Categories
мэдээ цаг-үе

А.Билгүүн: Монголчууд олон улсын зах зээлээс өндөр ашиг олж байна

-ХАЙГУУЛЫН КОМПАНИУД СЭРГЭЖ, ХУВЬЦААНЫ ХАНШ НЬ ОГЦОМ ӨСӨЖ ЭХЭЛЖЭЭ-

MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа.

-Хайгуулын жуниор компаниудын ажил сайжирч гадны хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш нь өсөөд эхэлсэн гэж сонслоо. Яг ямар компаниудын төсөл амжилттай хэрэгжиж байна вэ?

-“Эрдэнэ ресурс”-ын 15, 16 центтэй байсан хувьцаа сүүлийн зургаан сард 55 цент хүртлээ өсч, одоогийн байдлаар 33 цент дээр байна. Энэ компанийн хувьцаа он гарснаас хойш 100 хувийн өгөөжтэй байна. “Занаду майнс”-ын хувьцаа оны эхэнд 10 орчим цент байсан. Гэтэл өнөөдөр 21-25 орчим цент болж өссөн. “Кинкора коппер”-ын хувьцааны ханш өнгөрсөн хоёр, гуравхан хоногийн дотор нугарч өслөө. Уул уурхайн хайгуулын салбар сэргэх хандлагатай гэсэн хоёр, гурван сарын өмнөх прогноз амьдрал дээр батлагдаад эхэллээ л дээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө Монголын нэр хүндийг өргөж өгөх боломж олдлоо гэж ойлгож болно.

-Хувьцаа нь амжилттай өсч яваа компаниудын хэрэгжүүлж буй төслүүдийн явц ямархуу байна?

-“Занаду майнс” Оюу толгойтой ойрхон Хармагтай гэдэг төсөл хэрэгжүүлдэг. “Айвенхоу майнз” компани Монголд үйл ажиллагаа явуулж байхдаа энэ төслийг эзэмшиж байсан. Оюу толгойн дараа орох боломжийн төсөл гэж харж байсан юм. “Занаду майнс” үүнээс гадна алтны хайгуулын чиглэлд илүүтэй анхаарч эхэлсэн. Алт үнээ алдаагүй металлуудын нэг болж хувираад байгаа. “Эрдэнэ ресурс”-ын тухайд Баянхөндийн төслийг хэрэгжүүлж байна. Агуулга өндөртэй алтны төсөл. Сүүлийн үед 60, 70 метрийн урттай өрмийн зүсэлтүүдийн мэдээг авч байгаа. Нэг грамм тонноос гурав, дөрвөн грамм тонн хүртэл агуулга бүхий маш баян орд илэрч бий болох шатандаа явж байна. “Кинкора коппер”-ын хувьд “Хүрэл үнэг” төслийн хэрэгжүүлэгч. Хайгуулын ажил өмнө нь ч гайгүй явж байсан. Гэхдээ хөрөнгийн захын нөхцөл муудсантай холбоотойгоор компанийн хувьцаа унасан байсан юм. Монголд үйл ажиллагаа явуулж байсан хувийн хоёр компанийн Оюу толгойтой нэлээд ойрхон лицензтэй тусгай зөвшөөрлийг өөрийн болгож авснаар “Кинкора копер”-ын хувьцааны ханш сүүлийн долоо хоногт 100 хувь өсчихлөө. Товчхондоо гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хайгуулын чиглэлээр ажиллаж байгаа компаниудаас маш их хэмжээний ашиг хийгээд эхэллээ. Цаашид хэрэгжих хайгуулын төслүүдэд илүү эерэг үр дагавар авчирна. Хайгуулын дараагийн төслүүд олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарах, дотооддоо амжилттай хэрэгжээд явах суурь нь бүрдэж эхэллээ гэж харж байна.

-Хайгуулын компаниуд амжилттай ажиллаж эхэлсний гол шалтгаан нь юу юм бол, лиценз олгоод эхэлсэн зэрэг шууд бус утгаараа нөлөөлсөн зүйлс бий юу?

-Сая ярьдаг гурван компанийн нэг нь ч шинэ системээр лиценз аваагүй. Өмнө нь ажиллаж байсан компаниуд. Гол хүчин зүйл гэж яривал Монголын нэр хүнд олон улсын хөрөнгө оруулагчдын дунд сэргэж эхэлсэнтэй холбоотой.Хамгийн гол нь Оюу толгой хөдөллөө. “Хан ресурс”-ын мөнгийг Засгийн газар төлчихлөө. Ийм шалтгаанууд Монголын нэр хүндийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр өсгөж өгч байна.

-“Эрдэнэ ресурс”, “Занаду майнс”, “Кинкоро коппер”-оос өөр төсөл нь дажгүй явчихаар ямар компани байна?

-Ирээдүйтэй төслүүд бий. Нууцлалын гэрээтэй ажилладаг учраас тодорхой мэдээлэл өгөх боломж одоохондоо алга. Гянт болдын болон лити гээд минералын төслүүд амжилттай хэрэгжих магадлал өндөр байгаа. Литиум гээд утасны батарей хийхэд ашигладаг минерал бий. Лити минералын төслүүд олон улсын хөрөнгийн зах зээл дээр халуун байгаа сэдэв. Учир нь “Тесла”-гийн гүйцэтгэх захирал Элон Маск цахилгаан машин үйлдвэрлэнэ гээд төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн. Төслийнх нь эдийн засгийн үр өгөөж ашигтай гэдэг нь батлагдаж байгаа. Олон улсын литигийн зах зээл дээр том өөрчлөлт авчирсан гол шалтгаан гэвэл энэ. Олон улсын литигийн зах зээлийг харахаар өнөөгийн байдлаар литиг утас, компьютерийн батарейнд ашиглаж байна. Гэтэл литигээр машины батарей хийгээд эхэлбэл яах нь тодорхой. Литигийн ойрын дунд хугацааны олон улсын зах зээл дээрх эрэлт өндөр болно гэсэн үг. Литигийн үнэ өсөөд эхлэхээр манайд хэрэгжих төслүүд амжилттай үргэлжлэх нь тов тодорхой зүйл.

-Манайд литигийн нөөц дажгүй хэмжээнд байна гэсэн үг үү?

– Манайд хэд хэдэн төсөл байна. Хайгуул хийгээд явж байгаа сайн компаниуд байгаа. Энэ компаниудын хувьд олон улсын хөрөнгийн зах зээлтэй харилцаж ажиллах өндөр сонирхол бий.

-Монголд литигээс өөр шинэ содон, үнэ хүрэхээр ямар баялаг байна?

-Олон янзын эрдэс бий. Гэхдээ манайханд нэг буруу хандлага байдаг. Монголд л ганцхан эрдэс байгаа юм шиг, бидэнгүй л бол дэлхий хэцүүдэх юм шиг хандлага тод анзаарагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ Монголд хэрэгжиж байгаа төмрийн хүдрийн төслүүд, бусад үндсэн металлын төслүүдийг олон улсын бусад төслүүдтэй харьцуулахад техникийн хувьд сайн биш. Агуулга бага, дэд бүтэц муу гэх мэт сул тал бий. Өрсөлдөх чадварын хувьд сайн гэж яривал литигийн төсөл байна. Гянтболдын төслийг онцолж болно. Гянтболд хамгийн өндөр температурт хайлдаг металл. Тэр үүднээсээ стратегийн ач холбогдолтой. Тэр утгаараа батлан хамгаалах салбарт хэрэглэдэг онцлогтой металл.

-Хувьцааны ханшид нөлөөлдөг гол зүйл бол мэдээж металлын үнэ. Зэсийн үнэ жаахан өсч байгаад буучихлаа. Ер нь ямархуу үргэлжлэх төлөв ажиглагдаж байна вэ?

-“BHP Billiton” компани саяхан зэсийн нийлүүлэлт ойрын гурван жилдээ эрэлтээ давна гэсэн прогноз гаргасан. Зэсийн үнэ энэ мэт таамгаас болж унаад байна л даа. Ер нь бол зэсийн үнэ тогтворжих хандлага руугаа орсон. Зэсийн үнэ унаад эхлэхээр агуулга багатай, өртөг өндөртэй компаниуд үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрдэг. Тийм уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоогоод эхлэхээр олон улсын зэсийн зах зээлийн нийлүүлэлт буурдаг. Нийлүүлэлт нь буурангуут эрэлтээ хангахгүйд хүрдэг, ийм нөхцөл үүсмэгц үнэ нь буцаад өсдөг. Ийм цикл бий.

-Алт бол угаасаа үнэ цэнээ алдахгүй нь ойлгомжтой байх?

-Алтны үнэд нөлөөлдөг гол хүчин зүйл бол америк долларын тогтвортой байдал. Америк долларын үнийн савлагаа их байгаа тохиолдолд алтны үнэ харьцангуй өндөр байдаг. Олон улсын хөрөнгө оруулагчид америк долларын эрсдэлийг алт худалдан авч хаадаг юм. Америк доллар хямдхан болоод ирэнгүүт дэлхийд өөр орлох валют байхгүй учраас алт үнэд ордог. Тэгэхээр алтыг хэрэглээний металл гэхээс илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж ойлгох хэрэгтэй.

-Хятад эдийн засгийн моделио өөрчилсөн нь байгалийн баялгийн үнэд сөргөөр нөлөөлж эхэлсэн гэсэн таамаг бий. Гэтэл сүүлийн үед хүнд үйлдвэрлэлдээ эргээд анхаарч эхэлсэн гэх мэдээлэл цацагдах боллоо. Мэдээж хүнд үйлдвэрлэлээ анхаарах нь манайд илүү ашигтай…?

-2015 оны сүүлээр Хятад улс эдийн засгийн моделио өөрчилнө, үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засгаас хэрэглээ, үйлчилгээ рүү хандсан эдийн засагт шилжинэ гээд бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь үнэн. Гэхдээ сүүлийн үед суларч байгаа эдийн засгийнхаа өсөлтийг сэргээхийн тулд тодорхой бодлогууд хэрэгжүүлээд эхэлчихлээ. Хүнд үйлдвэрлэлээ, барилгын салбараа сэргээх чиг рүү буцаад орж байна л даа. Сүүлийн хоёроос гурван сарын хугацаанд Хятадын Засгийн газар барилга, хүнд үйлдвэрийнхээ салбар руу илүү их хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь төмрийн хүдрийн үнийг өсгөх гол хүчин зүйл болж байгаа. Хятадын бодлого боловсруулагчдын гаргаж байгаа үйлдэл болон Хятад улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал олны анхааралд байна. Хятадын хөрөнгийн зах зээлд гэхэд л спекуляци явагдаж байна. Хар үгээр тайлбарлавал Хятадын Засгийн газар барилгын салбар руу хөрөнгө оруулна гэнгүүт төмрийн хүдрийн үнэ хөрөнгийн зах зээл дээр нь өсчихдөг. Бодит хэрэглээ үүсээгүй үед үнэ ингэж өсөхийг спекуляци гээд байгаа юм. Ийм хийсвэр савлагаануудыг Хятадын хөрөнгийн зах зээл үүсгээд байна.

-Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөөд эхэлчихлээ. Манайд шууд болон шууд бус утгаараа ямар нөлөө үзүүлэх бол?

-Олон улсын түвшинд нефть импортлогч, нефть экспортлогч орнууд гэсэн хоёр янзын эдийн засаг бий. Бид нефть импортлогч орон. Үнийн өсөлт бол бидэнд шууд үзүүлэх нөлөө. Дайвар нөлөө гэж яривал маш их. Монгол руу аль улсаас мөнгө орж ирдэг вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Мөнгө их орж ирдэг улсын эдийн засаг хэр байхаас Монгол руу урсах мөнгөний хэмжээ ямар байх нь шалтгаална. Канадаас Монгол руу маш их мөнгө орж ирдэг.

Тодруулж хэлбэл Канадын хөрөнгийн зах зээл дээр босгосон их хэмжээний мөнгө манайд орж ирдэг юм. Гэтэл Канадын хөрөнгийн зах зээлийн арваас хорин хувь нь газрын тосны үнээс шууд хамааралтай. Газрын тосны үнэ 30 болж буураад эргээд 50 ам.доллар болж байна. Энэ өсөлтийг дагаад Канадын хөрөнгийн зах зээлийн индекс өндөр үнэлгээтэй болчихдог. Нефтийн үнэ өсөхөөр Канадын Торонтогийн биржид бүртгэлтэй компаниудын ашиг өсдөг. Үүнийг дагаад “Кинкора коппер”, “Эрдэнэ ресурс”-д мөнгө босгох боломж нээгдэж байгаа юм. Тэгэхээр бензиний үнэ өсөх тийм аймаар зүйл биш. Түүнээс том өгөөж эдийн засагт ороод ирж байгаа гэдэг утгаараа газрын тосны үнэ өсөх нь сайн зүйл. Гэхдээ газрын тосны үнэ өсөхөөр газрын тос импортлогч орнууд, Япон, Солонгос гэх мэт газрын тосны хэрэглээ өндөр, үйлдвэрлэл хөгжсөн улсуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлдэг. Зардал нь өснө гэдэг утгаараа сөрөг нөлөө үзүүлнэ. Америкийн эдийн засагт бас сөргөөр нөлөөлнө.

-Газрын тосны үнэ өсөхөөр занарын идэвхгүй байгаа төслүүд сэргэх боломж нээгдэх үү, манайд хэрэгжиж байсан төслүүд амь орох болов уу гэдэг утгаар нь асууж байна л даа?

-Тийм боломж нээгдэнэ. Гэхдээ манайд хэрэгжиж байсан төслүүд эдийн засгийн гэхээс илүү улс төрийн шалтгаанаар зогссон учраас шууд сэргэнэ гэж хэлэхэд хэцүү. Эдийн засгийн шалтгаанаар зогссон, идэвхгүй болсон бол өөр л дөө.

-Уг нь хэрэгжих магадлалтай, эдийн засагт өгөөжөө өгөхөөр төслүүд дунд уран багтдаг…?

-Ураны хувьд Монголын эдийн засагтай их сонин сэжмээр холбогддог. Тодруулж хэлбэл, Ураны олон улсын зах зээлийн үнэ Монголын эдийн засагтай холбогддог. Өнөөгийн туулаад гарч байгаа эдийн засгийн хямрал яг үнэндээ Фукушимагийн атомын цахилгаан станцын осолтой холбоотой. Ослын дараахан олон улсын экспертүүд атомын цахилгаан станц худлаа юм байна, цөмийн эрчим хүчний хэрэг алга гэж яриад, бичээд эхлэнгүүт ураны үнэ унасан. Ураны үнэ унахад Канадын зах зээл тэр чигтээ дампуурчихсан. Учир нь Канадын хөрөнгийн биржийн томоохон хувь нь ураны олборлолт, хайгуултай холбоотой. Тэр утгаараа Монгол руу орж ирэх хөрөнгө хумигдаад явчихаж байгаа юм.

-Гадны хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж, мөнгөө өсгөх сонирхолтой хүмүүсийн тоо өсч байгаа гэл үү?

-Надтай хамтарч ажилладаг хүмүүс гадаадын хөрөнгийн зах зээлд маш их мөнгө хийж эхэлж байна. Тухайн улсад хоёр, гурван жилийн өмнө оруулсан хөрөнгө оруулалтаа гурав нугалаад авчихаж байна. Монголын тухайд бусад салбарт яагаад ч олдохооргүй байсан боломж. Ийм боломжийг харилцагчдадаа нээж өгсөндөө баяртай явдаг. Харилцагчдадаа аль болох олон улсын хөрөнгийн үнэт цаасны бүтээгдэхүүнүүд авч өгөх, тэр зүг рүү зуучлах чиглэлд илүү анхаарч байна. Монголд олсон мөнгөө дотооддоо хийгээд байх уу, гадагшаа гаргах уу гэдэг дээр анхаарах цаг болсон. Манай харилцагчид сүүлийн гурав, дөрвөн сарын хугацаанд Канадын санхүүгийн салбарын маш олон компанид хөрөнгө оруулсан. Тэндээс дажгүй ашиг хийгээд ажиллаж буй монголчууд олон байна. Олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаа хийх эрх бидэнд бий.

Categories
мэдээ цаг-үе

Хайдавын Чилаажав: Хийснээ давтахгүйгээр дараагийн шатанд юу хийхээ бодож байна

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Хайдавын Чилаажав утга зохиолынхоо хүрээнийхний дунд “нуруутай хүн” хэмээн хүндлэгддэг. Дарга, захирлын суудлаа орхисноос хойш чимээгүйхэн бясалгаж суугаа энэ эрхэмтэй дурсамж дүүрэн яриа өрнүүллээ.

-Таныг Тоомойн Очирхүү гуайн шавь гэж сонссон. Тэр хүнтэй хэрхэн уулзаж танилцсан талаар яриагаа эхлэх үү?

-Би 1987 онд ХААИС-ийн мал эмнэлгийн ангийн оюутан болж ирээд байсан үе. Бас болоогүй хоёр дэвтэр шүлэгтэй гэж байгаа. Гэвч нөгөөхөө олигтой юм болсон үгүйг мэддэггүй байлаа. Тэгээд нэг томхон яруу найрагчид үзүүлье гэж бодоод Зохиолчдын эвлэлийн хороог зорьж очоод Тоомойн Очирхүү гуайтай уулзъя гэлээ. Нутгийн нэр нөлөөтэй яруу найрагч гэдгийг нь мэддэг болохоор л тэр шүү дээ. Тэгтэл үүдний жижүүр нь “Энд байхгүй ээ, Төрийн ордонд суудаг юм” гэж байна. Төрийн ордны үүдэнд нь шүлгийн дэвтрээ бариад сууж байтал удсан ч үгүй нэг их гоё инээсэн, цагаан костюмтай хүн гараад ирлээ. Мөн гэж танингуутаа угтаж очоод би Чилаажав гэж шүлэг бичдэг хүүхэд байгаа юм аа, танд шүлгээ үзүүлэх гэсэн юм гэлээ. Тэгтэл, “За тэгвэл залуу шүлэгчийн шүлгийг яаж гудамжинд сонсох вэ дээ, чи миний машинд суучих гээд гоё хар машинд суулгаж аваад давхилаа. Одоо энэ төмөр замын шар байрнуудын нэг л байсан юмдаг. Гэрт нь хүн байхгүй бололтой гаднаас нь түлхүүрдэж орлоо. Өөрөө их нямбай хүн болохоор үдийн хоолоо бэлтгээд тавьчихсан байна. Хоолоо хийх зуураа “За тэгээд шүлгээ дууд даа” гэлээ. Би хоёр, гурван шүлэг уншлаа. Тэгсэн их л олзуурхангуй байна. Эхлээд бол намайг энэ нэг шүлэгт дуртай оюутан хүү байна л гэж харсан юм шиг байгаа юм. Тэгээд намайг их тоож байгаа маягтай “Алив наашаа суучих, хоёулаа ямар ч байсан хоол идээдэхье” гэж байна. Хоолоо идчихээд том өрөөнд нь орж арваад шүлэг уншсаны дараа хоёр л шүлэг сонгож “За чи энэ хоёроо надад гаргацтайхан бичээд өгчих, дараа нь би чамайг нэг дуудна аа” гэсэн юм. Тэгж л анх багштайгаа уулзаж байлаа. Удаагүй байтал миний шүлгүүдэд өмнөтгөл бичээд “Утга зохиол урлаг” сонинд гаргачихсан байсан.

-Анх шүлэг, уран бүтээл тань сонинд хэвлэгдэнэ гэдэг баярлаж бахадмаар хэрэг байсан биз?

-Өө тэгэлгүй яах вэ. Жигтэйхэн баяртай байгаа юм чинь. Нэг өдөр сургууль дээр байж байтал декан намайг дуудуулжээ. Гүйгээд очтол Зохиолчдын эвлэлийн хорооноос чамтай хүн утсаар ярих гээд байна гэлээ. Тэгсэн Очирхүү гуай намайг хороон дээр хүрээд ир гэж дуудав. Чавхдаад очвол С.Дашдооров гуай тэр хоёр жаахан халмагхан сууж байна. Тэгээд надаар гурван шүлэг уншуулсныхаа дараа багш “Миний нөгөө яриад байсан чинь энэ хүү шүү дээ” гэлээ. Дашдооров гуай толгой дохиод л олигтой ч юм ярьсангүй. Харин багш надтай жаахан ойр дотно байгаарай, олон хүнд шүлгээ үзүүлж хүнээр магтуулж болохгүй гэсэн. Яаж ойр дотно байхаа мэдэхгүй нэг хэсэг явлаа. Тэгж тэгж нэг өдөр гэрт нь очоод би таны шавь болъё гэлээ. Тэгтэл хувцсаа сольж өмсөөд том өрөөндөө, том ширээнийхээ ард сууж байгаад надад нэг гарын үсэгтэй номоо дурсгаж, бас нэг сумтай үзэг өгсөн юмдаг. Би ч бөөн баяр болж, одоо ч тэр хэлсэн үгийг нь санадаг юм. “За би бол олон шавьтай. Сайн бичиж яваа нь ч байна, тааруухан бичдэг нь ч байна. Харин чамд гэж хэлэхэд олон хүнд шүлгээ үзүүлж худлаа магтуулж болохгүй шүү. Хүмүүс их худлаа магтаад хүнийг эвдчихдэг юм. Би анагаах төгссөн, чи харин хөдөө аж ахуйн энэ чиглэлээрээ л суралц. Бас миний энэ номын сан чамд нээлттэй шүү. Харин би номондоо их харам хүн. Уншсан номоо авч ирж хийгээд дараагийн номоо аваад явж бай” гэсэн юм. Түүнээс хойш 14 хоногт нэг удаа багшийнд очиж ном авдаг, багштайгаа дотно сайхан харилцаатай болсон доо.

-1992 онд “Найргийн даага” наадамд түрүүлэх тэр үедээ таныг ид иртэй бичиж байсан гэдэг юм билээ?

-Тийм байж магадгүй ээ. 1990-ээд оны эхний нэг, хоёр жилд шүлэгнээс өөр юм боддоггүй явлаа шүү дээ. Тухайн үед хүмүүс ч их магтаад л, энд тэнд наадамд ч их оролцож байлаа. Т.Очирхүү багшаас ч юугаа асуух вэ дээ ухааны юм бодож, бараг багшаасаа том яруу найрагч болчихсон юм шиг санагдана гээч. Залуу халуун үе чинь их аюултай. Т.Очирхүү багшийн нэг том шавь нь Чимэдравдангийн Мягмарсүрэн байхгүй юу. Мягмарсүрэнд их хайртай, шүлгүүдийг нь их тооно. Тэгээд надад “Чи энэ Мягмарсүрэнгийн эн зиндаад хүрч бичихгүй бол шүлэг бичээд хэрэггүй. Түүний оронд хөдөө аж ахуйн чиглэлээрээ мэргэжлийнхээ дагуу ажиллаад явсан нь дээр шүү” гэнэ. Тэгээд багшаас нэг хэсэг хол хөндий явж байгаад “Болор цом”-ын үеэр таардаг юм байна. Тэгсэн “Чилаажав аа, чи ч их том хүн болжээ” гэж байна. Тэр үгнээс нь жаахан эмээгээд дараа нь гэрт нь очиж шүлгээ уншиж өглөө. Тэгтэл “Чи одоо номоо гарга, одоо гаргах цаг чинь болсон байна” гэсэн. Тэгээд хоёр жилийн дараа 1994 онд “Алтайн сар” номоо гаргасан юм. Миний номын өмнөтгөлийг Очирхүү багш их л сэтгэл гаргаж бичиж өгсөн дөө. Маш хариуцлагатай, нямбай хүн байсан шүү дээ.

-“Алтайн сар” ном тань таны нэрийн хуудас болжээ. Ер нь утга зохиолын хүрээнд өөр хэн таныг дэмжиж байв даа?

-“Алтайн сар” маань жаахан үг, үсгийн алдаатай гарчихсан юм. Дүүгийн хурим болох гээд боолтыг нь харж амжилгүй нутаг явчихгүй юу. Уг нь хоёр найздаа захисан боловч нөгөө хоёр маань ч сайн анхаараагүй юм шиг билээ. Гэхдээ яах вэ, алдаатай ч гэсэн анхны ном гарлаа гэж хөөрөөд, энд тэнд их тараасан даа. О.Дашбалбар ахад номоо өгөхөд “Чи чинь харин сайн бичиж байгаа юм байна. Гэхдээ одоо чи манай ГУНУ-д л явах ёстой хүн байна” гэсэн. Тэгээд нэг хэсэг манай үеийнхэн ер нь цөм ГУНУ-д явдаг байлаа.

-Та чинь уг нь малын эмч мэргэжлээр төгссөн хүн юм билээ ш дээ. Мэргэжлээрээ хэсэг ажиллаж байгаад 1996 оноос МҮОНР-гийн сэтгүүлч болсон байдаг байх аа. Чухам яагаад малын эмч болсон юм бэ?

-Манай нутагт Магван гэж мундаг малын эмч хүн байлаа. Одоо энэ Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын аав байхгүй юу. Манай ус голд Магван гуай шиг оросоор чөлөөтэй ярьдаг хүн байгаагүй юмдаг. Тэр жил намайг сургуульд явах болоход ХААИС-ийн хуваариас өөр юм надад олдоогүй юм. Тэгтэл аав минь хүүгээ малын эмч болоод ирдэг юм бол хүүтэйгээ цуг голоо нэг өгсөх юм гэж билээ. Аавын хэлсэн үг, Магван гуай шиг мундаг хүн болчихвол гэсэн бодол хоёр л намайг малын эмч болгосон юм. Гэхдээ би малын эмч болж, биологийн шинжлэх ухааныг судалсандаа огт харамсдаггүй. Хамгийн бодит, туйлбартай, барьцтай шинжлэх ухаан гэж боддог. Бусад нь бол цаг минутаар хувьсан өөрчлөгдөж байна шүү дээ. Сургуулиас төгсөөд Биокомбинатад ажиллаж байхдаа биологийн шинжлэх ухаанаар дагнасан эрдэмтэн болж, нээлт хийнэ гэж боддог байж билээ. Гэвч дуртай юм болохоор утга уран зохиол тал руугаа илүү татагдаад байсан юм.

-Тэгээд гэнэт радиогийн сэтгүүлч болчихсон хэрэг үү?

-Миний радиод ажиллах болсон түүх их сонин ш дээ. Тэр жил Д.Пүрэвдорж гуайн нэрэмжит наадам дээр шүлэг уншчихаад тайзнаас буутал Санжийн Пүрэв гуай чи манай радиогийн хүн бол. Манай уран зохиолын редакцид чам шиг залуу хүн хэрэгтэй байна гэлээ. Утга уран зохиол руугаа ойртох юмсан гэж бодож явсан надад аятайхан л санагдаж байлаа. Тэгтэл бас Пүрэвжавын Баярсайхан ах намайг дуудаж байна гэнэ. Радиогийнхон том Баярсайхан гэдэг байсан юм. Яваад очтол миний муу “Алтайн сар”-ыг навсайтал зурчихсан сууж байна. Тэгснээ “Би чамайг жаахан харлаа. Чи их хариуцлагагүй хүн байна. Номондоо ийм хариуцлагагүй хандаж байгаа хүн яах бол. Гэхдээ чи хөдөө аж ахуйн мэргэжилтэй юм байна. Тиймээс чамайг хөдөө аж ахуйн редакцид авмаар байна, урьд өмнө нь сэтгүүлчээр ажиллаж байгаагүй тусмаа сайн. Хоёрын хооронд сурсан хүнээс шинээр өөрөө гардан сургах хүн нь дээр байдаг юм” гэлээ.

Тэр хүнээс мөн ч их зүйл сурч мэдсэн дээ. Би бол хоёр сайхан багштай хүн. Нэг нь яруу найрагч Тоомойн Очирхүү, Нөгөө нь Монголын үргэлжилсэн үгийн нэрт мастер П.Баярсайхан. Тэднээс сурч мэдсэн бүхэн их бий.

-“Аавдаа би хайртай” гэж сайхан дуу шүү. Энэ дууны тухай танаас олон л хүн асуудаг байх даа?

-Миний аав Хайдав гэж жирийн нэг малчин хүн байсан. Намар болохоор найр наадамд их уригддаг. Сайхан дуулж хуурддаг байж билээ. Алаг морио унаад л явж байгаа нь үргэлж л төсөөлөгддөг юм. Тэр жил намайг оюутны намрын ажилд явж байхад “Аавын чинь бие муу байна” гэсэн цахилгаан ирсэн юм. Тэгээд би бие нь муу байгаа бол муу аав минь энэ жил айлын найр наадам дэглэн хөгжөөж өгч чадахгүй л байгаа юм байна даа гэсэн шүү юм бодож байгаад тэр дор нь биччихсэн нь тэр. Хожим “Хурд” хамтлаг сайхан дуу болгосныг нь мэдэж тэдэнтэй танилцсанаас хойш хамтарч олон дуу хийсныг хүмүүс мэдэж байгаа байх аа.

-“Хурд” хамтлагийнхан тоглолтдоо таныг урьдагггүй гэсэн үнэн үү. Эсвэл та өөрөө очихыг хүсдэггүй юм уу?

-Өө урьдаг аа, урьдаг. Тоглолт болгон дээрээ л урьдаг юм. Бидний хувьд хэвийн харилцаатай байдаг. Ер нь бол Монголд Оюуны өмчийн тухай хууль сайн хэрэгждэггүй болохоор жаахан харамсалтай санагддаг юм. Шүлгээр нь бүтсэн дуунууд хэдэн мянган хувь CD болж зарагдаад байхад зохиолчид нь түүнээс оногдох хувь гэж байхгүй байна шүү дээ. Би МЗЭ-д ажиллаж байхдаа ч, Үндэсний номын санд ажиллаж байхдаа ч оюуны өмчийн тухай хуулийн талаар анхаарч, ач холбогдол өгч ажилласан.

-Та МЗЭ-д олон жил ажилласан. Тэгэхэд Д.Төрбат, Д.Пүрэвдорж гуай ч юм уу Зохиолчдын эвлэлийн хорооны хуучин удирдлага, механизмтай нь яг нүүр тулсан хүн гэдэг. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Би бол Д.Пүрэвдорж гуайг яруу найрагчийнх нь хувьд хүндэтгэж явдаг аа. Гэхдээ бидний дунд зөрчил үүсч байсан тохиолдол бий. Учир нь МЗЭ-ийн байрыг “Монголын нууц товчоо” сургуулийн байр болгосон, залуу үеэ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан зэрэг үл ойлголцол байсан юм. Үүнийг одоо яриад ч дэмий юм.

-Та мөн Үндэсний номын сангийн захирлаар ажилласан хүн шүү дээ. Төрийн алба ямар санагдсан бэ?

-Г.Аким гуай надад суудлаа тавьж өгч байгаадаа баяртай байна гэж байсан. Дарма Батбаяр гуай болохоор “За хүү минь, чи Монголын бараг бүх зохиолч уран бүтээлчдийн мөрөөдөл гэж хэлж болохоор сайхан албыг хаших боллоо шүү. Хичээж ажиллаарай” гэсэн юм. Гэвч яг үнэндээ тийм ч сайхан алба биш байсан. Ерөнхийдөө бол төрийн албаны нүсэр хүнд механизм хүнд суртал зэргээс нь болоод юм хийж болохгүй юм билээ.

-Харин одоо та нэг л бясалгалын байдалтай байх шиг санагдах юм. Шинэ уран бүтээл юу хийж байна вэ?

-Үндэсний номын санд байхад, “Шинэ Ази” группийн захирал Л.Төрбаяр ах маань зохиолч, яруу найрагч хүнд бүтээн туурвих орчин нөхцөл хэрэгтэй байдаг юм аа. Миний дүү манайд ирээч гэсэн нь надад их таалагдсан. Тэгээд энэ “Шинэ Ази” группт, эрхэм Д.Урианхай ахын дэргэд ирсэн сүүлийн хоёр, гурван жилд өөрийнхөө дотор руу өнгийж, уншиж судлах, танин мэдэх сайхан боломж нээгдэж байна. Шинэ уран бүтээл гэвэл нэг тууж, мөн шүлгийн нэг ном дээр ажиллаж байна. Бичиж туурвия гэхээсээ илүү өмнө нь юу хийснээ тунгаан эргэцүүлж, дээд, доод үеийнхнийхээ зохиол бүтээлүүдийг ч уншиж байна. Хийснээ давтахгүйгээр дараагийн шатанд юу хийж болохыг бодож, бясалгаж байна.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Зуны гоо сайхан

Цас бороо ээлжилсэн жиндүү өдрүүд ард үлдэж нар ээсэн дулаан өдрүүд ирж байна. Нимгэн даашинз, хөнгөн шаахайтай инээмсэглэн алхах энэ өдрүүдийг бүсгүйчүүд хоног тоолон хүлээдэг гэхэд хэтрүүлэг болохгүй. Зуны улиралд өөртөө итгэлтэй, дэгжин гоё харагдах хамгийн том хүчин зүйл бол өнгөлөг, гэрэлтсэн царай. Сэвхтэй, харлаж хуурайшсан арьсыг ямар л бүсгүй хүсэх билээ дээ.

ӨНГӨЛӨГ ГЭРЭЛТСЭН ЦАРАЙНЫ НУУЦ

Өдөр бүр нүүрээ зөв цэвэрлэж сурахаас сайхан царайны нууц эхэлнэ. Нүүрний будагны үлдэгдэл арьсны нүх сүвэнд үлдвэл арьс шинэчлэгдэхэд саад болдог. Сайн чанарын үрчлээний эсрэг, тэжээлийн гээд элдэв үйлчилгээтэй үнэтэй тос түрхлээ ч шингээж чадахгүйд хүрдэг гэсэн үг.

Арьсаа яаж цэвэрлэх дарааллыг сонирхуулъя. Эхлээд нүдний тенээ арилгана. Цэвэрлэгч салфетка эсвэл цэвэрлэгч ус шингээсэн хөвөнг нүдний зовхин дээрээ таван секунд орчим байлгаж дунд хуруундаа хөвөнгөө ороон нүдний урд хэсгээс хойд хэсэгт чиглэлтэйгээр зөөлөн арчина. Хөмсгөө духны голоос гадагш арчаарай. Нүд хүрээлэгчийг савхны үзүүрт тогтоосон хөвөнд цэвэрлэгч уснаас шингээж арилгана. Сормуусны будгаа ч зориулалтын цэвэрлэгчээр арилгах хэрэгтэй. Уруулаа цэвэрлэхдээ эхлээд цэвэрлэгч салфетка юм уу цэвэрлэгч ус шингээсэн хөвөнг уруул дээрээ 2-3 секунд орчим байлгаарай. Дараа нь дунд хуруундаа хөвөнгөө ороож захаас нь гол руу, уруулын үрчлээг дагаж дээд уруулыг дээрээс доош, доод уруулыг доороос нь дээш арчиж арилгана. Суурь будалтын цэвэрлэгээ ч тогтсон дараалалтай. Юуны өмнө хацраа нүүрний төвөөс гадагш чиглэлтэй зөөлөн арчина. Дараа нь духны нэг захаас хөөн хөмсөгнөөс үсний зах хүртэл босоо чиглэлд зөөлөн арчиж духны голоос хагас тойрог маягаар гадагш чигт арчих хэрэгтэй. Эрүүгээ уруулын доод захаас нүүрний шугамын дагуу шудрах маягаар дараа нь дээш чиглэлд ороомог маягаар арчина. Эцэст нь хамарны нурууны дагуу дээрээс доош, доороос дээш чиглэлд шудран арчиж, хамрын угалзыг доороос дээш чиглэлд нарийвчлан арчвал зөв цэвэрлэгээ болно. Дараа нь зориулалтын шингэн савангаар угаагаарай. Халуун ус арьсыг хуурайшуулдаг тул хүйтэн, бүлээн усаар угаах хэрэгтэй. Хуурай арьстай бол угаасны дараа чийгшүүлэгч хэрэглээрэй. Ер нь ийм арьсыг зөөлөн лосьон юм уу, цэвэрлэгч тосоор цэвэрлэвэл зүгээр.

ЗАЛУУ БАЙЛГАХ ШИДТЭЙ МӨС

Мөсөнд бүх төрлийн арьсыг эрүүл, толигор, зөөлөн болгох шид бий. Мөсөөр нүүрэндээ жин тавихад л та эерэг өөрчлөлтийг мэдрэх болно. Хүйтэн ус, мөсөн жин тогтмол хэрэглэхэд арьс тэнийж, өнгө нь сэргэдэг. Нүүрэндээ мөсөн жин тавихдаа дээд зовхи, эрүүгээ мартав аа. Өглөө дөнгөж сэрснийхээ дараа юм уу үдэш унтахынхаа өмнө мөстэй найзалбал илүү үр дүнтэй. Хугацаа нь 10-15 минут байвал зүгээр.

ГУУЖУУЛАГЧТАЙ НАЙЗАЛ

Могойны арьс жам ёсоороо гууждаг бол хүнийх тэгдэггүй. Хүн өдөрт дунджаар 680 грамм арьс гуужуулдаг гэсэн сонирхолтой тоо бий. Тэгэхээр могой шиг жамаараа гуужаад унадаггүй үхэжсэн арьсаа яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Скраб буюу гуужуулагчтай найзал гээд байгаагийн учир нь энэ. Хэчнээн брэнд хэрэглэлээ ч гуужуулагчгүй л бол та арьсан дээрээ жинхэнэ бантан хутгаж байгаагаас ялгаагүй гэж гоо сайханчид зүгээр ч нэг хэлдэггүй. Гуужуулагч хэрэглэсний дараа арьс чинь толигор болсон нь шууд мэдрэгдэнэ.

Арьс чинь нүхжээд эсвэл батга гараад байвал 2-3 хоноод арьсаа гуужуулах хэрэгтэй. Ийм зовлонгүй бол долоо хоногтоо нэг удаа гуужуулахад болно. Гарын ар талд, суганаас тохой хүртэл тахианы арьс шиг арзгардуу болчихдог доо. Гар, хөлийн ар талд үхэжсэн арьс, киратин бөөгнөрч ингэж харагддаг. Насанд хүрэгчдийн 50-80 хувьд нь ажиглагддаг. Бүр keratosis pilaris гэсэн нэршилтэй. Асуудалтай хэсэгтээ хуурай байхад нь биеийн гуужуулагч түрхэж 30 секунд орчим үрэх маягаар массажил. Дараа нь бүлээн усаар угааж хатангуут нь тослоод байхад л OK. Нүүр, биеийн гуужуулагчийг гоо сайхны дэлгүүр, салоноос худалдаж авахаас гадна гэрийн нөхцөлд хялбархан аргаар шийдэх боломж ч бий. Гэрийн нөхцөлд арьсаа гуужуулах нэг арга хүргэе. Элсэн чихрэнд арьсны үхсэн эд эс, хатуу давхаргыг зөөлөн гуужуулах шид бий. Эхлээд 200 гр элсэн чихэр, 200 гр глицерин, эсвэл өөр төрлийн тосыг холих хэрэгтэй. Арьсаа гуужуулахын хажуугаар эмчилмээр байвал зуун настын гелээс хэдэн дуслыг хийж болно. Бэлэн болсон скрабаа нүүрэндээ тойрог хэлбэрээр массажилж түрхэнэ. Таван минут орчим байлгаад угаа. Элсэн чихрийн скрабыг зөвхөн нүүрэндээ ч биш, бүх биедээ түрхэж болно. Хамгийн гол нь элсэн чихэр, тос хоёрын хэмжээ тэнцүү байх ёстойг анхаараарай.

НҮД ОРЧИМД ЗОВХИНЫ ТОСНООС БУСАД НЬ ХОРИОТОЙ

Зовхины эргэн тойрон нүүрний арьснаас гурав дахин нимгэн байдаг учраас сүүн шингэн, тоник, өдөр, шөнийн тос, энгэсгийг зовхиндоо хэрэглэж болохгүй гэж гоо сайханчид зөвлөдөг. Уруулын арьс зовхиноос ч нимгэн гэдэг. Тэгэхээр зовхи, уруул цэвэрлэгчийг хэрэглэж заншаарай. Зовхины тосыг түрхэх ч өөрийн гэсэн дүрэмтэй. Зовхи тойрсон ясархаг хэсэгт нүүрний шугамын дагуу зовхины тосоо түрхэх хэрэгтэй. Ясархаг хэсэгт зовхины арьсны булчингууд байрладаг юм. Булчингийн хэсгүүдэд түрхэж байж зовхины тос арьс чангалах үйлчилгээгээ үзүүлнэ гэсэн үг.

“САВТАЙ ФОТОШОП” БУЮУ ӨӨГҮЙ ТӨГС ЦАРАЙ

Зуны халуун өдрүүдэд арьсаа өнгөлөг хэвээр байлгах хамгийн гол туслагч бол крем. Бүсгүйчүүддээ ВВ, СС кремийн талаар товч мэдээлэл хүргэе. А,С,Е витамины найрлага нь хөгшрөлтийн эсрэг гайхалтай үйлчилгээ үзүүлдэг. Маш үр дүнтэй нарны хамгаалалт болдог. SPF 30 эсвэл түүнээс дээш байдаг. Түрхсэний дараа арьсны өнгө дагуу уусаж төрөлхийн мэт харагдуулдаг учраас арьсныхаа өнгөнөөс арай цайврыг сонгоорой. Солонгосын BB кремийн топ брэндүүдэд Missha, Hanskin, Skin79, The FaceShop, Mamonde багтдаг. Барууны BB кремийн онцлох брэнд гэвэл Garnier, Clinique, Maybelline, Vichy, L’Oreal. Суурь кремний өнгийг сонгохдоо гаран дээрээ биш хүзүүн дээрээ түрхээрэй.

ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАТАН НЬ МАСК

Гоо сайхны бүтээгдэхүүний хатан нь маск, хаан нь шөнийн тос гэх нь бий. Тэгэхээр маск сайхан харагдахыг хүссэн хүн бүхний эрхэм сонголт болж таарч байна. Маскийг долоо хоногт хоёр удаа хэрэглэж заншаарай. Маск үхэжсэн арьс гуужуулах, чийгшүүлэх, тэжээл өгөх зэрэг олон үйлчилгээтэй. Дор хаяж хоёр төрлийн маск сөөлжилж хэрэглэхийг зөвлөе. Гэхдээ нэг өдөр хэрэглэж болохгүйг санаарай. Гэрийн нөхцөлд тэжээлийн маск хэрхэн тавих талаар зөвлөгөө хүргэе.

Нэг хоолны халбага тараг, адил хэмжээний ээдэм, чимх цагаан давсыг хольж хутгаад нүүрэндээ жигд түрхэж, 10-15 минутын дараа бүлээн усаар зайлна. Тэжээл өгөхөөс гадна арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй.

Салаалсан, орооцолдсон, өнгөө алдсан, гэмтсэн, ширүүссэн үсийг мэдээж хэн ч хүсэхгүй. Намирсан зөөлөн үсний аврагч нь мөн л маск. Химийн найрлагатай шампунь, ангижруулагчид найдсанаас үснийхээ гэмтэлд тохирсон органик эмчилгээг сонгоорой. Гэрийн нөхцөлд хийж болох хамгийн сайн маск бол өндөгнийх. Өндөгний шар, хоёр цайны халбага оливын тосыг нэг аяга сүүтэй хольж, бага зэрэг нимбэгний шүүс нэмж сайтар хутгаад л маск бэлэн. Бэлдсэн маскаа үс, хуйхандаа түрхэж 15-20 минутын дараа бүлээн, болж өгвөл хүйтэн усаар угаагаарай. Өндөг уургаар баялаг учир хуйханд тэжээл өгдөг. Мөн масканд буй А витамин, кали нь гэмтсэн үсийг сэргээдэг бол B витамин үсний ургалтыг дэмждэг.

ТАНИЛЦ, SPF

Зуны аагим өдрүүдэд цүнхнээсээ салгаж болохгүй зүйл бол нарны тос. Өдрийн тос, кремний шошгон дээр SPF гэсэн тэмдэглэгээ байдаг. Нарны хорт туяанаас шүүх шүүлтүүр гэсэн үг л дээ. Хүний арьс нарны хорт туяанаас өөрийгөө хамгаалах чадвартай байдаг гэнэ. Гэхдээ арьсны өнгөнөөс хамаараад хамгаалах хугацаа нь адилгүй. Цагаан арьстай хүмүүс 5-10 минут нарнаас арьсаа хамгаалах чадвартай байдаг бол шар арьстнуудынх 10-15 минут. Хар арьстнуудын хувьд нүүрээ 20-37 минут нарнаас хамгаалах төрөлхийн чадвартай. SPF гэсэн тэмдэглэгээний ард тоо байдаг даа. Тэр тоог нарнаас өөрийгөө хамгаалах арьсныхаа чадвараар буюу заасан минутаар үржүүлэхэд таны худалдаж авсан өдрийн тосны нарнаас хамгаалах чадал гараад ирнэ. Жишээ нь бидэн шиг шар арьстнууд нарнаас 10-15 минут царайгаа хамгаалж чадна. SPF 15 гэсэн тэмдэглэгээ байж гэж бодъё. Энэ тоог 15-д үржүүлэхэд таны сонгосон өдрийн тосны нарнаас хамгаалах хугацаа гараад ирнэ. Нарны тос түрхэхдээ өдрийнхөө тосыг суурь болгож түрхэхээ мартав аа.

ТАТГАЛЗАХ АРГАГҮЙ ШӨНИЙН ТОС

Наснаасаа залуу харагдахыг хүссэн хэн бүхний хамгийн эхний сонголт бол яах аргагүй шөнийн тос. Учир нь шөнийн тосыг гоо сайхны бүтээгдэхүүний хаан хэмээдэг. Гоо сайхны бүтээгдэхүүний өндөр чанар шөнийн тосонд байдаг. Шөнө арьс амарч жирийн үеэсээ халуун болдог гэнэ. Халсан арьс тэлдэг аж. Тэлсэн арьсанд тэжээл шингэж орох нь илүү байдаг гэж гоо сайханчид онцолдог. Гоо сайхны тосны арьс чангалах, үрчлээ тэнийлгэх, тэжээл өгөх чанар нь шөнө илүү үйлчилдэг гэсэн үг. Хүүхдийн арьс 14 нас хүртлээ өөрийгөө нөхөн төлжүүлдэг бол энэ чадвар 15 наснаас аажмаар бууж 20 нас гэхэд зогсдог. Тэгэхээр 20 наснаас шөнийн тос хэрэглэж эхлэх хэрэгтэй болж таарч байна.

Categories
мэдээ цаг-үе

“Амьтны ферм”

“Бүх амьтан тэгш эрхтэй. Гэхдээ зарим амьтан илүү тэгш эрхтэй” хэмээх алдартай ишлэлийг та олон дуулж байсан байх. Энэ бол Жорж Оруэллийн “Амьтны ферм” хэмээх жижигхэн ч часхийсэн айхтар номд гардаг үгс л дээ. Дашрамд сонирхуулахад “Амьтны ферм”-ийг Оруэлл 1945 онд бичсэн байдаг юм. Зөгнөлт ном гэсэн үг. Тэгсэн хэрнээ эв, хамтын уриаг эрхэмлэсэн социалист дэглэмийг нуран унасны дараа шоглон бичсэн мэт санагдах нь гайхалтай.

Англи оронд Жонес гэх хүний эзэмшлийн “Эртний ферм” хэмээх ферм байна. Нэгэн шөнө эзнээ унтсаны дараа Өвгөн хошууч гэгдэх нэр хүндтэй хөгшин бодон бүхий л амьтанд хачирхалтай зүүд зүүдэлсэн талаараа ярьж өгөхөөр цуглуулна. Тэрээр Англи даяар бүх амьтан хүний дарлалаас ангижирч тэгш эрхтэйгээр амьдарч, үржил шимт нугад амар тайван идээшилж болох талаар ярин бослогод уриална. Түүнчлэн түүний зүүдэнд “Английн мал сүрэг” хэмээх дуу орсныг амьтдад сонсгосон нь тэр дорхноо цээжлэгдэнэ. Үнэхээр ч мах, сүү, өндөг гээд хамаг зүйлсээ өгдөг боловч эргээд үргэлж тарчиг амьдардаг амьтдад түүний үгс таалагдах нь мэдээж. Гурав хоногийн дараа Өвгөн хошууч үхлээ. Түүний хэлсэн үгийн дагуу зарим ухаалаг амьтад идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлэх аж. Удалгүй Цасанбөмбөг, Наполеон тэргүүтэй бодонгуудаар удирдуулан бослого гаргалаа. Жонесийг ажилчдынх нь хамт хөөж явуулав. Нүдэнд үзэгдэх бүхэн тэднийх болов. Ингээд “хоёр хөлтэй болгон дайсан, дөрвөн хөлтэй, хоёр далавчтай болгон нөхөд, нэг ч амьтан хувцас өмсөхгүй, нэг ч амьтан оронд унтахгүй, нэг ч амьтан архи уухгүй, нэг ч амьтан нөгөөгөө хөнөөхгүй, бүх амьтан тэгш эрхтэй” гэсэн долоон зарчмыг тунхаглалаа. Аз жаргал удаан үргэлжилсэнгүй боловч амьтад аз жаргалтай амьдарсаар байна гэдэгт итгүүлж байгаагаар зохиол үргэлжилнэ. Хаа сайгүй зэргэлдээх фермийн хүмүүсээс илүү ажиллах уриа лоозун дэвшүүлэх аж. Ерөнхийдөө эзэн нь солигдсон боловч амьдрал улам дордож урьд өмнө нь ил тод байсан бүхэн нууц болсон хэрэг. Удирдагчдын дунд ч хагарал гарна. Бослогын үеэр эрэлхэгээр тулалдсан Цасанбөмбөг нь Наполеонтой юм бүхэн дээр зөрж эхэллээ. Цасанбөмбөг бусад фермүүдийг хүний дарлалаас чөлөөлж Англи даяар амьтдыг босгох болон цахилгаан үүсгэдэг салхин терм барьж амьтдыг тохилог, гэрэлтэй байранд амьдруулахаар зураг төслийг гаргана. Харин Наполеон өөр бодолтой байжээ. Бослогын дараа тус фермд байсан хоёр нохойны дундаас найман гөлөг гарсныг Наполеон сурган хүмүүжүүлэх нэрийн дор хэнтэй ч уулзуулалгүй ганцаар өсгөнө. Цаг хугацаа явсаар нэгэн өдрийн хурал дээр өнөөх хоёр дахиад л санал зөрлөө. Энэ үед Наполеон урьд байгаагүй хачин байдлаар хяхнасан дуу гаргахад араа шүдээ гялалзуулсан аварга том найман нохой давхин орж ирнэ. Тэд Цасанбөмбөгийг фермээс хазаж, уран хөөж явуулав. Энэ үеэс Наполеоны бүрэн эрхшээлд ферм орлоо. Бүх амьтныг ухуулж, хөдөлгөх авьяасаараа тодорсон Цангинуур хэмээх тоорой түүнийг магтан дуулна. Удалгүй өөрийн гэсэн яруу найрагчтай болов. Цасанбөмбөгийн эхлүүлсэн салхин тээрэм Наполеоны санаа байсан болж таарлаа. Ингээд аугаа бүтээн байгуулалтын ажилд амьтдыг дайчилж маш бага хүнсний ноогдлоор зүтгүүллээ. Гэвч хүнээр биш амьтад өөрсдөө тусгаар тогтносон сайхан фермд байна гэсэн итгэл үнэмшлээр ухуулга хийсээр л. Ажил нурсан, хойшилсон бүх л зүйл хөрш фермд нуугдсан Цасанбөмбөгийн хорлон сүйтгэх ажиллагаа гэнэ. Наполеонд таатай ханддаггүй хэдэн бодон гэм буруугаа наминчилж бусдын нүдэн дээр нохдын аманд тасчуулав. Үүнээс хойш өөр санаа бодолтой бүхэн явуулга хийхийг завдаж Цасанбөмбөгтэй хуйвалдсанаа хүлээж дараа нь тасдуулах боллоо. Бодонгууд сүү, алимнаас эхлээд бүхий л амттанг хэрэгцээндээ авна. Түүгээр барахгүй хүмүүстэй наймаалцаж тахиануудаас хүчээр өндгийг нь авч, анхнаасаа тэдний төлөө хамаг хүчээрээ зүтгэсэн Боксер хэмээх хүчирхэг морийг ч бэртмэгц нь мал нядалгааны газар зарчихдаг.

Наполеон дүрэм зөрчих бүрт Цангинуур долоон зарчимд өөрчлөлт оруулж “Угаасаа л ийм байсан шүү дээ” хэмээн ухуулна. “Амьтад нэгнээ хөнөөхгүй” гэсэн дүрэмд шаардлага гараагүй тохиолдолд гэсэн үг нэмэгдэв. “Бүх амьтан тэгш эрхтэй” нь зарим амьтад илүү тэгш эрхтэй боллоо. “Нэг ч амьтан оронд унтахгүй” нь цагаан хэрэглэл дээр унтахгүй гэж өөрчлөгдөнө. Бүр цаашлаад “Нэг ч амьтан архи хэтрүүлэн уухгүй”, “Хүн бол анд нөхөр” болов. Эцэст нь “Бүх амьтан тэгш эрхтэй. Гэхдээ зарим амьтан илүү тэгш эрхтэй” гэсэн ганцаас бусдыг нь арилгалаа. Төгсгөлд нь бодонгууд хувцас өмсч, хоёр хөл дээрээ явж эхэлнэ. Түүгээр ч барахгүй бодонгууд хуучин Жонес эзэн нь амьдарч байсан байранд хүмүүстэй архидаж, мөрийтэй тоглон түүнээсээ болж маргалдан зодолдох аж. Үүнийг номхон дөлгөөн, айдас хүйдэст хучигдсан амьтад цонхоор нь ажиглах бөгөөд аль нь хүн, аль нь амьтан болохыг ялгаж чадахгүй байгаагаар зохиол өндөрлөдөг.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад арван насаар залуужаад авлаа

Тэртээ 1962 онд нэгдүгээр ангид орж, улмаар арван жил тохой нийлүүлэн хамт сурсан нэг ангийнхан уулзалдаад ийнхүү ярьжээ. Ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад арван насаар залуужаад авлаа гэж. Хүүхэд насны ариун гэгээлэг дурсамжаа хуваалцан, инээд хөөрөөр дүүрэн байдаг үе бол яах аргагүй нэг ангиараа уулзах тэр л мөч. “Чи яг хэвээрээ байна, ямар гоё харагдаж байна” хэмээн өдгөө 60 нас хүрч буй ахмадууд олон жилийн дараа уулзаад нэг нэгэндээ хэлэх нь юутай аз жаргалтай. “Ангийн охид оо”, “ангийн хөвгүүд ээ” гэж нэгнийгээ дуудах ахмадууд буцаад хүүхэд насандаа очсон юм шиг баяр хөөрөөр дүүрэн байх.

Сургуулиа төгсөөд 40-өөд жилийн дараа уулзалдаж буй энэ анги бол Төв аймгийн Баянчандмань сумын найман жилийн дунд сургуульд 1962 онд элсэн орсон Хандсүрэн багштай анги юм. 1970 онд наймдугаар ангиа сумынхаа сургуульд дүүргэж, ес, аравдугаар ангиа Жаргалантын арван жилд суралцан төгссөн байна. Тухайн үед Баянчандмань суманд арван жилийн сургууль байгаагүй учраас ийнхүү найм төгсөөд Жаргалантад очиж, арван жилээ дүүргэж байсан гэдэг. Тэдний анги сургуульдаа төдийгүй аймагтаа урлаг спорт, сурлагаараа тэргүүлэгч байсан гэнэ. 1960, 1970-аад оны үед хүүхэд залуучуудыг спортоор хичээллэхэд улсаас түлхүү анхаардаг байж. Ялангуяа цана, тэшүүр гээд уулын спортоор олон залуучууд хичээллэдэг байжээ. Үүний жишгээр тэдний ангийн олон хүүхэд спортоор шаргуу хичээллэж уралдаан тэмцээнд оролцон орон нутагтаа төдийгүй, аймагтаа тэргүүлж байсан байна. Тиймээс спортлог анги гэдэг нэртэй. Мөн сайхан дуулдаг, бүжиглэдэг охид олон. Сургуульдаа дуулж бүжиглэж байсан охид, хөвгүүд ажил дээр гарсан ч сумын театрт урлагийн тоглолтод оролцож дуулж, бүжиглэдэг байсан гэдэг.

Урлаг, спортоор тэргүүлэхээс гадна сурлагаараа дээгүүрт орно. Аймаг, улсын олимпиадад оролцож, шагналт байранд орж байсан гээд яриад байвал олон амжилтыг өгүүлж болох нь. Амжилт гаргаж байсан гол шалтгаан нь яах аргагүй сайн багш нарын ач. Тухайлбал, уран зохиолын хичээл заадаг Равдан багшийн хичээлийг одоо хүртэл мартдаггүй гэнэ. Равдан багш роман, зохиолыг яг кино үзэж байгаа мэт ярьдаг байж. Тиймээс ангийн хүүхдүүд бүгд номонд дурлаж бие биетэйгээ уралдаж ном уншдаг байсан гэдэг. Гэртээ очоод аав, ээждээ тусалж ажлаа хийж дуусчихаад гэрийнхээ даалгаврыг хийнэ

Тэртээ 1962 онд нэгдүгээр ангид орж, улмаар арван жил тохой нийлүүлэн хамт сурсан нэг ангийнхан уулзалдаад ийнхүү ярьжээ. Ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад арван насаар залуужаад авлаа гэж. Хүүхэд насны ариун гэгээлэг дурсамжаа хуваалцан, инээд хөөрөөр дүүрэн байдаг үе бол яах аргагүй нэг ангиараа уулзах тэр л мөч. “Чи яг хэвээрээ байна, ямар гоё харагдаж байна” хэмээн өдгөө 60 нас хүрч буй ахмадууд олон жилийн дараа уулзаад нэг нэгэндээ хэлэх нь юутай аз жаргалтай. “Ангийн охид оо”, “ангийн хөвгүүд ээ” гэж нэгнийгээ дуудах ахмадууд буцаад хүүхэд насандаа очсон юм шиг баяр хөөрөөр дүүрэн байх.

ургуулиа төгсөөд 40-өөд жилийн дараа уулзалдаж буй энэ анги бол Төв аймгийн Баянчандмань сумын найман жилийн дунд сургуульд 1962 онд элсэн орсон Хандсүрэн багштай анги юм. 1970 онд наймдугаар ангиа сумынхаа сургуульд дүүргэж, ес, аравдугаар ангиа Жаргалантын арван жилд суралцан төгссөн байна. Тухайн үед Баянчандмань суманд арван жилийн сургууль байгаагүй учраас ийнхүү найм төгсөөд Жаргалантад очиж, арван жилээ дүүргэж байсан гэдэг. Тэдний анги сургуульдаа төдийгүй аймагтаа урлаг спорт, сурлагаараа тэргүүлэгч байсан гэнэ. 1960, 1970-аад оны үед хүүхэд залуучуудыг спортоор хичээллэхэд улсаас түлхүү анхаардаг байж. Ялангуяа цана, тэшүүр гээд уулын спортоор олон залуучууд хичээллэдэг байжээ. Үүний жишгээр тэдний ангийн олон хүүхэд спортоор шаргуу хичээллэж уралдаан тэмцээнд оролцон орон нутагтаа төдийгүй, аймагтаа тэргүүлж байсан байна. Тиймээс спортлог анги гэдэг нэртэй. Мөн сайхан дуулдаг, бүжиглэдэг охид олон. Сургуульдаа дуулж бүжиглэж байсан охид, хөвгүүд ажил дээр гарсан ч сумын театрт урлагийн тоглолтод оролцож дуулж, бүжиглэдэг байсан гэдэг.

Урлаг, спортоор тэргүүлэхээс гадна сурлагаараа дээгүүрт орно. Аймаг, улсын олимпиадад оролцож, шагналт байранд орж байсан гээд яриад байвал олон амжилтыг өгүүлж болох нь. Амжилт гаргаж байсан гол шалтгаан нь яах аргагүй сайн багш нарын ач. Тухайлбал, уран зохиолын хичээл заадаг Равдан багшийн хичээлийг одоо хүртэл мартдаггүй гэнэ. Равдан багш роман, зохиолыг яг кино үзэж байгаа мэт ярьдаг байж. Тиймээс ангийн хүүхдүүд бүгд номонд дурлаж бие биетэйгээ уралдаж ном уншдаг байсан гэдэг. Гэртээ очоод аав, ээждээ тусалж ажлаа хийж дуусчихаад гэрийнхээ даалгаврыг хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Украины баатар Н.СавЧенко

Украины зэвсэгт хүчний дайчин, ахмад Надежда Савченког тойрсон хэл ам бараг хоёр жил үргэлжилсэн юм. Украин, ОХУ-ын харилцааны нэг хэсэг нь Надежда Савченко болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Хоёр тал нэлээд удаан хэлэлцээ хийсний эцэст энэ долоо хоногийн эхээр түүнийг суллаж нутаг руу нь явууллаа. Ахмад Н.Савченко Украины үндэсний баатар болоод байна. Түүнийг Киев хотын “Борисполь” нисэх онгоцны буудалд Украины Ерөнхийлөгч П.Порошенко өөрөө угтаж авч байгааг телевизээр шууд дамжуулсан. Харин уржигдар Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Савченкод Украины баатар цол олгожээ.

Дэлхий нийтийн анхаарлын төвд байсан энэ хэрэг чухам юунаас эхэлснийг эргэн дурсъя. Украины нисэх хүчний гуравдугаар хорооны ахмад, “Ми-24” байлдааны онгоцны нисгэгч Надежда Савченко 2014 онд зуныхаа амралтаар зэвсэгт мөргөлдөөн болж байсан зүүн нутагт сайн дураараа очжээ. Краматорск нисэх онгоцны буудал дээр Украины дайчдад тус дэм болж байгаад байлдааны үйл ажиллагаанд оролцсон байна. 2014 оны зургадугаар сарын 18-19-ний өдрүүдэд Луганск хотын Металлист хэмээх тосгонд болсон тулалдааны үеэр шархадсан цэргүүдэд тусалсан аж. Энэ үеэр Оросын талыг дэмжигчдэд олзлогдсон байна. Украины талын мэдэгдсэнээр 2014 оны долдугаар сарын наймны өдөр ахмад Н.Савченко Оросын Воронеж хотод хоригдож байна гэсэн мэдээлэл тарсан. Тэр өдөр нь Украины Ерөнхийлөгч П.Порошенко хэргийн учрыг олж олзлогдсон ахмадыг нутагт нь эргүүлэн авчрах талаар арга хэмжээ авахыг ГХЯ болон Ерөнхий прокурорын газарт үүрэг болгосон юм. Украины талын үзэж байгаагаар Н.Савченког Оросын талыг дэмжигчид олзлоод хууль бусаар Орос руу авч гарчээ. Энэ бол уг хэргийн талаарх Украины талын хувилбар.

ОХУ-ын талын мэдэгдэж байгаагаар Украины “Айдар” хорооны эсрэг цэргийн ажиллагаа явуулах үеэр Н.Савченког баривчилсан гэдэг. Агаарын довтолгооны үеэр зугтаж амжсан хэмээн бичжээ. Ингээд ямар ч бичиг баримтгүй дүрвэгчийн дүрээр Украин-Оросын хилээр гарах гэж байхад нь саатуулсан хэмээн Оросын мөрдлөгийн хорооны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн юм. Н.Савченког Оросын сэтгүүлч И.Корнелюк, А.Волошин нарын амийг бүрэлгэсэн хэргээр буруутгаж 22 жил хорих ял оноосон.

2014 оны зургадугаар сараас хойш Орост хоригдож буй Украины иргэн Н.Савченкогийн асуудал хөндөгдсөн. Түүнийг Украины зүүн нутагт “Айдар” хорооны бүрэлдэхүүнд байлдааны ажиллагаанд оролцохдоо Оросын сэтгүүлчдийн багийн байршлын талаар мэдээлж байсан гэдэг. Ингээд байршил руу нь гал нээж амийг нь хороосон аж. 2015 оны нэгдүгээр сард ОХУ-ын хилийг хууль бусаар давсан хэмээн хэрэг үүсгэсэн юм.

Украин, Оросын харилцаа нэлээд ээдрээтэй байсан тэр үед энэ хэрэг байдлыг улам хүндрүүлсэн. Н.Савченког шоронд хоригдож байх хугацаанд Украины “Батькивщина” нам түүнийг гишүүнээр элсүүлж, парламентын сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн. Ингээд парламентын гишүүнээр сонгогдсон юм. Украинд хууль батлах байгууллагын гишүүн болоход тангараг өргөж гарын үсэг зурна гэсэн хуультай. Н.Савченкогийн гарын үсэг зурсан бичиг баримтыг тухайн үед Украины телевизээр үзүүлсэн билээ. Ингээд удалгүй Верховная Рада түүнийг Украин дахь Европын Зөвлөлийн парламентын ассамблейн (PАСЕ) байнгын төлөөлөгчийн бүрэлдэхүүнд оруулсан юм.

Энэ хооронд түүнийг суллах шаардлагыг Киевээс Москвад тавьсаар байсан. Гэвч хоёр улсын харилцаа ээдрээтэй байсан нь энэ хэрэгт нэлээд нөлөөлсөн. Н.Савченког Воронежийн урьдчилан хорих төвд хорих хугацаанд шүүх хурлыг хаалттайгаар хийсэн. Буруутан гэгдэж байсан түүнийг биечлэн оролцуулаагүй. Шүүх хурал, хоригдож байсан өрөө хоёрыг видеогоор холбожээ. Украины дипломат байгууллагын төлөөлөгчид, сэтгүүлчдийг ч шүүх хуралд оролцуулаагүй юм. Оросын хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид Н.Савченког чухам ямар нөхцөлд хорьж байгаатай танилцахаар очсон. Ингээд халуун, хүйтэн устай, шаардлагатай бүх зүйлсээр нь хангагдсан хэмээн мэдэгдсэн байдаг.

2014 оны арванхоёрдугаар сард Н.Савченко шоронд өлсгөлөн зарлажээ. Чих нь үрэвсэж өвдөхөд эмнэлгийн тусламж үзүүлээгүй явдлыг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн. Өлсгөлөнгөө зогсоохгүй гээд өөрийг нь суллах шаардлага тавьсан. Амь үрэгдсэн ч хамаагүй өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн байдаг.

Украины эрх баригчид уг асуудлаар ОХУ-тай хэл амаа ололцоогүй тул олон улсын хүний эрхийг хамгаалах зэрэг байгууллагуудад хандсан. Европын парламентын гишүүн хүртэл шударга бус явдал хэмээн эсэргүүцэн өлсгөлөн зарлаж түүнийг нь Испани, Польш, Чехийн гишүүд дэмжжээ. 2015 оны гуравдугаар сард бие нь нэлээд муудсан тул аргагүйн эрхэнд хуурай өлсгөлөнгөө зогсоосон юм.

Энэ хооронд Н.Савченког суллахыг дэмжсэн хөдөлгөөн улам бүр идэвхжсэн. Европын Холбооны төр засгийн тэргүүнүүд, АНУ-ын эрх баригчид гээд бараг бүгд уг асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгчид хандсан юм. Түүгээр ч зогсохгүй Оросын иргэд украин бүсгүйг суллах хүсэлтийг тавьж 115000 хүний гарын үсгийг цуглуулж В.Путинд хүргүүлжээ. Тэдний дотор Оросын алдартнууд нэлээд байсан гэдгийг ч дурдах нь зүйтэй.

Хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага, АНУ-ын Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч, НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан газар гээд Оросын төрийн тэргүүнд хандаагүй хүн үгүй.

Өнгөрсөн оны долдугаар сард Н.Савченкогийн өмгөөлөгч Марк Фейгин Украин, ОХУ-ын тагнуулын газрууд түүнийг Донбасст баривчлагдсан Оросын хоёр иргэнтэй солилцох талаар хэлэлцээ хийж байгаа тухай мэдэгдсэн юм. В.Путин П.Порошенко нар өнгөрсөн дөрөвдүгээр сард утсаар ярихдаа энэ асуудлыг хэлэлцжээ.

Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Савченкод өршөөл үзүүлжээ. Оросын амь үрэгдсэн хоёр сэтгүүлчийн ар гэрийн хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр В.Путин ийм шийдвэр гаргасан хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм. Үүний хариуд Украины Ерөнхийлөгчийн тогтоолоор ОХУ-ын иргэн А.Александров, Е.Ерофеев нарыг ч сулласан.

Ростов-на-Дону хотоос Украины Ерөнхийлөгчийн онгоцоор Н.Савченког Киев хотод авчирчээ.

Н.Савченко 1981 онд төрсөн. Хүүхэд байхаасаа байлдааны онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг байсан хэмээн ээж нь ярьсан байдаг. Украин сургуульд сурсан. Киевийн үндэсний их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж байхдаа гэрээгээр цэргийн алба хаажээ. 2004-2005 онд Украины энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд орж Иракт зургаан сар болоод ирсэн даруйдаа нисгэгчээр суралцахаар шийдсэн. Ингээд Украины Батлан хамгаалахын сайдын зөвшөөрөлтэйгөөр Харьковын Агаарын хүчний их сургуульд элсэн оржээ. Оюутан байхад нь хоёр удаа нислэгт тохирохгүй хэмээн хасагдаж байсан боловч эрхээ сэргээлгүүлсэн байна.

Н.Савченко өөрийг нь Оросын сэтгүүлчийн амийг хороосон хэргийг анхнаасаа улс төрийн сэдэлтэй гэдгийг хэлсэн. Тэрээр Киевт ирсэн даруйдаа “Одоо болтол амьд байгаадаа та бүхнээс хүлцэл өчиж байна. Хүүхдүүд нь олзлогдсон бүх эхчүүдээс уучлал гуйя. Би амь үрэгдэгсдийг эргүүлэн авчирч чадахгүй ч гэсэн Украины төлөө амиа өгөхөд бэлэн байна” гэжээ. Надежда Савченко Украины Жанна д’Арк гэгдэх боллоо.

Categories
мэдээ цаг-үе

Шинэ мянганы яруу найрагчдад би итгэдэг

-ШҮҮМЖ-

Өвгөн найрагч би хадаг барьж гуйсны учир аа ханиасаа салалгүй жараад жил болж байна. Өргөдөл барьж орсны учир аа намаасаа урвалгүй 70 гаруй жил болж байна. Миний нам бол Монголын утга зохиол. Удвал багшийн байгуулсан зохиолчдын ордон бол миний хоёр дахь гэр. Энд их утга зохиолын далай даян дархан аваргуудаас уруудуулаад, энэ жил найргийн наадамд зодог шуудаг өмсөж байгаа хүүхдүүд шүлэг өвөрлөн цугладаг. Нэг удаа “хороо” нэртэй хоёр дахь гэртээ очоод П.Бадарч дүүтэй авьяас хөглөж суутал нэг залуу орж ирвэй. Шилбийг нь могой ороовол тавхайгаа өргөж өргөж ганц дэвсээд тав хуваачихмаар том хөлтэй, ширээний өнцөгт ханхайн суугаа нь сүр бараатай, өтгөн улаан сахлын хуйхтай, шинжээд байна уу, сонжоод байна уу гэмээр ширтэмхий бас халирамхай харцтай тэр хүү Ж.Баяржаргал байж билээ. “Та хоёрт нэг шүлэг уншиж болох уу” гэж аргадангуйхан асуух нь тасгийнхаа даргаас таван цагийн чөлөө гуйх шинэ цэрэг шиг тэвдэнгүйхэн байсан нь ахмад үеэ алд хүндэлдэг залуу зохиолчийн жудагт нэгэн санагдсаныг хэлэх үү “Гурван шүлэг унш” гэхүй нэг шүлэг уншиж билээ. Тэр нь хайрын шүлэг байсан. Гэхдээ дүрсгүй дурлалын дүрсхийсэн сэрэл бус, хайрын жамыг тэр ч байтугай хорвоод мөнх юм үгүйг эвлэгхэн үзүүлсэн гүнзгий утгат хайлан байв. Сэтгэл нялхруулах увдист уянга гэхээсээ илүү монгол шүлэгтэй, сэтгэлгээний жигүүртэй залуу юм даа гэж олзуурхах сэтгэл төрж билээ.

Ардын уран зохиолч, туульч өөлд Т.Галсан

Нэг залуу авьяастан олохдоо нэг алтан ембүү олсон шиг баярладаг нь утга зохиолын ахмад үеийнхний нандин зан чанар. “За, манай нутгийн залуу найрагчийн шүлэг ямар байна” гэж Бадарч асуух нь басах бус бардах уу аястай. П.Пүрэвсүрэнгийн “Аавын гар” шүлэг хуурамч гоо сайхны гүрэмч хийрхлийг няцаасан шиг Баяраагийн шүлэг хэгжүүн сэтгэлийг хөгжүүн аясаар хэнзлүүлэх увдистай нь олзуурхалтай байв. Он цаг хэдэнтээ улирав. Энэ зуур түүний уншигчдадаа хүргэсэн номын тоо нь урсаж өнгөрсөн он жилүүдийн тооноос цөөнгүй. Тэрбээр хүссэн бүхний алган дээр буудаггүй Болор цомтон. Хөөрөлхлийн бэлгэдэл болгож авьяасаа чөдөрлөсөнгүй. МЗЭ-ийн “Утга зохиол, урлаг” сониныг нийлж наргидаг хэдэн хүнийхээ нэрийн хуудас, зарлалын самбар болгосонгүй. Өөрөө од болж гялалзан харагдахын донгоор үзэг нэгт нөхдөө модны үртэс болгох хөрөө ирлэж оюун билгийн ой цэцэрлэгийг огтолсонгүй. Зохиолчдын эвлэлээс зохиодог бүх ажлын урд нь хошуучилж явдгаас ард нь хор найруулж суусангүй. Хамгийн бахархалтай нь алдар хүндлэлд пологтож, авьяас билгээ аргамжсангүй. Бүр олзуурхалтай нь буман хүн давхих дуртай засмал дардангаар бус буух, өгсөх аль аль нь бэрх хясаан жимээр бэдрэхээс хулчийсангүй.

Б.Галсансүх Бурханд зөвлөгөө өгдөг. Ж.Баяржаргал байтлаа мөнх тэнгэрээс алдаа хайж

“Тэргэл сарнаа асгарсан шүлэглэх эрчим хүч минь

Тэмдэгт хар нүх, сүүн замыг суллаж эхлэв ээ

Элс, усны хаанчлал эсгий, өвсийг минь дарлах цаг ирнэ

Эцэг тэнгэрийн царай яаж цонхийхыг мэдэрч байна…” гэж Ж.Баяржаргал халаглаж байна. Нээрээ ч шуналын бузраа хазаарлаж дийлэхгүй солиорсоор, ээж дэлхийгээ идэн сөнөөж байгаа хүн дүрт мангасууд бол бурханы буруу бүтээл. Ж.Баяржаргал өстөн үржүүлэгч биш анд арвижуулагч. Ахмад зохиолч бүрийг аав, ээж шигээ асарч, өсгөл залуу шүлэгчдийг өөрийн дүү шигээр найргийн цэцэрлэг зүг хөтөлнө. Тэгэхдээ бүр чин сэтгэлээсээ.

“Тэнгэр алдалсан улаан тас

Тэнэж тасарсан үүлсийн зулайг гишгэлэн ниснэ

Амраг хүүгийн ёсоор энх тунхыг лавлаж

Алсын уулсын үүрнээс үе үехэн ирнэ…” гэж уулгалсан нь сэтгэлийн нартай аадар юм даа. Зая бандидын абшигтан, Галдан бошготын цавчилтай гал дүрэлзмэл шүлэгч Хөөдөө Эрдэнэбаатар хэмээх Ховд нутгийн энгэрт Болор цом хадаж, тэнгэрт нь найргийн аянга цахилуулж яваа найрагчийг байтугай гурван нийхэмийн бэхэнд хордсон өвгөн намайг далайн аралд ч, талын Монголд ч аавдаа хайртай хүү шиг асарч явсныг яахан мартах. Гэвч энэ бол сүүн сэтгэлийнх нь хариуд шүлэг бүхнийг нь магтана гэсэн үг биш. Ээжийнхээ сүүтэй цуг хөхөж өссөн эх хэлээ бузарлах эрх хэнд ч үгүй, харин хамгаалах, онголох, улаалах, зузаалах үүрэг бидэнд бий. Ж.Баяржаргалын шүлгүүд уургын хуйв, гурамсан чөдөр, хусан гадастай аргамжаанд тогтох хүлэг биш. Үүнд би олзуурхнам. Түүний шүлэг зөвхөн Баяржаргалын орчихуйн орчил, оршихуйн бөөчлөл, сэтгэхүйн зөрчил, байнгын эрэл байдагт би олзуурхдаг. Эрэл үгүй бол олз үгүй. Олз үгүй бол шинэчлэл үгүй. Баяржаргалын ном бүр өмнөх түүврүүдээсээ онхи өөр. Шинэ шүлэг нь шинэвтэр шүлгээсээ өөр. Гэвч эцсийн шүншиг нь монгол сэтгэл, монгол мэдрэмж байдаг. Үүнд нь би олзуурхдаг.

“Мунхаг бурангуй нэгнээс зөнгөө барин тойр.

Муу дөл чамайг хөөднө, түлнэ, шатаана.

Мандмал цагийн хүмүүнтэй энхэр дотно нөхөрлө.

Маргашгүй гэгээ чамайг гийгүүлнэ, дулаацуулна.

Үзэн ядваас чи дайсныхаа хөлд үрэгдэнэ.

Өшрөн тэмцвээс өшөө хорсолдоо идэгдэнэ.

Алдар нэрэнд бүү дурла, атаа донгоо дар.

Алсдаа самуурч, алам нүх өмнөө ухуулна.

Тээрт хүмүүс тэсвэр алдмаар аяглавч

Тэнгэрийн дор өөртөө дурла, хүү минь.

Үлбэгэр хийгээд хэтэрхий бардам хүмүүс

Үнэнч анд чинь биш, дайсан ч байж мэднэ

Тэд магад чамайг ажиж, мэдэрч амжихгүй.

Тэмцлийн харгуйд хэзээ ч хань болохгүй” гэж Ж.Баяржаргал хүүдээ захиж байна. Энэ бол төрсөн хүүдээ биш, түүх мөрлөн урагшлах хойч үед сургаал болно. Уншигчид түүнээс ийм л найраг, тийм л үгэн үер хүлээж байна. Олон янзын -изм-д онож алдаж явах цаг ард үлдлээ. Одоо монгол найргаар дэлхийн дэвжээг бөмбөрдөх цаг “Мөнгөн үе”-ийнхэнд ирлээ. Тийм итгэлийн ачааг дааж ирээдүй зорих их хөсгийн идэр жинчний нэг нь Ж.Баяржаргал найрагч. Учир нь түүнд монгол буцалмал цус, монгол цалгимал сэтгэл, мөнх цагийг саравчилсан холч хараа, анх цагийг шүүсэн ухааны цараа, энх цагийг түүчээлэх авьяасын тэнхээ бий.

2005 онд Тайванийн Гаошиньд болсон яруу найргийн хурим дээр Баяржаргал “Би нэг урт шүлэг уншъя аа” гээд намын тайлан илтгэл шиг навсгар цаас барин гарч ирсэн. Тэгсэн атлаа дөрөвхөн шад уншаад ёсорхуу нь илэрхий аясаар гурвантаа ёслох чөлөөнд орчуулагчийн хөрвүүлсэн утгыг чагнасан танхим дүүрэн сонсогчид алган аадраа асгалсан төдийгүй

“Харанхуй нарийхан гудмаар явлаа, би

Харж хэн ч намайг тоосонгүй

Гэрэлт гудмаар гүйлээ, суулаа

Хэн ч намайг анзаарсангүй

Хээнцэр цэцэрлэгийн сандал дээр хэвтлээ

Хэн ч намайг хайхарсангүй

Зүдүүхэн гуанзны үүдэнд үхлээ

Зөндөө хүний анхааралд өртлөө” гэж монгол шүлэгчдийг гайхашруулсан Тайванийн нэрт яруу найрагч Зэн Жүн Мин Ж.Баяржаргалын шүлгийг “Жинхэнэ шинэ цагийн яруу найраг” гэж магтсан төдийгүй “Монгол найраг эх газар шигээ хүчтэй юм аа” гэж арлын эзэн шүүрс алдсан удаатай.

Биендээ “монгол хүн мөн” гэсэн “тэнгэрийн тамга” хөх оортой атлаа сэтгэлээс нь, итгэлээс нь, ухаанаас нь монгол хүний ариун анхи, сэрүүн сэнхи сэвшээлдэггүй хүн бол ийм өндөр үнэлгээ сонсох азгүй. Унаган насандаа уяулж, даагандаа давтуулж, үрээ насандаа үсэргүүлж, соёолон үедээ сойлго нь таарч байгаа хөхөгтэй Ж.Баяржаргал, түүний үе тэнгийн найрагчдыг зүйрлэж болно. Түүний нэг баталгаа нь яруу найрагчийн таны алган дээр дэлгэж байгаа “Дүрст чимгийн хас хүрдэн” хэмээх бүл шүлгийн түүвэр мөнөөс мөн. Номд багтсан 243 дөрвөн мөрт яавч Оросын четверостиши, дорнын рубай, Төвдийн субашид, миний “Жирмийн сүлжээ” биш. Араб азарганы монгол унага шиг онхи өөр шүлэг, онхи өөр хүлэг юм.

“Хэсүүл салхинаа хайраа хийсгэж наадгай жаргаж

Хэтэрхий балан цүлэн аглагт тухлан амсхийгээд

Сийрэг усны яралж тэнийх нам гүмхэн үдэш

Олсон шуудайд аргал дүүргээд гэрийн зүг эргэв ээ”…

Аргал түүх нь хуучин монгол. Аргагүйн учир шуудай үүрэх нь шинэ монгол. “Хэсүүл салхинаа хайраа хийсгэж, хэтэрхий балан цүлэн аглагт амсхийх-ийг мэдэрсэн сэрэл, бичсэн сэтгэлгээг, яруу найрагчийг олзуурхахгүй байхын аргагүй. Түүний шүлэг шинэ мянганы шинэ эрлийн олз юм. Сэдэв нь монгол. Сэтгэл нь монгол найрагч юм даа гэдгийг

“Өвчүүн чанаддаа өвгийн гэрээсийг цуглуулан

Өндөр овооноо залбирлын үгээ шившин зүүе!

Хээрийн онги бууцнаас эсгий гэрээ буулгаж

Хэнхдэг дотроо улаан залаагаа хадгалъя!” гэсэн андгай батлах мэт ээ.

Энэ бол золбиншил (даяаршил)-д идэгдэх ч үгүй, зожигрол (дангааршил)-д хүлэгдэх ч үгүй байхын тунхаг юм.

Баяржаргалын бас түүний үе тэнгийнхний шүлгэн хүлгүүд төрийн их наадмын түмэн эхийн барианд туурайндаа галтай аянгалан айсуй. Үүнд өвгөн найрагч баярланам.

“Хүссэн хүсээгүй бид амьдарна, өнхөрнө

Хүнд хэрэгтэй үг л ашид үүрд мөнхөрнө” гэж өвгөн ах нь итгэсэндээ

“Эх орноосоо урваваас нар надад мөс болог

Эх хэлээ умартваас навчис бидэнд мэс болог” гэж бичсэн минь ч учиртай. Эх дэлхийн сартай оргил нь сүмбэрийн таг, эх хэлний нартай оргил нь яруу найраг. Дэлхийн дээвэрт бидний хүргэж чадаагүй авьяас билгийн соёмбот тугийг дээш дээш өргөн давшигч шинэ мянганы шинэ сэтгэл, шинэ сэтгэлгээтэй найрагч нарт би итгэдэг. Хурай, хурай, хурай!

Categories
мэдээ цаг-үе

Хүн хөрөнгөтэй байх, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй гэдгийг Цэц санууллаа

Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ. Иргэд хоорондоо мөнгө зээлж, түүнийгээ хүүтэйгээр эргүүлэн өгөх харилцааг УИХ Иргэний хуульд өөрчлөлт оруулах замаар хаасан нь олон нийтийн анхаарлыг татаад байсан билээ.

Уг хуулиар иргэд хоорондын зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байх зохицуулалт оруулсан нь иргэн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгөөр бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Өөрөөр хэлбэл ирэх есдүгээр сарын 1-нээс эхэлж иргэд хоорондоо мөнгө зээлж, зээлдүүлж болохгүй нөхцөл үүсээд байсан. Харин Цэц дунд суудлын хуралдаанаараа иргэд хоорондоо мөнгө зээлж, мөнгө зээлдүүлэх харилцааг үргэлжлүүлэх дүгнэлт гаргаж иргэд мөнгө, хөрөнгөө бусдад зээлж, түрээсэлж, түүнийхээ хариуд төлбөр, хүү авах боломж хэвээр үлдэж байна.

Энэ үйл явдлаас анзаарахад хөрөнгө гэж юу юм, тийм чухал зүйл юм уу гэх асуулт урган гарч ирж байна. Үндсэн хуульд иргэд хувийн өмч хөрөнгөтэй байж, түүнийгээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхтэй байдаг тухай заасан байдаг. Үүнийг иргэний заяагдмал эрх гэж үздэг. Гэтэл энэ заяагдмал эрхийг хуулиар хаах гээд байж. Манай зах зээл, эдийн засгийн эргэлт бол тэр чигээрээ хөрөнгө, мөнгөтэй холбоотой харилцаа. Гэтэл үүний нэг хэсэг болох иргэд хоорондын харилцааг хориглоод байсан нь өөрөө хууль бус байсан юм.

Заяасан эрх болоод олж авсан хөрөнгөтэй холбоотой үйл явцыг хааж боогоод байсан нь хачин. Хуучин нийгмийн үед байсан хоцрогдсон сэтгэхүйн үлдэгдэл өнөө бидний үед хүрч ирсний нэг илрэл л дээ. Хөрөнгөтэй хүн л бол буруу замаар баяжсан этгээд, хөрөнгө, мөнгө нь болбоос ариун бус аргаар босгосон зүйл мэтээр хөрөнгөтэй хүнийг харж, өөчилдөг манай нийгэм дэх буруу үзэл яван явсаар хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн хуультай болоход хүргэжээ. Хөрөнгө гэдгийг яагаад ч юм хууль бус гэдэг үл итгэсэн байр сууринаас хардаг хандлага өнөөдрийг болтол амь бөхтэй байгаад л хамаг учир байгаа юм. Хөрөнгөгүй хүн хөрөнгөтэй хүний замналыг ойлгохгүй, шууд л үл бүтэх этгээд гэж харддаг. Уг нь хэн ч бай амьд явах эрхтэй гэдэг шиг хөрөнгөтэй ч байх эрхтэй. Бурхан хүнд амь нас заяаж “За амьдраарай” гэдэг бол араас нь хоолтой байгаарай гээд хөрөнгийг нь илгээдэг гэдэг. Үнэндээ хоолгүй бол амьд явна гэдэг хэцүү. Ялангуяа манайх шиг ийм зах зээлийн нийгэмд хөрөнгө, мөнгөгүй бол урагш гишгэх боломжгүй. Гэтэл тэр хоол болсон хөрөнгийг нь битүүмжлээд “цоожилчихож” байгаа нь хүчээр өлсгөж байгаатай адил. Хүн бүхэнд ямарваа хэмжээгээр хөрөнгө байдаг. Тэрийгээ хоолоо олж идэх хэрэгсэл болгож амьдрал залгуулдаг нь бизнесийн л ухаан шүү дээ. Түүнээс биш шуналтайдаа хийдэг үйлдэл биш. Хүн бүр орчлонд дуу хадаан ирэхдээ өөрийнхөө хөрөнгийг дагуулж, буян хишгээ хамт авч ирдэг ч харин зарим нь салан баавгайн үлгэрт гардаг шиг “гээчихдэг” нь харамсалтай. Үүнээс л үүдэж хөрөнгөтэйгөө илүү үзэх хардлагын сэдэл үүсдэг.

Хүн хөрөнгөөрөө шударгаар ашиг олох эрхтэй. Энэ эрхээ эдлэх ёстой гэдгийг Үндсэн хуулийн Цэц харж, зүйтэй шийдвэр гаргалаа. Цэцийн энэ шийдвэр бол манай нийгэмд тогтчихоод байсан “Хөрөнгө бол муухай. Хөрөнгөтэй байх нь муу” гэсэн буруу хандлагыг тас цохисон үйл явдал боллоо гэж үзэж хүн хөрөнгөтэй байж, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй гэдгийг баталгаажууллаа гэж ойлгож болно.

Categories
мэдээ цаг-үе

Гантай Эль нино хуртай Ла нинагаар үргэлжилнэ

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн цаг уурын байгууллага Эль ниногоос үүдэлтэй ган гачиг энэ оны сүүлч, ирэх оны эхээр оргилдоо хүрэх төлөвтэй хэмээн мэдэгдэж байна. Өртөх магадлал өндөр улсын нэг нь Монгол гэж дүгнэжээ. Тодруулж хэлбэл ган болох өндөр магадлалтай улсын тоонд манай орон багтаад байгаа юм. Номхон далайн экваторын бүсэд үүсдэг цаг уурын үзэгдэл болох Эль нино нэлээд хүчтэй илэрч байгаа учраас өнгөрсөн зун агаарын температур Европт 40 градус, Ойрхи Дорнодод 50 градус давсан юм. Өнгөрсөн жил Монголын хувьд ч сайн байгаагүй. Газар тариалангийн голлох бүс нутагт ургац боловсрох үед хуурайшилт үүсч ургац алдсан тохиолдол гарсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага энэ удаагийн Эль нино Монгол, Филиппин, Индонези, Папуа-Шинэ Гвиней, Зүүн Тимор, Номхон далайн орнууд, Сомали, Этиоп зэрэг 18 улсад нөлөөлөх төлөвтэй гэж сэрэмжлүүлээд байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын прогнозоор 2015-2016 оны цочрол өгсөн Эль нино аажмаар суларч Ла нина болох магадлалтай байгаа гэнэ. Эль нино Ла нина болж шилжих явц нь 1997-1998 оны Эль нино аажмаар суларч улмаар Ла нина болсон явцтай нэлээд төсөөтэй байх бололтой. 1999-2003 онд үргэлжилсэн ган зудад 13 сая гаруй мал хорогдон ядуурлын хэмжээ хоёр дахин өсч байв.

ЭМЭЭХЭЭС АРГАГҮЙ ЭЛЬ НИНО

Европ тив бусад улсаас дулаан байдгийн шалтгаан нь тун энгийн. Далай дэлхийн уур амьсгалд нөлөөлдөг учраас л европчууд цаг уурын аятайхан орчинд тухтай амьдарцгаадаг. Номхон далайд үүсдэг цаг уурын хоёр үзэгдэл бий. Нэг нь Эль нино. Нөгөө нь Ла нина. Далайн гадаргын усны температур 0.5 градус болон түүнээс дээш хэмжээгээр халахад үүсдэг үзэгдэл бол Эль нино. Энэ үзэгдэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын цаг уурт ихээхэн нөлөөлдөг. Эль ниног хөрвүүлбэл “жаал хүү” гэсэн утгатай. Бүр тодруулбал “Христийн бага нас” гэсэн утгатай испани үг. Зул сарын баярын үеэр Өмнөд Африкийн баруун эрэгт ийм үзэгдэл тохиолддог учраас ийн нэрийджээ. Эль ниногийн эсрэг үүсдэг үзэгдэл нь Ла нина. Ла нина нь бяцхан охин гэсэн утгатай үг. Цаг уурчид өмнөдийн хэлбэлзэл хэмээдэг.

Эдгээр үзэгдлийг анх 1923 онд Гильберт Валкер гэдэг судлаач тодорхойлжээ. Эль нино, Ла нина таван сараас удаан хугацаагаар үргэлжилбэл үзэгдэл гэдэг юм байна. Өмнөдийн хэлбэлзэл голдуу өвөл үүсдэг гэнэ. Номхон далайн хэвийн нөхцөл гэж бий. Экваторын дагуух салхиар далайн бүлээн ус баруун зүг рүү шилжиж, Өмнөд Америкийн эргийн дагуу хүйтэн ус дээш шилжихийг ийн нэрийддэг байна. Хэвийн үед салхи бүлээн усыг Номхон далайн баруун зүг рүү зөөдөг, харин хүйтэн ус далайн гүнд Номхон далайн зүүн тийш шилждэг аж. Эль ниногийн үед харьцангуй бүлээн ус Өмнөд Америкийн эрэгт хүрдэг байна. Хүйтэн усны босоо урсгал байхгүйгээс агаарын температур нэмэгддэг юм байна. Харин Ла нинагийн үед харьцангуй дулаан ус жирийн үеийнхээс илүү хол баруун зүг рүү шилждэг гэж цаг уурчид тайлбарладаг.

Эль ниногоос үүдэлтэй ган гачиг 2016 оны эцэс 2017 оны эхээр оргил үедээ хүрнэ гэсэн сэрэмжлүүлэг бий. Уг үзэгдэл 2015 оны сүүлч, 2016 оны эхээр нэлээд хүчтэй илэрч байгаа аж. Энэ оны нэгдүгээр сарын эхээр гэхэд л АНУ-ын Калифорни мужид Эль ниногоос үүдэлтэй шуурга болж, багагүй хохирол учруулсан юм. Ази, Африк, Өмнөд Африк, Төв Америк, Номхон далайн бүс нутгийн 13 орны 60 гаруй сая хүн энэ оны эхээр Эль ниногоос болж өлөн зэлмэн амьдарч байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар Эль ниногоос үүдэлтэй ган гачиг, үер зэрэг байгалийн гамшигт өртсөн улс орнуудын 60 сая оршин суугчдад тусламж үзүүлэхэд 2.2 тэрбум ам.доллар шаардлагатай гэж өнгөрсөн сард мэдээлж байв. Энэ удаагийн Эль нино дэлхийн цаг уурын түүхэнд хамгийн их хор хохирол дагуулсан үзэгдэл болж байгааг НҮБ-ын шинжээчид анхааруулсаар байна. Эл ниногийн дараа Ла нина болбол байдал улам дордоно гэсэн сэрэмжлүүлэг давтамжтайгаараар цацагдаж байгаа юм. Гэхдээ аюул нь манай улсаас хол байх бололтой. Австрали, Индонези, Тайланд, Филиппин, Бразил, Колумби улсад ширүүн бороо орж, Уругвай, Аргентинд ган гачиг тохиолдоно гэсэн таамгийг дэлхийн цаг уурчид хэлж байна.

ЭЛЬ НИНОГИЙН ДАРАА ҮРГЭЛЖИЛСЭН ГАН БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ ГЭВ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэвээс Эль ниногийн талаар тодруулахад “Экваторын тэг гардусын өргөрөгийн бүсээс өмнөд хойд аль аль тал руугаа 15 градуст багтдаг хэсгийг тропикийн бүс гэж нэрлэдэг. Тропикийн бүсэд буюу Номхон далайд далайн гадаргын хэм олон жилийн дунджаас нэмэх тал руугаа хазайхыг Эл нинотой холбож ярьдаг. Далайн гадаргын хэм нэмэх болох үед тэнд далай агаар мандлын харилцан үйлчлэл явагдана. Энэ нь ялангуяа Индонези, Энэтхэг, Африк, Атлантын далай, Өмнөд Америк гэх мэт тропикийн бүсэд хамаарах улс орнуудын цаг агаарын уур амьсгалд нөлөөлдөг. Зарим бүс нутагт хуурайшилт, ган гачиг болдог. Харин зарим нутагт хэт их бороо орж, үерийн гамшиг тохиолддог. Тэгэхээр Эль нино нь тропикийн бүс нутгуудад илүү хамааралтай, шинжлэх ухаанд батлагдсан үйл явц юм” гэсэн хариу өгөв. Эль нино манай оронд яаж нөлөөлдгийг сонирхоход “Онолын хувьд авч үзвэл энэ үзэгдэл дундад өргөрөг, өндөр өргөрөгтөө харилцан үйлчилнэ. Манай орон харьцангуй өндөр өргөрөгт оршдог. Тиймээс энэ хамаарал байдаггүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улс яг Эль нино бүсэд хамаарна гэж тогтоогоогүй, батлагдаагүй. Гэхдээ хүчтэй Эль ниногийн үед олон жилийн дунджаас хэт их халалттай жил 2015 онд болж өнгөрсөн” хэмээн хариулсан юм. 1999-2002 он хүртэл дараалан дөрвөн жил их хуурайшилттай байсан нь Эль ниногийн сүүлийн тохиолдол гэнэ. Монгол Улс Эль нино бүсэд хамаарна гэж тогтоогдоогүй ч нөлөөлөл нь ирдгийг цаг уурчид үгүйсгэсэнгүй. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэв “Шинжлэх ухаанаар батлагдаагүй ч гэсэн өмнө нь болсон түүхээ харахаар магадгүй Эль нино жилдээ биш түүнээс хойших жилүүдэд Монголд дараалсан хуурай жил үргэлжилж магадгүй гэсэн дохио өгөөд байгаа. Тиймээс иргэд үүнд бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Эль нино тохиолдол нь агаар мандалд маш хүчтэй савлагаа бий болгочихвол магадгүй дараа жилээс манай оронд нөлөөлж олон жил дараалан ган гачиг, хуурайшилт болох магадлалтай. Ингэж таамаглах үндэстэй “ хэмээн санууллаа. Тэрээр Эль ниногийн эсрэг үзэгдэл Ла нинаг “Далайн гадаргын хэм нэмэх болж байсан бол энэ үзэгдлийн үед олон жилийн дунджаасаа хасах хэм болж өөрчлөгдөнө гэсэн үг. Ла нинагийн үед тропикийн бүсийн хамаарал сулардаг. Гэхдээ Ла нинатай жил манайд ганц, хоёр удаа тохиолдож ган гачиг болж байсан. Энэ гэхдээ бас л тодорхойгүй” гэж тайлбарлав.

ХАЛУУН ЗУН БОЛОХ НЬ

Зуны эхэн сар гараад багагүй хугацаа өнгөрсөн ч бороо цас холилдон орсон сэрүүн өдрүүд жиндээж байна. Сэрүүн өдрүүд мөдхөн дуусах бололтой. Учир нь цаг уурчид энэ жил халуун зун болно гэж онцолж байгаа юм. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэв “Дэлхийн дулааралтай холбоотойгоор жилээс жилд дулааны хэм нэмэгдэж байгаа. Халуун болох өдрийн тоо нь их байна гэсэн үг” хэмээн ярилаа.

Хур тунадас хэвийн, ордог хэмжээндээ орно гэсэн таамаглалыг цаг уурчид хэлж байна. Гэхдээ тэд улирлын ерөнхий мэдээллийг л өгч чадна гэдгээ онцолсон юм. Яг төдийд бороо орно, тэдэн хавьцаа хална гэж нарийвчлан мэдээлж чадахгүйгээ учирласаар байгаа. Тэгэхээр цаг агаарын мэдээллийг тухайн үед нь авахаас аргагүй юм байна. Цаг уурчид энэ жилээс цаг агаарын мэдээг сараар бүү хэл улирлаар урьдчилж гаргахаа болиод байгаа юм. Эль ниногийн таагдашгүй авир цаг уурчдыг дуугүй суухад хүргэсэн гэх таамаг үнэнд ойрхон байж мэдэх. Эль ниногийн нөлөөнд орсон газарт ган гачиг болох эрсдэл өндөр гэсэн сануулгыг энд дурдахад илүүдэхгүй байх.

ААШ НЬ ОЛДОХГҮЙ ЛА НИНА

Эль ниногийн араас залгах Ла нинагийн аашийг олоход бэрх ажээ. Эль ниногоос үүдсэн аагим халуун өдрүүд Ла нина эхлэнгүүт аадар бороо, үертэй өдрүүдээр үргэлжлэх гэнэ. Өмнөдийн хэлбэлзлийн нөлөөнд орсон улс орнуудын цаг агаар тогтворгүй байдаг юм байна. Дахин сануулахад манай улс өмнөдийн хэлбэлзлийн нөлөөнд шууд оршдоггүй. Гэхдээ хүчтэй илрэлтэй жил нь Эль нино, Ла нина шууд нөлөөлдгийг өмнө онцолсон. Бусад жилүүдэд нь “жаал хүү”, “бяцхан охин” хоёрын аюул аажуудаа нөлөөлдгийг цаг уурчид үгүйсгээгүй. Тэгэхээр Эль нино дуусах үед халуу шатаж, Ла нина шувтрах цагаар аадар цутгах магадлал өндөр гэсэн үг. Манай улс Ла нинагийн нөлөө хүчтэй илрэх бүсэд оршдоггүй болохоор аадарт дуртай Ла нина бидэнд төвөг удахгүй бололтой. Харин ч арай зөөлнөөр илэрч, ирэх зунаас хуртай жил үргэлжилнэ гэсэн таамаг давамгайлж байна.

Хуртай жил ирнэ гэсэн өөдрөг мэдээний зэрэгцээ санаж явахад илүүдэхгүй сэрэмжлүүлэг ч байна. 1999 оноос Эль нино суларч Ла нина үүсэх үеэр 2003 он хүртэл дараалан ган, зуд нүүрлэж, нийтдээ 13 сая мал хорогдсон, ургац алдсан, ядуу өрхийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэх хүсмээргүй статистик гарсан. Манайд 1631-1939 оны хоорондох 309 жилийн хугацаанд 89 удаа зуд тохиолдсон гэдэг. Олныг зутраасан зудын ес нь мичин жилд тохиож. Цаг агаарын хэмжилт хийж эхэлснээс хойш 17 удаа зуд болсны гуравт нь мичин жил таарчээ. Товчхондоо өнгөрсөн түүхийг харахад мичин жил бүр ган, зуд болдоггүй ажээ. Харин Эль нино үүссэн жилийн зун ган, Эль нино Ла нинад шилжсэн жилийн өвөл зуд болдог гэх дүгнэлтийг хийж болохоор байна. 2010 онд Ла нинагаас болж мянган жилд нэг тохиох хатуу ширүүн өвөл болно гэж баргийн зүйлд яаран дүгнэлт гаргадаггүй Японы цаг уурчид хэлж байв. Ла нина гэдэг нь зүүн өмнөд зүгээс хүчтэй салхи гарч, далайн урсгал баруун тийш хандсанаар далай тэнгисийн ёроолоос хvйтэн ус хөөрөн гарах үзэгдэл учраас өвөл нь хүйтэрдэг гэдэгтэй дэлхийн цаг уурчид санал нийлдэг.

Б.Маралмаа

Categories
мэдээ цаг-үе

Сагсан бөмбөгийн талбай дахь “РЕГБИЧИН”

Монголд хүү төрвөл бөх болно гэдэгтэй адил Бразилд хөлбөмбөгч, Канадад хоккейчин, Шинэ Зеландад регбичин болоорой хэмээн ерөөдөг байх. Яагаад гэвэл тэнд дээрх спортууд гоцолдог, хүмүүс нь түүнийгээ л үзэж баясч чаддаг учраас. Гэтэл ийм газар төрсөн, сайхан бие хаатай залуу “төөрч яваад” Америкт оччихсон сагсан бөмбөг тоглож бужигнуулаад, бас зүгээр бужигнуулаагүй, сайн багт “бух”-ын үүрэг гүйцэтгээд маналзуулж явна. Түүнийг Стивен Фунаки Адамс гэдэг. Хэдийгээр “Оклахома-Сити Тандер”-т ирээд гурав дахь жилээ өнгөрөөж байгаа ч гэлээ энэ жилээс л эр бие нь жагсаж олны нүдэнд өртөхүйц тоглолтыг үзүүлж байгаа. “Оклахома-Сити Тандер”-ийг уг нь Рассел Уэстбрук, Кевин Дюрантын баг гэдэг ч харин энэ жилийн плей-оффын тэмцэлд Адамс тэднээс дутахааргүй багтаа нэмэр болж байгаа тул онцолмоор санагдаад. Тэгээд ч дөнгөж 22 настай мөртлөө насандаа багтамгүй тайван тоглолттой, яаж ч зодуулж байсан хариуг нь барьж муудалцахгүй дээшээгээ зүтгэх, талбайн төвд өөртэйгөө адил болон бие, хүч, туршлага илүү “бухнууд”-тай байлдаж тэмцэж өөрийгөө нээж байгаа тул түүнийг хүндэлмээр, бусдаас гоцолж танилцъя, бусдад таниулъя гээд.

Адамсын эгч Валерия олимпийн хоёр удаагийн аварга

Стивен Адамс бол Роторуа хотод төрсөн “орги” зеланд хүн. Орги гэдгийн учир нь ээж нь Тонга арлын уугуул иргэн тул тэгж байгаа юм. Баруун гарынх нь шууг давсан шивээс нь энэ нутгийн дайчин эрсийн эрт дээр үеэс биедээ шивдэг байсан дүрс, зураглал. Харин аав нь бол Англиас ирсэн цэргийн хүн бөгөөд Адамсын 13 настай байхад ходоодны хорт хавдраар нас барсан юм билээ. Адамсын аав Сид нийт таван эхнэр сольж 18 хүүхдийн эцэг болсон хойноо хорвоог орхисон гэдэг. Тэр өөрөө их том биетэй эр байсан тул хүүхдүүд нь бүгд л биерхүү болж өсчээ. Эрэгтэй хүүхдүүдийнх нь дундаж өндөр хоёр метр, эмэгтэйгийнх нь 1.83 метр гээд бодохоор бас чамлахааргүй “материал” хайрлажээ дээ. Адамсын нэг эгч болох Валерия Адамс нь 2008, 2012 оны зуны олимпод бөөрөнцөг шидэлтээр дараалан алтан медаль хүртсэн, энэ зун гурав дахьдаа оролцоно гээд бэлтгэлээ базааж байгаа 31 настай од тамирчин.

Валериягаас гадна регби оролдож гайгүй тоглочихдог ах нар олон байсан тул Стивен 14 хүртлээ тэднийгээ дагаж гэрт тогтохгүй, гадуур гүйсэн сахилгагүй хүүхэд байжээ. Тэр олон ах нарынх нь нэг болох Уоррен Адамс улсынхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байсан бөгөөд гудамжаар гэр хийсэн дүүгээ хүмүүжүүлэхийн тулд төрөлх Роторуа хотоос нь Веллингтон руу нүүлгэж сагсан бөмбөгийн Scots Col­lege хэмээх дунд сургуульд өгчээ. 14 хүртлээ бараг бичиг үсэг сураагүй Стивентэй харин ч тэр сургуулийнхан сайн зууралдсан юм билээ. Номын дуу сонсож сайн хүмүүжсэн дүүдээ Уоррен баярлаж хувийн дасгалжуулагч хөлслөн бэлтгэл хийлгэсээр тун удалгүй Америк явуулж Питсбургийн их сургуульд шалгалт өгөөтүүлтэл тэнцсэн. Тэгээд тэндээ сурч байхдаа 2013 оны драфтад нэрээ дэвшүүлж 12 дугаараар “Оклахома”-д ирсэн билээ.

Адамсын ах, дүүс

Стивен Адамсыг шинэ цагийн хамгийн тайван төвийн тоглогч гэдэг. Мэдээж тэр регбиний орноос ирсэн тул олон бүдүүн хүн чихэлдсэн талбайд тохой, нударгаа ашиглаж тэмцэх хэрэгтэй гэдгийг мэднэ. LA Times сонин 24 дасгалжуулагчаас хамгийн бохир тоглолттой сагсан бөмбөгч хэн бэ гэж санал асуулга явуулахад Стивен хоёрдугаар байр эзэлж байжээ. Тэр түлхдэг, бас түүнийг түлхдэг. Гэхдээ африк гаралтай америк сагсан бөмбөгчдийг бодвол цохиулж нудруулах бүртээ хонзон санаж эргээд нүдэлцээд байдаггүй. Тийм ч учраас түүнийг Картер, Рэндолф, Уайтсайд гээд бүгд л дүрмийн гадуур нудрах юм, тэр ч тоохгүй гүйгээд л явчихна. Харин Грин хоёронтоо “эмзэг газар нь” өшиглөхөд яалт ч үгүй шалан дээр хэвтлээ. Гэхдээ уурлаагүй шүү. Ямар сайндаа түүний багш, цагийн сайханд НБА-ийн хамгийн бохир тоглогч байсан Перкинс нэгэн удаа “энэ Адамс их олон жил гахай хариулсан байх аа” гэж халаглаж байсан гэдэг.

Сагсан бөмбөгийн ачаар Адамс гэртээ үлдсэн ах дүү нараа бодвол олон сая ам.долларын гэрээ байгуулж баяжсан нь үнэн. Гэхдээ тэр оддын өвчин тусч тэнгэрт залраагүй, хүүхэд зангаараа, харсан үзсэн болгоноо магтаж гайхаж явах дуртай. Америкт түүнийг хамгийн их бишрүүлдэг зүйл нь эхэн үедээ онгоц байсан гэнэ лээ. Хувийн онгоцоор ниссэн тухайгаа “Найзууд аа, онгоц дотор ширээ байх юм. Тэгээд түүн дээр нь баахан идэх юм, гаазтай ундаа тавиастай. Тэр бүгд үнэгүй тул чөлөөтэй авч идэж болдог юм билээ. Онгоц хөөрөөд буух хүртэл хүссэнээрээ идэж болно” гэж бичиж байжээ. Түүнийг багийнх нь анд нар одоо хүртэл идэх хэмжээгээр нь барахгүй гэж ярьдаг. “Оклахома”-гийн бас нэг төвийн тоглогч Коллисон хэлэхдээ “Стивен нэг хоолны газар очиж идчихээд гараад дараачийнх руу нь орж байдаг юм. Энэ маягаараа тэр бүтэн өдөржингөө ч идэж чадна” гэж тодорхойлж байлаа. Багадаа нэг ахынхаа ферм дээр ажиллаж байхдаа дандаа өлсдөг байсан, тэр үеэсээ ийм их иддэг зуршилтай болсон гэх. “Ахын ферм дээр өглөөнөөс үдэш хүртэл ажиллачихаад амраад хэвтэж байхад амьдрал хичнээн сайхныг мэдэрнэ шүү дээ” хэмээн тэр нэг удаа сэтгүүлчид хэлсэн.

Адамс хаанаас гаралтай, хэний ачаар өдий зэрэгтэй яваа билээ гэдгээ мартдаггүй. Багийнх нь анд нар түүнийг киви аялгатай ярьдаг гэдэг бол “Оклахома”-гийн хөгжөөн дэмжигчид Тонга арал, Фунаки гэдэг нэрийг нь өхөөрдөж “Ste­ven Adams is a Funaking boss!” хэмээн хашгирна. Харин тэр өөрийнхөө хөлсийг дуслуулан байж олсон мөнгөө ах дүүс рүүгээ илгээхээ мартдаггүй. Бас амьдралыг нь тэгшилсэн Scots College дунд сургуульд нь суралцдаг авьяаслаг хүүхдүүдийн тэтгэлгийг хувиасаа гаргадаг юм билээ.

213 см-ийн өндөртэй, 116 кг жинтэй, гараа өргөөд зогсход 280 см хүрдэг 22 настай энэ хүүтэй хийсэн “шинэ цэргийн” гэрээ удахгүй дуусах бөгөөд ESPN-ийн судлаачид түүнийг тун удахгүй багаар бодоход дөрвөн жилийн хугацаатай 88 сая ам.долларын гэрээг үзэглэх нь энүүхэнд гэж бичиж байна. Бэртчихгүй бол энэ жилийн плей-оффын тоглолтуудыг яах аргагүй чимж байгаа хүүхэд дээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ