Categories
мэдээ цаг-үе

Г.Болдбаатар: Иргэний өмчилсөн газар дээр баригдах хаус метр квадрат нь 200 мянган төгрөгөөр босно

“Магма Од” ХХК 100 айлын Сэлбийн гүүрнээс 100 метр хүрэхгүй нэг айлын газар дээр зургаан айлын нийтийн байр, зургаан айлын таун хаус барьж удахгүй ашиглалтад өгнө. Дөрвөн таун хаус нь урд хойноо тагттай. Тус бүр нэг гарааштай. Таун хаус, нийтийн байр бүгд тусдаа ОО, ванны өрөөтэй. Энэ байрнууд бүгд төвийн инженерийн шугамд холбогдоно. Энэ тухай “Магма од” компанийн захирал Г.Болдбаатараас тодрууллаа.

-Барьж байгаа барилгаа танилцуулна уу?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэд газраа чөлөөлөөд манай компаниар барилгаа бариулж байна.

-Эндхийн газар хөрсний суулттай, барилга барихад өртөг өндрөөс гадна аюулгүй байдал хангадаггүй гэж ярьдаг биз дээ?

-Тийм учраас энд барилга бариагүй өдий хүрсэн байх. Харин орчин үед барилгын технологи өндөр хөгжсөн. Ямар ч барилга барих боломжтой. Гэхдээ бидний хэвшмэл ойлголтоор цутгамал барилга баривал суурийн зардал асар их гарч, барилгын үнэ өснө. Тиймээс бид энэ технологийг газрын эздэд санал болгосон.

-Энэ технологи гэдэг нь?

-Бид контейнер гэж ярьдаг. Ачаа, тээврийн чингэлэг. Өнөөдөр энэ технологийг өндөр хөгжилтэй АНУ, Канад зэрэг олон оронд ашигладаг. Түүгээр ч зогсохгүй мөсөн туйлд ашигладаг болоод удаж байна.

-Контейнерийг бид ажлын эсвэл ажилчдын түр оромж гэж ойлгодог шүү дээ.

-Тийм биш. Зөв технологиор баривал орон сууц болгож болно. Энэ технологийн давуу тал нь маш хямд өртгөөс гадна дулаан алдах, хөрсний ямар нэгэн суулт, ямар ч газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай. Түүнээс гадна эндхийн айлуудын хашааны талбай 700 квадрат метрээс бага. Энэ тохиолдолд газрыг хамгийн үр дүнтэйгээр зохион байгуулна. Бас дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа иргэд байшиндаа ортол эндээсээ холдмооргүй байна гэдэг. Учир нь цэцэрлэг сургуулиас эхлээд эндээ төвхнөчихсөн. Энэ тохиолдолд түр байр барьж өгсөн ч болно.

-Таны барьж байгаа барилга түр үү, байнгынх уу?

-Энэ барилга байнгынх. Иргэн газар дээрээ бариулж байна.

-Метр квадратын үнэ хэд байх бол?

-Инженерийн байгууламжийн зардал гэх мэтийн хүчин зүйлээс шалтгаалж үнэ өөрчлөгдөнө. Энэ айлын хувьд өөрийн газар дээр инженерийн шугам нь ойр учраас метр квадрат нь 200 мянган төгрөг болж байна.

-Таун хаус, нийтийн орон сууц хэдэн хэдэн метр квадрат талбайтай вэ?

-Нийтийн байрны нэг айл 24, нэг таун хаус 48 шахам метр квадрат талбайтай.

-10 айлын таун хаус, нийтийн байрыг ямар талбайд барив?

-40х8 метр талбайд барьсан.

-Ямар хугацаанд барих вэ?

-20-30 хоногийн хугацаанд барина.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

“Ньюанс”-ын Амараатай 91 оны төгсөгчид

Хамт ажилладаг залуугаа биеэрээ нөмөрлөн тэвэрч түймрээс авраад амиа алдсан ахлах ахлагч Г.Багабишийг монголчууд андахгүй. Одоогоос дөрвөн жилийн өмнө Дорнодын Баяндунд гарсан тэр түймэрт Багабиштэй хамт явж, нутгийн арван иргэн, ажлынхаа дөрвөн залууг аварсан Ч.Болдбаатар Чойбалсан хотын хоёрдугаар арван жилийн сургууль буюу Дэнжийн сургуулийн 1991 оны төгсөгч. 1991 оны арав төгсөгчид 25 жилийн дараа уулзахаар товложээ. 10-ын “А”-г төгссөн Цээпилмаа “Манай Болдоо чинь амьдрал дээр баатарлаг үйл бүтээсэн хүн. Онцгой байдлын газарт ажилладаг юм. Ахлах ахлагч цолтой. Түймрийн уулга гэж айхтар юм бий. Хавар цагт тал нутгийн шуурга түймэр хэцүү л дээ. Болдоо түймрийн уулга ирж явахыг хараад түймэр унтрааж байсан нутгийн арван хүн, дөрвөн аврагчаа машиндаа суулган түймэр сөрж давхисан юм билээ. Мэдэхгүй хүн бол түймрээс зугтаж яваад эрсэддэг аюултай. Тухайн үед Болдоог түймэр сөрөөд давхихад машин нь халж сүйд болж байсан гэдэг. Арваад хүний амь аварсан сайн үйл нь тэгсгээд яригдаж дурсагдалгүй үлдсэн л дээ. Бид бүр хэзээ хойно мэдсэн” гэж ярилаа. Болдбаатар ангийнхаа Энхтуяатай гэрлэжээ. Ер нь эдний төгсөлтийнхнөөс хоорондоо гэрлэсэн олон хос байгаа юм билээ.

Нэг ангийнхан шиг ижилдсэн 10-ын таван бүлгийнхний уулзалт удахгүй болно. Зохион байгуулагчид нь хэд хоногийн өмнө уулзаж, яриа хөөрөө үүсгэх үеэр эдний төгсөлтийнхөнтэй уулзсан юм. News.mn-ний сэтгүүлч Д.Цээпилмаа, Нийслэлийн Гаалийн газрын мэдээллийн технологи хариуцсан улсын байцаагч Н.Батбаяр, “Ньюанс” хамтлагийн ахлагч М.Амарсанаа, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн үйлдвэрчний хорооны дарга Б.Чинбат, УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг, “Кидс банк” хувийн цэцэрлэгийн хөгжмийн багш Ч.Тэгшээ, хувиараа бизнес эрхэлдэг А.Болортуяа, цахим худалдааны чиглэлээр ажилладаг Ч.Алтай нар 1991 оны төгсөлтийн уулзалтын гол зохион байгуулагчид.

Тэд найм төгсөхдөө 180-уулаа байж. Есдүгээр ангид орох жил нь Хөлөнбуйр, Сэргэлэн, Хөдөлмөр, Цагаан-Овоо, Баяндун сумдын хүүхдүүд ирж, арваа 240-үүлээ төгсчээ. “Хаан хүнс”-ийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат зохион байгуулагчдын нэг ч гэлээ ээлжит уулзалтдаа ирж амжсангүй. Өнөөдүүл нь “бууз хариуцсан захирал” ирсэнгүй гэцгээн инээдэм болов.

Амараа одоо ч гитартайгаа 10г

Д.Цээпилмаа “Төгссөн газар маань одоо бол Хэрлэн сум гэж явдаг. Гэхдээ бид Чойбалсан хотын хоёрдугаар арван жил гэж ярих дуртай. Хотын статустай болгоход болохгүй юмгүй газар” гэж байна. “Ньюанс”-ын Амараа эдний бас нэг бахархал. Аав нь дуучин, ээж нь багш юм байна. Айлын ганц хүү гэж ангийнх нь охид хэлэв. “Ньюанс”-ын ахлагч хамт төгссөн найзуудаа тоглолт бүрээрээ урьдаг гэнэ. Амараагийнхаа буянаар уулзсан хэд өнгөрснөө дурсаж хөгжилдөж байгаад салцгаадаг аж. 1991 оны төгсөлтийн “А” бүлгийнхэн коллектив сайтай, “Б”-гийнхэн урлаг, спортдоо гаргууд, “Д”-гийнхэн сахилгагүй хочтой гэж ирээд яривал бүлэг бүр өөрийн гэсэн онцлогтой байж.

“Д”-гийн Н.Батбаяр фото зураг дарах дуртай хүү байснаа ярив. Эдний ангийн охид сахилгагүй гэж жигтэйхэн байж. Ямар сайндаа л сургуулийн коридорт эгнэж зогсоод урдуур нь өнгөрсөн хөвгүүдийг дэгээдэж унагаж байхав. Хөдөөгийн арван жилийн нэг төгсөлтийнхөн дөрөв, есдүгээр ангидаа холилдож сүлэлдээд, бараг л нэг ангийнхан болчихдог онцлогтой. “Д”-д байсан охидоос “А” руу орж л дээ. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг шиг “А”-гийн охидын үсний туузыг сандалтай нь холбож уяад үйлийг нь үздэг байсан гэнэ. “Д”-гийн Алтай “Тэрийг чинь бид хөвгүүдээсээ сурсан юм” гээд тас тас инээж байна. “Д”-г хэцүү анги учраас дархан, мужааны залуухан эрэгтэй багш нарт хариуцуулдаг байжээ. Захирлынхаа элэг рүү ухаан алдтал мөргөж унагасан Батбаяраас болж ангиараа нар шингэтэл гараа өргөж зогссон, хичээл эхлэнгүүт бүртгүүлчихээд арынхаа цонхоор гарч сагс тоглоод алга болдог байсан гэж ирээд яривал дурсах зүйл эдний ангид их аж.

“Ньюанс”-ийн Амараа арга хэмжээ бүрд л дуулдаг хүү байж. Дорнод аймагт 1982 онд Монголын язгуур урлагийн хүүхдийн “Солонго” чуулга гэж анх байгуулагдахад орж байснаа ярив. 1984 онд “Солонго” чуулгын дөчин жаал “Найрамдал”-д амарч, бас болоогүй ээ Цэдэнбал Филатовагийн дэмжлэгээр Үйлдвэрчний төв зөвлөлийн соёлын ордонд анхны томоохон тоглолтоо хийж байжээ. “Солонго” чуулгаас жүжигчин Амбий, Мягмаржав зэрэг олон алдартан төрөн гарсан гэнэ.

Тэр үеийн хөвгүүдийн гол тоглоом нь тэвэг байж. 25 жилийн дараа уулзсан залуус төмөр гогцоолдож дугуй түрж гүйх дуртай байснаа, охидынхоо зайрмагийг булаагаад зугтаж явсан үеэ дурсаад инээд хөгжөөн болов. 54 дүгээр дэлгүүрээс зайрмаг авсан охид хөвгүүдийн дайралтад өртөхгүй байх нь өдрийн од шиг ховор байж. Зарим нь бүр эвлэрчихсэн хэд хэдэн зайрмаг худалдаж авдаг байснаа ярив. Наймын “А”-гийн Чулуунаа байнга л гурав, дөрвөөр нь авчихсан гүйж явдаг байжээ.

Чинбат наймын “А”-гийнх.Төмөр замын үйлдвэрчний хорооны дарга “Миний унаган сургууль даа. Би цэргийн хүүхэд байлаа. Гэр маань сургуулийн хажууханд. Сургууль, гэр, тоглодог газар маань нэг. Манай сургуулийн хажууд нэг их том хиймэл нуур байж билээ. Тэнд л өдрийг өнгөрөөнө. Тоглож байгаад цүнхээ алга болгох бол бүр зуршил болчихсон. Хэд хоноод л шинэ цүнх авахуулдаг байлаа. Номгүй, хэдэн дэвтэртэй л харайлгана шүү дээ. Тэгшээ бид хоёр чинь нэг “уяа”-ны хүүхдүүд. Аав, ээжүүд маань ажилд гарахдаа нэг гэрт бөөгнүүлээд уяад орхичихно. Орой нь ирээд аваад явдаг байсан гэдэг. Анги, ангиараа нууран дээр гулгаж тоглоно, эсвэл чулуугаар байлдаж өдрийг өнгөрөөдөг байлаа” гэж бага насаа дурсав. Анагаахын сургуульд орох хүсэлтэй байсан ч тэр жил нь хүссэн хуваарь нь ирээгүй учраас багшийнхаа зөвлөснөөр төмөр замын мэргэжил сонгожээ.

Аж ахуйн атаманууд 8г

10-ын “Б”-гийн Эрдэнэбилэг ангийнхаа хөвгүүдийн нэг хөгжилтэй явдлыг яриад бөөн инээдэм болов. Есдүгээр ангид байхдаа ангийнхаа хөвгүүдтэй физикийн кабинетад “хууль бус” зүйл хийгээд багш нарын зөвлөгөөнөөр орж байж. Тухайн үед хятад хүүхний зурагтай гялгар цаасан дээр хэвлэсэн палакат ид моодонд орж байсан аж. Хөвгүүд өнөө зургийг аппаратаар татаж, олон хувиар угааж зарах гэж байгаад сургуулийн аж ахуй хариуцдаг өвөөд баригдчихаж. Аж ахуйн өвөө “Шалдан хүүхний зураг угаасан, садар самууныг сурталчлах гэлээ” гэж захиралд ховлож тэрүүхэндээ шуугиан дуулиан дэгдэж байсан гэнэ. “Манай сургуулийн байр Халх голын дайны үед эмнэлэг байсан, аймгийн маань дурсгалт газрын нэг” гэж Эрдэнэбилэг сонирхуулав.

Наймын “Б”-гийн Болортуяа ангиа “Нийгмийн идэвхтэй, сурлага урлагаараа гоц байсан” гэж тодорхойлов. Цэрэг спортын “Дөл” наадамд эдний ангийнхан өнгөлдөг байсан гэнэ. Болортуяа “1986 оны Дөл наадамд манай анги 21 багаас дөрөвдүгээр байр эзэлж байсан юм. 400 орчим хүүхдээс арван хүүхэд шалгаж авахад 50 хувь нь манай ангийнхан байсан. Гурван жил сургууль, аймгийнхаа нэрийг улсад гаргасан даа” гэж ярилаа. Ангийнхаа багш Ганбаярыг магтаж байна. Хичээл тарангуут арынхаа өрөөнд цоожилж хичээлийг нь давтуулдаг байжээ. Орой нь ангийнхаа хүүхдүүдийг гэр гэрт нь хүргэж өгөөд харьдаг байсан аж. Болортуяаг “Манай ангийнхны ихэнх гэр хороололд учраас баргийн ажилд ажирдаггүй байлаа. Биеийн тамир гадаа орно. Спорт заал гэж байхгүй учраас сургуулиа, нуураа тойроод гүйнэ дээ” гэж ярихад Тэгшээ хажуунаас нь “Угаадсан дээр гулгадаг байснаа санаж байна уу. Үзүүрт нь очиход жорлон угтана шүү дээ” гэж хэлээд жуумалзав.

Наймын “В”-гийн Ч.Тэгшээ ангийнхнаасаа содон мэргэжлээрэээ ялгардаг гэнэ. Д.Цээпилмаа “Манай Тэгшээ цэцэрлэгийн эрэгтэй багш. Цэцэрлэгт ер нь эмэгтэй багш нар л байдаг. Хүүхдүүд эмэгтэй багшийгаа багшаа гэдэг хэрнээ Тэгшээг ааваа гэж дууддаг” гээд хөгжилтэй инээв. Тэгшээ ч мөчөөгөө өгсөнгүй, “Манайхан чинь нэлээд танхайдуу, сурлага сайн биш, нэмэлтээр багш нар авна. Нэмэлтээр орж ирж байгаа багш нь Цээпил. Манай хүн орж ирээд шугамдана гэж үзүүлнэ шүү дээ” гэж бөөн инээдэм болов. Эдний үеийн хөвгүүд дүүжин өмд, ямаатай шаахайгаар гангардаг байжээ. Үсээр улаанаар будаж бүжгэнд очдог байсан гэнэ. Улаан харандааг усанд уусгаж найруулаад шүдний сойзоор түрхэж, нэг их тод улаан үстэй нөхөд гарч өгдөг байж.Тэгшээ “Пүрэвсүрэн багш биднийг бүжгэн дээр харчихаж л дээ.Тэр улаан үстэй нөхөр хэн бэ гэж асууж байцаагаад бөөн юм боллоо. Бид ч тас гүрийлээ. Пионер хүн хэзээ ч худал хэлэхгүй, бид яагаа ч үгүй гэж байгаа юм. Ингэж гүрийсний хэрэг гараагүй л дээ. Хуйхаа сайн угаагүйгээс болоод баригдаж, нэг сайн загнуулж билээ” гээд хөгжилтэй инээв. “Төмөр ба түүний нөхөд” зохиолыг уншсан Тэгшээ, Зоригоо, Баяраа, Тулгаа дөрвийнсайн үйл бүтээхээр шийдсэн хөгтэй явдлыг сонссон нэг төгсөлтийнхөн дахиад л бөөн инээд хөөр болов. Мань дөрөв гэр гэрээсээ сүх аваад хорооныхоо эмээгийн түлээг хагалж өгөхөөр шийдэж л дээ. Эмээг сүүнд явсан хойгуур хашааг нь даваад орцгоож. Тэгээд л хөрөөдөж бэлдсэн түлээнүүдийг хагалж гарч. Сүүнд явсан эмээ хашаа руугаа ороод иртэл сандарч мэгдсэн сүх барьсан дөрвөн нөхөр яаж олигтой харагдахав. Эмээ ч хашгираад зугатаж, өнөө дөрөв “Нэгийгээ харуулд гаргадаг байж” гэж амаа бариад тарцгаажээ.

1991 оны арвынхан суманд очиж өвс хадаж, төмс хурааж, саалийн фермд үнээ сааж явсан хавар, намар, зуны ажлуудын дурсамжаа тойрч суугаад ярьцгаалаа.

Наймын “Д”-гийн Алтай “Наймдугаар ангийн төгсөлтийн нийллэгийн зургаа сая харлаа.Төгрөг хорин мөнгөний нимбэгний ундаатай нийлж байж. Одоо эргээд бодохоор гэгээлэг сайхан дурсамж их байна аа. Наймдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод сурахын бөөн хүслэн болсон хүн барилгын техникум авч багшдаа зэмлүүлж байлаа. Манай ангийнхан багш олонтой” гэж байна.

1991 оны төгсөлтийнхөн нэг ангийнхан шиг л ижилдсэн нь уулзаад суух цагийн хугацаанд мэдрэгдэж байв. Д.Цээпилмаа “Манай ангийн Чинбатын ээж Нямсүрэн гэж сайхан эгч байлаа. Отрядийн саальчин хийдэг байсан юм. Зундаа Хэрлэн голоо дагаад сааль сүү бэлдээд яваад өгнө. Манай төгсөлтийн охид хоёр арвын бидон аваад очно шүү дээ. Нэгэнд нь сүү, нөгөөд нь тараг хийгээд буцах гэж байгаа нь тэр. Отрядын цэргүүд Чинбаагийн авгай нар ирж байна гэж цаашлуулахаар манай хүн ичээд алга болж өгнө. Эрдэнэбилэгийн аав Пүрвээ гэж худалдаа бэлтгэлийн ангийн дарга хүн байлаа. Манай ээж цэрэг нь. Ингээд яриад байвал гэр бүлээрээ хамаатан садан шиг л ойр дотно байсан даа манай төгсөлтийнхөн” гэж дурссан юм.

Categories
мэдээ цаг-үе

Энэ жилийн наадмын дээл ямар загвартай байх вэ

Наадам хаяанд ирлээ. Үндэснийхээ баяраар гоёх хувцсаа хүмүүс аль хэдийнээс бэлдээд эхэлжээ. Тэгвэл энэ жилийн үндэсний баяр наадмаар ямар загвартай, ямар өнгийн дээл илүү эрэлт хэрэгцээтэй байгаа талаар сурвалжлахаар хэд хэдэн газраар орлоо. Үндэсний үйлдвэрлэгч, ноолууран бүтээгдэхүүнээр нь монголчууд төдийгүй гадныхны сайн танил болсон “Говь” компани наадамд зориулан нэлээд хэдэн загварын шинэ дээлийг үйлчлүүлэгчдэдээ санал болгожээ. Тус компани таван жилийн өмнөөс наадмын шинэ загваруудыг гаргадаг болж уламжлал тогтсон. Энэ жилийн шинэ загваруудын онцлогийг принттэй хэмээн тодорхойлж байлаа. Принттэй гэдэг нь зурсан зургийг ноолууран нимгэн даавуун дээр хэвлэснийг хэлнэ.

Түүгээрээ янз бүрийн загвартай үндэсний хувцас үйлдвэрлэжээ. Баярын шинэ загварууд нь бас нэгэн онцлогтой болохыг тус компанийн мэргэжилтнүүд дурдсан юм. Шинэ загварын дээлнүүддээ тохирсон ноолууран шааль мөн бүрх малгайг дагалдуулжээ. “Говь” нь зурган хээтэй шаалийг хэдэн жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн. Харин бүрх малгайг энэ жил тусгай захиалгаар Японд хийлгүүлсэн юм байна. Түүнээс гадна монгол захтай, нимгэн тод өнгийн эмэгтэй цамц, ханцуйгүй дан дээл, ханцуй нь хоёр өөр өнгийн ноолууран даавуугаар хийсэн, хүннү захтай дээл зэргийг үйлчлүүлэгчдэдээ санал болгожээ. Ханцуй болон захаараа торгон оруулгатай нимгэн хүрэм нэлээд эрэлт хэрэгцээтэй байна. Харин эрчүүдэд зориулан нимгэн ноолууран даавуугаар хийсэн монгол захтай богино цамцнуудаа бүрх малгайтай хослуулжээ. Энэ жилийн наадмын шинэ загварууд болох принттэй бүтээгдэхүүнээ “Говь” компани нь маш цөөхөн ширхгээр үйлдвэрлэсэн. Түүнийгээ үйлчлүүлэгчдэдээ хүргэх зорилгоор үйлдвэрийнхээ хажуу дахь төв дэлгүүртээ зургаан минутын загварын шоуг нэг өдөрт 3-4 удаа хийж байна. Хэрвээ та баяраар “Говь”-ийн бүтээгдэхүүнээр гоёх гэж байгаа бол энэ шоуг үзэж үндэсний хэв шинжийг агуулсан үндэсний хувцаснаас ямрыг сонгохоо шийдээрэй.

Үндэсний хувцсаар дагнадаг “Монгол костюмс төв”-өөр наадмынхаа гоёог хийлгэж байгаа хүмүүс цөөнгүй байлаа. Тэдний дунд олны танил болсон алдартнууд ч нэлээд бий. Тус төвийн ажилтнуудын ярьснаар баяраар үндэсний хувцсаар гоёх хүмүүс аль хэдийнээс захиалга өгч эхэлсэн гэв. Ингэхдээ голдуу хөнгөн, нимгэн материалыг сонгожээ. Үндэсний хувцасны бүх элементийг багтаасан мөртлөө нимгэн материалаар хийсэн дан дээлийг бүсгүйчүүд илүү их захиалсан байна. Наадмын дээлийг хийхээр тус төв нь энэтхэг сари, индонези даавуу болон торгон батик захиалан авчирчээ. Эдгээр даавуу нь торгоноос арай өөр, хөнгөн, халууцуулахгүй, биед эвтэйхнээрээ онцлогтой. Энэ жилийн наадмаар завсрын өнгөтэй дээлийг хүмүүс түлхүү сонгож байгаа гэнэ. Тод өнгөөр хийлгэж байгаа хүмүүс ч байгаа гэнэ. Ер нь монголчууд үндсэн өнгүүдийг сонгодог. Харин сүүлийн үед завсрын, уусмал өнгийг сонгож байснаа энэ жилээс эргээд үндсэн өнгө рүүгээ орох хандлага ажиглагдаж байна хэмээн “Монгол костюмс төв”-ийн үндэсний хувцас судлаач Г.Дамдиндулам ярилаа. Тод улаан, цэнхэр өнгийн дээл үргэлж эрэлттэй байдаг аж. Урт, богино, ханцуйтай, үндэсний дээл шиг захтай мөртлөө даашинзан загвартай хувцсыг үйлчлүүлэгчийнхээ эрэлт хэрэгцээнд тохируулан хийсэн нь маш сайн зарагдаж байгаа гэнэ. Харин энгийн загвартай дан дээл нь 200-250 мянган төгрөгийн үнэтэй. Залуухан эрэгтэйчүүд монгол захтай цамцыг илүү сонирхдог нь учиртай аж. Машинд суух, буух мөн морь унахад хормой нь саад болдоггүй, биед амар байдагтай холбоотой юм байна. Хүннү захтай дээл хийлгүүлдэг байсан бол энэ жилээс эргээд монгол хэмээн хүмүүсийн ярьдаг дөрвөлжин захтайг захиалах болжээ. Баярын өмнө батик даавуугаар хийсэн дээлүүд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаагаас гадна хүүхдүүддээ зориулан үндэсний хувцас нэлээд захиалдаг болсон гэнэ.

Үндэсний хувцсыг урладаг “Торго” салон энэ салбартаа үйл ажиллагаа явуулаад 16 жил болж байгаа. Тус салон нь 2016 оны үндэсний хувцасны каталогтоо 300 гаруй шинэ загварыг оруулжээ. Тиймээс наадмын дээлээ захиалах гэж байгаа хүмүүс түүнээс нь сонгон авах боломжтой байлаа. Сонгодог болон үндэсний хэлбэрийг хослуулан хийсэн загварууд нь хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа. Харин өнгөний хувьд цайвар цэнхэр, саарал, бор зэрэг завсрын өнгийг хүмүүс илүүтэй сонгож байгаа тухай тус салоныхон ярив. Наадмын гоёо болгон үндэсний хэв загварыг хадгалсан банзал, цамцны хослолыг захиалж түүндээ тохируулан эсгий болон төмрөөр хийсэн чимэглэлүүдийг хийлгэж болох гэнэ. Тус салонд Хятад, Тайландаас авчирсан хүр хорхойн сайн чанарын зуун хувийн цэвэр торгоор дээл хийлгүүлж ч болох юм байна. Наадмаар өмсөхөд зориулж силк, торон материалаар үндэсний хэв шинжийг хадгалсан цамц ч хийж байгаа гэнэ. Сүүлийн үед залуухан бүсгүйчүүд маань урт дээл ихэд сонирхох болжээ. Өнгө өнгийн цэцэг, монгол хээ, соно, галбингааг “Торго” салоны дээлнүүдээс л харах боломжтой. Тиймээс загвар зохион бүтээгч нь үйлчлүүлэгчидтэйгээ зөвлөлдөж байгаад тухайн хүнд тохирсон цорын ганц загварын дээл урладаг нь энэ салоны онцлог юм байна.

Б.Уранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөлийн замын уртыг ээ, хүмүүс нь тайвныг яана

“Хоймор нутаг” хэмээн тодотгодог Хөвсгөлийг зорихоор замд гарлаа. Мөрөнгийн автобус “Драгон”-оос өглөө найман цагт хөдөлдөг гэж дуулаад эртлэн боссон. “Мөрөн хүртэл 12 цаг явдаг, тасалбарын үнэ 32000 төгрөг байдаг” гэсэн товчхон мэдээлэлтэйгээр автобусанд явж орсон юм. Мөрөнгийн автобусаар замд гарахдаа орон нутгийн онцлогтой аялалд сэтгэл зүйгээ бэлтгэмээр юм билээ. Автобус өглөө найман цагт хөдлөх товтой ч хоцорсон хүмүүст тун ч ээлтэй юм. Мөрөнгийн автобусны жолооч нар зорчигчидтойгоо тун ч сайн холбоо харилцаатай бололтой. Автобус аль хэдийнэ хөдөлсөн ч хожимдсон зорчигчид жолооч руу утасдан ирж яваагаа дуулгасан тул унаа маань гучаад минутын турш араас ирж яваа хүмүүсийг хүлээлээ. Замд гарсан аяллын багийнхан маань “Урьхан”-д үдлэв. Энд ердийнхөөрөө хөл ихтэй. Өглөөгүүр болоод ч тэр үү гэр бүлээрээ аялагчид том ширээ тойрч суугаад, хуушуур, чанасан мах зэрэг замын хүнсээ дэлгэсэн харагдав. Тэд зоогийн газрын халуун савтай цайгаар замын хүнсээ даруулаад, үлдсэн хүнсээ савлан гарч одлоо.

“Jack`s coffee”-гийн гадаа сайн дурын ажилтан болов уу гэмээр шаргал үстэй хоёр гадаад бүсгүй кофе ууж зогсоно. Кофены газрын гадаа “Drive in Coffee” гэж бичсэний дор “Боргол шүүрээч” гэснийг бодоход эндхийнхэн “моод”-ноос хоцордоггүй хүмүүс бололтой. Автобус хараахан дүүрээгүй ч замаасаа зорчигчид авч, дундуураа дүүргэдэг юм билээ. Дарханаас зам салахын өмнөхөн баахан ачаатай хүмүүсыг авахаар төмөр хүлэг маань зам хазайсан. Портер дүүрэн ачааг автобусанд шилжүүлэхийг хүлээнгээ зорчигчид биеийн чилээгээ гарган салхилна. Автобус замдаа олон удаа зогсох юм. Хүмүүс ч тэр бүрт нь “морь харах”-аар ухасхийнэ. Мөрөнгөөс буцахад ч бас иймэрхүү дүр зураг давтагдсан. Араас ирж байгаа хүмүүсийг хүлээн гадаалах зуур “Хоцорсон хүмүүсийг орхиод явчихаж болохгүй юм байх даа” хэмээн түвэгшээхэд маань ойролцоо зогсоо нутгийн гурван эрийн нэг нь “Тэгвэл насны юм болно шүү дээ” хэмээн дуугарав. “Хөвсгөлийнхөн хотын соёлд сурмаар юм. Энэ олон хүнийг ингэж удаан хүлээлгээд байх даа яахав дээ” хэмээн үглэхэд маань өөр нэг залуу “Та автобусны голд зогсоод, лекц уншчихаач” гэж шоглож байна. Ийм маягаар явсаар автобусаар Мөрөн ороход 15-16 цагийг замд өнгөрүүлэв. Хүмүүс нь тун ч хүлээцтэй. Хичнээн оройтсон ч “гоншигонож” байгаа хүн харагдсангүй.

Сайхан уул, ус автобусны цонхоор жирэлзэн өнгөрч их хотын нүсэрт ядарсан нүд сэтгэлээ амрааж явав. Хөвсгөлд очихын тулд Дархан, Эрдэнэт, Булганы нутгаар дайран өнгөрлөө. Газар мэдэхгүй аялагчид хаана яваагаа мэдэх сониуч хэрэгцээ бий. Булганы нутагт явахдаа “Хамгийн олон адуутай Сайхан сум” гэсэн хаяг олж харсан. Аль сум хаанаас эхэлж, хаана дуусч байгааг мэдэх боломжтой замын тэмдэг, хаяг хангалттай байвал догь. Холын аяныханд замдаа үдлэх газар, бие засах жорлон, ус, ундаатай үйлчилгээний цэг үгүйлэгдэнэ. Дарханаас Эрдэнэт орох замд Орхон голын гүүрний орчимд сүүдрэвчинд загас зарж байгаа хүмүүс үзэгдсэн. Загасны хорио тавигдаагүй үед ч “сайн эрчүүд” байгалийн хишгийг борлуулж л зогсдог юм билээ. “Урьхан”-аас гадна Хөвсгөлийн нутаг руу ороод бас нэг удаа хооллож аваад Мөрөн рүү шөнөдөө орж явчихлаа. Хөвсгөл нуур цэлийтэл угтах мэтээр төсөөлсөн ч Хатгалд очиж байж нуурын бараа харах гэнэ. Мөрөнгийн төв жижигхэн дүнзэн байшингууд ихтэй юм. Энд хашаандаа гэртэй айл олж харсангүй. Мөрөнд нэг л гэр олж харсан нь ногооны талбайн сахиулынх. Модны хэрэглээ өндөртэй газар болох нь дүнзэн байшингууд, хашаандаа хураасан түлээний моднуудаас нь илэрхий. Гэсэн ч сүүлийн үед хууль чангараад ойгоос унанги мод “олборлодог” болсон гэж нутгийн иргэн тайлбарласан. Хаа очиж цэвэрхэн, шугамдсан мэт тэгшхэн гудамжуудтай. Хотод бол нүдний гэм болсон дүр зураг.

Хөвсгөлийн амьдралтай танилцах ажлаа Мөрөнгийн төв талбайгаас эхэллээ. Чингүнжавын талбайг тордох ажил хийж байна. Аймгийн төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга Б.Лхагва “Мөрөнгийн төвд зам, бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Эхнээсээ ард иргэдийнхээ саналыг аваагүйгээс болоод хүндрэл гарч байна. Мөрөнгийн төв алганы хонхор шиг газар байрладаг. Зун бороо орохоор нэгдүгээр багийн айлууд тэр чигээрээ усанд автдаг. Энэ асуудлыг шийдэж чадахгүй байна. Иргэдэд тулгарч байгаа асуудал шийдэгдэхгүй мөртлөө төв талбайгаа засаад байна. Энэ бол онц чухал асуудал биш гэж иргэд хэлээд байхад ийм зүйл хийгээд байгаад бид шүүмжлэлтэй ханддаг” гэж ярьсан юм.

“ЖУУЛЧНЫ БААЗУУДЫГ ТОМСГОХОЛ АНХААРЧ БАЙГАА”

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Ган-Очир цайны цагаар ч албан өрөөндөө сууж таарав.

Тус аймгийнхан 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрөө саяхан гаргасан гэнэ. “Хөвсгөл хөгжил” форум зохион байгуулж, аймгийн иргэд, ТББ, бизнес эрхлэгчид, донор байгууллагуудын төлөөлөл оролцуулж хөтөлбөрөө батлуулжээ. “Бидний гол зорилго 2030 он гэхэд жаргалтай гэр бүлийг бий болгох юм. Хөгжлийн таван тулгуур байна. Нэгдүгээрт, хүмүүсээ хөгжүүлэх, хоёрдугаарт, эдийн засаг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйнхаа хөгжлийг чухал гэж үзсэн. 2030 он хүртэл дөрвөөс таван томоохон үйлдвэрийг дэмжин барьж байгуулна. Хөгжлийн гол тулгуур нь аялал жуулчлал. Эцэст нь засаглалын бодлого буюу төрийн албаны хөгжил шинэтгэл гэсэн таван зүйлийг чухалчилж байгаа” гэж Х.Ган-Очир дарга тайлбарлав. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэр тэр дундаа цемент үйлдвэрлэх боломжтой гэж тэд үздэг. Хөнгөн үйлдвэрлэлийн эх суурь тавигдсан. Малын гаралтай түүхий эд, мах сүүний үйлдвэрлэлд ач холбогдол өгдөг гэж тэр ярив. Тус аймагт хэдэн нүүрсний уурхайтай. Нийт нутгийн 49,8 хувийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Уул уурхайн үйлдвэрлэл явуулах боломжгүй гэнэ. Фосфоритын ордод тусгай зөвшөөрөл аваад, хайгуулын ажил хийж байгаа аж ахуйн нэгж бий. Фосфоритын ордын гол цэгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан. Энд үйлдвэрлэл явуулах асуудал сөхөгдвөл буцаад орон нутгийн тусгай хэрэгцээнээс гаргах асуудал яригдана. Ерөнхийдөө иргэд л мэдэх асуудал гэж Х.Ган-Очир ярив.

Түрүү жил хөвсгөлийнхөн жуулчдын хөлд дарагдаж, дэлгүүр, АТМ-үүд нь хоосорсон удаатай. Энэ талаар орон нутгийнхан арга хэмжээ авсан эсэхийг сонирхов. “Өнгөрсөн жил Хөвсгөлийг зорьсон урсгалын үед хамгийн хүндрэлтэй юм бол жуулчид орох оронгүй болчихсон. Үүнд анхаарч жуулчны баазуудыг томсгох, үйл ажиллагааг нь сайжруулахаар төсөл хөтөлбөрүүдтэй холбох ажил хийж байгаа. Эвент арга хэмжээг тогтмолжуулахад анхаарч байна. Аймгаас жилд 20 сая орчим төгрөг батлаад, 10 орчим сая төгрөгөөр нь эвент арга хэмжээ хамтран зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. “Мөсний баяр”-ыг сүүлийн 16 жил тасралтгүй хийж байна. Гол нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хичээж байгаа гэж Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга хуучиллаа.

“ХӨВСГӨЛЧҮҮДИЙН ДУНДАЖ НАС 65 БАЙНА”

Хөвсгөлчүүдийн сэтгэл дундуур байдаг нэг асуудал эмнэлгийн үйлчилгээ байдаг тухай энд бишгүй сонсов. Тоног төхөөрөмж хангалтгүй юм болов уу гэж бодоод Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийг зорьсон ч өөр дүр зураг угтлаа.

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт орчин үеийн олон төхөөрөмж харагдана лээ. Засгийн газрын тэрбум 816 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Оношилгоо эмчилгээний төв” байгуулсан гэнэ. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга Д.Мөнхдалай: -Сүүлийн гурван жилд нэлээд өөрчлөлтүүд хийгдсэн. Манай аймаг бусад аймгийг бодвол хамгийн их хүн амтай. Албан ёсны тоогоор 126 мянган хүн амтай гэж явдаг. Гэхдээ шилжилт хөдөлгөөн ихтэй холбоотойгоор 130 мянган хүнд хүрдэг. Эрүүл мэндийн яамнаас орон тоо нэмээгүй. Бид дотооддоо менежмент хийж аль болох нарийн мэргэжлийн эмч нарынхаа хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэлээ. Хөвсгөлд элэгний хавдар маш их байдаг, зүрх судасны өвчин, даралт ихсэх өвчлөл өндөртэй. Энэ бүхэн уулархаг нутагтай, өөх тос их хэрэглэдэгтэй холбоотой. Тэргүүн хатагтай Х.Болормаагийн “Хавдаргүй Монгол- Итгэл” сангийн шугамаар хавдрын кабинетийг тохижуулсан” хэмээн танилцуулав.

Хөвсгөлд дундаж наслалт бусад аймгуудыг бодвол хамгийн бага байдаг гэнэ. Хөвсгөлийн дундаж наслалт 65 бол Дундговьд энэ үзүүлэлт 73 ажээ. “Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг”-ийн эрхлэгч нь Д.Мөнхдалай эмчид эм тариа тасарсан тухай дуулгаж байгаа сонсогдов. Д.Мөнхдалай эмч “Яамны эм эмнэлгийн хэрэгслийн хороо компаниудтай гэрээ байгуулдаг, ханган нийлүүлэх асуудал дээрээ хоцорчихоод байгаа юм. Заримдаа эм тариа нь нэг сар юм уу 14 хоногоор тасарчихдаг үе бий. Бид орон нутгийн эмийн сангаас гуйж түүгээд гал алдчихгүй шиг зохицуулдаг” хэмээн тайлбарласан.

Оношилгооны төв байгуулагдсанаар орон нутагтаа Компьютер томографитай болсон гэнэ. Болж бүтэж байгаа зүйл их байгаа ч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж доогуур байгааг тэр “давхар дээл”-тэй жишив.

-Манайд давхар дээл гэдэг шиг хувийн эмнэлэг, улсын эмнэлэгт давхар ажилладаг эмч нарын асуудал бий. Нийтдээ манай аймагт эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийн 40-өөд байгууллага байна. Бид чанар хариуцдаг болохоор иргэдийг хүлээлгэхгүй, бухимдуулахгүй байхыг хичээдэг. Судлаад үзэхээр давхар халаатны асуудал гарч ирээд байгаа юм. Тэр болгоныг хүмүүс хүнд хүлээж аваад “Танай эмч нар эмнэлэг дээрээ нэг өөр, хувийн эмнэлэгтээ бас нэг өөр ааш гаргалаа” гэдэг. Аймгийн ИТХ -аас энэ асуудлыг болиулна гэж үзсэн. Давхар дээлтэй эмч нар маань шүүхэд хандаад, шүүхээс хуулиар болохгүй гэсэн юм байхгүй гэсэн хариу өгсөн юм. Саяын батлагдсан Эмнэлгийн тусламжийн хуульд бас тэр асуудлыг нарийн тусгаж оруулаагүй байна лээ. Манайх хоттой адилхан биш. Хотод бол “Чи ажлаас гар” гээд явуулчихаж болдог. Оронд нь дараагийн ээлжний хүн байдаг. Орон нутагт бол нэг эмчийг халахад тухайн тусламж үйлчилгээ зогсчихож байгаа юм хэмээн учирлав. Аймагт диализийн аппарат байхгүй учраас өвчтөнүүд нийслэлийн нэгдүгээр эмнэлгийг зорьдог. Өмнөговийг бодвол манай аймагт бөөрний дутагдал их. Хүйтэн сэрүүн уур амьсгалтай, гол ус ихтэй. Амьдралын хэв маягаас хамаараад бөөрний өвчлөл ихтэй. Бөөрний дутагдалд их ордог. Ер нь бөөрний аппаратад орох шаардлагатай зуугаад хүн байдаг. Байнга аппаратад орох шаардлагатай учраас хотод амьдрах шаардлага гарна. Аппаратад орж чадахгүй буцаад ирдэг. Өвчин нь хүндрээд хэдэн жилийн дараа нас барах нь ч бий гэлээ.

НОГООЧИН

Мөрөн сумын аравдугаар багийн иргэн, улсын аварга ногоочин Ж.Балдандоржтой ногооны талбайд нь очиж уулзлаа. Энд тэрбээр 19 дэх жилдээ төмс, хүнсний ногоо тарьж байгаа гэнэ. “Бид 1998 онд гараар тарьдаг байсан. Сүүлдээ Мөрөн сумаас төсөл авсан. Америкийн Марк Фэндэр гэж энд бараг хориод жил болж байгаа, Есүсийн холбогдолтой нөхөр байдаг юм. Тэр шугамаараа Америкийн хөрөнгө оруулалтаар манай энэ талбайд усалгааны систем, иж бүрэн худаг гаргаж өгсөн” хэмээн Ж.Балдандорж гуай хуучлав.

-Усалгааны систем их үнэтэй гэдэг. Хэр өртөг зардлаар бүтсэн бэ?

-15 мянган доллараар орж ирсэн. Ямар ч үнэ төлбөргүй, бүх зардлаа өөрөө төлөөд Мөрөн суманд авчирч өгсөн юм. Би хариуцаж хүлээж аваад ажиллуулж байгаа. Энд 17 өрх айл холбогдож, хүнсний ногоо тарьдаг. Манайхнаас гурван улсын аварга, таван ч аймгийн аварга гарсан. Сумын аваргууд зөндөө. Техникийн хувьд өөрсдөө ойр зуурын техник авсан улсууд бий.

-Та сая сонгинын үрээ Голландаас ирэхийг хүлээсэн гэчихэв үү?

-“Монгол төмс” хөтөлбөртэй 2006 оноос хойш хамтарч ажиллаж байгаа юм. Би албан ёсны лицензтэй үр үржүүлэгч. Улсын хэмжээнд герман, голланд сортын төмс зонхилдог. Манай нутаг өндөрлөг газар. Тийм учраас герман сортын төмс илүү тохиромжтой байдаг. Энэ сонгинын үр гэхэд л Голландаас орж ирж байгаа. Төмс хөтөлбөрийн шугамаар л орж ирж байгаа юм. Фермерийн холбоондоо бид захиалгаа өгчихдөг. Үр бордоо, гербицид тэр шугамаараа орж ирдэг юм. Төмс хөтөлбөр үндсэндээ 11 жил хэрэгжээд дуусч байгаа. Энэ жилээс улсын хэмжээнд “Хүнсний ногоо” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үндсэндээ одоо бол Хятадаас сонгино, байцаа хоёр давуу орж ирдэг. Үүнийг хаах маягаар энэ чиглэлд анхаарч, сонгинын үр, герман сортын байцааны үр оруулж ирсэн. Энэ жил туршилтын маягтай бага хэмжээгээр тариалж байна. Манайд тохирвол цаашдаа нийлүүлнэ. Алийн болгон Хятадын байцаа, сонгино идэх вэ. Ядаж 60-80 хувийг нь өөрсдөө хангах зорилт тавьсан гэлээ.

Мөрөнгийн захаар орсон ч бие засах газар олдоогүй учраас олигтой “тэнэж” амжаагүй. Зах дээр ажиллаж байгаа эмэгтэйгээс бие засах газар асуухад “Ойр хавьд жорлон байхгүй” гэж хариулсан юм. Харин “Жаргалан” хоолны газар, “Аяны жолоо” дэлгүүрээр ороход сугалаатай тасалбар өгч байна лээ. “Некст”-ийг эс тооцвол нийслэл болон Дархан, Эрдэнэтэд байдаг томоохон сүлжээ дэлгүүрүүд Хөвсгөлд байдаггүй юм билээ.

Хөвсгөлийн “Тэвхэн” дэлгүүр нь урсдаг шаттай ганц дэлгүүр гэнэ. “Тэвхэн” бол Мөрөнгийн хамгийн том супермаркет байсан. Эзэн нь банкнаас зээл аваагүй хөл дээрээ боссон. Захын жижиг лангуунаас анх бизнесээ эхэлсэн гэж хүмүүс ярих юм билээ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Төр өмчлөх эрхэд халдахаа болихгүй бол эдийн засгийн тусгаар тогтнол гэж яриад нэмэргүй

“MIH” группийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-В.Путин саявтар Эгийн голын станцыг барих боломжгүй, Байгал нуурт сөргөөр нөлөөлнө гэчихлээ. Эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг хангах үүрэгтэй гэдгээрээ Эг бидэнд чухал байсан. Энэ мэт эдийн засгийн тусгаар тогтнолд нөлөөлөхүйц хандлага хөрш гүрнээс тод анзаарагддаг. Ер нь эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалахын тулд бид яах ёстой вэ?

-Хэрэгтэй, үнэ цэнтэй зүйл хийж, тэрнийхээ үндсэн дээр өөртөө хэрэгтэй зүйл олж авах харилцан солилцоог л эдийн засаг гэж би ойлгодог. Энэ өнцгөөс нь харвал эдийн засгийн тусгаар тогтнол гэж томьёолж буй нь ойлгомжгүй сонсогдоод байна л даа. Жишээ нь танд оршин тогтнож, амьдрахын тулд тодорхой хэрэгцээ байгаа. Тэр хэрэгцээгээ та ганцаараа хангаж чадахгүй. Тийм учраас бусад хүмүүсээс авч таарна. Тэгэхээр нийгмийн бусад гишүүдтэй харилцаанд орохоос аргагүй болно. Энэ харилцааг л цогцоор нь эдийн засаг гэдэг.

-Хойд хөрш манай улсыг эрчим хүч, шатахууны хэрэглээгээр хараат байлгах сонирхлын үүднээс Эгийн станц, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад таагүй хандаад байна уу гэсэн хар бий. Энэ утгаар нь тусгаар тогтнол гэдэг үг хэрэглэсэн юм. Танд тэгж харагдахгүй байна уу?

-Тэгж харагдахгүй байна. Эдийн засгийн аюулгүй байдал гэвэл ойлгож болж байна.

-Эрчим хүчний хэрэглээн дээр биеэ даасан зүйл алга гэдгийг аюулгүй байдал гэж тодотгож болох л юм?

-Эдийн засаг хүссэн, хүсээгүй даяарчлал буюу дэлхий нийтийг хамарсан үйл явдал болчихоод байна л даа. Таны асуугаад байгаа эрчим хүчний хувьд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн асуудал.

-Улс төрийнх гэдэг нь ойлгомжтой л доо. Гэхдээ бид төсвөөсөө өчнөөн мөнгө гаргаж хойд хөршөөс цахилгаан худалдаж авдаг, тэд бидэнд жил бүр үнээ нэмж ахиухан эрчим хүч зарахыг хичээдэг гээд ярихаар яалт ч үгүй эдийн засагт хамаарах биш үү?

-Шалтгаан нь улс төрийнх. Үр дагавар нь эдийн засагтаа очоод байгаа юм.

-Тэгэхээр эдийн засгийн гэдэг талаас нь харахад болохгүй зүйлгүй гэж бодож байна…?

-Болно л доо.

-Эрчим хүчний салбарт бие дааж бусдаас гуйхгүй болгоод явах боломж бидэнд бий юу?

-Та бид хоёр биенээсээ хамааралгүй байхын тулд сонголттой байх ёстой. Сонголт хэзээд байдаг. -Сонголт нь байхгүй бол, биднээс хамаарахгүй тохиолдолд яах вэ?

-Сонголтыг бид өөрсдөө бий болгох ёстой. Бидэнд юу ч дутагдаагүй. Цахилгаан станц барьж, шатахууны оронд өөр эх үүсвэр хайж болно. Цахилгаан станц барья гэвэл түүхий эд нь байна. Өөр юу хэрэгтэй гэж. Эрчим хүчний салбарыг бие даалгах боломж бүрэн бий. Дотоодоо эрчим хүчээр хангаад, дээр нь гадаад руу эрчим хүч экспортлох маш том боломж байгаа. Орос, Америкийн аль нь ч биш, бид өөрсдөдөө саад тээг болоод байгаа юм. Эрчим хүч үйлдвэрлэхэд түүхий эд, технологи, мөнгө, хүн дөрөв л хэрэгтэй. Дөрвүүлээ бидэнд байна. Технологио ямар ч асуудалгүй оруулаад ирнэ. Хөрөнгө оруулалтаа татчихна. Танаас нэг асуулт асууя. Яагаад хийхгүй байна вэ?

-Улс төр рүү эргэж орохоос аргагүй, улс төрөөс болоод хийхгүй байна гэж үү?

-Яг үнэн. Улстөрчидтэй л холбоотой. Өвөг дээдсээс үлдээсэн баялаг нь байна. Хоорондоо ойлголцоод, бие биедээ тээг болохгүй, зөв санаа санаачилгыг нь дэмжээд явахад төвөггүй өөдөлнө. Ойр зуурын яль шальгүй сонирхлоор асуудалд хандаж, бие биедээ төвөг уддаг улстөрчдөөс салах хэрэгтэй. Байгалийн баялаггүй, эрчим хүчний түүхий эдийн нөөцгүй улс орнууд эдийн засгаа хөгжүүлээд урагшилж л байна. Наад захын жишээ гэхэд Япон, Өмнөд Солонгос байна. Бидэнд маш олон сонголттой байх боломж бий. Боломжууд байна гэдэг чөлөөтэй байгаагийн л шинж. Аль нэг улс орноос хараат бус байх бүрэн боломжтой.

-Популизм улс төрөөс тийм амар салахгүй байх. Парламентыг дээд доод танхимтай болговол байдал өөрчлөгдөнө гэх мэт хувилбарууд дуулддаг. Ер нь яавал улстөрчид эдийн засаг, бизнесийг мэдэрсэн шийдвэр гаргаж сурах бол?

-Сонгогчдын хандлага өөрчлөгдөөгүй үед УИХ хэдэн танхимтай болоод ч байдал өөрчлөгдөхгүй. Төрийн гаргасан шийдвэр эцсийн гаргалгаа гэж боддог хэвээрээ байна. Москвад гаргасан шийдвэрийг л хэрэгжүүлэх ёстой гэж боддог хандлагаа өөрчилж чадахгүй байна. Хойно тийм шийдвэр гаргасан бол хэрэгжүүлэх л ёстой гэж ханддаг улс болоод хувирчихсан тал бий. Энэ сэтгэхүй, хандлага, байдлаасаа салах хэрэгтэй. Өөрсдөө зориг гаргаад өөр жимээр алхвал залуус дагаад алхана. Хатуухан хэлэхэд найдвар залууст л байна.

-Нийтлэлч Баабарын хэлдэг шиг социалист нийгэмд өссөн хүмүүс үхэж байж л шинэ замаар алхах боломж гарч ирэх нь ээ дээ?

-Хатуу ч гэсэн үнэн үг гэж боддог. Гэхдээ олны хандлага бага ч гэсэн өөрчлөгдсөнийг үгүйсгэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт зайл, хувийн хэвшлийн компаниудын луйварчид сөнөтүгэй гэж хашгирдгууд нь цөөрсөн. Оюу толгойг улайран эсэргүүцэгчид бүр алга болчихлоо.

-Хөгжихийн тулд эхлээд мөнгө олох салбараа урагшлуулаад олсон мөнгөөрөө бусад салбараа тэтгэх ёстой гэсэн хандлага бий. Тэр салбар нь уул уурхай мөн үү?

-Мөнгө оргүй хоосноос бий болохгүй. Мөнгө, орлого бий болгодог салбараа хөгжүүлээд, дөрөөлж хөгжихөөс өөр аргагүй. Хятад гэхэд л газар тариалангийн салбартаа дөрөөлж хөгжсөн улс. Тариачдаа чөлөөлсөн. Тэгэнгүүт хуримтлал үүсч эхэлж байгаа юм. Тариачид буудайгаа хураагаад бүгдийг нь улсад өгдөг байсныг болиулсан хүн нь Дэн Сяо Пин. “Ургуулсан буудайныхаа 70 хувийг өөрөө ав, 30-ыг нь төр авдгаараа авна шүү” гэсэн. Хуримтлал үүсгэсний гол нууц нь ердөө энэ. Ингэж л бусад салбараа өөд нь татаж эдийн засгаа хөгжүүлсэн. Бидний мөнгө олох салбар бол уул уурхай. Гэхдээ эхлээд бөндгөрөөсөө, хандлагаасаа эхлэх учиртай. Юуны өмнө бүгдээрээ нэг зорилготой байх ёстой. Нэг зорилготой болоогүй үед хэзээд бие биедээ дайсагнана. Ер нь бол онол л доо. Хүмүүс хоёр тохиолдолд л хамтардаг. Нэг зорилготой үед хамтарна, эсвэл аюулын өмнө хамтардаг. Хүсэл мөрөөдлөө зорилго гэж бодоод яваа нь л бидний алдаа. Зорилго бол өөр. Хөгжил нь өндөр түвшинд хүрсэн бусад улсын хувьд хүрэхээр төлөвлөсөн зүйлийг зорилго гэж томьёолдог. Бүгд нэг зорилготой байх учиртай, тэгэхгүй бол систем задарч унах эрсдэл бий.

-Нийгмээрээ нэг зорилготой болохын тулд яах ёстой вэ?

-Уг нь нэг зорилготой байх боломж нь бий. Тэр зорилгыг нь Үндсэн хуульд ойлгомжтой гэгч нь заагаад өгчихсөн. Эдийн засгийн форумыг зохион байгуулагчид намайг нэг салбар хуралдаа итгэл тавьж оролцохыг урьсан юм. Тэр хуралд бэлдэх гэж төрийн байгууллагуудын үүргийг хамаарах хуулиудаас нь шүүрдэж үзлээ. Ичиж үхмээр дүгнэлт гарсан. Төрд гурван том салаа мөчир бий. Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглал. Эдний хоёр нь Монголын нийгэмд хуулиараа ямар ч үүрэггүй байдгийг олж мэдлээ. Нэг нь УИХ. УИХ-д ямар ч үүрэг байдаггүй юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын албанд ямар ч үүрэг алга. Дандаа тэгэх, ингэх эрхтэй гэсэн өгүүлбэрүүд л олж харлаа.

-Засгийн газарт үүрэг хүлээсэн байна уу?

-Үүрэг байна, гэхдээ үүргийн хэсэгт зөвхөн удирдах гэсэн үг л олж харсан. Шүүх засаглалын үүрэг их хөгтэй. Эрх зүйн юуг ч билээ хамгаалах үүрэгтэй гэсэн өгүүлбэр харагдсан. Аймшгийн кино. Хамаг аймшиг тэндээс эхэлж байна. Гэтэл Үндсэн хуульд тов тодорхой заалтыг тусгаад өгчихсөн. Монгол Улсын төрийн үүрэг бол иргэнийхээ эрх чөлөө, хүний эрхийг нь хамгаалах, зөрчигдсөн бол сэргээх. Төр иргэнийхээ өмнө ийм үүрэг хүлээх учиртай. Миний яриад байгаа нөгөө зорилго чинь ерөөсөө л энэ. Гэтэл Үндсэн хуулийн энэ заалтад захирагддаг нэг ч төрийн байгууллага байдаггүй юм байна. Тийм учраас хулгайч, луйварчин, хамаг муу бүхэн УИХ гэх мэт үүрэг байдаггүй баахан эрхтэй газрууд руу цуглардаг юм байна. Төрийн байгууллага хэрнээ Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна гэж буруутгах гэхээр хуулиудад нь үг өгүүлбэр байхгүй. Та бид хоёр Засгийн газраар удирдуулна гээд төсөөл дөө. Агентлаг, яамдынх нь хууль ч ялгаагүй. Засгийн газрын үүргийг салбартаа хэрэгжүүлэх үүрэгтэй гэж байх юм. Тэгэхээр яам, агентлаг нь ч манийгаа дахиад удирдах нь л дээ. Энэ хандлага та бидний хуучин сэтгэхүй, ойлголтоос үүдэлтэй. Үүнийг өөрчлөөгүй цагт юун эдийн засгийн тусгаар тогтнол. Дахиад хэлэхэд нийгмийн бүх гишүүд нэг зорилгыг тойроод атгасан гар шиг болох ёстой. Тэр дундаа улс төрийн намууд, улстөрчид. Төрийн байгууллагад эрх байж болохгүй. Эсрэгээрээ үүрэггүй төрийн байгууллага гэж байх учиргүй. Дан үүргүүд байх ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ, дээр байгаа хүмүүс өөрсдөдөө зориулсан хууль баталсан байна.

-Өмнө нь анзаарч хөндөгдөөгүй өнцөг байна шүү…?

-Бид ч анзаардаггүй байсан. Өнөөдүүл чинь ажил төрөл рүү ороод, хутгалдаад ирэнгүүт сэрж эхэлж байна л даа. Өмнө нь социалист сэтгэлгээгээрээ төрийн минь сүлд өршөө гээд явж байж. Надад саяхан хүртэл байсан сэтгэлгээ. Нийт иргэдийн бараг 99 хувьд нь байгаа.

-Та энэ асуудлыг эдийн засгийн форум дээр хөндсөн юм байна. Сая ярьсан хуулиудаа өөрчлүүлэх тал дээр ажиллая гэсэн бодол байгаа юу?

-Миний хувьд “Монгол форум”-ынхаа шугамаар таниулах ажил хийж байгаа. Өөрийгөө лобби хийгээд нөлөөлөх хүн мөн үү гээд харвал үр дүн нь тийм сайн биш байх болов уу. Монголын нийгэмд хамгийн их төвөг удаж байгаа, тогтворгүй байдал үүсгэдэг газар нь төр болчихоод байна. Иргэдийг талцуулаад байгаа байгууллага нь мөн л төр. Гэтэл Үндсэн хуульд төр ямар үүрэгтэйг тов тодорхой зааж өгснийг би сая дурдлаа шүү дээ. Төрийн үүргийг биелүүлдэг нэг ч байгууллага төрд алга. Төр байх ёстой гэдгээ гадна, дотнын аюулаар айлгаж хүлээн зөвшөөрүүлдэг. Төр байхгүй бол хятадууд орж ирээд чамайг жадалчихна гэх маягийн тайлбар тавьдаг. Төр үгүй бол оросууд эдийн засгаар боож алах гээд, би байгаа тулдаа л чамайг цахилгаантай амьдруулна гэх жишээний. Бид ийм л жүжгэн дунд амьдарч байна. Иргэд өөрсдөө төрд үүргийг нь сануулж, үүргээ хуульчлахыг нь шаардах ёстой.

-Төрд өмчлөх эрхэнд халдах гээд байдаг гэм бий. Наад зах нь энэ хандлага өөрчлөгдсөний дараа эдийн засгийн өсөлт гэж ярих боломж гарч ирэх байх…?

-Хүмүүсийн эдийн засгийн эрх чөлөө, Үндсэн хуулиар баталгаажсан эрх, өмч рүү нь халдаж байгаа жишээ өчнөөн байгаа. Захын жишээ гэхэд л лицензүүд хурааж авсан явдал байна. Лицензээр дамжуулж өмч рүү дайрч байгаа нэг хэлбэр. Үндсэн хуульд хүн хуулийн дагуу олж авсан өмч хөрөнгөө хуулийн дагуу эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхтэй, тэр эрхийг нь төр баталгаажуулж өгнө гээд заачихсан. Харамсалтай нь таны хэлсэн шиг төр өмчлөх эрхэд халдсан хэвээр байна. Угшил нь өнөө л социализмын хандлага. Бид ч тэр хандлагаасаа салаагүй учраас төрөө шүүмжлэхгүй байна. Өмчийн эрхийг баталгаажуулаагүй үед эдийн засгийн өсөлт, тусгаар тогтнол гэж яриад нэмэргүй.

-Өмчлөх эрх гэснээс Эрдэнэтийн 49 хувийг Монголын компани худалдаж авахаар болсон нь хэр зөв шийдэл гэж та бодож байна вэ?

-Зөв алхам гэж бодож байгаа. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй учраас илүү дэлгэрүүлж яримааргүй байна. Ярианыхаа төгсгөлд УИХ-ын гаргасан нэг сайн шийдвэрийг онцолъё гэж бодож байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, дагаж гарсан тогтоол нь их сайн. Нийгмийнхээ хөгжлийг тоогоор хэмждэг болж байгаа. Ямар тоон үзүүлэлтүүдээр хэмжих вэ гэдгээ жагсаагаад гаргачихсан. Аль нам нь засаг барьснаас үл шалтгаалж хуульд заасан хэмжүүрээр хэмждэг болъё гэж байгаа нь олзуурхахаас аргагүй зүйл. Би сайн юм, чи муу зүйл хийсэн гэх мэт хэмжигддэггүй юмаар ярихаа больж байгаа гэсэн үг. Хэн нь ч засаг барьсан хуулиар тогтоож өгсөн хориод үзүүлэлтээр л хөгжлийг хэмждэг болж байна. Хугацаа нь дуусч байгаа УИХ-ын баталсан ганц сайн хууль гэвэл энэ л байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Төрт ёсны их баяр наадмыг цогцлоон илэрхийлэгч МОНГОЛ БӨХ

Монгол наадмыг Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үеэс үүсэлтэй хэмээн судлаачид үздэг. Тэгвэл өнөө жил Хүннү гүрний 2225 жилийн тэгш ой тохиож буй. Мянга мянган жилийн улбаатай Монголын төрт ёсны их бэлгэдэл, эв нэгдлийн илэрхийлэл монгол наадмын оргил нь үндэсний бөх билээ. Хүннүчүүд тарж бутарсан овог аймгаа нэгтгэн, цэргүүдийнхээ байлдааны ур чадварыг сайжруулах үүднээс наадам зохион байгуулдаг байсан гэх түүхтэй. Эртний баатруудын тулаан дундаас монгол бөхийн мэх үүсч хөгжсөн гэдэг нь тодорхой юм. Манай эриний өмнөх хоёр мянган жилээс хорьдугаар зууны дунд үе хүртэлх оюуны болон түүх соёлын үнэт өвийг хадгалан орших Дэлийн уулын элгэн хаднаа бөхийн барилдааныг харуулсан зураг байдаг. Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын бичээс бол хүрлийн үеийн дурсгалд хамаарах соёлын хосгүй нандин өв билээ. Тэгэхээр монгол наадмын цэнгэл баяр, бөхийн барилдаан наадаан эртний түүхийн улбаатай гэдэг нь эндээс батлагддаг юм.

Эл бүхнийг өгүүлсний учир өнөөдөр монгол төрийн наадам хаяанд ирж, бөхчүүдийн ир бяр тэгширч, Монголын уул талаар наадмын уухайн түрлэг цуурайтан байна. Туурга тусгаар улс Монголын маань өв уламжлал, түүх соёлын дархлаа болсон үндэсний бөхийн тухай хууч яриа газар бүрт дэлгэгдэж, Лу гүний домогт Вандан аварга, “Буур” хэмээх Нацагийн Жамъян аваргаас улбаалаад алдарт “Хоёр Мөнх”-ийн ид жагсаж явах үеийн дүр зураг наадамчдын сэтгэлд хадгалагдан байгаа нь дамжиггүй. Өнөө жилийн наадмын зүүний магнайг Монгол Улсын гавьяат тамирчин дархан аварга, энэ цагийн шилдэг хүчтэн Гэлэгжамцын Өсөхбаяр аварга магнайлах биз ээ. 1024 бөхийг магнайлж, төрийн наадмын зүүний магнайд босно гэдэг бахтай байх нь мэдээж. Орчин цагийн монгол бөхийн түүхэнд “зургаан залуу зааны үе” хэмээн тодорхойлогдон үлдсэн хүчтэнүүд дундаас жинхэнэ бөхийн төрмөл чанар, жудаг ёсоороо шалгарч үлдсэн бөх бол Өсөхөө аварга гэдэгтэй олон түмэн санал нийлэх болов уу.

Гэлэгжамц гуайнх Архангайн Цахир, Тариат, Тэрхийн цагаан нуураар нутаглаж ахуйдаа дараалсан олон охинтой айл байсан гэдэг. Буур аварга Гэлэгжамцын гэргий буюу өөрийнхөө охиноос бөх хүү төрөхийг өнгөрөгч зууны далаад он хүртэл хүлээжээ. Гэвч аварга нэгийг бодож хүүхдүүддээ Батцэнгэл сум руу нүүхийг зөвлөсөн байдаг. “Миний бөх болох зам мөрийг эхлүүлж, намайг монгол төрийн наадамд дагуулж очин зодоглуулж, улсын наадмын түрүү үзүүрт хүргэсэн ачтан бол Лу гүний Вандан аварга юм. Монгол бөхийн оргил аварга хэмээх алдар цолыг Вандан гуайн буянд би хүртсэн. Тиймээс Батцэнгэл буюу Вандан аваргынхаа нутагт очъё. Бөх хүү заяах байх аа” хэмээн Буур аварга бодоод Батцэнгэлд очиж суурьшсаны дараа жил хүү төрсөн нь өнөөгийн алдарт аварга Өсөхбаяр байсан түүхтэй. Энэ бол монгол бөхийн давтагдашгүй сайхан түүх. Басхүү бахадмаар хувь заяа юм. Ийм л хувь заяанд төрсөн Өсөхөө аварга Хүннү гүрний 2225 жил, ардын хувьсгалын ерэн таван жилийн тэгш ойн 1024 бөхийг магнайлна.

Наадмын өглөөний цэнгэл баяраар бялхсан наран дор төв цэнгэлдэхэд хуран чуулсан үзэгч олноо баясгаж, бөхөд хайртай монгол түмний омог бахархлыг төрүүлдэг хүчит аваргууд маань есөн хөлт цагаан тугнаасаа адисладаг. Гэвч энэ жил монгол бөхийн түүхэнд уран дайчин барилдаан, угсраа олон мэхний гайхамшгаараа шагшигдаж үлдсэн Дашдоржийн Цэрэнтогтох аваргагүй наадам болно. Харин Халхын их хүчтэнтэй овог нэр жил Хонгор нутгийн хүү Бүх цэргийн наадмын түрүү бөхөөр тодорсон цэргийн залуу арслан Цэрэнтогтох жавхаатай барилдах нь дамжиггүй. Ингэж л бөхийн алдар замнал, үндэсний өв соёлын дархлаа үргэлжилдэг ажгуу. Монгол бөхийн амьд домог болсон Мөөеө, Баянаа аваргууд есөн хөлт цагаан тугнаасаа адислаж цэнгэлдэхийн ногоон дэвжээнээ хэн хэнээ түшээд гараад ирэх нь нэг л сайхан. Хоёр Мөнхийг харсан бүхэнд “Энэ хоёр хүчтэнийг ид жагсаж явах цагт, засуулынхаа мөрөн дээр халин дэлж, ааг омог нь багтаж ядан байхад Хан уул өндөлзөж, хатан Туул цалгих шиг болдог сон” гэж ирээд л сэтгэл зүрх нь огшоод ирэх нь бий. Монгол хүн бүрт ийм л ид хавыг төрүүлж, дотоод сэтгэлийн барагдашгүй тэнхээг хайрладаг зүйл яалт ч үгүй монгол бөх л дөө.

Нэгэнт л бөхийн тухай яриа дэлгэж, монгол наадмаараа бахдаж буйн хувьд сүүлийн арван жилийн наадмын их шөвгийн барилдаанаас эргэн дурсъя. Эдүгээгээс яг арван жилийн тэртээ Их Монгол Улс байгуулагдсаны түүхт найман зуун жилийн ой бас л дуулиантай болж билээ. Наадамч олон сайн санаж байгаа. Яагаав, Сумъяабазар арав давж түрүүлэн, үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу улсын арслан цол олгоход цэнгэлдэх дүүрэн цугласан олон “аварга аварга” хэмээн уухайлан хашгирч, төрийн тэргүүн тэр дороо зарлиг гарган монгол бөхийн дээд цолыг хүртээж байсан. Улсын наадамд дөрвөн удаа үзүүрлэн хүүгээ үзэгч олны ижил түрүүлээсэй хэмээн залбирч байсан аав нь арав давж түрүүлэн мянган бөхийн манлай болоход нь тэвэрч аваад уйлан хайлж буй мөчийг бид мартаагүй. Гэвч тэр жилийн наадамд ганцхан Долгорсүрэн заан асгартал уйлсан юм биш. Наймын даваа эхлэхийн өмнө шиг санагдана, А.Сүхбат аварга зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдэж, бөхийн торгон дэвжээгээ үнсэж, сүлд хийморийн бэлгэдэл есөн хөлт цагаан тугнаасаа адислачихаад Баянаа аваргын энгэрт наалдан жаахан хүүхэд шиг цурхиран уйлсан. Тийм л уйлаан майлаантай наадмын их шөвөг буюу есийн даваанд ардын төрийн наадамд арваннэгэн удаа түрүүлсэн цагийг эзэлсэн их хүчтэн Б.Бат-Эрдэнэ Говьсүмбэр аймгийн харьяат Д.Азжаргал начинг амлан авч, Өсөхөө Сумъяа хоёрыг тунагаж байв шүү дээ. Азжаргал их аваргыг дотуур этэх мэхээр бөгсөөр нь нам суулгаж, арслан цолны босго алхаж байсан сан.

Дараа жил нь буюу хоёр мянга долоон оны наадмыг санахаар И.Доржсамбуу гарьдын өмнөөс харамсаад байдаг юм. Тэр жилийн түрүү бөх бол яалт ч үгүй Доржсамбуу байлаа. Цэнгэлдэх дүүрэн наадамчид, цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа ард түмний дийлэнх олонхи нь Доржсамбууг дэмжсэн байх. Хөвсгөлийн Х.Мөнхбаатар арслантай түрүү үзүүрт үлдсэн л дээ. Бөхийн жудаг ёсоо бодсон ч, олон жилийнх нь хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн ч яах аргагүй Доржсамбууг түрүүлчихээсэй гэж ард түмэн харж байсан. Тэр жил аваргуудад халгаатай сонин наадам болж билээ. Б.Бат-Эрдэнэ аварга тавын даваанд Ховдын Цогтоогийн Лхагвасүрэн начинд унаж, монгол төрийн наадамд зодоглосноосоо хойш анх удаагаа шөвгөрч чадаагүй юм. Аварга тийнхүү тавын даваанд өвдөглөснөөс хойш зодоглоогүй билээ. Ховдын Лхагвасүрэн гэж барам аваргыг тэгж л “тэтгэвэрт” нь бүрмөсөн суулгачихсан. Бат-Эрдэнэ аварга элэг бүсээ тайлахдаа зэрэгцээд идэр залуухан хүчтэн Өсөхөө аварга мөн л тавын даваанд годройтчихсон. Завханы Их-Уулын Бадамдорж гэж залууд тахимаа өглөө. Тэгтэл долоогийн даваанд урьд жилийнх нь түрүү бөх, шинэхэн аварга Сумъяабазар нэг нутгийн залуу Болдын Сайнбаярт мушгиулж гуядуулаад бас л газардчихлаа. Тэр жил Сумъяа аваргыг баттай түрүүлнэ гэсэнг наадамчдын итгэл талаар болсон юм даг. Ингээд л Булганы Доржсамбууд түрүүлэх боломж гараад ирсэн. Гэвч үзүүр түрүүний барилдааны үеэр Дооёо гарьд ганцхан секундын алдаа гаргаж, төрийн наадмын түрүү бөх болох, Монгол Улсын арслан цол хүртэх боломжоо алдаж билээ. Сайнбаярт заан цолны үнэмлэх тэмдгийг гардуулан ёслолын хөгжим эгшиглэж байхад Доржсамбуу индрийн зүг харах тэр мөчид л Мөнхбаатар авдар шиг цээжээрээ дараад авсан юм, тэгээд л бүх юм дууссан.

Тэр том цээжинд даруулсан хүн чинь хэд хэдэн удаа хүчлэн зүтгээд, хагас суусан байдалтай хоёр тийшээгээ сэжлээд нэмэр болоогүй. Мөнхбаатар арслан тэр боломжийг яахин алдах билээ. Барьцаа улам баглаж, биеэ суллан хүнд жингээр дээрээс нь хүчлэн дарж, аргагүйн эрхэнд сөхрүүлээд авсан. Дооёо гарьд наадмын дараа Ерөнхийлөгчийн хүлээн авалт дээр “Төрийнхөө наадамд түрүү үзүүрт шалгарлаа, сайхан байна. Гэхдээ би айхтар сэрэмж алдлаа. Болдоггүй юм болдоггүй л юм байна” гэж хэлж билээ.

Хоёр мянга найман оны наадмын их шөвгийн дөрвийн барилдаан бас л сэтгэлд ойрхон байна. Тэр жил бөхийн салбар комиссын нарийн бичгийн дарга Довдонгийн Данзангаас ногоон талбайд ажиллах мандат олж аваад, жигтэйхэн додигор амьтан Баянаа Мөөеө аваргуудтай чинь зэрэгцэж суугаад бөх үзэж билээ. Мөн л түрүү үзүүрт хүрнэ гэж олны таамаглаж байсан Өсөхөө Сумъяа аваргууд долоогийн даваанд дуу дуугаа аваад унаад өгдөг юм. Тэгэхдээ идэрхэн хоёр аварга Алтайн залууст тахимаа өгч таарлаа. Өсөхөө нь Баттулгын Соронзонболдод, Сумъяа нь Нямдоржийн Ганбаатарт уналаа. Цэрэнтогтох аварга зургаа, долоогийн даваа жигтэйхэн шимтэж үзэж байв. Хүргэн хүү Рагчаа нь Төв аймгийн Даваабаатарт өвдөг шороодон баларч билээ. Сумъяабазарыг Ганбаатартай барилдаж байхад “Түрүү жил амлах байсан юм. Энэ жил яаж дийлэх юм” хэмээн үглэж байсан. Үнэхээр ч Сумъяа аваргыг Ганбаатар илт давуу байдлаар хаясан. Жаахан хүүхэд шиг л өргөж гаргаж ирээд, мушгиад байсан. Долоогийн даваа шувтарсны дараа Ганбатын наадам боллоо гэх яриа бөхийн хүрээнд өрнөж, цэнгэлдэхийн урд талын модон асраас Ганбат заан (одоогийн арслан) уртаа гэгчийн улаан шаргал дээл намируулаад ам авахаар гарын даа нарын зүг хандлаа.

Цэрэнтогтох аварга, Мөнх-Эрдэнэ арслан, Мягмар заан нартай хууч хөөрч суусан Балжаа аварга “Шавийнхаа ам авахад саналаа хэлнэ ээ” гээд бослоо. Балжаа аваргыг босохтой зэрэгцээд өвгөн арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очир “Ганбатаа Ганхуягийгаа аваарай” гэж ориллоо. Гэвч Ганбат гарын даа нар дээр очоод л буцаад эргэчихлээ. Буцаж эргэхэд нь Балжаа аварга уулзаад “за буруудлаа шүү, цаад чинь Ганбаатарыг авчихаж” гэв. Том Санжаа заан, Эрэдэнэ-Очир арслан, Сэнгэдовдонгийн Лхагваа начин гээд ахмад бөхчүүд “Ээ гарцаагүй буруудсан. До.Ганхуягийгаа авах байсан. Хоёр аваргаар долоо даваад гараад ирсэн ир нь орчихсон залуучуудыг хооронд тунагах байсан юм” гэх яриа өвөр зуураа хөөрөлдөн халаглацгааж байв. Удаа ч үгүй наймын даваа эхлэн Ганбат Ганбаатар хоёр өрсөн даруйд л барилдаан өрнөж, Ганбаатар Ганбатын сэнжгэнд хүрэв үү, үгүй юү ганцхан хүчтэй дугтраад бөгсөөр нь суулгаад нам эргүүлчихсэн. Сүүлд бичлэг харж байх нь ээ, Ганбатын булчин шөрмөс бүхий л зүйл нь нэг гарт нь чинэрч ирээд үндсэндээ өөрөө өөрийгөө аваад шидчихсэн юм билээ. Тэрхүү барилдааны үйл явц, хийгдэж буй мэхний хувилбар зэргийг нарийн ажиглахад монгол бөх эрт үеийн баатруудын тулаанаас эхтэй гэдэг нь үнэндээ мэдрэгдээд байдаг. Бөхийн ам авах, ир нь орчихсон, од нь гийчихсэн бөхийг амлаад бурууддагийг энэ мэт олон барилдаан бидэнд харуулдаг.

Өнгөрөгч жил Б.Гончигдамба гарьд бараг л ямар ч амьсгаагүй, гар хөнгөн гэж хэлж болохоор долоо даваад наймын даваанд Э.Оюунболдод яаж унасан билээ. Салтаан дор нь орчихсон, өнөөх нь бөгсөн дороо хийгээд сандайлчихсөн, чухам юу болоод өнгөрөв гэсэн шиг алмайран гайхаад байсан сан. Ир нь орж, од нь гийсэн бөх гэдэг ийм л аюул байдаг байна. Тэр жилийн П.Бүрэнтөгсийн барилдааныг наадамчид бүр сайн санаж байгаа. Даваа өгсөх тусам улам задгай барилдаж хөөр баяр, сэтгэлийн догдлолоо улам дарж хатуу өрсөлдөгч учраа бүхнээ тухайлбал, М.Баяржавхлан, Г.Эрхэмбаяр, Д.Рагчаа нарыг төвөггүй орхиж байсан. Өрсөлдөгч бөхчүүд нь худлаа унаад байгаа юм шиг санагдахаар харагдаж байсан. Наадам хаяанд ирсэн цаг мөчид энэ мэт олон дурсамж дурдатгалыг хэлж яаж барах билээ. Төрт ёсны их баяр наадмыг цогцлоон илэрхийлэгч монгол бөхийнхөө барилдааныг шимтэн үзэж, олон шилдэг хүчтэний мандан бадралыг харах ч монгол хүний бахархал мөн дөө.

Б.БАТБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганболд: Сүүлийн жилүүдэд үндэсний урлагийг жуулчдаас гадна монголчууд өөрсдөө үздэг болсон

Монгол Улсын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболдтой ярилцлаа.

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон АСЕМ-ын уулзалтын үеэр ирсэн зочдод үзүүлэх урлаг, соёлын арга хэмжээг голлон зохион байгуулж байгаа гэж сонслоо?

-Энэ жил Монгол Улсад 11 дэх удаагийн АСЕМ-ын уулзалт буюу Ази, Европын орнуудын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байна. Үүнд ихээхэн ач холбогдол өгч дөрөвдүгээр сараас эхэлсэн бүх арга хэмжээнд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид оролцлоо. Уулзалтуудын оргил хэсэг буюу 53 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцох арга хэмжээ долдугаар сарын 15-нд болно. Уг арга хэмжээний урлаг соёл болоод наадмын үйл ажиллагааг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга нуруун дээрээ үүрч байгаа. Миний бие энэхүү арга хэмжээний найруулагчаар томилогдоод ажиллаж байна. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Улаанбаатар хотын захирагч, захирагчийн албаныхан ач холбогдол өгч ажиллаж байна.

-Сүүлийн арга хэмжээ яг хаана болохоор товлогдсон байгаа вэ?

-АСЕМ-ын сүүлийн арга хэмжээ долдугаар сарын 15-ны өдөр “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. Тэнд Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж, есөн хөлт цагаан сүлдээ залан Монгол төрийн наадам болдог жамаараа болно. Хажуугаар нь урлаг соёлын арга хэмжээ болж, Монголын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүх уран бүтээлч буюу нийт 250 гаруй хүн оролцохоор бэлтгэл ажлаа хийж буй. Уран бүтээлчид үндэсний урлагийн шилдэг охь, дээж болох хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэгдсэн хөөмий, морин хуур, уран нугаралтыг тоглож үзүүлнэ. Бэлтгэл ажлыг бид өндөр хэмжээнд бэлдэж, гурван ч удаа зохион байгуулах комисст хянуулсан.

-Хөтөлбөр нь гарчихсан уу. Өмнө нь улсын баяр наадамд оролцох байх даа?

-Хөтөлбөр ерөнхийдөө гарсан. Үүний хажуугаар наадмын хүндэтгэлийн тоглолтыг манай чуулга мөн хариуцаж байна. Үйл ажиллагааны ерөнхий найруулагч, продюсероор манай чуулгын дарга Г.Цоггэрэл ажиллаж байгаа. Найруулагчийн багт би өөрөө орж ажиллаж байна. Уламжлалт ёсоор энэхүү арга хэмжээнд УДБЭТ-ын гоцлол дуучид, найрал дуучид, балетын бүрэлдэхүүн, Улсын филармоний симфони найрал хөгжим, Морин хуур чуулга, гоцлол хөгжимчдөөс оролцоно. Мөн Монголын хүүхдийн ордны С.Ганчимэг багштай найрал дуучид, Б.Хулан багштай бүжгийн ангийн хүүхдүүд, Хилийн цэргийн эрдмийн чуулгын найрал дуучид, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучид, Улсын циркийн О.Цэцэглэн ахлагчтай нугараачид гээд бараг 300-400 хүн оролцсон том арга хэмжээ бэлтгэгдэж байна. Энэхүү арга хэмжээний бэлтгэл театр тус бүр дээрээ явагдаад эхэлсэн. Эхний хяналт долдугаар сарын эхээр явагдаж, сүүлийн хяналт долдугаар сарын 9-нд болно. Баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд манай чуулгын тодорхой хэмжээний уран бүтээлчид оролцдог. Дээрээс нь төрийн наадмын клипний зураг авалт гээд нэлээд олон ажил төлөвлөгдсөн байгаа. Ер нь цаг зав муутай, өндөр ачаалалтай ажлын жил болж байна. АСЕМ гэдэг Монголын түүхэнд 50 гаруй орны төрийн тэргүүн цугласан арга хэмжээнд ач холбогдол өгөхөөс өөр аргагүй. Монголынхоо нутаг дэвсгэр дээр Монгол орноо сурталчлах, нүүр царайг нь харуулах, үнэт зүйлсээ гайхуулах боломж олдож байгаад ихээхэн ач холбогдол өгч байна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон ядарлаа гэж хэлэх эрхгүй ажиллаж байна. Монголын ард түмний хэдэн мянган жилийн турш цуглуулсан өв соёлын өв охь, гал голомт дээр нь сууж байгаагийн хувьд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга энэ ажлыг давж гарах үүрэгтэй. Давж гарахын тулд долдугаар сарын 16-ныг хүртэл маш их хичээх хэрэгтэй. Бид 9:00-23:00 цаг хүртэл цаг наргүй ажиллаж байна.

-Манай төрийн тэргүүн гадаадад хийх айлчлалдаа голдуу Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхныг авч явж байгаа харагддаг?

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын даргын гадаадад хийсэн айлчлалыг дагалдах урлаг соёлын арга хэмжээг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан л авч явдаг. Өмнө нь Швейцарьт болсон АСЕМ-ын уулзалтад хүртэл манай чуулгын бүрэлдэхүүнээс хүмүүс явсан. Энэ жил Монголд болох гэж байгаа нь ач холбогдолтой. Үйл ажиллагааг зохион байгуулахад төр засгаас дэмжлэг үзүүлж байгаа учраас манайх уран бүтээл дээрээ шинэчлэл хийж бүрэлдэхүүнээ нэмж байгаа. Тайзан дээр 48 хүнтэй хийдэг бүжгийг 60 болгож өргөжүүллээ. 12 хүнтэй бүжгийг 40 болгосон. Гадаа талбайд болно. Уулзалтад 50 гаруй төрийн тэргүүнээс гадна тэднийг дагалдаж сэтгүүлч, зураглаач, бизнесийн туслахууд гэх зэрэг нийт 2500 гаруй хүн ирэх учраас бид ач холбогдол өгч томоохон бүрэлдэхүүнээр ажиллаж байна.

-Хаанаас зохион байгуулж ажиллаж байгаа вэ?

-Энэ ажлыг үнэхээр сайн зохион байгуулж байгаа. Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл ахлагчтай ажлын хэсэг зохион байгуулж байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булган-Эрдэнэ, Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, бригадын генерал Г.Сайханбаяр зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Үр дүнгээ долдугаар сарын 15-ны өдөр үзнэ.

-Хувцас жигдрэлтийн ажил хэдэн хувьтай байгаа вэ?

-Хувцсаа хийгээд эхэлчихсэн. Эхнээсээ гарсан хувцсаа өмсөж харуулсан. Сүүлийн хяналтад хувцсаа хийгээд дуусгачихсан байна гэж тооцож байгаа.

-Зун болж байгаатай холбогдуулж жуулчдад зориулсан тоглолт хийдэг байх аа?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон жил болгон уламжлалт “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо зургадугаар сарын 15-аас эхэлсэн. Энэ тоглолт есдүгээр сарын 15 хүртэл 18:00 цагт өдөр болгон тоглогдоно. Монголын ард түмний урлаг соёлын үйл ажиллагааг Үндэсний дуу бүжгийн эрдмийн театрын алтан танхимаас үзэх бүрэн боломжтой. Энэ танхимд жил бүр нэг тоглолтоо тоглоод байдаггүй. Тухайн жилдээ шинэ бүтээлийнхээ сор болсон бүтээлээр сэлбэдэг. Энэ жил тодорхой хэмжээний шинэ тоглолтууд явуулж, өмнөх жилийнхээ амжилтыг давтаад л явж байгаа.

-Энэ жил ямар уран бүтээл тоглогдож байгаа вэ?

-Энэ жил тайзны хувьд “Мөнх тэнгэрийн Монгол” гэж шинэ уран бүтээл тоглогдож байна. Энэхүү арга хэмжээнд морин хуурын домгоор хийсэн бүтээлийг манай гоцлол морин хуурч Ж.Мөнхжаргал тоглож байгаа. Дээрээс нь манай шинэ залуу уран бүтээлчдийн ардын дуу орж буй. Манай ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатарын “Эхэс дээдсийн ёслол” хүндэтгэлийн бүжиг гээд шинэ бүжиг тоглогдож байгаа. Мөн залуу бүжиг дэглээч О.Ууганбаярын “Хонхон чичиргээ” гэх шинэ уран бүтээл орсон. Энэ мэтчилэн жил бүр шинэ номеруудаар сэлбэгдээд явдаг. Тоглолтын тасалбарын хувьд жуулчдад 25000 төгрөг байгаа.

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга томоохон бүрэлдэхүүнтэй. Хэдэн хэсэгт хуваагдсан байдаг вэ?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 200 гаруй уран бүтээлчтэй. Түүнээс хамгийн том нь Монгол төрийн үндэсний их найрал хөгжим 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Түүнийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар удирддаг. Зууны манлай бүжиг дэглээч ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид гэж бий. Монгол Улсын бүжгийн хамтлагаас хамгийн олон бүрэлдэхүүн буюу 50 гаруй бүжигчид харьяалагддаг. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дэргэдэх “Хөсөгтөн” хамтлагийн бүрэлдэхүүн Монгол төрийн үндэсний найрал дууны хөгжимчид бий. Мөн Зууны манлай уртын дууч, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад гуайн нэрэмжит анги гэж бий. Одоо 30 гаруй дуучидтай.

-Одоо ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ жил Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Л.Мөрдорж гуайн шүлэг “Эх орон” дуугаар клип хийхээр төлөвлөсөн. Хөрөнгө мөнгө шийдэгдэх юм бол клипжүүлнэ. Бид өмнө нь Жалам хар бүжгийг хөгжмийн номертой хослуулж дүрсжүүлсэн. Дээрээс нь “Халуун элгэн нутаг” дууг чуулгын уран бүтээлчид нэлээд хүч хөдөлмөр зарцуулж байж клипжүүлсэн. Энэ жил “Эх орон” дууг клипжүүлчихвэл чуулгын 200 гаруй уран бүтээлчээс бас нэг том уран бүтээл гарна гэж ойлгож болно. Ирэх онд залууст зориулсан уран бүтээл хийх ёстой. Энэ ажил зохиолын түвшинд явж байна. Манай үзэгчдийн бүрэлдэхүүнд ахмадууд болоод дунд насныхан, бага насныханд зориулсан дуулалт жүжгүүд байдаг юм билээ. Залууст зориулан үндэсний мюзиклийг хийх гэж байна. Үндэсний мюзикл гэдгээрээ онцлог ч залууст зориулж монгол хүн гэдгээрээ бахархах, үндэсний өв соёлын үнэт хэсэг хаана оршдогийг харуулах зорилготой. Мөн монгол төрийн үндэсний найрал хөгжмийн 55 жилийн ойд зориулж цуврал арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна.

-Хөгжмийн зэмсгээ хаанаас бэлддэг юм бэ?

-Монгол Улс “Эгшиглэн манлай” гээд үндэсний хөгжмийн ганцхан үйлдвэртэй. Тэнд бид үндсэн хөгжмүүдээ захиалж хийлгэдэг. Дээрээс нь хуучин байсан хөгжмүүдээ орчин үеийн шаардлага хөгөнд нийцүүлж шинэчлэх, сайжруулах ажлыг байнга хийдэг. Зарим хөгжмийн зэмсгийг гадаад руу захиалж хийлгэх үе ч бий. Үндэсний их найрал хөгжим цэвэр үндэсний хөгжим байдаг учраас Монголоосоо бүх зэмсгээ авдаг.

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад ороход ямар шалгуур тавьдаг вэ?

-Мэргэжлийн байх ёстой. Мэргэжлээрээ тодорхой хэмжээнд ажилласан эсвэл их сайн төгссөн хүмүүс байж болно. Энэ жилийн хувьд манайх 10 гаран дуучин туршилтын хугацаагаар ажиллуулж байна. Энэ хугацаанд чуулгатай танилцаж, өөрийгөө харуулах боломж өгдөг. Болсон гэж үзвэл шалгалт авч оруулдаг. Сүүлийн жилүүдэд улсдаа хөгжимчин, дуучин, бүжигчин бол бэлтгэгдэж байна. Өмнө нь удирдаачдыг гадаадад бэлддэг байсан. Тэр талын хүмүүс цөөн болж. Яам ажиллаж эхнээсээ орж эхэлж байгаа ч яг гүйцэд байна гэж хэлж чадахгүй.

-Жуулчид ямар үзүүлбэрийг голдуу сонирхдог вэ?

-Жуулчдын хамгийн сонирхдог номероор бид “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо нэрлэнэ. Уртын дуу, морин хуур, хөөмий, магтаал, үндэсний их найрал хөгжим, ардын бүжиг, бий биелгээ, уран нугаралтыг сонирхдог. Үндэсний хөгжмийн их найрал гэхэд дотроо цуур, суухан хуур, чулуун царгил, ширэн цартай хуур гээд жуулчдын огт хараагүй бугын урам гэх сонин хөгжмөөр тоглоод ирэхээр сонирхлыг нь их татдаг. Үндэсний их найрал хөгжим үндэсний хэв шинжээрээ гадаадынхны сонирхлыг татна. Манай ардын бүжгүүд гайхамшигтай. Ямар нэг хэлц шаардахгүй өөрийн өгүүлэмжийг хөдөлгөөнөөр үзүүлдэг. Ардын бүжгийн хөдөлгөөн, дэгээр Монголын ард түмний өв соёлыг үзүүлнэ гэдэг бахархал. Хөөмий бол ямар ч хэл тайлбаргүйгээр ойлгогддог зүйл. Монголын ард түмний биет бус өвд оруулсан бас нэг том соёл бол хөөмий уртын дуу, магтаал. Уран нугаралтыг бид бүрэлдэхүүн хэсэгтээ байнга авч явдаг. Монголын урлаг соёлын өв, охь дээжүүд л тоглогдоно. Энэ бүгд жуулчдын үзэх дуртай зүйлс. Жуулчид өөрсдийн орондоо байхгүй зүйлийг л үзэх гэж ирдэг байх. Тэдэнд Шекспир, Чайковский байж л байдаг. Харин уртын дуу, морин хуур, хөөмий байхгүй.

-Монголчууддаа зориулж тоглолт дэглэдэг үү?

-Монгол хүнд зориулсан тоглолт арай өөр байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд үндэсний урлагийг жуулчдаас гадна монголчууд өөрсдөө үздэг болсон. Хавар, намар, өвлийн үзвэрт монгол үзэгчид жил ирэх тусам нэмэгдэж байна. Үндэснийхээ урлагийг сонирхож ирж байгаа хүмүүс нэмэгдэж байгаад бид их баяртай байгаа. Даяарчлал, глобалчлалаар бусдын соёлын давалгаа хүчтэй орж ирж байгаа энэ үед үндэсний урлаг хүмүүст хүрч эхэлж байна гэдэг сайн зүйл. Хүмүүс эргээд үнэ цэнтэй зүйл хаана оршиж байгааг мэддэг болж. Одоо үндэснийхээ урлагийг сонирхдог залуус нэмэгдэж байна. Тиймээс бид залууст зориулсан зүйл хийх цаг нь болсон.

Categories
мэдээ цаг-үе

Г.Эрдэнэбат: Урлагийн буянаар төрийн хишиг хүртэж, түмэн олонд хайрлагдсан

Хөгжим бүжгийн коллежийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Бидний үеийнхэн таны фэнүүд л дээ. “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Нутгийн зам”, “Гэргий”, “Охин үр минь” дуунууд эгшиглэж байх үед бид ч бас амьдралд хөл тавьж байсан. Таны дуунуудын тухай ярина гэдэг эргээд л бидний хориод насны дурсамж сэргэнэ гэсэн үг?

-Тэр бас үнэн юм билээ. Сая Д.Сосорбарам, А.Долгор, Ц.Түвшинтөгс, Ш.Чимэдцэеэ бид тоглолт хийсэн юм. Ерээд оны эхэн үед бараг л бид таваас өөр хүн байхгүй юм шиг л явлаа. Эрэлт хэрэгцээ ч ихтэй. Тэгээд нэг хэсэг чиглэл чиглэлээ хөөгөөд таг болцгоосон. Саяхан “Хэдүүлээ нийлж тогловол яасан юм” гэж ярилцсан юм. Зарим нь “Одоо үзэхгүй ээ, гадуур дүүрэн тоглолт байна” гэсэн. Тэгээд тоглосон чинь үзэх байтугай хүсэлт гаргасан. “Та нар энэ тоглолтоо аймаг орон нутгаар, Европоор тогло” гэсэн юм. Биднийг Дархан, Эрдэнэтэд тоглоход маш сайхан хүлээж авлаа. Баянхонгорт Со-гийн нутагт хоёр орой тоглоход танхим битүү. Бид билет шахаагүй. Жинхэнэ үзье гэсэн улсууд зорьж ирсэн. Хүмүүс хүлээж байдаг юм байна. Бас уран бүтээлээ орхиж болохгүй юм байна гэж бодогдсон. “Одоо бол хүмүүс энэ дуунуудыг сонсохоо байсан” л гэдэг. Биднийг Европын орнууд, Америкт очиж тоглоход үздэг байхгүй юу. Яагаад гэвэл биднийг дуулж байх үед эх орноосоо гараад явчихсан улсууд тэнд байдаг. Мэддэг хүмүүс нь л ирж үзэж байгаа юм. Түүнээс биш бүх мэдээлэл, шинэ дуу хуурыг сошиэлээр авч байгаа хүмүүс шүү дээ. Бид залуучуудыг насны хувьд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Би Дуурийн театрт орж байхдаа настай улсуудыг хараад “Яагаад залуу хүмүүст орон зай олдож болдоггүй юм бол” гэж боддог л байлаа. Одоо ч залуус адилхан бодож байгаа. Хүнд тэгж бодогдуулахгүйн тулд цаг нь болохоор гараад явчихдаг байх учиртай. Мэдээж ахмадуудаа хүндэтгэж сонсох ёстой. Ажлын тухайд урлагийн хүмүүс хэцүү. Урлаг бичигдээгүй хуультай. Жинхэнэ гайхамшигтай байх үед нь олон түмэн алган дээрээсээ буулгахгүй. Хэрэг нь өнгөрчихвөл хэнд ч хэрэггүй. Тийм бичигдээгүй хуультай учраас их болгоомжтой, мэдрэмжтэй байх учиртай.

-Гэхдээ зарим уран бүтээлч хэдэн ч насандаа гайхамшигтай байж чаддаг?

-Хүсэгдэж үгүйлэгдээд байна гэдэг менежменттэй гэсэн үг. Зүгээр явж байхад нь хүсээд байгаа юм биш. Ямар нэг үйл ажиллагаа цаана нь байгаа хэрэг.

-Та дуучныхаа хувьд формоо алдахгүй гэж хичээл зүтгэл гаргадаг уу?

-Ер нь миний хоолой бол их эмзэг эрэгтэй нарийн хоолой. Бүдүүн хоолойнууд бол хааяа нэг арга хэмжээнд уригдчихаад амралт муутай байсан ч дуугарч л байдаг. Биднийх бол байхгүй болно. Тийм учраас биеэ сайн авч явах ёстой. “Энэ ядарчихжээ, амраагүй юм байна” гэж ойлгохгүй шүү дээ. Хэзээд бэлэн байх ёстой” гэж үзэгчид хүсдэг. Тийм учраас биеэ эрүүл байлгаж, амралтаа зохицуулах хэрэгтэй. Урлагийн биднийг гудамжинд явж байхад ч хүмүүс үлгэр болгож хардаг. Биеэ яаж авч явах нь вэ, хүнтэй яаж харьцах нь вэ гэдэг. Муу ч сайн ч бүх юмны жишээнд дурдагддаг. Тийм учраас хүн хичээж явах ёстой.

-Тоглолт хийснийхээ дараа хүмүүст эрэлт хэрэгцээ байгааг мэдэрчээ. Энэ бүхний дараа шинэ санаа бодол төрөх юм уу?

-Чухал санаа төрсөн. Бид мэргэжлийн давуу талаа үзүүлэхийн тулд очсон газар болгондоо сургууль хийж байлаа. Чаддаг, мэддэг байсан ч тоглолтын өмнө сургууль хийж байх ёстой шүү дээ. Гэрэл гэгээгээ тохируулна. Концерт ч гэлээ бүх юм тавилттай байх учиртай. Манай Со концертоо найруулсан. Үүнийг хүмүүс сайн хүлээж авсан юм. Өнөөдөр мэргэжлийн уран бүтээлчийн энэ чанарууд дутагдаад байна. Тайзан дээр гараад л зарласан зарлаагүй дуулаад л, дахиулсан дахиулаагүй алга ташаад л энэ бүхэн урлагийг үнэгүйдүүлж байна. Мэргэжлийн цензуртай байх ёстой юм байна. Бидэнд бусдаас онцлог өөр юм байгаагүй. Яахав, хит болсон дуунуудаа дуулсан. Гэхдээ бүх юм тавилттай. Орохдоо нэг нэгийгээ хүндлээд ёсолно. Тэр шийдлүүд эргээд үгүйлэгдэж байгаа юм байна гэж бодсон шүү. Урлагийн боловсрол талаасаа ч хэрэгтэй. Бид үзэгчдээ тэгж л хүмүүжүүлэх хэрэгтэй.

Хүн тэтгэврийн нас хүртлээ үүргээ бүрэн биелүүлж ажиллах ёстой юм байна. За яршиг гэж хойшоо ухрах буруу юм байна. Байгаа байгаа газраа, хийж байгаа ажил, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Түүнээс биш бүгдээрээ улс төр яриад улс хөгжинө гэж байхгүй.

-Та дуучнаас гадна менежер, удирдагч хүн. Магадгүй удирдах, манлайлах орон зай байсан учраас тайзан дээр дуулахаас илүү тайзны ард байх замыг сонгосон болов уу. Та нэг хэсэг суралцсан байх аа?

-Хүүхэд байхын би нөхдөөрөө хүрээлүүлээд аливаа юмыг зохион байгуулаад, хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж явдаг байсан шиг байгаа юм. Дуурийн театрт ирээд анх гоцлол дууны ангид байлаа. Намайг ангийн дарга болгосон. Тэгээд л А.Цанжид сайдын үед гэнэтхэн театрын даргаар томилсон юм. Сайд өөрөө ажил хүлээлцүүлэхээр ирсэн. Тайзан дээр гараад бүх ажилтанг цуглуулж “А.Дашпэлжээ дарга эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатыг театрын даргаар томилж байна” гэсэн. Шинэ дарга үг хэлэх болоход “Сайн байцгаана уу” гэсэн чинь манайхан удтал алга ташсан. Тэр нь надад итгэл үнэмшил төрүүлсэн юм. Дөрвөн жил ажиллахдаа эрч хүчтэй ажилласан.

-“Ховор хүмүүс” кинонд нэгдлийн дарга гэнэт сурах шийдвэр гаргадаг. “За би сурах хэрэгтэй болжээ” гээд. Танд бас өөртөө дүгнэлт хийх шалтгаан гарсан уу?

-Нийгмийн шилжилт явагдаад огт өөр нийгэм байгуулах боллоо. Тэгээд нэг харсан чинь байгууллага удирдахад, өөрөө ч амьдрахын тулд менежментгүй бол явахгүй санагдсан. Менежмент гэдэг үг харь сонсогдож байгаа ч амьдралаа төлөвлөөд цэгцтэй зорилт тавьж авч явахыг л хэлж байгаа юм. Хэл сурах хэрэгтэй юм байна гэж бодогдсон.

-Хэдэн насандаа англи хэл сурахаар болчихов?

-Хөгширсөн хойноо сурахаар болсон. П.Цагаан сайд намайг дэмжсэн юм. Сайд надад нэг зүйл захисан. “За яв, сур. Ирээд урлага битгий орхиорой. Нэг бол багш хийгээрэй. Үгүй бол театртаа байгаарай. Битгий улстөржөөрэй” гэсэн. Би одоо ч улстөрждөггүй шүү дээ. Сурч байхдаа зуны амралтаараа ирээд буцах ёстой байлаа. Гэтэл Ө.Энхтүвшин сайд нэг өдөр дуудаад “Та Соёл урлагийн газрын даргын ажил хийхгүй бол болохгүй нь ээ” гэсэн. Би тэнд гурван жил гаруй ажиллаад “Энэ миний хийж чадах ажил биш байна” гэж бодсон. Соёл урлагийн бодлогын газрын дарга соёлтой холбоотой бүх ажилд орооцолддог. Тэнд нэг түүхэн дурсгалт чулуу хугараад унавал тэрийг хариуцна. Энд нэг сумын номын сан болохгүй бол үүрэг хүлээнэ. Энд нэг биет бус соёлын өвийг тээж яваа өвгөний асуудлыг ч хамаарна. Тэгээд би дийлэхгүй юм байна гээд ажлаа өгсөн. “Тэгвэл ХБК-д оч” гэсэн. Сургуулийн асуудал нэлээд хүндэрсэн байлаа. Хашааг нь цөм татаад нэг компани ороод ирчихсэн. Энд нэг сургууль барина гээд суурь цутгачихсан. Намайг томилох тушаалд гурван шийдвэрлэх асуудал заасан байгаа. Ирээд газраа авахаар жил шүүхэдсэн. Заргаа авсан. Хоёрт байшин бариулахаар хоёр жил манаач шиг сахисан. Тэр үеийн Ц.Даваасүрэн гишүүн, Ө.Энхтүвшин, Ё.Отгонбаяр сайд болон яамны удирдлагууд зүтгэл гаргаж байж төсвийг нь батлуулсан юм шүү дээ. Төсөв хүндэрч байх 2009 онд. Соёл урлагийн газар ч тэр чигээрээ ажилласан. Олон хүн хичээл зүтгэл гаргасан даа. Монголдоо үндэсний хөгжмийн их сургуультай болохын тулд байшингийн өргөтгөлийг нь барих хэрэгтэй гэж үзсэн. Орох оронтой болоод авбал учиртай шүү дээ. Байшин бариад орхидог. Доторхыг нь бас тохижуулах хэрэгтэй боллоо. Өрөө болгонд төгөлдөр хуур байх ёстой гэж үзсэн. Бас л яам тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгээр хангаж өгсөн дөө.

-Хөгжим бүжгийн коллеж 80 жил болж байгаа бил үү. Одоо их сургууль болох л дутуу байгаа юм байна даа?

-Тийм. Байшинтай болчихсон. Манайх шаталсан сургалттай бакалаврын диплом олгодог сургууль шүү дээ. Бакалаврын диплом олгоод арав гаруй жил болж байгаа. Тэгэхээр дээд сургуулийн сургалтын хөтөлбөр бүх юм хийгдээд туршигдсан. Одоо манайд гацах юм байхгүй. Боловсролын хуульд консерватур гэж үг алга гэдэг дээр гацаад байсан. Сая Боловсролын хуульд өөрчлөлт оруулаад их дээд сургууль коллеж, хөгжмийн сургалтын дээд байгууллага буюу хөгжмийн дээд сургууль консверватур гээд оруулчихсан байгаа. УИХ баталсан. Одоо бидэнд гацах юм бахйгүй. Энэ асуудал өнөө маргаашгүй шийдэгдэх байх.

-СУИС-д дөрвөн жил сураад мэргэжлийн уран бүтээлч болчихдог. Танайд бол бараг л насаараа сурч байгаа юм чинь илүү мэргэжлийн хүмүүс төгсдөг байх?

-Энэ бол аймаар ялгаатай.СУИС драмын жүжигчид, дуучид, менежмент, соёлын ажилтнуудыг бэлтгэж байгаа. Мэргэжлийн хөгжимчинг шаталсан сургалтаар бэлтгэхгүй бол тэгж амархан сурдаг ажил биш л дээ. Жишээ нь арванхоёрдугаар ангийг алтан медальтай төгссөн хүүхдийг төгөлдөр хуур сургана гэж байхгүй. Тэгж болдоггүй учраас шаталсан сургалтаар бэлтгэдэг. Тэр олон нот тэмдэглэгээг уншаад шууд тоглоно гэдэг үнэхээрийн амар ажил биш.

-Уран бүтээлчдийг бий болгож төлөвшүүлнэ гэдэг маш онцгой философи шаардах уу?

-Урлагийн сургуульд сурч байгаа хүмүүс бүгд од болж, мандан бадрахгүй ч гэсэн амьдралд хөлөө олж, цэгцтэй амьдардаг. Олон дуулаачийн сургууль ямар хэрэгтэй юм бэ гэж зарим нь шүүмжилдэг. Од болохгүй ч хүн болж төлөвшихөд нь хөгжим нөлөөлдөг. Багаасаа хөгжим сурахаар гайхалтай төлөвшдөг. Зургаан настай хүүхдүүд математикаа ч үзнэ. Цагаан толгойгоо ч үзнэ. Дараа нь хөгжмийн онолын хичээл, сонсгол, мэргэжлийн онолын хичээлээ үзнэ. Ямар ч илүү цаггүй. Тодорхой хэмжээгээр IQ-гүй хүүхэд бол дийлэхгүй. Мэргэжлийн багш нар шалгаж авдаг. Манайх бага сургуулиа үнэгүй явуулдаг. Шавь сургалтаар ийм өндөр зардлаар бүтэж байгаа сургалтыг манай улсад л үнэ төлбөргүй явуулдаг. Анхнаасаа эцэг эхтэй нь гэрээ хийдэг.

Хүүхдийн төлөвшилд хөгжим үнэхээр хэрэгтэй. Япон, Солонгос гэх зэрэг Азийн орнуудад хөгжмийн хичээлд маш их анхаарал тавьдаг. Хөгжимчин болгох гээд байгаа юм биш. Хөгжмөөр хүмүүжвэл, гоо зүйн мэдрэмжтэй, ёс суртахуунтай хүн болж төлөвшдөг. Тийм учраас ядаж дүүрэг болгоны нэг сургуулийг хөгжмийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож үзэх юмсан гэж би мөрөөддөг. Тэгж чадвал хүмүүсийн төлөвшилд аяндаа нөлөөлнө. Хөгжмийн дээд сургууль болчихвол дуу хөгжмийн багшийг бэлтгэх чухал асуудал. Дуу хөгжмийг хүн хэрэглэх нь гарцаагүй.

-Жазз хөгжмийн анги нээсэн гэсэн үү?

-Сургуулиуд төсөл хөтөлбөрөөр их ажил амжуулдаг. Дандаа улсаас санхүүжүүлнэ гэдэг хэцүү. Би төрийн байгууллагад ажиллаж байсан болохоор мэднэ. Өөрсдөө арга сүвэгчлэхгүй, зөвхөн төрийн ам хараад байвал ажил явахгүй. Манай Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Шаравцэрэн гэж АНУ-д төгссөн нөхөр Швейцарийн хөгжлийн агентлагтай холбогдоод төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жазз хөгжмийн төслийг Гёте институтийнхан ирж надад санал тавьсан юм. Зөвхөн ХБК-ийн сурагчид гэхгүйгээр сонирхсон хүмүүс ирж сурна гэхээр нь анхандаа болгоомжилсон. Манайд жаахан хүүхдүүд ч сурдаг. Бүгд хамт сурна гэхээр бодох юм их. “Их талын жазз” ТББ, ХБК, Гёте институт хамтарсан. Олон барууны эрдэмтэн багш нар урилгаар ирж хичээл заах нь манайд хэрэгтэй байсан л даа. Тохижуулсан анги танхим, хөгжмийн зэмсгүүд нь төслийн дараа манайд үлдэх юм. Тэгээд зөвшөөрсөн. Элсэлт авсан, арав биш 50 хүн ирж шалгуулсан. Ярьсаар байгаад 30 болгосон. Гучин янзын ааштай хүн ирж бужигнуулах вий гэж болгоомжилсон ч удирдаж байгаа багшаас олон юм шалтгаалдаг юм билээ. 30 хүүхэд нэг жил болоход хичээл таслаагүй. Төслөө ахиад нэг жил сунгасан. Ийм л үр дүнтэй юм болж байна. Германы ЭСЯ, Гёте институт, “Их талын жазз” ТББ, манай сургууль хамтарсан энэ төсөл нийгэмд хүсэгдсэн ажил боллоо.

Монгол дахь “Форбес” сэтгүүл 80 их, дээд сургуулийг жагсаахад манайх дөрөвт нь орсон. Хамгийн гол үзүүлэлт нь төгсөгчид ажлын байраар хэрхэн хангагдаж байна вэ. Ажлын байрандаа ямар үр дүнтэй ажиллаж байна вэ. Багш нарын дадлага туршлага гэх мэт үзүүлэлтээр гол оноо авсан байх гэж би боддог. Манайх дээд сургууль болчихвол бусад сургууль ажилгүй болчихно гэсэн ойлголт байхгүй. Бүгд чиглэл чиглэлээрээ Монголын урлагийн төлөө ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой ажиллаж байна. Шаталсан сургалттай хөгжмийн үндэсний их сургууль байх ёстой. Наад зах нь манайд ирж суръя, багшилъя гэхээр манай статус доогуур байдаг. Манай багш нар ч гадаадад багшлахад коллежийн багш нэг өөр, Хөгжмийн их сургуулийн багш гэвэл өөр.

-Таныг маш их амбицтай хүн болов уу гэж боддог. Харин та зөвхөн сургуулийн захирлын түвшинд ажиллаж байгаадаа сэтгэл ханаж байгаа гэж үү?

-Би хөдөөний хүүхэд. Аливаад сэтгэлээсээ ханддаг. Намайг арай залуу байхад намд элсээч, сонгуульд нэр дэвшээч гэсэн санал ирж байлаа. Би одоо ч аль нэг намын гишүүн биш. Урлагт улс төр хэрэггүй гэж боддог. Сэтгэлтэй, мэргэжлийн хүмүүс л ажиллах ёстой. Урлагийн буянаар төрийн хишиг хүртсэн, түмэн олонд хайрлагдсан. Би сэтгэл ханамжтай явдаг. Их, бага хэмжээгээр бүх хүн шуналтай. Түүнийгээ хязгаарлаж явах учиртай. Үнэндээ бол надад шунал байхгүй шиг байгаа юм.

-Мэргэжлээ солиод, хоббигоороо амьдрах боломж гарвал та юу хийх вэ?

-Уг нь би ганц нэг шавь төрүүлэх юмсан гэж боддог. Жимс ногоо тарьдаг цэцэрлэгтэй болохсон гэж хүсдэг. Шуугиан багатай газар амьдрахсан гэж хүсдэг. Кинонд бол урилга ирвэл тоглоно шүү. Хоёр, гурван кинонд тоглож үзсэн. Зүгээр санагдсан л даа.

-Ажлаас гадна та юунаас илүү тайтгарал авч, цагаа зарцуулдаг вэ?

-Би уг нь бөхөд их хоббитой. Тэр байтугай Бөхийн өргөө баригдаж байхад Сосорбарам, Түвшинтөгс бид гурав циркт хоёр орой тоглолт хийгээд олсон мөнгөө Бөхийн холбооны тэргүүнд гардуулж байлаа шүү дээ. Тэгэхэд нэг хонь, 50 төгрөг өгдөг үе байв. Тэгтлээ хорхойсдог, түүнээсээ кайф авдаг. Ажлаа тасалж бөх үзэж байгаад баригдаж байлаа. Спортын ордонд бөх үзэх гэтэл суудалгүй болчихсон, дарга нарын өмнүүр очиж, нүүрээ таглаж сууснаа мартчихаж. Камер орж ирээд зураг авчээ. “Өчигдөр хаана байсан бэ” гэхээр нь “Хүүхэд өвдөөд” гэсэн чинь баригдчихсан. Түүнээс хойш театрынхан намайг ажилдаа ирээгүй бол хаана байгааг мэддэг болчихсон. Монгол бөх, морь гэдэг монголчуудын ахуй амьдрал ёс жудагт маш том ул мөрөө үлдээсэн соёл. Морь уяж байгаа хүмүүс бол хараал хэлэхгүй. Ёс бус юмнаас хөндий байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Монголоо мэдрэхийн үлгэр

Эрдэмтэн, зохиолч Лувсандамбын Дашнямын “Байх байх үгүйн дунд” номоос доорх хөргийг уншигч танаа толилуулъя!

Нэг орой “Монгол мэдлэг” дээрээ нухалдгаараа нухалдаад л сууж байсан Нямсүрэн, Дарь Сүхбаатар хоёр ороод ирлээ.

Надтай амар мэндээ мэдэлцэнгүүт л Нямсүрэн

-Үзэг байна уу хэмээн яаран асуулаа. Би юм засаж суусан үзгээ өгтөл цүнхнээсээ нэг ном гаргаж ирээд л учир зүггүй засаад суучихлаа.

Арай ч удах шиг болохоор нь Сүхбаатар

-Хөөе, чи хүнд ном бэлэглэх гэж байгаа бол өгөөч. Номон дээрээ ном бичих гээд суучихав уу, яав гэж байна. Нямсүрэн,

-Алдаа ихтэй гарчихаж. За тэр нь өнгөрч. Хэвлүүлсэн хойноо бодохноо хэдэн юм засмаар санагдаад… гэснээ сая л нэг санаагаа гүйцээв бололтой над руу номоо хоёр гардан

-За, би танаас гуйдаг даа. Хайр найргүй шүүмжлээд өгөөрэй. Таны л үг хэрэгтэй байна гэж байна.

Тэгээд бид Нямсүрэнгийнхээ шинэ номыг “угааж гарсаан”. Тийн яриа хөөрөөтэй сууж байтал тэр дөнгөж сая дурсгасан номоо эргүүлж аваад бас хоёр нэг үг нэмж засав. Тэр хооронд хундагатайгаа цалгиулан цоо шинэхэн номоо халтартуулж, “дарс хүртээгээд” авлаа.

Миний Нямсүрэнд өгсөн үзэг улаан өнгийн байсныг ч хэлэх үү, Инжинаашийн “улаанаар охилох” (зарим нэгэн ухилах гэдэг дээ) гэдэг шиг л юм боллоо.

Тэр бол Нямсүрэнгийн “Аглагхан талаасаа” ном нь. Надад дурсгасан хамгийн сүүлчийн бүтээл нь. Бид хоёрын хамгийн сүүлчийн уран бүтээлийн тухай яриа бас тэр болсон. (Хэдийгээр “юу ч эс төгсдөг” гэдгийг би мэдэх боловч сүүлчийн гэдэг үгийг бид хэрэглээд л байдаг. Надад бол сүүлчийн гэдэг үг тийм ч их таатай сэтгэгдэл төрүүлдэггүй юм) Тэр уулзалтын тухай би Дарь Сүхбаатарыг нэг сайхан дурдатгал бичээсэй гэж боддог. Гэвч санаанд нь юу торж үлдсэнийг яахин мэднэ.

Нямсүрэн гэдэг хүнтэй би 1987 онд Сүхбаатар аймагт болсон “Уран үгсийн чуулган”-ы үеэр илүү ойртож дотноссон гэж хэлж болно. Урьд нь Дашбалбар л танилцуулсан байсан болов уу. “Ууж идэж, уран бүтээлийнхээ тухай хөөрөлдөөгүй л бол зохиолч хүмүүс өөрсдийгөө таньдаг, мэддэг бололцсон нь дутуу л байдаг даа” гэлцдэг. Тэр бол нэг л үг. Худлаа ч биш байх.

“Уран үгсийн чуулганы хаалт болно” гээд хөл болж байх үед Цоодол бид хоёр,

-Сүхбаатарынхан авьяастай шүү. Хоёулаа концертыг нь үзэж, ядаж хүүхэн шуухнаар нь нүдээ хужирлая гээд зогсож байтал Нямсүрэн ирээд (уг нь намайг заавал гэртээ оруулна гээд байсан юм) бид хоёрыг

-Та хоёр одоо хөдөөний уран сайхнаар яахав дээ, бишгүй л үзээ биз! Надад та хоёртой хууч хөөрөөд нэгэн сайхан оройг хамт өнгөрөөх хувь дахиад хэзээ ч олдохгүй. Хөдөөний муу шүлэгчид тийм аз тохиохгүй. Та хоёр намайг бод л доо гэсээр байгаад бид хоёрыг аваад явчихсан л даа.

Маргааш нь бид хоёр ихээхэн хүндэрч, бид хоёртой нэг өрөөнд боловч цуг яваагүй Нямаа маань бүүр ч хүндэрчихсэн байсан нь ихээхэн “нодогтой”, тун хөгжөөнтэй явдал болсоон.

Маам нутагтаа ирсэн гээд өглөө нь “буудалд будаалах” гэгч дайллага хийж, “үхэх гэж буй” намайг эрэл сурал болсон нь тэр удаа юм.

Тэр удаагийн чуулга уулзалтад А.Битов гэж “уран үггүй” нэг том ах, түүний орчуулагч гэж мөн “уран үггүй” нэг өндөр нөхөр хоёр л “гол дүрд” тоглодог байлаа л даа. “Уран үггүй” өндөр миний хувьд ч, Битовын хувьд ч шүлэггүйдэхийн зовлон их амссаан. Ядаж бүх уулзалт бид хоёроор эхлэхийг яана. Ахын хүн яваа юм чинь тэр үеийн “жаягаар” өөр аргагүй байлаа. А.Битов сүүлдээ

-Би нэг бяцхан шүлэг хэлье гээд

“Бяцхан охины гарыг би

Баяртайяа атгав

Тэр миний гарыг

Тэнхээтэй ээ, надаас ч чанга атгав” гэж шүлэг маягаар цангинуулах биш зүгээр л гүнгэнэдэг болов. Би түүнийг нь орчуулахаар хүмүүс нижигнэтэл алга ташна. Битов гайхна. Гайхаад надаас

-Чи юу гэж орчуулаад ингэж хүмүүсийн талархлыг над руу чиглүүлчихэв гэж асууна.

Би Битовын үгийг зөвхөн шүлэг маягтай болгон орчуулах биш бас тайлбарладаг байлаа л даа. Тэр жаахан охин гар барихдаа ийм том орос ахаас чанга атгалаа гэдэг нь ирж буй цаг, ирээдүйн хүч чадлыг илэрхийлж байгаа юм байна гэж “ухуулангуут” л хүмүүс нижигнэтэл алга ташдаг байсан юм.

Би бас “Жинжиймаа, Мухлааш хоёр” гэдэг бяцхан шүлэг уншина аа. Тэр шүлгийг бас хөдөөнийхөн их баяртай угтана. “Уран үггүй” хоёр маань тийнхүү амиа аргалаад л явна. Битов надаас,

-За миний үг ч яахав, чи сайн хүргээд би талархал хүлээгээд л явна. Чи өөрөө ямар шүлэг уншаад явна. Би сайн ажигласан. Чамайг шүлгээ уншиж байхад хүмүүсийн царайд үнэхээр бахархал төрж байсан. Чи лав л гүн утгатай шүлэг уншаад байх шиг байна гэнэ. Хариуд нь би “Зүгээр л хөдөөгийн хоёр залуу малчны тухай шүлэг. Эрэгтэй эмэгтэй хоёр. Тэднийг хүүхдүүд хөөршөөж, хөгшид ерөөдөг тухай уншаад байгаа юм л даа” гэнэ. Битов

-Чухал санаа. Тийм байх аа, нэг л хиймэл бус юм уншаад байх шиг байсан юм гээд баяр хүргэнэ дээ. Тэр шүлгийг би уг нь урьд нь тэрлэчихсэн байсан юм. Уран үгсийн чуулганд уншина ч гэж зүүдэлсэнгүй. Аргагүйдээд л уншсан нь тэр. Үгийг нь санаанаасаа “ухан” байж цаасан дээр буулгаж аваад уншдаг байлаа л даа.

Би хэдийгээр хүүхэд байхдаа уран уншлагын тэмцээнд түрүүлж байсан удаатай ч өөрийн шүлгээ муу уншдаг юм. Урлагтай уншина гэхээр онгироод ч байгаа юм шиг, жүжиглээд ч байгаа юм шиг сонин санагддаг л даа.

Миний шүлгийн гараар сийрүүлсэн хувийг Нямсүрэн гуйсаар байгаад аваад үлдсэн. Тэгсэн хожим Эрээнцаваас нутагтаа очиж, уран зохиолын уулзалт зохион байгуулж, тэр үеэрээ түмэнд үзүүлэх ханын сонин өөрийн гараар бүтээж, түүндээ миний нөгөө “Жинжиймаа, Мухлааш хоёр”-ын гар бичмэлийг тавьсан, миний тухай ярьж, гар бичмэл нь энэ гээд үзүүлж, явсан гэж Сүхбаатарын хэн нь ч билээ, нэг нь надад хуучилж байсан. Тэр шүлэг бол

“Жинжиймаа тугал хар нүдтэй

Жингэнэсэн, мөнгөн царгил дуутай

Намрын ой шиг уянгын сайхан аальтай

Нар шингэсэн бадармал хөөрхөн царайтай

Мухлааш бор дээлэнд дуртай

Мунгинасан, хэдэн цөөхөн үгтэй

Чухамдаа өөрийгөө л хайх мэт дүртэй

Чулуут замаар аяархан гэлдрэх нь бахтай

“Хүүе тэр хоёр” гэж хүүхдүүд бахархана

“Хөөрхий буянтай үрс” хэмээн хөгшид талархана

Жинжиймаа, Мухлааш хоёр жирийн сайхан малчид аа” (1987 он) гэсэн жаахан шүлэг л дээ.

Алдарт найрагчийн ханын сонинд гарах азтай л “эд” байж.

Намайг Дорнод аймагт “Монгол мэдлэг” сургуулийнхаа салбарыг байгуулахад Нямсүрэн шиг баярласан хүн байхгүй. Цасчимэг охиноо дагуулж ирээд

-За та, энэ муу охинд минь л нэг мэргэжил олгож өг. Бага сургуулийн ч болохноо багш болчихвол амиа аргалаад явчих байгаа. Хот холдоод сургуулиас нь завсардуулах болчихоод байсан юм. Энэ хүүхэд өөрөө их азтай хүүхэд юм. Сургууль нь өөр дээр нь хүрээд ирдэг байна шүү. За, тэгээд ний нуугүй хэлэхэд бид сургалтын төлбөрийг нь ч дийлэхгүй. Танаас нуугаад яахав, оруулж өг гэж гуйхаас гадна төлбөрийг нь хөнгөлж өг, ер нь чөлөөлөөд өгөөч гэж гуйна даа гэж байна.

Салбар байгуулах бэлтгэл ажилд Дамдинжав, Нямсүрэн хоёр их оролцсоон. Хаашаа ч явсан гурвуулаа л “хөл хэрээстэй, хүзүү холбоостой” гурван “юм” л явдаг байлаа.

Нэг удаа гурвуулаа буудалд “Сургуулиа ингэж тэгж ажиллуулна. Нээлтээ тэгж хийнэ” гээд яриад сууж байсан цонхоор нэг шувуу орж ирээд миний өмнө буучихлаа. Зугтаж чадсан ч үгүй, баригдаж байна. Айсан гэдэг нь жигтэйхэн, амаа ангалзаад дүүхэлзтэл амьсгаадаад байна. Үзсэн чинь яахын аргагүй шонхрын дэгдээхэй байна аа. “Цагаан шонхор гар дээр нь буув” гэгчээр л юм боллоо хэмээлдэн, гурвуулаа маш их бэлгэшээлээ. Дамдинжав

-Би тоть тэжээдэг юм. Гоё нүүртэй. Би маргааш нээлт дээр тэр гоё торондоо хийгээд аваад ирье гээд нөгөө дэгдээхэйг маань аваад явлаа.

Тэгсэн маргааш нь нээлт дээр нөгөө шонхроо биш хоёр жижигхэн тоть торонд шулганалдуулсаар ирлээ.

-Хөөе, чи нөгөө шонхроо яав гэсэн

-Айснаасаа юм уу үхчихлээ. Би танаас айгаад дэмий л тотио бариад ирлээ гэж байна.

-За, за одоо яая гэхэв л болцгоолоо.

Тэгтэл шонхроор “гэнэтийн бэлэг” барихын оронд гэсэн шиг Нямсүрэн надад зориулсан шүлгээ уншлаа. Тэгээд тэр уншсан шүлгийнхээ нооргийг нийтийн өмнө гардуулангаа

-Надад хувь нь үлдсээн. Би жаахан засаад таны хойноос явуулна аа л гэж байсан. Ирүүлж чадалгүй өнгөрсөн л дөө.

Одоо Дорнодын салбар байтугай “Монгол мэдлэг” сургууль ч байхгүй. Харин тэр сургуулийн буурин дээр үүссэн “Монгол уламжлал академи” нэр төртэй ажиллаж байна. Би оюутнуудтай биш магистрант, докторантуудтай ажилладаг, сургууль хэсэж лекц уншдаг хүн болсон.

Дорнодын салбарыг хэдэн аятайхан хүүхэд төгссөн нь одоо олон газар сайн ажиллаж байгаа. Зарим нь бүр аймгаа удирдах хэмжээнд хүрч яваа байх шүү. Цасчимэг маань сайн багш болсоон. Суралцах үеийн бэрхшээл, төлбөр сэлт гээд элдэв л зовлонг хоёр талаас хичээсний хүчинд тэр хүн амьдралтайгаа золгосон байх. Нямсүрэн, Дамдинжав бид гурав хэд хоног “намирсны” хэрэг ч уг нь бүтсэн л дээ.

Тэр өдрүүдэд л Нямсүрэн бид хоёр шүлэг зохиолын тухай ярих овоо сайхан зав зайтай, олон ч юм ярьсан даа.

Нямсүрэн өөрийнхөө “Амитаба” шүлгийг хүмүүс маш их магтдаг тухай ярихад нь би

-Тэр үнэхээр муугүй шүлэг. Гэхдээ их амархан бүтсэн шүлэг. Шүлгийг ганцхан үгээр толгой татаад араас нь үг цувуулж өрөөд байвал бараг хэн ч чадна. Муу өрвөл улиг ч болж мэднэ. Чи Амитаба-гийн тухай хэн ч чадахгүй гайхамшигтай үг олныг хэлж чадаагүй. Амитаба шиг цэцгэн өлзийгөөр завилах, эрдэнийн чулуугаар чимэх, эрэг дээр суугаагаар бодох, ээжгүй болоход уйлахгүй суух, хоосон алсад буй ертөнцийг таних зэрэг бол тийм ч нэг их шинэ юм биш, хүн хэлж чадахгүй үг ч биш, харин Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох тухайд бодсон чинь гайхалтай. Чиний шүлгийг уншаад бясалгалын сэтгэлгээнд өртөөд сууж байхад ширхэг үс унах чимээ сонсдох шиг болдог юм. Ганцхан энэ мөрний төлөө чамайг яаж ч магтсан болно. Үгүүлэмжээ сунжруулж, санаагаа задгайлж, үгээ давтдаг муу тал чамд байх шиг байдаг юм. Бодоорой. Харин сүмэн өвсний гэгээг мэдэрч, чимээг сонсож байгаа, хөдөөгийн сайхнаа хувилгаан хүн мэт мэдэрч суугаа чинь бол хосгүй л дээ. Сүмэн өвс гэдэг бол чиний л үг. Чиний Эрээнцавд “борцлогдсон” чинь хэдэн Горькийн сургуулиас илүү, чи төрөлх авьяасаа чухамхүү энэ “цөллөгт” л хурцалж чадлаа шүү дээ гэсэн Нямсүрэн босож ирээд л миний өмнө мөргөн юу юугүй л намайг ичээх үйлдэл хийж байна. Тэгснээ,

-Надад ингээд сайхан хэлээд өгөх хүн нэг ч алга. Цөм л худлаа магтаж байна. Бид хоёр ер нь нас ойролцоо ч байж магадгүй. (Би Нямсүрэнгээс дөрөв ах юм) Би Балбар, Ооёо бүгдээс нь ахмад шүү дээ. Нарийндаа бол би Балбарын багш хүн. Тэд “намайг гаргасан, утга зохиолд байр суурийг нь эзлүүлсэн” л гэдэг юм. Нэг их онцгой юм байхгүй. Би байдгаараа л байж байгаа. Бичдэгээрээ бичиж л байгаа. Газрын мухарт орхигдон хоцрогдсон муу шүлэгч. Хөдөө их гандаж байна. Архи дарсаа хувааж ууна уу гэхээс ухаан нэмэх, дотор уужлах хүн алга. Магтаал хүнийг мундаг болгохгүй гэдгийг би хэнээр ч заалгахгүй мэднэ. Надад овоо шүүмжийн үг, намайг “чи ийм тийм байна” гээд хэлээд өгөх хүн хэрэгтэй байна. Би өвс ногоо, үхэр малтайгаа л ярих юм. Өөр хэнтэй ярих вэ. Ном мэддэг нь биднийгээ тоохгүй юм. Би таныг хүндэлдэг. Бүх бичсэн хийснээ нэг аваад очно. Бүгдийг нь ялгаж салгаад нэг сайхан хэлээд өгөөрэй гэж гуйж байна. Би хэллээ.

-Би бол уран зохиол судлаач биш шүү дээ. Хотод л амьдардаг болохоос чинийхээ л ижил хүн. Элдвийг үл тоон, дүлий толгойлоод л санасан бодсоноо сараачаад яваа хүн. Зохиол мохиол бичнэ гээд ажлаасаа ганц өдөр ч чөлөө авч үзсэнгүй. Намайг тэр Горький морькийд нь явуулсангүй. Би өөрөө буян эдлэх зиндаа хэмжээнд нь ч хүрсэнгүй. Харин зохиолыг бол өөрийн, хүний гэлтгүй уншаад л байдаг, санаснаа хэлээд л явдаг хүн л дээ. Хэлэхээ хэлнэ ээ, бодсоноо бол нууж хаалгүй, дараа тэгчих болов уу, ингэчих болов уу гэж огт бодолгүй хэлээд л явдаг хүн л дээ. Цомхон хүрээнд, хэдхэн нөхөдтэйгөө харьцдаг болохоор миний сайн муу үгнээс болоод намайг дээш доош нь хийсэн юм одоохондоо алга л байна гэж үнэнээ л хэллээ.

Дорнын их найрагч Нямсүрэнгээ санан дурсаж, богинохон насных нь их үйлийг мөнхжүүлэх талаар анд нөхөд нь чамгүй л ихийг хийдэг шиг билээ. Номуудыг нь нийтлэх, түмэн олонд хүргэх, уулзалт яриа зохион байгуулах зэргээр үе үе дуу чимээ гарч л байдаг юм. Аз болж ганц нэгд нь оролцсон болохоос тэр бүхэнд миний хүртээл байдаггүй л дээ. Намайг хэн мэдэхэв. Худлаа хэлэх хүнд, Нямсүрэнг таньдаг ч гэж боддоггүй биз.

Хамгийн сүүлд Нямсүрэн цоо шинэхэн номоо өөрөө зориуд зорин зорин авчирч өгсөн. Хүндтэй сайхан бэлэг байсан.

Тэр нэгэн оройноос хойш олон жил өнгөрчээ. “Аглагхан талаасаа” авчирсан тэрхүү бүтээлээ миний дэргэд засаж суугаад л алс тйишээ оджээ… Би түүний хүсэлтийг биелүүлж одоо болтол юу ч бичиж чадаагүй л яваа. Сэтгэлгүйдээ биш, зав зай маань тийм л болж дээ.

Харин энэ удаа түүний тухай цөөн боловч мөр үлдээж байгаадаа баярлаж сууна. Манайханд ном үзсэн гэж байгаа зарим нь “модширдог”, хөдөө хөрч, гадаа гандлаа гэгчид нь “хулширдаг” тал бий нь ч бий байх аа.

Данзангийн Нямсүрэн бол өөрийгөө төдийгүй үеийнхнийгээ, тэртээ тэр хязгаарт байгаа Эрээнцав хэмээх бяцхан тосгоныг хүртэл мөнхжүүлсэн л хүн л дээ.

Монголоо мэдрэхийн үлгэрийг Нямсүрэн үзүүлж чадсан нь бахархалтай байдаг. Тийм найрагч бидэнд цаг үе холдох тусмаа л олдохгүй. Олдсон нь ийн охор богино хугацаанд гэрэлтээд л өнгөрч дээ. Тэр нь хувь заяаны егүүтгэл байж ч болно, бас амьдрал үйлийн өргөл ч байж мэднэ ээ.

2015.10.28. Өвөржанчивлин

Categories
мэдээ цаг-үе

“Дүнжингарав” дэвжээний бөхчүүдийн ид хав нь гүйцэж байна

Ид хав. Их сайхан үг. Наадам дөхөхөөр эл сайхан үгийн утга улам төгөлдөр болдог. Энэ үгийг тун энгийнээр тайлбарлавал хүч чадал, тамир тэнхээ гэсэн утгатай. Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүдийн ид хав нь жинхэнэ тэгширч байна. Өчигдөр тус дэвжээн дээр очиж бэлтгэлийн явцтай нь танилцахдаа үүнийг мэдрэв.

Төв аймгийн төв орохоос наахна Дундговь руу салдаг замын уулзварын хойно, Богдхан уулын Баруун Зуунмодын аманд “Дүнжингарав” дэвжээнийхэн байрладаг. Монголын ард түмэн наадам гэдэг том, аугаа цэнгэлээрээ тухайн жилийнхээ өнгийг үзэж ямар хүчтэн түрүүлэх бол хэмээн 365 хоногийн турш таамаглан ярилцдаг билээ. Төв аймгийн бөхчүүдийн хувьд 2008 оноос Богдхан уулынхаа энэ аманд байрлаж, наадмын бэлтгэлийг базааж байгаа юм.

Дөрвөн дүнзэн байшин байх агаад голынх нь хоёр давхар. Цумбайсан гурван цагаан гэр дүнхийнэ. Тэртээд хөхөө донгодож, энүүхэнд хус модтой амны тэрүүхнээс тарвага хошгирно. Амар амгалан гэмээнэ үүнийг өгүүлэх болов уу хэмээн сэтгэл татмаар байгалийн сайхан цогцолжээ. Тэртээ хойхно борооны үүлс бараантах ч наран энүүхэнд шарна.

“Дүнжингарав” гэсэн далбаа хатгасан өргөө цагаан гэрт очлоо. Угалзалсан сайхан сийлбэрт сэнтийтэй өргөө гэрт бөөн эрчүүл сууна. Хүнхийсэн эрчүүл дундаас галын ахлагч, Б.Бадам-Очир начинг олж таньсангүй. “Сайн байна уу, дэвжээний ахлагчтай уулзъя” хэмээн даруухан өгүүлбэл “Би байна” хэмээгээд нэгэн эр өгүүлсэн нь Б.Бадам-Очир начин. Мэнд усаа мэдэлцлээ. Начны найзууд нь иржээ. Нутгийнхаа бяр чадал бялхсан бөхчүүлийг дэмжих гэж начны найзууд жаал зугаа юм авчирчээ.

Начин “Аймгийн маань бөхчүүлийн бэлтгэл сайхан явж байна. Энэ сарын 16-наас бэлтгэлдээ гарцгааж, одоо л жигдэрч байна” хэмээснээр бидний яриа өрнөвэй.

“Дүнжингарав” дэвжээн дээр 50 гаруй бөх наадмынхаа бэлтгэлд гарчээ. Энэ сарын 26-нд болсон наадмын сорилго барилдаанд эдний дэвжээнээс арав гаруй бөх барилдсанаас Б.Батмөнх заан гурав давсан байна.

Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийн хувьд галд гарсан хугацааг нь тооцвол хэд хэдэн циклд хуваагдана. Одоо бол бөхчүүд хүчний буюу хүнд бэлтгэлийн үедээ явж байгаа юм байна. Наадмын бэлтгэлийг нь 25-30 хоног гэж тооцвол эхний 14 хоногийг хүнд бэлтгэлийн үе гэж тооцож болно. Энэ үед хүнд бэлтгэл хийж, кроссоор гүйж нэлээд ачаалалтай ажиллана. Бүх булчин шөрмөсөө дээд түвшинд нь хүртэл идэвхжүүлж, эр бяр гээчийг жинхэнэ утгаар нь харуулна. Цолны эрэмбийг хамааралгүй хэнтэй ч хамаагүй олон барилдаан хийнэ, өдөрт. Ийм хүнд бэлтгэлийн горимоор долдугаар сарын долоон, найман хүртэл бэлтгэнэ. Харин түүнээс хойш бэлтгэлээ аажмаар хөнгөрүүлж, наадам дөхөхийн хэрээр бэлтгэлээ зөөлрүүлж, ерөнхийдөө биеэ амрааж тэнхрүүлэх тал дээр анхаарна. Сар хэртэй ачаалал авч ажилласан бие хэдхэн хоногт амрахад л тэнхэл авч жинхэнэ л бяр чадал нь амтагдаж эхэлдэг юм байна. Энэ үед л сэтгэл санаа, сэтгэл зүйгээ зөв удирдаж чадсан нь наадмаар цойлох нигууртай.

Аливаа дэвжээний хувьд наадмын бэлтгэл хийх нь шинэ цолтон төрүүлж, цолоо ахиулах зорилготой байдаг. Үүнтэй адил энэ дэвжээнийхэн тийм нэгдсэн зорилготойгоор хамтарсан бэлтгэл хийж байгаа нь энэ юм. Дэвжээний ахлагч, улсын начин Б.Бадам-Очир “Өнөө жил манай дэвжээнээс улсын шинэ цолтон, аймгийн цолоо ахиулах залуус зөндөө бий” хэмээгээд цаашид улсад нэрээ тодруулах бөхчүүд олон бий гэлээ. Эдний галд Сосорбарам арслан, арслан Эрдэнэ-Очир, Батмөнх заан, Сэрээтэр багш, харцага Бадарч, начин Гэрэлт-Од, Бадам-очир, Батчулуун, аймгийн арслан Дамба, Энхтайван, Мэндсайхан, Эрхэмжаргал, Батбаатар тэргүүтэй улс, аймгийн цолтой, мэх нь жигдэрсэн, уран барилдаан үзүүлдэг урамтай бөхчүүл олон бий.

Чөлөөт бөхийн Д.Хүдэрбулга эдний галынх. Өнөө жил тэрээр олимпийн эрх авсан болохоор галдаа нэгдээгүй юм байна. Олимпийн эрх авсан тамирчны юу хийх, яах ийх нь улсын хараат болсон болохоор наадмын бэлтгэлдээ бараг харагдахгүй гэж байлаа.

Гал тогооны байшингийн дээвэр нь одоогоор засвартай байгаа болохоор хоол ундаа гэрт хийж байна. Хоёр тогоочтой. Э.Эрдэнэсувд, Н.Сүхтогтох. Тэд “Бөхчүүл гэхээр л их хоол унд иддэг нөхөд гэж боддог нь буруу юм. Бид нормын дагуу л хоолоо хийдэг. Хоол голдоггүй, иймээ тиймээ аашгүй сайхан улсууд” гэж байлаа. Гал тогооны гэрт гурван зуух. Зуух болгон дээр хорин литр тогоо тавиастай. Өглөө тогоонууддаа нийт 60 литрийн цай чанах бөгөөд тэр нь өдөртөө хүрэлцэнэ. Өглөө нэгдүгээр хоол гурван тогоо. Өдөр нэг, хоёрдугаар хоол нийт зургаан тогоо. Орой гурван тогоо.

Э.Эрдэнэсувд “Би тогооч мэргэжилтэй. Өмнө нь энд тэндхийн цайны газар түрээсэлж ажиллаж байсан. Энэ удаад Төв аймгийн бөхчүүдийн тогоог барьж байна. Бөхчүүд гэдэг чинь сайхан улс юм. Хоол унд голохгүй сайхан эрчүүл. Тийм болохоор бид хоёр ч их хичээж сайхан хоолоор үйлчлэхсэн гэж чармайх юм” гэж байлаа. Тэрээр өдрийн хоолонд гурилтай шөл, будаатай хуурга хийж өгнө дөө гэлээ.

Бөхчүүд цаг хэртээ дэвээ, шавааны бэлтгэл үзүүлэв. Дараа нь барилдаан эхлэв. Б.Бадам-Очир начин “Доошоо битгий хар. Урагшаа яв. Яасан их гүйдэг юм. Сайхан дэвээдэх дээ. Наад амьсгалаа зөв хуваарилаадах” гэж бөхчүүддээ хэлнэ.

Б.Бадам-Очир начин шинэ залуу бөхчүүдийн дэргэд очиж хэрхэн сайхан дэвэхийг биеэр үлгэрлэн харуулангаа “Доошоо харахгүй, сайхан үсрээд өг” гэнэ. Б.Батмөнх заан Х.Амараа начинтай барилдангаа урьд өдрийн сорилго барилдаанд ямар мэх хийснээ сонжин харуулах авай.

Бөхчүүдийн бяр ханаж байна. Бяр амтагдсан өдрүүд Баруун Зуунмодод өрнөж, баахан эрчүүл бэлдэж байна, наадамдаа. Наадам хаяанд ирлээ. Ид хав.

Сайхан үг.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН