Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: Төрөөс үйлчилгээ авсныхаа төлөө иргэний халааснаас гардаг зардлыг бууруулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.

-Та Өвөрхангай аймгаас сонгогдон Их хурлын гишүүн боллоо. Ирэх дөрвөн жилд ямар бодлого барьж ажиллая гэж бодож байгаа вэ. Таныг өмнө нь Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ салбарт олон жил ажилласан гэдэг утгаараа тухайн салбартаа түлхүү анхаарах болов уу гэж бодож байна?

-Энэ удаагийн сонгуулиар иргэд МАН-нд илүүтэй итгэл хүлээлгэн 65 суудал өглөө. Тиймээс ирэх дөрвөн жил хариуцлагатай ажиллах үүрэг бас ирлээ. Иргэдийн ийм өндөр итгэлд бид хариуцлагатай ажиллаж л хариу барих ёстой. Бид сонгуулийн үед сонгогчдод амлаж байсан болоод өмнөх парламентын үед сөрөг хүчин байхдаа ярьж, хийж байсан үг үйлдэл хоёр зөрж болохгүй гэдэг зарчим барьж ажиллана. Мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулна. Нийгэм, эдийн засгийн байдал ямархуу байгааг үнэн зөвөөр нь мэдээлэх хэрэгтэй. Үүнийгээ тодорхой болгочихоод бид цаашид ямар хөрсөн дээр ажлын гараагаа эхэлж байна вэ гэдгээ зөв оношилж иргэдэд тайлагнах ёстой. Тэгж байж цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхойлох юм.

Миний хувьд нийгмийн хамгааллын салбарт сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Би нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажилд анхаарал тавин ажиллах болно. МАН-ын мөрийн хөтөлбөрийн нийгмийн бодлогын чиглэлээр санал боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Тэр утгаараа мөрийн хөтөлбөрт багтсан нийгмийн хамгааллын чиглэлийн заалтуудыг ажил хэрэг болгох тал дээр анхаарна. Ялангуяа малчид болон хувиараа аж ахуй эрхлэгчдийг нийгмийн даатгалтай болгохтой холбоотой асуудал, олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, оюутны сургалтын төлбөрийг эцэг, эхэд нь санхүүгийн дарамт учруулахгүйгээр шийдэх, малчдыг тогтмол орлоготой болгох гээд олон зорилтууд бий. Тиймээс энэ чиглэлийн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох тал дээр анхаарал хандуулна.

Мөн УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад зарим асуудлыг хууль эрхзүйн орчин тал дээр нь боловсронгуй болгоод явах ажлуудыг эхлүүлсэн. Хүүхдээ гурван нас хүртэл нь гэртээ харж байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл тасрахгүй байх, ээжүүд төрүүлж өсгөсөн хүүхдүүдийнхээ тоогоор нийгмийн даатгал төлсөн жилийг нэмэгдүүлэх, байгалийн хатуу ширүүн нөхцөлд улаан гараараа тэмцдэг малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах хэрэгтэй байна. Малчид болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүс нийт ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 50 орчим хувийг эзэлдэг. Тэгсэн хэрнээ тэдний 15 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тиймээс малчид болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн нийгмийн даатгалыг нэг удаа төлөх гээд хууль эрхзүйн тал дээр хоёр хуулийн төсөл боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Засгийн газар эдгээр хуулийн төслүүд дээр саналаа өгчихвөл УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх бодолтой байна.

-Монгол Улсын Ерөнхий сайд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тал дээр судалж танилцуулахыг үүрэг болгосон байна лээ. Өмнөх Засгийн газрын үед бол хэрэв тэтгэврийн зээлийн хүү буурчихвал аав, ээжийнхээ тэтгэврийн зээлийг авах хүүхдүүдийнх нь тоо улам нэмэгдэнэ гэдэг утгаар нь бууруулах нь тийм ч зохистой биш гэж байсан. Тэтгэврийн зээлийн хүү буурах боломж бий юу?

-Ер нь ахмадууд тэтгэврийн зээл авахгүй амьдрах нөхцөл боломжийг нь бий болгох нь чухал. Өнөөдөр манай ахмадууд өөрсдөө гоёж гоодож, өдөрт хэд хэдэн удаа хоол идэхийн тулд тэтгэврийн зээл авдаггүй. Төрөөс үйлчилгээ авсныхаа дүнд иргэдээс гардаг зардлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Тухайлбал, оюутны сургалтын төлбөр байна. Манай ахмадууд үхтэл үр харам гэгчээр үр хүүхдээ өсгөж бойжуулахын зэрэгцээ хүүхдийнхээ хүүхдийн төлөө санаа зовж суудаг. Энэ бол нүүдэлчин монголчуудад л байдаг чанар. Ахмадууд маань ач, зээ нарынхаа сургалтын төлбөрийг төлөхийн тулд, амьдрал ахуйг нь аятайхан байлгахын тулд ихэнх нь зээл авч байгаа. Өнөөдөр нийт ахмадуудын 80 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй байна гэсэн судалгаа бий. Шулуухан хэлэхэд тэтгэврийн зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах боломжгүй. Эдийн засгийн маш оновчтой бодлого явуулж байж бууруулах ёстой. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаас өмнө тэтгэврээрээ амьдралаа хэвийн аваад явдаг хэмжээнд хүргэх нь чухал. Тэгэхээр тэр хэмжээнд хүргэхийн тулд тэтгэврийг нэмэх шаардлагатай. Тэтгэвэр нэмэгдүүлчихвэл манай ахмадуудын зээл авах хэрэгцээ багасна. Нөгөө талаасаа төрөөс үйлчилгээ авсныхаа төлөө иргэний халааснаас гардаг зардлыг дорвитой бууруулах хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ эрүүл мэндийн үйлчилгээ авсныхаа төлөө төлбөр төлдөг тэр хураамж нь маш өндөр байна. Иргэдийн халааснаас гардаг зардлыг бууруулах арга хэмжээ авч чадвал тэтгэврийн зээл авах хандлага буурна.

-Яг ямар замаар бууруулах боломж байгаа вэ?

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулж Нийгмийн даатгалын санг Засгийн газар арвижуулж байдаг. Харамсалтай нь Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулахдаа цөөн хэдэн арилжааны банкуудад давуу эрх олгоод нөгөө банкууд нь улсын хэмжээгээр тэтгэврийн зээл тавьдаггүй арилжааны банкуудад Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг өмнөх Засгийн газар байршуулчихсан юм билээ. Үүнийг Засгийн газар богино хугацаанд авч үзээд улсын хэмжээгээр Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийг тавьдаг сүлжээтэй арилжааны банкинд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг байршуулдаг болгох асуудлыг эхний ээлжинд шийдэх ёстой. Ингэж чадвал арилжааны банкинд байршуулдаг Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах тохиролцоог тус банктайгаа хийж тэр хэмжээгээр арилжааны банк нь Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой. Өмнөх Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулахдаа 12-13 хувийн хүүтэй байршуулчихаад арилжааны банкууд нь ахмадуудад тэтгэврийн зээл олгохдоо 16-18 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгоод байгаа юм.

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн хүүг бууруулах юм бол Нийгмийн даатгалын сангийн арвижиж байх ёстой мөнгөний хэмжээ буурах байх даа?

-Нийгмийн даатгалын сангийн арвижиж өсөн нэмэгдэж байх ёстой мөнгө буурах сөрөг талтай. Гэхдээ ахмадуудынхаа төлөө үүнийг хийж хэрэгжүүлэх л ёстой.

-Өнөөдрийн нөхцөлд эдийн засаг амаргүй байгаа хэдий ч МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмнэ гээд тусгачихсан. Ирэх жилээс бондын эргэн төлөлт эхэлнэ. Цалин, тэтгэвэр нэмэх боломж бий юу?

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байна гэдэгтэй санал нэг байгаа. Бидний гарааны нөхцөл ямар байгаа вэ гэдэг нэг зүйлийг л Засгийн газрын гишүүддээ хэлж байгаа. Миний хувьд зарим статистик үзүүлэлтүүдэд эргэлздэг. Ялангуяа сүүлийн хагас жилд Үндэсний статистикийн газрын хараат бус байдлыг алдагдуулаад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгосон. Тиймээс зарим статистик тоо эргэлзээтэй. Өмнөх эрх баригчид инфляцийн түвшинг бууруулсан гээд байсан. Эрх баригчид үнэхээр эдийн засгийн оновчтой бодлого явуулсны дүнд инфляци буурсан уу эсвэл иргэд орлогогүй болоод худалдан авах чадвар нь буурч, бүсээ чангалж байж захиргааны аргаар инфляци буурсан уу гэдэг бодит дүгнэлтийг бид гаргах хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд иргэдийн орлого маш ихээр буурч ажилгүйдэл газар авч байна. Өмнөх Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд ганцхан удаа найман хувиар цалин нэмсэн байдаг. Ийм хэмжээнд цалин нэмсэн үед орлого нэмэгдэж чадаагүй. Өмнөх эрх баригчдын хэлээд байсан ядуурал буурсан гээд байгаа нь эргэлзээтэй. Үнэхээр ядуурал буурсан уу, түвшинг тооцдог аргачлалыг нь өөрчилж ядуурлын түвшинг бууруулчихсан уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Цаашид инфляцийн түвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмдэг болгох ёстой. Ямар нам засаг барьж байгаа болон ямар хүн сайд хийж байгаагаас үл хамаараад цалин, тэтгэвэр нэмэгддэг хууль эрхзүйн орчныг бий болгох цаг болсон.

Нөгөө талаасаа цалин нэмнэ гэдэг бол нийт ажиллагсдын 15 хувийн асуудлыг л яриад байгаа юм. Манайд хөдөлмөрлөж буй нийт хүмүүсийн хувиараа аж ахуй эрхэлж буй хүмүүс нь орхигддог. Төрийн албанд ажиллаж байгаа 15 хувийн асуудлыг яриад цаана нь үлдэж буй 1.1 сая хүн буюу 85 хувийн асуудлыг мөн давхар шийддэг байх юм уу гэдгийг авч үзэх ёстой. 85 хувийнх нь ажлын байрыг яаж хадгалж үлдэх вэ, орлогыг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг бол Засгийн газрын толгойны өвчин байх ёстой юм л даа.

-Энэ бүгдийг шийдээд явах ямар гарц байгаа бол?

-Асуудал байгаа гэдэг нь маргаангүй үнэн. Гэхдээ асуудлаас гарах хувилбарыг бид олох ёстой. Зөвхөн цалин нэмнэ гэхэд л төрийн албан хаагчдын цалинг ярьж болохгүй. Иргэдийг зөвхөн орлоготой болгоно гэдэг нь цалин нэмнэ гэсэн үг биш. Магадгүй бид татварын бодлогодоо өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэж гэмээнэ орлого өндөртэй байгаа нь ахиу татвар төлдөг, орлого багатай нь бага татвар төлдөг татварын шатлалтай бодлого чухал. Тэгж байж л хүн амын олонх нь ядуу, ядуувтар биш дундаж болон чинээлэг давхарга руу орох бодлого явуулах шаардлагатай. Цалин, тэтгэвэр нэмснээр асуудал шийдэгдэхгүй. Өөр ямар асуудал байна тэр бүхнийг бодох нь чухал.

-Цалин, тэтгэвэр нэмэх гэхээр л өнөө хэцүүдсэн эдийн засагт дарамт учирна. Манай орны хувьд уул уурхайгаас хараат ганц тулгуурт эдийн засагтай. Эдийн засгаа солонгоруулна гээд байгаа ч үнэндээ үр дүн алга. Үүнд ямар өөрчлөлт хэрэгтэй вэ. Үнэгүйдээд л хаягдаж байгаа арьс, ширийг эдийн засгийн эргэлтэд оруулахаас эхлээд ажлууд байх шиг байна?

-Хөдөө явж байхад хөдөөгийн иргэд орлогогүй болсон байна лээ. Өнгөрөгч арваннэгдүгээр сард хонины нэхий өлөнтэйгөө 1500 төгрөг байсан бол сонгуулийн үеэр 200 төгрөг болсон байсан. Зардал гаргаж сумын төв рүү хүргэж өгч байхаар зардал багатайгаар нь аргалаа бүтээхээс өөр аргагүй байна гэсэн малчид их таарсан.

Эдийн засаг дээр бид хоёр зүйлийг анхаарах ёстой. Уул уурхай яахав өвөг дээдсээс бидэнд үлдээсэн байгалийн баялаг юм. Бүх байгалийн баялгаа бидний үед ашиглана гэж дайрах нь буруу. Тодорхой хэдэн ордыг нь бидний үед ашиглаад үлдсэнийг нь хойч үедээ үлдээх нь зөв. Байгалийн баялаг гэдэг бол нөхөн сэргээгддэггүй. Нөгөө талдаа ажиллах хүч шингээх боломжгүй байдаг. Бид тодорхой ордыг ашиглахдаа нөөц нь шавхагдсан үед түүнээс дутахааргүй орлоготой болох бодлого явуулах ёстой юм билээ. Тэгж гэмээнэ бид бусад орнуудын жишгээр зөв голдрилоор нь явуулна.

Бидний хувьд байнга нөхөн сэргээгдэж байдаг уул уурхайгаас дутахааргүй баялаг бүтээдэг хөдөө аж ахуйн салбараа дэмжих цаг иржээ. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дотооддоо өндөр өртөг шингэсэн хөнгөн үйлдвэрийг бид бүсчлэн ойрын хугацаанд олноор нь барьж байгуулах хэрэгтэй. Ингэж гэмээнэ малчид тогтмол орлоготой болно. Мөн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас сэргийлдэг тусгай сан байгуулах шаардлагатай. Түүхий эдийн үнэ унаад малчид орлогогүй болж байгаа бол тэр тусгай сангаас нөхөн олговор олгодог зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лакшми: “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал долларын ханш тогтворжино

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Эдийн засгийн хүндрэлээс гарах хамгийн бодитой арга, гарц гэвэл та юуг онцлох вэ?

– Одоогийн хүндрэлээс гарах хамгийн бодитой гарц бол “Стэнд бай” хөтөлбөр. Эдийн засаг нэлээд хүндэрчихлээ. Валютын нөөц сайн биш учраас долларын ханш нэмэгдэх магадлал өндөр байгаа. Наймдугаар сарын сүүл есдүгээр сараас долларын ханш эрс өсдөг хандлага ажиглагддаг. Сургууль, цэцэрлэг, их сургууль гээд бүх юм есдүгээр сараас эхэлдэг. Хичээлийн хэрэгсэл, хувцас худалдаж авах, сургалтын төлбөр хийх гэх мэт асуудал үүсч, худалдан авалт идэвхжээд эхэлдэг учраас доллар өсөхөөс аргагүй шалтгаан үүсдэг гэсэн үг. Нөгөө талаас экспорт сайн биш байгаа нь долларын ханшид сөргөөр нөлөөлсөөр байна. Экспорт өсөх хандлага ойрын хугацаанд лав харагдахгүй байна. Тэгэхээр Монголын хувьд хамгийн түрүүнд хийх ёстой алхам бол өмнө хэлсэнчлэн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах. “Стэнд бай” бол ОУВС-гаас хэрэгжүүлдэг, санал болгодог хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн талаар өрөөсгөл ойлголт нийгэмд байдаг л даа. “Стэнд бай” хөтөлбөрт Засгийн газраас хүсэлт гаргаж хамрагддаг юм. Энэ хөтөлбөрт хамрагдсаны сайн тал гэвэл хэд хэд бий. Нэгдүгээрт гаднаас хямд эх үүсвэртэй, хямд өртөгтэй санхүүжилт орж ирнэ. Хоёрдугаарт санхүүгийн болон эдийн засгийн хямралуудыг даван туулах тусгайлсан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тэр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үүргийг тухайн улс орон хүлээдэг юм. Санхүүгийн сахилга батыг нэлээд чанд сахих үүрэг хүлээдгээрээ онцлог хөтөлбөр гэж ойлгож болно. Энэ утгаараа нэгэнт үүсчихсэн эдийн засгийн хүндрэлтэй үед цагаа олсон алхам болно гэж бодож байна. Их хэмжээний өртэй, зээлжих зэрэглэл буурсан, эдийн засаг нэлээд муудсан нөхцөл байдалд хүндрэлээс гарах хамгийн бодитой гарц бол “Стэнд бай”.

-Эдийн засаг хүндхэн үед зам, эрчим хүч гэх мэт суурь дэд бүтцүүдээ шийдчихвэл сайн цаг ирэхэд илүү эрчтэйгээр урагшилна гэж шинжээчид зөвлөдөг. Мэдээж ОУВС өгсөн мөнгөөрөө зам тавь гэхгүй байх. “Стэнд бай” хөтөлбөрийг энэ талаас нь шүүмжлэхээс аргагүй санагддаг…?

-Манай улс нэлээд онцлогтой орон. Импортоос хараат хэвээр байгаа. Экспортод гарч байсан голлох бүтээгдэхүүн болох түүхий эд гээд ярихаар уул уурхайн салбарт хамаардаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан, үнэ ханшаас болж экспортын хэмжээ огцом багассан гэх том бэрхшээл байна. Үйлдвэржилт гээд харахаар экспортод гаргачихаар дорвитой, ахицтай зүйл алга. Ихэнх хэрэглээгээ гадаадаас хангаж байгаа болохоор валютаас хараат байдал маань хэвээрээ гэсэн үг. Уул уурхайгаас хараат гэдэг нь хэвээрээ. Зам, дэд бүтэц тавихын тухайд мэдээж хэрэгтэй. Нөгөө талаас эдийн засгийн үр өгөөжийг нь харах хэрэгтэй л дээ. Замыг эдийн засаг талаас нь хараад үзэхээр ашиглаж чадвал зайлшгүй шаардлагатай. Цөөхөн хүн амтай сумын хувьд ийм хүнд үед заавал зам тавих шаардлагагүй. Харин эдийн засаг сайн үед байж болох асуудал. Манай улсын сул талын нэг нь дэд бүтэц сул хөгжсөн явдал мөн л дөө. Гэхдээ эхлээд хаагуур зам тавих вэ гэдгээ эрэмбэлэх хэрэгтэй. Ингэсний эцэст дэд бүтцээ тавибал зүгээр.

-“Стэнд бай” хэрэгжсэн тохиолдолд долларын ханшид ямар нөлөө үзүүлэх бол, ханш тогтворжих болов уу?

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар долларын ханш тогтворжино. Өнөөгийн нөхцөл байдлын хувьд уул уурхай сэргээгүй, валютын нөөц бага, өөр бүтээгдэхүүн экспортолъё гэхээр эдийн засаг хүчтэй нөлөөлөхөөр зүйл алга, гадаад хөрөнгө оруулалт буурсан гэсэн эрсдлүүд бий. Байдал энэ хэвээр үргэлжилбэл долларын ханш өссөөр байна.

-“Стэнд бай” хөтөлбөрөөс өөр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай алхмууд гэвэл юу байна?

-Санхүүгийн зах зээлийг либериалчлах хэрэгтэй. Аливаа бизнесийг хөгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй байдаг. 96 хувь маань банкнаас хараат байгаад байгаа нь энэ салбар либериалчлагдаагүйтэй холбоотой. Санхүүгийн бусад эх үүсвэр, арга хэрэгслийг идэвхжүүлэхгүй, боломжийг нь олгохгүй байгаа учраас бизнес сайн хөгжихгүй байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй яам, агентлагийн бүтцийг харахаар гадаад хөрөнгө оруулалтыг хариуцсан газар байхаа больсон гэж харагдаж байна л даа. Манай эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Гадаад хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаад өөр яамны харьяанд оруулах нь зөв алхам биш. Үе үеийн Засгийн газар гадаад хөрөнгө оруулалтын газрыг зайлшгүй хадгалж үлдэх ёстой. Харин ч гадаад хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааг нь бэхжүүлээд маш идэвхтэй баг бүрдүүлж ажиллах учиртай. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалдаг маш хүчтэй байгууллага болгочихвол эдийн засагт хэрэгтэй гэж харж байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт ойрын ирээдүйд ямаршуу байх төлөв ажиглагдаж байна вэ?

– Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд сонгуулийн өмнөхөн ямар нам ялах бол, засаг яаж бүрдэх нь вэ гэдэг дээр хүлээлттэй болчихсон байдаг. Засгийн газар хөрөнгө оруулагчидтай томоохон төслүүдээ хөдөлгөнө гэж яриад эхэллээ. Наймдугаар сар гарчихлаа. Манай улсын хувьд барилгын сезон богинохон байдаг. Наймдугаар сараас том төслүүдийнхээ асуудлыг ярьж эхэлсэн гэхээр шийдвэр гартал наад зах нь хоёр, гурван сар болно. Аль төслүүдээ хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал бий. Олон улсын тендер зарлаж таарна. Тендерт хөрөнгө оруулагчид саналаа ирүүлнэ. Компаниудыг сонгон шалгаруулна, дараа нь гэрээ байгуулна. Гэрээ байгуулсны эцэст хөрөнгөө оруулна. Ингээд харахаар энэ жилдээ багтахааргүй их ажил харагдаж байгаа. Тэгэхээр энэ онд лав хөрөнгө оруулалт сэргэх магадлал маш бага. Цаг алдахгүй хийх боломжтой алхам гэвэл ганцхан байна. Тэр нь “Стэнд бай”. Төсөв мөнгөгүй болчихлоо. Аль хэдийнэ улайсан. Дахиад хэлэхэд том төслүүдээ хөдөлгөх ёстойг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол өнөө маргаашдаа шийдэгдэх асуудал биш. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр ямар байгаа билээ. Таван толгой дээр тендер зарлалаа гэхэд өмнөх шиг шууд л бөөн бөөнөөрөө саналаа ирүүлнэ гэж байхгүй. Саналаа ирүүллээ гэхэд процесс нь олон учраас хугацаа шаардана.

-Засаг хүүхдийн мөнгийг өгч чадахаа болилоо. МАН-ын мөрийн хөтөлбөрт халамжийн өчнөөн амлалт бий. Эдийн засаг ийм үед халамжийн бодлогыг хэвээр үргэлжлүүлбэл биднийг ямар эрсдэл хүлээж байгаа бол?

-Халамжийг хавтгайруулсан хэвээр байвал дампуурлаа зарлахад хүрэх байх. Манай эдийн засгийн загвар хагас социализмын, хагас зах зээлийн эрээвэр хураавар хэлбэрээр яваад байгаа юм. Олон жилийн хугацаанд ингэж явж ирсний үр дүнд эдийн засаг хүндрэлтэй, цэгцэрч өгөхгүй байна л даа. Жишээ нь Герман нийгмийн баримжаатай эдийн засагтай. АНУ гэхэд л бас нэг өөр төрлийн эдийн засаг. Орон болгон өөрийн гэсэн онцлогтой эдийн засгийн загварыг хөгжүүлж байна. Харин манайд эдийн засгийн загварчлал явагдахгүй байна. Тухайн үедээ сонгогчдын саналыг авахын тулд боловсруулсан аль нэг намын мөрийн хөтөлбөрөөр яваад байгаа учраас улсын эдийн засагт урт хугацаанд муу нөлөө үзүүлж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн мөнгийг аваад үзье. Улсын цэцэрлэгт хүүхдээ өгч байгаа эцэг эхчүүд ямар ч мөнгө төлдөггүй. Энэ буруу. Анхнаас нь буруу загвар хийчихсэн. Үе шатлалтай тогтоож өгөх байсан. Жишээ нь ээж, аав нь хоёулаа ажилладаг дажгүй орлоготой айлын хүүхэд улсын цэцэрлэгт хүмүүжиж байна гэж бодъё. Тэгвэл цэцэрлэгийн төлбөрийг тодорхой хэмжээгээр төлөх ёстой. Дундаж орлоготой хүмүүст “Зөвхөн хоолных нь мөнгийг төл” гэсэн босго тогтоогоод өгчихөд болохгүй юмгүй. Төрөөс зардлыг нь даахаас аргагүй хэсэг бол ажилгүй, бага орлоготой иргэдийн хүүхдүүд. Бүх зүйлийг ийм үе шатлалтайгаар тогтоож өгөх ёстой. “Үдийн цай” хөтөлбөр гэхэд улсын, хувийн гэлгүй бүх сургуулийг хавтгайруулж хэрэгжүүлсэн нь мөн л буруу загвар. Эдийн засаг хүндэрсэн энэ үед нийгмийн халамжийг хавтгайруулж болохгүй.

-Сүүлийн үед гадны банк оруулж ирэх нь зөв, тэгж байж хүндрэлээс гарна гэж их ярих боллоо. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Болгоомжтой хандах ёстой асуудал. Тэртэй тэргүй санхүүгийн зах зээл банкнаас 96 хувийн хараат байгаа. Буруу тогтолцоо. Гадны банк оруулж ирвэл энэ буруу тогтолцоог өөгшүүлэхээс хэтрэхгүй. Харин санхүүгийн бусад арга хэрэгслийг идэвхжүүлэх хэрэгтэй. Хувийн хөрөнгө оруулалтын сан гэх мэт өчнөөн арга хэрэгсэл бий.

-Эдийн засаг хүндэрсэн ийм үед эрсдлээс гаргаж чадах чадалтай, чадамжтай хүмүүс засаг барих ёстой гэж ярьж бичиж байна. Та юу гэж бодож байна?

-Мэргэжлийн Засгийн газар гэж сүүлийн үед их ярьж байгаа. Ийм засагт ажиллаж чадах хүмүүсийг сонговол зүйтэй байдаг. Эрсдлийг тооцож харж чаддаг, асуудлаа мэддэг, шийдэмгий хөдөлдөг хүмүүс засагт ажиллах хэрэгтэй. Тэгж байж хүндрэлээс гарна.

Categories
мэдээ цаг-үе

Х.Сүнжидмаа: Гэр бүлийн хүн маань намайг барилдахыг дэмждэг

Сумо бөхийн ДАШТ Монголд анх удаа болж өнгөрсөн билээ. Тус тэмцээнд 23 орны баг тамирчид өрсөлдөж хурд хүчээ сорьсон юм. Манай улсаас эмэгтэйчүүдийн хүнд жинд Х.Сүнжидмаа алтан медаль хүртэж, хошой аварга болсон. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Монгол Улсад зохион байгуулагдсан сумо бөхийн ДАШТ-д алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо. Танд баяр хүргэе?

-Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Спортоор хичээллэх гэдэг бол хувь хүнээс маш их хариуцлага, тэсвэр хатуужил, асар их хөдөлмөрийн үр дүнд амжилт ирдэг зүйл юм шүү дээ.

-Бэлтгэл сургуулилтыг хэрхэн базааж байв?

-Би Япон улсад сурдаг. Японд бэлтгэл сургуулилтаа байнга л хийдэг. Харин Монголдоо өнгөрсөн сарын 20-нд ирээд 10 хоног Эко цогцолборт бэлтгэл сургуулилтаа хийсэн. Эх орондоо ирээд их сайхан байна. Сэтгэл санаа ч өөдрөг байна. Хэд хоног хөдөө амрахаар явах гэж байна даа.

-Та бөхийн спорттой хэрхэн холбогдсон бэ. Самбо болон жүдо бөхийн спортоор хичээллэдэг байсан гэж сонссон?

– Анх 2000 оноос самбо, жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Энэ нь бөхийн спорттой холбогдох шинэ өнгө төрх болж өгсөн юм. Харин “Монгол охид” нэртэй самбо, жүдогийн клубийг гавьяат дасгалжуулагч, улсын начин С.Эрдэнэбат багш нээхэд анх элсэн орсон. С.Эрдэнэбат, ОУХМ Г.Базарсүрэн багш нарынхаа лекцийг нь сонсч, заавар зөвлөгөө авч бэлтгэл, сургуулилт хийдэг байсан даа. Ингэж спорттой холбогдож, олон тэмцээн уралдаанд оролцдог болсон. Анх 2002 оноос сумо бөхөөр хичээллэж байлаа. Тухайн үед сумогийн УАШТ, Азийн АШТ-д түрүүлж, багаараа ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэр цагаас хойш энэ спортод сонирхолтой болж, амьдралаа холбосон. 2005 онд Япон улсад ДАШТ-ээс хүрэл, багаараа мөнгө, 2010 онд Польш улсад зохион байгуулагдсан ДАШТ-ээс хүрэл, 2012 онд Хонконг улсад ДАШТ болоход мөнгө, 2014 оны ДАШТ-ээс хүрэл, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс алтан медаль авч байлаа. Энэ жилийн тэмцээн маш өрсөлдөөнтэй боллоо. Өөрт байгаа бүх зүйлээ дайчлан оролцож алтан медалийн эзэн боллоо. Нийтдээ дэлхийн аваргаас 11 медальтай. Хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж байлаа.

-Та хаана төрж өссөн бэ. Бага насныхаа тухай яриач?

-Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1979 онд төрсөн. Манай нутгийн зон олон их сайхан хүмүүс байдаг. Нутгийн ард түмэндээ баярлаж талархаж явдаг шүү. Би багадаа их хөдөлмөрч, аливаа зүйлд уйгагүй ханддаг байсан. Аав маань залуу байхдаа барилддаг биерхүү хүн байлаа. Тиймээс би барилдах хүсэл тэмүүлэлтэй болсон байх.

-Гэр бүлийнхээ талаар танилцуулна уу?

-Манай гэр бүлийн хүн барилддаг байсан. Гэхдээ одоо барилдахгүй байгаа. Намайг барилдах хэрэгтэй гэж их заавар зөвлөгөө өгч дэмждэг юм.

-Энэ жилийн сумо бөхийн сонирхогчдын ДАШТ-д оролцсон бусад орны тамирчид их хүчирхэг байсан уу?

-Би “Монголын сумо бөхийн холбоо”-ны шигшээ багт байгаа. Энэ жилийн сумо бөхийн сонирхогчдын ДАШТ-нд 23 орны баг тамирчид оролцож, ур чадвараа сорилоо. Монголын баг тамирчид хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж амжилттай оролцсон. Миний хувьд дэлхийн хошой аварга болж буй анхны эмэгтэй тамирчин боллоо. Монгол залуус 20 гаруй жилийн хугацаанд мэргэжлийн болон сонирхогчдын сумогоор хичээллэж, дэлхийн тавцанд амжилт гаргаж чадаж байна. Манай улсад энэхүү тэмцээн анх удаа болж байгаатай холбогдуулж Япон улсаас мэргэжлийн сумо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд тэргүүтэй сумочид эх орондоо ирсэн. Д.Кёкүшюүзан Батбаяр ах хэлсэн л дээ. “Монгол Улс бол бөхийн эх орон юм” гэж. Японы сумо өнөө цагт даяарчлагдаж, олон улсын статустай болсон. Иймээс 21 жил тасралтгүй үргэлжилж байна. Харин манай улсад уг тэмцээнийг Олон улсын сумо бөхийн холбоо, Монголын сумо бөхийн “Хакухо” сангаас хамтран зохион байгуулж, өргөн цар хүрээг хамарч, үзүүштэй сайхан тэмцээн болсон. Бусад орны тамирчдаас Украйн, Япон улсын тамирчид хүчирхэг байсан. Ер нь бүх л улс орны тамирчид дор бүрнээ хичээж амжилттай оролцсон.

-Монгол хүн бөхийн спортоор хичээллэж амжилт гаргахад юу нөлөөлдөг гэж боддог вэ?

-Монгол хүн байгальтайгаа илүү ойр өсдөг. Багаасаа хурга, ишиг хариулж, байгалийн органик унд цайгаар хооллодог ард түмэн. Мөн хөдөөний аж байдал нь малаа хариулж, түлээгээ хагалж, усанд явах зэрэг шат дараалалтай. Энэ нь биеийн хүчний дасгал болж өгдөг байх. Сэтгэл зүйн хувьд монголчууд их тэсвэртэй. Тухайн хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай явж, заавал амжилт гаргана даа гэсэн бодол байвал амжилт гаргадаг л ард түмэн. Энэ нь бөхийн спортод томоохон амжилт гаргах нөхцөл болдог байх.

Манай монголчуудад хэд хэдэн дутагдалтай зүйл байдаг. Нэгдүгээрт жаахан залхуу байдал харагддаг. Хоёрдугаарт ааштай ард түмэн. Япончууд бол маш ёс зүйтэй. Япончуудын сахилга бат дэлхийд гайхагддаг. Үүнийг Япон улсад сурч, ажиллаж байгаа хэн бүхэн батална байх. Мөн их зарчимч зан чанартай улс. Тухайлбал, зам хөндлөн гарахдаа яг л ногоон гэрэл, цагаан шугамын дагуу л гарна. Манайхан бол зарим нэг хүмүүс ногоон гэрэл асаагүй байхад зам хөндлөн гарч явах жишээтэй. Тиймээс япончууд бид нараас IQ өндөртэйдээ улс орноо хөгжүүлээд байгаа юм биш. Япон хүмүүсийн энгийн зан чанар нь улс орныг хөгжүүлэхэд түлхэц болдог юм шүү дээ.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Удам залгасан гавьяат жүжигчин Осорын Бат-Өлзийгийнх

“ГАРЬД МАГНАЙ” КИНОНЫ ДАЛАЙЦЭРЭНГИЙН ДҮРД ДУУ ОРУУЛЖЭЭ

Монгол Улсын гавьяат жүжигчин Осорын Бат-Өлзийгийнд өнжихөөр өнгөрсөн бямба гаригт холбогдлоо. Тэрбээр “Манайх хуучин тээврийн товчооны хойд талын хоёрдугаар байранд байдаг юм. Манай байрны зүүн талд “Монгол даатгал” гэж компани бий. Би одоо Нисэхээс гэр лүүгээ явж байна” гэв. Хоёр талаасаа яг орцных нь үүдэнд таараад гэрт нь орлоо. Бидэнд түүний гэргий ардын жүжигчин С.Сарантуяа хаалга тайлж өгөөд “Бид уг нь зусландаа байгаа юм. Манай хүн сумо үзэх гээд өнөөдөр хот ороод ирлээ” гээд цай, хоол боллоо. Ойрд хөл нь жаахан өвдөөд гадуур гарахгүй байгаа аж. Харин О.Бат-Өлзий “Манай бөхчүүд бас овоо хө. Хоёр ч алт, бас мөнгөн медаль авчихлаа. Гэхдээ тийм сайхан спорт ордонтой байж карт уншдаггүй юм байна. Жаахан өлсөж байна шүү” гээд зурагтаа асаав. “Би нэг ийм л юм үздэг хүн” гээд SPS action суваг дээр тохирууллаа. Ерөөсөө спортын нэвтрүүлгүүд л үздэг гэнэ.

О.Бат-Өлзийгийн аав бол Монгол Улсын гавьяат жүжигчин У.Осор билээ. “Тунгалаг тамир” киноны Даржаа баатар, “Ичээнд нь” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдангаас эхлээд “Ардын элч”, “Сэрэлт”, “Төгсгөл”, “Хүргэн хүү”, “Талын цуурай”, “Нөмрөг хадны цуурай”, “Манай аялгуу”, “Хүний мөр”, “Их замын эхэнд”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг зуу гаруй кино, жүжигт дүрээ мөнхөлсөн нэгэн. Мөнхүү “Усан дээр ассан гал”, “Цоодолын Цоорхой” зэрэг зохиол бичсэн байдаг. Тиймээс та наадмын өмнө гавьяат цол авч байхдаа аавынхаа талаар бодож байв уу гэхэд О.Бат-Өлзий “Тэгэлгүй яахав. Би чинь ерөөсөө л урлагийн гэр бүлд өссөн хүн. Аав хүүхдүүдээ бүгдийг нь урлагийн хүн болгосон доо. Тэрний нэг нь л би. Аав 1945 онд цэргээс халагдаад анх Бөмбөгөр ногоон театрт дагалдан жүжигчнээр орж байсан юм билээ.

1962 онд “Монгол кино” үйлдвэрт жүжгийн анги гэж нээгдэхэд драмын театраас М.Бадамгарав гуай, Д.Чимэд-Осор гуай, манай аав нар, Хүүхэлдэйн театраас Р.Дамдинбазар гуай, Төмөр замын соёлын ордноос Б.Дамчаа гуай зэрэг хүмүүс тэнд очиж орчуулгын киноны жүжигчин болсон. Тухайн цагт Оросын кинонуудыг аваад орчуулаад дуу оруулдаг байлаа. “Амьдрал нулимсанд дургүй”, “Ийм нэгэн явдал” гэх мэт кинонуудад үнэхээр мундаг дуу оруулсан байдаг шүү дээ. Аав маань бурхан болтлоо кино үйлдвэрт ажилласан даа. Аавынхаа дуу хоолойг би одоо ч гэсэн шүтэж биширч явдаг. Хуучны кинонуудаас аавын хоолой гарч ирэхэд аавтайгаа ярьчихсан юм шиг л болдог. Жүжигчин, уран бүтээлч хүний нэг сайхан зүйл энэ юм аа. Тухайн үед киноны дууг шөнө голцуу хийдэг байж. Одооны телевизийн кинонуудад дуу оруулдаг хүмүүс шиг текст харж байгаад дагаад уншчихдаггүй. Монгол текстийг яг айзмыг нь тааруулж аманд нь чихэж хийдэг байсан. Жүжигчдийн тоглолтыг огт алдагдуулахгүй, яг л монголоор яриад байгаа юм шиг байдаг шүү дээ. Бага байхдаа тэдний ажлыг очиж үзэх дуртай байлаа. Тиймээс ч би кинонд дуу хийх дуртай. Би өөрийнхөө эхний кинонуудыг дандаа сүүлд нь ам барьж хийдэг байсан шүү дээ. “Зүрхэнд шивнэсэн үг”, “Ноён солиот”, “Уулын Төмөр” кинонуудаа дандаа сүүлд нь ам барьж хийж байсан. Дараа нь дуун дээр ажиллахаар кино улам чанартай болдог. Муу тоглосон жүжигчин дуу хоолойгоор дээшээ явдаг. Хэтрүүлж тоглосныг дуу хоолойгоор дарж өгдөг” хэмээн хуучлав. Тэрбээр “Гарьд магнай” киноны Далайцэрэнгийн дууг оруулж байжээ. Энэ талаараа “Хүмүүс тэр болгон мэддэггүй юм. Далайцэрэнгийн дүрд тоглосон Д.Батдорж бол жүжигчин хүн биш байсан л даа.

Тиймээс дуугаа найруулагчийн санаанд тултал хийнэ гэж байхгүй шүү дээ. Далайцэрэнгийн дууг хийхийн тулд Ж.Бунтар гуай бас проб авч байлаа. Сүххуяг, Ц.Төмөрбаатар бид хэд очиж проб хийж байсан. Ам барьсныг найруулагч сонсож байгаад намайг сонгосон юм. Би одоо ч гадны кинонуудыг хуучных шиг дуу хийдэг болчихвол тэнд дуу хийх юмсан гэж боддог. Яг зураг авч байхад жүжигчин буруу үг хэлчихсэн байлаа гэхэд түүнийг текстээр нь засаад аманд нь яг чихэж тааруулна. Ална даа гэсэн байвал аварна даа гэж болгож болдог байхгүй юу” гэв. Ийнхүү хөөрөлдөж байтал Б.Тамирын ихрийн өрөөсөн Б.Сүндэръя, ач охин Т.Цэгц-Үжин нар нь орж ирлээ. Б.Сүндэръя “Таны бөх юу болов доо. Тэр Оросын бөхчүүд нь ч үнэхээр том биетэй лагс хүмүүс байна лээ шүү” гээд хэсэг зуур бөхийн сонин хачнаас ярилцав. Харин ач охин Цэгц-Үжин бол энэ гэрийн нар гэдэг нь илт. Өөрөө ч үүнийгээ мэддэг бололтой. Өвөөгөө татаж байгаад чихэнд нь үг хэлж байна. Эмээ, өвөөгийн дунд л гүйгээд байх. С.Сарантуяа гуай “Манай ач одоо зургаан настай, намар сургуульд орно” гэж товч танилцуулав. Басхүү нүүрэмгий талдаа хүүхэд юм. Намайг нэлээд сонирхож, нэр ус хүртэл асуугаад авлаа. О.Бат-Өлзий “Манай Тамирын охин шүү дээ. Аавынхаа найз нарын нэг л гэж бодоод байх шиг байна. Аав нь гадагшаа хэлээ сайжруулахаар явчихаад байгаа юм” гэв.

“ЗҮРХЭНД ШИВНЭСЭН ҮГ” КИНОГОО ХИЙХ САНААГ ОЛОН ЖИЛ СЭТГЭЛДЭЭ ТЭЭСЭН ДЭЭ

Энэ зуны хувьд тэднийхэн хөдөө гадаа явалгүй ажин түжин өнгөрүүлж байгаа гэнэ. Харин наадмын дараахан ойрхон Төв аймагт байх эгчийнх рүүгээ очоод иржээ. Зуслан дээрээ О.Бат-Өлзий “Маш нууц-2” киноныхоо зохиол дээр ажилласан шигээ нам гүм байгаа аж. Тэрбээр “Би Д.Норов гуайгаас зохиол авч хамтарч ажилладаг юм. Энэ удаа өөрөө бичиж үзье гэж бодсон. Бас нэлээд номын дуу сонсож байж зохиол бичих ажлаа эхлүүллээ. Энэ киногоо 2017 онд гаргахаар төлөвлөөд л ажиллаж байна” гэв. “Маш нууц-2” кино нь өмнөх киноны үргэлжлэл биш гэнэ. 1948 оны Байтаг богдын тулгаралтын тухай өгүүлэх кинонд 10 баатар хилчний тухай өгүүлэх юм байна. О.Бат-Өлзий өөрөө хил дээр алба хаасан хүний хувьд, мөнхүү хилчдийн амьдралыг харуулсан кино хийхсэн гэж бодож явсаар одоо шүүрч аваад байгаа нь энэ аж. Тэрбээр “Маш нууц”-ыг үзсэн хүмүүс хүүхдээ цэрэгт явуулахгүй гээд байдаг. Тэр бол 1970-аад онд нэг системтэй, жаахан дарангуйлагч диктатуртай үед болсон явдлаас сэдэвлэсэн уран сайхны кино. Гэтэл хүмүүс яг өнөөдөр ийм байдаг юм шиг бодоод байгаа юм. Цэрэгт очвол яг ингэдэг юм гэж ойлгож болохгүй. Зохиолч Төмөр-Очир “Олонд бүү хүргэ” гэдэг зохиолоо надад өгсөн юм. Гурван жил алба хаачихаад байхад нь нэг жил нэмчихэж байгаа юм. Хүн гэдэг амьтанг эрх чөлөөг зөрчихөд өөрийн эрхгүй эсэргүүцдэг. Зохиолын тэр нь л надад таалагдсан. Тийм эсэргүүцсэн залуучууд дарвивал юунд хүргэх вэ гэсэн санаа” гэв.

“Нар сарны зааг”, “Уулын Төмөр”, “Зүрхэнд шивнэсэн үг”, “Чиний эзгүйд” гэх мэт таны хийсэн кинонуудыг харж байхад нэлээд хүнд сэдэвтэй санагддаг юм гэхэд “Миний кино хүнд биш ээ. Жишээлбэл, “Ноён солиот” киноны эх зохиол нь Д.Норов гуайн “Паанаг” өгүүллэг. Тэр өгүүллэгийг та нар уншвал бүр аймар. Би түүнийг кино зохиол болгож хийлгэсэн. Яг Паанаг нь та нарын хэлдгээр хүнд кино болох байсан. Харин түүнээс солиотой болж нийгэмд амьдрахгүй бол хүлээж авахгүй байгаа талыг нь харж зохиолоо бичүүлсэн” гэж ярилаа. Тэрбээр мөн Солонгосын кино компанитай хамтарч “Хязгаар” гэж кино хийсэн нь олон улсын томоохон наадмуудад нэр дэвшсэн. Мөн “Гарц” гэж Хойд Солонгосоос дүрвэж ажил хийж байгаа хөлбөмбөгчний тухай Хятад, Монгол, Солонгосыг дамнаж зураг авалтаа хийсэн кино байдаг. Түүнийг Монголд зураг авалтаа хийх газар, жүжигчдийг нь олж өгөхөд хамтарч ажилласныг нь тэр болгон хүмүүс мэддэггүй. Тухайн кинон дээр гардаг хойд Солонгосын хэсэг нь Биокомбинат аж. О.Бат-Өлзий “Солонгосоос дахиад нэг кино хамтарч хийе гэж байгаад хойшлогдчих шиг боллоо” хэмээв. Түүний хамгийн их сэтгэлдээ удаан тээж шаналж хийсэн кино нь “Зүрхэнд шивнэсэн үг” аж. “Би өөрийгөө кино хийж чадна гэж боддоггүй байлаа. Тэгтэл нийгэм солигдсон тэр үед маш олон кино гарч эхэлсэн. Тэднийг үзэж байгаад кино гэж ингээд хийчихдэг юм бол би ч гэсэн чадах юм байна гээд л хийсэн дээ” гэж ярив.

“ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРТАЙ БАЙХ ЁСТОЙ ГЭДГИЙГ БИ ҮХЭН ҮХТЭЛЭЭ ЯРИНА”

Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгосныг тэрбээр 1981-1997 он хүртэл улсын Хүүхэд, залуучуудын театрт ажилласан хугацаандаа ажилласан тайзны уран бүтээлүүдийг нь үнэлж олгосон гэж боддог аж. Театр нь хаагдсаны дараа мөн Буриадын театрын жүжигчидтэй хамтарч жүжигт тоглож явжээ. Тэгээд “Өнгөт инээд” хамтлагт орсон байна. Өдгөө “Шилдэг өнгө” нэртэй болсон тус хамтлаг ажил гарвал дууддаг гэнэ. Хошин шогийн хамтлагт байсан хүний хувьд тэр чиглэлийн кино яагаад хийдэггүй юм гэхэд “Инээдмийн төрөл хамгийн хэцүү. Бас хошин урлагт явж байхдаа анзаарахад манай үзэгчид үгэнд их хууртагддаг. Гудамжны юм уу, гаж үгийг хэд хэд хэлэхэд инээх жишээтэй. Уг нь уран бүтээлчид нийгмийнхээ урд нь орж явах ёстой. Гэтэл нийгэм өөрчлөгдсөнөөс хойш үзэгчдээ дагадаг болчихсон. Инээдмийн төрөл Монголд үнэхээр хөгжсөн. Түүнийг дагаж үзэгчид ирсэн. Ний нуугүй хэлэхэд эгзэгтэй мөчид драмын театрыг хүмүүс үзэхээ байсан шүү дээ. Одоо үзэгчид хошин шогоос урлаг гэдгийг харах гээд нэхэж эхлээд байна. Инээдэм дотроо олон янз. “Мөрөөдлийн театр” анх гарч ирэхдээ яг инээдмийн хоёр жүжиг хийхэд би их зөв юм гарч ирж байна гэж бодож байсан. Гэтэл бас буцаад үзэгчдээ дагах тал руу орчихлоо. Уг нь дагуулах ёстой гээд байгаа шүү дээ. Үзэгчдэд тэгж хэлбэл инээдэг гэдэг юмыг хөөгөөд байдаг болчих гээд байгаа юм” гэж байлаа.

Тэрбээр Хүүхэд залуучуудын театр байх ёстой гэж бодож явдаг аж. Тиймээс анх өдөлж, өндийсөн өдгөө ХААН банкны төв байранд буй театрынхаа тайзан дээр гавьяат цол авсныхаа дараа очиж мөргөжээ. Энэ талаараа “Хуучин хичнээн харааж ерөөдөг ч гэсэн социализмын үед хүүхдийн кино театр, жүжгийн театр, хүүхэлдэйн театртай байсан. Бүр хүүхдийн баримтат кино театр гэж байлаа. Одоо хүүхдэд за гэж хэлцгээе. Хүүхдийн эрхийг хамгаалъя гээд хүүхдийн тухай яриад матрын нулимс унагаад байдаг. Яг үнэндээ хүүхдүүдээ анхааръя гэвэл тархи, хүмүүжил, үзэж харах юманд нь л анхаарах хэрэгтэй. Манай театр байхгүй болсноор одоогийн дунд ангиас доош насны хүүхдүүд театр гэж мэдэхгүй болсон. Багаасаа театр үзээгүй хүн том болоод дуурь, драмын театрт очиж жүжиг үзэхгүй шүү дээ. Хүүхэлдэйн театр амиа тээгээд тасрахгүй байх шиг байна. Гэтэл хүүхэлдэйн театрыг миний ач охины үеийнхэн үзнэ. Тэрнээс дээш болохоор Хүүхэд, залуучуудын театрыг үзэх ёстой байдаг. “Дээвэр дээр суудаг Карлсон”, “Эрх гүнж”, “Буратино” гээд бас манай үндэсний мундаг зохиолууд байна. Дэлхийн сонгодгууд байхгүй болчихсон. Ингээд тасарчихаар хүүхдүүд драмын театрын сайхан сайхан жүжгүүдийг насанд хүрсэн хойноо үзэхгүй. Дуурийн театрт бол бүр очихгүй. Ёстой л нэг соёлтой, боловсролтой, гадаад дотоод явж театр үзсэн, бидний үед хүмүүжсэн хүмүүс дуурь үзэж байгаа. Тэгэхээр хүүхдийн театрыг алга болгосон нь асар том нүгэл. Энэ улстөрчид, төр барьж байгаа хүмүүс яагаад үүнийг одоо болтол бодож, ажиллаж, гараа хөдөлгөж болдоггүйг гайхаад байдаг юм. Хүүхэд залуучуудын театр гэж юм байх ёстой гэж би үхэн үхтэлээ л ярина. Хүүхдэд хэрэгтэй кино, жүжигт улсаас хөрөнгө хаях л хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхдүүд янаг амрагийн кино үзэж байна. Эсвэл Солонгосын янз бүрийн тархи толгой гэмтсэн юм харж байгаа. Урлаг, кино гэдэг чинь нөлөөтэй шүү дээ. Тиймээс үзэж байгаа зүйлээ л дуурайж эхэлнэ. Тиймээс залуучууд, хүүхдүүийн тухай монгол ахуйтай сайхан кино байх л ёстой” гэв.

САЙН ХҮРГЭН, МУУ ХҮРГЭН

Гавьяат О.Бат-Өлзийг хүмүүс сайн, муу хоёр хүргэний дүр бүтээснээр нь сайн мэддэг. “Гарын таван хуруу” кинонд аавдаа орхигдоод гэрээ авч яваа охинтой амьдрал зохиож, дүү нарт нь цүнх өгөх гээд хашаа давуулж шидсэн, номхон дөлгөөн залуугийн дүр байна. Тэр талаар “Дарханы театрын найруулагч Нямгаваа Ч.Лодойдамба гуайн зохиолоор “Гарын таван хуруу” кино хийхээр болсон гээд манай театр дээр ирлээ. Тэгээд бидний хэдэн залуучуудтай уулзаж байгаад намайг сонгосон юм билээ. Дараа нь дахиад Нямгаваа найруулагч өөрийнхөө хийсэн “Нандин эрдэнэ” кинонд намайг тоглуулсан. Кино гэдэг их хүчтэй шүү. Уулзаж танилцсан хүмүүс сүүлд нь “Чамайг ёстой хөгийн хүн шиг л бодоод байдаг байсан. Зүгээр л залуу юм байна шүү дээ” гэж ярих жишээтэй. Яагаад гэхээр үзсэн киноноос болоод л тийм сэтгэгдэл үлдчихэж гэнэ. “Нандин эрдэнэ” дээр бүтээсэн дүрээс болоод тэгж хараад байсан хэрэг л дээ” хэмээв. Таныг чинь их сайхан залуу байсан гэх юм билээ гэхэд “Олон л сайхан залуус байсан. Манай Сүххуяг, Төмөрбаатар гээд нэрлэвэл зөндөө шүү дээ” гэлээ.

ЦЭРЭГТ БАЙХДАА ЗУРГИЙГ НЬ ХАРСАН ХӨӨРХӨН ОХИНТОЙГОО ГЭР БҮЛ БОЛЖЭЭ

Гэр бүлийнхээ хүнтэй хэрхэн учирч байсныг нь яриулах гэж нэлээд юм болов. “Бид хоёр энэ тухайгаа зөндөө л ярьдаг байсан” гээд цааргалаад байдаг. О.Бат-Өлзий урд хил дээр алба хаажээ. Ингэхдээ заставынхаа холбоочин байж. Холбоочин учраас сумын төвөөс шуудангаар ирсэн бүх л сонин, захидал түүний гараар орно. “Улаан-Од”, “Хилийн манаа” сонинуудыг цэргүүдэд хуваарилж уншуулдаг байж. Мөнхүү захиа тараана. Ингэхдээ самбар дээр зүрх, тулга зэргийг өнгө ялгаж зурсан хүснэгттэй. Нэг байлдагчид найз охиноос нь захидал ирвэл зүрхний зурагны ард байлдагч тэр гээд тэмдэглэдэг. Ар гэрээс захидал ирвэл тулганы зурагны ард тэмдэг тавьдаг байж. Нэг удаа сонин дээр Оросын алдарт найруулагч Василий Ордынский, найруулагч Б.Сумхүү хоёрын хамтарч хийж буй “Говь хянганд тулалдсан нь” гэдэг киноны зураг авч байгаа талаар гарсан байж. Тэр кинонд сувилагчийн дүрд тоглож байгаа оюутан С.Сарантуяа гээд хөөрхөн охины зураг гарчихсан байжээ. Түүнийг хайчилж аваад холбооныхоо станц дээр наачихсан гэнэ. Энэ талаараа “Хөөрхөн цэрэг хувцастай сувилагчийн зураг байсан юм. Би өөрөө цэрэг байсан болохоор таалагдсан ч байх. Залуу цагийн юм байжээ. Манай цэргүүд орж ирээд энэ эмэгтэй хэн юм гэхээр би тоглоомоор ямар ч бодож санасан юм байхгүй энэ миний эхнэр болох хүн гэж хэлдэг байлаа. Тэгээд цэргээс халагдаад Хүүхэд, залуучуудын театрт орсон жилээ шинэ жилээр үндэсний телевизийн “Баярын мишээл”-ийг хөтлөх юм боллоо. Найруулагч Б.Бадрууган хөтлөгч хэрэгтэй гээд манай театрт ирээд “Чамайг эрэгтэй хөтлөгчөөр авна. Эмэгтэй хөтлөгч нь драмын театрын хүн байгаа” гэчихээд яваад өгсөн. Тэгээд нэвтрүүлгийнхээ орой үгээ цээжлээд бэлдэж байтал манай хүн ирж байсан юм. Тэгж л танилцаж байжээ. Ингээд гурван хүүхдийн эцэг, эх болоод сайхан амьдарлаа. Том хүү маань Америкт гэр бүлээрээ амьдарч байгаа. Энд хүү, охин, ач охинтойгоо амьдарч байна даа” хэмээв.

ТЕАТРЫН ДАГАЛДАНГААС ЖҮЖИГЧИН БОЛСОН ЗАМ

Тэрбээр зургадугаар арван жилийн сургуулийг төгсчээ. Сургуульд байхдаа бусад хөвгүүдийн адил л сахилгагүйтэх үедээ сахилгагүйтдэг нэгэн байсан гэнэ. “Би 50 мянгатад өссөн. Тэр үед 40, 50, 120, 220 мянгат, Мах комбинат, 500 айл гээд хүүхдүүд хуваагддаг байсан. Гэхдээ хорлонтой биш ээ. Байр болгонд атамантай. Би жишээлбэл 50 мянгатын хүүхэд болохоор 120 мянгатаар явж байвал тэндхийн атаман хүүхдүүдэд баригдана. Халаасаа нэгжүүлээд хорин мөнгөө дээрэмдүүлээд нэг өшиглүүлээд гүйгээд явна шүү дээ” гээд инээв. Сургуулиа төгсөөд урлагийн сургуулийн жүжигчний ангид шалгалт өгсөн ч тэнцээгүй байна. Харин аав нь “Миний хүү цэрэгт яв. Цэрэг гэдэг чинь амьдрал. Амьдрал үзэх хэрэгтэй” гээд цэрэгт мордуулжээ. Халагдаж ирсний дараа Хүүхэд, залуучуудын театрт дагалдан жүжигчнээр шалгуулж оруулж байсан аж. Энэ тухайгаа “Би жинхэнэ мундаг жүжигчдийн хувцсыг зөөж, тайзыг нь засч практик дээр суралцсан даа. Мөн манай театрын утга зохиолын эрхлэгч Одончимэг гээд боловсролтой эгч байсан. “Боролдой” Мягмар ахын эхнэр шүү дээ. Бидэнд орос хэл, театрын түүх, дэлхийн түүх, гоо зүй заана. Дээд сургуульд сурснаас илүү их юм театраас олгосон. Ганц би биш олон залуучууд байсан. Тухайлбал, гавьяат жүжигчин Лувсан гуайн хүү Нямсүрэнгээс эхлээд Туяа, Буянгэрэл гээд сайхан жүжигчид тэр театрын дагалдангаар явж байж. Соёлын яамны мэргэжлийн комисс гэж дандаа театр урлагийн томчууд ирж биднийг шалгадаг. Бүх талаар шалгаж байгаад мэргэжлийн үнэмлэх өгдөг. Ингэж л би мэргэжлийн үнэмлэх авсан хүн” хэмээн хуучлав. Ийнхүү хөөрөлдсөөр нэг мэдэхэд шөнө дунд голлох дөхжээ. О.Бат-Өлзий ах ач охиноо дагуулан салхилахаар цугтаа гарлаа. Улмаар онгорхой дэлгүүр олж Цэгц-Үжинд зайрмаг авч өгөх болсноор бидний зам салсан юм.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганхуяг: Ардын нам дарга нарын нам биш

“Өдрийн сонин”-ы №174 (5439) дугаараас авч нийтлэв.

CEO клубийн ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Ч.Ганхуягтай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн дүнд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Ард түмний итгэлийг хүлээсэн нам хэрхэн ажиллах ёстой вэ. Таны хувьд Их хуралд нэр дэвшихгүй гэдгээ сонгуулийн өмнө манай сонинд ярилцлага өгөхдөө хэлж байсан. Улс төрөө мэдээж орхихгүй биз дээ?

-Манай намын энэ том ялалт нь намын удирдлага, энгийн гишүүдэд ч гэсэн гэнэтийн, тооцоолоогүй сюрприз болсон нь нууц биш байх. Бараг хамтарч таарах байх. Ойрхон гарах байх гэсэн хүлээлт дээр дооргүй байсан. Судалгаа ч тэгж гарч байлаа. МАН-ын ялалтын гол хүчин зүйл нь АН байсан гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Эрдэнэтийн 49 хувиасаа нууцаар татгалзсан, сонгуулийн хуулийг эцсийн мөчид өөрчлөн тойргийн хуваарилалтыг ойлгомжгүй хүч түрэн хийсэн гэх зэрэг эрх баригчдын сүүлчийн үйлдлүүд өмнөх дөрвөн жилийн буруу тооцоо, увайгүй үйлдэл, гарсан үр дүнд нь аргаа бараад байсан ард иргэдэд нэг мөр дүн тавих боломж олгосон. Тиймээс л МАН баруун солгоогүй ялах боломжийг олгосон.

МАН ирэх дөрвөн жилд эрх барих намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө заасан бүх зүйл заалтыг биелүүлж, түүнийгээ бүр давуулах амаргүй ачааг үүрч байна. Технократ засагтай болно гэж ярьж гарч ирчихээд кабинетын зарим нэр дэвшигчдийг харахад “мэргэжлийн засаг” болсонгүй гэж нийгэм нэлээд сөрөг байдлаар хүлээж авсныг бид харсан.

-Технорат гэдгээ жаахан дэлгэрүүлээд яриач?

-Технократ буюу мэргэжлийн гэдгээр бид улстөрчид бус мэргэжлийн хүмүүсээс энэ кабинетыг бүрдүүлнэ гэж харж байсан гэдгийг л харсан байх. Энэ бол гараанаасаа гарахдаа л алдаж байгаагийн нэг жишээ. Үүнээс сургамж аваад ажиллах хэрэгтэй. Бид бүхнийг хэрхэн ажиллахыг нийгэм, иргэд ямагт ажиглаж, шууд дүн тавиад явчихдаг болсон цаг үе, нийгэм. Удахгүй орон нутгийн сонгуультай, дараа нь залгуулаад Ерөнхийлөгчийн сонгуульд орно. Бид сонгуулийн ялалтаа “чулуу” болгохын тулд нэг хүний бус хамтын ялалт байсан гэдгийг ямагт санаж, нам доторх бүх бүлэг, фракцын эрүүл саруул үгийг авч ажиллах ёстой. Намын эв нэгдэл дараа дараачийн сонгуульд хамгийн том хүчин зүйл болно. Гагцхүү бид сул сөрөг хүчинтэй болсон тул нам доторх ардчиллыг улам гүнзгийрүүлэх зайлшгүй шаардлага ч бий болж байна.

Үнэмлэхүй ялалт байгуулахад бидэнд маш том, олон жил ярьсан өөрчлөлтүүдийг ч хийх боломж гарч ирж байна.

Улс төрийн намын тогтолцоонд өөрчлөлт оруулах, намын санхүүжилтийн асуудлыг нэг мөр ил тод болгож, шилэн хуультай болгох, намыг гишүүнчлэлтэй байх эсэхийг шийдэх цаг болсон. Мөн парламентын засаглалаа улам төгөлдөршүүлж, барууны жишигт аваачих гэх мэт олон жил шийдлээ хүлээж байгаа асуудлуудаар нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, өөрсдөө манлайлж, хийх боломжийг энэ удаагийн ялалт бидэнд олгосон.

Би 2009 оны сонгуульд бие дааж оролцсон. 2012 онд УИХ-д Ардын намаас дэвшээд ялагдсан. Дөрвөн жил намынхаа арын ажилд чадлынхаа хирээр оролцож ирсэн. Хувь хүнийхээ итгэл үнэмшлээр нийгэмд болж байгаа үйл явдлын талаар дуу хоолойгоо ч гаргаж ирсэн. Нам маань яллаа. Энэ бол хамтын ялалт байсан. Энэ ялалтыг ард түмний ялалт болгох учиртай. Би анх улс төрд орж ирэхдээ болохгүй, бүтэхгүй байгаа идээ бээрийг нь шахна гэж хэлж орж ирсэн. Байдал нэг хэвэндээ байж, мань мэтийн нөхөд зүгээр хараад сууж чадахаа больтол улстөр бохир явж эхэлбэл хойшоо суухгүй, өөрөө ороод явчихдагийг харсан байх.

-Шинэ Засгийн газар элэг бүтэн боллоо. Ж.Эрдэнэбатын Засгийн газар юунаас ажлаа эхлэх нь зөв гэж харж байгаа вэ. 60 гаруй мянган аж ахуйн нэгж өнгөрсөн жилүүдэд хаалгаа барьсан гэх тоо баримт бий. Ирэх жилүүдэд бизнесийн орчин хэр байх бол. Та энэ тал дээр анхаарал хандуулан ажиллах байх, тийм үү?

-Эдийн засаг, бизнесийн орчин, хөрөнгө оруулалт, энэ улсын өрсөлдөх чадвар аливаа засгийн үед хамгийн өндөр ач холбогдолтой байдаг байх. Яагаад гэвэл эдийн засаг өсч байж ард иргэдийн аж амьдрал дагаад дээшилдэг. Иргэн нь ажилтай орлоготой, авдаг хэд нь нэмэгддэг, хувийн хэвшил шинээр хөрөнгө оруулалт хийдэг, төсвөөс хийх хөрөнгө оруулалт өсөж, амьдрах орчин таатай болж ирдэг. Ийм л тойрог. Эхний ээлжинд савлагаа, тодорхойгүй байдлыг намжаах, зах зээлийг тайтгаруулж, итгэлийг нь олж авах алхмууд нэн даруй хийгдэх ёстой болов уу. Ам.доллар одоо 2100 руу дөхлөө. Монголбанкны нөөц хэдийнэ шавхагдсан. Улсын сан хөмрөг хоосон байна. Их өр шийдлээ хүлээж байгаа. Шийдэл гаргахын тулд өрөө нэг тоолоод, тоймтой болгож ирмээр байгаа юм.

Бид том төслүүдээ хөдөлгөж, жижиг дунд аж ахуйн нэгжүүд нь бизнесээ явуулах боломжийг олгож, санхүүгийн зах зээл дээр шинэчлэлийг явуулж, банкны санхүүжилтийн монополийг халж, санхүүгийн зах зээлийг тэнцвэртэй хөгжүүлэх ёстой болно. Тэтгэврийн шинэчлэл, даатгалын реформ, хөрөнгийн зах зээлийн идэвхжүүлэлт, иргэдийн санхүүгийн боловсрол тэдний оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг бий болгох зэрэг олон асуудал шил шилээ даран хүлээж байна. Эдгээрийг шийдэх цаг. Би Монголын эдийн засгийн форумыг санаачилж, эхлүүлсэн багийн гишүүний хувьд тэр ажлаа үргэлжлүүлэн идэвхтэй оролцож ажиллана гэж бодож байгаа. Засаг, хувийн хэвшлийн хамгийн том хэлцлийн гүүр болох зорилгод нь хүргэнэ гэж харж байна.

Мөн эхлүүлээд байгаа Хөрөнгө оруулагч үндэстэн хөдөлгөөнөө ч нилээд өргөжүүлэн ажиллах бодолтой байна.

-Монголчуудын хувьд уул уурхайгаас хараат эдийн засагтай. Та өмнө нь томоохон төслүүдээ хөдөлгөх шаардлагатай гэдгийг хэлж байсан санагдаж байна. Ирэх жилүүдэд Оюу толгой, Таван толгойгоос хүлээж болох бидний хүлээлт хэр байх вэ. Эдийн засгаа солонгоруулна гэж манайхан ярьдаг ч тэгж чадахгүй байгаа. Эдийн засгаа солонгоруулах боломж хэр байна вэ. Тэр юу байх бол?

-Энэ засгийн хамгийн том бөгөөд эхлээд шийдэх ёстой асуудал бол өмнөх нөхдийн тавьсан өрийг удирдах асуудал мөн. Бондын эргэн төлөлт дараа жилээс хийгдэж эхлэх ёстой. Дахин санхүүжүүлэхээс гадна бид хувьчлал явуулж байж, бүрдүүлсэн эх үүсвэрээр өрөө дарах боломж бүрэлдэх байх. Ер нь өрийн удирдлагын асуудлыг нухацтай ярьж, Монгол Улс, түүн дотроо засаг яг хэдэн төгрөгийн өртэй юм, хэд нь гадаад зах зээлээс орж ирсэн юм. Хэдэн төгрөгийг бид дотоод зах дээрээс босгосон юм. Иргэдэд өмнөх сонгуулиар хэдийг амлаад, хэдийг нь өгчихсөн юм. Одоо хэд дутуу байгаа юм гэдгийг нэг мөр ил болгож, улсынхаа өрийн тооцоонд оруулах ёстой гэж би боддог. Зарим иргэд нь мөнгөө авчихсан, бусад нь хүлээгээд л сууж байгаа шүү дээ.

Бизнесийн орчинг тогтворжуулж, банк санхүүгийн салбарын реформыг хийж байж бид эдийн засгийн төрөлжилтийн асуудлыг ярьж эхлэх болов уу. Ямар ч бизнес хийхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хөрөнгө оруулахад мөнгө, суваг, санаа, хүн, хуулийн орчин гээд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Нэг бүрчлэн гаргаж ирээд бүрдүүлээд ажиллах л хэрэгтэй.

-МАН 2016 оны УИХ-ын сонгуульд орохдоо нийгмийн халамжийн чиглэлийн мөрийн хөтөлбөрийг түлхүү тусгасан байсан. Эдийн засаг хүндрэлтэй, ирэх онд бондын мөнгө төлж эхэлнэ гэх мэтчилэн төсөв санхүүгийн хувьд асуудалтай үед энэ мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж бий юу?

-Зүүн төвийн үзэл баримтлалтай намын хувьд маш боломжийн зөв мөрийн хөтөлбөртэй бид сонгуульд орсон гэж бодож байна. Сэтгэл байгаад зориг хүрвэл хийдэг л газар. Мэргэжлийн, технократуудын үгийг сонсож ажиллах хэрэгтэй. Улстөржилт бага явагдах ёстой. Манай дарга нар хувийн болон бүлгийн явцуу ашиг сонирхолд автвал дараа дараачийн сонгуулиар иргэд өгсөн эрх мэдлээ аваад л яваад өгнө гэдгийг байнга санаж ажиллах хэрэгтэй.

-Ухаандаа бол МАН-ын мөрийн хөтөлбөрийг популист амлалтаар дүүрэн байсан гэж үнэлэх нэгэн байна. Зүүний баримжаатай нам гэдэг бол бидний хэлж заншсанаар популист болчих гээд байгаа юм. Үүнтэй санал нийлэх үү?

-Үгүй.

-“Та бизнесийг улс төрөөс ангид байлгах ёстой” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна лээ. Тийм боломж бий юу. Аль ч засгийн үед бизнес рүү улс төр орчихоод байдаг шүү дээ?

-Энгийнээр л ойлгож хэрэгжүүлье. Төрийн өмчид байгаа компаниудын удирдлагыг улс төрөөс ангид байлгая. Хуулиа хэрэгжүүлж эхэлье. Тухайлбал, саяхан бидний хувьчилж, тодорхой хувийг нь авсан Монгол “Шуудан” компани дээр бид ямар нэгэн улстөрчийн шийдвэрээр захирал тавиулахгүй ээ. ТУЗ-д нь аль болох хараат бус мэргэжлийн хүмүүсийг төрөө төлөөлүүлж оруулаач ээ гэх мэтийн санаачилгыг гаргаад ажиллаж байна. Төрийн өмчит компаниудыг яг л хувийн компанийн удирдлагын жишгээр авч явахыг л хэлээд байгаа юм. Өрсөлдөөнтэй салбар бол татаас, давуу тал үүсгэхгүй байхыг хэлдэг.

-Та “МАН-ын Бага хуралд өөрийнхөө нэр дэвшүүлж, намынхаа ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөнө” гэсэн байна лээ. Гэхдээ Д.Амарбаясгаланг генсек болгоно гээд тохирсон гэх юм. Танд орон зай гарах болов уу?

-Ардын нам бол дарга нарын нам биш. Тэр тусмаа нэг хүний үгээр явдаг, нэг бүлэглэлийн нам биш гэдэгт би итгэдэг. Бид ардчилсан нээлттэй зарчмаар намаа авч явах ёстой. Намын шинэчлэлийн ажлыг ч зогсоож болохгүй. Ялалтдаа санаа амарч болохгүй. Улс төрийн процесс үргэлжилнэ. Тийм учраас эрүүл саруул тогтолцоотой, дотроо нээлттэй хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж байгаад хамгийн боломжийн тохиромжтой нэгнээ тодорхой албан тушаалд гишүүд нь сонгоод, итгэл хүлээлгээд ажилладаг намтай байхын төлөө би тууштай ажиллана. Дарга нар уулзалдаад, тохироо хийгээд, бодлого тулгадаг цаг өнөөдөр биш. Манай Бага хурлын гишүүд хэн нэгний хайрцганд орчихдог ухна ишиг бас биш. Дор бүрнээ өөрсдийн анхан шатны төлөөллийг хэрэгжүүлж, итгэл хүлээн сонгогож ирсэн намаа, Монголоо гэсэн сэтгэлтэй шилдэгүүдийн цуглаан.

-Шинээр бүрэлдсэн Засгийн газарт хэр сэтгэл хангалуун байгаа вэ. МАН-ын зарим гишүүдийн зүгээс “Намынхаа нэр хүндийг баран байж томиллоо” хэмээн хатуухан хэлсэн байна лээ. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалтдаа МАН хүрсэнгүй гэдэг шүүмжлэл байна л даа. Таны харж байгаагаар мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан уу?

-Энэ багт ажиллах цаг хугацааг олгох ёстой. Ажлын эхний үр дүн гарах болоогүй байна. Харзная л даа. Нийгэмд явсан шуугиан бол мэргэжлийн гэдгийг хүн бүр өөр өөрөөр харж байснаас болсон болов уу. Би хувьдаа технократ засаг гэдгийг бас нэг өөрөөр л харж байгаа. Мэргэжлийн улстөрчид биш тухайн салбартаа мэргэшсэн улс төрөөс ангид мэргэжилтнүүдээс бүрдсэн Засгийн газрыг тэгж олон улсад нэрлэдэг. Голцуу эдийн засгийн хямралтай байгаа үед хэрэглэдэг түгээмэл улс төрийн сонголт. Харин Монголд нийгмийн сэтгэлзүй, хуульзүйн орчин тийм Засгийн газрыг хүлээн авахад бэлэн биш байгааг л олж харлаа. Энд эр зориг, их манлайлал мөн хэрэгтэй.

-Ардчилсан намын засгийн үед ам.долларын ханш 2050 төгрөгт хүрч байсан. Одоо харин 2070 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханшийн савлагаанд аль ч улс төрийн хүчин хаалт тавьж чаддаггүй юм биш үү. Энэ байдлаараа 2150 төгрөгт хүрнэ гэх юм. Та ямар бодолтой байна вэ?

-Яг одоо бол ханшийг, ер нь юуг ч энэ засагтай холбож ярих боломжгүй. Дөнгөж бүрэлдлээ. Одоо л ажлаа хийж эхлэх гэж байна. Элдэв дам яриа, шуугиан бол явсан. Гэхдээ тэр бол бүтээлч бус. Одоо бид дор бүрнээ урмыг нь бодоод чадахаараа дэмжээд, уухайлаад нэг хэсэг явах хэрэгтэй. Эргээд гарах үр дүнтэй нь бүгд ярья. Дараа нь дүгнэлтээ хийе. 9-10 сараас бол арай өөр байх.

-Засгийн газрын томилгооноос харж байхад МАН дотоод ардчилалгүй зөвхөн намын дарга гэдэг ганц хүний үгээр явдаг гэдэг нь илүү тодорхой болсон гэж байна. Намаа шинэчлэхэд залуусын үүрэг оролцоо их байгаа. Намын шинэчлэл хаанаас эхлэх ёстой вэ?

-Намын шинэчлэл бол зогсолтгүй үргэлжлэх ёстой процесс л гэж би хардаг. Эндээс эхэлнэ, тэнд дуусна гэж байхгүй болов уу. МАН-д ярьж, сайжруулах зүйлс зөндөө л байгаа. Гэхдээ энэ нам чинь бас манай өнөөгийн нийгмийн л толь юм. Нам бол гишүүн гэх хэсэг бүлэг хүний л нэгдэл. Тэр бүлэг хүмүүсийн хамтын итгэл үнэмшил дээр тулгуурлаж, засгийн эрхэнд хүрэх зорилготой байгууллага. Гишүүдийн үзэл бодол дээр л тогтоно. Тэдний хамтын шийдвэрээр чиг, үйлдлээ тогтооно.

Энэ удаа залуусаа хамгийн ихээр дэмжин гаргаж ирсэн нам гэж харагдаж байгаа болов уу. Бид Бага хурлаараа ярилцаж байгаа нэр дэвшигчдээ тодруулчихсан. Би ч саналаа өгсөн. Тэр нэрсийг хэн яаж гаргаж ирсэн, хайрцагласан, тохирсон, үгссэн гэдэг бол зүгээр дам яриа. Энэ сайд нарыг нэг хүн л нэрлээд гаргаад ирлээ гэдэгтэй адил. Намын удирдах зөвлөл гэдэг байгууллага бий. Хяналтын зөвлөл байна. Тэнд асуудалд шийдэл олох эрхийг дүрмээрээ олгосон байгаа. Асуудал байвал дүрэм, журмаасаа эхэлье. Тэгэхийн тулд би намын генсект нэрээ дэвшүүлж байгаа гээд ойлгочихож болно.

Categories
мэдээ цаг-үе

Хотын дарга С.Батболд хууль бус барилгыг буулгах шийдвэр гаргалаа. Цонхоо таглуулж эрх ашиг нь зөрчигдсөн иргэд одоо л нэг нар үзэх цаг нь иржээ

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга С.Батболд нэгэн шийдвэрийг гаргасан нь иргэдийн талархлыг ихэд хүлээгээд байна. Ард түмэн түүнийг “Зоригт дарга” хэмээн шагшин магтах боллоо. Учир нь энэ сарын 27-ны өдөр Хотын дарга С.Батболд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх “Хүннү” хорооллын нутаг дэвсгэрт байрлах дөрвөн давхар барилгыг буулгах шийдвэр гаргасан юм. Тус барилга иргэн Ц.Оюунцэцэгийн эзэмшлийнх бөгөөд ойр орчмын нийтийн орон сууцны айлуудын цонхыг таглаж барьсан байв. Энэхүү шийдвэрээ Хотын захирагч нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр танилцуулсан билээ.Иргэн Ц.Оюунцэцэгийн дөрвөн давхар барилга ямар ч зураг төсөлгүйгээс гадна галын аюулгүй байдлыг зөрчсөн байна. Уг барилгыг 2014 онд баригдахад л хэд хэдэн шалтгаанаар хууль зөрчиж байгааг барилгын эзэнд анхааруулсан боловч үл ойшоож өдийг хүрчээ. Том “толгой”-той энэхүү барилгын эзэн 250-500 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрч. Улмаар торгууль төлсөн байдлаа гарцаас мултарсан мэт ойлгож барилгаа үргэлжлүүлэн барьж. Орон сууцны голд, айлуудын цонх таглаж, 1.5 метрийн зайд дээрх дөрвөн давхар барилга баригдсан байсан юм.

Тухайн шийдвэртэй давхцан бас нэгэн барилгыг албадан буулгах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн баруун талд байрлах иргэн Ц.Машбатын барилга. Тус барилга нь Баянгол дүүргийн засаг даргын захирамжаар 96 м.кв газар эзэмших эрхтэй болж. Гэвч тэрээр дур мэдэн талбайн хэмжээгээ явган хүний зам руу сунгаж өргөтгөл барьсан байна. Өргөтгөлийг буулгаж явган хүний гарцыг чөлөөлөхийг шаардсан ч одоо хүртэл биелүүлээгүй тул нийслэлийн удирдлагууд тус барилгыг мөн л албадан буулгах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ.

Тэгвэл Мэргэжлийн хяналтын байцаагч, хууль, тогтоомжийг зөрчин байж оршин суугчдын аюулгүй, амгалан тайван байдлыг алдагдуулсан дээрх барилгын эздэд Хотын захирагч С.Батболд төрийн төмөр нүүрийг ёстой л нэг харууллаа. Хотын шинэ удирдагчийн гаргасан шийдвэр хуулийг уландаа гишгэсэн зарим нэгний хувьд эгдүүцлийг нь төрүүлж байгаа бол ард түмнийг гайхшруулж баатарлаг зориг гаргасан хэмээн “Зоригт дарга” гэсэн цолыг хүртэл өгөөд буй. Хотын даргын ард түмэнд таалагдах, таалагдахгүй нь чухал биш. Хамгийн гол нь хуулийг завхруулагч “том толгойт”-нуудын эсрэг зоригтой дуугарч, үүнийгээ үйлдлээрээ харуулж эхэлсэнд нь алга ташихад ч багадмаар санагдана. Учир нь Хотын дарга С.Батболд Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг зөрчин нийтийн эрх ашгийг хөндсөн зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг шил дараалан нураахаа энэ үеэрээ мэдэгдсэн билээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод зөвшөөрөлгүй 27 барилга баригдаж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлж байна. Хот байгуулалтын тухай хуулиар барилга хоорондын зай 15 метр байх ёстой гэж заасан байдаг. Дээрх хоёр барилгыг албадан буулгахаар болж, үлдсэн 25 барилгыг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. Мэргэжлийн хяналтын байцаагчдын мэдээлж буйгаар тухайн хууль зөрчсөн барилгын эзэн нь хувь хүн тохиолдолд 250-500 мянган төгрөгөөр торгох заалттай байдаг аж. Улмаар торгож, Мэргэжлийн хяналтынхан акт тогтоодог байна. Иймэрхүү зөрчилтэй барилгууд үйл ажиллагаагаа зогсоох нь битгий хэл нэмээд давхар барьчихдаг байна. Харин энэ удаагийн тохиолдолд хуулийн дагуу бол зөвшөөрөлгүй барилга барьсан эзэмшигч тус барилгыг нураах бүх зардлыг гаргах бололтой. Зөвхөн өөрийн ашиг орлогыг бодож хэдэн зуун айлын агаар салхи, үзэгдэх орчинг хаагаад олон давхар барилга барьж хар амиа бодсон нөхдөд зохих шийтгэлийг үүрүүлэх нь зүйтэй.

Ямартай ч нийслэлийн Засаг дарга С.Батболдын хууль бус барилгатай тэмцэх ажил дээрх шийдвэрээр зогсохгүй гэдэг нь тодорхой боллоо. Тэгэхээр энэ дөрвөн жил нийслэлийн мянга мянган айл, албан байгууллага цонхоо нээх хувь тохиох нь. Агаар амьсгалж, орчин тойрноо ажиглах бидний эрх ч сэргээсэй гэж хүсч байна. Учир юун гэвэл Сүхбаатар дүүрэгт “Өдрийн сонин”-ы байрны хойно бүх цонхуудыг нь хаан “Астра буйлдинг” компани Барилгын тухай хуулийг зөрчин 13 давхар оффис, орон сууцны барилга барьсан. Бараг бүтэн хоёр жил ажилчдынхаа эрх ашгийн төлөө тэмцээд дийлсэнгүй. Өдгөө ашиглалтад орчихоод байж байна. Тус барилга байгаа газар анх автомашины зогсоол байлаа. Төд удалгүй арван гурван давхар барилга сүндэрлэсэн. Энэ хугацаанд байшингийн цонх, хаалгаар байнга шороо тоос орж, хэд хэдэн удаа тус барилгаас юм унаж явган зорчигчдыг гэмтээж, зогсоолд байсан автомашиныг хүртэл сэвтээж байсан удаатай.

Тухайн үед “Өдрийн сонин” “Цонхоо нээе” төрийн бус байгууллага байгуулж холбогдох бүхий л газарт өргөдөл гаргаж, хууль бус ажиллагааг зогсоохыг шаардаж байлаа. Энэхүү төрийн бус байгууллагад цонхоо таглуулсан олон айл өрх, хувь хүмүүс ирж хууль бус, зөвшөөрөлгүй барилгатай тэмцэхээр нэгдэж байсан билээ. Ингээд Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хотын хэмжээнд баригдсан хууль бус барилгатай тэмцэхээ амлаж, шалгалт хүртэл явуулж байлаа. Тэр үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга П.Бат-Эрдэнэ “Өдрийн сонин”-д албан бичиг хүргүүлж, “Астра интернэшнл” компанийн барьж байгаа барилга “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн 2.11-д заасныг зөрчжээ” гэдгийг мэдэгдсэн. Тус заалтад “2-3 давхар орон сууцны барилгын хоорондох зай 15 метрээс багагүй байна. Дөрвөн давхар бол 20 метрээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай өрөөний цонхнуудын хоорондох зай 10 метрээс багагүй байх ёстой” гэх мэтээр дурдсан байдаг аж. Гэтэл “Астра буйлдинг” нь “Өдрийн сонин”-оос 8.4 метрийн зайд байгаа нь дээрх заалтыг зөрчсөн. Мөн тухайн үед Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан “Өдрийн сонин”-ы хажууд баригдаж байгаа орон сууцны барилгын захиалагч Л.Зундуй болон “Астра интернэшнл”, барилгын ажил гүйцэтгэгч “Тэлмэн констракшн” ХХК нь дур мэдэн барилгын байршлыг батлагдсан эх загвараас урагш шилжүүлэн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Иймд дээр дурдсан зөрчилд холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” хэмээн мэдэгдсэн байдаг.Сэтгүүлч бид хоорондоо ч ярьж чадахгүй тийм их чимээ шуугиан дунд ажлаа хийж, цонхоор шавар, шороо орж ирээд үнэндээ хүнд нөхцөлд нийтлэл, сурвалжлагаа бэлтгэх болсон. Одоо бид байгалийн гэрэлтүүлэггүй, цонхоороо салхи ханатал оруулах боломжгүй, орчин тойрондоо чухам юу болж байгааг харж чадахгүй хэцүү байдалд ажиллаж байна. Энэ бүх байдал бидний эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Хууль бус гэдгийг нь мэргэжлийн байгууллагууд нь тогтоочихоод байхад “Астра буйлдинг” барилгыг Улсын комисс хүлээгээд авчихсан гэсэн.

“Астра буйлдинг” компани ардаа нэг том даргатай болоод л ийм увайгүй, таахалзсан үйлдэл гаргаж хуулийг үл ойшоосон нь ойлгомжтой байлаа. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг. Нийслэлийн мянга мянган айл цонхоо таглуулж, эрх зөрчүүлсэн нэг өдөр байхад цонхоо нээх өдөр бас ирж л таараа. Тэр цаг хугацааны тохирол нь ирсэн бололтой. Үүнд ард түмэн итгэж байна. Учир нь “Өдрийн сонин” бидэнтэй адил цонхоо таглуулаад буй мянга мянган айлын төлөөлөл юм. Тиймээс хууль бус барилгатай тэмцэх “Цонхоо нээе” төрийн бус байгууллагын “Цонхоо нээе” хөдөлгөөнд эрх ашиг нь зөрчигдсөн олон хүн нэгдсээр байна.

Categories
мэдээ цаг-үе

“Харанга” хамтлагийн ахлагч, МУГЖ Ц.Энхманлай: “Алдрын од” хэмээх энэ шагнал маш их хөдөлмөрлөж, шантаршгүй зүтгэсний үр дүнд ирсэн

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Хонхны дуу” клубийн санаачилгаар Монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын од” одонгоор шагнаж, хүндэтгэлийн самбарыг байршуулдаг уламжлалтай болсон билээ. Тэгвэл энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр “Харанга” хамтлаг шалгарч нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч С.Батболд шагналыг нь гардуулж, “Харанга” хамтлагийн хүндэтгэлийн самбарыг СТӨ-ний хажууханд байршуулсан юм. Энэ баярт мөчийг хуваалцахаар “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Энхманлайтай ярилцлаа.

-Монголын рок попын ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг “Харанга” хамтлаг энэ удаад “Алдрын од” тэмдгээр шагнуулж, хүндэтгэлийн самбартай боллоо. Баяр хүргэе?

-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. ”Харанга” хамтлагт энэхүү шагнал зүгээр ч нэг ирээгүй. Бидэнд “Алдрын од” хэмээх тэмдэг маш их хөдөлмөрлөж, шантаршгүй зүтгэсний үр дүнд ирсэн. Сүүлийн үед шагнал үнэгүйдэх тохиолдол их байна. Харин энэхүү шагналыг манай хамтлаг авах цаг нь болсон гэж бодож байгаа. Учир нь бид хийсэн зүйлтэй, чанартай уран бүтээл сонсогчдодоо хүргэдэг учраас бардам байна. Гэхдээ бид мөнгө болоод нэр төрийн төлөө уран бүтээл гаргаж байгаагүй. Зөвхөн урлагийн төлөө гэсэн чин зүрх сэтгэлтэй, домог болон эгшиглэх уран бүтээл гаргахын төлөө л зорьдог. Энэхүү зорилгод хүрэхэд манай хамтлагийн гишүүд бүгдээрээ нэг тэмүүлэл дээрээ бат зогссон учраас “Алдрын од” шагналын эзэд боллоо. Бид цаашдаа оюун ухаанаасаа шүүж, шүүрдэж авсан олон уран бүтээлүүдээ толилуулсаар байх болно.

-“Харанга” хамтлаг гэхээр ямар ч хүний сэтгэл зүрх огшоод, эрч хүчийг мэдрээд ирдэг. Ингэж хүмүүсийн сэтгэл зүрхийг хөглөхөд их авьяас, хөдөлмөр шаардах байх?

-Ямар ч төрлийн ажил мэргэжилд хичээнгүй, цаг наргүй ажиллах нөхцөл заавал байж байдаг. Аливаа зүйлийн төлөө чин зүрхнээсээ зүтгэж байж уран бүтээл босдог. Ер нь анх хамтлаг байгуулчихаад шинэ уран бүтээл дээр ажиллаж байхдаа хонон өнжин бэлдэх энүүхэнд л байлаа. Хоёр, гурван жилийн хугацаанд өглөө нар мандахтай зэрэгцээд шөнийн бор хоногт ажиллаж л байсан. Дуртай зүйлдээ тэгж л хүний чин сэтгэл гардаг юм билээ. Аливаа уран бүтээлийг босгоход сэдвээ бодно, дуугаа хайна, шүлэг бэлдэнэ, ая зохионо гээд олон шат дараалалтай. Нэг дуу бүтэх бол тав арван минутын ажил биш. Ямар нэр өгөх вэ, нэрэнд юу агуулагдах вэ, нэг сэдвээс хоёр дуу гаргах уу гэх зэрэг асар их хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Нэг үг, нотоо хараад дуулахад өөрийн болгоогүй үед хүний сэтгэлд хүрдэггүй. Харин тухайн дууг сэтгэлээсээ дуулж, чин зүрхнээсээ хөгжимдөж байж хүний сэтгэлд хүрнэ. Дуу өөрөө амьтай зүйл. Дуу сонсож байгаа хүн тайвширдаг, уйлдаг, гунигладаг, нутгаа санадаг. Хүнтэй ярьж байгаа юм шиг л сэтгэл зүйд нөлөөлдөг шүү дээ.

-Та багаасаа рок стиль жанрыг сонирхож, хөгжимд дуртай байсан гэсэн. Энэ нь “Харанга” хамтлаг байгуулагдах гол үндэс суурь болсон уу?

-Миний бага нас бусад хүүхдийн л адил өнгөрсөн. Найман настайгаасаа гитар тоглож сурсан. Манай ах Орост сургууль төгсчихөөд ирэхдээ барууны пянзны бичлэгүүд авч ирж байлаа. Тэгээд ч би Оросын хамтлагуудыг их сонсдог байсан. Энэ үеэс л миний сонирхол бий болсон доо. Тухайн үед 16 настайдаа пянзны дуунуудыг сонсч байхад нэг ая сэтгэлд маань их ойр тусч, монгол ая аялгууг хөглөж байгаа юм шиг сонсогдсон. Нэг тийм эрч хүчтэй хэмнэл намайг татаж, рок хөгжим сонсох тэмүүлэлтэй болгосон гэж болно. Тэр хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж, рок стиль жанрын хамтлаг байгуулахыг хүссэн юм.

Тухайн үед социализмын нийгэм ноёрхож байсан учраас хүссэн зүйлээ хийгээд явж болдоггүй байлаа. Нэг ажилд орсон бол түүнийхээ төлөө тууштай явж, нэг зүйлээ л дагнадаг байсан шүү дээ. Өөрийн дураар сольж холиод яваад байж болохгүй. Тиймээс хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хаагдмал байсан.

-Та хамтлагийнхаа Я.Одсүрэнтэй хамт гитар, хөгжим тоглодог байсан гэсэн?

-Я.Одсүрэн бид хоёрын бага нас Төмөр замд өнгөрсөн. Бага насаа хамтдаа үдсэн болохоор мөрөөдөл минь хүртэл адил байсан. Анх 1975 онд “Улаанбаатар” төмөр зам (хуучнаарТөмөр зам өртөө)-д “Ногоон гэрэл” нэртэй хамтлаг байгуулж байлаа. Тэр үед ажилчид хамтарч хамтлаг байгуулдаг байсан шүү дээ. Дараа нь улсын циркт хөгжимчнөөр ажиллахын зэрэгцээ “Цирк” хамтлаг байгуулж байсан. Харин 1977 онд Я.Одсүрэн, дараа жил нь би цэргийн албанд татагдсан. Гэхдээ албаа хаачихаад урлагаа орхилгүй “Соёмбо” чуулгад “Соёмбо” хамтлаг байгуулсан. 1978 оноос “Соёмбо” хамтлагт маань Чука орж ирж, хамтран уран бүтээл туурвиж байлаа.

Харин 1989 оны үеэр Драмын театрын дэргэд “Харанга” хамтлагийг байгуулсан. Би 1988 оны сүүлээр Р.Мөнхсайхантай уулзаж хамтлаг байгуулах саналаа хэлж байлаа. Тэр үед Драмын театрт ажилладаг байсан юм. Р.Мөнхсайхан намайг театрын дарга МУАЖ Н.Сувдтай уулзууллаа. Тэр үед Н.Сувд гуай миний хүслийг сонсож “Ардын дуу бүжгийн чуулгын дэргэд “Соёл Эрдэнэ” хамтлаг байгуулагдсан байхад драмын театрын дэргэд яагаад рок хамтлаг байж болохгүй” гэж хэмээн ятгасан юм. Энэ уулзалтаас долоо хоногийн дараа театрын зүгээс хамтлаг байгуулахыг зөвшөөрсөн хариу өгсөн дөө. Ийнхүү “Харанга” хамтлаг 1989 оны эхээр үндэс сууриа тавьж байлаа.

-“Харанга” хамтлагийн гоцлол дуучин МУГЖ Х.Лхагвасүрэн хэдийд орж байв. Тэр үеийн дурсамжаасаа ярихгүй юу?

-Манай хамтлаг 1989 оны хавраас эхэлж уран бүтээл хийж, Чука бид хоёр голлож дуунуудаа дуулдаг байсан. Нэг өдөр Чука маань “Надад рок дуу дуулахад дутагдалтай тал харагдаад байна. Рок дуу дуулна гэдэг тийм ч амар зүйл биш юм байна” гэж хэлсэн. Ер нь манай хамтлаг нэг гоцлол дуучинтай болох хэрэгтэй юм байна гэсэн л дээ. Тэгээд бид хэд ярилцаж, рок дуу дуулчихаар хүн байна уу гэхэд “Чука нэг бацаан байгаа. Гайгүй дуулчихдаг юм” гэлээ. Тэгэхэд бид хэд инээлдэж, за аваад ир шалгая гэхэд Чука маань Х.Лхагвасүрэнг дагуулж ирж байлаа. Тэгээд Лхагвааг дуулуулж үзэхэд хоолойны цар хүрээ болон дуулалт их сайхан, эгшиглэнтэй сонсогдож байсан. Жаахан заавар зөвлөгөө өгчихвөл рок стиллээр дуулчих юм шиг санагдсан. Тэр нэг бацаан чинь одоогийн МУГЖ Х.Лхагвасүрэн маань юм шүү дээ.

-Х.Лхагвасүрэн хамтлагтаа тангараг өргөж байж орсон гэж сонссон. Танай хамтлагийн гишүүд бүрэлдэхдээ бие биедээ тангараг өргөсөн хэрэг үү?

-Анх Лхагвааг шалгаруулж авах үедээ хэлж байсан л даа. “Харанга” хамтлагийн гишүүд болох Ц.Чулуунбат, Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш бид хэд бол насан туршдаа хамт байна. Харин Лхагваагаасаа ам тангараг авахдаа “Чи бүх зүйлээ орхиод бидэнтэй хамт насан туршдаа байж чадах уу, урлагийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах уу” гэсэн. Тэгэхэд Лхагваа маань “Чадна аа” гэж хэлснээр “Харанга” хамтлаг тавуулаа болж байсан түүхтэй.

-“Харанга” хамтлагийн анхны тоглолт хаана болж байв. Бичлэг болон хуурцгаа Австралид бичүүлж байсан гэж дуулсан?

-1997 онд Германд Монголын соёлын өдрүүд болж байсан. Тухайн үед орчин үеийн урлагийг төлөөлж “Харанга” хамтлаг оролцож байлаа. Харин үндэсний урлагаас Ардын дуу бүжгийн чуулга, Драмын театрынхан оролцсон. Соёлын өдрүүдэд “Харанга” хамтлаг бие даасан хоёр тоглолт хийсэн юм. Хүмүүс их сайхан хүлээж авч билээ. Дуу бичүүлсэн тухайд Элчин сайдын яаманд ажилладаг байсан Пүрэвсүрэн маань биднийг дэмжиж ажиллая гэсэн санал тавьсан юм. Тэр үед бид “Германд цомгоо бичүүлье” гэсэн санал тавьснаар спонсорлох хүн олж өгсөн. Маш нөлөө бүхий хүн бидэнтэй хамтарч ажилласан юм шүү дээ. Хоёр сарын хугацаанд хоёр цомгоо бичүүлж байлаа. Бичлэг Бонн хотод бичигдэж, CD-гээ Австралид гаргасан. Монголоос анх удаа гадаадад бүтэн хоёр цомог бичүүлсэн хамтлаг гэж байгаа. Энэ аз завшаан тохиолдсонд бид маш их баярлаж, бахархаж явдаг юм.

-Танай хамтлаг Монголын рок попын ертөнцөд бүтэн 27 жилийн турш оршин тогтножээ. Ингэж олон жилийн турш урлагт хамтдаа зүтгэсэн байна. Энэ талаар таны бодол…?

-Нэгдүгээрт, бидний зорилго мөнхөд нэг зүгт чиглэж чаддаг. Хамтлагийн маань зорилго Монголд рок попын хамтлаг үүсгэн байгуулж, энэ урсгалыг хөгжүүлэх юм. Хоёрдугаарт, бид энэ урлагт маш их хайртай. Сэтгэл хоёрддоггүй гэсэн үг. Гуравдугаарт, гадаад болон дотоодын хамтлагуудыг ажиглаж байхад мөнгөн дээрээс болж ихэнх нь салж сарницгаасан байдаг. Тухайлбал, би хоёр дуу бичүүлсэн, чи гурван уран бүтээл гаргасан ч гэдэг юм уу. Ийм байдал “Харанга” хамтлагт огтхон ч байдаггүй. Тиймээс бид атгасан гар шиг байж чаддаг. Бие биенийхээ хэлсэн үгэнд эзэн болж, бие биенийгээ хүндэлж чаддаг, шүүмжлэлийг хүлээж авдаг энэ энгийн мөртлөө их чухал зүйл. Энэ зан чанарууд байгаа учир үнэ цэнтэй, удаан оршдог гэж бодож байна.

– Урлаг болон дуу хөгжим бий болох нөхцөл үг, аятай шууд холбогддог. Та дууны үг, аяыг зохиохдоо юун дээр тулгуурлаж ажилладаг вэ?

-Ер нь шүлэг, ая зохионо гэдэг өөрийн эргэн тойрон болон нийгэм, амьдрал ахуй, дэлхий ертөнцийг үзэх үзлээ ойлгож байгаа түвшнээ илэрхийлдэг. Амьдралын бодит байдлаас би хүмүүст юу хэлэх хэрэгтэй байна вэ гэх бодлынхоо хэмжээнд зохиож, уран бүтээлээрээ илэрхийлж гаргадаг. Дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс нэг ийм зүйл дээр л алдаа гаргаад байх юм. Би тэрхүү алдааг уран бүтээлээрээ дамжуулаад ойлгуулж, хэлэх юмсан гэдэг үүднээс л бичдэг. Тэгээд би зүрх, тархинаасаа шүүгээд шүлэг зохиодог. Тэрнээс биш уран бүтээл босгоно гэдэг хэдэн толгой холбож бичихэд үнэ цэн нь оршдоггүй юм шүү дээ. Хэн нэгэнд аливаа зүйлийг уянгын дуугаар уу, огцом хэмнэлттэй цоглог аялгуугаар уу гэдгээ бодож, чин зүрхнийхээ үгийг шингээдэг юм. Мөн дуу зохиохдоо хөгжмийн найруулгыг давхар тунгааж, шүүдэг.

-Та хөтлөгч, дуучин Цовоотой хамтарч уран бүтээл гаргасан. Уран бүтээл хийх болсон талаараа яриач?

-Цовоо надад хамтарч уран бүтээл хийе гэсэн санал тавьж байлаа. 1970, 80-аад оны уран бүтээлийг “Орцны дуунууд” гэж нэрлэдэг. Тухайн үед хувь хүн өөрөө зохиож дуулдаг дуунууд байсан. Цовоо бид хоёр тэрхүү дуунуудыг сэргээх үүднээс дуулсан юм. Хөгжмийн найруулга буюу гитарыг нь тоглоход “Та ганц нэг дууг хамт дуулаад өгөөч” гэсэн юм. Яагаад гэвэл бидний үеийнхэн 70, 80-аад оны дуунуудыг сайн мэддэг. Тиймээс хүмүүсийг залуу насаа дурсаасай. Тухайн үеийн дурсамжаа сэргээх байх гэж бодсоны үндсэн дээр би зөвшөөрч гурван цомог гаргасан. Өөрийнхөө үеийнхнийг залуу насанд нь аваачсан л гэж бодож байна.

-Сүүлийн үеийн хамтлаг, дуучид чанартай уран бүтээл гаргахаасаа илүүтэй өмнөх цаг үеийн дуунуудаа сэргээж дуулъя гэх бодолтой болжээ. Энэ нь юутай холбоотой юм бол?

-Чука маань нэг ярилцлага дээр хэлж байсан л даа. “Хувь хүн өөрийгөө олох хэрэгтэй” гэж. Сүүлийн үеийн уран бүтээлчид 1960, 70-аад оны дуунуудыг найруулж дуулж байна. Ковер буюу дуурайж дуулахаа болих хэрэгтэй юм аа. Энэ нь дуу хөгжмийн урсгалыг зогсонги байдалд оруулах гол хүчин зүйл. Аливаа зүйлээс авах зүйлээ аваад хэрэггүй нь хаях ёстой. Харин жишээн дээр нь суурилж, өөрийнхөө шинэ хэв маягийг гаргаж ирэх нь чухал.

Яагаад гэвэл бид өмнөх үеэсээ суралцах л ёстой. Суралцсаныхаа дараа шинэ өнгө төрхийг гаргаж ирвэл ач холбогдол өндөртэй байна. Мөн хамтлагууд туйлбаргүй, эв нэгдлийг бий болгож чадахгүй байгаа нь харагддаг. Хамтын хүчээр л “Харанга” хамтлаг бий болж, өнөөг хүртэл оршин тогтнож байгаа шүү дээ. Ямар ч зүйл дээр ёс зүйтэй, хэн нэг нь алдаа гаргавал бусдаасаа уучлал гуйж, буруугаа хүлээж чаддаг байх хэрэгтэй. Өнөөдөр ийм байдал огтхон ч харагдахгүй байна. Яг хүссэн зүйлдээ чин сэтгэлтэй байх л юм бол хүн юуг ч хийж, бүтээж чадна л гэж боддог.

-Та бие даасан хэдэн цомог гаргаж байв?

Би бие даасан хоёр цомог гаргасан. 2006 онд “Амьдрал аялгуу” , 1995-2008 он хүртэл “Ажнай хуур” хамтлаг байгуулсан. “Ажнай хуур” хамтлаг маань Япон улсад жилд хоёроос гурван удаа тоглолт хийдэг. Монголд ерөөсөө тоглож байгаагүй. Этник маягийн хамтлаг юм. Энэхүү хамтлагтаа зохиосон дан хөгжмийн цомгоо “Хан тэнгэрийн дуу”, “Амьдрал аялгуу” цомогтойгоо зэрэг гаргасан. Мөн “Харанга” хамтлагийнхаа 25 жилийн ойн баяртаа зориулж хийж байгаад дуусгаж амжаагүй гитарын хоёр цомог бий. Өөрийнхөө зохиосон кино, жүжгийн дуунуудаар хийхээр төлөвлөсөн юм.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Адьяагийн Баярмагнай: Морины тухай сайхан зүйл яриад явахад эсэргүүцдэг монгол хүн ганц ч байдаггүй

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, Монголын морин спорт, уяачдын холбооны зөвлөх, адуу судлаач Адьяагийн Баярмагнайтай уулзаж ярилцлаа.

-Намрын сэрүү унах арай л болоогүй, наадмын сонь хуучирч амжаагүй байна. Та энэ зун хаагуур, яаж наадав даа?

-Улсынхаа наадамд соёолонгоо есөөр давхиулж, Төв аймгийнхаа наадамд айрагдуулж, Алтанбулаг суманд очоод энэ зуны хувьд гурван ч газар сайхан наадлаа. Онон уяачийн унага соёолон маань эзнээ сайхан баярлууллаа. Эрийн гурван наадам гэдэг Монголын ард түмний төрт ёсны их баяр шүү дээ. Хувь хүн эрийн гурван наадмыг зохион байгуулна гэж байдаггүй. Монгол төрөөс зохиодог их баяр. Өвөрмонголд өөрийн гэсэн төр улс байхгүй учраас эрийн гурван наадмыг зохионо гэж байхгүй.

-Ургийн баяр, овоо тайлгын наадмууд эрийн гурван наадамд орохгүй нь ээ?

-Наадам хавтгайрч ирж байгаагийн л илрэл. Монголын аль ч үеийн төр эрийн гурван наадмыг анхаарч ирсэн. Эрийн гурван наадмаар далимдуулж дамжуулан төр бодлогоо олон түмэнд таниулж, үргэлж өөртөө татаж ирсэн. Өнгөрөгч зууны дөч тавиад оны үед нэг хэсэг наадам хавтгайрч ирсэн. Улсын наадам хийсний дараа аймаг, сумд наадмаа зөрүүлж хийнэ. Багийн наадам хийхийн цагт цагаан хяруу унаж байдаг байлаа. Гучаад онд бослого тэмцэл гарч, их хэлмэгдүүлэлт хийж төр баахан ширүүлчихсэн. Тиймээс ард түмний сэтгэл санааг төвшитгөх гэж баахан наадам хийхгүй юу. Хурдан морины уралдаан хорьдугаар зууны хоёрдугаар хагасаас хойш ерээд он хүртэл бөх, сур хоёроосоо хөгжлөөр их хол хоцорчихсон байсан. Бөхийн хувьд үндэсний хэмжээний том барилдаантай, Монгол Улсын шилдэг гэсэн бүх бөхчүүд ирээд барилдчихдаг, сурын хувьд ч ялгаагүй аль л шилдэг мэргэн харваачид нь өрсөлддөг, улсын аварга, мэргэн цолтой байлаа.

-Сур харваа одоо бөх, морь хоёроосоо арай л дорд үзэгдээд байгаа юм биш үү?

-Сурыг өнгөрөгч зууны эхээр “Дэлхийд манайхаас өөр хаана ч ийм эртний бүдүүлэг наадгайгаар нааддаггүй” гээд чуулган дарга нар хуралдаад эрийн гурван наадмаас хасах гэсэн юм билээ. Тэгтэл хориглох гэсэн тэр жил нь урьд өмнөхөөс ч олон хүн өрсөлдөөд сүйд болсон учир хасаагүй байдаг.

-Хэдэн оны наадмаар сурыг хасах гэж байсан юм бол?

-Богд хаант Монгол Улсын үед юм билээ. Сур хэдийгээр нүд үзүүрлэгдэж байсан ч үндэсний спортуудаас хамгийн түрүүнд 1959 онд Зүүнхараад холбоотой болж байсан. Ерээд оны дунд үе гэхэд улсын хэмжээний морин уралдаан гэж байхгүй болсон байсан. Аймгийн наадам гэхэд ойролцоох хэдхэн сумын морьд давхидаг. Улсын наадмын хурдан морины уралдаан гэхээр Төв аймгийн хэдхэн уяачийн наадам болдог, тэр дундаа манай Сэргэлэн сумын морьд дээгүүр давхидаг, ийм л наадам болж хувирсан. Төв аймгийн арван хоёр сумын морь л ирж уралддаг болсон. Улсын наадамд Төв аймгийн хорин долоон сумын тал нь л ирж нааддаг байсан нь нууц биш. Уяачдад алдар цол гэх юм ч байсангүй.

-Уяачдын цолыг хэдийнээс өгч эхэлсэн юм бэ?

-Улсыг батлан хамгаалах нийгэмлэгээс мянга есөн зуун наян есөн онд улсын алдарт уяач цол бий болгоод эхний 71 хүнд өгсөн чинь жар гаруй нь Төв аймгийн харьяат улс байж билээ. Тэр дундаа Алтанбулаг, Сэргэлэнгийн уяачид голдуу байсан.

-Уяачдын амжилтын тэнцвэргүй, ялгавартай байдлыг арилгахын төлөө та багагүй зүтгэв үү?

-Жигдрүүлэх л гэж мачийж явна. Би чинь энэ Буянт-Ухаагийн наадамд долоон наснаас эхлээд өнөөдрийг хүртэл наадаж яваа хүн.

-Та чинь таван наснаасаа морь унасан таван үеийн уяачийн хүү гээ биз дээ?

-Дөрөв, таван наснаасаа морь унаж, хурдны морины нуруунд долоон наснаас дарцагласан хүүхэд. Арваад наснаас хурдны моринд томдсон. Жаран дөрвөн онд МУИС-ийн сэтгүүлчийн анхны ангийг төгсөх жил манай Сэргэлэн сумын морьд улсын наадмын эхний тавд дараалан давхиж байсан. Хөдөө буриад сумдаар томилолтоор явж байхад “Танай сумын морьд яагаад тийм их хурдан байдаг байна. Хулан тахийн удамтай болохоор төрийн наадмыг өнгөлөөд байна уу” гэж гэнэн юм их асууна. Тэр үеэс л улсын наадмыг яавал хэдхэн уяачийн наадмаас өргөжүүлж, улсын хэмжээний бүсийн наадам болгох вэ гэж өдрийн бодол болж явсаар өдий хүрлээ. Уяачдын хөдөлмөрийг үнэлүүлэх гэж их үзлээ. Хүй долоон худагт болж байгаа уралдаанууд чинь одоо ч гэсэн л Улаанбаатарын бизнесмэнүүдийн өрсөлдөөн болоод байна шүү дээ. Далан зургаан онд Хурц сайд л Сүхбаатараас морь машинаар ачиж ирж уралдуулсанаас өөр тохиолдол байхгүй байлаа. Хөлөөрөө хаа байгаа газарт очиж уралддаг адуу гэж дэлхийн хаана ч байхгүй. Энэ бүхнийг л ерээд онд шийдэх гэж зүтгэж явлаа.

А.Баярмагнай зээнцэр А.Түмэлэнгээ алдарт уяач Д.Хишигжаргалын хурдан цагаан азаргыг унуулж байгаа нь.

-Морин спорт, уяачдын холбооны анхны илтгэлийг тавьж байсан гэдэг дээ?

-Холбоог 1994 онд байгуулаад “Аймаг, бүсийн наадамд сүүлийн гурван жилд айрагдсан морьдыг чансаагаар нь эрэмбэлж гурван жилд нэг удаа Их хурд наадмыг явуулж байя. Баруун, зүүн хангай, говийн бүс гэж ангилъя” гэхэд “Яаж бүтдэг юм бэ” гэж байсан нөхөд л өнөөдөр “Их хурдыг би анх санаачилсан” гэж цээжээ ханхалзуулаад явах юм. “Монгол адуу” нийгэмлэгийн дэд дарга Дамдинсүрэнтэй Ерөнхийлөгч П.Очирбат гуай дээр анх орж бүсийн наадмыг зохион байгуулах талаар ярьж танилцуулж байлаа. Завхан аймгийн нутаг Сар хайрханд анхны бүсийн уралдааныг явуулж, Өндөр гэгээний ойн наадмыг бас бүсийн уралдаан болгосон. Ерэн зургаан онд Пунцагбалжирын санаачилгаар Хэнтийн Дэлгэрхаанд нэг сая төгрөгийн байтай том уралдааныг явууллаа. Манай Даваахүү хөдөлмөрийн баатар тэр үед “Манай Магнай ах чинь зөнөх арай л болоогүй байлтай. Газар газрын их хурдыг яаж цуглуулж уралдуулах вэ дээ” гэж намайг дооглож явсан хүн. Одоо болохоор “Их хурдыг би санаачилсан” гэж ярина шүү.

-Та мэргэжлийн сэтгүүлч хүн. Моринд хэдийнээс тэгтлээ яваад орчихов?

-Сэтгүүлч гэдэг бол миний 16-20 насанд дөрвөн жилийн дотор эзэмшсэн мэргэжил. Морийг чинь харин таван настайгаасаа мэдэх зүйл байхгүй юу. Дотоодын дээд сургууль төгссөн хүн бүх насаараа хоёрдугаар эгнээнд байлаа. Сургуулиа төгсөөд Төв аймагтаа дөрвөн жил ажилласан чинь Богд уулын баруун аманд насыг барах шинжтэй. Комсомолын сургуульд явъя гэж үзлээ. Коммунист намын дээдэд явъя гэж гуйлаа. Тэгээд болохгүй болохоор цэрэгт явчихгүй юу. Цэрэгт ирж найман сар болоод “Ардын арми” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллалаа. “Улаан-Од” сонинд ирж жил гаруй ажиллаад хойшоо академид явлаа.

-Таны аав чинь аль хэр уяач хүн байв?

-Намайг хойшоо сурахаар явдаг жил манай нэг сөнгө даага улсын наадамд наймд давхисан. Сөнгө гэж хусран биш мөртлөө унагатай ээжийгээ байнга дагаж явдаг даагыг хэлдэг байхгүй юу. Эхийгээ хөхдөггүй даага л даа. Өмнө нь манай нэг даага айрагдаж байлаа. Манай аав бага насны адуу сойж давхиулдаг хүн байсан юм.

-Дааган Цэндээ уяач гэдэг шиг л хүн байж дээ?

-Хэд хэдэн сөнгө даага нь арав дотор давхиж байсан. Хойно сурч байсан чинь манай нөгөө сөнгө даага хязааландаа улсын наадамд айрагдсаныг сониноос уншаад хөл газар хүрэхгүй баярлаж билээ.

-Наяад оноос улсын наадмын хурдан морины комисст ажилласан хүний хувьд баяр наадмын тухай хуульд санаа оноогоо нэмэрлэсэн биз?

-Баяр наадмын тухай хуулийн талаар намайг бодож явахад зарим нэг хүн “Н.Багабандид Баярмагнай зөвлөөд байна. Баяр наадмын тухай хууль гэж шал хэрэггүй юм” гэж нүд үзүүрлэж л байсан. Гэхдээ Багабанди Ерөнхийлөгчид би зөвлөөгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Болдбаатар гэж залуутай харин ярилцдаг л байсан. Морины тухай сайн сайхан зүйл яриад явахаар ачир дээрээ “Хэрэггүй зүйл” гэдэг монгол хүн байдаггүй юм.

-Хийморио ч боддог, төрийн сүлдээ ч дээдэлдэг болохоор арга ч үгүй биз дээ?

-“Ажнай”-н Бат-Эрдэнэтэй ерэн зургаан онд уулзаад Дэлгэрхааны хаврын бүсийн уралдааныг байл гэхэд л хорин зургаан том хивс өгч байсан гээд бод доо. Тухайн үед өндөр л шагнал байсан. Цолоо хийгээд, холбооныхоо салбарыг бүх аймаг, сумдад байгуулаад авлаа. Энэ бүх санаа нь минийх байсан. Морины соёл үнэхээр сайн хөгжиж эхэлсэн. Бүсийн болон үндэсний хэмжээний уралдаантай боллоо. ЮНЕСКО-д бүртгүүллээ. Уяачдын бай шагнал нэмэгдлээ. Монголын хэдхэн хөх өвгөчүүлийн хувийн сонирхол болж үлдсэн хурдан морины соёл Монголын төр, нийгмийн сэтгэлгээний анхаарлын төвд сүүлийн хорин жилд гараад ирлээ. Их хурлын гишүүд, сайд нар морь уялаа л гэцгээж байна. Энэ шинэ юм биш. Социализмын үед алга болсон ардын өв соёл сэргээд ирэхгүй юу. Хуучны хутагт хувилгаад, ноёд баяд бүгд л хурдан морьтой байсан. Богд хаан гэхэд л хорин түрүү, жаран зургаан айраг авч байсан байдаг. Богд өөрөө морь хөлслөөд погвойтол шогшиж явахгүй шүү дээ. Хурдан морь гэдэг иймэрхүү л байдлаар хөгжиж байсан. Монголын морин спорт, уяачдын холбооны үйл ажил өдрөөс өдөрт сайжирч Азийн болоод дэлхийн морин уяачдын холбооны гишүүн боллоо. Монгол уяачийн морь дэлхийн дэвжээнд түрүүллээ. Гиннессийн номонд бүртгүүллээ. Үнэхээр хийсэн ажил бол их дээ.

Categories
мэдээ цаг-үе

Авлигатай тэмцэх газрынхан ажлаа хийж чадахаа байв уу

Өдрийн сонины №171(5436) дугаараас авч нийтлэв

Авлигатай тэмцэх газар, Н.Энхбаяр хоёрын дунд улиг болсон ”жүжиг” тавигддаг болоод удлаа. Тэдний ээлжит “жүжиг”-ийн нэг үзэгдэл энэ зуны аагим халууныг ч ажрахгүй эхлэв бололтой. Н.Энхбаярт АТГ-ын мөрдөн байцаагчид МАХН-ын байран дахь албан өрөөндөө байхад нь зарлан дуудах хуудас энэ долоо хоногийн эхээр өгч гэнэ. Зарлан дуудах хуудсыг АТГ-аас зургаа дахь удаагаа өгч байгаа аж. Н.Энхбаяр очихгүй байгаа тул Авлигатай тэмцэх газрынхан зарлан дуудах хуудсаа өгсөөр байгаа юм байна. АТГ, Н.Энхбаяр хоёрын дунд ердийн зүйл болсон нэг үйл явдал энэ удаа ч ийм л өнгө аястайгаар эхэлж байх шиг байна. Авлигатай тэмцэх газар нь ч гэж яачихсан байгууллага байдаг юм.

Тус газрынхан “Н.Энхбаярыг дуудсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй” гээд сууж байх юм. Авлигатай тэмцэх газрынхан ямар хүнийг нь ингэж хүлээгээд “Зарлан дуудах хуудас” өглөө шүү гээд явдаг болсон юм. Жирийн иргэнд бол зарлан дуудах хуудас өгөөд, хүлээгээд суух байсан болов уу. Тэр битгий хэл АТГ зургаан удаа жирийн иргэнд зарлан дуудах хуудас өгсөн тохиолдол бараг байхгүй л болов уу. Эсвэл Н.Энхбаяр хуульд захирагддаггүй тийм их эрх дархтай хүн үү, эс бөгөөс хуулийг мөрдөж ажиллах ёстой Авлигатай тэмцэх газрынхан ажлаа хийж чадахаа байсан юм уу гэж харагдахаар байна.

Н. Энхбаярын анх 2014 оны аравдугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон байдаг. Үүнээс хойш мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа гэж тус газрынхан тайлбарлаж байгаа юм. Нэг ёсондоо Н.Энхбаярыг яллагдагчаар татах тогтоол танилцуулж, гарын үсэг зуруулах гэж дуудсан гэнэ. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр Өмгөөлөгчдийн холбоонд хандсан байна. Тэрбээр өөрийг нь өмгөөлөх өмгөөлөгч гаргаж өгөхийг тус холбооноос хүсчээ. АТГ-ынхны энэ үйлдлийг Н.Энхбаяр өөрт нь улс төрийн зорилгоор хүчээр хэрэг тулгаж байна хэмээн үзэж мэргэжлийн өндөр ур чадвартай өмгөөлөгч олж өгөхийг Өмгөөлөгчдийн холбооноос хүссэн гэнэ.

Н.ЭНХБАЯР: АТГ-ТМЭДҮҮЛЭГӨГЧ БОЛОХ БАЙХ

Н.Энхбаяр намын байрандаа эл асуудлаар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. АН Засгийн эрхийг барьж байгаад халаагаа МАН-д өгсөн нэртэй. Гэтэл хэлмэгдүүлэлтээр баталж байна. АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцаж зарлан дуудах бичгээ өглөө. Миний хэлсэн ямар нэгэн тайлбар мэдээг хүлээж авах хүсэлгүй байгаагаа илэрхийлж балмад аашилж гарлаа. Би олон сарын өмнө АТГ-т мэдэгдсэн. Үндсэн хуульд бичсэнчлэн өөрийнхөө эсрэг болон гэр бүл, хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй. Хоёрдугаарт, заавал өмгөөлөгчтэй байж мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоно гэдгээ хэлсэн. Өмгөөлөгчгүйгээр хуулийн зүйл заалт болгоныг мэдэхгүй учраас мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцох нь эргээд хийгээгүй хэргээ хүлээх хүртэл алдаа дутагдал гарч болзошгүй. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа угаас хуулийн эсрэг явж байгаа учраас тэгж хандахаас өөр аргагүй. Түүнчлэн Үндсэн хуулиар хүн өөрийгөө өмгөөлүүлэх, өмгөөлөх эрхтэй гэсэн байдаг. Тиймээс энэ хоёр эрхээ эдэлж мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоно гэдгээ хэлсэн. Энэ байр сууриа давтаж АТГ-т хэлсэн. Ерөөсөө хүлээж авахгүй байна. Өмгөөлөгчийн хувьд улс төрийн зохиомол хэрэг учраас хамтран ажиллахаас айгаад өмгөөлөгчид татгалзаж байна. Улс төрийн хэрэг учраас үйлчилгээ үзүүлж чадахгүй нь гэж албан ёсоор татгалзсан. Тиймээс би Өмгөөлөгчдийн холбоонд эр зоригтой, хуулиа сайн мэддэг, ур чадвар өндөртэй өмгөөлөгч олж өгөөч гэсэн бичгийг өмнө нь явуулсан байсан. Дахин явууллаа. Мөн АТГ-т, би өөрөө өөрийгөө буруутгаж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн эрхээ эдэлнэ. Хоёрдугаарт, өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ эдэлнэ. Тиймээс өмгөөлөгчтэй болсон цагтаа мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоход бэлэн байгаа гэсэн утгатай бичгийг хүргүүлсэн. Өмгөөлөгч олдох байх гэж найдаж байна. Түүний дараа АТГ-т мэдүүлэг өгч болох байх” гэсэн тайлбар хийв.

АТГ: Н.ЭНХБАЯРЫГ ЯЛЛАГДАГЧААР БАЙЦААХ, ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ТАНИЛЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Авлигатай тэмцэх газрын мэдээллээр бол “Н.Энхбаярт өмнө нь 2015 оны хоёрдугаар сарын 26, 2016 оны нэгдүгээр сарын 18, 2016 оны хоёрдугаар сарын 17, 2016 оны хоёрдугаар сарын 22, 2016 оны гуравдугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус зарлан дуудах хуудас өгч байсан болно. Авлигатай тэмцэх газар хуулийг биелүүлэхийн тулд бололцоот арга хэмжээг авч иргэн Н.Энхбаярыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцохыг хүссэн албан бичгийг түүнд гардуулж байсан.

Н.Энхбаяр хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирсэнгүй. Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа юм” гэжээ. Юутай ч Авлигатай тэмцэх газар, Н.Энхбаяр хоёрын хэн нь илүү эрх дарх эдэлж буйг дээрх мэдээллээс хараад уншигч та дүгнэлтээ хийх биз ээ.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Ангиараа “Боловсролын тэргүүн” хүртсэн МУБИС-ийн 1969 оны нэг төгсөлтийнхөн

“Өдрийн сонин”-ы №173 (5438) дугаараас авч нийтлэв.

Хуучнаар Улсын багшийн дээд сургууль буюу одоогийн Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1969 онд төгссөн төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Их сургуулийн боловсрол эзэмшээд амьдралын их харгуйд өөрсдийн зам мөрийг өөр өөр өнгөөр үлдээж яваа энэ ангиас Монгол Улсын гавьяат багш, зохиолч, яруу найрагч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтан, Төрийн медальтнууд, Боловсролын тэргүүний ажилтан, Спортын их мастер, эрдэмтэд зэрэг алдар гавьяатнууд төржээ. Энэ бол тэдний хийж бүтээсэн зүйлээрээ эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан илэрхийлэл. Товлосон цаг, болзсон газартаа их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч Ш.Бадарч тэргүүтэй гавьяат багш Х.Цэндсүрэн зэрэг арав гаруй хүн цугларчээ. Насны буурал хяруу аль хэдийнэ суусан нэг ангийнхан амар мэндээ мэдэлцэхийн сацуу ирж амжаагүй бусдынхаа сургийг гаргацгаана. “Манай ангийнхан оюутан байхаасаа л маш ойр дотно байсан. Өнөөг хүртэл бие биенээсээ холбоо тасарч байгаагүй. Нийллэг, уулзалтыг идэвхтэй зохион байгуулдаг, бүгдээрээ оролцдог” хэмээн ярьцгаана.

Тус ангийн дурсамжаас дэлгэвэл 1965 онд эх орныхоо өнцөг булан бүрээс нийслэл хотноо ирж Улсын багшийн их сургуулийн монгол хэл, уран зохиолын нэг ангийг дүүргэж байж. Хоёр бүлгийн 66 оюутан нэг амьтай байсныг тэдний хэлснээр энд онцлох байна.

Эдгээр оюутны дунд бага ангийн багшаар ажиллаж амьдралын зах зухаас амссан “шинэ” оюутнууддаа бол туршлага заах хүн цөөнгүй байж. Тэд мэргэжил дээшлүүлж дунд, ахлах ангийн багш болох зорилготой Улсын багшийн их сургуулийн босгыг элээнэ. “Үлдсэн хэсэг нь харин дөнгөж дунд сургуулиа төгссөн охид, хөвгүүд байлаа шүү дээ” хэмээн тус ангийн оюутнууд хуучилна. 20, 30 настай нөхдөөсөө нэг ангийн дүү нар нь их ч зүйл сурч, ах эгч нарыгаа бараадан нэгэн гэр бүл шиг сайхан хамт олон болжээ. Ёстой л ах нь сургаж дүү нь сонсдог гэдэг зарчмаар явсан байна. Ингээд 1969 онд тус ангийг 32 оюутан төгсчээ. Сургуулиа төгсөөд улмаар тав таван жилээр мэргэжил дээшлүүлэх сургалтад ангиараа сууж. Тиймээс ангийн харилцаа холбоо тасралгүй нэг нэгэндээ санаа тавьж, үзэл бодол, ажлын туршлагаа өнөөг хүртэл хуваалцаж иржээ. Ангийнхны ярьж байгаар бол 1970-аад онд Монгол Улс ид цэцэглэж байсан үе.

Улс орны хэмжээнд шинжлэх ухаан болоод барилга, мал аж ахуйгаас эхлээд бүх л салбарт хөгжил, дэвшил ирж нийгэм шинэ шатанд алхаад байсан цаг. Ард түмний амьдрал ч тайван уужуу, нийгмийн бухимдал ч бага байж. Тэр үед их сургуулиа дөнгөж төгссөн оюутнуудад хийж, бүтээж чадвал амжилтын үүд хаалга ч нээлттэй байжээ. Тухайн үед багшийн их сургуулийн сургалт багш, нарын мэдлэг чадвар, нөөц бололцоо гайхагдаж, шигшигдэж байсныг оюутнууд одоо ч ярьсаар сууна. Монгол Улсын гавьяат багш Х.Цэндсүрэн “Манай хоёр анги 45 жилийн ойн баяраараа уулзацгаасан. Тэр үеэрээ оюутан насны дурсамжийн тухай соён гэгээрүүлэх нэг ангийнхны мартагдахааргүй ном гаргасан. Тэрхүү номон дээрээ оюутан насны үеэ дурсч, өдийг хүртэл ямар түүхэн замналаар явсан тухайгаа бичсэн” гэв. Харин нэг нь өдгөө өвөө, эмээ болж, үр ачаа хараад ангийнхантайгаа ч уулзах завгүй байгаа тухайгаа хошигноно. Учир нь ангийнхан 70, 80 насыг зооглож яваа эмээ, өвөө нар юм. Гэхдээ ангийнхныхаа дурсамжийг хуваалцахдаа яг л өчигдөрхөн төгссөн юм шиг л нүд нь сэргэж нэг хүүхэд ч гээхгүй, нэг ч хөгтэй явдал орхихгүй ярьцгаана. Зарим “Ангийнхныхаа уулзалтыг улам ойртуулъя. Сэтгэл хоргодоод байх юм” гэж ярьж, инээлдэж байх нь сонсогдоно. Оюутан ахуй цаг гэдэг хамгийн дурсгалтай он жилүүдийг үдэж өнгөрөөдөг шүү дээ хэмээн нэг нь хэлэхэд хажууханд нь суух нэг нь “Бид 1969 онд эх орныхоо хэрэгцээт газар бүр, сэтгэлийн дуудлагаар хүлгийн жолоо залж байлаа. Тэрнээс хойш хэд хэдэн удаа уулзацгаасан. Олон сайхан нөхөд маань ертөнцийн мөнх бусыг үзсэнийг эс тооцвол бүгдээрээ л сайн сайхан амьдарч, амжилтыг ар араасаа дагуулж л явна. Манай анги ангиараа “Ардын Боловсролын Тэргүүний ажилтан” гэж тодотгоно.

Тус ангийн төгсөгчид боловсролын салбарт 40 гаруй жил багшилж, сурган хүмүүжүүлэгч хийсэн байна. 45 жилийн ойн баярын уулзалтаас хойш хоёр жилийн хугацаанд төрийн Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат нийлээд долоон хүн төр засгийнхаа хайр энэрэлийг хүлээсэн байна. Энэ явдлыг ихэд онцолно. Шагналын хур буусан, арвин дүүрэн баяртай уулзалт болж байна гэж ирээд л. Энэхүү баярыг хамт олноороо тэмдэглэхээр ийн цугларсан байж. Тус ангиас шилдэг яруу найрагчдын нэг Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн Ш.Бадарч төрөн гарчээ. Анги хамт олон нь энэ хүндтэй зохиолчдоо хүндэтгэл үзүүлэв. Түүнийг “Ш.Бадарч зохиолчийн хувьд залуу байхаасаа л маш хөдөлмөрч, аливаа үүрэг даалгаварт нягт нямбай ханддаг байсан. Энэ цаг үеийн нийгмийг соён гэгээрүүлэх олон арван бүтээл туурвиж байгаад сэтгэл хангалуун явдаг” хэмээн ангийн нөхөртөө урмын үг харамгүй хайрлана. Түүнчлэн ангийн нөхөд нь Ш.Бадарчдаа “Ардын уран зохиолч болохын төлөө ерөөж бэлгэшээж, “Үзэг чинь хурц, ухаан чинь саруул, дэвтэр чинь зузаан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна” гээд бэлэг дурсгалын зүйл гардууллаа. Ангийн С.Дашзэвэг зохиолч Ш.Бадарчид хандан “Нэг үг олохын тулд мянган тонн үгийн хүдэр малтаж бичдэгийг чинь мэднэ. Үг бүрийг дэнсэлж бичээд үүнээс цааш үггүй ихээр бичиж байгаарай. Болоогүй ээ. Дахиад бич.” гэж урмын үг хэллээ.

Харин Х.Цэндсүрэн багш Дундговь аймгийн Эрдэнэ-далай сумаас багшлах гараагаа эхэлж, Эрдэнэтийн сургуулиас тэтгэвэртээ гарчээ. Тэрээр Монгол Улсын гавьяат багш цол тэмдгийг авч, ангийнхныгаа баярлуулсан байна. Ангийнхны хамгийн ихээр хүндэтгэдэг ахмад багш Балжинням Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан байна. Харин мэргэжил нэгт нөхдийнхөө дунд улсдаа хоёрт гэж яригддаг Боловсролын тэргүүний ажилтан Бизьяажав 83 нас хүрчээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын ахмад багш Цогдбадрах байна. Тэрээр бартаат замын уралдааны Олон Улсын Мастер. Оюутан ахуй цагтаа мотоциклоор уралдаж, хэдэн жилийн өмнө Олон улсын мастер цол тэмдгээр шагнуулсан. Энэ анги арван алтан гадас одонтой.

“Улаанбаатар хотын 14 дүгээр сургуульд монгол хэл, уран зохиолын Монгол Улсын гавьяат багш Т.Даваахүү. Олон жил сургалтын менежер, эрхлэгчийн албыг хашиж, ард түмний хүүхдүүдийг сургаж, хүмүүжүүлсэн дээ. Мөн Монгол Улсын гавьяат багш Доржгочоо. Өнгөрсөн жил бурхан болсон. Хорвоогийн жам юм даа” ангийн Г.Пүрэвжав ярьж байснаа хэсэг дуугаа хураав.

Харин Монгол Улсын гавьяат багш Х.Цэндсүрэн ийн ярив. “Багшлах явцдаа шавь нар болон хамт олныхоо хүчээр Төрийн бүх шагналыг хүртэж, Монгол Улсын гавьяат багш боллоо. Сэтгэгдэл их өндөр байна. Энэхүү гавьяа шагнал авсан маань миний анхны мэргэжил эзэмшсэн намайг сургаж хүмүүжүүлсэн бүх багш нарын, миний оюутан ангийнхан, ажлын хамт олон, шавь нарын маань хүч хөдөлмөрийн үр дүн байсан юм шүү дээ. Манай ангиас дөрвөн гавьяат багш төрөн гарлаа. Түүхэнд ховор байх гэж бодож байна. Нэг ангиас дөрвөн гавьяат багш төрж гарна гэдэг их хариуцлага, нөр их хөдөлмөрийн үр дүн. Монгол ардын зүйр цэцэн “Эзэн хичээвэл, Заяа хичээнэ” гэж үг байдаг даа. Мөн хоёр, гурван зохиолч байна. Энэ өдөр хотод ирээд ангийнхантайгаа уулзаж байгаадаа маш их баяртай байна” гэв.

Оюутан нас хэмээх хоёр үгний тодотголд маш олон сайхан дурсамж, дуртгалууд хадгалагдсан байдаг. Тэр үеийн дурсамжаа ангийн нөхөд хуваалцана. “Манай ангийнхан оюутан болсноосоо хойш хаврын намрын улирлын ажлыг ерөөсөө тасалж байгаагүй. Ангиараа ажил болгонд явдаг байлаа. Анх 1965 онд Угтаалын сангийн аж ахуйд ажиллаж байхад их түймэр гарч байсан. Эдийн засгийн дээд сургуулийн оюутнууд гал түймэрт автаж, бид хэд айж, сандарсан. Тэрхүү түймэрт адсага бариад, шуудайтай явж байлаа. Тухайн үед салхи эргээд тэр хүүхдүүд маань түймэрт өртсөн. Оюутан насны анхны намар маань ингэж өнгөрсөн юм даа. Харин 1966 оны хавар Ардын Намын XV Их Хурал болж, тэр үеэр гимнастикт бэлдээд уулын аманд гарч байсан. Уулын аманд их олон хоног бэлтгэл хийсэн дээ. Баярын нээлтийн үеэр гимнастик хийгээд үдээс хойш тоглолттой болж, хөдөө аж ахуйн байрандаа очтол үер болоод тэндээсээ шууд үерийн дайчилгаанд толгойт буюу хотод ажиллаж байсан. Тухайн үед бүх л төрлийн бараа шавартай зууралдсан байсан. Бид нар тэр бүгдийг цэвэрлэж, гал усны, аюул эрсдлийг үзэж, зохих хэмжээгээр туулж гарч байлаа. Тэр үедээ ажил бүтээлийн ард гарчаад эрч хүчтэй байсан даа. Мөн Хэнтий болон Батсүмбэр аймаг явж байлаа. Ангиараа олон ч газраар явсан. Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд зуны улиралд хашаа барихаар явж байсан. Тэр үед өөрсдөө хоол цайгаа хийж, ангийнхаа Нацагаагийн гарын хоолыг идсэн дээ. Мэргэжлийн тогооч л гэсэн үг. Айл, хүмүүсээс тараг сүү л ирнэ. Охид хашаа хороог янзлахдаа зарим зүйлийг нь даахгүй. Бүгдээрээ нийлээд майханд байрлана. Тухайн үед суманд улсын баяр болж байлаа. Цэнхэр мандал сумын баярыг үзэх гээд явахад хөдөө ажиллаж байсан учраас гоёх хувцас байхгүй байлаа л даа. Тэгээд хөдөө агентаас цоохор даавуу аваад бүгдээрээ гараараа оёод ижилхэн плать хийгээд өмсөж байсан (инээв). Ийм нэг хөгжилтэй, хөгтэй дурсамж үлдсэн дээ. Тэр үедээ л охидоороо гангарчихаж байгаа юм чинь. Анх оюутан насны минь сумын наадам үзсэн нь тэр юм шүү дээ. Нэг жил Батсүмбэрийн аж ахуйд ногоочин Хөдөлмөрийн баатар Долгор гуай гэж хүн байсан. Долгор гуайн хариуцдаг ногооны талбайд очсон л доо. Тухайн үед цагаар ажиллуулдаг байлаа. Орой найман цагт ажлаасаа бууна. Намрын найман сарын найман цаг чинь эрт шүү дээ. Ажлынхаа дараа Сөгнөгөрийн гол дээр угааж арчиж, гоёж аваад амралт руу явна. Тэгээд теннис тоглож, танц эргэж шөнө ирдэг байлаа шүү дээ. Ангиараа шуугиж шуугиж ирнэ. Шөнө ирэхдээ голоор шавар гатлаж гарна. Бид бөөн хар шавар тэр чигтээ унтаад өгдөг байлаа (инээв). Ер нь оюутан насны дурсамж хөгтэй хөгжилтэй адал явдлаар дүүрэн, аливаа зүйлийг ойлгуулж, мэдрүүлж, ухааруулдаг юм байна лээ” хэмээн санаа алдана. “Аливаа зүйлийг зааж, зөвлөж, аав ээжтэйгээ байгаа юм шиг л байдаг байлаа. Эцэст нь хэлэхэд бид нарын ажил, мэргэжил их сайхан даа. Үргэлж гэрэл, гэгээтэй хүүхдүүдтэй харилцана. Нийгэм болон эх орондоо хувь нэмрээ оруулж, буянтай мэргэжил эзэмшсэндээ ангиараа маш их бахархаж явцгаадаг” гэж ангийн нөхөд яриагаа өндөрлөв.

Б.Уранчимэг