Categories
мэдээ цаг-үе

Ч.Амаржаргал: Ангараг гариг дээр хүн амьдрах боломжтой гэдэг нь олон зүйлээр батлагдсан

Өнөөдөр манай дэлхий дээр сансар судлал хэрхэн хөгжиж байгаа талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргалтай ярилцсаныг сонирхуулъя.

-Өнөөдөр дэлхий дээр сансар судлал ямар түвшинд байгаа талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Сансар судлал 1961 оноос хойш асар өндөр түвшинд хүрсэн. Яагаад 1961 онтой харьцуулж байгаа юм бэ гэхээр тэр жил хүн сансарт анх ниссэн. Энэ үйл явдал хүн төрөлхтний анхаарлыг сансрын орчинд татсан. Сансар судлалаар өнөөдөр дэлхийд арван орон тэргүүлж байгаагаас АНУ, ОХУ, Япон гурав манлайлж байгаа. Энэ гурван улс нь өөр өөр түвшинд судалдаг.

-Та үүнийгээ тодруулаач. Манлайлж байгаа гурван орон маань ямар түвшинд судалж байна?

-АНУ бол 1961 онд ОХУ-тай өрсөлдөж сансарт хүн илгээхэд илүү анхаарал хандуулсан. Харин саран дээр хүнээ буулгаснаас хойш судалгааны арга барилаа өөрчилсөн. Энэ ажилд нэлээд хөрөнгө мөнгө зарцуулагдах юм байна гэдгийг ойлгосон. Судалгааг хэнд, юунд зориулж хийх вэ гэдэг бодлогодоо өөрчлөлт оруулсан. Ерөөсөө дэлхийн хүн төрөлхтний өмнөөс судалгаа хийдэг гэж болно. ОХУ бол 1961-1990-ээд он хүртэл аюулгүй байдал, хүчин чадал гэсэн чиглэлд илүү анхаарч ирсэн. Япон энэ чиглэлийн судалгаанаас бид хоцрох ёсгүй гээд 1980-аад оноос орж ирсэн. Ингэхдээ судалгааны ажлыг боловсронгуй болгох ёстой гэж үзсэн юм. АНУ бол одоо Ангараг гариг дээр хүн буулгах зорилгоор том төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Түүнээс гадна сансар судлалын ажилд хувийн хэвшлийн оролцоог маш их дэмжиж ажилладаг. Энэ нь Оросоос ялгаатай тал нь гэж болно. Чадах хүмүүс нь төслийг худалдаж аваад хэрэгжүүлнэ гэсэн зарчим барьдаг. Харин ОХУ-ын хувьд мэргэжлийн байгууллагуудаараа дамжуулан ажиллаж байгаа. Япон бол сансар судлалын чиглэлээр хийгдэж буй ажлууд нь дэлхийд бус бидний амьдралд ямар үр дүн өгөхийг судалдаг. Хамгийн энгийн жишээ гэхэд хиймэл дагуул байна. Бидний амьдралд хамгийн их өөрчлөлт өгсөн зүйл бол хиймэл дагуул. Үүнийг дагаад цаг агаарын мэдээ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, үүрэн холбоо зэрэгт том өөрчлөлт орсон. Хиймэл дагуул бол хамгийн дээд зэргийн бизнес. Өндөр төлбөртэй, өртөгтэй.

-Тэгвэл манай улсын хувьд ямар байна?

-Манай улс хиймэл дагуул хөөргөнө гэж төлөвлөж байгаа. Энэ бол нэгдүгээрт буюу их сургуулийн түвшинд яригдаж байгаа. Мөнгө хөрөнгийн асуудлаас болоод чадахгүй байгаа. Манай төр засгаас бодлого хэрэгжүүлэх юм бол дахин хүн хөөргөх боломжтой. Бааз суурь нь бэлэн байна. Төрийн бодлогын түвшинд л хэрэгжүүлэх хэрэгтэй.

-АНУ-д сансар судлалын ажилд хувийн хэвшлийнхнийг дэмжин оролцуулдаг гэж та ярьсан. Хиймэл дагуул хөөргөнө гэдэг бол хамгийн өндөр өртөгтэй бизнес юм байна. Тэгвэл энэ чиглэлээр Америкийн ямар компани хамгийн их амжилттай ажиллаж байгаа вэ?

-Эхлээд хиймэл дагуулаа ямар зорилгоор хөөргөдөг талаар ярья. Ер нь бол дөрвөн төрлөөр хөөргөдөг. Стратеги, батлан хамгаалах, цаг уур, орчны шинжилгээ, физик газар зүй, дөрөв дэх нь гариг судлал. Энэ төрлүүд дээр сансар судлалын тэргүүлэгч арван орны ихэнх нь өөрийн гэсэн пуужинтай болчихсон, түүнийгээ хөөргөдөг. Цаг, улирлыг шинжлэх хиймэл дагуулыг хөөргөх дээрээ түлхүү ажилладаг. Харин АНУ, ОХУ, Япон гурав болохоор энэ дөрвөн чиглэлээр судалгаа хийдэг. Америкийн энэ компани илүү гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэхээр хиймэл дагуул хөөргөнө гэдэг бол зардал нэлээд өндөртэй. Пуужингаасаа хамаараад сонголт нь ихэсдэг. Жишээ нь том хэмжээний хиймэл дагуулыг хөөргөнө гэвэл АНУ-ыг дагахаас өөр арга байдаггүй.

-Тэгвэл АНУ, ОХУ хоёрын судалгааны ялгааг та тодруулан тайлбарлаач?

-АНУ бол би дээр хэлсэн хүн төрөлхтний өмнөөс судалгаа хийж байгаа. Чиглэл нь тодорхой. Дэлхий дээр ирэх аюул, заналхийллийг багасгах. Оросуудын хувь гэвэл харахад ижилхэн юм шиг мөртлөө Зөвлөлтийн үеийн уламжлалаа хадгалаад батлан хамгаалах, хүчин чадал дээрээ илүү төвлөрсөн судалгаа хийдэг. Гэхдээ энгийн тал руугаа оруулах гээд үзээд байгаа. Америк, Орос хоёр судалгааныхаа арга зүйгээр байнга өрсөлдөж байдаг нь шинжлэх ухааны энэ салбарыг чирч явдаг давуу талтай. Жишээ нь БНАСАУ нэг пуужин хөөргөж тэр нь Японы арал дээр уналаа гэхэд Америкийн судалгаа өндөр хөгжсөн ч гэсэн пуужинг бариад авах радарын систем буюу дэлхий дээрх судалгааны түвшин хоцрогдсон байдаг. Оросууд бол хаанаас ямар пуужин хөөргөж байгааг хиймэл дагуулаараа хянаад, барьж аваад замд нь устгах дээрээ илүү. Олон улсын харилцаанаасаа хамаараад судалгаа нь үе үе идэвхждэг.

-Сүүлийн үед яригдаад байгаа Ангараг гаригийн талаар ярья. Бид бол энэ талаар өнгөцхөн л ойлголттой, мэдээлэлтэй байдаг. Судлаач хүний хувьд Ангараг гариг дээр хүн амьдрах боломж бий юу?

-Товчхоноор хэлэхэд хүн амьдрах боломж бий. Энэ нь олон зүйлээр батлагдсан. Саяхан NASA Ангараг гариг дээр өөрөө явагч робот машинуудыг маш олноор нь буулгасан. Тэндээс ирсэн өнгөт зургуудыг боловсруулсан. Одоогоор бол хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол тэнд робот буулгачихаад эргэж авчирч чадахгүй байгаа. Хэрвээ тэндээс шорооны дээжийг нь аваад ирэх юм бол эцсийн дүгнэлт гарна. Дэлхийгээс тийшээ хүн явахад бэлэн байгаа. Хамгийн гол нь Ангараг гариг маань маш их хүхэрлэг, улаан өнгөтэй, бүрхэг тул нарны туяа орох зай бага. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хий үүсчихсэн. Хүн амьдрах юм бол багтай ажиллана. Ямар нэгэн лабораторид ороод хувцсаа тайлж болно. Харин ил байхдаа заавал баг өмсөнө, агааржуулагчтай. Тийм л орчинтой.

-Тэгвэл хүн амьдарч болох юм уу?

-Үүнийг хүн төрөлхтөн их гэгээлгээр бодож байгаа. Манай дэлхий 4,5 тэрбум жилийн настай гэж үздэг. Хэзээ нэгэн цагт галав юүлэх, ямар нэгэн биет ирээд мөргөхөд нэгээхэн хэсэг нь Ангараг дээр үлдэж өсөн үржээд вакум орчинтой байна. Хүний оюун ухаан гэдэг агуу, тиймээс яаж ч болно. Магадгүй Ангараг дээр очоод баггүй явдаг болох ч юм бил үү. Миний ойлгож байгаагаар 2023 он гэхэд Ангараг дээр хүн буух байх. Энэ чиглэлийн судалгаа хөгжсөн орнууд хоорондоо нэлээд өрсөлддөг. Оросууд саран дээр бууж чадаагүй. Одоо зургаан эмэгтэй нисгэгчийг бэлдэж байгаа. Саран дээр буусан анхны эмэгтэйчүүд гэдгээрээ түүхэнд үлдэх юм. Тэгэхлээр Ангараг дээр хэн нь түрүүлж буух вэ гэдэг бол сонин байна.

Ер нь дээрх гурван орон өрсөлдөж байсан бол дөрөв дэх нь Хятад болсон. Ангараг руу хүн илгээнэ гэдэг бол улс орнуудын хувьд маш нууц түвшинд явагдаж буй өрсөлдөөн.

-Ингэхэд манай өмнөд хөрш БНХАУ-д сансар судлал ямар түвшинд байна?

-Хятадуудыг бол үнэлж баршгүй. Маш сайн байгаа. Зөвлөлтийн сансар судлалын түүх гэж бий. Анх нохой, дараа нь хүн хөөргөсөн. Тэгвэл БНХАУ нь яг энэ замналаар явж байна. 2003 онд анхныхаа ничгэгчийг илгээсэн. Янь Ли нь “Союз” хөлгийн лиценз дээр хийгдсэн “Шэньжоу” хөлгөөр сансарт ниссэн. Хятадууд одоогийн байдлаар нийт арван хүн сансарт нисгэчихээд байгаа. Түүнээс хоёр нь эмэгтэй. Хоёр дахь эмэгтэй нисгэгч нь Хятадын сансрын станцад сонирхолтой туршилтууд хийсэн. Хятадуудад бол станц тийм ч сонин биш. Саран дээр анхныхаа хиймэл дагуулыг буулгачихсан. Саран дээр хүн буулгана гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа.

Судлаачийн хувьд би үүнийг өөрөөр харж байна. Хятадуудад сар бол тийм ч чухал биш. Ангараг дээр илүү хүч хаяж байгаа, гэхдээ үүнд дэлхий нийтийн анхаарлыг татахгүйг хүчээж байгаа. Ер нь бол Хятад сансар судлалд маш их хөрөнгө хаядаг. Хятадууд их гүрнүүд сансраар хөөцөлддөг, тиймээс бид ч гэсэн энэ салбарыг хаяж болохгүй гэсэн зарчмыг 1973 оноос эхлэн баримталсан. Монгол хүн Оросын эсвэл Хятадын хөлгөөр сансарт нисэх боломжтой. Нэг бодлын ийм хоёр хөрштэй бид азтай л даа.

-Сансар судлалыг нэлээд хөгжүүлсэн бас нэг Азийн орон бол Иран. Цөмийн пуужинтай гэдэг. Ираны хувьд сансар судлал ямар байна?

-Сансар судлалыг хөгжүүлэхэд үүнийг түрүүлээд хөгжүүлчихсөн орнууд энгийнээр хэлэх юм бол бусдыгаа дардаг. Цөмийн цэнэгт пуужин хөөргөх гээд байна гэсэн нэрийн дор дарж өөрсдөөсөө илүү байлгахыг хүсдэггүй.

Өөрсдөд нь хожим дайсан болох вий гэсэн дээ. Иранд сансар судлал нэлээд өндөр хөгжсөн. Өөрийн зөөгч пуужинтай болно гэдэг нэгдүгээр алхам. Ер нь бол бүх шинэ санаа нь хийгдээд дуусчихсан. Тиймээс сансарт үүнийг хийж үзвэл яах бол гэдэг л үлдсэн. Иймээс ч сансар бол шинэ салбар мэт харагдаж байгаа. Үүний нэг жишээ нь олон улсын сансрын станц. 16 орон нэгдээд станцаа барьчихсан, тогтмол гурван орны зургаан сансрын нисгэгч байгаа. 170-180 хоног ажилладаг. Энэ бол урьд өмнө нь байгаагүй ажил юм.

Categories
мэдээ цаг-үе

Э.Бадар-Ууган: Орчин цагт богино хугацаанд хэрхэн олимпийн аварга болох вэ гэдэг арга замыг хайж байна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Уугантай ярилцлаа.

-Бээжингийн олимпоос алтан медаль аваад хүнд бэртэл авсан. Бэртэл нь яаж байна вэ?

-Дэлхийн олимпийн өдөр саяхан болж өнгөрлөө. Энэ өдөр танай сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Олимпийн хороон дээр очиж үг хэлсэн л дээ. Амжилт гаргаж байсан үе үеийн тамирчид цугласан байна лээ. Сайхан өдөр байна. Ингээд бодоход найман жил өнгөрсөн байна шүү дээ. Ер нь тамирчин хүн болгон л олимпийн аварга болно гэж зорьдог байх. Дээд оргил нь олимп юм шүү дээ. Миний зорилго бол олимпийн аварга болох байсан. Тэгээд зорилго биелсэн ч нэг талаараа хэцүү байсан. Учир нь амжилтыг дагаад бэрхшээл ирсэн. Дахиад бэлтгэл сургуулилтаа хийгээд явъя гэсэн боловч гэмтэл авсан. Тиймээс дөрвөн жилийн хугацаа хүнд өнгөрсөн гэж хэлж болно. Эрүүл байх нь амьдралын гол үндэс юм байна гэдгийг ухаарсан. Бэртэл гэмтэлтэйгээ тэмцэж, өөрийгөө ялан дийлж явна даа. Мөн гэр бүл, үр хүүхдүүддээ эрүүл энх байж түшиг тулгуур нь болж явах ёстой шүү дээ. Спорт бол залуу насны бүтээл юм байна гэдгийг сайн ойлгосон.

-Таныг албан ёсоор зодог тайлаагүй гэж дуулсан. Гэхдээ спортоо орхисон юм уу?

-Яг албан ёсоор зодог тайлаагүй. Гэхдээ спортоо орхисон гэж хэлж болно. Надад харамсаад байх зүйл байхгүй. Бие нь өвдөөгүй хүн өвдөж байгаа хүнийг ойлгодоггүй. Би ч гэсэн өвдөхөөсөө өмнө өвчин гэдэг зүйлийг мэдэрдэггүй байлаа. Удахгүй зүгээр болно гэж боддог байсан. Өвчнийг биеэрээ мэдрээд эхлэхээр өвдсөн зовсон хүнд тусалж, дэмжье гэж боддог болсон доо. Цаг хугацааг ухрааж болохгүй. Тиймээс би хэзээ ч харамсахгүй. Нэгэнт ийм байдалд орсон учраас тэмцэж явна. Цаашдаа арай өөр зүйл хийнэ гэсэн хүсэл тэмүүлэл, зорилго надад бий. Гэхдээ миний амьдрал бокстой үргэлж холбогддог. Боксын спортоороо бахархаж явдаг. Дараа дараагийн шилдэг тамирчдыг бэлтгэх, залуу хүмүүст үүд хаалгыг нь нээж өгөх үүднээс энэ салбартаа боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Мэргэжлийнхээ зөвлөлийг хариуцаад бокстой холбоотой асуудлаа бүгдийг нь шийдээд ажиллаж байна даа.

-Та олимпод оролцоход бэлтгэлээ хэрхэн хийдэг байсан бэ?

-Бэлтгэл сургуулилтыг долоо хоногийн зургаан өдөр хийдэг байсан. Ганцхан ням гаригт амардаг. Өдөрт гурван удаа бэлтгэл хийнэ. Өглөө долоогоос, өдөр дөрвөөс, орой найман цагаас хийдэг байлаа. Бэлтгэл хийдэг байхад өдөр маш хурдан өнгөрдөг байсан шүү.

Ер нь бокстой амьдралаа холбосон нь миний сонголт. Боксын спортын тавцанд амжилт гаргасан ч гэсэн гэмтэл авсан. Хурдан эдгэхийг хичээж, эрүүл мэнддээ их анхаардаг болсон. Мэдээж амжилтад хүрэхэд маш их золиос гардаг. Тэр дундаа олимпийн аваргын шалгуурт нийцтэл бэлтгэл хийнэ гэдэг бол хүнд хэцүү бэрхшээл бүхнийг давдаг. Тамирчин хүнээс маш их хичээл зүтгэл, золиос, тэсвэр тэвчээр шаарддаг. Боксчин хүн спорт бол маш хүнд хүнд цохилтыг өөр дээрээ авна. Дэлхийн хэмжээний шилдэг тамирчидтай тулалдана гэдэг бол том хариуцлага. Тэднийг давж хол хаяж байж хождог болохоос зодуулж, цохиулахаас айгаад ч юм уу бэрхшээлээс зугтаад байвал хэзээ ч аварга болж чадахгүй.

– Олимпод оролцож байхад шантраад хасагдчихмаар үе байсан уу?

-Олимпод ялалт байгуулах бол миний туйлын зорилго байсан. 2007 оны дэлхийн аваргын мөнгөн медалийг Америкт хүртээд Монголдоо ирэхэд боломж байгаа гэж ойлгосон. Хичээх юм бол жиндээ нэг номер байж чадах юм байна гэдгийг өөртөө хэлж, өөрийгөө хурцалж эхэлсэн. Тэгээд зорьсныхоо дагуу амжилтад хүрч, санасандаа хүртэл тоглож чадсан юм шүү дээ.

Олимпод ялалт байгуулахад миний сэтгэгдэл их өндөр байсан. Монгол Улсынхаа далбааг нөмрөөд Ш.Гүрбазар гуайн “Би Монголоороо гоёдог” гэдэг шүлгийн “Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр би дэлхийд гоёдог. Би Монголоороо гоёдог” гэсэн мөрийг хэлсэн. Олимпийн хотхонд тамирчид улс орноо сурталчилж, их бахархдаг юм л даа. Ер нь энэ шүлгийг аварга болбол уншина даа гэсэн бодол байсан шүү. Харин монголчуудын сэтгэл хөөрөөд намайг шүлэг уншиж байгааг анзаараагүй л дээ (инээв). Ингээд ялалт байгуулсны дараа бүх зүйл дуусаж байгаа юм шиг өдрүүд ирсэн. Тэр үед гэр бүлийнхэн маань миний ард бат зогсож байсан даа. Эхнэр маань намайг удирдаж, жолооддог байлаа. Гурван хүүхдийнхээ сайн сайхны төлөө зүтгэж, цаашид хийх гээд чадаагүй зүйлийг үргэлжлүүлэх алтан замыг нь нээж өгөх ёстой юм шүү гэж зорьсон. Эцэг эх гэдэг үр хүүхдийнхээ гүүр нь болж явдаг шүү дээ. Энэ хэцүү цаг үеийг давахын тулд гэр бүлийнхнийгээ харж тайтгардаг байсан даа.

-Таны хувьд тамирчин хүний бусдаас ялгарах давуу тал юу вэ?

-Хувийн сахилга бат маш чухал гэж боддог. Тамирчин хүн ёс зүйгүй байж болохгүй. Бэлтгэл сургуулилтын үеэр өөрийгөө хуурахгүй, багшийгаа хуурахгүй байх ёстой. Бэлтгэлдээ чинь үнэнчээр ханддаг байх хэрэгтэй. Яг л тэр хүртэл гүй гэвэл тэр хүртэл л гүйх ёстой. Би тэр болгонд маш идэвхтэй байсан. Багшийнхаа үгэнд сайн ордог. Гадуур тэнэж, цагийг дэмий өнгөрүүлдэггүй байсан л даа. Янз бүрийн зүйлээс өөрийгөө татаж, өөрийгөө ялан дийлж чаддаг байсан. Боксын спортыг шатрын спорттой төстэй гэж хэлж болно. Шатрын спорт бодоод нүүдэг бол бокс бол бодсоноо бие буюу үйлдлээрээ үзүүлдэг юм шүү дээ. Толгойдоо шатрын нүүдэл шиг бодно. Яаж цохивол оновчтой вэ гэж ур ухаан, авхаалж самбаагаа уралдуулдаг. Үйлдэлтэй харьцаж тоглодог гэх юм уу даа. Ер нь спорт дундаа хүнд спортод тооцогддог. Олимпийн төрөлд ч тэр. Маш их тэсвэр хатуужил шаарддаг. Олон өдөр жингээ хасна. Олимп 16 хоног болдог. Бокс бол олимпийн эхний өдрөөс сүүлийн шат хүртэл үргэлжилдэг. Тэр хооронд хоол сойж, маш их тэсвэр хатуужилтай байж, бусад ур чадвараа нээдэг. 2008 онд олимп дуусангуут медалиа авч таарсан. Олимпод ялалт байгуулах зорилго л тавьсан учраас олимпийн хотхонд өөр бусад зүйлийг үзэж чадаагүй л дээ (инээв). Энэ чинь спортын мөн чанар юм шүү дээ.

Энэ спортыг сонгож хичээллэх хүмүүст хандаж хэлэхэд маш их тэсвэр хатуужилтай, сэтгэлийн тэнхээтэй, өөрийгөө ялж чаддаг байх хэрэгтэй шүү. Өөрийгөө ялах л хамгийн том ялалт гэж би боддог. Тэгэхээр хамгийн түрүүнд хүн өөрийгөө ялж сурах ёстой. Хоол идэхгүй гэж бодох л юм бол бат зогсох ёстой шүү. Дараа нь болъё гээд маргааш их хэмжээгээр хоол идээд эхэлбэл өөртөө ялагдаж байна гэсэн үг. Тамирчин хүний хувьд би өөрийгөө их барьж чаддаг. Мөн тэсвэр тэвчээр, хатуужилтай байсан учраас алтан медаль ирсэн юм болов уу гэж боддог.

-Та олимпод шавь бэлтгэж байна уу?

-Тамирчдыг бэлтгэж байгаа. Өөрөө гар бие оролцож, клуб нээж ажиллаагүй байгаа л даа. Гэхдээ клуб нээж ажиллана гэсэн зорилго бий. Заримдаа ганц хүүтэй айл өөрийн чинь шавь болгох гэсэн юм аа гэсэн санал тавьдаг. Тэгэхээр өөрийн эрхгүй багш болно гэж бодогддог. Цаг хугацааны хувьд арай л эрт байна. Залуу хүний хувьд хийж бүтээх зүйл их байна. Олимп бол олон мянган тамирчдийн мөрөөдөл, хүсэл тэмүүлэл байдаг. Гагцхүү өөрийнхөө төлөө зүтгэж, өөрийгөө дайчлах ёстой. Би шалгарах уу, олимпийн аварга болох уу гэсэн хүсэл цаанаа маш их ухаан, маш их тэсвэр хатуужлыг агуулдаг. Тэр дундаас “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдэг монгол ардын зүйр үгний утга учир гарч ирдэг. Даалгавар, хариуцлагаа ухамсарласан хүн л байгалийн шалгарлаар гарч ирдэг юм болов уу гэж боддог. Нэг үеэ бодоход Монгол Улс хөгжиж байна. Өмнө нь урт замыг туулж байж өндөрлөгт хүрдэг байж. Миний үед ч гэсэн. Харин орчин цагт богино хугацаанд хэрхэн олимпийн аварга болж болох вэ гэдэг арга замыг хайж, бодож, сэтгэж явна даа. Хоёрдугаарт, спортынхоо зүтгэлтэн болно. Миний хувьд боксын спорт амьдралын минь салшгүй нэгээхэн хэсэг болж үлдэнэ.

-Та бага насныхаа дурсамжаас хуваалцаач?

-Миний бага нас Баянзүрх дүүргийн Шархадны техникийн захын хойно өнгөрсөн. Би хоёр дүүтэй. Айлын том хүүхэд болохоор аав, ээж хоёр захидаг байсан л даа. Чи дүү нартаа үлгэр жишээ болж, хариуцлагатай байх ёстой шүү гэж. Буруу үйлдэл хийвэл хоёр дүү чинь дуурайна. Хоёр дүүдээ яаж зөв үлгэр жишээ болох вэ гэж бодсоор өнөөг хүрсэн минь ийм учиртай. Манайх гэр хороололд амьдардаг байсан. Би усаа авч, түлээгээ хөрөөдөж, хоолоо хийж өссөн. Гэр хорооллын ажил маш их хөдөлмөр шаардсан байдаг шүү дээ. Хүнийг их ажилч хичээнгүй болгодог. Манай аав, ээж хоёр их хөдөлмөрч хүмүүс. Одоо ч гэсэн би гэртээ зүгээр сууж чаддаггүй. Хүүхдүүд маань бага байгаа учраас жижиг сажиг хог, энэ тэрүүгээр эмх цэгцгүй байдал харагдвал шууд цэвэрлэдэг. Мөн аяга угаана, шалаа угаана нарийн ажлыг хүртэл хийнэ дээ. Манай ээж их цэвэрч нямбай хүн юм. Эхнэр маань намайг эрэгтэй хүн гэхэд их цэвэрч нямбай, зарчимч хүн шүү гэдэг. Хааяа яагаад ийм болчихдог байна аа гэдэг л дээ. Би хариуд нь аливаа сурсан зүйлийг сураар боож болохгүй юм даа гэдэг юм (инээв).

Сүүлийн үеийн залуучууд залхуу болох хандлага ажиглагдсан. Би хүүхдүүдээ ажилсаг, хичээнгүй байдлаар сургаж, хүмүүжүүлнэ гэж зорьдог. Учир нь хүн сайн ажил хийж сурах ёстой. Багаасаа ажилсаг болоод хэвшвэл ерөөсөө алга болохгүй. Х”үн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж монгол ардын зүйр үг байдаг. Энэ яг үнэн. Хамгийн гол нь гэр бүлийн хүмүүжил чухал юм шүү дээ.

Хүүхэд насандаа сахилгагүй байсан. Манай аав Төв аймгийн Баяндэлгэр сумын хүн л дээ. Манай ээжийн аав буюу өвөө маань Увс аймгийн заан цолтой Дорлигсүрэн гэж хүн байсан. Үндэсний бөхөөр барилддаг хүн байлаа. Намайг бага байхад барилдуулна гэж хэлдэг байсан л даа. Өвөө, эмээ хоёр маань таван охинтой байсан. Охидоос нь гарсан хүүхдүүд мөн л охин байсан болохоор ганц эрэгтэй хүүхэд нь би байлаа шүү дээ. Тиймээс багадаа дураараа хүүхэд байсан л даа. Ганц хүү маань барилдаж удам залгана гэж боддог байсан. Миний өссөн Шархад догшин газар шүү дээ. Атман ихтэй хоорондоо зодолдоно. Хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхдүүд ихтэй. Тэр дундаас гарч ирнэ гэдэг бол бас хэцүү ш дээ. Ангийн нэгдүгээр атаман, хоёрдугаар атаман гэх мэт янз бүрийн атаман их байдаг байж дээ. Чи нөгөө ангийн атамантай зодолдох уу гэхээр айгаад байж болохгүй. Тэгье гээд зодолддог байсан. Ингэж явж байгаад бокстой холбогдсон доо. Сахилгагүйгээсээ болж нэг хүүхэд зодоод сургуулийн захирал дээр орж байсан удаатай. Аав, ээж хоёр маань намайг битгий хүүхэд зодоод бай. Боксчин болмоор байвал зөвшөөрөлтэй газар очиж бэлтгэлээ хий гэдэг байсан. Анх боксын спортоор 1998 онд хичээллэж эхэлсэн.

-“Өөжинмед” үр шилжүүлэн суулгах эмнэлэгтэй болсон чинь их сонин түүхтэй. Энэ талаар ярихгүй юу?

– “Өөжинмед” эмнэлгийг нээсэн түүх их сонин л доо. Олимпийн дараа улсдаа хэрэгтэй ямар нэгэн зүйл заавал хийх хэрэгтэй гэж боддог байлаа. 2009 онд Асашёорюү Д.Дагвадорж аварга намайг Японд урьсан юм. Тэр үед Японд үр шилжүүлэн суулгах шинжлэх ухааныг нээсэн “Като Лэдиес” клиникийн захирлыг надад танилцуулсан. Эмнэлгийн захирал Като үр шилжүүлэн суулгах дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн хүн шүү дээ. Мөн боксын спортыг сонирхож дэмждэг хүн байсан учраас санаа нийлж, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай ярьж эхэлсэн л дээ. Тухайн үед би шууд хариугаа хэлсэн. Би эмнэлэг байгуулах саналтай байна гэсэн. Намайг маш сайн ойлгож, дэмжсэн л дээ. Монголд дэлхийд номер нэгд тооцогддог эмнэлгээ байгуулъя, хамтран ажиллана хэмээж байсан. Энэ бол хэдэн ч төгрөгөөр үнэлж баршгүй зүйл юм шүү гэж хэлж байсан. Тэгээд эхнэртэйгээ ярилцаж, үргүйдлийн чиглэлээр анагаах төгссөн мэргэжилтнүүдэд санал бодлоо хуваалцаж, сонгон шалгаруулалт хийсэн. 2009 онд шалгарсан таван хүнийг Япон улс руу явуулж сургалтад суулгаж байсан. Шалгаруулалтад эмнэлгийг хариуцсан захирал Э.Одхүү эмч тэнцэж, ахалж явж байлаа. Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 23-нд нээж байлаа. Миний хувьд энэ өдөр их бэлгэшээлтэй өдөр л дөө. Эмнэлгийнхээ нээлтэд Д.Дагвадорж аваргыгаа урьж байсан л даа. Аваргадаа их баярлаж, талархаж явдаг юм.

-Эмнэлгийн нэр ямар утгатай вэ?

-Өөжин гэдэг бол монгол нэр. Сүүлийн үед монгол гэх тодотголтой зүйлүүд мартагдах гээд байх болж. Өөжин гэдэг бол хүүхдийн өлгий, ор гэсэн үг. Дууны үгэнд хүртэл байдаг даа. Хүүхэдтэй холбоотой учраас бэлгэшээж өгсөн. Ер нь эмнэлгээ нээхийн өмнө монгол нэр өгнө гэж бодож байсан. Мөн яруу найрагч МУСГЗ Ш.Гүрбазар ахаасаа асууж, зөвлөгөө авсан л даа. Гүрээ ах маань нэлээн олон нэр хэлж байгаад, сүүлд энэ нэрийг өгвөл зүгээр гэж хэлсэн. “Өөжинмед” эмнэлэг одоо мэргэжлийн хориод хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай эмнэлэг нэг жилийн ой дээрээ зуун арваад хүнийг эмчилсэн байна. Жирэмсэн болсон буюу үр тогтсон бүртгэлтэй хүмүүсийн тоо л доо. Одоогийн байдлаар 13 хүүхэд хорвоод мэндэлсэн байна. Ийм үр дүнтэй явж байна. Энэ сарын 25-нд эмнэлгийн нэг жилийн ой болно. Японоос эмнэлгийн дарга, удирдлагууд ирнэ. Америк, Филиппинээс хүмүүс ирж байгаа. Ойн хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмч болон эмнэлгээр үйлчлүүлж буй үргүйдлийг эмчлэх чиглэлийн хүмүүст лекц, семинар, уулзалт зохион байгуулж байгаа юм. Японы эмч нар ирж манай эмнэлгийг хэд хэдэн удаа шалгаж байсан. Одоо бол 100 хувь Монголын эмнэлэг. Нэг жилийн ойн хүрээнд Японы эмч мэргэжилтнүүд ирж, ямархуу үйл ажиллагаатай явж байгааг хянана, шалгана, зөвлөгөө өгнө. Монголын эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралд цаг агаар нь ямархуу байна, ямар үед үргүйдлийг эмчлэхэд тохиромжтой байдаг талаар янз бүрийн туршлага судалгаа хийдэг. Монголын эмч нар Японы эмч нараас дутахааргүй чадвартай. Тоног төхөөрөмжийн хувьд дэлхийд номер нэг үзүүлэлттэйгээр эмчилдэг. Үйлчлүүлэгчдийн хувьд Орос, Хятадаас хүмүүс ирж, нэмэгдэх төлөвтэй байгаа.

-Та гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Манай эхнэрийг Х.Азжаргал гэдэг. Өмнөговь аймгийн Ханбогд сумын хүн л дээ. Бид хоёр найм, есдүгээр ангид байхдаа л үерхдэг байсан. Одоо гурван хүүхэдтэй. Миний том охин Б.Нандин арван настай. “Элит” олон улсын сургуульд сурдаг. Дунд охин маань зургаан настай Б.Наран-Мишээл гэдэг. Цэцэрлэгт явдаг. Бага хүүг Б.Бадруун гэдэг. Дөрвөн настай. Манайх хувиараа цэцэрлэг ажиллуулдаг. Их Монгол хороололд “Жаргалтай хотхон” гэсэн нэртэй цэцэрлэг бий. Цэцэрлэгээ байгуулаад дөрвөн жил болж байна. Бага хүүгээ хувийн цэцэрлэгтээ явуулдаг. Эхнэр маань эмнэлгийн ажлыг хариуцан ажиллаж байгаа. Эмчээс гадна бичиг цаасны нарийн ажлыг хийж байна.

Б.Уранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Монголд бүртгэлтэй, манайд үйл ажиллагаа явуулдаг компанид Оросын талын хувь шилжсэн нь яах аргагүй зөв алхам

Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшиж буй 49 хувийг Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс” компани эзэмших нь тодорхой болоод байна. Монголын компани Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахаар болсны наад захын эерэг нөлөө гэхэд л “Эрдэнэт”-ийн ногдол ашгийн 49 хувийг хойд хөршийн төрийн өмчит “Ростех” авахаа болино. Монголд үйл ажиллагаа явуулдаг Монголын компанид “Ростех”-ын авдаг байсан ногдол ашиг ирэхээр болж байгаа юм. Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай энэ сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Зэс молибдены баяжуулах Азийн хамгийн том үйлдвэрүүдийн нэгд тооцогддог “Эрдэнэт” 100 хувь Монголын компани болж байна. Энэ шийдвэр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Ажиллаж байгаа үйлдвэр учраас эдийн засаг талаас нь харвал төлдөг татвараа төлөөд явна. Хувьцааны эзэмшил нь л өөрчлөгдөж байна. Оросын тал Эрдэнэтэд эзэмшдэг хувьцаагаа манай улсад бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг компанид худалдах санамж бичигт гарын үсэг зурсан гэж би ойлгож байгаа. Сүүлийн үед цацагдаж байгаа мэдээллээс харахад хэлцэл бүрэн дуусаагүй болов уу гэсэн ойлголт төрсөн. Хэлэлцээрийн дагуу шийдвэрлэх асуудал байгаа бол Монголын Засгийн газар шат дараалаад шийдээд явах болов уу. Төрийн өмчтэй компанид хувийн хэвшил 49 хувиар орж ирсэн нь сайн хэрэг. Менежмэнт нь сайжирна. Зардал бууруулах талд ахиц гарах байх. Мэргэжлийн хүмүүс тогтвор суурьшилтай ажилладаг болох нь ойлгомжтой.

-Эрдэнэт тойрсон шүүмжлэлүүдээс хамгийн анхаарал татдаг асуудал нь шахааны бизнес. Бараг музей байгуулах хэмжээний хэрэггүй зүйлсийг төрийн томчууд энэ үйлдвэрт шахсан байдаг. Хувийн компани менежмэнтэд нь оролцоод ирэхээр шахааны бизнес арилах байх. Та юу гэж бодож байна?

-Шахааны бизнес бараг л арилах болов уу. Гэхдээ 51 хувь нь төрд байгаа гэдгийг мартаж болохгүй. Төрийн хувь энэ хэвээр үргэлжилбэл шахааны бизнес шууд зогсоно гэж хэлэх боломжгүй л дээ. Мэдээж өмнөх шигээ улайм цайм шахаа хийхгүй гэсэн давуу тал бий. “Эрдэнэс Монгол”-д харьяалуулах асуудал нэлээд удаан хугацаанд шийдэгдэхгүй явсан. “Эрдэнэс Монгол”-ын хувьд компанийн засаглалаа сайжруулахаар Азийн сангаас төсөл хэрэгжүүлж байгаа. ”Эрдэнэт” бүтцэд нь ороод явна гэж харахаар “Эрдэнэс Монгол”-д сайн зүйл болж байна. Намууд мэдэгдэл гаргаж, хүмүүс янз бүрийн өнцгөөс л харж байх шиг байна. Миний хувьд эерэг нөлөөлөл нь их гэж бодож байгаа. Хувийн хэвшилд Оросын талын эзэмшил шилжсэнээр “Эрдэнэт”-ийн бизнесийн шийдвэр гаргах хурд эрс сайжраад ирнэ. “Эрдэнэт”-д олон жил ажилласан хүмүүс ч юм уу, Монголын иргэд энэ үйлдвэрээс хувь хүртэх асуудал сөхөж магадгүй л дээ.

-Зарим судлаач Засгийн газар эзэмшиж байгаа 51 хувиа ч хувьчлах тал руу ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлээд эхэллээ. Таныг ч бас ийм байр суурьтай байна гэж ойлголоо…?

-Яг тийм ийм гэж хэлж мэдэхгүй байна. Ер нь бол Засгийн газрын эзэмшиж байгаа хувийн нэг хэсгийг иргэд, компаниудад арилжихад болохгүй зүйлгүй. Төрийн өмчийн 51 хувийн хоёр хувийг иргэд, компаниудад худалдах маягаар төрийн оролцоог багасгавал сайн хэрэг. Тэгвэл бүр л сайн үр дүн гарна. Ингэж байж жинхэнэ бизнесийн зарчмаараа явах боломж бүрдэх болов уу. Гэхдээ эдийн засагт хэтэрхий үр нөлөөтэй төсөл учраас болгоомжлол гарна. Мэдээж болгоомжлол илүүдэхгүй. Гэвч болгоомжлолоос илүү нэг зүйл байгааг мартаж болохгүй. Монголд бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг компанид Оросын талын хувь шилжсэн нь яах аргагүй зөв алхам.

-Оросуудын нөлөө алга болчихоор Эрдэнэтийн хувьцааг Хөрөнгийн бирж дээр арилжаалах асуудлыг санаа нийлээд шийдэж болох юм байна. Ийм замаар хөрөнгө оруулалт босгох боломжийн тухайд та юу хэлэх вэ?

-Хувьцаагаа Лондонгийн бирж дээр гаргачих бүрэн боломж нээгдэж байгаа.

-Зэсийн үнэ уналттай ийм үед “Эрдэнэт”-ийн зардал өндөр гэсэн асуудал байгаа. Хувийн компани менежмэнтэд нь оролцоод ирэхээр зардал нь буурч таарах байх…?

-Ер нь аль ч үйлдвэрт зардал өндөр гэсэн асуудал яригддаг. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага өнгөрсөн хугацаанд зардал бууруулах талд нэлээд сайн ажилласан. Өөрийн өртгөө бараг мянга гаруй ам.доллараар буурууллаа. Гэхдээ энэ бол нэг л удаагийн асуудал. Ирэх жилүүдэд үнэ өсч буурах цикл үргэлжилнэ. Хувийн компани менежмэнтэд оролцож эхэлснээр зардлын таналт дээр дахиад ч ахиц гарах болов уу гэж харж байна. Ганц гол зүйл гэвэл компанийн засаглал сайн, төрийн оролцоо бага байх ёстой. “Эрдэнэт”-д хувийн компани орж ирсний сайн тал нь энэ. “Эрдэнэт” зуун хувь Монголын компани болж байгаа нь маш том давуу тал. Худалдаа хөгжлийн банк авлаа гэхээр банкинд очлоо, банкны гол хувьцаа эзэмшигчид нь монгол хүмүүс биш гэх мэт яриа дуулдаж байна л даа. Гэхдээ л Монголд бүртгэлтэй, Монголд татвар төлдөг компани. “Эрдэнэт”-ийн Удирдах зөвлөлд орос хүмүүс биш монголчууд л ажиллана.

-Эрдэнэт үйлдвэрийн тухайд Оросын зүгээс тээг тавьдаг ямар асуудлууд байсан бэ?

-Хамгийн том жишээ гэвэл зэс хайлуулах үйлдвэр байна.

-Манай талаас зэс хайлуулах үйлдвэр барих саналыг Оросын талд хэзээнээс тавьж эхэлсэн юм бэ?

-1992 оноос хойш. Ер нь бол аль далаад оноод Эрдэнэтийн хэлэлцээр эхлэх үеэс л Оросын талд санал тавьж байсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Оросын талд баяжмал хэрэгтэй байсан учраас шийдэгдээгүй хэрэг л дээ.

-Одоо зуун хувь Монголын компани болчихоор зэс хайлуулах үйлдвэр барих асуудалд гадны нөлөөтэй тээг алга болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Саяхнаас Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр тусад нь байгуулна гэсэн яриа өрнөөд байгаа.

-Техник технологийн шинэчлэл гэх мэт том асуудлууд дээр ч оросуудын оролцоо байсан байх…?

-Оросын оролцоо байсан. Анх Оросын техник технологи орж ирсэн, орос хүмүүс ажиллаж байна гэх мэт шалтгаан бий. “Эрдэнэт”-д барууны техник технологи үе шаттайгаар нэвтэрч байгаа л даа. Гэхдээ Оросын талын нөлөөллөөр шийдвэр нь удаж гардаг зэрэг асуудал байсан. Шийдвэр гаргадаг бизнесийн хурдын хувьд хамаагүй сайжирна. Эрдэнэт үйлдвэрийн концепци боловсрогдож байна. Оросууд нэлээд нөлөө, оролцоотой яваа гэж дуулдаж байсан. Одоо бол энэ бүх асуудлыг Оросгүйгээр өөрсдөө шийдээд явах боломж бүрдэж байна.

-Эрдэнэтийн нөөц нэмэгдэх боломж хэр өндөр вэ?

-Нөөц нь нэмэгдэх магадлал өндөр. Эрдэнэтийн одоо ашиглаж байгаа газраас урд, хойно нь нөөц бий. Тэрний гадна талд ч хайгуул хийхээр тусгай зөвшөөрөл авчихсан байгаа юм билээ.

-Зэсийн үнэ өсөхөөр ногдол ашгийн хэмжээ дагаад өснө. Гурваас дөрвөн жилийн дараа зэсийн үнэ өснө гэсэн таамаг бий. Оросын талын хувь Монголд ирчихээрЭрдэнэтээс хүртэх өгөөж эрс нэмэгдэх нь ээ?

-Тэгнэ. Ногдол ашиг нь Монголд үлдэж, Монголын хөрөнгө оруулалт, Монголын хөгжилд л зориулагдана гэсэн үг.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр хамгийн их татварыг төсөвт төлж байгаа. Ялгаварлан гадуурхагдсан байдлаар асар их хэмжээний татвар төлдөг. Нөөц ашигласны төлбөр гэхэд л 16, 17 хувь байх жишээний. Хувийн компани бол тэсэхээргүй татвартай явж байгаа л даа. Хувь эзэмшилд өөрчлөлт орсноор энэ асуудал ч нэг мөр яригдаж таарах байх.

-Оросын тал хувиа зарчихаар заавал орос хүн ажиллах ч шаардлагагүй болж байна уу?

-Бараг тийм дээ. Үнэхээр чухал орон тоо бол, орос мэргэжилтэн ажиллахаас аргагүй тохиолдлоос бусад нөхцөлд монголчууд ажиллаад явах байх. Бүх зүйл нарийвчилж яригдах үед хийгдэх тохироо болов уу.


Categories
мэдээ цаг-үе

Өнөөгийн залуус эх хэлээрээ зөв бичдэг болмоор байна

Сүхбаатар дүүргийн VI хорооны иргэн Л.Содномдорж

Өнөөгийн нийгэмд амьдарч байгаа хүмүүст олон янзын бэрхшээл тулгамдаж байна. Би Дорноговь аймгийн Айраг сумын сургуульд 28 жил ажилласан багш хүн. Ном эрдмийн мөр хөөж явсан хүний хувьд өнөөгийн монголчууд оюуны өмчийг дээдлэх, зохиогчийн эрхийг хүндлэх тал дээр сул байгаад эмзэглэж явдаг. Их дээд сургуулийн тоо нэмэгдэхийн хэрээр, улаан цэнхэр дипломтонгууд нэмэгдэж оюуны хоосрол бий болж байна. Би 1971 онд МУИС-ийг төгсөж байлаа. Тэр үед онц төгсдөг хүн ховор байсан ч үнэхээр чадварлаг боловсон хүчнүүдийг бэлтгэж чадаж байсан. Өнөөгийн залуус ахмад үеэ хүндэлж, тэднээс суралцаж, тэдний хөдөлмөрийг үнэлэхээ больсон байна. Тухайлбал, 2014 онд би Дорноговь аймгийн Даланжаргал сумын дунд сургуулийн “Эрдэм цогцолсон Даланжаргалант сургууль” номыг Д.Цогбадрахын хамт бичиж байлаа. Тухайн үед сургуулийн захирал У.Өнөрмөнх миний хөдөлмөрийг үнэлж хоёр сая төгрөг өгөх байсан ч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Ийм байж болохгүй л дээ.

Дараагийн санаа зовоож байгаа асуудал бол бичиг соёлын асуудал байна. Сүүлийн үед гарч байгаа ном, сонин хэвлэлийг харахад алдаа мадаг их гарах болж. Кирилл бичгээ зөв бичиж, хойч үедээ өвлүүлж чадахгүй байж монгол бичгийг төрийн бичиг болгоно гэж яриад байгаатай би хувьдаа санал нийлэхгүй байна. Монгол бичиг гэдэг бол тоглоом биш. Дэлхийд ганцхан байдаг босоо бичгээ төрийн бичиг болгоно гэдэг бол их холын асуудал. Юуны өмнө өнөөгийн залуус эх хэлээрээ зөв бичиж, ярьж сурах хэрэгтэй байна. Цахим ертөнцөд ярианы хэлээр бичих, гадаад үг хольж ярьдгаас болоод эх хэл минь юу ч биш болох нь.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “СОЛИОТ”

Ф.М.Достоевскийн “Солиот” романыг энэ удаа товчхон танилцуулахаар шийдлээ. Арваннэгдүгээр сарын хуучдаар Петербург-Варшавын галт тэрэг Петербург руу уухилан дөхөж явна. Түүний нэгэн тасалгаанд уг нь сурвалжит ноён боловч тун тааруухан хувцастай Мышкин, танхайдуу шинжийн царайтай, намхавтар ч чийрэг биетэй Рогожин хэмээх хоёр эр өөд өөдөөсөө харсан суудалд таарчээ. Мөнхүү тэнд бас Лебедев гэгч дээдсийн хүрээнийхний амьдралыг нэвт шувт мэддэг дундаж сэхээтэн явах аж. Мышкин ухаан балартаж, унаж татдаг өвчнөөсөө шалтгаалан Швейцарьт эмчлүүлж байгаад буцаж буй нь энэ. Рогожины хувьд Настасья Филипповна хэмээх сайхан бүсгүйд өндөр үнэтэй ээмэг авч өгөөд хүүхэндээ ч тал олсон юмгүй. Харин бүр гай болж чинээлэг худалдаачин эцэг нь гэрээсээ хөөчихсөн. Одоо аавыгаа нас барсан учраас буцаж байгаа хүн. Өв хөрөнгөтэй болсон тэрээр Настасьяг өөрийн болгох нууц бодолтой, жигтэйхэн хартай, хямрамтгай байдалтай. Лебедевийн хувьд их хөрөнгө өвлөсөн Рогожинд илт зусардах бөгөөд Мышкиныг нэр хүндтэй генерал Епанчины гэргийтэй нэг угсааны хүн болохоор их сонирхоно.

Энд сонирхуулахад сурвалжит ноён Тоцкий хэмээгч алсдаа тун ч царайлаг болж магадгүй өнчин охин Настасьяг багаас нь өөртөө ойрхон өсгөж амралтаараа ор дэр нийлүүлдэг нүгэлтэй. Цаг явахын хэрээр хөгширч басхүү хэл ам гарах болсон тул өөрөөсөө холдуулах гэсэндээ Ганя гэгч баяжихыг ихээр хүсэгч Епанчин генералын удирдлагад ажилладаг жижиг түшмэлтэй суулгах гэнэ. Ганя нь Епанчины охин Аглаяд санаатай. Гэвч архинд орсон, худалч генерал эцэгтэй, гэр ахуйн байдал нь ядуувтар тул нэр төрөө гишгэлэн 70 мянган рублиэр Настасьяатай гэрлэхийг бараг зөвшөөрчихөөд байгаа. Ийм үед дээрх эрхмүүд Петербургт ирлээ. Сурвалжит ноён Мышкин генерал Епанчинтай уулзаж нүүр хагарна. Энэ үеэрээ хамаатных нь хүн өөрт нь магадгүй 500 мянган рублийн үнэ бүхий хөрөнгө гэрээсэлж үлдээсэн тухайгаа ярьдаг. Ингэхдээ генерал Епанчин, ноён Тоцкий нар Ганя, Настасья хоёроо гэрлүүлэхээр гэрт нь үдэшлэг зохион байгуулах гэж байгааг мэддэг. Хотод ирсэн даруйдаа Настасьяг нэг удаа харсан хөөрхий Мышкин түүнд дурлачихжээ. Нөгөө талд Рогожин яваад байгаа. Тиймээс үдэшлэг тун ч хачин болно. Настасья өөрийг нь 70 мянган рубль өгөхөөр амлаж Ганятай хуримлуулах гэж буйд зэвүүрхэн цадиггүй аашлахаар шийддэг. Юу гэхээр Рогожиныг орой гэхэд 100 мянган рубльтэй ирвэл гэрлэнэ гэж амлана. Өнөөх нь хамаг юмаа барьцаанд тавиад нөгөө мөнгийг нь олоод ирдэг.

Генералаас эхлээд Тоцкий, Ганя эвгүй байдалд орно. Угаас ч нэр төрөө алдаж байна хэмээн битүү шаналж явсан Ганягийн нүдэн дээр Настасья 100 мянган рублийг ил гал руу боодолтой нь шидээд нүцгэн гараараа авбал өгнө гэж тохуурхдаг. Тэнд байсан Лебедев шүдээрээ ганцхан мянган рубль авчихъя гэж гуйж ч байх шиг. Энэ цагт өмнө нь тус үдэшлэг болохыг мэдсэн Мышкин шинэ тоглогч болж орж ирлээ. Тэрээр “Та уг нь ийм хүн биш шүү дээ” гэж Настасьяд хэлнэ. Бүр улмаар гэрлэхийг хүсч байгаагаа түс тас хэлж орхино. Гайхалтай нь Настасья олон эрийн эрх ашгийн дунд төөрч, муухай авирлаж эхэлсэндээ өмөг түшиг эрж байсан уу Мышкинд дурлачих шиг болдог. Мышкинд нүүр өгч “Би тэгвэл сурвалжит авхай болохоор боллоо” хэмээн даажигнан Рогожины царайг тун ч барайлгана. Эцсийн бүлэгт тэрбээр Мышкинийг гэнэн цагаанаар нь дуудаж тоглоом тохуу болгоод Рогожины хамт гарч оддог.

Мышкиныг гэрт нь зочлоод явсны дараа Епанчин генералын царай зүс, биеэ авч явах байдлаараа хот даяар алдар суутай Аглая охин түүнд дурласнаа зарлана. Түүнийг Настасья Мышкинтэй суухыг ятгаж байгаа нь ч ил болно. Ямар ч өндөр тушаалын хүнтэй суулгах боломжтой хэмээн ихээхэн найдлага тавьдаг охин нь “солиотой” ч юм шиг биеэ авч явдаг хэт цайлган зантай Мышкинтэй суух боллоо. Гэвч Мышкин яг загалмайлах дээрээ тултал зугтаад алга болов. Хожим Аглая тэнүүлч, луйварчин гүн гэгдсэн нэг цагаачийг дагаад замаа алдана. Нөгөө талд Рогожины байдал ч сайнгүй байв. Настасья хэд хэдэн удаа загалмайлна гэж амлаад Мышкин рүү зугтаад байх. Тэгснээ Мышкинтэй хуримлах өдрөө л Рогожин руу зугтана. Энэ бүхэн хэд хэд давтагдсаны хойно Рогожин өөрийн байшиндаа Настасьяг зүрхэнд нь хутгалж хөнөөдөг. Мышкин Рогожиныд очиж мэдээд хоёул цогцосны дэргэд хононо. Сүүлд Мышкин эргээд унаж тусдаг нь хөдөлж ухаан мэдрэлгүй хүн болох аж. Их зохиолчийн сэтгэлзүйн адармаат нарийн зүйлсийг нэвт харуулсан уг романыг тун ч модон маягаар тоймлоход ийм байна. Та бүхэн өөрсдөө уншиж оюундаа тунгаавал маш их хайр, харамсал шингэсэн бүтээл юм шүү.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Д.Нанзаддорж: Бидний хийсэн бүтээн байгуулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад 3-5 дахин өссөн

Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддоржтой ярилцлаа.

-Бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд танай байгууллага ямар ажлууд амжуулав?

-Дөрвөн жилийн ажлын тоон үзүүлэлтээр харвал нийтдээ 175.8 км замыг өргөтгөн шинэчилж, 83.7 км зам шинээр барьсан байна. 278.8 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж, 647.9 урт метр гүүрийг шинээр барьжээ. 273 метр түр гүүр барьсан. Яармагийн гүүр, Бээжингийн гудамж буюу Скай их дэлгүүрийн хажууд түр гүүр тавьчихаад байгаа. Мөн гурван байршилд автомашинд зориулсан нүхэн гарц барьсан. Улаанбаатар хотыг хоёр хуваачихсан төмөр зам маань ганцхан Энхтайвны гүүрэнд ачаалал өгч түгжирдэг байсан. Энэ ачааллыг бууруулахын тулд гүүр барина гэхээр маш их зардал, хугацаа орох учраас төмөр замын доогуур автомашинд зориулсан гурван байрлалд нүхэн гарц хийсэн. Энэ ажил Энхтайваны гүүрний ачааллыг хөнгөлсөн. Нүхэн гарцны нэгдүгээр байршил Энхтайваны гүүрний зүүн талд буюу Парк, Хурд, Хилчин хорооллыг холбож байгаа. Хоёрдугаар байршил нь Соёолж дээр бий. Харин гуравдугаар байршил Баянмонгол хорооллын хойно байдаг. Дөрвөн байршилд явган хүнд зориулсан гүүр барьсан нь та бүхний мэдэх “Бөмбөгөр” худалдааны төвийн хажууд, 100 айл, 120 буюу Төв цэнгэлдэх хүрээлэн, 19 дүгээр хороололд бий. Мөн нэг байршилд буюу Сансарын тунелийн хажууд газар доорх нүхэн гарц барьсан. Үндсэндээ энэ бүтээн байгуулалт өмнөх жилүүдтэй харьцуулж үзэхэд хурд нь 3-5 дахин өссөн үзүүлэлттэй.

Бид замын байгууламжийг иж бүрнээр нь барьж байгаа. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн жилд баригдсан зам явган хүний болоод дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолойг иж бүрнээр нь шийдсэнээрээ онцлог. Өнгөрсөн жилээс ногоон байгууламж нь ургах нөхцөлгүй газруудын явган замыг өргөтгөн барьж байгаа. Өмнө нь зам барихдаа ус зайлуулах хоолойг шүүлт хэлбэр буюу далд хэлбэрээр хийдэг байсан. Үүнийг бороо орсны дараа цэвэрлэдэг ч усаа хангалттай хэмжээнд авч чаддаггүй байсан юм. Байсхийгээд битүүрчихнэ. 2012-2016 онд бид Японы туршлагыг Улаанбаатар хотод шууд хуулбарлан өөрийн орны онцлогт тохируулан хэрэглэж эхэлсэн. Ашиглахдаа трапец хэлбэртэй 80-90 см гүн бетонон шуудууг замын хашлагын араар тавьдаг болсон.

-Замын ажил эхлэхээр газар чөлөөлөлт ямархуу байдаг вэ?

-Хотод зам барина гэдэг аймаг, орон нутагт барьж байгаа замаас онцлог байдаг. Улаанбаатар хотод зам барих үед газар чөлөөлөлтийн асуудал гардаг. Газар чөлөөлөхөд ихээхэн ажиллагаа ордог. Тухайн газрыг өмчилсөн иргэн аж ахуйн нэгжтэй заавал зөвшилцөж байж газар чөлөөлдөг. Энэ ажил дээр Улаанбаатар хотын иргэд ажиллаж сурч байна. 2012, 2013 онд төвөгшөөдөг байсан бол иргэдийн ухамсар жил ирэх тусам дээшилж байна.

-Нийслэл хотын автомашины түгжрэл буурсан уу?

-Биднийг ажил авахаас өмнө тэг зогсолт буюу томоохон гудамж талбайд ачааллын үед 2-4 цаг түгжирч зогсдог байсан. Үүнийг бууруулахын тулд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажлаа аваад дугаарын хязгаарлалтыг эхний ажил болгож баталсан. Дугаарын хязгаарлалт хийсэн нь тухайн үедээ түгжрэлийг нэлээд сайн бууруулж байсан. Дугаарын хязгаарлалтаас гадна бүтээн байгуулалт буюу замаа өргөтгөе, шинэчилж засъя гэдэг асуудлыг зэрэгцүүлж нийслэлээс төсвийнхөө нэлээд хэсгийг зарцуулсан. Үүний хүчинд одоо хурд хамгийн багадаа таван км цаг болсон. Зарим шинэчлэгдсэн уулзварууд дээр хурд 30-40 км цаг руу орчихсон. Зарим зам ямар ч түгжрэлгүй онгорхой байдаг болсон. Богд уулын арын зам Улаанбаатар хотын хөндлөн чигийн замыг маш их хөнгөлсөн.

-Сая орсон борооноор ус зайлуулах хоолой байрлуулаагүйгээс зам эвдэрлээ гэх шүүмж гарлаа. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Зургадугаар сарын 21-ний өдөр удаан хугацаагаар үргэлжлэн орсон борооноор Улаанбаатар хотын гудамж, зам нэлээд устай байлаа. Энэ асуудлыг арилгах тал дээр Улаанбаатар нэгтгэл, Нийслэлийн авто замын газар, Захирагчийн ажлын алба, Онцгой байдлан алба гээд холбогдох бүх байгууллага ажилласнаар ямар нэгэн осол, эндэгдэл гаргасангүй. Ус тогтсоныг зам баригдсанаас болоод усанд автсан мэтээр ярьж байна. Шарга морьтын замд нэг айлын хашаанд ус орлоо гэдэг мэдээ цахим ертөнцөд нэлээд сүржин яригдлаа. Бодит байдалтай газар дээр нь очиж танилцсан. Харамсалтай нь нэг байршилд айлын хашаанд ус орж замын тодорхой хэсгийг эвдэлсэн байсан. Яг тэр зам эвдэрсэн газар доогуур ус урсгах хоолой байсан юм. Тэр хоолойны бүх нүхийг доор нь байдаг айл чулуу, шороо, шавраар битүүлчихсэн байсан. “Яаж байгаа юм бэ” гэсэн чинь “Манай хашаа руу ус ороод бид гарч чадахгүй байна. 00 усаар дүүрээд байсан учраас бөглөсөн” гэсэн хариу хэлсэн. “Томоохон бүтээн байгуулалт болсон зам эвдэлчихлээ” гэхэд эхлээд нэлээд ууртай байсан ч сүүлдээ ойлгосон. Ойлголцсоны дараа гүйцэтгэгч компанийн хүмүүсийг дуудаж ус зайлуулах нүхийг тагласан зүйлийг гаргасан. Ингээд 15 минут хүрэхгүй хугацаанд нөгөө тунасан ус урсаад зам онгойчихсон. Өмнөх хариуцлагагүй дарга үерийн аман дээр газар өмчилсөнтэй холбоотой асуудал л даа.

-Хойшид төлөвлөсөн ажил бий гэлээ. Хэдэн газарт зам байгуулахаар төлөвлөж байна вэ?

-2016-2020 он хүртэл хийх ажлаа төлөвлөж мөрийн хөтөлбөртөө тусгачихсан байгаа. Толгойтын замыг өргөтгөн засах ажлаа эхлүүлчихсэн. Энэ замд 1985 оноос хойш засвар хийгдээгүй. Гүйцэтгэгч компани туршлагатай сайн учраас гүйцэтгэл хурдацтай явж байна. Энэ зам 3.6 км урттай, дундаа долоон метр өргөнтэй хоёр гүүр байсныг 14 метр урттай болгож томсгосон. Замаа есөн метр байсныг 16 метр болгож өргөсгөж байна. Үргэлжлүүлээд Толгойтын замын уулзвараар Орбитын Найрамдал чиглэлийн замыг засна. Энэ замыг бид нийслэлийн концессын гэрээгээр гүйцэтгэгч шалгаруулж бариад маргааш нээлтээ хийх гэж байна. Энэ замыг 2017 оны долдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулчихна. Дээрээс нь Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр томоохон ажлууд хийнэ. Тухайлбал Замын цагдаагийн газрын төмөр зам дээрх гүүрэн гарцыг нарны замтай хоёр түвшинд огтлолцуулах ажлыг эхлүүлэх гэж байна. Энэ ажил наймдугаар сараас эхлэн 2017 онд эрчтэй эхэлж, 2018 оны арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад орно. Яармагийн гүүрийг ашиглах тухай асуудал эхэлж байна. Улиастайн салдаг уулзвараас эхлээд Чойр, Налайхын салдаг бөмбөлөгтэй уулзвар хүртэл 2.9 км урт замыг өргөтгөн шинэчилнэ. Өөрөөр хэлбэл, одоо байгаа хоёр урсгалтай зам дөрвөн урсгалтай болно. Гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, ногоон байгууламж гээд иж бүрэн томоохон ажил хийгдэнэ. Магадгүй анхны хурдны зам эхлэх гэж байна. Үүнийг хийх Хятадын таван компанийг сонгон шалгаруулах ажлаа хийгээд энэ сарын 27-нд нээнэ. Энэ ажлыг 2019 оны улсын баяр наадам гэхэд иж бүрнээр шийдээд ашиглалтад оруулна. Баянзүрхийн гүүрийг Налайхын замтай холбож, одоо байгаа байрлалаас өөрчилж дөрвөн урсгалтай болгож өөрчилнө. Сонсголонгийн гүүрийг хоёр урсгалтай болгож барих гэж байна. Энэ бүгд ирэх дөрвөн жилийн томоохон бүтээн байгуулалтын ажил байх юм. Мөн Улаанбаатар хотын гадна тойрог гэж том асуудал бий. Баянхошууг Дэнжийн мянгатай холбоод, Дэнжийн мянгийг Хайлаасттай холбоод, Хайлаастаа Чингэлтэйтэй холбоод, Чингэлтэйгээсээ Дарь-Эх рүү холбогдож, цаашаа Маахуур толгой, Улиастайн зам гээд гадна тойргийн замыг барьж ашиглалтад оруулах ажлыг хийнэ. Мөн Хөшигийн хөндийн хурдны зам баригдчихна. Энэ зам өнөө жилдээ ашиглалтад орно.

Дээрээс нь Улаанбаатар хотын зүүнээс баруун, баруунаас зүүн чиглэлд төвөөр дайран гардаг ганцхан замаас гадна талаар явдаг зам барих, гадна талаас холбоосоор ороод ирдэг зам барих ажлууд эхэлчихсэн явж байна. Жишээлбэл, Гүнтийн давааг давуулаад Партизаны замыг барьчихсан. Дарханаас орж ирж байгаа машин орж ирэх боломжтой. Гүнтийн давааг даваад хойд зуслангийнхаа замд холбох ажлыг эхэлчихлээ. Энэ холбоосыг хийх ажил эхлээд хоёр компани ажиллаж байгаа. Бид 2016 оны арваннэгдүгээр сарын 15 гэхэд энэ замыг нээчихнэ. Тэгэхээр Дархан, Сэлэнгээс орж ирж байгаа машин заавал 61-ийн гарам орж бөглөрөх шаардлагагүй. Партизаны замыг сонголоо гэхэд хойноос Шарга морьтоор ороод ирэх юм. Энэ холбоосыг хийчихнэ. Яваандаа Гүнтийн даваанаас ганц Шарга морьт гэлтгүй Зүүнсалаа, Баруунсалаа, Найрамдал зуслангийн зам руу ороод ирдэг хэд хэдэн уулын зам байдаг. Энэ байршлуудыг судалж байна. Тэр давааг сэтэлчих юм бол Улаанбаатарыг утаа байхгүй болно гээд байдаг. Тэр ажилтай уялдуулж замын ажлыг судалж үзээд чадвал эхлүүлэх арга хэмжээ авна.


Categories
мэдээ цаг-үе

Барак Обаматай уулзсан монгол бүсгүй

Дэлхийн Энтерпренёрийн чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил уг арга хэмжээ Америкийн Калифорни мужийн Пало Альто хот дахь Стэнфордын их сургуулийн кампуст зургадугаар сарын 22-ны өдөр эхэлсэн юм. Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээлснээр Төрийн Департаментаас нийт 170 орны 700 энтерпренёр, 300 хөрөнгө оруулагчийг сонгон авч урьж оролцуулсан байна. Өмнө нь уг арга хэмжээг Турк, Арабын Эмират, Малайз, Марокко, Кени зэрэг улсад зохион байгуулсан. Харин анхных нь Вашингтон хотноо Цагаан ордонд болсон.

Энэ жилийн чуулга уулзалтад манай улсаас Бат-Ирээдүйн Хонгорзул, Бүдээгийн Амартайван нарыг сонгон урьж оролцуулсан байна.

Барак Обаматай уулзсан монгол бүсгүй, Бат-Ирээдүйн Хонгорзулыг “Өдрийн зочин”-доо онцолж байна. Тэрээр Лондон хотын Сант Мари Эбботс бага сургууль, 10 жилийн Лаборатори I дунд сургууль, Лондон хотын Stanton School of English сургуулийг тус тус дүүргэжээ. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөнийхөө дараа Японы Акитагийн олон улсын их сургуульд суралцсан байна. Мөн Монголын Үндэсний олон нийтийн радио, Азийн сан, Токио хотноо “Interac Co. Ltd” компанид тус тус ажиллаж байжээ. 2012-2014 онуудад Бостон хотын Тафтс их сургуульд суралцаж олон улсын харилцаа, эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн. АНУ-ын Засгийн газрын нэлээд нэр хүндтэйд тооцогддог Фүлбрайтын тэтгэлэгт хамрагдсан энэ бүсгүй спорт, урлаг, шинжлэх ухаан гурвыг ихэд сонирхдог гэнэ. Түүний хобби нь дэлхийн улс орнуудаар аялж, түүх, соёлтой нь танилцаж, орон орны хоолыг амталж үзэх. Эмэгтэйчүүд, хүүхдийн эрх ашгийг хамгаалахыг тууштай дэмжигч бүсгүй маань шударга бус байдалтай тэмцдэг нэгэн.

Б.Хонгорзул нь 15 настайгаасаа тэтгэлэгт хамрагдаж, гадаадын нэр хүнд бүхий сургуульд элсэн орж сайн боловсрол эзэмшихийг зорилгоо болгожээ. Түүндээ хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөсний үр дүнг ч хүртсэн.

Б.Хонгорзулын ээж, аав хоёр нь хоёулаа монгол хэлний багш. 1991 онд аав нь Лондонгийн их сургуульд багшлахаар болж гэр бүлээрээ Их Британийг зорьсон. Ингэж эцэг эхийнхээ ачаар багаасаа англи хэл сурсан байна. Нутагтаа эргэж ирээд орос хэл сурч, МУИС-д герман хэлний ангид оржээ.

Их сургуулиа төгссөнийхөө дараа гадаадын томоохон байгууллагад ажиллаж, тэндээ үлдэх боломж байсан гэнэ. Ингээд шийдвэр гаргах мөч ирэхэд найз нөхөд, танилуудтайгаа нэлээд ярилцаж зөвлөлджээ. Монголд ирээд хэрэггүй, хямралд автаад хэцүү байна хэмээн хэлж байсан хүмүүс ч цөөнгүй гэнэ. Гэсэн хэдий ч хүний нутагт гууль болж байснаас эх орондоо алт болсон нь дээр хэмээн Монголдоо эргэж иржээ. Нэгэнт л нутагтаа амьдрахаас хойно эртхэн ирж байр сууриа олох нь дээр хэмээн бодсон гэдэг. Аав нь ч эртхэн нутагтаа төвхнөсөн нь дээр хэмээн зөвлөсөн байна. Ингээд Улаанбаатартаа эргэн ирсний дараахь нэг сард сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд байсан гэнэ. Эргээд бодоход нутагтаа ирсэндээ баярладаг хэмээн Б.Хонгорзул нэгэн ярилцлагадаа дурджээ.

Дэлхийн энтерпренёрийн чуулга уулзалтад оролцогсдыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Худалдааны сайд Пенни Притцкер, Жижиг бизнесийн газрын зохион байгуулагч Мария Контрерас-Свийт, АНУ-ын ОУХА-ийн зохион байгуулагч Гэйл Смит, Дэлхийн эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан Тусгай үүргийн Элчин сайд Кэтрин Рассел болон Олон нийтийн дипломат ажиллагаа, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Стенгэл зэрэг өндөр дээд албан тушаалтнууд хүлээн авч уулзсан байна.

Ийнхүү Монголын хоёр залуу энтерпренёр Дэлхийн энтерпренёрийн чуулга уулзалтад эх орноо төлөөлөн оролцож байгаа нь үнэхээр бахархууштай юм.


Categories
мэдээ цаг-үе

Византийн эзэнт гүрэн

Сонин маань цувралаар дэлхийн үүсэл хөгжлийг тодорхойлж соёлт нийгмийн дэг жаяг, шашин шүтлэг, үнэт зүйлсийн суурийг тавьж байсан агуу гүрнүүдийн тухай өгүүлж байгаа билээ. Өнөөдөр зарим тохиолдолд Зүүн Ромын эзэнт гүрэн гэж хэлэгдээд байдаг угтаа бол Византийн эзэнт гүрний тухай өгүүлэх гэсэн юм.

Византийн эзэнт гүрэн гэдэг маань сөнөж сүйрсэн Ромын эзэнт улс, түүний дараа өрнөд хэсгээрээ түмэн улс болон бутрахад хөрөнгө мөнгө, соёл иргэншлээ авч үлдсэн Зүүн Ром мөн бөгөөд 1453 онд туркуудад бут ниргүүлтлээ мянга гаруй жил оршин тогтносон хамгийн урт настай эзэнт гүрэн билээ.

Ид хүчирхэгжиж явахдаа Испаниас Перс хүртэлх газарт эрх мэдлээ эгшээж Балканы хойг, Бага Ази, Сири, Палестин болон Египетийг багтаасан энэ дэлхийн эгнэшгүй том эзэнт гүрэн байжээ. Византи нь Ромын удирдлагын систем, хууль журмыг өвлөн авч хэрэгжүүлж байсан ч гэлээ дорно тал руугаа хазайсан шашин шүтлэгтэй, хэл соёлын хувьд ром гэхээсээ грек давамгайлсан улс байлаа. Тийм ч учраас Христийн шашныг хүндэлж дорно Европын томоохон төлөөлөгч болон мэндэлж байсан славян хүмүүсийн сэхээрэлд том түшиц болсон билээ. Одоо цагийн Истамбул буюу тухайн үеийн Константинополь нь Византийн эзэнт гүрний нийслэл гэхээсээ Христийн шашны өлгий нутаг, төв нь гэж нэрлэгдэж байсан юм. Гэхдээ Константинополиос гадна Антиохи, Александр гэх мэт засаг захиргаа худалдааны том хотууд ч Византиг чимж байсан юм шүү.

Византийн түүхийг өөрчилсөн үйл явдал Константин I хаантай их холбоотой. Зүүн Ромын эзэнт гүрний дотор өрнөж байсан иргэний дайныг зогсоож ялагчаар тодорсон эзэн хаан Константин I, 330 онд Эзэнт гүрнийхээ нийслэлийг Грекийн далайчдын МЭӨ 659 онд Боспорын хоолойн эрэгт босгосон Бизанс хот руу нүүлгэжээ. Ийнхүү Бизанс хот Византийн эзэнт гүрний нийслэл болсноор нэрээ Константинаполис хэмээн өөрчиллөө. Цаг хугацаа улирах тусам Баруун Ром хоосрон сүйрч түүнийгээ даган Константинополь хөгжин дээшилж хүн ам нь олширч, хот хүрээгээ тэлэх болов. Хотод гоё сайхан ордон барилгууд баригдаж, арилжаа наймаа цэцэглэн, усан боомтод нь олон орны хөлөг онгоцууд шахалдах болжээ. Византийн эзэнт гүрэн, Дорно дахины орнуудтай ердийн хөсгөөр болон далайн худалдааг өргөнөөр явуулж Иран, Араб, Абиссин, Энэтхэг, Хятадаас үнэт чулуу, тансаг үнэртэн, зааны яс, амтат боов болон торгыг авчирч худалдаалж, эзэнт гүрний гар урчууд нь шилэн сав, нэхмэл, алт мөнгөн эдлэлийг урладаг байв. VI зууны үеэс эхлэн Византийн эзэнт гүрэн хүр хорхойн торго нэхэх болов.Юстиниан хааны үед Византи хөгжлийнхөө оргилд хүрчээ. Энэ хааны үед дөрвөн боть болгон нэгтгэсэн Ромын багц хуулийг сахих болж олон зуун жилийн туршид бүх нийтээрээ даган мөрдсөн юм. Хожмоо бага зэрэг өөрчлөгдсөн ч гэлээ эдгээр хуулиуд нь Франц, Герман, Итали зэрэг улсуудын үндсэн хуулийн суурь болон үлдсэн гэх юм. Түүнчлэн Юстиниан хааны үед өнөөгийн Истамбул хотноо сүндэрлэсээр байгаа Гэгээн Софийн сүм (532 он) болон бусад нэлээд олон байгууламжийг барьж бүтээсэн байна. Юстиниан хаан өөрийн ухаант эхнэр Феодарагийн хамт 527-565 оны хооронд төр барихдаа энх тайван, амар амгалан амьдрал, цэцэглэлтийг Византид авчирсан нь тухайн улсын хувьд хамгийн сайхан үе нь байжээ.

Византийн эзэнт гүрний агуу их хаан Юстиниан өөрийн эхнэр Феодарагийн хамт

Дундад зууны төгсгөл хавьцаа османчуудын хүч чадал үлэмж ихэслээ. ХIV зуун гэхэд Османы эзэнт гүрэн өөрийн гартаа Бага Азийн ихэнх газар нутгийг авч Балканы хойг руу тэмүүлэх болсон. Нэг талд нь дотоодын ухаалаг удирдлага, чадварлаг цэрэг армийн давуу тал бүхий Осман, нөгөө талд нь шашны эсрэг тэсрэг үзэл бодлын сөргөлдөөн, мулгуу хаадын удаан хугацаанд төр барьж улс эх орноо элгээр нь хэвтүүлсэн түмэн шалтгаанууд Византийн эзэнт гүрнийг мөхөлд аваачлаа. Ингээд 1453 оны тавдугаар сарын 29-нд Константинополь хот Османы султан Мехмедом II-ийн армид эзлэгдэж Византийн сүүлчийн император Константин XI дайны талбарт алагдсанаар мянган жилийн түүхтэй Византийн эзэнт гүрэн түүхийн тавцангаас арчигджээ. Үүний дараа туркууд Константинополийг Истамбул хэмээн нэрийдэж Османы эзэнт гүрний нийслэл болгон зарласан бөлгөө.

Гэгээн Софийн сүм

ГЭНЭЭ СОФИЙН СҮМ

Эзэн хааны ордны хажууд баригдсан үнэн алдартны шашны өлгий сүм. Хожмоо мечеть болгон хувирсан ч гэлээ 1935 оноос эхлээд шашны зорилгоор ашиглахаа больж музей болгожээ. 326 онд Константин хааны үед анх баригдаж эхэлсэн ч гэлээ нурж босч, шатаж сүйрч баахан зовлон үзсэний эцэст Юстиниан хааны үед одоогийнхоо дүр төрхийг олсон. 537 онд цоо шинээр сүндэрлэн боссон гэгээн Софийн сүмийг сонирхоод тойрон алхаж явахдаа Юстиниан хаан “Агуу Соломон! Би нэрээ мөнхлөх гайхамшгийг бүтээжээ” хэмээн уулга алдаж байсан гэдэг. 55,6 метрийн өндөртэй, бөмбөрцөг хэлбэрийн орой нь 31 метрийн диаметртэй энэ сүмийн дотор талыг Юстиниан хаан алтаар бүрэх бодолтой байсан ч үзмэрчдийн “таны дараа ирэх хаад шунахай сэтгэлээр сүмийг тонох болно” гэдэг үгийг сонсоод больж мрамороор доторлосон гэлцдэг.

Хүр хорхойн торгыг Византийн нэхмэлчид нэхдэг байлаа

Византи нь Европ Азийг холбосон худалдаа наймааны гол судас нь болж цаашлаад хөгжин дэвших үүдийг нь нээж өгсөн. Энд торго нэхэж, алт мөнгө цохиж, гар урчуудынх нь урласан ваар сав умард зүг рүү ачигддаг байсан бол тэндээс загас жараахай, ангийн үнэт арьс, алт зөрөөд ирнэ. Дорно зүгээс амтат жимс жимсгэнэ, тансаг үнэртэн, үнэт чулуунууд ачигдан ирээд оронд нь хүр хорхойн торго, шилэн сав, газар тариалангийн багаж зэвсэг ачигддаг байжээ.

Бэлтгэсэн д.БАТ-ЭРДЭНЭ


Categories
мэдээ цаг-үе

Хилчдэд ганц ч биш гурав, дөрвөн моторт завь байдаг гэв

Түрүүч нь №143, 145, 146, 147, 148 (5408, 5410, 5411, 5412, 5413) дугаарт

-БУЙР НУУРАНД ОСОЛДСОН ЗАГАСЧДЫН ЭМГЭНЭЛТ ХЭРГИЙН МӨРӨӨР …-

Хилийн заставын моторт завь

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Буйр нууранд нутгийн иргэд загасчилж яваад эндсэн эмгэнэлт хэргийн дуулиан одоо хэр намжаагүй байна. Загасчид тухайн үед модоор хийж төмрөөр гадарласан завьтай яваад салхинд шидэгдэж мөстэй мөргөлдөж улмаар хоёр нь нуурын усанд живж, хоёр нь хагарсан мөсөн дээр амьд гарч чадсан байдаг. Хорь гаруйхан настай хоёр залуу хоёр цагийн турш аврал эрэн мөсөн дээр нааш, цааш гүйсэн боловч хэн ч тэдэнд тусламж үзүүлээгүй. Улмаар нойтон хувцастайгаа барьцалдаж хөлдөн амьсгал хураасан. Тэр жил Сэлэнгэ мөрнөөр өлгийтэй нялх үрээ тэвэрсээр нэгэн эх Оросын хил руу урсаж ор сураггүй болсон эмгэнэлт түүх бий. Тэгвэл энэ удаагийн загасчдын хэрэг түүнээс ч илүү зүрх шимширмээр. Хоёрын хоёр залууг харсаар байгаад алчихаж. Тэдэнд туслах боломж байсан гэдгийг нутгийнхан онцолж байна.Учир нь хагас км зайд байрлах хилийн заставынхан өчүүхэн төдий сэтгэл гаргахад л өнөөдөр хоёр сайхан залуу инээж, хөхрөөд бидний дунд явж байх байлаа хэмээн тосгоныхон ам өрсөн ярьж байна. Тиймээс нуурын хажууханд байрлах “Буйр”-ын заставаас тухайн өдөр гарсан ослын талаар тодруулсан юм.

Э.БАТ-ЭРДЭНЭ: НУТГИЙНХАН АНХНААСАА ОСЛЫН ТАЛААР ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ

“Буйр” заставын орлогч Э.Бат-Эрдэнэ:

-Манай заставын дарга руу 10:20 цагт утсаар ярьсан. Дараа нь “Hummer” жийптэй нэг нөхөр ирээд “Нууранд хүмүүс осолдсон юм шиг байна” гэж хэлсэн. Яг тодорхой мэдээлэл өгөөгүй. Тэгэхээр нь бид эндээ бэлдэж байя, та тодруулаад хүрээд ирээрэй гэсэн. Тэр нөхөр дахиж ирээгүй.

-Тэр жийптэй ирж хэл дуулгасан хүн эндхийх юм уу?

-Үгүй. Дорнод аймгийн төв, Халхгол сум, Ялалт багийн дунд л явдаг. Ер нь нутгийн иргэд андахгүй л дээ. Загас худалдаж авдаг залуу.

-Тэгээд юу болсон?

-Дахиад 20-иод минутын дараа дахиад нэг машин ирсэн. Тэгэхээр нь ер нь болохоо байж гэж бодсон.

-Итгээгүй юм уу. Яагаад нууранд хүн үхэх гэж байна гээд байхад дөрөв, таван удаа дуудуулсан юм бэ. Шуурхай ажиллаж болоогүй юм уу?

-Анхны хэл ирэхэд л дарга ангийн төв рүү хэлээд ангийн төв Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авсан. Энэ хооронд бид агуулахаас завиа гаргаад хийлж ашиглахад бэлэн болгож байсан.

-Хамгийн гол нь застав заавал зөвшөөрөл авч байж завиа өгнө гээд өгөөгүйн улмаас цаг хугацаа алдсан гээд байгаа. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй завиа өгчихөд болмоор л санагдах юм?

-Цаг хугацаа алдсан юм байхгүй. Сүүлд машинтай хүн ирэхэд завь бэлэн болгосон байсан. Манай дарга, гурван алба хаагчтай машин дээр нь завиа ачаад хамт явсан. Бид цэргийн байгууллага. Цэргийн байгууллагад хэн ч тушаалгүйгээр хөдөлж болохгүй. Тэгээд ч яг тэр үед нууранд гарахыг хориглосон байдаг.

-Ямар учраас хэдий хугацаанд нууранд гарахыг хориглосон байдаг юм бэ?

-Тухайн өдөр нуур мөстэй байсан. Нуур мөстэй үед хилийн цэргийнхэн нуурын усанд гарахыг хориглосон байдаг. Мөн их хүчтэй салхитай байсан. Ийм тохиолдолд манай хилийн цэргийнхэн аюулгүй байдлын хангамж гэдэг утгаараа нуурын усанд гарахыг хориглодог. Нуурын усны долгион хоёр баллтаас дээш бол усанд гарахыг хориглоно. Тэр өдөр бараг дөрвөн баллтын үзүүлэлттэй байснаас гадна цуурч хагарсан мөс ихтэй байсан. Ийм нөхцөлд хүний амь эрсдэх аюултай.

-Тийм учраас л нутгийн иргэд мэргэжлийн байгууллага, мэргэжлийн моторт завь гуйж та бүхэнд хандсан шүү дээ?

-Хөдөлгөхийн тулд заавал зөвшөөрөл авдаг. Нутгийнхан ямар нөхцөл байдал үүсээд байгаагаа тодорхой тайлбарлаагүй. Нууранд осол болсон, завь хэрэгтэй байна гэсэн л юм хэлсэн. Манай дарга мэдээж дээрээс зөвшөөрөл авч байж завь гаргах боломжтой гэж хэлсэн. Гэхдээ энэ хооронд ор тоохгүй суугаагүй. Отряд руу мэдэгдэж, Ерөнхий газарт хандсан байсан. Хянах самбар руу дээшээ гарч мэдсэн. Жирийн үед хянах самбар дээр хүн гарахыг хориглодог. Төв ангидаа мэдэгдэж ерөнхий газраас зөвшөөрөл авахгүй бол бид хууль зөрчсөн болно. Магадгүй дур мэдэж гаргасан шийдвэр хүний аминд хүрэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Тухайн үед нуурын мөс гэсээгүй байсан учраас завиа хадгалалтаас гаргаагүй байсан л даа. Нуурын хорио тавигдаагүй, загасчлах хугацаа ч болоогүй байсан. Товчхондоо, усан дээр үүрэг гүйцэтгэх хугацаа болоогүй байсан.

-Хилчид усан дээр яг хэдийд үүрэг гүйцэтгэх боломжтой байдаг юм бэ?

-Мөс бүрэн гэсэхээр үүрэг гүйцэтгэж болно. Түүнчлэн нууранд дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд загасчлах хориотой. Нэг ёсондоо загасчид хориотой үед загасчилж явсан гэсэн үг.

-Нууранд танай алба хаагчдыг очиход мөсөн дээрх хоёр хүн амьд байсан уу?

-Яг нууран дээр гарахад нь манай усчин, ахлах ахлагч Чулуунсүх завьтай явсан байна лээ. Нуурын мөс рүү явахад эхний ээлжинд манай усчинтай хамт нутгийн хоёр ард явсан байсан. Дахиад хоёр дахиа явахад эхний явсан хүмүүс айгаад нутгийн ардуудаас дахиад өөр хүн авсан гэсэн. Эхний явалтаар нэгийнх нь цогцсыг авчирсан байсан. Хөлдөж осгосон байдалтай амиа алдсан байсан гэсэн. Хоёр хүн мөсөн дээр байсан гэсэн учраас дахиж яваад тэр хавьд мөсөн дээр байж магадгүй гээд явахад олдоогүй байсан.

-Хилчид эрэн хайх ажиллагаанд оролцсон уу?

-Дараа нь усанд шумбаж загасчдын цогцсыг эрэн хайх ажиллагаанд оролцсон. Анхнаасаа Онцгой байдлын ерөнхий газартай хамт эрлийн багт орж ажилласан. Хоёр автомашинтай, хоёр завьтай, нийт 16 хүн оролцсон байгаа.Манай заставаас усан дээр оролцоогүй, нуурын эргээр эргүүл хийж ажилласан. Харин онцгой байдлын аврагчид явсны дараа манай усчин, ахлах ахлагч Чулуунсүх орон нутгийн иргэдтэй хамтарч эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж хоёрынх нь цогцсыг олсон. Эрлийн дараа дөрөв дэх цогцос усан дээр хөвөөд гараад ирснийг нутгийн иргэд олсон гэсэн тайлбар өглөө.

Нутгийн иргэдийн сэлүүрддэг завь

Ц.САНЧИР: ИРГЭД ЯАХ УЧРАА ОЛОХГҮЙ ХУГАЦАА АЛДСАН БАЙСАН

Халхгол сумын Цагдаагийн хэсгийн дарга Ц.Санчир:

-Би Халхгол суманд томилогдоод хоёр жил болж байна. Улаанбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудад томилогдон ажиллаж байсан. Халхгол өөрийн гэсэн онцлогтой сум. 3200 хүн амтай. Гурван багтай. Ялалт баг сумын төвөөс 70 км. Буйр нуур багаас 20 гаруй км-ийн зайтай. Ташгай баг ч гэсэн сумаас их хол. “Петро Чайна Дачин Тамсаг” компани үйл ажиллагаагаа явуулдаг байхад хулгайн хэрэг их гардаг байсан. Малын хулгай зэрэг бусад хэрэг ер нь мэдэгдэхүйц буурсан. Золгүй ослоор харин дөрвөн хүн амиа алдаад байна. Буйр нуур өөрөө хараа хяналтгүй, нуур түшиглэсэн цех байхад суурьшсан айлууд одоог хүртэл үе удмаараа амьдарч байна.

-Танайд хэдэн цагт дуудлага өгөв?

-Надад Буйрын ослын тухай дуудлага 13:00 цагт ирсэн. Ингэхдээ 102 утсаар дамжиж дуудлага ирсэн. Хоёр хүн мөсөн дээр амь тэмцэж байх хооронд Онцгой байдлаас тусламж хүсээд хамаг цагаа алдчихсан юм билээ.

-Яах учраа олохгүй л онцгой, цагдаагийн яаралтай тусламжийн утсанд хандаж дээ?

-Тийм. Яах учраа олохгүй сандралдаж гүйж байгаад л хугацаа алдсан байгаа юм. Өөрсдөө аврах гэж үзээд чадахгүй болохоор хил, онцгой, цагдаад хандсан байгаа юм. Бид аймгаас дуудлага хүлээж аваад шууд гарсан. Ар гэрийнхэн нь сэтгэл санаагаар хямраад юу ч тохиолдож магадгүй шүү дээ. Яаралтай үед түргэн тусламж үзүүлэх эмч, сумын Тамгын газрын дарга, бид хамт гарсан. Биднийг очиход бүх юм дууссан байсан. Бүгд нь л зүс таних, гол усанд ороод сурчихсан нутгийн иргэд байсан. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. Гурван сая дахь иргэний эн чацуутны аав, найзуудынхаа хамт доргиод нуур явсан гэж. Ямар ч тийм юм байхгүй. Амьдрахын төлөө өөрсдийгөө эрсдэлд оруулж яваад л эндсэн хүмүүс. Нэг их ууж, идээд, хэрэг төвөг үүсгээд байдаг хүмүүс ч биш гэв.

“Буйр” застав нуурын усан хилийг манах үүрэгтэй. Үүнийх нь төлөө тэднийг төрөөс цалинжуулдаг. Гэвч тэд хил манах болохоос хүн аврах үүрэггүй гээд хөдөлсөнгүй. Хилийн зурвастай холбоотой зөрчил илэрсэн бол хилчид нууранд гарах хориотой гээд тоохгүй байсан бололтой гэж иргэд шүүмжилж байна. Хилийн заставт 3-4 хүн багтах хийлдэг мотортой завь ганц биш гурав, дөрөв байдаг тухай учир мэдэх хүмүүс хэлсэн. Нэг завьтай явах нь эрсдэлтэй учраас заавал хоёр завьтай нэг нэгнийгээ хамгаалах зорилготой явдаг байна. Хэрвээ хилийн заставын удирдлага нөхцөл байдлыг ойлгож шуурхай арга хэмжээ авч сүйхээтэй, хүн чанартай хандсан бол хоёр хүний амийг аврах бүрэн боломжтой байж. Буйр тосгонд засаг захиргаа, удирдлага гэж байхгүй. Ард түмнийхээ аюулгүй байдлыг бодоод ядаж ганц ч болов мотортой завийг нь тосгонд аваад өгчихсөн ч яахав дээ. Хорь гаруй айл амь залгуулахын тулд загасчилдаг. Тэднийг дурандаа ингэж буйдхан амьдарч байна гэх нэгэн ч байна. Уг нь тухайн иргэн амьдрах, нутаг дэвсгэрээ өөрөө сонгох эрхтэй. Үндсэн хуульд ч энэ тухай заалт бий. Монгол Улс иргэнийхээ амь насанд онцгой анхаарч аюулгүй амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Гэтэл хоёрын хоёр хүн амь насаараа хохирох гэж байхад төр төмөр нүүрээ харууллаа гэсэн гомдлын үгтэй буйрынхан үлдсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

“Тэнгэр ээж минь өршөө” дууг дуулахдаа эмээгээ бодсон

Рок попын ертөнцөд өвөрмөц хоолойгоороо ялгардаг дуучин Б.Маралжингоотой ярилцлаа. Тэрээр “Яг түүн шиг” шоуны хоёр дугаарт ялагчаар тодроод байгаа билээ.

-Таны “Яг түүн шиг” шоунд бүтээж буй дүрүүд зан ааш, хэв маягтай чинь төстэй ажиглагддаг. Дүр бүтээхэд хэр хүндрэлтэй байна вэ?

-Хүндрэлтэй зүйлүүд байгаа. Ямар сайндаа л Г.Түмэндэмбэрэл гуайг дуурайх гээд байж байхав дээ. Бас Сиа, Эми Уайнхаус гээд л хоолой шаардсан дуунуудтай дуучдыг дуурайсан. Ш.Чимэдцэеэ эгчийн “Тэнгэр ээж минь өршөө” дууг дуулахад хэцүү байсан шүү. Энэ дууг эмээгээ бурхан болсноос хойш их сонсдог байлаа. Тийм болохоор эмээгээ бодож сэтгэлээсээ огшиж дуулсан. Хэцүү дүрүүдээрээ ялагч болж, үзэгчид сайхан хүлээж авч байгаа болохоор урамтай сайхан байгаа. Мөн хамт оролцож байгаа залуус маань бие биенээ гэсэн сэтгэлтэй. Нэгнийгээ бэлтгэл хийж байхад нь зөвлөж, “Youtube-д ийм нэг бичлэг байна, чи энэ бичлэгийг нь үзээч” ч гэдэг ч юм уу, бие биедээ тусалж дэмждэг. Өрсөлдөөн гэхээсээ илүү нэг нэгнээ гэсэн гоё уур амьсгалтай.

-Шоуны талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Надад хамгийн сүүлд санал тавьсан. Би Вашингтоноос Монголд ирээд удаагүй эмнэлэгт хэвтсэн болохоор шоу эхлэх дөхчихсөн байсан. Надад Оросын “Один в Один” шоу маш сонирхолтой санагддаг, үзэх дуртай нэвтрүүлгийн маань нэг. Тийм болохоор үзэх дуртай шоундаа орох саналыг дуртайяа хүлээж авсан. Гэхдээ орох тухайгаа хүмүүст хэлэхэд “Яг тийм гоё хийж чадах уу, хоёрын хооронд юм хийчих вий дээ, тийм амархан шоу биш шүү дээ” гэж байсан. Гэхдээ аливаа зүйлийг эхлүүлнэ гэдэг маш том алхам. Ямар ч зүйлийг айдасгүй, зоригтой эхлүүлж байх хэрэгтэй. Шоунд орсноор надад авууштай зүйл их бий болсон. Урлагийн хүмүүс задгай, нээлттэй байдаг бол миний хувьд дотогшоогоо, биеэ баримтгай байсан нь өөрчлөгдөж, илүү задарч өгсөн. Санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлдэг болсон.

-Дуучин Наранг дуурайж хоёрдугаар шатандаа түрүүлсэн, амаргүй байсан уу?

-Наран эгчийн хөдөлгөөнийг өөрийн болгож чадахгүй, учрыг нь олохгүй шөнөжин бэлдсэн. Тайзан дээр гарахын өмнөхөн л учрыг нь олсон доо.

-Жеймс Брауны дуулалтаас гадна хөл гарын хөдөлгөөнийг чадварлаг дуурайж байсан?

-Киног нь үзсэн, хөдөлгөөнүүдийг нь бичлэгээс үзээд дуурайгаад энд тэнд үсэрч үзсэний эцэст санасныг бодоход гайгүй болсон. Тайзан дээр гараад хөдлөхгүй зогсчих вий дээ гэж айж байсан шүү. Жеймс Браун бол бидний сонсдог бүх хөгжмийн ар дахь хэмнэлийг үндэслэсэн хүн гэж хэлж болно. Ямар мундаг юм бэ гэж боддог хүнээ дуурайх хүнд байдаг юм билээ. Харин Пинкийг дуурайхад надтай их ойр байсан шүү. Эршүүд, байгаа байдал нь надтай төстэй болохоор дөхүү байсан. Тайзан дээр хөгжилтэй, өөрийнхөөрөө байж байгаад л бууж ирсэн дээ. Дууны үг нь тэнэгдүүхэн хэрнээ зэвүүн.

-Ингэхэд гэр бүлд тань урлагийн хүн байдаг уу. Дуучин болсон тухайгаа ярихгүй юу?

-Би багадаа дуучин болно гэж бодож байгаагүй. Аавтайгаа хөдөө явах дуртай охин байлаа. Харин ээж маань урлагийн хүн болгохыг зорьдог, дэмждэг байсан. Тиймдээ ч Хөгжим, бүжгийн сургуулийн төгөлдөр хуурын ангид элсэн орж долоон жил сурсан. Дараа нь хөгжим сонсох, дуулах сонирхолтой болж 13 настайдаа “Nature sound” студид бүртгүүлж, дуучин болохоор шийдсэн юм. Манай гэр бүлээс урлагийн хүн гэвэл өвөө маань жүжигчин Ч.Цэрэннадмид гэж хүн байсан. Ч.Лодойдамбын зохиол “Тунгалаг тамир” киноны Бадарч тахар, “Энэ хүүхнүүд үү” киноны Идэрийн дүрээр нь хүмүүс сайн мэднэ. Манай гэр бүлийнхэн бүгд урлагт дуртай, хөгжим их сонсдог хүмүүс. Аав маань Элвис Пресли, “Битлз”-ийн дууг их сонсдог. Дүү маань ч гэсэн хөгжим зохиодог, чимхлүүр зүйлүүдийг маш сайн ажиглаж, олж хардаг гайхалтай мэдрэмжтэй.

-Таны анхны уран бүтээл “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дуу шүү дээ. Энэ дууг дуулах болсон тухайгаа яриач?

-Би анх дуулж эхлээд уйгагүй бэлтгэл хийдэг байсан. Бүх хүүхдүүд тараад явчихсан ч заал сул байвал бэлтгэлээ хийдэг, төгөлдөр хуур тоглож чадахгүй ч гэсэн гамм уншдаг байсан юм. Тэр үед “Хувьсал” продакшны Г.Цоггэрэл ах “Энэ хүүхдийг “Чамайгаа алдмааргүй байна дуунд оруулъя” гэж хэлсэн юм билээ. Тухайн үеийн залуучуудын сонсдог дуучид нь К.Номинжин, А.Хаянхярваа байсан. Алдартай дуучидтай хамтран дуулсандаа баярлаж байлаа. Түүний дараа “Миний ертөнцийн зүүд” цомгоо 16 настайдаа гаргасан. Хүмүүст хамгийн их хүрсэн нь “17 нас”, “Хүлээсэн учрал” дуунууд байдаг.

-“Хүлээсэн учрал”, “Жаргаах зүрхэн” гэсэн уянгын дуунуудыг хүмүүс сонсох дуртай байдаг. Уянгын дуу дуулъя гэсэн бодол байдаг уу?

-Би яг ийм дуу дуулна гэж онцлоод байдаггүй л дээ. Тухайн цаг үед ямар дуу ирсэн байна. Тэр дуугаа л сэтгэлээ зориулж дуулахыг хичээдэг.

-Исландын дуучин Бьоркоос л Лэди Гагагийн имиж эхтэй гэдэг. Энэ дуучныг та сонсдог гэсэн. Юу нь таныг татдаг вэ?

-Бьоркийн зарим дуунууд их сонирхолтой. Ялангуяа сохор эхийн тухай гардаг “Харанхуйд бүжиглэгч” хөгжимт киног багадаа үзсэн. Бьорк энэ киноны хөгжмийг зохиож гол дүрд нь тоглосон. Киног анх үзээд яасан ч хэцүү юм дээ гэж бодоод л дарамтад орж байлаа. Харин сүүлд үзээд байх тусам өөрөөр хүлээж авсан. Энэ төрлийн бүтээлийг хүлээж авах нь тухайн хувь хүнээс их шалтгаална. Надад гүн гүнзгий, огт өөр мэдрэмжийг өгч чаддаг.

-“Өөр өөрийн зүгт” гэсэн дуугаа гаргаад хэсэг нам жим байлаа. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Одоогоор бэлэн зургаан дуу байгаа боловч дүрсжүүлээд, цомог болгон гаргах гээд хадгалж байна. Олон шинэ дуун дээр ажиллаж байгаа. Ямар ч байсан энэ зун хоёр шинэ уран бүтээл сонсогчдодоо барих болно. Уран бүтээлээс гадна гадагшаа хэд хэдэн орон руу явчихаад ирсэн. Цаашдаа урлагаас өөр чиглэлээр сурах төлөвлөгөөтэй байгаа.

-Таны жинхэнэ нэрийг Өүлэн гэсэн үү. Тайзны нэрийг чинь Маралжингоо гэж ойлгож болох уу?

-Би “50 саяын уналт” нэвтрүүлгийг их үздэг. Нэг удаа үзээд сууж байтал “Өүлэн гэдэг нэртэй дуучин нь аль нь вэ” гэсэн асуулт гарч ирээд Эгшиглэн, Агиймаа, Цэлмүүн, бид дөрвийн нэр гарсан. Би гайхаад л Эгшиглэнг Болортуяа гэдэг гэсэн Агиймааг Өүлэн гэдэг юм болов уу гээд л бодож байтал би болж таарсан. Хүмүүс яагаад тэгж ташаа ойлгосныг би сайн мэдэхгүй л байна. Надад тийм тайзны сүртэй нэр гээд байх юм байхгүй. Аав минь намайг төрөхөд л Маралжингоо гэж нэрлэсэн, энэ нэрээрээ л байна. Төрсний гэрчилгээн дээр минь ч энэ нэр минь байгаа.

-Та илүүдэл жингээсээ хэрхэн салсан тухайгаа сонирхуулаач?

– Би 14-тэй байхдаа л 89 кг жинтэй байсан. Хүмүүс намайг маш хурдан, амархан турчихсан гэж ярьдаг. Би хоёр жилийн хугацаанд фитнессээр эрчимтэй хичээллэж, явган алхаж, зөв хооллосноор илүүдэл жингээсээ салсан шүү дээ. Одоо бол хоолны дэглэм барьдаггүй. Хүн байнга хөдөлж байгаа нөхцөлд яаж ч идсэн жингээ хаяхгүй ч гэсэн барих боломжтой. Өдөрт хэдий хэр хэмжээний калори шатааж байгаагаа тооцоолох хэрэгтэй. Жингээ хаях, тогтвортой барих тал дээр мэргэжилтэн болсон шүү.

-Таныг “B” продакшнд ороод нүүрний мэс засал хийлгэсэн гэсэн яриа байдаг. Хацар, хамраа янзлуулсан гэдэг. Энэ хэр бодитой вэ?

-Хацрын тухай яриа намайг байнга дагаастай явж байдаг юм. Багадаа том хацартай болохоор ээждээ “Энэ хацраа яах вэ” гэхээр “Хорь гараад шөмбийчихнө өө миний охин” гэдэг байсан. Турсан ч унаган хацар арилдаггүй юм байна лээ, одоо ч байсаар л байна. Хацар, хамраа шулуулж, өөхөө соруулсан гэсэн яриа яагаад гарсныг мэдэхгүй юм. Ийм мэс заслыг манай аав, ээж зөвшөөрөх хүмүүс биш. Тэгээд ч 15,16-тай хүүхэд тийм мэс засалд орно гэж байхгүй шүү дээ.

-14 настайгаасаа л урлагт хөл тавьж олны хэл аманд өртөж эхэлсэн. Энэ бүхэнд та яаж ханддаг вэ?

-Миний нэг онцлог бол хэзээ ч, хаана ч өөрийнхөөрөө байж чаддаг. Олны хэл аманд өртсөн ч өөрийнхөөрөө л байхыг хүсдэг. Хэцүү үе мэдээж байлгүй яахав. Би 14-тэй байхдаа бүдүүн байсан болохоор “Чамайгаа алдмааргүй байна” дууг дуулсны дараахан автобусанд явж байтал нэг эгч “Пөөх яасан муухай хүүхэн бэ” гэж яриад. Гэртээ ирээд л сэтгэл санаагаар унаад, аав руугаа очиж уйлаад, ээждээ ч яриад хэцүүхэн юм болж байлаа. Одоо бол хэн юу ярьж байгааг ялгаж салгахтайгаа болсон. Зарим хүмүүс өөрийн стрессээ тайлахын тулд хүн муулдаг юм билээ. Нэмж хэлэхэд өөрөөрөө байна гэхээр манайхан буруу ойлгоод байдаг юм шиг. Хэтэрхий задгай, цүл пал байхыг өөрөөрөө байгаа нь гэж андуурдаг. Миний бодлоор өөрийнхөө мөн чанараар л байхыг хэлнэ.

О.АРИУНЦЭЦЭГ