чанх урд нэгэн хөгшин модны унанги хожуул хэвтэх ба түүнд могой үүрлэдэг гэнэ. Овоог тахих үеэр могой цогнолзон гарч ирдгийг Б.Ууганбаяр тэргүүт хүмүүс шагшин ярьж байлаа. “Могой үүрлэсэн газар зоригтойгоор байшин барь. Учир нь могой хэзээ ч муу энергитэй газар үүрлэдэггүй” гэх үг бий. Тахилгатай овооны урд руу нэгэн хиргэсүүр байх. Нутгийн хөгшид Дүгэрээ нугын оройд байх энэхүү хиргэсүүрийн тухай маш сонин домог ярьдаг байна. Зарим нь энэхүү хясааны оройд могойн чуулгантай таарсан тухай домог ярьдаг бол зарим нь нэн эртний баатар эрийн домогтой хиргэсүүрийг холбон тайлбарладаг байна. Мөн Дүгэрээ нугын хясааны ирмэгт ганц нарс ургасан байх нь бас л хачирхалтай. Ер нь нутгийн хөгшид, номтой лам нар энэ газрыг лусын тахилгатай, өвөрмөц эрчим энергитэй газар хэмээн үздэг юм байна. Тиймээс Б.Батхүү найрагч “Бороо” уран бүтээлийн тайлан тоглолтынхоо өмнө Дүгэрээ нугыг ийнхүү зорьж ирээд уул ус, лус хангайд залбирсан нь учиртай. Орой дээрээс Алдар цуут Түвдэн аваргын өлгий нутаг Сэлэнгийн хөндий, Дух нарс, Сүүл нарс, Булган нутгийн гол шүтээн Эргэн хайрхан ч алсад дүнхийн харагдаж байлаа.

Дүгэрээ нугын оройд бид хэсэг саатан Сэлэнгэ мөрнийхөө амгалан урсгаланг харж, сэтгэлээ амар амгалангаар дүүргэж аваад цааш хөдөллөө. Уул хясаанаас буухад баруун доод хэсэгт нь мөнөөх дүгрэг нуга ногоорон цэлийж угтав. Нутгийн иргэд тэрхүү нуга хөндийд гахайн ферм, зөгий үржүүлгийн аж ахуй эрхэлдэг аж. Тосгоны захирагч Б.Ууганбаяр Хялганат тосгоноо аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилготой ажиллаж буйгаа ч ярилаа. Зам харилцаа сайтайн дээр байгалийн өвөрмөц содон тогтоц, эргэн тойрны амралт сувиллын баазууд зэрэг аялал жуулчлал хөгжиж болохуйц орчин нөхцөл бүрдээд буйг мөн тоочин өгүүлсэн билээ.

Бидний яриа зөгийн үржүүлгийн сэдэв рүү орж элдвийг хуучлан явтал нэгэн хөгжилтэй яриаг Б.Батхүү найрагч өдөөв. Монголчууд зөгийн аж ахуйг анх нутагшуулж эхлэх үеэр Говь-Алтай аймагт цөөн тооны бүл зөгий аваачиж л дээ. Тэгтэл сониучирхсан нэг нутгийн малчин “Зөгий зөгий л гээд байсан чинь шар эрээн ялаа л байна ш дээ” гээд чамлангуй барьж үзэх гэж байгаад хатгуулж хөгөө чирээд баахан зөгийний өрд орж гэнэ. Учир нь зөгий хүнийг нэг хатгаад л үхдэг амьтан аж. Сайхь малчин заримыг нь цохиж, заримд нь хатгуулж цааш харуулсан хэрэгт унаж нэгдлийн даргаасаа банга хүртсэн гэдэг.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Хэт их анхаарч, бөөцийлөх нь хүүхдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг

2016 оны эхний дөрвөн сарын байдлаар өсвөр насныхан дунд амиа хорлох үзэгдэл улсын хэмжээнд 11, үүнээс нийслэлд тав, орон нутагт зургаа ногдож байна” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, хошууч Т.Ариунтуяа мэдээлсэн юм. “Туушин” зочид буудалд болсон “Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь” зөвлөгөөний үеэр өсвөр насныхны дундах амиа хорлох үзэгдлийн тухай ихээхэн яригдсан. Эрүүл мэнд спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнд орон нутгийн Эрүүл мэндийн газрын төлөөлөл, нийгмийн ажилтнууд, сурагчдын төлөөлөл оролцов.

Эрэгтэй хүүхдүүд стресс бухимдлаа тайлж чаддаггүй

“Өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэгт өртөж буй байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах байцаагч Т.Ариунтуяагаас энэ талаар тодрууллаа.

-Та илтгэлдээ малчин хүүхдийн сэтгэл гутрал, амиа хорлолтын тухай дурдсан. Малчдыг хөдөө эрүүл агаарт, стрессгүй байдаг гэж хүмүүс боддог. Гэтэл малчин хүүхдүүд амиа егүүтгэх нь их байгаа тухай яригдлаа?

-Гэмт хэргийн судалгаанаас ингэж харагдсан. Амиа егүүтгэх гэмт хэрэгт өртөж байгаа хүүхдүүд маань ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байдаг. Орон нутгийн тухайд малчин хүүхдүүд их байдаг юм байна. Хүйсийн хувьд аваад үзэхээр эрэгтэй хүүхдүүд амиа егүүтгэж байна . Эрэгтэй хүүхдүүд стресс бухимдлаа тайлж чаддаггүй. Эцэг, эхтэйгээ төдийлөн сэтгэлээ нээж харьцахгүй байх нь түгээмэл. Охид бол ямар нэгэн байдлаар асуудлаа ярьдаг болохоор стресст орох нь харьцангуй бага юм болов уу гэж бодогдсон. Мал малладаг хүүхэд амиа егүүтгэж байна гэдэг тухайн гэр бүл, орчинд ямар нэг дарамт хүчирхийлэл түлхүү байна гэсэн үг. Яагаад гэвэл мал маллаж байгаа хүүхэд гэдэг сургууль завсардсан, мал маллах үндсэн ажилтай. Гэтэл тухайн гэр бүлд хойд эцэг, эх гэр бүл салалт, эдийн засгийн асуудал, ганцаардал гэх мэтээр хүүхдэд янз бүрийн асуудал тулгарсан байж болно.

-Хэт их анхаарч халамжлан, бөөцийлөх нь бас сөрөг үр дагавартай байгаа тухай та дурдсан. Хүмүүс ихэвчлэн эмзэг, ядуу өрхүүдийг илүү асуудалтай гэж боддог?

-Хүүхдийг мөнгө төгрөг эд зүйлсээр хэт их хангалуун байлгах нь сөрөг нөлөөтэй. Хүүхдийг амьдрах ухаанд сургахгүй, зөвхөн мөнгө төгрөг, эд зүйлсээр хангаад орхих нь амьдрах утга учир, зорилгогүй болгоход хүргэдэг. Нөгөөтэйгүүр хүүхдийг мөнгө төгрөгөөр дутаахгүй мөртлөө хайраар дутаадаг, хүүхдэдээ цаг гаргадаггүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалгүй байх нь хүүхдийг ганцаардахад хүргэдэг. Ийм нөхцөлд орсон хүүхэд асуудлаа шийдэж чадахгүй учраас амиа егүүтгэх асуудал гардаг.

-Таны дурдсан тоо баримтыг харахад өсвөр насныхны дундах амиа хорлох үзэгдэл их байгаа юм биш үү?

-Цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлага, мэдээллүүдэд ажиглалт хийхэд насанд хүрсэн хүн амиа егүүтгэх үзэгдэл хоногт нэгээс хоёр, энэ дунд хүүхдийн тоо харьцангуй бага. Гэхдээ бага гэж болохгүй. Хүүхэд амь насаа егүүтгэх учиргүй шүү дээ. Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах учиртай байгууллага, эцэг эхчүүд, иргэд хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, энэ талаар ойлгуулж мэдрүүлж байх учиртай. Өсвөр насны хүүхдийг өнөөдөр тоормосгүй машинтай зүйрлэж байна. Хүүхэд, эцэг эхийн харилцаа муу болчихжээ. Энэ нь хүүхдийн хүмүүжилд маш их нөлөөлж байна. Эцэг эхчүүд, хүүхэд рүүгээ чиглэсэн харилцааны, сэтгэл зүйн сургалтууд үгүйлэгдэж байна. Цэцэрлэг, сургуульд хүүхдийг монгол ёс заншил, стрессээ зөв тайлах, бусадтай харилцах амьдрах аргад сургах хэрэгтэй байна.

-Сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллах ёстой гэсэн таны дүгнэлт дэмжүүштэй санал байна лээ?

-Мэргэжлийн сэтгэл зүйч маш их хэрэгтэй байна. Хэн ч байсан сэтгэл зүйчид хандаж, стресс бухимдлаа тайлах арга ухаанд суралцах шаардлага бий. Нийслэлийн хэмжээнд дөрвөн сургуульд сэтгэл зүйч ажиллуулж туршиж байгаа юм билээ гэв.

Хүүхэд, өсвөр үеийн клиниктэй болжээ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Б.Баярмаа өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн талаар хийж байгаа ажлаа танилцуулсан. Тус эмнэлэг Хүүхэд өсвөр үеийн клиниктэй болсон гэнэ. Тэнд нь гурван эмч, зургаан сувилагч ажиллаж буй. Түүнээс тодруулах зүйл цөөнгүй байлаа.

-Хөдөө орон нутагт амиа хорлох тохиолдол илүү байсан бол хотод амиа хорлох оролдлого их байсан гэж та хэллээ. Энэ тухай тодруулж яриач?

-Амиа егүүтгэх нь эрэгтэй хүйснийхэнд илүү тохиолдож байгаа. Амиа хорлож байгаа арга нь ихэвчлэн өөрийгөө боомилдог, судсаа ханадаг, өндрөөс үсэрдэг. Хөдөө өндрөөс үсэрье гэхээр өндөр байшин байхгүй, эм тариа олноор нь уух гэхээр эмийн хүрэлцээ бага, тэгэхээр гэр орондоо боомилсон тохиолдол их байсан. Ихэвчлэн эрэгтэйчүүд, сэтгэлээ чангалах зорилгоор архийг бага тунгаар уугаад, амиа хорлосон тохиолдол олон. Хотод болохоор захын эмийн сангаас эм авчихна. Хэчнээн ч ширхгээр авч болно. Өндөр байшин олон. Айлын эрх танхил хүүхдүүдэд аав ээж, үе тэнгийнхэн нь дарамт үзүүлэхээр хариу урвал үзүүлж, амиа хорлох аргыг сонгож байгаа юм. Гэхдээ амиа хорлох хариу урвал уу, амиа хорлохоор оролдох зан үйлийн эмгэгтэй болчихоод байна уу гэдэг ялгаатай. Судалгаанаас харахад харьцангуй эрүүл хүүхдүүд ийм оролдлого хийж байгаа. Харьцангуй эрүүл хүүхэд өөрт нь нийгэм сэтгэл зүйн таагүй орчин нөлөөлөхөд хариу урвал үзүүлдэг. Тэр хүүхдүүд эцэг, эхтэйгээ муудалцах, үе тэнгийн найз нөхөд нь үерхэхгүй ч гэдэг юм уу, дарамт үзүүлэхэд ингэж амьдарч байхаар амиа хорлож үхье, амьдрах ямар ч сонирхол алга. Эргэн тойрны бүх юм харанхуй бүүдгэр харагдаж байна, ингээд үхье гэсэн бодол сэтгэхүйгээр ийм үйлдэл хийгээд байгаа юм.

-Ямар гэр бүлд ийм асуудал тохиолдож байна вэ?

-Гэр бүлийн өв тэгш бус харилцаатай гэж бид хэлдэг юм. Өөрөөр хэлбэл аав ээж нь хараа хяналт султай, аавгүй, эсвэл хойд аав ээжтэй, аав ээжийнх нь аль нэг нь салаад явчихсан байдаг. Салж сарних нь ядуу, баян гэр бүлд аль алинд нь байна. Тухайн хүүхдийн хувьд юу үнэтэй байна. Үнэт зүйлд нь хүрсэн тохиолдолд стресс үүсгэдэг. Үе тэнгийн найз нөхөд нь хамгийн их нөлөөлдөг учраас найз нөхдийн дарамт шахалт амиа хорлоход хүргэдэг. Эцэг эх нь салах, байнгын хэрүүл шуугиантай амьдрал, архи уудаг байдал нь тэр хүүхдийг амьдралаас залхахад хүргэж болно.

-Эцэг, эхчүүд хүүхэд нь асуудалтай байна гэдгийг яаж ажиглах вэ. Түрүүн та багш нар хүүхдийг бодитой тодорхойлдог, эцэг эхчүүд доогуур үнэлж байсан гэж хэлсэн?

-Бид Өсвөр үеийн сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх судалгааг 2013-2014 оныг дамнуулаад нийтдээ 2200 хүүхдээс авсан. Сургуульд суурилсан судалгаа байсан юм. Олон улсын аргачлалаар хийгдсэн. Мэдээж монгол хүний сэтгэл зүйн онцлог хөрсөнд буулгахын тулд зөвхөн асуулган дээр гэхэд л хоёр жил ажилласан. Судалгаагаа аваад үр дүнгээ боловсруулаад харахад эцэг эхээс авсан асуулгыг багшийнхтай харьцуулахад багшийн мэдээлэл илүү ач холбогдолтой байсан. Эцэг эхчүүд дарангуйлагч маягаар хүүхэдтэйгээ харьцдаг юм уу гэж ажиглагдсан. Манай хүүхэд уйлаад аз жаргалгүй байна, гутранги байна, юм хийж чадахгүй байна гэх мэтээр хүүхдээ байгаа бодит байдлаас нь доогуур үнэлэх хандлага ажиглагдсан л даа.

-Өсвөр үеийнхний сэтгэцэд нийгмийн байдал нөлөөлөх үү?

-Мэдээж. Нийгэм гэдэгт өрхийн орлого, ажил эрхлэлт, боловсрол, ам бүлийн тоо, бүх хүчин зүйл нөлөөлдөг. Нийгмийн тогтворгүй байдал ч нөлөөлнө. Баахан дуулиан шуугиан, мэдээллийг хүүхэд оюун санаандаа хэр тусгаж авч байгаагаас шалтгаалдаг. Сайн талаас нь хүлээж авч байна уу, сөрөг талаас нь хүлээж авч байна уу, шууд дуурайж байна уу гэдгээрээ ялгаатай. Даган дуурайх хандлага дээрээ тулгуурлаад анализ хийхгүйгээр шууд хүлээж аваад байгаа. Интернэт рүү ороход янз бүрийн дүрс, зураг үзэж болж байна. Амиа хорлох оролдлого хийх шалтгаан юу байсан гэхээр бүтээгүй үерхэл, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн харьцаа ч нөлөөлдөг.

-Сэтгэцийн тулгамдсан асуудал гэдэгт юу илүү жин дарж байна вэ?

-Стресстэй холбоотой бүхэн жин дарж байгаа. Хүүхдийн архи тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх гэх мэт бүхий л эмгэгүүд сэтгэл зүйн тулгамдсан асуудал болж гарч ирдэг гэв.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Т.Хулан хүүхдийн 108 утсанд ямар дуудлага зонхилж байгааг дурдсан юм. “Бэлгийн харьцаанд орохтой холбоотой асуудлууд, бэлгийн замаар дамжих халдвар, сэтгэл зүйн зөвлөгөө авахыг хүссэн хүүхэд их ханддаг. Бас нэг санаа зовоож байгаа асуудал нь утсаар залгачихаад 20-иод хувь нь юу ч ярихгүй чимээгүй байгаад байдаг. Магадгүй ямар нэг хүчирхийлэлд автчихаад хэлж чадахгүй айгаад байж магадгүй гэж таамаглаж байгаа. Хүүхдэд ганц нээлттэй байгаа утас 108. 2013 онд 100-гаад мянган хүүхэд хандаж байсан бол 2015 онд бараг 1,5 дахин нэмэгдсэн. Гэхдээ хангалттай биш. Илүү олон хүүхдэд тусалмаар байна. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх кабинетууд ажиллаж байгаа гэдгийг өсвөр үеийнхэн маань мэдэхгүй байна” гэж тэр ярьж байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Японтой байгуулсан стратегийн гэрээ машины гаалийн татварыг хөнгөлснөөр хэрэгжиж эхэлнэ

Монгол Улс анх удаа гаднын оронтой стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. Дэлхийн хамгийн хатуу стандарттай Япон улстай гэрээ байгуулах нь улс төрийн аюулгүй байдлаас гадна эдийн засгийн асар их өгөөжтэй. Гэрээ ирэх сарын 7-ноос хэрэгжиж эхэлнэ. Хэлэлцээрийн хүрээнд талууд худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын, гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар арван жилийн хугацаанд чөлөөлнө. Гэрээний хүрээнд Монголын тал зургаан мянга, Японы тал арван мянга шахам төрлийн барааны импортын гаалийн тарифыг шууд чөлөөлөх буюу үе шаттайгаар бууруулна. Үндсэндээ арван жилийн дараа манай улсуудын дунд гаалийн татвар устах боломж бүрдэнэ. Бусад орны компаниудад хэзээ ч олдохгүй байж мэдэх энэ боломж манай улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийх сонирхлыг барууны өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгөтнүүдэд төрүүлнэ.

Эхний удаад монголчуудын амьжиргааны хэрэгсэл болсон автомашины гаалийн татварт хэрхэн өөрчлөлт орсныг танилцуулж байна. Ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн Япон улсаас оруулж ирэх 1-3 жил ашигласан машины гаалийн татвар тэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл өмнө нь нэг жил ашигласан машинаас гаалийн таван хувийн татварыг чөлөөлдөг байсан бол удахгүй гурван жил ашигласан машиныг нийт үнийн дүнгээс авдаг таван хувийн гаалийн татвараас чөлөөлнө. “Тоёота” компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр 2016 оны зарим шинэ загварууд 17000-40000 ам.долларын үнэтэй байна. Гаалийн татварыг тэглэснээр машин тус бүрээс 650-2000 ам.долларын гаалийн татварын хөнгөлөлт иргэд эдэлнэ. Жилд импортолж байгаа 1-3 жил ашигласан мянган машинаас хоёр сая ам.долларыг монголчууд хэмнэнэ. Энэ бол стратегийн гэрээнээс монголчууд хүртэх жаахан ашиг. Түүнээс дутуугүй ашиг нь япон машиныг дагаж орж ирэх менежмэнт, технологи, үйлчилгээний соёл.

ОХУ-д 1985 оноос анх япон хуучин машины үйлчилгээ орж ирж байсан. Харин өнөөдөр тус үйлчилгээ нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, хямд, шуурхай үйлчилгээнд тооцогдож байна. Япон машины авто сервисүүд машиныг худалдан авахаас эхлээд урсгал үйлчилгээ, оношлогоо, ашиглах заавар зэргийг нялх хүүхэд арчлахаас дутуугүй боловсруулж өгч байна. Япон машин ихтэй бүсүүдэд засварын газар, сэлбэгийн дэлгүүр, шатахуун түгээх станцууд ч олноор байгуулагджээ.

Үүнтэй адил манайд япон машин олшрох тусам япон авто сервис нутагшина. Мөн бид Японы авто зах зээлд нэвтрэх тусам удахгүй дэлхий нийтийг хамрах цахилгаан, хийн, нарны зайн авто машины технологид шилжихэд хялбар болно. Өнөөгийн байдлаар Японд автомашины цахилгаан цэнэглэгч станцын тоо 40 мянга хол давсан бол энэ хэрээр нефтин шатахуун түгээгч станцын тоо буурч 30 мянга гаруй тоологдож байна.

Мэдээж япон машин хямдхан авах нь монголчуудын туйлын зорилго биш. Тэр хэрээр Японы машины үйлдвэрүүдийг тэтгэж байгаа хэрэг бүр биш гэнэ. Япон улс дэлхийд технологийг тэргүүлж байгаагийн хувьд тэд бас биднээс худалдан авах зүйл маш их бий. Жишээлбэл, өнөөдөр гар утаснаас эхлээд удахгүй дэлхийг бүрхэх магадлалтай нарны зайн түүхий эд, бусад шинэ технологид ашиглах газрын ховор элемент манайд багагүй байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Цаашид ч нэмэгдэх магадлал өндөр. Япончууд энэ бүхэнд хөрөнгө оруулах сонирхол бий. Мөн авто салбарын түүхий эд болох зэс, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, цайрын томоохон ордууд бидэнд байгаа нь хамгийн өндөр технологи орж ирэх нөхцөл болж байна. Тэр өндөр технологи нь япончуудад байдаг. Зөвхөн авто салбарын түншлэлээс монголчуудад ийм хэмжээний ашиг унана.

Гэхдээ өнөөдөр манайд Японы баруун талдаа жолоотой машин ашиглах хууль зүйн орчин байхгүйг авто замын цагдаа сануулж байна. Монголын автомашины зах зээлийн 47 хувийг эзэлж байгаа баруун талдаа жолоотой автомашинууд хууль эрх зүй, дэд бүтцээр зохицуулагдаагүй байна. Зарим мэргэжилтний санаачилж буйгаар бол 20-30 жилийн хугацаанд бодлогоо тодорхойлоод баруун эсвэл зүүн талын жолооны дүрэмтэй болох шаардлагатай. Баруун, зүүн хосолсон автын хөдөлгөөний зохицуулсан тохиолдол одоохондоо байхгүй гэнэ. Мөн нэгэнт арван жилийн дотор худалдааны татварыг тэглэх бодлого хэрэгжих нь тодорхой тул өнөөдрөөс эхлэн онцгой албан татварын асуудлыг нэг мөр шийдэх нь зөв гэнэ. Япончууд гэрээгээ хугацаандаа хэрэгжүүлэх нь мэдээж. Харин төрийн хашин бодлогоос болж иргэдэд очих ашгийг бүү хойшлуулаасай.

Япон улсын “Toyota” корпорацийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны эрхтэй “Мөнх хада” компанийн борлуулж байгаа машины үнэ

LC200 VX VX High (бензин автомат) 167,000,000¥

LC200 VX VX High (дизель автомат) 167,000,000¥

LC200 VX VX медиум (бензин автомат) 147,000,000¥

LC200 VX VX медиум (дизель автомат) 147,000,000¥

LC200 GX GX (дизель автомат) 135,000,000¥

LC200 GX GX (дизель механик) 136,000,000¥

LC200 GX GX High ( бензин механик) 119,000,000¥

“Toyota” корпорацийн албан ёсны цахим хуудасны 2016 оны зарим загварын үнийн мэдээлэл

Yaris $17,370

Prius $32,100

Corolla $19,365

RAV4 $29,265

Prius c $24,495

Prius v $34,270

Camry $33,820

Camry Hybrid $27,995

Tacoma $34,090

Hybrid $35,045

Sienna $39,930

Х.БАТТӨГС