Categories
мэдээ цаг-үе

Нэрт найруулагч Г.Доржсамбуугийн хүү Амараа: Аавын тоглосон олон киноноос “Говийн зэрэглээ”-гийн Арслангийн дүр сэтгэлд дотно санагддаг

“Говийн зэрэглээ” киноны Арслангаас аваад тайз дэлгэцийн олон дүрээрээ олны сэтгэлд хоногшсон авьяаслаг жүжигчин, Монголын нэрт найруулагч Гүрсэдийн Доржсамбуугийн хүү Амараатай ярилцсанаа хүргэе. “Royal Presents” студийн уран бүтээлч тэрээр аавынхаа мэргэжлийг өвлөж “Миний ахын эхнэр”, “Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч” зэрэг олон киноны найруулагчаар ажилласан билээ.

-“Миний бага нас театрын тайзны ард зүүгдээстэй хоцорсон” гэж та нэгэнтээ хэлж байсан. Үнэхээр л тийм байх шүү?

-Бага балчиртаа мэдээж аав, ээжийнхээ ажил дээр л өнжинө шүү дээ. Дүү бид хоёрыг аав минь хаа явсан газраа дагуулна. Наян онд Киевийн театр урлагийн их сургуулийг төгсөж ирснийхээ дараа Багшийн дээд сургуулийн кино драмын ангид багшилдаг байсан. Тухайн цагт дүү бид хоёрыг гэрт харах хүнгүй. Аав хоёр гараасаа нэг нэгээр нь хөтлөөд хичээлдээ очно. Хүмүүс харчихаад “Арслан хоёр зулзагатайгаа явж байна” гээд инээдэм наргиан болгоно. Миний ижий Цолмонг Хүүхэд залуучуудын театрын авьяаслаг жүжигчин байсныг хүмүүс мэднэ. “Хэцүү даалгавар” киноны гол дүр болох Дашхүү ахын төрсөн эгчийнх нь дүрийг бүтээсэн. Мөн “Нарны унага”, “Мөнгөн буйл” зэрэг кинонуудад дүр бүтээсэн байдаг. Ингэж л балчир наснаасаа театр хэмээх ариун сүмтэй холбогдсон. Аав ээжийн нөлөө байсан байлгүй, надад урлагаас өөр талбарт хүч сорих, өөр ямар нэгэн мэргэжлийн сайхныг мэдрэх нөхцөл байсангүй. Нэг үгээр хэлбэл, хүрд эргүүлэх боломж ч гараагүй дээ.

Бид чинь эхээс гурвуулаа. Дээрээ нэг эгч, дороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын том хүү. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, том эгч ээжид, дүү эмээ өвөөд харьяалагдаад, харин би аавтай тунаж үлдсэн. Үндсэндээ аавын амины хүүхэд байсан хэрэг. Миний бие далан гурван онд төрсөн. Аав болохоор далан таваас наян оны хооронд Киевт суралцсан. Одоо эргээд санах нь ээ, багын төсөөлөлд нэг л үзэгдээд алга болчихдог аав буугаад байдаг. Аав амралтынхаа богинохон хугацаанд ирээд буцдаг байсан нь тэгж санахад хүргэсэн нь мэдээж. Харин далан есөн онд би зургаан настай байхдаа Киевт очиж зургаан сар болсон. Ухаан орсноосоо хойш анх удаа аавтайгаа хамт удаан байсан хугацаа минь тэр.

-Доржсамбуу агсныг “Говийн зэрэглээ”-гийн Арслангийн дүрээр ард түмэн мэднэ. Тэр дүрээрээ ч хүмүүсийн сэтгэлд хоногшсон болов уу?

-Сургуульд орсон цагаас хойш надад нэг зүйл илүүтэй мэдрэгдсэн. Тэр нь аав минь олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн юм байна, эгэл жирийн аавуудаас өөр юм байна гэх ойлголт. Тухайн үед монгол кино ховор байсан ч юм уу, аавын тоглосон кино зурагтаар ойр ойрхон гарах нь бий. Ялангуяа “Говийн зэрэглээ” их гарна. Кино гарсны маргааш хичээлд очиход ангийн хүүхдүүд болоод багш нар “Танай аав гарсан, ийм тийм” гээд л унана. “Танай аав чинь Арслан мэдэв үү, чи тэгэхээр Арслангийн зулзага за юу” гээд хэцүү. Эцэг эхийн хурал болоход аавыг очуулах дургүй байв. Хэрвээ яваад очвол хүүхдүүд ойроос харах гээд сургуулиар нэг юм болно. Аав сургуулиар ирэх нь надад ядаргаатай санагддаг байсан. Хожим эргээд бодоход хамгийн аз жаргалтай үе минь аавтайгаа байсан, арслангийн зулзага гэж дуудуулж явсан цаг мөч маань байж дээ.

-Танай өвөө буюу Доржсамбуу гуайн аав Гүрсэд гэж алдартай шог зураач байсан. Та үе дамжсан урлагийн гэр бүлд төрсөн хүн?

-Тийм ээ, манай өвөө Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Арнайн Гүрсэд. “Тоншуул”-ын ахмад партизануудын нэг байсан. Өвөөгийн шогч зан, аливаад маш мэдрэмтгий, өөр өнцгөөс ханддаг байсан нь аавд, залгуулаад надад нөлөөлсөн болов уу. Гүрсэд өвөөгийн зуун насны ой өнөө жил тохиож байгаа. Ирэх есдүгээр сард өвөөгийнхөө төрсөн нутаг Төв аймгийн Баян суманд ураг садангийнхаа хүрээнд тэмдэглэнэ гэж төлөвлөж байна. Ээжийн минь аав ч нэртэй зохиолч хүн байсан шүү дээ. Лувсандэндэвийн Цэнд-Очир гэж насаараа Соёлын яаманд ажилласан, бас л гавьяат цолтой хүн байлаа. Өнгөрөгч жил Цэнд-Очир өвөөгийн зуун насны ойг төрсөн нутаг Сэлэнгийн Орхонтуулд нь тэмдэглэсэн

-Аавын тань анхны тоглосон кино нь юу бол?

-“Тунгалаг Тамир” кинонд нэгэн ламын дүр бүтээсэн юм билээ. Үзэгдээд өнгөрдөг жижиг дүр. Харин олны сэтгэлд хүрсэн анхны кино нь яалт ч үгүй “Говийн зэрэглээ” л дээ. Энэ тухай Б.Балжинням найруулагчийн дурсамж байдаг юм. Мань хүн тухайн киноны зохиолыг бичиж, батлуулчихаад Арслангийнхаа дүрийг аавд үлдээсэн гэдэг юм. Пробонд орсон бүх хүнээ голжээ. Тэр чинь наян он. Аав Киевийн театр урлагийн их сургуулиа дүүргэчихээд гурван сар гаруй хугацаанд найз нөхөдтэйгөө наргиж, үндсэндээ зугаалж өнгөрөөсөн байгаа юм. Энд кино нь хүлээгдээд байдаг. Арсланд өөр хүн тоглуулъя гэхээр Балжинням найруулагч зөвшөөрдөггүй, ацан шалаанд орохгүй юу. Киевээс ирээд л бараг маргааш нь Дундговь руу зураг авалтад гарч байсныг санаж байна. Арслангаа удтал хүлээсэн минь үнэхээр оносон шүү гэж Балжаа найруулагч хэлдэг юм. Монголын кино урлагийн нэг том багана нь болсон Балжинням найруулагч өнөөдөр бидний дунд алга байна.

-Аавтайгаа киноны зураг авалтад хамт явж байв уу?

-“Мөнгөн буйл” кинонд хамт явж байсан. Тэгэхэд би арав орчим настай байлаа. Төв аймгийн Дэлгэрхаан сум, Өвөрхангай аймгийн тийшээ зураг авч байв. Кино гэдэг тийм ч хүсмээр зүйл биш юм байна даа гэх бодол балчир оюунд минь хадгалагдаж үлдсэн байдаг шүү.

-“Мөнгөн буйл”-ын гол дүр чинь Дорлигжав гуай шүү дээ. Тэдгээр сайхан уран бүтээлчдийн тухай дурсаач?

-Манайхаар их ирнэ ээ, тэр луугарууд чинь. Дорлигжав гуай, Цэвээнравдан ах гээд даан чиг сайхан хүмүүс байсан даа. Тэдний яриа хөөрөөг чагнаж өсчээ. Манайх чинь ердөө хоёрхон өрөө байртай. Том өрөөнд би эвхдэг ор дэлгээд унтана. Хажууд нөгөө хэд хуучлаад л. Дундаа шилтэй “юм” тавьчихаад сууна шүү дээ. Яриаг нь би сонсоод хэвтчихнэ. Намайг бол аль хэдийнэ унтчихсан л гэж боддог байсан биз. Аав их онигоо ярьдаг байсан, бүр зартай. Ямар сайндаа Москвагаас наашаа тав хоног галт тэргээр явж ирэхдээ нэг онигоогоо давтаж ярихгүйгээр бүтэн таван өдрийн турш бусдыгаа баясгаж байсан түүх ч бий. Ааваас надад үлдсэн нэг зүйл нь онигоо ярих. Гэхдээ арай ч тав хоног ярьж чадахгүй ээ. Нэг хоног бол ярьчихна аа (инээв).

-Онигоо ярьдаг гэснээс, харахад нэг л сүр бараатай хэрнээ хүүхэд шиг гэнэн цайлган, халуун дулаан хүн байсан санагддаг?

-Хувь хүнийх нь зан чанарын тухай ярихад, хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хүн байсан. Хатуурхвал бас чадна аа. Биднийг тийм ч эрх өсгөөгүй юм шүү. Гэхдээ гар хүрч байсангүй. Ерөнхийдөө харцаараа л үг хэлнэ шүү дээ. Бас нэг онцлог чанар нь хэлэх үгээ шог маягаар, тойруу утгаар хэлчихнэ. Ухаандаа ээж нэг сайхан хоол хийх юм бол ширээгээ тойроод сууж байхдаа “Та нарт ийм аятайхан хоол хийдэг хүн олдох уу” гэж шог аястайгаар өдөж хэлнэ. Энэ нь цаанаа сайн ханьтай болоорой гэж хэлж байгаа захиас нь юм. Том эгч маань Германд ажиллаж амьдарч байна. Манай эгч чинь герман хүнтэй гэр бүл болсон. Сувдаа гэж хүн бий. Сэтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлийнхээ дагуу Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан. Дүүг минь хүмүүс мэднэ дээ. Цогтоо гэж найруулагч залуу бий. Бас л хэвлэлийн салбарт хүчээ сорьж явна. Телевизийн цуврал кинонууд хийсэн. Бид гурав ганц нэгхэн насны зөрүүтэй болохоор найзан дундаа өссөн. Хэн хэндээ ахархаж, эгчирхээд байдаггүй.

-“Говийн зэрэглээ“ ч юм уу, аавын тань тоглосон кинонууд гарахад ямар сэтгэгдэл төрдөг бол?

-Мэдээж маш дотно байдаг. Өнгөрснийх нь дараахан үзэхэд маш хүнд тусч байсан. Ялангуяа ээжид минь их хэцүү байсныг бид бие сэтгэлээрээ мэдэрдэг. Одоо бол зүгээр. Тэгтлээ их харамсаад, сэтгэл өвдөөд байдаггүй. Ер нь би Доржсамбуу гэж хүний хүү болж төрснийхөө буян хишгийг алхам тутамд мэдэрдэг. Хаана ч очсон намайг яг аав шиг минь хүндэтгэдэг. Би чинь сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн. Хэрвээ жаахан сэтгэлийн хөдөлгөөнтэй, аливаад догдлоод энэ тэр болдог бол уйлах, аав минь ийм гайхамшигтай хүн байж дээ гэж цээжээ дэлдэх өдөр хоногууд надад олон. Хэд хэдэн кино хийж үзлээ. Тэр бүгдэд аавын минь л нөлөө байсан. Нэг сайхан үг байдаг даа. “Сайн аавын нэрийг гурав худалдаж иддэг” гэдэг ч бил үү, тэр л болдог шүү дээ. Доржсамбуугийн хүү, Арслангийн хүү гэхээр хүмүүс нэг л өөр хандаад байдаг юм. Манай аав чинь маш олон шавьтай. Ер нь урлагийн хоёр, гурван үеийг гаргаж ирсэн гэхэд болно. Тэдгээр шавь нар нь өнөөдөр Монголын их урлагийн хүнд ачааг үүрч явна. Аавынхаа шавь нараар би маш их бахархдаг. Тэд намайг “багшийн хүүхэд” гээд ихэд хүндэтгэдэг юм.

Categories
мэдээ цаг-үе

Утга зохиолын сургуулийн ангийнхнаа дурсахад

Төгсөлтийн баяр их сонин. Өнөө хүүхдийн баяраар хаанаас ч юм балчир жаахан хүүхдүүд гарч ирээд хотын төвийг дүүргэчихдэг шиг баахан ганган дэгжин царайлаг залуус, охид хөлхөлдөөд эхэлдэг. Хавар хаврын мөнгөн хонх жингэнэсэн энэ намирсан өдрүүдэд оюутан ахуйн бэхэн цэнхэр өдрүүд маань санагддаг юм аа. Манай анги бол Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн 2007 оны сэтгүүл зүйн төгсөлт. Энэ жижигхэн сургууль утга зохиол, сэтгүүл зүйн хүрээлэл дундаа “Монголын Горький” гэгддэг асар нэр хүндтэй. “Болор цом”-ын эзэд, алдар хүндтэй сэтгүүлчид олныг төрүүлсэн буянтай эрдмийн өлгий дөө. Одоо манай сонинд гэхэд энэ сургуулийг төгссөн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга албаны даргаар ажиллаж байна. Мөнхүү Ц.Баасансүрэн, Э.Энхболд, миний бие гээд бүтээгдэхүүнүүд нь байх жишээтэй. Хэвлэлийн байгууллагуудын алинд нь ч яваад ороход төгсөгч тааралдана шүү. Мэдэхгүй нэг нь бол мэдэхгүй ээ. Нэр нь УЗНАДС гэж товчлогдоно. Нэг удаа бие даалт хийгээд хэвлүүлэх гэтэл интернэт кафе ажиллуулдаг хүн “Танайх казах сургууль уу” гэж их нухацтай асуусан юмдаг.

Анх 2007 онд сургуулийнхаа босгыг алхаж байж. Сургуулийн гүйцэтгэх захирлаар Ц.Нацагдулам гэж сайхан эмэгтэй ажилладаг байлаа. Бүх оюутныхаа овог, нэрийг бүтнээр нь мэднэ. Тэрний тэр ээ л гэнэ шүү дээ. Би тэгэхэд бараг хамгийн анх бүтэн овог, нэрээрээ дуудуулж үзсэн байх аа. Хөдөө гадаанаас ирсэн бас ч шүлэг бичдэг барьдаг гээд эрэмшүү, хэнэггүй нөхдөд эрдэм мэдлэг олгохоос гадна амьдралд сургах гэж учирлаж, аргадаж, загнаж өчнөөн юм болдог хүн. Сургуульд бол нэрнээс нь болдогсон уу ихэвчлэн шүлэг ярьсан хүүхдүүд л ирнэ. Шүлгээ хаа хамаагүй уншиж, хүн амьтан алга ташуулсан нөхөд байхад зөвхөн шөнөнийг цагаар хөнжил доороо гэрэл тусгаж биччихээд ганцаараа уншаад далд хийдэг нь байна. Эсвэл ийш тийш харж байгаад их итгэсэн ганц нэг хүнээ нударч байгаад сэмхэн уншуулдаг хүн ч бий. Яруу найраг бол сэтгэлгээний ардчилал билээ. Тиймээс оюутнууд нь их цог золбоотой. Сэтгүүл зүй, багшийн ангийнхан нь гол төлөв шүлэг бичдэг, арван жилдээ янз бүрийн арга хэмжээ хөтөлж байсан, нүүр хагарсан, сэргэлэн оюутнууд байх. Харин нийгмийн ажилтны ангийнхан болохоор заалгадаг хичээлээсээ болдогсон уу, их журамтай, тэгээд ч арван жилдээ тун онц сурч байсан байж магадгүй хүмүүс байдаг байлаа. Ямартай ч тэгж харагдана.

Энэ сургуульд би анх хотын хөөрхөн охидтой юм ярьж, нүүр хагарч үзсэн юм. Харин ангид хотын банди гэж байсангүй. Хөдөөнөөс ирсэн дийлэнх нь бордуу царайтай, арав шахам залуус байх. Миний анх харсан байж болзошгүй нь хар, бор хоёр өөр өнгийн нүдний цэцгийтэй Ж.Эрдэнэтуяа байна. Бид охиддоо зориулж ханын самбар дээр шоглосон шүлэг бичихэд нэг нь “Хар нүдээрээ хайрыгаа, бор нүдээрээ бусдыг хардаг” гэчихсэн байж билээ. Нөхөр хүмүүсийн аргыг жигтэйхэн олно. Нэг нэгэндээ тааруу ханддаг хүмүүс ч дундаа нэг найзтай байвал гарцаагүй тэр л байж таараа. Ориг пүүз энэ тэр гээд надаас тэс өөр сэдвээр ярина шүү дээ. Ц.Эрдэнэцэцэг гэж их гал дөлтэй охин байлаа. Бүх л зүйлийн урд явж байна. Ер нь ангийн охид бол жигтэйхэн царайлаг байсныг нэг удаа нийтэд нь нэг хэлээд хаачихъя. Д.Энхцацрал зохион байгуулалтын асар их авьяастай бол Г.Болортуяад бид бүхий л нийллэг, зугаалганыхаа төсвийг бариулдаг байлаа. Харин Н.Батчимэг арван жилийн сургуулийн захирлын охин. Тэр утгаараа их зарчимлаг зүйлс ярина. Үе үехэн ер санаагүй, тэс өөр өнцгөөс аливаа зүйлд ханддаг байв. Г.Баярцэцэгт мэдэхгүй сэдэв байхгүй. Бүжиглэж байсан л гэнэ, жуулчдад хөтөч хийж байлаа л гэнэ, алт ухахад хүртэл яаж угаадгийг яриад эхэлнэ шүү дээ. Тэр эдүгээ “Өнөөдөр” сонинд сэтгүүлчээр ажиллаж байна. Г.Сарнай, Батжаргал хоёр бол их сонсогч талдаа хүмүүс байж уу даа. Хөвгүүд гэвэл Говьсүмбэр аймгийн Чойрын Г.Батсуурь байна. “За ёстой мөнгө төгрөг гэрээс ирдэггүй чойрч явна” гэх мэтээр Чойрыг нь оруулж хэлбэл дандаа залруулна. “Чойрч гэж яаж байгаа юм баларлаа, хэцүү байна гэж ярь” гэх. Хэнтий аймгаас Д.Бат-Эрдэнэ байна. Аваргатай адил нэртэй. Бүр Өмнөдэлгэрийнх гэж байгаа. Шүлэг нь их уяхан даа. Говь-Алтайгаас Ч.Гэрэлчулуун, Х.Энх-Амгалан, Т.Отгонбаяр нар байна. Гэрэлчулуун өвөө, эмээтэйгээ өссөнөө ихэвчлэн тодотгож хэлээд араас нь “Буурлын буянд” гэх зэргээр хөгшин стильтэй ярьдаг нь санаанд орж байна. Т.Отгонбаяр болохоор “Хөх чоно” гэж ирээд шүлэг хэлнэ. Х.Энх-Амгалан нэг өвсний талаар шүлэг бичиж байж золтой л тэр хочтойгоо үлдчихээгүй. Ц.Хишигдорж Төв аймгийнх. “Би янз бүрийн баахан юм бичихгүй. Шууд л хүмүүст үлдэх бүтээл ганц, хоёрыг туурвина” гэж их учирласан шинжтэй ярина. Тийм ч болохоор уу түүний бүтээлээс миний толгойд үлдээгүй байна. Манай хүн нэг юм бодож байгаа байх аа.

Хоёрдугаар курст ордог жил манай сургууль “Орхон” их сургуультай нэгдэх юм боллоо. Нэг сар нийлээд буцаад салахад манайд байсан Мөнгөнхөлөг багш үлдээд харин “Орхон”-оос Төмөрчулуун гэдэг багштай ирсэн нэг л өөрчлөлт гарсан юм. Харин тэр жилээ “Монголын нууц товчоо” дээд сургууль манайхтай нэгдлээ. Ингээд Г.Энхмарт, Ц.Жаргалцэцэг, Есөн-Эрдэнэ, Саруул гээд охидтой боллоо. Чөлөө авч яваад эргэж ирсэн Х.Энх-Амгалан, Б.Түвшин, Г.Нэргүй нараар бүл нэмэв. Ингээд сургууль дотор хамаг л тэмцээн, уралдаанд түрүүлдэг болж байгаа юм. Урлагийн үзлэгийг зургаан төрлөөр явуулахад тавд нь түрүүлж, нэгд нь хоёрдугаар байрт орох жишээтэй. Спортын наадмууд зохиовол бас л бүх шагнал нь манайх болдог байлаа. Илтгэл, эрдэм шинжилгээний зүйлсийг бол Ц.Жаргалцэцэг гаргаахгүй. Сонин нь энгийн үед үг өдөж ярихад их дотогшоо шинжтэй. Тэгсэн хэрнээ илтгэлийн тэмцээнд болохоор зүгээр оролцоод байх. Гэтэл гойд нүүрэмгий Түвшин, Энхмарт хоёр тийм юмнаас хол байдгийг би гайхдаг л байсан юм.

Зохиолч Ц.Түмэнбаяр, ардын уран зохиолч Ш.Дулмаа багш манайд ур чадварын хичээл ордог байлаа. Мөн Т.Хуантхан, Б.Багуулаа, Ж.Төмөрчөдөр, Г.Гучин-Ес, Г.Хишигбадам гээд багш нараа дурдах хэрэгтэй. Гаднаас М.Билэгсайхан, Батболд, Д.Галбаатар, Ц.Оюунбадрах, А.Пүрэвжанцан гээд мундгууд ирж хичээл заана. Нийгмийн ажилтан, багшийн ангиудад хичээл ордог багш нар олон. Сургуулийн захирал Ш.Цэнд-Аюуш байсхийгээд ардын уран зохиолчдыг авчирч уулзалт хийнэ. Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Д.Цоодол гээд утга зохиолын хөх сүмбэр уулнууд ирж яриа дэлгэнэ. Одоо энэ яруу найргийн наадмуудад манай сургуулийн төгсөгчид болоод оюутнууд дүүрэн. Тэр болгон дээр очиж явжээ.

Хөдөөнөөс ирсэн оюутнууд байр хөлсөлж амьдрах нь элбэг. Хэд хэдээрээ нийлж ч амьдарна. Энэ хэрээр нэг нэгэндээ найз нөхдөөс илүү ах дүүс шиг бололцжээ. Хоолоо хувааж, хамт алхаж, хүсэл мөрөөдлөө ярилцаж явснаа эргээд дурсахад сайхан. Сургууль дээр манай ангийнхан л байнга бөөнөөрөө байж байдаг байлаа. Нэг хэсэг нь гитар тоглож, өөр хэсэг нь шүлэг бичиж, ном уншиж өдрийг өнгөрөөсөн гэгээн цаг саяхан. Сургууль манай ангийнхан цугларахад шуугиан дуутай болж тарахад нь анир гүм болдог байсан байх аа. Өнөөдөр ангийнхан маань ихэнх нь мэргэжлийнхээ салбарт төрөл бүрийн газар ажиллаж байна. Зарим нь өөр мэргэжлээр ажиллаж, нэг хэсэг нь гадагшаа сурахаар морджээ. Бас үр хүүхэд төрүүлээд ирэх маргаашийг өсгөж хүмүүжүүлж яваа нь ч бий. Сүүлийн үед уулзах нь цөөрөх гээд байгаа ангийнхантайгаа ирэх наадмаар сургууль дээрээ уулзах болзоо тавиад бичлэгээ өндөрлөе.

Сургуулийнхаа урлагийн үзлэгт ингэж оролцдог байжээ.

Спортын наадмаар хамаг медалийг нь “түүнэ” шүү дээ.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Уламжлалтын С.Хишигжаргал

Энэ долоо хоногийн пүрэв гаригт Олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурал “Уламжлалт анагаах ухааны эмчилгээний шилдэг аргууд” сэдэвтэйгээр өрнөсөн юм. Долоон орны 60 гаруй гадны төлөөлөгчид оролцсон энэ арга хэмжээний хүндтэй зочдын нэг нь АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн дотрын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор С.Хишигжаргал байлаа.

Уламжлалтын гэж салбартаа хүндлэгддэг тэрээр Улаанбаатарын уугуул. 1985 онд Анагаахын дундын сувилагчийн анги, 1991 онд Анагаах ухааны их сургуулийн их эмчийн ангийг тус тус дүүргэжээ. Ээж нь сувилагч байсан нь эмч мэргэжлийг сонгох шалтгаан болсон гэдэг.

Хишигжаргал төгсөөд л сургуульдаа уламжлалтын чиглэлээр багшлах урилга авчээ. 1989 оноос уламжлалт анагаах ухаан ид сэргэж эхлэх үед багшийн хэрэгцээ өндөр байж. Өнөөг хүртэл уламжлалтын эмч бэлтгэж яваа Хишигжаргал багш “Миний ажил гэгээлэг, сонирхолтой, сайхан шүү. Мэдлэг чадвараа оюутнууддаа зааж сургана, бас өөрөө ч тэднээсээ их юм сурдаг. Ер нь боловсролын салбар их хүртээмжтэй өгөөжтэй” гэж ярив. Тэрээр ажиллах хугацаандаа боловсрол, эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгийг авсан байна. С.Хишигжаргалын охин Б.Болортуяа ээж шигээ эмч. Охин нь курс оношилгооны эмч хийж байгаа гэнэ.

Хишигжаргал багш уламжлалт анагаах ухааныг “Уламжлалт бол урьдчилан сэргийлэх анагаах ухаан гэж явсаар ирсэн. Өвчилсөн хойно нь биш, өмнө нь бие, хэл, сэтгэл, идээ, ундаа, явдал мөрөөр нь урьдчилж сэргийлдэг ухаан. Архаг өвчинд их үр дүнтэй. Үе мөчний өвчин, сахарын өвчин, харшлын талын эмчилгээг уламжлалт анагаах ухаан түлхүү хийдэг. Хурц үеийг нь европ эмчилгээний аргаар 7-14 хоног эмчлээд дараа нь уламжлалтын эмчилгээ хийвэл эдгэрэлт хурдан байдаг. Хүн бүр нас, хүйс, бие махбодын хувьд адил биш. Тиймээс эдгээрийг харгалзаж үзээд хувь хүнд тохирсон эмчилгээг уламжлалт анагаах ухаан хийдэг” гэж тодорхойлов. Уламжлалтын эмч нар вирусийн гаралтай өвчнийг эдгээхээр уламжлагдаж ирсэн жор, тангуудын судалгаа эхэлжээ. Ноднин жил гэхэд л эдний сургуулийн багш Оюунцэцэг амьсгалын замын вирусийн эсрэг үйлдэлтэй эмийн ургамлын жорын судалгаа хийсэн гэнэ. “Бүх вирусийг эмчилнэ гэвэл худлаа. Жишээ нь элэгний вирусийг уламжлалтаар эмчилнэ гэж байхгүй. Гэхдээ манайд H1N1 вирус тархах үед ХӨСҮТ-д тусгай өрөө нээж уламжлалтын эм өгөхөд маш үр дүнтэй байсан. “Норов 7”, “ман 4”, “лидэр 7” гэсэн эмнүүдийг өгч тэр өвчний тархалтыг зогсооход тодорхой хувь нэмрээ оруулсан. Гэхдээ одоохондоо вирусийн гаралтай ямар өвчинд аль эм тохирох эсэхийг хараахан тогтоогоогүй судалгаа хийгдэж байгаа” хэмээн сонирхуулав.

Монголын уламжлалт анагаах ухааны онцлог юу вэ гэж түүнээс сонирхоход “Манай уламжлалт анагаах ухаан нүүдэлчин соёл иргэншил дээр тулгуурласан өөрийн гэсэн арга барилтай. Хятад, Төвд, Энэтхэг гээд бусад улсын анагаах ухаанаас хэрэгтэй зүйлсээ авч илүү баяжуулсан. Гэхдээ манайд өөрсдийн эмчилгээний аргууд бий. Нэгдүгээрт, тархины доргилтыг эмчилдэг арга байна.

Хоёрдугаарт, монголчууд морь малтай их ноцолддог, бэртэж гэмтдэг байсан учраас яс хугарах, бэртэх үед барьдаг эвлүүлдэг арга ухаан гэж бий. Гуравдугаарт, хануур хийдэг арга ухаан байна. Монгол орон их хүйтэн, эрс тэс уур амьсгалтай учраас төөнүүр хийх арга бас байгаа. Шар тос халааж эсгий дүрээд эмчилгээний идэвхтэй цэгүүд дээр тавьдаг юм. Монголчууд энэ дөрвөн зүйлийг Дорно дахины анагаах ухаанд оруулсан хувь нэмэртэй улс” гэж тодорхойллоо.

Тэрээр “Уламжлалт анагаах ухаанд эмчилж чаддаг, чаддаггүй өвчин бий. Европ анагаах ухаан ч ялгаагүй. Хэт нэг талыг барьж туйлшралгүй аль аль талынх нь сайн чанарыг олж харах хэрэгтэй. Хэрэв энэ хоёр анагаах ухаан нэгдэж эмчилгээ хийвэл илүү үр дүнгээ өгч үнэхээр олон өвчнийг эдгээж чадна” хэмээн ярьсан юм.

Б.Маралмаа

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхцэцэг: Энэ удаагийн сонгууль мэдээллийн өлсгөлөн, хоосон орон зайд өрнөж байна

МУБИС-ийн Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Саяхан Герман, Монголын судлаачид хамтран “Монгол Улс сонгуулийн жилд” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Уг хурлын үеэр ямар асуудал хөндөгдсөн бэ?

-Энэ хуралд сонгуулийн үйл явцын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач, багш нар оролцсон. Миний хувьд “Монголын улс төрийн намуудын сонгуулийн кампанийн коммуникаци” сэдвээр илтгэл тавилаа. Монголын улс төрийн намууд сонгуульд хэрхэн оролцож байна, сонгуулийн кампанид ямар арга технологи хэрэглэж байна вэ гэдгийг хэлэлцүүлсэн. Ерөнхийдөө дэлхийн сонгуулийн чиг хандлага уламжлалт, орчин үеийн модерн гэсэн гурван чиглэлтэй байгаа. Манай улсын хувьд сонгуулийн сурталчилгаагаа уламжлалт кампанийн шинжтэйгээр явуулдаг нь судалгаанаас харагдаж байна. Зарим тойргийн хувьд уламжлалт соёл, шашин, ах дүү, хамаатан садны хэлхээ холбоо, нутгархах хандлага хүчтэй байдаг. Хотын болон бусад хэд, хэдэн тойрогт өрнөдийн технологи хэрэглэж байгаа. Гэхдээ ерөнхийд нь аваад үзвэл уламжлалт аргаар сонгуулийн сурталчилгааг хийж байна. Орон нутгийн тойргийн жишээн дээр нутгархах хандлага хүчтэй илэрдэг.

-Ийм хандлага мажоритар системээр сонгууль явагдах үед их ажиглагддаг биз дээ?

-Энэ жилийн хувьд жижгэрүүлсэн 76 тойрогтой учраас олны танил, эсвэл нутгийн хүү сонгогдох магадлал өндөртэй. Тийм нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны гол мессэж нь унасан газар, угаасан ус юм уу нутгийн хүү гэх үгс байдаг. Ийм мессэж 1992 оноос хойших бүх л сонгуулийн үеэр ажиглагдаж байгаа. Энэ жилийн тухайд улам бүр хүчтэй явагдаж байна. Мөн хамаатан садны хэлхээ холбоо Монголын сонгуулийн кампанид асар хүчтэй нөлөөлдөг. Төрд алба хашиж байсан эцэг эх, ах дүү хамаатан садныхаа нэрээр дараагийн үе нь гарч ирэх хандлага түгээмэл. Монголын соёл хамаатан садны, овгийн харилцаанд тулгуурласан уламжлалтай учраас улс төрийн сонгуульд ч гэсэн ураг төрөл, хамаатан садны хэлхээг ихээр ашиглаж байна. Ингээд үзэхээр Монголын улс төрд улс төрийн өв залгамжлал гэх нэр томьёо гарч ирж байгаа. Энэ жилийн сонгуулийн тухайд зарим тойрог дээр хамаатан садны маш олон хүн хоорондоо өрсөлдөж байгаа жишээ олон байна. Мөн намууд сөрөг сурталчилгааны үедээ үндсэрхэг үзлийг маш их ашигладаг болсон байна.

-Тухайлбал ямар жишээ байна вэ?

-Өрсөлдөгчөө хятадаас санхүүждэг, Хятадын эрлийз гэхчилэнгээр хэлдэг. Ийм сурталчилгаа анх 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гарч байсан юм. П.Очирбат Ерөнхийлөгчийг тухайн үедээ хятад гаралтай гэх сөрөг мессэж гаргаж байлаа. Тэрнээс хойш энэ арга улс төрийн сонгуульд ихээр ашиглагдах болсон байна. Нэг ёсондоо монголчуудын үндсэрхэг үзэлд тулгуурлан тоглолт хийж буй сурталчилгааны тактик. Түүнчлэн шашин болон шашны шинжтэй итгэл үнэмшлийг түгээмэл хэрэглэж байсан. Харин энэ жилийн сонгуулийн тухай хуулиар шашны ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Энэ бол нэг талын дэвшилт. Иймэрхүү уламжлалт хэлбэрийн сурталчилгаанууд их явагдаж байгаа. Үүнтэй зэрэгцээд зарим нам, нэр дэвшигчид орчин үеийн арга барилаар ажиллаж байна. 2016 оны гуравдугаар сард Улс төрийн коммуникацийн хүрээлэн “Сонгогчид ямар хүнийг сонгуулиар сонгох вэ” гэх сэдвээр судалгаа хийсэн байдаг. Үр дүнгээс нь харвал иргэдийн амьдрал ахуйг сайн мэддэг хүн олон хүний санал авна гэдгээр тэргүүлсэн байгаа юм. Гэхдээ энэ судалгаа хот, хөдөөд харилцан адилгүй. Зарим аймгийн хувьд нутгийн хүнийг нэн тэргүүнд сонгоно гэсэн бол хотод ийм үзүүлэлт доогуур бичигдэж байна. Гэхдээ эхний 1-5 шалгуурт нутгийн хүн гэх фактор жагссан. Тухайлбал, зарим аймгийн сонгогчид “Манайхаас сонгогдсон УИХ-ын гишүүн нутаг орондоо тодорхой ажил хийгээгүй. Гэхдээ манай нутгийн хүн учраас дэмжинэ. Явуулын, эсхүл гадны хүнийг дэмжихгүй. Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр нь дээр” гэх жишээтэй. Харин нийслэлийн тойргууд дээр тийм хандлага харилцан адилгүй.

-Энэ жилийн тухайд сонгогчдын ирц ямархуу байх бол?

-Сонгогчдын ерөнхий динамикийг өнгөрсөн зургаан удаагийн чиг хандлагаас харахад иргэдийн сонгуулийн оролцоо улам бүр буурч байгаа. Сонгуулиас сонгуулийн хооронд ирц 5-6 хувиар буурч байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн ирц 65.7 хувьтай байсан.

Энэ жилийн тухайд нийт сонгогчдын 60-61 хувь нь саналаа өгөх байх. Энэ тоо их харамсалтай санагдаж байгаа юм. Яагаад гэхээр нийт сонгогчдын 40 хувь нь сонгуульд саналаа өгөхгүй байх нь. Иргэдийн дунд “Та яагаад сонгуульд саналаа өгсөнгүй вэ” гэх судалгаа явуулахад “Аль ч нам гарсан ялгаагүй төрийн мөнгийг идэж ууж, авлига авч таарна” гэдэг. Эсвэл улс төрд итгэл алдарсан, огт сонирхохгүй тохиолдол гарч байна. Залуу сонгогчдын тухайд бичиг баримтын зөрчилтэй, эсвэл ажилтай байсан учраас амжаагүй гэдэг. Энэ мэтээр сонгогчдын ирц улам бүр багасаад байвал Монголын ирээдүйд сөрөг нөлөөтэй. Хэдий чинээ цөөхөн хүн саналаа өгнө, тэр хэрээр цөөхөн сонгогчдын саналаар төр засаг бүрдэнэ. Сонгогчдын оролцоо бага байхын хэрээр жижиг тойрогт олны танил, тухайн аймаг орон нутагтаа танигдсан хүн л гарч ирдэг. Өнгөрсөн сонгуулийн үеэр л гэхэд хамгийн бага сонгогчдын саналаар гарч ирсэн гишүүн Б.Наранхүү байлаа шүү дээ. Тэрээр 7000 хүний саналаар ялалт байгуулсан. Уг нь ардчиллын гол механизм нь олонхын саналаар, олуулаа хэлэлцэж байж төр засгаа сонгох учиртай. Тиймээс СЕХ-ноос эн тэргүүнд анхаарах зүйл бол сонгогчдын ирцийн асуудал. Хоёрдугаарт, сонгогчдын боловсролыг дэмжих асуудлаар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна.

-Сонгогчдын ирцийг идэвхжүүлэхийн тулд ямар арга хэрэглэж болох вэ?

-Дэлхийн жишгээс харахад сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхийн тулд хоёр янзын арга хэрэглээд байна. Нэгдүгээрт, урамшуулал буюу сонгуульд оролцсоны төлөө хөхиүлэн дэмждэг арга. Тухайлбал, татварын хөнгөлөлт эдлүүлэх ч юм уу төрөөс авах үйлчилгээний үед хөнгөлөлт үзүүлдэг. Хоёрдугаарт, санал өгөөгүй бол торгууль хүлээлгэдэг. Ийм жишээ Австрали зэрэг улсад бий. Тухайн улсад иргэд нь сонгуульд санал өгөх үүрэгтэй байдаг. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгоно гэх заалтыг сонгуулийнхаа хуульд тусгасан жишээ олон. Манай улсын тухайд шууд торгоно гэхээс илүүтэй янз бүрийн хөнгөлөлт үзүүлж болж байна. Тухайлбал, банкнаас зээл авахад сонгуульд саналаа өгсөн эсэх нэг гол шалгуур болох ёстой. Мөн татварын хөнгөлөлт үзүүлж болно. Ялангуяа залуу сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх янз бүрийн урамшуулалт арга хэмжээ авмаар байгаа юм. Харамсалтай нь энэ жил СЕХ-ны үйл ажиллагаа хангалтгүй байна. Яагаад гэхээр 2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан Сонгуулийн тухай хууль маш төвөгтэй хууль болсон. Улс төрийн нам, нэр дэвшигч, бие даагчдад ойлгомжгүй байгаа. Тэр бүү хэл СЕХ нь хуулиа тайлбарлаж чадахгүй байна. Сонгуулийн сурталчилгааны 17 хоногт сонгуулийн сурталчилгаа маш хязгаарлагдмал нөхцөлд, хуулийн ихээхэн дарамт дор явагдаж байгаа юм. Миний тооцоолж буйгаар сонгуулийн тухай хуулийн 80 орчим заалт хариуцлага хүлээлгэх тухай байгаа. Маш олон тохиолдолд нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах, их хуралд сонгогдоод түр үнэмлэхээ авсан үед түүнийг нь цуцлах гэхчилэн олон заалт бий. Мөн сурталчилгааны маш энгийн мөртлөө жижиг акц дээр СЕХ гацаад байсан. Тухайлбал, нам ба нэр дэвшигчдийн ухуулагчид намын логог хэрэглэх үү, сурталчилгааны үед лед дэлгэц хэрэглэж болох уу гэхчилэн асуултад СЕХ тайлбар өгч чадахгүй байсан. Уг нь ардчиллын тогтсон жишгээр хуульд заагаагүй бүхэн зөвшөөрөгдөнө гэдэг байлаа. Гэтэл шинэ хуулиар хуульд заагаагүй бүхэн хууль бус үйлдэлд тооцогдоно гээд заачихсан. Тиймээс энэ жилийн сонгууль маш хязгаарлагдмал, хэцүү нөхцөлд явагдаж байна. Нам, нэр дэвшигчид бүү хэл судлаачид хүртэл хэлж ярих, мэдээлэл өгөх бүртээ ямар нэгэн хууль зөрчих вий гэх дарамттай байгаа. Олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр ийм дарамт хэдийнэ үүсээд явж байна.

-Одоогийн байдлаар тодорхой болсон тохиолдол байна уу?

-Зарим аймагт хэн нэгэн иргэн Засаг даргаа муулсан асуудлыг өөрийн фэйсбүүк хуудаснаа шэйрлэтэл намайг гүтгэлээ гээд шүүхэд өгчихсөн байж байна. Гэтэл тухайн иргэн хуулийн нарийн заалтыг мэдээгүй л явж байх жишээтэй. Иргэн мэдээлэлгүй байсны улмаас шүүхэд дуудагдаж байна. Энэ бүхэн сонгогчдын мэдээлэл авах эрхийг хаан боогдуулж байгаа юм. Уг нь сонгогчдын ирц байнга буурч байгаа тохиолдолд сонгогчдод олон талын мэдээллийг хүргэж байж санал өгөх боломжийг нээж өгөх ёстой. Гэтэл зурагт, сонины сурталчилгаа их хязгаарлагдмал байдлаар явагдаж байна. Дээр нь интернэт орчинд элдвийн зүйл шэйрлэх, коммент бичих боломжгүй болж байгаа. Мөн хуулиар зөвшөөрөл олгосон этгээд буюу штабын ухуулагчид сонгуулийн сурталчилгаа хийнэ гээд заачихсан. Тэгэхээр иргэд бие биетэйгээ сонгуулийн талаар, нэр дэвшигчдийн тухай асуудал ярьж болохгүй гээд хуульд заачихсан. Гэх мэтчилэн монголчуудын онцлогт таараагүй хуулийн заалтууд их бий.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нэр дэвшигчид олонд танигдах боломжийг хаачихсан байгаа?

-Сонгуулийн хуулиар бүх нэр дэвшигчийн хэвлэмэл материалд хэмжээ заагаад өгчихсөн. Мөнгөтэй нэр дэвшигч их хэмжээний сурталчилгаа хийгээд мөнгөний сонгууль болчихож магадгүй гэх болгоомжлол байсан. Гэсэн хэдий ч энэ нь иргэдийн мэдээлэл авах боломжийг хязгаарлаж байна. Ер нь сонгуулийн тухай шинэ хууль Япон, Солонгосын өндөр зохицуулалттай, хатуу хуулийг тэр чигээр нь хуулаад авчихсан мэт харагдаад байгаа юм. Солонгосын парламентын сонгуулийн сурталчилгаа 14 хоногт хязгаарлагдмал байдлаар явагддаг. Гэтэл өрнө дахинд сонгуулийн сурталчилгаа маш чөлөөтэй, нээлттэй орчинд явагдаж байна.

Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 1.5 жил гаруйн хугацаатай болдог. Ингэж байж иргэд, сонгогчдодоо танигдан сонголт хийх боломжийг өгдөг юм. Гэтэл манайх шиг ардчилсан нийгэмд шилжээд 26 жил болж буй улсад Япон, Солонгосын хатуу хууль тохирохгүй байна. Ер нь сонгууль болоход 10 гаруйхан хоног үлдчихсэн байхад нийт сонгогчдын 35-40 орчим хувь нь хэнд санал өгөхөө шийдээгүй байна. Уг нь өмнөх сонгуулиар өдийд сонгогчдын 80 гаруй хувь нь шийдвэрээ гаргасан байдаг. Яагаад шийдээгүй вэ гэхээр мэдээлэл аваагүй, намуудын мөрийн хөтөлбөртэй танилцаагүй байна. Мөн иргэд улстөрчдөд итгэх итгэлгүй болсон байна гэж дүгнэж байгаа. Ерөнхийдөө мэдээллийн өлсгөлөн, хоосон орон зайд сонгууль болж байна.

Categories
мэдээ цаг-үе

Буйр нууранд осолдсон загасчдын эмгэнэлт хэргийн мөрөөр…

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд Буйр нууранд загасчилж явсан дөрвөн хүн эндсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Олон нийтийг цочроосон уг ослын дуулиан одоо ч намжаагүй байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө дөрөв дэх загасчны цогцсыг нуурын эргээс олоод байгаа. Тухайн үед дээрх дөрвөн иргэнийг нууранд завьтай загасчилж явах үеэр хүчтэй салхи гарч хоёр нь завьтайгаа живж, хоёр нь нуурын хагарсан мөсөн дээр гарч амжсан байна. Харамсалтай нь мөсөн дээр гарсан хоёр загасчин хоёр цаг гаруй хөл нүцгэн гүйж аврал эрсэн боловч үхэл амьдралын заагт хөөрхий залууст хэн ч авралын гар сунгаж чадалгүй амиа алдсан байдаг. Нутгийн иргэд нуурын эрэг дээр тэднийг хэрхэн амь тавихыг хараад зогсч байжээ. Эл хэргийн мөрөөр Буйр нуур хүрч газар дээрээс нь сурвалжлага бэлтгэлээ. Улаанбаатар хотоос Чойбалсан хүртэл 668 км. Чойбалсангаас Халхгол сум хүрэхэд 360 км зайтай бол тус сумаас баруун хойш 65 км-ийн зайд Буйр нуур оршино. Ингэхдээ Халхгол сумын төвөөс машинаар явахад 90 гаруй км туулдаг юм байна. Урт нь 40 км, өргөн нь 21 км Буйр нуурын эргийн шугамын урт 118 км бөгөөд Хятадын хил дамнан оршдог. Буйр нуур манай орны хамгийн олон зүйл загастай нуур гэгддэг. Тиймээс олон жилийн турш иргэд нуур бараадан амьдарч иржээ.


Гурван сая дахь иргэнд өгсөн байшин (Ялалт баг)

ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНИЙ ААВ МӨНГӨ ОЛЖ БАЙШИНГИЙН НАЙРАА ХИЙХИЙН ТУЛД ЗАГСАНД ЯВЖЭЭ

Буйр нууранд эндсэн загасчид нутгийн иргэд. Халхгол сумын Ялалт багийн нутаг дэвсгэрт харьяалагдах Буйр нуурын эрэг бараадан амьдардаг жижиг тосгоны оршин суугчид аж. Талийгаач Н.Болдбуйр бусдаасаа хамгийн нас залуу нь. Түүний эцэг Д.Намхай Буйр тосгонд 1964 оноос амьдарчээ. Насаараа Буйр нуурын эрэг түшин загасчилж ирсэн тэрээр 18-30 насны зургаан хүүхэдтэй. Дөрөв нь хүү бөгөөд нэрний төгсгөлийг ижилхэн Буйр нуураар нэрлэжээ. Отгон хүү нь өдгөө ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа бол дөрөв дэх хүүхэд нь Н.Болдбуйр юм. Дөнгөж 25 нас хүрсэн Н.Болдбуйр ах, эгч нар дундаа хамгийн сэргэлэн цовоо хөдөлгөөнтэй нэгэн байж. Талийгаач Дорнод аймгийн 0327 дугаар ангид цэргийн алба хаасан бөгөөд 2014 онд цэргээс халагджээ. Энэ үеэр эхнэр П.Хандмаатайгаа танилцаж, улмаар 2015 онд гэр бүл болсон байна. Түүнийг эрүүл чийрэг, өсгөлүүн биетэй, тэсвэр хатуужилтай залуу байсан талаар найз нөхөд нь ярьж байлаа. Талийгаач Улаанбаатар хотод хоёр жилийн өмнө ажил хийхээр ирсэн юм. Ингээд “Дельта” автомашин засварын газар засварчнаар ажилд оржээ. Түүний төрсөн ах уг засварын газар инженерээр ажилладаг юм байна. Болдбуйрын хувьд өнгөрсөн онд олон баярт явдал тохиожээ. 2015 оны нэгдүгээр сарын 24-нд залуу хосууд шинэ хүн өлгийдөн авчээ. Түүний гэргий Дорнод аймагт амаржсан бөгөөд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэх үед хүү нь хэдхэн минутын зөрүүтэй төржээ. Тиймээс түүний хүүг гурван сая дахь иргэний эн чацуутнаар тодруулж төрөөс гурван сая төгрөгөөр шагнасан байна. Ингээд орон нутгийн зүгээс байр орон сууцаар шагнахаа бас амлаж. Бараг жил тойрсны эцэст аймгаас амласан байраа өгөхөөр шийдвэр гаргаж. Яг осол болохын өмнөх өдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Буйр нуураас 20 гаруй км зайд орших Ялалт багт 5:7 хэмжээтэй байшингаа хүлээж авчээ. Тэр өдөртөө байшингийн найр хийж нутгийн удирдлагууд, хамаатан садан, найз нөхдөө оруулж цайлж нэлээд хөл хөөр болцгоож. Ингээд орой нь байшингийн цайллаганд ангийн хоёр, гуван найз нь ирээгүй хэмээн эхнэртээ хэлээд Буйр нууранд тор тавьж загас авчирч шарж өгнө. Бас тав арван төгрөг олно гэж яваад буцаж ирээгүй байна.

ТАЛИЙНГААЧ Т.ГАНБОЛД ГУРВАН ХҮҮТЭЙ, МАЛЧИН НЭГЭН БАЙВ

Талийгаач Т.Ганболд эхнэр Н.Байгальмаатайгаа ханилаад 18 жил болжээ. Тэд гурван хүүтэй. Тосгондоо л өнөр өтгөн, сайн сайхан амьдралтай, бусдадаа үлгэр дуурайлтай ажилсаг гэр бүл. Том хүү нь 19 настай, ШУТИС-ийн тавдугаар курсын оюутан бол дунд хүү нь 17 настай, Ерөнхий боловсролын сургуулийн XII ангид энэ намар орох юм байна. Харин бага хүү нь таван настай. Талийгаач архи, тамхи хэрэглэдэггүй, нутаг усандаа хүндлэгддэг, алиа хошин зантай хүн байжээ. Эхээс ах, дүү арвуулаа. Ар гэр, ах дүү нарынхаа амьдралд анхаарал тавьж, авч явдаг ганц хүн нь байсан тухай гэр бүлийнхэн нь ярьж байна. Гэргий Н.Байгальмаагийн эцэг, эх олон жилийн өмнө Баян-Өлгий аймгаас ирж нутаглажээ. Н.Байгальмаа нуурын ус ажиглагч хийдэг. Сардаа 400 мянган төгрөгийн цалинтай. Орон нутагт тогтмол цалинтай ажилтай байна гэдэг хөдөөний иргэдийн хувьд том завшаан. Тиймээс эхнэрийнхээ ажлыг бараадан Буйр нуурын тохойд амьдарч ирсэн. Талийгаач Т.Ганболд тосгоны иргэд шиг өдөр бүр загасчлаад байдаггүй нэгэн байж. Хэдэн малынхаа араас шогшиж өдрийг бардаг малчин. Хаа нэг нутгийнхныгаа даган нууранд тор тавьж загасчилдаг ч усанд завиар яваад сүйд болохгүй, бусдын дэмжлэгээр болчихдог байсан бололтой. Ихэнхдээ малын бэлчээрээр явсан тэрээр усанд сэлэхдээ ч маруухан. Загасчлахдаа ч тааруухан хүн байсан гэнэ. Хар мөртэй тэр өдрийн өмнөх орой нар шингэхийн өмнө тэнгэрийн хаяа улаарч, гойд сайхан болжээ. Ямартай ч маргааш сайхан өдөр болох нь гээд орой нь нууранд тор тавиад ирж. Энэ нь түүний энэ хаврын анхны тор тавьсан явдал байв. Ингээд өглөө эхнэрээ унтаж байхад тороо эргэхээр гэрээсээ гараад эргэж ирсэнгүй.

Буйр тосгон. Буйр нуурын эргээс километр хүрэхгүй зайтай. 2016.06.13

ТАЛИЙГААЧ УСАНД САЙН СЭЛДЭГ БАЙСАН ГЭВ

М.Ширмэнтогоогийнх найман хүүхэдтэй. Харин талийгаач Ш.Баттулга түүний тав дахь хүүхэд бөгөөд 1989 онд төржээ. Ширмэнтогоо гуайнх мөн л энэ тосгонд олон жил амьдарчээ. Анх тус тосгонд Загасны цех байгуулагдахад л тракторын жолоочоор ирж байсан байна. Хүү Ш.Баттулгын тухайд гэвэл 2011 онд Дорнод аймгийн Сүмбэр сум, одоогийн Халхгол суманд Ерөнхий боловсролын сургууль төгсчээ. Тэрээр багадаа гэмтэж тулгуур эрхтний бэрхшээлтэй болсон учраас үеийнхэнтэйгээ зэрэгцэн их, дээд сургуульд суралцах боломжгүй байсан гэнэ. Тиймээс эцэг, эхээ бараадан загасчилж, амьдралаа залгуулах болж. Сардаа халамжийн хэдэн төгрөг авдаг байсан бөгөөд аав, ээжийгээ юугаар ч дутаахгүй сайн амьдруулах болно гэж үргэлж хэлдэг байжээ. Гэтэл өнөө жил халамжаас хасагдчихсан байна. Тиймээс хавар нуур гэсэхээр загасанд явж мөнгө олно гэж ярих болж. Хэдий тулгуур эрхтний бэрхшээлтэй ч талийгаач усанд тун сайн сэлдэг байсан гэсэн. Хүүгээ усанд алдана чинээ санасангүй хэмээн түүний аав М.Ширмэнтогоо ярихдаа хоолой нь зангирч байлаа.

ХҮРГЭН ХҮҮГЭЭ АЛДСАН ЭХ 2003 ОНД ХОЁР ХҮҮГЭЭ МӨН Л БУЙР НУУРАНД АЛДСАН БАЙНА

Буйр нууранд эндсэн дөрвөөс тус тосгонд өсөөгүй цорын ганц хүн нь талийгаач Мөнхжаргал. Тэрээр Дорнод аймгийн Баянтүмэн сумаас Буйрт хүргэн болж ирээд таван жилийн нүүр үзсэн байна. Мөнхжаргал өнөө жил 41 настай. Түүний эхнэр Т.Болормаа, талийгаач хоёр хожуу амьдрал зохиож айл гэр болохоор их ч зүтгэсэн тухай хөршүүд нь ярьж байлаа. Эхнэр Т.Болормаагийн аав Төмөрбаатар Буйрт анх Загасны цех байгуулагдахад даргаар томилогдож ажиллажээ. Товчхондоо Буйр нуур бараадсан энэ хэсэг айлын үүсгэн байгуулагчдын нэг гэсэн үг. Өдгөө аав нь өөд болж, ээж Дарьсүрэнгийн хамт амьдардаг байна. Түүний ах ч мөн гэр бүлээрээ энэ тосгонд амьдардаг аж. Т.Болормаа Халхгол сумын нутаг дэвсгэрт газрын тосны олборлолт явуулж буй “Дайчин тамсаг” компанид хятад хэлний орчуулагч ажилтай гэнэ. Харин нөхөр Мөнхжаргал нь сүүлийн хэдэн жил тосгоныхныг дагаж загасчилдаг байж. Яг арван гурван жилийн өмнө Буйр нуурт аймшигт осол болж долоон хүн машинтайгаа нуурын мөсөнд цөмөрч эндэж байжээ. Тэдний дунд Дарьсүрэнгийн хоёр хүү явсан юм байна.

Талийгаач Мөнхжаргал олон таван үггүй, даруу төлөв нэгэн байсан гэнэ. Архи, тамхи хэрэглэдэггүй, найз нөхөд гээд байх хүнгүй, дуу цөөтэй хүн байсан бололтой. Эзэмшсэн мэргэжил, тогтсон ажилгүй ч хар бор ажилд хэнийг ч дагуулахгүй нэгэн байжээ. Осол болдог өдөр ч мөн бусад өдрүүдтэй л адил тавьсан тороо эргэхээр гурван загасчнаа “Портер” машиндаа суулгаад явсан байна.

Үргэлжлэл бий

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

“Мөнгөн мод”-ын шагналт балетчин Б.Саруул: Цагаан хунгийн дүрийг гаргахад гарын дэвэлт, зогсолтгүй үргэлжлэх хөдөлгөөн нь хэцүү байсан

“Seoul international dance competition” тэмцээний тусгай байрын шагналт УДБЭТ-ын гоцлол бүжигчин СТА Б.Саруултай ярилцлаа. “Театрын цагаан хун” гэгддэг балетын бүжигчин тэрээр оны шилдгүүдийг тодруулах “Мөнгөн мод”-ын эзнээр тодорсон юм.

-Яагаад балетчин болохоор шийдсэн бэ. Танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу?

-Би Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуульд бага ангиа төгсөөд дунд ангиасаа эхлэн Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид элсэн орсон. Мөн хүүхдийн ордонд хоёр жил суралцсан. Цэцэрлэгт байхдаа л дуулж бүжиглэх дуртай хүүхэд байлаа. Аав, ээж минь дуулж бүжиглэх дуртайг маань анзаарч балетчин болох гарааг эхлүүлсэн дээ. Аав маань онгоцны нисгэгч мэргэжилтэй, ээж маань татварын байцаагч хүн байдаг. Харин эмээ маань Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин хүн байлаа. Миний ах бас бүжиглэх дуртай байсан ч бүжигчин болоогүй.

-Анх балетаар хичээллэж эхлэхэд хэцүү байсан уу?

-Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид тэнцээд Зууны манлай бүжигчин Ю.Оюун багш нэг сар бэлтгэл хичээл орсон. Түүний дараа МУСГЗ Н.Энхтуяа багш дааж аван бүхий л зүйлийг зааж сургасан. Балетаар хичээллэж байгаа хүн уян налархай, зөөлөн, сунгалт сайтай байх хэрэгтэй. Миний хувьд хатуу, сунгалт муутайдаа ордог байлаа. Тийм болоод ч тэр үү, эхний нэг жил маш хэцүү байсан. Багш нар их чанга. Балетын урлаг хатуу, дэг жаягтай хагас цэрэгжилтийн байдлаар сургуулилт явагддаг шүү дээ. Харин хоёр дахь жилээсээ учраа олоод сунгалтаа яаж хийх үү, юун дээрээ ажиллах ёстой байна гэдгээ бага ч гэсэн мэддэг болсон. Тэгээд л гайгүй сайжирсан. Манай ангийн тал нь л балетчин болж үлдсэн нь сонирхолгүй болоод шантраад сургуулиасаа гарсан.

-Балет хүний зан чанарт тэсвэр тэвчээрийг суулгадаг. Өөрөөр яаж нөлөөлдөг вэ?

-Зан чанар, хүмүүжилд хамгийн их нөлөөлж чаддаг. Анхлан суралцаж байгаа хүүхдүүд тогтворгүй, эмх замбараагүй байдаг нь ажиглагддаг. Харин хичээллээд ирснийхээ дараагаар эмх цэгцтэй, тогтвортой, тэсвэр хатуужилтай болдог. Хувь хүн талаасаа зөв хүн болж хүмүүжих дадлыг бий болгодог онцлогтой. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдээ балетаар хичээллүүлэх сонирхолтой байдаг.

-Хамгийн анх тайзан дээр гарахад ямар байсан бэ?

-Би зургадугаар ангид байхдаа “Шелкунчик” жүжгийн Машагийн дүрээр гарсан. Хүүхэд болоод ч тэр үү одоогийнх шиг тийм айдас, сандрал бага байсан юм шиг санагддаг.

-Хөгжим бүжгийн коллежоо төгсөөд л УДБЭТ-ын гоцлол бүжигчнээр орсон гэсэн. Энэ тухайгаа яриач?

-Би өөрийгөө УДБЭТ-д орно, ороод “Хунт нуур” бүжиглэнэ гэж бодож ч байгаагүй. Урт хөл, гартай их л гоё хүн “Хунт нуур”-д тоглодог байх гэж боддог байлаа. 2007 онд Хөгжим бүжгийн коллежийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөөд УДБЭТ-гоцлол бүжигчнээр орсон. Орсны дараа хамгийн анхны том балет маань “Хунт нуур” бүжгийн хар, цагаан хунгийн дүр байлаа. Шинэхэн бүжигчин, дээрээс нь тийм том дүр бүтээх гэж байгаа учраас нэг сарын турш бэлдэж орсон. Сүүлдээ ая нь чихэнд сонсогдоод л байдаг болчихсон байсан. Гэсэн ч маш их сандрал, айдас гээд л бүх л зүйл зэрэг зэрэг болсон доо. Гэхдээ Х.Гэрэлчимэг багш маань маш сайн бэлдэж гаргасан юм. Хар, цагаан хунгийн дүрийг нэлээд хэдэн хун өөрийн онцлогоороо бүтээсэн. Балетын хамгийн хэцүү дүр ч гэж ярьдаг хар цагаан хунгийн хар хун нь техник ихтэй, хурц ширүүн характерыг гаргаж өгдөг. Миний хувьд цагаан хунгийн дүрийг гаргахад гарын дэвэлт, зогсолтгүй үргэлжлэх хөдөлгөөн нь хэцүү байсан. Одоо ч гэсэн хүндрэлтэй зүйлүүд байдаг. Гэсэн ч балет нь залуу хүний урлаг учраас одоо л суралцаж бүжиглэхгүй бол хэзээ гэж.

-Балет нь хүнэээс жүжиглэлт, хөдөлгөөн гээд бүх зүйлийг зэрэг шаардаж байдаг? Ямар дүр хамгийн хэцүү байсан бэ?

-Б.Жамьяандагва багш маань “Та нар бол бүжигчин гэхээсээ илүү жүжигчин хүмүүс” гэж хэлдэг. Тухайн тоглолтыг хоёр цагийн турш эхнээс нь дуустал авч явна гэдэг бол гол дүрийн жүжигчинд маш том хариуцлага оноогдож байгаа юм. Хошин шогийнхон шиг ярьдаггүй учраас үзэгчдэд жүжгээ ойлгуулахын тулд нүдний харц, гарын дэвэлт үйл хөдлөл бүхий л зүйл нь илэрхий байх шаардлагатай. Тийм байж илүү сайн хүрнэ. Балетыг байнга үздэг үзэгчид тэр бүхнийг илүү сайн мэдэрдэг нь ажиглагддаг. “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар хунд төгсгөл хэсэгт нь 32 эргэлт бий. Тэр эргэлт дээр болон өөр хүнд элементүүд дээр үзэгчид алга ташилтаараа урам зориг өгдөг нь маш сайхан санагддаг. Дүр бүхэн өөрийн гэсэн онцлогтой учраас ядралт нь хүртэл өөр. Хунт нуурын эргэлтүүд дээр хөл илүү ядардаг бол Жизэль дээр бүх биенд ачаалал өгч илүү ядардаг.

-Таны үлгэр дуурайл авдаг балетчин хэн бэ?

-Намайг долоон жилийн турш сургасан Н.Энхтуяа багшаасаа хамгийн их үлгэр дуурайл авдаг. Балетчин хүн насан туршдаа л суралцана. Толинд хараад сургуулилт хийж байгаа хэдий ч багшийн үг хэзээд чухал байдаг. Хэдий долоон жил сураад ажлын байранд гарсан ч багшаараа заалгаж зөвлүүлж байж сайн бүжиглэнэ. Мөн багшийн маань анхны төгсөлт болох Хөгжим бүжгийн сургуулийн балетын бүжигчний дээд төгсөлтийн эгч нар маань их мундаг, өөрсдийн гэсэн онцлогтой, үлгэр жишээ авахаар бүжигчид байдаг. МУГЖ Г.Цолмон эгч маань үнэхээр бахархмаар, мөнхийн залуу гэж хэлмээр 20, 30-хан настай юм шиг л ямар ч зүйлээс ухарч, няцдаггүй шаргуу, хөдөлмөрч эмэгтэй. Ч.Ганчимэг, Г.Батчимэг эгч гээд үлгэр дуурайл авдаг хүмүүс зөндөө байдаг. Гадаадаас ОХУ-ын балетчин Мариа Кочетковагийн бичлэгүүдийг их үздэг. Европ хүн гэхэд бидэн шиг жижиг биетэй. Техник, жүжиглэлт гээд суралцахаар зүйлүүд ихтэй балетчин.

-Балетчин хүний бие төгс байдаг, тиймээс ч уран барималтай зүйрлэдэг шүү дээ?

-Балет нь 17 дугаар зуунаас л бие даасан урлаг болон хөгжиж ирсэн. Үүсээд олон зуун жил болчихсон учраас бүрэн хэмжээнд судлагдчихсан. Хөдөлгөөн бүр нь хүний биеийн булчингуудыг зөв хөгжүүлдэг. Тийм учраас энгийн хүмүүс ч балетаар хичээллэвэл бие галбир гоё болно.

-“Мөнгөн мод” ёслолын арга хэмжээнд оны шилдэг бүжигчний шагнал авсан. Сэтгэгдэл ямар байсан бэ?

-Бидэнд байнгын бэлтгэл сургуулилт хийлгэж, зааж зөвлөж байдаг хүн бол МУАЖ О.Ганбаатар багш маань. Оны шилдэг бүжигчний шагналаа Ганбаа багшаасаа авсан болоод ч тэр үү хоолой зангираад үг хэлж чадахгүй л уйлаад эхэлсэн. Тайзан дээр жүжигт гарахдаа сандарч байгаагүйгээрээ л сандарч, догдолсон доо. Бид тайзан дээр зөвхөн бүжиглэдэг, ярьдаггүй болохоор ч тэр үү, сандраад юу гэж хэлэхээ мэдэхгүй гацчихсан. Миний өмнөөс ээж минь хамгийн их баярлаад л “Миний охин ээжийгээ зөндөө их баярлууллаа” гэж байсан. Тийм болохоор маш их баярласан. Одоо ярьсан чинь хоолой зангирч байна шүү.

-Саяхан “Night of bal­let” болж гаднаас балетчид ирж нэгэн тайзан дээр хамт гарсан. Гадны балетчидтай харьцуулахад Монголын балетчидийн түвшин ямар байдаг вэ?

-Монголынхоо нэрийг гаргахаар төлөөлөн оролцсон болохоор их хичээсэн. Манайхаас таван эмэгтэй, гурван эрэгтэй бүжигчин оролцсон. Миний бодлоор Монголын балетчид гадны балетчидаас хоцроогүй. Эн тэнцүү түвшинд хөгжиж байгаа. Европ, Ази гэдэг утгаараа биднээс илүү өндөр, урт хөл гартай байдаг. Манай гоцлол бүжигчид маань бүгд жижигхэн биетэй л дээ.

-Б.Жамьяндагва урлаг дотроос балет хамгийн тэнгэрлэг урлаг гэсэн байдаг. Таны бодолоор?

-Монголын балетчидийн өвөг эцэг бол Б.Жамьяндагва гуай шүү дээ. Энэ хүний хэлсэн үг бүр нарийн утга санаатай байдаг. Өлмий дээрээ явж тэнгэр лүү тэмүүлж байдаг болохоор тэнгэрлэг ч гэдэг юм уу. Мөн “Балет бол ухааны урлаг” ч гэж хэлсэн байдаг. Бидний тэр нарийн үйл хөдлөл бүр ухаанаар гарч байдаг болохоор тэгж хэлсэн болов уу. Миний дотнын хүмүүс “Та нар их амархан гоё ажил хийдэг, инээгээд л бүжиглээд л байж байдаг” гээд хэлдэг л дээ. Үзэгчид, хүмүүст тэгж харагдаж байгаа нь зөв. Мэдээж бид гоё сайхан мэдрэмжийг өгөх ёстой. Гэхдээ тайзны ард маш олон хүний хүч хөдөлмөр, тууштай байдал, урт хугацааны бэлтгэл шаардлагатай байдаг. Балетын ангид элсэн ороод өдрийн 12 цаг бэлтгэл хийдэг байсан. Өглөөний найман цагт гэрээсээ гараад л зарим үед 24 цаг гэж ирэх үе байна. Аав маань “ингэж удаан бэлтгэл хийнэ гэж байхгүй, хүн өдөрт найман цаг л ажилладаг шүү дээ” гээд л намайг хайрласандаа хэлдэг байлаа. Сүүлдээ ойлгодог болсон. Шантрах үе бишгүй л байна. “Хунт нуур”-ыг бүжиглэх гээд бэлдэж байхад багшдаа “Би чадахгүй юм шиг байна” гэж хэлээд загнуулаад, өөдөөсөө юм шидүүлээд л уйлаад явж байсан. Уйлах бол энүүхэнд л байдаг. Хэдий шантрах зүйл байсан ч энэ урлагт орсон хүн эргээд гарна, холдоно гэдэг хэцүү. Би тэтгэвэрт гартлаа бүжиглэнэ гэж боддог. Тэр хэцүү бүхнийг мартуулдаг ганц зүйл нь үзэгчдийн энерги, алга ташилт байдаг. Тэр бол үгээр хэлэхийн аргагүй.

-Өлмий дээрээ тогтоно гэдэг амаргүй. Анх сурахад ямар байсан бэ?

-Балетын ангид сураад хоёр дахь жилээсээ өлмий дээрээ гарч эхэлдэг. Анх балетын шаахай буюу каскиг өмсөж үзэх сонирхолтой. Бушуухан л каскин дээр гарах юмсан гэж боддог байлаа. Дараа нь дасгал хийгээд л гараад эхлэхэд маш нарийн, хэцүү болохыг нь мэдэрч эхэлсэн. Биднийг сурч байх үед одооных шиг балетын хэрэгсэл элбэг биш, каскины доторх зөөлөвчийг шилэн тиркогоор ороож, сонингийн цаас хийж орлуулдаг байсан. Тэр нь зориулалтын биш учраас ийш, тийшээ гүйх, цэврүү үсрэх, хумс унах бол энүүхэнд байна. Одоо зориулалтын зөөлөвчтэй каски өмсдөг. Шинэ каскигаа өөрийнхөө хөлөнд тааруулж уяа, резинийг нь янзалж, зүлгэж тааруулдаг. Гэсэн хэдий ч хумс, хөлөндөө хамгаалалт хийхгүй бол болохгүй. Биеийн бүх ачаалал хуруун дээр ирж байгаа болохоор эрхий хурууны яс нь томорчихдог. Тэр нь янгинаж өвдөх бол байдаг л зүйлийн нэг болсон доо.

-Нөхөртэйгөө фэйсбүүкээр танилцаж байсан гэсэн. Юунд нь илүү татагдсан бэ?

-Ээж маань “Хувь хүний төлөвшил ээж, аавтайгаа харьцаж байгаа байдал гэр бүлийн хүмүүжлээс шалтгаалдаг” гэж хэлдэг байлаа. Миний хань танилцахад хүмүүжилтэй, ээж аавтайгаа харьцаж байгаа байдал нь маш их таалагдсан. Би урлагийн хүн учраас ажлыг минь ойлгодог ханьтай байх нь чухал. Миний хань урлаг мэддэг, ойлгодог. Миний тоглолтуудыг зав, чөлөөтэй үедээ байнга үздэг. Одоо охин маань гурван ой гарантай. Ханьтайгаа нийлснээс хойш кино маш их үзэх дуртай болсон. Шинэ кино бүрийг л алгасахгүй үздэг дээ.

-Хэр сайн ээж вэ?

-Би нэг дэх, хоёр дахь өдөр амраад бусад өдөр нь бэлтгэлтэй байдаг. Шинэ уран бүтээлтэй үед илүү бэлтгэл хийнэ. Аль болох гэрийн сайн эзэгтэй, ээж байхыг хичээдэг. Зав чөлөөтэй үедээ гэрийн ажлаа амжуулаад, охинтойгоо өнгөрүүлэхийг л хичээдэг дээ. Охин маань есөн сартай байхдаа л цэцэрлэгт орсон. Бид 56 хоноод эргээд ажилдаа орох ёстой байдаг болохоор. Гэхдээ хоёр ой гартал нь хөхөөрөө хооллосон. Миний бодлоор хүүхдээ хөхөөрөө сайн хоолловол биеийн хөгжил сайн байхаас гадна илүү зөөлөн сэтгэлтэй болдог юм шиг санагддаг.

-Балетаас өөр ямар бүжигт сонирхолтой вэ?

-Бүжигчин хүн бүх төрлийн бүжгийг хийж чаддаг байх ёстой гэж боддог. Бүжиг бүр өөрийн гэсэн онцлогтой. Балет нь хэвлий, бэлхүүс хэсгээ төдийлөн хөдөлгөхгүй байх хэрэгтэй. Гэтэл цэнгээнт бүжиг дээр бэлхүүс хэсгээрээ илүү хөдлөх хэрэгтэй байдаг ч гэх юм уу. Би бүжиг бүрийг л хийж үзэхийг хүсдэг. Монголын үндэсний бүжиг хамгийн гайхалтай нь. Бас орчин үед модерн бүжиг хөгжиж байгаа.Гэхдээ Монголд төдийлөн сайн хөгжөөгүй. Америк, ОХУ, Солонгост модерн хурдацтай хөгжиж байна. Миний хувьд болж өгвөл модерн бүжиг хийх сонирхолтой, хүнийг маш их задалж өгдөг бүжиг. Би 2014 онд Португалийн нэртэй балетмейстер Хьюго Вера”Диваажин энд байна” модерн балетын гол дүрд тоглосон. Тэр модерн балетаас их зүйл сурсан. Түүнээс хойш модерн бүжигт илүү сонирхолтой болсон доо.

– Та мэргэжлийн балетын бүжигчдийн нэгдсэн “NO­MADIC BALLET” продакшны гишүүн. Продакшныхаа талаар ярихгүй юу?

-УДБЭТ-ын балетын гоцлоочид болон бүжигчид хамтран 2016 оны нэгдүгээр сард продакшн байгуулсан. Нэг үеийн залуу бүжигчид нийлээд байгуулсан. Балетыг хөгжүүлэх, залуу үеэ бэлдэх, балет сонирхогчдоос гадна бусад үзэгчдэд балетыг таниулах зорилготой “Senti­ment” буюу “Мэдрэхүй” хэмээн нэрлэсэн анхны тоглолтоо неоклассик, сонгодог, модерн хосолсон үзүүлбэрүүд болон Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг тусгайлан дэглэсэн шоу үзүүлбэрүүд гэсэн хоёр хэсэгтэй хийсэн байгаа. Тоглолт маань хүмүүст их хүрч, маш сайхнаар хүлээж авсан. Манай продакшнаас энэ сарын 22-нд хүүхдүүдийн дунд балетын тэмцээн зохиохоор төлөвлөж байна. Сонирхогчдын болон мэргэжлийн гэсэн хоёр чиглэлээр шалгаруулна. Мөн хүүхдийн балет тавих төлөвлөгөөтэй байгаа. Цаашдаа янз бүрийн төрлөөр балет тавина. Гэхдээ хүмүүсийн дунд театраас гадна продакшн байгуулаад ажиллахаар “Та нар театраасаа гарчихсан юм уу?” гэж асууж байгаа. Бид театрынхаа ажлын хажуугаар продакшныхаа ажлыг амжуулж байгаа. Театраас ч гэсэн энэ ажлыг минь нааштайгаар хүлээж авч, дэмжиж байгаад баяртай байна.

-Театртаа бэлдэж буй сүүлийн үеийн уран бүтээл юу байна?

-“Бахчисарайн оргилолт булаг” балетын 50 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 25-26-ны өдрүүдэд тоглогдоно. Мөн жил бүр зохиогддог болоод байгаа “Best of Classic-Open air” тоглолт, долдугаар сард “Хунт нуур” бүжгэн жүжиг тоглогдохоор байгаа.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Худалдааны гудамжинд ухаалаг зогсоол үгүйлэгдэж байна

Дэлгүүр хэсэх сайхан ч унаагаа тавих газар хайн бэдрэх нь тиймхэн. Гурав, дөрөвдүгээр хорооллын зам дагуу худалдаа үйлчилгээний гудамж үргэлжилдэг. Гэтэл автомашины зогсоолын хомсдолтой энэ хэсэгт унаагаа тавих газар хайж олох нь өдрийн од шүүрэхтэй адил шахуу. “Хүлээж байж машин гарахаар оронд нь ирж зогслоо” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн залуу ярилаа. “Зогсоол олоход хэцүү. Энд давхарлаад тавьчихаар машин аччихдаг юм байна лээ” гэж тэр хэлсэн. Хорооллын “Номин”-гийн өмнө ч зогсоол гэхээр зай талбай үнэндээ алга. Таван давхартай, давхар бүртээ худалдаа үйлчилгээтэй энэ дэлгүүрээр үйлчлүүлэх дуртай хүн олон ч зогсоолгүйн зовлон их. “Зогсоолтой байсан юм. Зам өргөсгөхөд урд талын зогсоолууд байхгүй шахам болсон. Замын өргөтгөл хийх үеэр манайхан Баянгол дүүргийн замын асуудал хариуцсан түшмэдэд хандсан юм билээ. “Нийслэлийн эзэмшил газар учраас бид мэднэ. Танайд хамаагүй” гэсэн хариу өгсөн гэсэн. Цөөхөн хэдхэн машины зогсоолоо үйлчлүүлэгчдэдээ хямгадахаар дэлгүүрийн ажилтнуудыг машингүй ирэхийг шаарддаг” гэж “Номин плаза” салбарын эрхлэгч С.Цэцэн хэллээ. Шинэ жил, том баяруудын үеэр үүдэндээ зохицуулагч ажиллуулдаг гэнэ. Үйлчлүүлэгчдийнх нь машиныг ачаад явчихсан эвгүй тохиолдол ч гарч байжээ. Бараа ачсан машин ирэх цагаар энэ хэсэгт нэлээд түгжрэл үүсдэг гэнэ.

Шопинг хийхэд тааламжтай гэгддэг Малайз зэрэг орнууд лав том худалдаа, үйлчилгээний төвүүд нь доод давхартаа хангалттай зай талбай зогсоолуудтай юм билээ. Манайд бол нэгэнт барьсан байшин барилгуудыг буулгаж, доод давхарт нь зогсоол барилтай биш. Зай талбайгаа ухаалаг ашиглаж, бага зайд олон машин шингээхээр тооцох учиртай. Гэхдээ энэ хавьд ч бас үнэхээр уужим зогсоолтой газар бас бий. “Өргөө” кино театрын урд байрлах “Таван богд Смарт” электрониксийн хашаанд төлбөртэй зогсоолтой. KFC, Смарт төв, “Говь”-ийн үйлчлүүлэгчид нэг цагийн хугацаатай зогсвол төлбөр төлөхгүй гэнэ. “Эндэхийн нэг цагийн төлбөр 500 төгрөг. Өдөртөө 200-гаас дээш машин зогсдог. Шөнөдөө ч үйлчлүүлэгч арвинтай хонодог. Амралтын өдрүүдэд зогсоол хайсан машин их ирдэг” гэж зогсоол хариуцсан хүн ярилаа. Энэ сайхан уужим газарт олон давхар, ухаалаг шийдэлтэй зогсоол барьчихдаггүй юм байх даа. Хэрэв дүүрэг, хотын шийдвэр гаргагчид ухаалаг зогсоолыг бодлогоор дэмжвэл зогсоолын бизнест хөрөнгө хүчээ хаях компаниуд дороо олдоно доо.

“Өргөө” кино театр өмнөө зогсоолын талбайтай цөөхөн газрын нэг. Харамсалтай нь эндхийн зогсоол ч бас төлбөртэй. “Замын наана зогсчихоор машин тэрэг сигналдаад хэцүү байдаг. Энд кино үзэхээр зогсч байна. Кино үзэж байгаа хүмүүсээ зогсоолын төлбөрөөс чөлөөлдөггүй. Энэ хавьд машины зогсоол ховор, хэцүү байдаг” гэж Баянгол дүүргийн иргэн Н.Мөнхбат хэллээ. Тэрбээр өдөртөө зогсоолд овоо хэдэн төгрөг зарцуулдаг гэсэн. Ойр хавийн орон сууцны гадаа ч машин хахжээ. Зарим түрэмгий этгээд машинаа хашлага давуулан байрнуудад тулгаад сойчихож. Байрны эмээ, өвөө нар орцныхоо үүдэнд модон сандал дээр нарлаж суудаг дулаахан дүр зураг энд алга.

Зогсоолын хомсдолд орсон худалдааны гудамжинд машинуудыг зогсоолтой болгох зай талбай огт байхгүй мэт үзэгдэнэ. Замын дундах ногоон хэсгийг бол хөндөөгүй орхисон нь дээр. Харин хаа сайгүй таардаг хуучин муусайн гараашуудыг дахин төлөвлөлтөд оруулж, хуучин гараашаа шинэ ухаалаг автомашины байраар солихыг санал болгох хэрэгтэй юм болов уу. Гараашууд бие засах цэгийн үүрэг гүйцэтгэсээр удлаа. Харин орчин үеийн том хотуудад авто архитектур хөгжиж байна шүү дээ. Машинууд эздээсээ дутахгүй олон давхар, гоёмсог байранд “амьдарч” байна. Хамгийн гол нь эдгээр байруудад маш олон машин “чихэх” боломжтой. Машинаа тавих зай хайж наашаа цаашаа сүлжих шаардлагагүй. Төмөр хүлгийг тань лифтээр зөөгөөд аваад явна, авчраад өгчихнө. Авто замын түгжрэлийн 1/3 хувийг зогсоол хайсан машинууд үүсгэдэг гэсэн судалгаа бий. Ухаалаг авто зогсоолуудад “За” гэх цаг болжээ. Буянт-Ухаа II хороололд долоон давхар автомашины гарааж барьж эхэлсэн. Хотын удирдлагууд бодвол эхлээд гэрээ байраар солиод, дараа нь машинуудад шинэ зогсоолын шийдэл санал болгох байлгүй дээ.

Categories
мэдээ цаг-үе

Дөнгөтийн Цоодол: Сувсыг “морь сарлаг”-ийн лонхонд хийлээ гээд юу нь хувирах билээ

Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол “Өдрийн сонин”-оор ирлээ. Түүнтэй уулзсаных жаахан хоргоож, уруулыг нь угзрав. Болгоон соёрхоно уу?

-Бүрэнгийн бүрэн найрагч ах минь шилмэл ботио гаргаж аваад нэг хэсэгтээ амсхийж сууна уу. Эсвэл нууцхан бөөн уран бүтээл туурвиж байна уу?

-1966 онд Жамбын Дашдондог “Залуу үе” сэтгүүлийн нарийн бичгийн дарга байхдаа манай аймгаар ирж, миний найман мөр шүлгийг сэтгүүлдээ тавьж өгсөн, эсвэл Явуу багш “Цог” сэтгүүлийн “Таны шинэ танил” буланд бүлэг шүлгийг минь хэвлэж өгснөөс хойш би их цаас цоохорложээ. Яахав, түүврүүдээ гаргалаа. Тэгэхдээ мах ясанд төрсөн юм гэдэг эзнээ тийм ч амархан бурантгийг нь эвхээд тавьчихдаггүй юм биш үү. Цаасаа нухаж л байна.

Та анх хэвлэгдсэн шүлгүүдийнхээ тухай хэллээ. Ямар шүлгүүд байв?

“Залуу үе”-д гарсан нэргүй шүлэг маань

“Хөвөн цэнхэр үүлэн цаснаас

Хөөрхөн чи минь шагайх шиг боллоо

Хөөрөн баясаад ахин харахнаа

Хөх л тэнгэрийн саран байлаа…” гээд өөр нэг бадаг байсан юм. Энд би байгаа юм. Бас нэг хэсэг юм байхгүй байсан цаг юм аа. 1968 онд “Цог”-тоо 11 шүлэг тавьсан. Миний анхны номын нэр “Нутгийн зургаан өнгө”, “Хөдөө”, “Зуны баясал” энэ тэр гээд байсан шиг байгаа юм. Дээр нь,

“Зэлэндээ хэвтсэн сарлагийн бух шиг

Зэрэгцэн хүглийх уулс бараалан

Хавьтсанаа сүлбэмээр эвэр нь гэмээр

Хавирган сар хэцэд нь туяарна” гэх юм уу

“Зан сайтай зун бүсгүй

Зайгүй шөнөжин нэрж хонов уу

Тунгалаг сархад шүүдрийн дусал

Туяхан ишнээ бөнжийн байна.

Захгүй талын энэ нэрмэлийг

Залгилж залгилж согтоо юм уу

Холын уулс зэрэглээнд гуйван

Холдон нийлэн цэнхэрлэж байна” энэ тэр гэж байлаа. Яг л миний төрж өссөн Бүрэнгийн тал нутгийн зураг фокустай, фокусгүй гарч байжээ, хөөрхий.

-Явуухулан хэмээх монгол найргийн гэрэлт сүмбэрийг хар багадаа бараадсан азтай толгод яах аргагүй мөн дөө, та?

-Нэг мянга есөн зуун жаран зургаан оны зургаан сард Ардын их хурлын сонгууль болж байсан юм. Тэр үед би Төв аймгийн Залуучуудын эвлэлийн хороонд хорин нэгэн настай залуу ажиллаж байлаа. Зохиолчид Ч.Лхамсүрэн, С.Дашдооров, М.Цэдэндорж, М.Ширчинсүрэн өөр хэн ч байлаа автобус дүүрэн улс аймгийн төвд уулзалт хийж явжээ. Намайг урьд нь дуулсан Ш.Сүрэнжав, Явуу багштай цуг над дээр ороод ирэхгүй юу. Тэдэнд хоёр шүлэг уншиж өгч байхад намайг тоож “Цог”-т шүлгийг минь гаргаж болох юм гэсэн. Би ухаандаа цэнээд, хэлсэн дээр нь гэсэн шиг яаран шүлэг барьж гүйгээгүй. Хоёр жил болж байж очсон л доо.

-Хэрсүү толгойн л зан даа …

-Миний сайных биш ээ. Ер нь манай бүрэнгийнхэн аажуу улс. Ялангуяа миний төрсөн хонхор Талын булгаас хэн нь ч байсан тэгнэ. Явуу багш намайг шууд л дэмжсэн юм. “Цог”-т гарсан шүлгүүд “Цог”-ийн оны тэргүүн шагнал авч байлаа. Пүрэвжавын Пүрэвсүрэн бид хоёр адилхан шагнал хүртэхгүй юу. Дараа нь анхны ном гаргаж өгсөн. Хориод шүлэг том дугтуйд хийгээд аймгийн утга зохиолын дугуйлангийн Х.Арьяажаваар “Иймэрхүү юм бичиж оролдож байна” гээд явуулчихсан чинь “Шүлгүүдийг чинь үзлээ. Ном болгож гаргая” гэж надад хэлүүлсэн юм. Өмнө нь Явуу багшаар итгэл урмын сайхан үг бичүүлээд номоо гаргачихсан хүн чинь мандана биз дээ. Дорхноо аймгийн сонинд очоод, сониноосоо сэтгүүлчийн ангид орж, тэндээс Горькийн сургуульд очиж хоёр жил ном уншаад… Одоо ийм нэг өвгөн сууж байна даа.

-Залуу үе, залгамж халаа гэдэг хаврын ногоо шиг л ургаад, түрээд ирэх нь орчлонгийн жам. Та бүхний хойч үе хэр туурвиж байх шиг байна. Таныхаар хэн нь илүү бичиж байх юм бэ дээ?

-Бавуудорж, Ичинхорлоо, Мөнхцэцэг, манай Хулан эднийг одоо хэн залуу гэх вэ. Олон залуу авьяастан байна. Энэ олон радио, сонин, телевиз дунд хэн гэдэг шинэ хүн юу хэлэв, нийтлүүлэв гэдгийг мэдэх боломж бараг ховор юм. Шинэ нь хурдан тодорч, өмнөх нь хурдан бүдгэрдэг сонин цаг ч юм уу. Өөрийн гадарлахаасаа хэлэхэд одоо Архангайд явна уу даа, та нарын цоллоод байдаг “шар” Баттулга, танай сонины Н.Гантулга, цаасан барч, найрагч Цээнзэнгийн Галбадрах, аятайхан өгүүллэгүүдтэй Саюугийн Баттулга, хэнэггүй нь дэндсэнээс биш хэнээс ч дутахгүй М.Амархүү гээд залуус зөндөө байх юм.

-Хуучин андуудынхаа тухай хуучлаач, та?

-Тэднийг яривал ч ёстой дуунд гардгаар “Манай хошуугаар хэлцээд барахгүй” байх аа. Цаадуулыг чинь больё гэхэд ганцхан өөрийнхөө аймгийн хэдийг яриад суучихад л сонины зайд халтай юм болно. Үнэндээ ахмад үе, нөхдөө санах юм аа. Сүрэнжавынд, Бадарчийнд очиж, Сүрэнжавыг яаж гуларч, мандаж явсныг нь яриулж, Бадарчийг халааж “Цэнхэр дурдан алчуур” энэ тэрийг толгойгоо бөнжигнүүлэн дуулах, уйлахыг нь харж дөч тавин жил уйдсангүй. Тангадын Галсан Шинэжинстэд яаж тэмээ хариулсныг нь хуучлуулсан шиг Урианхайн нулимстай яриаг чагнасан шиг, Долгорын Нямаагийн яаж хэвлүүтэхийг харж, ямар сайхан байдгийг залуучууд бол мэдэхгүй л дээ. Муу Пүүжээгээ (П.Пүрэвсүрэн) аль болохоор эргэхийг боддог, эргэдэг ч байлаа. Нэг удаа очиход нөхдөө залууд нь яаж дууддаг байсан янзаараа Ногоон (Сүрэнжав), Дэлдэн (П.Бадарч), Хамар (Т.Галсан) хэзээ ирсэн, удахгүй ирэх байх гэхчилэн яриад “Үгүй хө, хүн гэдэг амьтан чинь олон жил гэрт хэвтэхээрээ ууж, идэхийг бол тоохгүй. Навчаа ч хоол ундандаа зөв юм. Харин та нарыг ирэхгүй бол уйдаж үхэхээ магадгүй юм байна шүү” гэж байсансан. Манай Пүүжээ гутраад “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулаад яваа юм шиг мөртлөө маш их уншдаг хүн байсан. М.Шолохов, Василий Быков, В.Шукшин энэ тэрээс мундаг сайн мэднэ. Шукшин гэснээс тэр намайг нэг удаа очиход Шукшины гурван цэнхэр ботийг бэлэглэлээ. Эхний хуудас дээр нь “Бурхны ерөөлөөр учирсан найз нөхөрлөл хамгаас үнэтэй. Энэ номын баатрууд бол чи бидэн шүү” гэж бичээд гарын үсгээ зурж “2005.05.07” гэсэн байсан юм. Нээрээ л бид Шукшины баатрууд нь үнэн юм чинь. Гэнэн, цайлган, залилуулж ханадаггүй ард түмний өрөөсөн.

-Ном гэхээр чинь саналаа. Тэр жил таны уран бүтээлийн цэнгүүн Дуурийн театрт болоход Бавуугийн Лхагвасүрэн гуай танд шилмэл ботиудаа дурсгаж байхыг би харсан. Ахмадууд бие биедээ ном их дурсгадаг сайхан заншилтай байж дээ?

-Тэр цэнгүүнийг би ч гэсэн санаж л явдаг. 2008 оны арванхоёрдугаар сарын аравдаар болсон юм. Манай Д.Пүрэвдорж, П.Бадарч, Д.Нямаа, Ш.Дулмаа, Б.Лхагвасүрэн, Т.Галсан, Д.Төрбат, Ц.Бавуудорж, Х.Сүглэгмаа, А.Эрдэнэ-Очир гээд олон найрагч цуглаж би баярлаж гүйцсэн. Нэгдүгээр эмнэлэгт мэс засалд ороод хэвтэж байсан Ш.Сүрэнжав боолтоо ч авахуулаагүй ирсэн гээд л бод. Тэтгэвэрт гараад бие тааруу байсан Б.Цэдэндамба, хэвтэрт байсан П.Пүрэвсүрэн хоёрыгоо жийпэнд ачиж авчраад уншигчидтай нь уулзуулахад олон хүн баярлаж тэр оройны “од” нь бараг мань хоёр болж байлаа. Пүүжээ бүр тэргэнцэртэйгээ тайзан дээр заларсан юм чинь. Дамбаа тайзан дээр гараад өнөөх бүдүүн дуугаараа “Ойрд бие муу. Үхлийн хар нохой надад ойртон оцойж суучихаад байгаа юм. Энд цугласан нөхдийнхөө шүлгээ уншихыг сонсоод хөгшин буриад хөөрч гүйцлээ. Хар нохой нэг онь буцав бололтой” гэхэд хүмүүс нирхийтэл инээлдэж хайртай найрагч нь өтөлсөн явааг хараад өрөвдсөн байлгүй, зарим хүн нулимсаа арчиж байсандаг. Тийм ээ, Лхагвасүрэн надад номоо өгч байлаа. “Цоодолынхоо цэнгүүнд би ирэхгүй бол Бүрэнгийн улаан уулс намайг таалахгүй” гээд шилмэл ботиудаа өгч байлаа. Муу нөхрөө гээд ярайтал цуглаад ирсэн нөхдөдөө би баярлахаас яахав. Уулзаагүй удсан олон найрагч, тэдний уншсан шүлгүүд хүмүүст их сайхан санагдсан байх. Орой долоод эхэлсэн уулзалт шөнийн хоёр шахуулж тарсан юмдаг. Өвлийн хүйтэнд хүмүүс яаж ийгээд харьсан хэрэг.

-Миний л мэдэхийн та ийм нэг дүнжгэр эр байсан. Одоо ч хэвээрээ явах юм. Нууц нь юунд байна?

-Уухайс даа, хөгшин хүнийг хөөргөж алах нь уу. Олон жилийн өмнө Гүржийн ууланд 129 настай Ширьли Мислимов гээч байсан гэдэг юм. Түүнээс “Комсомольская правда”-гийн сурвалжлагч их насалсны нь нууцыг асуужээ. Тэгэхэд Мислимов “Би 129 насныхаа сүүлчийн зууд нь өдөр бүр усан үзмийн дарс уусан. Миний энэ үгийг булшин дээр минь бичээрэй” гэсэн гэж сониноос харж байлаа. Би Мислимов биш харин ч амархан өтөлж яваа нэг муу ядарсан шүлэгч.

-М.Цэдэндоржийг та сайн таньдаг байв уу?

– Миний анх амьдаар нь харсан зохиолч Цэдэндорж юм. 1963 оны хаврын зүс бороотой сайхан өдөр М.Цэдэндорж, Д.Намдаг, З.Баттулга анд гурван гоё амьтан Зуунмод хотын гудамжаар алхаж явсан юм. Цэдэндорж гутал дээр өмд дараад өмсчихсөн, эрээн цамцтай, Намдаг нь хээ шаагүй, З.Баттулга нь гоё хар сахалтай, хээнцэр сайхан эр. Амьтад дагаж хараад сүйд ээ. Тэдэнтэй би яаж ойртох вэ. Хэзээ нь ч буцсан юм бэ. М.Цэдэндоржийн бичсэн “Утга зохиол, урлаг” сонин дээр “Далан худалчийн отгон дүү” гээд шог найруулал гараад ирсэн байлаа. Учрыг мэдэхнээ манай аймгийн соёлын хэлтсийн дарга тэдэнтэй уулзъя энэ тэр гэж хүлээлгээд уулзалгүй алга болсон тухай байжээ. Цэдэндорж бас миний анхны номын нэрийг өгсөн хүн. Яруу найргийн зөвлөлөөр анхны номыг минь хэлэлцэх үед нэрийг нь Цэдэндорж өгсөн юм билээ. Сүүлд Явуу багш “Чиний номын нэрийг Миша өгсөн юм. Өөрөөр хэлбэл, чиний сангийн лам нь Цэдэндорж” гэж байлаа. Өөр олон сайхан дурсамж бий. Р.Гамзатовын “Миний Дагестан” номыг орчуулсан эх нь болох “Роман газета”-г надад өгч “Чамайг хэрэгтэй юм сурахад чинь нэмэр болно гэж энэ ухаант хүний номыг дурсгав. 1970.05.01” гэж бичиж өгсөн. Миний оросоор хальтчуулсан анхны ном “Миний Дагестан” гээд л ярьж болно. Одоо нөхдөө санах юм аа. Шүлэг хүртэл бичнэ гээч.

“Европ арьстай монгол зүрхтэй Цэдэндорж

Ёвроод авах шиг үнэн үгээ түн түн хэлэх

Ёстой гоё байлаа, найрагчид амьд байлаа

Гоцлон дуулаач шиг Гайтав салхи тавьтал ерөөх

Гонойж муруйлдан зогсоод Чойном сахал доороо хараах

Гоё байлаа, найрагчид амьд байлаа

Горьгүй хэлгий хүүхэд шиг Ширчинсүрэн

Горхи урсах мэт хайрын шүлгээ шулганах

Гоё байлаа, найрагчид амьд байлаа…” Уйдсан хүн чинь ингэж л суух юм даа.

-Ойрдоо ямар сайхан ном уншив?

-Нобелийн шагналтнуудын өгүүллэгүүд харлаа. Одоо гэхэд Луугийн номыг уншиж байна.

-Луу гэж хэнийг хэлээд байна?

-Яагав дээ, “Луу”-гаа мэддэггүй юм уу. Лувсандамбын Дашням л байхгүй юу. Дашням үзэг нэгт нөхдийнхөө тухай “Байх, байх үгүйн дунд” гэсэн сайхан ном бичжээ. Дурсамжийн ном зөндөө гарч байна. Луу арай л шийр заасан байна.

-Өнөөгийн манай яруу найргийн талаар цөөн үг хэлээч?

-Яруу найраг амьдралтай, хаанаас нь ч харсан монгол найраг байгаасай. Агуулгын хувьд гүнзгийрээсэй. Хэлсэн юмгүй бол хэлбэр хөөгөөд юу гавих билээ. Хэлбэр гэдэг бол ердөө л хувцас. Архи, дарсаар яривал лонх нь гэсэн үг. Уулаасаа муу гарсан сувсыг “морь-сарлаг”-ийн шилэнд хийлээ гээд хувирахгүйтэй л адилхан.

Цаг хугацаа минь-чөдрийн ганц минь

Дуулим хорвоогийн өдрүүд сүрэг олон адуу

Дураараа бид цөмийг нь нэг нэгээр унах юм даа

Нарны доор миний залуухан ижий

Намайг төрүүлэхээр нэгий нь унаад ирж байсан

Зүйргүй сайхан чамтайгаа уулзах билээ гэж

Зүрхэндээ дуулаад би нэгий нь унаад очиж байсан

Замбуулингийн гунигтай, баяртай олон өдөр

Заавал аль нэгийг нь бид унаж явдаг

Шивээ Хиагт руу Сүхбаатар ухаа хонгороо эмээллээгүй

Шийдэх тулаанд хорин нэгэн оны өдрүүдийг унаж явсан

Суут Дандар Японы өөдөөс алаг мориор дайраагүй

Сум сөрж гучин есөн оны дөрөөн дээр явсан

Гүррагчаа дэлхийгээс “Союз” хөлгөөр биш

Гүн тэнгэрээд 81 оны хаврын өдрүүдийг унаж явсан

Шинэ Монголыг урласан бидний алтан өвгөд

Шилээд цаг цагийн өдрүүдээр хөлөглөж явсан

Бурхны номонд сайжрахаар Утай, Гүмбэнг зорьсон

Буурал эртний гэлэнгүүд үүргэвчтэй явган гэлдрээгүй

Буухиа цагийн унаагаар газар хороож явсан.

Шоолол жигшлийн бай-хамгийн муу ялтан ч

Шорондоо нэг л өдрөөр унаажиж хүрдэг

Түргэнийхэн дохиотой машинаар дуудлаганд явдаггүй

Түгшиж яарсаар цагийн нуруунд давхиж явдаг

Өдөр хоног гэдэг ачтай унаа үгүй сэн бол

Өрх нь бүтээлгээстэй орчлон дугжрах байсан

Санаандгүй яваа хойчид минь чиний цаг дуусвал

Сартай орчлон өмнө чинь хаалгаа барилаа гэсэн үг

Мөнхрөх биш өнхрөх толгой хүмүүс та нар минь

Мөнгө, мөнгө гэж юунд дандаа амьтана вэ

Зон олонтойгоо жаргах, хайрлах заяагий чинь өгч

Зорьсондоо хүргэх унаа-чөдрийн ганц

Зогсолтгүй гэлдрэгч морио юунд үл хайрлана вэ.

Матадмаа

Халгиа цэнхэр горхи хажуугаар минь өнгөрөхдөө

Хамгийн хөөрхөн хүүхэн Матадмаа, Матадмаа гэлээ

Хавийн олон залуучууд ханарч дагаад үлдэхдээ

Хараад л суумаар хүүхэн Матадмаа, Матадмаа гэлцлээ

Гангар гунгар гэсээр ангир галуу дуулахдаа ч

Ганцхан хөөрхөн хүүхэн Матадмаа, Матадмаа гэлээ

Гадаа гэртгүй хүмүүс сэтгэл алдаад ярихдаа

Галыг минь түлдэг ч болоосой Матадмаа, Матадмаа гэлээ

Далай тэнгэрийн одод тооноор шагайж хэлэхдээ

Дагаад явчмаар хүүхэн Матадмаа, Матадмаа гэлээ

Далдхан сэтгэл минь уясаж ганцхан түүнд шивнэхдээ

Дандаа хоёулаа жаргая даа Матадмаа, Матадмаа гэлээ

2015.08.20 Матад-Улаанбаатар

Categories
мэдээ цаг-үе

Г.Хонгорзул: Уртын дууг ухааны цараар урлаж дуулдаг юм

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Хонгорзултай ярилцлаа.

-Та хүүхэд байхдаа дуулж байгаагүй. Уртын дууны тухай ойлголтгүй шахуу байхдаа Ханхэнтий чуулгад дуучнаар орсон байдаг. Дуучин болж байсан түүхээсээ дурсаач?

-Тийм ээ, би бусдын адил багаасаа дуулсан, урлагт дурласан хүүхэд байгаагүй. Эгэл жирийн хөдөөгийн айлын хүүхэд. Сургуульдаа явахдаа аав, ээж дээрээ оччихоод, амралтаараа хөдөө эмээ, өвөө дээрээ зусдаг. Өвөө маань морь уядаг уяач хүн байсан. Би хурга тугал хариулж, хурдны морь унаж байгаад хожим дунд сургуулиа төгсөөд, өвөөгөө дагаад малчин болсон түүхтэй. Мал маллаж байгаад 20 настайдаа Ханхэнтий чуулгад дуучнаар орсон юм. Тухайн үед уртын дуу гэдгийг хаяа нэг цагаан сараар радиогоор сонсдог байлаа. Санаандгүй тохиолдлоор манай нутгийнхан хонины бэлчээрт миний дуулж байгааг сонсоод Ганболдын энэ охин дуулах маягтай юм байна. Үүнийг дуучин болгоно гэж ярьцгаасан байдаг. Харин ээж минь охиноо урлагийн хүн болгохгүй гээд дурамжхан, би ч нэг их дуртай биш янзтай байв. Ингэж байгаад нутгийн олны шахалт шаардлагаар аймгийнхаа Ханхэнтий чуулгад шалгуулаад уртын дуучнаар орсон. Миний анхны багш Монгол Улсын гавьяат жүжигчин Нансалмаа багш маань надад анх уртын дуу заасан. Би ардын жүжигчин Шархүү гэж хүний шавь шүү дээ. Ингээд сайн багш сайхан хамт олны буянаар уртын дуучин болох гараа минь эхэлсэн. Намайг ороход Авирмэд гэж дарга байсан. Энэ хүн олон сайхан хүнийг дуучин болгож төрүүлсэн түүхтэй юм.

-Анх дуу сурч байхад чадахгүй, шантармаар үе байв уу. Та юунаас хамгийн их итгэл урам зориг авч, юунд шантарч байв?

-Эхлээд ч халширмаар, шантармаар үе олон байсан. Би багшийнхаа анхны шавь болохоор багш минь маш их хичээж надад шаргуу заасан, их зүтгэсэн. Одоо больё гэж бодогдох өдөр ч олон байлаа. Гэхдээ миний төлөө багш минь ингэж цаг зав гаргаж чармайж байхад би хичээх хэрэгтэй гэж бодно. Анхандаа би миний төлөө гэсэн багшийнхаа хүч хөдөлмөрийг хайрлаад хичээж байлаа. Ганц миний төлөө зүтгээд байгаадаа ч биш, Ханхэнтий чуулгад хэрэгтэй дуучин төрүүлчихье гэсэндээ биш, Монголдоо хэрэгтэй удам залгасан дуучин төрүүлэх гэж зүтгэж байгаа нь тэр шүү дээ. Мөн чи чадна гэж их урам хайрладаг байлаа. Нутгийн түмэн олон ч танай удамд сайн дуучин байсан, чи уртын дуучин болох ёстой гэцгээж байсан.

-Уртын дууны тансаг аялгуу газар тэнгэрийг хүртэл холбодог гэж ярьдаг, хорвоо дэлхий амьтай бүхнийг аргаддаг гэдэг. Уртын дууны гайхамшгийг та анх хэзээ мэдэрч байв?

-Уртын дууны аялгууны гайхамшгийг гадаадынхан их сэргэг, эд эсээрээ хүлээж авдаг. Мөн уртын дууг ойлгох сонсож, мэдрэхэд насны мөчлөг их нөлөөлдөг юм уу гэж би ойлгодог юм. Оюуны цар хүрээ нь задарсан хүн гээд л ярьдаг ш дээ. Юм үзэж нүд тайлаад аливаа зүйлийн хар цагааныг ялгаад ирэхээр уртын дуунд хүний амьдрал байдаг юм байна гэдгийг ойлгоно. Хүний эрдэнэт биеийг авч төрөөд энэ хүртэл хэчнээн их амьдралын сайхан муухай даваа гүвээтэй тулгардаг билээ. Тэр бүхэн уртын дууны аялгуунд шингээстэй явдаг. Уртын дууг мэдэрч дуулдаг. Бусдад мэдрүүлнэ гэдэг бол амар зүйл биш л дээ. Үг, аялгуу хоёрыг нийлүүлээд болчихдоггүй юм. Тэгэхээр би өөрөө уртын дуугаа мэдэрч энэ дуугаар юу өгүүлж, хэнд ямар сэтгэгдэл төрүүлэх гээд байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй гэж боддог. Хүний энергид тэгж их нөлөөлж хүний цус тийм эрчимтэй эргэлдэж байгаагийн дохио. Хүний сэтгэл зүрх эд эсэд нь хүрч тэр хүнд дууны сайхан, хүний амьдралын сайхныг хүргэж байгаа ухаан бол уртын дуу дуулах юм. Дууг амьдруулж өөрийнхөө бие сэтгэлээс нөгөө хүний бие сэтгэлд хүргэж чадна гэдэг маань хэн хүний зоргоор хийчих ажил биш л дээ.

-Уртын дууны үүх түүхийн тухайд?

-Хорвоо ертөнц байгаль дэлхийг уярааж байдаг ахуйн шаардлагаар үүссэн дуу. Хүн үүссэн цагаас уртын дуу үүссэн гэж үздэг. Орчин үеийн зохиолын болон эстрадын дуутай дүйцүүлэх эд биш шүү дээ. Ахуй амьдралын шаардлагаар үүссэн, асар урт хугацааг даван туулж оршин тогтнож байгаа гайхамшигт аялгуу.

-Нийгэм, цаг үеийн байдлаас болоод олон түмний сонсох, дуулах дуу өөрчлөгдөж байдаг. Зарим нь хэсэг хугацаанд мартагдах зэрэг мөчлөг байдаг юм шиг санагддаг. Уртын дууны хувьд?

-Хувьсгалаас өмнөх жилүүдэд уртын дууг найман настай балчраас наян настай буурал хүртэл дуулж байсан. Хүн болгон уртын дууг сурч хүмүүжиж, айл хотол орон даяараа дуулдаг байсан юм. Уртын дуучин, бөх хоёр айл гэрт орж ирэхэд айлын босго хүртэл хотойж угтаж авдаг гэх яриа эрт дээр үеэс гарсан. Нэг айлд ороод дуулаагүй гарсан ч тэр айлын жаврыг үргээж байдаг. Тэгээд тухайн дуучныг ирэхэд хот хороогоо цэвэрлээд л уртын дуугаа дуулж гэр орноо ариусгаж, найр хийж сэтгэлийн баясал эдэлцгээж байсан түүхтэй. Тэр үеийн дэг жаягаар жирийн дууг хүүхдүүд нь дуулдаг айзамт аялгуут дуугаа томчууд нь дуулдаг байжээ. Түүнээс хойш уртын дууны ардын урлагийн түүхэн хувь заяанд нэлээд өөрчлөлт орсон байдаг юм. Асар их түүхийг даван туулж ирсэн хөгжил нь өөдөлж дэвжиж явсаар өнөөдөр дэлхийд уртын дуу хүлээн зөвшөөрөгдсөн байна. Намайг хүүхэд байхад уртын дууг мэддэг хүн ховор байсан бол одоо өөр болсон. Залуус үндэсний өв соёл, түүхээ ойлгодог болжээ.

-Ардын урлагийн бүтээлд орчин цагийн өнгө аяс оруулах байдал нэлээд гардаг болжээ. Үүнийг та зөв гэх үү?

-Орчин цагт уртын дууг янз бүрийн загварт оруулаад байна. Уртын дууг өөрчилж бол хэзээ ч чадахгүй. Зүгээр тэр хөгжим гэх мэт зүйлсээ өөрчилж янз бүрийн урсгал, монгол поп ч гэнэ үү янз бүрээр яриад байгаа юм. Тэр бүхэнд уртын дуу орж байгаа. Уртын дуу хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өөрийнхөөрөө л дуулагдана. Янз бүрийн урсгал янз бүрийн жанрууд орж ирж байна. Ил задгай хувцас өмсөж дуулах нэг нь ч байна. Ингэвэл үндэсний гэдэг утгаа алдах магадлалтай. Юмыг язгуураар нь хадгалах хэцүү, устгах шиг амархан юм байхгүй. Тэгэхдээ шүүмжлээд байх эрх надад байхгүй. Хүн юу дуулахыг хүсэж байна түүнийгээ л дуулна. Тэр дуугаа ямар хувцастай дуулахыг хүсч байна тэрийгээ л өмсөнө. Миний хувьд бол уртын дууг язгуураар нь л дуулдаг, янз бүрийн этник хэлбэр оруулж чадахгүй. Уртын дуунд хөх, гуяа гаргаад дуулаад байхаар зохимжтой харагдахгүй. Эсрэгээр нь харвал ингэж хувцаслаад өөрийгөө доромжилж байгаа хэрэг. Бүтээл нь өөрийнх нь оюун ухаанаас нь даваад явчихсан байна гэсэн үг болно.

-Урлаг уг нь нийгмээ хөтөлж явах ёстой гэдэг. Сүүлийн үед нийгэмдээ тохируулж хөтлөгдөж, уран бүтэл хийж байгаа харагддаг. Урлагийн хөгжлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Аль ч улс оронд урлаг, спорт хоёр нийгмийн толь гэж ярьдаг. Манай улсад спортоо илүү харж үзээд урлагаа харж үзэхгүй болчихлоо. Манай ардын дуу, хөөмий, морин хуур зэрэг нь дэлхийн бусад улс оронд байхгүй. Тиймээс эх орныхоо брэнд болгож бодлогоор хөгжүүлэх ёстой. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй байдалтай байна. Дэлхийд бүртгэгдсэн олон өв бий. Ирээдүйд залуу үе маань үндэсний урлагаа хөгжүүлж өндөр түвшинд авч явах байх гэж хардаг. Ингэхийн тулд хүүхдийг цэцэрлэг, бага ангиас нь эхлэн сургаж, ардын урлагаа өвлүүлэх ёстой юм. Монгол гэдэг нэрийг өөрийнх нь өвөрмөц бүтээлтэй хамт хөгжүүлэх учиртай. Эх орон минь ардын урлагтайгаа хамт хүлээн зөвшөөрөгдөж хөгжих хэрэгтэй байна.

-Уртын дуугаа дэлхийн өндөр хөгжилтэй улсын олон театрт дуулж явсан. Гадаадынхан Монгол гэхээр яаж хүлээж авч байна. Уртын дуугаа дуулаад тайзнаас буухад ямар зүйлийг хэлдэг вэ?

-Монгол гэхээр арьс нөмөрсөн, түүхий мах зулгаасан дээр үеийн байдлаасаа салаагүйгээр төсөөлсөн хэвээрээ байгаад байна.Тэр бол нүүдэлчдийн язгуур амьдрал. Гэхдээ хөгжсөн гэдгээ харуулмаар байна. Эхлээд ядуу орны хүн гэдгээр дээрэнгүй хандах тохиолдол байна. Уртын дуу сонсоод харин тэд их уярдаг. Сансар огторгуйгаас тасарлаа, амьдралдаа үзэж хараагүй газраар аялаад ирлээ гэнэ. Уртын дуугаа дуулчихаад тэднээс ингээд амыг нь асуугаад сууж байх сайхан. Уртын дуу маань дэлхийн сонгодог болтлоо хөгжлөө. Эх орон минь үүнийгээ дагаад яг л уртын дуу шигээ хөгжих ёстой юм. Яг л энэ дуу шиг эх оронд би амьдардаг гэж гадаадынханд хэлдэг. Гэхдээ уртын дууны гайхамшгийг Монгол гэж өмчирхөөд байх шаардлагагүй. Энэ хорвоо ертөнцийн хүний амьдралыг өгүүлж байгаа дуу юм.

-Уртын дуу дуулж, сонсож буй хүн, амьтан, байгаль дэлхийд яаж нөлөөлдөг вэ?

-Хангай дэлхий, мал амьтан гээд уртын дууны аялгуунд баясахгүй зүйл гэж байхгүй. Адууны хажууд дуулахад нүдээ аниад сонсдог, тэмээ хүртэл нулимсаа бөмбөрүүлээд сонсдог юм ш дээ. Тэгэхээр оюун ухаант хүн энэ дуунд уярахгүй байна гэж үгүй. Уртын дуу гэдэг хүний хүмүүжилд асар их нөлөөтэй. Би бол баярладаг. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн ийм сайхан бүтээлийг олон улсын түвшинд хүргэж байгаадаа баяртай байдаг. Энэ аялгуунд Хангай дэлхий хүртэл уярч хураа хайрладаг юм.

-Уртын дуучинг байгалиасаа төрдөг гэж сонсож байсан?

-Норовбанзад, Шархүүхэн гээд алтан багш нарын хэлж ярьсныг сонсож, уншиж байхад уртын дуучин гэдэг тэнгэрээс заяатай гэсэн байдаг. Яг дуулах хүн тэнгэрээс төрдөг болов уу гэж би ойлгодог юм. Гэхдээ хэчнээн сайхан авьяас заяасан байгаад өөрийгөө таньж мэдээгүй, өөрийгөө олоогүй бол чадахгүй. Заавал багшаар заалгаж, асар их хөдөлмөрлөж, биеэ дайчилж тархи зүрх, ухаанаа хөгжүүлж дуулна. Уртын дууг ухааны цараар урлаж дуулдаг юм.

-Сүүлийн үед гадагшаа тоглолтоор явж байна уу. Ойрын хугацаанд тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?

-Одоогоор Улаанбаатар чуулгад ажиллаж байна. Албан ёсоор шавь бэлдээгүй. Хувиараа ганц нэг уртын дуу заалгаж байгаа хүмүүс байгаа. Хүүхдүүд маань бага болохоор тэр бүр гадагшаа явж чадахгүй, ганц нэг л явж байна. Тоглолт хийх төлөвлөгөө бий. Гэхдээ яг хугацаа хэлж чадахгүй байна.

-Бага насныхаа тухай дурсаач. Таны аав, ээж таныг уртын дуучин болох эхлэл, суурь хүмүүжлийг олгосон байх?

-Гэр бүлийн хүмүүжил, нутаг оронд амьдарч байгаа хүмүүсийн өвөрмөц байдал нөлөөлнө. Архи ууж хоорондоо арцалдаж хэрэлдэж хөдөөгөө ч мэдэхгүй, төвөө ч чадахгүй гэр бүл зөндөө байна. Миний багад ч тийм айлууд байсан. Ийм айлын хүүхэд амжилттай явна, сайн хүн болно гэдэг хэцүү. Би Хэнтий аймгийн Баянхутаг сумынх. Морио унаж, цагаан идээгээ идээд л хөл нүцгэн гүйж өссөн. Ээж, аав минь их тайван амгалан хүмүүс байсан юм. Хоёулаа 50 гаруйхан наслаад бурхан болсон. Аав, ээжийнхээ хэрэлдэж байхыг ч бид хараагүй. Тийм сайхан амгалан гэр бүлд өссөн. Тухайн гэр бүл хүүхдээ ямар хүн болох вэ гэдгийг бэлдэж байдаг. Ирээдүйг нь тодорхойлж байдаг юм. Хүн зовлон үзэх тусмаа ухаан сууж, амьдралд их зүтгэдэг юм байна. Ижий аав минь амьдралд хүн чанар, тэвчээр, ухаан гурваар л хүн өөрөө цэнэглэгдэж, өөрөө өөрийгөө олж авдаг гэдгийг зааж сургасан. Хүний тэвчээр барагдах, сөхөрчихмөөр үе зөндөө л байдаг. Гэхдээ өссөн орчин ахуй, аав ээжийн сургасан сургамжууд цаг эргээд амьдралд хөлөө олоход нөлөөлж байдаг. Хонгорзул гэж хэн билээ гэж ухаарах хөг аялгуу болж явдаг юм. Эцэг эхийн минь хүмүүжил бол миний хамгийн үнэтэй өв юм. Хүн чанартай, тэвчээртэй байхад тэрийгээ дагаад ухаан заавал байдаг. Энэ гурван тулгын чулууны нэг нь байхгүй бол амьдралд хүн тэгээд л урсчихдаг юм гэсэн эмээ өвөөгийнхөө сургаалыг ухаарч амьдарч байна.

-Та айлын том охин. Таны дүү нараас дуулдаг хүн бий юу?

-Би айлын том охин. Дороо дөрвөн дүүтэй. Отгон дүү маань дөрвөн жилийн өмнө бурхан болсон. Нэг эрэгтэй, хоёр эмэгтэй дүү байна. Аав, ээж минь алийг нь ч амьдралд хүргэж чадалгүй өөд болсон. Эгчийн хувьд би дүү нараа хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэлээ.

-Та удам дагасан дуучин гэсэн. Таны аль үед ямар дуучин байв энэ талаараа тодруулаач?

-Дуулдаг хүн байхгүй тус тусын ажлаа хийгээд өнөр өтгөн болоод, сайхан амьдарцгааж байна. Манай ээжийн, ээжийн аав нь Намжил гэж ноёны уртын дууч байсан юм гэнэ лээ. Морь, нохой, хүн гурав удмаа дагадаг гэж ярьдаг шүү дээ. Тэгээд л би уртын дуу оролдож яваа байх.

-Хошин урлагийн тоглолт, нийтийн дуу, ардын урлагийн тоглолт зэргийг үзэж байхад үзэгчдийн зан харилцаа өөр өөр байгаа нь ажиглагддаг. Үзэгчидтэй холбоо тогтоох, бие биенээ мэдрэх зүйл байдаг уу?

-Уртын дуу сонсдог хүмүүс ухааны цараа ихтэй, далайцтай сэтгэдэг хүмүүс байдаг. Уран бүтээлч, сонсогч хоёр нэг нэгнийгээ татаж, хэн хэнийгээ мэдэрч байдаг. Үзэгчээ олно, үзэгч бид хоёр бие биенээ олно гэдэг том зүйл.

-Аз жаргалын тухай таны бодол?

-Хүн хоолгүй байна уу, хувцасгүй байна уу тэр хамаагүй. Хамгийн гол нь сэтгэлдээ баяр баясгаланг олох хэрэгтэй. Сэтгэлийн амар амгалангаа олоогүй мунгинаж явсан үе надад бий. Одоо бол их амар амгалан, аз жаргалтай байна. Монголын минь ард түмэн амар амгалан, аз жаргалтай, эрүүл саруул байж юу санасан есөн цагаан хүсэл нь дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг түмэн олонд дэвшүүлье.


Categories
мэдээ цаг-үе

С.Ламбаа: Монголын тамирчид ирэх сарын 24-нөөс Рио Де Жанейро руу хүлгийн жолоо зална

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаатай ярилцлаа.

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгад Улсын нэгдсэн төв эмнэлгийн амбулатори, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийг тус тус байршуулах шийдвэрийг Засгийн газраас гаргачихлаа?

-Кувейтийн буцалтгүй тусламжийг Төрийн ордон барихад зориулж өгсөн юм. Төрийн ордны өргөтгөлийг барина гээд тав, зургаан жил болж байна. УИХ-ын дарга энэ асуудалтай танилцаад “Үүнийг ерөөсөө больё оо, газрын асуудал нь шийдэгдэхгүй юм байна. Олон жил саатлаа. Тиймээс уг тусламжийг эрүүл мэндийн салбартаа ав” гээд зөвшөөрлийг нь олгосон. Зүүн бүсэд Монгол туургатны ирж төрдөг, Чингисээр овоглосон төрөх эмнэлэг барих боломж байна уу, үгүй юу гэдэг судалгааг хийсэн. Өмнө нь бид монгол туургатны төрөх эмнэлгийг Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн болдогт барих санал оруулсан ч Засгийн газар дэмжээгүй юм. Тиймээс Засгийн газрын энэ сарын 13-ны хуралдаанаар энэ 14.2 тэрбум төгрөгийг Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд өгөх шийдвэр гаргасан. Энэ төслийн хувьд цогцоор нь хийхээр зургийг нь хийчихсэн байсан. Өмнө нь амбулаторийг нь зургаан тэмбумаар барья гэдэг санал оруулж байсан. Баруун бүсийн асуудлаа нэг мөр шийдье гээд иж бүрнээр цоо шинээр нь барих шийдвэр гаргачихлаа. Цаана нь үлдэж байгаагаа юунд зарцуулахаа шийдээд Засгийн газарт оруулж ир гэсэн үүрэг өгсөн, надад. Үүний дагуу бид боловсруулалт хийж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Яармаг дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Түлэнхийн төв гээд яаралтай шийдэх, асуудалтай, зогсчихсон обьектуудынхаа аль нэгэнд нь хөрөнгө оруулдаг юм уу гээд судалгаа хийлгэж байна. Засгийн газрын уржигдрын хурлаар эрүүл мэндийн салбартай холбоотой бас нэг шийдвэрлэсэн асуудал нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгын асуудал.

Хуульзүйн салбарын оффисын барилга болгох гээд засаад эвдээд, янзалчихсан байсан. Тэрийг буцаагаад эмнэлэг болгох асуудлыг Засгийн газар аль хоёр жилийн өмнө шийдсэн, Шийдлийн Засгийн газар гарч ирэнгүүтээ. Харамсалтай нь ажил гүйцэтгэхээр болсон компани нь хөрөнгө оруулалтаа босгож чадалгүй хугацаа алдаж энэ оны гуравдугаар сарын 9-нд үндсэн гэрээ нь хүчингүй болсон юм. Одоо бол бид ямар зарчмаар ажиллах вэ гэхээр MRI, CT байрласан амбулаторийн хэсгээ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн харьяанд өгч байна. 260 ортой нэгдсэн эмнэлгийг Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх нэгдсэн эмнэлэг болгохоор болсон. Амбулаторийн эмнэлгийг энэ сарын 20 гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Угаасаа бэлэн юм. Доод давхруудад нь засвар хийгээд яваандаа доод гражийг нь янзлах ажил үлдэж байгаа.

-260 ортой эмнэлэг нь хэзээ бэлэн болох вэ?

-Тэр хэсэг нь маш их нураагдсан, өрөө, тасалгаа гээд. Үүнд дөрөв орчим тэрбум төгрөг шаардагдана. Үүнийг Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх нэгдсэн эмнэлэг болгох гэж байгаа учраас хотын удирдлагуудтай ярьж хөрөнгийг нь Улаанбаатар хотоос гаргана уу гэсэн асуудал тавигдаж байгаа. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна.

-Олимпийн бэлтгэл хэр явж байна вэ. 32 тамирчин олимпийн эрх аваад байгаа нь түүхэн үйл явдал болж байна?

-Олимпийн бэлтгэл хангах асуудлыг маш өндөр түвшинд авч үзсэн. Олимпийн зардал их сайн батлагдсан шүү дээ, УИХ-аар. 6.2 тэрбум төгрөг баталж өгсөн. Энэ хүрээнд бэлтгэлийн хугацаанд л гэхэд спортын 17 төрөлд 125 тамирчин, 36 дасгалжуулагч, байнгын бус шигшээ багийн үндсэн төрөлд 171 тамирчин уулын цана, волейбол, ширээний теннис, пара таэквондогийн төрөлд 37 тамирчин нийтдээ 369 тамирчин, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ хангасан. Үүнээс шалгарсан хүмүүс нь олимпийн эрх аваад байна. Өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид маань 2016 он гарсаар спортын 16 төрлөөр олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн 56 тэмцээнд оролцож 26 алт, 29 мөнгө, 54 хүрэл медаль хүртээд байгаа. Үндэсний шигшээ багийн тамирчид маань “Рио 2016” зуны XXXI олимп, паралимпийн XV наадамд оролцохоор долоон төрөлд 32 эрх аваад байна.

Чөлөөт бөхөөр ес, буудлагаар гурав, байт харваагаар нэг, боксоор дөрөв, анх удаа таэквондогоор нэг тамирчин, хүндийн өргөлтөөр нэг, жүдогоор 13 тамирчин тус тус албан ёсоор эрх авчихсан байна.

Бид уг нь 30 эрх авна гэсэн зорилт тавьчихсан байсан ч өнөөдрийн байдлаар 32 эрхтэй болчихоод байна. Өмнөх олимпуудад 28, 29 тамирчин өрсөлдөж байсан. Одоо 32 тамирчин оролцохоор болоод байгаа ч дахиад нэмж эрх авах спортын төрөл байгаа. Хөнгөн атлетикийн олимпийн эрх олгох тэмцээнүүд зургаа, долдугаар сард зохиогддог. Уг төрлөөр одоогийн байдлаар гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй гурван хүн эрх авах болзлоо хангачихаад байна. Эрх нь хараахан баталгаажаагүй байгаа. Бидний үзэж байгаагаар энэ удаагийн олимпод Монголоос 35-37 тамирчин оролцох төлөвтэй байгаа нь түүхэнд байгаагүй амжилт юм.

Манай тамирчдын хувьд долдугаар сарын 24-нөөс Рио Де Жанейро руу хүлгийн жолоо зална. Олимп болоогүй байхад тийм эрт очоод яах нь вэ гэх байх. Зарим спортын төрлийн тамирчдын хувьд явдал дундаа бэлтгэлээ базаагаад бие халаах маягаар оролцох тэмцээнүүд бий. Бразилийн цаг агаарын байдалд дасан зохицох нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд “Рио 2016” олимп нээлтээ хийх Рио Де Жанейро хотоос 132 км-ийн зайтай орших Волда Ретондо хотын Функционар клубт дасан зохицох бэлтгэл хийнэ.

Өнөөдөр (өчигдөр) Элчин сайдын яамнаас бидний хийсэн гэрээ, хэлцэлд гарын үсэг зурж манайханд уг бэлтгэлийн баазад бэлтгэл хангахыг зөвшөөрлөө. Зардал мөнгийг нь шилжүүлээд энэ асуудал ингээд цэгцэрлээ.

Паралимпэд долоон эрх авчихаад байгаа нь бас л том дэвшил боллоо. Удахгүй пара байт харваагаар олимпийн эрх олгох тэмцээн болно. Энэ удаагийн паралимпэд таван төрөлд найман эрхтэйгээр оролцоно гэж үзэж байгаа.

-Бразилд зика гэх аюултай вирус тархсан. Уг вирусийн халдвараас сэргийлж алдартай тамирчид Риогийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Манай улсын хувьд уг халдвараас баг, тамирчдаа хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Зика вирус дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Манай тамирчдын бэлтгэл хангах Волда Ретондо хотод зика вирусийн халдвар гараагүй байгаа. Уг вирус гарах нөхцөл нь ч бага гэж үзэж байгаа юм билээ. Учир нь тэр төрлийн шумуул нь байдаггүй гэж бидэнд мэдэгдсэн. Мэдээж олимп болох Рио Де Жанейро хотод яаж ч магадгүй гэж үзэж байгаа шүү дээ. Зөөвөрлөгдөх нөхцөлөөр ч халдвар авч болох талтай учраас бид тамирчдадаа зориулсан эм тариа гэх мэтээр бэлтгэлд нь нэлээд сайн анхаарч байгаа. Шаардлагатай тосон түрхлэгийг нь бэлтгэх, шумууланд хазуулахгүй байх битүү хувцас өмсөх зэргээр зөвлөгөө, даалгаврыг тамирчдад өгсөн. Тамирчдын нөхөн сэргээх эмчилгээ, гэмтэл бэртлийн эмгэг, янз бүрийн сорилт, судалгаанд хэрэгтэй тоног төхөөрөмж авахад 90 сая төгрөгийг шийдэж өгсөн.

2016 он гарснаас хойш Үндэсний шигшээ багийн дотоод гадаадын бэлтгэл, цугларалт, олон улсын тэмцээнд зориулсан спортын хэрэглэл материал авахад гурван тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс дотоодын бэлтгэл цугларалтад л гэхэд 516 сая төгрөг, гадаадын цугларалтад есөн төрлөөр 14 удаа хамрагдаж 345 сая төгрөг, олимпийн эрх олгох, оноо цуглуулах тив, дэлхий, олон улсын тэмцээнд 1.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулчихаад байна.

-“Рио 2016”-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүний тоо гарсан уу. Тамирчдыг дагаж хичнээн хүн явах юм бэ?

-Сая сайдын тушаал гарч, яг олимпод оролцох баг тамирчид, албаны хүмүүсийн тоог тогтоож өгсөн. Нийтдээ 110 хүн явна. Өнөө жилийн хувьд нэг онцлог бий. Багийн бүрэлдэхүүнд тусгай бэлтгэгдсэн тогооч явах гэж байгаа. Тусгайлан янз бүрийн хоол хүнс бэлтгэх, тамирчдадаа зориулсан хоол унд хийх шаардлага гарвал ажиллах юм. Ингэж тусгай тогооч илгээж байгаа нь анхны тохиолдол болж байна. Яагаад 110 хүн явах болчихоод байна вэ гэхээр өнөө жилийн хувьд хангалттай тоогоор бэлтгэл хангагчдыг нь явуулж байна. Очоод арав хоног хамт бэлтгэл хийх хүнийг нь авч явж байгаа. Тэгэхгүй бол хэнийгээ тэндээс олж бэлтгэл хангаж, барилдах вэ дээ. Тийм учраас энэ бол чухал арга хэмжээ. Олимпод оролцох баг тамирчид хоёр янзын хувцас өмсдөг. Нэг нь ёслолын нөгөөх нь бэлтгэлийн хувцас. Ёслолын хувцасны хувьд “Шилмэл загвар” компани шалгараад ажлаа эхэлчихсэн. Бэлгэдлээ бодоод хувцасных нь өнгийг шараар сонгосон. Өмнөх хоёр олимпод оролцоод медаль хүртсэн ерөөл, бэлгэдлээ бодсон л доо. Гэхдээ мэдээж дизайн нь өөрчлөгдсөн. Бэлтгэлийн хувцсыг нь гаднаас авъя гэж үзсэн. Дотоодын компаниудын дунд уг нь сонгон шалгаруулалт зарласан ч ганцхан компани материал ирүүлсэн. Тэр нь шаардлага хангаагүй. Тийм болохоор олон улсын брэнд хувцас өмсөх нь зохистой юм байна гэж үзсэн. Гэхдээ манай дотоодын тэр компани маань эрэгтэй, эмэгтэй бэлтгэлийн хувцсыг бүрэн хийж ирүүлсэн шүү. Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй тул олон улсын тэмцээнүүдэд явах тамирчдадаа тэр хувцсыг нь хийлгэж өмсүүлье. Компани нь хүч гаргаж хийсэн учир шууд хаячихаж болохгүй гэсэн ийм асуудлуудыг шийдээд байна даа.

-Спортын мэргэжилтнүүд, манай алдартай тамирчид, спортын холбоод энэ олимпоос авах медалийн тоог өөр өөрсдийнхөөрөө таамаглаад эхэлчихлээ. Цагийн зөрүү, цаг агаарын байдал зэрэг нь манайханд ээлтэй байхгүй ч “Лондон 2012” олимпийн амжилтаас нэг их доош буухгүй гээд байгаа. Та бүхэн энэ тал дээр тооцоо судалгаа гаргасан байлгүй?

-Багийн дасгалжуулагч, тамирчдын ярьж байгаагаар маш өндөр тоо гарч байгаа шүү дээ. Бүгдээрээ л медаль авна гэж байгаа. Ер нь мөрөөдөл, зорилготой байж бид амжилтад хүрнэ. Гэхдээ Рио Де Жанейро бол онцлогтой. Цаг агаарын хувьд халуун. Хамгийн нам дор газар. Манайхаас 12 цагийн зөрүүтэй. Тийш явах тамирчдынхаа онгоцны тийзний захиалгуудыг өгөөд бэлэн болгочихсон. Эхний тамирчид маань долдугаар сарын 24 гэхэд эх орноосоо мордоно. МИАТ компани Германы Франкфурт хот хүртэл хөнгөлөлттэй үнээр нисгэж байгаа. Тэндээс МИАТ-ийн гэрээ хийсэн компани нь манайхныг Бразилд хүргэнэ. Маш сайн зохион байгуулалттай хийж, гэрээ хэлцлүүдийг нь хэдийнэ бэлэн болгочихсон. Тийм учраас ямар нэгэн асуудал гарахгүй. Медалийн тоог яг төд гэж хэлэхэд хэцүү. Манай олимп, дэлхийн аваргууд, итгэл хүлээлгэсэн маш олон тамирчин энэ олимпод орж байгаа. Хамгийн харамсалтай нь чөлөөт бөхийн заавал, зайлшгүй медаль аваад ирэх нэг тамирчин маань допингийн асуудлаас болоод хасагдчихаад байгаа. Мэдэгдэл нь ирчихээд байж байна.

Бид хариу явуулсан. Хэрвээ Монголд эрх олгох тэмцээний үед энэ хүнийг ийм асуудлаар оруулахгүй гэсэн бол дараагийнх нь эрх олгох тэмцээнд өөр тамирчин оруулж эрх авах бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь хугацааг нь тулгаж, эрх олгох тэмцээн дууссан үед ийм шийд ирчихлээ. Допингийн дээд байгууллагуудад бичиг явуулчихаад байж байна.

Манай тамирчинг мельдонин хэрэглэсэн байна гэсэн бичгийг ирүүлсэн. Гэхдээ олимпийн журамд заасан хувьд нь хүрээгүй буюу 0.007 хувь байсан учраас тэмцээнд оролцох боломжтой, бүх тэмцээнд оролцох эрхийг нь нээлээ гэж хариу ирсэн юм л даа.

Гэтэл эцсийн шийдвэр дээрээ тамирчдын нэрсээс хасчихаад оруулаад ирлээ. Гомдол, санал гэх нь юу юм, гэхдээ энэ асуудлын талаар бичиг явуулсан. Мельдониний төрлийн эмийг Монголд сүүлийн 20-иод жил хэрэглэж байгаа. Эмийн сангуудад жоргүй олгодог. Зүрхний ачааллыг бууруулдаг, тайвшруулдаг учир энэ эмийг чөлөөтэй зардаг. Гэтэл уг эмийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс допингийн жагсаалтад оруулчихсан байж. Үүнээс болоод л хүнд байдалд орчихоод байна.