Categories
мэдээ цаг-үе

Э.Бүрнээбаяр: Дуулж магадгүй юм байна гэж ангийнхан маань хэлж байсан шүү

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяртай ярилцлаа.

-Та одоо ямар байгууллагад харьяалагдаж байна вэ?

-Одоо ямар нэг байгууллагад харьяалагдаагүй байна. Чөлөөт уран бүтээлч. Нийтийн дуучдын нэгдсэн холбооны гишүүн.

-Чөлөөт уран бүтээлч болохоор цаг зав их гарч байна уу?

-Сүүлийн үед гэртээ цэцгээ арчлаад байх сонирхол их болсон. Бэртэйгээ хоёулаа их ярилцана. Хаанаа цэцгээ байрлуулах вэ, хаана тарих вэ гээд л… Намайг нэгдүгээр ангиа төгсөхөд манайх Сэлэнгийн Зэлтэрт хөдөөний айл болж нүүж очсон юм. Зэлтэрийн сангийн аж ахуй бол үлгэрийн орон. Гайхамшигтай байгальтай. Уул ус ургамал амьтан гэж хачин сайхан. Яагаад тэнд очсон гэхээр манай ээж хүнд өвдсөн юм. Эмч нар ээжийг маань “Агаар л эдгээж магадгүй, эмнэлгийн зүгээс бүх эмчилгээ дууссан” гэж хэлсэн. Тэгээд манайх Зэлтэрт очоод гурван жил болоход ээжийн өвчин эдгэчихсэн байхыг хараад эмч нь бүр гайхсан. “Ямар гайхамшигтай агаар ус гэхээрээ тийм байдаг юм бэ” гэж ярьж байсан.

-Та хэр сайн ээж вэ?

-Би гурван хүүхэдтэй. Том охин, удаахь хүү хоёр маань Монголдоо сургууль төгссөн. Дунд охин маань Калифорнид дээд сургууль төгссөн. Одоо Лос Анжелест амьдардаг. Том охин маань япон хэлний орчуулагч мэргэжилтэй. Бага хүү Билгүүн маань ШУТИС-ийг программист мэргэжлээр төгссөн. Одоо Төрийн банкны систем аюулгүй байдлын хэлтэст ажилладаг.

-Ингэхэд та хадам ээж болчихжээ, ер нь ямар бэртэй болъё гэж бодож байсан бэ?

-Би ер нь хүүгээ хүнтэй суух болоогүй л гэж бодож байсан. Тийм болохоор ийм тийм бэртэй болно гэж бодож байсангүй. Хүү маань ШУТИС төгсөөд жилийн дараа дагуулж ирсэн. Зүүнхараагийн сураг ажгаар мэддэг байсан хүний охинтой суухаар болсон байсан. Тохитой тухтай, ажил амьдрал нь жигдэрсэн, удам сайтай айлын охинтой гэрлэсэн. Одоо хоёр хөөрхөн охинтой, сайхан амьдарч байна. Манай бэр зураач. СУИС-ийн керамикийн ангийг төгссөн. Бас том том зураг зурна. Одоо хүүхдээ хараад гэртээ байгаа.

-Та ач зээ нар руугаа хэр яардаг эмээ вэ?

-Одоохондоо ач зээ нартайгаа цагийг бага өнгөрөөж байгаа. Хамт байх үедээ хамгийн аз жаргалтай байдаг. Манай хүүхдүүд багаасаа зурах дуртай байсан. Манай жижиг хоёр ач хүртэл цаас үзэг л байвал янз бүрийн юм дүрслээд л байдаг юм. Ер нь зурах сонирхолтой шиг байгаа юм.

-Та одоо аав, ээжийнхээ захиж хэлж байсан ямар үгийг хамгийн их бодож санаж явдаг вэ?

-Аав бол үнэнч шударга бай л гэж их захидаг байсан.Ер нь худлаа зан хэрэггүй шүү. Байгаа юмандаа сэтгэл хангалуун бай л гэдэг. Гэхдээ бас сайн сайхан өндөрлөгийг мөрөөддөггүй хүн гэж үгүй. Юмны хэм хэмжээг тааруулж, энэ амьдралд оногдсон хувь тавилангаа олж зөв амьдарч байгаадаа л сэтгэл ханах хэрэгтэй.

-Ер нь урлагийнхан олон талын авьяастай байх нь бий…

-Бага ангид байхад аав мандолин авч өгсөн. Тэгэхэд сонсголоороо олон дуу тоглочихдог, мандолиноо хөглөчихдөг хүүхэд байсан. Тэгээд тэрийгээ хөгжүүлээгүй болохоор одоо бол хөгжим тоглодоггүй.

-Одоо тэгвэл ямар авьяасаа хөгжүүлье гэж бодож байна?

-Зав их муутай байдаг болохоор яг тийм юм хийчихье гэсэн бодол алга л байна. Гэхдээ зуныхаа амралтаар бүжиг хийж, фитнесст явах санаа бий. Хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас эхлээд аэробек хийж байгаад нэлээд уян хатан болсныхоо дараа фитнесст явдаг юм уу гэж бодож байгаа. Өмнө нь иогоор хичээллэдэг байлаа.

-Таны алтан партнёр хэн бэ?

-Би уран бүтээлч хүний хувьд олон сайхан дуучинтай хамтран дуулж байсан. МУГЖ Г.Эрдэнэбат л миний алтан партнёр байх. Бид хоёрын дуулсан “Охин үр” гэдэг дуу дуулагдсан цагаасаа л олны талархлыг хүлээж, түгэн дэлгэрсэн.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-СТА Л.Оюунчимэг, МУГЖ Ж.Уранчимэг бид гурав хамтраад “Нандин учрал, эстрадын дуунууд” тоглолтоо хийлээ. Энэ тоглолт маань үзэгчдийн таашаалд нийцсэн. Бид хориодхон насандаа л найзалж эхэлсэн. Тэр үед би анх урлагт хөл тавьж дуучин болж байв. Харин Оюунаа, Урнаа хоёр маань аль хэдийнэ Филармонийн дуучид болчихсон байсан. Тэд эстрадын дуучид болохоор тоглолтоо “Нандин Учрал эстрад концерт” гэж нэрлэсэн. Би бас залуудаа эстрад дуу дуулах гэж оролддог байсан. Хилийн цэргийн “Хилчин” хамтлагт дуулдаг байхдаа хааяа Филармони дээр уригдаж, “Баянмонгол”-той тоглодог байсан. Биднийг дуучин болж байх үед од байсан Б.Нандинцэцэг, М.Янжиндулам эгч нарынхаа дурсгалыг хүндэтгэж, дуунуудыг нь попури хийж тоглолтынхоо төгсгөлд дуулсан. Ерөнхийдөө бид гурвуулаа өөрийн гэсэн нандин, өвөрмөц өнгө аястай, олон сайхан дуунуудыг ард түмний хүртээл болгож чадсан уран бүтээлчид. Олон сайхан, сэтгэлд хоногшсон дуунуудыг Оюунаа маань дуулсан. Урнаа маань одоо ч тайзан дээрээ дуулсаар яваа. 70, 80-аад онд ихэд дэлгэрч байсан “Зүүдэнд оромгүй явдал” киноны дуу болох “Последняя поэма”-г бид гурав дуулсан.

-Та гурав энэ тоглолтоо орон нутагт үргэлжлүүлэх үү?

-Дархан, Эрдэнэт, Хөтөл, Хэнтий, Дорнод аймагт тоглосон. Бидний тоглолтыг жинхэнэ доргио боллоо гэж хүмүүс хүлээж авсан. Цаашдынхаа төлөвлөгөөг ярилцаж байна. Бидэнд Маяамигаас, Швейцарь, Швед, Германаас урилга ирсэн. Цахим сүлжээ хөгжчихсөн болохоор бидний попури, орос дуу youtube-д тавигдсаныг олоод үзчихсэн байна лээ. Тоглолтынхоо мэдээллийг цахимаар их цацсан учраас хүмүүс баяр хүргэж, Солонгосоос урилга ирсэн. Бид намар юу ч болсон Солонгос явж тоглоё гэж шийдсэн.

-Сургуульд байхад тохиолдсон хамгийн мартагддаггүй дурсамжаасаа хуваалцахгүй юу, ямар хүүхэд байсан бэ?

-Би дөрөвдүгээр анги хүртлээ дотуур байранд суусан. Сэлэнгийн Бумцэндийн нэрэмжит дунд сургуульд наймдугаар анги төгссөн юм. Манай гэр Шаамар суманд байлаа. Дотуур байрны хүүхдүүд гэрээ л их санадаг. Сэлэнгэ, Шаамар хоёрын дунд галт тэрэг явдаг. Харьчихаад бүтэн сайнд явахгүй гэртээ хоночихоод заавал нэг дэх өдрийн өглөө үүрийн дөрвөн цагийн галт тэргээр явна гэхэд ээж, аав хоёр маань ээлжлээд л суулгаж өгдөг байсан. Уг нь бол унтаж амарчихаад л хичээлдээ явмаар. Гэтэл тэгдэггүй. Манай Шаамараас явдаг ихэнх хүүхдүүд тэгдэг байсан. Явахдаа зургаа хоног идэх боорцгоо аваад л дотуур байр руугаа явдаг байв. Нэг удаа долдугаар ангидаа сургуулийн урлагийн үзлэгт орлоо. Тэр л анх удаа олон хүний өмнө гарч ирсэн үе юм уу даа. Сургуулийн хүүхдүүд дуулаад багш нар шүүж байв. Тэр үед “Гунан хар” дууг дуулсан. Дараа нь үсчин болчихоод Сэлэнгийн “Долгио” чуулгын тайзан дээр “Сайхан монгол морь”-ийг дуулсан. Тэр үед урлагийн үзлэгт орохдоо их айж сандарч байв. Ганцхан шанзтай өөр хөгжим байхгүй фонаграм ч гэж байхгүй далан хэдэн онд юм чинь. Гэхдээ л нэлээд дээгүүр амжилт үзүүлсэн дээ. Чи ер нь дуулж магадгүй л юм байна шүү дээ гэж ангийнхан маань хэлж билээ.

-Дунд сургуульд байхад хүүхдүүд бие биедээ янз бүрийн л хоч өгдөг. Танд тийм хоч байсан уу?

-Надад тийм хоч өгч байгаагүй шиг санагдаж байна. Харин төгсөлтийн үеэр нэг яриа гарсан. “Бүрнээбаяр хоолойгоороо хоолоо олж идэх юм гэнэ” гэж. Би яагаад ч тэгээд хэлчихсэн юм бэ, хэн тийм яриа гаргасан юм бэ гээд л учрыг нь олоогүй “Би яриагүй ш дээ” гээд л үлдсэн. Сүүлд бодоход бэлгэдэлтэй ярьсан байж дээ. Одоо Үйлдвэр урлалын дээд сургууль болчихсон байгаа Нийтийн ахуй үйлчилгээний техник мэргэжлийн дээд сургуулийн хуваарийг аваад үсчин, зурагчин болсон юм. Фото зурагчин хийгээгүй л дээ.

О.ӨНӨРЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА: Мянган хүчтэний манлай болж монгол бөхийн дээд цолонд хүрсэндээ баяртай байна

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбатай ярилцлаа. Тэрээр “Бөхбилэгт” дэвжээ, Эрдэнэтийн “Хангарьд” клуб, “Ажнай” кропорацийн бөх юм.

-Юуны өмнө Монгол Улсын аварга цол хүртсэнд баяр хүргэе. Наадамчин олноо баясгаж, аатай одтой, эрэмгий барилдлаа. Сүүлийн арваад жилийн наадамд өөрийг тань түрүүлнэ хэмээн бөхөд хайртай монгол түмэн хүлээсэн. Энэ жил тэрхүү хүлээлт биелж, хүн бүхний баяр бахдал төрлөө, сайхан байна?

-Монголчуудын төрт ёсны их баяр наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Олон тэгш ой давхацсан үндэсний их баярт 1024 бөх зодоглож, ид хаваа гайхуулан хүчийг сорилоо. Мянган хүчтэний манлай болж, монгол үндэсний бөхийн эрхэм дээд цол, улсын аварга цолонд хүрсэндээ баяртай байна. Төрийн наадамд арав давж түрүүлнэ гэдэг их том хүндэтгэл байдаг юм байна шүү. Миний бие аварга цолонд хүрэхсэн, төрийн наадмын түрүү бөх болохсон гэж хүсч мөрөөдөж, тэрхүү зорилгынхоо төлөө бэлтгэл сургуулилтаас аваад хамаг л бүхнээ дайчлан зориулж ирсэн. Хүнд чинь хүсэл биелэх өдөр гэж ирдэг юм байна. Надаас дутуугүй баярлаж байгаа ард түмэндээ, төрүүлж өсгөсөн ижий аав, хань ижил, гэр бүл, ойр дотнынхоо бүх хүнд баярлаж байна. Унах, давах бүрийд минь үргэлж хамт байж ирсэн Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний хүчит бөхчүүддээ, намайг бөхийн зам мөрд хөтөлсөн ачит багш, эрхэм сайхан ах нартаа, төрийн наадмын түрүү бөх болтол минь зааж сургаж, дасгалжуулж ирсэн Зэвэгийн Дүвчин багшдаа их баярлаж байна.

2002 онд Өсөхөө аваргыг ес давж түрүүлэхэд цэнгэлдэх дүүрэн цугласан олон шагшин баярлаж байсныг санаж байна. Наадмын дараа уулзсан бүхэн Өсөхөө аваргад “баярласан шүү” гэж хэлж байсан гэдэг. Энэ удаа ард түмнээ хөөрч баярлаж байгааг харах бахтай байсан. Ард түмний итгэл, хайр хүндэтгэлийг алдалгүй төрийн наадамдаа олон жил сайхан барилдахыг хичээн зүтгэх болно. Энэ их итгэл, сэтгэлийг уран дайчин барилдаан, бөхийн жудаг ёс, хичээл зүтгэлээр хариулахаас өөр том хүндэтгэл юу байх билээ. Монгол Улсын аварга хэмээх алдар цолонд эзэн байхыг хичээх болно.

-Монгол бөхийн дэвжээн дээр бүтэн арван жилийн хугацаанд зогсож байж оргил цолонд хүрлээ. 2006 онд анх улсын наадамд зодоглосон санагдана?

-Тийм ээ, бүтэн арван жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг өнөөдөр ард түмнийхээ хамт хүртэж байна. 2006 оны улсын наадамд анх зодоглосон. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор 1024 бөх барилдаж билээ. Тэрхүү наадамд мянган бөхийн тоосонд орж барилдаад нэг давж хоёрын даваанд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат улсын начин Базарбидэрнаагийн Бадам-Очирт өвдөг шороодсон. Нэг сонин түүх хэлэхэд, Жигжидийн Мөнхбат аварга зүүний магнайд гарч гурвын даваанд цолоо дуудуулаад миний тахимаа өгсөн Бадам-Очир начинг амлаж өвдөг шороодож байсан. Үндсэндээ тэр жил Мөөеө аварга зодгоо тайлж байсан. Бадам-Очир начин бол Мөөеө аваргын удмын бөх. Миний бие 2002 онд Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байсан. 2006 онд Дорноговь аймгийн наадамд Ховдын И.Мөнхбаатар начингаар тав давж аймгийн начин цол хүртэж байлаа. Тэр жилээ аймгийн начин цолтой улсын наадамд зодоглож байсан. 2007 онд Зэвэгийн Дүвчин багшаараа гурав даваад дөрвийн даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодсон. Улсын наадамд 11 удаа түрүүлсэн цагийг эзэлсэн их аваргад тахим өгсөндөө бэлгэшээдэг. Тухайн үедээ аваргыг хаяж чадсангүй дээ гэж сэтгэл гонсойж л байлаа. Одоо эргээд бодоход бэлгэшээлтэй санагддаг юм.

-“Цэргийн арслан Санжаадамба” гэж зарлуулаад бөхийн өргөөнд болсон барилдаануудад түрүүлээд л, Монгол туургатны ой, цагаан сарын гээд томоохон барилдаан манлайлаад, шуугиулаад л байсан. Гэвч наадмаар гурав даваад л унана. Ямар сайндаа Баянаа аварга “Энэ хүүг тав давуулчих юмсан. Тэгвэл ч дийлдэхгүй дээ” гэж байсан?

-2008, 2010 оны наадмуудад гурав даваад унасан. Б.Ганбат арсланд хавируулаад унаж байлаа. Дараа нь нутгийн ах Д.Хишигдорж заанаар гурав даваад Д.Лхагвадорж начинд тахимаа өгч байлаа. 2009 онд бүр хоёрын даваанд аймгийн цолтой (аймгийн арслан Б.Суманчулуун) бөхөд унаж байлаа. Нэг л болж өгөхгүй байсан. Харин 2011 онд ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Чимэдийн Гочоосүрэн заанаар гурав, Ж.Амартүвшин харцагаар дөрөв, Ө.Бат-Орших харцагаар тав, Б.Сангисүрэн начнаар тунаж зургаа, Ц.Содномдорж харцагаар тунаж долоо давж шууд заан болсон. Содномдорж харцага бид хоёр шууд шоо хаяад барьц сонгосон юм. Ингээд миний талаар бууж би барьцаа аваад барилдсан. Үндэсний бөхийн дүрмийн дагуу барилдаан болсон. Хүмүүс тэр барилдааныг маргаантай болсон гэж боддог байж мэднэ. Яг л дүрмийнхээ дагуу барилдаан болсон.

Ингэж л начин, харцага цолыг алгасан заан цолонд хүрч байлаа. Заан болсны дараа жилийн наадамд Сүхбаатар аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар дөрөв давж тавын даваанд Пүрэвжав харцагад хоёр хөлдөө давхар гүйлгээд унаж байсан. 2010 оны төмөр бар жилийн сар шинийн барилдаанд одоогийн дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяртай үлдэж түрүүлж байлаа. Гурвын даваанд одоогийн арслан П.Бүрэнтөгстэй, дөрөвт Ө.Бат-Орших харцагатай гээд шилдэг бөхчүүдтэй тунаж хүч үзэж байлаа. Тэрхүү цагаан сарын барилдааны өмнөх өдөр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд А.Бямбажавтай үлдэж мөн л түрүүлж байсан. Гэвч жилийн наадмын дөрвийн даваанд Говь-Алтайн Лхагвадорж начинд өвдөг шороодож шуугиан тарьсан даа (инээв).

-2013 оны наадамд тав давж шөвгөрөөд Б.Батмөнх заанд хавируулаад унасан. Бас л түрүүлнэ гэгдэж байсан наадам шүү дээ?

-Болдоггүй юм гэдэг болдоггүй л юм билээ. Аливаа юм цагаа хүлээдэг гэдэг. Би олон түүхт ой давхацсан 1024 бөхийн барилдааныг 10 давж манлайлах хувьтай байжээ. 2013 онд Сэлэнгийн өндөр Баянмөнх начнаар тав давж Төв аймгийн Б.Батмөнх зааныг зургаагийн даваанд амлаж аваад хавирах мэхэнд нь өвдөг шороодсон. Дараа жилийнх нь наадмуудад тус бүр долоо давж шөвгөрөөд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын арслангуудад тахим өгсөн. Эдгээр бөхчүүдтэй чухам ямар барилдаан болсныг наадамчин олон, бөхөө дээдэлдэг түмэн сайн мэдэж байгаа. 2014 онд Найдангийн Түвшинбаяр харцагаар тав, Завханы Бадамсүрэн начнаар зургаа, Б.Гончигдамба гарьдаар тунаж долоо давж Н.Батсуурь арслантай тунасан. Харин өнгөрөгч жил Ховд аймгийн арслан Б.Тайвангаар тав, Увс аймгийн харьяат шинэ начин Д.Энхбаяраар зургаа, шинээр харцага цолны болзол хангаад байсан Сэлэнгийн Б.Одгэрэлээр долоо давж их шөвгийн дөрөвт П.Бүрэнтөгс арсланд амлуулж барилдсан.

Монгол туургатны бөхийн барилдаанд гурван жил дараалан түрүүлсэндээ ихэд бэлгэшээдэг. Энэ наадам надад өөртөө итгэх итгэлийг, монгол бөхийн дээд цолонд хүрч болох юм гэх бодлыг төрүүлсэн. “Монгол туургатны бөхийн барилдаанаар чи мандчихсан шүү дээ” гэж хүмүүс хэлдэг. Тэрхүү наадам миний бөхийн зам мөрийг зөв сайхан тэгшилж өгсөн. Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх зургаан мянган бөхийн барилдаанд С.Мөнхбат аваргаар 13 давж түрүүлсэндээ баярладаг. Нэгэн том түүхийн эзэн боллоо гэсэн бодол эрхгүй төрж байлаа.

-Өнөө жилийн наадмын тухай эргээд ярилцъя. Долоогийн даваанд Ц.Содномдорж, Т.Баасанхүү, Б.Пүрэвсайхан нараас Баасанхүүг амласан. Өнгөрөгч жилийн сар шинийн барилдаанд түүнд өвдөг шороодсон. Долоогийн давааны барилдааны тухай дурсахгүй юу?

-Шинээр харцага цолны болзол хангаад байгаа Баасанхүүг амлаад барилдчихъя гэж бодсон. Бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа барилдсан, хэн хэнийхээ барилдааныг мэднэ. Сар шинийн барилдаанд би унасан. Дараа нь шилдэг 12 бөхийн багийн халз барилдаанд давсан. Баасанхүүгийн барилдааныг хүмүүс сайн мэднэ. Биеэр жижгэвтэр хэрнээ уран дайчин барилдаантай. Миний хувьд золгоод барилдъя гэж бодоод зүтгэсэн. Санасандаа ч хүрсэн.

-Наймын даваанд Э.Оюунболд арслантай тунаж хүч үзсэн. Оюунболдын хувьд өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх. Өнөө жилийн наадамд түрүүлнэ гэж яригдаж байсан хүчтэй арслан даа?

-Ер нь төрийн наадамд амар хялбар даваа гэж байхгүй. Барилдаан бүхэн, даваа бүхэн хэцүү байдаг. Наймын даваанд Э.Оуюунболдтой тунах байх гэсэн бодол надад байсан л даа. Залуу арслан бол үнэхээр ирэн дээрээ байгаа бөх. Арслантай их тайван, санасан бодсоноо хийж чөлөөтэй сайхан барилдсан. Шуудхан хэлэхэд, сэтгэлдээ хүртэл барилдсан гэж хэлж болох юм. Барьц сонгооноос залуу арсланг давсан. Найм давчихаад гарьд цолны болзол хангачихаад их баярласан шүү. Цэнгэлдэхэд цугласан наадамч олон давах бүрт минь нижигнэтэл алга ташиж, урам зоригийг бадрааж байлаа.

-Есийн даваа буюу арслан цолны даваанд Г.Эрхэмбаяр аваргад амлуулж барилдсан. Аваргыг давчихаад зүүн мөрнөөс нь адис авч харагдсан. Тэр тухай “Монгол бөхийн жудаг гэж энэ дээ” хэмээн олон хүн санал сэтгэгдлээ цахим ертөнцөд бичсэн байна лээ?

-Г.Эрхэмбаяр аваргыг би их хүндэтгэдэг. Бөхийн жудаг ёс талаасаа ч, олон жил барилдсан хүч хөдөлмөрийг нь бодсон ч сайхан бөх. Хийморь лундаатай энэ сайхан аваргаар арслан цолны босго алхлаа, аварга цол хүртэхийн ерөөлийг бэлгэдэж мөрнөөс нь адис авъя гэж бодсон.

-Түрүү үзүүрт нутгийнхаа бөхтэй үлдсэн. Өнөө жил Архангай нутгийнхан гойд сайхан наадлаа?

-Г.Өсөхбаяр аварга, Д.Рагчаа гарьдаар ахлуулсан “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд хийморьтой сайхан наадлаа. Начин цолтой дөрвөн бөх төрлөө. Аварга, арслан цолтон тодорлоо, Лу гүний Вандан аварга, буур хэмээх Нацагийн Жамъян аварга, Цэдэндоржийн Чимэд-Очир аварга, энэ цагийн бөхийн манлай дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр гээд монгол бөхийн түүхэнд домог болсон аваргууд энэ нутгаас төрсөн. Улсын наадмын түүхэнд Архангай нутгийн бөхчүүд түрүү үзүүрт шалгарч байсан тохиолдол ч олон байдаг юм билээ. 1920-иод оны эхээр Буур аварга, Төмөрбаатар арслан хоёр үлдэж байсан, дөчин гурван онд Архангайн Хайрхан сумын аат Лувсанжамц арслан, Цэнджавын Содов арслан хоёр үлдэж байж. Жаран хоёр онд Жалбуугийн Чойжилсүрэн, Далайн Жамц гэсэн хоёр хүчит мөн л түрүү үзүүрт шалгарч байсан түүх бий. Ийм л домог түүхтэй хүчтэнүүдийн нутгаас аваргын буухиаг залгуулсандаа баяртай байна. 16 настай байхдаа бөх болно гэж нутгаасаа гарсан. Өнөөдөр бөхийн оргил цолонд хүрлээ. Анх Дүвчин багшийнхаа “Хасар” бөхийн дэвжээнд бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Бөх болоход минь улсын хүчит арслан Уламбаярын Мижиддорж их нөлөөлсөн. Манай эмээтэй төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Төмөрхуяг: Монголд хүлэмжийн аж ахуй эрхлэх том зах зээл бий

ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжүүлэлт, зохицуулалтын газрын Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл, жимс, жимсгэнийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн З.Төмөрхуягтай ярилцлаа.

-Таны хариуцсан асуудалд хүлэмжийн асуудал хамрагдах уу?

-Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл гэдэг хүлэмжийн аж ахуйг хэлж байгаа юм.

-Өнөөдөр манай улсад хүлэмжийн аж ахуй ямар түвшинд байна?

-Улсын хэмжээнд жилийн дөрвөн улиралд ашигладаг хүлэмжийн талбай 17.5 га-д хүрсэн. Зун ашигладаг хүлэмжийн талбай 50.9 га. Нийтдээ 68.4 га хүлэмж ашиглаж байна. Хүлэмжийн аж ахуйгаас 2015 онд нийт 4538 тонн нарийн ногоо хурааж авсан. Энэ нь манай нийт хурааж авсан ногооны зургаан хувь гэсэн үг.

-Бондоос томоохон хүлэмжийн аж ахуй байгуулснаар иргэд хүлэмжийн аж ахуйг сонирхох нь нэмэгдсэн гэсэн мэдээ байна.

-Засгийн газрын гаргасан Чингис бондоос хүлэмжийн аж ахуйн төсөлд 17.4 сая ам.доллар зарцуулсан.

-Зээлийг ямар замаар олгосон бэ?

-Нийтдээ 120 гаруй төсөл ирсэн. Зээл “Голомт” банкаар олгогдсон болохоор тус банкны шалгуурыг давсан 30 аж ахуйн нэгжид 25.8 тэрбум төгрөгийн зээл олгосон.

-Засгийн газрын бондоор боссон зээлийг олгохдоо заавал арилжааны банкаар олгодог нь ямар учиртай юм бэ?

-Зээл хаанаас гарч байгаа нь нэгдүгээр асуудал биш. Хамгийн гол нь төсөл хэрэгжих боломжтой, зээлдэгч аж ахуйн нэгж төслөө хэрэгжүүлэх чадвартай байх нь чухал үзүүлэлт. Зээлийн эрсдэл гэж ноцтой асуудал бий. Төслөө хэрэгжүүлээд, зээлээ цаг хугацаандаа төлөх нь хамгийн чухал шалгуур. Тухайн аж ахуйн нэгж зээлээ төлж чадахгүй бол татвар төлөгчид эрсдэлийг нуруун дээрээ үүрнэ. Төр зээл олгоод, эрсдэл тооцоод, аж ахуйн нэгжтэй хөөцөлдөөд явдаг туршлага байхгүй. Тиймээс арилжааны банкаар дамжуулдаг.

-Арилжааны банкаар дамжуулах нь эрсдэлгүй гэсэн үг үү?

-Арилжааны банк зээлийн эрсдэлийг хамгийн сайн тооцож чаддаг. Хувийн банкууд бага ч гэсэн ашиг олохын тулд төслөө хэрэгжүүлэх чадвартай аж ахуйн нэгжид зээл өгнө. Тиймээс тэдэнд танил тал, албан тушаалыг үл харгалзан зээлийг шударгаар олгодог. Хэрэв зээл авсан аж ахуйн нэгж, төлбөрийн чадваргүй болбол банк зээлийг Засгийн газарт гаргаж өгнө. Тиймээс арилжааны банкууд барьцаа хөрөнгөөс эхлээд төслийн хэрэгжих чадвар, аж ахуйн нэгжийн бизнесийн туршлага гэх мэт олон зүйлийг хардаг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд үүнээс өөр зам байхгүй. Засгийн газраас хэрэгжүүлсэн төслүүдийг харахад арилжааны банкаар дамжсан зээлийн эргэн төлөлт, төслийн хэрэгжилт сайн байгаа.

-Хүлэмжийн чиглэлээр зээл авсан аж ахуйн нэгжүүдийн төслийн хэрэгжилт ямар байна?

-Зээл авсан компаниуд 10 гаруй га талбайтай гурван төрлийн хүлэмж байгуулж байна. Ихэнх нь төслөө хэрэгжүүлээд зах зээлд ургацаа гаргачихсан. Тэдний борлуулалтыг дэмжих зорилгоор Чингисийн талбай болон Эрх чөлөөний талбай дээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан.

-Гурван төрлийн хүлэмж ямар ялгаатай вэ?

-Хятад маягийн тоосгон артай нарны илчээр халдаг хүлэмж байдаг. Мөн Голланд загварын шилэн хүлэмж байгуулсан. Хамгийн орчин үеийн загвар нь Японы технологи. Энэ нь хүлэмжийн үйлдвэрлэл гэж хэлж болохоор усан орчинд босоо тавиур дээр ногоо тарьдаг хүлэмж. Энд навчит ургамал тарьж, өдөр бүр шинэ ургац хураах боломжтой.

-Хүлэмжийн аж ахуй эрхлэх боловсон хүчин, туршлага манайд хэр байна вэ?

-Манайд уламжлалт ногоо тарьдаг туршлага бага. 1960-аад оноос Орос, Болгараас мэргэжилтэн ирж анхны хүлэмжүүдийг байгуулж байсан. Тухайн үед “Дэвшил”, Борнуурын гэх цөөхөн хүлэмж байсан. Сүүлийн үед иргэд хүлэмжийн аж ахуйг эрхлэх сонирхол нэмэгдэж, яамнаас явуулсан бодлогын үр дүнд хүлэмжийн аж ахуйн суурь тавигдсан гэж үзэж байгаа. Нийлэг хальсан хүлэмж Солонгосоос 2500 гаруйг оруулж ирж иргэдэд нийлүүлсэн. Энэ хэрээр иргэдийн хүлэмжийн аж ахуй эрхлэх боловсрол, туршлага нэмэгдсэн. Мэргэжилтний хувьд ер нь бол дутагдалтай. Гэхдээ Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо яамтай хамтраад урт, богино хэмжээний сургалт зохион байгуулах, гарын авлага бэлтгэх, иргэдэд тараах зэргээр ажил зохион байгуулж байна.

-Гаднын төслүүд хэрэгжсэн гэдэг?

-2009-2010 онд БНСУ-ын олон улсын Койко байгууллагын шугамаар Дархан, Эрдэнэтэд хүлэмж байгуулж эрдэм шинжилгээний ажлын зорилгоор ашиглалтад оруулсан. Төв аймагт Солонгосчууд хүлэмж байгуулж өгч, солонгосчууд мэргэжилтнүүдийг сургах ажил зохион байгуулсан.

-Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага нэмэгдээд байна уу?

-Бид жилд нэг удаа задгай талбайд ногоо тариад, түүнийгээ жилийн турш идээд сурчихсан. Үгүйдээ гэхэд өмнөд хөршөөс ногоо авчирч иддэг. Урдаас орж ирж байгаа ногооны гарал үүсэл тодорхой бус, зарим талаар эрсдэл үүсэхэд хариуцах эзэнгүй гэх мэт олон бэрхшээл байдаг. Мөн цаг уураас шалтгаалж зарим урт хугацааны болцтой ногоонд асуудал үүсдэг. Гэтэл өнөөдөр аль орны иргэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх, тэр тусмаа хүнсний ногоог хаана, хэн тарьсныг мэдэхээс эхлээд өдөр бүр шинэ ногоо идэх сонирхолтой болсон. Нарийн ногоо хэрэглэх нь нэмэгдэж байна. Иймээс хамгийн найдвартай хүнсэнд хүлэмжийн ногоо тооцогддог. Энэ хэрээр иргэд хүлэмжийн ногоог сонирхох нь нэмэгдэж байна. Жилд бид 13 мянган тонн нарийн ногоог гаднаас авдаг. Энэ бол том зах зээл. Ийм учраас хүлэмжийн аж ахуйн бизнес эрхлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа.

-Төр хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд ямар нэгэн хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Хүлэмж, хүлэмжийн тоног төхөөрөмж импортоор оруулахад гааль, НӨАТ-аас чөлөөлнө. Газар тариалангийн салбарт хамрагддаг учраас орлогын албан татвараас 50 хувь чөлөөлнө. Хүлэмжнээс хураасан ургац НӨАТ-аас чөлөөлөгдөнө.

-Өнгөрсөн онд Сэлэнгэ аймагт сонирхолтой төсөл хэрэгжүүлсэн гэсэн.

-Бондын дэмжлэг, Засгийн газраас гаргасан хөрөнгөөр олон төсөл хэрэгжүүлдэг. Өнгөрсөн онд Сэлэнгэ аймагт төсвийн хөрөнгөөр нарны энергиэр халдаг хүлэмж, зоорийн цогцолбор байгуулж ашиглалтад өгсөн.

-Одоо яамнаас хэрэгжүүлэх хүлэмжийн чиглэлийн ямар төсөл байна, сонирхсон иргэд яаж хамрагдах вэ?

-Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээл яригдаж, энэ зээлийн хүрээнд хүлэмжийн аж ахуйг хамруулахаар шийдсэн байгаа. Удахгүй хэрэгжиж эхлэхээр олон нийт мэдэх, яамнаас мэдээлэл авах, төсөлд хамрагдах боломжтой.

-Хүлэмжинд бидний мэддэг нарийн ногооноос гадна мөөг гэх мэт монголчууд тарьдаггүй зүйлийг тариалж болно гэдэг.

-Хүлэмжинд бүх төрлийн таримал ургамлыг тарих боломжтой. Гэхдээ ямар хэмжээний ургац хураах, ямар ургамлыг ямар хугацаанд хураах зэргээс шалтгаалж технологио сонгодог. Жишээлбэл, богино хугацаанд бага талбайгаас их хэмжээний ургац авна гэж тооцвол гэрэлтүүлэг нэмэх, ус чийгийг автоматаар тохируулах гээд олон технологи бий. Алийг нь ч сонгох боломжтой.

-Одоо хүлэмж байгуулах иргэд мэргэжлийн зөвлөгөө авахын тулд хаана хандаж болох вэ?

-ХААИС, Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоонд хандаж болно.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Б.Отгонтүвдэн: Монголынхоо тухай зурж байж л дэлхийд танигдана, манай сэдэв шавхагдашгүй

Урчуудын эвлэлийн хорооны “Арт галерей”-д зураач Б.Отгонтүвдэн “Монголын түүхийн хөлгөн судар” үзэсгэлэнгээ гаргасан юм. Санкт-Петербург хотын Репиний нэрэмжит уран зураг, график, архитектур, баримлын академийг шилдэг дипломтой дүүргээд дэлхийд нэртэй тус сургуульд урилгаар багшилж буй зураачтай ярилцсаныг сонирхуулъя.

-Та хэдэн онд Репиний нэрэмжит академийг төгссөн бэ?

-2004 онд Воронеж хотын Улсын урлагийн академид дөрвөн жил сураад Санкт-Петербургийн Репиний нэрэмжит академийг 2012 онд төгссөн.

-Төгсөөд шууд л багшаар ажилласан уу?

-Миний сурч байсан урлангаас нэг оюутанг шалгаруулж, шилдэг дипломтой төгсгөдөг. Хуучнаар бол алтан медальтай төгссөн гэсэн үг. Түүнд нь шалгарсан. Дипломын хамгаалалт дээр сургуульдаа үлдээж ажиллуулмаар байна гэсэн саналыг манай захирал гаргасан. Диплом хамгаалалт дээр Оросын Урчуудын эвлэлийн хорооны гишүүнээр элсүүлсэн.

-Оросын Урчуудын эвлэлийн хороо гадаадын иргэдийг элсүүлдэг гэсэн үг үү?

-Маш цөөхөн гадаадын иргэн байдаг. Миний үнэмлэх дээр биччихсэн байгаа. Би зургаа дахь гадаадын иргэн, гишүүн нь юм байна лээ. Гэхдээ энэ бол Санкт-Петербург хотод шүү дээ. Москвад бол өөр.

-Таны багшийг хэн гэдэг вэ?

-Би дөрвөн үндсэн багштай байсан. Тэднээс гол багш нь Оросын Ардын зураач В.С.Персиков гэдэг хүн. Персиковын нэрэмжит урлан гэж ч бий. Хоёр дахь багш маань мөн Оросын Ардын зураач Н.Репин. Монголоор бол хоёулаа төрийн соёрхолт, ардын зураач. Манай сургуулийн зураачийн ангийнхан урлангийн системээр суралцдаг.


-Таны төгссөн сургууль бол Орост төдийгүй дэлхийд нэртэй. Түүнийг дүүргэсэн Монгол зураач залууд багшлах санал тавина гэдэг нь таны ямар хэмжээний уран бүтээлч болохыг илтгэж байна. Багаасаа л зураач болохоор шийдсэн үү?

-Би багаасаа л зурдаг байсан. Бага байхдаа лам болно гээд л нэг, хоёр дугаар ангидаа бурхан зурдаг болно гээд л. Наймдугаар ангиа төгсөөд Үйлдвэрлэл урлалын дунд сургуульд ороод төгссөнийхөө дараа нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэг оюутан болоод 2004 онд Орос руу сургуульд явсан юм.

– Та академидаа дөрөв дэх жилдээ багшилж байгаа гэсэн. Шавь нартай биз дээ?

-Би туслах багшаар ажилладаг. Манай сургуулийн багш нар 80,90 нас гарчихсан хүмүүс байдаг. Залуу гэгддэг багш нар нь 50-иад настай. Би бол нэлээд залууд нь ордог, тиймээс ч туслах багш гэж явдаг. 2015 онд Монголын залууг стажер буюу бэлтгэл ангид суралцуулахаар авчирсан. Бэлтгэл ангид ороход бас амаргүй л дээ, шалгуур нэлээд өндөр. Ирэх аравдугаар сард Монголоос бас нэгэн оюутныг бэлтгэл ангид суралцуулахаар болсон. Тэд маань үндсэн ангид орохын тулд нэлээд хүнд шалгалт өгнө.

-Таныг Монголд нэлээд хэдэн удаа үзэсгэлэн гаргасан гэж сонссон?

-Тийм ээ, “Монголын түүхийн хөлгөн судар” нь миний эх орондоо гаргаж буй тав дахь үзэсгэлэн. Жил бүр үзэсгэлэнгээ гаргадаг. Харин өнгөрсөн жил өнжсөн. Дөлгөөн гээд миний үзэсгэлэнгийн менежментийг хийдэг залуу бий. Орост эдийн засагч мэргэжлээр төгссөн. Түүний санаачилгаар эх түүхээ зургаар харуулсан төсөл хийе гэсэн санал дэвшүүлсэн. Оросын томоохон музей, галерейг үзэхэд зургийг нь хараад тус улсын түүх бараг уншигддаг. Үүнээс санаа аваад 30 зургаас бүрдсэн XIII зууны Монголтой холбоотой музей байгуулъя гэж бодсон. Тиймээс энэ үзэсгэлэн маань цаашдаа хоёр жил үргэлжлэх төсөл юм. “Монголын түүхийн хөлгөн судар”-ын өмнө “Цагаан шөнө”, “Түвэргээн чимээ” гэсэн үзэсгэлэн гаргасан. 2012 онд Улаанбаатар, Москва, Шанхай гурван хотод үзэсгэлэнгээ зэрэг гаргаж байлаа.

-Би таны Монголын түүхэн хөлгөн судар үзэсгэлэнг үзлээ. Таны бүтээлүүд нэлээд хүнд тал руугаа, сонгодог хэлбэртэй юм байна. Энд тавигдсан бүтээлүүдэд бараан өнгө давамгайлсан гэдгийг онцолмоор санагдлаа. Тэр дундаас Эцгийн захиас гэдэг бүтээл их таалагдлаа. Энэ зураг хэрхэн бүтсэн бэ?

-Энэ төслийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө зүүн аймгуудаар түүх судлаачидтай цуг тойрон аялал хийсэн. Дорнодын Халх гол ороод ирэхэд дөрвөн зургийн санаа төрж Орост очсон хойноо зургаа эхлүүлсэн. Зурах тусмаа дараа дараагийн санаа төрж байлаа. Энд тавигдсан Тэмүүжин, Бөртэ хоёрын хүүхэд байхдаа шагай тоглож байгаа зургийн эскизийг гэхэд хэд хэдэн хувилбар гаргасан. Зургандаа түүхийн аль болох энгийн байдлыг, ахуйг нь харуулахыг хичээсэн. Тэгээд ч энэ жил ASEM, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой тохиож байгаа. Үүнд зориулж энэ үзэсгэлэнгээ гаргасан. Түүхэн сэдэвт зургууд нь том хэмжээтэй байж масс нь харагддаг. Хүндийн хувьд гэвэл жижиг зураг ч хүнд байдаг шүү дээ. Эдгээр бүтээлүүд маань арилжааны бус зориулалттай, музейд зориулагдсан бүтээл учир хүнд санагдсан байх. Өмнө нь хэсэг хугацаанд саатаад ажиглах юм бол аяндаа агуулга нь мэдрэгдэнэ.

Жамухын өчил зургийн зохиомж нь их содон санагдлаа…

-Эхлээд Жамухыг ганцааранг нь зурж байгалиар арын фоныг хийсэн. Тэгээд яваандаа ард нь Тэмүүжинг зогсч байгаагаар дүрсэлсэн.

-Орос бол уран зургийн салбарт маш том байр суурь эзэлдэг, олон алдартай зураачтай. Өнөө үед уран зургийн салбарын хөгжил ямар байна гэж боддог вэ?

-Уран зургийн уламжлалыг хадгалж яваа дэлхийд цорын ганц академи нь манайх. Мөн Оросын эзэн хааны нэрэмжит байсан, 250 гаруй жилийн түүхтэй том сургууль, бааз сууриа ч алдаагүй. Оросын уран зургийн хөгжлийн түвшний талаар ярих юм бол дэлхийд нэлээд дээгүүр ордог хэвээрээ. Сүүлийн үед Европ, АНУ, Ази тэр дундаа Хятадаас маш олон оюутан ирж сурдаг болсон. Яагаад гэхээр сонгодог уран зураг хэзээ ч уналтад орохгүй. Орчин үеийн зургийг зурж болно, гэхдээ түүний суурь нь сонгодог зураг. Импрессионистууд гэгддэг Ван Гог, Пикассо нарын реалист зургуудыг харахад үнэхээр өөр байдаг. Жишээ нь, манайд гэхэд зураач До.Болд ах байна. Монголын уран зурагт асар ихийг хийсэн. Түүний бүтээлүүдийг аваад үзэхэд оюутан үедээ зурсан реалист зургууд нь үнэхээр чадварлаг. Монголын орчин үеийн уран зургийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс эхлээд сонгодог зургаа ойлгож байж дараа нь өөр юм руу орвол илүү амттай бүтээл төрдөг. Маш олон орноос манай академид ирж суралцдаг нь үүнтэй холбоотой.

-Уран бүтээлч хүний хувьд таны хэтийн төлөвлөгөө юу вэ?

-Маш их зорилго байна. Түүхэн сэдвээр монгол ахуйтай зураг зурна гэж боддог. Бид чинь Монголынхоо тухай зурж байж л дэлхийд танигдана. Тэдний хийдэг зүйлийг хийгээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Манай Монголын сэдэв бол шавхагдашгүй.


Categories
мэдээ цаг-үе

Магван-Эрдэнийн Саруулдалай: Зохиолчдын эвлэлийн байраа засахаас өгсүүлээд аж ахуйн ажил их байна

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Магван-Эрдэнийн Саруулдалайтай уулзаж ярилцлаа. Тэрээр МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр МЗЭ-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа юм. М.Саруулдалай нь Улаанбаатар хотноо 1972 онд төрсөн. Хэвлэл мэдээлэл, кино урлагийн “Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч-зохиолч мэргэжлээр, “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэжээ. Тэрээр 2006-2009 онд МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын албаны даргаар ажиллаж, 2013 оноос МЗЭ-ийн Хяналтын зөвлөлийн даргын сонгуульт ажлыг эрхэлж байсан юм. “Эгээрэхүйн анир”, “Цаг хугацааны ирмэлт”, “Цас навчны шүлгүүд”, “Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш” зэрэг яруу найргийн түүврээ уншигчдад өргөн барьжээ. “Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш” номоороо оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын шагналын эзнээр тодорч байв.

-Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлын албыг хаших боллоо гэв үү?

-МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг маань Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан сонгох, сонгогдох эрхээ эдлэн нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Говь нутгийн ард түмнээ төлөөлж төрийн эрхийг барилцах болсонд баяртай байгаа. Манай Зохиолчдын эвлэлийн гишүүн, “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагч Ж.Мөнхбат бас Архангай аймгаасаа УИХ-д сонгогдлоо. Их Нацагдорж, С.Буяннэмэх, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын бичгийн их мэргэдийн гал голомтыг асаасан МЗЭ-ийн байгууллагаас хоёрын хоёр зохиолч УИХ-д сонгогдлоо. Г.Мөнхцэцэг найрагч УИХ-д сонгогдоод явсан учраас МЗЭ-ийн Удирдах зөвлөл хуралдан зуун хувийн саналаар намайг МЗЭ-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Зохиолчдын эвлэлийн гал тогоонд бүтэн долоон жил ажилласан Г.Мөнхцэцэг, яруу найрагч Ж.Мөнхбат нар маань зохиолчдын байгууллагаа анхааралдаа авч ажиллах байх гэж найдаж байгаа.

-Г.Мөнхцэцэг захирлын сонгуульт хугацаа хэзээ дуусах байлаа?

-МЗЭ-ийн ээлжит чуулган хуралдахад ганцхан жилийн хугацаа үлдээд байгаа. Зохиолчдын эвлэлийнхээ гал тогоон дотор ажиллаж байсан хүний хувьд манай байгууллагад ямар асуудал тулгарч байгааг би харьцангуй мэднэ. Гүйцэтгэх захирлын албанд томилсонд баярлахаасаа илүү ямар их хариуцлага нуруун дээр ирж байгааг мэдэрч байна. Үндсэн ажлын маань дал, наян хувь нь аж ахуйн чанартай ажлууд байдаг. Мөнхцэцэг захирлын хийнэ гэж төлөвлөсөн ажлыг хийж гүйцээнэ. Эхний ээлжинд байгууллагынхаа хэвийн үйл ажиллагааг хангахын тулд түрээсийн тал дээр анхаарлаа хандуулна.

-Нэн тэргүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Гүйцэтгэх захирлын албан тушаал гэдэг байгууллагын өдөр тутмын ажлыг эрхэлдэг менежер маягийн ажил. МЗЭ-ийн дээд удирдлага нь МЗЭ-ийн Удирдах зөвлөл. Удирдах зөвлөлийн дарга нь Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа. Удирдах зөвлөлөөр байгууллагын гадаад, дотоод харилцаа, төсөв бүхнийг баталдаг. Манай зохиолчдын эвлэлийн байрны дээвэр бороо ороход дусаал их гоожно. Засвар үйлчилгээ ч их хийх шаардлагатай. Тиймээс аж ахуйн чанартай нэлээд ажил хийгдэх учиртай. Түүнээс гадна ахмад настай зохиолч, уран бүтээлчдээ хүлээж авч уулзах, залуу үеийнхнийхээ санаа бодлыг сонсож ажиллах гэх мэт олон ажил хүлээж байна.

-“Цог” сэтгүүлээ цаашид гаргаад явах уу?

-“Цог” сэтгүүл маань хэдэн жил гарахгүй завсарлаж байгаад саяхан эхний дугаарыг Г.Мөнхцэцэг захирал тэргүүтэй улс хариуцан гаргасан. Энэ сэтгүүлийн хувь заяа надтай холбогдох байх. Ө.Үлэмжтөгс, Ядамсүрэнгийн Баяраа нарын чадвартай залуустайгаа хамтран энэ сэтгүүлээ өнгө зүс сайтайгаар гаргаад явна.

-Зохиолчдын эвлэлийн байр маань нэлээд хуучирсан байх шүү?

-Манай эргэн тойронд өндөр байшингууд нэлээд олширлоо. Энэ байраа учиргүй өндөрлүүлж сүндэрлүүлэх нь ч хаашаа юм бэ. Хамгийн гол нь үүд хаалганаасаа өгсүүлээд өөд нь татаж, түүхийн дурсгалт эд өлгийн жагсаалтад оруулах шаардлага байна. Тэгвэл төр засгаас ч жаахан дэмжлэг өгөх байх. Миний нэг сайхан мөрөөдөл байдаг юм. Зохиолчдын эвлэлийнхээ үүдээр ороод ирэхэд алдар суутай зохиолчдын маань танхим байдаг, цэцэг өргөсөн цээж баримал нь байж байвал сайхан. Хятадын утга зохиолын музей, Хемингуэйн музейг үзэж явахад Монголын зохиолчдынхоо тийм сайхан танхимуудыг бий болгохсон гэж их хорхой хүрсэн.

-Ажил хэр бүтэмжтэй байх бол?

-Миний хувьд уйгагүй бөгөөд чимээгүй ажиллана. Ажлын үр дүн маань л бүхнийг харуулна.

-МЗЭ-ийн гадаад харилцаа гэж нэг чухал зүйл байна даа?

-Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “Хүлэг минь, шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэнчлэн гадаад харилцаа нэн чухал байлгүй яахав. 2013 онд МЗЭ-ийн хорин хоёр дахь салбар буюу Америк дахь монголчуудын утга зохиолын нийгэмлэгийг байгуулаад ирсэн. Тэнд тодорхой хүмүүс ажил эрхэлж байгаа. Зохиолч, орчуулагч Ононгийн Чинбаяр маань ОХУ-ын Москва хотод суралцангаа утга зохиолын тодорхой ажлуудыг эхлүүлж байна. Зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” роман англи хэлнээ гарч, гадаадад овоо амжилттай явж байна. Монголын зохиолчид маань аль болохоор л дэлхийд гарах эрмэлзэлтэй байгаа. Яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо ах маань Монгол төрийн дээд шагнал Чингисийн одонгоор шагнагдаж, Нобелийн шагналд дэвшихээр яригдаж байна. Тиймээс хэл ус сайтай, боловсрол өндөртэй, авьяас билигт зохиолчдоо хөгшин залуу гэхгүйгээр уулзаж учран, хамтарч ажиллая гэж бодож байна даа.

-Өмнөх захирлын төлөвлөсөн зүйлсээс үргэлжлүүлээд хийх ямар ажил байна?

-МЗЭ-ийн Бага чуулган саяхан болж, гурван жилийн ажлын тайланг авч хэлэлцсэн. МЗЭ-ийн дүрмэнд улирал буюу жил жилээр ажлаа тайлагнана гэчихсэн байгаа. Тиймээс сүүлийн нэг жилийн гэрээ хийгдээгүй учраас шинээр төлөвлөгөө гаргаж, Удирдах зөвлөлөөр батлуулаад ажиллах юм.

-Мартсанаас мал мэнд үү гэгчээр уран бүтээл өндөр үү?

-“Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш” номоосоо хойш нэлээд шүлэг бичсэн. Ном болох хэмжээний юмнууд байгаа ч хэвлүүлэх гэж яарахгүй л байна. Миний хувьд үргэлжилсэн үгээр зохиол бичихгүй. Яруу найргаараа л дагнаж бичнэ. Данзангийн Нямсүрэн ах хүүрнэл зохиол огт бичээгүй юм шүү дээ.

-Богино өгүүллэгийн наадмаа хэзээ хийх гэж байна?

-Наадам өнгөрөөгөөд Удирдах зөвлөлөөр ажлын төлөвлөгөөгөө батлуулж байж л яг тодорхой хариу хэлье. “Болор цом”-оо хүн олны хардлага сэрдлэг төрүүлээд байхааргүй шинэлэг маягаар зохион байгуулна гэж яруу найргийн зөвлөлийнхөндөө хэлнэ. Хамаг хэл ам “Болор цом”-той холбогдож гардаг шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Тецуро ШимизҮ: Монголд авсан миний зураг Монголд үлдэх ёстой

Монголд 19 дэх жилдээ зураг авч байгаа Японы гэрэл зурагчин Тецуро Шимизү монголчуудын амьдрал, аж байдлыг харуулсан гэрэл зургаараа 2012 онд “Өөрчлөлт”, 2015 онд “Шинэ аялал” фото альбомоо гаргажээ. Японы гэрэл зургийн ертөнцөд Монголын гэрэл зургаар танигдаж, Монголын гэрэл зургийн томоохон төлөөлөл шиг үнэлэгддэг түүний хоёр альбом бүхэлдээ манай хөдөөгийн аж амьдрал, нүүдэлчдийн өвөрмөц ёс заншил, ховор ан амьтны зургаас бүтсэн байна. Эхний альбомд гэрэл зурагчны 15 жилийн аяллын 253 зураг байх агаад эндээс Тецуро Шимизүг хотод биш тал нутгаар явж гэрэл зураг авдаг нэгэн болохыг харуулна. Энэхүү альбомд гэрэл зурагчин “Би 1997 оны зун буюу Ардчилсан хувьсгалаас хэдхэн жилийн дараа анх Монголд очсон. Энэ үед гудамжаар зөрөх автомашины тоо цөөхөн байсан бөгөөд Улаанбаатар хотын булан бүрт социалист үеийн ул мөр нэлээдгүй ажиглагддаг байв. Хотын яг зүрхэнд орших Улсын их дэлгүүрт бараа ч үгүй, үйлчлүүлэгчид ч үгүй хоосон лангуунууд их байлаа. Тэр дэлгүүрээс би “командирский” гэдэг танк тулаан, төрийн далбаа дүрсэлсэн цэргийн цагийг өөртөө дурсгал болгон худалдаж авсан нь одоо ч надад бий. Хэдийгээр өнөөгийн хөгжил олон сайхан зүйлийг авчирч байгаа ч монголчууд үнэт зүйлсээ бага багаар алдсаар байна” гэх мөрүүдийг тэмдэглэжээ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

-Таны 19 жилийн ажил Монголтой холбогдож байна. Яагаад өөрийнхөө амьдралын бараг нэг үеийг Монголын тухай гэрэл зурагт зориулахаар шийдсэн юм бол?

-1997 онд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ойгоор миний багш Тoshinobu Takeuchi Улаанбаатарт гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Энэ үед би багшийнхаа туслахаар анх удаа Монголд ирсэн. Багшийн танил гэрэл зурагчид, ховор ан амьтны зураг авдаг хүмүүсээс шилүүсний тухай сонсоод дахин ирж энэ ховор амьтны зургийг авна даа гэж бодоод буцсан. Дараа жил нь ирээд ирвэсийнхээ зургийг авахаар говь руу анх удаа явсан. Тэгээд ирвэсээ олж, зураг аваад очиход багш миний хальсыг үзээд “Чи юу ч авч чадаагүй байна” гэж голж билээ. Би маш их хичээгээд гайгүй зураг авлаа гэж бодсон юм. Их холоос авсан ирвэс гэрэл зурагт тун жижигхэн буусан байсан. Тэгээд дахин очиж сайн зураг авна. За за, ирвэс, ховор амьтны зураг ийм хэцүү юм чинь хүмүүсийн зураг, Монголын амьдралын зураг авъя. Монголын тухай нэлээн ойлголттой болъё. Хүмүүст ч Монголын тухай зургаа үзүүлье. Ирвэсийн зургаа дараа сайхан авна гэж бодоод Монголоор тойрч эхэлсэн.

-Таны хальсанд хотын амьдрал, нийслэлийн өөрчлөлт биш дандаа хөдөө орон нутгийн амьдрал буусан байдаг. Очих газраа өөрөө товлож байсан уу?

-Монголд зураг авснаас хойш хангай, говийн маш олон газраар явсан. Анх ирж байхад нэртэй гэрэл зурагчин, талийгаач Ц.Батзориг амьд байсан. Ц.Батзориг болон С.Цацралт ахаас хаана очиж зураг авахад сайхан бэ гэдэг талаар зөвлөгөө авч явах чиглэлээ тодорхойлдог байв. Хөдөө малчин айлд очиход манай энд гоё газар бий, тийшээ очих уу гэж асуудаг. Тэднээс сонсоод сайхан газруудаар явж зургаа авч эхэлсэн. Мянга сонсохоор нэг үз гэдэг үг байдаг шүү дээ. Энэ үг миний тархинд хадагдсан. Сонсож байхаар очоод үзнэ гэж зорьдог. Тэнд очоод дараагийн газар руу явах. Тэгээд өвөл очвол сайхан зураг гарах уу, зун нь зүгээр үү, эсвэл намар гоё уу гэх зэргээр төлөвлөлтөө хийдэг. Анх хөдөө явахдаа Оросын пургон машинаар, жолоочтойгоо хоёулхнаа, орчуулагчгүй явдаг байсан. Намайг ирж байхад япон-монгол хэлний харилцан ярианы ном гэж байдаггүй байв. Тэгээд хэрэгцээтэй үгээ өөрөө түүж японоор бичээд, монгол хэл мэддэг япон хүнээр эсвэл япон хэл мэддэг монгол хүнээр орчуулж авдаг байсан. Хэдийгээр би Монголын эгэл жирийн хүмүүсийн амьдралын тухай зургийг хальсандаа буулгадаг ч энэ ажлаа Ц.Батзориг агсны ажлын үргэлжлэл гэж боддог. Талийгаач монгол зурагчдаас монголчуудынхаа амьдралыг хамгийн сайхан харуулах хүн байсан. Намайг Монголын ховор амьтны зураг авна гэж мөрөөдөөд явж байхад Ц.Батзориг өөд болсон. Тэгэхэд Японд байсан над дээр энэ хүний бүх хальс нь ирсэн юм. Энэ зургуудыг угаалгаад сайхан зураг болгоод аваад ирээч гэж хүмүүс захисан. Тэр зургуудыг цэгцэлж байхдаа “Ийм сайн зурагчин бурхан болчихлоо. Энэ ажлыг үргэлжлүүлэхгүй бол болохгүй юм байна” гэж бодсон.

-Траншейны хүүхдүүдийн тухай таны авсан цуврал зураг 2005 онд Японы Гэрэл зургийн холбооны ирээдүйтэй гэрэл зурагчны шагналыг хүртсэн байдаг. Амьрал ч хэцүү, хүүхдүүд ч их байсан даа. Зураг авахдаа хэр их цаг зарцуулсан бэ?

-Тэр үед миний охин мэндэлсэн юм. Нэг удаа охиныхоо зургийг хараад сууж байхад Монголд цөөнгүй таардаг траншейны хүүхдүүд нүдэнд харагдсан. Айлын хүүхдүүд гэртээ тав тухтай байхад энэ хүүхдүүд тийм биш. Хүүхдүүдэд яаж туслах вэ гэж бодохоор надад мөнгө байхгүй. Тийм учраас энэ хүүхдүүдийн амьдралыг зургаараа гаргаж, хүмүүсийн анхааралд оруулж тусалъя гэж бодоод зураг авахаар Монголд дахин ирсэн. 2004 оны есдүгээр сар, 2005 оны нэгдүгээр сард авсан зургууд. Ирээд аппаратгүйгээр, хүүхдүүд хаана ямаршуухан амьдардаг юм бол гэж нэлээд хайсан. Нэг удаа эмнэлгийн хажуугаар явж байхад хэдэн хүүхэд гүйж ирээд “Ах аа, мөнгө байвал өгөөч” гэсэн. Та хэд хаана амьдардаг юм бэ гэсэн чинь энэ хажуугийн траншейнд гэдэг юм байна. Та хэдийн зургийг авч болох уу гэсэн чинь болно гэсэн. Есөн сард бараг зунаараа байсан учраас гадаа авч болсон. Нэгдүгээр сард хүйтэн үед траншейн дотор авсан. Бас өнчин өрөөсөн, асрамжийн газрын хүүхдүүдийн зургийг авсан. Найман настай, 14-15 настай ч хүүхдүүд байсан. Одоо хааяа тэднийг яаж амьдарч байгаа бол гэж би боддог. Сайн л явж байвал болно доо.

-Монгол нутгаар хөндлөн гулд 20 орчим жил аялсан хүнд энэ ард түмний тухай өөрийн гэсэн дүгнэлт байх нь тодорхой. Түүнээсээ хуваалцахгүй юу?

-Монголын хөдөөний хүмүүс сэтгэл татдаг. Анх ирвэсийн зураг авах гэж ирээд говьд очиход зүгээр замд тааралдсан хүн хамт яваад, хоёр, гурван удаа уул тойроод газарчин хийж өгсөн. Тэгэхэд би их гайхсан. Энэ хүн яагаад надад туслаад байгаа юм бол. Би газарчин хийж өгсөн гээд мөнгө өгч чадаагүй. Бэлэг өгөөгүй байхад яагаад тусалж байна вэ гэж бодож билээ. Тэгээд их баярласан. Хөдөөний эрчүүд нэг их юм ярьдаггүй. Харин эмэгтэйчүүд нь өөр. Японд хэн нэгэнд загнуулна гэсэн ойлголтгүй. Монгол эмэгтэйчүүд жинхэнээсээ уурлаад загнадаг. Анх ирээд хөдөө очоод “Жаахан хүүхэд хүртэл хийж чадаж байгаа юмыг чи чадахгүй байхдаа яадаг юм. Чи энэ ажилд тусал л даа” гэж загнуулсан. Өөрийгөө насанд хүрсэн том хүн гэж бодсон ч загнуулсан чинь гоё ч юм шиг. Хөдөө их сайхан. Тэнд очихоор гэртээ очсон юм шиг, нэг гэр бүлийнхэн шиг л сайхан байдаг. Яг тийм байдаг учраас миний зураг зүгээр нэг жуулчин очоод авч чадахгүй, яг монголчуудын амьдралыг гадаад хүний нүдээр харсан тийм зураг болж чаддаг байх.

-Гэрэл зурагчнаас тэр тусмаа гэрэл зургийн аппарат үйлдвэрлэлээр толгой цохидог Японы гэрэл зурагчнаас яг одоо ямар аппарат хэрэглэж байгааг асуухгүй өнгөрч болохгүй. Та аль фирмийн камер барьж байна?

-“Olimpus”-ийн сүүлийн үеийн загварын камер барьдаг. Хөнгөн, авсаархан, авч явахад бас ашиглахад их эвтэй. Камерын хувьд өндөр хурдтай, дүрс чанарын хувьд сайн. Бороо, цастай ямар ч үед зураг авахад дүрсний хувьд бэрхшээлгүй, нэмэлт линз, шүүлтүүртэй. Над шиг хөдөө явдаг хүнд тохирсон эд. Гэрэл зурагчид бол сайн мэднэ.

-Таны хоёр альбомоос Шимизугийн дуранд монголчуудын амьдралын хэв маягт гарсан өөрчлөлтүүд он жилээрээ үлдсэн нь харагддаг. Ийм санаа, шийдлээ яаж олсон бэ?

-Японд 2011 онд цунами болсон. Тэр үед Токиод том цунами орж ирж магадгүй гэцгээж байв. Би бүх хальс, гэрэл зургуудаа гэртээ хадгалж байлаа. Цунами болсон зүүн хойд мужуудад комьпютер хардаас эхлээд бүх юм устсан. Тэгээд Монгол хамгийн аюулгүй, Монголд авсан зураг Монголдоо үлдэх ёстой гэж бодоод Улаанбаатарт “Өөрчлөлт” альбомоо хэвлүүлсэн. Тэнд нэлээн хэдэн жилийн өмнөх зургууд багтсан. Өнөөдрийнх шиг цахим ертөнц, гар утас, хэрэглээний бусад электрон бүтээгдэхүүн зэрэг юмс байхгүй байхад хүмүүс их аз жаргалтай, амьдаръя, зүтгэе гэсэн бодолтой байсныг энэ альбомоос харна. Би 22 настайдаа Монголд ирсэн. Тэр үед би өөрийгөө том болчихсон, хоол хийнэ, гал асаана, бүгдийг чадна гэж бодож байсан ч яг Монголд ирээд чаддаг гэж бодсон бүх юмаа хийж чадахгүй байсан. Тэгэхэд хөдөөний малчин айлын гурван настай хүүхэд өөрөө хувцсаа өмсөөд, бакиалаа тосолж байгааг хараад энэ улсаас сурах юм их байна даа гэж бодож байлаа. Хүмүүс ажлын багаж нь ихсэх тусам юу ч хийж чадахаа больчихдог юм шиг. Орчин үед амьдралын бүх хэрэгцээ нэвтэрсэн байхад хүмүүс их тайван, хүсэх юмгүй болчихсон юм шиг. Түүнийг харуулах гэж хоёр дахь альбомоо гаргасан. Япон жуулчдыг хараад байхад хэлэх ёстой үг юм шиг “Би заавал дараа дахин ирнэ” гэдэг. Тэгээд ирдэггүй. Би ирээд буцахдаа бас “Дараа ирнэ ээ” гэж хэлдэг. Хүмүүс энэ ч ирэхгүй дээ гэж боддог гэсэн. Тэгээд дараа жил нь хүрээд ирэхээр “Хүүе чи хүрээд ирсэн үү” гээд цочдог. Тэгээд бүр сайн найз болдог. Монголын хаа сайгүй ийм найзууд бий. Гаднаас ирсэн зурагчид өөртөө болсон өөртөө хэрэгтэй зургаа аваад явдаг, болчихлоо гэж боддог байх. Би зургаа зураг авахуулсан хүн, тэр айлд хамгийн гоё гэж тооцогдохоор авахыг хичээдэг. Тэр зургуудаа Монголд нь үлдээсэй гэж боддог. Зургаа аль болохоор авчирч өгөхийг хичээдэг. Номоо ч гэсэн Монголд нь үлдээе гэж хийсэн.

-Монголын хөдөө талын өвөл япон хүнийг байтугай хотынхноо ч хашраадаг. Өвлийн хүйтнээс халширдаг уу?

-Өвөл ирж зураг авдаг. Зун бол хэн ч гоё зураг авахаар хэтэрхий гоё. Нэг удаа өвөл ирээд 40 градусын хүйтэнд Хөвсгөл нуурт майханд хоносон. Энэ их сайн мешок, -35 градуст яах ч үгүй гэхээр нь шинэ мешок худалдаж аваад ирсэн байлаа. Тэгээд майханд хоносон. Жолооч машиндаа пирмуск асаагаад унтсан. Шөнө дунд машиныг ямар нэг юм самардаад байх шиг болоход жолооч хаалга онгойлгосон гэсэн. Тэгэхэд би хөлдөж үхэх гээд хаалга тогшсон юм. Манай жолооч хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд унтчихаж. Тэгээд арай гэж оруулж, гэсгээж дулаацуулсан. Монголын өвөл үнэхээр хүйтэн. Тэгэхэд өвлийн хүйтнийг жинхэнэ мэдсэн. Тэрнээс хойш бэлтгэл сайтай ирдэг болсон доо. Одоо хүйтнийг ажрахаа байсан. Би тэр хүйтэнд үхээгүй, тэгээд хүний амь ч бас бөх юм байна. Миний амь ч их бөх болсон байх гэж бодсон шүү. Түүнээс хойш өвөл Монголд ирэх бүр ч дуртай болсон.

-Хөдөөгийн хүмүүсээс та анзаарсан байх. Уул усаа эзэнтэй, савдагтай гэх мэт хэлэлцдэг. Ямар нэг ер бусын тохиолдолтой таарч байв уу?

-Тийм, монголчуудын энергитэй газар, эзэнтэй уул, ус гэдэг үгэнд би шууд итгэдэг. Япончууд Шинто шашин шүтдэг. Энэ шашинд ч уул ус эзэнтэй гэсэн ойлголт байдаг. Би нэг удаа Японд байгальд зураг авах гэж яваад өглөө эрт зурганд гарах ёстой ч нойр хүрээд жаахан унтах гээд зүүрмэглэхдээ “Хүүе чи чинь унтаад байгаа юм уу” гэж хэн нэг хүн хэлэх шиг болоход сэрсэн. Эхлээд зүүдэлж байна уу даа гэж бодсон ч тэр уулын савдаг, эзэн ч юм уу, бурхны ч юм уу дууг би сонссон. Японд ууланд авирч яваад яг унах гэж байхад модонд гогдогдоод үлдчихдэг ч юм уу ийм юм надад таардаг. Японд ч гэсэн тийм юм болдог, Монголд ч тохиолддог болохоор би айж цочирддоггүй.

-Монголын аж амьдрал талаас зургийг нь авч амжаагүй, үлдсэн сэдэв танд бий юу?

-Анх бодож ирсэн ирвэснийхээ зургийг л аваагүй. Ховд, Баян-Өлгий гээд хөдөөгүүр явахдаа ирвэстэй гэсэн уул болгон руу явдаг. Би тааралдаагүй л байгаа. Авна гэж байнга боддог. Тэр бол миний ажил шүү дээ. Одоо болтол таараагүй болохоор миний энд хийх ажил дуусаагүй ч юм бил үү (инээв).

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн ХҮН

МЭӨ 570-490 онд амьдарч байсан алдарт
гүн ухаантан, математикч Пифагорыг мэдэхгүй хүн үгүй. Шашин, гүн ухааны сургуулийг
үндэслэн байгуулагч түүний амьдралыг домог шиг л гэдэг. Тэрээр Самос арал дээр амьдарч
байсан Мнесарх, Партенида нарын хүү болон мэндэлсэн юм. Пифагорын аав Мнесарх нь
Тира хотод арилжаа наймаа эрхэлдэг нэлээд чинээлэг хүн байжээ. Ган болсон жил тэрээр
хүмүүст үнэгүй талх тарааж буян үйлдсэнийхээ төлөө Самосын иргэншил хүртсэн юм.

ифия хэмээх далдыг харагч Мнесарх
хүүтэй болно гэдгийг анх хэлсэн байдаг. Хүүхэд нь хүн төрөлхтний түүхэнд үнэлж барашгүй
агуу үйлс бүтээх бөгөөд түүн шиг хүн дахин төрөхгүй хэмээн хэлсэн гэнэ. Үүнийг сонссон
Мнесарх ихэд баярлаж эхнэрийнхээ нэрийг Пифаид болгон өөрчилжээ. Харин дөнгөж төрсөн
хүүдээ Пифагор хэмээх нэр хайрласан байна. Пифагор гэдэг нь Пифиягийн урьдчилан
хэлсэн хүн гэсэн утгатай юм байна.

Мнесарх хаашаа ч явсан эхнэрээ үргэлж
дагуулж явна. Пифагор ойролцоогоор МЭӨ 570 онд Сидонд төрсөн. Бүр багаасаа л ер
бусын авьяастай болох нь мэдэгдсэн гэдэг. Антикийн үеийн түүхэн баримт бичиг, ном
сударт бичсэнээр Пифагор тухайн үеийн Грек, Перс, Египетийн нэртэй эрдэмтэдтэй бүгдтэй
нь уулзаж, мэдлэгээ улам бүр гүнзгийрүүлэхийг чармайн уйгагүй хөдөлмөрлөж байсан
гэнэ. Пифагорыг Олимпийн боксын тэмцээнд ялалт байгуулсан хэмээн түүхэн барим бичигт
дурдсан байдаг. Үнэндээ бол түүнийг хамаатны залуутай нь андуурсан аж.

Пифагор залуудаа Египетийг зорьж
эрдэмд шамдан суралцсан байна. Самос арлыг удирдаж байсан Поликрат нь фараон Амасист
захидал бичиж залууд сурах боломж олгохыг хүсчээ. Ийнхүү Египетэд ангаах ухаан,
математикийн ухааныг заалгажээ. Түүгээр ч барахгүй гадаадын иргэдэд суралцахыг хориглосон
бусад салбарын сургалтад хамрагдаж чадсан. Ийнхүү 18 настайдаа төрсөн Самос арлаасаа
явж юм үзэхийн сацуу ном заалгажээ. 22 жил харийн нутагт амьдарсан түүнийг хүчээр
Вавилонд авчирсан байна. Харин Вавилонд 12 жил амьдрахдаа ер бусын ид шидтэй хүмүүстэй
холбоотой байж, далдын хүчийг судалсан юм. Олон жил хилийн чанадад амьдарч 56 настайдаа
төрсөн нутаг болох Самос арал дээр эргэн ирсэн. Нутгийнхан нь түүнийг агуу эрдэмтэн
гэдгийг ч хүлээн зөвшөөрчээ. Тэр үед амьдарч байсан эрдэмтэн Ямвлих Пифагорын талаар
нэлээд зүйлийг бичсэн байдаг. Түүндээ “Пифагорын гүн ухааны онол улам бүр түгсээр
Эллада тэр чигээрээ биширч хамгийн ухаалаг, шилдэг хүмүүс түүнтэй уулзаж сургаалыг
нь сонсохоор Самост очдог байлаа. Түүнээс олон нийтийн ажилд идэвхтэй оролцохыг
ч шаардаж байв. Пифагор улс орныхоо хуульд захирагдахын сацуу гүн ухааныг судлах
нь ямар хэцүү болохыг мэдэрсэн. Философчид харийн нутагт амьдралаа өнгөрүүлдэг байсныг
ч анзаарсан юм. Зарим хүмүүсийн ярьснаар энэ бүхнийг сайтар бодолцсоны үндсэн дээр
өөрийг нь төдийлөн сайн үнэлээгүй тул Италийг зорьсон” хэмээн бичсэн байдаг.

Ингээд Италийн өмнөд хэсэгт орших
Кротоне хотод суурьшихад сургаалыг нь дагах хүн маш их байсан гэдэг. Пифагор шавь
нартайгаа хамтран үзэл бодол нэгтнүүдээ эгнээндээ нэгтгэсэн бүлгэм байгуулж түүний
сургаалыг эрхэмлэн дээдэлдэг байсан. Тухайн үеийн хамгийн оюунлаг хүмүүс эрдэмтэд
тэдэнтэй нэгдсэн юм.

Пифагорын сургаалыг үндсэн хоёр
хэсэгт хуваана. Нэгдүгээрт, ертөнцийг таньж мэдэхэд шинжлэх ухааны үүднээс хандах,
хоёрдугаарт, шашны нууцлаг үзэгдэл. Тэрээр хүний сүнс нэг биеэс нөгөөд шилждэг талаар
бичсэн байдаг. Эртний Грекийн гүн ухаантан Аристотель нь Пифагорыг ихэд дээдлэн
хүндэтгэдэг байв. Платон ч түүнийг шүтэн бишрэгчдийн нэг байв. Пифагоризмын үндсийн
талаар анх гурван ном хэвлүүлэхэд Платон найз нарынхаа зөвлөснөөр нэлээд өндөр үнээр
худалдан авсан түүхтэй.

Пифагорын теоремыг бүгд дунд сургуульд
заалгадаг. Тэгш өнцөгт гурвалжны катетуудын уртын квадратуудын нийлбэр гипотенузын
уртын квадраттай тэнцүү. Өөрөөр хэлбэл, а2+b2=c2. Ер нь Пифагорын
сургуулийнхан математик болон сансар судлалд маш их хувь нэмэр оруулсан. Тэрээр
шашны салбарт ч том шинэчлэл хийсэн. Түүний байгуулсан нууц бүлгэм улс төрийн зорилго
тавиад зогсохгүй нууц сургаалын ачаар хүн хэрхэн сэтгэл санаагаа ариусгахыг сургана.
Пифагор бүлгэмээ 25 жил удирдсан юм.

Агуу эрдэмтэн 60 настайдаа өөрийн
сурагч Феано хэмээх бүсгүйг эхнэрээ болгожээ. Хоёр хүү, охин гээд гурван хүүхэд
нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлсэн. Энэ эрдэмтний тухай ярихад тухайн үеийн улс
төрийн нөхцөл байдлын талаар ярихгүй байхын аргагүй юм. МЭӨ IV зууны сүүлч V зууны
эхээр эрх баригч язгууртнуудын эсрэг ард иргэдийн бослого идэвхжсэн.Пифагорын амьдарч
байсан Италийн Кротон хотод ч байдал тун тогтворгүй болжээ. Тэрээр энэ бүхнээс зугтаж
шавь нарынхаа хамт Тарент руу нүүсэн байна. Гэвч удалгүй Тарен үймээнд автсан. Гэтэл
яг энэ үед Пифагорын тэргүүлдэг нууц бүлгэмийг ард иргэд нэлээд буруутгах болсон
гэдэг. Тэднийг эрх баригчдад нөлөөлсөн хэмээн шүүмжилжээ. Зарим түүхэн баримт бичигт
дурдсанаар нэгэн үймээний үеэр Пифагор амиа алдсан гэдэг. Математикч, гүн ухаантан
80 настайдаа ийнхүү хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Түүнийг хэрхэн амиа алдсан талаар
бас нэгэн хувилбар байдаг. Килон хэмээх чинээлэг эр Пифагор дээр ирж ах дүүгийн
барилдлага тогтоохыг хүссэн боловч татгалзсан хариу авчээ. Килон түүнд өс санаж
гэрийг нь галдсан байна. Нэгэн шавь нь өөрийгөө золиослон байж багшийнхаа амийг
аварчээ. Үүнд Пифагор ихэд харамсаж, сэтгэл санаагаар унасаар эцэстээ амиа хорлосон
ч гэдэг. Гурав дахь хувилбараар түүний эсрэг хуйвалдааныг Килон хэмээх чинээлэг
эр зохион байгуулсан байна. Түүнээс зугтаан Метапон хотод шилжин суурьшсан боловч
хойноос нь ирж амийг бүрэлгэжээ.

Пифагорыг амьд байхад нь түүний
талаар үлгэр домог мэт зүйлс яригддаг байсан гэдэг. Сүнсийг удирддаг, хараалыг зайлуулж,
амьтдын хэлийг ч мэддэг хэмээн ярьдаг байжээ. Түүнээс гадна ургамлыг ашиглан янз
бүрийн өвчнийг хэрхэн анагаах талаар гаргууд мэдлэгтэй хэмээн хүмүүс биширнэ. Эргэн
тойрныхондоо маш их нөлөөлдөг гэнэ. Нэгэн удаа Пифагор шавьдаа ихэд уурласан аж.
Сурагч нь сэтгэл санаагаар унасандаа амиа хорлосон байна. Түүнээс хойш Пифагор хүнд
уурлахаа больсон гэдэг.

Геометрийг шинжлэх ухаан болгосон
нь Пифагорын гавьяа. Тэрээр дэлхий бол бөөрөнхий хэлбэртэй, нар сар, түүнийг тойрон
эргэлдэж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байсан.

Categories
мэдээ цаг-үе

Николай Рерихийн сод бүтээл “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх алга болж, хуулбар нь үлдсэн үү? (II)

Оросын алдарт зураач Николай Рерихийн сод бүтээлүүдийн нэг болох дэлхий нийтэд “Улаан хөлөгт баатар” гэдэг нэрээрээ алдартай “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийг хууль бусаар хуулбарлаж, түүнийг нь хил давуулсан байж болзошгүй хэргийн талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх хувилбар алга болсон. Бүр төдөн сарын тэдэнд тэгж хуулбарлаад явсан” гээд нотолгоог баримттайгаар хэлдэг музей судлаач нэгэн эмэгтэй байдаг талаар эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм. Бүр “Зураг хуулбарласан гэдгийг нуугаад яваад байх сонирхол алга. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж ил болгоно. Судалгаа шинжилгээ, баримт байна” гэж ярьсан байна. Тэгээд хэсэг хугацааны дараа энэ талаар огт ярихгүй болсон гэнэ. Өөртөө итгэлтэйгээр “Улаан хөлөгт баатар” буюу “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийг хууль бусаар хуулбарласан гэдгийг ярьж байсан судлаач эмэгтэй юуны учир гэнэт чимээгүй болсон бэ гэдэг нь тодорхой бус байсан юм. Бидэнд ирсэн мэдээллийн дагуу музей судлаач эмэгтэйтэй холбогдсон юм. Тэрбээр “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ хуулбар зургийн талаар ярьсан нь үнэн. Надад хэвлэл мэдээлэлд өгөх гээд бэлдчихсэн зүйл байгаа. Одоогоор хөдөө, орон нутагт явж байгаа болохоор энэ талаар мэдээлэл өгч болохгүй байна. Ирэх долоо хоногт нийслэл орно” гэв. Тэрбээр үүнээс өөр мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байлаа. Музей судлаач эмэгтэй Оросын алдарт зураач Николай Рерихийн “Шамбалын хаан Рэгдэндагва” зураг хуулбар гэж зургийг хадгалж байгаа гэх Дүрслэх урлагийн музей, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Урлагийн зөвлөлийнхөнд хэлсэн байна. Гэвч дээрх байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд уг яриаг “нам” дараад өнгөрөөдөг гэх мэдээлэл байна.

ОРОСУУД УИХ-ЫН ДАРГААР ШАМБАЛЫН ХААН РЭГДЭНДАГВА ЗУРГАА ӨГЧ ЯВУУЛ ГЭЖ ХЭЛҮҮЛЖ БАЙЖЭЭ

Николай Рерихийн “Шамбалын хаан Рэгдэндагва” зураг нь уран зураг сонирхдог хүмүүсийн дунд алдартай зурагт тооцогддог байна. Тэр тусмаа бурхны шашинтай хүмүүсийн анхаарлын төвд байдаг гол зургийн нэг гэнэ. Зөвхөн энэ зургийг харах гэж хэдэн мянган километр замыг туулж, хөрөнгө мөнгөө заран ирдэг хүмүүс ч байдаг аж. Уран зураг цуглуулдаг хүмүүсийн анхаарлыг татдаг гол шалтгаан нь өнгө будагны хослол, зураачийн ур чадвар, утга агуулгад байдаг гэнэ. “Шамбалын хаан Рэгдэндагва” зургийг оросууд маш ихээр сонирхдог байна. Одоогоос найман жилийн өмнө тэр үеийн УИХ-ын дарга ОХУ руу албан ёсны айлчлал хийхээр болжээ. Тэгсэн ОХУ-аас “Та айлчлалаар ирэхдээ зөвхөн Николай Рерихийн “Шамбалын хаан Рэгдэндагва” зургийг аваад ир. Бид үзэсгэлэнд тавих гэсэн юм” гэсэн санал тавьж байжээ. Үүний дагуу “ОХУ руу айлчлал хийх үеэр энэ зургаа явуулах” даалгавар өгөхөд Дүрслэх урлагийн музейн хамт олон өгч явуулаагүй гэх. Гэхдээ энэ өдрөөс хойш зураг музейн ил үзмэрт харагдахгүй болсон байх магадлалтай аж. Бүр хэдэн жил тус музейн сан хөмрөгт хадгалагдаад ил гараагүй гэх мэдээл бий. Мөн сүүлийн 10 жилийн дотор гурван ч удаа байр нь солигдож байгаа гэнэ. Одоогийн музейн удирдлагуудаас өмнөх даргын үед тус зургийн хүрээ жааз солигдож байсан гэнэ. Уг нь монгол хээ угалз бүхий их бөх бат жаазанд байрлаж байжээ. Музейн хамгийн том хана бүхий шатны хажууд байрлаж байсан юм байна. Гэтэл үл мэдэгдэх шалтгаанаар зургийн жааз хэдэн ч удаа солигдсон байна. ОХУ-аас хүмүүс тус зургийг үзэх санал тавьдаг байжээ. Тэр болгонд ур чадвар муутай зураачийн хуулбар бүхий болхи зургийг үзүүлдэг байсан. Оросууд үзчихээд “Эх хувилбарыг үзмээр байна” гэж санал тавьж байгаад явдаг гэдгийг эх сурвалж дурдаж байв.

МУЗЕЙ АЖИЛТНУУД Ч ЖИНХЭНЭ ЭХ МӨН ЭСЭХЭД ЭРГЭЛЗЭЭД ЭХЭЛЖЭЭ

“Улаан хөлөгт баатар” буюу “Шамбалын хаан Рэгдэндагва” зургийг хадгалж байгаа Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн удирдлагуудтай уулзсан юм. Тус музейн сан хөмрөгийн үнэт үзмэрийн нэг болох “Шамбалын хаан Рэгдэндагва” зураг хуулбар гэх яриа арав гаруй жилийн өмнө гарсан. Үүний дагуу, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар өргөдөл өгч байсан гэнэ. Гэхдээ тодорхой үр дүнд хүрээгүй байна. Музейн ажилтнуудын хэлж буйгаар “Бид жинхэнэ зураг гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Гэхдээ хүмүүс яриад байхаар заримдаа хуулбар ч юм болов уу гэж эргэлзэх сэтгэл төрдөг. Зураг сүүлийн арван жил лав музейн хаалгаар огт гараагүй. Хуулбар мөн, биш гэсэн маргааныг таслан зогсоож өгөх хэрэгтэй байна. Бид зургийн хуулбар эсэхийг шинжилгээнд өгөхөөр Япон улс руу зургийн даавуунаас дээж авч явуулсан. XVIII зууны үеийн даавуу байна гэсэн хариу гарсан. Тэгэхээр хуулбар биш байх гэж л бодож байна. Урлагийн зөвлөл, уран зургийн томоохон төлөөлөл бүхий ажлын хэсэг зургийн эх хувилбар мөн эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй” гэлээ. Харин Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас тодруулсан боловч “Зураг хуулбарласан талаар ямар ч мэдээлэл алга байна” гэлээ. Оросын алдарт зураач Николай Рерихийн зураг дэлхийн зах зээл дээр хоёр сая ам.долларын үнээс эхэлж зарагддаг гэнэ.

Уран зураг хууль бусаар авдаг гэмт хэрэгтнүүд “Энэ зураг эх хувилбар биш. Хуулбар байна” гэсэн худал мэдээлэл цацаж зургийг үнэгүйдүүлж байгаад үнэ цохиж худалдаж авдаг башир арга энд явж байхыг ч үгүйсгэх аргагүй аж. Тиймээс нэн даруй зургийн эхийг шинжилгээнд өгөх хэрэгтэйг эх сурвалж онцолж байлаа. 1990 оны дунд үеэс эхлээд хортой цаасаар зургийн эхийг хордуулж аваад, хуулбарладаг байсан гэж уулзсан зураач болгон ярьж байлаа. Эндээс үзвэл үнэ цэнд хүрэх цөөнгүй зураг хуулбарлагдаж, заримынх нь эх хувь алга болсон байхыг үгүйсгэх аргагүй юм.

Эрэн сурвалжлах тоймчдын алба

Өмнөх хэсгээ доорх линкнээс уншина уу

http://admin.dnn.mn/%D0%BD%D0%B8%D0%BA%D0%BE%D0%BB%D0%B0…

Categories
мэдээ цаг-үе

Бид Монголоо бүтэн харж ажиллах ёстой

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай ярилцлаа.

-Энэ удаагийн парламентын хамгийн залуу гишүүн болж буйд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Монголын залуус, нутгийн зон олон минь намайг дэмжиж төрийн түшээ болголоо. Иргэд, сонгогчдын хувьд МАН-д итгэл хүлээлгэж төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллаарай гэсэн. Миний хувьд 29 настай. Манай тойрогт иргэд, сонгогчдын 600-700 мянга гаруй нь миний насны болон дүү хүмүүс байсан. Тэр олон залуусынхаа дуу хоолойг төрд хүргэхээр сонгогдсондоо баяртай байгаа. Би оюутны байгууллагын ерөнхийлөгчийн хувьд залуусынхаа боловсролд түлхүү анхаарал хандуулан ажиллана гэж бодож байна. Мөн нутгийн хөгжилдөө тулгуурлан зохиосон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хичээх болно. Хэнтий аймгийн иргэдийн хурлын сонгуульд мөн МАН-ынхан дийлэнх суудлыг авсан. Тиймээс тэдэнтэйгээ хамтраад орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах бололцоо бүрдсэнд баяртай байгаа. Ер нь монгол төр тогтвортой байж гэмээнэ эдийн засгаа сэргээж өрийн асуудлаа шийдвэрлэх болно.

-Танай аймагт тулгамдаж буй гол асуудал юу байдаг вэ?

-Ер нь монгол төрд нүүрлэж буй гол асуудал бол хагарал, талцал, намчирхах үзэл. Үүний эсрэг зогсоно. Бид Монголоо бүтэн харж ажиллах ёстой. Надад саналаа өгөөгүй таван мянган иргэн байна. Тэдний итгэлийг олохын тулд төрийн ажлыг сайн хийнэ. Тэгэхгүй бол зөвхөн намтайгаа, зөвхөн өөрийг нь сонгосон түмэн олонтойгоо ажилладаг улстөрчдөөс болж Монгол хуваагдаж байгаа. Монгол байгаа боломжийнхоо талыг ашигласан. Одоо Монголоо бүтэн болгохын төлөө ажиллана.

-Сонгуульд ямар уриатай оролцсон бэ. Залуу хүн улс төрийн талбарыг арай шинэлгээр харж байв уу?

-УИХ-ын 42 дугаар тойргоос сонгогдсон шүү дээ. Тэнд Ц.Оюунбаатар даргатай өрсөлдсөн. Ц.Оюунбаатар дарга намайг есдүгээр ангийн жаахан хүүхэд байхад минь УИХ-д өрсөлдөж байсан. Түүнээс хойш 12 жилийн дараа намын удирдах зөвлөлийн гишүүн, холбооны ерөнхийлөгч, докторт суралцаж буй судлаачийн хувьд өөрийгөө өрсөлдөх бүрэн боломжтой гэж үзсэн. Иймд намын Удирдах зөвлөлдөө дэвших саналаа хэлсэн юм. Намайг ийм санал тавихад боломжгүй гэж олон хүн харж байсан байх. Гэхдээ залуу хүн, залуусын баг хамтдаа зүтгэж амжилтад хүрлээ. Тэдэндээ баярлалаа гэж хэлье. Монголын улс төр, нийгэм даяараа шинэ хүн хүсч байсны илэрхийлэл болж байх шиг байна.

Өмнө нь та хаана ажиллаж байв?

-Би “Сан” дээд сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бизнесийн магистрын зэргээ 2021 он хүртэлх үндэсний хөгжлийн цогц бодлогод анализ хийж хамгаалсан. Одоо Удирдлагын академид Удирдахуйн ухааны докторын чиглэлээр суралцаж байна. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа “Монголын лектор” төвд цагийн багшаар ажиллаж эхэлсэн. Хоёрдугаар курстээ үндсэн багш болж дараа жил нь сургалт хариуцсан захирлаар ажиллаж байлаа. Дээд сургуулиа төгсөх жилээ хүүхэд залуусын оролцоог дэмжих “Хөгжлийн түүчээ” санг үүсгэн байгуулж анхны тэргүүнээр ажилласан. Улмаар “Doctor english” сургалтын төвийн захирлаар ажиллаж байгаад МАН-даа элсэн орсон. Одоо Оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.

-Аав, ээж тань Хэнтийн уугуул уу. Юу хийдэг хүмүүс вэ?

-Миний аав Хэнтийн Жаргалтхаан, ээж Мөрөнгийн хүн. Би Мөрөн суманд төрсөн. Аав маань малчин. Ээж насаараа бага эмчээр ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарсан. Би эцэг эхээс зургуул, айлын отгон хүү. Манай ах, эгч нар нутагтаа мал маллаж амьдарч байна. Тэд маань намайг сургууль соёлд сурч, эрдэм боловсролтой хүн болгохын төлөө зарим нь сургуульд суралгүй малаа маллаж, барилга дээр ажиллаж зүтгэсэн. Тэднийхээ итгэл үнэмшлийг тээж явахын төлөө зүтгэнэ.

-Сонгуульд яллаа гэдгээ мэдээд хамгийн түрүүнд хэнд дуулгав?

-Аав, ээжтэйгээ хамт байсан болохоор ялалтын мэдээг бүгдээрээ зэрэг сонссон. Би дүн гарахад Хэнтийд байсан юм. Гэр бүлийнхэн маань л их баярладаг юм билээ.

-Аав, ээж тань юу гэж захисан бол?

-Олон түмнийхээ итгэлийг дааж, хичээж ажиллаарай гэсэн дээ. Тэднийхээ захиасыг санаж өөрт буй бүхий л боломж, мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно.


Categories
мэдээ цаг-үе

Харвардад доктор хамгаалсан геологич бүсгүй

Электроникийн инженер Болдын отгон охин Уянга багаасаа аавыгаа дагаж эрэг боолт чангалж эршүүдхэн өсчээ. Энэ чанар нь нөлөөлсөн үү, эрчүүдийн хүчээ сорьдог геологийн салбарт дурлах болсон байна. Тэрээр хөдөө хээрээс чулуу түүж, ууланд явах дуртай. Цүнх дүүрэн чулуу үүрээд алхахдаа түүртэхгүй шүү дээ гэж эгч нь ярилаа. Туслахыг хүссэн эрчүүдэд “Би өөрийнхөө ачааг өөрөө үүрнэ” хэмээн хэлчихээд алхчихдаг байсан гэдэг.

“Рио тинто”-д ажиллаж байсан геологич бүсгүй Харвардын их сургуульд саяхан доктор хамгаалжээ. Харвардад геологийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан хоёр дахь эрдэмтэн юм байна. Б.Уянга нь 2007 онд ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг геологич мэргэжлээр төгсч, дэлхийн уул уурхайн акул компанийн нэг “Рио тинто”-д геологичоор ажиллаж байгаад ШУТИС-д магистр хамгаалжээ. Хоёр жилийн өмнө Харвардад мастер хамгаалж, энэ жил доктор болсон байна. Түүний доктор хамгаалсан сэдэв нь “Баруун өмнөд Монголын геологийн хөгжлийн түүх”. Тэрээр “Энэ сэдвийг регионал түвшинд судалснаар цаашид энэ сэдвийг үргэлжлүүлж судлах, геологийн бусад салбартай холбох үндэс нь болж байгаа” гэж эрдмийн ажлаа тайлбарлав.

“Би хийсэн судалгаагаа балчир хүүхдүүд ч ойлгоосой гэж хүсдэг. Аав, ээжтэйгээ Монголоороо аялахдаа олсон мэдлэгээ ашиглаж, цаашдаа илүү ихийг судлах, сурах хүсэх мөрөөдөлтэй болчихвол хэчнээн сайхан билээ. Монголчуудын оюуны чадамж өндөр. Тийм ч учраас бусдад мэдэхгүйгээсээ болж алдаж байгаа олон боломжийг гаргаж өгөхийг, Монголдоо амьдраад ирээдүйд их юм хийж чадах хүүхдүүдэд боломж нээж өгөхсөн гэж боддог” гэв.

Наймдугаар ангиа төгсдөг жилээ дунд сургуулийн хүүхдүүдийг Америкт сургадаг “Сорос-ийн сангийн тэтгэлэг”-т хөтөлбөрт шалгалт өгч тэнцжээ. 2002 онд АНУ-ын Миннесота мужид анх удаа хөл тавьж байсан гэнэ. Тухайн үед 16 настай байсан Б.Уянга охин Америкийн ахлах сургуулийн арванхоёрдугаар ангийг төгсөж Монголдоо ирээд ШУТИС-д геологич мэргэжлээр сурсан аж.

Түүний ээж нь ШУТИС-ийн геологийн багш С.Оюунгэрэл. Ээж нь охиныхоо талаар “Миний охин бүх хичээлдээ жигд сайн байсан. Англи хэлээ маш сайн сурсан болохоор Харвардын их сургуулийн ангийнхан нь америк охин гэж боддог байсан. Охин маань ШУТИС-ийн оюутан байхдаа Оюутны зөвлөлийн даргаар сонгогдож, оюутны сургалтын төлбөрийг зөвхөн нэгдүгээр курсэд нэмэгдүүлэх тогтсон жишгийг бий болгож чадсан. Үүгээр нь би маш их бахархдаг” гэж ярьсан юм.

Б.Уянга ШУТИС-ийн хоёрдугаар курст байхдаа Америкт, гуравдугаар курстээ Япон улсад геохимийн чиглэлээр, дөрөвдүгээр курстээ Оклахомагийн “Тулса”-гийн их сургуульд мэргэжлээрээ дадлага хийж байж. Тэр Харвардад сурч байхдаа монгол оюутнуудад мөн ийм боломж олгохыг зорьж, дөрвөн жилийн хугацаанд ШУТИС-ийн найман оюутныг Харвардын их сургуульд сарын хугацаатай дадлага хийлгэсэн байна.

“Рио тинто”-д ажиллаж байсан бүсгүй “Монгол Улс уул уурхайн хөгжлийг нэг их боогоод байх шаардлагагүй санагддаг. Америкийн нэгдсэн улс гэхэд алт болон эрдсийн ордуудаа олборлоод дуусчихсан. Өндөр хөгжилтэй орнууд ордуудаа хаагдмагц музей болгоод аялал жуулчлалаа давхар хөгжүүлчихдэг юм билээ. Тэртэй тэргүй дэлхий даяараа дулаарал явагдаж байхад зөвхөн уул уурхайгаас болж байгаль орчин сүйдэж байна гэх мэт ул үндэсгүй зүйл бичиж, шүүмжлээд байж болохгүй л дээ” хэмээн бодлоо хуваалцсан юм.

Мөн тэрээр “Монголдоо их дээд сургуулиа төгсөөд гадаадын их дээд сургуулиудад эрдмийн зэрэг хамгаалах нь судалгааны ажлаа Монголтойгоо холбож, Монголынхоо хөрсөн дээр буулгахад их дөхөмтэй. Ядаж л энэ чиглэлээр судалгаа хийдэг сайн багш нараа мэддэг, тэдэнтэй хамтран ажиллаж харилцан суралцах боломжтой болдог” гэж залууст зөвлөлөө. Тэр Баруун Монголыг Казахстан руу холбосон регионал геологийн төсөл дээр ажиллахаар төлөвлөөд байгаа юм билээ.

Б.НАРАНЧИМЭГ