Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэболд: Буддын сургаал Харвардын манлайллын хөтөлбөрийн язгуур болж яваа

Сүхбаатарын Эрдэнэболд эрх зүйч мэргэжилтэй, МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Индианагийн их сургуулийн хуулийн сургуулийг дүүргэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байв. “Эзэнт гүрний туульс” номын зохиогч. Тэрбээр саяхан Харвардын их сургуулийн Кенедигийн нэрэмжит сургуулийн Төрийн удирдлагын магистрын хөтөлбөрт нэг жил суралцаад ирсэн юм. Түүнтэй ярилцлаа.

-Наадмын өмнөхөн та эерэг сэтгэлгээний тухай Японы бага сургуулийн сурагчдад сургалт хийсэн. Монгол залуус бусад улс орнуудад эерэг сэтгэлгээ түгээсэн нь сонирхолтой санагдлаа?

-Маш олон зүйлээс улс орны хөгжил шалтгаалдаг ч хамгийн чухал нь улс орон сэтгэлгээний хувьд нэгдмэл, үнэт зүйл язгуур чанартай байх гэж ойлгосон. Жишээлбэл, 2010 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испани түрүүлсэн. Гэтэл ДНБ нь 2,5 хувиар өссөн байна. Яагаад гэхээр “Бид дэлхийн аварга болчихлоо” гэсэн баяр бахдал нь хүмүүст урам зориг өгч л дээ. Урамтай хүн ажлаа ч сайн хийдэг, бүтээмж нь ч сайжирдаг юм байна. Сая АСЕМ болохоос өмнө янз бүрээр хэлж байсан ч яг хурлын дараа дийлэнх нь эерэг сэтгэгдэлтэй үлдсэн. Хамгийн гол нь хууль дүрэм, ямар нэг эдийн засгийн онолоор асуудлыг шийдэх гэхээсээ хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт чухал юм байна л даа. Шүлсээ гудамжинд хаях, тамхи татахыг хориглосон хууль гарсан ч хүмүүс чин сэтгэлээсээ хүлээж авахгүй бол хэрэгжихгүй. Улс орнууд эерэг сэтгэлгээний хандлагыг төлөвшүүлэх хичээл хүүхдүүдэд багаас нь заадаг юм билээ. Үндэсний бахархал мэдрэмжийг тээсэн иргэн болгож хүмүүжүүлэхэд багаас нь анхаарч байна л даа. JCI Монгол байгууллагын залуус бид энэ төслийг хэрэгжүүлж байгаа. “Эерэг сэтгэлгээний давалгаа” төслийг хоёр жилийн өмнөөс эхэлсэн юм. Ноднин арав гаруй аймагт очиж хүүхдүүдтэй уулзаж, сургалт хийсэн. Улаанбаатар хотын олон сургуульд зочиллоо. Зөвхөн сурагчдад төдийгүй насанд хүрэгчдэд, байгууллагуудын урилгаар очиж энэ тухай ярьсан. Манай төслийн залуус Өвөрмонгол, Хятадын хэд хэдэн муж, монголчууд амьдардаг хотуудад ажилласан л даа. Саяхан Солонгос явлаа. Би Японд очиж сургалт хийж бас давхар судалсан юм. Японд бага ангийн багшийн цалин дунд, ахлах ангийн багшийнхаас өндөр байдаг. Яагаад гэвэл бага ангийн багш япон хүнийг бэлтгэж байна гэж үздэг юм билээ. Япон хүнийг хэрхэн бэлтгэж байгааг судалсан. АНУ-д сурч байхдаа ч дунд сургуульд лекц унших завшаандаа ямар үзэл санааны тулгуурыг багаас нь заадгийг сонирхдог байв. Бид энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэнгээ туршлага хуримтлуулж, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулахыг санал болгох юм. Эерэг сэтгэлгээг түгээхэд 100-гаад залуус идэвхтэй оролцдог.

-Эцэг эхчүүд хүүхдээ эерэг хандлагатай, өөдрөг хүн болоосой гэж хүсдэг. Ийм байхын тулд анхаарах ёстой зүйлүүд юу вэ?

-Судалгааныхаа шатанд яваа учраас нарийн зөвлөгөө өгч чадахгүй. Сүүлийн хоёр жил энэ чиглэлээр цалин мөнгөгүй ажилласан олон залуус бий. Эерэг Энхбаатар гэж нэрлэгдсэн залуу хүртэл байдаг. Би гурван хүүхдийн аав. Надад юу ажиглагдсан гэхээр хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсох хэрэгтэй юм байна лээ. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ амьд харилцаатай байх нь чухал. Хүүхэд нь уйлахаар утсаа бариулаад аргалчихдаг. Үүний оронд аль болохоор хүүхдэдээ үлгэр тууль уншиж өгч, багаас нь ярилцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болоход туслах хэрэгтэй юм билээ. Би бол хүүхдэдээ “Нууц товчоо”-г цээжлүүлдэг. Эргэн тойронд гадаад үг хэллэг маш их байна. Телевиз, цахим ертөнцөд ч бид гадаад үг хэллэг, контентыг хязгаарлаж чаддаггүй. Жишээлбэл, Хятадад зарим хүүхэлдэйн кинонуудыг хориглож, өөрсдийнхөө хүүхэлдэйн киног гаргадаг. Соёлтой орнуудад хүүхдэдээ юу үзүүлэх, үзүүлэхгүйгээ шийдчихсэн. Манайхан бол мэдээллийн замбараагүй урсгалтай. Аль болох тэр орон зайг нь амьд харилцаанд шилжүүлэхийг хичээдэг. Ном уншиж өгөөд “Чи эндээс юу ойлгож байна вэ” гээд ярилцдаг. Энэ л хүүхэд багаасаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зөв хандлагатай хүн болоход нөлөөлөх юм шиг санагдаж байна.

-Саяхан Харвардад суралцаад ирсэн гэсэн. Нүүр номдоо бичсэн нэг өгүүлбэр чинь таалагдсан л даа. “Харвардад заасан хамгийн том сургаал бол хүнээрээ байх тухай” гэсэн байна лээ?

-Янз бүрийн хичээлүүд орж байлаа. Гол тулах цэг нь юу гэхээр зөв хүнийг бэлтгэх ёстой л гэж үздэг юм билээ. Хамгийн сонирхолтой нь Буддизмын гүн ухаан баруунд ялангуяа Харвардын манлайллын онолоос ханхалж байв. Жишээлбэл “Энэ ертөнцийн хамгийн хол аялал юу вэ” гэсэн асуулт байгаа юм. Тархинаас зүрх хүртэл зай бол хамгийн хол аялал гэнэ. Энэ бол Буддын сургаал. Гэвч Харвардын Манлайллын хөтөлбөрийн язгуур болж яваа. Харвард гэхээр л барууны суртал заагаад, америкжуулаад байдаггүй. Тухайн хүний оролцоотойгоор өөрийг нь нээх хичээлүүдийг л их ордог. Хамгийн энгийн жишээ гэхэд л “Таны сул тал юу вэ”, “Та ямар алдаа гаргаж байв”, “Танд ямар бэрхшээл тохиолдож байсан бэ, үүнээсээ та ямар сургамж авсан юм бэ”. Гол философи нь маш даруу, хүнлэг бай гэдэг. Хүнлэг байх нь ямар нэг албан тушаал, эд хөрөнгөөс үнэтэй. Түүхэнд үлддэг өв бол хүн чанар. Хүн чанартай хүн бол хүссэн хүсээгүй манлайлаад явчихдаг. Хүн чанаргүйгээр эд хөрөнгө, нэр төр, алдар хүндийн төлөө явсан хүн үнэнд гүйцэгдэж унадаг. Гол философи нь ийм.

-Өөрөө хог түүдэг хоёр хүнтэй эрээлж цээрлэлгүйгээр тэврэлдээд зургаа авахуулсан байхыг харсан. Тэдний духан дээрх гүн үрчлээ таны бүтээлийн санаа болсон гэсэн үү?

-Би “Эзэнт гүрний туульс” гэж ном гаргасан юм. Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн үг байдаг. “Гэнэн хэрсүү нийлж дүүрэн болдог, гэрэл харанхуй нийлж бүтэн болдог” гээд. Хүн төгс байхыг хүлээвэл хэзээ ч тийм байж чадахгүй. Алдаа оноотой ч өөрийнхөө зөв гэж үзсэн алхмыг хийх ёстой. Нэг их ухаантай юм бодсон ч ямар нэг үйлдэл хийхгүй бол хоосон мөрөөдөл болно. Эсвэл огт бодохгүйгээр цээжээ дэлдээд гүйвэл бас хоосон болчихдог. Аль болох бусдыг сонсч, зоригтой алхам хийх хэрэгтэй шиг байгаа юм. Зориг гэдэг харьцангуй ойлголт. Бусад хүн юу хэлэх бол гэж хүлээх нэг өөр. Аливаа юмыг урагшлуулах гэж зүтгэх бас өөр. Ажил хийсэн хүн зэмлүүлэх нь олон. Би “Тэнэг хүний зориг нь их” гэдэг л алхам хийсэн юм. Монголд түүхэн туульсын өв багатай. Харин баатарлаг туульсын өв ихтэй. Зарим судлаач 700, зарим нь 1200 баатарлаг туульс бий гэдэг. “Жангар”, “Гэсэр” гээд л та мэднэ дээ. Киргиз гэх орнуудад түүхэн туульс олонтой. “Манас” гэдэг ч юм уу. Надад ямар бодол төрсөн гэхээр Монголын түүхийг маш олон янзаар гуйвуулдаг нь олон шалтгаантай. Нэгд, бид өөрсдөө түүхийг гуйвуулах үндсийг тавилцсан. XIII зуунд бид маш олон хотыг эзлэх явцдаа одоогийнхоор бол пи ар буюу тухайн үеийнхээ мэдээллийн технологийг ашиглаж байжээ. 1220 онд Монголын эмэгтэй элчин төлөөлөгч тухайн үеийн Солонгост очоод 1000 авдар цаас авсан байгаа юм. Тэр цаасаа Ойрхи Дорнодод болж байсан дайны үед ашиглаж, бичгийн соёлтой ард түмний давуу талыг сул тал болгож “Монголчууд бол ийм ийм хүчтэй ард түмэн. Та нар зүгээр л бууж өг” гэх мэтээр ухуулах хуудсуудыг сонгуулийн сурталчилгааны материал шиг л маш олон хотуудаар тараажээ. Тэр нь монголчуудаас айх айдсыг бий болгож, хохирол багатайгаар олон хотуудыг эзэлж байсан. Том гүрэн байхын тулд айлгах пи арыг явуулчихаад дараа дараагийн үедээ тэр пи араа залруулалгүй алдчихгүй юу. XVI- XVII зууны үеэс баруунд шинжлэх ухаан, технологи хөгжихдөө хүчний нэр томьёог монголойд гэдэг ч юм уу монголчууд бол аймшигтай харгис хүмүүс гэх төсөөлөл хүн төрөлхтний тархинд буучихсан.

XX зуун гарсан ч мэдээлэл хаалттай, түүх соёлын хувьд хязгаарлагдмал нөхцөлд бид байсан. XXI зуун тулж ирэхэд өөрсдөө дэлхийн зах зээлд Монголынхоо түүхийг өгүүлсэн бүтээлийг экспортлох хэрэгтэй боллоо. Мартагдсан, тасарсан, гуйвагдсан түүхээ өөрсдөө нийлүүлэх, үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэр зорилгоор би энэ номыг бичсэн юм. Номоо бичих үедээ шөнө нь XIII зуунд аялаад, өдөр нь XXI зуундаа амьдардаг байлаа. Бичиж байгаа сэдэвтээ хэт автахаар нүдний харц хүртэл өөр болчихдог. О.Сүхбаатар багш, Г.Аким гуай, Ш.Бира гуай, Б.Сумъяабаатар гуай зэрэг олон сайхан хүмүүстэй уулзаж, тэднийг дагаж Монголын түүхэнд үлдсэн тэмдэглэлт газрууд, байлдан дагуулалт өрнөсөн нутаг орноор явсан л даа. Чингис хаан мориноосоо унаж, хүзүүндээ шарх авсан газрыг ч үзлээ. Олон газраар явж төсөөлөлтэй болсныхоо дараа түүхийн эх сурвалждаа тулгуурлан “Эзэнт гүрний туульс”-аа бичсэн. Тэгэхэд харсан болгон ямар нэгэн сэдэл өгдөг. 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өглөө ажил руугаа алхаж явсан. Хоёр ах явж байлаа. Хуванцар сав чихсэн хогны ууттай. Тэр хүмүүсийн хажуугаар өнгөрөхдөө нүүр рүү нь зэрвэсхэн харахад духных нь гүн тод үрчлээ нүдэнд туслаа. Одоо манай зарим монгол эрчүүд амьдралын буулган дор духандаа гүн хар үрчлээтэй явж байна. Гэтэл XIII зуунд бидний өвөг дээдэс дэлхий дахиныг засан тохинуулах гэж магнайдаа гал мэсийн шархтай, үрчлээтэй явсан шүү дээ гэж бодогдонгуут “Чингисийн цэргүүд” гэдэг хэсгээ бичиж эхлэх жишээтэй. Ингэж би тэр хоёр ахаас уран бүтээлийн эрч хүчийг авсан болохоор хайр хүрээд, дахин тааралдахдаа шууд очоод тэврээд авахад их гайхсан.

Энэ ном маань есөн боть байх юм. Нэгдүгээр ботийг нь хэвлүүлсэн. Дараагийн 20 жилд үлдсэн ботиуд нь цувралаар гарах юм. Хоёр дахь ботийг нь биччихсэн байгаа. Манай редакцийн зөвлөлд эрдэмтэд, хэл шинжлэлийн хүмүүс бий.

-Уншигчид таны бүтээлийг яаж хүлээж авсан бэ?

-Үнэндээ бол миний үеийн залуусын хувьд энэ номыг дуустал уншсан хүн цөөхөн байгаа. “Уншаад нойр хүрчихлээ”, “Ойлгогдохгүй үгэн дээр гацчихлаа” гэсэн шүүмжлэл их хэлдэг. Орос хэлний С.Галсан багшаас авахуулаад ахмадууд харин нэвт шувт уншсан гэдэг юм. Энэ ном бизнесийн зорилгоор гараагүй. Нэг монгол үг мартагдана гэдэг бол нэг монгол хүн шороон дор орж байгаатай ялгаагүй гэж боддог. Үг гэдэг хүний амь насны үнэ цэнтэй. Яагаад гэвэл үндэстний сэргэн мандахын язгуур бол үг. Үгээ мартаад эхэлбэл хэлээ мартана. Хэл гэдэг ахуйгаасаа хамааралтай. Бид С.Жавхлан шиг морьтой явахгүй болохоор олом, жирэм, ногт, хазаар, дээс, баавар, эмээлийн бүүрэг гэдэг үгийг залуус хэрэглэхгүй байна. Ахуйгаасаа холдохоор хэлнээсээ холдоход хүрнэ. Ахуй, хэлнээсээ холдсон хүн монгол бахархлаасаа холдоно. Монгол бахархлаасаа холдвол Монголын төлөө гэсэн мэдрэмжүүд нь сарнина. Тэгсэн цагт Монгол биш болно. Монголыг хадгалах хамгийн чухал зүйл бол хэл. Би эртний судар, тайлбар толиудаас өнөөдөр хэрэглэхээ больчихсон монгол үгүүдийг түүх дуртай. Тэр үгүүдээ хүчээр ч болтугай номондоо тайлбартай оруулдаг. Уншихад хүнд байхаас аргагүй. Заримдаа арван мөр дараалаад, төдийлөн хэрэглэдэггүй үгс орчихдог. Надад нэг романтик мөрөөдөл бий. А.С. Пушкин тухайн үедээ яруу найраг язгууртны соёл байсныг эргэлтэд оруулж чадсан гэдэг. В.Путин жишээлбэл С.Есениний шүлгээс дурддаг. С.Есенин хэтэрхий аристократ болчихсон хэлийг ард түмний хэл рүү хөрвүүлсэн. У.Шекспир ч зохиолдоо 70 гаруй мянган үг ашигласан гэж үздэг. Тухайн цаг үедээ хэн нэгэн хүн хэлнийхээ төлөө зүтгэх шаардлагатай. Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн гуай гээд олон хүн үүний л төлөө явсан.

-Та тэмдэглэл хийхдээ монгол бичгээр хөтөлж харагддаг. Харвардад сурч байхдаа ч монгол бичгээр лекцийн тэмдэглэл хийсэн үү?

-Криллээр ч, монгол бичгээр ч бичнэ. Монгол бичгээр бичихээр бахархалтай мэдрэмж төрдөг, толгой цэгцтэй ажиллаад байх шиг санагддаг. Би нууц байлгахыг хүссэн юмаа монгол бичгээр мөртлөө англи хэл дээр биччихдэг. Одоо надад 700-800 орчим хуудас монгол бичгээр бичсэн тэмдэглэл бий. Голцуу өдрийн тэмдэглэлээ монгол бичгээр бичдэг.

-Хэзээнээс монгол бичиг, үг үсгийн араас хөөцөлддөг хоббитой болчихов?

-Долдугаар ангиасаа. Зургадугаар ангидаа өөрийн гэсэн үсэг зохиосон юм. Бүх үсэг нь бөөрөнхий, дундаа нэмэхтэй бол А үсэг, дундаа нэг цэгтэй бол Б гэх мэтээр үсэг зохиосон. Хайрын захиагаа ээж, аавдаа уншуулахгүй гээд тэгж бичдэг байсан. Нэг удаа ээж миний түлхүүр цагаан толгойг олчихсон. Түүнээс хойш монгол бичгээр бичдэг болсон.

-Эмээ, өвөө дээрээ өссөн гэсэн үү?

-Төв аймгийн Бүрэнд өссөн. Гадаад дотоодод сурч явахад хамгийн түрүүн хөдөөгөө санадаг юм билээ. Өглөөний хар чийгтэй хяруунаар тэрлэгээ холхинодог бакалтайгаа өмсөөд, уяж хоносон эмнэг үрээнийхээ цанхийг нь таттал олмоо чангалж, уургаа тулан мордоод, өвөөгийнхөө том дуранг баруун ташаан дээрээ зүүчихсэн, салхи сөрөөд энгэр задгай давхих нь гайхамшигтай эрх чөлөө байлаа. Өндөр уулан дээр гараад хэзээ язааны эр хүн шиг завилж сууж адуугаа дурандаад, адуун дээрээ давхиж очиж морио юүлээд, хэдэн адуугаа туугаад исгэрээд давхиж байх үнэн жаргал байхгүй юу. 800 жилийн өмнө ч монгол эр хүн ингэж л явсан даа. Гадаадад сурч тоо бодоод ширээ дэрлэн сууж байхад үе үе иймэрхүү дурсамж санагдана.

-Улстөрчдөд урам хугарсан олон нийт дараагийн үеийн залууст найдвар тавьж хүлээдэг. Дараа үеийн шижигнэсэн залуус бэлтгэгдэж байна уу гэвэл та юу хэлэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд ч Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч “Хүнийг нас хүйс, шашин шүтлэг, мэргэжил боловсролоор нь ялгаж болохгүй” гэж бий. Ерөөсөө хандлага л чухал. Дээр байгаа хүмүүсийн фракцийн зодооныг залуус нь өвлөөд авчих юм бол дараагийн үе гараад ч нэмэргүй. Тухайлбал, Б.Чимэд багшийг би маш их хүндэлдэг байлаа. Байнга юм уншдаг. Барууны шинэ онол энэ тэрийг мань хүн аль хэдийнэ мэдчихсэн байна. Нас ахисан ч хүний тархи залуугаараа байж болно. Фракц гэдгийг огт үгүйсгэж болдоггүй л дээ. Парламентын засаглалтай орнуудад бүгдэд нь байдаг. Гэтэл тэр нь намын дүрэм, тодорхой хэм хэмжээнд захирагдах ёстой. Эрх ашгийн эрэмбэ нь алдагдчихаар эргээд намаа хорлох хэмжээнд хүрлээ. Залуу гэж явцуу утгаар хэлэхээсээ шинэ хандлагатай хүмүүс энэ улс орныг зөв авч явна. Шинэ хандлагатай хүн хэдэн ч настай байж болно. Бодит утгаар залуус яагаад манлайлах ёстой гэхээр өнөөдөр улс төрд 30 жил явсан хүмүүс сайн, муу маш олон түүхийн гэрч, оролцогч болчихсон. Нэг хүн нэг юм ярихаар “Яг ш дээ. Чи тэдэн онд тэгээ биз дээ” гээд бие биенээ чөдөрлөчихөөд байгаа юм. Муу түүхгүй, эрх ашгийн ээдрээнд орооцолдоогүй, шинэ үе гарч ирэх нь зайлшгүй. МАН-ын нэг сайн тал нь залуустаа итгэл хүлээлгээд зоригтой гаргаад ирдэг. АН-ынхан болохоор “Бид өөрсдөө анх тэмцэж гарч ирсэн болохоор чаддаг юм бол та нар тэмцээд гараад ир” гэдэг. Нэг бодлын буруу биш, нөгөө бодлын зөв ч биш. Би Америкт хуулийн чиглэлээр мастер хамгаалахдаа Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийж байсан. Тийм болохоор хямралын гол шалтгааныг хувь хүмүүсийн зөрчлөөс илүү системийн алдаанаас хайдаг. Засаглалын тогтвортой байдал гэдэг ардчилсан нийгмийн хөдөлгөгч гол хүч болдог. Өнөөдөр Монголд засаглалын тэнцвэр байхгүй. Үндсэн хуулийн зарчим маань засаглалын тэнцвэртэй байдлыг хангах бүтэц биш. Сонгодог парламентын засаглалтай орнуудын тогтолцоог авч байж цаашаа явахаас өөр аргагүй. Ийм өөрчлөлт хийхгүй бол тогтолцооны хувьд хуулийн боломж байгаа учраас хүмүүс хуулийн боломжийг ашиглаад байна. Системийн алдааг засвал маш олон юм аяндаа засагдаад эхэлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Би толгойгоо сайн ажиллуулж, их хичээсэн

Энэ удаагийнхаа “Өдрийн зочин” буланд “Олонлог” сургуулийн сурагч, 12 дугаар ангиа бахдам амжилтаар төгссөн, “Олон улсын математик”-ийн 57 дахь олимпиадын мөнгөн медальт Ганболдын Баяржавхланг оролцуулж байна. Тэрбээр “Олон улсын математик”-ийн олимпиадаас мөнгөн медаль хүртсэнээр хувийн хоёр дахь, сургуулийнхаа 11 дэх медалийг авчирчээ.

Г.Баяржавхлан нь Дундговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Тэрбээр 17 настай бөгөөд энэ жил “Олонлог” сургуулийн 12 дугаар ангийг төгсчээ. Аав, ээж хоёр нь математикийн багш учраас тооны хичээлдээ шимтэж илүү ихийг мэдэхийг тэмүүлэх болж. Г.Баяржавхлан жилд арваас доошгүй олимпиадад оролцдог байна. Түүний дуртай хичээл нь математик, физик, биеийн тамирын хичээл гэнэ. Мөн чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож, шатар нүүх сонирхолтой аж.

Г.Баяржавхлан долдугаар ангид байхдаа математикийн хичээлийг сонирхож, гүнзгийрүүлэн суралцаж эхэлжээ. Математик гэдэг бол хүний сэтгэхүйг шалгадаг шинжлэх ухаан учраас түүнд илүү таалагдаж бодлогынхоо хариуг тунгааж, ямар нэг зөв аргаар хариу гаргахын төлөө мэрийдэг гэнэ. Хичээл зүтгэл нь ч талаар өнгөрсөнгүй Монгол Улсын Математикийн олимпиадаас таван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Мөн Нийслэлийн математикийн олимпиадаас хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсон байна. Харин Олон улсын математикийн олимпиадад гурван жил дараалан оролцсон бөгөөд 2014 онд хүрэл, 2015 онд шагналт байрын эзэн болсон байна. Харин энэ жил амжилт дүүрэн оролцож мөнгөн медаль хүртжээ. Монголын математикчид нийт хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авч чансаагаараа 33 дугаар байрт шалгарсан юм.

Дэлхийн шилдэг математикч хүүхдүүдийг тодруулдаг Олон улсын математикийн олимпиадад АНУ-аас зургаа, ОХУ-аас дөрөв, БНХАУ-аас дөрөв, БНСУ-аас дөрвөн оролцогч алтан медаль авчээ. Тус тэмцээнд өндөр хөгжилтэй орны тамирчид илүү амжилт гаргадаг байна. Харин Г.Баяржавхлан “Би толгойгоо сайн ажиллуулж, их хичээсний үр дүнд “Олон улсын математик”-ийн мөнгөн медалийн эзэн болсон юм шүү дээ” гэж ярилаа. Энэ жилийн хувьд геометрийн бодлого бага ирсэн байна. Тэрбээр алтан медаль авах боломж их өндөр байсан ч бусад орны өрсөлдөгчид маш чадварлаг байсан талаар хэлсэн юм.

Баяржавхлангийн аавыг Балдандоржийн Ганболд гэдэг. Улаанбаатар хотод “Олонлог” сургуульд математикийн багш хийж байгаад одоо Сүхбаатар аймагт боловсролын салбарт ажиллаж байгаа аж. Харин түүний ээжийг нь Өлзийбүрэнгийн Бямбацэцэг гэдэг. Нийслэлийн 73 дугаар сургуульд математикийн багш хийж байсан. Одоо Сүхбаатар аймгийн Дөрөвдүгээр сургуулийн эрхлэгчийн албыг хашиж байгаа гэнэ.

Түүний аав Б.Ганболд хүүгийнхээ тухай ярихдаа “Миний хүү багаасаа хүүхдүүд гадаа тоглож байхад ч хичээлээ хийгээд суудаг байсан. Зан чанарын хувьд их зарчимч, хичээнгүй, тууштай. Бид хоёр ч хичээлийг нь давтуулж, уйгагүй хийлгэдэг байсан. Амралт ч ховор байж. Түүний үр дүнд хүү минь энэ жилийн олон улсын олимпиадад 109 орны 600 гаруй хүүхэд оролцсон энэхүү том тэмцээнд мөнгөн медаль хүртлээ. Энэ амжилт манай улсын сүүлийн таван жилийн амжилтыг ахиуллаа. Ээж, аав элгэн садан нь хүүгээрээ их бахархаж байна.” гэв.

Харин түүнд энэхүү амжилтыг үзүүлэхэд гол нөлөө үзүүлсэн математикийн багшийг нь Б.Ганбилэг гэдэг. Г.Баяржавхлан хүү энэ жил дунд сургуулиа төгссөн учир БНСУ руу солонгос хэлний бэлтгэлийн сургуульд суралцахаар төлөвлөсөн байна. Ирээдүйд математикч юм уу мэдээллийн технилогич болох хүсэлтэй гэсэн. Тэрбээр эрдэм номтой хүн болж, ээж аавынхаа ачийг хариулах мөн Монголынхоо хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах мөрөөдөлтэй гэж ярьсан юм.

Б.Уранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Илгээлт өвөртөлсөн нэг ангийнхан

Илгээлт өвөртөлсөн гэхээр мал аж ахуй, барилгын салбарт илгээлтээр очсон нэг ангийнхны талаар өгүүлнэ гэж бодож магадгүй юм. Харин энэ ангийнхан бол тун өвөрмөц илгээлт авсан ангийнхан билээ. 1980 онд тэр үеийн МАХН-ын Төв хорооны 55 дугаар тогтоолоор эвлэл, пионерийн ажилтнуудыг системтэй бэлтгэхээр болж, Улсын багшийн дээд сургуулийн түүхийн багш пионерийн удирдагчийн ангид эвлэл пионерийн сонгуульт ажил хийж байгаа сурагчдаас аравдугаар анги төгсөхөд нь өрсөлдөгчгүй элсүүлэх шийдвэр гаргажээ. Ийнхүү эх орныхоо өнцөг булан бүрээс шалгарч ирсэн сурагчид УБДС-ийн Түүх пионерийн удирдагчийн ангид 1982 онд элсээд 1986 онд төгссөн түүхтэй. Бид чухам тэр ангийнхны тухай буюу Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг багштай нэг ангийнхны тухай өгүүлэх болно.

Аймаг аймгаас ирсэн эвлэл пионерийн сонгуульт ажил хийж байсан хүүхдүүд 1982 оны намар УБДС дээр цугларч анхны намрын ажлаа Залуучууд сангийн аж ахуйд тариан талбай дээр өрнүүлж, анх уулзацгааж байлаа. Харин дөрвөн жил нэг танхимд ижилдэн дассан тэр ангийнхан өнөөдөр 50 насны босго давж эх орныхоо өмнө хийсэн ажилтай, хэлэх үгтэй, ач зээ нараараа хүрээлүүлсэн жинхэнэ ид сортой үедээ гялалзаж явна.

Энэ ангид тэр үед Өмнөговь аймгийн Даланзадгад хотын эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Х.Цэрэндаваа, Дорнод аймгийн Пионерийн зөвлөлийн зааварлагчаар ажиллаж байсан М.Санжмятав, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Дагва гээд гучаад насны идэрхэн гурван залуу элсч, дөнгөж аравдугаар анги төгсөөд ирсэн дүү нартаа ажил амьдралын сургаалаа хайрлаж үлгэр дуурайллаа үзүүлж байв. Тэгээд ч Х.Цэрэндаваа сургуулийн оюутны намын хорооны дарга, сургуулийн намын хорооны товчооны гишүүн, М.Санжмятав ангийн даргын алба хашиж анги хамт олондоо нөмөр нөөлөг болж иржээ. Энэ ангийнхан сургуулийнхаа соёлч нөхөрлөлийн болзлыг дөрвөн удаа хамгаалж урлаг спорт, сурлагаараа бусдыгаа манлайлдаг байж. Эдний ангийнхнаас дэд эрдэмтэн нэг, төрийн дээд шагнал Алтангадас одонгоор найман хүн шагнагдаж, бүгдээрээ боловсролын тэргүүний ажилтан болсон. Бараг 80 хувь нь улсад 30 жил багшилж бусад нь том жижиг ямар нэгэн байгууллагын дарга, сургуулийн захирлын алба хашиж иржээ. Мөн дэд сайд, Засгийн газрын агентлаг хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, гэр бүлийн газрын даргын албыг Я.Төмөрбаатар хашиж анги хамт олныхоо бахархал болж байна.

М.Анхбаяр Увс аймгийн хүүхдийн байгууллагын даргаар 12 жил, Дэлхийн өвд хамрагдсан Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын даргаар 16 жил ажилласан бол Э.Бямбаа төрөлх Түргэн сумынхаа Засаг даргаар 12 жил, хурлын даргаар зургаан жил сургуулийн захирлаар 11 жил ажилласан нь бас л ховорхон үзүүлэлт юм. Энэ ангийнхныг даргын одонд төрсөн анги гэлтэй. Аргагүй шүү дээ, даргын анги төгссөн юм чинь. Х.Цэрэндаваа насаараа нам төрийн захиргааны удирдах ажил хийж, Д.Уранбилэг Сэлэнгэ аймагтаа Хүүхдийн төлөө төвийн дарга, Сэлэнгийн долгио чуулгын даргын албыг хашиж, Г.Ганхуяг Говь-Алтай аймагтаа Пионерийн зөвлөлийн дарга, Ц.Ганболд Хөвсгөл аймгийнхаа Үйлдвэрчний эвлэлийн даргын албыг хашиж, С.Гэрлээ, Р.Цэдэндамба, Ж.Ганбат, М.Санжмятав нар сургуулийн захирлын албыг хашиж явна. Б.Оюунцэцэг Эрхүү хотод, Л.Саранчимэг Дорнод аймагтаа хувийн хэвшилд хүч үзэж олон ажлын байр бий болгож томоохон үйлдвэр үйлчилгээний цогцолбор удирдаж яваа билээ. Л.Нэргүй, М.Дорж, Б.Цэцгээ, А.Тайван, Н.Отгон, Д.Дагва, Ц.Алтантуяа, Г.Ижилхорлоо, Б.Дэлгэрцэцэг, Н.Жаргалмаа, Д.Оюунтогтох, Б.Хишиг-Оюун, Ч.Энх-Оюун, Хүдэрчулуун нар насаараа багшилж, О.Алтанцэцэг Баян-Өлгий аймагтаа Иргэний бүртгэлийн ажилтнаар ажиллаж, А.Хурматбек Казахстанд ажиллаж амьдарч явна.

Оюутан байхад дурсгалтай олон үйл явдлын алийг тэр гэх вэ. Алтан намар, Залуучууд сангийн аж ахуйд тэмдэглэсэн Мөнгөн намраа Батсүмбэрийн САА-д үдсэн азтай ангийнхан. Хамгийн дурсгалтай нь II курсийн намар Булган аймгийн Хишиг-Өндөр суманд хадлан дээр ажилласан цаг мөч гэцгээдэг. Өдөрт хоёр машин өвс ачна. Жолооч Чойжоо, Гонгор ах хурдхан өвсөө буулгачихаад оройхон ирж шөнө хоёр машины гэрэлд жижиг магнитофонд ая тавьчихаад бүжиглэж өгнө дөө. Нэгдлийн даргаас нь зөвшөөрөл авч буга, тарваганы мах зооглоод тансаг байсан гэж байгаа. Намар ажлаа дуусгаад хот орсны дараа Октябрийн баяраар Чойжоо, Гонгор ах нараа гэр бүлтэй нь урьж Улаанбаатар хоттой танилцуулж дайлсан удаатай. Эдний анги улаан бүч гэдэг нэртэй улс төрийн дууны хамтлагтай байв. Уг хамтлагт Ц.Алтантуяа, Л.Нэргүй, Н.Отгон, Р.Цэдэндамба, Ганбат, Д.Уранбилэг, Б.Цэцгээ, Б.Дэлгэрцэцэг, С.Гэрлээ нар дуулж байлаа.

Пионерийн удирдагч болох анхны гараагаа М.Анхбаяр, М.Санжмятав, С.Гэрлээ, Б.Цэцгээ, Я.Төмөрбаатар, Л.Саранчимэг нар II курс төгсөх жилээ Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангаас эхэлж мөн ч их зүйл сурсан даа. “За чиний бүлгийн байрны түлхүүр, одоогоос жинхэнэ бүлгийн удирдагч багшаар бие дааж ажиллана” гэж хэлэхэд эхэндээ балмагдаж байсан гэдэг. Мөн дээд курсийн ах эгч нартайгаа Эрхүү, Улаан-Үдэд дадлагаар Уранчимэг, Гэрлээ, Уранбилэг нар явж их зүйл сурснаа дурсана. Иргэний хамгаалалтын сургалтад Таван толгойд гарч эрчүүд цэрэг, охид сувилагч хийж штабын даргаар Д.Уранбилэг ажилласнаас хойш штаб нэр авсан. Үе үе Хандгайтад салхилан, цэвэр агаар амьсгалж цас мөсөн дээр наадна. Хүүхдийн паркаар зугаалж тоглоно. Оюутны байрны хажууд байх “Уран бэр” кафед орж хоол идэхдээ Х.Цэрэндаваа ахынхаа сумын депутатын тэмдгийг зүүгээд дугаарлахгүй үйлчлүүлэхээ тэд андахгүй. Мөн депутатын тэмдгийг нь зүүгээд автобусанд явахад кондукторууд их л гайхдагсан. Ангийн анд нар ихэнх нь оюутны байранд амьдардаг байлаа. Тэр үедээ стипенд гэж “хөөрхөн” мөнгө төрөөс хайрлана. Хоолондоо нийлж гаргах мөнгөө тэр сардаа мөнгө зарцуулах няравдаа тушаачихаад үлдсэнээр нь Улаанбаатар ресторанд орж таван төгрөгийн хуйцаа аваад мөнгө үлдвэл жаал пиво авч уудаг байснаа тэд одоо ч дурсдаг.

Эрдэм сурахаас өөр бодож санах юмгүй, дутагдах гачигдах зүйлгүй сайхан он жилүүдэд оюутан байснаараа тэд бахархана. Дахиад л ангийнхны дурсамж хөвөрнө. Л.Нэргүй маань 2016 онд хүний эрхийн төлөө тэмцэгч цом өргөмжлөл хүртэж, Л.Саранчимэг огт өөр салбарын буюу Худалдааны тэргүүнээр шагнагдаж, М.Анхбаяр Боловсрол, Байгаль орчин, Хяналтын салбарын тэргүүн болж, хил дамнасан шим мандлын дархан цаазат газрыг бэхжүүлсний төлөө ОХУ-ын Байгаль орчны тэргүүний ажилтан болсон. М.Санжмятав, Я.Төмөрбаатар, С.Гэрлээ, Р.Цэдэндамбаа, Э.Бямбаа, М.Анхбаяр, Х.Цэрэндаваа, Л.Саранчимэг, М.Дорж, Д.Дагва нар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдаж энэ ангийнхан одтой хийморьтой золбоолог явна.

Ангийн андуудаас хоёр гэр бүл төрсөн нь С.Гэрлээ, ангийн эвлэлийн үүрийн дарга Р.Цэдэндамбаа болон Л.Нэргүй, М.Дорж нар юм. Тэд одоо үр хүүхэд, ач нараа тойруулан өнөр өтгөн амьдарч байна.

Тухайн үед багш бэлтгэдэг их дээд сургуульд эвлэл пионерийн дадлага хийлгэж Сэлбэ зусланд цугларалтад гардаг байв. Дадлага ажлыг С.Гэрлээ, Я.Төмөрбаатар, Р.Цэдэндамба, Ц.Ганболд, М.Анхбаяр, Б.Цэцгээ, Л.Саранчимэг, Ц. Уранчимэг, Г.Ижилхорлоо нар удирдаж Монголын пионерийн байгууллагын 60 жилийн ойн медалиар шагнагдаж байсан нь энэ ангийнхны анхны шагнал байж билээ. Ангийн хуримтлалын мөнгөний тооцоог Б.Цэцгээ барьж нэг ёсны ангийнхаа нягтлан байлаа. Ангийн даргад хийхгүй ажил оролцохгүй юм гэж бараг байхгүй. Ёстой л эцгийн оронд эцэг, эхийн оронд эх, гүйдэг нярав, цаг бүртгэгч гээд олон ажил хавсардаг байв. Энэ үүргээ ч М.Санжмятав сайн гүйцэтгэж байсан. Аймаг аймгаас ирсэн хүүхдүүд болохоор ихэнх нь оюутны байранд амьдарна. Оюутны байрны паян гэж дуусах биш дээ. Дээд ангийнхантайгаа зодолдоод сахилгад суугаад ажил хийж байхад ангийн охидууд нь тор дүүрэн амттан авчихсан эргэж ирсэн цэргийн 45 хоногийн карентин гээд дурсамж хөвөрнө. Оюутны байранд охидын хийж байгаа хоол яг буцлах агшинд тасаг руугаа оруулаад саванд юүлээд юу ч болоогүй юм шиг хоосон савыг нь буцаагаад тавьчихна. Ингэж яваад эзэдтэй нь халз таарах үе ч байлаа.

Энэ ангийнхан бөмбөр нижигнүүлж, бүрээ үлээж, бүжиг давтаж ур чадварын шалгалтдаа бэлтгэдэг байв. Залуусын заавал бүжиглэх 15 төрлийн бүжиг ч хүртэл заалгаж байсан. Бүжиг, бөмбөрөө давтаж байхад яг өөдөөс харсан Анагаахын сургуулийн оюутнууд “Ямар гоё юм бэ. Бид учиргүй олон химийн томьёонд толгойгоо гашилгаж байхад эд бүжиглэж байдаг” гэж атаархдаг байсан гэдэг. Энэ жил тэд сургууль төгссөний 30 жилийн ойгоо Сэлэнгэ аймагт байх ангийн анд Д.Уранбилэгийн “Гүн нуур” амралтын газарт тэмдэглэхээр төлөвлөжээ. Төрийн ордондоо зочилж Чингис хаан, Жанжин Сүхбаатарынхаа талбайд зургаа авахуулаад ресторанд орж хуйцаа захиалж зооглоно гэсэн. Оюутан байх үеийнх шиг нь амттай хуйцаа одоо байх болов уу. Мэдээж, оюутан ахуй насныхаа хөгжөөнтэй амьдрал, туулж ирсэн зам мөрөө эргэн эргэн дурсан ярилцана.

Олон олон үеийнхнийг жинхэнэ хүмүүжүүлж ирсэн пионерийн байгууллагаар овоглосон та бүхэндээ амжилт хүсээд оюутан үеийн аман зохиол шахуу болсон ангийн анд М.Анхбаярын архиваас авсан бяцхан шүлгээр энэ дурсамжийг өндөрлөе.

Оюутанцагийндурсамж

Оюутан цагийн дурсамж

Он жилүүдийн харгуйд намтар тоолон зузаарч

Найргийн онгод хүлэг холын замд давхих шиг

Насан залуугийн дурсамж энэ л танхимд үлдсэн

Амьдрал далайд сэлэх хүчийг энэ л танхимд би авсан

Аз жаргалтай залуу насаа энэ л танхимд би үдсэн

Угтан хүлээх бяцхан шавь нартайгаа

Учрах зөргийг эндээс л тавьсан

Хичээл ордог анги минь ивээл хайрласан гэр минь байж

Хичээгээрэй гэж сургамжилдаг багш нар минь

Хишгээ хайрласан буянтнууд байж

Амьдарч байсан оюутны байр маань

Азтай насны туульс байж

Хичээлийн хоёр байр маань

Холбоо хоёр тууж байж

Ам цаасан дээр сийрүүлбэл

Амьдралын нэгээхэн намтар байж

Үймж шуугисан залуу нас минь

Үлэмжийн сайхан дурдатгал үлдээж

Эргэж үүрэндээ ирэх хун цэнгийн шувуу адил

Эхлэл төгсгөлтэй амьдралын тойргоор

Эргээд бид учирна.

Ж.Баярсайхан

Б.Энхмаа

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Банкны хүүг захиргааны аргаар бууруулах боломжгүй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

-Та Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаас УИХ-ын гишүүн боллоо. Ямартай ч иргэдийнхээ амьдрал ахуйг мэддэг хүн төрд орж ирлээ гэж байна. Ирэх дөрвөн жил ямар бодлого барьж ажиллах вэ?

-Юуны өмнө надад итгэл хүлээлгэсэн Сонгинохайрхан дүүргийн гурав, дөрөв, тав, зургаа, 26 дугаар хорооны иргэд сонгогчдодоо талархлаа илэрхийлье. Та бүхний сонголтыг итгэл, зүтгэлээр хариулна гэж хэлмээр байна. Ирэх дөрвөн жилд хамгийн эхэнд эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Иргэдийн амьдрал ахуйг сайжруулах, үүдээ барьсан 65 мянга гаруй аж ахуйн нэгжийн хаалгыг нээх, эдийн засгийг эрүүлжүүлж лебиралчлах чиглэлд Засгийн газраас оруулж ирж буй төсөл хөтөлбөрүүдийг дэмжих болно. Мөн салбарын эрдэмтдийн үгийг шийдвэр гаргах түвшинд хүргэж ажиллах бодолтой байгаа.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна. Шинэ Ерөнхий сайд удахгүй Монгол Улсын өр авлагын талаарх чухал тоо баримтуудыг нийтэд дэлгэнэ. Тиймээс энэ тал дээр дэлгэрэнгүй ярих нь илүүц байх. Энэ удаагийн парламентын бүх гишүүн гар гараасаа бариад нэг зорилгын төлөө явах хэрэгтэй. Монгол Улсын санхүү, эдийн засаг нь буруу бүтэцтэй болчихсон гэдгийг салбарын эрдэмтэд нь хэлдэг. Монгол Улсын санхүүгийн системийн бүтцийг 95 хувь нь бэлэн мөнгө, таван хувь нь үнэт цаас бүрдүүлж байна. Хүн бүр зээлийн хүүг бууруулах ёстой гэж ярьдаг.

-Танай намын мөрийн хөтөлбөр ч гэсэн тийшээ чиглэсэн юм биш үү?

-Энэ гажиг тогтолцоогоо засахаас нааш банкны хүүг захиргааны аргаар бууруулна гэдэг бол боломжгүй зүйл л дээ. Аль болох салбарын эрдэмтдийн үгийг сонсч, мэдээ мэдээлэл дээр тулгуурладаг болох ёстой.

Би гэр хорооллоос сонгогдсон гишүүний хувьд хамгийн ихээр тулгамдаад буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. 2017, 2018 оны санхүүгийн төсөөлөл маш хүнд байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийнэ гэдэг хэцүү. Ирэх оноос эхлэн өрийн эргэн төлөлтүүд эхэлнэ. Гэхдээ бид “Болно, бүтнэ, чадна” гэж сонгогдчихоод элдэв шалтаг тоочих нь утгагүй л дээ. Аль болох олон гарцыг хайна. Олон улсын байгууллагын дэмжлэг, төсөл хөтөлбөрүүдийг эрүүл мэнд, боловсролын чиглэлд хандуулахын тулд гүйх болно. Үүний тулд орон нутагтайгаа хамтарч ажиллана.

Сургууль, цэцэрлэг барихын урьтаж нөхцөл нь газраа бэлдэх ёстой. Гэр хороололд амьдарч буй иргэдийн хувьд сургууль, цэцэрлэг барих газар үлдээгүй гэдгийг мэдэж байгаа. Тиймээс орон нутаг, нийслэлтэй маш сайн хамтарч газар чөлөөлөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих шаардлагатай. Анхдугаар чуулган завсарлаад миний хийх ажил үүнийг судлахаас эхэлнэ. Улаанбаатар хотод эрчим хүчинд холбогдоогүй 8000 өрх байгаагаас Сонгинохайрхан дүүрэгт 6200 нь амьдарч байна.

-Гэрэл цахилгаантай болгоход багагүй хөрөнгө шаардлагатай байх даа?

-6200 өрхийг цахилгаантай болгоход таван тэрбум төгрөг шаардлагатай. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон бусад гишүүдтэйгээ хамтарч үүнийг ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ. Гэх мэтчилэн яриад байвал их зүйл бий.

-Өнгөрөгч сонгуулиар МАН үнэмлэхүй олонхи болж, Засгийн газраа байгуулж байна. Засгийн газрын бүтцээсээ эхлээд зарим хүнд таалагдахгүй зүйл олон байна л даа. Засгийн газрын бүтэц дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийг оновчтой болсон гэж харж байгаа. Бид цаашид сонгууль болгоны үр дүнгээр ингэж өөрчлөгддөг бүтцийг халах ёстой. Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн, хөгжлийнхөө үзэл баримтлалд тохирсон Засгийн газрын бүтцийг Үндсэн хууль болон органик хуулиудад суулгаж өгөх ёстой. Ингэж гэмээнэ монгол төр чадварлаг, тогтвортой болно.

Өнгөрсөн жилүүдэд хэн нэгэн улстөрч, эвсэж байгаа хүмүүст таалагдах гэж Засгийн газрын бүтцийг үнэхээр инээдэмтэй зурж байсан. Протельгүй сайд бий болгож, бүх салбарын чиг үүргийг салган Засгийн газрын 19 гишүүнтэй ажилласан биз дээ.

-Гэхдээ л дэд сайдыг хамгийн ихээр эсэргүүцэж байсан нам буцаагаад 13 дэд сайдтай ажиллахаар оруулж ирэх юм. Үнэндээ ард түмэн дургүйцлээ илэрхийлж байна?

-Яамдын орон тоон дээр улс төрийн албан тушаалын 13 орон тоо нэмэгдэх юм байна лээ. Өмнөх эрх баригчид 100 гаруй улсын үйлдвэрийн газар, Үндэсний төв, сангуудыг төрийн захиргааны байгууллагын бүдүүвчид оруулалгүйгээр Засгийн газрын зарим чиг үүргүүдийг хэрэгжүүлсэн. Үүнийхээ төлөө иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас төлбөр авч ирсэн. Түүнийгээ аж ахуйн тооцоон дээрээ үрэлгэн зарцуулж ирсэн юм. Хэдэн мянган үрэлгэн бүтэц 13 хүн хоёрын хооронд асар их зөрүү бий. Сүүлийн үед “дан дээл”, “давхар дээл” гэдэг нэр томьёо Монголын нийгэм, улс төрийн хэллэгт ороод ирчихсэн юм. Үүн дээр засаглал хуваах онолоосоо эхэлж ярих байх. Монтоскей гэж эрдэмтэн анх засаглал хуваах онолыг гаргаж ирсэн.

Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглал харилцан бие биенээ хянах, эрх мэдлийг тэнцвэржүүлэх гэдэг агуулга руугаа явсан. Өмнөх дөрвөн жилд 19 сайд бүгд давхар дээлтэй байсан.

Дэд сайдтай байснаар яамны ажил цалгардахгүй байх, яам салбартаа илүү далайцтай ажилладаг гэдгийг ахмадууд ярьж байна. Тиймээс бид аливаа асуудалд авах гээхийн ухаанаар хандах ёстой.

Төрийн захиргааны зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр биелүүлдэг ТББ-д хариуцуулдаг болох хэрэгтэй. Зарим салбарыг лебиральчилах, хуульчлах шаардлага бий.

-Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцээр 1238 хүн ажилгүй болно гэж байна. Гэсэн ч үүнээс олон хүн ажилгүй болох магадлалтай гэж байгаа. Ипотекийн зээл, лизинг, цалингийн зээлтэй хүмүүст энэ нь мэдээж том ачаа болж ирнэ. Зүүний чиглэлийн үзэл баримтлалтай намын хувьд хатуудсан зүйл юм биш үү?

-Төрд гадаад, дотоод гэсэн хоёр чиг үүрэг байдаг. Онолын хувьд гадаад чиг үүрэг нь мэдээж гадны гэмт халдлагаас хамгаалах юм. Дотоод чиг үүргийн хувьд тодорхой хил хязгаарын дотор амьдарч буй иргэдээ элбэг дэлбэг, ажилтай байлгах л даа. Төр иргэдээ ажилтай байлгаж байгаа нь энэ гээд татвар төлөгчдийн мөнгөөр төрийн бүтцийг данхайлгаж болохгүй. Төрийн дотоод чиг үүрэг ингэж хангагддагүй. Дотоод чиг үүрэг гэдэг бол үүдээ барьсан 65 мянган аж ахуйн нэгжийн хаалгыг нээж өгснөөр ажлын байр бий болно. Өнгөрсөн дөрвөн жил төрийн бүтцийг данхайлгаж хүмүүсээ ажилтай байлгаж алдаатай бодлого явуулсан. Аль болох бага хүн цомхтголд өртөөсэй. Нэг хүний ард ядаж 3-4 хүн байдаг. Хэн нэг нь ажилгүй бол өрх гэрийн амьдралд ямар хэцүү байдаг билээ дээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Банди: Олон улсын шүүгчид яаж хандах юм билээ гэхээс биш Олимпоос медаль авахгүй гэх тамирчин алга

Боксын холбооны ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат багш Д.Бандитай ярилцлаа. Тэрээр Риогийн олимпод оролцох баг тамирчдын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

-Энэ зуны олимпод боксын холбооноос зургаан тамирчин оролцохоор болсон. Бэлтгэл сургуулилт хэр хангагдсан бэ?

– Манай боксын холбооноос Г.Ган-Эрдэнэ (49 кг), Х.Энх-Амар (52 кг), Э.Цэндбаатар (56кг), Д.Отгондалай (60 кг), Б.Чинзориг (64 кг), Б.Түвшинбат (69 кг) нар энэ зуны олимпод оролцох эрхээ авсан. Олимпод эрх авч оролцдог болсноос хойш хамгийн олон тамирчин явж байгаа юм. Энэ ч утгаараа нийт багийн бэлтгэл сургуулилт сайн байгаа.

-Боксын тамирчид энэ сарын 24-нд явна. Олимпийн бэлтгэлээ хэр базаасан бэ. Хаана бэлтгэл сургуулилтаа хийж байна?

-Боксын тамирчид маань Хандгайтад бэлтгэлдээ гарсан. Би багш, дасгалжуулагчийн хувьд зөвлөгөө өгч, бэлтгэлийг нь хийлгүүлсэн. Олимпийн бэлтгэлийг энэ сарын нэгнээс хийж эхэлсэн, амралтгүй, тууштай бэлтгэл хийж байна. Тамирчид тогтмол, зөв бэлтгэлээ хийх хэрэгтэй байдаг. Тамирчдын бие болоод бусад зүйлийг зохицуулах бас их чухал. Долоо хоногийн хэдэн өдөрт хичнээн цагийн ачаалал өгөх вэ, ямар бэлтгэл хийлгэх вэ зэрэг нарийн хуваарьтай байдаг юм. Тэр болгоныг тухайн тамирчдад тааруулсан байх ёстой. Энэ зарчмаар бэлтгэлээ базааж байна. Олимпод явах өдөр болтол тасралтгүй бэлтгэл хийнэ.

-Манай улсаас боксын багийн дасгалжуулагчаар хэн, хэн явж байгаа вэ?

-Ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, туслах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагч Б.Төмөрбаатар, боксын холбооны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч нар хариуцаж, тамирчдаа авч явна.

-Боксын тамирчид хэр амжилттай оролцох бол, дасгалжуулагчийн хувьд та тааварлаж байгаа юу?

-Медаль авахгүй шүү гэх хүн алга. Хэн нь ч авах чадвартай. Ганцхан асуудал байдаг. Олон цагийн зөрүүтэй Бразил улсад дасгалжуулагч тухайн тамирчныг хэрхэн таарч тохируулах, манай шүүгчид хэр зэрэг тамирчдаа хамгаалах вэ, олон улсын шүүгчид хэр үнэнч шударга хандаж байна вэ гэдгээс шалтгаална. Мөн тэмцээнд оноо өгөх асуудал байна. Энэ бүгдээс хамаарна. Тэрнээс биш тамирчид бүгд бэлтгэлээ 100 хувь хангалттай хийсэн гэж үзэж байгаа.

-Олимпод оролцох хуваарьт өөрчлөлт гарсан гэж дуулсан. Та энэ талаар ярихгүй юу?

-Боксын тамирчид нэг дор дарааллаар тоглодог байсан бол 49 килограмм эхлээд 14-нд дуусна. Цуварч явдаг хуваарь гарсан байна лээ.

-Боксын спортод сүүлийн үеийн чадварлаг гавьяатууд байна. Амжилт үзүүлэхэд дутагдах зүйл, тулгамдсан асуудал юу байдаг бол?

-Тулгамдаж буй асуудал гээд байх зүйл нэг их алга. Манай холбооны нарийн бичиг сайн ажиллаж байна. Тамирчид болоод дасгалжуулагчдадаа бүх зүйлийг маш сайн бэлдэж өгдөг. Өнөөдрийг хүртэл бэлтгэл хийсэн учраас хамгийн гол зүйл олимпод орох хүртэлх бэлтгэлийн зохицолдолгоо чухал байна. Бразилд очиж 12 хоног бэлтгэл хийнэ шүү дээ.

-Энэ зуны олимпод оролцох гэж байгаа тамирчид боксын спортоор хэдэн наснаасаа хичээллэж эхэлсэн бэ. Хэдээс хэдэн насны тамирчид байгаа билээ?

-Манай тамирчид бүгд хоорондоо ойролцоо эхэлж байсан. 13,14 настайгаасаа бокст орсон хүүхдүүд байгаа юм. Одоо 19-27 насны тамирчид байна.

-Сүүлийн үед боксын спортоор хүүхдийг хэдэн наснаас эхэлж хичээллүүлж байна вэ?

-Орчин цагт ес, арван наснаас эхлүүлэхэд болно. Тэгэхдээ ес, арван настай хүүхдийг хичээллүүлэх программ гараагүй байгаа. Багш нар өөрсдөө онолын мэдлэг дээр суурилж, практикаар сургаж байна. Харин 14-20 нас хүртэлх хугацаа буюу зургаан жилийн бэлтгэлийн программыг миний номноос уншиж болно. Би ном гаргасан байгаа. Мөн 14 наснаас өмнөх үеийнхийг схемчилж ном гаргана гэсэн бодолтой байгаа.

-Цаашид манай боксын спорт дэлхийн хэмжээнд хэр хөгжих төлөвтэй байна вэ?

-Манайд боксын спорт хөгжих боломж их өндөр байдаг. Монголын хүүхдүүд маш их авьяастай. Боксын спорт монгол хүнд их зохимжтой л доо. Учир нь бие даасан спорт юм шүү дээ. Монголчууд хоорондоо хамтарч нийлж, нэгдэж хөдөлмөрлөдөггүй ард түмэн ш дээ. Тухайлбал, ганц гэрээрээ бие дааж амьдраад байдаг. Ерөнхийдөө биеэ даасан зан чанартай. Хувь хүн өөрийгөө л болгоё, бүтээе гэдэг. Өөрийнхөө биеийг дайчилж чаддаг. Баг хамт олноор ажиллуулахаар жаахан тиймэрхүү байдаг. Иймээс боксын спорт монгол хүний онцлогт маш сайн тохирдог спорт байгаа юм. Мөн сэтгэл зүйн тэсвэр маш сайн. Боксын спортод сэтгэл зүйн бэлтгэл их нөлөөлдөг. Энэ бол монгол хүний хамгийн сайн чадвар гэж хэлж болно. Монгол хүүхдүүд багаасаа хурга ишиг хариулж, уул хаданд авирч, үсэрч, харайж өссөн учраас боксоор хичээллүүлэхэд сайн үр дүн гардаг. Би ч гэсэн бага байхдаа байгальтайгаа ойр, хурга ишиг хариулж өссөн. Тэгээд оюутан болсныхоо дараа боксчин болж байлаа.

-Монгол хүүхдүүдийн биеийн онцлогоос гадна, боксын спортод төрөлхийн авьяастай хүүхэд орох ёстой байдаг уу. Ямар онцлогтой хүүхэд боксоор хичээллэхэд амжилт гаргах боломжтой вэ?

-Ер нь манай монголчууд залхуу. Спортоор хичээллэхэд зуугаас жаран хувьд нь залхуу байдал харагддаг. Аливаа спортоор хичээллэх гэж байгаа хүн дараахь таван чанарыг өөртөө агуулж байх ёстой. Үүнд: хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян хатан байдал юм. Харин боксын спортод энэхүү таван чанар дээр хоёр чанар нэмэгддэг. Энэ нь сэтгэхүйн болон харааны реакци юм. Жижиг зүйлд ч маш хяналттай байх ёстой. Ямар ч нөхцөл байдлаар цохих гэж болно. Тэгэхэд зугтаж чаддаг, хариу үйлдэл үзүүлж чаддаг байх хэрэгтэй. Манай Т.Үйтүмэн аливаа нөхцөлөөс зугтаж, өөрийгөө аваад гарч чаддаг шүү дээ. Тиймээс нийтдээ дээрх долоон чанар бүрэлдэж, маш их хөдөлмөрийн үр дүнд хүн амжилт гаргаж, чаддаг юм.

-Анх та боксын спорттой хэрхэн холбогдож байв?

-Би их сургууль төгсөөд шигшээ багийн тамирчин болсон. 1970 оноос шигшээ багт орж, боксын спортоор хичээллэж эхэлж байлаа. 1972 оны олимпод оролцож байлаа. Мөн 1976 онд олимпод оролцож ирчихээд Улсын багшийн их сургуульд орж байсан. Тэгэхэд “Чи дасгалжуулагч болох юм байна” гэж багш нар хэлж байсан юм. Ингээд биеийн тамирын багшийн мэргэжил эзэмшсэн. Хоёр дээд сургууль төгссөн дөө. Анхныхаа олон улсын тэмцээнд 19 тамирчинтай явж байлаа.

-Та багш дасгалжуулагчийн хувьд өөр дээрээ шавь болох гээд ирж байгаа хүүхдийн юуг анхаарч хардаг вэ?

-Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар шигшээ баг байгуулах үеэр л ирж байсан. Тухайн үед авьяасаараа шалгарч гарч ирсэн хүүхдүүд байлаа. Над дээр боксын спортод дуртай, хүсэл тэмүүлэлтэй хүн л ирнэ шүү дээ. Клубийн дасгалжуулагч хийхэд хүмүүс их дуртай ирнэ. Хүсч тэмүүлж байгаа зүйлдээ дурла гэж үг байдаг ш дээ. Тиймээс боксын спортод дуртай, сонирхсон, шимтсэн хүн л ирдэг юм. Хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүдийг сайхан бэлтгэл хийлгээд шалгаруулдаг. Бүх байгаа авьяасыг нь гаргаж, ахиулахыг л хичээдэг дээ. Тэгэхээр аяндаа тодроод ирдэг юм. 100 хүүхэд ирлээ гэхэд арав нь боксчин болж үлддэг юм шүү дээ. Боксын спортод шимтэн орсон, дурласан байсан ч авьяас чадвар дутуу бол сургахад хэцүү л дээ.

-Тамирчид рингэн дээр тулалдаж байхад дасгалжуулагч хүний сэтгэл зүй ямар байдаг бол?

-Хүн болгон янз бүр л байдаг байх. Миний хувьд тамирчдаа сайн бэлтгэсэн тохиолдолд санаа зовдоггүй. Манай Д.Отгондалай олимпийн шилдэг тамирчин юм шүү дээ. Олимпийн эрх олгох тэмцээнд алтан медаль авсан. Азийн наадмын алтан медалийн эзэн. Ази тивийн аварга шүү дээ. Ямар ч тамирчинг тактикаар ялж болдог. Толгойгоо их ажиллуулах хэрэгтэйг харуулсан чадварлаг тамирчин байгаа юм, Д.Отгондалай маань.

Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-эрдэнэ Африк болон Европ тивийн аваргыг ялж байсан. Нэг удаа Францад ялагдсан. Яагаад Францын тамирчинд ялагдсан гэхээр тоглолтынхоо урьд шөнө нь Улаанбаатараас муу мэдээ сонссон байгаа юм. Тэгээд нойр нь сэргэчихсэн, унтахгүй байсаар, шөнийн гурван цагийн үед эмч дээр очиж нойрны эм асуугаад явсан гэж байгаа. Нойрны эм уугаад унтаж босоод жингээ үзсэн чинь өөрчлөлттэй байсан. Тэгээд хоол идээд хоёр нойрны эм давхарлаж уугаад унтсан. Өглөө тэмцээн дээрээ очиход мангар хүн шиг л байсан гэсэн. Цохилт болон мэдрэмж огтхон ч байхгүй. Тэгээд ялагдсан даа. Дараа нь арванхоёрдугаар сард дэлхийн цомд очиж ялалт байгуулсан, чадварлаг тамирчин. Тэгэхээр сэтгэлзүйд нөлөөлөх зэрэг алдаа гаргаж болохгүй, үүнд багш дасгалжуулагчид нь сайн анхаарах хэрэгтэй байдаг юм.

Б.Уранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Тим Данкан: “Би гайхамшигт аяллынхаа төгсгөлд ирлээ”

Тэр буцлаа. Тэр яг л хүмүүсийн тааварлаж байсан лугаа гэнэт л яваад өглөө. Өөрийнхөө үеийн, өөртэй нь адилтгаж болохуйц цорын ганц од Коби Брайант шиг бүтэн жилийн үдэлт-тойрон аялал гэж сүржигнэсэнгүй. Тэр зүгээр л “баяртай” гэж хэлээд хаалгаа хаагаад явчихлаа.

Мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг НБА-д 1997 онд драфтын нэгээр “Сан Антонио Спёрс” багт элсэн орсон цагаасаа нэг багт, нэг дасгалжуулагчийн удирдлага дор 19 жил сэлгээ үгүй тоглохдоо таван удаа аваргалж, гурван удаа MVP (улирлын шилдэг тоглогч) болж байсан, 3000-аас дээш блок-шот, 25 мянгаас дээш оноо, 15 мянгаас дээш самбар авалт гээд хэн ч давтахааргүй амжилтын эзэн ТиДи хочит Тим Данкан түүнээс бусад нь төсөөлж чадахааргүй өвөрмөц бөгөөд энгийн байдлаар ийнхүү зодог тайлж байна.

Түүний багын анд Дэнни Грин нэгэн удаа “Би ТиДиг харахаараа биширдэг юм. Тэр намайг бэлтгэлийн зааланд очиход аль хэдийнэ ирчихсэн халаалтаа хийгээд зогсож байдаг гээч. Бидний залуус баахан шуугиулж байгаад бэлтгэлээ дуусаад гарах үед тэр хоцорч бөмбөг шидээд үлдэнэ. 19 жил яг ийм маягаар бэлтгэл хийж байгаа хүн төмрөөр хийсэн байлаа ч гэлээ хайлаад урсана биз дээ. Тэгэхээр тэр Данкан гэдэг чинь хүн мэдэхгүй материалаар хийгдсэн байх нь” хэмээн биширч байсан юм.

2016 оны тавдугаар сарын 13-нд “Оклахома”-д 4:2 гэсэн харьцаагаар хожигдож энэ улирлын тэмцлээ дуусгасан Данкан эсрэг багийнхаа лидер Дюранттай тэврэлдээд амжилт хүсч мөрөн дээр нь алгадчихаад хонгилоор гарч явах үед ордонд байсан сурвалжлагчид бүгд ялагчид руу бус ялагдсан Данканы хойноос цувсан. Тэд “ноён суурь”-ыг зодог тайллаа гэж хэлнэ хэмээн горьдохгүй юу. Гэтэл тэр нөхөр зүгээр л хувцсаа аваад далай руу яваад өгсөн. Аргаа барсан сэтгүүлчид дасгалжуулагч Поповичээс танай энэ 40 настай залуу чинь дараа жил тоглох уу гэж асуухад “мэдэхгүй ээ, тэр надтай дуугарахаа болиод дөрвөн жил болж байгаа” гэх хошин үг шидээд хэвлэлийн хурлаа дуусгаж байж билээ. Даруу гэхэд дэндүү даруу тэр бусдын анхаарлыг өөртөө татахыг хүсээгүй л юм байна. Ингэсний ачаар бид элдэв зүйлд сааталгүй тун сайхан плей-оффын тоглолт үзсэн. Тэгээд бүх зүйл намжсаны хойно монгол наадмын өглөө тэр доорх захидлыг үлдээгээд зодог тайлснаа илэрхийллээ.

“Хэн нэг нь намайг 19 жилийн өмнө өөрийнхөө ирээдүйн амьдралыг найруулаад бич гэсэн бол би яав ч ийм аяллыг зохиож туурвихгүй байлаа.

Одоо урт аяллынхаа төгсгөлд зогсоод өнгөрсөн бүхнээ харж алжаамуй.

Ялалт, ялагдал чухал ч гэлээ би зөвхөн хүмүүс та нарын тухай л санан үлдэх болно. Талбайн гадна ба дотор байх хөгжөөн дэмжигчид, дасгалжуулагч ба багийн бүтэц дэх ажилтнууд, манай багийн андууд (бас өрсөлдөгид) гэх насан туршийн маань найз нөхөд, аавынхаа ажлыг харж өссөн хүүхдүүд маань гээд түмэн олон та нарыгаа л сайн тогтоож үлдье.

Сан- Антонио хотдоо энэ олон жил хайр халамжаар дутаагаагүйд нь баярлалаа. Дэлхийгээр нэг тарсан хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа.

Гүн хүндэтгэсэн, Тим” гэсэн захиагаар тэр гайхамшигт замналаа өндөрлөлөө. Тэгээд түүний өмнөөс сэтгүүлчдийн асуултад “тайлан” тавих ажлыг Грег Поповичид үлдээсэн бололтой. Алдарт дасгалжуулагч нь хэвлэлийн хуралд Данканы хөрөгтэй богино цамц өмсчихсөн ирээд жаал хүүрнэсэн нь энэ байна.

“Тэр намайг ийм маягаар хувцаслахад хүргэлээ. Яагаад болохгүй гэж. Би энэ олон жил түүний ачаар цалин авч байсан юм чинь одоо сүүлийн өдөр тэр надад ядаж цамцаа өгч болно биз гэж бодоод. Тоглоом шоглоомоо хойш нь тавиад хэлэхэд өнөөдөр та бүхний өмнө тэр биш би суугаад учирлах ямар ёсон байна вэ гэдгийг жаахан тунгаалаа. Тэгээд ойлголоо. Энэ нь Тим Данканыг хэн бэ гэдгийг харуулах хөрөг нь юм байна. Тэр 19 жилийн туршид зөвхөн сагсан бөмбөгийн талбай дахь ажлаа сайн хийж анд нөхөд, хөгжөөн дэмжигчдээ баясгах ёстой гэдгээ ухамсарлан тэмцсэн болохоос бус сагсан бөмбөгийн талбайн гаднах амьдрал хэзээ ч сонирхлыг нь татаж байсангүй. Чамтай хамт өнгөрүүлсэн он жилүүд гайхамшигтай байлаа. Хэнтэй ч зүйрлүүлшгүй нэгэн байсан шүү, чи. Мөн ч олон удаа чамд уурлах үе гардаг байлаа. Самбарт зүтгэсэнгүй, оноогоо авсангүй, буруу дамжууллаа гээд чамайг түмний өмнө олон ч удаа загнаж хашгирсан даа. Поп баярлалаа, Поп чиний зөв, хэрэгтэй үед хүч өглөө гэж хэлээд нүднийхээ булангаар цоо ширтэх чиний харц. Дараа нь баахан инээлдэнэ.

Тэр одоо цагийн одод шиг бүхний анхаарлыг өөртөө татахын төлөө тоглож байсангүй. Камерын өмнө биш ард нь зогсохыг эрмэлздэг байлаа. Ерөнхийдөө тэр түмэн олны нүдэн дээр далд амьдарч байсан гэрэлт од юм шүү. Даруухан зангий нь санаж үлдээрэй” гээд хэвлэлийн хурлаа дуусгасан. Мэргэжлийн түвшинд энэ олон жил тоглох явцад 140 орчим сагсан бөмбөгч түүнтэй ээлж дараалан нэг багт тоглож, солигдож байсан гэх юм. Гэвчиг 19 жилийн хугацаанд ганцхан баг, ганц Грег Попович хэмээх дасгалжуулагчийн удирдлага дор тамирчны замналаа өнгөрөөсөн тул түүнийг энэ хүн л төгсгөлд нь зөв үнэлнэ үү гэхээс өөр хэн дүгнэх билээ.

Бэлтгэсэн

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Б.Болортоль: Би энэ хичээлийг заахдаа ингэж хэлнэ гээд толинд харж бэлтгэдэг

Нийслэлийн 23 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Болортольтой ярилцлаа. Дунд, ахлах ангид хичээл заадаг энэ багш 18 жил мэргэжлээрээ ажиллаж байгаа.

-Ш.Сүрэнжав гуайн “Багш” найраглалыг хүмүүс мэднэ. Харин орчин үеийн багш гэж хэн бэ?

-Орчин үед багшид өөрийгөө хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Өөрийгөө хөгжүүлж бэлтгэж байж хүүхдийн өмнө зогсох учиртай. Яагаад гэхээр хүүхэд өнөөдөр биднээс илүү хөгжчихсөн байна шүү дээ. Бүх мэдээлэл нээлттэй байна. Хүүхдүүдэд шинэ мэдлэг өгөхийн тулд багш маш их бэлтгэх ёстой. Өмнө нь бид “Энэ хүүхдүүдийг ийм л түвшинд хүргэнэ” гээд өөрсдөө зорилго тавиад хичээлээ заадаг байлаа. Манай сурагчид юу хүсч сонирхож байна гэдгийг судлахгүйгээр үүнийг л заачихвал би хангалттай сайн ажиллаж байна гэж үздэг байлаа. Өнөөдөр хүүхдүүдээ судлах шаардлагатай болсон. Миний хүүхдүүд юунд хүрэхийг мөрөөдөж байна гэдгийг багш судлах учиртай.

-Хүүхдээ судална гэхээр яана гэсэн үг вэ. Судалгаа авдаг юм уу, хичээл заах явцдаа ажигладаг уу?

-Хичээл заах явцдаа байнга ажиглана. За өнөөдөр Бат, Дулмаа, Дорж гурвыг судална гээд төлөвлөж орно гэсэн үг. Өнөөдрийн хичээл дээр ийм чадвартай байсан сурагчид миний хичээлийн дараа ийм өөрчлөлт гарлаа гэдэг тэмдэглэгээг хийж явахыг л судалгаа гэж хэлээд байгаа юм л даа. Ахицыг л багш тэмдэглээд яаах учиртай.

-Өмнө нь багш мундаг байх амархан байсан байж магадгүй. Харин өнөөдөр багш мундаг байх ёстой юу. Мундаг биш багш бол яаж хүүхдүүдийн анхаарлыг татаж, мэдлэг олгох вэ?

-Үүнийг би бас зөндөө бодсон. Яагаад гэхээр биднийг сургууль төгсч байх үед олимпиад уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилтаар багшийг үнэлдэг байсан. Би улсын аварга болж байсан, аймагтаа монгол хэл, бичгийн олимпиадад байнга түрүүлдэг байлаа. Тухайн үед ийм багшийг үнэлдэг байсан. Сая боловсролын салбарт өрнөсөн шинэчлэлийн үр дүнд багшийг тэр талаас нь үнэлэхийг чухалчлахгүй болсон. Олимпиадад түрүүлэх магадлалтай хэдхэн хүүхэдтэй ажиллах бус хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө хичээдэг болсон. Гэхдээ багш чадвартай байх ёстой нь мэдээж. Хүүхэдтэй сайхан харьцчихдаг, хичээлээ гайгүй заачихдаг хүн бүр сайн багш гэсэн үг биш л дээ.

-Багш юм хэлэхээр “Багш аа, наадах чинь тийм биш шүү дээ. Энд өөр мэдээлэл байна” гэх мэтээр ярих хүүхэд байх уу?

-Байгаа. Багш хүүхэдтэйгээ зэрэгцээд хөгжих, мэдээллийн эрин зуунд амьдрах ёстой болж байна. “Аа тийм байна уу” гээд зогсч таарахгүй.

-Монгол иргэн бэлтгэхийн тулд монгол хэл, соёл чухал гэдгийг олон хүн мэдэрдэг боллоо. Ном уншдаг байх хэрэгтэй гэдгийг ч хэн бүхэн хэлэх байх. Харин монгол хэл, уран зохиолын хичээлийг хэр тоодог вэ?

-Монгол хэл, уран зохиолын хичээлд ач холбогдол өгдөг гэж би хэлнэ. Зөв бичгийн дүрмээр бичиж чаддаг хүүхэд байхгүй боллоо гэсэн өрөөсгөл ойлголт явдаг. Монгол хэл, уран зохиолын хичээлийг сонирхолтой заах гэж бид их хичээж байгаа. Шинэчилсэн хөтөлбөрийн үр дүнд хичээл заагаад гарч ирэхдээ би сайхан мэдрэмж авч чаддаг. Бүх хүүхэд хичээлд оролцоход сэтгэл ханамж маш өндөр байдаг. Ингэж хичээлээ заахын тулд маш их бэлтгэдэг, сэтгэдэг болсон.

-Орчин үеийн залуус ном уншихаа байжээ гэцгээдэг. Үнэхээр хүүхэд залуус ном уншиж байна уу?

-Уншиж байгаа. Дунд сургуулийн сурагчид маш их уншиж байгаа. Анги болгон номын сантай. Бага ангийн хүүхдүүд зурагт комикс номнууд унших сонирхолтой байдаг. “Робинзон Крузо” ч гэдэг юм уу алдартай зохиолуудыг хүүхдэд зориулсан хувилбараар хэвлэх болсон. Тиймэрхүү зохиолуудыг сурагчид их уншиж байна.

-Хэл, уран зохиолын багшийн хувьд хүүхдэд зориулсан ном биччих юмсан гэсэн бодол төрдөг үү?

-Төрдөг. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, амьдралын тухай ном бичиж, кино хийх юмсан гэж боддог. Гэхдээ яг номоо бичээд эхлэх зориг хүрэхгүй байна л даа. Сая гэхэд л сургуулийнхаа 53 сурагчийг аваад БНХАУ-ын Шиньяан хотын Багшийн сургуулийн зуны сургалтад хамрагдаад ирлээ. Хүүхдүүд маань HSK буюу хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн юм. Тэнд бараг сар шахам хүүхдүүдтэйгээ хамт байлаа. Тэгээд л эдний тухай бичих юмсан гэж бодогдсон шүү.

-Эцэг эхчүүд өөрийнхөө нэг, хоёр хүүхэдтэй учраа олох гэж заримдаа яаж зовдог билээ. Гэтэл амьтны олон хүүхэдтэй бужигнаж байдаг багшийн стрессийг тайлах үйлчилгээ, амраах өрөө гэж баймаар санагддаг юм л даа. Тухайлбал та стрессээ яаж тайлж байна?

-Чөлөөт цаг бараг л гарахгүй дээ. Бид нэг ангид 50 гаруй хүүхдэд хичээл заадаг. Нэг их шуугиад байхгүй ч олон хүүхэдтэй ажиллахаар их ядардаг. Гуравдугаар сард манай багш нар дусал, аминдэм хийлгэх гэх мэтээр боломжоороо эмчлүүлдэг. Өөрийнхөөрөө стрессээ тайлж, эрүүл мэнддээ анхаарал тавьж байгаа нь л тэр. Энэ жил бид Заах аргын нэгдлээрээ массажинд орох юмсан, нэг газар орж ярилцаж сайхан суух юмсан гэж яриад чадаагүй.

-Багшийн хөгжлийн ордон гэж байдаг. Тэнд үйлчлүүлэх, суралцах боломж гардаг уу?

-Тэнд байнга л сургалт болж байдаг. Өөрийгөө хөгжүүлэх боловсруулах сургалтад хамрагддаг.

-Мэргэжлээ солих юмсан гэсэн бодол төрөх үе байсан уу?

-Эхэндээ тийм бодол төрдөг байлаа. Одоо бол тэгж бодохоо байсан. Шинэхэн багш байхдаа цалин үнэхээр хүрэхгүй “Яана даа, ингэж ч амьдрах гэж” гэж бодогдох үе байсан. Одоо бол ажилласан жилийн нэмэгдэл, лаборатори сургуулийн нэмэгдэл гээд болоод л байдаг юм.

-Мэргэжлийн өвчин гэж байдаг. Бид нар бол алдаа харагдвал засах гээд байдаг өвчтэй. Таны хувьд яадаг вэ?

-Би бас тийм өвчтэй. Манай сургуулийн монгол хэлний секц “Ангууч” гээд хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүүхдүүд алдаатай хаяг, зарлалын зургийг авч багшдаа өгдөг. Ингээд орхичихгүй. “Танай байгууллагын гадна хаяг ийм алдаатай байна” гээд хүүхдүүд ханддаг, шаардлага тавьдаг. Зарим байгууллагын удирдлага маш сайхан хүлээж аваад “Та бүхэнд баярлалаа. Бид алдаагаа засъя” гээд албан бичиг хүртэл ирүүлсэн удаатай.

-Та одоо ямар ном уншиж байгаа вэ?

-Би “Боловсролын төгсгөл” гэдэг ном авчихаад хараахан уншиж дуусгаагүй л байна. Еврэйчүүд хүүхдүүдээ яаж боловсруулдаг тухай өмнө нь уншсан. Еврэй эцэг эхчүүд хүүхдүүддээ “Өнөөдөр багшаасаа юм асууж ир” гэж захидаг юм байна. Хүүхдүүдээсээ орой нь “Багшаасаа юу асуув, ямар шинэ юм мэдэж ирэв” гэж асуудаг. Түүнээс биш “Ямар дүн авав” гээд орхичихдоггүй юм билээ.

-Харин таны сурагчид хичээлийн дараа юм асуудаг уу?

-Ховор асууна шүү дээ.

-Яагаад багш болъё гэж шийдсэн бэ, зорилготой сонголт байсан уу?

-Яахав, зорилготой сонголт байсан л даа. Гэхдээ би орос хэлний багш болох байсан юм. Орос хэлний багш маань намайг гомдоогоод гэх юм уу даа. Монгол хэлний багш болчихсон юм. “Чи орос хэлээр явж чадахгүй” гэсэн юм л даа. Тухайн үед тэр үг зүрх сэтгэлд үлдсэн.

-Багшийн санаатай болон санамсаргүй хэлсэн үг хүүхдийн сонголтод нөлөөлж байдаг. Магадгүй та хүүхдэд үг хэлэхдээ маш болгоомжтой ханддаг байх?

-Би энэ тухай их боддог. Би энэ хичээлийг заахдаа ингэж хэлнэ гээд толинд харж бэлтгэдэг. Хүүхэд бол бидний толь л гэсэн үг. Бага ангийн хүүхдүүд бол гэртээ очоод багшийгаа яг дуурайдаг гэж байгаа юм. Бухимдаад янз бүрийн үг хэлэх тохиолдол гарна л даа. Аль болохоор тийм алдаа гаргахгүй юмсан гэж хичээдэг.

-Багш хүний мөрөөдөл юу байдаг бол?

-Төгсч байгаа хүүхдүүд маань бидний бүтээгдэхүүн шүү дээ. Ямар хүмүүжилтэй төлөвшилтэй гарч байна гээд бодохоор эмзэглэх үе байдаг. Хүүхдүүдээ аль болох хүнийг хайрладаг, зөв сэтгэлтэй, алсын хараатай болгох юмсан гэж боддог. Гэтэл яаж ийм хүн болгох вэ. Иргэний боловсролын хичээлээр хүнтэй яаж зөв харилцах вэ, гудамжинд явж байгаад бусадтай маргавал яаж зохицуулах вэ гэх мэтээр ярилцах цаг байдаг. “Автобусанд ямар хүнд туслав, маргаашийн цаг дээр яриарай” гэх мэтээр даалгавар өгдөг. Зүрх сэтгэлийн боловсрол олгох цагтай болсондоо баяртай байдаг .

-Танд хэлэхийг хүссэн үг үлдсэн үү?

-Боловсролын салбарын шинэчлэлийг энэ хэвээр нь үргэлжлүүлээсэй. Шинэ хүн гарч ирээд бужигнуулчих вий дээ гэж бодож байна.

Categories
мэдээ цаг-үе

Ай.Төмөр-Очир: Мөнгөнбаатарыг тавын даваанд тахимаа өгөхөд элэг урагдах шиг боллоо

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Ай.Төмөр-Очиртой ярилцлаа. Адуу зурж, адуу шүлэглэдэг аатай найрагчтай энэ удаа уран бүтээл, шүлэг найраг, улс төр ярьсангүй. Өнөө жилийн наадмын тухай бодол сэтгэлийг нь хуваалцсанаа хүргэе.

-Монгол төрийн наадам бахтай сайхан боллоо. Наран ургах зүг Сүхбаатар нутгаас наадмын өмнө заан цолтон төрлөө. Хурдан адууны үүд хаалга болсон, хийморь лундаатай нутаг мөн дөө?

-Энэ жил олон тэгш ой давхацсан, нар хур тэгширсэн элбэг дүүрэн наадам боллоо. Миний бие Өвөрхангайн Хужиртад амрангаа зурагтаар наадмаа тухтай нь аргагүй үзлээ. Түүнээс наадмын өдрүүдэд чинь сэтгэл санаа хий дэвэлзээд морь, бөх гэж хоёр тийшээ гүйлдээд наадмаа үзэж чадахгүй өнгөрдөг. Магалжав маань наадмын босгон дээр заан цол хүртэж, нутаг нугын түмнээ баярлууллаа. Нэг сонин түүх хэлэхэд, Магалжавын өвөө халхын домогт хүчтэн Буянтоо аваргын хүү Жанцанхорлоо гуайтай би ойр дотно явсан. Ерээд оны эхээр өвгөнийх энүүхэн ойрхон Бөөрөлжүүтээр нутагладаг байв. Би гэдэг аагисан амьтан очиж өвгөнийг уруу татаж, хоёулаа ууж идэж, зураг хөргөө ч авахуулж, айл амьтнаар дөрөө харшуулан бууж явлаа. Аавынх нь ир чадлын тухай асууж сонирхоно. Жанцанхорлоо гуай тэлмүүн сайхан яриатай янхигар хөгшин байсан. Буянтоо аваргыг морио үүрээд Гандангийн дэнжид гарсан гэх түүх домог шиг яриа тухайн үед олны дунд хэсүүчилдэг байсан. Үнэн бодит яриа юм гэнэ лээ. Манай Сүхбаатар бол морь, бөхийн үүдтэй гал голомт. Залуу аварга Мөнхбат Сүхбаатар аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цол авч, тэр жилээ улсын цолны босго алхаж байсан. Мөн Баттулгын Соронзонболд заан манай аймгийн наадамд түрүүлээд тэр жилээ шууд долоо давж улсын заан цол хүртэж байсан. А.Сүхбат аварга Алтан-Овооны даншигт түрүүлснийхээ дараа улсын наадмын түрүү бөхөөр тодорч, зургаан залуу заанаас сугарч гарч ирсэн түүхтэй. Ингээд бодохоор бөхийн өлгий биш юмаа гэхэд бөхийн үүдтэй нутаг гэдэг нь мэдрэгдэнэ.

-Ажнай хүлгийн тухайд…?

-Морины тухайд бас ярих зүйл их байна аа. Аливаа юмны учрал ерөөл гэж бий. Сайн бөх ясаа тавьсан газраас бөхчүүд төрдөг гэдэг. Тэгвэл сайн уяач ясаа тавьсан газраас хурдан хүлэг төрдөг юм байна гэж боддог. Монголын анхны манлай уяачдын нэг Дамдинхүүгийн Түвдэн гэж баруун Алтай Ховдын Дарвийн нэртэй уяач байлаа. Тэр хүн Сүхбаатар аймгаас хурдан морь худалдаж аваад буцах замдаа Баруун-Уртад өөд болсон юм. Түвдэн гуай наян нэгэн онд ардын хувьсгалын түүхт 60 жилийн ойгоор гурван морь түрүүлгэж түүхэн амжилт тогтоож байсан, улс даяар зартай уяач хүн. Тэр сайхан уяачийн эрдмийг нас бие нь дийлэлгүй Баруун-Уртад өнгөрсөн. Сонин юм шүү. Өлзийбаатар гэж хүнээс авсан хязаалан үрээг нь сүүлд Дуламсүрэн тод манлай уяад сартай хонгор азарга төрийн наадамд түрүүлж байлаа. Хурдан морины бүх шинжийг хадгалж төрсөн ажнай гэгддэг Дамбадаржаагийн Ононгийн аварга хээрийг ард түмэн мэднэ. Сүхбаатарын Уулбаянгийн Агваан багшийн унаган адуу шүү дээ. Аварга хээрийн тухай үүх түүх ярьж, шүлэг найраглалдаа бичиж би Ононг уйлуулж л явлаа. Тэр сайхан хүлэг Алтан-Овооны даншигт очиж уралдаад Гангын цагаан овооны Өлгий гэдэг газар үүрд хөрвөөсөн. Манай Сүхбаатар ийм л монгол төрийн наадмын үүдтэй голомт юм.

-Мөнгөнбаатарыгаа начин болно гэж мөн ч их хүлээсэн байх. Зөвхөн сүхбаатарынхан гэлтгүй бөхөд хайртай ард түмэн бүгд харлаа, харууслаа?

-Мөнгөнбаатарыгаа нүдээрээ харлаа, сэтгэлээрээ харлаа, бүр элгээ унатал харлаа. Ховд аймгийн Булган сумын Чулуунжав гэж бүхий л амьдралаа бөхөд зориулж ирсэн сайхан хүнтэй хамт Мөнгөнбаатарын барилдааныг үзсээн. Чулуунжав гуай бол манай Сүхбаатар аймгийн хурц арслан Булганхүүгийн аав. Мөнгөнбаатарын анхных нь багш. Булганхүү маань хоёр даваад гурвын даваанд уначихлаа. Улсын наадамд хоёр ч удаа дөрөв давж начны даваанд тулж ирсэн аралтай арслан. Яагаав, хэдэн жилийн өмнө Өсөхөө аваргыг тавын даваанд сандаргаж байгаагүй юу. Гэтэл Чулуунжав гуай хүүгээ гэхгүй шавиа л гээд байх юм. Ясны бөх хүн гэдэг чинь тэгдэг юм байна. Би бөх сайн мэдэх биш дээ. “Мөнгөнбаатар маань дөрөв давчихлаа. Энэ жил нэг юм дуулгана байгаа даа” гэж тавын давааны өмнөхөн багшаас нь асуулаа. “Туучих байх аа, туучих байх” л гэж байна.

Тэгтэл Мөнгөнбаатар начны даваанд бүдэрчихлээ. Бүр элэг урагдах шиг болсон. Би чинь угаасаа уранхай нөхөөстэй элэгтэй хүн. Айхтар том харуусал гэдэг чинь цээжнээс нэг юм зулгаагаад унагачихдаг юм билээ. Багш нь уйлаад босоод явчихсан. Би болохоор нулимсаа арчаад л суудал дээрээ суугаад байлаа. Тухайн агшинд надад Мөнгөнбаатарын наян настай аав, ээж хоёр нь бодогдов. Тэр хоёр буурал ард түмэн, нутаг усны олноос илүүтэйгээр хүүгээ харж суугаа нь мэдээж. Өөрийн эрхгүй ижий аавыг нь өрөвдөж суулаа. Аав нь Донойн Шар гэж сайхан хөгшин бий дээ. Цагтаа морь уядаг, уясан хүлгүүд нь Сүхбаатарын наадамд айлгадаг л байсан. Мөн ч цалгиатай сайхан эр явсныг нь би мэдэх юм. Хүний эцэг л болсон хойно “Намайг амьдад начин болчихоосой” гэж харж байгаа. Пил аварга гэж лут бөхийн удам. Ер нь тэгээд дэндүү их итгэл хүлээлгэнэ гэдэг дэндүү их хохирол амсахын л нэр юм биш үү. Одоо Мөнгөнбаатар маань нас явчихлаа. Уг нь монгол бөхөд жудаг гэж нэг юм бийсэн. Улсын алдар цолтой бөхчүүдийн хэн нь ч гэсэн амлаад цолонд хүргэхэд “Мөнгөөр начин төрүүллээ гэж хэлэхгүй” дээ. Гэвч энэ залууг амлаад өгчих жудагтай аавын хүү байдаггүй юм байна.

-Тэр жилийн цагаан сараар аатай сайхан барилдаж түрүүлснээс хойш л ард түмэн цол аваасай гэж хүлээсэн?

-Үнэхээр ард түмний хайртай бөх юм гэдгийг энэ жил би яс махаараа мэдэрлээ. Аймгийн наадамд хоёр удаа түрүүлсэн, заалны барилдаанд арван хэд түрүүлсэн бөх гэдэг ямар ч улсын цолтой бөхтэй эгнэж очихоор. Арван нэгэн онд цагаан сарын барилдаанд түрүүлсэн. Зэрлэг гахайн соёо гэж халтай зүйл байдаг. Хажуудахаа хадраад тэсгээдэггүй. Түүн шиг тэр жилийн цагаан сараар Мөнгөнбаатарын баруун ташаа ёстой нэг хачин байсан даа. Өнөө жил улсын цолгүй 18 бөх тав тавлаа. Зарим нь шууд зургаа давж байна. Манай хүн чинь тэр хэдийн хэнээс нь ч айж бэргэхгүй. Гэтэл Дорнодын Анар гэж шавилхан залууд барьц сонгуулаад уналаа. Анар өнгөрөгч жилийн наадмын дөрвийн даваанд Эрхэмбаяр аваргыг унагаж байсан эвгүй бөх л дөө. Мөнгөнбаатарын барилдаанаас би нэг л зүйлийг ойлгож байлаа. Нутаг орны удирдлага, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Сүхбаатарын гэх сэхээтнүүд бүгд худлаа юм байна. Сонгууль болохоор л саналыг нь хулгайлж, луйвардах гэж сайн хүн болж очдог. Зарим нь бүр нус нулимстайгаа холилдож очно гээч. Сая наадмын өмнө аймгийн том дарга нар нуруугаа үүрсэн, пээдийсэн амьтад худлаа инээд алдаад бөхийн галаар явж байна лээ. Тэгж л их нутагтаа хайртай хүмүүс юм бол энэ жил ганц нүүр тахалж байгаа бөхөө тунаанаас гаргах нь яасан юм. “Тавын даваа гэдэг хамгийн хэцүү. Энэ давааг л гаталчих юм бол сайн бөх цаашаа торолгүй явчихна” гэж Баянаа аварга Санжаадамбын тухай, дараа нь Мөнгөнбаатарын тухай хэлж байсан. Манай нутгийнхан хэзээнээсээ бөхдөө ээлгүй тосоо дусаадаггүй, тусаа өгдөггүй хүмүүс дээ. “Ерөнхийлөгчийн бөх” гэж төр, түмэндээ хүндлэгдсэн Жанцангийн Чулуун гэж сайхан начин байлаа. Тэр хүнийг ид барилдах насанд нь аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга чөлөө өгөлгүй чөдөр тушаа болж тамлаж байсан удаатай. Хөвсгөл аймагт Уйлган голын гурван аваргын сүрлэг сайхан хөшөө бий. Гэтэл манай спорт хорооны үүдэнд хүний инээд хүрмээр жижигхэн хөшөө байдаг. Тэр жил Шаравын Батсуурь аваргыг Сүхбаатарын хилийн цэрэгт байхад нь аймгийнхаа ойд уриагүй юм гэсэн. Үүнд нь аварга жигтэйхэн уурласан дуулддаг. Нутаг орон нь жаахан дэмжээд өгсөн бол манай Чулуун начин, за тэгээд Чойдорын Өвгөнхүү гуай, Лувсандоржийн Дашдаваа, Дахын Одсүрэн гээд аварга, арслангуудыг айлгаж явсан аатай хүчтэнүүд төрсөн. Даанч дээшээ барилдсангүй.

-“Аварга түрүүллээ, азарга түрүүллээ” гээд та омогтой байна. Аварга гэдэг нь мэдээж Санжаадамбыг хэлж байгаа байх. Та чинь хадам талаа яривал Архангай болоод давхичихна даа?

-Хазгар хүргэн хадамсаг гэгчээр манай хадам тал яалт ч үгүй шинэ аваргын нутаг Архангайн Хашаат сум л даа. Мөнгөнбаатар маань унаж нөхөөстэй элгийг минь “цөмлөөд” хаячих шиг болохоор хүний хор шар хөдөлнө биз дээ. “Хүү минь, дүү минь цол авахгүй бол хүргэн хүн байна, хадмын нутгаа дэмждэг хэрэг ээ” гээд Санжаадамбыг дэмжсэн. Аварга хүн аваргын буурьтай барилдана гэдэг сайхан юм. Ард түмэн харлаа. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Оюунболдыг илүүрхэн хаяж байгааг, есийн даваанд халхын сайхан аварга Эрхэмбаярыг шороодуулаад зүүн мөрнөөс нь адис авч буйг харахад хичнээн сайхан. Бөхийн жудаг, эрэмбэ гэдэг ийм л байдаг аж. Мөнхбат аварга Эрхэмбаяр аваргыг амлаж жудаггүй зан гаргалаа. Бөхийн ертөнц бас л булингартай байгаа юм байна гэж бодогдсон. Хужиртын амралтаас буцах замдаа хадмынхаа нутаг Хашаат сумаар дайрлаа. Манай сумаас аварга төрлөө гээд хашаатынхан цээж түхгэр, нуруу гэдгэр байна аа, аргагүй. Шүдлэн насны морьд оройхон мордож байх юм. “Яаж байгаа нь энэ вэ” гэхэд, “Санжаа аварга маань ирж байгаа. Хүчит аваргадаа шүдлэнгийнхээ уралдааныг үзүүлнэ” гэж байна. Залуу аварга оройхон Мөнх-Эрдэнэ арслан тэргүүтэй олон бөхтэй ирсэн дуулдсан. Би уулзаж чадаагүй. Харин халхын сайхан аваргыг төрүүлсэн аавтай нь очиж уулзлаа. Чимэдрэгзэн гуай ёстой нэг магнай тэнэгэр, дүүрэн жаргалтай сууна. Төрийн наадамд хүүгээ түрүүлэхийг харсан аав гэдэг бахтай байхаас яахав. Яриан дундаа мань хүн “Хүүгээ түрүүлэхийг үзлээ, ах нь. Ойрын хэдэн жилдээ үхэхгүй байх” гэж байна. Тэгэхээр нь би “Хүүгээ дархан аварга болохыг үзнэ ээ” гэж хэлсэн. Их л бэлгэшээж байна лээ. Хашаатаас өмнө нь улсын наадмын түрүү бөх тодроогүй, аварга цолтон төрөөгүй юм билээ. Уламбаярын Мижиддорж арслан тэртээ жаран гурван онд Жигжидийн Мөнхбат аваргатай үлдэж үзүүрлэж байсан гэдэг. Зөвхөн Хашаатынхан гэлтгүй ард түмний сэтгэлийн бах өнөө жил ханах шиг боллоо. Санжаадамбыг олон жил хүлээж байжээ. Монгол наадмын чимэг, хайрламаар сайхан бөх бол Сэлэнгийн Эрхэмбаяр аварга гэдгийг бас илүүтэй мэдэрлээ. Монгол эр хүн ийм байдаг гэх сүүлчийн загвар хийц, жудаг ёс, ухаан, намба байдлын төгөлдөр жишээ Эрхэмээ аварга.

-Алтан дарь овооны сахиустай Дарьгангын наадамд таны азарга түрүүлсэн дуулдана?

-Сайхан аваргын аавтай уулзаад хийморь лундаатай явтал Сүхбаатараас мэдээ ирлээ. Дарьганга сумын наадамд бодон хээр азарга минь түрүү магнай болсон тухай дуулаад омогшихгүй яадаг юм. Ямар сайндаа мэнд мэдэж ярьсан бүхэнтэй “аварга түрүүллээ, азарга түрүүллээ” гэж хэлж байхав дээ. 2009 оны зүүн бүсийн “Их хурд” наадамд миний одон хээр азарга аман хүзүүдэж намайг баярлуулж байлаа. Тэгтэл түүний төл содон хээрийн унага бодон хээр Дарьгангад магнайллаа. Би яруу найрагч хүн учир үгээр наадаж морьдоо ийн нэрийдсэн. Зэрлэг бодон гахайтай юу ч эгнэдэггүй юм, тэрхүү бэлгэдлийн бодож “Бодон хээр” гэж нэрлэсэн. Яруу найрагчийн бэлгэ ерөөл Дарьгангын наадамд оршсон байна, шүншгээ олсон байна. Таван азарга тасраад, үзүүрийн хоёр азарга уралцаад бариа руу дөхөхөд бусад нь сууж бодон хээр ганцаараа жанжлаад түрүүлчихсэн байна. Цэргийн жанжин гэдэг шиг магнайн хэдэн азарга дундаа үнэндээ жанжилсан байгаа юм. Айсуй он жилүүдэд алдарт Нийгмийн хонгорын удам, Сүхбаатарын адуун сүргээс төрийн наадмын түрүү тодорсоор байх болно гэх ерөөлөөр хоёулаа яриа өндөрлөе, болно биз дээ.

Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийн хурандаа С.ОТГОНБААТАР: Цэргийн алба хаахаар очоод цагдаагийн сэргийлэгч болж байлаа

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулаад Улаанбаатар хотын цагдаагийн ахмадын хорооны дарга, хурандаа С.Отгонбаатартай ярилцлаа.

-Цагдаагийн ажлыг нэгжээс эхлэн хийж байсан хүний хувьд, цагдаагийн амьдралын хамгийн сайн ярих байх гэж бодож байна. Та хэдэн онд цагдаагийн байгууллагад хөл тавьж байсан бэ?

– Би чинь Архангай аймгийн Их тамир суманд зоотехникч хийж байсан хүн. Тэгээд 1980 онд цэргийн алба хаахаар болов. Тэр үед Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа 0230 дугаар цэргийн анги гэж байгуулагдаж байлаа. Тэр ангид цэргийн алба хаахаар татагдан очлоо. Цэргийн ангид алба хааж байна гэж бодож байтал ард иргэдийн дунд эргүүл хийх, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд оролцох ийм давхар үүрэгтэй болчихов. Удалгүй намайг шинэ цэрэг дотроос бага дарга болгож, нэг тасаг хариуцууллаа. Ингээд жил гаруй хугацаанд алба хааж байтал хөдөө орон нутагт хэсгийн төлөөлөгчийн орон тоо цөөн байсан уу, яасан манай ангийн захирагч хурандаа Мөнхдалай гэж хүн тусгай, дунд боловсролоос дээш боловсролтой цэргүүдийг Цагдаагийн байгууллагад шилж сонгон ажиллуулах шийдвэр гаргаж билээ. Тэгээд би 1981 оны арваннэгдүгээр сард Төв аймгийн Цээл сумын Залуучуудын сангийн аж ахуйн хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллах боломж олдсон юм. Зоо техникч хийж байсан хүн цэрэгт яваад цагдаагийн сэргийлэгч болсон түүх энэ дээ. Энэ ажилд томилогдоод их баярлаж байлаа. Угаас миний багын мөрөөдөл сэргийлэгч болох байв. Цагдаагийн байгууллагын ажлын амтыг цэргээсээ болон хэсгийн төлөөлөгчийн ажлаас ийнхүү мэдэрч эхэлсэн дээ.

-Тэгээд та хэрхэн хуулийн мэргэжил эзэмшсэн юм бэ?

-Цагдаагийн сэргийлэгчээр нэлээд хэдэн жил Төв аймагт ажиллалаа. 1987 онд ЗХУ-ын Москва хот дахь Дотоод явдлын яамны дээд сургуульд намайг явуулах талаар яриа гардаг юм байна. Мэдээж надад хуульзүйн сургуульд сурч мэдлэг боловсрол эзэмших хүсэл тун их байлаа. Хэнтий, Сэлэнгэ, Төв аймгийн цагдаагийн даргаар ажиллаж байсан Дорж гэж хурандаа хүн байсан. Энэ хүн намайг дэмжиж “Ер нь чи хойшоо сургуульд яваад ир. Хуулийн боловсролтой бол” гээд явуулсан юм. Амьдралын маань том сургууль болсон доо. Хойно таван жил сурахдаа би их юм сурсан. Ингээд төгсч ирээд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас намайг Багануурын цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн ахлах төлөөлөгчөөр томиллоо. Тэнд дөрвөн жил ажиллахдаа гурван жил дараалан Цагдаагийн ерөнхий газрын хөдөлмөрийн аварга, эдийн засгийн төлөөлөгчөөр шалгарсан юм. Хийсэн ажлыг нь үнэлж байна гэж их урам авч зүтгээд байв. Багануурт очсон тэр жил чинь 1992 он байсан. Оросууд буцсан, өмч задарсан ийм үед надад хийх ажил тун их.

-Та Архангай аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Тэр үед орон нутагт ноцтой гэмт хэрэг зөрчил гарч байв уу?

-1996 онд Архангай аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдоод дөрвөн жил ажилласан. Тэр үед нэг ноцтой хэрэг гарч байсан юм. 1997 оны арваннэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотоос настай эмэгтэй Чулуут суманд очихоор автобусанд суугаад аймгийн төв дээр буусан байдаг. Аймгийн төвд буугаад ор сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь алга болсон хүнийхээ тухай мэдээллийг сарын дараа цагдаад мэдэгдсэн. Хэргийг шалгахад яах аргагүй арваннэгдүгээр сарын 3-нд настай эмэгтэй аймгийн төвд буусан байдаг. Хаачсан нь мэдэгддэггүй. Тэгээд энэ өдөр ямар зөрчил, сэжигтэй зүйл юу гарсан бэ гээд эргээд бүх юмаа асууж лавлахад, тэр өдөр 69 машинтай нэг хүнийг манай замын цагдаа зогсоогоод шалгасан байдаг. Гэтэл жолооч нь үнэмлэх, бүх бичиг баримтаа хаячихаад зугтаачихсан байгаа юм. Энэ хүн сэжигтэй байна гээд эрэн сурвалжиллаа. Орон даяар эрэл болсон. Баянхонгор аймагт нэг сэжигтэй хүн байна гэсэн мэдээлэл ирж, Алтангэрэл гэдэг хүнийг баривчилж авчирлаа. Тэр хүнийг сар гаруй хугацаанд байцаагаад эхлээд юм хэлэхгүй байснаа сүүлдээ өөрөө цогцсыг хаана байгааг хэлсэн. Архангайн Хотонт сумын нутаг Хархорин хоёрын зааг, модон дотроос олсон юм. Боолгож нас барсан эмэгтэй хүний цогцос байсан. Алтангэрэл гэх гэмт этгээд нь хорих байгууллагаас оргоод Баянхонгор аймагт орогнож байсан юм билээ. Ингэхдээ Улаанбаатар хотоос шинэ 69 машин хулгай хийгээд тэр машинаараа говийн аймгуудаар хүн тээвэрлэж байсан байдаг. Миний үеийн хүмүүс дуулсан байдаг даа. Садист Алтангэрэл гэж алдаршсан гэмт этгээд байсан юм. Сүүлд манай хоёр сэргийлэгчийг Чулуут голын гарман дээр буудаж гэмтэл учруулсан хүн. Бас өмнө нь олон эмэгтэйг боомилж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байдаг. Ноцтой хэрэг гэвэл энэ хэргийг маш сайн санадаг юм. Архангай аймагт гэмт хэргийн нөхцөл байдал ер нь тайвандуу байсан даа. Модны хулгай ихсэх хандлагатай байсан байх, миний үед.

-Тэр үед ууланд оргодол, хоригдол бүгсэн тухай иргэд ам дамжин ярьдаг байж билээ. Хулгайч нар ихэнхдээ ууланд бүгж зугтаадаг байсан юм уу даа?

-Тэр үеийн малын хулгайч нар ер нь ууланд их бүгдэг байсан. Ууланд өдөр нь өнждөг морио уядаг. Тийм хулгайч тэнд байна, гэр орноо цоожлоорой, сэрэмжтэй байгаарай гээд мэдээлэл өгдөг байсан. Ноцтой хэрэг бага гардаг байсан учраас ганц нэг хэрэг гарахаар сонин содон сонсогдож хүмүүсийн сэтгэмжид нөлөөлдөг байсан байх. Тэр үед нэг хүнийг хутгалсан гэдэг мэдээ аймаар санагддаг байлаа шүү дээ. Одоо бол нэг хүн хутгалсан, үхээгүй байх юм бол сонин биш. Тэдэн удаа хутгалж алжээ гэсэн ч сонин биш, байдаг л хэрэг мэтээр хүлээж авдаг болсон байна даа.

– Та Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Энэ үед 2008 оны долдугаар сарын 1-нд нийтийг хамарсан эмх замбараагүй үймээн гарсан шүү дээ?

-Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байх үед 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн гарсан. Монголын цагдаа өмнө нь тохиолдож байгаагүй хүнд үетэй учирсан. Яагаад гэвэл, 365 цагдаа хүнд хөнгөн байдлаар бэртсэн. Бэртлийнхээ улмаас дараа нь гурван албан хаагч амиа алдсан. Хууль зүйн яамны эмнэлэг тухайн үед хөл гишгэх зайгүй болтлоо дүүрч, бусад эмнэлгүүдэд хүмүүсээ хэвтүүлж байлаа. Монголын цагдаа өмнө нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдалтай нүүр тулж байсангүй л дээ. Жагсаал цуглаан болдог байсан уу гэвэл байсан. Ордныг гурав тойрно буюу гороолно гэж ярьдаг байсан даа. Тэгээд л тарна. Тэрнээс биш өмнө нь тийм айхтар зүйл болж байсангүй учраас туршлага дутсан нь үнэн. Үймээний үеэр цагдаагийн алба хаагчдад зэвсэг, техник хэрэгсэл байхгүй байсан шүү дээ. Станц хүрэлцээгүй, цахилгаан бороохой, гав, нулимс асгаруулагч, хийн буу гээд тусгай хэрэгслээр хангачихсан байсан бол өөр байх байсан даа гэж боддог. Яг үймээний үеэр үнэндээ цагдаагийн удирдлага хяналтаа алдсан. Намын байрны урд олон хүн цугласан байхад тэднийг давж ярих хүчин чадалтай ганц ч чанга яригч байгаагүй. Алба хаагчидтай холбогдож чадахгүй, утас шүрмэс байхгүй. Ийм л зүйл болсон. Тэгэхэд бусад орны цагдаагийн байгууллагын туршлагыг харахад 5 -10 км-т сонсогдох чанга яригчтай байдаг юм байна. Түүгээрээ урьдчилан сэргийлэх юмаа хэлдэг анхааруулдаг дараа нь тусгай юмаа хэрэглэх ийм арга руу ордог. Гэхдээ одоо нэг үеэ бодвол манай алба хаагчид тусгай хэрэгслээр бүрэн хангагдчихаж. Нисдэг камер хүртэл ашиглаж байна. Энэ бол дэвшил юм. Алба хаагчид байнга сургуулилт хийдэг болсон. Одоо магадагүй тийм үймээн гарлаа гэхэд алба хаагчид бэлтгэл хангагдсан гэж боддог.

-Цагдаагийн ахмадын хорооны даргаар ажиллаж байгаа. Ахмадууд ойгоо угтаад ямар ажлыг хийж байна?

-Ойн хүрээнд олон ажлыг төлөвлөн хийж байна. Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага, дүүргүүдтэйгээ хамтраад том том ажлыг төлөвлөж ажиллаж байна. Ахмадуудын хувьд залуучуудтайгаа эргэх холбоогоо сайжруулах, бие биендээ харамгүй туслалцаа үзүүлэх ялангуяа иргэдийн хурлын сонгууль, УИХ-ын сонгууль, наадам, АСЕМ, цагдаагийн ой гээд энэ жил олон баяр, чухал үйл явдал давхцаж байна. Энэ үйл ажиллагаанд ахмад цагдаа нар биеэрээ оролцлоо. Эргүүлд гарахаас эхлээд олон санаа санаачилга гарган ажиллаж байна. Манай цагдаагийн байгуулага ахмадуудаа их харж үздэг. Жилд 1-2 удаа хүлээгээд авчихдаг. Ахмадуудаа янз бүрийн үйл ажиллагаанд явуулж байгаа. Их өндөр сэтгэгдэлтэй байдаг даа, бид.

Э.Ариунсанаа

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Улс төрийн шийдвэр гарсан байхад дороо гүйдлээ олдог

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Та Монгол, Солонгосын бизнес форумын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дэргэд сууж байна лээ. Онцлох үгээ хэлж амжсан уу?

-БНСУ-ын Ерөнхийлөгч АСЕМ-д оролцоод, дээр нь албан ёсны айлчлал хийсэн. БНСУ, Монгол Улс эдийн засгийн харилцааны дараагийн шатанд орохыг цаг үе, эдийн засгийн нөхцөл шаардаж байгаа юм. Би хатагтай Ерөнхийлөгчид “Харилцааны хоёрдугаар үе шат эхэлж байна. Солонгос, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахад судалгаа буюу эрх зүйн түншлэлийн орчин бүрдүүлдэг. Монгол, Солонгосын танхим, БНСУ-ын Гадаад эдийн засаг судлалын институт, Чингис хаан сургууль хамтарч ажиллаж гэрээний гол үндсэн концепцийг гаргаж ирье” гэсэн юм. Хатагтай Ерөнхийлөгч “Үүнийг маш хурдан ажил хэрэг болгоорой” гэж хүмүүстээ үүрэг өгсөн. БНСУ-ын Ерөнхийлөгч ирэхдээ 100 гаруй бизнесийн төлөөлөгчөөс гадна 20 гаруй бизнесийн холбоодын удирдлагаа авчирсан юм. БНСУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч бид Монгол, Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа.

-Солонгосчууд хөлдөөсөн банш, цахилгаан шатнаас авахуулаад байж болох бүхнийг бидэнд санал болгодог юм билээ. Энэ удаагийн уулзалтын үеэр тэд юуг онцлов?

-Форумын үеэр БНСУ-ын Импортлогчдын холбооны ерөнхийлөгч надтай уулзсан. Дараа жил зургадугаар сарын 23-24-нд импортлогчдын том үзэсгэлэн яармаг болох юм байна. Энэ яармагт Монголын компаниудыг оролцуулахыг хүссэн. “Говь”-ийн бүтээгдэхүүнтэй танилцаад “Говь”-ийг оролцуулмаар байна гэсэн. “Витафит”-ынхан Япон руу чацарганы шүүс гаргаж байгаа.

Тэднийг оролцуулах гэх мэтээр бидний ажил асар их байна.

Солонгосчууд уул уурхайн бүтээгдэхүүний дахин боловсруулалтад оролцох сонирхолтой байна. Төмрийн хүдрийг эндээ боловсруулаад, гулдмайгаар нь БНСУ руу гаргавал хичнээн ашигтай байх вэ. Дэд бүтэц, барилга байгууламж дээр нь эмнэлэг оношилгооны төвийн асуудал байна. Өнгөрсөн жил 10 мянган иргэн Солонгост очиж шинжилгээ өгчээ. Хамгийн сүүлийн үеийн оношилгооны төв байгуулагдвал гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүмүүст хэмнэлт бий болно.

-Та бас АСЕМ-ыг зохион байгуулах ажлын хэсэгт орсон байх аа?

-АСЕМ-ын эрх авснаас хойш жил хагасын хугацаанд бүх л байгууллагын хүчин зүтгэлээр АСЕМ сайхан боллоо. П.Цагаан дарга бид хоёр хурлын заал, зочид буудал хариуцсан ажлын хэсгийг хариуцсан юм. Бид өнгөрсөн аравдугаар сараас хойш долоо хоног бүр хуралдсан. Шат дараалсан арга хэмжээнүүд явагдаж, төрийн ордны төв танхимын агааржуулалтыг эс тооцвол бусад бүх юм сайхан болсон.

Бид нэг гарцыг олж харж байгаа. Уул уурхайн дараа мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал манай эдийн засгийг бүрдүүлэгч дөрвөн том салбар. Гэхдээ манайхан аялал жуулчлал, мал аж ахуй, аялал жуулчлалдаа хөрөнгө оруулалт хийдэггүй. Технологи оруулахгүй, инноваци шингээхгүй байгаа учраас энэ салбар хямдхан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болчихоод байгаа юм. АСЕМ-ын үеэр “Чингисийн хүрээ цогцолбор”-т үзүүлсэн “Нүүдэлчдийн наадам” өндөр өртөгтэй. Яг ийм үзүүлбэрийг жил болгон хийж чадвал үүнийг дагасан жуулчид их ирнэ. Дараа жил ингэж үзүүлэх юм байхгүй бол жуулчид “хулхидуулсан” болж хувирна шүү дээ. Тийм учраас аялал жуулчлал хөрөнгө шаарддаг гэдгийг одоо бид ойлгож байгаа юм. АСЕМ-ын үеэр манай цаг агаар гайхалтай ивээлээ. Бид энэ үйл ажиллагаанаас маш их туршлага хуримтлуулав.

Хурлын үеэр нэг байгууллагад их баярласан. Х.Дамдинсүрэн захиралтай “Саунд оф Монголиа” компани АСЕМ-ын хурлын заал, тохижилтод маш их хувь нэмэр оруулсан. Хурлын индэр рүү асч байгаа гэрлийг хүртэл нэлээд үнэтэй авч төрийн ордны зааланд байрлуулсан юм шүү дээ. Түүний хүчээр тэнд авч байгаа зураг хүртэл өөр гарч байгаа юм. Шангри-Ла руу орж байгаа зураг хөрөг дандаа эднийх хийсэн ажил. Энэ компани үүнийг хийхийн тулд хоёр жилийн өмнө АСЕМ-ын Миланы уулзалтад багаараа очиж судалгаа хийсэн юм. Бүх техникийг нь судалсан. Дэлхийн хэмжээний уулзалт хийхэд дэлхийн стандартыг барьдаг монгол компаниудтай болсон нь сайн хэрэг.

АСЕМ-ыг ийм хэмжээнд хийхийн тулд эртнээс бэлтгүүлдэг юм билээ Энэ менежмэнт нь бидэнд хэрэгтэй. АСЕМ-ын том хурал болохын өмнө есөн бага хурал болдог. Хамгийн отгон хурал нь бизнес форум болсон. 300-600 хүнтэй хурлууд үргэлжилсэн. Энэ хооронд оролцогч удирдагч хүмүүсээ бүх талаар бэлтгэдэг юм билээ. Хурлаас хурлын явцад АСЕМ-ын бэлтгэл чангарч байдаг. АСЕМ болоход үйлчилгээ, хамгаалалт, техникийн алба, дотоод орчуулга бүх юм жин тан болчихож байгаа юм. Энэ нь биднийг их юманд сургасан. Бизнесийн форум амжилттай болсон. Энэ хурлаар макро түвшний асуудал гаргаж тавьдаг. Нэг ёсондоо цаг агаарын урьдчилсан мэдээ гэсэн үг. Түүнд бизнесээ зохицуулах, тухайн улс нь эдийн засгийн бодлогоо явуулах учиртай. Бизнесийн форумын хэлэлцсэн асуудлууд манай танхимын сайтаар дамжиж гарах юм.

-Ази, европынхон илүү нягтарч бие биенээ ойлгож мэдрэхээр хичээж байна. Бизнес эрхлэгчдэд ямар боломжууд харагдсан бэ?

-Ойртонгоо хамтдаа хөгжье гэсэн гол зорилготой бизнес форум болсон. Дэлхийн эдийн засгийн 60 хувь, хүн ам, худалдааны эргэлтийн 60 хувь нь Ази, Европт байна. АСЕМ-ын гол зорилго улс төрийн түвшний ойлголцол, мэдээлэл солилцох байдаг. Дээрээ суудлаа олбол дороо гүйдлээ олно гэдэг дээ. Улс төрийн шийдвэр гарчихсан байхад дороо гүйдлээ олдог.

-Аль нэг улс оронтой бизнесийн нарийн яриа хөөрөө явсан уу?

-АСЕМ ч бай Солонгос Монголын форум ч бай танхимын үүрэг бол бүжгийн талбайг л засч өгдөг. Орчныг нь бүрдүүлдэг. Дотор нь бизнес бизнестэйгээ хэрхэн холбогдох нь өөрсдийнх нь авьяас чадварын хэрэг. Овсгоотой нь томхон юм олж авна. Ер нь бол өгөөжтэй болсон гэж үзэж байгаа.

-Танхимын даргын хувьд юунд илүү анхаарал хандуулж, юуг “балиашиглаж” байна вэ?

-Сая Ч.Сайханбилэгийн Засгийн газартай манай танхим тулж ажиллаж байж Ил тод байдлын хууль батлуулсны гол шалтгаан бол компаниудыг 25 жилийн дарлалаас чөлөөлөх байлаа. Үүний үр дүнд 33 000 компани 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ажил үйлчилгээ орлогоо ил болголоо шүү дээ. Зөвхөн энэ тоон үзүүлэлт гэхэд л манайд зах зээлийнхээ 60 хувийг төр хянаж чадахгүй байсныг харуулсан. Тэрбум долларын уул уурхайн хөрөнгө оруулалт орж ирэхэд түүнийг хөдөлгөж чадах компани хэрэгтэй байдаг. Тэр компани институтын хэлбэрт очсон байх учиртай. Үүнийг бид хийж эхэлсэн. Эдийн засгийн ил тод байдлын хууль, Өршөөлийн хууль гаргадаг чинь 2009 оны хямралыг давсан гол аргачлал. Тэр аргаа бид сая дахин хэрэглэсэн. НӨАТ-ын хуулийг одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат яг жилийн өмнө Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Сая хавар энэ хууль улс төрийн шоунд өртөх шахсан. Яг макро эдийн засгийн үүднээс бол маш гайхалтай систем бий болгосон. Үүний үр дүнд бид эдийн засгийн бааз сууриа 22 дахин ихэсгэлээ. Зургадугаар сарын сүүлийн статистик мэдээгээр татварын бүх орлого бараг 100 хувь биелсэн. Татварын орлого 0,5-хан хувиар тасарчээ. Манай эдийн засаг өнгөрсөн жилийнхээс муу байгаа шүү дээ. Гэтэл татварын орлого биелнэ гэдэг НӨАТ-ын шинэ системээр татварын бааз суурийг ихэсгэж чадсаны үр дүн. Энэ системийн буянаар хянаж чаддаггүй байсан 60 хувиа хяналтад оруулсан. Ил тод байдлын хууль гэдэг толгойг чинь төр илж байгаа юм биш. НӨАТ-ын систем ажиллаж эхлэхэд орлого олж байгаа бүх этгээд татвараа төлдөг механизм руу иргэнээр дамжиж орно гэж би хэлж байсан.

-Шинэ Засгийн газар гарч ирэхээр НӨАТ-ын сугалаа зогсох болов уу гэж хүмүүс сонирхож байгаа?

-НӨАТ-ын хууль батлагдсан шүү дээ. Сугалааг 2016 оныг дуустал явуулах учиртай. Үлдсэн хугацаанд сард нэг удаа явуулна. Энэ бүхэн хуульчлагдсан. УИХ төсвийн тодотгол хийгээгүй байгаа. Төсвийн тодотгол хийж нэг хоёрдугаар улирлын НӨАТ-ын урамшууллыг өгчихвөл дараа нь сугалаа ч хэрэггүй. Нэгдүгээр улиралд 5,6 тэрбум төгрөгийг иргэд буцааж авахаар байгаа. Үүнийг өгчихвөл иргэд цаашдаа сугалаагүйгээр баримтаа бүртгүүлээд явчихна. Техник технологийн өөрчлөлтүүд гарч байгаа. НӨАТ мөдхөн цаасан хэлбэрээр бус зураасан кодтой үнэмлэхтэй болж түүнийгээ уншуулаад өөрийнхөө дансаар буцаан олголтоо авчих юм. Тийм хэлбэрт шилжихэд бэлэн болсон. Татварын орлого 100 хувь биелж байхад үүнээс татгалздаг Засгийн газар гэж байхгүй. Харин энэ механизмыг хөгжүүлэх тал дээр шинэ Засгийн газар сайн ажиллана гэж найдаж байгаа. МАН төрийн эрхийг авахдаа нийгмийн хамгааллын маш олон амлалт өгсөн. Нийтийн баялгийг нийгэмдээ илүү хуваарилна гэсэн үг. Нийгмийн хуваарилалт цалин тэтгэвэр, нийгмийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтаар дамжиж хүрдэг. Үүний ганц эх үүсвэр татвар шүү дээ. НӨАТ-ын шинэ систем маш сайн саалийн үнээ болсон. Дээр нь МАН нэг хувийн татвар амалсан. 1,5 тэрбум төгрөгийн орлогод нэг хувийн татвар ногдуулна гэсэн шүү дээ. Татварын гурван хууль маань батлагдаж чадалгүй үлдсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Татварын ерөнхий хууль энэ намрын чуулганаар эхний ээлжинд батлагдах учиртай. Өнгөрсөн жил НӨАТ-ын хууль батлагдсан. Нягтлан бодох бүртгэлийн хууль, Аудитын хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль бүгд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Бизнесийн орчныг энэ хуулиуд бүрдүүлнэ. МАН одоо нэг хувийнхаа амлалтыг баталвалнэг хувийн татвартай болох юм. Уг нь дөрвөн хууль бүгд өнгөрсөн жил батлагдах ёстой байсан. Үлдсэн гурвыг нь батлаагүйгээс ямар сөрөг үр дагавар гарч байна гэхээр жижиг аж ахуйн нэгж их татвар төлж байгаа харагдаж байна. Нэг хувийн татвартай бол маш их хөнгөлөлт болно.

Намрын чуулганаар хийх бас нэг гол өөрчлөлт бол Төрийн нийтийн хамааралтай өмчийн хууль гаргаж, төрийн нийтийн хамааралтай өмчийг хэн эзэмшиж ашиглахыг тодорхой болгох учиртай. Мэдээж өмчлөл нь төрд бий. Засгийн газар үүнд ямар хэмжээнд, аж ахуйн нэгж, хувь хүн ямар оролцоотой байх зэрэг өмчийн харилцааг тодорхой болгочихвол зодоон болохгүй. 20 гаруй жил энэ харилцааг ил болгоогүй учраас Засгийн газар, УИХ-аар дамжуулж эрх мэдэл олж авч байж эзэн суудаг, хугацаа нь дуусахаар дахин эзэн суухын тулд юу ч хийхээс буцахгүй болдог. Хөрөнгө оруулагчид өмчийн харилцааг маш их анхаардаг. Хөрөнгөө оруулах компанийн ил тод байдлыг харгалздаг. Компанийн засаглал, эздийн ил тод байдлыг бас хардаг. Тэгээд менежмэнтийг харна. Энэ бүгд хангагдвал хөрөнгөө оруулах эхний алхам хийнэ. Хөрөнгө оруулагчдын хувьд шүүх, эрх зүйн хамгаалалт, өмчийн харилцаа, компанийн засаглалаас гадна ажилтнуудын чадварыг хардаг. Танхимаас 2016 оныг Компанийн засаглалыг дэмжих жил гэж зарласан байгаа. Гол нь ажилтнууддаа хөрөнгө оруулах асуудлыг бид тавьж байгаа. Өмнө нь ажилчдынхаа цалинг нэмэхийн оронд эзэн өөрөө лексус авч унахыг илүүд үздэг байв. Хөдөлмөрийн капиталыг үнэлэхгүй хөсөр хаяснаас болоод бүтээмж байхгүй болсон. Оюу толгойн монголчуудад үзүүлсэн хамгийн том үлгэр дуурайл бол ямар ч монгол хүнд хөрөнгө оруулах юм бол юуг ч хийж чадна гэдгийг харуулсан явдал. Өнөөдөр Оюу толгойд ажиллаж байгаа уул уурхайн том машинуудын 50 хувийг эмэгтэй жолооч барьж байна. Тэр тусмаа Цогт-Цэций сумын малчин эмэгтэй жолооч нар олширчээ. Хөдөлмөрийн капиталд оруулсан Оюу толгойн хөрөнгө оруулалт нь манай бизнес эрхлэгчдэд юм бодуулах биз ээ. Зах зээлийн эхэн үед бид ажиллах хүчиндээ хөрөнгө оруулах ойлголтгүй, чадвар ч үгүй байсан. Одоо дөнгөж ойлгож эхлэсэн. Хорь гаруй жил хөрөнгө оруулаагүй учраас ажиллах хүч маань ядуу байна. Өнөөдрийн ядуурлын гол гогцоо компани нь ажилтандаа хөрөнгө оруулахгүй байна. Хоёрдугаарт, төр нь зах зээлээ хянаж чадахгүй, татвар авч чадахгүй явж ирсэн. Үүнийг залруулах ёстой юм. Ингэж чадвал эрс тэс цаг уурын нөхцөлд толгой цувдай идэж амьдардаг мөртлөө маш их хүсэл тэмүүлэлтэй, өөдрөг үзэлтэй, хэзээ ч нугаршгүй ард түмэнтэй. “Эртний сайхан” гэдэг дуунд ингэж өгүүлдэг юм.

Эртний сайхан ерөөлөөр

Энэ Монгол Улсад нь

Эзэн Чингис хааны үр язгуур болсон,

Тэнгэр мэт заяатай

Тэгш таван оюунтай

Тэнэгэр сайхан сэтгэлтэй,

Тэнүүн сайхан ард түмэн мину гэж байгаа юм.

Энэ XIII зуунаас хойших үеийн дуу. Чингис хааны үр язгуур болсон ард түмнээ ингэж магтаж сайшааж хүчийг нь авч нэгтгэж байжээ.

-2017 онд Монгол дампуурна гэж зарим эдийн засагч шууд хэлдэг. Үнэхээр ч зээлийн эргэн төлөлтүүд хийгдэж, эдийн засагт илүү дарамт учрах жил эхлэх нь?

-Хүнд хэцүү жил байхыг бид 2013 онд бондын зээл авахад нь ч олж харж байсан. Яагаад өмнөх Засгийн газартай ил тодын хууль, НӨАТ-ын хууль гэж яриад байсан гэхээр 2017 оноос 500 сая доллар төлнө. Үүнийг авсан улсууд нь төлөхгүй. Явж явж татвараар л төлнө. Өмнөх Засгийн газартай нэг л юман дээр тохиролцож байсан. Татвар нэмэхгүйгээр татварын бааз сууриа нэм гэсэн юм. Аз болж Ардын намын нөхөд шинээр татвар бий болгохгүй гэж амалсан байгаа. Татвар өсгөж чадахгүй ч татварын бааз суурь нь НӨАТ-аар ороод ирсэн.

Ухаантай улсуудын Үндсэн хуульд нийтийн мөнгө, нийтийн зээл, нийтийн санхүү гэсэн тусдаа бүлэг байдаг. Аливаа Засгийн газрын Ерөнхий сайдын хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж ард түмэн амьдардаггүй. Сая хүсэл мөрөөдлөөрөө хэт их зээл аваад тамирдах асуудал байлаа. Одоо бол нийтийн санхүүгийн хяналтыг чангатгах ёстой. Үүний төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллана. Энэ Засгийн газарт нэг юмыг шууд хэлж байгаа. Зургадугаар сарын сүүлээр төсвийн зардал 900 тэрбумаар хэтэрсэн байгаа. Татварын орлого 0,5 хувиар тасарсан байхад засгийн зардал ингэж хэтэрчээ. Нэг ёсондоо энэ зардлыг танаж засгаа байгуул гэсэн үг. Эдийн засаг ирэх хоёр жил хүнд байна. Энэ хүндрэлийг монголчууд бүгдээрээ даван туулах учиртай. Тийм ч учраас ард түмэн сонгуулиар 100 хувь нэг намд өгсөн. Одоо ийм хэмжээний хариуцлага нэхнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дотоод гадаадын бүх хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид хүлээж байгаа. Хэт утопи мөрийн хөтөлбөр гаргаад бас дахин зээл авч биднийгээ тамирдуулах юм бол шүүмжлэх, сөрөх улсууд бэлэн байгаа. Сонгуульд ялсан гэдгээрээ цэнгэлийн манлайд хүрэхгүй. Хамтарч бүгдээрээ шийдвэр гаргана, зүтгэнэ.