Categories
мэдээ цаг-үе

М.Болд: “Байгаль” цомог маань гарсан цагаасаа борлуулалтаараа тэргүүлж байна

Борлуулалтаараа тэргүүлж байгаа “Байгаль” цомгийн тухай ярилцахаар “Брос рекордс”-ын продюсер М.Болдтой ярилцлаа. “Дэлхий” хамтлагийн “Байгаль” цомог “Савдаг”, “Үүл”, “Үр”, “Цэцэг”, “Тайга”, “Чоно”, “Бүүвэй”, “Байгаль” гэх мэт арван бүтээлээс бүрддэг. Морин хуур, гитар, лимбэ, чило, хийл, саксафон, бөмбөр, даралтат хөгжим, хуучир, цуур, ятга гэх мэт олон хөгжим оролцуулан бүтээжээ. Энэхүү цомог нь дуу бичлэгийн орчин цагийн дэвшилтэт аргыг монгол ардын хөгжимтэй хослуулан зохиомжилсон онцлогтой.

-“Ертөнц”, “Байгаль” гээд эхний хоёр цомог гарсан. Цаашдаа хорин жил үргэлжлэх төсөл гэж та ярьсан байна лээ?

-Манайх “Брос рекордс” гэж хөгжмийн компани. Энэ компани яагаад байгуулагдсан гэхээр бид Монголын нэртэй хамтлаг дуучидтай хамтарч ажилласан. Өөрсдөө юм хийх ёстой юм байна. Олон улсын зах зээлд гарахаар юм хийх ёстой юм байна гэж шийдсэн юм. Тэр нь юу байх вэ гээд судалж эхэлсэн. Олон улсад гарахад хамгийн том асуудал хэл байдаг. Урлагийн төрлүүдээс уран зураг, бүжиг, хөгжим хэл яриагүйгээр хэнд ч ойлгогдоно. Бидний хийж чадах юм хөгжим учраас хөгжим бүтээхээр шийдсэн юм. Хөгжим нь ямархуу байх ёстой юм гээд дараагийн асуулт гарч ирсэн. Орчин үеийн хүмүүсийн сонирхож болох хөгжим юу вэ. Дэлхийн өчнөөн олон хүн хөгжим хийж байгаа. Гол ондооших юм маань бидний язгуур урлаг, өвөг дээдсийн үлдээсэн өв соёл. Бид мартагдах шахсан ардын хөгжмүүдээ судлаад, хамгийн эхний “Ертөнц” цомгоо 2009-2013 оны хооронд хийсэн юм. Энэ цомогтоо бид ховис гэж хөгжмийг сэргээж оруулж ирсэн байгаа. Ховис нь Түрэгийн үед их дэлгэрч байжээ. Сүүлд Хубилай хаан Их Юань гүрнийг байгуулаад, Дайду хотод 412 хүний бүрэлдэхүүнтэй том оркестр тоглож байсан тухай сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдээсэн байдаг. “Асар” гэдэг бүтээлийг хэдэн өдөр тоглож байсан. Тэр нь дотроо чулуун, арьсан хөгжмийн аймаг гэж тус тусдаа хуваагддаг. Манай Монголын язгуур хөгжмийн зэмсгүүдийг судалж chillout, new age, world music, ethno electronic төрлүүдтэй хольж хийсэн юм. Дээр нь байгалийн дуу чимээ оролцуулсан. Хөгжмийн зэмсгүүдээ сэргээж тоглохоос гадна тоглолтынх нь хэв маяг манай ардын хөгжим тоглодог аргуудаас өөр маягаар, гэхдээ аялгуу эгшиг нь дуурьсаж байхаар найруулсан юм. Бид анхнаасаа дэлхийн зах зээлд монгол хөгжим танилцуулъя, дэлгэрүүлье гэж шийдсэн. Том санаа нь бол соёл урлагаар байлдан дагуулах гэж нэг юм бий.

-Дараагийн цомгийн санаа тодорхой болчихсон уу?

-Тодорхой. Бүр анхнаасаа үүнийгээ зарласан. Манай шоу бизнес дэлхийн түвшинд өндөр хөгжиж чадаагүй. Шоу бизнес гэдэг маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Бидний дискийг дэлхийн хэмжээний том хөгжмийн компани сурталчилбал ганц цомгоороо ч маш амархан гарчихна л даа. Бид таван сум гэдэг шиг хүчээ нийлүүлээд, таван цуврал цомог гаргая гэсэн юм. Энэ таван цуврал цомгоо “Ертөнц” гэдэг төслийн дор хийе гэж төлөвлөсөн. Үндсэн таван өнгө байгаа шүү дээ. Хадаг ч таван өнгөтэй, таван махбодь ч гэдэг, таваар цогцолж байдаг. Хөх өнгөтэй “Ертөнц” цомог хамгийн эхнийх. Энэ нь мөнх тэнгэрийг бэлгэдсэн.Хоёр дахь нь ногоон өнгөтэй “Байгаль” цомог хийе гэсэн. Нэрнээсээ эхлээд байгаль дэлхийг дуулж байгаа юм. Эцэг тэнгэр, эх дэлхийн тухай хоёр цомог гаргачихлаа. Дараагийн удаа улаан өнгөтэй “Гал” цомог байна. Энэ нь хүнийг бэлгэдэж байгаа юм. Хүн бол бусад амьтнаас ялгаатай нь оюун ухаантай. Гэгээрэл, оюун ухааныг бэлгэдсэн цагаан өнгийн цомог бас бүтээнэ. Төслийнх нь нэр “Орчлон” гэж яваа. Шар өнгө нь сүсэг бишрэл. Хүн оюун ухаантай ч эцэг эхээ, бурхан шашин, уул усаа шүтэж явдаг. Монголчуудын хамгийн их шүтдэг шашин шарын шашин шүү дээ.

-Эхний хоёр цомог нь хамгийн их борлуулалттай цомгоор аль хэдийнэ шалгарчээ?

-“Ертөнц” цомог маань 2013 оны хамгийн их борлуулалттай цомог болсон батламж нь тэр байна. Ногоон өнгөтэй “Байгаль” цомгоо нэгдүгээр сард нээсэн. Гарснаасаа хойш долоон долоон хоног борлуулалтаараа тэргүүлж байна.

-Хэдийгээр нэг их реклам сурталчилгаа цацахгүй байгаа ч хүмүүс мэдээд сонгоод байна гэдэг чухал?

-Аливаа уран бүтээл олон хүнд хүртээмжтэй, хэрэгцээтэй байх ёстой. Худалдан авалт гэдэг хамгийн бодит дүгнэлт байдаг шүү дээ.

-Надад нэрнүүд нь их сонирхолтой санагдсан. “Дэлхий” хамтлаг, “Ертөнц” “Байгаль” гэхээр хэтэрхий ерөнхий, амбицгүй, ердийн юм шиг мөртлөө философилог ч юм шиг сонсогдож байна. Бусдаас ялгарах гээд хурц тод, содон нэрнүүд өгдөг шүү дээ?

-Ер нь эд бүгд философи. Бидний ч юм биш манай өвөг дээдэс, бурхан шашин, тэнгэр үзэл бүх л юмны философи шүү дээ. Эх дэлхийгээ хайрлая, оюунлаг, гэгээлэг байя гэсэн утга санаатай. Бид илэрхийлээд гаргаж байгаа ч бидний ард эрдэмтэн мэргэд, хөгжмийн том зүтгэлтнүүд, зохиолчид гээд маш олон хүн бий. Бид өөрсдөө санаагаа гаргаад тэдэнтэй ярилцана, судална.

-Надад байгалийн дуу чимээ маш их таалагдсан. “Эмчилгээний хөгжим болжээ” гэж нэг сэтгэл зүйч дүгнэсэн байна лээ. Шувуудын жиргээ, борооны чимээ гэхэд л маш их тайвшрал өгдөг?

-Дэлхий дахинаараа хэт хөгжлийн хойноос хөөцөлдөж явсаар байгаад хүн өөрийгөө алдчихаж байгаа юм л даа. Утас, зурагт, хотын стресс дунд байгалийн чимээ сонсогдоход бүх нүргээнээс ангижраад, өөртэйгөө орших нөхцөл бий болно.

-Хүн хөгжил дэвшил, технологиор амьсгалж, хэдэн мянган жил амьдарсан ч байгалийн амьтан хэвээрээ үлддэг юм байна?

-Дуу хөгжим гэдэг байгалийн дуу чимээг дуурайж бий болсон шүү дээ. Салхины чимээг дуурайгаад исгэрээд, исгэрээнээсээ лимбэ бишгүүр, малынхаа арьсыг цохиж нүдэж байгаад хэнгэрэг хийсэн. Хөгжим бол хүний сэтгэлд хүрэх гол түлхүүр гэж эрдэмтэд хэлсэн байдаг.

-“Чоно” гээд хөгжим байна лээ. Археологич Г.Эрдэнэбаатар “Хүннүгийн үеийн дуу хөгжмийн тухай сурвалж бичигт Хүннүгийн дуу хөгжим гэдэг чононоос эхтэй юм байна” гэж тэмдэглэж үлдээсэн гэж хэлсэн?

-Монголын нууц товчоонд ч “Монголчуудын уг гарвал хөх тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, Гоо марал” гэж тэмдэглэж үлдээсэн. Чингис хаан гэхэд мянганы суут хүн. Энэ хүмүүсийн түүхэнд ингэж бичиж үлдээсэн болохоор бид энэ цаг үед заавал эрхэмлэж гаргаж ирж, хүмүүсийн анхаарлаа хандуулах ёстой. Нөгөө талаасаа монголчууд чоныг хийморь, лүндаа, урваж шарвадаггүй амьтан гэж үздэг. Араатнаас чоныг, жигүүртнээс шонхорыг бид онцолсон.

-Тайгын гүнд байгалийн дуу чимээг бичсэн гэсэн үү?

-Бид энэ хоёр цомгоо дандаа байгаль дээр гарч хийсэн л дээ. Гэр студи байгуулаад, хөгжмөө аваачсан. “Тайга”-ыг бичихдээ Хөвсгөлийн тайгад очиж зураг авсан. Дархад ардын дуу хөгжмийг судлаад, байгалийн дуу чимээг бичиж аваад хийсэн л дээ.

-“Дэлхий” хамтлагийг яаж бүрдүүлсэн бэ. Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, “Авьяаслаг монголчууд”-д дээгүүр давхисан лимбэчин Б.Мягмарцэрэн гээд өөр өөрийнхөө чиглэлээр амжилт гаргасан хүмүүс байна лээ?

-Бидний мөрөөдөл нэг. Бүгдээрээ сайхан хөгжим бүтээх дуртай. Өөр өөрийнхөө чиглэлээр мастерууд л даа. Дэлхий дахинд хөгжмөө таниулахыг хүсдэг.

-Хөгжмийн зохиолчид өөр өөр байх уу. Эсвэл өмнөх цомгуудад ажилласан Г.Пүрэвдорж гуай, Г.Онон нартай үргэлжлүүлж хамтарч ажиллах уу?

-“Ертөнц” цомогт хөгжмийн зохиолч, дуучин Г.Онон бид хоёр ажилласан. “Байгаль” цомогт Г.Пүрэвдорж гуай нэмэгдэж ажилласан. Улаан цомог маань харин этно рок төрлийн хөгжим. Харангын Ц.Энхманлай гавьяаттай хамтарч ажиллаж байгаа. Бид гаргасан санаагаа хэрэгжүүлэхийн тулд Монголын шилдгүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Б.Шарав гуайтай бас ажиллаж байна.

-“Монголын дуу хоолой” радиогоор “Байгаль” цомгийн тухай мэдээлэл цацагдахад япончуудаас олон захиа ирсэн юм билээ. Хөгжим дэлхийн хэл гэдэг шиг япон хүмүүс ч бас ойлгоод, үнэхээр сайхан хөгжим байна гээд сэтгэл догдлон захидал бичсэн байна лээ. Өөр орны хүмүүс ингэж хандсан уу?

-Бид олон улсад уран бүтээлээ таниулах сурталчлах, түгээх тал дээр эрчимтэй ажиллаж чадахгүй байгаа. Зарим хүн биднийг гайхаад байдаг л даа. Та нар яагаад сурталчилгаа ч хийхгүй, чимээгүй байдаг юм бэ гэдэг. Бид ажлаа хийчихээд, тэр нь хүмүүст таалагдаад, биднийг эрж хайгаад ирэг л дээ. Тэгэхэд нь л бид бэлэн байя. Юу ч хийгээгүй байж бид ийм юм хийх гэсэн юм, тэдэн төгрөг өгөөч гээд явах хэрэггүй гэж боддог. Цомгоос гадна тоглолт хийнэ. Тоглолтоо олон газар, олон тайзан дээр хийж, Монгол гэдэг нэрийг гаргаад л явна. Дэлхийд цацна гээд зүгээр л цацчихдаг юм биш. Эхлээд аль цэгт хүрэх вэ тэр зах зээлтэйгээ боломжоороо ажиллах учиртай. Бид дорнын хүмүүс. Зүүн Азийнхан хөг аялгуу ойролцоо, хөгжмийн зэмсгүүд нь өөр өөр нэртэй боловч төстэй. Дорнын сэтгэлгээ ойролцоо учраас эхлээд Япон, дараа нь Хятадын зах зээл рүү өөрсдийнхөө мэдээллийг идэвхтэй явуулахыг хичээж байгаа.

-Хятадуудын зүгээс ямар нэг сэтгэгдэл илэрхийлсэн үү?

-Хятад, япон хүмүүсийн соёл, амьдрах орчин, өөрсдийгөө илэрхийлэх байдал нь өөр л дөө. Хятадууд ихэвчлэн шууд худалдан авалт хийдэг. Хятадад тоглолтоо хийх, хамтарч уран бүтээл хийх талаар ажиллаж байна. Японд ч өөрийгөө таниулах цаашилбал тоглолт, хөгжмийн наадмуудад оролцох гэх мэтээр хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Бид хийгээгүй ажлаа ярих дургүй. Хийчихээд үзүүлэх дуртай.

-Цомгуудаа яаж санхүүжүүлж байгаа вэ. Борлогдсон бүтээгдэхүүнийхээ орлогоос дараагийн уран бүтээлээ санхүүжүүлдэг юм уу?

-Ер нь энэ цомгуудыг хийх гэж бид амьдралаа зориулаад явж байна даа. Бид өөрсдөө дуу, хөгжмийн бизнес хийдэг хүмүүс. Нэг уран бүтээлдээ яагаад цаг их зарж байна гэхээр мөнгө төгрөгтэй холбоотой.

-“Байгаль” цомгоо гурван жилийн турш хийсэн гэсэн үү?

-“Ертөнц” цомгоо дөрвөн жил, “Байгаль” цомгоо гурван жил хийсэн. Нэг ажил хийгээд жаахан мөнгө олоод, түүнийгээ цомогтоо зарцуулах маягаар л явсан даа. “Байгаль” цомог дээр “Хужирт” гэж цэвэр байгалийн эрдэст усныхантай ажилласан. Бидний ажлыг ойлгодог, дэмждэг хүрээлэл бий. Тэд маань их тусална даа.

-Танай цомогт хобис гэж хөгжмийн аялгуу эгшиглэсэн гэсэн. Энэ хөгжмийн тухай тодруулж яриач?

-Хобис чавхдаст хөгжмийн төрөлд орно л доо, дөрвөн утастай. Янжинлхам бурханы өвөр дээр байдаг хөгжим шүү дээ. Монголчуудын хувьд мартагдсан хөгжим. Саяхан “Алтай ятга” гээд сэргээн гаргаж ирж л байна. Нүүдэлчид гэдэг чинь нүүгээд, цус нь ч, соёл нь ч холилдоод явдаг байсан хүмүүс. Хубилай хааны үед ихээхэн түгж дэлгэрч байсан хөгжим. Ордны найрал хөгжимд тоглогдож байжээ. Одоо бидний үед малын бэлчээрт, айлын хойморт тоглож байсан хэдэн хөгжим маань л өвлөгдөж ирсэн шүү дээ. Энэ хөгжмийг өвөрлөгч ах дүү нар их хэрэглэдэг.

-“Ертөнц” цомогт багтсан “Хурай” гээд дууны үгийг та бичсэн гэсэн. Үнэхээр гоё үгтэй юм билээ?

-Ж.Бадраа гуай, Г.Бадрах нар Монголын хөгжим судлалд их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс л дээ. Тэдний бичиж үлдээсэн зүйлсийг их судалдаг. Ерөөлийн тухай судалгаа байдаг. “Хурай” бол дэлгэр ерөөлд багтах бүтээл. Дэлгэр ерөөл нь өнгөрсөн цагийн учгийг тайлах, одоо цагийн учрал, ирээдүйг угтах гурван цагийг багтаадаг. Хүннү, Сүннү, Нирунаас гээд өвөг дээдсийнхээ тухай өгүүлээд “Цайлган сэтгэлт монголчуудын цаашдын зам нь цагаан байг” гээд. Цэвэр ичимтгий охид мину, цэгц шударга нөхөд мину гээд өнөөгийн байдлыг дуулаад, Уужуу сэтгэлт монголчуудын урдахь зам нь цагаан байг гэдэг. Ирээдүй болсон залуучууд нь эрдэм соёлоор биеэ чимсэн гээд ирээдүйгээ өгүүлээд “Хойчийг залгах үрсийн маань хожмын зам нь цагаан байг гээд гурван цагийг холбож хийсэн ерөөл юм. Түүнийхээ дахилтыг хурайгаар нэгтгэчихсэн. Хурай гэдэг нь юмыг хурааж авах утга. Олуулаа нэг юмыг хийхээр хураагддаг. Цэргүүд “Ура” гээд дайрахаараа хүч нь нэмэгддэг. Хүмүүс бүгд хурайлах юм бол монголчуудын буян хишиг дэлгэрэх юм гэсэн санааг авч хэрэглэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Захиалгат нэвтрүүлгээр залхаачих юм байна л даа

Өнгөрөгч амралтын өдрүүдээр гэртээ амарсан шиг амарчихъя хэмээн зориг шулуудсан ч хэдэн ТВ-ээр нь үзээд байхаар ч юм гарсангүй. Нэг нөхрийн сонгууль угтаж оролцсон “Захиалгат” гэсэн тодотголтой нэвтрүүлэг бараг л бүх сувгаар явж харагдав.

За мань эрд мэдэхгүй ч сэдэв гэж алга. Бурж л байх юм. Хайрлахгүй ч юм алга. Бүгдийг нь л хайрлаж байх юм. “Бүлт” үсэрсэн нөхдийн үгийг сонсохоор гээд суваг сольтол “Харцага” баг “Хасын хүлэгүүд”-ийг 121:114-өөр хожиж сагсан бөмбөгийн супер лигийн аваргын цомоо хамгаалж байхыг үзэж сэтгэл баясан суулаа. “Харцага” баг зургаа дахь удаагаа лигийн аварга болсон бол багийн лидер Б.Одбаяр нь гурван удаа аваргын цомыг нь хамт өргөлцөж, хоёр удаа улирлын MVP, нэг удаа Финалын MVP болж байна.

Гэсэн ч олон хүний хүндэтгэлийг хүлээдэг “Харцага” болон Үндэсний шигшээ багийн төвийн тоглогч Б.Одбаяр зодог тайлж буйгаа албан ёсоор зарлав. Жаахан гунигтай юм. Гэхдээ зүгээр ээ. Нэгэнт тоглолт өндөрлөсөн тул дахин суваг солив. Арай хэтэрхий байна аа. Өнөө нөхөр чинь дахиад өөр нэвтрүүлэгт орчихсон ярьж л суух юм.

Үүнийг үзэж суусан найз маань өөрийн цахим хуудаснаа “Зарим хүнийг “Танил хүн”-ээр нэг харлаа, “Танайд хоноё”-гоор хоёр дахиа харлаа. “Амжилт” гэдэг нэвтрүүлгээр гурав дахиа харлаа. Харин одоо сонгох байтугай дахин харах ч хүсэл алга” хэмээн бичсэн байв.

Ингэж хүний дотор муухай оргитол ТВ-ийн нүүр дүүргэх хэрэг байдаг ч юм уу. Сонгууль нь хурдан болоод дуусаасай. Үзэх ч нэвтрүүлэг алга. Ядаж байхад супер лиг өндөрлөчихлөө.

Categories
мэдээ цаг-үе

Язгууртны наадаан гэх газрын теннисний өнгөрсөн цаг, өнөө үе

Удахгүй Их Дуулгын хоёр дахь нь болох Ролан Гаррос буюу Франц улсын газрын теннисний аварга шалгаруулах нээлттэй тэмцээн эхэлнэ. Үүнтэй холбоотой бас монголчууд тэр бүр сонирхож дурлаад байдаггүй ч гэлээ дэлхийд бол асар их нэр хүндтэй дээрх спортын тухай жаал өгүүлье гэж шийдлээ.

Газрын теннисний “эцэг” гэж нэрлэх боломжтой улсууд эртний Египет, Хятадаас эхлүүлээд XI зууны Франц гээд нэжгээд бий. Гэхдээ одоо мөрдөж буй дүрмийн эхлэлийг тавьж, анхны албан ёсны тэмцээнүүдийг Уэльсд зохиож эхэлсэн хүн нь Английн армийн хошууч Вальтер Клоптон Уингфилд гэгч бөгөөд эртний Грекийн ард түмний наадмаас санаагаа авсан гээд одоо бид бүхний мэддэг болсон газрын теннисийг 1873 онд анхлан зохиож эхэлжээ. Теннис анхлан хөгжихдөө Англиасаа илүү Францад нэр хүндтэй байсан тул ихэнх үг хэллэг нь тэр улсын дуудлагаар нэрлэгдсэн гэх.

-Теннис буюу францаар tenez (tenir) гэдэг үг нь “бариарай” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл бөмбөг давуулах үед нь “бариарай” гэж хашгирдаг байж.

-Ракетка (аркийт) хэмээх үг нь Францын raquette гэсэн үгнээс гаралтай. Харин энэ франц үг өөрөө Арабын rakhat буюу “гарын алга” гэсэн үгнээс үүдэлтэй юм билээ.

-Оноо тэнцсэн үед хэлдэг deuce (тэнцүү) гэх дуудлага мөн л Францын «a deux le jeu» буюу “тоглолтын оноо тэнцүү” гэсэн үг гэнэ.

Газрын теннист оноог их сонин өгдөг. Бусад тоогоор тооцож тоглодог спортод оноог өгөхдөө нэг юм уу хоёр гэж оноог нэмж, хасч өгдөг бол газрын теннист шууд л 15, 30, 40 гэсэн оноонууд өгч ялалтыг олгодог. Оноог ийм тоогоор өгөх болсон түүх нь бас л нэгдсэн эхлэлгүй юм билээ. Франц, герман хувилбараар бол эдгээр тоонууд нь зоостой холбоотой, оноо авах болгонд нь задгай зоос тавьдаг байсан гэдэг бол англичууд их буутай холбодог. Тэдний бичдэгээр бол Английн хөлөг онгоцууд ялалтын буудлага хийхдээ эхлээд 15 футын их буугаар дараа нь 30 футын их буугаар эцэст нь 40 футын диаметртэй ам бүхий их буугаар пижигнүүлж ялалтаа зарладаг байсан тул үүнээс үүдэлтэй гэж бичдэг. Ямар ч л байсан өнөөдөр хүртэл уламжлалаа хадгалан өвөрмөц маягаар тоолдог спортын тоонд ороод явж байгаа тул хаанаас ямар утгатай үүссэн нь тийм ч чухал биш болжээ.

Газрын теннисийг 26 ярд (23,78 м)-ийн урттай, есөн ярд (8,23 м)-ийн өргөнтэй тэгш өнцөгт талбайд ганцаарчилсан төрлийнхөн, 12 ярд (10,97 м)-ийн өргөнтэйд нь хос төрлийн теннисчид тоглодог. Талбайн хучилт гэдэг асуудал бол теннисний ертөнц дэх агуу том хувьсал. Ерөнхийдөө хатуу, шороо, зүлэг гэсэн гурван үндсэн хучилт бий. Ямар хучилт байгаагаас шалтгаалан бөмбөгний ойлт, давуулалтын хүч, тоглогчдын хөдөлгөөн, хурд өөрчлөгддөг. Жишээ нь хатуу хучилттай талбайд бөмбөг хүчтэй ойж хурдан нисдэг тул сайн давуулалттай, арын бүсэд сайн тоглож чаддаг тамирчид мундаг байдаг бол шороон дээр бөмбөг шигдэж зөөлөн ойдог, чиглэл нь өөрчлөгддөг, теннисчид гулгах тохиолдол их тул хөлийн ажиллагаа их шаарддаг гэх мэт онцлогтой. Зүлгэн дээр тоглосон тохиолдолд тор луу ойртож бөмбөгийг ойлголгүй шууд цохиод ойчиход аюулгүй гээд бас л нэг өөр тактик үзүүлдэг билээ. За тэгээд эдгээр хучилтуудыг яриад эхлэхээр нөгөө Их Дуулга гэдэг нэршил рүү орох хэрэгтэй болно доо. Учир нь хатуу хучилтын гол тэмцээн болох Австралийн нээлттэй аварга, Америкийн нээлттэй аварга, зүлгэн хучилттай Английн нээлттэй аварга шалгаруулах тэмцээн буюу Уимбилдон тэгээд удахгүй эхлэх шороон хучилттай Францын аварга шалгаруулах тэмцээн буюу Ролан Гаррос гэсэн дөрвөн том тэмцээн нь нийлээд Их Дуулга гэдгийг бүрдүүлж байгаа билээ. Нэг жилийн дотор дээрх дөрвөн тэмцээнд дараалан түрүүлсэн тохиолдолд тэр теннисчин Их Дуулгын эзэн болж байна гэсэн үг.

Үүнээс гадна зуны олимп таараад түрүүлчихвэл тун ховор байх алтан Их Дуулгын эзэн болдог гэх. Штеффи Граф гэж герман бүсгүй нэг хэсэг теннисний талбайд хаанчилж байсан даа, санаж байна уу. Тэгвэл тэр шаргал үстэй бүсгүй л ганцаараа энэ дэлхийн бүх теннисчид дотроос алтан Их Дуулгыг эзэмшдэг юм байна. Түүнээс бус цохиур бариад наадах хугацаандаа дээрх дөрвөн тэмцээн ба олимпод байг гэх нь ээ нэг нэг удаа түрүүлж үзсэн теннисчин Андре Агасси, Надаль, Серена Уильямс гээд гуравхан теннисчин жагсана. Энэ цаг үеийн шилдэг теннисчин Жокович, Федерер, Шарапова гээд ийм боломж олоогүй зөндөө “азгүйчүүд” байна.

Теннис анх үүсэхдээ л “зөвхөн баячуудын” гэсэн тодотголтой байсан тэгээд ч тоглох, суралцахад хөрөнгө мөнгө овоо шаарддаг чамин төрлийн спорт. Тиймдээ ч юм уу үзэж байгаа хөгжөөн дэмжигчид нь өөрийн гэсэн дүрэм журмын дагуу хайртай тоглогчоо балиашиглах хуультай. Хөлбөмбөгийн “галзуунууд” шиг 90 минутын туршид хашгирч, шүгэлдэж болохгүй. Яг тоглож байх үед чанга дуугаар орилох юм уу дуу авиа гаргавал зохион байгуулагчид хүрч ирээд шууд л цэнгэлдэхээс гаргаад хаячихна. Түүгээр ч зогсохгүй дахиж тэмцээн үзэх эрхийг нь түдгэлзүүлдэг гэж байгаа. Ер нь “жаахан зоостой” хүмүүс үздэг гэдэг утгаараа реклам зар сурталчилгаа сайн олддог, телевизийн эрхээ өндөр худалддаг тул дээрх Их Дуулгын дөрвөн тэмцээн, тэдний завсраар зохиогддог элдэв төрлийн жижиг тэмцээнүүд бүгд хөөрхөн бай шагналтай гэж байгаа. Жишээ нь дараа долоо хоногт эхлэх Ролан Гарросын шагналын сан 32 сая евро болж нэмэгдээд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчид нь хоёр сая евро халааслах болсон гэх мэтээр лут шүү дээ. Дээр нь хувь хүн өөрөө амжилттай тоглодог, элдэв муу зуршилгүй, бие хаа тэгш бол рекламаар мөнгийг хүүлнэ. Бас л жишээ татахад Оросын үзэсгэлэнт бүсгүй Мария Шарапова хэдийгээр Америкийн Уильямсаас чансаа доогуур ч гэлээ бие хаа өнгө зүс сайтай тул Nike, Avon Products, Evian, Porsche, Tag Heuer гээд олон пүүстэй гэрээтэй, тэднээсээ жилд гуч орчим сая ам долларын шагнал авдаг байжээ. Байжээ гэдгийн учир нь саяхан мельдоний хэрэглэсэн хэргээр тоглох эрхээ хасуулсан тул ихэнх пүүсүүд нь гэрээгээ цуцалсан сурагтай.

Өнөөдөр Олон улсын газрын теннисний холбооны тугийн дор жилдээ 150 орчим тэмцээн дэлхийн 37 улсад зохиогдож байна.

Categories
мэдээ цаг-үе

“Их долоо” юуны тухай хэлэлцэх вэ?

Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс Япон улс энэ
удаагийн “Их долоо”-гийн уулзалтыг
даргалахаар болсон. Тус байгууллагын гишүүн орны бүрэлдэхүүнд Япон улсаас гадна
АНУ, Их Британи, ХБНГУ, Канад, Франц, Итали улс багтдаг. Өмнө нь Япон улс 2008 онд
дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж байв. Миэ мужийн Исэ-Сима хотноо тавдугаар сарын 26-27-ны хооронд болох тус уулзалтаар талууд улс төр, эдийн засаг, гадаад
худалдаа, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч зэрэг өргөн хүрээний асуудлаар хэлэлцэнэ.
Улс төр, дипломат бодлогын хүрээнд Их долоогийн гол ярилцах сэдэв бол Зүүн Хятадын
болон Өмнөд Хятадын тэнгист Хятад улс байр сууриа бэхжүүлж буй асуудал аж. Мөн энэ
үеэр Украины асуудлыг хөндөх нь гарцаагүй гэж үзэж байна. Өнгөрсөн онд Мюнхен хотноо
болсон “Их долоо”-гийн уулзалтын
үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэ тус бүлгийн эв нэгдэлд гол анхаарлаа хандуулна гэж
мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хууль эрх зүйг нэгтгэснээр
олон улсад тулгамдаад буй асуудлыг шийдэхэд дөхөм болно гэж үзэж буй. Японд болох
уулзалт нь Парис ба Бельгид болсон халдлагын дараах томоохон форум юм.

Тиймээс аюулгүй
байдлыг хангах үүднээс Японы Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.
Тухайлбал, уулзалт болохоос дөрвөн сарын өмнөөс Японы Гадаад хэргийн яамнаас олон
улсын терроризмтой холбоотой мэдээллийг цуглуулах төв байгуулсан. Төв нь дотроо
Ойрхи-Дорнод, Хойд Африк, Зүүн өмнөд Ази, Өмнөд Ази
гэсэн дөрвөн салбартай байх агаад Ерөнхий сайдын Тамгын газар болоод гол гол яамдтай
хамтран ажиллах юм байна. Их долоо-д ОХУ 1998 онд нэгдсэнээр “Их найм”-ын уулзалтыг зохион байгуулах болсон. Гэвч
2014 онд Крымын хойг ОХУ-ын бүрэлдэхүүнд
багтах болсноор тухайн үед Сочи хотноо болох байсан “Их найм”-ын уулзалт цуцлагдсан. Их долоо ОХУ-гүйгээр
уулзалтыг Брюсселд зохион байгуулж байв. Харин Японы Ерөнхий сайд Ш.Абэ саяхан Европын
орнуудаар айлчилсан бөгөөд энэ үеэр ОХУ-ын төрийн тэргүүнтэй Сочи хотноо уулзсан билээ.

Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах болсны дараа АНУ болон
Европын холбооны орнууд Оросыг гадуурхах болсон юм. Харин Ш.Абэгийн ОХУ-д хийсэн энэ удаагийн айлчлал барууныхны анхаарлыг
ихэд татаж, сандаргаад авсан гэдэг. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Ш.Абэг ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзахаас татгалзах саналыг тавьж байв. Гэвч
тэрээр саналыг нь үл харгалзан В.Путинтэй уулзсан байдаг. Ямартай ч Ш.Абэ “Их долоо”-гийн удирдагчдаас В.Путинтэй уулзаж, хэлэлцээ
хийсэн анхны удирдагч болсон юм.

Categories
мэдээ цаг-үе

Ус бол бурханы бэлэг

Ус нь H20 гэсэн химийн томьёогоор илэрхийлэгдэх, устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл бодис билээ. Ердийн нөхцөлд өнгө, үнэргүй. Бага зэрэг хөх ногоон туяа бүхий тунгалаг, шингэн төлөвтэй байдаг. Цельсийн 0 хэмд хатуу төлөв буюу мөс болдог. Харин 100 хэмд хийн төлөвт орж уур болдог. Дэлхий дээрх амьд организмуудын амьдралд чухал үүрэгтэй ус бол бурханы бэлэг. Хүний биеийн ихэнх хэсгийг буюу 70 хувийг ус бүрдүүлдэг. Хүн, амьд амьтад усгүйгээр амьдарч чадахгүй учраас амьдралыг тэтгэгч рашаан булаг, чандмань эрдэнэ гэгддэг билээ. Дэлхий дээр байгаа бүх усны нэг хувь нь цэвэр ус байдаг байна. Харин 97 хувь нь далай тэнгисийн ус, хоёр хувь нь хойд, өмнөд туйлын ус байдаг аж. Ундны цэвэр ус өнөөдөр томоохон хотуудын гол санаа зовоосон асуудал болоод байна. Усыг химийн аргаар гаргаж чаддаггүй. Хүн төрөлхтний ганц гаргаж авч чадаагүй зүйл бол ус. Өдөр ирэх тусам дэлхий дулаан, хуурай болж цэвэр усны нөөц багасаж байгаа. Бид усаа хэмнэхгүй бол усны хэрэглээний хязгаартай учирч болзошгүй юм.

Нэгдсэн Үндэсний Байгууллага 1992 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг Дэлхийн усны өдөр гэж тунхаглан орон бүр усаа яаж хэрэглэж, хэрхэн хандаж буйгаа дахин нэг эргэн харж байхыг уриалжээ. Ус хомсодсоноос дэлхий дээр өдөрт 14 мянган хүн нас барж байна. 2050 он гэхэд 48 орны хоёр тэрбум хүн усаар гачигдана гэсэн эмгэнэлтэй тоо бий. Гэвч онолын хувьд усны нөөц шавхагдашгүй гэнэ. Учир нь зохистой ашигласан нөхцөлд чийгний эргэлтийн үрээр цаг ямагт сэргэдэг байна. Гэвч усны хэрэглээ асар хурдан өсөж байгаагаас олон оронд хүрэлцэхгүй байдал мэдрэгдэж буй. Мөн усны бохирдол аюулын харанга дэлдэх болжээ. Усны урсгал мянган жилд, секундын долиор дэлхийн эргэлтийг удаашруулдаг ажээ.

Ус газрын гадаргыг бүтээгч гол зүйл бөгөөд манай гаригийн уур амьсгалыг хянахын зэрэгцээ, хүмүүсийг хүнсээр болон асар их энергиэр хангадаг байна. Аягатай ус ширээн дээрээ тавиад хажууд нь сайхан зүйлийн тухай ярилцаж, хөгжилтэй инээлдсэний дараа уухад ус рашаан болдог гэлцдэг. Харин эсрэгээрээ муу муухай зүйл ярилцаж байхдаа хажуудаа байсан усыг уувал тэр нь хор болдог ажээ. Ус ингэж л хүний энергийг шингээж авдаг байна.

Эхийн хэвлийд, бага насанд, өсвөр насанд, өтөл насанд хүн усгүйгээр 72 цаг тэсэж чадах боловч чухамдаа хүн болон ихэнх амьтны хөгшрөлтийн шалтгаан нь ус дутагдсанаас болдог байна. Ус дутагдвал тэжээлээ бүрэн авахгүй байгаа арьс унжин харлаж эхэлдэг ажээ. Хүнд ус дутагдаж шингэнээ нэг хувь алдахад цангадаг байна. Шингэнээ хоёр хувь алдахад бие тавгүйрхэж, хоолны дуршил буурч, ажлын чадвараа 20 хувь алддаг аж. Шингэнээ зургаан хувь алдахад нүүрний арьс эрс хувирч, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж, хэл яриа ойлгомжгүй болох гэнэ. Шингэнээ арван хувь алдахад биеийн дулааны тэнцвэр алдагдаж, эсүүд үхэж эхэлнэ. Шингэнээ 11 хувь алдахад бодисын солилцоо алдагдаж, эмнэлгийн тусламж шаардлагатай болдог ажээ.

Судалгаанаас үзвэл, хүн өдөрт дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай юм байна.Өглөө бүр өлөн дээрээ ус ууж байх нь биеийн эрүүл мэндэд тун ашигтай ажээ. Амьсгалах, хөлс гарах, зэрэг нь хүний биеийн усны хэмжээг багасгадаг, ус нь цусны эргэлтийг сайжруулан, ходоодны ажиллагаанд туслан биеэс бохирыг түргэн гадагшлуулдаг тустай. Хүүхдүүд ч буцалсан ус ахиухан уугаад байх сайн, хоол боловсруулах системд нь тус дэм болдог аж. Гэтэл усыг нэг дор хэтэрхий их ууж болдоггүй ажээ. Хэтэрхий их ус уух нь гэдэс ходоодыг тэлж, хэвийн амьсгалалтад нөлөөлж, тархины эсийг хавагнуулж, гавлын дотоод даралтыг дээшлүүлж, зүрх бөөрний дарамтыг нэмэгдүүлдэг байна. Ялангуяа нас ахиж бие муудсан, зүрх уушгины ажиллагаа тааруухан хүний хувьд сэтгэл уймрах, ядрах, тамир алдах, хараа бүрэлзэх шинж тэмдэг илрэх магадлалтай гэнэ. Мөн хөлс их гарахад усыг шууд ууж болдоггүй аж. Аагим халуунд хөлс их гарахад манайхан шууд л ус уудаг. Ингэвэл уух тусам цангаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь уусан ус нь биед үлдэж чадахгүй хөлстэй хамт гадагшилж, давслаг элементийг нь ч аваад явчихаж байгаагаас болж байгаа аж.

Хуучны ном судруудад усны эмчилгээний чанарын талаар дурдсан зvйл олон байдаг. Жишээлбэл, булгийн хvйтэн ус нь толгойн өвчин, цусны өвчин, шар өвчинд сайн. Худгийн ус нь шар өвчин, цусны өвчин, шүдний өвчинд сайн. Хурын ус нь зүрхний халуун, цайвар хаванд сайн. Голын ус цанх өвчинд тустай ажээ. Мөн хоолны өмнө ус уувал хатангир. Хоолон дээрээ ус уувал мах мариа тэнцүү болох бол хоолны дараа ус уувал мах мариа нэмэгдэнэ гэж дурдсан байдаг аж. Энэ мэт ач тустай ус бол бидэнд бурханаас өгсөн бэлэг билээ.

Categories
мэдээ цаг-үе

Рок хөгжмийн түүхэнд нэрээ үлдээсэн “Gun’s Roses”

Рок хөгжмийн түүхэнд ер бусын үйлдэл, онцгой уран бүтээлээрээ хамгийн их шуугиан тарьж байсан хамтлаг бол “Gun’s Roses” буюу “Ганзес Роузес”. Секс, хар тамхи, рок гэсэн уриатай байсан энэ хамтлагийг Эксл Роуз хэмээх залуу байгуулсан. Тарах болсон шалтгаан нь мөн л Эксл Роуз болсон. Нэг үгээр хэлэхэд “Ганзес Роузес” хамтлаг энэ хүнтэй салшгүй холбоотой. 1980-аад онд залуусыг байлдан дагуулж байсан тус хамтлагийн гишүүд одоо ч байдаг. Дуучин Эксл Роуз, ритм гитарчин Иззи Стрэдлин, басс гитарчин Дафф Макаган, бөмбөрчин Стивен Адлер. Тус хамтлагийн бүрэлдэхүүн нэлээд хэдэн удаа солигдсон бөгөөд Эксл Роуз анхнаас нь байсан цорын ганц гишүүн.

Тэрээр Индиана мужийн Лафайет хотод төрсөн. Аав нь нэлээд танхай байсан тул хүүгээ төрсний дараахан эхнэр хүүхдээ орхин явсан байна. Эксл Роуз багадаа хичээлдээ сайн, сүмийн найрал дуунд явдаг үлгэр жишээ хүүхэд байсан гэдэг. Үнэндээ бол хойд ааваасаа нэлээд айдаг байсан тул үгнээс нь гардаггүй байжээ. Гэвч томрох тусам сахилгагүйтэж дийлдэхээ больсон гэдэг. Нэлээд дэггүй түүнийг цагдаа нар анддаггүй байв. 15 настайдаа цагдаа нарын хяналтад орсон. Архи ууж, цагдаа нарыг хэл амаар доромжилсон хэргээр хэдэн удаа саатуулагджээ. Сургуульд байхдаа Иззи Стрэдлилн хэмээх залуутай танилцаж хоёулаа хөгжим сонирхдог байсан тул санаа бодол нийлж, хамтран панк-рок тоглодог байв.

Эксл Роузес сургуулиасаа хөөгдөж, төрсөн эцэг нь ямар хүн байдгийг мэдчихээд овгоо хүртэл сольсон. Гэрийнхнийхээ үглэхээс залхсан Эксл 1980-аад оны эхээр найз бүсгүйтэйгээ цуг Лос-Анжелест амьдрахаар явжээ. Хамгийн сонирхолтой нь тэнд Стрэдлин Роузтай таарсан байна. Тэр үед Стрэдлин Роуз янз бүрийн хамтлагт дуулдаг, нэлээд ирээдүйтэй дуучин гэгдэж байв. Ингээд гитарчин Трейси Ганз, бас гитарчин Даффа Маккаган, бөмбөрчин Стив Адлер нартай танилцаж “Ганзес Роузес” хамтлаг байгуулагдсан түүхтэй. Удалгүй Калифорни даяараа тус хамтлагийг андахгүй болсон гэдэг. Сонирхлоороо нийлсэн залуус юу ч үгүй байсан. Вики Хэмилтон хэмээх шүтэн бишрэгч эмэгтэйг менежерээрээ ажиллуулсан юм. Ийм менежертэй хамтлаг хаа нэгэнтээ очиж тоглолт хийнэ гэдэг зүгээр л сайхан мөрөөдөл байв. Хамтлагийн залуус Сансетэд агуулах байсан байшинд амьдарч байжээ. Дээврээс өөр юу ч үгүй, агуулах гэхэд ч хэцүү нуранги гэж болохоор газар байв. Идэх юм авах мөнгөгүй байсан тэд аз таарвал ойролцоох гуанзнаас хулгайлсан махаа ил гал дээр шарж идэн амь зууна. Заримдаа орон гэргүй хүмүүсийг хооллоход нь хамрагдаж, аврагчдын армиас зохион байгуулдаг нэг ам.долларын хоол олж иднэ. Агуулахын газар хөгжимчдийг цуглуулж урлагийн талаар ярилцаж, дуулах нь хамгийн жаргалтай үе нь байсан хэмээн хожим нь дурсан ярьжээ. Амь зуухын эрхээр хар тамхи хэрэглээд зогсохгүй зардаг байсан үе. 1986 онд залуус “Troubadour” клубт албан ёсоор анхныхаа тоглолтыг хийсэн. Түүнийг нь нэлээд хэдэн дуу бичлэгийн компанийн төлөөлөгчид үзсэн байна. Өөрийн гэсэн өнгө төрхтэй хамтлаг урлагийн мэргэжилтнүүдийн анхаарлыг ихэд татжээ. Онгорхой гутал, уранхай хувцастай, байнга хар тамхи хэрэглэснээс нүүр царай нь хачин болсон залуусыг харсан хүмүүс тэднийг ямар ч ирээдүйгүй хэмээн ярьцгааж байв. “Gef­fen Records” дуу бичлэгийн газрын төлөөлөгч Том Зутаут гэгч тэр тоглолтыг үзэж суухдаа новшийн хамтлаг байна хэмээн муулсан гэнэ. Гэхдээ дөрвөн сарын дараа тэдэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Үнэндээ бол хамтлаг түүнд маш их таалагдсан бөгөөд өрсөлдөгчдөдөө алдах вий хэмээн болгоомжилсондоо ингэж ярьсан гэдэг.

“Ганзес роузес”-ийн дэггүй залуусыг жаахан ч гэсэн хянахын тулд дуу бичлэгийн компаниас байшин хөлслөн өгч Алан Нивен гэгч менежертэй болгосон байна. Ингээд менежер нь тэднийг орой болгон тоглолт хийхэд нь хар тамхи хэрэглүүлэхгүй хэмээн сахиж суудаг болжээ. Удалгүй “Ганзес роузес” хамтлаг анхныхаа цомгийг гаргах ажилд орсон . “Ap­pertite for Destruction” хэмээн нэрлэсэн анхны цомогт нь орсон дуу болгон өөрийн гэсэн маш сонин түүхтэй. Ийнхүү тус хамтлаг алдарших гараагаа эхэлжээ.

1987 онд “Ганзес роузес” Америкаар аялан тоглолтоо эхлүүлж үнэхээр юунд ч дийлдэхгүй хэцүү залуус гэдгээ харуулсан гэдэг. Тэд хард-рок тоглож байсан боловч панкууд шиг л аашилдаг байжээ. Их Британийн “Sex Pistols” хамтлаг шиг хамгаалагчидтайгаа зодолдож, тайзан дээр морь харж, гудамжинд унтана. Тэднээс хамгийн хэцүү нь Эксл Роуз. Тэр үед Америкийн залуус тус хамтлагийн гишүүдийн энэ бүх гаж үйлдлийг нь дуурайж нийгэмд нэлээд сөрөг дагавартай байсан. 1988 онд “Alice Coo­per”, “Iron Maiden” хамтлагтай цуг хоёр дахь удаагаа аялан тоглолт хийжээ. Энэ үеэр тайзны өмнө эмх замбараагүй байдал үүссэнээс хүний амь хүртэл эрсэдсэн гашуун түүхтэй. “Ганзес роузес” аялан тоглолтынхоо үеэр тайзан дээр хоорондоо муудалцаж байсан. Архи, хар тамхинд нэлээд орсон хэдий ч залуус уран бүтээлээ туурвисаар байв. “G N’ Lies” нэртэй шинэ цомгоо гаргаж тэр нь хитээр шалгарчээ. Түүнд орсон “Your Illusion I”, “Use Your Illusion II” дуунууд нь рок түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бүтээлүүд. Шинэ цомог худалдаанд гарсан даруйдаа чартыг тэргүүлсэн бөгөөд хүнд рокийн түүхэнд өнөөдрийг хүртэл түүнийг гүйцэх цомог гараагүй.

Архи, хар тамхи байнга хэрэглэж байсан хамтлагийн залуусыг удаан амьд явахгүй гэж хүмүүс ярьж байсан гэдэг. Тэдний гаж үйлдлийн талаар хэвлэлээр байнга бичиж байлаа. Гэсэн хэдий ч уран бүтээлээ туурвисаар. Тэд дахин дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлж 1993 онд гэхэд дууссан юм. “Ганзес роузес” нэр алдрын оргилд хүрч тэдэнтэй өрсөлдөхүйц цорын ганц хамтлаг нь “Metal­lica” байлаа. Тэдний клипэнд Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварценеггер тоглож, “Грэмми” шагналд хүртэл дэвшсэн байна. Аялан тоглолтоо дууссаны дараа “The Spaghetti Inci­dent?” цомгоо гаргаснаар тус хамтлагийн түүх дууссан гэж болно. 1995 онд “Ганзес Роузес”-ийг байгуулсан Эксл Роузес хамтлагаасаа гарч байгаагаа мэдэгдээд нэрийг нь өөрөө авна гэжээ.

Тус хамтлаг байгуулагдсанаасаа хойш бүрэлдэхүүнээ нэлээд хэдэн удаа сольсон. Эксл Роузес хуучин хамтрагчдаасаа салж шинэ бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлжээ.

2008 онд Эксл Роузес шинэ хамтлагтайгаа “Chinese Democracy” буюу “Хятадын ардчилал” нэртэй цомгоо үзэгчдийн хүртээл болгосон юм. Шинэ буюу зургаа дахь цомгийг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байсан. Түүгээр ч зогсохгүй цомгийг худалдан авсан хүмүүст уух юм үнэгүй дагалдана гэсэн зарыг хүртэл тарааж байжээ. Ингээд цомгийг Европ, Австрали, Хойд Америкт нэгэн зэрэг худалдаанд гаргасан. Гэвч нэлээд хэл ам гарсан. Эксл Роузес хамтлагийнхаа менежер асан Ирвинг Азоффийг цомгийн борлуулалтыг таслан зогсоосон хэмээн шүүхэд өгсөн. Тэрээр таван сая удаа менержертэйгээ шүүхэдсэн. Энэ явдлаас хойш “Ганзес Роузес” хамтлаг тоглолтоо нэг бус удаа таслахад хүрсэн. Дублин хотноо концертоо тоглохдоо нэг цаг 30 минутаар хожигдон иржээ. Үүгээр дууссангүй “Welcome to the Jungle” дуугаа дуулж байгаад гэнэт зогсч дахин тайз руу шил шидэх юм бол тоглолтоо зогсооно хэмээн үзэгчдийг загнасан удаатай.

“Chinese Democracy” цомог нь шүтэн бишрэгчдэд нь огтхон ч таалагдаагүй гэдэг. 1980-аад онд хард рок ертөнцөд шинэ уур амьсгал оруулсан бүтээлийнх нь хажууд юу ч биш хэмээн шүүмжилсэн байдаг.

Ийнхүү тус хамтлаг тарснаас хойш 20 жил өнгөрлөө. Харин саяхнаас “Ганзес Роузес” энэ жил Калифорни мужид болох “Coachella” хөгжмийн наадам дээр эргэн нэгдэх гэж байгаа хэмээн “Consequence of Sound” сэтгүүлд бичсэн. Түүгээр ч зогсохгүй энэ зун 25 тоглолт хийхээр төлөвлөсөн байгаа гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Үнэртний хаан Chanel №5

Одоогоос 95 жилийн тэртээх 1921 оны тавдугаар сарын тавны өдөр хүмүүсийн сайн мэдэх “Chanel№5” үнэртэй ус анх худалдаанд гарчээ. Судлаачдын бичсэнээр манай дэлхий дээр нэг минут тутам нэг шил “Chanel№5” зарагддаг. ХХ зууны хамгийн тансаг үнэртэн нь гоо сайхны ертөнцөд хувьсгал хийж уламжлалыг эвдэн огт өөр үнэрийг анх бий болгожээ. Янз бүрийн цэцгийн үнэрээс уйдсан тул шинэ үнэр хүмүүст ихэд таалагдсан байна. Тиймээс ч “Chanel№5”-ийг эмэгтэйчүүдийн үнэр гэдэг.

Түүнийг бүтээсэн түүх Франц төдийгүй дэлхийн загвар болон гоо сайхны ертөнцөд шинэ хуудсыг нээсэн Коко Шанельтэй салшгүй холбоотой. 12 настайдаа өнчин хоцорсон охин католик сүмийн асрамжийн газар хүмүүжиж байхдаа юм оёж сурсан байна. 18 настайдаа хувцасны дэлгүүрт худалдагчаар ажилд орж хажуугаар нь цэнгээний газар дуулдаг байжээ. Тэрээр Их Британийн бизнесмэн Артур Капел хэмээх залуутай танилцаж түүний дэмжлэгтэйгээр 1910 онд Парис хотноо малгайны дэлгүүр нээж бизнесээ эхлүүлсэн байна. Харамсалтай нь загварын ертөнцөд шинэ хуудсыг нээсэн бүсгүйг дэмжиж байсан Артур Капел залуудаа ослын улмаас нас баржээ. Уй гашууд автсан Коко Шанель “Меланез” хэмээх амьдарч байсан харшийнхаа өрөөнүүдийн таазыг хүртэл хараар будсан гэдэг. Амьдрал нь утга учиргүй санагдаж байсан бүсгүй Оросын сүүлчийн хаан Николай II-ийн үеэл, гүн Дмитрий Романовтой танилцсанаар шинийг бүтээх урам зоригтой болсон гэдэг. Түүгээр дамжуулан үнэртний мэргэжилтэн Эрнест Бо хэмээх орос залуутай танилцсан байна. Коко Шанель түүнтэй уулзахдаа уламжлал болсон цэцэгний үнэртэй уснаас огт өөрийг бүтээх тухай ярьжээ. Энэ чиглэлээр мэргэшсэн Эрнест Бо нь Москвад төрсөн бөгөөд аав нь “Rallet” хэмээх үнэртэй усны үйлдвэрийн эзэн байжээ. 1917 онд Орост хувьсгал гарсны дараахан Эрнест Бо Франц руу цагаачилсан байна.

Цэцгийн үнэртэй ус л Коко Шанельд огтхон ч таалагддаггүй байв. Үнэндээ тэрээр дэгжин загварын хувцас хийж байснаас биш үнэртэн хийх тухай бодож байгаагүй гэдэг. Усанд орсны дараах цэвэрхэн үнэрийг хамгийн сайхан хэмээн бусад ямар ч үнэрийг хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Эрнест Бо түүний саналыг хүлээн авч Шанель ч шинэ төслийг санхүүжүүлнэ гэдгээ амласан байна. Хамгийн гол нь жинхэнэ эмэгтэй хүний гоо сайхныг илтгэсэн үнэр гаргаж авах хэрэгтэй гэсэн болзол тавьсан байдаг. Эрнест Бо шинэ төсөл дээр уйгагүй ажилласны эцэст янз бүрийн үнэр гарган авч түүнийгээ хуруу шилнүүдэд хийж дугаарласан байна. Коко Шанель бүгдийг нэгд нэгэнгүй үнэрлэж үзээд тав гэсэн дугаартай үнэрийг ихэд таашаажээ. Тиймээс ч үнэртэй усыг өөрийн нэрээр нэрлэж дээр нь хуруу шилэн дээрх тав гэсэн дугаарыг тавьсан аж. Ингэж алдарт “Chanel№5” үнэртэй ус “төржээ”. Коко шинэ үнэртний саванд нэлээд анхаарал хандуулсан. Тэр үед үнэртэй ус үйлдвэрлэгчид савыг нь хэт их чимэглэдэг байсан. Ингэхдээ ихэвчлэн үнэт чулуунууд шигтгэн болороор хийдэг байв.

Харин Шанель энэ уламжлалыг эвдэж маш энгийн, тэгш өнцөгт хэлбэртэй шилэн саванд савласан юм. Тэр үед эрчүүдэд зориулсан үнэртнийг ийм саванд хийдэг байжээ. Харин Шанель үүнийг шинэ бүтээгдэхүүнийхээ онцлог болгосон. Бүхэл бүтэн зууны нүүр царай болсон шинэ үнэртэн ингэж худалдаанд гарчээ. Гэхдээ Коко Шанель түүнийг шууд худалдсангүй. Эхэндээ найзуудыгаа дуудан өгөхдөө “Үгүй, үгүй би чамд зарахгүй, зүгээр л бэлэглэж байна” гэжээ. Ингэхдээ нэлээд чинээлэг, дээдчүүдийн хүрээний бүсгүйчүүдэд сурталчлах байдлаар бяцхан заль хэрэглэсэн гэдэг. Шинэ үнэртэн бэлгэнд авсан бүсгүйчүүд ихэд баярлаж хүлээн авалт, үдэшлэгт ирэхдээ түүнийгээ түрхэж, ер бусын тансаг үнэртэй шинэ бүтээгдэхүүн гарсан тухай бусдадаа дуулгана. “Chanel№5”-ийн тухай яриа амнаас ам дамжин нэг л мэдэхэд Парист түүнийг эрхэмлэгч бүсгүйчүүдийн клуб бий болсон гэдэг. Ийнхүү дээдчүүдийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөний дараа Коко Шанель шинэ үнэртнээ худалдаанд гаргасан юм.

“Chanel№5” худалдаанд гарснаас хойш 95 жил өнгөрчээ. Өнөөдөр хамгийн тансаг бөгөөд үнэтэй үнэртэнд тооцогдсон хэвээрээ. Цаг хугацаа өнгөрч маш их зүйл өөрчлөгдсөн. Амьдрал үргэлжилж, загварын ертөнц өөрчлөгдөж, олон шинэ, сонин зүйлийг бүтээсээр. Хэдэн зуун шинэ үнэртэн худалдан авагчдын хүртээл болж өнөөгийн бүсгүйчүүд заримдаа алийг нь сонгохоо мэдэхгүйд хүрдэг. Жил ирэх тусам өрсөлдөөн улам ширүүссээр, харин “Chanel№5”-ийг эрхэмлэх бүсгүйчүүдийн тоо буурсангүй, эсрэгээрээ нэмэгдсээр. Энэ үнэртэнг ямар ч шинэ бүтээгдэхүүн зах зээлээс шахан гаргаж чадсангүй. Коко Шанель “Би хүмүүст зориулан ер бусын зүйл бүтээмээр байна” хэмээн хэлж байсан гэдэг. Тэрээр өөрийнхөө хүслийг биелүүлж чадсан.

Үнэртний мэргэжилтэн Эрнест Бо

Харин Эрнест Бо хожим нь “Chanel№22”, “Bois des iles”, “Cuir de Russie”,” Gardenia” зэрэг олон ус бүтээсэн. Тэдгээрээс аль нь ч “Chanel№5”-ийг гүйцсэнгүй.

Цаг хугацааны шалгалтыг давж чадсан энэ үнэртэнг дэлхийн алдартай загвар өмсөгч, жүжигчид сурталчилсаар байгаа. Харин анхны сурталчилгааг 1937 онд Коко Шанель өөрөө хийжээ. Түүний дараа Францын алдарт жүжигчин Катрин Денев “Chanel№5”-ийн сурталчилгаанд тоглосон. 1970-аад онд алдарт жүжигчин энэ үнэртний нүүр царай нь болжээ. 1980-аад оноос эхлэн Карла Буке сурталчилсан юм. Ингэхдээ маш шинэлэг уур амьсгал оруулжээ. “Chanel” компани түүний энэ гавьяаг өндрөөр үнэлж зөвхөн үнэртэй ус төдийгүй, шинэ загварын хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, гоёл чимэглэл сурталчлуулаад зогсохгүй тус компанийн нүүр царай болгосон. Түүнтэй нийтдээ 15 жил хамтран ажилласан юм. Ингээд 1996 оноос эхлэн жүжигчин, загвар өмсөгч Эстелла Уоррен сурталчилж “Chanel№5”-ийн баглаа боодолд шинэчлэл хийсэн байдаг. Түүний халааг Холливудын алдарт жүжигчин Николь Кидман авсан. Нэрт жүжигчний тоглосон сурталчилгаа нь хамгийн өндөр өртөгтэйд тооцогддог. Николь Кидман “Chanel№5”-ийн сурталчилгааны нэг минутын хөлсөнд таван сая ам.долларын хөлс авч, тус компанитай дөрвөн жил хамтран ажилласан юм.

2009 онд “Chanel№5”-ийн ой тохиох үед Францын жүжигчин Одри Тоту тоглосон. Ингэхдээ тэрээр Коко Шанелийн дүрийг бүтээсэн юм. Дэлхийн олон алдартан энэ үнэртэнг сурталчилсан бөгөөд тэдгээрээс алдарт Мэрилин Монро сурталчилгаагаа үнэгүйгээр хийжээ. Сэтгүүлчид алдарт шаргал үстээс ямар унтлагын хувцастай унтдагийг нь сонирхоход “Нэг дусал “Chanel№5” байхад хангалттай” гэсэн хариулт өгсөн байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Нэрт найрагч, төрийн сайд, улсын арслан төрүүлсэн Анагаахын дээдийнхэн

Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний болон нэгдсэн факультетийн нэгийн тав, зургаад 1966 онд элсэн орж 1971 онд төгссөн ангийнхнаас түмний танил олон хүн төрөн гарчээ. Тухайлбал, академич, Монгол Улсын гавьяат эмч, Эрүүл мэндийн сайд асан, вирус судлаач, профессор Пагважавын Нямдаваа байна. Нямдаваа Анагаахын дээдээ төгсөөд сургуульдаа багшаар үлдэж, улмаар Германы Берлин хотын Хумбольдтын нэрэмжит их сургуулийн аспирантур, ОХУ-ын Д.Ивановскийн нэрэмжит вирус судлалын хүрээлэнгийн эчнээ докторантын ангийг төгссөн нэгэн. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул эл эрхэм оюутан байхын эрдэмд шамдсан, толгой сайтай хүүхэд байсан гэж ангийнхан нь ярьж байна. Тэр Анагаахын дунд сургуулийг Сүхбаатарын цалинтай төгсөж ирсэн гавал амьтан байж.

Эдний ангийнхан бол төгсөөд дөчин таван жил болж байгаа Монголын эрүүлийг хамгаалахын салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан хүмүүс аж. Далаад оны эхээр эмчийн диплом өвөрлөн төгсөнө гэдэг үнэхээр нэр хүндтэй, соёлч, боловсролтой сэхээтэнд тооцогддог, ажлын байр бэв бэлэн байдаг үе байж. Хөгжмийн зохиолч Норсонжавын охин Н.Оюуны хувьд Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт дүн бүртгэлийн их эмчээр ажиллажээ. Сүхбаатар аймгаас ирсэн Э.Үржинбадам Цэргийн госпиталийн лабораторийн эмчээр олон жил ажиллаж хурандаа цолоор энгэрээ мялаажээ. Махранзын Шүрэнцэцэг бол Баянхонгор аймгийн Заг сумын уугуул охин байж.

Тэрээр “Жанчивлан”, “Оргил” рашаан сувилалд лабораторийн эмчээс ажлын гараагаа эхэлж, эрхлэгч болсон төдийгүй Улсын эм хангамжийн үйлдвэрийн газарт цус, био бэлдмэл хариуцсан байцаагч их эмч, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирлын алба хашсан байдаг. Дөнгөж оюутан болцгоосны анхны намар эл ангийнхан Сэлэнгэ аймгийн Номгоны сангийн аж ахуйн үтрэм дээр тариа хураалтад гарахад Шүрэнцэцэгийг гэнэт хотоос дууджээ. Ар гэрийнхэндээ санаа зовон зовон хүрч ирвэл их, дээд сургуулиудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оруулах бэлтгэл хийлгэхээр Лувсандаш багш нь дуудсан байжээ. Учир нь Шүрэнцэцэг дунд сургуульд байхдаа “Алдар” нийгэмлэгийн шигшээд тоглодог байсныг нь дунд сургуулийн хувийн хэргээс нь харж чухамдаа шижир олсны дайтай баярласан хэрэг аж.

Дархан оточ овогт Намралын Төмөрбаатараа ангийнхан нь өнөө ч гэгээн сайхнаар нь дурссаар. Дээд сургуулиа төгсөөд л Улсын клиникийн төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмчээр ажилласан байдаг. АУИС-ийн тэнхимд багшилж, хичээл ангийн эрхлэгчээр дэвшин ажиллаж байсан Монголын уламжлалт анагаах ухааны анхны эмнэлгийг үндэслэн байгуулагч нэрт эрдэмтэн, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, хүний гавьяат эмч тэрээр 2011 онд бурхан болжээ. Эдний ангид А.Ф.Шаповалов хэмээх орос, А.Марта гэдэг хасаг охин, буриад Б.Цэрэндорж нар суралцдаг нэг ёсны их интернационолч хамт олон байсан гэнэ. Хоёр группийн хориод нөхдөөс Монгол Улсын хүний гавьяат эмч П.Нямдаваа, Н.Төмөрбаатар, Увс аймгийн уугуул С.Ган-Очир, Дэжээхүү, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Санжаажавын Оюун нарын таван гавьяат төрсөн түүхтэй.

Эмч-зохиолч С.Оюуныг манай уншигчид “Тан руу нүүж явна” уран сайхны кино, “Хорвоод ганцхан ээждээ”, “Үнсье чамайгаа”, “Хулжийн цэнхэр гол”, “Санана даа” зэрэг олон сайхан дуугаар нь мэднэ. Булган аймгийн Могод сумын уугуул эл эрхэм ангийнхныхаа тухай “Алтан чагнуур” хэмээх номыг төгсөлтийнхөө дөчин жилийн ойгоор хэвлүүлсэн аж. Эмч хэмээх эрхэм алдрын эздийн дундаас дөрвөн ч эмэгтэй хурандаа төрсөн байдаг. Тэдний нэг нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны дотрын, мэдрэлийн эмчээр, Хорихын нэгдсэн эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан дэд хурандаа Ишдүвжирийн Дашдулам юм. Долгор эмч бол Халдвартын диспансерын дэд даргаар ажиллаж байсан хүн. А.Марта төгсөөд төрөлх Баян-Өлгий аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр ажилласан байдаг. Мөнхцэцэг Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт чих, хамар, хоолойн эмчээр ажилласан бол нөхөр Магсаржав БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн эрүүлийг хамгаалахыг хариуцсан референтээр олон жил ажилласан хариуцлагатай албан тушаалтан юм.

Сайд асан П.Нямдаваа ангийнхаа охин Ж.Оюунбаттай тоонот гэрт толгой холбосон нь цагдаагийн газарт криминалистикийн эмчээр насаараа ажилласан дэд хурандаа болжээ. Тэрээр эдүгээ “Гялс” анагаах ухааны төвийн захирлаар ажиллаж буй аж. Ангийн охин Зулаа нь арьс өнгөний эмч. Цогзолмаа Халдвартын эмч. П.Нямдаваа сайдаар ажиллах үедээ ангийнхаа Цоомойн Халтар эмчийг яамныхаа Төрийн нарийн бичгийн даргаар томилон ажиллуулж байжээ. Халтар эмч Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байсан нэр хүндтэй хүн учраас эрүүл мэндийн салбараа чухам гарын хуруу шигээ анддаггүй байсан гэдэг. Тиймээс ч Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул эл эрхэм Монгол-Германы Засгийн газрын хамтарсан эрүүл мэндийн төсөлд амьдралынхаа арваад жилийг зориулжээ.

Нэрт яруу найрагч Тоомойн Очирхүү нэгийн нэгт буюу под группт суралцаж байж. Намрын ажилд явах үед хөгжмийн зохиолч “хуруу” хэмээх Баатартай хамтран ангийнхаа найрагчийн зохиосон

“Эрдэм номын ширээнээ

Тохой залгаж суусан

Ээжийн хоёр хүү шиг

Тоглон наадан өнгөрөөсөн

Оюутан ахуй цагаа

Эргээд чи минь дурсана уу

Олон хаврын өдрүүдээ

Сэргээж нэг санана уу” гэсэн үгтэй “Оюутан цагаа дурсана уу” хэмээх алдарт дуугаар гангарч, залуу насаараа чимж явснаа өнөө ч тэд мартаагүй. Охид нь хөнжлөөрөө хөлөө хучиж суучихаад дуулцгаах. Энэ дуу эдүгээ ЭМШУИС-ийн тэнд хөшөөнд мөнхөрчээ.

Улсын арслан Дагвасүрэн гуай эдний факультетэд суралцаж байжээ. П.Нямдаваа, С.Оюун нар АУДС-ийн Эвлэлийн хорооны гишүүд. Тэд гэр бүлийн асуудалтай оюутнуудыг авч хэлэлцдэг мундаг эрх мэдэлтэй байсан гэж байгаа. Сургуулийнхаа “Алтан чагнуур” хэмээх ханын сонинг ватум цаасан дээр хийнэ. Харин тухайн үеийн Анагаахын дээдийн утга зохиолын дугуйлангийн эрхлэгч нь хожим УИХ-ын гишүүн байсан Г.Зуунай байсан бол дугуйлангийн багш нар нь төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа, нэрт зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэн нар байсан гэдэг.

Энд нэг хөгжилтэй зүйл дурсахад архины хориотой жил Нямдаваагийнхаа гавьяат цолны найранд уригдахдаа ангийнхан нь бэлгэн дээр нэг алтан шар “Чингис”-тэй очихдоо “Өрөөлөөс худалдаж аваагүй, өөрт байснаа л авчирлаа шүү” гэж гардуулахад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Танай ангийнхан хуулийн цоорхой ашиглаж байх шив” гэж дооглож байжээ. Харамсалтай нь тэр архи ангийнханд нь ноогдолгүй, томчуулын ширээ хавьцаа шингээд алга болчихсон гэж тэд инээлдэцгээж байсан. Гэмтлийн сайн мэс засалч Ч.Батнасанг дурдахгүй бол алдас болно. Нүүрэндээ унаган туурайн тамгатай Зэдбазар ч аймгаараа овоглосон мундаг эмч хүн. Одоогоос дөчин таван жилийн тэртээ Анагаах ухааны дээд сургуулийг дүүргэсэн энэ л ангийнхан хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсохдоо зогсож, соён гэгээрүүлж ирсэн бахархам түүхтэй хамт олон ажгу.

Categories
мэдээ цаг-үе

Нарантунгалаг гавьяатын Монголоороо бахархах даруухан зан жинхэнэ монгол брэнд

Монгол Улсын гавьяат тамирчин, холимог тулааны урлагийн мастер Жадамбаагийн Нарантунгалаг одоогоос хэдхэн хоногийн өмнө Сингапурт болсон “One Championship” тэмцээнд тулалдаж, Японы тулаанч, “Ямомото армийн толгойлогч”, “мистер тохой”, “No Face” зэрэг хочит Котэцү Бокутай тулалдлаа. Тэмцээний шууд нэвтрүүлгээр манай тамирчны танилцуулга бэсрэг клип гарлаа. Нарантунгалаг аргагүй л Монгол Улсын нэрийн хуудас, бас аргагүй л брэнд юм аа. Монголын эстрадын урлагийн хамгийн нэр хүндтэй “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат Дашзэгвийн Жаргалсайханы дуулсан “Чингисийн баатрууд” дуу эгшиглэж, тэр завсар Монгол Улсын өдөр тутмын шилдэг хэвлэл “Өдрийн сонин” дээр хэвлэгдсэн өөрийнх нь гавьяат болсон тухай мэдээлэл тодхон харагдав. Тэрчлэн монгол тамирчдын сүлд дуу “Тамирчны алдар” дуу чихэнд дотно сонсогдож “Монгол, Нарантунгалаг Жадамбаа” гэх үгс цаанаа л донжтой сонсогдов.

Холимог тулааны урлагийн тамирчдыг харж байхад “барилдахаасаа таахалзах нь их” нөхөд байдаг. Тэд голдуу л өөрсдөдөө “кобро”, “тигр”, бүр алуурчин гэсэн хоч өгсөн байдаг бол манай брэнд тулаанч маань “TUNGAA” гэсэн богино нэрээ англи, монгол бичгээр дурайлгажээ. Тунгаа гэхэд сэтгэлд нэг ойр, чихэнд нэг л зөөлөн сонсогдоно. Монгол үгийн утгаар ч бодсон “тунгааж бодох, тунгаан шүүх” гэсэн эерэг агуулга байхаас хорт могой, махчин араатан, якузагийн толгойлогч гэх мэт гэмт хэрэг, хүчирхийлэлтэй холбогдох хоч нэрстэй огтхон ч дүйхгүй. Бусад тамирчид зурагт самбар аятай л эрээн мяраан юм байхад манай Тунгаа зүрхэн тушаа газраа “Монгол” гэж улсынхаа нэрийг босоо монгол бичгээр дурайлган сийлүүлсэн нь сайхан харагдаж байна. Японд болсон холимог тулааны үед агаарт үсрэлттэй хайчлах өшиглөлтөөр буулгаж авахад нь япончууд шагшин гайхаж “Энэ ямар нэртэй өшиглөлт вэ” гэж Асашёорюү аваргаас асуухад “Чингисийн цавчилт” гэж хөөрхөн цаашлуулснаар Тунгааг гадныхан тийн нэрлэх болсон.

Нарантунгалаг гавьяат маань Дарханы “солгой” Жааяа хэмээх удамт аавынхаа нэрийг даян дэлхийд гаргаж яваа жирийн л нэг тамирчин. Түүнийг мэргэжлийн тулааны рингэн дээр тулалд гэж хэн ч шахаж шаардаагүй. Гэлээ ч тэр гаргасан амжилтаараа өнөөдөр хүссэн ч, эс хүссэн ч Монголын брэнд болсон. “Ямамото армийн толгойлогч” хэмээх сүржин хочтой, биеэрээ дүүрэн шивээстэй Котэцү Боку өмнө нь 2004 онд манай тамирчинг ялж байсан бөгөөд нийт 36 тулалдахдаа 24 ялж, 10 ялагдаж, хоёр удаа цуцалсан, хүчтэй өрсөлдөгч байсан. Гэвч түүнийг даруухан монгол тамирчин гурав дахь үед боох мэхээр буулгаж авлаа. Тэглээ гээд тэр сагсайж согсойхгүй. “Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхөлздөг” гэсэн дорнын мэргэн үгийг хүүдээ ойлгуулчихвал амьдралын маань утга учир биелнэ гэх даруухан мөрөөдөлтэй Ж.Нарантунгалагийн үнэ цэн Монголоо дээдлэх чих халуун сэтгэл зүрхэнд оршиж байгаа. Тэр үндсэрхэг үзэлтэй гээд гудамжинд гарч жирийн гадаад иргэдийг дээрэлхсэнгүй, ханз бичиг үсэг шатааж сүржин загнасангүй. Тэр харин Монголоо дээдэлж, Чингис хаанаараа бахархан, төрийн далбаагаа мандуулж, “Өдрийн сонин”-оо уншин, өөрөө жинхэнэ монгол брэнд болж явна.

Categories
мэдээ цаг-үе

Уулын спортын олимпийн аварга төрүүлэх хүсэлтэй бүсгүй

“Алтай таван Богдын Хүйтний оргилд хийсэн авиралт амьдралын минь хамгийн хүнд даваа байсан. Зарим сэтгүүлээс гаргасан статистикаар дэлхийн хамгийн хүнд арван оргилд багтдаг хайрхан л даа. Авиралт хийх үедээ бүр буцъя гэж хэлж үзсэн. Амьдралдаа тэгтлээ шантарч байснаа санадаггүй юм. Гэтэл оргилд гарсан чинь хэцүү бүхнээ мартчихсан. Уул их шидтэй юм билээ. Оргилд гарангуутаа өөрийн эрхгүй цурхирч уйлсан. Өөрийгөө ялсандаа, байгалийн сүр хүчийг биширч сүсэглэсэндээ уйлсан. Уг нь би сүсэгтэй хүн биш ч уул надад байгальд сүслэх мэдрэмж өгсөн. Доогуур үүлс нүүгээд, эргэн тойрон уулсаас өөр юу ч харагдахгүй, тэнгэр энүүхэнд юм шиг тийм орчинд сүрдэж сүслэх мэдрэмж төрөхгүй байх аргагүй юм билээ” гэж ярих бүсгүйг Б.Золжаргал гэдэг. “Skypro” компанийн үүсгэн байгуулагч энэ бүсгүй Монголын уулчдын үндэсний холбооны тэмцээнт төрөл хариуцсан дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн нь. Б.Золжаргал дөрвөн хүүхэд төрүүлсэн алдарт эх. Нөхөр нь төрд алба хашдаг юм билээ. Бизнес эрхэлдэг завгүй ээж чөлөөт цагаа уулын спортын олимпийн аварга төрүүлэх том зорилгодоо зарцуулж байгаа.

Уулын спортын мөсөнд авиралт, спорт авиралт гэсэн хоёр төрөл олимпод орох гэж өрсөлдөж байгаа юм билээ. Уулын спортод дурлах болсон нь бизнестэй нь холбоотой аж. Түүний удирддаг компани уулын спортын хэрэгслийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд болох Францын “Petzl”-ийг Монголд албан ёсоор оруулж ирдэг юм байна. Зах зээлээ судлах зорилгоор уулын спортыг судалж эхэлсэн бүсгүй уулын спортын тэмцээнүүдийг ивээн тэтгэдэг байж. Монголоос дэлхийн цомын тэмцээнд явж байгаа хүүхдүүдийг ч ивээн тэтгэж байжээ. Холбооноос хүсэлт тавьсан учраас өнгөрсөн жилээс дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж эхэлсэн гэнэ.

Тэр Хүйтний оргилоос гадна Ховдын Цамбагарав хайрханд авиралт хийж байж. Ууланд дуртай бүсгүй боломж цаг гарвал Европ тивийн ноён оргил Эльбрус, Альпийн нуруунд аялах хүсэлтэйгээ ярив. Гэхдээ мэдээж хамгийн том хүсэл нь Монголоос уулын спортын олимпийн аварга төрүүлэх.

Дэлхийд уулын спортын хоёр том байгууллага байдаг гэнэ. Нэг нь Олон улсын уулын холбоо. Нөгөө нь Олон улсын уулын холбооноос тасарсан Спорт аяллын олон улсын холбоо. Манай Уулын холбооныхон олон улсын холбоодтой идэвхтэй хамтраад эхэлчихэж. Өнгөрсөн жил Олон улсын уулын холбооны ерөнхийлөгчийг урьжээ. Түрүү жилээс мөсөнд авиралтын төрлөөр дэлхийн цомын тэмцээнүүдэд орж эхэлсэн гэж Золжаргал сонирхуулав. Тэр энэ сарын эхээр Хятадын Нянжинь хотод болсон спорт авиралтын дэлхийн цомын тэмцээнд хоёр тамирчинтайгаа оролцжээ.

Хэр амжилттай оролцсоныг нь сонирхоход “Олон улсын тэмцээнд оролцоогүй дөрвөн жил болсон учраас мэдээж сайн амжилт үзүүлээгүй. Гэхдээ маш ихийг сурлаа. Олон улсын уулын холбоо болон Хятадын уулын холбоотой харилцаагаа бататгалаа. Цааш цаашдын олон тэмцээнд хамтарсан бэлтгэл хийхгүй бол хол хоцорсноо мэдэрлээ. Тамирчдын хувьд гэхэд л сургалт шаргуу хийх ёстой гэсэн сэдэл төрөөд ирсэн. Зориулалтын стандартын хана нь алга л даа. Стандартын дагуу барьсан 15 метр өндөртэй хурдны хана алга. Энэ талд түлхүү анхаарч ажиллана гэж бодож байна. Уулын спортыг олимпод оруулах гээд Хятад, Солонгос маш их хөрөнгө хаяж байгаа. Бид ч хоцролгүйгээр анхны олимпод тамирчнаа явуулмаар байна” гэсэн хариу өгөв.

Уулын холбоо нэлээд шинэчлэгдсэн бололтой. Компаниар яривал корпорацийн түвшинд шахуу өөрчлөлт хийгдсэн гэнэ. Дотроо олон мэргэжлийн хороодтой болж задарсан нь уулын спортыг хөгжүүлэхэд том тус болно гэж уулчид олзуурхаж байгаа гэсэн. Золжаргал гэхэд л Спорт авиралт, хаданд авиралтын хороо, Мөсөнд авиралтын хороо, Скайранингийн хороог ахалж байна. Скайранинг нь их сонин төрөл юм. Бүдүүн тоймоор хэлбэл уулан дээгүүр гүйдэг спортыг ингэж нэрлэдэг аж. Дотроо босоо чиглэлийнх, хэвтээ чиглэлийнх гэсэн хоёр төрөл байдаг бололтой. Сүүлийн үед хурдацтай хөгжиж буй уулын спортын энэ төрлийг эх орондоо хөгжүүлнэ гэж Золжаргал ярьсан юм.