Categories
мэдээ цаг-үе

“Улаан сарнай” хамтлагийн багш Б.Номингэрэл: Анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо хагас финалд шалгарсан

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэргэдэх цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлаг нь Цэнгээнт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч ирэх намар ХБНГУ-д болох дэлхийн аварга шалгаруулах стандарт формейшн бүжгийн тэмцээнд оролцохоор болсон. Тус хамтлаг өмнө нь уг тэмцээнд хэд хэдэн удаа амжилттай оролцож байжээ. “Улаан сарнай” хамтлагийн гишүүд сурч, ажиллахынхаа хажуугаар бүжиглэдэг жинхэнэ урлагт хайртай залуус. Тус хамтлагийн удирдсан багш Б.Номингэрэлтэй ярилцсаныг сонирхуулъя.

-Та “Улаан сарнай” хамтлагт их олон жил бүжиглэсэн гэсэн. Яагаад энэ хамтлагт орох болов?

-1998 оноос хойш энэ хамтлагтай холбоотой яваа. 1998 онд анх Санхүү, эдийн засгийн дээд сургуульд оюутан болж орсноос хойш орж бүжиглэсэн. 2006 оноос хойш арав дахь жилдээ тус хамтлагт багшилж байна.

-Танай хамтлаг энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон. Өмнө нь оролцож байсан тухайгаа манай уншигчдад сонирхуулаач?

-2011 онд бид анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо хагас финалд шалгарсан. Энэ тэмцээнд олон жил хүчээ сорьсон хамтлагуудтай өрсөлдөж ийм амжилт гаргасан. 1986 оноос хойш дөнгөж оролцсон хамтлагуудаас хагас финалд шалгарсан тохиолдол байгаагүй гэж зохион байгуулагчид нь ярьж байсан. 2015 онд оролцохоосоо өмнө хоёр жил өнжсөн нь санхүүтэй холбоотой. Хорин хэдэн хүний зардал хэцүү л дээ. Гэхдээ энэ хооронд хамтлагаа залуу халаагаараа сэлгэсэн. Бидний энэ жилийн зорилго бол уг тэмцээний финалын шатанд шалгарах цаашлаад медаль авах явдал. Манай хамтлагийнхан дор бүрнээ л ийм зорилт тавьж бэлтгэлээ хийж байгаа. Нэгэнтээ л ийм их зардал гаргаад явж байгаа болохоор амжилт гаргахын төлөө ажиллана.

-Хамгийн сүүлд буюу 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо ямар амжилт гаргав?

-Дахин хагас финалд шалгарсан. Манай багт 16-аас 22 хүртэл насны хүүхдүүд байсан. Маш залуухан баг маань дэлхийн хамгийн мундаг бүжигчидтэй өрсөлдсөн. Цэнгээнт бүжиг гэдэг бол багийн спорт. Ер нь бид гаргасан амжилтдаа сэтгэл маш хангалуун байгаа. Яг одоогийн энэ бүрэлдэхүүнээрээ гурваас дөрвөн жил бүжиглэх байх. Манай хамтлагт маш их нөөц харагдаж байгаа гэдгийг ч хэлмээр байна. Тэмцээнд явахад санхүүгийн асуудал тулгардаг. Түүнийг аль болох хүүхдүүддээ дарамт болгохгүйгээр шийдчихвэл амжилт тун ойрхон харагдаж байна.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог багуудаас хаанахын баг нь хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?

-Шилдэг багууд гэвэл Герман, Оросынх. Хоорондоо ана мана үзэлцдэг. Оросын “Вера” гэдэг баг маш хүчтэй өрсөлдөгч. Бид тэднээс юугаараа дутах гэж. Тэдний хэмжээнд бүжиглэнэ гэж зорьж байгаа.

-Азийн орнуудаас ямар орон оролцдог вэ?

-Яг энэ стандарт формейшн бүжгээр Монголоос өөр хамтлаг оролцдоггүй. Азид спорт бүжгийн энэ чиглэлээр сайн бүжигчид байлгүй яахав. Гэхдээ Азийн орнуудаас хосын бүжгээр оролцдог.

-Энэ жил танай хамтлагийн 30 жилийн ой тохиож байгаа. Энэ хугацаанд танай хамтлагт олон хүн бүжиглэсэн байх?

-Хамтлагийг төлөөлж тэмцээн уралдаанд оролцсон гэдгээр нь тооцох юм бол 300-гаад гишүүн байгаа. Манай дэргэдэх дугуйланд явдаг хүүхдүүдийг оруулах юм бол 1000-аад хүн бий.

-Танай хамтлагийн гишүүн болоход нэлээд өндөр шалгуур тавьдаг гэж сонссон. “Улаан сарнай”-н дэргэдэх дугуйланд явдаг байх ёстой, улсын хэмжээний тэмцээнд оролцсон байх гэх зэрэг?

-Бидний зүгээс гэхээсээ илүү урлаг маань өөрөө өндөр шаардлагатай. Хараад байхад хамгийн шилдэг хүүхдүүд шигшигдэн үлддэг. Энэ бол онцлог нь юм даа. Манай хамтлагийнхан нэгдүгээрт хичээлээ хаяж болохгүй, ээж аав нь хүүхдээ сургах гээд хэдэн саяын төлбөр төлсөн байгаа. Тиймээс хичээлээ сайн хийх хэрэгтэй, бүжгээ сайн мэддэг, түүндээ хайртай байх ёстой. Бэлтгэлээ таслахгүй байх ёстой. Нэг хүүхэд бэлтгэлдээ ирэхгүй байхад үлдсэн арван хэдэн хүний маань хөдөлмөр талаар болно. Түүнээс гадна хүүхдүүд чинь дүүгээ харна, аав, ээждээ тусална гээд бас ажилтай. Өөрөөр хэлбэл асар олон зүйлийг зохицуулах хэрэгтэй болно. Хувийн зохион байгуулалт маш өндөр байх ёстой. Хараад байхад явсаар байгаад л хамгийн сайн хүүхдүүд нь шигшигдээд үлддэг.

-Та нар хэзээнээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эхлэх вэ?

-Таван сард улсын хэмжээний тэмцээн дуусна. Ингээд оюутнуудын маань хичээл, шалгалт зэрэг нь явсаар байгаад зургаан сард дууссаны дараа жигдэрч эхэлдэг. Тэгээд л санхүүгийн асуудал, хүүхдүүдийн хувцас гээд бөөн юм болдог. Ер нь бол найман сараас бэлтгэл жигдэрдэг. Гэхдээ энэ хооронд хэсэгчилсэн бэлтгэлээ хийнэ. Найман сараас бүгд жигдэрнэ.

-Та бол өөрөө мэргэжлийн бүжигчин хүн биш. Яаж энэ хамтлагийг ийм амжилттай авч явж байна. Нууц нь юундаа байна?

-“Улаан сарнай” хамтлагийн өөрийнх нь нууцад байгаа болов уу. Миний хоёр багш амьд сэрүүн байхдаа олон зүйлийг зааж өгсөн. Багаар ажиллана гэдэг ийм байдаг. Ганц би өөрөө удирдаад бүх юмыг болгоод байгаа юм биш, үе үеийн “Улаан сарнай”-чууд байна. Манай төгсөгчид бидэнтэй үргэлж холбоотой байдаг. Зарим нь тэмцээн болох гэж байхад хүрч ирээд болохгүй байгаа юмыг нь хэлж өгнө. Би өөрөө бол бүр багаасаа бүжиглэсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Горняк” соёлын ордонд найман настайгаасаа эхлээд бүжиглэсэн. Түүнээс хойш тасралтгүй гээд бодохоор хорин хэдэн жил бүжиглэж байгаа юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Үнэндээ хамгийн сайн пиарчин бол улстөрч өөрөө байдаг юм даа

Иймэрхүү утгатай үгийг барууны пиарын зөвлөгөөний компаниуд хэлсэн байдаг юм. Басчиг юу ч үгүй цагаан тал дээр УИХ-ын гишүүнийг гаргаж, бас унагаж, одоо бас гаргах санаатай яваа хүний хувьд хэлэхэд үнэн үг юм. Сонгуулийн үед өөрийгөө эерэг харуулахын төлөө оюун бодлоо тултал нь ширгээж, өвс сэвгэнэхийг анзаартлаа мэдэрдэг хүмүүс бол нэр дэвшигч өөрөө байдаг юм. Ямар ч сайн пиарын зөвлөх байлаа гээд хийж чадах ажил нь нэр дэвшигчийнхээ оюунд шинэ санаа нэмэх, бүр сайн нь нэр дэвшигчийнхээ бодсон сэтгэснийг гүйцээхэд туслах төдий л байдаг. Тэрнээс лав л өнөөдөр Монголын улс төрийн практикт хэн нэгэн нэр дэвшигчийг, хэн нэгэн мундаг пиарчин хөтөлж давхисаар гаргачихсаныг мэдэхгүй юм байна. Харин мэргэн ардууд бол олон. Ёрвоо, Ёмбоо, Сүмбээнүүд ч бий. Монголын улстөрчдийн дийлэнх нь дэргэдээ ямар ч хэрэггүй, нэмэр тусгүй юмнуудыг цуглуулсан байдаг. Тэдэндээ их итгэдэг. Тодорхой цаг хугацааны дараа тухайн улстөрч хүнд байдалд орлоо гэхэд түүний төлөө хоёр үг зөв бичээд нийгэмд аятайхан хүргэчих хүн байдаггүй. Монголд үнэхээр том байгаа, том байсан улстөрчдийн замнал төгсгөлдөө их эвгүй. Эвгүйтсэн үед өөрийнх нь төлөө гуйвшгүй дуугарах ганц сайн нийтлэлч ч байдаггүйг Н.Энхбаяр даргаас харсан. Өнөөдөр улстөрчид хамгийн супер пиарын зөвлөгөө өгсөн жишээ бол “Хадан дээр секс хийж байгаа хоёрын зургийг дараад,сошиалд тараагаад бай, тэгвэл та од болно” гэсэн зөвлөгөө. Энэ зөвлөгөөний үр дүн удахгүй гарна. Хэрэвзээ үнэхээр үр дүн нь харагдвал Монголын улстөрчид араас нь шуугиад л орж явчих байх даа.

Categories
мэдээ цаг-үе

​Д.Ганпүрэв: “Алтай” хамтлагийн тоглолтын үеэр мартагдсан гурван өв соёлыг танилцуулахаар зорьсон юм

Соёл судлаач, хөгжмийн зохиолч, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Ганпүрэвтэй ярилцлаа. Тэрбээр “Монгол угсаатны хөгжмийн товчоо” ТББ-ын тэргүүн. Үүгээрээ дамжуулж эртний өв соёлыг судалж гаргаж ирэх, хөгжүүлэх талаар ажилладаг ажээ.

-“Алтай” хамтлагийн таван жилийн ойн тоглолтын үеэр та бүхэн үзэгч түмнийг өвөг дээдсийн дуу хууртай золгууллаа. Энэ тухайгаа хуучлаач?

-“Алтай” хамтлагийнхан “Золгоё доо” тоглолтоо хийлээ. “Алтай” хамтлаг манай “Монгол угсаатны хөгжмийн товчоо”-ны дэргэд 2011 онд байгуулагдсан юм. “Алтай” хамтлагийн гол зорилго мартагдаж үгүй болсон эртний өв соёлуудыг сэргээхэд зориулагдсан уран бүтээл тоглодог. Хамтлагийн гишүүд маань дөрвөөс арванхоёрдугаар үеийн өв уламжлагчид, голдуу баруун хязгаарын залуус байдаг. “Алтай” хамтлагийн тоглолтоор бид мартагдсан гурван өв соёлыг танилцуулахаар зорьсон юм. Түүнээс гадна өв уламжлагч гэж ямар үнэ цэнтэй чухал хүмүүс байдгийг мэдүүлэхийг хүссэн. Мартагдсан гурван соёл гэдгийн нэг нь 1400 жилийн өмнөх “Алтай” ятга. Дахин сэргээгээд хөгжүүлж байгаа “Алтай” ятга маань 2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхны хадны булшнаас олдсон, эртний нүүдэлчдийн нуман ятга юм. Энэ ятгыг 2008-2009 онд Германд судлаад, IV-VIII зуунд хамаарагдах эртний нүүдэлчдийн ятга гэдэг нь тогтоогдсон. Энэ хөгжмийн зэмсэг хадны булшнаас бүрэн бүтэн олдоогүй л дээ. Нэлээд хэсэг нь гээгдэж, ерөнхийдөө суурь мод нь гарч ирсэн. Энэ ятга “Алтай” хамтлагийн тоглолтын үеэр эгшиглэлээ.

-“Алтай” ятга ямар түүхтэй олдсон бэ?

-“Алтай” ятгыг нутгийн иргэн Н.Дандар гэж хүн олсон. Хонио хариулаад явж байхдаа хадны булшны цооногтой таарч шагайж үзээд, маш хуучирсан өвөрмөц, эмээлийн бүүрэг, эд өлгийн зүйлс байхыг хараад сонирхож үзсэн юм билээ. Цаанаас нь бас хүний араг яс, янз бүрийн юм гарч ирэхээр нь цэрвээд эртний булш байж магадгүй гэж Манхан сумын түүхийн багшид хэлжээ. Түүхийн багш нь ШУА-ийн Археологийн хүрээлэнд мэдэгдсэн юм билээ. Тухайн үед Ховд, баруун хязгаараар явж байсан судалгааны экспедицийнхэн бас тэрүүгээр явж таараад Манхан сумын Жаргалант хайрханд ажиллажээ. Хөгжмийн зэмсгийг шөнө дунд гаргаж аваад, боож баглан хот руу оруулж ирсэн байдаг. 1400 жилийн турш тогтмол нэг уур амьсгалд байсан учраас яаралтай дахин сэргээх, судлах хэрэгтэй болжээ. Герман руу тухайн жилийн 13 хадны булшнаас гарсан эд зүйлсийн хамт судлуулахаар илгээсэн түүхтэй.

-Таныг энэ ятгыг судалж гаргаж ирсэн гэдэг. Та хэдий үеэс нь оролцов?

-Би Германд удаан хугацаанд ажиллаж амьдарсан шүү дээ. 2010 онд эх орондоо буцаж ирсэн байлаа. Соёл судлаач мэргэжилтэй учраас эртний өв соёлыг сонирхож судалдаг. Монгол ятгыг судалж гаргая гэсэн зорилготой явж байсан. Монгол ятгын оронд Солонгос, Хятадын ятганууд орж ирээд үндэсний хөгжим гэж нэрлэгдээд яваа. Тэгэхээр эднийг Монголын хөгжмийн зэмсэг гэж танилцуулах нь байж боломжгүй зүйл. Тийм учраас монголчууд өөрсдийн ятгыг гаргаж ирэх нь зөв гэж үзсэн. Эх сурвалжийн мэдээгээр арав гаруй төрлийн ятга байжээ. Хаадын өргөөнд голдуу тоглогддог, ард түмний дунд төдийлөн дэлгэрээгүй, уламжлал тасарсан ийм хөгжмийн зэмсгүүд байдаг. Музейд үлдсэн ганцхан ятга бий. Тэр нь Архангай аймагт байна л даа. XVIII зуунд хамаарагдах ятга юм. Түүнээс өөр энэ хөгжмийн зэмсгийн биет баримт байхгүй. Аху их ятгыг сэргээхээр болсон. Нэрт соёл судлаач Ж.Бадраа агсан Аху их ятгын талаар тодорхой бичсэн байдаг. Энэ зэмсгийг сэргээх гэж явахад маань Физикийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга ажилтай найз маань Алтай ятгын олдворын талаар хэллээ. “Ийм хөгжмийн зэмсэг олдсон байна. Чи судлаад үзээч. Ямар хөгжим гэдэг нь тогтоогдоогүй байна” гэсэн. ШУА-ийн эрдэмтэд, олдвор олсон эрдэм шинжилгээний ажилтнуудтай уулзлаа. Тэр хөгжмийн зэмсгийн мөрөөр нь мөшгиж эхэлсэн. 2013 оны тавдугаар сард ШУА-иас ажлын баг гаргаад Герман руу явуулсан юм. Үзэсгэлэн гаргачихсан байсан. Тийшээ би эх олдворыг харах санаатай явлаа. Зэмсгийн шарх сорви, гэмтсэн алга болсон бүх зүйлийг судлаад, “Алтай” ятгыг гаргаж ирсэн. Энэ хөгжмийн зэмсгийг судалж гаргаж ирэхэд нутгийн иргэд, эрдэмтэд, хөгжим урлаач, хөгжимчид, түүхийнхэн гээд маш олон хүмүүс оролцсон юм.

-Соёл судлаач хүний хувьд хөгжим дээрээс онцгой ул мөр олж харсан байх?

– Энэ хөгжмийн зэмсэг дээр бас эртний бичгийн дурсгал гарч ирсэн. МУИС-ийн Түрэг тэнхимийн эрхлэгч Баттулга доктор үүнийг тайлсан байдаг. Газар тэнгэрийг аялгуулан дуулагч Чүрэ гэж хүн байжээ. 1400 жилийн өмнөх талын нүүдэлчид зүгээр нэг дайн байлдаан хийгээд явдаг бус өв соёл тээгчид байжээ. Хөгжмийн зэмсгийн ард хадны сүг зургийн дурсгалууд гарч ирсэн. Тэрэн дунд яалт ч үгүй тэнгэрийн зан үйл, Алтайн соёл илэрхийлэгддэг. Гурван Цэнхэрийн агуй дахь хадны сүг зурагтай төстэй зургууд ч энэ хөгжимд дүрслэгдсэн байдаг. Ганц янгир томоор зураад, хоёр нохой, хоёр чоно, гөрөөс зэрэг сонирхолтой дүрслэлүүд бий. Энэ дундаас янгирыг нь сонгож аваад, энэ хөгжмийн зэмсгийг “Алтай” ятга гэж нэрлэн, янгирын толгойтойгоор гаргаж ирсэн. Арав гаруй уран бүтээлээр баяжуулаад “Алтай” хамтлагийн тоглолтод эгшиглүүллээ.

-Таны гэргий ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ “Алтай” ятгыг эгшиглүүлж байгаа, хэн урласан бэ?

-2013 оны аравдугаар сарын эхээр үйлдвэрлэлийн нарийн хэмжээст зургуудыг бэлэн болгоод, “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрийн хөгжим урлаач Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Байгальжав өөрийн гараар урласан. Анхны эгшгийг нь бараг аравдугаар сарын дундуур татсан байх. Миний эхнэр Ч.Мөнх-Эрдэнэ олонд танигдсан сайн ятгачин. Анхны эгшиг үнэхээр шар үс босгосон л доо. Маш их цуурайтсан амьтай эгшиг байв. 2013 оны арваннэгдүгээр сараас эхлээд “Алтай” ятга маань бидний гар дээр ирсэн. Энэ үед эх олдвор Германаас буцаж ирээгүй байлаа. Соёлын яаман дээр очиж “Ийм олдвор олдсон байна. Үүнийг бид нутагшуулмаар байна” гэхэд “Олдвор нь хүрээд ирэг, судалгааны баг гараг, нутагшуулах эсэхийг бид шийддэг юм” гэсэн. Хамгийн гол нь юунд эмзэглэсэн гэхээр эх олдвор Германд байсан ч эх олдворын судалгаа нь Казахстанд явагдаж байсан. Судалгааныхаа бичвэрийг гаргаад, олон нийтэд танилцуулчихсан. Мөн Туркийн эрдэмтэн бас энэ хөгжмийг судлаад “Энэ бол салса хөгжмийн өвөг эцэг” гэсэн. Түрэг угсаатан энэ хөгжмийг хамгийн түрүүнд шүүрч авсан юм. Миний хувьд Монголын газар нутгаас олдсон, Монголын соёл байх ёстой. Бид яарахгүй бол гадагшаа гарчих гээд байсан. Тийм учраас маш их яарч, энэ соёлоо Монголдоо барьж үлдэх нь чухал гэж бодсон. Санхүүжилт байхгүй, халаасан дахь мөнгөө бүгдийг хийгээд, “Алтай” ятганд ихэнх цагаа зарцуулсан даа. 2014 оны нэгдүгээр сарын 28-нд эх олдвор Буянт-Ухаад бууж байхад бидний “Алтай” ятга аль хэдийнэ 2013 оны арванхоёрдугаар сард эгшиглэчихсэн байсан. Дараа нь дөрөвдүгээр сарын 9-нд булшны олдворуудаар Үндэсний түүхийн музейд үзэсгэлэн гаргахад бид нээлтийн үеэр нь “Алтай” ятга тоглож байхад хүмүүс цочирдож байсан. Гэхдээ л төдийлөн тоохгүй байгаа юм. Тавдугаар сарын 16-нд “Алтай” ятга гэдгээр нь дэлхийд зарлая гээд дуурьсуулах их ёслол хийхээр Д.Дагвадорж аваргаар элчингүүдийг залуулаад Ч.Мөнх-Эрдэнэ эгшиглүүлж, АСА циркт хүндэтгэлийн тоглолт хийсэн юм. Энэ хугацаанд “Алтай” ятганд зориулаад 60 хүний бүрэлдэхүүнтэй найрал дуутай хүндэтгэлийн магтуу бичсэн. Дуурьсуулах ёслолын үеэр олон хүн омогшсон доо. Өв соёлын үнэ цэн цаг хугацаагаар илэрхийлэгддэг. Монгол Улсын түүхэнд 1400 жилийн өмнөх хөгжмийн зэмсэг байхгүй. Энэ бол түүхэн онцгой үзэгдэл. Эртний нүүдэлчин монголчуудын нуман ятга гэсэн нэршил бий. Нүүдэлчид нум сумаараа байлдахаас гадна нуман ятга болгож тоглодог байжээ гэж түүхэн эх сурвалжид үлдсэн байдаг. Энэ бол монголчууд нуман ятгатай байсны том нотолгоо. Сонирхуулж хэлэхэд Алтай ятганы царан дээрх чавхдас татагч тэвх цартайгаа наалдсан хэвээр олдсон. Энэ хоёр мод наалдсан хэвээр 1400 жилийг туулж ирсэн. Би бол мэргэжлийн хөгжимчнийхөө хувьд энэ хөгжмийн зэмсгийг яг ямар хөгжим бэ гэдгийг баталж чадна. Хүмүүс хэт их эргэлзэж хөгжилд саад болох, хамтраад цааш хөгжүүлэх ур ухаан одоохондоо дутаж байх шиг. “Монгол угсаатны хөгжмийн товчоо”-ны дэргэд “Алтай” ятга нэлээд хөгжсөн. Хөгжим урлаач П. Байгальжав ах маань үүнийг улам хөгжүүлж 13 чавхдастай “Алтай их ятга” гаргаж ирсэн. Эхнэр маань мэргэжлийн ятгачин учраас энэ зэмсгүүдээр яаж тоглохыг яруу тодоор харуулна л даа. Алтай хамтлагийн тоглолт дээр “Алтай” ятга ч, “Алтай их ятга” ч тоглогдлоо. “Алтай” ятга төсөл хэрэгжүүлэхээс өмнө бид “Аху” ятгыг сэргээхээр явж байсан. Өнөөдөр энэ ятга сэргээгдсэн. Архангай аймгийн нэрт хөгжим урлаач Л.Дэмчиггарав ахтай хамтарч “Аху” их ятган дээр ажилласан юм. Хоёр их эртний өв соёлыг ингэж “Алтай” хамтлагийн тоглолтоор олонд толилуулав.

-Тойрон бүжиг гэж бас нэг мартагдсан соёл “Алтай” хамтлагийн таван жилийн ойн тоглолтын нэг сюрприз байлаа?

-Монголчуудын тойрон бүжиг одоо байхгүй болчихоод байгаа юм. Тойрон бүжиг хүрээ, дугуй соёлтой холбоотой. Тойрон бүжгийн тухай “Монголын нууц товчоо”-нд ч дурдагдсан байдаг шүү дээ. “Өвдөг газрыг өлтөртөл, хавирга газрыг халцартал бүжиглэе” гэсэн үнэхээр гайхалтай хүчтэй энергитэй хоёр өгүүлбэр бий. Монголчууд тойрон бүжигтэй байсан. Тухайн үедээ олон жижиг угсаатан нийлээд хаадын их цэнгүүний үеэр том тойром хийж, саглагар модоо тойрон бүжиж, баяр наадмаа нээдэг байсан. Тойрон бүжиг эв нэгдлийг бэлгэддэг. Энд зэрэг зиндаа хаан, харц ялгаагүй хамтдаа бүжиглэдэг. Тийм болохоор тойрон бүжиг сэргээх нь чухал гэж бодсон. Бид Якут явахдаа маш гоё тойрон бүжиг үзсэн. Тойрон бүжиг харахад энгийн ч дунд нь ороод бүжиглэхээр эрчимд нэгдэж, энерги авч, транст орж хүчтэй мэдрэмж авдаг юм билээ. Манжийн үед бидний эв нэгдлийг илэрхийлдэг тойрон бүжиг мэтийн гол соёлуудыг устгасан байх магадлалтай. Бидний эртний хөг маань Алтайн магтаалд байдаг. Экил дотор хуурын татлага маань бас өнөөг хүрч ирсэн. Тэр хөг дундаас тойрон бүжгийн гол элементүүдийг судалж гаргаж ирсэн. Ийм гурван соёлыг Алтай хамтлагийн тоглолтоор хүмүүст хүргэлээ.

-Мартагдсан өв соёлуудыг гаргаж ирэх хүсэл эрмэлзэл танд хэдий үеэс бий болсон бэ?

-Германд байхад аль хэдийнэ бүрэлдэж бий болсон. 1993 онд бид Герман руу гарсан. Энэ үед ардын язгуур урлагийн “Эгшиглэн” хамтлаг байгуулсан юм. Магтана, дуулна, морин хуурын дөрвөл учраас орчин үеийн хөгжмийн мэргэжлийн бүтээлүүдийг тоглодог. Дээрээс нь бас “Битлз”-ийг тоглодог байлаа. Тухайн жилдээ “Монгол гайхамшиг” гэж шоу наадамд ороод, тэндээсээ цаашлаад гараад явчихсан хүмүүс. Биднийг 1991 онд “Битлз”-ийг тоглож байхад Г.Жамъян багш шүүмжилж байсан. Гэхдээ бид Г.Жамъян багшийг Шуманы “Бодол”-ыг морин хуураар тоглосныг мэддэг л дээ. 1991 онд “Чөлөөт цаг” гэж баар нээгдэхэд “Битлз”-ийн “Yesterday”-г морин хуурын дөрвөлтэй тоглоход ажлаас халах тухай яригдаж билээ. “Цаг үе” мэдээллийн хөтөлбөрөөр гараад “Хамаагүй ингэж тоглож болохгүй, урлаг гутаалаа” гэж бангадуулж байв.

-Морин хуураар сонгодог хөгжим тоглож болох уу?

-Ардын урлаг гэдэг бол олон зуунаар ахуй соёлоор дамжсан генийн сан байхгүй юу. Зарим нь суралцдаг байхад заримынх нь цусан дотор мэдээлэл нь явж байдаг. Манайхан үүнийг өв уламжлагчид гэдэг. Морин хуураар сонгодог тоглож болно. Гайхуулж байгаа хэрэг. Гэхдээ язгуур урлагаа тоглосон нь хамаагүй дээр. Яагаад гэвэл хөгжлийнхөө эхэн шатандаа үнэ цэнтэй байдаг учраас хамаагүй хөгжүүлж болдоггүй. Болдогсон бол зарим нэг язгуур соёлоо царцаачихмаар байгаа юм. Өөрчлөгдөх тусмаа бид язгуураасаа холдоод байгаа хэрэг. Язгуур урлагийг сургалтаар олгож болно. Аль болох уламжлагч байх тусмаа дотоод нарийн мэдрэмж, зургаа дахь мэдрэхүйгээрээ тоглодог.

-Монголын үндэсний урлаг соёл дэлхийд ондоо харагдана гэж одоо бол хүн бүр л ярьдаг. Харин ерээд оны эхэн үед салхи хаашаа эргэж байгааг та бүхэн мэдэрч байжээ?

-Монголын язгуур урлаг байдгаараа байсан. Хил даваад гарахаараа хүмүүс маш их сонирхдог. Нүүдэлчдийн соёл гэдэг утгаараа нөгөө талаар бид угсаатныхаа хувьд сонирхолтой ард түмэн. Нүүр царай, үүх түүхээрээ ч тэр. Дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны түүх ч сонирхолтой. Тэнд байгаа ард түмэн биднийг өөр нүдээр хардаг. “Чингис хаан XIII зуунд сэлэм эргүүлж биднийг байлдан дагуулсан бол Чингис хааны соёл биднийг одоо баясгаж байна” гэх мэт гарчигтай бидний тухай нийтлэл сонин хэвлэлд гарч байлаа. Бидний хархираа, хөөмий, исгэрээ, цуур натур байгальд ойр. Суурьшмал соёлд тэр талаасаа онцгой үзэгдэл болдог. Бид гайхамшигтай урлагтай гэдэгтээ биш. Улс үндэстэн бүр өөр өөрийн соёлтой. Олон зууны турш түүнийгээ баяжуулсан байдаг. Гэхдээ биднийх бол дэлхийд танигдсан түүх болохоор илүү сонирхолтой гэсэн үг. Биднийг орж очиход тайлагдаагүй, мартагдсан ертөнцийн хүмүүс гэж хүлээж авч байсан даа.

Өнөөдөр этник урсгал гээд байна. Энэ бол 1996 онд өрнөдийнхөнд зориулж манай “Бөртэ” хамтлаг гаргаж ирсэн урсгал.


Categories
мэдээ цаг-үе

Намсрайн Лутбаяр: Нийтийн дууны нэгэн үеийн их давалгаа Завханаас эхэлсэн

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, аймгийн алдарт уяач, сэтгүүлч, Б.Явуухулангийн нэрэмжит яруу найргийн наадмын анхны тэргүүн шагналт яруу найрагч Намсрайн Лутбаяртай уулзаж хөөрөлдлөө. “Завхан гол” дуугаараа овоглосон, олон сайхан дууны эзэн энгүй авьяаст эл тэнгэрлэг бодолт эрхэм өнөөг хүртэл ганц ч ном хэвлүүлээгүй, басхүү Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр ч элсээгүйг сонсоод үнэндээ хоёр чихэндээ ч итгэсэнгүй. Эгэл даруухан найрагч ах маань “Хийморийн Шилийн Богдыг Хойморын Отгонтэнгэртэй золгуулсан” уран бүтээлийн цэнгүүнээ энэ сарын 31-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд толилуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

-Уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байгаа гэсэн. Таны зохиосон дуу хэд орчим болоод байна?

-Миний адуу хэд юм. Би тоолж үзээгүй, тоолоод байхаар ч их адуу байхгүй. Миний дуу хэд юм. Бас тоолж үзээгүй, тоолоод байхаар ч олон дуу байхгүй байх. Уран бүтээлд тоо чухал биш. Дууны шүлгийн “Үгийн нүд” гэсэн анхны түүврээ гаргах гэж байна. Энэ түүвэр маань ерэн есөн дуутай, шалдан нооттойгоо, худам монгол, кирилл хос бичгээр хэвлэгдэж байгаа юм.

-Та анхны ном гэж юу ярина вэ. Өмнө нь номоо хэвлүүлж байсан биз дээ?

-Энэ “Үгийн нүд” миний анхны ном болох нь дээ. Уг нь залуудаа нэг ном бэлдсэн ч дарвиж яваад цүнхтэйгээ гээчихсэн юм.

-Саяхан Далхаагийн Норов ахтай хөөрөлдөхөд “Алтан Богдын шил” романыхаа хоёрдугаар дэвтрийг цүнхтэйгээ гээчихсэндээ харамсаж явдаг гэсэн. Та бас яагаад гээчихээ вэ?

-Гээгдээд л олдоогүй. Тэрнээс хойш өдий хүртэл “Бурхан намайг ном гаргаж хэрэггүй гэж байгаа юм болов уу” гээд өдий болчихлоо. “Сэтгэлийн булаг” ч бил үү, “Сэтгэлийн нэрмэл” ч бил үү тиймэрхүү нэртэй л ном бэлдсэн байсан юм. Наян есөн онд Балбар ах Дөнгөтийн Цоодол гуайтай МОНЦАМЭ-гийн үүдэнд уулзаад “Энэ нөхрийн номыг номын төлөвлөгөөнд оруулъя” гэснээр хэвлэлд бэлдчихээд явж байсан хэрэг. Хөх хотод Сэтгүүлчдийн холбооны хуралд оролцоно гэж Эрдэнээ гуайгаар паспорт гаргуулж аваад буцаад вокзал дээр иртэл манай морин хуурын Цогбадрах угтаж “Болор цом”-д Бавуудорж үлдчихлээ” гэнгүүт хөөрөөд хамаг юмаа ширээн дээр мартаж гараад, Нисэх ороод хадам ахындаа ганц юм задлахдаа цүнхээ санасан ч олдоогүй. Сүүлд хоёр, гурван шил архиар паспортоо олж авсан юм. Түүнээс хойш ном гаргах сэтгэлгүй болсон. Одоо харин “Ном чинь байна уу” гэж амьтан хүн асуугаад байхаар санаа зовоод гаргаж байгаа ухаантай.

-Ном гаргасан, гаргаагүй таныг олон түмэн зангаргатай яруу найрагч гэдгийг зохиосон дуунуудаар чинь сайн мэднэ. “Завхан гол” дуугаа гэхэд бичсэн түүх нь сонин л байж таараа даа?

-Миний гэр бүлийн хүн чинь Завхан аймгийн Эрдэнэмандал сумын хүн шүү дээ. Анхны охин маань биднийг оюутан байхад төрсөн учраас хадмууд харж хандана. Тэгээд сургуулиа төгсөөд охиныхоо хойноос Завхан явсан улс. Сэтгүүлчдийн холбооны Т.Баасансүрэн гуайгаас томилолт авч, аймгийн “Туяа” сонинд 1989 оны долдугаар сарын 15-ны өдөр сурвалжлагчаар ажилд орсон юм. Сэтгүүлчийн ажлын гараа минь ингэж эхэлж, Завханд найман жил амьдарсан. Тиймээс намайг хүмүүс Завханых гэж ойлгодог. Завхан, Сүхбаатар хоёр бол засаг захиргааны нэгж юм. Сурвалжлагч, үйлдвэрийн дарга, утга зохиолын нэгдлийн эрхлэгчийн алба хашиж байлаа. “Хөлдүү гурван аймаг”-ийн нэгийг гэсгээлцэж явлаа, залуу насандаа.

-Хөлдүү гурван аймаг гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Завхан, Увс, Говь-Алтай гурав чинь улс төрийн хүрээнд ардчиллыг их хожуу хүлээж авсан аймгууд шүү дээ. Тэнд уран бүтээлийн сайхан нөхөдтэй одоогийн хэлээр гал болж ажилласан.

-Хэн хэнтэй уран бүтээлийн дөрөө харшуулж явав?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Дагвын Цэвээнравдан, Г.Жамьян, гавьяат жүжигчин Батсүх, төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, яруу найрагч Хасвайн Лхаасүрэн, И.Цоозол, Бат-Өлзий, Пэрэнлэй, Алтангэрэл, Самдан, Бороохойн Батхүү нартайгаа хамт уран бүтээл туурвиж, нэгнийхээ сэтгэлийн гэрэлд хөөрч хөгжиж явлаа. Бид сэтгэл нэгтэй улс. Бараг нийтийн дууны нэгэн үеийн давалгаа зөвхөн Завханаас эхэлсэн гэхэд болно. Наяад оны төгсгөлөөс ерэн найман он хүртэл энэ давалгаа явсан гэж боддог.

-Бавуудоржийн шүлгүүд, хоёр гавьяатын аялгуунуудыг анзаараад байхад одоо ч наад давалгаа чинь цалгилсаар байгаа юм биш үү?

-Одоо ч үргэлжлээд давалгаалж л байгаа юм байна шүү. Зарим хүмүүс намайг “Нийтийн дуугаар өвчлүүлсэн” гэж зэмлэдэг л юм. Дууны яруу найрагт хорин долоон жил үнэндээ зүтгэсэн байна. Миний анхны уран бүтээл “Бүүвэй ээж” дуу гарснаас хойш ийм хугацаа өнгөрч. Энэ дуу их булган сүүлтэй дуу л даа.

-Тэр чинь юу гэсэн үгтэй дуу байдаг билээ?

“Бүтэн нойртой хонож үзээгүй

Бүлээн цайгаа ууж амжаагүй

Ганцхан биений жаргал эдлээгүй ч

Газар дээр миний ээжий

Үр чинь өсөж том болжээ

Үргэлж юунд санаа тавина вэ

Уул шиг том эр болсон шүү дээ

Унтаж амар даа бүүвэй, ээж ээ” гээд Батсүх гавьяатын дуулдаг дуу. Би Завханд хорин гуравтай очсон. Миний найз Банзрагчийн Баярсайхан гэж Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонинд сурвалжлагчаар ажилладаг байлаа. Манай Б.Галаарид Свердловскт төгсөж ирээд бас тэр сонинд ажиллаж байсан. Бид их нийлнэ. Бие биен рүүгээ их явна. Говь-Алтай, Завхан аймагт юм уу, Тайшир, Цагаанчулуутад уулзана. Нэг удаа Говь-Алтайд очоод “Алтайн хөгжил” сонинд “Үүрд хамт байгаач, ээж ээ” нийтлэл бичиж хэвлүүлээд Багануурт байдаг Баяраагийнхаа аав, ээжид илгээлээ. Би Сүхбаатар аймагт байдаг ээждээ шуудангаар нөгөө нийтлэлээ явууллаа. “Бүүвэй ээж” шүлгийг тэгэхэд Баяраа маань уншчихаад гуравдугаар сарын долоон буюу тэр оройноо Үйлдвэрийн ажилчдын мартын баяр дээр дуулна гэдэг юм.

-Тэгээд дуулав уу?

-Ая хийгээд гитартай дуултал тэнд байсан дөч тавиад хүн уйлаад сүйд болдог юм. Тэгэхэд л дуу бичиж болох юм байна гэсэн санаа тархинд анх харвасан. Тэр үед Батсүх “Сургууль минь” гэсэн ганц дуу л дуулсан байсан. Завханд шөнөдөө давхиж ирээд Цэвээнравдан багшид өгсөн. Удалгүй “Бүүвэй ээж” дуу төрж, аймгийн Намын арван наймдугаар бага хурлын төлөөлөгчдөд концерт тоглотол тэнд байсан төлөөлөгчид уйлсан. Тэр надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Дуу гэдэг ямар их хүчтэй юм гэдгийг мэдэж дууны уран бүтээлд донтсон. Түүнээс хойш бичсэн дуунууд маань 130 гаруй уран бүтээл болж.

-Пээ, та чинь дуугаа тоолж үзээгүй, цөөхөн л гээд байсан. Одноос ч олон дуутай л юм байна ш дээ?

-Сая дууны түүврээ гаргах гэж л багцаалдаж үзсэн юм.

-Таны төрсөн нутаг чинь наран мандах зүгийн Сүхбаатар аймаг биз дээ?

-Би чинь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Хатагин овгийн хүн шүү дээ. 1983 онд Баруун-Урт хотын нэгдүгээр арван жилийн сургуулийг дүүргэлээ. Хүүхэд байхдаа адуучин болно гэж боддог, дараа нь тагнуулч болно гэж мөрөөддөг байлаа. Самбо, жүдогоор барилддаг, хөнгөн атлетик, гимнастикаар хичээллэдэг, хөлбөмбөг ч тоглодог байлаа. Зүүн гурван аймгийн самбо бөхийн тэмцэээнд таван өрсөлдөгчөө гарт өчих мэхээр ялж аваргалахад тэнд явж байсан Нийгмийг аюулаас хамгаалахын төлөөлөгч надтай уулзсан юм. Би ч Нийгмийг аюулаас хамгаалахын сургуульд явъя гэж хоёр хуваарь дээр шалгалт өглөө. Хорин таван хүүхдээс би нэгээр гарч, манай багшийн хүүхэд хоёроор гарсан. Тэгтэл манай багш хувийн хэрэг авч “Арван төгрөг дээрэмдсэн” гэж хилс тодорхойлолт бичиж бараг сургуулиас хөөх шахуу юм боллоо. Багшийн хүү хойшоо сургуульд явж хурандаа болтлоо явсан. Би тэр сургуульд явсан бол архи дарсанд дуртай, амьдралгүй нэгэн болчих ч байсан юм бил үү гэж одоо хувь заяандаа залбирдаг юм. Гэр зуур гэрэл зураг угааж, охидыг зодоо хийлгэдэг ажилтай сууж байтал “Сүхбаатарын зам” сонинд сэтгүүлчийн ангийн хуваарь ирээд намайг явуулсан. Зохиолч Мөнгөний Чимэд гуай миний шүлгийг Монголын радиогоор уншуулсан байсан.


Завхан гол

Хөгжмийг Г.Жамъян (МУУГЗ)

Дуучин С.Батсүх (МУГЖ)

Дэн шаргалыг хоргойлсон

Дэлхийн нарыг хүлхсэн

Хадаг яндар Завхан гол

Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ

Ээ, Завхан гол

Элсний нүүдэл шиг чимээгүй

Ай, Завхан голын

Анир үргээж адуу тургилна аа

Хөлчүү зэрэглээ сандаасан

Хөлөрсөн манхныг сэрүүцүүлсэн

Хатан тунгалаг Завхан гол

Халхын нутгаар ороолно оо

Зовлон жаргалаар мэлмэрсэн

Зорголын нүд шиг ус гүйсэн

Мөрөнгийн энтэй Завхан гол

Мөнхийн усыг орлоно оо

Зүлэгт талыг хажсан

Зүсэр уулсыг хэжсэн

Ороо тэлмэн Завхан гол

Одоо юундаа тэлгүүлнэ вэ

Элсний өвсийг ундаалсан

Өвсний сүвийг угаасан

Эргээ хальдаг Завхан гол

Эзэн лусдаа эрхэлнэ ээ

Гуниг баяраар мэлмэрсэн

Гурын нүд шиг талимаарсан

Дайдад одох Завхан гол

Далай сэтгэлийг минь тээнэ ээ

Бадар хундага

Хөгжмийг Д.Цэвээнравдан (МУУГЗ)

Дуучин О.Ичинхорлоо (МУГЖ)

Нар сарны ивэлсэн сүү

Бялхаж мэлтэрсэн агар завьяа

Намиа салхины мөнгөн уул

Хүртээд номхорсон булаг рашаан

Энгэр түлхүү Бадархундага

Эр уулын бүсгүй хүйсээ

Барсын хэвтэй суварга хайрхны

Ханийн тэнгэртэй тунгалаг болор

Магнай дундаа одон титэмтэй

Манхагтай уулын цагаан Дара эх

Энгэр түлхүү Бадархундага

Эр уулын бүсгүй хүйс ээ

Хүмүүн цэцгийн ихэр тэргүүн

Ханьсаж дуулсан омог домог

Хүжсийн үнэр салхиар өртөөлөөд

Ариун лавиран цогцолсон газар

Энгэр түлхүү Бадархундага

Эр уулын бүсгүй хүйсээ

Аав уул

Хөгжмийг Ц.Жамъян (МУГЗ)

Дуучин С.Батсүх (МУГЖ)

Ургуулан ургуулан бодоход

Уул шиг нөөлөгтэй аав минь

Нутгийн тахилгатай овоодын

Нуруутай жаахан Зотол минь

Хормой бэлийг нь бараадахгүй

Холын өндөр уулс яах вэ

Араг шиг намхан нутгийн ууланд

Аавын минь төрх бүтэн байна аа

Альхан ч талдаа нөмөртэй

Аав минь та хүн уул юм

Хайр энэрэлд тань торнисон би

Хаа нэгтээ тань хоргодсон толгод юм аа

Торниж өсөөд үр тань тэгвэл

Тос даасан бор уул болно

Тал талдаа толгод ургуулсан

Тань шигээ нөмөртэй уул болно


Categories
мэдээ цаг-үе

Гэр хорооллоос орон сууцанд орсон зам

“АМЬД ЯВАА НАСАНДАА БАЙРАНД ОРНО ЧИНЭЭ САНАСАНГҮЙ”

Нийслэлийн 2012-2016 оны үйл ажиллагаанд нэгэн том хөтөлбөр тусгагдсан нь агаар болон, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой гэр хорооллын иргэдийг орон сууцтай болгох дахин төлөвлөлтийн төсөл юм. Энэ төсөлд хамрагдан газраа чөлөөлөн орон сууцтай болж буй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Үүний нэг болох “Шинэ Амгалан” хороолол Баянзүрх дүүргийн VIII хороонд сүндэрлэлээ. Шинэ хорооллын анхны оршин суугчид нь газраа чөлөөлж өгсөн иргэд байв. Алд цэнхэр хадаг, аягатай сүүгээ барин хөл хөөр болсон эдгээр айлаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Уг хорооллын гүйцэтгэгчээр “Гангар инвест” компани ажиллажээ. 168 айлын орон сууц ашиглалтад орсноос одоогоор 70 орчим айл шинэ өргөөнд нүүж ороод байгаа аж. Бүгд газраа чөлөөлж өгөөд оронд нь орон сууцанд орж байгаа айлууд. Тэдний нэг бол Б.Хандмаагийнх. Б.Хандмаа 0.07 га газрынхаа оронд гурван өрөө байранд орохоор “Гангар инвест” компанитай гэрээ хийжээ. Тус байрны хамгийн том талбайтай айл нь 52 метр квадрат аж. Хаалгыг нь тогштол их л уриалгахан хүлээж аваад дотогш оруулав. Охид нь бололтой 20 гаруй насны хоёр эмэгтэй мэндэлчихээд “Сониноос хүн ирчихээд байхад хувцсаа солихгүй бол болохгүй нь” гэж ээждээ хандан шивнээд өрөө рүүгээ орчихов. Харин Б.Хандмаа “Шинэ байрандаа ороод удаагүй болохоор олигтой тохижиж амжаагүй л байна” гэлээ. Хананд өлгөсөн зургаас харахад өнөр өтгөн бүл ажээ. Б.Хандмаа цай аягалах зуураа “Байранд орчихсон үнэхээр сайхан байна. Хөл газар хүрэхгүй л хэдэн сар гүйлээ.

Амьдралдаа анх удаа ингэж сайхан амьсгаа авч, бүтэн нойртой хонож үздэг юм байжээ” гэж ирээд их л баярлах аж. Тэрээр Зэвсэгт хүчний 026 дугаар ангид нярав хийдэг байж. Тус ангид анх нөхөртэйгөө танилцаж, тэр л ангид амьдралынхаа 20 гаруй жилийг холбосон гэдэг. Түүний нөхөр ангийн зэвсгийн нярав байж. Хорин хэдхэн настай залуу хосууд анги хамт олныхоо дэмжлэгтэйгээр өдий зэрэгтэй явааг Хандмаа хэлсэн. Хосуудыг өрх тусгаарлаж гарахад ангийн зүгээс таван ханатай гэр бэлдэж өгч. Ингээд ангийн тэр болгон ашиглаад байдаггүй талбайд алба хаагчдынхаа адил амьдрах болжээ. Удсан ч үгүй өнөөх талбайг өмч хувьчлалын үеэр айлуудад нь хуваагаад өгчихөж. Өөрийн гэсэн хөрөнгөгүй залуу хосууд ингэж л газартай болж, нийслэлийн гэр хороололд нэгэн айл гал голомтоо бадраасан түүхтэй. Хүний гар хараад, хоногийн хоолоо аргацааж яваа хосуудаас Хандмаа, Батжаргал хоёр огт өөр ертөнц байсан аж. Гурван жилийн хугацаанд ангиас бэлэглэсэн хашаандаа 12:6 метрийн хэмжээтэй байшин бариад авч. Таван ч хүүхэдтэй өнөр өтгөн айл хоёр идэж, хоосон хонолгүй болоод л байдаг байв. Гэвч түүний нөхөр 2003 онд хүнд өвчний улмаас өөд болжээ.Тэрээр энэ тухай ярихдаа үе үе санаа алдаж, толгой сэгсэрч “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдаж байсан үе мөн ч олон тохиолдсон доо” гэв. Хажуу өрөөнөөс охин Б.Бат-Оюун “Ээж минь ийм сайхан өдөр бараан дурсамж сэргээгээд яахав. Таныхаа ач, буянаар манайх гэдэг айл паартай байшин, паалантай жорлонтой байранд насан туршдаа амьдрах боллоо шүү дээ” гээд ээжийгээ үнсээд зурагт үзэж суусан хоёр дүүгээ “зурагтныхаа дууг багасгаарай” гээд гал тогоо руу эргэв. Эднийх таван хүүхэдтэй. Том хүү Б.Батсуурь өрх тусгаарлаж тусдаа амьдардаг бөгөөд гурван хүүхэдтэй юм байна. Батсуурийн том охин Ариунтуяа хичээлдээ явчихсан. Харин Батцоож, Батцэцэг хоёр өглөө нойроо харамлаж унтсаар байгаад цэцэрлэгээсээ хоцорчихсон болохоор ийн гэртээ өнжиж, өдөржин хүүхэлдэйн кино үзэж байгааг эмээ нь хэлэв. Зураг авах сургаар хүүхэлдэй үзэж суусан Батцэцэг охин год хийн босоод нөгөө өрөөнд орж гангарчихаад ирэв. Манай зурагчин зураг дарах болгонд өмнө нь очиж инээн хоёр хуруугаа гозойлгоно. Бас болоогүй ээ, ахыгаа “Тийшээ хар” гэж камер руу заана. Хандмаагийн удаах охин Б.Бат-Оюун Санхүү эдийн засгийн дээд сургуулийг нягтлан мэргэжлээр төгсчээ. Нөхөр Б.Уламбаяр мөн нягтлан мэргэжлээр сурч байгаа бөгөөд Анужин гэх хөөрхөн охинтой юм байна. Дунд охин Б.Батцэрэн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг хүнсний технологичоор төгссөн бөгөөд өдгөө “Гачуурт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газар, буудалд тогоочоор ажилладаг аж. Дүү Отгонцэрэн Олон улсын бизнес, эдийн засгийн харилцааны дээд сургуулийн төгсөх курсийн оюутан юм байна. Тэрээр татвар гаалийн мэргэжлээр суралцжээ. Найз залуу А.Даваадорж нь нэг анги бөгөөд тун удахгүй бүл нэмэхээр зэхэж байгаа юм билээ. Отгонцэрэн есөн сартай бие давхар болохоор хичээлээсээ чөлөө авчихсан байгаа бол нөхөр нь хичээлдээ явчихсан учраас хараахан ирээгүй байв. Харин хамгийн бага охин Оюунзул ирэх намар оюутан болох юм байна. Хандмаа “Бага охиноо сургуульд сургаад төгсгөчихвөл боллоо доо. Хэдэн хүүхдээ хүний гар харуулахгүйн тулд бүгдийг нь их, дээд сургууль төгсгөлөө. Мэргэжилтэй, ажилтай хүн алзахгүй. Одоо чинь тогтмол орлоготой залуучуудад орон сууцанд орох асуудал биш болжээ. Би ч энэ яваа насандаа байранд орж, хэдэн хүүхдүүдээ гялайлгаж чадахгүй нь. Хойд насандаа л байртай болдог байх даа гэж бодож байлаа. Ингээд хүүхдүүдтэйгээ бужигнаад сууж байх чинээ санасангүй” гээд хөлсөө арчив. Хандмаа таван хүүхдээ мэргэжилтэй, боловсролтой болгохын тулд олон ч ажил хийжээ. Ёстой л хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж явсан гэдгийг түүний гэр бүлийнхнээс гадна хамар хашааны айлууд нь ч андахгүй бололтой.

Ханиа өөд болсны дараа насанд ч хүрээгүй хүүхдүүдээ хүн болгохын тулд “Улаанбаатар нэгтгэл”-д тогооч хийж хажуугаар нь Дэлхийн зөнгийн хүүхэд хөгжлийн мэргэжилтэн хийж хорооныхоо 250 гаруй хүүхдийн нийгмийн асуудалд анхаарал тавьдаг байж. Өөрийнхөө хэдэн хүүхдээс гадна хэний хүүхэд хоосон хонож байгаа бол, хэний хүүхдүүд мөр бүтэн өмсөх хувцастай байна гээд л уйгагүй айл болгоноор орж судалгаа хийдэг байжээ. Үүний төлөө сард 70 мянган төгрөг авдаг байсан гэнэ. Улмаар хогийн байцаагч хийж бага ч гэсэн орлого олно. Угаас нийгмийн идэвхтэй, хичээл зүтгэлтэй, ааш зан сайхантай учир хорооныхон ч түүнийг андахгүй. Сонгуулийн үеэр сурталчилгаа хүртэл тараагаад хэдэн төгрөгтэй болчихно. Энэ мэтчилэн өдөр, шөнөгүй ажиллаж явсаар өдгөө биегүй болж, юм л бол хэвтчих гээд байдаг болсон талаар түүний охид ярив. Харин хүний хөгжлийн 20 мянга, 1072 хувьцааны журмаар олгосон сая төгрөг зэрэг нь ээжийнх нь нуруун дахь ачааг бага ч гэсэн хөнгөлсөн болохыг хүүхдүүд нь ярьж байлаа. Том хүү нь барилгын мэргэжилтэй. Дүү нараа тэжээхийн тулд ээжтэйгээ ажлын төлөө өөд уруугүй гүйсэн ганц насанд хүрсэн энэ айлын эр хүн байсан цаг саяхан. Ийн өдөр хоногийг өнгөрүүлж явах хооронд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээр болж барилгын компаниуд айлуудаар явж санал тавьж, гэрээ байгуулах болжээ. Хандмаа ч хороотойгоо харилцаа холбоотой нийгмийн идэвхтэй иргэн учраас шуудхан л зөвшөөрч. Охид ч “Бид ээжид юу ч хэлээгүй. Ээж маань амьдрал сайхан болно гээд гэрээ хийхэд хэн ч юм хэлээгүй. Битүүхэндээ яах бол, бүр хашаа ч үгүй болчихвий дээ гэж айж л байлаа. Гэхдээ ээжийнхээ өмнөөс үг сөрөг эрх бидэнд байхгүй. Тэгээд ч ээжийн минь гаргасан шийдвэр ямагт зөв байдаг. Тиймээс бид ээжийгээ дэмжинэ, хэлсэн үгээр нь л явдаг” гэсэн юм. 2013 оны зургадугаар сард гэрээ хийж арваннэгдүгээр сард “Гангар инвест” компанийн зүгээс түрээсийн байранд нүүлгэж оруулжээ. Ингээд байр ашиглалтад ортол түрээсийн хоёр өрөө байрны төлбөрийг хүртэл олгож байсан тухай ярьсан. “Байр бэлэн болсон сургаар байшинд тавьж байсан хэдэн хуучин тавилгаа, хуучин хувцастайгаа чирээд л ирсэн дээ” гэв. Хоёр өрөөнд нэг нэг компюьтер, хүүхдийн шүүгээ, гал тогооны жижиг тавилга, хуучны модон сандлаас өөр эд хогшил ч гээд байх юм харагдсангүй. Их л цомхон, цэлгэр зайтай байлаа. “Байрны айл болж тохижиж амжаагүй л мунгинаж байна. Одоо л байрандаа дасч байна. Болоогүй ээ энэ хэдийгээ усаа хэмнэж хэрэглээрэй. Гэрлээ унтрааж бай гээд хангинаад сууна” гэж ээжийгээ ярих зуур ач хүү Батцоож “Эмээ та бас худгаас ус ав, гал түл гэж загнахгүй байгаа тийм ээ” гэж хэлээд бөөн инээдэм болов. Хөгжөөн хөөр үүгээр дуусдаггүй бололтой. Хэдий бага метр квадраттай гурван өрөө ч гэсэн хүүхдүүд нь тусдаа гарч амжаагүй байгаа болохоор нэг нэг өрөөнд хаалгаа хаачихдаг амар болсон гэж ярьцгаав. Энэхүү байранд орсон айлууд бүгд л хамар хашааны хөршүүд. Тиймээс шинэ байрандаа орчихоод “Танайх ямар байна. Орж үзье”, “Манайх ийм” гэж ирээд л харьцуулан ярьдаг гэсэн. Бараг л хаалгаа дэлгээстэй гэрээсээ ярилцах нь холгүй байдаг гэв. Хандмаагийнх газраа чөлөөлөхдөө байшингаа буулгаж аваад материалыг нь том охиндоо байшин босгож аваарай гээд өгчээ. Том хүүгийн хувьд Гачууртад хашаа байшинтай боловч хүүхдүүдийнхээ цэцэрлэг сургуулийг бараадаад ээжийнхээсээ хэдэн гудмын урд айлын хашаа, байшин түрээсэлж амьдарч байгаа гэсэн.

“ЗҮҮД БИШ БАЙГАА ДАА

Газраа чөлөөлж орон сууцтай болсон С.Батсайханыд орлоо. Үүдээр оронгуут л эмх цэгцтэй, ам бүл цөөхүүлээ айл бололтой харагдав. 31 метр квадрат нэг өрөө байрыг үндэсний уламжлал хадгалсан сийлбэртэй цэвэр модон тавилгаар тохижуулжээ. Хувцасны шүүгээ, хоолны ширээ, сандлыг эс тооцвол бүгд үнэр нь ханхалсан модон тавилгатай харагдав. Түүний эхнэр Д.Равсал ер зүгээр суухгүй юм. Ширээний хажууд суувал ширээгээ алчуураар зүлгэж, орон дээр суувал орны бүтээлгээ тэнийлгэж, босч зогсохоороо цэцэг услаад л. Батсайхан “Бид хоёр хөдөөний малчин улс. Байранд орно гэдэг чинь сонин л юм байна. Хийх юм ч олдохгүй” гэснээ “Өглөө сэрээд л зүүд биш байгаа даа гэж өөрсдийгөө чимхэж хүртэл үзсэн” хэмээн хошигнов. Гэхдээ хэдий ярихдаа хошигнож байгаа боловч үнэхээр л түүний амьдралд зөвхөн зүүдэнд нь ордог үйл явдал тохиосон гэдэг. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Батсайханых сумандаа мал маллаж ирсэн байна. Хүү Б.Доржзовд, охин Б.Лхамсүрэн нарыгаа оюутан болоход нь дагаж хот орж иржээ. Хэдэн малаа айлд тавьчихаад хот газар бараадсан Батсайханых эхний хоёр, гурван жил хүндхэн л санагдаж. Түм түжигнэж, бум бужигнасан газар багталцаж шингэхийн аргагүй ч юм шиг л байсхийгээд л хөдөө мал руугаа явчихдаг байж. Хамаатныхаа айлын хашаанд хоёр жил амьдраад хажууханд нь айлын хашаанаас 150 метр квадрат газар тасдаж худалдаж авчээ. 2010 оны үед нэг сая 200 мянган төгрөгөөр авсан юм байна. Гэтэл гурван жилийн дараа өнөө бодож ч үзээгүй байртай болох таатай санал тавьсан байна. Эхнэр, нөхөр хоёр ч дуун дээр зөвшөөрч. Алдхан газрын юунд харамсахав. Үзээд алдъя л гэж бодсон тухай нөхөр нь яриа дэлгэв. Тэгсэн удсан ч үгүй газраа чөлөөлж өгөөрэй гээд төсөл хэрэгжүүлэгч компанийнхан иржээ. Батсайхан “Энэ менежер Б.Цолмон, Д.Дөлгөөн нарт их талархаж байгаа. Бас улс эх орондоо сэтгэлийнхээ гүнээс баярлаж байна. Үнэхээр сайхан ажил санаачилж бидэн шиг мянга мянган айлыг мөрөөдөөд ч биелэхгүй байранд оруулж байна шүү дээ. Энэ л бодит ажил. Таньдаг мэддэг хүмүүс их гайхаж байгаа. Зарим нь итгэхгүй хөдөөнөөс ирсэн шүү дээ, манайд” гэв. Үнэхээр ч таван ханатай гэр арай гэж багтдаг байсан газар тохилог сайхан, дулаан байр болж хувирна гэдэг тэдний хувьд юутай ч зүйрлэшгүй аз гэдгийг тодотгож байсан. Батсайханы хүү Батлан хамгаалахын их сургуулийг төгссөн. Өдгөө 26 настай Өмнөговь аймгийн Шүүлэнгийн заставт орлогч дарга хийдэг бөгөөд гэр бүлийнх нь хүн мөн л тус заставд ажилладаг байна. Охин нь ЭМШИУС-ийг төгсч, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмч хийдэг байна. Мөн л гэр бүлтэй болжээ. Тиймээс хоёулхнаа шинэ байрандаа амьдарч байгаа аж. Гэрийн эзэн барилгын компанид засварчин, мужаан, заримдаа харуул хүртэл хийдэг бол эхнэр нь гэрийнхээ хажууханд байрлах цэргийн ангид үйлчлэгч хийж байгаа гэнэ. Хөл дүүжлэх унаатай, сардаа нийлээд дунджаар 800 мянган төгрөгийн цалин авчихдаг учраас санаа зовох зүйлгүй, бидэндээ бол хангалуун сайхан л амьдарч байна гэсэн юм. Эхнэр нь Батсайханыг нударч “өнөөхөө яриач” гэж ирээд л жуумалзах. Юу юм бол гэж их л сониучирхаж асуутал эхнэр нь угаалгын өрөөнөөс цоо шинэ угаалгын машин гаргаад ирэв. Учир нь байрны нээлт хийх үеэр “Гангар инвест” компани оршин суугчдынхаа дунд азтан шалгаруулжээ. Батсайхан энэ үеэр угаалгын машины азтан болсон юм байна. Эхнэр нь “Байртай болчихлоо. Гал түлж, үнс нурамтай ноцолдохоо болилоо. Бас гараар хувцсаа угаахаа больж байна. Өмнө нь ч ажилдаа ядарч орж ирээд хоол хийнэ, гал түлнэ, хувцсаа угаана гээд зутруухан л байдаг байж, одоо бодоход. Хүн гээч амар хялбар амьдралд хурдан дасдаг ямбатай ч юм аа даа” гээд инээмсэглэв. Компанийнхан энэ гэр бүлийг хамгийн азтай, одтой хүмүүс гэж цоллодог аж. Аливааг эергээр хүлээж авдаг, чих зөөлөнтэй хүмүүс гэж байсан. Хоёр хоногийн дотор газраа суллаарай гэсэн бол хэлсэн даруйд нь л нүүчих жишээтэй. Бүх зүйл зовлонгүй хурдан бүтдэг. Хэл ам хийгээд байгаа хүмүүсийн ажил улам л хойшлогдоод гацаад байхад энэ гэр бүлийн ажил тэр аяндаа л бүтээд байдаг. Сая байранд орчихоод азтан болчихож байна. Тэгээд ч хамар хашааныхантайгаа хүртэл эв түнжинтэй. Бусдад гэм хоргүй ёстой л хийморьтой хүмүүс хэмээн тодотгов. Тэд ч байрныхаа найрыг хэзээ хийх талаар яриа дэлгэн хоцров.

“МАНАЙ ГАЗРЫГ АВААД ТЭР БАЙРАНДАА ОРУУЛААД ӨГӨӨЧ”

“Гангар инвест” компанийн төслийн менежер Б.Цолмон, С.Дөлгөөн нарыг байрныхан андахгүй аж. Бүгд л төслийн ашиг тусыг магтах бөгөөд үүнээс илүүтэй гэрээ хийж байранд оруулсан хэмээн өнөөх хоёрыгоо ихэд хүндэлдэг. Бараг л бурхан дээрээ зургийг нь тавихын холгүй шүтчихэж. Өнөө хэд нь хүүхдүүд, хамаатан садан нь аятай байнга мэнд ус мэдэлцэж, яажшуухан байгааг асуух аж. Тэд анх төслөө танилцуулаад явахад тэр болгон хүмүүс ойлгохгүй, бүр газрыг минь авах гэлээ гээд харааж зүхдэг байж. Эсвэл арай зам дагуу гэмээр айлууд нь га хүрэхгүй газраа 200-300 сая төгрөг, хэдэн тэрбумаар үнэлдэг байсан гэнэ. Эхний ээлжийн барилга ийн ашиглалтад ороод ирсэн чинь өнөөх аашилж загнаад байсан иргэд “Манай газрыг аваад тэр байрандаа оруулаад өгөөч” гээд гуйх болсон тухай компанийн ажилчид ярив. Хажуу айл нь нүдэн дээр нь байранд оронгуут хүмүүс их барьцаж байгаа аж. Дараа дараагийн айлууд их шуурхай газраа чөлөөлөөд өгчээ. Дахиад 168 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд зургаан блок барихаар мөн л бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн. Дээрх төслийн нийслэлийн 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах ажил өрнөж байна.

Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд 588 айлын орон сууцыг мөн 2015 онд 1656 айлын орон сууцны барилгыг тус тус ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 615 өрхийн нийт 2583 иргэнийг орон сууцаар хангасан билээ. Харин 2016 онд нийт 4044 айлын орон сууцыг барьж, ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Цагдаа, прокурор, шүүхийн гадна чулуу няслаад суудаг хүмүүс байхгүй болно

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Прокурорын байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Ингээд хуулийн салбарын хуулийн шинэчлэлт ерөнхийдөө дуусч байна уу?

-Хийх ёстой ажлынхаа гуравны нэг дээр ирж байна. Парламентаас хууль болгож батлах л үйл явц дуусах тийшээ хандаж байна гэсэн үг. Бид Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг гаргасан. Дараа нь энэ хоёр хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой процессын хуулиудыг гаргалаа. Хэн нэгэн албан тушаалтанд эрх мэдэл өгч болно. Гэхдээ тэр эрх мэдлийг хэзээ, хаана, хэнд хэрэглэх вэ гэдгийг нарийвчилж заах хэрэгтэй. Ингэхгүй бол эрх мэдэл тухайн албан тушаалтны нийгэмд эзлэх байр суурь, давуу талын илэрхийлэл болно. Тэр эрх мэдлээ ашиглан авлига авч, амьдралаа дээшлүүлэх арга болгож хувиргадаг. Эсвэл бусдаас өс хонзон авах хэрэгсэл болгодог. Эсвэл бүлэг хэсгээрээ хуваагдаж хэн илүү эрх мэдэлтэй байна гэж талцаж байлдах талбар болгодог байхгүй юу. Тийм учраас төрд тэр дундаа албадлага, хүчирхийлэл хууль ёсны дагуу хэрэглэж болзошгүй, хэрэглэж байдаг байгууллагуудын эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагааг дүрэмтэй болгоно гэдэг бол маш том суурь шинэчлэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль болон Хууль сахиулах ажиллагааны тухай хууль гэдэг хоёр том хууль саяхан баталсан. Энэ хууль суурь шинэтгэлийн хамгийн тулгуур өөрчлөлт болж байгаа. Урьд нь Ерөнхийлөгчийн зүгээс ярьдаг байсан. Лу.Гантөмөр өмнөх парламентын үед хэлж байсныг санаж байна уу. “Эрх нь дэндсэн төр юм биш үү” гэсэн утгатай үг хэлж байсан. Энэ нь тухайн улстөрчийн ишлэл мэт боловч бодит байдал дээр бид тодорхой албан тушаалтнууд, байгууллагууд, төрийн бүтцэд иргэн рүүгээ халдах, эрх чөлөөг нь хязгаарлах, албадлага хэрэглэх маш хүчтэй эрх чөлөөг нь өгсөн байсан. Тэгээд тэр эрх мэдэлтэй байгууллага дүрэм журмаараа ажиллаж чадна. Нийтийн ашиг сонирхлын төлөө байж чадна гэж итгээд ёс зүйд нь найдсан. Харамсалтай нь амьдрал дээр тийм юм байхгүй байна. Нийгмийн дунд “Хүнийг эрүүдэн шүүж байна”, “Хэрэгт холбогдуулан шалгасан маш олон хүн хилс хэрэгт холбогдлоо гэж дараа нь төрөөс их хэмжээний мөнгө нэхэж байна”, “Хуулийн эрх мэдэлтэй, албадлага хэрэглэх, хэрэг мөрдөх шалгах байгууллагууд хэн нэгний гар хөл болж өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болж байна” гэсэн шүүмжлэл байгаад байна шүү дээ. Эдгээр шүүмжлэлийг таслах гол арга нь л энэ хууль. Эрхүүдийг өгч болно гэхдээ хэзээ, хаана, хэнд, яаж хэрэглэх гэдэг дөрвөн асуултад маш нарийн хариулсан дүрэм журамтай байх ёстой. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд уг нь байгаа юм. Иргэний эрх, эрх чөлөөг гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу хязгаарлана гээд заачихсан. Гэтэл 24 жил болоход хууль, үндэслэл, журамд заахгүйгээр иргэний эрх чөлөөг хязгаарладаг төрийн маш олон байгууллага, албан тушаалтнууд байсаар ирсэн. Түүнийг одоо цэгцэлж байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний эрхийг сайжруулсан ямар заалтууд байгаа вэ. Хүмүүс тэр болгон хууль уншаад байдаггүй шүү дээ. Ийм ийм болсон шүү гээд онцлох зүйлсээс нь хэлж өгөхгүй юу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг бол хэн нэгнийг гэм буруутай гэж үзэж ял оноодог тэр процессыг журамлаж байгаа хууль л даа. Тэгэхээр хэн нэгнийг гэмт хэрэг хийсэн гэж үзэж байгаа бол яаж нотолж байгаа юм. Хэрвээ нотолж чадаж байгаа бол ямар аргаар нотолж байна. Нотолсны дараа оноож байгаа ял зэм нь хэр зэрэг шударга юм. Мөн тэр гэмт хэргийн улмаас хохирч байгаа хохирогчийн хохирол барагдаж чадаж байгаа юу. Энэ асуудлуудыг шийдэж байвал сая шударга ёс, хууль засаглаж чадаж байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэх мэтийг аваад үзэхэд нотлох арга нь их маргаантай. Яг зөвлөлт маягийн эрх зүйн арга барил, уламжлалаараа гэмт хэргийг нотлох хамгийн чухал нотлох баримт бол гэмт хэрэгтэн өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэж үздэг. Өөрийнх нь мэдүүлгээр гэмт хэргийг нь нотлох бол нэг номерын ач холбогдолтой. Өөрөөр нь хэргийг нотлуулахын тулд яах ёстой вэ гэхээр гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг нэн даруй л баривчлах ёстой. Хорьж байгаад, эрүүдэн шүүх, айлган сүрдүүлэх, тагнаж чагнах хэрэгтэй. Өөрөөр нь “Тийм ээ. Би гэмт хэрэг хийсэн юм” гэж нотлуулах гээд байна. Гэтэл 1992 оны Үндсэн хуульд хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гээд заачихсан мөртлөө түүнийгээ бүрэн үгүйсгэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нотлох онол арга зүйтэй байсан. Сая бид үүнийг өөрчилсөн. Тэгэхээр тэр хүнийг орчин үеийн шинжлэх ухааны ололтыг ашиглаж нотлох ёстой.

-Орчин үеийн шинжлэх ухааны ололт ашиглана гэхээр гудамжны камерын бичлэг нотлох баримт болно гэсэн үг үү?

-ДНК, цусны шинжилгээ гээд шинжилгээний байгууллагуудын чадварыг дээшлүүлэх тухай ярьж байна. Орчин үеийн техникийн туслалцаа гэхээр жишээ нь одоо гудамжинд маш олон камер тавьж байна шүү дээ. Энэ камерт бичигдсэн бичлэг нотлох баримт болох ёстой. Одоо үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар энэ камерт бичигдсэн бичлэг нотлох баримт биш. Бичлэг дээр хүн зодож байгаа нь харагдаад байхад нотлох баримт яаж бүрддэг вэ гэхээр байцаалт болон цаасан нотлох баримт гэдэг хоёр аргатай. Тэр арга нь юу гэхээр камерын бичлэгийг аваад протокол үйлдээд, шинжилгээ өгөөд тэгээд камерын бичлэг нь биш хийсэн протокол буюу цаас нь нотлох баримт болдог. Тэр цаасан нотлох баримтаараа нөгөө хүнээс байцаалт аваад байцаалтаараа нотлоод цаас нь үлдэж байгаа юм. Гэтэл дэлхий нийтээрээ техникийн ололтыг ашиглаад бичлэг нь нотлох баримт болдог болчихоод байхад бид яаж байна. Яах аргагүй тэр бичлэг дээр хулгай хийж байгаа, хүн зодож байгаа нь харагдаад байдаг. Гэтэл нөгөө хүн эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй, танил талтай бол энд цаас үйлдээд дараагийн хүнд дамжуулдаг энэ процессууд нь хэргийг баллуурдахад зориулагддаг. Тодруулбал, тэр бичлэг дээрх хүн мөн, биш гэж маргаан гарна. Дахиад тэр бичлэг хууль ёсны мөн, биш гэсэн маргаан гарна. Дараа нь тэр бичлэг нь алга болчихсон тийм учраас гэх мэтчилэн. Бичлэг шууд нотлох баримт болдоггүйгээс завсар нь мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч юм уу хэн нэгэн зохиол бичих боломжийг байнга олгож байгаа биз. Тэгэхээр яг бодит байдал, шүүхээр орж байгаа нотлох баримт хоёрын хооронд зөрүү гараад эцэстээ хэрэг замхарч болно. Эсвэл өөр хүн хэлмэгдэж болно. Энэ дотор юу л бол юу болж болохоор тийм процесс байгаа юм. Бид энэ процессыг өөрчилсөн. Одоо цаасан нотлох баримт буюу байцаалтаар биш ажиллагааны нотлох баримт болон өөр бусад эд зүйлийн нотлох баримтыг чухалд тооцно.

-Ажиллагааны нотлох баримт гэж юу вэ?

-Жишээ нь хар тамхитай холбоотой хэргийг аваад үзье. Тэр тохиолдлын байдлаар илрэхгүй шүү дээ. Тэгэхээр хар тамхи зараад байх шиг байна гэж үзвэл үнэхээр хар тамхи мөн эсэхийг мэдэх хэрэгтэй болно. Ямар сувгаар орж ирж байгааг тагнах хэрэгтэй. Дараа нь нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж нөхцөл байдлыг тодорхойлох шаардлагатай болно. Ингээд тухайн хүнийг дөрөв дэх үйлдэл дээр нь барьж авч байгаа. Өмнөх нэг, хоёр, гурван зүйл нь нотлох баримт болно. Түүнээс тэр хүнийг шууд барьж авчраад чи хар тамхи зарсан уу үгүй юу гэж байцааж цаасаар нотлох тухай биш. Ажиллагаа явуулаад байгаа биз. Тэр ажиллагаанууд шууд нотлох баримт болох ёстой. Өөрөөр хэлбэл тасалгаан дотор хүнийг байцаах биш нөхцөл байдал дээр гарч ажиллана. Тэр ажиллагаануудаараа гэмт хэргийг илрүүлэхээр болж байна гэсэн үг. Одоо мөрдөн шалгах, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа бол хүнийг ир, ирэхгүй бол чамайг тэдэн жил хорино гэж айлгаж мэдэгдэх хуудас өгөөд цаг, ажлыг нь бүгдийг нь алдагдуулж хэдэн сараар цагдаа, прокурор, шүүхийн үүдэнд чулуу няслуулж суулгаад, цаасан дээр зохиол бичиж суухгүй болно. Өөрөөр хэлбэл цагдаа, прокурор, шүүхийн үүдэнд хоёр жил чулуу нясалж суудаг хүмүүс байхгүй болно гэсэн үг. Хүмүүс амьдраад, ажлаа хийгээд явж байхад хуулийн байгууллагууд илүү үйл ажиллагаа явуулж тэр гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа хийнэ. Одоо бол үүдэндээ чулуу няслуулж суулгах эсвэл цагдан хорих төвд хорьж хэрэг илрүүлэх гэж оролдоод байна шүү дээ. Залхаан цээрлүүлж тухайн иргэний ажил, амьдралыг “алах” байдлаар ажиллаж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх дээр жирийн иргэнтэй холбоотой асуудал хөндөгдөх тусам тэр иргэний ажил амьралын хэв маягийг өөрчлөхгүйгээр шалгадаг байх ёстой. Зохион байгуулалттай гэдэг юм уу үнэхээр аюултай гэмт хэрэгтнүүдтэй нөгөө аргаараа үзэх ёстой. Зөвхөн нэг аргаар бүх хэрэгтэй ажилладаг байсныг бид өөрчилж байгаа.

-Шүүх хурлын хувьд баримтын, ялын гээд төрөлжиж байгаа юм билээ. Тэр талаар тодруулбал?

-Бид бүгдээрээ л ярьдаг байсан даа. Гар утас хулгайлсан хүн арван хэдэн жил авчихлаа. Ял шийтгэлийн бодлого шударга юм уу, үгүй юм уу гэдэг байсан. Энэ ял шийтгэлийн бодлогод том өөрчлөлтүүд орсон. Ер нь бол доод, дээд ялын зай илүү холдсон. Бодит байдал дээр үндэслэн хүмүүст тохирсон ял өгөх боломжийг бүрдүүлсэн. Дээр нь гэм буруугаа хүлээгээд хохирлоо барагдуулсан бол илүү бага ял авах бололцоог бүрдүүллээ. Хохирогч хохирлоо төлүүлж чаддаг уу гээд дээр хэлж байсан даа. Одоо заримдаа гэмт хэрэгтэн нь шорондоо явдаг. Хохирогч нь хохирсноороо үлддэг байдалтай байна. Гэмт хэрэгтэн торгууль төлсөн ч мөнгө нь төсөв рүү ороод дарга нарын цалин болоод хувирчихаж байхад хохирсон иргэн хохирлоо төлүүлээгүй байж байх жишээтэй. Хохироосон иргэн нэгэнт шоронд суусан юм чинь хохирол төлөхгүй гэж гүрийсэн хэвээрээ. Ингэхээр хохироосон иргэн, хохирогч хоёр хэзээ ч нэг нэгнээ уучлах, ойлгох, эвлэрэх тухай яриа байхгүй. Хоёр биенээ үзэн ядаад дуусдаг. Голд нь төсвийн мөнгөө нэмэгдүүлээд төр хожчихож байгаа юм. Ийм шударга бус тогтолцоо байж болохгүй шүү дээ. Энэ чинь соёлт хүн төрөлхтөнд байж боломгүй тогтолцоо байхгүй юу. Тийм учраас гэмт хэрэгтэй холбоотой асуудалд бол хохирогч хохирлоо барагдуулаад явах ёстой. Гэмт хэрэгтэн хохирогчид аюултайгаас илүүтэй нийгэмд аюултай үйлдэл хийсэн бол ял зэм аваад явах ёстой. Үүнээс төр ашиг орлого олж болохгүй. Тийм учраас шүүх хуралдааны хэд хэдэн хэв маяг бий болгосон. Гэм буруугийн шүүх, ял оноох хуралдаан гээд зааг гаргасан. Өөрийгөө өмгөөлж гэм буруутай, үгүйгээ шүүхээр тогтоолгох нь хүний эрх учраас хэн ч гэм буруугийн шүүх дээр маргалдаж болно. Гэм буруугийн шүүх дээр хэрэг нь нотлогдвол дараагийн ял оноох хурал дээр маргахгүй. Тэгэхээр жишээ нь “Танд зодуулсан хүн эмнэлэгт үзүүлэх зэргээр явж зургаан сая төгрөгөөр хохирсон байна. Ял оноох хурал хийхээс өмнө та хохирогчтой эвлэрээд тэр зургаан сая төгрөгийг төлөөд хохирлоо барагдуулбал ял оноох хурал дээр танд гурван жилийн ял өгч болно. Хохирлоо барагдуулахгүй бол танд би долоон жилийн ял өгнө” гэнэ. Хүн ямар ч нөхцөлд гурван жилийг нь авахын тулд хохирогч дээр очоод уучлалт гуйна, эвлэрнэ, хохирол барагдуулна. Яагаад гэвэл гэм буруугийн хурал дээр хохирлын хэмжээ бүгд тодорхой болчихож байгаа юм. Ингэхээр ядаж хүн ёсоор хоёр биентэйгээ харилцах боломж үүснэ. Олон зүйл процессын хуульд шийдэгдсэн.

Мөн хуучин хуулиар хүн шүүх хурал дээр би ийм хэрэг хийгээгүй гэхээр шүүгч, прокурор “Одоо ч засраагүй байна” гээд өндөр ял өгчих гээд байдаг.

Гэм буруутай гэхээр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гээд Үндсэн хуульд байгаа хамгийн гол эрхээ эдэлж чадахгүй үлдчих гээд байна. Энэ зохицуулалтын болхи муйхар байдлаас болж хохирогч, гэмт хэрэгтний аль алиных нь эрх зөрчигдөөд байдаг байсан. Одоо шүүхийн ялгамжтай хурлуудын тогтолцоог хийгээд өгөхөөр хохирогчийн ч тэр, гэмт хэрэгтний ч тэр хуульд заасан эрх нь хөндөгдөхгүй.

Дээр нь түрүүн хэлсэн гэмт хэрэг гэдэг үзэгдлийн дундаас төр ашиг олдог нь багасч иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалах хууль ёсныхоо үндсэн зорилго руугаа алхах боломжтой болж байгаа юм.

-Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар нэлээд олон зүйлийг зохицуулах шиг болсон?

-Иргэнийг хууль ёсоор хүчирхийлж болдог байгууллагуудын үйл ажиллагааг бүхэлд нь журамлаж өгч байгаа. Жишээ нь, эд хөрөнгө битүүмжлэх байна. Үндсэн хуульд хүн хувийн өмчтэй байх эрхтэй. Тэр хөрөнгийг нь битүүмжилнэ гэдэг чинь эрхийг нь хязгаарлана гэсэн үг. Үндсэн хуульд зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хүний эрхийг хязгаарлана гэж байгаа. Цагдаагийн байгууллага нэг иргэний 500 мянган төгрөгийн хөрөнгийг битүүмжлэхийн тулд тодорхой хуулиудад заасан журмын дагуу ажиллаж бөөн юм болж битүүмжилж байна. Гэтэл татварын юм уу, мэргэжлийн хяналтын байцаагч хүний таван тэрбум төгрөгийн хөрөнгийг зүгээр өөрийнхөө гарын үсгийн үзүүрээр битүүмжилж байна. Ялгаатай байгаа биз. Битүүмжилж байгаа эд хөрөнгө нь хүний өмч. Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг өөр өөр байгууллагууд, өөр өөр үндэслэл журмаар хамаа намаагүй хязгаарлаж болж байна аа даа. Ингээд харахаар нэг нь хуульд заасан журмаар нөгөө нь байгууллагын даргын гаргасан заавар журмаар явж байдаг.

Энэ одоо шударга уу. Яг үүнтэй адилхан гав, бороохой хэрэглэх тухай асуудал байна. Цөөнгүй байгууллага гав хэрэглэх эрхтэй байна. Гэтэл нэг байгууллагын гав хэрэглэх эрх нь хуулиар зохицуулагддаг. Нөгөө байгууллага нь болохоор байгууллагын даргын гаргасан заавар журамтай. Гэтэл өөр нэг байгууллага нь зүгээр практикт бид ингээд хэрэглээд ирсэн шүү дээ гэдэг. Ямар ч дүрэм журамгүй байдаг. Гав хэрэглэснээс болоод хүн амь насаа ч алдах аюултай. Галт зэвсэг хэрэглэх мөн адил. Галт зэвсэг хэрэглэнэ гэдэг нөгөө талдаа хүн шууд үхнэ гэсэн үг биз дээ. Гэтэл Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй шүү дээ. Галт зэвсгийг цагдаагийн байгууллага хэрэглэх бол хуультай. Өөр бусад байгууллагад галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой асуудалд хуулиар журамлагдаагүй байсан. Байгаль орчны байцаагч галт зэвсэгтэй мөртлөө ямар хууль, журмаар хэрэглэх нь байхгүй. Тэгэхээр төр албадлагын ийм хүчтэй зэвсэг олон байгууллагад өгсөн мөртлөө олон янзаар зохицуулж хаясан байна. Хуулиар зохицуулдаг байгууллага байхад нэг хэсэг нь Засгийн газрын тогтоолоор явж байдаг.

Нөгөө хэсэг нь байгууллагын газрын даргын гаргасан заавар журмаар зохицуулагддаг. Зарим нь бүр ямар ч заавар журам байхгүй бид угаасаа л ийм буутай байдаг байсан шүү дээ гэдэг. Үүнийг зохицуулаагүй байна гэдэг нөгөө талд хүний амь нас, эд хөрөнгө маш эрсдэлтэй байна гэсэн үг шүү дээ. Тиймээс нэг стандарт болгоод Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд орууллаа. Үүнд нөгөө галт зэвсэг хэрэглэж байгаа бүх байгууллага захирагдана. Ийм хуультай болсон.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар олон төрлийн ял эдлүүлэхтэй холбоотой өөрчлөлтүүд орсон уу?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар Эрүүгийн хууль болон сая батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуультай холбогдуулаад хорихоос өөр төрлийн ялыг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг журамлаж өгч байна. Мөн хорьж мөрдөхгүй гэдэг зохицуулалт хийгээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр хорьж мөрдөхгүй гэхээр хүнийг гадуур байлгана. Гадуур байлгана гэдэг хяналтгүй орхино гэсэн үг ерөөсөө биш. Тийм учраас түүний хяналт яаж явах вэ гэдэг журмууд батлагдах ёстой болсон. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой хуулийн шинэтгэлийн хүрээнд хийх ёстой шинэтгэлийнхээ 50 хувийг хийлээ. 50 хувь нь ард үлдэж байна гэсэн үг. Уг нь гүйцэд хийсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай гэж байгууллагын хууль биш Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль гэдэг шиг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хууль гэж процессын хууль гарах байсан. Тэгэхдээ хоёр төрлөөр гарах ёстой байсан. Нэг нь ял эдлүүлэх тухай хууль, нөгөө нь шийдвэр гүйцэтгэх тухай хууль гэж тусдаа. Ял эдлүүлэх тухай гэвэл Эрүүгийн хуулиар гэмт хэрэгтэнд ямар ял оноосон түүнийг нь яаж эдлүүлэх тухай тэр ажиллагааг зохицуулна. Нөгөөх нь иргэний журмаар шийдвэр гаргасан тохиолдолд хэрэгжүүлэх байхгүй юу. Иргэд хоорондоо маргалдана гэдэг бол үндсэндээ хувь хүмүүсийн асуудал. Тиймээс бусад улс оронд бусад татвар төлөгчдийг торгож төрийн мөнгөөр хийдэггүй. Харин яг гэмт хэргийг яллаж байгаа бол хувийн маргаан биш. Нийгэмд аюултай зүйл хийсэн учраас төр яллаж байгаа хэрэг. Тэгэхээр энэ хоёр шүүхийн шийдвэр хоёр өөр байгаа биз. Тиймээс энэ хоёрыг ялгаж өгөх ёстой байсан. Иргэний маргааны хувьд аль нэг хохирол учруулсан талаас нь төлбөрийг нь авч төлүүлдэг. Бусад улс орнууд энэ ажлыг хувийн компаниуд руу өгдөг. Цагдаа, цэрэг, ял эдлүүлэх байгууллагад ажиллаж байсан хүмүүс эрт тэтгэвэрт гардаг. Тэр хүмүүс хүмүүс тусгай чадвартай байдаг. Тэтгэвэрт эрт гарчихаар тэдэнд ямар нэгэн хууль ёсны ажил өгөхгүй бол зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн харуул хамгаалалтын ажил ч юм уу өөр зүйл рүү орчих гээд байдаг. Ийм учраас чадвартай хүмүүстээ компани байгуулж ажиллах боломж олгодог. Тийм зорилготойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хуулийг ажиллагааны хоёр хууль болгож процессжуулах ёстой байсан.

Үүнийгээ хараахан бүрэн дүүрэн хийж чадсангүй. Гэхдээ сая байгууллагын тухай хуулийг илүү сайн процессжуулаад дотор нь процессуудыг деталиар нь нэлээд сайн бичиж өглөө. Дахиад таван жил өнгөрөхөд улстөрчид ч, олон нийт ч хөгжлийн дэвшилттэй үзэл санааг илүү сайн ойлгоод ирэхээр дахиад шинэтгэл явна. Шинэчлэлийн үйл явц тасралтгүй үргэлжлээд байна. Одоо байсан алхмаасаа л ухарч болохгүй.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

М.Халиунбат: Монголд кроны капитализм сонгодог утгаараа бий болчихсон

“Торгоны зам” сангийн гүйцэтгэх захирал, эдийн засагч М.Халиунбаттай ярилцлаа.

-Таны Эдийн засгийн форумын үеэр тавьсан илтгэлээс Монголд кроны капитализм бий болчихлоо гэсэн санаа содон дуулдсан…?

-Өнөөгийн үүссэн байдлыг харахаар кроны капитализм буюу улстөржсөн бизнес, бизнесжсэн улс төр сонгодог утгаараа бий болсон. 26 жил хийсэн зүйл маань ерөөсөө л кроны капитализм. Өөрөөр хэлбэл улс төртэй холбогдохгүй бол бизнес нь явдаггүй, улс төрийнхөн нь бизнестэй ямар нэг байдлаар холбогдож байр сууриа хадгалж үлддэг тогтолцоог кроны гэж онцлоод байгаа юм.

-Кроны капитализм эцэстээ юунд хүргэдэг вэ?

-Товчхон хэлбэл дарангуйлалд. Бид эхний алхмаа тавьчихлаа л даа.

-Кроны капитализм хөгжиж дарангуйлалд хүрсэн улсуудад эхэн үедээ манайд одоо өрнөж буй шиг үйл явц ажиглагдаж байсан гэсэн үг үү?

-Тоочвол маш олон улсын түүх бий. Улстөрчдөд эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд мөнгө хэрэг болдог. Мөнгө авах газар нь ойлгомжтой. Нэг бол төсвөөс хулгайлна, эсвэл бизнес эрхлэгчдээс мөнгө босгоно. Ийм л хоёр тогтолцоо ажиглагддаг. Сая хэлсэн үзэгдэл манай улсад аль хэдийнэ өрнөчихсөн. Мөнгө босгож улс төр хийж чаддаг болсон. Дараагийн алхам нь ч хийгдээд эхэлсэн. Үүний дараа асар том хэмжээний амлалтууд өгч эхэлдэг. Гэр хорооллыг дахин төлөвлөнө ч гэдэг юм уу нэлээд өргөн цараатай, их мөнгө зарцуулах төслүүдийг санал болгодог. Мэдээж хэн нь хэнээсээ илүү томыг амлах вэ, санал болгох вэ гэдэг дээр өрсөлдөөн өрнөнө. Улстөрчид амлалтаа биелүүлэхийн тулд улс, нийслэлийн төсвийг хүссэн хүсээгүй томруулдаг. Төсвийг томруулах хоёрхон үндсэн арга бий. Эхнийх нь ард иргэд, аж ахуйн нэгжээс авдаг татвараа нэмэгдүүлэх. Хоёр дахь арга нь зээл авах. Төр иймэрхүү маягаар томроод ирдэг. Төр томрох хэрээр аж ахуйн нэгжийн, компаниудын үйл ажиллагаа хумигддаг. Одоогийн бидний туулж байгаа үе бол аж ахуйн үйл ажиллагаа хумигдаж буй цаг. Өөрөөр хэлбэл хүмүүс ажилгүй болж байна. Бизнесүүд явахаа болилоо. Бизнесүүд мөнгөгүйдэхээр төрийн орлого багасах нь гарцаагүй зүйл. НӨАТ, онцгой, гааль, хүн амын татвар хумигдаад эхлэх нь жам. Өмнө нь авч байсан татваруудын хэмжээ ингээд буугаад эхлэхээр шийдвэр гаргагчид Улаанбаатар хотын татвар гэх мэт шинэ татварууд зохиож эхэлдэг. Мэдээж юу юуны туханд хүрэлгүй татварын хувь хэмжээгээр оролдохгүй. Сүүлдээ бол татварын хувь хэмжээ рүү орно. Шийдвэр гаргагчид татварын хувь хэмжээ рүү орчихсон. Сүүлийн жишээ гэхэд 110 нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмчихлээ. Хурц хэлбэр рүүгээ орж байна гэсэн үг.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд гэсэн тайлбартай гарсан шийдвэр шүү дээ…?

-Татварын хувь хэмжээ нэмж эхлэх яг ийм үед янз бүрийн сэдэв моодонд ордог. Жишээ нь сая таны хэлсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг уриа. Үнэн хэрэгтээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг чинь импортын татварыг нэмэгдүүлэх л арга. Хүн өмнө нь хэрэглэж байсан импортын бүтээгдэхүүнээ шууд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр сольдоггүй. Өөрөөр хэлбэл хуучин хэрэглээнээсээ татгалздаггүй. Саван гэхэд хэрэглээд сурсан брэндтэй нь адил хэмжээний чанартайгаар үйлдвэрлэдэг дотоодын компани байхгүй байх жишээний. Гадны том компаниудын бүтээгдэхүүнийг дотоодынхтой харьцуулбал өрсөлдөх чадвар хавьгүй илүү гэсэн том шалтгаан бий. Харамсалтай нь иргэдийн хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ татвараа дагаад өсдөг, үр дүнд нь хүмүүсийн халаасан дахь мөнгө үнэгүйдэж байдаг. Товчхондоо төр иргэдийнхээ халааснаас төсвөө барьдаг тогтолцоо руу ороод байна.

-Шавхаад ч юм гарахгүй болбол, эдийн засаг тамирдаад ирвэл яах бол. Кроны капитализмаар яваад байгаа улсын хувьд ер нь яадаг юм бол?

-Ийм үед зээл авч эхэлдэг. Бидэнд ажиглагдаад эхэлчихсэн. “Чингис” бондоос эхлэлтэй “Самурай” гэх мэт олон бонд бий. Сүүлд гэхэд л Энэтхэгээс тэрбум ам.доллар авах гэж байх шиг байна. Өрийн хямрал руу ордог гол шалтгаан нь энэ. Нэгэнт авсан хойно өгөх нь жам. Өгөхдөө тулаад ирэхээр эдийн засаг нь хумигдаад юу ч үгүй болчихсон байдаг. Шийдвэр гаргагчдын хувьд мөнгө олох дараагийн зам нь нийгэмчлэх үйл явц болдог. Хамгийн их мөнгө харагдаж байгаа салбаруудыг нийгэмчилж эхэлдэг. Төрийн болгож эхэлдэг гэсэн үг.

-Хувийн хэвшлийнхнээс дээрэм хийнэ гэсэн үг үү?

-Тэгнэ. Хувийн хэвшлээс дээрэмдэж эхэлнэ. Ингээд дарангуйлал эхэлдэг. Мэдээж өмчөө дээрэмдүүлсэн иргэд, хувь хүн төр засагт дуртай байхгүй нь тодорхой. Хөдөлгөөн, эсэргүүцлийн цуглаан гэх мэт эсэргүүцлүүд ажиглагдаж эхэлдэг.

-Манайх шиг ардчилсан улсад арай ч шууд хувийн өмч рүү дайрахгүй байх аа?

-Шууд дайрах өндөр эрсдэл бий. Эквадор гэхэд байгалийн хий, газрын тос, газар тариалангийн экспортоороо бүс нутагтаа давамгайлсан мундаг улс байсан. Ердөө саяхны, арваадхан жилийн өмнөх явдал. Тэр үед төр засаг нь иргэддээ маш том амлалт өгсөн. Эквадорын бүх иргэнийг орон сууцанд оруулна гэсэн амлалт өгсөн. Яг л манайхтай адил зүйл сонсогдож байгаа биз. За тэгээд орон сууцанд оруулах кампанит ажил эхэлж асар том бүтээн байгуулалт өрнөсөн. Өчнөөн байшин барилга барьсан ч сүүлдээ хямарч хүнд байдалд орсон. Барилгын салбартаа маш их мөнгө түгжсэн. Манай улс ч ялгаагүй, энэ салбартаа 7.8 их наяд төгрөг түгжчихээд байгаа. Ийм байдал үүсэнгүүт эдийн засаг нь бүтээмжгүй болж таарна. Манай эдийн засаг ч өнөөдөр бүтээмжгүйдээ орно. Бид 2-3 төгрөг зарцуулаад нэг төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Эквадорын төр засгийнхан манайд одоо ажиглагдаж байгаа шиг татвараа нэмэх гэх мэт арга хэрэглэж явсаар эцэстээ нефть олборлогч, газын компаниудаасаа эхлээд нийгэмчилсэн. Өөрөөр хэлбэл шууд улсын мэдэлд авч эхэлсэн. Хүмүүс өмчөө авч үлдэхийн тулд зугтааж таарна. Тэгэнгүүт нь зугтаалгахгүй арга хэмжээ авч эхэлж байгаа юм. Хил дээрээ хаалт хийгээд цэрэг зогсоочихсон. Ингээд л хүн төрөлхтний түүхэнд бас нэгэн алдартай дарангуйлагч төрж байгаа юм. Кроны капитализмын бас нэг тод жишээ нь Зимбабве. Бид хэдэн триллионы тоотой ч үнэ цэнгүй болсон мөнгөн дэвсгэртийг нь хараад шоолж инээлддэг. Тэр улсын толгой нь гадаадын жаахан ч гэсэн хөрөнгө оруулалттай компани байвал шууд нийгэмчилнэ гэсэн хууль гаргаад сууж байна.

-Гэхдээ л арай ч Зимбабве шиг болчихгүй байлгүй дээ…?

-Ингэж бодох нь дэндүү гэнэн хандлага. Сая та бид хоёрын ярьсан зүйл хүн төрөлхтний шинэ түүхэнд гараад ирчихсэн бас нэг үзэгдэл. Ийм хэлбэрийн дарангуйлал хүчтэй байгаа. Хаан гэж нэрлэхээ болиод Ерөнхийлөгч гэдэг болсноос өөр ялгаа байхгүй. Харин ч хэлбэрээ өөрчлөхдөө өмнөхөөсөө илүү хүчтэй болсон.

-Кроны капитализмын гол шалтгаан нь улс төр, бизнесийн хэт хамаарал гэж ойлголоо. Энэ хамаарлыг нь багасгах гарц хайвал байдал эерэг зүг рүүгээ эргэх байлгүй дээ?

-Нэгэнт эргээд эхэлсэн асар том хүрдийг зогсоох хэцүү. Бүх юм нь хоорондоо нөхцөлдөөд, нэг нь нөгөөгөө өдөөгөөд эргэж байгаа. Магадгүй шалдаа буутал унаж хаширвал арай өөр зүг рүүгээ эргэж мэдэх юм.

-Дэлхийн улсуудаас кроны капитализмаар явж байгаад зөв зам руугаа орсон жишээ бий юу?

-Тийм жишээ байхгүй. Институцийн хувьд ганхахааргүй бэхжиж байж хазаарлаж таарна. Манайд кроны капитализмыг хязгаарлаж, зогсоож чадах институциуд байхгүй. Тийм хүчтэй төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөн ч алга. Тэгэхээр хамгийн бодитой гарц бол иргэд. Иргэд ойлгоц төсөөллөө өөрчилж чадвал эерэг зүйл ажиглагдаж магадгүй. Гучаас доош насны залуу хүмүүс онцгойлж анхаармаар санагддаг. Монголын гурван хүн тутмын нэг нь хүүхэд, гурван хүний хоёр нь залуус гэдэг утгаараа хүүхэд, залуусаа зөв бодолтой, дархлаатай болгох хэрэгтэй. Боловсролын системдээ маш том өөрчлөлт хиймээр санагддаг.

-Байгалийн баялаг ихтэй, дэлхийн хэмжээний Оюу толгой гэдэг том төсөл хөдөлчихсөн, эндээс олсон мөнгөөрөө боловсрол гэх мэт бусад салбараа хөгжүүлнэ гээд бодохоор бусдаас давуу, өөдрөг зүйлс бидэнд өчнөөн бий. Энэ бүхэн таны яриад байгаа дарангуйллаас сэргийлж чадах юм биш үү?

-Оюу толгой төсөл явлаа гэдэг нь эерэг дохио мөн. Гэхдээ та бид хоёр сууриараа буруу байгаа тухай ярьж байна. Муу хөрсөнд хэчнээн сайн үр тариад нэмэргүйтэй ялгаагүй зүйл болоод байна л даа.

-Тогтолцоо нь буруу байхад хэчнээн том төсөл хэрэгжээд ч үр дүнгүй гэж хэлэх гээд байна уу?

-Ер нь бол тийм. 2-3 төгрөгөөр нэг төгрөгийн баялаг бүтээж байна гэж өмнө ярьсан даа. Дэндүү бүдүүлэг үр ашиггүй тогтолцоо байсаар байна. Төрд мөнгө очихоор дандаа бүтээмжгүй юм хийдэг учраас тэр. Социалист гэгддэг Хятад манайхаас арай дээр. 1.7 төгрөг зарцуулаад нэг төгрөг бүтээдэг. Сүүлийн үед эдийн засагт нь “Цагаан заан” гэдэг ойлголт гарсан. Хэн ч явдаггүй зам, хэн ч суудаггүй “сүнс”-ний хотоо тэгж нэрлэсэн хэрэг. Манайд ч бий. Урдуур, Богд уулын хормойгоор барьсан замаар хэдэн хүн явдаг юм бэ гээд тооцвол их сонин дүр зураг гарч ирнэ. Хөгжлийн төлөө гэсэн хаягтай ажлууд улс төрийн шалтгаанаар, ийм юм хийсэн болохоор намайг сонгоно гэдэг дээр төвлөрөөд байна.

-Гадны хөрөнгө оруулалт хэт их хэмжээгээр орж ирэх нь эрсдэлтэй, үндэсний компаниудаа дэмжих хэрэгтэй гэж үзэх хэсэг байхад, гадны хөрөнгө оруулалтаар л босно гэх хүмүүс бий…?

-Өрсөлдөөн байх ёстой. Өрсөлдөөнд гадна, дотнынхон бүгдээрээ орох учиртай. Гадныхантай өрсөлдөөд гарч ирсэн үндэсний компани л бидэнд хэрэгтэй.

-Тэгэхээр аль алинд нь гарааны тэгш нөхцөл олгох ёстой гэсэн үг үү?

-Яг тийм. Өрсөлдөөнөөс шалгарч гарсан компанууд л улс үндэстний баялгийг бүтээдэг.

-Та бид хоёрын яриад байгааг ажил болгохын тулд төрийн оролцоо ямар байх ёстой вэ?

-Зөнд нь орхих хэрэгтэй.

-Өрсөлдөөний хэт чөлөөтэй орчин том нь багыгаа барьж идэхэд хүргэж, хэт монополь үүсгэнэ гэсэн болгоомжлол дуулддаг…?

-Монополиуд ихэнх тохиолдолд өрсөлдөөнгүй байдлаас үүсдэг. Өрсөлдөөн байгаа л бол жижиг компаниуд том компаниудаа хүнд цохилтод оруулах эрлийг тасралтгүй хийж, том компаниудынхаа араас нэхэж явдаг. Тэд технологиороо, менежмэнтээрээ, түүхий эдийнхээ онцгой чанараар илүү гарахыг эрмэлзэж завгүй ажиллацгаадаг. Толгойлогч компани нь ч араас нь нэхэж байгааг мэдэж үйл ажиллагаагаа байнга сайжруулдаг. Өрсөлдөөн ийм гайхамшгийг бүтээдэг.

-Манайд өрсөлдөөнтэй, арай эрүүл хөгжиж байгаа салбар гэвэл та алийг нь онцлох вэ?

-Аль ч салбар давуу талаа ямар нэг улстөрчөөр дамжуулж хууль журам батлуулж баталгаажуулдаг тогтолцоо манайд үйлчилж байна. Ер нь хаана лиценз зөвшөөрөл өгч байна, хэн нэгний бизнесийг хамгаалж байна л гэсэн үг. Тиймээс өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Өрсөлдөөн байгаа газар олон ажлын байр, орлого бий болдог. Жишээ нь лицензийг байхгүй болгох хэрэгтэй. Тэгвэл бүгд хийх гэж оролдоно. Амжилттай, амжилтгүй нь дараагийн асуудал. Уг нь манай эдийн засаг тодорхой хэмжээнд өсөөд хуримтлал бий болчихсон. Төв банкны тайланг харвал хадгаламж гээд чамгүй мөнгө хуримтлагдчихсан. Эргэлтэд орохгүй байгаа хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, улс төрийн ийм эрсдэлтэй нөхцөлд бизнест хөрөнгө оруулах бодолтой нь цөөн байна. Хоёрдугаарт, банкны хүү өндөр. Бизнес хийснээс хадгалуулсан нь ашигтай байна. Банкууд өндөр хүүтэй хадгалж байгаа нь Засгийн газрын бондтой холбоотой. Засгийн газрын бондын 93 хувийг банкууд худалдаж авдаг. Энэ бол эдийн засгийн идэвхтэй эргэлт биш. Одоо бидэнд гоё болно, урагшилна гэсэн итгэл хэрэгтэй. Ингэхийн тулд төрийн энэ олон бизнесийг болиулах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхдорж: Театрт хүн өөрийгөө олж харна шүү дээ

Ардын жүжигчин, Бирваагийн Мөнхдоржтой ярилцлаа. УДЭТ-т ерөнхий найруулагчаар олон жил ажилласан тэрбээр театрын тухай сэдвээр докторын судалгааны ажил хийж байгаа гэнэ.

-Улаанбаатарт болж байгаа Дэлхийн театрын боловсролын II чуулганы үеэр та сонирхолтой илтгэл тавилаа. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа Монголд театрыг XVIII зуунд үндэслэж байсан бол түүнээс зуун жилийн дараа, театрын онолыг үндэслэгч гэгддэг К.С.Станиславскийн найруулгын онол бий болсон гэсэн үү?

-Дэлхийн театрын боловсролын хурал болж байна. Үүнд ямар хувь нэмэр оруулах вэ гэж хайсан юм л даа. Хайхдаа театрын уламжлал, эх үүсвэр үнэхээр Монголд байжээ гэдгийг хэлэх гэсэн юм. Данзанравжаа гэдэг хүний байгуулсан “Саран хөхөө” гэдэг нүүдэлчний театрын дэг горим, найруулгын төлөвлөгөө гарцаа байхгүй үүнийг нотолно. Монголд театр, жүжгийн зохиолч, жүжигчин, зураач байжээ. Театр нь төлөвлөгөөтэй байжээ, найруулсан төлөвлөгөөг анх удаа ингэж хийжээ гэдгийг дуугарах гэсэн оролдлого юм л даа. К.С.Станиславский гэдэг хүн Орост дэлхийн театрын систем гэдгийг бий болгосон. Гэтэл түүнээс хаа байсан зуун жилийн өмнө Монголд жүжиг найруулах дэгийг бичсэн амьтан байж гэж дуугарах гээд илтгэл бичээд байгаа юм.

-“Саран хөхөө” театрын судалгааг удаан хийсэн үү?

-Арваад жил болж байна.

-Та Данзанравжаа хутагтын зохиосон “Саран хөхөө” жүжгийг шинэчилж найруулж тавьсан хүн. Судалгааны ажил тань эндээс эхэлсэн үү?

-Би доктор хамгаалахын төлөө энэ сэдвийг судалж байгаа юм. Монголд театр, найруулагч байсан гэдгийг нотолсон эрдмийн ажил бичих гэж байгаа юм. Тэрэнд тэмүүлэх хүсэл маань хөтөлсөөр байгаад Монгол найруулагчтай, театртай, найруулсан төлөвлөгөөтэй байсан гэдгийг хэлэх гэж оролдож байгаа юм. А.Шартолгой гэж агуу том хүн намайг “Саран хөхөө” жүжиг рүү хөтөлсөн. Равжаа хутагтын дэргэд байсан Түдэв гэдэг тахилч лам хутагтын шарилыг нь занданшуулаад, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг цуглуулж Хамарын хийдэд хийж бунхан болгосон юм билээ. Түдэв тахилчийн удмынхан үе улиран Равжаа хутагтын өвийг хамгаалж ирсэн байдаг. Түдэв тахилчийн ач хүү Алтангэрэл гэж сайхан хүнтэй уулзаж явсан учраас Монголын театрын тухай ярих эрхтэй гэж бодож байна. Энэ найруулгын төлөвлөгөө Станиславскийн найруулгын төлөвлөгөө хоёр ямар холбоотойг яриагүй. Манай хүн эхэлж гаргасан байна гэж л хэлэх гэсэн юм. Данзанравжаагаас үлдсэн эд зүйлсээс бүрдсэн музейд хуучин үсгээр бичсэн театрын горим байгаа. Түүнээс улбаалсан миний судалгааны ажил бий.

-Таны найруулсан “Саран хөхөө” жүжгээс Равжаа хутагт тухайн үедээ хүмүүст юу хэлэхийг хүсч байсныг харж болдог?

-Равжаа хутагт “Саран хөхөө” жүжгээр ард түмнийг соён гэгээрүүлэхийг хүссэн. Хүний сайн, муу үйлийн үрийн тухай хэлэхийн тулд тэр домгийг жүжиг болгож бичсэн юм. Зохиол дотроо өөрөө найруулах аргаа бичиж үлдээсэн. Эхлээд бүрээ дуугарна, дараа нь хүн цуглана гэх мэтээр бичсэн байгаа. Тийм учраас энэ бол найруулсан төлөвлөгөө мөн.

-Театр хүнд юу өгдөг юм бэ?

-Театр хамгийн амьд урлаг л даа. Хүмүүст хамгийн ойрхон байдаг. Театрт ирж байж хүн өөрийгөө олж харна шүү дээ. Юу болоод байгаа билээ гэдгээ хардаг толь нь байхгүй юу.

-Театр бол гэгээрүүлэх үүрэгтэй гэж та нэг удаа хэлсэн байна лээ. Одоо гэгээрүүлэх үүргээ хэр гүйцэтгэж байгаа бол?

-Өнөөдөр театр хөлөө олохын тулд биш хөрөнгө олохын тулд явж байна, өршөөгөөрэй. Хүнийг гэгээрүүлэх тухай биш мөнгө л яригдаж байна. Ивээн тэтгэж байгаа хүн нь “Хэдэн төгрөг олох юм бэ” гэж асууна, сурталчилгаа ярина. Энэ дэлхийн соёл мөн үү. Дэлхийн соёлыг Монголд түгээхийн тулд хэн яах ёстой юм бэ. Хүн тархиндаа юм суулгаж гарахыг гэгээрэл гээд байгаа юм. Үүнээс ухарч байгаад дургүй хүрч байна. Төр нь соёл урлагаа дэмжих учиртай. Соёлын яам, соёлын бодлого гэж байхгүй. Хэдэн хүн урсгалаараа явж байна. Би дал хүрч байгаа насандаа урлагийн төлөө амиа тавьж байсан. Одоо бол амь тавих хэрэг байхгүй. “Миний хүүхдүүд амьдралаа бодоорой” гээд сууж байгаа.

-Ингэхэд театрын боловсрол гэдэг юмыг яаж олгох ёстой вэ?

-Театрт хүн орж ирээд суулаа, үзлээ. Театр өөрөө танин мэдэхүйн ертөнц рүү хүнийг татна. Хүн өөрийгөө танихын тулд тэнд очиж байгаа юм. Юу билээ гээд цочно, харна. “Ямар аймаар юм бэ, энэ чинь миний дүр байна шүү дээ, би ийм бил үү” гэсэн бодол суулгасан бол үүргээ биелүүлж байгаа хэрэг. Театр хүний тухай, хүнээр дамжуулж хүргэдэг. Хамгийн жирийн элементээр хүн өөрийгөө олж авахаас биш боловсрол гэдэг том үгээр олж авдаг юм биш.

-Орчин үед театр интернэт, зурагттай өрсөлдөхөд хэцүү байх даа?

-Техник, технологиор бүхнийг хийдэг болсноос хойш хүмүүс залхуу болсон. Оюутнуудыг “Тэмээний зураг аваад ирээрэй” гэхэд интернэтээс тэмээний зураг татаж авчрах жишээтэй. Техник хөгжөөд, оюун ухаанаа зарцуулах юм ховордоод байна шүү дээ. Тэрэнд л би цухалдаад байгаа юм. Оюун ухаан нь техник рүү орчихоор, техник хаачих болж байна аа. Хүүхдүүд дэлхийн сонгодог бүтээлийг уншихаасаа өмнө хураангуйг нь хараад ирж байна. Театр амьд байх ёстой. Театрт жүжигчин байх хэрэгтэй. Дүр бүтээх учиртай. Дүр бүтээхийн тулд найруулагч гэдэг хүн хөтлөх хэрэгтэй. Энэ бүх систем байхгүй болж болохгүй.

-Та олон жүжигчинтэй хамтарч ажилласан найруулагч. Ямар жүжигчдийг онцлох вэ?

-Насан туршдаа хамт ажилласан миний жүжигчид Ц.Гантөмөр, Л.Жамсранжав хоёр байсан юм. Би тэдэндээ амиа тавина. Ингэж дүр бүтээдэг юм гэж хэлэх үлгэр дуурайл нь тэд байсан юм. Одоо бол дүр эсгэж байна. Тийм хялбархан болсон. Дүрийг загварчилж эхэлж байгаа. Энэ бол биш.

-Таны аав Гончигийн Бирваа гуайн 100 жилийн ой болох гэж байгаа гэсэн. Ойн үеэр олон ажил хийх үү?

-Эрдэм шинжилгээний хурал, нэгдсэн концерт хийнэ. Баянхонгор аймагт нэг хэсэг нь тоглогдоно. Өөрийнх нь хийсэн бүтээл бүрийг энд тэнд дуугаргана. Судалгааны ажлуудаар нь эрдэм шинжилгээний хурал хийхээр төлөвлөсөн юм. Хөгжим судлаач С.Юндэнбат гэж өөрийнх нь шавь энэ талаар ажиллаж байна даа. Яамаар тогтоол гаргуулах гээд хөөцөлдөж байгаа.

-Г.Бирваа гуайг алдартай хөгжмийн зохиолч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Харин үр хүүхдүүд нь л ямар эцэг хүн байсныг нь хэлдэг?

-Ч.Лодойдамба гуайн “Хугараагүй ноён нуруу” гэж сайхан өгүүллэг байдаг. Би бол аавыгаа тийм л хүн гэж хэлнэ. Түүгээр нь би бахархаж явдаг.

-Танд сургаж байсан, хэлж байсан үгнүүдээс нь орой руу орж үлдсэн ямар үг байдаг вэ?

-Манай аав “Эх орон гэдэг эцэг эхээс улбаатай юм шүү” гэж хэлж байсан. Эцэг эхээ гэвэл эх орноо бод. Яг нарийн задалбал уул усаа шүтдэг тахидаг жижигхэн зан үйл хүнийг эх оронтой нь холбож өгдөг учиртай юм билээ.

-Ааваас гадна хөвгүүд нь алдартай гэр бүл. Танаас гадна Б.Мөнхболд гэж Төрийн шагналт хөгжмийн зохиолч бий?

-Одоо бүх л юмыг миний дүү хариуцаад явж байгаа. Аавдаа ингэж алгадуулж байлаа, алгадуулах аавтай байх сайхан байжээ гээд дүү бид хоёр ярьдаг юм.

-Та хөгжимчин хүний хүүхэд. Ямар нэг хөгжим тоглодог уу?

-Би хөгжим тоглодог гэж худлаа ярьж чадахгүй. Яахав, багадаа ээж, ааваараа заалгаад, төгөлдөр хуур дээр “Гоёхон чимэг юм уу даа” гэх мэт аавын хоёр, гурван дууг нь тоглож сурч байсан. Ер нь бол би аавынхаа “Намрын шөнө” дуугаар нь сэтгэлээ хөглөж явдаг, “Хөдөөгийн баясгалан” киноны дуунд нь

Categories
мэдээ цаг-үе

Стресс нь бизнесийн амжилтыг 70-80 хувиар бууруулдаг

ОХУ-д сүүлийн жилүүдэд оюутны санааг үнэлэх нь нэмэгдэж байна. Өнгөрсөн жил нэгэн дээд сургуулийн бизнесийн удирдлагын ангийг төгссөн оюутан шууд ажилтай болоод зогсохгүй дипломынхоо ажлыг арван мянган доллараар зарж чаджээ. Түүний дипломын ажил “Оффисын соёлоор бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх нь“ гэсэн өвөрмөц нэртэй. Дипломын ажилд багш нар нь нэг их өндөр ач холбогдол өгсөнгүй. Харин орон нутгийн жижиг сонины сэтгүүлч санааг дажгүй тайлбарласан мэдээ бичсэнээр компанийн захирлуудын анхааралд өртжээ. Түүгээр ч зогсохгүй томоохон компанийн захирал түүнтэй хоол идэх санал тавьсан нь сургууль төгсөөд удаагүй залуу бүсгүйд сэжиг төрүүлсэн гэдэг. Бүсгүй компанийн захиралд “Найз залуутайгаа хоол идэх товтой тул өнөөдөр боломжгүй” гэж цааргалсан ч компанийн захирал “Манай эхнэртэй гэр бүлээрээ хооллож танилцацгаая” гэсэн санал тавьж сандаргав. Бүсгүй хамт төгссөн залуугаа хань татаж, тансаг хоолонд орсноор амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөв. Түүнийг урьсан томоохон хуулийн фирмийн захирал 15 минут ярилцаад түүнийг ажилд аваад зогсохгүй, санааг нь өндөр үнэлэхээ мэдэгджээ. Бүсгүй ажилд орсон эхний хоёр сардаа зөвхөн тухайн фирмийн орон нутаг болон төв оффист баримтлах дүрмийг боловсруулна. Энэ дүрмийг харуулаас эхлээд ерөнхий захирал баримтлан ажиллана. Оюутны дипломын ажилд “Орост оюуны хөдөлмөр эрхлэгчид хамгийн ихээр стресст өртдөг. Шалтгаан нь оффисын соёл нэвтрээгүйд оршино. Стресс нь бизнесийн амжилтыг 70-80 хувиар бууруулдаг” гэсэн санаа нь захирлын анхаарлыг татсан аж. Арван мянган доллараар үнэлэгдсэн санаа нь олон нийтэд ил болсон ч шинэхэн ажилтны боловсруулсан оффисын дүрмийг байгууллагын нууц гэж үзэж байгаа юм байна. Тухайн фирм оффисын дүрэм хэрэгжүүлснээр чамгүй амжилтад хүрсэн тухай мэдээ ч гарсан.

Оюутан дипломын ажилдаа оюуны хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн баялгийн зүтгүүр гэж үзжээ. Харин тэр зүтгүүрүүдийн оюуны бүтээлээ туурвидаг газрыг оффис гэж нэрлэнэ. Аугаа санаанууд оффисын тансаг орчинд төрдөггүй ч, бойжуулагч, төгөлдөржүүлэгч, хэрэгжүүлэгч нь оюуны хөдөлмөр эрхлэгчид. Оффис хэр тохилог байна, тэр хэмжээгээр оюуны хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн үнэтэй тавилга, өндөр хангамжийн асуудал биш. Албан хаагчдын оюун санааны амгалан тайван байдал. Ажил дээрх элдэв таагүй харьцаанаас үүдэж оюуны чадавх 40 хувиар буурдаг тухай судалгаа байдаг. Оюуны хөдөлмөр эрхлэгчийн сэтгэл санааны хямрал бусад хэлбэрийн хөдөлмөр эрхлэгчээс эрс ялгаатай. Жишээлбэл, автобусны жолооч гэртээ хариад буйдан дээрээ хэвтэхэд л амарч эхэлдэг. Харин сэтгэл санаа нь хямарсан оюуны хөдөлмөр эрхлэгч хэдэн өдөр, сараар сэтгэл санаанаас гадна бие махбодоор хямарна. Удаан хугацааны сэтгэлийн хямрал өвчин болж хувирна. Тиймээс оффисын дүрэм нь элдэв таагүй харьцаанаас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ингэж чадвал оюуны хөдөлмөр эрхлэгчид ажилдаа үл ядрахаас эхлээд амжилт гаргах нь элбэг байдаг аж. Өндөр хөгжилтэй орнууд энэ жишгийг хэрэгжүүлээд удаж байгаа боловч хувийн хэвшил дөнгөж үүсч байгаа хуучин социалист лагерийн орнуудад хэдэн жилийн өмнөөс захирал, менежерүүдийн сонирхол татаж байгаа гэнэ. Оюутны ажиглалтаар оросууд цаг барихдаа маш муу. Сонирхолтой нь ихэнх менежерүүд цаг бариагүй ажилтнууддаа хариуцлага тооцдоггүй боловч, цаг барьдаг ажилтнууддаа ямар нэгэн урамшуулах үг хэлдэггүй.

Энэ нь өглөө ажилдаа ирмэгц оюун санааны хямралд орох суурийг тавина. Дээр нь менежерүүд ажилтнаа буруутгахдаа элдэв зохисгүй үг хэрэглэх нь тухайн ажилтныг тэр өдөртөө, түүгээр ч зогсохгүй гэртээ хариад ч арилахгүй сэтгэл санааны хямралд өртүүлнэ. Бүдүүлэг зэмлэл хүртсэн ажилтан гэртээ энэ тухай ярьснаар гэр бүлд ч сөрөг нөлөө үзүүлнэ. Үндсэн ажилдаа зарцуулах оюун санаа энэ өдөр тэгтэй тэнцэнэ. Монголчуудын хувьд албан тасалгаанд олуулаа суух нь социализмаас капитализмд шилжихтэй адил шинэ үзэгдэл. Социализмын үед ихэнх оюуны хөдөлмөр эрхлэгчид 2-4-өөр нэг оффист ажилладаг байсан бол өнөө цагт 10-30 албан хаагч хамт оффислох нь энгийн үзэгдэл.

Олуулаа оффислох тохиолдолд хэн нэгний ярих хэлэхээс эхлээд орох гарах хөдөлгөөн хүртэл бусдадаа элдэв төвөг учруулж эхэлнэ. Японы оффисын дүрмэнд компьютерийн гарыг чанга цохихыг хориглосон байдаг бол Унгарын нэгэн компани хараал хэлсэн ажилтандаа ажлаас халах сануулга өгдөг байх жишээтэй. Мөн зарим орны оюуны хөдөлмөр эрхэлдэг компаниуд олон нийтийг хамарсан хурлыг 30 минутаас хэтрэхгүй хугацаанд хийх дүрэмтэй. Учир нь хүний оюун санаа долоон секунд дээд, арван минут дунд, 30 минут ердийн ачаалалтай ажиллах чадвартай гэсэн судалгаа байдаг аж. Олон хоног хуралддаг Давосын чуулганаас буцагчид гэртээ харьж байгаад Давост чухам юу болсныг нарийн бичгийнхээ тэмдэглэл, сониноос олж мэддэг гэсэн хошин яриа ч байдаг гэнэ.

Оюутны судалснаар оросууд хараал хэлэх нь элбэг. Энэ нь зиндаа, хөрөнгөнөөс үл хамааралтай. Суурь хүмүүжил, эцэг эхийн ёс суртахуунаас хүний араншин илэрнэ. Зарим ажилтны хараал хэлэх нь рефлекс болж хувирах нь бий. Олны дунд харааж сурсан этгээд өөрийгөө эр зоригтой, бусдаасаа илүү мэт харагдуулах сэтгэлгээтэй болж хувирдаг. Сонирхолтой нь хараагч этгээд өөртөө сэтгэл санааны ямар нэгэн дарамт төрүүлдэггүй бол түүний эргэн тойрон дахь хараалаас зайлсхийгч хамт олон нь оюуны ихээхэн хямралд ордог нь судалгаагаар тогтоогдсон байдаг аж. Хятадын нэгэн компани хараал хэлдэг эрчүүдэд зориулж нэгэн өрөө гаргаж өгчээ. Тус өрөөнөөс өөр оффист хараал хэлбэл таван юаниар торгоно. Энэ нь үр дүнд хүрч байгууллага дээрх элдэв хэрүүл 80 хувиар буурсан баримт байдаг гэнэ.

Швейцарийн нэгэн компанийн захирал эмэгтэй 1960 онд компанийнхаа ажилчдыг сэм чагнасан гэнэ. 30 шахам эмэгтэйчүүдээс бүрддэг, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, зөвлөлгөө эрхэлдэг тус компанийн захиралд өдөр бүр 2-3 ажилтан нь элдэв гомдол мэдүүлнэ. Сонирхолтой нь нэг ч гомдол мэдүүлдэггүй гурван ажилтны зуучлал, зөвлөлгөөний тоо бусдаасаа хол тасархай. Энэ хэрээр компанийн орлого, гурван ажилтны цалин ч өндөр. Хэргийн учир юунд байгааг олохын тулд захирал ажилтнуудын оффист чагнуур тавьж долоо хоногийн турш хэн, юу ярьж байгаа сонирхсон аж. Гэтэл түүний санаанд оромгүй зураг харагдав. Захиралдаа хамгийн их саймширдаг нэг ажилтан нь захирал нь таргалж, тэр хэрээр өөрөө турсан тухай ярьж сууна. Бас нэг хоёр ажилтан нь үйлчлүүлэгчээ хүлээлгээд оймс, гутал яриад сууж байх. Ер нь л гомдол эрдэггүй гурван ажилтнаас бусад нь ажлын цагийнхаа 60 хувийг үндсэн ажилдаа бус илүү дутуу хов живэнд царцуулдгийг олж мэджээ. Тэр хэрээр ажлын үр дүн муу гардаг аж. Улмаар захирал хүүхнүүдээ цуглуулж тэдний ажлын цагаар бусдыг муулсан гол хэсгүүдийг сонсгов. Хүүхнүүд нүүр хийх газаргүй болсон бөгөөд дахин ийм үйлдэл гаргахгүй тул энэ тухай мэдээллийг задлахгүй байхыг захирлаасаа хүсчээ.

Ярианы бичлэгээс үзвэл хүүхнүүдийн 30 хувь нь гэр бүлийнхээ тухай, 20 хувь нь байгууллагынхаа болон ажилтнуудынхаа тухай, 50 хувь нь эмэгтэй хүний чимэглэл, гоо сайхан, хувцасны тухай ярьж ажлын цагаасаа хумсалдаг байж. Хамгийн бага үйлчилгээ үзүүлдэг дөрвөн ажилтан нь байнга нэгийг нөгөөд муулж суудаг нь илэрсэн гэдэг. Үүнээс хойш өнөөг хүртэл тус компани хамгийн шилдэг үйлчлэгчээ хүндэлдэг компаниар шалгарсаар иржээ.

Орос оюутан дээрх болон бусад олон зөрчлийг урьдчилан сэргийлсэн заалтуудыг дүрэмд суулгаж өгчээ. Цаашдаа тэрээр зөвхөн оффисын дүрэм бус, ажил мэргэжлийн онцлогтой өөр байгууллагуудад ч тохирсон дүрэм хийхээр ажиллаж байгаа гэнэ. Жишээлбэл, барилгын ажилчид өглөө бүр бие халаалт хийж ажилдаа орох, спортын салбарын тамирчид, дасгалжуулагчид архи тамхи хэрэглэсэн тохиолдолд ажлаа алдах зэрэг заалтууд орох ёстой гэж үзжээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Ганц хуруутвал яах вэ

Ганц хуруутах гэж өвчин байдаг. Хурууны эргэн тойронд зүсэгдэх, өргөс орох гэх мэтээс шалтгаалж шарх үүссэнээс арьсанд бохир орсноос болж үрэвсэж аюул болдог өвчнийг л ганц хуруутах гэж нэрлэдэг юм байна. Тухайн хүний биеийн дархлаа сул байвал идээлж айхтар хүндэрдэг аж. Тэгж хүндэрсэн тохиолдолд идээ нь яс руугаа хүртэл орох аюултай. Ганц хуруутах нь хэд хэдэн хэлбэртэй. Хамгийн түгээмэл тохиолдох шинж нь хумсны эргэн тойрон болон хумсан доорх өвчлөл. Шалтгаан нь тун энгийн. Бидний тэр бүр тоодоггүй арьс сөрөх, хумсыг хэт авах, хаалганд гараа хавчуулах, өргөс орох гэх мэтээс үүдэлтэй. Эхлээд улайж хөндүүрлэнэ. Даамжирсаар идээлнэ. Идээлээд хэт удсан тохиолдолд халуурах гэх мэтээр хүндэрч эхэлдэг. Эмчлэхгүй энэ байдлаар удвал хурууны ясандаа ч орчих магадлалтай. Ер нь ганц хуруутах гэлтгүй бусад өвчинд ч гэсэн гэрээр аргалах гэж оролдож болохгүй. Гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдвол бохир орохоос эхлээд олон эрсдэлийг дагуулах учир заавал эмнэлэгт хандах нь хаа хаанаа тустай.

Нэн түрүүнд шинж илэрмэгц фурациллин болон тамедины уусмал зэрэг ариутгах шингэнээр цэвэрлэ. Бохир оруулчихгүйн тулд лентээр нааж хамгаалаарай. Хэрэв улайгаад хөндүүр нь илт нэмэгдээд эхэлбэл бохир орсны шинж. Энэ үед буцламгай халуун усанд хуруугаа дүрэхийг зөвлөдөг юм билээ. Хэцүүхэн боловч хэрэгтэй зөвлөгөө аж. Учир нь халуун усанд дүрсэн тохиолдолд тэр хавийн цусны эргэлт эрс сайжирч халдвар үүсгээд байгаа нянг устгадаг гэнэ. Энэ аргыг цаг алдалгүй авууштай аж. За тэгээд их хэмжээний халдвар авч идээлчихсэн бол шууд эмнэлгийн байгууллагад хандаж идээг гадагшлуулах бага хэмжээний мэс ажилбарт орох болох нь. Мэдээж давхар халдварын эсрэг антибиотик хэрэглэх хэрэгтэй. Харин ямар эм яаж хэрэглэхийг мэргэжлийн эмч нар танд зөвлөх болно. Ер нь тэгээд мэс ажилбарт орсон бол шархыг бүрэн эдгэтэл зөвхөн эмнэлгийн ариун орчинд боолгуулж, солиулж байгаарай. Мэс ажилбарын шархтай байгаа үедээ өөрийн дураар эсэн бусан эм хэрэглэж, боолтоо задалж болохгүй гэдгийг заавал онцгойлон анхаараарай.