Categories
мэдээ цаг-үе

Биеийн тамирын факультетийн “Социалист нөхөрлөл”-ийн дөрвийн “А” ангийнхан

“Нэг ангийнхан” буланд энэ удаад Улсын Багшийн дээд сургуулийн Биеийн тамирын факультетэд Биеийн тамирын багш, дасгалжуулагчаар 1965-1969 онд суралцаж төгссөн нэг ангийнхныг урилаа.

Тухайн үедээ улсын шигшээ багт хичээллэдэг, аймаг, орон нутгаасаа шалгарсан, цаашид олимп, тив дэлхийд улс орныхоо нэрийг гаргах ирээдүйтэй гэсэн тамирчид, спортын салбарыг авч явах боловсон хүчнүүд энэ ангид элсэн оржээ. Шинэхэн оюутнууд дундаас Д.Намжилмаа, Г.Батбаяр, Ч.Дамдиншарав, Д.Хишгээ гэсэн дөрвөн оюутан Улсын шигшээгийн тамирчид. Тэд 1968 оны олимпод өрсөлдөх боломжтой тамирчдын тоонд зүй ёсоор тооцогдож байсан хүмүүс учир сургуулийн захиргаа болоод спортын газруудаас онцгой анхаарал хандуулна. Ер нь л тэмцээн уралдаан гээд явчихдаг учир эдний ангийнхны хувьд хичээлдээ бүрэн сууна гэдэг ярвигтай. Гэвч тэмцээнд явсан нэгнийхээ хичээлийг бусад нь нөхөж өгч, ирэхээр нь хоцорсон хичээлийг нь ойлгуулж өгдөг бие биедээ анхаарал халамж тавьдаг, их эв нэгдэлтэй, багш нарынхаа итгэлийг даасан мундаг анги байжээ. Социалист хөдөлгөөн идэвхжиж бүгд социалист хөдөлмөрийн даалгавар авч, нийгмийн бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан үе. Эдний ангийнхан ч тэр хөдөлгөөнөөс хоцрохыг хүссэнгүй. Хөдөлмөрийн төлөвлөгөө авч түүнийгээ ч биелүүлж “Социалист нөхөрлөл” гэсэн батламж авсан нь ангийнх нь дурсгалын цомогт үлджээ. Намар, хаврын ажилд Хөвсгөл, Хэнтий, Төв аймаг гээд ийш тийш явцгаана. Тамирын анги болохоор ер нь хүч чадал шаардсан ажилд дайчлагддаг байж. Станкин, Осипов, Аюшеева гэсэн Зөвлөлтийн мэргэжилтнүүд хичээл заана. Мэргэжлийн хичээлүүдээ орос хэлээр үзэцгээнэ. Ингээд 1968 оны олимп хаяанд ирэв. Д.Хишгээ шөрмөсөө гэмтээснээр олимп руу явах боломжгүй болжээ. Ингээд эдний ангиас Ч.Дамдиншарав чөлөөт бөхөөр, Д.Намжилмаа хөнгөн атлетикийн төрлөөр Мехиког зорьжээ. Ангийнх нь анд Ч.Дамдиншарав Мехикогийн олимпод одтой барилдаж Монгол Улсад анхны олимпийн медаль, хүрэл медаль хүртсэн нь үгээр илэрхийлэхийн аргагүй том баяр болжээ.

Ардын багш Ч.Дамдиншарав анхны медаль авсан тухайгаа “Тэгэхэд дөрвөн хүн финалд үлдсэн шүү дээ. Мөнхбат аварга, Сэрээтэр, Артаг бид дөрөв. Зарим нь медаль авах нь тодорхой биш байсан. Мөнхбат аварга Америкийн бөхийг ялбал авна. Ялагдвал ямар ч медальгүй хоцрох тийм л эгзэгтэй мөч байлаа. Тэр үед би хамгийн эхэлж салхийг нь хагалах хүн. Хөнгөн жингийн бөх. 52 кг-ын жинд барилддаг байлаа. Нөгөө гурав маань намайг хүлээж байсан юм, бэлтгэлийн заалнаас гараад. “Чи эхлээд медаль авна шүү. Чамайг медаль авбал бид гурав авна” гэсэн хүлээлттэй байсан. Би ч хүрэл медаль дээр буулаа. Намайг нөгөө гурав маань тэвэрч авлаа. Мөөеө аваргыг санадаг юм. Хана шаагаад л “Би америкийг дэлгэж өгнө өө” гээд л гарсан. Цөмөөрөө медалийн болзол хангасан. Миний хувьд тийм л юм. Азтай байсан байх. Одооны хүүхдийн ярьдгаар ёндоотой байсан болохоороо л анхны медалийг авсан болов уу гэж боддог шүү” гэж ярилаа.

Ангийнх нь анд ийнхүү олимпийн медалийн салхийг хагалж монгол түмнээ баярлуулсан бол Д.Намжилмаа хөнгөн атлетикаар шигшээ наймд шалгарсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болжээ.

Ч.Дамдиншарав олимпоос ирэхэд ангийнхан нь баяр хөөр болцгоож, бүгд л уран зохиолын элдэв төрлийн ном дурсгаж баяр хүргэжээ. Түүнээс биш медалийг нь угаана энэ тэр гэж одооныхон шиг наргиж цэнгэнэ гэж байдаггүй байж. Тэмцээн уралдааны бэлтгэлд гарсан, гадагшаа дотогшоо тэмцээнээр явсан нэгнийхээ хичээлийг нөхөж бичиж өгцгөөнө. Эдний ангиас ганц хос төрсөн нь Г.Ирина, Ч.Дамдиншарав хоёр. Г.Ирина тэмцээнээр явсан хүүхдийн хичээлийг нөхөж бичиж өгөхөд сэтгэлээрээ ханддаг охин байж. Ч.Дамдиншаравын хичээлийг уйгагүй бичиж өгч, хоцорсон хичээлийг нь хичээнгүйлэн заадаг байсан нь тэднийг дотно болгосон байж магадгүй. Тэгээд энэ хоёр маань удахгүй нэг гэрт орсон доо гэж ангийнхан нь ярилаа. Ардын багш Ч.Дамдиншарав “Ангийн охин Ирина буюу миний хань чинь намайг дээд сургуулиа амжилттай төгсөхөд хамгийн их дэмжиж, тусалсан хүн. Бид хоёр оюутан ахуй цагт дотносч хүү, охинтой болж байлаа. Ширээнийхээ охиноор хичээл хийлгэсээр байгаад л аваад суучихсан юм шүү дээ” гэж ярилаа. Эдний анги Д.Намжилмаа, Г.Батбаяр, Ч.Дамдиншарав, Д.Хишгээ гэсэн дөрвөн гавьяаттай бол спортын мастер цолтой нь арав гаруй бий. Б.Наран, Б.Баасан ширээний теннисний, Д.Баадай цанын, Б.Гунгаадаш хөнгөн атлетикийн, Ц.Базаргүр, О.Цогтоо нар хөлбөмбөгийн, Д.Түмэндамба боксын спортын мастерууд.

Д.Хишгээ дунд сургуулийн долдугаар ангиасаа л шигшээд орж, хүүхэд байхаасаа л тамирчны цалинд хүрсэн болохоор урилгаар уг ангид элсчээ. Түүнтэй хамт гуч гарсан ах эгч нар ч хамт сурч байжээ. Энд тэнд спортын чиглэлийн ажил хийж байгаад ирсэн Б.Гунгаадаш, Ц.Лувсандаш, О.Цогтоо нар бол ангийнхныхаа өмөг түшиг нь. Эдний ангийнхан энэ гурав дээрээ хуваагдаж хичээлээ давтацгаана. Б.Гунгаадаш Дундговь аймгийн дасгалжуулагч, Ц.Лувсандаш Хотын биеийн тамир спортын хорооны даргаар ажиллаж байсан тухайн үедээ оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, сурлага, зохион байгуулалтаараа үеийнхнээ манлайлдаг оюутнууд. Тиймээс ангийнхаа бүх хүүхдэд аав нь юм шиг хандаж анхаарал тавьдаг байж.

О.Цогтоогийн группийнхныг “Баригдашгүй өшөө авагчид” киноны атаман Бурнашийн группийнхэн гэж өнөө хоёр группийнхэн нь шоолдог байж. Эдний ангийнхан спортоор шилдэг байгаад зогсохгүй, урлагаараа ч шилдэг нь байж. Урлагийн үзлэгт Ц.Отгон, Ц.Базаргүр, Ц.Гүндэгмаа, Я.Туяа, Д.Хишгээ нар “Усан цэргийн бүжиг”-ээр нэгдүгээр байрт шалгарч байжээ. Уг бүжигт Ц.Отгон, Ц.Базаргүр нар тогоочийн дүрийг бүтээсэн бол өнөө гурав нь сахал зурж, усан цэргийн малгай сэлт өмсөөд эрэгтэй дүрийг харуулжээ. Бүжгийн эргэлттэй хүнд үзүүлбэрийг харуулж чадсан учир тэр үедээ л багахан хэмжээний шуугиан тарьж түрүүлсэн нь тэдний хувьд хэзээ ч мартагдашгүй мөчүүдийнх нь нэг болж.

Анатоми физиологийн хичээл орно. Хүний биеийн бүтцийн талаар маш нарийвчлан заадаг байсан учир тэр үед биеийн тамирын ангийнхан бараг шахуу бага эмчийн хэмжээний мэдлэгтэй төгсдөг байжээ. Нэг удаа анатоми физиологийн хичээлийн шалгалт болж ангиар нь дүүрэн инээдэм болж байсан нь санаанаас гардаггүй гэнэ. Билет сугалтал Д.Хишгээд хүний гарын сарвууг тайлбарлах даалгавар иржээ. Багшийн заасныг бүгдийг нь хэлээд сайн авчээ. Түүний дараа Б.Гунгаадаш ороод эм бэлэг эрхтний тухай ярих болж. Ангийнхан дундаа ахмад оюутан байсан болохоор их л сайн ярьсан учир тав буюу онц аваад гараад иржээ. Харин түүний дараа Н.Бурмаа орвол эр бэлэг эрхтний тухай ярих сэдэв таарч. Н.Бурмаагийн нүүр улайж юу ч тайлбарлаж чадахгүй, сүүлдээ инээдээ барьж чадахгүй эргэн тойрныхноо хүртэл инээлгэчихэж. Багш нь энэ байдлыг анзаараад гурав тавьж шалгалтад тэнцүүлж байсныг ярьцгааж “Бөөн инээдэм болж билээ. Элэг хөштөл инээлдэж, Бурмаагаа үгүй ээ мөн их цаашлуулдаг байж шүү. Бас хүнд хэдэн хавирга байдаг вэ гэж багшийг асуутал хавиргаа тоолоод 12 гэж байсан хүн ч бидний дунд бий шүү” гэцгээв.

Багш, дасгалжуулагчийн ангийн оюутнууд бусад мэргэжлээр сурдаг оюутнуудаас 40 төгрөгөөр илүү стипендтэй. Дөрвөн жил сурахад нь улсаас хоёр удаа бэлтгэлийн хувцас өгдөг байж. Бас тодорхой тооны спортоор болзол хангасан байх шаардлага тавьдаг ачаалал ихтэй учир ийн өндөр цалин олгодог байсан гэнэ, улсаас.

Дөрвийн “А”-гийнхан 1969 онд сургуулиа төгсөөд эх орныхоо өнцөг булан бүрт очиж мэргэжлээрээ ажиллахын сацуу тамирчны замналаа ч үргэлжлүүлжээ. Монголын спортын хөгжилд шилдэг шавь нар бэлдэж хувь нэмэр оруулж, түүхийн шаргал хуудаснаа нэрээ мөнхөлцгөөсөн бол зарим нь хөдөө орон нутагт очиж Биеийн тамир, спортын газар удирдаж, спортын бодлогыг зангидалцаж явжээ. Одоо эдний ангийнхнаас Улаанбаатар хотод арав гаруй хүн амьдардаг юм байна. Ангийнхантайгаа байнгын холбоотой. Жилд нэгээс хоёр удаа уулзана. Зургадугаар сард тохиодог тамирчны өдрөөр заавал цуглацгаана. Зуны дэлгэр цагт амарч зугаалж, нэгнийдээ очдог бол намар ч уулзах дуртай гэсэн. Саяхан ангийнхан нь ангийн дөрвөн гавьяатдаа хүндэтгэл үзүүлж хүлээн авсан гэнэ. Хөнгөн атлетикийн гавьяат дасгалжуулагч Д.Хишгээ “Удахгүй дөрвөн гавьяат нь ангийнхнаа хүлээж авна даа. Хонины ээлж бидэн дээр ирж байна” хэмээлээ. Тавиад жилийн тэртээ Улсын багшийн сургуулийн босгыг алхан орж байсан залуус Монголын спортын алтан үеийг бичилцэж, тив, дэлхийд эх орныхоо алтан соёмбот тугийг мандуулж мандаж явжээ. Харин одоо тэд хийсэн бүтээсэнтэй, хэлэх үгтэй, захих захиастай энх тунх сууж, ирээдүйн тамирчдадаа үнэтэй зөвлөгөөгөө өгсөөр явна.

Монголын анхны олимпийн медальтан, ардын багш Ч.Дамдиншарав “Бид нэг анги гэх халуун бүлийн гишүүд болоод тавин жил болжээ. Сургуулиа төгсөөд тус тусын ажил амьдралын мөрөө хөөгөөд тамирчин, дасгалжуулагчаар ажиллаж, олон мундаг шавь төрүүлж спортод нэрээ үлдээцгээлээ, манай ангийнхан. Хийж бүтээх насаа өнгөрөөж гавьяаныхаа амралтад суугаад ирэхээр хүн чинь оюутан ахуй цагийн найзуудаа өөрийн эрхгүй их санадаг юм байна. Тэгээд нэг нэгээрээ хорвоогоос буцаад эхлэхээр үлдсэн хэд нь бие бие рүүгээ тэмүүлдэг болчихдог юм байна” гээд “Бид чинь ер нь байнгын холбоо харилцаатай байдаг хүмүүс. Тавин жил нөхөрлөсөн андууд. Ийм олон жил нөхөрлөж холбоо харилцаатай байна гэдэг ховор үйл явдал шүү. Биднийг тийм болохоор салшгүй андууд, жинхэнэ нэг ангийнхан гэж хэлж болно” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Фэйсбүүк, твиттерээр хүнийг гүтгэж доромжлох хэргүүд их гарч байна

Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Очирбаттай ярилцлаа.

-Цахим орчинд ямар төрлийн гэмт хэргүүд гардаг вэ. Хамгийн их гарч байгаа хэргүүдээс дурдахгүй юу?

-Цахим гэмт хэрэг бол харьцангуй шинэ төрөлд орно. Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцээд гурав, дөрвөн жилийн нүүр үзэж байна. Мэдээллийн аюулгүй байдал, оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг, садар самуун сурталчлах, захидал харилцааны нууцад халдсан ийм гэмт хэргүүдийг манайх илрүүлэн шалгаж байна. Үүнээс гадна цахим орчинд үйлдэгдэж байгаа маш олон хэрэг бий. Цахим орчинд хамгийн их гарч байгаа хэргүүд гэвэл, гадаадаас Монгол Улс руу чиглэсэн цахим гэмт хэргүүд байна. Цахим шуудангийн луйвар, нигерийн залилангийн хэрэг байна. Монгол Улс дотооддоо гарч байгаа хэргүүд гэвэл, сүүлийн үед фэйсбүүк, твиттер, сошиал ертөнцөд хүний нэр хүндийг гүтгэх буюу Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйл ангийн хэргүүд их гарч байна. Дээр нь залилангийн хэрэг, компьютер мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг сүүлийн хоёр жилд нэлээд их гарч байна. Ялангуяа, өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн аюулгүй байдал алдагдсан ийм хэрэг олон гарлаа. Хувийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс гадна төрийн байгууллагын мэдээлэл алдагдсан хэргүүд гарч байна. Манай аж ахуйн нэгж, байгууллагууд техник технологи, боловсон хүчин дээр анхаарахгүй, арга хэмжээ авахгүй бол болохгүй болж байгааг гарч буй олон хэргээс харагдаж байна.

-Саяхан нэгэн УИХ-ын гишүүнийг нэрээ нууцалсан хаягнаас гүтгэж, доромжилсон. Нууц хаягийн ард хэн гэж хүн байсныг танайхаас илрүүлсэн байна лээ. Гүтгүүлж доромжлууллаа, шалгаад өгөөч гэсэн өргөдөл хэр их ирдэг вэ?

-Цахим орчин, фэйсбүүк, твиттерт нууцалсан хаягнаас бусдыг гүтгэх доромжлох, нэр төрд нь халдах ийм байдал их гардаг юм байна. Энэ хэрээр цагдаагийн байгууллагад энэ төрлийн хэргийг шалгуулах өргөдөл их ирж байна. Одоо УИХ-ын сонгууль дөхсөн учраас хүнийг гүтгэх, доромжлох ийм байдал бүр ч их нэмэгдэж байгаа бололтой. Цагдаагийн байгууллагад ирж байгаа өргөдөл гомдол ихэсч байгаагаас харахад энэ нь тодорхой байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас гадна Ч.Улаан гишүүн манайд өргөдөл өгсний дагуу шалгасан байгаа. Цагдаагийн байгууллагад ирсэн гүтгүүлж доромжлууллаа гэсэн өргөдлийн ихэнх нь хуурамч хаягтай байна. Цөөн тохиолдолд нэр хаяг нь тодорхой байдаг.

-Цахим орчинд болдог хэрэг илрэхгүй байна гэж байдаггүй гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн үү. Энэ төрлийн хэргийг хэрхэн илрүүлдэг вэ?

-Цахим орчинд гарч байгаа хэргүүд огт илрэх боломжгүй хэрэг гэж ховор гэдэг нь үнэн. Одоогийн манай хууль болон бусад шалтгаан нөхцөлөөс болоод илрэхгүй байх тохиолдлууд байна. Гэхдээ тэр тухай хэлбэл, олон хүн энэ талаар уншиж байгаа учраас магадгүй зарим хүмүүст тэр нь сэдэл болж, ашиглах тохиолдол гарч болзошгүй учраас дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй байх гэж бодож байна. Ер нь фэйсбүүк, твиттерт хүнийг гүтгэсэн, доромжилсон нэр, зураг нь байхгүй ийм хуурамч хаягуудыг илрүүлэхэд хүндрэлүүд байна. Гэхдээ илрүүлэх олон төрлийн арга бий. Ямар хугацаанд яаж ажилладаг талаар мөрдөн байцаалтын нууц учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй. Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн гэх энэ хэргийн цаана нэрээ нууцалсан гурав, дөрвөн акаунт хаяг байсан. Тэд нарын цаад эздийнх нь ашиглаж байсан IPI буюу интернэт протокол хаягийг шүүгээд энэ бол юнивишний хэрэглэгч байна гэдэг нь гараад ирлээ. Тэднийхээс лавлагаа авахаар бүх зүйл тодорхой болоод ирж байна. Манайд энэ төрлийн хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй зүйл бол фэйсбүүкийн ямар ч нэр, утас, зураг байхгүй, тухайн хүний нэг ч мэдээлэл байхгүй хаягийг илрүүлэхэд хугацаа шаардлагатай байна. Фэйсбүүкийн толгой компани, сервер нь АНУ-д байгаа учраас тус улс руу манайхаас хүсэлт явуулах маягаар ажиллана. Үүнд нэлээд хугацаа шаардагдаж байна. Бас тус улсын хууль эрхзүйн орчин, манай улсын хууль эрхзүйн орчин зөрүүтэй байдлуудаас ганц нэг хүндрэл гарч байгаа. АНУ -ын хуулиар шүүхийн шийдвэр гарсан бол хүсэлтийг биелүүлдэг юм байна. Манай хуулиар прокурорын дүгнэлтээр шалгах эрхтэй болдог. Энэ мэт улс хоорондын хууль эрхзүйн орчин өөр байгаагаас асуудлууд байна. Гэхдээ одоо батлагдах гэж байгаа шинэ хуульд шүүхийн шийдвэр гардаг болж байгаа. Тиймээс энэ төрлийн хэрэг нааштай, хурдан шийдэгдэнэ гэдэгт найдаж байна.

Ер нь манай алба харьцангуй шинэ алба учраас дутагдалтай зүйлүүд байгааг нуугаад яахав. Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай бүртгэлүүдийг хийхгүй байна. Интернэт хэрэглэж байгаа хүн IPI дугаар авах ёстой. Гар утастай хүн утасны дугаартай байдаг шиг интернэт хэрэглэж байгаа хүн IPI дугаартай байна. Тэр бүртгэлийг нь бүртгэхгүй байна гэсэн үг.

-Олон улсын жишигт цахим орчинд хүнийг гүтгэж доромжлох энэ төрлийн хэрэгтэй хэрхэн тэмцдэг вэ?

-Олон улсын жишигт сошиал ертөнцөд хэн нэгнийг гүтгэсэн, доромжилсон бол тэр бүр авч хэлцдэггүй юм билээ. Өөрөөр хэлбэл, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн хэлтэс нь шалгадаггүй. АНУ-д бол сошиалаар хэн нэгнийг гүтгэж доромжилсон энэ мэт зүйлийг тоодоггүй. Тухайн хүн өөрийгөө тийм биш гэдгээ амьдралаараа үлгэр дуурайлаараа үзүүлж батлах ёстой гэсэн зарчим үйлчилдэг. Саяхан Өмнөд Солонгос улсад сошиалаар хүнийг гүтгэвэл шалгадаг болсон байна. Энэ нь юунаас болсон гэхээр, Өмнөд Солонгосын нэг алдартай дуучинг фэйсбүүкээр гүтгэж доромжилсон маш олон сэтгэгдэл очсон байна. Үүнээс болоод тэр дуучин сэтгэлээр унаж, амиа хорлож нас барсан хэрэг гарсан. Энэ үйл явдлаас болоод хуульдаа тусгасан байдаг.

-Цахим сайтад гарсан мэдээллүүдийн доорх сэтгэгдлүүдэд хүнийг гүтгэх, доромжлох ийм байдал их байдаг шүү дээ. Энэ бол асуудалгүй илрэх юм байна тийм үү?

-Цахим сайтууд чинь буух эзэнтэй учраас ямар хүн хаанаас бичсэн гэдгийг олоход асуудалгүй. Ард талдаа IPI ил байгаа шүү дээ. Гэхдээ мэргэжлийн хүмүүс IPI нууцлаад орох тохиолдол бий. Энэ тохиолдолд илрүүлэхэд бас хүндрэлтэй. Гэхдээ илэрнэ.

-Фэйсбүүк хаягийн нууц үгийг хакердаж олоод хүний хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэх ийм хэргүүд гарч байгаа гэсэн?

-Хакер бол мөн л мэдээллийн аюулгүй байдлын эсрэг хэрэг юм. Энэ төрлийн хэрэгт ихэнхдээ залуучууд холбогдож байна. Мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа, сурч байгаад дундаас нь сургуулиасаа гарсан ийм залуучууд энэ төрлийн хэрэгт холбогдох нь их байна. Интернэтэд хакерын төрлийн бүх мэдээлэл байна. Үүнийг үзээд маш их зүйл сурч байна. Наад зах нь хамгаалалт муутай сайтууд руу орж мэдээллийг нь хуулж авах хэрэг гарч байна л даа. Ер нь хүний нэр төрд халдах, хүний нууцыг хууль бусаар олж аваад дэлгэх хэргүүд гарч байгаа. Фэйсбүүкийн акаунтуудын нууц үгийг олж авах олон хакерын аргууд байдаг. Ингэж нууц үгийг нь аваад залуу охидын найз залуутайгаа зургаа солилцсон нүцгэн зургуудыг нь олон нийтийн сүлжээгээр тараах ийм хэргүүд гарч байна. Мөн хүний нэр төрд халдсан ийм нэг хэрэг гарсан. Нэг эмэгтэй өөрийнхөө нүцгэн зургуудыг аваад хадгалсан байсан гар утсаа гээсэн. Тэр утсыг нь олж авсан хүн жилийн дараа эмэгтэй рүү ярьж 500 мянган төгрөг өг, эсвэл надтай бэлгийн харьцаанд ор гэж тулгасан байгаа юм. Үгүй гэвэл, энэ зургуудыг чинь фэйсбүүкт оруулна гэж сүрдүүлсэн. Эмэгтэйн хувьд зөвшөөрөөгүй, гэтэл тэр нөхөр нүцгэн авахуулсан зургуудыг нь интернетэд тавьсан байна. Энэ байдлаас болоод эмэгтэйн хувьд маш хүнд байдалд орж амиа хорлохыг хүртэл завдсан. Гэх мэт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна. Тэгэхээр хэрэглэгч өөрийнхөө нүцгэн зургуудаа гар утас, цахим хуудсандаа хадгалахгүй байж, аюулгүй байдлаа хамгаалах хэрэгтэй.

-Төрийн байгууллагуудын мэдээллийн нууц алдагдсан ямар хэрэг сүүлд гарсан бэ. Жишээ болгоод хэлж болох уу?

-Нэг төрийн байгууллага дээр гарсан хэргийг жишээ болгоод хэлье. Өмнө нь төрийн байгууллагад мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг ажилтан нь нэг асуудлаас болоод ажлаасаа халагдсан. Халагдсаныхаа дараа тухайн байгууллагад цуг ажиллаж байсан найз нөхөдтэйгөө уулзах нэрээр хуучин ажил дээрээ очиж мэдээллийн санд нь орж мэдээллийг нь өөртэй ашигтайгаар өөрчилсөн байсан. Төрийн байгууллага ихэнхдээ лавлагаа гаргаж өгдөг. Лавлагааг авахын тулд үндсэн мэдээллийг өөрийн хүссэнээр өөрчилсөн байсан. Бас хувийн байгууллагад сүүлд гарсан нэг хэрэг байна. Мөн мэдээллийн технологийн ажилтан буюу компьютерийн мэргэжилтэн нь маргаанаас болж ажлаасаа халагдсан. Тэр хүн өс санаад эргээд тухайн байгууллагыг хорлож өндөр үнээр бичүүлсэн программ болон санхүүгийн бүх баазыг нь устгасан байх жишээтэй. Гэх мэтчилэн мэдээллийн аюулгүй байдал нь сул байгаа аж ахуйн нэгжүүд хохирч байна.

-Та энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд хамгийн их санаа зовоосон ямар хэрэг байна вэ. Иргэдэд онцгойлон анхааруулах зүйл байна уу?

-Гадны улс орнуудад туршлага судлахаар очсон л доо. Ер нь дэлхий дахинд цахим гэмт хэрэг газар авч тулгамдсан асуудал болж байна. Тэр дундаа цахим орчин дахь залилангийн хэрэг их байна. Садар самуун, оюуны өмчийн хэрэг бүх л улс оронд их гарч байна. Оюуны өмчийн хэрэг олон улсад толгойны өвчин болж байгаа юм билээ.

Манайд цахим луйврын хэрэг их гарч байна. Одоогоор энэ төрлийн хэргийн хохирлын хэмжээ хоёр тэрбум төгрөг болжээ. Нэг байгууллагад учирч байгаа хохирлын хэмжээ маш өндөр, доод тал нь 20-30 мянган ам.доллар байна. Гадаадаас худалдан авалт хийдэг, бараа үйлчилгээ авдаг байгууллагуудын цахим хаяг руу бараа нийлүүлэгч компаниас мэйл ирж хоорондоо харилцдаг. Энэ мэдээллийг хакердаж, мэдээллийн нууцыг олж аваад манай данс өөрчлөгдсөн, та энэ данс руу мөнгөө хийгээрэй гээд өөрсдийнхөө дансыг өгдөг. Манай компаниуд асууж лавлаж тодруулахгүйгээр мөнгөө данс руу нь хийчихдэг. Энэ мэтээр мөнгөө алддаг. Эргээд мөнгөө олж авахад маш хүндрэлтэй. Манайхаас интерполоор мэдээлэл явуулж эрэн сурвалжилдаг ч эргээд мөнгөө олж авсан компани ховор байна. Он гарсаар энэ төрлийн хэрэг нэмэгдэж байна. Энэ төрлийн хэрэгтэй тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажлыг маш эрчимтэй авах ёстой. Манайхаас Худалдаа, аж үйлдвэрийн газартай хамтраад аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл анхааруулга хүргэсэн ч хангалтгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дэлгэрсайхан: Эх үрсийн баярт зориулж “Үзэсгэлэнт охин жонон хоёр” бүрэн хэмжээний хүүхдийн жүжиг тоглоно

“Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Эх үрсийн баяраар “Маск” продакшн хүүхдийн жүжиг тавихаар бэлтгэж байгаа гэж сонссон. Бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?

-Хошин урлагийн “Маск” продакшн Эх үрсийн баярт зориулж “Үзэсгэлэнт охин жонон хоёр” бүрэн хэмжээний хүүхдийн жүжгийг МҮЭСТО-ы тайзнаа тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-нд тоглохоор бэлтгэл ажил жигдэрчихээд байж байна. “Үзэсгэлэнт охин жонон хоёр” гэдэг хүүхэлдэйн кино байдгийг бүгд мэдэх байх. Манай хамтлагийнхан мартагдсан, мартагдах гэж байгаа хүүхдийн жүжгүүдийг бүрэн хэмжээгээр хүүхдүүддээ тоглож үзүүлэхийг зорьдог. Гэхдээ бага насны хүүхдүүдэд аль болохоор өгөөжтэй үлгэрүүдийг сонгож авдаг. Энэ жүжигт хошин урлагийн “Маск” продакшны нийт залуу жүжигчид оролцон тоглох болно.

-Та сургуулиа хэзээ төгсч байв. Анхны ажлын гараа хаанаас эхэлж байсан бэ?

-Би Кино урлагийн дээд сургуульд 1999 онд ороод 2003 онд төгсч байлаа. Кино урлагийн дээд сургуулийг Ардын жүжигчин П.Цэрэндагвын гарын шавь болж төгссөн. Төгссөн жилээ TV5 телевизэд орчуулгын киноны дуу оруулагч жүжигчнээр ажиллаж ажлын гараагаа эхэлж байлаа. 2005 оноос эхлээд TV1 студид “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөрт тоглож эхэлсэн. Хошин урлагийн “Маск” продакшнд эхний тоглолтоос нь өдийг хүртэл амьдрал, уран бүтээлийн салшгүй холбоотой ажиллаж байна.

-Таныг хүмүүс “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөрөөр таньдаг болсон байх?

-Тэгсэн шүү. “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөр нийгэмд болж байгаа үйл явдлыг хошин хэлбэрээр үзэгчдэд хүргэдэг байсан. Цагийн хүрд болоод бусад телевизийн мэдээ мэдээллийн хөтөлбөрүүдийг залуучууд мэдээ гарч байна гээд сувгаа сольчихдог шүү дээ. Харин хошин өнгө аястай инээдмийн төрөлд оруулаад хийхээр бүх насны хүн үзэж эхэлдэг юм билээ. “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөрийг манай ангийнхан хийдэг байсан. Бид одоо эргэж нэгдээд TV5 телевизээр “100 метр секунд” гээд улс төр, нийгмийн хошин хөтөлбөрийг хийж үзэгчдэдээ хүргэж байна. Сонгууль ойртсон байна. Улс эх орон маань хямарч байна. Бид уран бүтээлээрээ үүнийг нийгэмдээ хэлэх ёстой гэдэг утгаараа эргэн нэгдээд “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөр шиг нэвтрүүлэг хийгээд хагассайн өдөр бүр гаргаж байгаа. Эхний хоёр дугаар үзэгчдэдээ хүрчихээд байна.

-Аль нутгийнх билээ. Таныг жүжигчин болохгүй бол малчин болох байсан гэсэн яриа яваад байдаг юм билээ?

-Тэгдэг юм байна лээ. Сонсч байсан. Миний төрсөн нутаг Говь-Алтай л даа. Манай аав, ээж Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүмүүс. Би Говь-Алтай аймагт төрөөд долоон нас хүртлээ тэнд байсан. Нэгдүгээр ангид орохдоо Жаргалант сумын Партизаны сангийн аж ахуйд ирсэн. 1982-1999 он хүртэл Партизаны сангийн аж ахуйд өсөж торнисон. Хүмүүс намайг Партизаных гэдэг. Би ч гэсэн тэгж хэлэх дуртай. Яагаад гэвэл тэнд мэдээ орсон цагаас хойших бүх дурсамж бий. Арван жилийн шохоорхол, үерхэл, хайр дурлал гээд хамаг л сайхан дурсамж бүхэн Партизанд үлдсэн. Партизанд очихоор таньдаг хүн ихтэй. Арван жил хамт сурсан хүүхдүүд маань тэнд байгаа. Тэдний аав, ээж нар нь бий. Төрсөн нутагтаа очсон юм шиг л санагддаг юм.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ?

-Ер нь сонирхолтой байсан. Тавдугаар ангид байхдаа шүлэг уншаад тэргүүний уран уншигч болсон. Тэрнээс л жүжигчин болох сэтгэл сэдэрсэн байх. Ер нь бага байхад хүүхэд болгон сэтгэл хөдлөлтэй байдаг. Шагнал аваад баяр хүргэж гар барихад гоё санагдаад жүжигчин болъё гэж бодож байлаа. Тэгээд л жүжигчин болсон доо.

-Хошин мэдээллийн хөтөлбөр хөтөлж байгаад тайзан дээр гарах ямар байсан бэ?

-Телевизээр хийж байсан нэвтрүүлгээ их зоригтой хийж байсан. Яагаад гэвэл нэг ангийнхан хамт хийсэн бүтээл шүү дээ. Харин анх тайзан дээр гараад Заанаа ах, Баярмагнай, Мөнхсайхан гээд том жүжигчидтэй цуг тоглоход сүрддэг юм билээ. Сүүлд ах нар дурсч ярихдаа “Дээгийг нэг харахаар костюм өмсчихсөн тайзны хажууд зогсож байна. Дахиад нэг харсан нөгөө талд монгол дээл өмсчихсөн зогсож байсан” гээд л ярьж байсан. Би тухайн үед тайзан дээр юу тоглоод яагаад байгаагаа сайн санадаггүй юм. Сандраад л энэ тэнд нь гараад ганц нэг үг хэлсэн. Тэрнээс хойш жүжигчин хүн тайзан дээр ингэж гарах ёстой юм байна гэж мэдсэн. “Маск” продакшны ах нараасаа их юм сурсан. Хөгжим, шуум бүх юмыг хариуцдаг тоон мастер Энхсайхан гэж залуу бий. Тэр надад их дэм болдог. Тоглолт үзэж байгаад ингээд хийчихээч гээд зөвлөгөө өгнө. СТА Ж.Мөнхсайхан бол миний тайзан дээр яаж биеэ авч явах ёстойг зааж өгсөн багш маань байгаа юм. Хошин урлаг тайзан дээр яаж тоглохыг надад заагаач гэж хадаг барьж очиж байлаа. За тэгье гээд хадгийг минь авсан хүн дээ. Бид хоёр багш шавь хоёр байгаа юм. Тайзнаас буугаад ирэхээр Заанаа ах саяны үзүүлбэрийг ингэчих гэж хэлж өгнө. Дахиад тоглоод гараад ирэхээр Магнай ах дуудаж зөвлөгөө өгнө. Манай хамтлаг бүгд нэг баг бүрэлдэхүүн болж тоглодог. Хамт тоглож байгаа Гэрэлцэцэг, Жавхлан, Алдар манай дүү нар хүртэл нэгэндээ зөвлөгөө өгдөг учраас сайхан уур амьсгалтай байдаг. Тиймдээ ч хүмүүст манай хамтлагийн тоглолт сайхан хүрдэг байх.

-Тоглолт дээр хөгтэй явдал болох уу. Өөрт тохиолдсон зарим нэг хөгжилтэй явдлыг ярихгүй юу?

-Олон байгаа. Бид хөдөө тоглолтоор явж байсан юм. “Нинжа” гэдэг үзүүлбэр дээр Магнай, Заанаа ах хоёр юм яриад байж байхад нь би ороод данхтай цай уугаад текст хэлэх ёстой байдаг юм. Тэгсэн миний барьдаг түмпэн аян замд яваад хагарчихаж. Ээлжээ хүлээнгээ Жавхаа, Ганзо хоёртой юм яриад түмпэнгээ скочдож байсан юм. Нэг мэдсэн чинь гарах ээлжээ мартчихаж. Нөгөө хоёртой бараг арван минут юм яриад нөгөө скочоо дуустал ороочихсон байдаг юм. Магнай ах, Заанаа ах хоёр өөртөө тохиолдсон хамаг инээдтэй юмаа хийчихээд хажуу тийшээ харахаар л би байдаггүй гэнэ. Би ч сандраад хоцорч хоцорч гүйгээд л гарсан урдаас харцаараа зодож байгаа юм чинь. Аргагүй л дээ. Тэр чинь жүжигчин хүний хариуцлага шүү дээ. Хариуцлага алдаж пакталж байлаа. Үзэгчид бол мэдээгүй л дээ. Тэр хоёр үзэгчдээ инээлгэж байгаад л намайг гарах ёстой үедээ гарч байна гэж бодсон байх. Туршлагагүй жүжигчид байсан бол ярих юмнууд нь дуусчихаад өөрсдөө сандраад хачин болох байх. Туршлагатай хүмүүс чинь намайг гарч иртэл тайзан дээр үзэгчдээ инээлгэсээр л байсан.

-Сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд их тоглож байгаа харагдаад байгаа. Хэдэн кинонд тоглосон бэ?

-Сүүлийн үед найруулагчид намайг жаахан тоож байх шиг байна. Овоо хэдэн кинонд тоглочихсон байна шүү. Анх TV5 телевизийн “Гялбаа” олон ангит кинонд тоглож байсан. Дараа нь “Чонын алтан шагай” ОАК, “Омарын эрэлд”, “Хар сувдны нууц”, “Single ladies” гээд олон кинонд тоглосон байна. Тун удахгүй “Туршилтын хосууд” кино маань нээлтээ хийх гэж байна. Кинонд жүжигчин Адъяа, Хулан, Баатархүү ах, Мааз хамтлагийн Жанчив нар тоглосон. Инээдмийн уран зөгнөлт кино болсон. Ингээд тооцвол бараг арав гаруй кинонд тоглочихжээ.

-Найруулагчид таныг ямар дүрд голдуу сонгодог вэ?

-Анх үзэгчдэд танигдаж эхэлсэн цагаасаа эхлээд инээдмийн төрлөөр уран бүтээлээ хийсэн учраас голдуу инээдмийн дүрд сонгогддог. Үзэгчид маань ч бас энэ төрлөөр хүлээж авахад амар байдаг байх. Гэхдээ “Чонын алтан шагай” кинонд инээдмийн биш эсрэг дүрд ажилласан. Сүүлд “Үлгэрийн баатар” нэртэй кинонд тоглосон. Киноны зохиолыг өөрөө бичээд гол дүрд нь тоглосон байгаа.

-Киноны зохиол бичих ямар вэ. “Үлгэрийн баатар” ямар төрлийн кино вэ?

-Кино маань инээдэм, драмын төрлийнх. Би 2003 онд Кино урлагийн дээд сургууль төгссөнөөс хойш 13 жил болж байна. Энэ хугацаанд нэлээд хэдэн кинонд тоглож үзлээ. Кинонд тоглож байх явцдаа нэг кино зохиол бичиж үзвэл яах бол гэж зориглож хийсэн. Энэ урмыг надад “Морьтон энтертайнмент”-ийн захирал Мөнхтулга гэдэг залуу өгсөн. “Дээгий, чи аавын тухай зохиол биччих тэгээд гол дүрд нь тоглоорой. Би тэр киног чинь продюсерлоод гаргая” гэсэн санал тавьсан. Анхны бичсэн зохиолыг маань “Кино байж болох юм байна. Би найруулагчаар нь ажиллая” гэж Төмөрхуяаг ах надад их сэтгэлийн дэм өгсөн. Ерөнхий оператор Энхбаатар ч надад урам өгсөн. Тэгэхээр нь уран бүтээлийн шунал хөдлөөд дараагийн кино зохиолыг бичиж байгаа.

-Хоёр дахь зохиол тань ямар төрлийн кино байх бол?

-Би ил инээдмээс гадна хүнд өгөөж үлдээсэн юм хийхийг хүсдэг. Хайр сэтгэлийн тухай кино болох байх.

-Танд тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Би хүмүүс ийм дүрд тоглочих юмсан гэдэг шиг санаа зовдоггүй. Ер нь тэгж бодож байгаагүй юм байна.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Бага охиндоо амь гэж дуулсан?

-Би хоёр охинтой. Томыг нь Дөлгөөн, багыг нь Намуун гэдэг. Би охиддоо хайртай. Багыгаа аавын амины хүүхэд гэж онцолж хайрладаг болов уу. Миний гэр бүлийн хүнийг Түмэнсарнай гэдэг. Телевизийн найруулагч мэргэжилтэй бүсгүй бий. Одоо жирэмсний амралттай гэртээ байгаа. Эхнэр маань одоо хэдхэн хоногийн дараа амаржих гэж байна. Эхогоор харуулсан чинь хүүтэй болох шинжтэй. Баярлаад л гүйж байна даа.

-Танд чөлөөт цаг гардаг уу. Зав гарвал юу хийдэг вэ?

-Сүүлийн хоёр жил завгүй ажиллаж байна. Шагай харвах дуртай. Зав зай гарвал шагай харвадаг. Жаахан зав гарвал хашлага, сумаа аваад л давхичихдаг юм.

-Улсын цолтой юу. Хэр удаан хичээллэж байгаа юм бэ?

-Улсын цол байхгүй. Би 1992 онд анх хашлага, сум барьж шагай харваж сумаа зурхай дээрээ хүргэж сурсан. Тэр үед хамт шагай тоглодог байсан хүмүүс маань ийш тийшээ явцгаагаад тоглохоо больчихсон байсан юм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас дахиж харваад түүнээс хойш эрчимтэй хичээллээд жил гаран болж байна.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Зуныхаа төлөвлөгөөг гаргачихсан байх?

-Олон юм бодож байна. Хоёр дахь кино зохиолынхоо зургийг зун авна. Зургадугаар сарын дундаас зургандаа гараад киногоо хийх санаа байна. Намар “Маск” продакшн шинэ уран бүтээл хийнэ. Хувь уран бүтээлч болгон жүжигт өөрсдийнхөө саналыг оруулж байх ёстой учраас шинэ уран бүтээлийн санааг эрж хайх ажлуудыг хийнэ дээ.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: Зөвхөн өөрсдийнхөө намд ашигтай байдлаар сумдыг түүж тойрог гаргасанд нь дургүй хүрээд байна

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг Их хурал баталсан. Таны хувьд Увс аймгийн мандатыг хуваарилахдаа түүвэрчилсэн хэмээн буруутгаж байсан. Үнэндээ халх, дөрвөд, баяд сумдыг тэнцүү байлгах үүднээс хуваасан гээд байгаа. Таны хэлснээр хуваачихвал тухайн ястан бүр нэг тойрог болчих гээд байсан юм биш үү?

-Увсын ард түмэн сонгууль өгөөд сурчихсан. Урьд өмнө нь тойрог яаж хуваагддаг байсан бөгөөд тухайн тойрогт газарзүйн байршлаараа ойрхон сумд багтдаг байлаа. Сонгууль болдгоороо болж, гишүүд сонгогдож таараа. Гэтэл тухайн тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо очиж ажиллана. Харамсалтай нь зөвхөн өөрсдийнхөө намд ашигтай байдлаар сумдыг түүж тойрог гаргаж авсанд нь дургүй хүрээд байгаа юм. Тойрог хувааж байна гээд Увсын ард түмнээр үнэхээр тоглочихлоо. Тоглох тоглохдоо Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэдэг хүн Увсын тойрог хуваах санал гаргаж, өөрөө тайлбарлаж, шахсаар байгаад АН түрэмгийлж байгаад баталчихлаа. Өөрсдийнхөө ялж магадгүй гэсэн сумдыг түүж тойрог болгодог нь сонгуулийн бохир технологийн нэг. Аливаа гишүүн сонгогдсоны дараа тойрогтоо ажиллахаас эхлээд хүндрэл гарах тул яав ч шударга хуваарилалт биш байсан. Тойрогт сумдыг өм цөм хуваарилсан нь шударга зүйл биш. Увсын ястнуудыг өм цөм хуваагаад хаячихлаа. Дөрвөд сумдыг гурав, халх, баяд сумдыг хоёр хуваасан. Мөн аймгийн төвөө гурав хуваагаад хаячихсан. Та нар боддоо гурав хуваачихсан аймгийн төв дээр хөгжлийн нэгдсэн бодлого явах уу? Нэгдсэн бодлого хэзээ ч явж чадахгүй. Учир нь энэ сонгуулиар зөвхөн нэг нам ташраар нь ялна гэсэн баталгаа байхгүй.

-Н.Алтанхуяг гишүүн “Увс аймаг хоёр мандаттай байсныг гурав болгож оруулж ирж байхад Хүрэлбаатар гишүүн яагаад эсэргүүцээд байгаа юм. Увсын төлөөллийг илүү оруулахыг дэмжих ёстой хүний нэг” гэж байсан л даа…

-Миний амнаас “Хоёр мандатыг яагаад гурав болгочихсон юм бэ” гэдэг асуулт ганц ч удаа гараагүй. Н.Алтанхуяг гишүүн намайг гүтгээд л яриад байна лээ. “Энэ тойргуудыг ингэж өм цөм хуваасан зургийг хэн зурсан юм бэ” гэдэг ганцхан асуулт л асуусан. Үүнээс өөр зүйл асуугаагүй. Н.Алтанхуяг ч хариулж чадаагүйг бүгдээрээ үзсэн байх. Тэгж ярих юм бол 2012 онд АН-ын санаачилгаар, АН-ын шахалтаар энэ жагсаалтын гишүүдийг оруулж ирсэн. Тэгэхэд Увсаас нэг тойрог хассан юм. Тэр үед Н.Алтанхуяг АН-ы дарга нь байсан юм. Энэ нь ардчилсан намын шахалт байсан. Хэн хассан гээд асуух юм бол тухайн үед ийм зүйл болсон гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Таны хувьд байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 33 дугаар тойрог дээр халз өрсөлдье гэж урьсан. Н.Алтанхуяг гишүүний хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байсан гэдэг утгаараа рейтинг өндөр байгаа шүү дээ?

-Увсын 33 дугаар тойрогт Өндөрхангай, Зүүнхангай, Өмнөговь, Өлгий, Бөхмөрөн, Түргэн сум болон аймгийн төвийн дөрвөн баг хамаарагддаг юм. Увс аймгийн зүүн хязгаар болох Зүүнхангай сумаас баруун хязгаарын Бөхмөрөн сум хоёрыг нэг тойрог болгосон. Нэг сумаас нөгөөд нь хүрэхийн тулд 600 км явна. Увсын тойргийг өм цөм хувааж зургийг нь зурсан хүнийг 33 дугаар тойрогт өрсөлдье гэж урьсан. Н.Алтанхуяг гишүүнийг ирнэ гэж бодож байгаа.

-Сүүлийн үед цахимаар тан руу янз бүрийн зүй бус үгээр дайралт хийж байсан хүнийг илрүүлсэн. Тэр нь “Тесо” компанийн серверийг ашиглаж байсныг цагдаагаас илрүүлсэн гэсэн мэдээллүүд гараад байгаа л даа. Яг юу болсон юм бэ?

-Жил орчмын өмнөөс Gan­bat Boldkhuu, Увс бахархал, Баасандорж хэн ч билээ эдгээр хаягнаас над руу хийж байсан доромжлол, гүтгэлэг бол хэрээс хэтэрсэн. Яагаад тагнуул, цагдаад хандах болсон бэ гэхээр намайг эрүүгийн онц ноцтой гэмт хэргүүдэд гүтгэж, гүжирдэн, доромжилсон. Үүнээс гадна Увс аймгийн ястнуудын хооронд яс хаясан үйл ажиллагааг эдгээр хаягнаас маш идэвхтэй хийж байсан л даа. Ястнуудын эв нэгдэлтэй холбоотой асуудлыг Тагнуулийн ерөнхий газар шалгах ёстой. Хоёр, гурван удаа над руу дайралт хийсэн бол тоохгүй өнгөрөх байсан. Тэр цаашлаад зохион байгуулалтын хэлбэрт орж бүр бүлэглэлийн шинжтэй болсон. Үүнийгээ дагаад над руу дайрах гүтгэлгүүдийн давтамж нэмэгдсэн юм. Тиймээс тагнуул, цагдаа аль алинд нь хандсан. Цагдаагийн байгууллагаас ирсэн хариуг л би дэлгэж тавьсан. Үүнийг Увс аймгийн АН-ын дарга, “Тесо” корпорацийн эзэн, Н.Алтанхуягийн зөвлөх О.Цогтгэрэл гэдэг хүний компанийн Централ товер гэдэг барилгын оффисоос бичсэн. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Цагдаа очихоос өмнө түрүүлж мэдээлэл аваад компьютеруудаа форматлуулсан байсан. Н.Алтанхуяг гишүүн байнгын хорооны хуралдаан дээр үг хэлэхдээ “Чи яахаараа манай намын байрыг шалгуулдаг юм” гээд хэлж байх жишээтэй. Энэ бол бодит болсон зүйл. О.Цогтгэрэл гэдэг залуугийн “Би мэдэхгүй” гэж хэлж байгаад итгэхгүй байгаа. Шалгадаг байгууллагууд нь шалгаад хариугаа өгнө биз. Хууль хяналтынхан АН-ын эрх мэдэлд орчихгүй байлгүй дээ.

-“Тесо” компанийн сервер дээрээс бичсэн ч гэсэн О.Цогтгэрэл захиалж ийм зүйл хийлгэж байсан гэдгийг яаж нотлох юм. Магадгүй нэг ажилтан нь даргаа өмөөрөөд бичиж байсан ч юм бил үү. Түүнийг дэвэргээд байгаа юм биш үү?

-Хэр баргийн хүн фотошопын программыг эзэмшиж, хэр баргийн хүн эвлүүлэг хийгээд суухгүй. Энгийн хүн захиалгатай, зохион байгуулалттай ийм зүйл хийхгүй. Энэ бол урт хугацаанд үргэлжилсэн. Өөр ч мэдээллүүд бий. Би байдлыг нь хараад байж байна.

-Нэг хүн өргөдөл өгчингүүт их хурдан хугацаанд шалгаад хариу ирүүлсэнд хүмүүс гайхаж байна. Танай эхнэрийн хамаатны хүн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагт ажилладаг болохоор тэр дор нь хариуг нь өгсөн гэдэг хардлага байна л даа?

-Таны асууж байгаа зүйл бол ор үндэсгүй гүтгэлэг. Ямар ч УИХ-ын гишүүн төрийн байгууллагад хандахад хуулийн хугацаанд хариуг нь өгдөг. Би тавдугаар сарын 2-ны өдөр өргөдөл өгч тавдугаар сарын 14-ний өдөр хариуг нь авсан. Хуулийнхаа хүрээнд 14 хоногт багтаан хариу өгөх ёстой. Надад 12 хоногийн дараа ирсэн. Үүнийг нэг талд нь гарган мушгиж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.

-Өөртэй нь утсаар ярьж үзэв үү. Хэрэв ярьсан бол юу гэж байх юм. Адилхан л Увсаас нэр дэвших гэж яваа хүмүүс шүү дээ?

-Би О.Цогтгэрэл гэдэг тэр хүнтэй утсаар ярьж яасан ийсэн гэж асуусангүй. Бүтэн жилийн турш ийм заваан зүйл явуулсан нөхөртэй нэг өдөр уулзах л байлгүй. Тэр өдөр тэр хүн миний нүүрийг яаж харах юм бол доо. Би гайхаад л сууж байна. Хүнд чинь ичиж зовох зүйл гэж байх ёстой. Би Увсынх. Тэр бодвол Увсынх байх. Нэг нутгийн хоёр хүн хувь заяа нь ирэхээр тааралдах байлгүй. Яаж Увсын ард түмний нүүрийг харах юм бол. Би чинь найз нөхөд, ах дүү, хамаатан садантай хүн. Тэр хүмүүсийн нүүрийг яаж харах гэж байгаа юм бол. Эр хүн юм бол уучлалт гуйх байлгүй дээ. Би энэ хэргийг дуустал явуулна гэж бодож байгаа. Уучлал гуйтал нь шалгуулна.

Categories
мэдээ цаг-үе

Далхаагийн Норов: Итгэлт баяны ганц үг, Цахиур Төмөрийн дүр амьд юм шиг санагдаж байгаа чинь л жинхэнэ уран чадвар

Түрүүч нь №119 (5384) дугаарт

Монгол Улсын төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовтой уулзаж хөөрөлдлөө.

-“Эцсийн тушаал” жүжигт та шударга, дайчин хүн амьдрал дээр хохирдог тухай хорсолтой биш ч цаанаа л нэг элэг эмтрэм гунигтайгаар гаргасан байдаг. “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд дайны барим тавим цуст эмгэнэлийг биш ар талынхны сэтгэлзүй, аж төрлийг нүдэнд харагдам дүрсэлсэн. Дайны тухай бүтээлүүдийн чинь өнцөг гурвалжин нүдээр харсан мэт өөр байдаг нь Чөлөөлөх дайнд орсон аавтай чинь холбоотой биш байгаа?

-Тэр бүхэн аавтай минь шууд холбоогүй ээ. Миний сэтгэл зүрх ертөнцийг, хүнийг, амьдралыг хэрхэн үздэгтэй л холбоотой байдаг байх. Эх оронч баатарлаг байх, шударга амьдрах чанарыг манай нутгийнхан надад шингээж өгсөн юм болов уу даа л гэж боддог юм. Манай Засагт ханы хөх харчуудын нэг чанар байдаг. Хайрлаж, хүндэлж байгаа хүндээ их хүйтэн ханддаг. Ил бол нүүрэн дээр нь саймширч, долоочих гээд байдаггүй их хатуу ханддаг. Тэгсэн мөртлөө цаагуураа хийж байгаа үйл нь хүнийг дандаа л хайрлаж байдаг. Хүнийг хайрлах, ариун шударга санаа гэдэг гүнд л байвал, далд л байвал чин үнэнч байдаг. За даа, аман дээр байвал ч дээ, гарын үзүүрт байвал ч дээ, алж мэднэ шүү. Засагт ханы хөх харчууд хэцүү гэдэг үг гарсан гол зүйл бол энэ шүү. Тийм учраас би тэрийг л барьж, дайны үед ч бай, эгэл амьдралын үед ч бай баатруудаа тийм л чанартайгаар сэтгэлдээ амилуулдаг.

-Зөвхөн Засагт ханы хөх харчууд ч биш нийт монгол эрчүүд эртнээс “хайр нь дотроо, хал нь гаднаа” гэсэн философиор хүмүүжиж ирсэн байх аа?

-Харин тийм шүү. Монгол хүний мөн чанар тийм байж. Манай аав, ээж хоёр арванхоёр хүүхэд төрүүлж өсгөхдөө бие биедээ “Хайртай” гэж хэлж үзсэн үү. Ээ, үгүй байх. Хайр гэдэг сэтгэлийн хэчнээн гүнд хадгалагдах тусам үнэ цэнтэй, ариун үнэн байдаг. Би залуудаа нэг зүйлийг харж л байсан. Цэрэгт явж байгаа залуугаа тэврээд л, уйлаад л хавар нь хоцорч байсан хүүхэн намар нь хүнтэй суугаад найр хийгээд байж л байсан. Харин үдэж чадаагүй, холхноос хараад нулимсаа тэрүүхэн тэндээ нуугаад явуулсан хүүхэн хайртай хүнээ гурван жил хүлээж, гурван жил байж л байсан. Хүний сэтгэлзүй гэж сонин юм байдаг юм шүү дээ.

-Тэрийг та мундаг анзаарч, зохиол бүтээлээ амилуулсан байдаг шүү…

-Зохиолч хүний чинь хамгийн гол ажил уншаад юм уу, бичээд суухдаа ч биш. Ерөөсөө л зохиолч хүний ажил чинь хүн судлах. Тэрийг номоос, амьдралаас, бүх талаас нь судалж болно. Тэнд сууж байгаа гурван хүүхнийг гэхэд гурвуулангийнх нь нүдийг харчихад л, эсвэл тэр ууланд явж байхдаа байгалийн сайхныг мэдэрч, тэр сайхан агшныг сэтгэлдээ амилуулан авч үлдээж чаддаг хүн л яруу найрагч юм.

-Та хөдөөнөөс анх орж ирэхдээ хоёр хавтас дүүрэн шүлэг, өгүүллэг сугавчлаад Л.Түдэв гуайтай уулзаж байсан гэдэг. Тэр шүлгүүдээ хэвлүүлж байв уу?

-Хэвлүүлээгүй. Одоо санаанд ч бараг байхгүй дээ. Надтай адил уран зохиолоор өвчилсөн нөхдөдөө уншиж өгдөг л байсан. Би бүр найраглал хүртэл бичиж үзсэн хүн. “Хөшөө хөлгүй ч гэсэн явдаг. Хөшөө хэлгүй ч гэсэн ярьдаг” гээд урсгаж өгч байсан санагдаад байна (инээв). Би анх ирэхдээ төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтав гуайтай уулзах гэж том, бага хоёр шил “Бигэр” дарстай ажлынх нь жижүүр дээр хоёр, гурав хоног хүлээгээд ирэхгүй болохоор гэрийнх нь утсаар ярьж очлоо. Булцайтал угаачихсан төмс шиг Сэнгийн Эрдэнэ баавайтай нэг шог зураг шиг сууж байна. Гайтав гуайн “Дайн энх” номын шагнал буугаад тэд хоёр гурав хонож байгаа юм байж. Би Дамдины Жамьянтайгаа очсон юм. Шүлгээ уншлаа. Эрдэнэ гуай ч нэг их тоосон юм алга. Харин “Ухаанд чинь ухна ишиг үхчихсэн юм уу” гээд байх юм. Гайтав гуай “Залуучууд та нар архи битгий уу. Архичин Гайтав хэллээ гэж бодно уу, өөрсдөө мэдэцгээ” гэж байна. Эрдэнэ гуай болохоор “Уух ёстой. Зохиолч хүн гэдэг сэтгэлийн зовлон эдэлж байдаг улс. Бид уухгүй бол хэн уух юм. Сэтгэлийн зовлонг энэ идээ чинь нимгэлдэг юм” гэж байна. Тэгүүт л “Ухаанд ухна ишиг үхэх”-ийг сэхээрч “Бигэр” дарсаа цүнхнээсээ гаргалаа даа. Тэгээд яахав, нутгархаж МЗЭ-ийн дарга Л.Түдэвтэй уулзлаа даа. “Таныг зохиолчдоос хэн хэнийг танихав” гэж байна. Т.Юмсүрэн ахыг, Пүрэв ахыг, Цэдэндорж гуай нарыг нэрлэлээ дээ. “Зохиолч хүнийг зохиолчид эхлээд таних ёстой. Дараа нь таныг уншигчид таних учиртай. Наад зохиолуудаа бүгдийг сонин хэвлэлд тарааж өгөөд буц даа. Тэгээд зохиолчдын ч, уншигчдын ч танил болохоороо ирээрэй” гэсэн дээ.

-Зохиолч, бичгийн хүмүүн болоход тань нөлөөлсөн зүйл юу байв?

-Явж явж намайг зохиолч болгосон зүйл бол хүнтэйгээ, малтайгаа, уул устайгаан манай нутгийнхан л гэж боддог юм. Арван настайдаа сургуулиас гарсан надад манай нутгийнхны дуулдаг дуу, хонины бэлчээрт уулзаж учрахдаа ярьдаг үг бүгд л нөлөөлсөн. Говь-Алтайн анхны багш нагац Хамуутын маань үдэш орой ярьж өгдөг үлгэр, аав, ах нарын ярьсан газар усны түүх домог байна. “Тэр газарт байхад хасаг идээд, хүүхдийг нь толгойгоор нь хад саваад” гэсэн тэр хачин яриа хөөрөө бяцхан оюунд минь амилж бүрэлдээд үлддэг байж.

-Хасаг идээд гэж юу гэсэн үг вэ?

-Юу гэх юу байхав. Хасгийн дээрэмчид орж ирснийг л хэлж байхгүй юу. Би “Босго тотго” кино романдаа энэ тухай нэлээд оруулсан. Тэр дуунуудын нөлөө бол даан ч их л дээ.

-Ямар дуунууд байна?

“Шар талын цэцэг

Сайхан нарандаа гандана” гээд дуулахад л өөрийн эрхгүй ертөнцийн аж төрөл бодогдох жишээтэй. “Сайхан нарандаа гандана” гэхэд л мөн ч их юм бодогдуулна даа. Хатна гээгүй гандана гэсэн байгаа биз. За тэгээд л

“Энэхэн тэнгэрийн янз нь

Ингэсхийгээд хурших нь

Хуршъя гээд чиг яахав дээ

Нэгэн цагийн л хур шүү дээ

Энэ улсын янз нь

Ингэсхийгээд шоодох нь

Шоодно гээд чиг яахав дээ

Хэтийн заяа нь мэднэ” гээд дуулахад орчлонгийн ааш аяг, хувь тавилангийн бүдэг оньсого тодроод ирэх шиг болно. Манай монгол ардын үлгэр домгууд чинь бүгд баатарлагийн дүртэй шүү дээ. Энэ л дууны гунигт бадгууд, баатарлагийн өнгө аяс миний сэтгэлийн ертөнцийг бий болгож дээ. Дээр нь багаасаа уншиж өссөн номууд.

-Та ямар номууд уншдаг байв?

-Зөвлөлтийн зохиолч Афанасовын “Алтан одны эзэд” гэдэг том номыг жигтэйхэн уншина. Гол дүрийн хоёр баатар нь Ирина, Ира гэдэг хоёр бүсгүйд дурлаад л. Манай Халхын голын байлдаанд биечлэн оролцож явсан зохиолч Константин Симоновын “Зэвсэг нэгт ахан дүүс”-ийг цуврал гурван романтай нь, И.В.Сталины арван хэдэн ботийг уншиж л хүн боллоо ш дээ. Одоотой адилхан өөр унших ч юм байсан биш. Манай нутгийнхан чинь ярихдаа дандаа үлгэрлэж, адилтгаж ярьдаг учраас хийсвэр сэтгэлгээ сайн хөгждөг байж. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гээд удам муутай хүнийг хэлж байхад, “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гээд л заяа нь жаахан хэлтийсэн нэгнийг хэлж байх жишээтэй. Энэ бүхэн чинь л надад сургууль болж байж дээ. Дунд сургуульд сурч байхад сумын төвд манайд хөдөөнөөс аав, ээжийн хоёр талын эгч ах нар нам, эвлэлийн хуралд их ирнэ. Үдэшлэгт орж ирээд, дууны дэвтрээ гаргаж ирээд шөнөжин дуулцгаана. Тэр их нөлөөлсөн.

-Цэргийн амьдрал хүнд их нөлөөлдөг байсан цаг даа?

-Эмчийн ажлаас салах гэж цэрэгт мордож, Улаанхуарангийн авто засварын батальонд найман сар алба хаагаад халагдсан даа.

-Тэр үед цэргийн алба гурван жилийн хугацаатай байсан биз дээ?

-Яахав, эмнэлгийнхэнтэйгээ хуйвалдаж тушаал гаргуулаад халагдахгүй юу. Штабын дарга, Цэнд хурандаа намайг эмийн сангийн нярваар авна гэж бага дэслэгч орон тоотой тушаал БХЯ-наас гаргуулаад байж байтал цэргийн ангийн эмнэлэгт нь намайг халах тушаал зэрэг очиж байлаа. Тэгж цэргийн албыг хаав аа (инээв).

-Ханиа танилцуулаач, та?

-Манай Бавуугийн Лхагвасүрэнгийн “Найрагчийн гэргий болж наждаа эдлээгүйд чинь баяр хүргэе” гэсэн сайхан шүлэг байдаг даа. Тэгээд яахав, надтай л “наждаа эдэлж” яваа сайхан хань Гүндэгмаа минь уг нь орос хэлний багш. Насаараа эрдэм шинжилгээний ажил хийж, сурганы докторын зэрэг хамгаалсан хүн. Албан бус боловсрол гэдгийг чинь Монголд анхнаас нь л онолын хувьд ч, амьдрал дээр ч хэрэгжүүлэх гэж зүтгэсэн. Ууган хүү Эрдэнэ болохоор нано технологийн инженер. Сөүлд докторын зэрэг хамгаалаад ирсэн. Удаах хүү Дэлгэр орос хэлний багш. Одоогоор дөрвөн ч ачтай болчихлоо.

-Та олон шавьтай юу?

-Шавьсаад байх юм нэг их байхгүй дээ. Архи, хадаг хоёртой ирж байсан улс бий бий.

-Монголын орчин үеийн утга зохиолд залуусаас хэнийг боломжийн туурвиж яваа гэж бодож байна?

-Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёрын зохиолууд сайн. Халтарын Болор-Эрдэнийн богино өгүүллэгүүд сайн байсан. Одоо юу бичиж байгааг мэдэхгүй. Сайхан шүлгүүдтэй залуус олон л байх юм. Гэхдээ шатсан авьяасаараа цоролзоод гараад ирж байгаа хүн харагдахгүй юм. Хэнтийн Балдансодномын Энхжаргал гэж тун авьяастай яруу найрагч хүү бий дээ. Зарим нэг нь ч учраа олохгүй номоо яарч хэвлүүлээд байна уу даа. Яруу найрагт хөлөө олох гэж нэг юм байдаг. Нэгэн үе улс, иргэний уянга гэж хэсэг шуурцгаасан. Одоо харин тэр нь намдаж мэдрэмжийн шүлэг бичих болж. Энэ их сайн. Мэдрэмжийг чинээнд нь тултал хөгжүүлбэл сайн уран бүтээл төрнө. Агуу их Норовбанзад гуай “Уртын дуучны хувьд гучин таван насанд тэнхээ гүйцдэг” гэдэг байсан. Одоо танай ерээд оныхон бяр сууж, бяралхах цаг ирлээ дээ. Уран чадварыг ойшоож үзмээр байна. Бүгдийг хавтгайруулж бичих өөр хэрэг. Лодойдамба гуай шиг л бичдэг болчихвол ч. Итгэлт баяны ганц үг, Цахиур Төмөрийн дүр гэхэд хүний сэтгэлд яв цав бууж байдаг даа. Дүрийг амилуулдаг ийм эд эс нь дутаад байх юм. Т.Бум-Эрдэнэ “Өнөөх” гэж номоо өгсөн. Хэд хэдэн чамбай өгүүллэг байна лээ. П.Батхуяг, Ц.Буянзаяа хоёр зохиол талдаа уг нь их сайн гарч ирсэн. Гэвч, энэ хоёртоо харамсаад байх юм.

-Юунд харамсана гэж?

-Зохиолч хүн утга зохиол судлал руу орохоор л дэмий санагдаад байдаг юм. Судлал гэдэг чинь зүгээр л баримт байдаг. Баримтан дээр ажилладаг хүн болчихдог юм. Намайг хүртэл их сургуульд эрдмийн хүн болгох гэж их үзсэн юм шүү дээ. Зохиолч гэдэг чинь жинхэнэ цэцэглэж, хөөрч бадарч байж уран бүтээл туурвидаг. Нэгэн үе ч уншдаг нь ч, бичдэг нь ч оюун санааны сүйрэлд өртлөө ш дээ. Гэхдээ танай үеийнхнээс Б.Лхагвасүрэн шиг, Ж.Лхагва шиг, Д.Батбаяр, Б.Догмид нар шиг үгийн урлагийн мастерууд оргилон гарч ирэх л байх гэж бодож байна. Уртын дуучин хүнийг богино дуу дуулахыг хориглодог байсан. Хоолой, сэтгэхүй, амьсгаа гурав эвдэрдэг. Тиймээс ч богино дууг завхай дуу гэдэг байж. Тэрэнтэй адил зохиол оролддог хүн утга зохиол судлалаар оролдоод дэмий санагддаг. П.Батхуягийн эхний өгүүллэгүүд сайн ш дээ. Ургаж гарч ирэх байгалийн явц эвдэгдэж, үйлдвэрлэлд орчихож байна. Санамсаргүй хэлсэн үг, үйл цаанаа асар их утга санааг агуулж байдаг. Зохиолч хүн үүнээс л уран саналга авч, дүрээ амилуулж бичих учиртай юм. Зохиолч Баастын Золбаярын хэл бол тун яруу. Бодон бодсоор бичихгүй байхын аргагүй болоод ирдэг нэг үе байдаг даа. Тэр л жинхэнэ зохиолын санаа даа.

-Та бичихгүй байхын аргагүй ямар бүтээл бодож явна?

-“Тоодгор” гэж нэг жүжиг бичих гээд дотроо бодоод л явна. Жижиг чулуугаар том чулуу доргиох санаатай. Дүрүүдээ бодоод байна.

-Юун тухай өгүүлэх жүжиг билээ?

-Нэг хошууны хийд дээр л жүжгийн үйл явдал өрнөнө дөө. Жаа Лам Дамбийжаа Хатанбаатар Магсаржавын цэрэгт цэрэг дайчлах гэж нэг хийд дээр байж байгаа байдал гарна. Дамбийжаа чинь Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн, Дилав хутагт гурвын нэрийг бариад Баруун Монголын ноёдыг ташуурдаад эхэлсэн хүн шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

“Яг түүн шиг” шоуны оролцогч П.Баярцэнгэл: Хип хоп, рок урсгалаар дуулах маш хүнд байсан

“Боловсрол” телевизийн уран
бүтээлчид дэлхийн 39 оронд бүтээгдсэн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг албан ёсны
эрхийн дагуу эх орондоо хийж гаргаж эхэлсэн. Нэвтрүүлэгт найман уран бүтээлч
оролцож Монголын болоод дэлхийн алдартнуудын дүрд хувирч байгаа юм.
Нэвтрүүлгийн найман оролцогчоор “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ,
жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б. Маралжингоо, загвар
өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол, дуучин Б.Амархүү нар
сонгогдсон билээ. Тэд алдартнуудын дуу хоолой, бүжгийн хөдөлгөөн, хувцас хэрэглэл,
дүр төрхийг дуурайн яг түүн шиг хувирч дэлхийн одуудыг нэгэн тайзнаа авч ирэх
зорилготой. Одоогоор “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хоёр дугаар үзэгчдэд
хүрчихээд байгаа юм. Гарсан цагаасаа үзэгчдийн анхаарлыг татаад буй “Яг түүн
шиг” шоу нэвтрүүлгийн долоо дугаартай оролцогч дуучин П.Баярцэнгэлтэй ярилцлаа.

-Танд “Яг түүн шиг” шоу
нэвтрүүлэгт орох саналыг хэзээ тавьсан бэ?

-Боловсрол суваг телевизээс надад
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцооч ээ гэдэг саналыг гуравдугаар сард
тавьсан. Санал тавьсны дараа шоуг нь үзэж судалж байгаад таалагдаад оръё гэж
шийдсэн. Шоунд орохоор шийдээд хувийн бэлтгэлээ базааж эхэлсэн дээ.

-Эхний дүрийг яаж сонгосон юм бэ.
Хүмүүст хүлээлттэй байж байгаад л гэнэт гараад ирсэн?

-Эхний дуурайх дүрийг оролцогчид
цуглаад баззер дарж сонгосон. Тэр нь нэвтрүүлгээр гараагүй юм.

-Та Tupac болсон байх аа?

-Эхний үзүүлбэр дээрээ Tupac
таарсан. Хип хоп үглэж байгаагүй болохоор жаахан хүнд байсан. Англиар үглэх их
хэцүү юм билээ. Хоёр хуудас дүүрэн үгийг цээжлэх хэцүү байсан шүү. Тэр тал дээр
жаахан асуудалтай байсан. Дуулахдаа дууг нь сонсож байгаад аялгаар нь өөрийнх
нь дуулалт тембрийг дуурайж дуулж байгаа болохоор асуудал байгаагүй. Манай
эхний дугаар нүүр хувиргалтын тал дээр жаахан дутагдалтай байсан. Гэхдээ дугаар
гардгаараа гараад дууссан л даа. Хоёр дахь үзүүлбэрээс нүүр хувиргагчид маань
маш сайн ажилласан. Дараа дараагийн дугааруудын тестийг хийгээд бэлдэж байхад
бүр л гоё болоод байна.

-Нүүр хувиргалт хангалтгүй болсон
гэсэн үг үү?

-Эхний дугаар нүүр хувиргалтаас
болоод жаахан шүүмжтэй болсон. Үзсэн үзэлтийн тоо, хүмүүсийн хандалт маш их
байсан. Дуртай үзэгчид дийлэнх нь ч гэсэн түүнтэйгээ адилхан шүүмжлэгчдийн тоо
их байсан юм. Хоёр дахь дугаар гараад огт шүүмжгүй болсон. Ийм байна гэж
санасангүй гэсэн сэтгэгдэл их байсан.

-Хоёр дахь адилхан болж хувирах
хүнээр Аэросмит хамтлагийн дуучин Стийвен Тайлор таарсан. Рок дуу дуулж,
дуучнаа дуурайх ямар байсан бэ?

-Баззердаад рок од Стийвен Тайлор
таарсан. Ер нь эхний хоёр хүн маань надад их хүнд туссан. Яагаад гэвэл хоёулаа
надаас тэс өөр дүр байсан. Эхнийх нь хип хоп, дараагийнх нь рок урсгалаар
дуулах маш хүнд байлаа. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд амжилттай хийсэн гэж үзэж
байгаа. Ялангуяа дуулалт тал дээр амжилт гаргасан. Би өөрөөсөө Стийвен Тайлор
шиг тийм рок тембр гардаг гэж мэдээгүй байсан. Дуулалтын явцад өөрийгөө өөрчилж
рок тембр хангалттай гарахаар юм байна гэдгээ мэдсэн.

-Өрсөлдөгчдөө мэдэж байсан уу?

-Өрсөлдөгчдөө шоунд орохоор
ирэхдээ л мэдсэн. Шоу эхлэхэд анхны бүрэлдэхүүнээс ганц нэг хүн солигдсон.

-Өөрийн чинь хувьд хэр хүчтэй
өрсөлдөгчид вэ?

-Шоунд салбар, салбарын шилдгүүд
оролцож байгаа. Тухайн салбартаа тэргүүлж яваа залуус оролцож байгаа учраас
бүгд хүчтэй өрсөлдөгч. Хэнээс нь ч юу ч гарч магадгүй. Бэлтгэлд гараад байж
байхад л бүгд нэг нэгэндээ гэнэтийн бэлэг барьж чадаж байгаа шүү.

-Бэлтгэл ажил гээд оролцогчид
байнга хамт байгаа юу. Нэг нэгэндээ зөвлөгөө өгөх үү?

-Наймуулаа байнга л хамт байдаг.
Бэлтгэл сургуулилалт дээр хамт, хоол идсэн ч л хамт байна ш дээ. Тодорхой
хэмжээний өрсөлдөөн явж байгаа. Гэхдээ шоугаа гоё болгохын тулд бүгд л хичээж
ажиллаж байна. Тэрнээс тэмцээн гэдэг утгаар нь улайраад байгаа юм байхгүй.
Хоорондоо сайхан ярилцаад бие биедээ тусалж дэмжээд явж байгаа.

-Өнгөрсөн дугаараар жүжигчин
Н.Мөнхсоёл өөрийг тань дуурайсан. Өөрийгөө харах ямар санагдав. Адилхан болсон
уу?

-Миний хамар л адилхан болсон.
Бусад нь адилхан болсон гэж хэлэхгүй. Би өөрийгөө үзэж байгаа болохоор би ч
ингэж хөдөлдөггүй шүү дээ гэдэг талаас нь хүлээж авдаг юм билээ. Хүмүүс намайг
мэддэггүй учраас төстэй харагдсан байж магадгүй. Түүнээс миний хувьд надтай огт
төстэй байгаагүй.

-Танаас зөвлөгөө авсан уу.
Хувцсыг чинь авсан гэсэн үү?

-Мөнхсоёлд ёодол яаж хийх вэ
гэдгийг өөрөө ёодол хийж үзүүлээд заасан. Бүх хувцсыг аваагүй л дээ. Үзүүлбэр
дээрээ миний гутал, хүрмийг л авсан.

-Одоо гарах дугаараар ямар хүнийг
дуурайхаар оноолт таарсан бэ. Бэлтгэл ажил өрнөж байх шиг байна?

-Би эмэгтэй болсон ш дээ.
Баззердаад Наташа Королёва таарсан. Одоо чадлаараа бэлдээд л байна. Хувцас
бэлэн болчихсон. Хамгийн гол нь дотоод хүнийг гаргах нь чухал. Тэр хүнийг
хоолойгоороо яаж дуурайх вэ гэдгийг сайн судална. Онцгой ямар хөдөлгөөн байна
гэдгийг бичлэг үзэж ажиглаж байна. Харцыг нь ч тэр дуурайна. Аль болохоор
адилхан харагдахыг л хичээнэ шүү дээ.

-Шүүгчдийн үг сэтгэл зүйд
нөлөөлдөг үү. Гурав дахь шүүгч нь солигдоод байна уу?

-Үндсэн хоёр шүүгч нь Ганхүү,
Онон ах хоёр. Гурав дахь шүүгчийг зочин шүүгч маягаар явуулж байгаа. Сонгогдсон
шүүгч хоёр дугаар дээр шүүлт хийгээд солигдох маягаар явж байгаа. Мэдээж
шүүгчид жаахан миалбал сэтгэлээр унаад тэр үзүүлбэр дээрээ тэгдэг байж гэж
боддог юм байна. Магтаал бол урамтай сайхан л байдаг. Шүүгчтэй байгаа нь
биднийг хурцалж, өшөө илүү дайчин ажиллахад нөлөөлж байгаа. Яагээд гэвэл долоо
хоног болгон ялагчид гурван сая төгрөг өгч байгаа шүү дээ.

-Шилдэг оролцогчдыг шүүгчдийн
оноо болон үзэгчдийн мессэжээр шалгаруулж байгаа юу?

-Шүүгчид 4-12 оноо өгч байгаа.
Тэр дунд нь 11 гэж байхгүй. Найман оролцогч өөрсдөө бие биедээ гурван оноо өгөх
эрхтэй. Тухайн өдөр таалагдсан үзүүлбэртээ оноо өгч болно гэсэн үг. Тэр онооны
нийлбэрээр ялагч шалгарч байгаа. Мессэжээр үзэгчдийн таашаалд нийцсэн
үзүүлбэрийг шалгаруулж байгаа.

-Шоу нэвтрүүлэг хэр удаан
үргэлжлэх вэ?

-Долоо хоногийн бүтэнсайн өдөр
болгон гарч байгаа. Долдугаар сарын арван хүртэл гарна. Хагас финал, финал
гэсэн зарчмаар явна.

-Хасагдах журмаар явах юм уу?

-Хагсагдах маягаар биш. Хагас
финал дээр финалын төлөө өрсөлдөх дөрвөн хүн л гарч ирэх юм шиг байна лээ.
Гэхдээ бүх оролцогч үзүүлбэрээ үзүүлнэ.

-Өмнөх үзүүлбэр дээр жүжигчин
Н.Мөнхсоёлд эрэгтэй хүн таарахад хүмүүс их гайхсан. Харин гурав дахь үзүүлбэр
дээр хоёр ч хүн эмэгтэй болохоор сонгогдчихов уу?

-Биднийг анх шоунд ороход нэг юм
уу, хоёр удаа заавал эмэгтэй хүн болно шүү гэж хэлсэн. Эмэгтэйчүүдэд нь бас нэг
юм уу, хоёр удаа эрэгтэй дүр таарна шүү гэж хэлсэн юм.

-Шилдгийн шилдэг оролцогч ямар
шагналтай юм бэ?

-Шилдгийн шилдэг шагнал багагүй л
байх болов уу. Тэрийг нь яг мэдэхгүй байна. Тогтоогүй байгаа байх.

-Шоуны тайз засалт дээр хүмүүс ам
сайтай байгаа. Хувцас, бүжигчдээ өөрсдөө бэлдэж байгаа юу?

-Асар их хөрөнгө мөнгө, цаг
хугацаа зарсан, маш олон хүний хөдөлмөр орсон шоу шүү дээ. Тайзны хувьд өнгө
үзэмж харагдах байдлаасаа хүмүүст ойлгомжтой байх гэж бодож байгаа. Дэлхийн
хэмжээний шоу гэдэг утгаараа бүх юман дээр хариуцлагатай хандаж байгаа. Бүх
юмыг шоу зохион байгуулагчид гаргаж хийж байгаа. Нүүр хувиргалтыг Хосоо гэдэг
залуу багаараа хийж байна. Бүжигчид “Аймар” продакшн, “Nature dance” гээд хоёр
бүжгийн клубийнхэн. Ч.Насантогтох эгч бидэнд дуулах урлаг буюу хоолойгоороо
дуулах талаас нь зөвлөгөө өгч байгаа. Харин Ган-Очир ах жүжиглэлт хөдөлгөөн
талаас нь зөвлөгөө өгдөг.

-Үзэгчдийн мэдэхгүй тайзны ард
сонирхолтой зүйл болох уу?

-Шоуны үйл явц бүгд хүний нүдэн
дээр ил байгаа. Ойлгомжгүй зүйл байхгүй ш дээ.

-Долоо хоногийн хугацаанд хүндээ
хувирч чадаж байна уу?

-Долоо хоногийн хугацаа гэдэг бас
урт хугацаа. Хамаг юмаа гаргахад боломжийн гэж үзэж байгаа.

-Сүүлийн үед хувийн уран бүтээл
туурвиж байгаа юу?

-Нэлээд хэдэн дуу хийчихээд
клипэндээ орох гэж байсан шоунд орох болчихсон. Давхар давхар юм хийгээд яахав
гээд эхлээд шоуныхаа зураг авалтыг дуусгасны дараа уран бүтээлдээ оръё гэсэн
төлөвлөгөөтэй байна. Одоогоор шоундаа гол анхаарлаа хандуулж байна. Нэвтрүүлэг
эхлэхээс өмнө би өөрийнхөө бүх л цаг зав боломжоо гаргаж ажиллана гэдгээ хэлсэн.
Миний үзүүлбэр таалагдвал намайг дэмжээрэй.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Ганцхан толгойгоор хүний хувь заяа шийдэгддэгийг болиуллаа

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд саяхан батлагдлаа. Энэ хуулиудад гарсан дэвшил нь юу байв?

-Хүний эрхийн салбарт бараг 20-иод жил ажиллаж байна. Өмнө нь хүмүүсийг удаан хугацаагаар хорьж, залхаан цээрлүүлэх замаар эрхийг нь зөрчиж байна, хуулиас гадуур олон зүйлийг шахаж шаардаж байна зэргээр хуулиудаа, хууль сахиулах байгууллагуудаа их шүүмжилдэг байсан л даа. Ийм шүүмжлэлүүдийг хүний эрхийн тэмцэгчид олон жил ярьж ирсэн. Тиймээс дээрх хоёр хуульд хүний эрхийн ажилтнууд их идэвхтэй оролцлоо. Эдгээр хуулиуд гарснаар нэг талаас сайжирсан зүйлүүд бий. Нөгөө талаас тийм ч сайн ахиагүй зүйлүүд байна. Хамгийн сайн ахиц гарсан салбар гэвэл гэр бүл болон хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн заалтууд байлаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүн үнэндээ “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” амьдардаг байсан. Цагдаад мэдэгдлээ гэхэд хүчирхийлэгчийг авч явж байцаагаад “Гэр бүлийн асуудал юм байна” гээд маргааш нь буцаачихдаг. Өргөдөл өгсөн бол өнөөх хүчирхийлэгч “Чи өргөдөл өгсөн гэл үү, өргөдлөө тат чи” гэж нэмж зоддог. Үүнийг хүчирхийллийн чөтгөрийн тойрог гэж нэрлэдэг болчихсон байсан. Хэзээ ч тэр чөтгөрийн тойргоос гарч чаддаггүй, хүчирхийлэлд өртсөн бол тэвчээд, зовоод шаналаад амьдардаг. Төрд хэлээд аварч чаддаггүй, хамгаалдаг газар байхгүй юм болохоор сүүлдээ хүчирхийлэгчээ хороосон хэргээр өөрөө насан туршдаа шоронд ордог ийм л хувь тавиланг хүчирхийлэлд өртсөн олон хүн эдэлж байсан л даа.

-Тэгвэл энэ хуулиуд батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллийг зогсооход яг ямар алхмуудтай болсон юм бэ?

-Хууль сахиулагчид гэр бүлийн хүчирхийллийн тойргийг таслахад яаж оролцох вэ гэдгийг бүх талаас нь тодорхойлж өгсөн. Хууль сахиулах тухай хуулиар хууль сахиулагч хүн хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан тухай дуудлагыг аваад нэн тэргүүнд очно гэдэг заалттай болсон. Гэр бүлийн хүчирхийлэл болж байна гэсэн дуудлага авбал нэн тэргүүнд очих нь байна. Очиход нь хаалгаа дотроосоо түгжээд хүчирхийлэл үйлдэж, үүдээ онгойлгож өгөхгүй бол хүчээр нэвтрэх эрхтэй болсон. Энэ тохиолдолд оронгуутаа хохирогчийг хамгаалах үүрэгтэй боллоо. Түүнчлэн хүчирхийлэл үйлдэгч зэрлэг догшин авирласан, гартаа зэвсэгтэй байх юм бол зэвсгийг нь хурааж авах эрхтэй болголоо. Урьд өмнө нь ийм эрхийг хууль сахиулагчдад ямар ч хуулиар олгож байгаагүй. Тийм учраас хууль сахиулагчид нүдээ аниад хүчирхийллийг гэр бүлийн ахуйн асуудал гээд өнгөрөөчихдөг байсан. Үүнээс шалтгаалж олон хүний амь нас алдагдаж байлаа. Өчнөөн гэр бүлийн нулимс олон жил урссан. Үүн дээр Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд том дэвшил авчирлаа.

-Хүчний байгууллагуудын зэвсэг, хэрэглэл хэрэглэх дүрмийг нэг болгож хуульчилж өгсөн гэсэн?

-Хууль сахиулагчид бас ард түмнийхээ хамгаалалтад орж эхэлж байна. Энэ хүн ийм зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй. Нийтийн эмх замбараагүй байдал болох тохиолдолд хууль сахиулагч ийм ажил хийх эрхтэй, үүрэгтэй гэдгийг тодорхой болгосон. 2008 оны долдугаар сарын 1-нд нийтийн эмх замбараагүй байдал үүсэхэд хэн нь ямар эрхтэй, үүрэгтэй юм бэ гэдгийг хэн ч мэддэггүй байсан. Тийм учраас цагдаа нарыг тараарай гээд зарлахад тараагүй. Үүний араас ямар зэвсэг хэрэглэл хэрэглэх эрхтэй вэ гэдгийг хэн ч мэдэхгүй учраас элдэв юманд орж байсан. Одоо хууль дээр нийтийн эмх замбараагүй байдал үүсэхэд цагдаа нийтийн дунд нэг удаа, хоёр удаа зарлана. Тэгээд цаашдаа газ ч юм уу олон нийтэд зориулсан хэрэгслийг хэрэглэж болно гэх зэргээр хуульчилсан байгаа. Хууль гарснаар иргэд хууль сахиулагч хүн юу хэрэглэх эрхтэй вэ гэдгийг мэддэг боллоо. Энэ хуулиар цагдаа, иргэдийн хоорондын ойлголцол сайжирч байна. Ойлголцол сайжраад ирэхээр нийтийн аюулгүй байдал илүү хамгаалагдана гэж бодож байгаа.

-Хэрэг мөрдөн байцаах явцад таслан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс хорьдог байсан. Үүнийг нэлээд багасгасан юм уу?

-Эдгээр шинэ хуулиуд дээр олигтой сайжирч чадаагүй нэг зүйл байгаа гэж би эхэнд хэлсэн шүү дээ. Энэ бол цагдан хорих хугацааны асуудал юм. Манайд бол 36 сар хорьж болдог байсан. Тийм учраас ноднин Каплагийн хэрэг дээр олон улсын хүний эрхийн байгууллага, сэтгүүлчид Монгол Улс чинь гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг гурван жил ямар ч шүүхгүйгээр хорьдог юм байна. Хүнд ял эдлүүлэхээс удаан хугацаагаар гэм нь тогтоогдоогүй хүнийг хорьчихдог аймшигтай улс юм гэсэн шүүмжлэл явсан. Ингээд манай орныг дэлхийн бүх хэвлэл хотел монголиа гэж хочилсон. Сонирхуулахад хотел Калифорниа гэж дуу бий. Тэр дуу Калифорниа гэдэг зочид буудал байдаг. Тэр муж улс үнэхээр гоё, тэр буудал үнэхээр гоё. Ийм учраас та ороод буцаж гарахыг хүсдэггүй юм гэсэн утгатай. Гэтэл хотел монголиа гэж хочлохдоо юу гэж шоолсон бэ гэхээр Монгол гэдэг зочид буудал байдаг юм. Тэр нь бараг шорон шиг таныг оруулаад түгжчихдэг, гаргадаггүй гэж ёгтолсон. Энэ хоч Калифорнийн эсрэг дүр байхгүй юу. Монголд хүн мөнгөө оруулж, ажиллах гэж ирээд түгжигдчихдэг. Нэг түгжигдчихээрээ гаргадаггүй гэсэн санаа. Тэр бол манай улсад шүүхгүйгээр удаан хоригдсон гадаадын иргэдийг өмөөрч бичсэн хүмүүсийн өгсөн хоч юм. Шинэ хуулиар урьдчилан хорих төвд таван жил хүртэл ялтай хэрэгт сэжиглэгдсэн гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг 12 сараас илүү хорьж болохгүй гэж оруулсан. Грек, Италид 12 сар хүртэл, хүнд гэмт хэрэгт 18 сар болгон сунгаж болдог юм билээ. Гэвч АНУ, Ирландад хүнийг хоёр сар хорихыг л зөвшөөрдөг. Герман, Англи, Нидерландад бол зургаан сараас илүү хорьдоггүй. Мөн цагдан хорих төвд тав зургаахан том гэмт хэргээс бусад үед тагнаж чагнах үйл ажиллагаа явуулж болохгүй гэж оруулсан. Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх, гадаадын тагнуултай хамтран ажиллах, хар тамхи наймаалах, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм дээр үнэхээр хорьж байгаад хооронд нь гүйцэтгэх ажиллагаа явуулдаг юм байгаа биз. Тийм эрхийг нь үлдээсэн байгаа. Гэхдээ зүгээр нэг жирийн хулгайн хэргээр орсон нөхдийг гурван жил хорьж байгаад өөр өөр хэрэг нэмж тохоод гүйцэтгэх ажлын шугамаар янз бүрийн мэдээлэл нэмж оруулаад, худлаа үнэн яриулаад байдгийг зогсоох зорилгоор болиулсан.

-Хэрэг мөрдөн байцаалт ч нэлээд өөрчлөгдсөн байсан. Мэдүүлгийн аргаар бус өөр бусад олон арга хэрэгсэл ашиглана гэдгийг тодруулахгүй юу?

-Урьд нь шүүгч зөвхөн хавтаст хэргийг уншаад тэр уншсан номынхоо хэмжээнд шийдвэр гаргадаг байсан. Одоо бол нэг шүүгч ганцхан ном уншаад шийдвэр гаргахаа больж байгаа. Хүнийг гэм буруутайг тогтоогоод ял өгөх хүртэл дөрвөн шүүгч оролцохоор болсон. Нэгдүгээр шүүгч нь олж ирсэн нотлох баримтыг нь үнэлнэ. Есдүгээр сарын 1-нээс хуулиуд хэрэгжиж эхэлснээр Монголын ирээдүйн мөрдөн байцаагчид Дерек, Катанитай адил болно шүү дээ. Тэд яг тэр кинон дээр гардаг шиг гадуур явж жинхэнэ бодит баримт авчирна. Тэгээд шүүх дээр өнөө жинхэнэ баримтаа хэрэг үүсгэнэ гээд мэтгэлцэх байхгүй юу. Харин өмгөөлөгчийн тал тэр баримтын гаргалгаа дээр мэтгэлцэнэ. Тухайн баримтыг үлдээх эсэхийг мэтгэлцэж байж шийднэ. Хуучин бол ямар баримтыг хавтаст хэрэгт оруулах, алийг нь хасах, устгах вэ гэдгийг мөрдөн байцаагч шийддэг байсан. Одоо бол баримт болгон дээр тэр нотлох баримтыг үнэлэх шүүгчийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдана. Ингээд нотлох баримт шүүгчийн хэлэлцүүлгээр орчихлоо. Хоёрдугаарт, тэр хүнийг цагдан хорих уу, цагдан хорих хугацааг сунгах уу үгүй юу гэдгийг бас шүүгчийн захирамжаар шүүх дээр хоёр талаасаа мэтгэлцэж байж шийднэ. Гуравдугаарт нь, гэм буруутай юу, үгүй юу гэдгийг шүүгч дахиад тусдаа хурлаар шийднэ. Энэ үйлдэл нь гэм үү, санамсаргүй юу гэдгийг дахиад нэг шүүх хурлаар шийднэ гэсэн үг. Ингээд гэм буруутай гээд тогтоогдсон бол дараагийн шүүгч нь ялыг оноож өгнө. Ийм шат дамжлагатай шүүх хуралтай болсон. Энэ дөрвөн янзын шүүх хурлын аль нэгэнд нь орсон шүүгч нь дараа дараагийнхаа шатанд орохгүй.

-Бодит баримт дээр тулгуурлана гэхээр мэдүүлгээр хэргээ хүлээсэн байдлаар ялладаг байдал өөрчлөгдөх нь ээ?

-Зохиомол хэрэг гэдэг зүйл гарч ирэх боломжийг маш их багасгасан байгаа. Ялангуяа цагдан хорих төвд баримтгүйгээр хүмүүсийн амаар нэг нэгнээ гэрчилсэн мэдүүлэгт суурилсан хэргүүд маш их байдаг. Бодит нотлох баримтгүй тийм хэргүүд хэрэг илэрсэнд тооцогдох хэцүү. Шүүх дээр тэр нотлох баримтыг хамгаалахад ч хэцүү. Ийм олон шат дамжлагатай болсон учраас бие биенээ хоосон гүтгэж яллуулах, хэрэг тохох, өөр хүний хийсэн хэргийг эрүүдэн шүүх аргаар тохох гэдэг юм уу ийм ужгирсан нөхцөл арилна гэж үзэж байгаа.

-Хууль батлуулах явцад хүний эрхийн зөрчил их гарлаа гэж та мэдэгдэж байсан?

-Хуулийн хэлэлцүүлгийн явцад би өөрөө хүний эрхийн асуудлаар байнгын хороон дээр хүчтэй байр суурь илэрхийлсний дараагаар миний эсрэг олон вэб сайт дээр мэдээ гарч байсан. Ямар нэгэн гадаад, дотоодын тагнуулын байгууллагатай ч холбосон. Яг чуулган дээр хууль батлах өдөр миний эсрэг зургаан фотошоп твиттерээр цацсан. Нэг өдрийн дотор шүү дээ. Энэ өөрөө хууль тогтоох үйл ажиллагаанд үзүүлж байгаа дарамт шахалт л гэж харагдаж байна. Олон улсад парламентын гишүүдийн хүний эрх гэж байдаг. Би урьд нь казиногийн гурав, талийгаач С.Зоригийн хэрэг дээр тухайн үед нь өмгөөлөл бичиж байлаа. Парламентын гишүүнийхээ эрхийн хүрээнд энэ хүн дарамтад орсон юм биш биз гэж бичсэн л дээ. Харин сая энэ хоёр хуулийг батлах явцад би үүнийг яг биеэрээ амслаа. Яг өөрийг чинь парламент дээр үг хэлэнгүүт л нэг агуулга, тексттэй эсрэг мэдээ шинэ сайтууд, цахимаар гараад эхэлдэг юм байна.

-Хэзээнээс дарамталж эхэлсэн гэж?

-Өнөө АТГ, ТЕГ, ЦЕГ-ын гурван даргын гарын үсэгтэй бичиг гараад дарамт эхэлсэн. Дараа нь юу болсон бэ гэхээр МАН-ынхан нэг нь ч орж ирж кноп дараагүй. Бүгд тийм айдастай. АН, ИЗНН, МАХН, МҮАН-ынхан орж ирсэн. Яг намаараа зохион байгуулалттай юм шиг дарамтад орсон гэвэл Ардын намынхан юм байна гэж харсан. Манай болоод бусад бүх нам руу энэ хууль дээр кноп дарж болохгүй шүү гэдэг дарамт ирсэн. Энэ өөрөө Монголын парламентад хүний эрхийн хуульд ирж байгаа бодитой дарамт байсан.

-Хүчний байгууллагын дарга нарын гарын үсэгтэй ил захидалд эдгээр хууль батлагдвал дээрх байгууллагуудын эрх буурна. Ингэснээр хэрэг илрүүлэлт багасна гэж байсан санагдана?

-Харин ч чадамж нь ихэсэх байхгүй юу. Урьд жишээлбэл хүчний байгууллагууд эрэн сурвалжлаад баахан юм олдог. Олсон юмыг нь нотлох баримтад авдаггүй байсан. Яагаад гэвэл эрэн сурвалжлах ажлыг нь хуульчилж өгөөгүй. Одоо бол эрэн сурвалжлах нууц ажиллагааг хуульчлаад өгчихсөн. Хуулийн дагуу эрэн сурвалжлах нууц ажиллагааг хийх эрхтэй. Ингэхээр зэрэг хуулийн дагуу эрэн сурвалжлаад олсон материал нь шүүх хурал дээр нотлох баримтын дайтай ашиглагдана. Өөрөөр хэлбэл чекистүүдийн олж ирсэн баримт жинхэнэ утгаараа ашиглагдана гэсэн үг.

-Тэгвэл юунд эсэргүүцсэн хэрэг вэ?

-Энэ бол ганцхан юманд л садаа болж байгаа. Бизнест нь садаа болсон хэрэг. Эрэн сурвалжлах нууц ажиллагаа хийгээд олсон материалуудаа шүүхэд авчирч өгөхгүйгээр хувь хүний эрх ашигт ашигладаг байсан. Тэрний тухай утас чагнасан тийм, ийм бичлэг байна. Үүнийг чинь тэнд гаргаж тавина гэхээр хүмүүс чинь мөнгө өгнө биз дээ. Энэ бол хөрөнгөлөг хурандаа нарыг төрүүлдэг жинхэнэ бизнесийнх нь нууц. Тэрийг нь саяын хууль бизнес биш шударга ёс руу хандуулчихаж байгаа юм. Нууц ажиллагааг хэн дээр явуулж байгааг хэн ч хянахгүйгээр чөлөөтэй нууц ажиллагаа явж байдаг. Гурван даргын гарын үсэгтэй бичиг асуудлыг гуйвуулж тайлбарласан утгаараа жаахан өрөөсгөл байсан. Мэдээж хүчний байгууллагад янз бүрийн шалтгаан байж таараа. Тэдний эсэргүүцэж байсан ганц зүйл бол прокурорын зөвшөөрлөөр хиймээргүй байна, өөрсдөө дур мэдэж хиймээр байна л гэсэн шүү дээ. Гэтэл манай байнгын хороо УИХ юу гэж үзэж байна гэхээр прокурорын зөвшөөрөлтэй хийнэ. Прокурор хэргийн явцад баримтыг яаж бүрдүүлж байгааг хянах үүрэгтэй учраас түүний хяналтад явагдана гэдэг ийм л зүйлийг бид хуульчилж өгсөн байгаа. Ер нь аливаа нэгэн хяналтгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явагддаг орон гэж дэлхий дээр байхгүй шүү дээ.

Тийм орон байх үедээ Монгол 1937 оныг л бий болгож байсан байхгүй юу. Хэний ч хяналтгүйгээр дуртай хүнээ хянадаг шалгадаг нийгэм чинь явж явж НАХЯ, Х.Чойбалсанг бий болгодог. Тийм учраас бид НАХЯ, Х.Чойбалсанг бий болгохгүй тогтолцоог л сая хангалаа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Далхаагийн Норов: Нутгийн хөгшчүүл намайг “Жиргээгийн хүү” л гэдэг байлаа

Монгол Улсын төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовтой уулзаж хөөрөлдлөө. Эл эрхэм “Өнийн цэнхэр уулс”, “Уулсынхны туужис”, “Цэцгийн гурван сар”, “Хөх сайрын чулуу” туужийн түүврүүд, “Алтан богдын шил”, “Уулын хөх сүүдэр” романууд, “Yхлийн тухай өгүүллэгүүд”, “Хөх туужис”, “Yхэл хүлээх газар”, “Хүйтэн цуст” бүтээлүүд хэвлүүлсэн, Монголын хүүрнэл үгийн их мастер юм. Түүний “Зүрхэнд шивнэсэн үг”, “Уулын Төмөр”, “Ноён солиот” дэлгэцийн бүтээлүүдээс гадна “Эцсийн тушаал” теле жүжиг, “Босго тотго” олон ангит кино нь үзэгч олны сэтгэлд үлдэцтэй бүтээл болсон байдаг.

-“Мөнхийн дуудлага”, “Тэжээвэр” алдартай туужуудын загалмайлсан эцэг юу туурвиж буй бол гэж уншигчид хүлээлттэй байгаа нь лавтай. Уран бүтээлийн ганзага хэр баян байна?

-“Тэнгэрийн онго” гэж нэрлэсэн кино бичиж дууслаа.

-Бөөтэй холбоотой бүтээл үү?

-Үгүй юм аа. Киноны үйл явдал “Монголын нууц товчоо”-нд Тэмүжиний найман шаргыг дээрэмчид аваад, Тэмүжин араас нь нэхэж авчирсан тухай гардаг тэрүүхэн хэсгээс сэдэвлэсэн юм. Ердөө зургаан хоногийн явдал шүү дээ. Бичээд найруулагчдаа өгчихлөө. Энэ зүгээр нэг жижиг сажиг хулгай биш юм аа. Тэр хэсгийг задлаад, манай утга зохиолын хэлээр ургууллаа гэх юм уу.

-За, яаж ургуулав?

-Манайхан “Жаргалын найман морь” ч гэдэг найман хөлөг байдаг даа. Зарим судлаачид “Найман шарга морь биш ээ, зарим нь өөр зүсмийнх байсан. Алагтай адуу байсан” гээд янз бүрээр л тайлбарлаж таамагласан юм зөндөө байдаг. Тэр үед Чингистэй өвөр түрийдээ орж байсан улс манайд чинь зөндөө байдаг шүү дээ. Би кинондоо найман шаргаар л авсан. “Нууц товчоо”-нд “Найман шарга” гэж тэмдэглэсэн учраас тэрүүгээр нь авахад л хангалттай. Найман шарга агт адгуулаад байж байгаа хот айл гэдэг мэдээж хэрэг наян адуутай байсан байж таараа. Тэр дундаас найман шаргыг тасалж аваад, гаднаа нүд хариулаад байж байна гэдэг нэлээд онцгой адуу яа даа. Юундаа онцгой байх вэ гэдгээс ургуулан бодож байгаа юм. Хоёрдугаарт, есөн хөлт туг гэж байна аа. Голын цагаан сүлдээ тойрсон найман туг бол найман шарга морины бэлгэдэл юм. Бид хялбарчлаад дөрвөн зүг, найман зовхис гэж яриад байдаг болохоос монгол зүг чиг үндсэндээ арав байдаг. Хавтгай дээр л яриад байдаг болохоос дээшээ, доошоо хоёр зүгээ мэддэггүй. Найм, арав хоёрын завсрын тоо бол ес. Тэнгэр шүтлэгийн орой учраас цагаан сүлд голтойгоо ес болж байгаа юм. Тэгэхээр найман шарга агт, есөн цагаан туг хоёр язгуураасаа нэг амьтай байгаа биз.

-Таны бодсоноор бол тэр тодорхой болох нь л дээ?

-Энийг би ургуулахдаа дүр амилуулсан юм. Наана байгаа дүрүүд бол Тэмүжин, Өүлэн эх гээд тодорхой. Цаана байгаа икс дүрүүд л их учиртай. Найман шаргыг зургаан хоногийн газар аваад явчихна гэдэг зүгээр нэг хаяагаа хадарсан хулгайчийн үйлдэл биш. Дамжуулаад хөөчихсөн байж таарна. Зургаан хоног өвсний налархайгаар мөрдөнө гэдэг ч жирийн нэг юм биш. Найман шаргыг Мэргид, Тайчууд, Татаарууд, Найман, Хэрэйдийн аль нь ч ирж аваагүй. Тэр хэн байх вэ гэвэл Алтайд нэг гараад, говь руу нэг ороод, Хангайд нэг нутаглаад явдаг хэсэг бүлэг хэсүүлч тэнүүлч нөхөд байсан хэрэг. Энэ дүрүүдийг л ургуулж босгосон хэрэг.

“Алтан Богдын шилд

Алтан гургалдай жиргэнэ

Алтан гургалдайн жиргээнд

Агт морин сульдана” гэх дуунаас бүхэл бүтэн роман ургуулчихдаг туурвигчид найман шаргын хулгайгаас үүтгэн кино бичнэ гэдэг ч ёстой амархан хоол биз дээ?

-Уран саналга гээч юм л явж явж кино ч бай, тууж ч бай, ямар ч уран бүтээлийн амин сүнс нь болдог.

-Таны “Тэжээвэр” туужийг балчир ахуйдаа уншиж шүтэн биширч байснаа одоо ч мартдаггүй. Энэ туужийнхаа санааг яаж олов?

-Геологичдын тухай зохиолын уралдаан зарласан юм. Тэр уралдаанд л зориулж геологичидтой уулзаж, судалсаар санаа сэтгэлдээ Гөлгөө гэдэг хүний дүрийг босгоод авлаа. Ээжийгээ, дүү нараа тэжээгээд бүтэн сар амьдарчих мөнгөөр ганцхан орой наргичихдаг тийм залуус ч байх. Хүн хүний амьдрал, хувь тавилан социализмын үед ч өв тэгш байгаагүй. Дээртэй доортой л байсан. Тэр үзэл санаа, ариун мөн чанар руу явсаар Гөлгөөгөөс Цэнгэлийн дүр ургаж гарсаар байгаад би биш Гөлгөө тэр туужийг аваад явчихсан. Харин миний хувьд бодох гэж л хэдэн цагаан үс нэмсэн байх. “Орлогч” гэж дараа нь “Тэжээвэр”-тэйгээ холбоотой тууж бичсэн. Тэр бол хүний орлогчийн тухай бүтээл юм. Нийгэм бол тэжээврүүдтэй. Тэжээврүүдээс бүтдэг. Тэгвэл нийгэм хүний орлогчийг бий болгож байдаг. Аавдаа хүүгийн орлогч, ханьдаа нөхрийн орлогч, хүүхдэдээ эцгийн орлогч, нийгэмдээ хүний орлогч, бүх юм орлогч. Хүн төрөлхтөн байх цагт аль ч нийгэмд ийм орлогчид байх учиртай байж магадгүй. Тэр тэжээвэр, орлогч хоёр л миний дотрыг их хорсгож явсан юм болов уу даа.

-“Тэжээвэр” чинь уралдаанд яав?

-Түрүүллүү, яалаа. Шагналд овоо хэдэн цаас авч эхнэртэйгээ явж, гурван хаалгатай шүүгээ авч байсан юмдаг.

-Зохиолч болчихлоо доо гэж өөрийгөө анх тоох сэтгэгдэл төрүүлсэн бүтээл чинь юу бол?

-Зохиолч ч юм уу, юу ч юм өөрийгөө сайн мэдэхгүй явсан үе бий. Шаргад байхдаа бригадын төв рүү явахад сумын холбооноос боодолтой сонин явууллаа. Төлийн штаб дээр боодолтой сонин аваачиж өглөө. Цай ууж суугаад “Залуучуудын үнэн” сонин харж байсан чинь “Наранбулаг” өгүүллэг маань, миний товч намтартай гарчихаж. Тэгэхэд надад их хачин сэтгэгдэл төрж байсан. Миний анхны өгүүллэг хэвлэгдэж байгаа нь тэр шүү дээ.

-Өгүүллэгээ сониноос хараад яав?

-Сэмхэн боогоод орны доогуур шургуулчихаад яваад өгч билээ. Нэг л хачин санагдаад байсан. Зохиолч болох гэдэг өвчин чинь их эрт эхэлсэн дээ. Өөрөө мэддэггүй л байсан болохоос арваад наснаас эхэлсэн хэрэг. Зохиолч гэж өөрийгөө мэдэрсэн гэдэг бол ер нь хожуу шүү. “Эцсийн тушаал” жүжгээ бичсэн үе.

-Мянга есөн зуун наян есөн он байх шүү?

-Халхын голын ойд зориулж бичсэн юм чинь тэр үе л байх нь. Тэр жүжгээ эхлээд үзсэн чинь нэг л бууж өгөхгүй байгаа юм шиг хачин санагдаад байсан. Тэгсэн чинь манай хадам эгч хөдөөнөөс ирчихээд байхдаа үзсэн юм билээ. Тэгээд явахдаа эхнэрт маань “Чи ийм сайхан бүтээл бичдэг хүнийг гомдоов зай” гэж захисан гэдэг. Тэр үгийг сонссоны дараахан “Би чинь нээрээ зохиолч болчихсон юм биш үү” гэж бодсон. Тэгээд “Тэжээвэр”, “Сэрвэгэр хадны зэрэглээ”, “Хөх тавилан” туужууд гараад “За ямар ч байсан зохиолч болсон юм байна” гэж ойлгох болсон доо.

-Хөдөө нутагтаа уурын зуухны галчаар ажиллаж байхдаа, эмчийн алба хашиж байхдаа уран бүтээл хэр их бичиж байв?

-Ер нь их бичээгүй шүү. Харин Анагаахын сургуульд сурч байхдаа, хөдөө ажиллаж байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан маань бичих сургууль болсон байх. Эхэн үедээ хийсэн, хийх зүйлээ бичдэг байлаа. Сүүлдээ бодсон юмаа бичдэг боллоо. Тэгээд толгой холбож бичдэг болсон. Гомдож, баярлах, уурлах, хүсэл мөрөөдөл оргилсон бүхнээ бичдэг боллоо. Өгүүллэг бичих оролдлого Шарга суманд ажиллаж байхад төрж эхэлсэн. Хоёр ч тууж бичих гэж оролдсон байгаа юм. Тэр хоёр одоо хэвээрээ байж байг гэж боддог юм. Хүүхдийн гэгээн, гэнэн сэтгэлгээ бүгд шингээстэй байдаг юм. Би одоо тэр хоёрыг гүйцээгээд бичиж болно л доо. Гэхдээ анхны үеийн тэр хэл, сэтгэлгээ одоо байхгүй болчихсон байгаа юм.

-“Алтан Богдын шил” романыхаа хоёрдугаар дэвтрийг цүнхтэйгээ алдсан гэдэг. Хоёрдугаар дэвтрийг нь бичээ юү?

-Би тэр романаа наяад оны сүүлээр бичсэн. Түүнээс хойш нийгэм өөрчлөгдсөн. Хоёрдугаар дэвтрээ бичиж дуусгаад Орос руу унших гэж авч яваад алдчихсан. Утга зохиолд дүрслэлийн хэл гэж байдаг даа. Дүрслэлийн хэл гэдэг зүгээр нэг үг биш. Зохиолч бүр өөрийн хэлтэй. Би сүүлд тоймлож нэг юм тэмдэглэж авсан юм. Гучаад жилийн зайтай бичих гэж байгаа болохоор тэр дүрслэлийн хэл өөрчлөгдөх нь ойлгомжтой. Гэхдээ л бичихээс өөр арга алга даа.

-Ойрд ямар ном хэвлүүлэхээр төлөвлөж байна?

-Хүүхдэд зориулж насандаа ганц тууж бичсэн юм. “Дайны дараах намар буюу Алмаст уул” гэсэн нэртэй. Энийгээ одоо хэвлүүлдэг юм уу даа. Адал явдалт тууж юм. Арван хэдэн нас гэдэг агуу ихийн дэмийрэлтэй байдаг шүү дээ. Тэр тухай л юм. Одоо бас нэг тууж бичмээр санагдаа л байх юм. Цээжний гүнд нэлээд юм байна аа. Дотроос маажаа л байна.

-Таны аав, ээж зохиолч болоход тань нөлөөлсөн болов уу?

-Аав, ээж маань малчин удмын улс. Аавын талынхан олон үеийн уран дархчууд, анчид байснаас баян түшмэл, тайж язгууртан байгаагүй. Манай аав Далхаа цэрэгт мордоод, дөчин таван оны Чөлөөлөх дайнд явж Жэхэ хот ороод ирж байсан хүн. Ирэхдээ хоёр бөөр нь буудуулчихсан юм шиг цоорхой, ус гоожсон юм л ирж байсан гэдэг. Малын санитарын зургаан сарын курст суугаад цэргийн хорооны мал эмнэлгийн цэргээр явсан юм билээ. Идэш, унааны малын эрүүл ахуйг хариуцдаг байж. Японы хордуулсан худгууд замд нь их тааралдах. Ямар ч даргынхаа тушаалаар юм бүү мэд, хортой ус ууж морь нь хордож газар дээрээ үхээд, аав хордсон ч ямар азаар амьд гарсан юм, хоёр бөөргүй болоод ирж байсан байгаа юм. Ямар азаар тэр аюултай хор нь гадагшаагаа цохиж амь аврагдсан юм бэ дээ. Сумаар нэвт буудуулчихсан юм шиг сорвитой байдаг байсан. Аав харин хожим “Бөөр өвдөөд” гэдэггүй л байсан. Яс сайтайнх уу, ямар учиртай байсан юм бол доо. Аавыг маань манай нутгийнхан Жиргээ Далхаа гэдэг байлаа. Нутгийн хөгшчүүл намайг Жиргээгийн хүү л гэнэ.

-Аавыг тань яагаад тэгж нэрлэсэн юм бол?

-Хүн амьтан босоогүй үүр цүүрээр уул хаданд гараад адуу мал хараад явчихдаг тийм эртэч хүн байсан юм гэнэ лээ. Бид чинь эцэг эхээс арван хоёулаа. Муу аав минь арван хоёр хүүхдээ хулгай хийхээс бусдыг хийж амьдарсан даа. Би зулай дээрээ гишгэж төрсөн нэг эгчтэй, дороо арван дүүтэй хүн шүү дээ.

Дорнын цагаан саран

Аяыг Д.Баттөмөр

Сарны туяанд цэцэг ургана

Салхины сэвшээнд үлгэр урсана

Саруул хар нүдийг чинь санана

Салалтгүй хамтдаа суугаасай

Дорнын цагаан саран

Шөнөжин дуулж хононо

Дотно янаг хүүтэйгээ

Насандаа цэнгэж сууя аа

Сарнайн дэлбээнд шүүдэр унана

Цагаан гэгээнд Хэрлэн урсана

Сайхан бор царайгий чинь бодно

Цаглашгүй мөнхдөө жаргаасай

Дорнын цагаан саран

Шөнөжин дуулж хононо

Дотно янаг хүүтэйгээ

Насандаа цэнгэж сууя аа

Занданы үнэрт салхин сэвшинэ

Хэрлэнгийн шугуйд болжмор зүүдлэнэ

Зөөлөн ээл зангий чинь хүснэ

Хэмжээлшгүй ихээр хайрлаасай

Дорнын цагаан саран

Шөнөжин дуулж хононо

Дотно янаг хүүтэйгээ

Насандаа цэнгэж сууя аа

“Эцсийн тушаал” жүжгийн дуу

Аяыг Ц.Чинзориг

Хүлгийн сайныг унасан юмсан

Хүний дээд нь явсан юмсан

Хүүгээ үнсэж амжаагүй юмсан

Хүслээ гүйцээж чадаагүй юмсан

Наран зүгээс чамайгаа ирнэ гэж

Насаа марттал хүлээж суугаа

Амьдралд мөнхөрсөн

амраг минь ээ хө

Ээжийн аавын энхрийхэн юмсан

Эгэлхэн зөөлхөн зантай юмсан

Эргэж уулзахаар болзсон юмсан

Элгээ дэвттэл учирна гэсэнсэн

Халхын голоос чамайгаа ирнэ гээд

Хатуу орчлонг зөөллөн хүлээлээ

Хайранд мөнхөрсөн

амраг минь ээ хө

Уулын уснаас амссан юмсан

Усны чулуунаас авсан юмсан

Уужим саруул ухаантай юмсан

Уртын дуундаа хайртай юмсан

Ялалтын морьтой чамайгаа ирнэ гээд

Янагийн дуугаа дуулж сууна даа

Амьдралд мөнхөрсөн

амраг минь ээ хө

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбат: Гэр бүлийн хүчирхийллийг зогсоохын тулд хуулийн ажилтан айлд нэвтрэх эрхийг нээж өглөө

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон гол өөрчлөлтүүд нь юу вэ?

-2015 онд бид Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан. Харин энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг бол Эрүүгийн хуулийг яг амьдралд хэрэгжүүлэх үйл явцыг заасан зүйл л дээ. Бид процессын хууль гэж ярьдаг.

Процессын хууль анх 1963 онд батлагдаж, 2002 онд өөрчлөлт орсон байдаг. Одоо дахин шинэчлэн баталлаа. Ер нь бол өмнөх эрүүгийн хууль Зөвлөлт маягийн аргыг голчилсон байсан. Тэр нь хүнийг цагдан хорьж, байцаалтаар хэрэг нотлох эрхзүйн орчныг голлосон гэсэн үг. Тийм хуулийн орчин нь нийгмийг шоронжуулдаг.

Нөгөө талаар хохирогч нь хохирлоо барагдуулж чаддаггүй улам хохироод явдаг байгаа. Харин одоо шинэ хууль батлагдсанаар энэ оны есдүгээр сарын 1-нээс эрс өөрчлөгдөнө.

Хэргийг зөвхөн байцаалтаар биш өөр олон аргаар нотлох ийм хуулийн орчныг бий болголоо. Өөрөөр хэлбэл хүнийг хэн нэгэн албан тушаалтны сэжигт үндэслэн олон сараар хорьдог байдлыг хязгаарлаж зөвхөн нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд яллагдагчаар татаж шалгадаг байхаар зохицуулсан. Мөн хэрэг шалгахдаа нууцаар хийгдэх мөрдөн шалгах ажиллагааг хуульчилж гагцхүү хуулийн хүрээнд хийгдэх баталгаа болгон шүүхийн зөвшөөрөлтэйгөөр явуулахаар болж байгаа.

-Тэгэхээр мөрдөгчид тухайн хүнийг хориод, байцаалт аваад “Үүнтэй танилцаад гарын үсгээ зур” гэх маягаар ажиллахаа болих нь гэж ойлголоо?

-Тийм. Ер нь мөрдөн байцаагчид өөр орчинд ажиллаж эхэлнэ. Гадуур үйл ажиллагаа идэвхжинэ гэсэн үг. Мөн хуулиар зөвшөөрөгдсөн аргыг л хэрэглэнэ. Нөгөө талаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэг нь төрд байдаг. Тухайн хохирогчийн хохирлыг барагдуулахын тулд бид Хохирлын нөхөн барагдуулах сангийн хуулийг батлуулах ёстой. Ял үйлдсэн хүнээс хохирлыг барагдуулах биш сангаас барагдуулчихдаг болно. Дараа нь хохирол барагдуулах сан нь нөгөө хэрэг хийсэн хүнээс төлбөрөө авна. Манай улсад 6-10 мянган хоригдол цагдан хоригдох байр, орон шоронд байдаг. Энэ бол хүн амтай нь харьцуулахад өндөр үзүүлэлт шүү дээ. Гэтэл 4-5 жил болоод Өршөөлийн хууль гаргадаг. Энэ чинь өөрөө хууль маань болохгүй байсны баталгаа юм. Өмнө нь хүнд, хөнгөн, хүндэвтэр гээд дөрөв, таван ангилалтай байлаа. Шинэ хуулиар үүнийг хоёр ангилалд л оруулж байгаа. Үүний дараагаас хорих ангиудад хүний эрхийг дээрдүүлэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хэлэлцэгдээд батлагдаад явна.

-Хууль сахиулах ажиллагааны тухай хуультай боллоо. Энэ манайд шинэ хууль болсон. Хуулийн гол онцлогуудаас хэлж өгөхгүй юу?

-Өмнө нь 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болоод Зөрчлийн тухай хууль гээд цоо шинэ хууль баталсан шүү дээ. Хууль сахиулах ажиллагааны тухай хууль маань 12 бүлэгтэй. 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхлээд дагаж мөрдөж эхэлнэ. Хууль сахиулах ажиллагааны тухай хууль нь нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, зөрчил шалган шийдвэрлэх зорилгоор явуулах хууль сахиулах ажиллагааны үндэслэл журмыг тогтоох энэ ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хүн, хуулийн этгээдэд шаардлага тавих, баримт бичгийг шалгах, тээврийн хэрэгслийг зогсоох, согтуурсан мансуурсан байдлыг шалгах, орон байр бусад газарт нэвтрэн орох, гамшиг, хорио цээрийн дэглэм тогтоосон үед нийтийн хэв журам сахиулах, жагсаал цуглааныг албадан тараах зэрэг хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтны нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр явуулах ажиллагааны үндэслэл, журмыг хуульчилсэн хэрэг. Түүнчлэн хууль сахиулах ажиллагаанд нэг бүрийн тусгай хэрэгсэл, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журам, тэдгээрийг хэрэглэх субьектыг хуульчлан заалаа. Тухайлбал, галт зэвсэг хэрэглэх хуульд заасан 11 үндэслэлийн тухайлсан хоёр үндэслэлээр байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч галт зэвсэг, бороохой хэрэглэж болохоор заасан байгаа.

-Эрх бүхий байгууллагууд галт зэвсэг хэрэглэх журмаа хамтарсан юм уу, дангаараа дотоод журмаараа зохицуулж явдаг байсан талаар шүүмжлэл сонсогддог. Одоо хуулиар зэвсэг хэрэглэх эрхтэй байгууллагууд бүгдээрээ нэг хуулиар ойлгомжтой болж байгаа юм байна?

-Тийм ээ. Өмнө нь 2008 оны долдугаар сарын 1-нд манай хууль сахиулагчид галт зэвсэг хэрэглэсэн. Түүний дараа хуульчлагдаагүй байдал нь илэрч буруутай, буруугүй гэлцэж байлаа. Таван хүний амь эрсэдсэн нь хууль сахиулах ажиллагаанд алдаа мадагтай зүйл байсны илэрхийлэл. Олон цагдаа асуудалд орсон. Энэ байдал бүгд хуульчлагдлаа. Бас хууль сахиулах ажиллагаанд хяналтын төхөөрөмж яаж ашиглах, түүнд тавигдах шаардлага, хэрэглэх журмыг Засгийн газар батлах, баримтжуулагдсан, дуу дүрсний бичлэг нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар тооцогддог байхаар болсон.

-Шүүх дээр дүрс бичлэгийг нотлох баримт болгон үзүүлж болдог болж байгаа хэрэг үү?

-Тэр дуу дүрсний бичлэгийг тусгай зөвшөөрөгдсөн хяналтад байгаа хэрэгслээр авсан бол нотлох баримтад тооцогдоно. Мөн хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авмагц таслан зогсоох арга хэмжээг цагдаагийн байгууллага даруй авдаг байхаар болж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, таслан зогсоохыг шууд хуульчлаад заачихсан. Хаалттай хаалганы цаана гэр бүлийн орчинд эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах тохиолдлууд байсан. Хууль хүчний байгууллагууд ч гэр бүлийн дотоод асуудалд тэр болгон ордоггүй байлаа. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийллийг зогсоохын тулд хууль хүчний байгууллагынхан орж болно гэдгийг хуульчлаад заагаад өгчихсөн гэсэн үг.

-Хэрэв хүчирхийлэл үйлдэж буй байдал тогтоогдвол хаалгыг нь эвдээд орж болдог болж байгаа гэсэн байх аа?

-Хаалгыг ямар нэгэн байдлаар онгойлгоод доторх хүчирхийллийг таслан зогсоох энэ чиглэл рүү хуулийн эрхтэй болж байгаа. Мөн АТГ, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тахарын алба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн талаарх мэдээлэл олж авах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор явуулах эрэн сурвалжлах нууц ажиллагааны үндэслэл, журмыг тогтоосон. Түүнчлэн тэдгээрийн үйл ажиллагаанд тавих прокурорын хяналтын хүрээ, хэмжээ, хууль сахиулах тусгай ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, үндэслэл журмыг хуульчилж өглөө.

2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ил тод, шударга, түргэн шуурхай, үр нөлөөтэй, тодорхой процедурыг хуульчлан тогтоох шаардлагын хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд тусган хуульчиллаа. Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хариуцлагын тухай болон байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлсон шинжтэй Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн тухай, Өрсөлдөөний тухай, Банкны тухай, Цагдаагийн албаны тухай зэрэг хуулиар зохицуулагддаг байсан. Түүнчлэн тодорхой салбарын хүрээнд албан тушаалтны баталсан дүрэм, журмын хүрээнд хүн, хуулийн этгээдийн эд зүйл, эзэмшил газарт үзлэг хийх, баримт бичиг, эд зүйл хураан авах, битүүмжлэх, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах зэрэг харилцааг зохицуулж байлаа.

Энэ нь хууль сахиулах ажиллагаа, түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлж, улмаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим алдагдахад хүрээд байсан л даа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах нэгдсэн стандартыг Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар бий болголоо.

-Нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг одоо хувийн компаниуд ачаад явчихаж байна. Хууль сахиулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ үйл ажиллагаа цагдаагийн хяналттай болж байгаа гэсэн?

-Хүнд үзлэг шалгалт хийх, хүний өмч эд хөрөнгөд халдах бол эрх бүхий байгууллагын эрх бүхий этгээдүүд байх ёстой. Эсвэл тэдний хараан дор зөвшөөрөлтэйгөөр хийх боллоо л доо. Дуртай хүн нь очоод хүссэн юмаа ачаад явчихдаг байж болохгүй. Аль нэгэн байгууллагын даргын журам эсвэл хотын, сумын захиргааны даргын тушаалаар биш хуульчлагдсан хүрээнд явахаар заагаад өгчихлөө. Өөрийн чинь хэлж байгаа зүйл цаашдаа байхгүй болно. Бүгдээрээ л хуулийн дагуу, хуульд заагдсаны дагуу эрх бүхий этгээд журмаа гаргаад явахаас биш хэн нэгэн дуртай дарга журам гаргаад хүний эд хөрөнгөнд халддаг тийм зүйл байхгүй болно гэсэн үг. Үүний нэг нь машин ачих шүү дээ.

-Хууль хэлэлцүүлгийн шатанд байхад АТГ, ЦЕГ, ТЕГ-ын дарга нарын ил захидал гарч байсан. Хэрвээ энэ хууль гарвал дээрх байгууллагуудын эрх суларна. Үүнээс шалтгаалж гэмт хэргийн илрүүлэлт буурна гэж байсан?

-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд өрөөндөө Хууль зүйн сайд байгаад өөрийн чинь ярьсан гурван байгууллагын удирдлагуудтай уулзсан. Тэнд ажлын хэсгийн гишүүд, прокурор, шүүхээс хүмүүс байлцаад хуулийн үндсэн зарчмыг эвдэхгүйгээр авч болох саналуудыг аваад энэ асуудлыг шийдвэрлэсэн. Гүйцэтгэх болон хойшлуулшгүй ажиллагаа хурдан түргэн явах байдлыг алдагдуулахгүй, гэхдээ тодорхой хэмжээний хяналт зөвшөөрөлтэйгөөр хийх аль аль талыг бодолцсон. Гурван байгууллагын ярьж байгаа зүйлд авах юм байсан шүү.

-Мөн МАН тав хоногийн завсарлага авсан. Дараа нь бүлгийнхээ мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Хууль зүйн сайд мөрдөн шалгагдаж байгаа хэргийг татаж үзэх, хяналт тавих эрхийг хуульд заасан байсан. Энэ мэт хариуцлагагүй зүйлс байгаа учраас нухацтай хандах ёстой” гэж тайлбарлаж байсан?

-Ерөнхийдөө Хууль зүйн сайд бол улс төрийн албан тушаалтан. Тэр болгон бас хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохооргүй байх нь зүйтэй гэдэг саналуудыг аль аль байгууллага тавьж байсан. Нөгөө талаас Засгийн газар хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын өмнө хүлээдэг албан тушаалтан. Тиймээс зарим зүйлийг аваад прокурорын хяналтад оруулаад явсан. Ер нь аливаа хууль хүчний байгууллага ямар нэгэн хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулж болохгүй.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Барилгын компаниуд нууцаар орон сууцныхаа үнийг хямдруулжээ

-ИРГЭД ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУСАН ҮНЭЭР ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВЧ ЭХЛЭВ БОЛОЛТОЙ-

Орон сууцны үнийн хөөрөгдөл хөрсөн дээрээ бууж эхэлжээ. Барилгын компаниуд бие биедээ хэлэлгүйгээр үнээ буулгаж, иргэд зах зээлийн бодит үнээр орон сууцаа худалдан авч эхэлсэн байна. Гэхдээ барилгын компаниуд олон нийтэд шууд ил гарч ирээд “Манай компани мкв-ынхаа үнийг 2.5 сая төгрөгөөр үнэлж байснаа 1.6 сая төгрөг болгож хямдрууллаа” гээд зоригтой мэдэгдэл хийж, зар сурталчилгаа цацаж чадахгүй байгаа юм байна. Харин нууц байдлаар шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэ хямдарчээ. Энэ талаар бид дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэсэн юм.

Зарын сонин болоод, зар сурталчилгааны сонинууд дээр “Ашиглалтад ороод удаагүй шинэ орон сууц хямд үнээр худалдана. Найман хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Эсвэл “Мөнгөний яаралтай хэрэг гарсан тул маш хямдхан үнээр буюу мкв-ыг 1.6 сая төгрөгөөр зарна. Шинээр ашиглалтад орсон …… хотхонд бартераар орон сууц худалдана. Автомашин, мал, барилгын материал, хурдан борлогдох бараа бүтээгдэхүүн оролцуулж болно” гэх зар дүүрэн байх боллоо. Дээрх заруудыг анх харахад жирийн иргэнд мөнгөний хэрэг яаралтай гараад шинээр худалдаж авсан байраа хямд үнээр худалдах гэж байгаа мэт харагдана. Харин заруудыг тогтож ажиглаад харахаар өнгөрсөн жил, эсвэл он гараад ашиглалтад орсон сүүлийн нэхэн хотхоны орон сууц байх ажээ. Бүр тодруулбал, зарын доорх холбоо барих утасны дугаар нэг компанийн ажилтнуудын дугаар байх. Барилгын компаниуд орон сууцныхаа үнийг 5-11 сая төгрөгөөр хямдруулжээ. Гэвч юунаас болж барилгын компаниуд үнээ хямдруулснаа бусдаасаа нууцалж, хэн нэгнээс болгоомжилсон байдалтай худалдаалах болов. Тэд барьсан барилгынхаа үнийг буулгаж байгаа гэдгээ нуух болсон цаад шалтгаан юу вэ.

“ХЭДХЭН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭРХ АШГААС БОЛЖ НЭРЭЭ НУУЖ, ҮНЭЭ ХЯМДРУУЛСАН”

Бид зар дээрээс Хан-Уул дүүрэгт ашиглалтад ороод найман сар болж байгаа нэгэн орон сууцны барилгын компанийн менежертэй холбогдож, үнэ ханшийг нь асуусан юм.

“Ахад нь яаралтай мөнгөний хэрэг гараад л метр квадратыг нь 1.6 сая төгрөгөөр үнэлж, байраа худалдаалж байгаа юм. Урьдчилгааны 30 хувь байгаа гэвэл банкны зээлийг нь хамт хөөцөлдөж өгнө. Банкинд таньдаг хүн байгаа” гэх. Хэд хэдэн удаа өөр өөр мкв-тай байрыг асууж үзээд “Та хувь хүн биш. Компани төлөөлж байгаа хүн байна. Яагаад компанийнхаа нэрийг гаргахгүй байгаа юм бэ” гэлээ. Мөн энэ талаар сурвалжлага бэлтгэж байгаа гэдгээ ч хэлэв. Ингээд түүнтэй уулзаж компанийнхаа нэрийг нуух болсон талаар нь ярилцлаа. Тэрбээр компанийнхаа болон өөрийнхөө нэрийг сонин дээр гаргахгүй байхаар тохиролцож ярилцлага өгсөн юм.

-Юунаас болоод компанийнхаа нэрээр биш хувь хүний нэр ашиглаж орон сууцны барилгаа зарж байгаа юм бэ?

-Ингэж л худалдахгүй бол борлохгүй байна шүү дээ. Манай компани барилгын салбарт ороод 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд маш олон орон сууцны барилга ашиглалтад оруулсан. Иргэд ч манай компанийн барьсан барилгад сэтгэл хангалуун байдаг. Бид чанарыг эрхэмлэж ажилласаар өдий хүрч байна. Гэхдээ компанийнхаа нэрийг нуух шаардлага эдийн засгийн хямралаас гадна бусад хүний эрх ашгийг бодоод гараад байна. Өнгөрсөн жилээс орон сууцны худалдан авалт хэд дахин буурсан. Найман хувийн зээлээр маш олон гэр бүл байртай болж чадсан. Барилгын компаниудын хувьд ч худалдан авалт нэмэгдэж ашиг орлого сайжирсан. Гэтэл эдийн засгийн хямралаас болоод Монголд бэлэн мөнгөтэй хүн байхгүй болчихсон. Худалдан авалт байхгүй болчихоор компаниуд дагаад хямарчихсан. Ихэнх нь барилга барихдаа банкнаас зээл авдаг. Орон сууцаа зарж дуусаад эргүүлээд зээлсэн мөнгөө өгнө гээд өндөр хүүтэй зээл авчихсан. Мөн гүйцэтгэгч компаниуд болон ажилтнуудынхаа цалинг зээл аваад хагасыг нь өгчихсөн байдаг. Тэгсэн худалдан авалт байдаггүй, компанийн данс улайчихсан. Хэдэн талаас өр нэхэгдээд суух байх газраа олж чадахгүй хүнд байдалд орж байна. Банкны мөнгө нэхэгдээд байдаг. Барьцаанд тавьсан эд хөрөнгө хурааж авах гээд байдаг. Зөвхөн манай компани биш барилгын салбарт ажиллаж байгаа олон компани иймэрхүү дүр зурагтай байна. Тэгээд байрныхаа үнийг хямдруулж байгаа. Бүр худалдан авч байгаа хүнд маш олон боломж олгож байна.

-Тухайлбал?

-Урьдчилгаа төлбөр хүрэхгүй байгаа бол автомашиныг нь өндөр үнээр худалдан авч байна. Малчдаас малыг нь зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаад авч байна. Хурдан аргаар борлогдох юу л байна тэрийг нь урьдчилгааны мөнгөнд оруулаад авч байгаа. Саяхан гэхэд хувцас худалдаалдаг хүн манайхаас байр авсан. Дөрвөн сая төгрөгийн хувцас урьдчилгаа мөнгөнд авсан. Түүнийгээ цалингаа бүрэн өгөөгүй ажилтнуудад мөнгөний оронд өглөө. Арматурын төмөр, гурил, будаа гээд мөнгө болж болох юу л байна тэр бүхнийг бартераар авч байна шүү дээ. Сүүлдээ барьсан барилгаа зарах гэж панзчин болж байна. Урьдчилгааны мөнгөнд ирсэн машинаа мөн л өрөнд шилжүүлээд өгдөг. Барилгын материалыг шинээр барилга барьж байгаа танил компани руугаа хямдхан зарж байна.

-Энэ бүхэн компанийнхаа нэрийг нуух, орон сууц хямдарсан гэдгээ олон нийтэд хэлэхгүй байх шалтгаан юм уу?

-Үгүй ээ. Би чамд барилгын салбарын өнөөгийн дүр төрх ямар байгааг хэллээ. Юунаас болоод компаниуд орон сууцны мкв-ынхаа үнийг 5-9 сая төгрөгөөр буулгаад байна вэ. Хоёр жилийн өмнө мкв-ынхаа үнийг 2.5 сая төгрөгөөр зарж байлаа. Гэтэл яг одоо орон сууц сонирхож байгаа хүмүүсийн сард авч байгаа цалин зээл авахад хүрэхгүй байна. Иймд үнээ буулгаж байж худалдан авалт нэмэгдэнэ. Бид бүхэн эдийн засгийн хямралаасаа эргээд гарна. Үнээ огцом хямдруулж байгаагаа олон нийтэд зарлаж болохгүй байна. Барилгын компаниуд хэд хэдэн холбоонд хамаарагддаг. “Та бүхэн орон сууцныхаа үнийг хямдруулж болохгүй. Тэгвэл барилгын салбар тэр чигтээ сөнөнө. Маш олон компани хаалгаа барина” гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн хэнийхээ эрх ашгийг бодоод үнээ албан ёсоор хямдруулж байгаагаа хэлж чадахгүй байна. Саяхан гэхэд нэг компани үнээ 1.7 сая төгрөг болгоод хямдруулсан гэсэн зараа барилга дээрээ өлгөчихсөн. Компанийн захирлыг нь холбоод болон олон компанийн захирал загнаад сүйд хийчих шахсан гэсэн. Барилгын компаниуд хар хайрцагтай, нэгдсэн бодлоготой байх ёстой гэж үздэг. Үүнээс болоод л компаниуд хувь хүн мэт дүр эсгээд өөрийнхөө эд хөрөнгийг хулгайч хүн шиг далдуур зарж байна шүү дээ.

-Орон сууцныхаа үнийг буулгаж байгаагаа зарлах гэхээр бусдынхаа эрх ашгийг үнэхээр хөндөөд байгаа юм уу?

-Би буруу бодож байж болно. Гэхдээ банкнаас огт зээл авалгүй өөрийнхөө хөрөнгөөр барилгаа барьсан. Маш их хэмжээний ашиг олох тооцоо гаргачихсан цөөн хэдэн толгой компанийн эрх ашгаас болж дундаж давхаргын компаниуд хөлд нь чирэгдээд байна. Одоо худалдаалж байгаа бодит үнээрээ орон сууцаа зараад дуусах юм бол манай компани бага зэргийн алдагдал хүлээгээд эргээд сэргэчихнэ.

-Таны ярианаас мкв-ынхаа үнийг 5-9 сая төгрөгөөр буулгасан ч компаниуд ашиг олно гэж ойлгож болох уу?

-Бид тооцоо судалгаа хийж үзсэн. Анх тооцоолж байснаас хэд дахин буурсан үзүүлэлт гарсан. Гэхдээ ямар ч байсан ашиг гарсан гэв. Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул гээд дүүргүүдэд шинээр ашиглалтад орсон орон сууцны барилгуудын эзэд болох компаниуд бүгд л дээрх хариултыг дуу нэгтэй өгч байна лээ. Мөн орон сууцны үнийн хөөс хагарч, үнэ нь хөрсөн дээрээ буужээ. Иргэд орон сууцаа бодит үнээр худалдан авч, компаниуд ч ашигтай байгаа юм байна. Хэдэн толгой компани л барилгын үнийг хүчээр барьж байгаа ажээ. Үүнээс гадна орон сууцны үнэ цаашид ч буурна гэдгийг борлуулагчид ярьж байна.

Э.Баатар