Categories
мэдээ цаг-үе

Охид нь цэцэрлэгийн багш, хөвгүүд нь слесарь, засварчин болж төгссөн сурагчид

Нар хур тэгширсэн намрын тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Чингисийн талбай дурсамж, дурдатгал хөврүүлсэн олон сайхан үйл явдлын гэрч болж гэрэл зургийн хальснаа мөнхрөн үлдэж байна. Энэ өдөр Чингисийн талбайд хосуудын хурим, арваад ангийн 30, 40, 50 жилийн ойн уулзалт болсон юм. Тэдний дундаас далан насны босго шүргэж яваа ч ануухан харагдах, хамгийн өнөр олноороо цугласан нэгэн ангийг бид онцоллоо.

Тэртээ 1964 онд аймгийн төвийн болон Тонхил, Бигэр, Төгрөг, Баян-Уул, Халиун сумын долоон жилийн дунд сургууль төгссөн 100 гаруй хүүхэд Алтай хотын арван жилийн нэгдүгээр дунд сургуульд цугларч гурван бүлэгт хуваагдан хичээллэж эхэлж байж. Сум сумаас ирсэн охид, хөвгүүд аравдугаар ангиа 1966 онд 96-гуулаа төгсчээ. Бархас багштай, Б.Бүжидмаа даргатай охидын “10А”, О.Ажигцэрэн багштай, П.Банзрагч даргатай хөвгүүдийн “10Б”, Д.Баатар багштай Д.Дүгэрсүрэн даргатай “10В” ангийн нэг үеийн гурван бүлэг нэг анги мэт ижилдэн дасч, бүхий л насаараа нэг ангийн андууд болжээ.

Хийдгээ хийж, бүтээдгээ бүтээж гавьяаныхаа амралтанд гарсан энэ буурлууд эх орны дөрвөн зүгээс цуглажээ. Өнөөдрийн уулзалтанд ная хол гарсан 10В ангийн багш Д.Баатар, дал хол гарсан 10Б ангийн багш О.Ажигцэрэн нар хүрэлцэн ирж өөрөөрөө биш шавь нараараа бахархаж, хүүхэд шиг хөөрч явлаа. 1965 онд УБИС-ийг төгссөн хорин настай, хонгор зүстэй О.Ажигцэрэн багш 10Б ангийг даан авч ажлын гараагаа эхэлж байж.

Тэрбээр, “Багш мэргэжлийн сайхныг мэдрүүлж өгсөн шавь нараараа бахархахгүй байхын аргагүй. Манай шавь Д.Пүрэвээ есдүгээр ангид байхдаа аймгийн наадмаар улсын начин Бордахыг давж “нэмэх начин” цол авахад манай ангийнхан тун их баярлаж билээ. Шавь нараас минь аравдугаар ангиа дүүргээд их дээд сургуулиудад элсэн орж, докторын зэрэг хамгаалсан хэд хэдэн хүүхэд бий. Ангийн анхны шинжлэх ухааны доктор бол Ц.Санчин. Ангийнхан нь “булган сүүлтэй” гэж дотночилно. Ч.Сүрэнхорлоо, Д.Монхообор, Батчулуун, Я.Зэнээмидэр нар араас нь доктор болцгоожээ. Харин Д.Баатар багш сурагчдыг эр, эмээр нь ялгаж анги болгосонд сэтгэл дундуур явдагаа ярьсан юм. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд асан Г.Дүгэрсүрэн, яамны газрын дарга Б.Алзахгүй, Төмөр замын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо нар эдний төгсөлтийнх.

Энэ үеэр охидын ангийн дарга Б.Бүжидмаагаас нэг төгсөлтийн гурван бүлгийн 96 хүүхэд яаж нэг анги болж чадсан талаар сонирхоход “Тухайн үед хөдөөнөөс ирсэн сурагчид бүгд шахуу сургуулийн дотуур байранд амьдардаг байлаа. Сургуулийн гал тогоонд хооллож, байранд ч, сургууль дээр ч хамт байгаад байхаар байраараа гэршиж, үеэрээ нэг анги шиг нэг амьтай болцгоочихдог юм билээ. Манай ангийнхан нэг их дүрсгүйтээд байдаггүй, хичээл сурлагадаа идэвх зүтгэлтэй, сахилга бат сайтай хүүхдүүд байсан. Я.Зэнээмидэр гэж нэг өвөрмөц хүү байсан. Хичээлээ хийдэггүй, цонх ширтээд суучихна. Энэ хүүхэд хичээлээ хийдэг бол мөн ч онц сурнаа гэж боддог байлаа. Хичээлээ нэг их давтдаггүй мөртлөө аравдугаар анги төгсөх жилээ математикийн улсын олимпиадад гуравдугаар байр эзэлж, олон улсын олимпиадад оролцохоор явж билээ. Хожим Я.Зэнээмидэр маань Унгар улсад эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан” гэлээ.

Энэ төгсөлтийнхнөөс урлаг спортын онцгой авьяастай хүүхдүүд олон байжээ. Д.Пүрэв есдүгээр ангид байхдаа үндэсний бөхийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртэж, аймгийн аварга шалгаруулах барилдаанд аймгийн начин цол авч байжээ. Мөн аймгийн наадмаар цолоо батлан “нэмэх начин” чимэгтэй бөх болж хожим аймагт хоёр удаа үзүүрлэн аймгийн заан болжээ.

1966 онд Г.Дүгэрсүрэн Үндэсний бөхийн идэрчүүдийн улсын аваргад амжилттай барилдсан байна. Монголын пионер сурагчдын анхдугаар спарткиадад Эрдэнэ, Д.Доосмоо, Мягмардаш нар хөнгөн атлетик, Я.Зэнээмидэр, Д.Лхамсүрэн теннис, Ц.Санчин, Эрдэнэбилэг, ангийн ихэр Г.Батжаргал, Г.Энхжаргал нар сагсан бөмбөгөөр оролцож байлаа. Эмэгтэйчүүдээс О.Жавзмаа аймгийн идэрчүүдийн шигшээд тоглож улсын аваргаас хүрэл медаль хүртсэн байна. Хожим Д.Доосмоо дугуйн спорт, Г.Даваа уулын спорт, Я.Зэнээмидэр ширээний теннисээр спортын мастерийн болзол хангажээ.

Мөн Монголын зохиолчдын хорооны гишүүн Л.Ширчин, Г.Даваасүрэн нар зохиолч болох гараагаа энэ л ангид байхдаа тавьсан аж. Л.Батчулуун, Л.Бавуудорж нарын уран зургийн авьяас тодорч анги, сургуулийн ханын сонин гаргах, зурах бүхий л ажилд багш нартаа уригдаж явжээ.

1965 оны хавар Монголын пионерийн байгууллагын 40 жилийн ойгоор Улаанбаатар хотноо пионерийн ордонд концерт жүжиг тоглож Гэгээрлийн яам, пионерийн төв зөвлөлөөс өндөр үнэлгээ авч байж. Энэ тоглолтонд Н.Жаргал үлээвэр хөгжим, П.Банзрагч баянхуур, С.Норжмаа, Ё.Хорол, Оюунцэцэг, Д.Мөнхөө нар ардын хөгжмөөр хөгжимдөж, Н.Өнөр ардын бүжиг биелгээ, Б.Норжмаа уран нугаралт хийсэн гэнэ.

Аравдугаар ангиа төгсөх хавар нь Ш.Сүрэнжав, Ш.Эрдэнэбат нарын зохиосон “Арав дахь хавраа үдье” дуу гарч, охид, хөвгүүдгүй амандаа аялцгаадаг байснаа ярив. Харин өнөөдөр тэр үеэ эргэн санаж тавин жилийнхээ ойн баярт зориулж ангийн хөвгүүн Ц.Санчин “Нэг ангийнхан” хэмээх дууны шүлгийг зохиож тэр дуугаа хамтран дуулцгааж энд ирж чадаагүй, бурхан болсон ангийн нөхдөө дурсацгаасан юм.

1965 онд БНМАУ-д анх удаа Үйлдвэр сургалттай анги бий болгох туршилтыг хийж эдний ангийнхныг эрэгтэй, эмэгтэйгээр нь ангилсан нь тэр ажээ. Ингэж охид нь цэцэрлэгийн багш, хөвгүүд нь барилгын засварчин, автын слесарь мэргэжилтэй төгсөцгөөсөн юм. Энэ талаар Ц.Санчин “Эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж суралцуулсан нь хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлд нөлөөлсөн гэж бид үздэг. Гэсэн ч манай төгсөлтөөс дөрвөн хос төрж, үр хүүхдийнхээ сайн сайханыг үзэж явна. Манай ангиас хочгүй хүүхэд хоёр, гуравхан бий. Ихэнх нь амьтны хочтой байлаа. Одоо ч бид тэр хочоор нь дуудацгаадаг” гэж ярилаа.

Ангийнхнаасаа “баавгай” хоч авсан Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Жанцан сумын эдийн засагчаас ажлын гараагаа эхэлж, сангийн аж ахуйн дарга, аймгийн захиргаанд мэргэжилтэн, хэлтсийн дарга, аймаг, Улаанбаатар хотын орлогч дарга, сангийн яамны харьяа Банкны өр барагдуулах газрын орлогч, Засгийн газарт ахлах референт, Улсын бага хурлын гишүүн, Монголын анхны парламентын байнгын хорооны даргаар ажиллаж байжээ. Тэрбээр бас Дорнод аймгийн “сор” хүргэн өргөмжлөл авснаас гадна “Заазуур”, “Үүрэг”, “Болдоггүй бор” гэх мэт хочийн эзэн гэнэ. Эдний ангийн хамгийн их хочтой нь.

40 гаруй жил багшийн ажил хийсэн Р.Жамьяансэлэнгэ, Б.Өөдөс, Р.Нанжид, С.Мягмардаш, Б.Бүжидмаа, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд насаараа зогссон хүний их эмч Ч.Түмэннасан, Ц.Норжмаа, эмзүйч Н.Өнөр, эмэгтэйчүүдийн эмч Д.Цэрэндаваа, химич Д.Монхообор, Эрчим хүчний салбарт 50 жил зүтгэсэн Ц.Санчир нар төгсөлтийнхөө бахархал гэнэ.

Аравдугаар ангиа Б.Бүжидмаа, Дүгэрсүрэн нар онц дүнтэй төгсөж байсан бол Б.Галбадрах, Н.Жаргал, Ч.Сүрэнхорлоо нар ОХУ-ын их дээд сургуулийг улаан дипломтой төгсөцгөөжээ. Б.Бүжидмаа, Г.Цэеэн-Ойдов нар нь найман хүүхэд төрүүлж өсгөн алдарт эхийн нэг, хоёрдугаар одон авчээ.

Ангийн хамт олноос хамгийн олон сонгуульт ажлыг П.Банзрагч хийж байсан бол хурандаа Н.Жаргал, Д.Могноон, хүндэт эмэгтэй чекист, дэд хурандаа Б.Жавзмаа нар цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаажээ.

Энэ төгсөлтийнхөн таван жил тутам уулзаж, бие биедээ тусалж дэмжин амьдралын урт замыг хамтдаа туулж нөхөрлөлийн үнэ цэнийг харуулж чадсанаараа өнөөдөр бахархаж явна.

Б.НАРАНЧИМЭГ

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Марафоны Б.Мөнхзаяа

Оюутан болсон цагаасаа эхлэн гүйлтийн спортоор тасралтгүй хичээллэж, дэлхийн тамирчдын эгнээнд орж, анхныхаа олимпод оролцохоор Риогийн зүг хүлгийн жолоо залсан Б.Мөнхзаяаг “ Өдрийн зочин”-доо онцолж байна. Тэрээр Хятадын Чэндү хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард зохиогдсон хөнгөн атлетикийн “Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээнийг аваргалж, алтан медалийн эзэн болсон юм. 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин тус тэмцээнд өрсөлдөхөд эх орноо төлөөлөн оролцсон Б.Мөнхзаяа “Алдар” спорт хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин. Гүйлтийн спортын Олон улсын хэмжээний мастер.

Тэрээр мөн өнгөрсөн жил урд хөршид болсон олон улсын марафонд түрүүлж, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан юм. Хамгийн сүүлд нийслэл хотноо зохиогдсон олон улсын “Улаанбаатар марафонд”-нд мөн түрүүлсэн. Одоогоор Б.Мөнхзаяа олимпод оролцох гүйлтийн баг тамирчдынхаа хамт Рио-де Жанейро хотод бэлтгэлээ базааж байна. Гүйлтийнхэн Риог зорихынхоо өмнө Өвөрмонголын шигшээ багийн тамирчдын хамт Хөх хотноо олимпийн бэлтгэлд гарцгаан, тэндээ нэг сар болоод иржээ. Манай улсаас “Рио”-гийн олимпод гүйлтийн төрөлд Б.Мөнхзаяа, Сэр-Од, Гантулга, Отгонбаяр нар оролцох болсон түүхэндээ хамгийн олон тамирчин гүйж буй үзүүлэлт болж байна. Б.Мөнхзаяагийн хувьд олимпийн найдвар гэгдэж буй тамирчдын нэг.

Тэрээр сүүлийн жилүүдэд эх орондоо болон олон улсад зохиогдож буй гүйлтийн тамирчдын тэмцээнд тогтмол амжилттай оролцсоор байгаа юм. Тиймдээ ч түүний багш дасгалжуулагч, гэр бүлийнхэн нь Б.Мөнхзаяаг олимпод дээгүүр өрсөлдөнө хэмээн итгэл хүлээлгэн захыг нь мушгиж суугаа.

Б.Мөнхзаяа Дорнод аймгийн дөрөвдүгээр арван жилийн сургуулийг 2012 онд төгсөөд, Үндэсний биеийн тамирын дээд сургуульд элсэн суралцаж, өнгөрсөн зургадугаар сард биеийн тамирын багш мэргэжлээр төгсчээ. Одоо “Алдар спорт” хорооны тамирчин. Олимпод хүчээ үзэх гүйлтийн тамирчин маань “MN athletics” клубт бэлтгэл сургуулилтаа базаадаг. Клубынх нь зүгээс бэлтгэлд шаардагдах хувцас, пүүз, витамин зэргээр нь хангадаг юм билээ. “MN ath­letics” клуб, Монголын хөнгөн атлетикийн холбооны ахлах дасгалжуулагч, олимпийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Төрбат шавийнхаа тухай “Б.Мөнхзаяа авьяастай, төрчихсөн тамирчин байгаа юм. Аливаа спортод төрмөл авьяастай, материалтай хүүхдүүд өндөр амжилт гаргах магадлалтай. Мөн хичээл зүтгэл хамгийн чухал. Авьяастай байгаад хичээж, зөв хөдөлмөрлөхгүй бол амжилт гаргах хэцүү. Авьяасгүй бол бас хэцүү байх тал бий. Б.Мөнхзаяа бол үнэхээр тамирчин байхаар хүүхэд. Маш хөдөлмөрч, эрч хүчтэй, барагтай бол шантардаггүй. Авьяас чадвартаа суурилж хангалттай хөдөлмөрлөж богино хугацаанд өндөр амжилт гаргаж байгаа тамирчин. Гүйлтийн спорт эмэгтэй хүнд ахадсан хүнд спорт. Өдөрт доод тал нь 20-30 км, сард 600-аас 700 км-ийн зайд гүйж, байнгын бэлтгэл хийдэг. Энэ бүхнийг даван туулж, амжилттай яваа тамирчин. Тиймдээ ч шавь маань Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос гаргадаг гүйлтийн тамирчдын чансаанд дээгүүр бичигдэж байгаа” гэж ярилаа.

Б.Мөнхзаяагийн аав насаараа цэргийн байгууллагад ажилласан хүн байдаг аж. Б.Мөнхзаяа нэг хүүтэй бөгөөд нөхөр Доржпалам нь мөн гүйлтийн тамирчин.

Арван жилийн сургуульд суралцаж байхдаа тамирчин болох тухай бодож байгаагүй ч ганц нэг тэмцээнд амжилттай оролцож, туршлагатай багш нарын хараанд өртөн гүйлтийн спортыг сонгосон Б.Мөнхзаяад итгэж, найдаж байгаа олон хүн “Рио”-гоос сайн мэдээ хүлээж суугаа.

Н.Ганчимэг

Categories
мэдээ цаг-үе

Махатма Ганди

Альберт Эйнштейн Махатма Гандийн талаар “Эгэл амьдралаас гаралтай энэ хүн нүгэлт ертөнцийг туулсан гэдэгт хойч үе нь итгэхэд бэрх байх магадлалтай” хэмээн хэлсэн байдаг. Энэтхэгт энэ хүний нэрийг бусад ариун хүмүүний адил гүн бишрэлтэйгээр дууддаг юм. 1915 онд Энэтхэгийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Рабиндранат Таагүр Мохандастай танилцаж “Махатма” буюу аугаа их сэтгэл гэсэн нэр хайрласан ч Ганди энэ хэргэмийг огт хэрэглэж байгаагүй юм.

Энэтхэгчүүдийн хайрыг татсан энэ хүн худалдаа эрхэлдэг даруухан кастит хамаарах Гандигийн гэр бүлд 1869 оны аравдугаар сарын 2-нд мэндэлжээ. Аав, ээж нь дөрөв дэх хүүдээ Мохандас гэдэг нэр өгсөн юм. Түүний эцэг Карамчанд Ганди омог дотроо болон омгуудын хоорондох зөрчилдөөн маргааны асуудлыг шийдвэрлэдэг шүүхийн гишүүн байлаа. Үнэнч чанар, омгуудынхаа эрх ашгийг хамгаалсан тууштай хандлага, амьдралын баян туршлагатай Карамчанд Ганди ажлаа хийсэн шиг хийдэг байж. Мохандасын ээж Путлибай гүн сүсэгтэй, даяанчлах дуртай эмэгтэй байсан гэдэг. Зүрх муутай, бие бялдрын хувьд сулавтар хүүгээ аав нь ирээдүйн вант улсын Ерөнхий сайд болох ёстой гэсэн итгэлээр орон нутгийн англи сургуульд оруулав. Мохандас ааваасаа харамгүй хайр, удирдах чадварыг нь өвлөж авсан юм. Тэр гойд авьяастай биш жирийн л сурагч байж. Үржихийн хүрд цээжлэх гэж зүднэ. Багш нартаа зэмлүүлэхгүй гэж гэрийн даалгавраа хийхээр сууна. Спортод дургүй гэж жигтэйхэн. Зайлшгүй хийх ёстой учраас л гимнастик хийнэ. Хичээлдээ тааруу ч хуулна гэж үгүй дөлгөөн даруу хүүд багш нар нь сайн хандана. Бүрэг ноомой зангаасаа болж үеийнхнээсээ зожигдуу явдаг хүү дотоод сэтгэлийн хүчирхэг чанараасаа ангийнхнаасаа ялгардаг байж. Хүү нэг удаа жүжиг үзэж л дээ. Шударга зантай гол дүр нь Мохандест гүн сэтгэгдэл төрүүлж. Хүү удаан хугацааны турш “Хүмүүс яагаад үүн шиг шударга сайн байж чаддаггүй юм бэ” гэсэн бодолд ээрүүлж, асуултдаа хариу олохыг хичээсэн гэдэг. Мохандас өдөр ирэх бүр илүү ихийг уншиж байлаа. Залуу хүүд гүн сэтгэгдэл төрүүлсэн нь Энэтхэгийн ууган туульс “Рамаяна”.

“Үнэн бол бүх сайн сайхны үндэслэл дээр тулгуурладаг” гэх товч сургаалийг тэрээр насан туршдаа хэрэгжүүлж ирсэн юм. Хожмоо тэр “Бхагавад-гита” буюу санскрит хэлнээс хөрвүүлбэл “Бурхны дуу” гэсэн сургаалыг баримталсан билээ. Эртний Энэтхэгийн шашин философийн утгыг агуулах энэ ”хөшөө” Гандигийн хувь хүн болж төлөвших үндэс суурь болсон байдаг.

Мохандасыг 13 нас хүрэхэд нэгэн охинтой гэрлүүлжээ. Нэлээд хожим Ганди хүүхдийг хар багаас нь гэрлүүлэх хэрцгий ёс заншлыг шүүмжилсэн удаатай. Гэвч тухайн үедээ тэр энэ ёс жаягийг дагахаас аргагүй байв. Гэрлэсэн охин Кастурбай нь бичиг үсэггүй. Чүү ай үсэглэн унших охин энгийн хар хэллэгээр цөөхөн үг солино. Мохандес эхнэрийнхээ тухай “Тэр минь маш их шүтлэгтэй, байгальтайгаа ойрхон, шийдэмгий хүн байсан” гэж дурссан нь бий. Эхнэрийнх нь энэ чанар нөлөөлсөн байх, залуу хос бие биедээ гүн гүнзгий дурлаж, нэгнийгээ гэсэн их хайр нь бүх амьдралынх нь турш үргэлжилсэн юм.

1884 онд Мохандасыг үргэлжлүүлэн сурахаар Лондонг зориход эцэг нь нас барсан байсан юм. Энэтхэгээс явахаас өмнө тэрээр ээжээсээ, нялх үрээ тэврэн үлдэх эхнэрээсээ адис авахын сацуу кастаас зөвшөөрөл авах ёстой байлаа. Барууны амьдрал ёс жаягийг нь алдагдуулна гэж болгоомжилж Мохандаст явах зөвшөөрөл өгсөнгүй. Ганди энэ хоригийг зөвшөөрөхгүйгээр явсан анхны хүн болсон юм. Зөрүүд эрийг тэр даруй кастаас хөөсөн билээ. Гэсэн хэдий ч тэр ээждээ “Маханд хүрэхгүй. Зан заншлаа баримтлах болно” гэж амлаад Лондонг зорьжээ. Тэр дээдсийн хүрээлэнгийн зугаа цэнгээнээс үргэлж дөлнө, хэт дотогшоо чанараасаа болж олны өмнө барагтай үг дуугарахгүй. Мохандас хожим энэ талаараа “Тэр жилүүд үгээ цэнэх аргад намайг сургасан. Би үзэл бодлоо маш богино үгээр илэрхийлж сурсан. Тиймээс одоо үзэгний минь үзүүрээс утга учиргүй үг гарах нь юу л бол” хэмээн дурссан нь бий.

Англид байхдаа тэр бусад шашныг ч судалсан юм. Христос, буддизм, ислам, мэдээж индуйзм. Хожим Хуучин гэрээний талаар “Үнэндээ юу ч ойлгодоггүй байсан. Уншиж суухдаа бараг унтдаг байлаа. Гэтэл Шинэ гэрээ огт өөр сэтгэгдэл төрүүлсэн шүү. Уулархаг номлол гэсэн хэсэг нь бүр онцгой. Шашны хамгийн дээд хэлбэрийг тэндээс мэдэрсэн. Дээд хэлбэр гэдэг нь бодит байдлаас тасрах шүү дээ” гэж онцолсон байдаг. Ганди тэр үед оюун санааны зарчмууд бүх шашинд нэг үндэстэйг ойлгож ухаарсан юм. Мохандес энэ үед теософи буюу шашны философи, далд ухааныг судалж сонирхож эхэлжээ. Тодруулж хэлбэл Елена Петровна Блатавскаягийн үндэслэсэн ухааныг. Тухайн үеийн оюунлаг хүмүүсээс Гандигийн онцолсон, Гандид нөлөөлсөн ухаантан нь Лев Толстой. Мохандас хожим нь Оросын их зохиолчтой захидлаар харилцдаг болсон билээ. Толстойн “Бидний доторх бурхан” зохиол нь залуу Гандид онцгой нөлөө үзүүлсэн юм. Англид очсон нь Гандид зөвхөн хууль зүйн боловсрол олгоод зогсоогүй, Европын дээдсийн хүрээлэнгийн соёлтой танилцах боломжийг өгсөн байдаг. Лондонд байхдаа тэр франц, латин хэл ч сурч амжсан билээ. Ганди 1891 оны зургадугаар сард шалгалтаа амжилттай өгч өмгөөлөгчөөр ажиллах эрхтэй болов.

1898 онд Энэтхэгт буцаж ирэхэд нь хүнд бэрхшээл угтаж байлаа. Кастын системээс гарсан учраас аяга ус уухаас эхлээд өчнөөн эрх нь хоригдсон байлаа. Ариун голд очиж угаал үйлдсэний дараа кастын систем түүнийг дахин хүлээж авсан юм. Туршлага багатай залууд олон бэрхшээл тулгарсан ч тэрээр тухайн үед Энэтхэгийн нийслэл байсан Бомбейн өмгөөлөгчийн зөвлөлд элсэн оров. Хуулиа сайн мэддэг ч амьдрал дээр яаж ашиглах талаар туршлага нимгэн учраас Энэтхэгийн баруун хэсэг болох Ражкот хотод шилжин суурьшиж хувийн оффисоо нээлээ. Удсан ч үгүй Энэтхэгийн худалдааны нэгэн фермээс өмнөд Африк дахь хэрэг дээрээ ажиллах санал тавьжээ. Ганди 1893 онд Өмнөд Африкийг зорилоо. Чухам тэнд л арьс өнгөөр ялгаварлах үзлийг мэдэрсэн юм. Мохандес Претория гэдэг хот руу ажлаар явж байж л дээ. Европчууд голдуу галт тэрэгнээс түүнийг хүчээр хөөн буулгаж, ачаа тээшийг нь араас нь шиджээ. Арьс өнгөөр ялгаварлах үзлийг биеэрээ мэдэрсэн ийм түүх Гандийн намтарт ганц, хоёрхноор тогтохгүй. Тухайн үед ажилласан хэрэг нь хоёр талд нааштайгаар дуусахад Ганди ихэд олзуурхаж байж. Хожим энэ талаараа “Тухайн үед хөл газар хүрэхгүй баярласан. Өмгөөлөгчийн туйлын зорилго нь сөргөлдөгч талуудаа эвлэрүүлэхэд оршдогийг би тэр үед л ойлгосон. Энэ сургамж бүх л амьдралд минь нөлөөлсөн. Өмгөөлөгчөөр ажилласан хорин жилийн хугацаандаа би хэдэн зуун хэргийг эвлэрлээр дуусгасан шүү” хэмээн дурссан байдаг.

Тэр Өмнөд Африкт Энэтхэг улсын эрх чөлөөний төлөөх тэмцлээ эхлүүлсэн юм. Тэр үед л хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцэх аргыг анх удаа хэрэглэж эхэлсэн юм. Түүний сонгосон арга нь сатьяграха. Сатья нь үнэн, аграха нь оюуны хувьд хатуу чанд гэсэн утгатай. Утгачилбал үнэний төлөө тууштай зогсох гэсэн үг. Гэхдээ мэдээж хүч хэрэглэхгүйгээр. Одоогийн зөөлөн хүчний бодлого юм даа. 1896 онд Ганди Энэтхэгт ирж гэрийнхнээ Дурбан хотод авчирсан юм. Арвин туршлага хуримтлуулсан Мохандас өөрийгөө олонд хэрэгтэй гэдгээ ухаарч, мэдэрч байлаа. Түүний санаачлагаар энэтхэгчүүдийн боловсролд анхаарсан холбоо ажиллаж эхэллээ. Тэр 1903 онд Indian Opinion гэдэг сонин гаргалаа. Энэ сонин тухайн үед хувьсал өөрчлөлтийн төлөө хүмүүсийг нэгтгэх гол зэвсэг болсон юм. Гурван жилийн дараа Ганди “Брахмачарью” хэмээх хатуу сахил хүртэв. “Брахмачарью” сахил зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаад зогсохгүй өөрөө өөрөөсөө, бүхнээс татгалзах хатуу жаягтайгаараа ялгардаг юм. Энэ их хүний гэгээрэл ингэж эхэлсэн билээ.

1910 онд иргэний асуудлаарх компанит ажлууд нь хурцадмал болж эрх баригчдын зүгээс дарамт шахалт үзүүлж эхлэв. Тэмцэгчдийн дийлэнхийг баривчилж шоронд хорьсон ч 1913 онд эрх баригчид Гандитай гэрээ хэлэлцээр хийж энэтхэгчүүдийн байр байдлыг хөнгөлөх тухай хуулийг баталсан юм. Энэ нь тухайн үедээ ялалт байлаа.

Тэр 1915 онд Өмнөд Африкаас Энэтхэгт дахин ирлээ. Эрх чөлөөний төлөө тэмцэгч эх орондоо ирсэн даруйдаа Сабармати голын эрэг дээр даяан хийх газраа байгуулсан юм. Эрт цагт агуйд даяан хийж байсан лам нар шиг. Гэхдээ Гандийн агуй нь түүний 12 жил амьдарсан байшин. Ганди энэ байшиндаа амьдрах үедээ тансаг хэрэглээнээс татгалзаж, хоол унд бэлтгэх, цэвэрлэгээ, угаалга хийх зэрэг ажлаа өөрөө хийж байж. Өнөө цагийнхан түүний 12 жил даяан хийсэн байшинд нэг шөнө хоноход 60 ам.доллар төлдөг. Энд хоносон хэн ч Гандигийн сахиж ирсэн хүчирхийлэл үйлдэхгүй, хүсэл бодлоо хянах, энгийн амьдрах тэргүүтэй 11 сахилыг гүйцэтгэх ёстой. Тэнд үдлэгсэд бясалгал үйлдэж, утас ээрч, хувцас урлаж, хог шүүрдэцгээдэг. Ингэснээр өөртөө итгэлтэй болж, дотоод амар амгаланд мэдрэхэд тустай гэж үздэг.

Ганди хүч хэрэглэхгүйгээр тэмцэх аргыг энэ үеэс хүчтэй эхлүүлсэн байдаг. Сонгож авсан арга нь үр өгөөжөө өгнө гэдэгт ч эргэлзээгүй итгэж байлаа. “Эхэндээ чамайг үл тооно. Дараа нь чамаар доог тохуу хийнэ. Тэгээд чамтай тэмцэж эхэлнэ. Харин эцэст нь чи ялна” гэсэн үг нь хожмоо батлагдсан юм. 1918-1919 онд дэлхийн нэгдүгээр дайн дуусгавар болсны дараа англичууд энэтхэгчүүдэд улс орноо удирдах эрхийг олгоно гэсэн амлалтаа биелүүлсэнгүй. Энэтхэгчүүд ч зүгээр суусангүй. Улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. 1919 онд онц байдлын тухай хууль гарсны дараа энэ хөдөлгөөн улам эрчимжив. Эцэст нь Ганди олныг уриалан англи сургуулийг хааж, сонгуулийг бойкотлож, гадаадын бараа зарахыг эсэргүүцэж, нэр хүндтэй албан тушаалуудаас татгалзаж, татвараас зайлсхийж, ер байж болох бүх л аргыг хэрэглэн эсэргүүцлээ илэрхийлэв.

Гандигийн хүч үл хэрэглэх тэмцэл нь тухайн үедээ үзэл суртлын нэг хэлбэр болж хувирсан билээ. Тэрээр төдөлгүй энэ аргаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж эхлэв. Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэл нь ч энэ үеэс эрчээ авсан юм. Тэр зүгээр яриад зогссонгүй, биеэрээ үлгэрлэж байв. Өөр үндэстэн угсаатныг гэртээ урьж, дайлж цайлж, гуравдугаар ангиллын галт тэргээр зорчиж, тэдний эрхийг хамгаалахын тулд өлсгөлөн хүртэл зарлаж байлаа. Индуис мусульман шашныг нэгтгэхийг хичээж байсан нь ч энэ үед хамаарна. Бүх шашинд үнэн бий, орон зай цаг хугацаагаараа л ялгаатай гэсэн байр суурин дээрээ тууштай зогсч байлаа. Тухайн үеийн шашнаар биенээ тусгаарлах хатуу байр суурь энэтхэгчүүдийг нэгтгэх үзэлтэй нь сөргөлдөж байсан юм. Пакистан улс байгуулагдах эхлэл яг энэ үед тавигдсан билээ. 1947 онд Энэтхэг улс Энэтхэг Пакистан гэсэн хоёр хэсэг болон тусгаар тогтноход индус шашинтан болон лалын шашинтнуудын хооронд хурц тэмцэл өрнөж эхэлсэн юм. Эвлэрүүлэх гэж хичээл зүтгэл гаргасан ч үгийг нь хэн ч сонссонгүй.

Утгагүй хүчирхийллийг зогсоохын тулд 1948 оны нэгдүгээр сард тэр өлсгөлөн зарлахдаа “Миний үхэл бол Энэтхэгийг өөрөө устаж байгааг нь харж гэрч болсноос дээр” гэж хэлж байжээ. Үүний дараа шашны хоёр бүлэглэлийн удирдлагууд зөвшилцөлд хүрч “Хүмүүсийн амь, эд хөрөнгийг хамгаалах, лалын итгэл үнэмшлийг дээдэлж цаашид ийм явдал давтагдахгүй” гэсэн хамтарсан шийдвэр гаргаж байсан түүхтэй.

Ганди 1921 онд Энэтхэгийн Үндэсний конгрессыг тэргүүлж эхэлсэн ч намын нөхөдтэйгээ санал зөрөлдсөнөөс 1934 онд энэ албаа орхисон юм.

1930 оны тавугаар сарын 5-ны шөнө цагдаа нар Гандиг баривчлав. Энэтхэгчүүд түүний “Цөхрөх үедээ би түүхийн бүхий л явцад хайр энэрэл ямагт ялж байсан гэдгийг санадаг. Хүчирхэг алуурчид, тирантууд байж, тэд цаг үедээ ялагдашгүй мэт байсан. Гэсэн ч эцсийн эцэст тэд дандаа ялагдаж, унаж байсан юм. Ямагт энэ талаар бод”, “Галзуу эвдрэл сүйтгэл учруулж л байвал нас нөгчсөн хүнд, өнчирсөн хүүхдүүдэд, орон гэргүй болсон хүмүүст тэр нь тоталитаризм гэнэ үү либерти гэсэн ариун нэртэй байна уу, юуны ялгаа байна?”, “Нүдийг нүдээр солибол бүх дэлхий сохор болох болно”, “Олон үйл хэргийн төлөө би үхэхэд ч бэлэн байна. Харин ямар ч үйл хэргийн төлөө би аллага үйлдэхгүй” гэсэн сургаалиудынх нь мөн чанарыг чухам энэ үед л бүрэн утгаар нь ухаарсан юм.

Дөчөөд оны сүүл Гандигийн хувьд аз нь харьсан, бүх зүйл муугаар эргэсэн үе байлаа. Тэр индуис мусульманчуудыг бүрэн эвлэрүүлж чадаагүй юм. Шашны түрэмгий бүлэглэлийнхэн лалынхантай хамтрахын эсрэг байв. Улс төрийн “Раштра дал”, “Ваштрия сваям севак” зэвсэгт бүлэглэлүүд тэмцлээ үргэлжлүүлэхээр шийдэж, “Хинду Махасабха” бүлэглэлийн тэргүүн, Бомбейн саятан Винайяком Саваркар гэгч Махатма Гандиг “Индусуудын дайсан” гэж байв.

Гандийг өлсгөлөнгөө зогсоосноос хойш хоёр хоногийн дараа буюу 1948 оны нэгдүгээр сарын 20-нд амь насанд нь халдах анхны оролдлого гарлаа. Дели дэх гэрийнхээ гадаа байхад Пенжабаас ирсэн дүрвэгч Маданлал гар хийцийн бөмбөг шидэж байсан юм. Энэтхэгийн Засгийн газар хувийнх нь хамгаалалтыг нэмэгдүүлэх гэсэн ч тэр зөвшөөрсөнгүй. Тэр үед Ганди 78 настай байв. Тэрээр 1948 оны нэгдүгээр сарын 30-нд хар үүрээр босч Конгресст өргөн барих Үндсэн хуулийн төсөл дээр ажиллаад орой нь хамтрагчдынхаа хамт байшингийн өмнөх нугад гарч ирлээ. Энэтхэгчүүд хүндэтгэн биширдэг хүнтэйгээ хамт оройн мөргөл хийхээр цуглажээ. Энэтхэгийн үндэсний байгууллагын гишүүн Натхурам Винаяк Годзе гэгч Махатма Гандид дөхөж очин гурван удаа буудахад сүүлийн сум нь зүүн талын уушгинд нь туссан юм. Энэтхэгчүүдийн үндэсний эцэг Ганди “Ээ Рама” хэмээн шивнээд газар дээрээ нас барсан билээ. Түүний энэ үг аминд нь халдсан газарт босгосон дурсгалын цогцолбор дээр нь бий.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Мардаан: Газар тариалангийн салбарыг хэн дуртай нь, хар таамгаар удирдаад амжилт олохгүй

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаантай ярилцлаа.

-Газар тариалангийн салбарт ээлтэй сайхан зун болж байна. МАН-аас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад “Сод монгол” группийн захирал Ц.Анандбазарыг нэр дэвшүүлсэн ч түдгэлзүүлчихлээ. Энэ салбарт нэг насаараа зүтгэсэн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ удаагийн сонгуульд МАН-ынхан олонхи болж Засгийн газрыг дангаараа барьж байна. Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Хөдөө аж ахуй ялангуяа газар тариалан эрхэлдэг бидний хувьд олон тааламжтай зүйл тусгагдсан байна. Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвор суурьшилтай хөгжүүлэхэд төр засгаас дэмжиж, ургац хураалт дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, гадаадад экспортлох чиглэлийг баримтлан ажиллана гэсэн амлалт бий. Мөн МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Энэ чиглэлийг бодож үзэх юм бол Хүнс хөдөө аж ахуйн яамны сайдад “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг тавина гэдэг тариаланчдад их тааламжтай сонсогдож байна.

-Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж тодорхойлсон нь ямар учиртай гэж та бодож байна?

-Харин үүнийг л сайн ойлгож өгөхгүй байна. Тариа тарьдаг хүн сайд болохоор ашиг сонирхлын зөрчил бий болно гэсэн яриа гараад байгааг. Энд ямар юмных нь ашиг сонирхлын зөрчил байдаг юм бэ. Харин ч энэ салбарын зовлон жаргалыг мэдэж байгаа хүн илүү сайн удирдах байх гэж бодож байна. Түрүүчийн Засгийн газрын үед ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тариа тарьдаг, тариалангийн ажлыг ойлгодог хүн байсан. Тийм учраас Засгийн газраас үр тарианы урамшууллын 60 мянган төгрөгийн асуудал яригдахад нэлээд гүйж тэмцсэн байх гэж боддог. Тэгэхээр энд нэг их буруу зүйл байхгүй болов уу. Газар тариалангийн салбар бол маш хүнд. Хэн дуртай нь хар таамгаар эрхлээд амжилтанд хүрдэг салбар биш. Хамгийн энгийн жишээ хэлэхэд би агрономич хүн. Алт ухаад ямар ч амжилт олохгүй. Үүнтэй л адил. Уул уурхайн хүн авчраад хөдөө аж ахуйн сайдаар тавих юм бол улс орны хөгжлийн чухал салбар урагшлахгүй гэдгийг төр засаг ойлгох биз ээ.

-Энэ хүнийг та хэзээнээс эхэлж мэддэг болсон бэ?

-1990-ээд оны сүүлээр Сэлэнгэ аймгийн Ерөөд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, тариа тарьж байна гээд бондгор цагаан залуу давхиж явсан. Хэсэг хугацааны дараа Төв аймгийн Эрдэнэсантад мөн тодорхой хэмжээний тариалалт эрхэлж байна гэж сонсогдсон. Газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил хутгалдаж, зовлон жаргалыг нь ойлгож алдах үедээ алдаж, онох үедээ онож явсан хүн. Үүнээс гадна Ц.Анандбазар Газар тариалангийн шинжлэх ухааны талаар докторын зэрэг хамгаалах дессертацийн ажил хийж байгаа. Докторын зэрэг хамгаалах гэж байгаа хүнд энэ салбарын талаарх мэдлэг гарцаагүй хуримтлагдаж таараа. Надад хадаг барьж шавь орсон олон сайхан хүн бий. Өнөөгийн Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат, Ц.Анандбазар хоёр тэдний нэг. Миний хоёр шавь “уяраа” олох байх аа. Докторын ажлынх нь практикийн багшаар би ажиллаж байна. Энэ салбарт асуудал хүнд гэдгийг ойлгож байгаа. Төрийн сайд гэдэг бол улс төрийн томилгооны ажил. Тэр болгон мэргэжлийн хүн авч томилоход төвөгтэй. Гэхдээ МАН улс төрийн эр зориг гаргаж, энэ мэргэжилд ойр хүн тавих гэж байгаад тариаланчид бид тааламжтай байна. Хөдөө аж ахуйн яамны газрын дарга, ахлах мэргэжилтнүүдийг хичнээн агрономич, шинжлэх ухааны доктор хүмүүсээр тавилаа гээд сайд нь өөр мэргэжлийн хүн байх юм бол асуудлыг шийдэхэд хүнд. Ерөнхий асуудлыг шийдэх Засгийн газрын гишүүн сайд хөдөө аж ахуйн ажилд ойр хүн байвал энэ салбарын асуудал нааштай шийдэгдэнэ.

-Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал ямар түвшинд байна. Төр засгаас хэрхэн дэмжиж байгаа вэ?

-МАН 2008 онд “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг сэргээж хэрэгжүүлснээс хойш газар тариалангийн салбар сэргэж хөл дээрээ боссон. Гэхдээ яг тогтворжсон гэж хэлэхгүй. Одоо эмзэг үе дээрээ явж байна. 2015 онд улсын хэмжээгээр ургац алдсан асуудал бий. Тариалангийн аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа. Зарим нь энэ намрынхаа ургацыг авч чадах уу, үгүй юу, эдийн засгийн дэмжлэг туслалцаа хаана байна гээд сандарцгааж байна. Байгаа бүх бололцоогоо дайчлаад уриншаа авч байгаа. Түрүүчийн Засгийн газар энэ салбарыг дэмжинэ, сарын нэг хувь, жилийн 12 хувийн хүүтэй зээл олгох амлалт өгсөн боловч амлалтаа биелүүлж чадаагүй. Өнөөг хүртэл тариаланчид хөгжлийн банкнаас тэр зээлийг аваагүй байна.

-Ер нь гадны улс орнууд Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа хэрхэн дэмждэг бол?

-Аль ч улс оронд хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл төрийн дэмжлэгэнд байж ард түмнээ хүнс тэжээлээр хангадаг жишиг тогтсон. ОХУ гэхэд бүх тариаланчдадаа шатахууныг нь хямдралтай үнээр олгож, бордоо хор рецептийн 10 хувийг тариаланчид төлж, 90 хувийг нь төр дааж байна. Урд хөрш Хятадад техник тоног төхөөрөмжийг нь 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож, тариаланчдадаа хавар болгон хүүгүй зээл олгодог. Бидний ярих дуртай Америк, Канадад газар тариалангийн салбар улсын даатгалтай байдаг. Би олон жилийн дунджаар нэг га-гаас 15 центнер ургац авдаг байжээ гэж бодъё. Энэ жил тааруухан жил болоод нэг га-гаас есөн центнер ургац авлаа гэхэд үлдсэн зургаан центнер ургацын зөрүүг улсын төсвийн хөрөнгөөс шууд олгоно гэсэн үг. Дэлхийн улс бүрт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ дэмжиж, хамгаалж, төрийн бодлогоор авч явдаг дэлхийн туршлага байна. Энэ туршлагын нэг хэсгийг одоогийн УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлж, буудайн урамшууллын 60 мянган төгрөгийг шийдвэрлэж олгосон нь тариалангийн үйлдвэрлэлд их дэмжлэг болсон. Юмыг гадарладаг, мэддэг хүмүүс төр засгийг удирдаж байгаа үед асуудлыг шийдвэрлэж болдог юм билээ. Ийм хүмүүсийн нэг нь Ц.Анандбазар байх болов уу гэж бодож байна.

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Анандбазар томилогдвол тариаланчид та бүхэн ямар асуудлыг шийдвэрлэнэ гэж итгэж байгаа вэ?

-Үе үеийн Хөдөө аж ахуйн сайд нар энэ салбарт нэг нэг зүйл хийж үлдээсэн байдаг. Т.Бадамжунай сайдын үед буудайн урамшууллын жаран мянган төгрөгийн асуудал шийдэгдсэн. Д.Насанжаргал сайд уриншийн боловсруулалтын асуудлыг төрийн дэмжлэгээр сайжруулсан. Д.Тэрбишдагвын үед “Атрын гуравдугаар аян”-ы асуудал шийдэгдсэн. Монгол Улс 120 мянган га газарт тарьдаг байснаа болиод 350-400 мянган га газарт тариалдаг болсон. Газар тариалангийн салбар өртөг өндөртэйгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Яагаад гэхээр бид чинь шатах, тослох материал сэлбэг, техник бүх л зүйлээ гаднаас импортолдог. Ялангуяа газар тариалангийн үйлдвэрлэлийн нийт зардлын 40 орчим хувийг эзэлдэг шатахууны асуудал жил ирэх тусам үнэ өртөг нь нэмэгдэж, үйлдвэрлэлийн үр дүнд тааламжтай бус нөлөө үзүүлж байна. Монголын шатах, тослох материал нийлүүлдэг компаниудын магнат болоод байгаа “Сод монгол” группийн ерөнхийлөгч Хөдөө аж ахуйн сайд болвол энэ асуудлыг нааштай шийдээд өгөх болов уу гэж бодож байна. Энэ асуудлыг шийдэх гэж манай Хөдөө аж ахуйн яам, Тариалан дэмжих сангийнхан бүтэн жил толгойгоо гашилгадаг. Энэ хүн сайд болвол ирэх дөрвөн жилийн хугацаанд газар тариалангийн үйлдвэрлэлийг тодорхой түвшинд дээшлүүлнэ гэдэгт итгэж байгаа. Хөдөө аж ахуйг удирдана гэдэг бол тодорхой хэмжээний аж ахуйн ажил. Тэгэхээр шинжлэх ухааныг аж ахуйн ажилтай нийлүүлж удирдвал үр дүнд хүрнэ.

-Багш хүний хувьд шавийнхаа талаар, хувь хүн талаас нь дүгнэж хэлбэл?

-Монгол орон зах зээлийн нийгэмд 1990-ээд оны эхээр шилжсэн. Шилжихдээ хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл хамгийн сүүлд зах зээлд шилжсэн. Төрийн бодлогоор газар тариалангийн үйлдвэрлэл рүү монгол хүний хүнсний гол хэрэгцээний нэг гурилынхаа үнийг тогтвортой байлгах гэж аль ч төр засаг боддог. Тэгж бодож байх үедээ газар тариалангийн үйлдвэрлэл өсөх ёстой буудайны үнийг хатуу барьсаар ирсэн. Ерээд оны сүүлээр яг энэ үед Анандбазар газар тариалангийн үйлдвэрлэл дотор орчихсон явж байлаа. Тэгэхээр би энэ хүнийг хүн чанар муутай гэж бодохгүй байна. Ер нь тариаланчид бид чинь ашгийн төлөө явдаггүй. Үндсэндээ буянтай үйлс хийж явдаг хүмүүс. Дэлхийн тэрбумтнуудын жагсаалт гэж бий. Тэнд тариа тариад, гурил хийгээд тэрбумтан болсон хүн байна гэж дуулсан уу. Байхгүй. Энэ салбар бол ашиг хонжоо олох гэсэн хүний хийдэг ажил биш. Ийм аж ахуй, ийм ажил руу тэгж зүтгэж байна гэдэг бол хүнлэг сэтгэлийн, хүн чанарын нэгэн илэрхийлэл гэж ойлгож болно. Ер нь хүнийг том жижиг гэж ялгалгүй бүгдтэй нь адил түвшинд харилцаж явдаг залуу. 2000 оны эхээр би чинь нэрд гараагүй, Сэлэнгийн гайгүй тариаланч л гэгдэж байсан. Тэр үед надаас ирж янз бүрийн юм асууж, лавладаг байлаа. Үүнээс би шавийгаа их мундаг школтой, дадлага туршлагатай, юм мэддэг хүнээс нэг ч гэсэн зүйл суръя гэж боддог хүн юм байна гэж үнэлсэн.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Н.Энхболд: Валютын ханшийг тогтворжуулах тал дээр Засгийн газар арга хэмжээ авах ёстой

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-УИХ-ын анхдугаар чуулган завсарлачихлаа. Ямар ч байсан Засгийн газраа бүрдүүлээд авлаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар ямар бодолтой байна вэ. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалтдаа хүрсэнгүй гэдэг зүйл яригдаад байна. Наймдугаар сарын 20-ны үеэр ээлжит бус чуулган зарлах сураг байна?

-УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудал нь хуулиар заагдчихсан байдаг. Тэр хүрээндээ хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэж дуусаад анхдугаар чуулган өндөрлөсөн. Засгийн газраа харьцангуй богино хугацаанд байгуулсан нь энэ чуулганы нэг онцлог байлаа. УИХ-ыг бүрдүүлж байгаа улс төрийн хүчин нэгдмэл байж чадсанаараа асуудлыг шуурхай шийдэж, улс төрийг тогтвортой байлгах тал дээр чухал ач холбогдолтой байдаг гэдэг нь харагдлаа.

Одоо харин Засгийн газрын мөрийн хөтөлбөр, энэ оны төсвийн тодотголыг нэн даруй ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагатай. Манай орны төсвийн алдагдал нэлээд өндөр гарч байна. Валютын нөөц шавхагдаж, нааш цаашаа хийгдэх төлбөрүүдтэйгээ харьцуулахаар валютын нөөц байхгүйтэй адил болсон гэдэг мэдээлэл авсан. Засгийн газрын эхний ажил нь санхүү, эдийн засгийн нөхцөл ямар байна гэдгээ маш тодорхой гаргаж ирээд иргэдэд хэлэх ёстой.

УИХ-ын дарга анхдугаар чуулганы хаалт дээр Их хурлын зүгээс Засгийн газарт эдийн засгийн талаар үнэн бодитой баримтуудыг гаргаж ирэхийг даалгасан. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийн хувьчлалтай холбоотой болж өнгөрсөн асуудлуудыг богино хугацаанд судалж, нягтлаад УИХ болон ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх чиглэл өгсөн. Ингэхгүйгээр цаашаа явах хэцүү. МАН иргэдийн саналаар үнэмлэхүй олонх болсон. Ард түмэн манай намд асар их итгэл хүлээлгэсэн. Засгийн газар эдийн засгийн талаарх үнэн бодит мэдээллээ ард түмэн тайлагнаж, “Бид ийм гараанаас эхэлж байна шүү” гэдгээ хэлэхгүй бол энэ том итгэл найдварын цаана маш өндөр хариуцлага байгаа шүү дээ.

-Төсвийн тодотгол зайлшгүй хийхгүй бол болохгүй болчихоод байгаа…

-Угаасаа төсвийн тодотгол хийхгүй бол эдийн засаг маш хүнд байгаа. Албан ёсоор тоон баримт гар дээр ирээгүй байна. Харин эдийн засаг сэхээнд байна гэдгийг мэдэж байгаа л даа. Ээлжит бус чуулганаар тоон баримтууд ирэх байх.

-Засгийн газрын тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд томилогдсон сайдуудын хувьд магадгүй өмнө нь олон нийтэд танигдаагүй хүмүүс орж ирснээс болж “Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн яасан” гэх эргэлзээ төрсөн. Үүнийг нь хөөргөдөж, буруу замаар энэ бүхэн эхэлж байгаа юм шиг кампанит ажил зохион байгуулсан зүйл бий. Одоо томилогдсон Засгийн газрын гишүүдийг харж байхад ажлаа мэддэг, мэргэжлийн хүмүүс явцын дүндээ томилогдлоо гэж харж байгаа. Үр дүнг нь л харах хэрэгтэй.

Шинэ хүн гарч ирээд хэчнээн сайн ажиллахыг хэн мэдэх юм. Олонд танигдсан хуучин хүн гарч ирээд бүтээмж муутай ажиллахыг ч бид мэдэхгүй. Тэгэхээр энэ Засгийн газраа нэг гараан дээрээс нэг ойлголттой эхлээд үр дүнг нь харах асуудал л үлдлээ.

Аливаа Засгийн газрын ажлыг эхний 100 хоногоор нь дүгнэдэг олон улсын жишиг бий. Эхний хагас жилдээ юу хийв гээд тэдэнд ажиллах хугацааг нь олгох хэрэгтэй. Бүгд нэг ойлголттой болох хэрэгтэй гээд байгаагийн цаана нийгэмд асар их хүлээлт байдаг. Гэтэл нөхцөл байдал бидний бодож байснаас ч дор байгаа тул энэ Их хурал, Засгийн газраас сонгуулийн үеэр ярьж байснаасаа ч их хүчин чармайлт, сахилга хариуцлага, тогтвортой байдлыг шаардахаар байна.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа вэ. Хугацааны хувьд хүлээгдэж буй ямар хуулиуд байгаа бол?

-Шинээр Их хурал эмхлэн байгуулагдсаны дараа байнгын хороод дээр ямар хуулиуд явж байсныг судалдаг. Тухайн хуулийн төслийг боловсруулаад өргөн барьсан гишүүд нь сонгогдож чадаагүй бол тэр хуулиуд нь тэртэй тэргүй орхигдоод явдаг. Учир нь санаачилсан хүн нь байхгүй болохоор хэлэлцэх боломжгүй.

Өргөн бариад байнгын хорооны хурлаар хэлэлцээд эхэлсэн хуулиудаа бид ээлжит бус чуулганы үеэр алийг нь үргэлжлүүлээд явах вэ, алийг нь санаачлагчид нь буцаах вэ гэдгээ шийднэ. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд тодорхой байгаа. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал нь тодорхой зарлагдаад түүнийгээ хэлэлцэж дуусаад тардаг. Харин өмнөх дөрвөн жилд энэ зарчим алдагдсан. Ээлжит бусаар зарлагдсан асуудлуудаа хэлэлцдэггүй, хэлэлцэх асуудалд ороогүй зүйлийг хүчээр тулгаж оруулж ирээд баталдаг гээд асуудал бий. Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс хамгийн эхэнд бүх хууль тогтоомжоо ягштал мөрддөг уур амьсгалыг УИХ дээр бий болгох талаар анхаарч ажиллана.

Сонгуулийн өмнө УИХ-ын чуулганыг хэтэрхий эрт завсарлуулснаас болоод хугацаа заасан зарим зүйлийг хэлэлцэлгүй орхисон тал бий.

-Тэнд нь юу байгаа юм бэ?

-Өнгөрсөн оны төсвийн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2020 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөрийн гол параметруудыг УИХ тавдугаар сард баталсан байх ёстой байлаа. Харамсалтай нь өмнөх Их хурал хариуцлагагүй хаяад явсан. Эдгээр зүйлсийг хамгийн эхэнд хэлэлцэнэ. Мөн төсвийн тодотгол хийхгүй бол болохгүй. 2016 оны төсвийг анх батлах үед “Наад төсөв чинь биелэхгүй. Зөвхөн сонгуульд зориулсан худлаа төсөв болж байна” гэдгийг манай намынхан сөрөг хүчин байхдаа хэлж байсан. Яг тэгж хэлж байснаар ч боллоо. Одоо юун 2016 оны төсвийг хэрэгжүүлэх байтугай өнөөгийн байгаа орлоготоо тааруулж танах уу, хасах уу гэдэг юм яригдахаар байна. МАН-ынхан сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Тиймээс уг мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгох ажлаа энэ удаагийн ээлжит бус чуулганаар хийнэ гэж бодож байна.

Эдгээр асуудлуудыг ээлжит бус чуулганаар заавал хэлэлцэх ёстой. Ээлжит бус чуулган хүртэл Засгийн газар ажиллаад өнөөгийн нөхцөл байдалд эдгээр асуудлыг заавал хэлэлцэж батлахгүй бол болохгүй гэсэн зүйл гарч ирвэл хэлэлцэж таарна. МАН мөрийн хөтөлбөртөө маш их зүйл амласан. Үүнээсээ хөрөнгө мөнгөтэй холбоогүй зохион байгуулалтын бусад замаар шийдэж болох зүйлсээ эхнээс нь ээлжит бус чуулганаар шийдээд явах нь зүйтэй гэж хувь гишүүний үүднээс харж байгаа. Одоо бид амласан зүйлсээ эхнээс нь цаг алдалгүй суурийг нь тавьж эхлэхгүй бол нэг, хоёр сарын дараа эхэлнэ гэсэн байдлаар хандаж болохгүй.

-МАН эдийн засаг ийм хүнд үед дэд сайдын орон тоо байх шаардлагагүй гэдэг зүйлийг ярьж байсан. Гэсэн хэдий ч 13 сайдынхаа доор ажиллах 13 дэд сайдын орон тоог оруулж ирснээрээ амлалтуудаасаа буцаад эхэлчихлээ. Ард түмэн ам муутай байгаа юм биш үү?

-Яамдын тоог цөөлсөн. Давхар дээлтэй сайд нарын тоог хязгаарлана гэснээрээ бууруулж чадсан. Сонгуулийн дараа ажлаад эхлэхэд нөхцөл байдал өөр байсан. Түрүүчийн эрх баригчдын алдаатай бодлогоос улбаалаад цаашид түргэн шуурхай ажиллах, уялдаа холбоог нь сайжруулах зүйлс асар их байгаа нь харагдсан тул энэ дагуу бид ярьж байгаад дэд сайдын орон тоог оруулж ирсэн. Хамгийн гол нь ажлын ачаалал, өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулсан гэдгийг хэлмээр байна.

Өмнөх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй харьцуулах юм бол энэ Засгийн газрын зардал нэлээд хэмжээгээр буурч байгаа. Төсвийн тодотголын үеэр илүү тодорхой болно.

-Ам.долларын ханш 2100 төгрөгт хүрч өмнө нь хэзээ ч өсч байгаагүй хэмжээнд хүрлээ. Ирэх жилээс бондын эргэн төлөлтийг валютаар төлж эхэлнэ. Эдийн засаг амаргүй байгаа үед валютын ханшийн савалгаа эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Анхнаасаа тодорхой байсан. Богино хугацаатай, өндөр хүүтэй зээл их хэмжээгээр авсан ч тэр нь түргэн эргэлтэд ороогүй. Сонгуулиар юм хийсэн болж харагдах гэж эдийн засаг талаасаа богино хугацаанд үр ашгаа өгдөггүй олон зүйлд мөнгөө зарцуулснаас болоод ийм хүнд нөхцөл байдал үүсчихээд байгаа юм. Одоогийн байдлаар 2017, 2018, 2022 онуудад их хэмжээгээр авсан бондын эргэн төлөлт хийгдэх дүр зураг харагдаж байгаа. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө онцгой байдлын үед яаж ажиллах вэ гэсэн хөтөлбөрийг ээлжит бус чуулганаар оруулж ирэх ёстой. Дахиад өөр газраас бага хүүтэй зээл авч чадвал өмнөх зээлээ төлөөд явах уу, олон улсын валютын сан гэх мэтчилэн санхүү, эдийн засгийн байгууллагуудтай тодорхой хатуу нөхцөлийн хүрээнд хамтрах уу гэдгээ шийдэх ёстой.

-Олон улсын валютын сан гээд “Стэнд бай” хөтөлбөрийг хэлээд байна уу?

-Тийм. Аль нэг шийдлээ Засгийн газар оруулж ирэх ёстой. Дараа нь энэ талаар ярьсан нь зөв байх. Валютын ханшийн хувьд өмнө нь бидний ярьж байсан зүйлсийг сөхөж үзэж ч болно. Энэ байдлаараа валютын ханш өснө гэдгийг манайхан ярьж байсан. Тэр үед зарим сайдууд “Валютын ханш тийм болно. Тийм хэмжээнд хүрэхгүй бол би өөрөө огцорно” гээд ярьж л байсныг санаж байгаа биз дээ. Хэдийгээр манай байнгын хороо эдийн засгийг хариуцдаггүй хэдий ч энэ байдлаараа ханш цаашид ч өсөх хандлагатай байна. Сонгуулийн дараа Ардын нам засгийн эрхэнд гарлаа гэдэгтэй уялдаад хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн дунд итгэл бий болж эхэллээ. Засгийн газар нь тогтвортой ажиллаж чадах юм байна гэсэн итгэл дээр суурилж байна. Энэ итгэл байгаа ч шууд хатуу валют орж ирээд эдийн засагт нөлөөлөхөд хугацаа хэрэгтэй. Монгол төгрөгийн ханш хурдан хугацаанд сайжрахгүй байх гэж харж байгаа.

Одоо бид эхний ээлжинд гадна, дотнын хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн сэргээх хэрэгтэй. Гэрээ хэлцэл, зээлийн асуудлыг Засгийн газар өнөө маргаашгүй эхлэх шаардлагатай.

-Импортоос хараат манай орны хувьд валютын ханш өсөх нь сөрөг нөлөөтэй гэж байна. Манай уул уурхайн бүтээгдэхүүний ханш олон улсын зах зээлд үнэ багатай гээд валют орж ирэх боломж улам л хумигдаж байна?

-Сүүлийн үеийн мэдээгээр эрдэс баялаг түүхий эдийн үнэ жаахан тогтворжих хандлага ажиглагдаж байна. Мэдээллүүдийг харж байхад Хятадын эдийн засгийн уналт тогтворжиж байгаа л даа. Том утгаар нь харвал энэ нь манай улсад хэрэгтэй. Мэдээж эдэлж хэрэглэж, өмсч зүүж байгаагийнхаа дийлэнхийг гадаадаас авч буй манай орны хувьд монгол төгрөгийн ханш доогуур байгаад байвал валютын нөөц нь улам барагдаж, тэр хэмжээгээрээ үнэ ханш улам өснө гэсэн үг. Тиймээс юуны өмнө ханшийг тогтворжуулах тал дээр Засгийн газар арга хэмжээ авах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

С.Алтангэрэл: Охин их бухимдаж, сэтгэл нь тогтворгүй байсан. Бид тайвшруулахын тулд бүхий л аргыг хэрэглэсэн

Өнгөрсөн долдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Хангай” хотхоны 12 давхар барилгаас 17 настай охин үсэрч амиа хорлохыг завдсан билээ. Түүнийг онцгой байдлын аврагчид аварсан. Гэвч охин бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмчилгээ хийлгүүлж байгаа аж. Ямартай ч охины амийг аварсанд ард иргэд талархаж, онцгой байдлын алба хаагчдад талархаж илэрхийлээд байгаа. Охиныг аварсан аврах ангийн бүрэлдэхүүнд ажилласан Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа аврах ангийн аврагч С.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Саяхан 16 настай охин 12 давхраас үсэрч, амиа хорлох оролдлого хийж олон нийтийг нэлээдгүй цочроосон. Танай аврах бүрэлдэхүүн дуудлага аваад хэр хурдан очсон бэ?

-Найман цаг дөнгөж өнгөрч байхад л болсон үйл явдал. Манайд дуудлага ирэх үед бид өөр анги дээр байсан. Дуудлагыг аваад бүрэлдэхүүнээрээ хоёр хуваагдаад нэг хэсэг нь дуудлага өгсөн газар руу, нөгөө хэсэг нь анги руугаа хийлдэг гудас авчрахаар явсан. Дуудлага өгснөөс 5-6 минутын дотор л хүрэх ёстой газартаа очсон. Биднийг очиход цагдаагийнхан ирчихсэн байсан.

-Та бүхнийг очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-12 давхар байрны хамгийн дээд давхрын лифтний хэсэг дээр нэг охин гарчихсан байсан. Манайх хоёр эмч, хоёр жолооч, гурван аврагч, бүлгийн дарга гээд найман хүний бүрэлдэхүүнтэй эхний ээлж очсон. Гурван аврагч бүлгийн даргын хамт дөрвүүлээ орон сууц руу орж дээвэр дээр гарахад өнөөх охин “Наашаа нэг алхах л юм бол би үсэрлээ шүү” гэсэн.

-Охин өөр юу хэлж байсан бэ. Их өндөр дуугаар орилсон гэсэн?

-Бид аль болох тайвшруулахыг оролдож, харилцан ярилцсан.

-Юу гэж?

-“Буугаад ир”, “Үсэрч болохгүй”, “Чамд юу тохиолдов”, “Хамтдаа ярилцъя”, “Үсэрч болохгүй. Гэр бүлээ бодох хэрэгтэй” зэрэг маш олон зүйл хэлж, тайвшруулахыг хүссэн. Яагаад гэвэл охин маш их уурлаж, бухимдсан,сэтгэл хөдлөлтэй. Жаахан л хий алдвал үсэрнэ гээд дээврийн захаар нааш, цааш гүйгээд байсан.

-Уйлж байсан уу?

-Тийм ээ. Уйлж байсан.

-Хэдэн минут иймэрхүү байдалтай өнгөрсөн бэ?

-10-15 минут болсон.

-Ийм эрсдэлтэй үед олон минутыг зөвхөн ярилцахад зарцуулна гэдэг хэтэрхий эрсдэлтэй биш үү?

-Хамгийн гол нь хийлдэг гудас ирэхийг хүлээсэн. Их хурдан ирсэн. Энэ хооронд үсэрч болзошгүй учраас ямар нэгэн байдлаар цаг хожиж, охиныг сатааруулж тайвшууруулах л чухал байсан. Энэ үед байрны дор маш олон хүн цугласан. Охин тэдэн рүү орилж эхэлсэн.

-Цугласан хүмүүс аврах ажиллагаанд их саад учруулж байсан гэсэн. Яагаад тэр вэ?

-Бид тайвшруулж, боломж олдвол алхам алхмаар дөхөж түүнийг аврах оролдлого хийж байхад доор байсан зарим хүмүүс “Үсрээч тэгээд”, “Үсэрвэл үсрэхгүй юу” гэх мэт үгээр дайрч өнөө охиныг улам хурцалж, бухимдлыг нь төрүүлж, эгдүүцүүлж байсан.

-Аврах зориулалттай хийлдэг гудсыг хэр хугацаанд хийлдэг вэ?

-Гурван минутад л бүрэн хийлнэ. Манай ангийн хоёр дахь хэсэг гудас авчраад аль хэдийнэ хийлчихсэн байсан. Охин их бухимдалтай байсан учраас бид “Охин минь чи ийм хөөрхөн, жаахан охин байж үсэрч амь эрсдэж болохгүй” зэрэг үгийг хэлж, тамхи хүртэл өгсөн. Тайвшруулах ямар л арга байна хэрэглэж байгаа байхгүй юу. Охин жаахан тайвшраад хашгирсан хэвээр байсан. Тэгсэн гэнэт доош үсэрсэн. Ингэхдээ хийлдэг гудас руу үсэрчихсэн.

-Хийлдэг гудас дээр буусан хэрнээ бэртэл авсан гэх юм. Тийм эрсдэл байж болох уу?

-Гудаснаас хальж унаагүй. Харин дээш ойсон. Аврах хийлдэг гудас хоёр давхраас бүрддэг. Эхнийх нь арай сул хийтэй. Харин доод давхар нь маш хатуу хийтэй. Тиймээс хэт өндрөөс унасан тохиолдолд хүний биеийн жингээс хамаарч эргээд тийрэлт өгч болно.

-Охин ямар бэртэл авсан юм бол?

-Гудас дээр буунгуут манай бусад аврагч болон эмч нар анхан шатны үзлэг хийж зохих арга хэмжээг авч эмнэлэгт хүргэсэн. Охины хөл хугарсан байна лээ. Хөлийг мод тавьж боон, нуруу нугас гэмтсэн байж болзошгүй хэмээн сэрэмжилж хатуу биет барьж боолт хийдэг. Энэ төрлийн тусламжийг үзүүлж дараагийн арга хэмжээг авч эмнэлэгт хүргэж өгсөн.

-Охин юунаас болж амиа хорлохыг оролдсон бэ. Та мэдсэн үү. Дээвэр дээр энэ талаар юм хэлсэн үү?

-Нарийн юм яриагүй. “Би ийм амьдралтай яаж амьд явах юм бэ”, “Надад амьдрах утга алга” гэж байсан. Ар гэрийнхэнтэйгээ л маргалдсан шиг байна лээ. Би өмнө нь хэд хэдэн иймэрхүү аврах ажиллагаанд явж үзсэн. Ихэнхдээ л ар гэрийн асуудлаас болж, ар гэрийнхэнтэй ам зөрснөөс болж ийм үйлдэл гаргадаг шиг санагддаг. Гэхдээ тэр хүнийг бид шалгаах эрхгүй. Хамгийн гол нь ярилцаж тайвшруулах, энэ хооронд бусад аврагчид дараагийн арга хэмжээг авах үүрэгтэй ажилладаг. Өндрөөс үсэрч амиа хорлохыг оролдож буй хүмүүсийн дийлэнх нь сэтгэл зүйн хувьд маш хэцүү байдаг. Хэр барагтай хэлж буй зүйлийг хүлээж авдаггүй.Харилцан ярьж тайвшруулах л чухал.

-Дээрх тохиолдолд охиныг согтууруулах зүйл хэрэглэсэн гэж яриад байгаа?

-Магадгүй. Гэхдээ бид үүнийг тогтоодог хүмүүс биш шүү дээ. Ямар ч байсан сэтгэл хөдлөл ихтэй байсан. Ер нь сүүлийн үед амиа хорлолт их залуужиж байгаа. Ихэнх нь өсвөр насны охид. Тэдний хувьд амьдрал нь ид цэцэглэх нас. Уурлаж, бухимдана гэдэг цаг хугацааны л асуудал. Гэтэл юун түрүүнд амиа хорлоно гэх болж. Мэдээж энэ хүрээлэн буй орчноос, үзэж буй кино, нийгэмшилтэй л холбоотой. Эцэг, эхчүүд ялангуяа өсвөр насны хүүхдүүдээ байнга хараа хяналттай байлгах ёстой. Таны охин, хүү хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж явааг та мэддэг байх хэрэгтэй. Дээрх тохиолдолд гэхэд л гэр бүлийнхэн нь ийм эрсдэлтэй үед тэнд байгаагүй. Тиймээс янз бүрийн ааш зантай хүмүүс охины сэтгэл зүйд их сөргөөр нөлөөлж байх жишээтэй.

-Амиа хорлох тохиолдол ихэнхдээ архи, согтууруулах ундаатай холбоотой гэж ярьдаг?

-Миний очиж байсан ихэнх дуудлагад архи, согтууруулах зүйл хэрэглэсэн байсан. Нэг удаа Баянхошууны нутаг дэвсгэрт өндөр хүчдэлийн шон дээр согтуу хүн гарчихсан ойртохоор шил шидээд “Би үсэрлээ”, “Үхлээ” гээд болдоггүй. Тэгсэн удсан ч үгүй уусан архиндаа тасраад унтаад өгсөн. Дээшээ авирч гарахад шон түшээд унтчихсан, жаахан эвгүй хөдлөхөд л унах аюултай байсан. Зарим тохиолдолд хэт их хэмжээний архи хэрэглэхээр хүн хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй болдог. Энэ үедээ элдэв араншин гаргадаг. Гэхдээ иргэд ийм тохиолдолд ихэнхдээ цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг. Цагдаагаас харьяа дүүрэг, тэгээд манай онцгойд гээд цаг алддаг. Хоёр ч тохиолдолд цаг алдсанаас болж өндрөөс хүн унаж амиа алдсан байсан. Их харамсалтай.

-Та хичнээн жил аврагч хийж байна вэ?

-Би 12 жил ажиллаж байна. Дашрамд хэлэхэд өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж олон хүний алтан амийг аварсан хамт олон, аврагч ангийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Усэйн Болт: Над шиг авьяаслаг залуу хорвоод дахин мэндлэхийг харна гэвэл тун олон жил хүлээнэ дээ

Зургаан удаагийн олимпийн аварга Усэйн Болт яах аргагүй ирэх наадмыг чимэх тавилантай од нь мөн билээ. “Хөнгөн атлетик миний ялалтуудаар дутна. Хөлбөмбөгт хэн мундаг нь вэ гэдэг маргаан үргэлжийн байсан. Харин хөнгөн атлетикт, тэр тусмаа хэн хамгийн хурдан хүн бэ гэдэгтэй ямар ч “амьтан” маргадаггүй биз дээ. Намайг зодог тайлахаар энэ спорт уйтгартай болчихно гэж ярьдаг л юм. Үүнтэй санал нэг биш байна. Харин над шиг авьяаслаг залуу энэ хорвоод дахин мэндлээд миний амжилтуудыг эвдэхийг харна гэвэл урт хугацаа өнгөрөх байх шүү” гэж тэр нэгэнтээ ярьсан юм. Өдгөө 29 настай ямайк залуу “Рио2016”-д оролцоод зодог тайлж магадгүй байгаа. Анх 17 настайдаа Афины олимпод оролцож тавхайны гэмтлээс шалтгаалан гавьтай амжилт гаргаж чадаагүй ч гэлээ дараагийн хоёр олимпийн наадмаас 100, 200 метрийн зайд хос алтан медаль хүртсэн тэр энэ амжилтаараа дэлхийд ганцаараа гэж цоллуулдаг.

Түүнтэй La Gazzetta Del­lo Sport сонины сэтгүүлч саяхан уулзаж, олимпийн тухай бодол санааг нь сонирхжээ.

-Усэйн, таны ирэх наадмын бэлтгэл хэр хангагдсан бол. Гурван алтан медаль авах боломж бий юу?

-Он гараад овоо хэдэн тэмцээн болсон шүү дээ. Тэдгээр дотор энэ л тамирчин цойлох нь дээ гэхээр өөрчлөлт харагдаагүй. Өөрийн хувьд хэлэхэд 100 метрийн гүйлтээс их зүйл шалтгаална. Хэрвээ би богино зайдаа түрүүлж чадвал цаашаа үйл явдал тун ч лут үргэлжилнэ гэж бодож байна. Мөрөөдөлд хязгаар алга.

-Өрсөлдөгч нараа басамжлаад байгаа юм уу даа?

-Үгүй ээ, тэгж бодоогүй. Уг нь өдийд, олимпийн жил амжилт үзүүлье гэж байгаа спринтерүүдийн дундаж хугацаа зууд 9.6-9.7секунд байх ёстой юм. Гэхдээ ийм үзүүлэлтүүдийг олимпийн наадамд гаргаж эхэлнэ гэдэгт тун итгэлтэй байна шүү. Бараг л хүүхнүүд ч гэсэн чадна даа.

-Хүмүүс таны амжилт гаргасан хоёр олимпийг мэддэг. Гэтэл та гурван удаа зуны олимпод дараалан оролцсон шүү дээ.

-Тийм шүү. 2004 оны Афины олимпод оролцох үедээ 17 настай бацаан байлаа. Сонгоны гараануудад хэт хичээж гүйгээд бэртэхгүй юу. 200 метрийн гүйлтэд тавдугаар байр эзлээд олимпийн жилээ дуусгаж байсан. Хуучин гэмтэл буюу тавхайны гэмтлээсээ шалтгаалаад олигтой амжилт үзүүлээгүй. Гэхдээ тэр наадам надад том туршлага үлдээсэн юм шүү.

-Тэгээд Бээжингийн ээлж ирсэн?

-Өөрийнхөө эхний ялалт, амжилтыг мартах аргагүй юм. Олимпийн намтруудын маань хамгийн “амттай” хэсэг нь дээ.

-Гольф болон Регби зуны олимпийн наадамд эргэн ирж байгаа тухай сонсоо л байлгүй дээ. Таны бодол?

-Миний бодлоор бол гольфчид олимпийн наадмыг нэг их сонирхохгүй байх. Олон топ гольфчид оролцохгүй гэсэн. Тэдний хувьд олимп тийм сонирхол татахаар зүйл биш.

-Та өөрөө үзэгчийн хувьд ямар төрлийн тэмцээнүүдийг үзэх вэ?

-Сагсан бөмбөг, усанд сэлэлт тэгээд мэдээж хөлбөмбөг. Неймартай биечлэн уулзаж танилцана гэж бодож байгаа. Бидний бие төлөөлөгчид уг нь хоорондоо учирч холбогдож байсан боловч яг нүүр, нүүрээ тулаад танилцаж чадахгүй л яваад байна. Аль нэгнийх нь бэлтгэлийн график заавал зөрж таараад байх юм.

-Дэлхий өнөөдөр амгалан биш болжээ. Та бидний хэн нь ч алан хядагчдын бай болох боломжтой болчихож. Хувийн хамгаалалтын тал дээр хэр зэрэг чанга бэлдсэн бэ?

-Би энэ тал дээр юу ч бодоогүй байгаа шүү. Тэгвэл яах бол, ингэвэл яах бол гээд элдэв зүйлээр толгойгоо гашилгаад эхэлбэл би яаж тэмцээндээ амжилттай оролцох вэ. Хүмүүс миний уралдахыг л харах гэж цэнгэлдэхэд очно шүү дээ.

-Амьдралд тань дутагдаж буй ямар нэгэн зүйл бий юу?

-Уг нь дахиад нэг гадаад хэл сурах юмсан гэж бодно оо. Нью-Жерсид нэг найз маань амьдардаг юм. Түүнтэй хоёр жил онлайнаар харилцаж испани хэл сурч байгаа ухаантай. Тэрүүхэндээ хатагтай нартай харилцах хэмжээний сурсан гэж бодтол шал худлаа байна лээ.

За, нэг ийм л залуу Бразилийг “доргиох” гэж оччихоод байгаа билээ. Неймараар ахлуулсан Бразилийн шигшээ аваргална, тэгээд өөртэй нь адил алдартай тэр бразил залуутай танилцаж ах дүүс болно, ер нь хөлбөмбөгтэй холбоотой бүх зүйлд “ухаан алддаг”, “Манчестер Юнайтед”-ын үнэнч фэн Усэйн Болт хэрвээ дахиад нэг алтан медаль хүртвэл богино зайд зуны олимпод хамгийн олон удаа аваргалсан тамирчин гэж цоллогдох юм. 9.58 секундэд зуун метрийг туулсан түүн шиг хүн хорвоод одоохондоо үгүй.

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Парламентад үг хэлүүлэхгүй бол гудамжинд гараад хэлнэ

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Та чуулганы хуралдаан дээр дэд хороонд сөрөг хүчний гишүүдийг оруулахгүй байгаа талаар нэлээд шүүмжлэлтэй ярьсан. Яагаад оруулсангүй вэ?

-Ер нь бол би эрх баригчдыг хүний эрх, ардчиллын том ухралт руу явах гэж байгаа юм байна гэж үзэж байна. Парламентийг ямар нэгэн шүүмжлэлгүй байлгаж байгаад энэ хэмжээ хязгааргүй хяналтаа цаашид хэнээр ч шүүмжлүүлэхгүй авч явах зорилготой нь харагдлаа. Жишээ нь өнөөдөр (өчигдөр) Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг хууль зөрчөөд томилж эхэлж байна шүү дээ. Төрийн албыг дуугүй болгож байгаад төрийн алба руу орох гэж байна гэсэн үг. Хүний эрхийн дэд хороонд хүний эрхийн талаар дуугардаг хүмүүсийг оруулахгүй байна. Тэгэхээр Хүний эрхийн дэд хороог дуугүй байлгаж байгаад хүний эрхийг зөрчих зөрчил рүү орох асуудлаа тавих нь. Энэ мэтчилэнгээр олон асуудлаар ухралт хийх гэж байгаа юм байна. Түүнийхээ бэлтгэлийг анхдугаар чуулганаар хийж байгаа юм байна гэж ойлголоо. Үүнд их харамсаж байгаа. Тийм учраас байр сууриа илэрхийлсэн.

-Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томилох асуудал дээр АН бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй хүнийг ажлаас нь чөлөөлөх хууль зөрчсөн үйлдэл гэж байгаа. Харин МАН нөхөн томилсон хүн учраас хууль зөрчөөгүй гэдэг маргаан гарсан?

-Тийм. Уг нь анхдугаар чуулган өөр зорилготой л доо. Энэ бол УИХ өөрөө өөрийгөө зохион байгуулдаг чуулган. Өөрөөр хэлбэл, доторх байнгын хороо, дэд хороогоо байгуулдаг. Тэгээд Засгийн газраа байгуулдаг ийм л чуулган шүү дээ. Тэгэхэд үүгээр өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг халж солих асуудлыг ярьж байна. Энэ асуудал нэгэнт хоёр жил явж байсан бол ээлжит чуулганаар л ярих ёстой. Хууль зөрчсөн, зөрчөөгүй хоёр өөр байр суурь хамаагүй. Ерөөсөө энэ асуудал бол анхдугаар чуулганаар ярьдаг асуудал яавч биш байхгүй юу. Хэн нэгэн хүн өргөдлөө өгсөн ч дутуу орон тоотой хүлээгдэж л байдаг шүү дээ. Тиймээс хоёр жил байгаад болоод байсан юмыг хоёр сар хүлээгээд хуулийнхаа дагуу томилгоогоо хийх бололцоотой шүү дээ. Заавал тэр хүмүүсийг нь амарч байх үед халж, гэнэтийн, хууль зөрчсөн, маргаантай томилгоо хийж байгаа нь өөрөө анхдугаар чуулганыг маш буруу замаар авч явлаа гэдгийг харуулж байна.

-Дэд хороонд цөөнхийн дуу хоолой байхгүй байх нь ямар сөрөг талтай юм бэ. Та “Би хүний эрхийн талаар 1990 оноос идэвхтэй ажиллаж энэ хороог удирдаж ч байсан. Хүний эрхийн дэд хороонд намайг оруулахгүй байгаа нь шууд гудамжинд гаргаж байгаа үйлдэл” гэж байсан?

-Парламентийн засаглал гэдэг нь гудамжинд тэмцэлдэж, эмх замбараагүй байдал үүсгэх буюу өнөө долдугаар сарын 1 шиг үйл явдал гарахаас сэрэмжилдэг. Яаж гэхээр тэдний төлөөлөл, тэнд байгаа дуу хоолойг парламентад дуулгая гэж оруулдаг юм. Түүнээс олонх цөөнхийн тооны асуудал биш. Аль аль нь байх ёстой төлөөллөө бүрдүүлээд гудамжинд биш парламентад үгийг нь хэлүүлэх гээд байна шүү дээ. Парламентад үгээ хэлэх боломжийг нь хязгаарлана гэдэг гудамжинд гар л гэсэн үг. Гудамжинд гарна гэдэг эргээд 1990 он шиг тогтворгүй байдал бий болно. Тэрийг л эрх баригчид хүсээд байгаа юм байна. Бид бол дуугүй сууна гэж байхгүй. Парламентад үг хэлүүлэхгүй бол гудамжинд гараад хэлнэ шүү дээ.

-МАН УИХ-д 65 гишүүнтэй ийм эрх баригчтай нөхцөлд сөрөг хүчин яаж ажиллах ёстой юм бэ. Бүх юмыг ингээд хүчээр шийдээд явчих юм биш үү?

-Тэр чинь л эрх баригчдын хувьд маш том алдаа. Өмнө нь манайхан тийм алдаа гаргаж байсан байх. Гэхдээ түүнийхээ хариуцлагыг цөөнх болоод хүлээчихсэн шүү дээ. Одоо энэ мэтээр бол сонгууль хүлээхээсээ өмнө Монголд ардчилал боомилогдоод гол нь ард түмний эрх ашиг зөрчигдөхөөр байгаа биз дээ. Цөөнх гэдэг бол ард түмний л тодорхой дуу хоолойг илэрхийлнэ. Тэгэхээр ингэж үг хэлэх эрхийг хааж, ардчиллаа нухчин дарж цаашдаа явах гэж байгаа бол маш том алдаа болно гэдгийг л дахин дахин хэлмээр байгаа юм.

-Сөрөг хүчний хувьд үг хэлэхээс өөр арга байхгүй юм даа?

-Ер нь ардчилал гэдэг чинь хүн үгээ л хэлэх эрх чөлөө шүү дээ. Тэгэхээр парламентийн институцид сөрөг хүчнийхээ төлөөллийн үг хэлэх эрх чөлөөг хавчиж байгаа нь өөрөө нийгмийг ил задгай тэмцэл рүү явуулна.

-Дэд сайдуудын тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Өмнө нь МАН сөрөг хүчин байхдаа дэд сайдуудын орон тоог эсэргүүцэж байсан. Одоо өөрсдөө бий болгочихлоо?

-Ард түмэн сохор биш шүү дээ. Сонгуулийн өмнө юу ярьж байлаа. Одоо юу ярьж, хийж байна гэдгийг сайн ялгана. Үүний түүхэн хариуцлага ч ирнэ. Бид дэд сайд гэдэг илүү орон тоог арайхийж нэг цомхотгож байхад дахиад арван хэдэн сайдыг бий болгочихлоо. Нэг талдаа яамыг цөөлсөн нэртэй. Нөгөө талд дэд сайд гээд хоёр дахин нэмэгдчихэж байгаа юм. Энэ бол сонгуулийн өмнө болоод, сонгуулийн дараахь бодит байдал. Эргээд ард түмний бухимдлыг үүсгэсэн ийм л алхам. Ийм үйлдэл нь эрх баригчдын хувьд том алдаа болно гэж үзэж байгаа.

-Мөн мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн хүлээлт байсан. Гэтэл тал нь давхар дээлтэй болчихлоо. Энэ талаар?

-Нэгэнт ярьснаараа байх ёстой. Сонгуулийн өмнө давхар дээл гээд биднийг элдвээр үзсээр байгаад Засгийг хэд хэд өөрчлөө биз дээ. Одоо түүнийгээ өөрсдөө хэрэгжүүлэх л ёстой. Ард түмнээс тэгж л саналыг нь татсан шүү дээ. Хууль санаачлаад баахан гүйцгээсэн. Үнэхээр ерөнхий чиг үүрэг л хариуцдаг учраас тийм яам байгаа. Түүнээс тусгай яам биш шүү дээ. Ерөнхий чиг үүрэг гэхээрээ илүү том байгаад тэнд нь парламентийн гишүүн сайд байдаг юм биш. Тэгээд парламентийн гишүүнээ сайд болгохын тулд чиг үүргийнхээ яамны тоог нэмээд, хаа хамаагүй олон яамыг ерөнхий чиг үүргээр зарлаад явчихдаг чинь өөрөө зөв зүйл биш л дээ. Ийм бусармаг алхмууд ард түмний дургүйцлийг хүргэх бас нэгэн шалтгаан болно.

-Энэ сарын 5-нд АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдана гэсэн мэдээлэл гараад байгаа. Ямар асуудлыг ярилцах бол, хэр үр дүн хүлээж байна вэ?

-Наймдугаар сарын 5 гэсэн албан ёсны тов гараагүй. Үндэсний зөвлөлдөх хороо намын их хурлынхаа товыг тогтоочихоод завсарласан. Энэ хооронд намтайгаа зөвлөлдөөд ҮЗХ-ны хурлаа үргэлжлүүлээд намынхаа их хуралд бэлдэх, намынхаа шинэчлэлийг идэвхжүүлэх ажил руугаа орно. Манай нам илт цөөнх болчихсон, сонгуульд ялагдчихсан болохоор бидэнд хангалттай хугацаа байна л даа. Мэдээж орон нутгийн сонгуулиас хангалттай хугацааны наана хуралдах ёстой. Энэ сард багтаагаад хуралдах байх гэж найдаж байна.

-АН-ын дарга хэн байх вэ гэдэг сонирхол татаж байгаа. Магадлалтай гэж яригдаж буй хүмүүсийн дунд таны нэр ч байсан?

-АН-ын дарга хэн байх нь өнөөдөр гол асуудал биш. Хамгийн гол нь энэ нам алдаан дээрээ дүгнэлт хийх хэрэгтэй байгаа. Үнэхээр ард түмэн, олон зуун мянган сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн, тэднийхээ итгэл найдварыг авч явна гэдгээ харуулсан зөв шинэчлэл, зөв бүтцийг харуулах ёстой. Цаашдын дүрэм, журам, мөрийн хөтөлбөр бүх юмаа шинэчлэн батлаад энэ олон залуучуудаа, ирээдүйгээ багтаасан ийм л нам болох ёстой. Тэр үед нам өөрөө энэ шинэчлэлийг, шинэ цаг үед удирдаад намаа дараа дараагийн ялалтад хүргэж чадах тийм удирдагчийг тодруулаад гаргаад ирэх бүрэн бололцоотой. Одоо олон нэрнүүд ярих ямар ч шаардлагагүй. Эцсийн эцэст хүнээ дагаж шинэчлэл хийгдэхгүй. Шинэчлэлээ дагаж хүн нь өөрөө тодорно гэж ойлгох хэрэгтэй.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа тухай улам ширүүн ярих боллоо. Хүүхдийн мөнгө тасарлаа. Дээрээс нь хувьцаагаа худалдсан зарим иргэдийн сүүлийн 100 мянган төгрөг орохгүй байна. Үүнийг таамаглаж байсан уу. Эдийн засаг сонгуулийн дараа улам хүндэрчихэв үү. Эсвэл АН тартагт нь тулгачихаад хүлээлгэж өгсөн юм уу?

-Эдийн засаг ганц Монголд биш бүх дэлхийд амаргүй л байгаа. Өнөөдөр ард түмнээ боломжийн хэмжээнд авч явах үүрэг нь засагт бий. Засаг залгамж чанарыг хадгалах ёстой. Өмнөх засгийн үед шийдэгдсэн асуудал заавал хэрэгжих ёстой. Тэнд ард түмний буруу байхгүй шүү дээ. Тэгээд цаашаа аваад явах ёстой. Одоо бол юу гэдэг юм өмнөх рүүгээ чихэх эсвэл хоосон зовлон тоочих ийм цаг биш л дээ. Хэрвээ бид байсан бол ямар нэгэн зовлон тоочихгүйгээр авах ёстой арга хэмжээгээ аваад улс орноо өөд нь татаад явах л байсан. Одоо нэгэнт шинэ засаг гарсан юм чинь ийм л зарчмаар улс орноо өөд нь татаад явах ёстой. Бүрэн бололцоотой. Тийм тартагтаа тулаад, унаад болохоо байчихсан юм байхгүй. Угаасаа бүх дэлхийд өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал ширүүн л байгаа. Тэрний л нэг Монголд ч гэсэн илэрч байна. Гэхдээ манай улсад өнөөдөр гуравхан сая хүнтэй, маш их баялагтай, хоёр том хөрштэй гээд олон давуу тал байгаа. Үүнийгээ зөв ойлголцоод, цөөнхөө дарангуйлж, ард түмнийхээ санааг үл ойшоож өөрсдөдөө хэт эрдэж бардахгүй байвал цаашдаа Монгол Улсыг зохих хөгжлийнх нь өндөрлөгт аваад явчих бүрэн бололцоо байгаа гэдгийг итгэлтэй хэлнэ.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Д.Ангар: Цахилгаан станцуудын хувьцааг худалдаж авсан иргэд ашиг хүртэх нь гарцаагүй

“Новел фанд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай ярилцлаа.


-Хөрөнгийн зах зээл дээр тоглож, хувьцаа худалдаж авах хүсэлтэй хүмүүс цөөнгүй бий. Тэдэнд ямар зөвлөгөө өгмөөр байна, хөрөнгийн зах зээлийн давуу тал нь юу вэ?

-Санхүүгийн онолоор бол аж ахуйн нэгжид хөрөнгө оруулах хамгийн зөв хэлбэр нь хувьцаа. Хэн хэндээ ашигтай. Хэн нэг хүн шинээр зохиох ч шаардлагагүй. Санхүүгийн 400 жилийн түүхэнд Америк, Франц, Итали, Их Британи хөгжүүлээд ирчихсэн. Сүүлийн зуун жил Азид тэр дундаа Тайланд, Солонгос зэрэг улсад эрчимтэй хөгжсөн. Хувьцааг санхүүгийн хамгийн зөв хөрөнгө оруулалтын хэлбэр гэдгийг эдгээр улс түүхээрээ баталчихсан. Хөрөнгө оруулагчдад ашигтай, аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн дарамт болохгүй гэх мэт давуу тал бий. Товчхондоо бизнесээ хөгжүүлээд хөгжсөнийх нь дараа жил бүр ногдол ашгаа авдаг модель.

-Хувьцаа худалдаж авахыг сонирхогчид хамгийн түрүүнд аль компанийн хувьцааг авбал ашгаа өгөх бол гэж асуух байх. Таны хувьд аль компанийн хувьцааг худалдаж ав гэж зөвлөх вэ?

-Өнөөдрийн тухайд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани гэвэл 250 орчим бий. Ний нуугүй хэлэхэд ихэнхийнх нь хувьцааг худалдаж авах хэрэггүй. Хөрөнгийн биржийн захирал байсан хүний хувьд иргэдэд ингэж зөвлөмөөр байна. Заримынх нь хаана ажиллаж байгааг Хөрөнгийн биржийнхэн, Санхүүгийн зохицуулах хороо нь хүртэл мэдэхгүй байх жишээний. Шинэ зарчмаар өрсөлдье, шинэ давуу тал бий болгоё гэсэн компаниуд бий. “АПУ”, “Сүү”, “Говь” гэсэн гурван компанийг сүүлийн хоёр жил ажиглалаа. Эдний зах зээл дээр явуулж буй үйл хөдлөл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг анзаарахаар банкны зээлийн санхүүжилтээс салаад үе шаттайгаар хөрөнгийн зах зээлийн хувьцааны санхүүжилт рүү шилжье гэж зорьж байх шиг байна. Энэ компаниудын тухайд ягаан, цэнхэр тасалбарын үед хувьчлагдсан улсын үйлдвэрийн газрууд байсан. “Сүү” гэхэд Монголын хамгийн ууган үйлдвэр. АПУ ч ялгаагүй, ууган үйлдвэрүүдийн нэг. “Говь” ч мөн адил. Монгол дэлхийн ноолуурын 40 хувийг дангаараа бэлтгэдэг суурь баазан дээр боссон. Сүүлийн 25 жилийнх нь дүр зургийг харвал жижиг хувьцаа эзэмшигчдээсээ хувьцааг нь худалдаж авч, хяналтаа бүрдүүлэх процесс өрнөсөн. Үүнийг буруутгах аргагүй. “АПУ”-гийн Батсайхан гэдэг хүн төдийгөөс өдий хүртэл хувьцаагаа цуглуулаад одоо 93 хувийн эзэмшилтэй болчихсон. “Сүү” компанийн хувьд “Макс”-ын Ганбаатар гэж хүн бий. 90 гаруй хувийг нь авчихсан. Энэ хүмүүс ямартай ч компанидаа хяналтаа тогтоосон.

-Санхүүгийн зах зээл банк гэсэн ганцхан хөлөн дээр зогсох эрсдэлтэй, хөрөнгийн зах зээлээ давхар хөгжүүлэх ёстой гэдэг ч өнөөг хүртэл олигтой ахиц гарахгүй байгаа. Байдал энэ хэвээр үргэлжилбэл ямар эрсдэл харагдаж байна?

-Хэдийгээр хувьцаат компани гэсэн нэртэй ч санхүүгийнх нь балансыг аваад үзэхээр том, жижиг гэлтгүй банкинд маш их хэмжээний зээлтэй байдаг. Тэгэхээр асар олон компани санхүүгийн зардалдаа өчнөөн тэрбум төгрөгийг жил бүр төлдөг гэсэн үг. Сүүлийн 25 жил явсан санхүүгийн систем маань эцэстээ тулчихаад байгаа. Явах замгүй болчихсон гэж хэлж болно. “АПУ”, “Сүү”, “Говь” хүртэл банкнаас 25 хувийн хүүтэй зээл авч байна. Олсон орлогынх нь ихэнх хувь банкны хүүнд явчихаад байна гэсэн үг. Харахад ерээд хувийг нь нэг хүн эзэмшиж байгаа мэт боловч бодитоор харвал банкны боол маягийн болчихсон нь нууц биш. Том компаниуд ашиг орлого олоод тодорхой хэсгийг нь банкны хүүнд өгч үлдсэнийг нь өөрсдөдөө ашиг гэж үлдээдэг. Гэвч зах зээлд шинэ өрсөлдөөнүүд бий болж байна. Гадны зарим компани орж ирээд эхэлчихлээ. Хямд эх үүсвэртэй, эсвэл томоохон хөрөнгө оруулалттай эдгээд компанитай өрсөлдөхийн тулд манай компаниуд хүссэн хүсээгүй зардлаа бууруулах ёстой. Саяхан гэхэд л хэрэглэгчид “E mart”-ын бараа хямдхан гэж хошуурлаа, Монголын супермаркетууд харилцагчаа алдаад эхэллээ гэж байна. Зөв шүү дээ. Хэн ч хэрэгцээтэй бараагаа хамгийн хямдаар авахыг хүснэ. “Миний дэлгүүр”, “Оргил”, “Номин” гурав “E mart”-тай өрсөлдөхийн тулд зардлаа бууруулах ёстой. Барааныхаа үнийг бууруулах учиртай. Бүх байгууллагын тухайд бараа, бүтээгдэхүүнийх нь үнэд шингэсэн байгаа нэг том зардал бол зээлийн хүү. Яг нарийндаа зээлийн хүүгийн дарамтыг харилцагч, хэрэглэгчид үүрдэг. Нэг супермаркетын эзэн банкнаас зээл авлаа гэхэд худалдах бараа, бүтээгдэхүүндээ банкны 25 хувийн хүүг шингээхээс аргагүй. Зээлийн өндөр хүүгийн дарамтыг иргэд төлж байгаа гэдэг нь ийм учиртай. Манай супермаркетууд “E mart”-тай өрсөлдөхийн тулд хүссэн хүсээгүй санхүүгийнхээ зардлыг бууруулах ёстой. Тэгж байж барааны үнэ буурна. Яг үүнтэй адил процесс өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр том компаниудад ч гарна. “АПУ”, “Сүү”, “Говь” ч ялгаагүй үнээ буулгахаас аргагүй байдалтай нүүр тулна.

-Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхгүй бол компаниуд өрсөлдөөнд шахагдаад эхлэх нь ээ?

-Тэгнэ. Энэ систем эцэстээ тулчихсан. Цаашдаа банк, аж ахуйн нэгжийн аль аль нь явж чадахгүй. Аж ахуйн нэгжүүд 25 хувийн хүүтэй зээлийг 25 жил төллөө. Төрийн халамж ихтэй, эдийн засгийн өсөлт өндөр өнгөрсөн жилүүдэд хүмүүс бараа бүтээгдэхүүний үнэтэйг нь мэдрэлгүйгээр авчихдаг байсан. Харин одоо төрийн халамж гэж байхгүй, төсөв алдагдалтай, эдийн засаг хүнд байгаа. Ийм үед иргэд хүртэл худалдан авалт хийхдээ ухаалаг сонголт хийх болсон. Илүү хямдыг нь сонгож байна. Компаниудын хувьд ч ялгаагүй, санхүүгийн зардлаа буулгах шаардлагатай болсон. Санхүүгийн зардлыг нь бууруулах боломжийг нээж өгөх цорын ганц салбар бол ерөөсөө л хөрөнгийн зах зээл. Төр сүүлийн 25 жилд банкны секторыг бодлогын төвшинд дэмжиж ирлээ. Татвараас нь чөлөөллөө, өрсөлдөөнийг нь хязгаарлаж өглөө, гадаад, дотоодын өрсөлдөгч орж ирэхээс хамгааллаа. Хөрөнгийн зах зээлийг өндийлгөөд ирвэл ач тусыг нь Хөрөнгийн бирж, брокерын компани биш аж ахуйн нэгж хүртэнэ. Аж ахуйн нэгжийн л зардал буурна гэсэн үг. Зардал нь буурахаар өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ. Өрсөлдөх чадвар нэмэгдэхийн хэрээр илүү их үйлдвэрлэл явуулна, ажилчдынхаа тоог өсгөнө. Товчхондоо улсаараа хөгжих боломж нээгдэнэ. Мөн иргэд, аж ахуйн нэгжид ирэх үнийн дарамт буурна.

-Ерөнхий сайд Засгийн газрын анхны хуралдаанаар Таван толгойн 1072 хувьцааг эдийн засгийн утгаар нь цэгцлэх даалгавар өглөө. Эдийн засгийн утгаар цэгцлэх гэдгийг та яаж харж байна?

-Эдийн засгийн утгаар цэгцлэх гэдгийг Таван толгойн үйлдвэрээ явуулах, төмөр замаа барих, төслөө хөдөлгөх гэж ойлгож байгаа. Төмөр замгүйгээр орд гэдэг хоосон юм л гэсэн үг. Тийм ч учраас би жилийн өмнө 1072 хувьцаа гэж байхгүй гэсэн утгатай зүйл хэлж байсан. Мөн иргэд нь хувьцаагаа зүгээр зардаггүй, ногдол ашгийг нь авдаг байх ёстой. Хувьцаа гэдэг сар бүр өгдөг байсан 21 мянган төгрөгтэй адил зүйл биш. Урт хугацаанд хөрөнгө оруулаад жил бүр ногдол ашгаа хүртэж байх ёстой зүйл. Таван толгойн хувьцааны ашгийг хүртэхийн тулд хамгийн түрүүнд төслөө хөдөлгөж, төмөр зам, үйлдвэрээ барьж, нүүрсээ их хэмжээгээр экспортлож эхлэх хэрэгтэй. Тэр цагт бид Таван толгойн хувьцааны мөнгө гэж ганц удаа 300 мянган төгрөг авах биш, жил болгон 300 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломжтой. Аляска, Африкийн загварууд бүгд тийм. Баялаг ихтэй улс зарим орддоо суурилсан сан байгуулж, хувьцаа гаргаж, иргэддээ хувь эзэмшүүлдэг. Тэндээ хөрөнгө татаж ашиг олсон тохиолдолд иргэддээ ногдол ашгийг нь өгдөг. Иргэд нь жил бүр ногдол ашиг аваад явдаг. Манайд ч ийм боломж бий. Баялаг нь байна, зөв менежмэнт хийхэд л сэргээд ирнэ. Төсөл нь зөв явбал нэг удаа 300 мянга биш магадгүй жилд гурван сая төгрөгийн ногдол ашиг авах боломжтой. Уул уурхайн сайд саяхан ярилцлага өгөхдөө “Бид яг хуулиар нь явна. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээд Хөрөнгийн биржээр дамжуулж арилжаа хийнэ” гэсэн байна лээ. Маш зөв байр суурь. Таван толгой төсөл зөв хөдөлбөл нэгж хувьцааны жинхэнэ үнэ тогтоно. Одоо яриад байгаа мөнгө бол зүгээр л дээшээ харж суугаад биччихсэн тоо төдий шүү дээ.

-Хувьцаа худалдаж авахдаа өссөн үзүүлэлтийг нь хараад сонголтоо хийчихвэл хэр эрсдэлтэй бол, ер нь хувьцааг нь худалдаж авах компаниа сонгохдоо юуг анхаарвал зүгээр вэ?

-Тоон үзүүлэлтээр нь авч үзэхэд бас их эрсдэлтэй. Зарим хувьцаа маш цөөн тоогоор зарагдсан хэрнээ үзүүлэлтийг нь харахаар 30, 40 хувь өсчихсөн байдаг. Үүнд хууртаж болохгүй. Ядаж арав, хорин сая, сардаа зуун сая, магадгүй улиралдаа 200, 300 сая төгрөгийн арилжаа хийгддэг хувьцааг харах ёстой. Байхгүй байснаа гэнэт л 200 сая төгрөгийн арилжаа хийгээд, ханш нь 50 хувь өссөн бол эргэлзээтэй. Зэс, нүүрс зэрэг экспортын салбарын гол бүтээгдэхүүний үнэ буурсан энэ үед уул уурхайн компанийн хувьцаа худалдаж авбал эрсдэлтэй. Ямар ч үед бараа нь зарагддаг салбар бол хүнс. Тийм учраас “АПУ”, “Сүү” гэх мэт хүнсний компаниудын хувьцаа өсөлттэй яваад байгаа хэрэг. Хагас жилийнх нь тайлангууд гарсан байна лээ. Өнгөрсөн оны мөн үеэс эхлээд дандаа 50-100 хувийн өсөлттэй гарсан харагдсан. Хямралын нэг сайн тал нь аж ахуйн нэгжүүд зардлаа багасгаж чадсан. Эрүүлжиж байна гэсэн үг.

-Ер нь ямар компаниудын хувьцааг худалдаж авбал ойрын ирээдүйд болон алсдаа ашигтай бол. Жишээ нь та аль компанийн хувьцаанаас ямархуу ашиг олов?

-Зургаан сарын өмнө “Сүү” компанийн хувьцааг 100 мянган төгрөгөөр авч байсан. Хагас жилийн хугацаанд 150 мянган төгрөг хүрч 50 хувийн өгөөжтэй байх жишээний. АПУ-гийн хувьцааг 3400 хавьцаа төгрөгөөр худалдаж авч байсан. Өнөөдөр 4100 болж өссөн. “Говь”-ийн хувьцаа урт хугацаандаа өснө. Учир нь дэлхийн ноолуурын 40 хувь нь Монголоос гардаг. Өвөлдөө өндөр хэмд хүрч хүйтэрдэг учраас дулаан хадгалах чадвараараа монгол ноолууртай зэрэгцэхээр чанартай ноолуур дэлхийд байхгүй. Технологи муу учраас сайн боловсруулж чадахгүй асуудал бий. “Говь” урт хугацааны бодлого гаргасан байна лээ. 2021 он гэхэд ноолууран пальтогоор дэлхийд тэргүүлнэ гэж байгаа. Хөрөнгө оруулалтаа нэмнэ, технологи, дизайнаа сайжруулна гэсэн үг. Энэ онд хувьчлагдах төрийн өмчит зарим компаниудын жагсаалт гарсан. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гурван цахилгаан станц, Дархан, Эрдэнэтийн цахилгаан станц, дээр нь Багануур, Шивээ-Овоо, Шарын гол зэрэг нүүрсний уурхай, “Монгол шуудан” зэрэг компаниуд тэр жагсаалтад бий. Эдгээр хувьчлалын андоррайтераар нь хэн шалгарах, хувьчлал нь хэзээ явагдах зэрэг мэдээлэл тодорхойгүй байж байгаад гэнэтхэн нэг өдөр зарлаад гурван хоногийн дотор захиалгаа өгөөрэй гээд хаачих эрсдэлтэй. Сая наадмын өмнөхөн гэхэд Багануур хувьчлагдсан. Харамсалтай нь хэн ч мэдээгүй. Хөрөнгийн биржийн вэб сайтан дээр нэг өдөр тавьсан болоод асуудлыг шийдсэн. Багануур хувьцаат компанийн хувьцааг гурван хоногийн дотор зарна шүү, сонирхсон хүн брокертоо хандаарай гэчихэж байгаа юм. Наадмын өмнө болохоор хүмүүс анзаараагүй л дээ. Хүмүүсээс захиалга ирээгүй гээд нэг компани авчих жишээний. Гэхдээ энэ бол нэгэнт өнгөрсөн асуудал. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станц энэ онд хувьчлагдах ёстой. Магадгүй андоррайтер нь сонгогдсон байх. Гэнэт нэг өдөр зарлаад хэн ч мэдээгүй байхад нэг компани авчих эрсдэлтэй. Тийм учраас энэ чигийн мэдээллийг анхаарч цахилгаан станцуудын хувьчлалд оролцох хэрэгтэй. Ашгаа өгнө. Учир нь цахилгааны хэрэглээ буурах ямар ч боломжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Дуучин Ч.Цэлмүүн: Ямар ч үед өөрийнхөөрөө байхыг эрхэмлэдэг

“Universe best songs” тэмцээнээр олны танил болж өдгөө хэдийнэ өөрийн гэсэн сонсогчидтой болсон дуучин Ч.Цэлмүүнтэй ярилцлаа. Түүний “Хайрласан болохоор”, “Хүлээлт”, “Сэтгэл” гэх дуунууд залуусын сонсох дуртай уран бүтээл болсон билээ. Тэрбээр шинэ цомгоо удахгүй гаргахаар болжээ.


-Шинэ цомог гаргах гэж байгаа гэсэн. Сүүлийн үеийн уран бүтээл болоод цомгийнхоо талаар мэдээлэл өгөөч?

-Шинэ уран бүтээл, цомгийн ажил гээд энэ зун нилээд ажилтай байлаа. Миний бие даасан хоёр дахь цомог гарахаар бэлэн болсон байгаа, энэ сарын сүүлээр хэвлэлтэнд орохоор болсон. Хоёр дахь цомогт маань долоогоос найман дуу багтах юм. “DEFINED” гэсэн нэртэй цомог бий. Цомогт маань багтаж буй уран бүтээлүүдээ эхнээс нь үзэгчиддээ хүргэж байгаа. Саяхан “Бидний хайр” хэмээх дуугаа цацлаа. Үзэгчид маань шинэ дуунд минь ам сайтай байгаад баяртай байна. Миний хамгийн анхны цомог маань “Exodus” буюу “Гэрлийн улирал” гэсэн нэртэй байсан. Этгээд нэртэй уг цомгийн нэр нь амьдралын хар бараанаас гэрэл гэгээ рүү гарах гэсэн утгатай өгч байсан юм. Энэхүү цомогт маань нийт 15 дуу орсон. Цомог дахь дуунуудын ихэнхийг нь аав маань зохиож байлаа.

-Хоёр дахь цомгоо гаргах гэж байна, тоглолт хийнэ гэсэн бодол байна уу?

– Би энэ оны аравдугаар сард Япон руу докторын зэрэгт сурахаар төлөвлөж байгаа. Ойролцоогоор дөрвөн жил болох байх. Тиймээс явахаасаа өмнө ирэх есдүгээр сард тоглолт хийнэ.

-Францын дуучны клипний зураг авалтаар Хөвсгөлийг зорьсон гэсэн. Хамтарч уран бүтээл хийх үү?

-Хөвсгөл рүү Францын Petite Meller гэх дуучинтай хамт түүний шинэ дууны клипний зураг авалтанд явсан. Хамтарч дуу хийхгvй ч миний дуунд клип хийх тухай яригдсан байгаа. Petite Meller дуучны “The flute” дууны клипийг хийсэн. Энэ дуу ирэх есдүгээр сард цацагдана.

-Та “MIU”дээд сургуулийг биотехнологич, хүнс судлаач мэргэжлээр төгссөн. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

-Би 15 настайдаа оюутан болж байсан. Энэ мэргэжлийг сонгоход гэр бүлийнхэн маань нөлөөлсөн. Энэхүү биотехнологич мэргэжил нийгмийн бүх салбар руу хөрвөх боломжтой. Аав, ээж, өвөө, эмээ, ах, эгч гээд бүгдээрээ эмч, эмнэлэг, анагаах ухааны чиглэлийн мэргэжилтэй хүмүүс байдаг. Тэр ч утгаараа энэ мэргэжил надад илүү ойр байсан. Би биотехнологи, хүнс судлаачаар төгсчихөөд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд үргэлжлүүлэн суралцсан юм. Мөн 2014 онд Токио хотод очиж 25 орны залуу эрдэмтэдтэй судалгаагаараа өрсөлдөж, илтгэл тавин түрүүлж байсан. Энд нэг зүйлийг хэлэхэд манай Монголын боловсролын системд оюутан залуусыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах, чиглүүлэх хүчин зүйл байх хэрэгтэй юм шиг санагддаг. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй байгаа вэ гэдгийг залууст ойлгуулж өгөөсэй гэж хүсдэг юм. Тэгэхгүй бол бүгд л эмч, сэтгүүлч, дуучин болно гэж туйлширч болохгүй. Монголд байхгүй, хөгжөөгүй мэргэжлүүд маш их байдаг.

– Та өөрийн гэсэн шүдний эмнэлэгтэй болсон. Үүний хажуугаар мэргэжлээрээ ажиллаж байна уу?

-Би “Монгол Улсын Эмнэлгийн мэргэжилтний чадавхийг бэхжvvлэх” төслийн координатороор ажиллаж байгаа. Уг тесел нь ЭМХТ, АШУҮИС, Сеүлийн Үндэсний их сургуулийн хvрээнд амжилттай хэрэгжиж байна. Үүний хажуугаар “Агапе” шүдний эмнэлэг ажилуулж байгаа. Тус эмнэлэг маань 2013 онд нээгдсэн. Мөн эдгээр ажлуудынхаа хажуугаар уран бүтээлээ сонсогчиддоо хүргэхээр явж байна. Одоогоор Хөх хотын Ордос руу дуучин Т.Дэлгэрмөрөн, Н.Агиймаа, “Andra” загварын агентлагийнхан гэсэн бүрэлдэхүүнтэй гурван өдөр тоглолт хийхээр явах гэж байна.

– Цэлмүүн багадаа ямар охин байв. Бага насныхаа тухай хуваалцаач?

– Би дуу муутай ангидаа хоёр л найзтай, бусадтай нь төдийлөн нийлээд байдаггүй охин байсан. Зун болохоор бор дээрээ бүр борлочихно. Би нэг ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Үеэлүүд маань бараг бүгд эрэгтэй болохоор нилээд эршүүд өссөн дөө. Би багадаа цэрэг болохыг мөрөөддөг байсан. Аав маань “Эмэгтэй хүүхэд тодорхой хэмжээгээр өөрийгөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй” гээд зодооны урлаг зааж өгдөг байсан болохоор дайчин талдаа шүү. Сургуульд байхдаа гэр сургуулийнн хооронд л явна бас сагс их тоглодог байлаа. Харин “Universe best songs”-д ороод л нүүр хагарсан даа.

-Та 16 настайдаа “оюутан мисс” болж байсан гэсэн. Энэ талаараа яриач?

-2008 онд оюутан мисс болж байсан. Тус тэмцээнд түрүүлсэн нь Непал улс руу Монгол Улсаа төлөөлөн оролцох ёстой байсан. Гэсэн хэдий ч би явж чадаагүй юм. Учир нь Непалд болох тэмцээнд олон улсын оюутан миссүүд оролцоно гэдэг утгаар өмнөх шалгуурууд нэмэгдсэн. Тэр дунд нь бикинитэй гарах гараа байсан юм. Энэ нь надад нэлээн хүнд туссан л даа. Учир нь миний хувийн үзэл бодол энэ шалгууртай зөрчилдсөн. Тиймээс өөр охин миний оронд явсан юм. Хүмүүсийн ойлголтоор бикини хувцас өмсөөд алхах нь загвар өмсөгч хүний хийх ёстой зүйл гэж бодох байх л даа. Гэхдээ Цэлмүүн гэдэг хүн олны өмнө өөрийгөө бикинитэй харагдуулахыг хүсээгүй байж болно шүү дээ.

– Асрамж, сувилалд буй хүмүүст тусалдаг байсан гэсэн үү?

-“Universe best songs” тэмцээнд түрүүлчихээд жил гаруйн дараа сувилалд сайн дурын ажил хийдэг байсан. Тэнд өвчтэй, хөдөлж чаддаггүй хязгаарлагдмал хүмүүс их байв. Миний эмээ өвөө шиг л хүмүүс байдаг. Үр хүүхдүүд нь ч эргэж очдоггүй. Миний санаанаас нэг зүйл гардаггүй юм. Би бээлий өмсчихсөн ариун цэврийн өрөө цэвэрлэчихээд гарч ирж байсан юм. Гэтэл нэг өвчтөнийх нь ар гэрийнхэн нь ирчихсэн байсан. Гэтэл над руу энэ энд яг юу хийж яваа юм бол гэсэн байдлаар их сонин харсан. Манай монголчууд олны танил хүн ганган хээнцэр байх ёстой гэсэн бодолтой байдаг. Хүн дандаа сайхан явна гэж байхгүй шүү дээ. Би ер нь энгийн л байх дуртай, ямар ч үед өөрийнхөөрөө л байхыг эрхэмлэдэг юм.

-Таны дуунуудад хайрын дуу зонхилдог. Хайр гэдэг таны бодлоор?

– Хайр гэдэг хүлцэнгүй байж, бууж өгч чаддаг, хайртай хүнээ хүлээн зөвшөөрөхийн нэр байх. Өөрийнхөөрөө байхад нь ч хайрлаж чадахыг, уучлахыг хайр гэнэ гэж боддог. Дууны хувьд хайр бол мөнхийн сэдэв шүү дээ. Бас тухайн дууг сэтгэл зүрхнээсээ дуулж байж л илүү хүрнэ байх. Түүнээс яг ийм сэдэвтэй дуу илүү хүрнэ гэсэн зүйл байхгүй болов уу. Би зөвхөн хайр дуулаад байхыг хүсдэггүй. Бусдад итгэл найдвар, ухаарал өгч дуулахыг хүсдэг. Нэг ч болтугай хүний амьдралын хэцүү мөчид сэтгэлийн тэнхээ өгөхөөр дууг дуулах юмсан гэж боддог.

-Таны бодлоор гэр бүл салалтын гол шалтгаан нь юунаас үүсдэг вэ?

-Манай улс гэрлэлтийн дундаж насаараа бусад орнуудтай харьцуулвал нилээн залууд тооцогддог. Дөнгөж 20 нас гараад л ихэнх нь гэрлэдэг. Мэдээж хүнээ зөв таньж суух нь чухал, гэр бүл болоод ирэхээр яг нэг баг шиг байх хэрэгтэй. Нэг зорилготой, нэгнийгээ дэмждэг байх нь оршин тогтнохын үндэс байх. Харин эсрэгээрээ нэг нэгнийгээ дэмжихгүй, өөр зорилготой байвал салалтын гол шалтгаан болно гэж бодож байна.

-Та англи хэлээр маш сайн ярьдаг. Хэл сурч буй залууст юу гэж зөвлөмөөр байна вэ?

– Би англи хэлийг бие дааж сурсан. Хүн ер нь өерийн сурах арга барилаа олж чадсанаар аливаад амжилттай суралцана гэж би боддог. Хамгийн зөв шийдэл бол едер тутмын хэв маягтаа еерчлелт хийх. Тухайлбал, кино vзэхдээ орчуулагагvй vзэх, олон улсын мэдээ vзэж хэвших гэх мэт. Түүнчлэн оюутан залуустаа том амжилтад хүрэхийн тулд өнөөдөр байгаа энгийн жижиг зүйлсийг хийж сурах ёстой шүү. Өнөөдөр хийх ёстой, хийж чадах зүйлсээ сайн хийгээрэй. Аливаа зүйлд битгий өнгөц хандаарай гэж хэлмээр байна. Амжилтандаа ханаж болдоггүй юм билээ. Үргэлж л чадахгүй, мэдэхгүй байна гэж бодож ихийг мэдэхийг хичээх нь зүйтэй. Залуус бид л хөдөлмөрлөж ихийг сурч, мэдэж байж ирээдүйд гэрэл болж чадна шүү дээ.

О.АРИУНЦЭЦЭГ