Categories
мэдээ цаг-үе

Олон “романтик” байшин

МЗЭ-ийн шагналт зохиолч П.БАТХУЯГ

Түүний үгүүллэг бүхнийг нэг, нэг байшин гэж үзье. Байшингуудаа тэр үнэн романтик сэтгэлээр босгожээ. Зарим байшинд нь муурнууд амьдардаг. Ядуу, өнчин хүүгийн өссөн булан, үхэгсдийн үнэр шингэсэн өрөөнүүд, хүйтэн хонгил, цантай цонх, ямар нэгэн үл мэдэгдэх хэлээр аймшигт, гунигт “түүх” хүүрнэх хана туурганууд, шалны зай завсраар булталзан гүйлдэх хархнууд гээд илүү сүнслэг оршихуйгаас бүтэх зохиомол ахуйг тэр бүтээжээ. Зохиолч нь содон дүрслэл сонирхогч, панк загварт дурлагч учраас үхлийн талаар их эрт том дүгнэлт хийх гэсэн оролдлого ч түүний байшингуудаар дүүрэн байна. Олон “романтик” байшинд гол нь тус тусдаа бүтээсэн түүх байна. Тэр түүхийг л хүүрнэх гэж шаналсан, шантарсан, шахагдсан, шаралхсан сэтгэл бүх үгүүллэгийнх нь бие сэтгэлийг босгожээ.

Тасралтгүй үргэлжлэх зүйл хүний ертөнцөд ховор. Заавал дунд нь ямар нэг хэмжээнд “тасалдал” үүсдэг. Тэрхүү тасалдлууд голчлон хувь хүний хүч боломжоос үл хамаарах зарим талаараа “давагдашгүй хүчин зүйлсээс”шалтгаалсан шинж чанартай байх нь бий. Нийгэм-антропологийн талаасаа тасалдал гэж хүчлэн нэрлэхгүй хүний сэтгэл зүй нь хэт тайвшралын “мөчлөг” гэж үздэг. Тайвшралын хам шинж уран зохиолын сэтгэлгээнд ч шууд нөлөөлдөг. Гэвч унтаа цаг үеийг даван туулахад хувь хүмүүсийн сэтгэл санаа, хүчин зүтгэл чухал. Тийм нойрмог ”хам шинжээс” салж онцгойрон товойх хүсэл эрмэлзэл (“Муурын байшингуудын түүх” 2016) номын үгүүллэгүүдийг бичихэд хүргэжээ. Шалтгаан ердөө энэ.

Уран зохиолын цаг хугацаанд ч “хоосон дүүргэлтүүд” буй. Харин энэ нэр томьёо ХХ зууны Монголын уран зохиолд илүү хамааралтай. Түүхэн үргэлжлэх цаг хугацаанд чамгүй өв бий болсон ч үнэ цэн багатай олон тооны бүтээлүүдийн “хоосон дүүргэлт” байсан юм. Одоо ч харамсалтай нь “хоосон дүүргэлтүүд” үргэлжилж байна. Өдөр болгон шахуу шинэ ном хэвлэгдэж, энд тэнд “номын нээлт” хийж гангарах ч олонх нь ердөө хоосон дүүргэлтийн хорт үргэлжлэл. Дүүрээд байгаа ч дотор нь юу үгүй уут мэт МУЗ (Монголын уран зохиол).

Тэгвэл тэр өөр зүйлийг эрэлхийлж байна. Хоосныг хоосноор дүүргэхийг хүсэхгүй байна. Тэгээд л огт ондоо, шинэ содон дүр, дүрслэл бүтээхийг зорьжээ. Мэдээж алдаа байна. Үгүүллэгүүд нь одоохондоо шинэ байхын хүслээр дүүрсэн учраас их харь сэтгэлгээгээр бичигдсэн санагдана. Хэт хуучинсаг талынхан түүний үгүүллэгүүдийг “монгол” биш, орчуулгын, хуулмал мэт гэсэн үгсээр удахгүй булах болно. Тэд шинэ юманд ямар нэгэн “нэр оноолт” өгөхдөө даанч сурмаг болоод чадмаг юмдаг.

Брем Стокерийн “Дракула” романы нөлөөгөөр бичигдсэн жихүүдэс төрөм дүрслэлүүдээр дүүрэн үгүүллэг ч байна. Эдгар Аллан Погийн хэрээ, талийгаачдын гунигт байдал, түүхчилсэн мэт эргэн дурсах бичлэг ч хэд хэдэн үгүүллэгийн “хүүрнэгч хэл”-ийг бүтээжээ.

Яг үүнтэй зэрэгцээд Сүмбэр ч чангаар хараал урсган хүүгийнхээ зүг сандран гүйж очоод гарт нь буй хархыг шүүрэн авч буржгар хүрэн үстэй жаалхүүгийн булцгар хацрыг алгадаж орхиход өнөөх амьтны “час час” хийх дуу гарах шиг боллоо.(Б.Алтанхуяг “Тоглоом”) гэсэн үгүүлбэрээс тэртээ ХХ зууны эхэнд зохиолч М. Горькийн бичсэн шүдэнзний хайрцганд жоом тэжээгч өрөвдөлтэй ядуу хүүгийн тухай үгүүллэгийн “зүрх шимшрүүлэм” дүр зураг ч сэтгэлд бууна. Хүүгийнхээ хацрыг алгадахад харх шовшрох (харх дуугарахыг шовшрох гэдэг байх хэмээн найдлаа) шиг “час час” дуу гарна гэснээрээ тэр ямартай ч сэтгэн бичих чөлөөт оролдлого хийж буйг харуулна. Гэтэл дүрслэн бичих түвшнээсээ холдож амжилгүй зохиолч нэр сүр хүртэгчдийн “сонгодог” хувь тавилан лав түүнийг тойрох нь тодорхой байна. Юутай сайн хэрэг.

Түүний олон “романтик” байшингийн ханан дээр сонин содон зүйрлэлүүдийг бишгүй сийлжээ. Байшинг бүтээгч ямар мэдрэмтгий, ажигламтгай болохыг гэрчилнэ. Үг эрхшээх нь кино найруулах, крант онгойлгох, камер зөөж гүйхээс огт ондоо үйл болохыг тэр ойлгуулах гэж алсдаа зовох биз. Үнэндээ үг эрхшээх хүч чадалд атаархагчид үг хэл гаргахдаа “Гагцхүү алчуурны дотор л түмэн одод нохойн соёо шиг яралзан үзэгдэх тэнгэр мэт баяр хөөртэй байх амой. (Б.Алтанхуяг “Хонгилоос гарахын өмнө”) зэрэг хэний ч илэрхийлээгүй этгээд “ажиглалтууд”-ыг дуу аван үгүйсгэдэг юм. “Нохойн соёо шиг яралзан үзэгдэх шөнийн одод гэж юу байсан юм. Хайран оддыг минь нохойн соёотой зүйрлэчихлээ” хэмээн гаслан гаслан толгой сэгсрэх болно. Тэд угтаа шөнийн тэнгэр, оддоо нэг их хайрласандаа харамсаж халаглаад байгаа биш ийм задгай сэтгэлгээтэй байсанд нь л хорсоно. Хэзээнээс тийм байсныг хэлээд ч яах билээ. Удалгүй тэр энэ бүгдийг ухаарч ойлгоно.

Гаднаас минь том төмөр цоож дарах тул мөөрөх дуу нь хүртэл гарахаа больсон хөгшин үнээ шиг мойног хуруунууд минь онгойлгож хүчрэхгүй. Тиймээс надад есөн давхрын цонхноос өөр хаалга алга даа. (Б.Алтанхуяг “Эхийн төлөвлөгөө”) гэжээ. “Мөөрөх дуу нь гарахаа байсан хөгшин үнээ шиг мойног хуруунууд” гэхээр яруу найргийн сэрэл мэдрэмжүүд түүний үгүүллэгүүдийн дотор оршиж байгааг анзаарч болно. Түгээмэл шахуу болсон “залуу хүн романтик байдаг” гэх хэвшмэл үзлээр ч биш төрөлхийн байж мэдэхгүй сэтгэлийн зүгээс орчлонт ертөнцийг олж харжээ. Олж харснаараа л романтик байшингуудаа өрж гарчээ. Анзаарахад нэг ч их ядарч цөхрөлгүй өрдөг байх гэсэн сэтгэгдэл төрнө. Бодол эргэцүүлэл, энэ насанд ахадмаар ухаарал түүний үгүүллэгүүдээс үнэт эрдэнийн ховор нандин шигтгээ мэт гялалзана. Нэгэнтээ Альбер Камюгийн “ Хөндлөнгийн хүн” (Ганбатын Лхагвадуламын орчуулгаар) туужийг дурлан дурлан уншаад “итгэл үнэмшил нь эмэгтэй хүний хувьд ширхэг үснээс нь хямдхан. Тэгээд ч үхсэн хүнээс өөрцгүй байж амьдарч байна хэмээн найдах хэрэггүй” гэсэн ганцхан үгүүлбэртэй сэтгэл дундуур хоцорч байсан юм. Дараа нь ч итгэл алдралгүй “Сүйрэл”, “Тахал” бараг бүгдийг нь л уншсан, сүйдтэй юм огт санагдаж байгаагүй. Цөөнгүй зохиолч хүрсэн алдар шигээ өндөр түвшний зохиолтой байдаггүйг бүгд мэдэх хойно.

Харин энэ хорин настай зохиолчийн үгүүллэгүүдээс “Ер нь эмэгтэй хүн нэг зүйлд дасахаар түүний төлөө бүхий л үнэ цэнтэй зүйлсээ золиосолж чаддаг. Магадгүй өөрийгөө авсан дотор хийгээд булшны нүх рүү гар, хөлөө хөдөлгөлгүйгээр сэтгэл зүрхээрээ орж чадах тийм их хүч чадал, нууцлаг увдис дотор нь бий гэдэгт итгэдэг учраас л охин чулуунд цохиулж суухдаа хөдөлдөггүй байсан байх. (Б.Алтанхуяг “Төгс царайт шулмын суурин) гэсэн арай л эрт хөхнөөсөө гарч, хөлд орсон “бодомжуудыг” уншиж болно. Харин энэ хүрээд толгой илэх явдал дуусав.

Бодот бодомжуудыг няцаая. Салхи байна. Ямар нэг хатуу биетэй тулаад хагарна. Гэвч хатуу биетийг хагалж гараад эргээд цул шинж рүүгээ нэгддэг. Тийм салхин чанар түүний үгүүллэгүүдэд бий. Тийм хувьсагч чанартай байх нь зохиолын сайн тал. Гэтэл эхлээд гишгэсэн аятайхан алхмуудаа эргэж хараад зохиолч өөрөө шүүрдэж орхино. Мөр ч үлдээхгүй. Энэ харамсмаар явдал. Үгүүллэгүүдийн дотоод тэнцвэржүүлэгч тогтворгүй хүрсэн уран сайхны шугамаа шууд алддаг. Бүх дүрүүд нь уян хатан сэтгэлзүйтэй. Үхэл ёрлогч, зовлонд хэмлүүлэгч, амьдралд нь гэрэл гэгээний хэлтэрхий ч байхгүй. Хий гансрагч, дэврүүн мөрөөдөмтгий, романтик гэхээсээ сентименталист гуниг улам улмаар цухалзана.

Ухаан орсон цагаас минь тавилгануудаа байрнаас нь огтхон ч хөдөлгөж байгаагүй жижигхэн өрөө, цагаан ор, ханын шүүгээ, арслантай авдар, хананд сураар боож тогтоосон хэрээний хошуу, яг хажууханд нь утаа зуусан цахиур буу өлгөөстэй, эмээ минь хэрээ шиг бөгтийн сууж, сарвуугаараа шаламгай гэгч эргүүлэн унталгүй өнждөг асан хөх модон ээрүүл, тоосгон пийшинтэй муурын байшинд би өссөн юм. (Б.Алтанхуяг”Муурын байшингуудын түүх) гэсэн ийм л эрин галавын гэмээр “ЭХЛЭЛҮҮД” элбэг тохиолдоно. Байшин ер нь нэг бариад суучихвал аюултай сууц. Салхи шуурганд л нурахгүй бол суугаад л байна. Ая тухтай байдалд нь хүн сэтгэл ханана. Түүнтэй адил олон зохиолчийн барьсан байшингууд нэг ижил хэмжээтэй, нил ягаан, улаан цэнхэр юмнууд болчихдог. Хаана нь ч орсон адилхан хана туурга, шал тааз. Уйтгартай биш гэж үү. Тийм олон өнгийн атлаа ганц загварын романтик байшинтай болчихвий гэсэн эмзэглэл төрөөд байгааг хэлэхээс өөр яах вэ.

Сүүлийн үед Гүндсанаагаас нэг бодол огт салахаа болив. Хаа ч явсан хүзүүнд нь олс дүүжлээстэй байгаад байх шиг. Уг нь анхандаа шидмэс төдий байсан ч өдөр хоног өнгөрөх тусам хэн нэгэн цамц шиг нэхээд байгаа мэт тийм нэгэн дүүжлүүр бодол дотор нь амилжээ. (Б.Алтанхуяг”Дүүжлүүр”) гэсэн Эдгар Погийн өрөө тасалгаанд суугаа мэт цөхрөл, хөөрхий муу бээрсэн ялаа, шавьж судлалын ном үзэхээр мөрөөдөх, бурхан хүмүүсийг буруу гараараа үйлдсэн гэх софист эргэцүүлэл, “Оршуулганд урьж байна”, “Цогцос шалгагч”, “Нэгэн оршуулгын түүх”, “Талийгаачийн гомдол” зэрэг орчуулгын зохиолын нэр шиг “ОРШУУЛГЫН” шийдлүүдээ орхивоос ононо.

Тэрбээр үргэлж урт хар цув өмсөж явдаг ба ижилхэн өнгийн шовгордуу хэлбэртэй ноосон малгайгаа зун ч толгойноосоо салгадаггүй. Хэтэрхий зожигдуу таны төсөөлж байсанчлан хар бараан бус цонхигор цагаан царайтай ба зүүн гартаа үргэлж төмөр торон дотор хийж хүнд модон цоожоор түгжсэн шилэн дэнлүү барьж явдаг байв. (Б.Алтанхуяг “Цогцос шалгагч) зэрэг абсурд жүжгийн ремарк шиг “ядуу” дүрслэлүүд ч чамайг гутааж мэднэ шүү.

Няцаах бодомжуудыг төгсгөе. Аз жаргал байна. Хүн бүхэн түүнийг хүүхэд насандаа ам дүүрэн чихэр бурмаар төсөөлдөг байжээ. Гэтэл аз жаргал халуун чинжүүнээс гашуун зүйл байв. Тэнэг ч гэмээр бодомж. Харин “Яагаад гэвэл би маргааш ч амьд байх болно гэдгийг хүүхэд насанд минь өгүүлшгүй их гаслан, уй гуниг, цөхрөлийн дээдийг олзлон авчирсан тэр л өдрүүдэд ойлгосон юм. Хайрын түүхүүд жаргалтай эхэлж жаргалтай төгсдөг. Гэхдээ бүгд биш л дээ. (Б.Алтанхуяг “Хайр хаанаас үүсэлтэй вэ”) гэсэн “ухаалаг” үгүүлбэрээр “гэхдээ бүгд биш л дээ” гэсэн ариун цагаатгалаар замыг нь тэгшилье. Эцэст нь “Эрхэм нөхөд өө, түүний олон “Романтик” байшингаар орж гарахад гэмгүй шүү.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Улаан хаант улс, Хойд Солонгосын хаанчлагч гурван үеийн Кимийнхэн”-ий тухай

БНАСАУ гэдэг дэлхий дээрх хамгийн нууцлаг, тэр хэрээрээ дэлхий нийтийн анхаарлыг татсан улс Солонгосын хойгт оршин байгаа билээ. Аймшигт дарангуйлалтай, цөмийн зэвсэгтэй, удам дамжсан засаглалтай энэ улсын талаар олон олон ном зохиол хэвлэгдэн гарсан. Эрхэм уншигч та бүхэнд энэ удаад ОХУ-ын дорно дахин судлаач, нийтлэлч, зохиолч Леонед Млечиний бичсэн “Улаан хаант улс, Хойд Солонгосын хаанчлагч гурван үеийн Кимийнхэн” нэртэй номын тухай товчхон дурдъя.

1950 онд эхэлж даруй гурван жил үргэлжилсэн Солонгосын дайны дараа тэр жижигхэн хойгт БНСАУ болон БНАСАУ гэх нэг үндэстний хоёр улс бий болсон билээ. Тэгвэл Хойд Солонгосын агуу их удирдагч, генерал Ким Ир Сен энэ улсыг хэрхэн байгуулсан болон түүний ээдрээт, адармаат намтрыг архивын олон арван баримт сэлтэд тулгуурлан бичиж гаргажээ. Их удирдагч болон түүний удмынхны Хойд Солонгосын иргэдээс нуудаг жинхэнэ намтар болон дайны үеийн нөхцөл байдлын талаар тун үндэслэлтэй гаргасан нь энэ номын онцлог гэж хэлүүштэй. Тус улсын үндэс суурийг тавин бэхжүүлсэн Ким Ир Сен хэрхэн яаж, ямархуу арга замаар тухайн үеийн ЗСБНХУ, БНХАУ-ын нөлөөллөөс ангижирч жинхэнэ хаант улсыг бий болгосон тухай ч энэ номд гарна. Засгийн эрх мэдлийг Ким Чен Ир-т шилжүүлэхийн тулд хэдий цорын ганц шахуу холбоотон болох Хятад ойлгож дэмжихгүй байсан ч бүхэл бүтэн 20 жилийг зарцуулсан зэрэг тухайн үеийн нөхцөл байдлын талаар нүдэнд харагдахуйцаар бичиж гаргажээ.

Удам дамжин өвлөгдөх хэмжээлшгүй их мэдлийг III Ким буюу залуухан Ким Чен Ун аваад удаагүй ч өөрийн гэсэн засаглалыг хэдийнэ бий болгож амжжээ. Хэдийгээр эцгээс хүүд уламжлагдан ирэх энэхүү эрх мэдлийг Ким Чен Ирийн ууган хүү авах байсан ч тэр хэтэрхий зөөлөн гэсэн шалтгаар жагсаалтаас гарчээ. Харин дараагийн хүү нь хэт зугаа цэнгэл хөөдөг төдийгүй янз бүрийн асуудалд их холбогдож, Японоос хүртэл буцаагдаж байсан тул нэр хүндэд нь туйлын муу хэмээн бас л “хаан ширээ” залгамжлах эрхээ алдсан бололтой. Ингээд эцэст нь Ким Чен Ун-д энэхүү учир битүүлэг улсыг захирах хувь заяа ноогдож. Түүнийг дэлхий дахин шинэчлэлтийг хийнэ гэж найдаж хүлээж байсан хэдий ч харин аав, өвөөгөөсөө илүү чанга гараар Умард Солонгосыг атгаж байна… Ким Чен Ир нас ахихын хэрээр хэт их илүүдэл жинтэй болж байлаа. Тэрээр энэ байдалдаа санаа зовнин жингээ хасахыг эрмэлзэж байсан ч ер нь болоогүй аж. Умардын анагаах ухааны салбар тэр чигтээ их удирдагчийнхаа эрүүл саруул байдлын төлөө ажиллаж байжээ.

Гэвч эрүүл мэнд нь ихэд доройтон 2008 оны наймдугаар сарын орчимд цус харваж, уг явдлаас хойш бие нь өөдөлсөнгүй. Түүний хүргэн Чан Сон Тэк төрийн бүх л үйл ажиллагааг хянаж явуулж байжээ. Харин Ким Чен Ирийн өвчин даамжирсны улмаас залгамжлагчаа тодруулахыг яаравчиллаа. Мэдээж бага хүүгийн намтар нь бас л туйлын бүрхэг. Яалт ч үгүй Швейцарьт хүний нэрээр сурч байсан, дараа нь өөрийн улсынхаа нийслэлд цэргийн сургууль дүүргэсэн гэх. Залгамжлагч 2010 онд генерал цол хүртлээ. Энэ үеэс л эхлэн тэрээр эрх мэдлийн барьцаа лавшруулсаар өнөөг хүрчээ. Түүнийг өвөөтэйгөө туйлын адилхан гэдэг бөгөөд үүнийг тэнгэрийн илгээсэн ер бусын заяа тавилан гэж үздэг тухай ч уг номд дурджээ. Дэлхий дээр үй олноор хөнөөх зэвсгийг атгаад сууж байдаг цөөн хэдэн орны нэг нь Умард Солонгос. Гэхдээ бүх эрх мэдэл гагцхүү нэг л хүнд төвлөрсөн, үүнийгээ ашиглах эсэхийг тэр ганцаараа л шийднэ. Тэдний улс төрийн гол үзэл санаа нь Жүчхэ буюу “өөрийн хүчинд итгэх”. Энэхүү номлолыг Ким Ир Сен боловсруулан гаргасан.

Уг үзэл санаанд зориулсан Азидаа хамгийн томд тооцогдох гэрэлт цамхаг өдгөө Пхеньян хотноо сүндэрлэн буй билээ. Цэрэг арми нэгдүгээрт гэж бүхнийг армидаа зориулдаг энэ улсын хүнд бэрхийн тухай өөр олон ном хэвлэлээс уншиж болох ч уншигч та илүү ихийг уг номноос уншиж үзнэ биз ээ. Номын талаар цухасхан зураглахад ийм байна.

Categories
мэдээ цаг-үе

Х.СанЧир: Бид Нью-Йорк хотод долоон том тоглолт хийсэн

Өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн урлагийн байгууллагуудын шилгүүдийг тодруулж “Мөнгөн мод” шагналыг гардуулсан билээ. Энэ жил шилдэг хөгжимчнөөр Улсын филармонийн хөгжимчин Х.Санчир тодорсон юм. 21 настай залуухан хийлч өнгөрсөн жилийн сүүлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд зориулан олон улсын залуучуудын оркестрын “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцож, “Дөрвөн улирал” бие даасан тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд хийснийг нь үнэлэн энэ шагналыг олгосон юм. Ингээд залуу уран бүтээлчтэй уулзаж ярилцсаныг сонирхуулъя.

-“Мөнгөн мод” шагналын эзэн болсонд баяр хүргэе. Та НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганд зориулан зохион байгуулсан олон улсын залуучуудын оркестрт орж эх орноо төлөөлөн тоглосон юм байна.

-Баярлалаа. 2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган болж байгаатай холбогдуулан анх олон улсын залуучуудын оркестрын тоглолтыг зохион байгуулсан. Үүнд би эх орноо төлөөлөн оролцсон. Энэ арга хэмжээ “Парти тоглож эх орныхоо дуу хоолой болъё” уриан дор болж өнгөрсөн юм.

-Энэ оркестрт оролцох хөгжимчдийг ямар шалгуураар сонгон авсан бэ?

-Шалгуурын хувьд гэвэл сурсан сургууль, тоглох ур чадварын түвшин зэргийг харгалзан үзсэн. Хөгжимчдийн явуулсан бичлэгийг зохион байгуулах багийнхан сонсоод сонгож авсан юм билээ. Би өөрийнхөө тоглолтын бичлэгээ явуулсан.

-Та нэлээд том шалгуураар орсон юм байна. Залуучуудын оркестрт хэдэн хөгжимчин оров?

-Нийт 70 орны 70 орчим залуу хөгжимчин орсон.

-Хийл бол оркестрын амь нь гэдэг. Хөгжимчид нь тэр дундаа хийлчид хэддүгээр эгнээнд сууж байгаа нь тэдний мэргэжлийн ур чадварыг илтгэж байдаг гэж болно. АНУ-д залуучуудын оркестрт тоглохдоо хэддүгээр эгнээнд суув?

-Хоёрдугаар эгнээнд. Биднийг очиход тоглуулж үзсэний үндсэн дээр суудал хуваарилсан. Намайг оркестрын хийлчдийн хоёрдугаар эгнээнд суулгасан. Хөгжимчдийн суудлыг тоглолт болгон дээр сольж байсан. Харин минийхийг өөрчлөөгүй.

-Мэргэжлийн хүний нүдээр харахад бусад орнуудын хөгжимчдийн ур чадвар ямар санагдав?

-Үнэнийг хэлэхэд анх очоод жаахан сандарсан. Ямар байх бол гэж санаа зовж, эх орныхоо нэрийг сэвтээхгүй юмсан гэж бодож байлаа. Эхний бэлтгэлийн дараа Монголын сургалт дажгүй юм байна гэсэн бодол төрсөн. Надаас тааруу ч, сайн ч хөгжимчид байсан.

-Залуучуудын оркестр Нью-Йоркт нийт хэдэн тоглолт хийв?

-Бид долоон том тоглолт хийсэн. Бүх тоглолт маань Нью-Йорк хотод болсон. Нью-Йоркийн Их сургуулийн задгай талбайд, алдарт Карнеги холлийн хамгийн том танхим зэрэг газруудад.

-НҮБ-ын байранд тоглолт хийсэн үү?

-Үгүй. Гэхдээ биднийг НҮБ-д оруулж үзүүлсэн.

-Америкт байхдаа дэлхийд алдартай хийлчтэй хамтран тоглосон гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?

-Бид мастер класс тоглолтууд хийсэн. Орос гаралтай Америкийн алдарт хийлчин А.Марковтой хамтран тоглохоос гадна хэдэн хөгжимчдийг шилж аваад нээлттэй хичээл заалгуулсан. Би Шостаковичийн хийлийн концертоор мастер класс буюу хичээл заалгуулсан. Дэлхийд алдартай хийлч үнэхээр өөр юм билээ.

-Хаанахын хийлч хамгийн сайн байв?

-Туркийнх. Оркестрын концертмейстер, ахлах тоглогч нь АНУ-д сурч байгаа Туркийн оюутан залуу байсан. Бидэнтэй гоцлол тоглосон. Үнэхээр сайн байсан.

-Та хэдэн онд сургуулиа төгссөн билээ?

-2015 онд Хөгжим бүжгийн коллежийг Г.Энхтуяа багшийн удирдлага дор бакалавр зэрэгтэй төгссөн. Оюутан байхдаа л Улсын филармонид гэрээгээр ажилладаг байсан.

-Хөгжим бүжгийн коллежид сурч байхдаа нэлээд хэдэн тэмцээн уралдаанд оролцож байсан гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?

-Анх 2005 онд Улаан-Үд хотод зохиогддог “Найдал” нэртэй олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд амжилттай оролцсон. Үүний дараа 2006, 2008 онд Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд мөн л амжилттай оролцсон. 2013 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит улсын хөгжимчдийн уралдааны тэргүүн байрт шалгарсан. 2010 онд Чехэд болсон олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд оролцож дөрөвдүгээр байранд орсон.

-Ойрын үед хийхээр төлөвлөж буй уран бүтээлийнхээ төлөвлөгөөнөөс сонирхуулаач?

-Найзуудтайгаа нийлээд утсан хөгжимчдөөс бүрдсэн “Солис” хэмээх хамтлаг байгуулсан. Бидний зорилго бол сонгодог тэр дундаа утсан хөгжмийн үнэлэмжийг Монголд дээшлүүлж, хүмүүст таниулах явдал. Мөн хүүхдийн боловсрол хэрхэн эерэгээр нөлөөлдөг зэрэгт анхаарна. Одоогийн байдлаар манай хамтлаг гурван удаа цуврал тоглолт хийчихээд байгаа. Мөн саяхан Улаан-Үдийн филармонид уригдан тэндхийн хөгжимчидтэй хамтарсан тоглолт хийсэн.

Categories
мэдээ цаг-үе

Анагаахын сургуулийн шилдэг оюутан Олдохын БАЯСГАЛАН

Олдохын Баясгалан нь 2010 онд “Эрэл” дунд сургуулийг төгсөн АШУИС-д элсэн ороод “Хүний их эмч” мэргэжлээр улаан дипломтой төгсжээ. Цаашдаа тэрээр нөхөн үржихүй буюу эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэших сонирхолтой аж. Түүний аав, ээж нь хоёулаа эмч бөгөөд аав Олдох нь Уламжлалт анагаах ухааны их эмч. Ээж Дэлгэрмаа нь Хавдар судлалын үндэсний төвд ажилладаг.

Анх Баясгалан аав, ээжийгээ хараад л эмчийн мэргэжил сайхан юм гэж бодож, энэ мэргэжлийг эзэмшихийг хүсчээ. Чиний хувьд эмчийн мэргэжлийн юу нь сайхан бэ гэж асуухад тэрээр торох юмгүй “Эмч бол бие, сэтгэлийн маш их ачаалалтай ажилладаг ч үргэлж хүний төлөө явдаг нь таалагддаг” гээд сайн эмч болохын тулд эхлээд сайн хүн болж төлөвших нь чухал, баян ядуу гэж хүмүүсийг ялгахгүйгээр бүгдэд нь ижил тэгш үйлчилдэг эмч болно доо гэж хэлсэн юм. Тэрээр хөдөөд өрхийн эмч нар их дутмаг байдагт сэтгэл зовниж явдаг ажээ. Дадлага хийж байсан өрхийн эмнэлгээс нь ч түүнд манайд ирж ажиллаач ээ гэж санал тавьжээ. Гэвч тэрээр цаашдаа мэдлэг боловсролоо улам дээшлүүлж, сонирхсон чиглэлээрээ гадаадад нарийн мэргэжил эзэмшихийг хүсч явдгаа нуусангүй. Тиймдээ ч Европын хэд хэдэн сургууль руу хүсэлтээ явуулж, ямар хариу ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа аж.

Тэрээр өмнө нь ч гэсэн тэтгэлэг авч байсан туршлагатай учир болж өгвөл тэтгэлэгтэйгээр сурахыг хүсч байгаа аж. Монголд сурахдаа эхний хоёр жилийнхээ сургалтын төлбөрөө эцэг, эхээрээ төлүүлсэн бөгөөд бусдыг нь өөрөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын салбар байгууллага болон олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэгт орчуулагчаар ажиллаж төлжээ. Мөн “Голомт” банкны “Шилдэг 100 оюутан” тэтгэлэгт хамрагдаж тэтгэлэг авч байсан ба сургуулийнхаа захирлын нэрэмжит тэтгэлгийг хоёр жил дараалан авч байсан шилдэг оюутан юм. Ер нь аав, ээжийнхээ гарыг харахгүй өөрөө л болгохыг хүсдэг дээ гэж тэрээр даруухан өгүүлж байв.

Тэрээр “Бүдүүн, шулуун гэдэсний хавдартай өвчтөнүүдэд эмийн мэдрэг чанарыг үнэлэх нь” сэдвээр оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцож дэд байрыг эзэлж байжээ. Мөн АНУ-ын болон Японы Засгийн газрын тэтгэлэгтэй оюутан солилцооны хөтөлбөрөөр зуны амралтаараа хоёр сарын хугацаатай гадаадад сурч олон орны найз нөхөдтэй болжээ. Тэрээр бүх тэтгэлгээ интернэтээр өөрөө хайж бүртгүүлэн эссэ бичин, ярилцлаганд орж хамрагддаг байжээ. Түүний шилдэг оюутан болсон нууц нь цагаа зөв төлөвлөх гэнэ. Тэрээр долоо хоногийн сүүлийн өдөр дараа долоо хоногийнхоо ажлуудыг төлөвлөөд биччихдэг байжээ. Зүгээр суухын оронд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг байсан нь өнөөдрийн амжилтад хүрэхэд нөлөөлжээ. Ангийнх нь 14 оюутан энэ жил бүгдээрээ мөр зэрэгцэн төгссөнд баяртай байгаа аж. Дунд сургуульд байхад нь англи хэлийг гүнзгийрүүлэн зааж, чөлөөт цагаараа өөрөө англиар ном уншиж, кино үздэг байсан нь түүнд хэлээ сайжруулахад их нэмэр болж, өнөөгийн түвшинд орчуулга хийж байгаад нь нөлөөлжээ.

Тэрээр чөлөөт цагаараа ном унших их дуртай бөгөөд Лев Толстойн “Анна Каренина” хамгийн дуртай номнуудын нь нэг гэнэ. Оросын соён гэгээрлийн үеийг харуулсан болохоор их таалагддаг гээд Лев Толстойн “Дайн ба Энх”, Булгаковын “Мастер Маргерита хоёр”, Набаковын “Лолита” … гэхчилэн олон зохиол уншсан даа гэж ярьсан нь түүний бусдаас ялгарах онцлог мэт санагдаж байлаа. Манай сургууль гэж үргэлж ярих тэрээр жилээс жилд оюутнуудынхаа сурах орчинг сайжруулж, хэрэгтэй багаж хэрэгслүүдээр байнга хангадагт нь сургуулийн захиргаандаа баярлаж явдгаа илэрхийлээд Монголын бүх шилдэг эрдэмтэн багш нар хичээл заадаг сургуулиараа бахархаж явдгаа бидэнд хэлсэн юм.

О.ӨНӨРЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Сандерс хурандаагийн нээсэн түргэн хоолны Ресторан

Дэлхий даяар маш олон түргэн хоолны
сүлжээ ресторан үйл ажиллагаа явуулдаг. “Forbes” сэтгүүлийн нэрлэсэн дэлхийн хамгийн
амттай түргэн хоолны сүлжээ ресторануудад зүй ёсоор “Yum! Brands”-ийн сүлжээ
KFC ресторан ордог. KFC дэлхий даяар 11798 сүлжээ ресторантай юм байна. АНУ дахь
хамгийн анхдагч түргэн хоолны сүлжээний нэг болох KFC-г Гарлан Сандерс жар гарсан
хойноо үүсгэн байгуулсан билээ. Сандерс 1890 оны есдүгээр сарын 9-нд тарчиг амьдралтай
олон хүүхэдтэй айлд мэндэлсэн байна. Түүний аав хүмүүсийн зараалаар ажил хийж шанд
нь жаахан мөнгө олдог байв. Гэр бүлээ тэжээдэг байсан аав нь түүнийг зургадугаар
ангид байхад нь зуурдаар өнгөрч ээж нь ажил хийдэг болжээ. Энэ үед л Сандерсын хоол
хийх авьяас анх илэрсэн байдаг. Тэрээр KFC түргэн хоолны цэгээ нээхээс өмнө тун
ядмаг амьдарч иржээ. Ердөө зургадугаар ангийн боловсролтой тэрээр 40 нас хүртлээ
дугуй зарж, галт тэргэнд галч хийж, цэрэгт алба хаан, фермерийн туслах, кондуктор,
түгээгчийн ажлыг ч хийж үзсэн байдаг. Гэвч тогтож удаан ажилласан газар нэг ч байсангүй.
Гэр бүл нь зутруу амьдардаг байсан ч эхнэр нь нөхөртөө итгэл алдарсангүй, хүнд бэрхшээлийг
давж гарах гэж нөхөртөө чадахаараа тусалж байжээ. 1930 онд Сандерс авто засварын
газар нээж, үйлчлүүлэгчдэдээ зориулсан жижигхэн цайны газар нээх хэрэгтэй гэж шийджээ.
Ингээд авто засварын газрын жижигхэн нэг өрөөг цайны газар болгосон байдаг. Анх
өрөөнд ширээ, зургаан ширхэг сандал л байсан аж.

Сандерс өөрөө гэрийнхээ галын өрөөнд
хоолоо бэлддэг байжээ. Үйл ажиллагаа эхлээд удаагүй ч түүний авто засварын газар
цайны газрынхаа шарсан тахиагаар Кентукки муж даяар алдартай болжээ. Шарсан тахиаг
“Гарлан Сандерсын шарсан кентукки дэгдээхэй” гэж нэрлэсэн байна. Энэ нь хожим
KFC буюу “Kentuсky fried chiсken” нэртэй болсон юм. Тахиаг амтлахын тулд Сандерс
11 нэр төрлийн орцтой тусгай амтлагчаар амталсан байна. 1937 он гэхэд Сандерс
“Sand­ers Court & Cafe” нэртэй замын буудал, түргэн хоолны ресторан нээсэн аж.
Сандерс 1950-иад он гэхэд өөрийнхөө шарсан дэгдээхэйг Америкийн бусад олон зоогийн
газраар зарах болжээ. Улмаар 1960 он гэхэд бүх Америк даяар хэдэн зуун зоогийн газар
Сандерсын үйлчилгээг авдаг болсон байв.

Түүний армид хийсэн гавьяаг хожим
үнэлж “Кеттуккийн хурандаа” цолоор шагнасан байдаг. Тэрээр хурандаа болсноосоо хойш
хувцаслалтдаа анхаарч тухайн үеийн сонгодог хувцас болох цагаан костьюм, хар эрвээхэй
зангиа зүүдэг болжээ.

Энэ нь одоо бидний мэдэх KFC түргэн
хоолны газрын логон дээр байрлах өвгөн аж. Тэрээр тэтгэвэрт гарах хугацаагаа 10
жилээр хойшлуулсны үр дүнд Америк болон Канад улсад 600 франзайч ресторантай болсон
байв. Сандерс 1980 онд 90 насандаа бурхны оронд заларсан байдаг. Тэрээр сүүлийн
жилүүдэд өөртөө анхаарч аяллаар явж, эхнэртэйгээ “Claudig Sander’s Dinner
House” рестораныг ажиллуулж байв. Харин түүний KFC түргэн хоолны ресторан төдийлөн
ашиг олохгүй байсан ч Сандерсыг өнгөрснөөс хойш ч компанийн түүх унтраагүй юм. Сандерсаас
хойш түүний компанийг “Pepsi.Сo” эзэмшиж байсан бол өдгөө “Yum! Brands” компани
эзэмшиж байна. Дэлхийн 130 гаруй оронд өдөрт 98,5 сая гаруй үйлчлүүлэгчид баяр хөөр
авчирсаар байгаа KFC нь 2013 оны тавдугаар сард Монголын хэрэглэгчдэдээ албан ёсоор
үүд хаалгаа нээсэн. Нээгдсэн цагаасаа хойш амтат шарсан тахианд дуртай хүн бүхний
сайшаалыг хүртсээр өдгөө найман салбараа амжилттай нээн үйл ажиллагаагаа явуулж
байна.

Categories
мэдээ цаг-үе

Ямаа самнахаар хотоос Алтанбулаг суманд очсон залуу нутгийн иргэний аминд хүрчээ

Төв аймгийн Алтанбулаг суманд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Хэргийн мөрөөр Алтанбулаг сумыг зорилоо. Тус сум Улаанбаатар хотоос 52 км-ийн зайд орших бөгөөд сумын төвийн чанх хойгуур Туул гол урсдаг. Алтанбулаг сумын Засаг дарга Б.Цэрэнбат ажлаар хот явсан учир Засаг даргын орлогч Н.Батмөнх дарга бидэнд сумынхаа талаар танилцуулав. Тэрээр 1999 оноос хойш сумандаа ажиллажээ. Өмнө нь Засаг дарга, Тамгын газрын даргын албыг хашиж байжээ. Албан бүртгэлээр сум 3084 хүн амтай. Хустай байгалийн цогцолборт газар, Олон улсын энхийг сахиулах төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги зэрэг томоохон байгууллагууд үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор 2000 орчим түр оршин суугч суманд харьяалагддаг байна. Тиймээс нутгийн ихэнх иргэн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд үүнийг дагасан үйлдвэр, үйлчилгээ явуулж амьдралаа залгуулдаг. Бусад сумтай харьцуулахад ажилгүй иргэд бага. Сүүний үйлдвэр, бяслагны үйлдвэр, сүү хөргөлтийн үйлдвэр, эсгий эдлэлийн үйлдвэр гээд жижиг дунд үйлдвэр олон бий. Эдгээр үйлдвэрүүд сумынхаа иргэдийг тодорхой хэмжээгээр ажлын байртай болгож байна. Мөн Туул голыг түшиглэн чацаргана зэрэг жимсний аж ахуй эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж хэд хэд байдаг юм байна. Энэ жил сумын 80 жилийн ой тохиож байгаа аж. Сумынхан ойдоо бэлтгээд нэлээд хөл хөдөлгөөнтэй байв.

СЭЖИГТЭН ТАЛИЙГААЧИЙН ЦЭЭЖИН ТУС ГАЗАР НЭГ ХУТГАЛЖ, УЛМААР АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ

Ер нь бол жилийн дөрвөн улирал идэвхтэй амьдрал буцалж байдаг сум бололтой. Ажилгүй иргэд ховор учраас архидан согтуурах дүр зураг, элдэв янзын гэмт хэрэг ч төдийлөн гараад байдаггүй тухай нутгийнхан ярьсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус суманд гарсан хүн амины ноцтой хэрэг нутгийн олныг нэлээд цочроогоод байна. Алтанбулаг сум Сумт, Аргал, Алтан-Овоо, Замт гэсэн дөрвөн багтай. Сумт нь төвийн баг бол үлдсэн гурав нь хөдөөгийн баг. Алтан-Овоо багийн нутагт уг хэрэг гарсан гээд байгаа. Угтаа хэрэг сумын төвд гарчээ. Хэрэг сумын төвд иргэн Т-ийн гэрт үйлдэгдсэн байна. Иргэн М, П нар маргалдаж улмаар нэгнийхээ аминд хүрчээ. Талийгаач М 30 гаруй настай. Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрт нутагладаг малчин аж. Тухайн өдөр сумын төвд орж ирээд таньдаг найз нөхөдтэйгөө уулзаж ганц, хоёр шил архи уусан гэх. Ингээд П-тай шалихгүй асуудлаас болж үл ойлголцоод салжээ. П-г унтаж байх үеэр М гэрт нь орж мотоциклийн каск буюу малгайгаар цохиж авсан бололтой. Дуг нойрондоо дугжирч байхад нь гэнэт цочоож сэрээсэнд П уурсан босч ирээд хариу цохилцож ширүүн маргаан үүсч улмаар хутга аван талийгаачийн цээжин тус газар хутгалж аминд нь хүрчээ. П хүний аминд хүрсэн гэдгээ гэнэт ойлгож шоконд орж улмаар амиа хорлохыг завдаж өөрийгөө хутгалжээ. Энэ үеэр ойр хавьд байсан хүмүүс М-ийг эмнэлэгт хүргэж, цагдаад дуудлага өгчээ. Харамсалтай нь түргэн тусламж ирэхэд М аль хэдийнэ амьсгал хураасан байсан ба сэжигтэн П их хэмжээний цус алдаж байсан гэх мэдээлэл байна. Ингээд сэжигтэнг эмнэлэгт ирэхтэй зэрэгцэн сумын хэсгийн төлөөлөгч иржээ. “Хэрвээ маргаан үүсч зодоон болох үед дуудлага өгсөн бол ийм байдалд хүрэхгүй байсан. Утсаар залгаж дуудлага өгч болдоггүй юм гэхэд гүйж ирээд яагаад дуудлага өгчихсөнгүй вэ” гэж хэсгийн төлөөлөгч ярьж байсан. Хэрэг болсон газар хэсгийн төлөөлөгчийн байрнаас хэдхэн гудамжны цаана байжээ. Сэжигтэн П нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн. Өдгөө 28 настай тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тус суманд ямаа самнахаар ирээд байсан нь энэ юм. Энэ хугацаанд хамаатныхаа айлд байрлаж байжээ.

ТАЛИЙГААЧ ЧАМГҮЙ САЙН УЯАЧ БАЙЖЭЭ

Талийгаач М эхнэр хүүхэдтэй, тогтсон амьдралтай нэгэн байж. Эцэг, эхээс ах дүү олуулаа. Удам залгасан малчин төдийгүй хурдан морь уядаг уяач хүн гэдгийг таньж мэдэх хүмүүс ярьж байна лээ. Түүний уясан хурдан хүлэг сумандаа төдийгүй томоохон уралдаанд айрагддаг байж. Залуу хөдөлмөрч, ажилсаг нэгэн байжээ. Нутгийн хүмүүс ч М-ийг даруу төлөв зантай, олон таван үггүй гэдгээр нь андахгүй. Зарим нь “Би лав өдий олон жил энэ суманд амьдрахдаа түүнийг архи уучихсан согтуу явсныг харж байгаагүй” гэж ярьж байгаа бол зарим “Овоо хэдэн малтай. Амьжиргаатай, томоотой залуу л санагддаг. Хоорондоо шалихгүй зүйлээс болж муудалцсан гэсэн. Хайран сайхан залуу” гэв. Насаараа тус нутагт амьдарсан нэгэн хөгшин “Ганц юм хувааж уугаад хүний аминд хүрч байдаг яасан их омог вэ. Энэ залуус сүүлийн үед их омогтой болж. Сав л хийвэл ална, тална гээд хутга шөвөг барьдаг болчихож” хэмээн нэлээд бухимдангуй өгүүлэв. Ер нь энд ойрын хэдэн жил ноцтой хэрэг гарч байгаагүй гэнэ. Гэвч өнөө жил ийн хоёр дахь хүн амины хэрэг тус суманд гараад байна. Өнгөрсөн өвөл мөн нэг залуу хүргэнээ хутгалж аминд нь хүрсэн хэрэг гарсан байна. Хүргэнтэйгээ таарамжгүй харилцаатай байсан нь хэрэг гарах гол шалтгаан болсон гэх. Он гарсаар хоёр ч ноцтой хэрэг гарсанд нутгийн иргэд ч их түгшиж шөнө, орой гэрээсээ гарахдаа эмээх болсон талаар ярив.

ХОТТОЙ ОЙРХОН БОЛОХООР ЭЛДЭВ ЯНЗЫН ХҮМҮҮСИЙН ХӨЛ ТАСАРДАГГҮЙ

Сүүлийн үед Алтанбулаг суманд онц ноцтой хэрэг мэр сэр гарах болжээ. Саяхан тус сумын нутаг дэвсгэр Булгийн тохой гэх газраас шатсан цогцос олдож нийгэмд нэлээд шуугиан дэгдээсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат 50 гаруй хоёр хүү нь бүлэглэн амь насыг нь хороож улмаар шатаасан болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг. Биокомбинат, Шувуун фабриктай залгаа орших суманд гаднаас чиглэсэн элдэв хүмүүсийн хөл хөдөлгөөн тасардаггүй бололтой. Ялангуяа малын хулгай их гардаг байна. Биднийг очих үеэр сумын хэсгийн төлөөлөгч малын хулгайн араас мөрдлөг хийхээр яваад эзгүй байв. Алтанбулаг сум малынхаа тоогоор дээгүүрт бичигддэг. Тиймээс мал тэвээрэг авах үеэр хэсгийн төлөөлөгчид малын хулгайн дуудлагаар тасардаггүй гэсэн. Нийслэлээс машин тэрэг хөлөглөн бэлтгэлтэй гарсан хулгайч нар айлын адуу, үхэр шөнөөр тууж гол гатлуулан баруун тийш дамнуулан тууж зам дагуух томоохон гуанз, цайны газруудад нийлүүлдэг гэх мэдээлэл ч бий.

СЭЖИГТЭН ЮУНЫ УЧИР ХҮНИЙ АМИНД ХҮРЭВ

Сэжигтэн П ямар учраас хүний аминд хүрсэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байна. Түүнийг саатуулаад байгаа бөгөөд хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Нутгийн хүмүүсийн ярьж буйгаар талийгаач сэжигтэн хоёр бие биенийгээ танихгүй гэнэ. Тухайн өдөр хэдэн хүнтэй нийлж архи ууж, дарвих үед сэжигтэн хамт байсан бөгөөд улмаар согтуу хүмүүс нэгнийхээ үгэнд гомдож, үл ойлголцол үүссэн байж болзошгүй. Маргаан ширүүсч хэрэг гарах шалтгаан болсон гэх. Зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаач цээжиндээ дөрөв хутгалуулж амиа алдсан гэж байгаа бол албан эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн талийгаачийн цээжин тус газар нэг хутгалсан нь амин тус газар нь тусч үхлийн шалтгаан болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хагас зууны өмнөх Цэцэрлэг хотын сурагчид

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд нэгэн мянга есөн зуун жаран зургаан оны зун Архангайн Цэцэрлэг хотын арван жилийн сургуулийн 10а ангийг төгссөн, эдүгээ далан насны даваан дээр гарцгаасан “охид, хөвгүүд” уригдсан юм. Тэд Цэцэрлэг хотын үйлдвэр сургалттай арван жилийн сургуулийн хоёр дахь төгсөлт бөгөөд төгсөхдөө “автомашины онол ба дадлагыг эзэмшсэн тул авто жолоочийн мэргэжлийн гэрээ олгов” гэсэн үнэмлэх авцгаасан байна. Тус сургуулийн б, в, г бүлгүүд тарактор-комбайнч, радио-техникч, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн гэрчилгээтэй төгссөн. Тухайн үед аймагт төвийн арван жил, Тариат, Эрдэнэмандалын арван жилийн сургуулиуд байсан бөгөөд бусад сумд дунд, бага сургуультай, сумандаа долдугаар ангиа төгсөөд аймгийн төвд наймдугаар ангид ирж суралцдаг байж. Долдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хот руу техникумд, ЗХУ руу ТМС-д явж суралцана. Зарим нь наймдугаар ангидаа дэвшин орж, аравдугаар ангиа төгсөөд хотод ирж элсэлтийн шалгалт өгдөг байв. Тэднийг аравдугаар анги төгсөх хавар “Арав дахь хавраа үдье” дуу гарч байжээ. “Угтах зам минь хаагуур зурайна вэ” хэмээн сэтгэл догдлон дуулцгааж, үүрнээсээ ниссэн шувуухайнууд шиг тал бүр тийш одоцгоосон тавин жилийн тэртээх өдрүүдийг сэтгэл догдлон дурсацгааж байв.

Манай сургууль хоёр давхар цагаан байшинд байрладаг байжээ. Урлаг, спортын заал, дотуур байр, хоолны газар, түлээний хашаа, гар худаг, пионерын шугам жагсаалын талбай, биеийн тамирын талбай, амьтны хүрээлэнгийн байр (тэнд үнэг, чоно, согоо, гахай тэргүүтэн байрлаж сургууль хариуцан маллаж тэжээдэг байжээ), номын сан, бүгд сэтгэл зүрхэнд илхэн байна. Бид төгсөх шалгалтдаа бэлтгэхдээ нутгийнхаа ”Булган” уулын хормойгоор, горхины эргийн захаар сууж хичээл уншдаг байлаа. Мөн “Цогт тайж” кинонд гардаг арслан цохионы тэр хавьд очдог байсан” хэмээн дурсацгаалаа.

Энэ ангид (наймдугаар ангид) Хотонт сумын С.Лхагважав, О.Далхжав, Даваасүрэн, Дүрэвжав, Аранжил, Хандсүрэн, Аюуш гээд сурлага сайтай, урлаг спортын авьяастай олон хүүхэд байсан байна. Бага ангидаа хөвгүүд нь хөх, охид нь ногоон өнгийн даалимбан даавуугаар хийсэн тэрлэг өмсдөг, пионерын гал улаан өнгийн зангиа хүзүүндээ зүүгээд, улаан таван хошуутай даавуун цүнхээ үүрч гангарч явдаг байжээ.

“Хөдөө сумаас ирсэн хүүхдүүд ихэнх нь дотуур байранд суудаг, нэг тогооноос хооллож нэг гэр бүлийн хүүхдүүд шиг байсан нь сайхан байлаа. Ахлах ангийн сурагчид ууланд явж, сургуулийнхаа түлээг бэлтгэнэ. Түлээгээ ачиж авчраад хөрөөдөж хагалаад түлэхэд бэлэн болгоно. Түлээний хашаанд шинэс модны холтос зомгол хуралдсаар, хөвд, хөвөн шиг зөөлөн, цаанаа нэг дулаахан байдагсан. Тэнд тэвэг өшиглөж тоглодог, модноос бохь авч зажилдаг байлаа (одоогийнх шиг бохь байхгүй байсан). Бидний үеийн хүүхдүүд гэр орондоо ус, мөсөө авна, түлээ түлшээ бэлдэнэ, хувцас хунараа гараараа угаана. Мөн зуны амралтаараа мал маллаж, аргал түлээнд явна гэх зэргээр биеийн хүчний ажил хийж байгаль дэлхий, газар устайгаа их харилцдаг байж дээ. Хөдөөд одоогийнх шиг тохилог орон сууц ч байсангүй. Цагийн жамаар жил өнгөрөх тусам бид чинь цөөрсөөр л байна. Биднийгээ хүний дайтай явахад хүч хөдөлмөр, оюун ухаанаа шавхсан багш нарыгаа байнга дурсаж явах юм даа” хэмээн С.Цэрэндорж гуай хуучиллаа.

Ангийн багш М.Цэндээхүү нь түүх нийгмийн багш. Цомхон алхаа гишгээтэй, цэвэр цэмцгэр хувцасладаг, зөөлөн ааш зантай, дунд эргэм нуруутай, улаа бутарсан хацартай хүн байж. Дутагдал гаргавал хатуухан загнана. Тооны багш Дэмбэрэл, С.Нэргүй нар хичээлээ тун ойлгомжтой заадаг байсан гэж эдний ангийнхан магтаж байлаа.

Энэ үед тэдний сургуулиас олон мундаг тооны багш төрцгөөсөн байна. Уран зохиол, монгол хэлний багш Сэнгэжав, Бямбаа гуай нар ухаан сэтгэлд харагдтал ярьдаг байж. Орос хэлний Чулуун, шугам зургийн Тооной, физикийн Очирбат, биеийн тамирын Ядамсүрэн, химийн Дагвадорж, авто жолооны Цэнджав гээд олон арван сайн багшийн шавь болж явснаараа бахархаж явдаг гэж ярив. Сургуулийнх нь захирал Гэгээрлийн яамны сайд байсан Батдорж гэж хүн байжээ.

Эдүгээ төрийн бус байгууллага толгойлон хөдөлмөрлөж яваа Ч.Очирбат, Аж үйлдвэрийн материал хангамжийн орлогч даргын ажлыг олон жил хийсэн. АИХ-ын депутат, Үндсэн хууль батлалцаж явсан Я.Жамбаа одоо бизнес хийгээд гялалзаж явна. Дулааны инженер мэргэжилтэй Цэнд-аюуш насаараа Дарханы дулааны станцад үр бүтээлтэй ажилласан. Дархандаа олон айл өрхийг малжуулж, амьдрал ахуйг нь дэмжиж явдаг санхүүч-эдийн засагч мэргэжилтэй МУ-ын гавьяат малчин О.Дорж Хайрхан сумандаа сүргийн бэлчээрт малтайгаа явна. Архангайн “Үнэн” сонинд ажиллаж байсан Р.Батмөнх нутагтаа малчин болж хурдан морь уяад завгүй яваа юм байна. Эдийн засагч, Нэгдэл дундын дарга байсан Б.Довдонням өөрийнхөө удирдах арга барил, мэдлэг чадварыг хүү Д.Бат-эрдэнэдээ өвлүүлснээр хүү нь аймгийн Засаг дарга хэмээх хариуцлагатай албыг хашиж байгаа аж. Багаасаа нам засаг, эвлэлийн ажилтан болсон Лаагансүрэн одоо ч намынхаа ажилд хүчин зүтгэсээр байгаа гэсэн. Буриад, Александр нар нийгэм ард түмний аюулгүй байдлын манаанд олон жил зогссон. “Генерал” хэмээх хурандаа Пүрэвээ (Батлан хамгаалах яамны тээврийн салбарт алба хаасан), олон зуун бяцхан хүүхдийг бөөцийлөн сурган хүмүүжүүлсэн М.Пунсалдулам, төмөр замын албанд насаараа ажилласан Хажид, Дашжамц, сайн малчин Цэгмид нараараа эдний ангийнхан бахархана.

Тэдэн дундаас нэг хос төрсөн нь Буриад, Чимэдцэрэн нар аж. Мөн энэ ангиас “Тооны машин” гэгддэг багш Ж.Очирбат, орос хэлний Цэвэлмаа, франц хэлний Боль гээд олон багш төрөн гарсан. Ж.Нямбуу сантехникийн инженерээр орон нутагтаа он удаан жил ажиллаж эдүгээ Улаанбаатарт мэргэжлээрээ ажилласаар байна. Биеийн тамирын багш Р.Нармандах “Зуун буудалт даам”-аар олон хүүхдийг дасгалжуулж, ОУ-ын тэмцээн уралдаанд удаа дараа оролцуулж байгаа гавьяатай хүн. Удаанжаргал Өлзийт сумандаа нам захиргаа, банк санхүүгийн байгууллагад насаараа ажилласан, одоо ч ажилласаар яваа гэнэ.

Бадмаагярвуу, Чимэддорж нар урлаг соёлын авьяастай сайхан бүжиглэдэг ааш, зан сайтай хүүхдүүд байж. Төмөр замын техникум төгсөөд тээврийн салбарт ажиллаж байгаад Москва хотод Үйлдвэрчний эвлэлийн сургууль дүүргэсэн Б.Аюуш эдүгээ АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Цэрэндолгор гадаадад хэдэн жил амьдарч байгаад саяхан ирсэн байна. Тэр худалдаа хэвлэлийн салбарт олон жил ажилласан. Ш.Мягмарсамбуу Москва хотод хэвлэлийн эх бэлтгэлээр сургууль дүүргэж хэвлэл мэдээллийн талбарт олон жил зүтгэжээ. Анх “Шинэ үе” сонинг С.Зоригийн ах С.Баяртай гаргаж, мөн “Ардчилал” сонинг МУУГЗ С.Амарсанаатай эрхлэн гаргаж байжээ. “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч, тоймч хүртэл хийж явсан ардчиллын ахмад зүтгэлтэн болсон байна. Клиникийн профессор тэргүүлэх зэргийн цолтой “Сүрьеэ”-гийн Х.Цэцэгмаа, “Гэмтэл”-ийн С.Цэрэндорж, “Эх нялхсын” бага эмч Б.Оюунцэцэг нар хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд нойр хоолоо умартан олон жил зүтгэж, бусдад амьдрал, амь нас бэлэглэж явцгаажээ. Сонирхуулахад эдний ангийн охид бүгд “алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон хүртжээ. Архангайн Цэцэрлэг сумын арван жилийг 1966 онд төгссөн ангийнхны ажил, амьдралын зах зухаас дурдахад ийм байна.

“Сурагч байхад Цэцэрлэг хотын гудамжинд өндөр модон шонгийн оройд том цагаан хоолойгоор (чанга яригч), гэртээ, байрандаа “Север” шугамын радиогоор шүлэг найраг, яруу тунгалаг ая, дуу хөгжим олон салбар мэргэжлийн хичээл, тэргүүн туршлага нэвтрүүлгийг сонсож байлаа. Тэр үед зурагт радио, гар утас, цахим хэрэгсэл байсангүй. Бүхнийг бодитоор харж бодож сэтгэдэг, гараараа барьж мэдэрдэг байсан гэж хэлж болно. Аравдугаар ангиа төгсөөд тавин жилийн дараа ээлжит уулзалтаа хийж байгаа бидэнд ярьж, хөөрөлдөх юм ч их бий, бас нас нэмэгдэж, сэтгэл зүрх минь улам баясах болно доо” хэмээн хөөрөлдсөөр үлдсэн юм.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Персийн эзэнт гүрэн

Өрнөд болон Дорнод газар нутгийг холбож ариун Египетийн нутгаас Энэтхэг мөрөн хүртэлх агуу том нутагт олон зууны туршид оршин тогтнохдоо Ром, Византий зэргийг чичрүүлж явсан Персийн эзэнт гүрний тухай өнөөдөр өгүүлэх гэж байна. Персийн эзэнт гүрэн гэдэг чинь юу билээ гэдгийг ойлгохын тулд түүний оршин тогтнож байсан түүхэн түүчээг нь гурван үеэр задалж харах хэрэгтэй. Үүнд:

Ахемены улс-нийтийн он тооллын өмнөх 550-330 оны хооронд Персэд төвлөн тогтнож байсан эзэнт улс.

Парфяны хаант улс-нийтийн он тооллын өмнөх 250-227 оны хооронд оршиж байсан улс

Сасанидын улс (манай тооллын 226-651 он)

Ухаалаг, зоригтой, алсын хараатай, чадал чансаатай хаад нь хүч чадал, арга мэхээр газар нутгаа тэлж, эд баялгаа арвижуулан хүн ардаа үржүүлэн өсгөж эхэлсэн МЭӨ 600 оноос түүх нь эхэлж Македоны Александрт нухчуулсан МЭӨ 400-гаад он, грекчүүдийн хүчирхэгжсэн зуун жилийн дараа дахин сэргэж Парфяны эрин, Сасанидын улс гэж оршин тогтнож байгаад манай тооллын 700 оны хавьцаа лалын булаан эзлэгчдэд бүрмөсөн арчуулж алга болсон Персийн эзэнт улс болон залгамжлагчдынх нь түүх бол дэлхийн үүсэл хөгжлийн нэгэн чухал хэсэг мөн буюу.

Перс хүмүүс нь төв Азиас дорнод Иран руу МЭӨ ХV зууны үед нүүдэллэн ирж ассирий, эламит, халдей зэрэг нутгийн иргэдтэй холилдсон нүүдэлчид юм билээ. Ийм перс отог омгуудын нэгдлийг анх зангидаж оройлсон Ахемени хааны үеэс эзэнт гүрний намтар эхэлдэг. Түүний үр сад болох Агуу Кир, Дарий I, Ксеркс гэх хаадууд улс гүрнийхээ хилийг тэлж, өв баялгийг нь арвижуулж байлаа. Агуу Кирийн үед Ойрхи Дорнодын хамгийн том улсууд болох Мидия, Лидия, Вавилон ба Египетийг байлдан дагуулж эзэлсэн бол Дарий I Фрак, Македон, Энэтхэгийн баруун хойд хэсгийг эрхшээлдээ оруулж байв. Дарий I булаан эзлэгч гэхээсээ илүү бүтээн босгогч гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн байх юм. Тэр Персийн эзэнт гүрнийхээ бүхий л нутагт хүчин төгөлдөр үйлчлэх зоосон мөнгө, буухиа шууданг нэвтрүүлж Персеполь нийслэлийнхээ шавыг тавьжээ. Түүний үед анх удаа дэлхий дээр бүх нийтийг хамарсан татварын систем нэвтэрч орлогоос нь шалтгаалан их бага гувчуур тогтмол хугацаанд хурааж байх “татварын байцаагчид” төржээ. Дарий I-ийг төр барьж байх үед буюу МЭӨ 494 онд дотоодод нь гэнэт бослого дэгдэж түүнийг нь грекүүд дэмжсэн юм байх. Уурлаж хилэгнэсэн хаан грекүүдээс арав дахин илүү хүнтэй армиа дагуулан Македонаар дайрч Марафоны хавьд дайсантайгаа тулжээ.

Энд нөгөө грекүүдийн сийрэг ухаан, дайчин эрсийн ялалт, хоёр өдөр гүйж ялалтын мэдээ дамжуулан ухаан алдан унасан цэрэг эрийн түүх бичигджээ. Өнөө цагийн зуны олимпийн хаалтын тэмцээн болох марафон гүйлтийн эхлэл эндээс гаралтай юм шүү гэдгийг дахин сануулах гэсэн юм. Харин Спартагийн 300 цэрэг, нарийн хавцал, Саламины буланд живсэн перс хөлөг онгоцнуудын түүх Дарий I-ийн хүү Ксеркст хамааралтай. 480 оны зун Персийн 75 мянган цэрэгтэй арми гармыг гаталж Фермопилийн хавцалд тулан очжээ.

Тэндээ зургаан мянган спартачуудтай байлдаж баахан хүн хүч тамир, цаг хугацаагаа алдан Афинд очиход грекүүд хоосон хот л үлдээсэн байв. Хууртагдсан Ксеркс тултлаа уурлаж Афиныг үнс болтол шатаан хөлөг онгоцнуудаа Саламаны булан руу илгээсэн нь бас л нэг том алдаа болсон гэнэ. Учир нь уг руугаа хавчиг буланд тэдний хөлөг онгоцнууд чихэлдэн маневр хийх боломжгүй болсон үед Грекийн хуягласан онгоцнууд төвөггүйхэн мөргөж далайн гүн рүү живүүлж эхэлсэн гэнэ. Энэ бол Ахемены үр садын байгуулсан эзэнт гүрний мөхлийн эхлэл байлаа. Үүний дараа грекүүдийн дэмжлэгтэй Египетийн бослого, эзэн хаангүй ная гаран жилийн түүх, Македоны Александрын өлмий дор сөхөрсөн он жилүүд эхэлнэ.

Грекүүдийн сэргэн мандсан зуугаад жилийн дараа Персийн эзэнт гүрний унаган нутаг дээр Парфяны хаант улс гарч иржээ. Нийтийн тооллын өмнөх 250 оноос манай тооллын 227 он хүртэл өнөө цагийн Иран, Ирак, Туркменстан, Пакистан, Афганистаны нутгуудыг хамран оршиж байсан энэ улс нь персүүдийн залгамж халаа нь бөгөөд таван зуу гаруй жилийн туршид “амьдарчээ”. Түүхэнд тэднийг ихэвчлэн Ромын эзэнт гүрний эн чацуу өрсөлдөгч, нэгэн цагт хөршдөө эзлэгдэж явсан ч хожим нь мөхөөж явсан гүрэн гэдгээр нь онцолдог. Парфянчуудын дараа Сасанид улс түүхийн тавцан дээр гарч Арташираас Йездегэрд III хүртэл баахан хааны засаглалыг үзсэний эцэст Арабын халифатад бүрмөсөн цохиулж түмэн улс болон задарснаар агуу Персийн эзэнт гүрний эрин үе дуусгавар болсон бөлгөө. Өдгөө персчүүдийн голомтыг Иран улс хадгалан түүх судрыг нь үргэлжлүүлж байна.

Персийн үхэшгүй мөнхийн цэргүүд буюу хишигтэнгүүд

Хаан болон хааны ойр дотнынхныг хамгаалдаг тусгай бэлтгэгдсэн цэргүүд. Бага наснаас нь эхэлж дайны эрдэмд сургадаг, нум сумаар сайн харваж, моринд гарамгай байх, матигар хоёр сэлмээр чадмаг цавчих авьяастай дайчид.


Ираны нийслэл Тегеран хотоос өмнө зүг рүү 900 орчим км-ийн зайд орших Дарий I хааны Персеполь хотын балгас. Гурав давхарласан хэрмэн ханатай, харуулын цамхгуудтай, үзэсгэлэнт барилга байгууламжтай хот байжээ. Александрын Македон булаан эзлэх үедээ сүйтгэсэн.


Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Д.Цогтбаатар: Оффшор дансгүй бидэн рүү дайраад, болдоггүй нөхөд нь далд үлдэх гээд байгаа юм биш үү

Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Оффшор дансны асуудал сүүлийн үед нэлээд яригдлаа. Таны нэр холбогдлоо?

-Нэг зүйлийг эхнээсээ их тодорхой хэлмээр байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос зарласан манай улсын оффшор данстай хүмүүсийн нэрс дотор миний нэр байхгүй. Надад оффшор нууц данс байхгүй болоод л тэр. Та надтай уулзахынхаа өмнө ороод шалгасан байлгүй дээ.

-Тэгсэн. Байхгүй байна лээ.

-Би өөрийн тайлбарыг бүх хэвлэлийнхний өмнө ил тод өгч байгаа. Идэж уусан, нууж хаасан юм байхгүй учраас л тэр. Би Монголд бүртгэлтэй, Монголд ажил олгогч, татвар, нийгмийн даатгалаа Монголд төлдөг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийж байсан. Үүнээс хойш 11 жил өнгөрч байна. Нэлээд олон хүн л шууд болон шууд бус замаар тэр үед ажилтай, орлоготой болж байсан санагддаг. Хүний амьдралаар яривал үе мултарсан цаг хугацааны өмнөх юм ярьж байна. Хөрөнгө оруулалт хийхдээ ил тод өөрийн нэрээр хийсэн. Хэнээс ч, юу ч нуугаагүй. Тэр компанийн толгой компани Британийн Виржинийн арлын чөлөөт бүсэд бүртгэлтэй компани байсан. Тэр нь Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийн бүртгэлд хуулийн дагуу ил тод туссан. Тэгэхээр энэ толгой компани нь нууц байгаагүй, Монголын төр бүртгээд авчихсан, сайтар мэдэж байсан гэсэн үг. Энгийн үгээр хэлэхэд уг компани нь Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг нь татан зохион байгуулах зорилго бүхий гадаад салбартай Монголын компани юм. Толгой компанийнх нь босгосон бүх хөрөнгө Монголд орж ирж байсан. Тэр нь банк санхүүгийн байгууллагуудад мэдээж бүртгэлтэй, ил байгаа. Тэгэхээр энэ бол гаднаас хөрөнгө татаж Монгол руу оруулах үйл ажиллагаа байсан. Үүгээрээ Монголоос мөнгө гадагшлуулдаг, нууц, Монголд хаана ч бүртгэлгүй, эзнээс нь өөр хэн ч мэддэггүй данснаас огт эсрэг зүйл юм. Тэмээ, ямаа шиг зөрүүтэй ийм хоёр өөр зүлийг мэдэн будилж гуйвуулан зориуд улс төрийн зорилгоор тайлбарлаад байгааг хүмүүс ойлгож байгаа байх.

Толгой компаниа гадаадад бүртгүүлсэн бүтцийг гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдөө зохион байгуулсан байсан. Тийм бүтцийн сонголт, шийдвэр бидэнтэй хамаагүй. Гадныхан угаасаа ийм бүтэцтэйгээр хөрөнгө оруулалтаа хийх нь маш түгээмэл. Монголд сүүлийн 20 жилийн дотор гадаадаас орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын бараг 60 орчим хувь нь оффшор компаниудаас орж ирсэн байдаг. 10 төгрөг тутмын зургаа нь гэсэн үг шүү дээ. Та юм уу, танай хүүхэд хэзээ нэгэн цагт гадаадуудтай хамтарсан компанид хөрөнгө оруулалт хийе гэж бодоход оффшорт бүртгэлтэй компаниар дамжуулж цаад гадаадууд нь хөрөнгөө Монголд хийе гэх магадлал 10 тохиолдол тутмын 50-иас илүү хувьтай тэнцэнэ.

Ийм бүсэд байршилтай компаниудын хувьцааг авч хөрөнгө оруулалт хийж буй гадаад дотоодынхон Монголд итгээд л хөрөнгө оруулж байгаагаас элдэв буруу сэдэл өвөрлөөгүй байдаг. Тиймээс бид гадны хөрөнгө оруулагчидтай энэ бүтцээр нь л хамтран ажилласан. Ийм хамтарсан компаниуд Монголд 10 биш, 20 биш, 100 биш хэдэн зуугаараа байгаа. Яг адилхан тэдгээр компаниудын хөрөнгө оруулагчдыг ярихгүй л байгаа биз дээ. Тэр нь ч зөв. Тэд чинь хөрөнгө оруулагчид, түүнээс Монголоос мөнгө зувчуулан нууж, зугатаалгаж байгаа хүмүүс биш. Ер нь оффшорт нуусан дансгүй бидэн рүү дайралт өдөөнгөө, яг болдоггүй нөхөд нь далд үлдэх гээд байгаа юм биш үү.

-Та Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдээлээгүй юм уу?

-Хөрөнгө орлогын мэдүүлгийг анх 2007 оноос манайд хуулийн дагуу авч эхэлсэн. Тэр үед тухайн байгууллагаас хөрөнгө оруулалтаа татан гараад хоёр жил болчихсон байсан. Тиймээс байхгүй хувьцааг яаж мэдүүлэх вэ? Байсан бол яг ёс журмынх нь дагуу мэдүүлэх мэдүүлэхгүй байх нь асар утгагүй биз дээ.

Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнө зарчихсан байраа ч юм уу, машинаа одоо байгаа мэтээр хөрөнгө орлогодоо мэдүүлж болохгүй биз дээ.

-Төрд ажиллаж байсан хүн гэдэг талаас нь бас шүүмжлэнгүй яриад байх шиг байгаа.

-Хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших эрх төрийн албан хаагчдын хувьд өнөөдөр ч нээлттэй байдаг эрх. Тэгэхэд ч нээлттэй байсан. 2003 онд олон зүйл өнөөдрийнхөөс их өөр байсан. 1990-ээд онд үйлчилж байсан Төрийн албаны хууль 2002 онд оруулсан өөрчлөлттэйгөөр л үйлчилж байсан. Уг өөрчлөлт нь төрийн албан хаагчдыг мэргэжлийн зөвлөх үйлчилгээ – бизнес давхар эрхлэх эрхийг нээж өгсөн байсан гээд л бодоод үзээрэй. Учир нь боловсон хүчиндээ давхар ажил эрхэлж, орлогоо бага ч болов нэмэгдүүлэх боломжийг олгох замаар тэдгээрийг хувийн салбар руу алдахгүй байх бодлогыг төр барьдаг байсан гэсэн үг. Арга ч үгүй. Тэр үеийн төрийн албан хаагчийн дундаж цалин чинь өнөөдрийн Монгол Улсад мөрдөгдөж буй цалингийн доод хэмжээнээс гурав дахин бага байсан юм. Далан мянган төгрөг байсан. Амьжиргаанд нь яагаад ч хүрэхээргүй цалин өгч байсан учраас ажлын бус цагаараа өөр ажил бизнес эрхэлж амьдралаа залгуулах боломжийг нь нээсэн байсан хэрэг л дээ. Тэр үед Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу төрийн албан хаагчид үндсэн ажилдаа харшлахгүй арга замаар өөрийн аж ахуйг эрхэлж, төсөл хөтөлбөр дээр ажиллаж, орчуулга хийж, зөвлөгөө өгч болдог байсан. Миний санаж байгаагаар тэр үед манай системд ажиллаж байсан бараг бүх хүн ар гэрийнхэнтэйгээ хамтран нэг бар, ресторан ч юм уу, эсвэл кафе, дэлгүүр, үйлдвэр үйлчилгээний газар ажиллуулдаг байсан. Үнэн юм үнэнээрээ сайхан. Төрд хөгжлийнх нь ийм үе шат бас байсан л юм.

Үүнийг хүмүүс мартчихаад байгаа. Тиймээс өнөөдрийн өндөрлөгөөс, өнөөдрийн хууль эрх зүйн орчны өнцгөөс тэртээ 10 жилийн өмнөхийг дүгнэж яриад ундууцаад байгаа болов уу. Би тэр үеийн хуулийн хүрээнд ажлын бус цагаараа нийтлэл бичиж, судалгаа хийж, цагийн багшаар ажиллаж, ном судар орчуулах зэрэг бүхий л соёлтой аргаар орлогоо жаахан ч гэсэн нэмэгдүүлэх гэж мөнчгөрөө шахаж ажилладаг байсан нь үнэн.

-Та төрд өндөр алба хашиж байсан. Ямар нэгэн тендерт оролцоогүй гэж үү?

-Харин би хэзээ ч төрийн, төсвийн мөнгөтэй холбоотой тендер, концесс, гэрээт ажил авч, цавчаа гээч юмтай холбогдож яваагүй. Бас хэзээ ч төрөөс их бага зээл авч байгаагүй. Дээр нь дипломатч хүний хувьд гадаад харилцааны салбарт ажиллаж байх үедээ гадаад бодлогыг эдийн засагжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг хэр татсанаар дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг дүгнэнэ гэсэн бодлоготой ажиллаж ирсэн. Ер нь Гадаад яамны дипломат ажилтнууд болон Элчин сайд нарын тайлангуудыг судлаад үзвэл эх орондоо хөрөнгө оруулалт татаж чадсанууд нь их бахархалтайгаар түүнийгээ тусгасан байдаг юм. Одоо энэ бодлого үргэлжилж л байгаа. 2003 онд Монгол Улс гадаадын зээл тусламжаас хамааралтай эдийн засагтай байсан. Гадаадын хөрөнгө оруулалт нүдний гэм гэлтэй л байсан үе шүү дээ. Зээл тусламжийн хараат байдлаас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан нэмэгдүүлэх замаар гарах бодлогыг мөрдлөг болгодог байв.

Би Монгол руугаа л гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, зээл тусламжийн, гуйлгын эдийн засгаас гаргахад бодитой хувь нэмэр оруулахыг л хүсч ажиллаж байсан. Нэг ч болов монгол хүний, Монгол Улсын орлого, амьжиргааг бага ч болов ахиулчих юмсан л гэж зорьж явсан. Үүнээс ямар ч хохирол хэнд ч учраагүй. Би хууль бус зүйл хийж яваагүй, хийх ч үгүй. Миний хэлэх үнэн л энэ.

П.ЧУЛУУН

Categories
мэдээ цаг-үе

Д.Арвин: Ийм хүнд жилүүдэд бид иргэд рүү хандсан чухал хуулиудыг баталж чадлаа

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-УИХ-ын зургаа дахь удаагийн парламент завсарлачихлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацааг хэр үр дүнтэй өнгөрүүлсэн гэж харж байгаа вэ?

-Энэ парламент өмнөх парламентуудыг бодоход өвөрмөц байсан гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Учир нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байсан. Үүний улбаа нь манайд ч бас мэдрэгдсэн. Ер нь бол эдийн засгийн нөхцөл нь хямралын байдалтай ийм нөхцөлд манай парламент дөрвөн жилийг өнгөрүүллээ. Өмнөх УИХ, Засгийн газрын үед хөрөнгө мөнгийг хангалттай хуваарилж чадаж байсан бол энэ удаагийн парламент санхүү эдийн засгийн тал дээрээ маш хүнд байлаа. Аль болох төсвөө хэмнэж, үүнийхээ үрээр улсынхаа төсвийг аль болох бодит түвшинд нь хүргэх гэсэн эрмэлзэл дүүрэн байсан. Нэг үгээр хэлбэл хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж сурцгаасан тийм цаг хугацааг бид тууллаа.

Зарим хүмүүсийн хувьд эдийн засгийн тал дээр авч буй арга хэмжээнүүд дээр эвлэрэхгүй, өмнөх үе шигээ төсөв нь их мөнгөтэй байгаа мэт авирлаж ирснийг анзаарсан байх. Харин энэ парламент байгаа хөрөнгө мөнгөндөө тааруулж чамлахааргүй ажлуудыг нугалсан. Ийм хүнд жилүүдэд ч гэсэн бид иргэд рүүгээ хандсан чухал хуулиудыг баталж чадсан нь хамгийн том давуу тал болсон. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гээд нийгэмд чиглэсэн хуулиудаа баталж чадлаа. Чингис бондын хөрөнгөөр гэхэд иргэдэд хэрэгтэй маш олон ажлын ард гарсан.

-Засгийн газрын тэргүүнээс нь эхлээд Засгийн газрын гишүүдийг огцруулах гээд сандал ширээний асуудал дээр багагүй цаг хугацааг үдсэн. Иймэрхүү улс төр явсан нь үнэхээр Засгийн газар муу ажиллаж байсан уу гэж асуухад хүргээд байна л даа?

-Энэ парламентын хувьд хэцүү зүйл бий. 2012 оны сонгуулийн дүнгээр 100 хувь олонх болсон нам байхгүй байсан тул хамгийн олон суудал авсан Ардчилсан нам бусад намуудтай хамтарч Засгийн газраа байгуулсан.

Олонхыг бүрдүүлж Засгийн газар байгуулсан намууд зөвшилцлийн шугамаар ажлаа явуулахгүй бол яаж гацаанд хүрдгийг бид харлаа. Тиймээс хамгийн олон суудал авсан Ардчилсан намын хувьд маш их зөвшилцлийг хийсэн. Тээг саад тотгор маш их байсан ч аль болох болж бүтэхээр нь зүтгүүлсэн. Сөрөг хүчнийхэн завсарлага авч гацаасан, Засгийн газрыг сайд нарыг огцруулахаас эхлээд зүйл дээр зөвшилцөл явагдсан. МАН-ынхан ажил хийлгэлгүй хэчнээн удаа түгжлээ дээ. Засгийн газрыг огцруулна, сайд нарыг нь явуулна гээд байсан болохоор хамтдаа ажиллаад үзье гээд МАН-ыг засагт урьж оруулсан ч эерэг үр дүн гараагүй. Сөрөг хүчнийхэнтэй олонхтойгоо хамтарч ажиллаж чадаагүй. Олонх бол ялаагүй нөхцөлд Засгийн газраа байгуулахаас эхлээд маш их асуудал гардаг юм байна гэдгийг бид харлаа.

-Энэ хугацаанд эдийн засаг амаргүй байсан ч ардчилсан засаг гарснаар “Гудамж” төсөл хэрэгжин зам харгуй сайхан болсон. Орон нутгийн авто замууд ашиглалтад орж, ипотекийн зээл хэрэгжсэн гээд яриад байвал олон сайн зүйлийг нэрлэж болохоор байна?

-Яах аргагүй үүнтэй санал нэг явдаг хүн. Надаас гадна олон хүн үүнийг хүлээн зөвшөөрөх байх. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг шийдсэн. Хэзээ байхдаа бид гэр хорооллын асуудал руу орж халуун устай, паартай байшинд амьдарч байсан юм. Энэ боломжийг нээж өгсөн. Сургууль, цэцэрлэг гээд хэдэн зуугаар тоологдох Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлэх орчинг бүрдүүллээ. Манайхан нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бүх ажлыг зээлгүйгээр хийх хэцүү. Чингис бондын хөрөнгөөр дан ганц авто зам гэлтгүй хэдэн зуун үйлдвэрийг дэмжлээ. Ядаж л монголчууд хадаас, консервныхоо лаазыг монголдоо үйлдвэрлэдэг болсон. Энэ чинь энэ төрлийн импортын барааг орлож гадагшаа урсах байсан ам.доллар монголдоо үлдэх боломжийг бий болгосон. Аж үйлдвэрийн яамтай болсны гавьяа. Бид үйлдвэрлэгч орон болохын тулд мөнгө зээлж хийхгүй бол хийж бүтээх ямар ч боломж байдаггүй. Дэлхийн бусад орнууд ч гэсэн ийм жишгээр явж ирсэн. Бид мөнгөгүй хэрнээ хоёр жил гаруйн хугацаанд Амгалан дулааны станцыг ашиглалтад орууллаа. Амгалан дулааны станц 50 хувиар ажиллаж байгаа гэхэд гэр хорооллын өрхүүд рүү шугам татах боломжтой боллоо. Түүнчлэн “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, малчдын зээлийн хүүг 10 болгон бууруулсан, таван хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл гээд иргэд рүү чиглэсэн олон томоохон ажлын ард гарлаа. Ардчилсан засаг гараад зоригтой хөдөлсний үр дүн байхгүй юу.

-Амгалан гуравдугаар төрөх нээлтээ хийсэн бил үү?

-Тэгэлгүй яахав. Монгол Улсын хүн ам гурван сая болчихлоо гээд баярлаж байсан ч үнэндээ төрөх эмнэлгүүдийн ачаалал хүнд байсан юм шүү дээ. Өмнө нь улс мөнгөтэй хэдий ч нэг ч төрөх эмнэлэг барьж ашиглалтад оруулаагүй. Харин Амгалан төрөх эмнэлэг бол Монголдоо байхгүй тоног төхөөрөмжтэй төрөх эмнэлэг. Энэ эмнэлгийг 2015 онд ашиглалтад оруулан хүлээлгэж өгсөн. Сүүлийн 20 гаруй жилд улс мөнгөтэй байхдаа ганц эмнэлэг барьчихалгүй юу хийж ирсэн байна аа. Энэ мэтчилэн зүйлсийг харахаар үнэхээрийн ажил хэрэгч он жилүүд байжээ гэж харахаар байгаа юм.

Амгалан төрөхөөс гадна Налайх, Багануур дүүргийн иргэдийг ажлын байраар хангах тал дээр анхаарч ирсэн. Сургууль, цэцэрлэгээс эхлээд бүхий л зүйлээ дайчилж ажиллаж ирлээ. Түүнчлэн Цагаан давааны хогийн цэг дээр хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар Израйл улсын компанитай яриа хэлцэл хийж, Засгийн газартай хэлэлцээнд хүрч ажлаа эхлүүлэхээр боллоо. Монгол Улс анх удаа хог боловсруулах үйлдвэртэй болох боломж нээгдсэн. Хогны менежментийн хуулиа батлуулсан.

-Цэргийн хотхоны байр бил үү, хуучны байруудыг буулган шинээр орон сууц бариулахаар болсон гэж байсан юу болсон бол?

-Баянзүрх дүүргийн Сансар хотхонд хуучны байранд хүмүүс маш хүнд нөхцөлд амьдарч ирсэн. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай хамтарч ажлаа эхлүүлсэн боловч хөрөнгө оруулагчид нутаг буцсан. Энэ ажил жаахан хүндрэлтэй байгаа. Э.Бат-Үүл даргатай ярилцан дотоодын компаниудын зээлээр босгох ажил яригдаж байна. Цаашид хуучин орон сууцыг шинэ орон сууц болгох хөтөлбөр хэрэгжинэ. Мөн 740 гаруй өрхийг гэрэл, цахилгаанаар хангагдлаа.

-Энэ удаагийн сонгуулиар эмэгтэйчүүдийн квотын асуудал хөндөгдөж, нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэй байхаар тусгасан. Таны хувьд үүнийг дэмжиж байгаа байх?

-Квот гэхээсээ илүүтэйгээр УИХ бол хууль тогтоох байгууллага. Хууль тогтоох, бодлого боловсруулагч энэ байгууллагад эмэгтэйчүүд адилхан байр суурьтай оролцож байж Монгол Улсын хөгжлийг тодорхойлох учиртай. Хүйсийн харьцааг тэнцүүлдэггүй юмаа гэхэд ойртуулах тал дээр анхаарах ёстой. Иргэд эмэгтэйчүүдээ сонгож УИХ-д оруулахгүй бол болохгүй. Эмэгтэйчүүдийн санаа оноог заавал тусгах шаардлагатай. Ядаж 15 эмэгтэй гишүүн Их хуралд орж ирэх шаардлагатай. Зарим тойрогт АН, МАН-аас эмэгтэйчүүдээ тулгаж оруулсан байна лээ.

Энэ утгаараа эмэгтэйчүүдийн тойрог бий болгосон ч болохоор байгаа юм. Хүчтэй эрчүүдтэй эмэгтэй хүн өрсөлдөх хэцүү. Тиймээс эмэгтэй хүн гарахгүй байх вий гэдэг эмзэглэл байна.