Categories
мэдээ цаг-үе

Холбогдох хууль тогтоомжийг хатуу баримтлан Б.Булганыг даруй суллахыг уриалжээ

-ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНООС С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ ЭХНЭР Б.БУЛГАНЫГ СЭЖИГЛЭН ШАЛГАЖ БУЙ БОЛОН СҮҮЛИЙН ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН МАНАЙ УЛСАД ТАЙЛАН, ЗӨВЛӨМЖ ИРҮҮЛСЭН БАЙНА-

Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн эхнэр Б.Булганыг нь цагдан хориод олон сар боллоо. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүнийг цагдан хорьсноос хойш найман сар 14 хоног болж байна. “Маш нууц” гэх нэрийн дор шалгагдаж буй энэ хэрэгт Б.Булганыг хуулийнхан цагдан хорьчихоод арай мартчихаагүй байгаадаа гэж бодогдох. “Нэгэнт хэрэг нь илрээгүй, хангалттай баримт тогтоогдоогүй байгаа бол тэр хүнийг түр ч болтугай батлан даалтад гаргадаггүй юм аа гэхэд ядаж л гэрийн хорионд байлгаж болдоггүй юм байх даа” гэж ярих хүн олон байна. Гэвч хуулийнхан ямар нэгэн тоймтой мэдээлэл өгөхгүй байсаар өнөөг хүрлээ. Цаашид хэдий хэргийг нь нотлох хүртэл хэдий хэр хугацаагаар Б.Булган цагдан хорих төвд суусаар байхыг таах аргагүй. Иймд бид энэ хэргийн эргэн тойронд юу болж буйг нэхэн сурвалжиллаа.

Хуулийн байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллээр “Мөрдөн байцаалтад хэрэг шалгагдаж байгаа. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй өмгөөлөгчдийг нь танилцуулж байна. Б.Булганыг Төв аймгийн цагдан хорих төвд ганцаарчлан хорьж буй хэвээрээ” гэсэн хариу өгөв. Б.Булганы өмгөөлөгч “Өмгөөллийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” хэмээв. Б.Булганы ойрын эх сурвалж “Б.Булганыг саяхан эргэж очсон. Хурдан эндээс гарах юмсан гэж ярьсан. Олон сар хоригдож байгаа болохоор түүний бие махбодь болон сэтгэлзүй нь хүнд байх нь ойлгомжтой. Эрүүл мэндийнх нь байдал сайнгүй харагдаж байна лээ” гэв. Харин Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булганыг сэжиглэн шалгаж буй болон сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан манай улсад тайлан, зөвлөмж ирүүлсэн байна. Энэхүү зөвлөмжийг сийрүүлж тоймлон хүргэе.

МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГАА НЬ ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ БАЙГААГ ТАЙЛБАРЛАХ ОЛОН ХҮЧИН ЗҮЙЛИЙН НЭГ НЬ УЛСТӨРИЙН ОРОЛЦОО БАЙЖ БОЛОХЫГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ

”Монгол Улс,Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 198 дугаар чуулганы хуралдаанаас санал нэгтэйгээр баталсан шийдвэр” хэмээсэн байна. Албан бичигт “1990-ээд онд Монгол Улсад үүссэн ардчилсан хөдөлгөөний эцэг хэмээгдэх бөгөөд 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр амь эрсэдсэн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн холбогдолтой хэрэг болон 197 дугаар чуулганы хуралдаанаас гаргасан шийдвэр (Женев, 2015 оны аравдугаар сар)-тэй холбогдуулан, ОУПХ-ны Парламентын гишүүдийн хүний эрхийн асуудал эрхэлсэн хорооны дэд ерөнхийлөгч хатагтай Маргарет Киенер-Неллен тэргүүтэй төлөөлөгчдийн 2015 оны есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгийн тухай тайлан (CL/198/12(b)-R.1), түүнчлэн нэхэмжлэгчид болон гуравдагч этгээдээс ирүүлсэн шинэ мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчдийн тайлан нь тэдний урьдчилсан судалгааны үр дүнг бүрэн нотолж, дараахь үндсэн дүгнэлтүүд агуулж байгаа болохыг харгалзан үзсэн болно” хэмээн дурдаад “Мөрдөн байцаах ажиллагаа бараг 18 жил тасралтгүй үргэлжилсэн боловч хэн нэгнийг хариуцлагад татаагүй байгаа бөгөөд нууцлагдмал байдлаар хэвээр үргэлжилж буй. Энэхүү хүн амины хэрэг нь далдуур хийгдсэн улс төрийн аллага гэсэн ойлголт өргөн тархсан хэвээр байна. Мөрдөн байцаалтыг тойрсон хэт нууцлаг байдал мөн түүнд ахиц гарахгүй байгаа байдал нь мөрдөн байцаах ажиллагаанд түүнчлэн үнэнийг тогтоох улс төрийн үнэн хүсэл зориг байгаа эсэхэд итгэх итгэл үнэмшлийг ихээхэн хэмжээгээр мохоож байна. С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг илрүүлэх ээлжит оролдлого нь эдүгээ улс төрийн чанартай хоосон амлалт хэмээн өргөн олонд ойлгогдох болсон. Мөрдөн байцаах ажиллагаа нь үр дүнд хүрэхгүй байгааг тайлбарлах олон хүчин зүйлийн нэг нь улс төрийн оролцоо байж болохыг үгүйсгэх аргагүй” гэжээ.

Б. БУЛГАНЫГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ, БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖ, МӨН ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭМХЭМЖЭЭГ ЗӨРЧИН ХУУЛЬ БУСААР ХОРЬЖ, ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАЖ БАЙГАААЖЭЭ

Түүнчлэн “С.Зоригийн бэлэвсэн эхнэр Б.Булганыг Тагнуулын ерөнхий газар баривчилж, түүнээс хойш түүнийг Төв аймгийн шоронд хорьсоор байгаа. Найдвартай эх сурвалжын мэдэгдсэнээр түүнийг ийнхүү удаан хугацаагаар хорьж байгааг шүүгч хянан үзэж, батлаагүй ба түүнд албан ёсоор ямар нэг ял тулгаагүй байгаа гэдэг. Эх сурвалжуудын мэдээлснээр Булганыг ганцааранг нь хорьж байгаа бөгөөд түүнд эмнэлгийн тусламж үзүүлдэггүйн дээр өрөөнд нь 24 цагийн турш хиймэл гэрэлтүүлэг байнга асаатай байдаг гэнэ. Мөн түүнийг тагнуулын газрын ажилтнууд байцааж, сэтгэл зүйн хүнд дарамтанд байлгадаг аж. Түүний байдлыг Монголын холбогдох эрх бүхий бүх байгууллага, түүний дотор төрийн тэргүүн, УИХ-ын Хүний эрхийн хорооны дарга болон бусад гишүүд, мөн Хүний эрхийн үндэсний комисс сөхөн тавьж байсан боловч ямар нэг хариу өгөөгүй бөгөөд Булганыг цагдан хорих нөхцөл өөрчлөгдөхгүй хэвээр байна. Эх сурвалжуудын нотолж байгаагаар, гэм буруугүйн презумпцийг үл хүндэтгэхээс гадна Булганыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж мөн олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчин хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байгаа ажээ. Мөрдөн байцаах ажиллагаа эхэлснээс хойш түүнийг ийнхүү хоёр дахь удаагаа хорьсон байна…

ШҮҮХИЙН ЭЦСИЙН ШИЙДВЭР ГАРАХ ХҮРТЭЛ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОХГҮЙ БАЙХ ЭРХИЙГ БҮРЭН ХЭМЖЭЭГЭЭР ЯМАГТ ДЭЭДЛЭН ХҮНДЭТГЭХ ЁСТОЙ

…Монголын эрх бүхий байгууллагуудын зүгээс ямар нэг хариу арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга, ерөнхий прокурорын орлогчийн зүгээс амласан мэдээллийг яаралтай авахыг хүсч байна. Улмаар хэргийн холбогдолтой үйл явдлын талаар тогтмол мэдээлж байхыг дахин хүсье. Монголын холбогдох бүх байгууллага, тухайлбал, ерөнхий прокурор, түүний орлогч, түүнчилэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад Үндэсний аюулгүй зөвлөлийн гишүүдийн хувьд С. Зоригийн амь насыг хороосонтой холбогдуулан гаргасан шийдвэрийн дагуу шударга ёс ялахын төлөө өөрсдөөс хамаарах бүхнийг хийхийг дахин зөвлөмж болгож байна. С.Зориг агсны эхнэрийг хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байна гэх ноцтой мэдээ сонсоод мөн үүнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас өгсөн мэдээлэл байхгүй байгаад цочирдож, гүнээ санаа зовж байна. Холбогдох хууль тогтоомжийг хатуу баримтлан түүнийг даруй суллахыг уриалъя. Түүнийг хэрэгт сэжигтнээр татах ямар нэг нотлох шинэ баримт байгаа бол зөв зохистой ажиллагааны хэм хэмжээг, түүний дотор гэм буруутайг нотолсон шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл гэм буруутайд тооцохгүй байх эрхийг бүрэн хэмжээгээр ямагт дээдлэн хүндэтгэх ёстой. Урьд өмнө мөрдөн байцаах ажиллагааны явцад сэжигтэнтэй буруу харьцаж, албадан мэдүүлэг гаргуулж байсан. Тухайлбал, мөрдөн байцаах ажиллагаа дөнгөж эхлэх үед дээрхтэй төстэй нөхцөлд Булганы анх баривчилж байсантай холбогдуулан хэд хэдэн тохиолдолд санаа зовниж байгаагаа илэрхийлж байсныг мартаж болохгүй. Хороо энэхүү хэргийг үргэлжлүүлэн судалж, зохих ёсоор эргэж тайлагнахыг хүсч байна” гэжээ.

Г.Ялгуун

Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Хуулийн төслүүдэд иргэдийнхээ санаа бодлыг тусгаж эргэх харилцаатайгаар ажиллана

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.

-Таны хувьд УИХ-ын гишүүнээр анх удаагаа сонгогдоод байгаа. Ямар ажлууд дээр түлхүү анхаарал хандуулахаар төлөвлөж байна вэ?

-Мэдээж Монгол ардын намын мөрийн хөтөлбөр гэж бий. Намын мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгоно гэсэн итгэлээр сонгогчид бидэнд саналаа өгсөн. Миний хувьд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлого, Хууль зүйн байнгын хороонд харьяалагдан ажиллаж байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр Монгол Улсын гадаад бодлогыг тодорхой заасан байдаг. Үүний дагуу залгамж чанараа тууштай явуулах нь зөв. Эрхзүйн хувьд Засгийн газраас өргөн барьсан дипломат албаны тухай, олон улсын гэрээний тухай гэсэн хоёр хуулийн төсөл байгаа. Түүнийг Засгийн газар эргүүлж авч УИХ-д дахин өргөн барина байх. Урьд өмнөх Их хурлын гишүүдийн боловсруулсан хуулийн төслүүдээс жишээ нь Гадаад харилцааны тухай хуулийг эргэн харж илүү боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай. Гадаад харилцааны хувьд олон асуудал бий л дээ. Тухайлбал, хоёр хөрштэйгөө харилцах харилцаа нэлээд тэргүүлэх чиглэл болно. Бид БНХАУ-тай стратегийн иж бүрэн харилцаатай. ОХУ-тай стратегийн харилцаатай байдаг. Сая Ерөнхийлөгч Ташкентад Эдийн засгийн коридор байгуулах тухай бичиг баримт дээр гарын үсэг зурлаа. Үүнийгээ цааш нь хэрэгжүүлэх тал дээр Гадаад харилцааны яам болон бусад гүйцэтгэх засаглал маань ажиллана байх. Бидний хувьд тэр эдийн засгийн коридорыг бодлогоор хангаж өгөх ёстой.

-Энэ эдийн засгийн коридор орон нутагт ч өгөөжөө өгөх байх?

-Тийм. Тэр тусмаа би Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүн. Эдийн засгийн коридорын хүрээнд Улаанбаатар төмөр замыг дагасан ажлууд явагдана. Эдийн засгийн коридор гээд тарифын болон тарифын бус хөнгөлөлтүүдийг эдлэхээс гадна энд маш их шинэлэг харилцаанууд үүснэ. Манай Сэлэнгэд Алтанбулагийн чөлөөт бүс бий. Чөлөөт бүсээ эдийн засгийн коридортой тэр тусмаа төмөр замтайгаа холбож бодлогоор чиглүүлж өгөх нь бидний цаашдын зорилго байна. Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүд нь тэр, энэ нам гэж харьяалагдахаасаа илүү хамтын хүчээр нутаг усаа хөгжүүлэх, бас улс орондоо өөрийн гэсэн хөгжлийг авчруулах тал дээр сайн хамтарч ажиллана гэсэн ойлголттой явж байгаа. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд орсон хүний хувьд байнгын төвийг сахих үзэл дээр бид нэлээд нухацтай хандах нь зүйтэй болов уу гэж ойлгодог. Монгол Улс өөрөө хоёр том хөршийн дунд оршин тогтнодог учраас маш идэвхтэй дипломат бодлого явуулах хэрэгтэй. Сая Гадаад харилцааны сайдыг томилох үйл явцад би бас тэр тухай санал бодлоо илэрхийлсэн. Манай улс нөгөө хөгжиж байгаа 77 улсын бүлэгт л ордог болохоос биш өөр бусад бүс нутгийн интеграцчилал, байгууллагуудад ордоггүй. Тиймээс үүнийг бид парламентын түвшинд нэлээд чиглүүлж явах нь зүйтэй болов уу гэсэн ойлголттой байгаа. Хилийн чанадад амьдарч байгаа монголчуудынхаа ч гэсэн эрх зүйн орчинг нь сайжруулах тал дээр ажиллах нь зүйтэй. Тухайлбал, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань тэр болгон нийгмийн даатгалд хамрагддаггүй. Буцаад Монголдоо ирэхэд тэднийг ажилд авдаггүй. Тэр их олсон мэдлэг туршлагыг нь ашигладаггүй гэх мэтийн асуудлууд гардаг.

-Тэгвэл Хууль зүйн байнгын хороонд орж ажиллах болсон нь ямар учиртай вэ?

-Шинэ гишүүний хувьд би Хууль зүйн байнгын хороонд орж ажиллах болсондоо туйлын баяртай байгаа. УИХ-ын гишүүн гэдэг маань аж ахуйн ажил хийдэг биш харин эрхзүйн орчин бүрдүүлдэг. Манай мөрийн хөтөлбөрт бол олон хуулийн төслүүдийг санаачлахаар тусгасан байгаа. Наад зах нь гэхэд нийгмийн хамгаалал дээр ач санах тухай хууль байна. Аж ахуй дээр атрын аянг үргэлжлүүлэн явуулна гэсэн хөтөлбөрүүд байж байна. Мөн мах, сүүний хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Тэгэхээр хөтөлбөрүүдийг боловсруулах, үндэсний хэмжээний хууль эрхзүйг нь бүрдүүлэх ажлууд бидний нуруун дээр ирж байгаа болов уу. Иймэрхүү байдлаар л ажиллаж эхлэхээр төлөвлөөд байна. Ард түмнээс бид ямар байдлаар саналаа авсан тийм байдлаараа хариулах ёстой. Тийм учраас олны талархлыг хүлээсэн мөрийнхөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллана.

-Таны ярианд гадаад харилцаатай холбоотой олон зүйл хөндөгдөж байна. Энэ өмнө нь Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсантай холбоотой юу?

-Зөвхөн нэг салбар гэж ойлгож болохгүй л дээ. Би мөн байгаль орчны чиглэлээр цөөнгүй жил ажилласан. Хамгийн чухал нь аливаа мэдээлэл, туршлагыг тухайн орчинд нь амьдарч байгаа ард иргэдээсээ л авах нь зүйтэй байдаг. Миний хувьд орон нутагт байгаа тойргийн ард иргэд маань юу хүсэн хүлээгээд байна вэ гэдгийг л олж мэдэх хэрэгтэй болов уу гэж ойлгож байна. Тиймээс тойрогтоо улирал болгон судалгааны ажлууд хийхээр болсон. Яг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа хуулийн төслүүдийн талаар ард иргэд маань юу гэж бодож байгаа саналыг нь тусгаж байнгын эргэх харилцаатайгаар ажиллана.

-Монгол Улсын эдийн засаг маш хүнд байгааг дээр дооргүй ярьж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхээс эхлээд нийгмийн халамжийн чиглэлд түлхүү анхаарахаар тусгасан байсан. Гэтэл гадны хөрөнгө оруулалт тасарчихсан, 2017 оноос бондын эргэн төлөлтийн асуудал эхэлнэ гээд байдаг. Тэгэхээр амлалт хэрэгжих боломжтой юу?

-Бид хэд амаргүй ачаа үүрч байгаа. Би өөрөө эдийн засагч хүн. Өнөөдөр бид чинь зээлжих эрхийнхээ хувьд Б2 ангилал руу орчихсон байж байна. Ядаж түүнийг Б1 рүү байдаг юм уу нэмэх тал руугаа оруулах хэрэгтэй. Аливаа улс орон хөгжихийн тулд ямар нэгэн байдлаар зээл авдаг. Гэхдээ тэр зээл эдийн засгийн эргэлтэд орохдоо буцаад мөнгө олдог тийм салбар руу хөрөнгө оруулалт болох хэрэгтэй. Зах зээлийн мэдрэмжтэй байх нь чухал алхам юм. Нөгөө талаас шинэ Сангийн яам, Сангийн сайд болон УИХ-аас гэж байгаа Статистикийн газар, Монголбанкны удирдлагуудын хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол яг үнэн бодитой тоог ард иргэддээ яг жинхэнээр нь гаргаж өгөх шаардлагатай.

Өнгөрсөн дөрвөн жил эрх баригчид ядуурал их биш байна гэсэн байдлаар хандсан. Үнэхээр ядуурал тэгж их багасаад байна уу, инфляци байхгүй байгаа юм уу гэдгийг яг үнэн бодитоор гаргаж өгөх нь хамгийн эхний алхам байх болов уу. Өвчтөн байлаа гэхэд өвчнийхөө оношийг тодорхойлоогүй байж дараагийнхаа алхмуудыг хийж чаддаггүйтэй адилхан яг одоогийн байдлаар эдийн засаг ямар байдалтай байна гэдэг үзүүлэлтүүдийг тодорхой гаргаж ирэх хэрэгтэй. Ингэснийхээ дараа ямар бодлого явуулах вэ гэдгээ тодорхойлох ёстой. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг ч олж авна.

-Мөн халамжийн талаар амласан амлалтуудаа биелүүлэх бололцоо бүрдэнэ?

-Мэдээж бид өргөс авчихсан юм шиг энэ жилдээ эсвэл ирэх ондоо түүнийгээ хийж чадахгүй болов уу. Иргэдийн амьдрал ахуй ямар болчихоод байна. Бидний гадаад дотоодод тавьсан өр зээл хэр их байгаа юм. Үүнийгээ бид хэзээ төлөх юм гэдгийг нарийвчлалтай тооцож үзэх хэрэгтэй. Ингэхгүй бол шууд бид маргаашнаас эхлээд нийгмийн халамжийн амласан амлалтуудаа биелүүлнэ гэвэл бидэнд өгсөн тоон мэдээллээс харахад хэцүү л болно байх даа.

-Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг сонгох үйл явц явагдаж байна. Одоо дөрвөн сайдаа томилж амжаагүй байгаа. Дөрвөн сайдын нэр орж ирсэн боловч Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн шалтгааны улмаас нэрийг нь буцаасан. Дараагийн дөрвөн сайдыг хэзээ оруулж ирэх бол. Иргэдийн хувьд МАН давхар дээлгүй, мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж байсан амлалтаасаа буцлаа гэсэн байдлаар шүүмжлэлтэй хандаж байна л даа. Таны хувьд Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газар УИХ-д ажлаа тайлагнадаг. Түүн дотроо олонхи болж байгаа МАН-д тайлагнаж таарна. Эцэст нь бид дөрвөн жилийн дараа УИХ-ын сонгуулиар ард түмнээр дүнгээ тавиулна. Одоогийн байдлаар бол бидний хувьд нэр нь дөнгөж тодорч хэлэлцэгдээд эхэлсэн улсуудыг энэ нь сайн байна, тэр нь муу байна гэж хэлж огт болохгүй. Яагаад гэвэл эд нараар бид огт ажил хийлгэж үзээгүй байгаа. Нөгөө талаар бид чинь бас боловсон хүчний их нөөцтэй нам. Тиймээс хэн нэгэн хүнийг гэнэт гаргаад ирээгүй. Боловсон хүчин дотроосоо шалгаруулсан процессоороо явагдсан. Биднийг бүгдийг нь нарийн шүүлтүүрээр оруулсан. Тэр сайдад нэр дэвшсэн дөрвөн хүний хувьд тухайн ажлыг хийхэд л эрх ашгийн зөрчилтэй гэж байгаа. Түүнээс биш ямар нэгэн байдлаар өөр эрүүгийн чанартай гэдэг юм уу, бусад буруу зөрүү зүйл огт байсангүй. Харин ч эсрэгээр магадгүй хувийн хэвшилд ажиллаж байгаад өөрсдөө бүтээн байгуулалтыг хийчихсэн, чадчихсан тийм улсуудыг оруулж ирж байгаа нь МАН-ын хувьд зоригтой алхам байсан байж ч магадгүй. Энэ нь өөрөө нэг шинэ уур амьсгал, давалгаа оруулах тийм ч юм байсан байж болно. Яахав бусад сайд нарын хувьд ч заримд нь сошиалаар нэлээд шүүмжлэл цацагдаж байна лээ. Тэднийг үгэн сумаар буудахаас илүү монголчууд бид нэг нэгэндээ бас хүлээцтэй хандаж энэ юуг хийж чадах вэ гэдгийг эргэж хардаг, сонсдог байх нь зүйтэй юм болов уу. Тэр АТГ-аас эрх ашгийн зөрчилтэй гэдэг нь бол тухайн салбартаа өөрөө юм уу ах дүү, хамаатан садан, ураг төрөл нь бизнестэй гэсэн зүйл. Гэтэл өнөөдөр хувийн хэвшил эрхэлдэггүй хүн цөөхөн шүү дээ. Өөрөө биш юм гэхэд гэр бүлийн хүн, ах дүү нар нь ямар нэгэн хэмжээгээр бизнестэй байгаа. Бид чинь зах зээлийн нийгэмд орсон болохоор энэ чинь дэлхий нийтийн хэмжээнд байгаа практик шүү дээ. Аливаа зүйл шатлалтай явдаг гэдэг үүднээс төрийн байгууллагын шатлалаар дамжиж орсон бол зүгээр байсан байх л даа. Гэхдээ ингэж нэр дэвшигчдийг элдвээр хэлээд байгаа уур амьсгал нь надад жаахан буруу л санагдсан.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Б.Цэгмэд: 76 настай тамирчны хувьд “Хүндийн өргөлт”-ийн холбооны ойгоо 66 рекорд эвдсэн амжилтаар угтаж байна

Монголын хүндийн өргөлтийн хоёр дахь мастер, пауэрлифтингийн Дэлхийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнээс зургаа, мастеруудын Дэлхийн цомоос найм, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс долоон алт хүртсэн Олон улсын шүүгч, Олон улсын хэмжээний мастер Б.Цэгмэдтэй ярилцлаа. Тэрбээр наян нас хүрч яваа ч пауэрлифтингийн мастеруудын Дэлхийн рекордыг тогтоож Монголынхоо нэрийг дуурсгасаар яваа юм.

-Та пауэрлифтинг буюу хүчний гурван төрлийн мастеруудын ангилалд дэлхийн 66 удаа рекорд эвджээ. Танд баяр хүргэе?

-Би хүндийн өргөлтөөр 60 жил хичээллэсэн. Харин хүчний гурван төрлөөр 2010 оноос тууштай хичээллэж байна. Учир нь энэ төрлөөр мастеруудын зэрэгт рекорд тогтоох боломж их байсан юм. Миний хувьд энэ сарын 1-3-ны хооронд ОХУ-ын Челябинск хотод хүчний гурван төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 14 рекорд эвдсэн. Мөн энэ сарын 7-10-ны хооронд Новосибирскт болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцож 19 рекорд эвдлээ. Энэ жил манай Хүндийн өргөлтийн холбооны 60 жилийн ой тохойж байгаа юм. 76 настай ахмад тамирчны хувьд энэ ойгоо нийт 33 рекорд эвдсэн амжилтаар угтаж байна даа. 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилтыг оролцуулбал нийт 66 удаа рекорд эвдсэн байна.

-Ямар тэмцээнүүдэд оролцож байсан бэ?

-Монголд 2006 онд хүчний гурван төрлөөр улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахдаа анх удаа мастер ангиллаар зохион байгуулсан юм. Тэр үед суулт, таталтаар хоёр мөнгөн медаль хүртсэн. Дараа нь 2010 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд рекорд тогтоосон. Мөн 2013 оноос дэлхийн рекорд тогтоож эхэлсэн. 2013 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Флорида мужийн Вест Палм Бийч хотод зохион байгуулагдаж байсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон юм. Уг тэмцээнд хамгаалалтын дан хувцастай, бэхжүүлсэн хувцастай төрөлд 70-74 насны -75 кг-ын ангилалд гурван алтан медаль хүртсэн. Түүнчлэн дан хувцастай төрөлд шилдэг мастерын цом хүртэж байлаа. Дэлхийн аваргын тэмцээнд 20 гаруй орны 800 орчим тамирчин оролцсон. Үүнд Монгол Улсаас таван тамирчин оролцож найман алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

-Та хүчний гурван төрлөөрөө хэд, хэдэн кг өргөж рекорд тогтоосон бэ?

-Би хүчний гурван төрлийн суултанд 220 кг өргөж дэлхийн мастеруудын дээд амжилт үзүүлсэн. Харин шахалтанд 105 кг, таталтанд 195 кг өргөсөн. Нийтдээ 520 кг өргөж байсан. Гэхдээ саяын хоёр тэмцээнд энэ амжилтдаа хүрч өргөөгүй, дээд тал нь 465 өргөсөн. Гэсэн ч мастерын зэрэглэлд буюу 40-өөс дээш насны ангилалд түрүүлсэн.

-Яагаад хүндийн өргөлтийн спортыг сонгон хичээллэв. Анхны багшийнхаа тухай дурсаач?

-Миний багш Аюурзанын Гунгаа гэж хүн байсан. Монголд хүндийн өргөлтийг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Энэ спортоор хичээллэх болсон тухайд гэвэл, 1956 онд Улаанбаатарт дөрвөн ерөнхий боловсролын сургууль байсан юм. Тэр дөрвөн сургуулийн 1000-аад хүүхдээс бяртай, тэнхээтэйг нь шалгаруулж хүндийн өргөлтөөр хичээллүүлж эхэлсэн. Түүнд би шалгарч 16-тайгаасаа л энэ спортоор хичээллэж эхэлсэн дээ. Хамгийн анх Москвад тэмцээнд оролцож дөрөвдүгээр байранд орж байлаа. Би бага насандаа мал хариулж өссөн учраас хотын хүүхдүүдийг бодвол бяр тэнхээтэй байсан болов уу.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат. Миний аавыг Паламын Магсаржав гэдэг, их бяр тэнхээтэй хүн байсан. Нутгийн олон их малтай учраас баян Магсар гэдэг байсан. Би зургаан настайгаасаа л өвлийн хүйтэнд хонио хариулдаг байсан юмдаг. Ээж минь надад нэг хонины нэхийгээр дээл хийж өгөхөд яг таарсан гэж сүүлд ярьж байсан. Нэг түүх ярихад урьд манай нутгийг Пүрэв гүний хошуу гэдэг байж. Нэг удаа Пүрэв ноён нүүж нутгийн бөхчүүд, бяр тэнхээтэй залуус тусалж гэнэ. Гэтэл буух газар нь их том чулуу байсан бөгөөд нөгөө хүчтэнүүд өргөж дийлэхгүй байж л дээ. Тиймд Пүрэв ноён “Энэ чулууг өргөсөн хүнд байдас өгнө” гэж л дээ. Харин тэр чулууг аав минь “Ямар ч хүнд зүйлийг хөлөндөө хүчээ тааруулж өргөдөг юм” гээд ганцхан өргөөд холдуулчихсан гэдэг. Аав минь бага залуу учир Пүрэв ноён байдас ч өгсөнгүй, харин таван литрийн гуулин данхаар дүүрэн мөсөн чихрээр шагнасан юм гэнэ лээ. Би 1958 онд нийгэмлэгүүдийн аварга шалгаруулах тэмцээнд ороод түрүүлсэн юм. Тэр тэмцээнийг аав минь үзчихээд “Би залуудаа өргөчих л байсан юм байна” гэж билээ.

-Хүчний гурван төрлөөр хичээллэдэг таны үеийн тамирчин хэр их байдаг бол?

-Миний үеийн болоод надаас ахмад тамирчин байдаггүй. Харин надаас хэд дүү тамирчид бий. Олон улсын чанартай тэмцээн уралдаанд явахад хүмүүс “Ийм насны хүн ингэж амжилт үзүүлнэ гэж байдаг юм байх даа” гээд их гайхаж, бас зургаа даруулахыг хүсдэг. Зарим хүмүүс “Манай аав, ээж танаас дүү мөртлөө явж чаддаггүй” гэхийг их л сонсож байсан. 2011 онд тэмцээнд оролцоод жингээ үзүүлж байх үед хоёр шүүгч нь “Энэ хүнийг 70 хүрсэн гэхэд үнэмшмээргүй” юм гэж байсан. Би энэ бяр чадалтай, эрүүл чийрэг байдлыг монгол хүний гентэй л холбоотой гэж боддог. Тиймээс өөрийнхөө хэмжээнд монгол хүний генийг дэлхийд таниулж байгаа гэж ойлгож байна. Намайг тэмцээнд явах тухай УБТЗ-ын нэгдүгээр орлогч А.В.Ушаков сонсоод л надад туслахаар болж “Монголын спортыг дэлхийд сурталчлахад хоёулаа хувь нэмрээ оруулах болно“ гэсэн юм. Тиймээс цаашид амжилт үзүүлэхийн тулд хариуцлагатай байж бэлтгэлээ таслахгүй, тууштай байхыг хичээж байна.

-Та ямар албан тушаал хашиж байсан бэ. Ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилтаа хэрхэн зохицуулдаг байв?

-Би төмөр замын инженер мэргэжлээр Москвад сургууль төгссөн. Төмөр замын удирдах газар 20-иод жил ажиллаад одоо гавьяаны амралтандаа амарч байгаа. Тэгсэн ч зүгээр сууж чадахгүй спортоороо хичээллэсээр л байна. Мөн ажлын хамт олон минь олон улсын тэмцээн уралдаанд явахад минь их тусалдаг. Саяхан Төмөр замын гадаад харилцааны гадаад алба байгуулагдсаны 50 жилийн ой болсон. Би гадаад харилцааны албанд ажиллаж байх үедээ Москва-Улаанбаатар, Москва-Бээжингийн суудлын галт тэрэгний бэлтгэлийг хангаж явуулж байсан. Энэ бол миний хөдөлмөр, санаачилга, бүтээсэн том зүйлийн минь нэг юм. Тэр үед хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчин байсан учраас Спортын төв ордон дээр бэлтгэлээ хийдэг байлаа. Бас томилолтоор явах үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатарт мөн Чойрын арван жилийн сургуулиудад очиж штанг дээр нь бэлтгэлээ хийдэг байсан. Харин Сайншандад очвол орос цэргийн ангийн штанг дээр бэлтгэл хийн аль болох тасалдаггүй байлаа. Одоо “Алагтай цэцэн” клубт бэлтгэлээ базааж байгаа.

-Танд бэлтгэл сургуулилт хийхэд хүндрэлтэй зүйл байдаг уу?

-Би орос телевиз, сонин сэтгүүлд гарсан эрүүл мэндэд тустай, амжилт үзүүлэхэд хэрэг болохуйц бүхий л зөвлөгөөг уншиж, судалдаг. Зөв хооллож биеийн хүч тэнхээ сайжруулах эм бэлдмэл тогтмол хэрэглэж мөн бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг болохоор даралт ихэснэ гэсэн зүйл байдаггүй. Харин хүчний спорт учраас өвдөгний гэмтэл авах тохиолдол байдаг.

-Манай хүндийн өргөлтийн тамирчдын амжилт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ талаар таны бодол?

-Манай хүндийн өргөлтийн тамирчид сүүлийн жилүүдэд амжилттай байна. Удахгүй олимп болох гэж байна. Ази тивийн аварга болсон М.Анхцэцэг маань их юм дуулгана гэдэгт итгэлтэй байгаа. Би медаль авах бүртээ урам аваад илүү хичээгээсэй гэсэндээ залуучууддаа очиж үзүүлдэг юм. Энэ бол миний хариуцлага гэж боддог. Мөн Монголын пауэрлифтингийн “Алагтай цэцэн” клуб олон улсын хэд хэдэн холбоодтой харилцаа холбоо тогтоож, энэ спортыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж, тамирчдын амжилт ч сайжирч байна. Манай тамирчид олон улсын чанартай тэмцээнд явахад алтан медальгүй буцаж ирдэггүй.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Роналду чөтгөр, Месси бурхан. ЭНЭ ҮНЭН ГЭЖ ҮҮ

ЕВРОПЫН ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА
ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ МӨРӨӨР

Спортын “өндөр” жилийн гол үйл явдлуудын
нэг болох Евро-2016 пижигнээд өнгөрснөөс хойш хэсэг хугацаа ард үлджээ. Бусад, бусадтайгаа
харьцуулахад бага гоолтой, хамгаалалт голлосон уйтгартай тэмцээн болж өнгөрсөн гэж
зарим нэг нь дүгнэж байгаа ч санал нийлэхгүй байх хэд хэдэн шалтгаан байх буюу.
Юуны өмнө бид Хорват, Уэльс, Исландын хөлбөмбөгийн шигшээ багууд хэрхэн ард түмнээ
баярлуулж чадсаныг харсан. Тэд хичнээн цоглог наадсан гээч. Олон жилийн туршид дээрээс
доош харж ихэмсэг ханддаг байсан том ах англичууд нь аль эрт хасагдаад гэртээ харьчихсан
байхад өмнө зүгийнх нь жижигхэн дүү уэльсчүүд дайчин тоглосоор алттай дүйцэхүйц
хүрэл медальд хүрснийг уйтгартай гэж хэлэх үү. Исландын бавгар сахалтай загасчид
нутагтаа сансрын нисгэгчид шахуу хүмүүс очлоо. Исландчууд багаа хичнээн хүнээс шилж
сонгож энэ том тэмцээнд илгээсэн бэ гэдгийг энгийнээр харьцуулж жишье гэвэл Баянзүрх
дүүргийн ард иргэд дундаасаа шигшээ баг гаргаад ЕАШТ-д явуулж байгаатай адил юм
шүү дээ.

300 мянган хүн амтай Исланд улсын ихэнх иргэн хар багаасаа мал аж ахуй,
загас агнуурт мэргэшсэн болохоос ширэн бөмбөг хөөж бойжоогүй гэх. Гэтэл тэд Европын
шилдэг наймд багтаж бүхнийг гайхуулж байхад уйтгартай байлаа гэх үү. Италийн хөгшчүүл
ухаантай, зальтай, асар их боловсролтой, залуухан дасгалжуулагчаа даган Испанийг
унагааж Германыг чичрүүлсэн тэр шөнө лав уйтгартай байгаагүй. Гэхдээ хамгийн том
гайхамшиг нь Португалийн шигшээ багийн ялалт, Роналдугийн амжилтыг харсан тэр агшин
байлаа. Тийм ээ, тэднийг сохор сугалааны аз түшсэн. Эхнээсээ шүүмжлэл дагуулсан
хамгаалах чиглэлийн тактикийг тэд сонгосон. Хэсгийн тоглолтууддаа Сантушийн бодлогыг
ойлгоогүй хамгаалагч нар хэрхэн хөглөж буйг хараад Роналду ч дахиад л шигшээ багтайгаа
хамт гонсойлгох нь дээ гэж бодож байсныг нуух юун. Эхний өдрүүдийг санаж байна уу.
Португальчууд харьцангуй зөөлөн хэсэгт нэг ч хожил аваагүй. Роналду Исландын шигшээ
багийн эсрэг тоглохдоо хожлын байж болох 11 метрийн цохилтыг алдсан. Дараа нь исландчуудыг
хамгаалахаас өөр зүйл мэдэхгүй амьтад гэж хэлсэн нь хэвлэлийн баахан хүмүүсийг өөрийн
эсрэг чиглүүлсэн. Сэтгүүлчийн микрофоныг булаан авч нуур руу шидээд, хэвлэлийнхэнтэй
дуугарахгүй гэж зөрүүдлээд. Ер нь Роналду өөрийнхөө чадах түвшнээс доогуур тоглосоор
байгаад ЕАШТ-ийг өнгөрөөсөн нь үнэн. Гэвчиг тэр хүнийг ямар гэмтэл бэртэлтэй тоглож
байгааг телевиз мэдрүүлж чадахгүй тул хөндлөнгөөс шүүмжлэх нь өрөөсгөл юм.

Яг одоо дэлхий дээр урьд өмнө төрж
байгаагүй хосгүй авьяаслаг хоёр хөлбөмбөгч зэрэгцэн оршиж нэг нэгнийгээ хурцлан
тоглож байгаа билээ. Хүмүүс ихэвчлэн гадаад үзэмжээр нь үнэлж Роналдуг ихэмсэг,
дээрэлхүү, моод хөөсөн ганганцар гэх ба Мессиг даруухан, гэмгүй, нөхөрсөг нэгэн
хэмээн дүгнэх гээд байдаг. Бараг л бурхан, чөтгөр хоёр гэх нь холгүй. Энэ нь үнэнээс
хол зөрүүтэй бөгөөд саяын ЕАШТ зарим талаар үүнийг батална. Харьцуулж харах уу.

-Өвдөгний гэмтэл, баруун шагайн
гэмтэл, гуяны арын булчингийн гэмтэл гэсэн гурван төрлийн зовлонтой байсан түүнийг
эмч нар энэ удаагийн ЕАШТ-д оролцож болохгүй гэж зөвлөж байсан. Тэр сүүлчийн тэмцээн
хүртэл тоглож байгаад яг эмч нарын хэлснээр гуяны арын булчингийн гэмтлээ сэдрээж
нэг хэсэг жагсаалаас гарлаа. Мэдсээр байж ийм хохирол амсахдаа мөнгөний төлөө л
лав зүтгээгүй юм шүү. Учир нь ЕАШТ-ий дараа өөрт оногдсон шагналын 600 мянган еврогоо
НҮБ-ын буяны санд хандивлачихсан. Нэр хүндийн төлөө гэвэл бага зэрэг үнэнд ойртоно.
Гэхдээ ялалтын тавцанд гарсны дараахь ярилцлагадаа “Би 2004 оноос хойш энэ цаг үеийг
хүлээлээ. Хэзээ нэгэн цагт Португалийн ард түмнийг жаахан ч гэлээ баярлуулж чадна
гэж боддог байлаа. Одоо би хамгийн аз жаргалтай хүн” гэж хэлсэн нь түүнийг юуны
төлөө, хэний төлөө Франц руу очив оо гэдгийг бэлээхэн хэлж байна. Энэ үйл явдлаас
хэд хоногийн өмнө Месси Америкийн цомын финалд торгуулийн цохилт алдаж Чилийн багт
хожигдон мөнгөн медаль руу гулссаны дараа “би Аргентины шигшээд дахин тоглохгүй,
зодог тайллаа” гэж гомдоллож байлаа.

Роналдуг муулагчид “нүцгэн биеэ
гайхуулах дуртай” гэж байнга хэлдэг. Энд ч гэсэн сайн талыг олж харж болно. Хэрвээ
анзаарсан бол түүний бие дээр жаахан ч гэлээ шивээс байдаггүй. Учир нь Криштиану
Роналду гэгч залуу Улаан Загалмайн нийгэмлэгт цусаа тогтмол өгдөг “алтан донор”
бөгөөд энэ байгууллагын дүрэм ёсоор бол донор хүн цус өгөхөөс 4-12 сарын өмнө шивээс
хийлгэж болохгүй гэдэг юм байна. Месси шивээстэй.

-Роналдугийн аав бор дарсанд дурлаж
хорвоог орхисон, ах нь бас уух дуртай дээр нь хар тамхи хэрэглэдэг байсан тул тэр
бүхий л аргаар тэмцэж ахыгаа зөв замд оруулж чадсан. Хүмүүст зөв амьдрахыг тогтмол
зөвлөдөг түүний твиттер гучин сая дагагчтай. Мессид твиттер байхгүй.

-Роналдугийн буяны байгууллагуудад
тараасан мөнгө хэдийнэ арван сая ам доллар давсан бөгөөд энэ тал дээр түүнтэй эн
зэрэгцэх хөлбөмбөгч байхгүй. Та бүхэн бас анзаарсан л байх. Нөгөө “килограмм гель”
түрхсэн үс үе, үе сонин янзын хагалгаануудтай болоод байдгийг. Муулагчид тоглох
гэж моод үзүүлчих юм байна л даа гээд бичдэг юм. Энд байгаа гурван төрлийн зураг
нь тархины хагалгаанд орсон хүүхдүүдийн сорвийг дуурайсан хэлбэр юм. Эдгээрийн мэс
ажиллагаа, эмчилгээний зардал гэх овоо их мөнгийг Роналду даасан бөгөөд нийтийн
анхаарлыг ядуу хүмүүсийн зовлонд хандуулах гэсэн нэгэн төрлийн дуу хоолой юм билээ.

-Эцэст нь Роналду хамгийн өндөр
цалинтай хөлбөмбөгч, түмэн төрлийн зар сурталчилгааны нүүр царай болдог мөртлөө
хэзээ ч татвар, шимтгэлтэй холбоотой хэрэгт орооцолддоггүй. Сайн өмгөөлөгч, менежер
хажууд нь байдаг юм болов уу. Мессигийн санхүүгийн асуудлыг аав нь хариуцдаг тул
байнга асуудал үүснэ. 2007-2009 оны хооронд татвараас зугтсан хэргээр 4.1 сая евро,
2010-2012 оны хооронд орлогоо нуусан гэж 25 сая еврогийн торгуульд унаж байсан тэр
саяхан бас л ийм хэргээр 21 сарын хорих ял тэнсэнгээр сонслоо. Энэ олон жил өөрийнхөө
санхүүд юу болж байгааг мэдэхгүй бүхнийг аавдаа даатгаад компьютер тоглоод сууж
байсан гэвэл арай л худлаа болох гээд байна.

Месси шиг байгалиас заяасан авьяасгүй
ч гэлээ эцэж цуцалгүй хөдөлмөрлөж, бэлтгэл хийж, бэрхшээл бүхнээ даван, зорилгодоо
хүрэхэд ганц авьяасаар хол явахгүй гэдгийг баталж өгсөн Европын аварга Криштиану
Роналду хэрвээ бурхан биш юм бол чөтгөр л лав биш юмдаг.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Шинэ цагийн дууны шүлгийн мастер Д.Ган-Очирынд зочлохуй

МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт, орчин цагийн дууны шүлгийн нэрт мастер, яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очирынд өнжиж, уран бүтээл, амьдралын яруу сайхан, гоо зүйн талаар хүүрнэлдэж сэтгэл зүрхний цангаа тайлав. Амьдрал дэндүү богинохон юм. Амьдралын номын хуудсууд юутай хурдан эргэнэ вэ гэж залуу насны андтайгаа уулзаж хөөрөлдөх зуур бодогдов. Тэр нэгэнтээ, тэртээ ерэн дөрвөн оны намар Баруун дөрвөн замд байсан сургуулиар минь орж, хамтдаа цаахна талын байрны орцонд очин шүлгээ уншин, найз охин Булганаасаа ирсэн гэгээн захидлуудыг уншиж байсан хөвүүн мөн гэж үү гэмээр өөрчлөгджээ. Өөрчлөгдсөн гэдэг өсөж өндийжээ гэсэн үг л дээ. Нэгэнтээ манай хоёрынх “Зуун-айл”-ын цагаан байшингуудад айл хөрш ч явсан үе бий. Гэтэл тэр минь өнөө арвантавдугаар хороололд ажил, орон гэрээ тохинуулчихсан “анд минь чи хаалгыг минь тогшооч” гэж сууна.

“Болор цом”-ын айргийн тавд уралдав

Арвантавдугаар хороолол дахь яруу найргийн урланд айлчлах үед Д.Ган-Очир маань эгэл жирийн, энгийн даруухан байдлаар угтан авав. Эгэл жирийн энгийн даруухан угтав хэмээхийн учир нь тэр болбоос үргэлж эрхэмсэг, гял цал байдаг найрагч билээ. Үүнийг нь Оросын их зохиолч Чеховын хэлдэгчлэн “Яруу найрагч бүхий л талаараа эрхэмсэг байх учиртай” хэмээн ойлгодогтой минь ч холбоотой байх юуны магад. Нэг давхар эзэгнэсэн яруу найргийн урлан, номын өргөө нь нам гүм, анир чимээгүй. Ямар нэгэн бясалгалын өрөөнд саатав уу гэлтэй. Д.Ган-Очирыг мэдэх нэг нь “орчин цагийн дууны шүлгийн их мастер” гэх биз. Гэвч, номын өргөөнд нь аль тэртээ дэлхийн сонгодог болсон Бетховены намуун аялгуу дуурьсаж, чингэснээ мөнөөхөн их туурвилч Моцартын яруухан концерт чихний үзүүрт сонсдоно. Нэгэнтээ Монголын их хөгжмийн зохиолч Т.Сэр-Од андын уран бүтээлийн өргөөнд зочилсныг санагдуулам сайхан аязууд ар араасаа эгшиглэнэм. Уянгалах хөгжмийн аялгуунд уран бүтээлч хүн ховсдуулдаг байнам. Ерэн дөрвөн оны “Болор цом”-д шүлгээ уншин айргийн тавд орж байсан найрагч хүү өнөө найргийн эрийн цээн хүрснийг түүний олон бүтээл гэрчилнэ. Д.Ган-Очир найрагч өнөө “Монголчууд” хэмээх угсаатны ёс заншил, утга зохиол, түүх, танин мэдэхүйн сэтгүүл эрхэлж Монголын оюуны язгууртнуудад “Төгрөгийн ашиг бус түмний гэгээрлийн тусыг зориулна” хэмээн яруу тодорхой өгүүлж суугаа аж. “Хар мянган сэтгүүл гарч байхад…” гэж асуултаа залгихуй тэрбээр “Харин тийм л учраас ашиг хараагүй сэтгүүл гаргаж, тарааж сууна” гэж нэг л их саятан имиж гаргав. “Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн өдөр гэж арваннэгдүгээр сард л ганц тэмдэглэдэг. Харин би энэ жилийн бүх дугаараа их зохиолчдоо зориулж байгаа. Ер нь их хүний их ой гэдэг жилд ганц тохиодоггүй юм. Ноднин жил “Монголчууд”-ынхаа бүх дугаарыг билгүүн номч Бямбын Ринчен гуайн 110 жилийн ойд зориулж гаргасан. Ер нь бид монгол түмнийхээ оюун гэгээрлийн од болсон ийм хүмүүсийг хэзээ ч мартаж болохгүй” гэхийн ялдар номын өргөөнийхөө хойморт залрах яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн хөрөг зурагт мөргөх амуй. Дорнын их найрагчийн харахад алгын чинээ ч харах тусам цаанаа л нэг утга төгөлдөр санагдах эл хөргийг Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, нэрт зураач Пүрэвийн Мэлс зурсан аж. Гучхан минутын дотор зурсан гэх эл зураг зурсан, зуруулсан хоёр их бодьгалаа туулан элээж тэднийхээ агуу төгөлдөр авьяас билигт шүтэгч эрхэм дүүд нь л гуниг, баярын гэрч болж үлджээ. Ай, яалтай ч гэх вэ, хүмүүний зуурдхан хорвоо.

Гэвч, Ган-Очир найрагч сэтгэл цэлмэтэл мишээж “Бид өнгөрсөн бүхнийхээ араас дэндүү гуниад яах вэ хө. Чи бидэн Болд-Эрдэнэ, Содномнамжил нарынхаа араас элгээ эгштэл л бэтгэрлээ. Одоо эднийгээ хойч үед үлдтэл амьдаар нь мөнхөлж үлдээмээр байна. Би Нямсүрэн багшийнхаа энэ дутуу хөргийг гэр-музейг нь байгуулахаар өгнө. Орост Сергей Есениний гэр-музей гэж байдаг. Тэрэн шиг Эрээнцавд Данзангийн Нямсүрэнгийн гэр музей байгуулагдаад, найрагчийн гэргий Хандмаа эгчийг төр засгаас жаахан ч гэсэн цалинжуулаад суулгачихвал Монголын зүүн хойт цэг яруу найргийн аялал жуулчлалын төв цэг болоод мөн ч сайхан даа. Ээ дээ, тэр Хөх нуурын хотгор, их бага Тарь нуурт жил бүр түм түмэн шувууд чуулдаг шувуудын диваажин шүү дээ” гэх зуур “Тиймээс найз нь “Хүрээлэн” төслийн Буянбадрахад нэг дуулгамаар санагддаг юм” гэж аминчлан дурдав аа. Би энэ Ган-Очирыг ерээд оны дундуур

“Дээвэр жиндээх цагаан хяруу нь

Дэлхийг аргадсан эжийн минь үс ээ

Амрагаа санасан миний сэтгэл нь

Алтан торон дахь мөнгөн шувуу” гэж бичиж ахуйд анзаараа нь үгүй билгийн нүгэлтэн ажгу.

Д.Ган-Очир найрагчийн төрсөн нутаг Чулуунхороот сум байгуулагдаад жаран жил, энэ сум Эрээнцав сангийн аж ахуй болоод 42 жил болж. Энэ түүхт ойгоор саяын улсын наадмаар тав давж улсын начин болсон З.Анар очиж барилдан түрүүлж. Энэ Анар начин болбоос Сүхбаатар аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатартай тунаж давсан бөх. Шарын Мөнгөнбаатар начинг уналаа гэж яруу найрагч Ай.Төмөр-Очир ах солиулсан элгээ унатал гоморхлоо гэж ярихыг сонссон. Гэтэл Анар начинг давлаа элэг юугаа дэвттэл баярладаг бас нэгэн Очир хэмээх найрагч санж гэж гайхаж л суув. Одоогоос арван жилийн өмнө Цогзолдорж хэмээх аавын хүү тав даван улсын начин болчихоод Эрээнцавын ойн наадамд очин түрүүлж байсан гэхээр хаа газрын нутаг усаа гэх элгэн халуун сэтгэлийн үзүүрт нутгийн бөх гэдэг үргэлж уяатай байдаг бололтой.

Яруу найрагч Д.Ган-Очир аав ээж, гэр бүлийнхний хамт

Д.Ган-Очирын ажлын өрөөний номын санг хайрт хань Баярсайханы Булган нь төрсөн өдрөөр нь тохинуулж өгсөн гэнэ. Номын сан гэдэг бол өрж баяжуулсан хүн төрөлхтний оюун сэтгэлгээний их ертөнц юм. Гайхамшиг юм аа. Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч Ононгийн Чинбаярын орчуулсан арвандөрөвдүгээр Далай лам Данзанжамцын “Шилмэл эшлэлүүд” ном номын сангийн тэргүүн магнайд заларна. Номын сангийн дээрх хос мөнгөн морины баримал анхаарал татав. Монгол хүн бүхэнд морин эрдэнийн дүр дүрс бүхэн сэтгэлийн хойморт залардаг шүтээн болохоор яалтай. Тэгэхнээ энэ сайхан баримлыг “Ноён зууч-1950”-ийн захирал Энх-Амгалан бүсгүй Ган-Очирт дуу зохиож өгснийх нь шагнал болгож бэлэглэжээ. Ган-Очир найрагч “Миний аав арван зургаан нас хүртлээ хурдан морь унасан юм билээ. Тиймээс би энэ бэлэгтээ их бэлгэшээдэг шүү” гэж байх юм. Номын сангийн хүндэт нэгэн сууринд Манлай ван Дамдинсүрэнгийн бяцхан хөшөө байна. Хөшөөний сууринд “Төр улсын хэргийг амьд хүн хөдөлгөх авч тогтсон суурь нь амь, бие хайргүй зүтгэж үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтоно” гэж жигтэйхэн хачин үг сийлж. Үүнийг Манлай ван гуай хэлсэн гэхэд даанч учир дутагдалтай, хожмын өдрийн их мэдэгчид зохиосон буй заа хэмээн таамаглахад буруудахгүй мэт.

Энэ мэтийг таамаглан суухуй Д.Ган-Очир найрагч бодлыг минь уншсан мэт “2011 онд Манлай ван Дамдинсүрэнгийн 140 жилийн ой болж яруу найргийн уралдаан зарлахад миний “Эр хар нулимс” найраглалаас өөр юм очоогүй юм билээ. Тэгээд Баргын холбооноос намайг наад цомоор чинь шагнасан юм” гэж өгүүлэнгээ “Баргын холбооны Нямаа ахын утасны дугаар надад байгаа шүү” гэв. Ээ, хөөрхий монголчууд аа гэж. Зуу ч хүрэхгүй жилийн өмнө эх орон, тусгаар тогтнолоо гэж халуун амиа үл хайрлан тэмцэж явсан эх орончоо мартдаг ийм л нэгэн ард түмэнсэн бил үү, бид?

Д.Ган-Очир найрагчийн номын сангийн тэргүүн эгнээнд Оросын их яруу найрагч Сергей Есениний боть түүврүүд дүүрэн. Хэдийгээр түүнийг “Есенин Монголд” хэмээх алдарт түүврийг гаргасан хэмээн бодовч нүдэндээ огтхон ч итгэсэнгүй. Номонд хорхойтой хүмүүс бол миний энэ байдлыг ойлгох биз. Оросын яруу найргийн мөнгөн зууны их төлөөлөгчийн бурхан болсноос хойших их найргийн судрууд. Еэ бурхан минь, Серёжа Есенинийг дөнгөж тэнгэр зүг болсон тэр жил гарсан түүврийг гэхэд түүний багын анд Дашцэрэнгийн Энхтүвшин Санкт-Петербургийн хуучин номын дэлгүүрээс авчирч өгч. Үүнээс хойш орос хэлээр хэвлэгдсэн хорь гаруй боть нүд хужирлана. Монголд л лав Есениний ийм цуглуулгатай хүнтэй ахин учирна гэж би л лав амлаж чадахгүй.

Би Д.Ган-Очир найрагчийг ихэд ойрд санаж явжээ. Тэгэхнээ, тэр бол оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагналыг аль тэртээ 2007 онд “Номин талст” хамтлагийн Батсүхийн дуулдаг “Хүсэл” дуугаараа хүртэж, “ Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг “Сүүлчийнх гэж дурласаар байтал” номоороо хүртсэн туурвилч ажаам. “Урлаг бол хүн төрөлхтнийг араатнаас өөр байлгадаг цорын ганц шинжлэх ухаан шүү” гэж андыгаа хэлэхэд л энэ бүхнийг ухаарав, би. Гуравдугаар ангийн жаалхүү Д.Ган-Очир Д.Нацагдоржийн “Миний нутаг” хэмээх тэр агуу найраглалыг ямар ч үг үсгийн зөрөөгүйгээр уншдаг байсан гэхээр ирээдүйн найрагчийн нямбай, чамбай дүр төрх амилан ирэх нь гарцаагүй. Тиймээс ч тэрээр “Зүүдний зураг”, “Цаг хугацааг нэрэхүй”, “Бие галбирлаг сарны доор…”, “Урин”, “Үүлсийн галбир” зэрэг яруу найргийн номууд, “Хайр”, “Шүлгэнд ассан аялгуу”, “Хайрын домог”, “Миний сонгодог” зэрэг цомгууд бүтээжээ. Хүн бид нэгнийхээ бүтээсэн хийгээд бүтээхүйг тэгтлээ огтхон ч анзаардаггүй аж. Тээр жил манай сонинд дадлага хийж явсан оюунтан хүү ийм ихийг бүтээсэн гэхээр бахархмаар. Бахархахаар ч барахгүй зохиосон дуунуудыг нь сонсоход баярламаар…

Түмэнд хүрсэн бүтээл хийсэн уран бүтээлчид магтаал гэдэг газраар дэвссэн цагаан хөвөн төдий л билээ. Цагаан хөвөн яах вэ гэвэл салхинд хийсээд алга болох зүйл шүү дээ. “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр аяыг нь зохиож, “Номин талст” хамтлагийн дуулсан “Зүүдэнд ирэх жаргал” гэсэн дуу байна.

“Зурагнаас чинь гунигаа гээх юм

Зүүдэнд ирэх чинь жаргалтай сайхан

Хүлээж суухдаа чамтайгаа уулзах юм

Хүслийнхээ эрхээр чамайг санах юм

Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан

Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юм аа

Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсаан

Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юм аа” Ган-Очиртойгоо энэ дууг нь сонсож жаахан суулаа. Бас сонсоход сайхан юм. “Харцнаас чинь би хайрыг мэдрэх юм даа…Халуун үг чинь санаанд эргэлдэх сайхан…” Би Ган-Очирыгоо ийм том найрагч гэж бодоогүй ээ. Шууд л хэллээ. “Дуу сайхан ш дээ хө. Со, Болд-Эрдэнэ ах та нар л голоод байдаг болохоос биш” гэнэ. Юу гэсэн үг вэ. Өнөөдөр би эднийд өнжих гэж ирсэн мөн ч их зүйл ойлгоод буцах нь дээ. Яруу найргийн урлангийнх нь хойморт Монголд тийм ч олон үзэгдээд байдаггүй Янжинлхам бурхны хөрөг. “Тийм ээ, энэ О.Дашбалбар багшийн минь номын өргөөнд байсан???” Анд минь удалгүй,

-Бакула Ренбүүчийн бэлэглэсэн Янжинлхам бурхныг Дашбалбар багш чинь Со (яруу найрагч Тогоонтөмөрийн Содномнамжил.Л.Б.) бид хоёрыг ороход

-Ган-Очир оо, энэ бурхан чамд байх учиртай юм гээд бэлэглэсэн юм. Би их айсан шүү гээд ард нь бичсэн гарын үсэг, огноог үзүүлэв. Багшийн гарын үсгийг манай ангийн Мөнгөндалай, Сүглэгмаа нар бүгд л мэднэ дээ. “1994.08.22. О.Д” гэжээ. Энэ Ган-Очир дэндүү их азтай найрагч юм. Данзангийн Нямсүрэнгийн шавь болж заяагаад Очирбатын Дашбалбарын цүнхийг барьж гүйгээд хожим хойчийн өдөр яруу найргийн эгшиглэнт эхээр шагнуулна гэдэг бас л их хувь заяа. Ган-Очир утга зохиолын ертөнцөд дөчин жил аж төрснөө “Бодролын цонх” хэмээх дурсамж хүүрнэлийн номдоо тов тодорхой өгүүлжээ. Энд тэрээр найрагч ах Содномнамжил, Базарсадын Бат-Орших нарын Дорнод талын найрагчдын талаар хүүрнэсэн гэнэм. Ган-Очирын өндөр өвөө нь Ламын Даваа гэж мундаг лам байсан бөгөөд түүнээс үлдсэн таван зуун жилийн настай “Алтангэрэл” судар нь үлдсэнийг баримтагтай үзүүлэв. Таван зуун настай цаас салхинд хийсч магадгүй гэсэн учраас задалж үзээгүй нь ч зөв болсон байх. Найрагчийн аав бол Чөлөөлөх дайны ахмад дайчин Осорын хүү малын эмч Даваасүрэн юм. Ган-Очирын ээж Ринчений Балжмаа Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул буриад агаад насаараа түүх-газарзүйн багш хийсэн нэгэн гэнэ. Ган-Очир найрагчийн төрсөн дүү Д.Эрдэнэ-Очир. Харин охин дүү Д.Баярчимэг нь АНУ-ын Вашингтон хотод мастер хамгаалахаар суралцаж байгаа аж.

Аавтайгаа хамт “Алтан гадас”-аар энгэрээ мялаав

Д.Ган-Очир үртэй бүхэн ургаж, үндэстэй бүхэн навчилдаг жамаар нутгийнхаа Баярсайханы Булган хэмээх бүсгүйтэй учирч ууган хүүгээ 1996 онд төрүүлэхэд уран бүтээлийн анд Баатарын Галсансүх нь таарч Амарбаясгалан нэрийг сугалаагаар өгсөн аж. Амарбаясгалан хүү Санхүү эдийн засгийн сургуулийн эдийн засгийн онолын гуравдугаар ангид сурч буй гэх агаад биднийг очих үеэр “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдан Улиастайн цэргийн ангид алба хааж буй гэв. Ган-Очир, Булган хоёр хүүгээ энэ сарын 31-нд эргэхээр захисан хатуу чихэр, хар гутлын тос, захны цагаан даавууг ягштал бэлдээд байгаа аж. Дунд охин Г.Амарзаяагийн хувьд ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч юм билээ. Отгон хүү Г.Амармөнх бол аав, ээжийн алдрай бяцхан гуравхан настай шүтээн юм. Ган-Очир найрагч ууган хүү Амарбаясгалангаа арваннэгдүгээр ангид байхдаа Улсын эсээ бичлэгийн аварга болж сайд Ц.Оюунгэрэлээс өргөмжлөл гардаж байсанд баярладаг төдийгүй тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн болсонд бахархдаг ажгу. Бид энэ бүхнийг ярьсаар Ган-Очирын ажлын ойролцоох гэрт очихуй отгон хүү Амармөнх гэж аашны тулам нэгэн байна аа. Ааш гэдэг тэнгэр заяат монгол хүний мөнхийн дагуул ч байж мэдэх.

Ган-Очир найрагчийн дуу, шүлгийн шидэд илбэдүүлсээр нэгэн өдрийг үдэхүй гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулдаг “Хуучраагүй жийнс”, “Niciton”-ий Баачкагийн “Цамцаа тайл”, “Камертон” хамтлагийн “Явах цаг боллоо, хонгор минь” гэх мэт олон олон дуу чихнээ хоногшин үлдэв. Магад түүний зуу зуун дууны түүх маргааш, нөгөөдөр ч үргэлжилсээр байх билээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Насанбаяр: Ус үерлээд ирэхэд зугтана уу гэхээс биш зогсооно гэж байхгүй юм байна лээ

БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа.

-Б.Насанбаяр доктор хамгаалсан гэдэг содон сонсогдлоо. Энэ их ажлыг хэзээ амжуулчихав?

-2009 оноос хойш боловсролтой холбоотой судалгаанууд хийсэн л дээ. Түүнээс өмнө ч Эрдэнэтэд ажиллаж амьдарч байхдаа нийгмийн төлөвшил, хүмүүсийн харилцаа хандлага, боловсролын хэрэгцээний талаар судалгаанууд хийж байсан. Яагаад улсын төсвийн 20 хувь, ДНБ-ий 5-6 хувийг боловсролын салбарт зараад байхад боловсрол үр дүнтэй болж чадахгүй байгаа юм бэ гэсэн асуулт надад байсан. 2012 онд Боловсролын их сургуулийн докторантурт элссэн. Тэр үед өмнө нь арваад жил хийсэн судалгаа, ажлын чиг үүрэг ч давхацсан.

2012 оны ес, аравдугаар сард үнэндээ шөнө хоёр цаг унтаж чадахгүй байсан. Өнөөг хүртэл боловсролын салбарт явж ирсэн тэр бүх бичиг баримтууд хийгдсэн ажил, түүнд хийсэн судалгаа, дүгнэлтүүдтэй нэг бүрчлэн танилцаж, тэндээс юуг авч сайжруулах, юу чухал юм бэ гэдгийг үзэж системчилсэн. Тэр дагуу одоогийн бичиг баримтуудын үндэслэлүүд гарсан л даа. Миний докторын ажил “Хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийн онол арга зүй, үндсэн чиг хандлага” гэсэн сэдэвтэй учраас хийж байсан ажил, судалгааны ажил холбоотой гэсэн үг.

-Та докторын судалгааны ажлаараа хүмүүст юу хэлэхийг хүссэн бэ, ямар дүгнэлтэд хүрэв?

-Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Хүүхэд бүрийг хөгжүүлэх онолын үндэс нь олон улсад ч байсан. Монгол эрдэмтэд ч мэддэг. Харилцан үйлчлэлийн онол гэж хэлээд байгаа юм. Хүүхэд идэвхтэй, орчин идэвхтэй, харилцан хамаарал нь жигд байж хүүхэд илүү хөгжинө гэдэг онолыг дэлхий нийтийн эрдэмтэд болон манай эрдэмтэд нотолж баталсан асар олон судалгаа бий. Онол нь зөв хэрнээ яагаад хүүхэд байгаа боломжоороо хөгжиж чадахгүй байна гэдэг гол асуудал. Судалгааны эцсийн дүгнэлт нь юу гэхээр зөвхөн багш заадаг биш, хүүхэд яаж оролцдог байх вэ, эцэг эх яаж оролцдог байх вэ, мэргэжлийн байгууллагууд, боловсролын газрууд, олон нийт яаж оролцох вэ гэдэгт хариулт өгсөн. Ардчилсан нийгмийн гол үндэс нь оролцоо шүү дээ. Харилцан үйлчлэл гэдэг маань оролцоо. Тийм учраас Хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжсэн гарцаагүй хийгдэх ёстой менежмэнтийн загварыг гаргаж ирсэн гэсэн үг. Сайд жил бүр албан даалгавар гаргасан. Сайдын албан даалгаварт боловсролын газрын дарга, мэргэжилтэн, захирал, менежер юу хийх, багш, эцэг эх юу хийх талаар нэг бүрчлэн зааж үүрэгжүүлсэн юм. Хүүхдийн төлөө ажиллах ёстой бүх хүн үүргээ гүйцэтгээд эхлэхээр хүүхэд аяндаа хөгжөөд эхэлнэ гэсэн үг. Гарцаагүй хийгдэх ёстой тэр бүх менежмэнтийн загварыг л гаргаж тавьсан хэрэг.

-Ямар ч багштай уулзахад “Хүүхэд бүрийг хөгжүүлж байгаа” л гэдэг. Боловсролын салбарт өрнөсөн шинэчлэл ямар ч байсан шинжлэх ухааны үндэстэй байжээ?

-Хүний хөгжил гэдэг шинжлэх ухааны үндэстэй байхаас аргагүй. Байшин барихад хүртэл маш нарийн технологитой шүү дээ. Хүнийг хөгжүүлэх гэдэг маш нарийн технологи, зохион байгуулалттай байх ёстой. Тэгэх ёстой гэдэг бодлого гараад л бүх юм сайжирчихгүй. Хамгийн гол нь манлайлал. Өнгөрсөн дөрвөн жилд ажилласан Л.Гантөмөр сайдын манлайлал асар чухал байсан. Багш бүр ажилдаа эзэн болж, “Нээрэн бид чинь ийм чухал үүрэгтэй хүмүүс юм байна” гэж өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн тэр мэдрэмж бол энэ бодлого судалгаа, онолын үндсийг амьдралд хэрэгжүүлэх гол хүчин зүйлс байсан.

-Б.Насанбаяр гэдэг хүн ажлаа өглөө гээд шуугиантай мэдээлэл хийчихсэн. Нөгөө хүн маань хөөрхий золиос болчихов уу, одоо гэртээ гомдолтой сууж байгаа байх даа гэж олон хүн бодсон байх?

-Тухайн үед би нүүр хуудастаа бичсэн л дээ. Би хувь хүнийхээ хувьд хийсэн алдаа гэм буруу байхгүй. Зарим хүмүүсийн яриад байгаа шиг боловсролын салбар нь ямар нэг шашин сурталчилсан юм байхгүй. Би гэм буруугүй гээд сууж болох байсан. Хэвлэлийн хурал хийхээс өмнөх хэд хоногт юу болоод байгааг би судалж үзсэн л дээ. Асар их хүч хаяж, зохион байгуулалттай хийж буй зүйл байсан. Ус үерлээд ирэхэд зугтана уу гэхээс биш үерийг зогсооно гэж байхгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тийм учраас хэвлэлийн хурал хийсэн. Хурлын дараа ирэхэд төрийн нарийн бичгийн дарга маань “Хэн нэг хүн элдвээр хэлсний төлөө төрийн ажлыг өгөөд явдаг юм биш. Тийм учраас ойрын үеийн чухал ажлуудаа хий” гэсэн. Хориод хоног гол ажлуудаа цэгцэлсэн. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийг хэрвээ гүтгэсэн, доромжилсон, буруутгасан бол төр нь хамгаалах үүрэгтэй. Тийм учраас төрийн нарийн бичгийн дарга маань “Чи ямар ч байсан ээлжийн амралтаа ав” гэсэн. Түүний дараа бүтээлийн чөлөөгөө бас авсан. Хоёр сарын хугацаанд албан ёсоор ажиллаагүй. Хоёр сарын дараа буцаад ажилдаа ор гэсэн тушаал гарсан. Тэгээд одоо ажлаа хийгээд явж байна.

-Юунд их харамссан гэхээр, төрийн албан хаагчийг “мүүнчин” гэх мэт нэр цол өгч, хэсэг хүн дайрч давшилсны төлөө ажлаа өгнө гэдэг буруу жишиг. Дараагийн хүнийг ч ийм маягаар зайлуулж болох нь байна шүү дээ?

-Буруу жишиг тогтоохгүйн тулд л төрийн нарийн бичгийн даргын зөвлөгөөний дагуу явсан. Өөрийгөө бодох юм бол амь биш заяа биш гэж орхино. Сая долдугаар сарын 12-нд цэнгэлдэх давалгааллаа шүү дээ. Бичлэг дээр харсаар байтал Р.Пүрэвдагвын тохой түрүүлээд газар хүрсэн байгаа биз дээ. Тийм байхад цэнгэлдэх даяараа давалгаалахад олон хүн Р.Пүрэвдагвыг дэмжиж байгаа учраас хөлийн цэц түүний талд шийдвэр гаргаж, дахиж барилдуулах болсон. Тэгэхэд шарх сэдэрсэн. Телевиз үзэж байхдаа нулимс асгараад, чичрээд байсан. Хүн сүрэг дайрч байгаа юм шиг давалгаалахад шийдвэр гаргах ёстой хүмүүс нь тэрийг яагаад дагадаг юм бэ. Бичлэг байхад баримтыг биш олны шуугианыг дагадаг энэ хандлага өөрчлөгдөх ёстой. Тэр үед би тайвширчихсан, даваад гарчихсан гэж бодож байсан чинь “Биеийн шарх эдгэдэг, сэтгэлийн шарх эдгэдэггүй” гэж үнэн юм билээ. Дөрөв, таван сар фэйсбүүкт ороогүй байсан хүн чинь утсаа асаагаад, чичрээд юм бичээд байгаа юм чинь. Хүний эрх, нийгмийн үнэт зүйл зөрчигдөж байгааг хараад дуугүй байж чадахгүй болчихсон юм байна гэж өөрийгөө оношилсон. Юун дээр сэтгэл өвдсөн гэхээр, хүний эрхийг хамгаалах ёстой Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргахад маань “Манайд хамаарах асуудал биш ээ” гэж хариу өгсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргахад 45 хоногийн дараа “Тэр хүний чинь хаяг нь олдохгүй байна” гээд миний нэхэмжлэлийг буцааж байсан. Шүүх нь, ХЭҮК нь олны шуугианыг дагаж байгаад үнэхээр эмзэглэсэн. Хүний эрхийн төлөө ажиллах ёстой юм байна гэж бодогдсон.

-Яагаад Б.Насанбаяр гэдэг хүнийг онилсон юм бол. Ийм том дайралтын хувьд яамны газрын даргын суудал арай л жолдох юм шиг?

-Манай сайдын хувьд аль ч талаасаа харсан ирээдүйд нөлөө бүхий лидер байхаар хүн. Том хүний хажууд байна гэдэг төдий чинээ эрсдэл хүлээдэг юм байна. Газрын дарга гэдэг сайд биш, УИХ-ын гишүүн биш шүү дээ. Газрын даргыг золигт гаргана гэдэг тодорхой зорилготой гэдэг нь харагдаж байгаа. Бай нь биш ч, золиос нь би байсан.

-Ингэхэд Мүүн гэдэг асуудал яаж боссон бэ?

– Мүүний шашин гэдэг нь ямар байгууллага юм, яасан ийсэн гэхээсээ би Монгол Улсад зөвшөөрөлтэй төрийн бус байгууллагад ажиллаж байсан. Тэр ТББ гэр бүл, эрх чөлөө, нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байсан. Хэн нэгэн намайг шахаж “Чи энэ байгууллагад оч” гэж хэлээгүй. Ерээд оны эхэн үед нийгэмд тодорхойгүй зүйлс их байсан. Миний хувьд “Энэ нийгэм хаашаа явах юм. Би яаж илүү зөв амьдрах вэ” гэж боддог байлаа. Монголд байгаа бүх л шашныг судалж үзсэн. Тэр үеийн залуус хийж бүтээх, юм судлах, сонирхох асар их эрмэлзэлтэй байсан. Маш олон газар очиж, байж болох бүх хүнтэй уулзаж, судалж үзсэн. Миний хувьд ч Дейл Карнегийн клубт очдог байсан. Төрийн бус байгууллагуудад очиж, яриа хөөрөө хийдэг. Туул голыг цэвэрлэхэд олон удаа оролцсон. ДОХ-ын эсрэг өдрийн жагсаалд ч оролцож байлаа. Эрдэнэтэд тавдугаар сарын 31-ний өдөр хүмүүст тамхины хор хөнөөлийг яаж ойлгуулах вэ гээд өчнөөн ажил хийгээд явж л байсан “Энэ нийгэм өөрчлөгдөх ёстой. Монгол Улс хөгжих ёстой” гэсэн сэдэл тэмүүллээр тийм зүйл ярьж байгаа залуустай нэгдэж нийлж байв. Зөв зүйл, сайн сайхан зүйлийг хайж тэнд байсан залуу хүн бүрийг өнгөрсөн түүхээр нь буруутгана гэвэл аймаар харгис зүйл.

-Та үнэхээр Мүүний үзэлтэн байлаа гэхэд тэр нь таныг ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй шүү дээ. Хэн нэгнийг гарал, үүсэл шашин шүтлэг, нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гээд Үндсэн хуульдаа заасан байдаг. Ингэхэд хүнд өдрүүдэд таныг өмгөөлж үг хэлсэн хүн хэр олон байв?

– Намайг өмөөрөөд үг хэлэхээр мүүнчин болчих гээд түвэгтэй нөхцөл байдал байсан л даа. Ц.Оюунгэрэл гишүүн хамгийн түрүүнд “Хэзээ ч ийм юманд бууж өгч болохгүй” гэж зөвлөж байсан. Б.Лхагвасүрэн гуай телевизээр маш тодорхой юм бас ярьсан. Цөөхөн тийм хүн байсан. Чой хамбад би “Танд үнэхээр баярлалаа” гэж сүүлд хэлсэн. Угаасаа ч Чой хамбад золгодог, ханддаг байсан. Ийглийн нэвтрүүлэгт орж байхдаа Чой хамба “Тэр чинь над дээр ирдэг л хүүхэд шүү дээ” гэж хэлснийхээ төлөө бас хэдэн өдөр элдвээр хэлүүлсэн. Хүний эрх гэдэг бусдын эрхийг зөрчихгүй байхаас эхэлдэг. Ардчилал, хүний эрхийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хэрэгцээг энэ бүхэн мэдрүүлсэн. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагууд хүний эрх зөрчигдөж байвал арай баярладаг юм биш биз дээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Яагаад гэхээр хүний эрх зөрчигдөж байгаа кейсээр энд тэндээс төсөл авч, өөрсдийгөө тэжээж тэтгэж амьдардаг юм биш биз дээ гэх бодол төрж байлаа. Олон улсын хүний эрхийн байгууллагын хүн ирж уулзаад “Яг энэ түүхийг олон улсад гаргах ёстой. Наймдугаар сард НҮБ-ын хүний эрхийн залуучуудын хурал болно. Энд ирээч” гэж урьсан. Б.Насанбаяр гэдэг хүнийг дайрч давшлахаас илүү энэ салбарыг дайрч, хэн дуртай нь ирээд юу дуртайгаа ярьж байгаа нь хамгийн хүнд байлаа. Намайг хэвлэлийн хурал хийхэд сэтгүүлчид дүүрэн байсан. Маргааш нь эрдэмтэд сүнстэй бодлого гэж юу болох талаар тайлбарлахад хэн ч сонирхохгүй байна шүү дээ. Үнэн мөнийг олох гэж биш Б.Насанбаяр гэдэг хүнээр дамжуулж шуугиан тарих нь гол байжээ.

-Сайн талаас нь харвал Б.Насанбаяр гэдэг хүнийг нийгэм бүхлээрээ танихаар боллоо. Та цаашдаа юу хийхээр бодож байна даа?

-2003 оноос хойш би зорилгоо боломжоороо арав арван жилээр тодорхойлж ирсэн юм. 2003 онд боловсролын салбарт ажиллана гэж байсан. Тохироо нь ч бүрдсэн. 2020 он хүртэл энэ судалгааны ажил, боловсролын салбарын ажил дээрээ төвлөрнө. 2020 оноос хойш дөч гарчихна. Хүүхдүүд маань ч том болчихно. Миний хувьд 2020 оноос цаашаа юу хийвэл илүү боломжтой вэ гэдгээ төлөвлөж харж байна л даа. Өнөөдөртөө илүү тодорхой юм хэлж мэдэхгүй байна.

-Та ахлах ангийн сургалтын хөтөлбөр кредит системд шилжиж байгаа гэж байсан. Ахлах ангийн сурагчдад илүү сонголт хийх боломж гарах нь гэж бодож байлаа. Харин одоо засаг солигдчихоор энэ бүх шинэчлэлийг үргэлжлүүлэх болов уу гэдэг хүлээлт хэн бүхэнд байна?

-Монгол Улсын төрийн санах ой гэдэг төрийн бодлого, хуулиуд юм. Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогоо 2015 онд УИХ баталсан. НҮБ 2030 он хүртэл дэлхий нийтээр дагаж мөрдөх тогтвортой хөгжлийн зорилтуудаа тодорхойлсон. Түүний дагуу Монгол Улс 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа баталсан юм. Энд манай салбарын хүрэх үр дүн, зорилтууд, хийх ёстой ажлууд тодорхойлогдсон байгаа. Энэ ерөнхий гол суурь хандлага, зарчмууд батлагдсан. Түүнийхээ дагуу хийгдэх ёстой ажлууд хийгдээд явж байгаа. Ахлах анги буюу бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр батлагдсан. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг хөтөлбөр, суралцахуйн удирдамж нь хэвлэгдээд багш нарынхаа гар дээр очиход бэлэн болсон. Энэ хөтөлбөрийг бүтэн хоёр жилийн турш туршиж, сайжруулаад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Кембриж, ЮНЕСКО-гийн олон улсын зөвлөхүүдээр хөндлөнгийн мониторинг үнэлгээ дүгнэлтүүдээ хийлгэчихсэн. Үндэсний эрдэмтэд маань тэр бүхнийг үндэслээд монгол хүн яаж хөгжих вэ гэдэг бүх загвар, бодлого чиглэлээ гаргаад баталсан байна. Энд салбар зөвхөн 12 жилийн тогтолцоонд шилжих гэж зургаан жил зарцуулсан шүү дээ. Угаасаа л өмнөх хийсэн зүйлүүдээ сайжруулаад явж байгаа учраас хүүхэд бүрийг хөгжүүлэхгүй гэж хэлэхгүй байх. Хүүхэд өөрөө мэргэжлийн чиг баримжаагаа олж авдаг, түүндээ суурилж хөгждөг. Үүнд зориулж гүнзгийгийн хөтөлбөр гэдгийг анх удаа монгол эрдэмтэд боловсруулж баталж гаргаж байна. Математикийн гүнзгий гэхээр их сургуульд үздэг хичээлийг түрүүлж үзэж байснаас биш ерөнхий боловсролын сургуульд математикийн гүнзгийрүүлсэн хичээл дээр юу үзэх вэ гэдгийг анх удаа яам баталсан. Энэ бүхэн орвонгоороо өөрчлөгдөнө гэж бодохгүй байна.

-Та шөнө орой болтол яаман дээрээ ажиллаад сууж байдаг хүн. Яаж ингэж юм бүхэнд хүртээмжтэй байдаг юм бол гэж заримдаа гайхдаг байсан л даа. Яах гэж тэгтлээ зүтгэв дээ гэх бодол төрөх юм уу?

-Харамсах сэтгэл төрдөггүй. Нэгдүгээр ангиасаа эхлээд багш болно гэж боддог байв. Манай ээж сумын эмч учраас өдөр шөнө ялгаагүй дуудлага ирсэн үед явдаг. Багш ээжтэй хүүхдүүд гоё юм аа. Ээж нь гэртээ байдаг юм байна гэж боддог байлаа. Аав жолооч, ээж эмч. Гэртээ байх нь ховор учраас гэрийнхээ бүх ажлыг багаасаа зохицуулж сурсан. Нэгдүгээр ангиасаа аравдугаар анги хүртлээ багш болох хүсэл маань өөрчлөгдөөгүй. Хүсэл эрмэлзлийнхээ дагуу салбартаа ажиллаж байгаа. Миний хийж байгаа зүйл хүүхэд, багш дээр хэрхэн очих вэ. Яавал багш ажлаа аз жаргалтай хийх вэ. Яавал хүүхэд илүү хөгжих вэ гэдгийг бодож ажилладаг. Би гурван ангид дөрвөн жил дараалан очиж хичээл дээр нь суусан. Очих болгонд хүүхдийн нүд гэрэлтэж, гайхамшигтай өөрчлөгдөж байгааг харахад кайфтай, гайхамшигтай санагддаг. Би энэ дөрвөн жилд өөрөө маш их хөгжсөн. Асар олон зүйлийг маш богино хугацаанд хийж, ачаалал авах тусмаа миний нуугдмал, далд байсан чадварууд ил гарч байлаа. MIT-тай гэрээ хийсэн гээд нэг өгүүлбэрээр хэлчихэж байгаа ч түүний төлөө хоёр жил ажилласан шүү дээ. Мянган инженерийн төсөл маш богино хугацаанд хэрэгжсэн. УИХ дээр энэ төсөл батлагдаж байхад урьдчилсан байдлаар албыг нь байгуулаад, бэлтгэл ажил нь явсан. Төр гэдэг зүйлийн цаана Монгол Улсын төлөө зүтгэж явсан үе үеийн хүмүүсийн хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлийг тээж явдаг. Нэг удаа Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад асуудлаа танилцуулж байсан чинь харж харж байснаа “Л.Гантөмөр сайд, Б.Насанбаяр дарга хоёр ёстой их хүсэл мөрөөдөлтэй сайхан хүмүүс шүү” гэсэн юм. Хэдийгээр тоглоом шоглоомоор хэлсэн ч гэсэн дулаахан санагддаг. Хөөрхий, ядаж л хүсэл мөрөөдөлтэйг нь харсан хүн байна шүү дээ.

-Хэцүү өдрүүдийг гэр бүлийнхэн чинь яаж хүлээж авсан бэ?

– Манай нөхрийн оронд өөрийгөө тавиад үзвэл ямар байх нь ойлгомжтой л доо. Наад зах нь хамт ажилладаг хүмүүсээс эхлээд, ах дүү хамаатан садан гэж байна. Хүн чинь газар дээр гон бие гозон толгой биш шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь миний эхнэр хэн юм, юу хийгээд явдаг юм. Ажлын төлөө яаж зүтгэж явдгийг нөхөр маань мэдэж байгаа. АТГ-аас манай нөхрийн данс, хүүхдүүдийн хадгаламж, эцэг эх, ах дүү, хамаатан садныг шалгасан. Гэм хийгээгүй мөртлөө шалгуулна гэдэг нэг талаар түвэгтэй мөртлөө үнэхээр зөв шударга амьдарч байсан гэдэг шалгалтын дүн гарахад “Дүн тавиуллаа даа” гэж бодогддог юм билээ. Арав гаруй жилийн турш харилцах ганц данстай, хадгаламжийн цөөхөн төгрөгтэй байсан байна. Амралттай, чөлөөтэй өдрүүддээ ч би өмнө нь ажиллаж байсан шигээ л ажилласан. Нэг ч өдөр гэртээ зүгээр суугаагүй л дээ. Тэр хугацаанд би Харвардын онлайн сургалтад хамрагдлаа. Ээж маань намайг тээж байх үедээ хүнд өвчтэй байсан. Ямар ч байсан энэ өвчний ард гарч, хүүхдээ төрүүлнэ гэж ээж маань өдөр бүр тэмцсэн учраас тэмцэгч, даван туулагч шинж чанар төрөлхөөсөө надад заяасан юм байна гэж боддог. Нэг аймаар юм нь хүн бүр муу хэлээд байхаар энэ хүнд юу ч гэж хэлж болно гэж хүмүүс боддог. Нэг хоолны газар орсон ч хажуугийн өрөөнд Б.Насанбаяр гээд хүмүүс миний тухай ярьж байдаг. Тэр болгонд хатуужил тэвчээр суусан даа.

-Юунаас эрч хүч авдаг вэ?

-Хэцүү үедээ дуртай номоо уншдаг. Харвардад санал болгодог “Bill George True North” гэдэг ном хэсэгтээ ширээний ном байсан. Тэр номд юунаас болоод удирдагч бүтэлгүйтдэг. Яаж түүнийгээ давж гардаг, үймээн шуугианы үед хэрхэх тухай өгүүлдэг. Дэлхийд алдартай олон хүн өөрийнхөө амьдралын асуудлыг шийдэх гэж яваад хүн төрөлхтний асуудлыг шийдсэн түүх байсан. Нийгэм яаж ч өөрчлөгдсөн тухайн хүн тууштай, алтан гадас шиг байх тухай ном. Ямар ч хүнд ажилтай үедээ дуу сонсдог. Бурхан шиг хань, гурван хүүхдээсээ хамгийн их эрч хүч авна. Том охин маань “Ээж ээ, тэр Мүүн гэдэг чинь юу юм бэ” гэж асуух үе надад хамгийн хэцүү байсан. Тэр үед хүүхэд, нөхөртэйгөө гадуур хамт явахгүй байхыг хичээж байсан. Миний хүүхэд гадуурхагдах вий дээ гэж эмээж байв. Миний хүүхдүүд энэ нийгэмд амьдарна. Тийм учраас энэ нийгмээ илүү сайхан болгохын төлөө чадахаараа тэмцэнэ, амьдарна, ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Эрдэнэдалай: Санхүүгийн зах зээлийн оролцогчийн хувьд “Эрдэнэт”-ийн хувьчлалыг дэмжиж байгаа

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа. Тэр хөрөнгө оруулагчдын дунд Дэйл Чой нэрээрээ танигдсан нэгэн юм.

-Эрдэнэтийн 49 хувийг Монголын компани авсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би санхүүгийн шинжээчийн хувьд зах зээл, эдийн засгийн үүднээс харж байгаа. Эдийн засгийн хувьд гэж яривал уул уурхайн бизнес өндөр эрсдэлтэй. Тэр утгаараа төр уул уурхайн бизнест оролцох ямар ч шаардлагагүй. Татвар, рояалтигаа л авах хэрэгтэй. Мэдээж татварын орчин нь урт хугацаанд тогтвортой байвал зүгээр. Шахалт дарамтгүйгээр бизнес хийлгэх орчныг бүрдүүлээд өгчихвөл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна.

-Төр “Эрдэнэт”-ийн хувийг авах ёстой гэсэн байр суурь хүчтэй байх шиг байна…?

-Төр өөрөө оролцоод янз бүрийн шаардлага тавиад, улстөржүүлээд явахаар уул уурхайн бизнес унадаг. Тод жишээ нь Оюу толгой. Гүний уурхайн бүтээн байгуулалт хэвийн эхлээд үргэлжлээд явж байтал улстөржүүлээд бараг гурван жил гацаачихсан. Төрийн оролцоо ийм эрсдэлтэй. Тэгэхээр миний тухайд хувьчлалыг зарчмын хувьд дэмждэг. Сая зарсан 49 хувь бол манай төрийнх биш. Гадаадын Засгийн газрын өмч байсан. Гадаадын Засгийн газрын эзэмшлийг Монголын хувийн хэвшил худалдаж авсан. Хувийн хэвшлийн тухайд мөнгөө зараад 49 хувийг худалдаж авч байгаа. Тэгэхээр “Эрдэнэт”-ийг аль болох зардлыг нь танаж, зах зээлийн зарчмаар нь үр ашигтай ажиллуулахыг бодно.

-Монголын компанид Эрдэнэт шиг том үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах чадамж байхгүй, тийм мөнгө нь хаана байна гэсэн шүүмжлэл хэлэх улстөрчид нэг биш байгаа. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Монголын хувийн хэвшил сүүлийн 25 жилийн хугацаанд хөгжиж чадсан. Өөрөөр хэлбэл, том наймаа хийх чадалтай болсон. Худалдаа хөгжлийн банк, “Мобиком” зэрэг олон компани дэлхийн түвшинд ажиллаж байна. Тэдний нэг нь “Эрдэнэт”-ийн хувийг худалдаж авсанд олзуурхаж байгаа. Зүгээр нэг залуухан захирал биш, дотоодын өндөр түвшинд хөгжсөн компанийн хөрөнгө оруулагч “Эрдэнэт”-д оролцоотой боллоо гэж би хувьдаа ойлгож байна. Монгол Улсын хуулийн дагуу хувьцаат компани биш учраас мэдээллээ ил болгож цацаад байх хууль ёсны шаардлага, үүрэг байхгүй. Үүнийг нь олон нийт буруугаар ойлгож, нууцаллаа гэх мэтээр хардаж сэрдэж байх шиг байна. Гэхдээ нэг л зүйлийг ойлгох ёстой. Монголд бүртгэлтэй, Монголд татвар төлдөг, Монголын компани “Эрдэнэт”-ийн хувийг худалдаж авсан.

-Хувийн компани “Эрдэнэт”-д оролцоотой болсноор ямар давуу тал үүснэ гэж та харж байна вэ?

-Хувийн хэвшлийн стандартын дагуу ажиллана гэж найдаж байна. Би санхүүгийн зах зээлийн оролцогч. Тэр утгаараа дэмжиж байгаа. Зах зээлд компаниудыг худалдаж авах, нэгтгэх, салгах, хувийг нь зарах бол хэвийн процесс. Зах зээлийн л жаяг. Дэлгүүр, кофе шоп, ресторан зардагтай л ижил зүйл. Том хэмжээний л наймаа гэдгээрээ ялгарах байх. Эрдэнэт гэдэг утгаараа маш том сенсаци дэгдэж, сэтгүүлчид эрэн сурвалжилж өчнөөн юм болж байна л даа. Монголчуудад нэг муу зан бий. Сайн явж байгаа нэгнээ хардаж сэрдэж, унагах гэдэг. Тамын тогооны үлгэр гэж ярьдаг даа. Яг тийм хандлага “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр харагдаж байна. Хэн ийм их мөнгө өгөв, хаанаас хуйвалдаад худалдаад авчихав гэх мэтээр хардаж сэрдсэн улстөржилт хүчтэй ажиглагдаж байна. Иргэдийн сэтгэл зүй дээр тоглолт хийсэн хандлага илэрхий анзаарагдаж байгааг нуух юм алга.

-”Эрдэнэт”-ийн хувьд улстөрчид сонирхохгүй байхаас аргагүй л дээ. Засгийн эрхэнд гарсан хэсэг нь “Эрдэнэт”-д шахааны наймаа хийж мөнгөждөг нь хэнд ч ил болсон зүйл. Хувийн компани энэ том үйлдвэрийн менежмэнтэд орсноор ядаж л шахааны бизнес зогсох болов уу гэсэн хүлээлт байна. Та юу гэж бодож байна?

-“Эрдэнэт” хамгийн засаглал муутай компани. Шүүмжлэхээс хэтрэхгүй явсаар өнөөг хүрсэн. 49 хувь бол өндөр оролцоо. Ийм хэмжээний хувийг нь хувийн компани худалдаж аваад менежмэнтэд нь оролцохоор шахааны бизнес алга болно. Хувийн байгууллага шахааны наймааг хүлээн зөвшөөрөхгүй. Аль болох зардлаа багасгаж ашгаа өсгөхийг л бодно. Зардлаа нэлээд танах болов уу. Хувийн компанийн төлөөлөл ТУЗ-д нь суудал авч таарна. Нийгмийн асуудал гэж бий. Үүн дээр компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандаж ажиллах нь ойлгомжтой. Ер нь гадна дотнын уул уурхайн экспертүүд Эрдэнэтэд хэд хэдэн удаа очсон. 1500-2000 хүн ажиллахад л хангалттай гэж үздэг. Эрдэнэтийн зардал асар өндөр. Элэгдэж дуусч байгаа, нөөц нь өндөр эсэх нь эргэлзээтэй гэсэн сул талуудтай. Шуудхан хэлэхэд уул уурхай бол дурлаж гүйж ороод байх салбар биш.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан үнэ өртөг таны хувьд хэр бодитой тоо вэ?

-“Эрдэнэт”-ийг ойролцоогоор нэг тэрбум дотор үнэлж байгаа. Өнөөгийн зах зээлтэй харьцуулаад харахаар харьцангуй боломжийн дүн. Өөдрөгөөр сэтгэж орж байх шиг харагдаж байна.

-Эрдэнэт үйлдвэр хэт нүсэр бүтэцтэй, тэрийгээ дагаад өндөр зардалтай нь бодит үнэн. Зардлаа багасгахын тулд бизнесийн шийдвэрүүд гарч таарна. 51 хувь нь төрд учраас тэр тоолонд улстөржсөн хандлагууд хүчтэй илрэх эрсдэл бий…?

-Ер нь компани хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг ихэсгэх л үүрэгтэй. Тэрнээс биш хэн нэгнийг тэжээгч биш. Нийгмийн хариуцлагыг нэгдүгээрт тавьчихаад өөрөө ямар ч ашиггүй ажиллаад байж таарахгүй. Угаасаа тийм зориулалттай байгууллага биш. Хатуухан хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр бол Эрдэнэт хот биш. Зүгээр л компани. Компани бол хувьцаа эзэмшигчдийн ашиг, өгөөжийг өсгөх үүрэгтэй байгууллага. Гэхдээ мэдээж хуулийн дагуу татваруудаа төлөх ёстой.

-Эрдэнэтийн 49 хувийг гадаад зах зээл дээр гаргаж хөрөнгө босгох боломж хэр бол?

-Зах зээлийн үнэлгээ, зэсийн ирээдүйн үнэ, компанийн өрсөлдөх чадвар гээд олон хүчин зүйлээс шалтгаална. Шууд ийм тийм гэж хэлэх боломж одоогоор алга. Одоогоор зэсийн зах зээлийн нөхцөл сайн биш хэвээр байна. Эрдэнэтийн хувьд Оюу толгойтой харьцуулахад хэцүү. Хүдрийн агууламж нь муудсаар байгаа. Эрдэнэтийн хувийг худалдаж авсан компанийн хувьд мэдээж тодорхой тооцоо судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргасан байж таарна.

-Та хөрөнгө оруулагчидтай шууд харилцдаг хүмүүсийн нэг. Гадаадын хөрөнгө оруулагчдын хандлага ямархуу байна?

-Хөрөнгө оруулагчид нэг нам олонхи болсон учраас засаг тогтвортой ажиллах нь гэсэн хүлээлттэй байгаа. Өнгөрсөн жилүүдэд ойлголцоогүй хэд хэдэн асуудал байсан. Эргэлзээтэй байсан том төслүүд ирэх жилүүдэд хөдлөх байх гэсэн хүлээлт байна. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилсэнд сэтгэл хангалуун байгаа. Жижиг ч гэсэн хөрөнгө оруулагчдын хандлагыг эерэг зүг рүү эргүүлэхээр төслүүд бий. Жишээ нь Гацуурт. Таван толгой хөдлөх байх гэсэн өндөр хүлээлт бий. Эрчим хүчний станцуудын бүтээн байгуулалт өрнөөд эхэлбэл хөрөнгө оруулагчдын итгэл сэргээд ирнэ. Хөрөнгө оруулагчидтай харилцдаг албан тушаалтнуудыг томилохдоо анхааралтай хандах хэрэгтэй. Наад зах нь англи хэлний гүнзгий мэдлэгтэй байх ёстой. Мэдээж санхүүгийн зах зээлийн өргөн мэдлэг шаардлагатай.


Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Төрийн бүтцээс илүү хууль эрх зүйн орчин бидэнд чухал

Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан монгол залуусыг удирдан нэг км-т арван төгрөгийн цахилгаан хэрэглэдэг машин үйлдвэрлэжээ. Энэ машин нь өмнө Японд үйлдвэрлэгдсэн бөгөөд Монголд 2-12 хүний хүний суудалтай цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх бүрэн боломжтой хэмээн зохион бүтээгч ярьж байна. 11 сая төгрөгөөр бүтээсэн анхны машин бөөний үйлдвэрлэлээр найман сая төгрөг болж буурна. Манай улсын амьжиргааны боломжтой 50 мянган өрх нэг машин захиалбал Азид маш том зах зээлд гарах боломжтой гэсэн тооцоо байдаг аж. Энэ тухай Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Нэг км-т арван төгрөгийн цахилгаан хэрэглэх машин бүтээх санаа хэрхэн төрөв?

-Дэлхийн авто машины үйлдвэрлэл, зах зээл, хэрэглээг харвал 10-15 жилд эко чиглэлд шилжих нь тодорхой болсон. Парисын “СОР-21” уулзалт агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа нүүрс болон нефтийн эсрэг нар, цахилгаан, усан эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих нэгдсэн тохиролцоонд хүрсэн. Бид өмнө нь хөгжлийн араас гэтдэг байсан. Энэ удаа хөгжлийг угтаж хөгжих бүрэн потенциаль бидэнд байна. Үүний хамгийн том баталгаа нь энэ цахилгаан машин. Гэхдээ энэ монголчуудын хувьд шинэ зүйл биш. Бид өмнө нь Хүй долоон худагт үйлчлэх машинуудыг үйлдвэрлэн нийлүүлж байсан. Зарчмын хувьд цахилгаан машинууд ижилхэн. Гэхдээ Монголын нөхцөлд тохирсон, ялангуяа нийслэлийн зам тэлэх боломжгүй нөхцөлд иргэдэд тохиромжтой хэлбэрийг санал болгох үүднээс энэ машиныг зохион бүтээсэн. Энэ машиныг “Эко бус” компанид үйлдвэрлэсэн.

Машин бүтээх түүхий эд Монголд бий юу?

-Төрийн шагналт Нацагнямтай хамтраад бүх зүйлийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Би өөрөө энэ машиныг унаад 1000 км явж байна. Зардлаа тооцож үзсэн чинь нэг км-т арван төгрөгийн цахилгаан зарцуулсан байна.

-Туршилт амжилттай болсон гэсэн үг үү?

-Аливаа туршилт 4-5 жил үргэлжилдэг. Туршилтын хугацаанд сайжруулах юм олон байгаа нь харагдсан. Дээр нь хүйтний улиралд бас ямар байх нь энэ өвлийн туршилтаар мэдэгдэнэ.

-Цахилгаан машины үнэ түлш хэрэглэдэг машинаас хямд байх нөхцөл бүрдсэн үү?

-Энэ нь өөрөө Монголын давуу тал. Бидэнд аккумлятор, цахилгаан мотор хийх түүхий эд хангалттай бий. Зөвхөн Монголд хамгийн хямдаар цахилгаан машин үйлдвэрлэх боломж бий.

-Таван мянган ам.долларын цахилгаан машин дэлхийд байхгүй нь үнэн. Гэхдээ бөөний үйлдвэрлэлийн хэмжээнд яаж хүргэх вэ?

-Эхний машин 11 сая гаруй төгрөгөөр бүтсэн. Хэрэв бөөнөөр үйлдвэрлэвэл 30 орчим хувиар үнэ буурах байх. Үүний тулд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

-Аж үйлдвэрийн яам байгуулснаар энэ асуудал шийдэгдээгүй юу?

-Би мянган удаа төрд асуудал тавьж байсан. Муугүй үр дүн гарсан. Гэвч гаднаас автобус авах сонирхолтой эдийн засгийн бүлэглэл байна. Үүнд инженерүүд маш их харамсаж байгаа. Дотоодын бус үйлдвэрлэлийг дэмжих дийлдэхгүй бүлэглэл байна. Харин нэг баярлууштай юм нь саяхан эрх баригч болсон нийслэлийн МАН мөрийн хөтөлбөртөө дотоодын компаниудаас 400 автобус авна гэж оруулсан. Энэ чинь үндэсний үйлдвэрлэлийг бодитоор дэмжиж байгаа хэлбэр.

-400 автобус үйлдвэрлэх боломж манайд байна уу?

-Энэ чинь өөрөө бидний хуучирсан сэтгэлгээ байгаа юм. Зах зээлийн эдийн засагт төр 1000 автобус худалдан авах гэрээ нь өөрөө санхүүгийн эх үүсвэр, банкны баталгаа, үйлдвэрт оруулах хөрөнгө оруулалт болдог байхгүй юу. Бизнесмэнүүд төрөөс мөнгө нэхдэггүй. Баталгаатай худалдан авалтын гэрээ байхад өөрсдөө мөнгөө хялбархан босгоно. Гэтэл манайд эсрэгээрээ төрөөс мөнгө авч бизнес хийдэг үзэгдэл газар аваад байна. Төр зөвхөн нийслэлийн хэрэгцээний том автобусыг биднээс худалдан авна гэсэн гэрээ хийчихэд бид арван мянган ажлын байр гаргаад зогсохгүй төмөрлөгийн үйлдвэрлэлийг гурван жилийн дотор босгох боломжтой.

-Аж үйлдвэрийн яамыг татан буулгах тухай ярьж байна.

-Инженерүүд улс төрөөс хол байдаг. Тэдэнд үйлдвэрлэл явуулах орчин л хэрэгтэй болохоос засгийн эрхэнд аль нам байх нь падгүй. Гэхдээ 30-аад жил зүтгэсэн төмөрлөгийн салбарыг харж байхад яамтай байсан үед аж үйлдвэрлэлд маш их дэвшил гарсан. Үүнийгээ сааруулахгүй, хууль эрх зүйн орчноо эрх баригчид сааруулахгүй бол ямар бүтцээр аж үйлдвэрийг хөгжүүлэх нь бидэнд сонин биш. Аж үйлдвэрийг хөгжүүлэх цөм инженерүүд байдаг гэдгийг эрх баригчид ч, сөрөг хүчин ч мартаж болохгүй. Аж үйлдвэр хөгжиж байж улс орон эдийн засгийн хараат байдлаас гардаг. Монгол орны давуу тал нь аж үйлдвэрийн түүхий эд бэлэн. Боловсон хүчин хангалттай. Төрийн зөв бодлого байхад л болно.

-Цахилгаан машин бас улс төртэй холбоотой юу?

-Таны асуултад хариулсан болохоос би улс төр яриагүй. Энэ машиныг бүтээхэд ямар ч улс төр оролцоогүй. Аж үйлдвэрийн төрийн бодлогын хүрээнд бүтээгдсэн машин. Энэ удаа зүгээр л нийгэмд дохио өгөх зорилгоор бүтээсэн. Захиалга ихээр ирээд, бөөнөөр үйлдвэрлэх тохиолдолд ямар ч улс төрийн шаардлага байхгүй. Та өдөрт гурван мянган төгрөг таксинд зардаг гэж байна. Дөрвөн км явах мөнгө. Тэгвэл энэ машинаар 30 км явна. Энд ямар улс төр хэрэгтэй байна. Сэтгүүлчид, пицца хүргэлт, такси, шуудан гээд төдий хэмжээний мөнгө хэмнэж болно. Энэ хэрээр агаарын бохирдол, замын түгжрэл буурна.

-Замын түгжрэл яаж буурах юм ?

-Бага овортой. Дугаарын хязгаарлалтад өртөхгүй.

-Яагаад дугаарын хязгаарлалтад өртөхгүй гэж?

-Хоёр хүний суудалтай учраас мопедод тооцогдож номер олгодог.

-Барууны томоохон автомашин үйлдвэрлэгчид цахилгаан машины үйлдвэрлэлийг хавчдаг гэдэг биз дээ?

-Тийм яриа байдаг. Батлах арга байхгүй. Гэхдээ бид заавал тэдний араас явах шаардлага байхгүй. Одоо бидэнд маш хямд цахилгаан машин үйлдвэрлэх боломж байна. Маш том зах зээлийг түрүүлж эзлэх боломж өнөөдөр л байна. Техник, технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд боломжийг ашиглах ёстой. Энэ бол хэдэн зуун мянган ажлын байрны асуудал. Ажилгүйдлийн тухай нам болгон ярьдаг. Гэтэл ажилгүйдлийн тухай биш, ажиллах хүчний хомсдол үүсгэх хэмжээний үйлдвэрлэл бэлэн байна.

-Нэхий 100 төгрөгийн үнэтэй байхад та нар машин үйлдвэрлэгч томоохон корпорациудтай суудал, залуурын бүрээс зэрэг зүйлсийг үйлдвэрлэх гэрээ байгуулчихаж чадахгүй юу?

-Нэхий 100 төгрөгийн үнэтэй болж байгаа нь манайд үйлдвэрлэл байхгүй байгааг л харуулж байгаа юм. Ийм үзэгдэл хаа ч байхгүй. Бид гадныхантай хангалттай уулздаг. Хэн ч биднийг тоодоггүй. Хэзээ биднийг тоох вэ гэхээр төрийн сайдтайгаа очоод, төр баталгаа гаргаад бид гэрээ байгуулах ёстой. Саяхан АСЕМ-ын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч 100 гаруй бизнесмэнтэй ирж, гэрээ байгуулж байна. Гэрээ байгуулсан Монголын компани тэдэнд хангалттай итгэнэ биз дээ. Яг үүнтэй адил акул авто үйлдвэрлэгчидтэй манай хэн нэгэн сайд биднийг дагуулж очоод гэрээ байгуулбал нэхий дэлхийн зах зээлийн үнээр зарагдаад эхэлнэ шүү дээ.

-Дэлхийн зах зээлд зуу орчим ам.доллар байгаа биз дээ?

-Тэр нь хамаагүй. Ямар ч байсан 100 төгрөгөөр биш. Хамгийн гол нь том корпорациуд дэлхийн зах зээлийн үнээр гэрээ хийдэг. Энэ нь ажлын байрны баталгаа, хөрөнгө оруулалт болдог. Европын орнуудад манай иргэд залуурын бүрээс хийдэг үйлдвэрт олноороо ажилладаг. Тэд Монголдоо ирээд үйлдвэр байгуулах хангалттай туршлага хуримтлуулсан. Харамсалтай нь ирээд боломжгүй учраас л тэндээ хөлсний ажил хийгээд амьдарч байна.

-Танд төрд санал болгох бэлэн төсөл байна уу?

-Монголын хамгийн их валют урсгадаг зах зээл түлш, метал хийц, тоног төхөөрөмж, машин механизм. Түлшинд 1.5, нөгөөд нь 1.7 тэрбум. Нийтдээ 3.2 тэрбум ам.доллар бусдад өгч байна. Өөрөөр хэлбэл, долоо шахам их наяд төгрөгөөр гадны компаниудыг санхүүжүүлж байна. Хэрэв энэ мөнгийг дотооддоо эргүүлбэл ажлын байр гэх асуудал үгүй болж орон сууц, дэд бүтэц гэх асуудлыг шийдэх бүрэн боломжтой.

-Зэс, нүүрс, ган, нефть боловсруулах үйлдвэр барих инженер Монголд бий юу?

-Боловсон хүчин, технологи, түүхий эд манайд хангалттай бий.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага О.Бахыт: Түвдэндорж аварга намайг улсын цолонд хүрнэ гэж анх итгэл төрүүлж билээ

Монгол Улсын гавьяат тамирчин, казах түмний домогт бөх, улсын харцага О.Бахыттай ярилцлаа. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, чөлөөт бөх, үндэсний бөхөөр амжилт гаргасан тэрээр “Хоршоолол” нийгэмлэгт олон жил дасгалжуулагчын алба хашсан билээ. Казах түмний хүчит бөх О.Бахыт гуайн амжилтыг төр засаг өндрөөр үнэлэн 2006 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгож, Монголын үндэсний олимпийн хорооны “Алтан очир”, “Олимпийн алдар” одонгоор тус тус шагнаж байжээ.

-Энэ жил Баян-Өлгий аймгийн бөхчүүд нэг гал болон бэлтгэлээ базаасан. Үүний үр дүн гарч шинэ начинтай боллоо?

-Манай аймаг “Өлгийн хүчтэн” дэвжээтэй болсон. Дэвжээний тэргүүнээр аймгийн арслан Х.Айдос, тэргүүлэгч гишүүдийн бүрэлдэхүүнд улсын начин болсон Б.Баатарцол, аймгийн арслан Х.Асен, Мамбет, Нямхүү, Тилеухан нар ажилладаг. Тус дэвжээ нь Баян-Өлгий аймгийн уугуул бөхчүүдээс Улсын цолтой бөх төрүүлэх зорилготой юм. Би “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээг ахлан анх удаагаа нэгдсэн гал болон наадмын бэлтгэлд гарсан. Үндэсний бөхийн спортоор хичээллүүлэх тал дээр анхаарч бага ч гэсэн хувь нэмэр оруулж л явна даа. Бөхийн галд 30 гаруй бөх гарч баяр наадамдаа бэлдлээ. Бэлтгэлийн үр дүн гарч Б.Баатарцол маань начин цол хүртэн А.Б.Серык дөрөв, М.Еркебулан маань гурав давж сайхан наадлаа. Мөн У.Берек маань Баян-Өлгийн баяр наадамдаа түрүүлж аймгийн харцага цол авсан. Хамгийн сүүлд би 1981 онд Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тойргийн барилдаанд 22 даван начин цол хүртэж байсан юм. Тэгэхэд Д.Амгаа заан түрүүлж, Х.Баянмөнх аварга хүрэл медаль хүртсэн.Тэр үеэс хойш 35 жилийн дараа Баян-өлгийн зон олон минь улсын цолтой бөхтэй болж байна, их баяртай байна даа.

-Б.Баатарцолыг начин болно гэж бодож байв уу. Энэ жил бөх сонирхогчдын тааварт түрүүлэх бөхөд нэрлэгдэж байсан уран барилдаант Ө.Даваабаатараар начин цолны болзол хангалаа…

-Мэдээж юм дуулгах бөхчүүдийн минь нэг. Олон ч жил барилдсан учраас бөхчүүд маань бүгд л улсын цол горилж барилдсан. Бөхчүүд бэлтгэл сургуулилтаа ч сайн базаасан.

-Та нэг ярилцлагадаа “Баян-Өлгийгөөс минь улсын начин төрвөл онгоц өгсөн ч яадаг юм” гэсэн байсан. Нутгийн зон олон нь шинэхэн начнаа хүлээж авсан байлгүй?

-Одоохондоо засаг, захиргаа солигдоод хүлээж аваагүй л байна. Би 2000 онд Баян-өлгий аймгийн “Биеийн тамир спорт хороо”-ны даргаар ажиллаж байсан юм. Тэр үед улсын цол авсан хүнд мотоцикль өгнө гэснийг нь “УАЗ-469” машин болгосон. Бүр онгоц өгнө ч гэж бичсэн яадаг юм гэж хэлж байсан удаатай. Яг өгнө гээгүй өгсөн ч яадаг юм гэж хэлсэн. Хүмүүс ташаа ойлгоод байдаг юм.

-Баян-Өлгийгөөс улсын цолонд хүрэх бөхчүүдийг нэрлэвэл…

-Сайхан залуус их байна. Энэ жилийн үндэсний баяр наадамд өнгөрсөн жилийн түрүү бөх Улсын арслан Э.Оюунболдод тавын даваанд унасан аймгийн арслан Б.Серык байна. Баян-Өлгий аймгийн баяр наадамд түрүүлж арслан болсон У.Береке мөн М.Еркебулан, Н.Мустафа гээд улсын цолонд ойрхон залуучууд байна. Цаашдаа хэн нь их хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилт хийж бөхийн төлөө чин үнэнчээр зүтгэнэ тэр хүнд амжилт ирэх нь мэдээж. Үндсэндээ өөрсдөөс нь шалтгаална даа.

-Та бол казах түмний домог болсон бөх. Баяр наадамд барилдаж байсан тухайгаа яриач?

-Би цол авсныхаа дараа жил буюу Ардын хувьсгалын 61 жилийн ойн улсын их баяр наадамд зодоглож зургаа давж байсан. Дөрвийн даваанд Өмнөговийн Д.Багахүүтэй барилдсан. Улсын начин Д.Багахүү гурвын даваанд О.Балжинням аваргыг хаясан байсан юм. Харин тавын даваанд Адуучийн Баатархүүтэй тунаж мөн зургаагийн даваанд Д.Дашжамцтай тунаж өвдөг шороодуулан Монгол Улсын харцага цолны болзол хангаж байсан түүхтэй. Харин долоогийн даваанд М.Мөнгөн арсланд унасан. Мөн 1983 онд тав даван бас л тунаж байлаа.

Ө.Тулгаа заан, Ж.Чулуун, Ц.Улаанхүү, Б.Батхуяг
нарын начингуудын хамт. Урд эгнээнд зүүн гар талых нь О.Бахыт харцага

Тунааны барилдаан их сайхан шүү дээ. Яриа хөөрөө юу байв гэж, харгүй сайхан барилддаг юм. Намайг тэр болгон үндэсний баяр наадмаар амлаж байгаагүй. Тунааны л бөх байлаа. Сонирхуулахад, 1978 онд Б.Түвдэндорж аварга намайг наадмаар улсын цол хүртэх бөхчүүдийн нэгэнд оруулсан тухай дуулаад сэтгэл хөөрөөд Отгонтэнгэрт Дэлхийн аваргын бэлтгэлд гарч байснаа орхиод наашаа давхиад ирсэн юм. “Түвдэн аварга начин болно гэсэн юм чинь начин бололгүй яах вэ” гэж бодогдоод. Гэтэл начин ч болж чадаагүй өвдөг шороодсон доо.

-Наадмын бэлтгэлд хэн хэнтэй гардаг байв?

-Би тэр үед Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багт байсан. Д.Амгаа заан, Л.Сосорбурам арслан, Х.Баянмөнх аварга гэсэн сайхан бөхчүүдтэй гал болж бэлтгэл сургуулилтаа базааж байлаа. Бас Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох аваргын галд ч гарч байсан. Их олуулаа ч гардаггүй байждээ. Галаас минь сайхан цолтнууд ч төрж байж. Улсын аварга О.Балжиннямтай нэг галд гарсан тэр жил начин цол хүртэж байсныг тод санаж байна. Би “Хоршоолол” спорт хороонд харьяалагдаж байхдаа О.Балжинням аварга, С.Хүрэлбаатар заан тэргүүтэй бөхчүүдтэй гал байгуулж Баруунхараад гарч байлаа. Тэр үед нэг майхан бариад өөрсдөө хоол ундаа бэлдэж бэлтгэл, сургуулилтаа хийдэг байсан. Одоо үе чинь хачин сайхан болжээ. Олимпийн наадамд бэлдэж байгаа юм шиг амралтын газар, хоол хүнс нь бэлэн.

-Та тухайн үеийн олон сайхан бөхчүүдтэй найзалж нөхөрлөж явсан. Тэр үеийнхээ тухай дурсаач?

-Тухайн үеийн сайхан бөхчүүдтэй барилдаж, найзалж нөхөрлөж л явсан даа. Ард түмний хайртай бөх Д.Хадбаатар аваргатай заалны барилдаанд их барилдаж байлаа. Унаж, давж явсан удаа бий. Харин Улсын наадамд бол таарч байгаагүй юм байна. Зэвэгийн Дүвчин бид хоёр чинь багын найзууд, хөдөөнөөс ирээд л танилцаж ойр дотно явсан. Төрийн наадмын тавын даваанд хоёр ч удаа З.Дүвчин заанд унаж байлаа. Ө.Тулгаа, Р.Давааням, Д.Түвшин заан, Өмнөговийн Д.Багахүү, Дундговийн Ц.Улаанхүү, Ховдын А.Баатархүү, Сүхбаатарын Ж.Чулуун начин гээд сайхан бөхчүүд бүгд миний үеийнх. Их л барилдаж байлаа. Харин би бөхчүүдийн дундах найраа гэж мэдэхгүй. Өөрийнхөө бор зүрхээр л явдаг байсан. Энэ талаар минь надаас илүү миний үеийн бөхчүүд хэлэх байх.

-Та хэзээ үндэсний баяр наадмын торгон ногоон дэвжээн дээрээ зодоглов?

-Сүүлд 2000 онд Баян-өлгий аймгийнхаа 60 жилээр зодоглож арав дахь удаагаа түрүүлсэн. Одоо нас 60 гараад л явж байна.

-К.Канат, Ш.Мурат гээд Өлгий нутгийн сайхан арслангууд байдаг. Улсын цолонд яагаад хүрсэнгүй вэ. Энэ талаар таны бодож, санаж явдаг зүйл байдаг уу?

-Улсын цолонд хүртлээ бэлтгэл л хийхгүй байгаа юм. Улсын цол гэдэг цол зүгээр сууж байгаад авчихдаг амар зүйл биш. Маш их хөлс, хөдөлмөр зарцуулж уйгагүй л хичээх хэрэгтэй. Одоо ч гэсэн бөхчүүдэд хөдөлмөрч, тэмцэлтэй байхыг илүүтэй заадаг.

-Монгол бөх бол монгол соёлын дархлаа байдаг. Ахмад бөхийн хувьд бөхийн жудаг гэж юуг хэлэх вэ?

-Үндэсний бөх ёс жаягийн дагуу, номоороо явдаг л зүйл. Ахмад цолтой ч бай бага цолтой ч бай хэн хэнийгээ хүндэлж явах учиртай юм. Хүндэлж дээдлэхээс эхлээд эв зүйгээ олох нь хүртэл жудаг юм шүү дээ. Би бөх хүний хувьд ёс жаягаа бодож жудагтай байхыг эрхэмлэдэг. Залуу халаа болсон шинэхэн хүчтэнүүддээ их хэлж, ойлгуулж байдаг юм. Энэ спортод амьдралаа зориулчихсан учраас заах зүйл бишгүй л их байна.

-Бөхийн спортод орсон түүхээсээ ярихгүй юу? Хэн таныг бөх рүү залж, чиглүүлсэн бэ?

-Би анх Улаанбаатар хотод Барилгын техникумд суралцаж байсан. Тухайн үед волейбол тоглодог. Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль ч авч байлаа. Харин бөхийн спорт руу оруулсан хүн бол жүдо бөхийн дасгалжуулагч, спортын мастер “Буурал” хэмээх Д.Гансүх гэж хүн байсан юм. Д.Гансүх гуай “Чи волейбол тоглосноос илүү бөхийн спортод орвол ирээдүйтэй юм байна” гэсэн юм. Тэр хүн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ням, Зэвэгийн Дүвчинтэй танилцуулж чөлөөт бөхийн спортод оруулж байлаа. Их олон жил өнгөрчээ. 1974, 1976 оны үе шүү дээ. Би 1978-1986 оны хооронд чөлөөт бөхийн шигшээ багт байсан. Тэр үед Москвагийн олимпийн их наадамд +100 кг-ын жинд оролцож байлаа. Дэлхийн цомын тэмцээнд 1981 онд хүрэл медаль хүртсэн. Мөн гурван удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. Үүнээс гадна Москва хотод болсон “Сайн санааны тоглолт”-нд оролцож шагналт дөрөвдүгээр байр, “Интернациональ” тэмцээнд хошой алт, нэг мөнгө, Найрамдалд ах дүү армиудын тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм. УАШТ-д дөрвөн алт, 10 мөнгө, дөрвөн хүрэл хүртэж байсан даа.

-Таны хүүхдүүдээс бөхийн спортоор хичээллэдэг үү?

-Миний хүүг Б.Бегжан гэдэг. Аймгийн харцага, спортын мастер казах кураш бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн хүрэл медальтай. Одоо аймагтай бөхийн дасгалжуулагч хийдэг.

-Энэ жилийн наадам их сайхан болсон. Гэхдээ наймын даваанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёрын барилдаан нэлээд маргаан дагуулж халх, дөрвөдөөрөө талцлаа. Энэ талаарх таны бодол?

-Сайхан наадам боллоо. Бидний үед 1024 бөх ингэж барилдаж байгаагүй юм. Дандаа 512 бөх барилддаг байлаа. Ингэж аймаг, сумдын бөхчүүдээ Үндэсний баяр наадамдаа хамруулж байгаа нь сайхан юм. Ч.Санжаадамба маань түрүүллээ. Аргагүй л Үндэсний баяр наадмын түрүү болохоор бөхийн нэг. Ард түмэн ч их баяртай байгаа нь мэдэгдэж байсан. Тэр барилдааны тухайд бөхийн ёс жаягаа бодвол үндэс, угсаагаараа талцах нь дэмий л зүйл. Бид чинь Монгол гэсэн нэгэн дээвэр дор байгаа хүмүүс шүү дээ. Удахгүй олимпийн наадам болно. Энэ удаагийн олимпийн наадмаас монголчууд их зүйл хүлээж байна. Би чөлөөт бөхийн хүн учраас жүдо, чөлөөтөөрөө монголчууд дэлхийг ноёлж байна гэж харж байгаа. Улсын наадмын түрүү бөх Ч.Санжаадамба аваргын багш нь манай Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин шүү дээ. Тиймээс олимпоос ч гэсэн амжилт дүүрэн ирнэ байх. Би хааяа залгаж бэлтгэл сургуулилт ямар байгаа талаар асуудаг юм. Ямар ч байсан олимпод оролцох чөлөөт бөхийн тамирчдын бэлтгэл сургуулилт маш сайн байгаа талаар хэлсэн.

-Саяхан Баян-Өлгий аймагт үер бууж нэлээд гарз хохирол амслаа. Хүмүүс хэр их тусалж, дэмжиж байна вэ?

-Баян-Өлгийд минь үер ус болж айлын хашаа, хороо унасан аюул гарсан. Гэхдээ халуун сэтгэлт хүмүүс эрвийх дэрвийхээрээ тусалж л байна. Гэр оронгүй болсон хүмүүст гэр орон, газар өгөөд залуучууд нь очиж хашаа хорооноос нь барилцаж байгаа. Очиж чадахгүй хүмүүс нь мөнгөн тусламж үзүүлээд хүн бүр л нэмэр болж байна. Казахстанаас ч гэсэн тум дэм болж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Оросыг иргэншүүлсэн догшин эр

Өдгөө хүртэл Петр I-ийг дэмжигч шүүмжлэгчдийн
хоорондох маргаан үргэлжилсээр байна. Тэр ингэхэд хэн байсан бэ? Оросыг агуу их
эзэнт гүрэн болгосон цэргийн болон улс төрийн суут ухаан уу, эсвэл өөрийн эрхэмсэг
зангаараа доод албан тушаалтныхаа хүсэл мөрөөдөл, хувь тавиланг эрэмдэг болгосон
солиотон уу? Магадгүй аль аль нь уу? Петр хэзээ ч хувийн ашгаа бодолцож төр барьж
байсангүй. Хөшүүн байдалтай тэмцэх улс төрийн хатуу бодлого барьж байсан нь Оросыг
Европын эзэрхэг гүрэн болгож харагдуулах гэсэн хүсэл нь байв. Түүхчдийн зарим нь
түүний талаар “хаан бол төрөлхийн ялагч” гэж тодорхойлсон байдаг.

Ирээдүйн эзэн хаан (Орост энэхүү титмийг
авсан анхны хүн) 1672 онд Оросын хаан Алексей Михайлович Романовын гэр бүлд мэндэлжээ.
Энэхүү аз жаргалтай үйл явдал хаана болсон нь өнөө ч тодорхой бус. Эсвэл Москвагийн
Кремлийн Теремний ордонд, нэг бол Измайлов тосгонд, эсвэл Коломенскт байж болох
юм. Бяцхан Петруша Алексей Михайловичийн удмын 14 дэх хүн байв. Үнэндээ бол түүний
хоёр дахь эхнэр Наталья Кирилловна Нарышкинагийн ууган хүүхэд нь. Тухайн үед хүүг
хэн ч захирагч болно гэж төсөөлж байсангүй. Тиймээс ээлжит хүү нь хорвоод мэндэлсэн
нь ээж, аавынх нь хувьд онцгой үйл явдал байсангүй. Петр системтэй боловсрол эзэмшсэнгүй.
Тиймээс нас биед хүрсэн хойноо үзээгүй юмаа нөхөж үзэх шаардлага гарсан юм. Бүх
л амьдралынхаа туршид алдаатай бичиж, бичгийн хэвийг нь гаргаж унших боломжгүй байв.
Алдарт эрдэмтэд, философичид хаантай ойрын хүмүүс байсан юм. Тэд хааны сэргэг ухаан,
тал бүрийн мэдлэг, ямар ч асуудалд мэдлэгтэйг нь онцолдог байв.

Түүний эцэг Алексей Михайловичийг таалал
төгссөний дараа хаан ширээнд анхны эхнэр Мария Милославскаягийнх нь хүү Федор суужээ.
Харин хоёр дахь эхнэр Наталья Кирилловна бяцхан хүү Петрээ аван Преображенское тосгон
руу явжээ. Дараахан нь Алексей Михайловичийн анхны эхнэрээс гарсан охин хатан хаан
София төрийн эрхийг гартаа авсан юм. Залуу Петрийн хувьд эцэг нэгтэй эгчтэйгээ сөргөөцөлдөх
болсон нь хэрийн зүйлд шантрахгүй чанарынх нь анхны том шалгуур болсон билээ. Хатан
хаан тухайн цаг үеийнхээ хамгийн өндөр боловсролтой эмэгтэй байв. Эзэрхэг София
ганцаараа төр барихыг мөрөөддөг байсан юм. 1682 онд хүүхэдгүй байсан Федорыг нас
барсны дараа хаан ширээний төлөөх сөргөлдөөн өрсөлдөөн үүссэн юм. Нарышкиных (Наталья
Кирилловнагийн төрөл төрөгсөд) мэдээж хаан ширээнд арван настай Петрийг суулгахыг
хүсч байсан. Хоёрдугаар нэр дэвшигч нь милославчуудын дэмжиж байсан Петрийн ууган
ах өвчтэй, ухаан муутай Иван. Үүнээс болж нэлээд бослого, үймээн самуун дэгдэв.
Тэдний гол хүч нь буучид байв. Цуст мөргөлдөөний явцад Петрийн нүдний өмнө ойр дотнын
төрөл төрөгсөд нь хэд хэдээрээ амиа алдсан юм. Үүний үр дүнд хаан ширээнд Петр,
Иваны аль алиныг нь өргөмжлөхөөр болов. Хатан хаан София буучдын шаардлагын дагуу
засгийн эрхийг өөртөө авсан юм. Петр хожим “Захирагчдын дундаас миний багынх шиг
амьдрал туулсан нь ховор байх” хэмээн хэлсэн гэдэг.

Тун удалгүй ханхүү “тоглоомын” цэрэг байгуулах
сонирхолд автав. Үе тэнгийнхэн болох хэдэн залуусаас бүрдсэн энэхүү армийг София
ёжтойгоор хүлээж авав. Харин тэр гэнэн, жижигхэн арми нь илүү боловсронгуй болж
эрийн цээнд хүрсэн юм. “Тоглоомын” арми Лесная, Полтава, Гангутын дэргэдэх тулаанд
Шведийн хэрэм, цайзыг эзлэхэд гайхалтай эр зоригийг харуулсан. Энэ тоглоом хэдэн
жилээр үргэлжлэв. Аажимдаа хүүхдийн биш болж хувирч байлаа. Тэд Яуза эрэг дэх Потешних
хотод өссөн галт зэвсгийн мастер Федор Зомерын удирдлага дор их бууг бүтээжээ. Энэ
үед Петр анхны хайртайгаа учирсан билээ. Дарсны наймаачны (үнэт эдлэлийн наймаачин
гэх нь ч бий) охин Анна Монс ханхүүгийн сэтгэлийг анх татсан бүсгүй. Хүүгээ болох
бүтэхгүй хүмүүстэй холбогдож, гансаар тамхи татаж, их буу сонирхох болсонд өөрөө
өөртөө ихэмсэг Наталья Кирилловна галзуурахаа шахав. Энэ бүхнээс салгах ганц арга
нь мэдээж гэрлүүлэх.

Ингээд 1689 онд Петрийг тийм ч баян биш
ч язгууртан гэр бүлээс гаралтай айлын охин Евдокия Лопухина хэмээх бүсгүйтэй гэрлүүлсэн
юм. “Тэвчвэл дурлана” гэсэн зарчимтайгаар. Гэвч энэ зарчим биеллээ олсонгүй. Хосууд
эрс тэс хүмүүс байлаа. Хуримаа хийснээс хойш нэг сарын дараа Петр Плешеево нуур
руу хөлөг онгоц байгуулахаар арилж өгөв.

Наргианы, тоглоомын гэгдэж байсан цэргүүд
аажимдаа албан ёсны хүлээн зөвшөөрөгдөхөөр хүчин болж хувирлаа. София 1689 оны наймдугаар
сард төрийн эргэлт хийсэн ч амжилтгүй болов. Цэргүүдийн дийлэнх нь Петрийг дэмжсэн
юм. Хатан хааныг Новодевичий сүмд хорионд оруулахаар илгээлээ. Иван албан ёсоор
1696 онд нас бартлаа хамтран захирагч хэвээр үлдсэн билээ.

Петр өсвөр насандаа л улс нь тэнгис рүү
гарах гарцтай болохгүй бол удаан оршин тогтнож чадахгүйг ойлгосон байв. Хар тэнгист
туркууд, Балтийн Тэнгист шведүүд ноёрхож байсан нь Оросын тухайд улс төр худалдааны
хувьд улсаа тусгаарлана гэдэг маш хүнд, өндөр үнэ шаардагдсан ажил байлаа. Мэдээж
тухайн үед XVII зууны ерээд оны дундуур сайн чанарын хөлөг онгоцтой л биш бол Хар
Тэнгисийг эзэлнэ гэж мөрөөдөхийн ч хэрэггүй байв. Тиймээс Петр Азовын тэнгисийн
Дона цутгаланд байрладаг Туркийн Азов хэрмээс тулаанаа эхлүүлэхээр шийдсэн юм. Оросын
арми эхэн үедээ усан онгоцгүй тулалдав. Тулаан бүр хүндхэн бүслэлтэд орж ялагдлаар
төгсдөг байсан юм. Гэвч Петр удирдагч болон жанжны хувьд үнэлж баршгүй нэг араншинтай
байлаа. Тэрээр ялагдлыг маш хүндээр хүлээж авсан хэрнээ даван туулж чаддаг байв.
Хэдхэн сарын дотор Воронежийн усан онгоц засах газарт хэд хэдэн хөлөг онгоц бүтээв.
Тэр нь “Апостол Петр” гэдэг нэртэй 36 их буутай хөлөг онгоцоор толгойлуулсан сэлүүрт
хөлөг онгоцууд. 1696 оны тавдугаар сард Азовыг хуурай газраар, тэнгисээр бүсэлж
цайзыг буулгаж авав. Ингэснээр өмнөд тэнгис рүү гарах гарц нээгдлээ. Гэвч туркуудтэй
дайнаа дуусгавар болгож, Хар тэнгис рүү гарахад Оросын хувьд хангалттай хүч байсангүй.

Залуу хааны санааг Оросын техникийн хөгжлийн
хоцрогдсон байдал байнга зовоодог байв. Тиймээс тэрээр урьд хожид сонсогдоогүй алхмыг
хийхээр шийджээ. “Агуу Элчин сайдын яам”-ны бүрэлдэхүүнийг дагалдсан ойрын хүмүүсийн
хамт 1697 онд Европыг зорьжээ. Усан онгоц, зэвсгийн үйлдвэрлэлийг судлах гэж. Сонирхуулж
хэлэхэд Петр 14 төрлийн дархны чадварыг гайхалтай эзэмшсэн хүн байсан юм. Гарал
угсаа сайтай биш ч чадвартай, төрийн ажилд тустай хүмүүсийг өөртөө ойртуулдаг байсан
нь түүний бас нэг давуу тал байлаа.

Европт байхдаа тэр нутагт нь мөргөлдөөн
хийх оролдлого гарсан талаар мэдээ сонсчээ. Хаан Москвад буцаж ирэнгүүтээ босогчдыг
хатуу шийтгэв. Алагдсан хүмүүсийг тооцохгүйгээр зөвхөн бослогыг дарах үүднээс ойролцоогоор
800 хүнийг нэг дор цаазалсан юм. Буучдын бослогыг дарсны дараа хаан төд удалгүй
ихэс дээдсийн сахал самбайг хусч эхэллээ. Тэр 1698 оны наймдугаар сарын сүүлчээр
герман даашинз өмсч, сахал үсээ хусах тухай, үнэн алдартнуудыг яг зааж өгсөн ёс
журмын дагуу хувцаслахыг шаардах тухай тушаал гаргав. Харин тариачдыг европ загвараар
хувцаслахыг шаардсангүй. Петрийн үед соёлыг ордны болон энгийн иргэдийн гэж хуваасан
билээ. Цаашид энэ ялгаа улам гүнзгийрсэн юм.

Петр I-ийн үед Юлианы он тоололд шилжсэн
түүхтэй. Тухайн үеийн “ертөнц бий болсон үе” гэгдэх 7208 оныг 1700 он болгож хувиргасан
юм. Шинэ жилийг нэгдүгээр сарын 1-нээс тэмдэглэж эхэлсэн нь мөн л түүний санаа.
Хаан зарлигдаа “Шинэ жилээр бие биедээ баяр хүргэх, ажил хэрэгт нь сайн сайхныг
хүсч, гэр бүлд нь эрүүл энхийг хүсч байх”-ыг онцолсон байдаг. Шинэ жилээр гацуур
мод чимэглэж хүүхдүүдээ баясгахыг, насанд хүрэгчдэд архидан согтуурч гар зөрүүлэхгүй
байхыг зарлигдсан хүн нь мөн л Петр.

Хаан 1700 онд Балтик руу гарц гаргахын төлөө
тэмцэхээр шийдэв. Яг энэ үеэр Шведийн залуу хаан Карл XII Оросын газар нутгийг эзэмших
замаар эзэмшлийн газраа өргөжүүлэх санаархлаа илэрхийлж байв. Эхэн үедээ Хойд холбоо
буюу Орос, Польш, Дани, Саксон улсууд Шведийн эсрэг дайн зарлалаа. Гэвч шведүүдийн
ширүүн тулааны дараа 1700 онд энэ эвсэл аажмаар задарч эхэлсэн юм. Орос хүчтэй дайсныхаа
өмнө ганцаардаж эхлэв. Энэ үед Петрийн Христийн эсрэг гэж нэрлэгдэх эхлэл тавигдсан
юм. Учир нь тэрээр сүм хийдийн хонхыг зэвсэгт хайлуулж ашиглах болсон билээ. Эндээс
Петр шашинд итгэдэг байв уу гэсэн асуулт гарч ирнэ. Эргэлзээгүй, тэр итгэдэг байсан
юм. Энхийн цагт хаан эзэн ням гариг бүр сүмд очдог байсан билээ.

1703 оны намар Шведийн эсрэг хэд хэдэн удаагийн
ялалтын дараа хааны гарт Нева орлоо. Төдөлгүй намагтай Невийн газраар Петропавловын
цайзын суурь тавигдав. Тэнд цайз хэрэм байгуулж, хот сүндэрлүүлж эхэллээ. Арван
жилийн дараа гэхэд Оросын шинэ нийслэл бий болсон юм. Санктпетербург нь шведүүдийн
эзэмшил газар байсан билээ.

Петр тэр үед их жаргалтай байв. Учир нь
Европын цонх болох Балтик хааны гарт ороход ойрхон байлаа. Гэвч Петербургийг бүтээн
байгуулах ажил харгис хатуу байв. Хүмүүс тэнд мянга мянгаараа булшлагдаж байсан
юм. Ясан дээр боссон хот гэсэн нэршил ч сонсогдож байлаа.

Үүний дараа цуварсан ялалтууд ирлээ. Леснаягийн
дэргэдэх, Полтавын дорх, Гангут оргилын дэргэдэх тулааныг хийж ялалт байгуулснаар
Оросын байр суурь улс гэдэг утгаараа бэхэжсэн юм. Энэ улстай тооцоо хийж, сөргөөцөлдөж
болохгүй гэсэн баталгаа ингэж бүрдэв. Петрийн хувьд зөвхөн удирдаад шийтгээд зогсохгүй
урам өгөх чадвар нь ч мундаг байлаа.

Хойд дайны жилүүдэд хувцас угаадаг Екатерина
хэмээх бүсгүй хааны амьдралд гарч ирсэн юм. Екатеринаг тухайн үед Марта Скавронская
гэдэг байв. Түүний талаарх намтар дурдатгал бүдэг бадаг, сайн судлагдаагүй. Гэвч
домог хуучид өгүүлснээр хөгшин эр Шереметевээс Меншиков эхлээд сонгож авсан, дараа
нь хааны мэдэлд очсон гэлцдэг. Тэр хэнээр ч орлуулшгүй эмэгтэй болж хувирсан юм.
Зөвхөн Екатерина л Петрийн галзуурсан уур бухимдлыг намдааж чаддаг байлаа. Хүнд
хэцүү тэр үед Екатерина хаанд 7-14 хүүхэд төрүүлж өгсөн гэсэн түүх яриа энэ цагийнханд
үлджээ. Хүүхдүүдийнх нь дийлэнх ой хүрэлгүй нас барсан гэдэг. Энэ бүсгүйн ачаар
Оросын түүхэнд Гэгээн Екатеринагийн одон гэж бий болсон юм. Домогт өгүүлснээр Петр
энэхүү одонг хамтран амьдрагчдаа талархсаны хариу болгож баталсан гэдэг. Дашрамд
дурдахад Петрийн үед одон шагналын тогтолцоо бий болсон билээ. Энэ үеэс зөвхөн эрхтэн
ямбатан, дээдэс язгууртан төдийгүй ажил үйлээрээ ялгарсан, онцгой гавьяа байгуулсан
хүмүүс ч шагнуулах болсон юм.

Хойд дайны үеэр Петр Европын уур амьсгалыг
Орос орон ахуйдаа нэвтрүүлэх болсон. Эхлээд язгууртан эмэгтэйчүүдийн ганцаардсан
зожиг байдлыг халав. Өмнө нь язгууртан бүсгүйчүүд тансаг орд харшдаа өдрийг уйтгарлан,
нам гүмхэн өнгөрөөдөг байлаа. Гадны дэгжин даашинз, дарс, вальсыг ахмад настнууд
гайхаж цочирдож хүлээж авсан бол залуус таатайгаар хүлээж авсан юм.

Хаан доод албан тушаалтнууддаа ёс зүйг эрхэмлэхийг
үүрэг болгож байлаа. Бүсгүйчүүдийг элдэв үгээр дайрч доромжлохгүй байх хандлага
ч энэ үеэс эхлэлтэй. 1721 оны намар Ништадын энхийн хэлэлцээрийг байгуулсан түүхтэй.
Хорь гаруй жил үргэлжилсэн дайн Оросын ялалтаар дууссан нь энэ. Тэр жилийнхээ өвөл
нь Петр эх орны эцэг гэсэн титэм хүртсэн билээ. Сенатчдын санаачилсан эх орны эцэг,
Оросын эзэн хаан гэсэн титмийг Петр хүлээж авсан юм. Шинэ титэм нь түүнийг эртний
домогт жанждын эгнээнд багтаав. Оросын эзэнт гүрэн болж бэхэжсэн түүх ерөөсөө л
Петрийн амьдралын түүх гэчихэд хэтрүүлсэн болохгүй.

Хаан зарим үед өдөрт хоёроос гуравхан цаг
унтдаг байлаа. Бүх л юманд оролцохыг хүсдэг Петрийн шинэчлэл болон шинээр эхлүүлсэн
зүйлсээс зөвхөн нэгийг нь дурдахад л хэдэн хуудас болно. Жишээ нь инженер, их бууны
нээлтүүд байна. Тэр анагаахын сургууль, хэвлэх үйлдвэрийн сүлжээг анх байгуулсан
хүн. Сонин хэвлэх эхлэлийг тавьсан, шинжлэх ухааны академийн дүрэм хуулийг баталсан,
уулын металлург, аж үйлдвэрийн хөгжлийг эхлүүлсэн гэж ирээд яривал Петрээр овоглосон
шинэчлэл өчнөөн.

Эзэн хаан 1725 онд таалал төгсчээ. Шведийн
зохиолч Август Стриндберг түүний талаар “Оросыг иргэншүүлсэн зандалчин, тэрээр хот
байгуулсан ч түүн дотроо амьдрах хүсэлгүй байсан юм. Эхнэрээ сураар шийтгэж байсан
ч гэргийдээ маш том эрх чөлөө олгосон. Түүний амьдрал агуу бөгөөд баялаг. Бас нийгэмд
ашигтай. Хувийн амьдралынхаа хувьд байдаг л нэгэн” гэж үнэлсэн нь бий.