Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэнгэл: Энэ жил манай улс 600 мянга гаруй жуулчин хүлээж авна

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлтэй ярилцлаа.

-Аялал жуулчлалын улирал эхэлж байна. Энэ жилийн тухайд хэчнээн жуулчин манайд ирэх бол. АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болох учраас жуулчдыг хүлээж авахгүй гэх яриа гарах юм?

-Өнөө жилийн хувьд аялал жуулчлалын онцлог жил болж байгаа. Учир нь энэ жил бид хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр нэлээн анхаарал хандуулан ажилласан. Хоёр хөрштэйгөө уулзалт хийж хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэж байна. Мөн энэ жил АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт болно. Энэ хүрээнд олон улсын зүгээс терроризмтой тэмцэхийн тулд өндөр хамгаалалт шаардаж байгаа. Засгийн газрын зүгээс дээд хэмжээний зочдоо өндөр түвшинд хүлээж авахын тулд хичээн ажиллаж байна. Харин энэ уулзалт жуулчдын тоонд нөлөөлөхгүй. Бидний төлөвлөж буйгаар 600 мянга орчим жуулчин хүлээж авна. Өмнөх жилүүдэд бид 480-520 мянга гаруй жуулчин хүлээж авдаг байсан. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр хил, гаалийн хяналт шалгалт л ихсэх байх. Түүнээс биш жуулчин хүлээж авахаа боль гэсэн албан ёсны мэдэгдэл ирээгүй учраас аялал жуулчлалын компаниуд хэвийн ажиллаж байгаа.

-Хил орчмын аялал жуулчлал гэж юуг хэлээд байна вэ?

-Өдөртөө орж ирээд гардаг аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Дорнод, Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулагийн хилээр жуулчид хүлээж авахаар зорьж байгаа. Иймэрхүү хэрэгцээ манай хоёр хөршид ирсэн жуулчдад их байдаг юм байна. Тухайлбал, Хятад улсад жуулчилж яваа хүн хурдхан шиг Монголыг үзчихье гээд хил орчмын бүс нутгаар дайраад гарах сонирхолтой байдаг. Хэрэв энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх юм бол тухайн хил орчимд ажиллаж амьдарч буй нутгийнханд эерэг нөлөөтэй. Нөгөөтэйгүүр өмнө нь төлөвлөж байснаар жуулчид ирдгээрээ ирнэ. Манайд гадныхан ан агнуурын чиглэлээр жуулчлах сонирхолтой байдаг. Тэдний аялал хэвийн үргэлжилнэ. Мөн гаднаас жуулчин авчирдаг компаниудын үйл ажиллагаа ердийн байдлаар үргэлжилж байгаа. Харин ганц хүндрэл гарч ирж байгаа нь Хөвсгөл, Өмнөговиор аялах жуулчдад зориулсан тогтмол нислэг байхгүй байна. Үүнээс болж зарим нэг компанитай байгуулсан гэрээ цуцлагдаж байгаа юм билээ. Энэ нэлээн ярвигтай асуудал болчихоод байгаа юм. Тогтмол нислэг үйлдэх боломжийн талаар авиа компаниудтай ярилцахаар цөөн хэдэн нислэг үйлдэж болно. Мөн захиалгат нислэг хийж болно гэдэг. Гэвч захиалгат нислэг аялагчдад өндөр үнэтэй тусч байгаа. Юунаас болж тогтмол нислэгээ зогсоочихов гэхээр ихэнх аймгийн төв нийслэлтэй засмал замаар холбогдчихсон байна. Зам сайхан болчихоор иргэд онгоцоор зорчих нь эрс багассан.

-Яамны зүгээс жуулчдыг татахын тулд авиа компаниудтай хамтраад тогтмол нислэгтэй болгох талаас нь зохицуулж болдоггүй юм уу?

-Аялал жуулчлалын газрынхан энэ тал дээр маш идэвхтэй ажиллаж байгаа. Авиа компаниудын хувьд шатахуун үнэтэй болохоор бэрхшээл их гардаг. Байнгын нислэг үйлдье гэхээр цөөн зорчигчтой байдаг тул нислэгээ зогсоочихоод байна. Онгоцны дүүргэлт дор хаяж 30 хувиас доошгүй байж гэмээнэ зардлаа нөхдөг гэсэн.

-Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухайд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Сүүлийн хэдэн жил дотоодын аялал жуулчлал харьцангуй сайн хөгжиж байгаа. Иргэд албан байгууллага, найз нөхөд, гэр бүлээрээ эх орныхоо өнцөг булан бүрээр аялах сонирхолтой болсон байна. Иргэд дотоодын аялал жуулчлалаар Хөвсгөл рүү явах хандлага их байдаг. Гэтэл тэнд нь хоёр мянган жуулчин хүлээж авах боломж бий. Тэрнээс илүү жуулчин ирэхээр ачааллаа дийлдэггүй. Өнгөрсөн жил л гэхэд 20 мянган жуулчин цугласан гэх тооцоо бий. Нэг дор ийм хэмжээний гадна, дотнын жуулчид цуглахаар бие засах газар, хоноглох байр, хог хаях цэг хүрэлцээгүй болдог. Улмаар иргэд байгаль орчноо бохирдуулж байна. Тиймээс яамны зүгээс Хөвсгөл рүү чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бодлогын хэмжээнд ажиллаж байгаа. Тэндхийн аялал жуулчлалын байгууллагуудыг чадавхижуулах, нуурын эрэг орчмоос хол байрлуулах зэрэг тал дээр томоохон төслүүд хэрэгжүүлэх гэж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны төслийг Хөвсгөл рүү татаж оруулсан. Мөн нутгийн иргэдийг яаж мөнгөтэй болгох вэ гэдэг тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.

-Тухайн бүс нутагт аялал жуулчлал хөгжвөл нутгийн иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлнө дөө?

-Мэдээж хэрэг эерэг нөлөө үзүүлнэ. Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй компаниуд нутгийн иргэдтэйгээ хэрхэн хамтарч, уялдаатай ярилцах вэ гэдэг тал дээр анхаарч хэд, хэдэн ажил санаачлан хэрэгжүүлж байна. Жуулчны баазууд нутгийн айлаас өдөрт нэг хонь, сардаа нэг үхрийн мах худалдаж авч болно. Сүү, цагаан идээ тогтмол худалдан авч иргэдээ дэмжих хэрэгтэй. Саяхан би дэлхийн өвийн сангийн хэд, хэдэн хуралд оролцлоо. Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлье гэхээр жуулчны баазууд эрэгтэй хэтэрхий ойр байна. Түүнийгээ ядаж 100-200 метрийн зайтай холдуул гэж шаарддаг. Холдуулчихвал дэлхийн өвд бүртгэж авъя гээд байгаа. Бид нуурын эрэг дээр үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазуудтай уулзаад ийм шаардлага тавихаар нөхөн төлбөр нэхээд байдаг. Уг нь хувийн хэвшлийнхэн зөвхөн өөрсдийн амин хувийн ашгаа бодоод байлгүй төртэйгөө хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Жуулчид манай улсад ан хийх сонирхолтой байдаг гэсэн. Яамны зүгээс хэчнээн төрлийн ан агнах зөвшөөрөл олгодог юм бэ?

-Манай улсын хувьд хамгийн гол ан нь угалз. Ийм төрлийн ан агнахаар дэлхийн хэмжээний томоохон анчид хүрч ирдэг. Янгир агнах сонирхолтой хүсэлт бас их ирнэ. Мөн бор гөрөөс, зээр агнах зөвшөөрөл олгож байгаа. Арабууд шувуу, тэр дундаа шонхрын ан сонирхдог. Харин загасны тухайд барьчихаад буцаан тавих зөвшөөрөл олгож байгаа. Энэ мэтээр яамны зүгээс зохих зөвшөөрөл олгож байна.

-Ан агнуурын тухайд, ялангуяа угалз, янгир агнах хэчнээн зөвшөөрөл олгодог юм бэ?

-Дээр дурдсан ангийн төрлүүдэд нийт 100 орчим тоо толгойн зөвшөөрөл олгож байгаа.

-Хамгийн өндөр төлбөр тушаадаг нь ямар ан бэ?

-Аргаль, угалз л байгаа. Алтай хавьд ан хийвэл 20 мянган ам.доллараар зөвшөөрөл авч байгаа. Эврийнх нь том, жижгээр хэмждэг юм.

-Дотооддоо аялъя гэхээр хамгийн түрүүнд бие засах газрын асуудал бэрхшээлтэй санагддаг. Хөдөө хээр яваа хүмүүс хэдий болтол жалга, довонд бие засч явах вэ?

-Зөөдөг, үнэр гаргадаггүй, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бие засах газар оруулж ирж байгаа. Гар нүүрээ угаагаад, бие засах боломжтой газар байх юм. Энэ жил эхний ээлжинд дөрвийг оруулж ирсэн. Элсэн тасархай, Тэрэлж, Завханы Отгонтэнгэр, Хөвсгөл явах замд байрлуулна. Уг нь 100 км тутамд боловсон бие засах газар байгуулъя гэж ярьдаг. Жигжид сайдын үеэс энэ асуудлыг ярьдаг байсан юм. Энэ ажил өнөө жилээс хэрэгжиж эхэлнэ. Цаашид харин үүнийгээ тасралтгүй хэрэгжүүлэх л хэрэгтэй байна.

-Америк, Европын жуулчид Азиар аялж байхдаа Монголд очъё гэхээр хятадууд тосч аваад Өмнөд Монголд аваачаад “Энэ бол Чингис хааны төрсөн нутаг” гэдэг гэсэн. Энэ тал дээр яам ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Хил, гаалийнхан орох визээ өгөхгүй байгаа шүү дээ. Тиймээс жуулчид Өмнөд Монголд очоод байгаа. Энэ асуудлаар хилийн боомтынхонтой уулзахаар ГХЯ-ны зөвшөөрөл ирвэл оруулах учиртай гэдэг. Гэхдээ удахгүй хилийн боомтууд жуулчдыг оруулах эрхтэй болох байх. Манай яамны зүгээс асуудлыг ГХЯ-нд тавьсан. Тэд асуудлыг ойлгож хүлээн авсан учраас удахгүй шийдэгдэх байх.

Categories
мэдээ цаг-үе

М.Ширмэнтогоо: Хилийнхэн хууль зөрчиж явсан юм чинь тэдний буруу, үхэх нь зөв гэсэн байдалтай хандсан

Түрүүч нь №143, 145, 146, 147 (5408, 5410, 5411, 5412) дугаарт

Үр, хүүхдийнхээ араас гашуудсан эцэг, эхчүүд нуур манан зогсох энүүхэнд ажээ. Цэл залуухан насандаа хорвоог орхиод одсон хүүгийнхээ зурагны өмнө бөгтгөр өвгөн зул асааж хүрд эргүүлнэ. Энэ өвгөн мөсөн дээр амьсгал хураасан талийгаач Баттулгын аав М.Ширмэнтогоо юм. Тэрээр “Насаараа нуур түшин амьдралаа залгуулж, найман сөөсгөр хүүхдээ загасаар тэжээж хүний зэрэгт өсгөсөн. Эргээд хариуд нь хүүгээ өгөх юм гэж даанч санасангүй” хэмээн халаглах түүнтэй хэдэн хором ярилцаж, сэтгэлийн шаналлаас нь бага ч болов хувцаалцсан юм.

Талийгаач Баттулгын аав М.Ширмэнтогоо. Тэрээр цочирдож сэтгэлээр унаснаас болж өрөөсөн нүд нь ийм болжээ

-Таны бие яаж байна. Ослын дараахан таны зүүн нүд юм харахаа больсон гэж хүмүүс ярих юм?

-Яахав дээ, хүн амьд яваа цагт юм юм л үздэг юм байна. Муу хүүгээ эндсэнээс хойш хэдэн өдөр нойргүй хонож, тавгүйтээд өрөөсөн нүд хүртэл таталт өгөөд сүрхий хавдаад хаагдчихсан. Эмчид үзүүлсэн чинь ядаргаанд орсон, сэтгэл санааны хямралд орсноос болсон гэх юм. Өчигдрөөс хавдар нь овоо буугаад, нүд ч нээгдээд юм харахтайгаа болоод байна.

-Одоо тэгээд зүгээр үү?

-Айх юу байхав дээ зүгээр. Ингэж байгаад хэвэндээ орно биз.

-Хүүгээ хэзээ нутаглуулав. Мөнгө төгрөг хайж нэлээд зүдэрсэн сурагтай?

-Хүүгийнхээ буяны ажлыг элбэг, дэлбэг сайхан хийгээд айл, хөршийн хүүхэд хөгшчүүлийг оруулах гээд хэдэн төгрөг олчих санаатай хэд хоног явсан. Хүү тулгуур эрхтний бэрхшээлтэй. Тоглож байгаад юмнаас унаад түнхээ эвгүй болгочихсон юм. Халамжаас хэдэн төгрөг авдаг байсан чинь өнөө жил орж чадалгүй мөнгө төгрөг ч авахаа больсон. Ажил хийж байгаагүй болохоор халамжаас буяны ажлын ч мөнгө олддоггүй юм байна. Хөгшин бид хоёрын тэтгэвэр ямар хүрэх биш. Тэгээд ч зээлтэй. Ах дүү нарын буянаар хүүгээ нутаглуулж, хойдохыг нь чадах чинээгээрээ л уншууллаа.

-Талийгаач таны хэд дэх хүү юм бэ?

-Ах нь дөрвөн сайхан охин, дөрвөн сайхан хүүтэй баян өвгөн байхгүй юу. Баттулга маань манай дөрөв дэх хүүхэд. Хамгийн бага хүү сая арванхоёрдугаар анги төгссөн. Хоёр эгч нь хотод амьдардаг. Бусад нь аавтайгаа бараасаад айл явна. Би энэ тосгонд анх загасны цех байгуулагдахад л тракторын жолоочоор ирсэн. Цех татан буугдсанаас хойш арав гаруй жил загасчилж байна. Нуурын загасаар олон өдөр хоолтой хоносныхоо горыг амслаа. Миний үйлийн үрийг хүү минь үүрээд буцчихлаа гэж бодохоор үлдсэн насандаа бүтэн нойртой хонож чадах болов уу, үгүй л байх. Муу хүүгээ мөсөн дээр амь гуйж, яажшуухан тарчилж, эцсийн мөчид нүд анихдаа ч цэвдэг хүйтэнтэй тэмцэж байсан бол гэж бодохоос шар махтайгаа хатах юм.

-Ээж нь хүүдээ тэнгэр муудах шинжтэй байна гэж сануулсан гэсэн. Та тэр үед нуур руу явахыг нь хориглож болоогүй юм уу?

-Би хэлсэн. Салхи хүчтэй байна гэж. Яаж ийм аймшигт юм болно гэж санах вэ дээ. Өмнө нь өглөө зургаад гараад найман цагийн үед ирчихдэг байсан. Тэр өдөр ес болчихоод байхад алга. Тэгэхээр нь нуур руу явах санаатай гэрээсээ гартал хүмүүс гүйлдээд нэг л биш ээ. Ийш тийшээ машинтай давхиад л. Юу болов гээд хүнээс асуутал хоёр хүн мөсөн дээр гарчихсан, аврах хэрэгтэй байна. Нэг нь танай хүү мөн дөө гэсэн. Хартал завь байхгүй. Мөсөн дээр бүтэн хоёр цаг ийш, тийшээ гүйсэн байгаа юм. Тэгээд застав дээр очоод дөрвөн хүн ингэж гараад хоёр нь амьд мөсөн дээр байна. Аврах боломж байна гээд завийг нь гуйсан байна лээ. Миний хүүгийн амь секундээр хэмжигдэж байхад заставын дарга Дээрээс зөвшөөрөл авах ёстой, зөвшөөрөлгүй бол өгөхгүй” гэж хэлсэн байсан. Хэрвээ завиа өгсөн бол миний хүүг, нөгөө залуутай хамт аврах боломж байсан уу гэвэл байсан.

-Та хүүгээ мөсөн дээр гүйхийг харсан уу?

-Би хаа байсан 12:00 цагийн үед очсон. Харж чадаагүй. Угтаа миний хүү загасчид дундаасаа ганцаараа мөсөн дээр үлдэж, эцсийн мөчөө хүртэл үхэлтэй тэмцэлдсэн байгаа юм. Тийм аймар ослоос тэгж үлдэнэ гэдэг үнэхээр дайчин байгаа биз дээ. Хугацаа алдахгүй жаахан эртхэн тусалчихсан бол ч…үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Бүтэн хоёр цаг гүйсэн байгаа юм. “Завь аваад ир, завь аваад ир” гэж орилсныг зарим хүн сонссон байна лээ. Уг нь манайхан салхины дээрээс хашгирч байсан учраас сонсогдох ёстой. Гэвч айж сандарсан хүмүүс хүний хэлэхийг тогтож сонсохгүй шүү дээ.

-Заставынхан завьтайгаа ирж хүүгийн тань цогцсыг авчрахад ямар байдалтай байсан бол?

-Ядаж л хүүгийнхээ цогцсыг хаана байгаа бол гэж урд айлын хөгшин шиг нуур сахисангүй. Хүү комбинзоноо тайлаад ноосон цамц, нимгэн өмдтэйгөө осгосон байсан.

-Уг нь хүү тань усанд сайн гэсэн. Эрэг тийм ч хол биш байсан. Сэлээд эрэг рүү дөхөх боломж байгаагүй юм байх даа?

-Миний хүү усанд маш сайн сэлдэг. Сайн сэлдэг байлаа гээд яахав дээ. Тэр хүйтэн усанд унаад хамаг хувцас нь норчихсон, дээрээс нь бээрчихсэн хүн хагас км орчим сэлээд эрэг хүрэх нь битгий хэл, байрнаасаа ч хөдөлж чадахгүй живнэ шүү дээ. Аягатай халуун цай гаргаад тавихад минут ч хүрэхгүй зайрмагтах тийм л хүйтэн өдөр байсан. Бас их салхитай.

-Загасчлах хорио тавигдаагүй байхад загасчилсан гэж буруутгах нэгэн ч бий. Ер нь та нар хэдийд загасчилдаг юм бэ?

-Хавар загасчлах эрх бараг л өгдөггүй. Нуулгүй хэлэхэд хулгайгаар л загас барьдаг. Амьдрахын эрхэнд хууль зөрчиж яваад л ийм байдалд хүрчихлээ шүү дээ. Гэхдээ хууль зөрчиж явсан юм чинь та нарын буруу, үхэх нь зөв гэх гээд байгаа юм уу. Хилийн цэргийнхэн бараг л иймэрхүү байдлаар хандаж хөдлөөгүй шүү дээ. Хэн ч харсан ойлгомжтой байгаа биз дээ. Ямар ууж, наргиад, ааг омгоо гаргах гэж нуур явсан биш. Хэдэн төгрөг олж амьдралаа залгуулахын тулд л мөс ч бүрэн гэсээгүй байхад загасанд явсан байна.

-Хүү тань агнасан загасаа зарж мөнгө олно гэсэн зорилготой явсан гэлээ. Тосгоныхон загасаа хаана зардаг вэ?

-Шууд зарчихдаггүй. Өөрсдөө аваад хаа байгаа аймаг руу явдаг. Заримдаа зарна. Заримдаа буцаагаад авчирна. Хоол хүнсэндээ хэрэглэнэ. Хавар хятадууд энэ хавиар явж иргэдээс загас худалдаж авсан. Тэр үндсэн дээр л манайхан гурил будааны мөнгө хийх санаатай загасчилсан хэрэг. Тэгээд л ийм байдалд хүрчихлээ.

-Танайх өнгөрсөн өвөл хичнээн кг загас нөөцөлсөн бэ?

-Манайх тонн гаран загас барьсан. Өвөл хятадууд ерөөсөө загас аваагүй. Намар “Азийн бүргэд” гээд компанийн захирал гэж хүн ирээд та нар загасаа бариад нөөцөлж бай, хавар ирээд авна гэсэн. Тэгсэн хавар ирээд нэг нь таван кг-аас дээш жин татдаг загас л авна гээд хөдлөөгүй. Тонн загаснаас хэдхэн кг нь тавьсан шаардлагыг нь хангасан. Яаж тийм “загас их хэмжээгээр байхав дээ. Ингээд хаяхаас өөр нөхцөлгүй болсон.

-Хэдэн төгрөгөөр авах уу?

-Кг нь 5000 төгрөг. Уг нь энэ урд газрын тосны компани загас авдаг байсан, бас л авахгүй байгаа. Бид хэдхэн км зайд байгаа боомтоор Хятад руу нэг ч кг загас гаргаж чадахгүй байхад хятадууд ганцхан шөнийн дотор арван тонн загас хилээр гаргадаг гэж байгаа. Би бүр хэрэг болгож нэг очоод та нар ямар аргаар гаргадаг юм, бид нэг ч загас гаргаж чадахгүй юм гээд хятадууд руу уурласан чинь “Манайх зоосыг нь өгч гаргана аа” гэсэн. Хятадууд манай энд ганц шийдвэр гаргадаг эрх мэдэлтэй улс болчихоод байна.

Г.Дарьсүрэн: Хүргэн өглөө нь инээж хөхрөөд л утсаар ярьж байсан


Талийгаач Д.Мөнхжаргалын хадам ээж Г.Дарьсүрэн

Талийгаач Д.Мөнхжаргалын хадам ээж Г.Дарьсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Талийгаач тантай осол болдог өдрийн өглөө нь утсаар ярьсан гэв үү?

-Тийм. Өглөө би охинтойгоо утсаар ярихад хүүхдүүд бүгдээрээ хамт байсан. Цаана нь инээж хөхрөлдөөд бид босчихсон байна гээд ярьж байсан. Өглөө зүв зүгээр ярьж байсан болохоор нэг л итгэж өгөөгүй.

-Та хаана байсан юм бэ?

-Би энэ өвөл аймагт өвөлжсөн. Тэгсэн энэ сарын 24-нд үдээс хойш манай хүү утсаар яриад “Ээж Буйр дээр том осол болсон байна.Явахгүй бол болохгүй нь. Та хувцсаа өмсчих. Би очоод авъя” гэж хэлсэн. Хүүхдүүд л хоорондоо утсаар ярьсан байж л дээ. Юу болов, яав ийв гэсэн чинь дөрвөн хүн загасанд яваад завьтайгаа живчихэж. Хүргэн дунд нь явсан байна гэсэн. Дотор пал гээд л явчихсан. Замдаа даралт ихсээд арай гэж л ирсэн. Бүх юм дууссан байсан. Муу охин минь намайг тэврээд л их уйлсан даа. Дөнгөж хүнтэй ханилаад үрийн зулай үнэрлэж ч амжаагүй байхад ямар олиг байхав дээ.

-Танай хүргэн болоод хэр удаж байгаа вэ?

-Манай охин Т.Болормаатай талийгаач маань хамт амьдраад бараг дөрөв, таван жил болж байна. Дорнод аймгийн Баянтүмэн сумынх. Хүүхдүүд хамт аймагт нэг хэсэг амьдарсан. Саяхнаас л энд өвгөн бид хоёрын хуучин байшинд амьдрах болсон. Би зарим хүүхдүүдээ дагаад аймгийн төв бараадаад охиноо хүнтэй суугаад айл болсон юм чинь орох оронтой байг гээд байшиндаа оруулсан. Өөрсдийн гэсэн гэр оронтой болтлоо хоёр хүүхдээ эндээ амьдраг гэж бодсон юм. Манай нөхөр Төмөрбаатар энэ тогсонд анх загасны цех байгуулагдахад үйлдвэрийн даргаар ирж байлаа. Энэ газарт ч дасчихаж дээ. Үе удмаараа л амьдарч байна.

-Худууддаа болсон явдлын талаар хэзээ мэдэгдсэн бэ?

-Ах дүүст нь хэлэх л хүнд байсан даа. Манай хүргэн архи уудаггүй. Зан ааш сайтай. Тусч хүү байсан. Портертой. Портероороо ус зөөнө, айл нүүлгэнэ. Хар бор ажил голохгүй хийнэ. Аав, ээж нь өөд болоод удаж байгаа юм. Аавтайгаа адилхан сайхан хүү байсан. Ажил явдлынх нь үеэр хамгийн том эгчийнх нь нөхөр гээд хүн хэдэн хүнтэй хамт ирээд явсан.

-Охин тань ажил хийдэг үү?

-Охин газрын тосны компанид хятад хэлний орчуулагч. Охиноо харахаар өрөвдөх юм. Хүний хань ижил гэдэг чинь энэ амьдралд ах дүү хамаатан садангаас илүүтэй тулж түших багана байдаг юм шүү дээ.

-Танд хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ олон жилийн өмнөх нэгэн эмгэнэлт ослын талаар танаас асуухгүй өнгөрч болохгүй нь. 2003 онд болсон ослын талаар бидэнд ярьж өгч болох уу?

-Их удаж дээ. Гэхдээ надад өчигдөрхөн л юм шиг санагддаг. Одоогоос яг 13 жилийн өмнө Буйр нуурт бас аймшигтай осол болсон. Олон ч сайхан залуу амь үрэгдсэн. Арваад хүн машинтай явж байгаад орой нуурын мөсөнд цөмрөөд орчихсон юм билээ. Өвөл байсан юм даг. Хоёр хүн амь үлдэж долоон хүн машинаасаа гарч чадалгүй нууранд живж амиа алдсан. Талийгаачдын дунд миний хоёр сайхан хүү явсан. Хайран сайхан залуучууд. Хайран сайхан эрчүүд. Одоо бас охины минь нөхөр. Үнэнийг хэлэхэд би нуурандаа гомдож байна гэв.

Нутгийнхны ярьснаар бол 1999 онд Буйр нуурт бас осол болж дөрвөн хүн амиа алдсан байна. Анзаараад байхад 13 жилийн давтамжтай гурван удаа осол болж нийт 15 хүнийг авч оджээ. Эхний удаад дөрөв, хоёр дахь удаад долоо, гурав дахь удаа дөрвөн хүн амиа алджээ. Эдгээр тохиолдлоос өмнө осол болж байсан үгүйг бид сайн мэдэхгүй шүү дээ. Байгаль дэлхий өөрөө аливааг тэнцвэржүүлж байдаг ч гэж ярих нь бий. Магадгүй нутгийнхны ярьж буйгаар жилд хэдэн тонноор нь загасаа хядуулсан нуур өш хонзонгоо ийм хэлбэрээр авдаг байхыг ч үгүйсгэхгүй. Эсвэл хүний өөрийн хэнэггүй зан, буруутай үйлдлээс улбаатайгаар цаг хугацааны хувьд тэгж давхацсан ч байж болох. Хүмүүс чинь мөсөн дээр амь тавьж буй нэгнээ хараад өрөвдөх нинжин сэтгэлгүй, тусын тухай бүр ярилтгүй цэвдэг араатан болчихсон юм уу хэмээн Буйр нуурынхан гомдоллож сууна.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Талийгаачийн тавьсан тор эрэгт ойрхон байсан ч бусдадаа туслахаар цааш явжээ

Талийгаач Н.Болдбуйрын аав Д.Намхай сар гаруй хугацаанд ийн зогсохдоо нуурын эрэг рүү шидэгдсэн замгийг хүртэл барьж үздэг байжээ.

П.ХАНДМАА: МИНИЙ НӨХӨР ХҮНД “ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ

Талийгаач Н.Болд буйрын эхнэр П.Хандмаа:

-Осол болох үед өөрөө тосгонд байгаагүй юм уу?

-Хүү бид хоёр баг дээр гэртээ байсан. Урьд орой нь нөхөр маань нуур ороод тор тавиад ирье гээд мотоцикльтойгоо явсан. Орой утсаар яриад аавынд хоночихоод өглөө тороо эргэчихээд хүү та хоёр дээрээ очно гэсэн.

-Танд хэзээ хэл хүргэсэн бэ?

-Би өглөө найман цагийн үед утас руу нь залгахад холбогддоггүй. Утас нь цэнэггүй болсон юм болов уу, тороо эргэх гээд явсан юм байлгүй гээд тоогоогүй. Хоёр, гурав залгаад холбогдохгүй болохоор нь ирж яваа байх л гэж бодсон. Тэгсэн хадам аавын дугаараас дуудлага ирчихсэн байсан. Буцаагаад залгах гэж байтал манай ах ирээд “Миний дүү сэтгэлээ бариарай. Тэвчээртэй байдаг юм шүү” гэхээр нь би юугаа яриад байгаа юм. Юу хэлэх гээд сонин юм яриад байна гэтэл ах нөхрийн маань явсан завь осолдсон болохыг хэлсэн. Тэгээд л ахтайгаа машинтай очсон.Намайг очиход цогцсыг нь ч олоогүй. Мөс цөмрөөд алга болчихсон байсан. Сая хэд хоногийн өмнө л олсон.

-Таны нөхөр мөсөн дээр үлдсэн. Амь аврагдах боломж байсан тухай нутгийнхан ярьж байна…?

-Би сүүлдэж очсон болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай нөхөр амьд сэрүүн байхдаа “Хилчдийн завь янзтай юм билээ. Нэг мотортой завьтай болчихвол ч жаргал даа” гэж ярьж байсан удаатай. Хүмүүс хилийнхэн завиа эртхэн өгсөн бол нөхрийн тань амийг аврах боломж байсан гэсэн. Ер нь тэр ослоос өмнө амьд гарах боломж байсан гэж би бодож байгаа.

-Яаж тэр вэ?

-Миний нөхөр хүнд ерөөсөө “үгүй” гэж хэлж чаддаггүй хүн. Ахын дүү сумын төв ороод өгөөч гэвэл “за” л гэнэ. Манайд очоод тийм юм хийгээд өгөөч гэвэл “за” л гэнэ. Нутгийнхан залуу хүн гэхэд их дуулгавартай, чих зөөлөнтэй гэж үнэлдэг. Тэр өдөр ч гэсэн “за” гэж яваад л амиа алдсан байх. Нөхрийн маань тавьсан тор нуурын эрэг дээр байсан гэж аав хэлсэн. Тэгэхээр нөгөө хэд нь хамт тор эргээд ирье гэхээр нь “за” л гээд цаашаа явсан байх. Хүнд туслах гээд л явсан байж таараа.

-Урьд өдөр нь танайх байшингийн найр хийсэн гэсэн. Хүүд нь өгсөн байшин уу?

-Тэгсэн. Бид хоёр 2014 онд танилцсан. 2015 оны нэгдүгээр сарын 24-нд хүүхэдтэй болсон. Бүх юм их хурдан болж өнгөрсөн. Одоо ёстой сайхан амьдарна. Өнөр өтгөн айл болно гэж ярьдаг байсан. Уг нь байшингаа аймагт авах хүсэлтэй байгаагаа нөхөр маань хэлсэн ч боломжгүй гээд баг дээр өгсөн. Байшингийн найраа хийгээд нутаг усныхаа ах, дүү нарыг оруулсан чинь Болдоо маань “Хоёр найз орж ирээгүй үлдчихлээ” гээд нуур орж загас барьж шарж өгнө гээд явсан юм. Би нэг их хориогүй. Өмнө нь загасанд явж л байдаг байсан болохоор.

-Одоо хүүтэйгээ яая гэж бодож байна. Гэрийнхэн тань төв газар бараадуулна гэж ярьсан?

-Одоохондоо би эгчийнхээ ажилд туслаад явж байна.Намраас хүүгээ төв бараадуулж цэцэрлэгт өгөх бодолтой байна гэв.

Талийгаач Н.Болдбуйрын аав Д.Намхай “Хар толгой би харж зогсохоор хүүгийнхээ араас очих минь яав даа” гэж гасалж сууна. Тэрээр эрэг дээр портертой очих үед осол болсон байна. Завь живж, хоёр хүн мөсөн дээр гарахыг ч харж. Гэвч төрсөн хүүгээ тэгж үхэлтэй тэмцэж явахыг хэн мэдэх билээ. Тиймээс хүний хүн байна гэж хар толгойгоо бодож зогсохын оронд яаж ийгээд туслах минь яав даа гэж харамсч байгаагаа бидэнд хэлсэн. Тэр дөрвөн хүүтэй. Хоёр том хүү нь сар гаруйн хугацаанд аавтайгаа нуурын эрэг тохой бүрийг нэгжиж. Давалгаагаар эрэг рүү шидэгдсэн замгийг хараад хүүгийнхээ өмсч явсан хувцасны өөдөс юм болов уу гэж горьдон барьж үздэг байж. Нутгийнхны ярьж буйгаар Намхай энэ хэдхэн хоногийн дотор зүс алдаж гундаж хүнтэй ч ярихаа больсон гэнэ. Нуурын эрэг рүү хүн битгий хэл мал ч ойртуулахгүй манаж хэдэн цагаар хамаагүй суучихдаг байж. Нохой, шувуу идэхээс өмнө хүүгийнхээ цогцсыг олж нутаглуулна, чи өнгөтэй өөдтэй хувцаснаас нь байвал бэлд гэж эхнэртээ захиад гардаг байсан тухай хүүхдүүд Талийгаач

нь ярив. Нууранд өргөнө гээд ааруул, боорцог өвөртлөөд гарна. Үдшийн бүрийгээр орж ирэхдээ юу ч дуугаралгүй, юм ч идэлгүй хэвтээд өгдөг байсан бололтой. Ингэж л нойр хоолгүй нуурын эрэг харуулдсан хөгшин хүүгийнхээ цогцсыг олж нутаглуулсандаа сэтгэл нь жаахан ч гэсэн тайвширчээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Н.Отгон: “Ботго”, “Эхийн дуу”-гаа дуулахад хөөрхий хөгшид уйлдаг байлаа

Н.Даваадаш (МУСГЗ), Бүрд сумын нэгдлийн дарга н.Аюурзана, МУГЖ, дуучин н.Отгон, сэтгүүлч, яруу найрагч Ч.Гомбосүрэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч П.Пүрэвсүрэн нар. 1989 он. “Залуучуудын үнэн” сонины соёлын өдрүүд. Өвөрхангай. Бүрд сум. Элсэн тасархай

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Отгонтой ярилцлаа. “Ботго”, “Төлийн дуу”, “Адуучин аавын хүү билээ” гэж эхэлдэг “Хөх даалимбан тэрлэг” найраглалын “Бүүвэйн дуу”-гаар нь хүмүүс түүнийг одоо ч дурсдаг. Олны танил дуучинтай уулзахаар очиход тэрбээр гэртээ, олон ангит кино үзэж суулаа. Бас даралт ихсэхэд сайн гээд улаан чавгатай, нимбэгтэй цайгаар дайлсан. Түүний халамжит хань Угтаалын сангийн аж ахуйн дарга байсан Бааст гуай олны танил дуучны шүтэн бишрэгч байжээ. “Сайн байна уу, ээж ээ” гээд л “Хүсэлтийн хариу”-гаар “дахиулдаг” байсан дуучинтай ийнхүү хуучлав.

-Сүүлд таныг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын “Жаран хар, арван цагаан”-ы тоглолтын үеэр харсан. Цэрэг хувцастайгаа ануухан, гоё харагдаж байлаа. “Бас л сайхан дуулж байна шүү” гэж бодогдсон. Бэлтгэл их хийсэн үү?

-Тоглолтоо хийе гэдэг санаачилгыг манай Ц.Чулуунцэцэг гавьяат маань анх гаргасан юм. “Хэдүүлээ хэдэн төгрөг олбол ядарсан зүдэрсэн, өвчтэй зовлонтой улсууддаа өгчихвөл яасан юм бэ” гэсэн юм. Дасгал сургууль ч юу байх вэ, угаасаа надад төрөлхийн жаахан авьяас байсан шиг байгаа юм. Хоёр, гурав дуулаад л хоолой маань эвдээ орчихдог. Урилга заллага ирвэл хааяа дуулаад өгдөг. Одоо тэгээд нас ахих тусам найр хуриманд дуулах дур хүрэхгүй юм аа. Хэдэн цаг суучихвал дуу шуугианд ядардаг болчихож. Гэхдээ дуулна гэдэг бидний хийж ирсэн ажил болохоор тайзан дээр гарахаар залуужих шиг болдог.

-Ц.Чулуунцэцэг гавьяат “Жаран хар, арван цагаан”-д дуулдаг гэхэд залуухан байх шүү?

-Залуухан залуухан. “Өнөр бүл” кинонд тоглож байхдаа манайд шалгуулаад орсон юм шүү дээ. Тэтгэвэртээ гараагүй залуу хүн л дээ. Гэхдээ ахмадуудаа ерөөсөө мартдаггүй. Үргэлж бидний нийллэг, уулзалтыг зохион байгуулж энэ тэгчихлээ, тэр ингэчихлээ гэвэл гүйгээд л ирнэ. Хөдөөнөөс ирээд, кинонд тоглоод манайд орсон болохоор бидэнд элэгтэй.

-Та ахмадууд, бид гээд л яриад байх юм. Бидний багын дурсамжид дуучин Н.Отгон гэхээр маш гоё эмэгтэй төсөөлөгддөг. Цангинасан өвөрмөц хоолойтой, хаанаас нь ийм хоолой гардаг байна аа гэж боддог байлаа?

-Үе үеэрээ л сайхан даа.

-Сая тоглолтын дараа ахмадууд “бут авав” уу?

-Яахав, зарим нэг нь орсон л байх. Би залуугаасаа ууж чаддаггүй. Эд нартаа загнуулна. Тоглолтоор яваа үедээ ерөөсөө ууж чадахгүй шүү дээ. Уучихвал хоолой хоёр талаасаа булчин нь бариад, чангарчихдаг. Манайхны зарим дуучин, жүжигчин ууж л байдаг, тамхи татаж л байдаг, дуулж л байдаг. Би бол их өөр. Тамхины утаа үнэрлэж чадахгүй. Хоолой гарахаа больчихдог. Тамхины утаанд байж чадахгүй, архи амсч чадахгүй. Зовлонтой. Улсууд дуулж хуурдаад ууж идэх болохоор намайг маяглалаа гэдэг. “Урлагаар өдий олон жил болчихоод уухгүй байхдаа яадаг юм, тамшааллаа” гэдэг.

-Та ч ааштай байхаар харагддаг л даа?

-(Инээв)

-Таны энэ өвөрмөц дуу хоолой хаанаас эхтэй вэ?

-Би багаасаа их дуулсан даа. Дунд сургуульд байхдаа Пионерийн ордонд дуулдаг. “Арвандолдугаар сургуулийн аварга дуучин” гэж явдаг байлаа. Пионерийн ордонд хүүхдийн дуурьт Хумбагын дүрд дуулна. 1000 хүүхдийн концерт Дуурийн театрт хийхэд бидний таван хүүхэд урд гоцлоод, дуулж л байлаа. Миний эцэг Төв аймгийнх, Дамба-Очир гэж хүн байсан юм. Бидний үед төрсөн он сараа ч мэддэггүй. Ээж маань намайг “1948 онд өвлийн дунд сарын 16-нд төрсөн” гэдэг. Аав урлагийн авьяастай, хуучир, шанз тоглодог, найруулагч хийгээд явдаг байсан гэж дуулсан. Эхээсээ эгч дүү гурвуулаа. Дүүг маань дөнгөж сууж эхэлж байхад аав маань өөд болчихсон юм шүү дээ. Тэр үед ээжээрээ овоглоод явсан. Хэрэв зээ Дамба-Очир гэж овоглогдсон бол аавын маань нутаг усныхан, мэддэг таньдаг хүмүүс нь зорьж ирж уулзах л байсан байх. Ээжээрээ овоглочихоор ээжийн нутаг Сүхбаатар аймгийнхан “Намжилмаагийн хүүхэд байна” тийм ч ах дүү нь, ийм ч төрөл садан нь гээд уулздаг байлаа. Аавыгаа сайн мэдэхгүй. Өөд болоход нь эгч маань тав, би гурван нас л хүрч байсан болов уу.

-Ээж тань тантай төстэй хүн байсан уу?

-Аавын урлагийн авьяасыг авсан байж магадгүй. Ээж маань урлаг талаа барьж явсан хүн биш. Ээж аавын тухай ярьж л байсан. Хүүхэд болохоор анзаардаггүй байж. Хүн нас ахих тусмаа ээж, аавыгаа бодож байхгүй яав аа гэж харамсдаг юм байна. Ээж маань 37 насандаа анхныхаа хүүхдийг төрүүлсэн. Түүнээс өмнө аав, ээж хоёр маань хүүхэд өргөж авсан гэдэг. Тэр ах байвал нэлээд хөгшин л хүн байх ёстой. Тиймэрхүү л амьдралтай хүн дээ. Одоо ганц эгч маань л байдаг даа. Өөрөө хоёр охинтой, хөгшин маань гурван охинтой. Бид хоёр таван охин, хүргэчүүлтэй, 17 зээ, гурван зээнцэртэй болж байна даа.

-Та цэргийн ансамблийн нүүр царай болж явсан хүн. Цэргийн чуулгад яаж орсон бэ?

-Анх наймдугаар ангийнхаа өвлийн амралтаар ансамбльд шалгуулахаар очсон юм. Тэгэхэд “Чи сургуулиа төгсөөд ир” гэсэн. “Би одоо орчихъё л доо” гэж гуйж байж билээ.

-Цэргийн ансамблийг онцлох учир шалтгаан байсан уу?

-Гавьяат жүжигчин Ж.Цэцгээ эгч аавын талын хамаатан. Анх Ардын дуу бүжгийн чуулгын дуучин байлаа. Багадаа эгчийндээ очдог байв. Манай эгч цэрэг хувцастай, жавхайсан гоё эмэгтэй. “Эгч шиг ийм гоё дуучин болох юмсан” гэж мөрөөддөг байлаа. Тэгээд л би цэргийн ансамбльд шалгуулсан.

-Тэр үеийн монголчууд шүтэн биширдэг дуучиндаа яаж ханддаг байв?

-Хүн алдар цол авч болно. Түүнийгээ дааж явах чухал.

-Хананд чинь Ю.Цэдэнбал даргаас гавьяатын тэмдгээ гардаж авч байгаа том зураг байна. Хэдэн он бэ?

-1977 онд 29 настайдаа авч байлаа.

-Бас л эрт авч шүү?

-Тэр үеийн бид одоогийнхтой адил амрахгүй. Их шалгана. Тэр үед намайг бригадаар явж байхад нэг хүн дагаад л явж билээ. Тухайн үед анзаардаггүй байж. Намайг гавьяатад тодорхойлсон учраас зрительтэйгээ яаж харьцаж байна, ард түмэндээ яаж үнэлэгдэж байна гэдгийг хянаж явсан юм билээ. Зритель бол маш олон дахиулна. “Ботго”, “Эхийн тухай дуу”-гаа дуулахаар хөөрхий хөгшид уйлна. Тоглолтын дараа настнууд үнсээд “Миний хүү ямар сайхан дуулдаг юм бэ” гэдэг. Яахав, би ансамблийнхаа орлогод хувь нэмрээ оруулж л явлаа. Бидний үед орлого их хөөцөлддөг. Хавар, намартаа хөдөө бригадаар маш их явна. Цэргийн баяр дөхүүлээд арми сурталчлах өдрүүд гээд баатруудаа, генералуудаа аваад явна. Тэд маань дайнд явж байсан тухайгаа ярина. Нутгийн сайн сурлагатай цэргийг эцэг эхтэй нь аваачиж уулзуулна.

-Үзэл суртлын ажил мундаг байжээ?

-Үнэхээр мундаг. Генералууд армиа сурталчлаад, бид ард нь яриа дуусахыг нь хүлээгээд үүрэглээд сууж байна. Дуусав уу, үгүй юу бид тоглоно. Цэргийн ансамбльд миний оролцоогүй тоглолт бараг байхгүй дээ. Хөдөө явах болохоор “Чи явахгүй бол болохгүй” гэсэн юм ярина. Хүүхэд төрүүлбэл “Хүүхдээ гаргаад сууж бай, ажил битгий хий” гэж загнана. Арайхийж хоёрхон охин төрүүлсэн. Тэр хоёрыг маань муу ээж маань өсгөсөн дөө. Эгч маань ч бас хүүхдээ төрүүлчихээд миний хүүхдийг цугт нь хөхүүлж л байсан. Манай хоёр чинь 24-ийн ясли, цэцэрлэгээр өссөн шүү дээ. Амьдрахын төлөө зүтгэдэг л байлаа. Ажилласныхаа хэрээр нэмэгдэл авдаг. Хөдөө гадаа явахдаа бид зузаан дэвтэр үзэгчдийн дунд аялуулна. Нэг уран бүтээлч тайзан дээр согтуу гарсан бол “Тэр хүн тайзан дээр согтуу гарч биднийг хүндэлсэнгүй” гээд биччихнэ. “Тэр хүн сайхан дууллаа, баяр хүргэе” гэнэ. Хэрэв аль нэг бригадыг тойроод явчихвал “Улаан тугаа намируулаад манайхыг алгасаад явсан” гээд биднийг очоогүй байхад араас матаас очно шүү дээ.

-Та гавьяат авахдаа Ю.Цэдэнбал даргатай үг сольж амжив уу?

-Амжаагүй. Ямар сайндаа анх удаа ойроос харж байгаа болохоор нүүр рүү нь ширтчихсэн зураг гарсан. Хацар нь толигор. “Ямар толиотой хүн бэ” гэж харж билээ.

-Та гавьяатаас өөр одон авсан уу?

-Авалгүй яахав. Байлдааны гавьяаны одонтой.

-Охид чинь урлаг хөөсөн үү?

-Үгүй ээ, хоёулаа амьдралаа хөөгөөд явж байгаа. Хойд, урд хоёр Америкт амьдардаг. Тэдний маань амьдрал нь л болж бүтэж байвал, би хүүхдүүддээ эрүүл саруул өвчин зовлонгүй харагдаж байвал боллоо гэж боддог шүү дээ, эгч нь.

-Та өдрийн ихэнх цагаа юунд зарцуулдаг вэ. Олон нийтийн ямар нэг ажилд оролцдог уу?

-Үгүй ээ. Өвгөн бид хоёр хөдөө жаахан явна. Хөгшин маань хөдөө хүүхдүүддээ чацаргана тарихад нь тусалдаг. Хөдөө аж ахуйн талын хүн шүү дээ, манай хүн чинь. Хааяа би хамт явна. Одоо бол би зурагт хараад, ойр зуур дэлгүүр хоршоогоор орж, хүнс хоолоо цуглуулдаг. Манай ахмадууд цуглавал нийлж, дуулж хуурдаж суудаг.

-“Хөх даалимбан тэрлэг” найраглалын “Бүүвэйн дуу”-г сонсохоор хамрын самсаа шархирдаг. Тэр дуутай яаж учрав?

-Хөгжмийн зохиолч, төрийн соёрхолт Д.Бадарч гуай ансамблийн уран сайхны удирдагч байсан. Д.Пүрэвдорж гуайн найраглалаас “Бүүвэйн дуу”-ны хэсгийг аваад дуу хийж өгсөн юм.

-Таны хувьд ажиллагаа шаардсан уран бүтээл бий юу?

-Тийм юм юу байхав. Жаран хар, арван цагаан гэж байлаа. Би эмэгтэй чуулгатайгаа өөрийн задгай хоолойг эвсүүлэх гэж их ажилладаг. Өөрийн дуу бол яах вэ. Эмэгтэй чуулгын хувьд би задгай хоолойтой гээд ганцаараа цойлж болохгүй.

-Цэргийн чуулга цэргийн дэглэмээр явдаг байх. Та ямар цолтой вэ?

-Бид хавар сайдын шалгалт өгдөг ажилтай байлаа. Цэргийн цол нь дээд зэрэг нь л ахлагч байдаг. Ахлах ахлах гээд хорь гучин жил ч байсан түүгээрээ л явж байдаг даа.

-Таны дууг сонсох юмсан гэж хүссэн хүмүүс цомгийг тань олж авах боломжтой юу?

-Миний цомог дуусчихсан л даа. Ахиад хийж чадахгүй л байна. Утсаар асууж л байдаг юм. “Таны цомог хаана зарагддаг вэ” гээд. Би өөртөө үлдсэн ганц хоёрыгоо өгөлтэй биш дээ. Уг нь цомгоо гаргая л гэж бодох юм. Тэтгэврээрээ амьдардаг хүмүүс чинь чадахгүй байна шүү дээ. Би мөнгө төгрөг хадгална гэж мэддэггүй байлаа. Цалингаа аваад идээд уугаад зарцуулаад дуусдаг. Одоо ч тэр хэвээрээ. Тэтгэврийн хэд маань жаахан жуухан юм аваад, сардаа сайхан таарч л байдаг юм.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Цогтхүү: Унгарын морин тойруулгын уралдаанд Монгол анх удаа оролцоно

Унгарын уламжлалаас үүдэлтэй “Nemzeti Vag­ta” морин тойруулгын уралдаан нь ирэх есдүгээр сард Будапешт хотын төвд орших Баатруудын талбайд болох юм байна. Олон улсын хэмжээнд нэр хүндтэй уг тэмцээн нь морьтон ард түмний уламжлалуудыг бэхжүүлэх дэмжихийн зэрэгцээ оролцогч орнуудтай байгуулсан эдийн засаг, соёл, улс төрийн харилцааг гүнзгийрүүлэх зорилготой аж. Энэ тэмцээнд энэ жил манай улсаас анх удаагаа “Хан Монгол” морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүү оролцохоор болжээ. Өчигдөр Унгараас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мадари Акош тэмцээнд оролцох урилгыг Ш.Цогтхүүд гардуулж өгөхийн өмнөхөн ярилцсаныг сонирхуулъя.

-Та Унгарын үндэсний морин тойруулгын уралдаанд улсаа төлөөлөн оролцохоор болжээ. Морь уралдуулах гэдэг бол Монголын уламжлалтай салшгүй холбоотой. Харин морин тойруулгын уралдаан манайд хэр хөгжсөн юм бол?

-Тойргийн уралдаан гэдэг ойлголт нь хожуу гарсан. Суурин иргэншилтэй ард түмэн олон хүнд нэг дор үзүүлэхийн тулд тойргийн хэлбэрт оруулсан, уралдаан гэдэг нь нэг л чиглэл. Монгол уламжлалд уралдаан нь байсан. Түүнийг орчин цагийн сонгодог хэлбэрт оруулж тойрогт уралдуулж байгаа. Манай Морин уралдааны төв дээр тойргийн уралдааныг зохион байгуулж байсан. Яармагт олон улсын стандартад нийцсэн сонгодог морин уралдааны төв баригдаж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орно. Ер нь манайд тодорхой хэмжээнд хөгжчихсөн гэсэн үг. Хоёр жилээс хэтрэхгүй морин тойруулгын уралдаан зохион байгуулж эхлэх байх.

-Та хэзээнээс тойргийн уралдаанаар хичээллэсэн бэ?

– Хөдөө төрсөн хүүхдүүдээс хар нялхаасаа морь унаж уралдаж үзээгүй хүүхэд ховор байх. Одоо цагт ямар болсныг мэдэхгүй. Урьд нь бол аав нар нь уяач, хүүхдүүд нь унаач тийм л уламжлалтай байсан. Би багаасаа морь унасан гэхдээ нялхдаа уралдаж байгаагүй. Том болсон хойноо наадам Буянт-Ухаад болдог байхад гурван километрийн тойргийн уралдаан зэрэгт оролцож байсан. Хэнтий аймагт тойргийн уралдаан зохион байгуулахад оролцсон. Тэр бол Монголд сонгодог хэлбэрийн анхны уралдааны эхлэлийг тавьсан гэж болно.

-Хэнтий аймагт тойргийн уралдааныг хэдэн онд зохион байгуулсан бэ?

-Бараг арав гаруй жилийн өмнө. Буянт-Ухаад ч ийм тэмцээн зохион байгуулагдаж байсан.

-Тойргоор, тал нутгаар уралдана гэдэг огт өөр хоёр зүйл. Түүнд оролцох морьдыг ч өөр өөрөөр бэлтгэдэг байх?

-Тэгэлгүй яахав. Их хурдтайгаар тойрог хийхэд тодорхой хэмжээний налалт үүсдэг. Налалт үүсэхэд төвөөс зугтаах хүч үйлчилнэ. Унаач хүнээс морин дээр төвөөс зугтаах хүчээ зохицуулах, голоо барьж явах, эргэлт дээр хаагуур нь гүйцэж түрүүлэх тактикаа боловсруулна. Зүгээр нэг гүйцэж түрүүлнэ гээд дайраад байхгүй, аюулгүй байдлаа хангах гээд эрсдэл нь илүү өндөр байдаг. Морины явдал гэхэд нар зөв тойрч байхад баруун хөл нь урдаа байх жишээтэй. Морь дотор талын хөлөө урд нь тавьж давхидаг, гэтэл яг энэ алхаагаараа нар буруу тойроход явдал нь өөрчлөгдөж хурданд нөлөөлдөг. Морины хөлний ээдрээ гарахаас эхлүүлээд тойрогтоо дасч уралдах гээд маш нарийн. Нар буруу тойрч уралдаад сурсан адууг нар зөв тойрогтой уралдааны замд уралдуулахад хурданд нь маш их нөлөөлдөг. Амьд жишээ гэхэд “Макс” группийн Ганбаатарын хурдан морь АНУ-д түрүүлсэн. Дараа нь өөр газар очоод уралдахад уралдааны тойрог нь нөгөө тал руугаа байсан нь нөлөөлсөн. Тойргийн чиглэл өөрчлөгдөхөд хөлөө солих зэргээс эхлүүлээд нэлээд зүйл нөлөөлдөг.

-Та сая нар зөв, буруу тойргийн тухай ярилаа. Улс орон болгонд морин тойруулгын уралдааны талбай нь өөр өөр байна уу. Олон улсын стандарт гэж байдаг биз?

Стандарт гэж бий. Гэхдээ улс орны онцлогоос шалтгаалаад нар зөв ч бий, нар буруу тойргууд ч бий. Тэр битгий хэл элсэн замтай, зүлгэн замтай тойргийн уралдаан гэж байдаг. Энэ нь улс орны онцлогоос шалтгаалдаг. Миний оролцох гэж байгаа Унгарт болох уралдаан нь сонгодог морин тойруулгын уралдаанаас арай өөр. Унгарын уламжлалт морин уралдааны төрөл.

-Унгарын уламжлалт морин уралдаан нь ямар онцлогтой юм бэ?

-Сонгодог шиг тойргоор уралдана. Гэхдээ сонгодог уралдаанд морьдыг төхөөрөмжинд оруулж байгаад хаалга нь нэгэн зэрэг нээгдэхэд уралдаж эхэлдэг. Харин Унгарынх бол бүгдээрээ морио унаад шогшиж байгаад буюу задгай байж байгаад хонх дуугарахад эхэлдэг. Сонгодог уралдаанд бол эмээлтэйгээ зогсч байхад морь унаачийн жин хэд байх ёстойг заасан байдаг. Харин Унгарынх бол унаач нь насанд хүрсэн байх ёстой, жин хамаардаггүй. Мөн өөрийн улс орны онцлогтой хувцас өмсч уралдах боломжтой.

-Тэгэхлээр та үндэснийхээ хувцастай уралдана гэсэн үг үү?

-Үндэснийхээ хувцастай очиж уралдах байх. Яг юу өмсөхөө шийдээгүй байна. Аюулгүйн ажиллагааны каск, нурууны хамгаалалттай байх шаардлага тавьж байгаа. Тиймээс нэлээд бэлтгэл хэрэгтэй болно.

-Унгарын үндэсний морин тойруулгын уралдаанд хэдэн орон оролцох юм бол?

-Анхны байдлаар бол 12 орны тамирчид оролцоно. Энэ удаад Монгол, Франц хоёр анх удаагаа оролцож байгаа юм билээ. Уг тэмцээн өмнө нь орон нутгийнх байсан бөгөөд дөрвөн жилийн өмнөөс олон улсын чанартай болсон.

-Та эндээс морио авч явах уу?

-Олон улсын тэмцээн хэдий ч морио авч явахгүй. Тэнд очоод мориныхоо сонголтыг хийнэ. Тэгээд бэлтгэл хийж мориныхоо ростыг мэдэж аваад түүнтэйгээ оролцох юм.

-Тойргийн уралдаанд монгол морь хэр зэрэг тохиромжтой байдаг вэ?

-Тойргоор монгол морьд уралдвал жаахан хэцүү. Богино зайд уралддаг учраас чац урттай морьдод ашигтай. Монгол адуу бол холын уралдаанд тохиромжтой байдаг.

Учир нь халах тусам улам хурдалдаг, цуцдаггүй. Европ, араб морьд бол богино зайд хурдалчихаад амархан цуцдаг. Том морьдтой холилдоод уралдах юм бол монгол адууны хөлийн хурд, рост нь дутдаг.

-Та ийм уралдаан зохион байгуулдгийг хэзээ мэдсэн бэ?

-Өнгөрсөн жил “Марко Поло” киноны зурагт авалтад орлон тоглогчдын багийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тэгэхэд Унгарт ийм тэмцээн болдог тухай мэдээлэл авсан. Тэгэхэд Будапешт хотын төв талбай дээр элс асгаад, тойрог зам хийгээд уралдаан зохион байгуулдаг гэдгийг мэдсэн юм. Монгол дахь Унгар улсын ЭСЯ-наас ч бидэнд оролцох хүсэлт тавьсан.


Categories
мэдээ цаг-үе

Маргад эрдэнийн Мьянмар улсаар… (II)

-АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН АУН САН СУ ЧИ АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ТОМ ДААЛГАВАРТАЙ СУУНА –

Түрүүч нь 145(5410) дугаат

Хэв маяг ч өөрчлөгдөж болно. Харин сэтгэлгээ өөрчлөгдөнө гэдэг амаргүй. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн албан хаагчид, багш, оюутнуудад уншсан лекцийнхээ үеэр тодорхой хэлж байлаа. Олон улсын хуралдааны төвд болсон уг уулзалтад 2000 гаруй хүн иржээ. Олон улсын худалдааны төв гэж дуулж байснаас хуралдааны төв гэж сонсч байсангүй. Аргагүй л дэглэмийн хүчээр хүмүүсээ барьдаг газар сонсгол лекц хийдэг ийм нэг газар хэрэгтэй байсан биз. Гаднаасаа жигтэйхэн том сүрлэг. Манай хаана ч байхгүй том барилга. Гэхдээ энэ удаад уг газарт Мьянмарын төрийн албаныхан амьдралдаа сонсч байгаагүй үгсийг сонслоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэхүү лекц бол магадгүй бидэнд сонин биш. Яагаад гэвэл бидний мэддэгийг, өөрийнхөө хийж давж ирсэн бүхнээ тэр ярьсан. Харин тэдэнд сонсоод ч төсөөлөмгүйг тэр ярьж байлаа. Ардчилал гэж иргэн бүрийн оролцоог хэлнэ гэж тэр хэлсэн. Ерөнхийлөгчийн өрөө байсан танхимд иргэд цуглаж хууль батлахад саналаа хэлдэг болсон, дарга эрх мэдэлтнүүдийн төлбөр тооцоо шилэн дансны хуулиар хянагддаг болсон тухай, ардчиллын үнэт зүйлийг асран хамгаалах нь нэг далайлтаар биш үргэлжийн мөнхөд хийх ажил, хэрэв иргэдэд эрх чөлөө байвал амархан сурдаг, их зүйлийг хийж бүтээж чаддаг, социалист нийгэмд хүний алдааг уучилдаггүй бол ардчилсан нийгэмд хүн алдаан дээрээ суралцаж урагшилдаг гэж түүний ярьсныг ойлгох хүмүүс цөөхөн байж магадгүй. Гэхдээ тэд муудаа ойлгохгүй байгаа биш ерөөсөө үзэж сонсоогүй юмаа төсөөлөхөд хэцүү байгаагаас тэр. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хамгийн гол сэтгэлгээний өөрчлөлт хамгийн удаан явагддаг, хамгийн чухал нь” гэж онцолж хэлээд байсан нь аргагүй юм. Ерөнхийлөгч “Ардчилал гээд явахаар авлига гэдэг асуудал заавал гарч ирдэг. Та бүхэн үүнийг туулан өнгөрөх учраас хэрхэн даван туулахаа урьдаас тооцох хэрэгтэй гэхэд тэнд цугларсан төрийн албаны хүмүүс зөвшөөрөх ёстойгоо эсэргүүцэх үгүйгээ ч мэдэхгүй хажуудах руугаа ч харж чадахгүй урагш гөлрөн суух нь анзаарагдана. Та нар дэмжиж алга ташиж эсвэл эсэргүүцэж үгээ хэлж болно гэсэн нь ч тэднийг гайхашруулав. Үнэхээр улс оронд нь тогтолцоо өөр болсон ч үүндээ дастал сэтгэлгээ өөр болох хугацаа хэрэгтэй ажээ. Асуух асуулт байвал асуугаарай гэж хэдэнтээ сануулсан ч таг. Асуулт тавих зоригтой хүн байна уу гэхэд хоёр залуу асуулт тавьсан. Үнэндээ тийм нийгэмд төрсөн тэд асуулт тавьж чадсаныг нь эр зориг ч гэхээс яах билээ.

Харилцаа холбооны яаманд ажилладаг гэж өөрийгөө танилцуулсан залуу “Та оролцооны талаар ярилаа. Манайд үндэсний цөөнхийн тухайд оролцоо амаргүй байдаг. Танай улсад үндэсний цөөнх хэр олон байдаг вэ. Асуудлыг хэрхэн шийддэг вэ” гэж асуусан бол түүний дэргэд сууж байсан эр “Авлигын асуудлыг хэрхэн яаж хянасан бэ” хэмээн асууж хариултаа авсан. Тэнд цугларсан олон зуун хүн хэдийд алга ташиж болох, сэтгэл хөдлөлөө хэрхэн гаргах, лекц дууссаны дараа босч болох эсэхээ ч мэдэхгүй тээнэгэлзэн байгаа нь анзаарагдана. Бараг л одоо алга таш, тэг ингэ гэвэл хөдлөөд сурчихсан хүмүүс. Лекцийн төгсгөлд “Одоо та бүхэн чөлөөтэй” гэж Ерөнхийлөгч хэлснээр тэднийг суудлаас нь босгосон билээ. Азийн элгэн дэх ардчиллын өлгий нутгийн төрийн тэргүүний тэдэнд хэлсэн “Та бүхэн чөлөөтэй” гэж хэлсэн нь хурлын танхимаас гарах төдий зөвшөөрөл биш байлаа. Энэ гүрэн, энэ үндэстэн чөлөөтэй гэдгээ мэдрээсэй гэсэн ардчиллын лидерийн хүсэл байв.

Цагтаа их Монгол гүрний дайралтад өртөж явсан мьянмарчууд жинхэнэ шилжилтийн үедээ байна. Намайг багад телевизээр гарч байгаа хүн бүр шилжилтийн үедээ явж байна гэдэг сэн. Тэгэхэд нь яасан ч удаан шилждэг юм бэ гэж бодож байснаа мартдаггүй юм. Тэгэхээр энэ улс гүрний шилжилтийн үе ч багагүй хугацаанд үргэлжлэх биз ээ. Тэдэнд биднээс илүү туулах, биднээс илүү давах олон даваа бий. Наад зах нь энх тайван тэнд тогтож чадаагүй л байна. Аун Сан Су Чи эгчийн хамгийн эхний зорилго бол дайны галыг зогсоож, амар амгаланг тогтоох явдал байгаа болов уу. Мьянмар маш олон үндэстэн ястантай. Хүний эрхийн зөрчил, дотоодын мөргөлдөөн маш их. Бид бага насны хүүхдүүдээр хурдан морь унуулж, баячууд зэрлэг зугаагаа гаргаж байна гэж шүүмжилдэг бол тэнд цэрэг хүүхдүүдийн асуудал саяхныг болтол яригдсаар ирсэн. Одоо ч тийм амар шийдэгдээгүй болов уу. Хүүхдийг цэрэг болгож зарахдаа 40 ам.доллар эсвэл нэг дайз сум үгүй бол сав будаагаар зарчихдаг гэж байгаа. Дайны гал үнэртсэн хүүхэд насанд хүрсэн цэргээс илүү зэрлэг, хайрлах сэтгэлгүй болж өсдөг гэдэг.

Цагтаа Зүүн өмнөд Азийн хамгийн хөгжилтэй орны тоонд Мьянмар багтаж байлаа. Английн колони байсных бас өөрийн баялагтайг хэлэх үү. Гэвч дэлхийн хоёрдугаар дайны үеэр япончууд энэ бааз нутгийг эзлэхээр дайрах үед англичууд ч Мьянмараа бөмбөгдөж эхэлсэн юм. Дэд бүтэц зам юу ч үгүй болтол нь хоёр талаас нь бөмбөгджээ. Харин одоо тэнд зам сайхан тавигдаж. Барилга байшин ч гэж харагдахгүй Нэйпидо хотод юу байна зам байна, нэвсийтэл ургасан ой мод байна. Барилга байгууламж гэж нүдэнд торойх нь үгүй. Дөрвөн давхар орон сууц хаа нэг байх нь төрийн албан хаагчдынх. Гэхдээ эрүүл мэндийн яамныхан ногоон байшинд, хөдөө аж ахуйн яамныхан цэнхэрт сууна гэж ангилсан нь аргагүй л дэглэмт орны илэрхийлэл юм даа. Зэргэлдээ хотууд нь 300-400 км-ийн зайтай. Төрийн албан хаагчид нь дөрөв дэх өдөр гэр рүүгээ явцгааж даваа гаригт эргэж ирдэг гэж дуулсан. Ард түмнээсээ айсандаа 2005 оны арваннэгдүгээр сард гэнэт эрх мэдэлтнүүд нь хулгайгаар шахам нүүн ирж байсан энэ хотод хүүхдийн дуу цангинаж, хүмүүсийн хэлцэх, худалдаа наймаа эрхлэх, мотоциклийн пажигнасан дуу хангинаж байж л ардчилал аажмаар ирж байна гэж бодох байх даа гэж надад санагдаж байлаа. Хүн ч байхгүй, дээшээ биш өргөөшөө нэлийсэн олон тооны зочид буудал, дугуйтай ч хүн явахгүй өргөн замуудыг харахаар амьдрал байхгүй, ардчилал байхгүй мэт санагдаж байсныг нуух юун. Гэхдээ түм түжигнэсэн амьдрал буцалсан олон газар мэдээж бий. Бүхий л бизнес нь генералуудын гарт байх ёстой юм шиг санагддаг тэр сэтгэлгээ арилан одохын цагт ардчилал иржээ гэж тэд бодох биз ээ. Одоогийн байдлаар тэд хүний хөгжлийн индексээр дэлхийн 187 орны 150-д нь яваа юм билээ.

Мьянмарчууд шиг намуун дөлгөөн бас шашинд гүн итгэл бишрэлтэй ард түмэн нэг сэхээрээд ирвэл боссон шиг босох биз ээ. Одоогийн Ерөнхийлөгчийн өмнөх Ерөнхийлөгч Тейн Сейнийг манайхан санаж байж болох. Тэр хүн 2015 онд манай улсад ирж байсан. Аун Сан Су Читэй нас чацуу тэрбээр 2007-2011 онд Ерөнхий сайд, 2011-2016 оны гуравдугаар сар хүртэл Ерөнхийлөгчийн албыг хашсан. Аун Сан Су Чи 1989-1995, 2000-2002, 2003-2010 онуудад гэрийн хорионд байсан гэхээр эрхэм Тейн Сейнийг эрх мэдэлтэй байх үед хоригдож байсан гэсэн үг. Армийн генерал тэрбээр Ерөнхийлөгчийн албаа өгснийхөө маргаашаас сүмд шавилан суух болсон нь үнэндээ дэлхийн чихийг дэлдийлгэсэн юм. Тэрбээр үлдэж буй амьдралаа сахил хүртэн, буяны мөр хөөж амьдрахаар шийджээ. Насаараа цэргийн хүчээр бүхнийг шийдэж явсан энэ хүн насны бөгсөнд буян хийж явахыг эрхэмлэх болж. Бас л сонин шийдвэр шүү. Мьянмар гэж үнэт эрдэнийн чулуунд нүд сохорч, хар тамхины цэцгэнд мансуурч, цагаан будааны тариаланд зүдэрч, бурхны суварганы тоонд гэгээрэм тийм нэгэн сонин улс юм. Гэхдээ тэнд ардчиллын бэлгэ тэмдэг болсон эмэгтэйтэй ардчилал мэдэхгүй ард түмэн их шилжилтийнхээ гарам дээр зогсч байна. Маргад эрдэнийн орны ард түмэндээ амжилт хүсье.

Categories
мэдээ цаг-үе

Хүүгийн минь амь секундээр хэмжигдэж байхад заставын дарга “Дээрээс зөвшөөрөл авах ёстой” гээд завиа өгөөгүй

-БУЙР НУУРАНД ОСОЛДСОН ЗАГАСЧДЫН ЭМГЭНЭЛТ ХЭРГИЙГ МӨРӨӨР-

Буйр тосгоныхон хоёр цагийн турш ямар ч арга хэмжээ авч чадалгүй хоёр загасчны нэгийг нүдэн дээрээ алдчихаж. Хоёрын хоёр хүн амь тавьж буйг нүдээрээ хараад хуруугаа ч хөдөлгөж чадаагүй гэж бодохоор өнөөх өрөвдөх, энэрэх сэтгэлтэй хүн гэгч ямар хувиа хичээсэн, араатнаас дутахааргүй хэрцгий юм бэ гэж толгойгоо шаан зогссоноо өвгөн загасчин ярьж байсан. Тосгоныхон хилийн застав руу завинд явсан хэдийгээ хүлээх зуур хижээл насны эр үгийн зөрүүгүй модон завьтайгаа усанд яваад орчихож. Эрэг дээрх хүмүүс эрс эсэргүүцэж, дахин нэг хүний амь золихоос сэрэмжилж хориглосон ч өнөөх эр “Хангалттай. Хараад зогсч зүрхлэхгүй нь” гээд эргээс 300-гаад метрийн зайд хагарсан мөсөн дээр хэвтэх загасчны зүг хөдөлжээ. Ард хоцорсон хүмүүс амьсгалаа түгжих шахам түүний араас нүд салгалгүй харж, завьтайгаа давалгаанд хоёр тийш савлахад нь дагаж дайвалзах. Бараг л хийсэх шахам сэлүүрдэж явсаар өнөөх загасчны мөсөнд 100 метр орчим дөхөөд цаашлах боломжгүй салхинд шидэгдчих гээд байсан учир эргээд ирж. Гэхдээ хэн болохыг нь таньж амжжээ. Дөнгөж 27-хон настай Ш.Баттулга мөсөн дээр хажуу тийш харсан байрлалтай үхсэн амьд нь мэдэгдэхгүй хэвтэж байсан байна. Тэр үед л загасчдын гэр бүлийнхэн бүх зүйлийг ойлгож, хань ижлээ эргэж ирэхгүй болохыг ойлгожээ. Энэ хооронд тосгоны ардхан талд байрлах хилийн “Буйр” заставаас хоёр дахь удаагаа завь гуйсан боловч гар хоосон буцаж. Энэ тухай Ширмэнтогоо гуай “Хүүгийн минь амь секундээр хэмжигдэж байхад ”Буйр” заставын дарга дээрээс зөвшөөрөл авах ёстой гээд завиа өгөөгүй” гэж хэлээд “Улсын баялаг иргэн. Гэвч төр иргэнээ хийлдэг завьнаас дор үзлээ” хэмээн ярисан. Тэр агшинд хөгшин эцгийн нүднээс эцэс төгсгөлгүй харуусал шаналал, уй гашуу тодорно.

Хилчдийг хийлдэг завьтай очиходзалуу аль хэдийнэ амьсгал хураасан байжээ

“Буйр” застав тосгоноос ердөө хагас км зайтай. Тосгоныхонд хилийн хийлдэг завинаас өөр боломж харагдаагүй учир гурав дахь удаагаа заставыг царайчилж. Энэ удаа харин хилийнхэн завиа гаргаад хийлээд бэлдчихсэн байсан гэнэ. 09:00 цагийн үед хилийн заставын алба хаагчид, нэг усчинтайгаа ирж мөс хүрч загасчинг аврахаар очсон боловч нэгэнт оройтсон байж. Хөөрхий залуу аль хэдийнэ амьсгал хурааж, эвэрч хөлдсөн хүйтэн хөшүүн цогцос хилчдийг угтсан байна.

Ослоос есөн цагийн дараа цагдаа, 13 цагийн дараа онцгой байдлын аврагчидирсэн байна

Буйр нуур Халхгол сумаас 90 гаруй км-ийн зайтай. Сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Ц.Санчир, эмчтэй хамт 13:00 цагийн үед ослын дуудлага хүлээж аваад 15:00 цагийн үед ирсэн гэх. Харин аймгийн Онцгой байдлын аврагчид 19:00 цагийн үед ирсэн болохыг нутгийнхан ярив. Цагдаа, Онцгой байдлын аврагчдын хэлснээр бол нутгийн иргэд 13:00 цагийн орчимд осол болсон тухай дуудлага өгсөн гэсэн. Аврагчид, хилийн заставын усчинтай хамтарч таван метрийн гүнд шумбалт хийж нууранд живсэн эхний цогцсыг олж, хоёр дахь цогцсыг 14 хоногийн дараа олсон бололтой. Харин гурав дахь цогцсыг сарын дараа олсон нь гурван сая дахь иргэний аавынх байж. Эрлийн багийнхан түүний цогцсыг олоогүй бөгөөд нуурын мөс хайлах үеэр Хятадын хилээр гарсан байж болзошгүй гэж таамаглаж байжээ. Харин Д.Намхай гуай хоёр хүүгийнхээ хамт бүтэн сар нуурын эрэг сахиж нүдээ ширгэтэл ус ширтэн хүүгийнхээ цогцсыг гарч ирэхийг хүлээжээ. Өглөө гараад нар шингэхтэй зэрэгцэн гэртээ ирээд шөнө унтах ч үгүй үүр цайнгуут нуурын зүг нуруугаа үрээд алхчихдаг байсан тухай нутгийнхан нь ярьсан юм. Зарим нь “Энэ хөгшин амьдаараа яс махтайгаа хатчих гэж хөөрхий” гэж уулга алдан, халаглахыг өөрөө ч сонсдог байж. Ямартай ч түүний цөхрөл хоосон байсангүй. Биднийг очих үед “Хүүгээ нутаглуулаад ирлээ. “Ядаж л сүнс нь амраг” гэж санаа алдаж суусан.

Өмнө нь Буйр нуурт 13 жилийн зайтай хоёр осол болж 11 хүн амиа алдсан байна

Буйр нуурт болсон энэ эмгэнэлт ослын өмнө хоёр ч томоохон осол болжээ. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны өвөл “УАЗ-469” машинтай арваад хүн Буйр нуурт ирж загасчлаад шөнө буцахдаа төөрч нуурын мөсөнд яваад орчихож. Машин мөсөнд цөмрөх үед жолооч хаалганы цонхыг хагалж амжсан бол хажуугийн суудалд явсан эр машины урд цонхыг хага цохиж амь мултарчээ. Усан дотор машины цонх хагардаггүй юм байна. Харин үлдсэн долоон хүн энджээ. Ослын дараа нуурнаас машиныг гаргахад загасчид дээврийг нь хутгаар юу ч үгүй сийчиж амь гарч чадалгүй эндсэн байж. Загасчид байнга хутгатай явдаг боловч тухайн машины дээврийг аргелитаар доторлосон байсан нь үхлийн шалтгаан болсон бололтой. Яг үүнээс 13 жилийн өмнө дөрвөн хүн фургон машинтай нуурын мөсөнд мөн л цөмөрч эндсэн аймшигт осол болсон удаатай. Энэхүү осолд эндсэн Мөнхжаргалын хадам ээж 13 жилийн өмнө болсон ослоор төрсөн хоёр хүүгээ алджээ. Түүний хувьд насаараа нуурын эрэг дагаж загасчилж амьдарсан бөгөөд “Нуурандаа гомдож байна” гэхээс өөр юм ярихыг хүссэнгүй.

Мөсөн дээр гарсан загасчдыг аврах боломж байсан

Мөсөн дээр хоёр цаг гаруй үхэлтэй тэмцсэн загасчдыг аврах бүрэн боломж байсан гэдгийг талийгаачдын ар гэрийнхэн хэлсэн. Нийт гурван удаа хилийн заставаас хийлдэг завийг нь гуйсан боловч эхний хоёр оролдлогод бүтээгүй байна. Хэрвээ хэлсэн даруйд цаг алдалгүй завь гаргаж өгсөн бол хоёуланг нь эсэн мэнд аврах байсан гэдгийг ахин дахин харуусан ярих. Загасчдын хувьд хоёр залуу нь усанд чамгүй сайн, тэгээд ч насны аагаар хүйтэн уснаас мөсөн дээр гарч чадсан. Гэвч туршлага дутсан байж болох. Тэд бие биенээ анзаарч, хоорондоо тэврэлдэн илчээ арай удаан хадгалах боломжтой ч байж болох байсныг нутгийн загасчид хэлсэн. Нуурын эрэг элсэрхэг, тийм ч гүн биш. Нутгийнхны зуны цагт сэлдэг л газар гэсэн. Харин дөч гаруй настай хоёр загасчны хувьд хүйтэн усанд унангуут шууд л шоконд орж, шөрмөс нь татсан байж магадгүй гэсэн таамгийг ар гэрийнхэн нь дэвшүүлэн ярьж сэтгэлээ зогоож сууна. Харин “Буйр” заставын орлогч дарга Э.Бат-Эрдэнэ “Тосгоныхон заставын дарга руу хоёр удаа утасдсан юм билээ. Дараа нь нутгийнхнаас загас худалдаж авдаг Хамер жийптэй эрэгтэй ирж хэлсэн. Яг юу болоод байгаагаа тодорхой яриагүй юм билээ. Осол болсон гэж. Цэргийн байгууллага учраас завийг шууд гаргах боломжгүй. Заавал төв болох Мэнэнгийн отряд, улмаар отрядаас яам руу мэдэгдэх ёстой. Гэхдээ заставын дарга эхлээд утсаар ярихад нь л завиа агуулахаас гаргаж хийлүүлсэн. Дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд загасчлах хориотой байдаг. Энэ үед бид ч нууранд завь гаргах хориотой. Тиймээс завь агуулахад байсан хэрэг. Заставын дарга харуулын цамхгаас нөхцөл байдлыг дурандаж харсан байсан. Ингээд манай алба хаагчид очиж загасчны цогцсыг нуурнаас гаргаж, үлдсэн цогцсыг хайж шумбалт хийсэн” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Categories
мэдээ цаг-үе

Улсын заан Ч.Батзориг: Санасандаа хүртэл барилдаж чадаагүй үед дараа жилийн наадам ч хол шүү дээ

Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Чогсомын Батзоригтой ярилцлаа.

-Таны төрж өссөн нутаг болон ажил хөдөлмөрийн гараанаас яриагаа эхлэх үү?

-Тэгэлгүй яахав. Хүн төрж өссөн нутаг усаараа тэжээгдэж явдаг учиртай. Би 1971 онд Ховд аймгийн Чандмань суманд Жаргалант, Бумбат хайрхны өвөр, Хар-Ус, Хар, Дөргөн хэмээх холбоо гурван нуурынхаа хөвөөнд мэндэлсэн азтай хүү. Эцэг эхээс есүүлээ. Би гурав дахь нь юм. Наймдугаар ангиа төгсөөд л аав, ээждээ тус дэм болж үйлдвэр бригадад ажилласан даа. Тэр үед нэгдэл гэж сайхан хамтын аж ахуй байж. Биднийг нэг баг болгоод л нэгдлийн хамаг хүнд хүчир ажилд явуулна. Чулуу зөөж хашаа барина. Өвс хадлан хадна. Өвөл цас ухаж бэлчээр гаргана. Нэг жил уурын зууханд галч хийж байлаа. За тэгээд хийгээгүй юм бараг байхгүй дээ.

-Хэзээнээс барилдаж эхлэв. Анх хаанахын ямар наадамд зодоглов?

-Биднийг бага байхад хөтөлж аваачаад л том хүмүүсийн аманд өгчихдөг байлаа шүү дээ. Нөгөөдүүл маань нэг өргөж үнсчихээд л яваад өгнө. Миний хувьд 15 настайдаа анх сумынхаа наадамд дөрөв даваад, тавд сумын заан Сэрж хэмээх нутгийнхаа хүндтэй бөхөд унаж билээ. Дараа жил нь одоогийн Ховд аймгийн Засаг дарга болох Д.Цэвээнравдантай (цэргээс халагдаж ирсэн сайхан залуу, сүрдмээр ч байсан) дөрвийн даваанд таарч барилдаад унасан. Ер нь манай сумын наадмын дэвжээ их хатуу шүү. Тиймдээ ч монгол бөхийн өлгий нутаг гэгддэг байх. Багш (Ч.Бямбадорж заан), Мөнхөө ах (И.Мөнхбаатар заан) бид гурвыг оруулахгүйгээр зөвхөн манай сумын бөхчүүд гэхэд л сүүлийн долоон жил төрийн их баяр наадмын дунд, их шөвөгт завсаргүй хүрч барилдаж байна шүү дээ. Тэр үед манай суманд Ч.Бямбадорж багшийн нэрэмжит сумын цол олгох тойргийн барилдаан зохиогддог уламжлалтай байсан юм. 1990 онд уг барилдаанд түрүүлж сумын заан болсон доо. Ерээд оны эхээр манай нутгаас хот орно гэдэг хол, зам харгуй муутай, тэрэг техник ч ховор байсан цаг л даа. Том ахыгаа өвөл хот руу явахад нь улсад ид барилдаж байгаа Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын зураг хөрөг байвал олоод ирээч, бие хаагаар надаас хэр том юм бол үзье гэж захилаа. Хол газрын мань мэт нь ар гэр, адуу мал, аж ахуйн ажил гээд барилдааны арга мэх гэж бараг мэдэхгүй. Ах маань хэдэн сайхан бөхчүүдийн зураг авчирч би ч харлаа. Цуг харж суусан ах маань “Батзориг оо бие хаагаар чамаас хол зөрөөд байх юм алга байна даа” гэлээ. Тухайн үед энэ сайхан бөхчүүдтэй барилдах юмсан гэж мөрөөдөж байсан юм. Ингээд 1991 онд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Чадраабалын Бямбадорж хэмээх эрхэм багш маань нутгаасаа ирээдүйд бөх болох хэдэн сайхан залуу сонгож авсны нэг нь би юм.

-Мөрөөдлөө биелүүлэхээр хотод орж ирсэн хүүгийн анхны барилдаан ямар болов?

-Хувь тавилангаараа нутгийнхаа сайхан заан ахыгаа дагаад хотод ороод ирлээ. Миний багш өөрөө хүнд сорилтыг давж, баргийн хүнээс гарахгүй тэсвэр тэвчээр зааж бөх болсон хүн. Тэр чинээгээрээ бидэнд ч өндөр шаардлага тавина. Хэдэн сар хөлс хүчээ шавхсаны хүчинд зааланд барилдахтайгаа боллоо. Торгон зодог шуудагтай эсгий малгайтай намайг улсын цолтой бөхчүүдтэй шууд барилдууллаа. Нэгийн даваанд Батбаяр начинг, хоёрын даваанд Өвөрхангайн Хужиртын Батхуяг начинг хаяад суулаа. Нутгийн бөхчүүд намайг магтаж байна гэж жигтэйхэн. Би ч урам зориг дүүрэн гурвын даваанд Хадбаатар аваргын аманд очлоо. Надад хэн ч зааж өгөөгүй мэдрэмжээрээ хийчихдэг зүүн морддог мэхтэй. Багш маань “За чи мордчихоорой” гэлээ. Гараад өрлөө. Төд удалгүй мордоод дайрчихлаа. Тэгсэн юу болсныг ч мэдсэнгүй, нээг их том хар юм дээрээс нөмөрч ирээд уналаа. Даруулж унасан болохоор доороос нь арай гэж нэг юм сугарч гарч ирлээ. Ямар ч том хүн юм (инээв). Тэгэхэд заалны барилдаан болмоор ч юм шиг санагдаж байсан. Багш маань “Хүч” спорт хороо, дотоодын цэргийн 805 дугаар ангид оруулаад бүтэн жил барилдуулахад зааланд нэг ч даваагүй шүү. Анх зааланд яаж хоёр давсан юм бүү мэд. Хөдөөнөөс орж ирсэн юу ч мэдэхгүй, хүүхэд байж дээ.

-Ц.Мягмарсүрэн заан та хоёр нэг багшийн шавь нар. Та хоёр тээр жилийн аймгийн наадамд барилдсан тухайгаа яриач?

-Цэргийн алба нэг жил хаагаад халагдах болоход намайг дахин нэг жилээр улираалаа. Дараа жил нь бүх цэргийн наадамд шөвгөрч цэргийн начин боллоо. Ингээд халагдаж ирээд Манхан, Зэрэг сумдын наадамд түрүүлчихээд аймгийн наадамд барилдахаар очлоо. Ц.Мягмарсүрэн ч хэд хэдэн сумын наадамд түрүүлчихээд аймагт ирчихсэн байв. Бид хоёрын нэг нь түрүүлнэ гэсэн бодолтой. Хамгийн гол нь доор даваанд туначих магадлалтай байв. Наадмын асарт сууж байхад нутгийн ах нар хүрч ирээд “За хоёр дүү ямар бодолтой байна?” гэж асуухад нь “Бид хоёр даваа гуйхгүй, харин хооронд нь битгий оноогоорой” гэхэд тэд их л дурамжхан байж билээ. Тэр үед ид барилдаж байсан аймгийн хүчит арслан Г.Цоож гурвын даваанд Мягааг маань амлачихлаа. Би ч учраа бөхтэйгөө барилдаж байтал хүмүүс шуугиад явчихлаа. Гэтэл өнөөх арслан чинь манай хүнийг ганцхан маниулдаад шидчихдэг байгаа. Би ч дөрвийн даваанд аймгийн хурц арслан Р.Галсандаваа ахтай таарч барилдаад уначихлаа. Их санаатай байсан бид хоёрын хувьд тэр жилийн аймгийн наадам ингээд дуусав. Багш маань “Зүгээрээ, миний хүүхдүүд. Наадмын дэвжээ гэдэг ийм л байдаг. Унаанаасаа суралцаж л бөх болдог юм” гэж байсан сан.

-Ус нутгийнхнаа баярлуулж улсын цол анх авч байсан үе үнэхээр сайхан дурсамж үлдээсэн байх?

-1993 оноос л улсын баяр наадамд зодоглож эхэлсэн дээ. Эхний жил нь хоёрын даваанд, дараа жил нь дөрвийн даваанд унаад 1995 оны улсын баяр наадмын тавын даваанд Хөвсгөлийн Баянмөнх бид хоёр туналаа. Өмнө нь Баянмөнхийг ганц нэг хаяад байсан болохоор илүүрхэж барилдъя гэж бодоод дайрч ороод ардаа алдчихаж билээ. Гэхдээ тэр үедээ “За яахав, энэ даваа дахиад надад ирэх л даваа” гэж бодоод нэг их харамсаагүй. Дараа жил нь буюу “хоёр Эрдэнэ” дөрвөн цаг барилдаж од түгсэн хойно хаялцдаг 1996 оны наадамд багшаараа тав даваад, зургаагийн даваанд О.Одгэрэлтэй тунан барилдаж унасан. Ингээд л мөрөөдөж явсан улсын начин цолондоо хүрчихээд итгэж өгөхгүй байн байн тэмдэг залаагаа харж байдагсан. Тийм их аз жаргал, баяр баяслыг мэдрүүлсэн багшийнхаа ачийг үргэлж санаж явдаг юм аа.

-Улсын начин болсныхоо дараа жилүүдийн наадамд А.Сүхбат аваргатай хэд хэдэн удаа таарсан?

-Тийм ээ. Бид хоёр 1997, 1998, 1999 оны улсын баяр наадамд гурван жил дараалан тавын даваанд тунаж барилдсан. Сүхбат аваргатай бяр тэнхээ, бие бялдраар илүүрхэж барилдана гэсэн ойлголт байхгүй. Барилдааны ур ухаан, хурд, мэхээр барилддаг бөх шүү дээ. Одоо эргээд бодоход энэ сайхан аваргатай тунан барилдаж залуу насны ид хав, эрч хүчээ сорьж явсан минь бахархалтай сайхан санагддаг даа.

-Сүхбат аварга анх түрүүлснийхээ дараа танд нэг үг хэлсэн байдаг?

-2000 онд улсад анх түрүүлчихээд надтай уулзахдаа. “За Батзориг оо, чи бид хоёр дундуур тунахын зовлонгоос саллаа. Миний хөгшин сайхан барилдаж санасан цолондоо хүрээрэй. Хөгшин чинь ч гэсэн цолоо ахиулж аварга гэдэг цолонд хүрэхийг хичээе” гэсэн. Тэгээд ч хүрсэн дээ.

-Заан цол авсан наадмаа дурсахгүй юу?

-2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар зургаад том Сүхбат (Монгол Улсын гарьд) долоогийн даваанд Мөнхэрдэнэ арсланг тус тус өвдөг шороодуулж заан болж байсан. Ер нь заан цолтон төрдөг наадам тун ховор байдаг. Зүлэг ногоон дэвжээн дээр дуслуулсан хөлснийхөө үнэ цэнийг мэдрэх шиг сайхан юм хаа байхав. Тэр үед миний аав амьд сэрүүн байсан. Хүүгээ заан болохыг харна гэж үргэлж хэлдэг байж билээ.Аав ээж, багш, нутгийн түмэн, уул усаа баясгаад том цол аваад очно гэдэг юутай ч зүйрлэшгүй сайхан л даа.

-Зургаан залуу зааны үед тэдэнтэй гол өрсөлдөгч нь таны үеийнхэн л байсан даа?

-Зургаан залуу зааны дундуур заан цолонд хүрнэ гэдэг үнэхээр хэцүү л дээ. Гэхдээ яг эднийг залгаад бас зургаан заан гарч ирсэн нь И.Доржсамбуу, Д.Бумбаяр, Ц.Мягмарсүрэн, О.Одгэрэл, М.Баяржавхлан бид зургаа юм аа. Бид чинь өмнөх зургаагаа бас тийм ч амар дээш нь явуулдаггүй л байлаа шүү дээ. Жинхэнэ өрсөлдөөн, монгол бөхийн жудаг, сайхан нөхөрлөл цогцолсон бөхчүүдтэй нэгэн үед барилдаж, унаж даваж явсан минь миний бахархал.

-Ард түмэн таныг заанаас цаашаа ахиж барилдах бөх гэж харж хүлээж байсан.Одоо ид барилдаж байгаа олон залуусыг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн. Таны багш ч гэсэн тийм хүн байсан?

-Заан цол чинь өөрөө барилдсан хүн болгон хүртээд байдаг цол биш шүү дээ. Энэ цолонд хүрэхийн тулд ямар их хүч хөдөлмөр, хөлс, тэсвэр тэвчээр гаргадаг гэж санана. Миний өдий зэрэгтэй сайн сайхан яваа минь Монгол Улсын заан, бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Чадраабалын Бямбадорж гэдэг хүний л ач (хоолой нь зангирав). Энэ сайхан хүнийг бурхан дэндүү эрт авч явлаа даа. Би багшийнхаа цолыг хүртсэн. Тийм болохоор ирээдүйд цолондоо эзэн болон залуучуудыг дэмжиж тунаанаас гаргах уламжлал байдаг. Ер нь миний суган доогуур гарч начин цолонд хүрсэн бөхчүүд бүгд л цолоо ахиулж баталсан байдаг юм. Тухайлбал, аварга С.Мөнхбат, арслан Д.Азжаргал,заан Д.Амгаланбаатар, харцага Т.Амартүвшин, Н.Түвшинбаяр (олимпийн аварга) гээд тоолоод байвал адаглаад л цолоо батлаагүй бөх байхгүй ш дээ. Эдэн дотор чинь тэгээд дэмжээд явуулсан нь ч бий, дийлэлгүй явуулсан нь бий (инээв). Тэгээд энэ сайхан залуучууд маань бөхийнхөө ёс жудгийг дээдэлж, сайхан барилдаж, ард түмэн, нутаг усаа баярлуулж яваасай л гэж бодох юм.

-Энэ цагт ид барилдаж байгаа хүчтэнүүдийн нэг Улсын харцага Пүрэвсайханыг бөхийн замд оруулсан хүн та. Энэ талаар жаахан хуучлах уу?

-Миний төрсөн ах Ч.Баатархүүгийн бага хүү нь юм. Анх Ховд аймгийн Чандмань суманд дүү маань 16 настай наймдугаар анги төгсөхөд нь ах Ховдод санхүүгийн мэргэжлээр сургах гэж байхад нь би болиулаад “Энэ хүү чинь улсын цолтой бөх болгож өгье” гээд хот руу аваад ирсэн. Миний дүү чинь биеэр жижиг ч баргийн хүнд бярдуулдаггүй, тэсвэр хатуужил сайтай, хүний заасныг амархан сурдаг, сэтгэлийн хат сайтай гээд олон давуу чанартай л даа. Улсын харцага цолтой хүн ямар хэмжээнд барилдах ёстой вэ. Тэр л хэмжээнд барилдаж нутаг усныхаа нэрийг дуурсгаж яваа бөх. Түүнийг олон хариуцлагатай барилдаан хүлээж байгаа. Зөвхөн бяр чадлаар биш ухаанаар барилддаг гэж ахмад бөхчүүд ярьдаг нь хоосон үг биш. Үнэхээр бөхчүүд улс төр, бизнесийн аль ч салбарт амжилттай явна.

-Та бас бизнест хүч үзэж байгаа хүн?

-Зөв сайхан амьдрах ухааныг хүн амьдралын явцад л олж авна. Миний хувьд бие дааж амьдрах болсон цагаасаа л бизнест хөл тавьсан. Анх хиамны цех, дэлгүүртэй байлаа.Бэлтгэл сургуулилалт гээд зав гарахгүй болохоор нь цехээ ажиллуулахаа больсон. Хоёр жилийн өмнө барилгын бетон эдлэлийн үйлдвэрээ байгуулж тоосго, лотки, суурийн блок, цоохор блок зэргийг стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Манай үйлдвэр 50 гаруй ажиллагсадтай,өвөл зунгүй ажилладаг. Би чинь багаасаа малын дэргэд өссөн хүүхэд. Малд их хайртай. Энэ ч утгаараа “Шим заан” нэртэй мал аж ахуйн компанитай. Манайх сүү махны чиглэлийн 1000-аад үхэртэй. 11 малчин өрхтэй. Дорнодын сайхан талд бэлчээрээр голдуу маллагаатай. Үүнээс гадна угшил харж цуглуулж авсан хэдэн сайхан адуу бий.

-Зүүн хавирдаг дархан мэхийг тань хүмүүс их ярьдаг юм?

-Би ч олон мэхтэй хүн биш л дээ. Ганц сайхан хавирах мэхтэй. Хааяа зүүн мордоно.Даалгаж хийж чадвал мэх цөөддөггүй юм аа. Надтай барилдсан бөхчүүд тийм мэх ирнэ гэдгийг мэдсээр байгаад л хийлгэчихдэг байлаа. Гэхдээ алхаа гишгээ хүндийн төв нь хаанаа байна гээд л анхаарах юм зөндөө байлгүй яахав. Барилдааны явцад л бүх зүйлийг мэдэрч байх ёстой.

-Наадам дөхлөө. Та ид барилдаж байх үедээ наадмыг хэрхэн хүлээдэг байв?

-Санасандаа хүртэл барилдаж чадаагүй үед дараа жилийн наадам ч хол шүү дээ. Наадмын маргаашаас л алдаагаа засч, бэлтгэлээ чамбайруулж дараагийн наадмыг хүлээнэ дээ.

-Та энэ жилийн наадмаар зодоглох уу? Хэн түрүүлэх бол?

-Наадам гэдэг бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөр. Хэн од хийморьтой байна. Хэн хичээл зүтгэл гаргаж, уйгагүй хөдөлмөрлөж чадна . Түүнийг л есөн хөлт цагаан туг хэд тойруулахаа мэднэ дээ. Одоо ид барилдаж байгаа залуус маань бүгд л тогтмол бэлтгэлтэй байгаа. Түүхт сайхан ой тохиож байна. Монгол түмнээ хүндэтгэж, бөхөө дээдлээд хийморио сэргээж нэг гарна даа. Бөх хүн зодог шуудгаа өмсөөд ногоон торгон дэвжээн дээрээ дэвнэ гэдэг хамгийн их аз жаргал даа.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Эх орныхоо түүхий эдээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Гоо” брэнд

Хонины сүүл, чацаргана, халгай, ганга, эрдэнэшиш, жамц давс гээд монгол түүхий эдийг ашиглан олон нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа “Гоо” брэндтэй танилцлаа. Сүүлийн үед “Гоо” брэндийн бүтээгдэхүүнд иргэд ам сайтай байх болжээ. Монгол хүний арьсны онцлогт тусгайлан зориулж, монгол түүхий эдээ ашиглан хийдэг тул манайхны арьсанд сайн тохирч байгаа гэнэ шүү. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байгаа тус хамт олныд өнжлөө.

20 гаруй насны залуухан бүсгүй бидэнд үйлдвэрээ танилцуулсан нь тус брэндийн үүсгэн байгуулагч М.Гонгорсүрэн байлаа. Түүнийг ойр дотнын хүмүүс болон хамт олон нь Гоо гэж дуудна. Үйлдвэр рүү ормогц цэцэг, жимс, байгалийн тосны үнэр сэнгэнэх нь нэн таатай. Автомат машин техник ховор харагдав. Ажилчид гараар бүгдийг хийх аж. Хонины сүүл боловсруулж, халгай, ганга ургамлыг нүдэж бэлдэн, чацарганын тосоо гарган авч байна. Тавцангуудад бэлэн болсон бүтээгдэхүүнүүд өрөөстэй. Өнгө өнгийн чамин хийцтэй саван, бөмбөлгүүдийг хараад сэтгэл татагдахгүй байхын аргагүй. Бас тод өнгийн гоёмсог сав баглаа боодол бүхий олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд өрөөстэй.

Хамгийн наана зогсож буй залуу бэлэн болсон бүтээгдэхүүний хаяг шошгийг хадна. Тэрбээр энэ үед “Бүсгүй” нэртэй эмэгтэйчүүдийн шингэн савангийн тайлбар шошгыг нааж байв. Тайлбар дээр нь чацаргана нь умайн хүзүүний цервицит, кольпит, үтрээний үрэвсэл, салст бүрхэвчийн гэмтлээс урьдчилан сэргийлдэг биологийн үнэт ургамал юм. Энэхүү шингэн саван нь ямар ч химийн хорт бодисгүй, цэвэр чацарганын тосоор, гар аргаар хийгдсэн зуун хувийн органик эмчилгээний, гоо сайхны бүтээгдэхүүн гэж бичжээ. Эмэгтэйчүүдийн эмзэг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, анагаах зорилгоор долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэвэл тохиромжтой гэж тайлбарласан байв. Мөн арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүн олон нэр төрлөөр өрөөстэй. Үүн дотроос “Давирхай” арьс арчилгааны цуврал бүтээгдэхүүн анхаарал татав. Энэ бүтээгдэхүүн нь хуурай, холимог, эмзэг мэдрэмтгий арьстай бүсгүйчүүдэд тохиромжтой аж. “Гоо” брэндийг үүсгэн байгуулагч Гоо нь энэхүү бүтээгдэхүүний тухайд “Юу ч хэрэглэсэн эмзэгшээд, хуурайшаад, харшлаад, үрчлээ үүсэх гээд байвал энэ бүтээгдэхүүнийг нэг удаа хэрэглээд үзээрэй” хэмээн тайлбарлалаа. Тагийг нь онгойлгоод үзтэл зуныг санагдуулам, мод, давирхайн үнэр сэнгэнэх аж. Бас “Лаванда” цэцгийн хандтай биеийн тос, “Борголжин” тэжээлийн маск гээд арьс арчилгааны олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “Борголжин” тэжээлийн маскны тухай тайлбарлахдаа “Амттанаар арьсаа хооллож байгаагаас ялгаагүй. Халх голын зөгийн цэвэр балтай учир арьсыг чийгшүүлж, нөсөө толбыг бүдгэрүүлэн, тэжээл өгч, арьсны цангааг тайлах үйлчилгээтэй. Зөгийн бал нь С аминдэмээр баялаг тул давхар цайруулна. Бас какао орсон. Эртний Египетийн хатад гоо сайхандаа какаог ихээр ашигладаг байжээ. Хуурайшилт, нөсөө толбын эсрэг хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүнд тооцогддог байна. Шоколадыг монголоор “Боргол” гэдэг шүү дээ. Тиймээс ийнхүү “Борголжин” маск гэж нэрлэсэн” гэж тайлбарлалаа. Бас гангатай үсний цацлага, зөгийн балтай нүүрний скраб, чацарганатай сүүн шингэн, чацарганатай нүүрний утлага, чацарганатай шингэн саван гээд төрөл төрлөөрөө байна. Мөн үсний тоник, нүүрний тоник гэх мэт 30 гаруй төрлийн органик бүтээгдэхүүнийг гар аргаар үйдвэрлэж байгаатай танилцлаа.

Хэрэглэгчдэд хамгийн их хүрсэн бүтээгдэхүүний нэг бол ванны бөмбөлөг аж. Бөмбөлгүүд нь арьсыг булбарай зөөлөн болгон, гуужуулан, целлюлит шатааж, ядаргаа тайлах үйлчилгээтэй гэнэ. Цэнхэр бөмбөлөг нь гаатай, ногоон нь модны хандтай, ягаан нь сарнайн хандтай, шар нь нимбэгтэй, улбар шар нь чацарганатай, саарал нь шавартай буюу харшлын эсрэг үйлчилгээтэй аж. Усанд ороод өөрөө задран гайхалтай сайхан үнэр гаргадаг гэлээ. Монгол орны өвөрмөц тогтцод бий болсон хлор корбонат, гидрокорбонат, натри, хүхэрт устөрөгч гэх мэт 1000 гаруй төрлийн эрдэст шаврыг тусгай аргаар боловсруулж жамц давстай хослуулан харшлын эсрэг энэхүү ванны бөмбөлгүүдийг хийжээ.

“ГОО” БРЭНДИЙН БҮХ БҮТЭЭГДЭХҮҮНД ЯМАР Ч ХИМИЙН БОДИС ОРООГҮЙ ГЭВ

М.Гонгорсүрэн “Би энэ брэндийг бий болгохоос өмнө мэдээж бусад бүсгүйчүүдийн адил гадаадын үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байлаа. Ялангуяа манай охид эмэгтэйчүүдийн хувьд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэдэг шүү дээ. Тэгээд химийн бодис ороогүй, цэвэр органик бүтээгдэхүүн хэрэглэх юмсан гэж их хүсдэг байлаа. Энэ мөрөөдлөө амьдрал дээр хэрэгжүүлсэн гэхэд болно. Манай бүтээгдэхүүнүүд цэвэр органик, химийн бодис ороогүй гэдгээрээ давуу талтай. Нэг хэрэглэж үзсэн хүн дахиад авдаг. Сайн чанартай бүтээгдэхүүнд сурталчилгаа хэрэггүй байдаг юм байна лээ. Нэг хүний ард мянган хүн байдаг гэдэг шүү дээ. Нөгөө талаар бид бүх хаяг шошго, сав баглаа боодлоо үндэсний үйлдвэрлэгчдээсээ авч байна. Гадаадад захиалгаар хямд хийлгэх боломжтой юм билээ. Гэхдээ бид өөрсдөө үндэсний үйлдвэрлэгчид учраас бусад үйлдвэрүүдээ мөн дэмжээд ажиллаж байна. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээд манай бүтээгдэхүүнийг аваарай гэж би сурталчлахгүй. Хүний өөрийнх нь сонголт шүү дээ. Гэхдээ манай бүтээгдэхүүнийг нэг хэрэглээд үзсэн хүн дахиад заавал авдаг юм” гэв.

Ингээд үйлдвэрээс гараад Орос элчингийн баруун талд байрлах “Гоо” брэндийн нэрийн дэлгүүрт очлоо. “Монголын анхны органик гоо сайхны дэлгүүр” гэсэн томоо хаягтай. Дотор чимэглэл нь уран зураг, уран баримлаар гоёсон нь шинэлэг санагдлаа. “Би өөрөө залуу эмэгтэй хүн. Үргэлж гоё чамин, тод өнгөнд дурлаж байдаг. Тиймээс хэрэглэж байгаа бүтээгдэхүүн маань чанартай байхаас гадна гаднаасаа ч гэсэн тансаг, гоё харагдах нь чухал гэж бодож байна. Тиймээс л тэр хүсдэг, мөрөөддөг зүйлүүдээ шингээсэн. Хамгийн гол нь манай дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн өдөр бүр шинээр ирдэг. Үйлдвэрээс дөнгөж ирсэн, шинэхэн органик бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэд очдог гэсэн үг. Учир нь цэвэр органик, химийн бодис ороогүй бүтээгдэхүүнд удаан хугацаагаар хадгалах химийн найрлагатай бодис ордоггүй. Тиймээс цөөн тоогоор өдөр бүр шинээр үйлдвэрлэн хэрэглэгчдийнхээ гарт хүргэж байна. Олон улсад ч гэсэн цэвэр органик бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хадгалдаггүй” гэв. Хамгийн сүүлд гарсан бүтээгдэхүүн нь аль вэ гэхэд “Нийтдээ 30 гаруй төрлийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдийн гар дээр хүрч байна л даа. Энэ дундаас онцгойлоод хэлэхэд сүүлийн үед шүд цайруулагч бүтээгдэхүүнийг маш сайн худалдан авч, эрэлт ихтэй байна. Нэг удаа хэрэглээд шууд үр дүн өгдөг. Шүдийг эхний угаалтаар цагаан болгоно. Давхар буйлны үрэвслээс сэргийлнэ. Нимбэг, гааны орцтой учраас шүдийг сэнгэнэсэн сайхан үнэртэй болгож, харин эрдэнэшиш нь шүдийг эмзэгшүүлэхгүй бат бөх болгоно. Шүдээ угаасны дараа сойзондоо бага зэргийг түрхэн паалангаа дахин зүлгэж угаахад л хангалттай. Үнийн хувьд ч боломжийн 3000 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Мөн эмэгтэйчүүдийн саванд бүсгүйчүүд маань ам сайтай байна. Чацаргана жимс нь өөрөө хүний биед хэрэгтэй маш олон төрлийн амин дэмийг агуулж байдаг. Тиймээс энэхүү чацарганатай бүтээгдэхүүн нь маш зөөлөн сэрүүн цэвэр байдлыг мэрдүүлэхээс гадна ямар нэг харшил өгөхгүй, эмэгтэй хүний үтрээнд байх ашигтай бактерийг тэнцвэржүүлэх, элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ гээд маш олон давуу талтай. Мөн эрчүүд их худалдан авч байгаа нэг бүтээгдэхүүн байна. Шавран маск эрчүүдийн батгатай, нүхжилттэй байна. Аль ч насны ямар ч хүн хэрэглэж болдог гэдгээрээ давуу талтай. Нэг, хоёр удаа хэрэглээд үр дүнгээ өгч байна гэж хэрэглэгчид ярьж байна л даа. Бас хонины сүүлээр хийсэн язралт, улайлтын эсрэг тос, гарын савангийн тухай маш олон хүн дуулсан байна. Хонины сүүлийг хэзээнээс л монголчууд язралт улайлтад хэрэглэж ирсэн. Тэгвэл одоо илүү боловсронгуй болгож худалдаанд гаргаж байна. Манай хамт олны ард Монголын мундаг эрдэмтэд ажиллаж байна” гэсэн юм. “Гоо” брэндийн нэрийн дэлгүүрт хүний хөл хөдөлгөөн тасрахгүй аж. Зарим охид “Манай найзын нүүр гоё болсон” гээд л арьс арчилгааны бүтээгдэхүүнээс нь авч байлаа. Дашрамд дуулгахад эдний нэрийн дэлгүүрүүд III, IV хороолол “Москва” их дэлгүүрийн нэг давхар, “Гранд плаза”-гийн нэг давхарт, “Гэгээнтэн” цогцолборын нэг давхарт тус тус байрлаж байна.

ЗАЛУУ ХҮН УЧРААС ЭРСДЭЛЭЭС АЙГААГҮЙ

“Гоо” брэндийг үүсгэн байгуулагч М.Гонгорсүрэн сэтгүүлч мэргэжилтэй аж. “Эх орон”, “SBN” телевизэд хөтлөгч, редактор хийж байжээ. Тэрбээр энэ тухайд “Сэтгүүлч хүн яагаад гоо сайханч хийгээд, арьс арчилгаа гээд явчихав гэж хүмүүс их асуудаг л даа. Сэтгүүлч хүн эфирт гарахдаа үзэгчдээ хүндэлж, нүүрээ энгийн хүнээс илүү будаж, тод гэрэлтэй нөхцөлд ажилладаг шүү дээ. Тэр үеэс арьс маань эмзэгшиж эхэлсэн. Юу ч хэрэглэсэн нэг л таарч өгөхгүй байсан. Арьсаа хэрхэн яаж арчлах вэ гээд олон зүйлийг судалж байлаа. Хамгийн үр дүнтэй арьс арчилгаа бол органик гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх юм байна гэдгийг мэдсэн. Бас жирэмсэн болж язралт, целлюлит гэдэг асуудалтай тулгарлаа. Тэр үед бас л сайн гэсэн болгоныг хэрэглэсэн ч үр дүн нь бага байлаа. Ингээд Монголд органик гоо сайхны бүтээгдэхүүн, тэр дундаа язралт, целлюлитийн эмчилгээний бүтээгдэхүүн байдаггүй юм байна гэдгийг олж харсан. Тэгээд органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдсэн юм. Залуу хүн учраас надад айж, санаа зовох зүйл байсангүй. Болно, бүтнэ гээд хичээсэн. Олон сайн эрдэмтэн манай зөвлөхөөр ажилладаг. Бид Монголд битгий хэл, дэлхийд ч байхгүй өвөрмөц өнгө төрхтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж бардам хэлэх байна. Дэлхийн жишигт нийцсэн, чанартай бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, импортыг орлох нь бидний гол зорилго. Дэлхий дахинд органик гоо сайхны бүтээгдэхүүн хамгийн үнэтэйд тооцогддог. Яагаад гэвэл хэдэн зуун мянгаар үйлдвэрлэгдэх химийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү чанартай, цөөн тоогоор үйлдвэрлэгддэг болохоор тэр. Гэхдээ бид аль болох боломжийн үнийг тогтоохыг хичээдэг” гэв.

Компанийнхаа нэрийг “Бурханлиг гоо сайхан” гэж яагаад нэрлэсэн тухайд тэрбээр “Эмэгтэй хүн бүрийн дотор бурхан нуугддаг гэж би боддог. Бүсгүйчүүд маань гаднаасаа ч дотроосоо ч бурхан шиг гэрэлтэж яваасай гэж хүсдэг. Тиймээс ч компаниа “Бурханлиг гоо сайхан” хэмээн нэрлэсэн. Манай дэлгүүрийн үүдээр орсон хүн бүр л уулга алдаж, тав тухтай, тааламжтай байдлыг мэдэрч чаддаг болов уу. Мөн бид үндэсний анхны гоо сайхны сүлжээ дэлгүүрийг байгуулсан. Хэзээ ч алдартай брэндийн бүтээгдэхүүнийг хаа хамаагүй дэлгүүр, супермаркетаас авдаггүйтэй адил “Гоо” брэндийн бүх бүтээгдэхүүнийг зөвхөн нэрийн дэлгүүрээс нь заавар зөвлөгөөг нь сонсож авснаар онцлог. Би хамт олноо уран бүтээлчид гэж боддог. Бид улам өргөжиж үйлчилгээгээ сайжруулах болно” гэж ярилаа.

“Гоо” брэндийн хамт олон ээлжит гэнэтийн бэлгээ удахгүй барих гэж байгаа аж. Энэ нь юу гэхээр “Органик спа” буюу тав дахь нэрийн, сүлжээ дэлгүүрээ нээхэд бэлэн болжээ. XIII хорооллын дунд зам, иргэдийн сайн мэдэх “Натур” худалдааны төвийн зүүн талд “Гоо органик спа” байрлаж байна. Гаднаасаа яг л үргэрт гардаг байшин шиг чамин хийцтэй. Энд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээр гоо сайхны бүх үйлчилгээг үзүүлэх гэнэ. Тодруулбал, спа,үсчин, маникюр, педикюр, нүүр будалт гээд гоо сайхны цогц үйлчилгээг үзүүлэх гэнэ. Мөн халуун ванн, шавартай халуун хөнжил, залуужуулах массаж, гангатай толгойн бариа, кальцитай бүтэн биеийн бариа гэх мэт үйлчилгээнүүд хийх гэнэ.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Маргад эрдэнийн Мьянмар улсаар…

-АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН АУН САН СУ ЧИ АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ТОМ ДААЛГАВАРТАЙ СУУНА-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад энэ сарын 14-16-ны өдрүүдэд ажлын айлчлал хийгээд ирлээ. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод нэгэн жарны түүхийг үзсэн ч тэгтэл ойртон дотноссон нь үгүй. Үнэндээ асуудал нь Мьянмар улс өөрөө дэлхийн улс орнуудаас тасархай, зожиг явсаар ирсэнтэй нь холбоотой юм. Олон жил цэргийн дэглэмтэй явсан болохоор дэлхийн улс гүрнүүдэд нээлттэй байсан нь үгүй. Багадаа бирм ардын үлгэрүүд гэж уншдаг байсан сүүлд гэрийн хорионд байсан улс төрийн хоригдол Аун Сан Су Чигийн дуулианаас өөрийг бид бага сонссон нь аргагүй юм даа.

Бидний мэдэх Бирм буюу Мьянмар улс шилжилтийн жинхэнэ торгон үе дээрээ явна. Тийм ч учраас тэдэнд социалист тогтолцооноос ардчилсан зах зээлт улс болж чадсан Монголын туршлага ихээхэн хэрэгтэй биз ээ. Олон жилийн турш нэг хэв маягаар явж ирсэн хүмүүс тэр сэтгэлгээнээсээ суллагдана гэдэг хамгийн амаргүй байдаг. Бид ч тийм замналыг тойроод биш туулаад гарсан хүмүүсийн хувьд гадарлаж л байгаа. Эрх чөлөөтэй болсноо мэдрэх гэж цаг алдана, хэт чөлөөтэй болохоороо даваадуулж даварна. Нэг зөв голдрилдоо орох гэж тун амаргүй дээ. Мьянмаруудын хувьд шилжилтийн үеэ туулах, тэгээд ардчилсан улс орон болох гэж тун урт зам байна даа гэж эрхгүй бодсон билээ. Тэр тусмаа цэргийн дэглэмт орноос шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд анх удаа энэ оронд төрийн айлчлал хийж байсан. Харин энэ удаагийн ажлын айлчлалаар нийслэл Нэйпидо хотод хүрэлцэн ирсэн юм.

Нэйпидо нь хаадын хот гэсэн утгатай. Хаадын энэ хотод хүн амьтны барааг олж харахад тун бэрх бололтой юм. Уг нь 54-55 сая хүн амтай энэ улсад хүн гэж багширч баймаар. Гэвч Нэйпидод замаар мотоцикль дээр сундалдсан хоёр хүн, замын хажууд цэцэрлэгжүүлэлт хийж байгаа хоёр, гурван хүнийг харахаараа баяр болж байсан нь тэднийгээ энгийн ард түмэн гэж ойлгож байсных л даа. Бусад бидэнтэй таарсан хүмүүс албан ажилтнууд учраас бараг хүний тооноос хасчихсан гэх үү дээ. Нэйпидо бол 2005 оноос Мьянмарын албан ёсны нийслэл хот болсон, 2002 оноос цэргийнхний хүчээр байгуулсан хот юм. Ерөнхийдөө цэргийн дэглэмт улс орны эрх баригчид ард түмнээсээ зугтаж өөрсдөдөө бариулсан цайз гээд ойлгочиход болно. Уг хот 4800 кв.км газар нутгийг эзлэн орших бөгөөд америкчууд манай Манхатенээс 78 дахин том гэж уурсан бичсэн нь бий. Гэхдээ уурлаж гайхашрах гол шалтгаан нь тэр хот нэг л хиймэл, амьдрал өрнөхгүй байгаад болов уу. Энэ хотод байх Ерөнхийлөгчийн ордон руу явахад 20 эгнээ замаар явж очно гээд бод доо. Онгоц буулгахад зориулж хийсэн том зам гэх. Гэхдээ тэр зам дээр бидний яваа цуваанаас өөр ямар ч автомашин явахгүй нь гунигтай. Бид АСЕМ болохоор яана даа, энэ зам гацаа болоод баларна даа гэж зовж байгаа бол санаа зовоох машин тэрэггүй зам байна гэдэг бүр ч эмгэнэлтэй юм билээ. Цэргийн эрх мэдэлтнүүд хэзээ нэгэн цагт ард түмэн босоод ирвэл гэж болгоомжлон тэрхүү ордноо байгуулсан нь харваас илт. Эртний цайзууд шиг хэдэн давхар далан түүний дээрх төмөр гүүрийг давж байж ордонд хүрнэ. Асуудал босоход тэр далан усаар дүүрч, төмөр гүүр нь дэлбэрдэг эсвэл эвхэгддэг байхаар хийсэн бололтой. Нейпидо хот 24 цагийн цахилгаантай байдаг энэ улсын цорын ганц хот гэнэ. Ерөнхийлөгчийн өргөө 100 өрөөтэй гэгддэг. Баруунд энэ ордныг бирм дээвэртэй, сталинч маягийн барилга гэдэг юм билээ. Ерөнхийдөө асар их эрх мэдлийг дагалддаг тансаг хэрэглээ тэндээс харагдана. Энэ ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяутай албан ёсны хэлэлцээ хийж, соёлын салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан юм. Ерөнхийлөгч Тин Чяу бол 1946 оны хүн. Цагтаа Япон, АНУ-д боловсрол эзэмшиж, хатагтай Аун Сан Су Чигийн ойрын хүн байсан юм билээ. Түүнийг хоригдож баригдаж явахад өмнөөс нь гаднах ажлуудыг нь амжуулж явсан нэгэн гэгддэг. Тиймээс түүнд Ерөнхийлөгчийн албыг хаших боломж ирсэн ч байж болох юм. Мөн түүнтэй уулзсаны дараа манай Ерөнхийлөгч хатагтай Аун Сан Су Читэй уулзсан. Цаг эргэж, төр өөрчлөгдсөнөөр цэргийн эрх дархтнуудын эсрэг гэрт хоригдож байгаагаараа л тэмцэж байсан эрхэм хатагтай эрх мэдэлтэй болжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Мьянмарын Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, дөрөвдүгээр сард Төрийн зөвлөхөөр томилогдон ажиллах болжээ. Төрийн зөвлөх гэсэн алба бол ерөнхийдөө манайхаар Ерөнхий сайд гэсэн үг. Тэгэхээр их дайны дараахь нам гүм мэт тэгсэн мөртлөө буцалсан их ажлыг гардан хийх хүн энэ эмэгтэй болсон гэсэн үг. Манай Ерөнхийлөгчид бараалхахаар зөөлөн, зөөлөн алхлах түүнийг харахад яавч дал гарсан мэт харагдахгүй. Эрх мэдлийг аваад өөртөө итгэлтэй ч болсон мэт, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж ялж чадсанаараа залуу ч болсон мэт. Ойр ойрхон гишгэлсээр тэгсэн атлаа донжтой биеэ хаялсаар явж өнгөрсөн билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, төрийн зөвлөх Аун Сан Су Чи нар эртний танилууд. Түүнийг гэрийн хорионд байхад төв Азийн элгэн дэх нэгэн ардчилсан улсын Ерөнхийлөгч бусад улсын тэргүүнүүдэд хандан уриалга гаргаж, суллуулахыг, цэргийн эрх мэдэлтнүүдэд шахалт үзүүлэхийг уриалж байсныг тэр мартдаггүй байж болох юм. Дараа нь олон удаагийн уулзалтууд дээр тэр хоёр элгэмсэг тэврэлдэн уулзалддаг байсан. Харин энэ удаад өөрчлөх гээд хүсээд байсан улсынхаа толгойг мэдэж, эрх мэдлийг авсныхаа дараа тэд уулзаж байна. Энэхүү уулзалтын маргааш хатагтай Аун Сан Су Чи Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зоог барьсан бөгөөд анх удаа гэртээ гадны төрийн тэргүүнийг урьсан нь манай улсын Ерөнхийлөгч болж түүхийн хуудаснаа бичигджээ. Энэ нь олон жил хаалттай байсан тус улс бусад улс гүрнүүдэд нээлттэй болохын нэгэн том эхлэл болсон биз ээ. Ерөнхийдөө ойрын үед нээлттэй Мьянмарт ирэх гадны зочид ихсэх болжээ. Аун Сан Су Чи олон жил ардчиллын төлөө тэмцсэн. Гэхдээ тэр жагсаал хийж, цуглаан удирдаж байгаагүй. Зүгээр л гэрээсээ гарахгүйгээр, хоригдож байснаараа тэмцэж буйгаа харуулж байлаа. Нутаг руугаа ирвэл хоригдоно гэдгээ мэдсээр байж ирснээрээ тэр тэмцэгч гэгдэж, Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн билээ. Английн колониос гарч, тусгаар улсаа дөнгөж тогтоож ядаж байсан тэр үед нь цэргийн эрхтэн дархтнууд дэглэмээ тогтоосон. Аавыг нь сайдуудынх нь хамт хурлын танхимд буудаж хороогоод цэргийн хүчээр авсан тэр засаглалыг унагахын төлөө тэр дуугүй хоригдож тэмцэж байлаа. Харин одоо түүнд хүссэн эрх мэдэл нь иржээ. Мориноосоо буугаад төрийг эмхлэх амаргүй гэдгийг мэдэрсэн он жилүүд 71 настай энэ эмэгтэйд тулгараад байгаа нь түүний харцнаас анзаарагдах шиг болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд бизнес форумаас гадна “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” уул уурхай, эрдэс баялгийн сайд нарын олон улсын семинарт оролцсон юм. Монгол, Мьянмар, Киргиз гээд уул уурхайн ашигт малтмал ихтэй түүнийгээ хэрхэн зөв ашиглах талаар толгой гашилгаж байгаа, асуудал адилтай орнуудын төлөөлөгчдөд хандан үг хэлэхдээ “Монгол Улс бол байгалийн баялгаар дэлхийд тэргүүлэх арван орны нэг гэдгийг та бүхэн мэдэх байх. Гэвч энэ баялгийг зөв зохистой олборлож, менежмэнт хийнэ гэдэг бидний хувьд том сорилт болоод байна. Энэ салбарт бид чамгүй туршлага хуримтлуулж, алдаж оносон нь ч бий. Монголын эдийн засаг өсөлт хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байсан удаатай. Тухайн үед Монголын төсөв эрс нэмэгдэж, тэр хэмжээгээр зардал ч өссөн. Гэвч Хятадын эдийн засгийн эрэлт хэрэгцээ буурсан нь манай орны өсөлт хөгжилд ч нөлөөллөө. Үүнээс хойш бид чамгүй бэрхшээлтэй тулгарсаар өнөөг хүрчээ. Ингээд бид байгалийн баялгаа зөв зохистой ашигласан Норвеги тэргүүтэй улс орны туршлага, шийдлийг судалсан. Энэ салбарт бид бусад улс орны туршлага судалж, баялгийн сан байгуулах, улс төрийн манлайлал гаргах гэх мэт ажил чухал болохыг ойлгосон. Байгалийн баялгаас ашиг ихээр орж ирэх үед Монголын улс төрийн намууд иргэдэд бэлэн мөнгө амалж, хөрөнгийг их хэмжээгээр зарцуулснаас бид хатуу сургамж авсан. Уул уурхайн ашиг орлогын зарцуулалтыг оновчтой болгохоос гадна сайн засгийг хөгжүүлэх, авлигыг бууруулахгүй бол баялгийн зөв зохистой менежмэнт хийхэд бэрх юм гэдгийг бид мөн ойлгосон. Ингээд Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн, авлигын эсрэг хуулийг чангатгаж, Авлигатай тэмцэх газрыг байгуулж, хуулийн иж бүрэн шинэчлэлийг эхлүүлсэн юм. Бид чухам ямар учраас энэ бүх өөрчлөлтийг хийх болов? Хэрэв улс орон, ард иргэдийнхээ амьдралыг амгалан тайван байлгая гэвэл илүү нээлттэй, ил тод байх хэрэгтэй. Авлигатай тэмцэх нь Монголд зөвхөн төр засгийн биш бүх нийтийн хийх ажил болоод байна. Аливаа улс оронд аюул занал гаднаас биш дотроос нүүрлэдэг. Хөрөнгө мөнгө ихтэй дээрээс муу засаглал, менежмэнттэй бол бэрхшээл учирна. Монголчууд бид бусдад зааж сургах хүсэлгүй. Харин бидэнд бусадтай хуваалцах сайн сургамж, туршлага бий. Монголын ардчиллыг хэрхэн хөгжүүлсэн, улс орноо хэрхэн нээлттэй ил тод болгосон, иргэний оролцоог хэрхэн нэмэгдүүлсэн, энэ бүхнийг хэрэгжүүлэх явцад бид чухам ямар саад бэрхшээлтэй тулгарснаа бид бусадтай хуваалцахыг эрмэлзэнэ” хэмээлээ. Мьянмар бол ашигт малтмалын асар их нөөцтэй орон. Гайхалтай эрдэнэсийн чулуунууд рубин, сафир, очир алмаз энд элбэг. Бараг л чулуу болгон нь үнэт чулуу байдаг гэхэд хилсдэхгүй газар нутагт мьянмарчууд амьдарч байна. Маргад эрдэнийн орон гэсэн үг. Гэхдээ тэд дэлхий ертөнцөөс хаалттай байж ирсэн учраас өөрсдөө ашгаа олохоос илүү хөрш зэргэлдээ тайландчуудад олз болдог байв. Тэднээс хямдхан аваад цааш үнэт чулууны хэргийг гаргаж худалдах нь элбэг гэдэг. Мөн хүний эрх, хөдөлмөр мөлжих явдал газар авснаар дэлхийн томоохон брэндүүд эндээс рубин чулуу авахаас татгалзах болсон. Бас энэхүү газар нутагт дэлхийн цагаан будааны дийлэнхийг тариалдаг. Цагаан будаатай зэрэгцээд хар тамхи тариална. Дэлхийн хар тамхины зах зээлд 25 хувь орчмыг нь нийлүүлдэг улс эднийх. Олон улсад хаалттай байх шалтаг шалтгаан нь ч энэ байсан байх. Одоо 2015 оны сонгуулийн үр дүнд хатагтай Аун Сан Су Чигийн нам парламентын хоёр танхимд ялалт байгуулснаар эдийн засгийн хориг арга хэмжээнүүд цуцлагдаж эхэлжээ. Тэгэхээр бирмчүүдийн явж ирсэн арга зам ч өөрчлөгдөж таарах болов уу.

Үргэлжлэл бий.