Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Албан тушаал тойрсон наймааны хэрүүлийг гаднаас шидээд байна

“Өдрийн сонин”-ы
№160(5425) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Юуны өмнө УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон танд баяр хүргэе?

-Баярлалаа. Иргэд маань их итгэл хүлээлгэж Их хуралд дахин илгээсэнд баяртай байна.

-Өмнөх дөрвөн жилд эрх баригчаар ажиллаж байсан бол энэ удаа сөрөг хүчний байр сууринаас ажиллахаар болж байна. Таны хувьд ямар бодлого барьж ажиллах вэ?

-Ардчилсан нам олонхи болохын тулд сонгуульд орсон ч нийт суудлынхаа 30 хувийг ч авч чадахгүй хэмжээнд хүрсэн нь бидний хувьд том сануулга боллоо. Сонгууль хэр шударга болсон гэдгээс эхлээд яривал их зүйл бий. Үүнийг ярихгүй бол цаашид Монгол Улсад ардчилсан, шударга сонгууль болох уу гэдэг асуулт гарч ирэх болно. Тиймээс нэг талд нь гаргаж шийдэхгүй бол болохгүй. Техник талаасаа хар машин асуудалгүй гэдгийг ойлгосон байх. Хүмүүс АТМ-аас мөнгө авахдаа итгэдэг шиг хар машинд итгэдэг болсон. Гэсэн хэдий ч сонгууль нь цаанаа булхай луйваргүй болох тал дээр ажиллахгүй бол болохгүй гэдэг нь харагдаж байгаа.

Манай нам энэ удаагийн сонгуульд ялагдсан нь үнэн. Гэхдээ есөн гишүүнтэй болтлоо уруудсан дүн гарахгүй байсан байх. Тэгэхээр цаашид энэ бүхнийг зөв зохистой болгохын тулд энэ парламентад бодитой цөөнх хэрэгтэй гэдэг нь үнэн.

-Нам ялагдах болсон гол шалтгааныг та юу гэж харж байгаа вэ?

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж, хоорондоо зөрчилдөж, намын удирдлагуудынх нь явуургүй байдалд ард түмэн дүн тавьсан. Аливаа эрх баригчид өөрсдөдөө таарсан хууль баталдаг нь хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй гэдгийг харууллаа. Үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрдөггүй. Хуулийн аргаар ард түмний эрх ашгийг хөнддөг зүйл байж болохгүй. Энэ мэтчилэн олон шалтгаанаас болж манай нам ялагдал хүлээсэн. Тиймээс энэ дөрвөн жилд намаа сайжруулахаас эхлээд улс орны эрх ашгийн тал дээр хатуу байр суурь барьж ажиллана. Намаа, нийгмээ өөрчилж, сонгуулийн зөрчил гарахгүй байх тал дээр сөрөг хүчин сайтар ажиллах ёстой.

Одоогийн эрх баригчдад хоосон, худал амлалтаар ард түмний саналыг авах нөхцөл үүсгэхгүй байхад анхаарч амлалтыг нь хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулна. Цөөнх ямар ажил хийх ёстой, тэр бүгдийг хийнэ.

-Сөрөг хүчний байр сууринаас ажиллах хэдий ч есөн гишүүн гэдэг бол хэтэрхий бага тоо гэж байна. Таны хувьд давхар дээлтэй гишүүдийнхээ тал дээр анхаарч сайд нараа томилоорой гэдгийг хэлж байсан. Ялангуяа эдийн засгийн хувьд маш хүнд байдалд Засгийн газар ажиллахаар байна…

-Дэлхийн эдийн засаг тийм ч сайнгүй байгаа. МАН-ынхан маш том амлалтууд өгч өнгөрөгч сонгуульд орсон. Аудитын байгууллага хянаад болно гэсэн болохоор л тэгж явсан байх. МАН-ынхан мэргэжлийн Засгийн газар ажиллуулна гэж амлалт авсан. Энэ хүрээндээ шинэ Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн цалин, тэтгэврийг нэмж, бүх оюутны 70 мянган төгрөгийг өгнө, хүүхдийн мөнгө тэргүүтэй нийгмийн халамжтай холбоотой маш том амлалтыг өгсөн. Одоо харин тэр амлалтуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг нь бид үргэлж сануулж байх үүрэгтэй.

-Ардчилсан намын хувьд томоохон шинэчлэл хийхгүй бол болохгүй гэдэг нь өнгөрөгч сонгуулиар улам тодорхой болсон. ҮЗХ-ны хурал энэ сарын 18-нд товлогдсон байна. Уг хурлаар намын Их хурлаа хуралдуулах, намын дүрмийн өөрчлөлтийн асуудлыг Их хурлаараа хэлэлцэхээр болоод байгаа юм билээ…

-Бид алдаж болох бүх зүйлээ алдсан. Одоо бодит хөрсөн дээрээ буучихсан байна. Фракцилдаг нөхдүүд фракцлан байхгүй болсон зүйлийг булаацалдаад байх юм. Энэ нь маш эмгэнэлтэй харагдаж байгаа. Уг жүжгийг зогсооход энэ удаагийн ҮЗХ-ны хурал маш чухал үүрэгтэй байж цэг тавих болов уу. Энэ намд хариуцлага байдаг, энэ намд ардчилал байдаг, энэ нам нээлттэй болох эхлэлийг тавих цаг болсон. Үнэнийг хэлэхэд Ардчилсан намыг ямар ч ардчилалгүй болгосон. Хамтын удирдлага гэдэг зүйл байхаа больсон. Хувьчлагдаад нэг үгээр хэлбэл мафийн шинжтэй болсон шүү.

Бид энэ бүгдийг задлаад Их хурлаараа хэлэлцэх ёстой. Намын анхан шатны байгууллагын төлөөлөл нь ардчилсан зарчмаа барьж, ард түмний дуу хоолой болж намын дээд удирдлагуудад хүргэх шаардлагатай. Ийм хувь заяаг шийдвэрлэх их үүрэг ирж байна. Сайн сайхан болно гэдэгт итгэж байгаа.

-Таны хувьд байхгүй зүйлийг булаацалдаж байна гэлээ. Яг юуны тухай ярьчихав аа?

-Ардчилсан нам гэдэг чинь ард түмний л нам. Ард түмнийхээ 26 жилийн итгэлийг газарт дэвслээд нэг фракцийн тоглоом, албан тушаалын наймаа, тендерийн наймаа болгож болохгүй. Үүнийх нь дүнг ард түмэн тавьчихсан байхгүй юу. Намын хамт олон нэгдмэл зорилго, нэгдмэл хүчээр ажиллах цаг ирчихээд байхад юу ч болоогүй юм шиг өмнө нь 200 албан тушаалыг тойрч эргэлдэж байсан бол одоо 2-3 албан тушаалыг тойрон эргэж байгаа нь буруу. Яг үнэнийг хэлэхэд сэгэн дээр шавсан махчин шувуу шиг болчихлоо. Ингээд байх юм бол энэ нам руу хэн ч ирэхгүй. Ардчилсан нам оршин тогтнохгүй.

Сүүлийн найман жилд анх удаагаа намынхан цуглаж Их хурлаа хийх гэж байна. Хариуцлагаа тооцох хүмүүстээ тооцон намаа зөв голдрилд нь оруулах тийм цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.

-Шинэ Засгийн газар байгуулагдсанаар өмнөх Засгийн газрын ямар ажлуудыг үргэлжлүүлээсэй гэж хүсч байгаа вэ. Өнгөрөгч дөрвөн жилд АН-ын Засгийн газрын үед маш их ажил хийгдсэн гэж үздэг шүү дээ?

-Гадаад орнуудад улс орныхоо нэр хүндийг өсгөх, аж үйлдвэржилтийн бодлого, эдийн засгийн олон тулгуурыг бий болгосон. Мөн Ардчилсан нам дэд бүтцийг хөгжүүлж, хот суурин газрыг хөгжүүлэх, ард иргэддээ хандсан цогц бодлоготой болгож чадсан. Энэ бүгдийг эрх баригчид үргэлжлүүлэх ёстой. Арай ч бидний эхлүүлсэн ажлыг хаячихгүй байлгүй. Тэгж хийсэн ажлаа устгуулахгүйн төлөө бид ажиллана. Бид тэмцэнэ.

-Ардчилсан намын бүлгийн есөн гишүүд бас л тодорхой бүлэг фракцийн төлөөллүүд орж ирсэн. Дөрвөн жилийн хугацаанд зайлшгүй гар нийлэхээс өөр замгүй боллоо?

-Анхнаасаа бид тэгж ажиллахгүй бол болохгүй. Тэгж ажиллана гэдэгт итгэж байгаа. Өөр ямар ч зам байхгүй. Энэ есөн гишүүн бол намынхаа өмнө маш том ачаа, хариуцлага үүрч байгаа хүмүүс. Анхнаас нь зөрчилдүүлж үймүүлэх гээд албан тушаал тойрсон наймааны хэрүүлийг зориуд гаднаас шидээд байна. Тэр хүмүүс нь өөрсдийн савраа татан авч бүлгийг бүлэг шиг ажиллуулах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Николай Рерихийн сод бүтээл “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх алга болж, хуулбар нь үлдсэн үү

“Өдрийн сонин”-ы
№159(5424) дугаараас авч нийтлэв.

Оросын алдарт зураач Николай Рерихийн сод бүтээлүүдийн нэг болох дэлхий нийтэд “Улаан хөлөгт баатар” гэдэг нэрээрээ алдартай “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн талаар урлаг судлаач, болон уран зурагтай ойр байдаг хүмүүсийн дунд нэгэн яриа гарчээ. Тэд “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх хувь нь алга болсон байна. Дээрх зургийг хадгалж байгаа гэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хуулбарласан буюу хуурамч хувь нь хадгалагдаж байна” гэх болжээ. Энэ яриа Оросын алдарт зураач Николай Рерихийн бүтээлийг амьдралынхаа 60 гаруй жил судалж байгаа, түүний зургийн хэв шинж, онцлог, ялгарах байдал зэргийг нарийвчилж судалдаг АНУ-ын нэгэн судлаач манай улсад ирсний дараагаас гарчээ. Тэрбээр Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа дэлхий нийтэд “Улаан хөлөгт баатар” нэрээрээ алдартай, “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийг хараад гайхсан гэнэ. Тэгээд ч зогсохгүй зургийг хэсэг харж зогсож байгаад гараад явчихжээ. Уг нь хаа байсан холоос зөвхөн энэ зургийг л харах гэж тэр ирсэн аж. Тэгээд “Николай Рерихийн зурсан жинхэнэ зураг нь алга байна шүү дээ. Зөвхөн хуулбарласан нь байна. Хэзээ алга болсон юм бэ. Танайхан яагаад одоог хүртэл хуулбар зураг гэдгийг мэдээгүй байгаа юм” гэсэн гэнэ. Тухайн үед уран зураг болоод соёл, урлагийн нэр бүхий томоохон төлөөлөл болсон хүмүүс түүнтэй хамт байжээ. Тэд “Та үнэн ярьж байгаа биз дээ. Маш ноцтой асуудал ярьж байгаагаа мэдэж байна уу” хэмээн зөрүүлээд асуужээ. Уран зураг судлаач америк эмэгтэй “Амьдралынхаа 60 гаруй жил зөвхөн Николай Рерихийн зурсан зургийг судалж байна. Та бүхэн надад итгэхгүй байгаа бол шинжилгээ хийлгээд үз. Ядахдаа будаг нь хэдэн оных, зурсан даавуу нь хэзээ үеийнх вэ гэдгийг шинжилгээнд өгвөл гараад ирнэ. Энэ хуулбарыг арав гаруй жилийн өмнө хийсэн болов уу” гэж хэлчихээд яваад өгсөн гэнэ. Дээрх яриа болж өнгөрсний дараа “ОХУ-ын нэгэн уран зураг цуглуулдаг хүнд эх хувилбар нь хадгалагдаж байгаа юм байна” гэх мэдээлэл ч гарчээ.

“Шамбалын хаан Рэгдэндагва” зургийн эх хувилбаралга болсон. Хуулбарнь манайд байгаа гэх яриа арав гаруй жилийн өмнө гарч байсан” гэв

Энэ талаар сурвалжлахаар Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд очсон юм. Тус музейд Оросын алдарт зураач Николай Рерихийн сод бүтээлүүдийн нэг болох дэлхий нийтэд “Улаан хөлөгт баатар” гэдгээрээ алдартай “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зураг байгааг тайлбарлагч нь хэлж байв. Сүүлийн хэдэн жил огт байрнаас нь хөдөлгөөгүйгээ ч тодотгож байв. Уг зургийг хуулбар уу, эсвэл жинхэнэ зураг уу гэдгийг хууль хяналтын байгууллагынхан болоод Соёл урлагийн зөвлөлөөс тогтоож байгаагүй юм байна. “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх хувь алга болсон уу гэдгийг нэрээ нууцалсан нэгэн эх сурвалжаас тодруулсан юм.

-Оросын алдарт зураач Николай Рерихийн сод бүтээлүүдийн нэг болох “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх хувилбар алга болсон. Хуулбар нь Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар танд сонсч, дуулсан зүйл байна уу?

-Энэ зургийн жинхэнэ эх нь алга болсон. Хуулбар зураг нь үлдчихсэн гэх мэдээлэл гараад арав гаруй жил болж байна. Одоогийн Дүрслэх урлагийн музейн захирал томилогдож байх үед л энэ яриа гарсан. Өөрөөр хэлбэл, арав гаруй жилийн өмнөх яриа. “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх алга болсон гээд л УИХ-ын гишүүн байсан хүнээс эхлээд тус музейд ажиллаж байсан эмэгтэй хүртэл ярьж байсан. Үүнийг уран зураг, соёл урлагийн хүмүүс мэднэ. Хэн нэгний худал яриа юм байх гээд л нээх их тоохгүй яваад байгаа. Гэтэл саяхан энэ талаар дахиад яриа гарчихсан байна. Үүнийг эцэслэн, хуулбар зураг мөн эсэхийг тогтоох цаг нь болжээ.

-Яагаад өнөөдрийг хүртэл шалгуулаагүй, шинжилгээ хийлгээгүй юм бол. Манай уран бүтээлчид дунд жинхэнэ, хуулбар зургийг ялгачих хүн олон байгаа биз дээ?

-Хуулбар зураг уу, эсвэл жинхэнэ үү гэдгийг хараад мэдэх боломж байгаа. Жинхэнэ эх зурагны татлага нь шал өөр байдаг. Харин хуулбар зурагны татлага зураас нь их өөр байдаг юм. Мөн тухайн зурагт зураачийн гарын үсэг болоод ард талд нь нууц байдлаар хийсэн ялгарах зүйл байгаа. Монголд төдийгүй дэлхийд алдартай энэ бүтээлийг жинхэнэ үү, хуулбар уу гэдгийг эхний ээлжинд Соёл урлагийн зөвлөл хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж дүгнэлт гаргах ёстой. Үүний дараа зурагнаас дээж аваад хэдэн оны будаг вэ, зурсан даавуу нь хэдэн оных болохыг нарийвчилж тогтоох хэрэгтэй. Ингээд хуулбар уу, жинхэнэ зураг уу гэдгийг гаргаад ирэх юм. Ер нь дэлхий нийтэд уран зураг, соёлын хосгүй үнэт үзмэрүүдийг ингэж л тогтоож байгаа. Энэ жишгээр явах хэрэгтэй.

-Монголын зураачдын сод бүтээлүүдийн эх хувь бараг бүгд алга болсон. Уран зураг зурдаг оюутнуудаар хуулбар хийлгээд эх хувилбаруудыг хил гаргаад зарчихдаг гэх яриа байнга шахуу гарах юм. Энэ хэр ортой вэ?

-Гарын ур сайтай, зураг хараад хуулбарлаад зурчихдаг залуусаар хуулбар хийлгэдэг гэх яриа оргүй хоосон зүйл биш. Үүнийг нотолгоотой ярих хэрэгтэй. Зарим музей уран зургаа хуулбарлуулаад эх хувийг нь хадгалчихдаг. Байнга гэрэлтэй орчинд байлгахаар будаг нь ховхорч, муудаад байдаг. Тэгэхээр нь хуулбар хийлгээд үзмэртээ байршуулдаг. Уран зургийн мэдлэг, боловсролтой хүн л үүнийг ялгаж танина. Энгийн хүмүүс “Сайхан зураг байна” гэж харчихаад л өнгөрдөг юм. Уран зургийн галерейд байгаа Монголын сор болсон зураачдын сод бүтээлүүд бүгд алга болсон гэх яриа байдаг. Үүнийг ч үгүйсгэх арга байхгүй. Одоогоор 20 орчим жилийн өмнөөс л хараа хяналт суларсан. Үүнийг ашиглаж цөөн хэдэн хүн эх хувилбарыг нь худалдаалсан байхыг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ зургуудыг нарийвчилж шинжилгээнд өгмөөр байна. Олон жил энэ хардлага явж байна. Барим тавим тэр өдөр, тэр гэж хүн тэгж авсан гээд л ярьдаг. Бүр хуулбар нь ч мэдэгдэхгүй, жинхэнэ нь ч мэдэгдэхгүй зураг хилийн чанадад ховор зураг цуглуулдаг хүмүүст байдаг. Хуулбар байлаа гэхэд хэн, хэзээ, хэнээр хуулбар хийлгэсэн бэ гэдэг нь маш чухал. Мөн ховор үзмэр, уран зураг цуглуулдаг хүмүүс эх хувилбарыг нь ямар нэгэн аргаар авахыг л хүсдэг юм. Түүнээс хуулбарыг хараад сэтгэлээ, нүдээ баясгаад суух нь ховор. Уран зургийн эх хувилбар алга болж байж магадгүй гэсэн таамаг яагаад дэвшүүлж байна вэ гэхээр хэд хэдэн үндэслэл байна. Үзмэрт байгаа зургаа шууд хараад таних хүн Монголд цөөхөн байна.

Яагаад. Өөрийнхөө зурсан зургийг таних хүн ховор байдаг хэрэг үү?

-Дарга нь солигдохоор л мэргэжилтнүүд нь солигдоод ямар ч мэдлэг байхгүй хүн ороод ирж байна. Тэгэхээр хэн ч хосгүй үнэт үзмэрүүдэд эзэн болж чадахгүй байна. Урлаг судлаач, зураг, үзмэрүүдийг мэддэг хүмүүс нь нас дээр гараад эхнээсээ бурхан болж байна. Тэр хүн мэдэх болов уу гэсэн хүн нь цус харваад, эсвэл гэрээсээ гарч чадахгүй болчихоод байна шүү дээ. Хосгүй үнэт үзмэр, уран зургийн цаана ийм л асуудал байгааг хэн ч зоригтойгоор ярьж чадахгүй байна. Ярих боломж ч үнэндээ алга. Шүүмжлээд яривал энэ салбартаа ад үзэгдээд хавчлага, шахалтад орно. Саяхан нэгэн томоохон албан тушаалтан гэр рүүгээ уран зураг авч яваад хадгалж байсныг нэг мэргэжилтэн нь цагдаад мэдэгдсэн. Цагдаа нь шалгах болсон. Тэгсэн нөгөө цагдаа захиралтай нь хуйвалдсан байж магадгүй гээд матаас ЦЕГ-т очсон байна лээ. Тэр “матаас”-наас болоод сүүлийн үед уран зурагтай холбоотой асуудлаар гаршиж байсан цагдаа ажилгүй болчихсон. Одоо цагдаад түүн шиг мэдлэгтэй, ажилдаа гаршиж байсан хүн байхгүй. Хэдэн жилийн өмнө Уран зургийн галерейн захирал болсон нэг залуу зоригтойгоор “Энэ хэдэн зурагнууд хуулбар юм биш үү. Ноцтой зүйл ажиглагдаад байна” гэж хэлээд ад болсон. Түүний яриаг тал талаас нь намжаагаад л өнгөрсөн.

-Та энэ талаар зоригтойгоор хэлж, яриад шалгуулах газраар нь шалгуулж болно шүү дээ?

-Амьдралтай, ар гэрийнхнээ тэжээх гэж зүтгэж яваа бидэн шиг улс энэ талаар хэлээд ямар ч нэмэр байхгүй. Харин ч бүр хэрэгтэн болно. Эсвэл дахиж ажил хийх боломжгүй болно. Хууль хяналтынхан ч авч хэлэлцэхгүй. Дарга, даамлууд ч газар авахуулахгүй. Харин энэ удаад боломж олдсон дээр зургуудыг шинжлүүлээд бодит эсэхийг нь тогтоолгох замаар үнэн мөнийг илчлэх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн гүйж очиж хэлээд илэрдэг хэрэг биш.

Оросын алдарт

зураач Николай Рерих гэж хэн бэ

Николай Константинович Рерих герман гаралтай Оросын зураач юм. Урлагийн ертөнцөд төдийгүй эрхзүйн салбарт ч амжилт олсон дэлхийн томоохон эрдэмтдийн нэг. Мөн Агни-Йогагийн нийгэмлэгийг үндэслэсэн. Дайны үеэр түүний бүтээлүүд нь уран зургийн болон архитектурын өвийг хамгаалахын төлөө чиглэгдэж байжээ. Түүнийг олон удаа Нобелийн шагналд нэр дэвшүүлж байсан түүх бий. АНУ болон Пан Америкийн холбооны гишүүн улсууд Рерих Пактын хуулийг хэрэгжүүлж байсан түүхтэй. Рерих Пакт нь эртний олон улсын соёлын өмчийг хамгаалсан хууль юм. Нэгдсэн улсын дэд Ерөнхийлөгч Хенри Валлис Рерихийн түүх, дурсгалаа авч үлдэх тухай санаачилсан хуулийг боловсруулж байсан түүхтэй.

Тэрбээр зөвхөн уран зураг зурахаас гадна шүлэг яруу найраг, жүжиг, зохиол бичдэг суут нэгэн байжээ. 1917 оны хоёрдугаар сард болсон хувьсгалын дараа Оросын их хааны дэглэм нуран унаснаар Макси Горький болон Александр Бэнойс нартай хамтран “Горькийн комисс” урлагийн эвлэлд нэгдсэн байдаг. Үүнээс болж Рерихийн эх нутагтаа амьдран суух эрхийг нь хүчээр хассан түүхтэй. Эх орондоо амьдрах эрхгүй болсон тэрбээр энэ цагаас хойш гэр бүлийн хамт хэрэн хэсч амьдарсан юм. Гэхдээ дэлхийн улс орнуудаар цагаачилж байхдаа тэр сод бүтээлүүдээ туурвиж, нэр алдарт хүрсэн байдаг. Тэрбээр Финланд, Скандиновт хэдэн сар амьдарсны дараа 1919 оны дунд үед Лондон руу нүүсэн гэдэг. Зурсан зургаа худалдах, театрын ажил зэргээсээ багагүй мөнгө олж, Энэтхэг орныг зорих эртний мөрөөдлөө биелүүлэхээр аян замд гарсан байна. Түүнийг Энэтхэгт хэдэн жил болсны дараа Чикагогийн Урлагийн хүрээлэнгийн захирал 1920 оны арванхоёрдугаар сараас бусад орноор тойрон үзэсгэлэнгээ гаргахыг санал болгосон нь уран бүтээлчийн хувьд хамгийн том олз байлаа. Энэ аялал нь Нью-Йоркоос эхэлж, 1921 оны сүүлч 1922 оны эхээр Сан-Францискод дуусчээ. Үүнийхээ дараа Азийн орнуудаар аялж, уран зураг болон бусад бүтээлээ туурвисан юм. Түүний “Пакс Культура”, “Улаан загалмай” зэрэг бүтээлүүд нь хүмүүсээс өндөр үнэлгээ авч иржээ. 1935 оны “Цагаан ордон”, “Рерих Пакт” зэрэг ажлууд нь АНУ болон Пан Америкийн 12 гишүүн орны бэлгэ тэмдэг болсон байна. Х.П.Ловекрант “Николай Рерихийн зурсан зураг ер бусын атлаа айдас түгшүүртэй байдаг” гэж түүний “Антарктидын айдас”-ын тухай “Маднессын үүлс” номдоо бичсэн байдаг.

Рерих Монголд ирсэн түүх буюу “Шамбалын хаан Рэгдэндагва” зураг

Оросын их соён гэгээрүүлэгч, уран зураач, нэрт монголч эрдэмтэн Н.К.Рерих Төв Азийн экспедицийн аяллаар Монголд ирээд 1926 оны есдүгээр сараас 1927 оны тавдугаар сар хүртэл Улаанбаатар хотноо ажиллаж, амьдарчээ. Н.Рерих манай оронд байх хугацаандаа Монголын тухай 107 уран зураг туурвисан гэдэг бөгөөд 1927 онд “Шамбалын хаан Рэгдэндагва” зургаа бүтээж, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржид бэлэглэжээ. Энэ тухай “Монголын Засгийн газар зургийг тун их талархан хүлээн авав.Тэр цагт Монголын нийгэм бүхлээрээ Шамбалын домогт итгэж, Шамбалын хаан ирж байгаа гэдэгт итгэдэг байсныг тэрбээр онцгой мэдэрч зургаа туурвисанд тухайн үедээ сайхан бэлгэдэл болсон утга агуулга байж, маш догдлол авчирсан” хэмээн Дүрслэх урлагийн музейн цахим сайтад бичсэн байх ажээ.

Шамбалаас ирсэн номын сахиус Рэгдэндагва бол есөн зүйлийн дайсныг дарагч, шинэ эрин үеийг хамгаалагч, ирээдүйг төлөөлөгч буюу ирээдүй цагийн бурхан Майдартай эн чацуу агаад голдуу гурван мэлмийтэй догшин дүртэй бүтээгддэг бол зурагт Рэгдэндагва нь хоёр мэлмийтэй, амирлингуй дүртэй, хар хөх зүсмийн морьтой, жад барьсан байдлаар бүтээгдсэн цөөхөн номын сахиусын нэг хэмээн бурхан шашны номонд бичигдсэн нь бий.

Зураач Николай Рерихийн “Улаан хөлөгт баатар” буюу “Шамбалын хаан Рэгдэндагва” (165х125, темпера будаг, холст) бүтээл нь бурхны домгоос сэдэвлэн зурсан, монгол зургийн арга барил санагдуулам сонирхолтой бүтээл гэж судлаачид үнэлдэг. Зураач уламжлалт монгол зургийн аргаар зургийн төв хэсэгт морьтон байрлуулж, “Шамбалын догшин хүрдэт хаан Рэгдэндагва” гэж түвдээр бичиж үлдээсэн байдаг. Рерихийн энэ зураг нь гурван мэлмийтэй догшин сахиус дүртэй бөгөөд зүүн гартаа дайсны зүрх, баруун гартаа жад барьсан байдлаар зурагдсан. Энэ зургийн гол санаа нь түүний бичсэн захидал дахь “Гэрэлт ирээдүй” гэсэн тодотголоор илрэх ба зурагт есөн эрдэнийн үнэт будаг хэрэглээгүй ч ерөнхийдөө улаан өнгө давамгайлж, мартан зураг мэт болжээ. Бурхны шашны номоор улаан өнгө аз жаргал, баяр баясгаланг бэлгэддэг гэнэ.

Эх хувь нь алга болсон байж болзошгүйд тооцогдоод байгаа энэхүү зургийг уран зураг сонирхдог хүмүүс “Дэлхийд хосгүй сод бүтээл” гэдэг аж.

Үргэлжлэл бий.

Эрэн сурвалжлах тоймчдын алба

Categories
мэдээ цаг-үе

“Хар авдарт ном, хазгар өвгөнд эрдэм бий”…

“Өдрийн сонин”-ы №159(5424) дугаараас авч нийтлэв.

42 жил сумын сургуульд багшилж, 40 гаруй ном бичиж, орчуулж хэвлүүлсэн ахмад багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Ядамын Дүгэртэй ярилцлаа. Энэ хүн бидэнд орос хэлний хичээл ордог байлаа. Багш маань олон жилийн өмнөх янзаараа “дэгж” явна. Биднийг сурагч байхад л сургуулийн өвгөн багш байсан (юутай ч бидэнд тэгж харагддаг)багш маань өнөө ч хэвээрээ үлджээ. Я.Дүгэр багш тэтгэвэрт гарсан хойноо ном бичиж, МЗЭ-ийн гишүүн болж, “Уран зохиолын төлөө” шагналыг нь хүртжээ. Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбооны гишүүнээр “уригдаж”, “Мөнгөн сар” медалийг нь хүртэж Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, АН-ын АХ-ны тэргүүлэгч болсон гэх мэтээр нийгмийн идэвхтэй амьдарчээ. Оны шилдэг номоор хоёр бүтээл нь шалгарсан гэнэ.

– Багш аа, Төв аймгийн Угтаалцайдам суманд танаар орос хэл заалгаж, элсэлтийн шалгалтаар орос хэлний онооныхоо буянаар сэтгүүлчийн ангийн хуваарийг авснаа ажлынхандаа сайрхаж байлаа. Ингэхэд та хэдэн жил “Хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарив”?

-“Нарт ертөнцөд ганцхан нандин сайхан алба”-ыг нийтдээ 42 жил хашиж, Хөвсгөлийн яруу найрагч, нэг багшийн бичсэнээр “Түй гэх шүлсгүй болтлоо самбарын өмнө чалчиж, түймрийн цагаан нурам шиг шохойн зам татуулж, түмний хүүхдийн төлөө тархиараа зул өргөж” дээ, би гэдэг хүн. Эргээд бодоход, энэ бол маш урт хугацаа, бас ховор заяа юм. Маш урт хугацаа гэдгийг одоо л ойлгож байна. Багш, хичээлийн эрхлэгч, захирал хийлээ. Мөн жижүүр, цэвэрлэгч, угаагч, барилгачин, будагчин, сийлбэрчин, засварчин, хэлмэрч, орчуулагч… байлаа. “Цаг үеийн шаардлагаар” гэх үү дээ… Мэдээж, сэхээтэн хүн тул ухуулагч, суртал нэвтрүүлэгч… Оюутнуудын дипломын ажил, эчнээгийхний хичээл гээд албатай юм шиг ирнэ шүү дээ. Багш бол хэцүү ажил. Өнөөгийн багш нар жаргаж байна даа. Тэд ядахнаа субботник, дайчилгаа, лекц, дугуйлан, сонин уншлага, …хурал дээр нөхөр…-ын хэлсэн үгийн тэмдэглэл хөтлөх, хоолны мах, цайны сүүний дараалалд зогсох энээ тэрээ гэхийн зовлонгүй… Компьютер байхад конспект, үзүүлэн бол гарын үзүүрийн ажил.

– Нээрээ ч тийм байх даа. Дараалалд ч бас тэгж их зогссон юм уу?

-Дараалалд бусдын л адил зогсоно шүү дээ. Социализмын үеийн Монголд хүн жилд элдэв дараалалд 450-500 цаг зогсдог байсан гэж судалгаа байдаг юм. Ямар сайндаа Төв аймгийн дарга байсан Жамсран гэдэг буянтан 1960-аад оны сүүлээр Зуунмод хотод “Багш нарын дэлгүүр” гэж гаргаж байх вэ дээ. Энэ тухай би хэзээ сүүлд Ж.Соёлжав багшаас дуулж, тэр даргад баярласан. Өөр тийм жишээ үзэж дуулаагүй. Харин ч муусайн багш нарт дээр доргүй томорч, “Би бол учир мэдэхгүй ажилчин хүн, харин та сэхээтэн хүн байж…” гэж “даналзана” шүү дээ… Увс аймгийн намын хорооны дарга байсан Бизъяа, хүүхдээ угжих гэж таван ямаатай болсон манай Бөхмөрөн сумын нэг багшийг 1980-аад оны сүүлээр аймгийн багш нарын бага хурал дээр “боловсролын дайсан” мэтээр загнаж, “Таван ямаатай энэ мэтийн ялзарсан этгээдүүд манай аймагт багшлах эрхгүй” гэхчилэн цамнаж байсан байдаг.

-Амаргүй үе байжээ бас одоо сонсоход сонин түүх байна. Та ер нь хачин хачин юм ярьдаг янзаараа шүү?

-Амнаасаа болж адлагдахыг алийг нь тэр гэхэв. Бусдыг өмөөрөмтгий гэх үү. “Өдрийн сонин” “Багш” булан нээснийг уншаад үнэхээр баярласан. 1990-ээд оны эхээр өмсөх гутал, барих цүнхгүй, тэр ч байтугай картын бараагаа ч авч дийлэхгүй болсон багш нарын тухай сонинуудад бичиж, арга ядсан багш нараас зарим нэг нь ажлаасаа гарч наймаанд мордсон. Тэд хожсон…

-Та хүүхдүүдтэй тоглочихдог, бас хөөрхөн шоглочихдог байж билээ. Заримдаа сурагчдын дэвтрийг авч, гаднаас нь үнэртээд, чи хуулсан байна гэх юм уу, аль эсвэл чи төд алдаж гэдэгсэн?

-Тийм юм байсаан. Оюун дүгнэлтэрхүү юм уу даа. Бүү мэд. Гэхдээ алдсан тохиолдол гараагүй.

-Харин та өөрийгөө ямар багш байсан гэж боддог вэ?

-Би хүүхэд бүрт асар их боломж байгаад итгэдэг байсаан. Гэхдээ багш, шавийн харилцаа гэдэг бол тун ч ярвигтай зүйл. Зарим хүүхэд багшийн “ам руу орчих” шахдаг, гэтэл зарим нь бараг хаалт тавьчихсан байдаг. Авах, гээхийн заяа төөрөг, ивээл жил, ивээл ааш байдаг шиг, энд мэдээж, харш нь ч байдаг байх. Үнэхээр агуу толгойтой, авьяастай мөртлөө зугтах нь ч байдаг. Тийм хүнд ямар “дарж байж сахил хүртээлтэй” биш. Хүүхдэд ч, надад ч баярлах гомдох үе байсан нь мэдээж. Харин авах хүнд өгөх юм надад байсаан. Мэдлэг, сэтгэл. “Төлбөргүй дамжаа хичээллүүлнэ, тестээр шалгаж, 80-аас дээш оноо авсан хүүхдийг шагнана” гэсэн зарлал хүртэл гаргаж байлаа.

Бас Эрхүүгийн номын сангаас “Частотный словарь русского языка” гэдэг ховор номыг гуйж аваад, 96 хуудастай гурван дэвтэрт хоёр шөнө үүр цайтал сууж хуулж авсныг минь нэг нь аваад буцааж өгөөгүй. Өнөөгийнх шиг канон байсан биш. Канон яагаад байгаагүйг чи мэдэх үү?

-Үгүй ээ, ямар учиртай юм бэ?

-Дэлхий дахинд канон байтугай нь бий болчихсон цаг. Гэтэл олшруулагч төхөөрөмжөөр мэдээ материал олшруулаад “Улсын нууц задалчихна” гэж тэр шүү дээ. Нууцгүй юм байгаагүй: дараалал, аж байдал хүртэл “улсын нууц”… Албаны бичгийн машин бүрийн үсгийн хэв НАХЯ-нд байна. Өргөдөл, гомдол, нэргүй захидал бичсэн хүн тэгж баригдаж байсан. Бат-Үүл ч 1990 онд ажлынхаа газрын бичгийн машинаар ухуулах хуудас биччихээд дорхноо баригдсан… Хадуурчихлаа, уучлаарай. Энэтхэгт урилгаар нэг жил ажилласан Оросын шатрын нэг мастер “Тэнд канон булан бүрт л байдаг” гэж ярьсан байсан. 1970-аад онд. Тухайн үедээ би тэр нь юу болохыг ойлгоо ч үгүй. Хөөе, 1990 оноос өмнө “00”-ийн цаас, скоч, ажлын цагаан бээлий, гэрийн шаахай ч байгаагүй…

-Ингэхэд та яагаад орос хэлний багш болсон юм бэ?

-Би бараг 40 хүрсэн хойноо Эрхүүгийн орос хэлний багш нарын нэг жилийн курст явсан юм. Дээд сургуулийн багш нар ч суудаг дамжаа л даа. Ховор завшаан. Бид 31-үүл очсон. Дамжаанд яг л төгсөх ангийн оюутан шиг хагас ба бүтэн жилээр 7-8 шалгалттай. Гэтэл өвлийн шалгалтаас нэлээд өмнө декан маань бүх багш нартайгаа орж ирээд, “Нөхөр Дүгэрийг бүх шалгалтаас чөлөөллөө. Энэ бол манай курсын хувьд анхны тохиолдол…” гэсэн.

-Яаж тэдэнд “тоогдов”?

– Дүрэм, үгийн сан, ялангуяа өгүүлбэр зүйд би угаас гайгүй байсаан. Декан маань Оросын түүх соёлоор лекц уншдаг доктор, профессор, нээх их сайхан буурал эмэгтэй байсан. Очсон даруйд шахам хичээл дээр 19 дүгээр зууны Оросын хөгжмийн урлагийн түүхийг ярьж байснаа “хамгийн томоохон төлөөлөгч нь Михаил Иванович…” гээд дуугүй болж биднээс хариу хүссэн. Хэн ч дуугарсангүй. Би тэр хүн бол М.И.Глинка гэж мэднэ. Тэгээд “…Топтыгин, Калинин, Глинка” гэсэн. Багш их баярлаж, гайхсан. Би орос ардын зарим үлгэрт баавгайг М. И. Топтыгин гэдэг, нөгөөх нь “Бүх Оросын ахлагч” хэмээгддэг асан М. И. Калинин, энэ гурав бол Оросын хамгийн том гурван Михаил Иванович гэж тайлбарласан.

-Сэтгэгдэл төрүүлжээ дээ?

-Тэр багш гайхаж, баярласнаа нуугаагүй.

-Баян-Өлгийд байхдаа та казах сургуулийн наймдугаар ангийн орос хэлний сурах бичиг бичиж, Алма-Атад хоёр удаа хэвлүүлсэн юм байна?

-Би тэгэхэд тэнд байсан юм. Би 1954 онд Увсын Бөхмөрөнд бага сургууль төгсч, Өлгийд 10 жилийг төгссөн хүн шүү дээ. Казах сургуулийн боловсролын агуулгыг шинэчлэх ажил 1975 онд өрнөсөн юм. Казахстанаас мэргэжилтэн Шакир Аманов гэдэг хүн урилгаар ирсэн. Тэр л намайг зохиогчдын бүрэлдэхүүнд оруулсан. Аймгийн орос хэлний багш нарын бүлгийн ахлагч болгосон. Сүүл сүүлдээ наймдугаар ангийн сурах бичиг тунаж үлдсэн. Надтай нийлээд гурван хүнд бүтээлийн чөлөө өгч, шавдууллаа. Аймгийн номын санд гурван сар суугаад нөгөө хоёр маань больсон. Аймгийн намын хороо, Гэгээрлийн хэлтэс, Сурганы сектор дээр бөөн хэрүүл, банга… Нийслэлээс, бүр Казахстанаас хүн урих тухай яриа болсон. Тэгээд би бичнэ гэсэн. Дарга нар их баярлаж, чамд хэдий хугацаа хэрэгтэй вэ гэхээр нь “Гурван сар” гэсэн. “За хичээгээрэй, чамд АБТА цол, Хөдөлмөрийн хүндэт медаль өгнө” гэсэн. Тэр ч яахав, зүгээр л бичсэн. Номын эхийг секторын ЭША Х.Шаймардан Алма-Ата руу авч одсон хойно би оюутан дүү нарынхаа улмаас хотод ойртож, Төв аймаг руу гэнэт шилжчихсэн. Намар нь номын хувь гэж шуудангаар гурван ном надад ирүүлж, баяр хүргээд, Ардын боловсролын яамнаас мөнгөө аваарай гэсэн. Овоо мөнгө өгсөн. Өлгийнхөн л замыг нь зассан хэрэг.

-Та “коммунист суртлыг шүүмжилж, идэвхтэй амьдралыг сурталчилсан” 20-иод ном бичиж, орчуулжээ. Яагаад та энэ сэдвийг онцолж сонгов. Ер нь юунаас болж та гэнэт ном бичих болов?

– Ном бичих болсны хувьд гэвэл хэн ч өмнүүр зүтгэж булаацалдахгүй юм даа… Монголчууд коммунизм гэгч нийгмийн өвчин, гаж суртал, буруу дадал зуршлаасаа хичнээн түргэн илааршиж сална, улс орон төдий чинээ түргэн хөгжинө гэдэгт би итгэдэг. Хэвлүүлж дийлэхгүй байгаа хэд хэдэн ч ном бий. Чөлөөт нийгэмд ямар ч шинэ технологи хаанаас ч оруулаад ирж болно. Тэгж ч байна. Харин “социалист” биш, “шинэ” биш монгол хүнийг бид төлөвшүүлэх ёстой. Би энд, урьд “социалист ухамсартай хүн”, “шинэ хүн” болгон хүмүүжүүлэх, “социалист аж төрөх ёс”, бүр “социалист овсгоонд” “сургах”-д бүхий л талаар анхаардаг байсныг хэлж байна. Тэр бол “өвчлүүлэх” оролдлого гэж болно. Харин бидэнд одоо жирийн л монгол хүн хэрэгтэй. Жишээ нь, Богд хааны үед, ядарсан нэг нь, би энэ Богдоос болж ядуу явна гэх үү? Боловсрол, гэгээрэл бол хөгжлийн баталгаа шүү дээ. Саяхан, өнгөрсөн сарын 12-нд шиг билээ, зурагтаар судлаачид, дэлхийн I ба II дайныг өдөөсөн гэгддэг “манай дайсан” Баруун Германд түүхийн алдааг давтахгүйн үүднээс, дайны дараа ард түмнээ гэгээрүүлэхэд төр засаг нь асар их анхаарсны учир, үр дүнг нь жишээгээр хэлж харагдсан. Ер нь Баруун Герман сүйрлээс гарч, хөгжлөөрөө дэлхийд гуравдугаарт жагсах болсон. Гэтэл “манай” социалист Герман хөгжлөөрөө хол хоцорсон (35 хавьд), хамгийн гачлантай нь хүмүүс нь их эвдэрсэнд энэ хоёр улс 1990 онд нэгдэх үеэр халаглаж байсан. Ховч матаач, хоёр нүүрлэдэг, ажил оромддог, идэвх санаачилгагүй, хумсалдаг, аливаа өмчид хайр гамгүй, бүх юманд үзэл суртлын үүднээс ханддаг болтлоо “өвчилсөн”… Тэгэхээр социализмын тогоонд тэднээс бараг хоёр дахин удаан чанагдсан бид ямар болсон нь тодорхой. Ачтан, атаатнаа ялгахгүй болох, “манай тал” тул “маш зөв” гэх, өөрсдөөсөө бусдыг үгүйсгэх, үтэр түргэн дарахыг шамдах гэдэг бол нөгөө л өвчин… Хамтран ажиллах, зөвшилцөх, өөрөөсөө бусдыг хүлээн зөвшөөрөх чадваргүй. Зүүн Германд нийгмийн ухааны багш нарт нөхвөр олгоод ажлаас нь халсан гээд бод доо. ОХУ-д “социалист ухамсраас салгах” маш том төслүүд хэрэгжсэн.

-Та яагаад шатрын ном бичих болов. Шатрын 20 гаруй ном хэвлүүлжээ?

-Би шатарт тааруу, ойлгодог төдий хүн. Орос сэтгүүл 2-3-ыг захиалдаг байлаа. Анхалж орчуулсан ном минь алдарт шатарчин Эм. Ласкерийн “Шатрын сурах бичиг”. Энэ номыг орчуулснаа Энэтхэгийн шиг санагдаж байна, нэг мастер ард түмэндээ өргөн барьсан асар том бэлэг минь гэж ярьсныг 1960-аад оны эхээр орос сэтгүүлээс уншсан юм. Тэр номыг би мэдэхгүй явлаа. Гэтэл 1999 онд байх, зах дээр нэг хүн хар даг болсон ч хуудас бүтэн орос ном тавьчихсан суусан. Авсан. Үзсэн. Биширсэн. Тэгээд мал тооллогын бүртгэлийн далбагар цаасан дээр гараар бичиж орчуулсан. 1000 шахам хуудас юм болсон. Хөдөө компьютер байсан биш. Их будилсаан. Тэг тэгсээр 2002 онд нэг юм хэвлүүлсэн. Шавь, “Акума”-гийн Жамянсүрэнгийн Баттулга, Сунравын Ундармаа, мөн дүү нар, хүүхдүүд тусалсан. “Муу нохойн санаа алсын оононд” гэдгээр Дэлхийн оюутан шатарчдын тэмцээнээс (УБ. 2002.09.02-07) өмнө амжуулахыг хичээсэн. Спортын төв ордонд болсон тэмцээний нээлт дээр аваачиж, тавьсан.

-Шатарчид яаж хүлээж авав?

-ОУ-ын шатрын томоохон тэмцээн тул манай шатрын томчууд, сонирхогчид тэнд цугларсан байсан. Намайг хэн ч танихгүй, “Энэ юун хүн билээ” гэж гайхсан. Би ч тэднийг танихгүй шахам. Зарим нь баяр хүргээд, номноос адис авч, гарын үсэг нэхэж байсан. Хоёр дахь өдөр нь бүр ч олон хүн сонирхож эхэллээ. Бие биедээ мэдээлсэн бололтой юм билээ. Нэг залуу “Энэ бол том үйл явдал. Та яасан азтай, бас мундаг хүн бэ? Би барьж авах гэж халгасаар өдий хүрсэн эд дээ. Надад номоороо адис хүртээгээд өгөөч” гэж байсан.

-Хамтран ажиллах санал танд ирж байв уу?

-Ж.Лхагваа, П.Жигжидсүрэн нараас тийм санал ирсэн. Хамтарч ажилласан. “Монголын шатрын түүх”, “Шатрын бодлого дасгалууд”… гээд нэлээд ном гарсан. Өөр хүмүүс ч санал тавьдаг.

-Мартсанаас, Баян-Өлгийн дарга нарын 1976 онд танд амласан АБТА цол, нөгөө хүндэт медаль юу болсон бэ?

-Ном хэвлэгдэх үеэр би шилжчихсэн байсан болохоор тэд “санаагүй”, би ч нэхээгүй. Залуу, хэнэггүй, тэнэг ч байж дээ. Сануулсан бол өгөх л байсан биз. Тулхтай сайхан хүмүүссэн. 1981 онд амралтаараа очиход их сайхан үг хэлж байсан. АБТА-ны хувьд гэвэл тэтгэвэрт гардаг жил минь шинэ захирал Раах гэж хүн ирсэн. Армид хурандаа явсан, захирал байсан, математикийн багш… Намайг бага зэрэг мэднэ. Ирээд хэд хоносон байх, нэг өдөр хичээл дээр хаалгаар шагайн дуудаж “Та АБТА биш юм уу?” гэсэн. Би тийм гэсэн. Тэр “Яана аа! Ичмээр юм” гээд эргэсэн. Тэгээд долоо хоногийн дараа би АБТА болсон доо. Урьд сургууль бүрийн ажлыг дүгнэх нэг гол үзүүлэлт нь “Багш нараас бүтээлтэй хүн бий эсэх” гэдэг асуулт байсан юм. Би уг нь АБЯ-ны захиалгаар бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн “ховор этгээд” л дээ. Бас өөрөө аймаг, сумын аварга болж, шавь нараа удаа дараа аймгийн аварга болгож, улсад ч байр эзлүүлж явлаа. Шинэ санаачилга ухаантай юм гаргаж, цөөхөн жил захирал хийсэн ч энэ зуур сургууль маань аймагт сурлагаараа тэргүүлж, “улсын шалгалтын дүнгийн харьцуулсан үзүүлэлтээр улсад тэргүүлсэн” гэдэг үг ч дуулж явлаа.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Ардчилсан нам ямар ч үед амьдрах чадвартай нам

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ардчилсан нам энэ сонгуулиар төсөөлж байсан үр дүндээ хүрсэнгүй. Ингэж гарахад ямар хүчин зүйл гол нөлөө үзүүлчихэв ээ?

-Хүмүүсийн хэлэх дуртай жижүүрийн ганц нэг үг байдаг даа. Энэ ялагдал бол ирэх ялалтын эхлэл гэж. Би тийм үгэнд дургүй. Ялагдал л бол ялагдал. Ялалт байгуулахын тулд урьд нь заавал ялагдсан байх албагүй. Би тэгж ялагдлынхаа гэм бурууг цайруулах гэж оролдоход дургүй. Энэ бол өөрөө өөрийгөө хуурсан хэрэг. Ялагдал гэдэг бол хариуцлага. Бид энэ хариуцлагаа хүлээнэ. Бид өрсөлдөгчөөсөө муу ажилласан, эсвэл бидэнд сул тал байсан болоод л ялагдсан. Тэгж л харж байна.

-Цаашид үүсэх нөхцөл байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Нөхцөл байдал яаж өрнөх нь тодорхойгүй байна. Олон хүн эрх баригчдаас их зүйлийг хүлээж байгаа байх. Миний хувьд ч гэсэн Монголын ард түмний нэгэн адил эрх баригчдаас сайн сайхан зүйлийг хүлээж байна. Мөн цөөнхийг төлөөлж байгаагийн хувьд хяналт тавих үүргийг давхар хүлээж байна. Ардчилсан нам эрх барьж үзсэн, бас сөрөг хүчин ч байж үзсэн. Бид сөрөг хүчин яаж хяналт тавьж ажилладгийг мэднэ. Хүний цөөн гэлгүйгээр хүчтэй, ажил хэрэгч сөрөг хүчин байж чадна. Гэхдээ би хувьдаа эрх баригчдыг үргэлж шүүмжилж, харлуулахын эсрэг байна. Бид өөрсдөө энэ зовлонг туулаад гарсан учраас эрх баригчдад ямар байдгийг мэднэ. Цаана нь хийх ажил их, иргэдийн хүлээлт өндөр байгаа учраас сайн ажиллуулахыг хүсч байна. Үнэхээр зөв зүйтэй зүйл санаачлаад хийгээд явбал дэмжинэ, бүр хамтран ажиллана. Харин буруу юм хийгээд эхэлбэл сөрөг хүчнийхээ хяналтыг тавьж, засч залруулахын төлөө тэмцэнэ.

-Ардчилсан нам Сонгуулийн тухай хуульд яаран өөрчлөлт оруулаагүй бол сөрөг хүчний гишүүдийн тоо үүнээс ч олон байж болохыг үгүйсгэхгүй байгаа. Үүнтэй та санал нийлж байгаа юу?

-Мажоритар буюу нэг мандаттай жижиг тойргийн сул тал тэр л дээ. Сонгогчдын тодорхой хувийн санал хаягддаг тэр жишээ л энэ.

-Эрх баригчид үүнийг тооцоогүй гэж үү?

-Жагсаалтаар сонгогдох нь буруу гэсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан. Нэгэнт Цэц ийм шийдвэр гаргасан учраас бидэнд сөрөх эрх байгаагүй. Бид Цэцийн шийдвэрийг л биелүүлсэн. Гэхдээ Ардчилсан нам бол амьдрах чавартай нам. Олон ч ялалт, ялагдлын амтыг үзсэн нам. Ёстой л хал үзэж халуун чулуу долоосон нам гэж хэлнэ. Бид эрх мэдэл албан тушаал дээр тогтдог нам биш шүү дээ. Үзэл бодол дээрээ тулгуурласан нам. Монголын ардчиллын үнэт зүйлсийг хадгалах, хамгаалах үүргийг өөртөө хүлээсэн нам. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Ардчилал бол Монголын тусгаар тогтнолын баталгаа юм шүү. 1989 оноос өмнө Монгол Улс тусгаар тогтносон улс болж чадаагүй. 300-гаад жил Манжийн дарлалд байсан. Эх орноо гэсэн сэтгэлтэй хаад, ноёдыг нь Бээжинд аваачиж цаазалдаг байсан. Ингээд зогсоогүй. 1921 оноос хойш тоолох юм бол зургаан Ерөнхий сайдыг маань Москвад аваачиж цаазалсан гашуун түүх бий. Ганц энэ ч биш. Маш олон хүнийг харийн шоронд аваачиж тамлаж, зовоосон. Түүх соёлыг маань гуйвууллаа, бичиг соёлыг маань устгалаа. 1990 онд үүлэн чөлөөний нар шиг туссан тэр боломжийг бид алдаагүй. Монголчууд нийтээрээ маш ухаалаг байж тусгаар тогтнолоо олж авсан. Тийм учраас ардчилал бол Монголын тусгаар тогтнолын баталгаа гэж ам бардам хэлнэ. Энэ үнэт зүйлийг хадгалж хамгаалах улс төрийн хүчин бол Ардчилсан нам. Цаашид ч хадгалж, хамгаалсаар байх болно. Өөр ямар нэгэн улс төрийн хүчин үүнийг өөртөө авч хадгалж, хамгаалж явж чадахгүй. Тэгэх хүсэл ч байхгүй биз. Миний хувьд бид үнэт зүйлээ олон нийтэд ойлгуулж чадсангүй л гэж харж байна. Монголчуудын үнэт зүйл юу юм бэ гэдгийг ард түмэндээ ойлгуулж чадсангүй. Энэ л бидний хамгийн том алдаа.

-Үнэт зүйл гэдгийг тодруулахгүй юу?

-Монголчуудад 1990 оноос хойш олдсон хувь хүний эрх, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдал бидний үнэт зүйл. Ялангуяа залуу үедээ бид үүнийг ойлгуулж чадсангүй. Өнөөдөр тэд маань тусгаар тогтносон эх орондоо эрх дураараа амьдарч, хэний ч өөдөөс зоригтой үгээ хэлж чадаж байна. Заримдаа жаахан хэтрүүлж байна л даа. Ялангуяа сошиал ертөнцийг харахаар бидний ирээдүй хаашаа яваад байна вэ гэж гайхширмаар байдаг. Шүүмжлэл байлгүй л яах вэ. Энэ бол эрүүл үзэгдэл. Гэтэл хэт туйлшраад үг хэлэх эрх, эрх чөлөөгөө буруу ашиглаад байх шиг. Бусдыг шүүмжлэх харлуулах өнгө аяс давамгайлж байна. Цаана нь “Би улс эх орныхоо төлөө юу хийх билээ, ямар үүрэг хариуцлага хүлээж байгаа билээ” гэдгээ бодохгүй байх шиг. Зүгээр л бусдыг үгүйсгэж шүүмжлэхийг эрх чөлөө гээд ойлгочихож. Монгол Улсын иргэн, залуу хүн миний эрхэмлэж явах ёстой үнэт зүйл минь юу вэ гэдгээ ойлгоогүй, мэдрээгүй л явна. Тийм учраас амьдралын үнэ цэн, ардчиллын үнэ цэнийг залуу үедээ ойлгуулж чадаагүй нь бидний гол алдаа байсан гэж хэлээд байгаа юм.

-Зарим хүн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал сонгогчдын хандлагыг огцом эргүүлчихлээ” гэж дүгнэж байна?

-ОХУ-ын талын компани өөрсдийн эзэмшдэг 49 хувиа монголчуудад заржээ. Ингээд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын өмч болжээ. Монголын компани л авсан юм бол Монгол Улсын л өмч гэж ойлгож байгаа. Магадгүй үүнийгээ иргэдэд зөв ойлгуулж чадаагүй байх. Үүн дээр нь сөрөг хүчин нь овжин тоглолт хийснийг үгүйсгэхгүй. Иргэдэд эргэлзээ үүссэн үү, үүссэн. Гэхдээ энэ нь ялагдлын нэг л шалтгаан болохоос бүх шалтгаан биш. Ер нь бол миний харж байгаагаар бид улс төрийн стратегиа зөв боловсруулж чадаагүй, хийсэн бүтээснээ олон нийтэд ойлгуулж чадсангүй. Мөн түрүүн хэлсэнчлэн бид одоог хүртэл ардчиллынхаа үнэт зүйлсийг ард түмэндээ ойлгуулж чадаагүй л явна.

-Одоо та бүхэн нэн тэргүүнд юу хийх ёстой вэ?

-Ардчилсан нам үйл ажиллагаагаа яаралтай идэвхжүүлэх ёстой. Унтаа байдлаас нь гаргах хэрэгтэй. Үндсэн дүрмээ өөрчилж, шинэ шатнаас ажлаа эхлүүлэх хэрэгтэй.

-З.Энхболд даргыг Баянгол дүүргээс гараад ирэх болов уу гэж олон хүн харж байсан. Гэтэл чадсангүй. Үүнийг тантай холбож ярих ч хүн байна?

-Хэрэв зөвхөн Баянгол дүүрэг дээр ийм үр дүн гарсан бол тэгж хардаж болох юм. Улс даяараа л ийм гэнэтийн нөхцөл байдал үүслээ шүү дээ.

-АН сонгуульд ялагдсан нэг шалтгаан фракцуудынх нь зөрчил гэж хэлэх хүн олон байна. Намын удирдлагын томилгоон дээр ч энэ зөрчил харагдах болов уу?

-Ер нь тэгээд өндөг шиг өөгүй нэг цул, юугаар ч цохиод хагардаггүй бат бэх улс төрийн хүчин гэж энэ дэлхийд байхгүй. Улс төрийн нам гадна талдаа ч, дотооддоо ч өрсөлдөх чадвартай байх ёстой. Тэгж байж эрүүл байдаг. Жаахан хачир нэмэхэд огт өрсөлдөөнгүй байвал манай намд “Ардчилсан нам” гэдэг нэр нь ч зохихоо болино. Өрсөлдөөн гэдэг нэг талаар цэвэрлэх үйл явц шүү дээ. Цэвэрших процесс л явж байна гэсэн үг. Хэн илүү ухаан зарж, хэн илүү байж чадсан нь нөлөөгөө тэлж байдаг. Үүнийг хагарал бутрал гэж харж болохгүй. Тэр чинь огт өөр юм. Харин бидэнд Ардчилсан намаа үзэл баримтлал, философитой нам болгох шаардлага бол байна. Нам гэдэг өөрөө институци шүү дээ. Тэгэхээр намыг институци хэмжээнд хөгжүүлж, бодлого гаргадаг, түүнийгээ нийгэмд хүргэж, хүлээн зөвшөөрүүлэх чадвартай боловсон хүчнийг бэлтгэж гаргадаг байх ёстой. Тэгж чадвал нам институцийнхээ үүргийг биелүүлж байна гэж үзнэ.

-Институцийн хэмжээнд ажиллаж чадаж байгаа нам манайд байна уу. Эсрэгээрээ мафижсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ?

-Улс төрийн хүчнийг эрх ашгийн нэгдэл болгож болохгүй. Харамсалтай нь, Монголын улс төрийн хүчнүүд ийм л байна. Нэг хэсэг хүмүүсийн эрх ашиг дээр суурилсан бүтэцтэй гэж хэлж болно.

-Үүнийг өөрчлөхийн тулд залуу үедээ халаагаа өгөх цаг нь болсон гэх яриа бас гараад байгаа?

-Залуу гэж яг юуг хэлээд байгаа юм бэ. Насаараа залуу юм уу, эсвэл сэтгэлгээгээрээ залуу хүнийг хэлээд байгаа юм уу. Миний хувьд энэ цаг үед хөгшин, залуугийн асуудлыг урьтал болгомооргүй байна. Намын удирдлагад хэр бэлтгэгдэж боловсорсон, үзэл бодол нь төлөвшсөн хүнийг гаргаж ирэх нь вэ гэдгийг л харна. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж үг бий. Гэтэл гэрээ бүү хэл биеэ ч засч чадаагүй хүмүүсийг улс төрийн намын удирдах түвшинд гаргаж ирээд юу хийлгэх юм бэ. Үүнийг тооцохгүй, хэт туйлширч савлаж болохгүй. Асуудлыг хэт туйлшруулах ямар аюултайг сая бид бүгдээрээ л харлаа шүү дээ. Залуучуудаа дэмжих нь зөв өө. Монголын төр олон ч удаа залуу үеэ дэмжиж гаргаж ирсэн. Оносон нь ч бий, бас алдсан нь ч байгаа. Гэхдээ Монголын төр, Монголын улс төр туршилтын талбар биш. Бидэнд элдэв туршилт явуулаад байх цаг хугацаа байхгүй. Улс орны нийгэм эдийн засаг гэдэг алдах эрхгүй үүрэг. Тэр утгаараа хэн нэгнийг гаргаж ирээд туршилт хийлгэж байдаг талбар биш.

-Эрх баригчид шударга сонгууль явуулж, ялагдлаа ч бодитоор хүлээн зөвшөөрсөн нь нийгэмд эерэг сэтгэгдэл төрүүлсэн?

-МАН-ынхан “хар машин”-д хөшөө босгох байх гэж бодож байгаа шүү. Мөн монголын ард түмэнд маш их амлалт өгсөн. Түүнийгээ биелүүлэх байх. Ард түмэн хангалттай суудал өглөө. УИХ-д 65 суудал өглөө шүү дээ. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийг тултал нь өгсөн. Ардчилсан нам бол хэзээ ч олонхи болж үзээгүй. Хоёр удаа олуулаа болсон. Ардын нам миний мэдэхээр гурав, дөрвөн удаа үнэмлэхүй ялалт байгууллаа. Ийм том боломж өгч байхад Ардын нам ажил хийх л ёстой. Хэн ч эд нарт саад болохгүй. Бүх зүйлийг хүссэнээрээ хийх “том эрх мэдэл” тэдэнд байна. Ийм нөхцөлд тэд хэн нэгэн өрсөлдөгчөө, эсвэл улс төрийн хүчнийг мөрдөж мөшгих, айлган дарамтлах ямар нэгэн аргаар буруутган хэлмэгдүүлэхэд энэ том эрх мэдлийг ашиглах биш харин сонгогчдын итгэлийг дааж ажлаа сайн хийх нь тэдний эрхэм үүрэг байх ёстой. Миний хувьд тэднээс их зүйл хүлээж байгаагийнхаа адил шаардлагаа ч өндөр тавина.

Учир нь, би Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарыг өнөөдрийн түвшинд гаргах гэж өнгөрсөн дөрвөн жил өөрийн бүхий л боломж бололцоогоо дайчлан ажилласан. Дараагийн эрх баригчид, ялангуяа хүн амын хөгжлийн бодлого, нийгмийн хамгааллын салбарт хүрсэн амжилтыг ахиулахын төлөө л ажиллах ёстой гэдгийг хэлье. Энэ салбарт хүрсэн түвшнээс ухарч болохгүй шүү. Орчин цагт аливаа улс орны хөгжлийг тодорхойлохдоо эдийн засаг, цэрэг зэвсгийн хүчин чадлаас гадна хүний хөгжлийг нь хардаг болсон. Манайх ор тас мартаад байсан Хүний хөгжлийн асуудлаа өнгөрсөн дөрвөн жил цоо шинэ түвшинд гаргаж чадсан. Энэ бол хэн нэг Эрдэнэ гэдэг хүний амжилт биш, Монгол Улсын, нийт монголчуудын бий болгосон амжилт. Тийм учраас амжилтаа ахиулаад яваарай. Дөрвөн жилийн өмнө би нэг их наяд гаруй төгрөгийн өртэй салбарыг хүлээж авсан. Өнөөдөр нэг ч төгрөгийн өргүй салбарыг хүлээлгэж өгөх болно. Нийгмийн даатгалын-Тэтгэврийн даатгалын сангийн нэрийн дансыг ипотекийн зээлийн хөтөлбөрийн үр дүнд бий болгосон хөрөнгө болох гурван их наяд гаруй төгрөгөөр хөрөнгөжүүлж, мөнгөжүүлснээ мөн хүлээлгэн өгөх болно.

-Ардчилсан намын гишүүддээ хандаж юу хэлэх вэ?

-Бид бүгдээрээ л монгол хүмүүс. Эрх баригчдаа дэмжээд улс орныхоо сайн сайхан ирээдүйн хөгжлийн төлөө хамтраад ажиллах ёстой. Гэхдээ аливаа буруу бодлого, үйлдлийн эсрэг хатуу зогсч тэмцэх ёстой. Бид эв нэгдэлтэй байж, буруу, хууль бус үйлдлийн эсрэг сөрж чаддаг байх ёстой. Өнөөдөр ялагдлаа гээд гуньж гутраад байх хэрэггүй ээ. Бид ямар ч нөхцөлд амьдрах чадвартай нам гэдгээ олон зүйл дээр харуулсан. Одоо ч харуулж чадна, цаашдаа ч харуулсаар байх болно оо.

Ж.БАЯР

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бумнанжид: Нохойд барьдаг мод гэгчээр хамгийн дуулгавартай хэдийг нь бариад шийтгэсэн шүү дээ

Нийслэлийн цагдаагийн 80 жилийн ойн парадын үеэр

Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ж.Бумнанжидтай ярилцлаа.

-Энэ жил цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн баяр тохиож байна. Та цагдаагийн байгууллагатай амьдралаа анх хэдэн онд холбож байв?

-Би 1974 онд аравдугаар ангиа төгсөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай дунд сургууль байгуулагдсан жил нь саналаараа шалгалт өгч энэ сургуульд тэнцэн орж байсан. Энэ сургуульд элсэж орсон цаг мөчөөс эхлэн миний амьдрал Монголын цагдаагийн үйл хэрэгтэй холбогдсон доо. Үүнээс хойш би 39 жил Монголын цагдаагийн байгууллагад ажилласан байна. Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай сургуулийг 1977 онд төгссөн. Би анхны төгсөгчийн нэг. Увс аймгийн Тэс суманд томилогдож очлоо. Намайг очсон жил Жигдэнгомбо гэдэг хүний адуу азаргаараа алга болсон юм. Энэ хэрэг миний анхны хэрэг байлаа. Ер нь Тэс сум нэлээд хөдөлгөөнтэй, гэмт хэрэг гарчих гээд байдаг байсан. Архи дарс уудаг залуучууд олон. Учир нь тэнд баруун таван аймгийг тэжээлээр хангадаг аж ахуй ажиллаж байв.

-Тухайн үеийн нийгэм өөр байсан учраас иргэд, цагдаагийн сэргийлэгчийн харилцаа одоогийнхоос ялгаатай байсан болов уу?

-Намайг очих жил Тэс суманд цагдан сэргийлэх групп гэж байгуулагдлаа. Нэг дарга, нэг мөрдөн байцаагч, нэг төлөөлөгч, гурван цагдаатай. Ард түмэн цагдаагийн ажилтан, хэсгийн төлөөлөгчийг их хүндэлдэг. Хэсгийн төлөөлөгчийн үг сумандаа үг дуугүй хэрэгждэг. Тухайн үед ард түмэн ямар нэг байдлаар хэрэгт орооцолдохоос эмээдэг байж. Цагдаад торгуулах, баривчлагдвал ах, дүү, гэр бүлээрээ, удам сударт муу хэмээн ичдэг, сэтгэл зовдог, эмээдэг байсан. Тиймээс хүн болгон өөрөө өөрсдийнхөө биеийг аятайхан аваад явчихдаг байлаа.

Тэр үед цагдаагийн албан хаагчдад ард түмэн үнэнхүү итгэл үнэмшилтэй, хүндэтгэлтэй ханддаг байсан. Дараа нь аймгийн төвд эдийн засгийн чиглэлээр ажиллаж байсан. Тэр үед 25-ын хятад үзэг, халуун сав, бүсний дурдан, дээлний эмжээр гээд олдоц багатай бараа таваарыг зарим худалдагч нар иддэг уудаг, завшсан, илүү гаргасныг нь нуусан хэргүүд гардаг байж. Нэг хэргийг сайн санаж байна. 1980-аад оны үеийн 80 мянган төгрөг их тоо шүү дээ. Их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүллээ гээд шуугиж байж билээ. Нэрийг нь хэлээд яахав, тэр хүн 80 мянган төгрөгийг оймсондоо хийгээд гэрийнхээ хатавчинд хавчуулсан байсан. Тухайн үед энэ хэрэг ноцтой юм шиг байсан ч эргээд бодоход байж болох л зүйл байж дээ гэж боддог. Гэхдээ тухайн үедээ хууль нь тийм байсан болохоор хуулиа баримтлаад ажиллана. Энэ хэргийг шийдвэрлээд би ЗХУ-ын дотоод явдлын яамны академид шалгалтад орох эрх аваад, тэнцээд 1981 онд ЗХУ-д суралцсан.

-Та хэчнээн жил цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалд томилогдон ажиллав?

-Цагдаагийн ажлыг нэгжээс нь хийж эхэлсэн л дээ, миний хувьд. Цагдаагийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, хэв журам, замын цагдаагийн ажлыг биеэр гүйцэтгэсэн. Бүх шатанд ажиллаад ирсэн учраас бие бүрэлдэхүүнийг нэгтгээд ажиллахад түлхэц болж байлаа. 1993 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн даргаар томилогдон ирж ажилласан. Тэнд таван жил ажиллаад дараа нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн даргаар жил гаруй хугацаанд ажилласан. Тэгээд Мөрдөн байцаах газрын даргаар томилогдлоо. Мөрдөн байцаах газрын даргаар хоёр жил гаран ажиллаад, 2005 он хүртэл хэв журам хамгаалах газрын дарга, 2008 он хүртэл Нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажилласан байна. Гэхдээ би нэг ч удаа албан тушаалын хойноос хөөцөлдөж үзээгүй. Миний дээд талын удирдлага, дарга хэнийг, хаана томилох вэ гэдгээ шийднэ. Намайг Мөрдөн байцаах газрын даргаар Амарболд генерал томилсон. Бид хоёр цэргийн тусгай сургуульд нэг анги байсан. Амарболд ч онц төгссөн, би ч онц төгссөн. Энэ бол хувь заяа гэж би боддог. Тухайн үед Амарболд ангийнхныгаа татлаа гэсэн яриа гарсан л даа. Тэр үед би юм хэлж чадаагүй. Одоо энэ тухай хэлчихье. Бид үнэхээрийн ажлаа сайн хийсэн л гэж боддог. Нэг ч хүнээс өглөө авлаа гэж хэргийг нь дарсан асуудалд орж үзсэнгүй. Шударга ажилласан. Надад үүрэг даалгавар өгсөн учраас чадахаасаа чадахгүй хүртлээ зүтгэсэн. Түүнээс биш би ийм албанд томилогдмоор байна гэж албан тушаалын хойноос хөөцөлдөж үзсэнгүй.

-С.Зориг агсны хэргийг асуумаар байна. Таныг Мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байх хугацаанд энэ хэрэг ямар шатанд явж байсан бэ?

-Мөрдөн байцаах газрын даргаар 1999 оны сүүлээс эхлээд 2002 оны хооронд ажилласан. С.Зориг агсны хэрэг гарах үед би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Мөрдөнгийн даргаар томилогдон очих үед хэрэг гарчихсан, шалгаад явж байсан. Би ямар үүрэгтэй оролцсон гэхээр, ажлын хэсгийн явцтай танилцдаг, удирдлага зохион байгуулалтаар хангадаг, тэр ажлын хэсгийн ажлаа явуулах боломжоор хангах ийм үүрэгтэй ажиллаж байсан. Зориг агсны хавтаст хэргийг уншиж танилцсан. Ийм л юм хэлж чадна даа.

-Ер нь энэ хэрэг илрэхгүй удаж байгаад юу нөлөөлж байна гэж боддог вэ. Зарим хүмүүс, манай цагдаа нар ийм хэргийг илрүүлж чадахгүй байна гэж шүүмжилдэг?

-Цагдаагийн байгууллага анхнаасаа хэргийн газрын үзлэгийг маш муу хийсэн. Хэргийн газрын үзлэг дээр хэргийн эд мөрийн баримт баллагдах нөхцөлийг бий болгосон. Энэ бол маш хариуцлагагүй, том алдаа болсон. Гэхдээ энэ хэрэг илэрнэ гэдэгт би итгэдэг. Мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ хэрэг илрэх ёстой гэж одоо хүртэл сэтгэлдээ тээж явдаг. Надаас өмнөх дарга нар нь удирдаад ажиллаад, намайг очих үед халуун дээрээ шалгах ёстой байсан ажлууд нь дууссан байсан л даа. Нөгөө талаар, энэ хэргийг гудамжны нэг танхай хүн ороод хийчихсэн юм биш байна лээ. Тийм хэргийг цагдаа яаж ийгээд олдог. Зохион байгуулалттай байх тусмаа илэрдэг юм. Энэ хэрэг одоо ямар шатанд явж байгаа талаар надад албан ёсны мэдээлэл байхгүй. Хэвлэл мэдээллээр сүүлийн үеийн мэдээллийг авч, сонсоод, овоо ш дээ гэж бодож байлаа. Юмыг яаж мэдэх вэ. Учир нь олдож байгаа юм биш байгаа гэж бодож байлаа. Гэтэл сонгуулийн өмнө хүчтэй гарч ирээд одоо сураггүй болж байх шиг байна. Худлаа байсан юм уу даа гэж харж байна. Тэтгэвэртээ гарсан хүн чинь энэ хэрэгт чих тавиад хүлээж суухаас өөрийг хийж чадах биш дээ.

-Та Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад яг сонгууль болохын өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн болохоос хоёр сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Ямар шалтгаанаар таныг чөлөөлсөн юм бэ?

-За яахав дээ. Би чинь тушаалаар ажлаа авдаг, тушаалаар ажлаа өгдөг хүн. Нэг өдөр хуралдаад тушаал уншсан. Би тэр үед Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн гишүүнээр давхар ажиллаж байлаа. Тушаал уншихаас өмнө надад юу ч мэдэгдээгүй, хэлээгүй. Надтай нэг ч үг солиогүй. Гэхдээ ямар шалтгаанаар халж байгааг ойлгосон. Надад ганц л баяр байдаг. Би цагдаагийн албанд томилогдсоноос хойш нэг удаа улсын баяраар баярлаж үзээгүй. Ганцхан цагдаагийн баяраар бид баярладаг. Миний болоод нийт цагдаагийн алба хаагчдын жинхэнэ баяр шүү дээ. Яг тэр үед цагдаагийн баярын маргааш нь машин шатаах гээд бөөн асуудал болсон юм. Тунелын баруун талд Бороо гоулдын конторын үүдэнд машин шатаах оролдлого гарсан. Урьд өдөр нь цагдаагийн баярын өдөр байсан. Хүлээн авалтад орсон. Өглөө нь утас дуугарсан. Тэгээд юм уусан байсан учраас үнэртэлгүй яахав. Тэрэн дээр сэтгүүлчид, манай удирдлагууд намайг буруутгалаа. Нэг л хүн намайг өмөөрч дуугарсан. Иргэний хөдөлгөөний Арслан намайг өмөөрч билээ. “Энэ чинь юу ярьж байгаа юм. Цагдаа ч гэсэн хүн шүү дээ. Өчигдөр цагдаагийн баяр байсан. Үнэртэхгүй яадаг юм” гэж хэлж байсан. Гэхдээ хариуцлага алдсан минь үнэн. Би зүгээр дотроо боддог юм. “Намайг хэн ч ойлгосонгүй дээ” гэж. Жилд олон баяр байдаг бол цагдаагийн албан хаагчдад ганц л баяр бий. Би цаанаа олон хамт олонтой, олон бие бүрэлдэхүүнтэй. Цагдаагийн алба хатуу дэгтэй, хариуцлага өндөртэй. Ийм л байна даа.

-Хэрэв та долдугаар сарын 1-нд Нийслэлийн цагдаагийн даргаар үргэлжлүүлэн ажиллаж байсан бол үймээнийг зохицуулаад том асуудал болгохгүй байх боломж байсан уу. Та юу гэж боддог вэ. Ингэж асуусны учир нь таныг жагсаал цуглааныг зохицуулахдаа гаршсан хүн гэж хэлдэг юм билээ?

-Хэв журам хамгаалах газрын дарга, дараа нь Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын хэмжээнд болсон бүх жагсаал цуглааныг нэгтгэдэг, ажлын хэсгийнх нь дарга нь байсан юм л даа. Миний үүрэгт ажил. Тэр үед байсхийгээд л талбай дээр суулт хийдэг, жагсдаг байлаа шүү дээ. Ялалтын талбай дээр чинь бүтэн өвөлжин л суулт болдог байлаа. Гэрээ барьчихсан л сууж байдаг байсан. Өрөөндөө дуудаж оруулж ирээд камераар бичлэг хийгээд хатуу сануулга өгөөд гарын үсэг зуруулдаг байлаа. Ямар ч байсан цагдаагийн дарга өрөөндөө дуудаж оруулж ирээд хатуухан хэлээд сануулчихсан байхад хүн ялд унахаасаа эмээдэг л байхгүй юу. Тийм учраас Ж.Батзандан, С.Ганбаатар, О.Магнай, Баасан нар бол миний үед надтай байнга харьцаж хамтарч ажиллаж байсан хүмүүс л дээ. Тэр хүмүүс одоо надтай уулзахаараа хэлдэг. Тухайн үедээ та их хатуу харгис юм шиг байсан мөртлөө намайг зөв явахад их тусалж байсан байна лээ гэж хэлдэг юм. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн гарах үед жагсаал цуглаан болох гэж байсан нь тодорхой байхад манайхан эхнээс нь ач холбогдол бага өгчихсөн юм болов уу даа гэж боддог юм. Би байсан бол болиулж чадах байсан гэж хэлэхгүй. Гэхдээ чадахаасаа чадахгүй хүртлээ ажиллана. Арай ч Магнай миний өөдөөс босохгүй байсан даа. Буянгийн Жагаатай хэл амаа ололцож чадах байсан гэж бодогддог юм. Одоо өнгөрсөн асуудлыг яриад яахав.

-Сая сонгууль болж өнгөрсний дараа долдугаар сарын 1-ний үймээний талаар хэвлэл мэдээллээр дурсан ярилаа. Тэр өдөр таван хүн нас барсны хариуцлагыг өнөөдрийг хүртэл хэн нэгэнд хүлээлгээгүй байна. Хурандаа нарыг шийтгээд өнгөрлөө гэж ярилаа?

-Нохойд барьдаг мод гэгчээр хамгийн дуулгавартай хэдийг нь бариад шийтгэчихлээ. Хэрвээ Монголын хууль шударга үйлчилдэг байсан бол жагсаал цуглааныг зохион байгуулсан субьектээс нь эхлээд чулуугаар зэвсэглэсэн хүмүүс гээд бүх шатанд нь хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Дээр нь онц байдал тогтоох ёстой байсан, төрийн шийдвэр гаргасан улс төрийн субьектүүд ч гэсэн тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэж боддог. Хөөрхий зөөлөн чихтэйгээрээ цагдаагийн тэргүүн дэд дарга, Эргүүл хамгаалалтын газрын дарга, Хотын цагдаагийн дарга ял авлаа. Ял эдлээд бүгд биегүй болсон. Бүгдээрээ сахарын өвчтэй, зарим нь хөл гараа тайруулахдаа хүрсэн. Ийм үед л төр өдөр, шөнөгүй зүтгэж явсан хүнээ хамгаалж чадахгүй бол төрд зүтгэх хүн олдох болов уу. Чамайг ингээд асуусан чинь миний самсай шархирч байна. Тун хатуу юм болсон доо.

-Гал нээх тушаалыг хэн өгсөн бэ гэдэг асуулт одоо ч хөвөрч байна л даа?

-Миний үед, намайг Хэв журам хамгаалах газрын дарга байх үед манай цагдаа нарын дунд тэгж мэргэн буудах хэн ч байхгүй байсан. 1993 оноос хойш би Улаанбаатар хотод ажиллалаа. Энэ хугацаанд нэг ч удаа бид буудлагын сургуулилт хийгээгүй. Буудлагын тэмцээн болоход л гайгүй бууддаг ганц нэг хүнээ оролцуулдаг байлаа. Бидэнд тэр сум нь ч байхгүй. Тэгэхээр би үнэхээр Монголын цагдаа буудсан гэхэд итгэдэггүй. Даяарчлалын нээлттэй нийгэм учраас хэн буудсаныг хэн мэдэх үү. Хоёрдугаарт, манай цагдаа, батлан хамгаалахын зэвсэгт 5,6 мм-ийн сумтай буу байхгүй. Тэгээд бодохоор цагдаагийн дарга нарыг юугаар нь үндэслэж шийтгэсэн юм, бүү мэд. Тэр жагсаал цуглааныг тарааж, онц байдал тогтоож байх үед буу тавьж өгсөн үү, байлдааны сум өгсөн үү гээд янз бүрээр л шалгаад байсан гэсэн. Би тухайн үед байгаагүй учраас мэдэхгүй юм даа. Таван хүний амь үрэгдсэнд нь үнэхээр их харамсдаг.

-Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд улстөрчид нөлөөлөх гэж оролдож байна гэж сүүлийн үед ярьдаг болж. Саяхан УИХ-ын гишүүний дархан байдалд халдлаа гэж Цагдаагийн даргыг ажлаас нь чөлөөлөх тухай асуудал хүртэл хөндөгдсөн. Таны үед улстөрчид цагдаагийн ажилд нөлөөлөх гэж оролддог байв уу?

-Намайг Хотын цагдаагийн дарга, Мөрдөнгийн дарга, Хэв журмыг хамгаалах газрын даргаар ажиллаж байхад нэг их сүртэй миний ажилд оролцоод, саад дарамт ирж байсангүй. Тэр хэргийг, энэ хэргийг ингээд өг гэсэн юм ирж байсан л даа. Тэр болгонд нь хариу өгнө. Энэ бол та нарын эрх мэдлийн асуудал биш гэдэг байлаа. Ерөнхийлөгч ч бай, Ерөнхий сайд нь ч бай, Их хурлын гишүүн ч бай, малчин иргэн ч бай бид бүгд нэг л хуультай. Ертөнц нэг л нартай. Тэр хуулийг сахиулж, төрийн өмнө үүрэг хүлээсэн субьект нь хууль сахиулах ажиллагаагаа явуулах журмаараа явуулах л ёстой. Тэрэнд хэн ч саад хийх ёсгүй. Баянгол дээр нэгжлэг хийх гэж байх үед саад тавина гэсэн тодорхой мэдээлэл цагдаагийн байгууллагад байсан учраас тусгай алба, тусгай хэрэгслээ тэнд оролцуулжээ гэж би бодсон. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга нөхөд тэнд очоод мэдэгдэл хийж л байдаг. Тэд одоо хэн бэ. Өмгөөлөгч нь юм уу. Хаа хамаагүй асуудал биз дээ. Холбоотой ч юм шиг, бүлэг ч юм шиг. Тэгээд дараа нь цагдаагийн дарга Чингэсийг халах тухай асуудал гарахад үнэхээр энэ арай хэтэрч байна даа гэж бодсон. Ингэж төрд зүтгээд яахав дээ. Уянга ч мэдэгдэл хийж байх шиг.

-Одоо цагдаагийн байгууллагад ямар шинэчлэл, ямар ажил хийгдээсэй, юу дутуу байна гэж та хардаг вэ?

-Хуучнаасаа уламжилж ирсэн арга барилыг огт авч хаяж болохгүй байхгүй юу. Мөрдөн байцаагчийн ажил хийж үзээгүй, эрүүгийн төлөөлөгчийн ажил хийж үзээгүй хүнийг цагдаагийн нэгжийн даргын албан тушаалд битгий томилоосой гэж боддог. Энэ бол мөхөл рүү нь түлхэж байгаагаас ялгаагүй юм. Нэг хэсэгтээ энэ байдал алдагдлаа. Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүнийг чадвар чансаагаар нь албан тушаалд дэвшүүлдэг, сургадаг, дадлагажуулдаг, нөөцөнд явдаг, дарга болгодог, удирдах ажилтан болгодог ийм бодлогоо чамбай болгоосой гэж бодож байна. Гэхдээ би одоо ажлаасаа холдсон учраас тавьж ч байгаа юм бил үү мэдэхгүй байна. Тавьж ч байгаа байх гэж бодож байна. Яагаад гэвэл, Хууль сахиулах сургуульд удирдах ажилтан бэлтгэдэг болсон байна. Хөгжиж байна. Одоо орон тоог нь жаахан нэмээд, цагдаагийн цалинг нэмээд өгмөөр байна. Ардаа санаа зовох зүйлгүй зүтгэнэ шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Америкийн хамгийн чинээлэг гэр бүлүүд

“Форбс” сэтгүүлийн газраас 2016 оны Америкийн хамгийн чинээлэг 25 гэр бүлийн жагсаалтыг гаргасан байна. Энэ жилийн судалгаагаар нэгдүгээрт “Wall-Mart” сүлжээ дэлгүүрийг байгуулсан Уолтоны гэр бүл бичигдлээ. Америкийн хамгийн чинээлэг гэр бүлээр тодорсон Уолтоных дөрөв дэх удаагаа ийнхүү уг жагсаалтыг тэргүүлэв. Тэднийх 82 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй юм байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулах юм бол хөрөнгө нь дөрвөн тэрбум ам.доллараар хорогджээ. Анх Уолтоных хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан. Үнээгээ сааж, хүмүүст хүргэж өгөх ажлыг хариуцдаг байсан хүү Сэм Уолтон сурагч байхдаа сэтгүүлийн захиалгын хуудас тараах, сонин хүргэгчээр ажиллаж байжээ. Тэрээр дайны дараа жижиглэнгийн худалдаа эрхэлж наймаагаа улам боловсронгуй болгох тал дээр байнга ажилласан. 1962 онд анх “Wall-Mart” дэлгүүрээ нээж түүнийгээ улам өргөжүүлжээ. 1979 онд АНУ даяар 230 сүлжээ дэлгүүртэй болсон. 1984 онд Сэм Уолтон нь “Форбс” сэтгүүлээс гаргасан Америкийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. Тэрээр нас барахдаа хөрөнгөө эхнэр, дөрвөн хүүхдэдээ өвлүүлснээс хойш эдний гэр бүлийнхэн Америкийн хамгийн чинээлэг айлын тоонд багтах болжээ.

2016 оны Америкийн хамгийнчинээлэг гэр бүлийн жагсаалтын хоёрдугаарт Кохынхон бичигдлээ. Ах, дүү хоёр болох Чарльз, Дэвид Кох нь “Koch Industries” холдинг эзэмшдэг. Тэдний аав Кох нь газрын тос боловсруулдаг холдингийг анх байгуулж, өнөөдөр АНУ-д нэлээд томд тооцогддог, жилийн 100 тэрбум ам.долларын орлоготой ажилладаг. Уг нь бол түүний хувьцааг Кохын гэр бүлийнхэн бүгд эзэмших ёстой байжээ. Гэвч 1983 онд Чарльз, Дэвид хоёр хоорондоо муудалцаж хамаатнуудад байсан хувьцаануудыг бүгдийг худалдан авсан байна. Ах, дүү хоёр Америкийн хамгийн чинээлэг арван хүний тоонд багтдаг. “Форбс” сэтгүүлээс гаргасан жагсаалтын гуравдугаарт орсон Марсын гэр бүл 78 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй юм байна. Жаклин, Жон, Форрест Марсын эзэмшдэг компанийн бүтээгдэхүүнийг хүмүүс андахгүй. Бидний амтархан иддэг “Mars”, “M&M” зэрэг шоколад эднийх. Одоо тус компани нь амттан төдийгүй гэрийн тэжээмэл амьтанд зориулсан хоолыг үйлдвэрлэдэг. “Форбс” сэтгүүлийн судалгаагаар 49 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй Каргилл-Макмилланы гэр бүл дөрөвдүгээрт бичигджээ. Хөдөө аж ахуйн салбарт тодруулбал, бяслагаараа алдартай “Cargill” компани нь мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. Тус компанийг 1865 онд Шотландын армид алба хааж байсан ахмад цолтой Уильям Уоллес Каргилл анх байгуулсан түүхтэй. Тэрээр XIX зууны сүүлчээр төмөр замыг эрчимтэй ашиглаж эхлэх үед хөлжсөн байна. Түүнээс хойш тус компанийн үйл ажиллагаа амжилттай яваа. Одоо хувьцааг нь энэ гэр бүлийн зургаан гишүүн эзэмшдэг бөгөөд олны анхааралд аль болох өртөхгүй байхыг хичээдэг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус компани нь хөрөнгөө дөрвөн тэрбум ам.доллараар арвижуулсан байна.

2016 оны хамгийн чинээлэг гэр бүлийн жагсаалтын тавдугаарт Коксын гэр бүл оржээ. 1898 онд Жеймс Кокс “Dayton Evening News” сонинг худалдан авснаар бизнесээ эхлүүлжээ. Өнөөдөр тус компани нь машины арилжаа, кабелийн телевиз, телевиз, радио гээд нэлээд өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг. Харин хувьцааны 50 хувийг Жеймс Коксийн охин Жеймс Анн Кокс Чембер саяхныг болтол эзэмшиж байсан гэдэг. Жеймс Коксийн ач хүү нь захирлын зөвлөлийн даргаар нэг хэсэг ажилласан байжээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгөө 1,5 тэрбум ам.доллараар арвижуулсан “Johnson’s Preparad Past Was Company”-ийн эзэд болох Жонсоны гэр бүлийнхэн зургадугаарт орсон юм. 1886 онд тус компани байгуулагдсан бөгөөд эхэндээ пракетан шалыг арчлахад зориулагдсан тусгай бүтээгдэхүүн худалдаж байв. Герберт Фиск Жонсон энэ бизнесээс насны эцэст хүртлээ эрхэлж хүү Гербөрт нь өвлөн авч, гоо сайхан, ариутгалын зэрэг эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгожээ. Өдгөө “Johnson&Johnson” -ийн ялангуяа хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнээрээ дэлхийд алдартай билээ.

Америкийн хамгийн чинээлэг 25 гэр бүлийн жагсаалтын есдүгээрт бичигдсэн Херстийн гэр бүлийг онцлохгүй байхын аргагүй юм. Уильям Рэндольф Херст 1887 онд “Hearst Corp” корпорацийг байгуулжээ. Түүний амьдралаар сэдэвлэн “Иргэн Кейн” киног хийсэн бөгөөд “San Francisco Exam­iner” сонинг анх худалдаж авчээ. Өнөөдөр тус корпораци нь 49 сонин, 340 сэтгүүлтэй бөгөөд дэлхий даяар борлогддог. Түүнээс гадна гурван ч кабелийн телевизтэй. “Hearst Corp” корпорацийн эзний ач хүү Уильям Рэндольф Херст нь нэлээд алдартай сэтгүүлч болсон. Корпорацийнхаа удирдах зөвлөлийн даргаар ажилладаг тэрээр Пулитцерийн шагналыг хүртсэн байна.

2016 оны Америкийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтын эхний аравт орсон гэр бүлүүдийг сонирхуулъя.

1.Уолтон-130 тэрбум ам.доллар

2.Кох-82 тэрбум ам.доллар

3.Марс-78 тэрбум ам.доллар

4.Каргилл-Макмиллан – 49 тэрбум ам.доллар

5.Кокс-41 тэрбум ам.доллар

6.Жонсон-30 тэрбум ам.доллар

7.Притцкер-29 тэрбум ам.доллар

8.Жонсон (Эдвард)-28.5 тэрбум ам.доллар

9.Херст-28 тэрбум ам.доллар

10. Данкан-21,5 тэрбум ам.доллар


Categories
мэдээ цаг-үе

Баянхонгор аймгийн арван жилийн сургуулийн 10а ангийг 1966 онд төгсөгчид

Хагас зууны тэртээ сум, аймгаас ирсэн бошгор бор хөвгүүд, салаа гэзэгтэй годгор жаахан охид аймгийн төвийн арван жилийн сургуулийн наймдугаар ангид орцгоож байсан үе өчигдөрхөн мэт. Ахиж хэзээ ч ирэхгүй сургуулийн амьдрал, эгэлхэн сурагч нас минь дэндүү яруу, даанч үл мартам дурсамж болон үлдэж дээ. Тэдэнтэйгээ уулзах бүрийд арван жилийн сайхан үе санаанд орж тэр л үе рүүгээ эргэн очих шиг болдог.

Цэцэг шиг насныхаа дурдатгалаа Д.Өлзий багшгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Дээд сургууль төгсөөд удаагүй 20 гаруйхан настай урт гэзэгтэй, жаахан бүсгүй манай ангийг дааж авсансан. Тэрээр ангийнхаа хүүхдүүдийн сурлага сахилга, эв нэгдэл, хамтач ажиллагаанд үргэлж санаа тавьж хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг байлаа. Он жилүүдийн уртад багш минь бидэнтэйгээ холбоотой байж, ажил амьдралын олон асуудлаар элгэмсүү дотно хандан, багш шавийн холбоог жинхэнэ тогтоож чадсан. Одоо багш минь тэтгэвэрт гарсан ч гэсэн бидэнтэйгээ үе тэнгийн юм шиг, зарим нэгээс нь залуу мэт толиотой, гялалзаж гэрэлтэж явна.

Ангийн багш Дэмчигийн Өлзий “Би 1961 онд Баянхонгор аймгийн арван жилийн сургуульд багшаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн. Багш болсныхоо гурав дахь жилдээ сумдад долдугаар анги төгссөн 36 охид, хөвгүүдтэй 8а бүлгийг удирдсан юм. Тэр үеэ эргэн санахад хөгжилтэй, дурсамжтай сайхан байдаг. Хэдий төгсөөд явсан ч шавь нараас минь ил захидал, цахилгаан захиа, зураг ирж намайг баярлуулдагсан. Тэр захидлуудын нэгийг онцлон хүргэе.”

“1967 оны гуравдугаар сарын 8-нд Сайн байна уу? Эрхэм багш таны амар мэндийг асуун лавлаж ажлын өндөр амжилт хүсэхийн завшаанд олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, мартын наймны 57 жилийн ойн баярыг хүргэж байна. Бидний хичээл сурлага амжилттай. Арван жилийн сонинтой захиа их бичиж байгаач багш минь, бидэнд захиа бараглаж ирэхгүй юм. Ирвэл хаагуур ирдэг юм мэдэхгүй. Багш таныг маш их дурсаж санах юм. Муу шавь нар чинь, өнөөдөр харилцаа холбоон дээр хамтарч захиа бичиж сууна. Бидний зарим нэгэн хүүхэд ажилтай байгаад ирсэнгүй. Бид юм үзэх гэсэн чинь билет олдсонгүй. Хотод хүйтэвтэр, эд юмс элбэг хөл хөдөлгөөнтэй байна аа. Таны амьдрал үйлсэд чинь аз жаргал, энэ хорвоо ертөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”.

Гол рольд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт багшийн сургуулийн гуравдугаар ангийн шавь Б.Дэмбэрэлсан, марк нааж конверт нүүрлэсэн Г.Мөнхцэцэг, туслах роль гүйцэтгэсэн Должинсүрэн, он сар тавьсан, мөн ганц хоёр өгүүлбэр нэмсэн Г.Должмаа чинь, харж байсан, түрүүчийн захианы хариу хүссэн Б.Дамбажанцан, хамт олны захианд хүслээ нийлүүлэв, хүндэт багш таны амрыг асууж гарын үсгээ зурав И.Ниндэвчомбо, Багш аа, би амралтаараа тантай уулзаж чадаагүй, унааны байдал тэгж таарлаа. Баярын мэнд дэвшүүлье Б.Банзрагч, Д.Баяраа чинь гарын үсгээ зурлаа. Мөн захианд оролцон гарын үсэг үлдээсэн С.Сарангэрэл, би бас оролцлоо шүү багш аа Даваацэрэн, конверт наасан гүнээ ёсолсон таны шавь Лхагвасүрэн, хайрцагт хийж буй З.Гомбожав, хамгийн сүүлд гарын үсэг зурсан Ц.Ашмаа” гэсэн захидал ирж намайг жигтэйхэн баярлуулж билээ.

Ангийнхан минь сурлага, хүмүүжлээрээ тэгширсэн охид, хөвгүүд байсан тэр л эрч хүчээрээ төрөл бүрийн мэргэжил эзэмшин ихийг бүтээж, ард түмэндээ нэр хүндтэй сайхан ажиллаж, амьдарч байгаад нь бахархаж байна. Миний амьдралын жаргал, зовлонтой үед тэд минь тусалж, дэмжиж байсанд үргэлж баярлаж явдаг юм”.

Тэр үед мөнгө ховор ч юмны үнэ хямд байлаа. Нимгэн дэвтэр 12 мөнгө, дүрдэг үзэг, балын харандаа 3-5 мөнгө, ном сурах бичиг 1-3 төгрөг, нэг удаа кино үзэхэд 50 мөнгө байсан. Таван төгрөгөөр худалдаж авсан 41 ширхэг дэвтрээ гамтай эдэлбэл жилдээ хүрэлцэнэ. 20-25 төгрөгний үнэтэй, бэх соруулдаг хятад үзэг байвч түүнийг дийлж авах нь ховор. Хуурай бэхийг усанд найруулж шилэнд хийн салаа хошуутай үзгээр дүрж бичнэ. Бас тэр үед юм ховор тул элсэн чихрийг төмөр хайрцагны ёроол эсвэл таганд хайлуулж түлээд найзууддаа ээлжлэн долоолгодог байв.Түлсэн чихэртэй хүүхэд үзэг, харандаагаа олчихно шүү. Их долоохоор хэл их хорсдог байж билээ.

Баасангийн Банзрагч: “Би тавдугаар ангиас эхлэн сургууль төгстлөө дотуур байранд амьдарсан юм. 1966 онд юмдаг, нэг өглөө өглөөний цайнд орохдоо цадаагүй болохоор хоёр дахь удаагаа цайнд орчихлоо. Гэтэл хүүхдийн талхны тоо дутчихжээ. Намайг авсныг дотуур байрны багш Цэрэндулам мэдэх нь тэр. Тэр өдрөө байрны зөвлөлийн хурлаар орж “Нөхөр Банзрагч нь 200 гр талх, 30 гр элсэн чихэр, 30 гр масло хулгайлсан тул дотуур байрнаас хөөсүгэй” гэсэн тушаал сонсоод хөөгдөж билээ. Үүнийг ангийн хурлаар хэлэлцэж батлан даалт гаргуулаад дотуур байрандаа эргэн орж байсан хөгтэй дурсамж тодхон байна”.

“Сургууль баригдаж дуусаагүй байсан тул бид наймдугаар ангидаа гэрт хичээллэдэг байлаа. Манай ангийн хөвгүүд, охидын тоо ойролцоо, нэлээд ганган охидтой сурлага, хүмүүжлээр сургуулийн хэмжээнд дээгүүр үнэлэгддэг тэргүүний анги байсан. Нэг өглөө хичээлдээ иртэл манай анги шатаад нүүрс болчихсон байв. Сургуулийн галч манай ангийг өглөө галлахдаа гал алдаж унтрааж чадалгүй шатаачихсан юм гэсэн. Тэр өдрөө хичээл хийлгүй сургуулийн агуулахад байсан шалгүй хуучин гэр барьж, ширүүхэн хүрвэл тараад уначихдаг хэдэн хэмхэрхий ширээ, урт сандал тавьж билээ. Түүнээс хойш манай ангийнхан шороон “шал”-аа усаар хичнээн тургиад нэмэргүй, байнга тоосорч сахилгагүй анги гэсэн хоч зүүх болсон юм даа. Тэр жил МУИС-ийн англи хэлний анги төгссөн Дариймаа багш орос хэлний хичээл заадаг байлаа. Хичээлийн хажуугаар Францын сонгодог зохиолч А.Дюмагийн “Монте Кристо гүн” гэх мэт зохиолуудыг орчуулан уншиж өгнө. Уншихдаа нүдэнд харагдтал, сэтгэлд буутал ярьж, заримдаа өөрөө уйлан ярихыг нь бид хоол ундаа умартан сонсдогсон”.

И.Ниндэвгомбо: “Манай ангийнхан хойноосоо хоёр дахь эгнээний хамгийн баруун захын гэр байлаа. Ангийн чанх хойно багш нарын конторын гэр байдаг учраас бид сахилга баттай байдаг байв. Дараа жилийн намар бид байрны тохижилтыг хийлцэж шинэ анги танхимд суралцсан анхны ахлах анги болсон юм даа”.

1966 оны зургадугаар сарын 18-ны өдөр бид аравдугаар анги төгссөний цайллагаа хийж гоймонтой хоол идэж, улаан ус ууж тухайн цаг үедээ их л сайхан тэмдэглэж байсансан. Хүүхэд бүр сургуулийн хуваарь ажлын томилолт, эвлэлийн илгээлт авч гэнэн дэврүүн сэтгэлдээ гэгээн сайхан мөрөөдөл тээн тус тусын замаар салан одоцгоож билээ. Эргэн харахад ангийнхан минь ажил амьдралын урт замд амжилт бүтээл, алдар гавьяа, авьяас билгийн ариун цагаан мөртэй байжээ. Тухайлбал, ажил хөдөлмөрөөрөө хорь гаруйхан насандаа АИХ-ын депутатаар сонгогдож, Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан илгээлтийн эзэн Шарын голын уурхайн экскаваторчин Д.Суурь маань байсан юм. Биднийгээ баярлуулсан дараагийн хүн бол илгээлтийн эзэн, Шарын голын уурхайн экскаваторчин Монгол Улсын гавьяат уурхайчин Очир байлаа. Энэ хоёр манай ангийн хамгийн жаахан биетэй нь байсан ч бэлчээр нь том гэдгийг ажил амьдралаараа харуулсан.

Манай ангийнхнаас ангийн дарга Х.Жанчивдорж, Ж.Ашмаа, С.Сарангэрэл, З.Гомбожав, Б.Пүрэв-Очир, Д.Рина, Д.Сүхтогоо, Б.Дэмбэрэлсан, Ж.Сандуйдорж, Ж.Дуламжид, Должинсүрэн нар багш гэдэг эрхэм сайхан мэргэжил эзэмшиж зулай зулайгаа дарсан зуу зуун шавьтай болцгоосон. Мөн аравдугаар ангиа ганцаараа алтан медальтай төгсөж, УБДС-д Сүхбаатарын цалинтай сурч хэл шинжлэлийн ухаанаар дэд эрдэмтэн, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан профессор Б.Пүрэв-Очироороо бид бахархдаг юм. ЭНЭШ Төвийн хүүхдийн зөвлөх эмч, клиникийн профессор, Монгол улсын хүний гавьяат эмч Д.Баяраа, Г.Мөнхцэцэг, Б.Дамбажанцан нар маань олны хайр талархлыг хүлээсэн цагаан нөмрөгтүүд болсон. Сургуулиа төгсөөд Украины Киев хотын Техникийн их сургуульд суралцаж улмаар Москва хотноо нийгмийн ухааны академи дүүргэж бидний дундаас тодорсон улстөрч бол Б.Сандуйжав юм. 1992 оны Ардчилсан үндсэн хуульд саналаа нэмэрлэж, гараа өргөж батлалцах эрхэм сайхан үүрэг ангийн хөвгүүнд минь тохиосон билээ. Тэрээр Хөвсгөл, Архангай аймгийн МАХН-ын хорооны хоёрдугаар дарга, Баянхонгор аймгийн МАХН-ын даргаар ажиллаж, МАХН-ын XX их хурал, МАХН-ын Онц хурлын төлөөлөгчөөр сонгогдож явсан. Сурган хүмүүжүүлэгчээс аймгийн намын дарга болтлоо дэвшсэн Д.Рина, эдийн засагч С.Даваацэрэн, Г.Должмаа, геологич Б.Банзрагч, И.Ниндэвгомбо, уурхайчин Б.Дагвабазар, Д.Баатар, дэд хурандаа Б.Гэндэнхорлоо нар тус тусын салбартаа нэр төртэй хөдөлмөрлөж, удирдах алба хашиж гавьяа шагнал хүртсэн. Х.Мягмар, Б.Цэвэлмаа, С.Адъяа нарынхаа хөдөлмөр бүтээл ажил үйлсийг бид бахархан хүндэлж явдгийг тусгайлан тэмдэглэж байна. Биднээсээ түрүүлж бурхны оронд шилэгдсэн ч ангийн дарга Х.Жанчивдорж, ширвээ хар сахалтай сэргэлэн бор Сүхтогоо, орос хэлэнд гарамгай, онцгой ухаантай Дашцэрэв, жавхаатай сэргэлэн цэргийн дарга Цэдэвсүрэн, энгийн даруу Хажид, эрчим хүчний Лхагвасүрэн нар маань бага насны дурсамжид хадаатай байдаг.

Сүхийн Даваацэрэн: “Бид аравдугаар ангиа дүүргэсэн тэр хавар

Униар татсан хаврын орой

Урьхан салхи шивнэхдээ

Удахгүй сургуулиа төгсөх бидний

Урьдах зам чинь хаагуур зурайна вэ? гэсэн сайхан дууг дуулсаар амьдралын харгуйгаар одсон юм даа”.

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, нэг мэдэхэд нас намба суусан өвөө, эмээ болцгоож дээ. Хүн оршин суух, ажиллаж амьдрах газраасаа эхлээд заяаны ханиа хүртэл сонгож болдог. Харин биднийг нэгэн хамт олон болгохоор хэн ч сонгож бүрдүүлээгүй ёстой л хувь тавилангаараа учирсан билээ. Нэгэн цул болоод хэдийнэ хагас зууныг үджээ. Хүүхэд ахуй цагийн дурсамжаараа үүрд гагнагдсан нөхдөдөө урт удаан амьдрал, эрүүл энхийг хүсье.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Хүн төрөлхтөн дэлхийг хамгаалагч бархасбадийг өнгөтөөр тольдож эхэллээ

Дэлхийгээс 1300 дахин том, массаараа 318 дахин их нарны аймгийн хамгийн том гариг Бархасбадийн үүлэн давхаргыг хүний бүтээсэн хөлөг нэвтлээд байна. Өнгөрсөн өдрүүдийн шуугиан тарьсан мэдээлэл энэ байлаа. Хүн төрөлхтөн байгалийн өмнө хэтэрхий дорой, хүчин мөхөс. Озоны давхарга өчүүхэн цоороход л хуйгаараа үрэгдэх төрөлтөн. Гэхдээ тэртээгийн Бархасбадийг өнгөтэй будагтай, юутай хүйтэй нь нэвт шувт харж чадаж байна гэхээр хүний оюун тархийг бурхнаас давсан ч юм уу бурхантай эн зэрэгцэхээр хүчирхэг гэж үнэлэхээс аргагүй. АНУ-ын Сансар судлалын агентлаг таван жилийн өмнө Бархасбадь руу “Жуно” хөлгийг илгээсэн юм. Тэрбум 130 сая ам.долларын өртгөөр бүтсэн энэ хөлөг таван жил аялсны эцэст Бархасбадийн үүлийг нэвтэлсэн нь энэ. Монгол төгрөгт шилжүүлбэл хоёр их наяд 260 тэрбум төгрөгөөр бүтсэн энэ хөлгийн нэр нь цаанаа учиртай. 17 дугаар зууны Италийн одон оронч Галилей, Ромын бурхан Юпитер, мөргөлчийн эхнэр Жуно хөлөг дотор яваа. Мэдээж амьд хүн биш л дээ. Сансрын нислэгийн маш хүнд нөхцөлийг даах чадвартай хөнгөн цагаан материалаар бүтээсэн лего “хүмүүс”. Хөлөг дотор яваа нөхдийн заримынх нь нэрийг хагаслаж товчлоод “Жуно” гэчихсэн хэрэг. Түүх, домогт үлдсэн энэ гурван хүний нэр Бархасбадьтай холбогддог. Галилей бархасбадийн дөрвөн том дагуулыг нээсэн бол, Ромын бурхдын хаан Юпитерийн нэрээр энэ гаригийг нэрлэсэн байдаг юм. Мөргөлчийн эхнэр Жуног бархасбадийн нууцыг мэддэг ганц хүн хэмээсэн эртний домог бий. Ийм утга учрыг шингээсэн нэртэй сансрын хөлөг Бархасбадийг өнгөт камераар тольдож, хүн төрөлхтөнд төсөөлшгүй алсад орших аварга гаригийн нууцыг нээж эхлэх нь.

Гаригууд хийн, хатуу гэсэн хоёр янзын төлөвтэй. Дэлхий шиг хад чулуутайг нь хатуу гариг гэдэг. Нарны аймгаас Ангараг бас хатуу гаригт ордог. Ангараг дээр амьдрал байгаа эсэх түмэн таамаг бий. Ер нь бол астрономичдын сонирхдог нэг гол сэдэв. Бархасбадийн хувьд дэлхий шиг хатуу биш хийн гариг. Энэ аварга гаригийг Ромын бурхдын хаан Юпитерийн нэрээр зүгээр ч нэг нэрийдээгүй. Масс нь маш их. Нарны аймгийн долоон гаригийн массыг нийлүүлсэн нь Бархасбадийн энд дөхөж очихгүй гэхээр хэр аварга гариг гэдэг нь төсөөлөгдөх байх. Бархасбадийн татах хүч гэхэд л дэлхийгээс олон дахин их. Шөнөдөө 1250 хэмийн халуу шатдаг гариг. Өглөө нь 1700 хэмийн халуун төөнөнө. Цацраг туяа ихтэй. Бархасбадиас 150 мянган км-ийн алсад байсан ч цацраг туяаны хэмжээ нь хэтэрхий өндөр. Ийм хол зайд байхад л амь насанд аюултай хэмжээнээс 500 дахин их цацраг туяа бархасбадиас ялгарч байдаг. Атмосферт нь гели бий. Гэхдээ энэ гаригийн ихэнх хувийг устөрөгч эзэлдэг. Бархасбадь дээр хар салхи болдог. Эргэлтийнх нь хурд бусдаасаа хамгийн өндөр. Есөн цаг 50 минутад л тэнхлэгээ бүтэн эргэчихдэг. Бархасбадь нарнаас хол болохоор дулааныхаа 60 хувийг өөрийнхөө цөмөөс авдаг.

Бархасбадийн агаар мандал болон хэмжээ нь асар их даралт үүсгэдэг. Хэрэв энэ гариг руу сансрын хөлөг илгээвэл секундын дотор эвдэрнэ гэсэн тооцоо бий. Ийм учраас ердөө саяхныг хүртэл Бархасбадийн дотоод бүтцийг судлах ямар ч боломжгүй гэж одон орончид ярьж байсан юм. Харин одоо хүний оюуны хүч, “Жуно”-гийн ачаар Бархасбадийг өнгөтөөр нь тольдож эхэллээ. Бархасбадь гурван нимгэн цагаригтай. Монголчуудын үдшийн гялаан, үүрийн цолмон гэж нэрлэдэг Сугар гаригаас ч тод гэрэлтэй. Дашрамд сонирхуулахад, сугар гариг нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Дэлхий дээр хүхрийн хүчил шингэн төлөвт байдаг бол сугар гариг маш халуун учраас тэнд хүхрийн хүчил хий хэлбэрээр оршдог. дэлхий шиг чулуу, хөрстэй хатуу гариг. Одоо Бархасбадь руугаа эргэж оръё. Сугараас ч тод гэрэлтдэг Бархасбадийг хятад, европчууд хүндэтгэдэг. Эртний хятадууд гэхэд л Бархасбадь гаригт насны ойгоо тэмдэглэдэг байж. Тэд энэ гаригийг насны од хэмээн нэрлэдэг байсныг түүхээс харж болно. Европчууд ч ялгаагүй, хүндэтгэж тэнгэрийн сахиус “Зубите”-гээр нэрлэдэг.

Мөн тэнд дэлхийн диаметрээс ч том шуурга болдог. Бархасбадид XVII зууны үеийн шуургаас үүссэн том улаан толбо бий. Бархасбадийн гадарга дээр тод улаан, өндөг хэлбэрийн толбо байдаг юм. Гурван зуугаад жилийн настай энэ толбыг “том улаан” гэж тодотгон нэрийддэг. “Жуулчин” сансар судлалын станц Бархасбадь гариг гэрэлт цацрагаар хүрээлэгдсэн байдгийг өнгөрсөн зууны далаад онд олж мэджээ. Тус гаригийн гэрэлт цацраг нь том, жижиг хар өнгийн чулуун хэсгүүдээс тогтсон байдаг.

Бархасбадь нарны аймгийн гаригуудаасаа хамгийн олон дагуултай нь. Одоогоор 63 дагуулыг нээгээд байгаа. Дагуулуудынх нь 16 нь онцгой том. Галилей гэхэд л Ио, Европа, Ганимед, Каллисто гэсэн хамгийн том дөрвөн том дагуулыг нь нээсэн байдаг. Ио дагуулын хувьд бусдаасаа чулуу, ус, мөсний хэмжээгээрээ харьцангуй бага. Ажиллагаатай галт уултай. Энэ дагуулаас хүчтэй дэлбэрч, гадагшаа оргилон гарсан халуун хайлмаг чулуулаг хэдэн зуун мянган метрийн өндөрт цацагддаг. Галилейн нээсэн хоёр дахь дагуулын мөсөн давхарга доорхи далайд амьдрал байж магадгүй гэсэн таамаг бий. Тэгэхээр Бархасбадийн том дагуул Европад амьдрал өрнөж байж мэдэх нь. Европагийн гадарга дээр байх ус нь дэлхийн бүх тэнгис далайг нийлүүлснээс их ч тэнд маш хүйтэн учраас ус нь мөс хэлбэрт оршдог. Ганимед нарны аймгийн 150 дагуулын хамгийн том нь.

Бархасбадь гадаад давхрагадаа хийн буюу үүлэн бүслүүртэй. Америкчуудын илгээсэн сансрын хөлөг энэ үүлэн бүслүүрийг нь нэвтлээд байгаа билээ. Бархасбадийн үүлэн бүслүүр голчлон аммиакаас тогтсон байдаг.

“Жуно” хөлөг нарны аймгийн хаан Бархасбадь гарагийн асар хүчтэй таталцлыг тэсвэрлэж, үүлэн давхаргынх нь 4700 км гүнд нэвтрээд байгаа юм. Сансарын хөлөг Бархасбадийн туйлуудыг тойрон эргэж, татах хүч, соронзон орон, уур амьсгалын талаар шинэ мэдээлэл цуглуулж байгаа юм байна. “Жуно” Бархасбадь гаригт хүрэхийн тулд тойруугаа 2.8 тэрбум километр замыг туулжээ. НАСА-гийн хөөргөсөн хөлөг Бархасбадийн татах хүч, соронзон орон, туйлын туяа зэрэг үзэгдлийг өнгөт камераар дэргэдээс нь судална. Ингээд зогсохгүй авах зураг нь хамгийн өндөр нягтралтай гэж байгаа. Мэдээж хамгийн ойроос авахаараа онцгой нээлт болно. Бархасбадийн цөм хатуу төлөвтэй эсэх, хүчилтөрөгч, усны нөөц хэдий хэмжээтэй оршдог нь өнөөг хүртэл оньсого байсан бол тун удахгүй энэ гаригийн талаарх шинэ сонин мэдээллүүд хөвөрч эхлэх нь. “Жуно” Бархасбадь гаригийг 37 удаа тойрч, анх хөөрсөн цагаасаа хойш 3.5 тэрбум километр зам туулсныхаа дараа ирэх жилийн сүүлээр гаригийн агаар мандал руу нэвтэрч шатаж үгүй болох ёстой.

Энэ судалгааны үр дүнд дэлхийн болон нарны аймгийн бусад гарагийн гарал үүсэл, хувьсал өөрчлөлтийн тухай шинэ нээлт хийж байна гэсэн үг юм.

Хийнээс бүтсэн энэ аварга том гариг сүүлийн 500 жилд 2-3 том сүүлт одтой мөргөлдөж, мөргөлдөх бүрт нь экологийн асар их аюул сүйрэл болж, дэлхий дээр амьдарч байсан амьд амьтдаас тоолж барамгүй олныг устгасан байдаг гэж эрдэмтэд онцолдог.

Татах хүчний хувьд дэлхийгээс 2.4 дахин их. Дэлхий дээр 100 кг жинтэй зүйл байлаа гэж үзэхэд энэ нь Бархасбадь гариг дээр бол 240 кг хүнд жинтэй болно гэсэн үг.

Санчир, Бархасбадь гаригийн татах хүч нь дэлхийг сүүлт од, астеройттой мөргөлдөхөөс хамгаалдаг үүрэгтэй. Тэд сүүлийн хэдэн зуун сая жилийн турш эх дэлхийн гадаргуунд сүүлт од, астеройд нэвтрүүлэхгүй бат бөх бамбай болж байгааг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Сансрын үл мэдэгдэх бүсээс сүүлт од харвадаг ба тэдний дэлхийд хүрэх замд нь Санчир, Бархасбадь гаригийн татах хүчний талбай байрладаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ хоёр том гариг байгаагүй бол дэлхий дээр амьдрал байх боломжгүй аж.

Н.Ганчимэг

Categories
мэдээ цаг-үе

А.Гансүх: Эх орноосоо зугтах шаардлага надад байхгүй

УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүхийг оргон зайлсан, Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл хэвлэл, олон нийтийн сүлжээгээр мэдээлэгдсэн. Харин А.Гансүх цахим хуудсандаа энэ талаар “Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараагаад эхэлж. Тайлбар хийе. Хил гарахыг хориглосон л гэнэ, гарах гэж байхад нь зогсоожээ л гэнэ. Би албан томилолтоор ОХУ, АНУ-д ажиллаж байна. Мөн энэ томилолтын хүрээнд Израил улс руу очих ёстой….” гэж бичсэн байсан. Харин манай сонин түүнийг гадаадад албан ажлаар яваа бөгөөд удахгүй эх орондоо ирэх гэж байгаа талаар мэдээлж байсан билээ. Түүнийг өнгөрсөн лхагва гаригийн шөнө Монголдоо ирж, “Чингис хаан” нисэх буудалд буухад нь уулзсан юм. Ийнхүү тус нисэх буудлын VIP өрөөнд лхагва гаригийн шөнийн 00 цагийн үед ярилцсанаа хүргэе.

-Сайн явж ирэв үү? Таныг оргон зайлсан гэсэн мэдээлэл гарчихсан байлаа. Яагаад хүрээд ирэв.

-Дөнгөж сая онгоцноос буулаа. Би оргон зайлаагүй ээ. Оргон зайлсан хүн ингээд ирдэг юм уу. Би намын томилолтоор хоёр, гурван улсад ажиллаад ирлээ. Саяын энэ болсон үйл явдлаас болоод Израил явах байснаа болиод шууд ирлээ. Арай л хэтрүүлсэн худал мэдээлэл тараажээ. Төрөө дээдэлж, хуулийн байгууллагыг хүндэтгээд дуудсан цагт нь би очиж, асуусан зүйлд нь хариулдаг. Гадагшаа явахдаа ч тухай бүрт нь заавал мэдэгддэг. Намайг шалгаж эхэлсэн гэх энэ хугацаанд АНУ-д гурван удаа, Японд хоёр удаа, Солонгост хоёр удаа, Орост нэг удаа явсан байна. Онгоцоор явж байсан суудлын талонууд маань байна. Нотлох баримт болгож зориуд хадгалж байгаа юм (гадаадад зорчсон онгоцны тасалбаруудаа үзүүлэв). Жишээ нь дөрөвдүгээр сарын 30-нд Улаанбаатараас Сөүлээр дамжаад Вашингтон явсан байна. Тавдугаар сарын 30-нд Вашингтоноос Сөүл рүү буцаж ирсэн байна. Энд гуравдугаар сарын 23-нд Токио яваад 25-нд буцаж ирсэн байна.

Энэ мэтээр онгоцны суудлын талонууд энэ байна. Энэ бол нотлох баримт мөн биз дээ. Ер нь эх орноосоо зугтах ямар нэг шаардлага, шалтгаан надад байхгүй. Аливаа хэрэгт шалгагдаж байгаа хүн тухайн шалгагдаж байгаа байгууллагадаа мэдэгдээд хаашаа, яаж явах гэж байгаа, ямар тушаал, шийдвэрийн дагуу, ямар ажлаар явах гэж байгаагаа мэдэгдээд л явдаг. Яг энэ шаардлагын дагуу би холбогдох байгууллагуудад мэдэгдээд л явж байсан. Сая ч гэсэн явахдаа Авлигатай тэмцэх газарт мэдэгдээд, намын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалын хуулбарыг өгөөд явсан. Одоо ингээд ирж байна. Түүнээс биш ямар нэгэн байдлаар оргон зугтсан, зугтахыг завдсан тийм зүйл байхгүй. Эхнээсээ л хаашаа явахаа хэлээд явсан. Өмнөх явж байсны адил, ийм л аялал болоод ирлээ.

-Тэгвэл яагаад таныг хилээр гарахыг хориглосон байхад гараад явчихлаа гэсэн юм бол?

-Явахдаа харин хаашаа явах, хэзээ ирэхээ мэдэгдээд, журмаар нь явж байгаа. Ямар нэгэн оргон зайлах бодол алга. Цаашдаа ч гэсэн оргон зайлах шаардлага байхгүй гэж бодож байна.

-Прокурор, цагдаагийн эх сурвалжийн хэлснээр энэ сарын 7-ны дотор ирэхгүй бол Интерполд хандан эрэн сурвалжлуулж баривчлах арга хэмжээ авна гэсэн мэдээлэл тарсан шүү дээ…

-Тэрийг би мэдэхгүй. Тийм шаардлага уг нь байхгүй шүү дээ. Би хаашаа явах гэж байгаагаа, ямар ажлаар явахаа бүгдийг АТГ-д мэдэгдээд явсан. Тийм учраас оргон зайлсан гэх үндэслэл байхгүй. Оргон зайлсан хүн Монголдоо ирчихээд ингээд яриад сууж байхгүй биз дээ.

-Намын дарга, УИХ-ын даргын зөвлөх хүн сонгуулийн ийм эгзэгтэй мөчид яагаад гадагшаа явах болсон юм бэ?

– Намаас албан томилолт өгч явуулсан гэж түрүүнд хэлсэн. Тэр нь улс төрийн ажил байсан учраас хэвлэлээр ярих шаардлага байхгүй.

-Та хэд хэдэн паспорттой гэсэн байх аа. Монголын иргэн нэг л гадаад паспорттой байх ёстой биз дээ. Тэгэхээр олон паспорттой бол зарим нь хуурамч болж таарах нь ээ дээ?

-Надад хуурамч паспорт байхгүй. Миний ашигладаг энгийн улаан паспорт байна. Дипломат паспорт нэг байна. Тэгээд л болоо. Одоо энэ хэвлэлээр яваад байгаа зарим мэдээлэл арай хэтэрч байна. Хэтэрхий зохион байгуулалттай, улс төрийн шинжтэй, мушгин гуйвуулсан мэдээллүүд яваад байна.

-Хэрэв тэр мэдээллүүд худал юм бол хаанаас хэн явуулаад байна гэж бодож байна. Танд ямар нэгэн сэжиг таамаг байна уу?

– Хэн нэгний зориуд зохион байгуулсан, улс төрийн зорилготой ийм мэдээлэл тарааж байна уу л гэж харж байна.

-Төмөр замын асуудал юу болж байна аа?

-Харин тэр асуудлаар чинь л би шалгагдаж байгаа шүү дээ.

-Тэр хэрэг ямар шатандаа явааг л асууж байна.

-Шалгагдаж байгаа хэргийн талаар ярих боломжгүй байна. Хуулиараа болдоггүй. Тэрийг хууль хяналтын байгууллагаас асуух нь зүйтэй байх.

-За та юутай ч эх орондоо ирлээ. Иртэл чинь сонгууль болоод өнгөрчихлөө. Гэтэл та намын даалгавраар явсан гээд байдаг. Намын даалгавартай гадаад явсан хойгуур чинь танай нам ялагдчихсан байж байдаг. Юу бодогдож байна?

-Нам сонгуульд ялагдсан нь харамсалтай хэдий ч энэ чинь ард түмний сонголт шүү дээ.

-Та намынхаа сонгуулийн багт ажилласан уу?

-Ажилласан.

-Танай намын генсек таныг сонгуулийн багт ажиллаагүй гээд байсан.

-АН-ын сонгуулийн хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тэрний нэг гишүүн нь би байсан. Намын генсекийн хувьд намайг гадаад томилолттой явсан болохоор тэгж хэлсэн юм болов уу.

-Өөр нам эрх барьж эхэллээ. Өмнө нь эрх барьж байсан намынхнаас олон хүн шоронд орох болов уу гэсэн айдас байх шиг. Таны хувьд бас хэрэгт шалгагдаж байгаа. Танд ямар нэг айдас байна уу. Жишээ нь Таван толгой, Төмөр замын асуудал гээд…

-Таван толгой, Төмөр замын асуудлын нарийн ширийнийг ойлгож байгаа хүн байгаа юм уу.

-Овоолсон шороо гэж л хараад байгаа юм биш үү. Шороочдын нам, нүүрсчдийн нам гэсэн яриа гарсныг мэдэж байгаа биз дээ?

-Тийм үү, би тэр яриаг сонирхоогүй юм байна.

-Сонгуулийн ид халуун өдрүүдэд гэнэт алга болчихсон нь таныг оргон зайлсан гэж итгэхэд хүргэсэн байх. Та тэр мэдээллийг хэзээ сонссон бэ?

-Сошиалаар гарахад нь олж харлаа.

-Тэгээд юу бодогдов?

-Мэдээж муухай шүү дээ. Гүтгүүлж байгаа нь л их муухай байна. Ажлаар явсан хүнийг оргосон, баривчлагдсан гээд байхаар юу нь сайхан байхав дээ.

-Та энэ мэдээллийг сонсоод Монголдоо очиход шууд баривчлах вий гэж айсан уу?

-Энэ чинь миний эрх мэдлээс давчихсан юм шүү дээ.

-Та нэгмөсөн зугтчихаж болоогүй юм уу. Танай нам эрх барьж байхад таныг асууж шалгаад эхэлсэн. Өөр нам эрх барихаар бүр л хэцүү гэж бодогдохгүй байна уу?

-Би эх орноосоо хаашаа зугтах билээ дээ. Энд чинь миний эх орон, гэр бүл маань байгаа шүү дээ. Бас нэг зүйл хэлэхэд миний сүүлд явсан ажлууд дандаа улс төрийн ажил байсан. Сая явсан ажил маань ч тийм. Үүний үр дүн гарч байгаа. Үүний үр дүн нь зөвхөн надад, эсвэл манай намд хэрэгтэй юм биш. Бүх монголчуудад гарч байгаа үр дүн. Харамсалтай нь шууд олон нийтэд ярих боломжгүй асуудлууд байгаа юм.

-Монголчуудад хэрэгтэй юм бол харин ч сонирхол татаж байна л даа.

-Би явж бүтээсэн ажлынхаа үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Заавал зарлаад байх шаардлагагүй гэж хэлсэн шүү дээ. Үр дүн нь аяндаа гарна.

-Ингэхэд та яагаад сонгуульд нэр дэвшээгүй юм?

– Би чинь Дорноговийн Ардчилсан намд харьяалагддаг. З.Алтангэрэл гуай Дорноговийн Ардчилсан намаас дэвшсэн учраас би тэр хүнийг дэмжсэн.

-Сонгуулийн үр дүнг та юу гэж харж байна?

-Сонгууль болоод сонгогчид саналаа өгөөд шийдвэр гаргачихлаа. Парламентад энгийн иргэд, шинэ хүмүүс их л орлоо шүү дээ. Тэр шинэ хүмүүс нь олонхи болж байна уу гэж би харж байна. Нэг нам дийлэнх олонхи болсноороо ажил хийхэд ямар нэг саад бэрхшээл бага байх болов уу. Тэр нь сайн хэрэг. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж нь илүү л болж ирж байгаа хэрэг. Тэгэхээр шинээр орж ирсэн хүмүүс арай нуруутай байх болов уу гэж бодож байна. Энэ парламентын бас нэг сайн юм нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хамгаалж ажиллах байх гэж найдаж байна. Яагаад гэвэл Ардын нам түүхэндээ энэ улсын тусгаар тогтнолыг хамгаалж ирсэн нам. 1921 оны тусгаар тогтнолын хувьсгалыг хийсэн нам шүү дээ.

-Танай намын зарим лидер луйврын сонгууль боллоо. Царцаа буюу сонгогчид шилжилт хийлгэж нүүлгэж санал луйвардлаа гээд байгаа шүү дээ….

-Гарч байгаа мэдээллүүдийг харахад хуулийн байгууллага шалгаж үзэх юм байгаа л юм билээ. Тэрийг нь яаралтай шалгаад нэг мөр болгохгүй бол энэ маргаан дөрвөн жил дуусахгүй юм болно. Үнэхээр зөрчил гарсан хууль зөрчсөн юм байгаа бол хуулийн дагуу шийдэх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Атрыг амилуулж баатрыг төрүүлсэн ЦЭЭЛ сум

Майхан уул

Улаанбаатар хотоос баруун тийш хатуу хучилттай замаар 100 км яваад Төв аймгийн Баянхангай сумын Атар сууринд ирнэ. Тус суурингаас баруун хойш салж шороон замаар 60 км давхиад Төв аймгийн Угтаалцайдам сум хүрнэ. Харин уг сумаас цааш 20 км давхиад Төв аймгийн Цээл суманд хүрнэ. Энэ бол манай нутаг. Хуучнаар бол Залуучууд сангийн аж ахуй гэдэг нэрээр нь хүмүүс андахгүй. Гэхдээ залуу үеийнхэн бол Цээл сумаар нь сайн мэднэ. Цээл сум 1976 онд Угтаалцайдам сумаас тасарч өнөөгийн төрхийг олсон бөгөөд анх атрын шинэ аж ахуй байгуулах зорилгоор өрх тусгаарласан гэсэн үг. Харин 1977 онд албан ёсоор Цээл сум болж Монгол Улсад нэгэн сум нэмэгдсэн түүхтэй. Өдгөө Цээл сум 40 жилтэйгээ золгож байна. Тэгэхээр байгуулагдсан түүхээс харахад л сумын уугуул иргэд нь тариачин ард түмэн болж таарна. Сумын иргэдийг тариаланч, ногоочин, малчин гээд гурван бүлэгт хуваачихаад болно. Газар нутгийн хувьд Орхон, Сэлэнгийн сав газрын ойт хээрийн бүст хамрагдах боловч сумын төвийн баруун хэсэг, хойд талаараа говь нутгийг санагдуулам элсэрхэг. Энэ элсэрхэг бүсээ нутгийнхан “Элсэн цагаан” гэж нэрлэдэг. “Элсэн цагаан” мойл жимс ургадаг монос мод ихтэй. Наймдугаар сар жаахан гаргаад л сумынхан том, жижиг гэлтгүй битон сав бариад л явган алхчихна. Сумын төвөөс баруун тийш ганц гүвээ даваад л мойл жимс сагуулсан моностой хөндий угтана даа. Хүүхэд байхад ангийнхаа охидтой мөн ч их явдаг байж дээ. Орой нар шингэх үед л хар ам, шүдтэй амьтад л ирдэгсэн. Атрын буянаар энэ хөндийд олон сайхан залуус ажил, амьдралын гараагаа эхэлж өдгөө үр хойч нь тариачдын үргэлжлэл болон амьдарч явна. Хөнгөн сийрэг, хүрэн хөрстэй учраас тариа тарихад нэн тохиромжтой нутаг. Ган гачгаас л биш бол газрын хөрснөөс болж ургац хураасангүй гэж би лав сонсоогүй. Цээл суманд тариа тарьдаг иргэн, аж ахуйн нэгж, компани нэлээдгүй бий. Өдгөө аймгийнхаа улаан буудайн гуравны нэгийг бүрдүүлж байна. 2010 онд Цээл сум улаан буудайн ургацын хэмжээгээрээ аймагт тэргүүлж байсан удаатай. Энэ мэтчилэн олон сайхан амжилтыг энд дурдаад барамгүй. За тэгээд хамгийн олон Улсын аварга тариаланч төрсөн сум шүү дээ. Хамгийн анх сумын маань тулгын гурван чулууг тавилцаж сумын сангийн аж ахуйн даргаар ажилласан хүн бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бэгзийн Батчулуун юм. Батчулуун гуай бол манай сумын хувьд домог болүсон хүн. Түүний талаар захын хүнээс очоод асуухад л тийм хүн байсан гээд хэлээд өгнө. Хийсэн ажил, байгуулсан гавьяа нь түүнийг мөнхжүүлсэн юм. Ард түмэн түүний гавьяаг хойч үеийнхэндээ мөнхөд сануулсаар ирсэнтэй холбоотой. Цагтаа Б.Батчулуун дарга эх орныхоо гурил тэжээлийн сан хөмрөгт 550 гаруй мянган тонн дээд зэргийн чанартай улаан буудайг нийлүүлж явжээ. Энэ амжилт нь түүнийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар болгосон гэдэг.

Түүний араас улсын ургацын таван удаагийн аварга, гавьяат механикжуулагч Х.Лхагважав, гавьяат эдийн засагч О.Дашдэндэв, ЗХУ-ын хошой баатар, гавьяат агрономич Д.Дамдинсүрэн, улсын дөрвөн удаагийн аварга Ц.Чулуун, Б.Дамдин нарыг нэрлэж болно. Мөн Б.Борхүү, Х.Шаалай, Б.Жасрай, Д.Цогтгэрэл, Б.Лхамсүрэн нар улсын хошой аваргууд юм. Тэгвэл Б.Базарсад, Э.Төмөрбаатар, Ц.Очир, Ч.Цэндсүрэн, С.Адъяа, Д.Халиунхүү, Ж.Пүрвээ, Ч.Пүрвээ, Ж.Бямбадорж, Ж.Баатар, Л.Доржпагма, Б.Гомбодорж, С.Адъяа, П.Цэнд-Аюуш, Х.Батжаргал нар аймгийн хошой аваргууд юм. Энд мөн нэгэн амжилтыг дурдахгүй өнгөрч болохгүй. Д. Хэнчбиш, Л.Нэргүй, Б.Баасандорж, Ц.Билэгтсайхан, Д.Баатарцогт, Б.Далайжаргал, Ш.Амарсанаа зэрэг тариаланчид Монгол Улсын ургацын залуу аваргаар тодорч байжээ. Миний өвөө Г.Пунцаг-Осор ч мөн атарчдын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Эдгээр хүмүүс бол Цээл сумын бүхий л цаг үеийн энх цагийн баатрууд юм. Өдгөө ч сумынхаа нэрийг улсад цуурайтуулж буй олон сайхан хөдөлмөрч хүмүүсийн нэрийг энд жагсаавал даанч багтамгүй. Үүнд насаараа үйлдвэрчний эвлэлийн дарга хийсэн Маам гуайг дурдахгүй өнгөрч боломгүй. Тэрээр атарчдын өлгий нутаг сумынхаа тухай хоёр ч цуврал ном гаргасан сэхээтэн хүн. Сум сургалтаараа бусад сумаас ихэд ялгардаг. Бүхий л аймаг, бүсийн олимпиад, тэмцээний тэргүүн байрыг Цээлийн сурагчид хамна. Улсдаа тэргүүлэгч “Монгол контент”-ыг үүсгэн байгуулагч Г.Гантуяа Цээл сумын уугуул, түүн шиг амжилттай яваа бизнесмэн олон бий. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж Цээж бодолтын дэлхийн аварга болсон Т.Мягмарсүрэн Цээлийн уугуул хүү. Түүнчлэн Гардан тулааны олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Галсандорж мөн л энэ нутгаас төрөн гарчээ. Энэ мэтчилэн энд нэр нь дурдагдаагүй олон сайхан мундаг залуус бий. Цээл сумын тухайд тариалангаас гадна хадлан бэлчээрийн газар нутгаараа алдартай. Ойт хээрийн сав газар гэдэг утгаараа үржил шимт ургамал ихтэй аж. Тиймээс Увс, Баян-Өлгий зэрэг олон аймгийн олон ч сумаас отроор малчид ирдэг. Зарим нь бүр идээшин суурьшиж араасаа төрөл саднаа хүртэл авчирдаг. Хааяа нутагтаа очихоор бараг таних хүнгүй болсон ч юм шиг, таньдаг царай цөөхөн харагддаг. Хавар намрын улиралд сумын төв бараг хүнгүй болчихдог. Хүүхэд хөгшчүүл л үлддэг. Учир нь энэ үеэр ид ажил оволздог юм. Тариа, ногоо тарих нь талбайгаа бараадаж, намартаа нэг хэсэг нь хадлан бэлтгэж, тариагаа хурааж, ажилгүй хэсэг нь хэдэн төгрөгөөр будаа шигших зэрэг их ажилд дайчлагдана. Ийм л зураглалаар ард түмэн жилийн дөрвөн улирлыг угтаж, үднэ.

Хаврын улирлаар хамгийн түрүүнд сумын төв өнгөө засна. Хил залгаа сум өвсний сөл ч цухуйгаагүй байхад манай нутаг ногоон ширдэг шиг л сайхан болдогсон. Ёстой нөгөө Цоодолын Хулангийн Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрахсан…шүлгийн мөрүүдийг санагдуулам. Сумын төвийн эргэн тойрон дахь байгалийн тогтоц их содон. Сумын хойморт Майхан гээд уул бий. Түүний араар сумын хойд хаяаг хашаалан байрлах Шахайт гээд уул байна. Харин сумын урд тал дунд багавтар хадтай цохио мэт харагдах боловч ар хоймроос нь нэлээдгүй мацуулчихдаг Талын хайрхан гээд уул байна. Баруун талд Их Хөшигт, Бага Хөшигт гээд хайрхнууд бий. Уулаар хүрээлэгдсэн хэсэгхэн хонхорт сумын төв байрлана. Сумын төвөөс зүүн тийш 30, 40 км-ийн зайд Хүүлэй хан уул баруун урагш сунайн үргэлжилнэ. Энэ уулын ар хормойгоор урсах гол бараадан малчин түмэн зунжин налайж намартаа намаржиж өвлийн түрүүчийн цаснаар өвөлжөө рүүгээ нүүдэгсэн. Одоо ч ийм л байгаа. Голын урсгал даган урагшлахад Бугын ам гэж бий. Уулын амнаас уруудан урсах булагт ам гэж хэлж болно. Хуучин тэр хавьд Бугын бригад байсан юм билээ. Одоо бол хэдэн малчин айл л зусна. Тэгвэл сумын төвөөс хойш 10 хүрэхгүй км зайд Бурхантай нуур бий. Хотынхон зундаа Туулын хөвөө бараадаж амарч зугаалдаг шиг манай сумынхан энэ нуурыг зундаа тойрон бүчиж амардагсан. Хажуудаа бурхны барималтай. Энэ нууранд хүн, малгүй л зуны халуун өдрийг барна даа. Нуурын зүүн хаяанд Хар нуур гэж бас бий. Тэр хэсэг дэрс ихтэй. Хэдэн мянган хонь байлаа ч дэрстэй хөндийд орвол харагдахгүй. Дэрстэй хөндий басхүү нэлээд үргэлжилнэ. Хар нуурт олон жилийн өмнө гаргасан ховооддог, эргүүлдэг худгийн суурь их бий. Энэ хөндийн өмнө харагдах уулыг давахад л сумын төв рүү тонгойгоод ороод ирнэ. Бага байхад манайх С.Лхагва өвөөгийнхтэй Хар нуурын дэрсэн дунд айл гэрээр бууж зуншдаг байлаа. Тэр үед “Халтар царайт” олон ангит кино гардаг байсан юмдаг. Эмээ маань кино гарах дөхөөд ирэхээр морин тэргээ хөллөөд намайг суулгаад л сумын төв рүү жолоо мэдэн шогшуулж өгнө. Томчууд нь морьтой явчихдаг байсан учраас би эмээтэйгээ явдаг байсан нь энэ. Нэг удаа Д.Цэвэлмаа эмээ маань их ууртай байна. Хүүхэд юм хойно хэрэгт дурлаад хонины хашааны хажуугаас эмээ, аав хоёрын яриаг чагналаа. Тэгсэн аав адуугаа олоогүй бололтой. Эмээ “Киногоо үзэж чадахгүй нь” гэж ирээд их л уурлаж билээ. Анх удаа л эмээгээ уурлаж байхыг харсан нь тэр. Эмээ ч уурлаад сумын төв рүү намайг хөтлөөд алхчихлаа. Төд удсангүй ах мотоцикльтой ирж төв рүү дөхүүлж билээ. Хар нуур, Бурхантай нуурын өмнүүр хотын дөрвөн замын уулзвар дундах төв зам шиг тод шороон зам бий. Тэр замаар нутгийнхан баримжаална. Хар нуураас баруун тийш Бурхантай нуур өнгөрөөд Баянбүрд гээд басхүү гол устай нутаг бий. Хурдан морь сумын төвөөс Баянбүрдийг хөндлөн гулд дайраад өнгөрдөгсөн. Миний бие гийнгоо цангинуулж, тоос босгон хурдлах хурдан морьдын тэрхүү уралдаанд мөн ч олон удаа оролцсон доо. Ерөнхийдөө сумын нутаг дэвсгэрт гол ус багатай хэдий ч хүн амьдрахад ихэд тааламжтай сайхан нутаг гэж өвгөд ярьдаг. 2000 оны эхээр сумаас хот бараадсан шилжилт хөдөлгөөн их эрчимтэй өрнөсөн. Хажуу хөрш айлууд бууриа харлуулаад нүүхэд, хашааны хэдэн шон л үлддэг байв. Харин саяхнаас хотоос эргээд сумандаа очиж амьдрах сонирхолтой хүмүүс их болсон шиг санагдсан. Онгорхой цоорхой гудамж ч байхгүй битүү хашаа хатгаад шинэ байшингууд ээлж дараалан босч байна. Төвийн баруун урд залуучуудын хотхон хүртэл байгуулах төлөвлөгөө гаргачихсан аль хэдийнэ хэрэгжээд эхэлж. Хуучин балгас өнгө муутай барилга гээд хаа газрын сумдын төрхийг тэндээс олж харахгүй. Хуучин барилга, байшинг буулгаад шинэчилж байгаа юм байна. Мөн захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт залуу боловсон хүчин түлхүү орж ирсэн нь ихэд таатай. Атар газрын сум орчин цагт хуучин өнгө төрхөө гээж шинэ амьдрал суманд нахиалж байна.