Categories
мэдээ цаг-үе

Өөрийгөө ялж чадсан Ази тивийн хошой аварга

“Өдрийн сонин”-ы №173 (5438) дугаараас авч нийтлэв.

Шатар, даамны их мастер, Завханы “бор” гэж нэрлэгддэг Н.Нямцогтын ач охин М.Нямжаргал Ази тивийн хошой аварга болоод байна. Тэрбээр зургаан настайдаа анх өвөө, аав хоёроороо даам заалгаж, Завхан аймгийн хүүхдийн спортын их наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ. Дааманд тэгтлээ хорхойсдог охиноо дэмжиж даамын спортын дэд мастер аав нь Улаанбаатар хотыг зорин ирж, спортын мастер Т.Пүрэвдоржид шавь оруулсан нь арван дөрвөн жилийн өмнөх явдал. Тэр цагаас хойш даамаар тасралтгүй хичээллэж арван настайдаа анх улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, 11 настайдаа Францын дэлхийн аваргад оролцож байжээ. Даамын спортын тив дэлхийн аваргад эмэгтэй тамирчдын ангилал зохиогдож эхлээгүй байх үед Д.Нямжаргал хөвгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж ирсэн нь түүнийг олон талаар хөгжүүлсэн байна. Тэрбээр 2010 онд Хятадын Ичунь хотод зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд амжилттай оролцож охидын төрөлд мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга анх удаа зохион байгуулагдахад хүрэл медаль хүртэж байсан юм. Тухайн үед есдүгээр ангид сурч байсан Д.Нямжаргал энэ амжилтаараа Монгол Улсын “Оны шилдэг хүүхэд”-ээр шалгарч байжээ. 2010 оны Бельгийн өсвөрийн дэлхийн аваргад түүнийг оролцоход даамын спортод тэргүүлэгч Голланд, Оросын тамирчид Д.Нямжаргалын тоглолтыг судалж байсныг сонсоход монгол тамирчнаараа бахархах сэтгэл эрхгүй төрж байсан юм.

2012 он бол Д.Нямжаргалын амжилтын оргил үе. Сахагийн хүүхдийн спортын их наадамд даамын төрлөөр хүрэл медаль, Малайзад зохион байгуулагдсан Ази тивийн аваргад түрүүлж спортын их мастер цолын эзэн болж, насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад оролцох эрхийн эзэн болжээ. Тэрбээр Ази тивийн аварга болохдоо Залуучуудын дэлхийн аварга Зао Ханкинг, дэлхийн аварга С.Юлдашева, спортын мастер Э.Мандахнаран нарын хүчтэй тамирчдыг ялсан юм. Мөн тухайн жил Францын Лил хотод зохион байгуулагдсан оюун ухааны олимпод оролцож дэлхийн арван удаагийн аварга Зоя Голубаева, таван удаагийн аварга Тамара Тансыккужина нартай тоглож, тэдний тоглолтоос их зүйлийг сурсан байна. Ингэж Д.Нямжаргал Монгол Улсын “Оны шилдэг хүүхэд”-ээр хоёр дахь удаагаа тодорчээ.

Даамын спортын их мастер Д.Нямжаргал МУИС-ийн Хэрэглээний математикийн ангийн оюутан болоод спортоосоо хөндийрч, бэлтгэл сургуулилтаа орхигдуулж, “Би дааманд дуртай болов уу, авьяастай болов уу” гэж ээжээсээ асуух үе ч тохиож байжээ. Тэр үед ээж нь “Чи хожчихоод босч ирэхдээ чин сэтгэлээсээ инээмсэглэдэг. Тэр чинь дуртай хүний зан биш гэж үү” гэж хэлж байсан гэнэ. Тэр үед аав ээж, дасгалжуулагч багш нар нь сэтгэл санаагаар дэмжиж байснаар өөрийгөө ялж даамын спортдоо эргэн ирсэн юм. Энэ удаад Д.Нямжаргал Ази тивийн хошой аварга болж 2017 оны эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргад оролцох эрхийн эзэн боллоо. Тэрбээр “Би дэлхийн аваргад жаахан одгүй тоглодог. Гурван удаа зургадугаар байр, нэг удаа тавдугаар байранд орж байсан. Даамын дэлхийн аварга болно гэдэг бол миний хамгийн том зорилго. Тийм болохоор 2017 онд сайн оролцохыг хүсч байна” гэсэн юм.

Монголын даамын спортод долоон мастер, нэг их мастер төрүүлсэн Н.Нямцогт гуай ач охиндоо “Өвөө нь чамайг дахиад Азийн аврага болохыг хармаар байна” гэж хэлсэн нь Д.Нямжаргалын Азийн хошой аварга болоод баярласан жинхэнэ шалтгаан нь юм.

Түүний хувьд даамыг илүү онолын түвшинд, олон төрлөөр тоглож, өвөрмөц содон комбинац хийж өрсөлдөгчөө хожих нь хамгийн сонирхолтой санагддаг гэнэ.

Тамирчны сэтгэлзүй тухайн тамирчны амжилтанд тун их нөлөөлдгийг биеэрээ мэдэрсэн Д.Нямжаргал математикийг нийгмийн ухаантай хослуулж спортын сэтгэлзүйч болохыг хүсдэг байна.

Б.Наранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Бадархундагын рашаан уснаас аавдаа аваад очно доо

“Өдрийн сонин”-ы №173 (5438) дугаараас авч нийтлэв.

Отгонтэнгэр уулын өвөр бие, далайн түвшинөөс дээш 2000 метр өндөрт эргэн тойрон том том морин чулуу, хад асгаар хүрээлэгдсэн, мөнгөн аяга мэт үзэгдэх хунхад мэлтэлзэн долгиотох нэгэн нуур бий. Түүнийг өвөр “Бадархундага” гэнэ. Мөнх цаст Очирваань уулын “энгэр түлхүүр” гэх нь ч бий. Өвөр Бадархундага нуураас Энэтхэгийн Ганга мөрөн газар доогуураа хүйн холбоотой гэж эртний ном сударт тэмдэглэсэн байдаг. Тэр л ариун дагшин рашаан уснаас хүртэх гэж алсаас зорьж ирсэн мянга мянга хүн Чулуутын голыг хэдэнтэй өгсөж уруудна. Ар Бадархундагаас нь эх авч урсдаг Чулуут хэмээх уулын гол цэнгэгийнхээ хэрээр уухад магнай хага ташим, туулахад чөмөг хага ташим хүйтэн аж. Арга ч үгүй биз. Ар, өвөр Бадархундага нууранд долдугаар сарын эхэн үе хүртэл зүрхэн эсвэл навчин хэлбэртэй мөсөн жингэлүүд хөвдөг гэнэ билээ. Биднийг очиход тийм өвөрмөц содон мөс нуурын мандалд хөвж үзэгдсэнгүй.

Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх, тахих ёслолын хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газрын албан хаагчид болон хэвлэл мэдээллийн ажилтнуут бид нэгэн гал болж Төрийн тахилгат Очирваань уулын сав газар зорчсон билээ. Уг нь Отгонтэнгэр уулыг тахих ёслол өнгөрсөн зургадугаар сард болох ёстой байсан ч УИХ-ын сонгууль, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт зэрэг төр, нийгмийн олон үйл явдал давхацсан тул ийнхүү хойшлуулж долдугаар сарын 22-ны өдрийг хүргэсэн юм. Энэ нь ч сайн хэрэг болж. Нутгийн хөгшид хэлэхдээ “Бадархундага нуур баринтагаа бүрэн тайлсан хойно Төрийн тахилга болж байгаа нь нүдээ олсон хэрэг боллоо” гэж байв. Баринтаг тайлах гэдэг нь мөнөөх мөс цасан жингэлүүд цагийн аясаар цайнд хийсэн ёотон шиг нуурын уснаа уусан алга болохыг хэлдэг аж. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч тахилгын үеэр хэлсэн үгэндээ дурдсан буй.

Өмнөх сурвалжлагадаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, тахилгын үйл явдлын талаар өгүүлсэн тул энэ удаад Бадархундага нуур болон 30 мянга гаруй хүн чуулсан Очирваань уулын тахилгын эргэн тойрноос тоймлон хүргэе.

Манай цуваа Завхан аймгийн Отгон сумаас хайрханыг зорин явах үед гол усанд боогдсон, шаварт суусан олон машинтай таарав. Отгон сумын урдуур урсах Богдын голд Чулуут, Бор бургас зэрэг хэд хэдэн уулын гол цутгадаг нь аян замын олныг ийнхүү “адал явдал”-тай учруулжээ. Замд саатсан машины зарим нь шаварт сууж хоносон байх. Гол усны гарам нь олон машины дугуйнд ухагдсан тул жижиг тэрэг гарахад түвэгтэй болж нутгийн тракторчинд завшаан болсон нөхцөл байдалтай ч таарав. Улаан трактор ус шаврыг ажрахгүй туулдгаараа тэнд ёстой од болж, тухайн машиныг шавраас татаж гаргахдаа хол ойроос шалтгаалж 10-20 мянган төгрөгийн тариф тогтоогоод амжсан байв. Нийтдээ 5500 орчим авто машин Отгонтэнгэр уулын бараа харагдах хөндийд дүүрчээ. Нэг олзуурхмаар нь тэр олон машин тэрэг, энхэл донхол замд яваа гэхэд нэг ч муу юм үзэгдсэнгүй. Ухаандаа, мөргөлдсөн, онхолдсон ч юм уу аваар осол гаргасан машин байсангүй гэж хэлэх гээд байна л даа. Магадгүй Монгол түмний шүтээн болсон Очирваань бурханы ач ивээлээр элдэв гай барцад сүсэгтэн олон, хишигтэн түмнээс холуур өнгөрөв бололтой.

Отгон сумаас 65 км зайд Отгонтэнгэр хайрхан дүнхийн харагдах хөндийг өгсвөөс агсран урсах Чулуут гол хөндөлсөж урдуур нь Дорнын их яруу найрагчийн хэлсэнчлэн “Зүүрмэглэгч хун шиг цагаан гэрүүд”-ийг үүдэн хоймрын зайтай жирийлгэн барьжээ. Барагцаагаар 300 орчим гэр барьсан байсан ч 35 мянган хүнд ноогдуулхад дэндүү бага тоо юм. Зочид төлөөлөгчдөд ч ор дэр нь хүрэлцээ муутай байлаа. Мөн 00-ийн асуудал хурцаар тавигдаж, гарын 10 хуруунд багтах төдий цөөн тооны модон жорлон байнга шахам 50,60 хүний оочертой байв. Энэ мэт зохион байгуулалтын олон ажилд холбогдох албан тушаалтнууд нь сэтгэл гаргаагүй мэт санагдсаныг нуух юун. Нэгэнт гэр бараа хүрээлцээгүй тул гэр буудалд тухалчихна гэж бодож очсон хүмүүсийн олонхи нь машиндаа хонож, цөөн тооны хувийн бэлтгэл сайтай хүмүүс майхнаа зоож тухалцгаасан юм. Азаар бороо хур орж олон түмнийг тух алдуулсангүй. Цаст Очирваань уулын зулай цагаан оройд шингэх нарны улбар туяа ягааран тусаад наран шингэв.

Үүр цайв уу үгүй юу Чулуутын голыг өгсөн морьтой хүмүүс цувж эхлэв. Тэд Бадархундага нуурыг зорих аж. Отгонтэнгэр хайрхан уул толгодын цаанаас дүнхийж байснаа бодвол бидний буудалласан газраас бараг бэлд нь тулаад ирчихсэн шиг харагдана. Бадархундага нуурын хавцалт хонхорхой энүүхэнд мэт үзэгдэнэ. Гэвч тэндээс Бадархундага нуур хүртэл дахиад 10 км зам туулна гэж сонсоод нүдэндээ итгэмгүй байлаа. Тахилгын ёслол үйлдэх гол шүтээнт овоо нь Бадархундагаас гурван км-ийн наана аж. Сүүлийн үеийн жийп машины чадал чансааг сорисоор эмнэг адуу шиг цовхчсон ширүүн урсгалт Чулуутын голыг хоёронтоо гарч төрийн тахилгат овооны бэлд хүрвэл алсаас дүнхийн хөхрөгч Отгонтэнгэр хайрханы өнгө нь жаахан бараантаж харагдана уу даа гэхээс өөр зүйл анзаарагдсангүй. Аргагүй л хангайн нурууны ноён оргил Богд Очирваань бурхны шүншигт уулын сүр жавхлангийнх нь дэргэд хүний бие жижигдэж, орон зайн баримжаа ч төөрөлднөм зээ.

Тахилгын овооноос Бадархундага нуур хүртэл гурван км зайтай аж. Бадархундага нуурын рашаан уснаас хүртэж, хүслээ шившин өргөлөө өргөх гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй. Гэвч тахилгын овооноос дээш эмэгтэй хүн гарахыг хориглосон тул эрчүүд л тэрхүү өгсүүр замыг туулах аж. Уулын зам бартаа ихтэй, газрын дээр гэлтгүй шавар намаг, хад асган дундуур зурайх морин жимийг дагаад л морьтой явган холилдон өгсөцгөөчихнө. Естой л нөгөө хөлдтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хүрнэ гэдэг шиг найман настай балчираас 80 настай өтөл хөгшинтэй Бадархундагын бартаат замд учирч байв. Авынхаа гараас чаргуудан ядарсандаа уйлагнаж явах бяцхан хүү байхад, хүүгийнхээ гараас хөдлөн дэмнүүлж яваа өвгөнтэй ч таарав. Дүнхэр уулынхаа барааг ширтэн тааваараа гишгэлэх хүрэн торгон дээл, саарал бүрх малгайтай, 80 нас хүрч яваа болов уу гэмээр нэгэн өвгөн хүүтэйгээ хамт миний өмнөхөн талд өгсөж явна. Хүү нь хул шар өнгийн монгол цамц, өмсөж хөлдөө пүүз жийсэн нь их л хөнгөхөн харагдана. Тэднийг амармагц би доохно талд нь амарч, босоод өгсөхөд нь даган хөдөлж явсан болохоор тэндний дунд өрнөх яриа хөөрөө, уур амьсгалыг ажиглан явав. Өвгөн 2012 оны төрийн тахилгын үеэр хайрханы бэлд анх ирж байсан аж. Өнөө жил хоёр дахь удаагаа иржээ. Ер нь Очирваань ууланд хүн гурван удаа ирж мөргөх учиртай юм гэнэ. Бадархундагын рашаанаас хүртсэн хүн тэр жилийнхээ засал номыг хийлгэсэнтэй адил болдог ч гэнэ. Өгсөх тусам амралт улам ойрхон болоод байсан тул тэднийг хүлээлгүй цааш өгслөө. Огцом өгсүүр гүвээ өөд зүтгүүлсээр орой дээр нь гарч амрахдаа тэднийг харвал аав хүү хоёр гутлаа солиод өмсчихсөн ирж яваа харагдана. Өвгөний хөл арай хөнгөрсөн янзтай товор товор алхана. Өөдөөс ирж яваа хүнээс нуурын баримжааг асуувал дахиад нэг гүвээ давна гэв. Гүвээний орой дээр амарч суухад “Хайрхан зон олноо сайхан хүлээж авч, сүүн гэгээ татуулсан тэргүүнээ харууллаа. Сайхан байна шүү” гэх цагаан амтны гэгээн үгс хаа сайгүй сонсогдоно. Нээрээ ч тахилгын өмнөх орой цаст цагаан тэргүүнээ үүлэн дунд нуугаад байсан хайрхан Тахилгын өглөөнөөс эхлэн орой дээрх үүлээ хөөж, үлэмж гэгээн төрхөөрөө дүнхийсээр байсан юм. Тээр дээр харагдах гүвээний доохно талд хүмүүс бужигнаад байсан тул ширүүхэн алхсаар хүрч очвол үүдэн хоймрын зайтай хоёр вансэнбэрүү цэцэг ургасан байв. Нэг нь нөгөөгөөсөө арай намхан ургажээ. Хүмүүс өндөр ургасан вансэнбэрүүний дэргэд суун Отгонтэнгэр уулын зулай цагаан тэргүүнийг оруулан зураг даруулцгаах аж. Харин хүмүүсийн үймээнээс болсон уу, цомирлогоо хувих цаг нь нэгэнт болсон ч юм уу ямартай ч хоёр цэцэг хоёул дэлбээ хумижээ. Хүмүүс “Вансэмбэрүү цэцэг үнэхээр хосоороо ургадаг юм байна. Энэ жижиг нь эм нь байх, энэ нь эр нь юм шиг байна. Үнэхээр үүдэн хоймрын зайтай ургасан байна шүү” хэмээн жиг жуг хийнэ. Морьтой нэг нь тэнд түр саатаж, дөрөө шүүрэн мордоод цааш хөдөлнө. Явган хүмүүс харин яггүй цуцах аж. Үүрсэн цүнх улам хүндэрнэ. МҮОНТ-ийн “Монголын мэдээ” сувгын зураглаач Н.Одбаяр 12 кг жинтэй камераа үүрэн зүтгүүлсээр биднийг гүйцэж ирлээ. Өөрөө жин ихтэй гэхэд Бадархундага нуурын сайхан зураглал хийх гэж их л хичээн яваа нь энэ. Харин түүний хамтрагч, сэтгүүлч Б.Пүрэв камернийхаа хөлийг үүрч, гутлаа тайлж бариад хөл нүцгэн өгсөж яваа харагдана. Нэг талаар хөл хөнгөн боловч нөгөө талаар хад асган дундуур хөл нүцгэн явна гэдэг тэвчээр хатуужлаа сорьж байгаа хэрэг гэнэ. Эрт дээр үед шилийн сайн эрчүүд уул хангайд мөргөхдөө хөл нүцгэн явдаг байсан гэнэ билээ.

Уухайн түрлэг Бадархундага нуурын хүнхэрлэг асга хавцалд ойж цуурайтах аж.

Нуурын хөвөөгөөр эгнэсэн зон олон мөргөн залбирлаа үйлдэн, өргөлөө өргөх бүрийд нуурын мандал мөнгөн аяга тэргүүтнийг цүлхийн тосч авах агаад уухайн түрлэг залган авч цуурайтсаар Отгонтэнгэр хайрханы оройд тулж хумсын чинээхэн цас элтрэн унаад намжих шиг санагдана. Бадархундага нуурын уснаас хүртэхэд сүү шиг зөөлөн амт ам дүүрэн тархаад хоолой мөнгөлөн урсах. Өнө эртнээс нааш энэ нууранд алт мөнгөн аяга, мөнгөн эд эдлэлээ өргөсөөр ирсэн нь нуурыг цалин цагаан мөнгөний зөөлөн уусмал амттай болгожээ. “Амьд явахад алтан аяганаас ус ууна” гэх ардын зүйр үг бий. Харин Бадархундагын уснаас хүртэнэ гэдэг алтан аяганаас ус уухаас ч илүү хувь ерөөл гэлтэй. Нуурын ёроолд хэчнээн цэн лан алт, мөнгө байгааг хэн мэдэх. Цуцан цуцан очиход цул мөнгөн Бадархундагын рашаан уснаас цангаагаа тайлан хүртвээс нүд нээгдэх шиг болов. Сайхан гарсан айргийг уух тусам араанд ааруул амтагддаг шиг Бадархундагын уснаас балган балган хүртэх тусам цалин цагаан мөнгөн рашаан хамаг биеэр минь тархан тамиржуулмуй.

Мөнөөх хоёрын хүү нь аавыгаа үүрээд шавар намаг туучин ирж явааг хараад хөл муутай аавыгаа эрхгүй санан нулимс мэлтэлзээд ирэв.

Нуруун хөвөөнд уухайн түрлэгтэй уулын салхиар илбүүлэн зогсохдоо Бадархундагын рашаан уснаас аавдаа аваад очно доо гэж бодов.

Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Б.Ундармаа: Бид явж байгаа ажлыг аль болох үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Ундармаатай ярилцлаа.

-Сонгинорхайрхан дүүргээс Их хурлын гишүүний мандатыг өвөртөлж ирсэн. Өмнө нь тус дүүргээс Нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож байсан хүний хувьд иргэдийнхээ өмнө тулгамдсан хүндрэлтэй асуудлыг илүүтэй мэдэх байх гэж хараад байгаа?

-Сонгинохайрханчуудынхаа итгэл, сэтгэлийг өвөртлөн Их хуралд орж ирлээ. Үүн дундаа Монголын ард түмэн эмэгтэйчүүдэд итгэл хүлээлгэн 13 эмэгтэй хүнийг төрд илгээсэн нь эмэгтэйчүүдийн оролцоо төрд ямар хэрэгтэйг харуулсан сонголт болж чадлаа. 13 эмэгтэй гишүүн Их хуралд орж ирснээр нийт гишүүдийнхээ 17.1 хувийг бүрдүүлж байгаа юм. Дахин нэг эмэгтэй гишүүн орж ирсэн бол хуульд заасан 20 хувьдаа хүрэх байлаа.

Би чинь Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойргоос гишүүн болсон. Дан ганц Сонгинохайрхан дүүрэг гэлтгүй орон даяар иргэдийн амьдрал ахуй тийм ч сайн биш байгаа. Ялангуяа иргэдийн ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь эдийн засаг, нийгмийн амьдралд таатай биш нь тодорхой. Манай тойрогт гэхэд сургууль, цэцэрлэг, худгаас эхлээд тулгамдсан, заавал шийдэх асуудлууд бий. Өмнө нь гэхэд худаг барьчихаад үйл ажиллагааг нь эхлүүлж, тэнд ажиллах хүний ажлын байрыг нь бий болгоогүйн улмаас усны асуудал одоо ч тулгамдсан хэвээр байна. Төсөв мөнгө байхгүй гэх зэргээр олон шалтгаан тоочиж улаан тоосгон худгийн байшингаас өөр зүйл байхгүй байгаа. Эдийн засаг хүнд байгаа хэдий ч аливаа ажлыг бага гэлгүйгээр хийж эхлэх нь зөв л дөө. Саяхан УИХ дахь эмэгтэй гишүүдтэй НҮБ-ын суурин төлөөлөгч уулзаж, санал солилцлоо. Бидний ярьж буй нийгмийн асуудал, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, айх аюулгүй амар тайван орчинд амьдрах боломжийг бий болгох, хөрс, ус, агаарын бохирдол гэх мэт аюулын харанга дэлдсэн энэ бүхэн дээр бид хамтран ажиллана. НҮБ-ын цаашид хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан байгаа юм билээ.

-Дүүргүүдэд яг ямар асуудл.ууд хамгийн ихээр тулгамдаж байна вэ?

-Хүүхэд гэдэг бол бидний үргэлжлэл, Монголын ирээдүй шүү дээ. Өмнө нь тойргоороо явж байхад сурагчид гурван ээлжээр хичээллэж байна гэдэг байсан бол одоо дөрвөн ээлжээр хичээллэдэг болсон байна. Цэцэрлэг огт хүрэлцээгүйн дээр эмнэлгийн үйлчилгээг хангалттай авч чадахгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлэх нэг шалтгаан болж байгаа юм. Түүнчлэн эмч нарын ачаалал асар их байгаа нь үүнд нөлөөлөх бас нэг шалтгаан болж байна л даа. Өнгөрөгч хавар гэхэд янз бүрийн халдварт өвчнүүд их гарлаа. Цаашид эмнэлгийн салбартаа цогц арга хэмжээ авахгүй бол болохгүй болжээ. Бид МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож ажиллана.

МАН-ын мөрийн хөтөлбөр бол Монгол Улсын хэмжээнд амьдарч буй нийт иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйл. Манай нам анх мөрийн хөтөлбөрөө ард түмнээ сонсох замаар гаргасан юм. МАН-ын мөрийн хөтөлбөр чинь Монголын ард түмний амьдрал байхгүй юу.

-МАН энэ сонгуульд нийгмийн халамжийн чиглэлийн зүйлсийг мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Эдийн засаг хүнд байгаа энэ үед мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг амар биш. Эдийн засагч хүний хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Шинээр томилогдсон зарим сайдуудтай уулзаж байхад эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор судалж, тодорхойлоод бүлгийн хуралдаанд танилцуулахаар болсон. Үнэнийг хэлэхэд өглөөний долоон цагаас шөнийн 00 цаг хүртэл ажиллаж байгаа. Бид ямар эдийн засаг хүлээж авсан бэ гэдгээ тодорхойлоод зөв мэдээллийн дагуу ажиллах ёстой. Одоогоор бидэнд хийж, бүтээе гэсэн хүсэл байвч бодит байдал ямар байгааг хамгийн түрүүнд ард түмэндээ хэлэх учиртай.

Ямарваа нэгэн зүйлийг босгоход хэцүү байдаг хэрнээ нураах нь маш амархан. Бид эдийн засгаа хөл дээр нь бат зогсоохын тулд иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах болно. Бизнес эрхлэгчдээс эхлээд иргэдийн нуруунд дарамт болоод буй дарамт, хүү, торгуулийг багасгах тал дээр анхаарна. Эдийн засгийн талаарх бодит мэдээллийг авчихаад энэ тал дээр дэлгэрэнгүй ярих нь зөв байх аа.

-МАН анх ипотекийн зээлийн хүүг санаачлан эхлүүлсэн гээд байсан даа. АН-ын үед хэрэгжсэн энэ ажил МАН-ын Засгийн газрын үед зогсох нь гэдэг яриа гарч. Ипотекийн зээлд хамрагдсан хүмүүс бүгд ямар нэгэн байдлаар түгшүүртэй байгаа нь анзаарагдаж байна. МАН үнэхээр зогсоох юм уу?

-2012 онд зургаан хувийн хүүтэйгээр ипотекийн зээлийг эхлүүлж байсан. Манай намын зүгээс ипотекийн зээлийг зогсооно гэж яг хэлээгүй шүү дээ. Цаашид энэ зээл үргэлжлэх үү, үгүй юу гэдэг нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалах юм. Монголбанкны удирдлага саяхан шинээр томилогдсон. Удахгүй Төв банкны захирлын бодит мэдээлэл тодорхой болох байх.

Ер нь бол бид аль болох явж байгаа зүйлийг зогсоох биш дэмжиж, үргэлжлүүлнэ. Айл өрх бүрт нэмэр тус болохуйц ажлуудыг дэмжих л хэрэгтэй.

-Монгол Улсын Ерөнхий сайд 11 сайддаа тамгыг нь атгууллаа. Дөрвөн сайдын асуудал цаана нь үлдэж байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдэг амлалтаасаа МАН ухарлаа гэсэн нийгмийн шүүмжлэл нэлээд байх юм. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Сайдууд ажлаа аваад удаагүй байна. Энэ удаагийн Засгийн газарт дадлага туршлагатай, бүтээлч хүмүүс сайд болсон гэж харж байгаа. Одоо томилогдоод буй 11 сайдаа бид бүлэг дээрээ 100 хувь дэмжээд гаргасан. Энэ хүмүүс дотор мэргэжлийн бус гээд хэлчих хүн байхгүй.

МАН УИХ-д 65 суудалтай болно гэдэг нь өөрөө маш том тоо. Тиймээс ард иргэд биднээс их зүйл хүлээж байгааг нь мэдэж байгаа. Үнэмлэхүй олонхи болох тусам иргэдийн зүгээс биднээс хүлээх хүлээлт маш өндөр болдог. Шинэ санаа, шинэ технологийг бүтээгч хүмүүс л Монголын нийгэмд хэрэгтэй. Өнөөдөр бидэнд хар ухаанаар хэлэхэд мөнгө босгож чадах тийм л хүмүүс хэрэгтэй гэдгийг мэдэж авцгаалаа.

-Өмнөх парламентын үед УИХ дахь эмэгтэй гишүүд албан бус бүлэг байгуулан ажиллаж байлаа. Энэ удаа та нар бүлэг байгуулах уу?

-Шинээр бүрэлдсэн Их хурлын эмэгтэй гишүүдийн 12 нь нэг намаас сонгогдсон. Завханаас сонгогдсон З.Нарантуяа маань АН-ынх хэдий ч бид хамтарч байгаа. Заавал албан, албан бус бүлэг байгуулах шаардлагагүй. Эмэгтэйчүүд нэг л санаа зорилготой байж, нийгмийн асуудлуудаа шийдээд явах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Т.Дамдинсүрэн: Миний хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн алуурчин гэм буруугүй гээд цагаатчихлаа

Энэ сарын 27-нд болсон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар 19 настай хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн гэх сэжигтэн Б-г гэм буруугүй гэж үзэн, цагаатгажээ.

Хэргийг сануулахад 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр онц ноцтой хүн амины хэрэг гарсан билээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр зургадугаар “Бичил” хороололд байрлах автомашины гараашийн үүдэнд 19 настай хүүгийн цогцос байгааг иргэд цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Хэргийг шалгахад 19 настай хүүг 26 удаа хутгалж амь насанд нь хүрсэн байж. Цагдаагийнхан сэжигтэн Б-г хэргийн газраас холдоогүй байхад баривчилж, хэсэг хугацаанд хорьж байсан. Тэгвэл дээрх хэргийн анхан шатны шүүх хурал уржигдар болж талийгаачийг хөнөөсөн гэх 33 настай Б-г буруугүй хэмээн цагаатгажээ. Харин талийгаач М.Пүрэвсүрэнгийн ээж шүүх хурал будлиантай болсон хэмээн шүүмжилж байна. Ингээд талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэнтэй ярилцлаа.


-Хоёулаа яриагаа хэрэг болсон өдрөөс эхэлье. Та өмнө нь манай сонинд тодорхой ярилцлага өгч байсан. Гэхдээ уншигчдад нэхэн сануулсан нь дээр гэж бодож байна?

-Тэгье. 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн XII хороо зургадугаар Бичил хорооллын 19 дүгээр байрны гараашны үүдэнд миний хүүг хөнөөгөөд хэргийн газраас гэмт этгээд зугтаасан байсныг цагдаагийнхан илрүүлсэн. Иргэд цагдаагийн газарт “Энд цусандаа хутгалдсан хүн байна. Амьсгалахгүй байна” гэж дуудлага өгсөн байдаг.

-Хэрэг 18:00 цагийн орчимд гарсан гэдэг. Талийгаач, сэжигтэн хоёр танилууд уу. Хоорондоо танил, танил биш гэж янз бүрээр л ярьдаг?

-Танилууд биш. Тэр гайтай өдөр л хүүтэй маань дэлгүүрт таарсан байгаа юм. Дэлгүүрийн камерт бичигдэж үлдсэн байсан. Хүү маань дэлгүүрт утсаар найз руугаа ярьж ломбарданд тавьсан утсаа эд зүйлс ломбарднаас чөлөөлдөг хүнээр авахуулъя гэж ярьсан юм билээ. Тэгсэн өнөөх залуу ирээд өдөж байгаад танилцаад “Би утсыг чинь авъя” гээд гарч “Приус” маркийн машиндаа суулгаад аваад явсан юм шиг байгаа юм. 15:40 цагт хамт гараад явах нь камерт бичигдсэн байгаа. Ингээд 17:43 цагт хүү минь нэг найз руугаа өнөөх залуугийн утсаар яриад “Ээжтэй холбогдмоор байна.

Ломбардны бичиг авах хэрэгтэй байна” гэж ярьсан байсан. Тэгж ярихдаа хоолойных нь өнгө нэг л айдастай, түгшсэн байдалтай байсан гэдгийг хэргийн дараа найз нь хэлсэн. Яг гурван минутын дараа эргээд нөгөө утас руу нь залгахад холбогдохгүй байсан гэсэн. Арваад минутын дараа нөгөө залуугийн утас холбогдож байсан. Надад цагдаагийн газраас хүү тань гудамжинд хүний гарт амиа алдсан байдалтай олдсон гэдгийг хэлж мэдэгдсэн. Буяннэмэх гэгч этгээдийг хэргийн газраас хөдлөөд холдоогүй байхад цагдаагийнхан илрүүлсэн байсан. Түүнийг харанхуйд машиныхаа гэрлийг асаалгүй явж байхад нь цагдаагийнхан илрүүлсэн. Тухайн үед цагдаа шалгах гээд машинд нь ороход хамаг хувцас хунар нь цус болчихсон хөл дор нь шар иштэй хутга байсныг цагдаа хэлсэн. Сэжигтэн ч “Намайг хүн хутгалчихлаа” гэж мэдүүлсэн байгаа юм.

-Сэжигтэнг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Гэвч ямар үндэслэлээр батлан даалтад гаргасан юм бэ?

-Буяннэмэх өөрөө хутгалуулсан, гэмтсэн гээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хэвтсэн. Тус эмнэлэгт ажилладаг Мөнхбаяр эмчийн төрөл садан байсан юм билээ. Нэлээд нэр хүндтэй эмч байсан.13 хоногийн дараа “Танай хүүг алсан алуурчин хөзөр тоглоод сууж байна лээ” гэж надад хүн хэлсэн. Анхнаасаа мөрдөн байцаагч нь надад “Сэжигтэн сэхээнд байна” гээд бие нь хүнд байгаа гэж мэдээлсэн. Би танилаасаа сонсонгуутаа эмнэлэгт очиход энгийн тасагт хэвтэж байсан. Хамт нэг тасагт хэвтэж байсан өвчтөнүүд, эмнэлгийн цагдаа нь түүнийг хүний амь хөнөөсөн ч гэж мэдээгүй байсан. Зам тээврийн осолд өртөөд ирсэн гэж ярьсан байгаа юм. Намайг очсон шөнө эмнэлгээс Буяннэмэх оргосон. Би үүнийг мэдээд шууд Баянгол дүүргийн прокурорт өргөдөл гаргасан. Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан. Гэвч удалгүй сэжигтний биеийн байдал муу гэх шалтгаанаар батлан даалтад гаргасан юм. Үүнээс хойш хагас жил гаруйн хугацаанд сэжигтэн этгээд сул чөлөөтэй явсаар анхан шатны шүүх хурлаар гэм буруугүйд тооцогдлоо. Энэ чинь юу гэсэн үг вэ. Бараг ялаа ч алж чадахгүй хүү маань өөрийгөө алсан болж таарч байна уу. Бүр 26 удаа өөр рүүгээ хутга дүрэх юм гэж үү.

-Шүүх хурлын явцад та шүүмжлэлтэй байгаа. Ямар учраас?

-Энэ сарын 27-ны 10:00 цагт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал эхэлсэн. Энэ хэргийн зүйл ангийг мөрдөн байцаалтын явцад өөрчлөн хөнгөрүүлээд, гурван жилийн хорих ял төлөвлөөд байсан юм. Хурлын үеэр шүүгч илт нөгөө талд ажиллаад, гурван жилийн ялыг нь ч өгөлгүй, бүр цагаатгах шийдвэр гаргачихлаа. Шүүх хурлын үеэр А.Алтанхуяг гэдэг шүүгч манай өмгөөлөгчийг үг хэлүүлэхгүй, хэргийн явцыг ярьж байхад товч ярь гэж загнаад байсан. Тэгсэн атлаа гэмт этгээдийг “Бие чинь гайгүй юу” гэхэд өнөөх нь “Хөл өвдөөд байна” гэж байх жишээтэй. Шүүгч “Заавал босох албагүй. Сууж байгаад мэдүүлгээ өг” гэсэн. Аав, ээждээ эрхэлж байгаа юм уу. Хүний аминд хүрчихээд хэнэг ч үгүй, бардам сууж байсан шүү дээ. Бараг л инээх нь холгүй байсан. Угаасаа шүүх хурлаас өмнө шийдвэрээ гаргачихсан байсан байна. Шүүх хурал биднийг хуурах төдий л ажиллагаа боллоо гэж манай өмгөөлөгч хэлсэн. Ер нь шүүх хурлын процесс хүртэл маш хурдан явагдаж шүүх хурлыг зургадугаар сард долдугаар сарын 5-нд гээд товлочихсон байсан. Надад мэдэгдээгүй. Би Хөвсгөлд явж байсан учраас очих боломжгүй гэсэн. Ингээд энэ сарын 20-нд болж хойшлогдсон. Тэгсэн шинжээч эмч нь ирэх боломжгүй гээд дахин хойшлогдоод сая болсон хэрэг. Асуудлыг ийм хурдан шийддэг гэмт хэргийн шүүх хурлыг би лав мэдэхгүй.

-Шинжилгээгээр гэмт хэрэг үйлдэхдээ өөрийгөө хянах бүрэн чадвартай гэж байсан. Яагаад эмчийн магадлагаа өөрчлөгдчихөв.Та юу гэж бодож байна?

-Д.Буяннэмэхийг хорих 461 дүгээр ангид саатуулах хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч нар үзээд өөрийгөө бүрэн хянах чадвартай гэсэн магадлагаа гаргасан.

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Уламбаяр гэдэг хүн энэ хэрэг дээр ажилласан юм. Мөрдөн байцаалт өнгөрсөн сарын сүүлээр дууссан. Уг нь мөрдөн байцаалт анх эхэлж байхад энэ хэргийг Эрүүгийн хуулийн 91.1 буюу онц хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар зүйлчилсэн байсан. Энэ зүйл анги нь 20-25 жилийн хорих ялтай байдаг юм байна. Мөрдөн байцаагч ч гэсэн энэ бол яах аргагүй 91.1 мөн. Хүнийг санаатай онц хэрцгий аргаар алсан гэж хэлж байсан юм. Яагаад гэвэл хүү үхэхээсээ өмнө маш их тэмцэлдээд гар хуруу нь хүртэл тасарсан байна лээ гэж байсан. Ийм атал мөрдөн байцаалтын явцад зүйл ангийг нь өөрчлөөд 93.1 буюу цочирдон давчидсан үедээ хүн алсан гэсэн зүйл анги болгоод хорих ялыг нь гурван жил болгочихож байгаа юм. Эцэстээ гурван жил хорих нь битгий хэл бүр гэм буруугүйд тооцоод цагаатгачихаж байна.

-Эмч нар зориуд Д.Буяннэмэхийн талд үйлчилсэн гэх гээд байна уу?

-Тэгэлгүй яахав. Би бол Д.Буяннэмэхийг яллагдагч гэнэ. Тэр хүн алчихаад гадуур зугаалаад явж байна шүү дээ. Түүнийг 2016 оны нэгдүгээр сарын 28-нд суллачихсан. Нэг ёсондоо эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргачихсан. Д.Буяннэмэх суллагдсанаасаа хойш эмч, цагдаа, прокурор гээд энэ хэрэгт холбогдох бүхий л байгууллагын гаргасан шийдвэрийг өөрчилж эхэлсэн.

Би яагаад зүйл ангийг нь өөрчилсөн юм бол гэж асуусан. “Шар хад”-ны эмнэлгийн эмч “Энэ хүн цочирдсон байсан учраас хүн алсан” гэсэн дүгнэлт гаргаад өгчихөж. Өмнө нь хэрэг болсны дараахан яг тэр эмнэлгийн гурвын гурван эмчийн дүгнэлтээр “Энэ хүн хэрэг гарах үед өөрийгөө жолоодох чадвартай байсан, хэрэг үүрэх чадвартай” гэсэн дүгнэлт гараад хавтаст хэрэгт нь хавсаргаад явж байсан юм шүү дээ. Гэтэл мөрдөн байцаалтын явцад бүх зүйлийг ингээд эргүүлчихэж байгаа юм.

-Та үүнд мөрдөн байцаагч холбоотой байж магадгүй гээд байгаа?

-Тийм ээ. Хэрэг гараад сар ч болоогүй байхад манай мөрдөгч Уламбаяр өөрөө надад “Энэ бол гарцаагүй онц ноцтой, санаатайгаар хүний амь хөнөөсөн хэрэг” гэж хэлж байсан. Гэтэл одоо мөрдөгч хүртэл зөвхөн нөгөө талд ажиллаж байна. Зүйл ангийг өөрчилсний дараа Эрдэнэцогт гээд дарга дээр нь ороод мөрдөгчөө өөрчилмөөр байна гэхэд хэргийг анхнаасаа мөрдсөн хүнийг одоо өөрчлөхгүй гэсэн. Д.Буяннэмэх гэдэг хүн бүгдийг мөнгөөр худалдан авч байна. Харамсалтай байна. Би хүү, охин хоёртой.

Гэтэл ганц хүүгээ алдаад шар махтайгаа хатаж байхад хүүг минь хөнөөсөн этгээд гэм буруугүй гээд зугаалаад явж байна.

-Та хүүг тань хөнөөсөн гэх Д.Буяннэмэхтэй биечилж уулзсан уу?

-Үгүй. Хоёр удаа барааг нь л харсан. Ах, эгч гэх хоёр хүнтэй нь харин уулзсан.

-Тэд тантай уулзаад юу гэх юм?

-Хүүгийн буяны ажилд зарцуулагдсан мөнгийг өгсөн.

-Хичнээн төгрөг өгсөн бэ?

-Есөн сая төгрөгийг бараг арав хувааж увуулан, цувуулан өгсөн. Энэ мөнгө буяны ажилд зарцуулагдсан. Тэгсэн хэрнээ намайг гомдолгүй гээд өргөдлөө буцаагаад авбал буяны ажилд зарцуулагдах мөнгийг нь өгье гэж шантаажилсан. Энэ мөнгөөр миний хүү босоод ирэх юм уу. Яасан хүний үнэргүй хүмүүс вэ. Би үнэн мөнийг тогтоож буруутай этгээдийг зохих хариуцлагаа хүлээгээсэй гэж хүсч яваа эх хүн. Магадгүй дахиад хэдэн ч хүний аминд хүрэх юм билээ. Хэн ч мэдэхгүй шүү дээ.

-Та давж заалдах шатны шүүхэд хандана гэсэн?

-Хандана. Хууль зүй, дотоод хэргийн яам гээд хандаж болох ямар л газар байна бүгдэд нь хандана. Хүүгээ алдсан эх хүний шаналангаар энэ хүмүүс тохуурхаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ч хандана гэж бодож байгаа. Гэхдээ би айдастай байна. Энэ алуурчин мөнгөтэй юм байна. Танил талтай хүн байна. Хүүг минь хорин хэд хутгалж хөнөөчихөөд “Би алаагүй ээ, намайг л хутгалсан, тэр хүү өөрийгөө хутгалсан” гэж хэлээд та бидний дунд чөлөөтэй сэлгүүцээд амьдарч байна. Намайг ирээд алахыг хэн байг гэх юм бэ. Хамгаалдаг газар байна уу. Би энэ хэргийг яаж шударга үнэнээр шийдүүлэх вэ. Хэргийг илтэд буруу шүүж байгаа энэ шүүгчийг хэн томилсон юм бэ. Би хаана хандах ёстой вэ. Бид ардчилсан оронд амьдарч байгаа юм бол үнэн хэзээд ялах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Н.Түмэнбаяр: Би гурван сар хоригдохдоо өдөр болгон уйлсан

-ЭРГЭЛТ АВЧ БАЙСАН НАДАД ТИЙМ ХЭЦҮҮ БАЙХАД БУЛГАН ЯАЖ ТЭСЧ БАЙГААГ МЭДЭХГҮЙ БАЙНА-

Үхэр дайрч алсан хэргээр төв аймгийн цагдан хорих төвд гурван сар гаруй хоригдож байгаад гарч ирсэн эмэгтэй Н.Түмэнбаяртай ярилцлаа. Тэрбээр Төв аймгийн цагдан хорих төвд О.Зориг агсны эхнэр Булганы хажуугийн камерт хоригдож байсан аж.

-Автозам дээр үхэр шүргээд ял эдлээд гарч ирсэн гэж сонслоо. Юу болсон юм бэ?

-“Тийм ээ. Үхэр дайрч алсан хэргээр шүүхээс 97 хоног баривчлах ял оноосон. Гурван сар Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож байгаад наадмын өмнө Эмэгтэйчүүдийн хорих ангид тав хоног хоригдоод гарч ирлээ. Наадам болж байна, бас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 95 жилийн ой болж байна гээд долоо хоногийн өмнө өршөөлөөр суллагдсан. Тэгээд Улсын дээд шүүхэд давж заалдах гээд өргөдлөө өгчихөөд явж байна.

-Юу болсныг тодорхой ярихгүй юу?

-Би 2015 оны наймдугаар сарын 12-ны орой 22:00 цаг өнгөрөөд Улаанбаатар хотоос Өмнөговь орохоор гарсан. Төв аймгийн зам Довын гуанз гэдгийн наад талд Дөлгөөн гэдэг газар явж байсан юм. Ширүүн бороо асгарч байсан. Гэнэт баруун гар талаас үхэр гарч ирээд шүргүүлсэн. Үхэр газар унаагүй тэр чигээрээ зам хөндлөн гараад яваад өгсөн. Би ч цаашаа хөдлөөд явсан. 200 метр хиртэй явж байтал машины гэрэл унтарчихлаа. Зогсоод гэрлээ тогшиж үзэхэд асч унтраад байсан. Хойшоо урагшаа олон машин цувж байлаа. Гурван аймаг холбосон гол зам шүү дээ. Баруун гар талд айл харагдаж байсан. Айл нь ойрхон байхад үхэр явж байх юм гэж бодоод л өнгөрсөн. Гэрлээ оролдож хэсэг зогсоод Довын гуанзан дээр очоод том тэрэгнээс баруун гар талын гэрэл маслаад байна. Гэрэл өгөөч гэж гуйсан чинь, миний гэрэл таарахгүй гэхээр нь цаашаа замдаа гарсан. Явсаар байгаад маргааш өглөө нь ажилдаа очсон. Өмнөговийн цагаан хад гэдэг газарт 750 км газар яваад очсон юм. Тэгээд наймдугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байтал Төв аймгийн цагдаагийн газраас ярьсан. Яаралтай ир гэж дуудлаа. Яагаад цагдаад дуудагдаж байгаа юм бэ, би эмэгтэй хүн шүү дээ хүн андуураад байгаа юм уу гэж лавлахад “Автын осол хийгээд хэргийн газраас зугтаасан. Эрүү үүсгэнэ. Хурдан ир” гэсэн.

Хичээл сургууль орох гээд байна, цалин мөнгөө аваад наймдугаар сарын 30-н гээд очиж болох уу гэхэд тэгж болохгүй, хурдан ир гэсэн. Би машинаа унаад 25-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газар ирлээ. Машинд маань шинжээчийн дүгнэлт хийсэн. Миний машины урд дугуйны дээд талын халхавч зам дээр унаад үлдчихсэн байсан байна лээ. Тэр хаалт нь хоёр боолтоор л тогтдог юм байна. Үхэр шүргэх үед уначихсан байж. Ингээд наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн байцаагдаж эхэлсэн. Ажлаасаа чөлөө аваад Өмнөговиос ирж очоод байцаагдаад яваад байсан. Өмгөөлөгч авсан. Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр надад холбогдох хэрэг прокурор дээрээс шүүх рүү шилжсэн. Яллагдагчаар татагдаад Эрүүгийн хуулийн 216.2 дугаар зүйл ангиар эрүү үүссэн байсан. Энэ нь осол гаргачихаад хэргийн газраас зугтаасан гэсэн зүйл анги юм билээ. Айлын гурван үхрийг дайрч алаад ослын газраас зугтаасан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүссэн.

-Та үхэр шүргэсэн гэж ярьсан. Гэтэл яагаад гурван үхэр дайрч алсан болж таарсан юм бэ?

-Хохирогчийн тал гурван үхэр үхсэн гэж гомдол гаргасан юм байна. Тэгээд намайг дайрч алсан гэж буруутгалаа. Хэрвээ би гурван үхэр зам дээр дайрч алсан бол миний машин цаашаа явах нь байтугай болно биз дээ. Нэг үхэр дайрсан байхад ч машин явахын аргагүй эвдрэх байсан байх. Машин ямаа мөргөж байхыг би харж байсан л даа. Тэр машины урд тал нь чихэгдээд эвдэрчихсэн байхыг харж байсан шүү. Тухайн үед миний машинд 15 настай охин минь, эмэгтэй дүү хоёр хамт явж байсан юм. Ширүүн бороо орж байсан учраас 20-30 км цагийн хурдтай явж байлаа. Шил арчигч зогсоо зайгүй ажиллаж байсан учраас үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй байсан. Тийм бага хурдтай явж байсан машин үхэр дайрч алахгүй шүү дээ. Тэгээд ч хэргийн газрын үзлэгээр үхэр миний эсрэг урсгалын замд үхсэн болж таарсан. Миний дайрч алаагүй үхрийг намайг алсан болгоод шүүхээс ял оноосон. Энэ хэрэгт ганцхан би буруутай биш. Малчин хүн малаа хариулж зам гаргах ёстой биз дээ. Замын ойролцоо мал гардаг тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Хариулгагүй малаа явуулсан малчны буруу байсан. Би улсад татвараа төлөөд зөвшөөрөлтэй замаар зорчиж явсан болохоос айлын бэлчээрт давхиж очоод үхрийг нь шүргэчихсэн юм биш. Харин ч малчин малаа хариулаагүйгээс болоод гэнэтийн осол гарч миний машинд сэв суусан учир төлбөр төлөх ёстой юм билээ. Би тухайн үед үхэр шүргээд өнгөрлөө л гэж бодоод цаашаа явсан болохоос ийм айхтар хэрэг болно гэж бодсонгүй. Хохирогчийн тал гурван үхэр машинд дайруулж үхсэн мэтээр ярьсан нь шүүх хурал дээр худлаа болсон. Шүүгч нэг үхэр үхсэн гэж үзсэн.

– Үхэр мөргөснийг харсан гэрч байхгүй гэсэн үү?

-Хавтаст хэрэгтэй танилцаад ирж очин явах зуур гэрч гэх гурван хүн гарч ирсэн. Тэдний мэдүүлэг гурав, дөрвөн удаа солигдсон.

“Довын гуанзан дээр “Террано” маркийн машин зогссон байсан. Машинаа тойроод гурав, дөрвөн хүн тойроод яваад байсан. Нэлээд эвдрэл ихтэй машин байсан байх гэж мэдүүлсэн байсан. Бороо ороод байсан учраас машинаас охин, дүү хоёр минь огт буугаагүй. Би ганцаараа буугаад том тэргэн дээр гүйж очиж юм асуучихаад машиндаа суусан болохоос машинаа тойрч яваагүй шүү дээ. Энэ гэрч худлаа яриад байна гэж цагдаад хэлсэн. Хэд хоногийн дараа хавтаст хэрэг прокурор руу шилжлээ гээд тэр мэдүүлэг нь өөрчлөгдсөн байсан. Гэрч нь худлаа мэдүүлэг өгсөн, хэргийн газрын үзлэг ч дутуу байсан. Хамгийн гол нь үхэр ямар шалтгаанаар үхсэнийг тогтоогоогүй. Төв аймагт мал эмнэлэг байхгүй гэх шалтгаанаар малыг ямар шалтгаанаар үхсэнийг тогтоохгүйгээр надад ял оноосон. Малын эмчийн дүгнэлт гаргаагүй байж үхрийг машинд дайруулж үхсэнийг яаж нотлоод байгаа юм бүү мэд.

-Хэдэн төгрөг нэхэмжилсэн юм бэ?

-Тэр айл таван сая төгрөг нэхэмжилсэн. Гурван үхэр үхсэн гээд. Харин манай өмгөөлөгч Төв аймгийн Прокурорын дарга Алимаад хүсэлт бичээд “Зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнэ байна. Үнэлгээ тогтоолгож өгөөч гээд бичсэний дараа 2.3 сая төгрөгийн төлбөр төлөхөөр болсон. Миний ч буруу байгаа. Малчны ч буруу байгаа учир хоёр сая 300 мянган төгрөгөө хуваагаад төлчихье гэсэн. Надад энэ хэрэг үнэхээр хүндрэлтэй байна. Хувийн компанид ажилладаг учраас байнга ажлаасаа чөлөө аваад байх хэцүү байна гэж хэлсэн. Гэтэл прокурор тийм юм байдаггүй юм аа. Хоёр сая 300 мянгаа төлөхгүй гэвэл шүүхдээ оч гэсэн. Тухайн үед надад 2,3 сая төгрөг байгаагүй. Шүүх дээр очихоор үнэн мөн нь олдоно гэж өмгөөлөгч хэлсэн учраас би итгэж хүлээж байлаа. Гэтэл намайг шүүх хурлаас хөөж гаргасан.

-Яагаад тэр вэ?

-Прокурорын үг сөрлөө, халаасандаа гараа хийлээ гээд хөөж гаргасан. Гэрчийн мэдүүлгийг надад сонсгоогүй. Өөрийгөө хамгаалах, үгээ хэлэх боломж олдоогүй. Өмгөөлөгч маань намайг шүүх хуралд оролцуулаач гэж гуйсны дараа намайг буцаагаад хуралд оролцуулсан. Тэгэхэд гэрчүүд мэдүүлгээ өгөөд дуусчихсан байсан. Надад ганцхан ял л оноосон.

Прокурорын үгийг би сөрөөгүй л дээ. Прокурор надаас “Тэр үхэр зам хөндлөн гарчаад буцаж ирээд чамд мөргүүлсэн байх боломж байна уу” гэж асуухаар нь би “Техникийн хурд малын хөлийн хурд хоёр тэнцэхгүй ээ. Тэр үхэр буцаж эргээд миний машинд мөргүүлэх боломж байхгүй. Тэгээд ч үхэр гэдэг амьтан чинь зүтгэдэг амьтан. Дохио өгөөд сигнаалдаад байхад эргэдэггүй байж, буцаж ирээд надад мөргүүлнэ гэж байхгүй“ гэж тайлбарласан. Тэгсэн шүүгч намайг прокурорын үг сөрлөө, гараа халаасандаа хийлээ гээд хөөсөн. Би өөрийнхөө л тайлбарыг хэлсэн төдий. Сандарч байсан учраас гар маань хөлрөөд би халаасандаа хийгээд хөлсөө арчиж байлаа. Тухайн үед өөрийнхөө үйлдлийг ч анзаарсангүй. Улсын яллагч болохоор өөдөөс ирсэн үхэр гэрэлд цохиулаад буцаж эргээд надад мөргүүлсэн гэж яллаад байгаа юм, намайг. Тийм боломж байхгүй л дээ. Тэгээд намайг шууд Төв аймгийн цагдан хориход хорьсон. Өмгөөлөгч маань давж заалдах шүүхэд өргөдөл өгсөн. Давж заалдах шүүх хурал болох гэсээр байтал Төв аймгийн мөрдөнд би 85 хоносон. Давж заалдах шүүхээс миний хэргийг хэвээр нь баталсан. Гурван үхэр биш нэг үхэр дайрч алсан байна гээд сая төгрөгийн хохирол гарсан гэж үзсэн. Тэгээд хэргийг хэвээр нь баталсан. Давж заалдах шүүх хурлын ялын тогтоолтойгоо танилцахад “Миний ярьж хэлээгүй, мэдүүлээгүй үгийг хавтаст хэрэгт нэмж оруулсан байна лээ. Цагдаа дээр ч байгаагүй, прокурор дээр ч байгаагүй мэдүүлэг шүүх дээр ирсэн байсан. “Би энэ үхрийг мөргөсөн. Үхэр газар унасан байсан” гээд нэмээд бичсэн байсан. Ингээд гурван сар 15 хоногийн баривчилгааг хэвээр нь баталсан. Дээд шүүхэд өмгөөлөгч маань өргөдөл өгсөн байгаа. Төв аймгийн мөрдөнд 97 хоног хоригдоод эмэгтэйчүүдийн хорих анги руу ачигдсан.

-Төв аймгийн цагдан хорих төвийн нөхцөл байдал маш хүнд хэцүү, тэнд хүмүүсийг тарчлааж байна гэх мэдээлэл байдаг. Та тэнд гурван сар байсан хүний хувьд, нөхцөл байдал ямар байдаг талаар ярьж өгөхгүй юу?

-Аймшигтай газар гэж хэлнэ. Би Халдвартын эмнэлгийн эмчийн хяналтад байдаг хүн. Элэгний вирустэй. Тэнд би гурван сар байхдаа өдөр болгон өвчин намдаах, үрэвслийн эм ууж байсан. Эмнэлэгт үзүүлье гээд өмгөөлөгч хүсэлт тавьсны дагуу аймгийн эмнэлэгт дөрвөн хянагчаар харгалзуулаад намайг гавлаад авч явсан. Өдрийн цагаар эмэгтэй хүнийг гавлаад эмчид үзүүлж шинжилгээ хийлгэсэн. Төв аймгийн эмч эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, эм уу гэсэн. Тэгэхээр нь би халдвартын хяналтынхаа эмч рүү шинжилгээний хариуг өгч явуулахад, тариа хийх шаардлагатай гэхээр нь тариа оруулъя гэхэд цагдан хорихын эмч нь ямбатай авгай минь тариа оруулах шаардлага байхгүй гэж намайг доромжилсон. Чи залуу хүн байна даа. Эмэгтэй хүнийг ингэж доромжилж болохгүй шүү дээ гээд гуйж үзсэн. Тариа оруулаагүй. 50, 60 эрэгтэй хүний дунд ганцхан эмэгтэй хүн сар гаруй болсон. Төлөөлөгч нь Хоролсүрэн гэж хүн, маш бүдүүлэг харьцаатай. Тэнд хоригдож байгаа хүмүүс бухимдах янз бүрийн л байдалд ордог байх. Камер хооронд ярих юм уу жаахан юм болоход л хоригдож байгаа хүмүүсийг гаргаж ирээд зоддог. Би хамгийн захын камерт. Хажууд өдөр болгон хүн гаргаж ирээд зодоод байхаар надад асар их дарамттай байсан. Тэнд жил гаран хоригдож байгаа хүн ч байдаг юм билээ. Тэгээд хоол давсгүй байна гэж хэлсний төлөө гаргаж ирээд пид пид гээд зодоод байсан. Зодуурын чимээ аймшигтай сонсогддог байлаа. Аймгийн прокурор нь ирсэн юм. Тэгээд би хэллээ. Албан хаагчид маш ёсзүйгүй байна. Ялангуяа Хоролсүрэн гээд төлөөлөгч хүмүүсийг гаргаж ирээд зодоод, хараал хэлээд, байнга хулгайч нар дуугүй бай гэж хашгираад, үнэхээр хэцүү байна” гээд хэллээ. Тэгсэн намайг дараа нь бүр их дарамталсан. Нарлагаанд гаргахдаа намайг байнга гавладаг болсон. Намайг битгий гавлаач ээ. Миний бие өвдөөд зүрх чичрээд байна гэхэд “Журмаараа явж байна. Илүү хоншоорлосон авгай минь, хохь чинь” гэж доромжилж байсан. Би тэр цагдан хорих байранд 97 хонохдоо өдөр бүр уйлдаг байсан. Сэтгэл гутралд орж, айж ичиж уйлсан. Нийгмийн ажилтан Мөнхдолгор гэж хүн долоо хоног бүр камеруудаар явж үзлэг хийж, камеруудыг шалгадаг. Төв аймгийн цагдан хорих их чанга дэглэмтэй юм билээ. Гаднаас эргэлт ирэхэд оруулсан бүх зүйлд нэгжлэг хийгээд оруулдаг. Би ганцаараа хоригдож байгаа эмэгтэй хүн. Тэр нийгмийн ажилтан долоо хоногийн нэг дэх өдөр болгон миний байгаа камерыг шалгана. Бүх хувцас, ном, цаас гаргаад сэгсрээд газар буулгаад хаячихна. Дараа нь тэр ажилтан эмчийн өрөөнд намайг оруулаад үзлэг хийнэ. Шулуун гэдэс татаж үздэг. Сарын тэмдэг ирчихсэн байхад хариун цэврийн хэрэгслээ хуулж үзүүл гэдэг. Тэр хүн юу хийгээд байгаа юм бэ. Зүгээр надаар доог тохуу хийж доромжилж байгаа байхгүй юу. Би хүн амины хэрэг хийгээд ороод ирсэн хүн биш шүү дээ. Намайг яана гэж бодоод байгаа юм. Чи надаар тоглоом хийгээд доромжлоод байгаа юм уу гэж би хэлсэн. “Би мэдэж байна. Чи шорондоо яваарай авгай минь” гэж доромжилсон. Ийм аймаар их дарамт байдаг. Арай дэндүү.

-Та сар гаран тэнд ганцаараа эрчүүдийн дунд байсан гэсэн. Таныг тэнд байхад с.Зориг агсны эхнэр Б.Булган орж ирсэн гэсэн үү?

-Б.Булган бол үнэхээр зовж байна, тэнд. Эргэлт оруулахгүй. Хүнтэй уулзуулахгүй. Ном хэвлэл өгөхгүй. Би эргэлт аваад гэрийнхэнтэйгээ уулзсан хэр нь сэтгэл гутралд орж, галзуурахад ганц хуруу дутуу байхад тэр эмэгтэй яаж тэсч байгааг мэдэхгүй байна. Намайг бодоход бясалгал хийдэг юм билээ. Булган болохоор хойд талын камерт, 23 номерт байсан. Бас нэг эмэгтэй орж ирээд ганцаараа камерт хоригдсон. Эмэгтэй хүмүүс чинь өглөө босоод сайхан амарсан уу, сайхан амарлаа гээд мэнд мэдэхэд Булганыг дуудаж уулзаад “Чи юу яриад байгаа юм. Хэнтэй ч юу ч битгий ярь. Битгий миний ажилд хүндрэл учруулаад бай” гэж байнга загнаж дарамталдаг юм билээ. Булганы хам хэрэгтэн гэсэн бас нэг эмэгтэй хүн байсан. Урд талын камерт гурван номерын өрөөнд ганцаараа хоригдож байсан. Тэр эмэгтэй хажуу талын өрөөнийхөө хүний сайхан амарсан уу гэж асуултанд хариулсных нь төлөө төлөөлөгч маш ихээр дарамталж уйлуулдаг. Тэр гурван номерт хоригдож байгаа эмэгтэй өдөр болгон уйлдаг. Прокурорын шатанд хэрэг нь яваа гэсэн. Булганы хам хэрэгтэн гэж хүмүүс ярих юм билээ. Тэрнээс биш би тэр хүнтэй юм ярьж үзсэнгүй. Тэр хоёр эмэгтэйг ганцааранг нь өрөөнд хориод хүмүүстэй нэг ч үг солиулахгүй, хэнтэй ч уулзуулахгүй байна гэдэг үнэхээр аймшигтай. Би өөрөө тэнд гурван сар болсон учраас ямар хэцүү байгааг ойлгож байна л даа.

-Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төв аймгийн цагдан хорих төвд очиж, Б.Булгантай уулзсан. Та тэгэхэд байсан биз дээ. Бие засах газар, гэрэлтүүлэг гээд олон асуудлыг УИХ-ын гишүүд ярьж байсан л даа?

-УИХ-ын гишүүн Оюунгэрэлийг орж ирэхэд би байсан. Оюунгэрэл гэж гишүүн Булгантай уулзана маргалдсаар байгаад орж уулзсан. Тэгэхэд би уйлаад зогсож байсан. Тэгээд би надтай уулзчихдаггүй юм байх даа гээд хараад зогсож байсан. Дараа нь би төлөөлөгчид нь хэлж байсан юм. Оюунгэрэл гишүүнтэй уулзсан бол яах бол гэж асуухад “Чи УИХ-ын гишүүнийг дуудаж уулздаг хэн бэ. Тэгвэл би сахилгад орох байсан” гэж хэлсэн. Бие засах өрөө үнэхээр асуудалтай байсан. Тэнд очоод эхний 27 хоног 00 бөглөрчихсөн. Баасан дотор л амьдарч байсан. УИХ-ын гишүүдийг ирээд явснаас хойш бие засах өрөөнд хаалт хийж өгсөн. Өдөр, шөнөгүй гэрэлтэй өрөөнд байна. Ядаж өдөр унтраачихаж болно доо. Булганы өрөөний гэрлийг нь коридорт гаргасан. Гэхдээ л хаалгагүй, торны цаанаас гэрэлт нэвт л тусч байгаа юм л даа. Хорихын эмч үнэхээр хатуу сэтгэлтэй. Миний хажуугийн өрөөнд 78 настай Маам гээд хөгшин байсан. Бас л автын ослоор гурван сарын баривчилгаатай орж ирсэн. Тэр хөгшин дунд чөмгөө сольсон. Бие муутай, настай хүн байсан. Эмчдээ үзүүлье гээд өдөр болгон хүсэлт бичээд байна, бичээд байна, эмч нь үзэхгүй. Хүнийг өрөвдөнө, хайрлана гэж байдаггүй юм байна лээ. 78 настай өвгөнд баривчлах ял өгөөд яах юм бэ. Тэнсэн ял өгчихгүй дээ гэж би бодож байсан. Миний хажууд давж заалдах шатны шүүх хурлаа хүлээсээр байгаад хурал нь ч болоогүй яг гурван сар суугаад сонгуулийн маргааш нь гарсан даа тэр хөгшин. Өглөө болгон тоо авна. Тоо авахдаа заавал овог нэрээ бүтнээр нь хэлээд тийм ялтай гээд зүйл ангиа хэлнэ. Би аавынхаа нэрийг хэлмээргүй байна. Надаас битгий тэгж асуугаач. Би баривчилгааны ялтай хүн гэж гуйж өдөр болгон уйлдаг байсан. Манай удамд хэрэгт холбогдож байсан хүн байгаагүй. Тэнд байгаа хүмүүс бүгдээрээ л ядарсан хүмүүс байсан даа. Зодоон хийгээд хам хэрэгтэн болсон залуучууд ч байсан. Хоёр, гурван жил тэнд хоригдож байгаа хүмүүс ч байсан. Нэг залуу “Би ядуу учраас шоронд сууж байгаа юм. Хам хэрэгтэн болоод орж ирсэн. Хэрэг хийсэн хүмүүс нь цагдаад, шүүгчид нь мөнгө өгөөд хэргээс мултарсан гэж ярьж байхыг хүртэл сонссон. Тэндээс гараад Эмэгтэйчүүдийн хорих ангид очиход шүүхийн шийдвэрийн ажилтнууд үхэр дайраад шоронд орж байсан тохиолдол сонсоогүй юм байна гэж байсан Манай өмгөөлөгч олон удаа өргөдөл бичиж өгсөн. Энэ хэрэг эрүүгийн хэрэг биш ээ. Малчин зам дэрлээд буучихсан байна. Хоёрдугаарт, хариулгагүй малаа явуулсан малчны буруу гээд замын цагдаагаас дүгнэлт гарчихсан байхад ганцхан жолоочийн буруу гээд ялласан. Би Эмэгтэйчүүдийн хориход тав хоног хоригдоод гарсан. Эмэгтэйчүүдийн хорих үнэхээр өөр байсан даа. Тэнд албан хаагчид нь хүнийг хүндэлдэг, хүнтэй муухай харьцдаггүй. Нэгэнт л ял авсан юм чинь эртхэн энд ирсэн бол гэж бодож байсан.

Х.Цэнд-Аюуш

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Яамдыг хольж хутгасан нь орон тоог цөөлөх бэлтгэл ажил гэж харагдсан

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Улстөрч хүний хувьд засаг бүрэлдэх үйл явцыг анзаарч байгаа болов уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалт хүлээлт үүсгэсэн. Харин сайдад санал болгож байгаа хүмүүсийг олон хүн сэтгэл дундуур хүлээж авлаа. Таны хувьд энэ тухайд ямар дүгнэлттэй байна вэ?

-Надад Ерөнхий сайдын томилгооноос эхлээд гайхал төрсөн л дөө. Мэдээж залуу хүнийг гаргаж ирсэн гэдгээрээ онцгой ч, боловсролын түвшин, туршлага нь ёстой нөгөө мэргэжлийн гэдэг тодотголд нь нийцэж байгаа юм болов уу. Гадаад хэлний мэдлэг муутай, ялангуяа АСЕМ-ын үеэр бусад удирдагчид шигээ гадаадын зочидтой чөлөөтэй харилцаж чадсан уу гэдэг эргэлзээтэй. Энэ их ажлын хажуугаар хэл сураасай гэж бодож байна. Тэгэхгүй бол Монголын төр явцуу сэтгэлгээтэй хүний гарт орчихов уу гэж харж байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж өөрөө зарласан учраас ядахдаа өөрийнхөө мэдэхгүй мэдлэгийг бусдынхаар нөхөх юм байна даа гэж төсөөлсөн л дөө. Гэтэл бусад сайд нарын хувьд ч явцуу сонголт хийчихлээ. Ёстой нөгөө 60 тэрбумаа босгох засаг байгуулаад байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрөхүйцээр хамгийн их төсөвтэй салбарт мөнгөн дээр ажиллах маш туршлагатай хүмүүсийг тавьчих шиг боллоо. Зөвхөн Сангийн сайдаар жишээ татъя. Цалин тавих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийн эрх, тендерийн эрх гээд улсын данснаас мөнгө авах болгондоо төсөв захирагчид Сангийн сайдад “Эрх нээлгэе” гэж ханддаг. Тэгэхээр тэнд маш шударга, хүнтэй наймаа ярьдаггүй хүн байх хэрэгтэй.

-Наймаа сайн хийдэг хүнийг тавьчихсан юм биш үү?

-Тэнд наймаачин тавина гэдэг бол эрх нээх болгондоо давхар татвар авна гэсэн үг. Надад энэ бохир харагдаж байна. Үнэнийг хэлэхэд Б.Чойжилсүрэнг өөр салбарын сайд болсон бол “Яахав дээ, нам дотроо нэр хүндтэй юм байна” гэж бодоод өнгөрнө. Сангийн сайд болоход нь харин Сангийн яам үнэхээр хайран санагдаж байгаа юм. Би АТГ-ыг гайхаж байна. Баахан хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн мөртлөө Б.Чойжилсүрэнг татгалзаж чадаагүй. Б.Чойжилсүрэнг дээд зэргийн ашиг сонирхлын зөрчилтэй хүн гэж харж байгаа. Наад зах нь Тост, тосон бумбын нурууны улсын тусгай хамгаалалтад орсон талбайд Б.Чойжилсүрэнгийн лиценз бий. Тэгэхээр Б.Чойжилсүрэн бол улсын төсвөөс нөхөн олговор авах юмсан гэсэн мөрөөдөлтэй суугаа лиценз эзэмшигч шүү дээ. Энэ бол асар том ашиг сонирхлын зөрчил. Үүнийг АТГ харсаар байж ногоон гэрэл асаачихаад, Ж.Цолмонд нь болохоор “Болохгүй ээ” гэж байгаа нь маш ялгавартай хандлага.

Сангийн сайд гэдэг бүх яамны ажлыг ойлгож, саадгүй явуулж чаддаг төрийн хар хүний хийх ажил. Түүний төрийн хар хүн гэдэг намтар түүх нь хэр зузаан билээ. Сангийн сайдын хувьд туйлын гоомой сонголт хийсэн юм болов уу.

-Мэргэжлийн Засгийн газар нь мөнгөний Засгийн газар болчихлоо гээд шүүмжлээд байна. Монгол төрийн сайдын суудлыг мөнгөөр үнэлдэг жишиг яавал алга болох юм бэ?

-Шударга ёс хэрэгжиж байж л алга болно. Шударга ёсыг хэрэгжүүлдэг, шалгадаг газар нь заримыг нь шалгаад, заримыг нь шалгадаггүй. Шалгахдаа одоо энийг шалгах ээлж, одоо тэрийг шалгах ээлж гээд улс төрийн зорилгоор ханддаг бол энэ байдал арилахгүй л дээ. Хариуцлага тэгш байж засарна. Монголын төрийг худалдаж байгаа эрээ цээргүй бичлэг цацагдсан. Монголын төрийн албан тушаалыг худалдах нь авлигын сонгодог нэр томьёогоор албан тушаалын түрээсийн авлига юм. Тэр бичлэгээс харахад Монголын төрийн албан тушаал болгоныг худалдах санал гаргаж байгаа Ц.Сандуй “Албан тушаалын түрээсийн авлигыг нэвтрүүлье” гэж намынхаа даргад шууд санал болгож байгаа юм. Авлигын гэмт хэргийг санал болгоход өнөөх нь “Наад гэмт хэргийн сүлжээ чинь аягүй гоё сүлжээ байна” гэх юм. Гэтэл хэрэг шалгадаг байгууллага нь “Өө энэ бичлэгийг шалгах шаардлагагүй юм байна” гэх жишээтэй. Энэ нь МАН-ын дотор авлигын гүн гүнзгий соёл нэвтэрсэн байна л гэсэн үг.

-Сонгогчдын хувьд энэ бүхэн сэтгэлээр унамаар үзэгдэл. Итгэл хүлээлгэсэн нам нь засгийн эрхийг авангуутаа баахан мөнгөтэй хүнд төрийг атгуулчихлаа?

-Ард түмэн маань эднийг итгэж сонгов уу. Засгийн газрыг авлигын сүлжээгээр байгуулаад эхлэхэд нь, “Сонгуулийн үеэр бидний олж мэдээгүй ямар авлигын технологийг нэвтрүүлчихэв ээ” гэж эрхгүй бодогдож байна. Хэрэв сая Засгийн газраа үнэхээр ярьж байсан шигээ мэргэжлийн байдлаар сонгосон бол би МАН-ын үнэмлэхүй ялалтад алга ташихаар байлаа. Одоо бол энэ ялалт бас бохир байсан юм биш биз дээ гэдэг эргэлзээ төрж байна.

-Ерээд оны эхэн үеийн сонгуулийг харахаар малчин, лам хүн ч сонгогдож болж байсан. Гэтэл өнөө үед мөнгөгүй хүн бол УИХ-ын босго давах боломж хаагдчихлаа. Хэрвээ мөнгийг гол шалгуур болгож тавихгүй бол ямар тогтолцоо байх ёстой гэж та бодож байна вэ?

-Сонгуулийн хуулийг өөрчилж байхад, Үндсэн хуулийн Цэцийг элдэв шийдвэр гаргахад зөндөө хэлсэн л дээ. Пропорционалийн оролцоотой нөхцөлд Монголын жирийн ард түмэн сонгуульд ордог үүд хаалга нээгдэнэ шүү. Хүн бүр улс төрийн туршлага хуримтлуулах гэж бүх насаа үрж чадахгүй. Хүн бүр 25 жил аль нэг намд явж, намын хар бор ажил хийж амжихгүй. Тийм үед нийгмийн бусад төлөөллийг УИХ-д оруулах цорын ганц хаалга нь пропорциналь тогтолцооны жагсаалт байна шүү гэж зөндөө ярьсан л даа. Ялангуяа эмэгтэйчүүд, жишээлбэл, хүний эрхийг насаараа хамгаалж яваа эмэгтэйчүүд хэзээ ч энд тэнд очиж тойрог тойглож чаддаггүй. Яагаад гэвэл хохирогчдоо өмгөөлж хамгаалж явсаар байтал хамаг цаг хугацаа нь барагддаг. Ийм хүмүүсийг шийдвэр гаргах түвшинд оруулах үүд хаалга хаагдлаа гэж хэлсэн. Гэвч ҮХЦ үнэхээрийн аймшигтай шийдвэр гаргасан. 2012 оны сонгуулийн үеэр болж байна гэж үзсэн зүйлээ 2016 оны сонгуулиар болохгүй гэж гэнэтийн шийдвэр гаргаад, жижиг 76 руу шилжсэнээр улс төрд орох нэр дэвших нөхцөлийг илүү хүндрүүлсэн л дээ.

-Нэг хэсэг АН-ын зарим лидер сонгогчдоосоо санхүүжих замаар намын санхүүжилтийг цэвэр тунгалаг болгох тухай ярьж байсан. Аль нэг компани, бизнесийнхнээс бус сонгогчдоосоо мөнгө босгох технологи амьдралд хэрэгжих боломжгүй байв уу?

-Сая бие даагч, дуучин Нара тэр технологийг хэрэглэж нэр дэвшлээ шүү дээ. Тэр технологиор хөрөнгө босгож, сайн дурынхныг ажиллуулаад, хуулийн дагуу маш зөв хөрөнгө босголоо. Би бол Нарагийн мөнгө босгож байгаа технологийг зөв гэж харсан. Сошиал медиагийн хүчээр Нарад тэр боломж нь анх удаа гарлаа. Сошиал медиа байхгүй нөхцөлд айл болгоны хаалгыг тогшоод мөнгө гуйна гэдэг хэцүү. Орчин үед энэ технологи боломжтой болж байгаа юм билээ. Бид сая хууль гаргахдаа бас л хувь хүн данс нээж мөнгө оруулахыг ядахдаа сонгуулиас хагас жилийн өмнө нээж өгье гээд дийлээгүй. Хагас жилийн өмнө данс нээх эрхийг зөвхөн намуудад нээж өгөөд, хувь хүмүүст тийм боломж олгоогүй. Намууд хөрөнгө босгох дансыг дөрвөн жил ажиллуулах эрхтэй байгаа. Намууд нь тэр мөнгөө босгож сурахын тулд ардчилсан, шилэн байх учиртай юм. Намуудад хувьсал гарч байж иргэд намд итгэж хандив өгнө. Тийм учраас зөвхөн танигдсан хүмүүс сонгуулийн хэдхэн хоногт мөнгө босгож чадаж байгаа. Сонгуулийн санхүүжилт бол бидний сүүлийн 25 жилд өөрчилж чадаагүй ганц эмзэг цэг. Сонгуулийн санхүүжилтийн системийг ядахдаа авлигын бус сүлжээгээр хиймээр байна шүү дээ. Албан тушаал зарж, хөрөнгө босгодог байдлыг болиулмаар байгаа юм. МАН энэ талаар арай л буруу үлгэр дуурайл үзүүлж байна.

-Засгийн газрын бүтцийг эдийн засаг хямарсан үед цомхон байлгах санаа зөв. Танахдаа аль чиглэлүүдийг хасч байна гэдэг анхаарах асуудал. Та бол ССАЖ-ын сайд байсан хүн. Танай яамны харьяалж байсан чиглэлүүдийг бусад яамдад хавсарга байдлаар тараагаад өгчихлөө. Хэзээ улстөрчид соёлын бодлогод ач холбогдол өгөх юм бол?

-Монголыг Монгол байлгадаг юм юу вэ. Эцсийн эцэст Монгол юугаа тордож авч явбал бусдын нүдэнд Монгол шиг харагддаг юм бэ гэдгийг сая АСЕМ харууллаа. АСЕМ-ын үеэр монголчууд соёлоо танилцууллаа. Ерөөсөө манайд ирсэн хүн манай соёлоор л амьсгалж байж Монголд хөрөнгө оруулах юм байна, найз нөхөр болох юм байна, эргэж ирэх юм байна. Соёлдоо бид ахиухан хөрөнгө оруулж, арай жаахан анхаарвал хөдөө орон нутгийнхан ч түнштэй болох юм биш үү. Бүтээгдэхүүнээ гадаадад экспортолж байж аятайхан амьдарна. Хөрөнгө оруулагч ирэхэд бид соёлоо л танилцуулна шүү дээ. Хүнийг ирэнгүүт манайд ирээд мах аваад яв гэхгүй шүү дээ. Манайд ир дуу сонс, наадам үз, мах идэж үз, уламжлалт аргаар боловсруулаад өгье гэнэ. Ийм нандин өв соёлтой, итгэл үнэмшилтэй хүмүүстэй харилцах юм байна гэж мэдэрч байж хүн хамтарч ажиллана. Ийм байдлаар соёлоо эдийн засагтайгаа зэрэг авч явдаг юм. Соёлыг МАН аль нэг салбарын дайвар гэж харж байна. Ихэвчлэн боловсролын салбарын урлагтай холбоотой хэсэг нь гэж үзээд байна. Үнэхээр дуу хөгжмийн хичээлийн хэмжээнд л авч үзэж байна. Гэтэл соёл гэдэг маань манай эдийн засгийн асар том баталгаа шүү дээ.

Төрийн албан хаагчдыг олноор нь халах бэлтгэлээ сая эд нар хийчихлээ л дээ. Баахан яамны нэр солино гэдэг бодлогын ялгаатайдаа биш. Үнэхээр бодлогын ялгаатай байсан бол ССАЖЯ, Хөдөлмөрийн яам шиг бодлогоороо ялгарсан яам гаргаж ирэх байлаа. Гэтэл бодлогыг нь харин хольж хутгаж, аль болохоор ойлгомжгүй болгох байдлаар яамдын бүтцийг өөрчиллөө. Тэр нь зүгээр л орон тоо өөрчлөхийн өмнөх бэлтгэл ажил гэж харагдсан. Тамга тэмдэг, бичиг цаас өөрчилнө. Түүнтэйгээ зохицуулаад бүтэц өөрчилнө. Бүтэцтэйгээ зохицуулаад хүнээ өөрчлөх гэж л ингэж бужигнуулж байна уу даа. Мөрийн хөтөлбөртэйгөө нийцсэн бодлогын өөрчлөлт байна даа гэхээр цогц юм харагдсангүй.

-Соёл, аялал жуулчлал гэдэг бүтэц сайн хоршиж байсан санагддаг. Аялал жуулчлалдаа мөнгө оруулж, соёлоо таниулж байж улс орон хөгжинө гэдэг?

-Соёл, спорт, аялал жуулчлал хамтдаа жинхэнэ эдийн засгийн утгаа олж байсан. 2014 онд ССАЖ-ын сайд байхдаа Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын яармаг дээр Монголынхоо аялал жуулчлалыг танилцуулъя, мөнгө гаргая гэж шийдээд, яармагийн гол түнш орноор сонгогдсон. Тодорхой хэмжээний мөнгийг улсын төсвөөс гаргаад хувийн хэвшлээс бас нэлээд их хандив цуглуулаад, Германд дэлхийн хамгийн том аялал жуулчлалын яармагийн үеэр Монгол од болсон л доо. Томоохон аялал жуулчлалын зуучлагч үйлчилгээний компаниуд 2016 оноос зочдоо Монголд явуулна гэж гэрээ хийсэн. ITB 2015-ын анхны гэрээт зочид энэ зун ирж байгаа. Энэ зун ирж байгаа зочдод маш зөв үйлчлэх ёстой. Тэгж чадвал дараа жил ирэх хүмүүс нэмэгдэнэ. Энэ жил Дэлхийн аялал жуучлалын яармагт улсын төсвөөс зарцуулсан таван тэрбум төгрөгийнхөө анхны ургацыг хурааж байгаа юм. Хэдэн төгрөгийн орлого хэдэн компаниар дамжиж орж ирж байгааг аялал жуулчлалын улирлын төгсгөлд хэлэх байх.

-Монгол наадам аялал жуулчлалын гол брэнд гэдэг. Гэтэл наадам бүрээр цэнгэлдэхдээ багтаж яддаг. Гадаадын жуулчдаа ч ад үзэх шахуу юм болж байна. Том цэнгэлдэх байгуулж болдоггүй юм уу?

-Цэнгэлдэх хүрээлэнд их мөнгө орно л доо. Үе үеийн Засгийн газрууд энэ мөнгийг оруулчих юмсан гэж мөрөөддөг. Нэг жилийн улсын төсөвт багтаж орж чадахгүй байсаар дөрвөн жил болсон юм. Хүмүүс “Хөөрхий муу АН чинь маш их юм хийчихсэн юм байна ш дээ” гээд одоо яриад байгаа юм. Бид эдийн засаг доод цэгтээ уначихсан байхад засаг аваад, хямралтай, бага мөнгөтэй үед засагласан гэхэд ямар их зүйл хийсэн юм бэ. Хэзээ ч өмнө нь бид баян байхдаа дөрвөн жилийн дотор 4000 км зам тавьж байгаагүй, дөрвөн жилийн дотор 1600 үйлдвэрийг босгож ирэх зээл гаргаж үзээгүй. Эрчим хүчнийхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг бол өмнөх 70 жилийн ажлыг хоёр нугалж хийнэ гэсэн үг. Гэхдээ энэ бүхнийг мөнгө багатай үед хийсэн гэж бодохоор бид маш бүтээлч ажилласан байгаа юм. Энэ бүхнээ сонгуулийн үеэр яриад явахад нүүр бардам байсан.

-Үнэхээр маш их бүтээн байгуулалт хийсэн мөртлөө яагаад хүмүүс үнэлсэнгүй вэ. Ялагдлын дараа юу болоод өнгөрөв гэдэгт ямар ч нам дүгнэлт хийх байх?

-Манай намын удирдлага хариуцлага хүлээнэ л дээ. Яасан бэ гэхээр, нэр дэвшүүлэхээс авахуулаад хүмүүсээ ялах боломжтой тойрогт нь тавьж чадаагүй. Хүн болгон л намайг “Хан-Уулдаа ирэхгүй яасан юм” гэдэг. Огт бэлтгээгүй, огт ажиллаагүй тойрогт очоод 17 хоног л ажиллалаа. Тэгэхэд би найман жил энэ тойрогт ажилласан хүнтэй өрсөлдлөө. Иймэрхүү зүйлүүдийг их хийсэн. Энэ бол манай удирдлагын менежмэнтийн алдаа.

-Сонгуулийн дараа Ц.Оюунгэрэл юу хийж байгаа бол гэж хүмүүс сонирхож байгаа болов уу?

-Номоо бичиж байна. Өдөрт заавал хоёроос гурван цаг номоо бичиж байгаа. “Ногоон нүдэн лам”-ынхаа хоёрдугаар дэвтрийн эхний нооргийг гаргаж, зээ охиноо харж байна. Ийм том даргатай болсон. Найз нөхөдтэйгөө нийлж намынхаа дүрэм, журам дээр ажиллаж байна. Намынхаа дүрэм, журмыг шинэчлэх, дотоод ардчиллыг сайжруулахаар хичээж байна. Ийм гурван зүйлийг хийж байна. Цаашдаа хийхээр бодсон ажил бий.

-Фэйсбүүкээс харж байхад “Ногоон нүдэн лам”-ын хоёрдугаар дэвтрийг бичиж байгаа гэхээр уншигчид баяртай хүлээж авч байна лээ?

-2014 онд залууст лекц уншсан юм. Лав мянгаад залуу тэнд байсан байх шүү. Тухайн үед “Надад сонголт байна. Ирэх сонгуульд өрсөлдөхгүй номоо бичих, номоо бичихгүй байж байгаад өрсөлдөх үү” гэсэн чинь заал дүүрэн залуус “Номоо бич” гэцгээж байсан юм. Тэр залуусын хүсэл биелж байгаа (инээв).

-Францын хэвлэх газар “Ногоон нүдэн лам”-ыг хэвлэхээр болсон гэсэн. Юу болж байгаа вэ?

-Ноднин арван сард тийм гэрээ хийсэн. Тэр гэрээнд зааснаар бол хоёр жилийн дотор хэвлэнэ гэсэн юм. Одоо францчууд хэвлэх бэлтгэл хийж байгаа болов уу гэж бодож байна.

-Хавайн арлын зохиолчдын хуралд оролцох болсон гэсэн. Тэд Монголд зохиолч байдаг юм уу гээд гайхсан гэсэн үү?

-Хавайн арлууд долоон арлаас бүтэж байгаа юм. Тэдгээрийн дөрөв дэх жижиг арал нь Хавай. Энэ арал дээр Хавайн арлуудын зохиолчдыг уулзуулдаг фестиваль болдог юм байна. Тэр хурал нь нэлээд өргөжөөд анх удаа олон улсаас хүмүүс очих болсон. Гадаадаас очиж байгаа эхний төлөөлөгчид Жефф бид хоёр оржээ. Тэгсэн нөгөөдүүл чинь манай арлын зохиолчдын хуралд гадаадаас хүн ирэх нь гэж баярлаад бидний тухай сурвалжлага хийсэн юм байна л даа. Нөгөөдүүл чинь Монгол гэнгүүт баахан гүүглдэж хайжээ. Олсон мэдээллээрээ нийтлэл бичсэн байна лээ. “Манайд Монголоос хүн ирэх нь” гэсэн гарчигтай мэдээ байгаа юм. Америкийн жирийн иргэн болохоор газарзүйн талаар ойлголт муу. Тэр хүн Монгол гэхээр морь унасан хөдөөний хүн гэж төсөөлдөг байж л дээ. “Монголын тухай миний төсөөлөл хуучирчээ, та минь ээ. Монголд чинь бас зохиолчид байдаг юм байна. Идэвхтэй сэхээтнүүд байдаг юм байна” гэх мэтээр бичсэн байна лээ. Бас Америкаас үлэг гүрвэлээ буцааж авч шуугиан тарьж байсан гэж дурдсан байсан(инээв). Түүнийг нь уншиж, инээд хүрээд “Манай Монголыг зохиолчтой гэдгийг анх удаа мэдсэн хүмүүс байна” гэж жиргэсэн юм л даа.

-Францын сэтгүүлчид танаас үлэг гүрвэлийн асуудлаар ярилцлага авсан гэсэн. Тэдэнд юу сонин байсан бол?

-Тэдний хувьд Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгосон, үлэг гүрвэлийг буцааж авчирсан талаар их сонирхож байна лээ. Үлэг гүрвэлийн музей болж өөрчлөгдсөн нь гоё санагдаж л дээ. Яг энэ суурин дээр урьд нь Ленин байсан. Одоо энд үлэг гүрвэл байна. Ардчилсан Монгол Улсад гэж бичсэн байна лээ. Цаг үе өөрчлөгддөг, соёл хэвээрээ үлддэг гэдэг санааг илэрхийлсэн сурвалжлага хийсэн юм.

-Монголоос хамгийн их үлэг гүрвэлийн яс, дурсгал олддог болохоор Үлэг гүрвэлийн музей байгуулчихвал жуулчид их ирнэ дээ гэж боддог?

-Тэрийг Б.Наранхүү гишүүн л хийж байгаа даа. Намайг үлэг гүрвэлийн тухай ярьж байхад хамгийн их сонирхсон аймгууд бол Өмнөговь, Дундговь. Тэд Үлэг гүрвэлийн музей байгуулна гэсэн маш их итгэл үнэмшилтэй байгаа. Музей байгуулахад удаан хугацааны бэлтгэл шаарддаг. Концепци, зураг төслийг нь гаргаад, төсвөө бэлтгээд мөнгө шийдүүлэх ажилдаа орно. Концепци судлах ажил дээр энэ хоёр аймгийнхан маш идэвхтэй байсан. Ойрын хэдэн жилд дэлхийг алмайруулсан музей гарч ирнэ гэж найдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Бүрэнтөгс арслантай долоогийн даваанд хүч үзэхэд “Хөлд нь орвол хаях боломж байгаа” гэж багш нар захисан

Ардын хувьгалын 95 жилийн ойн их баяр наадамд зургаа давж харцага цол хүртсэн Өвөрхөнгай аймгийн Уянга сумын харьяат “Алдар” спорт хороо, “Контейнер хаус” компани, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Хүрэл-Очирын Гантулгатай ярилцлаа.

-Улсын баяр наадамдаа сайн барилдаж Монгол Улсын харцага цол хүртсэнд баяр хүргэе. Таны төрж өссөн нутгийн талаар ярилцлагаа эхэлье.

-Би Өвөрхангай аймгийн Уянга суманд 1990 онд төрж өссөн. Багаасаа бөхөд сонирхолтой байсан. Хонь хариулаад л явж байхдаа үеийн нөхөдтэйгөө барилдаж цаг өнгөрөөдөг байлаа. Энэ маань бөх болоход нөлөөлсөн.

-Таны бөхийн анхны багш хэн бэ?

-Анхны багш маань Өвөрхангай аймгийн арван жилийн сургуулийн багш Н.Очир гэж хүн байдаг. Энэ хүний удирдлагад самбо, жүдо бөхөөр хичээллэж байсан. Н.Очир багш одоо Өвөрмонголд жүдо бөхийн багшаар ажилладаг. Үндэсний бөхийн тухайд 2008 онд хөдөөнөөс оюутан болж “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсч ороод улсын заан Ч.Батзориг, улсын начин Б.Адьяахүү нарт шавь орж анхны бэлтгэлээ хийж байсан.

-Хамгийн анх үндэсний бөхийн ямар цолонд хүрч байсан бэ?

-2006 онд Өвөрхангай аймгийн Тарагт суманд зохиогдсон залуучуудын тойргийн барилдаанд түрүүлж сумын начин цол авч байлаа. Дараа жил нь өөрийн Уянга сумандаа түрүүлж сумын заан болсон.

-“Бөх барилдаад амжилт гаргаж болно” гэсэн урам хэзээнээс төрж эхэлсэн бол?

– Дорнод аймгийн 2009 оны баяр наадамд тав давж аймгийн начин цол аваад их урам зориг орж байсан. Тэр үеэс л улсын том цолтой бөх болох зорилго тавьж бэлтгэл сургуулилтаа идэвхтэй хийж эхэлсэн дээ.

-Та улсын наадамдаа хэд дэх жилдээ барилдаж харцага цолонд хүрсэн бэ?

-Би гурав дахь жилдээ зодоглож харцага цолонд хүрлээ. 2011 онд анх зодоглож хоёр даваад Булган аймгийн арслан А.Сүмбээд унасан. 2014 онд барилдаад хоёрын даваанд улсын заан Б.Соронзонболдод өвдөг шороодож байлаа.

-Б.Соронзонболд заантай хийсэн барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг их татаж байсан. Барилдаан удааширч шодоход та барьц сонгож байсан шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?

-Хоёр дахь жилдээ улсын баяр наадамд зодоглож байгаа учраас цолонд хүрчих бололцоо байгаа болов уу гэж бодоод л барилдсан. Б.Соронзонболд заантай үнэхээр удаан барилдсан. Өөрт байгаа боломжоо гаргаж барилдсан. Барьц сонгохоор шодоход миний талаар буусан. Гэвч туршлага дутаад боломжоо ашиглаж чадалгүй хөмрүүлээд унаж байлаа.

-Энэ жилийн наадмаар хийсэн барилдаануудынхаа талаар яриач. 1024 бөх барилдсан учир хоёр болон дөрвиийн давааны оноолт аймгийн арслангуудад халгаа багатай байсан болов уу?

-Тийм ээ. Энэ жилийн наадмын хоёрын даваанд өөрийн нутгийн, бүр нэг сумын бөх аймгийн заан Д.Дарханбаатартай таарч давсан. Дараагийн даваанд улсын начин М.Жамьянпүрэв начинг өвдөг шороодуулаад дөрвийн даваанд ид сайн барилдаж байгаа улсын гарьд Ж.Бат-Эрдэнэтэй оноолт таарсан. Гарьдтай сэрвүүгээс барилдахад алдаа гаргах магадлалтай учраас золгооноос л барилдана гэж төлөвлөсөн. Тавын даваа буюу начин цолны хариуцлагатай даваанд улсын арслан До.Ганхуягтай барилдаж давсан. Намайг хэн амлах бол, яах бол гээд хүн чинь их догдолдог юм билээ. Ингээд нутгийнхаа ахад, өөрийнхөө биширч явдаг хүчит арсланд амлуулан барилдаж улсын цолны босго алхсандаа маш их баярласан. Харин зургаагийн даваа буюу харцага цолны төлөөх хариуцлагатай барилдаанд Говь-Алтайн Л.Цэрэнтогтох начинтай хүч үзсэн. Улсын начин гэдэг цолонд хүрчихсэн болохоор сэтгэл зүй их тайван байлаа. Тийм ч учраас өөрийгөө заавал хаяна хэмээн зоригжуулж, их л итгэлтэйгээр барилдсан.

-Зааны даваанд П.Бүрэнтөгс арслантай хүч үзсэн. Төрийн наадмын түрүү бөхийн тааварт явсан залуу арслантай барилдахад юу бодогдож байв. Багш нар чинь юу гэж зөвлөж байсан бэ?

-Долоогийн даваанд үнэндээ их хатуу аманд очсон. Багш нар маань “Бүрэнтөгс арслангийн хөлд нь орвол хаях боломж байгаа шүү” гэх зөвлөгөө өгч байсан. Бяртай арсланд барилдаанаа гүйцэд гаргаж чадалгүй унасан даа.

-2011 оны үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд түрүүлж байсан. Тухайн үед ямар бөхчүүдтэй өрсөлдөж байсан бэ?

-Тэр үед аймгийн заан байсан одоогийн улсын начин Завханы Б.Бадамсүрэн, Ховд аймгийн арслан Б.Бадамгарав, аймгийн хурц арслан Н.Золбоо, аймгийн нэмэх начин Ц.Адьяа гээд одоо ид барилдаж байгаа залуучуудтай барилдаж түрүүлж байлаа. Тэгэхэд шийдвэрлэх барилдаануудаа золгооноос хийж хаясан.

-Таны хувьд аймгийн начин цолтой багагүй хугацаанд барилдсан. Шантрах үе гарч байсан уу?

-Яалаа гэж шантрах билээ. Хэрвээ шантарч няцсан бол өнөөдөр энэ цолонд хүрэхгүй байх нь мэдээж. Тухайн үед улсын цолд хүрнэ гэсэн том зорилготой байлаа. Гэхдээ аймгийн арслан болж чадахгүй юм биш биз дээ гэж бодогдох үе байсан. Тэр бүртээ өөрийнхөө барилдаанд дүгнэлт хийж, бэлтгэл дутуу учраас л уналаа, илүү сайн хийх ёстой гэж үздэг байлаа.

-Анх улсын цолтой ямар бөхийг өвдөг шороодуулж байсан бэ?

-“Аварга” сургуулийн нэгдүгээр курст байхдаа аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд зодоглож нэгийн даваанд Дундговийн улсын начин А.Алтанхуягийг, хоёрт Завханы аймгийн хурц арслан Т.Баттөмөрийг даваад, гурвын даваанд энэ жил надтай цуг начин болсон М.Бат-Отгонд амлуулж хөлийг нь шүүрч аваад их өндөрт гаргаж ирээд унаж билээ. Тухайн үед чинь юун гурвын даваанд амлуулах, зааланд нэг удаа туг тойроод үзчих юмсан л гэсэн хүсэлтэй байлаа шүү дээ.

-Үндэсний бөхөөс гадна спортоор хичээллэдэг үү?

-Одоо чөлөөт бөхийн бэлтгэл хийж байгаа. Мөн самбо, жүдогоор хичээллэж 2010 онд залуучуудын улсын аварга болж байсан.

-Та хүүхэд байхдаа хэн шиг бөх болохыг мөрөөддөг байсан бэ?

-Улсын аварга Д.Сумьяабазар, улсын гарьд Б.Гантогтох нарыг шүтдэг байлаа. Барилдаануудыг нь үзээд энэ хоёр шиг л бөх болохыг мөрөөднө. Одоо бол улсын арслан До.Ганхуяг ахаас л үлгэр дуурайл авч бэлтгэл сургуулилтаа хийдэг. Манай Хуягаа ах бэлтгэлийг их гоё чин сэтгэлээсээ хийдэг хүн.

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

-Ирээдүйн зорилго гэвэл эхний ээлжинд цолоо баталмаар байна. Цаашлаад заан болоод, төрийн наадамдаа түрүүлнэ л гэсэн зорилго тавьж байна даа.

-Өөр шиг чинь цолд хүрэх гээд хөдөлмөрлөөд явж байгаа олон залуучууд байгаа. Тэдэнд хандаж юу зөвлөх вэ?

-Мэдээж хүн зөв байх ёстой. Тэгээд бэлтгэл сургуулилтаа зөв системтэй сайн хийж зорилгоосоо шантрахгүй байвал цолонд хүрнэ дээ. Аливаа зүйлд тууштай байж, зорьсон зорилгынхоо төлөө шантрахгүй зүтгэх нь чухал. Хэн сайн хөдөлмөрлөж зүтгэнэ, тэр хүнийг монгол бөхийн дэвжээ ивээдэг гэдэг.

-Харцага гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр, охины хамт амьдардаг. Мөн гэргий маань бие давхар. Ирэх есдүгээр сард төрнө. Шинэ цолонд хүрснийхээ дараа манайх гэдэг айл шинэ хүн хүлээж авна. Бөхчүүд өдрийн ихэнх цагийг бэлтгэл сургуулилтад зориулдаг. Тэр болгонд ар гэрийн ажил орхигдоно. Энэ бүхнийг зохицуулдаг ханьдаа их баярладаг.

Энэ завшааныг ашиглаад төрүүлж өсгөсөн ээж аав, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн олондоо үргэлж дэмждэгт баярлаж явдаг. Мөн Г.Өсөхбаяр даргатай “Алдар” спорт хорооны хамт олон болон ангийн захирагч Баясгалан хурандаа, Цог-Эрдэнэ хурандаа, Балдан-Очир хурандаа нарт талархаж буйгаа дамжуулъя. Намайг дэмждэг “Контейнер хаус” компанийн захирал Э.Баярцэнгэл болон Д.Пүрэвсүрэн, Б.Адьяахүү нарын начингууд, Ч.Дамдиншарав багш нартаа баярладгаа илэрхийлье.

О.Дашням

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат багш Г.Банзрагч: Багшийн мэргэжлийн хамгийн сайхан нь шавь нарынхаа сайн сайхан явахыг харах юм

Булган аймгийн нэгдүгээр сургуулийн бага ангийн багшаар 34 жил ажиллаж, олон зуун шавь төрүүлсэн Монгол Улсын гавьяат багш Гомбожавын Банзрагчтай ярилцлаа.

-Та багш гэсэн хүндтэй мэргэжлийн эзэн болсон тухайгаа дурсаач?

-Миний багын мөрөөдөл энэ гэгээн мөртэй багш мэргэжил. Сургуульд байхдаа хичээл зааж буй багш нарыгаа хараад л энэ мэргэжилд сонирхолтой болсон доо. Манай ангийг удирдаж төгсгөсөн уран зохиолын багш Дашням гэж сайхан хүн байлаа. Тэр багш маань намайг их дэмжиж багшийн сургуульд явуулсан. Би Архангай аймгийн Багшийн сургуулийг 1968 онд төгсөж байлаа. Төгсөж ирээд Булган хотын нэгдүгээр бага сургуульд хуваарилагдсан юм. 20 гаруй багштай манай сургууль Улсын тэргүүний сургууль болох үүрэг, амлалт авчихсан ид ажилтай байсан үе л дээ. Дөнгөж сургуулиа төгссөн залуу багш гуравдугаар анги дааж авахаар болж байлаа. Тэр нэг жилийн хугацаанд маш их хөдөлмөрлөж, хонон өнжин бэлддэг байж. Дааж авсан анги минь дөрөвдүгээр ангиа ч дүүргэж, сургууль минь Улсын тэргүүний сургуулиар өргөмжлөгдсөн юм. Ахмад багш нараасаа ч их зүйл сурч мэдсэн ололт, амжилт ихтэй санаанаас гардаггүй сайхан үе дээ. Түүнээс хойш нэгдүгээр бага сургуульдаа есөн жил ажиллаад дараа нь Нэгдүгээр арван жилийн дунд сургуульд тасралтгүй 25 жил ажилласан. Энэ хугацаандаа нийт арван нэгэн анги дааж, 500 гаруй шавь бэлтгэжээ. Сургуулийнхаа аварга багшаар ес, Булган аймгийн шилдэг багшаар дөрөв, хотын аварга багшаар хоёр удаа шалгарсан.

-Анх хичээл заахаар самбарын өмнө зогсож буй мөч багш хүнд хэзээ ч мартагддаггүй байх…

– Анх 18-тай л жаахан охин төгсөж ирж байсан. Дааж авсан ангидаа ороод хүүхдүүдтэйгээ танилцаад, журналаа аваад нэрсийг нь дуудсан юм. Хамгийн эхэнд Ц.Ариунаа гэж дуудтал өндөр, ухаалаг нүдтэй, урт гэзэгтэй сайхан охин босч ирсэн нь ангийн дарга нь байсан. Тэр охин залуу багш надад их түшиг болж, тусалдаг сайн ангийн дарга байлаа. Дааж авсан анги маань 36 хүүхэдтэй. Тэр жилээ 100 хувийн амжилттай, 52 хувийн чанартай төгсөж байсан. Мөн сургуулийн хөлөгт тоглоомын аварга анги болж байлаа. Миний дааж авсан арван нэгэн ангийн чанарын үзүүлэлтийг дундажлахад 100 хувийн амжилттай, 88 хувийн чанартай байсан.

-Танай сургуулийн багш нар таны заах арга барилыг тэргүүн туршлага болгон ашигладаг гэсэн. Өөрийнхөө багшлах арга барилын талаар яриач?

– Миний гол зорьдог зүйл ангийнхаа бүх хүүхдийг хоцрогдолгүй уншиж, бодож сургадаг. Өөрийн гэсэн арга барилтай. Энэ нь юу вэ гэхээр, хүүхдүүд сурсан мэдсэн зүйлээ анги хамт олон, сургуулийн удирдлага болоод эцэг эхдээ тайлагнадаг юм. Хүүхэд бүр бүлэг сэдэв үзэж дууссаны дараа сурсан зүйлээ тайлагнах ёстой гэсэн үг. Харин сурсан зүйлээ тайлагнасан хүүхдүүдийг алдаагүй, сайхан бичгийн, уншлагын гэх мэтчилэнгээр шалгаруулж, урамшуулдаг. Тэгснээр хүүхдүүд илүү шамдаж, сурсан зүйлээ тогтоох чавдар нь сайжирдаг юм. Мөн жижиг бичвэрүүд болон зурсан зургаар нь үзэсгэлэн гаргана. Энэ тайлагнах хичээл, үзэсгэлэнг эцэг эхчүүд үзэж хүүхдээ ямар түвшинд уншиж, бодож сэтгэж байгааг мэдэх юм. Ингэснээр хүүхдийнхээ ямар чадвар дээр илүү ажиллах хэрэгтэй гэдгээ мэдэж авдаг давуу талтай.

Миний хувьд хоцрогдолтой хүүхдүүдтэйгээ ганцаарчлан тулж ажилладаг байсан. Тэр маань “Идэвхжүүлэх дугуйлан” гэсэн нэртэй байлаа. Энэ арга барил маань багш нарт туршлага болж орон нутгийнхаа хэвлэл мэдээлэлд нийтлэгдэж байсан. Ингэж хичээсний минь үр дүнд дааж авсан ангийнхан маань монгол хэл, математикийн олимпиадад 22 удаа оролцож, Булган аймгийн аваргаар 10-аад удаа шалгарсан.

Мөн 1980-1983 онд улс даяар ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нар “Бүтээлч багшаас бүтээлч хамт олон хүртэл” гэсэн уриалгын дор ажилласан. Энэ хугацаанд Боловсролын яам, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгээс гурван жил дараалан унших бичиг, математик, монгол хэлний хичээлүүдээр шалгалт явуулсан юм. Миний удирдаж байсан анги гурван жил дараалан түрүүлж байлаа. Тэр үед надад Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг өгч байсан.

-Хүүхдүүд бага ангийн багшийнхаа үйл хөдлөл бүр бичгийн хэвийг нь хүртэл дуурайчихсан байдаг. Энэ талаар таны бодол?

-Тэр үнэн шүү. Би Волейболын спортын мастер мөн теннис тоглодог. Тиймээс даасан ангийнхан маань бага болохоор волейбол төдийлөн тоглохгүй ч теннис сайн тоглож сурна. Эцэг, эхтэй нь хамтарч цохиур бөмбөг авч өгөөд Булган аймгийн спортын дунд сургуулийн теннисний ширээн дээр долоо хоногт хоёроос гурван удаа хичээллүүлдэг байв. Манай ангийнхан аймгийн теннисчдийн аварга шалгаруулах идэр насны ангилалд оролцоод эхний байруудыг эзэлж байсан удаатай.

-Хүүхэд бол гэр бүлийн толь байдаг. Янз бүрийн зан араншинтай, харьцахад бэрх хүүхдүүд ирдэг болов уу?

– Нэг ангид 35 хүүхэд ирлээ гэхэд бүгд өөр орчинд өссөн, зан ааш нь өөр байдаг. Төв газар өссөн хүүхдүүд хэлэх гэснээ хэлчихдэг нүүрэмгий байдаг бол хөдөөнөөс ирсэн хүүхдүүд бүрэг ноомой, асуусан асуултад барагтай бол хариулдаггүй. Би хүүхдүүдийнхээ өссөн орчныг их судалдаг юм. Хаана өсөж төрсөн, айлын хэд дэх хүүхэд, ямар орчинд амьдарч байгаа зэргийг анхаарна. Мөн гэрт нь ямар хүн хичээлийг нь давтуулах боломжтой, ойр дотно байж чадахаар байна гэдгийг нь хүртэл судлах шаардлага гардаг. Миний хувьд хүүхдийн хичээлийн хэрэгслийг бүрдүүлэх тал дээр хэрэгжүүлдэг нэг арга байдаг. Мэдээж айл бүрийн амьдралын түвшин өөр учраас бүгд хэлж захисан зүйлийг бүрэн гүйцэд авчирна гэж байдаггүй. Тиймээс эхэлж эцэг эхийн хурал хийж ямар хичээлийн хэрэгсэл шаардлагатайг сануулна. Дараа нь эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарсан хичээл заадаг. Энэ хичээл дээрээ бүх хичээлийн хэрэгслүүдээ бүрэн эсэхийг шалгадаг. Тухайлбал, эхлээд хайч, харандаагаа гаргаарай гэнэ. Дараа нь улаан өнгийн будаг, бичгийн цаасаа гаргаарай гэх зэргээр хичээлийн хэрэгслүүдийг нь шалгана. Энэ үед эцэг эхчүүд хичээлийн хэрэгсэл дутуу байх үед хүүхдэд нь ямар байх талаар өөрсдөө мэдэрдэг юм. Хичээлийн хэрэгслийг төдийлөн анхаарахгүйгээс болж хүүхэд өөртөө итгэлгүй, зарим үед хичээлээ ч хийж чадахгүй тохиолдол гардаг.

-Таны бодлоор багш мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Багш мэргэжлийн хамгийн сайхан нь шавь нараа сайн, сайхан явахыг л харах гэж би хэлнэ. Миний төгсгөсөн ангиас Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Үенчийн хүү ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Б.Баттүвшин, Анагаах ухааны доктор О.Болорсайхан, тэшүүрийн спортоор Монгол Улсын 22 рекорд эвдсэн, олон улсын спортын мастер Г.Ууганбаатар, Монгол Улсын бүтээлч багш М.Дорж, Оны тэргүүний цэцэрлэгийн багш Л.Бумбат гээд мундаг шавь нар бий. Миний шавь нараас 40 гаруй нь багш мэргэжилтэй. Үүнд нь их талархаж явдаг юм. Багш мэргэжил сайхан шүү дээ. Мөн саяхан Булган аймгийн баяр наадам болж өнгөрлөө. Наадмын үндэсний бөхийн барилдаанд отгон шавь Г.Ганбаатар түрүүлж аймгийн арслан цол хүртсэнд баяртай байна. Миний сургаж хүмүүжүүлсэн хүүхдүүд өөрийн минь хүүхдээс ялгаа байхгүй. Сайн сайхан яваад нь магнайгаа хагартал баярлаж, саар яваад нь сэтгэл зовниж суудаг юм даа. Би шавь нартайгаа үргэлж л холбоотой байж баяр, тэмдэглэлт ой болгоноор шавь нартайгаа уулзана. Мөн цагаан сараар шавь нар маань ирж золгодог.

-Багшилж байх үед тань мартагдахгүй дурсамж их л тохиолдож байсан байх…

-Хүүхэд гэгээхэн болохоор сайхан дурсамжууд их үлдээдэг. Нэг дурсамж ярихад, тав хүртэлх тоогоор дүгнэдэг байсан үе л дээ. Ангийнхнаасаа шалгалт авчихаад дэвтрийг нь тарааж өгөхөд хүүхдүүд “Би тав авсан байна” зарим нь “Би гурав авжээ” гээд л хоорондоо ярилцаж байлаа. Гэтэл манай ангийн Дулмаа гээд охин “Би ангийн хүүхдүүдээс илүү долоо авсан” гэв. Би ч гайхаад Дулмаа багшдаа дэвтрээ аваад ир дээ гээд хартал анхааруулах тэмдэг тавьсныг долоо болгож харсан байж билээ. Тэр үеэс хойш ангийнхан нь “Долоо авдаг Дулмаа” гээд хочилдог болчихсон байсан. Бас Могод суманд, хөдөө эмээ, өвөө дээрээ байж байгаад сургуульд орсон Алтангэрэл гээд хичээлдээ их сайн хүү байсан. Хөдөө малд ойр өссөн болохоор их малч ухаантай. Хүүхдүүд завсарлагаар гүйлдээд гарахаар Алтангэрэл гарахгүй, миний хажууд ирээд гараа урдаа барьж байгаад тэнгэр лүү хараад л “Багш аа, өнөөдөр тэнгэр их аятайхан байх нь ээ” гэнэ. Зарим өдөр “Багш аа, өнөөдөр тэнгэр ямар эвгүй байх нь вэ, үүл ихтэй байна бороо орох нь дээ” гэх мэтчилэн хэвлүүхэн ярина. Тэгэхэд тэр жаахан хүүтэй чацуу хүүхдүүд битгий хэл би ч тэнгэр анзаарах сөхөөгүй явж байгаа юм чинь. Нэг бодлын монгол ахуй хүүхдийг тийм сүрхий, ажигч ухаалаг болгож байгаа юм. Бас манай ангийнхан урлагийн үзлэгт дандаа түрүүлчихдэг. Би урлагт авьяас байхгүй хүн л дээ. Тийм болохоор багш нар хошигноод “Та дуулж хуурдахдаа тиймхэн мөртлөө ангийнхан чинь урлагийн үзлэгт дандаа түрүүлчих юм” гэдэг. Тэгэхээр нь би “Та нар хүүхдүүдээ сайн хөгжүүл л дээ, энэ чинь багш нарын биш хүүхдүүдийн уралдаан шүү дээ гэнэ. Энэ мэтчилэн олон сайхан дурсамж сэтгэлд хоногшсон байдаг даа. Хааяа бодож суухад их сайхан байдаг шүү.

-Та залуу халаа болж буй багш нарт юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Бидний үед хүүхэд бүрийг сургахын төлөө тулж ажилладаг байсан. Дээр хэлсэнчлэн хоцрогдсон хүүхдүүддээ зориулж дугуйлан хүртэл ажиллуулдаг байлаа. Харин одоо тэр байдал дутмаг байгаад байна уу даа гэж ажиглагддаг юм. Зөвхөн олимпиадад бэлтгэж буй хүүхдүүддээ анхаарал хандуулаад байх шиг. Тиймээс энэ тал дээр анхаарах нь зүйтэй. Бас бага ангийн багш нар үсэг үзчихээд дуурайж бичүүлэхийн тулд дэвтэр дээр нь бичдэг. Харин хүүхэд нэг удаа багшийнхаа бичсэнийг хараад л цааш нь өөрийнхийгөө дуурайлгаад биччихдэг юм. Жижгэрүүлсэн бол улам жижгэрүүлээд, далийлгаж, томруулсан бол тэр чигээрээ ч гэх юм уу. Энэ нь бичгийн хэв сайжрахад муугаар нөлөөлдөг учраас сурагч нартаа багшийнхаа бичсэнийг л дуурайж бичихийг сануулах хэрэгтэй. Би шавь нартаа нэг үсэг биччихээд л багшийнхаа улаанаар бичсэнийг харж байгаарай тэгж байж чи гоё бичдэг болно шүү дээ гэж захидаг юм. Мөн хүүхдүүд хүнд үгнүүдийг их алддаг. Үүнийг засаж алдаагүй гоё бичүүлэхийн тулд давтан бичүүлэх, алдсан үгийг нь өөрөөр нь олуулах хэрэгтэй. Давтан бичүүлэх бол их үр дүнтэй байдаг. Ингэж байж л хүүхэд монгол хэлийг алдаагүй, цэвэр бичиж сурдаг юм даа.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: МАН-ынхан буруу юм хийвэл би яаж зүгээр суух юм бэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Их хурал шинэ Засгийн газраа байгуулж байна. Эхний ээлжинд 11 сайдыг томиллоо. Дөрвөн сайд нь харин орж ирээгүй байна. Таны хувьд мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн, хэлсэндээ хүрсэнгүй хэмээн хэлж байгаа харагдсан. Шинэ Засгийн газрын тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэ удаагийн сонгуульд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр АН-ынхан ялагдал хүлээлээ. Ний нуугүй хэлэхэд 2012 онд судалгаагаар АН 35 хувийн санал авсан юм билээ. Харин өнгөрөгч сонгуулиар АН-ынхан 33 хувийн санал авлаа. Тэгэхээр АН-ын рейтинг хоёр хувиар л унасан гэсэн үг. МАХН 2012 онд 23 хувийн санал авч байсан бол энэ удаагийн сонгуулиар 13 хувийн санал авлаа. Тэгэхээр манай 10 хувь байхгүй байгаа биз. Гэтэл МАН 2012 онд 33 хувийн санал авч байсан бол энэ удаа 43 хувь болж өссөн байна. Энэ юу вэ гэхээр манай намын 10 хувийг өөрсдөдөө наасан гэж ойлгож болно. Хоёрны нэг гэдэг дүрмээр сонгуульд орж байгаа тул 50-иас дээш хувийн санал авсан нь ялдаг. Тэр утгаараа МАН үнэмлэхүй олонхи болж АН, МАХН арчигдлаа гэдэг ч юм уу тийм зүйл биш.

МАХН-ын дарга Н.Энхбаяр маш буруу бодлого явуулсан. Учир нь МАХН-д УИХ-ын дөрвөн гишүүн орж ирж байлаа. Тэгэхэд Ц.Шинэбаяр гишүүнийг тойргийн гадна байлгаж байсан тул гомдоод гэдэг ч юм уу, ямар нэг шалтгаанаар тусдаа нам байгуулан явсан. Мөн Ч.Улаан, Д.Тэрбишдагва гэдэг хоёр хүнийг орж ирэхэд нь нэгд нь намд байдаг бүх албан тушаалыг өгч, хэлсэн албан тушаал бүрт нь хүргэж ирсэн. Нэгэнд нь төрд байдаг бүх албан тушаалыг өгдөг байлаа. Гэтэл өнөө хоёр нь намаасаа гарахад мэдээж намын гол удирдлагад байсан гэдэг утгаараа савлаад манай намын 10 хувь МАН руу шилжчихэж байгаа юм. Хэрэв цаашид зөв бодлого бариад явбал МАХН алдсан 10 хувиа байтугай МАН-ын 43 хувийг ч авах боломжтой. Учир нь бид нэг угшилтай намууд. Тиймээс би МАН-ынхныг засаг байгуулахад нь “Хуулиа барина шүү” гэсэн. Хэнийг оруулж ирэх нь хамаагүй. Мэргэжлийн байна уу, мэргэжлийн бус байна уу гэдэг дээр шүүмж хэлээгүй. Нэгэнт ажиллаж чадна гээд ард түмэн хаан сонголтоо хийсэн бол цаашаа явах ёстой. Тэр утгаараа би “Эхлээд бүтэц, бүрэлдэхүүнээ оруулж байгаа бол бүтцээ эхэнд нь батал. Бүтцээ баталж байгаа юм бол бүтэц хугацаагүй байдаг. Хугацаагүй учраас АН завсарлага хүсч байгаа бол өгөх хуультай. Харин бүрэлдэхүүн нь хуулийн хугацаатай” гэсэн юм. Бүтцээс хамаараад хуулийн хугацаа нь явдаг учраас эд нар 30 минутын завсарлага өгсөн. Энэ чинь хууль бус боллоо шүү гэдгийг өөрсдөд нь хэлсэн. Дараа нь дөрвөн сайдаа оруулж ирэхгүй байгаа нь асуудалтай. 11 сайд нь хуулиа дагасан. Бусад нь хуулиа дагаагүй гэдэг хууль байхгүй. Нэг хүн оруулж ирээгүй л бол тэр нь хууль зөрчсөн болдог. Тиймээс би эмэгтэй хүмүүсийг элэг барьж байгаа юм шиг байхаа боль. Оруулж ирсэн дөрвөн сайдын эмэгтэйчүүд нь энэ хүмүүсээс юугаараа дутуу юм гэж хэлсэн.

-Одоо тэгээд яах юм?

-Би эд нарыг 100 хоног харъя гэж байгаа юм. 100 хоног сайн ажиллавал би дэмжээд явна. МАН-ынхан буруу юм хийвэл би яаж зүгээр суух юм бэ. Эсэргүүцээд явна. Би ганцаараа биш шүү. Миний ард 100 мянган хүн байна. Миний ард бүхэл бүтэн эрдэнэтчүүд байна. Миний ард 30 мянган хүн байна. Миний ард МАХН байна. Миний ард бодитой улс төрийн гурав дахь хүчин байгаа шүү. Манайхан өөрсдийгөө хоёр дахь, гурав дахь хүчин гээд яриад байдаг юм билээ. 21 аймагт өгсөн саналуудыг хараарай. Нэгд, Монгол ардын намынханд санал өгсөн байсан. Хоёр дахь нь Ардчилсан нам, гуравдугаарт МАХН л байлаа шүү дээ. Манай улсад 20 гаруй нам байгаа хэрнээ ямар ч байсан гуравдугаарт МАХН-д саналаа өгсөн нь үнэн л байгаа биз дээ. Тэр утгаараа бид гурав дахь хүчин. Харин одоо бол жижиг намууд гурав дахь улс төрийн хүчин дээрээ ирж нягтраасай гэж хүсч байна.

Монгол Улсад 20 нам хэрэггүй. Гурван нам байхад л хангалттай. 1992 онд шинэ Үндсэн хууль баталсан даа. Түүнээс хойш долоон удаагийн парламентын сонгууль болоход нэг ч удаа хоёрхон нам ялж байсан түүх байхгүй. Гурав буюу түүнээс дээш нам парламентад суудал авч байсан байхгүй юу. Тиймээс ард түмэн зөвхөн хоёр намыг л дэмждэг гэж хэлж болохгүй. Ямар ч байсан гуравдагч хүчин байх ёстой гэж үзэж байгаа. Тэр утгаараа би өөрийгөө гуравдагч хүчний орон зай дээр байна гэж харж байгаа шүү.

-Жижигсгэсэн тойргоор сонгууль явуулах нь ямар байна вэ. Сонгуулийн тогтолцооны тал дээр ямар байр суурь илэрхийлэх бол. МАХН 13 хувийн санал авсан ч та л ганцаараа гишүүн боллоо?

-Би дангаараа 13 хувийн санал аваагүй. МАХН 13 хувийн санал авсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэдэг хүн 28.9 хувийн санал авч гишүүн болсон. Улаанбаатар хотыг хасаад 21 аймаг дотор хамгийн олон өрсөлдөгчтэй нь манай 47 дугаар тойрог байсан. Манай тойрогт есөн хүн нэр дэвшин өрсөлдсөн. Бусад аймгуудын тойргууд гэхэд хоёр, гуравхан хүнтэй өрсөлдөж байлаа. Дунджаар зургаа байсан юм. Харин есөн хүн нэр дэвшсэн гэдэг нь хамгийн өндөр үзүүлэлт болсон. Энэ есөн хүн маш өндөр хэмжээний өрсөлдөгчид байсан тул багадаа 300 санал авсан. Шударга хэлэхэд миний саналыг хулгайлсан.

-Яаж тэр вэ?

-Би 8000 хүнд нэрийн хуудсаа тараасан. “Хэрэв та нар намайг дэмжвэл миний дугаар руу мессэж бичээрэй” гэсэн юм. Сонгуулийн өдөр надад 625 мессэж ирсэн. 625 мессэж дээр “Таныг гэр бүлээрээ дэмжлээ”, “Таныг гурван хүн дэмжлээ”, “Таныг 120 хүн дэмжлээ” гэсэн тоо байсан. Тэр мессэжээр би 5800 хүний санал авчихсан байлаа. Гэтэл 4222 л болсон байна лээ. Яахав, даравч далдайна. Булавч бултайна гэдэг шиг зүйл болсон. Би маргаан үүсгэе гэж бодоод бүх утасны дугаарууд руугаа утасдаад “Та саналаа өгсөн үү” гэж асуугаад тэр хүмүүсийг дуудахад бэлэн байсан. Яагаад гэхээр би хар машин, хар технологитой байлдаж байгаа. Намайг сонгуулийн үеэр аймшигтай гүтгэсэн.

-Юу гэж гүтгэв?

-Намайг хүн амины хэрэг хийсэн мэт гүтгэсэн. Ний нуугүй хэлэхэд энэ дээр юу хэлэх вэ дээ. Тэр бүгдийг нь тогтоогоод “Энэ хүмүүсийг би дуусгана” гэдгээ хэлсэн.

-“Дуусгана аа”, эвгүй сонгогдож байх чинь?

-Дуусгана гэдэг нь шударга ёсыг тогтоохын төлөө зүтгэнэ гэсэн үг. Би сонгуулийн сурталчилгааны 18 хоногийн хугацаанд маргаан үүсгээд, заргалдаад яах юм. Нэг энгийн жишээ хэлье. “Нар туссан цаг” гээд сониныхон намайг хоёр удаа гүтгэсэн. Сонгуулийн штабынхан маань тэднийг цагдаад өгчихгүй юу. Тэгсэн чинь Эрдэнэтэд байгаа бүх хэвлэлийнхэн намайг гүтгэсэн. Дараа нь би тэр сониныхонд “Ахын дүү нар намайг ингэж гүтгэсэн байгаа биз” гэхэд “Уучлаарай” гээд уучлалт хүссэн бичиг өгсөн. Үүнийг залруулах гээд хэвлэлийн хурал хийхэд нэг ч хэвлэл ирээгүй.

Монгол Улс дэндүү ялзарчихлаа. Тиймээс монголчууд өөр юм хүсч байна. Монголын ард түмэн гуравдагч хүчнийг хүсч байгаа.

-Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас зургаа дахь удаа дуулсан албан бичиг хүргүүллээ гэдэг зүйл яваад байна. Энэ талаар мэдээлэл авсан байлгүй дээ. Тайлбар хэлэхгүй юу?

-МАН үнэмлэхүй олонхи болсон юм чинь намынх нь даргаар ажиллаж байсан хүнд гайгүй хандах байлгүй дээ. Тэртэй тэргүй бүх намын дарга нар санхүү босгох ёстой байдаг. Намын санхүүжилт босгохын тулд намынхаа гишүүдтэй янз бүрийн сэдвээр ярих ёстой. МАН, АН ялгаагүй тэгж ярьдаг. Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиа өөрчлөхгүй бол шударга ёс тогтооно гээд нэгнийгээ хэлмэгдүүлэх хэрэггүй.

Н.Энхбаяр дарга Монголын төрд хийсэн ажил, хэлэх үгтэй л хүн. Монголчууд нэг хүнийг хоёр удаа зодохыг тэвчдэггүй. Монголын ард түмэн харж байгаа. Ардын нам Монголын ард түмэнд өртэй. Ардын нам хэдийгээр ард түмэнд өртэй боловч тэднийг уучлаад явуулсан. “Та нар бидэнд 25 жил гай тарьсан ч гэсэн уучилъя. Төрөө барь” гээд эрхийг нь олгосон. Тэд үнэмлэхүй олонхи болсон юм чинь өөр хүнийг ч гэсэн уучлаад явах ёстой. Түүнээс биш нам нам руугаа заналхийлээд байгаа ч юм шиг, хэлмэгдүүлээд байгаа ч юм шиг байж болохгүй. Хууль хүчний байгууллагууд нь өөрсдөө ажлаа хий л дээ. Хамгийн ноцтой нь юу гэхээр сонгуульд оруулдаггүй.

МАХН сонгуульд орохдоо хоёр үүрэгтэй оролцсон. Эхнийх нь сонгуульдаа оръё, хоёр дахь нь ялъя гэж. Бусад намынхан зөвхөн ялъя гэсэн ганцхан үүрэгтэй орсон. Үнэндээ хууль нь мань мэтэд үйлчилчих гээд байдаг хэрнээ нөгөө хэдэд үйлчилдэггүй. Ийм нөхцөлд л бид сонгуульд орсон юм шүү дээ. Тиймээс Н.Энхбаяр даргын талаар яриад байгаа энэ зүйлийг болих хэрэгтэй. Яагаад энэ хүнийг тайван байлгахгүй байгаа юм бэ. Н.Энхбаяр дарга 60 насны босго давчихлаа. Яасан ч дуусдаггүй өш хонзон яваад байдаг юм. Яасан ч дуусдаггүй хэрэг юм.

-Өнгөрөгч дөрвөн жилд та эрх баригчдын нэг байсан ч сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаж ирсэн. Энэ Их хурлын эхнээс мөн л сөрөг хүчний гишүүн шиг ярьж байгаа харагдах юм. Та угаасаа ийм сөргүүлэх дуртай хүн үү. Нэг сайн зүйл ярьж байгаа нь таныг маш их төлөвшсөн байна гэх юм?

-Би сөрөг байгаагүй байхгүй юу даа. Анх Их хурлын гишүүн болж орж ирээд асар их юм хийе, бүтээе гэсэн мөрөөдөл дүүрэн орж ирдэг. Энэ бол алтан боломж. Тодорхой зорилго, төлөвлөгөөгүйгээр орж ирсэн хүмүүс их шатдаг байсан байх.

-Шатна гэдэг нь яадаг юм. Та шатсан юм уу?

-Хийе, бүтээе гэсэн бүхэн нь тэр бүр биелээд байхгүй болохоор дотроо шатдаг байхгүй юу. Наад зах нь Тамхины хяналтын тухай хууль дээр жишээ авахад тамхи татдаг хүн тамхины хууль санаачлаад, түүнийгээ нэг их ариун явдалтай хүн шиг яриад явахаар яаж дэмжих юм.

Одоо МАН олонх болсон. Би хуулийн хүрээнд явна. Гэхдээ эдний ажил эхлээгүй байхад буруутгаж, шүүмжлээд байх хэрэггүй. МАН-ынхан аравдугаар сард болох орон нутгийн сонгуулиар эхний дүнгээ тавиулна. Мөн 2017 онд дүнгээ тавиулна. 2020 онд дүнгээ тавиулж таарна. Багаар бодоход наад зах нь үймээн самуун дэгдлээ гэхэд наана нь ч дүнгээ тавиулж мэднэ.

Эрдэнэтийн 49 хувь дээр ямар юм явчихав. Ард түмэн үнэхээр айдастай байна. Эрдэнэтийнхэн санаа нь зовсон байгаа. Намайг Эрдэнэтэд очно гэдэг сургаар долдугаар сарын 7-ны өдөр Горнек зааланд 250 гаруй хүн цугласан байсан. Наадмын өмнө хэн ч улстөржихийг хүсэхгүй. Тэр хүмүүс надаас 49 хувь яачихав гэж асуусан. Би “М.Энхболд даргад бичиг явуулна. Судалгаа хийнэ. Яг юу болсныг та нартай адилхан мэдэхгүй байна. Мэдэхгүй зүйлээ би тааж ярихгүй” гэсэн юм. Даваа гаригт л шийдчих юм шиг ярьсан, байдаггүй. Би тэвчээртэй харж байгаа. Би ард түмэндээ амласан тэр бүх зүйлээ биелүүлэхийн тулд энэ дөрвөн жилд ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

Д.Энхболд: Оны сүүлээр алтны үнэ өснө гэсэн таамаг голлож байна

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа.

-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт сайнгүй хэвээр байна уу?

-Гадаад нөхцөл байдал яг хэвээрээ. Дотоодын нөхцөл байдалд өөрчлөлт гарсан юм одоогоор алга байна.

-Шинэ засаг бүрдчихлээ. Уул уурхайн салбарт зайлшгүй гаргах ёстой шийдвэрүүд гэвэл та юуг онцлох вэ?

-МАН засгаа бүрдүүлээд, байнгын хороодын дарга нарыг томилоод ажил эхэлж байна. Уул уурхайн салбарын хувьд зөвхөн засгаас хамаарах асуудлууд байна. Гадаад нөхцөл байдалд шууд нөлөөлөх арга бидэнд байхгүй. Мэдээж гадаад нөхцөл байдал хэзээ нэгэн цагт сайжирна. Түүнээс өмнө дотоод нөхцөл байдлаа сайжруулах арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Хамгийн түрүүнд хураамж нэрийн дор авч буй татваруудаа цэгцэлмээр байна. Уул уурхайн компаниудын хувьд нөхцөл байдал хүнд байгаа. Уулын уруу хар эрчээрээ өнхөрч байгаа чулуу шиг нөхцөлд орчихсон. Зогсоохгүй өнхөрүүлбэл хэзээ нэгэн цагт нам зогсоно. Уул уурхай хэдий хэцүү байдалтай байгаа ч эдийн засгийг нуруун дээрээ үүрч явааг өнөө хэр хүлээн зөвшөөрч чадахгүй байна л даа. Ганц үнэн гэвэл ойрын ирээдүйд Монголын эдийн засгийг чирч явах салбар бол зөвхөн уул уурхай. Үүнийг ойлгох хэрэгтэй. Уул уурхайн салбараа хөгжүүлье гэвэл шат болгонд нь татвар хураамжаар дөнгөлдгөө болих хэрэгтэй. Хүссэн яам, газрууд уул уурхайн компаниудад зориулсан хураамжийг санаачилж авдаг. Гааль гэхэд л экспортод гарч буй баялгийн тонн тутмаас 1500 төгрөгийн хураамж авдаг. Хураамж нэртэй боловч татвараас өндөр дүн гардаг. Гурван шатны шүүхээр үзээд дийлээгүй. Хуульд хураамжийн хэмжээг гааль хариуцсан газрын дарга тогтооно, гэхдээ тухайн бараа бүтээгдэхүүний гарч байгаа зардлыг харгалзаж үзнэ гэсэн заалт бий. Зардлыг нь тооцвол ийм өндөр үнэ тавих аргагүй л дээ. Уул уурхайн салбарыг унахад нөлөөлж буй эдийн засгийн тооцоогүй ийм хураамжуудыг шийдэх боломж Засгийн газарт бий. Сангийн яам гэж ямар ч УИХ, Засгийн газраас мэдэлтэй газар ажилладаг газар байна. Татвар бол бүр хэцүү. Татвар дээр уян хатан хандах ямар ч сонирхолгүй газар.

-Татварынхны гол зорилго татвар авах болохоор буулгая энэ тэр гэхгүй байх л даа…?

-Үүнийг бол ойлгож байна. Татвар байх ёстой, авах учиртай. Гэхдээ Засгийн газар дороо ажиллаж байгаа газар, агентлагуудынхаа уялдаа холбоог хангаж замбараагүй авдаг хураамж, татваруудаа цэгцлэх хэрэгтэй. Жишиг үнийн асуудлыг шийдсэн, илүү үнэ тооцож татвар авахаа больсон гэж ярьж байгаа. Бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэх дээр хяналт тавьж арга хэмжээ авахгүй байна.

-Яамдууд татвараас ялгаагүй, бүр илүү үнийн дүнтэй хураамж тогтоож байна гэж ойлголоо…?

-Та бод доо, ганцхан цаас дүгнэлт гаргаж өгснийхөө төлөө 170 сая төгрөг авч байна. Усны дүгнэлт гаргасны хураамж гээд энэ хэмжээний мөнгө авч болохгүй л дээ. Усны хэрэглээнээс тусдаа асуудал шүү дээ. Сангийн яамнаас төсөв бүрдүүлэхэд хэрэгтэй гэсэн тайлбар тавих байх. Тийм яриа бидэнд хэтээсээ сонин биш. Хамгийн гол нь татвар хураамжаа нэг мөр болгон цэгцэлж, сайн, муу аль ч цагт жигд байлгавал л уул уурхай хөгжинө. Хөрөнгө оруулагчдын голлож хардаг зүйл энэ. Нүүрсний экспорт дээр гэж ярихад л агаар бохирдуулсны хураамж гэж авдаг. Хятадад шатаах нүүрснээс агаар бохирдуулсны хураамж авч байгааг ойлгоход хэцүү.

-Хайгуулын лиценз олголт зогссон хэвээрээ юу?

-Хэвээрээ. Лиценз олголт дээр нэг том алдаа бий. Засгийн газар орон нутагтай тохиролцолгүйгээр хайгуулын талбайг зарлачихсан. Орон нутгийн удирдлагууд татгалзсан хариу өгөөд эхлэхээр энэ ажил явцгүй болчихож байгаа юм. Компаниуд хайгуулын лицензээ аваад ажиллахаар очингуут орон нутаг үгүй гэчихэж байна л даа.

-Нэгэнт засгаас шийдсэн юм чинь гээд орон нутгийн эрхийг хумих гарц байж болох уу?

-Холбооны улс биш учраас ийм гарцыг сонгож болно. Гэхдээ хоёр талтай асуудал. Уул уурхайн үйл ажиллагаа онцлог ихтэй учраас хөрөнгө оруулагчид нь орон нутагтайгаа ойлголцож ажиллахыг хүсдэг. Тэгэхээр нэг л гарц бий. Хуульд “Орон нутагтай тохиролцсоны үндсэн дээр хайгуулын талбайг зарлана” гэсэн утгатай заалт тусгаад өгчих хэрэгтэй.

-Энэ засгийн явуулах учиртай, хөдөлгөөд эхэлбэл эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр ямар төслүүд байна вэ. Мэдээж эхэнд нь Таван толгой жагсах байх…?

-Оюу толгой гэх мэт нэгэнт хэрэгжээд эхэлсэн төслүүдийн эрчийг алдуулахгүй байх хэрэгтэй. Таван толгойн хувьд уурхай нь ажиллаж байгаа. Шуудхан хэлэхэд “нинжа” маягаар ажиллаад байх шиг. Таван толгойн бассейнд нэгдсэн ТЭЗҮ хийгдсэн эсэх дээр нарийн мэдээлэлгүй байна. Хэрвээ хийгдсэн бол, уулын ажлын нэгдсэн төлөвлөгөө гарсан бол тэр дагуугаа явж байгаа эсэхийг хянаж харж байгаа юм алга. Таван толгойг цогцоор нь хөдөлгөнө гэж яриад удаж байна. Таван толгойн дэд бүтцийг шийдэхгүйгээр юу ч яриад нэмэргүй.

-Төмөр замыг хэлж байна уу?

-Далайг чирээд авчирч чадахгүй нь үнэн болохоор төмөр зам л байж таараа. Таван толгойн төмөр замыг тоож барих газар Хятадаас өөр олдохгүй болчихлоо л доо. Өмнө нь, нүүрсний үнэ өндөр байх үед арваад компани Таван толгойн тендерт өрсөлдөж байсан бол одоо тэр цаг түүх болж үлдсэн.

-Таван толгойгоос өөр зайлшгүй хөдөлгөх учиртай ямар төсөл байна?

-Шүүх дээр асуудал нь очсон Гацуурт. Гацууртын орд тойрсон асуудал олон улсад ч тэр, дотоодод ч тэр Монголыг муухай харагдуулж байна. “Сентерра голд” олон нийтийн хувьцаат компани учраас олон улсын бирж дээр тавигдаж байгаа шаардлага, хөрөнгө оруулагчдынхаа тавьж буй шаардлагын дагуу байгаль орчны, нийгмийн хариуцлагын урьдчилсан судалгаагаа танилцуулах үүрэгтэй. Нэг танилцуулга нь наадмаас өмнө болсон юм. Компаниас урьдчилсан үнэлгээн дээр тулгуурласан төлөвлөгөөний төслөө танилцуулж байтал иргэний хөдөлгөөний хоёр нөхөр “Нарийвчилсан үнэлгээгээ хийсэнгүй” гэж орилоод байгаа юм. Шүүх дээр байгаа асуудалд хэн нарийвчилсан үнэлгээ хийлгэж эхлэх билээ дээ. Шаардлагын дагуу явуулж байгаа процесс, танилцуулган дээр ингэж болохгүй л дээ. Тэр хоёр хүн ямар зорилготой ирснээ хэлэхгүй мөртлөө “Сентерра голд Монголоос зайлаад өгөөч. Олон улсын арбитр дээр очвол тэр мөнгийг чинь төлье” гэж орилсоор байгаад гарсан. Киргизийн Кумтарын ордыг жишээ татаж яриад байгаа юм. Киргизэд манайхтай адил нөхцөл үүсээд л цагдаа шүүхэд очсон. Тэгээд ч хөзрийн мөрийнд газар нутгаа өгчихдөг хүмүүстэй жиших орон лав л Монгол биш. Киргизчүүд Ерөнхийлөгчөө Хятадад очиж хөзөр тоглож мөрийгөө алдангуутаа ордоо өгчихсөн гэж өнөөг хүртэл буруутгадаг. Тийм улсыг жишээ авч яриад байдгийг нь ойлгодоггүй юм. “Сентерра голд”-ыг ганц Монгол биш дэлхий даяар хардаг гэдгийг ойлгох учиртай. Ойлгосон хэрнээ хувийн ашиг сонирхлоор хандаж байх бүрэн үндэстэй. Эсэргүүцэж байгаа хүмүүс “Сентерра голд зайл” л гэж байгаагаас биш “Гацууртыг огт ашиглуулахгүй” гэхгүй байгаа. Ноён уул, Хүннүгийн булш гэж эсэргүүцэж эхэлсэн ч Ноён уул нь таван км-ийн цаана, Хүннүгийн булш нь долоон км-ийн цаана болж таарсан. Гэтэл нинжа нар нь андуурч лицензтэй талбайг нь биш Ноён уулыг нь ухаж юм юм л болсон.

-Ч.Сайханбилэг Дубайд гэрээнд гарын үсэг зурж Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлсэн нь буруу гэсэн агуулгатай зүйлийг УИХ-ын шинэ гишүүд яриад эхэллээ. МАН-ын голдуу гишүүд ингэж ярьж байна. Салбарын хүний хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хаана, яагаад гарын үсэг зурсан бэ гэдгийг зөв буруу гэж дүгнэх аргагүй. Зайлшгүй шаардлагаас болж зурсан асуудал. Оюу толгойн гэрээг зураагүй бол өнөөдөр бид бүр ч хэцүү байдалд орох байсан. Бас ч гэж Оюу толгойн ачаар компаниуд хөдөлгөөнд орж эхэлж байна. “Хасу мегават”, “Хишиг арвин” зэрэг үндэсний компаниуд томоохон гэрээ байгуулчихсан. Уул уурхайн эдийн засаг дахь нөлөөлөл асар өндөр. Тэр дундаа Оюу толгой шиг дэлхийн хэмжээний уурхайн хувьд эдийн засагт мэдрэгдэхээр нөлөө үзүүлэх нь тодорхой. Уурхай ажиллаж эхлэхээс өмнөх барилгын ажилд асар их мөнгө ордог онцлогтой.

-Эрдэнэтийн 49 хувь дээр эсрэг тэсрэг санаа оноо, шуугиан шүүмж хүчтэй өрнөж байна. Засгийн газар эхэлж аваад, дараа нь яахаа төр л шийдэх ёстой гэсэн байр суурь хүчтэй байх шиг анзаарагдаж байна. Монголын компани Оросын хувийг худалдаж аваад Эрдэнэт зуун хувь Монголд ирсэн шийдвэр дээр салбарын хүний санаа оноог сонсъё?

-Засгийн газар өөрийнхөө хувийг зарж байгаа хэрэг огт биш. Манайхаас үл хамаарах, ОХУ-ын менежмэнт нь хувьчлагдсан төрийн өмчит компани болох “Ростех”-ийн л шийдэх асуудал. Тэр компани хувиа зарах эсэхээ өөрөө шийднэ. Ний нуугүй хэлэхэд цагаа тулбал оросууд “Та нарт хамаагүй, бид өөрсдийнхөө эзэмшдэг хувийг л зарж байна” гээд шийдвэр гаргачих улс. Харин ч хүлцэнгүй хандаж хэлэлцээрт орохоор болсон гэж мэдээлсэн л дээ. Зарсныхаа маргааш “Зарчихсан шүү” гэж мэдээлэх бүрэн эрх оросуудад бий. Мэдээж Монголын Засгийн газар хамтран эзэмшигч учраас юм хэлэх эрхтэй. Ер нь Хятадын компанид зарсан ч нөгөө талын бүрэн эрх. Жишээ нь “Чи машинаа хятад хүнд зарж болохгүй” гэж хэлж байгаагаас ялгаагүй эд. Таны хувьд машин чинь зуун хувь худалдаж авсан хувийн өмч. Эрдэнэтийн хувьд эзэмшиж байгаа, өмчилсөн газар биш. Зөвшөөрөгдсөн лиценз бүхий талбайн л асуудал. Тэгээд бүр уурхай эзэмшиж буй компанийн тодорхой хувийг зарж байгаа. Энэ талаас нь харвал бизнесийн зарчмаараа бол “Ростех” эзэмшдэг хувиа хүссэн хүндээ зарах эрхтэй. Хоёрдугаарт, зарахаасаа өмнө Монголын талд мэдэгдсэн байж таарна. Монголын Засгийн газрын тухайд техник, эдийн засгийн ямар нэг хүндрэл үзүүлэхгүй л бол эсэргүүцэх ямар нэг үндэслэл байхгүй. Компанийн хувь шилжиж л байгаа асуудал. Оросууд манай талд өөрийн хувиа зарахгүйгээр бэлэглэх гэж байтал өөр нэг нөхөр өмнүүр нь ороод авчихсан бол өөр хэрэг. 500 сая ам.доллараас нь илүү үнэ хэлээд авах эрх Засгийн газрын хувьд бүрэн нээлттэй. Гэхдээ Засгийн газар иргэдийн татварт төлсөн мөнгийг уул уурхайн эрсдэлтэй төсөлд зарна гэдэг эргэж бодох учиртай асуудал. Эрдэнэтийн хувьд хүдрийн агуулга нь багассан, нүсэр бүтэцтэй учраас зардал өндөр гэх мэт асуудал зовлон ихтэй үйлдвэр. Эрдэнэтийг төр бүтнээр нь аваад, зуун хувь эзэмшээд ашигтай эсэх нь эргэлзээтэй гэх гээд байна л даа.

-Төрийн зуун хувийн эзэмшилд очвол өнөөгийн данхар бүтэц нь улам данхайж, шахааны бизнес жинхэнэ утгаараа цэцэглэнэ гэсэн болгоомжлолыг шинжээчид хэлээд эхэлчихсэн. Хувийн компани менежмэнтэд нь оролцвол арай өөр, эерэг зураг харагдаж мэдэх л юм…?

-Магадгүй, гэхдээ “Ростех” хувиа ганц компанид биш хэсэгчлээд зарчихвал нэлээд хэцүү байдал үүсэх эрсдэлтэй. Төр дийлэнх хувь эзэмшигч гээд шийдвэр гаргахад оролцуулахгүй байх магадлал өндөр. Удирдах багцыг эзэмшээгүй бол өнөөгийн байдал өөрчлөгдөхгүй л дээ. Миний хувьд “Ростех” асуудлаас аятайхан холдчихов уу гэж хараад байгаа. Монголд уурхайн хаалт гэдэг ойлголт сүүлийн хоёр жилд л яригдаж байна. Манай улс Эрдэнэтийг хаах гэж нэлээд зүдэрнэ. 120 мянган хүнтэй хотыг яах вэ гэдэг томоос том асуудал. Ний нуугүй хэлэхэд Эрдэнэт үйлдвэр нэг хотыг тэр чигт нь тэжээж байгаа.

-Манай улсын экспортолдог уул уурхайн бүтээгдэхүүнээс алт л арай өнгөтэй байх шиг байна. Оны сүүлээр ханш нь бүр өснө гэсэн таамаг байгаа…?

-Алтны үнэ сүүлийн үед бага зэрэг доошилсон. Гэхдээ 1320 ам.доллараас буухгүй байна л даа. Оны сүүлээр алт өснө гэсэн таамаг голлож байгаа. Тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль асар том нөлөө үзүүлнэ. Зэс 4900 ам.доллараас буухгүй байгаа нь бас ч гэж сайн хэрэг. Гэхдээ төсөвт өөдрөгөөр төсөөлчихсөн. Нүүрсний үнэ муу хэвээр байна.

– “Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хэзээ болох вэ?

-Есдүгээр сарын 8,9-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ жилийн чуулган “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриан дор болно. Мэдээж уул уурхайн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөж ярина. Засгийн газарт бүрдэж дуусахаар чуулга уулзалт дээр хамтарч ажиллах болов уу гэж найдаж байна. Сонгуулийн дараа болж байгаа нь энэ жилийн “Дисковер Монголиа”-гийн онцлог. Хөрөнгө оруулагчид Засгийн газар ирэх жилүүдэд ямар бодлого барихыг сонирхохоор ирнэ. Засгийн газар ч бодлогоо танилцуулах байх.