Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Ард түмний амьдрал дөрвөн жилээр хойшилж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Юуны өмнө Ховд аймгаас УИХ-ын гишүүн болсонд баяр хүргэе. АН сөрөг хүчний байр сууринаас дөрвөн жил ажиллахаар болсон хариуцлагатай үед та гишүүн боллоо. Ажлаа хаанаас эхэлье гэж бодож байна вэ?

-Өнгөрөгч дөрвөн жилд АН олон зүйл дээр бодит хөрөнгө оруулж, эдийн засгийн бодит өсөлт гарах суурийг тавьж өгсөн. Одоо үүн дээр сайн барилга барих ажлыг МАН хийх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн өсөлтийг бий болгох тал дээр анхаарал хандуулан хийсэн ажлын дүн энэ дөрвөн жилд гарна гэж бодож байна. Чингис, Самурай бондын мөнгөнөөс дөрвөн жилийн хугацаанд АН маш их ажил хийж болдгийг харуулсан. Ийм үр дүнтэй хөрөнгө оруулалт эдийн засгийг хурдацтай хөгжих түлхцийг болгоно.

Энэ удаа сөрөг хүчний хувиар ажиллах хэдий ч өнгөрсөн хугацаанд тэр дундаа АН-ын засаг барьж байх үед хийсэн ажлуудыг МАН үргэлжлүүлэн хийх ёстой гэдэг байр суурин дээр байгаа. Одоо бол ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай. Нийтдээ 82 мянган өрх ипотекийн зээлийн ачаар орон сууцтай болсон. Мөн 100 мянга орчим орон сууц эзнээ хүлээгээд зах зээл дээр байж байна. Ипотекийн зах зээлийн хүрээнд 200 гаруй мянган иргэн ажилтай орлоготой байх тэр боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр ипотекийн зээлийг зайлшгүй үргэлжлүүлэх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Үүний дүнд 600 мянган малчин өрх тодорхой хэмжээний орлого өөртөө авч үлдэх тэр боломжийг бүрдүүлж байна. 500 мянгаас нэг сая төгрөгийн хүү төлдөг байсан бол одоо бүр багаар төлөх боломж бүрдсэн. Малчин өрх орлоготой болсноор өөрийн хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулах боломжтой болсон. Засгийн газар үүнийг үргэлжлүүлэн хийх ёстой.

Өөр нэг зүйл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн оюутан” хөтөлбөрийг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага бий. Өөрөөр хэлбэл хөдөөгийн иргэдийн хамгийн том ачаа оюутны сургалтын төлбөр байдаг. Оюутан хүүхдээ сургахын тулд жилд 6-7 сая төгрөг аав, ээжийнх нь нуруун дээр ирдэг. Үүнийг нь банкны зээл авч төлдөг бол оюутан хүүхэд нь өөрөө гол зардал болох сургалтын төлбөрөө зээл авч төлөх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр айл гэрийн нуруун дээр ирж буй ачаалал багасна. Хэвийн амьдраад явж байсан малчин өрх хүүхдээ оюутан болох тэр үед санхүүгийн хүндрэлд ордог байсан. Үүнийг нь Засгийн газар олж хараад “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ гурван хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг энэ дөрвөн жилд МАН-ын Засгийн газраас шаардаж ажиллах болно.

-Та өмнө Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын даргаар ажиллаж байсан. Энэ тал дээр анхаарал хандуулан ажиллах уу?

-Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргаар 2012 онд томилогдсон. Манай байгууллага 199 албан хаагчтай байсан. Гэсэн хэдий ч хоёр хуультай, 168 журамтай байгууллага байлаа. Улаанбаатар хотод асуудлаа шийддэг, зөвхөн дарга нар гарын үсэг зурдаг ийм байгууллага байв. Үүний дүрэм журмыг нь өөрчилснөөр 168 журмаас 85-ыг нь хүчингүй болгосноор өнөөдөр энэ байгууллага иргэдэд ойлгомжтой, үйлчилгээ нь тодорхой болсон. Мөн өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрыг хууль эрхзүйн хүрээнд шинэчилснээр Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгосон. Дэлхий нийтийн жишгээр энэ байгууллага нь хилээр орох, гарахыг хянадаг энэ тогтолцоог АН-ын Засгийн газар хэрэгжүүлж чадсан. Тиймээс дэлхий нийтийн энэ тогтолцоог хэвийн үргэлжлэх боломжоор хангах тал дээр анхаарна.

-Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн. Энэ намд зайлшгүй шинэчлэл хэрэгтэй гэдгийг ярьж байна. Намын шинэчлэл хаанаас эхэлсэн нь зөв бэ?

-Намын дарга гэдэг бол сонгуульд орсон дүнгээс хамаарч хариуцлагаа хүлээн огцордог. Тиймээс нам дараагийн даргаа томилох ёстой. Энэ үйл явц манай намд явагдаж байна. З.Энхболд дарга намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тиймээс шийдэгдэх байх. Мэдээж бидэнд уламжлал хэрэгтэй. Цагаан морин жилийн хувьсгалыг хийсэн ах нарын зөвлөгөө маш их хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Өнгөрсөн хугацаанд намын удирдлагад гарсан хүмүүсийн толхилцооноос болж намын үйл ажиллагаа явцуу хүрээнд явж ирсэн гэдэг шүүмжлэл бий. Энэ утгаараа бид сонгуульд ялагдсан. Иргэд АН-аас залуу үеийг хүсч байна. АН одоо бол ард түмний өмнө намын нүүр царай болохуйц залуу үеийг гаргаж ирэх хэрэгтэй. Үүнийг ҮЗХ, АН-ын Их хурлаар шийдэх ёстой. Нэн даруй намын даргаа сонгож, тэр дарга маань намын гишүүнчлэл, дотоод ардчилал ротацийг хийдэг, намын дүрмийнхээ дагуу ажилладаг даргатай болоосой хэмээн хүсэн хүлээж байгаа.

-Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат гишүүнийг томилдог чуулган дээр УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан нэлээдгүй ширүүн үгсийг хэлж байгаа харагдсан. Та бол намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг зарчмыг л яриад байсан даа?

-Сонгуульд ялалт байгуулсан намын дарга тухайн намынхаа сонгуульд оруулсан мөрийн хөтөлбөрөө дөрвөн жилд хэрэгжүүлж бодит хөгжил болгох ёстой байдаг. Мөрийн хөтөлбөр нь хэрэгжиж байж ард түмэн сайхан амьдрах, улс орноо хөгжлийн зөв гарц дээр аваачих ажлыг хийх ёстой. Харамсалтай нь намын дарга УИХ-ын дарга болдог. Их хурлын дарга болж хэл амгүй байж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших гишгүүр байж болохгүй. Үүнд би шүүмжлэлтэй хандсан. Ялсан намын дарга Ерөнхий сайд болох ёстой гэсэн ард түмний хүсээд байгаа зүйлийг би дамжуулсан юм. Хэн нэгэн хэлэх ёстой зүйлийг нь заавал хэлэхгүй бол өнгөрсөн дөрвөн жил АН-д тохиолдсон тэр толхилцоон МАН-ыг засаглаж байх үед бий болох вий гэдэг утгаар нь хэлсэн. Үүнээс болж ард түмний амьдрал дахин дөрвөн жилээр хойшилж болохгүй. Ялсан намын дарга нь хариуцлагаа үүрээд явдаг энэ зарчим З.Энхболд, М.Энхболд нарын үед алдагдаж байна. Цаашид ийм байдалд битгий хүрээсэй.

-Төрийн их баяр наадам болж таны төрсөн Ховд аймгийн Зэрэг сумаас Бат-Өлзий улсын харцага, Чандманиас Б.Пүрэвсайхан улсын заан цол хүртлээ. Тэгш ой тохиосон наадмаар та сайхан наадсан байлгүй дээ?

-Наадам үнэхээр сайхан боллоо. Монголчууд жилдээ хоёр удаа энерги авдаг гэж боддог. Тэр энергиэрээ амьдардаг гэж ойлгодог. Цагаан сараар хамаатан садан найз нөхөд, ахмадуудтайгаа учран золгож тэр энергиэрээ хаврын хатуу тарчиг цагийг даван туулдаг. Зуны дэлгэр цагт наадмаасаа энерги авч намрын урт өдөр, өвлийн хахир хүйтнийг давдаг тийм л ард түмэн. Би чинь өөрөө “Ховд” бөхийн дэвжээний тэргүүнээр ажилладаг. Энэ албыг би гурван жил залгуулж явна. Нэг жилд нь Б.Пүрэвсайхан харцага болсон. Дараа жил нь Батзаяа маань харцага цол хүртсэн. Энэ жилийн хувьд Ховд нутгаас маань ард түмний цаг ямагт цолоо ахиулахыг хүсэн хүлээдэг Б.Пүрэвсайхан харцага маань улсын заан цолонд хүрлээ. Миний төрсөн нутаг Зэрэг сумаас Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойгоор анх удаа улсын цолтонтой болж Бат-Өлзий маань улсын харцага цолтон боллоо. Захчин түмнийг маань баярлуулж ийм өндөр цолонд хүрсэнд нутгийн дүүдээ баяртай байгаа.

-Энэ жил Ховд аймаг Сүхбаатарын одон хүртсэн. Зэрэг сум Улсын тэргүүний сум боллоо гээд танай нутгийнханд олон баяр давхацлаа?

-Манай нутгийнхан үнэхээр ажилсаг ард түмэн. Ховд аймаг 1973 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан бол 43 жилийн дараа Сүхбаатарын одонгоор шагнууллаа. Төр засаг маань Ховдынхны хийж бүтээснийг өндрөөр үнэлж шагнасан гэж ойлгож байгаа. Ийм ажилсаг ард түмний итгэлийг дааж, тэднийхээ сайн сайхны төлөө зүтгэх хүсэл эрмэлзэл байнга сэтгэлд минь байдаг.

Зэрэг сум маань Улсын тэргүүний сум болсон. Манай сум баруун таван аймгийнхаа сумд дотроос сүүлийн таван жилд үнэхээр хөгжлөөрөө илүү байсан. Сумын маань иргэд үнэхээр сэтгэл өндөр байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Ц.Чимэддорж: “Их Монгол” Шаравжамц аваргын нэрэмжит барилдаанаас сумын заан цол хүртэж байсан

Өнөө жилийн наадмаар Монгол Улсын начин цол хүртсэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Цэндзэсэмийн Чимэддоржтой ярилцлаа.

-Монгол Улсын начин цол хүртсэнд баяр хүргэе. Улсын наадамд хэд дэх жилдээ зодоглож байна вэ?

-Энэ жилийн хүчит бөхийн барилдаан өрсөлдөөн ихтэй, чансаатай боллоо. Нийт 21 аймгийн 300 гаруй сумын бөхчүүд үндэснийхээ баяр наадамд зодоглолоо. Нэгийн даваанд жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Монгол Улсын гавьяат тамирчин С.Мияарагчаа, хоёрын даваанд Дорноговь аймгийн харьяат, аймгийн харцага Ширчинхүү нартай учраа таарч давсан. Гурвын даваанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын өсөх идэр начин Б.Чинзоригийг, дөрвийн даваанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, улсын харцага Ж.Амартүвшинг давсан. Харин тавын даваанд нутгийн ах, “Их Монголын хүчтэнүүд” дэвжээний бөх Б.Сайнбаяр заанд амлуулан барилдаж, начин хэмээх хүндтэй цолыг хүртсэндээ баяртай байна. Энэхүү хүндтэй цолыг хүртэхэд ээж маань магнайгаа тэнийтэл баярласан. Их бэлгэшээлтэй сайхан жил байна. Хөдөлмөрлөсний минь үр дүнд ирсэн энэхүү цол минь надад маш их хариуцлагыг авчирч байна гэж ойлгож байгаа, цаашдаа улам хичээх болно. Аварга болохын төлөө л хичээнэ дээ.

-Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Үндэснийи их баяр наадамд амжилттай оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчдыг хүлээн авч баяр хүргэсэн. “Алдар” спорт хороонд хэдэн онд орж байв?

– “Алдар” спорт хорооны хамт олон их тусалж, дэмждэг. Их баярлаж явдаг юм. Анх 2007 онд Б.Ганбаатар багш маань Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Тогоо генерал дээр “За энэ хүүхэд сайн бөх болно. Улсын цол авна гэдэгт итгэж байна” гээд “Алдар” спорт хороо хэмээх энэ айлд оруулахаар болсон юм. Тогоо генерал их сайхан хүлээж авсан. Тухайн үед намайг зэвсэгт хүчний 120 дугаар ангид хуваарилж байв. Одоо нярвын албыг хашиж байгаа.

-Та Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат. Аймаг, сумын наадамдаа цол авч байсан тухайгаа яриач?

-2003 онд сумынхаа наадамд барилдаж, үзүүрлэн сумын начин болсон. Мөн 2005 онд “Их Монгол” Шаравжамц аваргын нэрэмжит барилдаан болж сумын цолтой бөхчүүд барилдсан юм. Тэр үед 25 барилдсанаас 24 давж сумын заан цол хүртсэн. Харин 2007 онд Дорноговь аймагт барилдаж аймгийн начин цол хүртсэнээс хойш улсын наадамд зодоглож байна. 2011 онд Өвөрхангай аймгийн түүхт 80 жилийн ойд 512 бөхөөс найм даван үзүүрлэж, аймгийн арслан цол хүртсэн дээ.

Би малчин айлын хүүхэд болохоор багын морь, малтай ойр өссөн. Тиймээс бөх барилдахад дөхөм байсан болов уу. 2000 онд “Хилчин” спорт хорооны дарга, Монгол Улсын өсөх идэр начин Д.Дашжамц багш маань хилийн цэргийн 0151 дүгээр ангид намайг цэрэгт татсан юм. Алба хаах хугацаандаа “Хилчин” спорт хороонд бэлтгэл сургуулилтаа хийж, бөх болох гараагаа эхлүүлсэн. Тэр үед л бөх хүн ямар ёс жаягтай, тэсвэр тэвчээртэй байх талаар мэдэж авч байлаа. Цэргээс халагдсаны дараа “Хилчин” спорт хороонд бэлтгэл хийдэг байв. Харин 2002 онд “Их шавь” дээд сургуулийн урилга аван “Чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч” мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд бөхийн спортоор тууштай хичээллэж, өдийг хүртэл явж байна даа. Энэ зэрэгтэй явах эхлэлийг минь тавьсан Монгол Улсын өсөх идэр начин Д.Дашжамц багшдаа их л талархаж явдаг даа.

-Бөх удам дагадаг гэдэг. Танай удамд бөх байдаг уу?

-Манай ээжийн талынхан бөхийн удамтай. Эмээгийн маань төрсөн дүү 1949 онд Монгол Улсын начин цол хүртэж байсан Г.Цэрэнжав гэж хүн байсан. Нагац ах маань аймгийн заан Дэмбэрэл гэж хүн бий. Монголын бүх ард түмний спартакиадад хорин нэг давж байсан хүчтэн. Мөн аймгийнхаа баяр наадамд барилдаж, аймгийн заан цол хүртэж байсан. Аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном бид хоёр үеэлүүд л дээ. Энэ жил улсын наадамд дөрөв даваад Бүрэнтөгс арсланд тахимаа өгсөн. Өвөрхангай аймгийн баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, улсын цолонд тун ойр яваа бөх.

-Багшгүйгээр спортыг төсөөлөхийн аргагүй. Та багш нарынхаа тухай яриач?

-“Их шавь”-ийн дээд сургуульд элсэн орж, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, Монгол Улсын харцага Гунгаагийн Элбэг багшийн шавь болж байлаа. Багш маань дээд сургуулийн босго алхсан үеэс эхлээд өдийг хүртэл бэлтгэл сургуулилт хийлгэн, зааж зөвлөж байна. Мөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат монгол бөхийн домог болсон хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох аварга намайг дасгалжуулдаг байсан. Их аваргаас барилдааныхаа арга барил, алхаа гишгээ, бусад зүйлийг заалгаж, зөвлөгөө авдаг байлаа. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Бандийн Ганбаатар арслан байна. Хамгийн эрхэм хүмүүсийн минь нэг. “Их Монголын хүчтэн” дэвжээний багш дасгалжуулагч хийж байгаа. Нутгийнхаа дэвжээн дээр бэлтгэл хийхэд хийморь сэргээд л ирдэг шүү. Тэр дундаа багштайгаа бэлтгэл хийхэд улам их эрч хүч орох шиг мэдрэгддэг. Цаг хугацаа хурдан өнгөрч байна. Эргээд харахад арваад жил тасралтгүй бэлтгэл сургуулилт хийжээ.

-Таныг бөх хүний хүргэн гэж сонссон. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би эхээс их олуулаа. Би зургаан эгч, гурван ахтай, айлийн хамгийн бага. Анх хөдөөнөөс юу ч мэдэхгүй их сургуульд орох гээд ирж байх үед эгч минь их тусалж дэмжиж байсан. Ах, эгч нар маань бөх болохыг минь их дэмждэг байсан юм. Оюутан байхдаа эгч нартайгаа хамт байсан болохоор гэрээ санах нь бага байсан. Олуулаа байх сайхан. Их сургуулиа төгсөөд гэр бүлтэй болсон. Эхнэр маань Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Монгол Улсын начин Д.Нэмэхбаярын том охин нь юм.

-Та ямар бөхийг хүндэлж, үлгэр жишээ авч явдаг бол. Тэр тухай сонирхох гэсэн юм?

-Нутгийнхаа бөхчүүдийг ихэд дээдэлдэг. Монгол Улсын 19 дэх аварга Д.Сумъяабазар байна. Уран хурц барилдаантай мундаг бөх шүү дээ. Багадаа Сумъяа аварга шиг бөх болохсон гэж боддог байлаа. Миний бие “Алдар” нийгэмлэгт орсондоо маш их баярлаж явдаг юм. Үеийн үед хүчтэнүүд “Алдар”-аас төрсөөр байгаа. Энэ жилийн наадмаар ч олон сайхан хүчтэн, шинэ цолтнууд төрлөө. Цаашид ч энэ буухиа тасрахгүй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөө жил “Алдар” спорт хорооныхон маань 70 жилийн түүхт ойгоо тэмдэглэнэ.

-Энэ жил хур бороо элбэгтэй, зуншлага сайхан болж байна. Нутаг руугаа хамгийн сүүлд хэзээ очсон бэ. Начин цол аваад очихоор мэдээж нутгийн олон баярлана даа?

-Өө тэгэлгүй яахав. Өвөрхангай аймгийн Хужирт сумаас 17 жилийн дараа начин цолыг хүртлээ. 1999 онд Долгорсүрэнгийн Сэржбүдээ Улсын заан, Дашзэвэгийн Эрдэнэбатаар тав давж начин болж байсан. Манай Өвөрхангай аймаг бол бөхийн өлгий нутаг юм. Нутаг усаараа бахархахгүй байхын аргагүй. Хужирт сум хоёр аваргатай, улсын цолтой арваад хүн бий. Олон жил хүсч мөрөөдөж явсан цолоо авчихлаа. Нутгийн зон олон, уул усандаа очихсон гэж яарч байна.

Б.Уранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Л.Пүрэвсүрэн: АСЕМ-ыг амжилттай зохион байгуулснаар олон улс дахь итгэлийг сэргээж өглөө

Өдрийн сонины №163(5428) дугаараас авч нийтлэв.


Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-АСЕМ-ын 11 дэх Дээд түвшний уулзалт Монгол Улсад болж өндөрлөлөө. Гадаад хэргийн яам ачааны хүндийг үүрч оролцсон. Тиймээс АСЕМ-ын талаарх сэтгэгдлийг танаас сонсохыг хүслээ. Гаднын хэвлэлүүд энэ тал дээр анхаарал хандуулж амжилттай зохион байгууллаа гэдгийг онцолж байна. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг дүгнэвэл?

-Юуны өмнө бид АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг яах гэж эх орондоо хүлээж авсан бэ гэдгээс яриагаа эхэлсэн нь зөв болов уу. Өмнө нь эдийн засаг хүнд байхад үүнийг зохион байгуулах хэрэг байгаа юм уу, Монгол Улсад ямар ашигтай юм гэхчилэн шүүмжлэл их явсан. Ямар ч байсан АСЕМ болоод өндөрлөлөө. Монголд хэрэгтэй зүйл болжээ гэдгийг монголчууд бүгд л харлаа. Олон улсын дээд түвшний уулзалтыг өндөр хэмжээнд зохион байгуулж чадлаа гэдгийг биднээс гадна олон улсын төлөөлөгчид хэлж байгаа юм.

Монгол Улс энэ хэмжээний олон улсын хурлыг хүлээн авч зохион байгуулах хүчин чадал, нөөц боломжтой гэдгээ харууллаа. Өөр нэг онцлох зүйл нь нэг дор 10 гаруй орны Төрийн тэргүүн, 20 гаруй Ерөнхий сайд, 20 гаруй орны Гадаад хэргийн сайдаас эхлээд бүгдэд нь Монголынхоо түүхийг харуулж чадна гэдэг нь бидний хувьд том боломж байсан. Орчин үед зөөлөн хүчний бодлого гэдэг юм маш чухал болоод байгаа. Сүүлийн хэд хоногт Монгол Улс өөр түвшинд гарлаа гэж хэлмээр байна. Бид наадмаа зохион байгуулж, монгол гэртээ хурлаа хийлээ шүү дээ. Энэ нь өөрөө үлдэх юм байхгүй юу. Олон жилийн хугацаанд үлдэж буй зүйл нь энэ.

-АСЕМ-ын үеэр Монгол Улсад ашигтай яг ямар асуудлууд шийдэгдэв гэдгийг олон хүн анхаарч байна. Мөн Монгол Улсад яг юу үлдэв, үр дүн юу байсан бэ гэдэг дээр хариулт нэхэх хүн олон байна л даа?

-Барим тавим үр дүн гэвэл АСЕМ-ын уулзалтын үеэр таван айлчлал авсан. Сингапурын Ерөнхий сайдын айлчлалаар нэлээд олон зүйл цаашид хийхээр яригдсан. Ялангуяа хөрөнгө оруулалт, орон сууцны салбарт хамтран ажиллахаар тохирлоо. Дараа нь 90 сая хүн амтай, Номхон далайн чөлөөт худалдааны хэлэлцээрт орчихсон, ЕвроАзийн эдийн засгийн холбоонд чөлөөт худалдааны хэлэлцээртэй болчихсон Вьетнам улсын Ерөнхий сайд айлчилсан. Энэ үеэр ямаа, хонины мах экспортлохоос эхлээд импортоор авах зүйл гэх мэтчилэн улс төрийн хүрээнд яригдсан зүйлс бий. Үүний дараа БНХАУ-ын Ерөнхий сайд айлчилсан. Хэдийгээр манай оронд сонгууль болж төр засаг солигдсон хэдий ч бид олон чухал асуудал дээр ойлголцон зарим зүйл дээр гарын үсэг зурлаа. Орон нутагт хатуу хучилттай авто зам тавих, нисэхийн хурдны замаас эхлэн цаашид эдийн засгийн салбарт хамтарч ажиллахаас эхлээд яригдсан олон ажил бий.

Дөнгөж өнөөдөр (өчигдөр) БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн албан ёсны айлчлал өндөрлөлөө. Монгол Улсын Төрийн тэргүүн хоёрхон сарын өмнө айлчлаад ирсэн байсан. Энэ удаагийн айлчлалаар мэдээллийн технологийн чиглэлд анхаарч ажиллахаар боллоо. Монголын ирээдүй бол уул уурхайгаас гадна орчин үеийн эдийн засаг болох мэдээллийн технологи байх юм. Бид маш том ордтой гээд ашиглаж чадахгүй байхад фэйсбүүк, гүүгл гээд цаасан дээр л хэдэн зуун тэрбум ам.доллараар үнэлэгдэх бизнес болчихлоо. Угтаа энэ чинь л мэдлэгт суурилсан эдийн засаг байхгүй юу. Хүндээ хөрөнгө оруулна гэдэг бол тухайн улсын ирээдүйтэй хамааралтай. Энэ утгаараа БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг үр дүнтэй болсон гэж харж байна. Манайд Мэдээллийн технологийн коллеж байгуулах тал дээр ярьж тохирлоо. Бид хөрөнгө мөнгөний дутагдалтайгаас болоод музейнүүддээ төдийлөн анхаарал тавьж чадахгүй явж ирсэн. Музейн үзмэрүүдээ дэлгэн жуулчдыг татах тал дээр БНСУ-ын тал анхаарч орчин үеийн Байгалийн түүхийн музейг тусламжаар байгуулж өгөхөөр боллоо. Мөн 10 аймагт дулааны цахилгаан станц зээлээр барьж өгнө, дунд сургуулиудад “Ухаалаг боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлж мэдээллийн технологийг хөгжүүлэн хичээлээ заадаг болохоос эхлээд дурдаад байвал олон зүйл дээр тохиролцоонд хүрч чадлаа.

Үүний цаана удаан хугацаандаа үр дүн нь гарах зүйлс маш их үлдэж байна. АСЕМ-ын хурлыг зохион байгуулна гэхэд “Энэ том хурлыг зохион байгуулж чадах уу” гэж маш их асууж байсан.

-Ямар ч байсан нүүр улайхааргүй ард нь гарч чадлаа…

-Өчигдөр би (уржигдар) Улаанбаатарт суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзахад баяр хүргээд “Бид эргэлзэж байсан шүү” гэдгээ хэлж байна лээ. Элчин сайд нар “Монголын эдийн засаг хүнд байна. Сонгууль, наадам нь давхацсан болохоор эд яаж хийх бол оо” гээд бодож байтал “Та нар маш сайн зохион байгууллаа” гэж хэлсэн. Монголчууд бид ямагт өөдрөг байдаг хүмүүс. Тэр утгаараа бид “Хийж чадна” гээд зүтгэсэн. Ард нь гарч чадлаа. Гэтэл нөгөө талд нь бидэнд итгэхгүй хүмүүс байсан байгаа юм. АСЕМ-ыг зохион байгуулж чадсанаараа гаднынхны нүдэн дээр бид итгэлийг нь олж авч чадсан. Энэ том хурлыг сонгууль, наадамтайгаа давхцуулсан ч төрийн машин нь ажилладаг юм гэдгийг харууллаа. Ингэснээр олон улсын ажил хэргийн жуулчлалын үүдийг нээж өгсөн. 2016 оны эхэнд Засгийн газраас ирэх гурван жилд хүлээж авах олон улсын хурал, зөвлөгөөн, урлаг, спортын наадмуудын жагсаалтыг гаргасан байгаа. Одоо бид эх орондоо ийм зүйл хийе гэхэд тэд “Монголчууд хийж чадна” гэсэн итгэлтэй болсон. Манайд аялал жуулчлалын оргил үе нь зургаа, долоо, наймдугаар сар. Гэтэл бусад үед нь зочид буудлууд нь хүнгүй, хүмүүс нь ажилгүй байдаг л даа. Ажил хэргийн аялал жуулчлал гэдэг бол жил тойрон үргэлжилдэг ач холбогдолтой хурал, зөвлөгөөн юм. Үүнийг дагаад эдийн засгийн цусны эргэлт сайжирна. Хамгийн гол нь энэ том хурлыг зохион байгуулна гэдэг чинь улс төрийн хувьд үнэлж барамгүй ач холбогдолтой. Олон улсын түвшинд улс орныхоо нэр хүндээ бататгаж, тусгаар тогтнолоо бэхжүүлнэ гэдэг ямар ч мөнгөөр үнэлэхээргүй зүйл.

-АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад 21 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг дээр алгаа таших хүн байна. Нөгөө хэсэг нь ийм их ажлыг энэ мөнгөнд багтаан хийсэн бол сайн байна ч гэж байна л даа?

-Би 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Гадаад хэргийн сайдын ажлыг хүлээж авсан. Ажлаа хүлээж авснаас хойш яг 14 хоногийн дараа ҮАБЗ-ийн шийдвэр гарч зохион байгуулалтын ажил руугаа орж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөл ажилласан. Үндэсний хороо болон түүний доор зургаан ажлын хэсэг гарч ажилласан юм шүү дээ. Түүн дээр бүх мөнгө төгрөгийн асуудлаа ярьж явсаар 2016 оны төсөвт 21 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Хүмүүс энэ мөнгөн дүнд эргэлзэж тэр замыг юугаар тавив гэхчилэн гайхаж байсан. Улсын төсөвт хийгдэхээр тусгагдсан төсөвт ажлууд хийгдээд явсан. АСЕМ гэдэг нэрийн доор бид хурдан хий гэдэг шахалт үзүүлснээс биш хийгдэх ёстой ажлууд л хийгдсэн. Нийслэл хийх ёстой ажлуудаа сайн хийснээс биш тусгайлан АСЕМ-д зориулан мөнгө гаргасан зүйл байхгүй.

“Чингисийн хүрээ” гээд жуулчны бааз гэхэд өөрсдөө эрсдэлээ дааж зээлээ аваад ажлаа хийсэн. Энэ мэтчилэн хувь, хувьсгал гэлтгүй эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн юм. Долдугаар сарын 31-ний өдөр Гадаад хэргийн яаман дээр байгаа АСЕМ зохион байгуулах ажлын хэсэг татан буугдана. Үүнээс өмнө бүх зүйлээ архивлаад, санхүүгийн тооцоогоо эцэслэн Засгийн газраар оруулж, ҮАБЗ-д танилцуулна. Эдийн засаг хүнд байгаа болохоор бид аль болох бага зардлаар хийхийг зорьсон. Гадаад хэргийн сайдын хувьд, арын албыг залгуулсан хүний хувьд зохион байгуулалтад оролцсон бүх хүнд баярлалаа гэдгээ хэлье. Хэдэн өдөр гэртээ харилгүй зам дээр зогссон цагдаа, хамгаалалтын ажилтан, 1200 ямар ч цалингүй ажилласан сайн дурынхан, бизнесийнхэн гээд бүх хүнд талархал илэрхийлье. Манай Чингис хаан нисэх онгоцны буудалд өмнө нь байгаагүй 40 гаруй орны онгоц буулаа. Шинэ нисэх онгоцны буудал нэгэнт ашиглалтад орж амжихгүй бол “Чингис хаан” нисэх буудалдаа хүлээж авахаас өөр аргагүй болсон. Хуучин нисэх буудлаа бид яаж л тордож болохоор байна тэр бүх ажлыг хийсэн. Тэр бүү хэл гаднын энэ олон онгоцыг хүлээж авах боломжгүй гэж байлаа шүү дээ. Гэтэл тэр бүгдийг багтааж, өдөр шөнөгүй манайхан ажилласан. Бид нэг зүгт харж ажиллаж чадсаны үр дүн гэж бодож байгаа.

-Та УИХ-д нэр дэвшинэ гэж байсан ч АСЕМ-аас болоод нэр дэвшсэнгүй юу?

-Би уг нь УИХ-ын сонгуульд нэр дэвших бодолтой байсан ч АСЕМ-аа аятайхан зохион байгуулчихъя, эхэлсэн ажлынхаа ард гаръя гээд нэр дэвших эрхээсээ татгалзсан. Уг нь Говь-Алтай аймаг руу хандсан багагүй зүйл хийж байсан хүн шүү дээ. Би нэр дэвшээд явсан бол АСЕМ-ын зохион байгуулалтын ажил цалгардах гээд байлаа. Хувиа бодсоноос улсаа бодъё гээд нэрээ татсан. АСЕМ-ын зохион байгуулалтын тал дээр хүн бүр өмнөх ажлаа маш сайн хийснээр бид ард нь гарсан. Олон яамныхан, сэтгүүлчид, сайн дурынхан гээд бүх хүн оролцсон. Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй олон компани хандив өргөсөн. Бизнесийнхэн өөрсдийн бүтээгдэхүүнээсээ эхлээд өөрсдийн боломжит хандивуудаа өгсөн. Ёстой л юу байна, түүгээрээ дайл гэдэг шиг явлаа.

АСЕМ-д зориулж үнэтэй бенз захиаллаа гээд баахан шуугисан даа. Үнэндээ тийм бенз байгаагүй юм. Бид уриалга гаргасны дагуу 20 гаруй хүн өөрийнхөө машиныг жолоочтой нь гаргаж өгснөөр гаднын төлөөлөгчдийн цувааг тэргүүлэн явж байх жишээтэй. Зэвсэгт хүчний дайчдыг дайчлан харуул хамгаалалт, жолоочоор ажиллууллаа. Моннис компани гэхэд 250 авто машин оруулж ирэхэд төр Гаалийн татвараас чөлөөлж өгсний дүнд 10 хоног үнэгүй хэрэглүүлсэн гээд яриад байвал их зүйл бий. Шатахууны компаниуд гэхэд 400 гаруй машины шатахууныг дааж байна. Интернэтийн үйлчилгээний компаниуд гэхэд интернэтээ үнэгүй ашиглуулсан. Хэвлэл мэдээллийнхэндээ зориулж хэвлэл мэдээллийн төв ажиллуулсан. Үүнийг дотоодын сэтгүүлчдээс гадна гаднын сэтгүүлчид өндрөөр үнэлсэн. Зургадугаар сарын 10-ны өдөр зочид буудлын доод талын агуулахыг бидэнд өгөхөд нэг сарын дотор олон компанийн тусламжтайгаар нэгэн зэрэг 500 гаруй сэтгүүлчид үйлчлэх төв болгон тохижуулсан.

-Ардчилсан засаг тэр дундаа Шийдлийн Засгийн газрын үед хийгдсэн ажлууд АСЕМ-ын үеэр илүүтэй тод харагдаж байна. Мөнгөгүй хэрнээ олон ажил хийж, энэ том хурлыг зохион байгуулж чадсан байна гэсэн хүмүүсийн хандлага их байна?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Шийдлийн Засгийн газрын бүхий л ажил үүн рүү чиглэсэн. Э.Бат-Үүл даргын албаныхан гэхэд зүлэгжүүлэлт, тохижилт, Чингисийн хүрээнд болсон наадмын арга хэмжээ гээд маш их ажлыг Улаанбаатар хот хийсэн юм. Үнэхээр Шийдлийн Засгийн газар аливаа ажлуудыг зоригтой шийдээд явъя гэсэндээ хүрсэн. Хүнд сэтгэл байвал мөнгөгүй байсан ч хийдэг юм. Мөнгөгүй гэсэн шалтаг заагаад суусан бол юу ч бүтэхгүй байсан. Энэ хоёр хүн маш сайн ажилласан.

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ирээд Монгол Улсын гадаад өрийг тэглэлээ гэдэг мэдээ яваад байх юм. Өөр ямар асуудлуудыг шийдсэн юм бэ?

-Олон жилийн өмнө авч байсан манай зээлүүд ханшийн зөрүүний улмаас тодорхой хэмжээний төлбөр үлдсэн байдаг юм. 1990 оны эхээр авсан бага хэмжээний зээлийн үлдэгдэл бий. БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын индэр дээрээс “БНХАУ буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудын хугацаа хэтэрсэн зээлийг чөлөөлнө” гээд зарласан юм. Тэр дагуу бид “Манай оронд ийм зээлийн үлдэгдэл байгаа” гээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчлахад хугацаа хэтэрсэн зээлийн асуудлыг амласныхаа дагуу шийдэж өгөөч гэсэн. Энэ хүрээнд данс тооцоо нийлээд чөлөөлж байна. Түүнээс биш дөнгөж сонгууль болоод дууссаны дараа шийдсэн юм биш. Гадаад бодлого дээр нэг чухал зүйл байдаг нь залгамж чанарын асуудал. Үүнд ямар нам байх нь хамаагүй. Гадаад оронд Монгол Улсын Засгийн газар гэсэн байр суурь харагддаг юм. Үүнийг сонгуультай холбон тайлбарлаад байх зүйл байхгүй. Олон сарын турш Сангийн яамныхан болон дипломатуудын хөөцөлдлөгөөний үр дүн гэж ойлгож болно.

-ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй ямар тохироонд хүрсэн бол?

-ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев өмнө нь 2009 онд Ерөнхийлөгч байхдаа Монгол Улсад ирж байсан. Энэ хүн “2009 оноос хойш Монгол Улс хурдацтай хөгжиж чадсан байна” гээд сэтгэл өндөр байгаагаа хэлсэн. Төрийн гурван өндөрлөгтэй уулзсан. Үндсэндээ айлчлалын түвшинд ирсэн гэхэд болно. Саяхан манай Ерөнхийлөгч ОХУ-ын удирдлагатай Ташкентад уулзахад транзит тээврийн асуудлыг шийдье, Төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлье, Эгийн голын усан цахилгаан станцын яриа хэлэлцээрийг үргэлжлүүлье гэж байгаа. Оросын тал Эгийн голын усан цахилгаан станцын ажил дээр хөндлөн хэвтчихээд байгаа юм байхгүй. Байгал нуурт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул хоёр тал судалж үзье, мэдээлэл солилцъё гэж байгаа юм. Аль болох шийдэл, гарц олъё гэдэг дээр хоёр тал ярьж байна.

-АСЕМ-ын уулзалтын үеэр Францад халдлага, Туркт төрийн эргэлт хийх гэсэн оролдлогууд боллоо. Монголчууд ямар нэгэн байдлаар халдлагад өртсөн үү. Энэ бүхэн АСЕМ-д нөлөөлсөн болов уу?

-Бид тэр дор нь мэдээлэл авсан. Ницца хотод болсон халдлагад азаар монгол хүн өртөөгүй. Туркт цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогын үеэр монгол иргэн өртөөгүй гэдэг мэдээлэл ирсэн. Элчин сайдын яаман дээр бүртгэлтэй иргэдийнхээ гар утас руу сэрэмжлүүлэг мессэж явуулсан.

Эдгээр үйл явдлууд АСЕМ-ын үйл ажиллагаанд янз янзаар л нөлөөллөө. Францын Гадаад хэргийн сайд дөнгөж Монголд буугаад байж байтал халдлага болсон тул удалгүй буцсан. АСЕМ-ын хурлын эхний өдөр бүх хүн санаа зовсон байдалтай байсан. Хэдэн цагийн турш их л хүнд байсан шүү. Гаднын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар манайхтай л адил манай хүн өртсөн байх вий гээд санаа зовж байлаа. Уур амьсгалыг зөөллөхийн тулд нэг минут дуугүй зогсоод хурлаа эхэлсэн.

Хоёр дахь өдрийн хурлын өмнө Туркийн асуудал мөн л сэтгэл зовоосон. Өглөө хурал эхлэхийн өмнө гаднын төлөөлөгчид уулзахдаа “Яах вэ” гээд л яриа эхэлж байх жишээтэй. Хурлын үйл ажиллагаан дээр санаа зовоосон асуудлууд гарч байсан ч гэсэн нөгөө талдаа дэлхийн олон нийтийн анхаарал Улаанбаатар руу хандсан. Учир нь тухайн орон бүрийн төрийн удирдлагууд манай оронд байсан болохоор тэд юу гэж хэлэх нь вэ гэдгийг анхааралтай харж байсан. Үүнтэй холбогдуулан дэлхийн лидерүүд маш олон мэдэгдэл хийсэн.

Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Р.ПҮРЭВДАГВА: П.Бүрэнтөгс бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй, шударга л барилдсан шүү дээ

Өдрийн сонины №163(5428) дугаараас авч нийтлэв

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон “Алдар” спорт хорооны тамирчдыг өчигдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзав. “Алдар” спорт хорооноос энэ жилийн баяр наадамд улсын аварга цолтон нэг, арслан цолтон нэг, харцага цолтон хоёр, улсын начин цолтон долоо төрсөн билээ. Үндэсний их баяр наадамд 10 давж түрүүлэн аварга цол хүртсэн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэслэгч Ч.Санжаадамба болон Улсын арслан цол хүртсэн Архангай аймгийн Булган сумын харьяат, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэслэгч Р.Пүрэвдагва нарт Батлан хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг болон хоёр өрөө байр, мөнгө аяга, батламжийг гардуулсан юм. Мөн Улсын харцага цол хүртсэн Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Монгол Улсын мэргэн Д.Норжмаа нарыг “Дайчны алдар-I” медалиар шагнасан бол Улсын начин цол хүртсэн Ц.Чимэддорж, Л.Шинэбаатар, Ц.Нямдорж, Б.Ганзориг, М.Бат-Отгон, Б.Дэлгэрсайхан, Б.Чимэдвандан, Урианхай сурын харваанд тэргүүлсэн Ж.Энхбат нарыг “Эх орны төлөө-I” хүндэт тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.

Тэдэнд шагнал гардуулах үеэр Архангай аймгийн Булган сумын уугуул “Алдар” спорт хороо “Бөхбилэгт” дэвжээний бөх Монгол Улсын шинэ арслан Ренчинбямбын Пүрэвдагватай ярилцлаа.

Тулгар төрийнхөө тэгш ойн баяр наадамд урамтай сайхан барилдаж Монгол Улсын арслан цол хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Олон жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж Үндэсний их баяр наадмаар ес даван үзүүрлэж, Монгол Улсын арслан хэмээх хүндтэй том цолонд хүрсэндээ сэтгэл их өндөр байна.

-Таны хувьд энэ жилийн баяр наадмын онцлог юу байв. Наадмын өмнөх бэлтгэлээ хаана базаасан бэ?

-Тэгш ой тохиосон өнөө жилийн баяр наадмаар 1024 бөх барилдсан нь онцлог байлаа. Мөн аймгуудын наадмыг Үндэсний баяр наадмын дараа хийж байгаа нь улсын наадамд барилдах бөхчүүдийн чансааг өндөр болгосон гэж бодож байна. Өөр нэг зүйл онцолж хэлэхэд Үндэсний их баяр наадмаар түрүүлж, Улсын аварга болсон Ч.Санжаадамба бид хоёр хоёулаа 31 настайдаа түрүү, үзүүр булаалдсан. Харин 31 жилийн өмнө “Алдар” спорт хорооны хоёр бөх мөн адил түрүү, үзүүрт үлдэж байсан түүхтэй юм билээ. Энэ жилийн хувьд бэлтгэл гайгүй байсан. Би 2006 оноос эхлэн Г.Өсөхбаяр аварга тэргүүтэй нутгийнхаа ах нарын хамт “Бөхбилэгт” дэвжээндээ наадмын бэлтгэлд гарч байна. Энэ жил ч мөн нутгийнхаа бөхчүүдийн галд гарч наадмын бэлтгэлээ базаасан.

-Та ихэвчлэн тунаж барилддаг. Ингэхдээ улсын начин Б.Пүрэвсайхантай олонтаа таарсан. Харин одоо хоёулаа өндөр цолонд хүрчихлээ?

-Тунаж барилдах муу зүйл биш. Би харин ч арслан цол авсныгаа тунаж барилдаж байсны арга туршлага юм болов уу гэж бодож байна. Олон удаа учраа таарч барилдсан Б.Пүрэвсайхан маань сайхан барилдаж, улсын заан цолонд хүрсэнд баяртай байгаа. Цаашдаа ч олон таарч тунах байх. Тэр болгонд хичээж барилдах болно.

-Улсын арслан цолны болзол хангаад есөн хөлт цагаан сүлдээ тойрох тэр агшин ямар байсан бэ. Түрүү, үзүүрт үлдэх хүртэл хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Мэдээж хэрэг маш сайхан байсан. Олон жилийн бэлтгэлийн үр шимээ хүртэж одтой сайхан барилдаж, мөрөөдсөн цолондоо хүрнэ гэдэг ямар ч тамирчин хүний сэтгэл огшоосон мартагдашгүй сайхан мөч байдаг. Учраа бөх, даваа болгон чанга байсан ч бодсон мэхээ зоригтой хийж, төлөвлөгөөтэй барилдаж энэ эрхэм цолонд хүрлээ гэж бодож байна. Ер нь улсын наадмын өндөр даваанд сул өрсөлдөгч гэж байдаггүй. Тавын даваанд Ховд аймгийн арслан Н.Батсайханыг даваад начин цолоо гурвантаа батлах сайхан байлаа. Дараа нь зургаагийн даваанд аймгийн арслан Б.Чимэдванданг давж улсын харцага цол авчихаад үнэхээр их баярласан. Наадмын даваа бүр маш хариуцлагатай, хүнд байлаа. Долоогийн даваанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Монгол Улсын гарьд Б.Гончигдамбатай барилдаж баруун талдаа мушгиж долоо даван Монгол Улсын заан цолны болзол хангачихаад өөртөө ч итгэхгүй байсан шүү. Наймын даваанд Улсын арслан П.Бүрэнтөгстэй дахин барилдан давж Монгол Улсын гарьд цолны болзолд хүрчихээд мөн л адил өөрөөрөө бахархаж, баярласан. Тэр үед багш дасгалжуулагч, нутгийн сайхан бөхчүүд “Миний дүү болоогүй шүү, дахиад хоёр ч том даваа байна, сайн хичээгээд барилдаад бай” хэмээн хэлсэн нь маш их урам зориг өгсөн дөө. Ингээд Н.Батсуурь арслангаар ес давж Монгол Улсын арслан цолны болзол хангачихаад есөн хөлт цагаан тугаа тойрох сайхан байлаа.

-Дөрвийн даваанд учраа таарах магадлалтай бөхчүүдээ та судалж байсан биз дээ?

-Би тийм судалгаа огт хийдэггүй. Улсын наадмын хэдийн ч даваанд хэнтэй ч таарч болно шүү дээ. Тэгээд ч торгон ногоон дэвжээнд учраа таарсан л юм хойно хэнтэй ч уран мэхийг уралдуулан барилдъя гэж боддог. Ер нь бол ямар ч үед бэлтгэл сургуулилтаа тогтмол сайн хийгээд шударга барилдвал сайхан.

-Наадамчин олныг суудлаас нь өндөлзүүлж, мөн багагүй маргаан дагуулаад авсан наймын давааны тухайд та юу хэлэх вэ?

-Наймын даваанд улсын арслан П.Бүрэнтөгстэй таарч барилдсан. Бид хоёрын барилдаан нэлээн удаан хугацаанд үргэлжилсэн. Ер нь бол хоёр бөхийн барилдааны шийдвэрийг ерөнхий хөлийн цэц, засуулууд хоорондоо хэлэлцэн монгол бөхийн дүрэм журмын хүрээнд шийдвэрлэсэн гэж бодож байна. Хөлийн цэц, засуулуудаас дахин барилдах шийдвэр гарсан. Ингээд дахин барилдахаар шодож миний талаар бууж, би барьц сонгон давсан. Барилдаан ийм л болсон. Хүн бүр П.Бүрэнтөгс арслантай барилдсан барилдааныг надаас асууж байна. Бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй гэж хэлмээр байна. Бид хоёр үнэн хүчээ үзэж, шударга л барилдсан шүү дээ.

-Зуугаад жилийн дараа сэргээн зохион байгуулсан Их хүрээний даншиг наадам удахгүй болох гэж байна. Таны хувьд өнгөрсөн жилийн даншигт түрүүлж даншгийн арслан болсон. Энэ жил зодоглох уу?

-Тийм ээ. Монголчуудын маань бас нэгэн уламжлалт баяр наадам гэдэг утгаараа маш сайхан болох байх. Даншгийн арслан Үндэсний их баяр наадмын арслан цол гэдгийг зэрэглэх их дургүй. Адилхан наадамд адилхан хүч хөлсөө урсгаж авсан цол шүү дээ. Хоёр том наадмын арслан цол авсандаа ихэд бэлгэшээж байгаа. Энэ жилийн даншиг наадмаар барилдана.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Б.Туул: Сургуулиа төгсч ирээд Ю.Цэдэнбал даргад хромон гутал хийж өгч байлаа

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Туул” сургалтын төвийн багш Б.Туултай ярилцлаа.

-Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсонд баяр хүргэе. Гутлын салбараас урьд нь гавьяат ажилтан төрж байв уу?

-Баярлалаа. Монголд гутлын үйлдвэр байгуулагдаад 83 жил болж байна. Гэвч энэ салбараас урьд нь нэг ч гавьяат төрж байгаагүй. Би анхдагч нь болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч надад гавьяатын тэмдэг зүүж өгөхдөө “Чи нөгөө гутал Туул мөн биз” гэж асуусан. Бодвол Ерөнхийлөгчийн гутлыг миний шавь нарын нэг хийж байхдаа багшийнхаа тухай ярьсан байх.

– “Гутал Туул” гэх нэрийн эзэн болтлоо энэ салбарт 30 гаруй жил зүтгэжээ. Ер нь яагаад гутал хийхийг тэгтлээ их хүсэх болов?

-Би 1961-1971 оны хооронд Улаанбаатар хотын Лаборатори нэгдүгээр дунд сургуулийн математикийн ангийг төгссөн юм. Тухайн үед би сурлага сайтай хүүхэд байсан болохоор гадаадын бүх хуваарь миний өмнө нээлттэй байсан л даа. Би айлын ганц охин учраас ээж эмч болгохыг хүссэн. Харин аав “Манайх мал аж ахуйн орон. Тийм болохоор мал аж ахуйтай холбоотой мэргэжил сонго” гэж зөвлөсөн. Тэгээд Москвагийн хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуулийн “Арьсан эдлэлийн загвар зохион бүтээх инженер” мэргэжлийг сонгосон. Сурч байхдаа гутлын загвар зохион бүтээгч инженерээр мэргэшиж Монголын анхны гутлын инженер болж байлаа. Одоо бодоход аав минь алсын хараатай, их ухаантай хүн байж дээ.

-Төгсөж ирмэгцээ Ю.Цэдэнбал даргын гутлыг хийх хүндхэн даалгавар авч байсан юм билээ. Тэр тухайгаа дурсаач?

-Намайг 1979 онд сургуулиа төгсөөд ирэхэд Төв хороонд миний талаарх мэдээлэл оччихсон байж. Тэгээд би Ю.Цэдэнбал даргын өрөөнд дуудагдаж хөлийнх нь хэмжээг авах боллоо. Гэтэл Ю.Цэдэнбал даргын хөл боомоороо маш өргөн, тагжгар жижигхэн хөлтэй байсан. Ядаж байхад зүүн хөл нь баруунаасаа 20 мм богино байсан тул явалтыг тэгшлэх хэрэгтэй гэсэн даалгавар өгсөн юм. Би бүгдийг ёсчлон биелүүлж 100 хувь арьсан, хар хромон гутал хийж өгч байлаа.

-Гутлын салбарт анх удаа докторын зэрэг хамгаалжээ. Ямар сэдвээр доктор хамгаалсан бэ?

– Миний хувьд Москвад гутлын загвар зохион бүтээгч, профессор Юрий Петрович Зипиний шавь болж хоёр жил тэр хүнээс суралцсан. Үүгээрээ бахархаж явдаг.Тэгээд эрдэм шинжилгээний төвд монгол хүний хөл судлалаар доктор хамгаалж, гутлын үйлдвэрт загвар зохион бүтээгчээр ажиллаж байлаа. Мөн арав гаруй жил дээд сургуульд багшилж, гарын сурах бичгээ гаргасан. Дараа нь европ гутлын мэргэжлийн ажилчин бэлтгэх сургалт тасраад байсныг сэргээж европ гутлын “Туул” мэргэжлийн сургалтын төвөө 2008 онд байгуулсан. Нэг үгээр хэлэхэд гутлаараа амьсгалж, гутлаар амьдарч, нэг насаа гуталд зориулж явна.

-Та монгол хүний хөлийн бүтцийг судалж, монгол хүнд тохирох гутал хийх технологийг нэвтрүүлсэн. Бидэнд ямар гутал хамгийн тохиромжтой вэ?

-Миний багш Ю.П.Зипин бол гутал зохиох үндсэн томьёог боловсруулсан хүн. Итали, чех гутлыг дандаа Зипиний томьёогоор хийдэг. Энэ томьёон дээр би монгол хүний хөлийн онцлогийг тусгаж чадсан. Монгол хүний хөлийн анатоми бүтцийг судалж үзэхэд хятад, япон, европ хүнийхээс өөр байсан. Тухайлбал, боомоороо өргөн, яс том хэрнээ богино байдаг. Үүн дээр үндэслээд их дээд сургуульд зориулан анх удаа монгол хүний хөлийн онцлогт тохирсон европ гутлын зохион бүтээлтийн аргачлалыг нэвтрүүлж, “Гутлын загвар зохион бүтээлт” сурах бичгийг гаргасан. Монголчууд хөлийнхөө онцлогт тааруулж гутал өмсдөггүйгээс эвэршилт, хавтгайралт үүсдэг тал бий. Хүний тавхай амьсгалдаг. Хятадууд хүний эрүүл ахуйд тохирохгүй, янз бүрийн цавуу, хуванцар эдлэл, хиймэл материалаар гутал хийдэг. Энэ нь тавхайн амьсгалах бүх орчинг хаадаг эрсдэлтэй. Үүнээс болж мөөгөнцөр, хөлийн янз бүрийн өвчин үүсдэг юм. Харин малын арьс хүний хөлийн тавхайд хамгийн тохиромжтой. Арьсаар хийсэн гутал л өмсөх хэрэгтэй байгаа юм.

-Таныг хорих 409 дүгээр ангид гутлын үйлдвэр байгуулсан гэж сонссон. Яагаад хорих ангид үйлдвэр байгуулъя гэж бодсон юм бэ?

-Хорих ангид хоригдож байгаа хүмүүс үйлдвэрт ажиллаж, норм биелүүлдэг талаар гадаадын кинон дээрээс бид үздэг. Эндээс надад хорих ангийн хүмүүс яагаад өөрсдийнхөө гутлыг өөрсдөө хийж болдоггүй юм гэсэн бодол төрсөн. Миний санааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр анги дэмжиж, улсаас үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн. Тэгээд би хориос дээш жилийн ялтай 30 хүнд сургалт явуулж, үйлдвэрийн ерөнхий инженерээр баруун гарын шавь О.Тэмүүжингээ томилсон юм. Одоо тэнд өдөрт 150 хос гутал хийдэг.

-Та Урлах эрдмийн дээд сургуулийн гутлын ангийг байгуулж, ШУТИС-ийн гутлын ангид багшилж байсан. Мөн “Туул” сургалтын төвийг байгуулсан …?

-Би их сургуульд багшилж байхдаа юу ажсан гэхээр арван долоо, наймтай охид хөвгүүд гутлын загвар зохион бүтээлтийн ангид орж ирэхдээ төлөвшөөгүй байдаг. Тэд дөрвөн жил сурч төгссөн ч гутлын үйлдвэр байгуулдаггүй. Үүнийг хараад надад нэг бүтээлч санаа төрсөн. Бид үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бодол миний дотор буцалж байсан болохоор “Туул” сургалтын төвөө байгуулсан юм. Би гутлын үйлдвэр байгуулах хүсэлтэй, аль хэдийнэ төлөвшчихсөн 27 настай, 45 настай хүмүүст нь өөрийн мэдэх, чадах бүхнээ зааж өгье гэж бодсон. Манай сургалтын төвд тавдугаар ангийн боловсролтой хүн ч ирээд гутал хийж сураад явсан удаа бий. Намайг зорьж ирсэн хүмүүсээс “чи дээд сургууль төгссөн үү” гэж би асуудаггүй. Харин “чи сонирхож байна уу, гутал хийж чадах уу” гэж л асуудаг. Чадна гэвэл “давай” гэж хэлдэг.

– “Туул” сургалтын төв үйл ажиллагаагаа эхлүүлээд найман жил болжээ. Энэ хугацаанд хичнээн хүнийг ажлын байртай болгов?

– Манай сургалтыг төгссөн хүмүүс гутлын загвар зохион бүтээлт, технологи, эсгүүр, уллагаа гээд цогц мэдлэгийг эзэмшиж, гутлын үйлдвэр байгуулах хэмжээнд хүрч чаддаг. Энэ хугацаанд би 300 шахам гутлын инженер, үйлдвэрийн эзнийг төрүүлжээ. Тэд маань мянгаад хүнийг ажлын байртай болгосон байна. “Best shoes”, “Хос аз”, “Бибс коллекшн” гээд гутлын том үйлдвэрүүдийн эзэд нь дандаа миний шавь нар. Миний итали аргаар зохион бүтээдэг европ стилийн гутлын технологийг сурч, гутлын үйлдвэр байгуулах хүсэлтэй хүмүүс намайг зорьж ирдэг. Миний ажлын үр дүнг нэг үгээр хэлбэл, үйлдвэрлэгчдийг төрүүлээд байгаад оршиж байна. Энэ хөдөлмөрийг минь үнэлж гавьяат ажилтан болгосон болов уу гэж бодож байна.

– Гутлын үйлдвэрүүд түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Хятадаас оруулж ирдэг. Бид Хятад руу дутуу боловсруулсан арьсаа гаргадаг. Урд хөрш буцаагаад манайх руу экспортлохдоо маш үнэтэй зардаг. Үүн дээр л улс анхаармаар санагддаг. Үндэсний үйлдвэрлэлээ дотроо дэмжээд арьсыг бүрэн боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлбэл гуталчдад, жижиг дунд үйлдвэрлэлийнхэнд маш их нөөц боломж байна.

– Та нэгэн ярилцлагадаа “Би улсдаа өртэй хүн” гэж хэлсэн байна лээ. Та “өрөө” төлж дууссан уу?

– Би социализмын үед улсын зардлаар энэ сайхан мэргэжлийг үнэгүй эзэмшиж Монголын анхны гутлын инженер болсон. Энэ ч утгаараа хойч үедээ, өнөөгийн залууст монгол хүний дөрөө даах, монгол хүний хөлийн онцлогт тохирсон гутал хийх аргыг өвлүүлж өгөхийг хүсдэг. Хэрвээ би заахгүй бол гэмт хэрэг хийсэнтэй адил гэж дотор хүн минь надад хэлдэг. Миний шавь нар 21 аймагт үйлдвэр байгуулаад амжилттай ажиллаж байна. Би шавь нарынхаа амжилттай явааг харахдаа өөрийгөө зөв зүйл хийжээ гэж мэддэг. Их сургуульд багшлаад явж байсан бол өнөөдөр эрдэмтэн, профессор болоод л дуусах байсан. Шавь нарынхаа амжилтаас дурдвал, “Best shoes” үйлдвэрийн дарга Эрдэнэ “Мишээл экспо -2010” шилдэг загвар цом, “Baby’s collection”-ий захирал Бямбасүрэн “Мишээл экспо 2008, 2009” оны гутлын уллагааны шилдэг технологи цом, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Хишигбаяр, Алтанхуяг нар 2010, 2011, 2012 он, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Б.Цэцэгээ нар 2013 онд хийсэн гутлаараа аймгийн шилдэг бүтээгдэхүүн, Баянзүрх дүүргээс “Ээл коллекшн”-ий захирал О.Тэмүүжин “Мишээл экспо 2013” үзэсгэлэнгээс “Дэвшилтэт технологи” цомын эзэн болж байсан.

Ингээд бодохоор би улсдаа “өрөө” төлж чадсан юм байна. Төр засаг минь ч миний хөдөлмөрийг үнэлж энэ хүндтэй шагналаар шагнасан байх.

-Гавьяат ажилтан Б.Туулын цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл?

-Монгол хүний хөл судалдаг хүний хувьд, инженер хүний хувьд Тува, Буриад, Өмнөд Монголын Шинжаан, Сайхан талын монголчууд, Туркт амьдарч байгаа монголчууд манайхаас гутал авдаг болчихоосой гэж мөрөөддөг. Шавь нар маань ийм сайн ажиллаж байгаа болохоор энэ цаг удахгүй ирнэ гэдэгт итгэдэг.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Барилгын цэрэгт хагас зуун жил зүтгэсэн гавьяат барилгачин, хурандаа М.Мөнхбатынх

ЗУРААЧ Ц.БАЙДЫГИЙН БАГЫН НАЙЗЧАПАЕВ МӨНХБАТ НЭРТЭЙ БОЛСОН НЬ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байды, Монгол Улсын гавьяат барилгачин, бэлтгэл хурандаа М.Мөнхбат нарын үерхэл тэртээ 1950-иад оноос эхтэй. 1961 оны зургадугаар сарын 14-нд нэрт зураач Ц.Байды, хурандаа М.Мөнхбат нарын сурагч ахуйдаа авахуулсан гэрэл зураг өөрийн эрхгүй хараа булаана. Эл гэрэл зургийнхаа ар дээр “Алтан дэлхийд нэр чинь цуурайтаж

“Алдарт эрдэмтэн” гэдэг цол чинь мандаж

Хожим хойноо сайн хүн болохыг

Хорвоо ертөнцөд ихийг бүтээхийг

Нандин зүрхнээсээ ерөөн бичье

Найз чамайгаа мартахгүй явъя” Ц.Байды, 1961 он. Баруунтуруун гэсэн үг байх юм. Тэртээ 55 жилийн өмнө ийн бичиж үлдээсэн үгтэй энэ гэрэл зураг Барилгын цэргийн бэлтгэл хурандаа, гавьяат барилгачин М.Мөнхбатын хайртай зурагнуудын нэг.

Бид энэ удаагийн “Танайд өнжье” булангаа Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өмнө Төрийн тэргүүнээсээ “Монгол Улсын гавьяат барилгачин” хэмээх Төрийн дээд одон хүртсэн, бэлтгэл хурандаа Манкадайн Мөнхбатынхаас бэлтгэлээ.

Монгол Улсын барилгын салбарт хагас зуун жилийн хөдөлмөрөө зориулсан энэ эрхэм 1942 онд Увс аймгийн Өндөрхангай сумын “Тахилт” гэдэг газар малчин Ц.Манкадай, Ч.Чулуунхүү нарын 10 хүүхдийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Хурандаагийн гэргийг Баавгайн Цэрэндулам гэдэг. Хоёр буурай нас 70 хэвийсэн ч даанч ануухан, хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Дархан хотынхоо иргэдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр жишээ гэр бүл гэдгийг Улаанбаатараас Дархан руу явах замд таксинд хамт суугчид хэлж байсан юм. Дарханыхан М.Мөнхбат хурандааг “017-гийн Мөөеө хурандаа” гэхээр андахгүй юм билээ. Харин армийнхан “эрэмгий дарга” гэж хүндэтгэнэ. Зарчимч, шударга түүнтэй уулзаад загнуулаад ч болов гарах нь үнэ цэнтэй байдаг талаар идэр үеийнхэн нь ярьцгаах. Харин хурандаа М.Мөнхбат гэртээ бол үр хүүхэд, ач, зээ нараа хараад ёстой л нурж унана. Ажил дээрээ хатуу, зарчимч ч гэлээ амьдрал дээрээ тун зөөлөн хүн ажээ. “Танайд өнжье” булангаа бэлтгэхээр Дарханы хуучин авто вокзал дээр ирэхэд хүргэн Н.Пүрэвбат нь тосон авлаа. Тэрээр гэргий М.Оюунгэрэл болон хүүхдүүдтэйгээ Өвөрхангай, Архангай, Булганаар амарч яваад дөнгөж аяны дөрөө суллаад байсан гэнэ. М.Мөнхбат гуайн гэрт яваад ортол гэргий Б.Цэрэндулам нь ач, зээ нарынхаа хамт угтан авлаа. Харин гавьяат маань ойрхон гарсан гээд эзгүй байв. Гэрийн эзэгтэй цай цүй болж байх зуур “Айхтар халуун байх чинь вэ” гэсээр М.Мөнхбат хурандаа саарал малгайгаараа сэвсээр орж ирлээ.

Ийнхүү бидний яриа цайны ширээний ард үргэлжилсэн билээ. М.Мөнхбат хурандаагийн эхэлсэн ажлаа заавал дуусгаж санаа нь амардаг зан чанар ааваас нь өвлөгджээ. Энэ эрхэм АИХ-ын депутатаар сонгогдож ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан түүхтэй. Тэрээр Дархан-Уул аймагт АН-аас Д.Нинжийг нэр дэвшихэд нь ялалт байгуулснаар депутатаар сонгогдож байсан аж. Санал хураалт болдог өдрийн шөнө хоёр цаг өнгөрч байхад гэрийн утас нь хангинаж “Мөнхбат хурандаа та АИХ-ын депутатаар сонгогдлоо” гэдэг мэдээг дуулгаж байжээ. Тухайн үед санал хураалт болж байхад гэр бүлээрээ гэртээ хоол унд хийж идсэн шигээ өнгөрүүлсэн байх юм. Энэ тухайгаа М.Мөнхбат хурандаа “Тухайн үед сонгууль гэдэг чинь одоогийнх шиг сүр дуулиантай явдаггүй байлаа. Нэр дэвшиж байгаа гэдгээ л мэдэж байгаагаас өөр зүйл байсангүй” гэхэд гэргий Б.Цэрэндулам нь “Амралтын өдөр бид хоёр чинь аль болох гэр бүлдээ цаг гаргах гээд сонгууль энэ тэрд нэг их ач холбогдол өгч байгаагүй шүү” хэмээн хэлээд тавагтай ааруул ширээн дээрээ тавилаа. 1990 онд Дарханаас АИХ-ын депутатаар М.Мөнхбат хурандаа, НИТХ-ын дарга асан Д.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир, Амарсанаа нарын найман хүн сонгогджээ. АИХ-аар Дархан, Эрдэнэт, Чойрын асуудал хөндөгдөхөд М.Мөнхбат хурандаа цээжээрээ хамгаалсаар байгаад Дархан хотынхоо статусыг аймгийн зэрэглэлтэйгээр авч үлдсэн нь түүний том гавьяа гэлтэй. Дарханчууд одоо ч түүнд талархаж явдаг юм билээ.

М.Мөнхбат хурандааг уг нь Манкадайн Чапаев гэдэг байж. Баруунтурууны 10 жилээ онц дүнтэй төгссөн тэрээр ЗСБНХУ руу сургуульд явах гэтэл орос нэртэй хүн явуулахгүй гээд нэрээ солих хэрэгтэй болжээ. Түүний 10 жилийн ангийнх нь найз Шура мөн Орос руу сургуульд явахаар хамтдаа бүртгүүлсэн ч бас л орос нэртэй гээд нэрээ өөрчлөх шаардлагатай гэж. Нэг ангийн найзууд хэсэг гайхшран зогсож байтал Шура нь “Би чамд нэр өгье. Одоо чи Мөнхбат шүү” гээд л нэр оноочихож. Тэгэхээр нь зөрүүлээд Шурадаа Очгэрэл гэдэг нэр өгч тэр цагаас хойш энэ нэрээрээ явах болсон тухай ярьсан юм. Нэрээ сольсон ч тэрээр Зөвлөлт холбоот улс руу геодезийн мэргэжлээр сураагүй байна. Учир нь аавынх нь дүү “Монголдоо сур” гэснээр МУИС-ийн математикийн ангид бүртгүүлсэн ч барилга инженерийн ангид орохоор зориг шулуудан 1962-1967 онд суралцан барилгын инженер болжээ. Оюутан ахуйдаа гэргий Б.Цэрэндуламтайгаа танилцан гэр бүл болж анхны охин нь төрсөн байна. Уг нь гэр бүлийн хоёр Баруунтурууны 10 жилд хамт суралцаж байсан ч Б.Цэрэндулам нь долдугаар ангидаа Улаанбаатар руу шилжиж М.Мөнхбат аравдугаар ангиа нутагтаа төгссөн байна. Нэг сургуулийн хоёр хэдий ч бие биенээ таньдаггүй байсан. Харин хотод хамаатныхаараа орж гарч яваад гэргийтэйгээ танилцсан хэмээн хурандаа өгүүлэв. “Бид гурав айлын хажуу өрөө хөлслөн мөн ч олон нүүсэн дээ” хэмээн гэрийн эзэгтэй өгүүлээд залуу цагийн зурагнуудаа үзүүллээ.

ХАТУУ ДАРГА

М.Мөнхбат хурандаа дөнгөж сургуулиа төгсөөд 1967 онд хөдөлмөрийн гараагаа Дархан хотын бүтээн байгуулалтад ажиллахаар шинээр байгуулагдсан Барилгын цэргийн 111 дүгээр ангид хуваарилагдаж байжээ. Үүний дараа Барилгын цэргийн 017, 030, 110 дугаар ангиуд болон Барилгын цэргийн 155 дугаар нэгтгэл, Барилгын цэргийн Ерөнхий газарт ажиллаж байсан юм. Тухайн үед барилгын цэргийн боловсон хүчин хангалттай биш байхад Монгол Улсын төр засгийн бодлогын хүрээнд Д.Бавуу генералын хүчин чармайлтаар 1967 онд Төв хорооны тогтоол гарч МУИС-ийн Барилгын инженерийн ангийг төгссөн 22 залууг бүрэн бүрэлдэхүүнээр нь барилгын цэрэгт ажиллуулахаар болсон тухай хурандаа өгүүлэв.

Дэд хурандаа М.Мөнхбат гэргий Б.Цэрэндулам болон хүүхдүүдийн хамт

Барилгын цэрэг гэдэг бол нэг талаасаа Батлан хамгаалах яаманд харьяалагдан үүрэг гүйцэтгэдэг байсан ч нөгөө талдаа МАХН-ын Төв хорооны Их барилгын хэлтэст харьяалагддаг байсан тул хоёр удирдлагатай явж иржээ. Барилгын цэргийн офицеруудын цол албан тушаалын зэрэглэл хоёр том байгууллагын дунд завсарддаг байсан тухай барилгын цэргийнхэн ярьдаг. Энэ зам М.Мөнхбат хурандааг мөн тойрсонгүй. 1967 онд залуухан дэслэгч болж байсан бол 1983 онд хурандаа цол хүртлээ явсан түүний зам дардан байгаагүй. Барилгын цэрэгт хагас зуун жил зүтгэхдээ Дархан, Эрдэнэт хотуудын бүтээн байгуулалт, Дархан-Сэлэнгийн бүс нутаг, Төв, Дорнод аймгуудын хөдөөгийн барилга байгууламж, улс орны батлан хамгаалах зориулалттай тусгай обьектуудыг М.Мөнхбат хурандаа ангиа удирдан ард нь гарсан байдаг. Хот хоорондын хатуу хучилттай авто замыг хүртэл түүний удирдсан анги, нэгтгэл барьж байсан түүхтэй. Хурандаа М.Мөнхбат Дарханы Мах комбинатын томоохон цогцолбор барилгуудыг бүтээн босгосноор эхэлсэн Дорнод аймагт Мах комбинат, Дорнод, Сүхбаатар аймгийн хил хязгаарын хилийн тусгай хорооны иж бүрэн тосгон, хилийн застав, Дарханы цементийн завод, нэхий эдлэлийн үйлдвэр, силикат тоосго шохойн үйлдвэр, Орхон жимс ногооны САА-н 20 км усжуулалтын систем, жимс, ногоо консервлох комбинат, усны аж ахуйн иж бүрэн байгууламж, “Монгол алт”-ны барилга гээд дурдаад байвал маш их ажлыг зөв чигт нь удирдаж явсан нь энэ хүний бас нэг бахархал. Хүмүүс он солигдох мөчид гэртээ баярлаж байхад М.Мөнхбат хурандаа барьсан барилгаа улсад хүлээлгэн өгөхөөр явж байсан талаар гэргий Б.Цэрэндулам нь өгүүлсэн юм. “Миний хань чинь ид хийж бүтээх насандаа 20 гаруй жил ээлжийн амралт авч үзэлгүй бүтээн байгуулалтын ажилд оролцсон.

АИХ-ын депутатууд. Зүүн гар талаас М.Мөнхбат, С.Амарсанаа, Д.Баттулга

Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр

Томоохон бүтээн байгуулалтын ажил нь урагштай байвал бид болоод л байна гэж боддог байлаа. Манай хүн чинь ямар ч завгүй байсан шөлний хониноос эхлээд бидний хүнсийг бэлдэж өгөөд явдаг байсан. Би чинь зургаан хүүхдээ өсгөхийг хажуугаар ажлаа хийнэ. Эмэгтэйчүүдийн хорооныхоо ажлыг амжуулдаг байлаа” хэмээн М.Мөнхбат хурандааг хөхиүлэн дэмжих нь 50 гаруй жил нэг хүн мэт амьдарч, бүтээж ирсэн гэргийн амнаас л гарах үг мэт. Тэдний гэрт үр хүүхдүүдээс нь аав, ээждээ бэлэглэсэн хатгамалыг ханандаа өлгөжээ. Бидний ийн ярилцах орон сууц бол хоёр дахь гэр нь гэсэн үг. Учир нь тэд өөр байранд амьдардаг ч М.Мөнхбат хурандаагийн ажлын байр хэмээн тодорхойлсон энэ байрандаа байх дуртай гэнэ билээ. Нэг давхарт болохоор хөгшин бид хоёрт орж гарахад амар байдаг юм гэх.

Тухайн үед залуус гурван жил эр цэргийн алба хаадаг байсан цаг. Нэг л мэдэхнээ гурван жил өнгөрч гэр бүлээс нь өөрцгүй ижилдэн дассан залуус нь халагдах тэр мөчид нулимсаа сул асгачихдаг байсан нь хурандаагийн хатуу хэрнээ зөөлөн чанарыг илтгэх мэт. Тэрээр барилгын цэрэгт 50 жил зүтгэхдээ Дорнод, Эрдэнэтэд, Ерөөгийн Бугант гэх мэт газруудад хэдэн жил амьдарсныг эс тооцвол түүний үндсэн харьяалал Дархан-Уул аймаг, Барилгын цэргийн 017 дугаар анги юм. Барилгын цэргийн 017 дугаар анги Дандар баатрын зургадугаар морьт дивизээс салбарлан байгуулагдаж байжээ. Дандар баатрын цустай туг одоо ч 017 дугаар ангид хадгалагддаг хэмээн хурандаа өгүүлэв.

Түүнийг ажил нь уруудсан газар бүрт ажил сайжруулахаар томилдог байсан нь төр засаг ямар их итгэл үзүүлж байсныг илтгэнэ. Хурандааг Барилгын хорооны захирагч, үйлдвэр техникийн хэлтсийн даргаар ажиллахаар явсны дараа 017 дугаар ангийн ажил унасан тул ангидаа очиж ажил сайжруул хэмээн буцааж байсан гэдэг. Хурандаа “Би Дархандаа л байя. Өөр газарт идээшихгүй байна” хэмээн хэлээд Барилгын цэргийн 017 дугаар ангидаа он удаан жил ажиллахдаа 10 гаруй жил нь ангийн захирагчаар ажилласан байх юм.

Зүүн гар талаас М.Мөнхбат, Ц.Байды нар 1961 он Баруунтуруун сум.

Түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүс нь “хатуу дарга” хэмээн түүнийг тодорхойлжээ. Зарим нь бүр ажлаас халагдах өргөдлөө бариад ирдэг байсан тухай ахмадууд хуучилдаг юм билээ. Гэсэн ч М.Мөнхбат хурандаа нэг ч хүнийг ажлаас халж үзээгүй бөгөөд “Ажлаа хийж сурсан цагт чинь ажлаас чөлөөлнө” гээд тас гүрийчихдэг байж. Ажлаасаа гарна гэж явсан олон хүн ажлаа хийж сураад чөлөөлөгдөнө гэж бодсоор яваад амжилтад хүрсэн цөөнгүй түүх М.Мөнхбат хурандаад хамааралтай. Армийнхан түүнийг Барилгын цэргийн 1960, 1970-аад оны ажил хэрэгч тэнгэрлэг хурандаа нарын залгамж, нэрийг нь өндөрт өргөж яваа цэргийн хүн хэмээн хүндэтгэдэг тухай өмнө нь дуулж байсан минь нэн тодхон байна.

М.Мөнхбат хурандаа ширээнийхээ арын тавиур дээрээс 1962 онд онц дүнтэй төгссөн гэрчилгээгээ гарган ирж үзүүлэв. Хурандаа Их сургууль төгссөнөөс хойш гээд бүхий л зүйлсээ нандигнан хадгалдаг юм билээ. М.Мөнхбат хурандаагийн шагналуудыг үзэж байхад Хөдөлмөрийн баатраас бусдыг нь энгэртээ зүүжээ. Дархан хотын “Хүндэт иргэн”-ээс эхлээд ойн медалиуд бүгд байх юм. Дарханы хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан хүмүүст олгодог “Найрамдлын Дархан” медалийг бүр гурван удаа хүртсэн байх жишээтэй.

ӨНӨР БҮЛИЙНХЭН

М.Мөнхбат хурандаа аав, ээжээс 10-уулаа юм байна. Бүгд мэнд тунгалаг, элэг бүтэн амьдарч байгаа хэмээн хурандаа өгүүлсэн юм. Намайг 1993 онд тэтгэвэрт гарсны дараа ар араасаа манайхан тэтгэвэрт сууцгаасан даа хэмээн инээмсэглэн өгүүлнэ. Харин гэрийн эзэгтэй Б.Цэрэндулам аав, ээжээс 11-үүлээ гэлээ. Харин одоо ах дүү 10-уулаа байгаа гэдгийг тодотгож байлаа. Ингээд үзэхээр аль ч талаасаа өнөр бүлийнхэн аж. М.Мөнхбат хурандаа, Б.Цэрэндулам нар 52 жил ханилахдаа зургаан хүүхэд төрүүлжээ. Том охин Оюун нь Дархан-Уул аймгийн Соёмбо даатгалыг хариуцахын зэрэгцээ Даланбулаг трейд компанийн захирлаар ажилладаг байна. Удаахь хүү Батбаатар нь хувиараа бизнес эрхэлдэг аж. Манай гурав дахь хүү чинь хойно сургууль соёл төгссөн мундаг боловсролтой байсан юм. Харамсалтай нь хүүгээ бурхны оронд илгээсэн дээ хэмээн гэрийн эзэгтэй гунигтай өгүүлсэн юм. Биднийг очиход нөхөр Н.Пүрэвбатынхаа хамт угтан авсан Оюунгэрэл дээрээсээ дөрөв дэх нь юм билээ. Уг нь Дархандаа Скайтел, Юнителийн салбарыг хариуцаж байсан ч өдгөө Улаанбаатар хотноо мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг гэлээ. Оюунгэрэлийн дүүг Батболд гэдэг бөгөөд Даланбулаг трейд компанийнхаа үйлдвэрлэл эрхэлсэн менежерээр ажиллаж байгаа бол бага хүү Батзориг нь Дарханы Юнителийн салбарыг хариуцан ажилладаг аж. Батзоригийг уг нь Турк руу сургуульд явуулсан ч нэг жил болоод ирэхэд нь аав, ээж хоёр нь “Турчихсан байна. Ядарчихсан байна” гээд буцаад сургуульд нь явуулалгүй Монголд нь авч үлджээ.

Биднийг ийн ярилцаж байтал Батболд орж ирэн мэнд мэдээд охиноо аван гэр рүүгээ явлаа. Баяр ёслолын үеэр ач, зээ нараас эхлээд М.Мөнхбат хурандаа, Б.Цэрэндулам нарын дүү нар нь гэрт нь ирж ёстой л хөлд дарагддаг гэнэ билээ. Харин хүү Батзориг нь эхнэр хүүхдүүдийнхээ хамт ирж том өрөөнд хүүхдүүдээ тоглуулахаар орсон юм. М.Мөнхбатынх гэдэг гэр бүл 10 гаруй ач зээтэй болсон юм байна. Долдугаар сарын долооны орой 21 цаг өнгөрч байхад М.Мөнхбат хурандаа руу Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасджээ. Гэргий, хүүхдүүд нь Улаанбаатар явчихсан ганцаараа байсан гэнэ. “Та Монгол Улсын гавьяат барилгачин боллоо. Маргааш өглөө 11 цагт Төрийн ордонд бэлэн байна шүү” гэжээ. М.Мөнхбат гуай хамгийн түрүүнд эхнэр рүүгээ утас цохин “Гавьяат болж байгаа гэнэ. Маргааш өглөө 11 цагт бэлэн бай гэнэ. Одоо яах вэ” гэхэд нь Б.Цэрэндулам “Цэргийнхээ хувцсыг аваад вагонд суугаад ир” гэхээр нь цэргийн хувцсаа цүнхэлж аваад вагонд арай гэж амжин суугаад нийслэл рүү явжээ.

Б.Цэрэндулам гуай Улаанбаатарт эгчийндээ байхдаа энэ мэдээг дуулаад “Эгч ээ, цонхоо онгойлгоорой. Амьсгал давчдаад байна” хэмээн баярын сэтгэлээ уудалсан талаар ярьсан юм. “Би чинь ханийгаа гавьяат болно гэж аль эрт боддог байсан юм. Заримдаа нөхрийнхөө хийж бүтээсэн ажлыг санахаар яагаад энэ шагнал ирдэггүй юм болоо гээд ганцаараа сууж байхдаа бодон хааяа нулимс дуслуулдаг байсан. Энэ бол шагналд дуртайдаа тэгсэн юм биш. Яалт ч үгүй хийсэн ажлыг нь би мэддэг болохоор тэр ажлаа үнэлүүлээсэй л гэж боддог байлаа” гэхэд хурандаа “Энэ жил манайх шагналын хуртай байгаа. Хөгшин маань энэ жил Алтангадас одон хүртсэн” гээд ханиараа бахархан суусан юм.

Гэрийн эзэгтэйг “Та зургаан хүүхэд өсгөхөд хэцүү байв уу” гэхэд “Ёстой амархан ш дээ. Ажил, гэр гэсэн маршрутаар 10 гаруй жил явсан. Том охин сургуульд ороод тусад орсон байсан. Сэтгэл гаргаад явахад хэцүү зүйл байдаггүй юм аа. Ямар сайндаа манай байрныхан “Энэ орцонд зургаан хүүхэдтэй нэг нөхөргүй хүүхэн байна. Шөнө гэртээ ирээд үүрээр ажилдаа явдаг нэг цэргийн дарга бас байна” хэмээн ярьдаг байсан тухай сүүлд нь манайхан хэлж байсан. Цэргийн хүн цаг яс барихгүй бол болохгүй. Энд тэнд очиж ажил хийгээд орой машинаар гэртээ ирсээр байтал манай хүн шөнө дөл болгодог байсан. Өглөө эрт ажилдаа явдаг болохоор байрныхан маань тэгж хардаг байж л дээ” хэмээн инээмсэглэсэн юм.

Охин Оюунгэрэл нь “Ээжийг эмнэлэгт хэвтлээ гэхэд аав шөл хийж, бин хайраад зогсож байдаг юм. Манай хоёр чинь 70 гарсан ч гэсэн хөдөө байдаг хэдэн мал дээрээ очиж сүү, цагаан идээгээ өөрсдөө бэлдээд ирчихдэг. Хөнгөн шингэн хүмүүс байгаа юм. Заримдаа ч энэ хоёрыгоо хараад ичих шиг болдог шүү” гэхэд нөхөр Н.Пүрэвбат нь “Би ч бин хайраад, шөл хийчихнэ ээ бас” гээд инээмсэглэн суулаа.

Бурхантын хөндийн бүтээн байгуулалтаас эхлээд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан хоёр буурайн гэрээс бэлтгэсэн сурвалжлагаа ийн өндөрлөе.

Categories
мэдээ цаг-үе

Жүжигчин Б.Цэрэнпагмын охин А.Сарангэрэл: Ээж чинь тус болж байсан гээд олон хүн надад ханддаг

“Хүн чулууны
нулимс” киноны галзуу Цэвэл, “Бага тайз”-ын саальчин Хонгорзул, “Мандухай цэцэн
хатан” киноны Шихэр хатан гэх мэт дүрээр олноо танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин
Б.Цэрэнпагма өнөө ч үзэгчдийн сэтгэл зүрхэнд шингэж үлджээ. Б.Цэрэнпагмын охин А.Сарангэрэлтэй
ярилцлаа. Тэрбээр өдгөө “Хувийн компанид ажиллаж байгаа” гэнэ. Бизнесийн удирдлага,
эдийн засагч мэргэжилтэй юм байна. Б.Цэрэнпагма гурван хүүхэдтэй ажээ.

-Таны бага
нас театр, кинотой ойрхон өнгөрсөн байх?

-Драмын театрт
ээжтэйгээ цуг очдог байлаа. Ээжийн өрөөнд тухайн үеийн сайхан жүжигчид суудаг байсан.
Тэдний хувцсыг зөөж өгдөг байлаа.

-Урлагийн
хүмүүс хүүхдүүддээ цаг бага гаргадаг гэдэг. Танай ээжийн хувьд ямар байв?

-Манай ээж
мэдээж цаг наргүй ажилладаг байсан л даа. Гэхдээ хүүхдүүддээ маш их цаг зав гаргадаг
хүн байсан шүү. Тухайн үед даваа гаригт хагас амраад, мягмар гаригт бүтэн амардаг
байсан санагдана. Өглөө драм дээр очиж бэлтгэл хийгээд, гэртээ ирж байж байгаад
орой тоглолтдоо явдаг. Манай ээжийн ээж байсан. Эмээ маань биднийг хардаг. Бид нэлээд
хожуу цэцэрлэгт явсан даа.

-Ээжийгээ
жүжиг, кинонд тоглож байх үед харж байсан уу?

-Драмын театрт
сургуулилт хийж байхад зрительд суугаад харж л байсан. “Газрын үнэр”-ийн зураг авалтын
үеэр бид цуг явж байсан. Аав, ээжийн дүү, бид нар амралт маягаар очиж байлаа. “Газрын
үнэр” кинонд ээж мотоцикль унаад давхидаг хэсэг бий. Ээж тэгэхэд мотоцикль унаж
сурсан.

-“Хүн чулууны
нулимс” гарахад дунд сургуульд байлаа. Кино театрт анх үзэхэд онцгой сэтгэгдэл төрж
билээ. Хорхой иддэг хэсэг дээр нь их л айж байсан?

-Тэр чинь
Өвөрхангайн Элсэн тасархайд авсан зураг. Аягүй их хар хорхойтой сонин газар байсан
юм. Бид ээжийг эргэх гэж очоод хар хорхойноос нь айж давхисан. Ээж өөрөө хар хорхой
идсэн гэж ярьдаг. Уг нь баримлын шавар энэ тэрээр хар хорхойг нь бэлтгээд тавьчихсан
байсан гэсэн. Өглөө оймсоо өмсөхөд юм овойгоод байдаг. Хорхойтой оймс өмсчихөөд
орилоод бөөн юм болоход ээж хорхойг нь суга татаад авч байсан юм.

-Галзуу хүн
шиг дүр төрхтэй явж байгааг нь харахад хэцүү байсан уу?

-“Хүн чулууны
нулимс”-ыг сүүлд л үздэг болсон. Урьд нь айгаад, эвгүйцээд үзэж чаддаггүй байлаа.
Ээж тэр дүрд тоглох гэж их судалгаа хийсэн гэдэг. Галзуугийн эмнэлгээр баахан явсан
гэдэг шүү. “Судалгаа сайн хийдэг” гэж нөхөд нь хэлдэг юм. Батсүмбэрийн асрамжийн
газарт байдаг хүний дүрд тоглох гээд асрамжийн газраар бас баахан явж билээ.

-Ээж тань
спортын зэрэгтэй байсан гэсэн үү?

-Манай ээж
спортлог хүн байсан. Сурагч байхдаа спортын бүх төрлөөр хичээллэж байсан гэдэг.
Гар бөмбөг мундаг тоглодог. Тэшүүрээр сайн гулгадаг байжээ. Ууланд явж цанаар гулгадаг.
Цанын спортын мастер байсан. Өвөө маань ээжийг урлагийн хүн болгох дургүй. Химийн
багш болгоно гэдэг байсан юм билээ. Аравдугаар ангийн хүүхдүүдээс урлагийн ангид
шалгаруулж авч байхад Л.Ванган гуай “Энэ охин урлагийн мэдрэмжтэй юм байна” гэж
хэлээд ээжийг авсан гэдэг. Ээж маань дуулна, бүжиглэнэ, юм юманд авьяастай байлаа.

-Аав тань
ямар хүн байв?

-Манай аав
сайхан дуулж, бүжиглэдэг, хөгжим сайхан тоглодог хүн байсан. Ах ээжтэй цуг хөдөө
явж, тоглолтын дараа хөгжим дараад, бүжиг явуулдаг байсан. Урлагийн хүмүүс хүүхдэдээ
цаг зав гаргадаггүй л гэж ярьдаг. Би бол ээжийгээ маш их цаг гаргадаг байсан гэж
боддог. Орой ирээд хичээл давтуулна. Муухай бичсэн бол эхнээс нь хуулах хэрэгтэй
болно. Шөнөжингөө хуулуулаад суулгачихдаг. “Дэвтэр дээр балласан цохолсон юм байх
ёсгүй” гэж ээж шаардана. Өглөө гарахдаа ээж гал тогоондоо мөнгө үлдээгээд ийм юм
авах ёстой гээд жагсаагаад биччихдэг. Хүүхдүүдээ багаас нь мөнгөтэй харьцаж сургасан.

-Зааснаас
нь өөр юм авчих удаа байсан уу?

-Ёстой тийм
юм байхгүй. Юмаар дутаж өсөөгүй болохоор өөр юм авъя гэж боддоггүй байлаа. Алим
чихэр жимс ховор үе. Ээж дэлгүүрийн дарга таньдаг, танил тал ихтэй байсан шиг байгаа
юм. Хайрцгаар нь авчраад тавьчихдаг. Ээж өглөө гэрт юу хэрэгтэй байгааг бичдэг.
10 кг гурил, таван кг төмс гэх мэтээр авах юмнуудаа бичээд мөнгө тавьчихдаг. Ах
бид хоёр түүгээр нь хэлснийг нь авдаг. Ээж, аав хоёр олсон бүх юм аа л хүүхдүүдийнхээ
ходоодонд хийчихдэг байсан юм болов уу. Амттай шимтэй юм, хувцас хунар бүгдийг эдлүүлж
өсгөсөн.

-Ээж тань
ямар нэг юмыг онцолж захидаг байсан уу?

-“Хүнд тусалж
яваарай” гэж хэлдэг байсан нь санаанд үлджээ. Өөрөө их тусархуу хүн байлаа. “Булгийн
ус ундарч, хүний буян барагддаг гэнэ лээ” гэж ээж нэг удаа хэлж байсан. Тэр үг нь
яагаад ч юм санаанаас гардаггүй юм. Ээж уучлаарай гэдэг үгэнд дургүй. “Битгий чи
уучлаарай гэж бай. Уучлаарай гэж хэлэхгүйн төлөө амьдрах ёстой. Буруу юм хийчихээд
худлаа уучлаарай гэсэн үг хэлэх хэрэггүй” гэж билээ.

-Хүүхдүүдээ
урлагийн хүн болгох гэж хичээдэг байв уу?

-Урлагийн
хүн битгий болоорой л гэсэн дээ. Жүжигчин болно гээд би нэг хэсэг өвчиллөө. Хүүхэлдэйн
театрт шалгалт өгч дагалдан жүжигчнээр орж байсан хүн шүү дээ. Ээжид баригдаад багшийн
сургуульд орж байлаа.

-Тэр сонголтдоо
харамсдаг уу?

-Манай ээж
зөв сонголт хийсэн. “Чамд жүжигчний авьяас байхгүй шүү, Сараа” гэдэг байсан. Одоо
бодоод байхад зөв л юм билээ.

Манай дүүгийн
зургаан настай хүү бий. Тэрийг урлагийн хүн болчих байх гэж хардаг. Тэр ер нь болчихоор
шинжтэй хүүхэд шүү.

-Б.Цэрэнпагма
гэдэг жүжигчний бүтээсэн дүрүүдийг хүмүүс харах дуртай. Үр хүүхдүүдийнх нь хувьд
дурсгалыг нь мөнхлөх ямар нэг юм хийсэн болов уу?

-Бид “Монгол”
телевизтэй хамтраад “Тэр” гээд ээжийн тухай хөрөг нэвтрүүлэг хийсэн. Ээжийнхээ
65 насны ойд зориулаад бид нэг дуу хийлгэсэн юм. Тэр нэвтрүүлгээр анх цацсан. Б.Лхагвасүрэн
гуай үгийг нь бичиж, А.Энхтайван гуай ая хийж, А. Долгор гуай дуулсан. “Ижий сүүтэй
хайр” гэж сайхан дуу болсон.

-Бид бол
бүтээсэн дүрүүдээр нь л мэднэ. Амьдрал дээр харин ямархуу ааш зантай хүн байв?

-Маш дөлгөөхөн.
Үр хүүхдэдээ хамаг байдгаа зориулчихдаг тийм л хүн байсан. Ээж цаг наргүй ажилтай
учраас амрах өдрөө хүүхдүүдийнхээ хоолыг долоо хоногоор бэлтгэж тавьдаг. Бууз, хуушуур
есөн шидийн юмаа хийгээд чимхээд хөлдөөчихдөг. Мантуу хийсэн ч жигнээд хөлдөөчихдөг.
Арвын хувингаар дүүрэн төмс шараад хөлдөөчихдөг. Хоолны мах хүртэл хэрчээд, уутанд
боогоод тавьчихна. Хоол унд сайхан хийдэг. Их нямбай. Бид өнгө алдсан хувцас өмсч
байгаагүй. “За, баян айлын бандгар Сараагаар юу байна” гэж найзууд маань шоолдог
байлаа. Манай сургуулийн хүүхдүүд одоо ч ярьдаг юм. “Танайд очиж ээжийг чинь харах
гээд чамаас их гуйдаг байж билээ” гэж. Манайд очихоор ээж бууз шарж өгдөг. Одоо
бодоход цаг зав багатай л байж дээ. Түргэн болдог хоол их бэлтгэдэг. Их л ажилтай,
анхиатай хүн байлаа. Юм ховор үед цамц, хувцас их нэхнэ. Манай ангийнхан “Ямар гоё
юм бэ” гэдэг. Ээжийнхээ оёсон хувцсаар их гайхуулдаг байлаа.

-Энэ хүний
хувьд дуусаагүй ажил, биелээгүй мөрөөдөл байсан уу?

-Ээж тэгэх
юмсан, ингэчих юмсан гэж ярьдаггүй байсан. Сүүлийн үед харвасныхаа дараа “Биеэ гайгүй
болохоор нэг тайлан тоглолт хийнэ” л гэдэг байсан. Бие нь тааруу байсан болохоор
тайлан тоглолтоо хийж амжаагүй. Ээж бид хоёр Австрид явж байхдаа театрт нь орж үзсэн
юм. “Ямар гоё юм бэ. Ийм тайзан дээр тогловол мөн сайхан аа” гэсэн. Сүүлдээ хошин
шогийн тоглолт үздэг болсон. Манай хүүд “Эмээдээ нэг сайхан шинэ хошин шог аваад
ирээрэй” гэдэг. Шинэ тоглолт үзчихээд инээж суудаг. Манай залуучууд өсч байна, мундаг
болжээ гэж суудаг сан.

-Ээжийн тань
найзууд гэж олон хүн байдаг уу?

-Хүнд тусархуу
болохоор ч тэр үү, найз нөхөд ихтэй. Өөд болсных нь дараа ч “Ээж чинь тус болж байсан”
гэж олон хүн надад хандсан. “Аягүй их даараад явж байхад гутлаа тайлж өгөөд, өөрөө
пүүз өмсөөд явж байсан” гээд нэг эгч ирж байсан. Нэг жирэмсэн эмэгтэй унаа хүлээгээд
хүйтэнд зогсч байсан юм билээ. Нимгэн хувцас хунартай явжээ. Ээж 69-тэй явж байгаад
дэргэд нь ирж зогсчээ. “Хаа хүрэх гэж байгаа юм бэ” гэж асуусан ч зам нийлэхгүй
болохоор нь “Өө чи яасан нимгэн хувцастай явж байгаа юм бэ, эгчийнхээ гутлыг ав”
гээд гутлаа тайлж өгөөд, өөрөө пүүз өмсөөд гадуур нь дэгтий углаад явчихсан гэдэг.
Тэр хүн ээжтэй уулзах юмсан гэж их бодсон гэдэг. “Уулзаж амжсангүй, баярлаж талархсанаа
тухайн үедээ олигтой ч хэлж чадаагүй” гээд надад өвлийн идэш авчирч өгч байсан.
Тийм тохиолдол олон. Би ээжийгээ олонтой хүн байжээ гэж боддог. Одоо ч холбоотой
байдаг хүмүүс бий. Ээж маань хүний сайн талыг олж хардаг. Бусдын амжилтаар их бахархдаг.
“Тэр ёстой алаад хаячихсан, ёстой мундаг” гэж ярьдаг байж билээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ариунаа: Шүдний өвчтэй эхээс төрсөн хүүхдийн шүд хоёр нас хүрээгүй байхдаа өвчилж эхэлдэг

Хүүхдийн шүдний өвчлөлийн талаар “Ариун дэлбээ” шүдний эмнэлгийн шүдний их эмч Б.Ариунаатай ярилцлаа.

-Сүүлийн үед хүүхдийн шүдний өвчлөл их байна. Ямар, ямар шалтгаанаас болоод эрүүл шүдтэй хүүхэд ховордоод байна бэ?

-Хүүхдийн шүдний өвчлөл яах аргагүй тулгамдсан асуудал болоод байна. Хоёр гурван дунд сургуульд үзлэг, оношилгоо хийхэд наймаас 12 насны хүүхдийн 80 гаруй хувийнх нь шүд өвчилсөн байна. 5-6 настай хүүхдийн 94 хувь нь шүд цоорох өвчтэй байна. Шүдний өвчлөл бусад бүх эрхтэн системийг өвчлүүлдэг учраас энэ хэрээр хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд зургаан сар тутам хүүхдийнхээ шүдийг эмчид үзүүлж байх ёстой юм. Улсын эмнэлэг ачааллаа даадаггүй, дугаар дараалал ихтэй зэргээс болоод эцэг эхчүүд тэр бүр хүүхдийнхээ шүдийг үзүүлээд, эмчлүүлээд явж чадахгүй байна. Тэгэхээр энэ асуудлыг мөн хувийн эмнэлгүүдэд даатгах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, улсаас бодлогоор хувийн эмнэлгүүдийг нийгмийн даатгалд хамруулаад, иргэд улсын эмнэлэгт үзүүлж байгаа юм шиг хямд нөхцөлөөр хүүхдийнхээ шүдийг эмчлүүлдэг болгох хэрэгтэй. Энэ мэт арга хэмжээ авахгүй бол хүүхдийн шүдний өвчлөлөөс үүдсэн бие эрхтний өвчлөл их байна.

-Шүдний өвчин эрхтэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Шүдний өвчлөлөөс болоод хамгийн түрүүнд залгиур хоолой өвдөнө. Мөн ходоод, гэдэс элэг цөс гээд хоол боловсруулалтын бүх эрхтэн системийг хямраадаг. Цаашлаад зүрх судасны өөрчлөлт үүсгэж, олон төрлийн өвчин үүсгэнэ. Шүд эрүүл байвал бие эрүүл байх боломжтой. Эсрэгээрээ шүд цооролттой, өвчилсөн бол эрүүл байна гэхэд хэцүү. Тиймээс үндэсний уламжлалт хоол хүнсийг өдөр тутам хэрэглэж, сүү цагаан идээнээс кальци, амин дэм авах хэрэгтэй. Үүнээс гадна амны хөндийн ариун цэврийг маш сайн сахих шаардлагатай байна. Дээрээс нь хүн бүр өөр, өөрийн гэсэн аягатай байх зэрэг наад захын зүйлийг хэвшил болгочих хэрэгтэй. Шүд нь дутуу ургалттай, цооролттой хүүхдүүд эрүүл хүүхдээс жин дутуу байх, тайван бус, өвчнийхөө улмаас зовиуртай байдаг. Мөн шүд нь өвчилсөн ахмад настай хүмүүсийн ой санамж алдагдах, ажлын бүтээмж нь буурах зэрэг сөрөг үр дагавар гардаг.

-Ямар, ямар шалтгааны улмаас хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдэх болов?

-Нэгдүгээрт, буруу хооллолт, чихэр, ундаа, чипс, гурилан боов, жигнэмэг зэрэг бүтээгдэхүүн их хэрэглэж байна. Мөн эцэг эхчүүд, хүүхдийнхээ амыг зайлж, угаалгаж хэвшүүлэхгүй юм. Хоёр цаг тутам шүдээ цэвэр усаар зайлж байх хэрэгтэй. Талх, гурилан бүтээгдэхүүн идчихээд, шүдээ цэвэрлэхгүй унтаж болохгүй. Гурилан бүтээгдэхүүн, жигнэмэг зэрэг нь хүүхдийн шүдний завсар, пааланд наалдаж, шүд цоорох, өвчлөх шалтгаан болдог. Тэгэхээр юм идсэнийхээ дараа шүдээ тогтмол цэвэрлээд сурчих хэрэгтэй байгаа юм. Хоёрдугаарт, кальцийн дутагдал. Мөн агаар салхи, наранд хангалттай гарахгүй, битүү байр сууцанд голдуу байснаас болоод D витамины дутагдалд орсноос хүүхдийн шүд цоорч, өвчилж байна.

-Тэгэхээр D витамин, кальци зэргийг хэрхэн яаж нөхөх вэ?

-Хүүхэд амин дэмийн дутагдалд ороход өсөлт зогсох зэрэг олон сөрөг үр дагавар гарна. Гэхдээ D витамин уулгаж байна гээд ихдүүлж болохгүй. Ихдүүлэх нь эрүүл мэндэд эргээд муугаар нөлөөлдөг хор уршигтай болохоор заавал эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Аль ч насны хүүхдийг өглөө, оройны агаарт сайн гаргаж байх хэрэгтэй. Малын гаралтай эрүүл органик сүү, сүүн бүтээгдэхүүн хүүхдүүддээ тогтмол хэрэглүүл. Үүнээс гадна эмчийн заавраар бусад амин дэм, витаминуудыг хэрэглэж болно. Хамгийн гол нь хүүхдийнхээ шүдийг мэргэжлийн эмчид тогтмол үзүүлж, цооролт, өвчлөл эхэлж байх үед нь эмнэлэгт хандаж, эмчлүүлбэл дахин өвчлөхгүй, цоорохгүй болох боломжтой. Бага насны хүүхдийн шүдэнд байнгын ургалт явагдаж байдаг болохоор шүдийг аль болох авахуулахаас татгалзаж, эрт үзүүлэх шаардлагатай байдаг юм.

-Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг унахыг хүлээгээд эмчлүүлдэггүй?

-Эцэг эхчүүд сүүн шүдийг нь унаад, байнгын шүдийг нь ургахаар хамгаална гэж ойлгоод байдаг. Тийм биш. Хэдэн ч настай байсан аль болох эрт эмчид хандаж, үзүүлж эмчлүүлэх ёстой. Мөн сүүн шүд унах ёстой хугацаанаасаа өмнө унаж, шүдэнд өөрчлөлт, хөдөлгөөн орсон тохиолдолд байнгын шүд ургахдаа шаймий, орсгой ургах аюултай. Үүнээс үүдэж хүүхдийн шүдний гажиг мөн ихэсч байна. Гэхдээ сүүлийн үед шүдний эмчилгээ, оношилгоо, технологиуд өндөр хөгжсөн байгаа. Дэлхийн жишгийг дагаад, манай улсын эмнэлгүүд ч мөн хамгийн сүүлийн үеийн технологиор эмчилж байна. Мөн шүдний гажиг засах эмчилгээ зэргийг албан ёсны зөвшөөрөлтэй, мэргэжлийн мэргэшсэн эмчээр хийлгэх хэрэгтэй.

-Хөхнөөсөө гараагүй хүүхдийн шүд хүртэл өвчлөх тохиолдол нэлээд гарч байна. Эхийн сүүнээс, эхийн өвчлөл зэргээс шалтгаална гэж байх уу?

-Эхийн сүүнээс болоод өвчлөөд байгаа юм биш. Эхчүүд төрөхөөсөө, жирэмслэхээсээ өмнө шүдээ эмчлүүлж байж жирэмслэх, хүүхэд төрүүлэх хэрэгтэй. Ээж нь шүдний өвчтэй байсан бол хүүхдийнх нь шүд хоёр ой хүрээгүй байхад шахуу өвчилдөг. Тэгэхээр хүүхэд тээж байгаа эхчүүд шүдний өвчлөл, цооролттой байж болохгүй. Мөн чихэртэй ус, ундаа, чихэрлэг сүү зэргээр угжихад шүд өвчлөх магадлал өндөр.

-Ямар төрлийн оо, сойз хэрэглэх нь зүйтэй вэ. Хүүхдийн оо ихэвчлэн жимсний амттай байдаг. Энэ нь шүдийг хангалттай цэвэрлэж чаддаг уу?

-Сүү, цагаан идээ түлхүү хэрэглэж, эмчээс тогтмол зөвлөгөө авч бай. Хүүхдийнхээ амны хөндийг сайтар цэвэрлэж, насны онцлогт нь тохирсон, оо сойз хэрэглэх хэрэгтэй. Бага насны хүүхдэд тохирсон амттай, зориулалтын оо хэрэглэж болно. Мөн шүдээ зөв угаах нь маш чухал. Зургаан нас хүртэл хүүхдийн гарын булчингийн хөгжил сул байдаг учраас эцэг эхчүүд хүүхдэдээ тусалж, шүдийг нь угаалгаж байх хэрэгтэй.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн цахим худалдааг атгасан “Алибаба”-гийн эзэн Монголд ирнэ

Дэлхийд хамгийн ашиг орлоготой цахим худалдаа бол alibaba.com. Үүсгэн байгуулагч нь Хятадын хамгийн баян эрхэм, цэнхэр гаригийн тэрбумтнууд дунд дээгүүрт жагсдаг Жек Ма. “Алибаба” өдөр бүр 100 мянган худалдан авагчтай харилцаж арилжаа наймаанд нь зуучилдаг юм. 30 мянган ажилтантай, зөвхөн урд хөршид гэхэд л шууд болон шууд бусаар 14 сая ажлын байр бий болгосон гэсэн аварга тоо дуулддаг. Өчнөөн мөнгөтэй ч тансаг хэрэглээнд дургүй, дэлхийн дулаарлын эсрэг тэмцдэг ухаалаг тэрбумтнуудын нэг Жек Ма Монголд энэ сарын 25-нд ирэх гэж байна. Дэлхийн тэрбумтан “Хаан жимс” амралтын газар тухлахаар болжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ “ДЭЭРЭМДЭВ”

“Алибаба” онлайн худалдааны сүлжээ хамгийн том мөнгөн дүнтэй IPO хийсэн гэдгээрээ дэлхийн түүхэнд үлдэнэ. Жек Ма компанийнхаа хувьцааг Нью-Иоркийн Хөрөнгийн бирж дээр анх гаргахдаа 21 тэрбум ам.доллар олно гэж тооцож байсан ч 25 тэрбумыг босгож чадсан юм. Дэлхийн хөрөнгийн захын түүхэнд “Алибаба”-гаас өмнө АНУ-ын Женерал Моторс, Хятадын ICBC банк 20 тэрбум хүртэл ам.долларын хувьцааг арилжаалж байсан түүхтэй. Хувьцааны анхны үнэлгээ 68 ам.доллар байсан ч арилжааны өдөр 94 ам.доллар хүрч, Хятадын бизнесмэний компани гол өрсөлдөгчөөсөө гурав дахин их хөрөнгөтэй болсон нь ердөө хоёрхон жилийн өмнөх явдал. Гол өрсөлдөгч нь мэдээж Америкийн ebay.com. Тэр үед хэвлэлд шуугиж байсанчлан дэлхийн хөрөнгийн зах зээлийг “дээрэмдсэн” өдрөө “Алибаба” группийн хөрөнгө 231.4 тэрбум ам.долларт хүрч байв. Хятадын интернэт худалдааны групп дэлхийн тэргүүлэх хорин компанийн тоонд багтсан нь ийм түүхтэй. “Алибаба”-гийн эзний нийт хөрөнгө нь 25 тэрбум ам.доллар. “Форбс” өнгөрсөн онд энэ тоог зарлаж байв.

Жек Магийн төрсөн газар нь Хятадын Ханчжоу хэмээх жижигхэн хот. Өөрөөсөө том хүүхдүүдтэй гар зөрүүлэхдээ айхыг мэддэггүй хүүг хөршүүд нь яршигтай чалчаа, тэрслүү гэж шүүмжилдэг байжээ. Муу сурдаг, тэрслүү жаалд нэг гайхмаар тал байж. Тэр англи хэл сурах гэж ёстой л дурлан тэмүүлдэг байсан гэдэг. Хүү зочид буудлын гадаа жуулчдыг хүлээж байгаад англиар яриа өднө. Сүүлдээ бүр найз болох хэмжээнд яриа хөөрөө өрнүүлдэг болж. Жек гэдэг нэр нь ч эндээс эхтэй. Жуулчдын өгсөн энэ нэрээр тэр дэлхийд аль хэдийнэ танил болчихсон нэгэн. Ханчжоугийн ядуу хүү Ма Юнь-ий Жек Ма болсон түүхийг сонирхуулъя.

ЖЕК МА ГЭЖ ХЭН БЭ?

Дунд сургуульд байхдаа тийм ч толгой сайтай байгаагүй Жекийн дээд сургуульд орох зам дардан байгаагүй гэдэг. Бээжингийн их сургуульд элсэхээр математикийн шалгалт өгөхөд ганцхан оноо авч байсан түүх намтарт нь бий. Дараа жил нь дахин элсэх гэж оролдоод бүтэлгүйтсэн залуу Багшийн сургуульд элсэж англи хэлний багшийн мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөөд ажилд орох гэж өчнөөн оролдсон ч бүтэлгүйтсээр байж. KFC-гийн сүлжээнд 24 залуу ажилд орохоор бүртгүүлэхэд ганцаараа тэнцээгүй, цагдаагийн албанд ажилд орохоор очиход бие бялдрыг нь голоод буцаасан гэж ирээд яривал өчнөөн бүтэлгүйтэл Жек Магийн өнгөрсөн амьдралд бий. Хэдэн жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө 30 ажил олгогчоос татгалзсан хариу авч явснаа дурссан удаатай. Дараа нь англи хэл зааж эхэлж. Дуртай ажлаасаа олдог мөнгө нь хэтэрхий бага, сард 12-хон ам.долларын цалин авч байсан учраас 1992 онд найзуудтайгаа хамт орчуулгын товчоо ажиллуулж эхэлжээ. Бас л бүтэлтэй юм болсонгүй. Ингээд наймаа хийх шийдвэр гаргажээ. Энэ удаа харин бүтэлтэй, чамлахааргүй мөнгө олсон гэдэг. Түүний намтар үүнээс хойш Америкт интернэт кафе ажиллуулсан, интернэт кафедаа орчуулга хийсэн, нутагтаа буцаж ирээд Хятадын шар хуудсууд нэртэй сурталчилгаанаас санхүүждэг лавлах сайт нээсэн гэх мэтээр үргэлжилжээ. Харин 1998 онд Yahoo-гийн үндэслэгчийн нэг Жерри Янгтай танилцсан нь дэлхийг хэрсэн бизнесийнх нь амжилттай эхлэл болж. Yahoo Алибабагийн хувьцаа эзэмшигч болсон байна. Жилийн дараа тэр найзуудтайгаа нийлж alibaba.com-оо нээжээ. Сайт нь 60 мянган ам.доллараар бүтсэн гэдэг.

Аlibaba.com-д Gold­man Sachs банк таван сая ам.долларын хөрөнгө оруулсан бол Японы Soft­bank хувьцааных нь 32 хувийг 20 сая ам.доллараар худалдан авч байлаа. Жек Магийн сайт гурван жилийн дараагаас ашгаа өгч эхэлжээ. Сонирхуулж хэлэхэд, тэр санамсаргүй тохиолдлоор цахим худалдааны чиглэлээр ажиллахаар шийдсэн гэдэг. 1995 онд АНУ-д анх очиж л дээ. Сиэтл хотод жижигхэн оффистой танилтайгаа уулзах үеэрээ интернэт гэдэг зүйлтэй танилцсанаа дурссан байдаг. Интернэт гэж юу болох талаар танилаасаа асуухад “Зүгээр л хүссэнээ эрж хай” гэжээ. Түүний хамгийн анх хайлт хийсэн үг нь “шар айраг”. Орон орны шар айрагны зураг янз бүрээрээ гарч ирсэн ч Хятадынх гарч ирээгүйд ихэд гайхаад өөр зүйлсийг хайж гарчээ. Мөн л Хятадын гэх зүйлс олдсонгүй. Интернэт гэдэг том зах зээлд Хятадын өрсөлдөгч байхгүй гэдгийг олж харсан залуу ямар ч эргэлзээгүйгээр санаагаа ажил болгохоор зориг шулууджээ.

Шантрахыг мэддэггүй Жек Магийн бизнесийн бас нэг үндэс нь Хятадын хамгийн том жижиглэнгийн худалдааны онлайн сайт taobao.com. “Yahoo” 2005 онд энэ сайтын хувьцааны 44 хувийг нэг тэрбум ам.доллараар худалдан авч байв. Өнгөрсөн жилд гэхэд л taobao.com хамгийн олон хэрэглэгч хандсан арван цахим хуудсанд багтсан юм. “Алибаба” группийн зөвхөн Хятадад онлайн худалдаа хийдэг энэ сайтаар 760 сая бараа худалдаалагдсан гэсэн тоо бий. Европ, АНУ-ын хувцасны брэнд компаниуд Хятадын зах зээлд бараагаа худалддаг, Хятадын хувцас үйлдвэрлэгчид бараагаа гадаад зах зээлд борлуулдаг aliexpress.com ч түүнийх. “Алибаба” групп Хятадын онлайн худалдааны 80 хувийг гүйцэтгэдэг аж. Сайтуудаар нь 300 сая хүн үйлчлүүлдэг гэсэн аварга тоо байна.

ТАНСАГЛАХ ДУРГҮЙ, БАЙГАЛЬД ХАЙРТАЙ ТЭРБУМТАН

Жек Ма тансаглах дургүй тэрбумтнуудын нэг. Кунфугийн тухай зохиол бичих дуртай. Номонд нугасгүй, покероос татгалздаггүй. Бясалгал хийж, тай-чигаар хичээллэхэд заавал цаг гаргадаг. Хэвлэлийнхний мэдэж авсан тэрбумтны дуртай зүйлсийг жагсаавал нэг иймэрхүү. Тэр хэт үнэтэй хэрэглээнээс татгалздаг ч гурван жилийн өмнө хувийн онгоц авахдаа 49.7 сая ам.доллар зарцуулж байж. Түүнийг мэдэх хүмүүс “Тэрбумтны их зангүй” гэж үнэлдэг.

Азийн Жек Ма Америкийн Билл Гейтс, Элон Маск шиг байгальд хайртай тэрбумтан. Хятадын тэрбумтнууд дэлхийн экологид тулгараад байгаа асуудалд мөнгө зарцуулдаггүй гэсэн шүүмжлэлийг эвдэж чадсан нэгэн. 27 мянган акр газрыг байгалийн нөөцөд шилжүүлэн хамгаалах ажлыг эхлүүлээд байгааг нь хэвлэлийнхэн сайны жишээ болгон мэдээлдэг. Өнгөрсөн жил Хятадын хамгийн их ашиг орлоготой ажилласан уран бүтээлчдийг багтаасан “Hurun Art List 2015” гэсэн жагсаалт гарсан юм. Энэ жагсаалтад нэлээд дээгүүр давхисан уран бүтээлчдийн нэг нь “Алибаба”-гийн эзэн. Зураач Жэн Фанчитай хамтран бүтээсэн “Paradise” нэртэй зургийг нь Хятадын нэгэн бизнес эрхлэгч 5.4 сая доллараар худалдаж авсан нь түүнийг энэ жагсаалтад багтаажээ. Жек Ма олны анхаарлыг дэлхийн дулааралд хандуулах зорилгоор бүтээсэн бүтээлээсээ олсон мөнгөө байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг Paradise Interna­tional Foundation байгууллагад шилжүүлсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

Бид ялав

Богино өгүүллэгийн нэрт мастер Жагдалын Лхагвын “Бид ялав” бүтээлийг толилуулж байна.

Өвгөн Дэндэв сүүлийн арваад жил бараан зах орсонгүй. Өнөөдөр л чавганцаа үглээд байхлаар тогооны угаалтуур, нунтаг саван авахаар явлаа. Зах их өөр болжээ. Гуравхан буудал газар хэр нь автобусанд далан төгрөг авах юм. Хашаанд ороход л арван төгрөг, чавганцын нь өгсөн мөнгөний тал нь тэгсхийгээд л алга болно. Хүн ч чихээстэй, тээр жилийн их зуднаас уруудсан олон адуун ортоомын бярууг завсраа хавчуулан өргөж явсаар говьд аваачиж хаясан гэдэг шиг Дэндэв ч хөлтэй хөлгүй явсаар захын төвд орчихов. Тэнд үгүй юм гэж алга, өвгөн гадаадад очсон юм шиг л үүнийг ч өлийж, түүнийг ч бөхийж харсаар их хашааг нэгэнтээ тойров. Гэтэл эрэг боолт, зэвтэй зэвгүй хадаас, хаалганы замган түгжээ сэлтийн дунд хэдэн энгэрийн тэмдэг, тэр дотор нь “Бид ялав” медаль харагдах нь хар захын бор лангуун дээр дэндүү гялгардсан зүйл байлаа. Өвгөн хоёр дайнд оролцсон, “Бид ялав” медаль нь орон нутагт төөрсөөр өөрт нь очоогүй, харин сэлэмт морьтон бүхий “Халх гол” тэмдгээ ямагт зүүж явдаг нэгэн билээ. Дайны гавьяаг худалдаж болох юм гэж санаанд нь багтаагүй өвгөн цааш нэлээд явснаа тэр сайхан медаль элдэв муу хүний гарт оруужин гэхдээ мөнге хүрвэл өөрөө худалдаад авчихъя гэж бодоод нөгөө лангууг хайсаар эргэн ирэв.

-Энэ тэмдэг ямар үнэтэй юм бэ? гэж өвгөнийг асуухад лангууны ард суугаа дэрчгэр хөх залуу хяламхийн харснаа дуугарсангүй. Өвгөн өөрт байгаа 800 төгрөгийг бэлнээр гарган харуулж

-Алив наад тэмдгийг чинь би авъя

-Төгрөгөөр өгөхгүй ээ!

-Тэгээд юугаар өгөх юм бэ?

Ийнхүү ойлголцож ядаж байтал элдэв зургийн аппарат, дуу хураагч сэлтийг өвч биедээ ёлкны мод шиг санжигануулсан гадаадын бололтой хүмүүс чанга чанга дуугаран явснаа мөнөөх тэмдгийг харж хоорондоо шулганалдан хэсэг зогсов. Тэгснээ цагаан толгойтой өвгөн нөгөө тэмдгийг зааж юм хэллээ. Үнийг нь асууж байгаа бололтой. Дэндэв ч тэднийг япончууд байна гэж танилаа. Дэрчгэр хөх цаасан дээр бэлэн зурсан юм харуулсан нь 10-ын тоо, ард нь зуузай тамганы дундуур босоо хоёр чагт хийсэн юм шиг зураг байлаа. Буурал япон ч түрийвчээ гаргаж 10 доллар өгөөд нөгөө тэмдгийг авч хөдлөв.

Дунд зэргийн насны нэгэн япон нөгөөх тэмдгийг энгэртээ зүүгээд чанга инээсэн нь Дэндэвийн дайнд олсон шархыг сэдрээж орхих шиг боллоо. Дэндэв “Уг нь бид ялсан юмсан” хэмээн үглэсээр олны урсгалд хавчуулагдан захын хашааны үүдэнд ирсэн байлаа. Түүнд нунтаг саван, тогооны угаалтуур авах хүсэл нэгэнт алга болжээ. Автобусанд далан төгрөгөө хураалгаад буцаж явахдаа “Цагаан тугтай давшаад ирэхэд нь бид ялсан нь үнэн, ногоон мөнгөтэй явж ирээд тэд ялах гэж үү?” хэмээн бодож хэнд уурлаад байгаа нь мэдэгдэхгүй замын турш хилэгнэсээр явлаа.