Categories
мэдээ цаг-үе

Су.Батболд: Нийслэлийн үе үеийн удирдлагуудын зөв зүйтэй ажлуудыг үргэлжлүүлнэ

НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өчигдөр болсон. Тус хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд хотын захирагчид нэр дэвшигч Су.Батболдыг хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар дэмжиж Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болсон. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Таныг ямар байдлаар засаглах бол гэдэг хүлээлт байна л даа. Нийслэлийн өмнөх удирдлагууд автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах, автомашиныг дугаарын хязгаарлалттай болгосон зэрэг иргэдийн өдөр тутамдаа мөрдлөг болгосон шийдвэрүүдийг гаргаж байсан. Энэ шйидвэрүүд цаашаа үргэлжлэх болов уу?

-Би түрүүн НИТХ-ын индэр дээр байхдаа хэлсэн. Үе үеийн нийслэлийн удирдлагуудынхаа хамгийн зөв зүйтэй, иргэдийн талархлыг хүлээсэн ажлуудыг мэдээж үргэлжлүүлнэ. Энэ бол монгол төрийн хийх ёстой ажил. Алдаатай оноотой, иргэдийн зүгээс шүүмжлэлд өртөж байсан ажлуудыг нь засч сайжруулан ажиллана.

-Нийслэлийн Засаг даргаар ажиллахаар болж байна. Албан тушаалаа авангуутаа хийхээр төлөвлөсөн, бодсон зүйлс байгаа байх. Заримаас нь хуваалцахгүй юу?

-Монгол Улсын нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаар сонгогдож буй явдал бол баяр хөөр, албан тушаал гэхээс илүү асар их хариуцлага гэж ойлгож байна. Иргэд бидний амьдрал сайжраасай, сонгуулийн хугацаанд НИТХ-д нэр дэвшиж байсан дэвшигчдийн амлаж байсан амлалт биелээсэй гэж хүсч байгаа. Тиймээс энэ хүмүүсийнхээ итгэл сэтгэлийг дааж ажиллах өндөр хариуцлага юм аа. Хамгийн эхний асуудал бол хүн бүр ажилтай, орлоготой байх ёстой. Цалинтай, түүгээрээ амьдралаа төвхнүүлдэг боломжийг олгох учиртай. Мөн нийслэл хот маань Монгол орны нүүр царай болдог газар шүү дээ. Тийм учраас цэвэр цэмцгэр, хөгжин цэцэглэсэн нийслэл байх ёстой.

-Удахгүй наадам болох гэж байна. Үргэлжлээд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Мөн зуны улиралд хотод бүтээн байгуулалтын ажлууд ид явагддаг.

-Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороон даргаар миний биеийг томилсон захирамж гаргасан тухай дуулгасан. Би Их Монгол Улсын 800 жилийн ойн баярыг зохион байгуулж байсан. Үндэсний их баяр наадам гэдэг бол нийт монгол түмний баярын арга хэмжээ учраас маш сайн зохион байгуулах учиртай. АСЕМ-ын хувьд монгол төрийг, монголчуудыг дэлхий нийтэд харуулсан арга хэмжээ учраас өндөр хариуцлагатай зохион байгуулах ёстой. Мэдээж захирамж гарсан даруй хотын өдөр тутмын ажилд шууд орно гэж бодож байна.

-Нийслэлтэй холбоотой асуудлууд дээр өмнө нь хэр анхаарал хандуулдаг байсан бэ?

-УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, тэр дундаа нийслэлийн бие даасан байдал эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр санаачилгатай ажиллаж байсан гэж хэлж болно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хотын эрхзүйн байдлын тухай хууль гэсэн хоёр гол хууль байна. Мөн Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг сайжруулах ажлын хэсэг дээр ажиллаж байсан. Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн зүгээс оруулсан томоохон төсөл байгаа. Хэдийгээр улс орны эдийн засаг санхүүгийн хямралтай, хүнд хэцүү байгаа боловч хүн амын маань тал шахуу нь амьдарч байгаа нийслэл хотынхоо дэд бүтцийг сайжруулах Азийн хөгжлийн банкны төслийг УИХ дэмжсэн. Энэ төсөл нийслэлд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ гэж дэмжиж байлаа.

-Магадгүй иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн ажил бол гэр хорооллын дахин төлөвлөлт байх. Энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах уу?

-Хотын удирдлагын өмнө хамгийн том тулгамдаж байгаа асуудал бол гэр хорооллын асуудал. Би бол гэр хороолол гэж цаашаа нэрлэх ёстой юм уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Миний хувьд бол хотод амьдарч байгаа улсуудыг тэгш боломжоор хангана гэж үзэж байгаа. Хотын төвд, захын дүүрэгт, дагуул хотод гээд хаана ч амьдардаг бай адилхан дэд бүтэц, нийтийн аж ахуй, төр захиргааны үйлчилгээ авдаг байх ёстой. Гэр хорооллын дахин төлөвлөлт маш олон хэл аман дундуур төвөгтэй явж байгааг би мэднэ. Тийм учраас дээр дурдсан УИХ-аар батлагдсан тэр төслийн хүрээнд нийтийн аж ахуй болон дэд бүтцийн төвүүдийг бий болгох замаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ.

Боломжтой хэсэгт нь мэдээж бид орон сууцны хорооллуудыг барина. Мөн боломжтой газруудад төвлөрсөн дулаан, усны хангамжийг бий болгож иргэн хүн өөрийнхөө өмчилж авсан газар дээрээ тав тухтай амьдрах тэр бололцоо нөхцөлийг бүрдүүлэх юм. Үүний тулд нийслэлийн хөрөнгө хүч, бусад бүх зүйлийг төвлөрүүлж ажиллана гэсэн бодолтой байгаа.

-Таныг УИХ-д дөрвөн ч удаа сонгогдож ажиллаж байсан хүн гэдгийг бүгд мэднэ. Харин аймаг, нийслэлийн Засаг даргаар ажиллах туршлагын талаар хэр гэдгийг иргэд сонирхож байгаа байх?

-Би улстөрчийн гараагаа аймгийн ИТХ-д сонгогдож эхэлж байсан. Аймаг нийслэлийн ИТХ гэдэг байгууллага юу хийх ёстой юм, ямар байх ёстой юм гэдгийг би залуу насандаа үзэж туулж ирсэн. Мөн өнгөрсөн хорь гаруй жилийнхээ улс төрийн амьдралд орон нутгийн бие даасан байдлыг яаж дээшлүүлэх вэ, хурлын бие даасан байдлыг хэрхэн дээшлүүлэх, орон нутаг төв Засгийн газраас хараат бусаар яаж ажиллах вэ. Боловсон хүчин болон санхүү бусад асуудлаар яаж бие даасан байх вэ гэдэг тал дээр практик ажил ч хийж байсан. Судалгааны ажил ч хийж докторын зэрэг хамгаалсан. НИТХ-ын төлөөлөгчид намайг төлөөлөгч биш гээд ад үзээд байхгүй болов уу гэж найдаж байгаа. Яагаад гэвэл бидний санаа бодол зөвхөн нийслэлийн хөгжлийн төлөө л байна. Миний өмнө манай төлөөлөгчид тэр нам, энэ нам гэлгүйгээр ажиллах боломж бүрдэнэ. Би яг төлөөлөгч хүн шиг, аль нэг хороо дүүргээс мандат авсан хүн шиг ажиллана. Миний үнэт зүйл бол шударга ёс. Би нээлттэй, ил тод ажиллана. Шударга бус зүйл, авлига хээл хахууль, төрийн эрх мэдэл болон аливаа эрх мэдлийг шударга бусаар ашиглахын эсрэг хатуу тэмцэнэ. Би өөрийнхөө багт ч гэсэн ийм хүмүүсийг авч ажиллана гэж бодож байгаа. Төрийн нэг төгрөгийг шамшигдуулахын төлөө асуудал гаргасан хүнтэй би нэг өдөр ч хамтарч ажиллахгүй. Монгол Улсын төр захиргааны байгууллагад 26 дахь жилдээ ажиллаж байна. Миний амьдралын замнал, өнөөдөр нийслэл хэмээх айлыг авч явах асуудалд нэр дэвшүүлж байгаа явдал бол Монголын төрд ийн шударга ажилласны илрэл гэж үзэж байгаа.

Батболдын дэргэд ажил хийдэг хүн байх хэрэгтэй. Өөрийнхөө эрх ашгийг умартаж төрийн ажлыг өмнөө тавьж хийж чаддаг хүн хэрэгтэй. Би тийм байхыг, шударга ажиллахыг шаардана. Өнөөдөр манай ард түмэн юуг хүсч байна вэ гэхээр энэ төрийн хүч, хөрөнгийг шударгаар бидний төлөө зарцуулдаг хүн байгаасай гэж хүсч байгаа.

-Төрийн эрх мэдэл солигдохоор дагаад олон хүн ажлаас халагдах явдал гардаг. Улстөржиж, чадвартай боловсон хүчнүүдийг халж, солихгүй байх тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Монгол Улсын төрийн албаны хуулийг 2008 онд шинэчилсэн. Саяхан Ерөнхийлөгчөөс Монгол Улсын төрийн албаны хуулийг өргөн бариад ажлын хэсэг ажиллаад бараг эцсийн хэлэлцүүлгийнх нь шатанд болоод орхисон байгаа. Би бас Төрийн албаны тухай хуулийг санаачилсан. Энэ хоёр хуулийн хэлэлцүүлэг эцсийн шатандаа орсон байгаа. Монголын төрийн өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал бол төрийн алба тогтвортой ажиллахгүй байгаа нь юм. Би энэ тогоонд хутгалдаж явдаг хүний хувьд монгол төрийн өнөөдрийн эмгэнэл бол монгол төрийн тогтвортой бус байдал гэж хэлнэ. Төрийн албан хаагчид элдэв юм бодохгүйгээр, аль нэгэн нам, хэн нэгэн албан тушаалтны золиос болохгүйгээр ажиллах баталгааг нь хангах учиртай гэж Төрийн албаны тухай хууль дээр ажиллаж ирсэн. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа ч энэ асуудал дээр ажиллаж байсан. Ийм тогтвортой байдлыг бий болгож УИХ-аас энэ хуулийг баталж өгнө гэдэгт найдаж байгаа. Би Монгол Улсын Төрийн албаны хуульд заасан тэр хэм хэмжээгээр төрийн албан хаагчидтайгаа ажиллана.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Амарсанаа: Шинэ засгийн газар Харвони эмийн асуудлыг анхаарлаасаа бүү гаргаасай

-ХАРВОНИ ЭМИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ЗААВАЛ ХАМРУУЛАХ ЁСТОЙ-

Ази, Номхон далайн элэг судлалын холбооны зөвлөх, анагаах ухааны доктор Ж.Амарсанаатай элэгний өвчлөл болон Харвони эмийн талаар ярилцлаа.

-Элэгний “Харвони” эмийг одоо хаагуур, хэдэн төгрөгөөр зарж байна. Иргэдэд хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бий юу?

Энэ эмний талаар бид нэлээд хөөцөлдөж байгаа. Харвони эм Монголд нэг сарын эмчилгээ нь 800.000 төгрөг гэж байгаа. Гурван сарын курс эмчилгээ нь 2.400.000 төгрөг гэсэн үг. Энэ эмчилгээний тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалаас олгож, иргэдийн ачаанаас хөнгөлөх хэрэгтэй байна. Ингэх нь Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд спортын яамны хийх ажил. Гэтэл тэд одоог хүртэл хөнгөлөлттэй нөхцөлд оруулаагүй. Уг нь энэ эмийн хөнгөлөлтийг Сангийн яамнаас 2016 оны төсөвт тусгасан байгаа юм билээ. Тэгэхээр одоо төсвийн тодотгол хийхийг хүлээх хэрэгтэй байх. Харин түүнээс өмнө хэдэн хувийг нь даатгалаас шийдэх гээд байгаагаа тодорхой болгочих ёстой юм. Энэ ажлыг шинэ Засгийн газарт өгч байгаа гэрийн даалгавар гэж ойлгож болно. Саяхан С. Ламбаа сайд энэ эмийг авахад банкны зээлд хамрагдах боломжоор нь хангаж өгчээ. Тэгэхдээ иргэд яах гэж эрүүл мэндийн даатгал төлж байгаа вэ гэдгийг хэзээ ч мартах учиргүй.

-Мөн энэ эмийг авч хэрэглэхийн тулд олон шатлалын шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу. Шинжилгээг хаана өгөх вэ. Шинжилгээний төлбөр нь нийтдээ хэдэн төгрөг болох вэ?

-Эмчилгээний үр дүнг гаргахын тулд зайлшгүй шинжилгээ өгөх ёстой байдаг. ХӨСҮТ-өөс магадлан итгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээ өгч болно. Үнийн хувьд янз бүр л байгаа байх. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан багц шинжилгээ нь 400-800 мянган төгрөгийн үнэтэй.

-Харвони эм хэрэглэсэн хүмүүсийн эхний үр дүн гарсан уу. Элэгний өвчин нь бүрэн эдгэсэн тохиолдол бий юу?

Эхний үр дүн гарсан. Одоогоор уугаад вирус нь арилаагүй хүн байхгүй байна.Тухайн хүний онцлогоос шалтгаалаад вирус нь удаан арилдаг, хурдан арилдаг ялгаа бол гарч байгаа. Үр дүнг эцсийн байдлаар эмчилгээ дуусаад нэг жилийн дараа хяналтын шинжилгээгээр тогтооно. Монголд одоогоор эмчилгээ нь дуусаад нэг жил болсон хүн алга. Зарим улсад хоёр жил хянах тохиолдол ч байдаг. Эцсийн үр дүнг хэлэхэд эрт байна.

-Манай улсын хэмжээнд элэгний вирустэй хэдэн хүн байна. Тэд Харвони эмийг авч хэрэглэж чадаж байна уу.Судалгаа байдаг уу?

-Арваад жилийн өмнөх судалгаагаар хүн амын 15 хувь буюу манай улсын хэмжээнд С вирустэй хүн 450.000 байх магадлалтай гэж үзэж байгаа. Олныг хамарсан сайн түүвэр судалгаа одоогоор алга. Тэгэхээр шинээр судалгаа гаргах хэрэгтэй байх. Үүнийг хийхэд 100-300 сая төгрөг шаардлагатай болно. Уг нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад халдвартай хүний тоо цөөрсөн байх ёстой. Ямартай ч одоогоор 5000 гаруй хүн элэгний эмчилгээнд хамрагдаж байгаа гэсэн тоо бий. Энэ бол чамлахаар тоо биш. Өөрөөр хэлбэл манай улсад урьд өмнө хийж байгаагүй их вирус устгал явагдаж байна гэсэн үг юм.

-Ямар шалтгаан нөхцөлөөс болоод манай улсын хүн амын дунд элэгний өвчлөл их байгаа вэ. Элэгний эмчилгээг эмчлэх арга нь олон улсын түвшинтэй харьцуулахад ямар байна?

-Олон жилийн өмнөөс шприцний шар гэж алдаршсан энэ вирус дутуу ариутгасан тариур, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр дамжсан. Одоо ч дутуу ариутгагдсан эмнэлгийн аппаратаар дамжиж байхыг үгүйсгэхгүй. Мөн вирусийн эмчилгээнд шаардагдах бүх шинжилгээ нь нэвтэрчихсэн улс орон дэлхийд цөөхөн. Энэ цөөхөн улсын нэг нь манай улс. Тэгэхээр элэгний өвчин эмчлэх аргаараа олон улсын түвшинд хүрсэн гэсэн үг.

-Манайхан элэгний өвчлөл, С вирус гэдэг өвчнөөс айхааргүй болох боломжтой юу. Элгээ өвчлүүлэхгүй байхад юу анхаарах вэ?

-С вирусээс айдаг үе ард хоцорчээ. Одоо үнэндээ В вирус, D вирус л аюултай хэвээр байна. В вирусийг дардаг эм байдаг боловч бүрэн устгадаг эм одоо хэр нь дэлхийн зах зээлд нэвтрээгүй байна. 1990 оноос хойш В вирусийн вакциныг Монголд төрсөн хүүхэд бүрт хийж байгаа. Энэ вакцин нь давхар D вирусээс хамгаална. Учир нь Д вирус нь зөвхөн В вирустэй хүнд л халдварладаг онцлогтой. 40 жилийн дараа гэхэд В вирустэй хүнийг Монголоос хайгаад ч олохооргүй болно. 40 жилийн дараа элэгний хатуурал, хорт хавдар ч нүдний гэм болох болов уу гэж бодож байна.

-Зуны дэлгэр цаг эхлэхээр монголчууд айраг их ууж хорхог, боодог их иднэ. Найр наадам болохоор архи ууна. Энэ нь элгэнд сөрөг нөлөөтэй байдаг уу. Элгээ хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах вэ?

Мах боодог бол элгийг гэмтээдэг эд биш. Архи бол яах аргагүй олон хүнийг элэгний хурц дутагдалд оруулж, амь насанд нь хүрсэн хортой эд.

-Зарим эмч нар элэгний өвчнийг уламжлалт эмчилгээний аргаар эмчилнэ гэдэг энэ боложтой юу?

Уламжлалт аргаар элгийг эмчилж болдог, тэгэхдээ хяналтын шинжилгээг сайн харах хэрэгтэй. Үр дүн өгч байвал үргэлжлүүл, өгөхгүй бол даруй зогсоох учиртай.

-Хармонигоос өөр төрлийн, сайн үйлчилгээтэй элэгний эм орж ирж байна уу?

-Харвони эмийг анх зохион бүтээсэн Гилеад Сайэнс компани нь эмийнхээ патент болон үйлдвэрлэх технологио Энэтхэгийн 11 үйлдвэрт шилжүүлсэн юм. Тэдгээр нь эмээр хангаж дийлэхгүй байгаа 110-аад орны хүн амыг харьцангуй хямд үнэтэй эмээр хангах үүрэг авсан байдаг. Монгол Эм Импекс компани Ледвир гэдэг эмийг оруулж ирсэн нь тэдгээрийн нэг гэж ойлгож болно. Нэг сарын эмчилгээ нь 500.000 төгрөг, энэ үнэ нь цаашдаа ч хямдраад явах байх. Ер нь С вирусийн эмчилгээ чинь ханиад эмчлэхийн дайтай болчихлоо. Ингэлээ гээд тайвширч болохгүй. Зөв эмчлэх нь хамгийн чухал.

-Та саяхан нэг олон улсын хуралд илтгэл тавиад ирлээ гэж байсан. Сонин хачнаас хуваалцаач.

-Ази, Номхон Далайн элэгний эмгэг судлалын холбоо гэж байдаг. Энэ жилийн ээлжит чуулган нь Токио хотод болоод өнгөрлөө. Намайг “Элэгний вирусийн хавсарсан халдварын эмчилгээ, дэлхийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавихыг хүссэний дагуу илтгэл тавиад ирсэн. Хуралд 4500- гаад элэг судлаач дэлхийн 60 гаруй орноос ирж оролцлоо. Нээлтэд нь Японы Эзэн хааны гүнж хүрэлцэн ирж үг хэлсэн нь гадаад дотоодын зочид, хэвлэлийнхний анхаарлыг их татсан. Энэ нь Япон улс элэг судлалд онцгой анхаарч байгаагийн нэг илрэл гэж хэлж болно.

-Таны илтгэлийн онцлог юу байв?

Элэгний вирусийн эмчилгээ маш хурдтай өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Энэ цаг үед В, С юм уу, В, Д, эсвэл В, D, С вирусийн хавсарсан халдварыг хэрхэн эмчлэх вэ гэдэг нь их анхаарал татаж байгаа. Тиймээс энэ талаарх судалгаан дээр үндэслэж, илтгэл тавьж, хэлэлцлээ. Манай улсын хувьд хавсарсан вирусийн халдвар өндөр оронд багтдаг тул энэ судалгаа онцгой ач холбогдолтой юм.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхцэцэг: Төрийн бодлогыг хүн бүр, айл болгонд хүргэхээр ажиллана

УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Г.Мөнхцэцэгтэй УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авах үеэр нь ярилцсан юм.

-УИХ-ын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэе. Таныг “Болор цом”-ын эзэн яруу найрагч гэдгээр хүмүүс сайн мэднэ. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн тэргүүн. Харин улстөрчийн хувиар хүмүүс тэр болгон мэдэхгүй байх гэдэг үүднээс асууж байна л даа. Өмнө нь төрийн албанд ажилласан ямар туршлагатай вэ?

-Ер нь Монголын зохиолчдын эвлэл гэдэг бол тэр чигтээ төрийн байгууллага шиг олон талт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Хоёрдугаарт, манай нам өөрөө нэр хүндтэй, том, улс төрийн ууган хүчин шүү дээ. Тиймээс ч би намдаа доод шатнаас нь өгсүүлээд тодорхой хэмжээний ажлуудыг хийсээр ирсэн байгаа. Мөн манай соёлын салбар гэдэг өөрөө их том. Тэр салбарт миний сүүлийн жилүүдэд хийсэн ажлууд маань хүмүүст нэлээд хүрсэн байна. Манай тойргийн сонгогчид ч намайг соёлын салбарт хийж буй ажлуудаа үргэлжлүүлээсэй гэж харж байгаа. Иймээс улс орны хөгжил, тойрогтоо чиглэсэн ажлуудаасаа гадна өнөөдөр үндсэндээ орхигдоод байгаа Монголын соёл, боловсролын салбарыг шинэ шатанд гаргаж сайжруулахын төлөө зүтгэнэ гэж бодож байна.

-УИХ-д нэрээ дэвшүүлэх шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

-Би улс төрд шинэ хүн биш л дээ. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын намын жагсаалтад 23-т бичигдэж байлаа. Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо гээд намын дэргэдэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Ер нь тодорхой түвшинд намын дэргэдэх шат шатны байгууллагуудад ажиллаж явсан. Энэ ч утгаараа улс төрийн тогоонд байсан хүн. Зохих хэмжээгээр улс төрийн ажил хийж явсан болохоор ч манай тойргийн иргэд намайг маш ихээр дэмжлээ.

-Сонгуульд өрсөлдөх явцдаа тойрогтоо хийх, анхаарах ажлуудаа харж явсан байх. Ер нь цаашдаа тойргийнхоо ямар тулгамдсан асуудал дээр анхаарч ажиллахаар анзаарч байв?

-Манай 12 дугаар тойрог бол их онцлогтой газар л даа. Говь-Сүмбэр аймгийн гурван сум, Дорноговь аймгийн найман сум гээд үндсэндээ хоёр аймгийн 11 сумыг хамарсан том тойрог байгаа юм. Хоёр аймгийг хамарсан болохоор ямар нэг байдлаар ялгаварлал гэж байх ёсгүй. Бүх суманд анхаарч ажиллана. Төрийн бодлого хүн бүр, айл болгонд ямар нэгэн хэмжээгээр хүрч байх ёстой. Энэ бодлогыг л барьж ажиллана гэж бодож байгаа. Надад итгэл хүлээлгэсэн тойргийнхоо нийт иргэдэд халуун талархлаа илэрхийлж байна. Та бүхнийхээ төлөө би зүтгэнэ ээ.

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам үнэмлэхүй ялалт байгууллаа. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Нийгэм, Монголын ард түмэн өөрсдөө манай намыг хүлээж байсан байна. Сонгуульд оролцсон сонгогчдын ирц маш өндөр байлаа. Тэд яагаад Монгол Ардын намд ингэж өндөр итгэл үзүүлэв. Үүнээс үзэхэд зайлшгүй өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Хийхдээ ард түмэнтэйгээ цуг ажиллах ёстой байсан байна гэдгийг би намын гишүүний хувиар харж байлаа. Сая сонгуулиар намын ажлаар тойрог болгоноор явж уулзалтад оролцсон. Ингэж явахад ард түмэн биднийг ялгаварладаггүй, дампууруулдаггүй, ядраадаггүй ийм төртэй байхыг хүсч байна гэдгээ илэрхийлээд үүнийг МАН-ын та бүхэн биелүүлээд өгөөч гэж байлаа. Иргэдэд маань ард түмнийхээ нурууг тэнийлгэж өгөөч гэсэн ийм хүлээлт байсан байна. Асар өндөр хариуцлагыг бидэнд өгсөн гэж ойлгож байгаа.

-Монголын зохиолчдын эвлэлийн даргаар хэн ажиллах бол?

-Тэр тухай би тодорхой мэдэхгүй байна. Ер нь зохиолч гэдэг нийгмийн тархи, зүрх нь байдаг учраас энэ ажлыг хэн хийх, цаашид энэ айлыг хэн авч явах вэ гэдэг бас тодорхой хэмжээгээр нийгмийн анхаарлын төвд байх шиг байна. Үе үеийн зохиолчдын байгууллага удирдагчдаа төрүүлж байдаг. Өөрсдөө цаанаасаа хувь тавилангаараа төрж байдаг учраас мэдээж энэ айлыг авч явах хүн байж л байгаа. Тэр хүнээ олж тавих нь удирдах зөвлөлийн өөрийнх нь шийдвэр байдаг. Зохиолчид хэнээрээ толгойгоо бариулахаа өөрсдөө мэднэ дээ. Энэ тал дээр санаа зовохгүй байна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

МАН-аас ард түмний хүлээх анхны хүлээлт мэргэжлийн Засгийн газар байгуулах

УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулсан МАН-ыг Засгийн газраа хэрхэн байгуулахыг итгэл үзүүлж, улс орныхоо хувь заяаг даатгасан ард түмэн хүлээж сууна. Хамгийн гол нь Их хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан мэргэжлийн Засгийн газар байгуулахыг олон нийт итгэл үнэмшилтэйгээр харж байгаа. Учир нь Ардын намын нөхөд маань “Ардчилсан намын бодлогогүй алхмаас болж 17.5 хувьд хүрч байсан эдийн засаг тасралтгүй унан, ямар ч өсөлтгүй боллоо. Харин Монгол Ардын нам богино хугацаанд хямралыг даван туулах “мэргэжлийн Засгийн газар”-ыг байгуулж ажиллах болно” хэмээн зогсоо зайгүй сурталчилсан.

Мөн тэд чиг үүргийн яамдаас бусад яамдын сайд нарыг Их хурлаас томилохгүй, үндсэндээ Монголын төрийг “давхар дээл”-гүй байлгах нөхцөлийг бүрдүүлж эдийн засгийг тогтворжуулан, улс орныг удирдана гэж амласан. Түүний үр дүнд УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдэг нь аливаа яам, агентлагийн дарга нарын томилгоог нам, улс төрийн бүлэглэл, фракцуудаас ангид, зөвхөн мэргэжлийн хүрээнд ёс зүйтэй явуулахыг хэлдэг.

Ялангуяа улс төрийн албан тушаалтныг тохоон томилохдоо намчирхсан, “танай манай” гэж талцсан байдлыг таслан зогсоож, тухайн салбартаа мэргэшсэн, өндөр боловсрол мэдлэг, ажлын дадлага туршлагатай хэн бүхэнд ч боломжийг нь нээж өгч, ижил тэнцүү үйлчлэхийг шаарддаг. Мэргэжлийн ёс зүйтэй ийм байдлыг бүрдүүлснээр улс төрийн хэрээс хэтэрсэн бохир үйлдэл үгүй болж авлига хээл хахууль, албан тушаалын наймаа, өөрийг нь томилсон журмын нөхөд, бүлэглэл, фракцынхандаа үйлчлэх, тэдний өмнөөс ажиллаж утсан хүүхэлдэй болох явдал аясаараа хумигдаад ирнэ.

Цэвэр өрсөлдөөн дундаас өөрийн чадал чансаагаараа шалгараад гараад ирсэн залууст өндөр албан тушаалтанд долигонох, ая тал засаж бялдуучлах, нам улс төр гэж сэтгэл хоёрдох, эрх ашгийн бялуу хуваах ямар ч шаардлагагүй болж байгаа юм. Зөвхөн мэргэжлийнхээ хүрээнд ажлаа дээд зэргийн гүйцэтгэлтэй хийж, салбараа мандуулж, улс орны хөгжил дэвшилд бодитойгоор нөлөөлөх гарц нээгдээд ирэх нь тэр. Түүний хэрээр ард түмний ахуй амьдрал эрс сайжирч, эдийн засаг эргэлтэд орно. Дэлхийн улс орнуудын явж ирсэн зам мөр, үүх түүх ердөө л энэ.

Засаг төрийг шинээр эмхлэн байгуулах, улс орныг удирдан чиглүүлэхэд мэргэжлийн Засгийн газрын эдгээр алхмууд хөрс суурь, үндсэн чиг үүрэг нь болдог. Хэрвээ яам агентлагийн дарга сайдуудыг томилохдоо мэргэжлийн шалгуур тавилгүй, гол суурь болсон зарчмаа баримтлалгүй улс төрийн эрх ашгийн үүднээс хандвал улс орны хөгжил улам доройтож, уруугаа эргэнэ. Наад зах нь боловсрол үнэгүй болно. Өндөр боловсрол мэдлэгтэй, чадварлаг залуус намын харьяаллаар гудманд гарч лааз өшиглөөд эхэлбэл яах билээ. Ийм өрөвдмөөр харуусалтай байдалд хүргэхгүйн тулд Ардын нам засгийн эрхийг авч зайсан суух нь нэгэнт тодорхой болсон энэ цагт ард түмэндээ өгсөн амлалтдаа хүрч, мэргэжлийн Засгийн газар байгуулах нь зүйд нийцэх нь мэдээж.

Ардчилсан намын ялагдал хүлээж, энэ удаагийн сонгуульд ташраараа хад мөргөсний гол нөхцөл чинь засаглалын ёс зүйгээ умартсаных болов уу. Хоёр мянга арван хоёр оны сонгуульд Ардчилсан нам ард түмнийхээ итгэлийг хүлээн парламентад олонхийн суудал авсан. “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулсан. Харамсалтай нь Засгийн газраа эмхлэн байгуулах хамгийн хариуцлагатай цаг мөчөөсөө л тэд алдаа гаргаж эхэлсэн. Мэргэжлийн байтугай энгийн Засгийн газар ч байгуулж чадаагүй гэхэд хилсдэхгүй. Нам доторх бүлэг фракцууддаа албан тушаалын хуваарилалтын дархан эрхийг өгсөн нь хамгийн том алдаа байсан. Зарим нэг фракцынх нь нөхөд сайдын зөөлөн суудалгүй хоцорчих гээд Засгийн газрын танхимыг сунгаж татан бараг л хорь гучин яамтай, бүлэг фракц бүхэн сайдтай гараагаа эхэлж байв.

Энэхүү улс төрийн наймаа, ашиг хонжоо эрх мэдлийн төлөөх дайн өнгөрөгч жилүүдэд хэрээс хэтэрсэн дээ. Фракцын дарга нар өөрсдийнхөө мэдлээр сайд нараа томилоод дураараа дургиж эхэлсэн. Сонгуульд өвдөг шороодсон “бөх”-ийг дээрээс нь нэмж нэдэрч байгаа юм биш, бодит үнэнийг өчиж байна. Одоо эргээд харахад арай хэтэрхий дүр зураг буудаг. Даргын бие хамгаалагч сайд болчихсон ч байх шиг. Цай зөөгч, нарийн бичиг нь бас л сайд болчихоод манаргахыг үзэв шүү. Сонгуульд ялалт байгуулахад нь хувь нэмэр оруулсан нөхөд нь за тэгээд нутаг усныхан нь танил тал нь гээд бүгд л таарч тохирсон, өөрөөсөө хэтэрч хэтийдсэн суудалд тухалж байлаа.

Хүү, охин, хүргэнтэйгээ нийлж Монголын төрийг луйвардахыг ард түмэн үзсэн. Тус намын нөхөд ингэж дургиж, фракц бүлэглэлээрээ хуйвалдаж, өчүүхэн эрх ашгийн төлөө өөр хоорондоо хөлөө жийлцэж, сайдаж муудсаныхаа горыг амсан, хэдхэн хоногийн өмнө сонгогч олноор дүнгээ тавиулсан. Ардчилсан намын энэ алдааг Ардын намынхан давталгүй, мэргэжлийн Засгийн газраа байгуулна гэдэгт итгэж байна. Ардын нам мөрийн хөтөлбөртөө “Үндсэн чиг үүргийн яамдаас бусад яамдын сайд нарыг парламентын гаднаас, мэргэжлийн хүнийг нь сонгоно” гэж тусгасныг дээр өгүүлсэн.

Үүнээс гадна өнгөрөгч дөрвөн жил сөрөг хүчин байхдаа “давхар дээл”-ийг эрс эсэргүүцэж, нэг нүдээрээ ч үзэж чаддаггүй байсан. Эрх барьж буй энэ он жилүүдэд тэрхүү зарчмаа нэр төртэйгөө дагаж мөрдөх байлгүй. Тодруулбал, хоёр жилийн өмнө МАН-ын удирдлагууд давхар дээлийг эсэргүүцэж сүр дуулиантай жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Тэд “Дампуурсан төр засгийн давхар дээлийг тайлуулах цуглааныг МАН зохион байгуулж байна. Бид бүхэн давхар дээлийг тайлтал нь, хэрэв тайлахгүй бол Засгийн газрыг огцортол нь, Засгийн газраа хаацайлбал УИХ-ыг тартал нь тэмцэнэ” гэж хариуцлагатайгаар мэдэгдэж байлаа. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр МАН-ын дарга М.Энхболд болон намын бусад гишүүд “Парламентын ёс зүй, засаглалын ёс зүй алдагдаад байна. УИХ Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй байна” гээд давхар дээлийг тайлах хуулийн төслийг хэлэлцэхийг Их хурлын даргаас шаардаж байсан. Ө.Энхтүвшин гишүүн “Давхар дээлний асуудлыг яаралтай хэлэлцмээр байна. АН-ын бүлгийнхэн Ерөнхийлөгчийн өмнөөс Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг татуулна, хориг тавиулна гэх юм. Ингэж өмнөөс нь тайлбар хийх нь зөв юм уу” хэмээн спикерээс ам асууж байсан удаатай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн яам буюу Хууль зүй, Гадаад хэрэг, Сангийн сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй хэмээн заасныг Ардын намын гишүүд бүрэн дэмжиж байсан. Эцэс сүүлд нь дахиад хэлэхэд, Ардын намыг хэлсэн амандаа хүрч давхар дээлгүй мэргэжлийн Засгийн газар байгуулахыг ард түмэн итгэл төгс хүлээж байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Зоригийн хэрэг “гацаанд” орсон уу

-ХЭРЭГ МӨРДӨН БАЙЦААЛТЫН ШАТАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хориод долоон сар болж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур гэрээс нь баривчилж, Төв аймгийн Цагдан хорих төвд саатуулсан. Тавдугаар сард Б.Булганы биеийн байдал муудаж, УИХ-ын нэр бүхий гишүүд очиж, хэрхэн хоригдож байгаатай нь танилцсан. Ингээд Цагдан хорих 461 дүгээр ангид авчирч, эмнэлэгт хэвтүүлж байв. ШШГЕГ-ын цагдан хорих эмнэлгийн эмч нар өнгөрсөн сарын сүүлчээр түүний биеийн байдлыг сайжирсан гэж үзсэн учир эргүүлэн Төв аймгийн Цагдан хорих ангид шилжүүлжээ. Б.Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй хэвээр байгаа гэнэ. Өмгөөлөгч нь хоёр удаа уулзсан гэнэ. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа ч зогсож, хэрэг “гацаанд” орсон байдалтай байгаа аж.

С.ЗОРИГ АГСНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭЖ ЭРДЭНЭТЭЭС БАРИГДСАН ГУРВАН ХҮНИЙ ТУХАЙД

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн агсан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг баривчилсан талаар албан бус мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр гарсан. Мөн УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэгийн малчин, тогоочоор ажиллаж байсан хоёр залуу, нэг эмэгтэйг уг хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд Орхон аймгаас баривчилсан байдаг. Гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа залуус С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэдгээ мөрдөн байцаалтын шатанд хүлээсэн гэх мэдээлэл ч хэд хэдэн удаа гарсан. Мөн 17 жилийн өмнө С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг барьсан, удахгүй олон нийтэд зарлана гэж ч байв. Гэвч нууцлалын өндөр зэрэглэлтэй хэрэг учир холбогдох албан тушаалтнууд нэг ч удаа хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Эрдэнэт хотоос Содномдаржаа, Чимгээ, Ганхуяг гэх гурван хүнийг баривчилсан байдаг. Тэдний ар гэрийнхэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээрх гурван хүнийг С.Зоригийг хөнөөсөн хэмээн цагдаагийнханд гэрчилсэн хүнийг Амгаланбаатар гэдэг аж. Тэрбээр Эрдэнэт хотод бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөж, 25 жил хорих ялаар шийтгүүлсэн нэгэн гэнэ. 1998 он буюу С.Зориг агсан бусдын гарт амь насаа алдах үед 16 настай байжээ. Хэрэгт сэжиглэн шалгагдаж байгаа Содномдаржаа, Чимгээ, Ганхуяг нар 1998 онд дөнгөж 18, 20 настай байсан юм байна.

МӨРДӨН БАЙЦААЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж байгаа Ажлын хэсгийнхэн Б.Булган болон хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа гурван хүнийг цагдан хориод багагүй хугацаа өнгөрлөө. Хуульд зааснаар сэжигтнийг зургаан сарын хугацаанд цагдан хорьж, батлан даалтад гаргах ёстой байдаг аж. Гэвч нууцлалын зэрэглэлтэй хэрэг учир цагдан хорих хугацааг сунгасаар байгаа гэнэ. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа гэх мэдээлэл байна. Содномдаржаа, Чимгээ, Ганхуягийн өмгөөлөгч нар үйлчлүүлэгчдээ батлан даалтад гаргах хүсэлтийг Прокурорын ерөнхий газар, Шүүхэд удаа дараа гаргажээ. Гэвч тэдний хүсэлтийг хүлээж аваагүй байна.

БУЛГАНЫ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙГАА ЭСЭХИЙГ МЭДЭХ ХҮН АЛГА

Б.Булган болон хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүмүүсийг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй хэвээрээ байгаа гэх мэдээлэл байна. Б.Булганыг Төв аймагт хоригдож байх хугацаанд УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар эргэж очсон байдаг. Тэднийг Булгантай уулзуулахгүй гэхэд Ц.Оюунгэрэл хорих ангийн шалан дээр уулзатлаа сууна гэж байж уулзаж байсныг хүмүүс мартаагүй байх. Тэндээс гарч ирсний дараа тэрбээр “Б.Булганы эрх зөрчигдөж байна” хэмээн твиттерээр жиргэж байв. Мөн “Булганыг Төв аймгийн хорих ангийн бүрэн камержуулсан өрөөнд байлгадаг. Ариун цэврийн хэрэгсэл, солих хувцас, унших, ном, өргөдөл бичих цаас огт өгдөггүй юм байна” хэмээн ярьсан билээ. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ ч үзүүлэхгүй, бие засахдаа хүртэл хянагч нарын хараа хяналт дор байдаг. Энэ нь Б.БулганыҮндсэн хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байгааг Ц.Оюунгэрэл гишүүн онцолж байсан. Б.Булганы ээж Д.Байгаль Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УЕПГ, Улсын дээд шүүх, ХЭҮК-ынхонд хандаж өргөдөл өгсөн. Хүний эрхийн үндэсний комиссынхон Б.Булганыг цагдан хорьж байх хугацаанд эрх нь зөрчигдөж байгаа хэд хэдэн зүйл илэрсэн. Тухай бүрт нь засч залруулсан гэх утга бүхий мэдээллийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр мэдээлж байсан юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар түүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг хэлэх хүн байсангүй. Учир нь ар гэрийнхэн болоод өмгөөлөгч нартай нь уулзуулахгүй байгаа юм байна.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах ажиллагаа иймэрхүү маягтай үргэлжилж байна. Зарим нэг эх сурвалж сонгуулийн дараа хэрэг нь прокурорт шилжихээр байсан. Гэвч тодорхой бус шалтгааны улмаас мөрдөн байцаалтын ажиллагаа “гацаанд” орсон гэж байна лээ.

Г.Батзориг

Categories
мэдээ цаг-үе

Зохиолч андуудтайгаа өнгөрүүлсэн он жилүүд минь

Орчин үеийн тухайлбал, монгол төрхтэй, амьдрал мэддэг, өөрсдийгөө зарим нэгэнтэй харьцуулахад дөвийлгөж сурталчлаад байдаггүй, чимээгүйхэн зохиолоо бичээд суудаг байсан хоёр зохиолчийг онцолж тэмдэглэе.

Нэгд оюутан ахуй цагаасаа бие биенээ мэддэг. Зохиол бүтээлүүдийг нь анхны уншигч нь болж явсны хувьд Доржийн Гармаагийн томоохон романуудыг унших дуртай. Зарим хүнийг ёстой мундаг хүн, надад ийм ч сайхан тодорхойлолт бичиж, тэгж ч шагнал олгуулсан гээд л магтах юм. Ямар ч холбогдолгүй сэдвээр бие биеэ хоосон магтах нь гүйлгээ муутай барааг олон удаа сурталчилдагтай төстэй юм шиг. Уг нь уран зохиолч ямар содон дүр бүтээж хүний сэтгэлд хоногшуулж, үйл явдлын холбоо уялдааг яаж гаргаж, уран дүрсэлснээр нь үнэлмээр юм даа.

Би вээр мэргэжлийн шүүмжлэгч биш ч уншиж эрэгцүүлж суудаг нэгэн. Хуучин цагийн нэртэй эрдэмтэнд, зохиолчдын тухай би зарим бүтээлдээ өгүүлж байсан. Жишээлбэл, кино зохиолчдоос Б.Ринчен, Ч.Лодойдамба, С.Удвал нарыг залгаж тодрон гарч ирсэн Д.Гармаагийн “Морьтой ч болоосой”, “Хөхөө гэрлэх дөхлөө” кинонд тухайн цаг үеийн хүмүүсийн харилцаа, амьдралыг хошин өнгө аястай аятайхан тусгасан байдаг. Одоогийн хошин шог гээд байгаа зарим алиа марзан юмсыг бодвол хүний амьдрал, улс нийгмийн үзэгдэл сэтгэлгээний хоцрогдлыг урнаар дүрсэлсэн Ж.Барамсай, Ц.Доржготов хоёрын бүтээл цаанаа л нэг нажидтай, сонирхолтой бичсэн байдаг.

Д.Гармаагийн “Алтан суварга” роман Ардын засгийн өмнөх үеийн Орос, Хятад алтны ангууч доншуулууд Бугантын алтыг гар аргаар шигшиж байхад Хаант Орос, Манж Хятадын том пүүсүүд өрсөлдөж байсныг архивын сурвалж ашиглан туурвижээ. Бельги гаралтай олз хайсан эр Манжийн төрийн дэмжлэгтэйгээр “Монгол-Ор” хэмээх пүүс байгуулаад алт олборлохоор нутгийн ноёд феодалуудтай үгсэн одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг Ерөө голын сав газарт алт олборлож байсныг өгүүлдэг. Энэ бүтээлд бөө мөргөл, шарын шашны зөрчлийг ч тусгасан нь олзуурхууштай. Уг зохиолд тодорхой баатруудын хувь заяа дүр төрхийг гүнзгий дүрсэлжээ. Шинэ үед өсч бойжсон уул уурхайн инженер алт олборлоод аавынхаа суварга босгох мөрөөдлийг биелүүлсэн тухай, энгийн иргэд яаж үгүйрэн зовж байсныг ч, хайр дурлалын драм ч дүрслэн гаргажээ.

Монголын газрын баялагт гаднын томоохон улсууд эртнээс шүлс асгаруулж байсныг Зөвлөлтийн үеийн нэртэй зохиолч, орчуулагч Б.Пастернакийн бичсэн “Доктор Живаго” романд цагаантны офицер Комаровский 1920-иод онд иргэний дайнд улаантнуудад шахагдаад зүүн зүгт явахдаа Живаго эмч, түүний хайрт бүсгүй Лара нарт итгүүлэхийн тулд ганц сая хүн амтай, сая гаруй ам дөрвөлжин км нутагтай, хэмжээлшгүй их баялагтай Гадаад Монголд Хятад, Япон, Америк өрсөлдөөд байна. Хятадууд гол төлөв хоцрогдсон феодалуудыг ашиглаж, Япон язгууртан дээдсийг нь түшиж, Улаан Орос хувьсгалт холбоог ашиглаж байна.

Цөмөөрөө Гадаад Монголд очоод элэн халин чөлөөтэй нисэх харцага шувуу лугаа адил, чөлөөт сонгууль явуулж сайхан амьдарч болно гэх сацуу Сибирь бол Оросыг ардчилах агуу их цэцэглэлтийн ундарга юм гэхчилэн бичсэн байдаг. Миний бие “Доктор Живаго” киног 1967 онд НҮБ-ын чуулганы үеэр үзэж, дараа нь номыг нь олж уншаад шагшин үнэлж билээ. Уг номыг Зөвлөлтөд хэвлэхийг хориглож Нобелийн шагналыг өгүүлэхгүй гэрийн хорионд байлгасан. Энэ үеэр өрнөд рүү бүтээлээ сэмхэн гаргаж Голланд, Дани, Норвеги, Финланд, Итали, Португальд хэвлэгдэж улмаар 1954 онд АНУ, Англид хэвлэгдэн алдаршив. Тэр содон авьяастан 1960 онд Москвагийн захын Пределькинад гэртээ насан эцэслэжээ. Агуу хүмүүсийг ингэж л дарж байсныг бид мэднэ.

Би Д.Гармаагийн “Харуул Алтай” романыг өөрөөр нь гарын үсэг зуруулж уншиж билээ. Шинжаан Уйгурын торгуудын Балт вангийн удмын Бадам (Нэржидмаа) нутагтаа хавчигдан Францад гарч, гэр бүлтэй элбэг хангалуун амьдарч байсан ч нас ахиж ухаан сууж уугуул нутаг, угаасан усаа санан гансарч, зүүд нойрноос нь салахгүй байсан тул эх нутгаа эргэн ирж Алтайн уулсын цавчим өндрөөс халин нутагтаа ясаа тавьдаг.

Алтайн сүрлэг уулс, цэнхэр тэнгэрээ эцсийн удаа харж буйгаар дүрсэлсэн нь сэтгэлд тодхон байна. Бодит түүхээс сэдэвлэн бичсэн энэ романд эх оронч, үндэсний үзэл, хүйн холбоотой нутаг усны савдаг дуудаад байжээ гэмээр сэтгэл төрдөг юм. Үй түмэн хүнтэй харь хүчний эрхшээлд орсон бага буурай үндэстнүүд яаж хохирдгийн амьд жишээ нэгээхэн түүх энэ билээ. Бид эдүгээ ч санаж явах учиртай юм даа.

“Шохой цагаан булаг” романдаа өөрийн өсч төрсөн нутагтаа амьдарч сүүлдээ Шохойн бааюунд эцэгтээ туслан ажиллаж байсан бага насны дурсамжаа эгэн санаж бичсэн энэ бүтээл Монголын ажилчин ангийн сэдэвтэй анхны зохиолуудын нэг гэж би бодсон.

Гармаагийн “Бурхан багшаа худалдсан нь” зохиолыг уншаад ахин олдохгүй урлаг соёлын бүтээлүүдийг хил дамнуулан зарж буй Польшид суралцахаар явсан Алтанбат хүүг багаас нь эдийн шуналтай болгон хүмүүжүүлсэн этгээдийг томоохон яамны хэлтсийн дарга Намширээр, түүний эцэг Гэндэнгээр ногоон малгайтнуудын гэм нүглийг айхтар уялдаатай гаргасан байдаг. Тэнд цагдаагийн ахмад Төрбат мэт өргөсөн тангарагтаа үнэнч, бас гадаадынханд жуучилж охидыг хөлсөлдөг Алтанбатад мэхлэгдэн хохирсон ч ядуу зүдүү амьдралтай олон хүүхэдтэй айлын том охин төрсөн биеэ худалдаагүй Хулан зэрэг эерэг дүрүүдийг ч амьдруулжээ. Эдүгээ шуналтнуудын арга барил нарийсч газар доорх баялгаа гадныхантай үнэгүйдүүлж, байгаль орчноо сүйтгэж луйварчдын сүлжээ өргөжих хандлагатай болсон байна.

Хамгийн сүүлд Д.Гармаагийн “Цэцэгсийн мөнгөн шүүдэр” хэмээх амьдрал, уран бүтээлийн товчоон сайхан болжээ. Тэр нас ахиж бодрол эрэгцүүлэлдээ хүүхэд ахуй цагтаа шохойчин, тэмээчин, хоньчин байхдаа зүггүйтэж, сурагч байхдаа гал тогооноос бин өвөртөлж гараад малгай дотроо нууж байгаад багшдаа бангадуулж анги хэсэн донгодуулсан, бригадын төвд “Цэнд комиссар” хэмээх жүжигт хорхойтон хариулж явсан тэмээгээ алдаад эцгийнхээ алганы амтыг үзсэн тухай, хавханд гараа хавчуулан өөрийгөө шийтгэсэн хүүхдийн гэнэн сониуч занг бага настайгаа зүйрлэн бодож суув. Сургууль, соёлын мөр хөөж шүлэг зохиолд сэтгэл оюунаа зориулан амжилт олсоор улмаар Зохиолчдын хорооны орлогч болтлоо өсөн дэвшиж уг албыг долоон жил хашихдаа бас ч өгсөж уруудахын аль алиныг нь үзсэн Монголын уран зохиолд тод мөрөө үлдээсэн том зохиолч болсон юм. Оюутан ахуй цагаасаа дотно нөхөрлөж явсны хувьд, хэрэгтэй үедээ бие биедээ хэд гурван рубль өгч авч уран зохиол, урлаг соёл, гадаад дотоодын сонин хачны тухай хөөрөлдөнө. Ер нь намуухан мөртөө заримдаа их шооч хүн. Нэг удаа радио телевизэд ажиллаж байхдаа нэгэн эмч телевизээр үзэгчдийг залхтал удаан яриад, дараа нь урлагийн үзүүлбэрээр “Үглээ шаазгай” дуу нэвтрүүлсэн гээд тас тас хөхөрч байсныг одоо хүртэл би мартаагүй. Намын Төв Хороонд алба хашиж байхдаа хариуцдаг салбарын нь чиглэлээр Монголын нэрт яруу найрагч Б.Явуухулангийн “Зөвхөн Монголдоо” шүлэг үндэсний үзэл ханхалсан, интернационализмын эсрэг гэх мэтээр бичсэн нэгэн “зохиолчийн” матаасыг хүлээн аваад цааш нь дамжуулалгүй дарчихсан гэж билээ. “Зөвхөн Монголдоо” шүлгийг нь маш сайхан ая хийсэн “Харанга” хамтлагийн дуучныг би сонсох дуртай.

Сормуунэршийн Дашдооров агсныг жинхэнэ монгол төрхтэй, гүндүүгүй, алсыг харж, үнэнийг эрхэмлэдэг хүн болохыг жараад оны дундаас ажил төрөл, хэвлэл мэдээллийн сувгаар холбогдож явахдаа мэдэрсэн билээ. Түүний тухай бишгүй л бичсэн ч би уншигчийн хувиар л энд өгүүлж байгаа нь энэ. “Цог” сэтгүүлийн газар очиход минь духан дээрээ унаган туурайн “тамгатай”, бүдүүвтэр хүзүүтэй тэрээр том толгойтой гаансаа зуучихсан сууж байв. Би Д.Төмөр-Очир агсны амьдрал тэмцэл, эмгэнэлт хувь заяаны тухай нэлээд олон хуудас нийтлэл хэвлүүлэх санаатай очсон юм. “Үнэн” сонин ийм өгүүлэл хэвлэхгүй гэж бодоод “Цог” сэтгүүлийн эрхлэгч таныг зорьж ирлээ хэмээн үнэнээ хэлбэл “За уншиж үзье, болмоор байвал хэвлэхийг бодно” гэв. Би гарч хоёр цаг орчим өөр ажил хөөцөлдөж яваад иртэл “Ер нь зүгээр болжээ. Шинэ дугаарт оруулъя” гэж байна. Түүний зохиолуудыг уншихад говийнхны тогтуун атлаа, ёс жудагтай малчин хүмүүсийн дүр төрх харагдаад байдаг. “Өвгөн шувуу” өгүүллэгт хэвтэрт байсан настан үеийн хөгшчүүдтэйгээ эцсийн хүчээ шавхан уулзаж, залуу насаа дурсан хүүрнэж буй ёс жудагтай хөгшчүүд тэнгэрт халихын өмнөх агшны тухай өгүүлдэг. “Хүлэг” найраглал нь гоё шүү. “Говийн өндөр” романд хэллэг дүрслэл үнэхээр монгол төрх, сэтгэлгээ нэвт шингэсэн байна.

С.Дашдооров кино урлагт хүчин зүтгэж байхдаа бичсэн “Нар хиртсэн жил” кино бол алс хязгаарын малчид, аав ээж, амраг, анд нөхдийн нь амьдралд дайн яаж нөлөөлснийг шинэ өнгө аястай уран сайхан дүрслэлтэйгээр бүтээсэн жинтэй туурвил юм. Эх орноо хамгаалахаар цэргийн албанд үнэнхүү ёс төртэй мордуулж байгааг, дайн гэж ямар гамшиг авчирдгийг жинхэнэ хөдөөгийн амьдралыг, нутаг усаа мэддэг авьяаслаг зохиолч л бичнэ. “Их бүрдийн домог” үлгэр домгийн сэдэвтэй зохиол. Б.Ринчен, Ч.Лодойдамба, С.Удвал нарыг залган тодорсон нэг үеийн Гармаа, Дашдооров хоёр зохиолчийг онцолж үзсэн минь ийн учиртай.

Зохиолчийн 80 насны ойн жил тохиож байна. С.Дашдооровыг надаас илүү мэддэг, дотно явсан хүмүүс бий л дээ. Ер нь Дашдооров тогтуухан, нухацтай, сэтгэн бодох чадвар өндөртэй. Бас ч дургүйгээ хүрвэл гар зөрүүлэхэд ч бэлэн гэж Монгол, Зөвлөлтийн наадамд оролцож байхдаа төрсөн сэтгэгдэл л тодхон байна. Хэнээс ч айхгүй үгээ хэлдэг. Хүд хүд инээсэн цөлх эр хүн байлаа. Мань хүн М.Горькийн нэрэмжит утга зохиолын сургуульд сурч байхдаа тэр үед Зөвлөлтөд мандаж явсан халимаг Давид Кухэлдиновтой Улаан талбайд уулзах гэж очоод, цаадах нь Дооровыг тоохгүй ихэмсэг хандахад дургүй нь хүрч алгадаад сургуулиасаа хөөгдөж ирээд олон жилийн дараа дахин явж дүүргэсэн байдаг.

1951 онд анх удаа С.Дашдооровын царайг нь харж бүтээлүүдийг нь уншиж яваад сүүлдээ зохиол бүтээлээ засуулж, шүүмжлүүлж егөөдөл, мэргэн сургаал үгий нь сонсч, гэр орноор нь орж Зохиолчдын хороо, Кино үйлдвэрт ажиллаж байхдаа дотносон хүндэлж явснаа чин үнэнээр нь бичиж үлдээснийг уншаад “эр хүн” гэж үнэлж билээ.

Нэгэн орой зохиолч Б.Нямаа, С.Эрдэнэ, нарын хамт Б.Ринчен гуайнд очих замдаа нэг шил хуурай спирт аваад явцгаав. Б.Ринчен гуайнхан хэлний эрдэмтэн, шавь нар, зохиолч зэрэг хүмүүс очиход ер түвэгшээхгүй үүдээ тайлж өгдөг. Машиндаж буй зүйлсээ түр завсарлаад ярьж хөөрнө. Ринчен гуай өөрөө буцалсан ус, хоосон хоёр лонх авчраад спиртээ найруулж “Энэ хайрхныг чинь би сайн мэддэггүй юм. Занг нь мэддэгээрээ та нар эд бод хийхээ мэд” хэмээн жижигхэн мөнгөн жүнзэнд хийлгэж уугаад гэх мэт олон сонин түүх хуучилсан нь сэтгэлд тодхон үлджээ. Б.Ринчен бол эгэл хүнд элгэмсүү мөртөө, эрэмгий бялдууч нарыг гашуун нясуун үгээр утаж өгдөг, ер бусын гүйх ухаантай, гүнзгий бодолтой байжээ гэж улам ч их хүндлүүлсэн. Түүний олон егөөдөл, үлгэр домог шиг ам дамжсан яриа одоог хүртэл тасраагүй нь яамай. Яруу найрагч Т.Галсан эмхэтгэж хэвлүүлсэн нь сайшаалтай.

Б.Ринчен гуайн тухай Дашдооров өгүүлэхдээ: “Эх орон, ард түмнийхээ түүх, эх сайхан хэл, аман зохиол, соёлыг чин зүрхнээсээ хайрлан бишрэгч, түүнд сэтгэл зүрхээ өгсөн хүн байлаа даа. Бас албан тушаалын хэнээтэн, худал хуурмаг, мунхаг мулгуу, зусарч бялдуучлал, бусчир явдлыг үзэн яддаг шударга журамтан явлаа” гэжээ.

Д.ЦОЛМОН

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ манай улсад айлчилна

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа энэ сарын 17-18-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх юм. Тэрээр 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд БНСУ-ын 18 дахь удаагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Пак Гын Хэ 1952 онд Тэгү хотноо төржээ. Түүний амьдралын замнал нь аав Жөн Хитэй нь залшгүй холбоотой. Гын Хэ бол 1961-1979 онд Өмнөд Солонгосыг удирдаж байсан генерал Пак Жөн Хигийн ууган охин. Пак Жөн Хи 1961 онд цэргийн эргэлт хийж төрийн эрхийг авч 1963 онд болсон Ерөнхийлөгчийн албан ёсны сонгуульд ялалт байгуулсан бөгөөд 1979 онд амиа алдах хүртлээ төрийн тэргүүнээр ажиллаж байжээ. Пак Гын Хэгийн аав БНСУ-ыг удирдаж байх хугацаандаа Хойд Солонгосын нууц ажилтнуудын зүгээс амь насыг нь хөнөөх гэсэн хоёр удаагийн халдлагаас эсэн мэнд гарч байсан удаатай. Гэвч 1979 оны аравдугаар сард өөрийнхөө Аюулгүй албаны дарга Ким Жэ Кюд буудуулан амиа алдсан байдаг. Пак Жөн Хигийн хувьд хатуу зарчимч, дайчин зангаараа гайхагддаг нэгэн байсан бөгөөд түүнийг өнгөрсөн зууны нөлөө бүхий 10 ази хүний нэгээр тодруулсан нь үүнийг гэрчилнэ. Тэрээр эдийн засгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлж эх орноо хөл дээр нь босгосон удирдагч. Түүний энэ бодлогыг солонгосчууд “Хан мөрний гайхамшиг” хэмээдэг.

Жөн Хаг төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авагч, дарангуйлагч, цэргийн эрхтэн гэх мэтээр цоллодог байсан ч үйл хэргийг нь бүхэлд нь авч үзвэл хүний эрхийг дээдлэгч, сурган хүмүүжүүлэгч байсан нь харагддаг. Пак Гын Хэгийн хувьд хүүхэд нас нь Хөх ордонд өнгөрчээ. Аугаа удирдагчийн охин гэдгээрээ олны анхаарлыг татдаг байж. Эцэг нь бурхны шашинтан байсан ч Гын Хэ ямар ч шашин шүтдэггүй. 1974 онд аавынх нь амь насанд халдахыг завдах үед ээж нь бууны суманд оногдож нас барсан нь 22 настай Гын Хэд маш хүндээр тусч, сургуулиа орхиод Францаас ирэхэд хүрчээ. Тэрээр ээжийгээ үгүйд 1979 он хүртэл Солонгос улсын албан бус Тэргүүн хатагтай гэгдэж, аавынхаа дэргэд үргэлж хамт явдаг байжээ.

Пак Гын Хэ аав Пак Жөн Хагийнхээ хамт. БНСУ. Сөүл хот. 1977 он.

Пак Гын Хэ эцэг, эхээ алдаад Хөх ордноос дүүгээ дагуулан гарснаас хойш 1997 он хүртэл олон нийтийн ажил хийжээ. Түүний амьдралын энэ үеийг өөрийгөө олж авах, зовлон зүдгүүрээ ялан дийлэх сэтгэлийн хаттай болсон жилүүд гэж үздэг. 1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч И Хи Чаны сонгуулийн кампанит ажилд гар бие оролцсоноор түүний улс төрийн үйл хэрэг албан ёсоор эхэлжээ. Гэхдээ түүнийг улс төрд эргэн ирэхэд гол түшиг болж, түлхэж өгсөн хүн нь үеэл ах Пак Жүн Хунг нь гэдэг. Ингээд 2001 оноос хойш парламентад тасралтгүй таван удаа сонгогдож, намын дарга болсон бөгөөд 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр Ерөнхийлөгч асан Ли Мён Бактай нам дотроо өрсөлдөхөд цөөхөн саналын зөрүүтэйгээр ялагдаж байжээ. Түүчээлэн оролцсон бүх шатны улс төрийн сонгуульд Сэнүри намаа ялалтад хүргэсэн болохоор түүнийг сонгуулийн одтой эмэгтэй гэдэг.

Пак Гын Хэ гэр бүлгүй. Тэрээр 2007 онд намын дарга болох хүчтэй өрсөлдөөнд “Би аавгүй, ээж ч үгүй. Надад үнэндээ алдах зүйл ганц ч байхгүй. Тийм болохоор би эрх орныхоо төлөө хамаг хүчээ зориулна” гэж хэлсэн нь ялалт байгуулахад нөлөөлсөн гэж үздэг.

2006 оны тавдугаар сард орон нутгийн сонгуулийн кампанит ажлын үеэр Пак Гын Хэ халдлагад өртсөнийг дэлхийн хэвлэл мэдээллийн бүхий л сувгаар мэдээлж, шуугиан дэгдсэн. Сурталчилгааны ажлын үеэр хүмүүсээр хүрээлүүлээд зогсч байхад нь нэгэн залуу дөхөж ирээд цаас зүсэгчээр хацрыг нь зүсээд зугтсан нь телевизийн камерт үлдсэн байдаг. Пак хацар, эрүү хавьцаагаа 10 см орчим зүсүүлсэн бөгөөд олон зуун мянган сонгогч түүнийг халдлагад өртсөн энэхүү бичлэгийг үзсэн нь улс төрийн карьерийг нь өсгөхөд нөлөөлсөн гэж үздэг тал бий.

Пак Гын Хэг 2013 оны хоёрдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгчийн суудалд албан ёсоор суухад гадны ажиглагчид “БНСУ-ын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгч боллоо. Тийм болохоор тус улсын хувьд илүү зөөлөн бодлого барих магадлалтай” гэж дүгнэж байсан. Харин шүүмжлэгчид түүнийг эцгийгээ дуурайсан харгис, хатуу зантай. Хойд Солонгостой хатуу гараар харьцдаг нь хувийн өс хонзонгийн шинж агуулсан гэж буруутгадаг юм. Гэвч Пак Гын Хэ өнөө цагийн “Төмөр хатагтай” нарын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд олон улсад нэр нөлөөгөөрөө дээгүүрт тооцогддог улстөрч.

Categories
мэдээ цаг-үе

Сонгуулийн медаль: “Бид Ялав” ба “Тэд Ялав”

Сонгуулийн дараагаар Ерөнхийлөгч шагнал гардуулж байна. МАН-ын нэр дэвшигчид “Бид ялав” медаль зүүжээ. АН-ынхны энгэрт “Тэд ялав” медаль гялалзана. Бусад намынхан “Бид хаачив” медальтай үзэгдэнэ.

Хэд хэдэн бие даагч “нэр дэвшсэн нь үнэн” гэсэн цагаан хуудас барьжээ.

Мөн царцааны дүрс бүхий “Бид нүүлгэв” медалиар энгэрээ гоёсон гишүүд “Намайг хэн хэлж, нохойг хэн саахав” гэсэн байдалтай хөшилдөнө. Харин мөнгө атгасан сарвууны зурагтай “Бид тараасан” медаль дээр буусан ганц нэг нөхөд жаахан ичингүйрсэн байдалтайгаар булан тохой барааджээ.

Үүнтэй зэрэгцээд Татварын ерөнхий газраас сонгуулийн толооны тохирлын шагналыг гардууллаа. Сонгуулийн санал өгсан квитанциараа Их хурлын гишүүн хожсон азтай сонгогч бээр “Заавал ч үгүй эмэгтэй гишүүн авна” хэмээн зөрүүдлэх аж.

Улаанбаатар хотын намын хороон дарга Сундуйн энгэрт “Худалдааны тэргүүний ажилтан” тэмдэг алтан нарны цацраг ичээн гялбалзана. Монгол-Германы “Газарчин” киноны шинэ ангийг бүтээхээр ирсэн группийнхэн түүний зургийг янзан бүрийн поозоор авах нь сонин.

Ёслолын дундуур намын төв хороон дарга М.Энхболд гарч ирээд АН-ын дарга З.Энхболдын цээжинд “Биднийг ялуулав” медаль зүүгээд тэврэхэд энгэрт нь шигдэн уусчих шиг боллоо.

Мөн “МАН-ыг ялуулсан нь хэний гавьяа вэ” цол тэмдгээр энгэрээ мялаалгасан генсек Л.Эрхэмбаяр их л маадгар зогсоно.

Дараа нь, намын төв хороон дарга “МАН-ын нууц хүндэт гишүүн” цол тэмдэг бий болгосноо зарлаж, энэ шагналын хүрээнд олон талт ажил зохиосноо ярив. Энэ ажлын хүрээнд АН-ын ганц нэг нэр дэвшигчид урам хайрлах үүднээс зориуд дэмжин ялуулснаа хэлэв. Тэгээд хөшигний завсраар гараа оруулан мөнөөх “нууц” шагналаараа хүний энгэрийг цоолох аж.

Мөн Улсын Их Хурлын бүтцийг шинэчилж, дарга, дэд дарга, хүмүүжүүлэгч багштайгаар ажиллуулах болсныг дуулгалаа. Парламент дахь “бяцхан хунтайж” нарын хүмүүжүүлэгч багшийг Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөгчдөөс шалгаруулж авах юм байна. Тамгын газрын төсвийг нэмэгдүүлэн, памперсны зардал суулгах болсон тухай шивэр авир хийцгээнэ.

…Энэхэн зуур хажуугийн нойлын өрөөнд ус хүржигнэтэл татах чимээ гарч хижээл хөвүүн хувцсаа товчилсоор гарч ирэв. Үүнийг анзаарсан Ерөнхийлөгч:

-Алив тэр, саяны баасан хүү нааш ир…гээд нэр нь үл мэдэгдэх медаль зүүж өглөө. Саяхан баасан хүү туслахаа дуудахад малигар байсан гэмээр шар ах гүйж ирээд медалийнх нь хайрцгийг авч хармайлснаа бакиаль гутлыг нь нулимж байгаад зүлгэж эхэлвэй… гэж.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Намжилмаа: Хадаа минь хэлхгэр том цамцтай гэр дотроо халхаганаад явж байдагсан

“Мон-Алтиус” биеийн тамирын дээд
сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Намжилмаатай ярилцлаа. Тэрээр
Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, монгол төрийн наадамд арван жилийн зайтай
хоёр удаа түрүүлсэн, домогт аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын үеэл эгч нь билээ.

-Үндэсний их баяр наадам эхлэхэд
цөөхөн хоног үлдэж байна. Бөхөө дээдэлдэг ард түмэн наадмын бөхийнхөө тухай яриа
дэлгэж байна. Та бол ард түмний хайртай бөх, домогт аварга Д.Хадбаатартай хамгийн
ойр байж, спортын гарааг нь эхлүүлсэн хүн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Миний ээжийн дүү Бужгар гэж хүн
байлаа. Тэр хүний том хүү нь Хадбаатар. Хадааг арван настай байхад дараагийн дүү
нь төрсөн юм. Тийм болохоор Хадаа маань их эрх танхи өссөн. Манайх бөхийн удамтай
болохоор эгчийн минь хүүхдүүд их биерхүү. Миний нагац ах Нацагийн Дамдинсүрэн гэж
барилддаг хүн байсан. Манайд арван дөрөвтэй байхдаа ирээд Ч.Найдан багшийн шавь
болж хөнгөн атлетикаар 20 нас хүртлээ хичээллэсэн юм. Хичээллэж байхдаа диск, бөөрөнцгийн
улсын рекордыг эвдэж байлаа. 1972 онд хөнгөн атлетикийн шигшээ багийнхан “Баянгол”
буудалд байрлаж бэлтгэл хийж байхад Хадаа барилдана гээд л ороод ирсэн. Гэтэл тэр
наадмаар сүрхий бэлтгэл хийгээгүй мөртлөө зодоглон Өмнөговь аймгийн харьяат аймгийн
арслан Бямбаагаар гурав, Булган аймгийн Могод сумын уугуул улсын заан Д.Лхагвасүрэнгээр
дөрөв, Архангай аймгийн Өлзий сумын харьяат Жалбуугийн Чойжилсүрэн арслангаар тав
давж улсын начин цол авсан шүү. Өөрөө л бөхөд сонирхолтой байсан болохоор “Алдар”
спорт хороонд Ч.Өвгөнхүү багшийн гар дээр очсон. Ч.Өвгөнхүү багшид их баярлаж явдаг
юм. Дүүг минь хүн шиг хүн болгох гэж мэрийж, их хөөцөлдсөн. Анх “Хөнгөн атлетикаараа
хичээллэхгүй, гайгүй юм дуулгах байсан юм” гэж хэлдэг л байлаа. Гэхдээ улсын цол
хүртээд ус нутгийнхаа нэрийг улс даяар цуурайтуулаад эхлэхээр өөрийн эрхгүй баяр
бахдал төрж, үндэсний бөхөөр барилдах нь дээр юм байна гэж бодогдсон. Хадаа маань
үнэндээ Монголын домог болсон хүчтэн шүү дээ. Хадаа шиг минь элбэг дүүрэн бие хаатай,
хүч чадалтай зөөлөн дулаахан, хүүхэд шиг гэнэн цайлган зантай бөх Монголын түүхэнд
ховор төрөх байх гэж боддог юм. Ийм хүчтэй аварга дахиж төрөхгүй. Нэг сонин түүх
хэлэхэд, тэр жил манайх гэдэг айл шинэ байранд ороод удаагүй байхдаа 2500 төгрөгийн
үнэтэй “ЗИЛ” хөргөгч авлаа. Түүнийг чинь дийлэх хүн ховор. Хадаагаа дуудлаа. Жаахан
хүүхэд уухайн тас гүйж ирээд өнөө хөргөгчийг нь сэвхийтэл өргөөд дөрвөн давхарт
гаргачихаж билээ.

-Хадаа аваргын тухай олон хүний
дурсамж дурдатгал байдаг. Тэр бүгдээс харахад хүнд маш тустай, ёстой л манайхны
хэлдгээр хүний хайлан байж дээ?

-Өө тэр сайхан зан чанарынх нь тухай
ярина гэвэл барагдахгүй урт түүх болно. Ажил албаа барахгүй би “Чи надад мах шөл
дөхүүлээд, гэр орон цэвэрлээд өгөөч” гэхэд, за л гэнэ. Үгүй гэж хэлэхгүй. Нэг удаа
“Алдар”-ын хашаанд байхдаа намайг дуудууллаа. Яваад очтол баавгайны арьс тавьчихсан,
зөндөө үхэр, хонины мах янзалчихсан “Та энэ арьс, махнаас ав” гээд өнөө л байдгаа
бусадтай хуваалцдаг зангаараа инээд алдчихсан зогсож байна. Хүүхдүүдийн маань аав
Дорнодоос идшээ бэлдчихдэг болохоор “Эгчид нь хэрэггүй ээ, хөдөө хэддээ явуул” гэж
хэллээ. Маргааш нь “Баавгайны арьс чинь байна уу, хэрэг болох юм байна” гэхэд “Таныг
авахгүй болохоор чинь аль хэдийнэ хүнд өгчихсөн шүү дээ” гэж байсан сан. Хүнээс
юм харамлаж мэддэггүй. Хоол их сайхан хийдэг. Манайд байхдаа хонины гэдсийг цэмбийтэл
нь арилгаад л ээжтэй хамт сайхан хоол хийчихсэн байж байна. Шигшээгийнхэн бэлтгэл
дээр байхад тогооч нартай хэзээний л танил “Ахаа, эгчээ” болчихно. Нэг орой “Ажаа
энийг ид” гээд л өвчүү барьчихсан орж ирсэн. “Чи яаж аваа вэ?” гэтэл “Тогооч эгч
өгсөн, би төмсийг нь арилгаж, усыг нь авч өгсөн юм” гээд л хэлдэг. Би 1969 онд хоёр
ихэр хүүгээ төрүүлчихсэн байхад даавуу угааж, гэрийн ажил хийж их л тусалдаг байлаа.
Хүний үгээр, хүнд муу санана гэж байхгүй. Хадын минь аав олон түмэнд хүндлэгдсэн
их сайхан хүн байсан даа.

-Барилдаж эхлээд л олныхоо хайр
хүндэтгэлийг хүлээсэн бөх болсон. Та наадмаар барилдахыг нь үзэж, дэмждэг байв уу?

-1972 оноос хойш бөхөөр дагнан хичээллэж
эхэлсэн. Би тамирчин хүн болохоор илүү сонирхон үзэж, хүнээс бэлтгэл сургуулилтад
анхаарах зүйлүүдийг хэлж өгдөг байлаа.

-Хадаа аварга хоёр удаа улсын наадамд
түрүүлж ард түмэн, ахан дүүсээ баярлуулсан?

-Төрийн наадамд зодоглосон цагаасаа
хойш л амжилттай, бахтай сайхан барилдсаныг ард түмэн мэднэ. Далан таван онд долоо
давж улсын заан цол хүртсэн. Дараа жил нь буюу далан зургаан онд ардын хувьсгалын
55 жилийн ойн баяр наадмаар Сүхбаатарын Д.Одсүрэн, Булганы И.Найдан нарын начингуудаар
тав зургаа давж, улсын арслан Увс аймгийн Давст сумын уугуул Мядагийн Мөнгөн арслангаар
долоо, шинээр заан цолны болзол хангасан Өвөрхангайн Хужиртын Донровын Долгорсүрэнгээр
найм, улсын баяр наадамд гурван удаа үзүүрлэсэн хүчит арслан Пүрэвийн Дагвасүрэнгээр
ес даван түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн юм. Далан есөн оны наадамд Данзандаржаагийн
Сэрээтэр харцага, шинэ начин А.Баатархүү, улсын заан З.Дүвчин, дархан аварга Ж.Мөнхбат
нарыг өвдөг шороодуулан төрийн наадамд дахин түрүү үзүүрт шалгарч өөрт нь хайртай
ард түмнээ баярлуулж байлаа. Хоёр ч жилийн наадмын үзүүр түрүүнд өөрийн онжав, монгол
бөхийн түүхэнд нэгэн үед хамт гарч ирсэн уран барилдаант хүчит аварга Дашдоржийн
Цэрэнтогтохтой үлдэж байсан удаатай. Ардын хувьсгалын 65 жилийн ойн баяр наадамд
улсын начин бөхийн тайлбарлагч Ш.Чанрав, Увс аймгийн арслан Балдорж, Төв аймгийн
Баянцагаан сумын харьяат улсын харцага Л.Бадарч, улсын начин Өвөрхангайн С.Дамдинбазар,
улсын заан Ёндонгийн Ишгэн нарын хүчтэй учраануудыг дараалуулан орхиж, их шөвгийн
дөрөвт Мөнгөн арсланг давж, түрүү үзүүрт Д.Цэрэнтогтох аваргыг өвдөг шороодуулснаар
арван жилийн дараа хоёр дахь түрүүгээ авсан. Хадаа маань улсын баяр наадамд 14 жил
зодоглож, хоёр түрүүлж, гурав үзүүрлэж биднийгээ, бөхөд хайртай ард түмнээ баярлуулсан
юм. Хадаа маань энгүй хүчит аварга гэдгээ төрийн наадамд цөөхөн барилдсан ч өндөр
амжилтаараа бататгадаг юм. 1979 онд Баянаа аваргатай үлдэж үзүүрлэсэн тэрээр бөхийнхөө
ид жагсаж явсан насандаа аавын хаалга татсан байдаг. Тухайлбал, 1980, 1981,
1982 он буюу 29, 30, 31 насандаа шоронд байсан. Эр хүний гучаад нас гэдэг бол спортод
жинхэнэ амжилт гаргах үе мөн. Энэхүү торгон он жилүүдийг Хадбаатар харамсалтайгаар
өнгөрүүлсэн юм. Гэвч түүний хувьд амжилт гаргах боломж байсны баталгаа нь шоронгоос
гарч ирсэн жилдээ төрийн наадамд хоёр дахиа үзүүрлэсэн явдал юм. 1993 оны наадмаар
тавын даваа эхлэх гээд завсарлачихсан байхад нь хар цай чанаад, хоол бариад очиж
уулзахад “Би доошоо орлоо эгч ээ, Мөөеө аварга намайг Ж.Намжилдоржийг начин болгоотох
гэсэн, одоо барилдлаа” гэсэн. Барилдаан дуусаад хаачих юм гэхэд “Төв аймгийн ой
болж байгаа, тийшээ явна” гээд л хамгийн сүүлд тэгж л ногоон дэвжээн дээр нь харсан
юм.

-Долоон метр даавуугаар дээл хийгээд
арай чүү хүрсэн гэж ярьдаг юм билээ?

-Миний ээж торго бүс бараа зардаг,
уран гартай хүн байсан. Ээж маань дээлийн даавууг нь сонгож авч өгнө. Долоон метр
хагас пүүсүүгээр наадмын дээлийг нь хийдэг байсан.

-Д.Хадбаатар аварга Анагаахын дунд
сургуульд сурч байсан гэсэн үү?

-Би ямар ч боловсролгүй юм чинь
мэргэжилтэй болог гэж бодоод Анагаахын дунд сургуульд оруулчихсан юм. Олон охидын
дунд орчихсон, сураад л байлаа. Эвлэгхэн тариа хийдэг болчихсон байсан шүү.

-Дүүдээ зориулж хатгамал оёсон гэсэн,
та харсан уу?

-Дүү нь “Агаа надад зориулж оёсон,
гоё байгаа биз” гээд харуулж байсан. Манай ээжтэй нийлээд л хөл машин дээр юм оёно.
Мөн шоронд хоригдож байхдаа хийсэн дээлээ үзүүлж байсан. Ээж, дүү нартаа их халамжтай.
Гадаад яваад ирэхдээ хүн болгонд бэлэгтэй ирнэ. Ээждээ утас зүү, тэвэнгээс өгсүүлээд
бүх л юмыг нь дөхүүлж өгнө. Германд тэмцээнээр явахдаа эмэгтэй хүний жигтэйхэн том
гутал авсан байдаг. Хамт яваа бөхийнхөн нь “Чи энэ том гутлаар яах нь вэ” гэсэн
чинь “Эгчдээ авч байгаа юм. Зайлуул миний төлөө их гүйдэг юм” гэсэн гэдэг. Би
41 размерийн гутал өмсдөг, надад зориулж авсан юм билээ. Өөрөө 46 размерийн гутал
өмсөнө. Хэр баргийн гутал таарахгүй, таарсан ч булчин нь орохгүй. Ээж маань дэлгүүрт
ажилладаг байсан болохоор гутал хувцас олж өгнө, заримыг нь оёдог. Хадаа минь хэлхгэр
том цамцтай л гэр дотроо халхаганаад явж байдагсан.

-Та алдаж онох үед нь хамгийн их
тусалж байсан. Энэ талаараа яриач?

-Сархад савнаасаа бусдыг дийлнэ
гэгчээр дүүг минь амьдралын эрээн, бараантай учруулсан. Миний гараас гараад хэрэг
төвөг хийж, архи дарс ууж сурсан юм. Гэсэн ч эгч нь юм болохоор хэрэг төвөгт орохоор
нь гүйгээд л очдог, намайг ч дууддаг. Надтай ирж уулз гээд л захиа явуулна. Очиж
уулзахаар “Та ингэж хөөцөлд” гээд л хэлж өгдөг. Хэлснээр нь хийгээд л хүмүүстэй
уулзахаар аль хэдийнэ хэргээ хүлээгээд гарын үсэг зурчихсан байдаг юм. Шөнөөр хоол
унд хийгээд л уулзахаар очно. “Ажаа, би уул нь тийм хэрэг хийгээгүй байхгүй юу.
Тийм юм болсон юм” гээд л ярьж өгнө. Хадаад хэрэг хүлээлгэхэд гурван хоног л хэрэгтэй.
Гурав хоноход л бүх хэргээ хүлээгээд гарын үсэг зурчихна. Би “Даан ч дээ, чамайг
эд нар яасан гэхээр, “Яагаа ч үгүй” гэнэ. Тэр үед Шүүхийн шийдвэрийн газрын Цэдэндамба
хурандаа их тусалсан, цолоо хүртэл авахуулсан. Хурандаа нэг удаа “Би уулзаж чадахгүй,
харин юу гэж хэлэх ёстойг нь хэлж өгье” гээд асуулт, хариулт хэлбэрээр шүүх хурал
дээр хэлэх үгийг нь бичүүлээд хүмүүсийг гуйж өөрт нь өгөөд явуулсан юм. Өгөхдөө
уншаад л ураад хаяарай гэсэн чинь уншиж байгаад нүүрэн дээрээ тавьж унтаад баригдчихсан.
Тийм л хэнэггүй, гэнэн хүн дээ. Гундуухан байхад нь Ж.Мөнхбат аварга, ардын уран
зохиолч Ш.Сүрэнжав эргэж очсонд би их баярлаж явдаг юм. 1990 оны улсын баяр наадам
болоод Хэрлэнгийн хөдөө аралд болсон даншиг наадамд ард түмэн Хадаагаа зодоглуулах
гэж шоронгоос суллахыг шаардаж байсныг түүхийн шарласан хуудас гэрчилнэ.

-Та зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг
түлхэлтээр Монгол Улсын 25 удаагийн аварга цол хүртэж, улсын рекордыг 109 удаа шинэчлэн
тогтоожээ. Энэ тухайгаа яриач?

-Би 1959 оноос бөөрөнцөг, зээрэнцгийн
шидэлтээр спортын гараагаа эхэлсэн. Анх сургуулийнхаа спартикадад өндрийн харайлтад
нэг метр 25 см харайж түрүүлсэн. Тэр үед Ч.Найдан багш маань намайг анзаарч, “Спорт
ордон дээр ирээрэй” гэсэн юм. Ээжээрээ шарвар оёулаад л ордонд анх очсон. Анх удаа
1968 онд рекорд эвдэж, рекорд гэдэг нь юуг ч хэлж байгааг сайн мэдэхгүй. Би үеийнхнээсээ
том биетэй хүүхэд байлаа. Сургуульд иртэл ангийнхан “Намжилмаа рекорд эвдсэн гэсэн,
юм хум хагалчихсан юм биш байгаа” гэж ярьж байсан гэдэг. Одоо миний тогтоосон амжилт
эвдэгдээгүй байгаа. 1964 оны Токиогийн олимпод 11 дүгээр байрт, 1968 онд шагналт
наймдугаар байрт шалгарсан. Одоогоор жил бүр өөрийн нэрэмжит ахмадуудын тэмцээнээ
хийж байна.

-Та Мон-Алтиус сургуулийг байгуулсан.
Бусад биеийн тамирын сургуулиас ялгарах онцлог юу вэ?

-Манай сургууль 1997 онд байгуулагдаж
шинээр бодибилдингийн багш, спортын менежмент гэсэн хоёр мэргэжлийг нээж элсэлт
авдаг болсон, нийт зургаан төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг. Мөн жил бүр сургуулийн
аварга шалгаруулах тэмцээнийг арван таван спортын төрлөөр шалгаруулдаг онцлогтой.
Хөдөлмөрөөр боссон сургууль минь хөл дээрээ босч 1000-аад оюутан төгссөн байна.
Хоёр ч удаа магадлан итгэмжлэгдсэн, төлбөр багатай учраас оюутнууд ам сайтай байдаг.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

С.Жавхлан: Жавхланг нам түшдэг болохоос биш Жавхлан хэзээ ч намд орохгүй

“Өдрийн сонин”-ы №156 дугаараас авч нийтлэв.


УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаад буй дуучин С.Жавхлантай ярилцлаа.

-УИХ болон ИТХ-ын сонгууль амжилттай болж өнгөрлөө. Та ялалт байгууллаа?

-За гялайлаа. Ямар ч байсан сонголтод Жавхлан биш монгол ёс заншил, миний ярьж явдаг монголчлол яллаа.

-Таны хувьд ирэх дөрвөн жилд ажиллах мөрийн хөтөлбөрөө гаргачихсан байх. Яаж ажиллая гэж бодож байгаа вэ?

-Ёсоо сахиулах, мэндлэх, хүндлэх ёсноос эхлүүлээд Монголынхоо төрийг цэвэрлэнэ дээ.

Төрийн ордонд УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авах гээд ороход бүгд гадаад хувцастай байна шүү дээ. Би Монголын төрд орж ирсэн юм уу, гадаадын ямар нэгэн оронд яваа юм уу. Тэгэхээр энэ хэдийг дээл өмсгөмөөр байна. Монголын төлөө Монголын тухай ярьж байгаа юм бол бүгдээрээ монгол дээлээ өмсөөд хуралддаг байх ёстой. Гэх жишээгээр төрдөө ч, түмэндээ ч хийх ажлаа эхлүүлнэ дээ. Ингээд л захаасаа хөвөрч байна.

-Тэгэхээр та ирэх дөрвөн жилд хослол өмсөхгүй нь ээ?

-Монголын төр Монголоороо байгаасай. Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл гэж ярьдаг. Унтрах төрийн костюм, пиджак гэвэл яасан юм, тийм үү.

-Та өмнө нь сонгуульд өрсөлдөж байсан. Харин энэ удаад үнэмлэхүй ялалт байгууллаа гэж болно. Ялалт байгуулсан эрхмүүдийн дундаас таныг ард түмэн их дэмжиж байна?

-Монгол, Монгол ёс маань л биднийг, Жавхланг өнгө оруулж явж байна шүү дээ. Нэг ёсондоо хаалттай, хар бууруулагчтай шилтэй, том том тэрэгний шилний цаанаас муур шиг гэтэж түмэн олонтойгоо дөхөж ч чадахгүй хулганаж амьдрах, монгол төрийн сүлд, шүтээн болсон морин дэлэн дээрээс түмэн олныхоо амьдралыг харна гэдэг тэнгэр, газар шиг л ялгаатай байдаг юм байна. Сонгуулийн төгсгөлийн хэдэн өдөрт би үхэр тэрэгтэй явсан. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай байтугай, жийпийг ч гүйцдэг юм байна. Том том хар тэрэгнүүдийг ч гүйцдэг юм байна. Бүх хүнд үнэнийг уриалж байна. Үнэнээр амьдарцгаая.

-Энэ удаагийн сонгуулийн үр дүнг хараад “Ард түмэн итгэлээ өгч ч чаддаг. Бас алгадаж ч чаддаг юм байна” гэдгийг сануулчихав уу?

-Яахав, Монгол орон дэндүү муухай талцчихсан л байна. Голын наана цаана, уулын ар, өвөр, улаан, цэнхрээрээ. Тэгэхээр энэ талцлын л нэг илрэл болж харагдаж байна. Монголоо эвцэлдүүлэх ёстой, нэг байх ёстой.

-Өмнөх дөрвөн жилд УИХ-д байсан бие даагч гэгдэх гишүүд сүүл рүүгээ нам нам дагаад, зарим нь нам байгуулаад явчихсан л даа. Танд намуудаас элсээч гэсэн санал ирж байна уу?

-Өө, нөхдүүд бас тиймэрхүү юм надад бас хэлж байсан. Сонгогч түмэн маань ч надад хэлж л байсан. “Жавхлан одоо нэг нам түших юм биш биз дээ” гэж. Жавхланг нам түшдэг болохоос биш Жавхлан хэзээ ч намд орохгүй ээ. Жавхлан руу нам ордог болохоос биш Жавхлан намд орохгүй гэдгийг хэлмээр байна. Бие даагчид бол бор зүрхээрээ, үнэнээрээ байж чадаагүй гэж хэлнэ. Яагаад вэ гэхээр хуучин загварт баригдаж амьдраад яваад байсан. Шинэ амьдралыг авчрахын тулд хэзээ ч хуучин зүйлээрээ яваад байж болохгүй байхгүй юу. Тэгэхээр энэ нийгмийг өөрчлөхийн тулд дандаа шинэ, зөв зүйлсийг сонгож авч ажиллах ёстой байсан. Нэг ёсондоо бүгд сайхан морио унахад яагаад болохгүй байсан юм. Тийм үү. Бүгд сайхан энгийн байдлаа барихад яагаад болохгүй байсан юм. Төр гэхээр айхавтар том загвартдаг, хэлбэртдэг нэг тийм дөрвөлжин хайрцганд баригдсан юм биш шүү дээ. Тэгэхээр үүнийг бусад нэр дэвшигчид хагалж задалж, толгой, мэдрэмжээ хараахан сайн ажиллуулж, нийгмээ зөв үнэлж чадсангүй.

-Төр түшилцэхээр дуучин хүн ороод ирлээ. С.Жавхлан дуугаа дуулаад явж байхгүй яагаад төрд оров гэж олон хүн асуудаг. Та яагаад улс төрд орох болов?

-Өнгөрсөн 26 жил эдийн засагчид, хуульчид Монголыг сайн сайхан болгосон нь хаана байгаа юм. Тийм ээ. Намайг сайхан дуугаа дуулаач ээ гэдэг. Би сайхан дуугаа дуулдаг шиг эх орныг яагаад сайхан авч явж болдоггүй юм. Эхлээд Самандын Жавхлан Монголоо сайхан болгочихоод араас нь сайхан дуунуудаа дуулна аа.

-Монголчуудын хувьд бүтэн жил хүлээсэн наадам нь хаяанд ирлээ. Зэрэгцээд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохиогдоно. Их л хөл хөдөлгөөнтэй өдрүүд айсуй байна?

-Баяр наадмын мэндийг нийт монгол түмэндээ дэвшүүлж байна. Дэлхий эмээлээ гэдсэндээ авч харлан доройтохын тэр цаг үе дор мал, малчин, монгол ухаан гурав дэлхийг аварч үлдэх цадигтай гэсэн эцэг дээдсийн алтан шастир байдаг. Тийм болохоор аль болох энгийн, бүх юм Монголоороо, Монголын газар шороон дээр монгол соёл соёолох ёстой. Тийм ч учраас наадмын үеэр АСЕМ гэж Их эзэн Чингис хаан, үе үеийн хаадууд маань хурааж цуглуулж явсан дэлхийн улс гүрэн өөрсдөө ирж хураагдах гэж байна. Тэгэхээр үүн дээр бүгд Монголоо дээш нь өргөж, Монголоо Монголоор нь бадраацгаая гэж уриалж байна. Намайг битгий ганцаардуулаарай. Монгол олуулаа шүү.