Categories
мэдээ цаг-үе

Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээ ирэх жилээс эрчимжих нь

Орос, Хятад гэх дэлхийн хоёр том зах зээлийг холбосныхоо төлөө багагүй мөнгө олох боломж манай улсад бий. Төрийн тэргүүний гурван улсыг холбох эдийн засгийн коридор байгуулах санаачлагыг В.Путин, Си дарга хоёр толгой дохин дэмжиж байгаа. Гурван улсын тэргүүнүүд яг энэ асуудлаар уржнангаас уулзаад эхэлчихсэн. Засгийн газар Эдийн засгийн коридор байгуулахтай холбоотой бичиг баримтад гарын үсэг зурах зөвшөөрөл өгсөн нь энэ ажил хэр ахицтай яваагийн нэг том баталгаа. Энэ сарын сүүлээр Ц.Элбэгдорж, В.Путин, Си дарга гурав Ташкентад уулзаж эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсгээ зурж баталгаажуулахаар товлоод байгаа.

Худалдаа арилжаагаа хоёр зуун тэрбум ам.долларт хүргэх том зорилготой хөршүүдийн хувьд Монгол тун ашигтай байршил. Хамгийн дөт замаар, хамгийн хямд зардлаар бараа, бүтээгдэхүүн солилцоод байх боломж Хятад-Монгол-Орос гэсэн маршрутад бий. Ази, Европын хоёр том улсыг авто зам, төмөр зам, хурдны зам, хийн хоолой, цахилгаан дамжуулах шугамаар холбох боломжууд яригдаад эхэлчихсэн, ирэх жилээс яриа хэлэлцээ улам эрчимжинэ гэж албаныхан онцолж байна.

Д.Зоригт: Монголд бүс нутгийн эрчимхүчний арилжаанд оролцох өндөр боломж бий

Эрчим хүчний сайд Д.Зоригттой эдийн засгийн коридорын талаар ярилцлаа.

-Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудал хэр ахицтай байгаа бол?

-Ерөнхийлөгчийн санаачилсан гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудлын хүрээнд ямар ажил хийж болох талаар гурван талын экспертийн ажлын хэсэг гарч, ажиллаад дууслаа. Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурахыг өнгөрсөн сарын сүүлийн Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрсөн. Ерөнхийлөгч энэ сарын хорьд гаргаад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцох юм. Тэр үеэр энэ бичиг баримтад гарын үсэг зурах ёслол болно. Эдийн засгийн коридор бол Монголын хөгжилд, хоёр хөрштэйгөө эдийн засгийн интеграцчилалд ороход маш чухал асуудал.

Орос, Хятад хоёрыг хийн хоолой, цахилгаан дамжуулах шугамаар холбох боломж бий гэж ярьдаг. Жишээ нь манай улсын нутаг дэвсгэр дээгүүр цахилгаан дамжуулах шугамаар холбогдохоос аргагүй шалтгаан хоёр хөршид байгаа юу?

-Байлгүй яахав. ОХУ-ын Зүүн Сибирь Алс Дорнод бол эрчим хүчний асар их нөөцтэй бүс. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны эрчим хүчний нөөц сайтай. Эрчим хүч нь хямдхан, 20000 МВт-ын илүүдэлтэй. Гэтэл Хятад зүүн эрэг дагуудаа, өмнөд хэсэгтээ эрчим хүчний дутагдалтай. Тэгэхээр Оросын Зүүн Сибирь Алс Дорнодын эрчим хүчний илүүдэл Монголд бүс нутгийн эрчим хүчний арилжаанд оролцох боломжийг нээж өгөх өндөр магадлалтай гэж би хувьдаа хардаг. Энэ талаар ОХУ-ын Засгийн газрын болон эрчим хүчний байгууллагуудтай яриа хэлэлцээний анхан шатны ажлууд эхэлсэн. Эдийн засгийн коридор байгуулах баримт бичигт гурван улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурвал энэ чигээр өрнүүлсэн яриа хэлэлцээ идэвхжих байх.

-Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах боломжийн тухайд та юу хэлэх вэ?

-ОХУ Хятад руу асар их хэмжээний эрчим хүч, хий, нефть экспортолдог орон болоод байгаа. Мэдээж энэ бүгдийг тээвэрлэж таарна. Тэгэхээр тээвэрлэлтийн дэд бүтэц чухал гэсэн үг. Манай талаас нефть, газын хоолой, төмөр зам, эрчим хүчний дамжуулах шугам, харилцаа холбооны дэд бүтцийг Монголын нутгаар дамжуулах боломжийг судалж үзээч, бэлэн байгаа шүү гэсэн саналаа тавьчихсан. Шууд бүтэх асуудал биш л дээ. Судалгаа, шинжилгээ, ТЭЗҮ, зураг төсөл гээд их олон зүйл бий. Хэлэлцэгдэх түвшиндээ явж байна. Манай улсын зүүн талаар ОХУ-д “Сибирийн хүч” гээд газын хоолойн барилга байгууламжийн ажил ид өрнөж байгаа. ОХУ дэлхийд хийн нөөцөөрөө тэргүүлдэг улс. Тэгэхээр ганц шугамаар явуулаад Хятадын хэрэгцээг хангаж чадахгүй. Хоёр, гурав дахь шугамыг төлөвлөх нь тодорхой. Хоёр, гурав дахь шугамаа хаагуур явуулах вэ гэдэг судалгааны ажил Орос, Хятад хоёрын дунд явагдаж байна.

-Манайхаас хийн хоолой тавих саналд Оросын тал ямар нэг байр суурь илэрхийлсэн үү?

-Оросын тал судалж үзье гэсэн юм билээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ноднин Санктпетербургийн Эдийн засгийн форумд оролцохдоо саналаа тавьсан. ”Газпром”-ын удирдлага манай саналд судалж үзье гэсэн хариу өгсөн. Нефть газын хоолой, транзит төмөр зам бол асар их хөрөнгө оруулалтаар бүтдэг эд. Нэг талаасаа эдийн засгийн төсөл, нөгөө талаасаа улс төрийн геополитикийн асуудал. Бараа хүлээж авч байгаа нь, бараагаа явуулж байгаа нь ч ялгаагүй, ирээдүйн улс төрийн эрсдэлээ тооцож байж шийдвэрээ гаргаж таарна. Монгол найдвартай түнш байж чадах уу, таатай нөхцөл амлах нь уу, хэдэн жилийн ямар түвшний баталгаа өгөх юм гэх мэт асуудлыг олон талаас нь судалж үзэх нь ойлгомжтой. Мөн ОХУ-ын төслүүд Дорнод, Сибирийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдах ёстой. Хойд хөрш асар том газар нутагтай учраас аль болох нутаг дэвсгэр дээгүүрээ дэд бүтэц татаж хот суурингаа хөгжүүлэхийг зорьж таарна. Ямартай ч яриа хэлэлцээ эхлээд явж байгаа нь том давуу тал. Дахин хэлэхэд эдийн засгийн коридорын асуудал ирэх дөрвөн жилд эрчимжих нь ойлгомжтой болчихсон.

-Мэдээж газар зүйн хувьд дөт, зардал хэмнэнэ гэсэн давуу тал бидэнд бий. Хийн хоолой тавигдсанаар транзит тээврийн хөлс гэж авч таарна. Эдийн засгийн хувьд өөр ямар давуу тал бидэнд үүсэх вэ?

-Хийн хоолой тавигдвал тохиролцоо хийж хэрэгцээнийхээ хийг замаас нь авах боломж бидэнд байгаа. Мэдээж орон нутгийн төсөвт мөнгө орно. Хийн хоолойн засвар дээр олон хүн ажиллана. Тэгэхээр хангалттай ажлын байр бий болно гэсэн үг.

Си Жиньпин: Эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна

БНХАУ-ын дарга Си Жиньпин жилийн өмнө Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Гурван улсын эдийн засгийн эрх бүхий байгууллага яриа хэлэлцээ өрнүүлж, бэлэн болсон төслийг хэрэгжүүлж болно. Гурван тал Хятадын талын Торгоны зам, Оросын талын Евро Азийн коридор, Монголын талын Талын зам санаачилгыг уялдуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна. Гурван улсын эрх бүхий байгууллагад чиглэл өгч, эдийн засгийн коридорын урт хугацааны хөтөлбөр боловсруулж, гурван талын хөгжлийн стратегийг бодит төслөөр хэрэгжүүлэхийг санал болгож байна. Евро Ази тивд ийнхүү коридор байгуулах нь гурван улсын хөгжил болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой” хэмээн онцолж байсан юм.

Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах гурван улсын Хамтарсан ажлын хэсгийн уулзалт өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын Бээжин хотноо болж хөтөлбөр, төслүүдийн жагсаалтыг эцэслэн тохиролцжээ. Гурван улсын нутаг дэвсгэрийг холбосон төмөр замын тээврийн төв, хойд, зүүн, зүүн өмнөд болон баруун чиглэлийн коридорыг байгуулах тохироо бий. “Улаанбаатар төмөр зам”-ын коридор болох төмөр замын төв коридор гэхэд л Улаан-Үд-Наушки-Сүхбаатар-Замын-Үүд-Эрээн-Жинин-Тяньжин далайн боомт гэсэн маршруттай. Төмөр замын хойд коридор байгуулах хувилбар ч яригддаг. Маршрут нь Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Бээжин-Тяньжин. Төмөр замын баруун коридор нь Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Ховд-Өрөмч. Харин зүүн коридор нь Чита-Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Зүүнхатавч-Жиньжоу далайн боомт. Сая дурдсан маршрутуудын хувьд яригдаж байгаа хувилбарууд. Талууд боломжтой гэж үзвэл хэрэгжүүлнэ гэсэн үг.

Зам тээврийн сайд саявтар өгсөн ярилцлагадаа “Москва-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг барих хэтийн төлөвийг судлах, транзит тээврийг нэмэгдүүлэх зорилготой гурван улсын төмөр замын тээвэр-логистикийн компанийг байгуулах талаар хамтарсан яриа хэлэлцээ явуулах, гурван улсын нутаг дэвсгэрийг дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэх төслүүдийг бэлтгэх, урьдчилсан судалгааг нь хийх, эдийн засгийн үндэслэлийг тогтоох зорилгоор хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төв байгуулахаар тохиролцоод байна” хэмээн онцолсон байсан. Ази-Европыг холбох эдийн засгийн коридорын асуудал сүүлд гэхэд л АСЕМ-ийн Сангийн сайд нарын уулзалтын үеэр хөндөгдсөн юм. Улс орнуудын Сангийн сайд нар коридор байгуулах боломж болон авто замын салбарын хөрөнгө оруулалтын талаар яриа хөөрөө өрнүүлжээ.


Categories
мэдээ цаг-үе

“Яг түүн шиг” шоунд өмссөн бүх хувцсаа урландаа оёсон

Загварын тайзан дээр алхахаас гадна дуулах, жүжиглэх, бүжиглэх авьяастай гэдгээ “Яг түүн шиг” шоугаар харуулаад буй “Asian star model”, дизайнер С.Сарнайтай ярилцлаа.

-Багаасаа модель болъё гэж боддог байсан уу?

-Модель болох нь багын мөрөөдөл минь төдийгүй ээжийн минь хүсэл. Япон руу ээжтэйгээ хамт 1999 онд яваад ерөнхий боловсролын “Нагаоко Ноүгёо Коүко” сургуульд орсон. Тэр үед загварын агентлагт орж модель болох гараа минь эхэлж Японы “Harada inter­national”, “Satoru internation­al”, “Dxim international” гэсэн гурван агентлагт моделиор ажилласан. Мөн Калифорниад моделиор хэсэг ажилласан юм. Японд моделиор ажиллах нөхцөл боломж илүү байдаг. Өөрийгөө аваад л очиход болох тийм нөхцөл боломжтой, цалин нь 10 дахин их. Харин Монголд туфль, нүүр будалтаа өөрөө бэлдэх тохиолдол их байдаг.

-12 жилийн турш Японд амьдарсны дараа Монголд ирэхэд хүндрэлтэй зүйл байсан уу?

-Америкт байж байгаад Японд очоод удаагүй байхад газар хөдөлсөн. Газар хөдөлсний дараахан ээж маань “Монголдоо ир ээ” гээд ярьсан л даа. Есөн жил эмээтэйгээ уулзаагүй байсан болохоор ирэхээр шийдсэн юм. Монголд ирээд хоёр сар гаруйн дараа эргээд Япон руу явсан. Японд ирээд гэртээ иртэл хана, цонх цуурчихсан, зурагт уначихсан, угаалтуур хагарчихсан байлаа. Тэр үед өдөрт 40-50 удаа газар хөдөлдөг, айдастай үе байсан. Тэгээд л ингэж айж амьдарч байхаар амар тайван Монголдоо амьдаръя гэж шийдээд ирсэн дээ. Багадаа явсан учраас ирээд хэцүү зүйлүүд байсан. Заримдаа хүмүүсийн тоглоом шоглоомыг ч ойлгохгүй үе зөндөө л байлаа. Одоо л арай дээрдэж байна. Эргээд дасаж, учраа олж эхэлж байна.

-Таныг Ш.Дулмаагийн зээ охин гэдгээр нь хүмүүс андахгүй. Шүлэг, уран зохиол сонирхдог уу?

-Шүлэг дуунд бол уярамтгай, гэхдээ бичээд байдаггүй. Харин ээж минь шүлэг зохиодог боловч нийтэлдэггүй. Хааяа эмээ, өвөөгийндөө очдог байлаа. Тэр үед эмээгийн минь шавь нар их ирдэг байсан. Эмээ минь их сайхан эмэгтэй. “Яг түүн шиг” шоунд бүтээж байгаа дүрүүдэд минь маш мэдрэмжтэй шүүмжүүдийг өгдөг. Бүх зүйл дээр минь намайг дэмжиж, тусалж, урам хайрлаж байдаг. Японд байхад өвөө маань өнгөрөөд өвөөтэйгөө уулзаж чадаагүй. Түүнээс хойш их удаж байж эмээтэйгээ уулзсан даа, их ч санадаг байсан. Эмээ маань миний хүүд амь.

-“Monroze” салоныхоо тухайд яриач?

-2011 онд “City” дээд сургуульд хувцас, загвар зохион бүтээгчийн чиглэлээр сурсан. Сурч байхдаа урлангаа нээхээр болж “Monroze” гэсэн нэрийг ээж минь өгсөн юм. Олон улсад гаргахад Монгол гэдгийг илтгэх “Мон”, сүүл хэсэг нь чиний нэрийг илтгэхээр “Roze” байвал зүгээр гэж зөвлөсөн. Харин логог нь ханьтайгаа хамтарч зохиосон. “Monroze”-ийн загварын онцлог нь эмэгтэй хүний биеийн өө сэвийг далдалж хүчирхэг, халуухан харагдуулдаг. Мөн пластик материалаар багсны жижиг сав, нүүр будалтын жижиг цүнх, гар цүнх зэргийг хийдэг. Материалаа зүсэх, оёх, чимэглэх гээд бүх зүйл нь гар ажиллагаагаар бүтдэг. Цаг зав бага байгаа болохоор санаануудаа хэрэгжүүлж чадахгүй л байна. Бодож байгаа санаанууд их байна. “Яг түүн шиг” шоунд өөрийнхөө өмссөн бүх хувцсыг урландаа оёж байгаа. “Хар сарнай” хамтлагийн Амараа ах болохдоо пиджакийг нь адилхан торгоор урласан.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний ханийг Э.Мөнх-Эрдэнэ гэдэг. Хөлбөмбөгийн “FC Улаанбаатар” багт хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн “Монгол модель” агентлагт ажилладаг. Нөхөртэйгөө “Говь” компанийн зураг авалтад орж байхдаа танилцсан. Тэр үеэс л үеэрхэж эхэлсэн дээ. Миний ханийн хүн чанартай, хүмүүжилтэй, даруу байдал нь таалагддаг. Би ханиа дуурайсан хүүтэй болох юмсан гэж боддог байсан. Яг аавтайгаа адилхан хүүтэй болсон доо. Аав нь “Миний хүү төгс байг” гээд М.Төгс-Эрдэнэ гэдэг нэр өгсөн. Ээжийн минь захидгаар бүх зүйлийг сайн сайхнаар бодвол биелэхгүй зүйл гэж байддаггүй юм байна лээ.

-Та аав, ээж хоёрынхоо хэнийг нь илүү дуурайсан бэ?

-Миний ээжийг З.Саранчимэг гэдэг. Орчуулагч мэргэжилтэй, таван хэлтэй. Дуулж хуурддаг авьяас нь ээжийгээ дуурайсан. Ээж маань залуудаа “Айзам” хамтлагт дуулдаг байлаа. Харин оёх дуртай маань аавтай холбоотой. Аавыг минь Ч.Энхболд гэдэг, архитектурч мэргэжилтэй. “Урлах эрдэм” дээд сургуульд багшилдаг. Өөрөө л хувцас хийгээд өмсчихдөг. Одоо өөрийн гэсэн урлантай, савхиар хувцас, гутал хийдэг. Их сургууль төгсөхөд хийдэг шоунд аав маань тусалсан. Тэр үед жирэмсэн байсан учраас зарим зүйлсээ хийж чадахгүй хүндрэлтэй байсан.

-“Яг түүн шиг” шоунд орох саналыг яаж хүлээж авсан бэ?

-Шоу эхлэхээс хоёр сарын өмнө санал тавьсан. Өөртөө итгэлтэй байгаагүйн дээр нялх хүүхэдтэй болохоор эхлээд татгалзсан. Сарын дараа дахиад санал ирсэн. Тэгээд л зориглоод орохоор болсон доо. Хоёр ээж маань тэтгэвэрт гараагүй хүмүүс болохоор хүүхэд хараад байх боломжгүй. Нөхөр маань л зав чөлөө гаргаад ажлаа хойш нь тавиад хүүгээ харж байгаа. Одоо шоундаа ороод нүүр хагараад сандрах нь багасаад сайхан байгаа. Миний хувирсан дүрүүдээс ихэнх нь бүжигтэй байсан учраас хүндрэлтэй байсан. Бүх л дүрийнхээ бүжиг, хөдөлгөөн, дууны үгийг сайн цээжлээд л тайзан дээр гардаг боловч эхний хэдэн дугаар дээр сандарсан. Харин “Хар сарнай” хамтлагийн Амараа ахыг дуурайхад үзүүлье гэснээ үзүүлсэн. Өөрийгөө ч танихааргүй хувирсан даа. Нүүр будалтаа хийгээд, сахлаа наагаад, шилээ зүүгээд хартал маш адилхан болчихсон. Бүжигчид, арын албаны хүмүүс гайхаад л хөгжилтэй байсан. Хүмүүст “Хар сарнай” хамтлагийн Амараа ахын болон Лана Дел Риегийн дүр илүү хүрсэн болов уу. Гуравдугаар шатанд тайзан дээр гарахын өмнө миний хань мессэж бичсэн. “Чи минь чадна аа, нэгэнт л сэтгэл зүрхээ зориулаад оролцож байгаа юм чинь сандрахгүйгээр хийсэн бүх зүйлээ үзүүлээрэй” гэсэн. Маш гоё урам орсон доо. Лана Дел Риегийн хувьд дуу хоолойны өнгө нь минийхтэй төстэй. Байгаа байдал нь надад ойр дүр. Харин Мадоннагийн латин бүжиг хурц, хүчтэй хөдөлгөөнтэй учраас амаргүй байсан. Ер нь тэр хүн шиг дуулж, бүжиглэж, жүжиглэнэ гэдэг амархан зүйл биш. “Яг түүн шиг” шоуг зохион байгуулж буй “Боловсрол” телевизийн хамт олны уур амьсгал маш их таалагддаг. Хэрэгтэй зүйлийг маань тэр дор нь олоод өгчихдөг.

-“Яг түүн шиг” шоунд орсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарав?

-Хүмүүс илүү таньдаг болсон юм болов уу. Хүүхдүүд илүү сайн таниад байх шиг. Саяхан нөхөр, хүүхэдтэйгээ дэлгүүр орчихоод гэр рүүгээ явж байтал гурван охин дагаад байсан. Гэртээ орж ирсний дараа хонх дуугараад гараад хартал нөгөө гурван охин чинь ил захидал, уруулын будаг бэлэглэсэн. Захиан дээр нь амжилт хүссэн сэтгэлийн үг, нас, гэрийн хаяг нь байсан. Эргээд тэр гурван охиндоо бяцхан бэлэг барья гэж бодож байгаа. Миний хувьд ололттой зүйл их байгаа. Зөвхөн тайзан дээр гараад алхдаг байсан бол дуулж бүжиглээд өөрийгөө илүү нээж чадсан. Үзэгчидтэйгээ яаж харьцах, тайзаа яаж эзэгнэх гээд олон зүйлийг сурлаа.

-Ямар дууг дуулахад хамгийн хэцүү байсан бэ?

– Марэй Керигийн дуу хамгийн хэцүү нь байсан. Тэр дуун дээр хоолой хүрэхгүй. Ч.Насантогтох багш зөв дуулах техникийг зааж өгсөн. Хүн буруу дуулахаараа нүүр нь улайгаад, хоолой нь гардаггүй юм байна лээ. Өөрийнхөө хэмжээнд боломжийн дуулсан гэж бодож байгаа. Хүмүүс мэргэжлийн дуучид ч дуулахад хэцүү дууг боломжийн дуулсан гэж байсан.

-“Байна уу? ээжээ” дууг “Guys” хамтлагийн М.Мягмартай хамтран дуулснаар үзэгчдийн хүртээл болсон. Дуу яаж бүтсэн бэ?

-Би дуулах дуртай болохоор миний үеэл, хөгжмийн зохиолч “Брос Рекордс”-ын продюсер, Г.Онон ахаасаа “дуу зохиож өгөөч ээ” гэж их гуйдаг байсан. Г.Онон ах нэг өдөр утасдаад “Студи дээр хүрээд ирээч” гэсэн. Очиход “Guys” хамтлагийн М.Мягмар ах шинэ дуу бичих гэж байсан. Тэр дууг нь сонсоод хамаг биений үс босож байлаа. Үнэхээр сэтгэлд хүрсэн сайхан дуу байв. М.Мягмар ах бид хоёрын хоолойны өнгө тохирох учраас намайг дуулуулахаар болсон юм билээ. “Байна уу? ээжээ” дууг дуулсандаа баяртай байдаг. Клип хийгдэх үеэр жирэмсэн байсан. Анзаарсан бол клипэн дээр байнга сууж дуулдаг. Сүүлд төрөх хугацаа дөхчихсөн үед нэгэн шоун дээр дуугаа дуулахаар болсон. Сандарсандаа тайзан дээр төрчих вий дээ гэж их санаа зовж байсан. Дараа нь дахиад өөрийн гэсэн дуутай болно гэж бодож байгаа.

-Кинонд тоглох хүсэлт ирвэл тоглох уу?

-Нэг удаа кино пробонд орж байсан. Их олон юм асууж лавладаг юм байна лээ. Шүд чинь өөрийнх чинь үү гэх мэт. Морь унаж чаддаггүй болохоор тэнцээгүй. Кинонд дүр бүтээвэл эмэгтэйлэг уяхан, зөөлөн дүрийг бүтээж чадахгүй харин сөрөг, хүчирхэг эмэгтэйн дүр тохирох байх гэж боддог. Тийм дүрд тоглохыг хүсч байна.

-Японд моделиор ажиллаж байхад чинь “Asian beauty” гэж дууддаг байсан гэсэн. Бусад ази охидоос юугаараа ялгардаг байсан бол?

-Бусад ази охидоос ялгагдах зүйл нь урт хар үстэй байсан. Тухайн үед урт үстэй охид төдийлөн олон биш, бас хар гэхээсээ илүү бор үстэй охидууд олон. Урт хар үстэй байсан болохоор “Lux” шампунийн рекламанд тэнцсэн юм. Ахлах ангид байхад нэгэн аймшгийн киноны дүртэй адилхан гэдэг байсан. Тэр дүр нь урт хар үстэй учраас адилтгадаг байсан.

-Таны мөрөөдөл биелсэн үү?

-Дуучин болохыг мөрөөддөг байсан, яг мэргэжлийн дуучин болоогүй ч дуу дуулсан. Модель, дизайнер болохыг хүсдэг байсан нь биелсэн. Би бүх зүйлд өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Гэхдээ нэг зүйлийг л барьж авч хийж бас амжилтад хүрнэ. Тиймээс дизайнерын чиглэлээ дагнаад өөрийнхөө брэндийг улам амжилтад хүргэхийг хичээж байна. Ингээд бодоход мөрөөдлөө биелүүлж амьдарч байгаа юм байна. Санаа зөв бол заяа зөв, хүнд муу санахгүй өөрийнхөөрөө л бай гэж ээж минь хэлдэг. Ээжийнхээ хэлснээр яваа учраас бурхан харж үздэг байх. Халуун дулаан гэр бүлтэй, өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд хүнээс дутахааргүй сайхан л амьдарч байна.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Сурикато буюу өмнөд Африкийн Дорго

Энэ амьтны тухай үлгэр домог яригдаад зогсохгүй сүүлийн үед баримтат, хүүхэлдэйн, танин мэдэхүйн чиглэлээр олон кино, судалгааны ном гарч байна. Хүүхдүүдийн мэдэх “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд энэ амьтан сэргэлэн, үнэнчээр дүрслэгдсэнээр хүүхэд, багачуудын төдийгүй томчуулын найз болж чадсан гэнэ. Энэ бяцхан амьтан Африк тивийн өмнөд хэсэгт цөлөрхөг нутагтай Чад, Ангол, Намиби, Ботсвани, Замби, Зимбабве улсад элбэг тааралдана. Тус бүсийн оршин суугчид сурикатог гаршуулах нь элбэг. Учир нь эдгээр амьтад нь могой, янз бүрийн хорт амьтныг устгахдаа гарамгай. Африкийн өмнөд хэсэгт орших улс орны ард түмэн энэ амьтныг элдэв аюул, тэд дотроо сарны хилэгнэлээс хамгаалдаг гэж үзнэ. Хойд хоёр хөл дээрээ зогсон эргэн тойрноо харна. Энэ үед түүний арьс алтан өнгөөр гялалздаг тул түүнийг “Нарны бурхан” гэж ярилцах нь бий.

Сурикато урт хамар, хөл, сүүлтэй. Түүний онцлог нь урд хөлний хумс. Урт, бат бөх хумсаараа газар доогуур хэдэн метр хонгил ухахаас гадна жижиг амьтдыг барьж өөрийгөө болон бусдыг хялбархан хооллоно. Сурикатогийн нийт биеийн урт 50-60 см. Түүнээс 17-25 см нь сүүл. Нас бие гүйцсэн сурикатогийн сүүл 0.6-1.2 кг жинтэй. Жил амьдарсан сурикатог нас бие гүйцсэн гэж үзнэ. Тэдний амьдралын дундаж нас 10 орчим жил. Хөлийн үзүүр нь хар, энгэрийн арьс нь цайвардуу. Харин хүзүү, хошуу, дагз хэсгээр алаг тарлан өнгөтэй. Сурикатогийн бусад амьтнаас давуу тал нь хорт могойтой тэмцэх чадвар. Тэд хорт могойн хэлнээс маш чадмагаар бултаж, могойг устгаж чадна. Түүгээр ч зогсохгүй хэвлээр явагч, өөрөөсөө том биетэй олон амьтныг барьж иднэ. Зарим тайлбарт түүнийг хоолны ямар нэгэн сонголт байхгүй. Өөр рүүгээ дайрсан болон барьсан бүхнээ иддэг гэж тэмдэглэжээ. Гэхдээ тэр дан махчин амьтан биш. Бие багатай тул модны уг, үндсийг иднэ.

Сүргээрээ амьдардаг сурикато олон төрлийн идэшт амьтнаас ялгаатай. Тэд өөрийн гэсэн газрыг эзэмшдэг. Сүргээр амьдрах гэдэг нь 19-25 сурикатог хэлнэ. Энэ нь гурван ам бүл. Бүлүүд хоноглох, аюулаас хамгаалахдаа хурц хумсаараа нэг метр хүртэл гүнтэй нүхэн гэр бэлдэнэ. Өөр бүлийн гэрт хэн нэг нь орох нь ноцтой маргаан үүсгэх шалтаг болдог гэж үздэг боловч эв хамтыг эрхэмлэдэг сүрэгт энэ нь буруу дүгнэлт гэж зарим эрдэмтэд үздэг.

Тэд үүнийгээ нотлохдоо “Нүхэн гэр бол зөвхөн хавьтах газар биш. Аюул тохиолдоход амиа аврах гарц. Эв хамтын нийгэмд нэг нь үхэх гэж байхад нөгөө нь гэрээ харамлаж болохгүй биз дээ” хэмээн хошигнодог гэнэ. Тэдний амьдралын хэв маяг маш хялбар. Нар мандах цагаар сэрцгээж ноохойгоо элснээс цэвэрлэнэ. Дараа нь хооллоно. Хоолонд гарахдаа эзэмшлийн газраа жагсах маягаар сөөм газар үлдээхгүй самнана. Өөрийн газар өмнөх хоолны цагаас хойш орж ирсэн жижиг амьтан шавьжийг газар дээр, доороос олж ходоодоо дүүргэдэг. Үдийн халуунаар сүүдэр бараадаж амарна. Дараа нь дахин хооллож, нар шингэхээс өмнө ноохойдоо орж амарна. Идэш хоол сайтай, элдэв аюулгүй газар бол тэдний амьдралын цаг нар удаан хугацаагаар тогтмол үргэлжилдэг. Сонирхолтой нь хооллох цагаар гэр бүлийн 2-3 гишүүн элдэв аюулаас сэргийлэн харуулд гарна. Ингэснээр гэр бүлээрээ амгалан тайван хооллох нөхцөл бүрддэг аж. Гэхдээ энэ заншилд муу тал бий. Өдөр бүр бөөнөөрөө эзэмшил газартаа ан хийх нь хүнсний хомсдолд ороод зогсохгүй, хөрс эргэсэн газар нь шинээр идэш ирэхгүй байх аюултай. Тиймээс тэд заримдаа хоёр км аялал хийж шинэ бүсээ тогтооно. Нүүдэллэх үед өөр сурикатогийн эзэмшилд нэвтэрч багагүй хэмжээний дайн үүсдэг байна. Энэ дайнд хэн илүү хамтарч тэмцсэн нь ялах ба багадаа л нэг сурикато амиа алдана.

Тулаанаас өмнө тэд зэрэгцэн зогсож, сүүлээ шарван дайснаа айлгах тактик хэрэгжүүлнэ. Зарим тохиолдолд бүл муутай сүрэг дайсагнахаас зайлсхийж газар нутгаа найр тавин өгдөг. Харамсалтай нь ингэлээ гээд ялагч сүрэг газрын эзэн сүрэгтэй хамтран амьдрахгүй. Нутгаа алдсан сүрэг шинэ эзэмшил хайж цааш нүүдэллэнэ. Гэхдээ айдсаас болж нутгаа алддаг сүрэг маш ховор. Ихэнхдээ тулаанд ялагдаж хэн нэг нь амиа алдсанаар газрын тэмцэл төгсөнө.

Саяхан эрдэмтэд их сонин үзэгдэл олж мэдсэн гэнэ. Сүргүүд тэмцэхдээ 1-2 сурикатог дайны талбар харагдахаар газар тусад нь зогсооно. Тэдгээр дайснууд хажуугаас, дээрээс, ойроос, холоос гэх мэт дохионы хэлийг багаасаа сурсан сурикатонууд байдаг аж. Сурикато нэг нас хүрмэгц бэлгийн харьцаанд орно. Жилд дөрвөн удаа төрөх чадвартай. Нэг удаа төрөхдөө долоо хүртэл үр төрүүлдэг аж. Үрсээ 77 хоног тээгээд л гаргачихна. Үр нь 25-36 гр жинтэй төрж, 14 хоноод нүдээ нээнэ. 7-9 сар сүүгээр хооллоно. Харин ноохойгоос 21 хоног болж байж гарах эрхтэй. Сурикато хүүхдүүддээ ан хийхийг бараг зааж өгөхгүй. Тэд зөн совингоороо эсвэл эцэг, эхээ харах маягаар амьдрах чадварт суралцана. Тэдний хамгийн эхний сурдаг ан нь Африкийн өмнөд хэсэгт түгээмэл байдаг хорт могой, аалз, хавч. Учир үр төлөө багаас нь эцэг, эх нь тэднийг дээрх хортнуудаас хамгаална. Энэ амьтдыг агнах нь нүдээ нээхээс эхлэн үр төлд нь танил зураг болж үлдэнэ. Харин хооллох алхмыг эцэг, эх шат дараатайгаар хэрэгжүүлдэг гэнэ. Эхний хэд хоногт сүүгээр, улмаар үхсэн жижиг амьтад авчирч идүүлнэ. Арай түрүүнд төрсөн төлүүд амьд жижиг биетүүдийг авчирч мэдээ орсон төлүүдэд идүүлнэ. Улмаар төлүүд том, багагүй хоолоо олж иднэ. Сонирхолтой нь ах, эгч нар ан хийж байхад аав, ээж нар тэр бүү хэл насанд хүрсэн сурикатонууд харж зогсох боловч ямар нэгэн туслах, хамгаалах арга хэмжээ авахгүй. Гэр бүлийн дунд хааяа дайн гарна. Тэр Ах, эгч нар дүүгээ шоглохоос үүднэ. Энэ дайн яаж ч төгссөн хүүхдүүд хоорондоо өсөрхөх явдалд хүргэх ёсгүй.

Зарим эх сурвалж энэ амьтныг өлсөхөөрөө ихээхэн догширч гэр бүлдээ аюул тарьдаг гэж бичжээ. Гэхдээ үүнийгээ баталж чадаагүй аж. Маш бага судлагдсан энэ амьтны талаар багагүй маргаан мэргэжилтнүүдийн дунд байдаг гэнэ. Нэг хэсэг нь өлссөнөөс биш газар нутгийнтулаанд дайснаа нухдаг гэж үзэж байхад нөгөө хэсэг нь судалгаанд баригдахгүй байгаа болохоос хардалтаас болж гэр бүлээ хөнөөдөг байх магадлалтай гэж үздэг. Мөн зарим судлаач нэг их зориг, зүрхтэй амьтан биш. Зүгээр л жижиг биетэй амьтдад хумсны хүчийг мэдрүүлдэг гэнэ. Харин эсэргүүцэгч тал нь хорт могой аалз, хавч руу дайрч хөнөөдөг ийм жижиг амьтан манай гаригт байхгүй гэж мэтгэнэ. Энэ амьтныг судлаачид судлахыг хүсээгүй эсвэл мэдээгүйдээ өнөөг хүрсэн биш аж.

Цөлөрхөг, хадархаг байгалийн нэлээн ширүүн нөхцөлд амьдардаг нь судалгааны ажлыг явуулахад хүнд байдаг. Мөн хэт хөнөөлтэй хорт шавьжтай бүсэд амьдардаг тул цөөнгүй судлаач энэ амьтны хойноос явж байгаад амиа алджээ. Гаршуулсан сурикатогийн хувьд чамгүй судлагдсан гэж үздэг ч, гаршуулаагүй сурикатог судалж байж жинхэнэ мөн чанарыг мэднэ гэж эрдэмтэд үздэг юм байна. Бас нэг сонирхолтой мэдээлэл бол гаршуулсан сурикато хорт амьтныг барих чадвараа алдсан тохиолдол гарсан. Энэ нь сурикато амьдрах чадвараа алдаж байгаа нэг хэлбэр гэж үзсэн бол нөгөө хэсэг нь ядарч, өвчилсөн сурикато л хорт шавьжинд бариулахаас удам генид өөрчлөлт орох болоогүй гэж үзэж байна. Энэ мэтчилэн цаашдаа эрдэмтэд маргах томоохон сэдэв.

Дэлхийн олон оронд тархсан энэ амьтан сүүлийн жилүүдэд эрс ховордсон тул байгаль хамгаалах сангууд хамгаалалтад авах талаар ихээхэн санаачилгатай ажиллаж эхэлсэн байна.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Хуучны сайхан кинонууддаа гар хүрэлгүй өөрсдөө шинийг сэдэж хийж болдоггүй юм уу

“Жамаараа яваа ертөнц гэж хэн ч билээ хэлсэн санагдана

Жаахан зог тусаад бодвол тийм ч бас биш юм аа…” гэх мөр МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Б.Баттулгын нэгэн шүлэгт бий. Нээрээ л бид жаахан анхаарлаа төвлөрүүлээд нухацтайхан бодоод үзвэл нэг л биш санагдана гээч. Жишээлбэл, Монголын кино урлагийн өнөөгийн төрх байдлыг аваад үзье л дээ. Шил шилээ даран нээлтээ хийж буй кинонуудын олонх нь алиалж марзганасан, авгай хүүхэн болж зүсээ хувиргаад хүн инээлгэх гэж дөнгөө ядсан, эсвэл нэг аахар шаахар юмны хойноос хөөцөлдсөн, бүтэлгүйтсэн, буруу тийшээ эргэсэн, эмгэнэсэн, элэглэсэн төдий арилжааны кинонууд байх юм. Ажил, гэрийн хооронд шогшиж явдаг зарим маань хааяа нэг толгойгоо сэргээе гэхээр үзсэн киноны улиг болсон царайнууд л нэг камераас нөгөө камерын өмнүүр гүйж яваа харагдана. Их адаггүй ийм хутгалдаан, тиймхэн зохиол, арга ядсан харилцан яриатай кинонуудаас ямар гээчийн дүр нь “Гажиг Гармаа”, эсвэл “Ягаан Гажид” бүр “Итгэлт баян”, “Цахиур Төмөр”, магадгүй “Молом” наашлуулбал “Ноён солиот” шиг ард түмний сэтгэлд үлдэх юм бэ?

“Гажиг Гармаа” гэснээс өнөө бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн, үзэх тусам баясал ухаарал хайрладаг “Өнөр бүл” киног эдүгээчлэн өөрчилж бүтээсэн “Өнөр бүл өнөө цагт” хэмээх кино сарын өмнө дуулиан шуугиантай нээлтээ хийж медиа урлагийн зах зээлд өрсөлдөх болов.

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дожоодоржийн зохиол, төрийн шагналт, ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Жигжидийн найруулгаар 1980 онд анх үзэгчдийн хүртээл болсон “Өнөр бүл” киног өнөө үед хэрхэн таацуулсныг нь зорьж үзлээ. Үзэхээсээ өмнө цахим ертөнцөөс үзэгчдийн сэтгэгдлийг тандахад “Үзсэн нь үзээгүйдээ атаархмаар кино байна лээ” гэх хэн нэгний жигтэй сэтгэгдэл анхааралд торсон болоод ч тэр үү киноны кадр, шилжилт нэг бүрийг нь нэгжиж үзлээ. Нэгэнт хэрэг болгож үзсэнийх өнөө ба “өнө эртний” хоёр “Өнөр бүл” киноны харьцуулалт, ажиглалт, зарим нэг санаа оноогоо хэлье гэж бодлоо.

Өнөө цагийн Гармаагийн дүрд Д.Баттөмөр (банш Батаа), Цэрмаад “Боловсрол суваг” телевизийн сэтгүүлч Б.Болормаа, Чоймбол даргад гавьяат жүжигчин Г.Мягмарнаран нар тогложээ. Харин туслах дүрүүдэд Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазараас бусад нь шинэ хүмүүс тоглосон байв.

ӨНӨӨ ЦАГЫН “ҮНСГЭЛЖИН” ЦЭРМАА

“Өнөр бүл” кино эхлэхдээ 1980-аад оны хотын сэлүүхэн гудмаар “сунадаг улаан” автобус жирийлгэж давхисаар буудал дээр зогсоход Гармаа, Цэрмаа хоёр нэг автобуснаас цувран буух үед Цэрмаа замын хашлаганд өрөөсөн шаахайныхаа өсгийг хуга цохичихдог билээ. Тэгтэл найрсаг тусч зантай Гармаа гутлынх нь өсгийг тогтоож өгөхөөр үйлдвэр рүүгээ дагуулан явдаг шүү дээ. Тэгвэл өнөө үеийн Гармаа мопед унасан маадгар эр хотын гудмаар давхиж яваад Цэрмааг харуутаа ухаан мэдрэлээ алдан жолоогоо ч мартаж орхив. Зам тээврийн ихэнх осол хүүхэн харж ухаанаа тавьсан залуусаас болдог гэдэг үнэний ортой дог шүү. Бодвол нөгөө анхны харцаар дурлана гэдэг нь болж байх шиг. Хөөрхий Цэрмааг золтой л дайрчихсангүй мопедтойгоо хажуу тийш ханаран унаж, нэг ёсондоо тэнд аваар гаргав. Харин Цэрмаа амжиж замаас нь зайлах үедээ өрөөсөн гутлынхаа өсгийг мулт гишгэчихсэн бололтой. Замын түгжээнд гацахгүй гэхдээ мопет хөлөглөн давхидаг Гармаа юу ч болоогүй юм шиг босч ирээд Цэрмаагийн гутлыг янзалж өгөхөөр үйлдвэр рүүгээ авч давхина. Кино зохиолч Дожоодорж гуайн уг зохиолын онцлог нь хүний сэтгэлд хүрсэн амьд харилцан яриатай, өрнөл ихтэй нь киног улам чимж өгдөг. Эдүгээчилсэн “Өнөр бүл” киноны зохиолч гэгдэх Т.Номуунзул үндсэн зохиолынх нь үг хэллэгийг нэг их өөрчлөөгүй нь сайн хэрэг. Зохиолын ерөнхий шугам яг л хэвээрээ байна. Тэгэхээр тэр бүсгүй Д.Дожоодорж гуайн нэрийн араас өөрийнхөө нэрийг зохиогч гэж хавчуулах хэрэг байсан юм уу даа гэж бодогдов.

Хүмүүс мэднэ дээ. Гармаа, Цэрмаагийн гутлын өсгийг янзалж байхад жүжигчин Карма, Чоймбол дарга нь Гармааг дуудуулсныг хэлж, эмэгтэй хүний гутал засаад завгүй зогсоо Гармааг хараад “Ээ чааваас даа, ганц урдаа барьдаг засварчинд маань очиж очиж хөл нүцгэн хүүхэн тааралдаа юу, бүтэн гуталтай юм олдсонгүй юу” гээд инээлддэг хэсгийг. Өнөө цагийн Гармаа ч бас ажлынхаа хүүхэнтэй ийм нэгэн хөнгөн хөгжөөн өрнүүлэх нь үзэгчдийг пирхийтэл нь инээлгэж орхив. Тэгээд Чоймбол дарга Гармааг өрөөндөө дуудан элдвийг ярьж уяад л, нөгөөх нь хүлээж буй хүүхэн рүүгээ яараад л. Тэр хурц зөрчлүүд нь зохиолд амьд хэвээрээ болохоор “Өнөр бүл өнөө цагт” ч бас хар аяндаа хөгжил хөөртэй, үзүүштэй болоод ирж байна. Гармаа Чоймбол даргын өрөөнөөс зугтах нь холгүй гүйж гарвал Цэрмаа яг таксинд сууж таардаг даа. Хуучин кинон дээр бол Гармаа таксиг дагаж гүйсээр байгаад Цэрмаад гутлыг нь өгч амждаг юм. Харин өнөө цагийн Цэрмаа дүлий дүмбэ суусаар, Гармаа бахардах нь холгүй гүйсээр байвч гутлаа өгч авалцаж чадсангүй. Цэрмаа, цагийн зүүтэй уралдан үдэшлэгээс арилаад өгдөг Үнсгэлжин шиг л алга болов.

“ӨНӨРЖҮҮЛЭХ” БУЮУ УЛАМ АХИУЛАХ САНААЧИЛГА

Гутлыг нь өгч, нэрийг нь ч мэдэж чадаагүй Гармаа гуниглангуй таксидаж явтал замд нь нэг жаахан охин уут торондоо түүртчихсэн такси барих гэж ядаж байгаа харагдана. Гармаа охиныг таксиндаа суулгаад эмнэлэг рүү хүргэж өгөв. Тэгтэл охин таксинаас буугаад явж байснаа, таварцаглаж унахад нөгөө л тусч сайхан сэтгэлээрээ охиныг эмнэлэг рүү нь оруулж өгөхөөр болов. Уг нь мань хүн амралтанд явж байгаа ухаантай. Төрөх эмнэлэг рүү орж Алимаа бүсгүйг дуудуулахад төд удалгүй гурван ихэр хүүхэдтэй, нярай биетэй, бээлийн чинээ охиноос өөр хань бүлгүй эмэгтэй гараад ирэх нь тэр. Ингээд тусч сайхан сэтгэлтэй Гармаа амралтанд явах унаанаасаа нэг мөр хоцрохоор болов. Энэ үед “Тийм” сэтгүүлийн (Уг нь “Тойм” сэтгүүлийн далд реклам юм шиг байгаа юм) зурагчин хүүхэн “Өнөр бүл”-ийн судалбар зураг авч орхих нь тэр. Хуучин кинонд СГЗ Ш.Гүрбазар талхнаасаа салахаа шахсан будлиу зурагчны дүрд тоглодог бол энэ удаад өөрөө сэтгүүлийн эрхлэгч болж хуучин дүрээ загнаж үзэв.

Ер нь “Өнөр бүл өнөө цагт” кино бүхэлдээ хуучныхаасаа нэг байтугай нэлээд хэдэн шатаар ахиу обьект, техник хэрэгсэл, машин тэрэг ашиглая, аархъя, хөрөнгөөр зодъё гэж бодсон шиг байгаа юм. Тухайлбал, Чоймбол даргын унадаг “микро”-г ландаар сольж, нохой явган, гахай нүцгэн Гармааг мопедтой болгож, кондуктор Цэрмааг онгоцны үйлчлэгч, амралтын газрыг өндөр зэрэглэлийн амралт сувиллын баазаар сольжээ. Бүр хоёр ихэр хүүхэд цөөхөн санагдахаар нь гурван ихэр болгон өөрчилжээ. Тэр ч байтугай нөгөө сайхан киног чинь зөндөө их рекламжуулчихсан байх юм. Teso, MIAT-ийн далд сурталчилгаа ямар ч залхмаар их гардаг юм бэ дээ. Чоймбол даргын удирддаг үйлдвэр хуучны кинондоо юуны үйлдвэр болох нь яг таг мэдэгдэхгүй л байдаг. Тэгвэл өнөө цагийн Чоймбол даргын удирдах үйлдвэр нь “Teso” групп юм байх аа. Тэгээд л кадр болгоноор сүү тараг, туг логогоо рекламдаастай. Ингэж ард түмний сэтгэлд мөнхөрсөн сайхан киног арилжаа сурталчилгаатай хольж хутгах хэрэг байсан юм болов уу даа. Амралтын газрын дарга муухай Пүрэв гуайн тоглодог дүрд Л.Дэмидбаатар тоглосон нь ахиулах санаачилгаасаа дутчихсан дүр болсныг хэлэх хэрэгтэй байх. Тухайлбал, амралтын газрын эзэн муухай Пүрэв гуай Гармааг гахайн тоорой шиг бөөрөнхий юм болгоод явуулна гэж Чоймбол даргад бүлтэрснийхээ дараа туслах Дамбийгаа дуудан учирлахдаа “Тэр Гармаа чинь шинийг санаачлагч, таван жилийн гавшгайч, Эвлэлийн Төв Хорооны алтан медальтай, бас тэгээд дээшээ суга дэвшиж магадгүй бузар лут амьтан гэнэ” гэж хэлдэггүй юу. Тэгтэл Л.Дэмидбаатар “айхтар чөтгөр” гэх төдийхнөөр давсгүй хоол шиг болгочихно билээ. Мөн Ц.Цэнд-Аюуш гавьяатын тоглодог “Учрыг нь олж хужрыг нь тунгаагч”-ийн дүрд жүжигчин Ж.Оюундарь жижигдэж байна лээ. Уг нь сайн жүжигчин л дээ. Гэвч нэгэнт хүмүүс тухайн дүрийг нь хүлээгээд авчихсан, бараг цээжилчихсэн байхад хөндлөнгийн нэг эмэгтэйн дүр ер нийцэхгүй байсан шүү. Мөн Цэрмаад талтай Довчин гэх нөхрийн дүр бий. Тэр дүрд жүжигчин С.Ууганбаяр тоглож Гармаагаас Цэрмаад илгээсэн захидлыг дундаас нь авч урж тасдаж байгаа харагдана лээ. Ингэж хуучны сайхан монгол киног солонгос сериал маягийн болгосноороо л Т.Номуунзул гэгч Д.Додоодорж гуайтай мөр зэрэгцсэн зохиолч болчихож байгаа бололтой. Хуучны манерийг нь хуулбарлахаас өөрөөр найруулга хийгээгүй, хийх ч боломжгүй байхад найруулсан нэр зүүсэн С.Баттулгыг одоо хэн ч гэмээр юм бэ дээ.

Тэд хэлэхдээ “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кино ремэйк буюу киног дахин сэргээж хийдэг жишгээр “Өнөр бүл” киног эдүгээчлэн бүтээсэн. “Монгол кино нэгтгэл”-ээс зөвшөөрөл авч албан ёсны эрхтэйгээр энэхүү ажилд орсон” хэмээн мэдээлжээ. Алийн болгон гаднынхныг дуурайж, бүтээснээ бусниулах гэсэн юм бэ. “Эдүгээчилсэн Монгол кино төсөл” гээд байгаа. Энэ төсөл нь цаашдаа “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Морьтой ч болоосой” зэрэг хуучны киног эдүгээчлэх юм гэв үү. Хуучны сайхан кинонууддаа гар хүрэхгүй байж, өөрсдөө шинийг сэдэж хийж болдоггүй л юм байх даа. Тийм сүрхий юм бол хуучны монгол кино шиг цэвэр уран бүтээл хий л дээ. Хуучны кинонууд нь “хөгшдөөд” өнөөчлөх гээд байгаа бол өнөө үе ч бас өвгөрдгийг сануулъя. Хуучны юм хуучнаараа сайхан, хүний юм бол хүний л юм гэдгийг өдий болтол ойлгодоггүй яачихсан “Hulegu pictures”, Ж.Солонгоо захирал нар вэ?

“Монгол кино нэгтгэл” одоо Монголын зохиолчдын эвлэлтэйгээ уялдаа холбоотой ажиллаж, нурууг нь авчихсан Монголын кино урлагаа эмнэн дэмнэх цаг нь болсон юм биш үү. Тэнд, зохиолчдод хэчнээн сайхан кино зохиолууд хөрөнгө мөнгөний гачаалтай хүлээгдэж байна вэ. Тал талд л өөрөө зохиолоо бичиж, киногоо найруулсан “төгс төгөлдөр” киночид минь арай л ондоо зүйл сэдэхгүй бол энэ мэтээр “будаа идээд” тун ч хол явахгүй л байх даа.

Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Аялал зугаалгаар явахдаа монгол ахуйг сануулж байгаарай

Далай лам “Жилдээ нэг удаа өөрийн очиж үзээгүй газар руугаа явж байгаарай” гэсэн байдаг. Энэ жишгийг хүмүүс амьдралынхаа мөрдлөг болгочихмоор санагддаг юм. Очиж үзээгүй газар гэхээр заавал гадаад улс байх албагүй л дээ. Эхний ээлжинд Монголынхоо өргөн уудам нутгаар байгалийн сайханд аялах хэрэгтэй. Олон хоногийн аялалд гэр бүлээрээ явахад хамгийн тохиромжтой байдаг шүү дээ. Тиймээс хүүхдүүдээ бага байхаас нь эхлээд эх орноо бүсчлэн аялдаг жишгийг айл бүр хэрэгжүүлээсэй. Аялал олон давуу талтай болохоор сурах зүйл их бий. Мэдээж хэрэг эх оронтойгоо танилцаж байгалийн сайхныг биширнэ гэдэг том боломж. Мөн аяллаар далимдуулан орчин үеийн, тэр дундаа хотод өссөн хүүхдүүдэд монгол ахуйг сануулдаг болмоор байгаа юм. Яагаад гэхээр хотод өссөн хүүхдүүд хөдөө хээр явахад өглөө босоод голын усаар нүүрээ угаана гэхээр санаанд нь багтдаггүй.

Бас гал түлэхэд түлээ хэрэгтэй гэдгийг ч мэдэхгүй байна. Аав нь майхнаа барингаа хүүхдээ ойр хавиас аргал, мод олоод ир гэхээр гайхаж хардаг жишээ цөөнгүй бий. Тэгэхээр зуны амралтаар байгалийн сайханд зугаалангаа хүүхдүүддээ монгол ахуйг бага ч атугай сануулж баймаар санагдах юм. Голын усаар цай чанаж болдог, түлээ модоо өөрөө олдог, уул овоонд идээнийхээ дээжийг өргөдөг, хангайн нэрийг дэргэд нь хэлж болдоггүй зэрэг зан заншлыг танин мэдүүлж явдаг болъё. Тэгэхгүй бол овоон дээр гарч ирээд бие засдаг, гол ус руу бохир зүйлээ хийдэг залуучууд элбэг болсон байна лээ шүү.

Categories
мэдээ цаг-үе

Өөрийгөө шүүж, өөрийгөө торгодог гольфчдын нэг өдөр

Дэлхийн гольфийн түүх 1700-гаад оны үеэс эхэлдэг юм билээ. Шотландчууд анх спортын энэ төрлийг үүсгэж, хөгжүүлсэн гэдэг. Тэр цагаас хойш гольф олимпийн нэгэн төрөл болтлоо хөгжиж чаджээ. Харин манайд энэ спорт хожуу дэлгэрсэн. Монголын анхны гольфчдыг УИХ-ын гишүүн асан, хуульч Ц.Мөнх-Оргил, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, “Өнөөдөр” сонины үүсгэн байгуулагч Ц.Балдорж агсан, Ч.Буд нар тэргүүлдэг. Тухайн үед Монголд гольфийн талбай байгаагүй бөгөөд энэ эрхмүүд гадаадад очиж тоглодог байжээ. Харин өнөөдөр манай улсад тогтмол үйл ажиллагаа явуулж буй гольфийн дөрвөн талбай бий. Зуны улиралд эдгээр талбай дээр тэмцээн уралдаан байнга болж байгаа. Энэ жилийн тухайд гольфчид анхны албан ёсны тэмцээнээ өнгөрсөн бямба гаригт хийлээ. “Скай ресорт”-ын “Mount Bogd” талбайд болсон улирлын нээлтийн тэмцээнээс “Танайд өнжье” булангийнхаа энэ удаагийн дугаарыг бэлтгэв.

Гольфийн тэмцээнүүд голдуу өглөө эрт эхэлдэг ажээ. 9, 10 цагаас хойш эхэлнэ гэж барагтай бол байхгүй. Хагас сайн өдрийн тэмцээн энэ жишгийн дагуу өглөө 8.30 цагт эхэллээ. Тамирчид тэмцээн эхлэхээс өмнө цаг гаруйн өмнө ирдэг ажээ. Эрт ирээд хувцсаа сольж өмсөнө, бие халаалтаа хийнэ. Гэхдээ бусад спортынхон шиг гүйж харайгаад хөлсөө урсгаад байхгүй. Ерөнхийдөө гар, хөлийнхөө булчинг суллаад сунгалтын дасгал хийнэ. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод хэд гурван удаа босч суугаад дараа нь сунгалтын дасгалаа хийдэг ажээ. Гольфчид ерөнхийдөө ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээл дээр хийдэг сунгалтын дасгалтай төстэй байдлаар биеэ халаагаад талбай руу явлаа. Талбайн наахна талд мөн бие халаах хэсэг бий. Тэнд сагс дүүрэн бөмбөг хол, ойрын зайд цохиж биеэ халаагаад тэмцээн эхлэхэд бэлэн болов. Хувцасны тухайд гэвэл тодорхой стандарттай. Талбайд гарч буй тоглогч заавал ч үгүй босоо захтай цамц өмсөнө. Мөн жинсэн өмд өмсч болохгүй. Даавуун өмд юм уу шорттой тоглоно. Хэрэв шорт өмсч байгаа бол цагаан оймстой талбайд гарахыг зөвшөөрөхгүй. Харин өмдтэй тохиолдолд оймсны өнгө ямар ч байж болдог гэсэн. Пүүзний тухайд уландаа арзгартайг сонгоно. Гэхдээ хөлбөмбөгчнийх шиг том, том арзгартай ч биш. Өвсийг сэндийчихгүйн тулд маш нарийн арзгар, тэгсэн мөртлөө бөмбөг цохих үед халтирахгүй, газарт бага зэрэг шигддэг гутал өмсдөг ажээ.

Энэ удаагийн тэмцээнд 40 гаруй тамирчин оролцлоо. Олон тамирчинтай тул хоёр хуваагдан талбайгаа тойрч тоглохоор болов. Ингээд гурав, гурваараа нийлээд тоглолтоо эхлүүлсэн юм. Гольфийн талбай 18 нүхтэй. Хэрэв 18 нүхэнд нийт 72 цохилтоор бөмбөгөө оруулж чадвал маш том амжилт. Дэлхийн мэргэжлийн тамирчид иймэрхүү маягаар тоглодог. Гэхдээ сүүлийн үед сонирхогчдын дунд 72, тэр бүү хэл хасах оноотойгоор буюу 72-оос бага цохиж тэмцээнээ дуусгаж буй тамирчин олон болж байгаа гэнэ. Манай тамирчдын тухайд дунджаар 78 цохиж байгаа гэх судалгаа бий. Гэхдээ энэ тоо жил ирэх тусам улам багасч байгаа юм байна. Үүгээр ч зогсохгүй хоёр жилийн өмнө манай шилдэг тамирчдын нэг Д.Өлзийдэлгэр Тэрэлж дэх гольфийн талбайд болсон тэмцээний үеэр 72 цохиж том амжилтын эзэн болжээ. Түүний энэ тэмцээнийг гольфчид өнөө хэр дурсан ярьдаг юм билээ. Дэлхийн мэргэжлийн гольфчдын дээд амжилт -6 буюу 66 цохилт байгаа гэсэн.

Тэмцээн эхлэхийн өмнө тамирчид хоорондоо элдэв зүйл ярилцан инээлдэж байсан бол яг тоглож эхлэх үедээ ерөнхийдөө дуугаа хураачихдаг ажээ. Ялангуяа нэгийгээ бөмбөг цохих үед чанга ярих бүү хэл дуугарах ч үгүй. Бас илүү дутуу хөдөлгөөн хийхгүй. Яг л өөрөө цохих гэж буй мэт анхааралтай, чимээгүй ажиглана. Учир нь бөмбөг цохих гэж буй хүн анхаарлаа дээд цэгтээ төвлөрүүлж буй учраас түүнд саад болж болохгүй. Харин цохисон хойно нь бөмбөгийг харж байгаад “Суу, суу, суу. Суу л даа” гэхчилэн сэтгэл хөдлөлөө гаргаж байв. Суу гэж байгаа нь бөмбөг хүрэх ёстой замаасаа хэтрээд явчихвал зогс гэж байгаа утгатай. Мэдээж хэрэг нэг нүхнээс нөгөө рүү хүрэх замд янз бүрийн саад бэрхшээл бий. Жаахан буруу цохичихвол ус руу яваад орчихно, эсвэл элс, чулуу, өндөр бутан дунд ч орчихож магадгүй. Тэр бүх саадыг тооцоолон цохих хэрэгтэй. Тиймээс гольфчид бөмбөгөө харж байгаад дотроо бодож буй бүхнээ ил гаргана. Эвгүй саад руу орох гээд байвал наанаас нь “Суу” гэхээс гадна, “Одоо жаахан эргэчих” гэхчилэн аргадсан өнгөөр ярина. Ер нь цохисон бөмбөгөө яг л амьтай мэт санан ярьж сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг ажээ. Гурван хүн хамтдаа тоглож байвал бүгдээрээ цохиж дуусаад хамт хөдөлнө. Ингэхдээ нэг нь сайн цохивол “Өө мундаг. Маш сайхан цохилоо” гэхчилэн урамшуулсаар дараагийн цэг рүүгээ явдаг юм байна. Тус талбай элс, хайрган саадаас гадна усан саадтай. Дээрх саадуудыг зориудаар бий болгож олон улсын стандартын дагуу барьжээ. Ингэхдээ таван ч хиймэл нуур хийсэн гэсэн. Уг хиймэл нууранд нь усны шувууд ирж, буцдаг болоод хоёр жил болж байгаа гэнэ. Өнгөрсөн жил хоёр хун зусаад буцсан бол энэ жил хэдэн ангир ирчихсэн байна лээ.

Ийн тоглоход тэдэнд caddie охидууд тусална. Caddie гэдэг нь нэг ёсондоо туслах гэсэн үг. Тэд нэг, нэг гольфчныг дагаж явах бөгөөд цохиурыг нь ойртуулж өгөх, бөмбөгөө хамт хайх гэх мэтээр тоглогчдыг цагаа хэмнэхэд тусалдаг ажээ. Гольфчид нэг тоглолтод 14 цохиур хэрэглэдэг. Хол ойр, хөөргөж эсвэл намхан цохихоос хамаарч цохиураа сонгодог юм байна. Заримдаа зайгаа тааруулаад цохих үед гэнэт салхилаад элс, эсвэл битүү хайрган дунд бөмбөгөө оруулчихна. Тиймэрхүү саад гольфчдоос тоглолтын ур чадвар ихээхэн шаарддаг ажээ. Энэ мэтээр бөмбөгөө цохиж явсаар 18 нүхийг дуусгана. 18 нүхийг хамгийн цөөн цохилтоор дуусгасан хүн хожих ёстой. Гэхдээ тэдний тоглолтыг хэн ч шүүхгүй. Ер нь дэлхий дээрх шүүгчгүй, өөрөө өөртөө торгууль ноогдуулдаг ганц спорт ч байж мэдэх юм. Учир нь гольфийн талбайд шүүгч байдаггүй. Тамирчид өөрөө өөрсдийгөө шүүгээд явна. Бас өөртөө торгууль оногдуулдаг гэдгийг сонсоод өөрийн эрхгүй инээд хүрч “Тэгвэл өндөр бооцоотой тэмцээнд түрүүлэх амархан юм биш үү” гээд хэлчихсэн чинь буруудав. Бүгд л энэ нөхөр чинь юу яриад байна аа гэх хачин харцаар ширтээд “Гольфчдод худлаа ярина гэх ойлголт байдаггүй” гэж товчхон тайлбарлав. Хэрэв худлаа хэлбэл, нэгдүгээрт, хамт тоглож буй нөхөд нь анзаарна. Тэгснээр дараа түүнтэй хамт тоглох хүн олдохгүй. За яахав гээд бусдыгаа хуурлаа гэж бодоход өөрөө өөрийгөө хуурсан нь насан туршид нь бодогдоод бараг л сэтгэлийн тамд унадаг бололтой юм. Ер нь гольф гэдэг хамгийн өндөр ёс зүйтэй спортын нэг юм билээ. Талбай дээр гарсан л бол бие биедээ хүндэтгэлтэй хандан хараал хэлж огт болохгүй, маргалдана гэсэн ойлголт байхгүй. Бусад спортын төрлүүд шиг талбай дээр гарсан л бол хоорондоо ширүүн өрсөлдөнө гэж байхгүй. Ингээд бодохоор уйтгартай ч юм шиг. Гэхдээ яг өөрөө тоглоод, спортоо мэдрээд явбал тун сонирхолтой байдаг гэсэн.

Гольфийг баячуудын, бас хөгшчүүдийн спорт гэх нь бий. Гэвч талбай дээр тоглож буй гольфчдын дунд залуу хүн олон байв. Хорь нэлээн гарч гучин нас дөнгөж өнгөрч яваа болов уу гэмээрнасныхан дийлэнх нь ажээ. Тэд өөрсдийнхөө сонирхлоор уг спортоор хичээллэж эхэлсэн юм байна. Тиймээс хөгшчүүдийн сонирхдог спорт гэж хэлж болохооргүй юм билээ. Харин баячуудын спорт гэдэг ойлголтын тухайд талбайн үнэлгээнээс хамаардаг байж магадгүй юм. Учир нь “Mount Bogd” талбайд 18 нүхэнд нэг удаа тоглоход ажлын өдөр 165 мянга, амралтын өдөр 195 мянган төгрөг төлнө. Энэ бол ганцхан удаа тоглох үнэ. Хэрэв байнга тоглож эхэлбэл сар, улирлын багцад хамрагдаж болох юм билээ. 40 удаа тоглох эрхээ нэг дор авбал нэг тоглолтын үнэ 132 мянган төгрөг болж хямдардаг гэсэн. Мөн Монголын гольфийн холбооны гишүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг гэж байлаа. Цохиурын тухайд брэндээсээ хамаараад харилцан адилгүй үнэтэй. Гэхдээ шинээр гольф сонирхож буй хүмүүс ахмад тамирчдынхаа хэрэглэж байсан хуучин цохиурыг голдуу авдаг ажээ. Ахмадууд хуучин цохиураа 100-200 ам.доллараар залуучууддаа өгнө. Гэхдээ ихэнх нь “Энэ спортоор уйгагүй хичээллээрэй, амжилт хүсье” гээд мөнгө төгрөг гэлгүйгээр бэлэглэчихдэг гэсэн. Мөн тус талбайн хамт олон 12-26 настай хүүхэд, залууст үнэ төлбөргүйгээр зургаан долоо хоногийн гольфийн хичээл явуулдаг ажээ. Уг сургалтад хүссэн хүүхэд бүр хамрагдах боломжтой. Мөн эмэгтэйчүүдэд цагийн 10-20 мянган төгрөгөөр хичээл заадаг гэсэн. Ингээд бодохоор зөвхөн баячуудын спорт гэж ойлгож болохгүй юм. Ер нь гольфоор хичээллэхийн ач тус их. Хүүхэд, залуус энэ спортоор багаасаа хичээллэвэл аливаа асуудалд нухацтай ханддаг болдог гэнэ. Ялангуяа яаран шийдвэр гаргахгүйгээр, асуудлыг өргөн цар хүрээнд сэтгэж байж шийдвэр гаргах хүмүүжлийг гольф өгдөг ажээ. Мөн ёс зүйн асар өндөр боловсрол олгодог гэсэн. Тийм болохоор Харвардын сургуулийн хичээлийн хөтөлбөрт гольф багтдаг юм байна. Түүнчлэн нэгэнт тоглоом эхэлсэн л бол цаг агаар, хувийн асуудал яаж ч өрнөсөн бай тоглолтоо заавал дуусгадаг. Энэ чанар нь эхлүүлсэн ажлынхаа ард гарах зарчмыг суулгадаг онцлогтой. Эрүүл мэнд талаасаа цэвэр агаарт, байгалийн сайханд дөрвөөс таван цаг алхдаг болохоор тэр хэрээр хөдөлгөөний дутагдал, стрессээс ангижирдаг гэж байлаа.

Эндхийн гольфийн талбайд сүүлийн хоёр жил нэг асуудал үүсдэг болжээ. Тэр нь хэрээ. Тамирчид бөмбөгөө 300-400 метрийн зайд цохьчихоод араас нь алхаж байх хооронд бөмбөгийг нь хэрээ зуугаад явчихдаг болжээ. Хэрээ бөмбөгийг өөр шувууны өндөг байна гэж андуурдаг бололтой. Нэгэнт зуугаад явчихсан бөмбөгийг буцааж олж ирнэ гэж байхгүй учраас шинэ бөмбөгөөр тоглолтоо эхлүүлдэг гэсэн. Уг нь тоглоомын дүрэмд тоглолтод орсон бөмбөгийг гараараа, эсхүл өөр ямар нэгэн байдлаар хөдөлгөж болдоггүй ч гэлээ нэгэнт өөрсдийнх нь буруугаас болоогүй тул шинэ бөмбөгөө багцаалдаж тавьж байгаад тоглоомоо үргэлжлүүлдэг гэнэ. Ийн тамирчидтай гольфийн ертөнцийн талаар ярилцаж явсаар 18 нүхээ дуусгав. Эхэлсэн газраа буюу гольфчдын байрладаг газар иртэл тамирчдын түрүүч тэмцээнээ дуусгаад цугларч байв. Бүгдийнх нь амжилтыг томоо гээчийн самбар дээр тэмдэглэдэг аж. Тэндээсээ хэн, ямархуу амжилттай байсныг харж болно. Дагаж явсан гурван тамирчин маань өөрсдийнхөө оноог бичсэн цаасаа өгтөл бөөн шуугиан, алга ташилт болоод явчихав. Яав гээд анзаартал энэ өдөр Монголын гольфийн түүхэн дэх сонин тохиолдлын нэг болжээ. Учир нь Ч.Даваахүү гэж тамирчин 13 дугаар нүхийг ганцхан цохилтоор дуусгажээ. Энэ амжилтыг “Hole in 1” гэж нэрлэдэг юм байна. Ийм тохиолдол гольфийн тэмцээнд маш ховор тохиолддог ажээ. Бүр 10 мянган цохилтод ганц удаа тохиох тун ховор боломж юм байна. Тиймээс гольфчид үүнийг сонсоод бөөн баяр болж байв. Дашням, балжиннямтай өдөр гэдэг шиг өнөөдөр гольфчдын хувьд Даваахүүтэй өдөр болж байна гэлцээд л. Тэрээр 170 гаруй метрийн зайнаас нүхээ чиглүүлээд цохитол бөмбөг их ойрхон буучих шиг болжээ. Тэгээд хараад л байж, гэтэл туслагч охидын нэг нь бөмбөг алга болчихлоо гэж орилсон гэнэ. Ингээд яваад очтол бөмбөг нүхэнд орсон байжээ. Тэрээр “Ёстой аз од минь гийсэн өдөр байна. Ганц цохилтоор оруулна гэж огт төсөөлөөгүй. Өөрийнхөө хэмжээнд цохитол нүхэнд орчихсон байж” хэмээж байв. Түүний хувьд сүүлийн таван жил гольфоор хичээллэж байгаа юм байна. Таван жилийн дараа ийм амжилт үзүүлсэндээ маш их баярлаж байна гэдгийг хэлж байв. Угаасаа иймэрхүү тохиолдол манай гольфчдын дунд тун цөөхөн тохиолддог гэсэн. Тиймээс томоохон ивээн тэтгэгчтэй буюу “Monnis cup”, “Nissan cup”, “Range rover cup” зэрэг тэмцээний үеэр “Hole in 1” буюу ганцхан цохилтоор нүхэнд оруулсан тамирчныг борлуулж буй автомашинаараа байлдаг гэсэн. Гэхдээ одоогоор тийм тохиолдол гараагүй байгаа ажээ.

Дэлхий даяар 60-70 сая гаруй гольфчин байдаг гэнэ. Манайд тогтмол тоглодог 70-80 хүн байдаг. Ажлынхаа зав чөлөөгөөр тоглодгийг нь нэмбэл 100 давах юм билээ. Мөн эмэгтэй тамирчид бий. Тэд “Монголын эмэгтэй гольфчдын холбоо”-той. Уг холбоонд 40 гаруй хүн гишүүнчлэлтэй гэсэн. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол тогтмол тоглоод байж чадахгүй ч гэлээ жилдээ нэг удаа улсын аварга шалгаруулах тэмцээнээ хийчихнэ. Мөн холбооных нь зүгээс дэмжээд гадаад, дотоодын тэмцээнд явуулдаг гэсэн. Одоогоор сүйдтэй амжилт гаргаагүй байгаа ч гэлээ улсынхаа нэрийг гаргаад, туршлага судлаад, дараагийн үеэ бэлтгээд явж байдаг ажээ. Харин “Монголын гольфийн холбоо”-ныхон эмэгтэйчүүдээ бодвол жил бүр 20-30 тэмцээнийг ивээн тэтгэгчидтэйгээ хамтран зохион байгуулдаг юм байна.

Хоёр жилийн өмнө Азийн гольфийн холбооны ерөнхийлөгч нар манай улсад иржээ. Тэд “Скай ресорт”-ын талбайтай танилцаад олон улсын стандарт хангасныг сайшаан магтжээ. Нэгэнт ийм талбайтай болсон учир 2019 онд олон улсын тэмцээн зохион байгуулъя гэж ярилцаад явсан байна. Тэд Монголыг зорин ирсэн нь учиртай гэсэн. Яагаад гэвэл гольф өндөр хөгжсөн Азийн орнуудад улирлын хамгийн идэвхтэй үе гэгддэг зургаа, долоо, наймдугаар сард хэт их халуун байдаг учраас тоглоход төвөгтэй байдаг гэнэ. Харин тэр үед Монголд ирж тогловол цаг агаар тун аятай сайхан байх ажээ. Тиймээс Азийн гольфийн холбооныхон тамирчдаа зуны гурван сард Монгол руу явуулах, манайд олон улсын чанартай тэмцээн уралдаан хийх боломжийг судалж байгаа юм байна.

Ийн гольфийн спортын сонин хачин, тамирчдын баримталдаг дүрэм журамтай танилцаж нэг өдрийг өнгөрөөлөө. Ямартай ч гольфчид бусдыг хүндлэх, аливаа асуудалд нухацтай хандах, шулуун шударга байх гэхчилэн ёс зүйн асар өндөр шаардлагыг өөрсдөдөө тавьдаг ажээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Гялгар уутны үнэтэй хонины нэхий буюу найман грамм химийн хаягдлын үнэ 100 төгрөг

Уул уурхайн түүхий эдийн үнийг дагаад бүтээгдэхүүний үнэ уналаа. Гэхдээ мэдээж бүгд биш. Үнэ нь хамгийн их буурсан хонины нэхий хямралын тод жишээ. Хятадын найман грамм химийн хаягдлаар хийсэн гялгар уутыг монголчууд 100 төгрөгөөр худалдан авдаг. Гэтэл нэг хонины нэхий 100 төгрөг гэж тооцвол найман грамм химийн хаягдалтай тэнцэх нь содон үзэгдэл. Оросын эдийн засагчид барууныхны эдийн засгийн хоригт автаад, хоёрхон жилийн дотор хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах төсөл боловсрууллаа. Оросын хориг тавиулсан эдийн засаг эдийн засагчдыг нөхцөл боломжоо илүү сайн судалж барааны хомсдолоос гарах аргыг хайхад хүргэжээ. Хий, нефтид тулгуурласан төсвийн орлогод барууныхан хориг тавиагүй ч өнөөдөр хүндрэх л байсан гэж үзэж байна. Өмнө нь тэд асар уудам нутгаа эдийн засгийн эргэлтэд оруулах тухай төсөөлж байсангүй. Газар нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээс гадна аж үйлдвэрийн асар том талбар гэдийг оросууд ойлгожээ. Хот суурин газрууд Бразил, Уругвайгаас тугалын тансаг мах зооглож суусан сүүлийн арваад жилд Алс дорнод, Сибирийн суурингуудад хятадууд нэвтэрч, аль хэдийнэ Москвагийн иргэнээс илүү тохилог амьдрал цэцэглүүлсэн гэнэ. Тэдний орлого нь зарим Оросын дундаж компаниас их. Тус бүсэд суурьшсан хятадуудын тоог зарлахгүй байгаа. Гэхдээ энэ асуудал дээд түвшинд яригдаж, яаралтайгаар эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх төслийг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүддээ үүрэгджээ. Эдийн засагчид эхний ээлжинд дотоодын түүхий эд, бараа үнэгүйдсэн шалтгааныг судлав. Судалгаагаар гурил, төмс, түлшний үнэ хямд байгаа нь иргэдэд сайн нөлөө үзүүлсэн гэж гарчээ. Мэдээж төсөвт орох орлого буурсан ч худалдан авах чадвар буурсан үед бослого тэмцэлд хүргэхгүй сайн талтай. Харин дээрх бүтээгдэхүүнүүдийн үнийн хямдрал бусад бүтээгдэхүүний үнийн өсөлтийг нөхөж чадсангүй. Хамгийн их үнэд орсон нь мах, ноос, арьс, ширэн бүтээгдэхүүн гэдэг нь тодорхой болжээ. Эрдэмтэд үүнээс үүдээд Сибирийн асар уудам талбайг ашиглаж, хомсдолтой байгаа тансаг хүсний бүтээгдэхүүн, мөн мах, сүү, арьс ширнийхээ хэрэгцээг дотооддоо хангах төсөл боловсруулжээ. Энэ төслийн хүрээнд Сибирьт их хэмжээний газрыг Оросын иргэдэд үнэгүй олгоно. Маш урт хугацаагаар энэ газарт гадны том хөрөнгө оруулагч орж болно. Тэд ингэж бодлого гаргаж байна. Харин манайд хонины арьс зуун төгрөгтэй тэнцсэн ч хэн ямар бодлого хэрэгжүүлэх нь мэдэгдэхгүй байна.

Манай хөдөө аж ахуйг авч явдаг мах, ноолуур, арьс, ширний байдал өнөөдөр ямар байгааг үнээс нь харчихаж болно. Ноолуурын үнэ нэг их буураагүй. Гадагшаа их хэмжээгээр зарагддаг энэ түүхий эд үнэ буурсан ч нэхийний хэмжээнд очихгүй. Учир нь “Говь” компани удахгүй дэлхийн хэмжээнд тоглох чадвартай үйлдвэр болохоо зарласан. Арьс, шир, ноолуурыг хятадууд худалдаж авдаг учраас үнэ гайгүй байсан. Гэтэл өнөөдөр дотооддоо боловсруулдаг ноолуурын үнэ унасангүй. Харин нэхий хэнд ч хэрэггүй хог болж хувирч байна. Энэ нь хятадууд авахгүй бол цаашдаа хог хэвээр үлдэх тогтолцоо манайд үйлчилж байгааг харуулна. Оросууд манайхаас мах авах сонирхолтойгоо байнга илэрхийлдэг. Хөршүүдийн маань махны хэрэглээ манай махны экспорттой харьцуулахад далай шиг том.

Оросын эдийн засагчид монгол малыг эрүүлжүүлэхэд багагүй анхаарал тавьсан тухай сануулдаг. Мал аж ахуйн салбарт өвс, вакцин гээд чамгүй тусламж үзүүлсэн. Харамсалтай нь монголчууд олон жил өнгөрсөн ч малаа эрүүлжүүлж чадаагүй хэмээн халаглаж байна. Зарим эдийн засагчийн үзэж буйгаар хуульд ганцхан өгүүлбэр оруулчихад л малын өвчнийг нам дарж болно. Малчид малаа вакцинжуулчихад вакцины үнэнээсээ хэдэн арав дахин их ашиг олж болохыг баталсан тооцоо хаа сайгүй байдаг.

Мал аж ахуйгаас үнэгүйдэж байгаа бас нэг түүхий эд бол ноос. Бид жилд 20 мянган тн ноос гаргадаг. Таван мянга хүрэхгүй тн-ыг өөрсдөө бүтээгдэхүүн болгодог мэдээ бий. Ихэнх нь гэрийн эсгий болж хувирна. 15 мянган тн-ыг өмнөд хөрш л шингээдэг байх. Гэтэл Оросын сайтад бичсэнээр Монголд хөглөрч байгаа үнэгүй шахам ноосоор хүйтэн дайны үед цөмийн аюулаас хамгаалж Сибирьт барьсан олон тооны төмөр бетонон байшингуудыг дулаалчихвал хэдэн сая киловатт цахилгаан хэмнэх тухай бичжээ. Австрали хонины ноосоор орон сууцны дулааны хавтан хийх технологийг аль хэдийнэ гаргасан. Гэвч хүйтэн орчинд дулаалгагүй төмөр бетон орон сууц олноор барьсан Орос манайх хоёроос өөр улс байхгүй тул бөөний үйлдвэрлэлдээ итгэлгүй байгаа аж. Өнөөдөр нийслэлийн зарим орон сууцнууд шилэн хөвөнгөөр дулаалга хийж эхэлсэн. Гэхдээ зарим байранд ганц хоёрхон айл дангаараа хийсэн харагдана. Энэ нь төлбөрийн чадвараас шалтгаалдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд баригдсан ихэнх барилга хятад хөөсөн хавтан дулаалгатай. Энэ нь галд тэсвэргүй. Тэгээд ч 5-10 жилийн дулаан хадгалах ямар ч чадваргүй болох тухай мэргэжилтнүүд ярьдаг. Тиймээс эхний ээлжинд хөөсөн дулаалгатай байшин барихыг хориглож, улмаар бүх хөөсөн дулаалгыг ноосоор солих нь дулаан, цахилгаан хэмнэх хамгийн сайн арга болохыг мэргэжилтнүүд сануулж байна.

Хонины нэхий яагаад бусад түүхий эдээсээ илүү хямдрав гэдэг асуулт гарна. Оросын эдийн засагчийн үзэж буйгаар дэлхийн зах зээлд арьс, ширний үнэ нэг их унаагүй. Эсрэгээрээ арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэнээр үнийн өсөлт ажиглагдаж эхэлсэн. 1990 онд энэ төрлийн бүтээгдэхүүнийг өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн 70 хувь нь хэрэглэдэг байсан. Эдийн засгийн өсөлт буурснаас хойш 50 хувь руу унана гэсэн судалгаа байна. Ерөнхийдөө цүнх, түрийвч мэтхэн л хэрэглэгчдэдээ үнэнч үлдэж магадгүй. Хөршүүд бод малын махыг илүүтэй сонирхдог. Арьс шир боловсруулах үйлдвэрүүд бас бод малын арьсыг илүү сонирхоно. Гэхдээ шаардлага хангасан бог малын арьсыг үнэ тохирч чадвал хэдийг ч авна. Оросын сайтад “Хятадууд Монголын түүхий эдийг авч өндөр ашиг олоод сурчихсан. Энэ ашгаараа бидний байгуулж өгсөн Улаанбаатараас том хэд хэдэн хот байгуулчихсан. Биднээс нефтийг хөдөө аж ахуйн түүхий эдээр сольж их ашиг олох боломж байсныг ашиглаж чадсангүй. Дэлхий дээр дахиад Монголоос хямд хөдөө аж ахуйн түүхий эд хаана ч, хэзээ ч бий болохгүй” гэж бичжээ. Арьс ширний боловсруулалт химийн их хэмжээний хаягдал гаргадаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гар ажиллагаа их шаарддаг нь өртгийг нэмэгдүүлдэг. Мөн байгаль орчны стандарт чангарч хаягдал хадгалах зардал ч маш өндөр болсон гэнэ. Хятадууд биднийг хорлох гээд түүхий эд худалдан авалтаа хорогдуулсан гэж ойлгож болохгүйг мэргэжилтэн анхааруулж байна. Хятад жижиг уурхайнууд болон химийн боловсруулалт хийдэг үйлдвэрүүдээ экологийн шалтгаанаар хаасан юм. Судалгаагаар байгаль орчинд жижиг үйлдвэрүүд том үйлдвэрүүдээс илүү хохирол учруулдаг ч ашиг нь бага байдаг гэнэ. Хэрэв өнөөдөр бид “Говь”-ийн дайны хүчин чадалтай арьс, шир боловсруулах ганцхан үйлдвэртэй байсан бол нэхий маань найман грамм нефтийн хогтой тэнцэхгүй. Арван сая нэхийгээ боловсруулж чадвал өнөөдөр дэлхийн хаана ч борлогдоно. Оюу толгой шиг орлого олж болно. Харамсалтай нь манай эдийн засгийн тогтолцоо нэг нэхийгээ найман грамм химийн хортой л тэнцүүлэх чадвартай гэдэг нь батлагдаж байна.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

“Яг түүн шиг” шоуны оролцогч Э.Энхболд: Шоу хөгжилтэй, энтертайнмэнт тал руу чиглэснээрээ онцлог

Боловсрол телевизийн Яг түүн шиг шоу нэвтрүүлэг гарснаасаа хойш үзэгчдийн анхаарлыг татаад байгаа билээ. Нэвтрүүлгийн найман оролцогчоор Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б. Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол, дуучин Б.Амархүү нар сонгогдсон. Тэд алдартнуудын дуу хоолой, бүжгийн хөдөлгөөн, хувцас хэрэглэл, дүр төрхийг дуурайж буй юм. Нэвтрүүлгийн чадварлаг оролцогч загвар өмсөгч Э.Энхболдтой ярилцлаа.

Яг түүн шиг шоунд оролцох саналыг хэзээ авсан бэ?

-Анх “Боловсрол” телевизээс санал тавьсан. Шоуны танилцуулгыг хараад л орохоор шийдсэн. Харин хамт оролцох хүмүүсээ сонсоод хүндхэн санагдаж байсан шүү. Гэхдээ би өөрөө дуулах дуртай, өөрийнхөө шинэ дүр төрхийг харуулъя гэж бодсон учраас орохоор шийдсэн.

-Оролцогчид хоорондоо хэр өрсөлдөөнтэй байгаа вэ. Ихэнх нь мэргэжлийн дуучид байгаа ч та бас хамтлагтай шүү дээ. Дуулалт тал дээр хүндрэл байна уу?

-Манай шоуны онцлог бол айхтар өрсөлдөөд байх юм байхгүй. Хамгийн гол нь хөгжилтэй, энтертайнмэнт тал руугаа чиглэсэн. Багахан хэмжээний өрсөлдөөн байгаа ч бие биенийгээ таньж мэдэж, сайхан найз нөхөд болж байна. Би V.R хамтлагийн гишүүн. Дуулах урлагаар хичээллэж байсан болохоор дуулах тал дээр гайгүй байна. Шоу маань дан ганц дуулалт гэхгүйгээр дүрд хувирч байгаа нь илүү хөгжилтэй амьд болгож байгаа. Мөн эмэгтэй дүрд хувирах нь илүү хэцүү болгож байгаа. Би өөрөө басс, баритон хоолойтой учраас эмэгтэй хүний хоолойг гаргах хэцүү байсан.

-Эхний дугаараар МУГЖ Х.Төмөрбаатар гуайг дуурайсан. Хувирахад хэр амар байв. Нэлээд адилхан болсон харагдсан. Хүмүүсээс магтаал шүүмжлэл хэр сонсов?

-Шоуны анхны даалгаврыг бэлдэхэд хүнд байсан. Би хүний үйлдлийг адилхан хийж, хүн дуурайж байсан туршлагагүй. Зөвхөн би гэхгүйгээр бусад долоон оролцогчид ч хүндхэн байсан байх. Ямар ч байсан миний хувьд нэвтрүүлгийн зохион байгуулагчидтай хамтран дүрээ бүтээсэн. Миний бодлоор нэлээд дөхсөн болов уу гэж бодож байна. Үйл хөдлөлийн тал дээр дутуу юм байсан байж магадгүй. Эхний дүр дээрээ хамгийн бага оноо авсан. Харин үзэгчдээс их адилхан болсон байна, адилхан дуулсан шүү гэсэн сэтгэгдэл их ирсэн. Төмөрбаатар гуайг дуурайх гээд судалгаа хийхдээ 2000 оны эхээр болсон тоглолтынх нь бичлэгийг үзсэн юм. Дуурайхад их хэцүү байсан л даа. Г.Ганхүү шүүгч Ц.Төмөрбаатар гуайтай уулзаж үзсэн талаар асуусан. Цаг бага байсан болохоор уулзаж чадаагүй л дээ. Энэ нь бас бага оноо авах шалтгаан болсон болов уу гэж бодож байгаа.

-Харин Никитон хамтлагийн Ч.Батчулууныг дуурайх ямар байв?

-Хоёрдугаар үзүүлбэрээс би гэлтгүй манай багийнхан туршлагажиж эхэлсэн. Батчулуун ах бол өөрийн байр суурьтай мундаг дуучин шүү дээ. Дуурайхад амаргүй байсан. Би өөрөө бүх дууг нь дуулах дуртай. Дуртай дууныхаа нэг болох “Цамцаа тайл” дууг дуулахаар сонголт хийж бэлдсэн. Дуулалтын хувьд үнэхээр хэцүү, өндөр ур чадвар шаардсан дуу байсан. Өөрийнхөө боломжоор л дуурайж дуулсан. Энэ үзүүлбэр дээр мөн л шүүгчдээс муу оноо авсан. Гэхдээ би өөрийнхөө хувьд сэтгэл ханамжтай байгаа. Баачка ахыг өөрийнхөө чадахаар 100 хувь гаргаж чадсан гэж дүгнэж байгаа. Нэвтрүүлэг гарсны дараа Ч.Батчулуун ах өөрийнхөө пэйж хуудсанд миний дуурайсан зургийг тавиад “Намайг загвар өмсөгч Э.Энхболд дуурайсан байна” гэж бичсэн байсан. Тэрийг хараад санаа их зовсон. Хүндэлж биширч явдаг дуучин маань гэж коммент бичсэн. Яг тийм нөхцөл байдал бас эвгүй юм билээ.

-Өндөр өсгийт дээр дуулж, бүжиглэдэг Казаки хамтлагийг дуурайх ямар байсан бэ. Тухайн үед хүмүүс их дэмжиж байсан. Загвар өмсөгч хүнд амархан шүү дээ гэх хүмүүс ч байсан?

-Миний хувьд маш хүнд даалгавар гэж бодож байна. Харин ч эсрэгээрээ. Эмэгтэй моделиуд л тайзан дээр өсгийтэй гуталтай алхдаг. Миний хувьд модель ч эрэгтэй хүн учраас өсгийтэй гутал дээр алхана гэдэг бол маш хүнд даваа байсан. Загварын салбарт 12 жил ажилласан хэдий ч анх удаа л өсгийтэй гутал өмсч үзсэн юм. Өмсөх өмсөхдөө бүр “Казаки” гээд мундаг хамтлагийг дуурайж мэргэжлийн түвшинд бүжиглэнэ гэдэг амаргүй байсан.

-Дөрөв дэх дүр Фрэнк Синатра байх аа?

-Фрэнк Синатра дуулахдаа бүжиглэдэггүй зүгээр л зогсч байгаад дуулчихдаг дуучин юм билээ.

-Өмнөх долоо хоногийн дугаар дээр Lady gaga-гийн дүрд хувирч ялагч болсон шүү дээ. Ялагч болоход урамтай байв уу?

-Лэди Гага урьд урьдын дүрүүдээс хамгийн хэцүү нь байсан. Лэди Гагаг аваад бэлдэхэд “Казаки”-гаас илүү хүнд байсан. Учир нь би өөрөө бүдүүн хоолойтой учраас эмэгтэй хүний нарийн хоолой гаргах төвөгтэй юм билээ. Түүнээс гадна анх удаа тийм бариу хувцас өмсөхөд бэрхшээлтэй байлаа. Лэди Гага дээр түрүүлнэ гэж бодоогүй. Найзууддаа их баярлаж байгаа. Бид нэгнээ сайн мэддэг учраас тэд намайг өндрөөр үнэллээ гэж бодож байгаа. Тийм ч учраас энэ долоо хоногт таарсан Том Жонесыг их хичээж бэлдэж “Sex bomb” дууг дууллаа.

-Бусад оролцогчдоос гайхмаар өөрчлөгдөж байгаа хүн хэн байна. Та өөрийн гурван оноогоо хэнийг дэмжиж өгч байгаа вэ?

-Бусад оролцогчдоо шүтээд л явж байна. Тэд үнэхээр гайхашруулж чадаж байгаа мундаг хүмүүс. Модель С.Сарнай, Н.Мөнхсоёл бид гурвын хувьд дуучин гэдэг статуст орохгүй явж байгаа. Тэр ч утгаараа бусдаасаа дутахааргүй сайхан үзүүлбэр үзүүлж байгаа залуусаараа бахархаж байгаа. Мөн дээрээс нь Б.Амархүү, Э.Энхзол, Б.Маралжингоо, П.Баярцэнгэл, Л.Ган-Эрдэнэ гээд бүгд л хүлээн зөвшөөрөгдсөн гайхалтай уран бүтээлчид. Энэ хүмүүстэй хамт орж байгаадаа баяртай байна. Өөрийн оноогоо тухай бүрт таалагдсан хүндээ өгөөд явж байгаа даа.

Яг түүн шиг шоуны шүүгчид хэр хатуу шүүж байна?

-Хатуу гэхээсээ илүү оролцогчид жигд учраас шүүхэд хүндрэлтэй байх шиг санагддаг. Энэ тухайгаа ч илэрхийлдэг.

-Долоо хоног оногдсон дүрдээ хувирахад хэр урт хугацаа вэ?

-Зарим дүрд долоо хоног багадаж байгаа. Шоу зохион байгуулагчдын зүгээс бүх талаар дэмжиж чиглүүлж байна.

-Танай V.R хамтлаг уран бүтээлээ хийж байгаа юу?

-Манай хамтлагийн хувьд төлөвлөж байгаа уран бүтээл бий. Одоохондоо тус тусын ажлаа хийгээд уран бүтээл гаргаж амжихгүй байна. Гэхдээ шинэ оноос өмнө хоёроос гурван уран бүтээл гаргаж сонсогчдодоо хүргэнэ.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ. Загвар өмсөгч болоогүй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?

-Би урлаг судлалын ухааны бакалавр, бизнесийн удирдлагын бакалавр гэсэн хос мэргэжилтэй. Хоббигоо мэргэжлээ болгосон азтай хүн. Загвар өмсөгч болоогүй бол дуучин болох байсан.

-Эрэгтэй хүн загварын ертөнцөд ажиллахад хэр хэцүү вэ?

-Манайд эрэгтэй модель болох, ажиллах хэцүү. Яагаад гэвэл зах зээл нь маш бага. Харин модель болсноор хувь хүнд маш олон эерэг өөрчлөлт гардаг. Гоо зүйн мэдлэгээс эхлээд найз нөхөд, танилын хүрээ ихэсдэг.

-Одоо хаана харьяалалтай ажиллаж байна?

-“Gobi cashmere” компанитай гэрээтэй ажиллаж байгаа. 2014-2016 оны хооронд гэрээтэй. Цаашдаа сунгагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна.

-Гэр бүлийн хүн чинь тантай нэг салбарынх байх аа. Шоунд оролцоход чинь хэр дэмжиж байгаа вэ?

-Манай хүнийг Отгонжаргал гэдэг. Дизайнер мэргэжилтэй. 2015 онд Азийн шилдэг дизайнер гэсэн нэр хүндтэй, шагнал авсан. Эхнэрээрээ их бахархаж явдаг. Нэг салбарын хүмүүс болохоор бие биеэ их ойлгодог юм болов уу л гэж боддог доо. Хоёр хөөрхөн хүүхэдтэй дөрвүүлээ л аж төрж амьдран сууж байна даа. Шоугаа бүтэн сайны орой гэрээрээ сууж байгаад л үзнэ шүү дээ.

-Сүүлийн үед ямар ажил хийж байна. Шоуны хажуугаар ажлаа амжуулж чадаж байна уу?

-Хажуугаар нь ажлаа амжуулна гэдэг хэцүү. Аль болох зохицуулаад л явж байна. Голчлон шоундаа анхаарал хандуулж байгаа. Удахгүй төлөвлөгдөж байгаа томоохон ажлууд бий. Зургадугаар сарын 17,18-нд “Монгол шилтгээн”-д зохион багуулагддаг “Ibizа out festival”-аа зохион байгуулах гээд төлөвлөөд явж байна.

-Зохион байгуулж байгаа шоуны онцлог юу вэ?

-Манай шоу хоёр өдөр зохион байгуулагдана. Эхний өдөр рок, поп электро хөгжимтэй байна. Манай шоуны өдрийн арга хэмжээ элсний волейболлын тэмцээн, мисс мистерийн тэмцээн, хоолны фестиваль, усан байлдаан гэх мэт сонирхолтой хөтөлбөрүүдтэй. Хоёр дахь өдөр реппер Gee маань ирж уран бүтээлээрээ үзэгчдэдээ бэлэг барина.

-Залуу хүнд баримталдаг зарчим бий. Энхболд гэдэг хүн ямар үзэл бодолтой вэ?

-Бод, сэтгэ, хүс, тэмүүл, мөрөөд, зорь тэгээд яг одоо эхэл гэдэг зарчмыг л баримталдаг даа.

Categories
мэдээ цаг-үе

Гэмт хэрэгтнүүд бусдын автомашиныг хулгайлчихаад хотын төвөөр сэлгүүцдэг

-ОН ГАРСААР 100 ГАРУЙ МАШИН ХУЛГАЙД АЛДАГДАЖ, 40 ОЛДООГҮЙ БАЙНА-

Машин хулгайлдаг томоохон бүлэглэл бий болоод байгаа талаар албаны эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн хэмжээнд он гарсаар эхний зургаан сарын байдлаар зуу гаруй машин хулгайд алдагдсан байна. үүнээс 40 гаруй машиныг цагдаа нар олж чадаагүй байгаа гэнэ. Мөн машин хулгайлдаг гэмт хэрэгтнүүдийг цагдаагийн байгууллага барьж чадахгүй байгаа гэнэ. Хамгийн сүүлд гэхэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дөрвөн машин хулгайд алдагдсан байна. Он гарсаар хулгайд алдагдсан 100 гаруй машинаас 60 нь олдсон гэдгийг эх сурвалж онцлон хэлсэн. Гэхдээ хулгайч нарын олонхыг барьж чадаагүй гэнэ. Учир нь гэмт хэрэгтнүүд хулгайлсан машинаа унаж, хотын төвөөр сэлгүүцэж, такси үйлчилгээнд явж, хөдөө орон нутгаар хэсүүчилж дур зоргоороо явдаг байна. Ингээд шатахуун нь дуусах эсвэл эд анги нь эвдэрвэл тэнд нь хаячихаад явчихдаг гэнэ. Мөн автомашинаас нь мөнгө болгочих толь, аккумлятор, хөгжим гэх мэт эд ангийг нь тонодог байна.

ЗАМУУДЫН КАМЕР ЗӨВХӨН ДҮРЭМ ЗӨРЧСӨН АВТОМАШИНЫГ Л БИЧДЭГ

Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн “Верна аксент” маркийн солонгос автомашин, мөн “Экстриал”, “Королла”, “Приус” гэх мэт сэлбэг хэрэгслийг нь зарж борлуулж ашиг олж болохуйц машинуудыг хулгайлдаг аж. Солонгос машины хаалгыг онгойлгоход амар хялбар, өөр машины түлхүүр таардаг гэнэ. Энэ нь хулгайч нарын олз болдог байна.

Нийслэлийн ихэнх зам хяналтын камертай болчихсон гэж холбогдох албаныхан хэлдэг. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэж жолооч нарт торгуулийн хуудас өгдөг болсон. Дүрэм зөрчсөн жолооч нарыг камерын тусламжтайгаар тогтоож, бүр өөрийнх нь зурагтай хамт нэхэмжлэх шуудангаар илгээж, торгуулийн мөнгөө төл гэж шаарддаг. Гэтэл яагаад машины хулгайч нарыг цагдаа нар илрүүлж чадахгүй байна вэ. Гэмт хэрэгтнүүд бусдын эд хөрөнгийг хулгайлчихаад хотын төвөөр такси үйлчилгээнд явж байхад нь илрүүлэх хяналтын камер, замын цагдаа нар яагаад алга байна вэ. үүний хариултыг олоход амархан юм байна. Замын хяналтын камерууд тухайн замаар зорчиж байгаа бүх автомашиныг бичдэггүй гэнэ. Зөвхөн дүрэм зөрчсөн машины дүрсийг бичиж авдаг аж. үүнийг машины хулгайч нар овжин ашигладаг бололтой. Бусдын машиныг хулгайлчихаад хотын төвөөр явахдаа замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчилгүй явдаг гэнэ. Явган хүний зам дагуу тавьсан камерууд өнгө дүрсний ялгарал тааруу, нягтаршил багатай байдаг юм байна. Машин хулгайлж байгаа гэмт хэрэгтнүүд хаана хяналтын камер байгаа, аль зам дээр бүх машиныг хянадаг камер байхгүй гэдгийг бүрэн судалчихсан байдаг бололтой. Хулгайлсан машиныхаа эд ангийг салгаж сэлбэгийн томоохон захуудын ченжүүдэд хямд үнээр өгдөг гэнэ. Цагдаа нар машин хулгайд алдсан хэрэг гарахаар “Камерын ямар ч бичлэг алга байна. Бид араас нь хөөж байгаа. Гэхдээ хэд хоногоос аль нэг эд анги нь алга болчихсон олдох байх. Тэрийг хүлээж бай. Хэрэв задаргаа хийгдчихсэн байвал олдохгүй шүү дээ” хэмээн сууж байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, машины хулгайч нарыг илрүүлэх, барих талаар ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр сууж байдаг юм билээ гэдгийг эх сурвалж онцолж байв. Хоёр жилийн өмнө Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс ланд 80 маркийн автомашин хулгайлж, хөдөө орон нутагт зардаг бүлэглэлийг барьж байсан. Гэмт хэрэгтнүүд хулгайлсан машиныхаа улсын дугаар, бичиг баримтыг солиод хөдөө орон нутагт буюу малчдад хямд үнээр худалдаалдаг байсан нь тогтоогдсон. Мөн автомашин хулгайлаад эд ангийг нь задалж зардаг гурван ч томоохон бүлэглэл баригджээ.

Өршөөлийн хуулиар суллагдсан залуус уг хэргийг хийж байх магадлал өндөр гэх таамаг цагдаа нарт байгаа гэнэ.

Э.Баатар

Categories
мэдээ цаг-үе

Монгол залуус хүссэн таксигаа сонгож үйлчлүүлэх апликэйшн нэвтрүүлжээ

Монгол залуус таксины жолооч нарт болон таксигаар үйлчлүүлэх иргэдэд зориулсан апликэйшнийг дэлхийд ид хэрэглэж байгаа технологиор бүтээжээ. Шинэ апликэйшн хийсэн “Easyride” компанийн гүйцэтгэх захирал Б.Амартай ярилцлаа.

-Та нарын хийсэн апликэйшн таксины жолооч болон зорчигчдод яг ямар боломж нээж өгч байгаа вэ?

-Манайх “easyride” апликэйшнийг Монголд нэвтрүүлж байна. Энэ апликэйшн жолооч, зорчигч хоёрыг холбох зориулалттай. Зорчигч апликэйшн руу орж газрын зураг дээр өөрийн байгаа газрыг зааж өгснөөр жолооч нарт дохио очно. Очих боломжтой жолооч нарын мэдээллийг зорчигч утаснаасаа харах боломжтой. Жолооч нарын танилцуулгыг харж өөрт таалагдсаныг сонгох юм. Тухайн мэдээлэлд жолоочийн нэр, зураг, унаж яваа машины загвар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний зураг, жолооны үнэмлэхний дугаар мөн өмнөх зорчигчдын үлдээсэн сэтгэгдэл, өгсөн оноо байна. Тухайн сонгогдсон жолооч зорчигчийн байгаа газарт очоод хариу дохио өгнө. “Easyride” апликэйшнийг ашигласнаар цаг хугацаа хэмнэх сайн талтай. Зам дээр гараа өргөж зогсох шаардлагагүй. Мөн аюулгүй. Жолооч нар ч мөн түлшээ үрээд дэмий давхихгүй болох юм.

-Таксины жолооч нараас гадна хувиараа такси барьдаг жолооч нар ашиглаж болох уу?

-Манайх технологийн компани. Такси барихыг хүсэж буй иргэн гадуур таксинд явдаг жолооч нарыг хооронд нь холбож өгөх л үүрэгтэй. Энэ апликэйшнийг татаж авсан хүн бүр ашиглах боломжтой.

-Апликэйшнийг хийх санаагаа анх яаж олсон бэ?

-Анх хэсэг бүлэг залуус нийлж энэ санааг бодож олсон юм. Улаанбаатар хотод халтуур хийдэг жолооч нар түлшнийхээ 30 хувийг хий дэмий үрдэг. Энэ нь эдийн засгийн хувьд үр ашиг муутай. Нөгөө талаасаа түгжрэл үүсгэдэг, утаа их ялгаруулдаг зэрэг сөрөг нөлөө ихтэй. Бас хүмүүс тааралдсан таксиндаа суудаг нь аюулгүй байдал талаасаа баталгаатай биш. Эдгээр асуудлыг технологийн түвшинд яаж шийдэж болох талаар ярилцаад энэ санааг олсон юм.

-Олон улсад энэ технологийг ашигладаг уу?

-Америкт “ridesharing” буюу унаа хуваалцах гэх нэршлээр таван жилийн өмнөөс хөгжсөн. Uber компани энэ технологио анх “Машинтай хүн бүр жолооч, ажилдаа явах замдаа такси барихыг хүсч байгаа хэдэн хүнийг очих газар нь хүргэж өгөөд өөртөө мөн тэр хүнд тус болж яагаад болохгүй гэж” гэсэн уриагаар гаргаж ирсэн байдаг. Энэ технологи дэлхийн 15 оронд маш хурдацтай, амжилттай хэрэгжиж байгаа. Тэгэхээр зорчигч тээвэрлэх үйлчилгээ ирээдүйд энэ технологи руу эргэлт буцалтгүй шилжинэ. Бид үүнийг өөрсдөө хийхгүй бол ойрын хэдэн жилд Монголд гадаадын ийм төрлийн технологи хийдэг компани орж ирэх магадлалтай. Учир нь Улаанбаатар жижиг хот биш шүү дээ.

-Одоогийн байдлаар хэдэн хүн энэ апликэйшнийг утсандаа татсан байна?

-Манай компани үйл ажиллагаагаа явуулаад зургаан сар болж байна. Энэ хугацаанд нийт 40 мянга орчим хүн татсан байна. Гэхдээ зарим хүмүүс ашиглаж мэдэхгүй байгаа л даа. Буруу юман дээр нь дарчих вий гэсэн айдас байх шиг байна. Мэдээж хэдхэн өдрийн дотор өөрчлөгдчихгүй л дээ. Хэрэглэгчдийнхээ хандлагыг өөрчлөх хугацаа бидэнд хэрэгтэй. Миний хүсч байгаа зүйл бол зорчигч гадаа гарч бороо, шороонд гар өргөж зогсохгүй, жолооч хий дэмий гадуур давхихгүй хэн хэндээ амар нөхцөлийг бий болгох.

-Татаж авах апликэйшн жолооч, зорчигчийнх гэж тусдаа байх уу?

-Үгүй, нэг л апликэйшн байгаа. Зорчигчийн эсвэл жолоочийн аль нэг горимыг нь сонгож хэрэглэнэ.

-“Easyride” апликэйшнийг жолооч татаж аваад шууд ашиглах боломжтой юу?

-Эхлээд яаж ашиглах тухай манай сургалтад суух хэрэгтэй. Гэхдээ одоохондоо. Маш богино хугацаанд танилцуулаад, системд бүртгээд, ашиглах эрхийг нь нээж өгдөг. Зорчигч бол шууд ашиглах боломжтой.

-Таксины жолооч нарын зарим нь километрийн мөнгөө 800, зарим нь 1000 төгрөгөөр тооцдог. Тухайн жолоочийн мэдээлэл дээр хэдээр тооцох нь байгаа юу?

-Анх бид энэ бол тухайн жолоочийн өөрийн шийдэх хэрэг гэж бодож байсан. Гэвч хэрэглэгчид шүүмжлэлтэй хандсан. Тийм учраас нэгдсэн нэг төлбөртэй байх хэрэгтэй юм байна гэж үзээд километр нь 800 төгрөг байхаар шийдсэн. Манайх бүх зүйлээ шинээр эхэлж байгаа компани. Тиймээс хэрэглэгчдийнхээ санал, хүсэлтийг харгалзан үзэж, өөрсдийн үйл ажиллагаандаа тусгаж, илүү сайн үйл ажиллагаатай болгохын тулд хичээж байгаа. 800 төгрөгөөр явахыг хүсэхгүй байгаа жолооч нарыг заавал манай апликэйшнийг ашигла гэж бид тулгахгүй. Энэ бол тэдний сонголт.

-Газрын зураг дээр хаана байгаагаа зааж өгдөг гэсэн. Ямар газрын зураг ашиглаж байгаа вэ?

-“Minumap” гэж “Mongolidea” компанийн зохион бүтээсэн газрын зургийг ашиглаж байгаа. Энэ компани мөн л бидэнтэй адил шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм. Өөрсдөө энэ газрын зургийг эхнээс нь зурсан учраас маш ойлгомжтой. Бид “googlemap”-ийг л мэднэ. Гэхдээ түүн дээр зарим байшин, барилгын мэдээлэл дутуу байдаг. Энэ газрын зургийг монголчууд өөрсдөө хийсэн учраас маш хялбар, ойлгомжтой. Бүх байшин, байршил тов тодорхой байгаа.

-Улаанбаатарын захын хэсгүүд багтсан уу?

-Одоохондоо бүрэн багтаагаагүй. Гэхдээ цаашдаа зах хэсгүүдийг ч мөн оруулна. Шинээр эхэлж байгаа учраас зарим зүйл нь дутуу байгаа.

-Цаашдаа ямар ямар шинэчлэлт хийх вэ?

-Эхний ээлжинд хэрэглэгч тухайн байгаа газраа заавал бичих шаардлагагүй, газрын зураг дээр автоматаар харагддаг болгохоор ажиллаж байна.

-Энэ технологийг хэрэгжүүлэхэд хэр их хөрөнгө мөнгө зарцуулсан бэ, хөрөнгө оруулагчдаа хаанаас олов?

-Дотоодоосоо хөрөнгө оруулагчдаа олсон. 40-өөс доош насны залуучууд л хөрөнгө оруулж, бидний ажлыг дэмжсэн. Гарааны бизнес гэдэг их эрсдэлтэй. Гэхдээ хөрөнгө оруулагчид маань бидний ажлыг судалж үзээд, ирээдүйтэй гэдгийг нь мэдсэн учраас хөрөнгө оруулсан. Яг хэдэн төгрөгөөр бүтсэн гэдгийг одоогоор хэлэх боломжгүй байна.

-Танай байгууллага яаж ашгаа гаргаж авах вэ?

-Зорчигч жолоочид очиж авсны хөлс гэж 1000 төгрөг илүү төлнө. Тэр мөнгөний тодорхой хувийг манай байгууллага зуучилж өгсний төлбөр гэж авна. Гэхдээ одоохондоо дөнгөж энэ ажлыг эхлүүлж байгаа учраас туршилтын маягаар төлбөр авахгүйгээр явж байна.

-“Ridesharing” гэх үйлчилгээнээс өөр дэлхий нийтэд хэрэглэж байгаа нийтийн тээврийн үйлчилгээ байна уу?

-Америкаас “Uber” , “Lyft” гэдэг хоёр компани амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ “еasyride” апликэйшнтэй ижил. Сүүлийн үед дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа технологи бол энэ. Бас Зүүн өмнөд Азид “Grabtaxi” гэж шинэ үйлчилгээ хэрэгжиж эхэлж байна. Малайзад 2012 оноос эхэлсэн. Тэр үед Малайз яг одоогийн Монголтой ижил байсан. Үйлчилгээг нь хүмүүс ойлгож эхэлснээс хойш маш хурдацтай хөгжсөн л дөө. Одоо Малайз, Тайланд, Сингапур, Филиппин, Индонези зэрэг оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Орсон зах зээл болгондоо номер нэг компани нь болдог. “Grabtaxi”-ний нэг онцлог нь зөвхөн албан ёсны такси компаниудтай хамтарч ажилладаг.

-Танай апликэйшнийг татсан хүмүүс сургалтад яаж хамрагдах вэ?

-Манай Easyride гэсэн фэйсбүүк хаягаар ороод бидэнтэй холбогдож болно. Хүссэн үедээ ирээд сургалтад хамрагдах боломжтой.

-Хууль, эрх зүйн тал дээр танай компанитай зөрчилдөж байгаа зүйл бий юу?

-Байхгүй. Гэхдээ цаашдаа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон компаниуд орж ирэх магадлалтай. Шинэ зүйл гаднаас орж ирэхэд түүнийг хязгаарлах, хяналт тавих хууль эрх зүйн орчин манайд байдаггүй. Тиймээс хуульдаа үүнийг зааж өгөх хэрэгтэй.

-Энэ технологийг хэрэгжүүлээд явахад бэрхшээлтэй асуудал байна уу?

-Энэ технологийн давуу тал, ач холбогдлыг хүмүүст ойлгуулахад жаахан цаг хугацаа хэрэгтэй болох юм шиг байна. Апликэйшн хэрэглэдэг хүн цөөхөн байна. Хувийн мэдээллийг нь асуухад ямар хэрэгтэй юм бэ гэж гайхдаг, хэлэхээс татгалздаг. Мөн Улаанбаатар хотын хувьд хаягжилт асуудал болж байна. Гэхдээ “Minumap” гэж “Mon­golidea” компанийн зохион бүтээсэн газрын зураг дээр энэ асуудлыг шийдэж байгаа. Монголчууд өөрсдөө хийж байгаа нь маш том давуу тал болж байна.

-Танай апликэйшнийг хэдий хэр хугацааны дараа хүмүүс ойлгож хэрэглэдэг болно гэж тооцоолж байна?

-Ойролцоогоор 2-3 жилийн дараа гэхэд таксигаар зорчигчдын тал орчим хувь нь утсаараа дамжуулж таксигаа дууддаг болно гэж харж байна.

Б.МАРАЛМАА