Categories
мэдээ цаг-үе

Д.Гэрэлмаа: Кинонд тоглохын тулд үсээ улаан өнгөөр будуулсан нь надад шинэ мэдрэмж, өөрчлөлтийг өгсөн

Монголын Үндэсний кино урлагиийн академиас уламжлал болгон зохион байгуулдаг “Academy awards Mongolia-2016” саяхан болж өнгөрсөн. Энэ наадамд найруулагч Д.Сэнгэдорж, жүжигчин А.Баттүшиг нарын хамтын уран бүтээл “Lovers” уран сайхны кино дэвшсэн бөгөөд тус киноны гол дүрийн эмэгтэйд тоглосон жүжигчин Д.Гэрэлмаа “Шилдэг эмэгтэй” дүрээр шалгарсан билээ. Ингээд жүжигчин Д.Гэрэлмаатай ярилцлаа.

-Та анхны дүрээрээ “Academy awards Mongolia-2016” наадмаас “Шилдэг эмэгтэй дүр” шагналыг хүртлээ. Дэлгэцийн урлагт анхны дүрээр олонд танигдана гэдэг залуу уран бүтээлчдийн хувьд аз завшаан болов уу?

-Анх “Prime Picture”-ийн хамт олон “Lovers” киноны эмэгтэй гол дүрийг энэхүү наадамд нэр дэвшүүллээ гэж надад хэлж байсан. Энэ шагналыг авна гэж төсөөлөө ч үгүй. Кино наадамд нэр дэвшсэн тухайгаа найз нөхдөдөө хэлж байхдаа их л гоё санагдаж баярлаж байсан. Кино урлагийн шилдэг шагналыг авсандаа маш их баяртай байна. Уран бүтээлчийн хувьд нэр төрийн хэрэг байлаа.

-Анх “Lovers” киноны гол дүрд тоглох саналыг хэрхэн хүлээж авч байв?

-Ахлах найруулагч Д.Сэнгэдорж, туслах найруулагч А.Баттүшиг нар анх надад санал тавьсан. “Lovers” кинонд бие биедээ дурлаж, хайраар шатаж яваа залуухан хос болох Гарьд, Саруул нарын дүрд жүжигчин Э.Чинзориг бид хоёр тоглосон. Туслах дүрд СТА Баттулга, Мөнхтөр нар тоглосон. Кинонд хурц үзэгдлүүд их бий л дээ. Манай киног үзсэн хүмүүс санаж байгаа байх. Кино маань залууст гоо сайхны мэдрэмж төрүүлэх, нөгөө талаас жинхэнэ хайр дурлалыг бодитоор харуулсан кино гэж хэлж болно. Би сургуулиа төгсөөд жүжигчин мэргэжлээрээ ажиллаагүй. Тиймээс дэлгэцийн бүтээлд тоглох санал ирэхэд баяртай хүлээн авсан хэдий ч дотроо айх, гэрэвших сэтгэл төрсөн. Анх кино зохиолыг уншихад тэр эротик үзэгдлүүд шууд сэтгэлд буугаагүй. Гэтэл дараа нь кинон дээрээ ажиллаад үзэхэд тэс өөр нөхцөл байдал тулгарсан.

-Зураг авалтын үеэр шантрах, шийдвэрээсээ буцчихмаар үе тулгарч байв уу?

-Нэг үеэ бодоход манайхан чөлөөтэй болсон шүү дээ. Хүн болгоны амьдралд байдаг л зүйл. Энэ кино эротик гэхээсээ илүү романтик тал руугаа. Учир нь садар самууныг сурталчлаагүй, хайр дурлалыг бодитоор харуулсан кино. Тиймээс киноны гол дүрд тоглохдоо жүжигчин хүн тал талын авьяас, ур чадвартай байх ёстой гэж бодсон. Жүжигчин хүн л янз бүрийн дүрд тоглож үзэгчдэд урлагийг таниулдаг шүү дээ.

-Шагнал гардуулах ёслолд та ирж өөрийн биеэр шагналаа аваагүй. Яагаад ирээгүй юм бэ. Өөртөө итгэлгүй байсан юм уу?

-Мэдээж кино урлагийнхантайгаа хамт нэгэн өдрийг хөгжилдөж, халуун дулаан яриа өрнүүлж суух юмсан гэж бодож байсан. Харамсалтай нь хүндэтгэх шалтгааны улмаас очиж чадаагүй.

-Кинонд тоглохдоо үсээ улаан болгосон байсан. Ер нь таны имиж үү?

-Үс улаан болгох нь найруулагчийн санаа байсан. Кино зохиолын анхны нэр нь “Солонгон үст”. Энэхүү нэр нээлтийн арга хэмжээ хийх хүртэл явж байгаад өөрчлөгдсөн. Үсний өнгө киноны утга санаатай шууд уялдаж байсан учраас үснийхээ өнгийг өөрчлөх шаардлага гарсан. Миний хувьд өмнө нь ерөөсөө үсээ будаж үзээгүй. Ээж маань үсээ будаад дэмий, харшил өгнө гэдэг байсан л даа. Тэгээд энэ кинонд тоглохдоо үсээ будах шаардлагатай болсон. Үсээ будахад надад шинэ өөрчлөлт мэдрэгдэж байсан шүү.

-Энэ дүр таны хувийн зан чанартай хэрхэн тохирч байсан бэ?

-Саруул хэнд ч, юунд ч үл захирагдах өөрийнхөөрөө, эрх дураараа, зоригтой, шулуухан зантай бүсгүй. Тэр бусдаас өөр, бас тачаангуй. Түүнд баян тансаг амьдрал хэрэггүй, харин гэгээн сайхан хайр байхад л жаргалтай. Томоохон группийн захирал, өндөр боловсролтой залуу зураач бүсгүйтэй санаандгүй байдлаар танилцана. Бүсгүйд өөрийг нь татах онцгой увдис байгааг залуу мэдэрнэ. Гал халуун дурлалдаа шатсан тэд биеэ барьж дийлэхгүй. Хэчнээн хоригловч сэтгэл зүрх нь тэмүүлсээр. Саруул гэдэг охины дүр бол 20 настай залуу охины дүр. Тиймээс наад зах нь насны зөрүү гарч байсан шүү. Хөдлөх, аяаглах зэрэгт би эршүүд. Дэлгэцэн дээр гоо зүй талаасаа эмэгтэй хүний хувьд романтик кино учраас бага зэрэг зөрчилдөх зүйл байсан. Жүжигчин хүн бол бүх зүйлийг хослуулдаг байх ёстой. Мэргэжлээрээ удаан ажиллаагүй байсан ч сурсан мэргэжил гэдэг үнэхээр өөр байдаг юм байна шүү гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Хүнд хэцүү зураг авалтын дараа ард нь гарахад таашаалтай байсан. Мэдээж хэрэг хүмүүс яаж хүлээж авах бол гэсэн айдас байсан. Дан мэргэжлийн кино групп ажилласан л даа. Тиймээс найруулагч болон киноны албанд ажиллаж байсан бүх хүмүүстээ итгэж байсан.

-Гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Гэр бүлийнхэн маань урлаг, уран бүтээл дээр ажиллахад дэмжиж, урам өгдөг. Тийм болохоор эротик ч бай ямар ч дүр байсан жүжигчин хүний хүлээж авах ёстой хариуцлагын нэг гэж бодож байна. Жүжигчин хүн тоглохгүй бол өөр хэн тоглож, урлагийг таниулах билээ. Аав маань жолооч мэргэжилтэй. Ээж маань эдийн засагч мэргэжилтэй. Одоогоор аав ээж хоёр маань тэтгэвэртээ гарцгаасан. Уг нь хоёулаа хамтдаа тээврийн баазад ажилладаг байсан.

-Та хаана ямар сургууль төгссөн бэ?

-2011 онд “СУИС”-ийн жүжигчний ангийг төгссөн. Анх би хөтлөгчөөр олон түмэнд танигдсан. Хөтлөгч хийх сонирхолтой. Миний мэргэжлийн программд хөтлөгч хөтөлбөр гэж хичээл ордог байсан.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Бүдүүлэг жолооч нараас нь халшраад таксинд суухаас дөлдөг боллоо

Таксинд суухаас халширдаг боллоо. Ялангуяа сонгууль дөхсөн энэ үед таксины жолоочид хэл амаа сугалуулж, үзэл бодлыг нь сонсч, өөрийнхийгөө хэлэх гэж бөөн түвэг болж байна. Ороод суунгуут ёс мэт “Хаана ажилладаг хүн бэ” гэнэ. Худлаа хэлэлтэй биш, сэтгүүлч гэнгүүт явж өгнө дөө. Угаасаа сэтгүүлч биш байсан ч хамаагүй зорчигчоосоо элдвийг шалгааж бас өөрийн үзэл бодлоо тулгахыг ажлынхаа нэг хэсэг гэж боддог хүмүүс шиг байдаг, таксины жолооч нар. Тамхи татаж, утаа суунаглуулсан таксинд суугаад явж байхдаа үйлчилгээ авч байгаа биш гуйж дайгдсан мэт л санана. Угаасаа сум хооронд жолоо мушгиж, замын дайврын хүмүүс авч чалчиж сурсан нөхөд хотод ирж таксины жолооч болдог болоод ч тэр юм уу.

За тэгээд, эрчүүд болсон хойно хоёрдугаар сувгаар ярихгүй л бол болдоггүй гээд ойлгочихсон мэт. Арван зургаан нас ч хүрээгүй цэцэг цэврүү шиг охидыг суухад утасны цэнэг дуусчихлаа нэг залгаад өгье гэж өөр рүүгээ залгаад дугаарыг нь мэдчихээд араас нь эргүүлдээд эхэлнэ. Ерөөсөө ёс зүй, хариуцлага огт байхгүй. Таксинд юмаа орхиж буух энүүхэнд. Тэгвэл түүнийгээ нохойн замаар орсон гэж бодохоос аргагүй. Манайд нийтийн тээврийн үйлчилгээний стандарт гэж алга. Тэгэхээр яаж хөгжихөв дээ. Такси компаниуд нь хатуу стандарттай болоод ирвэл дагаад энэ салбарт ажиллаж байгаа хувийн машины жолооч нар ч юм бодоод эхэлнэ. Австралид гэхэд таксины жолооч нарын ёс зүйн код гэж зүйл бий. Үнэнч, хариуцлагатай байдлыг эрхэмлэж, үйлчлүүлэгч нартаа түвэг удалгүй, баталгаатай, хурдан хүрэх газарт нь хүргэж өгнө гэх мэтээр ёс зүйн код нь үргэлжилнэ. Харин манайд эсрэгээрээ. Ерөөсөө жолооч нарын бүдүүлэг зангаас болж таксинд суухаас залхаж оронд нь алхах юм уу гүйчихийг илүүд үзэх боллоо.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрсийг 30 ам.доллараас 1500 ам.долларт хүргэх боломж

Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улс Япон улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт УИХ-ын дарга багагүй найдлага тавьж байна. Хямдхан приус авах, чацарганын жүүсээ элдэв татваргүй Японы зах зээлд гаргах энэ тэр бол наад захын асуудал, өчнөөн тэрбум тоннын нөөцтэй нүүрсээ наран улсынхны тусламжтайгаар үнэд хүргэх нь Монголын хувьд том зорилго болжээ гэсэн дүгнэлтийг УИХ-ын даргын хэлсэн үгнээс хийж болохоор байв. Хэлэлцээр хэрэгжсэнээр Японы өндөр технологийг нэвтрүүлэх боломж нээгдэж байгаа. Монгол нүүрсний арвин их нөөцтэй, Япон нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах өндөр технологиудтай. Энэ давуу талуудаа нэгтгэх сонирхлыг хоёр тал харилцан илэрхийлээд эхэлчихэж. Японы технологийг нэвтрүүлж, нүүрснээсээ эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болчихвол 30 ам.доллараар биш 1500 ам.доллараар зарах гарц нээгдэнэ гэж байгаа. Гэхдээ энэ боломж яг хэзээ ажил болохыг хэлэхэд эрт байна. Ямартай ч УИХ-ын даргын Япон улсад хийсэн айлчлалын үеэр энэ талаар эхний яриа хөөрөөнүүд өрнөжээ. Монголын цэвэр нүүрсний технологи хэрэгжүүлж байгаа төслүүдэд Японы оролцоог хангах асуудал яригдсан гэнэ. Манай улсын тухайд “Цэцэнс майнинг энд Энержи”, “Монголын Алт”, “Багануур Энержи” зэрэг хэд хэдэн компани нүүрс шингэрүүлэх, нүүрснээс шингэн түлш гаргаж авах төслүүдийг эхлүүлээд байгаа юм.

Эхний ээлжинд хоёр улсын хамтарсан судалгааны баг оны сүүлээр ажиллаж эхлэх бололтой. Юуны өмнө нүүрсийг хийжүүлнэ, хийгээр ажилладаг цахилгаан станцын бүтээн байгуулалт өрнүүлнэ, нүүрсийг хийжүүлэх явцад гарсан дагалдах элементүүдийг ашиглаж нүүрс химийн үйлдвэр байгуулна гэсэн зураг гарчээ. Япончууд хэрийн зүйлд яаран шийдвэр гаргадаггүй улс. Уул уурхай, тэр дундаа нүүрсний салбараа зөв хөгжүүлж, том төслүүдээ улс төрийн элдэв нөлөөгүй хэрэгжүүлээд эхэлбэл нүүрсээ үнэд хүргэх төлөвлөгөө хэрэгжих магадлалтай.

“Эрдэнэс метан” компанийн гүйцэтгэх захирал Г.Ёндонгомбо “Хүмүүс анх нүүрсийг шатаах зорилгоор л олборлож эхэлсэн. Эхлээд ахуйд, дараа нь аж үйлдвэрт. Нүүрс байгаагүйсэн бол аж үйлдвэрийн хувьсгал ч болохгүй байсан. XIX зуунд тээвэрт маш ихээр хэрэглэж эхэлсэн.

1960 онд нүүрсний станцууд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн талыг эзэлж байсан. Гэтэл 1970 онд дөнгөж гуравны нэгийг эзлэх болсон. Нүүрс газрын тос, хийнд шахагдаж эхэлсэн хэрэг. Гэхдээ химийн болон металлургийн үйлдвэрлэлийн үнэт түүхий эд гэдгээрээ нүүрсний үнэ цэн хэзээ ч унаагүй өнөөг хүрсэн. Өнөөдөр нийт олборлож байгаа нүүрсний дөрөвний нэгийг кокс-химийн үйлдвэрлэл ашигладаг” хэмээн ярилаа.

Нүүрсийг 950-1050°С халуунд хүчилтөрөгчгүйгээр халаахад задрал явагдаж кокс хэмээх хатуу бодис, коксын хий хэмээх дэгдэмтгий бодис үүсдэг аж. Нүүрсний жингийн 75-78 хувь нь кокс болдог гэнэ. Үүнийг металлургийн үйлдвэрт ширэм хайлуулахад хэрэглэдэг юм байна. Үлдсэн 25 хувь нь коксын хий болж усны ууртай хамт өтгөрч нүүрсний давирхай болон давирхайт ус болдог байна.

Нүүрсний давирхай нь нүүрсний жингийн 3-4 хувийг эзлэх бөгөөд органик бодисуудын маш нарийн холимог гэж химичид онцолдог.

Энэ холимгоос өнөөдрийн байдлаар эрдэмтэд дөнгөж 60 хувийг нь таньжээ. Тодруулж хэлбэл, эрдэмтэд 500 бодисыг таньж чадсан аж. Эдгээрээс одоохондоо нафталин, антрацен, фенантрен, фенолууд, нүүрсний тос зэргийг боловсруулж байна.

Нүүрсний жингийн 12 хүртэлх хувийг эзэлдэг давирхайт уснаас аммиак, фенолууд, пиридини зэргийг гаргаж авдаг. Эндээс бас кумароны давирхайг гаргаж лак, будаг, линолеум, резин үйлдвэрлэхэд хэрэглэдэг юм байна.

Мөн нүүрсийг хийжүүлж нийлэг хий сингаз гаргадаг байна. Энэ хий нь түлш гэдэг утгаараа байгаль орчинд ээлтэй, химийн аж үйлдвэр, нийлэг байгалийн хий, нийлэг шингэн түлшний үйлдвэрлэлийн түүхий эд гэдэг утгаараа бүр ч илүү ач холбогдолтой эд гэнэ.

Нүүрснээс бас хиймэл графит буюу бал чулууг гаргадаг аж. Даралт, халууны орчин бүрдүүлж чадвал хиймэл алмаз ч болгож болдог байна.

Дэлхийн улс орнууд чулуун нүүрснээс ванадий, германий, галлий, молибден, цайр, хар тугалга зэрэг ховор металл, түүнчлэн хүхрийг ч асар ихээр гарган авч байна. Товчхондоо нүүрсийг боловсруулж 400 гаруй бодис гарган авдаг юм байна. Эдгээр бодисууд нь нүүрснээсээ 20-25 дахин өндөр үнэтэйгээр зах зээлд нийлүүлэгддэг аж.

Манай улс нүүрсний 173 тэрбум тонн нөөцтэй гэсэн статистик бий. Нийт нөөцөөрөө дэлхийд эхний 15-д ордог гэх жагсаалт ч дуулддаг. Нүүрсний нийт нөөцийн ихэнх нь зах зээлд үнэд хүрдэггүй хүрэн нүүрс гэж геологичид ярьдаг. Тэгэхээр үнэ хүрэхгүй хүрэн нүүрснээсээ дэлхийн зах зээлд өндөр үнээр худалдаалагддаг бүтээгдэхүүнийг Японы өндөр технологийг ашиглан гаргаж эхэлбэл мэдээж худалдан авагчид бэлэн. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нүүрснээс татгалзаж эхэлсэн нь цаанаа учиртай. Нүүрсийг шатаахад хийн болон хатуу байдалтай асар их хорт хаягдлууд ялгардаг юм.

Тиймээс ихэнх оронд нүүрс шатаахтай холбоотой хатуу чанга дүрэм, журам, норм хэрэгжүүлдэг. Алсдаа нүүрсээ биш нүүрснээс гаргаж авсан өндөр чанарын бүтээгдэхүүнүүдийн эрэлт өснө гэдэг нь эндээс төвөггүй харагдаж байна.

Доктор Б.Пүрэвсүрэн нүүрсний хэтийн төлөвийн талаарх саналдаа “Таван толгойн нүүрсийг баяжуулах ба коксжуулах үйлдвэр байгуулагдсанаар нүүрсний баяжмал болон коксыг цаашид дахин гүн боловсруулалтад оруулна. Тухайлбал, баяжмалаас идэвхжүүлсэн нүүрс, коксыг төмрийн хүдрийг боловсруулж төмөр, коксыг шохойтой хольж хайлуулан кальцын карбид үйлдвэрлэх үйлдвэрүүдийг харилцан уялдаатай хөгжүүлэх боломжтой. Кальцигийн карбидыг үйлдвэрлэснээр ацетиленийг гарган авах боломж нээгдэнэ. Ингэснээр полимер химийн аж үйлдвэрийг жинхэнэ ёсоор хөгжүүлэх эх суурь тавигдах юм.

Үр дүнд нь нүүрсний гүнзгий боловсруулалтын эцсийн бүтээгдэхүүн болох орчин үеийн хамгийн их эрэлт хэрэгцээтэй нийлэг полимерууд болох поливинилхлорид, поливинилацетат, поливинилийн спиртийг үйлдвэрлэснээр төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүнүүд, органик лак, будаг, цавуу, нийлэг мяндас болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээгээ хангах хэтийн сайхан төлөв бий” гэж онцолсон нь бий.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний бөхийн гуравдугаар шатны найраа буюу цэргийн арслан болох өрсөлдөөн

Үндэсний бөхөө шимтэн үздэг, дээдэлж биширч, хайрладаг ард түмнийхээ нүдэн дээр бөхчүүд хэрхэн найраа хийж байгаагийн тод илрэл болсон барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жилийн цол олгох барилдаан бүх цэргийн наадмаар эхэлсэн юм. “Бүх цэргийн наадам 2016” үндэсний бөхийн барилдаанд 256 бөх барилдав. Аймгийн арслангуудын ихэнх нь барилдаж байна лээ. Энэ жилийн наадмаар улсын цол хүртэх уран барилдаант арслангууд ирцгээжээ. Бүгдээрээ л бүртгүүлчихсэн барилдах гээд зогсож байх юм. Хэдэн өдрийн өмнө бүртгэл нь дууссан байна. Сумын заан цолтой олон бөх цэргийн наадамд барилдах сонирхолтой байсан гэнэ. Гэтэл аймгийн арслангууд бүгд бүртгүүлчихсэн болохоор заал танхимын барилдаанд амжилт гаргаж, сумын зааны эрэмбээр дээгүүрт бичигдсэн хэдхэн бөх л багтжээ. Уг нь бүх цэргийн наадам хэзээнээсээ улсын баяр наадмаас дутахааргүй өргөн дэлгэр болдог байв. Ар араасаа цуварсан гал гарсан барилдаан гарна. Үзэгчид суудлаасаа өндөлзөөд л, бөхчүүд уран мэх угсруулан хийнэ. Улсын цолтой бөхчүүдтэй харьцуулах юм биш. Хурдан шуурхай, даацтай, угсраа мэх хийгээд л шимтэйхэн барилдаан болдог. Ийм л барилдааныг үзэгчид хүсч, үзэх гэж Бөхийн өргөөг дүүртэл ирцгээжээ.

Ингээд бөхийн барилдаан эхэллээ. Нэгийн даваанд аймгийн арслангууд учраа бөхчүүдээ төвөггүйхэн даваад туг тойрон гүйх ажээ. Гэтэл хоёрын даваанаас эхлээд л байдал бишдээд явчих нь тэр. Сумын заан, аймаг, цэргийн заан цолтой бөхчүүд аймгийн арслангуудтай очиж уулзаад зогсоод байх юм. Ямар нэгэн зүйл гуйгаад байгаа нь мэдрэгдээд байх. Иймэрхүү байдалтайгаар дөрвийн давааны барилдаан эхэлсэн юм.

Баянхонгор аймгийн Баян булаг сумын харьяат, аймгийн арслан Д.Болдын хүү, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү нутгийн бөх Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Их Богд” бөхийн дэвжээ, “Хүч” СХ-ны бөх цэргийн начин Дашдоржийн Цэрэнтогтохтой барилдахаар өрөв. Зодогны ар хормой дээрээс дээжилж барьж аваад давуулах гээд л үзээд байлаа. Тэгж байтал цэргийн начин Д.Цэрэнтогтох гэнэтхэн зүүн хөлөөрөө халз хутгаад өрсөлдөгч бөхөө давлаа. Б.Эрдэнэхүү арслан мэхэнд ямар ч мэдрэмжгүй ороод халз хутгуулж байна. Өмнө нь ингэж өөрөө мэхэнд нь ороод огт эсэргүүцэлгүй унаж байсан тохиолдол байхгүй мэт санагдана. Өрсөлдөгч бөхтэйгөө ач тач барилдаж унаж явахдаа хүртэл мэх хийдэг тийм л элдэвтэй аймгийн хурц арслан. Хонгор нутгийнхны улсын цолонд хүрэх байх гэж олон жил итгэж найдаж байгаа бөхчүүдийн нэг юм. Сумын заан Зоригтбаатар гэх жин багатай хурдан хөдөлгөөнтэй бөх Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Д.Цэвэлсодномтой таарчээ. Аймгийн арслан Б.Серик аймгийн заан Ч.Эрдэнэсайхантай таарсан байв. Учраа бөхчүүдийнхээ шийдсэн болзолтой мэхэнд унаад өгөв.

Ингээд цолны босго барилдаан болов. Сумын заан Зоригтбаатар, аймгийн заан Ч.Эрдэнэсайхан, цэргийн начин Д.Цэрэнтогтох гэх гурван бөх аймгийн арслангуудтай үлдлээ. Бүх цэргийн наадмын зүүний магнай Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Ганхуяг цэргийн начин Д.Цэрэнтогтохыг амлав. Аймгийн хурц арслан Ө.Сүхбат сумын заан Зоригтбаатарыг амлан авлаа. Харин аймгийн арслан А.Бадарч аймгийн заан Ч.Эрдэнэсайханыг амлан авав. Ингээд тавын давааны барилдаан эхэлсэн юм. Аймгийн арслан Ө.Сүхбат Зоригтбаатар сумын зааны элэг бүснээс барьж аваад л өргөж тавиад л байгаа харагдав. Мөн гэнэтхэн л барьцаа чангаруулаад л бярдаж дайраад жин багатай сумын заан Зоригтбаатар хярж зогсоод байх. Тэгж байснаа гэнэтхэн Ө.Сүхбат арслан хойшоо ухраад алхаад байдаг юм байна. Нөгөө бярдуулаад байсан сумын заан зориг орчихсон өмнөөс нь хөөж барилдаж гарлаа. Тэгснээ гэнэтхэн Ө.Сүхбат зааны хөлийг өргөөд цацаж гаргаж ирээд шидчихлээ. Ө.Сүхбат сумын заанд хөл алдаад ийнхүү унав.

Аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Д.Цэрэнтогтох нар тодорхой барьцанд хүрэхгүй л байгаад байх. Тэгж байснаа бүр Б.Ганхуяг арслан бөхчүүд сууж байгаа сандал дээр очоод суучихлаа. Д.Цэрэнтогтох бөхийн өргөөний талбай дээр хүлээгээд л зогсоод байх юм. Тэгснээ босч ирээд тогтуухан өрөх. Дахиад л барьц тавилцаад алхаад байх. Дахин өрж сэнжиг элэг бүснээс барилцаж байснаа хэн нэг нь элэг бүсээ тайлаад дахин чангалж уях юм. Барилдаан удааширч эхлэв. Удалгүй хоёр бөх хав дөрвөлжин золгож байгаад Д.Цэрэнтогтох шуудагнаас тойруулж шахаж татаад төвөггүйхэн давлаа. Б.Ганхуяг өөдөөс нь ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй уналаа. Зургаагийн даваа эхэлж, Д.Цэрэнтогтох аймгийн хурц арслан Н.Жаргалбаяртай барилдлаа. Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар аймгийн арслан Л.Шинэбаатар нар барилдсан юм. Сумын заан Зоригтбаатар аймгийн арслан М.Бадарчид унав. Аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр шуудагнаас зүүн талдаа татаж өрсөлдөгч бөхөө унагадаг. Д.Цэрэнтогтох зүүн талдаа татдаг хүнийг огт хамгаалахгүй өөрөө хайрцаглаж ороод байх. Н.Жаргалбаяр зүүн талдаа татах боломж дүүрэн байв. Гэвч шуудагны барьцаа яагаад ч юм тавьчихаад байх. Уг нь хорьсон ч хориогүй хийдэг дархан мэх нь юмсан гэж Бөхийн өргөөнд сууж байгаа үзэгчид хоорондоо ярилцах ажээ. Тэгж байтал Д.Цэрэнтогтох баруун талаараа давхар тохов. Н.Жаргалбаяр нисч ирээд л хоёр далаараа буучихлаа. Аймаг, цэргийн наадамд 12 удаа түрүүлсэн, жил болгоны төрийн наадмын улсын цол хүртэх бөхийн тоонд багтдаг Ш.Мөнгөнбаатар арслан барилдалгүй Д.Цэрэнтогтох цэргийн начинд элэг бүсээ тайлаад өгчихлөө. Ингээд тунан барилдсан аймгийн арслан М.Бадарч, аймгийн арслан Б.Бат-Өлзийг давлаа. Үзүүр түрүүний бөхийн барилдаанд аймгийн арслан М.Бадарч, шинээр цэргийн зааны болзол хангасан Д.Цэрэнтогтох нар барилдлаа. Д.Цэрэнтогтох огт хөлрөөгүй хув хуурай. Харин М.Бадарч арслан усан хулгана болтлоо хөлөрсөн байлаа. Нэлээд удаан барилдаж байгаад М.Бадарч Д.Цэрэнтогтохыг хэд хэдэн удаа унагачих шахлаа. Тэгснээ ганцхан тээр холоос давхар ачих гэж оролдоод уначихлаа. “Бүх цэргийн наадам 2016” бөхийн барилдааны зарим бөхчүүдийн барилдааныг тоймлон хүргэхэд ийм байна.

Хутганы ир шиг аймгийн арслангууд бүгд л цэргийн начинд өвдөг шороодоод байх. Барилдаан дундуур нь шинээр цол хүртэх гэж байгаа бөхчүүдийн ах нар, нутгийнхан бөөгнөрч зогсоод байх. Тэгснээ нэг нь өрсөлдөгч бөхийн нутгийн юм уу эсвэл ойр дотнын найзтай нь уулзаад байх юм. Тэр хооронд хэдэн ч удаа барьц тавилцаж, хэн хэн дээрээ очих. Тэгж байгаад л огт эсэргүүцэл үзүүлэхгүй мэхэнд нь ороод унах. Эсвэл өөрөө яах аргагүй унах мэх хийгээд уначих нь үнэн урамгүй байлаа. Энэ бүгдийн цаана мөнгөний асуудал байгаа бололтой.

Тийм зүйл ч ажиглагдаад байх юм. Бөхийн хүрээнийхэн дунд ийм яриа гарч байна лээ. “Чаддаг чаддаг газартаа бөхийнхөө найрааг хийж, хэдэн төгрөг олно. Мөнгөтэй нь цол ав. Мөнгө байхгүй нь тунаж барилд. Давж чадахгүй бол өөртөө буруугаа өг” гэх. Аймгийн арслангуудын найраа хийж мөнгө олох нэг арга нь бүх цэргийн наадам болж хувираад байгаа нь нууц биш юм. Улсын цолтой бөхчүүд ирээд барилдах боломжгүй болохоор аймгийн хурц арслангуудад найраа хийх боломж бүрэн дүүрэн гарч ирж байгаа нь энэ юм.

Сумын наадмаасаа эхлээд л найраа газар авчихсан. Аймгийн цолтой, сумын заанууд нийлээд л сум сумын наадам хэсээд явчихна. Шатахуун тос, цаг заваа гарздаад л сум болгоны наадамд очиж барилдах. Тэгсэн мөртлөө тэдгээр бөхчүүд дунд яваа нэг залуу бөхөд ээлж ээлжээрээ унаад байх. Нөгөө залуу бөхөө хоёрын даваанаас эхлээд дэмжээд явчихна. Нэгэн суманд хоёр жилийн өмнө онигоо шиг зүйл болсон байна лээ. Сумын цол хүртээх гэж байгаа залуу бөх нь наймдугаар ангийн хүүхэдтэй таарсан байгаа юм. Нөгөө сумын заан болох гэж байгаа бөх нь наймдугаар ангийн хүүхдийг унагаж чадахгүй баахан барилдсан байдаг. Биеийн тамирын өмд бахиалтай, гэдсээрээ бүс уячихсан хүүг арай л гэж давсан байгаа юм. Тэгсэн мөртлөө аймгийн заан, сумын заануудыг цувуулж шидсээр байгаад л сумын заан цол хүртчихсэн гэж байгаа. Сураг сонсоод байх нь хоёр сая төгрөг өгөөд л сумын заан болсон гэсэн. Бөөнөөрөө ирсэн бөхчүүд нөгөө залуу бөхөө хэнтэй тааруулах, хэн нь амлах гээд бүгдийг өмнө нь тооцоолчихсон. Тэгээд давхиж унаж өгөөд байх. Аймгийн наадам мөн л ялгаа байхгүй. Улсын наадмын үзүүр түрүүний бөх, уран барилдаант бөхчүүд залуу бөхөөс эхлээд унаж өгөөд байна. Аймгийн цол 15-50 сая төгрөгийн үнэ ханштай болсон байна лээ.

Харин улсын цол хүртэнэ гэдэг толгойд багтахгүй их тоо шаардсан зүйл. Өнгөрсөн жил нэгэн аймгийн бизнес хийдэг залуу аймгийнхаа хэдэн бөхчүүдийг дэмжих гээд 100 сая төгрөг цүнхэндээ хийгээд явсан гэж байгаа. Уг нь начин цолтон төрүүлэх гээд байдаг, мөнгө нь хүрэхгүй байсаар чадаагүй гэсэн. Өрсөлдөгч бөх нь мөнгөө нэм гээд л шаардаад байдаг. Тэгсэн 150 сая төгрөг дутаад чадаагүй гэж ярьж байна лээ.

Монгол бөхийн дэвжээ найраа гэх зүйлээс болж өдөр бүр үнэ цэнээ алдаж байна. Бөхчүүд мөнгө авахыг л бодоод байхаас биш дараа нь гарах хор уршгийн талаар огт бодохгүй байгаа учраас л найрааны цолтон төрөөд байгаа юм. Монголын өв соёлын нэлээд хувийг үндэсний бөхчүүд л авч явдаг. Монголын соёлын дархлааг алдагдуулах гол зүйл бөхчүүдийн найраа болж байгаа юм. Бөхчүүд ард түмний өмнө жүжиг тоглоод байхаар сүүлдээ хэн ч тоохоо байна. Бөх нэртэй найруулсан жүжиг үзэхгүй гэдэг болно. Өнөөдөр сумын наадмыг хэн ч үзэхээ больчихсон. Энэ бол монгол бөх үнэ цэнгүй болж байгаагийн нэг илрэл. Монгол үндэстэн эрийн гурван наадамтайгаа байж бүрэн бүтэн, эрхэмсэг оршино. Ингэж байж л өв соёлтойгоо оршин тогтнох юм. Бөхчүүд Монголын соёлын өвийн том дархлааг өөрсдийн гараар үгүй хийж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй болжээ.

Д.Батзориг

Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар хүүхдийнхээ дэргэд архи ууж болохгүй

УИХ-ын хаврын чуулганы тавдугаар сарын 19-ний нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Үүний өмнө манай улс 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хуулийг баталж байлаа. Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэлд тодорхой хэмжээний хариуцлага хүлээлгэх хуулийн орчинтой болсон юм. Шинээр баталсан уг хуулийг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдтэй харилцан уялдуулан боловсруулсан байна. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрхзүйн үндсийг тогтоох зорилготой бөгөөд зургаан бүлэг 42 зүйлтэй ажээ.

Өмнөх хуулиар гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай хүмүүс, хүүхдийг гэр бүлдээ авч хүмүүжүүлж буй, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосны үр дүнд тухайн иргэний асрамжид байгаа этгээд хамаардаг байсан. Тэгвэл шинэ хуулиар тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн бүр хамаарах юм. Мөн өөрсдийн болон үрчлэн авсан хүүхэд нь тусдаа амьдарч байгаа бол, салсан нөхөр, эхнэр, өмнө нь хамтран амьдарч байсан хүн, хамтран амьдраагүй ч гэлээ дундаасаа хүүхэдтэй хүмүүс нэгэн адил хамаарч байгаа ажээ. Нэг ёсондоо хамрах хүрээ нь тэлсэн гэсэн үг.

Хуулийн нэр томьёоны тодорхойлолтод мөн хэд хэдэн заалт нэмэгджээ. Тухайлбал, сэтгэл санааны хүчирхийлэл гэсэн заалт орсон байна. Нэг этгээд нөгөө этгээдийнхээ хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэвэл гэм буруутайд тооцогдох ажээ. Тэгэхээр нөхрөө элдэв бусадтай хардан цаг ямагт нөхрөө зовоогоод байвал энэ хуулийн бусадтай харилцахыг хязгаарласан гэх үндэслэлээр гэм буруутай болж мэдэх юм. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг хориглох тухай зүйлд “хохирогч гомдлоосоо татгалзсан буюу хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй” гэж заажээ. Ингэснээр хохирогч ямар нэгэн байдлаар дарамтлуулах, эсхүл мөнгө төгрөгөөр тохиролцон хэргийг хэрэгсэхгүй болгодог байдлыг үгүй болгож байгаа юм.

Харин Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ гэх гуравдугаар бүлэгт “…мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах арга хэмжээг шуурхай авах үүрэгтэй” болжээ. Түүнчлэн “Бусдын орон байх, эзэмшил газарт шүүгчийн зөвшөөрөлгүй нэвтрэн орж үзлэг, нэгжлэг хийх, шаардлагатай бол баривчлах, хураан авах ажиллагаа явуулна” гэжээ. Ингэснээр гадаа гудамж талбайд эхнэрээ, эсвэл хэн нэгний хүүхдийг цохиж зодвол шууд гэмт хэрэгт тооцогдох болжээ.

Мөн гэртээ эхнэрээ зодох, мөн адил хүүхдээ балбахад ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрдөг байсныг шинэ хуулиар зохицуулж өгсөн байна. Түүнчлэн гэртээ эхнэр, хүүхдээ зодож байхад айл хөрш нь дуудлага өгч, хорооны цагдаа ирээд эвлэр гээд буцах эрхгүй болж байгаа. Мөн гэрт нь орж болдоггүй байсныг шинэ хуулиар нээлттэй болгож өгчээ.

Нэг үгээр хэлбэл гэртээ ч бай, гадаа гудамжинд ч бай ямар нэгэн байдлаар эхнэр, нөхөр, хүүхдэдээ гар хүрсэн тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнд тооцогдох заалттай болж байгаа юм байна. Мөн цагдаагийн байгууллагын бие төлөөлөгч тухайн хохирогчийг гэр орноосоо хувцас, эм, эмчилгээний хэрэгсэл, бичиг баримт, хүүхдийн сургалтын хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай хэрэглээний эд зүйлээ авахад нь туслалцаа үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулах үүрэгтэй юм байна. Энэ мэт байдлаар гэр орноосоо гараад ирсэн хохирогчдод нийгмийн ажилтан тусламж үзүүлэх үүрэгтэй. Тухайлбал, хохирогчийг асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээ болон нийгмийн халамжийн тэтгэмжид хамруулах, шаардлагатай бусад үйлчилгээнд холбон зуучлах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээжээ.

Энэ хуулийн дөрөвдүгээр бүлэг хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тухай юм. Уг бүлгийн 26.3 дахь заалтаар “…хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх хэлбэрээр хүүхдийн бие махбодод халдах, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно” гэжээ. Ингэснээр аав, ээжүүд хүүхдийнхээ дэргэд архи уувал гэм буруутай болох юм байна. Ер нь шинэ хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэсэн бүлэг нэмэгдэж байгаа нь өндөр ач холбогдолтой. Хүүхдүүд хүчирхийлэлд өртсөнөө төдийлөн мэддэггүй тул тухайн хүүхдийг хүчирхийлэлд өртсөнийг хэн нэгэн мэдвэл уг асуудлыг мэдээлэх нь иргэний үүрэг байхаар зааж өгчээ. Мөн хүүхэд хүчирхийлэлд өртөж байхыг харсан хүн холбогдох газарт мэдээлэх ёстой гэжээ. Хэрвээ иргэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн л хариуцлага тооцох юм байна.

Мөн төсөлд хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зохицуулалтыг цогц байдлаар томьёолж, үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн хэлбэрүүдийг шинээр оруулахаар мөн тусгасан байна.


Categories
мэдээ цаг-үе

Наадмын хуушуураа санасан хүмүүс Төв цэнгэлдэхийг зорьдог

Нар хур тэгширч бөхтэй, морьтой, суртай монгол наадам айсуй. Үндэсний дээл хувцсаараа гоёсон монголчууд наадмын талбайгаар орж хэн түрүүлж, хэний морь хурдалж, хэний сум мэргэн байгааг сонирхохын сацуу хуушуураа заавал амтархан идэцгээдэг. Хуушуурын амт ямар байсан тухай яриа ч нэг хэсэгтээ тасардаггүй. Тиймээс наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Бид энэ удаад амтат хуушуураар олонд үйлчилдэг Төв цэнгэлдэхийн нэгэн гуанзанд өнжлөө.

Төв цэнгэлдэх хүрээлэн, сур харваачдын талбай хоёрын хооронд байрлах “Үхрийн махтай хуушуур” гэсэн хаягтай дан байшинг тэр хавийн оршин суугчид андахгүй юм. “Танайхыг наадмын хуушуураар мэргэшсэн гэж сонсоод ирлээ” гэхэд гуанзны эзэн Б.Тамир ихэд уриалгахан хүлээн авав. Биднийг үдийн алдад очиход хүн ихтэй, хуушуур гарахыг хүлээгээд сууцгааж байлаа.

Тэрбээр гуанзаа 2011 оноос хойш ажиллуулж байгаа аж. Анх 2010 онд бизнес эрхлэхээр Төв аймгийн Жаргалант суманд ногоо тарьжээ. Гэтэл тэр жил нь эдийн засгийн хямрал нүүрлэснээс төмс ногоо үнэгүйдэж “шатсан” гэнэ.

Хурааж авсан төмсөө “Портер” машинд ачиж ирээд Төв цэнгэлдэх хүрээлэн дээр борлуулах гэсэн ч төдий л амжилт олоогүй гэнэ. Наймаагаа хийхээр өдөр болгон тэнд зогсдог байсан болохоор ойр хавийнхантайгаа танил болж. Түүгээр ч зогсохгүй одоо гуанз ажиллуулж байгаа байшингаа ногооны дэлгүүр болгохоор түрээсэлж аваад сайхан засварласан байна. Гэтэл наадам дөхөж Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлага байшингаа гурван хоногийн хугацаатай чөлөөл гэжээ. Хөлс хүчээ гарган засварласан болохоор хүмүүс муухай болгочихно гэсэн “харам” сэтгэлээр өөрөө хуушуур хийж зарахаар шийдэж. Ингэж л хуушуурын бизнест орсон түүхтэй аж. Түүнээс хойш таван наадмаар хуушуур хийжээ. Одоо бол зөвхөн наадмаар төдийгүй жилийн туршид хуушуурын гуанзаа ажиллуулдаг. Байшин нь зуных тул өвлийн ид хүйтнээр аргагүй эрхэнд хаана. Өвөл ч гэсэн бизнесээ зогсоохгүйн тулд дуулаалга хийж үзсэн гэнэ. “Зуны зориулалттай байшин яаж ч дулаалаад болдоггүй юм билээ” хэмээн ярив.

“Үхрийн махтай хуушуур” гуанзны эзэн Б.Тамир Эднийх

Хуушуур хийж чаддаггүй монгол хүн гэж бараг үгүй. Харин олон түмэнд хуушуураар үйлчилнэ гэдэг арай өөр ухаан. Махнаас гадна гурил, тос, амталгаа зэрэг нь хамгийн чухал. Ялангуяа гуриланд ихэд анхаарах хэрэгтэй гэнэ. Гурилын чанар жил бүр өөр өөр байдаг. Чанар нь өөрчлөгдөж байгаа нь тухайн жилийн ургацтай холбоотой гэдгийг онцолж байв. Өнгөрсөн жилээс хуушуур хийхэд таардгаар нь “Алтан тариа”-г сонгон хэрэглэж байгаа. Хуушуур хийхэд гурилнаас дутахгүй чухал зүйл нь тос. Зарим нь хайрах үед нүд хорсгож харшил өгдөг. Тиймээс “Янта”, “Eco oil”-ийг сонгон хэрэглэдэг хэмээн савыг нь үзүүлэв. Ер нь тос хамгийн их зарлагатай нь юм байна.

Б.Тамирын гуанз зөвхөн үхрийн махаар хуушуураа хийдгээрээ онцлогтой. Ийм хуушуурыг идэхэд л андашгүй. Нэгнээс нь хоёр халбага хэртэй бор шөл гардаг бөгөөд энэ нь эдний хуушуурын гол онцлог гэж болно. Хуушуурынх нь амтыг үзэхээр авч идэхэд нэлээд шөлтэй байсан нь анзаарагдсан. Давс, сонгино, сармис, хар чинжүүгээр амталдаг бол махыг нь заавал машиндсан байх ёстой аж. Гараар татвал нэг тийшээгээ гүйж, салангид, үйрмэг болдог гэнэ. Эднийх хуушуураа хурдан шуурхай хийхийн тулд тавагны ирмэгээр дарж чимхдэг. Тогооч бүсгүйчүүд хуушуураа тун ч сурамгай, түргэн чимхэж байх нь шууд л нүдэнд туссан. Энэ нь нэгдүгээрт хурдан, хоёрдугаарт ариун цэвэр талаасаа илүү тохиромжтой байдаг. Ер нь хүний гарын үзүүр, тэр дундаа өндөг, хумсанд хамаг л нян хуримтлагддаг гэдгийг бүгд мэднэ. Тиймээс гараар чимхэж хийх нь төдийлөн тохиромжтой бус. Тэгээд ч чимхэлт бол зөвхөн үзэмжний асуудал хэмээн Б.Тамир ярив.

Биднийг ийнхүү ярьж суутал нэг л мэдэхэд гуанз үйлчлүүлэгчээр дүүрч, сул суудалгүй болсон байлаа. Дэрвэгэр даашинз өмссөн гурван настай бяцхан охин “Идье, идье” хэмээн өвөөгийнхөө гараас хөтөлсөөр орж ирэв. Өвөө, охин хоёр гурван хуушуур захиалаад хоол нь бэлэн болох хооронд ундаа ууж суув. “Үхрийн махтай хуушуур” гуанзны гол үйлчлүүлэгчид нь “Хурд” хорооллынхон.

Бас хажууханд бэлтгэлээ базаадаг сурын тамирчид болон Олимпийн хорооныхон. Түүгээр ч зогсохгүй байнга үйлчлүүлдэг гадаадын хэд хэдэн үйлчлүүлэгчтэй гэж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд олон шинэ барилга баригдсаар байгаа. Тэнд ажилладаг Хойд Солонгосын барилгачид эдний хуушуурыг амтархан иддэг гэнэ. Мөн “Дэрэн” клубт урилгаар ажиллаж байгаа Өмнөд Солонгосын дасгалжуулагч өдөр болгон орж ирэхдээ “Хуушуур күүл” гээд л иддэг тухай ярив. “Хурд” хорооллын хүүхдүүд эднийхийг андахгүй. Зарим багачууд хажуугаар ч өнгөрөхдөө “Ийшээ” гээд л тэдний гуанзыг заасаар ээж, аавтайгаа орж ирдэг тухайгаа хуучлав. Байнгын үйлчлүүлэгчид нь баяр наадмаар хамаатан садан, найз нөхдөө дагуулсаар орж ирнэ. Бас наадмын хуушуураа санасан хүмүүс Төв цэнгэлдэхийг зорьж эднийхээр үйлчлүүлдэг. Жаахан хүүхдүүдэд хурцдаж, гэдэс ходоод нь өвдчих вий хэмээн сэтгэл нь зовдгоо Б.Тамир нуугаагүй. Гэтэл нэг сарын зөрүүтэй хоёр ачийгаа дагуулсан эмэгтэй орж ирээд гуанзны эзэнтэй мэндлэв. Б.Тамир ч сайн таньдаг бололтой хэдэн үг солив. Эндхийн байнгын үйлчлүүлэгч нь гэнэ. Хоёр ачийгаа хардаг болохоор хааяа хоол хийж өгч амждаггүй тухайгаа эмээ ярив. Ийм үед эдний гуанзанд ирж ач нараа хуушуураар хооллодог. Хүүхдийн гэдэс ходоодыг өвтгөдөггүй, амт нь сайхан тул ирдэг тухайгаа хуучлав.

Зун болж “Үхрийн махтай хуушуур”-ын улирал нь ид эхэлж байгаа үе. Дулаанд гадаанаа сүүдрэвч засч гурван том ширээ тавьдаг гэнэ. Ачаалалтай үед энд 30-аад хүн багтдаг. Зуны халуунд хүмүүс дотор орохоосоо илүү гадаа тухалдаг.

Эднийх зөвхөн хуушуур төдийгүй гурилтай шөл, цуйван, гуляш, будаатай хуурга зэргийг захиалгаар хийдэг. Хоол идэж байгаа хүмүүс заавал юм ууна. Нэг өдөрт дунджаар 10-20 литр цай чанадаг. Түүнээс гадна үзэмний шүүс, MCS компанийн ундаа, шүүсээр үйлчилнэ.

Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд олон цэг хуушуураар үйлчилж, зарим нь борлуулалт муу байсан хэмээн ярьж байсан нь тодхон санагдав. Харин Б.Тамирын гуанз анх удаагаа нэг өдөрт 7000 хуушуур борлуулж дээд амжилтаа тогтоосон гэнэ. Ер нь байнгын үйлчлүүлэгчдийн хөл тасардаггүйн гол нууц нь амт, чанар болон үнэ нэмээгүй 1000 төгрөг хэвээрээ байгаад хэмээн тайлбарлав.

Хуушуур зарна гэдэг нарийн ажил. Тиймээс ч анхандаа Б.Тамир энд тэндхийн гуанзанд очиж амтыг нь үзэхээр хуушуур авч иддэг байсан тухайгаа ярив. Харин одоо бол ингэх шаардлагагүй гэнэ. Хуушуурын борлуулалтад амтнаас гадна цаг агаар нөлөөлдөг. Нартай, дулаахан өдөр хүмүүс хуушуур авч идэх нь элбэг, харин сэрүүн өдөр шөлтэй хоол илүү зооглоно. Бас хүмүүс гэртээ хиншүү тавьж, тос үсэргэхээс түвэгшээж хуушуурыг гаднаас авч иддэг бололтой юм.

“Үхрийн махтай хуушуур” гуанзанд таван хүн өглөөний 10:00- 20:00 цаг хүртэл өдөр бүр ажилладаг. Б.Тамирыг ийнхүү ярьж суухад хуушуур захиалгаар хүргүүлэх гэсэн дуудлага тасарсангүй. Захиалгын болон авч явах хуушуурыг бор цаасан уутанд савладаг нь содон харагдав. Гуанзнууд бол гялгар уутанд хийгээд л өгчихдөг. Харин эднийхэн цаасан уутанд савлаад гадуур нь гялгар уутанд хийж өгдөг байна. Үндэсний үйлдвэрлэгчээсээ нэг цаасан уутыг 120 төгрөгөөр авдаг бөгөөд дотор нь арван хуушуур багтдаг гэнэ. Харин гуанзанд нь үйлчлүүлэх үйлчлүүлэгчдэдээ ясаар хийсэн тавганд хуушуурыг нь тавагладаг. Хятадаас захиалж авчруулсан энэ таваг нь хагардаггүй тул тохиромжтой гэдгийг онцолж байсан юм.

Б.Тамир гадуур хөөцөлдөх ажил ихтэй тул байнга орж гарна. Баянзүрх захаас махыг нь тогтмол нийлүүлдэг бол гурил, тос зэргээ өөрсдөө очиж авдаг. Өдөрт хичнээн хуушуур зарагдсаныг нь хэрхэн мэддэг тухай сонирхоход ерөнхийд нь махныхаа хэмжээгээр барагцаагаа гаргадаг гэв. Гэхдээ хэдийг зарсан гээд ажилчдаа нарийн хянаад байдаггүй гээд “Хамгийн гол нь харилцан итгэлцэл дээр ажил явагддаг” гэв. Ерөнхийд нь чиглүүлж өгнө, нарийн ширийн ажилд нь оролцдоггүй. Анхнаасаа хүнийг ажилд авч, гэрээ хийхдээ энэ бүхнийгээ сайн ярилцаад тохирчихдог. Тиймээс хатуу үг хэлэхэд гомдож туниад байдаггүй, урамшуулахад хэт хөөрдөггүй итгэлтэй хүмүүстэй ажилладгаараа бахархдаг аж. Хамгийн гол нь үйлчлүүлэгчдээ хуурахгүй, сайн материалаар хийх нь чухлыг тэрээр онцлов.

Биднийг байх үед байт харвааны оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мөн улсын шагайн харвааны тэмцээн болж байсан тул бүр ч их хөл хөдөлгөөнтэй байлаа. Үйлчлүүлэгчид ар араасаа цувсаар байв.

Ер нь ашиг орлогын хувьд өдөр өдөртөө янз бүр. “Олох үедээ олдог, гарах үедээ гардаг. Оллоо гээд хэмжээгээр нь цацаад байж болохгүй. Гарлаа гээд гуанзаа хааж болохгүй. Хамгийн гол нь олсон орлогоо зөв зарцуулах нь чухал” хэмээн тэрбээр ярив.

Б.Тамир “Улаанбаатар” лицейг төгсчээ. Дараа нь Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн оройн ангийг дүүргэсэн. Яваандаа нийтийн хоолны чиглэлээр Хятадад суралцах бодолтой гэнэ. Хятад бол хоолны орон, том ч зах зээлтэй, тиймээс тэндээс энэ чиглэлээр нэлээд зүйл сурч, туршлагааа улам баяжуулна гэж боддог. Цаашдаа гуанзаа өөр түвшинд аваачиж, гадныхны жишгээр ариун цэврийн шаардлага хангасан street fast food маягийн болгох төлөвлөгөөтэйгөө бидэнтэй хуваалцав.

“Үхрийн махтай хуушуур” гуанзны эргэн тойрон хотын төв шиг харах орчин хязгаарлагдмал биш. Гэвч дохиололтой хэдий ч гуанзанд нь хэд хэдэн удаа хулгай орсон тул аргагүйн эрхэнд цонхоо төмөр тороор торлуулж.

Хуушуур бол өдөр болгон идээд байх хоол биш. Ер нь хурц талдаа. Гэтэл өдөр бүр орж ирж иддэг байнгын үйлчлүүлэгч нэлээд бий. Тиймээс ходоод гэдэс нь өвдөх вий хэмээн гуанзны эзэн санаа нь зовдгоо ярилаа. Гуанз руу нь заасаар аав, ээжийгээ оруулж ирж байгаа бяцхан үйлчлүүлэгчдийнх нь дотор нь хямрах вий хэмээн бас санаа нь зовно.

Ер нь хоол хийнэ гэдэг хөгжим тоглохтой адил гэнэ. Сайхан аялгуу эгшиглүүлэхийн тулд нот бүрээ чадварлаг тоглох хэрэгтэй. Түүн шиг хоол хийнэ гэдэг орц, найрлагаа сайн тохируулж чадвал сайхан амт бий болно. Гэхдээ хамгийн гол нь сэтгэлээсээ хийх нь чухал гэдгийг Б.Тамир дахин дахин хэлж байлаа.

Ажил ихтэй Б.Тамирт ээж нь ар тал нь болж өгдөг гэнэ. Орой очиход халуун цай, хоол бэлэн. Гуанзны ажлын ачаалал ихсэхэд ээж нь л ирж тусална. Харин ах нь тусдаа бизнес эрхэлдэг болохоор тэр бүрий тусалж амждаггүй аж.

Ийнхүү биднийг ярьж суутал нэг мэдэхэд үд хэвийсэн байлаа. Өглөөнөөс хойш хичнээн хуушуур зарагдсан болохыг сонирхоход “Ойролцоогоор 300 зарагдсан байх аа” гэв. Биднийг очсон өдөр цаг агаар ч сайхан, үйлчлүүлэгчид ч нэлээд байлаа. Наадмын хуушуураа санасан хүмүүс эднийхийг зорьсоор.

Categories
мэдээ цаг-үе

Д.Одхүү: Эгийн голын УЦС арав дахин хямд цахилгаан үйлдвэрлэнэ

Д.Одхүү уулын инженер-геофизик мэргэжилтэй. Эгийн гол дээр баригдах УЦС-ын төслийн захирал. Тэрээр сүүлийн үед гараад байгаа асуудлаар хувийн байр сууриа төрийн биш өөрийнхөө өмнөөс ярьж байгаа шүү хэмээн ярианы эхэнд сануулсан юм.

-Төслөө танилцуулна уу?

-Эгийн голын усан цахилгаан станц ойрын 6-8 жилд бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Гэхдээ ус дүүргэлтээс хамаарна. Энэ төсөл 25 жил яригдаж байна. Усаа шаардлагатай хэмжээнд хурааснаар 315 мегаватт эрчим хүч үйлдвэрлэнэ. Эг Сэлэнгийн бэлчрээс дээхнэ 2.5 км-т байрлаж байна. Одоо манай нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 30 хувьтай тэнцэнэ. Эхний 30-40 мегаватт цахилгааныг баригдсаныхаа дараа үйлдвэрлэж эхэлнэ. Францын дэлхийн нэртэй компанийн хийсэн тооцоогоор 826 сая ам.долларт босно. Санхүүжилтийн 75 хувийг БНХАУ-ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээс, үлдсэнийг нь дотоодоос босгохоор тохирсон.

-Төсөл ямар шатандаа явж байна?

-Дэд бүтэц, талбай чөлөөлөх зэрэг ажлууд эрчимтэй хийгдэж байгаа. Үндсэн төсөл эхлэх арай болоогүй. Өнгөрсөн жил маш хүйтэн өвөл болсон учраас ажил жаахан саатсан. Дулаан ороод ажил эхлэх гэтэл Хятадын тал “Оросууд бидэнд бичиг явуулаад байна. Түр зуур санхүүжилтээ зогсооё. Та нар оросуудтай учраа олооч” гээд бас саатал гарсан. Сая бид хүсэлтийн дагуу оросуудтай уулзсан.

-Олон жил яригдсан төсөл эхлэнгүүтээ хөршүүдээс болж зогслоо гэсэн үг үү?

-Бүр зогссон гэж үзэж болохгүй л дээ. Бид аливаа юман дээр хөршүүдтэйгөө учраа ололцож байх ёстой. Бид нүүгээд алга болж чадахгүй. Тиймээс аливаа асуудлаас болж муудах шаардлагагүй гэж үздэг. Гэхдээ мэдээж төрийн бодлогоо хэрэгжүүлээд явна. Бид дотооддоо усан цахилгаан станц барих гэж байхад оросууд зөвшөөрөл өгөх тухай ярьж байгааг ойлгохгүй байгаа юм. Дотоод хэрэгт оролцож байна гэсэн үг биз дээ.

-Та твиттерт “оросуудтай ойлголцсон” тухай жиргэж олныг баярлуулсан. Гэтэл оросууд худлаа мэдээлэл тавьсан тухай ярьж байна.

-ОХУ-ын манайд суугаа элчингийн мэдэгдлийг хараад харамссан. Бид цөмөөр тойрч суугаад өөд өөдөөсөө хараад ойлголцолд хүрсэн. Бүх бичлэг, тэмдэглэл нь энэ байна. Ямар ч маргаан, мэтгэлцээн уулзалтын үеэр гараагүй. Ганц нэг ойлголтын зөрүү байсныг нөхөрсгөөр шийдвэрлэсэн.

-Энэ хурал албан ёсных байсан уу?

-Тийм. Оросын талаас гадна Хятадын тал, Дэлхийн банк оролцсон. Дараа нь протоколд буулгахаар тохирсон. Тийм учраас би цахим сүлжээнд жиргэсэн.

-Оросууд таныг яг юу гэж буруутгаж байна?

-Манай дотоод асуудал гэдгийг оросууд хүлээн зөвшөөрлөө гэдэг дээр л бухимдсан юм шиг байгаа юм.

-Протоколд ийм үг байгаа юу?

-Яг миний жиргэснээр байхгүй. Харин Монгол Улс өөрийн усыг ашиглах асуудлыг хүндэтгэн хүлээж авлаа гэсэн үг байгаа. Үг л өөр болохоос агуулга ижил байхгүй юу.

-Хаана болсон хурал вэ, бичлэг нь байгаа юу?

-Төрийн ордны В танхимд болсон. Бичлэг хангалттай хийсэн. Бүх баримт нь бий.

-Та сая Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нартай уулзлаа. Юу ярив?

-Мэдээлэл танилцуулсан. Би нэг юманд маш их баяртай байгаа. Эгийн голын УЦС-ын асуудал дээр манай төр нэгдмэл бодлоготой байна. УЦС барихыг эсэргүүцсэн нэг ч монгол байхгүй. Намууд хүртэл нэг санаатай.

-Таны жиргээ асуудал үүсгээгүй гэсэн үг үү?

– Оросууд бүгд “Эгийн голын УЦС бол танай дотоод асуудал” гэдгийг хэлсэн бичлэг нь байна. Би энэ утгыг л жиргэсэн юм. Хэрэв оросууд “ийм зүйл яриагүй” гэвэл би бичлэгийг нь гаргаад өгч болно шүү дээ.

-Ямар түвшний уулзалт болсон бэ?

-Уулзалт албан ёсных. Манай Ерөнхий сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайдад мэдээл өгөх хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн хүрээнд зохион байгуулагдсан учраас ОХУ-ын төрийн төлөөлөгч гэж үзнэ. Энэ уулзалтад орж гарын үсэг зурах эрхийг Ерөнхий сайд надад өгсөн албан бичиг нь энэ байна (Ерөнхий сайдын Гарын үсэг зурах эрх олгох тухай захирамжийг үзүүлэв). ОХУ-аас Байгаль ашиглалтын хяналтын холбооны агентлагийн орлогч дарга Амерханов гэдэг хүн оролцсон. Мөн ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны гадаад хамтын ажиллагааны орлогч гээд арав гаруй хүн оролцсон. Энэ хүмүүс бол бүгд академичид. Хятадын Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хуралд оролцсон.

-Та яагаад худлаа жиргэсэн нэр зүүчихэв?

-Миний жиргээний дараа ОХУ-аас манайд суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргасан. Түүнийг харсан хүмүүс л намайг буруутгаж байгаа бололтой юм.

-Та мэдэгдлийг юу гэж үзэж байна. Хувь хүний зүгээс харахад энэ бол маш бүдүүлэг үйлдэл. Мэдэгдлийг хараад энэ том улсын төрийн төлөөлөгч Одхүү гэсэн хувь хүн рүү хандсан сэтгэгдэл төрсөн.

-Эгийн голын УЦС-ын төслийн талаар Одхүүгийн байр суурь гэж байхгүй. Монгол төрийн бодлого л гэж байгаа. Гэтэл тэр мэдэгдлийн тал нь Одхүүтэй холбоотой мэт агуулгатай.

-Төрийн бодлого ярьж байхад яагаад хувь хүний асуудал болчихов?

-Ойлгохгүй байгаа юм. Монгол Улсад хуулийн дагуу явж байгаа ажлыг Одхүүгийн буруу мэт тайлбарлах нь зохисгүй гэж үзэж байгаа. Сонгуультай холбоотой, мөн хийсэн ажлын маань зорилгоос ухраах гэсэн оролдлого шиг харагдаж байгаа юм. Иргэн хүний хувьд хэн нэгэнд ашиглуулах зорилгоор ийм материал гаргасан байж магадгүй гэж хардаж байна. Дипломат ёсонд хувь хүн рүү дайрдаггүй биз дээ. Хэн нэгний хатгаасаар хийсэн байж магадгүй гэсэн бодол орж ирээд байна. Гарсан мэдээллийн тухай юм уу гэхээр гаргасан хүнийг нь баахан буруутгасан байгаа нь сонин санагдаад байгаа юм.

-Та хэн нэгэнд гомдол гаргасан уу?

-Гаргахгүй. Тэр тусмаа би ОХУ-аас манайд суугаа элчин сайд ноён Азизов ийм мэдэгдэл гаргасан гэж бодохгүй байна. Харин Элчин сайдын яаманд ажилладаг зарим хүмүүсийн алдаа байж магадгүй гэж бодож байна. Тус яамныхан хоорондоо ярилцаад учраа олчихвол энэ асуудлыг дэвэргэж, элдэв гомдол яриад байх сонирхол алга. Би өөрөө ОХУ-д сургууль төгссөн. Олон жил ажилласан. Бидний үеийнхэн “орос школтой” гэж ярьдаг шүү дээ. Оросын тухай ямар ч муу сэтгэгдэл надад байдаггүй.

– Төслийг удирдаж байгаа хүний хувьд энэ УЦС хүн, амьтан, байгаль орчинд ямар ч гэм хохирол учруулахгүй гэсэн баталгаа өгч чадах уу?

-100 хувь баталгаа өгч чадна. Энэ төслийг шинээр хийсэн Францын компани бол дэлхийд төслөөрөө танигдсан туршлагатай компани. Дэлхийд гуравт жагсдаг, 600 гаруй УЦС барих төсөлд оролцож, 300 гаруйг нь өөрсдөө гардан барьсан байдаг. Урьд нь төсөлд бага мөнгө зарах яригдаж байгаад өнөөдөр ихээр нэмэгдсэн гэсэн хардлага бий. Үнэ өссөн шалтгаан нь өмнөх тооцоог 20-иод жилийн өмнө хийсэн. Хүчин чадал, тоног төхөөрөмжийн хэмжээ нэмэгдсэн. Тухайн үедээ байсан далан гэхэд л 70-80 хувиар нэмэгдсэн. Энэ хэрээр төслийн үнэ нэмэгдсэн байхгүй юу. Үнийн хувьд манайтай ижил хэмжээний станцуудтай харьцуулахад харьцангуй хямд. Нэг квт-ын өртөг нь 1.4 цент. Одоо бидний хэрэглэж байгаа цахилгаан квт нь 5.2 цент байгаа. 20-25 жилийн хугацаатай зээл аваад буцаагаад төлчих боломжтой. Төсөл энэ эрчээрээ хэрэгжвэл ашиглалтад орох үеэр цахилгааны үнэ нэмэгдсэн байхад арав дахин хямд цахилгаан үйлдвэрлээд сууж байх жишээтэй. УЦС 20 гаруй жилд өртгөө нөхдөг, 50-иас дээш настай байдаг. Ингээд тооцоход ашгийн хувьд эргэлзэх зүйл байхгүй. Дээр нь мөнгөөр үнэлэх аргагүй маш том цэвэр усны нөөц үүснэ. 2030 онд дэлхийн хүн ам есөн тэрбумд хүрнэ. Тэр үед хоёр тэрбум хүн цэвэр усны хомсдолд нэрвэгдэнэ гэсэн тооцоо гарч байна. Гэтэл энд 5.7 тэрбум куб метр цэвэр усны нөөц үүснэ.

-Экологийн хувьд аюулгүй юу?

-Дэлхийн бүх УЦС-ын байршлыг харвал хамгийн өндөр хөгжилтэй орнуудад ихэнх УЦС баригдсан байгаа. Хэрэв ямар нэгэн сөрөг үр дагавартай юм бол энэ олон станц тэр орнуудыг орныг сүйрүүлнэ. Загасны нүүдлийг саатуулах тухай ярьдаг. Нүүдэллэн ирсэн загаснуудыг устай нь хамт цахилгаан шатаар зөөвөрлөнө. Загаснууд л лав үүнийг эсэргүүцэхгүй гэж бодож байна.

-Талбай чөлөөлөх гээд том ажил байгаа даа?

-Хантай багийн 80-аад өрхийг нүүлгэн шилжүүлнэ. Тосгоны зураг энэ байна. Бүх өрхөд байр барьж өгнө. Цэцэрлэг, сургуультай нь барьж байна.

-Ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгараагүй юу?

– Иргэд бидний саналыг маш сайхан хүлээж авсан. Одоо хурдан ажлаа хийгээч гэж шаардаж байна. Иргэдээс мөнгө гаргалгүй их сайхан тосгон барьж байна. Маш том нуур үүснэ. Муу нэрт зүүж ашиглалтад оруулсан Тайширын УЦС-ын нуурыг “Гэгээн нуур” гэж нэрлээд нүүдлийн шувуу ирдэг болсон. Одоо энэ нуурын дэргэд аялал жуулчлалын том бүс үүснэ. Ийм байхад хүн амьтан экологи сүйднэ гэж ярих нь утгагүй.

-Байгал нуурт сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн яриа байдаг.

-Францын дэлхийд танигдсан компани Байгал нуурт 0,023 хувийн нөлөө үзүүлнэ. Гэхдээ усан сан дүүрэх богино хугацаанд өөр ямар ч нөлөөлөл байхгүй. Байгал нуурт цутгаж байгаа усны 18 хувь нь Сэлэнгээс орж байгаа. Байгалд цутгаж байгаа усны 88 хувь нь өөртөө байхад Сэлэнгэ мөрөн Байгалд нөлөөлөхгүй. Оросуудын ихэнх нь энэ УЦС Байгалд нөлөөлөхгүй гэж үздэг. Харин эсрэгээрээ гантай жил Байгал нуурт усыг нэмж өгөх боломжтой болно. Оросууд эсэргүүцэх биш, харин ч хурдан бариач гэж гуймаар юм.

-Оросууд Дэлхийн банкинд УЦС барихыг эсэргүүцээд бичиг явуулсан гэдэг нь?

– Тийм юм байхгүй. Дэлхийн банкны санхүүжилтээр Шүрэнгийн голын УЦС-ын ТЭЗҮ хийгдэж байгаа.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Тогтохын Сэр-Од: “Хамтдаа туулъя гэсиймаа” дууг маань түвд дуучин хулгайлчихаж

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Одтой уулзаж ярилцлаа.

-Таны зохиосон дууг Хятадын дуучин хулгайлж, оюуны өмчийн эрхийг зөрчлөө гэв үү?

-Яруу найрагч Нямбуугийн Баянмөнхийн шүлгээр 2005 онд аялгууг нь бичсэн “Хамтдаа туулъя гэсиймаа” гэдэг дууг маань БНХАУ-ын иргэн Түвдийн дуучин Жиан Шөн хэмээх залуу “Лхасын охин” гэдэг нэртэй болгож өөрөө зохиосон дуу хэмээн дуулаад нийтийн сүлжээгээр түгээж орхиж. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Энхмэндийн дуулж олны хүртээл болгосон “Хамтдаа туулъя гэсиймаа” дуу маань 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголдоо төдийгүй БНХАУ, ӨМӨЗО-д ихэд дэлгэрээд байсан юм л даа. Энэ тухай хориод хоногийн өмнө хөөмийч Сандагаа ах маань мэдэж анх надад дуулгасан. Баянмөнх найрагчтай холбогдож “Дууг маань хулгайлсан байна” гээд хоёулаа баримтжуулж харж, сонссон. Жиан Шөн хэмээх нөхөр зохиогчийн эрхийг өөр дээрээ татаж шүлгийг бичиж, аялгууг зохиосон гэж улайм цайм бичсэн байсан нь даанч харамсалтай. Дууг дүрсжүүлж цацсан байна.

-Дуугаа хулгайлуулснаа мэдээд яав?

-Бид ярилцаад Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагч, дууны хөгжим зохиогчдын эрхийг хамгаалах нийгэмлэг (MOSCAP)-т мэдэгдсэн. Удирдах зөвлөлийн дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, гүйцэтгэх захирал, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарт албан ёсоор хандлаа. Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монгол Улсын оюуны өмчийн газрын дарга Чинбатад бас мэдэгдэл хүргүүллээ. Эдгээр байгууллагууд гомдлын дагуу тодорхой арга хэмжээнүүдийг авах байх гэж найдаж байна. Цаг хугацаа шаардсан ажил болох байх. Харж л байя гэж хүлээж байна. Энэ хулгайн асуудалд гомдоллохоосоо илүүтэй харамсаж байна.

-Хулгайчид гомдож, хулгайд бүтээлээ алдсандаа харамсаж байна уу?

-Ийм зөрчил ганцхан надад ч тулгараад байгаа юм биш. Өмнө нь, урлагийн гавьяат зүтгэлтэн Пүрэвдорж ахын “Улаанбаатарын үдэш” гэдэг сайхан бүтээлийг Хятадын уран бүтээлч хулгайлсан зөрчил байна.

“Ээрэм талын сэвэлзүүр салхи

Эцэж ядраад амарсан ч юм уу?

Амраг хосын яриаг сонсохоор

Амьсгаа даран чагнасан ч юм уу?

Улаанбаатарын үдэш намуухан, намуухан

Учралын болзоонд залуус яаруухан яаруухан

Ханш нээсэн дөлгөөн хаврын

Хайраа илчилсэн дулаан орой

Халуун мөрөө түшилцэн налаад

Ханашгүй цэнгэлийн жаргалыг эдлээд

Улаанбаатарын үдэш намуухан, намуухан

Учралын болзоонд залуус яаруухан яаруухан” гэсэн үнэхээр үг, аялгуу зохицсон энэ дууг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Сандуйжав, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж нар ямар гайхалтай зохиосон билээ. Гавьяат жүжигчин С.Жавхлангийн

“Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад

Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоод

Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд

Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ

Алсад суугаа ээжий минь

Амин хайртай шүтээн минь билээ” гэсэн үгтэй сайхан дууг хулгайлсан явдлаас өгсүүлээд монгол ардын дуунуудыг хүртэл хулгайлсан тохиолдол өчнөөн олон байна.

-Гавьяат жүжигчин, найраг баян хуурч Тэрбиш гуайн дуу ч Хятадын хилийн цэргийн сүлд дуу болсон байдаг гээ биз дээ?

“Сайн байна уу, ээж ээ

Саравчлан харсаар сууна уу” гэдэг сайхан дуу ч бас л хулгайлагдсан гэсэн асуудал байдаг. Яагаад ийм зөрчил давтагдаад байна вэ. Миний дууг хулгайлчихаар л би сүйд болоод байгаа юм биш шүү. Энэ бүхэнд л туйлын харамсаж байна.

-Өмнөд Монголын дуучид, уран бүтээлчид манайхнаас их хулгайлдаг юм биш үү?

-Өвөрлөгч ахан дүүст ямар ч буруу байхгүй. Харин ч тэд маань бүтээл маань хулгайлагдсанд ихэд харамсаж, цахимаар холбогдож байгаад хувиасаа их баярлаж байгаа. Фэйсбүүк, олон нийтийн сүлжээний хандалтыг харж байхад Өмнөд монголчууд Сэр-Одын бүтээлийг хулгайлчихсан мэт сэтгэгдлүүд их байна лээ. Тиймээс би Өмнөд монголчууд тийм булай хулгай хийгээгүй ээ, харин хятаджсан түвд залуугийн бусармаг үйлдэл байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хятадын бүх уран бүтээлч хулгайлаад байна уу гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Олон хүн сайнтай, муутай гэгчээр ёс журмаа мэддэг, авьяас билгээ шавхаж, ариун цагаанаар уран бүтээл туурвидаг хүмүүс олон байгаа. Цаашид ийм хулгай зэлгий бага гараасай, төр засгийн зүгээс Монголын уран бүтээлч бидний бүтээлийг өмгөөлж хамгаалдаг, өмчилж өөриймсдөг байгаасай гэж хүсч байна.

-Манайхан ч улстөржөөд л байхаас урлаг, соёлыг өчүүхэн төдий ч ойшоохгүй байгаагийн гор л гарч байгаа бус уу?

-Болсон явдлаас ургуулаад бодоход л манай төр засаг ямар хүчгүй байгааг мэдэрч байна. Яагаад хүчгүй байна гэхээр монголчууд бидэнд үнэ цэнтэй зүйл огт байхгүй болчихож. Өөрсдийн үнэ цэнтэй зүйлсээ бид өөрсдөө үнэгүйдүүлдэг. Цахим сүлжээний сэтгэгдлүүдийг харж байхад “За, яахав дээ. Сүртэй ш дээ. Зүгээр л нэг байдаг дууг хятад дуучин аваад дуулчихаа л биз” гэсэн хандлага их анзаарагдлаа. Бүх зүйлд ийм хариуцлагагүй, хялбархан сэтгэлгээгээр хандаж байгаа нь аймшигтай. Тэр дуу чинь ганцхан Сэр-Одын өмч биш шүү дээ. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болоод төрийн бус байгууллагын гэрээгээр эрх нь хамгаалагдчихсан Монгол Улсын бүтээлийн хувь заяа нь хулгайн хар мөрт дайрагдчихаад байна шүү дээ. Тэр сэтгэгдэл бичиж байгаа нөхөрт хамаатай зүйл гэдгийг мэдэхгүй байна. Бид эв нэгдэлгүй болсон юм байна. Нэгнээ өмгөөлж хамгаалах сэтгэлгүй болсон юм байна. Тиймээс л бид харийнхны хоолыг бэлдэж өгч байгаа боолууд аятай болж. Энд би нойроо хасан байж нэг бүтээл гаргаж байхад Хятадад нэг хулгайч хэзээ шинэ бүтээл нь гарах нь вэ гэж гэдсээ илээд унтаж байдаг болчихож.

-Аливаа уран бүтээл бол хэн бүтээснээсээ эс шалтгаалан тухайн үндэстнийхээ оюун санааны дархлаа гэж би боддог. Тэгэхээр Монголын уран бүтээлчийн дууг хулгайлна гэдэг улсын хилийг зөрчсөнөөс ялгаагүй биз?

-Монгол Улсын хилийг давж орж ирээд, айл гэрийн хойморт нэг хятад хүн ор хөнжилд нь унтаад, тогоо шанагыг нь дээрэмдээд эзэн суучихсантай л адилхан гэмт халдлага, луйвар шүү дээ. Манайхны юм бүхнийг жижиг гэж хардаг зан л тэднийг давруулж байгаа. Юм бүхнийг жижиг гэж харвал том юм нь юу байгаа юм бэ. Энэ л жижиг гэж харж байгаа юм бүхэн чинь нийлж байгаад Үндэсний аюулгүй байдал, соёлын дархлаа болдог. Тиймээс аливаа юмыг жижиг гэж харж болохгүй. Юм бүхэнд чин сэтгэлээсээ үнэнч хандах учиртай. Найз нөхөд хүртэл бие биедээ найзын ёсоор хандаж чадахаа больчихож. Айлын сайхан үр хүүхэд ээж аавдаа хайраа өгч чадахгүй байгаа юм байна. Бидний ухаант дээдэс хэн нэгнийг үр хүүхэдтэйгээ зүйрлэж хайрладаг, өрөвддөг байсан бол өнөөдөр миний хүүхдийн өрсөлдөгч гэсэн буруу нүдээр хардаг, харьцдаг болчихож. Энэ бол дэндүү эмгэнэлтэй зүйл.

-“Алдсан хүн арван тамтай” гэдэг. Хэрвээ олон улсын Арбитрын шүүхээр асуудал нааштай шийдэгдвэл хулгайд алдсан дууныхаа нөхөн төлбөрийг хэдий хэмжээтэй байвал таны санаа сая ханах бол?

-Хятад улс нэг тэрбум гурван зуун жараад сая хүн амтай. Монгол Улс Хятадын хүн бүхний тоогоор нэг америк доллар нэхэмжлээд авч чадвал Оюу толгойгоо, Таван толгойгоо алдах гээд байгаа Хятадад төлөх өр зээлийн хэдэн хувийг төлөх боломжтой вэ гэдгийг бодоод үз дээ. Нэг тэрбум гурван зуун жараад сая америк доллар зөвхөн миний бүтээлийн хулгайлагдсаны нөхөн төлбөр болоод ороод ирэхэд Монгол Улсын эдийн засагт мөн ч их нэмэртэй еэ дээ. Хэрвээ төр засгаас зөв бодлого явуулбал тухайн улсад харьяалалтай иргэний оюуны өмчийн эрх гэдэг ийм л үнэ цэнтэй байдаг. Ийм хэмжээнд яригдах ч боломжтой. Тиймээс бид газар нутгаа л онгичиж төнхөөд байх биш түүний цаад талд эдийн засгийн ямар боломж байна вэ гэдгийг харах л чухал юм. Бид муу бүтээл хийгээгүй учраас л гадны улсын иргэн хулгай хийгээд баяжиж болоод байна. Монголд үнэ цэнгүй бүтээл яагаад Хятадын зах зээлд өндөр үнээр арилжигдаад байна гэдгийг бодох цаг болсон. Оюуны өмч, зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд ингэж л шийтгэж ойлгуулах учиртай. 2011 оны хавар СУИС дээр АНУ, Орос, Польш зэрэг олон улсын эрдэмтэн мэргэжилтнүүд оюун, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн том чуулган болж байсан. Тэгэхэд сонссоноор, АНУ-ын эдийн засгийн хорь гаруй хувийг оюуны эрх, өмчлөлөөс бүрдүүлдэг гэж байсан. Одоогоос найман жилийн өмнө Холливудын кино зохиолчид ажил хаясан. Тав хоног ажил хаяхад л тэдний цалин, ажлын цагт эерэг өөрчлөлтүүдийг хийсэн байдаг. Оюуны салбар гэдэг үнэхээр ач холбогдолтой салбар гэдэг нь эндээс анзаарагдаж байгаа биз. Хөдөлмөр нь нүдэнд харагдаж, гарт харагдахгүй ч ач холбогдлын хувьд ийм л чухал салбар шүү дээ. Тиймээс бид ганцхан газраа ухах биш оюуны өмчлөлд анхаарлаа хандуулаасай.

-Цахим ертөнцөд “Манайхан гаднаас өчнөөн л дуу хулгайлдаг. Сэр-Одын нэг дууг нэг хятад дуулаа л биз. Сүртэй юм” гэсэн хандлага байна лээ шүү?

-Бид тэр дууг өөрийн байлгаж чадвал үр ашиг, ач холбогдол нь маш их. Түүнээс биш “Сэр-Одын тэр дуу яадаг юм” гэж бичээд сууж байгаа тэр хүнд ч очих хувь тэнд бусдынх болчихсон яваа шүү. Үүнийг л бид жижигхэн юм гээд тоохгүй орхивол ёстой нөгөө салан баавгайн үлгэр болно.

-Та Шанхайн хөгжмийн сургууль төгссөн. Багш нартаа юм уу, Хятадын хөгжмийн зохиолч найз нөхдөдөө дуугаа хулгайд алдсан тухай дуулгав уу?

-Монгол Улсад маань Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуу хөгжим зохиогчдын эрхийг хамгаалах нийгэмлэг (MOSCAP) гэж албан ёсны байгууллага байхад найз нөхөд, багш шавийн барилдлагатай улс руугаа хувиараа гүйж очно гэдэг ёс зүйн хувьд зохимжгүй. Тиймээс би тэдэнд дуулгаагүй. Албан ёсны журмаараа шийдэгдэг.

Categories
мэдээ цаг-үе

Энэ зун цагдаагийнхан урьдынхаасаа илүү ачаалалтай ажиллана

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Баясгалантай ярилцлаа.

-Удахгүй улсын баяр наадам болно. Бас сонгууль, АСЕМ гээд энэ зун нийслэлийн цагдаагийн газар нэлээд өндөр ачаалалтай ажиллах нь?

-Энэ зуны хувьд нэлээд өндөр ачаалалтай ажиллана. Сонгууль, АСЕМ-ийн үеэр ажиллах төлөвлөгөө, маршрут гарсан. Бэлтгэл ажлаа хангаад явж байна. Нийслэлийн хэмжээнд манайхаас 3500 орчим албан хаагч ажиллахаар байна. Дээр нь оюутан цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг дайчилна. Хамгаалалтын үеэр хороод эзэнгүйдэх тал байдаг. Тиймээс энэ үеэр оюутан цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтнууд тусгай дүрэмт хувцас өмсөөд иргэдтэй ойр байж, иргэд цагдаагийн албан хаагчийн дунд холбогч гүүр нь байж ажиллахаас гадна эргүүлд гарна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын цагдаагийн газарт 227 олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллаж байна.

Сонгуулийн үеэр цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилладаг. Сонгуулийн хороо, санал авах байруудыг 24 цагийн өмнө хамгаалалтад авдаг. Сонгуулийн саналын хуудсыг хүргэх ажлыг бас хамгаалалтад авна. Сонгуулийн үеэр гарсан санал зөрчил, мэдээллийг шалгах гээд олон чиглэлд хяналт тавьж ажилладаг.

-УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтийг хамарсан үймээн самуун гарах эрсдэл өндөр байдаг. Сонгууль дөхөөд ирэхээр цагдаагийн алба хаагчид бэлтгэлээ сайн базааж, хээрийн сургуулилт хийдэг болсон гэсэн. Одоо бэлтгэлдээ гарсан байгаа юу?

-Сонгууль дөхсөн учраас сургалт хийж байна гэж бас шууд ойлгож болохгүй. Цагдаагийн байгууллага алба хаагчдаа байнгын сургаж, бэлтгэж байдаг сургалтын төвтэй. Дулаараад ирэхээр хээрийн сургалт дадлага эрчимждэг. Хээрийн сургалт, дадлага бол нийт бие бүрэлдэхүүний чадамжийг дээшлүүлэх зорилготой. Жил бүр тогтмол зохион байгуулдаг. Угаасаа цагдаагийн албан хаагч бие бялдрын хөгжил сайтай байх ёстой. Энэ утгаараа цагдаагийн албанд авахдаа бие бялдарын хөгжлийг шалгадаг. Хэдэн метр гүйж чадах уу, турникэн дээр хэд суниах уу гэх зэргээр шалгалт авна. Тэр байтугай сорви, шивээсийг нь хүртэл шалгаж авдаг. Сургалтын төвд хээрийн сургалт дадлага хийхээс гадна хууль эрхзүй, бичиг баримтын боловсруулалт гээд бүх чиглэлийн сургалтууд явуулдаг л даа. Жишээлбэл, захиргааны ажилтнуудад хамгаалалтын болон хүн баривчлах тактик заагаад ач холбогдол багатай. Тиймээс тэдэнд бичиг баримт боловсруулах гэх мэт сургалтуудыг явуулна.

-АСЕМ-ийн үеэр гадны маш олон зочид төлөөлөгч, төрийн өндөрлөгүүд ирнэ. Энэ үеэр цагдаагийн гол хүч хамгаалалтад явдаг байх?

-Сонгуулийн дараа АСЕМ болно. Төрийн дээд хэмжээний уулзалт учраас маш олон орны төрийн тэргүүнүүд ирнэ. Хамгаалалт олон янз. Төрийн өндөрлөгүүд бие биедээ айлчлахад аль ч улс оронд хамгаалалтыг маш сайн зохион байгуулж, А зэрэглэлийн хамгаалалт авдаг. А зэрэглэлийн хамгаалалтын үед бүхий л аюулгүй ажиллагааг хангана. Жишээлбэл, зам дагуух барилга обьектуудыг шалгана. Магадгүй гэмт этгээдүүд халдлага үйлдэх гээд байж магадгүй, тэнд сэтгэцийн өвчтэй хүн амьдардаг эсэх, тэсрэх, дэлбэрэх бодис байна уу гэх мэтээр шалгадаг. Эсвэл гүүр, барилга байгууламж нурах магадлалтай юу зэргийг шалгана. Нэг талаас айлчлан ирж байгаа гадны төлөөлөгчийг хамгаалж байгаа боловч нөгөө талаас иргэдээ давхар хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа юм. Магадгүй тэнд сэтгэцийн өвчтэй хүн амьдардаг байгаад хамгаалалт зөрчөөд янз бүрийн илүү үйлдэл гаргавал тухайн улс орны төрийн тэргүүнээ хамгаалж яваа хамгаалагчид нь тэр хүнийг буудна шүү дээ. Сэжигтэй үйлдэл гаргахад буудах эрх нь тэдэнд бий. Цагдаагийн албан хаагч ч гэсэн илүү үйлдэл хийж болдоггүй. Жишээлбэл, халаасаа ухдаг ч юм уу, утсаар ярих гэх мэт үйлдлийг хийж болдоггүй. Манай улсад айлчилж байгаа төрийн тэргүүнүүд өөрсдийнхөө орны хамгаалагчтайгаа явж байгаа. Тэгэхээр магадгүй хамгаалалтын үеэр согтуу хүн хамгаалалт дайраад орохыг үгүйсгэхгүй. Ийм байдлаас бид иргэдээ давхар хамгаалж байгааг ойлгох хэрэгтэй. Манай иргэд “хэн айлчлах нь ямар хамаатай юм. Би гэртээ хурдан ормоор байна” гээд цагдаагийн албан хаагчийг загнаад байдаг.

-Гадныхан ирлээ гэхээр манайх шиг иргэдийнхээ эрхийг зөрчиж, олон цагаар зам хааж, чирэгдэл учруулдаг улс орон байдаггүй гэж ярьдаг шүү дээ?

-Тийм шүүмжлэл байдаг. Улс орон бүхэн өндөр хэмжээний айлчлалын үеэр манайх шиг зам хаах, зам дагуу хамгаалалт авч ажилладаг. Сүүлийн үед манай цагдаагийн байгууллагын удирдлагууд болон төрийн өндөрлөгүүд энэ асуудалд анхаарч ярьсан байна лээ. Хамгаалалт хэтэрхий шигүү байгаа юм бишүү. Хүнээр хэтэрхий их хамгаалалт хийгээд байна гэж ярьсан байна. Тийм учраас сүүлийн үед хамгаалалтын хайс, хашлага худалдан авсан. Тав, арван метрийн зайд цагдаагийн албан хаагч хоёр талд нь зогсоод дунд нь хамгаалалтын хайс тавина. Одоо Чингисийн талбайд байгаа Police гэсэн хайс, хашлагануудыг ашиглах юм. Бусад улс орнуудыг харахад, хайс нь өндөр байдаг юм байна, дээрээ гэрэлтэй, хажуудаа камертай гэх мэт илүү боловсронгуй байдаг юм байна.

-Төрийн өндөрлөгүүдийн айлчлалын үеэр алдаа гарч байсан уу?

-Байсан. Хамгаалалт дуусаагүй байхад эхний нэг, хоёр машиныг явж өнгөрөнгүүт дуусчихлаа гээд иргэд гарцаар нэвтрэх гэх мэт алдаа гардаг л даа. Гол нь төрийн айлчлалын цувааны урд, ард талын машины цонх нь онгорхой явдгийг анзаарсан байх. Дотор нь тухайн улс орны хамгаалалтынхан буутай, зэвсэгтэй явж байдаг. Тэр байтугай төрийн том айлчлалын үед нисдэг тэрэг дагаад явж байдаг шүү дээ. Очих газар нь мэргэн буудагч нар аль хэдийнэ байраа эзэлсэн байх жишээтэй. Ямар нэг сэжигтэй үйлдэл гаргавал буудна. Хуулиараа эрх нь байна.

-Цагдаагийн алба хаагчдын хамгаалалтын хувцас, хэрэглэлийн хангалт сайжирч байна уу. Магадгүй энэ олон үйл ажиллагааны үеэр асуудал үүсэхэд цагдаагийн алба хаагчид бэртэж гэмтэх асуудал гарахыг үгүйсгэхгүй?

-Олон улсын жишиг, цаг үеийн хэрэгцээ шаардлага, хөгжил дэвшил гээд яривал цагдаагийн алба хаагчдад хэрэгцээтэй зүйл олон бий. Ер нь нэг үеэ бодвол манай цагдаагийн алба хаагчдын ажлын байрны нөхцөл сайжирч, аюулгүй ажиллагааны хувцас, хэрэгслээр хангагдсан гэж бодож байна. Хэзээ цагдаагийн албан хаагч хутганаас хамгаалсан бээлий, буу сумнаас хамгаалах хантаазтай байлаа. Хууль зүйн яам болон Цагдаагийн ерөнхий газрын үүрэг чиглэлийн дагуу албан хаагчид хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангагддаг. Хамгаалалтын хувцас хэрэглэл бол цагдаагийн албан хааагчийн хөдөлмөр хамгааллын хэрэгсэл гэсэн үг. Гав, бороохой, гар чийдэн, нулимс асгаруулагч, хутганаас хамгаалсан бээлий, сумнаас хамгаалсан хантааз гээд олон тусгай хэрэгслээр хангагдсан байна.

Нэг зүйлийг хэлэхэд, Улаанбаатар хотын цагдаагийн газар давуу талтай. Босоо удирдлага нь Цагдаагийн ерөнхий газар, бас нийслэлийн нутаг дэвсгэрийг хариуцсан нийслэлийн Засаг дарга манай хоёр дахь удирдлага гэж явдаг. Нэг удирдлагын хийж чадаагүй ажлыг хоёр дахь удирдлага шийдээд, дэмжээд өгдгөөрөө давуу талтай. Энэ утгаараа оюутан цагдаа, хөршийн хяналт, би цагдаа гэх мэт олон ажлыг хийхэд дэмжлэг үзүүлж, анхаарал хандууллаа. Жишээлбэл, сая хүүхдийн баяраар хөл хөдөлгөөн ихтэй газруудад явж байгаа хүүхдүүдийн гарт бугуйвч зүүж өглөө. Ээж, аавынх нь утасны дугаар, хаягийг бичсэн бугуйвчийг зүүж өгснөөр тухайн хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн ч эргээд хурдан олдоно гэсэн үг. Бараг зуу орчим хүүхэд төөрсөн гэсэн, бүгд хурдан олдсон байна.

-Сум нэвтэрдэггүй хантааз олон янз байдаг гэж сонссон. Манай цагдаагийн алба хаагчдын одоо өмсөж, хэрэглэж байгаа хантааз хэр найдвартай вэ?

-Дотроо олон янз. Хувцасны гадуур өмсдөг нь манай цагдаагийн албан хаагчдад байдаг. Төрийн тусгай хамгаалалтынхан бол энгийн хувцастай үүрэг гүйцэтгэдэг учир дотуураа өмсдөг нимгэн, бие барьсан, сум нэвтэрдэггүй хантааз өмсөж байна. Хуучны сум нэвтэрдэггүй хантааз нэлээн зузаан, том, хүнд байдаг байлаа. Хэдий зузаан ч сүүлийн үеийн буунууд хүчин чадлын хувьд хуучны хантаазыг нэвтлэх чадалтай болсон байна. Ер нь хамгаалалтын хувцас хэрэглэл мундаг хөгжиж байна. Нано технологиор хийгдэж байна шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Зарим хүмүүс намайг дөрвөн хүүхэдтэй гэхээр итгэдэггүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж “Алдарт эх” одонгоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг шагнасан билээ. Тэдний нэг болох 27-хон настайдаа “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаасан үзэсгэлэнт бүсгүй Ч.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Ханьтайгаа яаж танилцаж байв?

-Миний ханийг Э.Оюунбаатар гэдэг, хувиараа бизнес эрхэлдэг. Бид хоёр 2005 оны зургадугаар сард танилцсан. Танилцаад гурван жил үерхээд нэг гэрт орсон. Оюутны амралтаараа ажил хийдэг байхдаа танилцаж байлаа. Аав, ээж маань бурхан болоод удаагүй байсан. Тэр үед нөхөртэйгөө учирч түүнээс хойш миний дэргэд үргэлж хамт байгаа хүн. Манайх ам бүл зургуулаа. Одоо хоёр хүү, хоёр охины ээж аав болцгоосон. Том хүү маань найман настай, удаах нь дөрөв, хоёр, нэг настай.

-Ээж болох тэр мэдрэмж ямар байсан бэ?

-Би ууган хүүгээ 19-тэй, удаах хүүхдээ 22-той, гурав дахь хүүхдээ 24-тэй, бага хүүгээ 25-тай төрүүлсэн. Ээж болох үедээ хамгийн түрүүнд ээжийгээ л бодсон. Маш их хайрладаг юм байна лээ. Энэ бол маш гоё мэдрэмж байсан. Үүнийг дөрвөн удаа мэдэрсэн гэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй аз завшаан гэж боддог. Том хүү маань “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д төрж байсан. Харин гурван хүүхэд маань “Гурван гал” эмнэлэгт төрж, Т.Баатарцогт эмч эх барьж авсан. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй маш сайхан хүн шиг санагддаг.

-Олон нийтийн сүлжээгээр “Алдарт эх”-ийн одон авсан бүсгүйчүүд залуухан, үзэсгэлэнтэй байгаа нь үнэхээр бахархмаар юм гэж бичиж байсан. Та үүнийг уншсан уу. Ямар сэтгэгдэл төрөв?

-Үнэхээр сайхан санагдсан. Миний ойрын хүмүүс маш сайхан хүлээж авч байсан. Залуухан, 27-хон настай одон авч байна гээд л. Зарим хүмүүс дөрвөн хүүхэдтэй гэхээр итгэдэггүй. Өнөр олуулаа байна гэдэг үнэхээр сайхан. Одон авах тэр мөчид ээж, аав минь харсан бол хичнээн сайхан гэж бодогдож байлаа. Эгч минь ирээд уйлж байсан. Гэхдээ өөрийн минь эцэг эх шиг хадам аав, ээж минь байгаа болохоор сэтгэл дүүрэн байсан. Мөн найзуудаасаа хамгийн анхны одон авж байгаа болохоор тэд маань их баяртай байгаа.

Миний араас ч одон авах найзууд байгаа, бүгд л хоёр, гурван хүүхэдтэй. Эргэн тойрны хүмүүс тэр дундаа гэр бүл, ах дүү хамаатан садан, найз нөхөд гээд л их сайхан хүмүүс байдаг. Би өөрийгөө дандаа сайхан хүмүүсээр хүрээлэгдэж байдаг азтай хүн гэж боддог шүү.

-Залуу хүмүүс олон хүүхэд зэрэг өсгөнө гэдэг амаргүй. Хүнд хэцүү үе байсан л байлгүй.

-Бурхан хүнд даах ачааг нь л өгдөг. Бас авсан шигээ буцааж өгдөг. Ээж аавыг минь авсан шиг эргээд надад үр хүүхэд харамгүй хайрласан. Би ганцхан эгчтэй, багадаа өнчрөөд үлдчихсэн болоод ч тэр үү олуулаа байвал сайхан юм байна гэж их боддог. Тиймээс залуу байгаа дээрээ тэрсхэн олон хүүхэдтэй болчихвол эргээд манай гэр бүлд том хөрөнгө оруулалт болж байгаа юм л даа. Мэдээж хэцүү үе байдаг ч хүүхэд өөрөө аз жаргал шүү дээ.

-Таныг зав чөлөөгүй үед нөхөр тань хүүхдээ хардаг уу?

-Нөхөр маань хараад үлддэг. Хүмүүс ганцхан хүүхэд харахад хэцүү байхад, дөрвөн хүүхэд харна гэдэг бас амаргүй байх, яаж харж байна гээд л асуудаг. Манай нөхөр ер нь түүртээд байдаггүй шүү. Хүүхдүүдтэйгээ бужигнаад, шуугилдаад байж байх дуртай. Анхны хүүхэд гарахад ямар хайр халамж гаргадаг байсан, дөрөв дэх хүүхэд дээрээ яг л тийм байсан. Шөнө хүүхэд уйлахад хамт босож ирээд хуурайлаад хөхүүлэхэд бэлэн болгоод л өгдөг. Намайг завгүй үед хүүхэд өвдвөл өөрөө үзүүлнэ, эмнэлэгт хэвтвэл аваад л хэвтдэг. Тийм болохоор олон хүүхэд төрүүлэхэд, өсгөхөд хүндрэлтэй байх нь бага байдаг. Хань ижил маань тусалдаггүй, халамжилдаггүй байсан бол олон хүүхэдтэй болъё гэж зориглохгүй байсан болов уу. Дөрвөн хүүхэдтэй болохоор эхнэр нь байнга гэртээ байх хэрэгтэй гэж тэр хүн боддоггүй. Зав чөлөөтэй үедээ хүүхдүүдээ хараад надад зав чөлөө их олгодог шүү. Таньдаг хүмүүс “Болороогийн нөхөр үнэхээр мундаг, халамжтай сайн аав” гэж ярьдаг. Хараад байхад зарим хүмүүстэй харьцуулахад миний хань шал өөр хүн болох нь мэдрэгддэг. Тийм болохоор ч ханиа магтаж ярих их дуртай. Мөн нөхрийн минь аав, ээж үнэхээр сайн хүмүүс, үргэлж надад тусалж, дэмжиж өөрийн хүүхдээс дутахааргүй хайрладаг. Би боддог юм, энэ сайхан хүмүүсийг ээж, аав минь надруу явуулсан байх гэж. Тэд байдаг учраас ээж, аавын минь дутуу орон зайг нөхөж өгдөг. Хүмүүс “Болороо хадам аав, ээждээ хир халдаадаггүй, үнэхээр сайн” гэдэг. Би хэзээ ч хир халдааж чадахгүй, үнэхээр алт шиг хүмүүс. Хадам бол хүний хүн гээд л хүмүүс ярьдаг миний хувьд тийм биш. Бараг хүүгээсээ илүү намайг хайрладаг.

-Хүүхдүүдээ төлөвлөж төрүүлсэн үү, бурхны өгсөн хайр хишиг байсан уу?

-Том хүүгээ их сургуулиа төгсөөд гаргасан. Хоёр дахь хүүхдээ төлөвлөөгүй, ёстой л бурхны хайр хишиг байсан. Харин хоёр багыгаа тэрсхэн өсгөчихье гэж бодоод жил дараалан гаргасан. Хүүхэд тэрсхэн өсчихвөл зүгээр санагддаг. Эгч минь аав, ээжийг минь байх үед хүнтэй суугаагүй байсан болохоор надаас зээгээ харна гэж их ярьдаг байлаа. Бас дээрээс нь эмч хүмүүс байсан болохоор миний хоёр охин хэзээ ч, ямар ч үед үр хөндүүлж болохгүй шүү. Хүүхэдтэй болбол ээж, аавдаа авчраад л өгчих, “Хүнд хүн илүүддэггүй юм” гэж их захиж хэлдэг байсан. Тиймдээ ч 18 настай, юугаа ч мэдэхгүй жаахан охин ээж болно гээд л явж байлаа. Одоо хүү минь сургуульд орчихсон, ээждээ туслаад л дүү нараа саатуулаад л том ах болчихсон явж байна. Хүн “Бурхны өгсөн хайр хишгийг буцаах эрх байхгүй” л гэж боддог. Одоогийн жаахан охид маш их үр хөндүүлж байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг. Хяналтад орох гээд эмнэлгээр явах үед үр хөндүүлэх гээд дугаарлаж байгаа охидыг хараад сэтгэл маш их эмзэглэдэг. Хүн тэр бяцхан сахиусан тэнгэрийг гараад ирснийх нь дараа л ямар буруу зүйл хийх гэж байснаа ойлгох байх.

-Дахиад хүүхэд төрүүлэх бодол байгаа юу?

-Би ЗТЯ-нд Далайн захиргаанд Хөлөг онгоцны бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Одоогоор жирэмсний амралт маань дуусаагүй байгаа. Ажилдаа эргэж ороод хэдэн жил ажилласныхаа дараа хоёр хүүхэдтэй болно гэж боддог. Ер нь өнөр өтгөн байна гэдэг үнэхээр сайхан. Эгч маань одоо гурван хүүхэдтэй. Би эгчтэйгээ хоёулхнаа байсан бол одоо долоон хүүхэдтэй болоод улам олуулаа болсон байна. Үнэхээр сайхан.

-Гадаад, дотоодын сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн гэсэн. Энэ бүхнийг яаж амжуулж байна вэ?

-Би зургаан настайдаа сургуульд ороод 15-тайдаа ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Дараа нь эрх зүйч мэргэжлээр 18-тайдаа их сургуулиа төгссөн. Эрт сураад төгсчихөөр давуу талтай юм байна лээ. Сургуулиа төгсөөд 19-тэй байхдаа том хүүгээ гаргачихаад Сингапур луу сурахаар яваад ой гарантай байхад нь ирсэн. Хүүг маань хадам аав, ээж маань өсгөж өгсөн. Ирээд гурван жил гаран ажиллаж байтал “Дэлхийн далайн хуулийн сургууль”-д явах урилга ирсэн. Явахаар бэлдэж байхдаа охиноо олсноо мэдсэн. Харин жирэмсний амралттай байх үедээ магистрийн зэргээ тээврийн удирдлагын чиглэлээр хамгаалсан. Хоёр дахь хүүхдээ гаргачихсан, охиноо дөрөв, тавхан сартай байхад нь дипломын ажлаа хийгээд л шөнө нойргүй хонож байж амжуулдаг байсан. Одоо Удирдлагын академид сурч байгаа. Миний юм юмыг амжуулж байгаа минь нөхөртэй минь л холбоотой. Бүх зүйлийг минь дэмждэг.Тэр хүний хайр халамж байгаа учраас л энэ бүхнийг амжуулж байна даа.

-Бүсгүйчүүд дөрвөн удаа төрсөн байж яагаад жин нэмэхгүй гоёороо байгаад байна вэ гэж асуудаг биз?

-Төрөөд нилээн жин нэмдэг шүү, өндөр учраас таргалахаараа маш том биетэй болчихдог. Анхны хүүгээ төрүүлсний дараа хүмүүс “Ямар их таргалаа вэ” гэж байсан. Хүмүүс тэгж хэлээд байхаар их сонин санагддаг юм байна лээ. Жингээ хасах тийм амар байгаагүй, дэглэмээр л турсан. Хоолоо тохируулаад зөв хооллоно, гурилан бүтээгдэхүүн, давс бага иднэ, гэртээ бас хүүхдээ салхилуулахдаа дээс их үсэрдэг байсан. Гэхдээ хөхөөрөө хооллож байгаа болохоор хамаагүй хоолоо сойж чаддаггүй. Сүүлдээ олон хүүхэдтэй болохоор зав чөлөө багатай, ийш тийшээ гүйсээр жин хасах асуудалгүй болчихдог юм байна лээ. Хүмүүс хүүхдээ хүнээр харуулаад зав чөлөөтэй, боломжтой болохоор өөртөө анхаарал тавиад гоё байдаг байх гэсэн хандлагатай байх шиг байдаг. Миний бодож явдаг нэг үг байдаг. “Хайраар усал, би цэцэглэе” гэж энэ бол үнэхээр үнэн үг. Хажуудах хүний хайр, анхаарал халамжаас хамгийн их шалтгаалдаг. Хэрвээ хажуудах хань ижил нь зовоогоод байвал бөөн стресс болсон хүн л байна байх.

-Зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Залуу гэр бүлийн хувьд бодож, төлөвлөж зорьж байгаа зүйлүүд бий шүү. Олон үр хүүхэдтэй болохоор тэднийхээ төлөө л их зүйлийг сурч, мэдэж, бүтээхийг хичээж байна даа. Хүний амьдралын хамгийн чухал, юугаар ч орлуулшгүй нандин зүйл нь гэр бүл. Тэр дундаа халуун дулаан уур амьсгалтай, хүүхдийн инээд цалгисан гэр бүл байдаг. Тиймээс амьдралын минь утга учир болсон үр хүүхдүүд минь эрүүл саруул, аз жаргалтай байгаасай гэж байнга залбирдаг. Монголын нийт бяцхан үрс үргэлж ээж, аавтайгаа хамт байж инээд хөөрөөр бялхаж явах болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

О.АРИУНЦЭЦЭГ